Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбаяр: Арилжааны банк ипотекийн зээлийн материал хүлээж авахгүй байвал Монголбанкинд ханд

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэж байгаа хэдий ч иргэд зээлдээ хамрагдаж чадахгүй байна. Яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Уг нь Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гээд мэдээлэл хийчихсэн. Бидэнд байгаа нөөц нь жилийн 300 тэрбум төгрөг. Ипотекийн зээлийн хүрээнд нэг айлд дунджаар 58 сая төгрөг олгож байгаа. Ямар ч байсан уг зээл зогсохгүй. Эдийн засаг ийм хүнд байгаа ч гэлээ Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр шийдэж байгаа. Яахав одоогоор зарцуулж буй хөрөнгийн хэмжээ хангалттай хэмжээнд байхгүй байна. Гэхдээ одоохондоо байгаа боломждоо тулгуурлаад зээлээ олгоё. Цаашид мэдээж хэрэг эдийн засаг сайжрахын хэрээр зээлийн хэмжээг нэмэгдүүлэх байр суурийг баримталж байгаа. Тийм гарц ч хайж байна. ОУВС-гийн зүгээс ч тэр ихэнх хөтөлбөрийг зогсоосон мөртлөө ганцхан ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тохиролцоо хийсэн.

-Албаны хүмүүс ипотекийн зээлийг олгож байгаа гэж ярьж байна. Гэтэл бодит байдал дээр арилжааны банкууд зээлийн материал хүлээж авахгүй юм?

-Ямар нэгэн байдлаар материал хүлээж авахгүй, эсхүл зогссон зүйл байхгүй. Өмнө нь арилжааны банкууд Монголбанкны өмнө үүрэг хүлээдэг байлаа. Одоо бол Засгийн газар, ард иргэдийн өмнө үүрэг хүлээж байгаа. Тухайн арилжааны банк өөр дээрээ зээлтэй барилгын компанийн орон сууцанд л зээл олгоод байгаа. Үүнийг болиулахаар ярилцсан. Бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Энэ талаар ойрын үед арилжааны банкуудтай уулзалт хийж шийдвэрлэнэ.

Засгийн газрын зүгээс нэлээн хүлээцтэй харлаа. Гэтэл иргэн хүн банкин дээр явж очоод зээл хүсэхээр “Зөвхөн манайхтай гэрээтэй барилгын компаниас байр ав” гэж тулгадаг. Энэ буруу. Үүнийг засна.

-Арилжааны банкууд өөрсдийн дотоод эх үүсвэрээ ипотекийн зээлд ашиглах ёстой гэж байсан. Уг асуудал юу болж байгаа вэ?

-Шаардаж байгаа. Ипотекийн зээл Монголбанкнаас Засгийн газарт шилжин ирж байна. Төсөвт 110 тэрбум төгрөг суулгаад явж байгаа. Харин зээлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг арилжааны банкуудтай тохиролцож шийднэ. Гэрээгээ шинэчлэн байгуулна гэсэн үг. Ингэхдээ хоёр зүйл шаардаж байгаа. Нэгдүгээрт, та манай хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах уу. Засгийн газрын зүгээс дөрвөн хувийн хүүтэй мөнгө олгож байгаа. Банк үүрэг хүлээж байгаа бол хүлээсэн шиг хүлээ. Хоёрдугаарт, банкин дээр шал өөр бодлого яваад байж болохгүй. Банк өөрөө өөрийгөө авч явах хэмжээний бодлогодоо тулгуурлаад байж болохгүй. Нийт иргэдэд тэгш хандсан бодлого шаардаж байгаа.

-Хамгийн сайн эргэн төлөлттэй гэгдэж буй уг зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд гадны улс орнуудаас эх үүсвэр хайж байгаа юу?

-Хоёрдогч зах зээлд арилжааны хэлбэрийг хэрхэн гаргах вэ гэдэг гарцыг эрэлхийлж байгаа. Өөрөөр хэлбэл төр бүх зээлийг авч яваад байх хэцүү. Тиймээс арилжааны банкуудад санал болгож байгаа юм. Өөрсдийн дотоод эх үүсвэрээрээ санхүүжилтээ шийдээд яв гэдэг хувилбар санал болгож байгаа. Тэд чадахгүй бол олон улсын жишгийн дагуу хоёрдогч зах зээл рүү хандана.

-Хөдөө орон нутагт хэрхэн үргэлжлэх вэ?

-Эх үүсвэрээсээ шууд хамаарна. Эх үүсвэр нэмэгдэнгүүт зээл олгож эхлэх юм. Мэдээж хэрэг тэнд арай өөр нөхцөлтэй байх ёстой. Хүү багатай, хугацаатай урт. Одоохондоо орон нутагт зээлийн олголт санхүүжилтээс болж саатаж байгаа байх. Яваандаа нэлээн жигдэрнэ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна.

-Зээлийн материал хүлээж авахгүй байгаа арилжааны банкуудыг хэрхэх вэ. Ийм үед иргэд хаана хандах вэ?

-Хэрэв арилжааны банкууд ипотекийн зээлийн материал хүлээж авахгүй байвал Монголбанкинд өргөдөл гаргаад өгчих. Тэд материал хүлээж авахгүй байх ёсгүй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөр юу болж байна вэ?

-Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна. Ямар ч байсан эргэлт гаргаж чадсан. Уг хөтөлбөрт Засгийн газар шийдвэрээ гаргаад явж байна. Тэр нь ямар шийдвэр вэ гэхээр түрээсийн орон сууцны хэмжээг хязгаарлахаа больчихлоо. Иргэд орон сууц түрээслэх гэж байгаа бол заавал тэдэн м2 талбайтай байх ёстой гэж заахаа больсон. Хоёрдугаарт, хэнийг оруулах вэ гэдэг цензурыг төвөөс барьж байсныг болиулсан. Ингэснээр тухайн асуудлыг орон нутагт нь шийддэг боллоо. Хөдөө орон нутагт байгаа түрээсийн орон сууцанд хэн орохыг тухайн аймгийн Засаг даргын хүрээнд шийддэг болсон.

-Хөтөлбөр үргэлжилж байгаа ч гэлээ түрээсэнд их мөнгө төлөх гурван өрөө орон сууц санал болгож байгаа нь хэр оновчтой юм бэ?

-Голдуу гурван өрөө орон сууц бий нь үнэн. Гэхдээ түрээсийн төлбөр тийм өндөр биш шүү дээ. Хоёр өрөө байранд амьдардаг мөртлөө гурван өрөө түрээслэх сонирхолтой иргэд байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Ирэх хаврын чуулганаар Соёлын тухай хуульд онцгой анхаарал хандуулан ажиллана

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Төрийн түшээ бүсгүйн хувьд та энэ өдрийг ач холбогдлыг хэрхэн чухалчилдаг вэ?

-Энэ өдөр дэлхийн бүсгүйчүүд эрхээ эдэлдэг. Эрхийг тодотгосон өдөр учраас эхчүүд, ижий, бүсгүйчүүдийн баярын өдөр болсон байна. Би дэлхийн эд эсийн нэгэн адилаар энэ өдөрт хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өчигдөр төрийн төлөө зүтгэж буй бүсгүйчүүдээ УИХ-ын дарга хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Мөн мянган эмэгтэйн чуулган Төрийн ордонд боллоо. Орчлонгийн бүх цэцэг тал талд ургадаг шүү дээ. Түүнтэй адил орчлонгийн нэгэн цэцэг болсон эмэгтэйчүүд маань Төрийн ордноо гэрэлтүүлэн өнгө нэмж чуулсан. Тэд нартаа болон Монголынхоо бүх сайхан ээж, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэе.

-Намрын чуулган завсарласан хугацаанд хаагуур ямар ажил амжуулав?

-Тойргоороо явж байгаад ирлээ. Манай тойргоос тодорсон аварга малчин, алтан төлийн эздийн шагналыг гардуулаад ирсэн. Малчин түмэн маань өвлийг өнтэй даваад хаврын урин цагтай золголоо. Хүн зоны сэтгэл тэнэгэр сайхан байна лээ. Ер нь манай Говьсүмбэр, Дорноговь аймгийн малчид урьд өмнө байгаагүй олон амжилт дагууллаа. Улсын аварга малчин олон төрсөн байна. Хошой аварга малчин, алтан төлийн эзэдтэй боллоо. Малчидтайгаа уулзаад явж байхад намрын чуулганаар хэлэлцэж баталсан олон хуульд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байсан. Ялангуяа малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулиудад талархаж байна лээ. Төр засгийн бодлого шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн дээ.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Энэ чуулганы хугацаанд та ямар хуулийн төсөл дээр голлон ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Өөрийнхөө харьяалагдсан Байнгын хороогоор хэлэлцэгдэж буй хуулийн төслүүд дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Зарчмын зөрүүтэй саналд өөрийн санал бодлоо илэрхийлээд явж байна. Удахгүй Соёлын тухай хуулийг хэлэлцэх байх. Үүнд идэвхийлэн ажиллана гэж бодож байгаа. Сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд манай улсын соёлын бодлого нэлээн алдагдсан. Аливаа улс гүрэн өөрсдийн гэсэн соёлтой байж гэмээнэ тусгаар тогтнолтойгоо байдаг. Гэтэл өнөөдөр соёл шиг хэрэггүй зүйл алга болчихож. Соёлын байгууллага, соёлын төлөө зүтгэж буй хүмүүсийн хөдөлмөр бүтээл үнэ цэнэгүй яваад байна. Тиймээс уг хууль зайлшгүй хэрэгтэй. Би энэ салбараас төрсөн хүний хувьд уг хуулийг УИХ-аар маш хурдан батлуулж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Мөн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд хөдөөгийн иргэд маш их анхаарал хандуулж байгаа юм билээ. Тэдний саналыг уг хуульд нэлээн сайн тусгаж өгнө гэж бодож байна. Малын удмын сангийн хуульд ч анхаарал хандуулан ажиллана. Монгол мал эрүүл байж гэмээнэ монгол хүн эрүүл амьдарна. Монгол Улсын бэлчээрийн даац хүнд байдалд хүрч байна. Ялангуяа говь, хээрийн бүсэд цөлжилт, талхлагдсан байдал газар авч байгаа. Уул уурхайгаас үүдэлтэйгээр мал эрүүл байх баталгаагүй болчихлоо. Гол ус их ширгэж байна. Энэ мэтчилэнгээр байгалийн зохицолдлогоо алдагдаж байгаа үзэгдэл газар авч байгаа. Үүнтэй холбоотойгоор Малын удмын сангийн хуульд анхаарах асуудал их бий. Ер нь хийх ажил олон. Хууль санаачилж оруулахаас илүүтэй хэрэгжилтэд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлах байх. Тов сонсогдож байна уу?

-Ээлжит бус чуулганыг тухайн цаг үеийнхээ нэн даруй шийдэх ёстой асуудлыг шийдэхийн тулд хуралддаг. Цаг үеийн шаардлага бий юү гэвэл бий. Тэгэхээр удахгүй тов зарлах байх. Одоохондоо мэдэгдэж байгаа юм алга.

-Та өнгөрсөн чуулганы үеэр гадаад руу нэлээн олон удаа томилолтоор явсан. Ирэх чуулганы үеэр гадаад томилолтууд хэр ихтэй байх бол?

-Ирэх хаврын чуулганы хугацаанд гадаадад ажиллах бүх томилолтоо цуцалсан. Нэн хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Бас тойргийнхоо иргэд, сонгогчидтой илүү холбоотой байж уулзалт хийх хэрэгтэй. Миний хувьд хоёр аймгийн нутаг дэвсгэрээс сонгогдсон цорын ганц гишүүн. Тэр утгаараа нэлээн хол зам туулж байж дараагийн сумдаа очдог. Хоёр аймаг маань хоёулаа тусдаа нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай. Тэр утгаараа хоёр хүний явдлаар явах хэрэгтэй болж байна. Тиймээс хаврын цагт тойрогтоо нэлээн сайн ажиллахын тулд гадаад томилолтуудаа цуцалсан байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинтөгс: ОУВС-гийн хөтөлбөрийн хамгийн чухал нөлөө нь тогтвортой бодлого, сахилга бат

МУИС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-ОУВС урьдчилсан байдлаар нөхцөлүүдээ танилцуулаад байгаа. Энэхүү нөхцөлүүдийг биелүүлж хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө гарах вэ?

