Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл шимшрүүлсэн “АНЧИН” ОХИН

Арван гурван настай, мөрөн дээрээ бүргэд суулгасан казах охины зураг дэлхийн сэтгэл шимшрүүлсэн 25 зурагт багтжээ. Бас гудманд согтоод унасан аавыгаа чирч гулдчих хүүгийн зураг тус жагсаалтад орсон байна. Монголыг төлөөлөх уг хоёр зургийн нэг болох казах охины зургийг “ВВС” агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байв. Ингэснээр дэлхий дахинаа сүүлийн үед хамгийн олон удаа татаж авсан, хамгийн их сэтгэгдэлтэй зургаар тодорчээ. Зурагны хувьд тэгтлээ сүйд болохооргүй зураг л даа. Олны анхаарлыг татаж байгаа гол зүйл нь “13 настай анчин охин” гэх тайлбартаа байгаа юм. Алдрай жаахан охин ан хийж, амьтны амь тасалж байна гэвэл хэний ч сэтгэл хиртхийнэ. Үнэндээ жирийн нэг сэтгүүлчийн энэ нэр ньавсан зургаа олонд хүргэж, шуугиан тарих гэсэн санаа юм шүү дээ. Үүнийг сэтгүүлч мэргэжилтэй хэн ч ганц хараад л шууд ойлгоно. Хаа газрын сэтгүүлчид адилхан. Шуугиантай мэдээлэл олж, олны анхаарлыг татахыг хичээдэг. Ингэж явахдаа казах охинтой таарч “Алив миний дүү наад бүргэдээ мөрөн дээрээ суулгаад зургаа авахуулчих” гэж хэлээд л уг зургийг аваа биз. Харин зургийн тайлбартаа анчин охин бүргэдээр ан хийдэг хэмээн тодотгожээ. Энэ бол маш худлаа тайлбар. Хэзээ байтлаа монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулж байсан юм бэ. Монголд арван гурван настай охин ан хийдэггүй. Ан хийх нь бүү хэл монголчууд амьтны амь таслахыг охин хүүхдэд харуулдаггүй. Идшээ төхөөрөхдөө охидод улай үл харуулж, цаашаа бай гэдэг. Бид охин үрээ эвийлж хайрлан өсгөдөг ард түмэн. Муу юм сонсчих вий, муухай зүйл харчих вий гэж нандигнадаг. Манай улсын арван гурван настай охид сургуульд явж, найзуудтайгаа тоглож, iPhone утас барьж, iPad дээр youtube-ийн бичлэг үзэж байгаа. Хөдөө өссөн нь морь л унаж чадах байх. Түүнээс биш эвэр хошуутай бүргэд тэвэрчихээд ан хийж гүйдэггүй юм. Арван гурван настай монгол охин ан хийж амьтны халуун амь тасалж байна гэхээр ухаан санаанд багтахгүй байна. Дэлхий яг ийм сэтгэхүйгээр хүлээж аваад л сэтгэл шимшрэм зураг гэж үзээд байгаа хэрэг. Ийм байдлаарарваннэгдүгээр сард Баян-Өлгийд тэнэж явсан сэтгүүлч дэлхий нийтийн өмнө биднийг, манай охидыг гутаан доромжиллоо. Аавууд охин хүүхдэдээ амь байдаг. Ингэж эрхлүүлэхдээ л анчин өвгөн өөдөсхөн охиныхоо мөрөн дээр бүргэдээ суулгасан нь гадны сэтгүүлчийн олз болжээ. Хамгийн дургүй хүрмээр нь Монголын төр засаг, ССАЖЯ-ныхан уг мэдээг тосож аваад “Тийм ээ, манай Монголын охид ийм эрэлхэг” хэмээн хөөрцөглөж байна. Бүр анчин охины тухай кино хийж, дэлхийд Монголыг сурталчлахад тусална гэж байна. Эх орондоо жуулчдыг татах нэрээр өөрсдийгөө доромжлуулан тэнэглэцгээх нь. Мөнгө олно, олно гэхэд арай ч ингэж алиалж болохгүй байх аа. Угтаа бол тэр сэтгүүлчийг олон улсын шүүхэд өгч мөнгө нэхэх хэрэгтэй байна. “Монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулдаггүй юм аа. Та Монголын цэцэг цэврүү шиг охидыг олон улсад маш муухайгаар харуулж биднийгдоромжиллоо” хэмээн шүүхэд хандвал зүй ёсны хэрэг болно.

Уг зургийг үндэслэн анчин охины тухай кино хийж байгаа гэнэ. Худлаа анчин гэж хөөрцөглөсөндөө бантаад яг жинхэнээсээ амьтны амь таслуулах нь л дээ. Тэгээд ийм юм дэлхийд харуулаад монголчууд арваад настай охиноороо амьд бодьгал алуулан өөрсдийгөө тэжээлгэж байдаг гэж хэлэх гэсэн юмуу. Англи америк охидын тухай ийм кино хийе гэвэл яах бол. Бага насны хүүхдийгбайж боломгүй аймшигт зүйлээр гутаалаа хэмээн айхтар том хэрэг тохооно. Төр засаг дэмжих нь байтугай жирийн иргэд нь ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл манайхан “Та нар биднийг ийм хүнлэг биш, ийм зэрлэг цэнгэлийг минь үзэж бидний өмнөөс сэтгэл шимшир” гэх гээд байгаа юм уу.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар орон нутагт хуралдаж олон асуудал хэлэлцлээ

Засгийн газрын 41 дүгээр хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнгөрсөн баасан гаригт болов. Засгийн газар суманд анх удаа хуралдаж буй. Хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нараас бусад нь оролцлоо. Мөн Булган аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох албаны хүмүүс иржээ. Засгийн газар суманд анх удаа хуралдахдаа Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөлийн Тариалан хүртэл баригдаж буй замын ажилтай газар дээр нь танилцсан. 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн бөгөөд энэ жил дөрвөн аймгийн төвийг холбож дуусгах юм. Мөн Засгийн газраас “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ жил 16 суманд уг төсөл хэрэгжих бөгөөд тэдгээрийн нэг нь Хутаг-Өндөр сум. Таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэхээр болсон Хутаг-Өндөрт болсон Засгийн газрын хуралдааны эхэнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Хутаг-Өндөр сумын Засаг дарга Б.Жаргалсайхан нар аймаг, сумынхаа нийгэм, эдийн засаг болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Түүний дараагаар Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцын талаар танилцуулав. Ажлын явц ямархуу байгаа талаар Зам, тээврийн сайд А.Гансүх “Өмнөговь аймгийн зам энэ наймдугаар сард ашиглалтад орно. Бусад замыг гэрээт хугацаанд нь буюу ондоо багтааж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн.Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудалд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Харин Хөвсгөлийн замыг барьж буй гүйцэтгэгч нартай газар дээр нь ирж уулзлаа. Замаа хурдан дуусгах талаар тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Наймдугаар сарын 30 гэхэд тодорхой ажлыг гүйцэтгэж амжихгүй бол өөр компани руу ажлыг нь шилжүүлэхээр болсон” гэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүйцэтгэгч компанийн захирал болон салбарын сайдад нь хандаж ажлаа энэ онд багтааж дуусгахыг анхааруулсан юм. 

“Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа. Энэ жил 16 суманд хэрэгжих төслийн хүрээнд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хуулийн дагуу тендер зарлаад буй. Энэ хүрээнд 10 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, 20 гүний худаг, усан сан, цэвэр болон бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, дулааны станц барьж байгуулахаар төлөвлөжээ.Төсөл хэрэгжсэнээр төсөлд хамрагдсан сумдын 43 мянга орчим хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломжтой болох юм. Сумын төвийн шинэчлэл төсөлд хамрагдсан Булганы Хутаг-Өндөр суманд л гэхэд цэвэр усны 4270 м, бохир усны 4300 м, гадна цахилгааны 9100 м агаарын шугам, цэвэрлэх байгууламж, гүний худаг, насосны станц, 1,5 км автозам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан шуурхай зохион байгуулахыг салбарын сайдад нь даалгав. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус салбарт хэрэгжүүлэх “Сүүний хөргөлтийн төв” байгуулах, “Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах”, “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл хангахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт үүрэг болгосон юм.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгуудын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны төв байгуулж, аймаг, сумын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр хөдөө, орон нутгийн иргэд орон нутагтаа өндөр техник технологийн аппарат, тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх, эмчлүүлэх нөхцөл боломж сайжирсан нь хот зорин зардал гаргаж, чирэгдэл болох, иргэдийн эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтыг бууруулсан ач холбогдолтой. Нөгөө талаасаа хотын эмнэлэг, төвүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч байна гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.Танилцуулгатай холбогдуулан яамд, орон нутгийн удирдлага хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, Хүн амын эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичигт тусгагдсан өөрийн салбарын ажлыг хэрэгжүүлэн хамтран ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Суманд анх удаа хуралдаж буй  Засгийн газрын хуралдаанд Хутаг-Өндөр болон харьяа сумын ард иргэд оролцсон. Орон нутгийн хөгжлийн сан, Сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн хөрөнгөөр сум, багийн хэмжээнд ямар ажил хийж бүтээснээ тайлагнадаг болох нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов. Харин Булган аймагт тулгамдаж буй гурван гол асуудалтай газар дээр нь танилцахаар болсон юм. Булганд 60 хувийн гүйцэтгэлтэй дулааны цахилгаан станц бий. Түүнийг дуусгаж өгөхийг тус аймгийн Засаг дарга Засгийн газрын тэргүүнээс хүссэн юм. Мөн Тэшиг сумын боомтын үйл ажиллагааг дахин сэргээж өгөхийг хүслээ. Эдгээр асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Зүүн бүсийн наадамд О.Батбилэгийн хул азарга торгон жолоо өргүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төв, баруун, зүүн, хангай, говийн бүсэд хурдан морины уралдаан болсон. Зүүн бүсийн уралдаан буюу “Дорнод Монголын хурд-2014” энэ сарын 24-26-нд Чойбалсан хотноо үргэлжлэв. Газар газраас ирсэн мянга гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн наадамд түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулж байна.

