БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа.
-Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Шинэ хуулиар ямар гол зохицуулалтуудыг хийх вэ?
-“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны 2021-2030 төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлэх” зорилт дэвшүүлсэн. Цаашид нийгэм болон дижитал технологийн эринд ажиллаж амьдрах, нийгмийн идэвхтэй оролцоотой, тасралтгүй хөгжих чадамжтай, хүмүүнлэг, ёс зүйтэй иргэнийг хөгжүүлэх нь боловсролын ирээдүйн хөгжлийн төлөвлөлт болоод байна.
Эдгээр бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн.
Боловсролын багц хуулийн төслийг боловсруулж энэ оны арваннэгдүгээр сарын 5-аас эхлэн улсын хэмжээнд цахимаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг хийлээ. Төсөлтэй 59000 гаруй иргэн, багш, ажилтан, эцэг, эх, оюутан хандалт хийн танилцаж, 24381 санал ирүүлсэн байна. Манай улсын гурван сая гаруй хүн амын нэг сая нь суралцагч, хоёр сая нь тэдний эцэг, эх, ар гэр, ирээдүйн ажил олгогч нь юм. Тэгэхээр манай салбарын үйл ажиллагаанд хамааралгүй, үйлчилгээг нь хүртдэггүй иргэн, гэр бүл бараг байхгүй. Тийм л учраас олон талын саналыг авч хэлэлцэн хуулийн төслөө эцэслэн боловсруулах шатандаа ороод байна.
Хуулийн төсөлд олон шинэ зохицуулалтыг тусгасан. Нэн тэргүүнд боловсролын зорилго, агуулгыг шинэчлэх, суралцагч хүүхдийг хүндэтгэх, эрхийг нь хамгаалах, тэдний сурч боловсрох орчин, нөхцөлийг хангах, багшийн нэр хүндийг бататгах, ажлын нөхцөлийг тогтоох, нийгмийн баталгааг хангах асуудлууд байгаа. Мөн сургалтын байгууллагын ангилал, хэв шинжийг өөрчлөх, боловсролын удирдах албан тушаалтныг томилохдоо мерит (чадахуйн) зарчмыг баримтлах, боловсролыг хүртээмжтэй, тэгш боломж олгохуйц болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч боловсролын үйлчилгээ авах, адил, тэгш нөхцөл боломж бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан.
Түүнчлэн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, боловсрол дахь цахим шилжилт, иргэнд боловсрол эзэмших тэгш, хүртээмжтэй боломжийг олгох цахим, зайны сургалт, боловсролын нээлттэй нөөц материал тухай зохицуулалтыг хуулийн төсөлд анх удаа тусгасан. Боловсролын цахим сургалт, технологи, контентийг анх удаа хуульчлах гэж байна гэсэн үг. Монгол Улс дэлхий дахинаа дээд боловсролын салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил, ур чадварын хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа өнөөдрийн болон ирээдүйн цаг үед сургалт-судалгаа, эрдэм шинжилгээ хосолсон зөв бүтэцтэй, нэгдмэл судалгааны их сургуультай байж, улмаар дэлхийн түвшний их сургууль болж өрсөлдөх шаардлагатай болж байна. Их сургуулиудын ахисан түвшний сургалт, судалгаа шинжилгээний цар хүрээ, чанарыг нэмэгдүүлэн сайжруулах, дундын болон хамтарсан судалгааны лабораториуд бий болгон хөгжүүлэх нь зүйтэй. Энэ утгаараа их сургууль-эрдэм шинжилгээний байгууллагын хамтын, нэгдмэл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагааны зохицуулалт хуулийн төсөлд туссан.
-Та түрүүн цахим, зайны сургалтын харилцааг хуулийн төсөлд анх удаа тусгасан гэлээ. Тухайлбал, ямар байдлаар хуульчлагдах вэ?