-Хоёр төрлийн нөлөө харж байгаа. Эхний буюу уг хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх. Бодлогын тогтолцоогоо сахилга баттай болгож макро эдийн засгийн тогтолцоо ямар байх ёстой, юун дээрээ анхаарах ёстойгоо нарийн тодорхойлно. Үүгээрээ маш чухал ач холбогдолтой. Бодлогоо нарийвчлаад тодорхой болгохоор гадныхны хүлээлт ч тодорхой болно. Энэ улс ийм бодлого баримталж байгаа юм байна, ийм асуудалд төр нь оролцох юм байна, хувийн хэвшил нь үүнийгээ шийдээд явчих юм байна гэдэг тодорхой болно. Ийм үед хөрөнгө оруулалт хийхэд санаа зовох зүйл гарахгүй. Тэгэхээр нэг ёсондоо уг хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь тогтвортой бодлого, сахилга бат. Өнөөгийн хямралыг давж гарахыг тэгтлээ чухал гэж харахгүй байгаа. Тэртэй тэргүй бид өмнө нь хямарч л байсан. Түүнийг даваад гардаг. Харин зөв тогтолцоо бидэнд байсангүй. Уг нь 2008, 2009 онд бид санхүүгийн сахилга батгүй байвал ямар байдалд хүрдгийг туулж мэдэрсэн. Гэхдээ тэндээс хангалттай хэмжээнд суралцсангүй. Хоёрдугаар нөлөө нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах замыг зааж өгнө. Илүү тодорхой болгоно. Ялангуяа дотоодын ч бай, гадны ч бай хөрөнгө оруулагчид илүү тодорхой мэдээлэлтэй болно. Хөрөнгөө оруулсны маргааш бодлого өөрчлөгдөх болов уу гэх айдасгүй болох юм. Ийм хоёр давуу талтай.

-ОУВС орлого, зарлагад шалгуур нөхцөл тавьсан. Ер нь хэр боломжийн нөхцөлүүд тавьсан гэж харж байгаа вэ?

-Өөр арга гэвэл үнэхээр хэцүү. Тэгэхээр маш боломжийн нөхцөл тавьсан гэж харж байгаа. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьд хүрсэн нь асар өндөр тоо. Ийм байдал зөвхөн 2016 онд ажиглагдаагүй. Өмнөх хоёр, гурван жилд иймэрхүү л дүр төрхтэй байсан. Жил бүр төсвийн алдагдал өсөж явлаа. Үүнийгээ дагаад улсын өр нэмэгдэнэ. Улс алдагдлаа нөхөхийн тулд зээл авдаг. Тэр нь өндөр хүүтэй болохоор төсөвт маш их дарамт учруулж байгаа. Зээлийн хүүгийн төлбөрт л гэхэд 900 гаруй тэрбум төгрөг төлж байна. Долоон их наяд төгрөгийн нэг нь зээлийн хүүнд яваад байна гэдэг эдийн засаг ямар хэцүү болсныг харуулж байгаа. Тиймээс үүнийг шийдэх ёстой. Гадны хөтөлбөртэй ч бай, үгүй ч бай Монгол гэдэг улс оршин тогтнож байгаа бол шийдэхээс өөр гарцгүй.

-Орлого нэмэгдүүлэх найман боломжийг нэрлэсэн. Хэр бодитой боломжууд вэ. Ард түмний нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлэх нь гэж яриад байгаа?

-Орлого нэмэгдүүлэх боломж хэрэгжих боломжтой. Харин ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байгаа юу гэвэл тийм. Татвар нэмж байна гэдэг чинь л ард түмний нуруун дээр ирэх ачаалал ихэснэ гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна гэдэг нэг асуудал. Хадгаламжтай буюу хадгалах боломжтой иргэн, өрхөд ачаалал оногдуулж байна гэсэн үг. Гэхдээ нийт хадгаламжийн 90 орчим хувь нь хүн амын таван хувьд оногддог. Тэгэхээр маш багахан хувьд жаахан илүү ачаа үүрүүлнэ гэсэн үг. Дунд болон доод түвшний иргэд үүнд өртөхгүй.

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар аваад эхлэхээр иргэд арилжааны банкуудаас мөнгөө татаж байгаа байх. Энэ нь эргээд эдийн засагтаа хэрхэн нөлөөлөх вэ?

-Банкнаас хадгаламжаа авсан иргэн хаана мөнгөө хийх вэ. Манайханд сонголт маш цөөхөн. Хөрөнгийн бирж дээр очоод хувьцаа болгоё гэхээр одоогоор тийм хэмжээнд хүрээгүй байна. Иргэд сохроор хувьцаа авахаас өөр аргагүй. Эсвэл Засгийн газрын бонд руу хөрөнгөө оруулж болно. Мөнгөө хадгалах өөр сонголт байхгүй. Яахав, бие биедээ зээлүүлж болох ч маш их эрсдэлтэй. Тиймээс иргэд хадгаламжаа татаад сүйд болохгүй байх гэж бодож байна. Түүнээс шалтгаалж эдийн засаг айхтар савлахгүй.

-Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэр үед Засгийн газар шатахууны үнийг бодлогоор барих боломж бий юү?

-Тэрийг шатахуун импортлогч болон Түлш, эрчим хүчний газар л мэдэх байх. Бидэнд нарийн мэдээлэл алга. Ямартай ч одоогийнх бол маш их татаастай үнэ. Тэр нь байхгүй болоод татварыг өсгөчихөөр байдал сайнгүй болох биз. Гэхдээ Засгийн газар, шатахуун импортлогч компани хоорондоо ямар гэрээ хийхээс шалтгаалах байх.

-Хөтөлбөр батлагдаад хэрэгжиж эхэлсэн хойно иргэдэд шууд нөлөөлөх үү. Илт мэдрэгдэж ачаалал авах үе нь хэзээ байх бол?

-Нийтийн дунд маш том төөрөгдөл яваад байх шиг байна. Юу вэ гэхээр ОУВС манай улсын төсөвт шууд таван тэрбум ам.доллар өгчих гэж байгаа мэтээр ойлгож байгаа. Тийм биш. Төлбөрийн тэнцлийн алдагдалд зориулж 440 сая ам.доллар өгч байгаа. Энэ мөнгө төсөвт ямар ч хамаа байхгүй. Хоёр тэрбум ам.доллар нь свопын хэлэлцээр рүү шууд орж байгаа. Үлдсэн гурван тэрбум ам.долларын асуудал бий. Гэхдээ тэр мөнгөний зарцуулалт, задаргааг хэн ч ярихгүй байна. Том тоог нь ойролцоогоор л таамаглаж байгаа. Энэ мөнгө орж ирэхээр иргэдийн амьдралд шууд нөлөөлөх үү гэвэл үгүй. Хамгийн гол найдлага тавьж буй зүйл нь шууд бус нөлөөлөл. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой болохоор гадны хөрөнгө оруулалт орж ирээд хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй. Энэ үед ажлын байр шинээр нэмэгдэж иргэдийн амьдралд нөлөөлөх боломжтой. Бид тэрэнд л найдаж уг хөтөлбөрийг оруулж ирсэн. Түүнээс биш макро эдийн засгийн бодлого хэн нэг иргэнд нөлөөлөхгүй.

-Төсвийн тодотгол яригдаж байна. УИХ-ын гишүүд мөнгө орж ирэхээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэх гэж төсвөө тодотгох мэтээр яриад байгаа. Гэтэл ОУВС-гийнхан одоо байгаа зардлаа дахиад жаахан хасаадах гэсэн шаардлага тавьж байгаа биз дээ?

-Нэг тохирсон нөхцөл нь Сангийн яамнаас төсвийн нийт зарлагын дүнг оруулж ирнэ. Түүн дээр зарлага нэмэх гэж байгаа бол хаа нэгтэйгээс нь яг тэр дүнгээрээ хас гэж шаардаж байна. Тэгэхээр Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн зарлагын нийт дүн өөрчлөгдөхгүй. Тэгж байж орлоготой уялдуулна.

-Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад орлого нэмэгдүүлэх гарц харагдаж байгаа юу?

-Байлгүй яахав. ОУВС-тай тохирч байгаа нөхцөлүүдийг нь харахаар манай зүгээс эрсдэл багатай байдлаар орлогоо төсөвлөж чадсан. Өөрөөр хэлбэл зэс, алт, нүүрсний үнэ өнөөгийн түвшиндээ байж чадвал манай улсын макро эдийн засгийн байдал нэлээн сайжрах төлөв харагдаж байгаа. Том том төслүүдээ хөдөлгөе гэж ярьж байгаа. Тэд бүгдээрээ эерэг нөлөө үзүүлнэ.

-Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил явагдах уу. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд байна шүү дээ?

-ОУВС-гийн манайд хэрэгжүүлэх гэж байгаа нь дэд бүтэц хөгжүүлдэг, үйлдвэр барьдаг хөтөлбөр биш. Цэвэр макро эдийн засгийн тогтворжуулалтад зориулагдсан. Төлбөрийн тэнцэл, төсөв санхүүгийн бодлого, мөнгөний бодлогод л хамаатай. Энэ хүрээнд ОУВС-тай тохирсон.

-Валютын ханш хэрхэх бол. Одоогоор ам.долларын ханш бага зэрэг буурч байна. Цаашид яах вэ?

-Валютын ханшид үндсэндээ хоёр зүйл нөлөөлж байгаа. Монголын эдийн засаг руу ам.доллар орж ирээд л байвал төгрөгийн ханш чангарна. Нөгөө талаас мөнгөний нийлүүлэлт ихэсвэл төгрөгийн ханш суларна. Ийм хоёр зүйлийн тэнцвэр дээр валютын ханш тогтож байгаа.

-ОУВС-гийнхан мөнгөний бодлогыг нэлээн хатуу барих юм шиг байна лээ.

-Миний харж буйгаар мөнгөний бодлогыг хатуу барих шаардлага ажиглагдахгүй байна. ОУВС-гаас авч буй 440 сая ам.доллар манай улсын валютын нөөцийг зузаатгахад зориулагдана. Тэгэхээр манай улсад байгаа валют ихэснэ гэсэн үг. Нөгөө талаас инфляцийн түвшинг хараад мөнгөний нийлүүлэлт хэр их нэмэгдэх вэ гээд бодохоор мөнгөний бодлогыг сулруулах боломж бий. Өнөөдөр гурван хувийн инфляцитай байгаа. Ийм байхад чангалах тухай ярих утгагүй. Төв банкны гол зорилго ханш биш инфляци.

-Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжлээ гээд иргэдийн амьдралд шууд нөлөө байхгүй гэж үзэж болох уу?

-ОУВС-гийн бодлогын гол анхаарч буй зүйл бол иргэдийн түвшинд томьёологдохгүй. Макро эдийн засгийн хэмжээнд л асуудлыг ярьж байна. Гэхдээ иргэдээс хол тасархай бодлого уу гэвэл бас үгүй. ОУВС нийгмийн халамжийн бодлогыг нэлээн хумьж байгаа. Аль ч орны Засгийн газар нийгмийн халамжийг өргөжүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс нийгмийн халамжид хэт их анхаарал хандуулбал төсөв хүндэрнэ. Тиймээс ОУВС нийгмийн халамж руу хэт их чиглэсэн бодлогыг санхүүжүүлдэггүй. Үүгээрээ иргэдийн амьдралд нөлөөлөх байх. Гэхдээ нийтээр нь халамжийг зогсоохгүй шүү дээ. Хавтгайрсан халамжийн бодлогоос зайлсхийе гээд байгаа юм. Зорилтот бүлгээ зөв тодорхойлж халамжийн бодлогоо хэрэгжүүлнэ. Үүнийг зөв гэж бодож байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улс орон дампуурдаг гэх ойлголт бий. Манай улсад уг хөтөлбөр хэрэгжихдээ үр дүнгээ өгөхгүй байх нөхцөл бий юү?

-Дэлхийн улс орнуудад иймэрхүү хөтөлбөр зөндөө хэрэгжиж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлүүд нь маш их ялгаатай. Манай улсын хувьд огт мэдэхгүй хөтөлбөр рүү явж ороогүй. Өмнө нь хоёр ч удаа амжилттай хэрэгжүүлж байсан. Нөгөө талаас 2000 оны дундуур ОУВС-тай холбоотой нэлээн ширүүн мэргэжлийн маргаан гарч байсан юм. ОУВС хөтөлбөрөө боловсруулахдаа улс орнуудыг хэтэрхий нэг загвараар явуулаад байсан. Үүнийг мэргэжилтнүүд эсэргүүцсэн. Тэрнээс хойш тухайн улс орны нөхцөл байдалд тохирсон өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Одоо бол манай улсад тохирсон бодлого дэвшүүлээд байгаа. Тэгэхээр одоо айх хэрэггүй. Улс орны нөхцөлийг дордуулж байсан жишээнүүд бий ч өнөөгийн нөхцөлд манайд нэг их хамаарахгүй болов уу. Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. ОУВС-д ажилладаг эдийн засагчид нь мэргэжлийн хувьд дээд түвшнийх. Эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалж байгаа хамгийн чадвартай хүмүүсээс шилж авдаг. Бусад олон улсын байгууллагуудаас үүгээрээ давуу талтай. Хамгийн гол нь бид нэг ойлголцолтой байх ёстой. Хатуу дүрэмтэй хөтөлбөр биш.

-Хатуу биш гэхээр бид жилийн дараа ч юм уу, нөхцөлүүдээ өөрчлөх санал тавьж болно гэсэн үг үү. Гурван сар тутмын шалгалтыг амжилттай даваад байвал тэдний бодлого зөөлрөх үү?

-Улирал тутамд манай банк санхүүгийн байгууллагад үнэлгээ хийгээд явна. Гэхдээ эдийн засаг гэдэг бол маш өргөн хүрээнд эргэлддэг салбар. Өнөөдөр гарсан өөрчлөлтийн үр дүн тэр дороо мэдрэгдэхгүй. Хүнд байдлаас гарахад хугацаа хэрэгтэй. Тэгэхээр жилийн дараа гэж яривал арай эртдэх байх. Гэхдээ 2008, 2009 онд төсвийн орлого нэмэгдсэн болохоор иймэрхүү хатуу хөтөлбөрийн хэрэгцээ багассан учраас харилцан тохиролцоод хөтөлбөрөө өндөрлүүлсэн. Үүн шиг боломж гарахыг үгүйсгэхгүй.

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хоёр ч удаа хамрагдаж байлаа. Одоо энэ хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжээд эдийн засгийн тогтолцоо эрүүлжих байх. Тэрний дараа дахиад ийм байдалд орохгүй гэх баталгаа бий юү?

-Нийгмийн ой санамжид л найдаж байна. Бид алдаанаасаа нэг, хоёр удаа суралцана. Гурав дахь удаагаа алдахгүйг хичээнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьтны нялх үрээр зугаагаа гаргадаг зэрлэг цэнгэлээ хэзээ зогсоох вэ

Сар шинийн баярын төгсгөлтэй давхцан хурдан морины хаврын уралдаанууд эхлэх нь. Ирэх ням гаригт “Дүнжингарав-2017” төвийн бүсийн уралдаан болно. Залгуулаад Говь-Алтай, Хөвсгөл аймагт бүсийн уралдаанууд зохион байгуулах тов гарсныг Засгийн газраас баталжээ. Ингэснээр унаач хүүхдүүдийн хатуу хөтүүтэй нүүр тулдаг хэцүү цаг эхэлж байна. Тэднийг 40 км/цагийн хурдаар хаврын хүйтэн хавсарга сөрөн давхих аргамаг хүлэг хүлээж байгаа. Наадмаас хойш өндөр тунтай витамин, шим тэжээлээр бордуулсан хурдан морины нуруун дээрээс хэзээ шидэгдэн үхэтхийн унахаа үл мэдэх унаач хүүхдүүд өдийд юу бодож байдаг бол. Намар сургуульд ороход шинэ цүнх, хувцас авч өгсөн болохоор яаж ийж байгаад морийг нь түрүүлүүлэх юмсан гэх цайлган бодол өвөртлөн яваа байлгүй. Түүнээс биш өвөл, хаврын улиралд хурдан морь унаж уралдах нь тэвчишгүй хөдөлмөрт тооцогддог гэдгийг, ийм үед морь унавал амь нас, эрүүл мэндэд нь эрсдэлтэй гэдгийг гадарлах ч үгүй байгаа. Сар шинээс хэдхэн хоногийн өмнө уяачид хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж эхэлсэн сурагтай байна лээ. Мэдээж хэрэг өвөлжөөнийхөө ойролцоох жалганд морьдоо сунгаж байгаа биз. Тэнд засаж янзалсан зориулалтын зам, талбай байхгүй нь ойлгомжтой. Уулын энгэрийн цас өдөртөө хайлж шөнөдөө мөстөж байгаа ийм үед морьдоо давхиулан хөлсийг нь авч байгаа. Ийм үед хүүхэд мориноос унан бэртэж, гэмтэх энүүхэнд. Түүнийг нь уяачид аль болох нуун дарагдуулаад өнгөрөхийг хичээдэг нь нууц биш болжээ. Уг нь өнгөрсөн оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэхдээ хурдан морь унахыг багтаасан. Уг шийдвэрээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг.

Мөн хурдан морь унахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцно гэж заасан. Уг шийдвэрийг хүүхдийн байгууллагууд дэмжин хүлээн авч 18-аас доош насны хүүхдээр морь унуулахыг хориглохыг Засгийн газарт уриалж байлаа. Гэтэл өнөөдөр уг шийдвэр, уриалга хэрэгжихгүй байна. Хэрэгжихгүй байгаа болохоор хоёрхон жилийн хугацаанд 326 хүүхэд мориноос унаж бэртэл гэмтэл авсан. Харин нас барсан 18 хүүхэд бий. Энэ бүх тоо баримт хурдан морины уралдаан насанд хүрээгүй хүүхдүүдэд ямар халтай болохыг харуулж байна. Статистик мэдээнд бүртгэгдсэн нь дээрх тоо болохоос биш цаана нь бодитоор ямар тоо нуугдаж байгааг мэдэх аргагүй. Хаврын уралдааны сунгааны үеэр хүүхэд мориноос унаж тархи толгойдоо гэмтэл авч гэнэ, бооцоот уралдааны үеэр унаач хүүхэд амь насаа алдаж гэнэ, хөлдүү газарт шидэгдээд суумгай болсон гэнэ гэхчилэн сэтгэл өвтгөм муу мэдээ энд тэндээс дуулдаж л байдаг. Ихэнхийг нь уяач, морины эзэн хоёр аргалаад нуучихдаг болохоор ил болж түмний сонорт хүрэхгүй байгаа юм. Угаасаа гадаа хасах хэмтэй хүйтэн байхад хурдан морины нуруун дээр салхи сөрж давхих амар биш. Үнэхээр тэвчишгүй хүнд хөдөлмөрт тооцохоос аргагүй. Гэтэл цөөн хэдэн баячуудын зугаагаа гаргах гэсэн зэрлэг цэнгэлээс болж Монголын ирээдүй болсон охид, хөвгүүд үхэж үрэгдээд байна. Ингэж ярьж, бичихээр уяачид, бас морины эзэд монгол өв уламжлал ярин өөрсдийгөө өмөөрөөд хариугүй уйлангаа алддаг. “Хурдан морины хүүхэд тэсвэр хатуужилтай байдаг юм. Унахдаа хүртэл гэмтэхгүй байх арга ухаанаа мэддэг” гэхчилэн ярина. Ухаандаа баргийн хүнд баймгүй тэсвэр тэвчээр, хатуужил, арга ухаан унаач хүүхдэд байдаг юм байх аа. Тэр нь үнэхээр үнэн юм бол, тийм арга ухаанд суралцчихдаг юм бол өөрсдийнхөө хүүхдийг яагаад морь унуулахгүй байна вэ. Өөрсдийнхөө хүүхдийг хамгийн түрүүнд хэлж байгаа шигээ хүмүүжүүлэхийг бодно доо. Уг нь хамгийн түрүүнд өөрийнхөө хүүхдийг унаач болгох ёстой биш үү. Гэтэл морины эзэн, уяач хоёр хэзээ ч өөрийнхөө үрийг хурдан морины нуруун дээр мордуулж байсангүй. Яагаад гэвэл уралдааны замд хэзээ шидэгдэн хөсөр унахыг нь тааж мэдэхгүй болоод тэр.

Дээхнэ үеийн хууччуулын амнаас сонсох нь ээ, өвөл, хаврын хахирган цагт хурдан морь уралдуулж хүн, малыг тамладаггүй байсан гэсэн. Харин зуны дэлгэр цагт морь уралдуулахдаа хошуу ноён хүртэл өөрийнхөө хүүхдийг мордуулдаг байсан гэдэг. Одоо бол тийм биш. Морь унана гэдэг хүүхдийн хүнд хүчир, тэвчишгүй ажил болжээ. Унаач хүүхдүүд юу болж яаж төгсөхийг тааварлахгүйгээр уралдсаныхаа төлөө хэдэн бор төгрөг авдаг. Яахав, зарим нэг өгөөмөр эзэд сар бүр тогтсон цалин өгч байгаа байх. Ингэж аав, ээждээ нэмэр болж хэдэн төгрөг олж байгаа унаач хүүхдийг буруутгах аргагүй юм. Харин хэрэгцээг нь хангаж байгаа нэрийдлээр зэрлэгээр зугаацан цэнгэж байгаа хүмүүсийг шүүмжлэхээс өөр аргагүй байна. Амьтны нялх үрийг шавар шавхайтай хутгалдуулан, хөр цасан дээр өнхрүүлэн унагаж таашаал авч байгааг юу гэх вэ. Ийм зэрлэг зугааг төр засаг болиулах хэрэгтэй. Наад захын жишээ авъя л даа. Бид өөрсдийнхөө үр хүүхдийг агаарт гаргахдаа яаж дулаалдаг билээ. Хувцсыг хэд л бол хэдээр нь давхарлаад нүүр амыг нь амьсгалахад ч хэцүү болтол нь багладаг. Бараг л хөр цасан дээр хэдэн цагаар ч хамаагүй суулгахад алзахааргүй бигнэдэг мөртлөө унаач хүүхдэд ямархуу анхаарал тавьдаг билээ дээ. Намар хичээлдээ орох үед нь шинэ цүнх аваад дотор нь хэдэн дэвтэр хийчихнэ. Бас хоёр ээлжийн солих өмд, ганц цагаан цамц авч өгснөөрөө бахархаад цээжээ дэлдчихдэг. Үнэндээ хурдан морио унуулахын тулд цалин өгнө гээд сургуулиас нь засвардуулах асуудал бол энүүхэнд.

Жижиг биетэй унаач хүүхдийг эцэг, эхийнх нь хамт аргалж байгаад сургуулиас нь гаргадаг тохиолдол ч олон байдаг юм билээ. Иймэрхүү байдлаар хөдөөгийн хүүхдүүдийг хэрэгцээгээр нь далимдуулж зугаацдагаа боль. Хүүхдийн төлөө гэсэн уриатай байгууллагууд ч гэсэн үүн дээр анхаарал хандуулан ажилласан шиг ажилламаар байна. Албан байгууллагынхаа өрөөнөөс гаралгүйгээр худлаа үнэн нь мэдэгдэхгүй мэдэгдэл гаргаж суухаас илүүтэй бодит байдалд эрчимтэй ажиллах хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энх-Амгалан: Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Намрын чуулган хаалтаа хийж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Уг чуулганыг үүргээ хэр биелүүлсэн гэж та дүгнэж байгаа вэ?

