Categories
мэдээ цаг-үе

О.Чулуунбилэг: Намын дарга болвол АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина

Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль боллоо. Ардчилсан намыг энэ удаад хамтарсан Засгийн газар байгуулах хэмжээнд оролцох болов уу гэсэн хүлээлт байсан ч дахин сөрөг хүчин боллоо. Ардчилсан намын ялагдлын шалтгааныг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ удаагийн ялагдал дээр 2016 оны сонгуулийн дүнг тооцоод үзэхээр нийт найман жилийн хугацаанд АН сөрөг хүчний байр суурин дээр ажиллах шаардлагатай болж байна. Хоёр дахь удаагаа ялагдал хүлээсэн явдалд Ардчилсан намын гишүүд, ардчилалд хайртай, дэмждэг хүмүүс янз бүрийн л байр суурь илэрхийлж байгаа. Улс төр судлаач, сонгуулийн штабд орж ажилласан хүнийхээ хувьд гурван үндсэн шалтгаан байна уу гэж харж байгаа. Нэгдүгээр шалтгаан нь Сонгуулийн тухай хууль. Эрх баригч МАН нийт сонгогчдын 33 орчим хувийн саналыг авсан хэрнээ нийт эрх мэдлийн 80 гаруй хувийг авч буй нь Сонгуулийн тухай хууль болохгүй байна гэдгийг харуулж байна. Сонгогчдын олонхын санал авсан улс төрийн хүчин биш, олонх болж чадаагүй улс төрийн хүчнүүдээсээ хамгийн олон санал авсан нам бүх эрх мэдлийг авдаг гаж тогтолцоо байна. Энэ утгаараа АН-ын болон бусад бүх намын ялагдалд Сонгуулийн тухай хууль шууд шалтгаалсан. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдал байна. Надад байгаа мэдээллээр Үндсэн хууль хэлэлцэх үеэр Сонгуулийн тухай хууль ямар хэлбэрээр байх вэ гэдэг ажил хэрэгч маргаан мэтгэлцээн өрнөж байхад эрх баригч намд солонгосчууд ирж зөвлөсөн. Тэгэхдээ танай нам нийт сонгогчдын 50 хүртэлх хувьдаа таалагдахгүй байгаа учраас жижиг тойргоор эсвэл холимог тогтолцоо, дэвшилтэт тогтолцоог оруулж ирэх юм бол ялахгүй. Харин эрх мэдлээ хадгалахын тулд томсгосон мажоритар буюу олон мандаттай тогтолцоогоор яв гэдэг зөвлөгөөг өгсөн гэж сонссон. Миний хувьд үүнийг үнэн байх гэж бодож байгаа. Учир нь яг энэ цар тахлыг ашиглаад БНСУ-д сонгууль болоход эрх баригч нам нь үргэлжлүүлээд ялсан. Энэ технологийг үндсэнд нь хуулбарлачихав уу даа гэж харж байгаа. Бидний гол алдаа бол сонгуулийн стратегиа буруу сонгосон явдал. Энэ удаад нэг сонгогч-нэг санал гэх сонгуулийн ардчиллын үндсэн зарчим эвдэгдээд нэг сонгогч гурван санал өгч, Үндсэн хуулийн эсрэг гэж хэлж болохуйц тогтолцоо руу явсан.

Ийм нөхцөлд МАН болон бусад нам гэсэн хоёр том блок үүсгэх шаардлагатай байж. Хэрвээ бусад намууд нэгдээд МАН-ын эсрэг блок үүсгээд орсон бол Засгийн эрх авах боломжтой байсан. Тэгэхээр АН дангаараа орсон нь сонгуулийн стратегийн алдаа байж, бид ядаж ардчиллын үзэл баримтлалд ойролцоо намуудтайгаа эвсэж орох ёстой байжээ гэдэг нь харагдаж байгаа юм.

Гуравдугаарт, бид эрх баригч намтай бус Монголын төртэй өрсөлдлөө. Цар тахлаар дамжуулж бүх зүйлийг хаадаг, хориглодог, хүчний байгууллагууд эрх мэдлээ хэтрүүлдэг, заналхийлдэг, тухайн улстөрчдийн болон нэр дэвшигчдийн хувийн мэдээлэл рүү чөлөөтэй нэвтэрдэг, тэр битгий хэл хорьж, ялладаг ийм тогтолцоо руу орчихлоо. Ийм төрийн хүчирхийллийн нөхцөлд намын жирийн гишүүдийн ажиллах урам зориг, итгэл үнэмшил хангалттай өсөж чадсангүй. Харамсалтай нь энэ үед АН-аас гарсан Монгол Улсын Ерөнхийлөгч ардчиллын талд байсангүй. Бараг эрх баригчдын тодорхой хэсэгтэй ойрхон байна уу даа гэж харагдлаа. Сэлэнгэ аймагт болсон сонгуулийн жишгийг харахад л ийм байна. Тийм ч учраас АН-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүй” гэж хэлсэн болов уу гэж бодож байгаа.

-Дээрх шалтгаануудаас гадна намын дотоод эв нэгдэл ялагдалд нөлөөлөв үү. Энэ намд байсан хуучны гэгдэх улстөрчид нэр дэвшигчдийг сонгоход оролцсон нь ялагдлын нэг шалтгаан байсан гэдэг нь хэр бодитой вэ?

-Ер нь сонгууль бүрээр л 76 хүн нэр дэвшиж, бусад нь гомдоод үлддэг жамтай. Мэдээж гомдол, чирэгдэл байсан. Гэхдээ намын дотоод эв нэгдэл энэ удаагийн сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж харахгүй байна. Сонгуулийн дүнд нөлөөлсөн гэхээсээ илүү цаашдаа Ардчилсан намын бүх харилцаа дүрэм журмаараа явах, улс төрийн намын хувьд нэг дарга, нэг эрх мэдэлтнээс үл хамаарсан дүрэмтэй байх ёстой гэх итгэл үнэмшилд их хүнд цохилт боллоо гэж харсан. Тийм учраас дээр хэлсэнчлэн намын гишүүд маань идэвхтэй, урам зоригтой ажиллаж чадсангүй. Түүнээс АН-аас гомдогсод гарч, тэр нь ялагдалд хүргэчихсэн гэж харахгүй байна.

Бүх зүйл дүрмийн дагуу явж байгаа гэж байсан боловч нэр дэвшигчдийг сонгох эцсийн мөчид шийдвэрийг “Шонхор” фракц дангаараа гаргачихсан. Өнгөрсөн хугацаанд дүрмийн шинэчлэл маш сайн болсон ч нэг алдаа нь улс төрийн нам фракцгүй байх ёстой юм байна гээд ихэнх фракцууд тарчихсан. Харин “Шонхор” фракц л үлдсэн байж. Тус фракц нэр дэвшилтийг дангаараа шийдсэн нь ардчилсан намын гишүүдийн сонгуульд ажиллах урам зоригт мэдээж сөргөөр нөлөөлсөн.

-Сонгуульд ялагдал хүлээсэн учир намын дүрмийн дагуу АН-ын удирдлагууд огцорсон. Мөн дүрмэндээ заасны дагуу намын даргын сунгаа, сурталчилгаа тодорхой хугацаанд явах ёстой. Гэсэн ч намын даргаа сонгох энэ үйл явц хойшилсоор байна. Ямар шалтгааны улмаас ингэж хойшлоод байна вэ?

-Намын үндсэн дүрмийн дагуу намын дарга т хариуцлага хүлээн автоматаар огцорсон. Түүнээс гадна тухайн УИХ-ын тойргоос хэрвээ УИХ-ын гишүүн сонгогдоогүй бол хамаарах Үндэсний бодлогын хорооны гишүүд нь хариуцлага хүлээж автоматаар огцордог. Өнөөдөр АН-ын үндсэн бүтцийн байгууллага болох ҮБХ 400 гаруй гишүүнтэй хэдий ч УИХ-д 11 гишүүн сонгогдсон учир багцаагаар 55-56 ҮБХ-ны гишүүн нь л дүрмийн утгаараа хүчинтэй. Одоо Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо хоёр л хүчинтэй байгаа. Ийм нөхцөлд дүрмийнхээ дагуу намын даргын сунгаагаа хийхгүй бол АН өөрөө дүрмийн хямрал руу явна.

АН сая Засгийн эрхийн төлөө том намынхаа хувьд өрсөлдөөд ялагдсан. Хэрвээ одоо АН дүрмийнхээ дагуу явахгүй бол Монголын ардчилал ялагдах, улс төрийн намуудын шинэчлэлийн тэргүүнд эгнээнд явж байдаг тэр улс төрийн хүчин өөрөө дотоод ардчилалгүй болох аюул ирнэ.

-Намын дүрмийнхээ дагуу явахгүй гэх байр суурь байгаа хэрэг үү?

-Маргаан бол байна. Миний хувьд дүрмийн дагуу явах ёстой гэж үзэж байгаа учраас намын даргын сунгаанд бүртгүүлсэн. АН дүрмийнхээ дагуу эхлээд намын дотоод сунгаагаа хийж намын даргатай болж, тэр намын дарга нь Их хурлаа зарлан хуралдуулах ёстой. Тэр Их хурлаараа намын дараагийн шинэчлэл, зорилго зорилт юу байх вэ, дүрмэндээ юуг тусгах уу, намрын орон нутгийн, хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох вэ гэдгээ шийдээд явах ёстой.

Намын даргын сунгааг хүчтэй, ил эсэргүүцэж байгаа хэсгийг харахад хоёр төрлийн байр суурьтай хүмүүс байх шиг. Нэгдүгээрх нь, хэрвээ АН дүрмийнхээ дагуу сунгаагаа явуулах юм бол олон нэр дэвшигч гарч ирээд намын гишүүдийг хагална. Ингэж хагарвал намар болох орон нутгийн сонгуульд сөрөг гэх тайлбарыг тавьж байгаа. Энэ нь дунд шатныхан буюу орон нутгийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүмүүсээс гарч буй санал. Огт үгүйсгэх санал бол биш.

Сунгаагаа явуулахгүй Их хурлаа хуралдуулъя гэж байна. Их хурлаа хуралдуулахын тулд дүрмээрээ ҮБХ-ны хурлыг зарлан хуралдуулах ёстой. Гэтэл ҮБХ байхгүй, ихэнх гишүүд нь автоматаар огцорчихсон. Тэгэхээр дүрмийн бус ҮБХ-ны хурал болно, дүрмийн бус Их хурлыг зарлан хуралдуулж таарна. Ийм зүйл боллоо гэхэд бидний 10 жилийн турш үзсэн зовлонг дахин эхлүүлнэ. Таалагдаагүй хүн гарч ирэх юм бол энэ бол дүрмийн бус, АН-аа аваръя гээд дараагийн шинэчлэгчид гарч ирнэ, намынхаа үүдэнд жагсана, тэмцэнэ, дахин өөр фракц үүснэ. Энэ зовлон руу л явж байна гэсэн үг. Тэр ч утгаараа энэ яавч зөв шийдэл биш.

Хоёр дахь хэсэг нь АН-аас гарч сонгуульд бие даасан, салан тусгаарлаад өөр нам байгуулчихсан, эсвэл сонгуулийн үеэр бусад улс төрийн хүчнүүд дээр илт ажиллачихсан хүмүүс намдаа эргэн орж ирж шинэчлэлд оролцох сонирхолтой байгаа. Тэдгээр хүмүүс орж ирлээ гэхэд намын одоогийн дүрмээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрх нь найман жилийн хугацаанд хаалттай юм. Дүрмийн боломжгүй байгаа учраас тэд одоогийн дүрмийг өөрчилье гэж хамгийн их дуугарч байгаа болов уу. Тэрхүү шаардлагыг ч гэсэн ойлгож байгаа. Энэ хүмүүст хандаж хэлэхэд дүрмийнхээ дагуу намын даргын сунгааг явуулж, намын даргыг баталгаажуулах Их хурал дээрээ тэрхүү дүрмийг өөрчилж нэр дэвших, идэвхтэй оролцох эрхээ нээж болно. Өнгөрснийг бус ирээдүйг харах нь эрүүл юм. Тэгэхгүйгээр заавал дүрмийн бус Их хурал хийгээд байх шаардлагагүй.

-Намын даргын сунгаа хойшлоод байгаа шалтгаан нь дээрх өөр, өөр байр сууриудтай холбоотой байх нь.

