Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Сэргэлэн: Дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярина

-МАХНЫ ЭКСПОРТ 3-4 ДАХИН НЭМЭГДЛЭЭ-

Image result for П.Сэргэлэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Энэ жил зуншлага тааруу, ихэнх нутгаар гантай байлаа. ургац алдана гэж аль долдугаар сарын эхээс ярьж эхэлсэн. одоо ямархуу явцтай байна вэ?

-Улсын ургацын комисс саяхан хуралдсан. Хуралдахаас өмнө яамны зүгээс газар тариалангийн бүс нутаг руу дөрвөн ажлын хэсэг томилж ажиллуулсан юм. Бүрэлдэхүүнд нь туршлагатай, хашир тариаланчид, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр ажиллаж буй сал-барын эрдэмтэд, яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтнүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан багтсан. Тэд ургацын урьдчилсан балансаа тогтоогоод ирлээ. Тухайн ажлын хэсэг тариаланчидтай уулзаж газар дээр нь зөвлөгөө өгч ирээд урьдчилсан дүнгээ гаргасан. Бид энэ жил 370 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Өнгөрсөн зун манай улсад сүүлийн 60 жил тохиогоогүй ган боллоо шүү дээ. Цаг агаарын энэхүү нөхцөл байдлаас хамаарч зүүн, баруун, төвийн бүсийн урд хэсэг ургац алдаад байна. Нийт авах ёстой улаанбуудайныхаа 54 хувийг хурааж авна. Бидэнд 320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй. Ийм хэмжээний улаанбуудайгаар гурил үйлдэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Харин энэ жил үндсэндээ нийт ургацынхаа 50 хувийг алдсан гэсэн үг. Тиймээс ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай уулзалт хийсний дүнд үлдсэн 50 хувийг дотоодын зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдаж авахаар тохиролцоо хийсэн.

-ОХУ-аас улаанбуудай авахад хэл ам их гардаг. Нөөцөд олон жил хадгалсан буудайг хямдхан авч оруулж ирээд байна гэдэг. Энэ жил ямархуу чанартай улаанбуудай оруулж ирэх вэ?

-Энэ жил тийм асуудал байхгүй. Бид энэ жилийн шинэ ургацын улаанбуудай худалдаж авна. Худалдаж авахдаа ОХУ-д худалдан борлуулж буй үнээс хямдаар авах юм. Буудайн чанар, үнэнд гурил үйлдвэрлэгчид өөрсдөө хөндлөнгийн хяналт хийгээд явна. Улаан буудайгаа оруулж ирэхдээ нэг цонхоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол арван гурилын үйлдвэр давхиж очиж гэрээ хэлэлцээр хийнэ гээд үнийг нь өсгөж, унагаад янз бүр болдог. Тиймээс чанарт нь Мэргэжлийн хяналт болон гурил үйлдвэрлэгчид хяналтаа тавих юм. Оруулж ирсэн улаанбуудайг үйлдвэрлэгчдэд олгохдоо нэг шаардлага тавьж байгаа. Тэр нь дотоодын тариаланчдын ургацыг нэн тэргүүнд худалдаж авах шаардлага. Нэг үгээр хэлбэл дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярих юм. Нэгэнт импортын улаанбуудай оруулж ирж байгаа учраас гурил оруулж ирэхгүй. Гэлээ гээд гурилын үнэ өсөхгүй. Улс тариаланчдаас улаанбуудайг нь өнгөрсөн жилийнхээ үнээр худалдаж авна. ОХУ-аас улаанбуудай хямд авах болохоор гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн зүйл огт байхгүй.

-Хүнсний ногоо яаж ургав. уг нь жил бүрийн өдийд нийслэл даяар шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гарч байдаг. Харин энэ жил алга. Бас төмсний үнэ 1500 төгрөгөөс буухгүй юм?

-Энэ жил нөхцөл байдалтай холбоотойгоор зардал өссөн зүйл ажиглагдсан. Тиймээс ногоочид үнээ зардалдаа тохируулж тооцсон байх. Ер нь хүнсний ногооны тухайд манай улс төмснийхөө дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Харин энэ жил 74 хувийг, хүнсний ногооны 54 хувийг хангана.

-Тариаланчид ургац алдсанаас болж дампуурч байгаа сураг дуулдана лээ. Өр зээлдээ баригдаад хэцүүхэн байгаа байх. Яамны зүгээс бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

-Тариаланчидтайгаа байнга уулзаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө би үтрэмээр яваад ирлээ. Ургац алдсан газрын тариаланчид хүнд байгаа нь үнэн. Тиймээс тэдний Тариалан эрхлэлтийн санд тушаах өр зээлийн асуудлыг нэг жилээр хойшлуулахаар болсон. Төлөлтийн хугацаа, хүүг мөн хойшлуулж байгаа. Дээр нь тариаланчид ТЭДС-гаас авсан өрөндөө улаанбуудай тушаавал нэг тонныг нь 600 мянган төгрөгт тооцож авъя гэсэн шийдвэр гаргасан. Гурил үйлдвэрлэгчид 560 мянган төгрөгөөр авч байгаа шүү дээ. Ингэж тариаланчдаа дэмжихгүй бол энэ жил тэдний хувьд нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа.

-Хадлан юу болж байна. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадах нь уу?

-Зуншлага тааруу байсан болохоор хадлангийн өвс бэлтгэхэд хүнд байна. Манай улс 1.2 сая тонн өвс бэлтгэдэг. Харин энэ жил 800 мянган тонныг бэлтгэнэ. Алдсан 400 мянган тонныг ОХУ-аас худалдаж авахаар төлөвлөж байгаа. Одоо гол нь тээвэр, ложистикийн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Засгийн газар зургадугаар сарын 28-нд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг зохион байгуулах, хадлан тэжээлээ бэлтгэх чиглэлээр тогтоол гаргасан. Энэ хүрээнд бүх аймгийн Засаг дарга, хөдөө аж ахуй хариуцсан дарга нартай цахим хурал хийсэн. Аймаг, орон нутгийн бодит нөхцөл байдлаа ярилцаад яамны зүгээс хадлан, тэжээлийн бэлтгэл ажлын чиглэлээр таван ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг улсынхаа таван хэсэгт ажиллаад газар дээрх нөхцөл байдалтай танилцан дүгнэлт гаргаж ерөнхий төлөвлөгөө гаргалаа. Үүний дүнд аль аймагт хэдий хэмжээний хадлан, тэжээл дутагдах вэ, хүн хүч хэр байна вэ, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна вэ гэдгийг тогтоосон. Ингээд тодорхой болсон хойно нь сайдын албан даалгавар гарч бэлтгэл хангаад явж байна.

-Хадлан, тэжээлийн үнэ нэмэгдэх болов уу?

-Нэг боодол өвсийг өнгөрсөн жил 5000-7000 мянган төгрөг байсан. Өнөө жил ч гэсэн энэ үнээ барина. ОХУ-тай ярьсан хадлан, тэжээлийн асуудалд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж яригдаж байгаа. Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. Тэр бичигт дээрх асуудлыг мөн хөндөж байна.

-Зуншлага тааруу байсан ч гэлээ наймдугаар сард бороо хур элбэг байлаа. Аймгуудын нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу?

-Баруун аймгууд хүнд байгаа. Говийн аймаг, зүүн болон төвийн бүс харьцангуй сэргэж байна. Эдгээр бүс нутагт хур тунадас ч сайн орсон. Ерөнхийдөө манай улсад зун нэг сараар хойшилдог болчихож. Наймдугаар сард орсон бороо хадлан тэжээлээ авч чадахгүй нь гэж байсан аймгуудад эерэгээр нөлөөлсөн. Газрын гарц сайхан болсон. Мал өвөлжиж, хаваржихад гарах хүндрэл гайгүй болчихлоо.

-Дутагдаж буй хадлан, тэжээлийг хаанаас нөхөх вэ?

-Төвийн бүсэд дутагдаж байгаа өвс, тэжээлийг Дорнодоос нөхнө. Баруун таван аймгийнхыг ОХУ-аас авахаар болсон. Тээвэрлэлтээ тооцоолбол ОХУ-аас авсан нь төсөвт хэмнэлттэй. Дорнод, Сүхбаатараас хадлан боломжийн хэмжээнд авч болохоор байгаа. Дээрээс нь төвийн бүсийн аймгуудаас хадлан талбай гаргуулж хүн хүч бэлдэж өгье гэсэн ажил зохион байгуулж байна. Яаман дээр энэ чиглэлээр штаб ажиллаж байна. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат урьд өмнө гаргаж байгаагүй их хөрөнгийг тэжээл, хадланд зарцуулж байна.

-Засгийн газрын зүгээс өвөлжилтөд хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн газрын зүгээс эхний удаад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулж 750 сая төгрөг хуваарилж өгсөн. Энэ мөнгийг аймгуудад малын тооноос хамаарч хуваарилж өгөх юм. Үүнээс гадна аймаг, сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулж 4.5 тэрбум төгрөг олгосон. Нэг аймагт дунджаар 250 сая төгрөг хадлан, тэжээлээ бэлтгэхэд зориулан гаргалаа. Тэгэхээр бэлтгэл ажлыг хангахад хангалттай анхаарсан гэсэн үг. Одоо харин малчид хувиараа хадлангаа бэлтгэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болж байна. Яамны зүгээс бодлогын нэг зүйлийг анхаарч байгаа. Тэр нь малчдад өвс өгөөд мал, махыг нь худалдаж авах бодлогын арга хэмжээ. Дээр нь бэлэн мөнгөөр малчдаас малыг нь худалдаж аваад дотоод, гадаадын зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулна.

-Өнгөрсөн намар бас малчид, бизнес эрхлэгчдийн дунд бартерын худалдаа зохиогоод байсан биз дээ?

-Энэ ажил амжилттай болдог. Өнгөрсөн жил гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн бартерын худалдаа хийсэн. Хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцож байгаа юм. Жишээлбэл, малчдад цахилгаан бараа хэрэгтэй бол мал, махаар сольчихож байна. Үүнд төрийн байгууллагууд нэгдсэн. Өнгөрсөн жил ганцхан удаагийн худалдан авалтаар 80 гаруй тэрбумын бартер хийсэн байна лээ. Эдийн засаг хүнд байхад эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авах хэрэгтэй. Үүнийг Засгийн газраас дэмжиж ажиллаж байгаа.

-Малын өвчлөл олигтой буурахгүй юм. Одоо бүр хотын хаяанд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоочихлоо. ОХУ-аас оруулж ирсэн олон тун вакцин яасан юм бэ?

-ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж болгон дөрвөн сая тун вакцин олгосон. Үүний 1.3 сая тун вакцин өнгөрсөн сарын эхээр орж ирээд тариад дууслаа. Одоо энэ сард багтаж 1.8 сая туныг оруулж ирнэ. Ирэх сард үлдсэн нь орж ирэх юм. Дээр нь вакцинжуулалтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан мялзангийн вакцины асуудал яригдсан. Тиймээс ОХУ-д айлчлахдаа 15 сая тун вакцин худалдаж авахаар тохирлоо. Өмнө нь оруулж ирдэг байснаас чанартай, хямд үнэтэй байх юм. Манай яамны тухайд хоёр удаагийн худалдан авалт хийхдээ дөрвөн тэрбумын вакциныг буцалтгүй тусламжаар, дөрвөн тэрбумыг хэмнэлтээр гаргасан. Ингэснээр нийтдээ найман тэрбум төгрөг хэмнэчихсэн байх жишээтэй. Энэ мөнгө бол манай яамны нийт ажилтнуудын найман жилийн цалин. Өөрөөр хэлбэл манай яам найман жилийнхээ цалинг олчихсон. Аливаа ажлыг сэтгэл гаргаад хийвэл болж бүтдэгийн үлгэр жишээ юм даа.

-Энэ олон сая тун вакцин оруулж ирчихээд байхад яагаад малын өвчлөл буурахгүй байна вэ?

-Бид Монгол Улсын 80 сая малыг ганцхан жилийн дотор вакцинжуулна гэвэл худлаа. Өвчлөлийн асуудал сүүлийн арван жилд дэндүү хяналтгүй байсан. Хоёрдугаарт малын эмчийн насжилт өндөр болчихож. Дундаж наслалт нь 55—аас дээш байна. Тэд эмнэг хангалтай ноцолдож, тариа тарина гээд бод доо. Бас малчид 55-аас дээш настай болчихсон. Тийм хүмүүс бүх малаа вакцинжуулахад хэцүү. Үүнийг төр, засгийн зүгээс шийдэж бодлогоор дэмжих хэрэгтэй. Малын эмч нарыг бэлдэхэд онцгой анхаарч, зүйл бүрээр дэмжмээр байна. Манай яамнаас 330 суманд байгаа малын эмч нартаа мотоцикль өглөө. Одоо ирээдүй үеийг нь бэлдэх хэрэгтэй. Өнгөрсөн жил би Унгарт ажиллах үеэрээ 100 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр мал аж ахуйн чиглэлээр суралцуулах болсон. Мөн ОХУ, БНХАУ-д мэргэжилтнээ бэлдэнэ. Үүний зэрэгцээ залуу малчдыг бэлдмээр байгаа юм. Залуу малчдыг дэмжих, гэр орон төхөөрч өгөх, малтай болгох ажил эхлүүлж байна. Ирэх аравдугаар сараас эхлээд ажил хэрэг болоод явах юм. Ирэх намрын чуулганаар Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлах байх. Хэлэлцүүлгийн шатанд нэлээн сайн ярьсан. Хууль батлагдчихвал манайх улсын мал эмнэлгийн ерөнхий газартай болно. Аймаг, суманд салбартай болж босоо удирдлагын тогтолцоогоор ажиллана. Тэд нь хяналт тавихгүй бол өнөөдөр бодит байдал дээр ямар ч хяналт алга. Суман дахь мал эмнэлгийн тасгийнхны ихэнх мэргэжлийн бус хүн байгаад байна.

-Малын удам угсааг сайжруулах чиглэлээр Францаас хонь авчирсан. Тэр ажлын үр дүн хэзээ гарах вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны малын удам, угшлыг сайжруулах жил болгон зарласан. Ер нь манай улсын мал аж ахуйн салбарт удам угшил, генетикийн асуудал ерөнхийдөө орхигдсон. Үүнийг нэгдсэн бодлогоор зохицуулахын тулд 2017 оныг малын удам, угшлыг сайжруулах жил болгон Францаас дөрвөн төрлийн 695 хонь оруулж ирсэн. Энэ жил гадаадын мэргэжилтнүүдийн хяналтан дор өвөлжүүлж хаваржуулаад ирэх жилээс үржлийн хонио бодлогоор тараана. Манай эм хониноос сайндаа 22 кг мах авдаг. Тэгэхэд Франц үүлдрийн хурга нь л гэхэд 55 кг татаж байх жишээтэй. Ноос нь хоёр дахин илүү зөөлөн. Бид ингэж малынхаа удам угсааг сайжруулах хэрэгтэй. Сайжруулж байсан түүх ч бий.

-Мах экспортод гаргах ажил юу болж байна вэ?

-Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд махны экспортын ажил эхлээд амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар арваад мянган тонн мах экспортод гаргачихлаа. Энэ жилийн хувьд 2-3 сая хонины мах экспортлох гэрээ хийсэн. Иран, БНХАУ, Катарт махаа экспортолно. Энэ ажлын хүрээнд 100 тэрбум төгрөг Засгийн газраас гарсан. Энэ мөнгийг мал мах худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна. Ингэж төлөвлөөд ажиллаж байна. Түрүүн хэлсэн малын удам угсааг сайжруулах ажил чухал. Манай улс дөрвөн сая үхэртэй. Орос, Хятадад очоод эмахны кспортын асуудал ярихаар “Танайх хэдэн сая үхэртэй вэ” гэдэг. Хятад гэхэд жилд 90 сая үхрийн мах хэрэглэж байгаа юм. Манайхыг дөрвөн сая үхэртэй гэхээр “Тэгээд би хэдийг нь худалдаж авах юм бэ” гээд байгаа. Сүүлийн үед нэг яриа гарлаа. Мал ихдээд болохоо байсан гэж. Гэтэл бид жилд 10-15 сая хонь нядлаад зарахад зөвхөн Эрээн хотын хэрэгцээг л хангана. Иран улс гэхэд долоо хоногт дөрвөн мянган тонн мах авъя гэж байна. Долоо хоногт 650 мянган хонь гэсэн үг. Үүнийгээ тасралтгүй авъя гэж байгаа. Тэгэхээр манай хонь хүрэх үү. Дээрээс нь дотоодын махны үйлдвэрүүдийн хүчин чадал юу билээ. Бэлтгэж чадахгүй байна. Махны үйлдвэрийнхэнтэй уулзаад Иран руу мах гаргая, хэдийг бэлтгэж чадах вэ гэхэд бүгд нийлээд долоо хоногт 1500 тонн дээр тогтож байгаа юм. Энэ бол манай улсад том тоо. Гол нь нийлүүлэлтээ алдахгүй байх чухал. Авсан төлийнхөө тоогоор малаа экспортод гаргаад байвал том амжилт.

