Categories
мэдээ цаг-үе

Б.Ихэрсувд чөлөөт цагийг завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог

“Авьяаслаг монголчууд” шоуны 0050 дугаартай оролцогч Б.Ихэрсувдтай ярилцлаа.

-Та яагаад “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор шийдсэн бэ?

-Би өөрийгөө үг хэлээр бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй юм л даа. Тийм учраас дуу, хөгжмөөр хүмүүст өөрийгөө хэн гэдгийг харуулахыг хүссэн.

-Өөрийгөө харуулж чадсан уу. Шоунд оролцсоноос хойш таныг хүмүүс мэддэг болж байгаа байх. Таны хувьд ямар санагдаж байгаа вэ?

-Харуулсан гэж бодож байна. Ойр дотнын хүмүүс маань шоуны эхний шалгаруулалтыг үзсэнээс хойш намайг үнэлэх үнэлэмж нь нэмэгдсэнд би баяртай байгаа. Олон хүн намайг мэдлээ, танилаа гээд надад ямар нэг өөрчлөлт орохгүй. Амьдрал маань явдгаараа л явна.

-Дөрвөн шүүгч таныг их дэмжиж байсан. Урмын үг сонсох ямар санагдаж байв. Хэр бодит шүүж байна гэж харж байгаа вэ?

-Шүүгчдийн үгийг сонсоод их урам авсан. Шүүгчид тус тусдаа хувь хүн учраас дөрвөн өөр талаас нь маш сайн шүүлтүүрээр шүүдэг гэж хардаг.

-Эхний үзүүлбэртээ яагаад заавал гадаад дуу дуулсан юм бэ?

-Би юкилили буюу жижиг гитар хөгжмөө хоёр жилийн өмнө хамаатны эгчээсээ бэлгэнд авч байсан. Анх юкилилигээрээ тоглож сурсан дуу маань дуучин “Vance Joy”-ийн “Riptide” дуу байсан. Тиймээс л миний хувьд дуугаа дуулах хамгийн анхны том тайз гэдэг утгаараа энэ дуугаа сонгож дуулсан юм.

-Зургаан утастай том гитар хөгжим тоглодог уу?

-Тоглодог. Анх таван жилийн өмнө гитар тоглож сурч байсан. Бие дааж сурч байсан болохоор эхэндээ хэцүү л байлаа. Гэхдээ өмнө нь шанз хөгжим тоглож сурсан байсан маань дөхөм болсон. Ер нь бусад хөгжмийг ч тоглох сонирхолтой. Нэмээд шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсч байгаа.

-Хамтлагт дуулдаг уу. Шүүгчид өөрөө дуу бичээрэй гэж захиж байсан?

-Би хамтлагт байсан. Гэхдээ одоо гарчихсан л даа. Ер нь өөрөө дуу бичих сонирхолтой. Өөрийн гэсэн нэлээд хэдэн дуутай шүү.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Намайг Баатарын Ихэрсувд гэдэг. Би 18 настай. Айлын том хүүхэд. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Дунд дүү Тэнүүн долоон настай. Одоо “Олонлог” сургуульд суралцдаг. Бага дүүг маань Нэгүн гэдэг. Хоёр настай. Цэцэрлэгт явдаг. Аавыг Ш.Баатар, ээжийг Г.Хосбаяр гэдэг. Аав, ээж хоёр хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий.

-Та одоо хаана суралцаж байгаа вэ?

-Би арван жилийн Орос гуравдугаар сургуулийг төгссөн. Харин одоо МУИС-ийн сэтгэл судлалын ангид хоёрдугаар курст суралцдаг.

-Орос гуравдугаар сургууль гэхээр оросоор чөлөөтэй ярих нь ээ?

-Би орос, англи хэлтэй. Франц хэл бас гадарладаг.

-Багадаа хэр эрх хүүхэд байв. Аав, ээж тань их зөв хүмүүжүүлсэн юм шиг санагдсан?

-Би 12 жил айлын ганц хүүхэд байсан. Мэдээж аав, ээждээ эрхлэлгүй яахав. Гэхдээ аав, ээж хоёр маань намайг зөв эрхлүүлж өсгөсөн юм.

Надад бие дааж сурахыг зааж, хариуцлагатай, тууштай, өөрийнхөөрөө байхыг зөвлөдөг байсан. Одоо ч би аав, ээжээсээ суралцсаар л байна.

-“Аав, ээжээрээ 18 нас хүртлээ тэжээлгэсэн одоо болно шүү дээ” гэж хэлж байхыг чинь сонсоод хүмүүст хэрсүү санагдсан байх. Өөрийгөө болгоод сурчихсан гэж ойлгож болох уу?

-Би арван жилээ төгссөнөөс хойш аав, ээж хоёроосоо өдөр тутмын хэрэглээний мөнгө аваагүй. Багаасаа хүүхдийн хадгаламжаар хуримтлал үүсгэсэн байсан. Аав, ээж маань арван жилд байхад миний хуримтлалд сар бүр 150 мянган төгрөг хийдэг байсан юм. Түүнийгээ одоо бага багаар хэрэглэдэг. Мөн цагаан сар, шинэ жилээр хүмүүсийн өгсөн мөнгийг цуглуулж байгаад хэрэгтэй зүйлээ авдаг. Одоо ч тэгээд л болоод байгаа. Мөнгө үрээд байх шаардлага гардаггүй. Би санхүүгийн тал дээр их тооцоотой л доо. Хэрэггүй зүйлд мөнгө үрдэггүй.

Гэхдээ сургалтын төлбөр гэх мэт зайлшгүй их хэмжээний мөнгийг авдаг л даа. Тэрийгээ төрсөн өдөр гэх мэтийн тэмдэглэлт өдрүүдийн бэлэг болгож авдаг юм.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би долоо хоногийн ажлаа урьдчилаад төлөвлөчихдөг. Тиймээс өдөр бүр харилцан адилгүй байдаг.

-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагийг би завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог.

Тийм учраас аль болохоор мэдэхгүй зүйлээ сурч өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Завтай үедээ иог, фитнесс гээд өөрт хэрэгтэй зүйлээрээ хичээллэдэг.

-Найзуудтайгаа хийх зүйлгүй дэмий уулзахаар цаг хайран санагддаг гэж байсан?

-Найзуудтайгаа уулзаад юу хийхээ тохирсон байдаг учраас дэмий уулздаггүй. Хамтдаа хийх зүйлээ хийгээд, нэгнийдээ цагийг сайхан өнгөрүүлдэг. Түүнээс гэнэт л гараад ир гэж дуудахад нь хийх зүйлгүйгээр гарах дургүй.

-Та ирээдүйд хийх зүйлээ төлөвлөсөн байх. Нууц биш бол юу хийхээр зориод байгаа вэ?

-Одоо хэлэхээс илүү ирээдүйд бодож байгаа зүйлээ харуулахыг хүсч байна.

-“Авьяаслаг монголчууд” шоунд хожвол үүргэвчтэй аялал хийнэ гэж байсан. Хаагуур аялах уу. Өөр зүйл бодсон байгаа юу?

-Шоуны үр дүн гарах болоогүй учраас энэ талаар эрт яримааргүй байна.

-Дараа дараагийн шатандаа ямар үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байгаа вэ?

-Үүнийг нууцлаад үзэгчдэд гэнэтийн бэлэг болгоод үлдээе гэж бодож байна. Мэдээж өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ хийж байгаа.

-Та мөрөөдөлтэй юу?

-Мэдээж мөрөөдөлтэй. Гэхдээ зүгээр мөрөөдөөд суухийг хүсдэггүй. Тэмцэж л явна даа.

-Та хэзээний төлөвшсөн хүн шиг өөрийн гэсэн байр суурьтай юм аа. Өрөөндөө өөрийнхөө ертөнцийг байгуулчихсан байх. Цуглуулга бий юу?

-Тэгэлгүй яахав. Өрөөндөө би өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг. Бага байхдаа задгай мөнгө цуглуулдаг байсан. Харин одоо ширээний цаг цуглуулах дуртай болсон. Өрөөнд маань одоо зургаан ширээний цаг бий.

-Ямар өнгөнд дуртай вэ?

-Бүх өнгө өөрийгөө илэрхийлдэг учраас би бүгдэд нь дуртай. Хоёр өнгө уусаад өөр өнгө гаргадаг болохоор бүгд л надад үзэсгэлэнтэй санагддаг.

-Ном их уншдаг уу?

-Би багаасаа унших хичээлд илүү дуртай байсан. Нийгэм, уран зохиолын сэдэвтэй ном унших дуртай. Одоо Мүраками, Харукогийн “Эрэг дээрх Кафка” гэдэг ном уншиж байна.

Ямар ч зузаан ном байсан гурав хоногт уншаад дуусгачихдаг. Зарим номыг англиар утсан дээрээс уншдаг учраас арай илүү цагийг зарцуулдаг.

-Та цаашдаа дуугаа дуулаад явна гэж бодож байгаа юу?

-Тийм. Би дуу, хөгжмөө орхихгүй. Өөрийгөө илэрхийлж, тайвшруулж байгаа зүйл учраас хаяж чадахгүй. Хөгжим тоглож байхдаа би өөрийнхөөрөө байж чаддаг.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Монгол улсын аварга С.Мөнхбат: Эрхэмбаяр аваргыг хаячих байх гэж бодож өнөө жилийн наадмаар амласан

Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.

-Энэ жилийн баяр наадам аварга, арслан цолтон төрсөн сайхан наадам боллоо. Ч.Санжаадамба анх удаа түрүүллээ. Энэ тухайд таны сэтгэгдэл…

-Монголчууд тусгаар тогтнол, эв нэгдлийнхээ баярыг Үндэсний их баяр наадмаараа тэмдэглэдэг гэж ойлгодог юм. Эрийн гурван наадмын чимэг болж эр бяр тэгширсэн хүчит бөхчүүд нь зодоглож түмэн олноо баясгадаг. Энэ жилийн наадамд үе тэнгийн минь бөх Ч.Санжаадамба маань түрүүллээ. Түүнийг төрийн наадамд түрүүлэхэд хэн ч маргахааргүй, яах аргагүй сайхан бөх. Түрүүлэх ёстой хүн нь түрүүлж л гэж бодож байна.

-П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын барилдааны талаар та юу хэлэх вэ?

-Тухайн үед би барилдаж байсан учраас сайн харж чадаагүй. Гэхдээ сүүлийн үед манай монголчуудад нутгархах үзэл хэт их байна. Арлын Японд манай монгол залуус сумо бөхөөр амжилт үзүүлээд, эзэгнэж л байна шүү дээ. Япончууд уурлаж, уцаарлахгүй л байгаа биз дээ. Ийм байдал байх хэрэггүй л гэж боддог юм. Тэр барилдааны тухайд хоёр ч удаа барилдаад шийдэгдсэн.

-Та наймын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг амласан. Эрэмбээрээ бол та амлах нь зөв. Гэхдээ аварга, аваргаа амласан нь үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Та яагаад Г.Эрхэмбаяр аваргыг амласан юм бэ?

-Наадмаас хойш энэ талаарх яриа чих дэлсэж л байна. Гэхдээ үндэсний бөх гэдэг бол хувь хүний спорт, амжилт байдаг. Тиймээс би өөрийнхөө амжилтыг л бодож ийм ам авсан. Ганцхан би ч биш дархан аваргууд гурвын даваанд нэгнийгээ амлаж л байдаг ш дээ. Эрхэмбаяр аварга бид хоёрын барилдаан хариуцлагатай даваа байсан. Тийм учраас би амласан. Давчих болов уу ч гэж харсан бас цааш цаашдын олон зүйлийг бодсон. Тухайн үеийн нөхцөл байдлаас л харж амлаж байгаа болохоос заавал аваргыг амалъя гэж төлөвлөөгүй. Бас наадмын өмнөхөн аваргуудын нэрэмжит барилдаанаар Г.Эрхэмбаяр аварга бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн юм. Би их амархан хаясан. Тэгээд ч тэр үү болчих юм шиг л сэтгэл зүйтэй байлаа. Гэтэл Г.Эрхэмбаяр аваргын маань бэлтгэл наадмаар нэлээн чамбайрч, сайн болж орж ирсэн. Би бол сайхан л барилдаан болсон гэж боддог. Унасандаа харамсдаггүй. Бөх хүн унаж, хаях гэж л бөх болдог. Гэхдээ наадам болгонд түрүүлнэ гэж бодож барилддаг даа. Нэг зүйлийг бас бодож явдаг юм. Үндэсний бөхийг дагасан явган яриа их байдаг. Амлачихаад давж чадахгүй бол мөнгө авчихаж, аварга амлавал амлаж чадахаа байж, давчихвал мөнгө өгчихөж гээд л. Гэхдээ аливаа зүйлд хэт туйлширч болохгүй шүү дээ. Миний бие ёс заншил, нандин зүйлийг шингээсэн үндэсний бөх минь цэвэр байж улам хөгжөөсэй, олон үзэгчтэй, барилдахыг хүссэн залуучуудаар дүүрэн, бөхийн цол үнэ, хүндтэй байгаасай гэж хүсдэг хүний нэг. Мөн бөхийн ногоон дэвжээг амьдралаа болгосон, түүний төлөө зорьж яваа залуу бөхчүүдийн минь зам мөр нь дардан байгаасай билээ л гэж хүсмээр байна даа.

-Таныг улсын наадамд түрүүлэх жил аав тань манай сонинд өгсөн ярилцлагадааНэг зүйлийг бас бодож явдаг юм. Үндэсний бөхийг дагасан явган яриа их байдаг. Амлачихаад давж чадахгүй бол мөнгө авчихаж, аварга амлавал амлаж чадахаа байж, давчихвал мөнгө өгчихөж гээд л. Гэхдээ аливаа зүйлд хэт туйлширч болохгүй шүү дээ. Миний бие ёс заншил, нандин зүйлийг шингээсэн үндэсний бөх минь цэвэр байж улам хөгжөөсэй, олон үзэгчтэй, барилдахыг хүссэн залуучуудаар дүүрэн, бөхийн цол үнэ, хүндтэй байгаасай гэж хүсдэг хүний нэг. Мөн бөхийн ногоон дэвжээг амьдралаа болгосон, түүний төлөө зорьж яваа залуу бөхчүүдийн минь зам мөр нь дардан байгаасай билээ л гэж хүсмээр байна даа.

-Таныг улсын наадамд түрүүлэх жил аав тань манай сонинд өгсөн ярилцлагадааНэг зүйлийг бас бодож явдаг юм. Үндэсний бөхийг дагасан явган яриа их байдаг. Амлачихаад давж чадахгүй бол мөнгө авчихаж, аварга амлавал амлаж чадахаа байж, давчихвал мөнгө өгчихөж гээд л. Гэхдээ аливаа зүйлд хэт туйлширч болохгүй шүү дээ. Миний бие ёс заншил, нандин зүйлийг шингээсэн үндэсний бөх минь цэвэр байж улам хөгжөөсэй, олон үзэгчтэй, барилдахыг хүссэн залуучуудаар дүүрэн, бөхийн цол үнэ, хүндтэй байгаасай гэж хүсдэг хүний нэг. Мөн бөхийн ногоон дэвжээг амьдралаа болгосон, түүний төлөө зорьж яваа залуу бөхчүүдийн минь зам мөр нь дардан байгаасай билээ л гэж хүсмээр байна даа.

-Таныг улсын наадамд түрүүлэх жил аав тань манай сонинд өгсөн ярилцлагадаа-Аливаа зүйлд сав дүүрнэ гэж байдаг. Тэр үед миний бэлтгэлийн сав нь дүүрсэн гэж боддог юм. Хамт бэлтгэл хийсэн Ө.Бат-Оршихтойгоо намар нь цэргийн наадамд үзүүр түрүүнд үлдэж байсан. Тэрнээс өмнө “Цэргийн наадам удахгүй болно, үзүүр түрүүнд хоёулаа үлдэнэ” гэж ярьж байлаа. Тэр үед би аймгийн заан, Ө.Бат-Орших аймгийн арслан байсан юм. Ө.Бат-Орших маань “Би чамайг гуйхгүй” гээд л наргиж билээ. Яах ч аргагүй л ир орчихсон байж дээ. Улсын наадамд цол авна гэсэн бат итгэлтэй байсан.

Юм гэдэг их сайхан ерөөлтэй. Би Монгол Улсын заан Ч.Батзоригоор тав давж Монгол Улсын начин цол хүртсэн юм. Шинжлэх ухаан, технологийн их сургуульд сурч байхдаа нэгдүгээр курсээ төгсчихөөд амралтаараа гэртээ харьчихсан байлаа. Тэр үед Монгол Улсын начин Ж.Алтансүх начин цолоо хүртээд удаагүй байсан юм. Сум руугаа явах үедээ манайхаар дайрлаа. Зүүнговь сум руу нь би хүргэж өгөхөөр болсон юм. Тэр үед Хяргас суманд Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит барилдаан болж таараад оролцлоо. Харин гурвын даваанд Ч.Батзориг заан намайг амладаг юм байна. Ч.Батзориг зааныг татаад хавирах гэхээр нь хутгаад давахаа алдлаа. Хүмүүс ч юу болов гэж шуугиад. Хэдий унасан ч тахимаа өгөхдөө би их бэлгэшээж билээ. Өөртөө бол “Яасан гоё юм, өөр шигээ том бөх болгоорой” гэж бодож байсан. Тэр ерөөлөөр ч юм уу, Монгол Улсын начин гэх эрхэм цолыг тэр хүнээр хүртсэн дээ. Тэр үеэс хойш хүн сайн сайхныг хүсэж явбал бүтдэг юм байна гэж их итгэсэн.

-Ер нь бөх хүнд аз, од гийнэ гэж байдаг болов уу?

-Намайг “Шонхор” биеийн тамирын сургуульд орж байхад маш олон бөх болох сонирхолтой залуучууд байсан. Бүгд л бөхийн оргил цолонд хүрэхийг мөрөөдсөн залуус байлаа. Эргээд харахад мөрөөдөлдөө эзэн болж чадаагүй хүмүүс нь хойно хоцроод байна уу даа гэж харагдах юм. Харин тууштай, дайчин нөхөд нь мэдээж амжилтад хүрсээр байна. Үүнээс гадна том хувь байдаг гэж бодогддог юм. Эцэг эх, уул ус, ард түмний минь буян заяа түшдэг байх. Хүний хувь заяа л юм болов уу даа.

-Монгол Улсын арслан Б.Ганбат танай нутгийнх байх аа?

-Тийм. Манай Баруунтуруун сумынх. Бөх болох гэж хорхойсч явах үед минь зургаан залуу зааны нэг Монгол Улсын арслан Б.Ганбат ах минь ид байлаа. Зургаан залуу заан бол Монголын ард түмнийг үндэсний бөх рүү маш их татаж чадсан шүү дээ. Тиймээс тэднийг, тэр дундаас нутгийн бөхөө дэмждэг байсан. Тэр үед одоогийнх шиг зурагт элбэг биш учраас радиогоор сонсоно. Дараа нь хотод орж ирээд л Б.Ганбат арслантай уулзсан. Тэр үед заан байсан л даа. Түүнээс хойш хамт бэлтгэл сургуулилт хийсэн. Гадуур хамт явж байх үед хүмүүс “Ганбат заан явж байна” гээд л их хүндэлж, биширдэг. Тэр үед мундаг юм аа гэж их бахархдаг байлаа. Ахаасаа их зүйл сурсан даа.

-Ахмад бөхчүүд үнэтэй сургаалаасаа харамгүй л хайрладаг байх. Энэ талаараа яриач?

-Ахмад нь багачуудаа сургадаг монгол ухаан бий. Тэр дундаа үндэсний бөхөөр барилддаг хүнээс монгол эр хүний загварыг хардаг байх ёстой. Тиймээс ахмад бөхчүүд сургааль хайрлаж, зөв байлгахын тулд хичээдэг болов уу. Миний хувьд улсын наадамд түрүүлдэг жилээ Х.Баянмөнх аварга дээр очиж байлаа. Манай нутгийн бөх Д.Бумбаяр заан “Баянмөнх аваргаас очиж зөвлөгөө ав” гээд намайг өөрийн биеэр дагуулж очсон. Надад хэтэрхий бага зүйлд дэвэрч хөөрч болохгүй, барилдаан бүхэн чухал гэдгийг захиж байсан.

Тэр зөвлөгөө бол наадамд хийсэн миний хамгийн том мэх байсан даа. Аваргын үгийг сонсоогүй, өөртөө суулгаагүй байсан бол яах ч байсан юм билээ.

-Удахгүй намар цагийн барилдаанууд эхэлнэ. Бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Бэлтгэл яг жигдрээгүй байна. Удахгүй бэлтгэлдээ орно. Намар цагийн барилдаанууддаа оролцох болно. Бөх хүнд л Монгол Улсын аварга гэсэн сайхан цол бий. Үүнийгээ хадгалж сайхан л барилдъя гэж боддог. Надад Тува, Өмнөд Монголоос маш их үнэ өртөг бүхий бооцоотой барилдаанд хүч үзэх санал ирдэг. Би давна гэдэгтээ мэдээж итгэлтэй байна. Өөрийнхөө ахуй амьдралыг бодвол өндөр бай шагналтай тэр барилдаануудад очих нь надад ашигтай. Гэхдээ би Монгол Улсын аварга цолтой бөх хүн. Тийм байж тэнд очоод уналаа гэхэд Монголын нэр сүр цуг унана. Энэ цолны үнэ хүнд ч гэсэн. Тэгэхээр аварга боллоо ч үүнийг дааж явна гэдэг их том үүрэг хариуцлага байдаг юм шүү дээ.

Ийм болохоор бас аймгуудын наадамд ч зодоглодоггүй. Үргэлж зөв байж, үлгэр жишээ байх юмсан гэж хичээдэг юм.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амгаланбаяр: Охин маань финалын шат хүртэлх үзүүлбэрүүдээ бэлдчихсэн байгаа

“Авьяаслаг монголчууд” шоуны 0829 дугаартай оролцогч А.Эрдэнэцэцэг буюу “бяцхан чоно” Энжитэй уулзахаар түүний аав Ж.Амгаланбаяртай холбогдлоо. Тэрээр гэрийнхээ хаягийг зааж өгөөд хүрээд ирэхийг хүсэв. Биднийг очиход аав Ж.Амгаланбаяр нь ажлаасаа түр гарч ирлээ гэсээр угтан авсан юм. Байшин руу нь ороход Энжигийн ээж С.Мөнх-Од бага хүүгээ харсаар хүлээж байв. Энжи охин аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг юм байна. Залуу гэр бүл Ж.Амгаланбаяр, С.Мөнх-Од нартай уулзаж ийн хууч хөөрлөө.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Энжи маань дунд охин тань гэсэн байх аа?

– Манай эхнэрийг С.Мөнх-Од гэдэг. Бид гурван хүүхэдтэй. Ам бүл тавуулаа. Том хүүг маань Болор гэдэг. Найман настай. Болор маань одоо TV9 телевизийн “Гэгээн алсын одод” нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг юм. Харин дундах нь “Авьяаслаг монголчууд” шоунд орсон манай Энжи буюу Эрдэнэцэцэг. Энжи маань манай ганц охин. Дуу, бүжигт дуртай дэггүй охин байна даа. Бага хүүг маань Манал-Эрдэнэ гэдэг. Манай охин дүүгээ Бооёо гээд байдаг юм.

-Та хоёр Улаанбаатарын хүмүүс үү?

-Би Баянхонгор аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн хүн. 1999 онд Улаанбаатар хотод орж ирсэн юм. Манай эхнэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынх. 2000 онд оюутан болж Улаанбаатар хотод ирсэн. Бид хоёр 2007 онд танилцаж нэг жилийн дараа 2008 онд гэр бүл болж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 6-16 тоотод гал голомтоо бадрааж байлаа. Залуу гэр бүл ч гэсэн одоо гурван сайхан хүүхэдтэй болсон байна.

-Охиныг тань нэвтрүүлэгт орсноос нь хойш хүмүүс мэддэг болж байна уу?

-Охин маань анх “Эмээ тэгэх үү” гээд найман ангит хүүхдийн кинонд тоглосон юм. Түүнээс хойш л дуу, бүжиг, шүлэгт дуртай болсон. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт орчихсон байсан юм. Зун нь Баянхонгор орж гэр бүлээрээ амарчихаад иртэл “Авьяаслаг монголчууд” шоу гарч эхлэх гэж байсан. Охины маань нэвтрүүлэг гарснаас хойш хүмүүс илүү их таниад од болж байх шиг байна.

-Энжи гэртээ дуулж, бүжиглээд л байх уу?

-Зав л гарвал зураг зурна. Бүр залхтал зурна шүү. Аавыгаа хөдөө ажилд явахад нь өдөр өдрөөр жижигхэн цаасан дээр захидал бичээд хадгалчихна. Аав амьтай охин байгаа юм. Аавыгаа байхгүйд идсэн чихэрнээсээ заавал өгнө гээд хадгалчихна. Хаалгаар ороод ирэхэд том том нулимс унагаагаад л хүзүүдээд авна шүү.

-Багшийг нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг гэж сонссон, үнэн үү?

-Хамт авахуулсан зургийг нь хараад тэгж бодоод байх шиг байна лээ. Бага байхдаа “Эмээ тэгэх үү” гээд найман ангит хүүхдийн кинонд тоглох үед нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг эмээ нь болж солигдох гэж байсан юм шиг байна лээ. Тухайн үед авахуулсан зургийг хараад хүмүүс багш нь гээд байгаа байх. Том хүү Болор, охин Энжи хоёроо зөв яриулж, нүүр хагаруулах гэж “Golden star” сургалтын төвд явуулсан юм. Тус төвийн С.Мөнхбат, С.Осгонмөнх гэдэг хоёр багш манай хоёр хүүхдэд бүх зүйлийг зааж сургасан даа. Хоёр настайгаасаа хойш “Golden star” сургалтын төвд хичээллэж байгаа. Гэхдээ дөрвөн настай хүүхэд юм сурах нь их хэцүү гэж байсан ч аав, ээжийгээ харахгүй болохоор сураад л байдаг юм байна.

-Энжи нэлээд эрх юм аа даа?

-Манай охин бараг эрхлэхгүй шүү. Айлын ганц охин болохоор ч тэр юм уу, ер нь биеэ даачихсан. Бага дүү шигээ найман сартай байхаасаа л уйлдаггүй, ганцаараа тайван сууж байна. Жаахан том болоод ахынхаа эвлүүлдэг тоглоомоор хамт тоглодог байсан. Бид хоёроор хүүхэлдэй, барби авахуулж байгаагүй. Дэлгүүрт ороод бас чихэр авахуулъя гэж хэлэхгүй, чимээгүй байж байгаад л гараад ирнэ шүү дээ.

-Ах нь хаана сурдаг юм бэ. Сургалтандаа ч хамт явж эхэлсэн юм байна?

-Болор Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын хоёрдугаар бага сургуулийн 3б ангид сурдаг. Ах нь их сахилгагүй. Ер нь зүгээр суухгүй шүү. багаасаа л “Бяцхан ханхүү”, “Цэцэрлэгийнхээ бяцхан тод авьяастан”, “Шилдэг улаан тууз”, “2015 оны шилдэг хүүхэд”, “Дугуйлангийнхаа шилдэг жүжигчин” зэрэг шагналуудыг авсан. Уг нь хүүгээ бас “Авьяаслаг монголчууд” шоунд оруулах гэж байгаад больчихсон.

-Яагаад больчихсон юм бэ?

-Өөр телевизээр гарч болохгүй гээд нэг жилийн гэрээ хийдэг юм билээ. Манай хүү TV9 телевизэд хөтлөгч хийдэг болохоор боломжгүй байсан юм.

-“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчдийн асуултад охин тань их л хэвлүүхэн хариулаад байсан шүү?

-Хэлээд, заагаад өгчихсөн юм шиг санаа зовмоор яриад байсан. Дүү чинь хэдтэй вэ гэсэн чинь насгүй гэж хүртэл хэлж байгаа юм даа.

-Охин тань одоо хэд дүгээр цэцэрлэгт явдаг вэ?

-Одоо 119 дүгээр цэцэрлэгийн ахлах ангид явж байгаа. Өглөө 08:00-17:00 цаг хүртэл цэцэрлэг дээрээ байдаг. Ер нь дуу бүжигт дуртай. Байнга л толины өмнө зурагтаар харсан бүжгээ дуурайж бүжиглээд л байж байна шүү.

-Аав, ээж нь юу хийдэг хүмүүс вэ?

-Би барилга дээр ажилладаг. Сангийн гагнуурчин хийж байгаа. Ээж нь одоогоор бага хүүгээ хараад гэртээ байгаа.

-Хэзээнээс охиноо “Авьяаслаг монголчууд” шоунд оруулъя гэж шийдсэн бэ?

-Сургалт нь гурав дахь, тав дахь, бүтэнсайнд болдог юм. Би зав зайгаараа хүргэж өгнө. Ер нь Өмнөх “Авьяаслаг монголчууд” шоу дууссаны дараа оруулахаар шийдээд бэлдэж эхэлсэн. Бүр финалын шат хүртлээ үзүүлэх үзүүлбэрүүдээ бэлдчихсэн гэсэн.

-Эхний үзүүлбэр ямар нэртэй байсан юм бэ. Дараагийн үзүүлбэр юу байх бол?

-“Бөднө шувуу чоно хоёр” гэдэг нэртэй орос ардын үлгэр уншсан. Дараагийн үзүүлбэрийг нууц хэвээр нь үлдээсэн нь дээр байх.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Манай өвөө уртын дуу их сайхан дуулдаг байсан. Ээжийн тал бас сайн дуулна. Тэгэхээр аавынхаа талыг л дуурайсан байх даа.

А.Эрдэнэцэцэг буюу Энжи: Би ч нэг их хурдан сурдаггүй л дээ

“Бяцхан чоно” Энжитэй утсаар цөөн хором ярилцлаа.

-Тайзан дээр гарч авьяасаа үзүүлэх ямар байсан бэ. Сандарсан уу?

-Сайхан санагдсан. Сандраагүй ээ.

-Ахтайгаа адилхан хөтлөгч болох уу?

-Хөтлөгч гоё л доо. Гэхдээ би зураач болно гэж боддог.

-Чи яагаад дүүгээ Бооёо гэж дуудаг юм бэ?

-Манай дүү их хөөрхөн болохоор л Бооёо гэж дуудаг юм.

-Аав, ээждээ хайртай юу?

-Зөндөө их хайртай.

-“Эмээ тэгэх үү” кинонд тоглох гоё байсан уу?

-Анх удаа байсан болохоор гоё байсан.

-Дуу, шүлгээ хурдан сурдаг уу?

-Үгүй. Би нэг их хурдан сурдаггүй. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм уншуулж байж л сурна шүү дээ.

-Харин цэцэрлэгтээ юу хийж байна?

-Навчаар шувуу мэлхий хийдэг.

-Дараагийн шатны үзүүлбэртээ бэлдэж байгаа юу?

-Бэлдэж байгаа.

-Дараагийн шатанд нь амжилт хүсье. Заавал түрүүлээрэй.

-Баярлалаа. Би түрүүлнэ ээ.

Categories
мэдээ цаг-үе

Хорин жилийн түүхтэй хос мэргэжлийн эзэд

Мандах бүртгэл дээд сургуулийн татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Эдний ангийнхан сургуулиа төгсөөд хэдийнэ 20 жил өнгөрчээ. Монгол Улсад 1994 онд байгуулагдсан Татварын ерөнхий газар нь тухайн үед мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байсан учир эхний үед янз бүрийн дээд мэргэжилтэй хүмүүсийг татварын байцаагчаар ажиллуулж байжээ. Иймд тус байгууллагын өмнө мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч Мандах бүртгэл дээд сургуультай гэрээ байгуулан хот, хөдөөгийн татварын албанд ажиллаж байсан мэргэжлийн бус хүмүүсээ тус сургуульд суралцуулахаар элсүүлжээ.

Мандах бүртгэл дээд сургууль нь 1992 онд байгуулагдсан шинэхэн сургууль боловч их дээд сургуульд олон жил багшилсан туршлагатай эрдэмтэн профессор, багш нартай байсан тул Татварын ерөнхий газар ийнхүү итгэл үзүүлж, боловсон хүчин бэлтгүүлэхээр гэрээ хийжээ. Тус сургуулийн босгыг алхан орж татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшихээр эх орны өнцөг булан бүрээс татварын 22 улсын байцаагч тус сургуулийн анхны эчнээ ангийг бүрдүүлж, хос мэргэжлийн эзэд гэгдэх болжээ.

Залуу багш нараас ахимаг насны боловч сурах эрмэлзлээр дүүрэн, хичээл чармайлттай оюутнууд байжээ. Эдний ангийнхан шалгалт ойртсон үед өөрсдөө санаачлан багш нартайгаа тохиролцож давтлага авдаг идэвхтэй оюутнууд байж. Энэ ажлыг ангийн дарга С.Цэрэндаш хүлээнэ. Учир нь тэдний дундаас арай ахимаг настай бөгөөд үндсэндээ энэ ангийнхны өмнөөс бүхнийг хийдэг аав шиг хүн болж хүндлэгджээ. Ангийн дарга хэнд ямар асуудал тулгараад байгааг мэдэж тус дэм болдог байсан талаар ангийнхан ам уралдан ярьсан юм.

Харин ангийн багшаар Я.Мишиглүндэн дарга сонгогдсон байв. Дарга гэсний учир нь мэргэшүүлсэн сургалт эхлэх үед Я.Мишиглүндэн багш Үндэсний татварын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж, хүний нөөцийнхөө бодлогыг хариуцдаг байжээ. Ангийн багш Я.Мишиглүндэн Би Мандах бүртгэл дээд сургуулийн татварын анхны эчнээ ангийнхнаар бахархдаг. Тухайн үед суралцаж байхад нь би тогтвор суурьшилтай ажиллаад өгөөрэй гэж хэлдэг байсан юм. Амжилттай суралцаж төгсөөд одоо ч мэргэжлээрээ татварын албандаа зүтгэж яваа шавь нараараа би багшийн хувьд бахархдаг” гэж оюутнууддаа хандан хэлсэн юм.

Багшийнхаа үгийг сонссон ангийн дарга С.Цэрэндаш “Суралцаж байх хугацаанд маань нягтлан бодох бүртгэлийн үндсээс эхлээд дээд шатны бүртгэл хүртэл профессор Г.Нанжид, доктор профессор С.Өлзийбат, гавьяат эдийн засагч Р.Батжаргал, Б.Нацагдорж, Ц.Ядамсүрэн, н.Энхтуяа, Б.Амарбаясгалан гээд олон эрдэмтэн мэргэн багш нар маань хичээл зааж биднийг сайн нягтлан бодогч, сайн санхүүч болгохын төлөө бүхий л эрдэм мэдлэг, сэтгэл оюун, сайн сайхан бүхнээ зориулсан. Ангийн багш болоод багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн нэмж хэллээ.

Мандах бүртгэл дээд сургуулийн багш нар эдний ангийнхныг дандаа магтан, дурсаж ярьдаг ажээ. Мандах бүртгэл дээд сургуулийн гүйцэтгэх захирал, доктор (Ph), профессор С.Өлзийбат дурсамжиндаа “Тэр үед компьютер тоног төхөөрөмж, ном сурах бичиг ховор байсан болохоор эчнээ ангийнхан маань 23:00 цаг хүртэл сургууль дээрээ давтлага хийж, багшийн заасан лекцийг ярилцаж, бодлогоо бодож суудаг байсан. Энэ нь манай сургуулийн өдрийн ангийн оюутнуудын сургалтад ч сайнаар нөлөөлсөн байдаг юм шүү. Тэднийг 1996 онд сургуулиа төгссөнөөс хойш Мандах бүртгэл дээд сургууль нягтлан бодох бүртгэл-аудит, нягтлан бодох бүртгэл-татварын ангийн элсэлтийн эхлэлийг тавьж, шинэ хөтөлбөрөөр тэр үеэс элсэлт авч эхэлсэн” гэж дурссан бол Монгол Улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал “Одоогийн байдлаар 10 хүн мэргэшсэн нягтлан бодогчийн тусгай зөвшөөрлийн шалгуурыг хангасан байна. Аль ч сургуулийн тухайн ангийн төгсөгчдөөс 50 орчим хувь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан тухай мэдээлэл байгааг би сонсож байгаагүй. Энэ амжилт бол анги хамт олны нэгэн бахархал гэж хэлж болно” хэмээн ярьж байна.