-Тийм. Тодорхой сонирхлууд байгааг шулуухан хэлчихлээ шүү дээ. Манай нам энэ сонирхлуудаа нийлүүлэхийн тулд нэн тэргүүнд дүрмээрээ явах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Тодорхой хэлж мэдэхгүй юм. Угтаа энэ асуудлыг намын дүрмээрээ шийдэхгүй бол АН-д үүсэх дотоод хэрүүл тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч сөргөөр нөлөөлнө. Намар болох орон нутгийн сонгууль гэхэд ардчилсан нам учраа олчихсон, улмаар Ерөнхийлөгчийн сонгууль дээр бид эв нэгдэлтэй оролцох хэрэгтэй. Одоо байгаа Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшиж л таарна. Ардчилсан намаас гадна МАН, Та бидний эвсэл, Хүн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх учраас өрсөлдөөн улам нэмэгдэнэ. Хуулиараа нийт ард түмнээс тавь дээр нэмэх нь нэг санал авна. Дөрвөн хүн өрсөлдөж байх үед тавь дээр нэмэх нь нэг гэсэн санал авах магадлал маш бага. Санал маш их хуваагдана. Ирэх ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэж харж байна. Тиймээс миний байр суурь бол одоо Ардчилсан нам эрх баригчдаас бусад улс төрийн намуудтай ярилцах, магадгүй нэг эвсэл болж орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд орох асуудлыг ярих ёстой. Одоогийнх шигээ дотооддоо бужигнаад байх юм бол Х.Баттулга Ерөнхийлөгч дахин ялалт байгуулах магадлал улам багасна.

-Ерөнхийлөгч ч гэсэн үүнийг соргогоор харах ёстой байх, тийм үү?

-Туршлагатай, мэдээлэл сайтай том улстөрч үүнийг харж байгаа байх гэж бодож байна. Сунгаа хийхгүй Их хурлаа хийхийг дэмжих, намын 200.000 орчим гишүүдийн оролцоогүй 1000 хүний заалны сонгууль хийхийг Ерөнхийлөгч дэмжвэл гарах дотоод зөрчил өөрийнх нь сонгуульд эрсдэлтэй. Тийм учраас ирэх хаврын сонгуулийг бодож ардчилсан намын бодитой нэг лидерийн хувьд аль болох эв нэгдлийг эрхэмлээсэй, талцуулах бус нийлүүлэхийг илүү чухалчлаасай гэж хүсч байна. Тийм үүрэг хүссэн, хүсээгүй өөрт нь бий.

-АН-ын даргын сунгаанд ямар хүмүүс оролцох нь тодорхой болоод байна вэ?

-УОК-ын хорио наймдугаар сарын 1-ний өдөр цуцлагдангуут АН-ын Дотоод сонгуулийн хороо намын даргын сунгаанд бүртгүүлсэн хүмүүсээ дуудаж, нэр дэвшигчийн үнэмлэх өгөх ёстой. Гэхдээ намын даргын сунгаанд оролцоход тавьж буй шаардлагад тэнцсэн хүмүүстээ нэр дэвшигчийн үнэмлэх өгөх ёстой. Түүний дараа хэн нэр дэвших вэ гэдэг нь албан ёсоор тодорхой болно. Одоогоор нэр дэвших хүсэл сонирхолтой байна гэдэгээ илэрхийлсэн 10 хүн байгаа гэсэн. Ямар хүмүүс байгааг би ч сайн мэдэхгүй байна.

-Та АН-ын даргаар сонгогдвол энэ намд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийх вэ?

-АН-д хүссэн хүсээгүй байгалийн ч, нийгмийн ч аль ч утгаараа үе солигдож байна. Нэг, хоёрдугаар эгнээнийхэн явцгааж, гуравдугаар эгнээнийхэн орж ирж байна. Үүнийг би сайн талтай гэж харж байгаа. Ямар нэгэн зүйлээр барьцаалагдаагүй, асуудалд орооцолдоогүй, нэр хочгүй хүмүүс орж ирж байна. Шинэ залуучууд намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлж байна гэдэг тодорхой хайрцаг, фракцын бус соёлтой хүмүүс орж ирэх нь гэсэн үг. Тэр ч утгаараа намын даргын сунгаа илүү өрсөлдөөнтэй, чөлөөтэй, эрүүл болж, магадгүй хэний ч бодож байгаагүй хүмүүс гарч ирэх боломжтой байна. Энэ нь ч ардчиллын давуу байдлыг харуулах болов уу.

-Орон нутгийн сонгуульд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх вэ?

-Нэр дэвшигчийн тухайд АН гурван зүйлийг хийх шаардлагатай байна гэж харж байгаа. Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо Үндсэн хуулиа найман жилийн турш хөндөх боломжгүй. Тиймээс сонгууль пропорцианал системд шилжихгүй нь тодорхой болчихсон. Жижиг мандат эсвэл саяын томсгосон тойрог, бүр үүнээс ч том тойргоор сонгууль явуулж магадгүй. Ийм нөхцөлд АН алдсан стратегиа буцааж авах ёстой. Ингэхийн тулд АН эв нэгдлийг эрэлхийлдэг, бусад намыг өөртөө нэгтгэдэг нам болох хэрэгтэй. Миний хувьд АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина. Ингэ байж АН илүү хүчирхэг, том, эв нэгдэлтэй болно. Мөн Ардчилсан үзэл баримтлалтай биш ч гэсэн МАН-ын эсрэг байдаг бусад намуудыг эвсэлд уриалахаас өөр аргагүй. Үүнийг есдүгээр сард яаралтай хийж байж бид орон нутгийн сонгуульд амжилттай оролцоно. Хэрэв АН намар болох орон нутгийн сонгуульд ялагдах юм бол Монгол Улсын хоёр том намын нэг байхаа болино. Гурав, дөрөв дэх нам болж, ХҮН зэрэг шинэ дүр төхтэй намууд байр суурийг нь эзэлнэ. Тиймээс хамгийн түрүүнд бид орон нутгийн сонгуульд олон суудал авах ёстой.

-Мөн Ардчилсан нам гишүүдтэйгээ очиж уулзах ёстой байх?

-Тийм. Одоо байгаа дүрмийн хамгийн том давуу тал нь бүх зүйлийг гишүүдээрээ шийдүүлж байгаад л оршиж байна. Яг үүр дээрээ байгаа жирийн гишүүн дээр очоод яагаад ялагдав, яаж шинэчлэгдэх вэ зэргээр санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Тэрхүү санаа, оноог намын даргын сунгаагаар Монголын 21 аймгийн, есөн дүүргийн бүх бүтцэд оруулж хийх ёстой. Тэгэхгүй хэсэг бүлэг ухаантай хүмүүс энд ялагдчихлаа гэж шуугилдаад л, одоо ингэж шинэчлэл гээд суух нь бодит шинэчлэл биш. Намын жирийн гишүүдээсээ асууж, тэдэнд урам зориг өгч, дахиж сэдэлжүүлэх ёстой. Хамгийн хүнд асуудал нь бид дахин ялагдлаа. Найман жилийн ялагдлын дүнд энэ намд жирийн гишүүн үлдэхээ болино. Тэд энэ хугацаанд АН-ын гишүүн байсныхаа төлөө ажилгүй, амьдралгүй, эрх баригчдын дарамтан дор байна. Яг л манай партизануудын туулсан тэр хүнд амьдрал шиг. Ядаж л жирийн хорооны иргэн хүртэх ёстой нийгмийн халамжийн үйлчилгээгээ ч хүртэж чадахгүй. Энэ байдал цааш удаан үргэлжилбэл тэр айл бүрэн сүйрнэ шүү дээ.

Би дарга болсонгүй, УИХ-ын гишүүн болж чадсангүй гээд байгаа хүмүүсээс илүүтэйгээр Ардчилсан намын 200 мянган гишүүн үнэхээр хүнд байдалд хоцорч байгааг л бодох хэрэгтэй байна. Энэ хүмүүсийг дахиж бүртгэж, намд нь идэвхжүүлж эрх ашгийг нь хамгаалах нь дараагийн Ардчилсан намын даргын хийх ёстой хамгийн том ажил. Эхний алхам нь АН-ын жирийн гишүүдийг бүгдийг нь намын татвараас чөлөөлөх ёстой. Би өөрөө намын бүтцэд ажиллаж байсан хүн. Намын гишүүний татвараар ажилладаг нам байдаггүй юм. Намын гишүүдийн татварын мөнгө тухайн жилд зарцуулагдаж байгаа намын нийт төсвийн арван хувьд нь ч хүрдэггүй. Үлдсэн 90 хувийг өөр арга замаар л босгодог.

Түүнчлэн намын дэмжигчдийг олонх болгох ёстой. Олонх болгохын тулд бүтцийн шинэчлэлт хийхээс өөр ямар ч арга байхгүй. Намын одоогийн бүтэц босоо тогтолцоо буюу коммунист тогтолцоотой юм. Одоо намын тогтолцоог шинэчилж, хэвтээ тогтолцоотой болох шаардлагатай байна. Намын дэргэдэх байгууллагуудыг мөн хамгийн түрүүнд шинэчилж сум, дүүрэг, хороодод байдаг босоо тогтолцоо биш клубийн систем рүү оруулах хэрэгтэй. Эдгээр клубүүд нь өөрөө сонирхлоороо л нэгдэнэ, намын гишүүн байх албагүй, дэмжигчийн статустай байхад л болно. Тухайлбал, ардчилсан үзэл баримтлалтай сэтгүүлчдийн, дугуй унагчдын, инжнерүүдийн гэх мэт клубүүд байх боломжтой. Тэдгээр нь өөрсдөө нэгдээд тухайн салбартаа юу хийж болох вэ, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт үүнийгээ яаж оруулах вэ гээд ярилцдаг байх хэрэгтэй. Ийм чиглэл рүү, зөв систем рүү явахгүй бол энэ том бүтэц цааш явах ямар ч боломжгүй.

Энийг хийхгүй бол Ардчилсан намыг тэжээх супер баян хүн уралдаж хайдаггүй бол төрийн эрх мэдэлд байгаа сайн ах нар залдаг одоо байгаа алдаагаа давтмааргүй байна. Намын дарга болгохдоо мөнгөтэй хүн л хайдаг, одоо ч гэсэн манайхны сэтгэхүйд амь бөхтэй байсаар байна. Намын даргад өрсөлдөх хүсэлтээ гаргасны дараа олон хүн утасдаж чи мөнгөгүй байж яаж болох юм гэж асууж байх жишээтэй.

Эцэст нь, Ардчилсан нам, сөрөг хүчний хамгийн сайн манлайллыг үзүүлэх ёстой. Монгол Улс ардчилсан улс байх уу, үгүй юү гэдэг асуудал дараагийн дөрвөн жилийн хугацаанд шийдэгдэх түвшинд ирчихлээ. Одоогийн эрх баригчдыг хараад байхад бүх зүйлийг л төрд авах гэж санаархаж, хувийн өмчийг үзэн ядаж байна. Мөн төрийн өмчийг гуйвуулдаг, хувийн хэвшлийнхнийг дарамталдаг, татвар нэмдэг, хууль хүчний байгууллагуудаар далайлгадаг, хувь хүний эрх мэдэлд халддаг болсон. Гадаад бодлогын хувьд гуравдагч хөршүүдээс аль болох холдож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ гэх зэргээр дагуул улсын хувь заяагаа шинэ хэлбэрээр орох эрсдэлтэй боллоо. Тэр ч утгаараа тусгаар тогтнол, эрх чөлөө Монгол Улсад сүүлийн 30 жил байсан энэ үүлэн чөлөөний нар болоод дуусах уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Үүний эсрэг л ирэх дөрвөн жил Ардчилсан намын удирдлага манлайлж ажиллах ёстой. Сүүдрийн Засгийн газар байгуулж, одоо байгаа 11 гишүүнтэйгээ, нэмээд Ерөнхийлөгчтэйгөө ойлголцоод цаашаа явахгүй бол маш хүнд байдалд орно. 2024 онд ардчилал ялж чадахгүй бол Монголын ардчилал тун хүнд байдалд орно. Үзүүлэнгийн хэдэн жижиг намтай, эрх баригч нам нь үргэлж засаглаж байдаг Оросын улс төрийн жишгээр л явах болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын дараа намар

Дэлхийд ганцхан гэгддэг Монгол наадам болж өнгөрлөө. Монголчууд анх удаа цар тахлын үеийн цахим баяр наадмыг зохион байгуулав. Сошиал, телевизийн тусламжтайгаар наадмаа үзэж сонирхон баясч, хөөрч наадлаа, бид. Цэвэр агаар, цэнгэг ус мөрөөссөн нийслэлчүүд урьдын адил хөдөөг зорьж хот ч эзгүйрээд амжлаа. Ёстой л хотол олноороо, Монгол даяараа амарч зугаалж, баярлаж, цэнгэж энэ өдрүүдийг өнгөрүүлэв. Харин одоо энэ бүхнээ өндөрлөхөөс өөр аргагүй цаг үе биднийг хүлээж байна. Наадамлаж, наргиж, налайж ээ байтал өвөлжилт гэх хүндхэн даалгаварт бүдэрдэг гэмтэйг бид мэднэ. Ер нь ч “Наадмын дараа намар” хэмээн зүгээр ч нэг хэлчихсэн хэрэг биш. Бид дөрвөн улирал ээлжилдэг эх оронтой, тэр бүрийдээ зохицож амьдрах хувьтай ард түмэн. Тиймээс өнөөдрийн цаг агаарын сайханд хуурталгүй их ажил руугаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг “сэхээнд” байгаа энэ үед хүнсээ сайтар базаахаас өөр зам бидэнд үгүй. Энэ жил хаврын тариалалтыг 15-20 хувь нэмэгдүүлснийг салбар яам онцлоод буй. Тодруулбал, улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар ахиу тариалжээ. Нэгэнт л ахиу хэмжээгээр тариалж чадсан хойно төлөвлөсөн ургацаа хураан авах нь чухал. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд агуулах саваа бэлдэх, хадгалах цаашлаад бүрэн дүүрэн ашиглах, борлуулахад анхаарах шаардлагатай байна. Улаанбуудай зэргээ гадагш гаргаж сүйд болдоггүй юм аа гэхэд өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн дүүрэн хангах нь энэ цаг үед туйлын зорилго мөнөөс мөн.