Азарга-150

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат залуу уяач Ононгийн Батбилэгийн хул. Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу.  2012, 2013 оны улсын их баяр наадамд айрагдаж, Төвийн бүсэд нэг түрүүлж, нэг айрагдсан. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд айрагдсан. Өнөө жилийн төрийн их баяр наадамд зургаалсан.

2. Завхан аймгийн уугуул Дорнын унага галын уяач Д.Баярцогтын хүрэн. Монгол Улсын тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг уяж сойсон.

3. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Эрдэнэчулууны хүрэн. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд тавд хурдалсан.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн хүрэн. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат улсын алдарт уяач Ухнын Эрдэнэбилэгийн унаган адуу. Хязааландаа зүүн бүсэд, соёолондоо “Дүнжингарав”-т айрагдсан. Энэ жил улсын баяр наадамд айрагдсан.

5. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Дугарын Цогбаярын хүрэн. Хязааландаа Жавхлант шаргын хурдад айрагдаж байсан.

Их нас-121 

1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Түвдэнгийн Энхцогийн саарал.

2. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Баяндүүрэнгийн Мөнх-Одын хул.

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Эрдэнэбилэгийн хээр. Монгол Улсын тод манлай уяач Д.Онон уяа сойлгыг нь тааруулсан.

4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Г.Чулуунбаатарын хүрэн. Хязааландаа Сүхбаатарын бүсэд, соёолондоо Хэнтийн бүсэд айрагдаж байсан. 

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жамбын Мөнхсүрэнгийн хээр. Унаган адуу нь улс бүсийн дэвжээнээ зартай хурдалж байгаа Ж.Мөнхсүрэнгийн хавчиг хээр морь энэ жил аймагтаа түрүүлсэн юм.

Соёолон-130

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Р.Зоригтбаатарын хул.

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ч.Доржцэрэнгийн хүрэн.

3. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Ч.Батцагааны будан.

4. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Сумъяасүрэнгийн Ганбаатарын хүрэн.

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Мөнхболдын хээр. 

Хязаалан-158

1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хээр. Энэ жилийн төрийн их баяр наадамд түрүүлсэн. 

2. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбатын Хилийнхүүгийн хул.

3. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Дугарын Цогбаярын хүрэн.

4. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн зээрд. Энэ жил төрийн их баяр наадамд айрагдсан.

5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат С.Ганбатын шарга.

Шүдлэн-180

1. Улаанбаатар хотын харьяат “Хөх чоно” группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор. Энэ жил улсын их баяр наадамд аман хүзүүдсэн.

2. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Монгол Улсын тод манлай уяач Гарамжавын Сундуйжавын зээрд халзан

3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ононгийн Батболдын оч бор. Өнгөрсөн жилийн Төв аймгийн 90 жилийн бүсийн уралдаан болон энэ жилийн их баяр наадамд айрагдсан.

4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбатын Хилийнхүүгийн хонгор.

5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ц.Эрдэнэцогтын хүрэн. 

Даага-101 

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн алдарт уяач Цэндсүрэнгийн Цогтбаатарын хонгор.

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн хонгор. Энэ жил төрийн наадамд айрагдсан.

3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат “Макс” группийн ерөнхийлөгч Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хар бор. Энэ жил төрийн наадамд айрагдсан.

4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Гончигжавын Мөнхсайханы хээр.

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Будын Дуламсүрэнгийн халиун.

Эрлийз дээд-14

1. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Сумъяасүрэнгийн Ганбаатарын зээрд. 

2. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хонгор. 

3. Төв аймгийн Баянцогт сумын харьяат “Итгэлт орших” группийн ерөнхийлөгч Монгол Улсын манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хонгор.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Цэвээндоржийн Галбадрахын хүрэн халзан. 

5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хээр. 

Эрлийз дунд-24 

1. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат н.Батжаргалын хээр

2. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат н.Сосорбурамын хүрэн.

3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын хээр. Энэ жил улсын их баяр наадмын эрлийз дунд насанд аравт хурдалсан.

4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Жамцын Энхболдын хээр. 

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Уулс трейд” ХХК-ийн захирал Төмөрбаатарын Галбадрахын хүрэн.

Эрлийз бага-22 

1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Гүнсэнгийн Ганчулууны халтар.

2. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Цэндсүрэнгийн Цогтбаатарын хүрэн.

3. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Доржийн Алтангэрэлийн бор. Ононгийн Батбилэг уясан. Улсын баяр наадамд хорин хоёрт хурдалсан.

4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Доржпаламын Ядамын хүрэн халзан. Энэ жил хоёр ч бэсрэг наадамд түрүүлсэн.

5. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Сэр-Одын Нэргүйбаатарын хээр. Энэ улсын баяр наадамд наймд хурдалсан.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Аймгуудын ойд хэний хүлэг хурдалж байна вэ?

Өнгөрсөн
амралтын өдрүүдэд Дундговь, Хөвсгөл, Ховд аймаг баяр наадмаа тэмдэг­лэлээ. Төв,
баруун, зүүн гурван бүсийн уралдаанд хэний ямар хүлэг хурдалс­ныг танил­цуулъя.

Дундговь аймагт улсын наадмын түрүү азарга торгон жолоо өргүүллээ

Дундговь аймгийн Мандалговьд “Их Мандалын хурд-2014” төвийн
бүсийн хурдан морины уралдаан боллоо. Эрлийз гурав, монгол зургаан насанд газар
газрын шандаст 800 гаруй хурдан хүлэг уралдсан. Төвийн бүсийн уралдааныг
түүхэндээ дөрөв дэх удаагаа зохиож буй Дундговийн уралдаанд төрийн наадмын
түрүү азарга болон нас, насанд айрагдаж түрүүлсэн хурдан хүлэг шандас сорив.
Нас, насанд түрүүлж, айрагдсан хурдан морийг зөвхөн өнөө жил гаргасан амжилтын
хамт жагсаалаа.

 

Азарга-80

1. Төв аймгийн Баянцагаан сумын аймгийн алдарт уяач Даваахүүгийн
Баянбатын хонгор. Энэ жил төрийн их баяр наадамд торгон жолоо өргүүлсэн.

2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын аймгийн алдарт уяач
Монхоодойн Жаргалсайханы хул алаг. Өнөө жилийн улсын их баяр наадамд долоолсон.

3. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Батболдын Загдрагчаагийн
хүрэн.

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын алдарт уяач Ганзоригийн
Мөнхбаатарын хээр.  Өнөө жил аймгийнхаа
наадамд түрүүлсэн.                                     

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт
уяач Дагвын Цогтбаярын хүрэн. Хүрэн азарга энэ жил Гурвансайхан сумын түүхт 90
жилийн ойд аман хүзүүдсэн.

 

Их
нас-94

1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач
Доржжанцангийн Батхуягийн хүрэн. Аймгийнхаа Мандалын хурд бүсийн уралдаанд
түрүүлсэн. Хэдхэн хоногийн өмнө Луус сумын 90 жилийн ойд хол түрүүлсэн.

2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач
“ИНЭЛ” ХК-ний Сосорын Мөнхбатын хүрэн. 2014 онд Хулд сумын баяр наадамд гуравт
хурдалж, төрийн наадамд дөрвөлсөн.

3. Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн алдарт уяач
Сэрээгийн Шинэбаатарын хээр. “Дүнжингаравын хурд-2014” бүсийн уралдаанд тавд
хурдалсан.

4. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Дашзэвэгийн
Алтансүхийн хул. Энэ жил аймгийнхаа баяр наадамд айрагдсан.

5. Хэнтийн аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул.  Энэ жилийн төрийн их баяр наадмын түмэн
эх. 

 

Соёолон-76

1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Тэнүүн говийн хурд
галын аймгийн алдарт уяач Адъяагийн Мөнхбаярын загал. Өнөө жил Мандалын хурдад
аман хүзүүдсэн.

2. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Зоригтбаатарын хүрэн.

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Наранцэцэгийн
Амгалангийн хонгор халзан. Энэ жил улсын их баяр наадамд долоод хурдалсан.

4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат аймгийн алдарт
уяач Самбадоржийн Амарсанаагийн хонгор.

5. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат ҮХААЯ-ны дэд сайд
Цэвэгжавын Тувааны халтар.

 

Хязаалан-118

1. Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Алтангэрэлийн
Бархасын хонгор. Энэ жил Өндөршил сумын түүхт 90 жилийн ойд гуравт хурдалсан.

2. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Пунцагийн Эрдэнэчулууны
хүрэн.

3. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Дэмчигсүрэнгийн Наранбатын
хонгор

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач
Наранцэцэгийн Амгалангийн мөндөр зээрд. 2014 онд Хулд сумын аймгийн баруун
бүсийн уралдаанд түрүүлж, улсын баяр наадамд дөч гаргаж давхисан.

5. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач
Хуягбаатарын Доржхоролын загал. Өнөө жил Хулд суманд болсон аймгийнхаа баруун
бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.

 

Шүдлэн-128

1. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач
Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан. Энэ онд Дэлгэрхангай ууланд айрагдаж,
Хулд сумнаа болсон баруун бүсийн хурдан морьдын уралдаанд түрүүлж, улсын баяр
наадамд дөрөвт хурдалсан.

2. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат  Бумбангийн Мөнхтүвшингийн хонгор халзан.

3. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Адьяагийн
Мөнхбаярын саарал. Энэ жил баруун бүсийн уралдаанд наймд, аймагтаа аман
хүзүүдсэн.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт
уяач Баатаржавын Баатарчулууны хээр. Хэд хоногийн өмнө Бүрэн сумын түүхт 90
жилийн ойд айрагдсан.

5. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бичээрэйн Далайн хар.

 

Даага-108

1. Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат аймгийн алдарт уяач
Жөөжийн Ганбатын шарга. Энэ жил дөрөв түрүүлж нэг удаа зургаад хурдалсан.
Өндөршил сумынхаа түүхт 90 жилийн ой, Гурвансайхан сумын 90 жилийн ойд тус тус
түрүүлжээ.

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач
Оолийн Тагарваагийн хонгор.

3. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Дашзэвэгийн
Ганбатын хээр.

4. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач
Дашдэлэгийн Сүхбаатарын буурал. Өөрийн унаган, аймагтаа нэг түрүүлж хоёр аман
хүзүүдсэн хурдан буурал азарганых нь төл. Энэ жил Өлзийт сумын 90 жилийн ойд
айрагдсан.

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Мөнхбаярын
Галбадрахын хүрэн. Хулд сумнаа болсон баруун бүсийн бага насны уралдаанд
түрүүлсэн.

 

Эрлийз
дээд 17

1. Увс аймгийн Улаангом сумын харьяат “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн
захирал Лувсаннямын Гансүхийн хээр.

2. Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач
Сэрээгийн Шинэбаатарын халиун.

3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн алдарт уяач
Чүлтэмийн Ган-Очирын хүрэн.

4. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат аймгийн алдарт уяач
Сундуйн Лувсанбалдангийн халтар. Энэ жил улсын баяр наадамд гуравт хурдалсан.

5. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрийн уяач Баярмагнайн Ганбатын
сартай хар.

 

Эрлийз
дунд нас-36

1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсан-Ишийн
Эрдэнэбаярын хул. Энэ жил төрийн их баяр наадмын эрлийз дунд насны морьдын
уралдаанд аман хүзүүдсэн.

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Аюурын Амарбатын хамар
цагаан хээр.

3. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Давгасамбуугийн
Мөнхсайханы хээр.

4. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат ҮХААЯ-ны дэд сайд
Цэвэгжавын Тувааны хул. Энэ жил төрийн наадмын монгол шүдлэн насанд айрагдсан.

5. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн алдарт уяач
Раднаагийн Бадрахын саарал.

 

Эрлийз
бага-27

1. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бичээрэйн Далайн хээр. Энэ
жил төрийн их баяр наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд түрүүлсэн.

2. Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын тод манлай
уяач Дашзэвэгийн Дагвадоржийн шар хээр.

3. Өмнөговь аймгийн харьяат Д.Мөнхбаатарын хээр.

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Пэлжээгийн
Одонбаатарын зээрд. Энэ жилийн төрийн их баяр наадамд долоод хурдалсан.

5. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Монгол Улсын тод
манлай уяач Цогтын Батсайханы хээр.

Ховдын наадамд

Говь-Алтайн морьд дийлж уралджээ

Ховдод баруун бүсийн урал­даан болсон билээ. Галдан бошигт
хаа­ны мэндэлсний 370 жилийн ойд баруун бүсийн шигшмэл хурдан хүлгүүд уралджээ.
Газар газраас ирсэн шандаст 700 гаруй хурдан ажнай тоосоо өргөсөн юм.

 

Азарга-88

1. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжавын хул.
Энэ жил улсын их баяр наадмын соёолонг хөтөлж уралдаад байсан.

2. Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Монгол Улсын алдарт
уяач Борнойн Баасанжавын хүрэн.

3. Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Даваагийн Нямдоржийн
хүрэн.

4. Ховд аймгийн Дарви сумын харьяат н.Баяраагийн хар.

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач н.Галбаатарын хар

 

Их
нас-168

1. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат “Ентүм” ХК, Монгол
Улсын алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн хээр. Энэ жил улсын их баяр наадамд
13-т хурдалсан.

2. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат аймгийн алдарт
уяач Дорждагвын хүрэн.

3. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Цэрэнпунцагийн хүрэн.

4. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Алтангэрэлийн алаг.

5. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн алдарт уяач
Жамбалын Энхсайханы цагаан.

 

Соёолон-107

1.  Говь-Алтай аймгийн
Халиун сумын харьяат “Ентүм” ХК, Монгол Улсын алдарт уяач Туваанжавын
Гантөмөрийн бор. Энэ жил төрийн их баяр наадамд айрагдсан.

2. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Даваанямын бор.

3. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ганбаатарын
Ариунболдын хээр.

4. Ховд аймгийн Дарви сумын харьяат нийслэлийн алдарт уяач
Үржинбадамын Атарсайханы шарга халзан. Энэ жил “Дүнжингарав-2014” хаврын бүсийн
уралдаанд айрагдсан.

5. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат “Гарьд зам” ХХК-ийн захирал
Нямдаваагийн Батбаярын зээрд халзан. Улсын баяр наадамд 12-т хурдалсан.

 

Хязаалан-128

1. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат “Гарьд зам” ХХК-ийн захирал
Нямдаваагийн Батбаярын хээр.

2. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжавын бор.
Төрийн наадамд зургаалсан.

3. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат “Ентүм” ХК, Монгол
Улсын алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн алаг.

4. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Ховд аймгийн хөгжлийн
төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаагийн хээр.

5. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Ховд аймгийн хөгжлийн
төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаагийн хул.

 

Шүдлэн-153

1. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн алдарт уяач
Баатарын Даваадоржийн зээрд.

2. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Батсуурийн Энхбаярын хар.

3. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Баатарсайханы хонгор.

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөдөлмөрийн яамны
сайд Ядамсүрэнгийн Санжмятавын хээр.

5. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Насанжаргалын хүрэн.

 

Даага-68

1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Базарширын Доржпүрэвийн
халтар.

2. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Монгол Улсын алдарт
уяач Туваанжавын Гантөмөрийн халиун.

3. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат “Гарьд зам” компанийн
захирал Нямдаваагийн Батбаярын халиун алаг.

4. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Бямбабаатарын хүрэн.

 

Эрлийз
дунд-28

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач
Мижидийн Ганболдын хул.

2. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Рагчаагийн Баатархүүгийн
алаг.

3. Ховд аймгийн Дарви сумын харьяат нийслэлийн алдарт уяач
Үржинбадамын Атарсайханы хул.

4. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат “Гарьд зам” ХХК-ийн захирал
Нямдаваагийн Батбаярын хээр.

5. Ховд аймгийн Дарви сумын харьяат улсын алдарт уяач
Түв­дэнгийн Батцоожийн зээрд халзан.

 

Эрлийз
бага

1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Базарширын Доржпүрэвийн
хүрэн. Энэ жил төрийн их баяр наадамд дөрөвт хурдалсан.

2. Ховд аймгийн Дарви сумын харьяат Дамдинхүүгийн Батмөнхийн
хээр. Энэ жилийн улсын их баяр наадмын эрлийз бага насанд зургаад хурдалсан.

3. Ховд аймгийн Булган сумын харьяат Ганзоригийн хээр

5. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Жаргалсайханы
Энхболдын  хээр.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Германы дасгалжуулагчийг гайхшруулсан монгол хөвгүүд

Өнгөрч буй долоо хоног Монголын хөлбөмбөгийн түүхэнд онцгой өдрүүд байлаа. Улс орныхоо хөлбөмбөгчдийн ирээдүйг тодорхойлох өсвөрийнхөн маань дэлхийн 80 гаруй орны баг оролцсон “Gothia Cup” тэмцээнээс хүрэл медальтай ирэв. Норвеги, Энэтхэг, Швед, Германы багийг төвөггүйхэн хожоод гараад ирсэн бяцхан хөлбөмбөгчдөөр монголчууд бахархаж байна. Бас нэг чухал үйл явдал Гуамд өрнөж буй. Үндэсний шигшээ багийнхан зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглож байгаа. Эхний тоглолтоо Хойд Марины арлуудын шигшээ багтай хийж, хожсон. Зохион байгуулагч орны багт хожигдсон ч гэлээ арвин туршлагатай ирж байгаа. Харин өсвөрийнхөн уржигдар эх орондоо ирлээ. Шведийн Гётебург хотоос хүрэл медаль өвөртлөн ирсэн тэднийг хөлбөмбөг сонирхогчид халуун дотноор хүлээж авсан.