Эдний ангийнхан хоёрхон жил хамтдаа суралцсан ч “Нийт нь нэгийн төлөө, Нэг нь нийтийн төлөө” гэсэн сэтгэлтэй болжээ. Тэд одоо ч хэн нэгэндээ тохиолдсон баяр жаргал, зовлон гунигийг орхилгүй хамт туулдаг гэнэ. Үүнийг тайлбарлахаар И.Мөнхцэцэг (Үндэсний татварын ерөнхий газарт ажиллаж байгаа) “Биднийг төгсөх хавар Т.Нэргүй (Налайх дүүргийн татварын албаны хэлтсийн дарга) төгсөлтийн шалгалтын үеэр нялх хүүхэдтэй байсан учраас жилийн чөлөө авах тухайгаа хэлсэн юм. Манай ангийнхан ярилцаж байгаад шалгалтын үеэр хүүхэд чинь хоёр сартай байна. Чи хүүхдээ аваад ир. Бид чамд тусална гэсээр байгаад Говь-Алтай аймгаас нялх хүүхэдтэй нь ирүүлж билээ. Хичээл, шалгалтын үеэр хүүхдийг нь ээлжилж харах хуваарь гаргачихна. Тэгсээр байгаад л бид Т.Нэргүйтэйгээ сургуулиа хамтдаа төгссөндөө баяртай байдаг. Т.Нэргүйн охин манай ангийн 23 дахь оюутан болж төгссөн гэхэд болно. Сүүлд төгсөлтийн баяр болоход бидний хэнээс нь ч бишүүрхэхгүй тэврүүлдэг болчихсон байж билээ. Ангийнхан маань одоо ч байнга холбоотой байдаг учраас жилдээ нэг удаа ангиараа уулзалт зохион байгуулж, бие биенийхээ талаар мэдээлэл авч, хууч хөөрдөг уламжлалтай” гэв.

Түүний яриаг үргэлжлүүлэн Х.Ундраа (Сангийн яамны мэргэжилтэн) “Манай ангийн анхны танилцах үдэшлэгийг Д.Дамирансүрэн ах Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр зохиож байсан юм. Тухайн үед хөгжим байхгүй өөрсдөө дуулж, аянд нь бүжиглэж, хөгжилдсөөр нэг нэгэнтэйгээ танилцаж байлаа. Бас анхны хичээл ороод эхний завсарлагаанаар ангийн сахилгагүй оюутан Хөвсгөлийн Ё.Пүрэвсүрэнтэй анх танилцаж байлаа. Гэтэл хожуу хойно шооч зангаараа “Их л атаман байдалтай, эрүүгээрээ зааж ирээд л надаас асуулт асууж байсан шүү чи” гэж ангиар маань инээлгэдэг байж билээ хэмээгээд инээд алдлаа.

Инээж зогссон Т.Энхтайван (Татварын ерөнхий газрын ажилтан) нэг зүйл санасан бололтой “Манай ангийнхан нэг шинэ жилээ ангидаа тэмдэглэж байлаа. Пүүжээ цэргийн халуун тогоо авчирч, ангийн хүргэчүүд ирж өргөн хүрээг хамарсан сүр дуулиантай баяр хийсэн юм. Идэж ууж, бүжиглэж, тоглож наадан шөнөжин сайхан баярласан. Үүрээр ангиараа Ганбаа ах, Пүүжээ хоёрыг гаргаж өгөөд, нөгөө хоёр маань өвлийн хүйтэнд “Зил-130” машины тэвшин дээр суугаад Хөвсгөл нутаг руугаа явж байсансан. “Зил-130”-тай дурсамж манай ангийнханд цөөнгүй бий. Сургуулиа төгсөөд төгсөлтийн баяраараа “Шонхор” зусланд амарсан юм. Галт тэрэг, “Зил-130” машинаар очиж, хорхог хийж идчихээд л усаар байлдаж, сагсны тэмцээн, үдэшлэг хүртэл зохион байгуулж байсан. Залуу насаа дурсах сайхан шүү” гэж сонирхолтой яриа өрнүүлэв.

Ангийнхныхаа яриаг анхааралтай чагнаж суусан Д.Дамирансүрэн (“Хайрхан бор” ХХК-д барилгын инженер) “Тэр үед бүгд л хөдөө орон нутгаас ирж суралцаж байсан болохоор гэр орон, үр хүүхдээ санана, хоолны мөнгөгүй болно, шантрах үе мөн ч олон гардаг байсан. Тэр бүгдэд бие биедээ дэм болж, хоолоо хувааж идэн, хичээлээ хамт давтаж, өвдсөн нэгийгээ эргэж тойрдог байлаа. Ангиараа жаргал, зовлонгоо хуваалцаж сургуулиа төгссөн. Ц.Пүрэвсүрэн эгч маань хойгуураа гарсныг хооллосон, урдуураа гарсныг ундалсан буянтай эгч байсан юм. Бид гэрт нь очоод хоол хийж, гэртээ байгаа юм шиг л дураараа байна. Манай ангийнхны байнга очиж

хичээлээ давтдаг, бужигнадаг газар тэднийх байсан. Пүүжээ эгч маань залуугаараа биднийг орхин одсон юм даа. Өнөөдөр бидний дунд Ч.Энхтөр маань бас алга. Баруун аялгаар ярьж биднийгээ үргэлж хөгжөөж байдаг найзынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Анги хамт олныхоо дунд хүндтэй байр суурь эзэлдэг ч биднийгээ орхин бурхны оронд заларсан нөхдөө бид уулзах бүрдээ дурсан санадаг” гэж ярихад бүгд чимээгүй болон хэсэг суулаа.

Тэд 1994 онд Мандах бүртгэл дээд сургуульд элсэн орж 1996 оны хавар 22 оюутан татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж төгсчээ. Бүгд л эх орныхоо хэрэгцээт газар төрийн болон хувийн салбарт амжилттай ажиллаж байгаа. Эдний ангийнхнаас ес нь эзэмшсэн мэргэжлээрээ буюу хөдөө орон нутаг болон нийслэл, дүүргийн татварын хэлтэст ажилладаг гэнэ. Өдгөө Хөвсгөл аймагт Г.Ганбаатар, Сэлэнгэ аймагт Ц.Энхцэцэг, Дорноговь аймагт Н.Чандаганцагаан, Үндэсний татварын ерөнхий газар Ц.Алтанцэцэг, И.Мөнхцэцэг, Д.Энхтуяа, Т.Энхтайван, Б.Халиунаа, Налайх дүүрэгт Т.Нэргүй нар татварын улсын байцаагч, ахлах байцаагч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа юм байна. Мөн Ё.Пүрэвсүрэн татварын албанаасаа гараад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, Х.Энхбулаг Чингэлтэй дүүргийн статистикийн хэлтэст, Б.Энхсүрэн аудитын компанид, Саранцэцэг Шунхлай ХХК-ийн дотоод аудитын хэлтсийн даргаар, Балбармаа БТЕГ ХХК-д эдийн засагч, Ж.Эрдэнэбилэг Эрдэнэт УҮГ-т санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байгаа гэнэ. Харин ангийн дарга С.Цэрэндаш, Л.Цэцэг-Эрдэнэ нар улсдаа хийж бүтээхээ хийгээд өдгөө гавьяаныхаа амралтаа эдэлж байгаа ажээ.

Одоо эдний ангийнхнаас зургаа нь магистр цол хамгаалж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн хоёр “Алтан гадас одон”, дөрвөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 16 “Санхүү банкны тэргүүний ажилтан”, дөрвөн “Эдийн засгийн тэргүүний ажилтан”, нэг “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, нэг “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан”, нэг “Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан”, дөрвөн “Нийслэлийн болон ТЕГ-ын шилдэг байцаагч”-аар тус тус шагнуулсан амжилттай байгаа гэнэ.

Мандах бүртгэл дээд сургуулийн анхны эчнээ ангийн төгсөгчид 20 жилийнхээ ойгоор уулзалдаж ангийн дурсамжаа бичсэн номоо өлгийдөн аваад байгаа юм байна. Тэд ирэх оны тавдугаар сард Мандах бүртгэл дээд сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулж анги хамт олноороо уулзалт зохион байгуулахаар тов тараагаад байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн салбарын түүхийг хагас зуун жил бичилцсэн Ониогийн Бямбаагийнх

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. О.Бямбаа 50 шахам жил төрийн байгууллагад ажиллаж улс орондоо өөрийн бодитой хувь нэмрийг оруулсан хэмээн сайшаагдаж энэ жил Төрийн их баяр наадмаар Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаалгасан юм. Түүнийг эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор гэдгийг хүмүүс мэднэ.

Тэрээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарчихсан байгаа юм байна. Тэднийх Улиастайн Их цуурайн ам гэх газар зуслангийн газартай аж. Биднийг зусландаа ирэхийг урьсан юм. Хашаагаар нь ороход үүдэндээ машин тавих зориулалтын талбай засчээ. Байшин руугаа явах явган хүний зам гаргачихсан учраас хашааны зүлэг нь сайхан ногооноороо байв. Нэг эгнээнд олон төрлийн мод ургуулсан бөгөөд цаахна талд нь хүлэмж, сагсны талбай, салхилж суух саравч байгаа нь их л эмх замбараатай. Хашаандаа хоёр давхар байшинтай ч наахна талд нь монгол гэр барьсан байв. О.Бямбаа гуай гэргий Х.Бямбасүрэнтэйгээ биднийг угтан авч монгол гэртээ урилаа. Тэрээр “Улаанбаатар хотоос манайх хүртэл бүтэн нэг цаг явдаг юм. Алжаасан байх. Цай, хоол идээд жаахан амарчих” гэснээ зусланд байгаагаа тайлбарлан “Манай хүн бид хоёр эндээ жаахан ногоо тарьдаг юм. Ногоогоо хурааж дуусчихаад л хот руу орно доо. Ач, зээ нар маань зунжин бужигнаж байгаад албандаа явчихсан болохоор жаахан нам гүмхэн л байна” гэж байв. Ямар ногоо тарьдаг талаар сонирхоход Х.Бямбасүрэн гуай “Манайх 2001 оноос хойш хашаандаа 200 гаруй мод тарьсан. Сүүлийн долоон жил үхрийн нүд, чацаргана, мойл, нохойн хошуу, интоор гээд жимсний мод тариалж байна.

Харин сүүлийн таван жил ногоо, найман төрлийн нарийн ногоо, жимс тариалсан. Хашаандаа худаг гаргаад газраар нь хоолой гүйлгэчихсэн учраас услахад зовоод байх асуудалгүй болсон” гэж ярилаа.

Эхнэр нь цай хоол хийж байх зуур О.Бямбаа гуай найрсаг яриа хөөрөө үүсгэх нь энгийн сайхан монгол айлыг мэдрүүлнэ. Эдний гэрийн хуучны хоёр ч шүүгээ, арслантай авдар, төмөр ор нүдэнд тусч байв. О.Бямбаа гуай “Хөгшин бид хоёр гэртээ л байх дуртай. Өглөө босоод л гэртээ орж цай хоолоо бэлтгэж өдөржин байчихаад орой байшиндаа орж унтдаг. Бид хоёр анх айл болж гарахдаа барьж байсан гэрээ хот руу нүүж орохдоо зарчихсан юм. Хуучин гэрээсээ үлдсэн оосор бүч, энэ хэдэн тавилгаа тавьчихсан учраас үүнийгээ анхны гэрээ гэж сэтгэх дуртай. Тэгж ч ярьдаг юм” гэв. Хоёр хөгшин Улаанбаатар хотод бага хүү Отгонбаатартайгаа амьдардаг гэнэ. Хотод очиж хэсэг байж байгаад утаа униар эхлэх үеэр эндээ ирээд тухалчихдаг гэнэ.

О.Бямбаа гуай Ховд аймгийн Алтай сумын уугуул. Тэрээр “Миний овог Онио. Би ээжээрээ овоглодог. Ээжээрээ овоглосон мундаг хүмүүс олон байдаг шүү дээ. Би тэдэн шиг мундаг болоогүй ч дутагдсан зүйлгүй сайхан л байна. Өдий болсон хойно ээжээрээ маш их бахархаж байна даа” хэмээв. О.Бямбаа гуайн ээж Онио арван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин байж. Аав, ээжийнхээ голомтыг Онио гуай авч явдаг байсан учраас Бямбаа гуайн бага нас хөдөөний хүүхдүүдийн жишгээр малаа хариулж ээждээ дэм болж өнгөрсөн гэнэ. Найман настайдаа Ховд аймгийн Алтай сумын бага сургуульд элсэн орж, дөрөвдүгээр ангиа дүүргээд, Ховд аймгийн Булган сумын сургуульд арван жилээ төгссөн байна. 1967 онд Анагаах ухааны их сургуульд элсэж орсон аж. О.Бямбаа 1972 онд их сургуулиа төгсөөд өөрийн саналаар нутагтаа очиж, ээжийнхээ дэргэдээс ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр “Бага байхад ээж маань их өвддөг байсан. Ээжийнхээ ачийг хариулж, эмчлэх хөлийг нь хучихаар шийдээд эмч болж байлаа” хэмээн дурслаа.Сургуулиа төгссөнөөс хойш сумандаа ажиллаж 1977 оноос Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 1985 он хүртэл найман жил эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллажээ. Мөн 1988-1991 онд Ховд аймгийн эрүүлийг хамгаалах газарт эмчилгээ хариуцсан ахлах байцаагч хийсэн байна. Тэрээр сумандаа таван жил, аймагт 14 жил ажилласан бөгөөд нийтдээ 20-иод жил хөдөө ажиллаж амьдарсан аж. Энэ хугацаанд нутгийнхаа Х.Бямбасүрэн гэх бүсгүйтэй ханилж, өдгөө таван хүүхдийн эцэг эх болжээ. Гэргий Х.Бямбасүрэн нь монгол хэл, уран зохиолын багш бөгөөд О.Бямбааг хаашаа л нүүнэ дагаж, очсон газрынхаа сургуульд багшилдаг байсан гэнэ. О.Бямбаа гэргийнхээ тухай “Бид хоёр нэг голын хүүхдүүд байсан. Гэргий маань “Таван онцын эзэн”, Д.Нацагдорж тэмдэгтэн сүрхий охин байлаа шүү дээ. Нэг голынхон учраас ерөнхийдөө мэддэг байсан хэрэг. Хорь гарсан хойноо нэгнээ мэдэлцэж би эмч болоод сумандаа очдог жил буюу 1973 онд анх айл болж байлаа. Бид 1970 оноос өдийг хүртэл 46 жил ханилж, жаргал зовлонгоо хуваалцсан байна. Би шинэ ажилд хуваарилагдах бүртээ эхнэр, хүүхдүүдээ орхичихоод л явдаг байсан. Гайгүй хөл дээрээ зогсоод ирэхдээ гэр бүлээ татна гэж бодсон хэрэг. Тэр хугацаанд эхнэр маань л хүүхдүүдээ өсгөж байлаа даа. Хөгшин маань ар гэрээ үнэхээр сайн авч явдаг хүн дээ” хэмээв. Хүүхдүүдээ ганцаараа яаж хардаг байсан талаар асуухад Х.Бямбасүрэн гуай “Өдөр хичээлтэй нь үсээ самнаж чадахгүй самаа бариад л хүрээд ирнэ. Ангидаа оруулж үсийг нь самнаад, сургуулийнхаа гуанзанд оруулж хоол идүүлчихээд л хичээлд нь оруулна. Хичээл тарсан хойно шалгалт авсан дэвтрээ засангаа хүүхдүүдээ хүлээж байгаад тарахаар нь гэр рүүгээ хамт явдаг байсан. Ээж маань тэр үед аймагт байсан болохоор их тус болдог байсан л даа” гээд инээмсэглэв.

О.Бямбаа гуай нутагтаа 20-иод жил ажиллаад байтал хотод дүү дээр нь байсан ээжийнх нь бие муудсан гэх мэдээ ирж ээжийгээ сахихаар хот явжээ. Ээжийгээ сахиж байхад нь Эрүүлийг хамгаалахын яамны газрын дарга, УИХ-ын гишүүн Г.Зуунай Монголын анагаах ухааны хүрээлэнгийн эдийн засгийн секторт ажиллах санал тавьжээ. Түүний дээд төгсөлт учраас танихаар барахгүй хөдөө сайн ажиллаж байсан гэж дуулаад О.Бямбаагаар анагаах ухааны эдийн засаг судлуулах гэж буй хэрэг. Тэгээд анагаах ухааны хүрээлэнд Г.Зуунайгийн удирдлага дор судалгаа шинжилгээний ажил хийж байжээ. Налайх хотын эрүүлийг хамгаалах хэлтэст даргаар ажиллуулах саналыг Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газраас тавьж, Налайх хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга С.Лхагвасүрэн орон сууц өгье гэснээр амьдралын шаардлагаар уг саналыг хүлээн авчээ. Гэтэл ардчилсан зарчмаар эмнэлгийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөх болж нутгийн зургаан хүнээс 77.5 хувийн саналаар хол түрүүлж Налайх дүүргийн эмнэлгийн хэлтэст ажиллаж эхэлсэн байна. Төд удалгүй О.Бямбаа Ховд аймгаас гэр бүлээ татаж Налайх дүүрэгт ам бүлээрээ амьдрах болсон аж. Тэрээр “Налайхад ажиллаж эхэлснээс жилийн дараа намайг Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын Москвагийн курсэд явуулсан. Монголын эрүүлийг хамгаалахын салбарын удирдлагыг нэг жилээр бэлтгэдэг том курс л дээ. Тэнд сурч ирээд Налайхад зургаан жил ажилласан даа” хэмээн дурслаа.

Хууч хөөрч байх зуур гэргий Х.Бямбасүрэн “Хүүхдүүд ирэх гэнэ. Байшингаа галлаадахъя” гэв. Бид ч байшинг нь сонирхохоор хамт гарлаа. Хоёр давхар байшинд угаалгын өрөө бэлдсэн ч хараахан худагтайгаа холбоогүй байгаа аж. О.Бямбаа гуай “Худагтаа холбоод цахилгаантай болчихвол ч хотын байшингаас ялгаагүй болох гээд байгаа юм” хэмээв. Байшингийн үүдээр ороход гал тогооны өрөө байв. Цаана нь байх зочны өрөөний хойморт гэр бүлийн зургаа өлгөсөн харагдав. О.Бямбаа “Хотын гэрт Ерөнхийлөгчөөс шагнал авсан зураг минь өлгөөтэй байгаа. Бас зургийн альбом ч бий” гэж байна. Шатны хажууханд хоёр хөгшний унтлагын өрөө байв. Харин хоёр давхар нь том цэлгэр талбайтай бөгөөд тэндээ хүүхдүүд нь ороо засч унтдаг гэнэ. Саруулхан цонхоор гадагшаа харвал уул, ус, мод гээд байгалийн үзэсгэлэн тогтсон сайхан газар юм. Энэ тагтан дээр ач, зээ нар нь ирж шалгалтдаа бэлддэг гэсэн. Байшингаас гарч зуны гал тогоог нь сонирхлоо. Х.Бямбасүрэн гуай хоёр арвын бидоноор тараг бүрчихэж. Мөн ааруул хийгээд хатаахаар тавьчихсан байв. Танайх үхэртэй юм уу гэж асуухад тэрээр “Зуслангийн энэ хавьд байдаг үхэртэй айлаас очиж сүү авдаг юм. Түүгээрээ цагаан идээ хийчихээр ач, зээ нар маань дуртай идээд зүгээр байдаг юм” гэв.

Жимсний бутаа янзалж суугаа О.Бямбаа гуайгаас та Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байсан байх аа. Хэзээнээс ажилласан юм бэ гэж асуухад “Налайхаас ирээд Эрүүл мэндийн улсын хяналтын албанд ахлах байцаагчаар дөрвөн жил ажилласан. Тэрний өмнө Налайхад ажиллаж байхад 1996 болон 2000 онд эрүүлийг хамгаалах яаманд ажилд авъя гэсэн. Гэтэл 2001 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч даргаар ажилд авъя гэж санал тавилаа. Яаманд очвол бодлогын ажил, нийслэлд очвол мэргэжлийн ажил хийнэ. Тэгээд Ц.Ганхүү даргын саналыг хүлээн авч орлогчоор нь дөрвөн жил ажилласан юм. Дараа нь 2004 оноос Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн даргаар есөн жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа” хэмээв. Тухайн үед гэр нь Улаанбаатар хотод нүүгээд ирчихсэн 11 дүгээр хороололд амьдардаг байж. Тиймээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажлын байр гарч тийшээ шилжсэн аж. Тус эмнэлэгт зургаан жил ажиллаад жаран настайдаа тэтгэвэрт гарах төлөвлөгөөтэй байсан ч дүүрэг, нийслэлээс гаргахгүй байжээ. Ингээд ахиж гурван жил ажиллаад 2012 онд 63 настайдаа тэтгэвэртээ гарчээ. Тэрээр “Тэтгэвэрт гараад удаагүй байхад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Даш-Яндаг намайг хамт ажиллая гээд дуудсан. Б.Даш-Яндаг дарга дээр очоод компанийн бодлогод оролцоод явж байтал намайг ерөнхий эмчээр томилсон юм. Ийм байдлаар Б.Даш-Яндаг даргын эмнэлэгт дөрвөн жил ажилласан. Хамт олонтойгоо гар нийлж, сайхан ажиллаж байгаад энэ хавар 67 насандаа тэтгэвэрт гарчихсан байгаа нь энэ дээ” гээд ажил хийхгүй гэрт сууна гэдэг хэцүүхэн л байна. Ямар сайндаа л мод бут, жимс ногоогоор оролдохов гэж байлаа. Та насаараа дарга хийсэн хүн юм аа даа гэхэд манай дунд хүү Цогтбаатар ямар сайндаа “Намайг төрөхөд л миний аав дарга байсан, одоо ч дарга хэвээрээ” гэж ярьдаг байсан хэмээв. Мөн тэрээр “Энэ хавар Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болоод Монголын эрүүл мэндийн байгууллагад 50 шахам жил би юу хийв гэж бодоход салбарынхаа бүхий л түвшинд ажиллаж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй байжээ” гэж бахархангуй дурсан сууна. Ажиллаж байсан газартаа хийж бүтээсэн бодитой ажлууд маань үлдсэн дээ гэсээр “Би сайхан амьдралын үндэс суурийг хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, боловсруулах гэж боддог хүн” хэмээсэн нь бид сайхан амьдарч байна гэж хэлж байгаа мэт санагдав. Учир нь эднийх таван хүүхэдтэй. Гурван хүү, хоёр охинтой. Бүгд салбартаа хийж бүтээсэн зүйлтэй, ид хөдөлмөрлөж байгаа залуус. Том хүүг нь Цагаанбаатар гэдэг. “Таван цагираг” сонины спортын сэтгүүлч гэдгээр нь хүмүүс андахгүй. О.Бямбаа гуай “Том хүүг их сургуулиа төгсөж байхад М.Зулкафиль багш намайг дуудаж уулзаад миний хүүг сургуульдаа багшаар үлдээх саналтай байгаагаа хэлж байлаа. МУИС гээд нэр хүндтэй сургуулийг онц дүнтэй төгсөж, бас багшлах санал авахад нь үнэхээр их баярлаж байсан. Гэтэл хүү маань багшлах дургүй, сэтгүүлчээрээ ажиллана гээд сэтгүүлч болсон. Би багшлуулах сонирхолтой байсан ч хүүгийнхээ хүсэл тэмүүллийг дэмжсэн юм. Тэр нь одоо зөв байж дээ гэж боддог. Хүү маань одоо Монголын триатлоны холбооны үүсгэн байгуулагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч гэх албан тушаалтай ажиллаж байгаа” хэмээн бахархангуй ярилаа.

Эдний таван хүүхэд тавуулаа магистр хамгаалсан бөгөөд хоёр хүүхэд нь доктор хамгаалсан юм байна. Хоёр дахь охин болох Цэнгэллхам. Тэрээр Вьетнам улсад бакалавр, Монгол Улсад магистр, доктор хамгаалсан бөгөөд одоо Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнд судлаач эрдэмтэн хийдэг аж. Нөгөө доктор нь гурав дахь хүү Цогтбаатар аж. Тэрээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн тэрээр Анагаах ухааны их сургуульд бакалавр, Америк улсад магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан аж. “Би өөрөө эрдэмтэн болох сонирхолтой байсан юм. Миний хүүхдүүд хүсэл мөрөөдлийг маань гүйцээж байна даа” хэмээн О.Бямбаа гуай хэлэв. Түүний бага охин, хүү хоёр нь ихэр аж. Баярлхам, Отгонбаатар хоёр хоёулаа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгсөөд охин нь Токиогийн их сургуулийн магистр, хүү нь Нийгатад Японы олон улсын харилцааны их сургуульд магистраар суралцжээ. Хүү Отгонбаатар нь Гадаад харилцааны яаманд ажлынхаа хажуугаар мөн Японы Васедагийн их сургуульд докторантурт сурч байгаа гэнэ. Бага охин Баярлхам нь аав, ээж хоёр дээрээ ирчихсэн амарч байв. Баярлхам МУИС-ийн Олон улсын харилцааны бакалавр, Токиогийн их сургуулийн магистр, Люксембургийн их сургуулийн магистр хамгаалчихаад нутагтаа ирээд удаагүй байгаа гэнэ. Ээж Х.Бямбасүрэн “Охин маань саяхан төгсөөд ирчихсэн учраас би жаахан амраад ав гээд байгаа юм” гэж ярих зуураа охиныхоо толгойг илж үнэрлэж харагдлаа.

Бүх хүүхдэдээ номын дуу сонсгох гэж их л ухаан зарцуулсан байх даа гэж асуухад О.Бямбаа “Том ах нь дүү нараа чиглүүлдэг юм. Манай хүүхдүүд өөрсдөө шалгалтаа өгөөд гадаад явах тэтгэлэгт тэнцээд суралцсан. Аав, ээжээсээ мөнгө авахгүй биеэ даагаад зэрэг цолоо хамгаалаад ирсэн дээ. Хичээнгүй байдагт нь хүүхдүүдээрээ бахархаж явдаг. Миний амьдралын хамгийн чухал эрхэмлэдэг зүйл бол миний ээж, үр хүүхэд, хань, ач, зээ нар маань. Тиймээс ингэж сайхан амьдруулсан ээждээ би баярладаг. Одоо ч тэнгэрээс харж байгаа ээждээ хүү нь гялалзаж явна гэж өдөр болгон хэлдэг юм” гэлээ.

О.Бямбаа, Х.Бямбасүрэн хоёр 1990 оны сүүлээс эхлээд хүүхдүүдийнхээ амжилт бүтээлийг шинэ оны зааг дээр урамшуулдаг болсон байна. Мөн аливаа тэмдэглэлт баяр болоход заавал ширээ засан гэр бүлээрээ тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Хүүхдүүд нь тэр оны гэр бүлийн шилдэг болохын тулд хичээл номондоо мэрийн суралцдаг байна. Аав маань биднийг үнэхээр сайхан урамшуулдаг юм гэж бага охин Баярлхам ярив. Эднийх одоо таван ач, нэг зээтэй юм байна. 2006 оноос эхлэн гэр бүлийн оны шилдэгтээ өргөмжлөл, ном бэлэглэдэг болжээ. Хоёр буурал маань одоо ач зээ нарынхаа амжилтыг урамшуулж, ахиулахын төлөө энэ аргаа хэрэглэдэг гэнэ. Ийм л гэгээлэг, оюунлаг гэр бүлд хагас өдөр саатаж хууч хөөрлөө. Улаанбаатар хот руу хөдлөхөөр унаандаа суухад хоёр хөгшин ажлын амжилт хүсч, ирж байгаарай гэсээр биднийг үдсэн юм.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Ш.Доржсүрэн: Бид Монголын кино урлагийн салбарт шинэ зам гаргах гэж зорьсон

“Doz” энтертайментийн захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.

-Тун удахгүй “Нэг өдрийн дайсан” кино нээлтээ хийх гэж байна. Киноны тухай товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-“Doz” энтертайментийнхан эхэндээ тайзны уран бүтээл хийж байсан. Гэхдээ дэлгэцийн уран бүтээлд ороод нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Бид “Арт хаус” чиглэлийн кино хийдэг. Энэ төрлийн кино хийхэд маш их өртөг гардаг учраас залуучуудыг дэмжсэн уран бүтээлд орж байгаа. Монгол залуучуудын орон болж байна. Тиймээс тэдэнд хэрэгтэй, сэтгэлийг нь хөглөх кинонуудыг хийж байгаа. “Plus motion picture” гэж шинэ компани байгуулаад манай хүү Д.Эрдэнэбулган удирдаж, найруулаад киногоо хийж байгаа юм. “Plus motion picture”-ын хоёр дахь бүтээл болох “Нэг өдрийн дайсан” киногоо амжилттай хийж дууслаа. Энэ кино наймдугаар сарын 26-нд нээлтээ хийх гэж байна. Намар үзэгчид маань амралт зугаалгаас кино саначихсан ирдэг. Санасан ирж байгаа үед киногоо нээж, үзвэрийн сонголттой болгож байгаад баяртай байна.

-Киноны гол дүрд ямар жүжигчид тоглосон бэ?

-Намайг тоглооч гэж урьсан л даа. Би өөрөө кинонд тоглоогүй удсан учраас нэлээд бодож байж шийдсэн. Киноны дүр миний хуучин тоглодог байсан гацаа хүүгийн дүрд суурилж, хөдөөгийн хүү хотод ирсэн байдлаар хийвэл яах вэ гэсэн санааг гаргасан байсан. Тэр санаагаараа киногоо хийж дууслаа. Кинонд царайлаг залуу, царайлаг эмэгтэй жүжигчид тоглох их чухал юм билээ. Над шиг царай муутай хүн голлоод байх шаардлага байхгүй. Гадны киноны контентыг харахад ихэвчлэн царайлаг эмэгтэйчүүд, залуучууд тоглодог. Урлаг тодорхой хэмжээний гадна талын хэлбэрийг хардаг учраас царай их хамаатай. Л.Цогзолмаа гуай “Урлагийн хүн царайлаг байх ёстой. Зураг авч байхад хаашаа ч харсан гоё харагдах нь том шалгуурын нэг” гэж ярьдаг байсан. Тэр утгаараа туршлага сууж байгаа, кинонд зүрх сэтгэлээ зориулдаг жүжигчин Т.Билэгжаргалыг киноны гол дүрээр сонгосон. Эмэгтэй гол дүрд дуучин С.Хишигжаргал тоглосон.

-“Doz” энтертайнментийн киног харахад голдуу гадаадад зураг авалтаа хийсэн байдаг. Өртөг мөнгөний хувьд арай илүү зардал гарах байх даа?

-Хэлбэр харж гадаад руу яваад байгаа юм биш. Амайг би гадаадын олон газраар бадарчилж, нүд тайлж, тэдний соёлыг улсдаа авчрахад үүрэг гүйцэтгэсэн хүн гэж боддог. Тэрэнтэй адилхан манай “Doz”-ынхон маш олон газраар явж гадны кинотой танилцсан. Зарим оронд нь киногоо хийсэн. Бид гадныхантай хамтарч ажиллах, тэдний зах зээл дээр киногоо гаргах оролдлогуудыг 10-аад жил хийлээ. Найруулагч болоод тайзнаас гадна нэлээд олон кино хийсэн байна. Наян хувь нь гадны оронд очиж хийсэн кино байгаа. Энд хөрөнгө мөнгөний асуудал мэдээж өндөр гардаг. Зөвшөөрөл, хоол унд, буудалд зардал гээд гарна. Гэхдээ бидний толгойд гаргасан зардлаасаа илүү мэдлэг орсон болов уу. Биднээс гадна биднээр дамжуулаад манай иргэд гадныхны киноны хэв маягийг мэдэж авсан. Хүн мартамхай амьтан учраас өчигдрийн зүйлийг мартаж байдаг. Тиймээс дахин сануулж хэлэхэд бид Монголын кино урлагийн салбарт шинэ зам, шинэ жимийг гаргах гэж зорьсон. Энэ нь мөн манай киноныхонд нөмөр нөөлөг өгсөн. Яагаад гэвэл гадны киноны стандарттай ажиллахад болох юм байна гэдэг сэтгэлийн дэмийг өгсөн байх.

-Монголын кино ямар түвшинд байна гэж харж байгаа вэ?

-Манай монголчууд их авьяастай хурдан сурч, хурдан мартдаг. Кино хийх хүсэлдээ хэт автаад байгаа нь нэг алдаа болдог. Яаж хийхийг нь сайн мэдэхгүй, гаргалгаагаа судлалгүйгээр бүтээлдээ орох тал байдаг. Манайд боловсон хүчин бэлддэг сургуулиуд нь киноны чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна. Хуучны оросын зүйлийг улиг болтол ярихаас татгалзаж одооны зах зээл дээрх киноны хэв маягийг харах хэрэгтэй. Нөгөө талаас кино хийх хүсэлдээ автаад аливаа нэг зүйлийг шууд хуулбарлан ашиглах сэтгэл зүй рүү орж эхэлдэг. Бидний хувьд гадны зах зээлд хүмүүстэй уулзаад бүх юм өөрийн оюуны өмчийн баталгаа, хөгжим, зураг авалтууд албан ёсны байх зарчмаар ажиллаад сурчихлаа. Тиймээс дараагийн кино энэ чиглэлээр бүрэлдээд явна гэсэн үг.

Манай дотоодын зах зээлд хийж байгаа залуусын киног би муу байна гэж хэлэхийг хүсэхгүй байна. Хөгжиж байгаа. Гадаад орны маш их өртгөөр босч байгаа кинотой өрсөлдүүлж байгаа нь эх орны хувьд шоовдорлож үзэж байгаа шинж гэж үзэж болно. Сая киноны хууль батлах гээд чадсангүй сонгууль өнгөрлөө. Гадны киног дэмжих бодлого манайхаас өөр оронд байдаггүй байх. Дийлэнх нь өөрийн орны киног илүү тавьж, бусад киног шүүлтүүрээр оруулж, татвар авдаг. Гэтэл манайхан гадныханд найр тавьдгаараа тавьж байна. Дотоодынхон яахаа өөрсдөө шийдэцгээ гэсэн байдалтай байдаг учраас Монголын кино өөдлөхөд хэцүү байна.

-Киноны зохиолын хувьд хэт хэтрүүлэгтэй хийсэн байгаа харагддаг. Танайх киноны зохиолоо яаж сонгодог вэ?

-Сэдэв бол кино хийгчдийн өөрсдийнх нь торгон мэдрэмжээр сонгосон сонголт байдаг. Бидний хувьд хамгийн анхны киног туршлага суулгахын тулд “Дурласны маргааш” киног ийм хүмүүсийн ийм бүтээлээс сэдэвлэн бүтээлээ гээд бид монгол хувилбарыг оруулж, өөрсдийн санааг оруулсан. Тэр киног бид эзнийг нь нэрлээд ил гаргаж ирж хийсэн. Одоо тэр маань далд хэлбэр рүү шилжээд зохиолч нь тодорхойгүй мөртлөө маш олон кино хийгдэж байна. Тэгэхээр одоо зохиолч нараа шалгахаа ч больчихлоо. Чанарыг ч шалгахаа больчихож. Сэдвийн хувьд монгол хүнд чиглэсэн байх ёстой. Зарим киног харахад Монголд огт байдаггүй, хэзээ ийм юм боллоо гэсэн зүйл үйлдвэрлэгдэж гардаг. Энэ мэдээж хуулбар сэдвүүд байдаг. Жишээлбэл, Монголд ямар мафи байгаа юм. Хар машинтай, хар хослолтой залуус яваад байгааг мэдэхгүй байна. Монголын асуудлыг дэлхийд гаргаж ирдэг байх ёстой. Гэтэл хаанаас ирсэн санаа Монголын кино болж гараад байгаад би жаахан хардаад байдаг юм. Тиймээс эхний удаад туршлага суулгахын тулд ийм зүйл хийхийг үгүйсгэхгүй байя гэхэд энэ нь өөрөө Монголын залууст эерэг зөв санаа өгдөг байгаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл киногоо сонирхолтой болгохын тулд пивоны шилээр толгой руу нь хайр найргүй цохиж байгаа хэсэг манайд хэрээс хэтэрч байна. Бие биенийгээ юу ч болоогүй юм шиг алж, бассейн руу живүүлж байгаа тухай кино эрээ цээрээ алдаж байна гэхэд болно. Энэ нь өөрийн нөлөөллөөр үзэгчдэд хэвийн л зүйл гэж харуулж байгаа нь аймшигтай. Гадны зохиолоос сэдэвлэж болох ч хүний төлөө байх ёстой. Бид үзэгчдийг хүндлэх ёстой. Хүмүүс дэлгүүрээс талх авахдаа барьж үзэж байгаад авдаг бол урлагийн бизнес арай өөр. Зар сурталчилгааг үзсэний дараа мөнгөө төлсний дараа бүтээгдэхүүнээ үздэг. Үүнийг дагаад реклам сурталчилгаа нь гоё ч бүтээлээ үзэхэд чааваас гэж хэлүүлэхээр байна гэдэг нь киног унагаад байгаа юм. Тиймээс чанартай, орчин цагтайгаа нийцсэн кино хийхийг хүсдэг.

-Урлагийн гэр бүл учраас хүүхдүүд тань урлагт дурлаж байгаа байх?

-Хуучны гэр бүлүүдийн адилаар дагаж явсаар байгаад эхнээсээ өөрийн үзэл бодолтой болоод заримдаа миний үгийг тийм байдаггүй гэж шийдэхээр хэмжээнд хүрлээ. Тэгэхээр энэ миний хувьд сайхан санагдаж байгаа. Мэдээж хэцүү давааг давах амьдрал руу орчихлоо. Сэтгэж, зөв шийдвэр гарах, ачаалал даах, өлсөж сурах гээд энэ бүгдийг хийж сурдаг л ажил. Бага охин Энх-Энэрэл маань урлаг руу бас их сонирхолтой юм байна. Цаг зав зарцуулж чадахгүй ч гэсэн хадмууд маань өсгөж байгаа. Эмэгтэй хүнд боловсрол чухал учраас илүү ихээр боловсролд нь анхаарч байна.

-Та хоёрыг нөхөр нь найруулаад эхнэр нь гол дүрд тоглодог гэсэн шүүмж яваад байсан. Сүүлийн үед Мөнгөнзул тоглохоо больчихсон юм шиг харагдаж байгаа?

-Нэг хэсэг Дооёо найруулаад Зулаа тоглодог гэдэг байсан. Нэг талаараа ортой байх. Үүнд тайлбарлаж хэлэх тайлбар их байдаг. Утгагүй зүйлийн төлөө араас нь хөөцөлдөх хэрэггүй гээд орхидог. Нэг гэр бүлийн хоёр хүн хамт бизнес хийж байгааг монголоор нэг харж болно. Өглөө босоод л ажилдаа хамт яваад ирж байна. Улаанбаатар хотын ихэнх машинд эхнэр, нөхөр хоёр ажлаа яриад л явж байдаг. Энэ бол тийм хортой зүйл биш болов уу гэж бодож байна. Нөгөө талаас бид бие биенээ юу хийх гээд байгааг ойлгодог. Ойлголцол жүжигчин найруулагч хоёрт нэлээд удаж байж төлөвшдөг зүйл. Ажил дээр бид ажлын хандлагаар л ханддаг. Зулаа маш сайн зохион байгуулагч. Ар талын ажлыг сайн хийдэг. Зулааг жүжигчний карьераа хэн нэгнээс болоод болиосой гэж хүсэхгүй байна. Манай хүн одоо өөр киноны санал авчихсан байгаа. Гадны кинонд тоглохоор хоёр ч санал авсан. Цаг хугацаа баримталдаг учраас ажилдаа бэлтгэлээ хангаад байж байна.

-“Doz” энтертаймент олон ангит кино хийх үү?

-Маш сайн реклам хийдэг студи кино хийж чадахаа больчихсон байдаг. Энэ нь ажлын дадалтай холбоотой. Мөн нэг ангит кино хийдэг хүмүүс реклам хийхэд дандаа уртдуулчихаад байдаг. Бид нэг ангит кинон дээр ажиллаад сурчихсан учраас олон ангит руу орохдоо их судлах хэрэгтэй. Шууд чадна гээд орох буруу л зүйл. Бололцоо боломжоо судлах хэрэгтэй. Олон ангит кино нэг ангиас нөгөө анги руу шилжихдээ үзэгчдээ алдахгүй байх шаардлагатай. Эхний гурван ангийг нислэгийн үе гэдэг. Энэ гурван анги их онцгой байх ёстой. Түүний дараа үзэгчдийнхээ сэтгэл зүйг барьж авна гэдэг чухал. Манайхан олон ангит киног телевизийн гэдэг талаас нь хараад байдаг. Тэрийгээ дагаад зохиомж тал руугаа явчихсан байдаг. Кино гэдгийг мартаж болохгүй.

Дэлхийн үзэгчид олон ангит кинонд орчихлоо. Энэ бол хүний амьдралтай шууд холбоотой. Зарим тохиолдолд үүнийг хүмүүс алсын хараа зорилгоо алдаж эхэлж байна гэж дүгнэдэг. Хүмүүс амьдралынхаа төлөө биш киноны дараагийн анги зорилго нь болж эхэлдэг. Жишээ нь “Халтар царайт” хүмүүс бүгд ирээдүйгээ харж чадахаа больсон байхад гарсан кино. Маргааш яах бол гэж голоо зогоож амьдралаа болгож байгаа юм. Монголд олон ангит кино хөгжиж эхэлж байна. Дэлхийн олон ангит кино маш өөр болсон. Нэг ангит уран сайхны кино шиг хийгдэж байгаа. Тиймээс бид хуучны өнцгөөс хийж байгаа олон ангит киногоо өөрчлөх ёстой гэж бодож байна.

-Кинонд баг бүрдүүлэлт чухал. Та жүжигчнээ яаж сонгодог вэ. Киног чинь харахад нэрд гараагүй жүжигчдийг сонгосон юм шиг санагддаг?

-Нэгд хүнийг нь харах ёстой. Энэ их чухал. Бидний хувьд баг бүрдүүлэхдээ алдаж байсан асуудал бий. Багаа их сайн сонгох хэрэгтэй. Кино хийхэд сэтгэл хамгийн чухал. Зөвхөн кино гэлтгүй бүх зүйл дээр харагддаг. Туршлагатай жүжигчин эсвэл хүсэл тэмүүлэлтэй хүн байвал би хүсэл тэмүүлэлтэйг нь сонгодог. Заавал алдартай байх шаардлагагүй. Бид баг болж ажиллаж чадах, өөртөө итгэлтэй байх, ажилдаа хүсэл мөрөөдөлтэй тэмүүлэлтэй хүн байхад болно гэж боддог.

-Та киноны нээлтэн дээр хэр догдолдог вэ?

-Нээлтэн дээр догдлох амьд байгаагийн шинж. Зураг авалт эхлэхэд ч сандардаг. Хэрэв би өөрийгөө сандрахаа больчихсон байгаагаар мэдрэх юм бол энэ ажлыг зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл юу ч мэдэрч чадахаа больж байгаагийн хэлбэр. Тиймээс киноны нээлтэн дээр их сандарч, догдолдог. Оюун санаанаасаа гарсан зүйлийг хүнд хүргэнэ гэдэг том шалгуур. Хүмүүс баяр хүргэж гар барихад ямар байгаа нь мэдрэгддэг. Ер нь сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг гэж болно.

Categories
мэдээ цаг-үе

“Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэн: Эх орныхоо итгэлийг алдалгүй олимпийн мөнгөн медаль авсан охиноороо бахархаж байна

“Өдрийн сонин”-ы 2016.08.10-ны 182 (5447) дугаараас авч нийтлэв

“Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын гавъяат тамирчин Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Охин тань “Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, Монголын эмэгтэй жүдочдын анхны медалийг авлаа. Баяр хүргэе. Медаль авна гэж итгэж байв уу?

-Баярлалаа. Маш их баяртай байна. Охин маань 2012 оны Лондонгийн олимпод орсоноосоо хойш жилээс жилд барилдаан нь сайжраад өөрийгөө сайн хөгжүүлсэн. Ер нь медаль авчих байх гэсэн итгэлтэй л сууж байлаа. Жүдогийн спорт сонирхдог хүн бүхэн манай охинд найдвар тавьж байсан байх. Эх орныхоо итгэлийг алдалгүй олимпийн мөнгөн медаль авсан охиноороо бахархаж байна.

-Явахдаа юу гэж байсан бэ. Амлалт өгсөн үү. Бас аав, ээжийн захиас байсан байх?

-Миний охин явахдаа медаль авна гэж том ам гараагүй ч бид дотроо медаль авчих байх л гэж бодож байсан. Охиноо явахад тайван байж өөрийнхөө бодсон бүх барилдааныг үзүүлээрэй, хичээгээрэй гэж захисан даа. Охин маань надад “Ааваа та тайван байгаарай. Сэтгүүлчид яриа авъя гэвэл тайван даруухан бай. Охин нь сайхан барилдчихаад ирнэ” гэж хэлсэн. Тамирчиддаа амжилт хүсээд охиноо үнсээд л явуулсан даа.

-Цагийн зөрүүтэй байгаа шүү дээ. Барилдааныг нь үзсэн үү?

-Үзсэн. Бид охиноо гаргаж өгчихөөд Увс аймгийн Баруунтуруунд нутагтаа ирчихсэн байгаа юм. Төрсөн нутгийнх нь уул усанд залбирч захыг нь мушгиж хамаатан саднаараа дэмжлээ. Баруунтурууныхан шөнө манайд ирээд барилдааныг нь хамт үзсэн. Шөнөжин нутгийн ард түмэн нь баярлаад бужигнаж байгаад 05.00 цагт жаахан амарсан.

-Нэг ёсондоо Увс аймгийн Баруунтуруун сумынхны баяр болж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Баяраа тэмдэглээд эхэлчихсэн л байна. Сэтгэл догдолсон нутгийн ард иргэд маань одоо болтол манайд ирж баяр хүргэсээр байна. Хашаагаар дүүрэн хүн байна. Өглөөнөөс хойш 60-70 дуудлага ирчихсэн байна. Утсаар ярих ч завгүй л байна даа. Нутгийн ард олон, найз нөхөд бүгд л цуглачихсан байна.

-Алтын төлөөх барилдааныг үзсэн үү. Дүрэм зөрчсөн гэх яриа гараад байна?

-Хотоос ярьсан бүх хүн шүүлт нь буруу болчихлоо гэж ярьж байна лээ. Манай нутагт шөнөжингөө бороо ороод яг алтын төлөөх шийдвэрлэх барилдааныг үзэж чадаагүй. Нэгэнт л шүүгчийн шийдвэр бол шийдвэр шүү дээ. Түүнтэй маргалдаад яахав л гэж бодож сууна.

-Д.Сумъяа өөрийгөө бүрэн дайчилж барилдсан гэж бодож байна уу?

-Охин маань өөрийгөө бүрэн дайчилсан. Зурагтаар харж байхад дэвжээн дээр гарахдаа сэтгэл санаа нь их тайван байсан. Их л сайхан барилдаан үзүүлсэн гэж бодож байгаа шүү. Багш нар, жүдогийн холбоо, нутгийн ах дүүс, охиныг маань дэмжсэн Монголын ард түмэндээ бүгдэд нь баярлаад сууж байна.

-Учраа таарсан тамирчдаас хэнийг нь хүндхэн өрсөлдөгч гэж харж байв?

-Олимпод оролцож байгаа тамирчид дунд муу тамирчин гэж байхгүй. Бүгдээрээ л сайн тамирчин. Би Португалийн бөх Телма Монтеро, Японы Каоро Мацүмото хоёрыг л хүнд өрсөлдөгч гэж дотроо бодож байлаа. Хамгийн хүнд барилдаан нь Монтеротой хийсэн барилдаан гэж бодож байна. Каоро Мацүмототой өмнө нь таарч байсан учраас барилдааныг нь мэднэ. Хүссэн мэхээ сайхан хийсэн байх. Бразилын тамирчин Рафаэль Силватай аваргын төлөө барилдаад ялах байх гэж бодож байсан ч санаснаар болсонгүй.

-Медаль авснаас нь хойш охинтойгоо холбогдсон уу?

-Холбогдсон. Хоолой зангираад уйлаад ярьж чадсангүй. Аавыгаа ингэж нэг уйлууллаа даа. Баярлаад нулимс гараад байдаг юм байна. Гайгүй тайвширч байгаад багштай нь ярьсан. Х.Эрдэнэт-Од багш нь эхнэр бид хоёрт баяр хүргэж байна лээ. Аав, ээж нь охиндоо хайртай шүү. Чи бидний болоод Монголын ард түмний бахархал болж чадлаа.

-Нутагтаа хэзээ ирэх вэ?

-Энэ сарын 19-нд ирнэ гэсэн. Тэрнээс өмнө хамаатан садан аав, ээжийгээ аваад Улаанбаатар хот руу явж охиноо тосч авна даа.

-Танайх Улаанбаатар хотод хаана амьдарч байгаа вэ?

-Дэнжийн мянгын IX хороонд амьдарч байгаа.

-Та залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан гэсэн. Тэр нь охинд тань нөлөөлсөн юм болов уу. Хэзээнээс бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?

-Манай гэр бүлийнхэн спортод сонирхолтой л доо. Би бас чөлөөт бөхөөр барилдаж байлаа. Охин маань бөхөөр хичээллэх их сонирхолтой байсан. Өөрөө хүссэн болохоор зургадугаар ангиас нь дэмжиж уралдаан тэмцээнд оруулж эхэлсэн. Эхнэр бид хоёр охиныгоо их дэмждэг. Өөрөө дур сонирхолтой болохоор том амжилт үзүүллээ гэж боддог юм.

-Анхны багш нь хэн бэ. Х.Эрдэнэт-Од багштайгаа хэзээнээс хичээллэж эхэлж байв?

-“Монгол охид” клубын н.Бадамсүрэн манай охины анхны багш. Багштайгаа нэг жил хичээллэчихээд тэрнээс хойш арав гаруй жил Х.Эрдэнэт-Од багшийн гар дээр хичээллэж өдий зэрэгтэй амжилтанд хүрч байгаа хүн дээ.

-“Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн хүнд 60 сая төгрөг өгөөд сар бүр гурван сая төгрөг өгнө гэсэн?

-Мэдээгүй л байна.

-Д.Сумъяа найз залуутайгаа хамт Рио де Жанейро хотыг зорьсон гэсэн байх аа?

-Бразилд одоо хамт байгаа. Жүдо бөхийн холбооноос найдвар тавьж байгаа тамирчдынхаа ар гэрийнхнээс нэг хүн авч явж сэтгэл санааг нь дэмжүүлнэ гэсэн юм. Бид ярилцаж байгаад найз залууг нь явуулсан. Найз залуу нь Цогтгэрэл гээд улсын шигшээ багийн тамирчин учраас сэтгэл санааг нь дэмжиж, сайн зөвлөгөө өгөх байх гэж бодсон. Охины маань сэтгэл санааг сайхан дэмжсэн байх.

-Охинд тань сүй тавьж, худууд хадаг тавьсан гэж сонслоо. Удахгүй хуримын тов зарлах байх даа?

-Олимпоос медаль авбал бодсон юм байгаа ааваа гэж хэлж байсан. Ирж байгаад нэг юм бодох байх. Охин маань 25 нас хүрчихсэн шүү дээ. Үеийнх нь найзууд бүгд гэрлээд хүүхэдтэй болчихсон. Спортоор хичээллэдэг хүний амьдрал жаахан оройтдог л доо. Одоо ирж байгаад гэр бүлийн асуудлаа ярилцах байх. Хурим найраа хийгээгүй ч хадаг сүүгээ авчихсан үерхээд, хамт бэлтгэл сургуулилтаа хийгээд явдаг.

Манайх зургаан хүүхэдтэй айл. Сумъяа маань айлын том охин. Доороо дөрвөн эрэгтэй, нэг охин дүүтэй. Эгчийгээ барилдаж улс, дүүргийн аваргын барилдаанд ороход омогшоод би барилдъя гээд хоёр дүү нь дагаж хичээллэж байсан юм. Одоогоор барилдаж байгаа хүн байхгүй. Хүндийн өргөлт, сагс, волейбол гээд өөрсдийнхөө сонирхлоор явчихсан. Манайхан их спортлог гэр бүл л дээ.

-Ээж нь хэр их догдолсон бэ?

-Эхнэрийг маань Ц.Дэлгэрмаа гэдэг. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд багшилдаг юм. Охиныгоо барилдахыг хараад мэдээж их догдолсон. Одоо гэрт хүн ирээд цай, хоол хийгээд завгүй л байна. Энэ олон хүний чин сэтгэлийн талархлын үгийг сонсгож байгаа охиндоо дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны гэргий Н.Тунгалаг: Тавын даваанаас хоолой нь цангинаад бөхөө тайлбарлаж эхлэхэд үзэгчид баяр наадмын хөшиг нээгдэх шиг боллоо гэдэгсэн

“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 28-ны өдрийн дугаараас авч нийтлэв.

Анхаараарай, эрхэм хүндэт наадамчид аа. Улаанбаатараас ярьж байна… гээд цээл сайхан дуу хоолойгоо эх орныхоо цэлмэг хөх тэнгэрт цуурайтуулан ард түмнээ баясуулдаг байсан Монгол бөхийн гарамгай тайлбарлагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын начин Агвааны Ганбаатар агсны тухай түүний гэргий Н.Тунгалагтай хуучиллаа.

-Монгол Улсын начин Агвааны Ганбаатар аль нутгийн хүн бэ?

-Манай хүн 1964 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих гэдэг газар төрсөн.

-Удамд нь бөх хүн байсан юм болов уу. Радио сонсчихоод ташуураа амандаа бариад дуурайдаг байсан гэж дурссан байдаг юм билээ?

-Удамд нь бөх байгаагүй. Өөрийнх нь унаган байгалиас заяасан авьяас. 5-6 настайдаа хонь хариулж байхдаа шилбүүрээ унаад ташуураа амандаа бариад радиогоор сонссон Улсын арслан Ц.Бадамсэрээжид гуайн бөхийн тайлбарыг үг үсэг алдалгүй дуурайж хөдөө хээр талд дуржигнуултал ярьдаг байсан гэсэн. Манай хүн бага насандаа ээж, ааваасаа долоон дүүтэйгээ өнчирч хоцорсон юм. Тухайн үед ээжийнхээ дүү Энэбиш ах, Тэрбиш ах, хуурай ах Цэндоо, Батчулуун ах, бэр эгч Цэрэнчимэд нарынхаа дэмжлэгтэйгээр сайхан хүмүүжицгээсэн. Өөрөө бөхөд их дуртай, бөх болно гэж бөхийн дугуйланд орсон байдаг юм. Дугуйландаа явахын тулд гэрийнхээ ажлыг хурдхан амжуулж, дүү нартаа хоолыг нь хийж өгчихөөд бөх рүүгээ явчихдаг байж. Наймдугаар ангиа төгсөөд Налайхын ТМС руу явж, Т.Адъяатөмөр дасгалжуулагчийн шавь болсон байдаг. Тухайн үед 1964 оны луу жилтэн бөхчүүд нэг хэсэг цахиур хагалж гарч ирсэн шүү дээ. Налайхын ТМС-д байхдаа заримтай нь нөхөрлөж эхэлсэн хэрэг. 1984 онд үеийнхээ бөхчүүдийн шаардлагаар нэгэн орой бөхчүүдийн үдэшлэг хөтөлсөн юм билээ. Н.Ганбаатар багш нь Налайхад бөхийн цол их сайхан дууддаг хүү байна, түүнийг шалгаад өгөөч гээд Чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч Дамдиншарав багшид дагуулж очсон гэдэг. Тэгээд цомхон хэмжээний бөхийн тэмцээнийг тайлбарлуулж үзэхэд их сайн тайлбарлаж байсан гэсэн. Тэндээс л өсвөр үеийн үндэсний бөхийн тайлбарлагчаар ажиллуулж, бөхийн тайлбарлагч болох гараа нь эхэлсэн гэж өөрөө ярьдаг байсан.

-Та ханьтайгаа хэзээ танилцаж байв?

-Бид хоёр 1993 онд танилцсан юм. Би 1990 онд хуучнаар ЗХУ-ын Уралын их сургуулийг философич мэргэжлээр төгсөөд ирсэн байсан. Би хотод бөхийн орчноос тэс өөр газар өсч хүмүүжсэн болохоор бөхийн амьдралаас их хол байсан. Бөх хүнтэй сууна гэж зүүдэлж ч байсангүй. Сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ ажлыг хийж чадалгүй “Улаанбаатар” зочид буудалд зочин хүлээн авагчийн ажил хийж байхад А.Ганбаатар намайг олж харсан гэсэн. Спортын төв ордны хажууд байрладаг байсан учраас хаалгаар орохдоо энэ бүсгүйтэй танилцана даа гэж бодож байтал нь би ажлаасаа гарчихсан байж. Би ч гэсэн тухайн үед “Улаанбаатар” зочид буудалд олон бөх байрладаг байсан болохоор энэ бөх тайлбарлагч байна гэж мэддэггүй байсан. Түүнээс хойш 1993 онд би “Улаанбаатар” зочид буудлын хажууханд жуулчдад үйлчилдэг бэлэг дурсгалын дэлгүүрт ажиллаж байлаа. А.Ганбаатар гаднаас орж ирэхдээ өмнө нь намайг харчихсан байсан учраас гэнэт зог тусаад зогсчихсон. Хайж явсан хүнээ олсон юм шиг харцтай байж билээ. Тэндээс л эхлээд үерхэл маань эхэлсэн дээ. Түүнээс хойш 1995 онд анхны маань хүү мэндэлсэн.

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Бид хоёр хүүхэдтэй. Том хүүг маань Идэрмөнх гэдэг. Охиныг маань Мөнхзаяа. Одоо хүү маань Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа эдийн засгийн ангид гуравдугаар курст суралцаж байгаа. Охин энэ жил 12 дугаар ангид орно. Хүүгийн маань Идэрмөнх нэрийг Ж.Мөнхбат аварга өгсөн. 1995 онд хүүгийн минь мэндэлсэн өдөр Улаанбаатар хотод идэрчүүдийн аварга эхэлж байсан юм билээ. Хүү маань өглөө үүрээр 08:00 цагт мэндэлсэн. Эмнэлэгт төрчихөөд байж байтал сувилагч нь “Гадаа бөх байрын том биетэй хүн байна, хэний нөхөр вэ. Тэр хүн баярлаад тааз хүртэл үсрэх нь байна шүү” гэж хэлсэн. Хань маань хүүтэй болж баярлаад чөлөөтийн тэмцээнээ тайлбарлах гээд явж байтал Ж.Мөнхбат аваргатай таарсан юм билээ. Тэгтэл аварга бэлгэшээгээд Идэрмөнх гэдэг нэр өгч байсан.

-Та хоёр анх уулзаж байхад А.Ганбаатар гуайн хоолой нь их содон байсан уу. Олон сайхан найзтай учраас гэрээр чинь орж гардаг л байсан байх даа?

-Бид хоёр анх танилцаад л шууд нэг гэрт орчихоогүй. Бие биенээ таньж мэдэх үедээ орцонд их уулздаг байлаа. Би бүрх малгайтай, монгол дээлтэй хүнтэй орцонд зогсохоосоо ичдэг байсан. Ичээд гэртээ оруулчихмаар санагддаг байсан ч оруулчихаж чаддаггүй. Яагаад ч юм миний санаанд багтдаггүй байсан. Сүүлд нь бодоход инээдтэй ч юм шиг, гоё ч юм шиг л байдаг юм. Танилцсаныхаа дараа энэ хүн чинь хэн билээ, юу хийдэг хүн бэ гэж асуухад багаасаа радиогоор хоолойг нь сонсдог танил хүн байсан. Настай л хүн байдаг байх гэж бодож байсан чинь бөх тайлбарлагч Ганбаатар маань өөрөө байхад их гайхаж байлаа. Энгийн үед уулзаад ярихад хоолой нь өөр л дөө. Микрофоны ард гараад бөх тайлбарлах үед онгод нь ороод ярьж байгаа байдал тэс өөр шүү дээ.

Манай хүн хэл ярианы баялаг ихтэй, нүүрэмгий хүн учраас үеийнхэнтэйгээ нийлэхээс гадна том цолтой аварга, арслангуудтай их найз байсан. Цолны хувьд хүндлэлтэй ч Ж.Мөнхбат аваргатай илүү дотно, хоёр гэрээрээ орж гардаг байлаа. Өөрийнх нь үеийн найз гэвэл П.Сүхбат, Ц.Баярсайхан, Х.Амараа нар. Бөхчүүд айрганд их дуртай учраас анх танилцаж байхад хөдөө их явна. Ямар ч танихгүй айлд орсон нутгийнх нь бөхчүүдийг яриад л айлынх нь хүмүүсийг уяруулчихна. Тэр сайхан яриаг сонсоод дайлуулж цайлуулж суух сайхан. Тухайн үед гэр бүл болж гараагүй байсан ч сайхан л байдаг байлаа. Ямар сайндаа л нэг шавь нь түүнийг “Өлсөж явахад цадтал ярьдаг хүн ер нь ховор доо” гэж ярьж байхыг би сонсож байсан.

-Бөх тайлбарлаж байхдаа нэг ч гацахгүй хүмүүсийн өмнөх барилдаан болоод намтрыг хэлээд байдаг. Нэлээд ой тогтоолт сайтай байсан уу?

-Ой тогтоолт их сайн. Сүүлийн 50 жилийн бөхийн барилдааны дүр зураг толгойд нь хадгалаастай байдаг гэж байсан. Бөхийн бэлтгэл дээр бөхчүүд ярилцаж байхад ярьсан яриаг нь мартдаггүй гэсэн. Ном уншаад түүхийг нь судлаад байхгүй ч нэг үзсэн барилдаан, сонссон зүйлээ мартдаггүй. Х.Баянмөнх аварга “А.Ганбаатар тайлбарлагчаас өмнө бөхийн тайлбарыг хорьдог байсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үед төрсөн нутаг, байгуулсан гавьяаг зарладаггүй байсан. А.Ганбаатар тайлбарладаг болсноос хойш нутаг ус, удам судар, түүх, байгуулсан гавьяаг нь хэлж, тэдэн оны тийм барилдаанд ийм мэх хийж унагаж байсан гээд хурдан хугацаанд намтрыг нь хэлчихдэг байсан. Тэр нь барилдах гээд цолоо дуудуулж буй хүмүүст их урам өгнө. Би түүнээс нь их урам авч барилддаг байлаа. Энэ бол Ганбаатарын онцлог” гэж ярьж байсныг би сонсож байлаа. Хүмүүс Ганбаатарыг үнэн худал хэлж байгааг шалгаж, асууж шалгаадаг байсан гэсэн. Асуултад нь нэг ч бүдэрч байгаагүй. Манай хүн удирдлагын хөгжлийн институтэд сурч байсан юм. Шалгалт дөхөх үед нь чи ном, дэвтэр уншдаггүй юм уу гэж би асуухад “Хичээлээ л таслахгүй байх хэрэгтэй. Багш нарын заасан бүх хичээл миний толгойд байна” гэнэ. Хоёр хүүхдээ энэ ой ухаанаас нь өвлөсөн юм болов уу гэж харахаар одоогоор мэдэгдсэн юм алга. Хүүгээ бөхөөр явуулахыг их хүсдэг байсан ч сонирхсонгүй. Харин одоо хөлбөмбөгийн улаан фен.

-1990 оны наадмаар Дарийн Дамдин аваргыг түрүүлж тав давж начин цол авч байсан гэдэг. Тэр үеэ дурсаж ярьдаг байв уу?

-Бид хоёр танилцаагүй байсан үе. Мэдээж цол авч байгаа хүн сайхан л байсан байх. Өөрөө аль болохоор цол авахаар барилдчих санаатай ч тав давах нь ховор байсан. 1990 онд одтой сайхан барилдсан гэдэг юм. Бид хоёр танилцаад би эхний хоёр жил цэнгэлдэх хүрээлэн рүү хамт явсан. Их ганцаарддаг байлаа. Нэг, хоёрын даваанд гараад л барилдаж байтал хүмүүс “А.Ганбаатар тайлбарлах болоогүй юу” гээд яриад эхэлдэг юм билээ. “А.Ганбаатар хурдан унаасай. Бөхөө тайлбарлуулах юмсан” гэж ярилцана. Өөрөө бол аль болохоор барилдах гээд байдаг. Тавын даваа хүрчихвэл бас цолоо дуудуулчихмаар байдаг ч “А.Ганбаатар аа чи хурдан унаачээ. Бөхөө тайлбарлаачээ” л гэдэг. Би хөдөөгийн наадамд ч олон удаа дагаж явсан. Гурав, дөрвийн даваан дээр уначихаад л бөхөө тайлбарлахаар очиход алга ташилтаар угтаж авдаг байсан. Үзэгчид А.Ганбаатар уначихлаа гэж гонсойх байтал алга ташиж бөхөө тайлбарлуулахыг хүсдэг байлаа. Манай хүн ихэвчлэн тавын даваанаас эхэлж бөх тайлбарладаг байсан.Тавын даваанаас хоолой нь цангинаад бөхөө тайлбарлаж эхлэхэд үзэгчид баяр наадмын хөшиг нээгдэх шиг боллоо гэдэгсэн.

-Дээл их өмсдөг хүн байсан. Та дээлийг нь урладаг байв уу?

-Би дээл урладаггүй. Спортын ордонд байдаг оёдолчноор оёулдаг байсан. Би дээл өмсдөггүй байсан ч Ганбаатартай гэр бүл болсноос хойш наадам бүрээр хос дээл хийлгэдэг болсон. Бөхчүүд наадам, цагаан сараар шинэ дээл өмсдөг шүү дээ. Наадмаар шинэ дээлээ өмсөөд л зодоглохоор явна.

-Бөхөө тайлбарлахын хажуугаар бэлтгэл сургуулилт хийнэ гэхээр гэртээ хэр их цаг зав гаргадаг байв?

-Ер нь завгүй шүү. Гэрт байх хугацаа ховор байсан. Спортын хүн гэртээ маш бага цагийг өнгөрүүлнэ. Хүүхдүүд болон ах дүү, найз нөхөдтэйгөө сайхан харилцаатай. Их хошин, хүүхдүүдээ байнга өдөж тоглоно. Бас хоол их сайхан хийнэ. Бөхчүүд чинь мах чанаад гурилтай шөл идэх дуртай. Гурилтай шөл хийх бол өөрөө л хийдэг байсан. 40 насалсан энэ ахархан хугацаанд байгалиасаа бөхийн төлөө л төрсөн юм шиг хөдөлмөрлөсөн байдаг. 21 жил бөх тайлбарлаж, 25 жил бөхийн зодог шуудаг өмсч дэвжээнд гарсан. Сүүлийн 10 жил бөх дасгалжуулсан байдаг. Тэр үед өөртөө гурван зорилго тавьсан гэсэн. Бөх хүн байсан учраас бөх гэдэг том гэр бүлд ороод хийх ажлаа тооцоолсон. Бөхөө сайхан барилдаад начин цолд хүрчихлээ. Бөх тайлбарлаад өөртөө ч ахадмаар шагналыг ард түмнээсээ би авчихлаа. Одоо би Монгол Улсдаа төдийгүй дэлхийд дуурсагдах бөхчүүдийг гаргамаар байна гэдэг байсан. Монгол орныг бөхийн орон гэдгээр нь гадныхан танина. Үндэсний бөх хэзээ ч хаягдахгүй. Нэгэнт үндэсний бөхөөр ийм мундаг байгаа юм чинь дэлхийд чөлөөт, самбо, жүдо бөхөөр нэрээ цуурайтуулах ёстой. Тэгэхээр би өөрийнхөө шавь нарыг тэр хүртэл бэлдмээр байна гээд түүнийхээ төлөө зүтгэнэ. Бөх олон улсад очиж дэлхийн аваргуудтай гар атгалцаж байж туршлага солилцож ахина. Нүд тайлахгүй Монголдоо байвал ямар ч өөрчлөлт гарахгүй гэж хүмүүсийн өмнөөс, олон холбооны өмнөөс бөхийн спортыг дэмждэг бизнесмэнүүдтэй уулзалт хийж, хөрөнгө оруулалт цуглуулдаг байсан. Бөхийн төлөө явж байгаа учраас үйлс нь маш сайхан бүтнэ. Өөрийнхөө шавь болон Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяраас эхлээд олон сайхан тамирчинг дэлхийн олон оронд явах боломжийг нээж өгч байсан. Өөрөө ч хэл усыг нь мэддэг юм шиг Америк, Буриад, Иран, Японы тамирчидтай мөрөн дээр нь алгадаад л найзална. Нөгөөдүүл нь Ганбаатар хаачсан бэ гээд л тэмцээн дээр хайдаг юм билээ. Манай хүн дэлхийн 37 орноор явсан гэдэг .

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн шагналыг авч байх үед ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Тухайн үед бөх тайлбарлаад бага цалин авдаг байсан. Өөрөө хичнээн сайхан барилдаад сонирхол нь байдаг ч гэсэн зах зээлийн шуурганд нэрвэгдчих гээд л байсан юм. Би хичнээн дуртай гэж яваад гэр орноо тэжээж чадахгүй болох гээд байна.

Зах зээл рүү ордог юм уу даа гэж байх үед нь буюу ид сайхан бөхийн төлөө ажиллаж сэтгэлтэй байх үед нь Монгол Улсын гавьяат цол өгөхөд өөрт нь их урам өгсөн. Тухайн үед Ерөнхийлөгч П.Очирбатаас шагналаа авч байсан. П.Очирбат гуай “Чи бөх үнэхээр сайхан тайлбарладаг. Энэ эрч хүчээрээ бөхийнхөө төлөө илүү их юм хийгээрэй” гэж хэлсэн байдаг. Тэгээд ч би ийм шагнал авчихаад яаж зах зээл рүү орох вэ дээ. Бөхийн төлөө зүтгэе гээд сэтгэл шулуудаж байсан.

-Дасгалжуулагчаар ажиллаж олон сайхан шавь бэлдсэн байх?

-“Хоршоолол клуб”-т анх дасгалжуулагч хийсэн. Тэндээс олон сайхан шавь төрүүлсэн. Дараа нь “ХОТШ” банкны захирал О.Чулуунбаатар гуай дэмжиж “ХОТШ ” клубыг байгуулж тэндээ чөлөөт бөхийн олон тамирчин бэлдэн амжилттай ажилласан. Дараа нь Өмнөговийнхоо бөхчүүдийг дэмжиж, өөрийнхөө нутгаас олон сайхан бөх төрүүлье гэж шийдэж “Говь” дэвжээг байгуулсан. Сумаасаа Энхтуяа, Энхтайван гээд ах, дүү хоёр бөхийг гаргасан байдаг. Хамгийн сүүлд 2005 онд “Говь” дэвжээндээ ажиллаж байхад бие нь өвдсөн юм. Тухайн үед нутгийн шавь Р.Сэддоржоо наймдугаар сард дуудаж “Багшийнх нь бие дийлэхгүй байна. Би чамд “Говь” клубээ өгмөөр байна. Цаашдаа сайхан өргөжүүлж ажиллаарай” гэсэн юм билээ. Төд удалгүй есдүгээр сард нас барсан даа. Наймдугаар сард бөхтэй холбоотой бүх ажлаа хүмүүст даатгаж захиасуудаа хэлсэн байдаг.

-Тэгэхээр 2005 онд хамгийн сүүлийн бөхийн тайлбараа хийжээ?

-2005 оны наадмаар өөрөө барилдаагүй бүтэн тайлбараа хийсэн юм. Гэтэл тавын даваан дээр айхтар дуу, цахилгаантай ширүүн бороо орсон. Тэр үед нь ажиглаагүй л дээ. Сүүлд ярилцсан юм. Радиогийн нэвтрүүлэгч Отгон эгч их наадмын тавын даваа эхэллээ, микрофоныг А.Ганбаатарт шилжүүлье гэхэд нөхөр маань бөхөө тайлбарлаж эхэлсэн. Тухайн үед аадар бороо орж байсан ч Ганбаатар онцгой онгод нь орж бөхөө тайлбарлаж байсан гэдэг. Наадмын талбай дахин дуу хоолойг нь сонсохгүй юм шиг, хайртай хүүгээ уйлж үдсэн юм байх даа гэж хүмүүс дурсан ярьж байсан.

-Тэрнээс хойш бөх тайлбарлагч А.Ганбаатарыг жил жилийн наадмаар үгүйлсээр байсан. Нутагт нь өөрийнх нь хөшөөг босгосон юм билээ. Хэдэн онд энэ ажил өрнөсөн юм бэ?

-Хөшөөг 2014 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын түүхт 90 жилийн ойгоор нутагт нь сүндэрлүүлсэн. Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболдын санаачилгаар Баян-Овоо аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Улаанбаатар дахь нутгийн зөвлөл нь шийдээд хөшөө босгосон. Хөшөө босгох үйлсэд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас 40 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Энержи ресурс болон Цэдэн багштай бага ангийн хамт олон нь хөшөө босгох энэ үйлсэд хувь нэмрээ орууллаа. Мөн Үндэсний бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо болоод үе тэнгийнхэн, бөх тайлбарлагчдын төлөөлөл, нутгийн зон олон ахан дүүс, шавь нараас гар бие оролцсон. Бөх хүн барилдах үедээ мөнхөд нутаг усаараа овоглож, нутгийнхаа нэрийг алдаршуулж байдаг. Өөрийнх нь хөдөлмөр, нутаг усныхаа төлөө хийсэн ажлыг үнэлж энэ хөшөөг босгосон гэж боддог. Энэ сайхан сүрлэг хөшөөг бүтээсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат барималч Энхтөрдөө их баярлаж байна. Мөн бөхийн удамтай тэр сайхан нутгаас нь олон сайхан бөх төрөөсэй, хөшөөнд мөргөсөн эр хүний хийморь нь сэргэж байгаасай гэж хүсч байна.

-Шавь нар болон найз нөхөд нь одоо холбоотой байдаг биз дээ?

-Энхтуяа, Энхтайван, Батжаргал, Батзориг гэсэн дөрвөн шавь нь байнгын холбоотой байдаг. Найзуудаас нь Цэдэнсодном, Амараа, Баттулга нар холбоотой байдаг. Бөхийн холбооноос болоод бөхчүүдэд Ганбаатар маань одоо жаахан мартагдсан байх гэж бодогддог. Нутаг ус нь бол мартахгүй. Үргэлж холбоотой байдаг. Ялангуяа Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ 2007, 2014 онуудад аймгаа төлөөлж хувийн зүгээс бидэнд хүндэтгэл үзүүлж, мөнгөн тусламж хандивласан. Баян-Овоо сум хүүгийн маань сургалтын төлбөрийг жил бүр төлдөг. Хоёр хүүхдэдээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынхныхаа ачийг хэзээ нэгэн цагт хариулаарай гэж би захиж хэлдэг.

-Бөх тайлбарлахдаа гойд сайхан дуугардаг хүн ер нь хоолойгоо гамнадаг байв уу?

-Хоолойгоо гамнаж сүйд болохгүй. Өөрийнх нь унаган авьяас. Дуу их сайхан дуулна, хөөмийлнө гээд их авьяастай хүн байсан. Хөшөөн дээр нь “Дуу, хоолой” гэдэг үг сийлсэн. Яагаад гэвэл Ж.Мөнхбат аварга А.Ганбаатарыг “Дуу, хоолой” гээд биччихсэн байхад бүгд мэднэ, янз бүрийн тайлбар хэрэггүй гэж хэлсэн учраас тэгж сийлсэн.

-Та одоо юу хийж байгаа вэ?

-Би сүлжмэлийн автомат “Stoll”машиныг Монголдоо борлуулагч “СЕГИТЕКС ХХК”-д менежерээр ажиллаж байна. Компанийнхаа захирал Сэргэлэнд тусалж дэмжиж явдагт баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Та наадам эхлэх үед догдолдог уу?

-Догдолно. Эхний таван жил нэлээд хэцүү байсан. Наадам, цагаан сар үзэх гоё ч цаанаа л нэг юм үгүйлэгдээд хэцүү юм билээ. Одоо наадам, цагаан сараар нөхрийнхөө зодог шуудгийг гаргаад, арц, хүж уугуулиад гурван өдөр байлгадаг. Одоо наадам айхтар шимтэж үзэхээ больсон. Сураг сонсож байхад А.Ганбаатар шиг хүн гарахгүй гэдэг юм билээ. Тэр хүн дахин давтагдашгүй хоолойтой учраас өөрийг нь дуурайсан хүмүүс байна гэдэг байсан.Тэд А.Ганбаатар ах аа, та бөх тайлбарлахыг зааж өгөөч эсвэл нэг дугуйлан нээчих гэдэг байлаа. Би нээрээ дугуйлан нээгээд яаж бөх зөв тайлбарлахыг заавал зүгээр юм байна гэдэг байсан. Ханиа бурхан болсноос хойш ах, дүү нар болон хоёр хүүхдэдээ юу хийж бүтээснийг нь дурсаж байг гэж бодоод “Анорад” компанитай хамтарч “Тэнгэрийн дуу” CD-г гаргасан. Өөрөө дурьдатгалаа бичнэ гээд материал цуглуулж толгойд үлдсэн олон жилийн тэр сайхан дурсамжуудыг буулгах гэж байгаад амжаагүй. Цуглуулсан материалыг нь миний аав гавьяат эдийн засагч Ч.Намдаг эмхэтгэж цуглуулаад нутгийнх нь дүү, шавь Р.Сэддоржид номыг нь бүтээх санал тавьсан. Байгаль орчны гавьяат ажилтан, Үндэсний бөхийн зөвлөх З.Жанжаадорж гуай эмхэтгэж, Р.Сэддорж дүү маань “Бадрах Од Өгөөж” ХХК, “Ажнай” корпораци, “Эвсэг кашемир” ХХК, “ОБ Пресс” ХХК-иар ивээн тэтгүүлж багшийнхаа гэгээн дурсгалд зориулж “Tэнгэрийн Их Хийморь буюу Агвааны Ганбаатар” номын цагаан хөшөөг 2009 онд босгосон. Би үе үе CD-г нь үздэг юм. Наадмын талбайд байгаа ч юм шиг дэргэд нь байгаа ч юм шиг санагддаг. Хөшөө босгосноос нь хойш нутагт нь бөхийн музей байгуулагдсан. А.Ганбаатарын булан гэж байдаг учраас хэрэглэдэг байсан хоёр зодог шуудагны нэг болоод өөрийнх нь хэрэглэж байсан зарим зүйлийг өгсөн. Нутгийн түмэн, бөх сонирхогчид тус музейд ороод харах томоохон хөрөнгө оруулалт болсон гэж бодож байгаа. Ханийн минь дуу хоолой Монголын ард түмний зүрхэнд одоо ч сонсогдсоор байгаа. Бөх гэдэг гуравхан үсгээс бүтдэг энэ агуу том спортын гэр бүлд багтан бөх хүний гэргий байж жаргал зовлонгоо хамт хуваалцаж явсан үе минь дэндүү жаргалтай мөчүүд байлаа. Удахгүй наадам болох нь ээ. Шинээр олон шинэ цолтон төрж, үзүүштэй сайхан барилдаан үзүүлээрэй гэж ханийнхаа мэргэжил нэгт бөхчүүддээ хийморийн мялаалгыг өргөе.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бумхүү: Монгол эр хүний чимэг болсон халхын сайхан Юндэнгийн дүрд өөрийнхөө хэмжээнд чадан ядан сайн дуулахыг хичээж байна

Монголчуудын өв соёлыг багтаасан үндэсний сонгодог бүтээлийг задгай талбайд тоглох шийдвэр гаргаж, 2015 оноос эхлэн монголчууд Үндэсний их баяр наадмаараа “Учиртай гурван толгой” дуурийг үзэж цэнгэсэн билээ. Өнгөрсөн жил гавьяат жүжигчин Э.Амартүвшин, ДБЭТ-ын гоцлооч Ш.Наранчимэг нар Юндэн, Нансалмаагийн дүрд тоглож байсан юм. Харин энэ жилийн шалгаруулалтаар Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад Б.Энхнаран, Хоролмаад гавьяат жүжигчин Ө.Уянга, Балганд С.Бат-Эрдэнэ нар дуулахаар болжээ. Ингээд өнөө жилийн Юндэнд тодроод буй Э.Бумхүүтэй ярилцлаа.

-“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд шалгарлаа. Өмнө нь та Балганы дүрд тоглодог байсан байх аа?

-“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаан болж би Юндэнгээр шалгарлаа. Өмнө нь би театрынхаа хөтөлбөрт Балганы дүрээр тоглодог байсан. Энэ жил арай өөр дүрээр орж үзье гэж шийдээд Юндэнгийн дүрээр шалгаруулалтад орлоо. Нийслэлээс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр “Учиртай гурван толгой” дуурийг бүрэн эхээр нь төв талбайд тавьдаг уламжлалтай болсон. Энэ шалгаруулалтад хөдөө орон нутаг болоод театр урлагийн бүх байгууллага нээлттэй оролцдог. Энэ удаагийн шалгаруулалтад “Сүлд” чуулгаас хүмүүс ирсэн байсан. Шалгаруулалт Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрт нэг өдөр явагдсан. Жүжгээ нэгдүгээр үзэгдлээс тавдугаар үзэгдэл хүртэл бүх хувцас хэрэглэлтэй төгөлдөр хууртай тоглож шалгарууллаа. Тэргүүн Юндэнд би, Нансалмаагийн дүрд Б.Энхнаран, Балганы дүрд С.Бат-Эрдэнэ, Хоролмаад гавьяат жүжигчин Ө.Уянга нар шалгараад долдугаар сарын 10-нд төв талбай дээр тоглохоор бэлтгэл ажил хийгдээд явж байна.

-Өмнөх жилийн Юндэн төв талбайд морьтой орж ирэн үзэгчдэд бэлэг барьж байсан. Энэ жил хэр өөр байх бол?

-Найруулагчаар ардын жүжигчин А.Дашпэлжээ багш маань дахин ажиллаж байгаа. Онцлог гэвэл дуулж байгаа жүжигчин өөрчлөгдсөн. Өнгөрсөн жилийн тайз гэрэл тэр чигээрээ байх болов уу. Миний хувьд монгол эр хүний чимэг болсон халхын сайхан Юндэнгийн дүрд өөрийнхөө хэмжээнд чадан ядан сайн гаргаж дуулахыг хичээж байна.

-Та сургуулиа төгсөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт орсон байх аа?

-Би 2008 онд СУИС-ийг дэд профессор, гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 2008 оноос хойш Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байна. Манай ангиас дөрвөн хүүхдийг дуурийн театрт шалгалт өгүүлж, хоор юм уу анхны бэлтгэл ангид авч үзье гэж хоолой болгоноос нэг хүүхэд бүртгэсэн. Баритоноос би, Ариунаа, сафроноос Урнаа, тёнороос Хосбаяр гээд дөрвөн хүүхэд театрт ирсэн. Ариунаа бид хоёр бэлтгэл ангид орж театрт гоцлол дуучнаар орж байлаа. Ингэж л дуурийн театрын босгыг алхаж орж ирсэн дээ.

-Дуурь бүжгийн эрдмийн театрын тавигдаж байгаа бүх дуурьт орж байгаа байх. Дуулъя гэж зорьж байсан дүр бий юу?

-Дуурийн дуучдын мөрөөдөл болсон дүрүүд байдаг л даа. Сонгодог болоод Монголын үндэсний дууриуд байна. Энэ жил манай театр Д.Нацагдорж гуайн “Гүн гэрийн гүнж” гэж шинэ уран бүтээл тавьсан. Тэрний Жижи Шанюу хааны дүрд энэ жил шинээр гарч тоглосон. Энэ жилийн хувьд тэр дүрдээ их дурлаж хайрлаж байгаа. Дуучин хүн шинэ дуурийн анхны үлгэрлэх дүр болно гэдэг бахархал байдаг. Ирэх жилээс өөрийнхөө хүсэл мөрөөдөл болсон баритон хоолойндоо дуулах юмсан гэж боддог. Дүрүүддээ шалгуулж, чадвал шинэ дүр бүтээнэ.

-Та баритон хоолойтой гэсэн үг үү?

-Би баритон хоолойтой. Тиймдээ ч театрт ороод л “Учиртай гурван толгой” жүжгийн Балганы дүр бүтээсэн. Энэ жилийн шалгаруулалтад Юндэнгээс гадна Балганы дүрээ мөн шалгуулсан ч бие хаа, гар хөл Юндэнд зохимжтой гэж үзээд шалгаруулсан байна лээ.

-Танд Балганы дүр арай ойр байх байж гэсэн бодол байна уу. Яах байсан бол?

-Балганд би театрт орж ирсэн цагаасаа хойш дуулсан байна. Гарт орчихсон, өөрийн дүр гэдэг сайхан байдаг. Дүрийг олон дахин хийгээд ирэхээр тайзан дээр гарахад элдүүр нь ханасан арьс шиг зөөлөрч гарт орж хаанаас нь ч дуулсан бэлэн болсон байдаг. Юндэнгийн дүрд энэ жил гарсан ч гэсэн Балганаас ялгагдах юу байх вэ. Адилхан л монгол ахуй, монгол эр хүний зан чанарыг харуулна. Тиймээс хол зөрүү байхгүй болов уу гэж бодож байгаа.

-Анх тайзан дээр гарсан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?

-Анх би театрт ороод “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд гарч байсан. Анхны дүр гээд л сар бэлдэж байлаа. УГЗ Саранчимэг багш маань намайг Балганы дүр дээр бэлдэж хөдөлгөөн, дүр хувиргалтыг зааж өгч тайзан дээр гаргаж байлаа. Их сандардаг юм билээ. Өмнөх шөнөөс нь л унтахгүй хөдөлгөөн, дүрээ бодсоор байгаад тоглолтод орж байсан. Бүтэн гурван цаг тоглолтод орчихоод дараа нь санах гээд бодоход юу ч толгойд орж ирдэггүй юм билээ. Тэгтлээ л сандарч тэвдсэн байдаг юм. Анхны дүрийг маань үзэгчид сайхан хүлээж авч байсан санагддаг. Одоо бол шинэ дүр ч гэсэн туршлага суучихсан учраас сандарч тэвдэх нь гайгүй шүү.

-Театрт дуулах, задгай талбайд дуулах хоёр ялгаатай байдаг байх?

-Театр акустиктай бидний дуу хоолойнд зориулчихсан ямар ч микрофон, техник хэрэгсэлгүй амьд хоолойгоор дуулдаг. Харин задгай талбайд том хүрээнд хамрах учраас микрофонтой дуулдаг. Бид амьд хөгжимтэй дуулж байгаа учраас сургуулилт сайн хийх хэрэгтэй. Талбайд аппаратур ороод ирэхэд зөрөлдөх, чанга сул дуугарах асуудал гарч магадгүй. Гэхдээ манай техник хэрэгслийн ажилчид маш сайн тааруулдаг. Өнгөрсөн жил сайхан болсон учраас тэр тал дээр санаа зовохгүй байгаа.

-Та аль нутгийн хүн бэ. Яагаад дуучин болсон бэ. Удамд нь дуучин байв уу?

-Би Завхан аймгийн Тэс сумын харьяат хүн. Багаасаа л урлаг, уран сайханд дуртай хүү байлаа. Хүүхдийн ямар л наадам болно оролцдог байсан. Манай нагац өвөө урлагт хайртай шүлэг, дуу бичдэг хүн байсан. Залуу байхдаа дэлхийн оюутан залуусын урлагийн спартакиад мөнгөн медальтай дуулж хуурддаг хүн байлаа. Тэгэхээр би удам дагаад л дуучин болсон байх. Тухайн үед дуурийн дуучин болно гэж бодоогүй байсан. Сургуульд орж байхад Жавхлан, Баясгалан хоёр од болж байлаа. Тэр хоёр шиг болно л гэж боддог байсан.

-Нийтийн дуучин болно гэж боддог уу?

-Оюутан байхдаа боддог байсан. Одоо дэлхийн болоод Монголын дуурийн дууг дуулж ард түмэндээ хүргэж байгаа ч гэсэн олны дунд дуулагдсан нийтийн дуутай болохсон гэж боддог. Манай ард түмэн дууч хүмүүс учраас дуучдаа их хүндэлдэг. Тиймээс түмний дунд түгсэн өөрийн дуутай болохсон гэж боддог. Жагаа багш “Нас тогтох сайхан”, Пүрэвдорж багш “Халуун элгэн нутаг” дууг дуулж байсан шиг он жил өнгөрөх тусам хэзээ ч ганддаггүй тийм уран бүтээл хийхийг бодож байна. Гэхдээ нийтийн дуучин болно гэж юу байхав. Мэргэжлээрээ ажиллана.

-Үлгэр дуурайл авдаг хүн байсан байх?

-Байлгүй яахав. Манай Ц.Пэлжээ багш намайг орж ирэхэд баритон хоолойнд дуулж байсан. “Риголетто” дуурийг 50 гарсан хойноо дуулж байгааг хараад дуурийн дуучин хүн ийм л байдаг болов уу гэж хүндэлж биширч байлаа. Болд багш гээд ах, эгч нар маань зааж сургаж өгснөөр би өдий зэрэгтэй явна даа.

-Дуурийн дуучин хэлний мэдлэгтэй байх ёстой гэдэг шалгуур тавьдаг шүү дээ. Та хэдэн хэлтэй вэ?

-Би гадаадад сургууль төгсөөгүй. Монголын бүтээгдэхүүн шүү дээ. Сургуулиа төгсөөд л театрт орсон. Монголоос гарсан, монгол арга барилтай, Монголын дуучин. Гадаадад сургууль төгссөн дуучид хэл сайн сурсан байдаг. Би олон хэлгүй ч дуугаа орчуулаад утгыг нь ойлгоод дуулчихдаг.

-Та хэр эх оронч хүн бэ?

-Цээжээ дэлдээд яваад байхгүй ч өөрийнхөө хэмжээнд эх орныхоо дууг дуулна. Эх орноо хайрлана шүү. Ажил хөдөлмөрөө сайн хийгээд эх орондоо татвараа төлөөд явж байгаа минь миний хувь нэмэр байх. Энэ миний эх оронч сэтгэлгээ болов уу. Гадны оронд явж дуулахдаа би эх орныхоо дууг дуулах дуртай.

-Олон улсын тэмцээнд явах боломж хэр байдаг вэ?

-Боломж бий. Би Буриад ардын жүжигчин Линховойны нэрэмжит уралдаанд очиж нэгдүгээр байрт орж байсан. Олон улсын тэмцээн нас заачихсан байдаг. Эрэгтэй 32, эмэгтэй 31 байдаг. Би 31 настай гэхээр бас хугацаа бага байна. Театр маань долоо хоног бүр жүжиг тавьдаг учраас их ажилтай байдаг. Ажлын хажуугаар тэмцээнд бэлдэнэ гэдэг асуудалтай. Ирэх жил гавьяат жүжигчин Э.Амартүвшин гадагшаа дуулахаар явна. Мөн нэг, хоёр хүн сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа. Тиймээс ирэх жил миний хувьд ачаалал ихтэй ажиллах байх. Олон шинэ дүр гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Дуурийн дуучин хүн хоолойгоо яаж гамнах вэ?

-Өдөр болгон дасгал сургуулилт хийнэ дээ. Тамирчин, дуурийн дуучин хоёр яг адилхан. Өдөрт 2-3 цаг бие халаалт хийнэ. Нэг цаг гам хийгээд үлдсэн хоёр цагт нь өөрийнхөө дуулах дууг дуулсан байх шаардлагатай. Тэгж байж л хоолойны форм барина. Дуулахгүй бол форм алдагдаад хүчилж чадахаа больчихдог юм. Ханиад хүрээд хоолой сөөчихвөл формдоо орох гэж сар шахуу бэлтгэл хийдэг. Эртний эдлэл олоод олон жилийн тоос шороог нь арчиж зүлгэж байж өнгө оруулдаг шүү дээ. Хоолой, хүний авьяас чадвар гэдэг яг түүнтэй адилхан.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай аавыг Энхбаяр, ээжийг Бямбажаргал гэдэг. Би айлын дундах хүү. Ахыг маань Буянхүү, дүүг маань Дариймаа гэдэг. Харин гэргийг маань Энхцацрал гэдэг. Бид хоёр нэг хүүтэй. Хүү маань одоо ой арван сартай, Хангал гээд залуу бий.

-Та хэр цаг завтай байдаг вэ?

-Жүжгийн бэлтгэл сургуулилттай байгаа үед гэр бүлдээ гаргах цаг ховор шүү. Урлагийн хүний гэр бүл бусад гэр бүлээс арай өөр. Тэр хүний ажлыг ойлгож ар талын амьдралыг сайн авч явдаг байх ёстой.

-Та ямар зарчим баримталдаг хүн бэ?

-Аав, ээжийн сургаалаар олонтойгоо эвтэй байхыг хичээдэг. Өөрт оноогдсон ажлыг хийж нийгэмд хэрэгтэй зүйл бүтээн, үнэнч шударга байхыг л хичээдэг дээ.

-Та театрт орсон цагаасаа хойш хичнээн жүжигт тоглосон бэ?

-Монголын болоод гадаадын гол болон туслах дүрүүд нийлээд 20 гаран жүжигт тоглосон байдаг. Ирэх жилийн тавдугаар сард театрт ороод есөн жил болох учир өөрийн гэсэн тоглолт хийх санаатай байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганболд: Сүүлийн жилүүдэд үндэсний урлагийг жуулчдаас гадна монголчууд өөрсдөө үздэг болсон

Монгол Улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболдтой ярилцлаа.

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон АСЕМ-ын уулзалтын үеэр ирсэн зочдод үзүүлэх урлаг, соёлын арга хэмжээг голлон зохион байгуулж байгаа гэж сонслоо?

-Энэ жил Монгол Улсад 11 дэх удаагийн АСЕМ-ын уулзалт буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна. Үүнд ихээхэн ач холбогдол өгч дөрөвдүгээр сараас эхэлсэн бүх арга хэмжээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцлоо. Уулзалтуудын оргил хэсэг буюу 53 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцох арга хэмжээ долдугаар сарын 15-нд болно. Уг арга хэмжээний урлаг соёл болоод наадмын үйл ажиллагааг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нуруун дээрээ үүрч байгаа. Миний бие энэхүү арга хэмжээний найруулагчаар томилогдоод ажиллаж байна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Улаанбаатар хотын захирагч, захирагчийн албаныхан ач холбогдол өгч ажиллаж байна.

-Сүүлийн арга хэмжээ яг хаана болохоор товлогдсон байгаа вэ?

-АСЕМ-ын сүүлийн арга хэмжээ долдугаар сарын 15-ны өдөр “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Тэнд Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж, есөн хөлт цагаан сүлдээ залан Монгол төрийн наадам болдог жамаараа болно. Хажуугаар нь урлаг соёлын арга хэмжээ болж, Монголын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүх уран бүтээлч буюу нийт 250 гаруй хүн оролцохоор бэлтгэл ажлаа хийж буй. Уран бүтээлчид үндэсний урлагийн шилдэг охь, дээж болох хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн хөөмий, морин хуур, уран нугаралтыг тоглож үзүүлнэ. Бэлтгэл ажлыг бид өндөр хэмжээнд бэлдэж, гурван ч удаа зохион байгуулах комисст хянуулсан.

-Хөтөлбөр нь гарчихсан уу. Өмнө нь улсын баяр наадамд оролцох байх даа?

-Хөтөлбөр ерөнхийдөө гарсан. Үүний хажуугаар наадмын хүндэтгэлийн тоглолтыг манай чуулга мөн хариуцаж байна. Үйл ажиллагааны ерөнхий найруулагч, продюсероор манай чуулгын дарга Г.Цоггэрэл ажиллаж байгаа. Найруулагчийн багт би өөрөө орж ажиллаж байна. Уламжлалт ёсоор энэхүү арга хэмжээнд УДБЭТ-ын гоцлол дуучид, найрал дуучид, балетын бүрэлдэхүүн, Улсын филармоний симфони найрал хөгжим, Морин хуур чуулга, гоцлол хөгжимчдөөс оролцоно. Мөн Монголын хүүхдийн ордны С.Ганчимэг багштай найрал дуучид, Б.Хулан багштай бүжгийн ангийн хүүхдүүд, Хилийн цэргийн эрдмийн чуулгын найрал дуучид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид, Улсын циркийн О.Цэцэглэн ахлагчтай нугараачид гээд бараг 300-400 хүн оролцсон том арга хэмжээ бэлтгэгдэж байна. Энэхүү арга хэмжээний бэлтгэл театр тус бүр дээрээ явагдаад эхэлсэн. Эхний хяналт долдугаар сарын эхээр явагдаж, сүүлийн хяналт долдугаар сарын 9-нд болно. Баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд манай чуулгын тодорхой хэмжээний уран бүтээлчид оролцдог. Дээрээс нь төрийн наадмын клипний зураг авалт гээд нэлээд олон ажил төлөвлөгдсөн байгаа. Ер нь цаг зав муутай, өндөр ачаалалтай ажлын жил болж байна. АСЕМ гэдэг Монголын түүхэнд 50 гаруй орны төрийн тэргүүн цугласан арга хэмжээнд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй. Монголынхоо нутаг дэвсгэр дээр Монгол орноо сурталчлах, нүүр царайг нь харуулах, үнэт зүйлсээ гайхуулах боломж олдож байгаад ихээхэн ач холбогдол өгч байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон ядарлаа гэж хэлэх эрхгүй ажиллаж байна. Монголын ард түмний хэдэн мянган жилийн турш цуглуулсан өв соёлын өв охь, гал голомт дээр нь сууж байгаагийн хувьд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга энэ ажлыг давж гарах үүрэгтэй. Давж гарахын тулд долдугаар сарын 16-ныг хүртэл маш их хичээх хэрэгтэй. Бид 9:00-23:00 цаг хүртэл цаг наргүй ажиллаж байна.

-Манай төрийн тэргүүн гадаадад хийх айлчлалдаа голдуу Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхныг авч явж байгаа харагддаг?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын даргын гадаадад хийсэн айлчлалыг дагалдах урлаг соёлын арга хэмжээг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан л авч явдаг. Өмнө нь Швейцарьт болсон АСЕМ-ын уулзалтад хүртэл манай чуулгын бүрэлдэхүүнээс хүмүүс явсан. Энэ жил Монголд болох гэж байгаа нь ач холбогдолтой. Үйл ажиллагааг зохион байгуулахад төр засгаас дэмжлэг үзүүлж байгаа учраас манайх уран бүтээл дээрээ шинэчлэл хийж бүрэлдэхүүнээ нэмж байгаа. Тайзан дээр 48 хүнтэй хийдэг бүжгийг 60 болгож өргөжүүллээ. 12 хүнтэй бүжгийг 40 болгосон. Гадаа талбайд болно. Уулзалтад 50 гаруй төрийн тэргүүнээс гадна тэднийг дагалдаж сэтгүүлч, зураглаач, бизнесийн туслахууд гэх зэрэг нийт 2500 гаруй хүн ирэх учраас бид ач холбогдол өгч томоохон бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

-Хаанаас зохион байгуулж ажиллаж байгаа вэ?

-Энэ ажлыг үнэхээр сайн зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл ахлагчтай ажлын хэсэг зохион байгуулж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булган-Эрдэнэ, Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, бригадын генерал Г.Сайханбаяр зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Үр дүнгээ долдугаар сарын 15-ны өдөр үзнэ.

-Хувцас жигдрэлтийн ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Хувцсаа хийгээд эхэлчихсэн. Эхнээсээ гарсан хувцсаа өмсөж харуулсан. Сүүлийн хяналтад хувцсаа хийгээд дуусгачихсан байна гэж тооцож байгаа.

-Зун болж байгаатай холбогдуулж жуулчдад зориулсан тоглолт хийдэг байх аа?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон жил болгон уламжлалт “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо зургадугаар сарын 15-аас эхэлсэн. Энэ тоглолт есдүгээр сарын 15 хүртэл 18:00 цагт өдөр болгон тоглогдоно. Монголын ард түмний урлаг соёлын үйл ажиллагааг Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын алтан танхимаас үзэх бүрэн боломжтой. Энэ танхимд жил бүр нэг тоглолтоо тоглоод байдаггүй. Тухайн жилдээ шинэ бүтээлийнхээ сор болсон бүтээлээр сэлбэдэг. Энэ жил тодорхой хэмжээний шинэ тоглолтууд явуулж, өмнөх жилийнхээ амжилтыг давтаад л явж байгаа.

-Энэ жил ямар уран бүтээл тоглогдож байгаа вэ?

-Энэ жил тайзны хувьд “Мөнх тэнгэрийн Монгол” гэж шинэ уран бүтээл тоглогдож байна. Энэхүү арга хэмжээнд морин хуурын домгоор хийсэн бүтээлийг манай гоцлол морин хуурч Ж.Мөнхжаргал тоглож байгаа. Дээрээс нь манай шинэ залуу уран бүтээлчдийн ардын дуу орж буй. Манай ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатарын “Эхэс дээдсийн ёслол” хүндэтгэлийн бүжиг гээд шинэ бүжиг тоглогдож байгаа. Мөн залуу бүжиг дэглээч О.Ууганбаярын “Хонхон чичиргээ” гэх шинэ уран бүтээл орсон. Энэ мэтчилэн жил бүр шинэ номеруудаар сэлбэгдээд явдаг. Тоглолтын тасалбарын хувьд жуулчдад 25000 төгрөг байгаа.

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга томоохон бүрэлдэхүүнтэй. Хэдэн хэсэгт хуваагдсан байдаг вэ?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 200 гаруй уран бүтээлчтэй. Түүнээс хамгийн том нь Монгол төрийн үндэсний их найрал хөгжим 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Түүнийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар удирддаг. Зууны манлай бүжиг дэглээч ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид гэж бий. Монгол Улсын бүжгийн хамтлагаас хамгийн олон бүрэлдэхүүн буюу 50 гаруй бүжигчид харьяалагддаг. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дэргэдэх “Хөсөгтөн” хамтлагийн бүрэлдэхүүн Монгол төрийн үндэсний найрал дууны хөгжимчид бий. Мөн Зууны манлай уртын дууч, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн нэрэмжит анги гэж бий. Одоо 30 гаруй дуучидтай.

-Одоо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ жил Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдорж гуайн шүлэг “Эх орон” дуугаар клип хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө мөнгө шийдэгдэх юм бол клипжүүлнэ. Бид өмнө нь Жалам хар бүжгийг хөгжмийн номертой хослуулж дүрсжүүлсэн. Дээрээс нь “Халуун элгэн нутаг” дууг чуулгын уран бүтээлчид нэлээд хүч хөдөлмөр зарцуулж байж клипжүүлсэн. Энэ жил “Эх орон” дууг клипжүүлчихвэл чуулгын 200 гаруй уран бүтээлчээс бас нэг том уран бүтээл гарна гэж ойлгож болно. Ирэх онд залууст зориулсан уран бүтээл хийх ёстой. Энэ ажил зохиолын түвшинд явж байна. Манай үзэгчдийн бүрэлдэхүүнд ахмадууд болоод дунд насныхан, бага насныханд зориулсан дуулалт жүжгүүд байдаг юм билээ. Залууст зориулан үндэсний мюзиклийг хийх гэж байна. Үндэсний мюзикл гэдгээрээ онцлог ч залууст зориулж монгол хүн гэдгээрээ бахархах, үндэсний өв соёлын үнэт хэсэг хаана оршдогийг харуулах зорилготой. Мөн монгол төрийн үндэсний найрал хөгжмийн 55 жилийн ойд зориулж цуврал арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна.

-Хөгжмийн зэмсгээ хаанаас бэлддэг юм бэ?

-Монгол Улс “Эгшиглэн манлай” гээд үндэсний хөгжмийн ганцхан үйлдвэртэй. Тэнд бид үндсэн хөгжмүүдээ захиалж хийлгэдэг. Дээрээс нь хуучин байсан хөгжмүүдээ орчин үеийн шаардлага хөгөнд нийцүүлж шинэчлэх, сайжруулах ажлыг байнга хийдэг. Зарим хөгжмийн зэмсгийг гадаад руу захиалж хийлгэх үе ч бий. Үндэсний их найрал хөгжим цэвэр үндэсний хөгжим байдаг учраас Монголоосоо бүх зэмсгээ авдаг.

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад ороход ямар шалгуур тавьдаг вэ?

-Мэргэжлийн байх ёстой. Мэргэжлээрээ тодорхой хэмжээнд ажилласан эсвэл их сайн төгссөн хүмүүс байж болно. Энэ жилийн хувьд манайх 10 гаран дуучин туршилтын хугацаагаар ажиллуулж байна. Энэ хугацаанд чуулгатай танилцаж, өөрийгөө харуулах боломж өгдөг. Болсон гэж үзвэл шалгалт авч оруулдаг. Сүүлийн жилүүдэд улсдаа хөгжимчин, дуучин, бүжигчин бол бэлтгэгдэж байна. Өмнө нь удирдаачдыг гадаадад бэлддэг байсан. Тэр талын хүмүүс цөөн болж. Яам ажиллаж эхнээсээ орж эхэлж байгаа ч яг гүйцэд байна гэж хэлж чадахгүй.

-Жуулчид ямар үзүүлбэрийг голдуу сонирхдог вэ?

-Жуулчдын хамгийн сонирхдог номероор бид “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо нэрлэнэ. Уртын дуу, морин хуур, хөөмий, магтаал, үндэсний их найрал хөгжим, ардын бүжиг, бий биелгээ, уран нугаралтыг сонирхдог. Үндэсний хөгжмийн их найрал гэхэд дотроо цуур, суухан хуур, чулуун царгил, ширэн цартай хуур гээд жуулчдын огт хараагүй бугын урам гэх сонин хөгжмөөр тоглоод ирэхээр сонирхлыг нь их татдаг. Үндэсний их найрал хөгжим үндэсний хэв шинжээрээ гадаадынхны сонирхлыг татна. Манай ардын бүжгүүд гайхамшигтай. Ямар нэг хэлц шаардахгүй өөрийн өгүүлэмжийг хөдөлгөөнөөр үзүүлдэг. Ардын бүжгийн хөдөлгөөн, дэгээр Монголын ард түмний өв соёлыг үзүүлнэ гэдэг бахархал. Хөөмий бол ямар ч хэл тайлбаргүйгээр ойлгогддог зүйл. Монголын ард түмний биет бус өвд оруулсан бас нэг том соёл бол хөөмий уртын дуу, магтаал. Уран нугаралтыг бид бүрэлдэхүүн хэсэгтээ байнга авч явдаг. Монголын урлаг соёлын өв, охь дээжүүд л тоглогдоно. Энэ бүгд жуулчдын үзэх дуртай зүйлс. Жуулчид өөрсдийн орондоо байхгүй зүйлийг л үзэх гэж ирдэг байх. Тэдэнд Шекспир, Чайковский байж л байдаг. Харин уртын дуу, морин хуур, хөөмий байхгүй.

-Монголчууддаа зориулж тоглолт дэглэдэг үү?

-Монгол хүнд зориулсан тоглолт арай өөр байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний урлагийг жуулчдаас гадна монголчууд өөрсдөө үздэг болсон. Хавар, намар, өвлийн үзвэрт монгол үзэгчид жил ирэх тусам нэмэгдэж байна. Үндэснийхээ урлагийг сонирхож ирж байгаа хүмүүс нэмэгдэж байгаад бид их баяртай байгаа. Даяарчлал, глобалчлалаар бусдын соёлын давалгаа хүчтэй орж ирж байгаа энэ үед үндэсний урлаг хүмүүст хүрч эхэлж байна гэдэг сайн зүйл. Хүмүүс эргээд үнэ цэнтэй зүйл хаана оршиж байгааг мэддэг болж. Одоо үндэснийхээ урлагийг сонирхдог залуус нэмэгдэж байна. Тиймээс бид залууст зориулсан зүйл хийх цаг нь болсон.