Өвсний сөл, шим тасраагүй байх үед хадлан, тэжээлээ ч бэлтгэмээр байна. Ялангуяа энэ жил урьд урьдынхаас илүү хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэх хэрэгтэй. Учир нь бид 2018 онд 66 сая мал тоолсон бол өнгөрсөн оны эцэст энэ тоо дариу дөрвөн саяар нэмэгдсэн. 70 сая толгой мал дээр энэ хаврын төл нэмэгдэнэ гэхээр хадлан, тэжээлийн хэмжээг хэдэн зуун мянган тонноор ахиулахаас өөр аргагүй. Малчид маань ч тэр тарвага, зурам эргүүлж, айраг цагаа сөгнөхөө урьтал болголгүйгээр дор дороо хадлан тэжээлээ бэлтгэх нь зүйтэй юм. Хэдий болтол бид өвөлжилтдөө дутуу бэлдэж, ганц, хоёрхон удаагийн их цасанд мал, малчинтайгаа зутархав. Өвөл болж, зуд зурхан болдог нь үнэн хойно алгуурлах хэрэг юун, одооноос л эрсдэлийг тооцож бэлдэцгээе.

Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ийнхүү шамдахаас гадна хэлж ирээгүй цар тахлын аюулыг гэтлэх гарц гаргалгааг ч бид хайх хэрэгтэй байна. Цар тахлын хоёр дахь давлагаа ирэх арваннэгдүгээр сард эхэлж, эхэн үеийнхээсээ ч илүү хохирол учруулж болзошгүйг олон улсын эрдэмтэн, судлаачид онцлох болсон. Энэ нь манай улсад сэрүү орж, ханиад томуу дэгддэг үетэй давхцаж таарч байгаа юм. Ханиад томуу дэгдсэн үед л бид хүчин мөхөсдөж, хүүхдүүдээ эмнэлгийн коридорт зулдаг. Үүн дээр нэмээд цар тахал дэгдэж нөхцөл байдал улам хүндэрвэл бид хэрхэх вэ. Ямар нэгэн арга чарга бий сэн билүү. Тэгэхээр одооноос л чадлынхаа хэрээр бэлтгэлээ хангая. Эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарыг бэлэн байдалд байлгамаар байна. Зам, тээврийн салбарыг ч энд орхигдуулж болохгүй. Зам биш там болсон Дарханы зам, саяын их үер, уснаар эвдэрч хэмхэрсэн замуудаа урин цагт засмаар байна. Идэр есийн хүйтэнд цахилгаан станцууд саатаж, нийслэл, зарим аймгууд цахилгаангүй болсон гашуун сургамж ч бидэнд бий. Энэ алдаа дахин давтагдаж, нийтээрээ түгшүүрт автах вий. Өвөл цахилгаан саатвал хот хэдхэн цагийн дотор хөлдөх аюултайг Эрчим хүчний салбарынхан эрхбиш мэдэж байгаа гэж найдах юм. Энэ зун Улсын Их хурлын ээлжит сонгууль болж бид цар тахлаа ч умартан хэдэн сарын турш сонгуульдсан. Зарим албан тушаалын маргаан ч тасраагүй байх шиг. Гэлээ гэхдээ шинэ парламент бүрдэж, шинэ Засгийн газар төвхнөсөн хойно улс орны өмнө тулгамдаад буй энэ мэт асуудлууд руу шуурхайлан ормоор байна.

Улстөржиж, наадамлаж байх хойгуур ам.долларын ханш ч талийж хоцорлоо. Хар, саарал жагсаалтад орсон хэвээр байгаа. Ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг ярихад халширмаар байдалтай байна. Сангийн сайдын мэдээлж байгаагаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчээ. Эхний хагас жилийн байдлаар 18 сая тонн нүүрс гаргачихаад додьгор суудаг байсан бид өнөөдөр дөнгөн данган 8.7 сая тонн нүүрс л гаргаж чадаж. Байдал ярвигтай байгаа энэ үед томоохон гадаад өрийн асуудлууд босч ирнэ. Тэгэхээр бид цаашид яах ёстой вэ. Ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байх уу.

Цар тахалтай холбоотойгоор өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн гэж байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Харин ч хөл хорионоос үүдэн жижиг, дунд бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрсэн. Цаашид эдийн засаг хасах руугаа явах тусам тэдэнд эргэн сэхэх ямар ч боломж үлдэхгүй нь. Иймээс шинэ Засгийн газар нэн дариу бодит үр дүн үзүүлэх арга хэмжээ авч ажилламаар байна. Зуны сар зургаа биш, намрын сар найм биш учраас бидэнд хугацаа богино, хийх ажил их байна.

Categories
мэдээ цаг-үе

Айраг бол Монголын амар амгалан

Долдугаар сар гарч юу юугүй бид айрагтайгаа золгох нь ээ. Монгол хүн зуныг айраггүйгээр огт төсөөлж чадахгүй гэдэгт би л хувьдаа итгэдэг юм. Үнэхээр л айрагны тэр часхийм сайхан амт бидэнд дэлгэр зуныг мэдрүүлэх шиг болдог.

Унага татан зогсох залуу саальчин бүсгүй рүү учиртай харц чулуудаж эсвэл элдвийг хөөрөлдөж, тэдний яриаг сонсох мэт унаганууд дуулгавартайхан эхийгээ хөхөн зогсох зураглал, гүүн зэлнээс саам юугаа барин алхах аав, ээжийгээ дөнгөж сэрсэн бяцхан хүү нь тэнтэр тунтар алхан угтах, ээлжлэн айраг бүлэн зогсох жаалуудын дүр төрх нүдэнд үзэгдэж ерөөсөө эх нутгийнхаа амар амгаланг айргийн тэр сайхан амтнаас мэдэрч байгаа юм.

Ингээд бодоход айраг л бидэнд Монгол хүний найрсаг, зочломтгой зан хийгээд өвсний сөл, шим, нар, хурыг ч амтлах боломж олгож, ер бусын сэргэг, тунгалаг мэдрэмжийг төрүүлж чадах мэт. Тийм ч болохоор харийг зорьсон монголчууд айргаа зүүдлэн сэрж, амтлахсан гэж яардаг биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Ганхуяг: Сонгуульд нэр дэвшигчдийн компаниудаас хандив авдаг байдлыг зогсооно

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Төр түшилцэх хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэе.Уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, Баянгол дүүргийн унаган хүүхэд. Тухайн үеийн Зөвлөлтийн Есдүгээр сургуульд сурч байгаад Монгол-Оросын гуравдугаар сургуулийн ахлах ангийг дүүргэсэн. Улмаар Монгол Улсын их сургуульд Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн. Дараа нь Харвардын Бизнесийн сургуулийн захирлуудад зориулсан бизнес удирдага, ерөнхий менежерийн ангийг төгссөн. Одоо Харвардын уулын сургуульд суралцаж байгаа. Уулын гэдэг нь байгалийн баялгийн засаглалын чиглэлээр судалгаа хийдэг гэсэн үг юм.

-Бизнесийн салбарт хэдийнээс хөл тавив?

-2003 онд Хера группээ үүсгэн байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан. Манай компани эдийн засгийн байдлаасаа хамаараад 700-1000 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хера групп ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Уул уурхай, үйлчилгээ, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийтийн тээврийн үйлчилгээ ч бий. Гэхдээ энэ нь ашиг олох гэхээсээ нийтэд үйлчлэх зориулалттай илүү нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг ажил юм.

-Яагаад улс төрд орохоор шийдэв. Ямар нэгэн шалтаг шалтгаан байв уу?

-Эдийн засагч хүний хувьд би жил бүр Монголын эдийн засгийн форумыг зохион зохион байгуулахад оролцдог байлаа. Эдийн засагт үүсч буй асуудлуудыг форумаар авч үзэж, төр, хувийн хэвшилтэй хамтран ажилладаг байсан. 2014 оноос хойш эдийн засаг асар хурдтайгаар унаж эхэлхэд ч бид энэ талаар форум дээрээ хөндөн ярилцаж байв. Зээлийн зарцуулалт буруу байна, үүнээс болж зээлийн эргэн төлөлтийн асуудал их хүнд байна. Орж ирж байгаа мөнгийг цөөн хэдэн банкнуудаар дамжуулж тэдэнд санхүүжилт хийж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр ард иргэдэд бус цөөн хэдэн компанид санхүүжилт болоод байна гэх зэргээр хөндсөн.

2016 онд Төв банк нийгмийн даатгал дээр хуримтлагдсан мөнгийг менежмэнт хийх хууль батлуулангуутаа барилгын компаниудад ипотек, дахин санхүүжилт нэртэйгээр хуваагаад өгчихсөн. Энэ талаар ч эдийн засгийн форум дээр ярьдаг байв. Харамсалтай нь сонсдог хүн байгаагүй. Уг нь эдийн засгийн форум бол улстөрчид, шийдвэр гаргагчдад хүрч чадахуйц платформ шүү дээ. Ийнхүү яг санаснаар болоогүй учраас иргэдийн төлөөлөл болж гаднаас бус дотроос дуугаръя гэж шийдсэн юм. Миний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж байсан.

-Одоо тэгвэл юунаас эхлэх вэ?

-Өмнөх эдийн засгийн хямрал 2012-2016 оны хооронд болсон. 2012 онд эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан бол 2016 онд нэг хувьд хүрсэн л дээ. Тэр их мөнгө ард иргэдийн халаасанд, эдийн засагт ордоггүй байсан шалтгаан нь авлига. Авлигын үндсэн шалтгаан нь олон. Гэхдээ хамгийн онцгойлж үзэх ёстой нь намын санхүүжилттэй холбоотой, намаар дамжсан авлига юм. Тийм учраас миний хамгийн түрүүнд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулна. Сонгуульд нэр дэвшигчдийн компаниудаас хандив авдаг байдлыг зогсооно. Компаниуд яагаад хандив өгөөд байна вэ гэдгийг одоо бодох цаг болсон. Тухайн нэр дэвшигчийг төрд гарсны дараа тэрхүү компани өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд л хандив өгч байгаа. Сонгогч төлөөллөө сонгох ёстой болохоос биш компани төлөөллөө сонгох ёсгүй. Энэ ч утгаараа би Ардчилсан намын 100 сая төгрөгийн хандивыг хөндөж ярьсан. Мөн сонгуулиар сурталчилгааныхаа туршид хандивын аян явуулсан.Монгол Улсын хэмжээнд хамгийн олон тооны хандивлагч бүртгэгдэж, иргэдээс 80 гаруй сая төгрөгийн хандив цугларсан.

-Яг энэ цаг үед зөвхөн Монголд гэлтгүй дэлхий дахинд эдийн засаг хүнд байна. Энэ нөхцөл байдлыг бид хохирол багатай хэрхэн даван туулах вэ?

-Улс төрд байгаа авлигын эх үүсвэр нь улс төрийн намаас эхтэй. Улс төрийн нам цэвэр байж гэмээнэ төр өөрөө цэвэр байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилт, авлигалын асуудлыг шийдэж байж энэ асуултад хариулт өгөх боломжтой болно гэж харж байна. Энгийн жишээ хэлье л дээ. 2008-2016 оны хооронд утааг арилгахад зарцуулсан мөнгө нь 800 тэрбум төгрөг байдаг. Бодитоор утааг багасгаж чадсан зарцуулалт нь 80 тэрбум буюу 10 дахин бага байх жишээтэй. Оновчтой эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд авлигаа л багасгах нь чухал.

-Гэхдээ улс төрийн намууд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байсаар л ирсэн шүү дээ?

-Дээр хэлсэнчлэн компаниудыг хандив өгдгийг нь зогсоох хэрэгтэй. Улс төрийн сонгуульд оролцож байгаа хүмүүсээс гарах зардлыг багасгах ёстой.Санхүүгийн дарамтыг бага байлгахын тулд зорьж эхлэх ёстой юм. Хамгийн том тойрогт дээд тал нь 700 сая төгрөгийн тааз тавьчихсан байдаг.Үүнийг цаашдаа аль болох бага болгох шаардлагатай юм. Хэн нэгэн багш, эмч, энгийн иргэн байсан ч хамаагүй УИХ-ын сонгуульд, эсвэл дүүргийн Иргэдийн төлөөлөлд өөрийнхөө бодлогоо дэвшүүлээд оролцох боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Ингэж байж Монголд шударга ёс тогтнож, ардчилал баталгаажина.