-Бид хоёр хоногийн өмнө “Оюун билгийн соёрхол-Монгол хэл бичиг” хэл, бичгийн 1000 багшийн цахим сургалт хийлээ. Манай БМДИ-ээс зохион байгуулдаг уламжлалт Сонголтот сургалтад 11 мянга гаруй багш цахимаар хамрагдаж байна. Ахлах ангийнханд зориулсан цахим давтлагад нэг өдрийн дотор хот, хөдөөгийн 45 мянган хүүхэд холбогдлоо. Ийм байдлаар цахим сургалт, цахим харилцаа манай салбарт хурдацтай нэвтэрч байна. Тиймээс шинэ хуульд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааг танхимын сургалтаас гадна зайн, цахим болон холимог хэлбэрээр зохион байгуулж болох; Ерөнхий боловсролын сурах бичиг нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байх зэргийг хуульчлахаар тусгасан. Үүнийгээ дагаад багш нь танхимын бус, холимог хэлбэрийн сургалтыг зохион байгуулах мэдлэг, чадвартай байх; багшлах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг төвлөрсөн, бүсчилсэн болон зайн, цахим хэлбэрээр зохион байгуулах замаар үндэсний хэмжээнд багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлэхээр зохицуулна. Мөн иргэн зайн, цахим хэлбэрээр боловсрол эзэмшихэд зориулж харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, программ болон техник хангамжийг холбогдох газрууд хариуцан шийдвэрлэхээр оруулсан.
-Мөн хуулиар хүүхдийг долоон настайгаас нь эхэлж ерөнхий боловсрол эзэмшдэг болгох уу?
-Одоо бидний мөрдөж байгаа хуульд ерөнхий боловсролын сургуульд зургаан настай хүүхэд элсэхээр хуульчлагдсан байгаа. Бидний боловсруулж буй хуулийн төсөлд Ерөнхий боловсролын сургуульд тухайн онд зургаан нас хүрсэн хүүхдийг элсүүлэх, хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар зургаан настайдаа сургуульд орох боломжгүй байсан хүүхдийг долоон настайд нь сургуульд элсүүлж болох уян хатан зохицуулалтыг тусгаад байна.
-Цар тахалтай холбоотойгоор салбарын яамнаас теле хичээл явуулж байгаа. Эцэг эхчүүдийн зүгээс теле хичээл үр өгөөжгүй байна гэж дүгнэх нь цөөнгүй байх шиг. Хичээлийн үр дүн ямар хэмжээнд байгаа талаар судалсан зүйл бий юү?
-Манай улс энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс бүх шатны сургалтын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын бус хэлбэр буюу теле хичээл, цахим сургалт руу шилжүүлсэн. Бидний хувьд энэ ажил шинэ сорилт байлаа. Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн нийт 170 хичээлийг Монголын телевизүүдийн холбоотой хамтран теле хэлбэрт оруулж, тус холбооны телевизүүд болон Монголын үндэсний олон нийтийн телевизээр 4800 цагийн хичээлийг хүүхдүүддээ үзүүллээ. Тусгай хэрэгцээт боловсрол, эрүүл мэнд, албан бус, насан туршийн боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан элсэлтийн шалгалтын хичээлийг тусгайлан бэлтгэж хүргэж байна. Хичээлүүдээ дохионы хэлний орчуулгатай хийсэн. Бага ангийн зарим теле хичээлийг үндэсний цөөнхөд зориулж казах, тува хэлээр орчуулан хүргэлээ. Теле хичээлийг сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу заахын зэрэгцээ Монгол соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай уялдсан агуулга, арга зүй бүхий хичээлээр сурагчдын өмнө эзэмшсэн мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилт тавьсан нь үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Теле хичээлийг бүхэлдээ үр өгөөжгүй болсон мэтээр шүүмжилж болохгүй. Манай яамнаас зайн сургалтын хамрагдалтын мэдээллийг улирал, сар, долоо хоног тутам гарган дүгнэлт хийн ажилласан л даа. Хамрагдалт 70-74 хувьд хэлбэлзэж байна.