-Тэгээд одоо хонио гаргаж байна уу?

-Бид гурван сая хонины мах гаргах гэрээ хийчихсэн. Энэ тоогоо нэмнэ. Бүх ачилт цаг хугацаандаа, хэвийн үргэлжилж байгаа. “Мах маркет”, “Дархан меат” ХХК-иуд малчдаас махаа цуглуулж аваад бэлтгээд явж байна. Миний, манай Засгийн газрын мөрөөдөл бол экспортод гаргах тоогоо нэмэх, цаашаа худалдан борлуулж буй үнээ нэмэх.

-Одоо нэг кг мах хэдэн төгрөгөөр экспортолж байгаа юм бэ?

-3.8 ам.доллараар зарж байна. Энэ бол сайн үнэ. Бид махаа боловсруулаад, өртөг шингээгээд Хятад руу гаргасан махны тонн 3800-д хүрчихлээ. Чанаад, боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүн болгосон мах шүү дээ. Ийм махаа нэг кг-ыг нь зургаан ам.доллараар үнэлсэн. Одоо манай махны үйлдвэрүүд мах боловсруулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Тэгж байж илүү өндөр үнээр зарна. Засгийн газар болоод ХХААХҮЯ-ны хийх гол ажил нь гадаад зах зээлийг нээж өгөх. Одоогоор Вьетнам руу түүхий мах экспортлохоор болж байна. Ирантай улам бүр ахисан түвшинд хамтарч ажиллаж байна. Саудын Арабын хунтайж ирээд жилд 4-5 сая хонь авмаар байна гэлээ. Монголд хамтарсан боловсруулах үйлдвэр байгуулаад ажиллая гэж байна.

-Махаа экспортод гаргахад хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх асуудал болчихоод байна?

-Энэ тал дээр анхаарч эрүүл бүсээс мах экспортлох төсөл хэрэгжүүлж байна. 200 гаруй сум эрүүл бүсэд тооцогдоог. Тийм сумаас махаа бэлтгэе. Бэлтгэхийн тулд хорь хорин км-ийн зайтай хашаа барьж байгаад вакцинжуулалт хийгээд хорио цээрийн шинжилгээ хийж экспортод гаргах гээд байгаа юм. Энэ ажлыг хятадуудтай хамтарч хийнэ. Зургадугаар сард Хятадын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаад ийм тохиролцоо хийсэн.

-Үйлдвэржилт юу болж байна вэ. 21:100 хөтөлбөр ямархуу хэрэгжилттэй явна?

-Эхний хуурай сүүний үйлдвэр Хөвсгөлд нээлтээ хийлээ. Одоо 60 суманд нээгдэхээр угсралт явагдаж байна. Ирэх зун бүгд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд олон үйлдвэр ашиглалтад орж иргэдийн амьжиргаа баталгаажна.

-Та ажлаа аваад нэг жил болчихлоо. Хийсэн гол ажлаа дүгнээд товчхон танилцуулахгүй юу?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэргэжлийн Засгийн газрын ажлын хүрээнд “Атрын III аян” хэрэгжүүлж тариаланчдыг гол, гол техник хэрэгслээр хангаж байна. Тариаланчид, төмс хүнсний ногоо эрхчлэгчд, хадлан тэжээл бэлтгэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж байгаа. ОХУ-аас “Газар тариалангийн шинэчлэл” төсөлд зориулж 10 сая ам.долларын техникийг зээлээр оруулж ирсэн. Техникийн шинэчлэлгүйгээр газар тариаланг төсөөлөхийн аргагүй. Тариаланчид маань шинэ техникээ ургац хураалтад хэрэглээд явж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд хуурай сүүний үйлдвэр байгуулаад, махны экспортоо 3-4 дахин нэмэгдүүллээ. Сургалтын тал дээр маш чухал олон ажил хийсэн. Хөдөө орон нутгийнхныг гадаад руу их явуулж байна. Түүнчлэн Малын удам угсааг сайжруулах тухай хууль, Малын генетикийн нөөцийн хуулийг ирэх намрын чуулганаар батлуулчих байх. Яам бодлого тодорхойлдог гэдэг утгаараа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын стратеги төлөвлөгөөг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтраад боловсруулна. Мал аж ахуйн салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөг мөн гаргаж авна. Иймэрхүү бодлогын бичиг баримтуудаа бүгдийг боловсруулна. Манай яаманд дараа нь ямар ч хүмүүс ажилласан байлаа гэхэд яг тэр бодлогын стратеги төлөвлөгөөгөө бариад ажиллах хэмжээний болгоно. Тэгэхгүйгээр сайд солигдох бүрт бодлого өөрчлөгдөөд байвал салбар хөгжихгүй.


Categories
мэдээ цаг-үе

Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол сануулга өгөх нь зөв шийдвэр

НИТХ-ын 2012 оны шийдвэрээр тухайн оны есдүгээр сараас автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж эхэлсэн билээ. Уг шийдвэрийг Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд бүсчлэл тогтоон хэрэгжүүлсэн юм. Ингэхдээ зун, өвлийн цагийн хуваариар мөрдөж байгаа. Шийдвэр хэрэгжсэнээс хойш авто замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар буурсан гэдэг. Иргэд ч уг шийдвэрийг нааштай хүлээж аваад хэдийнэ дасал болчихсон. Хэрэв дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцвол замын цагдаа найман мянган төгрөгөөр торгодог байв. Харин УИХ-аар баталсан Зөрчлийн тухай хуульд энэ талаарх хуулийн хариуцлагын заалт тусгаагүй ажээ. Тиймээс дугаар нь явдаггүй өдрөө хөдөлгөөнд оролцвол цагдаа нарын зүгээс анхааруулга өгөөд явуулж байгаа гэнэ. Уг шийдвэр тун зөв юм. Учир нь манай цагдаа нараас юм л бол торгоно, шийтгэнэ гэсэн хандлага ажиглагддаг. Бүсээ зүүгээгүй, утсаар ярьсан, дохио өгөөгүй гэхчлэн ялих шалихгүй асуудлыг ч уулын чинээ болгоод заавал торгож байж явуулна. Анхааруулга өгөөд, сануулаад явуулна гэх ойлголт ер нь бол байсангүй. Ихэнх жолооч нарын хувьд замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг, зөрчил гаргахгүй байхыг хичээдэг. Харин ганц нэгхэн удаа санамсаргүйгээс болоод өчнөөн мянган төгрөгөөр торгуулах харамсалтай байдаг юм. Тиймээс анхааруулга, сануулга өгдөг шинэ дүрэм иргэдэд тун ээлтэй болжээ. Тэгээд ч цагдаа нарын үндсэн үүрэг бол торгож, шийтгэх биш анхааруулга өгч сануулах. Эхний удаа зөрчил гаргасан жолоочид зөвлөгөө өгч анхааруулаад явдаг байх ёстой. Одоо үед замын цагдаа нар хөдөлгөөний зохицуулалт хийхээс гадна юм л бол жолооч нарыг ээрч зогсоо харагддаг. Үнэмлэх бичиг баримтыг нь хурааж авчихаад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй дагуулаад алхаад л байна. Ер нь хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг заавал машинаас нь буулгаж өөрийгөө ээрүүлдэн зогсоох хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юмуу. Харин түүнийхээ оронд анхааруулга өгдөг тодорхой үе шаттай болмоор байна. Тухайн жолооч хэд дэх удаагаа зөрчил гаргаж байна вэ гэдгийг системдээ тэмдэглээд авчихдаг байх хэрэгтэй. Гурав ба түүнээс олон удаа зөрчил гаргасан бол өчиггүй торго. Сануулаад, хэлээд, анхааруулаад байхад үл тоож зөрчлөө давтсаар байгаа бол торгуулж байгаа жолоочид ч гомдолгүй. Дугаарын хязгаарлалтын сануулгыг ч гэсэн энэ жишгээр баримталдаг болмоор байна. Яахав зарим нэг хувиа хичээсэн хүмүүс торгохгүй юм чинь гээд дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцох гэх л байх. Тэдэнд сануулга өгснөө бүртгэлдээ тэмдэглээд авчих. Дараагийн удаа дахиад тийм тохиолдол гаргавал хатуу анхааруул. Харин гурав дахь дээрээ торгочихож болно. Торгохдоо бүр өндөр дүнтэй байхад гэмгүй. Заавал цагдаагаар дүрэмдүүлэх биш өөрийн ухамсраар хөдөлгөөнд оролцдог хүнийг хотын соёлтойд тооцъё. Нийслэлийн Засаг дарга ч гэсэн дугаарын хязгаарлалтын тухай журмыг батлахдаа иймэрхүү зүйлийг давхар бодолцох хэрэгтэй. Угаасаа хотын дарга тун удахгүй дугаарын хязгаарлалтын журмыг шинээр батлах юм гэсэн. Тэр үед иргэдээс саналыг нь авахаар төлөвлөж байгаа юм билээ. Шинээр батлах журамдаа торгож, шийтгэхийг урьтал болголгүйгээр сануулж, анхааруулахыг тэргүүнд тавиасай.


Categories
мэдээ улс-төр

Г.Тэмүүлэн: Сандал ширээнээс илүү нийгмийн нийтлэг эрх ашгаа бодох цаг болсон

“Өдрийн сонин”-ы 2017.08.23-ны лхагва гаригийн №179(5746) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-ман-ын зарим гишүүн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэллээ. та гарын үсэг зурсан уу. Ер нь Засгийн газрыг огцруулах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг нам доторх дотоод зөрчил, хэрүүл маргаан нь даамжраад одоо байтлаа Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хэмжээнд очоод байх шиг байна. Бид ер нь аливаа асуудалд нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчмаа баримтлан нухацтай хандах хэрэгтэй. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэсэг хүмүүс хөндөж эхэллээ. хэрэв намын дотоод зөрчлөөр далимдуулан сандал, ширээ хөөцөлдөж байгаа бол энэ нь нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө гэсэн асуудал биш болж таарч байна.

Өмнөх Засгийн хугацаанд буюу 2012-2016 онд төсвийн сахилга бат, хариуцлагагүй байдал, бодлогын алдааны уршгаас болж өнөөдөр эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүндэрснийг бүгдээрээ л мэдэж байгаа. Энэ түүхийг бид давтах ёсгүй. Одоогийн эдийн засгийн бодит нөхцөл байдлыг авч үзсэн ч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтын орчинг тооцож үзсэн ч хэрэгжүүлж эхэлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдээ бодсон ч энэ Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр хөндөж ярих нь цаг үеэ олоогүй асуудал.

Харин богино хугацаанд яаж эдийн засгаа сэргээж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах вэ, төсвийг хэрхэн тогтворжуулах вэ гэдэг л энэ Засгийн газрын болон Их хурлын хамгийн том бодлогын асуудал байх ёстой.

Миний хувьд харин эсрэгээрээ ард иргэдийн дунд шүүмжлэлтэй асуудал байгаа хэдий ч Засгийн газрыг жил хүрэхгүй богино хугацаанд чадлаараа сайн ажиллаж байна гэж харж байгаа. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай яриа хэлцэл амжилттай хийсний дүнд бид дөнгөж энэ хавар л Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдлаа. Гуравхан сарын дотор гэхэд маш эерэг үзүүлэлтүүд гарч эхлээд байна. хамгийн сайн мэдээ бол өнгөрсөн дөрвөн жилийн бодлогын алдаатай үйл ажиллагаа, хариуцлагагүй үйлдлээс болсон энэ хямралыг одоо л дөнгөж нэг зогсоолоо. Зөвхөн сүүлийн хагас жилд гэхэд 0 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 5.4 хувийн өсөлттэй гарч байна. Энэ бол их биш боловч бага амжилт биш. Угтаа бид 5.4 хувийн өсөлтийг оны эцэст яаж долоо, найман хувьд хүргэх вэ гэдэгт бүх бодлогоо чиглүүлж ажиллах ёстой юм.

Өнөөдөр Засгийн газраа огцрууллаа гэхэд эдийн засагт нэг ч эерэг үр дүн авчрахгүй, Монгол Улсад болон энгийн ард иргэдэд наалдацтай юу ч болохгүй. Иргэд юу хүсэж байна вэ гэвэл эдийн засаг нь хурдан тогтворжоосой, цалингаа амласан ёсоор 2019 оноос нэмээсэй, ажлын байрууд шинээр бий болоосой гэдэг асуудлыг хүсэж байна. Эдийн засгийн эерэг үр дүн гарч байгаа энэ үед ард түмэн ч тэр, гадаадын хөрөнгө оруулагчид төр засгийн тогтвортой байдлыг юу юунаас илүү чухалчилж байна. Тийм ч учраас би л лав хувьдаа нийтлэг эрх ашгийн төлөө энэ Засгийн газрыг огцруулах асуудлыг зөвшөөрч гарын үсэг зурахгүй.

-Та Засгийн газарт ажиллах хугацаа өгсөнгүй гэлээ. Бүтэн жил гэдэг хугацаа мөн биз дээ. Жилийн хугацаанд ОУВС-гийн ганц хөтөлбөрийг л арай гэж хэрэгжүүлэхээр боллоо. Ард түмэн дорвитой ажиллахгүй байна гэж шүүмжлэх нь зүй ёсных биз дээ?

-Хүн бүр ид шидтэй юм шиг, болгочих байсан мэт яриад хэрэггүй. Өргөс авах төдийд илаарших зүйл ч гэж байхгүй. Үнэн хэдий хатуу ч, үйлд тустай гэдэг үг байдаг даа. Харин өнөөгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд, яаж улс эх орноо хөгжүүлэх вэ гэдэгт нэгдэж нийлэх цаг нь болсон. Манай намынхан ч тэр нөгөө намынхан ч одоо энэ элдэв улстөржилтөө зогсоогоод эдийн засгийг яаж тогтворжуулах вэ, уналтыг хэрхэн зогсоох вэ гэдэгт л санал бодлоо уралдуулах ёстой.

Нөхцөл байдал ямар байсан гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа.ОУВС-гийн хэлэлцээр ямар удаан үргэлжилсэн, бидэнд тавьж байсан шаардлага юу байсан, орлого зарлагаа яаж бууруулах ёстой байсан бэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Нийгмийн хүсэл эрмэлзэлтэй нийцүүлж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд цаг хугацаа хэрэгтэй байсныг нуугаад яахав. Гэхдээ энэ УИХ зөвхөн ОУВС-д хамрагдах, төсвийн реформыг хийхэд анхаараагүй. Засгийн эрх авахад ард түмэнд хүлээлттэй олон асуудал байсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, ЗГ-ын хөтөлбөрт орсон нийгмийн шинжтэй асуудлууд хүлээгдэж байсан. Малчдынхаа тэтгэврийн насыг наашлуулах, залуу ээж нарт чиглэсэн бодлого, боловсролын зээл гэхчилэн нийгмийн олон асуудлыг бид шийдэх ёстой байсан. Засгийн газар, УИХ энэ чиглэлээр жил гаруй хугацаанд ажиллалаа, зөвхөн нэг чуулганы хүрээнд гэхэд 260 гаран хууль батлагдлаа. Одоо л харин бидний амалж байсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх суурь тавигдаж, үр дүн гарах боломж бүрдэж байна.

-Хэрэв Засгийн газар огцорвол ямар сөрөг үр дагавар гарч ирэх вэ?

-Солигддог юмаа гэж бодоход адаглаад Ерөнхий сайд, сайдуудаа томилох гэж хугацаа алдана. Дээрээс нь тэд ажилтайгаа танилцах гэж дахиад бүтэн жил болно. Танилцаж дуусаад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэж байтал сонгуулийн өмнөх жил рүү орчих юм. Ийнхүү будилсаар сонгуулийн нэг циклийн хугацаа дуусаж ард түмний бидэнд хүлээлгэсэн их итгэл талаар болно.

-МАН дотор үүсээд буй асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ. Хариуцлага тооцох зөв гарцыг юу гэж харж байна?

Хэрэв сонгуулийн үр дүнтэй холбогдуулж намын зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал хөндөж байгаа бол тэр намын хэмжээндээ асуудлаа ярь л даа. Намын дотоод асуудлыг дэвэргэж Засгийн газрыг огцруулах хэмжээнд яриад улс төржүүлээд байх шаардлагагүй. Энэ хоёр чинь тэс ондоо асуудал. Нам дотроо хэлэлцэх асуудал байвал дотроо л ярья. Хариуцлага тооцмоор байгаа бол тэр намын зохих албан тушаалтнуудад тооцох ёстой. Харин намын бага, их хурлаар шийдэх асуудлаа хэвлэл мэдээллээр цацаж ил яриад бүр даамжруулаад ард түмний асуудал болгохоор Засгийн газарт нааж байгаа нь буруу.

-МАН дотор үүсээд буй асуудлыг өнгөрсөн долоо хоногт болсон Удирдах зөвлөлийн хурлаараа цэгцэлчихэж болоогүй юм уу?

