Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Ээжүүд болон малчдын нийгмийн хамгааллыг сайжруулсан хоёр хуулийн төсөл батлагдлаа

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.



ХҮҮХДЭЭ ГУРВАН НАС ХҮРТЭЛ НЬ ГЭРТЭЭ ХАРСАН ЭЭЖҮҮДИЙН НДШ-ИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ

-Өнгөрсөн долоо хоногийн уиХ-ын нэгдсэн чуулганаар таны өргөн барьсан тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хоёр хуулийг баталлаа. Хуулийн гол ач холбогдол юу вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулж батлууллаа.Хууль батлагдсанаар хэд хэдэн асуудал шийдэгдэж байгаа. Ялангуяа олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулах тал дээр тодорхой арга хэмжээ авахаар болсон. Тухайн ээжийн төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцдог байх, хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг нь тасалдуулахгүй төлнө. Ингэснээр ажилласан жил тасалдахгүй. Мөн даатгуулсан хэлбэрээс үл хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэврээ бүрэн авдаг байх гэхчилэн олон хуулийн заалтыг оруулж өглөө.

-Гэртээ хүүхдээ харж буй ээжүүдийн НДШ-ийг улсаас төлөхөд хэдий хэрийн хөрөнгө зарцуулах бол?

-Төсөвт зохих хэмжээний ачаалал өгөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ талууд санхүүгийн ачааллаа жигд хариуцах учраас дан ганц төсөвт ачаалал өгөхгүй. Хүүхдээ гэртээ гурван нас хүртэл харж буй ээжүүдийн НДШ-ийг ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас төлнө. Харин огт ажил хөдөлмөр эрхэлдэггүй ээжүүд бий. Тэдний НДШ-ийн тал хувийг төр хариуцахаар болж байгаа. Үлдсэн хувиа иргэн өөрөө төлнө. Нэг ёсондоо ажил олгогч, төр, иргэн, Нийгмийн даатгалын сан дөрвүүлээ ачааллаа жигд хуваах юм.

-Уг хууль хэрэгжээд эхлэхээр тав ч юм уу арван жилийн дараа төрөлт нэмэгдэнэ гэсэн судалгаа бий юү?

-Төрөлт хэрхэн нэмэгдэх вэ гэсэн нарийвчилсан судалгаа хийгдээгүй. Гэхдээ ээжүүдийн нийгмийн баталгаа сайжраад олон хүүхэд төрүүлсэн хөдөлмөрийг нь бодитоор үнэлээд ирэхээр төрөлт нэмэгдэнэ гэж бодож байгаа. Нийгмийн хамгаалалтай холбоотой арга хэмжээ хэрэгжүүлэхээр төрөлт нэмэгддэг судалгаа байдаг юм билээ.

МАЛЧИД НДШ-ЭЭ ТӨЛЖ БАЙГААГҮЙ БОЛ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

-Малчдын тухайд мөн олон боломжийг нээж өгсөн биз дээ?

-Аль ч Их хурлын үед малчдын нийгмийн асуудал орхигдчих гээд байдаг байсан. Тиймээс хатуу ширүүн уур амьсгалд ажиллаж, амьдарч буй малчин түмнийхээ хөдөлмөрийг бодитой үнэлэхийн тулд нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлуулсан. Байгалийн хатуу ширүүн нөхцөлд жилийн дөрвөн улиралд мал малладгаас хамаараад малчдын дундаж наслалт, төв суурин газрын иргэдийн дундаж наслалтаас харьцангуй доогуур байдаг. Үүнтэй холбоотойгоор малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах шаардлагатай байна гэж үзсэн юм. Мөн өнөөдөр улсын хэмжээнд 1.1 сая ажил хөдөлмөр хийж буй хүн бий. Үүний 47 хувийг нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд эзэлж байгаа. Тэгсэн атлаа нийгмийн даатгалын төлөлтийг нь аваад үзэхээр малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Ерөнхийдөө малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80-90 хувь нь үндсэндээ нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Ахмад, өндөр настан болсон хойноо Нийгмийн хамгааллын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсэхгүй, ирээдүйн нийгмийн баталгаа нь алдагдах нөхцөлтэй байгаа. Ийм учраас малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломжийг олгосон хуулийн зохицуулалттай болчихлоо.

-Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулахаар мөн төсөвт ачаалал ирнэ биз дээ?

-Мэдээж хэрэг ачаалал ирнэ. Гэхдээ малчдын төлөөгүй байгаа НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэхээр 200-300 орчим тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд төвлөрөх байх гэсэн тооцоо бий. Энэ хөрөнгөнд зөв менежмэнт хийгээд өсгөж чадвал малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулсан ч гэлээ төсөвт ачаалал өгөлгүйгээр шийдэх боломжтой.

-Алдар цолтой ахмадуудад нэмэлт хөнгөлөлт олгоно гэсэн. Энэ хуулийн талаар?

-Засгийн газраас ахмад настнуудтай холбоотой хоёр хуулийн төсөл оруулж ирсэн. Нэг нь Ахмад настны тухай хууль. Энэ хууль батлагдсанаар ахмадууд маань ахмад сургагч багш болж байгаа юм. Тэдний мэдээллийг бүрдүүлсэн мэдээллийн сантай болж хүсэл сонирхол, мэдлэг, мэргэжил, чадварт тохирсон хөдөлмөрийг санал болгож байх юм. Мөн залуу үедээ сургаал, туршлагаа хуваалцах ажлууд зохион байгуулна. Мөн шүдний протезын хугацаа таван жил байсныг гурав болголоо. Алдар цолтой ахмадуудад нэмэгдэл хөнгөлөлт олгоно. Үүний дагуу гавьяат цолтой ахмадууд маань сар бүр 150 мянган төгрөг авна.

-Оффшорын хуулийн тухайд гишүүд янз бүрээр байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд энэ хуулийн төсөл дээр ямар бодолтой байгаа вэ?

-Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийн ерөнхий агуулга, зарчмыг нь дэмжиж байгаа. Ер нь улстөрчид болоод төрд зүтгэж, албан тушаал хашиж байгаа хүн бол тэр татваргүй бүс буюу оффшорын бүсэд данс эзэмших ёсгүй. Гэхдээ одоо УИХ-д хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн томьёоллыг нь харахаар санал нийлэхгүй асуудал байна. УИХ дээр Засгийн газраас орж ирээд хэлэлцэгдсэн хуулиар бол нэлэнхүйд нь буюу гадаад улсад данстай байхыг хориглох гээд байгаа юм. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Нэг төрийн албан хаагч байлаа гэхэд хүүхэд нь гадаад орны тэтгэлэгт хамрагдаад гадагшаа сургуульд сурч болно. Бас манай улсаас эрүүл мэндийн асуудлаар гадагш, дотогшоо явдаг улсууд байж л байдаг. Тэд бас хязгаарлагдчих гээд байгаа юм.

-Тэгвэл яах ёстой гэж?

-Ерөөсөө гадаад улсад дансгүй бай гэж хориглохгүйгээр харин яг тэр татваргүй бүс буюу татвараас зугтдаг, хууль бусаар олсон орлогоо нуудаг оффшор бүсдээ данстай байхыг нь хориглоё гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Мөн Засгийн газраас орж ирсэн саналд зөвхөн тухайн төрийн албан хаагчийг гадаад улсад данстай байхыг нь хориглочихсон. Цаана нь үр хүүхэд, ах, дүү нь данстай байх нь нээлттэй байгаад байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Утаанаас салах гэсэн биш Улаанбаатараасаа салах болох нь ээ

Сүүлийн үед хэсэг бүлэг хүн гэнэт сэрсэн мэт утаатай тэмцэх тухай ярих болж. Үүнийг нь дарга нар ч дуртай хүлээн зөвшөөрч утаатай хотод амьдарч болохоо байлаа, гамшиг боллоо гэж халаглаж байна. Утаанаас болж урд замаа харж явах битгий хэл гүнзгий амьсгаа авахад ч хэцүү байгаа нь үнэн. Угаасаа сүүлийн хэдэн жил нийслэлчүүд иймэрхүү дүр төрхтэйгөөр өвөлждөг болсон. Арай л хиар цохиулсан мэт угаартаж үхээгүй байна. Утааны хор уршгийн талаар мэргэжлийн байгууллагууд байнга анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байгаа. Нүүрснээс нүүрсхүчлийн исэл их хэмжээгээр ялгардаг нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгжиж уушги, бөөр, цусан хангамжийн янз бүрийн өвчлөлд хүргэдэг. Утаанаас болж зүрхний шигдээс, багтраа өвчинтэй болохоос гадна дутуу төрөлт нэмэгдэж байгаа нь наад захын жишээ. Мөн бага насны хүүхдүүдийн өсөлтөд аажмаар нөлөөлж давжааруулдаг гэхчилэн утааны хор уршгийн талаар бичээд байвал мөд дуусахгүй урт жагсаалт гарах нь дамжиггүй.

Нийслэлчүүд гудамж талбайдаа бие биетэйгээ мөргөлдөх нь холгүй шахам зөрж байгаа ийм үед төр засгийн удирдлага утааны асуудалд анхаарлаа хандуулж байгаад гайхаад байх ч юм алга. Гэхдээ тэд утааг ингэж арилгая, агаарын бохирдлыг ингэж бууруулъя гэсэн ямар ч зөв шийдэл олохгүй байна. Ерөнхий сайд нь хүртэл өнөөг хүртэл утааг арилгах дорвитой арга олоогүй гэдгээ хэлсэн. Төр түшилцэж буй Их хурлын гишүүд нь ч гэсэн сав л хийвэл гадаад явж туршлага судлахгүй бол чадахгүй байна гэдэг. Эсхүл утаанаас болж та нар ингэж хордож байна гэсэн популизм ярихаас хэтэрсэнгүй. Харин сүүлийн үед айхтар мэргэн шийдэл олсон мэт ам булаалдан бахархалтайгаар ярьж буй сэдэв нь Улаанбаатар хотыг хаяж нүүх тухай асуудал болжээ. Тэдний ярьж буйгаар манай хот эргэн нөхөн төлжиж чадахгүй, ногоон байгууламж нь хорт утаагаа задлах чадваргүй, хөрсний асар их бохирдолтой болсон юм байх аа. Санаан зоргоороо ингэж ярьж байгаа цэцэн мэргэн улс Лондон хот хоёр мянган жилийн настай гэдгийг мэдэх болов уу. Ром хотыг манай эриний өмнөх зуунд байгуулсан гэдгийг дуулсан болов уу. Балар эртний түүхтэй эдгээр хот байгуулагдаад удаагүй байхдаа цэвэр, бохирын системтэй байсан гэж үү. Анх байгуулах үедээ хөрсөн доогуураа сантехникийн шугам угсарч бохироо соруулсаар өнөөг хүрсэн гэх гээд байна уу. Тийм хот дэлхий дээр хаа ч байхгүй. Бүгд л олон зуун жилийн дараа хотынхоо асуудлыг шийдсэн байдаг. Хэдэн зуун сая хүн амтай орчин үеийн хотууд бүгд л манай Улаанбаатар шиг замналаар замнасан байж таараа. Сүүлийн зуун жилд л иргэдийнхээ эрүүл, тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулж технологийн дэвшлийг ашиглаж эхэлсэн биз. Түүнээс өмнөх олон мянган жилд яг л манайх шиг ил задгай бие засан амьдарсан байж таараа. Агаарын бохирдол, утаа бол тэртээ тэргүй их хотуудын туулаад ирсэн зовлон. Хэдэн арваадхан жилийн өмнө Бээжин, Лондон тэргүүтэй дэлхийн томоохон хотууд утааны асуудлаа шийдэх гээд ядаж байсан гэдгийг битгий мартаарай.

Тэндхийн иргэд хувцсаа угаагаад хатаах гээд тохохоор өнгө нь мэдэгдэхгүй тортог болж байсан цаг саяхан. Тэглээ гээд тэд хотоо орхиод нүүгээд явчихсангүй. Харин ч тархи толгойгоо зөв ажиллуулан гарц шийдэл олоод өнөөгийн дүр төрхөө бүрдүүлсэн. Тэдэнтэй харьцуулбал Улаанбаатар хот цэл залуу байтугай нялх балчир гэж хэлж болохоор насжилттай. Хэдэн зуун байтугай мянган жилийн настай хотууд хөрсний бохирдол дээд цэгтээ гэж яриагүй байна. Гэтэл Улаанбаатарын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ гэж амныхаа зоргоор ярьж байгаа нь зүгээр л худлаа шалтаг юм.

Манай хот 378 жилийн түүхтэй. Бидний өвөг дээдэс аятай тухтай, тааваараа амьдраад болоод л байсан. Хөрсний бохирдлыг үүсгээд байгаа гэр хорооллын жорлонгийн тухай асуудал их л удаж сүүлийн 50 жилд яригдаж байгаа биз дээ. Тэрнээс өмнө бид хөрсний болоод агаарын бохирдол гэж мэддэг ч үгүй байсан. Ингээд бодохоор Ром, Лондонтой харьцуулахад манай хотын хөрс бохирдох яагаа ч үгүй байгаа.

Өнөөдөр хотын төв цэгээс дуртай зүг рүүгээ харж байгаад тавхан км давхихад л онгон дагшин байгальтай учран золгоно. Тарвага хошгирч цагаан уул, далан түрүү цэцэг найгасан үзэсгэлэнт байгальтай газар хүрч очно. Ийм газрыг бохирдсон гэдэг юм уу. Голын усны чимээ хоржигнож өвсний чийг үнэртэж байгаа газрыг аюултай гэдэг юм уу. Ерөөсөө хот зах руугаа жаахан л тэлэхэд цэвэр тансаг агаартай болчихно. Ийм байхад Улаанбаатараас нүүе гэж ярьж буй төрийн түшээд ямар учиртай улс вэ. Зүгээр л ажил хийхгүй, эсхүл хийх ажлаа саармагжуулах гэсэн башир арга шүү дээ. Санаатай, эсвэл санамсаргүйгээр гэдгийг нь мэдэхгүй юм. Ямартай ч ингэж хэлж байгаа төрийн түшээд нийслэл хот төдийгүй улс эх орныг хөгжүүлэхгүй, нэг алхам ч гэсэн урагш алхуулахгүй байх өчүүхэн санааг дотроо агуулж явдгаа илэрхийлж байгаа хэрэг.

Манай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, төрийн шагналт, нийтлэлч Д.Цэнддоогийн судалгаа бий. “Нүүдэлчид аливаа асуудлыг зугтаж шийддэг. Асуудал тулгарахад яаж шийдэх вэ гэж бодохоос залхуурсандаа зүгээр л нүүчихдэг” гэж. Үнэхээр л тийм. Нүүдэлчин монголчуудын тархинд хамгийн түрүүнд орж ирж байгаа санаа нь зугтах. Зугтаагаад явчихвал асуудлыг ардаа орхиж байна гэж эндүүрдэг. Яахав харанхуй, бүдүүлэг байсан тэр үед тийм л аргатай байсан юм байгаа биз. Одоо бол тийм биш шүү дээ. Техник технологи дээд зэргээр хөгжсөн орчин үеийн нийгэмд бид амьдарч байна. Гэтэл эрт балрын сэтгэхүйгээсээ яагаад салахгүй байна вэ. Нүүдэлчин монголчуудын түүхэндээ анх удаа бий болгосон сая давсан хүн амтай хотыг устгах гэсэн санаатай бодлого явж байна гэж хийрхээд ч яахав. Гэхдээ л биднийг залан чиглүүлж буй төр засгийнхны санаанд хамгийн түрүүнд ийм шийдэл орж ирсэн байна. Гарц олж шийдэл хайхаас залхуураад зүгээр л бөөнөөрөө нүүгээд зугтаачихъя гэж санал болгож байгаа. Тэгчихээд үүнийгээ асуудал шийдчихлээ гэж гайхуулан ярихыг нь сонсоод өмнөөс нь ичиж үхмээр юм.

Улаанбаатар хот бол Монгол Улсын эдийн засгийн гол цөм, хөдөлгөгч хүч. Олон хүн бөөгнөж байж л эдийн засаг бий болдог. Хэр олон хүн нэг дор төвлөрнө тэр хэрээр эдийн засаг хүчирхэгжих учиртай. Гэтэл өсөн өндийж буй эдийн засгийг задлахаар санаархаж буйг юу гэж хэлэх вэ. Зөөлнөөр гэмт хэрэг гэж болно. Харин хатуугаар бүр юу ч гэж хэлж болно. Ийм шийдвэр гаргах гээд, яриад сууж байгаа төрийн түшээдийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж хэлж ч болох юм. Ер нь тэгээд өөрсдийнх нь ярьж буйгаар нүүгээд явлаа гэхэд Улаанбаатарт хэн үлдэх вэ. Гэр хорооллынхон утаан дундаа бөртийгөөд хоцрох юм уу. Өөрсдөө эхэлж нүүж явчихаад эргэж ирээд гэр хорооллын утааг арилгая гэж яриад байна. Хамт амьдарч байхдаа утааг шийдэж чадаагүй байж хаяж зугтсан хойноо асуудлыг шийднэ гэж байх уу. Эсвэл өөрсдөө эрүүл агаарт нүүж очсон хойноо эргэж хараад үлдсэн хэд рүүгээ хэлээ гарган хохь чинь гэж хэлэх гээ юү.

Ер нь цаашид улс төр хөөхгүй, улс төрийн тавцангаас арчигдах хүсэлтэй хүн л Улаанбаатарыг нүүлгэнэ гэж ярьдаг юм. Улаанбаатарчууд бид тэнэг биш. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар гэдэг гишүүн “Та нарыг хаяад бид утаагүй газар очно” гэж ярьж байна лээ. УИХын гишүүн Улаанбаатарыг нүүлгэх тухай ярьж болох л байх л даа. Ингэж ярьснаараа тэр хүн улстөрч болоогүй байна гэдгээ л харуулж байгаа юм. Та нарыг утаатай чинь орхиод бид цэвэр агаарт амьдарна гэж сэрүүн зүүдэлж байгаа нь улс төрд ирээдүйгээ хүн гэдгээ харуулж буй хэрэг. Тэгээд ч энэ хүнийг дахин сонгож болохгүй гэдэг нь түүний үгнээс харагдаж байна. Монголын энэ том эдийн засгийг задлан буталж, цаашлаад үгүй хийхээр оролдож буй хүн цаашдаа монгол төрийн төлөө зүтгэж чадах уу. Бид өмнө нь Улаанбаатараар оролдсон хүн улс төрөөс арчигддаг тухай сануулан бичиж байсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон хэдэн гишүүн ингэж ярихад нь манай сонин шүүмжлэн бичээд нам болгож байлаа. Тэрийг одоогийн Их хурлын гишүүд мэдэхгүй байна. Улаанбаатарчууд дуугүй харж байгаад та нараар нийслэл хотоо устгуулна гэж хэзээ ч байхгүй. Хүч нөлөө нь та нарын бодож байгаа шиг сул дорой биш. Хотынхныг төр засаг барилцаж буй хэдхэн хүн басах болоогүй шүү. Хотын утааг хотод нь л шийдэх ёстой. Өөр гарц байхгүй. Улаанбаатар хоттой байж гэмээнэ хотын асуудлыг шийднэ. Хотгүй болсон хойноо ямар юмныхаа асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ. Өөрсдөдөө болон үр хойчдоо санаа зовсон хэсэг хүн утаанаас салгаад өг гэж ярьсан биш сүүлдээ бүр Улаанбаатараасаа салах юм болох нь л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Нийгмийн даатгалын тогтолцоо эдийн засгийн алдагдлыг улам нэмэгдүүлж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл, зарцуулалт, хадгалуулсан банк түүний хүүгийн хэмжээ болон цаашид энэ чиглэлээр хийгдэх ажлын талаар Ерөнхий сайдаас асуулга тавьсан. Яагаад ийм асуулга тавих болов?

-Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Өнөөдөр Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад орлогын зөв хуваарилалт чухал болж байна. Бидний зорьж буй нийгмийн нэг согог гэж хэлж болох өмчийн хуваарилалт дээр тулгуурласан баян хоосны ялгаа ихэссэн. Тэр дундаа дэлхийн улс оронд тухайн улсын баялгийн 90 орчим хувь нь нийт хүн амын 15 хувьд оногддог бол Монгол Улс дэлхийн чихийг дэлдийлгэх хэмжээнд хүрчихсэн. Манайд хүн амын тав хүрэхгүй хувь нь баялгийн 90 орчим хувийг эзэмшиж байна. Тэгэхээр орлогын тэгш бус хуваарилалтыг зохицуулах дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг эргэж харах, эдийн засагт хүндрэл учруулж буй засч залруулах боломжтой зарим асуудлаа цаг үетэйгээ нийлүүлэн өөрчилж сайжруулах шаардлага тулгарч байна. Үүний томоохон үндэс нь болох Нийгмийн даатгал татварын томоохон суурь болж байгаа тул анхаарч ажиллахаас өөр аргагүй юм.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө иргэдийн анхаарлын төвд байдаг хэдий ч яг хэдий хэмжээний хөрөнгөтэй нь тодорхой бус. Ерөнхийдөө ямархуу орлого, зарлагатай байдаг юм бэ?

-2016 оны байдлаар нийгмийн даатгалын орлого 1.4 тэрбум орчим, зарлага нь 1.9 тэрбум төгрөг байсан байна. 500 гаруй тэрбум төгрөгийн татаас авсан гэсэн үг. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувьтай тэнцэж байгаа юм. 2017 онд бараг 600 орчим тэрбум төгрөгийн татаас авахаар байна. Хөгжингүй улс орнуудын жишгээс харахад нийгмийн даатгалын сан нь алдагдалтай байдаггүй, алдагдал байлаа ч сангийн менежмэнт нь зөв явагдаж, алдагдлаа нөхөж ашигтай гарсан байдаг. Эндээс харахад манай нийгмийн даатгалын тогтолцоо буруу байна. Санг удирдаж байгаа удирдлагын баг зөв менежмэнт явуулж чадаагүй. Энэ байдлаараа цааш явбал энэ алдагдал 2020, 2030 он гээд жил ирэх тутам өссөн дүн харагдаж байгаа.

-Өнөөдөр даатгалд хамрагдагчдын тоо хэд байдаг юм бэ. Төрийн болон хувийн хэвшилд ажиллаж буй хүн амын цөөнх дээр даатгалын сан тулгуурлаад байгаа юм биш үү?

-Яг тийм. Ганцхан тоо баримт дурдахад 2016 оны байдлаар нийгмийн даатгалаас давхардсан тоогоор зургаан сая орчим хүн үйлчилгээ авсан байдаг. Үүний 5.5 сая нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэвэл нэг хүн хоёроос доошгүй үйлчилгээ авсан гэсэн үг. Гэтэл нийт хүн амын 31 орчим хувь нь л даатгал төлдөг. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын гурваас нь даатгалын хураамж аваад буцаагаад 10 хүнд хуваахаар Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллах нь тодорхой. Энэ бол зохистой харьцаа алдагдаж байгаа хэрэг. Ажил эрхлэх насны хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр хүн амын нэгдсэн бүртгэлийг сайжруулах, хүн бүрийг даатгалд хамруулах нь чухал.

-Хэрэв хөдөлмөр эрхэлж буй иргэн бүр татвар, даатгалаа төлбөл улсын төсөвт орлого нэмэгдэх үү?

-Хүн бүрийг хамруулж чадвал наанадаж улсаас татаас авахаа болино. Түүнчлэн сангийн мөнгөөр зөв менежмэнт хийж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох, үр ашгаа өгөх эргэн төлөгдөх томоохон төсөл хөтөлбөрт эргэлдүүлэх, бонд, хувьцаа худалдаж авах гэхчилэн эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдэж болно. Эдийн засаг эрчимжсэнээр даатгалын сангийн бааз суурь нэмэгдэнэ. Сангийн мөнгө бага байгаа нь нэг талаараа цалин орлоготой шууд холбоотой.

Тэгэхээр цалинг нэмэхийн тулд эдийн засгийг эрчимжүүлэх бүтээмжийг нэмэгдүүлэх замаар орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Цалин өссөнөөр даатгал болон татварын хэмжээ нэмэгдэж сангийн чадамж сайжирна. Өнөөдөр манайд нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 3600 орчим доллар бол Солонгост 26 мянган доллар, Япон 130 сая хүнтэй мөртлөө нэг хүнд ногдох нь 38 мянган доллар буюу манайхаас 10 дахин их байна. Манайд эдийн засгийн өсөлт хангалтгүй байгаа учраас нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Манайхан эдийн засаг гэхээр л улс орны эдийн засаг, уул уурхай, бонд энэ тэр гээд их томоор боддог. Гэтэл иргэдийн ахуй амьдрал, нийгмийг тойрсон энгийн асуудлууд дээр эдийн засаг тулгуурлаж байдаг.

-Ер нь манай улсын иргэдийн дундаж цалин хэдэн төгрөг байдаг юм бэ?

-Өнөөдөр ажил эрхэлж байгаа иргэдийн 16 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс доош цалинтай, 31 хувь нь 192-500 мянга, 38 хувь нь 500 мянгаас нэг сая хүртэл цалинтай, 15 орчим хувь нь нэг саяас дээш цалинтай байна. Цалин бага болохоор сангийн хөрөнгө бага байна гэж ойлгож болно.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг харилцах болон хадгаламжийн хэлбэрээр байршуулдаг гэсэн. Хадгаламжийн хувьд хаана, ямар байдлаар хэдэн хувийн хүүтэй хадгалагддаг юм бол. Гадны банкны нэр сонсогддог юм билээ?

-Надад байгаа мэдээллээр өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 885 тэрбум байгаагаас 57 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, 577 тэрбум төгрөгийг Төрийн банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Капитал банк, Капитрон банк, Голомт банк, Хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкинд жилийн есөн хувийн хүүтэйгээр хадгалуулж байсан юм байна. Саяхан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс жилийн хүүг нэмж 15 хувийн хүүтэй хадгалуулахаар зөвшилцөж тохирсон нь сайн хэрэг. Ийм боломж байсан байна.

-Жилийн хадгаламжийн хүүг Үндэсний зөвлөлөөс тогтоодог юм уу. Бас хадгаламж нээх банкийг яаж сонгодог юм бэ?

-Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэж есөн хүний бүрэлдэхүүнтэй удирдлага бий. Засгийн газрыг төлөөлөн НХХЯ-ны сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, даатгуулагчийг төлөөлөн гурван гишүүн, ажил олгогчийг төлөөлсөн гурван гишүүнээс тус тус бүрддэг бөгөөд тус зөвлөлөөс тухайн жилд хадгалуулах мөнгөний хүү болоод банкуудыг сонгож байршуулдаг. Хадгаламжийн хүүний хувьд 2015 онд 11 хувийн хүүтэй хадгалуулж байгаад 2016 оны хавар есөн хувь болгож бууруулсан байсныг сая шинэ удирдлагын баг хуралдаад 15 болгосон байна. Эндээс харахад татвар төлөгч миний хувьд ч ойлгомжгүй зүйлүүд байна. Тэгэхээр энэ сангийн үйл ажиллагааг илүү тодорхой нээлттэй болгох, сангийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд мэдээлж байх, шилэн болгох, татвар төлсөн иргэд дансаа шалгая, мэдээлэл авъя гэхэд тэр нь хялбар байх гэхчилэн нээлттэй бодлого, хяналтын системийг сайжруулах шаардлагатай.

-Нас барсан иргэдийн нэр дээр тэтгэвэр авдаг, барилга байшин засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмж авах нэрээр маш их мөнгө зарцуулдаг гэдэг?

-Яг хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон нь Нийгмийн даатгалын гурван байцаагч бусдын нэр дээр нийт 85.7 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг хууль бусаар авсныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хохирлыг барагдуулсан гэсэн мэдээллийг албан ёсоор авсан. Энэ бол гэмт хэргийн шинжтэй тогтоогдсон зөрчил болохоос биш таны хэлдгээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг асуудал байгааг үгүйсгэхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулинд тус байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ гэж заасан байдаг тул үе үеийн шийдвэр гаргагчдын хувьд хэт үрэлгэн зардлыг гаргаж ирсэн нь жилээс жилд өсөж ирсэн зардлын тайлангаас тодорхой харагдаж байна. Дээр хэлснээр Нийгмийн даатгалын санг шилэн болгох, даатгуулагчид сангийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг харж болох тогтолцоог нэвтрүүлэх. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд татвар төлөгчдийн төлөөллийг түлхүү оруулах шаардлагатай. Өнөөдөр сонгууль болж засаг солигдлоо, өөрийнхөө намын хүмүүсийг томилно оо л гээд байхаас биш үр дүнг харж хянадаг систем алга. Өнгөрсөн хугацаанд ажилласан тайланг нь хэлэлцэх, шүүдэг журам алга. Зүгээр л чөлөөлөөд дараагийн хүнийг нь томилдог жишиг тогтчихсон. Тэгэхээр үйл ажиллагаа, зардлыг биш үр дүнг санхүүжүүлдэг системд шилжих хэрэгтэй гэх мэт зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийх ёстой.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин барих, засах гэхчилэн хөрөнгө оруулалтын зардал их гардаг юм билээ. Энэ хэр нийцтэй вэ?

-Нийгмийн даатгалын байгууллагын хөрөнгө оруулалтыг сүүлийн найман жилээр гаргасан тайланг харж байна. Үүнд барилга байгууламж барих, барилгын урсгал болон их засвар гэх мэт зардлууд жил тутам өссөөр 1997 онтой харьцуулбал 20 дахин өссөн. Хөрөнгө оруулалт, ДНБ-ий өсөлттэй зүй ёсоор холбогдох боловч нөгөө талаараа төсөв захиран зарцуулагчдын бодлого шийдвэртэй ч бас холбоотой. Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, зарим сумд өөрийн гэсэн байр байшин зарим нь бүр амралт сувиллын газартай ч болсон байна. Энэ бол буруу. Амралт сувилал хэрэгтэй бол тийм үйлчилгээ эрхэлдэг газраас үйлчилгээ авах хэрэгтэй.

-Буруу тийшээ яваад байгаа тогтолцоог яаж зөв чигт чиглүүлэх вэ?

-Өнөөдөр дэлхий нийтээр хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж байна. Монгол хүнийх ч мөн адил. Төрөлт нэмэгдэж дундаж насжилт уртассан нь мэдээж маш сайн үзүүлэлт. Гэхдээ үүнийг дагаад ажиллах хүчний тоо буурч, жилээс жилд олгох тэтгэвэр тэтгэмж, халамжийн хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс бид нийгмийн даатгал, түүний санд зөв менежмэнт хийхгүй бол алдагдал улам нэмэгдэнэ. Яриад суух биш хийж эхлэх цаг нь болсон байна. Тухайлбал, тэтгэвэр дээр гэхэд байнга яригддаг тэтгэврийн зөрүүний асуудлаа цэгцэлье, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгоё. Нэрийн дансны тогтолцоогоо хэрэгжүүлье. Өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцооноос харахад авч байгаа тэтгэвэр төлсөн тэтгэврийн зөрүү 1-4 дахин алдагдалтай байна. Өгч байгаа татвар, авах тэтгэврийн хэмжээ, насны зохистой харьцаа алдагдсан. Энэ бол тэтгэврийн тогтолцоо буруу явж байгаагийн жишээ юм. Хүн амын олонхийг бүрдүүлж байгаа залуучуудаа ажилтай, орлоготой болгож тэр хэрээр даатгалд хамруулах нөхцөлийг бий болгох шаардлагатай. Нийгмийн даатгалын татвар, хураамжийг татварын байгууллагаар дамжуулан авч, хяналт шалгалтыг нь давхар хийх замаар зардлыг бууруулах боломж байна. Өнөөдөр Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд жилд 19-20 тэрбум зардаг. Хэдийгээр 100 төгрөг олоод нэг төгрөг зардаг гэж байгаа ч үрэлгэн төсөв их байсан байна. Цаашид зардлыг танаж, бүтцээ цомхон болгох шаардлага бас байна гэж харж байна. Энэ мэтчилэн эдийн засгийг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад энэ салбарт анхаарч ажиллана.


Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Нэр дэвшигчдийн хэлж, ярьж буй үгэн дотроос шинэчлэл хийж чадах эсэхийг намын гишүүд олж харах ёстой

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ардчилсан намын даргыг сонгох сонгууль үргэлжилж байна. Явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-АН-ын VI Их хурлын шийдвэрээр даргаа сонгох сунгаа болж байна. Таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Саналын үеийн үйл явцыг сайн мэдэхгүй. Сурталчилгаа Хэнтий аймгаас эхлэх үед очиж оролцсон. Ер нь намын даргын сунгааг гишүүд хүсэн хүлээж байсан нь тодорхой. Нэр дэвшигчдэд намын зүгээс тодорхой болзол тавьсан. Бие бие рүүгээ дайрахгүй, намынхаа эсрэг зүйл ярихгүй байх гэхчилэн шалгууртай. Гэхдээ нэр дэвшигчид сурталчилгааны эхний өдрөөс журмаа зөрчиж байна. Ялангуяа сүүлийн үед нэлээн идэвхжиж байгаа тухай мэдээлэл бий. Гэхдээ АН-ын даргын сунгаа боломжийн хэмжээнд, хэвийн явагдаж байна гэж үзэж байгаа. Намын гишүүдийн сэтгэлд хүрч байгаа болов уу гэсэн бодол бий. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр гишүүдийн сэтгэлд нийцэж байгаа байх. Сунгаанд эргэж хармаар, нэр дэвшигчид анхаармаар зүйл их харагдаж байна.

-Даргад өрсөлдөх хүн 500 сая төгрөг тушаасан. Энэ хэр зүйтэй шийдвэр вэ?

-Нэр дэвшигчид намын даргад өрсөлдөхдөө тодорхой хариуцлага үүрэх шаардлагатай. Нам улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Өөрсдийгөө бүрэн хариуцдаг. Тэр утгаараа намын даргад өрсөлдөж буй хүн тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой. Сонгуулийн хорооноос тодорхой нөхцөл тавьсан юм билээ. Уг нөхцөл зөвшилцлийн дунд багассан гэсэн. Нэр дэвшигчдээс авсан мөнгөөр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Нэг ёсондоо эргээд өөрсдөд нь зарцуулж байна. Түүнээс биш нам ямар нэгэн байдлаар бүх мөнгийг нь хамаад авчихсан хэрэг биш.

-Нэр дэвшсэн таван хүн намын даргын шаардлагад нийцэж байгаа юу. Ер нь таныхаар хэр боломжийн хүмүүс өрсөлдөж байгаа вэ?

-АН-ын нэг онцлог бий л дээ. Аль болох нээлттэй байдаг. Бид хаагдмал нам биш. Хүсвэл өөрсдийнх нь оролцоог аль болох хангадаг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар чи болохгүй, чадахгүй гэх зүйл ярьдаггүй. Энэ утгаараа хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт даргын сунгаанд нэр дэвших эрх нээлттэй байсан. Гэхдээ миний бодлоор намын даргын ч тэр, бусад албан тушаалд ч тэр, тодорхой шалгуур заавал байх ёстой. Нэг ёсондоо АН 25, 26 жилийн дотор өсөж өндийж явсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Намын үйл ажиллагаа унаж, босож, сэхэж явахад гар бие оролцож байсан хүмүүс өрсөлдөөнд орж байвал зүгээр. Тэгэхгүйгээр хаа хамаагүй газраас хэн дуртай хүн гүйж ирээд намын сунгаанд оролцож, янз бүрийн байдлаар үймүүлэх аяс ажиглагдвал буруу. Тийм дүр төрх тодорхой түвшинд харагдахаар юм билээ. Ер нь бол АН-ыг шинэчлэх хөдөлгөөний байр байдлыг анхааралтай ажиглахад үймэн хутгах өнгө аяс гаргах төлөвтэй байна. УИХ-ын сонгуулийн өмнө болон VI Их хурлын бэлтгэл ажлыг хангаж байхад иймэрхүү төрх нэлээн анзаарагдсан. Гишүүд бол бүгдээрээ намын шинэчлэлийг хүсч байгаа. Тодорхой хэмжээнд салхи оруулахыг хүсч байгаа хэдий ч маш их туйлшрал байгаа нь худлаа биш.