Дэлхийн 80 гаруй орны 1600 орчим клуб оролцсон тэмцээн гэдэг өсвөрийнхний дундах хамгийн том тэмцээн. Швед улсад болж буй 39 дэх удаагийн “Gothia Cup” тэмцээнд манайхаас 12 болон 16 насанд “FC Deren Sumida” клубын “Дэрэн” багууд тав дахь удаагаа оролцсон. 12 насныхан хожигдсон ч гэлээ ах нар нь тэднийхээ итгэлийг алдсангүй.

Дэлхийн хөлбөмбөгийн дэвжээнд монголчууд, монгол тоглогч гялалзаж чадна гэдгийг харууллаа. Хөвгүүдийн 16 насны ангилалд 32 улсын 190 баг оролцсон. 47 хэсэгт хуваагдахад манайхан 15 дугаар хэсэгт Шведийн хоёр баг болон Норвегитой таарчээ. Эхний тоглолтод Норвегийн багтай тоглов. Багш, дасгалжуулагчдынхаа заасан бүхнийг ягштал биелүүлээд өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатайгаар буулгаж авлаа. Эхний тоглолт хөвгүүдэд урам өгсөн хэдий ч Шведийн хоёр багт хоёуланд нь хожигдоод байсан юм. Хэсгийн тоглолтын хоёр хожигдол манай тамирчдад нэгийг бодогдуулчихаж. “Плэй офф-т гараад хожигдох л юм бол тэмцээнээс хасагдана. Гэрийнхэн ч яахав. Намар хичээл орохоор ангийнхандаа юу гэж хэлнээ” гэсэн бодол л толгойд нь эргэлдээд байжээ. Хэсгээсээ гуравдугаар байраар гарсан тэд “В” хэсэгт шалгарав. 1/64-т эхний учраа Энэтхэгийн шигшээ таарчээ. “Хожигдвол гэртээ харина” гэсэн бодолтой хөвгүүд зүтгэсээр 5:4-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. 1/32-т Шведийн багийг 7:5-аар хожиж, улмаар шөвгийн 16-д шалгарав. Яван чангарна гэгчээр 1/16-д Германы “TSV Buchholz 08” багт ямар ч боломж өгөлгүй 2:0-ээр хожсон юм. Уг тоглолтын дараа Германы дасгалжуулагч “Манай баг муу тоглоогүй. Монголын хүүхдүүд үнэхээр чадвартай юм. Ийм өндөр түвшинд тоглодог гэж үнэхээр бодоогүй” гэжээ. Харин зохион байгуулагчид “Өмнөх дөрвөн жилд Монголын багийнхан ирж оролцдог байсан. Тэдний чадвар улам бүр дээшилж байна. Энэ хэвээрээ урагш ахивал тэдэнд асар том боломж бий. Өнөөдөр тэд авьяастай гэдгээ харууллаа” хэмээн онцолжээ. Улмаар шөвгийн наймд Норвегийн “IL Bjarg” багийг 3:1-ийн харьцаатайгаар хожиж шөвгийн дөрөвт шалгарав. “В” хэсгийн хүрэл медалийг халаасандаа хийчихээд тэмцээнийг зохион байгуулагч Шведийн багтай тоглолоо. 2:0-ийн харьцаатай хожигдсоноор манай баг тэмцээнээ өндөрлүүлэв. Гэхдээ тэд шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарч хүрэл медальтай ирсэн. 

Олон улсын хөлбөмбөгийн ногоон талбайд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн “Дэрэн” баг 2008 онд байгуулагдсан. Хөлбөмбөгчдийг бүр багаас нь сургахыг эрхэмлэдэг болохоор авьяас, сонирхолтой зургаан настнуудыг ч элсүүлдэг ажээ. Өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд байнгын бэлтгэл хийснээр өнөөдрийн амжилтад хүрчээ. Харин өөрсдийн гэсэн заалгүй учраас сургуулиудын заалыг түрээсэлнэ. Хичээл эхлэхээс өмнө буюу 07.00 цагаас бэлтгэл хийдэг гэсэн. Гадаа дулаарахаар хүссэнээрээ бэлтгэл хийнэ. Сая тэмцээнд явахын өмнө гадаа талбайд өдөр бүр бэлтгэл хийдэг байж. Мөн хоёр жилийн өмнө Сербээс дасгалжуулагч авчран хичээл заалгасан гэнэ. Гадны дасгалжуулагчаар хичээл заалгаад, дээрээс нь өөрсдөө гадаадад очиж шилдэг тамирчидтай тоглоод байвал манай тамирчдын ур чадвар илт сайжрах нь тодорхой. Тиймээс хүүхдүүд эцэг эхийнхээ тусламжтайгаар тэмцээнд жил бүр оролцохыг хичээдэг болжээ. Олон улсын тэмцээнийг зохион байгуулагчид хоол, байрыг нь даадаг хэдий ч замын зардал 2000 ам.долларыг хүүхдүүд өөрсдөө гаргадаг юм байна. Ингэж олон улсад тоглох хүүхдүүдэд маш том урам өгдөг. 

Учир нь “Gothia Cup” тэмцээнд дэлхийн шилдэг тамирчид хүүхэд байхдаа тоглож байсныг тэд сайн мэднэ. Алдарт Алан Ширер, Андрей Пирло, Златан Ибрахимович, Шаби Алонсо, Жулио Баптиста, Зе Роберто, Эммануэль Дцебайор зэрэг дэлхийн супер одод уг тэмцээнээс гараагаа эхэлж байлаа. Тэгэхээр манай тамирчдыг ч мөн сайхан ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй. 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд албан ёсны айлчлал хийхдээ 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулна гэх мөрөөдлийн гэрээ хийж байлаа. Бас 2020 оноос эхлэн Монголын хөлбөмбөгчид дэлхийд шуугиан тарьж чадна хэмээн “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлан эхлүүлсэн. Ерөнхийлөгчийн мөрөөдөл биелэх боломжтойг “Дэрэн” багийнхан харуулав. “FC Deren Sumida” клубын эзэн нь Г.Мөнхчулуун гэж залуу бий. Тэрээр өсвөрийн шигшээгээ ахалж явсан. “Таван жил зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна” гээд магнайгаа хагартал баярлачихсан яваа юм билээ. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Кранистуудын олонхи нь эмэгтэйчүүд байна

 “Да хүрээ” явах замд кран түрээсэлдэг газар бий. Томоо гэгчийн хашаанд төрөл бүрийн кран өндөрт сүндэрлэж байна. Эзэмшигч байгууллага нь “Од мөнх” ХХК. Ямар кран түрээслэхээс хамааран өдрийн 700-800 мянган төгрөг байдаг юм байна. Ихэнх компани хэдэн сараар түрээсэлж авдаг гэнэ. Түрээслэхдээ кранистыг мөн дагалдуулна. Кранист нь техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах үүрэгтэй. Эднийд одоогоор дандаа хуучин кран бий. Орост үйлдвэрлэсэн кранууд эдэлгээ даахдаа сайн, чанартай байдаг гэсэн.

Кранистуудын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна

Хэдий хуучин ч гэлээ засвар үйлчилгээ хийгээд ямар нэгэн доголдолгүй ажиллуулдаг ажээ. “Од Мөнх” ХХК зөвхөн кран түрээслэхээс гадна кранистын сургалт явуулдаг. Арваас дөрөвдүгээр сар хүртэл гурван удаагийн төгсөлт хийнэ. Төгссөн хүмүүс ажлын байранд санаа зоволтгүй.  Компанидаа ажилд орохоос гадна бусад барилгын компанид ажилд орох боломж нээлттэй. Сургалтад 18 нас хүрсэн л бол хэн ч хамрагдаж болохоор ажээ. Кранистууд хэрхэн ажилладаг талаар “Од мөнх” ХХК-ийн кранист Н.Ганчимэгтэй ярилцлаа.

-Тээр өндөр краныг эмэгтэй хүн залж байдаг гэж санасангүй. Яаж яваад ийм мэргэжилтэй болчихов?

-Хүмүүс харин гайхаад л байдаг юм. Эрчүүд л залж байдаг юм байх гэж бодож байтал эмэгтэй хүн байсан байна ш дээ гэж уулга алдахыг бишгүй л сонсож байлаа. Хүүхнүүд эрчүүдийг бодвол илүү дайчин, тэвчээртэй. Яг кранистаар ажилладаг хүмүүсийн дийлэнх нь хүүхнүүд байгаа шүү. Барагцаалбал гурван зуугаад кранист манайд байдаг байх. Тэрний талаас илүү нь бүсгүйчүүд. Би кранист бүсгүйчүүдийгээ “Та нар минь эрчүүдээс илүү тэнгэртэй байна. Нартай, бас тэнгэртэйгээ ойрхон ажилладаг” гэж хэлээд урамшуулдаг юм. Кран чинь дотроо гурван төрөлтэй. Цамхагт буюу өндөр барилгын, вандан буюу төмөр замаар явдаг үйлдвэрлэлийн зориулалт бүхий П хэлбэртэй, авто кран гэж байдаг. Энэ гурвыгаа дотор нь бас хуваадаг. 

