Categories
мэдээ цаг-үе

Д.Бумдарь: Улс төрд олон сонгогдсон, мөнгөтэй, нэр цэвэр акулууд энэ тогтолцоогоор илүүтэй сонгогдоно

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Сонгууль бүрээр л сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг уламжлал тогтоод удаж байна. Энэ ч утгаараа түрүү долоо хоногт томсгосон мажоритар системээр УИхын сонгуулийн тухай хуулийг парламент баталлаа. Энэ батлагдсан хуулийг та хэрхэн харж байгаа вэ?

-Томсгосон мажоритар системийг Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг биш байна аа гэж үзээд баталлаа. Нийт сонгогчдын 50 хувиас дээш хувь нь саналаа өгч байж сонгууль хүчин төгөлдөр болно гэх мэт нэмэлт тодруулгууд хуулинд орж ирж байна. Энэ хуулиар нэлээд олон нэмэлт, өөрчлөлт орлоо. Томсгосон мажоритар систем цөөхөн тойрогт хуваагдана гэдгээрээ сонгогчдын хувьд ойлгомжтой байна байх.

Гэхдээ хүн амын тархац, хүн амын эзлэх нэг сонгуулийн жингийн асуудал дахин яригдана. Нийслэл хотод хүн амын бараг 50 хувь нь бий. Орон нутагт 50 хувь. 21 аймгаар тараад ирэхээрээ энэ нь асуудалтай болоод ирнэ. Тухайн орон нутгийн тойргийн сонгогчийн 50 хувиас дээшээ өгнө гээд үзэх юм бол орон нутагт байгаа томсгосон тойргууд ашигтай болчихно гэж ойлгож болно. Нэг тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөнө. Орон нутагт хоёроос гурван мандат үлдсэнийг нь нийслэлд гэх мэтээр хүн амын тоотой нь уялдуулж, мандатын тоог гаргах байх. Том мажоритар тогтолцооны давуу тал нь хэн, хаана нэр дэвшиж байгаа нь тодорхой, өмнөх тойргууд нь мөн тодорхой хэвээр үлдэнэ. Сул тал мөн олон бий. Томсгосон учраас намын гишүүд багаараа сонгуульд оролцоно. Нэг тойрогт олон хүн нэр дэвших учраас намын дэмжлэг болон тухайн нэр дэвшигчийн нэр хүнд, сонгуулийн баг сайн ажиллах шаардлагатай. Орон нутагт одоо тогтсон соёл бол тухайн нэр дэвшигч тойргоо байнга “усалдаг” энэ байдлаасаа шалтгаалж томсгосон тойргийг авч үлдэж байна гэж ойлгож болно.

-Томсгосон мажоритар системээр ихэвчлэн ямар хүмүүс сонгогддог юм бэ?

-Энэ систем олон нийтэд танигдсан, өөрийн хөл сайтай, нам нь араас нь түшиж өгдөг нэр дэвшигчдэд л боломж олддог. Айлын бурхнаас өөрийн чөтгөр дээр гэдэг монголчуудын соёл байгаа шүү дээ. Өөр нэр дэвшигч байсан ч гэсэн өөрийн дассан хүнээ л дугуйлдаг. Энэ улс төрийн соёл ер арилахгүй байгаа. Намд гарах сөрөг талын тухайд нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг. Нөгөө талаар олон нийтэд танигдсан улстөрч гарах боломжтой. Жижиг намуудад том мажоритар тогтолцоо нь сөрөг талтай. Сонгогдох боломж нь хомсдож ирнэ. Нэг үгээр хэлбэл, том мажоритар тогтолцоогоор улс төрд олон сонгогдсон, мөнгөтэй, нэр цэвэр акулууд илүүтэй сонгогдох болов уу. Тиймээс жижиг намууд нийслэлд л бага зэргийн боломж гарч ирэх болов уу. Нийслэлд хэр танигдсан бэ гэдгээс нэлээд шалтгаална. Түүнчлэн тухайн тойргийн сонгогчдынх нь төрх байдал буюу ямар сонгогчдоос бүрдсэн тойрог вэ гэдгээсээ шалтгаалах байх. Улс төрийн төлөвшил сайтай, төлөвшсөн газар жижиг, шинэ намуудын төлөөлөл сайн явна. Дахиад олон намын системийн төлөвшлийн эсрэг үйл байдал бий болж байна. Мажоритар хоёр намын систем тогтоогоод АН, МАН-ын хооронд өрсөлдөөн явагдана гэвэл бас тийм биш болчихоод байна. Тэгэхээр энэ сонгуулийн хуулийн өөрчлөлт зохион байгуулалтад орсон л өөрчлөлт болчихлоо.

-Энэ удаагийн Сонгуулийн хуулийн хамгийн их анхаарал, улстөрчдийн дунд маргаан дагуулсан заалт бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон хүмүүс 2020 оны УИХ-д нэр дэвшихгүй байх. Ийм заалтыг Сонгуулийн хуульд суулгаж өгөх нь зөв үү?

-Ялаа эдлээд дуусчихсан тохиолдолд нэр дэвшиж болох байх. Гэхдээ тэр нь улс төрийн үйл ажиллагаатай холбогдсон хэрэг бол өөрөөр яригдана. Авлига, хээл хахууль гэдэг угаас албан тушаалтантай холбогдох хэрэг. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг утгаараа нэр дэвшүүлэхгүй байж болно. Магадгүй санамсаргүйгээр нэг юм мөргөчихсөн ч юм уу, санаандгүй хэрэг хийсэн хүн байж болно шүү дээ. Тийм хүмүүсийн сонгогдох эрх нь байхгүй хуулиараа болчихож байна гэсэн үг. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд л нэр дэвших эрхийг нь хасах гэдэг заалт нь илүү эрх ашигт нийцэхүйц байх.

-Томсгосон тойрог дээр мандатыг нь хэрхэн хуваах юм бэ?

-Энэ чинь өөрөө асуудал болчихож байгаа юм. Энэ системээр өмнө нь хоёр, гурван тойрогтой байсан аймгуудыг томсгоод ганцхан мандаттай болгочихсон. Тиймээс нэг аймагт өөр тойргууд дээр өрсөлдөж байсан нэг намын нэр дэвшигчид нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг. Урьд нь тэр тойрогт нэр дэвшиж байсан гишүүд дэвших сонирхолтой байгаад байдаг. Үүнээс болж намын гишүүд нэг нэгнийгээ татаж унагадаг. Тэгэхээрээ намын саналыг хуваачихдаг. Энүүгээрээ хортой. Энэ асуудалд намууд ямар тактиктай орох нь уу. Ганцхан хүнээ л барьж орох уу. Тэгэхээр эмэгтэйчүүдийн квотыг хасах гэх мэт асуудал руу хүчээр орчихож байгаа юм.

-Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотын саналыг унагачихлаа шүү дээ…

-Би өөрөө эмэгтэй хүн. Заавал хүйс заах, квот өгөх гэдэгт нээх дуртай биш. Насанд хүрсэн хүнд өрсөлдөх чадвар байх ёстой. Манайх шиг хөгжингүй ардчилалтай, Азийн орнуудад эрчүүдийн бүлэглэл, эцгийн эрхт ёс гэх мэт зүйлсээс шалтгаалан эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах албан тушаалд очих магадлал бага байдаг. Тэр утгаараа хуулинд тэгш оролцоо, тэгш боломжийг хангаж өгч байгаа хэлбэр л дээ. Энэ квотын тоог бууруулж байгаа нь ухралт. Дэлхий дахины чиг хандлага ямар зүг рүү явж байгааг бид харж байгаа. Нийгэмд хамгийн идэвхтэй хэсэг буюу дунд ангийн татвар төлөгчид бол эмэгтэйчүүд. Бууруулж байгаа нь утгагүй асуудал. Ядаж 30 хувиараа үлдэх нь зүйтэй. Гэхдээ хамгийн боломжит мөрөөдөл бол ямар нэгэн хүйсийн ялгаваргүй бүгдээрээ өрсөлдөх ёстой. Тэгэх боломжгүй байгаа энэ үед квотын асуудлаа бууруулж байгаа нь эрчүүдийн тоглоом шүү гэдгийг батлах гээд байна л даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Дагва: Бодлогын шинэчлэлийг дагаж үйл ажиллагааны шинэчлэл хийх хэрэгтэй

НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа.


-Таны санаачилсан Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төсөл олны анхаарлыг нэлээд татаж буй. Эндээс ярилцлагаа эхэлье…

-Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хэрэгтэй гэж би боддог. Дэлхий нийт хөгжлөөр сулавтар бүс нутаг, хотынхоо дэргэд чөлөөт бүс байгуулах чиг хандлагатай байна. Буянт-Ухаагийн цаана байдаг Алдар толгойн оройд эдийн засгийн чөлөөт бүсийн гэрэлт цамхгийг босгох юмсан гэж мөрөөдөж явдаг юм. Чөлөөт бүс байгуулах нь тухайн хотынхоо хөгжилд эерэг дам нөлөө ихтэй шүү дээ.

-Өмнө нь хэд хэдэн хил дамнасан чөлөөт бүсийг манай улс байгуулж байсан байх аа?

-Ер нь хил дамнасан чөлөөт бүсээс дэлхий нийт чимээгүй татгалзаж эхэлсэн. Тэр тусгай бүс дотор төр-хувийн хэвшлийн түншлэл утгаараа хөгждөг юм. Чөлөөт бүсийн асуудлаар би олон хүнтэй ярилцсан. Бүгд дэмжсэн. Монгол Улс 1995 онд чөлөөт бүсийн үзэл баримтлалыг баталж, 2002 онд хуультай болсон. Ингээд 2003 онд хил дамнасан гурван чөлөөт бүс байгуулсан. Харамсалтай нь, сайн үр дүн авчирсангүй.

-Хэрэв Улаанбаатарыг чөлөөт бүс гээд зарлачихвал өмнөх алдаа давтагдаж, төсвийн орлого ч багасчих юм биш үү гэх хардлага байна л даа?

-Татвар төлөгчдийг бүгдийг нь тийшээ нүүгээд оч гэсэн үг биш шүү дээ. Шинэ үйлдвэр байгуулах, бизнесээ өргөтгөх гэж байгаа хөрөнгө оруулагчдад л асуудлыг илүү нээлттэй болгоно гэсэн үг юм. Аль салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснээс хамаараад ямар татвараас хэр зэрэг чөлөөлөх вэ гэдгийг л нээлттэй шийднэ. Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүсийн туузыг хайчилснаас хойш 17 жил боллоо.Чөлөөт бүсийн угтвар нөхцөлүүдийг бий болгохын тулд татвар төлөгчдийн мөнгөөр дэд бүтэц, зам, эрчим хүч гэх мэтийг нь шийдэх гээд л яваад байна. Гэхдээ өнөөдөр тэр бүсүүдийн үйл ажиллагаа жигдэрч, тогтворжоогүй, хөрөнгө оруулалт татаж чадаагүй л байна. Хөдөлмөрийн хамгийн бүтээмжтэй хэсэг нь нийслэлд байна. Улстөрчид Монголын эдийн засгийг солонгоруулах талаар их ярьдаг. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг хөдөө аж ахуйн салбараар дэмнэнэ. Харин гурав дахь нь Улаанбаатар хотын эдийн засгийн хөрс юм. Түүнд юу ч тарьсан ургадаг байх ёстой.

-Чөлөөт бүс байгуулах боломж өнөөдөр манай хотод бүрдэж чадсан уу?

-Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах угтвар нөхцөл хэдийнэ бүрдчихээд байна. Монгол Улсын ДНБ-ий 67 хувийг Улаанбаатарт үйлдвэрлэж, нийт хүн ам буюу зах зээлийнх нь 50 хувь байнга оршин сууж байгаа нь чөлөөт бүс байгуулах эхний шалтгаан шүү. Мөн агаарын, төмөр замын, авто зам гэсэн гурван тээврийн огтлолцол зөвхөн Улаанбаатар хотод байна. Чөлөөт бүсийн хөгжлийн амин судас нь энэ юм.

-Таны санаачилга хэзээнээс ажил хэрэг болж, төлөвлөлт нь гарах вэ?

-Бид шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот хүссэн хүсээгүй байгуулах болно. Ингэхдээ нисэх онгоцны шинэ буудлын чиглэлд л байгуулж таарна. Ямар статустай байхыг нь одооноос зөв тооцох нь чухал. Инчеоны чөлөөт бүсийн кэйс Улаанбаатарт тохирно. 17 жилийн өмнө бидэнтэй зэрэгцээд туузыг нь хайчилж байсан тус чөлөөт бүс өнөөдөр БНСУ-ын эдийн засагт ямар их эерэг дам нөлөө үзүүлж байгаа билээ. Тэгэхээр бид төлөвлөлтөө одооноос хийж эхлэх хэрэгтэй. Минийхээр Буянт-Ухаа орчим аялал жуулчлалын зангилаа буюу энтертаймент хэсгийг тэнд байгуулах хэрэгтэй.

-Чөлөөт бүс ямар эерэг нөлөөг манай хотод авчирах юм бэ?