Интернэтэд нэвтрэх боломжгүй, эсвэл хичээл үзэх техник хэрэгсэлгүй болон зарим малчдын хүүхэд, орлогын түвшин доогуур, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадаагүй байна. Эдгээр хүүхдүүдэд хэвлэмэл болон аудио хэлбэрээр хичээл бэлтгэн хүргэх ажлыг үе шаттай хийсэн. Зөвхөн телевизээр хичээл заагаад орхичихоогүй. Теле хичээлийг үзэх боломжгүй байгаа зорилтот бүлэгт орон нутгийн цэцэрлэг, сургууль, багш нар агуулгын хоцрогдлыг арилгах нэмэлт хэвлэмэл материал дасгал даалгавар боловсруулж хүргэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Олон киломертийн цаана амьдарч буй сурагчийнхаа гэрт очиж хичээл давтуулсан, хэвлэмэл хичээлийг нь хамгаалалтын пост дээр эцэг эхтэй нь солилцож, тайлбарлаж явуулсан зэргээр идэвхтэй ажилласан багш нарын бахархууштай жишээ бидэнд ирсэн.
Теле хичээлийн үр дүн, анхаарах асуудлын талаар хэд хэдэн судалгаа хийсэн. Сурагчдын дунд сурлагын хоцрогдол үүсэх, тэгш бус байдал бий болох, улмаар сургууль завсардалт үүсэх, дунд, ахлах ангийн сурагчид сурлагаар хоцрох айдас, сэтгэл зүйн ээнэгшлийн айдас, түгшүүр илрэх магадлал нэмэгдэж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Яамнаас сурагч, эцэг, эх, багш нарт зориулсан нийгэм сэтгэл зүйн нөлөөллийн хоёр сарын аяныг зохион байгууллаа.
-Тэгвэл теле хичээлийн үр өгөөж, хамрагдалтыг сайжруулах талаар ямар ажил хийх вэ?
-Теле хичээл амархан бүтээгүй, маш богино хугацаанд бэлтгэгдсэн, зарим зөрчил дутагдал гарсныг үгүйсгэхгүй. Теле болон цахим хичээл бэлтгэх, заах, бататгах, зөвлөх, туслах, дэмжих гээд энэ бүх ажлын цаана маш олон багш, салбарын ажилтан, албан хаагч, телевизийн хамт олон, эцэг эх идэвх зүтгэл гарган хамтран ажиллаж үр дүнд хүрсэн. Энэ сарын 16-нд улс орнуудын хичээл сургалтын үйл ажиллагааг зайн хэлбэрт шилжүүлсэн арга зам, туршлага, хийсэн ажлын талаар ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк хамтран зохион байгуулсан олон улсын хурал болсон. Манай улс энэхүү олон улсын хуралд оролцон боловсролын салбарт хийж буй зайн сургалтын талаар илтгэл тавьсан. Зохион байгуулагчдын зүгээс манай илтгэлийг өргөн хүрээний мэдээлэл агуулсан, сайн туршлага гэж үнэлэн НҮБ-ын Хүүхдийн сан салбар оффисууддаа хуваалцсан байна лээ. Энэ нь салбарын багш, ажилтан, олон хүний хүчин чармайлтыг үнэлсэн үнэлгээ болсон. Теле хичээлийг бэлтгэсэн, заасан, түгээсэн, суралцсан, дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Багш нараараа бахархаж байна. Түүний зэрэгцээ хүүхдүүдийнхээ хичээл сургалтад анхаарч, суралцах орчныг нь бүрдүүлж, тусалсан эцэг, эх, эмээ өвөө нарт талархаж байна. Цаашид дэлхий дахинд зөвхөн багш ангид суулгаад зааж сургадаг биш суралцагчийн суралцах эрх, хүсэл сонирхол, хувийн онцлог байдлыг харгалзаж багш суралцахуйг дэмждэг хандлага бий боллоо. Теле хичээл бол цахим сургалтын нэг л хувилбар. Зайн сургалт, теле хичээл, цахим сургалтад технологид суурилсан бүтээлч, эерэг үр дүн гарч байгаа ч анхаарах, сайжруулах, өөрчлөх асуудлууд байна.