Миний кранист болсон түүх сонин. Аав ээж маань бага цалинтай хүмүүс. Хүүхэд байхдаа аав ээжээсээ өндөр цалинтай ажил хиймээр санагддаг байлаа. Их цалин аваад тэр мөнгөөрөө идээд дуусахгүй чихэр авмаар, хөргөгчөөрөө дүүрэн хоол ундтай гэрийн эзэгтэй байхыг хүсдэг байсан. Ийм байхын тулд яахаа мэдэхгүй байлаа. Гэхдээ урлагт дуртай юм болохоор дөрөвдүгээр ангид байхдаа Орос руу балетын сургуульд явсан юм. Жаахан хүүхэд гэрээ санаж уйлна. Яг тэр үед Орос орон кран ихтэй. Өндөр, өндөр кран их гоё харагдана. Тэнд нь дандаа бүдүүн орос авгай нар ажиллаж байна. Вера гээд л орилно. Өргөөрэй гэж байгаа хэрэг. Тэрийг хараад л кранист болох юмсан гээд мөрөөдчихсөн хэрэг.

-Хаана, ямар сургууль төгссөн юм бэ?

-Өргөх машин механизмын баазын сургалт гэж явагддаг байсан. Тэнд сурсан. Бас Орост гурван жилийн сургалтад суугаад ирж байлаа. Тэр үед олон жил сурдаг байлаа. Одоо харин 45 хоногийн курсээр л кранист болоод төгсөж байна. Тухайн үед намайг сургуулиа сонгох гэж байхад хуульч, эрхзүйч, гоо засалч гээд зөндөө л анги байсан. Кранист болно гэж зүтгэсээр олон хөвгүүдийн дунд ганц охин төгсөж байлаа. Крантай амьдралаа холбоод 24 жил болж байх шив.

-Тэр өндөрт ажиллахад толгой эргэвэл яах вэ?

-Агаар сайтай  л даа. Дээр ажиллаж байгаад буугаад ирэхэд дотор давчдаад байдаг. Цонхоороо эргэн тойрноо хараад сайхан байдаг юмаа. Их өндөрт ажиллаж байхад хаана, аль зам түгжирч байна вэ гэдгийг харна даа. Өндөрт ажиллаад дасчихсан байдаг учраас толгой эргэх тохиолдол ховор. Ер нь кранист хүнээс мэдрэмж их шаарддаг. Тухайн зүйлээ өргөж байхдаа моторынхоо дууг сонсоно. Доороос өгч буй хүний дохиогоор буулга гэсэн газарт нь буулгана. Заримдаа харагдахгүй газар буулгах үе ч байна. Аюулгүй ажиллагаанд мэдрэмж хэрэгтэй.  

-Гэнэт бие муудвал буулгаж авах уу?

-Аль болохоор өөрийгөө тайвшруулна. Бүр сандраад болохоо байлаа гэхэд станцаараа хэлнэ. Дохиогоо өгнө. Хүн ирээд буулгаж авна гэсэн зүйл байхгүй. Тиймээс өөрийгөө тайвшруулаад л суух байх даа. 

-Краны кабин дотроо ямархуу зайтай вэ. Нам суугаад л байх уу?

-Орос кранууд машины кабин ямар байдаг билээ, тиймэрхүү. Хятад кран бол суулаа, дүүрлээ. Босож зогсоно гэсэн ойлголт байхгүй. Ажилтай үед өрөөндөө сууж л байхаас аргагүй. Би кабинаа өрөө гэдэг юм. Амьдралын минь ихэнх цаг тэнд өнгөрч байна. Миний ажлын өрөө л гэсэн үг биз дээ.

-Өлсвөл, бас бие засмаар байвал яах вэ?

-Бидний ажил ихэнхдээ өглөөний 05 цагаас эхэлдэг. Өглөөний нар мандахыг харж кабиныхаа тавцан дээр зогсож байгаад ажилдаа орно. Нарнаас сайхан энерги авдаг юм. Дээшээ гарахдаа уух ус, хэрэг болох ганц нэг зүйлээ аваад гарчихдаг юм. Ам цангавал тэндээ усаа буцалгаад зөгийн бал хутгаад уучихна. Цайны цагаар доошоо бууж хоолоо иднэ. Бие засахдаа ч гэсэн буухаас өөр аргагүй. Заримдаа троссоор хоолоо аваад идчихнэ.

-Өгсөж, уруудахдаа яадаг юм бэ?

-Яах юу байх вэ. Шатаараа л авирч, уруудна шүү дээ. Хоёр гарын алга л юу ч үгүй болтлоо эвэршдэг юм даа. Өвлийн хүйтэнд хүйтэн төмөрнөөс тас зуураад дээшээ өгсөнө. Гар хөлдөх тохиолдол гарна. 

-Кабин руугаа гарахдаа хамгаалалт хийдэг үү. Хөл алдвал тэгээд дуусаа биз дээ?

-Сүйдтэй хамгаалалт байхгүй дээ. Хүмүүс циркийнхэн шиг олсоор бэхэлж гардаг гэж боддог шиг байгаа юм. Тийм юм байхгүй. Ингэж ажиллаж байж л хоолоо олж идэж байгаа учраас анхаарал болгоомжоо дээд цэгт нь төвлөрүүлж байгаад дээшээ авирна. 

-Цамхагт кран хэдэн метрийн өндөртэй байх уу. Хэдий хэрийн хугацаанд өгсөх вэ?

-12, 14 давхар байшингийн хэмжээнд явж очно гэсэн үг. Яарсан үед нэг мэдэхэд л дээр нь гарчихсан байдаг. Тайван бол ийш тийшээ хараад 10 минутанд гарах жишээтэй. Гэхдээ яарч болохгүй. Доороос хурдлаарай гээд орилоход тэвдэж болохгүй. 

-Кабиндаа олон цаг суухаар уйдах уу?

-Уйдах зав бараг гарахгүй дээ. Ном аваад гарчихдаг юм. Бас жижигхэн зурагт, хөгжим зэргийг аваад орчихно. Дээхнэ үед нэхмэлийн утас, зүү аваад орчихдог. Суудлынхаа бүрээс, малгай, ороолт, бээлий гээд ойр зуурын зүйлээ нэхдэг байлаа. Одоо харин утас, зүү барьж орж байгаа хүн харагдахгүй юм. 

-Ном уншиж, зурагт үзэх зав гардаг юм уу?

-Ачаа буулгаж байхад, бас өргөхөд бэлэн болгож байх хооронд л амжуулна.

-Цаг агаар гэнэт муудаад, хүчтэй салхилах эсвэл мөндөр ороход яадаг вэ?

-Бид нар чинь өөрөө өөртөө цаг уурч. Ажилдаа гарахдаа цаг агаарын мэдээ байнга үзнэ. Ерөнхийдөө үүлээ хардаг юм даа. Маш хүчтэй шороон болон цасан шуурга шуурвал ажлаа зогсоодог. 

-Удаан суухаар нуруу, хөл хөшнө биз?

-Тэгэлгүй яахав. Бид нар чинь тэгшхэн суугаад байхгүй. Өндрөөс доошоо харж байнга хагас бөгтийж сууна. Суудлын өвчинтэй болчих гээд байдаг юм. Гэхдээ өрөөндөө байхдаа биеэ чилээхгүйн тулд хөдөлнө. Хөгжмөө асаагаад тэрүүхэн тэндээ бүжиглэнэ. Чадахаараа хөдөлж байхгүй бол хэцүү. Гэхдээ миний мэргэжил сайхан. Кранист болсондоо баярладаг. Хүмүүсээс өндөрт, тэнгэрт ажиллаж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэдэг эргээд бодоход бахархмаар. 

-Хэдэн төгрөгийн цалинтай вэ. Өндөрт ажилласных нэмэгдэл ихтэй биз?

-Үндсэн цалин 800 мянга. Илүү цаг нь найман мянган төгрөг байдаг юм. Гэхдээ манай компани л илүү цагийн мөнгийг өндөр өгдөг юм билээ. Бусад газрын илүү цаг 5-6 мянга байдаг гэсэн.

-Та хэдэн барилга дээр ажилласан бол?

-Ёстой тоолж байгаагүй юм байна. Тэмдэглэж авсан бол овоо л тоо гарах байсан биз ээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Туул голын эрэг дагуу онцгой байдлын алба хаагчид завьтай эргүүл хийж байна

-Гол ус ихтэй, үертэй байгааг анхаарууллаа-

Зуны дэлгэр цагт Туул  голын эрэг дагуу салхилах хүмүүс хаа сайгүй. Голын эрэг дээр амралтаа өнгөрөөж байгаа хүмүүс голдуу архи, дарс хэтрүүлэн уудаг. Ингэж яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахаар онцгойгийнхон цаг наргүй ажиллаж байна. Тэд өнгөрсөн зургадугаар сарын 10-наас эхлэн Баянзүрхийн товчооны наахна талд эргүүл хийж эхэлжээ. Өчигдөр бага үдийн алдад очиход ч ажлаа хийсээр байж л байна. Албаны машинтай, дуудлага ирэхэд хэзээ мөдгүй ус руу орохоор завиа бэлдчихэж. Тэнд Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх аврах салбарынхан эргүүлд гарчээ. Тэдэнтэй хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоёр ч цагдаа байв. Хоёр байгууллагын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж байгаа ажээ. Биднийг эрэг дээр очиход амрахаар яваа улс гэж бодсон бололтой өөдөөс хүрээд ирэв. Мэнд усаа мэдээд “Гол усны аюулаас урьдчилан сэргийлье” гэсэн сэрэмжлүүлэг бүхий хуудас өгч байна. “Гол үертэй байгаа шүү.

