Categories
мэдээ цаг-үе

Г.Занданшатар: Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Засгийн газар 16 удаа солигдож, дунджаар 1.7 жил ажилласан байдаг

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хуралд та илтгэл тавьж байсан. Ер нь Үндсэн хууль үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?

-Улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, төрийн хэрэгт чөлөөт сонгуулийн аргаар оролцох эрхийг хангасан, чөлөөт зах зээл, эрх мэдлийн хяналт, тэнцлийн суурь зарчмыг баталгаажуулсан гээд 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдлыг дурдвал арвин их. Жил гаруйн өмнө буюу 2015 оны тавдугаар сард “Үндсэн хуулийн өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж Үндсэн хуулийн асуудлаар олон талаас нухацтай хэлэлцсэн. Уг хуралд гадаад, дотоодын олон эрдэмтэн, судлаач илтгэл тавьсан бөгөөд сүүлийн жилүүдэд засаглалын гурван салаа хоорондын зааг ялгаа бүдгэрч, төрийн эрх мэдлийн үр нөлөө, Үндсэн хуулиар тунхагласан хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа талаар сэтгэл зовнилоо илэрхийлж байсан.

-Ер нь сүүлийн үед болж буй хурлуудаас хараад байхад Үндсэн хуульд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байх шиг байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах обьектив, субьектив шалтгаан бий. Үндсэн хуулийн удаан үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, улс төрийн зөрчлийг зохицуулах чадвар, төр засаг дур зоргоор авирлах боломжийг хязгаарлах, төр засгийг эрх мэдэлжүүлэх зэрэг олон үндэслэл шалтгааныг судалгааны үндсэн дээр нотолсон байдаг. Тоймтойгоос нь дурдвал, обьектив шалтгаан нь нийгэм, эдийн засгийн буюу засаглалын зөрчлийг зохицуулах чадвар, хариуцлагын хямралтай холбоотой. Органик хуулиудаар Үндсэн хуулийн мөн чанарыг амьдруулж баталгаажуулдаг. 1996 оноос хойш буюу нэн ялангуяа 2012 оноос хойш батлагдсан манай олон хуулиуд өөр хууль эрх зүйн бүлээс хуулбарлан хэрэглэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн Үндсэн хуулийн эх санааг бүдгэрүүлсэн. Хоёр дахь шалтгаан нь Үндсэн хуулийн Цэц дээр очсон маргааны тоо, санал гомдлын байдал, шийдвэрлэгдсэн байдал. Гуравдугаарт, төрийн тогтвортой байдал. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Засгийн газар 16 удаа солигдсон байдаг. Нэг Засгийн газар дунджаар 1.7 жил ажилласан байгаа. Нэг ёсондоо маш тогтворгүй Засгийн газартай байсан гэсэн үг. Манай үе, үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд институци хооронд үүсэж байсан зөрчилдөөнт байдал. Үүнийг системийн анализын аргаар судалж үзэхэд Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотой. Дөрөвдүгээрт, субьектив шалтгаанууд гэвэл хариуцлага, шударга ёсны талаар судалгааны байгууллагуудын хийсэн иргэдийн санал асуулгын үр дүн, нийгмийн уур амьсгалын байдал.

-Гэхдээ бас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс байх шиг байна шүү дээ?

-Үндсэн хуулийн эх баригч, гол архитектор Б.Чимид багш “Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад “Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй” гэсэн байдаг. Филисофийн ухагдахуунаар нэг үе дараагийн үеэ ямар нэгэн өөрчлөлт хийхийг хориглож болохгүй гэж үздэг. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш бүхэл бүтэн үе солигдчихож. Хорин долоон жил гэдэг хүний амьдралын нэг үе. Нэгэн бүтэн үе солигдсон. Дараа үеэ юу хийхийг өнөөдөр хориглож цоожилж болохгүй. 27 жилийн дараа техник, технологи, нийгэм, эдийн засаг яаж ч хөгжиж болно. Тэрийг тааж мэдэшгүй. Нийгэм, эдийн засаг, технологи, нийгмийн ухамсар, хөгжлийн үе өөрчлөгдсөн учраас Үндсэн хуульд ч зарим нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна гэж үзэж байна.

-Өөрчлөлтийг юунаас эхлүүлэх вэ?

-Хариуцлагын тогтолцооноос эхлэх ёстой. Хариуцлага, сахилга батгүйгээр амжилтад хүрсэн улс орон битгий хэл иргэн хүн ч байдаггүй гэж Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю хэлсэн байдаг. Монголд өнөөдөр хариуцлагын тогтолцоо гэж алга. Хямралаас гарахад бидэнд хариуцлага, сахилга бат хэрэгтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх хэрэгтэй байгаа. Хариуцлагын тогтолцоо бэхжүүлж буй сонгодог аргыг эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй улсуудаас жишээ авч Азийн таван эрх мэдлийн загварыг санал болгож байгаа. Хариуцлагын тогтолцоог сайжруулдаг механизм нь төрийн хяналт шалгалтын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага бий болгох явдал юм. Энэ байгууллага Ерөнхийлөгч, УИХ, улс төрөөс бүрэн хараат бус мэргэжлийн байгууллага ажиллана. Мөн төрийн алба элит алба байх ёстой. Элит гэдэг нь нэр хүндтэй, шударга, тогтвортой, залгамж чанартай байна гэсэн үг. Гол нь чадварлаг мэргэжлийн боловсон хүчин байх ёстой.

-Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдсан гэдэг. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Ард иргэд бүгд бурхад биш учраас зохицуулах төр байх ёстой. Үүний тулд төр байдаг. Төрд ч дандаа бурхад ажиллахгүй учраас хяналт, хариуцлага хэрэгтэй. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн эрх мэдлийг хязгаарлах, хариуцлагатай байлгахын тулд Үндсэн хуультай байдаг.Үндсэн хууль бол “stop sign” юм. Судалгаагаар эрх мэдлийн харилцан хяналт алдагдсан байгаа нь харагдаж байна. УИХ бүхнийг хянах ёсгүй. УИХ-ыг хянах институци гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ хариуцлага алдаж алдаа гаргавал тараадаг механизм байдаг. Улс оронд маш чухал асуудал шийдвэрлэж чадахгүй бол ард түмнээрээ шийдүүлнэ гээд УИХ-ыг тарааж болно. Иймэрхүү байдлаар төрийн эрх мэдлүүд УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч харилцан хянагдаж байх ёстой.

-Ер нь манай улсад засаглалын хямрал нүүрлэчихсэн юм биш үү?

-Өнөөдөр манай улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тод харагдаж буй гажуудал, хүндрэлүүд нь угтаа төрийн үйл ажиллагааны доголдол, хариуцлагын тогтолцооны завхралаас эхтэй засаглалын хямрал нүүрлэсэн байна гэж олон судлаач, шийдвэр гаргагчид дүгнэж байгаа. Энэ хямрал эдийн засаг, төсөв, засаглалын бүхий л салбарт гүнзгийрээд байна. Засаглалын хямралын үндсэн шалтгаан юу вэ гэдгийг тодорхойлох ёстой. Манай улсад өнөөдөр гүйцэтгэх эрх мэдэл Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийн гурван институцид гурвууланд нь хуваарилагдсан байгаа. Сонгодог парламентын засаглалтай орны Ерөнхий сайдад байвал зохих Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх маш чухал эрх мэдэл өнөөдөр манай УИХ-д байна. Шүүх эрх мэдэл ч гэсэн харилцан хяналттай байх зарчим алдагдсан. 30 гаруй ардчилсан орны жишээн дээр харьцуулсан судалгаа хийж үзэхэд, өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол, Ирланд, Словен гэсэн гурван оронд ийм тогтолцоо оршин байна. Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон эрх мэдэл, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах Үндсэн хуулийн хамгаалалт аль, аль нь манайд бусад улстай харьцуулахад маш сул. Өнгөрсөн 25 жилийн турш Монголын улс төрийн тогтвортой байдлыг маш хангалтгүй гэж хэлэхээс өөр аргагүй.

-Тэгэхээр тогтворжуулахын тулд яах ёстой вэ?

-Ерөнхийдөө гүйцэтгэх эрх мэдлийн хоёр том баталгаа байдаг. Нэгдүгээрт, томилгооны эрх мэдэл буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрөө танхимаа бүрдүүлэх эрх. Хоёрдугаарт, төсөв мөнгөний эрх мэдэл. Манайд парламентын засаглал гэхээр УИХ нь бүхнийг шийддэг газар мэт ташаа ойлголт хүчтэй оршиж байна. Манайд тогтолцоонд хариуцлагын зааг ялгаа засаглалын институци хооронд маш тодорхойгүй, гүйцэтгэх эрх мэдэл нэг дор төвлөрөөгүй байна. Монгол Улс парламентын засаглалтай орон учир зүй ёсоор Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдэл төвлөрөх учиртай. Гэтэл Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг нэлээд хуваалцдагаас гадна Үндсэн хуулиар УИХ-д гүйцэтгэх зарим эрх мэдэл их хэмжээгээр хуваарилсан байдаг. Иймээс өнөөдөр Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл хэнд байна вэ гэдэг асуултад хариулахад бэрхтэй, нэг дор төвлөрсөн ойлгомжтой босоо тогтолцоотой гүйцэтгэх эрх мэдэл тэнд байна гэж хэлэхэд төвөгтэй байна. Мөн органик хуулиудаар Үндсэн хуулийн мөн чанарыг амьдруулж, баталгаажуулдаг бол манай хуулиуд олон өөр хууль эрх зүйн бүлээс хуулбарлан хэрэглэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалтын Үндсэн хуулийн эх санааг бүдгэрүүлсэн. Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох, чөлөөлөх эрхгүй, сайд нарыг нь УИХ, өөрөөр хэлбэл УИХ-д суудалтай нам, фракцууд томилдог тул Ерөнхий сайд бодит амьдрал дээр танхимын жинхэнэ тэргүүн байх, танхимынхаа өмнөөс дангаараа хариуцлага хүлээх аль, аль нь ор нэрийн төдий зүйл болж байна.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би 2007 оноос хойш үндэсний ёс заншил, эх оронч үзлээ сэргээе гэж үлгэрлэсээр ирсэн. Энэ бол Монголоо аврах хамгийн том тулгуур бодлого

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


-Өнөөдөр (уржигдар) ордонд арав хүрэхтэй үгүйтэй гишүүн л ажиллаж байх шиг байна. Гишүүд хаачсан юм бэ. Байнгын хорооны хурал ирц хүрэхгүйн улмаас хуралдаж ч чадахгүй юм?

-Аадар бороо орохын өмнө шороо босож байгаад хэсэг нам гүм болдог. Нийгэм яг тэр үе дээрээ байна. Энд суларч доройтож байхад гадна талдаа идэвх орж цэгцэрч чангарч байгаа мэдрэмж төрж байна. Сул улсууд төрд зай бөглөснөөс ийм идэвхгүй нам жим харагдаж байгаа байх.

-Их хурлын гишүүд төдийгүй иргэд ч гэсэн нийгэм, улс төрийн тогтолцоог өөрчлөх тухай ярьж байна. Хэн, хэзээ өөрчлөх юм бэ. Оролдлого харагдахгүй байна шүү дээ?

-Надад нэг болгоомжлол төрж байна. Түмэн олон босох вий дээ. Энэ сул, дорой байгаа байдал, өөрөөсөө өөрчлөгдөхийг хүсдэггүй, монгол ёс жудаг, төрт ёсыг ухаарахгүй гишүүд олонхи нь байна. Яг энэ хэв маягаа өөрчлөхгүй л бол нийгмээрээ босох хэмжээнд хүрэх аюул бий. Энгийн бай, түмэн олон дотроо ор. Хорвоо ертөнцөөс өгөгдсөн хувь заяаныхаа бэлгэ тэмдэг дээл хувцаснаасаа өгсүүлээд монгол үндэсний язгуур зүйлээ дор бүрнээ сэргээ гэж олон санууллаа. Яг энэ хэв маягаараа цааш алхах гэж оролдвол хүссэн ч, эс хүссэн ч тогтолцооны өөрчлөлт рүү явна.

-Монгол дээл өмсөж, уламжлалт монгол ахуйгаар амьдарснаар улс орны нийгэм, эдийн засаг сайжрахгүй биз дээ?

-Монгол газар шороон дээр монгол ёс сэргэж байж л бүх зүйл голдрилдоо орно. Би 2007 оноос хойш үндэснийхээ ёс заншлыг сэргээе, авч үлдье, эх оронч үзлээ сэрээе, газар нутгаа хамгаалъя гэж ярьж үлгэрлэсээр ирлээ. Энэ бол Монголоо аврах хамгийн зөв тулгуур том бодлого. Харин өнгөрсөн 26 жилийн турш аль болох монгол гэсэн бүх зүйлийг хорлож үгүйсгэж, үнэт зүйлс бүхнийг маань доройтуулчихлаа. Ийм төрлийн хүмүүс бодлоо цэгцэлж, өөрчилж чадаагүйгээрээ цаг үеэсээ сэтгэлгээний хувьд хоцорч байна. Хүн төрөлхтөн байгальлаг ухаан руу орж байна. Гэтэл зарим нь байгальлаг бус шуналлаг амьдрал руу зүтгээд байна. Өөрсдөө бүтээж хийдэг, ажил хөдөлмөрлөг бус мөнгөний төлөөх уралдаан руу л яваад байна. Энэ гарцыг олж харж буй маш олон улс байгаа. Суурин иргэншилтэй, залхуурсан байдалтай амьдралаас дэлхий ертөнц зугтааж эхэллээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трамп “Чингис хааны ухааныг олж монгол мэдрэмжээр дэлхийг авч явахгүй бол дэлхий өөрөө гацчихсан байна. Хамгийн хүчирхэг гэж яриад байгаа Америк улс гэхэд олон улсын үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байна. Бидний хийсэн аян дайн дандаа бүтэлгүй болж байна. Гэтэл Чингисийн баатрууд эх дэлхийгээ нэг болгож чадсан. Тэр ухааныг судлахгүй бол дэлхий урагш явахгүй нь” гэж байна. Энэ юуны дохио вэ. Монголын цаг ирсний дохио, биднийг дэлхий тэр чигээрээ харж хүлээж байна. Монгол баатрууд тухайн цагт гол ус бузарлаж, суурин сахиж амар хялбарыг хайж залхуурч буй хот балгасыг тарааж тал нутагт нь хөөж гаргаснаар эх дэлхийгээ амрааж аварч байсан бол одоо бид мөн л оюун сэтгэлээр байлдан дагуулах мөч иржээ. Эцэг дээдсийн гэрээст ч “Дэлхий эмээлээ гэдсэндээ авч харлан доройтох тэр цагт мал, малчин, монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэнэ” гэсэн цадиг бий. Энэ цадиг өнөөдөр сэргэж байна. Үүнийг амьдралын гарц болгож дэлхийд мандуулъя гэж ярьж, зүтгэж байгаад гол утга учир энд бий. Хүссэн ч, эс хүссэн ч энэ зүйл рүү монгол цаашлаад дэлхий тэр чигээрээ орно. Энэ зүйл дээлнээс эхэлсэн. Дотроо ч, гаднаа ч мөн Монголоо бий болгож нөмөрч явах ёстой. Дэлхий оюун санааны хувьд Монгол руу ирж байна. Харин бид эсрэгээрээ Монголоосоо зугтааж байна.

-Та УИХ-ын гишүүн болсноос хойш хагас жил болчихлоо. Энэ хугацаанд төрийн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. Ер нь шинэ парламент ямар түвшинд ажиллаж байгаа вэ?

-Жинхэнэ зөвөөр ёсоо дагадаг, дагуулдаг, уриалдаг, ажил хөдөлмөрт үлгэрлэдэг төрийн байлдан дагуулалт алга. Монголд төр байхгүй болжээ. Миний ярьж буй үзэл дээр зургаа, долоон гишүүн нэгдвэл хурдан эргүүлэх боломж бий. Харин яг өнөөдрийн мөнгө, намд баригдаж торлогдсон сэтгэл зүй энэ чигээрээ үргэлжилбэл түмэн олон багалзуурдаж, тасдаж шидэх хэмжээнд очих байх. Би ийм зүйл мэдэрч, харж, санаа чилээж байна. Энэ ордон дотор багачуул нь томилгоотой зууралдаад зодолдож байна, томчууд нь Ерөнхийлөгчийн сонгуулийг харчихсан хэмхэлдэж байна. Түмэн олныхоо хүсээд байгаа зүйлийг хийж зохион байгуулж чадахгүй бол Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдаасаа авахуулаад тархиа хага савуулж, мөчөөрөө тасдуулах нь ойлгомжтой дүр зураг харагдаж эхэллээ. Их олон анхаарууллаа. Яагаад ч үг хүлээж авахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Маш муу, туйлын муу гэсэн үнэлгээ өгнө.

-Та олон л асуудлаар гишүүдтэй санал бодол солилцож байгаа байх. Үзэл бодол нэгдээд ажиллах гишүүд байна уу?

-Нам, зоосны төлөө биш Монголын төлөө зүтгэх тэр хүмүүсийг би хүлээж байна. Гэхдээ надтай нийлсэн, нийлээгүй ганц дайчин ганцаардахгүй гэдгээр цааш явсаар байх болно.

-Харин ч ганц дайчин ганцаарддаг юм биш үү. Ялангуяа УИХ-д. Жишээ нь та тойргийнхоо сонгогчдын асуудлыг УИХ-аар шийдүүлж чадах уу?

-Нийгмийн оюун санааг цэвэршүүлж зөв үнэн зүйлд уриалан дуудах талаас ажлаа явуулах болохоос биш шийдэх, шийдүүлэх гэсэн асуудал тэр хойно яригдах зүйл. Данс нь хувхайрчихсан, бүгд хулгайлаад гадаадад нуучихсан төрөөр юуг ч шийдүүлэх вэ дээ.

-Сонгогчидтойгоо уулзсан уу?

-Уулзаж байна. Яриа таниулга их хийж байна.

-Эдийн засаг хэцүү байна. Цаашид сэргэх гарц харагдаж байна уу?

-Энэ маягаар байвал сэргэлт байхгүй. Сэтгэлгээний өөрчлөлт хийж, ёс заншлаа сэргээгээд ажил хөдөлмөр рүү эвлэлдэн нэгдэж зүтгэхийг хүсвэл хамгийн том гарц тэр. Зөв зохион байгуулалт, сэтгэл л хэрэгтэй.

-Та УИХ-ын гишүүд хулгай хийж болоод байхад би яагаад дуулж болохгүй гэж гэсэн байна лээ. Яагаад ингэж хэлсэн юм бэ. Гишүүдийг хулгай хийсэн гэх баримт байгаа юм уу?

-26 жилийн турш хулгай хийснийг бид ч мэдэж байна. Тэнгэр ч мэдэж байгаа. Бүгд мэдэж байгаа. Захаасаа нэгнээ барьж идээд, гэсгээгдээд эхэлж байна. Муу үйл заавал илчлэгддэг. Харин миний дуунууд өнгөрсөн хугацаанд дэндүү гэгээн мөр татуулж ирсэн. Хүмүүс өнөөдөр төрд өөрийнхөө хувийн байгууллагыг тордож мөнгө идэж, хар түүх бүтээх гэж орж ирдэг бол Жавхлан үнэнийг тунхаглаж, дуутай хууртайгаа, үлгэрлэж дагуулахаар, цагаан түүх бүтээхээр Монгол төрд орж ирлээ.

-Таныхаар бол яаж сэргээнэ гэж. Монгол ахуйгаа дээдлээд дээл өмсөөд байвал улс төр, нийгмийн тогтолцоо зөв болох юм уу?

-Үндсэн хуулиа өөрчлөх замаар ёсоо дээдэлдэг, ясаа хүндэтгэдэг, усаа хамгаалдаг, эх орноо хайрладаг залуус Монголын төрд эзэн суух цаг ирсэн. Тэгэхгүйгээр ёсоо мартчихсан, усаа хамгаалдаггүй, эх орноороо бахархах биш амин хувь үзлээр зарж хувааж идэж буй булхай хүмүүс бүхий төрт улсад байна. Жинхэнэ монгол төрт ёс үгүйлэгдэж байна. Хүн бүр дор бүрнээ үүнийг ухаарч өөрөөсөө өөрчлөгдөх ёстой. Тархиа 100 хувь өөрчлөх ёстой. Хоосон шаазан аяга, ганц нэг шил архи, атга гурил, цаг тооны бичиг, гуулин бурхан усан амлалтаар Монголын алтан төрийг сольж болдоггүй юм байна гэдгийг түмэн олон эрх биш анзаарч ухаарч байгаа байх. Түмэн олонд шавхрууг нь шидчихээд Монголын төрөөр яаж самарч тоглож болдгийг хангалттай харлаа. Одоо болсоон.

-Мэдрээд залуус үй олноороо гадагшаа дүрвээд байх шиг байна.

-Их нь ичиж бага нь уйлахын үлгэр бодижиж байна. Ихэс дээдэс нь олон түмнээ харах нүүргүй боллоо. Сэтгэлээ, үрсээ энд эх орондоо орхиод харийг зорино гэдэг бол эмгэнэл. Элэг бүтэн байх гэдэг бол халуун бүлээрээ гэр орондоо хамтдаа байхыг хэлдэг. Ингэж энэ олон өр, элгийг бэтгэрүүлж салгана гэдэг маш том нүгэл, хар түүх. Монголын ач үрсийг өвтгөж зовоож өнчрүүлсний хариуд Ерөнхийлөгчөөсөө өгсүүлээд гэсгээл амсана. Ямар үйлийн үр тарина, түүнийгээ хүртэх нь хорвоогийн хатуу хууль.

-Энэ бүхнийг УИХ-д сууж байгаа хүмүүс зөв бодлогоор засахаас өөр аргагүй. Жишээ нь та гишүүн болсноосоо хойш ямар хуулийн төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

-Иргэний даатгалын хуулийг бий болгох судалгаан дээр чамбай ажиллаж байгаа. Үүнийгээ боловсруулаад гаргаад ирэхээр “Аан, хууль гэдэг чинь ийм байх ёстой юм байна. Олон түмэн нь ингэж хүлээж авдаг юм байна. Үүнийг жинхэнэ зөв төрийн бодлого гэдэг юм байна” гэдэг жишгийг төгс харуулна. Өнгөрсөн 26 жилийнх шиг алаг цоог, амьдралд хэрэгждэггүй, олны нуруунд дарамт ачаа болдог, сулбагар усан хууль санаачлахгүй. Хүн зонд дэм болдоггүй хууль нэртэй эрээн цааснаас хэрэггүй юм алга. Нөгөө талаасаа бүтээхийн тулд сөнөө гэдэг үг бий. Би энэ тогтолцоо, буруу хэв маягийг арчиж арилгахын төлөө зүтгэж байна. Худлаа хоосон цаас барьж гүйдэг, боловсролтой царай гаргадаг мөртлөө гудамжинд гараад нэг ч хүний үнэн үг сонсож, мэдэрч санаандаа авдаггүй хүмүүсээс ямар хууль гарах юм бэ дээ. Монгол хүний сэтгэл зүрхэнд хадаастай байх наад захын хуулийг дагаж дээлээ өмсөж чадахгүй оюуны тураалд орсон сэтгэхүй дотор би ямарваа нэгэн бодлого боловсруулъя гэхийн оронд түмэн олондоо хандаж зөв үзлээ түгээгээд явж байх нь хамаагүй илүү байна. Явах замд нь бүү саад бол гэдэг шиг мэдрэмжгүй удаан хүмүүсээс залхаж байна.

-Тэгэхээр ойрын хугацаанд ямар зүйл дээр голлож ажиллана гэсэн үг вэ?

-Эхний дүнд эх оронч үзэл, зөв монгол сэтгэлгээг түмэн олондоо дараалалтайгаар хэлж уриалж түгээнэ. Дараа дараагийн алхмууд тод харагдаж байна. Цаг хугацаа аяндаа харуулах биз.

-Засгийн газар төдийгүй Их хурлын гишүүд гаднаас мөнгө олж ирэхгүй бол эдийн засаг үнэхээр хүнд байна шүү дээ. Та энийг мэдэж байгаа биз дээ?

-Дахиад л нөгөө цаас шүү дээ. Хүний амьдрал хэвлэсэн цаасан дээр тогтдог юм уу, хичээсэн хөдөлмөр дээр тогтдог юм уу. Монголчууд хичээж, хөдөлмөрлөж эвлэлдэн нэгддэг байсан цаг үедээ хэнээс ч гуйхгүйгээр амьдардаг байжээ. Хөрс нь үржил шимтэй, таван тансаг малын буян хишиг маань биднийг ивээж тэтгэж байдаг. Газар ус, тэнгэр нь хүртэл харж ивээж байдаг. Ийм сайхан бурхан бумбын оронд төрчихөөд гадаадад хэвлэсэн ногоон цаас гуйгаад явж байна гэдэг залхуурал, шуналдаа идэгдсэн хүмүүсийн л хийх ажил.

-Өөр тэгээд яана гэж. Ямар боломж байгаа юм бэ?

-Бид 30 жилийн өмнө 6000 төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй дэлхийн 50 гаруй оронд арилждаг байж. Гэтэл өнөөдөр дөнгөж 300 хүрэхгүй төрлийн бүтээгдэхүүн эд зүйлсийг халтар хултар хийж байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Үүнд зөв зохион байгуулалт л хэрэгтэй. Түмэн олондоо итгэхээ болиод төгрөг цаасанд л итгэх сэтгэлтнүүд байгаад байгаа учраас урагшлахгүй байна. Ард түмнийхээ итгэлийг алдаж хөсөр хаягдчихаад өөр айл руу гүйнэ гэдэг дэндүү муухай увайгүйн шинж. Энэ бол архичин, шуналтай, зальжин, үр хүүхдүүдээсээ юм нууж иддэг, залхай, залхуу хойд эцгийн л араншин. Энэ аавыг хөөж энэ гэр орноос зайлуулаад жинхэнэ аав ах болсон сэтгэлтэй залуус Монголын төрд дуудагдаж байна.

-Та өөрөө тэр муухай аав нарын нэг болчихсон яваа биш үү?

-Хүн бүр л дотроо дүгнэх асуудал. Би хувь үзэлдээ аавын дайтай гэхгүй юм аа гэхэд сайн ах нь байя гэдэг сэтгэл надад байна. Гэвч би ганцаардаад байна. Би энэ чигээрээ Монголынхоо ёс заншил, ажилч байх тухай явсаар дуусна.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар хэд хэдэн хүнийг хэлэлцүүлэгт урьсан. Гэвч таны урилгыг хүлээж аваагүй. Энэ тухай Ц.Нямдорж гишүүн таныг “Эрдэнэт”-ийн асуудлыг мэдэхгүй юм чинь Жавхлантай халз мэтгэлцээд яах билээ гэж байсан. Та сонссон уу?

-Би сонсоогүй. Би халз мэтгэлцэж цэцэрхэх гэж дуудаж уриагүй юм шүү дээ. “Нээлттэй хэлэлцүүлэг”-т л урьсан. Олон түмний төөрөлдөөд байгаа асуудалд нэг байшин дотор нэгнийхээ бөгсийг ухаад тойроод гүйгээд байлгүй бүгд нүүр нүүрээ харж байгаад үнэн мөнөө яриадах гэж л урьсан. Үгийн утгаа хүртэл ухахаа байж дээ хөөрхийс. Дээрээс нь энэ асуудлыг их хурлаар нээлттэй хэлэлцэхийг булзааруулж удаашруулах замаар замхруулах гэсэн хандлага илт мэдрэгдсэн учраас би ийм арга хэмжээ авсан. Шалгаж буй шалгалт нь хүртэл удаашраад байгаа. Үнэн мөнийг л олж хүмүүст харуулъя гэлээ. Тэд ирсэн бол сайн, ирээгүй бол бүр сайн л биз дээ. Ингэх тусмаа л эдний 26 жил наана цаана ярьж асуудал шийддэггүй, худал дүр эсгэж байгаад алга болдог заль нь хүртэл илрээд сайн хүний дүр эсгэж явдаг байсан үнэн царай л бүгдээс нь харагдаж байна. Энийг чинь л драмын театр энд байна, жүжиг тавиад байна гээд байгаа юм. Ирээгүйгээрээ энэ хүмүүс сэтгэлгээний доройтолд орсноо, үгсэн нийлж хулгайд оролцсоноо, хулгайг хаацайлж буйгаа л нотоллоо гэж дүгнэж байна. Энгийн байх, сийрэг байх сэтгэхүйгүй л болж дээ. Ёмбогор омбогор загнаж, юмны хий зайгаар гүйж оноо авчихаад сэмхэн алга болох биш аливаад тууштай байхыг цаашдаа ч зогсолтгүй шаардана. Дахиад иртэл чинь олон дуудна даа. Тархин дотроо юу бодож байгааг чинь би уншиж байгаа.

-Энэ жил их л хэцүү өвөл болох нь гээд байгаа. Тантай малчин түмэн холбогдож байх юм уу?

-Зуд нэг жилийнх, заншил түмэн жилийнх гэдэг. Заншил ёсоо умартсаны хар гайгаар Монголын төр 26 жилийн турш зутарлаа. Энэ хар гайг нь эгэл түмэн нуруундаа үүрлээ. Төрийн энэ салдаггүй зуд бичин жил дуусгавар болоосой гэж ерөөе. Малчин түмэн маань цас цаг хэцүүдвэл бор зүрхээрээ давах гэж мэрийх байх. Хотын гэр хорооллуудаар хоолгүй хонож байгаа айлууд өчнөөн байна. Гэхдээ сайн цаг ирж байна хүн бүр дор бүрнээ хүсэж хичээх нь л чухал. “Хан буурал хорвоо авснаа өгдөг, Хан үндэстэн харин авснаа өгдөггүй” гэдэг. Малчдадаа хандаж хэлэхэд “зуд зулагтай” гэдэг. Малын хорогдол гарвал хан буурал хорвоо минь буцаагаад илүү ихийг бидэнд заяана даа гээд сэтгэл санаагаа өөдөө өргөж амьдраарай гэж уриалмаар байна. Урьд жилүүдийнх шигээ “Илгээлтийн эзэд” аянаа хийнэ гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Халхголд болсон эмгэнэлт явдал хулгайгаас үүдэлтэй ажээ

Дорнодын Халхгол суманд үйл ажиллагаа явуулж буй “Петро чайна дачин тамсаг”-ХХК-д ажиллаж байсан дөрвөн монгол иргэн техникийн спирт ууснаас болж нас барсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Тэд тус компанид гэрээгээр ажиллаж байсан юм. Энэ тухай монголчууд УИХ-ын гишүүнээсээ авахуулаад цахим сүлжээгээр дор бүрнээ хийрхэж байна. “Дөрвийн дөрвөн монгол залуу алтан амиа алдчихаад байхад төр засаг хаана, юу хийж явна вэ” гэж ирээд л сүйд болж байгаа харагдах юм. Хачирхалтай нь энд нэг зүйлийг санаатай ч гэх үү, санамсаргүй ч гэмээр байдлаар огт ярихгүй байгаа нь сонин. Юу вэ гэвэл хордож амь насаа алдсан дөрвөн залуу хулгай хийгээд тэр спиртийг уучихсан шүү дээ. Тухайн байгууллагатай гэрээ хийгээд түр хугацаанд ажиллаж байхдаа складанд хадгалж байсан спиртийг хулгайлж ууснаас бүх зүйл үүдэлтэй. Тав балгасан нь тэр дороо нас барж, дөрөв балгасан нь тийчигнэж байгаад арай хийн амьд үлдсэн байгаа юм. Гэтэл тэд ажил хийж байгаа мөртлөө яагаад хулгай хийсэн юм бэ. Хэн ч тэднийг уу гээгүй, уулгаагүй. Ингэж хулгай хийсэн тухай нь өнөөдөр хэн ч ярихгүй байна. Хятадууд хууль зөрчлөө, тусгай газар хадгалах ёстой байсан гэж ирээд л орилоод байх юм. Яахав, тэд хадгалах ёстой газраа хадгалаагүй байж болно. Гэхдээ хамгийн гол нь монгол залуус хулгай хийх ёсгүй л байсан байхгүй юу. Гаднаас нь өнгөц дүгнэж байгаа хүмүүс ч гэсэн тэдний хулгай хийсэн тухай огт дурдахгүй өнгөрч байгаа нь монголчуудын хулгай хэрээс хэтэрч заншил мэт болсныг харуулах шиг боллоо. Дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага гэрээт ажилтантай байдаг. Нэгэнт тухайн байгууллагатай гэрээ байгуулаад ажил үүрэг гүйцэтгэж байгаа бол ноогдсон ажлаа л хийнэ үү гэхээс илүү харж билүү долоодоггүй. Өөр юунд ч анхаарлаа сарниулж өлөлздөггүй. Ажлаа хийгээд дуусахад нь байсан зүйл байрандаа үлддэг жамтай. Дэлхий нийтийн стандарт ийм. Гэтэл монгол залуус яаж байна вэ. Аль нэг газар гэрээгээр ажиллаж байгаа бол хулгай хийхгүй, мөрөөрөө явна гэж ер байхгүй. Яаж ийж байгаад аль нэг юмыг нь өөрийн болгохгүй л бол сэтгэл нь ханахгүй байна. Наанадаж аптерк, бахь халааслаад гарна. Дэл сул юмыг зүгээр байлгадаггүй монгол залуусын энэ зан арай дэндүү увайгүй, хэтэрхий хулгайч байна. Бүр нийгмээрээ ийм болчихож. Дээрээс нь архичин. Архи, спиртний хольцтой л гэвэл гахай, нохойд зориулсан байна уу хамаа алга. Юу ч байсан ууж л орхино. Архи, спирт харагдсан л бол ажлын цаг дуусаагүй эсэх ч падлийгүй. Бидний энэ муухай занг цаад ажил олгогч байгууллага яаж мэдэх вэ дээ. Дэлхийн жишгээр л ажилтнуудтайгаа харьцсан байж таараа шүү дээ. Ажлынхаа цагаар, тэгээд дээрээс нь хулгай хийж техникийн спирт уучихна чинээ санаанд нь ороогүй байж таарна. Компанийн хэрэгцээт бараагаа өөр хаана хадгалах ёстой гэж. Монголчууд өлөв долов гэсээр уучихдаг юм шүү гээд “Хортой спирт, хулгай хийж болохгүй шүү” гэж бичээд наах ёстой байсан юм уу. Ерөөсөө л монголчууд хулгай хийдэггүй байсан бол тэр дөрвөн залуу хордож үхэхгүй байсан. Дэлхийн хүн төрөлхтний жишгээр, тэдний зангаар ажиллаж амьдарвал үхэхгүй. Урагшаа л хөгжинө. Бид ажлын цагаар архи уудаг, хөдөлмөрлөхийн оронд зүгээр л хулгай хийдэг араншингаасаа болж бөөн бөөнөөрөө үхээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол малын мах хоол биш хор болчихжээ

Антибиотик хүний биед ямар муу нөлөөтэй тухай их ярьж байгаа. Тэгээд ч эмч нар аль болох антибиотик уухаас зайлсхийж бай хэмээн зөвлөдөг. Эрүүл мэндийн чиглэлийн олон улсын томоохон хурал, зөвлөгөөний үеэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн анагаахын эрдэмтэд хүчтэй нөлөөтэй антибиотикийн эсрэг байр суурьтай байдаг. Манайд ч гэсэн иймэрхүү хурал зөвлөгөөн их болж байна. Гэхдээ сүүлийн үед Монголд болж буй хурлын үеэр антибиотект хордож буй хүн гэхээсээ илүү монгол мал хүчтэй эмэнд хордож буй талаар ярьдаг болчихож. Нарийн анзаарвал үнэхээр санаанд багтамгүй, аюултай зүйлс сонсогдож байна лээ.Малчдын хэлж сурснаар цагаан тариа буюу ивомек гэх анагаахын нэршилтэй уг тариа монгол малын маханд нэвт шингээд шахахад дуслах хэмжээнд очсон гэнэ.

Одоо энэ тариаг малчид андахгүй. Бүр уут уутаар нь авдартаа хадгалж байдаг гэсэн. Малчдын хэтэрхий замбараагүй хэрэглэж буй цагаан тариа буюу ивомек нь хачиг, хувалз, гэдэсний шимэгчдийг устгах үйлчилгээтэй ажээ. Уг нь хэдэн жилийн өмнө малчид малын эмчийн зөвшөөрлөөр, хяналттайгаар уг тариаг тарьдаг байсан гэнэ. Харин сүүлийн хэдэн жил хэн дуртай нь эмийн сангаас бөөндөж аваад сав л хийвэл тарьдаг болжээ. Малчид ч тарга тэвээрэг сайн авахад эерэгээр нөлөөлдөг гэж ирээд цагаан тарианы ид шидийг гайхах юм. Ер нь бол энэ тариа малд, тэр дундаа зундаа хэт халдаг Монгол орны мал сүрэгт нэн тохиромжтой гэсэн. Хэдий тийм ч ивомекийг нэг тарьсан л бол тарианы нөлөөлөл бүтэн сарын дараа малын биеэс гадагшилдаг ажээ. Нэг үгээр хэлбэл, цагаан тариа тариулсан малын махыг 30 хоногийн дотор хэрэглэж болохгүй гэсэн үг. Сүү нь ч ялгаагүй. Яагаад болохгүй вэ гэдгийг эмч нар “Ивомек тарьсан малын махыг хүн идвэл төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн элэг, бөөр гэмтэж тархинд цусны тогтонгит нэвчрэлт болно.

Цаашилбал хорт хавдар үүсэх, онош нь үл олдох харшилтай болно” гэж тайлбарладаг юм байна. Харин бид хүнсэндээ ямар мах хэрэглэж байгаа вэ. Саяхандаа, “Хүчит шонхор” зах дээр борлуулж буй махнаас учиргүй тариа ханхлаад байхаар нь тэндхийн эрүүл ахуйн байцаагч дээжилж аваад төв лаборатори руу явуулсан байдаг. Гэтэл шинжилгээгээр өчнөөн олон төрлийн эм, тариа малын маханд байх ёстой хэмжээнээс 15 дахин илүү гарч мэргэжилтнүүдийн нүдийг бүлтийлгэсэн байна лээ. Улаанбаатарчууд ийм л мах өглөө, оройгүй идэж байна. Дөнгөж бор хоолонд орсон нялх хүүхдээс эхлээд идэр залуу, ахмад настнууд бүгд л ийм махаар хооллож байна. Сүүлийн үед эмэгтэйчүүд жирэмслэхгүй байгаа, төрөлхийн эмгэгтэй хүүхэд олноор төрж буй нь дээрх тариатай холбоотой байж магадгүй юм. Учир нь ивомек тариулаад удаагүй малын махыг эмэгтэйчүүд идвэл савны үрэвсэлтэй болох өндөр магадлалтай гэсэн. Үүгээр зогсохгүй янз бүрийн хавдрын эх үүсвэр болдог ажээ.

Угаасаа хүнд биш малд зориулсан хүчтэй тариаг дам хэрэглэхээр яаж ч бодсон сайн биш нь ойлгомжтой. Хүний эрүүл мэндэд ийм аюултай мах идэж байхад бид яаж эрүүл байх билээ. Бас л саяхан даа, манай нэг найз идэш захих уу гэж асуухад нь “Дэлгүүрээс кг-ын мах аваад идчихнэ ээ” гэхэд минь их л шоолсон. Хөдөө хэдэн малтай тэрээр “Чи ер нь ямар малын мах идэж байгаагаа мэдэж байна уу. Би яаж ч өлсөж байсан дэлгүүрийн лангуун дээр зарж буй мах авч идэхгүй” гэж ярьсан нь санаанд оров.Миний гайхсан нүдийг хараад тэрээр “Малчид аймаар юмаа авчирч зардаг юм ш дээ. Өвөл бол бөөн үхсэн малын мах л иднэ гэж мэд” гэчихээд яваад өгсөн. Ийм байхад бид юун экспортод мах гаргах вэ. Малчид ХХААХҮ-ийн сайд болон нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүд рүүгээ залгаад “Амьдрал хэцүүдлээ. Хурдхан шиг махаа гадагш гаргаач” гэдэг юм гэсэн. Хотынхон руу явуулдаг малын махаа гадаадад экспортлох юм гэнэ.

Гадныхны эрүүл ахуйн наад захын шаардлагыг ч биелүүлэхээргүй болтол хордуулсан малын махаа яаж зарах гээв. Хэрвээ үнэхээр л махаа экспортод гаргая гэж бодож байгаа юм бол малчид хариуцлагатай байх хэрэгтэй байна. Миний тэжээж буй малын махнаас шинжилгээ авна гэдгийг нарийн ойлгох ёстой. Тэгэхгүйгээр тариатай малын махаа бид идэхгүй юм чинь гэж асуудалд хандаж болохгүй. Манай монголчууд, тэр дундаа малчдад нэг эвгүй зан байх юм. Зарчих юм чинь ямар хамаатай юм гэх ядмаг сэтгэхүй. Ингэж хандаад туранхай, өвчтэй, хөгшин малаа ивомек тэргүүтэй янз бүрийн эм тариагаар бөмбөгдөн жаахан тэнхрүүлж аваад зараад байна. Хэрэгтэй эм тариаг нь хийчихвэл мал ч хурдан таргалдаг бололтой юм.

Тиймээс малчид цагаан тариаг зогсоо зайгүй хэрэглэдэг болжээ. Ийм малын мах идсэн хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг малчид мэдэх ч үгүй. Мэддэг байлаа ч тоохгүй байна. Нэг ёсондоо манай малчдын хүн чанар жигтэйхэн их муудсан байна. Тариагаа тарихдаа хэн ч намайг харахгүй юм чинь гэж боддог. Нээрээ л тэр уулын мухарт байгаа малчныг малдаа ямар тариа хийж буйг газар дээр нь очиж хэн шалгах вэ дээ. Тэгсэн ч гэлээ лабораторийн шинжилгээгээр илрээд байна. Шинжилгээ битгий хэл дөнгөж нядалсан малын шинэ махнаас эм тариа хамар сэтэлтэл үнэртдэг болчихож. Иймэрхүү хэрэгтэй, хэрэггүй эм тариагаар бөмбөгдөж байгаа мөртлөө хэрэгтэй вакцинуудаа огт хийлгэхгүй байна. Манай мал ивомек хийлгээд дархлаа сайтай болчихсон гэж бодоод байдаг. Ийм сэтгэхүйтэй малчнаас болж тухайн бүс нутгийн 20 гаруй сая мал тэр чигтээ халдварт өвчнөөр өвчилнө. Малчдын энэ буруу сэтгэхүйг өөрчлөхгүй бол монголчууд аягүй бол хэзээ ч малаа экспортод гаргаж чадахгүй.

Гадаад битгий хэл дотоодын иргэдээ ил цагаан хордуулаад нүдэн дээр үхүүлчихгүй бол яамай болж. Цагаан идээ ч гэсэн ялгаагүй. Хамгийн хямд хятад цагаан гурил, сахар орлуулагчаар л цагаан идээгээ бэлдэж байна. Сүүлийн үед баргийн айл айгаад цагаан идээ худалдаж авахаа больсон. Иймэрхүү маягаар малчид аливаа зүйлд арай дэндүү хандаж байна. Малын гаралтай бүтээгдэхүүн хоол биш хор болчихож. Ингэж дур зоргоороо, толгой мэдэн амьдарч байгаа малчин нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй нь харамсалтай. Ийм хариуцлагагүй байдлаас салах арга бол фермийн аж ахуй хөгжүүлэх. Суурин фермийн аж ахуйгаас мах, сүү, цагаан идээгээ бэлддэг болмоор байна. Хүнсний захуудад мах, цагаан идээ худалдах гэж байгаа бол фермийн аж ахуй байх ёстой гэх ганцхан шаардлага тавьдаг болчихъё. Тэгэхгүй бол хаа нэгтээ уулын мухраас ямар нь мэдэгдэхгүй мах ачиж хүрч ирээд нийслэлийнхний эрүүл мэндээр тоглоод дуусах нь ээ.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Экспортын бүтээгдэхүүний үнэ ирэх жил өсөх хандлагатай гэх судалгаа гарсан

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Улс тунхагласны баяр буюу жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны
өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Уг
төслийнхөө талаар ярихгүй юу?

-УИХ-ын гишүүд хамтарч нийтээр тэмдэглэх баярын өдөр болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэхүү
өөрчлөлтөөр хаант засгийг халж бүгд найрамдах засаглалд шилжсэн 1924 оны арваннэгдүгээр
сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хууль санаачилж байна.
Ер нь шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа арваннэгдүгээр сарын 26-ныг нийтээр тэмдэглэх
баярын өдөрт тооцдог байсан. Үүнийг 2012 онд болиулсан юм. Нийтээр тэмдэглэх биш
тэмдэглэлт өдөр болгосон байдаг. Ингэснээр тухайн түүхэн үйл явцын ач холбогдлыг
бууруулах, олон улсын жишигт үндсэн хуульт бүгд найрамдах улс болсон өдрөө тэмдэглэдэг.
Энэ утгаараа түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, өндөрт өргөх, түүх уламжлалын
үндэсний ухамсрыг сэргээхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

-Энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр таарч байгаа. Тэгэхээр
өмнө юм уу хойно нь нөхөж амрах уу?

-Хэрхэн амрах тухай шийдвэрийг УИХ гаргана. Хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх
талаар Засгийн газар хөтөлбөр боловсруулж ажиллах байх.

-Та эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийн УИХ
дахь ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Засгийн газрын саналд өөрчлөлт оруулна
гэсэн. Яаж өөрчлөх вэ?

-Бодлого, эрхзүйн талаас юу хийх, ямар арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлаар
60 чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирсэн. УИХ дахь МАН-ын бүлэг дээр ярилцаж
байгаад энэ хөтөлбөрийн ажлын хэсэг байгуулъя гэсэн. Гарах үр дүнг тодорхой болгоод
математик загварчлалд оруулах нь зүйтэй, арга хэмжээ авснаар эдийн засагт ахиц дэвшил
гарах боломжтой эсэхийг дахин судалгаа хий гэсэн чиглэл гарсан. Энэ дагуу холбогдох
яамдаас мэдээлэл авч салбарын мэргэжилтэн, судлаачидтай хэлэлцүүлэг зохион байгуулж
байна. Ерөнхийдөө яамнаас санал болгож буй төсөл хөтөлбөр ямар эх үүсвэртэй, хэрэгжүүлэх
төслийн ТЭЗҮ болон бусад судалгааны ажил дууссан эсэх, хэрэгжүүлснээр хэр хэмжээний
ажлын байр нэмэгдэх зэрэг асуудлыг судалж байна. Мөн хөтөлбөрийн үр дүнд гарах валютын
урсгалын хэмжээ яаж нээгдэх, төлбөрийн тэнцэлд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ гэхчилэн
тооцоо судалгаа нарийвчлан авч байгаа. Эдийн засаг хүнд байна. Одоогоос дөрвөн жилийн
өмнө жилдээ дөрвөн тэрбум гаруй ам.доллартай тэнцэх гадаадын хөрөнгө оруулалт орж
ирдэг, 4.6 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй, эдийн засаг 17.5 хувь өсөлттэй,
аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг идэвхжиж байсан. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлт
13 хувиар буурсан, гадаад валютын нөөц хомсдолтой байна. Энийг дагаад монгол төгрөг
үнэгүйдэх, ажлын байр багасах, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хаах зэргээр хямралд
өртлөө. Эдийн засгийн хямрал цаашлаад нийгмийн, санхүүгийн хямрал болох аюул нүүрлэж
байна. Хүндрэл учирч буй гол зүйл нь гадаад өрийн дарамт. Энийг бууруулах чиглэлээр,
валютын урсгалыг сэргээх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөр хөдөлгөх шаардлага байна
гэж харж байгаа.

-Чухалчилж буй гол гарц юу вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх асуудал нэн чухал
болчихлоо. Хамтарч ажилладаг олон улсын байгууллагын итгэлийг сэргээхийн тулд эрхзүйн
орчноо маш тодорхой, ойлгомжтой болгох ёстой. Зарим гадны үл ойлголцлыг тодорхой
болгох хэрэгтэй. Итгэл сэргээх үүднээс бодлогын, үйл ажиллагааны эрхзүйн тогтвортой
байдал бий болгох ёстой. Тэгж байж гадны хөрөнгө оруулалт орж ирнэ. Хоёрдугаарт,
хэлсэн ярьсандаа байдаг болъё. Өнгөрсөн жилүүдэд гаднаас яаж ийж байгаад хөрөнгө
оруулалт татаад байсан. Гэвч хэрэгжүүлэх үедээ дотоод улс төр, нийгмийн эсэргүүцэлтэй
тулгарч урагшилдаггүй байлаа. Энэ нь өөрөө гадна талдаа ойлгомжгүй, монголчууд л
гэхээр итгэхээ больчихсан байсан. Дээрээс нь хэтэрхий ойлгомжгүй, гэнэтийн шийдвэр
гаргаж байлаа. Тэр бүхэн эргээд гадны хөрөнгө оруулагчдыг үргээх үндсэн нөхцөл болж
байсан. Бидний авч буй мэдээллээр олон улсын эдийн засгийн гол прогнозыг хийдэг
байгууллага Монголын экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийг ирэх жил өсөх чиг хандлагатай
байна гэх чиглэл гаргасан байна лээ. Тиймээс бодлогын өөрчлөлтүүдээ зөв хийж чадвал
бидэнд боломж бий.

-Тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх салбараа хумьж болохгүй юу. Хэтэрхий
олон салбар хамарчихаар аль ч үгүй болох юм биш үү?

-МАН энэ жил УИХ-ын сонгуульд оролцохдоо ард иргэдэд эдийн засгийн
чиглэлээр үндсэн дөрвөн салбарт анхаарал хандуулна гэдгээ зарласан. Мөрийн хөтөлбөрийн
үндэс сууриа ч дөрвөн салбарт тулгуурласан. Нэгдүгээрт, мэдээж хэрэг уул уурхайн
салбар. Уг салбарыг дагасан томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх асуудал бий. Хоёрдугаарт,
эрчим хүчний салбар. Дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангахаас гадна зүүн хойд
Ази руу экспортлох зорилго тавьж байна. Энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын
асуудлыг чухалчилж байгаа. Тэгэхгүй бол Оюу толгой л гэхэд жилдээ 100 гаруй сая
ам.долларын тог гаднаас авч хэрэглэж байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Тэгэхээр цахилгаан
станцын асуудлыг шийдэхгүй л бол валютын асуудлаа алдсаар явна. Гуравдугаарт, хөдөө
аж ахуйн салбарыг хөгжүүлнэ. Малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг тогтворжуулах,
энийг дагаад 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулахаар ярьж байгаа. Малын гаралтай
түүхий эдээ зүүн хойд Азийн зах зээлд гаргах зорилго тавьж байна. Тиймээс холбогдох
хууль, эрхзүйн орчинг тодорхой болгохоор төлөвлөсөн. Дөрөвдүгээрт, дээрх төсөл хөтөлбөрийг
дагасан дэд бүтцийг хөгжүүлэх ёстой. Төмөр зам, барилгын зах зээлийн шинэчлэл өөрчлөлтийн
асуудал яригдаж байгаа.

-1.8 жилийн хугацаатай хөтөлбөрийг явцын дунд дүгнээд явах уу?

-Дүгнээд явна. Тодорхой үр дүнг нь мэдээлнэ. МАН 2009 онд Засгийн
эрх барьж байх үедээ эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр баталж байсан.
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг хамгийн хурдан хугацаанд даван туулсан улс
орон болж байлаа. Тухайн үед эдийн засгийн өсөлтийг -1.3-аас +17.5-д хүргэж байсан.
Тэгэхээр энэ удаагийн хөтөлбөрийг оновчтой, зөв шийдлээр хэрэгжүүлэхийг Засгийн
газраасаа шаардаж ажиллана.

-Ам.долларын ханшийн өсөлт замбараагаа алдаж байх шиг байна. Төр
засгийн зүгээс ямар бодлого баримталж байна вэ. Ханш бууруулах арга бий юу?

-Мэдээж гурав, дөрвөн чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт,
ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд валютын дотогшлох урсгалыг нээх. Гадны
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж валют олж ирэх хэрэгтэй. Валют олдог, оруулж ирдэг
салбаруудаа төрийн бодлогоор дэмжье. Хоёрдугаарт, бодлогын хувьд бодлого зохицуулалтад
тодорхой хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Зохион байгуулалттай хөөсрүүлж буй,
ченжилж буй зарим хүн болон арилжааны банктай холбоотой мэдээлэл ирж байна. Үүнийг
шалгаж хяналт сайжруулах хэрэгтэй. Мөн ам.долларжих хөдөлгөөнд хяналтаа сайжруулах
ёстой. Иргэдийн ам.долларын хадгаламжид хязгаар тавих хэрэгтэй. Гэхдээ одоохондоо
маш хүнд байна. Валютын 4.6 тэрбум ам.доллар байсан нөөцийг интервенц хийсэн нэрээр,
гадаад худалдааны алдагдлыг нөхөх байдлаар хасах болгочихлоо.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Эдийн засгийн томоохон реформ хийх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-УИХ-аар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах тусгай хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Гэвч бодитой хэрэгжих боломж бага, хэтэрхий ерөнхий зүйлс тусгасан гэж үзэж байна. Үнэхээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд эдийн засгийн хүндрэлээс гарч чадах уу?

-Улс орны эдийн засаг хүнд байна. Ард иргэд болон шийдвэр гаргах түвшнийхний санааг зовоож буй асуудал болсон. Эдийн засгийн асуудал хэлэлцэж, шийдвэрлэх гэж буй үед бодит байдал чухал нөлөөтэй. Манай улсын эдийн засгийн төлөвлөлт цаасан дээр, уламжлагдаж ирсэн арга барилаараа л яваад байна. Төсөв хямралтай үед инфляцийг 20 хувиар танах гэхчлэн арга барилаар явж байгаа. Яг энэ замаараа бид өнөөгийн үүсээд буй эдийн засгийн хямралыг давах боломжгүй. Тиймээс төлөвлөлт, арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Нэг ёсондоо эдийн засгийн томоохон реформ хийх шаардлагатай байна. Ийм шинэчлэл хийе гэх үүргийг УИХ-ын гишүүд Засгийн газар болон Сангийн яамныханд өгч байгаа. Төсвийг таная гэхээр цалин хасна, орон тоо цомхотгоно гээд байж болохгүй. Юуны тулд бүхэл бүтэн мэргэжлийн яам ажиллаж байгаа билээ дээ. Тиймээс бодит байдал ямар байгаа вэ гэдгийг зөв олж харж байж төлөвлөх хэрэгтэй. Хүнд хэцүү үед хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөхгүй гэж байгаа мөртлөө түүнээс илүү ач холбогдол багатай асуудал дээр мөнгө төсөвлөөд явж байна. Ер нь судалгаа шинжилгээ дутуу, асуудалд нухацтай ханддаггүй зүйлс өөрчлөгдөхгүй яваад байна гэх зүйл ажиглагдаж байгаа. Засгийн газар 1.8 жилийн дотор эдийн засгийн бусад эх үүсвэрийг судлаасай. Гаднаас хөрөнгө оруулалт татаж байж л эдийн засгаа сэргээх боломжтой мэт ярих юм. Гэтэл дотоодын нөөц, эх үүсвэрээ ашиглаж эдийн засгаа солонгоруулах арга замыг хаймаар байна. Мэдээж хэрэг хөрөнгө оруулагчдыг татах нь зөв. Гэхдээ эрх зүйн тогтвортой үйл ажиллагаатай болъё л доо. Тэгэхгүй бол гадныхан ч манайд хөрөнгө оруулахаас зайлсхийдэг болсон байна. Гол шалтгаан нь тогтолцооны тогтворгүй байдал. Нэг нам нь гарч ирээд өмнөхийнхөө хийсэн ажил, үйлчилгээг хүчингүй болгоод явдаг. Энэ бүхний цаана Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдлыг харах боломжгүй болоод байна.

-Төсөв батлахдаа нэлээн таналт хийсэн гээд байгаа. Гэхдээ бодитоор хасаж чадаагүй гэх яриа бий. Төсөвт ямар, ямар шаардлагагүй зардал тусгасан бол?

-Тодорхой жишээнүүдийг цаас хараад ярьж болно л доо. Гэхдээ ерөнхий агуулга, зарчмын хувьд үнэхээр тэсвэрлэх ёстой зардал юу байв гэдэг зарчмаа тогтох байсан. Үүнийгээ хямралын үед тэсвэрлэх ёстой. Хоморголоод бүх төрийн албан хаагчдын цалинг хасах буруу. Магадгүй өндөр албан тушаалтан буюу арай илүү цалин авч буй хүмүүсийн цалинг 30 хувиар багасгах санал тавьсан. Ийм байдлаар мэдрэмжтэй, зохистой байдлаар танах ёстой. Нөгөөтэйгүүр төсөв хэмнэх гээд байгаа бол тансаг хэрэглээгээ хасаж болно.

-Таны ярьж буй зүйлсийг ирэх оны төсөв дээр танаж чадсан уу?

-Ерөнхийдөө нэлээн танасан. Орж ирсэн төсвийн шүүсийг нэлээн шахсан байх гэж бодож байгаа. Нэлээн олон асуудлыг буцаасан. Буцаасны үр дүнд төсвийн өрийн босгыг боломжийн хэрээр багасгасан байх гэж бодож байгаа. Ер нь ерөнхийлөөд яваад байвал үр дүнд хүрэхгүй. Шуудхан 2017, 2018 онд төсвийн алдагдал хэдэн хувиар багасах вэ гэдгийг нарийвчлан тооцож зоригтой тоо тавья гэсэн. Зорилгодоо хүрэхийн төлөө эрмэлзэлтэй ажиллая гэх зарчим дээр тохиролцож чадсан учраас төсвийн өрийн босгыг багасгах чиглэлийн асуудал нэгдсэн ойлголттой, үр дүнд хүрсэн гэж харж байгаа.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа. Хэрвээ уг хөтөлбөрийг эхлүүлвэл төсөвт хэзээ тодотгол хийх вэ. Төсвийн тодотголоор нэн тэргүүнд анхаарах зүйлс юу вэ?

-“Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх ОУВС-гийн шинжээчид манай улсад ажиллаад явсан. Дүгнэлт хараахан гараагүй байх. Эцсийн дүгнэлт гарвал мэдээж хэрэг УИХ-аар хэлэлцэх байх. Тэр үед саналаа хэлнэ. “Стэнд бай” хөтөлбөрийг өмнө нь хоёр удаа авахдаа төсвийн сахилга батыг сайжруулах тал дээр үр ашгаа өгч байсан. Аль зардлыг хасах, алийг нь үлдээх ёстой вэ гэдгийг нарийн тооцоолж байсан юм билээ. Тэгэхгүй бол бид хоорондоо ярилцаад таная гэхээр аль нэг сайд миний багцаас хасах гэлээ гээд салбар салбараар өрсөлдөөд байдаг. Харин “Стэнд бай”-д хамрагдсанаар асуудлыг эрэмбэлж байгаад шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгдөг. Үүгээрээ өндөр агуулгатай. Нөгөөтэйгүүр энэ хөтөлбөрт хамрагдчихвал зээлжих зэрэглэл буураад хөрөнгө оруулагчид үргэх магадлалтай.

-Харин ч зээлжих зэрэглэл дээшилж гадны улс орнууд хөрөнгө оруулалт хийнэ гээд байх шиг байна?

-Үгүй. Өнгөрсөн хоёр удаагийн хөтөлбөрийн үр дүнгээр аваад үзэхэд “Стэнд бай” хэрэгжиж буй цаг хугацаанд хөрөнгө оруулалт буурч байсан. Яахав, Япон зэрэг улс орон тусална гэж буй нь төсвийн сахилга бат сайжрахтай холбоотой. Асуудлаа тодорхой болговол хөрөнгө оруулна гэж байгаа. Түүнээс биш бизнесийн тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй. Стратегийн буюу түншлэлийн хүрээнд туслахад бэлэн байна гэж байна.

-Энэ удаагийн парламент нийгмийн халамжид чиглэсэн бодлогыг хумиад байх шиг анзаарагдаж байна. Хүүхдийн мөнгийг л гэхэд 2019 он хүртэл хуримтлал хэлбэрээр хойшлуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг мөн хугацаанд нь баталсангүй?

-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад хүүхдийн мөнгийг зайлшгүй бэлэн мөнгөөр авах ёстой буюу нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаа. Үлдсэн хэсгийн мөнгийг хуримтлал хэлбэрээр буюу бэлэн бус байдлаар олгож байна. Хамрагдах хүрээ хумигдаагүй. Хүүхдүүд бүрэн хамрагдаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний асуудлыг нэг хэсэг зогсоосон нь үнэн. Ажлын байр бий болгож байсан гэх өнцгөөс л хараад байгаа. Олон хүн ажлын байраа бэлдчихээд байтал зогсоочихлоо гэж ярьсан. Гэтэл ажлын хэсэг байгуулагдаад ажлаа эхлэх үед хүүхэд харах үйлчилгээг эрхлэх гэж буй хүн сургалтад хамрагдсан уу, аюулгүй хоол хүнсээр хангаж чадах уу гэхчилэн асуудал хөндөгдсөн юм. Өнөөдөр бодит байдал дээр зарим газар нэг өрөө түрээслээд ямар ч сургалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдэд өдөрт гурван удаа бантангаас өөр хоол өгөхгүй. Хоол хүнснээс авах амин дэм, витамины хэрэгцээг хангахгүй байна гэхчилэн олон зөрчил илэрсэн. Гэхдээ иргэд нэгэнт энэ үйлчилгээг хүсэж байгаа гэдэг утгаар нь үргэлжлүүлэхээр боллоо. Уг үйлчилгээнд зургаан мянган хүүхэд хамрагдаад, 2500 орчим иргэн ажлын байраар хангагдсан учраас үйл ажиллагааг нь сайжруулаад, аттестатчилал явуулаад үргэлжлүүлье гэж ярьсан. Тэгэхгүйгээр одоогийн байдлаар нь үргэлжлүүлбэл тэнд маш олон хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдгийг ажлын хэсэг тодруулчихлаа. Ажлын байр, ажиллаж буй боловсон хүчинд нь аттестатчилал хийх хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээ нэг ёсондоо яг л цэцэрлэг шиг байх ёстой. Тийм хэмжээнд ажиллуулахыг шаардах нь төрийн үүрэг. Энэ утгаараа цаашид ажлыг нь улам сайжруулаад явна. Ер нь аливаа халамжийн бодлогод хойрго хандаж буй зүйл байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль яагаад хойшлогдсон бэ гэхээр хууль эрхзүйн орчин хангалттай хэмжээнд биш байна. 2004 онд уг хуулийн хэрэгжилт тийм ч сайнгүй байсан. Гэр орондоо байхдаа удаа дараа хүчирхийлэл үйлдсэн хүн цагдаад баривчлагдаж 24 цаг болоод зөрчил гэж авч үзээд байсан. Гэр бүл доторх гэмт хэрэг байнга давтагдаж сүүлдээ хүний амь нас хохирох болсон. Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй байсан юм.

-Одоо Эрүү, Зөрчлийн тухай хуультай хамт орж ирэх үү?

-Тэгнэ. Хугацааг нь хойшлуулсан түр шалтгаан бий. Эрүүгийн хуультай хамт өөрчлөлтүүдийг нь хийх ёстой. Ингэж байж эхнэрээ дарамтлаад байгаа нөхрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч буюу гэмт хэрэгтэн байна гэсэн зүйл заалттай болгох юм. Түүнээс биш өмнөх хуультай ижил байдлаар зөрчлийн хэмжээнд яваад байж болохгүй. Бусад хуультайгаа уялдуулах зорилгоор хугацааг нь хойшлуулаад ажлын хэсэг ажиллаж байна. Ялангуяа эмэгтэй гишүүд бүгдээрээ энэ хуулийн ажлын хэсэгт багтсан. Нэг ёсондоо гурван удаа цагдаагийн дуудлагад бүртгэгдсэн бол давтан хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр гэмт хэрэгт хамааруулж шалгана. Тэгэхгүй бол арав, хорин удаа дуудлага өглөө гэхэд зөрчил гэж үзээд торгоод явуулдаг. Ингэж гэр бүл доторх хүчирхийллийг таслан зогсоох эх сурвалж болж чадахгүй байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдээд албан бус бүлэг байгуулна гэж байсан. Албан бус бүлэгтэй болчихвол хэрхэн ажиллая гэж төлөвлөж байгаа вэ?

-Ерөнхийдөө эмэгтэй гишүүд маань албан бус бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Ялангуяа нийгмийн шинж чанартай хуулиудын ажлын хэсэгт орсон. Нөгөөтэйгүүр нийгэм дэх хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн чиглэлээр анхаарал татаж буй асуудлыг анзаарч байгаа. Гэхдээ олон нийтийн анхаарлын төвд орж буй асуудал болгоныг барьж аваад шоу хийгээд байхгүй. Үнэхээр бодитой хуулийн заалтуудыг өөрчилж нийгэмд хэрэгтэй үр дүнгийн төлөө ажиллана. Тулгамдаж буй асуудлыг хуваарилж аваад туршлага, мэдлэгтээ тулгуурлан ажиллая гэж ярилцсан. Жишээлбэл, миний хувьд хоёр ажлын хэсэгт орж хууль өргөн барьчихсан явна.

-Ямар хууль өргөн барьсан юм бэ?

-Хоёр хууль өргөн барьсан. Эхнийх нь хүүхэд төрүүлсэн ээж бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх тухай. Хоёрдугаарт нь, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль. Өнөөдөр ажил хийдэггүй хүн ээж боллоо гэхэд хохиролтой. Ажилгүй учраас төрөхийн өмнөх болон дараахь тэтгэмжээ авч чадахгүй байна. Тиймээс ажилгүй ээжүүд хүүхэд төрүүлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг улс төлнө. Нэг хүүхэд төрүүлбэл улсад 1.5 жил ажилласнаар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлөх юм. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэй улсад нэг ч жил ажил хийгээгүй байлаа гэхэд дараа нь зургаан жил ажилласан болж тэтгэврээ тогтоолгоно. Нэг ёсондоо ажилгүй ээжүүдэд чиглэсэн төрийн үйлчилгээ гэсэн үг.

-Эдийн засаг хүнд байгаа үед Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зарим салбарт 90 хувиар хөнгөлөх гэж байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагыг хамруулах боломжтой биз дээ?

-Олж буй орлогынхоо хэмжээгээр татвар төлдөг нь аль ч нийгмийн үнэн зүйл. Хэвлэл мэдээллийнхэн бол бусад салбартай л адил нийгэмд үйлчлээд явж байгаа. Нийгмийг эрүүлжүүлэхээр ажилладаг. Тэр утгаараа татварын зөв бодлогоор дэмжих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Г.ТЭМҮҮЛЭН: Австрид манайхаас 20 сарлаг аваачаад сарлагийн махан стейкний ресторан нээчихсэн байх жишээтэй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах
хөтөлбөр боловсруулсан. Харин УИХ-ын гишүүд хангалтгүй гэж үзээд дахин ажлын хэсэг
байгуулан сайжруулах гэж байна. Ер нь ямархуу хөтөлбөр болсон бэ?

-Уг хөтөлбөрийг манай бүлгийн хурал дээр ярьж байгаад ажлын хэсэг
гаргахаар болсон. Засгийн газраас оруулж ирсэн хөтөлбөрийг сайжруулах зорилгоор
ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсад эдийн засгийн хүндрэл биш хямрал нүүрлэчихсэн.
Бүхий л шатанд, аль ч салбарынхан үүнийг мэдэрч байгаа. Хүндрэлийг даван туулах,
тогтворжуулах хөтөлбөр бодитой хэрэгжээсэй, хүрэх үр дүн нь ирэх жилүүдэд тодорхой
харагдаасай гэж бодож байна. Орж эхэлсэн хөтөлбөрт ийм, ийм төслийг урагшлуулна,
ингэснээр эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрнэ, орлого тэдэн хувьд хүрнэ гэхчилэн
ерөнхий байдлаар бичсэн байна лээ. Гэхдээ энэ төлөвлөгөөний хүрээнд салбар тус бүрийн
макро түвшинд хүрэх үр дүнг, зорилго, цаг хугацаатайгаар нь нарийвчлан тодорхойлох
хэрэгтэй байна. Мөн өмнөх Засгийн газруудын үед оруулж ирж байсан, олон жил улиг
домог болтлоо яригдаж буй зарим төсөл хөтөлбөрүүд бахь байдгаараа ороод ирчихсэн
байна. Зарим нь бүр сүүлийн арав гаруй жил зүгээр л яриад байдаг хөтөлбөр ч багтсан.
Тиймээс ажлын хэсэг салбар, салбарын чиглэлээр хэлэлцүүлэг, уулзалт хийж эрдэмтэн
судлаачид болон бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонсож байгаа. Ингэж ажиллан хөтөлбөрөө
чамбайруулахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол өмнөх Засгийн газрын алдааг давтаад явах
нь. Өнөөдрийн нөхцөл байдалд цаг хугацаа аргацааж, тооцоо судалгаагүй ажиллах боломжгүй.
Бодит үр дүн л хэрэгтэй. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн амьдралд бодит үр дүнгээ
өгөхүйц хямралаас хөтөлбөр байх ёстой гэж харж байгаа. -Үр дүнгийн тооцоо, судалгааг
огт тусгаагүй гэж үү?

-Ерөнхийдөө тусгаагүй. УИХ дээр танилцуулсан байдлаас аваад үзвэл
ерөнхий тунхгийн шинж чанартай л орж ирсэн. Энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр
гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэх жишээтэй. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Нэг ам.доллараар,
эсхүл нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх юм уу гэсэн тодорхой үр дүнгийн судалгаа
байхгүй. Нарийн тооцоолъё гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулагдсан. Манай аж ахуйн
нэгжүүд зардлын гол ачаалал болоод байгаа банкны зээлийн хүүг бууруулж өгөөч, зогсолтгүй
өсөөд байгаа долларын ханшийг бариад өгөөч гэж хүсээд байгаа. Малчид мал хямд учраас
банкнаас зээл аваад хэрэглээгээ нөхөж байна. Малчид маань гол амьжиргааны эх үүсвэр
болсон малыг нь, махыг нь үнэтэй болгоод өгөөч гэхчлэн бодитой зүйл л хүлээж байна
шүү дээ.

-1.8 жилийн хугацаатай хэрэгжих юм байна лээ. Дунд нь тодорхой хугацаанд
хөтөлбөрийн үр дүнг дүгнээд явах уу?

-Цаг хугацаатай холбоотой, үр ашгийн дүгнэлтийн асуудлыг өмнө нь
огт дүгнэж байгаагүй юм билээ. Түрүүчийн Засгийн газрын үед “Эдийн хямралаас гарах
100 хоногийн хөтөлбөр” баталж байсан. Гэтэл 100 хоногийн дараа бүх зүйл хэвэндээ
л байлаа. Аливаа хөтөлбөр өөр дээрээ үнэлгээний хэсэгтэй байх ёстой. Үнэлгээг хэрхэн
тооцох вэ, аргачлал нь тоон байх уу, чанарын байх уу, ямар хүчин зүйлээр үнэлэх
вэ гэдгээ тодорхой тусгахгүй бол хөтөлбөр өөрөө тунхгийн чанартай болчихдог. Тиймээс
үр ашгийн дүгнэлт маань үнэлгээ хийнэ гэсэн үг.

-Хэтэрхий олон салбар хамарчихсан байна лээ. Уг нь цөөхөн хэдэн гол
салбартаа тулгуурлаад эрчимтэй ажиллаж болохгүй юу. Бүгдийг зэрэг явуулах боломж,
нөөц, чадавхи хомс болов уу гэж бодож байна?

-Эхний зургаан сарын хугацаанд аль салбарт гол ачааллаа үүрүүлэх
вэ. Дараагийн саруудад хүлээгдэж буй үр дүн энэ салбараас ирнэ гэхчлэн нарийвчлах
ёстой. Татварыг нэмээд, татвар төлөгчдийн халаас руу гараа дүрээд санхүүгийн хямралыг
даван туулж чадахгүй. Үүссэн зээлийг дараагийн зээлээр аргацаана гэсэн асуудал бас
байж болохгүй. Магадгүй гаднаас хоёр тэрбум ам.доллар орж ирээд хэсэг хугацаанд
аргацааж магадгүй. Гаднаас мөнгө орж ирлээ гэхэд өдрөөс өдөрт өсөж буй валютын ханшийг
л хэсэгтээ барих байх. Түүнээс биш асуудлыг нэг мөсөн шийдэж чадахгүй. Тиймээс хүссэн
ч, эс хүссэн ч 1.8 жилийн хугацаанд эдийн засгийн макро түвшний хүрээнд том бодлогын
реформ хийх ёстой. Аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас баримтлах бодлого нь хугацаатай,
тодорхой, ойлгомжтой байх ёстой.

-Уг нь энэ хөтөлбөрийг ирэх оны төсөвтэй уялдуулж баталсан бол гарах
үр дүн нь илүү бодитой байх байсан юм биш үү?

-Цаг хугацаа тулсан гэдэг үүднээс төсвөө баталчихлаа. Одоо ОУВС-гийн
хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байхгүй байхаа. Бид гурван жил бүсээ чангалж байж
хонгилын үзүүрт гэрэл харагдах уу, үгүй юу л болчихсон байна. 1992 онд П.Жасрай
гуайн “Одоо л нэг хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэдэг шиг 2019 оноос гялтайх
нь уу, үгүй юу гэдэг асуудал байна. Бүр нарийн яривал Монгол Улсын тусгаар тогтнол
эдийн засгийнхаа хүрээнд ямар байх вэ гэдэг зүйлээс ч хамаарах гээд байна. Гурван
жилд зарлагаа 50 хувь бууруулж байж төсвийн тэнцлийг барих боломжтой болно.

-Засгийн газар хангалттай түвшинд ажиллаж байна уу. Засгийн газраас
оруулж ирсэн төсөл хөтөлбөрийг УИХ унагаад байна. Уг нь нэгдээд ажиллах ёстой байтал
нэг л эвлэж өгөхгүй байх шиг харагдах юм?

-Яахав, шүүмжлэлийн өнцгөөс хандаж байгаа байх л даа. Төсвийн тодотгол
болон хэд хэдэн хуулийн төслийг буцааснаас ингэж харагдаж байж магадгүй. Тухайн
үед оруулж ирсэн төсвийн тодотголыг буцаасан асуудал бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт
тусгасан байсан бодлогын асуудлаас гажсан зүйл гарсан учраас буцаасан. Татвар нэмэх
тухай асуудлыг ч дэмжиж болохооргүй байлаа. Нэг талаасаа УИХ-ын зүгээс Засгийн газрыг
ирэх дөрвөн жилд ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг асуудлаар тодорхой чиглэл
өгсөн. Ирэх дөрвөн жилд ямар нэг байдлаар хий улс төржихгүйгээр, популизм ярихгүйгээр
ажиллая.

-Өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийг баталчихлаа. Гэхдээ оноос
өмнө амжаад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихвал тодотгол хийнэ. Тэр үед юун дээр
илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ хямрал айл гэр, аж ахуйн нэгж, бүх түвшинд хүн бүрт мэдэгдэж
байгаа. Иймээс “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж өр зээл нэмэгдүүлэхгүй байх, төсөв,
санхүүгийн сахилга батыг сайжруулах, зардлыг бууруулж эдийн засгийг эрүүлжүүлэх
зайлшгүй шаардлага тавигдаж байна.

-“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл төрийн албаны данхар бүтцийг
өөрчлөх гэхчилэн олон ажил эхлэх байх. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Төрийн албаны бүтэц сүүлийн дөрвөн жилд үндэслэлгүйгээр 30-40 мянган
албан хаагчаар нэмэгдэж бараг 200 мянгад хүрлээ. Төрийн албаны бүтэц олон улсын
жишиг зарчмын дагуу хамгийн бага бүтцээр, үр дүнтэй үйлчилгээ ард түмэнд хүргэх
ёстой. Төр татвар төлөгчдийн мөнгөөр албан хаагчдаа цалинжуулдаг учраас аль болох
бага зардал гаргах ёстой. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй сая нэг зуун мянга
гаруй хүн бий. Тэдний 200 мянга нь төрийн албан хаагч гээд бодоод үз дээ, бараг
25 хувь. Гэтэл бусад улс орны жишгээр аваад үзэхэд Японд нийт төрийн албан хаагчдын
харьцаа 7-8 хувьтай, Австрали, Америкт дээд тал нь 15 хувьтай байдаг. Төрийн ой
санамж, бодлогын залгамж чанар гэдэг маань боловсон хүчнээрээ уг нь дамжиж хадгалагддаг
ёстой. Би ч өөрөө энэ улс төрийн горыг биеэрээ амсаж, хийж байсан ажил маань зогсоод
харамсаж байсны хувьд хэлж байгаа юм.

-Төсвийн орлогыг нэлээн тулгаж тавьсан байна лээ. Магадгүй тооцоолсон
хэмжээнд хүрэхгүй байж мэднэ. Хоосон горьдохоор нүүрсний үнээ гадаад зах зээлийн
үнээр худалдах боломж байхгүй юу. Гэрээнд өөрчлөлт оруулж болох уу?

-2020 он хүртэл уул уурхайгаас олох орлого нэг их таатай байхгүй.
Дэлхийн зах зээлийн үндсэн хэрэглэгч Хятадын зах зээл сайнгүй байгаа. 2014 оноос
хойш нүүрс, төмрийн хүдэртэй холбоотой бүх хэрэглээгээ хумьсан. 2020 он хүртэл алтнаас
бусад дийлэнх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ төдийлөн сайн байхааргүй байна. Гэхдээ
одоогийн түвшнээс доошоо унахгүй. Тэгэхээр хэсэгтээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ
тэсрэлт хийж байсан үе рүү буцаж очно гэж байхгүй. Тэгэхээр бид зэсээс ч, нүүрснээс
ч айхтар хүлээлт үүсгэх хэрэггүй. Нүүрсний үнэтэй холбоотой ярихад эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх чиглэлийн бодлого баримтлахгүй бол болохгүй болчихлоо. Өнөөдөр гадаад
зах зээлд 200 ам.доллар байхад бид яахаараа 40 ам.доллараар өгдөг юм гэх асуудал
хөндөгдөж байна. Эцсийн бүтээгдэхүүнийг зөвхөн нүүрсээ угаах байдлаар хязгаарлаж
ойлгож болохгүй. 7.2 тэрбум тонн нүүрсний баялагтай Таван толгойн орд дээр л гэхэд
90 орчим хувь нь эрчим хүчний нүүрс. Цаана үлдэж буй 10 хувь нь коксжих буюу
200 ам.долларын үнэд хүрэх нүүрс. Эрчим хүчний зориулалтын нүүрсээ яах вэ гэдэг
асуудал гарна. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Ядаж нүүрсээ угааж нэмүү
өртөг шингээе, боломжит дээд үнэд нь хүргэх гарцаа хайцгаая. Бүгдээрээ энэ их нүүрсний
нөөцөө ашиглаж эрчим хүч үйлдвэрлэдэг, экспортлогч орон болъё. Таван толгойд суурилаад
цахилгаан станц барина гэж бид долоон жил ярьж байна. Би өмнө Эрдэнэс МГЛ-д дэд
захирлаар ажиллаж байхдаа 300 Мвт-ын ТЭЗҮ-ийг 2013 онд хийж дуусгаж байсан. Уг нь
тэр хавраа барилгын ажил эхлээд 2017 оны намар цахилгаан станц маань ашиглалтад
орох төлөвлөгөөтэй явсан. Гэтэл хий улс төржсөөр тэр хүн хүч, цаг хугацаа зарцуулсан
ТЭЗҮ-ийг ашиглалгүй байсаар ямар ч ажил урагшилсангүй. Засгийн эрх барьж буй нам
ТЭЗҮ боловсруулна гэдэг. Миний мэдэхийн дараа нь дахиад хоёр ч ТЭЗҮ хийчихсэн. Дараагийн
дөрвөн жилд дахиад ТЭЗҮ гэж битгий яриасай л гэж бодож байна. Эцсийн бүтээгдэхүүн
буюу эрчим хүч үйлдвэрлээд эхэлвэл байнгын тогтсон үнэтэй, хэрэглэгч нь бэлэн байдаг.
Таван толгойн нүүрсийг түүхийгээр нь экспортод гаргая гэж ярихаасаа илүүтэй урд
хөрштэйгээ хамтраад усны асуудлаа хамтарч шийдээд нүүрсний нөөцөө бүрэн ашиглаж,
6000 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцтай болох боломжтой. Манай дотоодын
хэрэгцээ 1000-1500 мегаватт. Үүний дүнд эрчим хүчний гадаад зах зээлийн хамаарлаас
салж, нүүрс, түүхий эдийн үнийн савалгаа, эрсдэлээс бүрэн хамгаалагдана. Цаашид
бусад нүүрсний төслүүдээ энэ байдлаар ашиглаж чадвал 5-10 мянган мегаватт эрчим
хүчийг жилдээ экспортлох боломжтой болно. Энэ асуудлыг хөрөнгө оруулагчид ч сонирхох
өндөр магадлалтай.

-Оюу толгойн хувьд бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш иргэдийн
амьжиргаанд эерэгээр нөлөөлж эхэлсэн. Харин Засгийн газар гэрээнд заасныхаа дагуу
яг хэдийгээс үр шимийг нь хүртэх юм бэ?

-Оюу толгойд
Монголын төр хувь үр ашиг хүртэнэ, ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд
уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнест орж байна вэ. Ашиг
олохын төлөө л орж байгаа. Оюу толгой төслөөс мөн л ашиг олохын төлөө орсон. Харилцан
ашигтай гэрээ хэлцлийг хийж, УИХ-аар хэлэлцэж, зөвшөөрөл олгон тухайн төслийг эхлүүлсэн.

Тухайн төслийг эхлүүлэхэд Монгол Улсад орох үр өгөөжийг шууд үзүүлэх
өгөөжөөр хэмжиж тохиролцсон. Бусдаар шууд бус үр өгөөж нь ямар ч хэмжээнд байж болно.
Нэгэнтээ Засгийн газар өөрийн төрийн аж ахуйн нэгжээрээ дамжуулан бизнест орж буй
бол үр өгөөж нь татвар, хураамж болон ноогдол ашгаар хэмжигдэх ёстой. 2009 онд байгуулсан
гэрээгээр Монгол Улсад шууд үр өгөөжөөрөө ашигтай төсөл байсан. Төслөөс гарах нийт
мөнгөн урсгалын 53 хувийг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлэх гэрээ хэлцэлтэй
байлаа. Энэ гэрээний дагуу жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая
ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж 2019 оноос хойш ноогдол ашиг авах боломжтой
байсан. Ноогдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийт татвар хураамж, ногдол
ашгаар нэг тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл хий
хоосон улстөржөөд, ард түмэнд таалагдахын тулд шийдвэр гаргаж байгаад өмнөх бүх
сайн зүйлүүдээ Дубайд очоод үгүйсгэчихсэн. Харалган бодлого төрд явсны гай л даа.
Өмнөх алдаагаа давтахгүй ажиллах, том төслүүд дээр сургамжтай байхын тулд өмнөх
асуудлыг харин зарчмын хувьд ярьж байх ёстой.

-Тэгвэл төрийн өмчийн энэ олон аж ахуйн нэгжүүдийг цаашид яаж авч
явах, энэ олон төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой юм бэ?

-Улс төржилт, хий хоосон намчирхлаас ангид байж бизнес зах зээлийнхээ
зарчмын дагуу хэрэгжинэ. Адаглаад ядаж төрийн өмчийн компаниуддаа компанийн сайн
засаглалыг яаж хэрэгжүүлэх вэ, яаж олон улсын жишигт хүргэв гэдгээс эхлэх хэрэгтэй.
Уг нь бол тэр компани төрийнх байна уу, хувийнх байна уу ялгаагүй л ашгийн төлөө
ажиллаж, дэлхийд өрсөлдөх хэмжээний том компани болох зорилготой байгаа. Гэтэл бид
ядаж Хятад шиг, Казакстан шиг, Сингапур шиг төрөөс хараат бус байдлаар бүх үйл ажиллагаагаа
явуулах, зах зээлийнхээ зарчмаар өөрсдөө шийдэх дархлааг нь эрх зүйн орчны хүрээнд
энэ компаниуддаа хийх хэрэгтэй байна. Төрөөс ямар нэг дарамт шахалт, дэмжлэг туслалцаа
ч байх ёсгүй. Дээрх улсын төрийн өмчийн компаниуд төрөөс хэр хамааралтай байгаагаа
өдөр тутам төрөөс ирж буй утасны дуудлага, албан бичгээр нь хэмждэг байна.

-Та хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүн. Малчдын амьдралыг сайн
мэдэх хүмүүсийн нэг. Өнөөдөр хөдөөний амьдралд тулгамдаж буй гол асуудал юу вэ.
Тэнд шинэчлэлийн ямар реформ хийж болохоор харагдаж байна вэ?

-Сүүлийн арав гаруй жил Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур уул
уурхай гэж ярилаа. Хөдөө аж ахуйг бараг мартсан гэж хэлж болно. Уг нь хүссэн хүсээгүй
эдийн засгийн тулгуур салбар хөдөө аж ахуй. Тэр дундаа уламжлалт мал аж ахуй байж
таарна. Би хөдөө орон нутгаас сонгогдсон 48 гишүүний нэг. Өөрөө ч сүүлийн 20 гаруй
жил морь малтай ойр явсан хүний хувьд малчдын маань амьдралд юу тулгарч байна, бид
цаашид юу хийх ёстой вэ гэдэг асуудлыг сайн мэднэ. Хөдөө аж ахуйн салбарт бид өмнө
нь явж ирснээсээ илүүтэй шинэлэг байдлаар бодлого, шийдлээ гаргах зайлшгүй шаардлагатай.

Бодит байдлыг аваад үзэхэд өнөөдөр мал, малын мах, түүний түүхий
эдийн бүтээгдэхүүний үнэ уначихаад байна. Энийгээ дагаад малчдын амьжиргаа дордлоо.
Нэг төлгөөр өнөөдөр хоёр шуудай гурил авч чадахгүй болж байна. Гэтэл төр засаг өнгөрсөн
хугацаанд малчдынхаа амьжиргааны эх үүсвэр болсон малын түүхий эдийн үнийг тогтвортой
байлгах зөв бодлого барьж ажилласан бол өнөөгийн нөхцөлд хүрэхгүй байлаа. Цаашид
бид яаж үнэгүйдлээс хамгаалагдсан мал аж ахуйтай болох вэ. Малчдын маань орлогын
эх үүсвэр махыг бид хэрхэн үнэтэй бөгөөд тогтвортой байлгах вэ. Монгол малыг бид
хэрхэн эрүүлжүүлэх вэ гээд олон асуудал тулгарч байна. Өнөөдөр бид малаа үнэтэй
байлгая, махаа гадаад зах зээлд экспортолъё гэж байгаа бол малаа эрүүлжүүлэх асуудлыг
онцгой анхаарч, төрийн нэгдсэн бодлого, зохицуулалтаар шийдвэрлэхээс өөр аргагүй.
Малаа эрүүлжүүлэх асуудлыг сүүлийн 20 гаруй жил бид орхигдууллаа.

Өнгөрсөн есдүгээр сард Хятадад болсон дэлхийн мах экспортлогч, импортлогч
орнуудын олон улсын хурал, экспод оролцоод ирлээ. Дэлхий ямар түвшинд хүрсэн, юунд
зорьж байна, тэрнийхээ төлөө юу хийж буйтай танилцлаа. Энэ олон улсын хурал, үзэсгэлэнгийн
үеэр хятадууд ирэх жилүүдэд аль улсаас хичнээн хэмжээний мах импортлох квотоо тогтоож
байна. Мах импортлогч улс орнууд ямар шаардлага тавьж байна, юун дээр анхаарал хандуулдгийг
нь бид эндээс сурч, бодлого шийдэлдээ анхаарах ёстой. Дэлхийн хамгийн том зах зээл
болох урд хөрш маань 2017 онд 90 сая үхрийн мах авах гэж байгаа. Хятадын зах зээл
жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр жилийн өмнө 60 сая үхэр авдаг байсан бол ирэх жил
90 сая болж өслөө. Дахиад хоёр жилийн дараа магадгүй арван саяар нэмэгдэнэ. Энэ
зөвхөн үхрийн махных нь хэрэгцээ нь шүү, гэтэл бид 60 сая малтай гэж цээжээ дэлдэж
байдаг. Адаглаад ядаж хээлтэгч болон хээлтүүлэгч малынхаа бүтцийг зөв гаргаж ирэхгүй
бол 90 саяаас нэг саяыг нийлүүлэхэд тогтвортой хугацаанд нийлүүлж чадахгүй.

Тэгэхээр бид эрэлт байгаа зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө
зорилготой ажиллах ёстой. Эхний ээлжинд махаа хил гаалиар гаргахад тавигддаг олон
улсын стандарт, шаардлагыг нь хангадаг болох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал бидний
эдийн засгаа нөгөө солонгоруулах гээд байгаа боломж нэгээр бүрдэнэ. Манай монгол
мал шиг уг нь байгалийн, экологийн цэвэр бүтээгдэхүүн ховор. Гэтэл ирэх жил Хятадад
үхэр нийлүүлэх гэж байгаа Испани, Аргентин, Бразил гээд улсууд өөрсдийнхөө үхрийг
борлуулах маркетинг хийхдээ манай үхэр ямар нэг химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй,
байгальд энэ монголчуудын яриад байгаа шиг тааваараа бэлчээрлэж, 300 гаруй эмийн
ургамал идэж байна, дээр нь манай 36 сартай үхэр 500 кг, өөхний зузааны давхарга
нэг см болтлоо нимгэрж чадлаа гээд хөдөө аж ахуйдаа шинжлэх ухаанчаар хандаж байгаагаа
рекламдаж байна. Өнөөдөр бид малынхаа ашиг, үр шимийг нь сайжруулахын тулд энэ асуудалд
шинжлэх ухаанчаар хандахгүй бол хэдийнэ хоцрогдчихлоо. Манайд идэшний бүдүүн үхэр
250-300 кг л татаж байгаа. Нэг ёсондоо дэлхийн стандартаас хоёр дахин давжаарчихаж.
Дээрээс нь өөхний давхарга ямар байгаа билээ. Мөн хэдэн жил тэжээж байж 250 кг жинд
хүрч байгаа вэ гэх мэтчилэн малаа эрүүлжүүлэхээс гадна үүлдэр угсааг нь сайжруулах
ажил хийхгүй энэ зах зээлд өрсөлдөж чадахгүй нь ээ.

-Та нутагтаа малын шинэ үүлдэртэй болохоор төсөл эхлүүлсэн гэсэн.
Тэр төслийнхөө талаар ярихгүй юу. Таны ярьж буй дэлхийн стандартад нийцэх үү?

-Өнгөрсөн жил Архангайнхаа зарим нэг суманд илүү нугаламтай барга
хуц нийлүүлсэн. Төлгөн хуц гэхэд 50-70 кг жин татаж байгаа. Жирийн малчин айлуудын
хонь нас бие гүйцээд сайн л бол 40-50 кг жин хүрч байгаа биз дээ. Тэгэхээр малчин
түмэн маань тооноос илүү чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс 60 сая малтай
байж болно. Нэг малаас хэдэн кг мах гаргаж байна вэ гэдэг чухал. Магадгүй 20 сая
малтай мөртлөө амьдын жингээр 60 сая малтай дүйцэхүйц байж болно. Цаашлаад бэлчээрийн
даацад яаж эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Малын тоо нэмэгдэж байна
гэдэгт баярлахаас илүүтэй үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх чиглэлд анхаарах
цаг болсон.

-Ярихынхаа оронд аль нэг аймгийг сонгож аваад жишиг хэмжээнд очтол
эрүүлжүүлээд, үүлдэр угсааг нь сайжруулж болохгүй юу?

-Би яг наадхыг чинь л зориод байна. Өмнө нь бидний мал аж ахуйн салбартаа
хийдэг байсан зүйлүүд маань өнөөдөр байхгүй болчихож, энийгээ эхний ээлжинд ядаж
сэргээе. Сум, баг бүрт байдаг байсан малын угаалгын ванн, усан сан маань алга. Хавар,
намартаа бүх малаа байндаж, туулга хийдэг байсан зүйл алдагдсан байна. Үгүй ядаж
л угаалга, туулгаа хийснээр малын арьс, ширний бүрэн бүтэн байдлыг хадгалдаг байлаа.
Гэтэл өнөөдөр ширээ тушаах гэхээр энд тэндээ хачигт баригдаад цоорчихсон болохоор
үйлдвэрүүд голоод байдаг. Социализмын үед хаврын 13, намрын найм гэсэн мал эрүүлжүүлэх
төлөвлөгөөт ажил хийдэг байсан. Үүнийг ядаж сэргээх хэрэгтэй. Зөв чиглүүлээд, бодлогын
түвшинд ажиллавал монгол малын брэнд үүсгээд явж болно.

-Мал эрүүлжүүлэх тухай олон жил ярьж байна. Дорвитой хийж буй ажил
бий юү?

-Улсын хэмжээнд вакцин үйлдвэрлэдэг ганцхан газар байна. Биокомбинатад
сүүлийн 20 жилд нэг ч хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй. Одоо л Унгараас 25 сая
ам.долларын зээл, тусламжаар шинэчлэл хийхээр ярьж байгаа. Улсын хэмжээнд өнөөдөр
нийт малынхаа 20, 30 хувьд хүрэх хэмжээний л вакциныг үйлдвэрлэж байгаа. Байгаа
нь магадгүй аль 20 жилийн өмнөх стандартын бүтээгдэхүүн. Өнөөдөр гарсан ханиад томууг
дарах боломжгүй болчихсон байдаг. Тиймээс төрийн бодлогоор малаа эрүүлжүүлэх тогтолцоог,
бүтцийг нь үндэс суурьтай нь авч бий болгох хэрэгтэй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа
явуулж буй жижиг, дунд үйлдвэрүүдийг, хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй болжээ. Хэрэв
төрөөс зөв бодлого баримталж дэмжээд өгвөл аймаг болгонд мал эрүүлжүүлэх чиглэлийн
үйлдвэрүүд бий болно. Үндэсний үйлдвэрлэл гээд байдаг хэрнээ мал эмнэлэг, эмийн
сангуудаар орохоор гаднаас орж ирдэг цагаан тариа гэж бидний хэлж заншсан тариаг
л өргөн авч байна. Үүний оронд үндэсний эмийн үйлдвэрийн ижил чанартай тариа яагаад
байж болохгүй гэж. Ганцхан энэ тариа л монгол малчны түрийвчнээс хэдэн төгрөг гаргаж
байна вэ, хэдэн төгрөг гадагш урсаж байна вэ гэдгийг судалбал маш өндөр тоо гарна.

-Улс бодлогоо боловсруулаад ажиллавал монгол мал хэзээ бүрэн эрүүлжиж
чадах бол. Нэг захаас нь хөөгөөд вакцин тариагаа хийгээд явж болохгүй юу?

-Хөдөө аж ахуйтай холбоотой, монгол малыг эрүүлжүүлэхтэй холбоотой
хуулийн төсөл санаачлаад боловсруулаад явж байна. Засгийн газартайгаа хамтраад ажил
хэрэг болгоно. Бидэнд мал аж ахуйд суурилсан асар том нөөц бололцоо бий. Энгийн
жишээ хэлье л дээ. Хөдөөгийнхөн маань шар сүүгээ асгаж байгаа. Гэтэл Швейцарьт яаж
байна гээч. Шар сүүнд шинжилгээ хийсний дүнд ямар их амин дэм байгааг тогтоочихож.
Судалгаандаа тулгуурлаад шар сүүний ундаа, чихэр, шоколад хийдэг болсон. Гэтэл манайд
мал аж ахуйд тулгуурласан шинжлэх ухааныг орхигдуулсан. Мал аж ахуйн салбар өөрөө
өөрийнхөө хөгжлөөр явж байна. Малчин түмний нуруун дээр л явдаг. Япончуудын бас
нэг судалгаа бий. Тэд монгол сарлагийн сүүг судалсан байгаа юм. 3000 метрийн өндөрт
бэлчээрлэж хамгийн өндөр үр ашигтай ургамал идэж буй мал өөр байхгүй. Тэгэхээр сарлагийн
сүүтэй дүйцэхүйц амин дэм, тослогтой сүү байдаггүй юм. Австрийн өндөр ууланд манайхаас
20 гаруй сарлаг тээвэрлэж очоод ресторан нээчихэж. Австрид монгол сарлагийн махан
стейкний ресторан бий. Жилийнхээ хэрэгцээнд дөрөв, тавыг нь хэрэглэдэг гэсэн. Нэг
таваг хоол 30-40 еврогийн үнэтэй. Гадныхан ингэж монгол гэдэг нэрээр брэнд үйлдвэрлээд
байна. Бидэнд байгаа давуу талыг нээж өгөөд байна. Гэтэл манайхан ашиглаж чадахгүй
юм. Мал аж ахуйгаа бүрэн ашиглаж чадахгүйгээс болоод сүүний хэрэглээнийхээ 90 хувийг
гадаадаас авдаг боллоо. Уг нь мал аж ахуйн орон. Зах зээлийн гажсан тогтолцоог дагаад
өнөөдөр хөдөө үнээгээ бүтэн саадаг айл алга. Өглөөд ганцхан удаа саадаг болсон.
Хонь ямаагаа бүр саахаа больчихож. Тэгэхээр ядаж л сүүнийхээ хэрэгцээг өөрсдөө бүрэн
хангадаг болъё л доо. Өөрсдөд байгаа нөөц бололцоогоо ашиглаж брэнд бий болгох бүрэн
боломжтой. Гэтэл Аж үйлдвэрийн парк гэхчлэн том зүйл яриад байдаг. Том зүйл хайх
хэрэггүй. Үйлдвэр байгууллаа гэхэд “Эрдэнэт” шиг, “Оюу толгой” шиг байх албагүй.
Улс орны хөгжил дэвшил анхан шатны нэгжээс эхэлдэг. Сум дүүрэг, хороо багаасаа эхлэх
ёстой.

-Зорилтот зах зээл рүү нь л хандуулах хэрэгтэй шиг байгаа юм. Америкт
л гэхэд органик хүнсний ногоо бусдаасаа хэд дахин өндөр үнэтэй байдаг. Тэрэн шиг
органик үхрийн махны брэнд гаргаж болох уу?

-Тодорхой зах зээл рүү чиглэхгүй бол болохгүй. Богино хугацаанд ямар
арга хэмжээ авах ёстойгоо тодорхойлох ёстой. Ойрын хэдэн жилдээ махаа түүхийгээр
нь экспортолж чадахгүй юм байж. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүнээр гаргая. Бүтэн боловсруулсан,
хагас утсан мах гаргаж болно. Дотоодын хэрэгцээндээ борц болгоод ашиглая. Гадаад
зах зээл рүү утсан мах гаргая. Гадны улсад утаж хатаасан мах нэг кг нь 100 ам.доллар
хүртэл хүрч байгаа. Эцсийн бүтээгдэхүүн ямар үнэд хүрдэг вэ гэдгийг энэ жишээнээс
л хар. Өвөр монголчууд байна. Тэдэнтэй уулзахад сарлагийн сүү, борц авъя гэдэг.
Махаа түүхийгээр нь нийлүүлж чадахгүй юм бол хамгийн гол нь хагас боловсруулаад,
байнга нийлүүлээч гэж байгаа юм. Энэ асуудлыг ажил болгохын тулд Засгийн газар дэмжлэг
үзүүлэх ёстой. Би гэхэд аймгийнхаа хэмжээнд хоёр сум сонгож аваад, Шилийн гол аймагтай
ч юм уу харилцаа тогтооё гэж бодож байгаа. Мөн болж өгвөл ирэх жилээс жижиг, дунд
үйлдвэрүүдийг байгуулъя. Өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад мах утдаг, хатаадаг
тоног төхөөрөмж оруулаад ирж болно. Хятадад тийм үйлдвэр байна. 20 үхрийн махыг
таван цагийн дотор утаж хатаадаг. Тийм төхөөрөмж 30 сая төгрөгийн үнэтэй. Нэг суманд
ийм техник ахадна. Арай хямд үнэтэй, арай бага хүчин чадалтай машин оруулаад ирье.
Хятадуудыг оруулж ирээд инновацийг нь нутаг орондоо суурьшуулаад авах хэрэгтэй.
Нэг суманд хэрэгжүүлэхэд дорхноо газар аваад үргэлжилнэ. Түүхий эд бүрийг боловсруулах,
нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: “Стэнд бай”-г хэрэгжүүлэхээс юундаа цааргалж, айж үхчих гээд байгаа юм

Холбоотой ЗурагБНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-УИХ ирэх оны төсвийг баталлаа. МАН-ынхан эдийн засгийн байдал хүндийг
нь гайхаад байгаа. Таны байр суурийг сонирхъё?

-Муу биш харин ч боломжийн төсөв орж ирсэн байна лээ. Бодит байдал
дээр төсвийн алдагдал 60, 70 хувьтай байгаа. Гэтэл 20, 30 хувийн алдагдалтай оруулж
ирсэн байсан. Би байсан бол алдагдлыг тэр чигээр нь оруулж ирэх байсан. Өнөөдөр
бид арван төгрөг олж байгаа. Гэтэл наяыг зарцуулж байна. Үлдсэн далан төгрөгийг
яах юм бэ. Тэр мөнгө огт байхгүй байна. Байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авахын
оронд алдагдалгүй төсөв баталчихаад түүнийгээ хулгайн аргаар, энд тэндхийн зээлээр
нөхөх гэж байгаа бол гадаад өр улам л нэмэгдээд байна. Ийм байдлаар явбал нэг өглөө
сэрээд л албан ёсоор дампуурлаа зарлана. Яг Грек шиг баларна гэсэн үг. Тэгээд зогсохгүй
улс үндэстэн гэдэг зүйлээ алдаж тусгаар тогтнолгүй болж магадгүй. Тийм учраас УИХ-ын
гишүүд хариуцлагатай хандсан нь дээр байх. Хувийн амбиц, сэтгэлийн хөөрлөөр асуудалд
хандаж болохгүй.

-Төсвийг сайжруулахын тулд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах
тухай ярьж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний ашиг тус юу байх бол. Ер нь хамрагдах
хэрэгтэй юү?

-ОУВС-гийн гишүүн таван орон бий. ОУВС буюу АНУ, Англи, Европын холбоо,
Хятад, Япон гэсэн таван улс дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа. Тэд
биднийг тоогоод, танай улс хэцүү байдалд орох нь гээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ
ав, “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүл гэж аль эрт мэдэгдсэн. Манайхан л тойрч зугтаагаад
байснаас биш аль эрт энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан. ОУВС биднийг тоож
харилцаж байгаад баярлах хэрэгтэй. Тэр том дэлхийн айлын гэрт орохоос цааргалах
хэрэггүй байх. Бидэнд л хэрэг болно уу гэхээс ОУВС манай улсаар дутаад байгаа юм
биш. Тэр хөтөлбөрийг авъя гэхээр манайханд гэхээсээ илүүтэй ОУВС-д ашигтай юм шиг
ойлгоод байна. Харин ч тоож байгаа дээр нь баярлаж аваад мөнгөндөө арвич хямгач
байж сурна л биз. Эдийн засгийг жаахан ил тод болгож өгөх байх, үр ашиггүй зардалд
хяналт тавих байх. Тэр юу нь буруу байгаа юм бэ. Эдийн засгийг ашигтай болгож өгөөд
түүндээ үндэслэн зээл, тусламж өгье гэж байна. Юундаа цааргалж, айж үхчих гээд байгаа
юм. Монголыг мөнгөн хуримтлалтай болгох гээд байгаа хөтөлбөр. Тэрнээс биш манайхыг
устгах гээд байгаа зүйл огт биш.

-Хэрэв “Стэнд бай”-д хамрагдчихвал гадаад улсаас зээл, тусламж авах
боломжтой болох юм билээ?

-“Оюу толгой” гэж компани байдаг биз дээ. Тэр компани өнгөрсөн жил
6.5 миллиард ам.доллар зээлж авсан. Тэр ам.долларыг зээлж авахын тулд ОУВС-гаас
1.5 миллиард ам.доллар зээлсэн байдаг. ОУВС 1.5 миллиард ам.доллар тэдэнд зээлдүүлсэн
учраас дэлхийн бусад банкууд зээл олгож байгаа юм. Яагаад гэвэл ард нь ОУВС байсан.
Яг түүнтэй ижил ОУВС манай улсын банк, санхүүгийн тогтолцоонд нөлөөлөөд ирэхээр
бусад гадны компаниуд манайд хөрөнгө оруулж эхэлнэ.

-Гадны банк орж ирвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх
мэтээр ярих юм. Гэтэл гадаадын банкны салбаргүй гуравхан улс дэлхийд байдгийн нэг
нь манайх гээ биз дээ?

-Монголд гадны банкны салбар бий шүү дээ. Төлөөлөгчийн газар ч бий.
Тэд Монголд сайн төсөл байвал санхүүжүүлье гэж байгаа. Түүнээс биш монголчууд аа,
та нар зүгээр суу, бид цалинжуулъя гэж хэзээ ч хэлэхгүй. Аль ч банк ийм л байр суурьтай
ажиллана.

Түүнээс биш алдагдалтай эдийн засаг руу учир зүггүй мөнгөө юүлнэ
гэж байхгүй. Ер нь бол манай улсын эдийн засаг бага учраас гадны банкууд үнэндээ
тэгтлээ сонирхохгүй. Гадны том банкуудын хувьд манай улсад үйл ажиллагаа явуулна
гэдэг зүгээр субботник байхгүй юу. Ганц нэг газар л төлөөлөгчийн газраа байгуулсан
шүү дээ. Тэрийг юуг нь эсэргүүцээд байгаа юм.

-МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулсан гэж яриад байгаа. Ярьснаараа
байж чадаж байна уу. Ер нь Засгийн газар ямархуу түвшинд ажиллаж байна вэ?

-Мэргэжлийн гэдэг нэг талаасаа их өрөөсгөл ойлголт байна. Хөдөө аж
ахуйн сайд заавал зоотехникч, эсвэл малын эмч байх ёстой юу. Барилга, хот байгуулалтын
сайд заавал инженер хүн байх уу. Мэргэжлийн гэхээс илүүтэй чадамжтай гэж яримаар
байгаа юм. Гүйлгээ ухаан сайтай, бүх төрлийн боловсролтой, хэл ус сайтай байх хэрэгтэй.
Тэр үүднээсээ Засгийн газрыг бүрдүүлж байгаа бол мэргэжлийн гэхээс илүүтэй чадамжтай
гэмээр байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхдээ ядаж жилийн дараа шүүмжилье.
Дөнгөж зуу хонож байхад алийг нь муу, алийг нь сайн гэх вэ.

-МАН-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг та анхааралтай ажиглаж
байгаа байх. Эрх барьж буй намын үйл ажиллагааны шүүмжлэлтэй, басхүү сайн тал нь
юу байна вэ. Нийгэм, эдийн засгийн тогтолцоог эрх барьж буй дөрвөн жилдээ өөрчилж
чадах болов уу?

-Бид нэг зүйлийн өмнө ирээд зогсчихлоо. Ирээдүйд капиталист орон
болох уу, социалист байх уу гэдэг сонголтын өмнө ирчихсэн байна. Энэ хоёрын дундуур
20 жил явлаа. Одоо аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Зааг дээр нь ирчихсэн байна. Хэрвээ
ОУВС-гаас зээл тусламж аваад явбал капиталист нийгмийг сонгох байх. Улс төрийн бүтцийн
хувьд олон намын системтэй, ардчилсан системтэй, хүний эрхийг дээдэлсэн орон болно.
Социалист замыг сонгох бас боломж байна. Хоёр хөршөөсөө зээл, тусламж гуйгаад олон
улсын байгууллагуудыг хөөгөөд гаргах байх. Дипломат хэрэгцээгээ тасдах хэрэгтэй
болно. Цөөн хэдэн социалист улстайгаа найзлаад явна. Өнөөдрийн нийгэм энэ хоёр нийгмийн
зааг дээр л явж байна. Алийг нь дагах вэ гэдгээ шийдэх цаг болсон. Өнөөдөр Япон,
Солонгост 95, 100 настай өвгөн, эмгэн тариан талбай дээр ажиллаж байгаа. Гэтэл манайхан
50 дөнгөж гарч тэтгэврээ тогтоолгочихоод гэртээ сууж байна. 50 гарсан эрэгтэйгээс
юу хийж байна гэж асуугаад үзээрэй. Хүүхдээ хараад гэртээ сууж байна гэдэг. Эмэгтэйчүүд
амьдралаа залгуулах гээд хөдөлмөрлөж байна. Галт тэргэнд суугаад яваад үзээрэй.
Дандаа хүүхнүүд ганзагын наймаанд явж байгаа. Коммунист, социалист, дээр нь эмэгтэйчүүдийн
улс орон болчихлоо. Одоо сансарт нэг эмэгтэйг нисгэх л дутуу байна. Дорждагвын Дондогдулам
гээд бүсгүйг сансарт нисгэчих. Тэгээд тэр чигтээ эмэгтэйчүүдийн улс орон болъё.

Өнөөдөр жендерийн тэгш эрх гэж их ярьдаг болсон байна. Дандаа эмэгтэйчүүдийн
эрхийн тухай ярьдаг. Эрэгтэйчүүд нь ямар ч эрх, үүрэггүй болчихсон. Тэд гэртээ хүүхдээ
хараад хоолоо идээд байж байг. Дээрээс нь төрийн албыг цомхотгох ёстой. 200 мянган
төрийн албан хаагчийг 100 мянга болгох хэрэгтэй. Сайхан, сайхан залуус конторт суугаад
утсаараа тоглохыг боддог болчихож. Оронд нь хувийн хэвшилд аж ахуйн ажил хий л дээ.
Сайхан мал малла, үнээ саа, аргал түү, ногоо тарь, машины ард ажиллаж сур. Яагаад
контор руу шигдээд байгаа юм бэ. Тийм учраас МАН нэн тэргүүнд төрийн албыг тал хувьд
нь хүртэл цомхотго. ОУВС ч ийм шаардлага тавих байлгүй. Хоёрдугаарт, татвар төлдөггүй
хүмүүсээс татвар авдаг болмоор байна. Ченжүүд яагаад өдийг хүртэл улсад нэг ч төгрөгийн
татаас төлдөггүй юм бэ. Ажлаа хийгээд явж байгаа бид яахаараа татварын байцаагчид
загнуулаад, үргэлж шалгуулж явдаг юм. Энийг болиулах ёстой. Бүх нийтээрээ татвар
төлье. Төлөхгүй бол бүгд больё. Дээрээс нь бид байгаа мөнгөөрөө болсон болоогүй
импортын бараа маш ихийг авч байна. МАН-ынхан иймэрхүү зүйлийг хийж эхлүүлж чадахгүй
бол хэрэг алга.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр Засгийн газраас
УИХ-д оруулж ирлээ. Тэр хөтөлбөрт казино, морин тойруулгатай болох саналууд багтсан
байна лээ. Энэ бүхнийг хэрэгжүүлээд Монголын эдийн засаг өндийх болов уу?

-Казино байгуулбал монголчууд бие биенийгээ шулаад тэрнээсээ болж
хэрэлдэж зодолдох байлгүй дээ. Тэрнээс биш хүйтэн, шороо шуурсан газар казино тоглох
гэж гаднаас нэг ч хүн ирэхгүй байх. Сингапур, Макао гээд хэчнээн сайхан газрууд
байна вэ. Үгүй дээ л ресторанд нь ороход 500 нэр төрлийн хоолны сонголттой. Зочид
буудлууд нь дандаа нэгдүгээр зэрэглэлийн, таван одтой. Үйлчилгээний тухайд ярих
юм биш. Дээд зэргээр хүнд үйлчилж чадаж байна. Ийм байхад гадныхан Монголд ирэх
үү, Сингапурт тоглох уу. УИХ-ын гишүүд миний үгэнд үнэмшихгүй байж магад. Яахав
байгуулаад үзэг. Би бол нэг ч гадны хүн манайд казино тоглох гэж ирэхгүй гэж бодож
байна. Морин тойруулгын тухайд манайх хэдэн уяачтай. Тэд ийм зүйл санаачилсан юм
байлгүй. Яахав байгуулж болно оо. Гэхдээ эзэн хүн өөрөө морио унаад уралддаг байх
ёстой гэх ганцхан зарчимтай байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр насанд хүрээгүй хэдэн хүүхдийн
аарцгийг задалчих гээд зайдан уралдуулаад байж болохгүй. Хар нялхаас нь хамаг эрхтнийг
нь гэмтээж байна. Өөрсдөө том дээл өмсчихөөд гэдийгээд суугаад байдаг. Тэд өөрсдөө
уралд л даа. Тэднийг харъя л даа. Ц.Элбэгдорж, М.Энхболд морио уралдуулж байвал
өөрөө мордоод яв. Тэгвэл ядаж сонирхолтой болно шүү дээ. Тэгэхгүйгээр хүнээр морио
уяулчихаад түрүүлэхээр нь миний морь гэж томроод байдаг. Морь уяж л байгаа бол өөрсдөө
уралдана гэсэн хуультай болгочих. Тэрнийхээ дараа морин тойруулгаа байгуул. Уралдаан
ч сонирхолтой болж олон хүн очиж үзнэ. Их хурлын 76 гишүүний тал нь морьтой байлгүй
дээ. Тэд хоорондоо сайхан уралдана. Бид ч хэний морь вэ гэж таньж цөхөх юмгүй болно.

-Эдийн засгийг сайжруулах ямар гарц харагдаж байна вэ?

-Эдийн засаг тэгтлээ муу болчихсон зүйл байхгүй. Хүмүүс ингэж л амьдарч
байсан. Зам дээр машин түгжирч байгаа юу, хэвээрээ байна. Баар ресторан пиг байдаг
байв уу, тийм. Долоо хоног хоол идсэнгүй гээд өлсөж үхсэн хүнтэй таарав уу. Би лав
таарсангүй. Ийм байхад эдийн засаг хямарлаа, муудлаа гэж хоосон яриад байх хэрэггүй.
Бүх юм байдгаараа байна. Ам.долларын ханш өслөө л гэх юм. Тэрүүгээр яах гээд байгаа
юм. Манай үндэсний валют төгрөг шүү дээ. Одоо эдийн засгийг аврах боломжтой хоёр
том алхам байна. Алдагдлаа эхлээд багасга. Төсвийн үр гамгүй зардлыг 50 хувь багасга.
Хэрэггүй асар их зардал байна. Миний л мэдэхийн хэчнээн компьютер, принтер авав
аа.

Хоёр дахь асуудал бол мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Алдагдлаа
багасгаад мөнгөн хуримтлалтай болчихвол яаж хөгжих вэ гэдэг асуудлыг сая ярих боломжтой
болно. Өнөөдөр ам.долларын ханшийг чөлөөлөхгүйгээр хиймлээр бариад яваад байвал
хамаг баялгаа гадагш алдана. Манайх шиг жижиг улс экспортод анхаарлаа хандуулах
ёстой. Тодорхой хэдхэн бараа, бүтээгдэхүүнийг гадагшаа гарга. Бүх зүйлийг хийнэ
гэвэл угаасаа бүтэхгүй.

-Ямар бүтээгдэхүүн экспортод гаргавал ирээдүйтэй бол?

-Саяхан НҮБ-ын тэргүүн ногоон эрчим хүч, байгаль экологио хамгаалах
олон улсын том протоколд гарын үсэг зурсан. Тэр юу хэлээд байна вэ гэвэл хүн төрөлхтөн
байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ хэрэглэе гэдэг болсон байна. Байгалиа бохирдуулдаггүй,
унаган чанарыг нь хадгалдаг байя гэсэн үг. Энэ уриа бидний цөөхөн монголчуудад маш
сайхан таарч байгаа. Мал нь бэлчээрээс хамгийн сайн тэжээлтэй ургамал идэж байна.
Газрын хөрс бохирдоогүй. Манай улсад сонгино тарьсан ч хамаагүй гоё аагтай, шим
тэжээлтэй байдаг. Хөрсний шим тэжээл тийм өндөр байгаа юм. Энд ургуулсан хүнсний
бүтээгдэхүүнийг экспортод гаргая. АНУ-д байгалийн гаралтай, органик хүнсний ногоо
зардаг дэлгүүрүүд бий. Тэндхийн ногоо жирийн нэг супермаркетынхаас арав дахин өндөр
үнэтэй. Энд таарсан менежмэнтийг бид хийх ёстой. Тэгэхгүйгээр юм болгон дээр амарчлаад
төр засгаа хараад байж болохгүй. Төрөөр дамжуулж бизнес хийсний дүнд цөөн хэдэн
хүн жийп унадаг л болсон юм байгаа биз. Илүү гарсангүй. Зуун метр зам тавьсан болж,
цэцэрлэг барьсан болж улсын хөрөнгийг иддэг аргаа зогсоох ёстой.

Дээр нь манай дарга гадаадад очиж нүүрээ ширлэн мөнгөн гуйдгаа боль.
Эрх баригчид гадаад улсад айлчилж байгаа. Тэнд очоод мөнгө гуйхынхаа оронд танай
улсад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс миллиард ам.долларын бараа авъя гэж хэл. Тэд
өгье л гэж бодно. Дараа нь “Абэ ах аа, та нар ч гэсэн манайхаас миллиард ам.долларын
бараа авчих тэгэх үү. Бараагаа сонго. Бид үйлдвэрлэе” гэх ёстой. Ингэж чадвал бид
өдөр шөнөгүй ажиллаад хүзүүний ороолт, малгайгаа үйлдвэрлээд байж чадна. Ингэж тэгш
худалдааны бодлого баримтлах ёстой. Ийм л яриа хэлэлцээр дутагдаад байна.

-Ам.долларын хөөрөгдлийг зогсоох боломж бий юу?

-Хэзээ бид ажил хийж сурна тэр цагт ам.доллар буурна. Эдийн засгаа
алдагдалгүй, мөнгөн хуримтлалтай болгосон тэр цагт л ам.долларын ханш бууна. Тэгэхгүй
бол энэ өсөлт зогсохгүй. Өөр ямар боломж байгаа юм. Дахиад гаднаас зээл аваад ханшийг
нь буулгах уу. Өмнөх Засгийн газар ингэж л алдсан. Ам.долларын ханш өслөө гээд зээл
аваад байсан.

-Өмч хувьчлалаар төрийн өмчит долоон байгууллагыг хувьчилж төсвийн
орлогыг нэмэгдүүлэх болсон. Төр муу менежер нэрийн дор, бас эдийн засаг хүнд байгаа
гэх халхавчаар бага мөнгөөр хувьчлал гээд байх шиг байна?

-Цахилгаан түгээх газрууд хувьчлалд багтаж байгаа юм байна лээ. Иргэд
хувийн өмчтэй, хувьчлалтай болтол дэд бүтцийг төр өөрийн мэдэлдээ байлгах ёстой.
Тэрнээс наана дэд бүтцийг оролдож болохгүй. Тухайн байгууллагын үнийг галзууруулахгүйн
тулд төр хяналтдаа байлгах ёстой. Хувьд оччих юм бол цахилгаан, дулааны үнэ тэнгэрт
хадна. Тийм учраас авч идэхийн дон туссан хүмүүст хандаж хэлэхэд улс орны дэд бүтэцтэй
холбоотой байгууллагыг хувьчлахаа зогсоо. Үр хүүхдээ гэрэл гэгээгүй харанхуйд үлдээх
гээгүй л юм бол дэд бүтцээр тоглохоо боль. Төмөр зам, цахилгаан эрчим хүч, иргэний
нисэх гэсэн гурван салбарыг оролдож болохгүй. Төрийн мэдэлд байх ёстой. Гадны улсуудын
эрчим хүч, дэд бүтцийг төрийн байгууллагууд нь хянаж байдаг. Хувь, төрийн хэвшил
нь хувь нийлүүлээд үйл ажиллагааг нь сайжруулдаг. Манайх зуун хувь хувийн эзэмшилд
өгч болохгүй. Хариуцлагын тогтолцоо гэж юу ч үгүй болно. Дэд бүтэцтэй холбоотой
байгууллагуудыг хувьчилна гэж байгаа нь ёс суртахуунгүй, хариуцлагагүй байгаагийн
шинж.

-МАН Засгийн эрхийг барьснаас хойш ямархуу ажиллаж байгаа вэ. Яахав
дүгнэхэд эрт байж болох ч цаашдын бодлогын чиг, баримжааг нь анзаарч байгаа байлгүй?

-Хүн бүх зүйлийг мэдэх албагүй. Чадах байж ч болно. Бүр эсхүл боловсрол
нь хүрэхгүй байж болно. Хамгийн гол нь сэтгэл зүрхтэй байх ёстой. Чадах юмсан, болгох
юмсан, мэдэхгүй зүйлээ ойлгоод авчих юмсан гэсэн сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Уржигдар
хөнгөн үйлдвэрийн салбарынхан Төрийн ордонд уулзацгаасан. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,
Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд бидний саналыг сонссон юм. Би дарга, би Их хурлын
гишүүн гээд оволзоод, сагсагнаад байсангүй. Овоо хүн шиг сайхан сонсоод гарц шийдлийн
талаар илэн далангүй ярилцлаа. Тэр байдал нь таалагдаж байна. Салбар салбарын төлөөллийг
урьж уулзаж байгаа нь зөв. Уулзахаас гадна бодит амьдралтай өөрсдөө явж танилцах
ёстой. Үүнийхээ дараа улс орны амьдралыг яаж цэгцтэй болгох вэ гэдэг талаар бодлого
боловсруулж ажилла. Ингэж чадвал босгоход тийм ч хэцүү эдийн засаг биш шүү дээ.
Энийг л ойлгож ажиллах сэтгэл дутаад байна.

Categories
мэдээ цаг-үе

А.Сүхбат: Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг таван тэрбум төгрөгөөр хийлгэсэн байна

УИХ-ын гишүүн А.Сүхбаттай ярилцлаа.

-Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудал нэлээн яригдаж байгаа. Ажлын явц ямар байна вэ?

-Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг өмнөх Засгийн газрын үед боловсруулсан. ТЭЗҮ-ийг боловсруулахын тулд дунджаар 2.5 сая ам.доллар буюу таван тэрбум төгрөг зарцуулсан байна лээ. ТЭЗҮ боловсруулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас захиалж Ус сувгийн удирдах газраас зохион байгуулсан байдаг. Үнэхээр хайран санагдаж байна. Монголын эрдэмтэн, судлаачид хамаагүй бага үнээр ТЭЗҮ боловсруулах боломж байсан. Туршигдсан, шинэ технологиор шинэчлэх ашигтай санал гарч байгаа. Бид гадныхан бол бурхан гэдэг сэтгэхүйгээсээ салах цаг болсон. Гадныхныг хэт их шүтэж байгаагийн нэг жишээ нь цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ. Үүнийг гадаадын компани гүйцэтгэсэн юм билээ. Өнөөдөр цэвэрлэх байгууламжийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж байна. Уг нь чиг үүргийнхээ дагуу Улаанбаатар хотын захиргаа уг асуудлыг шийдэх ёстой. Гэтэл байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхэлж байгаа нь цэвэрлэх байгууламжийн асуудал нэлээн ноцтой хэмжээнд очсоныг харуулж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 24 тэрбум ам.доллар болчихлоо. Самурай, Чингис, Мазаалай бондын хөрөнгөөр өнгөрсөн дөрвөн жил гараа угаасан байна. Гэтэл 350-400 сая ам.долларын хөрөнгө гаргаад дэлхийн шилдэг технологи бүхий цэвэрлэх байгууламж барьчихаж чадаагүй л байна. Ирэх онд зайлшгүй хийгдэх ёстой асуудлыг шийдвэрлэх юм бол төв цэвэрлэх байгууламжийн асуудалд нэн тэргүүнд тавигдах ёстой. Энийг шийдэж чадахгүй бол гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга байгууламжид техникийн нөхцөл өгөх ажил явагдахгүй. Яагаад гэвэл Улаанбаатар хотын газар доор байгаа усан сангийн нөөц дуусаж байна. Бид өнөөдөр 00-доо цэвэр ус ашиглаж байна. Цахилгаан станцууд цэвэр усаар ажиллаж байгаа. Ийм завхарсан, мулгуу хэрэглээтэй улс дэлхий дээр алга. Ганц жишээ хэлье л дээ. Сингапур улс байна. Тэд ундны усныхаа хэрэглээний 20-30 хувийг далай тэнгисийн усыг цэвэршүүлж авч байгаа. Үлдсэнийг нь борооны усыг цэвэршүүлэх технологиор гарган авч байна. Гадаад улс ингэж л амьдарч байна шүү дээ. Гэтэл бид бурхнаас заяасан, байгаль дэлхийн хишгийг үргүй гаргаад хаяж байгаа. Одоо бид цэвэрлэх байгууламжийн ажлыг хурдхан шиг эхлүүлэхгүй бол болохгүй. -Таван тэрбум төгрөгөөр хийгдсэн ТЭЗҮ хэр болсон юм бэ?

-Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр энэ ТЭЗҮ-ийг холбогдох албаны хүмүүс нэлээн шүүмжилж байна. Яагаад ийм богино хугацаанд, яарч тэвдэж ТЭЗҮ боловсруулсан юм бэ. Эрдэмтэн, судлаачдыг энэ ажилд оролцуулж, санал бодлыг нь сонсохгүй яасан юм бэ. Тендер зарлах үед олон компани өрсөлдсөн. Тэдний ТЭЗҮ-ийг яагаад харж үзсэнгүй вэ гэхчилэн олон асуудал яригдаж байна.

-Ер нь цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ-ийг ийм их хөрөнгөөр хийлгэх шаардлага байсан юм уу. Багахан үйлдвэр барих хэмжээний төсөв биз дээ?

-Хариуцлагагүй, хулгай хийдэг байсны л жишээ л дээ. 2.5 сая ам.доллараар ТЭЗҮ хийлгэнэ гэж юу байхав дээ. Хоногт 200 м3 ус цэвэршүүлэх ийм л байгууламж шүү дээ. Энэ ТЭЗҮ-ийг боловсруулсан гадны компани олон улсад хэдэн зуун цэвэрлэх байгууламж барьсан туршлагатай газар юм билээ. Тэд өмнөх хийсэн ажлынхаа нэг жижигхэн зургийг аваад тавихад л үсрээд 100 мянган ам.доллар хэрэгтэй байлгүй дээ. Гэтэл 2.5 сая ам.доллар гаргачихсан байна. Би төв цэвэрлэх байгууламжийн бүтэн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцсан. Маш хөшүүн, үр дүн муутай ажилладаг юм билээ. Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл хийсэн. Бохирын усыг 75 хувийн бохирдолтойгоор Туул голд нийлүүлж байна гэсэн. Бохирыг 25 хувьтай л цэвэрлэж байна гэсэн үг. Бүхэл хогийг нь авч үлдээд бусдыг нь Туул руу оруулчихаж байгаа хэрэг. Туул руу нийлж байгаа тунгаагуурын хоолойны усны зургийг би авсан. Хар хоормог Туул голд цутгаж байна лээ. Тийм байхад амьтай голтой амьтан байтугай юу ч тогтох аргагүй. Тэр ус урссаар зургаа, долоон км-ийн цаана Балж голтой нийлж байгаа. Тэнд нь Америкийн төслөөр орж ирсэн ус шүүдэг аппарат тавьсан байна лээ. Тэндхийн үйл ажиллагаа иймэрхүү дүр төрхтэй байна. Цэвэрлэх байгууламжийн анхан шатны дамжлага буюу том хог түүж авдаг хэсэгт гутлын түрий, бээлий, том хүний живх, цамц гээд юу л бол юу гарч ирж байгаа юм.

-Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хэзээ эхлэх юм бэ. Сүүлийн хоёр жил хангалттай ярилаа шүү дээ?

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

-Гадна, дотнын хөрөнгө оруулалтаар урсгал засвар хийдэг. Сүүлийн 20 жилд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг юм билээ. Тэр мөнгө хаашаа орсон бэ. Том мөнгө оруулаад л байдаг. Гэтэл үр дүн байдаггүй. Үйл ажиллагаатай нь танилцаад явж байхад лаг шахдаг хоёр насос нь ажиллахгүй байна. Ажил хариуцлагын үйл явц ямархуу байгаа вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Ер нь бол их, бага гэлтгүйгээр шахааны бизнес нүүрлэчихэж гэж харсан. Тэнд харгиа байгууламж байгуулсан байдаг. Арьс ширний үйлдвэрээс ирж байгаа хүнд элементүүдийг ялгаад ахуйн хэрэглээний бохирын хэмжээнд аваачих ёстой. Тэрийг нь төв цэвэрлэх байгууламж хүлээж авна. Гэтэл бохироо нийлүүлж буй арьс, ширний 28 үйлдвэрээс тал нь шууд төв цэвэрлэх шугамтайгаа холбогдчихсон байна. Тэр үйлдвэрүүдийн хол, ойр байх хамаагүй. Хууль бол хууль. Гэтэл энийг арьс, ширний үйлдвэрийн тал хувь нь л мөрдөж байна.

-Шинэчлэлийн ажил хэзээ эхлэх юм бэ?

-Уг нь хотын захиргааны хийх ёстой ажил гэж түрүүн хэлсэн шүү дээ. Тэд дийлэхээ байгаад байнгын хороонд хандаж байна. Байнгын хорооноос УИХ-д өргөн барина. УИХ тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгөөд явах байх. Ер нь бол цэвэрлэх байгууламжийг анх ахуйн хэрэглээний усыг цэвэршүүлэх зорилгоор оросууд барьж өгсөн шүү дээ. Гэтэл өнөөдөр машин угаалгын газар, арьс, ширний үйлдвэрүүд бохироо нийлүүлж байна. Сүүлдээ төв цэвэрлэх байгууламжийн бохироос мөнгөн ус хүртэл илэрсэн. Энэ бол маш ноцтой. Иймд төв цэвэрлэх байгууламжийг барина. Гэхдээ дэлхийн жишгээс хоцрогдсон үйлдвэр барьж болохгүй. Сүүлийн үед гарч буй шилдэг технологиор барих ёстой. Өнөөдөр төв цэвэрлэх байгууламжид 500 мянган тонн лаг хадгалагдаж буй. 30, 40 жилийн хур лаг гэсэн үг. Энийг бордоо болгож чадаагүй. Бид өнөөдөр лагийг хог гэж ойлгоод байгаа. Хогноос яаж салах вэ л гэж ярьж байна. Уг нь ашигтайгаар хэрэглэж болно. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг маш хурдан эхлүүлэхгүй бол болохгүй. Дор хаяж таван жил байгуулах том бүтээн байгуулалт шүү дээ.

-Ер нь ачаалал их гэж ярьж байгаа. Иймэрхүү байдалтай хэзээ хүртэл тэсэх бол?

-Шинэ байгууламжтай болтол яаж тэсэж үлдэх вэ гэдэг асуудал чухал болчихоод байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Ийм үед дунджаар 350 сая ам.долларыг шийдэж өгнө гэвэл хэцүү. Хөрөнгө мөнгийг ямар аргаар шийдэх вэ гэх асуудал тулгарч байна. Уг нь хуульдаа төрийн өмч гээд заачихсан. Төр энэ байгууламжаа яаж шинэчлэх вэ гэхээр концессын гэрээгээр шийдэж болно. Хөнгөлөлттэй, урт хугацааны зээл авч болно. Ямар байгууллага шинэчлэх вэ гэдэг бид бүхний сонголтын асуудал. Маш няхуур, судалгаатай хандахгүй бол болохгүй. Би өмнөх дарга нартай нь уулзаж үзсэн. Хятадын тал, Солонгосын тал тэдэн хувийг нь цавчаад гэхчилэн ярьдаг. Төрийн албан хаагч хүн ингэж яриад сууж байж болохгүй. Тиймээс бид нэг хадаасны үнийг ч гэсэн тооцож байж ажил хийлгэх ёстой. Маш сайн хяналттай явахгүй бол болохгүй.

-Урсгал зардалд ч юм уу, шинэчлэлд зориулан ямар нэгэн хөрөнгө ирэх оны төсөвт суугдаж байгаа юу?

-Төсөвт суулгахад хүндрэлтэй байна. Бид улайсан данстай эдийн засаг хүлээж авсан. Гэхдээ хийхгүй байя гэвэл шалтаг олдоно. Хийе гэвэл арга олдоно гэдэг. Тэгэхээр зээлээр ч болтугай бариулахаас өөр аргагүй. Нөгөө талаас концессын гэрээгээр бариулна гэхээр хүндрэлтэй. Концесс гэдэг бол барьж байгуулаад улсдаа шилжүүлэх, эсхүл бариад, ашиглаад, улсад шилжүүлэх зарчимтай. Гэтэл өнөөдөр концессын гэрээгээр бариад, ашиглаад, улсад шилжүүлэх газар олдохгүй. Өнөөдөр усны үнэ хэдэн төгрөг байгаа билээ. Шалан дээр уначихсан байгаа шүү дээ. Нэг литр цэвэр ус 50 мөнгөний үнэтэй байна. Бохир ус цэвэрлэхэд 30 мөнгө авч байгаа. Ийм байхад яаж үр ашгийн тооцоо хийж, зарлага орлогын тэнцлийг барих вэ дээ. Судалгаа хийж үзсэн. Бохир ус цэвэрлэхэд 90 мөнгө авдаг байвал болж байгаа юм. Нэг куб/м ус цэвэрлэхэд 900 төгрөг гэсэн үг.

-Одоо яаж ажиллавал үр дүнд хүрэх вэ?

-Байнгын хороогоор яригдаад эхэллээ. Одоо УИХ ажлын хэсэг байгуулах байх. УИХ-ын даргын захирамж гарах байх гэж бодож байна. Тэгж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Тэрнээс биш зүгээр нэг хэлэлцүүлэг хийгээд яваад байвал байдал өөрчлөгдөхгүй. Дахиад арав, хорин жил ч ийм байдалтай явж мэднэ.

Өнөөдөр Улаанбаатар хотын зүрх юу вэ гэвэл төв цэвэрлэх байгууламж. Яагаад зүрх гэж хэлж байна вэ гэвэл шинээр барьж байгуулах төв цэвэрлэх байгууламж эргээд саарал ус нийлүүлэх юм. Саарал ус гэж 95 хувийн цэвэршүүлсэн усыг хэлж байгаа. Тийм усаа бид 00, машин угаалга, цахилгаан станцууддаа хэрэглэе л дээ. Ингэж чадвал өдөр шөнөгүй ажиллаж буй 13 усан сан, 200 худгийн ачааллыг багасгана. Саарал усаа сайн ашиглана гэдэг тэр хэрээр ундны усаа нөөцөлж байна гэсэн үг.

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Өмнө нь гаргадаг байсан задгай зардлуудаа олигтой танаагүй юм биш үү?

-Төсөв эцсийн байдлаар орж ирээгүй байна. Хэлэлцүүлгийн шатанд явж байгаа болохоор гишүүд өөрсдийн саналаа хэлж байгаа. Аль болох үргүй зардлыг таная гэж ярьж байгаа шүү дээ. Адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж үг бий. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэгчлэн асуудлыг бид шийдэх л болно. Өөр зам байхгүй. Төсвийн тодотголоор зарим асуудал орж ирээд унасан. Төсвийг туйлдуулж байгаа хамгийн чухал хүчин зүйл гадаадын өр, зээл шүү дээ. 2018 онд гэхэд 24 тэрбум ам.долларын хүүнд л гэхэд нэг тэрбум ам.доллар төлнө. Ийм байхад эдийн засаг сэргэх хэцүү.

-Сэргээхийн тулд гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдъя гэж ярьж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Аргаа барсан байдалд шилжиж буйн хэлбэр. Дампуурлын хэв маяг гэж харж байгаа. Монгол Улс ядуу буурай улс орнуудын дундаж зэрэглэлд орчихсон яваа. Дампуурлын харангын дохио ирчихлээ гэж ойлгох хэрэгтэй. Хаа хаанаа бодолтой, хянуур, хариуцлагатай хандахгүй бол болохоо байчихлаа. Манайд хариуцлагын тогтолцоо алга. Бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байна гэдэг болохоо байсны шинж. Грекийг хар л даа. “Стэнд бай”-д хамрагдаад сэхсэн нь хаана байгаа юм.

-“Стэнд бай”-д хамрагдвал төсвийн зарцуулалтад хяналттай болчих учраас эсэргүүцээд байгаа хүмүүс бий. Уг нь таны хэлснээр “Гэрээсээ хулгай хийдэг” нөхдүүд багасах юм биш үү?

-Гадаад өр, зээл эдийн засгийг хүндрүүлээд байна шүү дээ. Маш олон тэрбум цаасан мөнгө хэвлэсэн. Монгол төгрөгийн сулралыг авчирсан. Энэ байдлуудыг бодох хэрэгтэй. “Стэнд бай”-д хамрагдаад эдийн засаг сайжраад явчихдаг бол сайн л биз. Гэхдээ тийм дүр зураг харагдахгүй байна.

-Та монгол бөхийн жудаг, ёс зүйн талаар их ярьж байсан. Шударга бус үйлдэлтэй их тэмцдэг байлаа. Одоо улс төрд орсноор шударга бус зүйлтэй хэрхэн тэмцэх вэ. Засчихмаар, буруу тогтолцоог хэр зэрэг анзаарч байна вэ?

-УИХ-д хоёр дархан аварга, нэг аварга цолтой хүн сууж байна. Тэднийг ард түмэн яагаад сонгов. Бид монгол ёс заншлаа сайн мэддэг, уламжлалаа тээж явдаг. Ард түмэнтэйгээ ойрхон яваа болохоор биднийг сонгосон байх гэж бодож байгаа. Парламентын гишүүн болоход надад нэг төсөөлөл байсан. Гишүүд улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх үүрэгтэй хүмүүс. Энэ удаагийн УИХ-д дийлэнх олонхи нь шинээр сонгогдсон хүмүүс. Тэднийг нэг зүйлд уриалаад байгаа юм. Бидэнд ард түмэн өндөр итгэл хүлээлгэж шударга ёсыг тогтоогоод өг, улс орныг хөгжүүлээд өг гэж сонгосон. Тангараг өргөсөн шинэ гишүүд маань дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна. Миний хувьд нэг ч удаа чуулганы хуралдаан таслаагүй. Өөрийнхөө оролцоогүй байнгын хорооны хуралд ч гэсэн сууж байгаа. Ард түмэн маань одоо “Дээгүүрээ л болчихдог юм” гэх сөрөг бодлоосоо салаасай гэж бодож байна. Хүн бүрт улс төр хамааралтай болчихсон үед бид сайн ажиллахаас өөр аргагүй. Зөв, мэргэн бодлогоо тодорхойлж унасан эдийн засгаа богино хугацаанд босговол Монгол Улс сэргээд явчихна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Төсвийн тогтворжилтын санд байгаа 326 тэрбум төгрөгийг ирэх онд ашиглахаар болсон

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг өнөөдөр болж байгаа. Гэрэл гэгээтэй зүйлийн талаар яригдаж байна уу?

-Ирэх оны төсвийн эхний хоёр хэлэлцүүлэг болоод дууслаа. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийгээд дуусах юм. 2017 оны төсвийн тухайд нийт 9.9 хувийн алдагдалтай, 2.5 их наяд төгрөгийн хасах баланстай байгаа. УИХ болон Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргасан. Би энэ ажлын хэсэгт орж ажилласан юм. Бид төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллалаа. Үүний үр дүнд хэд хэдэн томоохон өөрчлөлтийн асуудал яригдсан. Төсвийн тогтворжилтын сан гэж бий. Тэнд 326 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгийг ирэх онд авч ашиглахаар болсон. Мөн ам.долларын ханшийг үнэн бодитойгоор төлөвлөе. Засгийн газраас оруулж ирсэн төсөвт ам.долларын 2250 төгрөг байхаар төлөвлөсөн байсан. Гэвч өнөөдөр бодит байдал дээр 2400 гарчихсан явна. Нэгэнт ийм байгаа учраас валютын ханшийг үнэн бодитоор төсөвт тусгах ёстой. Түүнчлэн нийт зарлага багасгах чиглэлд анхаарал хандуулсан. Энэ хүрээнд төсвийг ерөнхийлөн захирагчдын төсвөөс шууд нэг хувийн таналт хийхээр боллоо. Төсвийн тэнцлийг сайжруулахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй. Түүнчлэн орлого МЯГМАРСҮРЭН

нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахаар болж байна. Өр, зээлд төлж буй хэмжээнд өөрчлөлт оруулах зэргээр нийтэд нь төсвийн тэнцлийг сайжруулахын тулд олон арга хэмжээ авна. Ер нь нэлээн сайжирсан төсөв боллоо гэж харж байгаа. Өмнөх онуудад төсөв ямар байсан бэ гэдгийг иргэд гадарлаж байгаа. Яадаг вэ гэхээр Засгийн газар УИХ-д өргөн барьдаг. УИХ түүн дээр нь баахан хөрөнгө оруулалт нэмээд явуулчихдаг. Харин энэ удаа нэг ч хөрөнгө оруулалт нэмээгүй. Оронд нь хасч байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хассан. Үнэ буюу төсөвт өртөг нэмэгдсэн хөрөнгө оруулалтуудыг хасаад байна. Ер нь УИХ төсвийн асуудалд хариуцлагатай, төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлд анхаарсан өөрчлөлтүүд хийж байна. Ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт огт нэмэгдүүлээгүй.

-Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн авлагатай гэж байсан. Хаанаас, хэзээ орж ирэх мөнгө вэ?

-Засгийн газрын нийт авлага 1.9 их наяд төгрөг. Энэ мөнгөний нэг хэсэг нь Засгийн газар нэг халааснаасаа аваад нөгөө рүүгээ хийх зүйл. Засгийн газраас хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрийн эргэн төлөлтийн мөнгө гэсэн үг. Нийт авлагаас ирэх онд орж ирэх боломжтой нь 120 тэрбум гаруй төгрөг байна гэж тооцоолсон. Аудитын байгууллага 170 тэрбум төгрөг орж ирэх боломжтой гэж үзсэн. Гэхдээ тулгаад нарийн тооцохоор 120 тэрбум төгрөг орж ирэх боломжтой байгаа. Төрийн байгууллага хоорондын, хувийн хэвшлийн компаниудаас дээрх мөнгө орж ирнэ. Орлогын хувьд ирэх жил бүх боломж, бололцоогоо тултал нь шавхсан. Орлогын төлөвлгөө биелэх үү, үгүй юу гэдэг бас их эргэлзээтэй байгаа.

-Орлого нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлахаар болсон. Тэндээс хэдий хэрийн хөрөнгө орж ирэх юм бэ?

-Өмч хувьчлалаас орж ирэх орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа.

-Өмч хувьчлал хүрээгээ тэлнэ гэсэн үг үү?

-Өмч хувьчлалыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Хөрөнгийн бирж, “Оргил” рашаан сувилал, Төрийн банк, “Монголын цахилгаан холбоо”-ны тодорхой хувийг хувьчлахаар байсан. Үүн дээр “Монгол шуудан”, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо, төрийн өмчит долоон обьектыг ирэх онд хувьчлахаар болсон. Эдгээр хувьчлалаас нийт 165 тэрбум төгрөг төсөвт орж ирэх ёстой.

-Ам.долларын ханш 2400 гарчихлаа. Энийг зохицуулахгүй юм уу?

-Валютын ханшийг барих асуудал Монголбанк болон Засгийн газрын ажил. Энэ жил ямар ч байсан төсвийн тэнцлийг бодит ханшаар тооцож байгаа. Өмнө нь ам.долларын ханш 2100 төгрөг байх үед 1450 төгрөгөөр тооцож төсвөө төлөвлөдөг байсан. Ирэх жил үүнийгээ больж төлөвлөлтөө бодит байлгая гэж ярьж байна. Нэгэнт валютын ханш ийм өндөр үнэтэй байхад доогуур төлөвлөж болохгүй. Гадаад худалдаанд алдагдал үүсэхээс эхлээд олон сөрөг тал гардаг. Энэ байдлаас гарахын тулд ам.долларын бодит ханшаар төсвөө төлөвлөж байгаа.

-Одоогийн өсөлтийг зогсоох, цаашлаад ханш бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Төлөвлөж буй ажил бий юү?

-Валютын ханш интервенц хийгээд сайжирдаг зүйл биш. Бид өмнө нь валютын ханшин дээр интервенц л хийдэг байсан. Нийлүүлэлтээ нэмэгдүүлж ханшаа барьдаг байлаа. Одоо бол макро эдийн засгийнхаа бодлогоор төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах ёстой. Валют олдог дөрвөн бүтээгдэхүүний үнэ уначихсан байна. Валютын хэмжээг нэмэгдүүлэх бүтээгдэхүүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.

-ОУВС-гийн мэргэжилтнүүд Монголд ажиллаад буцлаа. Ямар дүн шинжилгээ хийсэн юм бол. Манай улс төсөл хөтөлбөрт нь хамрагдах боломжтой юу?

-Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа. Бүлгийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын мэдээллийг сонссон. Эдийн засгийн хүнд байдлаас гарах нэг гарц бол яах аргагүй ОУВС-гийн хөтөлбөр. Тэдний хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болсон. Хөтөлбөрт хамрагдах эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ. Миний хувьд хөтөлбөрт хамрагдсанаар хоёр эерэг нөлөө гарна гэж тооцоолж байгаа. Нэгдүгээрт, энэ хөтөлбөрт орохоор Японоос эхлээд олон улс орон манай улсад туслахаа илэрхийлсэн. Нэг ёсондоо бид гадны зээл, тусламж авах боломжтой болно гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд гаднаас зээл авъя гэхэд олдохгүй байна. Бүр 11 хувийн хүүтэй авъя гээд ч олдохгүй байгаа. Монголын зээлжих зэрэглэл тийм доогуур байна. Тэгэхээр бид “Стэнд бай” хөтөлбөрт заавал орж байж гадаад үнэлэмжээ дээшлүүлэх юм. Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарах гэж хичээж байгаа юм байна, төсвөө сайжруулах хүсэлтэй орон байна гэдгээ харуулна. Хоёрдугаарт, уг хөтөлбөрт хамрагдсанаар төсөв эрүүлжих нөхцөл бүрдэнэ. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар ОУВС-гийн шаардлагаар төсвийн сахилгыг сайжруулна, зардлыг бүр багасгах учиртай. Ер нь төсвөө эрүүлжүүлэх маш том алхам болно гэж үзэж байгаа. Иймд бид хугацаа алдалгүйгээр маш хурдан орох хэрэгтэй.

-“Стэнд бай” хөтөлбөрийг хурдан хэрэгжүүлэхийн тулд манай улсын зүгээс юу хийх ёстой юм бэ?

-ОУВС-гийн мэргэжилтнүүд аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4 хүртэл манай улсад ажилласан. Тэд манай улсын бүх зүйлийг судлаад шат шатны удирдлагуудтай уулзаад явлаа. Төсөв болон эдийн засагт шинжилгээ хийчихсэн. Одоо очоод хуралдаж байгаа.

-Нөхцөлөө ярилцаж амжсан юм болов уу?

-Нөхцөлөө ярилцсан байна лээ. Нарийн нөхцөлүүдийг Сангийн сайд ярих байх. Одоохондоо ярианы түвшинд байгаа учраас зарим нөхцөл нууцын шинжтэй байж магадгүй. Бидэнд өгсөн мэдээллийн хүрээнд л ярьж байна. Одоо ямар ч байсан бид шийдвэрээ гаргаад амжвал энэ ондоо багтааж “Стэнд бай”-д орчихоосой гэж бодож байна. Тэгж чадвал ирэх оноос арай өөр эдийн засаг биднийг угтах байх.

-Мөнгөний хэмжээ яригдсан болов уу. 1.5 тэрбум, нэг тэрбум, бүр 400 сая ам.доллар гэхчилэн янз бүрээр л яриад байна?

-Мөнгөний хэмжээ Засгийн газрын хэмжээнд ярианы түвшинд явж байна. Яг тохирчихсон зүйл байхгүй. Сангийн сайд илүү мэдээлэлтэй байгаа.

-Эдийн засгийн хямралаас гаргах тусгай хөтөлбөр боловсруулсан. Ямархуу хөтөлбөр орж ирсэн юм бэ?

-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр өргөн бариад УИХ дээр хэлэлцэж байна. Энэ хөтөлбөрийг одоогийнхоос илүү сайжруулах ёстой гэдэгт гишүүд санал нийлсэн байгаа. Миний хувьд ч гэсэн нэлээн сайн сайжруулах ёстой гэж харж байна. Хөтөлбөрийг хараад байхаар их олон асуудлыг хөндсөн байна лээ. Олон үйлдвэр барихаас эхлээд хэтэрхий олон асуудалд анхаарлаа хандуулсан байгаа. Хөтөлбөр хэрэгжих хугацааг 1.8 жилээр тооцсон.

-Яг юуг нь сайжруулах тухай яригдаж байгаа юм бол?

-Засгийн газар гурван том зүйлд тулгуурлан хөтөлбөрөө боловсруулаасай гэж бодож байгаа. Нэг ёсондоо хүрээгээ хумих хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид бүхнийг зэрэг сайжруулж чадахгүй. Нэгдүгээрт, валютын ханшийг яаж тогтворжуулах вэ гэдэг асуудалд маш их анхааралтай ажилламаар байна. Валютын өсөлт төгрөгийг үнэгүйдүүлээд байна. Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авах ёстой. Хоёрдугаарт, эдийн засгаа яаж идэвхжүүлэх вэ гэдгийг анхаармаар байна. Бизнесийг хэрхэн дэмжих, аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих вэ гэдгээ хөтөлбөртөө нарийн бөгөөд тодорхой тусгамаар байгаа юм. Бизнесийг дэмжиж эдийн засгаа хөдөлгөхгүйгээр нөхцөл байдлыг сайжруулна гэж огт байхгүй. Гуравдугаарт, ажлын байрыг яаж тогтвортой хадгалах вэ гэдгийг анхаармаар байна. Хүмүүсийн амьжиргааны түвшинг одоогийн байгаагаас яаж бууруулахгүй байх вэ гэдгийг тодорхойлоод түүнд чиглэж ажиллах хэрэгтэй. Энэ гурван асуудал руу чиглэж нэлээн сайн ярих ёстой. Хөтөлбөрийг сайжруулахын тулд Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж байна.

-Уг хөтөлбөрийг гишүүд нэлээн шүүмжилж байх шиг байна. Тааруухан гэж үзсэн болоод ажлын хэсэг гаргасан байх. Казино байгуулах, морин тойруулгын уралдаантай болох гэхчилэн хөтөлбөрийг хэр дэмжиж байгаа вэ?

-Маш олон мөртлөө том, том асуудлыг нэг дор тусгачихсан байна лээ. Тийм учраас тодорхой гурван зүйлд төвлөрч нарийн төлөвлөе гэж яриад байгаа юм. Одоо байнгын хорооноос гарсан ажлын хэсэг нэлээн өөрчлөлт оруулах байх.

-Аж ахуйн нэгжийг дэмжих ёстой гэж хэллээ. Эдийн засаг ийм хүнд байхад заавал дөрвөн салбараар хязгаарлалгүй 1.5 тэрбумаас бага орлоготой бүх байгууллагын татварыг хөнгөлж болохгүй юм уу. Ер нь уг хуулийн төслийг яагаад буцаан татсан юм бэ?

-Засгийн газар хуулийн төслөө буцаагаад татчихсан юм байна лээ. УИХ дээрх төслийг хэлэлцээд салбарыг нь өргөтгөсөн. Өмнө нь үйлдвэрлэлийн дөрвөн салбар орж ирснийг УИХ найм, ес болгоод өргөтгөсөн юм. Энэ хүрээнд Засгийн газар дахин хэлэлцээд эргүүлэн оруулж ирэхээр болсон.