Бага ангийн хүүхдийн оролцоог дэмжсэн, тэдний сонирхлыг татах, хичээлийн агуулгыг тоглоом, зураглал, өнгө будаг хосолсон хэлбэрт оруулсан интерактив 104 жишиг контент бэлтгэж эхний 50 хичээлийг econtent.edu.mn сайтад байршуулаад байна. Энэ хичээлийг эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа хийх боломжтой, үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээснээрээ онцлог юм. Цаг хугацаа хамаарахгүйгээр хичээлээ давтах, бататгах боломжийг хүүхдүүддээ олгох үүднээс бүх теле хичээлийг Боловсрол, шинжлэх ухааны яамны econtent.edu.mn сайтад байршуулж, хандалтыг үндэсний хэмжээнд үнэ төлбөргүй болгосон.
-Цар тахлын тархалт энэ хэвээр байвал хоёрдугаар сараас эхлэн теле хичээл үргэлжлэх үү?
-Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед улсын хэмжээнд, салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөө гэж байдаг. Боловсрол, шинжлэх ухааны салбарт мөн ийм батлагдсан төлөвлөгөө байгаа, бид түүнийг хэрэгжүүлж ажиллана. Гамшгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг одоо урьдчилан хэлэх боломжгүй. Тухайн үед Засгийн газар, Улсын Онцгой комисс ямар шийдвэр гаргахаас салбарын үйл ажиллагаа хамаарна. Манай яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын болон танхимын бус хосолмол, зайн болон цахим хэлбэрээр явуулах бүх бэлэн байдлыг хангаж байна.
Өвчний дэгдэлт, тархалт буурч, нааштай сайхан үр дүн гарч эхэлнэ гэж найдаж байгаа. Бидний зүгээс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, багш, ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалан, зөвшөөрөгдсөн хэмжээнд танхимын сургалтаар хичээлийг үргэлжлүүлэх бэлтгэл хангаж байгаа. Нэгдүгээр улирлын теле хичээлийн зургаан долоо хоногийн агуулгыг техникийн болон орон нутгийн байршил, гэр бүлийн орчин, нөхцөлөөс шалтгаалан бүрэн үзэж чадаагүй сурагчдад нөхөх, тэгш боломжийг бүрдүүлэх, агуулгын хоцрогдлыг арилгах нэмэлт арга хэмжээг энэ амралтын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Элсэлтийн ерөнхий шалгалт зэргийг хэрхэн зохион байгуулна гэж төлөвлөж байгаа вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан элсэлтийн шалгалтын хичээлийг тусгайлан бэлтгэж теле хэлбэрээр зааж байгаа. Мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 603 багш үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад судлагдахуун тус бүрээр 30 минутаар 3-7 удаагийн буюу нийт 74 цагийн цахим хичээлийг заах бэлтгэл хангагдаад байна. Түүнчлэн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад Монгол хэл, үндэсний бичиг, Уран зохиол, Иргэний ёс зүйн боловсрол, Математик, Мэдээллийн технологи, Физик, хими, Биологи, Түүх, нийгэм судлал, Газарзүй, Англи хэл, Биеийн тамир, Эрүүл мэнд, Орос хэл, Дизайн технологи, зэрэг хичээлийг цахимаар орно. Сурагчдын амралтын хугацаанд цахимаар явагдах энэ хичээлд сонголтоороо хуваарийн дагуу сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг хүүхдүүдэд олгож байгаа. Аль багшийн, ямар хичээлд хамрагдах хүсэлтэй байгааг нь харгалзан үзэж хүүхдүүдийг бүлэг болгоно.
Анги төгсөх болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд, ялангуяа 12 дугаар ангийн хүүхдүүдэд давтлага авах санал эцэг эх, хүүхдүүдээс нэлээд ирж байгаа. Давтлагатай холбоотой үйл ажиллагааг түр хойшлуулсан.Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл журмын дагуу 2021 оны хоёрдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд явагдана.
-Өнгөрсөн намар Их, дээд сургуулиудын элсэлт төгсөгчдийн тооноос хамаараад тун цөөхөн байсан. Энэ нь Их, дээд сургуулиудад том шалгуур болно гэдгийг тухайн үеийн салбарын сайд нь онцолж байсан. Элсэлтээс шалтгаалж Их, дээд сургуулиудад хүндрэл учирсан зүйл бий юү?
-Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 88 Их, дээд сургуульд 147.3 мянган оюутан суралцаж байна. Үүний 24.9 мянга нь шинээр элсэгч оюутан. Өнгөрсөн хичээлийн жилд Их дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд 17.5 мянган оюутан элсэж байсан. Тэгэхээр элсэгчдийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 7.4 мянгаар нэмэгдсэн байна. Ингэхээр элсэлтийн үйл ажиллагаанаас хамаарч Их, дээд сургуульд ямар нэг хүндрэл, эрсдэл үүсээгүй гэж бодож байна.
-Өнгөрсөн онд өөрчилсөн цөм хөтөлбөр өмнөхүүдээсээ хэр ахиц дэвшилтэй байгаа вэ. Цаашдаа цөм хөтөлбөрийг шинэчлэх үү?
-Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр 2014, 2015, 2016 онд тус тус шинэчлэгдэн батлагдсан. 2019 онд эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж засан сайжруулалт хийсэн. Сайжруулалтыг сурагч багш нарын хамтын ажиллагааг дэмжих, гүнзгийрүүлэх, сурагчдын сурах болон багшийн багшлах ажлын ачааллыг зохистой болгох, сургуулийн хичээлд суурилсан үйл ажиллагааны менежмэнт, төлөвлөлтийг дэмжиж, сургуулийн сургалтын хөтөлбөр багшийн хичээл төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн.
Сайжруулалт хийснээр сургалтын цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтын тоо бага боловсролд 1242-оос 755 болж 35.3 хувь, суурь боловсролд 1695-аас 1487 болж 8.7 хувь, бүрэн дунд боловсролд 1440-өөс 1331 болж 9.2 хувиар буурсан үр дүнтэй гарсан байгаа. Агуулгын хувьд давхардлыг арилгах, танин мэдэхүйн түвшинд нь тохируулсан, томьёолол найруулгыг сайжруулж, судлагдахуун бүрийн залгамж холбоог нягталж, анх удаа сайжруулалт хийсэн. Одоо сайжруулсан хөтөлбөрөөр сургалт явагдаж байгаа.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт шинжилгээг 2021 оноос үе шаттай хийнэ. Хөтөлбөрийн менежментийн циклийн онолоор 2024 оноос дараачийн сургалтын шинэ хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.
-Сүүлийн үед монгол хэлний дүрэм, хичээлийн талаар их шүүмжлэл өрнөж байна. Монгол хэлний дүрмийн талаар танаас тодорхой мэдээлэл авах гэсэн юм.
-Монгол хэлний дүрмийн талаар ярихаас өмнө төрийн хэлний зөвлөл, дараа нь өөрчлөгдсөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн талаар ойлголт өгөх нь зүйтэй байх. Монгол хэлний тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл есөн гишүүнтэй. Бүрэлдэхүүнд нь монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөлөл ордог. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг. Зөвлөлийн бүрэлдэхүүн 2018 онд шинэчлэгдэн батлагдсан.
Монгол хэлний тухай хуульд зааснаар кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн хариуцан боловсруулж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталдаг. Мөн кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг Хэл зохиолын хүрээлэн хянаж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хэлэлцэн баталдаг.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард 05 тоот тогтоол гарган Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”д хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон. Энэхүү тогтоолд дүрэмд нийцүүлсэн журамласан толь бүтээх ажлын хэсэг байгуулан ажиллах талаар дурдсан байдаг. Ингээд монгол хэлний, хэл бичгийн ухааны эрдэмтдийн хамтарсан баг Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бүтээн 2019 онд хэвлэн гаргасан. Бид өнөөдөр Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг мөрдөн сургалтад хэрэглэж байгаа.
Монгол хэлний тухай хуульд зааснаар манай яам бүх шатны боловсролын сургалтын байгууллагын монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн агуулга, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, Их, дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авах, сурган хүмүүжүүлэх ухаан, хэл шинжлэл, уран зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр Их, дээд сургуульд элсэгчдээс авах монгол хэл, бичгийн шалгалтын тусгайлсан журам батлах, хэл бүхий үндэстний цөөнхөд зориулж сургалтыг хос хэлний хөтөлбөрийн агуулгыг батлах, үндэстний цөөнх монгол хэл болон эх хэл дээр боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээдэг. Энэхүү үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа.