“Үүргэвчтэй аялал”-ын, “Шар
айраг”-ийн гэдгээрээ олонд танигдсан Г.Ганхүүтэй ярилцлаа. Тэрээр одоо НИТХ-ын
төлөөлөгчийн албыг хашиж байгаа юм.
-Та хичнээн орноор аялаад байна
вэ?
-Хүмүүс ингэж асуугаад байхаар нь
нэг удаа хэрэг гаргаж тоолж үзсэн чинь гаргасан тоондоо итгээгүй. Давтагдаагүй тоогоор
зургаан тивийн 106 орноор аялсан байна лээ. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн багт
гишүүн болсны ачаар Антарктидад хүртэл очиж байлаа. Оюутан үеэсээ л гадагшаа дотогшоо явах хоббитой байсан болохоор
ингэж их явсан байх. Улс бүр өөрийн гэсэн онцлогтой учраас яг тэр нь таалагдсан
гэхэд хэцүү хүндрэлтэй. Гэхдээ сэтгэлд хүрсэн, дахиж очмоор санагдсан газрууд
бол бий.
-Таны сонирхлыг ямар улсууд илүү
их татсан бэ?
-Мэдээж хэн ч эхлээд өндөр хөгжилтэй,
олны бахдан ярьдаг улсууд руу аялахсан гэж хүсдэг. Тэр жишгээр Америк, Канад, Австрали,
хөгшин Европ, Парисын Эйфелийн цамхаг, Нью-Йоркийн санждаг хоёр цамхаг (ихэр цамхаг)-ийг үзэх юмсан
гэж хүссэн. Сүүлдээ олон орноор яваад ирэхээр Бразилийн Амазонкийн ширэнгэн ой
ч юм уу, Непалийн өндөр уулс, Хималай сонирхол
татаж эхэлсэн.
-Та Бутаныг их тэнгэрлэг улс гэсэн
байсан…?
-Бутан бол миний онцлох
дуртай улс. Тэр чигтээ буддист. Хаант засагтай. Далайн түвшнээс 3000 метрээс дээш
түвшинд амьдардаг учраас би тэднийг тэнгэрийн хүмүүс гэж нэрлэсэн. Цөмөөрөө үндэснийхээ
хувцсыг өмсдөг. Тэрийгээ гоо гэж нэрлэнэ. Монголын үндэсний хувцастай их адилхан
юм байна лээ.
-Хоол
ундных нь хувьд ямар онцлогтой байсан бэ?
-Ер нь бол Түвд, Непал, Хималайн нурууны
өндөрлөг газар амьдарч байгаа хүмүүс монголчуудтай их төстэй. Мал аж ахуй, газар
тариалан зохилсон. Монголчуудтай адил махсаг. Бас манайхтай адил сүүтэй цайтай.
Сүүтэй цайгаа их гоё технологиор чанадаг.
Увс, Ховд хавиар их гоё шар сүүтэй, давсархаг дотор нь мах, борц хийсэн цайнууд
байдаг даа. Яг тиймэрхүү.
-Та
шаггүй уулчдын нэг. Ямар оргилуудад Монголынхоо далбааг мандуулж байв?
-Килиманжарод Монголынхоо төрийн
далбайг мандуулж байлаа. Антарктид тивийн Мон Тизи гээд 5000 метр өндөр ууланд
Монголын далбааг мандуулаад спортын мастер цол авч байсан. Англиар challenge гэж
ярьдаг даа. Илүү их сорилт, хүч шаардсан аяллууддаа дуртай.
-Явсан
газруудаар чинь монголчууд хэр таарсан бэ?
-Ер нь сонин
шүү. Монголчууд дэлхийгээр
нэг тарсан байдаг. Мексикийг жуулчдад хэцүү, Колумбыг мафи ихтэй, хар
тамхины борлуулалт их хийгддэг
гэдэг. Жуулчдыг барьцаалдаг аюултай газрууд
олон байдаг. Тийм газар хүртэл монголчууд
байж л байна. Танзани, Кэни, Сомалид ч таарсан. Сомали бол хамгийн ядуу
улсуудын
нэг. Бас хамгийн аюултайд ордог. Байнга далайн
дээрэмчид нь усан онгоц дээрэмдлээ гэж мэдээлээд
байдаг улс шүү дээ. Тэнд гэхэд л нэг монгол
хүүхэн НҮБ-ын төлөөлөгч болоод байж байх жишээтэй. Монголчууд
нүүдэлчний соёлтой
болохоороо тэгдэг үү, хаана ч зохицох чадвар сайтай санагддаг. Бүр
мундаг албан
тушаал хашчихсан амьдарч байдаг. Манилад очиход л Азийн хөгжлийн санд
нь нэг монгол
залуу Дундад Азийн зах зээлийг хариуцаад ажиллаж байсан. Сиэтлд
“Боинг”-ийн үйлдвэрт
хоёр ч монгол залуу том захирлууд болчихсон байх жишээний. Францын
“Рено” гээд машины том концерний 10 дизайнерийн нэг нь монгол
залуу. Ийм хүмүүстэй уулзахаар бахархалтай санагддаг.
-“Шар
айраг” хамтлаг дандаа хүний дуу дуулаад байдаг, “Гэр” олон ангит киноны дуу нь
арай өөр гэж ярьдаг…?
-Ерөнхийдөө бол үнэн.
Хамтлагаараа
нэрд гараад нээх айхтар одонцор болох зорилго
бидэнд байгаагүй. Зүгээр л хөгжимд дуртай,
багаасаа орцонд гитар тоглоод өссөн хэдэн найзын хамтраад байгуулсан
хамтлаг ш
дээ. Ерөнхийдөө “On and Off”-ын Ононбат, Өөжгий бид хэдийн нийлээд
байгуулсан хамтлаг.
Ганц бахархууштай нь үеийн үед хамтлагийн шилдэг хөгжимчид манай
хамтлагаар дамжсан.
“Никитон”-ы Цогоо, Золбоо, дуучин Буянаа бид дөрөв байж байх жишээтэй.
Миний хувьд
олон жил урлаг хэмээх гайхамшигтай салбарт хүчин зүтгэж байна. Гэсэн
хэрнээ үр хүүхдэдээ “аав нь, өвөө нь дуулж байсан юм шүү” гээд
үзүүлчих
баталгаа байгаагүй. Тиймээс нэг CD хийсэн
юм. Тэгсэн тэр маань чиний хэлсэн “Гэр” сериалын “Он цагийн урсгал”
дуу. Хүмүүст нэлээн таалагдаж хит болсон. Тэрэндээ
урамшаад хоёр дахь CD-гээ өлгийдөж авсан. Одоо клипжүүлээд ард
түмэндээ танилцуулна
даа. Fanfloyd гэж хамтлагт зориулан “Шар
айраг” хамтлаг Чинбаатайгаа, “Emotion” хамлагтай, “Fire”-ын Билгээтэй,
Мөнх-Оргил
гитарчинтай нийлээд концерт хийх гэж байна. Энэ есдүгээр сарын 25-нд
СТӨ-нд болно.
“On and Off”-ын Ононбат маань найруулсан.
Очиж үзсэн хүмүүст Fanfloyd яг яаж дуугардгийг мэдрүүлнэ.
-Бэлтгэлдээ
орчихсон уу?
-Дөнгөж бэлтгэлдээ ороод байна. Өнөөдөр
Чинбаа, “Emotion” хамлагтай уулзсан. Манай “Emotion”-ыхон долоон жил Америкт байцгаасан, сайхан англи хэлтэй
болсон. Барууны урлагийг яс махандаа тултал ойлгосон. Энэ төслийг маань их дэмжиж
байгаа. Гоё яг жинхэнэ утгаар нь дуугаргая
гэж байгаа. Цаашдаа ганц Fanfloyd биш Би
Жис, Сабба гээд монголчуудын дуртай хамтлагуудаар яг ийм трэбүйд ковер концерт хийе гэж тохирцгоосон.
-Аялагч,
дуучин, НИТХ-ын төлөөлөгч, өөр ямар алба хашиж байна?
-Би олон албан тушаалтай хүн шүү.
Сая НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо. Унаган хотын хүүхдийн хувьд нийслэлийнхээ хөгжил
дэвшилд хувь нэмрээ оруулаад, бүтээн байгуулалтад гар бие оролцож, мэддэг чаддагаа
хуваалцаад явж байгаадаа маш их баяртай байдаг.
Миний ганц мөрөөдөл бол метро. Улаанбаатарыг
метротой болгох төсөл дээр шаргуу ажиллаж байна. Төсөл маань амжилттай явж байгаа.
Нийслэлд сая сонгогдсон 45 залуу бүгдээрээ дэмжсэн. Нийслэлийн шинэ удирдлагууд, Ардчилсан намын удирдлагууд, Э.Бат-Үүл,
Баттулга, Гэрэлчулуун ах нар маань их дэмжиж байна. Одоо намрын чуулганыг хүлээж
байна. Чуулганаар батлуулчихвал мөнгө төгрөг босгох ажил руугаа
орно доо.
-Таныг “Шар айргийн” Ганхүүгээр үү, эсвэл “Үүргэвчтэй
аяллын” Ганхүүгээр илүү таньж байна уу?
-Аль алинаар нь. Улс төрийнхөн маань
намайг Иргэний зоригийн Ганхүү гэж байна. Хотынхон болохоор төлөөлөгч Ганхүү гэнэ.
Найз нөхдийн хувьд “Шар айраг”-ын Ганхүү, хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд “Арсенал”-ийн Ганхүү, бизнесийн хувьд
“Irish” Ганхүү гээд л хөвөрнө. Уг нь би Гэндэндарамын Ганхүү. Цаг хугацааны
явцад олон овогтой болсон байна (инээв).
-Та
ингэхэд ямар мэргэжилтэй вэ?
-Биднийг бага байхад мэргэжил сонголт
сонин байлаа. Би 1984 оны үед төгссөн. Бүгд гадаад явах сонирхолтой байлаа. Тэр үеийн хүмүүс гадаадад явахыг хүсч, гадаадад
ямар бол гэж төсөөлцгөөдөг байсан. Би Орост
сургууль төгссөн учир барууны орон луу явах хүсэлтэй байсан. Мэргэжил сонгохоосоо
түрүүлээд явах орноо сонгож байсан үе. Герман явах гээд чадсангүй. Тэгэхээр нь Германтай
ойрхон орон хайсан. Гэтэл Чех гээд гараад
ирсэн. Дараа нь мэргэжлээ харсан чинь хувцас загвар зохион бүтээгч гэдэг мэргэжил
байлаа. Тэгээд ямар ч эргэлзээгүйгээр явчихсан. Дараа нь зах зээлээ дагаж наймаа
хийгээд мэргэжлээрээ ажиллаагүй.
-Гэр
бүлийнхээ талаар яриач?
-“МСМ” компанид машины борлуулалт
эрхэлдэг менежер бүсгүй бий. Манай найзууд шоглоод Mersedes Benz-ыг хамгийн сайн
мэддэг эмэгтэй гэдэг юм. Хоёр хүүхэдтэй, том охин маань Америкт сурдаг. Хүү маань
Орос гуравдугаар сургуульд гуравдугаар ангид орж байна.
С.АРИУНЖАРГАЛ