-Удирдах зөвлөлийн хурал дээр үүсээд буй асуудлыг Бага хурлаараа оруулъя гэдэг чиглэлээ гаргасан. Хариуцлага тооцох ёстой юу гэвэл ёстой. Намын дарга ч гэсэн “Дүрмийнхээ дагуу асуудлыг шийдээд явна. Их хурал дээр хариуцлагаа ярина. Харин энэ асуудалд Хяналтын хорооноос дүгнэлт хийгээд Бага хурал дээрээ танилцуул” гэсэн чиглэл өгсөн. Ингэх нь зарчмын л асуудал байхгүй юу. Гэтэл Удирдах зөвлөл дээр ярьсан асуудал шал өөрөөр хэвлэл мэдээллээр гараад байдаг. Ингэж харагдуулах, хагаралдуулах гэсэн сонирхолтой улс төрийн хүчин ч байгаа л байх.


Categories
мэдээ цаг-үе

Б.Амарсанаа: Нам доторх зөрчил төрийн болон Засгийн газрын зөрчилд хүргэх аюултай байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.22 мягмар гаригийн 178 (5745) дугаараас авч нийтлэв.


Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Дундговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Б.Амарсанаатай ярилцлаа.


-Та нам доторх маргаанаа харж л байгаа байх. Танай нам доторх үйл явдлыг харахад хэрээс хэтэрчихсэн юм биш үү гэж харагдахаар байна. МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн ялагдал ийм хүчтэй цочрол өгчихөж байгаа юм уу?

-Юуны өмнө хэдэн зүйл тодотгоё. 2012 оны УИХ, орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдал хүлээсэн. Эдийн засгийн өсөлтийг 17.6 хувьд хүртэл өсгөж чадсан эрх баригчид шат шатны гурван сонгууль дараалан яагаад ялагдах болов гэдэгтээ бид дүгнэлт хийх ёстой байсан. Тухайн үед эдгээр сонгуульд өргөн хүрээтэй дүгнэлт хийх гэхээсээ илүүтэй намын сандал ширээг аль бүлэглэл эзэгнэх вэ гэсээр яваад ямар ч бэлтгэлгүй 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд орчихсон. манай намын удирдлагууд ноднингийн УИХ-ын сонгуульд “ард түмэн Ардын намд хайртайдаа ийм сонголт хийж 65 суудалтай болгочихлоо” ухааны юм бодоод амьдралаас тасраад эхэлсэн. Зарим маань үүнд нухацтай хандсан боловч удирдлага үг сонсож чадахаа нэгэнт больсон байлаа. Хэдийгээр парламентад үнэмлэхүй олонх болсон ч бид яагаад ийм олон суудал авсан бэ гэдгийг дүгнэж нягтлах ёстой байсан.

Нэг үгээр хэлбэл эхлээд ялагдлын шалтгаан, дараа нь ялалтын шалтгааныг зайлшгүй тодруулах ёстой байв. Гэвч алийг нь ч судлаагүй. Ингэснээр нам дотор ярьдаг шинжлэх ухаанч байдал дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулна гэдэг зүйл алга болчихож байгаа юм. Бид бодит үр дүнг тооцолгүй ахархан бодолтой явсаар байгаад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа. Үнэнийг хэлэхэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөгөө хоёр намаас нэр дэвшсэн хүмүүс тийм их гавьяатай, нэр хүнд бүхий хүмүүс байсан уу гэвэл би үгүйсгэнэ. Иймд нэгдүгээрт, нэгэнт сонгууль болж ард түмэн сонголтоо хийсэн болохоор одоо бид хүлээн зөвшөөрөөд, хамтдаа улсаа хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулах ёстой. Хоёрдугаарт, 2016 сонгуулийн үр дүнгийн талаар манай намын дарга нар буруу шийдвэр гаргасан.

-Ямар буруу шийдвэр гаргасан гэж?

-Намын дүрэм болон хүмүүсийн хүлээлтийн эсрэг шийдвэр гаргасан. Хамгийн наад зах нь намын дарга Ерөнхий сайд байх ёстой зарчмыг зөрчсөн. Үүнийг намын олон хүн хэлж, анхааруулж л байсан. Ингэснээр намын дарга маань Ерөнхий сайд болоод “Би, бид улс орноо ийм хэмжээнд авч чадах хүн, улстөрийн хүчин” гэдгээ харуулах боломжоо хаачихсан. Ингээд бидний алдаа үргэлжилсэн. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэчихээд ямар кабинет бүрдүүлэв, албан тушаал тойрсон томилгоонууд ямар замаар явав гээд энэ бүхэн ард түмний нүдэн дээр ил болж өнгөрсөн. Мэргэжлийн нэртэй чадавхтай, чадавхгүй, энэ намд зүтгэсэн, зүтгээгүй олон хүнийг засагт оруулсан. Намын төлөө ажиллаж байсан хүмүүс энэ бүгдийг хараад үнэхээр амжилттай ажиллавал дэмжих, асуудал гарвал шүүмжлэж үгээ хэлэхсэн гэх байдлаар нэг жил амаа үдэж явлаа. Иймд Засгийн газрыг намын дүрэмд заасны дагуу, ард түмэнд амалсныхаа дагуу бүрдүүлж ажиллуулах шаардлага намд тулгарч байгааг даруй шийдвэрлэх ёстой. Ингэхгүйгээр 2020 оны болон түүний дараагийн шат шатны сонгуульд амжилт гаргана гэж горьдох хэрэггүй.

-Тэгээд танай намынхан яагаад энэ бүх асуудлаа шийдэхгүй яваад байсан юм бэ?

-Намын удирдлагын үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дээр дооргүй харж хүлээж байлаа. Одоо нэгэнт сонгуулиуд дуусч, мөн Засгийн газар хэрхэн ажиллах талаар хүлээлт бидэнд үлдсэнгүй. Удах тусмаа нам доторх зөрчил олон түмэнд ил болж энэ нь даамжирч төрийн болон Засгийн газрын зөрчилд хүргэх аюултай байна. Гэхдээ зөрчлөө нуугаад явж байя гэдэг утгаар би хэлж байгаа юм биш ээ. Харин ч бүр муухай арга барил руу орж гүнзгийрэхээс нь өмнө бид цэгцлэх ёстой. Тагнадаг, чагнадаг гэдэг асуудлаас эхлээд өөр олон таагүй зүйлсийг би муухай арга барил гэж байгаа юм. Цаашид удах тусмаа энэ бүхэн улам л ужгирна. Энэ үйл явдлууд зөвхөн нэг намынхан дотооддоо итгэлцэх үгүйн асуудал биш. Монгол хүн монгол хүндээ, найз нөхөртөө итгэж чадахаа байх нь. Хэрэв ийм байдал цаашид удаан үргэлжлэвэл улс орны тусгаар тогтнолд аюултай шүү. Хувиа бодсон хэсэг хүний аз жаргал гэдэг ард түмний аз жаргал биш.

Энэ будилуу, бүтэлгүй байдлыг цэгцлэж чадах намын Их хурлыг яаралтай зарлан хуралдуулах хэрэгтэй. Их хурлыг Бага хурлаас, Бага хурлыг Удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулдаг намын үндсэн дүрэмтэй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хуралдсан Удирдах зөвлөлийн хурлууд ямар шалтгаанаар асуудлыг хойш тавиад байгаа нь намын гишүүдэд ойлгомжгүй байна. Үнэхээр Удирдах зөвлөлийн 30 гаруй хүн учраа олж чадахаа больсон бол огцрох шаардлагатай. Манай нам дотор сайн зүйл олон, гэхдээ муу зүйлс бас оршиж байна. Мууг нь бид шарилж шиг зулгаан хаяж, сайныг цэцэглүүлэх ёстой. Нийслэл хот удирдаж байсан намын дарга, газар тариалангийн гол бүс болсон аймгаас гаралтай Ерөнхий сайд нар цэцгийн мандал болон тариан талбай дахь шарилжийг зулгаахгүйгээр арвин ургац авч, нүд баясгах боломжгүйг мэдсээр атлаа яагаад үлгэр дуурайл болж чадахгүй байна вэ.

-Сонгуульд ялагдах болсон хамгийн том шалтгаан 60 тэрбумын асуудал уу. Уг нь намдаа мөнгө босгох тухай л яриа юм биш үү. Зарим нь хэсэг бүлэглэлийн асуудал гээд байна л даа?

-Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэс нэгэн бичлэгийн дуулиан анх гарч эхэлсэн. Тэр үед сүртэй дуулиан болгон яригдалгүй өнгөрсөн. Тухайн үед намын удирдлагууд үүнийг эвлүүлэг хэмээн мэдэгдэж байлаа. Зарим нэг хүн ийм яриа болсон гээд хэлчихсэн нь ч бас бий. Бид намынхаа удирдлагад итгэдэг бөгөөд энэ бичлэг нь өрсөлдөгч хүчнээс зохион байгуулалттай хийсэн үнэхээр бүдүүлэг ажиллагаа байжээ гэж бодож байлаа. Гэтэл намын удирдлагад итгэж байсан бидний итгэл рүү шүлс үсчүүлсэн 90 орчим минутын турш үргэлжилсэн бичлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үед гарч ирсэн. Миний хувьд үүнийг сонирхож сонссон. Нэгдүгээрт, намыг сонгуульд ялуулж олон жил бодлогоо хэрэгжүүлэх боломж гаргахсан гэхээс илүүтэй цөөн хэдэн хүн МАН-ыг ашиглан олон жил төр засгийг зайдлан, Монгол төрийг зарж ашиг хонжоо олох тухай яриа байсан. Хоёрдугаарт, харамсалтай нь Монгол Улс, монгол түмний хөгжил дэвшил, сайн сайхны тухай ширхэг ч үг унагаагүй байна лээ. Ийм яриа болсонд харамсаж байна. Уг нь улстөрчид бид хувийн, бүлэглэлийн эрх ашгийг хойш тавиад улсын эрх ашгийн төлөө явах ёстой хүмүүс байхгүй юу, уг нь. Ингээд харахаар 1990 оноос хойш бид буруу замаар яваад байгаа юм байна. Цөөнхийн засаглалын төлөө, төрөөр амьдардаг хүмүүсийн эрх ашгийг хангахын төлөө ард түмэн амьдарч болохгүй.

-М.Энхболд дарга, Ц.Сандуй, А.Ганбаатар нар энэ ярианд оролцсон гээд байгаа. Сүүлд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар тэнд байсан гэж ярьсан. Энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой юу?

-Энэ судалгааны ажлыг хэн нэгэн хүн гэртээ хэвтэж хийчихээд “За тэр даргатай очиж уулзъя” гээгүй байх. Цаанаа захиалагчтай, санаачлагчтай, зуучлагчтай байж таараа. Уг бичлэг нь 2014 онд хийгдсэн нь үнэн бол тухайн оны намраас хойш манай нам дээр болсон үйл явдлыг харахад энэ зохиолынхоо дагуу төлөвлөгөөтэй явж ирсэн нь ойлгогдож байгаа юм. Анх энэ яриа, төслийг санаачилж захиалсан, гүйцэтгэсэн, магадгүй хэрэгжүүлсэн хүмүүсийг олж хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.

-Танай намынхан чинь намын даргаа ажлаа өгөөгүй байхад тэмцэлдээд эхэллээ. Таны хэлснээр янз бүрийн асуудал гарч байгаа нь намаа цэвэрлэх боломж ч гэсэн жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах вий дээ…

-Намын Удирдах зөвлөлөөс шийдлүүдээ гаргаад явсан бол өдийд Бага хурал зарлагдчихсан, хэлэлцэх асуудал нь тодорхой болчихсон байх ёстой байлаа. Одоо болтол ямар нэгэн шийд гараагүй байгаа нь хариуцлагын талаархи ам, ажлын зөрүүг нь харуулж байгаа юм. Юуг хүлээгээд байгаа юм бэ. Удах тусмаа хохиролтой гэдгийг намын гишүүд байтугай улс орноороо л нэг мэдэж байна шүү дээ. Тиймээс Бага хурлыг даруй хуралдуулах нь зөв. Би өөр дээрээ жишээ авахад 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа улс төрийн хариуцлага хүлээж намын Удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзан өргөдлөө өгч гарсан. Засаг эмхлэх үед өөрөө ялагч болж чадаагүйн хувьд Засгийн газрын ямар нэгэн албан тушаалд ажиллахгүй гэдгээ хэлчихсэн хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан, ерөнхий штабыг удирдаад нэр дэвшигчээ ялагдуулсан хүмүүс ийм эр зориг гарга л даа. Манайхан уг нь чадах л ёстой. Яахав, дунд нь жижиг хожоо хараад цаг аваад байгаа юм болов уу даа. Саяны сонгуулийн өмнө намын сонгуулийн ерөнхий штабын дарга, Ерөнхий сайд маань сонгуульд ялагдуулсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцох тухай ярьж байсан нь тод санагдаж байна. Монгол хүний за гэдэг андгай буй заа гэдэг өвгөдийн үг бийг санах хэрэгтэй. Бүх шатандаа улс төрийн хариуцлага гэдгийг тооцох ёстой.

-Ялагдлын шалтгаан нь намын цөөн хэдэн дарга нар гэсэн үг үү?

-Ардчилсан нам УИХ, орон нутгийн сонгуульд ялна гэсэн итгэлтэй байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд манай намынхан ялна гэсэн итгэлтэй байсан. Гэтэл аль аль нь тухайн сонгуульдаа ялагдлаа. Ялагдлын үндсэн шалтгаан гэвэл энэ намууд ард түмнээ мэддэггүй юм байна, тэднийхээ хүсч байгаа зүйлсийг ойлгодоггүй, тоодоггүйд оршино. Ялагдлын үндсэн шалтгаан бол энэ. Бүх намууд ард түмнээсээ холдчихсон байна. Өнгөрсөн сонгуулиар бид мөрийн хөтөлбөр ярив уу, тэр нь цаасан дээр л үлдсэн байх. Ерөнхийлөгч болох гэж байгаа хүмүүс цаашид дөрвөн жил УИХ, Засгийн газартайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ, алс хэтэд Монгол Улс яах вэ гэж бодлогын яриа мэтгэлцээн хийв үү. Үгүй. Авгай хүүхэн, зан ааль ярьсан төрийн бодлого гэж юу байдаг юм бэ. Зах дээр зогсож наймаа ярьж байгаа хүмүүсийн дунд ч ийм заваан яриа өрнөдөггүй. Чин үнэндээ сая улс төрийн сонгууль болсонгүй. Мөнгөний фактораар санал худалдаж авах процесс л болж өнгөрлөө. Нуугаад яахав, аль аль талаас маш их мөнгө тараалаа. Нэг үгээр хэлбэл ард түмний яаж амьдрах нь намуудад хамаагүй юм байна. Бид албан тушаалтайгаа байх ёстой гэдэг хандлага л явчихлаа.

-Төрийн алба хашаагүй хүний хувьд нам доторх процессоо хөндлөнгөөс харж байгаа байх. Ямар бодол төрөх юм. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь хэр зөв зүйтэй юм бэ…

-Уулзсан хүмүүсээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд та бүхний амьдралд өөрчлөлт гарав уу гэж асуухад “Амьдрал сайжирч байна” гэсэн хүнтэй таарахгүй байна. Та бас асууж үзээрэй. Бүгд итгэж байсан бол одоо цөхөрч эхлэж байна. Би өөрөө барилгын салбарын хүн. Манай салбар бүр муудсан, олон хүн ажилгүй болсон. Үүнийг худал үгээр үгүйсгэж гоёор ярих гээд хэрэггүй. Иргэд өрнөөс өрний хооронд, өр төлөх гэж амьдарч байна. Шинэ Ерөнхийлөгч “эдийн засаг өсөөд, сайжирч байгаа юм алга, нүүрсний үнийн л өсөлт” гэсэн агуулгатай зүйл хэлсэн нь үнэнд дөхнө. Маргааш нүүрсний үнэ буухад бид байдагтаа л очно. Эв нэгдлийг сахиж байгаа нэрийн дор чадваргүй, сэтгэлгүй, шуналтай хүмүүсийг хамгаалж хойхоолж суух нэр нүүр УИХ дахь зарим шударга хүмүүст байхгүй гэж итгэж байна.

-2012-2016 онд эдийн засгийг арай л дэндүү самарчихсан юм биш үү. Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох гээд хэрэндээ чармайж байгаа гэж ойлгодог. Засгийн газар огцрох ёстой гэдэг ч яг ямар шалтгаанаар гэдгээ манайхан хэлдэггүй л дээ. Тийм шалтгаан байгаа юм уу?

-Нам сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртэй байсан. Энэ мөрийн хөтөлбөрөөр өмнө байсан алдаа завхралыг богино хугацаанд засаад цааш явна гэсэн ерөнхий санаа байгаа. Харамсалтай нь мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг шийдвэрүүдийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх баригчид гаргалаа л даа. Мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь биелсэн бэ. Өнөөдөр бүтээн байгуулалт хэрхэн явагдаж байна, жижиг дунд үйлдвэрлэл яаж хөгжиж хичнээн үйлдвэр нээгдэж, ажлын байр хэдээр нэмэгдэв гэх мэт олон олон асуулт бий. Хариу өгөх зүйл байхгүй нь хамгийн том факт. Эдийн засагт гарсан хамгийн бодит том өөрчлөлт гэвэл малын тоо толгой л өссөн байх. Үүнд чинь малчин хүний ажил, эцэг малын л гавьяа ногдоно. Хувийн хэвшлийнхний бизнес дээр давхиж очоод үүнийг Засгийн газар хийлээ гэж тууз хайчилж шоуддаг. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол улс төрийн хариуцлага тооцох хэрэгтэй. Засгийн газар байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд болсон намын Бага хурлуудад Ерөнхий сайдыг хийсэн ажлынхаа тайланг тавь гээд тавьдаггүй. Хамгийн сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Бага хуралд Засгийн газар болон Ерөнхий сайдтай холбоотой асуудал, асуулт битгий яриарай гэсэн үүрэг чиглэлийг намын удирдлагаас өгч байх жишээтэй. Ингээд л яваад байх уу. Тэгээд үр дүнд нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралаа төвхнүүлж амжаагүй залуус албан тушаалд очоод сүйрч байна

Манай улсын улс төрийн амьдралд нам гүм байна гэдэг ойлголт алга. Ямар ч цаг үед, юу ч болж байсан яаж ийж байгаад л улстөржүүлдэг. Зөвхөн улс төрийн хүрээнийхэн биш жирийн иргэд нь хүртэл улс төр яриад л явж байх юм. Бид ингэж улс төрд хэтэрхий их ач холбогдол өгдгөөс болоод нийгмээрээ буруу зүг рүү ханарчих гээд байна. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн үеэс эхэлсэн хар пиар өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Бие биенийхээ дээр гарахаар улайрч буй улстөрчид болон тэдний гар хөл болсон хүмүүсийн нийгэмд тарьж буй балгийг өнөөдөр тооцох аргагүй. Ямартай ч нийгмийг бүхэлд нь хар бараан болгочихлоо. Хүмүүс бие биедээ итгэхээ больчихсон байна, нэгийгээ нүх рүү түлхэж унагахдаа огтхон ч санаа зовохоо больчихож. Өөрийн санаархсан муу үйлийг юугаа ч мэдэхгүй залуусаар гүйцэтгүүлж ард нь нэр цэвэр үлддэг жишигтэй болчихлоо. Тиймээс залуус улс төр рүү хошуурахаа хазаарламаар санагдах юм. Улс төрд орвол, нам дагавал томордог гэх сэтгэхүй залуусын толгойд байдаг. Хоёр жилийн өмнө дөнгөж гучин нас шүргэж яваа залуу “Мань нь намын гишүүн болсон. Одоо баяжих нь баараггүй, томрох нь тодорхой” гэж байсан. Бүр түүндээ итгээд хамаг байдгаа зориулна гэчихсэн тууж явна лээ. Энэ мэтээр залуус ид хийж бүтээх насандаа амьдралаа дээшлүүлье гэх харалган бодлоор намд элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог болжээ. Зарим нь ч намд элсэхгүй бол бизнес урагшлахгүй байна гэдэг юм билээ. Ингэж намд элссэн залуус голдуу хэн нэгэн ахыг дагах хэрэгтэй болдог. Ах нар эхэндээ нөмөр нөөлөгтөө авч байгаа мэт заахдаа заагаад зөвлөх үедээ зөвлөөд явна. Болж өгвөл өөрсдийн ирээдүйд хэрэгтэй албан тушаалд томилчихдог. Ингэхдээ мэдээж хэрэг залуу үеэ дэмжих хэрэгтэй, шинэ үеийнхнийг төрд ажиллуулъя гээд гоё, гоё зүйл ярьдаг. Томилогдож буй залуус ч гадаад, дотоодгүй сургууль соёлд сурч чамгүй хэмжээнд боловсорсон байх юм. Гэвч тэдэнд нэг том дутагдал бий. Юу вэ гэвэл яруу найрагч Ц.Хулангийн хэлдгээр тэдний амны салиа арилаагүй байдаг. Нэг үгээр хэлбэл амьдралаа ч олигтой тохинуулж амжаагүй залуус гэнэтхэн улс төрд орж ирээд түүгээр зогсохгүй төрийн өндөр албан тушаал хашихаар барьц алдах нь мэдээж. Өөрт нь эрх мэдэл байгааг харуулах гэж том ах нарынхаа гуйсан төсөл, хөтөлбөрт гарын үсэг зурснаас болж авлигатай холбогдож сүйрдэг. Тийм жишээ ч захаас аваад өчнөөн бий. Өнгөрсөн хэдэн жилд үеийнхнээ манлайлан нийгэмд нэр төртэй ажил хийж байсан залуус ташраараа Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан гэхэд хилсдэхгүй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба гэхчлэн нийгмийн сор болсон залууст АТГ ширүүн төрхөө харуулж төмөр торны цаана суулгалаа. Тэдний шоронд орох болсон шалтгаан нь албан тушаалаа урвуулан ашигласан, эсхүл авлига авсан гэх зүйл ангитай байдаг. Тэд ингэж хэрэгт холбогдоод хайран сайхан залуу насаа төмөр торны цаана өнгөрүүлж байгаа нь ерөөсөө л үзэл бодол нь төлөвшөөгүйтэй холбоотой. Нэг ёсондоо тэд том ах нарынхаа олз болоод байна. “Чамайг хэн ч биш байхад улс төр рүү оруулсан. Мянга хөдөлмөрлөөд хүрч чадахгүй албан тушаалд томилж зузаан олбогон дээр суулгасан юм чинь хариугаа барь” гэхчлэн шахалт үзүүлдэг болохоор тэд эсэргүүцэж чаддаггүй байх. Тиймдээ өөрт нь түй ч наалдахгүй гэрээнд гарын үсэг зурж тамга дарснаар өөрийгөө АТГ-т бариад өгчихөж байгаа юм. Хэрэгт холбогдсон залуусын намтар, мэдлэг боловсролыг анзаарах нь ээ, бүгд л тэргүүний гэж хэлж болохоор залуус. Тэгвэл тэд хэрэгт холбогдож байгаа нь ямар учиртай вэ гэвэл улс төр дэх сайн ах нартай холбоотой. Гол учир нь ердөө л том улстөрчдийн гар хөл болж байснаас улбаатай байгаа юм. Халуун тогоонд олон жил буцалсан хашир улстөрчид өөрсдийнхөө өмнөөс ажлаа хийж яваа жирийн сайхан залуусыг түлхчихдэг. Яг л нохойд барьдаг мод мэт залуусыг өмнөө барьж байна. Өнөөдүүл нь нөмөр нөөлөгтэй том ахын хэлсэн үг өөрт нь гай тарихгүй байх гэж боддог биз. Дээрээс нь залуу хүний дэврүүн, хөнгөн зан ч нөлөөлдөг байх. Тиймээс төрд ажиллаж буй, намд элссэн залуус хэн нэгэн ахынхаа гар хөл болохоос зайлсхийж баймаар байна. Улс төрд орохдоо хэт нэг хүнд найдахаа болих хэрэгтэй. Хэн нэгнийг бурхан мэт тахин шүтэх хэрэггүй. Ах нартаа хэтэрхий их найдсанаас болж хэлсэн үг бүрийг нь биелүүлэх гэж хичээгээд байна. Гаднаас нь харахад, өнгөц бодоход учиргүй дэмжээд яваад байгаа мэт ч үнэн хэрэгтээ болохгүй бүхнээ хийлгэж байгаа. Ер нь тэгээд хууль шүүхтэй улс оронд л амьдарч байгаа хойно хуулиа сайн мэддэг баймаар байна. Асуудал бишдэлээ гэхэд ах нар нь биш, хууль өөрийг нь хамгаална, яллана гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв хуулиа яв цав мэдэж байвал “Хоёулаа шоронд орно, тиймээс болохгүй” гээд зогсож байдаг болмоор юм. Тэгэхгүй бол өөрийн чинь өмнөөс хэн ч сайн дураараа шоронд суухгүй. Хэн ч гэр бүлээс чинь илүү санаа зовж, шаналахгүй. Тэгдэггүй жишээ бидэнд бэлээхэн байгаа шүү дээ. Чамайг сайд болгосон юм чинь одоо намаа санхүүжүүл гэсээр баахан мөнгө төгрөг олсон хойно нь шорон руу яаж үддэгийг бид харсан. Энийг санаж “Үгүй” гэж хэлж чаддаг бие хүн болсон хойноо төрийн албанд оч л доо. Тэгэхгүй өөрийгөө өртэй мэт сэтгэж ач хариулах гэж зүтгэвэл шоронгийн хаалга дэргэд чинь байгаа гэдгийг санаж явууштай. Залуусыг шорон руу түлхдэг ах нар нь ч бас энийг би хоолонд хүргэсэн юм чинь гээд хариу нэхдэгээ зогсоо. 70, 80-аад оны хулигаануудын сэтгэлгээгээр хандаад хайран залуусыг яайран амьдрал руу хөтлөөд байх юм. Тэр үеийн хулигаанууд хэрэг хийчихээд өөрийнхөө өмнөөс өөд муутай нэгнээ шоронд явуулдаг байсан. Яг тэрэн шиг зүйл өнөөгийн улс төрд болж байна. Ийм явуургүй, өөрийгөө хайрлаж өрөөлийг түлхдэг муухай зангаас болоод эгэл жирийн гэр бүл ард нь хохироод үлдэж байна. Эхнэр нь нөхрөө, хүүхдүүд нь эцгээ, аав ээж нь хүүгээ шоронд суулгачихаад яаж уужим амьсгалах билээ дээ. Энийг улс төрд зүтгэж буй хөгшин, залуу хүн бүр санахгүй бол хэдий болтол залуучуудаараа туг тахиад явах вэ. Дээр нь залуу хүмүүс улс төр рүү улайран зүтгэхээ болимоор байгаа юм. Эцэг эхийнхээ хамаг хөрөнгийг үрэн таран хийн байж сургууль соёлд сурсан мэдсэнээ улс төрөөс өөр зүйлд зориул л даа. Улс төрд л орчихвол болоод явчих нь тэр гэх сэтгэхүйгээс салж өөрөөр сэтгээд үз. Тэгэхгүйгээр бүрэн төлөвшиж амжаагүй байхдаа бусдын гар хөл болж нэг насны сайхан амьдралаа үрэх хэрэггүй. Тэгээд ч ер нь улс төрд нас заадаг болохыг ард түмэн дэмжмээр байна. Одоо хэлэлцүүлгийн шатанд яваа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрд насны хязгаар тавиад өгчих. Тэгэхгүй бол амны салиа нь бүрэн арилаагүй залуус томчуудын тоглоом болж шоронгийн хаалга татаад дуусах нь ээ.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүйн алдаа гаргасан мөртлөө “Шүүхээр тогтоогдоогүй” гэж гүрийдэг болчихлоо

“Өдрийн сонин”-ы 2017.08.17-ны пүрэв гаригийн №175(5742) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Ардчилсан нам ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг шийдэхийг шаардаж байгаа. Ер нь цаашид хүүхдийн мөнгийг өгөх хэвээрээ байх уу?

-Ээлжит бус чуулганыг хуралдуулах хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор хуралдах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, өнөөдөр үүсээд буй улс төр, эдийн засгийн асуудлуудыг шийдэх арга замыг яаралтай хайя. Гуравдугаарт, зарим нэг хуулийн хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлага бий. Хүүхдийн мөнгөний асуудал мөн яригдаж байна. Шинээр батлагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг олон хуулийн хэрэгжилтэд УИХ онцгой анхаарах ёстой. Гэх мэт нөхцөл байдал УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөлийг бий болголоо. Хүүхдийн мөнгөнд хуваарилсан төсвийг хууль бусаар, төсвийн гадуур зарцуулаад явж байгаа. Төсвийн мөнгийг татвар төлөгчдөд зарцуулна гэх хуулийн заалт байдаг. Харамсалтай нь Засгийн газар төсвөөс гадуур мөнгө зарцуулж байна. Төсвийн хуулийг зөрчиж хүүхдийн мөнгийг зарцуулж байна гэх мэдээлэл ирсэн. Иймд ээлжит бус чуулган хуралдуулж Төсвийн хуулийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай. Төсөвт тодотгол хийхгүйгээр есөөс арванхоёрдугаар сар хүртэлх хүүхдийн мөнгийг олгох боломжгүй. Тиймээс АН-ын бүлэг Засгийн газарт шаардлагаа хүргүүлсэн. УИХ-ын даргад ч гэсэн ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт өгчихөөд байна.

-ОУВС хүүхдийн мөнгийг олгох боломжгүй гэж байсан. Гэвч сонгуулийн өмнө МАН хүүхдийн мөнгийг олгох шийдвэр гаргасан. Одоо эргээд олгох эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Эдийн засгийн хувьд боломж бий юу?

-Энэ Засгийн газрын эргэж хургасан шийдвэрийг ОУвС битгий хэл олонх суудалтай МАН-ын гишүүд нь ч ойлгохоо больчихоод байна. Сонгуулийн өмнө нэг өөр зүйл, сонгуулийн өдөр эсрэг зүйл, дуусахаар нь бүр хөндлөн зүйл яриад байх юм. МАН Засгийн газраа байгуулаад бүтэн нэг жил болчихлоо. УИХ-д тайлагнахгүйгээр, нэг сайдын сүржин мэдэгдлээр төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг явдал хэрээс хэтэрлээ. Нэг сайдын сэтгэл хөдлөлөөр төрийн ажил явдаг болсон байна. Ийм байж хэрхэвч болохгүй. Засгийн газар эргэж хургасан байдлаа зогсоож Монгол Улсын хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Улс орны нөхцөл байдал сайнгүй байна. Нийт нутгийн 80 хувь нь ган гачигтай байгаагаас өвөлжилт хүндрэх тийшээ хандчихлаа. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн бэлтгэлд онцгой анхаарах хэрэгтэй.

-АН өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сайдуудын мэдээллийг сонсч байгаа гэсэн. Бэлтгэл ажил ямархуу явцтай байгаа гэнэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд манай намын бүлэг дээр мэдээлэл хийсэн. Түүний ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 60-70 хувьтай явж байгаа гэсэн. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил мөн ийм хувьтай байгаа юм билээ. АН-ын зүгээс бэлтгэл ажлыг яаравчлах, ажлаа эрчимжүүлэхийг шаардаж байгаа. Шаардлагатай тохиолдолд УИХ-д асуудлыг оруулж ирж шийдүүлэх хэрэгтэй гэдгийг үүрэг болгосон. Миний хувьд сургууль цэцэрлэг, багш нарын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн засвар есдүгээр сарын 1 гэхэд дууссан байх ёстой. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй. Цэцэрлэгийн хүрэлцээ тун муу байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахын тулд хонон өнжин дугаарладаг явдал өнөө хэр үргэлжилсээр байна. Энэ балмад явдлыг, Монголоос өөр газар байдаггүй энэ зүйлийг үгүй болгох хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээ, түрээсийн цэцэрлэгийн үйлчилгээг идэвхжүүлэн Монголын бүх хүүхдийг сургуулийн өмнөх насны боловсролоор хангах ёстой. Хуучин аргаар шинэ асуудлыг шийдэж болохгүй гэсэн үг байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 20-30 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна. Энэ байдлаараа явбал Монголын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэвэл 100-150 жил хэрэгтэй болно. Энийг мэдсээр байж ингээд явсаар байх уу. Дэлхийн улс орнуудад хэрэглэгдэж буй санхүү, эдийн засгийн дэвшилтэт, шинэ механизмыг бид ашиглах ёстой. Өмнөх Засгийн газрын үед батлагдсан сайн, сайн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд аваад явах шаардлагатай гэх саналаа бид хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид өнөөг хүртэл хуучин аргаар яваад байна.

-Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтаж байгаа. Өөрчлөлт оруулахаар хөдөө орон нутгийн иргэдийн дунд сургалт явуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ ажил ямархуу явцтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ-д байгуулагдсан. Одоогийн байдлаар Монгол Улсын аймаг, сум бүрт хэлэлцүүлэг өрнөж байна. Иргэдээс ирсэн санал, хүсэлт бүрийг дүгнэж нэгтгэх юм. Мөн ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах хэрэгтэй гэдгийг дэмжиж байгаа. Хэлэлцүүлгийн явцад иргэдийн зүгээс амралттай байх үед, эзгүй байхад санал авч байна гэх гомдол, санал их ирж байна. Зөвхөн намын гишүүд, хэдэн дарга нар л саналаа өгч байна шүү гэх асуудал яригдаж байгаа. Би ажлын хэсгийн гишүүний хувьд Үндсэн хуулийг сайжруулах, ялангуяа Үндсэн хуульд заасан хариуцлагыг бий болгох, ёс зүйг тогтоох, эрхзүйт төрийг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох ёстой гэдэг байр суурьтай байна. Харамсалтай нь одоогийн хэлэлцүүлж буй хуулийн төсөл нэлээн түүхий болсон байна лээ. Энэ төслийг парламентад суудалтай улс төрийн намууд болон суудалгүй нам, иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч байж шинэчлэх ёстой. Мөн ард нийтийн санал асуулга туйлын чухал.

-Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сард зохион байгуулна гэж ярьж байсан. Энэ хугацаанд амжих юм болов уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж яарах хэрэггүй. 2000 онд яаран шийдвэр гаргаснаас болж дордуулсан долоон өөрчлөлт хийж байлаа. Үүнээс болж Монголын төр зарим тохиолдолд маш хүнд байдалд орж байсан. Одоо бол ултай суурьтайгаар үндэсний язгуур эрх ашгийг хамгаалсан, Монгол орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан, эв нэгдлийг бэхжүүлсэн, хариуцлага, ёс зүйг Монголын төрд авчирсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тиймээс заавал аравдугаар сард батална гэж яарах хэрэггүй. Ерөнхийлөгч ч гэсэн ийм бодолтой байгаа. УИХ-ын олон гишүүн ингэж ярьж байна.

-Та сая түүхий төсөл болсон гэлээ. Үүнийг сайжруулах боломж бий юү?

-Мэдээж төсөл хэл ам, шүүмжлэл дагуулах нь ойлгомжтой. Сайжруулахын тулд иргэд, олон нийтийн байгууллага, улстөрчид, судлаачид, эрдэмтэд санал бодлоо хэлж, тусгах ёстой юм. Тал талаасаа ажлын хэсэг гаргаж үндэсний зөвшилцлийн хэмжээнд ажилламаар байна. Саяхан Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгч бас бие даасан ажлын хэсэг байгуулах байх. Олон удаагийн хэлэлцүүлэг, яриа, зөвшилцөл хийж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Иргэдийн зүгээс төрийн алба, тэр дундаа өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийн хариуцлагыг сайжруулсан өөрчлөлт хийхийг хүсч байгаа байх. Тиймэрхүү өөрчлөлт орж байгаа юу. Ялангуяа эргүүлэн татах боломж олгох уу?

-АН-ын зүгээс олон санал гаргаж байна. Энэ удаагийн хуулийн төсөл дээр хариуцлагатай холбоотой хуулийн төсөл бараг ороогүй. УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг заалт оруулмаар байгаа юм. Шүүхийн шийдвэр гарахыг хүлээгээд ард түмнийг бухимдуулан суугаад байх шаардлага байхгүй. Төр өөрөө өөртөө хариуцлага тооцдог, цэвэрлэдэг механизмыг бий болгох хэрэгтэй байна. Мөн УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалд томилогдож буй албан тушаалтанд насны хязгаар тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол хорин хэдэн настай хүүхэд ордонд орж ирээд юу ярих, юу хийхээ мэдэхгүй байна. Шүүгчийн насыг нэмэгдүүлж буйтай адил УИХ-ын гишүүний насыг нэмэгдүүлэхэд буруудах зүйл байхгүй. Гэх мэт олон саналыг гаргаж тавьж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай яриаг эрх баригч намын зүгээс гаргаж байна. Үүнийг манай нам зарим талдаа зөвшөөрөх ч гэлээ санал нийлэхгүй зүйл олон. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна гэдэг гаргүй, хөлгүй болгож буйтай агаар нэг. Ерөнхийлөгч төрийг тэнцвэртэй байлгах, үндэсний эв нэгдлийг хангах хүчтэй субьект байдаг. Хууль санаачлах, хориг тавих эрх зайлшгүй байх хэрэгтэй. Засгийн газартай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зарим эрх мэдлийг хязгаарлах тухай яригдаж байна. Энэ асуудалд бид санал зөрөлдөөнтэй байгаа. УИХ Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ жил бүр Засгийн газраа огцруулаад байж болохгүй. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцдог, хяналт тавьдаг тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлага бий. Энэ чиглэлд Үндсэн хуулийн өөрчлөлт явах байх.

-Ёс зүйн хороо дүгнэлтээ гаргасан бол УИХ-ын гишүү-ний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох талаар сая ярилаа. Одоогийн хуулиар эргүүлэн татах боломж байдаг уу?

-Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзээд олон түмэн бухимдаж, огцруулахыг шаардаж байгаа бол шүүхийн шийдвэр гартал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ гаргаж болно. Ийм зохицуулалтыг шинэ Үндсэн хуулиар оруулж ирэх шаардлагатай. Шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхээ сэргээлгэдэг, буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээдэг шинэ дэг журам руу орох ёстой. Өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан мөртлөө шүүхээр тогтоогдоогүй байна гэж гүрийдэг болчихож. Ингэж ард түмний уур цухлыг хүргэж байна. Манайд ийм албан тушаалтнууд олон байна. Гадны парламентад өөрсдөө огцордог жишээ олон бий. Бид тийм замд орох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Намайг МАХН-аас хөөвөл хөөнө л биз

“Өдрийн сонин”-ы 2017.08.15-ны мягмар гаригийн 173 (5740) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Таныг намаасаа хөөгдөж байгаа гэх мэдээлэл яваад байх юм. Үнэн юм уу?

-Уг нь наад асуултад чинь хариулмааргүй, тайлбар хэлмээргүй байх юм. Яагаад вэ гэхээр би МАХН-д өөрийн итгэл үнэмшлээрээ элссэн. Зарим хүн надад хэлээд байгаа юм. “Баасанхүү, чи ямар байснаа мартчихаж” гэж. Яахав би өмнө нь гэр хороололд амьдарч байсан нь, улсын сургууль төгссөн нь, өмгөөлөгч байсан нь үнэн. Гэхдээ үүнийг намтай холбож яримааргүй байна. 1990-ээд оны тарчиг үед жирийн хүмүүс шиг энгийн амьдарч байлаа. Хулгайч хүний хүүхэд биш учраас тэгж л амьдарна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй зарчим ярьж амьдарсан. Гэхдээ би өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өсөн дэвшиж байсан. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах үедээ би Японы Элчин сайдын яамны хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан. Н.Энхбаяр даргын өмгөөллийг хийсэн шиг хийсэн гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Би хүний тусыг нэхэж биш тосож авдаг. Өгвөл би баярлана. Заримдаа 2012 оны сонгуульд намынхаа жагсаалтад орсон үеэ бодохоор их л сонин санагддаг юм. Уг нь би Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болоод “Айст монголиа” телевизээр өөрийгөө танилцуулах нэвтрүүлэг хийлгээд гүйж явсан. Магадгүй тэр үед би Баянзүрх юмуу Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшсэн бол гарахгүй байсан нь үнэн. Гэхдээ өмгөөллийн ажлаа хийгээд хажуугаар нь улс төрд орно гээд гүйж явах байсан биз.

-Тэгээд яагаад жагсаалтад орсон юм бэ?

-Сонгуулийн үеэр өмгөөллийн ажлаа давхар хийж байсан болохоор үнэхээр зав байгаагүй. Тэгэхээр нь Н.Энхбаяр дарга дээр гүйж очоод үнэнээ хэлсэн. Надад сурталчилгаа хийж явах зав үнэхээр алга, би жагсаалтад оръё гэсэн. Н.Энхбаяр дарга намайг хэдэд бичигдмээр байна гэхээр нь тав юмуу долоод бичүүлье гэсэн. Жагсаалт гартал З.Баянсэлэнгийг долоод, намайг наймд бичсэн байсан. Тэр үед З.Баянсэлэнгэ дээр гүйж очоод хоёулаа байраа сольё гэж хэлээд шараа болж л явлаа. Өөртөө их бардам байсан шиг байгаа юм. Саяын сонгуулиар бас Эрдэнэтийг өөрөө сонгоод дэвшсэн юм биш. Шадар сайдын өрөөнд манай намынхан цуглаж ярилцах үеэр намайг Чингэлтэйд нэр дэвшүүлэхээр болсон. Гараад явж байтал утас дуугараад “Ө.Энхтүвшин Чингэлтэйд нэр дэвших гэж байгаа юм байна” гэсээр Эрдэнэтэд нэр дэвш гэсэн. Ингээд хувь заяаны эрхээр гэх юм уу даа сонгуульд ороод явсан. Сонгуульд ялалт байгуулахад Н.Энхбаяр даргын, МАХН-ын нөмөр нөөлөг их байсан. Энийг би хаана ч хэлнэ. Гэхдээ энэ бол хэзээ ч төлж баршгүй өр гэсэн үг биш. Яагаад гэвэл нам гэдэг олон нийтийн буюу хамтын эвлэлдэн нэгддэг байгууллага.

Та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Хэрэв сонгуульд амжилттай оролцохгүй бол намын даргадаа хариуцлага тооцно” гэж байсан. Хариуцлага ярих цаг одоо болсон уу?

-Ганц Ерөнхийлөгчийн сонгууль биш, УИХ-ын сонгуулийн үеэс ярих хэрэгтэй. УИХ-ын сонгуулийн үеэр МАН эвсье гэсэн. Тэр үед эвссэн бол 20 биш юмаа гэхэд хоёр суудалтай байх байсан ч юм билүү. Мөн намаас олон залуус гарч байна. Итгэл нь алдарч байна. Гарсан хүмүүсээ урвагчаар нь дуудаж памперс шиддэг. Хичнээн олон хүн явж байгааг хараад харамсаж байна. Тиймээс би ил тод ярьдаг, намаа шүүмжилдэг. Гэхдээ тэглээ гээд намаасаа, намын даргаасаа урваж байгаа юм биш. Намын даргыг АТГ баривчлах гэж байна гэхэд би Ц.Элбэгдорж, Энх-Амгалан, М.Энхболд дээр ороод гуйж байлаа. Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүнийг битгий хоёр удаа шоронд хийгээчээ гэж. Дараа нь арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намайг дуудаад “Танай дарга бид хоёр ойлголцсон” гэж хэлсэн. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар тэр хоёр маш ойрын харилцаатай байсан. Тэрийг би сайн мэднэ. Би харин тийм биш.

Би Ц.Элбэгдоржтой ойр байгаагүй, байх ч үгүй. Улс орон хямарсан найман жилийн гай Ц.Элбэгдоржоос болсон гэж боддог болохоор би түүнд дургүй. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг Ц.Элбэгдорж тавьсан гэж боддог. Тавиагүй юмаа гэхэд шууд оролцоотой байсан. Валютын ханшийн өсөлт яаж явж байгаа билээ. 1994 онд 400 төгрөг байсан ам.доллар 2012 онд 1400 төгрөг болсон. Тэрнээс хоёрхон жилийн дараа 2700 хүрсэн биз дээ. Бүхэл бүтэн арваад жил 1000 төгрөгөөр нэмэгдэж байсан ам.долларын ханшийг шууд 1000 гаруй төгрөгөөр нэмчихлээ. Өнөөдөр бид хөөсөн эдийн засаг дээр сууж байна. Хэзээ доош унахыг мэдэхгүй. Ам.доллар төгрөгийн харьцаа ийм болчихлоо. Энийг өөрчлөхийн тулд манай намд шинэчлэл хэрэгтэй.

-Танай нам бас дотроо шинэчлэл яриад эхэлсэн үү?

-Манай намын гишүүдийг дотор нь дөрөв ангилж болно. Дөрвөн янзын төлөөлөл байдаг гэсэн үг. намын даргадаа хайртай, үхсэн ч тэр хүний төлөө байж чадах фанатууд бий. Өөр намаас ирээд одоо МАХН-аас гарчихвал очих газаргүй болсон хэсэг хүн байгаа. Бас иргэний хөдөлгөөн гэж орилж орилчихоод одоо намаас гарахаар утгагүй болчихсон хүмүүс ч бий. Үлдсэн нь аав ээжийн минь нам, намынхаа нэрийг солихгүй гэх хэсэг. Ийм л дөрвөн янзын гишүүдтэй. энэ гишүүд, ялангуяа дөрөв дэх хэсгийнхэн маань намд шинэчлэл хийж 2020 оны сонгуульд ядаж хориулаа орж ирэхгүй бол болохгүй нь гэж яриад байгаа.

-Танаас өөр шинэчлэл ярьж байгаа хүн ил харагдахгүй л байна. Ер нь та яагаад намаа өөрчилье гэж яриад байна вэ. Юу нь болохгүй байна?

-Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж ярьж байгаа. Гэтэл тэрийг манай намынхан уншиж судлаагүй. Ямар нэгэн байдлаар авч үзээгүй. Энэ буруу, минийх гоё гээд өөрсдөө шинэ хууль гаргаад ирсэн. Тавдугаар Үндсэн хуулийн хөдөлгөөн гээд байгуулчихсан. Би тэрийг буруутгаж байгаа. Би тэр хуулийг нь уншсан. Бас уншуулсан. Өөрөө уншихаас гадна гадаад, дотоодын хуульч, судлаачдад өгөөд дүгнэлт хийлгэсэн. 80 хувь нь дагаж мөрдөх ямар ч боломжгүй гэж байна лээ. зохиолын шинжтэй тийм л төсөл. Улс орноор тоглох гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Хүн гэр орноороо тоглодоггүй биз дээ. Өнөөдөр 65 гишүүний гарт хуулийн төсөл бий. Тэр хуулийн төслийн ямар зүйл, заалт нь болохгүй байна вэ гэдгийг ярилцах ёстой. Гэтэл өөрсдөө шинэ хуулийн төсөл зохиогоод, амьдралгүй юм яриад яваад байж болохгүй. Тиймээс дэмжихгүй, эсэргүүцээд байгаа юм. Би наймдугаар сарын 22-нд төрийн ордонд намын бага чуулганы гишүүдээ цуглуулна. Тэнд арван хүн ирнэ үү, зуун хүн ирнэ үү, эсхүл нэг ч хүн ирэхгүй байна уу хамаагүй. Ийм зүйл ярьж байгаа шүү, та нар уншаарай, санал бодлоо бичгээр ирүүлнэ үү гээд ярилцах гэж байгаа юм. Тийм хэлэлцүүлэг хийнэ.

-Та өөрөө бие дааж зохион байгуулах юм уу?

-Тэгэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл намын бодлогыг бариад төрд сууж байгаа хүн нь би шүү дээ. Манай Н.Энхбаяр даргын худ нь намайг цахим сүлжээгээр бичсэн байна лээ. Тэрэнд би эмзэглээгүй ч дургүйцсэн. Тэрийг би тоохгүй л дээ. Гэхдээ хэвлэлийнхэн надаас тодруулга авъя гээд байх юм. Бага чуулган хуралдаад намайг хөөхөөр болсон, чиглэл өгсөн гэж яриад байгаа. гэхдээ өнөөдөр надад ямар нэгэн бичиг ирээгүй. Бид төр барилцах нам юм бол өөрийн дүрэмтэй, зорилготой, багтай байх ёстой. Баг гэдэг нь жинхэнэ төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр боловсруулдаг хүмүүсийг хэлнэ. Түүнээс биш даргыгаа хий хоосон тахин шүтээд үгийг нь бурхны үг гэж бодож болохгүй. одоо би бага чуулганыхаа гишүүдийг цуглуулах үеэр намын даргадаа хариуцлага тооцох эсэхийг асууна. Бид бодлого, зарчим дээр нэгдэх ёстой. Түүнээс биш Баасанхүү сайн, муу гэж хэлэх хэрэггүй. Хэдэн хүний дунд орж вакуумжсан байдлаар асуудалд хандах хэрэггүй. тийм болохоор намайг намаас хөөмөөр байвал хөө гэж байгаа юм. Нээрээ шүү, хөөвөл хөө. Намын гишүүдэд миний ярьж буй зүйлс таалагдахгүй байвал хөөг л дээ.

-Таныг хөөчихвөл МАХН парламентад суудалгүй болно. Ер нь танайд өнөөдөр лидер гээд хэлчихээр хүн үлдэв үү?

-Лидер байгаа гэж би зөндөө хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэг ч хүн алга гэж ярих үед зөндөө хүн гарч ирсэн. Харамсалтай нь Н.Энхбаяр дарга болохгүй гэсээр байхад дэвшинэ гэж зүтгээд өөрийгөө эвгүй байдалд оруулчихлаа. Сонгуулийн тухай хуулиар дэвшүүлж болохгүй гэдгийг тодорхой хэлсэн шүү дээ. гэтэл ялгүй байж ялаас чөлөөлж өгнө үү гэсэн бичиг өгчихөж байгаа юм. Шүүх мэдээж хэрэг тийм бичиг гаргаж өгөхгүй буцаана шүү дээ. Тэрийг нь сЕХ ашиглачихаж байгаа юм. Шүүх таны хүсэлтийг хүлээж аваагүй байна шүү дээ гээд. Болохгүй гэнгүүт нь халаасныхаа хүнийг гаргаж ирээд 30 минутын дотор намд элсээд дэд дарга болчихлоо. Муу ганбаа зайлуул тэгж яахнав дээ. Маниустайгаа адилхан ардын л хүүхэд шүү дээ.

-Уг нь сонгуулийн санал нууц байдаг л даа. Гэхдээ та саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд санал өгөв өө?

-Нууц нь нууц. Гэхдээ би намдаа өгсөн. Тэр битгий хэл намынхаа төлөө өөрийнхөө зардлаар эрдэнэтэд очиж ажилласан. Би намынхаа төлөө явж байгаа болохоос биш хүний төлөө яваагүй. гэхдээ сонгуулийн дараа сонин юм болсон. Анзаарсан уу.

-Юу тэр вэ?

-Манай намд 400 мянган хүн саналаа өгсөн. Би хувьдаа 500 мянган хүн саналаа өгсөн болов уу гэж бодсон. СЕХ шударга, зөв ажилласан уу шалгуулъя гэтэл АН-ынхан жагсаж байсан. Та нар энд юу хийж байгаа юм бэ, жагсах ёстой нь манайх болохоос танайх биш гэж хэлээд зогсож байтал гэнэтхэн цагаан сонголт болоод явчихсан шүү дээ. Хэдийгээр манай намаас надад таалагдаагүй хүн нэр дэвшсэн ч гэлээ МАХН-д саналаа өгсөн 400 мянган хүний саналыг хамгаалахын тулд би жагсах ёстой байсан юм. Гэтэл байдал шал өөрөөр эргэчихсэн.

-Та намаасаа хөөгдчихвөл өөр намд элсэх үү?

-Маргаашийн асуудлыг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Бурхан хүсвэл юу ч болж болно. Би ийм л бодолтой байдаг. Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн зүйлд би дургүй. Зарчим л ярья. Тэр нь хаана очоод дуусахыг би мэдэхгүй. Эрдэнэтчүүд намайг 2020 онд нэр дэвшээч гэвэл дэвшинэ. Хэрэггүй гэвэл больчихно. Би жил бүр очиж тайлангаа тавина. эргэж уулзах нүүртэй баймаар байна. Заримдаа би Д.Гантулгыг өрөвддөг. Хэнтийчүүдтэйгээ яаж уулздаг бол доо гэж. Нэр хугарахаар яс хугар ч гэдэг. Азаар надад ичих шалтгаан байдаггүй. Би өнгөрсөн дөрвөн жилд Өргөдлийн байнгын хороонд ажиллаж байхдаа олон асуудлыг шийдсэн. Янз бүрийн ажлын үед саад хийх асуудал байдаг. Манай намынхантай нийлээд намайг унагаах асуудал ч байсан. Гэхдээ би тэрэнд гомдохгүй. Өнөөдөр намайг нэг их 2020 оноор айлгах гээд хэрэггүй. 2020 онд сонгуульд оролцохгүй байсан ч яадаг юм. Ард түмэн сонголтоо хийг гэсэн зарчмаар явъя. Үлгэрт гардаг Каше л мөнхийн байдаг байх. Түүнээс биш хүний амьдралд мөнхийн зүйл байдаггүй биз дээ.

-Та ер нь нам дотроо ганцаарддаг уу?

-Намынхаа болохгүй, бүтэхгүй байгааг залуус, ахмад, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хэлээд яриад явахад би ганцаардахгүй. Өнөөдөр намайг намаас хөөсөн гэх баримттай зүйл алга. Хууль ёсоороо л явах байлгүй.

-УИХ-ын гишүүд ажилдаа хэзээнээс орох вэ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр юу болж байна вэ. АН-ынхан ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг шийдье гэж яриад байгаа. Тэрийг шийдэх боломж бий юү?

-ан-ын хэсэг хулгайч хүн Ц.Элбэгдорж болон манай намын хулгай хийх сонирхолтой хүмүүстэй хамтраад хүүхдийн мөнгийг өөрсдөө байхгүй болгосон. Хүүхдэд хайргүй хүн хэн байгаа юм. ОУВС-г аймшигтай байгууллага мэтээр яриад байдаг. Тэгвэл бидэнд ямар боломж байгаа юм бэ. Өчнөөн өр зээл, гадаад төлбөр тооцоо, своп хэлэлцээрийн мөнгөнүүд үүдэнд хүлээгээд байна. Тэрийг яах вэ. Би эдийн засгийг айхтар мэддэгтээ яриад байгаа юм биш. Бодит байдалд тийм байна. Ам.долларын ханш яагаад ингэж өсөөд байна вэ. Ам.доллар алга. Гадныхан хөрөнгө оруулалтаа яг зориулалтаар нь хийе гээд байгаа. Миний мөнгийг аваад хүүхдүүдэд өг, дараа нь тэгж байгаад буцаагаад өгчих гэж хэн ч хэлээгүй.

-Тэгэхээр ээлжит бус чуулган хуралдахгүй гэсэн үг үү?

-Хуралдахгүй. Яаж хуралдах юм бэ. Хуралдвал бөөн юм болно. тагнасан, чагнасан нь үнэн үү, худлаа юу гэдгээс эхэлнэ. Тиймээс бага чуулган, их хурлаа хуралдуулж өөрсдийн асуудлаа шийдчихээд улсын ажилд орно. Түүнээс биш тэдэнд та цалингаа авч чадаж байна уу, үгүй юу гэдэг сонин биш. Хамаа ч байхгүй. Ард түмэн 65 гишүүн сонгосны гай л даа. Хүчтэйхэн 25 хүнтэй сөрөг хүчин байсан бол шаардаж байгаад хуралдуулах байсан биз. Даанч тийм боломж алга. уг нь бушуухан хуралдуулаад өвлийн бэлтгэл ямархуу байгааг сонсмоор байна.

-Саяхан ОУВС манай улсын эдийн засгийг өсөлттэй байгаа мэтээр дүгнэсэн. Тэр дүгнэлт бодитой байж чадах уу?

-Ам.доллар орж ирж байгаа болохоор тэгж дүгнэж байгаа.

-Бид мундаг сайн хөдөлмөрлөөд ам.долларыг оруулж ирээгүй шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүний циклиэс хамаарч валют орж ирж байгаа биз дээ?

-ОУВС ганцхан зүйл хүсэж байгаа. Оруулсан мөнгөө буцааж авах. тиймээс эдийн засаг өсөлттэй байна, ам.доллар орж ирж байна гэж дүгнээд байгаа юм. Тэдний дүгнэлт хэнд хамаатай вэ гэвэл гадны хөрөнгө оруулагчдад хэрэгтэй. Эдийн засаг нь өсөөд байгаа юм байна, тогтворжих нь гэж бодвол гадныхан мөнгөө оруулж ирнэ. Ирэх сарын 5-нд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно гэдгийг мартаж болохгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадын жуулчин байтугай дотоодын үзэгчгүй даншиг наадам

“Өдрийн сонин”-ы 2017.08.14-ний даваа гаригийн №172 (5739) дугаараас авч нийтлэв.

Монголчууд анхны даншиг наадмаа 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулан зохиож байжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байсан даншиг наадмыг 1911 онд болиулсан түүхтэй. Харин гурван жилийн өмнө “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг сэргээн зохион байгуулсан. Тухайн жил анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан даншиг наадмыг сэргээсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Басхүү аравдугаар Богдыг тодруулах ажлын урьтал болгож буй гэх яриа ч чих дэлсэж байсан. Тэрхүү наадамд 600 гаруй лам оролцон сүсэгтэн олонд зориулан ном хурахын зэрэгцээ өндөр гэгээн Занабазарын бүтээсэн соёмбот туг залах ёслол, мандал өргөх, Очирваанийн шүтээний тахилга, цам харайх гэхчилэн шашин номын цэнгүүн, лам нарын дундах тэмцээн болж байлаа. Мэдээж хэрэг наадам учраас хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа болсон. Энэхүү шашин, соёлын арга хэмжээг баяр гэхээсээ илүүтэй түүх, ёс заншил, соёл уламжлалаа дэлгэн харуулах боломж хэмээн онцолж байв. 100 жилийн өмнөөс тасраад байсан наадмыг сэргээх болсны цаад зорилгыг гадаадын жуулчдыг татах, Монгол Улсаа дэлхийд сурталчлах боломж гэж тайлбарладаг. Тэгвэл гурван жил болоход даншиг наадам ямархуу нэр хүндтэй, зохион байгуулалттай болж байна вэ. Энэ жил даншиг наадам болсныг Гандангийн хэдэн ламаас өөр хүн мэдсэн юм болов уу. Лавтай манай ойр тойрныхон тийм наадам болж байгаа тухай дуулаа ч үгүй байна лээ. Таарсан хүн бүрээсээ даншиг наадмыг очиж үзсэн үү гэж асуухад “Хаана болсон юм бэ. Мэдсэн бол очиж хуушуур иддэг байж” гэсэн дэг. Нэг ёсондоо ямар ч сурталчилгаа байсангүй. Улсын төсвөөс өчнөөн зуун сая төгрөг гаргаад зохион байгуулж байж олигтойхон сурталчлаад иргэдэд хүргэж болдоггүй юм уу. Наадам болохын өмнөх өдөр хэдэн сонин, сайт өөрсдийн санаачилгаар хөтөлбөрийг нь мэдээлсэн байх. Түүнээс өөр сурталчилгаа, менежмент байсангүй. Уг нь бол даншиг наадам зохион байгуулна гэдэг дэлхийд байхгүй санаа. Дэлхийн буддистуудын жилдээ ганц цуглардаг томоохон наадам болгох боломж. Өнөөдөр дэлхийн хүн амын тавны нэг хувь нь буддын шашинтан гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл тэрбум гаруй хүн бурхны шашинд итгэж, хүндэтгэлтэй ханддаг. Тэдний тал хувийг биш юмаа гэхэд дөрөвний нэгийг цуглуулсан нүсэр том наадам зохион байгуулж яагаад болохгүй гэж. Энэ бол дэлхийд өөр хаана ч байхгүй том боломж, санаа шүү дээ. Хагас жилийн өмнөөс ийм наадам болно гэдгийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилж жинхэнэ тэсрэлт хийх хэрэгтэй. Жил бүрийн нэгдүгээр сард дээрхийн гэгээнтэн Далай лам ном айлдаж, сан тавьдаг. Энэтхэгийн аль нэг хотод болдог энэхүү номонд суухаар дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтнүүд зорин очиж байна. Монголчууд ч гэсэн тэр үед хэдэн зуугаараа Энэтхэг явдаг. Өнгөрсөн жил гэхэд 200 гаруй хүний суудалтай онгоцны тусгай нислэг хүртэл гарч байсан шүү дээ. Үүн шиг дэлхийг хамарсан сайхан баяр зохион байгуулмаар байна. Үзсэн хүн бүрийн сэтгэл догдолж очихыг хүсдэг тийм гоё сурталчилгаа хийгээд дэлхийгээр цацаад үз. Хагас тэрбум хүнд сурталчилгаагаа хүргэчих юм бол ядаж 50 сая жуулчин хүрээд л ирнэ. Тэдэнд зориулаад өв соёл, зан заншлаа гайхуулах хэрэгтэй. Ингэж даншиг наадмаа хийсэн шиг хиймээр байна. Түүнээс биш өнөө жилийнх шиг тав аравхан хүн суулгачихаад бөх барилдуулах хэрэггүй. Иймэрхүү наадмыг гадаадын жуулчид битгий хэл дотоодын үзэгчид ч тоохгүй. Угаасаа юуг нь ч үзэх вэ дээ. Сар хүрэхгүй хугацааны өмнө улсынхаа их баяр наадмыг үзээд сэтгэл нь цадсан хүмүүст илүү гарах зүйлгүй даншиг онц санагдахгүй нь ойлгомжтой. Үнэхээр тийм байна гэдгийг өнөө жилийн даншиг хангалттай харуулах шиг боллоо. Зурагтаар гарсныг анзаарах нь ээ Төв цэнгэлдэх хүрээлэн хоосон шахуу л байсан даг. Хэдхэн хүн суусан нь бодвол зохион байгуулагчид байсан биз. Ингэж хоёрын хооронд зохион байгуулсан нэртэй төсвийн хөрөнгийг үрэн таран хийх хэрэггүй юм. Аливаа ажлыг олигтой зохион байгуулж чаддаггүй манайхны алдаа нь гэнэтийн шийдвэр гаргадагтай холбоотой. Бараг л шөнө нь зүүдэлж хоноод өглөө нь шийдэх юм. Төрийн ажил лав иймэрхүү маягаар явдаг. Шашных ч бас ялгаагүй байдгийг даншгаас харлаа. Залгамж холбоо гэж зүйл төрд ч, шашинд ч байдаггүй юм байна. Урд намын ажлыг хойдох нь хийдэггүй гэх муухай хийрхлээс болж даншиг наадмын нэр хүнд, зохион байгуулалт, менежмент ерөнхийдөө унах тийшээ хазайчихлаа даа. Зохион байгуулж буй хүмүүс өөрсдөө менежментээ хийж чадахгүй байгаа бол улсын наадмын комисстой хамтарч болно. Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх рүү үнэгүй нийтийн тээврийн үйлчилгээ гаргаад, хуушуурын зөвшөөрөл олгоод, аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулаад хийсэн шиг хийх хэрэгтэй. Ер нь бол улсын наадмаас илүү зохион байгуулалттай, илүү сонирхолтой байж гэмээнэ олны анхаарлыг татна. Тэгж чадахгүй бол утгаа алдаад байна шүү. Дээрээс нь ганцхан Гандантэгчинлэн хийд голлох биш Монголын сүм, хийдүүд тэр чигтээ хөдлөх хэрэгтэй. Нэгдэж, нийлж байж илүү үр дүнд хүргэнэ. Тэгэхгүй хөндлөнгөөс хараад суугаад байвал хэнд ч хэрэггүй болж хувирах нь ээ.

Энэ наадмын бас нэг хэрэггүй зүйл нь бөхийн цол. Энэ жил улсын арслан Р.Пүрэвдагва даншгийн даян аварга цолонд хүрсэн л гэнэ. Гэвч тэр нь ямар утгатай цол юм бүү мэд. Ямар ч байсан үндэсний бөхийн эрэмбийг жагсаахад түй ч нэмэр болохгүй. Хэний ч танихгүй, огт цолгүй хүн даншгийн аварга боллоо гэхэд сумын начны дээр эрэмбэлэгдэж чадахгүй. Нэг ёсондоо үндэсний бөх тэрхүү цолыг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг. Ингэж хүлээн зөвшөөрөгдөхгүй дэмий хоосон цолоор яах юм бэ. Нэг их аварга, арслан цол өгч байгаа мэтээр маяглах хэрэггүй. Үнэхээр цол өгмөөр байгаа юм бол бөхийн холбоотой ярилцаж байгаад хооронд нь уялдуулчих. Даншгийн наадамд түрүүлсэн бол чимэг нэмдэг байж болно. Түүнээс биш хаана ч хэрэг болохгүй худлаа цол өгөөд яах ч юм билээ. Ямар бөхчүүд цол авахын дон туссан биш. Тэгээд ч бөхчүүд цол өгөхгүй бол барилдахгүй гээгүй биз дээ. Ингэж илүү дутуу зангаар даншиг наадмынхаа нэр хүндийг унагаад байвал хүүхдийн тоглоом болоод дуусах шинжтэй шүү. Дээрээс нь даншиг наадмын үеэр лам нар хоорондоо ямар эв түнжингүй байдаг нь ил боллоо. Нэг лам нөгөөгөө зодсон л гэнэ, цус нөжийг нь гаргасан л гэнэ. Нэг нь өчнөөн жил зодуулсан ч шашны нэр хүндээ бодоод тэвчдэг байснаа ярьж уйлаад зогсож байх жишээтэй. Нас биед хүрсэн хүмүүс байж яахаараа хүүхдүүд шиг бие биенээ самардаад байдаг юм бэ дээ. Ядаж л лам хүмүүс чинь энэрэнгүй нинжин сэтгэлтэй, зөөлөн ариун явдалтай байдаггүй юм уу. Бид тэгж л төсөөлж шүтдэг юм шүү дээ. Гэтэл юун ч айхтар харгис зодолддог юм. Ил гарсан нь л тэрхүү зодоон болохоос хөшигний цаана юу болж байдгийг мэдэхгүй. Ингэж лам нар өөрсдөө даншиг наадмынхаа нэрийг сэвтүүлээд байвал хэн сайхнаар хүлээж авах вэ дээ. Хоорондоо учраа олж чадахгүй энэ янзаар явбал гадны жуулчдыг татах бүү хэл дотоодын үзэгчдийнхээ элэг доог болох нь байна шүү.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Гантулга: Хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ ганц, хоёр хүнээр туг тахих ёсгүй

“Өдрийн сонин”-ы 2017.08.08 Мягмар гаригийн 168 (5735) дугаараас авч нийтлэв.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга зурган илэрцүүдНИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа.