Сонгуульд зарцуулсан мөнгийг УИХ-д авсан суудлын тоогоор нь улсын төсвөөс тодорхой хэмжээнд өгдөг. Гэхдээ энэ нь хангалттай бус учраас санхүүжилтийг нь багахан ч гэсэн нэмэх нь зөв. Энэ нь нам, эвслийг хувийн хэвшил, компаниуд, мөнгөтэй бүлэглэлүүдийн барьцаанд оруулахгүй байх шийдэл юм. Жишээ нь, БНСУ-д нэр дэвшигчийг тухайн тойргоосоо 23 хувиас дээш хэмжээний санал авч чадвал зарцуулсан санхүүжилтийнх нь 50 хувийг нь төсвөөс даадаг. Манай улсад энэ тал дээр намуудын ойлголцол чухал байна.

-Энэ чиглэлийн хүн учир бизнесийн орчныг сайжруулах тал дээр ч дуу хоолой болох байх. Ер нь ямар өөрчлөлт гараасай гэж хүсч байна вэ?

-Манай улсад улс төр, бизнесийн бүлэглэлүүд хамтарч, өөрсдийнхөө эрх ашгийг хангадаг эдийн засгийн өвчин бий болчихоод байна. Энэ нь улс төрийн санхүүжилт, авлигын асуудлыг хөндөхөд хүргэж байгаа хэрэг. Энэ байдлыг засаж байж л манайд эдийн засаг, бизнесийн орчин эрүүл болно. Бизнес эрхлэгчид шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ.Өөрчлөхгүй бол улстөрчид авлига, хандив өгсөн хүндээ үйлчилсэн хэвээр л байна. Үүнийг л засах гэж би энд байгаа.

-Баянголчууд танд ямар захиас даалгавар хэлсэн бол?

-Иргэдтэй уулзахад хамгийн түрүүнд шударга ёстой холбоотой асуудлыг хөндсөн. Шударга ёс гэдэг шүүхийн өмнө, бизнес эрхлэхэд нь, төсвөөс гаргаж байгаа хуваарилалт дээр эрх тэгш байх гэсэн үндсэн зарчмуудтай байгаа юм.

Мэдээж боловсрол, эрүүл мэндийн асуудал ч үүнд хамаатай. Төрийн, хувийн гэлтгүй боловсролыг хүртээх чанар нь яг адилхан байх ёстой юм. Иймд Баянгол болоод бусад дүүрэгт Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлагатай. Аль болох олон сургуульд энэ хөтөлбөрийг нэвтрүүлэхийг хичээнэ. Дэлхийн боловсролыг хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалаад авдаг болохгүй бол боловсролоор дамжаад баян хоосны ялгаа их гарна. Манай намын мөрийн хөтөлбөрт ЭЕШ-ын шалгалтын дүнд босго тавиад, тэр босгыг давсан хүүхдүүдийг 100 хувийн тэтгэлэгт хамруулах асуудал тусгагдсан. Энэ хоёр ажлыг чухалчилж хийхээс өөр арга байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: УИХ-ын чуулган дээр микрофоныг минь хаах бүрт би ялж байна гэсэн үг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал орж ирэхэд та сөрөг хүчний гишүүний үүргээ гүйцэтгэж хатуухан үг хэлсэн. Гэхдээ УИХ-ын дарга таны үгийг тасалсан учраас иргэд таны үгийг бүрэн эхээр нь сонсож чадсангүй. Та уншигчдадаа дахин хэлж өгөхгүй юү?

-У.Хүрэлсүх анхдугаар чуулганы хуралдааны үеэр “Хар жагсаалтад орсон, эдийн засаг элгээрээ мөлхсөн улс орныг бид бүхэн хүлээж авлаа” гэж хэлж байна. Энэ хүн Засгийн газартаа ажиллаж байсан тодорхой сайд нарыг өөгшүүлж, өнгөрсөн хугацаанд маш их будлиантай зүйлүүдийг хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ хүн сайд нартаа хариуцлага тооцоогүй. Хэрвээ алдаа гаргасан, ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулсан хэн нэгэн сайдад хариуцлага тооцчих юм бол өөрийнх нь Засгийн газар уначих эрсдэлтэй байсан. Тиймдээ ч сайд нар нь дураараа дургисан хэрэг. Би тодорхой сайд нарын алдаа мадагтай зүйлүүдийн талаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Тухайлбал, хэд хэдэн цэрэг нас барчихаад байхад Батлан хамгаалахын сайд нь ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй, огцроогүй. Гадаад харилцааны сайд жолоочоороо хүртэл хар тамхи тээвэрлүүлээд Монгол Улсыг Европын хар жагсаалтад оруулсан. Сангийн сайд төсвийн үрэлгэн байдалтай эвлэрсэн. Хууль зүйн сайд ч мөн адил хариуцлага алдсан. Хуулиар хулгай хийх явдал хэтэрсэн. Хөөн хэлэлцэх хугацаагаар 1500 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд ял зэмгүй явж байна. Хөөн хэлэлцэх хугацааг зассан гэсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхээс ял авсан хүн нэг ширхэг ч байхгүй. Зөрчлийн тухай хуулиас болж 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш нэг сая 400 мянган иргэн 500 тэрбум төгрөгөөр торгуулчихаад байна. Үүнийг Монгол Улсын иргэн бүрт хуваагаад үзэхэд өлгийтэй хүүхэд гэлтгүй 150 мянган төгрөгөөр торгуульчихаад байгаа юм. Ийм хатуу хуулиар ард түмнээ гэсгээдэг Хууль зүйн сайдтай байсан. Зам тээврийн сайд нь зам тавьдаг бус хуулдаг. Ямар ард түмэн гэхээрээ тэр хүнийг УИХ-ын гишүүн болгоод гаргаад ирдэг байна аа. Уул уурхайн салбарын тухайд өнгөрсөн дөрвөн жилд 3000 гаруй лиценз олгогджээ. Мөн хуурамч бензиний асуудлыг удаа дараа хөндсөөр байхад сайд нь огт тэмцээгүй, тэмцдэггүй. Хөдөө аж ахуйн сайд нь л гэхэд салбарынхаа эсрэг ажилласан. Үр тариагаа дотооддоо тарьж хэрэгцээгээ хангадаг байсан бол гаднаас авдаг болсон. Малчдын эсрэг ажиллаж 100 мянган төгрөг байсан ноолуурын үнийг 50 мянган төгрөг болгосон.

Арьс 5000 төгрөгийн ханштай байсныг 500 төгрөг болгосон. Ноос 4000 төгрөгийн үнэтэй байсан бол мөн л 500 төгрөг болсон. Малын үнийг бог тутамд 40-50, бод тутамд 200 мянган төгрөгөөр бууруулсан. Эрчим хүчний сайд нар, салхины цахилгаан станц барих хүсэлт тавьсан компаниудаас 10 хувийн ашиг нэхэж, зөвшөөрлийг нь өгдөггүй. Тийм учраас энэ салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хоёроос гурван жилээр тасарсан. Дээрээс нь таван удаа цахилгааны үнэ нэмж ард иргэдийн халаасыг хоосолсон. Сайд нар нь ийм алдаа гаргасан. Гэтэл ард иргэд У.Хүрэлсүхийг маш их хариуцлага тооцдог, шудрага ёсны төлөө тэмцэх Ерөнхий сайд гэж итгэдэг. Харамсалтай нь танхим дотор нь ийм хүмүүс байдаг. Миний хувьд цаашдаа ийм хүмүүсийг битгий сайдаар томилооч ээ, хариуцлага тооцож чадах хүмүүс ээ сайд болгооч ээ гэдгийг л хэлэх гэж байв. Мөн хамгийн гол нь ард түмний амьдралыг сайжруулах, иргэдийн амьжиргааг өндөр түвшинд гаргах, ажлынхаа ард гарч чаддаг сайд нарыг томилоорой гэж захих гэж байсан. Харамсалтай нь УИХ-ын дарга МАН-ын даргын шаардсаны дагуу миний микрофоныг хаасан.

-Нэг талаараа эрх баригчдыг шүүмжлэлээс эмээж байна гэж харж болох уу?

-Микрофоныг минь хаах бүрт би ялж байна гэсэн үг. Тэр албан тушаалтнуудын үнэнийг нь хэлсэн учир айж, ичиж, үүнийг олон түмэнд хүргэчих вий гэдгээс болгоомжилж миний микрофоныг хаасан хэрэг. Миний үг зөв байсан нь, гүтгэлэг биш болох нь үүгээр харагдаж байгаа юм.

Миний микрофоныг хаасны дараа Ерөнхий сайд надад хандан “Томоотой байгаарай” гэж заналхийлсэн маягтай хэлж байна лээ. Зургадугаар сарын 24-нд ялалт байгуулснаас нь хойш бүх хүн түүнийг бялдуучилж, долоож байгаа. Тиймдээ ч тэр хүн амьдралаас тасарчихсан байна. Болсон бүх процессийг дурдсан шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр ийм байдлаар асуудалд хандаж байгаа нь үүнийг илтгэж байгаа юм. Бид цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, ард иргэдийнхээ амьжиргааг дордуулахгүй байх асуудалд хамтдаа анхаарч, ярилцаж, хэлэлцэх ёстой. Би УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдад хандан “Эдийн засгийн хэд хэдэн асуудлаар асуулт тавьж. Шинэ бүрэлдэх Засгийн газар ажлаа хэрхэн хийхийг харна, санал, зөвлөгөөгөө өгнө. Аль болох шүүмжлэхгүй байдлаас хандана” гэж хэлсэн. Сүүлд ч тэр алдаа гаргадаг сайд нарыг битгий тавиарай гэж зөвлөх гэж байсан. Харин үүнийг шүүмжлэл гэж хүлээж авах шиг боллоо.

-Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг хэрхэн, яаж даван туулах нь зөв юм бэ?

-Ирэх хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хямрал Монголд маш хүнд нөхцөл байдлыг бий болгоно. Тийм учраас аль болох төрийн тансаглалыг багасгаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулж, эдийн засгийн гол ажиллах хүчний салбарыг авч явдаг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, тэдний ажлын байрыг хорогдуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр тохиолдолд бид хоёр гараа өргөөд дэмжих боломжтой. Гагцхүү Засгийн газар мэргэжлийн сайд нараас бүрдэж байж энэ зөв бодлогыг хэрэгжүүлж чадна.

-Чадвартай, мэргэжлийн Засгийн газар бүрдэж чадах уу. Ерөнхий сайд тийм томилгоог хийж чадах болов уу?

-Хэн намдаа өндөр санал, олон суудал авчирсан бэ гэдэг шалгуураар шууд намын томилгоо хийгдэх нөхцөл байдалтай байгаа. Ерөнхий сайдаас гадна МАН-ын 61 гишүүн нь өөрсдийнхөө нэр хүнд, хөрөнгө мөнгөөрөө энэ сонгуульд оролцож, ялалт байгуулан гарч ирсэн. Гэтэл 62 дахь нөхөр болох У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийнхээ хүчээр Ерөнхий сайд болчихоод буцаад Засгийн газрынхаа бүтцийг нэгнээр нь ч асуухгүйгээр шахуу оруулж ирж байна. Засгийн газрын бүтцийг батлах энэ ажилд бүлгийнхээ саналыг тодорхой хэмжээгээр авч, оролцоог бий болгож байж шийдэх ёстой байсан. Ийм байдлаар яваагүй гэдэг нь Засгийн газрын бүтэц хэлэлцэж байх үеэр харагдсан.

УИХ-ын маш олон гишүүн Засгийн газрын бүтэц дээр асуулт асууж, хариулт авч байна лээ. Бүлгээрээ энэ асуудлыг ярилцсан бол ийм олон гишүүн асуухгүй, санал хэлэхгүй байсан. Ер нь бол МАН дотор нэг хүний дарангуйлал илт бий болоод эхэлчихжээ. Эртнээс энэ хүнээ хазаарлаж, асуудалд бодитой хандахгүй бол болохгүй нь ээ гэдэг нь харагдаж байна. МАН-ын гишүүдэд зөвлөхөд өөрсдөө тодорхой хэмжээгээр оролцож, саналаа хэлж, иргэдээс авсан захиас даалгавараа төрийн бодлогодоо тусгаад явах хэрэгтэй.

Энэ удаагийн сонгууль таныхаар ямархуу байр байдалтай болов?

-Хоёр намын сонгуульд оролцсон байдал хөрөнгө мөнгө, хүн хүч, төрийн машиныг ажиллуулсан ялгаагаараа ч тэр өөр байлаа, харьцангуй хүнд сонгууль боллоо.

МАН төрийн албан хаагчдыг дээрээс нь төрийн бүх мөнгийг сонгуульдаа ашигласан. Тэд Төрийн санг хоосортол сонгууль хийлээ. Үүний эсрэг АН байгаа боломжоороо л зүтгэж, аливаа нэг олигархын халаасанд орохгүйгээр УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ тодорхой хэмжээний хандиваар сонгуульд оролцлоо. Энэ сонгууль дэндүү шудрага бус болсон.

Цаашдаа нэг зүйлийг анхааруулахад төрийн мөнгийг, төрийн албан хаагчдыг сонгуульд оролцуулсны хариуцлага тодорхой хугацааны дараа ирнэ. Тэр үед нь бид хатуу хариуцлага тооцох болно.