Машинаа эргээс 50 метрийн зайд тавиарай” гэлээ. Сурвалжлагаар яваагаа дуулгаад тэдэнтэй нэгдлээ. Өнөө жил голын ус олон жилийн дунджаас 35-45 см илүү байгаа гэнэ. Урьд урьдын амрагчид сэрүүцэх зорилгоор голын захаар усанд ордог байсан бол энэ жил тийм боломж байхгүй байна. Хур бороо ихтэй байгаа болохоор гол үерлэжээ. Бүр нэлээн их үертэй байна.

Тиймээс хүмүүс аюулыг ухамсарлан гол руу хэр барагтай орохгүй байгаа гэнэ. Гэхдээ л согтуу хөлчүү хүмүүс ус руу ороод байгаа ажээ. Тиймээс өглөөний найман цагаас оройн 20 цаг хүртэл эргүүл хийдэг гэсэн. Ийн ярилцаад гол уруудан завьтай эргүүл хийхээр боллоо. Ус руу орох гэж байгаа хүн байна, толгойгоо норгочихъё гэж бодоод гол руу дөхтөл эрэг нураад ус руу уначихдаг байгаа. Хажууд байсан аврагч хүүе гэхийн завдалгүй ганцхан татаад гаргаад ирэв. “Яг ингэдэг юм. Үертэй байхад эрэг нурдаг. Ерөөсөө ойртож болохгүй” гэлээ. Үнэхээр л нүд ирмэхийн зуур унадаг ажээ. Гол үертэй болохоор ус нь эргээ иддэг. Ийм үед хүн гишгэхэд байтугай зүв зүгээр байж байгаад нурдаг ажээ. Онцгойгийн аврагч дэргэд байсан тулдаа инээдэм болоод өнгөрөв. Түүнээс биш ширүүн урсгалтай гол хамаад аваад явчихдаг ажээ. Эрэн хайх, аврах салбарын дарга ахмад Б.Гансүх “Хүн болгоны дэргэд манай аврагчид очоод зогсож чадахгүй. Тиймээс урьдчилан сануулж сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хүмүүс гол дээр ирээд ус руу битгий ороорой гэхэд би сэлж чадна гэдэг. Гэтэл тийм биш. Усан бассейн, урсгал ус хоёр чинь тэс өөр. Үертэй байхад зүгээр л чулуу шидэхээр эрэг дээр зогсож байгаад голд уначихсан хүмүүс олон. Бас хүчтэй аадар бороотой байхад голын эргээс хол байх хэрэгтэй. Хув хуурай байсан газарт хэдхэн минутын дотор үер буудаг” гэж байна. Ингээд тэр хавиар амарч байгаа хүмүүс дээр очин урьдчилан сэргийлэх хуудас тараав. Түүн дээр нь “Бороо ихээр орж усны түвшин нэмэгдсэн үед гол, гүнзгий тогтоол ус руу орохгүй байх. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Гол усны дэргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх” зэргийг тусгажээ. Түүнчлэн хэрэв голд живбэл ухаан оруулах анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө байсан. Уг хуудсаа бариад хүн бүр дээр л очих юм. Эргээс 50 метрийн зайтай машинаа тавиарай, ус руу орж болохгүй шүү гэхчилэн зөвлөж байв. Мөн голын эрэг дагуу анхааруулах самбар суурилуулжээ. Иргэд өнөөх самбарыг нь тойруулаад хогоо аваачаад хаячих юм. Энэ хавь хотын төвөөс ойрхон болохоор хүний хөл ихтэй. Цайны цагаараа салхилах гэж буй хүмүүс ч ирдэг бололтой юм. Ирсэн хүмүүс идэж уусан зүйлийнхээ хогийг хотын төвд байгаа юм чинь түүдэг хүн байдаг биз гэж бодоод хэнэг ч үгүй хаячихдаг ажээ. 

Баянзүрхийн товчооны гүүрний доохно талд байсан иргэдэд сэрэмжлүүлэг өгөөд завьтайгаа гол уруудахаар боллоо. Аврагчид комбинзонорхуу хувцастай явах юм. Ус нэвтэрдэг хэдий ч биеийн дулааныг барьдаг учраас даарахгүй. Өнөөхөө өмсөөд ус руу орно. Хэдийгээр дааруулахгүй ч гэлээ ингээд өдрийн хэдэн удаа хүйтэн ус руу ороод байвал нуруу, бөөр гэж авах юмгүй болдог байх даа гэж бодогдож байлаа. Ингээд доош уруудав. Эрэн хайх аврах салбарын дөрөвдүгээр бүлгийн дарга ахлах ахлагч Ц.Наранбаатар эрэг дагуу хүн харагдвал чанга яригчаар яриад явах юм. “Иргэдээ гол үертэй байна. Голын эрэг рүү хэтэрхий ойртож болохгүй шүү. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж болохгүй” гээд л. Бас бүлгийнхэндээ “Энэ долоо хоногт нэлээн халах шинж дуулдсан. Гуч хүрэх юм шиг байна лээ. Гол дээр ирсэн хүн бүрт сэрэмжлүүлж байхгүй бол…” гэхчилэн ярина. Ер нь ингэж сэрэмжлүүлэг өгөхийн ашиг тус их байгаа гэсэн. Жил бүрийн өдийд голын усанд осолдсон иргэдийн тоо хорь нэлээн давчихсан байдаг бол өнөө жил харьцангуй бага байгаа гэнэ. Наадмын өдрүүдэд, наадмын дараах хэд хоногт усанд эндсэн тохиолдол их гардаг. Хорин долоо, хорин найм л гэдэг байсан бол өнөө жил долоон хүн осолдоод байгаа юм байна. “Иргэдийн ухамсар ерөнхийдөө дээшилсэн шүү. Өмнө нь бид нар иргэдэд сэрэмжлүүлэг өгөхөөр “Хаана амрахаа та нараар заалгахгүй” гэдэг байсан. Өөдөөс хэрэлдэнэ, зарим нь бүр юу ч болоогүй байхад зодолдох гэж дайрна. Харин сүүлийн хоёр жил, тэр дундаа энэ жил хүмүүс дээр очихоор сайхан хүлээж авч байгаа. Болгоомжтой байна аа, баярлалаа гэдэг болсон” хэмээн ахмад Б.Гансүх ярилаа. Одоо ганц бэрхшээлтэй зүйл нь согтуу хөлчүү хүмүүс гэнэ. Голын эрэг дээр найз нөхдөөрөө ирчихээд архи хэтрүүлэн хэрэглэнэ. Ийм үедээ ус руу орно. Согтуу хүн хүйтэн ус руу орохоор шөрмөс нь татдаг учраас тун аюултай. Бас усанд осолдох шалтгааны нэг нь бөмбөг гэсэн. Хүүхдүүд эрэг дээр бөмбөгөөр тоглож байгаад гол руу уначихаар араас нь ордог. Эсвэл аав, ээж нь хүүхдийнхээ бөмбөгийг авч өгөхөөр ус руу орон осолдох тохиолдол гардаг ажээ. Тиймээс гол дээр амрахаар ирсэн хүмүүс голын эргээс аль болох холхон зайд тоглоом наадмаа зохиож байхыг онцгойгийнхон анхааруулж байна лээ. 

Завьтай эргүүл хийж явахад эрэг дээр л хүн харагдвал тэдэн рүү дөхөж очих юм. Ер нь таарсан хүн бүртээ сэрэмжлүүлэг өгдөг ажээ. “За тэнд насанд хүрсэн тохитой томоотой хүмүүс байна. Гайгүй биз” гээд өнгөрч яагаад ч болохгүй гэсэн. Хэдэн жилийн өмнө ингэж эргүүл хийж явахад эрэг дээр байгаа улс тэдний өөдөөс “Би тэр даргын найз байна. Чи муу яах юм бэ” гэдэг байсан гэнэ. Тиймээс харьяа дүүргийнхээ цагдаа нартай хамтран эргүүл хийдэг болжээ. Ингэж явахдаа голын эрэг дагуу архидан согтуурч байгаа хүмүүсийг торгоно. Цагдаа байхгүй бол амрагчид онцгойгийнхныг тоохгүй байх үе олон. Гэхдээ сүүлийн үед хүмүүс өөрсдийнх нь амь нас, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгааг ойлгодог болжээ. Аврагчид наадмын үеэр нэг хэсэг ачаалал ихтэй ажилладаг. Бас наймдугаар сарын хорьдоос есдүгээр сарын эхний долоо хоногт ачаалал ихтэй. Учир нь оюутнууд хөдөө гэртээ амарч ирээд ангийнхантайгаа нийлэх үедээ голын эрэг бараадах нь их. Ингэж яваад усанд осолдох магадлалтай байдаг гэнэ. Эдний бүлгийнхэн долдугаар сарын 13-нд Баянзүрхийн товчооны орчим усанд боогдоод байсан гурван иргэний амь насыг аварчээ. Маргааш нь бас хоёр хүний амийг аварсан байх жишээтэй. Харин машин тэрэг уснаас гаргах бол өдөр тутмынх нь ажил. “Ланд” унасан нөхдүүд машиндаа эрдэн ямар ч гарамгүй газраар гол гатлах гэж байгаад урсдаг гэнэ. 