-Шинэ парламент байгуулагдсанаас хойш чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа болсон байна. Байнгын болон дэд хороод 140 удаа хуралдаж, бие даасан хууль 22, нэмэлт өөрчлөлт орсон хууль 262, зээлийн хэлэлцээр батлах тухай дөрөв, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 31, УИХ-ын 104 тогтоол тус, тус батлан гаргалаа. Мөн эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан гаргаж өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

-Намрын чуулганаар гол шийдэх асуудал нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц байсан. Гэтэл дорвитой ажил хийсэнгүй. Батлаад байсан богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт юу болж байгаа вэ?

-Сэхээнд орсон хүн шууд хөл дээрээ босоод гүйчихдэггүй биз дээ. Түүнтэй нэгэн адил эдийн засаг хүнд байдалд орсон улс орон, өр зээлэндээ баригдсан, гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, хариуцлага сахилга бат алдагдсан тийм л засаг төрийг МАН хүлээн авсан. Хамгийн түрүүнд төсвийг бүх шатандаа хэмнэх, төсвийн сахилга хариуцлагыг хангаж ажиллахад төрийн бүх шатны байгууллага анхаарал хандуулж байна. Хөгжлийн банкны тухай хуулийг батлан гаргалаа, гадаад өрийг төлөх зам сувгийг эрэлхийлж байна. Ажлын байрыг бодитоор бий болгох үүднээс жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болголоо, импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, 54 мянган ААН-д үйлдвэрлэлээ өсгөх, ажлын байраа хадгалж үлдэх боломжийг бий болголоо, татвар төлөөгүйн улмаас хаагдсан олон олон бизнес эрхлэгчдийн дансыг нээлээ. Энэ бүхэн эдийн засагт үр дүнгээ өгч байна. Төсөв 9.4 хувиар давж биелэлээ, төсвийн зарлага төлөвлөснөөс 173 тэрбум төгрөгөөр хэмнэгдлээ. Ахиц байна.

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ биз дээ?

-Хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэх хандлага харагдаж байгаа. Таван толгойн Баруун цанх нээгдлээ. Өнгөрсөн жилүүдэд тонныг нь 25-32 ам.долларт өгдөг байсан нүүрсийг өнөөдрийн байдлаар 71.5 ам.долларт зарж байна. Энэ бол үр дүн. Бид хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлагатай, сахилга баттай, тогтвортой байхыг хөрөнгө оруулагчид хүсч байна.

-Та Монгол-Оросын парламентын бүлгийн тэргүүн. Хоёр улсын харилцаанд нэмэр болохуйц ямар ажил хийж байгаа вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Новосибирск хотод “Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт-2016” арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын их хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хороонд 20 зүйл бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт зарим нэг чухал заалтууд бий. Новосибирск бол Ази Европыг холбосон тээвэр ложистик, аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны том төв. Новосибирск Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хот болсон. Тиймээс хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Юун түрүүнд Новосибирск-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болмоор байна. Мөн Тянжинь болон Хятадын бусад нутгаас тээвэрлэгдэж байгаа бараа материалыг Монгол нутгаар дамжуулан Сибирийн нийслэл Новосибирск хүртэл явуулах, Монгол нутгаас тээвэрлэгдэж байгаа малын гаралтай мах, сүү, ноос, ноолуур, арьс ширэн эцсийн бүтээгдэхүүний гаалийн татвар хураамжийг хөнгөвчлөх тал дээр анхаарах гэх мэт зарчмын хувьд өөрчлөлт хийж гадаад худалдааг хөнгөвчлөх талаар яриа хэлцэл болж, эхний алхмууд хийгдсэн. Мөн саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод ажиллаад ирлээ. Бугат хот Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой хот. Бугатын ган төмөрлөгийн үйлдвэрт жилд зургаан сая тонн коксжих нүүрс, 10 сая тонн төмрийн хүдэр шаардлагатай байдаг. Үүнийхээ ихэнхийг Австралиас татаж байна. Уг нь бол хөршөөсөө авах боломж бий. Орос улс мөн мах, махан бүтээгдэхүүнээ Аргентинаас авдаг. Бас л хөрш нь болох манай улс нийлүүлэх боломжтой. Ингээд хараад байвал аялал жуучлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр, транзит тээвэр, ложистик, соёлын харилцаа, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форум, бүс нутгийн хөгжил гээд эдийн засгийг дэмжих олон салбарт хоёр хөрштэй ажиллах боломж бидэнд байна. Наад зах нь л гэхэд Орос Хятадын хооронд хийгдэж байгаа бараа эргэлт жилд 40 сая тонн. Алсдаа 100 сая тонн болох боломжтой. Гэхдээ Монголын нутгаар дамжих нь маш бага байна. Оросууд бараагаа алс дорнодоор дамжуулж тээвэрлүүлэн авахад 45 хоног, Дундад Азиар дамжуулж тээвэрлэхэд 35 хоног зарцуулж байна. Гэтэл Тянжинь боомтоос Эрээн-Замын-Үүд, Ханги-Мандал чиглэлд тээвэрлэхэд автомашинаар гурав хоногт, Монголын урд хилээс хойд хил хүртэл гурав хоног гээд үндсэндээ долоохон хоногт ОХУ-ын хил дээр хүрнэ. Сибирийн бүс нутагт мөн долоо хоногийн дотор ачаа эзэндээ очно гээд бодоод үз дээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө аль алинд нь хэмнэлттэй. Үүнийг Монгол Улсын идэвхтэй санаачлагаар ажил болгох ёстой.

ХУ-тай цаашид ямар салбарт түлхүү анхаарал хандуулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Олон салбарт ажиллах боломж бий шүү дээ. Гадаад худалдаа, соёл боловсрол, шинжлэх ухаан, мал эрүүлжүүлэх, ХАА-д шинэ техник технологи нэвтрүүлэх гээд стратегийн түншлэлийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бий. Бид чинь хоёрхон мөнхийн хөрштэй шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд дээр дурдсан олон сая тонн ачаа Монголыг дайран өнгөрлөө гэж бодъё. Наад зах нь бензин тос хийнэ, засвар үйлчилгээ авна, хоол унд хэрэглэнэ, унтаж амарна, замын хураамж төлнө. Үүнийг дагаад хөгжил явагдана. Уул уурхайн зарим бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр, урт хугацаанд тогтвортой байнгын хэрэглэгчдэд нь нийлүүлнэ гээд мөнгө олох боломж бий. Харин бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Зарим нэг гол орд зэсийн баяжмалаа түшиглээд эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Нефтийн ордууддаа түшиглээд боловсруулах үйлдвэр барих ёстой. Малаа эрүүлжүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах ёстой. Малын гаралтай болон ХАА-н гаралтай түүхий эдээрээ дэлхийн брэнд болсон эко, ногоон бүтээгдэхүүн хийж дэлхийн зах зээлд нийлүүлэх учиртай. Аялал жуучлалын томоохон бүтээгдэхүүн бий болгож дэлхийн жуулчдын нүдийг хужирлаж, мөнгийг нь заруулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжилд анхаарах цаг болсон.

-Удахгүй Таван толгойн гэрээ шинэчлэгдэх байх. Цаашид хэрхэн хөдөлгөх хувилбарын талаар МАН-ынхан бүлэг дээрээ ярьсан уу?

-Үгүй. Таван толгой хэвийн ажиллаж байгаа шүү дээ. Баруун цанх ашиглалтад орсон. Үнэ нь өсч 71.5 ам.доллар болсон. Өмнө нь хэзээ ийм үнээр зарж байсан юм бэ. Засгийн газар богино хугацаанд боломжоороо л зүтгэж байна шүү дээ.

-Нүүрсний үнэ өсч байгааг ашиглаад эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломжтой биз дээ?

-Ганцхан Таван толгой ч биш, эдийн засагт үр ашигтай бусад төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Дотоодын нөөц бололцоогоо бүрэн дайчилж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, малын гаралтай түүхий эд, ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээ хангаад экспортыг чиг баримжаатай үйлдвэрлэл үйлчилгээг бодлогоор дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах учиртай. Монголчууд бид хамтдаа л зүтгэж байж хямралаас гарна. Өөр хэн ч бидний өмнөөс ажил хийхгүй.

-Та жижиг, дунд үйлдвэрийнхнийг дэмжиж ажилладаг. Тэднийг дэмжих хамгийн бодитой дэмжлэг нь хөрш улсуудад үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байдаг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Багтаамжтай том зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргах, шинэ түнш, шинэ хамтрагч, шинэ техник технологи, шинэ инноваци, шинэ хэрэглэгчээ олоход нь туслах зорилгоор БНХАУ, ОХУ-ын олон хотод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Монголын өдрүүд” эдийн засгийн чуулга уулзалт, соёл урлагийн арга хэмжээг манай хамт олон хийж ирсэн. Одоо ч хийж байгаа. Хүнээс баярлалаа гэдэг үг сонсох сайхан шүү дээ. Монголчууд маань хичээвэл хийж чадахгүй зүйл гэж байхгүй л дээ. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёр хөрш их сонирхдог. Чанартай загвар дизайн сайтай, экологийн цэвэр монгол брэнд үнэ хүрнэ.

-Та өмнө нь Ази Европыг холбосон мэдээллийн технологийн төв байгуулах талаар ярьж байсан. Энэ ажил юу болсон бэ. Үүнийг дагаад дэлхийн томоохон компаниуд манайд салбараа нээнэ гэж байсан. Тэр ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Ази Европыг холбосон өндөр хурдны дахин дамжуулах “Дата” төв барих асуудал манай намын мөрийн хөтөлбөрт ч байгаа, төслийг Ерөнхий сайдад миний бие өргөн барьснаас хойш ажил амжилттай үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсад үр ашигтай томоохон төслүүдийг бид хамтдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэг цонхоор, нэгдмэл зорилго, нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран хийх нь орчин үед хамгийн үр дүнтэй арга мөн. Майкрософт ,Т Интел гэх мэт компаниудын суурин төлөөлөгчийн газар орж ирсэн. Удахгүй Гүүгл орж ирэх байх. Монгол бол олон улсын транзит урсгалын хувьд хамгийн аюулгүй, хамгийн боломжийн, хамгийн үр ашигтай орон байх боломж бий.


Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: ОУВС санхүүгийн секторыг эрүүлжүүлэх зорилготой. Түүнээс ард түмний амьдрал муудахгүй

Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа. Тэрээр Японы Сангийн яаманд дадлагажигчаар ажилласныхаа дараа Сангийн яамны Санхүүгийн бодлого өрийн удирдлагын газрын дарга, НҮБ-ын “Түмэн бүс” бүс нутгийн хөтөлбөрийн захирал, Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн удирдагч, ОУВС-гийн бүс нутаг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байжээ.


-Өнгөрсөн зунаас эхлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар ярьсан. Харин “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсон нь гэнэтийн мэдээлэл байлаа. Яагаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болчихов?

-ОУВС-тай хийх хэлэлцээрийн шатанд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар ярьсан шүү дээ. Ард түмэнд хэлсэн нь өнгөрсөн ням гариг болохоос биш. ОУВС маш олон хөтөлбөртэй. Тэдгээр хөтөлбөрөөсөө аль нь тухайн улсад тохирох вэ гэдгийг харилцан ярилцаж шийддэг. Эдийн засаг нь тогтворгүй байгаа улс орны Засгийн газрынх нь хүсэлтээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байгууллага. Түүнээс биш дэлхийн цагдаа шиг энэ зээлийг ав, тэр чинь болохгүй байна гэж тулган шаарддаггүй. Өнөөдрийн манай улсад хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр “Стэнд бай”-г бодвол илүү өргөн хүрээг хамарна. Нэг ёсондоо олон асуудлыг хамардаг гэдгээрээ “Стэнд бай”-гаас ялгаатай. “Стэнд бай” богино хугацааны хямралыг шийддэг. Харин манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд шийдэх боломжгүй. Дунд болон урт хугацаанд шийдэх асуудал болчихсон. Өвчнөөр яривал хүндэрсэн гэсэн үг. Ханиадаа эмчилж чадахгүйгээс болоод хатгаа болгочихсон асуудал яригдаж байгаа. Эмчлэхэд илүү урт хугацаа шаардана. Ерөнхийдөө өргөн хүрээнд асуудлыг шийднэ гээд ойлгочих. Зөвхөн төсөв, төлбөрийн балансаас илүүтэй эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, үр ашиг талаас нь харна. Ялангуяа санхүүгийн секторын бүтцийн өөрчлөлтөд нэлээн анхаарал хандуулна. Түүгээрээ бусад хөтөлбөрөөсөө ялгаатай. Хугацааны хувьд ч гэсэн 3-4 жилийн хугацаанд хэрэгждэг.

-Манайхан зөв хөтөлбөрөө сонгож чадсан уу. Хэр тохиромжтой хөтөлбөр вэ?

-Уг нь хоёр жилийн өмнө буюу намайг ОУВС-д ажиллаж байхад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж 1.5 тэрбум ам.доллар авах тухай ярьж байсан. Тухайн үед эдийн засгийн хямралыг бага дээр нь эмчлээгүйгээс болж өвчин хүндэрсэн байна. Монгол Улсын төсөв нэг үеэ бодвол гайгүй болчихож. Төсвөөс гадуурх зардал хумигдаж төсөвтөө суудаг болсон. Энэ бол сайн үр дүн. Тэгэхээр одоогийн хэрэгжүүлэх хөтөлбөр төсөвтэй айхтар зөрчилдөхгүй. Мөнгөний бодлого тал дээр асуудал бий. Гэхдээ бүр илүү асуудалтай нь санхүүгийн сектор. Санхүүгийн секторын 96 хувийг банк эзэлж байгаа. Гэтэл банкуудын активыг үзэхээр чанаргүй зээл маш их. Саяхан л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар ч банкны үйл ажиллагааны асуудал сөхөгдөж олонд харагдлаа. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас бид яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэтэл Засгийн газарт үүнийг шийдэх боломж алга.

-ОУВС-гийн уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гадныхны хараат болох нь гэх болгоомжлол иргэдийн дунд бий. ОУВС ил биш ч гэлээ далд байдлаар манай улсыг удирдах уу?

-Зээлийг зөв ойлгох хэрэгтэй. Хятадаас, эсхүл Япон, Орос, Солонгосоос зээл авч болно. Хоёр улс хоорондын зээл хатуу нөхцөлтэй байдаг. Жишээлбэл, манайх АНУ-аас “Мянганы сорилын сан”-гийн зээл авсан. Хариуд нь тус улсын энхийг сахиулах бодлогыг дэмжиж Ирак руу цэргээ явуулсан шүү дээ. Япончууд манай улсад жилдээ 50-60 сая ам.долларын зээл өгдөг тогтсон журамтай. Гэтэл шинэ нисэх онгоцны буудал барихад зориулж ямар учраас зээл өгсөн бэ. Тэднийг НҮБ-ын Аюулгүй байдлын хороонд ороход нь манай улс дэмжсэн болохоор тэр. Гэтэл ОУВС ч юм уу Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага зээл өгөхдөө ганцхан нөхцөл тавьдаг. Сахилга баттай, эрүүл бай гэдэг ганцхан нөхцөл тавина. Мөн улс хоорондын зээл ихэвчлэн төсөл хэлбэрээр орж ирдэг. Харин олон улсын байгууллагаас орж ирж буй мөнгө манай улсын төсөв рүү ам.доллараар орж ирнэ. Үүгээрээ маш их ялгаатай.

-Хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан байдлаар нэлээн хэдэн нөхцөл, шаардлага тавьж байна. Үүнээс улбаалж ард түмний нуруунд хэр их ачаалал ирэх вэ?

-Улсын төсвөөр дамжуулж татварын орлого өсөх ёстой. Нөгөө талдаа бидний хэрэглээг бууруулах шаардлага харагдаж байна. Бид өмнөх хэдэн жил үрэлгэн төсөвтэй, эдийн засгийн сахилга батгүй явж ирлээ. Өнөөдөр харин нийтээрээ үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг. Засгийн газар Засгийн газар шиг сайн ажиллах хэрэгтэй. Ард түмэн ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож хэцүү байдлаас гарахын тулд хичээж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар ч тэр, иргэд ч тэр ачааллыг үүрээд явахаас өөр арга байхгүй.

-Манай улсад тавьсан нөхцөл хэр хатуу шаардлага вэ. Бусад улс оронд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар жишигтэй байдаг юм бол?

-Эдийн засгийн онол гэж бий. Энэ онол их тодорхой стандарт, зарчимтай. ОУВС-гийн тавьж буй шаардлагууд эдийн засгийн онолд тулгуурласан. Тиймээс уг хөтөлбөрийг дэлхийн аль улсад хэрэгжүүлж байгаагаас болж нөхцөл өөрчлөгдөнө гэж байхгүй. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буй улс оронд яг л ийм нөхцөл тавина гэсэн үг. ОУВС гэдэг бол дэлхийн эдийн засгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Ядарч буй улс орнуудад туслалцаа үзүүлэх үүрэгтэй байгууллага. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг нь тэр. Түүнээс биш мөнгө хийдэг, аль нэг улсад бодлогын дарамт үзүүлдэг байгууллага огт биш. Ер нь эдийн засаг сайн ойлгодог хүмүүс Засгийн газарт тавьж буй гэрээний нөхцөлийг их эерэг хүлээж авч байгаа байх. Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгийг мэдэж байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол тухайн улс орон дампуурдаг гэсэн яриа бий. Үнэхээр хөтөлбөр хэрэгжүүлээд дампуурсан улс байдаг юм уу?

-Сөрөг яриа гарч л байна. Гэхдээ бодит байдлаа харах хэрэгтэй. Бид гаднаас зээл авч мөнгө босгох тухай л ярьж байгаагаас биш системийг эрүүлжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна. ОУВС тодорхой сахилга баттай санхүүгийн дэглэмийг тухайн оронд хэвшүүлээд буцаад гардаг байгууллага. Манай улс 2009 онд “Стэнд бай” хөтөлбөрийг маш богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Явахдаа бүр Монгол дахь оффисоо буулгаад “Үүнээс хойш танай улсад ирэхгүй байх. Амжилт хүсье” гээд явсан. Гэтэл хэдхэн жилийн дараа эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихлээ. Засаглаж чаддаггүй, бодлогоо хэрэгжүүлдэггүй, мэргэжлийн бус байгаагийн жишээ юм болов уу гэж дүгнэж байгаа.

-Дэлхийн хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд амжилт олоогүй улс байдаг уу. Ер нь амжилттай хэрэгжсэнийг илэрхийлсэн тоон үзүүлэлт бий юү?

-Өнөөдрийн байдлаар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд явж буй арав гаруй улс бий. Манайх 12 дахь улс нь болж байгаа юм билээ. “Стэнд бай” хөтөлбөрт найман улс хамрагдаж байгаа. Бүгд амжилттай хэрэгжүүлж байгаа. Ер нь ОУВС-гийн түүхэнд маш цөөн тохиолдолд үр дүн гарч байгаагүй. Ямар тохиолдолд үр дүн гарч байгаагүй вэ гэхээр тухайн улсын улстөрчид болон олигархиудын ашиг сонирхолтой холбоотой. Үр дүн гараагүй улс орон ОУВС-гийн буруу гэж ард түмнийхээ тархийг угаагаад байх шиг байдаг.

-Манай улсын бодлогод шууд нөлөөлөөд эхлэх үү?

-Ажлын хэсэг манай улсад ажиллаад гурван нөхцөл урьдчилан тавьж байна. Ипотекийн зээлийг Монголбанк хариуцаж байсныг болиулж Засгийн газрын мэдэлд өгөх нь зүйтэй гэсэн. Монгол Улсын төв банк мөнгөний бодлогыг барьдаг болохоос биш Засгийн газар шиг ажилладаггүй. Тиймээс үүнийгээ зогсоо гэсэн. Хоёрдугаарт, улсын төсөвтөө тодотгол оруулж үр ашиггүй зардлаа хэмнэж орлогын боломжоо нэмэгдүүл гэсэн. Гуравдугаарт, санхүүгийн секторт чинь шинжилгээ хийе. Бүх мэдээллийг ил болгооч гэсэн. Шинжилгээ хийсний үр дүнд ямар бохирдол, зүй зохисгүй зүйл байгааг тогтоож өөрчилье гэх гурван нөхцөл тавьсан. Эдгээрт ард түмэн дургүйцээд байх зүйл байхгүй. Улсын бодлогод ч нөлөөлөөд байх зүйлгүй. Яахав цөөн хэдэн тооны шалгуулах, мэдээллээ өгөх дургүй хүмүүс дургүйцэх байх.

-Бидэнд уг хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоох боломж бий юү?

-Төсвөө тана, мэдээллээ ил болго гэдэг ч юм уу, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд хөтөлбөр зогсдог.

-Хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд эдийн засгаа сэргээж чадвал ОУВС манай улсаас гарах уу?

-Цоорхой уутыг оёсны дараа мөнгө хийх хэрэгтэй. Улс мөнгөтэй болох эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь санхүүгийн сектор эрүүлжих.

-Өнгөрсөн ням гаригт урьдчилсан байдлаар нөхцөлөө танилцуулсан. Ирэх сард Захирлуудын зөвлөлөөр батлагдсан тохиолдолд нөхцөл өөрчлөгдөх үү?

-Эхлээд одоо өгсөн гурван нөхцөлөө биелүүлэх хэрэгтэй. Дараа нь гурван жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогодоо ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээ тохирно. Цаг хугацаатай уялдсан нөхцөлүүд гаргаж ирнэ гэсэн үг.

-Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталчихвал эхний санхүүжилт хэзээ орж ирэх вэ. Мөн ямар шат дараалалтай орж ирэх бол?

-Засгийн газар ОУВС-гийн тохиролцооны л асуудал. Ямартай ч төлбөрийн балансыг дэмжих зорилгоор орох байх. Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөр баталсны дараа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийж санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн татахыг ярих байх.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна, шатахууны онцгой татварыг нэмэгдүүлэхээр үнэ өснө гэхчилэн иргэдэд дарамт үүсэх байх. Хамгийн хүнд үе хэзээ байх вэ?

-ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлснээс болоод шатахууны үнэ өснө гэж ярьж болохгүй. Өмнө нь өсөж л байсан. Ер нь нэг зүйлийг ойлго. Хөтөлбөр хэрэгжсэнээр ард түмний амьдрал муудахгүй. Улсын эдийн засгийг сэргээх үндсэн зорилготой. Түүнээс биш ард түмэнд нь ачаалал үүрүүлж улсыг дампууруулах гээгүй. Иргэд хэсэгхэн хугацаанд л тэсчих. Нэгээс хоёр жилийн дараа үр дүн гарч эхэлнэ. Хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол үүнээс дор байдалтай болно шүү дээ.

-Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагааг ямар хүмүүс гардах юм бэ?

-Ажлын хэсэг гарна. Олон улсын төлөөллөөс баг бүрдэж ажиллана. Шаардлагатай бол манай улсад ирж ажиллана. Монгол дахь суурин төлөөлөгчийн газар мэдээлэл боловсруулах үүрэгтэй. Цаг тухай бүрт мэдээллээ солилцоод явчихдаг юм.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр ам.долларын ханш буурдаг жишээ бий. Энэ удаад яах бол?

-Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохыг зорьж байгаа шүү дээ. Тиймээс ханшийн хувьд ч гэсэн тогтвортой байлгах гэж зорино. Айхтар савлахгүй байх гэж бодож байна. Өмнөх удаагийн ам.долларын ханш буурсан нь хөтөлбөртэй уялдахаас илүү экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой. Энэ удаа гадаад нөхцөл байдал өөр байгаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Шинийн нэгний өглөө өвөөгийндөө очиж дугуй хуушуур иддэг байлаа

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Цагаан сартай холбоотой таны дурсамжийг хуваалцъя?