-Ардчилсан намын даргын сунгаа эхэллээ. Энэ намд шинэчлэгдэх шаардлага тулгарч байгааг улс төрийн хүрээнийхэн, дэмжигчид нь ч хэлж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Бид Ардчилсан намын нэрээр төрийн өндөр албан тушаалд олон жил суусан, өнөөдөр нэр хүндгүй болсон хүмүүсээс тодорхой хэмжээгээр салж байгаа. Энэ хүмүүс Ардчилсан намд хувалз мэт байж, энэ намын нэрээр төрийн өндөр албан тушаалд томилогдож, сорчилж амьдарсан. Энэ нь ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн. 2020 оны сонгуулиар бид энэхүү хэсэг бүлэг хүмүүсээсээ салсан. АН 2024 онд илүү шинэ дүр төрхтэй, шинэ залуу боловсон хүчинтэй нам болж төлөвших цаг эхэлж байна. Тэр ч утгаараа намын даргаараа хамгийн зөв хүнийг сонгох ёстой.

-Намын даргын сунгаа албан ёсоор эхэлж байна. Ардчилсан намын хэд хэдэн гишүүд нэрээ дэвшүүлэхээр мэдэгджээ…

-2017 онд болсон Ардчилсан намын сунгаанд таван хүн оролцсон. Тэр таван хүнээс С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат дарга нар УИХ-ын сонгуульд уначихлаа. Л.Гантөмөрийгөө сонгуульд нэр дэвшүүлсэнчгүй хассан. Н.Алтанхуяг намаас хөөгдөж бие даалаа, Ж.Батзандан өөр нам руу явлаа.

Ингээд харахаар намын даргын сунгааг тун бодолцож хийх ёстой байгаа юм. Үүнээс болж нам хагардаг, гишүүд хуваагддаг, гишүүдийн хуваагдал намыг цул байх боломжийг хаадаг сөрөг үр дагавартай. Нөгөөтэйгүүр намын даргын сунгаа нь нэр дэвшсэн хүмүүстээ маш халтай болох нь харагдаж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ

Дэлхий дээр монгол хэлээр 10 гаруй сая хүн ярьж байгааг хэл шинжээчид онцолдог. Тэд Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсад оршин сууж байна. Бид гурван саяулаа, үлдсэн долоон сая монгол хэлтэн ОХУ, БНХАУ-д бий. Бид нараас гадна эх хэлээр маань ярьдаг долоон сая хүн байна гэдэг бахархам явдал мөнөөс мөн. Энэ ч утгаараа бидний хамгийн эв найрамдалтай, элэгсэг байх ёстой хүмүүс бол тэд юм. Бид хэзээд тэдний өмнө хариуцлага хүлээж, чих тавин суух үүрэгтэй. Учир нь бид өөрсдийн гэсэн эрх чөлөө, тусгаар тогтнолтой, бодлого зорилттой, НҮБ-ын гишүүн болох Монгол гэх туурга тусгаар улс юм. Үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх нь энэ тусгаар улсын үүрэг. Ер нь дэлхий дээрх үндэстнүүд ч нэг нэгнээ л гэдэг шүү дээ. Энэ магад шинэ тутам сонсогдож болох ч бид одоо аливааг том зургаар нь харж сурах цаг болсон.

Энэ цаг үед дэлхий нийт коронавирусийн хүлээсэнд орж, нөхцөл байдал тааварлахын аргагүй хэвээр байсаар байна.Тэдний дунд ОХУ ч багтаж буй. ОХУ-д цар тахлын нөхцөл байдал ярвигтай хэвээр байж бидний мах цусны тасархай, өнөөх монгол хэлтнүүд болох буриад, халимаг, тувачууд өртсөөр байна. Тэд хэцүү цаг үеийг туулж байгааг зарим жишээ нотолж байгаа юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Хиагтын боомт дээр монгол залуугийн авч явсан амны хаалтыг Буриадын Гаалийн газраас хураажээ. Өвчин ид дэгдэж байсан тэр үед Монголдоо аваачиж хэдэн төгрөг нэмээд зарчихъя гэсэн залуугийн хүсэл ч тийнхүү талаар болсон нь мэдээж. Тэд бидэнд эрэлхүү, дээрэнгүй ханддаг нь үнэн. Шалгаж, хурааж, улсын орлого болгон авч л байдаг. Гэхдээ энэ удаад тээвэрлэж болохуйц бараа бүтээгдэхүүнд тооцогддог болох амны хаалтыг хурааж авсан нь өөр шалтгаантай байжээ. Тэд хураан авсан амны хаалтаа Буриадын төв эмнэлэгтээ хандивлаж, эмч, эмнэлгийн ажилчдаа хамгаалсан байна. Тэд ядарч байгаа бололтой. Бид энэ ядарч яваа үед нь туслах учиртай юм. Тэдэнд амны хаалт, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан хамгаалах хувцас илгээх боломж бидэнд бий. Хамгаалалтын хувцсыг бид эх орондоо үйлдвэрлэж чадаж байна. Тэр бүү хэл АНУ-ын шаардлагад нийцэж, тэдэнд ч тусламжаар хүргүүллээ шүү дээ. Коронавирусээр өвчилсөн 200-гаад хүнийг эмчилсэн арвин туршлагаа эмч нар маань ч элэг нэгтнүүддээ хуваалцаг. Энэ бүхнийг ажил хэрэг болгох үүднээс аян, хөдөлгөөн зохион байгуулъя. Ийм хэрэгцээ шаардлага, боломж бололцоо бидэнд байна.

Ах, дүү нартаа туслах нь бидний өөрсдийн аюулгүй байдалд ч тус дэмтэй. Учир нь бид холилдож л байдаг ард түмэн. Тувачууд хөтөлгөө морьтой давхиад ороод ирдэг гэдгийг хэн хүнгүй л мэднэ. залуу түүнийг цар тахлаар өвчилсөн үгүйг, өөрийгөө тээгч болчихлоо гэдгийг ч мэдэхгүй сумын төв рүүгээ галигуулчихаж чадна. Ингэж хэрэг мандаж, өвчин тархахыг үгүйсгэх аргагүй юм аа. Өвчин нэг л тархчихвал хуурай өвсөнд гал алдсан мэт байдал үүснэ. Энэ бүхэн тоглоом биш гэдгийг бид өнгөрсөн хагас жилийн турш харлаа. Гашуун сургамж болсон олон жишээг бид нүдээр үзлээ. Тиймээс бид элэг нэгтнүүдээ төдийгүй иргэдээ сайн хамгаалах хэрэгтэй байна.

Тува чигт ойрхон нутаглаж байгаа малчдаа хилээс дотогш 100 км хэртэй татмаар байна. Хаана хаанаа үүсэх эрсдэлээ бодож сонор сэрэмжээ алдахгүй байх нь энэ цаг үед бидний хамгийн сайн чадах зүйл юм.

Харин цар тахал өмнөдмонголчуудад харьцангуй аюул бага учруулж, нөхцөл байдал нь намжмал байна. Гэхдээ тэдэнтэй холбоотой зарим нэг мэдээлэл ч чих дэлсэх болов. БНХАУ-ын Коммунист намын Өмнөдмонголын намын хорооны шийдвэрээр Өмнөдмонголын зарим сургуульд монгол хэлээр хичээл орохыг хоригложээ. 2000-аад оны тооллогоор тус хотод 1.3 сая монгол үндэстэн тоологдсон байгаа юм. Хэрэв энэ мэдээлэл баттай бол манай улс өөрсдийн байр сууриа НҮБ-д илэрхийлэх хэрэгтэй байна. Юуны тулд бид НҮБ-ын гишүүн орон билээ. Тэднийг бичиг үсгээ ашиглах эрхийг хамгаалж, НҮБ-д илтгэл тавимаар байна. Бичиг үсгээ ашиглахгүй бол монгол хэлгүй болно. Монголоороо ярьж, сэтгэж чадахаа ч болино. Энэ асуудалд төр засгаас даруй анхаарах нь зүйтэй.

Үүнээс гадна бид Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан Ялтан шилжүүлэх гэрээгээ цуцлах шаардлагатай байна. Бид 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Жиньпинийг айлчлах үеэр “Ялтан шилжүүлэх гэрээ”-г эцсийн байдлаар үзэглэсэн түүхтэй. Энэ гэрээнээс болж бид өмнөдмонголчуудаа барьж өгч, нэг үндэстний бус элэггүй зан гаргаж байгаа. Ийм хуншгүй зан гаргахаа болж, энэ байдалдаа цэг тавья. Мөн өмнөдмонголчуудаа хужаагаар нь дууддагаа ч болимоор байна. 1989 он хүртэл бид тэднийг их цөөхүүлээ, бүгд эрлийзжсэн гэж бат нот итгэдэг байв. Харин хил нээсэн тэр цагаас эхлэн бидний төсөөлөл тэс ондоо болохыг харж, мэдэрч байна.

Тэд яг л бидэнтэй адил монголоороо ярьдаг, магадгүй бид нараас ч илүү ёс заншлаа хадгалж үлджээ. Гэтэл бид өмнөх социализмын үеэс улбаатай тэднийг, монголчуудыгаа хужаа гэсэн мунхруулгад одоог хүртэл итгэсээр байна. Иймд төрөөс энэ тархи угаалтыг зогсоох, хориглох нь зүйтэй. Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх, тэдний төлөө өмөлзөх хүмүүс нь зөвхөн бид шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.БЕЙСЕН: Шударга ёсны талаар саналаа хэлж, зөв шийдвэр гаргуулахын төлөө ажиллана

УИХ-ын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа.


-Баян-Өлгий аймгаас сөрөг хүчний төлөөлөл болж сонгогдлоо. Улс төрийн замналаар замнаад хэдий хугацааг өнгөрүүлж байна вэ. Ер нь яагаад улс төрд орохоор болов?

-Би Ардчилсан намын анхны гишүүдийнх нь нэг. Энэ намд элсээд 30 жил болж байна. Энэ хугацаанд би Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд таван удаа оролцож, дөрвөн удаа ялалт байгуулсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр 2004-2012 он хүртэл найман жил ажиллаж байлаа. Харин 2016 оноос аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн даргаар ажилласан. Товчхондоо Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, шударга ёсыг тогтооход л хүчин зүтгэж яваа хүн. Миний хувьд урьд нь хоёр удаа УИХ-д нэр дэвшихээс татгалзаж, намынхаа нөхдөд боломж олгож байлаа. Харин энэ удаад сэтгэл шулуудан нэр дэвшихээр шийдсэн.

-Та бол Монгол Улсын хүний гавьяат эмч. Тэр ч утгаараа таныг эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудад дуу хоолой болж явна байх гэж харж байна…

-Миний УИХ-д орох болсон гол зорилго минь ердөө энэ юм. Эмч хүний хувьд би эрүүл мэндийн салбарт тэр дундаа хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг сайтар мэднэ. Ер нь өмч хувьчлалаас ямар нэгэн юм хүртээгүй хүмүүс хэн байна вэ гэвэл хамгийн түрүүнд багш, эмч нарыг нэрлэж болно. Тэр үеэс эхлээд л өнөөдрийг хүртэл эмч, багш нарыг дэмжих төрийн дэмжлэг дутмаг байна. Эмч, багш нарын цалин амьдралд нь хүрэлцдэггүй. Өнөөдөр эмнэлгийн ажилчдын 80 хувь нь цалингийн зээлтэй байна. Ийм учраас тэдний эрх ашгийг хамгаалж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх талаар тууштай анхаарна. Мөн баг, сумын түвшинд нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хичээх болно. Хүмүүс өндөр өртгөөр гадны улсыг зорьж эмчлүүлсээр л байгаа. Монгол Улс Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээндээ анхаарч, нарийн мэргэжлийн эмч нарыг сурган эмнэлгүүдийг нэмж, хүмүүсээ дотооддоо эмчилдэг болмоор байна. Энэ бол уг салбар дахь шийдэх ёстой нэн тэргүүний асуудал.

-Хөдөө орон нутгийн эмнэлэг, эмнэлгийн ажилчид, эмийн сангийн хүртээмж ямар байдаг вэ. Шаардлагатай түвшинд хүрч ажиллаж чаддаг уу?