-Улаанбаатарыг хөгжүүлэх үндсийн үндэс нь явж явж ажлын байр. Дүүргүүд дээр хөдөлмөрийн бирж байнга ажилладаг. Тэнд нээлттэй ажлын байр маш их байдаг. Гэтэл хотын гудмаар ажилгүй залуучууд алхсаар байна гэдгийг бодох хэрэгтэй.

-Яагаад энэ хоёр уулзахгүй байгаа юм бэ гэдэг асуулт мэдээж гарч ирэх байх. Тийм үү?

-Тийм. Нээлттэй ажлын байруудын амлаж буй цалин нь иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангахгүй байна шүү дээ. Тэгээд л уулзахгүй байна. Нийслэлийн МАН 2016 оны сонгуулиар аз жаргалтай хотыг бий болгоно гээд амлачихсан. Хүн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахуйц тогтмол орлоготой болсон үедээ л тайван бөгөөд аз жаргалтай болдог гэж би боддог. Тэгвэл хүмүүсийг хэн орлоготой болгох вэ. Засгийн газар биш, хотын захиргаа бүр ч биш. Харин хувийн хэвшил л энэ үүргийг биелүүлдэг. Тэднийг эрхэмлэхгүйгээр хотын, бүс нутгийн, орон нутгийн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. Тиймээс хувийн хэвшилтэйгээ түншилж, найзлах нь хотод чухал. Хүсээд байгаа шийдвэрийг нь хууль эрх зүйн хүрээнд, шударга гаргаад өг.

Монголчууд сардаа дунджаар 2.3 сая төгрөг авахын төлөө Солонгост ямар ч ажлыг голохгүй хийж байна. Тэгэхээр монгол залуу гэр бүлийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангах мөнгө нь 2.2 сая төгрөг болон түүнээс дээш байх ёстой юм байна. Харин Монголдоо ийм цалин аваад, ажил хийх боломж хэзээ бүрдэх вэ гэхээр Улаанбаатарыг чөлөөт бүс болгож байж л бий болно. Гадна дотны хөрөнгө оруулагчид таатай орчинд шинэ бизнесийг бий болгоно гэсэн үг. Харин үүнийг хийхийн тулд эрх зүйн шинэтгэл хэрэгтэй.

-Та бүхний баталсан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий концепцийн талаар ярилцлъя. 2040 оны нийслэлийн хөгжлийн гол чиг баримжаа юу вэ?

-Өнөөгийн хөгжлийн энэ эрин цаг үеийн хурдад дүйцүүлэх юм бол 2040 он тийм ч хол хугацаа биш л дээ. Нийслэл Улаанбаатар 20 жилийн өмнө дөнгөж л үүрэн утас хэрэглээнд нэвтэрч байсан биз дээ. Харин өдгөө цаг үе үнэхээр их өөрчлөгджээ. Хөгжлийн асар ихээр өсч буй энэ хурдад тохируулж бид нийслэлийн ирээдүйн 20 жилийг хөгжлийн концепцийг их хол харж төлөвлөх ёстой юм. Зарим талаар мөрөөдөл мэт санагдаж магадгүй. Гэвч үгүй гэдгийг хэлмээр байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепц нь хотын хөгжлийн ирээдүйг тодорхойлох ач холбогдол бүхий баримт бичиг юм.

-Ирэх онд Нийслэл ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-Бид ирэх онд таван чиглэлд 26 зорилт дэвшүүлэн 26 зорилтын хүрээн 426 ажлыг нэг их наяд 443 төгрөгийн төсвийн хүрээнд гүйцэтгэхээр байна. Өөрөөр хэлбэл, хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвийн хүрээнд ажиллахын тулд оновчтой бүтээн байгуулалт болон үйл ажиллагааг тодорхойлох ёстой. 2020 онд нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, иргэдийн санал бодолд тулгуурлан, хөгжлийн дорвитой бодлого, шийдвэр гаргаж ажиллана гэж төлөвлөж байна.

-Та нийслэлд захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг өгөх ёстой гэж үздэг нэгэн. Ер нь хэрхэн энэ эрх мэдлийг нийслэл олж авах вэ?

-Энэ эрх мэдлийг хуулийн хүрээнд шийдээд өгөөч ээ л гэж ярьж, хэлж явна даа. Өнөөдрийн нийслэлийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд зөвхөн эрх зүйн шинэчлэлээс ажил эхлэхгүй бол бусад бүх асуудал гацаанд орно. Улсын төсвөөс бүх үйл ажиллагаа хамаардаг хараат байдлаас салах хэрэгтэй байна. Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай нээлттэй ажиллах

боломжийг бүрдүүлэх ёстой. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бол бодлогын шинэчлэл. Бодлогын шинэчлэлийг дагаж үйл ажиллагааны шинэчлэл хийх хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд эрх зүйн шинэчлэл ус, агаар мэт тулчихаад байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хөгжлийн асуудлуудыг нь хэзээ ч шийдвэрлэхгүй юм гэдэг нь өнгөрсөн жилүүдэд бүрнээ харууллаа шүү дээ.

-Хувийн хэвшил болон гадаад дотоод хөрөнгө оруулагчтай төр хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нийслэлийн үйл ажиллагаанд илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Бидний хамтын ажиллагаа өнөөдөр зөвхөн тендерээр л хязгаарлагдаж байна шүү дээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажилд тендер зарлагдахад л хувийн хэвшлийнхэн саналаа өгдөг. Түүнийг хотын харьяа агентлагууд шалгаруулж, ажил гүйцэтгүүлдэг. Энэ бол дэндүү учир дутагдалтай.

-Бид хэрхэх ёстой юм бэ?

-Манай хувийн хэвшлийнхэн зөвхөн зарласан тендерт нь оролцохыг хүсдэг болохоос эдийн засгийн харилцан үр өгөөжтэй үйл ажиллагааг олж харахгүй байна. Би үүнийг амьдрах арга ухаанаа өөрчилье гэж хэлээд байгаа юм. Тухайлбал, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бонд гаргах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн орчин үгүйлэгдэж байна.

-Хувийн хэвшил нэг ёсондоо хөрөнгө оруулагч маягаар хамтраад явна гэсэн үг үү?

-Хувийн хэвшлийнхэн хотын тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтыг хийж, тодорхой үр өгөөжөө хүртэх ёстой. Ямар ч бизнесмэн 100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 120 төгрөг болгож ашиг хүртэх нь шударга зарчим. Үр өгөөжтэй ажилласны хүчинд тухайн бизнесийн байгууллага ажлын байраа нэмэгдүүлж, ашиг орлогоо сайжруулна. Мэдээж үүний ард нийслэлийн иргэн өрхийн орлогоо нэмэгдүүлж, ахуй амьдралаа өөд татах эхлэл болно. Хотын хувьд тулгамдсан асуудлаа шийдэж, иргэдийнхээ ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхэд нэг алхам урагшилж байна.

Бүгд л үр өгөөжтэй байгаа биз. Харин бүх хөрөнгө оруулалт, хийсэн ажил, ашиг өгөөж ил тод байх хэрэгтэй. Үүнийг яагаад нууж хаах ёстой гэж. Харин энэхүү хамтын ажиллагааны үр дүнд 200 ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр 200 өрх гэрийн орлогыг нэмж чадсан хувийн хэвшлийнхэнд ИТХ-ын даргын хувьд өөрийн биеэр очиж баяр хүргэх ёстой байх.

-Бидэнд амьдрах ухаан хэрэгтэй гэж та түрүүн хэлсэн. Нийслэлийн амьдрах ухаан юу юм бэ?

-Хотод зам тавих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, түрээсийн орон сууц барих гээд олон хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр хувийн хэвшлийн оролцоогүйгээр энэ бүхнийг шийдэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувийн хэвшлээ дэмжвэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд аандаа шийдэгдээд явна. Тэдэнд бүү хүнд суртал гарга, эрх зүйн орчинд хамтран ажилла, урьж ярилц, хамтын ажиллагаагаа илүү шударга нээлттэй болго, олон түмэнд ил тод бай гэж хэлэх байна. Хувийн хэвшлийг эрхэмлэсэн, дээдэлсэн, нөхөрлөсөн нийслэл хот болон хөгжих ёстой.

-Дүүжин замыг эхлээд Баянхошуунаас III, IV хороолол хүртэл хийнэ гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-2020-2021 онд Францын хөгжлийн Засгийн газрын санхүүжилтээр Кабел Кар буюу дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр судалгааны ажил хийгдэж байгаа. Нийслэлийн уулархаг хэсгүүдэд зам, дэд бүтэц бага хөгжсөн учраас дүүжин тээвэр хэрэглээнд нэвтэрснээр хотын хойд суурьшлын хэсгийн иргэд хурдан шуурхай зорчих боломж бүрдэнэ. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байгаа. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолсон. Ингэхдээ дүүжин тээврийг кабелаар холбох бөгөөд 2020 онд ашиглалтад орох байх.

-Нийтийн тээврийн салбарт өөр ямар шинэчлэл хийгдэх вэ?

-Нийтийн тээврийн шинэ төрөл болох Bus rapid trans­port /BRT/ буюу тусгай замын автобус. Эхний ээлжинд 2020 онд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Хүний эрхийг дордуулсан ямар нэг оролдлогыг бид хэзээ ч дэмжихгүй

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ онд болж өндөрлөж байна. Эндээс ярилцлагаа эхэлье…

-НҮБ-аас тунхагласан Хүний эрхийн өдрийг сонгон, өвлийн хүйтэн жаврыг эс хайхран, шударга ёс, тэгш эрхийн төлөө анхны цуглаанаа хийж байсан залуус, энэ үйл явцыг дэмжсэн Монголын ард түмэнтэйгээ хамт амаргүй тэмцлийг эхлүүлсэн нь түүхэн, үнэн. 30 жилийн ойгоороо энэ үнэт зүйлээ цаашид хэрхэн хамгаалах, хөгжүүлэх 30 жилийн ардчиллын замнал, алдаа оноогоо шүүн тунгаалаа.

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

-Өнгөрөгч оноос эхлээд л Ардчилсан нам олон арга хэмжээг зохион байгуулсан. Онцлох нь ардчилсан хувьсгалын түүхийг бодит болгох зорилгоор баримтат кино, ном бүтээсэн. зорилтууд амжилттай хэрэгжлээ. Ардчиллын түүхээр ном бүтээж байсан тохиолдол бараг байдаггүй юм байна лээ. хувьсгалын тухай таван боть номоо гаргалаа. Гурван бүлэг баримтат кино хийлээ. Ирэх онд уран сайхны кино гаргахаар төлөвлөж байна. энэ мэтчилэн олон ажлууд хийж хэрэгжүүллээ.

-Та өнөөгийн ардчиллыг хэрхэн хардаг вэ?

-Ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Сүүлийн үед хүн бүр тусгаар тогтнолоороо бахархан омогшдог хэрнээ тусгаар тогтнолынхоо амин сүнс болсон эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг үл ойшоон, үгүйсгэх хандлагатай болж байгаа нь маш аюултай. 1989 оны хувьсгал ч тэр, 30 жилийн турш үргэлжилж буй үйл явц ч тэр зөвхөн Ардчилсан намын үйл хэрэг байгаагүй. Энэ бол Монголын нийт ард түмний үйл хэрэг, ололт амжилт байсан юм.

-Өмнөх ардчиллын 30 жилээ бид шүүн тунгаалаа. Дараагийн 30 жилээс бид юуг хүлээх ёстой юм бэ?

-Монгол Улсын хөгжил цэцэглэлт эрчимжиж, дэлхийд өрсөлдөх үзүүлэлтүүдээ сайжруулж, зорилготой монгол хүн мөрөөдөлдөө хүрэх 30 жилийн алсын замыг бид харах ёстой. 30 жилийн дотор бид юунд хүрч чаддагаа, бидэнд ямар боломж байгаагаа харсан болохоор одоо дараагийн 30 жилээ бид өөдрөгөөр гэрэл гэгээтэй сайн сайхнаар төсөөлж түүндээ хүрэх зорилго тавин ажиллах ёстой.

-Өнгөрсөн долоо хоногт УиХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Бид дөрвөн жил тутам сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг уламжлалтай болж гэхэд хилсдэхгүй байх. Сонгуулийн хууль емнөхөөсөө сайжирсан уу?

-Өмнөх хуулиасаа нэг шат ч болов ахисан хууль боллоо. Хуучин 76 жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явахад учир дутагдалтай зүйлүүд маш их байсан. Учир дутагдалтай байсан болоод ч тэр үү, тэр тогтолцоогоор сонгогдож, байгуулагдсан төрийн үйл ажиллагаанд явцын дунд маш олон алдаа гарч байлаа. Бид ч харсан.

-Тухайлбал, хуучин тогтолцоогоор байгуулагдсан парламент ямар алдаа гаргаж байсан юм бэ?

-Сүүлийн дөрвөн жилийн төсвийн хуваарилалтын нөхцөл байдлыг аваад үзье л дээ. 76 жижиг тойрогтой учраас эдгээр тойрог руугаа төсвийг 76 хувааж, хуваарилдаг. Хэн илүү улс төрийн нөлөөтэй, хэн илүү эрх мэдэлтэй нь өөрийн тойрог руу илүү төсөв хуваарилуулдаг ийм байдал үүсч бий болсон. Энэ дунд хамгийн аюултай нь улс орны хөгжлийн томоохон хөтөлбөр, бодлогуудад зориулагдах ёстой хөрөнгө нь тэндээ хуваарилагдахгүйгээс тэр бодлого нь алдагддаг байсан юм. Ингэснээрээ төсөв үр ашиггүй, жалга довны зүйлст зарцуулагддаг. Тухайлбал, багийн байр, сумын соёлын төв гэх мэт үр ашиггүй зүйлд зарцуулагдаад явчихдаг талтай.

-Тойргоо услах гэдэг зүйл тогтчихсон шүү дээ. Илүү томоор харах хэрэгтэй байх…

-Энэ батлагдаж буй сонгуулийн хууль илүү томоор харах боломжийг хангасан хууль болсон гэж харж байгаа. Ядаж нийслэл, дүүрэг, аймгийн хэмжээнд нийгэм, эдийн засгаа бүхэлд нь харах хэрэгтэй шүү дээ.

-Танай намын зүгээс Сонгуулийн хуульд ямар санал оруулсан бэ?

-Манай нам 50:26 гэх хувилбарыг оруулж ирсэн. 26 нь пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр нийтлэг улс орны эрх ашгийг илэрхийлдэг. 50 нь жижиг мажоритар буюу орон нутгийн эрх ашгийг төлөөлдөг холимог тогтолцоо. Уг нь бидний оруулсан энэ санал зөв байсан юм. Гэвч энэ тогтолцоо маань яваагүй. Тэгээд одоо томсгосон мажоритар буюу олон мандаттай нэг том тойрог байх тогтолцоо руу орж байна.

-Томсгосон мажоритараар явахаар нэг тойрог дээр намын гишүүд давхцах уу?

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Мандатын тоогоор иргэд саналаа өгнө. Хэн хамгийн олон санал авсан нь сонгогдоно.

-Намын гишүүд хоорондоо өрсөлдөж, нэг нэгнээ үгүйсгэдэг систем гэж судлаачид яриад байгаа шүү дээ…

-Энэ бол тухайн намын доторх сахилга, хариуцлага, үзэл баримтлал, онол, тухайн намын дотоод эв нэгдлийн л асуудал.

-Сонгуулийн үеэр цахим орчинд хязгаарлалт хийхээр болсон уу, хуулиараа?

-Яг цахим орчинд хязгаарлалт хийх заалт ороогүй. Яахав хязгаарлалт тавих ёстой. Хяналтгүй юм гэдэг замбараагүй юмыг л хэлнэ шүү дээ. Цахим орчинд тодорхой хэмжээний хяналт байх ёстой. Албан ёсны бүртгэлтэй сайт, хаяг, аккаунтуудаас сурталчилгаа явуулахыг хориглохгүй. Эзэнгүй хаягуудаас хүнийг гүтгэх, хэлмэгдүүлэх, худал мэдээлэл нийгэмд цацах гэх мэт иймэрхүү байдлыг зөвшөөрч болохгүй шүү дээ.

-Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тухай хуулийн заалт орлоо. Танай нам ямар байр суурьтай байсан бэ?

-Манай намын үзэл баримтлалын гол үнэт зүйл бол хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн үзэл баримтлалтай шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүний эрхийг дордуулсан ямар нэг оролдлогыг бид хэзээ ч дэмжихгүй. Алдаа, оноогүй хүн гэж байхгүй. Тухайн хүн өөрийн амьдралдаа алдаад, алдаандаа таарсан ял шийтгэлээ эдлээд, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад иргэнийхээ эрхийг бүрэн эдлэх хэмжээнд хүрчихсэн хүнийг урьд өмнө нь чи ингэж байсан гэдэг байдлаар насан туршид нь яллах тогтоолын заалт орж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал.

-Яагаад вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт байдаг шүү дээ. Тодруулбал, 2008 онд Цэц энэ асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайн үед яг ийм заалт орж ирээд Цэц хүчингүй болгож байсан юм билээ. Өнөөдөр энэ заалт сонгуулийн хуулинд Үндсэн хууль зөрчсөн болоод орчихлоо. Бодвол Үндсэн хууль дээр л асуудал яригдах байх. Манай нам бол хүний эрхийг дордуулсан аливаа үйлдлийн эсрэг зогсоно. Хэн нэгэн хүнд зориулсан эсэх гэдэг утгаараа биш. Хүний эрхийг дордуулсан аливаа үйлдлийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Коммунизмын үед ашигладаг коммунистуудын л шилдэг арга шүү дээ. Хэн нэгнийг гүтгэдэг, харлуулдаг, тэгээд хэдэн үеэр нь хэлмэгдүүлдэг. Эсэргүүний хүүхэд учраас сургуульд оруулж болохгүй, албан тушаал дэвшүүлж болохгүй гэдэг ч юм уу, ийм хэлмэгдүүлэлт цаашид битгий гараасай. Ийм үеийн бас нэгэн суурь тавигдчих вий дээ гэж болгоомжилж байна.

-Эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудал уначихлаа. Ер нь энэ асуудал дээр танай намын байр суурь ямар байв?

-Манайх дэмжсэн байр суурийг илэрхийлсэн. Ардчилсан намын зөвлөл хуралдаад эмэгтэй гишүүдийн оруулсан саналыг дэмжье гэдэг дээр санал нэгдээд нэгдсэн саналаа өгсөн. Манай намын үндсэн дүрмэнд ч гэсэн эмэгтэйчүүд бүх шатны сонгуульд дэмжих бодлогоор эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгсөн. Тиймээс бид эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн улс төрийн нам. Энэ саналыг зөвлөлөөрөө дэмжсэн ч харамсалтай нь олонх болж чадсангүй.

-Хар машин ер нь хоцрогдсон технологи уу?

-Үгүй. Дэлхийн маш олон улс оронд үүнийг хэрэглэдэг. Өнгөрсөн 2016 оны сонгуульд хэдийгээр манай нам ялагдсан ч гэсэн бид энэ дээр гомдол гаргаагүй шүү дээ. Тухайн үед тооллогын машинаар тоолсон саналыг давхар хэсэг бүлэг хүмүүс гараар тоолсон. Тэр ажиллагаа энэ удаа бас давхар явагдана. Яагаад гэвэл хяналтын тооллого гараар хийгдэнэ. Энэ дээр нам болоод иргэдийн оролцоог нээлттэй байлгах ёстой.

-2020 оны сонгуульд Ардчилсан нам ямар бодлого баримталж оролцох вэ?

-Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Он гараад хуулийн хугацаандаа багтаан мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэх болно. Сонгуулийн дөрвөн жилд хийх ажлаас гадна дараагийн 30 жил буюу ардчиллын 30 жилийг илүү өөдрөгөөр харж байгаа. 2050 он гэхэд Монгол Улс хөгжлийн ямар түвшинд хүрэх вэ, бид ямар ирээдүйг бүтээж чадах юм бэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна.

-Эрх баригч намд Ардчилсан нам ямар дүгнэлтийг өгч байгаа вэ?

-Үнэлэлт, дүгнэлтийг би биш ард түмэн өгнө. Гэхдээ сөрөг хүчний намын даргын хувьд хэлэхэд одоогийн эрх баригчид тун хангалтгүй ажилласан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батзандан: Энэ систем долдугаар сарын 1-ний томоохон тэмцэл хөдөлгөөнтэй шууд холбоотой

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна хэмээн МАН-ын удирдах зөвлөлөөс мэдээллээ. Тогтолцоо нь хэр зөв юм бэ?

-Сонгуулийн хууль гэдэг сонгогчдын эрхийн тухай хууль юм. ШИНЭ нам энэ талаас нь харж, судалж арав гаруй санал боловсруулж, ажлын хэсэгт хүргүүлсэн. Томсгосон тойргийн системээр сонгууль явуулах нь буруу биш. 2008 онд энэ системийг хэрэглэж байсан. Сул тал нь нэг намаас нэр дэвшсэн хүмүүсийн хооронд өрсөлдөөн бий болдог. Үндэсний эв нэгдэл алдагдаж, хагарал бутралын үүдийг нээдэг ийм систем гэдгийг түүхэн туршлага харуулсан. Сонгуулийн энэ систем долдугаар сарын 1-ний томоохон тэмцэл хөдөлгөөнтэй шууд холбоотой. Систем нь бүхэлдээ буруутай биш, хамгийн гол засах зүйл нь сонгуулийн процедур, процесс, маргааныг хянан шийдвэрлэх систем, сонгогчдын эрхийг хамгаалах тогтолцоогоо илүү нарийвчлан хуульчлах ёстой.

-Танай намын зүгээс арав гаруй саналыг ажлын хэсэгт өгсөн гэлээ. Ямар ямар саналуудыг өгсөн юм бэ?

-Нэгдүгээрт, Сонгогчдын саналыг хар машинаар тоолох үед хяналтын тооллого буюу гар тооллогыг 100 хувь хийх ёстой. Хяналтын тооллого, хар машины тооллого хоёр зөрсөн тохиолдолд гар тооллогыг эцсийн бөгөөд хүчин төгөлдөр сонгуулийн дүн гэж үзнэ гэдэг санал хүргүүлсэн. Хоёрдугаарт, өнгөрсөн 30 жилийн түүхийн алдааг засч залруулах ёстой. Нэг намаас нэр дэвшигчид хамтран ажилладаг тогтолцоог оруулж, дэмжих ёстой. Мөн эвсэл байгуулах асуудал байна. Эвслийн нэг нам эвслээс гарах үед эвсэл задардаг байдлаар өнгөрсөн 30 жил сонгууль, улс төрийн систем үргэлжилсэн. Ирэх 30 жилийг бид хагарал бутралын он жилүүд биш, эвлэлдэн нэгдэх цаг үе болгох ёстой. Тиймээс эвслийн энэ хэврэг зохицуулалтыг өөрчилж, эвслийн удирдах зөвлөлийн 51 хувийн саналаар эвсэл тарах, байгуулагдах, өөр эвсэлтэй нэгдэх, татан буугдах гол шийдвэрүүдээ гаргадаг байхаар хуульчлах нь зүйтэй.

Өнөөдрийг хүртэл нэг нам гарахад л эвсэл задарч, Монголын улс төрд эвлэлдэн нэгдэх эрх хязгаарлагдаж, мянга мянган сонгогчын эрх зөрчигддөг явдал олон жил үргэлжилсэн. Энэ бол өнгөрсөн 30 жилийн алдаа завхралуудын нэг байлаа. Монголын улс төрд хагарал, бутралыг биш, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжсэн сонгуулийн хуулийг хийх нь чухал.

-Сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар шударга бус хуваагдах юм биш үү гэх шүүмжлэл байна. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Энэ асуудлыг ШИНЭ нам болон парламентад суудалгүй улс төрийн намууд дунд байгуулагдсан ажлын хэсэг дээр ярьсан. Сонгуулийн хуультайгаа хамт тойргоо хүн амынх нь тоонд тэнцүү, тэгш байгуулж, батлах ёстой гэдэг саналыг манай намаас хүргүүлсэн. Сонгуулийн тойргийг газар нутагт нь тохируулж байгуулах биш, хүн амынх нь тоо, төлөөлөлд тэнцүү тэгш байхаар байгуулах зүйтэй гэдэг байр суурийг ШИНЭ намаас хүргүүллээ.

-Тэгэхээр яаж хуваагдана гэсэн үг вэ. Томсгосон 26 гэхээр мандатуудаа яаж хуваах вэ?

-Өнөөдрийг хүртэл Дундговь аймгаас УИХ-ын гишүүн дөрөв, тавхан мянган хүний саналаар сонгогддог. Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн 10-20 мянган хүний саналаар сонгогддог ийм л тогтолцоо байсан. Энэ завхрал, гажуудлыг бид засах ёстой. УИХ-д сонгогдсон гишүүн бүр ижил тэгш тоотой иргэдийг төлөөлдөг байх нь чухал гэж бид үзэж байгаа. Томсгосон тойргийг ойролцоогоор 20 мянган сонгогчтой гэж үзвэл УИХ-ын тойргуудыг байгуулахдаа сонгогчдын тоонд нь ижил тэнцүү байдлаар тойргоо байгуулах нь зөв гэдэг байр суурийг манай нам барьж буй. Улаанбаатараас сонгогдсон гишүүд нь хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүдээсээ хоёр гурав дахин олон хүний санал авч сонгогддог байдлыг буруу гэж үзэж байгаа. Энэ тэгш бус байдлыг арилгах ёстой.

-Яг энэ тогтолцоогоор явсан 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг та хэрхэн хардаг вэ. Энэ сонгуулиас бид ямар сургамжийг авсан юм бэ?

-2008 онд явуулсан сонгууль, сонгуулийн системийн алдаа завхралыг засах зорилгоор хар машиныг Монголын төр засаг тооллогын системдээ ашиглаж эхэлсэн л дээ. Хар машин бол 2008 оны сонгуулийн системийн болоод тэр үед болсон долдугаар сарын 1-ний үйл явдлын сургамж байсан. Гэхдээ хар машин 100 хувь найдвартай гэсэн үг биш. Хар машинаараа тоолчихоод хяналтын тооллогыг давхар хийх нь зүйтэй.

Олон мандаттай томсгосон тойргийн нэг том сул тал нь намын нэр дэвшигчид дотроо өрсөлдөж эхэлдэг. Нөгөө талаас нэр дэвшигчид өөр намын нэр дэвшигчтэй хуйвалдаж эхэлдэг. Шударга бус өрсөлдөөн газар авдаг. Тухайн үед Баянгол дүүрэгт өрсөлдсөн МАН, АН-ын нэр дэвшигчид болон бие даагч нарын дунд учиртай гурван толгой гэдэг жүжиг тавигдаж байсныг та мэднэ. Ингээд учиртай гурван толгой гээд жүжиг тоглогдоод намын нэгдсэн хөтөлбөрөөсөө гадуур хувийн болоод бүлэглэлийн хөтөлбөрүүд гарч ирдэг. Зарим газруудад дөрвөн бэрх гэдэг хөтөлбөр гарч ирж байсныг ч та мэднэ. Баянзүрх дүүрэг дээр хоёр өөр намын нэр дэвшигч нөхдүүд учиртай хоёр толгой болж, луйвар хийж байсныг бид мэдэж байгаа.

-Мөн нэг асуудал бий. Томсгосон тойргоор явахаар иргэдийн санал гээгдэх тохиолдол гарах юм биш үү. Нэг талаараа “царцаа” гэж яригддаг нүүдэл эрчимжих магадлалтай гэх юм…

-Томсгосон тойрог дээр “царцаа”-ны нүүдэл харьцангуй багасна байх гэж харж байна. Мөнгөнийн нөлөөлөл харьцангуй багасна. Том тойргийг худалдаж авахад хэцүү. Сайн талууд олон бий. Сөрөг сул талыг нь түрүүн хэллээ.

-Шинэ, залуу төлөөллүүд сонгуулиар УИХ-д орж ирэх боломж хэр байх бол?

-Шинэ хүмүүс УИХ-д гарч ирэхэд харьцангуй хэцүү тогтолцоо. Яагаад гэвэл тойрог томсож байгаа учраас өөрийгөө таниулах хугацаа боломж бага байдаг. Нөгөө талаас томсгосон тойрог дээр хуучин намууд, хуучин бүтцээрээ хуйвалдаан зохион байгуулах хэлбэр газар авдаг. Энэ бол сул тал. Одоо сонгуулийн хууль хэлэлцэж байна. 2008 оны долдугаар сарын 1-нд юу болсныг мартаж болохгүй. Тэр болсон үйл явдлын сургамж дээр тулгуурлаж, 2008 оны алдаа дээрээ суралцсан сонгуулийн сайн хуулийг хийгээсэй билээ гэж бид хүсч байгаа. Жижиг, шинэ намуудын хувьд ямар ч боломж байхгүй. Ганцхан тохиолдолд боломж гарна. Энэ бол жижиг, шинэ нам, улс төрийн хүчнүүд хамтарч, эвсч, тэр эвслээ задрахгүйгээр бат суурьтай хадгалсан тохиолдолд амжилт гаргах боломжтой. ШИНЭ намын хувьд сонгуулийн хуулинд задардаг эвслийг биш задардаггүй эвслийг хийх эрх зүйн зохицуулалтыг оруулахаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 10 нам эвсчихээд байхад ганцхан нам эвслээс гарахад эвсэл задардаг ийм зохицуулалттай яваад байна. Дээр хэлсэнчлэн 51 хувийн саналаар эвсэл задардаг байх бидний саналыг оруулж ирэх нь зүйтэй. Өнгөрсөн 30 жил бол Монголын ард түмний эв нэгдлийн эсрэг 30 жил байсан. Эвсч нэгдэхийг хориглосон, хаасан 30 жил байлаа. Ирэх 30 жил Монголын ард түмний эв нэгдэл хамтын ажиллагааг дэмжсэн 30 жил байх ёстой. Тиймээс ийм хууль байх ёстой юм.

-ШИНЭ нам бүх тойргийн мандатууд дээр гишүүнээ дэвшүүлэх үү?

-ШИНЭ нам Сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа стратеги, тактикаа гаргаж ирнэ. МАНАН-гийн намуудаас бусад улс төрийн хүчнүүдтэй эвсэх, хамтран ажиллах тал дээр нээлттэй ажиллана. Гэхдээ эх орнынхоо төлөө, Монголын төлөө бодлогын эвсэл, нэгдэл байгуулж ажиллах ёстой. Албан тушаал, эрх мэдэлд хүрэхийн төлөө эвсч нэгддэг биш, эх орноо өөрчилж, хөгжүүлж, хайрлаж хамгаалахын төлөө нэгддэг бодлого дээр суурилсан эвслийг хийхийн тулд ШИНЭ нам ажиллана.


Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний хүндэт инженерүүд төрсөн нэг ангийнхан

Энэ удаагийн нэг ангийнхан буландаа 2000 онд МУТИС-ийн /тэр үеийн нэрээр/ Эрчим хүчний инженерийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлийн анхны оройн ангийг төгссөн ангийнхныг урьж оролцууллаа. Ангийнхнынхаа талаар МХТС-ийн Электроникийн салбарын ахлах багш Доктор(Ph.D) Г.Уртнасан бидэнтэй хөөрөлдсөн юм.

Тэрээр “Би МУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Электроник, автоматжуулалтын тэнхимд нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа оройн ангид элсэн суралцсанаар энэхүү сайхан мэргэжлийг эзэмших хувь тохиосон билээ. Тус тэнхим нь 1996 оны есдүгээр сарын 1-нд анх байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр талийгаач Жанчивын Дашдорж багш маань ажиллаж байгаад шинэчилсэн сургалтын төлөвлөгөөгөөр Эрчим хүчний сургуулийн мэргэжилтэй ажилчдад дээд боловсрол олгох инженерийн ангийг нээж байсан түүхтэй. Энэ үед манай ангийн хамт олон 1997 онд МУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлийн анхны оройн ангид элсэн суралцсан билээ. Манай анги нь доктор Б.Лхагвадорж багш, Б.Мөнхбаяр даргаар удирдуулсан 16 оюутнаас, эрэгтэй 14, эмэгтэй хоёр инженер төгсч улс эх орныхоо гол дэд бүтэц болох эрчим хүчний байгууллагуудын удирдах алба, нэгжид одоог хүртэл үр бүтээлтэй ажиллацгааж байна. Манай ангийнхан Монгол Улсын гавьяат багш Х.Цагаан, Х.Сүхбаатар, Төрийн шагналт Ч.Зундуйсүрэн, Б.Нүүрэй, доктор, профессор, М.Цэрэндорж, хүндэт профессор Н.Дашням, Ш.Ангар, Доктор, Б.Мандах, Ч.Нацагдорж, Б.Лхагвадорж, Д.Халзаа, Н.Цэвгээ, Б.Бат-эрдэнэ, Ж.Арслан, Шинжлэх Ухааны доктор Т.Уранчимэг, доктор С.Эрдэнэтуяа, Б.Загдхорол, Г.Бэхбат, Б.Пүрэвсүрэн, Д.Алтанцэцэг зэрэг олон сайхан эрдэмтэн багш нараар хичээл заалгаж байсан минь их хувь заяа гэж боддог.

Ангийн охин Г.Уртнасан ШУТИС-ийн ректорын тушаалаар Докторын зэргээ авсан баярт мөч

Манай ангийн хамт олон инженерийн диплом горилогч эрчим хүчний системд олон жил ажилласан, цахилгааны техникум төгссөн, ажлын арвин туршлагатай мэргэжилтнүүд байсан. Хичээллэх явцдаа бие биендээ мэдэхгүй, чадахгүй зүйлээ харилцан зааж өгдөг ёстой л гар нийлж, баг бүрдсэн анги хамт олон болж чадсандаа. Анги дундаас сайн мэтгэлцээнчин, гарын ур дүйтэй инженер, зохиол бүтээл туурвигч, сагсан бөмбөгийн аварга, шатрын их мастер, хөл бөмбөгчин, бүжигчин, дуучин гээд аль авъяас чадал байна тэр бүр нь шингэсэн сайхан ангийнхан юм.

Одоо ангийн хүүхдүүд Эрчим хүчний салбарын тэргүүний ажилчин, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан, Мэдээлэл харилцаа технологийн тэргүүний ажилтан цол тэмдэгүүд авч хийсэн ажлынхаа үр дүнг үзэж яваа эрхэм хүндэт инженерүүд болсон нь бахархууштай.

Ангиа төгсөн гарахад би ЭХИС-дээ компьютерийн багшаар үлдэж эрчим хүчний оюутнууддаа мэдээллийн технологийн хичээлийг зааж эхэлсэн. Улмаар Эрчим хүчний салбарыг Боловсрол судлалтай холбосон диссертацийн ажлыг доктор, дэд профессор С.Эрдэнэтуяа, МУБИС-ийн сургалтын дэд захирал доктор, дэд захирал Х.Тамир нараар удирдуулан Эрчим хүчний сургуулийн Цахилгаан хэмжлэгийн лабораторийн бааз дээр “Оюутны суралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” нэрээр 2018 онд Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан.

Судалгааныхаа ажлын хүрээнд эрчим хүчний мэргэжлийн оюутнуудын суралцах хандлагыг тодорхойлох, сургалтын орчны шинжилгээнд хийн цахилалтыг дүрслэх арга хэрэглэн хичээлийн анги танхимын цахилгаан соронзон нөлөөллийг гаргаж ирэх мөн суралцаж буй оюутнуудынхаа сургалтын сэтгэл зүйг судлан хэмжилт туршилтыг хийсэн нь сургалтын чанарыг дээшлүүлэхэд ахиц гаргахад нь эмэгтэй инженерүүдийн хувьд салбартаа оруулах хувь нэмэр байлаа. Миний мэргэжил эрчим хүч, мэдээллийн технологи, боловсрол судлал гэсэн хөрвөх чадвартай инженер болон багшилж байгаа маань эрчим хүчний инженер болох анхны гараа маань сайн тавигдсаны ач гавъяа гэж боддог. Манай тэнхимийн эрхлэгч Ч.Нацагдорж багш маань төгсөлтийн уулзалт бүрдээ хөрвөх чадвартай хэд хэдэн сайхан инженерүүд байна тэдний дундаас манай Уртаа багш маань гэж дандаа ярьдаг нь үнэхээр сайхан санагддаг юм” хэмээсэн.

Нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч энэхэн буурал замбуулинд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохын сайхныг тод томруунаар тэд харуулсаар явна. Нэг намар, хоёр намар, гурван намар… Хуанлийн хуудас намрын навчистай сэрчигнэн эргэсээр 20 гаруй намар өнгөрчээ.

Хоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь

Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь

Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь…


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил


Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын гучин жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнгөрөгч хугацаанд ардчилал дахь бидний алдаа оноо юу байсан бэ?

-Алдаа оноо маш их бий. Гучин жилийн хугацаанд болж өнгөрсөн эдгээр олон асуудлуудыг ярина гэдэг маш их цаг хугацаа орохуйц ажил. Хамгийн гол нь энэ гучин жилд бид эрх чөлөөгөө олж авсан. Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил. Бид тэр хариуцлагаа хаясан.

-Хариуцлагаа яаж хаясан юм бэ?

-Бид эрх чөлөө, хүний эрх гэдгийг хариуцлагаасаа түрүүнд ярьсан. Харин хариуцлагын тухай ер ярьдаггүй байлаа. Энэ нь бидний өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа байсан болов уу.

-Ололт нь юу байв?

-Ололт амжилт их бий. Ямар ч байсан өнгөрсөн 30 жилтэйгээ харьцуулбал манай улсын эдийн засаг арав гаруй дахин өсчихжээ. Цаашаа бүр ч их өсөж, дэвжих ирээдүй харагдаж байгаа.

-Манай улсыг дарангуйлал руу шилжиж байна гэж үзэх хүмүүс байна л даа. Үнэхээр ийм зүг рүү Монгол Улс яваад байна уу?

-Ардчилал өөрийнхөө үнэ цэнэ, эрх чөлөөт байдлыг үргэлж хамгаалж байх ёстой. Хэрвээ энэ үүргээсээ няцвал Монголын нийгэмд юу ч болж болохыг үгүйсгэх аргагүй юм. Манай улсын түүхэнд болоод бусад улсын түүхэнд ч ардчиллаасаа ухарсан гашуун түүхэн цаг үе, үйл явдлууд байдаг. Тийм учраас ардчилал гэдэг өдөр тутмын ажил байх ёстой.

-Ихэнх хүмүүсийн хувьд ардчиллын ганц бамбайг Ардчилсан нам гэж хардаг шүү дээ. Ардчилсан намын хувьд ардчиллыг хамгаалах бамбай болох үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ?

-Ардчиллыг аль нэг нам нь өмчлөөд хэрэггүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь бүх намууд ардчиллыг үнэлж, ардчилсан үнэлэмжтэй байх ёстой. Ардчилсан хувьсгалаас хойш гучин жил өнгөрсөн байна. Энэ хугацааг харахаар бүхэл бүтэн нэг үе эрх чөлөөний мэдрэмж дээр өссөн гэсэн үг. Тиймээс энэ эрх чөлөөний мэдрэмж дээр цааш алхахад илүү сайхан болчихсон байгаа. Хэн нэгэн энэ мэдрэмжийг өмчлөөд хэрэггүй.

-2020 оны сонгуулийг та хэрхэн харж байна. Ямар нэг таамаглал бий юү?

-2020 оны сонгуулиар цэцэг шиг олон шинэ үеийнхэн Улсын их хуралд орж ирээсэй гэж хүсэж байна. Польшийн парламентын дэд дарга буюу Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн илтгэлийг сонсохын тулд би Польшийн парламентын сонгуулийн үр дүнг харсан. Польшийн парламентад хориод нам байна.

Тэгтэл манайд хоёр нам л бий шүү дээ. Тэгэхээр парламентад цөөхөн нам биш маш олон намын төлөөлөл ороод ирэхээр нийгэм гэдэг цэцэг шиг өнгө алагласан, үзэл бодолтой болдог байх. Түүнчлэн олон нам төрд гарснаараа том намуудыг илүү хариуцлагажуулахад хэрэгтэй байж магадгүй. Тиймээс Монголын парламентыг олон намын төлөөлөлтэй өнгө алагласан үзэл бодолтой %олоосой гэж бодож байна даа.

-Та Ерөнхий сайд байсан хүн. Өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Янз янзаар л ярьж болно. Одоо сонгууль ойртчихсон учраас хүмүүс элдвээр л хэлэх байх. Миний хувьд гүйцэтгэх засаглалыг эдийн засгаар л үнэлнэ. Эдийн засаг дээшилж байна уу, ард иргэдийн амьдрал дээшилж байна уу гэдэг дээр л асуудлыг хэмжинэ байх.

Одоо болж буй үзэгдлүүдийг ярья. Сүүлийн үед манай улс олон улсын тавцанд шахагдаад, саарал жагсаалтад орчихсон байгаа шүү дээ. Энэ мэтчилэнгийн асуудлуудыг харахаар тааруухан үзүүлэлт болчихоод байна л даа.

Саарал жагсаалт гэдэг бол Монголбанканд өгч байгаа үнэлгээ биш. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яаманд егч байгаа ч үнэлгээ биш. Энэ бол Монголд өгч байгаа үнэлгээ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Би З.Энхболдоос илүү заргач хүн


УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг өргөн барихаар болжээ. Ирэх 2020 оны сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар ярилцаж байх шиг байна. Энэ тогтолцоо хэнүүст ашигтай юм бэ?

-Улстөрчид нь дээр гарангуутаа хэрхэн парламентад үлдэх вэ гэдгээ л ярьдаг. Энийг ойлгодоггүй юм. УИХ-ын гишүүн л биш бол амьдрахгүй юм шиг хандаж болохгүй ээ. Гэмт хэрэг хийсэн бол гишүүний халдашгүй байдал гээд тус болж магадгүй л юм. Тэрнээс ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж ажилласан бол ямар ч гишүүнийг ард түмэн хайрлаад л гаргачихна. Худлаа яриад байгаа болохоор чинь л ард иргэд та нарыг солих гээд байгаа. Хуулийг нь харах юм бол Үндсэн хуулийг шууд зөрчиж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн иргэн сонгуульд оролцох эрхтэй, 18 насанд хүрсэн иргэн сонгох эрхтэй гэж байгаа. Сонго гэдэг үг нь хэдэн хүнээр сонгогдсон нь хамаагүй юм. Харин аль олон санал авсан хүн нь л сонгогдоно гэсэн үг. Өнөөдрийн энэ хуулиар 26 хүнийг Монгол Улсын хэмжээнд Ерөнхийлөгч шиг сонгуулаад 1-26 гээд эрэмбэлчихвэл энэ хууль хуулийн дагуу. Харин эхний хүний авсан хувь дараагийн хүний авсан хувийг үгүйсгээд огт сонгоогүй хүмүүсийг дотор нь оруулна гэвэл энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл.

-Та зарим хүмүүсийг худалч хулгайч л гэх юм. АТГ-т хэн нэгнийг шалгуулсан уу?

-Би шалгуулахаар өгсөн. 49 ЖДҮ-чдийн асуудал, 12 Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн асуудал, Оффшор, Эрдэнэтийн 49 хувь, 51 хувь, Oсеоn partners-ийн хэрэг, Жастын хэрэг гээд бүгдийг нь тагнуул, цагдаад өгдөг. Нааштай хариу ирүүлэхгүй байгаа. Би адилхан их хурлын гишүүн байж нэр хэлээд яахав. Гэхдээ хэвлэл мэдээллээр хэнийг вэ гэдэг тодорхой гарч байгаа. Ийм хүмүүс төрийн ордонд суугаад УИХ-ын гишүүн болоод хөөн хэлэлцэх хугацааныхаа хугацааг хүлээх гэж улайраад байна шүү дээ. Ийм зовлонтой байгаа учраас Сонгуулийн тухай хуулийг ард түмэнд ашиггүй гэж байгаа юм.

-Таныг Л.Болд гишүүн шүүхэд өгсөн гэх мэдээлэл яваад байх юм…

-Л.Болд бүх хүнийг шүүхэд өгч байгаа гэж ойлгосон. Hэн хэнийг шүүхэд өгч байгааг мэдэхгүй. Надад одоо зургаахан сар байна. Хэн нэгний шүүхийн асуудлын араас яваад тайлбарлах шаардлага алга.

-Та сая Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүний өрөөнөөс гарч ирсэн. Юу ярилцсан бэ?

-Хөөн хэлэлцэх хугацааг буцааж сэргээгээч ээ гэж Х.Нямбаатар гишүүнтэй уулзсан. Буцааж сэргээх боломж байвал хоёулаа хамтран ажиллая гэж хэллээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс өөрийгөө шударга гээд ойлгочихож. Би үүнийг л шүүмжилж байгаа. Тухайлбал, Салхитын мөнгөний ордны лиценз дээр анх гарын үсэг зурсан хүн хэн юм. Тэрийг өгөөгүй байсан бол тэр хүн өөр хүмүүст зарах байсан уу. Тэр өөр хүнд зарсан хүн нь дахиад өөр хүнд зараад хөрөнгө оруулалт нэрээр хоорондоо хэрүүл уруул хийх байсан уу. Тэрнээс болоод хэн нэгэн авлига аваад амиа хорлоод, хүн амьтан шаналан зовоох байсан уу. Гэр бүлээрээ гадаад руу зугтах байсан уу. Хэн нэгний эс үйлдлээрээ хийсэн алдаа нь ийм олон уршгийг араасаа дагуулдаг байхгүй юу. Эцэст нь хамгийн зөв шийдвэр улсын тусгай хэрэгцээнд авах байсан. Энэ мэтчилэн улстөрч хүний хувьд би хүмүүсийг шүүмжилнэ ээ.

Зургаан сарын дараа сонгууль дуусна. Би ялахгүй ч байж магадгүй. Ямар ч тохиолдолд би намайг гүтгэсэн, миний гэр бүлээр оролдсон, өөрийгөө шударга гэж худлаа ярьсан, захиалгат алуурчдын гар хөл болж байгаа бүх хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж, жижгээс том хүртэл бүгдийнх нь эцсийг үзнэ. Би Зандаахүүгийн Энхболдоос бараг илүү заргач хүн. Гэхдээ үлдсэн багахан цагийг хэрүүлд өгмөөргүй байна. Намайг шүүхэд өгвөл баярлана. Хурдан өгөөсэй гэж хүсч байна. Цаг хугацаагаа тооцож байгаад жинхэнэ хариуг нь өгнө. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг өгчихсөн байгаа. Нарийн зүйлс байгаа шүү.

-Ямар бичиг өгөв…

-Маш нарийн юмнууд байгаа. Энэ асуудал удахгүй тодорхой болно.

-Таны гэр бүлээр оролдсон гэсэн үү?

-Зөндөө юм байгаа. Тагнуулд өгсөн зүйлс ч бий. Эхнэрийг минь ална, хядна гэсэн дарамт ч ирсэн. Гэхдээ энэ үйлдлийг Л.Болдын талаас биш байх гэж найдаж байна. Гэхдээ мэдэхгүй. Яагаад гэвэл бүх юм ардаа эзэнтэй байдаг. Тэр эздийг нь олно. Би УИХ-ын гишүүн хүн. Хамгаалдаг хууль байгаа. Бүх юм хуулиар явна. Хүнийг гурван янзаар унагаадаг. Нэгдүгээрт, ажил албан тушаалаа өгөөд эрх мэдлээр барьцаалах гэж оролддог. Хоёрдугаарт, эхнэр, хүүхэд, өөр дээр нь эрүүгийн хэрэг үүсгээд хонгил дотор түгжих гэж оролддог. Гуравдугаарт, шившгийн хөндийгөөр хөтлөөд нэр ус, гарал үүсэл, эрүүл мэндээр нь гутаан доромжлох гэж оролддог юм. Тийм хүмүүс хүссэнээ хийж байг. Би тэр хүмүүсийн араас явна аа. Долдугаар сарын 1 гэхэд тэдгээр хүмүүсийн нэрийг А-Я хүртэл зарлаж байгаад гишүүн болсон ч эс болсон ч тултлаа эд нарын араас явна. Намайг яаж явдаг вэ гэдгийг манай үеийнхэн, найз нөхөд гээд олон хүмүүс мэдэж байгаа.

-Хар тамхины хуулийг чангатгах талаар яригдаж байна. Өнгөрсөн мягмар гаригт хэлэлцүүлэг боллоо. Та ямар байр суурьтай байна вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг оруулж ирэх цаг болжээ. Монгол Улс гурван сая хүн амтай. Хар тахал гэж нэрлэгддэг энэ аймшиг Монголд бодит болж. Энд хууль, хүчний байгууллага оролцчихсон байна. Насанд хүрээгүй хүүхдээс эхлүүлээд Тусгай албад ч оролцчихжээ. Үүнийг үндсээр нь арилгая гэвэл хорт хавдрыг тасдаж хаяж, далд сурталчилгаа явуулж байгаа, илээр зарж байгаа тэдгээр хүмүүсийг ангилаад зохион байгуулсан, бүлэглэл үүсгэсэн, шинээр зохион байгуулалттай гишүүн элсүүлсэн нөхдүүдийг төрийн хүнд цааз ялаар буюу 20-иос дээш жилийн ял өгөх ёстой.

-Хэлэлцүүлгээр бүх насаар нь хорих талаар яригдсан. Энэ тухайд?

-Тийм санал яриад байгаа. Гэхдээ ангилах нь зүйтэй. Мэдсээр байж хийж байгаа хүнийг давхар ялал, мэдэхгүй байж байгаад хэрэгт орсон хүнд тодорхой хэмжээнд боломж өг. Гэхдээ хэзээ ч хар тамхины хэрэг дээр уучлал, өршөөлийн хууль орох ёсгүй. Хууль цааз гэдэг үг хатуу, чанд эрхийг нь хориглох, өрөвдөн хайрлахгүйгээр шийтгэл өгдөг гэх айдсыг мэдрүүлдэг байх ёстой. Тэгж байж л гэмт хэргийг хазаарлана.

-Танийг Эрүүгийн хууль дээр санал оруулах гэж байгаа гэсэн. Үнэн үү?

-Гэр бүлээсээ салаад үр хүүхдийн тэтгэмж өгөхгүй байгаа этгээдүүдэд хатуу шийтгэл оногдуулах хууль оруулах гэж байгаа. Би өөрөө эр хүн. Та үр хүүхэдтэй болсон бол үр хүүхдийнхээ өмнө заавал үүрэг хүлээ. Үүнийг л хатуу хуульчилъя. Үүргээсээ зугтаах юм бол хатуу шийтгэж, нийгмийн завхралаас салмаар байна. Түүнчлэн би одонтой ээжүүдийн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгомоор байна. Энэ бол попорч буй хэлбэр биш. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэй найман жил ажиллахгүй. Энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр нийгмийн даатгал төлөгдөнө. Зарим нь нийгмийн даатгалаа тасалчихдаг. Ингэхээрээ хамгийн доод тэтгэвэр аваад байна. Энэ хуулийн төслийг оруулж ирэх гэхээр ганцаардаад байна. Тиймээс эмэгтэй гишүүддээ санал болгоод би төслийг нь биччихсэн, саналаа гаргачихсан та бүхэн өргөн бариачээ гэж хэлэх гэж байгаа.

-Ирэх онд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх дээр Ерөнхийлөгч хориг тавилаа. Энэ зөв үү?

-Ерөнхийлөгчийн хориг маш зөв. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг хуримтлалын мөнгийг төсөвтэй нийлүүлж болохгүй. Дэлхийн бүх орон үүнийг ашигтай хөрөнгө оруулалт байдлаар хөгжүүлдэг болохоос банканд өгөөд алдаж болохгүй. Энэ алдааг эхлээд засъя. Ард түмнээсээ мөнгө авах эсэхээ бид Олон улсын валютын сангаар заалгахгүй.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Туваан: Эрх чөлөө гэх үгэн дээр ардчилал тодорхойлогддог

Ардчилсан намын генесек Ц.Туваантай ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой болох гэж байна. Ойн талаар ярилцлагаа эхэлье…

-Ардчилсан намын хувьд энэ өдрүүдэд түүхэн тэгш ой тохиож байна. 30 жилийн өмнөх өвлийн хүйтэн өдрүүдэд тухайн үеийн нийгмийн сэхээтэн, оюутан залуучууд түүчээлж, Ардчилсан хувьсгалыг анх Монголд өрнүүлж байлаа. 30 жилийн хугацаа гэдэг хүний амьдралд урт хугацаа боловч нийгэм болоод намын хувьд тийм ч урт хугацаа биш. Дэлхий даяар арванхоёрдугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ хүний эрхийн өдөр Улаанбаатар хотноо анх Ардчилсан хувьсгалын эхлэл тавигдсан гэж үзэж, тэмдэглэдэг. Энэ өдрөөс өмнө тухайлбал, Ховд, Хөвсгөл аймаг, Эрдэнэт хот гээд олон газарт Ардчилал гэх тухайн үедээ шинэлэг оюутан, залуусын хөдөлгөөн үүсч байсан түүхэн баримтууд байдаг.

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад Ардчилал хэр хөгжиж чадсан бэ?

-Монгол төдийгүй Азийн ард түмэн хугацааг жарнаар хэмждэг. 30 жил нь хагас жаран гэсэн үг. Энэ хугацаанд монголчууд бид бүтэн 360 градус эргэсэн өөр улс болж чадсан. Дэлхий ч биднийг ингэж харж байгаа. Ард иргэд, тэр дундаа дунд эргэм насны хүмүүс үүнийг сайн мэддэг. Улс болон, хувь хүний амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, эрх чөлөө гээд олон зүйл дээр огцом, маш томоохон өөрчлөлтүүд гарч ийнхүү ардчилалтай хамт өнгөрөөсөн бидний 30 жил өнгөрч байна. Дараагийн 30 жилийг зөвхөн баяр тэмдэглээд өнгөрөөх биш, нэг жарны хугацаанд юу хийхээ ярьж төлөвлөж, дүгнэлт хийж байна даа.

-Ардчиллыг түүчээлж байсан партизанууд ардчиллыг бий болгохын тулд ямар саад бэрхшээлүүдийг туулж байв?

-Мэдээж өнөөдөртэй харьцуулах юм бол тэнгэр газар шиг зөрүүтэй. Тухайн үед манай нийгэмд үзэл суртал гэдэг зүйл байлаа.

Мөн нэг нам дангаараа ноёрхож, намынх нь гишүүд өөр улсаар асуудлуудаа шийдүүлдэг баригдмал хүлэгдмэл нийгэмтэй байсан. Ийм нийгмийг цоо шинэ Ардчилсан нийгэм болгох үйл явц тухайн үед маш хүнд байсан. Бидний ахмад партизан ах нар өглөө жагсаалд оролцчихоод орой ямар газар, хаана ямар хэрэг, ял тулгагдахаа мэдэхгүй их хяналт, цагдалт дор айдас хүйдэс дунд Ардчилсан хувьсгалыг өрнүүлж байсан. Энэ үйл явцыг бид ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг. Энэ хувьсгалд оролцсон анхдагч ах, эгч нарыг бид Ардчилсан хувьсгалын партизанууд, баатрууд гэж үздэг.

-Ардчиллын үнэ цэнэ юун дээр тогтдог юм бэ?

-Маш олон зүйл бий. Гэхдээ эрх чөлөө гэх үгэн дээр л ардчиллын үндсэн тодорхойлолт явдаг болов уу гэж боддог. Эрх чөлөө олон төрөл шүү дээ. Хувь хүн, хууль ёс, шударга ёс, эдийн засаг, үндэсний эрх чөлөө гээд олон төрлийн эрх чөлөөтэй. Би “Ардчилсан тогтолцоог эдгээр олон эрх чөлөөнүүдийн нийлбэр” гэж хэлнэ.

-30 жилийн хугацаанд бид эдгээр олон эрх чөлөөг бүрэн дүүрэн эдэлж чадахаар хэмжээний Ардчилалд хүрч чадсан уу?

-Эрх чөлөөгөө бид эдэлж байгаа. Монгол Улс эрх чөлөөний индексээрээ дэлхийд дээгүүрт ордог. Ардчилсан хувьсгал Монголд ирснээр бидэнд ирсэн үндсэн эрх чөлөө бол хүн ёсны, үгээ чөлөөтэй хэлэх, жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Гэхдээ ганц Монгол гэлтгүй дэлхийн ардчилал популист гэж ярьдаг поп амлалтуудад гүйцэгдэх үзэгдлүүд гарсаар байна.

Мөн бусад улс төрийн хүчнүүд буюу МАН-ын зүгээс хуучин нийгмийг сайн сайхан байсан мэтээр сурталчлах, тэр үед амьдрал сайхан байсан гэж итгүүлэх үзэл суртлын зүйлс явуулах, аливаа асуудлыг ардчиллын зарчмаар бус шийдэх гэсэн сорилтууд бидэнд тулгарч байгаа. Гэхдээ төв Азийн цээжинд буй Монгол орон тоталитар дэглэмтэй дэлхийн хоёр том гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзагатай адил байрлалтай оршдог ч ардчилал хангалттай хөгжиж байгаа гэж үзэж байна.

-Хуучин нийгмийг сайн сайхан байсан мэтээр сурталчилж байна гэлээ. Нийгмийн хандлага дарангуйллын нийгмийг нэлээд дэмжих болсон. Ялангуяа сошиал орчинд. Энд таны байр суурь ямар байдаг вэ?

-Монголчууд бид агуу их түүхтэй, дэлхийн талыг эзэлж явсан нүүдэлчин ард түмэн. Бид баригдмал, барьцаагдмал зүйлд угаас дургүй. Монголчууд онгон зэрлэг тал шигээ задгай сэтгэдэг, баригдмал бус эрх чөлөөтэй байхыг дээдэлдэг. Ийм хүмүүсийг Манж дарлалдаа 220 орчим жил, ЗХУ 70 жилийн хугацаанд Москвагаас хамааралтай социалист нийгэмд байлгасан. Энэ хоёр дарамт унаж монголчууд бид өөрсдийн толгойг дааж, сайхан амьдрах уу, үгүй юү, өлсөх үү, цангах уу гэдгээ өөрсдөө шийддэг болсон нь Ардчиллын 30 жилийн үнэ цэнэ. Хуучин нийгмийг сайхан, муухай байсныг 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд огт мэдэхгүй. Тэрний өмнө байсан бид нар болон биднээс дээш насны хүмүүс ямар хэцүү байсныг мэднэ. 2008 оны долдугаар сарын 1-нд нэгхэн телевиз эфирээ цацаж, гадаа гудамжинд буутай цэрэг цагдаа зогсч, хэвлэл мэдээлэл зогссон тэр гурав дөрөвхөн хоногт л ардчиллын үнэ цэнэ гэдэг зүйлийг бид мэдэрсэн шүү дээ. Тэгтэл өмнөх нийгмийг сайн сайхан байсан мэтээр кино, суртал ухуулгаар тарааж байгаа явдал буруу. Энэ бол худал суртал ухуулга. Энэ зүйлд ард түмэн итгэхгүй ээ, монголчууд ардчилал, эрх чөлөөндөө хайртай. Ардчиллын үр өгөөжийг ганцхан Ардчилсан нам хүртээгүй. Монголын бүх ард түмэн хүртсэн. Ялангуяа МАН-ын толгойд сууж байгаа эх баригчид бусдаас 1000 дахин илүү хүртсэн.

-Ардчилсан намын зүгээс ардчиллын 30 жилийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?

-Нэгдүгээрт, ардчиллын партизануудаа бид хэзээ ч мартаж болохгүй. Тэр хүмүүсээ алдаршуулах, шагнах ажиллагаануудыг жил бүр хийнэ. Тэрнээс хойш дунд, залуу үеийнхэн бидэнд Ардчилсан намын нэр хүндийг унагахгүй, өдөр бүр өнгөлж тордох үүрэг ногдсон. Мөн 30 жилийн хугацаанд бид юу хийв. Ардчиллын 30 жил бидэнд юу авчирсан юм. Алдаа, оноо нь юу байв гэдгийг дүгнэж байгаа. Ардчилал бол ганцхан Ардчилсан намын өмч биш.

Монголын гурван сая 300 мянган хүний амьдралд тусгалаа олсон зүйл. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Жишээ нь, Дэлхийгээр аялагчид гэх фэйсбүүк групп 610-аад мянган гишүүнтэй. Энэ группээс харахад монголчуудын очиж үзээгүй улс орон газар, өнцөг үлдсэнгүй шүү дээ. Явсан газар орнынхоо сонин хачныг энэ групп дээр ярилцаж байна. Энэ бол нөгөө л газар оронд визгүй зорчих, визтэй бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих энэ боломжийн үр юм. Үүний баталгаа нь зөвхөн сошиал орчинд ингэж харагдаж байна. Жижигхэн жишээ шүү дээ. Хоёрдугаарт, дараагийн гучин жил яах вэ. Монгол Улсыг хааш нь залж явах, бид ардчиллаа яаж хамгаалахав, хэрхэн ард түмнээ сайхан амьдруулах вэ, авлига хээл хахуулийг яаж устгах вэ гээд ирээдүйн 30 жилийн хөгжлийг ямар төлөвлөгөөгөөр харж хөгжүүлэх вэ гэдэг зүйлийг ярилцаж байгаа. Үүнийг цаашдаа ч ярина.

-Ойн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ойн баярыг бид долоо хоногийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ардчилсан хувьсгалтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын партизануудад зориулсан гар зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг арван арванаар нь гаргасан ардчиллын таван боть ном, ардчилсан хувьсгалдаа зориулсан урлаг спортын наадмын финаль, гала тоглолтууд, уламжлал ёсоор мөн энэ сарын 7-ны өдөр ардчиллын хүний эрхийн өдөрт зориулсан барилдаан энэ сарын 8-нд, 9-нд эмэгтэйчүүдийн холбоонынхон маань цэнгүүн зохион байгуулна. Энэ сарын 10-ны өдөр Цогтсайхан агснынхаа хөшөөнд цэцэг өргөх энэ үйл ажиллагаанууд явагдсанаар баярын үйл ажиллагаа өндөрлөнө. Мөн таван нам нэгдсэн ой энэ өдрүүдэд давхцдаг. Энэ хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулна.

-Ардчиллын 30 жилийн ойн медалийг хуулиар баталлаа. Энэ талаар ярихгүй юу?

-Ардчилсан хувьсгалыг ямар чухал вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч үнэлээд зарлиг гаргаж ардчилалд зүтгэж буй, зүтгэж байсан хүмүүсээ төрийн одон медалиар шагнасан. Энэ хүрээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг УИХ-аар батлаад Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох гэж байна. Манай нам болоод Монгол Улсын хувьд чухал ой учраас шагнал ч гэсэн партизанууд, зүтгэлтнүүдэд хүрнэ. Энэ сайхан нийгмийг бидэнд авчирсан ах нартаа өнөөдөр ч, цаашид ч талархаж явах ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттөмөр: Уул уурхайгаас авах татвараа улам боловсронгуй болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зогссоноор улсын төсөвт хүндрэл учирч магадгүй гэх асуудлыг УИХ-д тавьж байсан. Ямартай ч хуулийг баталж, нэг тийш нь болголоо. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ноогдуулан хуваах зарчим хангагдаж байна гэж үзэж байгаа шүү дээ…

-АМНАТ гэдэг их олон нэршилтэй. Эзэн хаантай улсуудад хааны татвар гэгддэг. Дэлхийн ихэнх орнууд ард түмний татвар гэдэг. Тиймээс АМНАТ-аас 1.3 их наяд төгрөгийг 2020 онд төсөвт төврөлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Монгол Улсын экспортын бараг 90 хувь нь түүхий эдээс хамаарч байна шүү дээ. Тэр хэмжээний түүхий эдийг гаргаад Монгол Улсад ямар татвар орж ирж байна вэ. Төлж байгаа татварын зөвхөн 24.8 хувийг Ашигт малтмалаас орж ирж байгаа шүү дээ. Нэгэнт ард түмний баялаг учраас ядаж тогтоогдсон байгаа АМНАТ-ын татвараа төлчих ёстой шүү дээ. Тиймээс уул уурхайгаас авах татвараа бид улам боловсронгуй болгох хэрэгтэй. Авж байгаагаасаа илүүг авах ёстой. Ашиглаж байгаа юм чинь төлөх ёстой. Эдийн засаг маань тогтворжоод олон тулгууртай болсон үед ашигт малтмалаас авах татвараа үе шаттайгаар бууруулж болно шүү дээ. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилд улс эх орныхоо үнэт зүйл болсон орд газрыг эзэмшсэн цөөн хэдэн хүн баяжаад, ард түмэн олон арваараа ядуурдаг. Ийм учраас цаашдаа бид ашигт малтмалын ордыг ашиглах менежментийг зөв болгох ёстой. Хоёрдугаарт, байгалийн баялгийг түүхийгээр нь бус аль болох дотооддоо нэмүү өртөг шингээж байж экспортлох хэрэгтэй. Ийм бодлогыг баримтлах нь төрийн үүрэг. Угаах, боловсруулах үйлдвэрүүдийг барих ёстой.

-АМНАТ-д ямар өөрчлөлтүүд орсон бэ. Олборлогчоос гадна, худалдагч, тээвэрлэгч, экспортлогчоос авж байсан. Үүнийг больсон гэж үзэж болох уу?

-Тийм зүйл анхнаасаа байхгүй байсан. Тээвэрлэгч, экспортлогчоос өмнө нь ч авж байгаагүй, одоо ч авахгүй. Иргэний гаргасан гомдол нь буруу байсан юм билээ. АМНАТ төлдөг аж ахуйн нэгжүүд хэзээ ч давхардуулж төлж байгаагүй. Цэцээс давхцуулж авсан гэдэг шийдвэр гарсан. “Страто” гээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан компанийн жишээн дээр тайлбарлая. Тавантолгойгоос 2.5 хувийн АМНАТ шингэсэн үнээр тэр компани ашигт малтмал авч байгаа шүү дээ. Гаргах даа 6.5 хувиар үнийн дүнгээс төлнө. 6.5 хувиас анхны 2.5 хувийг хасчихаар дөрвөн хувийн татвар төлж байгаа. Энэ татвар бол шууд л ард түмэн болоод Монгол Улсын төсөвт орж байгаа мөнгө. Үүнийг нь илүү тодотгоод ачуулсан, экспортод гаргасан гээд тухайн компанийн ямар төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалж, тэрнээс нь авна. 47.7 дээр нь давхардуулж авахгүй ээ, суутгаж тооцно гээд маш тодорхой заачихсан. Тодруулбал, 47.1, 47.1.2, 47.1.3 гэсэн заалтууд байгаа. Урьд нь эдгээрийг үргэлжлүүлээд бичсэн таслалтай байсан бол одоо дээрээс нь доошоо үргэлжлүүлээд биччихсэн заалт орж ирж, баталлаа. УИХ-аас хэзээ ч давхцахааргүй тогтоол гаргалаа.

-Цэцийн шийдвэрээс болж 100 тэрбум төгрөг алдлаа гэх зүйл яригдаж байна…

-2020 онд Монгол Улсын нийт төсвийн орлого 12.9 их наяд шүү дээ. Үүний 1.3 их наяд төгрөг нь АМНАТ байгаа. Үүнийг 365 хоногт хуваагаад бодохоор өдөрт 4,9 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол аж ахуйн нэгжүүдийг хохироогоод, татвараар нь дээрэлхээд байгаа зүйл огт биш. Сарын хугацаанд ямар нэг компани АМНАТ-ийн татвараа төлөөгүйгээс төсөв алдчихсан зүйл байхгүй байна. Тоо хэмжээнд өөрчлөлт ороогүй учраас төлөх ёстой АМНАТ-өө аж ахуйн нэгж төлөөд явах ёстой. АМНАТ-ийн тасарсан орлогыг нөхөж татвар нь авагдаад явна. Нэг үгээр бол, ямар нэг өөрчлөлт байхгүй.

-Оюу толгойтой холбоотой тогтоолын төслийг УИХ баталлаа. Энэ дээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юү?

-Ямар нэгэн бизнест улстөрчид орохоороо л будилаан гаргачихдаг. Уг нь энэ чиглэлээр дэлхийд мэргэшсэн олон компани байдаг. Монголд ч тийм компаниуд бий. Эдгээр компаниуд ийм томоохон хэлцлийг хийдэг. Тэдний хийсэн хэлцлийг Засгийн газар зөвшөөрч байвал гарын үсэг зурж баталгаажуулдаг практик дэлхийд бий. Анхны гэрээ хийхдээ тийм компаниудаас туслалцаа аваагүй. 2009 онд байгуулсан хоёр гэрээ техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад хийгдчихсэн. 2010 онд техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн шүү дээ. Тэрнээс хойш хоёр зээлийн гэрээ, долоон Оюу толгойтой холбоотой гэрээ байгуулагдсан. Нийт есөн гэрээ. 2009 оны гэрээ гэхэд л УИХ-аас өгсөн удирдамжуудыг Засгийн газар биелүүлээгүй хийгдсэн. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал Оюу толгойн гэрээнүүдэд байсан. 2015 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж хийсэн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөө бас л хууль зөрчсөн үйл явдал болсон. Тухайн үед хийхдээ энэ төлөвлөгөө анхны гэрээний салшгүй хэсэг байна гээд заагдчихсан шүү дээ.

-Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхээс нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүй болгочихсон шүү дээ…

-Олон улсын гэрээ гээд арбитрийн шүүх дээр очоод хүндрэл үүсч болзошгүй байгаа. Тиймээс бид Оюу толгой компанитай энэ асуудлыг ярьж, сайжруулах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Газар тариаланд хагас зуун жил зүтгэсэн ногоочин гэр бүл

Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайл үзүүлж буй тариаланчиддаа хүндэтгэл үзүүлж, одон медаль гардуулах ёслол өнгөрсөн баасан гаригт болсон билээ. Энэ үеэр бид Намсрайн Булгаа гэх 50 орчим жил хүнсний ногоо тариалсан эмэгтэйтэй уулзаж, түүний хөдөлмөр бүтээлийн талаар хууч хөөрлөө. Тэрээр Атар газар эзэмшсэний 60 жилийн энэ түүхэн ойгоороо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авч баяр дээрээ баяр нэмжээ. Ховд аймгийн Буянт сумын Дөрвөний газар гэх сүрлэг уулсаар хүрээлүүлсэн, буянт голынхоо усаар ундаалсан сайхан хангайгаас тэрээр угшилтай. Түүний эцэг Намсрай 1959 онд Ховд аймгийн Дөрвөний гэх сайхан үржил шимтэй хангайг анхлан морин анжисаар хагалж байсан анхны тариаланчдын нэг.

Н.Булгаа гуай айлын 11 хүүхдийн хоёр дахь нь. Түүний аав, ээж хоёр нь насаараа тариа, ногоо тарьсан бөгөөд тэрээр удам дамжсан газар тариалангийн хүн. Н.Булгаа гуайн хүүхдүүд ч өдгөө газар тариалангийн салбарт хүч сорьж буй юм билээ. Н.Булгаа гуай шагналаа аваад гарч ирэхэд бид тосч уулзлаа. “Би одон медаль хүртэнэ гэж ирээгүй. Үнэхээр гэнэтийн байлаа” гэж бидэнд хэлээд баяртайгаар инээмсэглэв. Тэрбээр Атар-50 жилээр ирж амжаагүй учраас энэ жил заавал ойн баяр дээрээ ирнэ гэсээр 1500 гаруй км газрыг туулан иржээ.

Бид ойн баярт зориулан гаргасан үзэсгэлэн орлоо. Н.Булгаа гуайн зураг Атар-60 жилийн үзэсгэлэнд нэлээн тавигджээ. Тэрээр хуучны сайхан зургуудаа гараараа илээд л бидний урд инээвхийлэн явна. Атар-60 жилийн номонд ч Н.Булгаа гуайн зураг тавигдаж, түүний хөдөлмөр бүтээлийг магтан сайшаасан байлаа. Түүнийг гурав, таван жилийн гавшгайч, богино хугацаанд таван жилийнхээ төлөвлөгөө нормыг хурдан хугацаанд биелүүлсэн, тэргүүний ногоочин, улсын аварга гэхчлэн магтан дуулсан үгс номон дээрээс харагдана. Улсын аварга Н.Булгаа гэдэг түүний бараг л нэр шахуу болжээ.


ТҮҮНИЙ ТАРЬДАГ УЛААН ЛООЛЬ ХОВД АЙМГИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

Н.Булгаа 1972 онд 15-хан насандаа сурагчийн формоо тайлж, эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд ногоочин болж байжээ. Өдгөө тэрээр Буянт сумандаа 48 дахь жилдээ ногоо тарьж байна. Зах зээлд шилжихээс өмнө тэрээр сумынхаа сангийн аж ахуйд 26 жил ажилласан байна. Түүний хувьд хөдөлмөр бүтээл өрнөсөн сайхан цаг үе. Эдгээр он цаг үе зах зээлийн нийгмийн дараагаас зураг болон үлдэж, тэрээр өөрийн хувийн бизнесийг эхлүүлжээ.

Төмс, хүнсний ногоог бие даан тарьж, бүх зүйлийг нуруун дээрээ үүрэн газар тариалангийн салбарт зүтгэж эхэлжээ. Ийнхүү цаг наргүй зүтгэсний үр дүнд 2002 онд тэрээр хоршоо байгуулжээ. Өдгөө хоршоо нь компани болтлоо өргөжсөн байна. Энэ талаараа тэрээр “Миний аав Намсрай агуу хүн байсан. Аав минь охидынхоо тоогоор нэг нэг улиас тарьж өгч байсан нь сэтгэлээс гардаггүй юм. 10 охиндоо 10 улиас тарьж өгөөд ганц хүүдээ бургас тарьж өгсөн дөө. Өдгөө тэр 10 улиас, нэг бургас улам дэлгэрч, сайхан төгөл болжээ. Аавын минь бидэнд үлдээсэн энэхүү сайхан дурсамжаас улбаалан “10 улиас” гэх хоршоо байгуулсан. Өдгөө тэр хоршоо маань компани болтлоо өргөжсөн байна. Сайхан бэлгэшээлтэй үйл явдал шүү” гэж ярингаа хүлээн авалтын танхим руу тэрээр зүглэлээ. Түүний компани өдгөө 40 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалдаг гэнэ. Хүнсний ногоо дотроо байцаа, улаан лооль голдуу тарина. 12 өөр нэр төрлийн улаан лооль тариалдаг бөгөөд тэдний тарьсан хүнсний ногоог нутгийнхан төдийгүй баруун аймгийнхан анддаггүй гэнэ. “Өө улсын аварга Булгаа гуайн тарьсан ногоо юм уу” гээд л ам сайтай худалдан авдаг аж. Өнгөрсөн наймдугаар сард Ховд аймгийн уламжлал болсон Цайны зам өв соёлын наадмаар Булгаа гуайн амтат улаан лооль Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан гэнэ. Тэрээр ард иргэдийг үржил шимт ногоогоор хангаж, бүхэл амьдралаа энэ салбарт тууштайгаар зориулсан. Түүний бизнес жилээс жилд өргөжин өдгөө бүс нутгийн хэмжээнд иргэдийн андахгүй мэддэг брэнд бүтээгдэхүүний нэг болохуйц өргөжжээ.


Н.Булгаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо гардан авч байгаа нь

ТАРЬСАН НОГООГОО ЭХ ХҮНИЙ ХАЙРААР Л УРГУУЛДАГ ДАА

Н.Булгаа гуай 2003 онд Монгол Улсын аварга тариаланч болсон. Ер нь энэ салбараас хүртээгүй шагнал гэж үгүй хөдөлмөрч нэгэн. Хэзээ ч шавхагдашгүй баялаг болох үржил шимт хөрснөөс баялаг бүтээдэг тэдний хөдөлмөр тийм ч амар ажил биш билээ. Газарт үрээ шидээд л нөгөөдөх нь хэд дахин нэмэгдэж ургаад л намар нь бөөн мөнгөтэй болдог гэж ойлгож болохгүй. Н.Булгаа ногоочин хүн хэрхэн үр жимсээ хайрлан ургуулдаг талаар бидэнд тайлбарлалаа. Н.Булгаа “Миний хувьд тарьсан ногоогоо нярай хүүхэдтэй л жишиж хардаг. Хавар гурван сараас л ногоочны ажил бужигнаж эхэлдэг. Хүлэмж, парник аа янзлахаас өгсүүлээд л бэлтгэл ажил нэлээд шаардлагатай. Хөрс шороогоо цэгцэлж, бордоогоо бэлдсэний дараа үрсэлгээ явагдана. Үрслээд гараад ирэхээр нь их халбал салхилуулна, даарвал хучиж дулаална, цангавал усална гээд л. Арчилгаа их чухал. Арчилгаа нь яг л нярай хүүхэд шиг байгаа биз. Тэднийгээ би хүүхэд гэж өхөөрддөг юм. Хэдэн арван мянгаар нь гараар үрсэлж ургуулдаг учраас тэдэндээ хайртай байхын аргагүй. Хааяа тарьсан талбай дээрээ суучихсан нөгөө хэдтэйгээ ярьчихсан байж байдаг. Охин минь та зүгээр үү гээд л асуудаг юм. Навч нь шарласан байвал яагаад л царай алдаад байна даа чи минь гээд л. Эх хүний хайраар л ногоогоо ургуулдаг даа. Хүнсний ногоог ургуулахад орчныг нь бүрдүүлэх чухал. Хөрс сийрэг бөгөөд зэрлэггүй байх хэрэгтэй. Зэрлэг гэдэг хөрс булаацалдаад нөгөө хэдийг минь ургуулж өгөхгүй муу талтай шүү дээ. Зэрлэгийг жижигхэн байхад нь зулгаах хэрэгтэй. Газрыг нь сайхан сийрүүлээд өгчихсөн байхад дахиж зэрлэг ургахгүй дээ. Усалгаа хийснээс хойш гурав хоногийн дотор багтаж зэрлэгээ зулгааж, хөрсөө сийрүүлбэл хамгийн зүгээр. Өндөр болчихвол зовлонтой ажил болно доо, зэрлэг гэдэг. Нэг бүрчлэн түүж, хэд хоногийн ажил болдог доо” хэмээв.


ЦЭРГИЙН ЖА НОГООЧИН БҮСГҮЙД ДУРЛАСАН НЬ

Н.Булгаагийн нэг насны ханийг Бадарчийн Цогтбаатар гэдэг. Тэрээр цэргийн хүн бөгөөд 2000 он гарснаас хойш эхнэрээ даган ногоочин болжээ. Б.Цогбаатар, Н.Булгаа нар хүү, охин хоёртой. Хүү Ц.Даваасүрэн, охин Ц.Баянжаргал нар мөн л өвөг эцгийнхээ замаар замнаж, тариачид болж. Н.Булгаа гуайн ач зээ нар өдгөө түүний тарьдаг ногоо шиг л өнөр өтгөн болцгоосон. Том ач Д.Тэмүүжин нь Анагаах ухааны их сургуулийн гуравдугаар курсийн оюутан аж. Н.Булгаа “Өвгөн бид хоёр удахгүй гуч аа үзэх юм биш үү. Ач, зээ нар том болох ч лүд юм аа” гээд хөхрөв. Бидний яриаг сонсож суусан Б.Цогтбаатар “Миний хань шиг ногоочин Монголд байхгүй дээ” гээд гэргий рүүгээ өхөөрдөн харж, хацар дээр нь үнэрлэв. Үргэлжлүүлэн “Хөдөлмөрийн үр шим гэдэг сайхан зүйл. Миний хань 50 жил энэ салбарт зүтгэж хөдөлмөрийн үр шимээ хүртээд явж байна” гээд инээвхийллээ. Гэр бүлийн хоёр сонирхолтой тохиолдлоор нэг нэгэнтэйгээ учирч байжээ. Б.Цогтбаатар бол Налайх дүүргийн уугуул. Ховд аймгийн цэргийн ангид ахлагч цолтой, жагсаалын ахлагчаар ирээд л нэгдлийн ажилд тусалдаг байсан байгаа юм. Учир нь нэгдлийн ажилд залуу боловсон хүчний туслалцаа хамгийн чухал байжээ. Цэргийн анги ногоочдын бригадтай хамтран ажиллаж байх үед л гэр бүлийн хоёр учирч, анхлан дотносчээ. Ногоочдын бригадийн биерхүү ахимаг насны залуу Н.Булгааг бүснээс нь өргөөд зоорины аман дээр бариад “Тэнгэрээс дагина буулаа тосч авах хүн байна уу” гэхэд Б.Цогтбаатар Н.Булгааг тосч аваад зөрөөд зоориноос гарсан байгаа юм. Ийнхүү хэн хэндээ талтай болсон хоёр маань төд удалгүй уулздаг болж, улмаар нэг гэрт оржээ. Өдгөө энэ хоёр маань 40 гаруй жил ханилж, нутаг усандаа нэртэй, үлгэр дуурайл болсон хөдөлмөрч сайхан гэр бүл болжээ. Б.Цогтбаатар “Би одоо Ховдын Буянт сумын хүн. Энд намайг танихгүй хүн гэж үгүй. Миний үнэ цэнэтэй сайхан дурсамж болгон л Буянт сумын Дөрвөний гэх газарт байгаа” хэмээв.

ЭВЛЭЛИЙН ИЛГЭЭЛТ ХУРАЛД СУУЖ, НОГООЧИН БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БОЛЖБАЙЛАА

Н.Булгаагаас ногоочин болсон түүхийг нь бид сонирхлоо. Тэрээр “1972 онд намайг долдугаар ангийн сурагч байхад Эвлэлийн илгээлт гэх томоохон хурал болж, сүртэй арга хэмжээ манай суманд болж байсан. Тэр хуралд суусныхаа дараагаас л би ерөөсөө эвлэлийн илгээлтээр явбал болох юм байна гэх бодол хүчтэй төрсөн. Тэгээд л энэ бодолтойгоо гэр рүүгээ харайлгачихсан даа. Гэртээ амьсгаадсан хүн давхиж ороод л би ерөөсөө эвлэлийн илгээлтээр явна аа гэж зоримогхон хэлэхэд гэрийнхний ихэнх нь гайхсан, цочирдсон байдлаар хүлээж авсан л даа. Аав минь л зөвхөн миний энэ хүсэл зоригийг гэрийнхэн дундаас дэмжиж байсан. Ээж, эгч, хамаатан садан, дүү нар минь бүгд л эсэргүүцсэн хандлага гаргасан гэх үү дээ. Харин 10 жилийн анги даасан багш минь “Чи цаашаа сурахгүй гэж нэгэнт шийдсэн бол техник мэргэжлийн сургууль буюу ТМС-д суралц” гэж зөвлөсөн. Би эвлэлийн илгээлтээ авсныхаа дараа гэртээ ороход ээж минь л хамгийн дургүй байсан. Чи цааш сурсангүй, охин хүүхэд гэж ирээд л. Манай эгч над руу нэлээн нухацтай ширтээд л толгойгоо сэгсэрсэн. Тэгээд орой нь хэрвээ чи сургуульд сурмааргүй байгаа бол чамайг би онгоцны үйлчлэгчээр ажилд оруулж өгье гэж хүртэл зөвлөсөн. Манай эгчийн нөхөр онгоцны нисгэгч хүн л дээ. Тэгээд л би нэгэнт шулуудсан байсан учраас өөрийн бодолдоо бат зогсож, 1972 онд өөрийнхөө нэр дээрээс ногоо тарьж, цалин авч хөдөлмөрийн дэвтэртэй болж байв. Тэрнээс өмнө өчнөөн л ногоон дээр ажилладаг байсан. Аав ээжийнхээ нэгдлийн ажилд тусалж, ногоо тарих бүхий л ухааныг мэддэг байсан учраас эвлэлд ороход ямар нэгэн асуудалгүй байсан юм. Уг нь би цааш сурч их сургуульд орох зорилготой байсан шүү дээ” гэв.

ААВ МИНЬ НОГООГОО ҮЕРТ СҮЙДЛҮҮЛЧИХЭЭД НУЛИМС ДУСЛУУЛАН ЗОГСОЖБАЙСАН САН

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйл гэдэг ногоочдын хувьд хамгийн том саад байдаг билээ. 1970 онд нэг их үер Буянт суманд бууж билээ. Тийм айхавтар үерийг одоо болтол Н.Булгаа үзээгүй л явна. Энэ тухай сонирхоход тэрээр “Аадар бороо шаагьж, мөндөр тарьсан ногоог минь сүйтгэж байв. Ногооны навчийг мөндөр цоолон үндсийг нь газрын хөрсөнд ил гаргаж, сэндийчиж байлаа. Аав минь үүнийг хараад тамхиа баагиулаад л цонхны өмнө зогсчихсон нулимс дуслуулан ширтэж байж билээ. Хоёрхон цагийн дотор үер бууж дууссан. Их үд гэхэд л нар шарж эвдлэн сүйтгэгдсэн ногооны талбай бидний өмнө үлдсэн дээ. Нэгдлээс хүмүүс ирж, талбай дээр шалгалт хийгээд “За Намсрай ах аа, танай байцайны 80 хувь нь ургах боломжгүй болсон байна. Одоо акталлаа” гэхэд аав минь нулимстай нүдээр “Актлаад хэрэггүй ээ. Би бүгдийг нь сэргээж 100 хувийн гүйцэтгэлтэй нэгдэлд хүлээлгэн өгнө” гэхэд шалгалтаар ирсэн хүмүүс “Ургахгүй бол тань дээр төлбөр нь унана шүү дээ” гэхэд аав минь “Тэгнэ ээ. Би төлнө” гэсэн юм. Бид ч ногоог буцаан сэргээх ажилдаа орж, байцайн навчнуудыг угааж, цэвэрлээд бүх үрсэлгээг эхнээс нь дахиж хийсэн юм даг. Тэр намартаа бид 100 хувийн гүйцэтгэлтэй нэгдэлд ногоогоо тушаасан даа” гэлээ. Ийнхүү биднийг хуучилж суухад хүлээн авалтын ажиллагаа эхэлсэн юм.

ХОВД АЙМГИЙН ШИЛДЭГ НОГООЧИН Н.БУЛГАА

Төлөвлөгөө нормоо 100 хувь биелүүлдэг Н.Булгаа нэгдэлд хөдөлмөр бүтээлээрээ цойлж байв. 1974 оны нэгэн орой 17-хон настай тэрээр найзуудтайгаа элдвийг хуучлан сууж байж. Энэ үеэр түүний дүү ирээд “Танай ажлын газрын хүмүүс аавынд ирчихсэн байна. Таныг хурдан ир гэж байна” гээд л нэлээн сандруу гүйж ирж. Н.Булгаа ч яасан юм бол доо ухааны юм бодоод яваад очтол нэгдлийн даргаас өгсүүлээд л бүх томчууд ирчихсэн баяр хүргэж гар бариад л Н.Булгаа бүр гайхаж орхиж. Нэгдлийн дарга түүн рүү инээмсэглээд “Нэгдэлдээ сайн ногоо тарьсан гэж чамайг 45 хоног гадаадад жуулчлах эрхийн бичгээр шагнаж байна, төр засгаас. Тэгээд ажиллаад бай, ажиллаад бай” гээд духан дээр нь үнсэхэд л юу болоод байгааг нэг юм ойлгож л дээ. Ингээд л Н.Булгаа ЗХУ, Германаар 45 хоног аялж, барууны хүн болонгоо л алдаж. Энэ мэтчилэн түүний хөдөлмөрийг төр цаг тухай бүрт нь үнэлж, хөдөлмөрийн амтанд улам бүр гүн дурлуулж байв. Нэгдлээс түүнийг Зөвлөлт рүү их сургуульд явуулах гэж байсан боловч тэрээр хөл хүнд байсан учраас явж чадаагүй гэнэ. Нэгдлийн уралдаанд удаа дараа тэргүүлж байсан учраас ийнхүү ЗХУ-д сургууль руу явуулах гэж байж л дээ. 1985 онд Н.Булгааг Ховд аймгийн Ногоо бригадийн дарга болгов. 25 ажилтан бүхий томоохон бригадыг даргалж, ногоогоо яаж тарихав, хэрхэн арчилах вэ гээд л бүх зүйлсийг өөрөө зөвлөж, зохион байгуулан амжилттай ажиллаж байжээ.

ТӨЛӨВЛӨСӨН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭДИЙН ЗАСГААС ЗАХ ЗЭЭЛ РҮҮ

Н.Булгаагаас бид нийгмийн шилжилтийн үеийг хэрхэн даван туулсан талаар тодрууллаа. Тэрээр “Төлөвлөгөөт эдийн засаг бол бүх л зүйлийг тооцдог, тооцооны дагуу явдаг байсан үе. Манай аавын даргалдаг “Соёл” нэгдэлд манай аав, ээж, тэгээд хоёр туслах ногоочинтой тавуулаа ногоо тарьдаг байсан. Манай нэгдлийн хувьд аймгийн хүнсний хэрэгцээг хангах байцай тарьдаг байлаа. Төлөвлөсөн төлөвлөгөөт нийгмийн нэг сайхан зүйл нь бүх зүйл цаанаасаа байсан. Бордоо дутлаа гэхэд л шууд нэгдлээс гаргаад өгчихнө. Бүх зүйл цаанаасаа, нэгдлээс дутуу хөтүү зүйлийг нь нөхөөд өгчихнө. Ийм цаг үеэс зах зээлийн нийгэмд шилжиж, ихэнх ногоочид шантарч байсан үед манайх гэдэг айл ногоогоо тарьсаар л байв. Яахав хоёр гурван жил зүдэрсэн. Удалгүй хүнсний ногооны үр, бордооноос эхлүүлээд бүх зүйлээ өөрсдөө олж, хөдөлмөрийн үр шимээ өөрсдөө хүртэж эхэлсэн дээ. Газар тариалан гэдэг бидний насаараа идээд барахгүй арвин их баялаг. Газар тариалангийн шинэ жаран эхэлж байна. Бүх зүйл дэвшилтэт болж, техник технологи руу шилжиж байна. Газар тариалангийн салбар маань цэцэглэн хөгжинө өө. Үржил шимт хөрсний үнэрийг дахин дахин мэдрэх сайхан шүү. Газар хагалахад тэндээс гардаг газрын тааламжит үнэр одоог хүртэл миний сэтгэлийг хөдөлгөдөг юм. Миний гарыг хүмүүс хараад чи лав ногоочин биш байх аа гэдэг. Ногоочин гэдэг бол сайхан ажил. Заавал, хагарсан гартай байх албагүй шүү дээ. Ногоочин хүнд байх ёстой хамгийн сайхан чанар бол сайхан сэтгэл юм” гээд бидэн рүү харан инээмсэглэлээ. Газар тариалангийн салбарт 50 орчим жил зүтгэсэн эгэл ногоочин Н.Булгаагийн амьдралын түүхийг өгүүлэхэд ийм. Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жил өнгөрчээ.