-Монголчууд эрт дээр үеэс өвлийг өнөтэй давж, хаврын урин цагтай золгож буйгаа тэмдэглэдэг уламжлалт баяр шүү дээ. Намайг бага байхад малчдын цагаан сар гэж нэрлэн тэмдэглэдэг байлаа. Төв суурин газрынхан тэгтлээ өргөн хүрээнд тэмдэглэдэггүй байсан байх. Малчдын баяр гэж ойлгодог байлаа. Би хүүхэд насаа Өвөрхангайн Хужиртад өнгөрөөсөн. Тэр үед өвөөгийнхтэйгөө ойрхон а м ь д а р д а г б а й с а н ю м . Өвөөгийнх голын зүүн, манайх баруун талд гэртэй. Шинийн нэгний өглөө дээл хувцсаа өмсөөд голын мөсөн дээгүүр гулгаад өвөөгийндөө очиход дугуй хуушуур хайрч өгдөг байлаа.

-Хуушуур иддэг байсан хэрэг үү?

-Битүүний өдөр хиншүү гаргавал сайн гэдэг байсан юм. Хөгшин настай хүмүүс тэгж ярина. Тиймээс ихэнх айл хуушуур хайрч хиншүү гаргадаг байсан санагдаж байна. Хүүхдүүд өвөөгийндөө битүүнд очиж хуушуур идэж чаддаггүй байсан болохоор шинийн нэгний өглөө хувиа хүртдэг байсан хэрэг. Тэр хуушуур одоо хүртэл санаанаас гардаггүй юм.

-Хүүхэд байхдаа айл их хэсдэг байв уу?

-Хэсэлгүй яахав. Найзуудтайгаа нийлж аваад гудамжныхаа айлуудаар хэсдэг байлаа. Айлд бөөнөөрөө пир хийтэл яваад орно. Зарим айл золгуут хийн шинэлээд явчихаар эзгүй үе гарна. Тийм тохиолдолд гэртээ эргэн иртэл нь хүлээсээр байгаад заавал ордог байлаа. Бүр хэдийд ирэх нь вэ гээд анаад суучихдаг байсан. Айлууд дугуй боов, дэвтэр, харандаа бэлэглэнэ. Харин настай айлууд битүүлэг гэж үнхэлцэг, хонины шаант, шагай өгдөг байлаа.

-Сэтгэлд үлдсэн цагаан сарын бэлэг гэвэл юу байдаг бол?

-Тэр үед хүүхдүүдэд тэр бүр мөнгө өгөөд байхгүй. Манай өвөө аав ач, зээ нартаа таван төгрөг өгдөг байсан. Харин бусад айл бэлгэнд мөнгө өгвөл бөөн баяр болно. Нэг төгрөг өгсөн айлыг маш сайн айл гэж боддог байлаа. Ааш сайхантай, баян айл гээд бодчихно. Тэр жилжингээ тухайн айлынхаа хүмүүстэй таарвал сайхан санагдана. Тэгж явсаар дараа жил нь болоход хамгийн түрүүнд өнөөх айлдаа очиж золгох гэж яардаг байлаа.

-Нэг төгрөгөөр юу авдаг байсан бэ?

-Өө тэр чинь тухайн үедээ их мөнгө. Ялангуяа хүүхдүүд чамлахгүй. Тэр үед хуушуур 50 мөнгө болохоор цагаан сарын дараа хоёр хуушуур аваад идчихнэ. Молоко хоёр төгрөгийн үнэтэй байлаа. Сар шинийн үеэр хоёр төгрөг цуглуулчихвал молокотой боллоо гэсэн үг.

-Та хүүхэд ахуй үеийнхээрээ битүүний өдөр гэртээ хуушуур хайрч байна уу?

-Тэр уламжлал хэвээрээ шүү. Хүүхдүүддээ хуушуур хайрч өгнө. Идээ будаагаа засаад битүүлэх үеэр шар тосонд хуушуур хайрдаг.

-Одоо та хэрхэн шинэлдэг вэ?

-Аав, ээж хоёрыгоо байхад шинийн нэгний өглөө тэр хоёртоо очиж золгодог байлаа. Манай хоёр хөгшинд ойр, холын бүх л дүү, хамаатан садан маань ирж золгодог болохоор шинийн нэгэнд тэндээ өнждөг байсан. Тэр хоёроосоо хойш гэртээ шинэлж байна даа. Би ганц эгчтэй. Миний эгч жар гарч яваа. Энэ жил хотод өвөлжиж байгаа болохоор эгч дээрээ очиж золгоно. Мөн аавын минь том эгч 90 гарсан настай хөгшин байдаг. Тэр хөгшнийд очно. Ер нь тэгээд шинийн нэгэнд хэдэн хөгшчүүлийндээ очиж золгоод таардаг юм.

-Ер нь хүний хөлд хэр их дарагддаг вэ?

-Харьцангуй гайгүй ээ. Нутгийн залуус, хоёр талынхан гээд ирнэ. Би Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй манай нутгийнхан жил бүрийн шинийн найманд золголт хийдэг юм. Жилдээ нэг удаа бөөнөөрөө уулзах далимаар ахмадуудтайгаа золгож амар мэндийг нь мэднэ. Энэ уламжлалт арга хэмжээ маань арван жилийн өмнөөс эхэлсэн.

-Сар шинийн үеэр эрчүүд уул овоонд гарч хийморио сэргээдэг. Та хаашаа явдаг вэ?

-Уул хангайд гарч идээ будаа өргөдөг уламжлал бий. Би өөрийн төрж өссөн Хужирт, ажиллаж, амьдарч байсан Арвайхээр сумынхаа уул усанд гарч хийморио сэргээдэг юм. Ер нь нутгийнхаа уул усанд өөрийнхөө төдийгүй түмэн олныхоо аз хийморийг даатгана. Энэ жил ч гэсэн уул хангайдаа гарна. Улиран одож буй мичин жил улс оронд маань хөгжил цэцэглэлт авчирсан сайхан жил байлаа. Төсөв, санхүү амаргүй байгаа ч гэлээ хүнд байдал богино хугацаанд илаарших хугацаа ойрхон байгаа байх гэж найдаж байна.

Ирж буй алтан унжлагат хэмээх тахиа жил монголчуудад ивээлээ хайрлах байх. Нийт монголчууддаа эрүүл энх, аз жаргал хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Хөөрөг тэргүүтэй үнэт эдлэлийн ханш өнөө жил харьцангуй хямд байна Жанрайсиг

Энэ хэт хутга эрчүүдийн анхаарлыг хамгийн их татаж байгаа гэнэ

Нийт 30 гаруй байгууллага, хувь хүн оролцож байгаа болохоор сонголт сайтай, хамгийн өргөн хүрээнд болж буй үнэт эдлэлийн худалдаа гэсэн. Энэ жилийн тухайд үзэсгэлэн болон худалдаа гэсэн хоёр хэсэгтэй үргэлжилж байлаа. Үзэсгэлэнгийн хэсэгт VII-VIII зууны Монголын эртний бүтээлүүдээс эхлээд XX зууны эхэн үеийн соёл, заншлыг харуулсан бүтээлүүд тавьжээ. Ингэхдээ буддын шашинтай холбоотой бүтээлүүдийг энэ жил онцлон сонирхуулж байгаа гэнэ. Баримлын, танка зургийн, зээгт наамлын, гоёл чимэглэлийн бүтээлүүдийг зорьж очсон хүмүүс ихэд сонирхож байв. Энэ хэсэгт XIX-XX зуунд хамаарах наймдугаар Богдын цуглуулгад байсан мөнгөөр бүтээж алтаар шарсан хэт хутга, XVIII-XIX зууны үеийн торго, металл утас, даавуу, шүр, сувдаар бүтээсэн монгол зээгт наамлын бүтээл, мөн үед урласан шороон будаг, алтаар бүтээсэн Рэгдэн Дагвын дэлгэмэл зураг, XVII зууны үеийн зэс хөөмөл, байгалийн шороон будгаар бүтээсэн 110 см-ийн хэмжээтэй Гомбо (Махгал) бурхан, XVII зууны үед байгалийн шороон будгаар зурсан Ванчин ламын ордны зураг, XVIII зууны үед байгалийн шороон будаг, алтаар бүтээсэн Дүйнхорын хот мандал зэрэг түүхийн үнэт өвүүдийг дэлгэжээ. Энэ хэсгийн хамгийн сонирхол татах зүйл нь Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн мэлмийгээр болгоогч буюу логшвара Жанрайсиг бурхан байлаа. Хүрэл цутгамал, алтан шармал энэхүү бурхан Монголд дөрөв, дэлхийд 18 ширхэг байгаа гэсэн. Монголд байгаа дөрвийн гурав нь Чойжин ламын сүм музей, Занабазарын музей, Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж байгаа гэнэ. Үзэсгэлэнд байгаа Жанрайсиг “Арт хаус” галерейн захирал А.Алтангэрэлийн хувийн цуглуулгынх. Тэрээр Занабазарын бүтээлийн цуглуулгаараа дэлхийд алдартай. Уг бурхнаа 2009 онд Францын Засгийн газрын урилгаар тус улсад гаргасан үзэсгэлэнгийнхээ үеэр олонд танилцуулж байсан гэнэ. Харин сүүлд Бээжинд болсон хувийн үзэсгэлэнгийнхээ үеэр олны хүртээл болгожээ. Дэлхийд 18 ширхэг байгаа уг бурхан ихэвчлэн 50-80 см-ийн хэмжээтэй байдаг гэнэ. Буддын шашны баримлын урлагийн гайхамшигтай бүтээл болсон уг зогсоо баримал дэлхийн үнэт эдлэл цуглуулагчдын анхаарлыг ихэд татдаг гэсэн. Уг бүтээлийн талаар А.Алтангэрэл “Өндөр гэгээн Занабазарын XVII зууны үед бүтээсэн бүтээлүүд дэлхийн хүн төрөлхтний урлагийн санд оруулсан хамгийн том үнэт өв. Баримлын урлаг, бурхны зургийн урлагийг өндөр зэрэгт хүргэж монгол хүний оюуны царааг бүтээлээрээ дамжуулан дэлхийд хүргэсэн. Бидний дунд бурхан буддатай уулзсан хүн байхгүй. Харин урлагаар дамжуулан бурхан, хүн хоёрыг уулзуулсан” гэв.

Худалдааны хэсэгт төрөл бүрийн үнэт чулуугаар хийсэн хөөрөг бий. Цаг хугацааны тухайд XVIII зууны үеийнхээс эхлээд орчин үеийн хөөргүүд байна. Үнийн хувьд хэмжээ, хийц, чулуу, он цагаасаа хамаарч 200 мянгаас 200 сая төгрөгийн үнэтэй. Хүмүүсийн сонирхол янз бүр. Олон жилийн настай буюу XVIII, XIX зууны үеийн хөөрөг худалдан авч үр хүүхдэдээ өвлүүлэх сонирхолтой нь байхад орчин үеийн хийцтэй шинэ хөөргийг эрхэмлэх нэгэн ч бий. Орчин үеийн хөөрөгний тухайд хэлбэр хийцээрээ өмнөх үетэй харьцуулшгүй болсон гэнэ. Энэ талаар А.Алтангэрэл “Орчин үеийн дархчуулын ур чадвар XIX, XX зууныхнаас хол давсан. Эртний бүтээлүүдийг хол давсан бүтээл урладаг боллоо” гэж байлаа. Алт, мөнгөн аяганы соёл ч мөн маш нарийн хөгжиж байгаа гэсэн. Үнэт эдлэлийн чулууг алт, мөнгөтэй хослуулж дэлхийд гайхагдах ур хийцтэй аяга, идээний таваг, айрагны сав зэргийг бүтээх болжээ. Цайны домбыг гэхэд мөнгөөр бүтээж алтаар шармалдан дээр нь үнэт эдлэлийн чулуугаар чимэглэчихэж. Ингэж монгол ахуйн хэрэглээний эд зүйлийг соёлын үнэт өв болгон хадгалдаг юм байна.

“Тахиа жилийн гоёл-2017” үзэсгэлэн худалдааны бусдаас ялгарах онцлог нь чанар гэсэн. Эндээс сүүлийн үеийн монгол дархчуулын хамгийн чанартай, ур ухаанаа шавхсан дээд зэрэглэлийн бүтээл худалдаж авах боломжтой. Үнийн хувьд өнөө жил үнэт эдлэл харьцангуй хямд байгаа гэсэн. Өмнөх таван жилтэй харьцуулахад хамгийн доод үнээр бүтээлүүдээ худалдаж байгаа гэж зохион байгуулагчид нь ярьж байна лээ.


Мөнгөөр бүтээж, алтаар шарсан эрдэнийн чулуун чимэглэлтэй цайны домбо


Өндөр гэгээн Занабазарын бүтээл Логшвара Жанрайсиг

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

​З.Нарантуяа: Намын дэд даргад нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа

“Өдрийн сонин”-ы 2017 оны хоёрдугаар сарын 15-ны лхагва гаригийн №041 (5608) дугаараас авав.

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. намрын чуулганы хугацаанд Их хурал үүргээ хэр биелүүлэв?
-Намрын чуулган зайлшгүй хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдээ хэлэлцэж, шийдвэрлэсэн ч эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх том төслүүдээ эхлүүлж чадсангүй. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр олох ажилд ахиц гарахгүй байгаагаас шийдлээ хүлээсээр үлдлээ. Энэ чиглэлд УИХ, Засгийн газрын хамтын ажиллагаа чухал байгаа нь харагдаж байна.
-Төсөв батлахаас эхлээд олон чухал асуудал шийдсэн ч гэлээ өмнөх парламентын үед санаачилсан хуулиудын нэрийг өөрчлөөд баталчих шиг болсон?
-Ач холбогдлын хувьд ижил гэхдээ зөвхөн нэр нь өөрчлөгдсөн хэд хэдэн хууль батлагдсан нь үнэн. Тухайлбал, төрийн сургалтын сан, боловсролын зээлийн сан хоёр зорилго зохицуулах харилцааны хувьд ижил л дээ.
-Таны хувьд намрын чуулганаар ямар асуудалд төвлөрөн ажилласан бэ?
-Эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа учраас энэ удаад энэ чиглэлийн хууль тогтоомжууд дээр илүү анхаарч ажиллалаа. 2017 оны төсвийн тухай хуулийг аль болох хэмнэлттэй, орлого, зарлагаа зөв тооцоолсон байх зарчимд нийцүүлэхийн тулд хэд хэдэн зарчмын саналуудыг гаргаж, төсөлд тусгуулж чадсан. Төрийн сангууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг, орлогыг хяналттай байлгах чиглэлээр УИХ-ын тогтоолыг Төсвийн байнгын хорооноос гаргуулад идэвхтэй ажилласан. Бондын хөрөнгийн зарцуулалтын байдал, үр ашигт хяналт тавих, Хөгжлийн банкны үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг илүү сайжруулах чиглэлд анхаарч, Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй хамтран хуулийн төслийг өргөн барьж, батлуулж амжлаа.

-ОУВС-гийн мэргэжилт-нүүд манай улсад ажиллаж байна. Гуравдугаар сард багтаад “стэнд бай” хөтөлбөрт хамрагдах боломж бий юү?

-Монгол Улсын Засгийн газар өөрөө идэвхтэй байр сууринаас хандаж, яриа хэлэлцээрээ тууштай үргэлжлүүлж, амжуулахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Тодорхойгүй, санал хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхгүй цаг нэлээд алдсан.
-ОУВС-гийн зүгээс манайд ямар шаардлага тавьж байгаа бол. Хамрагдчихлаа гэхэд мөнгө нь хэдийд орж ирдэг юм бэ?
-Төсөв санхүүгийн нөхцөл байдал улам л муудах хандлагатай болсон учраас тавих шаардлага илүү хатуу болж байгаа. Мөнгө яг хэдийд орж ирэхийг одоо хэлэхэд эрт байна. Сангийн яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл авах хэрэгтэй.
-Хэрэв “Стэнд бай”-д хамрагдчихвал ээлжит бус чуулган зарлах уу. Мөн төсөвт тодотгол хийж таарах байх. Төсөвт тодотгол хийвэл аль салбарт голдуу зарцуулах вэ?
-Тийм шаардлага бараг гарахгүй болов уу гэж харж байна. Хэлэлцээр эцэслэгдээгүй байна. валютын сангийн удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэж байж, чуулганаар хэлэлцэгдэнэ.

-МАН-ын гишүүд оны дараачаас эхлээд гадны хөрөнгө оруулалтууд орж ирнэ гэж байсан. Хаанаас, ямар хөрөнгө орж ирэх гарц харагдаж байгаа вэ?

-УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодоор албан ёсоор яригдсан зүйлүүд одоогоор алга байна.
-Гуравдугаар сард төлөх өрийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Зарим гишүүд Хөгжлийн банкны өрийг асуудалгүй төлнө гэхээр зарим нь төлж чадахгүй гэх юм?
-УИХ Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, балансыг нь цэгцэлж өгсөн. арилжааны банкууд дээр бондын тодорхой эх үүсвэрүүд бий. Ерөнхий сайд ч 580.0 сая ам.долларыг төлчих боломж байгаа гэдгийг мэдэгдсэн. Өчигдөр УИХ-аас “Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн хувьцааны 49 хувийг худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас хувьцааг нь төрд авахдаа хөгжлийн банк, ХХБанкинд байгаа эх үүсвэрүүдээс суутгуулан тооцох тогтоол гаргасан. Энэ гүйлгээ ойрын хугацаанд хийгдвэл асуудал харин хүндэрнэ.
-Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аар баталлаа. Уг хууль хэрэгжиж эхэлснээр ямар эерэг нөлөө гарах вэ?
-Хөгжлийн банкны хувьд эрхлэх үйл ажиллагаа нь тэлж, жишиг санхүүгийн байгууллагуудын хэмжээнд хүрэх боломж нээгдэж байгаа. Хамгийн гол нь удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийг санхүүгийн мэргэжлийн хүмүүсээр сонгон шалгаруулалтын зарчмаар бүрдүүлэх хуулийн шаардлага тавигдаж байгаа. Мөн үйл ажиллагааг нь үнэлж, дүгнэх санхүү, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, зээл, активыг ангилж, хянах журам зэргийг нь Монголбанк тогтоож, хяналтаа тавьж байхаар болсон.
Санхүүжүүлэх төслийн хувьд Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны баримт бичигт тусгагдсан эдийн засгийн хөгжлийг дэмжих, экспортыг дэмжих, импортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үр ашигтай төслүүд байх шаардлага тавьсан.
Төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх тохиолдолд тухай тухайн жилийнхээ төсөвт заавал тусгагдаж байх зохицуулалтыг Төсвийн тухай хуульд оруулахаар Эдийн засгийн байнгын хорооноос төсөл өргөн баригдсан. Энэ төсөл ирэх хаврын чуулганаар яригдана.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар МАН-ын гишүүд хоёр талцчих шиг боллоо. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын тогтоолыг батлахын эсрэг байсан. 49 хувийг худалдан авсан ажиллагаа хууль бус байсан гэдгийг нь үгүйсгэсэн хэрэг биш. Хууль бус гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт өөрөө хангалттай нотолгоо муутай байсныг, мөн Тогтоолын заалтууд өөрөө гарсныхаа дараа хэрэгжүүлэх боломжгүй, эрх зүйн үр дагавар, ач холбогдол муутай байсан учраас.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах санал гаргаж байгаа. Уг асуудал юу болсон бэ?
Энэ тухай саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Даргын захирамжаар ажлын хэсэг томилогддог. Томилогдох байх гэж бодож байна. Сая 49 хувийг хууль бусаар тодорхой этгээдүүд эзэмшсэн байна гэж үзэж шалгасан, харин одоо 51 хувийн хувьцаа маань байна уу үгүй юу гэдгийг зайлшгүй үзэх шаардлага бий болчихоод байгаа. Дотоодын компаниудын гадаадын банкнаас авсан, найдваргүй болсон зээлийн барьцаа болсон, уг барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангах олон улсын шүүхийн шийдвэр гарсан тухай мэдээллүүд гарсан учраас.
-Сар гаруйн дараа Таван толгойн гэрээ дуусна. Таван толгойг цаашид хэрхэн хөдөлгөх бол?
-Энэ асуултыг Засгийн газраас асуусан нь дээр байх. Надад тодорхой мэдээлэл алга.
-Танай нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар даргаа сонгосон. Шинэ даргын баримтлах мөрийн хөтөлбөр гарсан уу. Та намын гишүүдтэйгээ уулзаж, намтайгаа холбоотой байгаа юу?
Намын даргад нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон. Гишүүд түүнийг нь үнэлж, сонгосон гэж ойлгож байна. Энэ удаагийн Намын VII Их хурлаар намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтүүд бас батлагдана. Намын үзэл баримтлал мөн гишүүдийн дунд хэлэлцэгдэж байгаа. Шинэ дарга үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ агуулгатай нийцүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө гаргах байх.
-Ардчилсан намын VII их хурлын талаар ямар дүгнэлттэй байна?
АН-ын шинэчлэл маш амжилттай эхэлж байна. Анх удаа даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох сонгууль явуулж үзлээ. Анх удаа улс орон даяар ийм хэмжээний сонгууль маргаан багатай амжилттай боллоо. Таван сум барьсан нэр дэвшигчид намаа таван тийш нь хуваана гэж тохуурхаж байсан хүмүүс, улс төрийн хүчин байсан. Хариулт нь өнөөдөр бүгдээрээ нийлж суугаад сонгуулийн үр дүнгээ хүлээн зөвшөөрч, Их хуралд ирсэн 3000 орчим гишүүд дотоод сонгуулийн үр дүнгээ баталгаажуулж, шинэ даргаа батламжилж чадаж байгааг хараад энэ нам эвтэй нэгдэлтэй байхын чухлыг ойлгож чадсаныг харууллаа гэж бодож, журмын нөхдөөрөө бахархаж суулаа. Намтайгаа холбоотой байлгүй яахав. УИХ дахь намын бүлэг гишүүдийг намын гишүүд дэмжигчидтэйгээ ойр байж, тэднээр дамжуулж, УИХ-аас батлагдаж байгаа хууль тогтоомжийн төсөл, бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгуулах ажилд нь тусалж байдаг гол гүүр.
-Гол гүүр гэснээс таныг Парламентын асуудал хариуцсан намын дэд даргад нэр дэвшүүлэх сураг байсан?
УИХ-д суудалтай намууд бүлэг байгуулж ажилладгийн зорилго нь бүлгээрээ дамжуулж, сонгуульд дэвшүүлж орсон намынхаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлого, зорилтыг хууль тогтоомжид тусгуулахын төлөө хамтаараа ажиллах явдал байдаг. Хэдийгээр ард түмнээс шууд сонгогдсон төлөөлөгч ч гэсэн улс төрийн намын нэрийн өмнөөс нэр дэвшсэний хувьд ингэж багийн зохион байгуулалтад орж ажиллах шаардлага зайлшгүй гардаг юм байна. Нам гишүүд, дэмжигчид, иргэд олон түмний санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж, УИХ-ын гишүүддээ дамжуулдаг байх эргэх холбоог сайн ажиллуулахын тулд намын нэг дэд дарга заавал УИХ-ын гишүүдээс байж энэ ажлыг хариуцвал үр дүнтэй байхаар харагдаж байгаа учраас эмэгтэй гишүүний хувьд нам, бүлэг хоёрынхоо хоорондын гал тогоог уялдуулах чимхлүүр ажлыг хариуцъя гэдэг утгаар дэд даргад нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа. Энэ ажилд би л их зохицох юм шиг санагдаад. Нөхцөл шаардлагыг ойлгож, нөхөд маань хүлээж авах байхаа гэж бодож байгаа (инээв).Дүрмийн дагуу Их хурлаар биш, ҮЗХ шийддэг.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дотоодын улстөржилт саад болсон

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс сүүлийн жилүүдэд жилд 600-700 сая ам.долларын нефть бүтээгдэхүүнийг импортоор авч байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний илүүдэл үүсч, үнэ хямдарсан үеийн үнэ. Дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байсан үед жилд 1-1.2 тэрбум ам.доллар зарцуулж байсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны үеэс Газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар ярьж эхэлсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл бараг 30 жил ярьж байна. 2008 онд Дарханд төрийн өндөр албан тушаалтнууд үйлдвэрийн шав тавьж байлаа. Дараа нь 2016 оны хоёрдугаар сард Шийдлийн Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бор-Өндөрт бас шав тавьсан. Одоо 2017 онд Мэргэжлийн Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Сайншандад шав тавих талаар ярьж эхэллээ.

-Шав тавиад байгаа мөртлөө өнөөг хэр яагаад ганц ч үйлдвэр баригдаагүй байгаа юм бэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дотоодын улстөржилт саад болсон. Монголд улстөржилт үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн гэдгийг хэлье. Улстөржсөн ажил бол явцгүй байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр барих жишээнээс энийг харж брлно. Уг нь жилд 1.5-2 сая тонн газрын тосыг боловсруулах үйлдвэртэй болно гэдэг нэг их том асуудал биш. Энэ ажлыг хийх сэтгэл дутаад байгаад л хамаг учир байгаа юм.

-Дарханд ч гэсэн ийм үйлдвэр байгуулах талаар ярьж байгаад чимээгүй болчихсон биз дээ?

-Дарханд барих үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг Японы олон улсын хамтын ажиллагааны банк өөрийн буцалтгүй зардлын санхүүжилтээр, мөн улсын мэргэжлийн корпорациар хийлгэсэн байдаг. Түүнчлэн 2013 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэж тайланг нь холбогдох газрууд баталгаажуулсан байдаг. Энэ ажил өнөө хэр зогсоогүй. Төслийн хөрөнгө оруулалтыг дээр дурдсан Японы банк урт хугацаатай, бага хүүтэй экспортын зээлээр санхүүжүүлэхээр болсон.

-Хэрэв тэнд үйлдвэр барьчихвал ямар үр өгөөж гарах вэ. Мөн хүчин чадал нь ямархуу байх бол?

-Японы техник технологитой баригдах энэ үйлдвэрт жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулж, 550 мянган тонн авто бензин, нэг сая тонн дизель түлш, 100 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ. Үүгээр зогсохгүй замын битум, шингэн хий зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ойрын ирээдүйн хэрэгцээг бүрэн хангана гэж тооцсон. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд гэвэл, жилд дунджаар 1.6 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээж, улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого оруулах тооцоо гарсан байдаг юм. Одоогоор яригдаж буй төслүүдээс ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй, санхүүжилт нь бэлэн, байгуулах газар нь шийдэгдсэн, дэд бүтэц нь бэлэн төсөл бол Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр л байна даа. Бусад төсөл бол зөвхөн төсөөлөл. ТЭЗҮ болон бусад баримт бичиг ч байхгүй.

-Гэхдээ өмнө нь уг төслийг хэрэгжүүлэх талаар төр засгийн тогтоол, шийдвэр гарч байсан биз дээ. Өнөөг хүртэл саатаад байгаагийн шалтгаан юу вэ?

-Бэлэн болсон ТЭЗҮ-ийн үндсэн дээр Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар УИХ, Засгийн газрын хэдэн удаагийн тогтоол гарсан байдаг. Уг нь ТЭЗҮ-д нь Японы инженерийн компани үйлдвэрийн техник төхөөрөмжийг нийлүүлж, барилгын ажлыг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр 2009-2012 онд барих графиктай байсан. Манай улс 2009 онд санхүүгийн хямралаас болж ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдан зээлийн хоригт орсноос болж саатсан гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хувьд эрх баригчдын намчирхсан талцал, улс орны эрх ашгийг боддоггүй, хувийн явцуу үзэл, сонирхлын үүднээс хориг, саад тавьж байсны улмаас хэрэгжээгүй.

-Одоо тэгвэл хэрэгжиж чадах уу. Сайншандын үйлдвэрийн талаар л яриад байгаа биз дээ?

-Ийм бэлэн төсөл байсаар байтал 2015 онд Шийдлийн Засгийн газар говийн бүс болон Бор-Өндөр тосгонд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай ямар ч судалгаа тооцоо, үндэслэлгүйгээр хоёр удаа тогтоол гаргасан байдаг. Одоогийн Засгийн газрын хувьд ийм төрлийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар оновчтой шийдэл гаргах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тос боловсруулах үйлдвэр барих боломжгүй гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрын үед 1.5 тэрбум төгрөгийн зардлаар Унгарын “EUROIL” компаниар хийлгэсэн говийн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах урьдчилсан судалгаанд Сайншанд, Чойр, Зүүнбаянд ийм үйлдвэр байгуулах асуудлыг авч үзээгүй. Нэг ёсондоо Сайншандад барих боломжгүй гэж үзсэн.

-Яагаад боломжгүй гэж?

-Угаасаа ГТБҮ-ийн байршлыг тогтоодог арга зүйн хоёр үндсэн зарчим байдаг. Сайншанд бол тэдгээр зарчмыг хангахгүй учраас боломжгүй. Нэгдүгээр зарчим бол боловсруулах үйлдвэрийг гагцхүү бензин шатахууны хэрэглээний гол бүс нутагт байгуулдаг нийтлэг зүй тогтолтой байна. Хоёр дахь зарчим бол үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийн хангалттай сайн нөхцөл бүрдсэн газарт байгуулдаг. Манай улсын бензин шатахууны хэрэглээний 85 орчим хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв, Сэлэнгийн бүс нутагт ногддог. Сайншанд бол нэгдүгээрт, эдийн засгийн бүсийн тулгуур төв биш. Хоёрдугаарт, газрын тос боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад шаардлагатай дэд бүтцийн нөхцөл бүрэлдээгүй байгаа учраас боломжгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр бол их хэмжээний цахилгаан, цэвэр ус хэрэглэдэг технологийн онцлогтой байдаг. Сайншандад манай орны бензин шатахууны хэрэгцээг хангах хэмжээний хүчин чадалтай үйлдвэрийн цахилгаан, усны хэрэглээг хангах эх үүсвэр, дэд бүтцийн байгууламж байхгүй. Бий болгоно гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Манай зарим яамдын албан тушаалтан хүмүүс, аж үйлвэрийн парк байгуулах, Хэрлэн голын үерийн усыг Сайншанд руу хэдэн зуун км урт хоолойгоор татах тухай бүтэлгүй яриа гаргаж ирсэн хийсвэр ойлголтоосоо салах хэрэгтэй.

-Гэхдээ Сайншанд руу хоолой татаж түүхий тосоор хангаж болно гэсэн биз дээ?

-Сайншанд-Тамсагийн ордын хооронд 545 км урт түүхий тос дамжуулах хоолойг 264 сая ам.доллараар барина гэж бичсэн байна. Хоолойны уртын болон хөрөнгө оруулалтын хэмжээ бодитой биш гэж үзэж байгаа. Унгарын “EUROIL” компанийн урьдчилсан судалгааны танилцуулгад Сайншанд-Тамсагийн ордын хоорондох зайг 644 км гэсэн байдаг. Тэгэхээр хоолойны уртын хэмжээ 100-гаад км-ээр зөрүүтэй. Дулаан уур амьсгалтай зарим улсад түүхий тос дамжуулах ил хоолой тавьсан жишгээс үзэхэд нэг км хоолойг хоёр сая ам.долларын зардлаар барьсан тооцоо байдаг. Тийм жишгээр бодвол Сайншанд-Тамсагийн хооронд 645 км урт хоолой тавихад 1.2-1.3 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарч магадгүй юм. Дээрээс нь Сайншанд-Тамсагийн хооронд түүхий тосыг болон шингэлэгч бодисыг тээвэрлэхийн тулд хоёр хос хоолойг газрын хөлдөлтийн цэгээс доош буюу хоёр метр болон түүнээс доош гүнд тавих шаардлагатай гэж үзсэн байна. Тэр бүхэн нь хөрөнгө зардлыг нэмэгдүүлэнэ. Хоолойг дагасан бусад дэд бүтцийг бас тооцох хэрэгтэй. Жилд 1.5 сая тонн тос тээвэрлэх, 650 км хоолой тавих хоёрын аль нь эдийн засгийн хувьд ашигтай байх вэ гэдгийг маш сайн тооцох хэрэгтэй.

-Үйлдвэртэй болчихвол дотоодын түүхий тосыг тээвэрлэх зам тээврийн нөхцөл бүрэлдэх үү?

-Түүхий тосыг авто цистернээр тээвэрлэх хувилбар байж болохгүй юм. Яагаад гэвэл нэг тонн түүхий тосны тээврийн зардал нь уг тосны өөрийнх нь үнийн 36 хувьтай тэнцэх тооцоо гардаг. Түүхий тосыг авто тээврээр, төмөр замаар, хоолойгоор тээвэрлэдэг. Тамсагаас түүхий тосыг хоолойгоор тээвэрлэх боломжгүй. Жилд 1.5 сая тонн тос тээвэрлэхийн тулд хоолой тавьдаггүй. Учир нь ашиггүй. Хоолойгоор маш том тээвэр хийдэг.

-Дотоодын тосны нөөц, олборлолт багаас гадна, зам тээврийн нөхцөл бүрдэхгүй бол боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор яаж хангах юм бэ?

-Дотоодын түүхий тосны ашиглалтын нөөц харьцангуй цөөн жилийн хэрэгцээг хангах, нөгөө талаар жилд олборлох хэмжээ нь боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд хүрэлцэхгүй учраас газрын тос боловсруулах үйлдвэрт зориулан манай хойт хөршөөс газрын тос импортлох шаардлага зайлшгүй гарах болно. Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед манай талд ноогдох тосоо экспортод гаргаж, тэр мөнгөөрөө импортоор нефть бүтээгдэхүүн гаргах нь ашигтай байж болох юм. Гэхдээ дээр дурдсан Японтой хамтарч байгуулах үйлдвэр барьчих юм бол Оросын талаас Иркутскийн нефтийн компанийн шугамаар нийлүүлж байх гэрээ бий.

-БНЭУ-ын банкны нэг тэрбум ам.долларын зээлээр Сайншандад ГТБҮ байгуулахаар яригдаж байгаа биз дээ?

-Энэтхэгийн Ерөнхий сайд 2015 онд манай улсад айлчилсан үедээ дэд бүтцийн зориулалтаар Экспорт-импортын банкнаас нэг тэрбум ам.долларын зээл олгох тухай зөвшилцсөн. Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Энэтхэг улсын банкны нэг тэрбум ам.долларын зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулах асуудлыг УИХ-д оруулах, төслийн талаар Энэтхэгийн талд танилцуулахыг холбогдох яамдад даалгасан байдаг. Энэ асуудлаар Энэтхэгийн талтай хараахан зөвшилцөж нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа. Гэтэл Засгийн газрын болон бусад сайтад Энэтхэгийн банкны зээлээр Сайншандад жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрийг Тамсагийн ордын түүхий тосыг дамжуулах хоолойн хамтаар барих асуудлыг эцэслэн шийдсэн мэтээр мэдээлж байгаа нь буруу.

-Сайншандад барих үйлдвэрийг дагалдаж нефть химийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 30-аад үйлдвэр байгуулна гээд байгаа. Үнэхээр тийм боломж бий юү?

-Зарим сонин, сайтад тийм зүйл бичигдсэн байсан. Манайд яригдаж байгаа 1.5-2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий нэг жижигхэн үйлдвэрээс 30-аад нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулагдах хэмжээний түүхий эд гарахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гадаадын нэг л үйлдвэр нь 10-15 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байдаг. Тийм олон тооны том үйлдвэрүүдтэй, нийлбэр дүнгээрээ хэдэн зуун сая тонн газрын тос боловсруулдаг нефть химийн үйлдвэрлэлтэй улс орнуудад л дээр дурдсан хэдэн арван нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд байгуулах боломжтой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.