-Намын шинэчлэлийн асуудал яригдаж байгаа хэдий ч даргын сунгаанд өрсөлдөж буй хүмүүсээс тэгтлээ их зүйл хүлээгээд нэмэргүй болов уу гэж анзаарагдаж байна?

-Надад ч гэсэн тийм сэтгэгдэл төрж байгаа. Яагаад вэ гэхээр нэр дэвшигчид тухайн намыг хэрхэн шинэчлэх вэ, одоо юу нь болохгүй байна вэ гэдэгт үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулах ёстой. Гэтэл гишүүдийн хүсэн хүлээж буй шинэчлэл авчрах мөрийн хөтөлбөр харагдахгүй байна. Зөвхөн би гэдэг хувь хүнээ л тодорхойлоод байна. Нэг талаас би бол залуу хүн, залуус энэ намыг авах ёстой, хөгшчүүл зайгаа тавьж өг гэдэг. Нөгөөдүүл нь залуус орж ирэх цаг арай болоогүй байна гэхчилэн сурталчилгаа явуулж байгаа. Намын гишүүд нэр дэвшигчдийн хэлж, ярьж буй үгэн дотроос шинэчлэл хийж чадах эсэхийг олж харах ёстой. АН яг ямар нам бэ гэдгийг нэр дэвшигчид хэлж чадахгүй байна. Баруун төвийн нам юм бол ямар чиг хандлагатай вэ гэдгийг ярихгүй юм. Уг нь АН-ын дүрэм муу биш. Өнөөдөр мөрдөж буй дүрмийг би сайн гэж хэлэхээр байна. Хамгийн гол нь дүрмэн дотор байгаа олон заалт хэрэгжихгүй байгаа. Тэдгээрийг буцааж хэрэгжүүлэх ёстой. Дээрээс нь нэмээд цаг үетэйгээ тохирсон өөрчлөлт оруулах хэрэгтэй. Миний бодлоор АН баруун төвийн үзэл бодлыг барьдаг консерватив нам. Үндэсний уламжлалаа хадгалдаг, барууны консерватив намуудын холбоонд элссэн байдаг. Тиймээс улс төрийн энэ чиг баримжаагаа илүү хадгалж дүрмээ шинэчлээсэй гэж бодож байна. Ер нь АН адармаатай түүхтэй. Олон нам нийлэхдээ үзэл бодлын маш их зөрүүтэй байлаа. Тэр нь яваандаа фракцуудыг үүсгэж улмаар ашиг сонирхлын хэлбэр рүү шилжчихсэн. Угтаа бол АН гурван үндсэн үзэл бодолд тулгуурласан нам. Социал демократ нам, МоАХ, МҮДН-ынхан нийлж консерватив нам үүсгэн байгуулсан. Магадгүй олон үзэл бодол биелэлээ олохгүй явсаар байгаад өнөөдрийн энэ барууны ч, зүүний ч, төвийн ч биш хачин будлиантай чиг баримжаатай болчихсон байх. Энэ үзэл бодлыг юун түрүүнд зааглаж өгөх хэрэгтэй. Ялгааг гаргахад одоо мөрдөгдөж буй дүрмээ сайн хэрэгжүүлэх ёстой байх.

-АН дотроо хагаралтай байдаг нь өнгөрсөн дөрвөн жилд илт харагдсан. Одоогийн намын даргын сунгаанд ч гэсэн иймэрхүү зүйл харагдаад байх шиг ээ?

-Ер нь АН-ын ялагдлын гол шалтгааны нэг нь дотоод зөрчилдөөн. Үүнээсээ болж бид ард түмний саналыг алдсан. Түүнээс биш гадна талаас дайсан хайгаад хэрэггүй. Нэг ёсондоо гурван намын суурин дээр байгуулагдсан АН сүүл рүүгээ зөвхөн албан тушаал, ашиг сонирхлын фракцуудыг бий болгосон байна. “Шонхор”, “Нэг ардчилал”, “МҮАН-ын нэгдэл” гэхчилэн олон фракцийн үйл ажиллагааг хараад байхад албан тушаал, ашиг сонирхлын төлөө л яваад байдаг. Сүүлд гарч ирсэн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн ч тэр. Эд АН-ыг сонгодог утгаар нь шинэчлэхийн төлөө яваагүй. Гаднах өнгөлөн далдлалт нь шинэчлэл. Үнэн чанартаа дандаа гомдоллогсдын бүлэглэл шүү дээ. Эсхүл ажил төрөл, албан тушаалгүй хоцорсон нөхдүүдийн зохион байгуулалтад орж байгаа нэг хэлбэр.

-Тийм хүмүүс намыг шинэчилж чадах уу?

-Намын даргад нэр дэвшиж буй хүмүүс ийм фракцийг байхгүй болгох ёстой. Байхгүй болгох гол зам нь АН баруун төвийн буюу консерватив нам гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс үлдэх ёстой. Бусад нь эртхэн өөр өөрсдийнхөө замаар яваасай гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ мэдээж хэрэг нам тарж бутрахыг хэн ч хүсэхгүй. Өдий олон жил үйл ажиллагаа явуулахдаа үзэл бодол нь ойролцоо төвлөрдөг болсон бол шинэчлэл хөдөлгөөнд нэгдээд явахыг үгүйсгэхгүй. Тэгэхгүйгээр яг хуучнаараа яваад амжилт олохгүй. Таван нэр дэвшигчийн сурталчилгааны тоглолтыг нэлээн харлаа. Ж.Батзандан гэхэд тухайн тойргийн сонгогчдын уур амьсгалыг мэдэрч байгаад тоглолтоо хийгээд явж байна. Мэдээлэл муутай хүмүүст Ж.Батзандангийн яриа гоё сонсогдож байж магадгүй. Л.Гантөмөрийн хувьд баруун төвийн либерал үзэл баримтлалыг барина гэж байгаа мөртлөө өмнөх үе рүүгээ дайрсан үйлдэл гаргаж эхэлсэн. Зөвхөн өөрийгөө дээш гаргах гэсэн оролдлого болохоос биш яг АН-ын төлөөх шинэчлэл байхгүй. С.Эрдэнэ намынхаа 26 жилийн түүхийг хамгаалж буй мэт харагддаг хэдий ч мөн л эрх дарх бий болгох гэсэн оролдлого ажиглагдаж байгаа. Н.Алтанхуяг онол биш хийсэн бүтээсэндээ тулгуурлан үйл ажиллагаа явуулах шинжтэй харагддаг. Д.Эрдэнэбатын тухайд хамгийн зөв чигийг барьж байх шиг байна. Гэхдээ нийт намын гишүүд л шийднэ. Тэд хэнд, ямар оноо өгөхөө өөрсдөө л мэднэ. Арай илүү эрүүл сэтгэж байгаа нь Д.Эрдэнэбат юм болов уу. Энэ үүднээс түүнийг дэмжиж байгаа.

-Өнгөрсөн дөрвөн жилд улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс намынхаа шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулахгүй байх шиг харагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нар энэ асуудлаас их хол яваа мэт байгаа?

-Ер нь бол намын гишүүний хувьд шинэчлэлийн асуудалд санаа тавьж, үзэл бодлоо илэрхийлж байгаа. Гэхдээ залуучуудын хэлж буйгаар хаагаад, цензурдээд, хайрцаглаад байгаа юм алга. Тийм зүйл хийхгүйн тулд тодорхой нэр бүхий хүмүүс шинэчлэлийн асуудлаас зайгаа авчихсан байгаа. Аль болох зайнаас харахгүй бол муу бүхнийг тэдэн рүү чихнэ. Тиймээс шинэчлэл хийх гэж байгаа хүмүүсийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэсэндээ холхон байна. АН-ын гишүүд тэнэг хүмүүс биш. Тавын таван хүн нэр дэвшиж байхад зөв сонголтоо хийгээд явах байх.

-Ер нь намын шинэчлэлийн асуудал даргаас нэлээн хамааралтай болох нь ээ?

-Уг нь VI Их хурлын өмнө АН дүрмээ шинэчилье гэж байсан. Үүний дараа намын даргынхаа сунгааг хийх гэж байлаа. Нэг ёсондоо дүрмэндээ тохирсон намын даргатай болох гэж байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдал өөр байна. Их хурлын дараа шинэ уур амьсгал бий боллоо. Энэ дагуу эхлээд даргаа сонгоно. Дарга гарч ирж байж дүрмэнд өөрчлөлт хийх шийдвэр гарсан. Тэгэхээр ямар даргатай болсноос хамаарч АН ямар дүрэмтэй болох вэ гэдэг зүйл рүү орчихлоо.

-Уг нь эсрэгээрээ явах ёстой байсан юм биш үү?

-Буруу гэж хэлэхэд эрт байна. Магадгүй тухайн дарга болсон хүн өөрийнхөө үзэл бодолд тулгуурласан дүрэм бий болгохыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний харж буйгаар манай намын дүрэм консерватив намын дүрмийн дагуу хийгдэх ёстой. Ингэж чадахгүйгээр АН-ын шинэчлэл харагдахгүй.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал сөхөгдсөн. Энэ банкаар орж ирсэн гадны хөрөнгийг танай намынхан идэж уугаад дуусгасан мэт ярих юм?

-Нээлттэй ярьж байгаа асуудал. Ардчилсан намынхан шахаж шаардаж байж бүх нууц мэдээллийг ил гаргуулж байх шиг байна. Цаашид улам тод болно. Хэн нь хэн бэ гэдэг цаашид үүнээс илүү тодрох байх. Өнөөдөр би энэ асуудлыг тухайн үед ингэж шийдсэн гэдгийг ярих илүүц биз. Шалгадаг байгууллага нь шалгаад учрыг нь тогтоох байлгүй. Гэхдээ нэг зүйлд харамсаж байна. МАН-ынхан урагшаа харж ажиллаж чаддаггүй гэдгээ алхам тутамдаа харуулах юм. Ер нь юм хийх чадваргүй улс шиг байна. Ардчилсан намын алдаан дээр яаж улс төрийн тоглолт хийх вэ гэдгийг бодохоос улс эх орноо урагшлуулах тухай огт бодохгүй юм. Тэдний өөдөөс янз бүрийн авир гаргаж үг хэлэх шаардлагагүй. Удахгүй учир зүй нь олдоно биз. Мэдээж хэрэг ажил хийсэн хүмүүст алдаа байгаа байх. Гэхдээ их биш байх гэж бодож байна. Тэгээд ч саяхан УИХ-ын тогтоол гарчихлаа. Хөгжлийн банкны хөрөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулсан юм байна гэдгийг тогтоосон. Энэ шийдвэрийг МАН-ынхан гаргасан.

-Хөгжлийн банктай холбогдуулан таныг шалгаж байгаа гэсэн. Тэр шалгалт юу болсон бэ?

-Мэдэхгүй байна. Намайг шалгаж байгаа зүйл одоогоор мэдэгдэхгүй байгаа. Хэрвээ шалгаж байгаа бол намайг дуудаж, асуумаар юм. Хоёрдугаарт, би яагаад Хөгжлийн банктай холбоотой асуудалд шалгагдаж буйгаа ч мэдэхгүй байна. УИХ-д байхдаа би Эдийн засгийн байнгын хорооны даргаар болон УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан. Хөгжлийн банкны асуудал энэ хоёр албан тушаалтай ямар ч хамааралгүй бүтцийн удирдлагатай. Баримт байгаа бол гаргаж ирэх хэрэгтэй ш дээ. Б.Гарамгайбаатар гэж хүн ийм асуудлаар Хөгжлийн банктай холбогдож байгаа гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хороон дарга байгаад бондын мөнгийг захиран зарцуулах ажиллагаанд оролцсон гэж хардаж байж магадгүй. Гэтэл тэр үед Ерөнхийлөгчийн шийдвэрээр Бондын зөвлөл байгуулагдсан. Тэр зөвлөлд санхүүжилт олгож болох эдийн засгийн үндэслэлтэй аж ахуйн нэгжүүд нь энэ байна гэх санал өгч байсан. Зарцуулалт зөв явж байна уу гэдгийг Төсвийн байнгын хороо хянадаг. Дарга нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байсан шүү дээ. Энэ мэтээр ялгаа салгааг нь зөв олох хэрэгтэй. Түүнээс биш Ардчилсан намынхныг буруутгадаг шуурсан үйл ажиллагаа явуулж байгаа бол эцэст нь өөрсдийнхөө хар толгойг цусдах вий дээ. Тэгэхээр надад одоохондоо ярих зүйл алга. Хэрэв задлаад ярь гэвэл зөндөө юм ярьж болно.

-Одоогийн Засгийн газрыг ямар түвшинд ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Би Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхийг зөв гэж бодохгүй байна. Ажил хийвэл боломж зөндөө бий. Ажил хийх чадваргүй юм байна, зөвхөн урдахаа ухаж амьдрах юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа болохоор юу ч ярих вэ. Гадны хөрөнгө оруулалтыг зогсоох ажлыг хэн эхлүүлсэн юм. МАН-ынхан. Г.Занданшатар гишүүн хуулийн төслийг санаачилсан. Гэхдээ би МАН-д буруу өгье гэж бодохгүй байна. Тэртэй тэргүй өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн суурийг МАН-ынхан тавьсан гэдэг тодорхой. МАН засгийн эрх авсан энэ үед төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс өөрсдөө нэг ч ажил хийж чадахгүй байна. Хүний бөгс ухаж, цүнх барьж явахдаа л сайн улсууд төрд ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: ОХУ-тай хамтарч мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Мичин жилийн өвөл хүндхэн болох нь гэж ярьж байсан. Өнөөдрийн байдлаар өвөлжилт ямархуу байна вэ?

-Арванхоёр болон нэгдүгээр сарын эхээр цаг агаарын байдал харьцангуй тогтуун, таатай байна. Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар цас их орж хүйтний эрч чангарсан. Ялангуяа хангайн болон хойд нутгаар цас их орсон. Үүнээс улбаалж 13 аймгийн 119 сумын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэвтэр байгаа. Хэрэв цаашид цас их орж шуурвал өвөлжилт хүндрэх төлөвтэй. Зүүн аймгуудын тухайд өнгөрсөн зун гантай байснаас болж мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй. Говийн бүс нутаг харьцангуй гайгүй байна. Манай яаман дээр өвөлжилтийн ажлыг зохион байгуулах штаб ажиллаж байгаа. Бүх аймаг, сумтайгаа холбогдож уялдаа холбоотой ажиллаж байна. Засгийн газрын зүгээс тогтоол, шийдвэр гарч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа хангайн бүс нутагт 11 тэрбум төгрөгийн өвс тэжээл хүргэсэн. Бэлтгэл ажлын хувьд улс болон аймгийн хэмжээнд сайн байгаа. Сумдын түвшинд зарим нь өвсөө бэлдэж чадаагүй байна. Үүнийг яамны зүгээс шийдвэрлэж шаардлагатай өвс, тэжээлийг хүргүүлэх арга хэмжээ авлаа. Мөн сайдын зүгээс өвөлжилт хүндэрсэн нутгуудад тусламж үзүүлэх уриалга гаргасан. Энэ хүрээнд тусламжийн бараа, өвс тэжээл, элгэвч, нэмнээ зэргийг малчдад илгээх гэж байгаа. Энэ долоо хоногт тусламжийн цуваа эхнээсээ хөдөлнө.

-Өнөөдрийн байдлаар зудтай аймаг бий юү?

-Зуд гэхээс илүүтэй цас их орсон аймгууд бий. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн зүйл хамаарна. Аль болох хүндрэл багатайгаар өвлийг өнөтэй даваад гаръя гэдэг үүднээс манай яам малчидтайгаа байнга холбоотой, хамтран ажиллаж байгаа.

-ХХААХҮЯ-наас мах, сүүний аян эхлүүлэх гэж байгаа гэсэн. Уг аяныхаа талаар танилцуулахгүй юу?

-Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд мах, сүүний аян явуулахаар төлөвлөсөн. Мөн удахгүй үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөр батална. Мах, сүүний аян маань энэ 21:100 хөтөлбөртэй уялдаж явах юм. Өнөөдөр Монгол Улс сүүний нийт хэрэгцээнийхээ 60 хувийг гаднаас оруулж ирдэг. Дотоодынхоо хэрэгцээг хангах байтугай гадагшаа экспортлох хэмжээний сүүний нөөцтэй мал аж ахуйн орон мөртлөө импортоор орж ирсэн хуурай сүү хэрэглэж байна гэдэг харамсалтай. Тиймээс бид сүү боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарахаар болсон. “Mongolian dry milk” гэж дотоодын компани идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газар бодлогоор дэмжиж байна. Тус компани Японоос хуурай сүүний жижиг оврын үйлдвэр худалдан авч албан ёсоор үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Эхний ээлжинд сүүний гарц сайтай бүс нутагт үйлдвэр байгуулна. Нэлээн дорвитой ажилласны дүнд эхний үйлдвэрүүд ороод ирчихсэн. Энд хөдөө орон нутагт хуурай сүүний үйлдвэр байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжид зориулсан сургалт зохион байгуулна. Японы талаас сургалт зохион байгуулах мэргэжилтэн ирнэ. Тэр хүн хуурай сүүний технологи, үйлдвэрлэлийн бүхий л стандартыг зааж өгөх юм. Мөн бид Монгол Улсын үйлдвэржилтийн төлөвлөгөө гаргаж байна. Газрын зургаа түшиглээд аль аймагт ямар үйлдвэр байгуулбал үр ашигтай байх вэ гэдгийг тооцоолж байна. Ингэж хаана, ямар үйлдвэр байгуулахыг бүсчлэн тодорхойлж өгөхгүй бол ашигтай гэсэн рүү хүн бүр зүтгээд бусдыгаа татаад унагаачихдаг. Тиймээс Монгол Улсын аж үйлдвэрийн зураглал гаргаж байна. Үүнд түшиглэн 21:100 хөтөлбөрийн төлөвлөгөөг гаргана.

-Хуурай сүүний үйлдвэр байгуулах сургалт хэзээ эхлэх вэ. Ямар хүмүүс хамрагдаж болох вэ?

-Үнээ нь сүүний гарц сайтай хангайн бүс нутгийн малчид, үйлдвэр эрхлэгчид хамрагдаж болно. Энд сургалтад сууж технологио мэдэж аваад нутагтаа очиж ажлын байр бий болгон дотоодын хуурай сүү үйлдвэрлэх хүсэлтэй хүн бүрт нээлттэй. Бид эхлээд юун түрүүнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчихвол цаашлаад экспортлох хэмжээнд ярьж болно.

-Хэрэв дотоодынхоо сүүний хэрэгцээг хангах хэмжээнд хүрч ажиллаж чадвал импортын сүүний нийлүүлэлтийг хязгаарлах уу?

-Бид Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ хүрээнд хүлээсэн үүрэг бий учраас импортын сүүг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн хориг тавьж болохгүй. Нэгэнт тослог өндөртэй монгол малынхаа сүүг орчин үеийн технологиор боловсруулж чадвал тэртэй тэргүй импортын сүүний хэрэглээг багасгана.

-Хуурай сүүний үйлдвэрийг хэдэн аймагт байгуулах вэ. Эхний ээлжийн үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох вэ?

-Эхний ээлжинд 60 үйлдвэр оруулж ирж байгаа. Яваандаа зах зээлийн судалгаа, тооцоо гарахаар цаашид хэрхэн нэмэгдүүлэх нь тодорхой болох юм. Говийн бүс нутагт л гэхэд ингэний сүүг хуурай болгож болно. Дөрөв, тавдугаар сараас эхний үйлдвэрүүд ашиглалтад орно гэсэн тооцоо бий.

-Гэхдээ монголчууд хуурай сүүг төдийлөн таашаадаггүй байж мэднэ. Шингэн сүү л голдуу худалдан авдаг биз дээ?

-Манай улсын сүүний үйлдвэрүүд Австрали зэрэг улсаас хуурай сүү импортлон оруулж ирдэг. 17 үйлдвэр хуурай сүү худалдан авч байгаа. Тэдний хэрэгцээг ядаж хангачихъя л даа. Мөн шингэн сүүг удаан хадгалж болдоггүй учраас хуурай сүү хэрэгтэй. Хуурай сүү болголоо гэхэд янз бүрийн химийн бодис ашиглахгүй. Өнөөдөр манай улсын сүүний хэрэгцээг хангаж байх ёстой сүү бэлчээртээ байдаг. Малчид үнээ, хонь, ямаагаа саахгүй байна. Одоо үйлдвэртэй болчихвол сүүгээ саагаад байх боломжтой.

-Махны чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ. Махны экспортын талаар сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч гэлээ дорвитой хөдлөхгүй байх шиг байна?

-Одоогийн байдлаар 8000 тонн мах экспортод гаргачихаад байна. Намайг ажлаа хүлээж авах үед 3000 тонн мах экспортод гараад байсан. Орос, Хятад руу гарч байгаа. Яахав далайцтай, их хэмжээгээр экспортолж одоохондоо чадахгүй байна. Уг нь ажил хэргийн уулзалтын дүнд нэмж Хятадын хоёр ч боомтоор мах гаргахаар тохироод байсан боловч хойшилсон. Эргээд хамтын ажиллагааг сайжруулахын тулд уулзалтууд зохион байгуулж байна. Үр дүн нэлээн нааштай байгаа. ОХУ-ын тухайд мөн л нааштай хариу ирсэн. Оны өмнө тэндхийн мэргэжилтнүүд ирж манай улсын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан. Хариу нь энэ сард ирнэ. Үүний дагуу экспорт нэмэгдэх байх. Хамгийн гол нь бид ОХУ-тай монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины шийдвэр гарч дөрвөн жилийн хугацаанд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг зохион байгуулна. Маш өндөр үр дүн хүлээж байгаа. ОХУ-ын мэргэжилтнүүд энэ сард ирж судалгаа хийнэ. Үүндээ тулгуурлан ямар үе шаттай, хэдий хэрийн санхүүжилттэй хөтөлбөр байх, ямар мэргэжилтэн шаардлагатай вэ гэхчилэн ажлын төлөвлөгөө гаргана. Бүх бодлогын асуудлуудаа тохирч ажлаа эхлүүлнэ. Бид махаа экспортод гаргахын тулд нэн тэргүүнд малаа эрүүлжүүлэх шаардлагатай. Ямар ч улс орон малын өвчин гарсан газраас мах авахыг хүсэхгүй. Яамны зүгээс Малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хууль батлагдвал бид улсын мал эмнэлэгтэй болно. Мал эмнэлгийг улс, аймаг, сумын хэмжээнд сэргээж аваад хуваарьт үйлчилгээг цаг тухайд нь хийх юм. Вакциныг технологийн горимын дагуу хийдэг, түүнд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байхгүй бол малын өвчлөлийн асуудлыг тавиад туучихсан гэхэд болохоор болсон байна.

-ОХУ-ын мэргэжилтнүүд өөрсдөө манайд ирж мал эрүүлжүүлж эхэлбэл дараа нь экспортод гаргахад ч дөхөм болно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бид ОХУ-тай дөрвөн асуудал ярьсан. Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөртэй хамтарч ажиллах, махны экспорт, үрийн будааны нийлүүлэлт, хил орчмын худалдаа зохион байгуулах. Уг асуудлыг тус улсын Хөдөө аж ахуйн сайд хүлээж аваад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Нэгэнт малаа эрүүлжүүлээд эхэлбэл цаашид малын үржилд анхаарна. Сүүлийн хэдэн жил бид үржлийн асуудлыг хойш тавьсан. Тиймээс яам бодлогын түвшинд анхаарч ажиллана. Түүнчлэн эрүүл малаа яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал бий. Манай улсын бүх мал өвчтэй биш шүү дээ. Ийм малаа яаж баталгаажуулах вэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой.

-Намраас хойш малын өвчний талаар ярьж байгаа. Тэнд ч цэцэг өвчин гарлаа, энд ч шүлхийтэй байна гэх юм. Дарж чадахгүй байна уу?

-Ажлаа хүлээж авахад хамгийн эхэнд нүүр тулсан асуудал шүү дээ. Цэцэг, шүлхий, мялзан зэрэг өвчинг хяналтдаа авсан. Бүх төрлийн өвчний вакцин оруулж ирлээ. Хамгийн сүүлд цэцэг өвчний вакцин ОХУ-аас авсан. 5.5 тэрбум төгрөгөөр авах байсныг салбарын сайдтай нь ярилцаж байгаа, 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ вакциныг цэцэг өвчин гарсан бүс нутагт хийж байгаа.

-Биокомбинатын асуудал юу болсон бэ. Унгараас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа сураг дуулдаж байсан?

-Биокомбинатыг сэргээх тухай асуудал найман жил яригдсан. Би аравдугаар сарын сүүлээр Унгар улсад айлчлахдаа тэндхийн Хөдөө аж ахуйн болон Гадаад худалдааны сайдтай уулзаад ирсэн. Унгарын Засгийн газраас 25 сая ам.доллар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар болсон. Энэ сарын сүүлээр юм уу ирэх сарын эхээр төслийн үйл ажиллагааг нээнэ. Биокомбинатын төсөл хэрэгжсэнээр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдаж бид өөрсдөө вакцин үйлдвэрлэж эхлэх юм.

-Манай улс нэг жилд гаднаас хэдий хэрийн өртөгтэй вакцин худалдаж авдаг юм бэ?

-Жилд 15-20 тэрбум төгрөгийн вакцин худалдан авч байгаа. Дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр дор хаяж тээвэр, гаалийн зардлыг хэмнэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор 3-4 дахин бага мөнгө вакцинд зарцуулах байх.

-Малчдын амьдрал амаргүй байгаа. Малчдыг мөнгөжүүлэхийн тулд яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Мах, сүүний хөтөлбөр болоод мал эрүүлжүүлэх аян зэргийг малчдад зориулсан. Мал нь эрүүл болчихвол мах, сүүнээс гадна арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ борлуулахад хялбар болно. Орлоготой болгохын тулд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх ёстой. Уламжлалт тогтолцоог эргэж сэргээснээр улсын төсөвт дор хаяж гурван их наяд төгрөг орж ирнэ. Түүхий эдээ бид өөрсдөө амжилттай бэлддэг болчихвол их чухал. Түүхий эд бэлтгэхдээ буруу технологи хэрэглэснээс болж 40 хувийг нь гологдол болгодог. Хагас дутуу боловсруулсныг хувь хүмүүс авч бага багаар хил гаргаж байгаа. Үүнд ямар ч нэгдсэн бодлого байхгүй. Үүний эсрэг арга хэмжээ авна. Түүхий эдээ бэлтгэхээс эхлээд хадгалалт, тээвэрлэлт, худалдаанд хүртэл өндөр стандарт тавьж ажиллана.

-Атрын гуравдугаар аян эхлүүлэхээр болсон гэсэн. Энэ хүрээнд ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

-Атрын гуравдугаар аянг үргэлжлүүлж сэргээе гэсэн зорилго тавьсан. Бид улаан буудайн дотоодын нийт хэрэгцээгээ хангаж чадаж байна. Үүнийг улам сайжруулах хэрэгтэй. Цаг агаарын нөхцөлд тохирсон үртэй болохыг зорьж байгаа. Тариаланчдаа техник технологи, тоног төхөөрөмж, үрийн будаагаар нь нэлээн сайн дэмжих бодлого баримталж байна. Ирэх жилүүдэд бид 600, 700, 800 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой. Тариаланчдын зарим нь нэг га усалгаагүй талбайгаас 45 цн ургац хурааж авч байна. Энэ тоо бидэнд боломж бий гэдгийг харуулж байгаа юм. Улаан буудайгаар тогтохгүй хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангахаар зорьж байгаа. Монгол байцаа гэхэд арав, арваннэгдүгээр сард дуусчихдаг болохоор Хятадаас оруулж ирдэг. Тэгэхээр байцаагаа яаж удаан хадгалах арга технологийг нэвтрүүлье. Аж ахуйн нэгжүүд маань эхнээсээ ийм технологи оруулаад ирчихэж.

-Тариаланчид техник, тоног төхөөрөмж худалдан авахад хөнгөлөлт үзүүлээч гэдэг?

-Бодлогын хэд хэдэн арга хэмжээ авна. Гол нь тариаланчдад үнэхээр хэрэгтэй байдаг зөв тоног төхөөрөмж оруулж ирэх ёстой. Манайхан ОХУ, Беларусийн техник авах дуртай байдаг юм байна. Сүүлийн үеийн комбайнууд шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ удаантай болж байгаа. Беларусиас тоног төхөөрөмж худалдан авахаар гэрээ хэлэлцээр хийх гэж байна. Беларусийн Засгийн газраас бүх төрлийн тоног төхөөрөмжийг 20 жилийн хугацаатай нийлүүлье, хүүг нь өөрсдөө хариуцъя гэсэн санал тавьсан.

-Та түрүүн ОХУ-аас үрийн будаа худалдаж авах тал дээр хамтран ажиллана гэсэн. Тэндээс манайд агуулахдаа олон жил хадгалсан муу үр орж ирдэг гэх хэл ам гардаг биз дээ?

-Монголчууд үрээ зарахаас үрээгээ зар гэдэг. Сайн чанарын зөв үрээр тариалсан байхад ургац алдахгүй. Өнөөдөр манайд үрийн аж ахуй алга. Атрын гуравдугаар аяны хүрээнд үрийн аж ахуйтай болох төлөвлөгөө, зорилго бий. Энэ ажлыг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтарч хэрэгжүүлнэ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрт өнгөрсөн хэдэн жил 700 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл гэж байгаа болохоор том үйлдвэрлэлийн хэмжээнд ярихад хэцүү. Ноос, ноолуурын үйлдвэр, Дарханы арьс, шир, нэхийний хэдэн гайгүй ажиллаж байгаа үйлдвэр бий. Хүнсний үйлдвэрийн тухайд ажил нь маш сайн явж байгаа шүү дээ. Гол нь үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. “Монголд үйлдвэрлэв” нэртэй жижиг, дунд үйлдвэрийн үзэсгэлэнг Улаанбаатар хотдоо хоёр ч газар тогтмол гаргахаар ярилцаж байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжинэ. Мөн хил орчмын худалдааг нэлээн дорвитой зохион байгуулна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Хаалттай чуулганаар үнэнийг ярилцаж, хямралыг давах гарцаа тодорхойлмоор байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Засгийн газар хоёр сарын өмнө эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн дагуу ажиллавал эдийн засаг богино хугацаанд сайжирна гэж их л сүртэй ярьж байсан. Тэр хөтөлбөр юу болсон бэ. Ажил нь явж байгаа юу?

-Өмнөх Засгийн газруудын үед ч ялгаагүй эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр гаргаж л байсан. Гэвч тэр нь хэрэгждэггүй, ёстой олны хэлдгээр сүржин нэртэй, даржин хөтөлбөр болон дарга нарын шүүгээнд тоосонд дараастай үлдсэн дээ. Хэрэгжилтийн талаар огт дүгнэж ч байгаагүй юм билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар энэ алдааг битгий давтаасай гэсэн үүднээс төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд нэлээд ажилласан. УИХ-ын гишүүд санаа оноогоо хэлж, олон улсын жишигтэй харьцуулан судалж, “шүүсийг” нь боломжийн түвшинд шахсан гэж бодож байгаа. Бас дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь нэг Байнгын хороонд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихыг даалгаж ирсэн. Харин энэ удаагийн хөтөлбөрт холбогдох Байнгын хороо тус бүр хяналт тавьж ажиллана. Хугацаандаа хэрэгжээгүй бол хариуцаж ажилласан албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хэрэгжилтийн явцыг зургаан сар тутамд дүгнээд мэдээлж байна гэсэн хариуцлага хяналтын хөшүүрэг тусгасан байгаа. Гэхдээ заавал ингэж хянуулж, шахуулж ажиллах ёсгүй л дээ. Засгийн газар, яам, агентлаг, газрууд хөтөлбөрийн дагуу хийгдэх ажлуудад маш шуурхай, ажил хэрэгч хандаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоогоор хөтөлбөрт тусгагдсан ажил, асуудлууд шийдэгдэж байгаа харагдахгүй юм. Хэдэн сарын дараа Байнгын хороодын шалгалтын үед баахан цаас үзүүлж, шалтаг тоочоод өнгөрөөх вий дээ гэж болгоомжилж сууна. Хямрал улам гүнзгийрч байхад нэг л их амарсан, баярласан, гадаадад зугаалсан, ажил цалгардуулсан шинжтэй байх юм. Төрийн ордон, яамдын өрөө танхим 24 цагт ч гэрэлтэй байж ажиллацгааж баймаар. Гэтэл ажлын цаг дуусав уу, үгүй юу тарцгаачихдаг. Манай улсын эдийн засгийн байдал улам дордож байна, зээлжих зэрэглэл нь бүүр CAA1 рүү орлоо. Дахиад нэг алхвал дампуурлаа зарлахад хүрэх нь байна шүү дээ. Ийм байхад төрийн түшээд, төрийн албан хаагчид бүгдээрээ л сэтгэлээ чилээж, ухаанаа уралдуулж, цаг хором бүрийг үр дүнтэй ашиглах ёстой. Монгол төрийн тэргүүн нь хүртэл амандаа ус балгасан мэт таг чиг. Засгийн газар нь яст мэлхий шиг хурдтай байгаа цагт ажил урагшгүй байна. Аль хэдийнэ л “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах бололцоо байлаа. Гэтэл хэрхэх нь тодорхойгүй байсаар ОУВС-гийн оны өмнөх хурлаас хоцорчихлоо. Одоо гурван сард хуралдах хуралд амжих нь уу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Харж суугаад хямралаас гарахгүй, хамтдаа зогсоо зайгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж даван туулна шүү дээ.

-Эдийн засгийн онцгой нөхцөл байдалд байна гэдгээ ухаарахгүй байна гэсэн үг үү?

-Ганцхан Монгол Улсад л ийм хүндрэл, бэрхшээл тулгарчихаад байгаа юм биш. Олон улс гүрэнд иймэрхүү онцгой нөхцөл байдлаас хэрхэн гарч, хөгжиж байсан түүх, сургамж бий. Тухайлбал, 1930-аад оны эхээр дэлхийн эдийн засгийн хямрал болоход АНУ хямралаас гарах “100 хоногийн төлөвлөгөө”гэж гаргаж байсан бөгөөд тэр 100 хоногийнхоо хугацаанд маш дэвшилттэй олон хууль боловсруулж асуудлаа шийдэж байсан юм билээ. Гэтэл шинэ засаг байгуулагдаад, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр батлаад хэр хугацаа өнгөрөв дөө. Засгийн газар нь ч тэр, УИХ нь ч ялгаагүй нэг л үлбийсэн, дайчин, ажил хэрэгч биш. Зарим үед УИХ-ын чуулганы үеэр хэлэлцэх асуудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байна шүү дээ. Гишүүд нь хуралдаа ирэхгүй. Таслаад алга болчихно. Яах гэж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоноо, тэр үед юу ярьж иргэдийн элч болсноо ч мартчихдаг юм биш үү. Эдийн засгийн хямралыг гэтлэх хөтөлбөрийн дагуу ийм асуудлыг, ийм хууль эрх зүйн өөрчлөлтийг шуурхай хиймээр байна гээд оруулж хэлэлцүүлж ч байгаа юм алга даа.

-Нэг ёсондоо Засгийн газар болоод УИХ-ын гишүүд ажлаа юунаас эхлэх, юу хийхээ сайн мэдэхгүй байна уу?

-Хямрал нэг өдрийн дотор бий болчихдоггүй. Асуудал ужгирч, буруу шийдлүүд ар араасаа хөвөрч, овоорсоор өнөөдрийн байдалд хүрсэн. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрийн гурван өндөрлөгөөс эхлээд Засгийн газар, УИХ, бүх яам, агентлаг, газрууд хамтарч ажиллаж, улс орноо хүндрэлээс гаргамаар байна. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэдэг шүү дээ. Хүндрэлийг даван туулъя гэсэн чин сэтгэл байвал гарц олдож л таараа. “Өдрийн сонин” эрвийх, дэрвийхээрээ хөдөлж, эх орноо өрнөөс гаргахыг уриалсныг би хувьдаа дэмжиж байгаа. Муу нуухаар сайн илчил гэсэн үг бий. Үнэхээр байдал бишдэж байгаа учраас ард түмэндээ үнэнийг хэлэх, тусламж гуйх цаг нь болсон ч байж мэднэ. Нэр хүндээ унагачихна гэж ойрын явцуу эрх ашигт уягдаж хойшлуулсаар илүү их гарз хохирол амсахыг байг гэхгүй. Гуравдугаар сард эхний зээлээ төлж чадахгүй бол Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоно гээд олон зүйл шийдлээ хүлээж байна. Дэлхий дахинд Монголыг дефолт боллоо гээд зарлачихвал нөгөө хүсээд байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэх үү. Эдийн засгийн үзүүлэлт нь дордохоор мөнгө зээлүүлэх ч улс олдохгүй болж, тавих нөхцөлүүд хүртэл хүндэрнэ. Төрийн залгамж бодлого алдагдсан, хэлсэн ярьснаа хэрэгжүүлдэггүй, нэг сайд гарч ирээд өөр зүйл ярьж өмнөхөө үгүйсгэдгээс болоод “Монгол тууштай биш, улс төрийн нөхцөл байдал нь байнга хувирч, бодлого нь тогтворгүй” гэсэн тоогүй имижтэй болчихлоо. Энэ бол ард иргэдийн буруу биш. Төр жолоодож, бодлого тодорхойлж байгаа том толгойлсон амбиц ихтэй богино ухаантнууд, явцуу эрх ашигтнуудын үйлдсэн гай.

Өмнөд солонгосчууд 1998 оны Ази тивийн хямралд хамгийн ихээр өртсөн. Ард түмнээсээ тусламж гуйхад иргэд нь гартаа зүүсэн бөгжөө хүртэл мултлаад төв банкныхаа эрдэнэсийн санд тушааж байсан юм гэсэн. Тэгэхээр Өмнөд Солонгос энэ сорилтыг төр засгийн мэргэн бодлого, солонгос хүн нэг бүрийн хүчин зүтгэл, улс орноо гэх чинхүү сэтгэлээр хамтдаа давсан гэсэн үг. Олны хүч оломгүй далай. Уг нь Монгол Улс ингэж хямрахааргүй байсан юм шүү дээ. Буруу бодлого, будлиантай улстөрчид, хувийн эрх ашигтаа дэндүү автсан түшмэдтэйгээсээ болоод ийм байдалд хүрчихлээ. Одоо нэгэнт үүссэн нөхцөл байдлыг шүүмжлээд суух биш гарз, хохирол багатайхан шиг даван туулах шийдвэрлэх цаг үе ирлээ. Энэ сургамжаас ухаарч, төрийн бодлогоо ч эргэн харж, гүйж түйж мөнгө олохоороо баруун, солгойгүй цацалгүй, хуримтлалын сандаа байршуулан өсгөж, хүн бүрийг ажилтай, орлоготой болгохыг зоримоор байна. Түшээдээсээ эхлээд хүн бүр хөдөлмөрч, ажилсаг байж монгол хөгжинө. Миний хувьд “Ажилсаг Монгол хөтөлбөр” хэрэгжүүлье гээд санаачилга гаргаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хүртэл уулзан бүлгийн хурал дээрээ танилцуулсан. Бүгдээрээ л зөв зүйтэй гэж байсан. Гуравхан сая хүн амтай мөртлөө 60 гаруй сая малтай, үр тариа хураалтаараа гурилын үйлдвэрлэлийг бүрэн хангах ургац хурааж авсан, асар их байгалийн баялагтай, өргөн дэлгэр газар нутагтай, өв их соёл түүхтэй бидэнд асуудлуудаа шийдээд хямралаа даваад гарах нөөц, боломж байна.

-Таны санаачилсан “Ажилсаг Монгол хөтөлбөр” хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа юу?

-Монгол Улсыг яавал тогтвортой хөгжүүлэх, гурван сая хүнийг хэрхэн хангалуун, аз жаргалтай амьдруулах вэ, манай улсад тохирсон хөгжлийн оновчтой гарц нь юу байх вэ гэсэн эрэл маань эртнээс эхлэлтэй. 2007 онд “Хүнс, хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” хэмээх ном бичиж байлаа. Олон ч судалгаа хийлээ, оюуны бядтай “ланжгарууд”-тай санал солилцлоо. Шинэ цагийн сэтгэлгээтэй, өндөр боловсролтой залуустай ч зөвлөлдлөө, амьдралын хар ухаантай өвгөдтэйгөө хуучиллаа, хөгжсөн орнуудын туршлагатай танилцлаа, цөөнгүй номын хуудас эргүүллээ. Улс орныг хөгжүүлэхэд уул уурхай, боловсрол, дэвшилтэт технологи, гадаад харилцаа гээд олон талын оносон бодлогын огтлолцол давхцаж байх нь чухал ч гэлээ хөгжил дэвшлийн түлхүүр нь үнэндээ монгол хүн. Юуны түрүүнд хөгжил, дэвшлийг авч явах “Монгол хөдөлгүүр-монгол хүн”-ээ гурван чиглэлээр хөгжүүлэх алхам хийх түүхэн шаардлага бий болжээ.

Нэгдүгээрт, төрийн бодлогоор ажилсаг, хөдөлмөрт дурласан иргэдийг бэлдэх, ирээдүйн үйлдвэрээ гартаа аваад удирдаад, өөрөө ажиллаад явах “мэргэжлийн мастер эзэд”-ийг төрүүлэх, бойжуулах нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, эдгээр хүмүүсийн удирдан авч явах хамгийн олон ажлын байр бий болгож чаддаг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг бүх л чиглэлээр хөхиүлэн дэмжих. Хоёрдугаарт, төрийн аливаа нэг байгууллагад ажиллах хүнийг шалгаруулах, бэлдэх, сонгох, хянах, дадлагажуулах, боловсруулах улмаар дэвшүүлэх, тогтолцоог шинэ боловсронгуй шатанд гаргах, төрд ажиллагсдын сахилга хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх. Гуравдугаарт, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид тал талаас нь хүүхэд бүрийг балчир наснаас нь эхлэн хөдөлмөрч, зөв хүмүүжилтэй, бүтээлч, эх оронч монгол хүн болгож хүмүүжүүлэх, монгол хүний үнэт зүйлийг алхам тутамд нь төлөвшүүлэн хэвшүүлэх нь чухал байна.

-Хөгжлийн гарцыг та юу гэж харж байна вэ?

-Монголын эдийн засгийн үндэс суурийг бүтээгчид нь яах аргагүй хувийн хэвшлийнхэн. Өнөөдөр ч эдийн засгийн өнгөтэй, өөдтэй бүхнийг жинхэнэ баялаг бүтээж байгаа хөдөлмөрч хүмүүс бий болгож байна. Монголын авралын гарц нь ажилсаг монгол иргэн бид өөрсдөө л байна. Тэр хол байгаа хэн нэг зээл өгж байгаа банк, хүн бидний Монголыг хөгжүүлэх үү. Хөгжлийн түлхүүр нь, хөдөлгүүр нь бид л өөрсдөө байх ёстой. Ажилсаг хүн шударга, хариуцлагатай байж чаддаг. Сахилга хариуцлага, дэг журамтай, хийж бүтээх зорилгоо өөртөө хатуу тавьсан ажилсаг, хөдөлмөрч хүн төрийн ч бай хувийн ч, оюуны ч салбар бай хаана ч, ямар ч ажил дээр үр дүн гаргадаг. Энэ бүхэн нь үндэсний шавхагдашгүй баялаг юм. Төрийн бодлогоор ажилсаг монгол иргэнээ бэлдэх, хувь хүнийг хөгжүүлэх нь хөгжлийн хурдыг нэмэх, дундаж давхаргаа тэлэх, цаашлаад хөгжлөөрөө түүчээлсэн Монгол Улсыг бүтээнэ. Ингэснээрээ “Дэгтэй Монгол дэлхийд ч манлайлна” гэж боддог.

Монголчууд бидэнд байгалиас заяагдсан онцлог өгөгдөл бий. Хаана нь очсон монголчууд ажилсаг, авхаалжтайгаараа гологддоггүй. Харин ч монгол хүний чадавхи, санаж, сэрэхүйн мэдрэмжээрээ хавь илүү гэж хүлээн зөвшөөрөгддөг. Хүний нутагт очихоороо магтуулаад байдаг, харин эх орондоо байхаараа яахлаараа залхуу, арчаагүй, ажилгүйгээрээ цоллуулаад байдаг билээ бид чинь. Энд л хэргийн учиг буй юм. Иргэд нь ажилтай, орлоготой болоод ирэхээр халамж горьдохоосоо илүү бүтээхэд шунана, тэмүүлнэ. Хөдөлмөрт шунасан, дурласан иргэд олшрох тусам аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ шинэ салбарууд нээгдэн олон аж ахуйн нэгж байгуулагдана, бүтээн байгуулалт нэмэгдэнэ. Тэр хэрээрээ улсын төсөвт цугларах орлого өснө. Төсөвт төвлөрөх хөрөнгө төдий чинээ зузаарахаар буцаад нийгэм болон оюуныхаа салбарт хөрөнгө оруулна. Ингээд Монгол Улс дотоодынхоо нөөцөд тулгуурласан эдийн засгийн хүчирхэг хөдөлгүүртэй болж, харийнхан нүүр буруулахад өнөөдрийнх шиг өр зээлэндээ идэгдэж, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт саарахаар савлаж, ашигт малтмалын үнийн хэлбэлзэлд нэрмүүлэхгүй бусдаас үл хамаарах өөрийн гэсэн дархлаатай болно. Хөдөлмөрт дурласан ард иргэдтэй улс гүрнүүд унаж доройтдоггүй, өөдлөн дэвждэгийг олон улс орон бидэнд харуулаад байна. Манлайлагч болох ёстой УИХ ба Засгийн газар дорвитойхон ажлууд санаачлан, ард түмнээ уриалан дуудаж хүн бүрийг бүтээлчээр оролцуулан хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн төлөө бүтээлчээр ажилламаар байна. Бидэнд алгуурлах эрх, амраад байх цаг алга.

-Та Хаалттай хуралдаан хийх санал гаргаад байгаа. Ямар асуудал хэлэлцэх шаардлагатай байгаа юм бэ?

-Хаалттай хуралдаан гэхээр Д.Тэрбишдагва гишүүн нууц, булхайтай асуудал ярих нь гэж бодох хэрэггүй. Манай зарим улстөрчид телевизийн камер харахаараа цөс нь хөөрөөд, дуу хоолой нь өндөрсөөд, харагдах байдалдаа илүү анхаараад асуудлын мөн чанарт хандахгүй тал бий. Улс оронд маань хямрал нүүрлэчихлээ. Зөв онош тавьснаар зөв эмчилгээ хийгдэх болно шүү дээ. Хууль тогтоогчид нь ямар нөөц бололцоо байна, яаж манлайлж ажиллах ёстой вэ гэхчилэн олон асуудлаа ний нуугүй ярья гэсэн юм. Эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох улс төрийн хямрал, өнөөгийн засаглалын тогтолцооныхоо зарим гажуудлаа аль болох хурдан арилгах хэрэгтэй байна. Саяхан УИХ-ын дарга ОХУ-д ажлын айлчлал хийхэд Оросын талын зарим хариуцлагатай албан тушаалтны хэлсэн зүйл үнэний хувьтай л даа. Бодлого нь тогтвортой бус, бүх шатандаа ажил хэрэгч бус, хэлсэн ярьсан, тохирсон зүйл нь байнга л өөрчлөгдөж, хувьсаж байдаг мөн бидний хэт улстөржилт нь гадныханд, тэр дундаа хамгийн ойрхон хөрш улсуудад ийм л ойлгоц, сэтгэгдэл төрүүлдэг. Хөршөө сонгох боломжгүй л дээ. Дотоодын тулгамдсан асуудлуудаа тодорхой болгож, эрэмбэ дараалалд оруулмаар байна. Хамгийн түрүүнд бид гадаад бодлогодоо ямар байр суурь баримтлахаа тодорхой болгоё гэж хэлмээр байна. Хоёр хөрштэйгөө хамтдаа хөгжих асуудлыг бодлогын хэмжээнд ярих ёстой. Нэгэнт стратегийн түншлэл байгуулсан юм чинь түүнийхээ дагуу эдийн засаг, улс төр, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарт ойлголцож ажиллах хэрэгтэй. Стратегийн түншлэлийн хүрээнд манай улсаар төмөр зам, авто зам, нефтийн хоолой, хийн хоолойгоо явуулж хамтарч ажиллах талаар дорвитойхон яримаар байна. Дэлхийн хөгжил өндөртэй, ардчилсан улс орнууд Монгол Улсыг маань төв Азидаа үлгэр жишээ ардчилсан улс орон гэж 26 жил хөөрөгдлөө. Бид ч тэднийг гуравдагч хөрш хэмээн олонд зарладаг. Харин эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа ийм цаг үед хоёр хөрш улс маань туслах юм уу, гуравдагч хөршүүд дэмжих үү гэдгээ ч ний нуугүй ярьцгаамаар байна. Төв Ази дахь ганц ардчилсан улсаа хүнд хэцүү нөхцөл байдалтай байхад дэмжиж туслахгүй юм уу гээд гадаад бодлогын хэмжээнд яагаад ярьж болохгүй гэж. УИХ-ын гишүүд төрийн гурван өндөрлөгийнхөө гадаадад очоод юу гэж ярьж явааг тодорхой мэдэхгүй байгаа. Гадаадын нэг улсад ойр ойрхон хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь дараалан айлчилж байсан цаг бий. Ингэж явахдаа юу гэж ярив. Ямар улс бидэнд тусалж дэмжье гэсэн, ямар нь татгалзаж байна вэ гэхчилэн асуудлуудыг ний нуугүй ярилцан хаалттай хуралдах санал тавьсан юм. Тэгэхгүй бол нэг нь Далай ламын асуудал яриад, нөгөө нь эсрэг бодлого баримтлаад байж болохгүй. Хэн аль улсад хэдэн удаа очсон, юу тохирсон, юу нь биелэгдэж, юу нь биелээгүйг нэг бүрчлэн “хар хайрцаг” дотроо дүгнэж гаргамаар байна. Ингэвэл тухайн улстай аль асуудлыг ямар түвшинд ярих вэ гэдгээ шийдэж болно шүү дээ. Тэрнээс биш хэдхэн хүний энд тэнд очоод тохирсон зүйлүүд бас зөв гарц, зөв шийдвэр байж чадах уу, түүнээс гадна бүгдээрээ сайн хэлэлцвэл харин гадаад, дотоодын бүх нөөц бололцоог бүрэн хамарсан, бүх хөдөлгүүрийг иж бүрэн дайчилсан хямралаас авран гаргах, сайн шийдвэр, нэг гарцын бодлого гарна гэдэгт итгэж байгаадаа энэ саналыг тавиад байгаа юм.

-Хаалттай хуралдаан хийвэл том төслүүдээ хэрхэн урагш хөдөлгөх талаар ярина биз дээ?

-Бүгдээрээ сууж байгаад асуудлаа ний нуугүй ярьж хуралдъя. Бүтэн долоо хоногоор, сараар ч хамаагүй хэлэлцэж ярилцахаар зөв санаа, сайн шийдвэр гарч ирж л таараа. Камергүй учраас популизм ярьж худлаа дүр эсгээд байх шаардлагагүй болно шүү дээ. Үнэхээр аль нь зөв шийдэл вэ гэдгийг чин сэтгэлээсээ ярилцъя гээд байгаа хэрэг л дээ. Засгийн газар бол Их хурлын гишүүдээс улс орны асуудлыг нуугаад хэрэггүй. Оюу толгойн гэрээг маш буруу хийсэн гэдгийг тухайн үед нь хатуу шүүмжилж, сайжруулах чиглэлээр олон удаа шаардлага тавьж байсан. Одоо бүгд араас нь үнэхээр Монголдоо үр дүн муутай, хариуцлагагүй гэрээ болсон хэмээн хий хоосон шогшрон ярьж байна. Одоо яаж сайжруулах уу гэдэг гарц хайх хэрэгтэй. Таван толгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдээ иж бүрнээр нь зураглаж зөв гарц олъё. Бид нэг том ордоо үр ашигтайгаар зөв ашиглаж чадвал Монгол Улсаа хэдэн жилдээ л тэжээх боломж бүрдэнэ. Мөн хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбаруудаа цаашид ямар бодлогоор яаж дэмжин хот хөдөөгүй хөгжүүлэхээ ч бас тодотгох ёстой. Улс орон даяар жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөрөөрөө нэгдсэн хоршооллуудыг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэн ялангуяа эх орны түүхий эд дээрээ тулгуурласан импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн, олон ажлын байр бий болгосон зорилтоо хатуу барьж ажилламаар байна.Эцэст нь монгол үндэстнийг зангидах тогтолцооны өөрчлөлтөө хэрхэх, одоогийн засаглалын тогтолцоо зөв үү гэдгээ хэлэлцье. Магадгүй энэ хамгийн чухал, эхлээд хэлэлцэх ёстой асуудал ч байж мэдэх юм. Бидэнд одоо намчирхал, улстөржилт, талцал тун ч хэрэггүй байна. Улс орон, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовж байгаа учраас л хаалттай хуралдаан хийе гэсэн санаачилга гаргаад байгаа юм. Монгол чинь эцэгтэй улс. Төрийн тэргүүн маань зунжингаа олон улсын төрийн тэргүүнүүдтэй янз янзаар л уулзсан. Тэдэнтэй бодлогын, хөгжлийн түвшинд юу ярьсан юм бэ. Энэ бүхнээ гишүүддээ мэдээлэл өгөн харилцан хэлэлцмээр байна. Миний хувьд асуух асуултууд, тавих саналууд ч их байна.

-Та оны өмнө Ерөнхийлөгчид хаалттай хуралдаан хийх саналаа тавьсан. Энэ сард багтаж хуралдах болов уу?

-Ерөнхийлөгч миний саналыг сонсож хүлээж авсан.Энэ сардаа багтааж хаалттай хуралдаан хийх болов уу л гэж найдаж, хүлээж байгаа. Үнэндээ бид хүлээгээд байх цаг тун алга даа.

-Гишүүн болгон гаднаас мөнгө зээлж өр нэмэгдүүлэх тухай л ярих юм. Дотоодын нөөц бололцоо гэж манай улсад байдаггүй юм уу. Тэрийг яагаад ярьдаггүй юм бэ?

-Гадаадаас хэдэн ногоон олоод ирчихвэл бүх зүйл болчих мэт ярьж байгаа. Одоогийн нөхцөл байдалд гаднаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байгаа нь үнэн боловч бид өөрсдөө цаашид яаж хөгжих бодлогоо тодорхой болгох нь чухал. Бидэнд боломж байхгүй биш байгаа. Энэ талаар би өмнө нь хэлсэн. Гол хөдөлгөх зүтгэх хөдөлгүүр бид өөрсдөө. Үүнд өнөө миний хэлээд байдаг “Ажилсаг монгол хүн” шүү дээ.

-Намчирхахгүй, улстөржихгүй ажиллах ёстой гэж түрүүн ярьсан. Танай намын хувьд талцахгүйгээр ажиллах боломжтой байхад яагаад дорвитой ажил хийхгүй байна вэ?

-Манай намынхан нэгэнтээ 65-уулаа болж, үнэмлэхүй олонхи болсон учраас сайн ажиллах үүрэгтэй.

-Хэзээнээс тэгж ажиллах юм бэ. Таны ярьж буй шиг өдөр, шөнөгүй ажиллах нь битгий хэл зарим үед ирц хүрэхгүйн улмаас чуулган, байнгын хороогоо ч хуралдуулж чадахгүй байна шүү дээ?

-Мань мэт нь шаардаж байгаа. Би чуулганы хуралд цагтаа ирж оролцдог. Бид цагтаа ирж, ирц бүрэн байж аль ч хурлаа хийх ёстой шүү дээ. Манай Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ширээн дээр гишүүдийнхээ нэрсийг бичээд тавьдаг болсон. Ичихгүй бол суудлаа хоосон харагдуулна биз. Монгол төрийн түшээ бусдыгаа манлайлахын дээдээр манлайлж ажиллах ёстой биз дээ. Зарим нь бүр тэнд очих шаардлагагүй гэдэг гэсэн. Больё, чадахгүй юм байна гэдгээ эртхэн хэлэх хэрэгтэй. Цаана чинь чадахгүйг нь хийчих, эрдэм мэдлэгээр толгойгоо цэнэглэсэн “ланжгарууд” зөндөө бий. Заримдаа ер нь энэхүү байдал тун гайхшралд хүргэдэг. Компанийнхаа ажлыг зэрэгцүүлээд хийгээд амжуулаад, томруулаад явдаг хүмүүс ч цөөнгүй. Нэгэнт сонгогдсон бол хоёргүй л сэтгэлээр ажиллах хэрэгтэй л дээ.

-Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцох уу. Ингээд толгойг нь илээд яваад байх юм уу?

-Нэгэнт сонгогдсон юм чинь гээд “дөрвөн жил зөнгөртөөд явж байя” гэж хандаж болохгүй. Үр хүүхэд, найз нөхөд, сонгосон иргэдээсээ ичмээр байна. Үүрийн жингээр малдаа санаа зовин хаврын хавсарга, өвлийн хүйтнийг ч хайхралгүй гарч нэг ч өдөр амралгүй ажилладаг малчин, өглөө эрт босоод сургууль, цэцэрлэг яслидаа явдаг хүүхдүүдээс ич. Хичээлээсээ хоцорчлоо гээд уйлж байсан бяцхан хүүхдүүд хүртэл дайралдаж байлаа. Парламентын гишүүд өглөө 9 цагт ажилдаа ирэхгүй болохоор нь чуулганы хуралдааны цагийг 10 цаг болгосон. Энэ айхтар хүйтэнд хүртэл гэр хорооллын жаахан хүүхдүүд автобус унаа дамжин дамжин 8 цагт сургууль, цэцэрлэгтээ очиж болоод байхад халуун байранд амьдардаг, хурдан унаатай дээр нь бас байсан байгаагүй цалингаа бүрэн авдаг төрийн түшээд нь цагтаа ирж хурлаа ч эхлүүлж чадахгүй байна шүү дээ. Ийм хариуцлагагүй байдлаас болоод ард түмэн улстөрчдөд итгэхгүй байна. Юун манлайлах байтугай үнэлэмж, нэр хүнд нь унаж байна. Ард түмний түмэн зөв. Хоцорсон, тасалсан цагуудыг нь өдөр нэг бүрчлэн гаргаж, долоо хоногоор, сараар, улирлаар нэгтгэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нь нийтэд мэдээлж байх хэрэгтэй. Бид хурлаа найман цагт ч эхэлсэн болно шүү дээ. Энэ нь УИХ-ын гишүүний эрх, нэр төрд нь халдаж байгаа явдал биш. Бүүр цаашлаад идэвх, оролцоо, санаачилгатай байдал зэргийн статистик мэдээг гаргаж олон нийтэд цацахад ч буруудахгүй. Бид эрх эдлэх гэж биш үүрэг хүлээх гэж сонгогдсон шүү дээ.

-Он гарчихлаа. Энэ оны эдийн засгийг ямархуу дүр зургаар харж байгаа вэ?

-Нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн ч ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа. Би өөрөө өөдрөг хүн шүү дээ. Тийм болохоор энэ эгзэгтэй, хямралын үед эх орныхоо эрх ашгийг бодоод амарч, ямбалахыг биш ажлынхаа цагийг уртасгаж, шөнө дөлгүй сууж ажилламаар байна. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн албаныхан ажлын зургаан өдөртэй болох хэрэгтэй, нэн ялангуяа энэ хямралын үед. Нэг өдрийнхөө ажлын үр бүтээмжийг улсдаа хандивлая. Дэлхийн эдийн засгийн номонд “Чи бизнесийн салбарт ажиллах гэж байгаа бол нэгдүгээрт эрүүл мэндээ хар. Хоёрдугаарт, ажил хэрэгч шинж чанар, сахилга батаа хар. Өдөр бүр 14 цагаас доошгүй хугацаанд ажиллаж чадна гэвэл бизнест ор, дараа нь том амжилт гаргах боломжтой гэж бод” гэсэн алтан зарчим байдаг. Ямар ч япон, солонгосчуудтай уулзаж байхад хэцүү хүнд байдлаас гарахын тулд өдөрт тэд дөрөв, тавхан цаг л унтдаг байсан гэж ярьдаг. Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих олон арван төсөл, арга хэмжээнүүд байна. Эдгээрийнхээ эрэмбэ, дэс дараалал, логик уялдаа, явц байдал болоод зарим нэгний нь үр өгөөжийг нь ч эргэж харах хэрэгтэй. Үүний тулд бүх намууд цаашлаад салбарын эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гээд олон хүн, олон газраас саналыг авч нэгтгэн, эрэмбэлж эхний цөөн хэдийг нь бүрэн хэрэгжүүлэхэд л эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт мэдрэгдэхүйц бий болно. Ингэж чадвал одоогийн энэ хямралт эдийн засаг аяндаа сайжирна. Дэлхий нийт ч хүлээн зөвшөөрч ажил хэрэгч байдлыг маань үнэлж гараа сунгана.

-Оны эхний улиралд гаднаас долоон тэрбум ам.доллар орж ирнэ гэх яриа сонсогдож байгаа. Хаанаас тийм их мөнгө орж ирэх юм бэ?

-Долоон тэрбум ам.долларыг хаанаас, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй авах гэж байгаа талаар нарийн мэдээлэл алга. Яригдаж байгаа хэдий ч албан ёсоор бүлэг дээр болон Байнгын хороон дээр танилцуулсан зүйл байхгүй. Гадагшаа явж эх үүсвэр хайж байгаа нь үнэн. Харин хямд эх үүсвэртэй мөнгө олдож байна уу, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна даа.

-Тийм их мөнгө өгөх улс байгаа юм болов уу?

-Дэлхий нийтэд мөнгө байгаа л даа. Бид өөрсдөө дотооддоо зөв менежмэнт, төлөвлөгөө хийвэл дорхноо л наашаа эргэнэ. Ямар улстай хэрхэн хэлэлцээр хийхээс бүх зүйл шалтгаална.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ажил юу болж байгаа вэ. Зарим нь хоёрдугаар сард мөнгө орж ирнэ, эсвэл зургадугаар сараас наашгүй гэж яриад байх юм?

-ОУВС-гийн мэргэжилтнүүд энэ сарын 20-доор манай улсад ирэх юм билээ. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тэртэй, тэргүй ойлгомжтой байгаа. Засгийн газар байгуулагдаад хугацаа алдалгүй шуурхай хэрэгжүүлэх байсан юм. Он гараад зээлжих зэрэглэл нэг алхмаар ухарлаа. Дэндүү удаан, асуудлыг дор нь шийдэж чаддаггүйгээс болж байдал дордож байгаа. Бүх юмыг төгс төгөлдөр болгох гэж харсаар байгаад хамаг цагаа алдаж байна. Бүр нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болчихлоо. Цаг алдаж байна гэж дахин хэлмээр байна. Асуудлыг зоригтой шийд, үр дүн гарга. Үр дүн гарахгүй бол “Уучлаарай, би буруу шийджээ” гээд огцроод явчих ёстой. Тэгэхгүйгээр өөх ч биш, булчирхай ч биш үлбийгээд яваад байж болохгүй л дээ.

-“Стэнд бай”-д хурдан хамрагдах сонирхол улстөрчдөд байхгүй байгаа юм биш үү. Хэтэрхий чанга хараа хяналтаас жийрхээд байх шиг харагдах юм?

-Өмнөх он жилүүдэд дэлхийн санхүүгийн байгууллагууд зөвхөн өөрсдийнхөө тулган шаардлагаар манайд хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь нууц биш. “Стэнд бай” ч анх хэрэгжихдээ буруу зөрүү тулгалт их хийж байсан гэдэг. Зөвхөн Монголд ч биш. Хөтөлбөр хэрэгжүүлсэн улс орнуудад ийм шүүмжлэл гарах болсон учир сүүлийн жилүүдэд бодлогодоо өөрчлөлт оруулж илүү уян хатан хандах болсон юм билээ. Тиймээс манай тал санал гаргаад хөтөлбөрийг өөрсдийнхөөрөө боловсруулж болох боломж бий.

-Одоо манай улсын өр хэдий хэмжээнд байгаа юм бэ. Ирэх гуравдугаар сард бондын зээлийг хугацаанд нь төлж чадах уу?

-Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 23.4 тэрбум ам.доллар. Үүний 4.7 тэрбум ам доллар нь Засгийн газрынх, 17.0 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийнх, 1.8 тэрбум ам.доллар нь Монгол банкных гэсэн тоон баримтууд яригдаж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал юу болж байгаа вэ. Ажлын хэсэг шалгалтаа хийж дуусаагүй юу?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан процессыг УИХ-д ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Хэрээс хэтэрсэн улстөржилтөөс залхсан иргэд баримттай, бодитой дүгнэлт гаргахыг хүсч, хүлээж байгаа нь мэдээж. Их хурал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү худалдан авалтыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хийв, татвар төлсөн эсэх, худалдан авсан үйл явцыг цаг хугацааны дарааллаар шалгаж тогтоохыг зорьж байна.

Засгийн газрын хаалттай хуралдааны материалтай танилцахад хэд хэдэн сайд УИХ-аар хэлэлцүүлэх санал гаргасан байдаг юм билээ. Стратегийн ач холбогдолтой орд газар гэдэг утгаараа ч тэр, хоёр улсын Засгийн газар хооронд 2004, 2007 оны хэлэлцээрийн дагуу ч энэ асуудлыг гарцаагүй УИХ-аар хэлэлцүүлж шийдэх байсан. Засгийн газрын хаалттай хуралдааны дараа Сангийн яам хоёр ч нууц тогтоол гаргасан байдаг. Энэ мэт олон ойлгомжгүй шийдвэр гарчихсан учраас “Эрдэнэт”-ийн асуудлыг зайлшгүй судлах шаардлага үүссэн. Ерөнхий сайдад хууль зүйн зөвлөгөө өгөх хамгийн ойрын газар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх хуулийн хэлтэс. Засгийн газрын хоёр удаагийн хуралдаан дээр уг хуулийн хэлтсээс энэ асуудлыг УИХ-аар оруулах ёстой гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт зөвлөсөн байхад үл тоосон юм билээ. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг хурдан ажиллаж дүгнэлтээ танилцуулах ёстой. Энэ дүгнэлт дээр үндэслэн би өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлэх болно.

-Таван толгойг хөдөлгөх хувилбарууд яригдаж байгаа. Ямар хувилбар яригдаж байна вэ?

Таван толгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг олон жил тэжээнэ. Энэ ордоо Оюу толгой шиг өгөөж тааруухан, хөрөнгө оруулагч талд илүү давуу боломж олгосон байдлаар гэрээ хийж хэрхэвч болохгүй. Тиймээс илүү ухаалаг, оновчтой бодлого барьж, үр ашигтай нөхцөлөөр эргэлтэд оруулах нь чухал юм. Гэхдээ өмнөх шигээ бас улстөржүүлээд, гацаагаад, хугацаа алдаад байх шаардлагагүй. Төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтыг хэрхэн хийхээ давхар тооцоолох ёстой.

М.Энхсайханы ахалж байсан ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөр явуулах гэж байгаа бололтой байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Таван толгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагчидтай өмнөх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. Үүнээс харахад Хятадын Шинхуад 49 хувийг нь оператороор оруулахаар тусгаж Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ гэрээний төслийг УИХ-д оруулж ирсний дараа судалж, танилцаж байж байр сууриа илэрхийлье. Таван толгойн нүүрсний ордыг үр өгөөжтэй ашиглах хамгийн эхний гарц бол яах аргагүй төмөр зам. Одоогийн байдлаар Таван толгойн нүүрсийг Гашуунсухайтын хилийн боомт руу зөвхөн ачааны машинаар тээвэрлэж байна. Төмөр замаар тээвэрлэхээс хоёр дахин илүү зардалтай. Байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ч ихтэй. Энэ бүхнийг харгалзан УИХ-аас 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталсан байдаг. Үүнд Таван толгой -Гашуунсухайтын чиглэлийн 225 км урд чиглэлийн төмөр зам барина гэж тусгагдсан байгаа. Энэ төмөр замыг хэрхэн барих, хөрөнгийг яаж босгох гээд сайтар тооцоолох асуудлууд олон бий.


Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Бүх шатны сонгуулийн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгах нь зөв

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Таван толгойг хэрхэн хөдөлгөх тухай хувилбарууд яригдаж байна. Бас 49 хувийг хятадуудад зарах нь ч гэж ярих юм?

-Иймэрхүү мэдээлэл их явж байна, 49 хувийг худалдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төрийн 100 хувийн өмчийн оролцоотой Эрдэнэс-Таван толгойг ашигтай ажиллуулж байвал иргэн бүрт өгөх 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй, амьд болгоно гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. Өмнө нь Чалкотой байгуулсан гэрээ энэ онд дуусна, энэ үед дараагийн компанитай гэрээ байгуулах тухай асуудал яригдана. Үүнтэй холбоотойгоор л зарчлаа гэсэн асуудал үүсч байгаа байх. Энэ асуудал хуулийн дагуу УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ. Миний хувьд Засгийн газраас албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа тохиолдолд урьдчилан таамаглал хэлэх боломжгүй.

-Он гараад эдийн засгийн нөхцөл байдал тодорхой болно гэж ярьж байсан. Он гарчихлаа. Одоо эдийн засаг сайжрах уу. ОУВС-гийн мөнгө хэзээ орж ирэх вэ?

-2017 оны төсвийн тухай хуулиа бид арваннэгдүгээр сарын 10-нд баталсан. Тэр үед хэрвээ “Стэнд бай”-н мөнгө ороод ирвэл төсвийн тодотгол хийнэ гэсэн тайлбар өгч байсан. Одоогоор тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан жилийн эцсээр 2016 оны төсвийн тодотголын хэмжээнд ажиллаж төсвийн жил дууслаа, хичнээн хямралтай ч гэсэн сардаа цалингаа тавиад, хүлээгдэж байсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын зардлаа санхүүжүүллээ. Өнгөрсөн онд дансандаа мөнгөтэй хэрнээ ихэнх төсөвт байгууллагууд өртэй гарч нэн хүндрэлтэй асуудал орон даяар үүссэнийг санаж байна.

-Сүүлийн үед агаарын бохирдлын тухай нэлээн ярьж байна. Гэсэн хэдий ч яг хэрэгжүүлье гэхнээ бэлэн төсөл хөтөлбөр байхгүй гэсэн. Ямар дорвитой ажил хийх ёстой вэ?

-Өргөдлийн байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах тухайд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Миний хувьд уг хурал дээр энэ агаарын бохирдол утааны асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцээч ээ гэсэн саналыг өгсөн. Мөн гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахгүй бол утааны асуудлаас мөддөө салахгүй. Бага, дунд орлоготой өрхөд чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм түрээсийн орон сууц барих компаниудыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг чөлөөлчихлөө. Нөгөөтэйгүүр өдрийн цагт нарны энергиэр гэр, байшингаа халаах боломжийг бүрдүүлж нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бас дэмжих хэрэгтэй. Орон нутгийг бүсчилсэн хөгжлийн хэлбэрээр том бодлогын түвшинд хөгжүүлэх хэрэгтэй, ингэж байж шилжилт хөдөлгөөнийг хот руу биш хөдөө рүү чиглүүлэх бодлогын асуудал чухал болно.

-Утаанаас салахын тулд орон сууцжуулъя гэх юм. Гэтэл ипотекийн зээл зогсонги байдалд байна. Үүнийг эрчимтэй үргэлжлүүлж болохгүй юу?

-Гэр хорооллын иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл боломж харьцангуй бага. Өнөөдөр нийслэлд шинээр ашиглалтад орсон барилгын нэг м2 нь дунджаар 1.8 сая төгрөг түүнээс дээш байгаа болов уу. Тэгэхээр зорилтот зах зээлдээ бодитой байдлаар хүрч чадахгүй байна. Гэр хорооллын иргэдийн сарын дундаж орлого хэд байна, тийм орлоготой өрхөд сард төлбөрөө төлөөд суух эсвэл түрээсээ төлөх орон сууцыг илүүд хүсч байна. Урьдчилгаа төлбөргүйгээр, сарын төлөлт багатай, урт хугацаатай ипотекийн зээл байх боломжтой юу гэдгийг судлах ёстой. Тийм хэмжээний барилгын компаниудыг төрөөс бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байна. Талбайн хувьд тийм ч том байх албагүй. 30-40 м2 талбайтай ч байж болно. Гэтэл хөдөө бүр суманд нэг м2 нь нэг сая төгрөг байхад уг орон сууцыг авч чадахгүй байна ш дээ. Тэгэхээр хөдөө ийм үнэтэй баригдаж байгаа юм чинь хотод илүү хямд барих боломж байхыг үгүйсгэхгүй. Ер нь ипотекийн зээлийг эрчимтэй үргэлжлүүлж болно, олгох эх үүсвэр байхгүй байна. Эдийн засгийн хямралтай шууд холбоотой.

-Уг нь түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн ч гэлээ эхний хэдэн айлаа оруулаад одоо бас л зогсчихлоо. Үүнийг энэ онд үргэлжлүүлэх боломж бий юү?

-Ипотекийн зээлийг боломжит хувилбараар үе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Хямралыг даван туулах хөтөлбөрт мөн энэ тухай тусгасан байгаа. Мөн сая Ахмад настны тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тэдний нийгмийн асуудал, тэр дундаа орон сууцанд хамрагдах талаар нийгэмд түгээмэл байгаа асуудлыг гишүүд маань ярьж байсан. Ахмадуудын маань гол баталгаа нь тэтгэвэр. Түрээсийн орон сууцыг оюутан, залуучууд, ахмад гээд бүх насны хүмүүс дэмжиж байгаа.

-Хямралыг даван туулах хөтөлбөр баталсан. Одоо хэрэгжүүлж байгаа ажлууд нь юу байна вэ?

-УИХ оны өмнө хөтөлбөрөө баталсан. Мэдээж хэрэг эдийн засаг хурдан сайжраасай гэх хүлээлт хаа хаанаа байна. УИХ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хууль эрхзүйн орчинг бүрдүүллээ. Монгол Улсыг хөгжүүлэх томоохон дөрөв, таван мега төслүүдээ энэ оноос эхлүүлж ажлын байр нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөж байж нөгөө талаар баялаг бүтээгчдээ дэмжих, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг бий болгох нь хямралыг даван туулах том хүчин зүйл.

-Оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулиар зөвхөн МАН-аас нэр дэвшсэн хүн ялалт байгуулах магадлалтай болж байгаа гэх юм?

-Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль гээд бүх шатны сонгуулийн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгах нь зөв. Хэрэглэхэд маш хүндрэлтэй, хэцүү. Өнөөдөр хэлэлцэхээр болж чуулганаар шийдвэрлэгдлээ. Дөнгөж хэлэлцүүлгийн шатанд явж байна. Сөрөг хүчний яриад байгаа шиг МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулна гэж юу байхав дээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа болсон Төрийн тэргүүнээ сонгох хуулийг нийтлэг эрх ашгийг хангаж боловсруулж батална гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэн бүхний болон намуудын эрх ашгийг тусгах бүрэн боломжтой.

-Та Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Х.Болорчулуун бидний хэдэн гишүүдийн санаачилсан хууль өргөн баригдсан байгаа. Хүн эрүүл амьдрах бидний гол баталгаа. Янз бүрийн өөрчлөлттэй, найрлагандаа хувиргасан амьд организм агуулсан генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах цаг нь болсон. Ялангуяа манай улс импортын хүнсний бүтээгдэхүүний нэлээд өргөн хэрэглээтэй. Нөгөө талаар хүн ам цөөн, байгаль газар нутаг өргөн уудам тул хүнсний хэрэглээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хяналт тавьж эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Үүнийг зогсоохын тулд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.


Categories
мэдээ цаг-үе

Б.Батзориг: Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой

УИХ-ын гишүүн Б.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ парламент ажиллаад хагас жил өнгөрсөн байна. Гол хийсэн ажил нь юу байв?

-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. 2016 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 3-нд эхэлсэн. Энэ хооронд хэд, хэдэн томоохон ач холбогдол бүхий хууль тогтоомжийг баталлаа. Юун түрүүнд мэдээж хэрэг 2017 оны төсвийн тухай хууль. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Эдийн засгаа сэргээх хөтөлбөр гэхчилэн хууль тогтоомжийг баталсан байна. Төсвийн орлого 6.1 их наяд, зарлага 8.5 их наяд. Алдагдалгүй төсөв батлах гэж нэлээн хичээсэн ч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас яалт ч үгүй хамаарсан. Одоо харин урагшаа харж ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь МАН сонгуулиар түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Эдийн засаг хүнд байгаа ч гэлээ Боловсролын зээлийн санд 104.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Мөн хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлнээр олгож байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиа үргэлжлүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2557 иргэн хүүхэд харагчийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Хөтөлбөрт 6300 гаруй хүүхэд хамрагдана. Бас ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж өгсөн. Жилдээ хоёр удаа насны хишиг олгож байхаар боллоо. Үүнд 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ахмадууд маань цагаан сар болон улсын их баяр наадмын өмнө дээрх хишгийг авах юм. Харин оны эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулах гэж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж, малчдын нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцээд явж байгаа. Гэх мэтчилэнгээр маш олон хууль, тогтоомж батлаад байна.

-Эдийн засаг хүнд байгаа. Гэтэл танай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа нэрийдлээр мөнгө тарааж байна. Халамжийг хавтгайруулахгүй байж болдоггүй юм уу?

-Эдийн засгийг сэргээхийн тулд томхон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөе гэсэн байр суурьтай байгаа. Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахаар ярьж байна. Таван толгой, Төмөр замын төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байна. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд гадны банкны салбарыг эх орондоо оруулж ирэхээр ажиллаж байна. Бизнесийн чиглэлийн төслүүд зах зээлийнхээ жамаар хэрэгжээд явна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд ард түмэндээ амласнаа биелүүлэх ёстой. Тэр утгаараа халамжийн төслүүдийн санхүүжилтийг төсөвт суулгаад явж байгаа. Өнөөдөр иргэдийн амьдрал хэцүү байхад төр барьж буй хүмүүс хараагүй мэт царайлаад явж болохгүй. Тиймээс амласнаа биелүүлж байна. Хүүхдийн мөнгө, насны хишгээ олгоё гэдэг үүднээс ажиллаж байгаа. -УИХ-ын дарга Эмиратад айлчлах үеэр бэлэн төсөл, хөтөлбөр байвал санхүүжүүлье гэсэн байна лээ. Гэтэл манайхан мөнгө л хэрэгтэй гэхээс биш юунд зарцуулахаа нарийн хэлж мэдэхгүй байгаа юм биш үү?

-Том төсөл, хөтөлбөр бол бий. Таван толгойгоос эхлээд ярьж болно. Гол нь зөв хөдөлгөх хэрэгтэй. Эрдэмтэн судлаачдаа оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж улс орондоо ашигтай байдлаар хөдөлгөмөөр байгаа юм. Төмөр замын төсөл байна. Бидэнд маш хэрэгтэй төсөл. Томхон төслүүдээ ямар нэгэн байдлаар улстөржүүлэлгүйгээр явуулах ёстой. Аливаа нэг том төслөө хөдөлгөе гэхээр улстөржөөд байдаг. Гадны банк оруулж ирье гэхэд дотоодын арилжааны банкууд эсэргүүцээд эхэлдэг. Өнөөдөр манай улсын ажил хөдөлмөр эрхэлдэг ихэнх хүн цалингийн зээлтэй байгаа. Аж ахуйн нэгжүүд ч зээлээр ч бизнесээ эрхэлж байна. Жилд доод тал нь 20 хувийн хүүтэй зээл авч хүүгийн дарамтад амьдарч байна. Гэтэл гаднаас бага хүүтэй зээл өгөх банк оруулаад ирэхэд юу нь буруу гэж. Маш олон төсөл бий. Санхүүжүүлэх мөнгө л дутаж байна.

-Таван толгойг хөдөлгөх асуудал юу болж байна вэ. 49 хувийг хятадуудад худалдах нь гэх яриа гарч байна. Энэ талаар танай намын бүлэг дээр юу гэж ярьсан юм бол?

-Томхон төслүүдээ хөдөлгөхөөр ярьж байгаа. Гэхдээ яг ширээний ард суугаад хоёр талаасаа хэлцэл хийж байгаа зүйл байхгүй юм билээ. Ер нь яаж хөдөлгөх вэ гэдэг тал дээр судалгааны ажлууд хийж байгаа гэх мэдээлэл Засгийн газраас өгсөн.

-Оны эхээр ОУВС-тай хамтарч ажиллах ажил нэлээн тодорхой болно гэж байсан. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах явц юу болж байгаа вэ?

-Засгийн газар ажиллаж байгаа. Өнгөрсөн онд манай улсын зээлжих зэрэглэл –B байсан бол он гарснаар С болж байна. Байдал улам муу болж байна гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа газрууд судалгаагаа явуулж байгаа байх. Яг өнөөдрийн байдлаар шийдчихсэн зүйл алга.

-Засгийн газар хэтэрхий удаан ажиллаад ямар ч асуудал шийдэж чадахгүй байгаа юм биш үү?

-Удаан ажиллаж байна гэж хэлж болохгүй. Харин ч энэ удаагийн парламент маш богино хугацаанд Засгийн газраа бүрдүүлж ажиллаж чадсан. Ажиллаад дөнгөж зургаан сар болж байна. Хийх ёстой ажлуудаа хийгээд л явж байгаа. Байгуулсан Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой. Өнөөдөр байгуулчихаад маргааш нь муулаад байвал ажил яаж олигтой урагшлах вэ. Бүтэн жил ажиллаадхаг. Тэр үед сайн уу, муу юу гэдгийг ярья. Хувь гишүүнийхээ хувьд Засгийн газрыг боломжийн ажиллаж байгаа гэж бодож байна.

-Та Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга. Дорвитой ажил хийхгүй юм уу. Улаанбаатарчууд утааны асуудлаас хэзээ гарах юм бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүлж байгаа. Оны өмнөхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж буй ажлуудаа танилцуулсан байх. Агаарын бохирдол нийслэлчүүдийн санааг зовоож буй нь үнэн. Манай улсын тулгамдсан асуудлын нэг болчихлоо. Иймд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хөтөлбөртэй болсон. Хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Зүгээр нэг ярьсан төдийгөөр агаарын бохирдлыг бууруулна гэж байхгүй. Аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо, санаачилга их чухал. Мэдээж хэрэг төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй байлгүй яахав. Юуны түрүүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Гэр хорооллын дундуур инженерийн шугам сүлжээ татъя гэж байгаа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт Амгалангийн цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнийг түшиглээд аж ахуйн нэгж, иргэдийг дулаанд холбох боломжтой. Ерөнхийдөө гэр хорооллын айл өрх рүү инженерийн шугам сүлжээ татах ажлыг төрөөс бодлогын хувьд дэмжиж ажиллана. Мөн нийтийн тээврийг дизелийн түлш хэрэглүүлэхгүй. Манай улс шиг нийтийн тээвэртээ дизел түлш хэрэглэдэг улс орон бараг байхгүй биз. Тиймээс нийтийн тээвэрт үйлчилж буй том оврын автобусыг дизель түлш хэрэглэхийг нь хязгаарлана. Оронд нь хий, газ ашиглаж болно. Үүнийг Засгийн газраас бодлогоор зохицуулна.

-Түүхий нүүрсний хэрэглээг яах вэ?

-Түүхий нүүрс хэрэглэхээс татгалзаж байгаа. Яаж эхлүүлэх вэ гэхээр эхний ээлжинд төрийн байгууллага үлгэр жишээ болох хэрэгтэй. Гэр хорооллын сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлгийг дандаа нүүрсээр халааж байгаа. Үүнийг халж нарны эрчим хүч болон цахилгаанаар халаалтаа шийдэх хэрэгтэй. Оны өмнөхөн Ерөнхий сайд эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх зоригтой шийдвэр гаргасан. Энэ ажил маш олон жил яригдаж байгаад энэ оноос хэрэгжиж байна. Миний мэдэхээр 2000 оноос хойш яригдаж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хэрэгжиж байна. Одоо нэгэнт эрчим хүчний хэрэглээний шөнийн үнийг чөлөөлсөн юм чинь дагаад хийх олон ажил гарч ирж байна. Гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийг сайжруулах, кабелийг өргөтгөх, трансформаторыг шинэчлэх гэхчилэн ажил бий. Үе шаттайгаар хэрэгжүүлэхээр иргэд дулаанаа цахилгаанаар шийдэх байх. Ингэвэл маш олон яндан шөнийн цагаар ажиллахгүй. Тэр хэрээр утааны асуудал багасна. Гол нь иргэд, аж ахуйн нэгжийн санаачилга их чухал. Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотойгоор зарим нэг компаниуд эхнээсээ маш зөв санал гаргаж байна. “Мон ват” гэж компани л гэхэд шөнөдөө цахилгаан хуримтлуулдаг төхөөрөмж бүтээчихэж. Иймэрхүү санаачилгыг зоригтой дэмжээд ажиллавал ахицтай үр дүн гарах байх.

-Эрчим хүчний шөнийн хэрэглээг төлбөргүй болгосон уг шийдвэр хэр амь бөхтэй байх бол. Иргэд халаалтаа цахилгаанаар шийдсэн хойно эргээд хүчингүй болгочих юм биш биз дээ?

-Иргэд халаалтын системээ цахилгаанаар шийдээд агаарын бохирдол дорвитой буураад явбал уг шийдвэр үргэлжлээд явна.

-Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бэлэн төсөл, хөтөлбөр байхгүй тул ШУА-тай хамтран ажиллана гэж байсан. Тэндээс ямар нэгэн санаачилга гарч байгаа болов уу?

-Аж ахуйн нэгжүүдээс санаачилга гараад эхэлсэн. Үүний хажуугаар нүүрсний хэрэглээнээс татгалзъя гэж маш олон компаниас санал гарч байна. Үртсэн, хорголжин гээд янз бүрийн түлшний санал гарч байгаа. Иймэрхүү санаачилгыг төр зөв олж харж дэмжих нь чухал.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: МАН-аас өөр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэдэг ганцхан үг л дутуу байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ямар өөрчлөлт орохоор болов?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байна лээ. Эд хуулийн төслөө 28-ны үдээс хойш өргөн барьсан. Маргааш (өнөөдөр) Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. Нэг ёсондоо цаг хугацааны хувьд дэндүү хавчигдмал байгаа юм. Би хуультай нарийн танилцаж амжсангүй. Өнгөц харахад хуучнаасаа улам дорджээ. Өөрчлөлт оруулах өнцгөө Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн хууль нэгдсэн хэлбэрээр байгааг салгая гэж их гоё тайлбарлаж байгаа юм. Яахав ээ, салгаж болно. Хамгийн гол нь олон улсын жишигт сонгууль болохоос нэг жилийн дотор аливаа хуулийг өөрчлөхгүй гэх жишгийг орхигдуулж байна. Зайлшгүй хийх тодорхой өөрчлөлт байна гэж үзэх юм бол зарим нэг жижиг заалтуудыг өөрчилж болох байсан. Жишээлбэл, өмнөх хуулиар 18 хоног сурталчилгаа хийнэ гэсэн байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Дэндүү бага байна. Манай улс 21 аймагтай биз дээ. Нэр дэвшиж байгаа хүн нэг аймагт ядаж 2-3 хоног ажиллаж, сурталчилгаа хийх хэрэгтэй. Би энэ саналаа ТББХ-ны даргад хэлсэн. Гэтэл нэгэнт Монгол Улсад танигдсан хүн нэр дэвших учраас заавал олон хоног сурталчилгаа хийх шаардлагагүй гэж байна лээ. Ийм давчуу хугацаатай сурталчилгаа явуулахаар МАН, АН-ынхан онгоц хөлөглөж очоод ард түмэнтэйгээ уулзчихдаг. Өмнөх сонгуулиар яг л ийм дүр зураг харагдаж байсан. Онгоцгүй бусад нь сурталчилгааны хугацаанд хавчигдаад ард иргэдтэйгээ уулзаж чадахгүй байлаа. Ерөнхийлөгч гэдэг бол нийт иргэдээс сонгогддог. Тиймээс бүх аймагт очиж ажиллах хэрэгтэй. Энэ бол нэг талаас сурталчилгаа. Нөгөө талаас хүндлэл. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө бүрэн таниулна. Хэн, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллах вэ гэдэг чухал. Түүнээс биш хөөрхөн хүнийг сонгох гээд байгаа зүйл алга. Олонд танигдсан хүнийг нэр дэвшүүлнэ гэвэл хошин шогийн жүжигчдээс сонгох хэрэгтэй. Том нам дарангуйлсан байдалтай сонгууль зохион байгуулах гэж байгаа нь буруу.

-Үндсэн хуультай харшилдахаар зүйл, заалтууд орж уу?

-Үндсэн хуультай зөрчилдсөн, хэзээ ч хүлээн зөвшөөрч болохооргүй хэд хэдэн зүйл бий. Үндсэн хуульд 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болно гэж заасан байдаг. Гэтэл шинэчилсэн хуулийн төслийн 6.3-т “45 насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан хүн байх ёстой” гээд заачихаж. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хүн хаана ч амьдарч болно гэсэн байдаг. Түүнээс биш Ерөнхийлөгчийн сонгууль болохоос таван жилийн өмнө хаа нэг гадаад улс оронд амьдарч байсан бол нэр дэвшиж болохгүй гэсэн заалт байдаггүй. Шинэ хуульд ингээд оруулаад ирлээ. Мөн заавал аль нэг намын гишүүн байх ёстой. Монгол Улсын төрийн тэргүүн аливаа нэгэн намыг төлөөлдөггүй. Аль ч намд үйлчлэхгүйгээр нийт ард түмнийг төлөөлж эв нэгдлийг хангагч байх ёстой гэсэн байдаг. Гэтэл заавал өөрийнхөө намын хүнийг дэвшүүлнэ, хэрэв нам бус бол өргөдөл авч байж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гээд заачихаж.

Анх Үндсэн хуульд суудал бүхий нам бусад намдаа боломж олгохын тулд аль ч намын гишүүн байсан хамаагүй нэр дээрээ дэвшүүлж болно гэж зааж өгсөн. Ийм жишиг ч бий. Угтаа Монгол Улсын иргэн, 45 нас хүрсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нь үл хамаарч Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой. Ард түмэнд сонгох эрхийг нь олгох хэрэгтэй. Нийт ард түмнээс сонгогдох субьектыг улстөржүүлж, намжуулж байна. МАХН-ыг нухчин дарах гэсэн явуургүй арга хэрэглэж байна. Бас нэг зүйл байгаа. Намууд хамтарч болно гээд заачихаж. Парламентад суудалтай энэ гурван нам яаж хамтрах гээд байгаа юм бэ. МАН ганцаараа хүнээ дэвшүүлнэ гэх санаа л агуулаад байх шиг. АН-ынхан Ерөнхийлөгчид хүн дэвшүүлнэ гээд хэлэх юм бол МАН-д төмсөгдүүлчихээд байгаа. МАН давамгайлсан байдалтай, цаг хугацаагаар шахаж байна. Мөн төрийн албан хаагч нэр дэвшиж болохгүй гэсэн. Сонгуулийн жилд нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа халагдсан байх ёстой гэж заасан. Гэтэл энэ хуулийг нэгдүгээр сарын 1-нд батлаагүй байна. Ийм хууль гарна гэдгийг хэн мэдээд ажлаасаа гарах юм. Тэгээд ч хууль буцаан хэрэглэгдэхгүй, батлагдсан өдрөөсөө эхэлж хэрэгждэг. Дүгнээд хэлэхэд МАХН-ыг хавчин гадуурхах зорилготой л хууль болж. МАН-ыг үг дуугүй даган дууриа, үгүй бол зайл гэсэн гадуурхалт явж байна.

-Парламентад суудалтай гурван намаас бусдад нь ямар боломж гарч ирж байгаа вэ?

-Ямар ч боломж байхгүй. Дэмжиж байна гэдгээ л хэлж болно. Өөрөөр ямар ч боломжгүй. 30.4-т “УИХ-д суудалгүй нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж болно” гэсэн байгаа. Хамтраад явж болохгүй. Нэг үгээр хэлбэл, ганцхан МАН-д зориулсан хууль болчихлоо.

-МАХН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцох вэ. Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ?

-Ард түмэн МАХН-д итгэл хүлээлгэсэн. МАХН Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх хүсэл, зорилготой. Гэхдээ энэ мэтчилэн Н.Энхбаярын эсрэг санаатай хуулийн зохицуулалт хийгээд байх юм. Дээрээс нь зохиомол хэргүүдээр ял шийтгэл хүлээлгэж магадгүй байна. Шорон руу илгээх гэж оролдохыг үгүйсгэхгүй. Ийм хүнд нөхцөлд бид бууж өгөхгүй. А хувилбар нь бүтэхгүй бол Б гэж байх ёстой. МАН хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэж оролдож байна. Энэ өргөн барьсан хуульд нь ганцхан үг л дутуу байна. МАН-аас өөр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж. Бичигдээгүй хуулиар энэ хууль гуравхан намын дунд үйлчилнэ. Гурав дахь намынхаа үгийг сонсохгүй, хавчин гадуурхаж байвал би АН-ынхныг уриална. Та нар битгий сонгуульд оролцооч гэж. МАН ганцаараа өрсөлдөг. Ичихгүй бол ард түмэнд ямар ч сонголт өгөлгүйгээр Ерөнхийлөгчтэй болог. Тэгэхээс өөр гарц үлдэхгүй шинжтэй байна.

-Н.Энхбаяраас гадна таван хүнийг намаасаа нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэсэн. Хэн тав бэ?

-Бид хэнийг нэр дэвшүүлэхээ эрт хэлэхгүй. Шоронд орохоос айж байна. Тэр хүний аюулгүй байдлыг бодож байна. Нэрийг нь хэлсний маргаашаас эхлээд хууль, хяналтынхан тэр хүний эсрэг ажиллаад эхэлнэ. АН-ынхан хэлээд байгаа шүү дээ. Ерөнхийлөгчид гэж дурдах л юм бол балраад байна гэж Ж.Батзандан гишүүн хэлж байна лээ. Барын амнаас гараад арслангийн аманд оров гэж үг бий. Ард түмэн энийг л санах хэрэгтэй.

-Оны өмнө С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн гэм буруутанг ялласан. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би коммунизм тогтоогүй биз дээ гэж хэлээд байгаа. Өргөдлийн байнгын хороонд байхдаа 461 дүгээр ангийн дунд шүүх хурал хийдгийг болиулахаар шийдсэн.

Гэтэл өнөө хэр хэвээрээ байна. Дэлхийн бүх улсаас ганцхан манай улс шоронд шүүх хурлаа хийж байгаа. Яагаад иргэний шүүхэд шүүх хурлаа хийхгүй байна вэ. Болж буй нөхцөл байдал ард түмэнд хардлага төрүүлж байгаа. Миний хувьд ч ялгаагүй. Хэрэг хуучирдаггүй гэдэг.

-Он гарчихлаа. Энэ онд эдийн засаг сайжрах болов уу. Гаднаас мөнгө орж ирэх сураг байна уу?

-Мөнгө байгаа ш дээ. Зүгээр л мөнгийг яаж зохицуулах ухаанаа олохгүй байгаа юм. Тэгээд бондын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийг өөгшүүлээд яваад байдаг. Тэд бол баялаг бүтээгчид гэж орилдог. Тэгвэл та бид юу юм бэ. Баялаг устгагчид юм уу. Та жишээлбэл цалингийн зээлээ төрөөр тэглүүлж үзсэн үү. Төр таны ипотекийн зээлийг хөнгөлж байсан уу. Ажил хөдөлмөрөө хийж байгаа жирийн иргэдийнхээ зээлийг нэг ч удаа хөнгөлж, эсхүл тэглэж үзээгүй байж төрөөс хэдэн зуун тэрбумаар нь идэж байгаа компаниудыг өөгшүүлээд байдаг. Энийг нь хэлэхээр Баасанхүү үндэсний үйлдвэрлэгчдийг гадуурхаж байна гэж орилоод байгаа. МАН-ынхан улсын эдийн засаг дампуурч байна гэж яриад л байна. Өнөөг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж л байгаа биз дээ. Бүр нэмээд цалинтай ээж, насны хишиг гэхчлэн баахан халамжийн мөнгө тараах гэж байна. Хэрэв эдийн засаг өөрсдийнх нь яриад байгаа шиг тэгтлээ аймар байгаа юм бол яах гэж ийм олон популист хууль батлаад халамж тараагаад байгаа юм. Ард түмэн юу ч гуйгаагүй байна. Ээжүүдэд цалин өгөхгүй бол Засгийн газар огцор гээгүй байна. Өгч байгаа юм чинь авъя даа л гэж байгаа. Ахмадууд ч ялгаагүй. Улсад мөнгө байгаа. Хамгийн гол нь зөв зохицуулалт, бодлого хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

З.Нарантуяа: Хөрөнгө оруулагчдад оруулсан мөнгөнийх нь найдвартай байдал л чухал

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Шинэ парламент бүрдээд хагас жил болчихлоо. Он ч дуусаж байна. Парламент үүргээ хэр зэрэг биелүүлсэн гэж бодож байна вэ?

-Парламентийн үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Шинэ парламент бүрэлдсэнээс хойш өргөн баригдсан 131 хууль, тогтоомжийн төслүүд байгаагаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд 57 хууль, УИХ-ын тогтоолын шийдвэрийг хэлэлцэж баталсан тоо бий. Ихэвчлэн Засгийн газар байгуулах, томилгоо хийх, мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ батлах, төсвөө тодотгох, ирэх оныхоо төсвийг батлах зэргээр шинэ Засгийн газрын үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлд хууль, тогтоолууд батлагдлаа. Чанарын хувьд эдийн засгийг сэргээх хөтөлбөрөөс өөр нийгмийн шаардлагад нийцэхүйц, улс орны эдийн засгийг сэргээх, засаглал, менежментийн өөрчлөлт хийх хэмжээний бодлого, шийдвэрүүдийг баталж чадав уу гэвэл тааруухан л дүн тавихаар байна.

-Их хурал хагас жилийн хугацаанд олигтой хуулийн төсөл баталсангүй гэх шүүмж бий. Таны хувьд УИХ, Засгийн газар цаашид юун дээр анхаармаар санагдав?

-Гадаад худалдаа, эдийн засгийн бодит байдалд дүгнэлт хийж, улс үндэснийхээ эдийн засаг, аюулгүй байдлыг хамгаалахад нэн шаардлагатай байгаа бодлогын өөрчлөлтүүдийг хийхэд чиглэсэн хуулиудаа эхлээд хэлэлцмээр санагдаад байгаа юм л даа. Улс төр судлаачид ярьдаг, үндэстний дархлаагаа бөхлөх гэж. Энэ бол товчхондоо засаглах чадвартай төрийн тогтолцоог бэхжүүл л гэсэн үг шүү дээ. Тиймээс төрийн засаглалыг сайжруулах чиглэлийн буюу Улс төрийн намуудын тухай хууль, Төрийн албаны хуулийг шинэчлэн баталж, мөн Үндсэн хуулийн шаардлагатай зарим өөрчлөлтийг хийж засаглалаа сайжруулах шаардлага байгааг л хэлээд байна гэж би ойлгодог. Сонгуулийн тогтолцоо их тогтвортой баймаар байна. Сонгууль бүрийн өмнө өөрчлөгддөгөөс улс төрийг их тогтворгүй болгож байна. Ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудал ноцтой болж байна. Нэг салбараас хараат, цаашлаад нэг орноос 100 хувь хамаарах дөхсөн байхад ач холбогдлоор бага жижиг асуудлыг хэлэлцэж, цаг алдаж байхаар гол асуудлаа эрэмбэлж, хууль тогтоомжоо боловсронгуй болгоход УИХ анхаарах шаардлагатай байна.

-Ирэх дөрвөн жилд боловсронгуй болгох хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг Их хурал хэлэлцсэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа 400 гаруй хуулиудын 270 орчмыг нь өөрчилнө гэсэн жагсаалт орж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн яам хууль санаачлагчдаас өгсөн хуулийн нэрүүдийг л жагсаасан юм байна лээ. Үнэхээр эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай хуулиуд мөн үү гэсэн өнцгөөс харвал хэрэгцээ, шаардлагын судалгаа нь хийгдсэн хуулиуд цөөхөн байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөж эхэлнэ. Хууль, тогтоомжуудын чанар, үр дүнг сайжруулахад шинэчлэл хийхээр хууль байгаа юм. Шинэ хуулийн энэ концепцэд нийцүүлж, одоо мөрдөж байгаа хуулиудын үр дүнд мониторинг хийж судалгаатайгаар хандвал дээрх тоо эрс буурна. Энэ хэрээр парламентын үйл ажиллагааны үр дүн дээшилж эдийн засгийг дэмжих хуулийн орчин сайжрах юм. Тиймээс Засгийн газар төслөө татан авч судалгаатай оруулж ирэх санал гаргасан. Харамсалтай нь дэмжигдээгүй.

-Ирэх онд улс орны нийгэм, эдийн засгийн байдал одоогийнхоос дээрдэх болов уу. Гэрэл гэгээтэй гарц харагдаж байна уу?

-Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг эхлүүлж чадвал сайжрах боломжтой. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдын хувьд бэлэн, хэрэгжүүлэх хэмжээнд техник эдийн засгийн үндэслэлүүд нь хийгдсэн, мэргэжлийн экспертүүд хүлээн зөвшөөрсөн төсөл цөөхөн байна. Хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгө нь найдвартай байх баталгаа л чухал. Засгийн газар энэ баталгааг хангах чиглэлд олон зүйлийг хийх хэрэгтэй болж байна. Тухайлбал, дэд бүтэц, төрийн байгууллагуудын саадгүй ажиллагаа, хууль, шүүхийн шуурхай, шударга байдал гэх мэт. Ер нь Засгийн газрын чадамж, санаачилгатай байдлаас л хөрөнгө оруулалтын асуудал шууд хамаарна.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал олны анхаарлыг их татаж байна. МАН-ын гишүүдийн хэлж буйгаар Хөгжлийн банкны хөрөнгийг АН-ынхан замбараагүй үрж, эргэн төлөлтгүй болгочихсон юм шиг байна гэж байгаа?

-Энэ асуудлаар би өөрийн байрь сууриа олон удаа илэрхийлсэн. Шалгалтын дүгнэлтийг олон нийтэд ил болгох шаардлага тавьснаар нээлттэй болгохоор боллоо. Иргэд мэдээллийг харж, өөр өөрсдийн дүгнэлтийг хийнэ биз.

-Хөгжлийн банктай холбоотой хуулийн төслийн шинэчилсэн найруулга хийнэ гэсэн. Юун дээр анхаарвал зохистой вэ?

-Хөгжлийн банкны бие даасан хараат бус байдлыг хангах нь гол чухал асуудал. Шинэ хуулиар энэ талын зохицуулалтыг түлхүү оруулах юм. Энэ банкны үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлж хуулиар тогтоож өгөөгүйгээс улстөржсөн үнэлгээ, дүгнэлт хийгдэж байгаатай холбогдон банкны үнэ цэнэ, хэвийн ажиллагааг алдагдуулж байна. Иймээс энэ чиглэлийн зохицуулалтыг нарийвчлан тусгаж байгаа.

-АН-ын шинэчлэлийн асуудал мөн л олны анхааралд байна. Та энэ намаас сонгодсон УИХ-ын гишүүний хувьд шинэчлэлийг аль чиглэлд хийгээсэй гэж хүсч байна вэ?

-АН-ын VI Их хурлаар шинэчлэлийн хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрт шинэчлэлийг зургаан чиглэлээр хийхээр тусгасныг дэмжиж байгаа. Эв нэгдэлтэй, итгэл хүлээхүйц, үзэл санаа, үнэт зүйлээ эрхэмлэгч, хариуцлагатай, нээлттэй, оролцоотой, цахим бодлогын нам байх зорилт тавьсан. Хөтөлбөр батлах нэг хэрэг, хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Шинэчлэлийнхээ агуулгыг ойлгосон, хэрэгжүүлэх өөрийн хувилбартай хүн намыг удирдаж байж хэрэгжинэ.

-Намын даргад нэр дэвшиж буй хүмүүсийг харахад тэгтлээ их хүлээлттэй байх хэрэггүй мэт харагдах юм?

-Нэр дэвшигчдийн зарим нь өмнө намын удирдлагыг хэрэгжүүлж байсан хүмүүс учраас тэгж харагдаж байгаа байх. Намын гишүүний хувьд намаа цаашид олон нийтийн итгэл хүлээх, тодорхой зорилт, үзэл баримтлалтай, хариуцлагатай улс төрийн хүчин болгохын төлөө санаа зоволгүй яахав. Фракцуудын зодоон, эв түнжингүй байдлаасаа болж олны итгэлийг алдсан сургамж байгаа. Ашиг сонирхлын зөрчил ихтэй, эвлэж нэгдэж чаддаггүй хүмүүс аль нэг нь гарлаа гэхэд зөрчил дахиад л үргэлжилнэ. Ний нуугүй хэлэхэд, ийм зөрчилтэй хүмүүс сунгаанаасаа татгалзчихаасай гэж хүсч байна. Намын цаашдын нэгдэл нягтралд тус болно. Гишүүдэд ч сонголт хийхэд амар болно. Өөр нэг анхаарах зүйл бол намын дарга болсон хүн дараагийн сонгуульд АН ялалт байгуулсан тохиолдолд дүрмийн дагуу Ерөнхий сайд болох учиртай. Намын дараагийн ялалт хэнээр удирдуулахаас их хамаарна. Тиймээс иргэд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, итгэл хүлээж чадахуйц нэр цэвэр, ёс зүйтэй хүнээ сонгох хэрэгтэй болж байгааг гишүүд ойлгож байгаа байх. Анх удаа гишүүдээрээ нээлттэй сонгуулиар даргаа сонгох гэж байна. Нэг ёсондоо, намын ирээдүйн хувь заяаг гишүүд бид өөрсдөө сонгоно.

-УИХ дахь цөөнхийн бүлгийн ганц эмэгтэй гишүүн нь та. Намынхаа шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдээ төлөөлж оролцохгүй юм уу?

-Намын дүрэмд эмэгтэйчүүд, залуучууд, ахмадуудын байгууллагуудын төлөөлөл намын удирдах байгууллагуудад төлөөллөө оруулах шинэ заалт тусгагдаж байгаа. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас Гүйцэтгэх зөвлөлд орж ажиллана гэсэн үг. УИХ-д сонгогдсон эмэгтэй ганц гишүүний хувьд мэдээж эмэгтэйчүүдтэйгээ хамт шинэчлэлийг амжилттай хийхийн тууштай ажиллана. Саяын Их хурлаар намын дарга гурван дэд даргатай, түүний нэг нь эмэгтэй байхаар шийдвэрлэсэн. Өрсөлдөнөө гэсэн бодолтой байна. Завханыхан маань их дэмжээд байгаа.