-Багийн төв дээр эмийн сан байхгүй учир иргэд шаардлагатай эмээ авахын тулд 80-100 километр зам туулах шаардлагатай байдаг. Энэ мэт асуудлууд бий. Сумын эмнэлгийн лабораторийн оношлуурын аппаратаар нэн даруй хангах хэрэгтэй байна. Уг нь Засгийн газраас шаардлагатай хөрөнгө мөнгийг төсөвт суулгадаг ч тэр нь бодит байдал дээр ажил хэрэг болдоггүй. Шаардлага хангахгүй жижигхэн эмнэлэг барьж, төсвийн мөнгөнөөс шамшигдуулсан явдал ч гарсан. Аймгийн төвөөс сумдад туршлагатай эмч нар очиж мэс засал хийе гэхээр өрөө нь стандартын бус, багтаамж багатай байдаг. Яаралтай түргэн тусламжийн асуудал ч хурцаар хөндөгдөх учиртай. Дарга нар л жийп машин хөлөглөдөг байж болохгүй. Хамгийн сүүлийн үеийн туулах чадвар сайтай машиныг тэдэнд бус түргэн тусламжийн үйлчилгээнд зориулах шаардлагатай. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

-Таны хувьд эрүүл мэндийн салбарт хичнээн жил ажиллав. Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Би 1988 онд Анагаах ухааны дээд сургуулийг мэс заслын эмчээр төгссөн. Сонирхуулахад, оюутан байхдаа оюутны байрныхаа Зөвлөлийн дарга, сургуулийнхаа Эвлэлийн хорооны гишүүн байлаа. Сургуулиа төгсөөд Ногоон нуур суманд очиж, мэс заслын эмчээр ажиллаж эхэлсэн. Улмаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 32 жил ажилласан. Энэ хугацаанд мэс заслын эмч , бөөрний мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн даргаар тус тус ажилласан. Дарга боллоо гээд үндсэн ажлаасаа хөндийрөөгүй, шаардлагатай мэс заслуудыг хийж ирсэн. Тэр дундаа орон нутагт хийдэггүй хагалгаануудыг их хийжээ. Баруун аймагт анх удаа бамбайн булчирхай, түрүү булчирхайн мэс заслыг чадварлаг эмч нарынхаа хамтаар хийж байлаа. Элэгний том тайралт буюу цөсний хүүдийтэй нь хамт тайрах мэс заслыг ч 21 аймгаас анх удаа Баян-Өлгий аймагт хийсэн.

Миний хувьд өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахлыг оношилсон. Тахал гарчээ гэхэд тухайн үеийн удирдлагууд надад итгээгүй л дээ. Тиймдээ ч хугацаа алдаж, хавьтагчид эрсдэл учирч байв. Ямартаа ч Онцгой байдлын газар, цагдаагийн албан хаагчдад учирлаж байж тэдгээр хүмүүсийг хөл хорионд оруулж чадсан. Эрүүл мэндийн яам, Ардчилсан нам, аймгийн удирдлагууд энэхүү гавьяаг минь үнэлж надад Монгол Улсын Хүний гавьяат эмч гэх эрхэм цол олгосон юм.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манайх найман хүүхэдтэй. Эхнэр маань орос хэлний багш мэргэжилтэй. Одоо бол хувийн эмнэлгийнхээ захирлаар ажилладаг. Хүүхдүүдээс маань тав нь эмч мэргэжлийг минь өвлөсөн. Хүүхдүүд маань дүүрэгт, ОХУ-д, аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт, хувийнхаа эмнэлэгт тус тус эмчээрээ ажиллаж байна. Харамсалтай нь саяхан миний залгамж халаа болох байсан нэг хүү маань осолд орсны улмаас нас барсан. Харин бусад гурав нь сургуульд сурч байгаа.

-Сонгуульд оролцож байх үедээ хууль бус явдлуудтай нүүр тулав уу. Хэр шударга сонгууль болсон гэж харж байгаа вэ?

-Энэ удаагийнх сонгогчдыг авлигад сургасан сонгууль боллоо л доо. Сонгогчид үдээс хойш 16:00-20:00 цагийн хооронд хэн мөнгө өгөх бол гэсэн байдлаар хандсан нь илт ажиглагдсан. Хэн их мөнгө өгнө түүнд л саналаа өгдөг байдалтай болжээ. Энэ мэтчилэн энэ удаагийн сонгуулиар шударга бус явдлууд ихээр гарсан. Төрийн, төсвийн байгууллагуудын ажилчдыг дарамталж сонгууль өгүүлж байна. Тодруулбал, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ажилчдыг дарамталж сонгох эрхэд нь халдсан. Уулзалтад ирэхэд нь өөр хүнд саналаа өгвөл ажлаас чинь хална гэх зэргээр дарамталж, саналыг нь авсан асуудлууд байсан. Мэдээж ганцхан Баян-Өлгий аймагт бус бусад бүх л аймагт ийм шударга бус явдлууд байсан. Орон тооны хязгаарлалт бүх аймагт байгаа. Ер нь бол орон нутгийн иргэд ардчиллын төлөө саналаа өгөхөд бэлэн байсан. Гэхдээ луйвар орсон гэж бодож байгаа.

-Энэ удаагийн ээлжит сонгуулиар МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж, эрх баригч боллоо. АН-ын цөөн гишүүдэд дахин сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдлээ. Таны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ямархуу байдлаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Энэ дөрвөн жилд шударга ёсны төлөө саналаа хэлж, зөв шийдвэр гаргуулан ажиллах болно. Эрүүл мэндийн салбар, төсвийн зөв зүйтэй зарцуулалтаас гадна хүнсний аюулгүй байдлын асуудал дээр анхаарах цаг болсон. Импортын гэхээсээ илүү эх нутгийнхаа хөрсөнд ургасан хүнсийг хэрэглэх нь чухал байна. Баян-Өлгий аймгийн гол дагасан сумдад хүнсний ногоо тариалах бүрэн боломжтой. Миний хувьд энэ талаараа ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр У. Хүрэлсүх сайдад санал болгож хэлсэн байгаа.

-Ардчилсан намд намын удирдлагуудаа сонгох, улмаар өөрчилж шинэчлэгдэх шаардлага тулгарч байна. АН цаашид ямархуу байдлаар явбал зөв зүйтэй вэ?

-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд дүрмээ шинэчилсэн. Нам багагүй цэгцэрч, намын хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Аймгуудын намынхан ч сайн ажилласан. Гэсэн хэдий ч энэ удаад ялагдал хүлээлээ. Дүрмийн дагуу намын удирдлагууд огцрох ёстой. Одоо Үндэсний бодлогын хорооны хурал хуралдаж дараагийн намын даргаа сонгоно.

-УИХ-дахь Ардчилсан намын бүлэг бүлгийн даргаа сонгосон. Бүлгээрээ ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах тухайгаа ярьж, нэгдэж чадсан уу?

-Миний хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар сонгогдсон. Цаашид хэрхэн ажиллах тухайгаа бид ярилцана. Одоогоор хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулахгүй, төдийд ийм хуралтай л гэж хэлж байна. Хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцвал эвлэрэхгүй зүйлүүд дээр байр сууриа илэрхийлнэ. Түүнээс гадна МАН-ын гишүүд нэгнийгээ хамгаалж, өмгөөлөх янз харагдаад байна. Хамгаалаад сууж байх бус улс орноо хөгжүүлэх асуудлыг яримаар байгаа юм.

-Баян-Өлгий аймгийг маш их улстөржилттэй байна, төрийн алба нь “цус ойртолттой” байна гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Ер нь Баян-Өлгий гэлтгүй бүх л аймагт улстөржилт газар авсан. Төрийн албан хаагчдыг хоморголон халдаг явдал ч бий. Манайд дарга, цэргийг нь битгий хэл цэвэрлэгчийг нь хүртэл халсан. Баян-Өлгий аймгийн захиргаанд гэхэд ганц хуулийн зөвлөх л үлдсэн, бусад ажилчдыг нь бүгдийг нь халсан. Эмнэлэг, сургуулийн удирдлагуудыг дарамтлах, хамаатан саднаа ажилд томилох асуудлууд байгаа. Үүнийг таслан зогсоох нь туйлын чухал байна. Хичнээн нам засаг солигдлоо ч тэр ажилчдыг тайван ажлыг нь хийлгэдэг байх нь чухал.

-Өнгөрсөн парламентад Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд хэр үр дүнтэй ажиллав. Аймаг, сумандаа тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийсэн зүйл нь юу байв. Юу гэж дүгнэх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалт маш ихээр тавигдсан. Гэсэн ч УИХ-аас гарсан гишүүдийн хамаатан садан авсан асуудал бий. Ижилхэн хэмжээтэй барилгуудын нэгнийх нь өртөг нэг тэрбум хэдэн зуун сая төгрөг байхад нөгөөх нь 600 сая төгрөгөөр боссон ч бий. Ногоон нуур сумын Ховд багт 18:12 хэмжээтэй нэг давхар барилгыг 285 сая төгрөгөөр барьсан байгаа юм. Иймэрхүү шаардлага хангахгүй чанар, хийц муу, жижигхэн барилгууд барьсан тохиолдол цөөнгүй. Тийм учраас энэ асуудал дээр Засгийн газар анхаарч, хяналт шалгалт хийх байх. Зөвхөн төсөв дээр тоглодог хүмүүс ч их байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд нэг ч тендер авч үзээгүй. Хамаатан садандаа ч тендер авч өгөөгүй. ЖДҮ-ээс ч зээл аваагүй.

-Энэ удаагийн парламентад Баян-Өлгий аймгаас хамт сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч ажиллах уу?

-Хамтарч ажиллана. Гэхдээ хууль бус үйлдэл гаргавал шүүмжилнэ. Эвлэрэхгүй зүйлүүд дээрээ эвлэрэхгүй, сонгогчдын эрх ашгийг хамгаалж ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Би их туршлагажсан тэмцэгч


УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Энэ удаагийн ээлжит сонгууль Эрдэнэт хотод тун өрсөлдөөнтэй болсныг эрдэнэтчүүдийг ирэх дөрвөн жилд төрд төлөөлөх эрхмүүдээс харж болохоор байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулийг юу гэж дүгнэх бол. Мөн өөртөө хэр итгэлтэй байв?

-УИХ-ын найм дахь удаагийн сонгууль их хар сонгууль болсон. Ний нуугүй хэлэхэд би ийм хүнд, ширүүн сонгууль үзээгүй. Би Монголын Үйлдвэрчний холбооны ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байлаа. Их л хүнд сонгууль болж байсан шиг санагдаж байна. Дарханд илүүрхэж ялж, дараа нь унаж ч байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэх том тэмцээнд оролцож ялсантай адилхан өрсөлдсөн. Тэр бүхнээс энэ удаагийн сонгууль илүү хүнд байлаа.

-Яагаад тэр билээ?

-Сонгуулийн сурталчилгааны дундуур цагдаа нар намайг барьж авах гэж хөөцөлдсөнөөс болж маш олон хоног сонгогчидтойгоо уулзаж чадаагүй.

“Эмнэлгээр орсон учраас чамайг сонгуулиас хасна” гэсэн булай юм ярьж байгаа юм. Нөгөөдүүл чинь Улаанбаатарт байх эмнэлгүүдээр бүгд л орж, эмч нартай уулзсан биз дээ. Би өөрийнхөө тухай иймэрхүү байдлаар ярих жаахан дургүй хүн.

Ер нь энэ сонгууль хүнд сонгууль болсон шүү гэдгийг л хэлье. Хүний төлөө олон жил тэмцсэн, хүний төлөө гэдэг хүн өөрийнхөө тухай ярих үгүй ээ мөн их дургүй шүү. Энэ нь өөрийгөө доош хийсэн хэрэг л болно.

-Энэ удаагийн парламентын өнгө төрхийг хэрхэн харж байна вэ. Ер нь таны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ямархуу байдлаар ажиллая гэж бодож байна вэ?

-С.Ганбаатартай парламент учраас сонирхолтой л байх болно. Ард түмний талд байна гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд их хүчтэй сөрөг хүчин байна. Сөрөг хүчний дуу хоолой хэзээ ч багаддаггүй. Достоевский “Гар хөлийг нь боомилчихсон байсан ч хүн түмний төлөө гэсэн сэтгэлтэй бол ихийг хийж чадна” гэж хэлсэн байдаг шүү дээ. Үнэн миний талд байгаа. Гурван сая хүн, Монголын эрх ашиг, дээрээс нь сэтгүүл зүйн салбарын шударга ажилтнууд миний талд байгаа тохиолдолд маш ихийг хийж чадна. Би их туршлагажсан тэмцэгч.

-Зарим нэр дэвшигчид сонгуулийг хууль бус боллоо гэж шүүмжилсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ.

-Энэ талаар тодруулаач?

-Би нэгээр тасархай байсан. Мэрүүлсээр байгаад гурав дээр тогтсон. Би азтай байж болно. Гэхдээ маш эвгүй сонгууль болсон.

-Орхон аймаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд албан ёсоор хотын статустай болсон. Үүнтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлүүд юу байх вэ. Та юу гэж харж байгаа бол?

-Орхон аймаг Эрдэнэт хот болсон. Хотын статустай болсноор бүрэн эрх нь арай илүү болно гэсэн үг. Хотын татвар гэж бий болгодог. Татварын бодлого боловсруулдаг. Дээрээс нь эдийн засаг, ажлын байрны бодлогоо боловсруулдаг. Энэ утгаараа Эрдэнэтийг хотын статустай болгосон явдал нь зүйтэй хэрэг. Гэхдээ хэдэн дарга нарыг статустай болгоогүй. Эрдэнэт хотын 106 мянган иргэний статус, эрх мэдлийг нь нэмэгдүүлсэн гэсэн үг.

Аймгийн гурван талт хэлэлцээр гэж бий. Үүнтэй адил Эрдэнэт хотын гурван талт хэлэлцээрийг хийх хэрэгтэй. Хотын захиргаа, бизнес эрхлэгчдийн, хөдөлмөр эрхлэлтийн төлөөллийн байгууллага хоорондоо бүх төсөв, боломж, дүрэм журмаа ярих ёстой. Энэ бол гол гарц, басхүү миний ажлын арга барил байх юм. Энэ нь миний 16 жил хийсэн ажил. Үйлдвэрчний ерөнхийлөгч байхдаа би ингэж л ажилласан.

Энд л гэж хэлэхэд УИХ-ын гишүүн болонгуутаа л гоё мөрөөдлийн юм яриад байдаг бол ноцтой. Хүн юу ч мөрөөдөж, юу ч хүсч болно л доо. Гэхдээ 16 жилийн турш би Дубайн гэрээ, Оюу толгойн гэрээ, цалин, тэтгэврийн хэлэлцээр, улсын гурван талт хэлэлцээр гэсээр үүнийгээ Эрдэнэтэд хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь их сонсголонтой, илүү бодитой байх магадлалтай. Мэдээж хичээл зүтгэл их орно, саад ч байна. Гэлээ ч би хотын иргэдийг эрх мэдэлтэй болохын төлөө ажиллана.

-Эрдэнэтчүүд танаас юуг шийдээсэй, ямар өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байв?

-Орон сууц, ажлын байр, төрийн хүнд суртал, банкны хүүг буулгах гэсэн дөрвөн гол асуудалд эрдэнэтчүүдийн санал хүсэлт зангилагдаж байгаа. Үүнийг хийх гол арга зам нь иргэдийг эрх мэдэлтэй болгож, иргэдийн оролцоог нэмэх явдал. Тэгэхгүй бол иргэд өөрөө өөрсдөөсөө хулгай хийдэг байхгүй юу. Сайхан сэтгэлтэй, бурхан шиг дарга гарч ирлээ ч гэсэн түүний хажууд булган шуба авахыг хүсэж байгаа эхнэр байж л байгаа. Ийм аюул байдаг учраас иргэд өөрсдөдөө итгэх ёстой.

-Өмнөх парламентын Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүд хоорондоо төдийлөн нэгдэж чадаагүйг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ удаад дээрх жишиг эвдэгдэж чадах уу?

-Би хамгийн түрүүнд хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Би Эрдэнэтийн ард түмний төлөө, хийж бүтээе гэж зориж байгаа зүйлийнхээ төлөө чөтгөртэй ч хамаагүй нийлэх болно. Харин тэд тендэр шахаж, шударга бус явдлын үзүүр л цухуйлгах юм бол би тэдэнтэй тэмцэнэ. Тэмцэхээс ч өөр яах билээ. Тэр үед та нар биднийг эв нэгдэлгүй байлаа гэж зэмлэж болохгүй. Эв нэгдэлгүй байхаас өөр аргагүй нөхцөл байдаг шүү дээ. Хүлээн зөвшөөрч, буулт хийж болдоггүй үнэт зүйл гэж бидэнд бий.

Өнөөдөр Ганбаатарыг маш их хэрүүлч, заргалдагч гэж муулдаг, сайлдаг л юм. Гэхдээ өөрийнхөө төлөө нэг ч зүйлийг ярьж байгаагүй юм шүү. Оюу толгой, Дубайн гэрээн дээр хүнтэй эвтэй байх үндэс надад байхгүй.

-2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвших үү?

-Би нэр дэвшихгүй. Миний хувьд амласан санаж, бодож байгаа зүйлээ Эрдэнэтэд хэрэгжүүлнэ. Тийм учраас энэ удаагийн сонгуулийг би алгасна. Гэхдээ би хэзээ нэг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно.

-Тэгвэл намаасаа хэн нэгнийг дэвшүүлж таарах байх. МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихүйц хүн гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Манай намд Ерөн-хийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр чадварлаг, хүчтэй боловсон хүчин олон бий.

Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Нэг тогтоолоос болоод шууд төвийг сахихаа больж байна гэвэл өрөөсгөл

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Байнга төвийг сахих статус гэдгийг бид юу гэж ойлгох вэ?

-Яг хэллэг, томьёоллын хувьд, хуулийн төслийг анхлан санаачлагчийн тайлбараар бол ойрын болон алс ирээдүйд Монгол Улсад гадны улс орнуудаас ирэх дарамт шахалтыг бууруулах, тулгарч болох эрсдэл түүнээс зайлсхийх зорилготой гэж тайлбарладаг. Олон улс судлаач зарим эрхмийн үздэгээр өнгөрсөн ХХ зууны түүх, өнөөгийн олон улсын нөхцөл байдалд хамгийн эрсдэлгүй, манайх шиг улс оронд хамгийн тохирох сонголт гэж үнэлдэг. Товчхондоо, олон улсын хэмжээнд өрнөсөн маргаан, зөрчилд ямар ч үед, хэзээ ч аль нэг талыг нь дагаж сөргөлдөөнд нь татагдан орохгүй шүү л гэсэн санаа юм. Түүхэн сургамжуудаас харахад энэхүү байр суурийг баримталсан улс орнууд алдахаасаа онох нь илүү байсан гэдэгтэй маргах зүйл байхгүй. Харин тухайлан өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсад зайлшгүй сөхөн гаргаж ирэх шаардлага, нөхцөл байдал бүрдсэн үү гэдэг талаас нь тайлбарлах бол өөр хэрэг.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 6-ны өдрийн 162 дугаар тогтоолоор “Зөвлөмж дэмжих тухай” Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болсон байна. Мөн Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасан байна. Тэгэхээр бид төвийг сахихгүй болж байна гэж ойлгож болох уу?

-Хамгийн эхэнд таны асуултад өгөх миний хариулт бол судлаач хувь хүний байр суурь шүү гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Шууд утгаараа Засгийн газрын 2020 оны 162 дугаар тогтоолын үзэл санаа аль нэг талын үзэл бодол, байр суурийг илэрхийлээгүй гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.элбэгдоржийн үед санаачилсан “Монгол Улс байнга төвийг сахих тухай” хуулийн төсөл тухайн үедээ ч Уих-аар хэлэлцэгдээгүй, өнөөдөр дахин яригдахаа больсон. Тиймдээ ч уг хуулийн төслийн санааг дэмжин даган гаргасан засгийн газрын тогтоол нь шаардлагагүй болж өмнөх 2015 оны 375 дугаар тогтоолоо л хүчингүй болгосон асуудал гэж харж байна.

Монгол Улсын засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг учраас хурлаар хэлэлцэх бараг бүх тогтоолын төсөл өөрийн танилцуулгатай байдаг. хэрвээ бидэнд боломж байдаг бол дурдаад байгаа 162 дугаар тогтоолын танилцуулгыг олоод харчих хэрэгтэй байгаа юм. хэдийгээр миний хувьд үзэж амжаагүй ч гэлээ уг танилцуулгад засгийн газрын гадаад бодлогын байр суурь гэхээсээ илүүтэй процессын талаас нь тайлбарласан байгаа болов уу гэж таамаглаж байна. Баримт бичгийн хувьд засгийн газрын тогтоол нь хуультай адил хүчин төгөлдөр л бол хэрэгжих учиртай. Тиймээс хүчингүй болгосон нь энгийн нэгэн процесс л байх.

-Төвийг сахихгүй байх нь бидэнд ямар ашиг тус басхүү хор хохиролтой юм бэ?

-Өмнөх тогтоолоо хүчингүй болгосон дараагийн тогтоол Монгол Улсын байр сууурийг тайлбарлаагүй байх. Тусгаар тогтнолоо эргэн сэргээснээс хойшхи 100 гаруй жилийн түүхэнд манай өвөг дээдэс хэт нэг талаас хараат болсноос бусад бүх л үед аль болох төвийг сахих бүр цаашлаад гуравдагч хөршийн асуудлыг гаргаж тавьж байсан байдаг. харамсалтай нь тэр үеүд нь их богинохон байж л дээ. Тиймээс нэг тогтоолоос болоод л шууд төвийг сахихаа больж байна гэж тайлбарлавал өрөөсгөл болно. Өнгөрсөн зууны дунд үеийн хүйтэн дайны ид халуурлын үеэр манай улс зхУ-ын талыг үнэнчээр баримталдаг байсан ч эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, 77-ын бүлэг гээд харьцангуй намжмал байр суурийг ч орхигдуулж байгаагүйг түүхэн баримт, сурах бичгүүдээс харж болно.

-Засгийн газар яаруу, сандруу ингэж шийддэг нь ямар учиртай юм бол?

-Би таны асуулттай санал нийлэхгүй байна. хүчингүй болгосон гэх 372 дугаар тогтоол нь гарснаас хойш бүхэл бүтэн нэг их хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанаас урт буюу таван жилийг өнгөрөөсөн байна шүү дээ. Тиймээс харин ч алгуур, олон талаас нь харж гаргасан шийдвэр гэж хэлмээр байна. Угаасаа нийгмийн аливаа асуудал түргэн шуурхай гэхээсээ илүүтэйгээр олон талаас нь харсан “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар явах нь зөв байдаг. Тэр тусмаа гадаад бодлого, гадаад харилцааны асуудал бол бүр нарийн байх учиртай биз. Ахмад багш нарын минь нэрлэдэг “Төрийн алтан аргамж” хэт хуйсгануур шинжтэй байх нь зөв биш гэж бодож байна.

-Гадны улс орноос ямар нэгэн дарамт шахалт ирсэн байж болох уу?

-үүнд хөндлөнгөөс харж судалгаа хийдэг бид биш халуун гал тогоонд нь ойрхон байдаг бодлого боловсруулагчид, дипломат ажилтнууд маань илүү тодорхой хариу өгөх байх. Гадны гэхээсээ илүүгээр манай дотооддоо шийдвэр гаргагчдын үзэл бодолд тааруулах гэсэн оролдлого гэсэн тайлбар харсан. Манайх шиг улсын хувьд гадаад бодлогын шийдвэрт гадны юм уу хоёр хөршийнхөө байр суурийг харгалзах нь зайлшгүй. Түүнийг нь гадны дарамт гэх үү, эсвэл тусгаар улсын уян хатан гадаад бодлого гэх үү гэдэг өөр асуудал. зоосны хоёр тал ч гэх юм уу. Тэрнээс дотоод хэрэгт нь шууд хөндлөнгөөс оролцсон асуудал байхгүй л байх гэж найдаж байна.

-Төвийг сахих статусыг сурталчлахгүй гэж байгаа нь ШХАБ-д орох гэсэн нэг алхам байв уу?

-Таны асуулт “ШхАБ-ын үйл ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх” тухай Монгол Улсын Ерөнхийлөгч х.Баттулгын мэдэгдэлтэй холбогдсон гэж ойлголоо. Яг үнэндээ сурталчлаад байх хууль, үзэл баримтлал гэж байхгүй. Босоо удирдлага хэрэгжүүлдэг дипломат алба тэр тусмаа сайд нь дур мэдэн сурталчлаад байсан юм байхгүй байх аа. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн гэдэг сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн тогтвортой бодлого хэрэгжүүлж чадсан салбарыг гадаад харилцааны салбар гэдэг нь оргүй зүйл ч биш. Ямартаа ч нэгдсэн, тусгаар улсын хувьд гадаад харилцаандаа “нэг цонх”-ны зарчмыг амжилттай хэрэгжүүлж байгаагаа алдчихгүй л байх юмсан даа.

-Ер нь бидэнд ШХАБ-д элсэх зүй ёсны шаардлага байна уу?

-Бидэнд ажиглагчийн байр сууриа гишүүн болгож ахиулах бодит шаардлага байна уу гэдэг бол их ярвигтай. Та бүхэн дуулсан эсэхийг би мэдэхгүй байна, юу гэвэл МУиС-ийн ОУхНУС-иас эрхлэн 2019 оны нэгдүгээр сард хагас хаалттай хэлбэрээр зохион байгуулдаг цуврал академик мэтгэлцээн “Монгол Улс ШхАБ-д жинхлэх нь зөв үү” гэдэг сэдвээр болж өнгөрсөн юм. энэ салбарт харьяалагддаг судлаач, дипломатууд болон шийдвэр гаргагчдын төлөөлөл оролцсон уг мэтгэлцээнд “зөв, буруу” гэсэн байр сууриа тайлбарлаж, их л халуухан хэлэлцүүлэг өрнөж байлаа. Мөн Монголын дипломатын академиас эрхлэн “ШхАБ-ын хэтийн төлөв, Монгол Улсын баримтлах бодлого” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. эдгээр үйл ажиллагааны эмхэтгэлүүдийг сонирхсон хүмүүс олж үзэх боломжтой. энэ чиглэлээр гадаад бодлого, гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэн, Тинк-танк болон төрийн бус байгууллагуудын судлаачид ч олон сувгаар өөрийн өөрийн байр сууриа илэрхийлдэг. Тухайлбал, доктор р.Болдын “Монголын геополитикийн зарим асуудлууд” гээд бүтээлд их тодорхой дурдсан байгаа. Манай хүрээлэнд ч энэ чиглэлээр дагнан ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн судлаач бий. Миний хувьд судлаачдын байр суурьд хүндэтгэлтэй ханддаг боловч өнөө, маргаашгүй элсэх зайлшгүй шаардлага юу байгаа вэ гэдэг талаар нухацтай бодоход алдаад байх зүйлгүй л гэж хардаг юм. Ажиглагчаараа байгаад байх, бүрэн эрхт гишүүн болох хоёрын хоорондын ялгаа хэр байх, бүр нарийвчилбал жирийн иргэдэд яаж тусах вэ гээд л асуудал их бий. Манай зарим ахмад судлаач, дипломатуудын хэлдэг нэг үгийг би анхаарах хэрэгтэй гэж боддог. Аливаа улсын төрийн гадаад бодлоготой холбоотой шийдвэрийг хэт задгайруулж “гудамж”-нд гаргаж хүссэн хүн бүхний амны зугаа болгоод байх шаардлагагүй гэдэг шүүмжлэлд үнэний хувь их бий.

-ШХАБ бидэнд юу өгч, биднээс юуг хүсэх вэ?

-энэхүү байгууллагын анхлан байгуулах болсон учир шалтгаан талаас нь аваад үзвэл манай улсад шууд өгөх өгөөж бараг л байхгүй юм шиг харагддаг. Анхны суурь философи нь хэмээн зарлаж байсан гурван “-изм” нь манай улсын хувьд тийм ноцтой асуудал үүсгэсэн асуудал одоогоор лав байхгүй. Харин гишүүн болсны дараа биднээс юу шаардах вэ гэдэг бол өөр асуудал. Гишүүдийнхээ тоог бага багаар өргөжүүлж байгаа ШхАБ-ын гишүүнчлэл шинэ гишүүддээ ямар ашиг тус, өгөөж өгөөд байгаа гэдгийг ч бид анхааралтай ажиглах хэрэгтэй. үнэхээр л “өөх ч биш, булчирхай ч биш” байснаараа алдсан бол яг юуг алдаж, юунаас хоцроод байна вэ гэдгээ ч тооцож үзэж байж л шийднэ.

-Монгол Улс ШХАБ-д элсэх нь манай хөрш хоёр оронд ямар нэгэн давуу тал бий болгох уу?

-Гишүүнээр элсэхийг ил, далд хэлбэрээр уриалдаг, шахдаг гэдэг талаас нь харвал их гүрний ашиг сонирхол байгаа л байх. Тухайлбал, энэ бүс нутаг дахь бусад хүчнүүд тухайлан АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнуудын ашиг сонирхлыг хязгаарлах гэсэн бодол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай улс түүхэн хоёр хөрштэйгөө ямар нэгэн маргаан, үл ойлголцол өнөөг хүртэл байхгүй, дээр нь нэмээд гурван талын дээд хэмжээний уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизм тогтмолжсон өнөөдрийн түвшинд гишүүнчлэл нь ямар давуу байдал бидэнд бий болгохыг нэрлэж мэдэхгүй байна. Бүс нутгийн олон улсын байгууллагад албан ёсны гишүүн нь болмогцоо шууд л хоёр хөршийнхөө хэлснийг үг дуугүй дагадаг болчихно ч гэж бодохгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнесийн салбарын эрх ашгийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн ажиллана

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Хоёр дахь удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгууллаа. Энэ хоёр сонгуулийг харьцуулахад иргэд, сонгогчдын уур амьсгал, сонгуулийн үйл явц зэрэгт хэр их өөрчлөлт гарсан байна вэ. Та юу гэж ажиглав?

-Энэ удаагийн гол онцлог нь Монгол Улсын хамгийн том тойрогт өрсөлдсөн явдал байлаа. Баянгол дүүргийн МАН-ын дарга учраас би багаа удирдаж орсон. Бүх зүйл эрс, тэс өөр байлаа. Ирж байгаа ачаалал, хүмүүсийн хүлээж авч байгаа байдлын хувьд ч тэр. Судалгаагаар миний танигдалт 70-аас дээш хувьтай байсан бол 2016 онд маш бага буюу 40 хүрэхгүй хувьтай байлаа. 2016 онд би голцуу өөрийгөө хэн бэ, юу хийж байсан бэ гэдгээ ярьсан бол энэ удаад ирээдүйд юу хийх талаараа ярилаа. Баянголынхон ч надаас үүнийг хүлээсэн.

-Баянгол дүүргийнхэн таныг юуг өөрчлөөсэй гэж хүсч байна вэ?

-Нэгдүгээрт, нийгмийн шударга ёсыг хүсч байна. Энэ нь хүмүүсийг барьж, хорьж шоронд хийхийг хэлж байгаа юм биш. Өглөөнөөс орой хүртэл борви бохисхийлгүй ажиллаж байхад амьдрал нь дээшилсэн ч юмгүй өрнөөс өрний хооронд байгаа хүн бий. Нөгөө талд ажил гэж хийсэн юмгүй ч хүний арга эвийг олж илүү амьдраад байгаа нэгэн байдаг. Энэ бол энгийн хүний хувьд шударга бус байдал. Улстөрчдийн тухайд томоохон залилан, луйвар хийсэн ч торгуулж, 14 хоног шоронд суусан болоод өнгөрдөг. Энэ мэт шударга бус асуудалд цэг тавих ёстой. Энэ бол байж болшгүй зүйл.

Хоёрдугаарт, иргэд ипотекийн зээл, зээлийн хүүгийн дарамтад орсон. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй бас бизнесийн хүн. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга. Тэр ч утгаараа надад ирж байгаа санал хүсэлтийн дийлэнхийг ипотекийн зээлийн хүүг буулгах асуудал эзэлж байна. Үүнээс гадна зам харгуй засах, хүүхдийн тоглоомын талбайтай болгох, орон сууцны дулаалга хийх хүсэлтүүдийг тавьсан. Эдгээрт чиглэж ажиллах ёстойгоо сайн ойлгож байна.

-МАН мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг бууруулна гэж тусгасан. Ажил хэрэг болж чадах болов уу?

-Амласан, хийх ёстой. Та бүхнийг ч мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шахаж ажиллаасай гэж хүсэх байна. Ипотекийн зээлийн хүүгийн тухайд буурах боломжтой гэж үздэг хүний нэг нь би. Энэ талаараа ч олонтаа ярьж байсныг та бүхэн мэдэх байх. Энэ асуудалтай холбоод хэлэхэд манай улсад эдийн засгийн хөгжлийг хариуцсан яам дутагдалтай байгаа. Ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд анхаардаг, бизнесүүдийг дэмждэг төрийн захиргааны төв байгууллага байх хэрэгтэй юм. Үндсэн хуульдаа ч энэ талаар тусгаж, Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай болохоор болсныг зөв зүйтэй гэж харж байгаа.

-Та өнгөрсөн дөрвөн жилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн асуудлыг ихээр хөндсөн. Энэ удаад ч тэдний эрх ашигт нийцсэн зүйлсүүдийг ярьж, хэлж явах уу. Цаашдаа энэ салбарт ямар өөрчлөлтүүд бий болох ёстой гэж харж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн талаар ярьдаг хүн олон болж. Сая сонгуулиар бараг бүгд л энэ салбарыг ярьж байгаа харагдана. Зөвхөн уул, уурхай, гадаад харилцаа, геополитик ярьдаг хүмүүс хүртэл энэ салбарыг ярилаа. Үүнээс жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг Монголын ард түмнийг авч явж байгаа салбар мөн гэдэг нь харагдаж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэл Монгол Улсын ирээдүйн хөгжлийн тулах цэг мөн. Энэ цэг байхгүй бол 800 мянган хүн ажилгүй болно. Уул, уурхай газар тариалан, төрийн байгууллагын аль нь ч тэр 800 мянган хүнийг ажлаар хангаж чадахгүй. Энэ хүмүүсийн ажил тогтвортой байж гэмээнэ Монгол Улсын аж амьдрал тогтвортой байна. Тиймээс энэ салбарыг бодлогоор дэмжиж, зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах хэрэгтэй. Бүр болохгүй бол захиргаадалтын арга хэмжээ авах ёстой. Үүнийг ч би өмнө нь хэдэнтээ ярьж байсан. Тэгэхгүй бол бизнес эрхлэгчид жижиг, дунд бизнес эрхэлж байгаа нэртэй ч олсон бүхнээ зээлийн хүүд өгөөд дуусч байгаа. Тэд энэ бүхнээс дүгнэлт хийгээд компанид орж ажил хийсэн нь эсвэл “цүнх барьсан” нь дээр юм байна гэж боддог. Ингэж хүмүүсийн сэтгэлийг мохоож байгаа нь өөрөө Монголын ирээдүйг үгүй хийж байна.

Мэдээж би ирэх дөр-вөн жилд жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнесийн салбарын эрх ашгийг хам-гаалахын төлөө үргэлжлүүлэн ажиллана. Хүчтэй дуу хоолой нь байна. Би асуудлыг попорсон маягаар ярихгүй, хүнд таалагдах байдлаар явахгүй. Гагцхүү шийдэх боломжтой асуудлын тухай л ярина. Зааланд дэмжигдэж, төрийн бодлогод сууж, ард иргэдэд нийцэх ёстой гэх зарчмыг л барина.

-Хэрэв сайд болох санал ирвэл та хэрхэх вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Нэгдүгээрт, намын бодлого шийднэ. Хоёрдугаарт, УИХ дотроос дөрвөн сайд л сонгогдох боломжтой. Гэхдээ энэ асуудлуудыг ярихад арай эрт байна.

-Анхдугаар чуулган тун удахгүй хуралдаж, Засгийн газраа бүрдүүлж, УИХ-ын даргаа сонгоно. Байнгын хороодын дарга нарыг ч томилно. Одоогоор ямар таамгууд хөвөрч байна вэ?

-Манайх дотроо олон фракцтай нам биш шүү дээ. Хуваагдлаа ч нэг зангилаан дотроо амархан орчихдог. Үе дамжиж ирсэн хүмүүжил, эв нэгдэлтэй нам юм. Яахав, дотроо янз бүрийн таамгууд байх шиг л байна. Одоохондоо энэ буруу, энэ зөв гэж ярих нь утгагүй.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнтэй нэр дэвшсэн бие даагч, нам, эвслүүд шударга бус болсон гэж буй. Та үүнд юу хэлэх вэ?

-Хар машин зөв тоолдог гэдгийг бүгд мэдэж байсан байх. Нэг хүн гурван хүн дугуйлаад санал нь гурав болно гэдгийг ч бүгд мэдэж байсан болов уу. Тэрийг мэдэхгүй хүн байдаг гэдэгт би итгэхгүй байна. Хүмүүсийг попрох дуртай байна л гэж би харж байгаа. Шулуухан хэлэхэд зүгээр ч нэг буугаад өгчихмөөргүй байх шиг. Гэхдээ ийм үйлдлүүд хол явахгүй л дээ. Монголын ард түмэн үүнийг ялгаж салгахтайгаа гэж бодож байна. Монголын ард түмэн ухаантай гэж хэлсэн нь оргүй хоосон үг биш. Тэд хэн биднийг төлөөлж чадах вэ, хэн ажил хийх вэ гэдгийг харж чаддаг. Худал цуурхалд автдаг цаг ард хоцорсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ч тэр олон гоё мэдээлэл өгч байгааг нь гэхээсээ илүү баттай үнэн зүйлийг ярьж байгааг нь хардаг, сонсдог болчихсон. Хэн ч эргэлзээтэй, худал мэдээллийг харж цагаа бармааргүй байна шүү дээ.

-Дэлхийн цөөхөн улс оронд хэрэглэгддэг сонгуулийг тогтолцоог ашигласнаар нийт ард түмний 30 хувийн санал авсан МАН төрийн эрхийг авлаа гэж шүүмжилж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Дэлхийд байдаг л тогтолцоо шүү дээ. Өөр ямар ч тогтолцоогоор гарч ирсэн байлаа шүүмжлэх нь тодорхой. Шүүмжлэхгүй байна гэж огт байхгүй. Жишээ нь, пропорциональ системээр сонгууль явуулсан бол бүр хүлээн зөвшөөрөхгүй. Намын нэрээр дулдуйдаж хулгайч, луйварчид нь гарч ирлээ гээд ёстой босоод ирэх байх шүү. Энэ тогтолцоо үнэхээр л тийм. Тиймдээ ч би пропорциональ тогтолцоонд дуртай биш. Мажоритор тогтолцоог ч мөн төсвийн мөнгийг олон жижиг тойрогт хувааж, улсын орны хөгжилд чөдөр тушаа болдог гэх зэргээр ч шүүмжилдэг. Энэ сонгуулийн тогтолцоо бол дундын хувилбар. Харин ч ард түмэн дүнгээ тавилаа.

Надтай санал нийлэх, нийлэхгүй хүн байгаа л байх. Гэхдээ “Ардчилал гэдэг хамгийн муу юм. Гэхдээ бидэнд одоогоор өөр сайн хувилбар алга байна” гэдэг дээ.

Ер нь сонгууль гэдэг дайн тулаан биш. Ялсан нь уруу дорой царайлж ялсан нэгнийгээ элдэвлээд байх шаардлага байхгүй. Ялсан нэг нь дайснаа дарчихсан мэт баярлаж гүйгээд байх ч шаардлагагүй, амлалтаа биелүүлж, намынхаа бодлогыг хэрэгжүүлээд л явах ёстой.