-Та НИТХ-д сонгогдоод жилийн нүүр үзлээ.Энэ хугацаанд юу амжуулав.Хийсэн гол ажлуудаа нэрлээч гэвэл юуг онцлох вэ?

-энэ жил гантай хэдий ч дэлгэр сайхан зун болж өнгөрлөө.нийт иргэдийнхээ мэндийг эрье. Миний бие нИтХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод үндсэндээ нэг жилийн хугацаа өнгөрч байна.Жилийн хугацаанд багагүй ажил санаачлан хийгээд ард нь гарлаа.нИтХ 2017 оны төсвөө баталсан цагаас хойш төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлж хяналт тавин ажиллаж байна. Үүнд: Хотын дэд төвүүдийг байгуулах ажлуудыг эхлүүлж түүн рүү цахилгаан болон цэвэр ус, дулааны шугам сүлжээг татах, дүүргүүд дотор зам чөлөөлөх, шинээр явган болон авто зам тавих ажлуудыг харьяа байгууллагууд нь хариуцаж хийсэн мөн нийтийн тээврийн шинэчлэлийн ажлууд эхэлсэн ба ирэх онд BRT төсөл хэрэгжиж эхлэх бааз суурийг хангаж ажилласан. энэ мэтчилэн томоохон хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийн эхлэл тавигдаж амжилттай хэрэгжих боломж бүрдлээ. Мэдээж богино хугацаанд хийхэд төсөв мөнгө болон иргэдийн санаа санаачилгатай холбоотой ажлууд тул дунд хугацаандаа өгөөжөө өгсөн эрүүл аюулгүй орчныг бий болгох ач холбогдолтой юм.энэхүү хугацаанд нИтХ арван удаагийн чуулган хийхдээ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд зарим дүрэм журмыг иргэдийн эрх ашгийг илүү хамгаалсан байдлаар шинэчлэн өөрчилж баталсан болно.

Мөн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уИХ-д өргөн бариад байгаа.уг хуулийн төслийг намрын уИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах байх. Миний хувьд тойрогтоо хэд хэдэн ажлыг санаачлаад хөрөнгө мөнгөний асуудлыг тодорхой хэмжээнд шийдүүлээд явж байгаа.Манай тойргийн онцлог бол төвийн бүсийн орон сууцны хороолол юм.томоохон ажил гэвэл сэлбэ голын тохижилтын ажлын зураг төслийг хийлгээд дуусаж байна. одоо хөрөнгө мөнгийг шийдүүлэхээр ажиллаж байна. уг ажлыг төр, хувийн хэвшилтэйгээ хамтраад хэрэгжүүлэх юм. Мэдээж нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгийг гаргуулна.

Нэлээн далайцтай бүтээн байгуулалтын ажил болно гэж төлөвлөж байгаа.түүнчлэн сургууль, цэцэрлэгийн асуудалд анхаарал хандуулж байна. энэ онд зураг төсвийнх нь мөнгийг батлуулсан. 2018-2019 онд нэг цэцэрлэг шинээр барьж Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэх дүгнэлттэй 21 дүгээр сургуулийг ирэх жил буулган шинээр 960 хүүхдийн сургууль барихаар төсөвт суулгаж байгаа.

Хороолол доторх зам засварын ажлуудыг хийж дууссан боловч хангалттай хөрөнгөгүйгээс болж борооны ус зайлуулах хоолойг шинэчилж чадсангүй.Мөн хороодынхоо угсармал, өнгө үзэмжээ алдсан, дээврээсээ ус алддаг, хүйтний улиралд дулааны алдагдал ихтэй угсармал орон сууцнуудыг орчин үеийн шинэ технологиор дулаалах, дээврийг нь шинэчлэх ажлуудыг эхлүүлж зураг төсвийг нь хийлгэж байна.Ирэх хавар засварын ажил эхэлнэ.гэх мэтчилэнгээр нэг жилийн хугацаанд хангалттай ажил хийсэн гэж бодож байгаа. Мэдээж хэрэг цаашид ч хийх ажил их байна.Бид эрүүл, аюулгүй орчинд иргэдээ амьдруулна гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан.амлалтдаа хүрч манлайлж ажиллана гэж бодож байгаа. аливаа ажил эхлүүлж, хийхэд хугацаа хэрэгтэй байдаг юм байна.

-Сэлбэ голыг тохижуулна гэж ярилаа.Ардчилсан нам ИТХ-ыг удирдаж байхдаа Сэлбийг дэлхийн жишгээр тохижуулна гээд Арслантай гүүрний хоёр талаар ус оргилдог болгосон.Хэнд ч хэрэггүй тэр ажилдаа хэдэн зуун саяыг төсөвлөж байсан шүү дээ.Түүн шиг болчих юм биш байгаа?

-Өмнөх улсуудынхаа хийсэн ажлын алдаа дутагдлаас суралцах хэрэгтэй.Үе үеийн нийслэлийн удирдлагын алдааг бид давтахгүйн төлөө дуу хоолойгоо гаргаж ажиллана.Өмнөх тохижилтын ажлын тухайд гэвэл арслантай гүүрний усан оргилуурыг иргэд шүүмжилж байсан нь үнэн.Өчнөөн арван сая төгрөгөөр хэнд ч хэрэггүй зүйл хийлээ гэж байсан.Ач холбогдлыг нь ч ойлгоогүй.Бид тийм ажил хийхгүйн төлөө шаардлага тавьж ажиллаж байгаа.тооцоо судалгаатай, зураг төсөлтэй, төсөв мөнгөтэй, олон улсын жишигт нийцүүлэн бүтээн байгуулалт хийнэ. Иргэд чөлөөт цагаа зөв боловсон байдлаар өнгөрүүлэх газаргүй байна гэдэг.Тэгвэл сэлбийн эрэг буюу арслантай гүүрнээс доош Нарны замын гүүр хүртэл жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой тийм газар болгоно гэж зорьж байгаа.Хөгшид нарлаж суугаад шатар даалуугаа тоглодог, залуус нь амралт уулзалтаа хийдэг, хүүхэд багачууд айх аюулгүй тоглон нааддаг сайн дурын урлагийнхан хүссэн цагтаа тоглолтоо хийдэг тийм л газар бүтээн байгуулах юм.Энэ газар нь байршилынхаа хувьд хотын төв болохоор нийслэлийн иргэдэд бүгдэд нь хэрэгтэй байх болно.

-Хэдэн онд тийм болох вэ?

-Энэ жил газар шорооны ажил эхлүүлээд явчихъя гэж бодсон ч голын ай сав, голын голдрилыг түр хугацаанд хаах, өөрчлөх болон технологийн шийдлүүд зайлшгүй шаардлагатай байгаа болохоор мэргэжлийн байгууллагууд оролцож тооцоо судалгааг илүү их нарийн хийж байгаатай холбогдуулан мөн хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлага тулгарч байгаа тул хугацаа орох болно.Удахгүй зураг төслийг нь эрэг дагуу байршуулна.Түүнийг хараад иргэд маань өөрсдийн санал, санаачилгыг хэлж болно.

-МАН нийслэлийн орон сууцны гадна талыг дулаална гэсэн амлалт өгч сонгуульд өрсөлдсөн.Ялангуяа таны сонгогдсон тойрог хуучны орон сууц ихтэй.Тэр ажил юу болж байгаа вэ.Энэ зун эхлүүлэх болов уу гэж харж байсан ч ажил хэрэг болсон зүйл алга?

-1984, 1990 оны угсармал байшин ихтэй. Мөн шавар байшин, сургууль, цэцэрлэг бий.Шавар байшингуудыг 2020 оноос өмнө актлахыг нь акталж, буулгахыг нь буулгана.Угсармал орон сууцнуудын тухайд үндсэн суурь хийц нь бетон болохоор цаашид олон жил ашиглах боломжтой.Гол нь өнгө үзэмж болон дулаан алдагдлыг бууруулж өгөх хэрэгтэй байгаа юм.Ажил эхэлчихсэн яваа.

Манай тойргийн хувьд 13 дугаар хорооллын голын зам дагуух угсармал барилгыг гадна талаас нь дулаалж эхлэхээр төлөвлөж байсан боловч энэ жил зөвхөн зураг төслийн төсвийг шийдүүлсэн.Зураг төслийн хүрээнд тухайн орон сууцнуудын дулаан алдагдлыг тооцох юм.Нэг дор бүх барилгыг чадахгүй биз.Тиймээс тодорхой хэмжээний хөрөнгийг Азийн хөгжлийн банкнаас гаргуулахаар болж хариуцах албадууд ажиллаж байна.Мөн нийслэлийн төсөвт тодорхой хэсгийг суулгана.Үүнд иргэдийн оролцоо ч чухал.СӨХ-той хамтраад оршин суугчдаас тодорхой хэсгийг гаргуулаад явах боломж бас бий.Гадна талын дулаалга фасаднаас гадна нэг мөр дээврээ бас засаад явна гэж бодож байгаа.Тав, арван жилдээ хүний гар хүргэхээргүй болгох шинэ технологи барилгын материалууд ашиглагдах юм.Нэг тооцоо судалгаагаа хийгээд ажил эхлүүлчихвэл цаашид хурдан үргэлжлэх боломжтой гэж харж байна.Ямартай ч энэ жил эхлэлийг нь тавьсан.Ирэх хавраас нүдэнд харагдахуйц ажлууд хийгээд явах юм.

-Нийслэлийн хэмжээнд хийхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд юу байна вэ.Э.Бат-Үүл даргын үед нийслэлд олон ажил хийсэн.Танай нам түүнийг давж чаддаггүй юмаа гэхэд дөхүүлсэн ажлууд яагаад хийхгүй байна вэ?

-Хийхгүй биш хийгээд л яваа.Зам засварын ажил, уулзваруудыг шинэчлэх ажил явдгаараа явж л байна.Зайсангийн авто замын ачааллыг багасгахын тулд хоёр уулзварыг өргөтгөх ажил явж байгаа.Яармагийн зөөврийн гүүрийг шинэчилж шинээр хүнд даацын гүүрний ажлыг эхлүүлээд байна.Мөн Баянзүрхийн гүүр болон Улиастай, Гачуурт руу салдаг замаас Налайхын урд талын Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажил удахгүй эхэлнэ.Хөрөнгө мөнгө нь шийдэгдээд гэрээ байгуулчихсан байгаа.Хойд зүгт Дарь-Эхээс Хайлааст руу Сэлбэ гол дээгүүр нэвт гарсан гүүр болон замын ажлууд эхлээд явж байна.Шинээр баригдаж буй сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд эхэлчихсэн зарим нь дуусаад хүлээлгэж өгчихсөн байгаа.Гэх мэтчилэн олон ажил бий.Мэдээж өмнөх засгийн үед хийсэн ажлууд байгаа шүү дээ иргэд бүгд л мэдэж байгаа.Хий, шийд гэж сонгогдож, ажил үүрэг авдаг энэ ч утгаар бид шаардлагаа тавьж хийж чадахгүй байгаа хариуцлага алдсан улсууддаа хариуцлага тооцож цаашид ажиллана.Бидний хувьд аль болох зардлуудаа танах өнөөдөр шаардлагагүй байгаа төсөл хөтөлбөрүүдэд мөнгө зарахгүй байх бодлого барьж байна.Өмнөх засаг хэд хэдэн тэрбум төгрөг жил бүр нэг наст цэцэг, хогийн ногоон уутанд зарцуулсан тэрний оронд ганц ч болтугай сургууль, цэцэрлэг барьсан бол дээр байхсан.Энэ мэтчилэн төсвийн зарцуулалт дээр ярих юм байдаг.ЖДҮ-ийг нэмэгдүүлье гэсэн зорилготой ажиллаж байгаа.Нэг жилийн хугацаанд учиргүй бүх ажлыг дуусгаад, эсхүл эхлүүлээд явж чадахгүй.Бидний өнөөдрийн хийж буй ажлын үр дүн хоёр, гурав, дөрвөн жилийн дараагаас харагдана.ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар бид эдийн засгийн хямралаас гарч чадна гэж харж байгаа.Гагцхүү тооцоо судалгаа, хяналтаа сайжруулж байж энэ нь боломжтой.

-Утааг бууруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ.Манайхан дулаараад эхлэхээр утаагаа мартчихаад байх юм?

-Утаа гэсэн том асуудлыг мартаагүй.Тодорхой ажил эхлүүлээд явж байгаа.Шөнийн цахилгааны тарифийг тэглэсэн, гэр хорооллын айлуудад хөнгөлттэй нөхцөлөөр халаагуур олгоод эхэлсэн.Хотод утаа үүсгээд байгаа бага, дунд, том оврын яндангуудыг хааж байна.Эхний ээлжинд зуу гаруй янданг хааж төвийн дулаантай холбож өглөө.Дараа жил мөн адил энэ ажил эрчимтэй хийгдэнэ нүүрс түлдэг зуухнуудыг хэсэгчилж хаана.Цаашид энэ тоо нэмэгдээд явах юм.

-Нэг хэсэг хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ гээд байсан.Одоо чимээгүй болчихсон уу?

-Хотын захиргаа ч юм уу шинээр хотын ордонг ч гэдэг юм уу тийш нь нүүлгэх шаардлага байхгүй.

-Яагаад?

-Өмнөх Засаг дарга нүүлгэх ажлыг эхлүүлсэн.2016 оны зургадугаар сарын 30-нд гадны компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байдаг.Орон нутгийн удирдлагын ордон барих 220 орчим андуураагүй бол тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэрээ.Тэрийг бид хэлэлцээд одоогоор тийм их хэмжээний хөрөнгөөр ордон барих шаардлагагүй гэж үзээд гэрээг цуцалсан юм.Одоо ойрын хэдэн жилдээ дахин тийм асуудал яригдахгүй.

-МАН-ын шинэчлэлийн асуудал яригдаж байна.Ялангуяа залуус шинэчлэл хийе гэж хүчтэй дуугарч байх шиг.Ер нь МАН-ыг яаж шинэчлэх юм бэ?

-Залуус гэлтгүй намын гишүүд шат шатандаа шинэчлэл хийе гээд дуугарч эхэлсэн.Би намынхаа дотоод үйл хэрэгт оролцоод есөн жил болж байна.Намын анхан шатны нэгж болох үүрийн хяналтын хэсгээс ажилласан, зовлон жаргалыг нь тодорхой төвшинд хамтдаа үүрэлцээд мэдрээд явж буй хүний хувьд, намын шинэчлэлийг дэмжиж байгаа.Яахав нийгэмд харагдаж байгаа нь хэдэн залуус байж магадгүй.Гэхдээ шинэчлэлийг нийгэм өөрөө хүсэж байна.Намын дотоод асуудлыг ил болгохыг нийгэм шаардаж байгаа.Монгол Улсын цаашдын хөгжил, нийгмийн бодлогыг зөв төлөвлөөсэй гэдэг утгаараа өөрчлөлтийг хүсч байна.Намын дотоод болон гадаад институцийг шинэчлэн зохион байгуулах цаг болсон.Намын үзэл баримтлалыг нийгэмд яаж хүргэх вэ, залуу гишүүдийг хэрхэн намын бодлогод татан оролцуулах вэ гэхчлэн асуудалд доголдол гарсан учраас реформ хийе гэж дуугарч эхэлж байна.Миний хувьд ганц нэг хүний алдаан дээрээс болж намаа шинэчлэх ёстой гэж яриагүй.Яахав зарим нэгэн рүүгээ дайрсан, хариуцлага тооцъё гэсэн зүйл гарч байгаа.Хамгийн чухал нь намын системийг өөрчлөхийн тулд МАН ч гэлтгүй АН ч гэсэн шинэчлэл хийх цаг болсон байна.Өнөөдөр олон мянган гишүүнтэй, том намууд мөртлөө хэдэн дарга нарынхаа үзэл бодлоор явдаг болчихлоо.Ингээд ирэхээрээ л буруудаж байгаа юм.Намын гишүүд болон сонгуулийн гэдэг чинь ард түмний төлөөлөл гэсэн үг.Тэд дуугарах ёстой.Энэ зүйл алдагдахаар нийгмийн тогтвортой байдал алдагдаж байгаа юм.Алдагдсаныг бид саяын өнгөрсөн сонгуулиудаар харлаа.Ардчилсан нам үнэхээр мундаг бодлого боловсруулаад, улс орныг цааш нь өөдтэй явуулж чадна гэсэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй.Нэг ёсондоо бодлогын хэмжээний сонгууль болж чадсангүй.Үр дүнгийг нь хар.Хаа сайгүй эргэлзээ, хардалт, итгэлцэл гэдэг нандин зүйл үгүй боллоо.Засгийн газрын томилгоо ч гэсэн ялгаагүй.Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан.Нам нь өөрийн институцуудаа зөв зохион байгуулж нийгмийн болон эдийн засгийн хүлээлтүүдийг урьдчилан тооцож төрийн эрх барих замаар бодлогуудаа хэрэгжүүлдэг ийм л онолтой.Мөн нийгмийн салбаруудын хөгжлийн бодлогууд тодорхой байх ёстой.

-Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ.Жишээлбэл, таны хувьд гарын үсэг зурсан уу?

-Тийм зүйл өрнөж байгаа.Дотор нь ажиллаж байгаа мөртлөө би мэдэхгүй гэж хэлэн сонгогчдоо хуурч чадахгүй.Би үнэн, бодит зүйлийг ярих ёстой.Гарын үсэг зуруулах ажил явж байгаа гэж сонссон.ИТХ-ын төлөөлөгчид бид уулзана, ярилцана, санаа бодлоо солилцоно.Гэхдээ нэг хүн дээр хариуцлага тооцоод бүхнийг засна гэвэл дэндүү өрөөсгөл.Нэгэнт намын реформ ярьж байгаа бол цаашид манай нам нийгмийг зөв бодлогоор чиглүүлж чадах уу гэдгийг хөндөх ёстой.Хэн нэгэн даргыг огцруулах тухай мянга яриад яахав дээ.Асуудлыг нь шалгаж байгаа гэх мэдээлэл байгаагаас цаашгүй байна.Ерөнхийлөгч хүртэл анхааралдаа авч шалгахыг үүрэг болгосон биз дээ.Мэдээж хэрэг бүх шатанд хариуцлага ярих ёстой.Шалтгааныг зөв оношилж байж цаашид зөв алхаж эхэлнэ.

-Та түрүүн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй улстөрчид олон байна гэсэн.МАН тийм хүмүүсээ эргүүлэн татах улс төрийн том соёлтой нам байж чадахгүй нь уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.Уг өөрчлөлтөөр төрийн албанд томилогдсон сайд, дарга нар, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах утгатай заалтууд уг хуулийн төсөлд орсон гэж ойлгож байгаа.Иргэд сонгосон бол эргүүлэн татах эрх нь бас хуульчлагдаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирэх байх.Энэ бол маш зөв заалт.УИХ ч дэмжээд батлах болов уу.Өнөөдөр аль нэг намын нэрийг унагаад сандал ширээтэйгээ зууралдаад байгаад байх ямар ч шаардлага байхгүй.Нам нь ч гэсэн тэр хүндээ хариуцлага тооцдог байх ёстой.Асуудал гаргасан хүн ч гэсэн уучлал гуйгаад ёс зүйтэйгээр өөрөө холддог байх жишигтэй болмоор байгаа юм.Би энэ удаа болоод өнгөрдөг сонгуультай холбож ярж байгаа юм бишээ явж явж бид хаана ирэв гэдгээ эргэж нэг харах цаг болж.

-Ажлыг нь өгүүлж чадахгүй байгаа юм биш үү.Ойрын жишээ гэхэд таны дэргэд байгаа хотын дарга С.Батболд бараг л аргагүйн эрхэнд хотын дарга болсон мэт ярьдаг.НИТХ-ын даргыг ард түмэн хамгийн түрүүнд албан тушаалаас нь огцруулахыг хүсэж байна.Тэдэндээ хариуцлага тооцох ёстой хүмүүс нь та тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид биз дээ.Яагаад чадахгүй байгаа юм?

-Намын бага хурал удахгүй болох байх.Мөн их хурлаа ч бас товлоно.Тэнд намын ажлын тайлан болон сонгуулийн тухай асуудал яригдах байх гэж бодож байна.Нийслэлийн хэмжээнд ч ярилцаж байж л шийдэх байх.Миний хувьд бие биендээ шударга, эв эеийг хичээж байж асуудлуудын шийдлийг олно гэж бодож байгаа.Зарчмын том асуудлууд удахгүй яригдаж эхэлнэ.Буруутай гэвэл бүгд буруутай.Буруугүй гэвэл бүгд буруугүй.Тэрийг ямар өнцгөөс харж яаж ярихаас хамаарна.Мөнгө төгрөг авч өгөлцөн төрийн албыг наймаалцана гэдэг байж боломгүй буруу асуудал.Тэрийг шалгадаг байгууллага нь шалгаад тодорхой болгох байх.Хотын даргын хувьд УИХ-д хоёр, гурван удаа сонгогдсон туршлагатай улстөрч.Хотын ажлыг аваад явж чадах хүн гэж намаас томилогдсон.

-Гэхдээ хотын даргаар хотын хүнийг томилж болоогүй юм байх даа?

-Нийслэлийн иргэн л хүн шүү дээ.Иргэн хүн хотоо удирдаж байгаа гэж ойлгож байна.Аль нэг аймаг, сумаас хүн томилоод ажиллуулаагүй.Ер нь цаашид хотын даргыг нийслэлийн иргэдийн саналаар сонгодог болмоор санагддаг.Эсхүл төлөөлөгчдийн санал хураалтаар хотын даргыг сонгодог болвол илүү ардчилсан ёсонд ойрхон байх болов уу.Мөн НИТХ-ыг ч бас байнгын ажиллагаатай болгож байж Нийслэл хотын хараат бус байдал, нийгэм эдийн засгийн хөгжил батжина гэж хардаг аа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа хий хоосон магтан дуулахын оронд жинхэнэ эх оронч сэтгэлээр хөгжүүлмээр байна

Төр засгийн зүгээс аялал жуулчлалыг нэмэгдүүлж гадны жуулчдыг татах янз бүрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж байдаг. Гэвч бодит дүнгээр гадны жуулчдын тоо тэгтлээ нэмэгдсэнгүй. Харин дотоодын жуулчдын тоо жилээс жилд өссөн дүн мэдээ байна. Зуны гурван сард аялал зугаалгаар явдаггүй хүн гэж байхаа больсон байна. Амралтаа авсныхаа маргаашаас л аль нэг нутаг орныг зорин аялах болж. Гэр бүл, үр хүүхэд, хамт олон, найз нөхдийнхөө хамт эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалж буй. Миний, бас таны танилууд үзэсгэлэнт газруудаар аяласан тухай зурган тэмдэглэлийг өөрийн цахим хуудсаар танилцуулж эх орноо магтан дуулж байгаа нь тун сайн хандлага. Улаанбаатарт төрж, өссөн сүүлийн үеийнхэн улсынхаа үзэсгэлэнт газруудтай танилцан, байгалийн сайхныг биширнэ гэдэг бол эх орноо хайрлах сэдлийг төрүүлэх чухал алхам юм. Зөвхөн улаанбаатарчууд гэлтгүй орон нутгийнхан ч гэсэн бусад аймаг, сумаар явж дотоодын жуулчлалыг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн жил л гэхэд Хөвсгөл нуурын эрэгт 300 гаруй мянган дотоодын аялагч очиж амарсан гэх тоог салбарынхан нь гаргасан байна лээ. Ингээд бодохоор яах аргагүй дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байна. Аялал зугаалгаар явсан ихэнх хүн эх орныхоо байгалийн сайхныг шагшин магтсаар ирдэг. Гэхдээ бид аялж явах үедээ өргөн уудам нутаг орондоо эзэн нь болж төрснөөрөө хоосон бахархах биш жинхэнэ эх оронч сэтгэлээр хайрлаж, хамгаалдаг болмоор байгаа юм. Хайрлаж, хамгаалахын хамгийн наад захын жишээ нь хог хаяхгүй байхад л болчихно. Иргэдийн аялж зугаалж байгаа газрыг тэр гээд шууд хэлчихэж боломгүй. Яагаад гэвэл дотоодын аялагчид эх орныхоо өнцөг булан бүрт хүрч байдаг. Хөвсгөл нуурын эрэг дээр амарлаа, Увсын Хяргас нууранд очоод ирлээ, Өмнөговийн Ёлын ам үнэхээр сайхан байгальтай юм, Говь-Алтайн Эрээн нуурт заавал очиж үзээрэй, Дарьганга орж Шилийн богдод хийморио сэргээлээ гэхчилэн дөрвөн зүг, найман зовхист дураараа зугаалах болжээ. Харин яваад ирлээ гэх тэдний аян замын сонинг сонсох бүрт хог хаягдлаа яагаа бол гэх болгоомжлол төрөх юм. Арай Туулын эрэг шиг хогоор дүүргээд хаячихдаг юм биш байгаа даа. Нийслэлийнхэн Туулын эргийг ямархан дүр зурагтай байгааг дэндүү сайн мэднэ дээ. Эрэг дээр нь очоод суух байтугай зогсох цэвэрхэн газар байдаггүй. Мэдэхгүй хүнд энд чинь юу болоо вэ гэж гайхмаар дүүрэн шилний хагархай, тамхины иш, хоолны үлдэгдэл байдаг. Өрөөсөн гутал, нэг удаагийн цаасан аяга, халбага сэрээ гээд юу эс тэнд байдаг билээ дээ. Наадмын дараахан Туулын эрэг дээр хэсэгхэн саатах гэх нь ээ суух газар үнэндээ олдохгүй байсан даа. Тэр их хогийг харсан дөрөвхөн настай хүүхэд “Дэлхий ямар хогийн сав юм уу. Хүмүүс яагаад энд хог хаясан юм бэ” гэж ихэд гайхан асууж байсан шүү. Гэтэл нас биед хүрсэн, томчууд хог хаяж байгаа нь харамсалтай. Үүн шиг байгалийн үзэсгэлэнт газраар аялж яваа дотоодын жуулчид гайхан биширч, магтан дуулаад байгаа үзэсгэлэнт газрууддаа хогоо үлдээгээд явдаг юм биш байгаа даа. Аялсан газар бүртээ хог тарихгүй, ширхэг тамхины иш үлдээхгүй буцна гэдгийг л эх орноо хайрлах жинхэнэ сэтгэл гэж хэлэх гээд байгаа юм. Хог хаяхгүй, соёлтой зугаалахад тухайн нутгийн байгаль хамгаалагч нарын нөлөө их. Цэвэрхэн, ширхэг ч хоггүй аялал жуулчлалын бүс нутгийн том жишээ нь Отгонтэнгэр хайрхан байх. Очирвааньд мөргөж Отгонтэнгэр хайрханд сүслэх гэсэн хүмүүс нэг л газраар өвөр бэлд нь очдог. Тэнд байгаль хамгаалагчийн гэр бий. Очсон хүн бүрт хог хаяж болохгүй талаар сануулдаг болохоор тэр хавь хачин цэвэрхэн. Тэндээс ширхэг цаас олоод ир гэвэл бэрх санагдана. Угаасаа олдох ч үгүй биз. Бас орох хаалганы дэргэд хог хаяж болохгүй тухай сануулан бичсэн байдаг учраас хүн бүр хог хаяхгүй байхыг дор бүрнээ хичээдэг. Хичээвэл байгалийн сайхныг хадгалж чаддагийн жишээ энэ юм.

Өнөө жилийн хувьд нийт нутгаар ган гачиг ихтэй байна. Нийт нутгийн 70 хувь нь гандуу байгаа сурагтай. Хэт их халалтаас болж тал нутагт зээрийн сүрэг бөөн бөөнөөрөө харангадан үхэж байна. Хэзээ ч хүний гар хардаггүй хээрийн шувууд хатмал цөлд учраа олохгүй үхэлтэй тэмцэлдэн аврал эрж буй тухай мэдээг хүн бүр олж харсан байх. Өвс ногоо хатсанаас мал сүрэг олигтой тарга тэвээрэг авч чадахгүй эцэнхий байгаа мэдээ хөдөө орон нутгаас ирж байна. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, ширүүн бороо орж байгаа хэдий ч зуншлагад олигтой нөлөөлөхгүй нь. Хүчтэй ширүүн бороо үер болж байгаа учраас хөрсөнд ач тусаа өгөхгүй. Үер хэсэг газрыг сүйдлээд дуусдаг. Нийслэлд гэхэд үер усны хамгаалалтгүй газарт буусан айлуудыг усанд автуулахаас өөр зүйлгүй. Орон нутагт ч гэсэн зам, гүүр эвдлээ гэх муу мэдээ л дагуулах юм. Бид байгалийн хүчийг сааруулж, өөрсдөдөө хэрэгтэй байдлаар зохицуулж чадахгүй ч гэлээ үерийн усыг ашигтай болгох боломжтой. Цөлжилт, ган гачигтай тэмцэх арга нь хөв цөөрөм байгуулах гэж мэргэжлийн улс ярих юм билээ. Үерийн усыг тогтоон бариад цөөрөм байгуулж болно. Түүгээрээ ган гачгийг тайлж яагаад болохгүй гэж. Учиргүй өвс ногоо ургуулаад байдаггүй юмаа гэхэд ангаж үхэхийн даваан дээр байгаа амьтдын голыг цайлгах боломжтой. Ер нь тэгээд хөв цөөрөм байгуулчихбал тухайн газрын эргэн тойронд зуншлага сайжирч усны шувууд хүртэл ирдэг гэнэ. Тиймээс хариуцсан газрууд нь үүнд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Заавал Байгаль орчны яамыг хараад байлгүй орон нутгийн удирдлагуудад хөв цөөрөм байгуулах ажлыг санаачлаад хийх боломж бий шүү дээ. Нутгийн зөвлөлийг үүнд анхаарал хандуулж ажиллахыг сум, орон нутгаас нь уриалах хэрэгтэй. Ер нь нутгийн зөвлөл ямар зорилготой, үүрэгтэй ажилладаг юм бэ. Тухайн аймаг, сумын сор нь болсон манлайлагч нар нутгийн зөвлөлд байдаг. Тэгвэл тэд шинэ жил, цагаан сараар хотод байгаа нутгийнхнаа цуглуулж золгох шоудах, наадмаар цол авсан бөхчүүддээ байр, машин бэлэглэхээс өөр ажил хийдэг болмоор байна. Өөрөөр хэлбэл нутаг орондоо хэрэгтэй зүйл хийж, уралддаг болъё. Жинхэнэ хэрэгтэй зүйл нь хөв цөөрөм л байгуулах байна даа. Тэгж чадвал нутаг орон нь зуншлага сайтай, мал сүрэг нь тарга тэвээрэгтэй байх боломжтой. Ингэж жинхэнэ эх оронч үзлээр Монголын үзэсгэлэнт нутгаа бодитоор хайрладаг болцгооё. Хөв цөөрөм байгуулах ажлыг намар оройхон эхлүүлдэг гэсэн. Удахгүй тэр цаг ирэх нь. Уулын арын, гүн жалганд шороогоор далан барьж хөв цөөрөм байгуулдаг. Зардал мөнгө ч харьцангүй боломжийн. Нэг хөв цөөрөм байгуулахад дунджаар 7-8 сая төгрөг шаардлагатай гэсэн. Ийм хэмжээний төсвийг нутгийн зөвлөлийнхөн төвөггүй гаргах байлгүй дээ. Тэгээд ч энэ бол цол авсан бөхийг байлж шагнахаас тэс өөр асуудал. Иргэд ч иймэрхүү өндөр ач холбогдолтой ажлыг дуртай дэмжих байх. Бид эвлэлдэн нэгдэж чадвал ямар ч ажлын ард амжилттай гарч чаддагийн жишээ олон. Сая улсын хэмжээнд хэд хэдэн газар гарсан түймрийг унтраахын тулд яаж нэгдлээ дээ. Хэний ч шахалтаар биш эх орноо хайрлах сэтгэлээр эвлэлдэн нэгдсэн. Эх орныхоо төлөө нэгдэж чадаж байна. Үүн шиг хөв цөөрөм байгуулахад нутгийн залуус санал санаачилга гаргаж ажиллаасай. Нэг аймаг, эсхүл сумын залуус нутаг орондоо хөв цөөрөм байгуулсан тухай, түүний үр нөлөө хэрхэн гарч буй талаар зөв мэдээлэл түгээгээд эхэлбэл бусад нь сайн жишгийг дагах нь дамжиггүй. Тэгэхгүй бол манайх шиг улсын нөөц багатай орон хуурайшилтын өмнө хүчин мөхөсдөхөөс өөр гарцгүй болно. Туул, Хараа, Ерөө, Хэрлэн гээд томоохон гол мөрөн ширгэж байгаа сэтгэл өвтгөм мэдээ дуулдаад л байдаг. Энэ хэвээрээ байвал муу мэдээ улам л нэмэгдэх байх. Ангижрах арга нь байгалийн усыг ашиглаж хөв цөөрөм байгуулах. Ингэж байгалийн хүчний эсрэг хүн төрөлхтний авч буй арга хэмжээ дэлхийн бусад оронд ч хэрэгжиж байгаа. Европын улс оронд л гэхэд ой мод нь байгалийнхаараа биш таримал байдаг гэсэн. Ойгоо хяргаж дуусаад өөрсдөө тариад ургуулчихдаг юм билээ. Манайх ч бас мод тарих үндэсний өдөртэй болсон. Европ шиг бүх модоо хяргаад дуусгачихаагүй юм чинь одоо байгаа ойгоо хамгаалж, арчилж баймаар юм. Бид уудам сайхан, онгон зэрлэгээрээ сайхан байгальтай улсын иргэд гэж хий хоосон магтан дуулахын зэрэгцээ одоогийнхоос илүү хөдөлмөрлөж, байгаа зүйлээ хайрлан хамгаалах хэрэгтэй байна.