Аврагчид хүний амь нас аварснаараа бахархана. Живж буй хүнийг гаргаж ирээд судсыг нь бариад үзэхэд цохилж байвал бөөн баяр. Мэддэг чаддаг бүхнээ л хийнэ. Залгисан ус нь гараад амьсгалаад эхэлвэл түүн шиг том баяр бахдал гэж үгүй. Анги дээрээ байхад дуудлага ирээд машиныхаа хурдаар давхиад очиход өнгөрчихсөн байвал нэг хэсэгтээ л хэцүүддэг гэсэн. Хоорондоо юу ч ярихгүй, дүнсийсэн нөхөд буцна. Аравхан, эсвэл тавхан минутын өмнө ирэх боломж байсан болов уу гээд л шаналчихдаг ажээ. Харин дуудлага аваад хөдлөхөд ихэнх машин зам тавьж өгөхгүй. Зэрэгцээд л уралдаад байна уу гэхээс, тэнд хүний алтан амь эрсдэх гэж байна гэдгийг ойлгодоггүй ажээ. 

Баянзүрхийн товчооны гүүрнээс Маршалын гүүр хүртэл цаг гаруй хугацаанд хөвж ирэв. Ингэж явахад голын ус ямар их байгааг мэдрэх юм билээ. Ямар ч усгүй, эрэг байсан газраар үерлэсэн гол урсаж байна. Туул голын эрэг дагуу байх хэдэн амралтын газрын ихэнх нь усанд автчихаж. Голын усыг боох, усыг шавхах зэрэг арга хэмжээ авч байв. Завьт эргүүлийнхэн Баянзүрх дүүргийн XX хороо буюу Хар усан тохойгоос Яармагийн гүүр, цаашлаад Биогийн модон гүүр хүртэл хэсэгчилсэн эргүүл хийдэг ажээ. Есдүгээр сарын аравд хүртэл ингэж ажиллах юм байна. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нуур дотоод, гадаадын аялагчдын очих дуртай газруудыг тэргүүлжээ

Аялал жуулчлалын үндэсний төвөөс аялахад хамгийн тохиромжтой газруудыг нэрлэжээ. Зуны дэлгэр цагт манайхан гэлтгүй жуулчдын хөлд дарагддаг газрыг Хөвсгөл нуур тэргүүллээ. Харин Өвөрхангайн Хархорин, Орхоны хөндий, Өмнөговь, Дорноговийн Хамрын хийд удаалсан байна. Мөн Орхоны хүрхрээ, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Төвхөн хийд үзэх харах зүйл ихтэй учраас зуны дэлгэр цагт дотоод, гадаадын жуулчдыг татдаг ажээ. Улаанбаатараас Хөвсгөл хүртэлх аяллыг ихэнх компани зохион байгуулж байгаа.

Аяллын компаниар Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл аялахад дунджаар нэг хүний 450 мянган төгрөг. Үүнд байрлах жуулчны бааз, унаа, аялалын хөтөч, хоол, үзвэр үйлчилгээ зэрэг ордог. Ингэж аялахаар бол долоо хоногийн аялал санал болгодог ажээ. Замдаа Булган аймгийн Хутаг-Өндөрт байх Уран тогоо уулыг сонирхохоос гадна буцахдаа Амарбаясгалант хийдийг сонирхож болох юм. Харин Хөвсгөл далайд очоод тусгай хөтөчтэйгөөр аяллаа үргэлжлүүлнэ. Хэрэв аялагчдад тусгай хүсэлт байвал нуурын эргээс цааш 100 гаруй км аялан цаатнууд дээр зочилж болох ажээ. Тэнд цаа буга унахаас гадна урцанд хонож үзэх боломжтой юм байна. Харин далай дээр байхдаа “Skitboard”-аар аялж болно. Жуулчдыг татах зорилгоор сүүлийн үед хувийн хөлөг онгоц хөлслүүлэх, завиар зугаалах зэрэг сонирхолтой зүйлс нэмэгдэж буй гэнэ.

Д.ДОРЖДЭРЭМ


Categories
мэдээ цаг-үе

Н.Батсуурь: Барилдаан бүрийн ард аав минь намайг хурцалж байдаг

Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа. Түүнийг нутаг руугаа яарч байхад нь уулзсан юм.

-Төрийн наадамд түрүүлж Монгол Улсын арслан цолтой боллоо. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Нар хур тэгширсэн дэлгэр сайхан наадам боллоо. Монгол түмэн минь дэлгэр сайхан наадсан байх. Өнгөрсөн жил улсын харцага цолонд хүрсэн бол өнөө жил цолоо батлаад зогсохгүй улсын наадмын түрүү бөхөөр тодорч Монгол Улсын арслан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Аавынхаа, өвөөгийнхөө хүрч амжаагүй цолонд хүрч төрийн наадамдаа түрүүллээ. Төр түмнийхээ энэ сайхан наадмын тэргүүн бөхөөр шалгарч түмэн олноо баясгаж чадлаа. Бөхчүүд бид түмэн олондоо сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гэж байнга л бэлтгэл сургуулилт хийдэг. Бөхийн спорттой амьдралаа холбосноос хойш ийнхүү зорьж явсан цолондоо хүрлээ. Улам их хариуцлага надад ирж байгааг илүүтэйгээр мэдэрсэн. Үнэхээр их баяртай байна.  

-Та “Увс нуур” дэвжээний бөх. Нутгийн тань бөхчүүд таны бэлтгэлийг үнэхээр сайн байсан гэж ярьж байна лээ? 

-Дэвжээнийхэнтэйгээ хамт бэлтгэл хийсэн. Увсын бөхчүүд маань Харзтайд байх “Шүтээн” амралтын газар бэлтгэлээ базаасан. Мэдээж хэрэг дээгүүр сайн барилдах зорилготой бэлтгэлээ хийлээ. Давгүй барилдчих юмсан гэж нэлээн хичээсэн шүү. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг биз дээ. Жил дараалан цолоо бататган ахиулсан болохоор “цолоо ахиулчих юмсан” гэж хичээсэн. Хүн уйгагүй хөдөлмөрлөж, хүссэн зүйлдээ сэтгэл шулуудаж чадвал амжилт ирдэг гэдгийн нэг баталгаа энэ боллоо. Энэ жил өөрийнхөө болох хэмжээнд хүртэл бэлтгэл сургуулилтаа хичээж хийсэн. Тамирчин хүн урсгасан хөлснийхөө хэмжээгээр амжилтаа үнэлүүлдэг. Энхийн цагт хөлс их гарвал дайны үед цус бага урсана гэдэг биз дээ. Нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа ханатлаа сайхан базаалаа. Тэд маань ч гэсэн сайхан дэмжиж, хамтдаа бэлтгэлээ хийцгээсэн. 

-Түрүү, үзүүр булаалдахаар зогсож байхад юу бодогдож байв?

-Олон зүйл бодох сөхөө байгаагүй. Нутгийн ах нар тойрч ирээд “шийдсэн мэхээ хийнэ шүү. Сайн барилдаарай” л гэсэн. Ямартай ч санасандаа хүр­тэл барилдана, дараа нь харамсахгүй гэж бодсон. Өөрийнхөө төлөө өөрөө өөрий­гөө хурцлахгүй бол бо­лохгүй шүү дээ. Төрийн наадамд зүгээр ч нэг за­луу­чууд зодог, шуудаг бү­сэлж ирээд барилддаггүй. Төрийн наадмын даваа бүр хариуцлагатай байдаг. Тий­мээс үзүүр түрүү гэлтгүй бүх л барилдаан эхнээсээ дуусан дуустлаа хариуцлагатай байсан. Би түрүүлчих юмсан гэж хичээхээсээ илүү өөрийнхөөрөө барилдахыг л зорьсон. Төрийн наадмын энэ өндөр даваанд гарч ирчихээд сүүлд нь толгойгоо шаах вий гэж бодсон. Тиймээс өөрийн сурсан барилдаан, эцсийн хүчээ шавхаад ч хамаагүй үзье л гэж өөртөө хүч нэмсэн. Барилдаанууд хариуцлагатай ч үнэхээр сайхан болж чадсан. 

-Түрүүлэхэд аав тань баярын нулимс унагаж байгаа харагдсан?


-Аргагүй шүү дээ, аав минь. Өөрөө бөх хүн болохоор хазайхад минь хамт хазайж, давахад минь баярлан, унахад минь хамт л унаж явдаг хүн. Аав минь Монгол Улсын харцага цолтой Гэлэгийн Намсрайжав гэж хүн бий. 1988 онд 29 настайдаа улсын арслан Б.Ганбаатарыг давж улсын цол авч байсан. Б.Ганбаатар арслан тухайн үед наадамд хоёр дараалан түрүүлчихсэн, ид үедээ байсан юм билээ. Манай өвөө ч бас улсын начин цолтой. Ж.Гэлэг гэж хүн байсан. Ардын хувьсгалын 29 жилийн ой буюу 1950 онд Батсуурь аваргаар тав давж начин цолны болзол хангаж байсан. Тэр үед Батсуурь аварга бас л наадамд хоёр дараалан түрүүлчихээд байсан гэдэг. Аав минь намайг барилдах үед даваа бүрийн ард хамт байсан. Аав надад хүч өгч байсан гэхэд болно. 

-Хүүдээ зааж зөвлөнө биз?

-Өөрийн мэдэх чадах бүхнээ л хэлнэ. Тайван сайхан барилдаарай гэдэг. Аав минь намайг хурцалж улсын наадамд түрүүлүүллээ. Үүнээс том амжилт гэж хаа байхав дээ. Аав минь их баярласан шүү.

-Ээжийн тань талд бас улсын цолтон бий гэж сонслоо?

-Манай ээж Ховд аймгийн Дарви сумынх. Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай, улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар байна. Аав ээжийнхээ талд бөхийн удамтай. Харин би айлын ганц хүү. Хоёр эгчтэй.

-Та хэдэн жил улсад зодоглож байж түрүүлэв?

-Анх 2009 онд улсын наадамд барилдсан. Өнгөрсөн жил харцага цолонд хүрсэн. Аавынхаа цолонд хүрлээ гэж их баярлаж байсан бол одоо арслан болчихлоо. Одоо харин аав минь хүүгээрээ бахархаж байгаа байх аа.

-Наадмын дараа хаана очиж зодоглох вэ?

-Нутаг руугаа явах гэж байна. Нутгийнхаа уул усанд очиж ах дүүстэйгээ амарч байгаад ирнэ дээ. 

-Та хаана ямар сургууль төгссөн юм бэ?

-Би 2008 онд “Соёл-Эрдэм” дээд сургуулийн Аялал жуулчлалын ангийг төгссөн. “Химон” констракшны бөх. 

-Гэр бүлтэй юу?

-Байгаа. Эхнэр маань амаржаад удаагүй байгаа.  

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Бяр тэнхээ нь жигдэрсэн бөхчүүд сэтгэлзүйн бэлтгэлдээ орлоо

Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр ид хаваа гайхуулан барилдах бөхчүүдийн үндсэн бэлтгэл ерөнхийдөө ханажээ. Нутаг нутгийн бөхийн гал зургадугаар сарын эхээр бэлтгэлдээ гарсан. Сарын хугацаанд өндөржүүлсэн байдалд бэлтгэл хийсэн байна. Холын болон ойрын зайн кросс гүйлт, хүчний бэлтгэл гээд өглөөний 06 цагаас нар жаргатал бэлтгэл хийнэ. Харин өнөөдрөөс биеэ нөөж эхлээд буй аж. Наадам дөхсөн энэ үед мэхээ давтахаас гадна учраагаа хэрхэн давах вэ гэдгийг дотроо бясалгаж байдаг. Торгон ир оруулах бэлтгэлийн үе эхэллээ ч гэж хэлж болно.  Өнгөрсөн амралтын өдөр наадмын өмнөх сорилго барилдаан боллоо. Төв болон Сэлэнгэ аймгийн бөхчүүд Төр хурахын аманд бэлтгэлээ хийж буй сурагтай. Сэлэнгийнхэн өнгөрсөн наадмын түрүү, улсын аварга Г.Эрхэмбаярыгаа өнөө жил гайгүй сайн барилдана гээд захыг нь мушгиж байгаа нь тодорхой. Аварга ч олон түмний итгэлийг алдахгүйн тулд бэлтгэлийг тултал хийж байгаа гэсэн. “Таван хан” дэвжээнийхээ бөхчүүдийн дунд болсон сорилго барилдаанд өнгөтэй байна гэж нутгийнхан нь ярьж байна лээ. Тэдэнтэй зэрэгцэн бэлтгэл хийж буй Төв аймгийнхан аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Г.Ганжад нарыгаа өнөө жил улсын цолонд хүрнэ гэж найдаж буй гэнэ. Заалны барилдаанд дээгүүр сайн барилддаг хоёр бөхийн бэлтгэл ч сайн байгаа. Бас улсын харцага Ө.Даваабаатар байна. Бэртэл нь бүрэн эдгэрсэн.

Тусдаа өндөржүүлсэн бэлтгэл хийж байгаа гэх сураг сонсогдоод байгаа. Начин цолоо баталж өсөх идэр чимэг нэмсэн Ж.Отгонбаярыг цолоо ахиулах болов уу гэж харж суугаа нь мэдээж. Аль нутгийн бөх хүчтэй байгааг сурвалжлахаар “Сүүж”, “Дуган хад” амралтын газраар орлоо. “Дуган хад” амралтын газарт Монгол Улсын гарди И.Доржсамбуугаар ахлуулсан Булганы бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр, улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Э.Энхбат тэргүүтэй 32 бөх сорилго барилдаанд зодоглосон юм.  

Уг барилдаанд улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, харцага Н.Түвшинбаяр үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу нар үлдлээ.

Аймгийн арслангууд ч өнгөтэй байсан. А.Отгонбаатар, А.Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ, Д.Амарсайхан, Д.Амаржаргал, Д.Тамир, Б.Хашбат нарын аймгийн арслангууд хүчтэй байна гэж улсын цолтнууд нь үнэлж байгаа ажээ. Булганы “Булган хангайн хүчтэнүүд” галын ерөнхий дасгалжуулагчаар улсын заан М.Өсөхбаяр ажиллаж байгаа бол улсын гарьд  И.Доржсамбуу, улсын арслан Д.Азжаргал нарын бөхчүүд заавар зөвлөгөө өгөн бэлтгэлээ хийж байна. Олимпийн аварга Н.Түвшинбаярын тухайд өнөө жил дахин зодоглоно. Сорилго барилдааны үеэр Булганы нутгийн зөвлөлийнхөн ирчихэж. УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү, Шинжлэх ухааны академийн Технологийн инкубатор төвийн захирал Ч.Батсүх, “UFC” группийн ерөнхий захирал О.Амартүвшин, “Ар монгол” группийн ерөнхийлөгч Т.Батжаргал нарын хүмүүс нутгийн бөхчүүдээ дэмжихээр иржээ.  Энэ галд 50 гаруй бөх бэлтгэл хийж байгаа гэсэн. Аймгийн цолтой зарим бөхчүүд сум, орон нутгийнхаа наадамд зодоглохоор буцсан гэнэ. Булганы наадам долдугаар сарын 10, 11-нд болно. Улсын наадамд хүч үзэх 30 гаруй бөх энэ сарын 8, 9 хүртэл бэлтгэл хийгээд хот руу буцахаар төлөвлөжээ. 

“Сүүж” амралтын газарт Завхан, Хөвсгөл, Ховд, Дундговийн гал гарсан байна. Улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан Завханы бөхчүүд бусдыгаа бодвол хамгийн эрт бэлтгэлдээ гарсан. Өнгөрсөн жил үзүүрлэсэн гарьдыгаа Завханыхан өнөө жилийн түрүү бөх болно гэж харж суугаа нь лавтай. Б.Гончигдамбын бэлтгэл ч сайн байгаа гэж нутгийн олон нь ярьж байна лээ. Харин Хөвсгөлөөс улсын харцага Ц.Содномдорж дээгүүр барилдах болов уу. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөнд болсон “Ард даатгал”-ын 20 жилийн ойд зориулсан наадмын сорилго барилдаанд түрүүлж өнгөтэй байгаагаа харуулсан. Цагаан сарын барилдаанд улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөн гэх шалтгаанаар барилдах эрхээ дөрвөн сар хасуулсан ч гэлээ сүүлд болсон хоёр ч 

томоохон барилдаанд үзүүрлэж, түрүүлсэн. Үүнээс харцагын бэлтгэл ямархуу байгааг харж болохоор. Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон уг барилдаанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн юм. “Сүүж”-д бэлтгэлд гарсан бас нэг гал бол Ховдынхон. Цагаан сарын барилдаанд шуугиулаад байсан аймгийн арслан О.Хангай бэлтгэл дээрээ ч мөн гялалзаж байна. Зориг орчихсон, нүдэнд нь улсын цол л харагдаж байгаа биз. Түүнтэй хамт улсын цол руу зүтгэх бөх бол аймгийн арслан Бадамгарав. Тэрээр томоохон барилдаануудад улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбатыг хаяж л байлаа. Ер нь томчуудыг даваад үзчихсэн бөх. Тэгэхээр даваа ахих тусам “аваргууд”-аас бэргэхгүй зүтгэх биз. Мөн улсын начин Б.Пүрэвсайхан байна. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Ч.Санжаадамба нарыг давж байсан. Түүнийг олон хүн харцага, заан, гарьд цолонд хүрч барилдана гэж харж байгаа юм.

UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин сорилго барилдааныг нээсэн юм

Бөхчүүдийн үндсэн бэлтгэл дуусах тийшээ хандаж буй болохоор хүчний бэлтгэлээ багасгаж байгаа. Тиймээс өглөө зургаагаас найман цагийн хооронд хүчний бэлтгэл хийгээд хоолондоо ордог гэсэн. Ингээд унтана. Үдээс хойш гүйх, эсвэл мэхний бэлтгэлээ хийгээд амрах хуваарьтай бэлтгэлийн өдрүүд эхэлжээ. Ерөнхийдөө наадам дөхсөн сүүлийн арав хоногт сэтгэл зүйн бэлтгэлээ хийдэг юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

 Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН