Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарт эхийн сэтгэлээр хандаж, эмчийн сэтгэлээр зүтгэнэ

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Засгийн газар дөнгөж байгуулагдаад л өргөтгөсөн хуралдаан хийлээ. Яаран хуралдсан хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлсэн өдрийнхөө шөнө гишүүдээ цуглуулсан. Чуулганы хуралдаанаар биднийг нэлээн орой болж байхад томилж дууссан шүү дээ. Дуусаад л маргааш нь өргөтгөсөн хуралдаан хийж салбар бүрийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцэх үүрэг чиглэл өгсөн. Эрүүл мэндийн салбарын тухайд өвлийн улиралтай зэрэгцэн үүсдэг ханиад томууны дэгдэлт эхлэхээс өмнө бэлтгэл хангах, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудыг эм, эмнэлгийн хэрэгсэл, бензин шатахуунаар хангах, засварын ажлыг дуусгах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлага бий. Нөөц орон зай ашиглан 840 ор бэлтгэх ажил ид өрнөж байна. Энэ жилийн тухайд ханиад томуунаас сэргийлэх зорилгоор 220 мянган хүнд вакцин хийж байгаа.

Ингэж өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдол өгч байна. Дархлаа дэмжих амин дэмүүдийг бага насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүдэд өгч байна. Энэ арга хэмжээнд одоогийн байдлаар 15 аймгийн 96 сумын хүүхдүүд хамрагдсан. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гарсан гол шийдвэрийн тухайд сахилга хариуцлагыг чангатгах, үүрэг даалгаврын биелэлтийг хянаж байх, хууль тогтоомжийг хатуу мөрдөх, ажлын уялдаа холбоог хангах, үр ашиггүй зардал гаргахгүй байх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах зэрэг чиглэл барьж ажиллахыг бүх шатны төрийн албаны удирдлага, албан тушаалтнуудад өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлийг салбар бүрээр хийж гүйцэтгэсэн тайланг ойрын үед нэхнэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн.

-Та сайдаар томилогдоод удаагүй байгаа ч танай салбарт тулгамдаж буй олон асуудал байна. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Ням гаригт яамны нийт ажилтнуудтайгаа уулзаж Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны мэдээлэл, шийдвэрийг танилцуулж нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр салбарт тулгамдаж буй болон хийхээр төлөвлөж буй ажлаа ч танилцуулсан. Орвонгоор нь эргүүлж орчлонд байхгүй цочмог санаа оноо дэвшүүлж давхиад байхгүй гэдгээ хамт олондоо хэллээ.

Нэгэнт бүрдсэн хууль эрхзүйн хүрээнд эмнэлгүүдийн харьцангуй бие даасан байдлыг хангах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг хэлээд байна л даа. Төрийн мэдлийн эмнэлгүүдийг зах зээлийн тогтолцоонд оруулах анхны алхам гэж ойлгож байгаа. Ингэснээр олсон орлогоо захиран зарцуулах боломж бүрдэнэ. Энэ хуулийн төслийг эрүүл мэндийн салбарын халуун тогоонд нь ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл ажлын хэсэгт нь орж батлуулсан.

Эмнэлгүүд дотоод зохион байгуулалтаа сайн хийж чадвал эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ ойртуулах, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин мөнгийг нэмэгдүүлэх, хэн сайн ажилласан нь илүү орлоготой болох боломж байгаа. Эрүүл мэндээс үүдэн иргэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарах болсон нь бодит үнэн. Эрүүл мэндийн даатгалын хуулиар өндөр өртөгтэй мэс засал, эмнэлгийн тусламж үйлчилгээг тодорхой хэмжээнд даатгалд хамруулж байгаа ч иргэдэд ирдэг санхүүгийн дарамт байсаар байна. Эрүүл мэндийн даатгалын санг энэ чиглэлд зориулалтаар нь ашиглах шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд л байдаг гэвч үр шимийг хүртэхгүй байгаа болохоор олон нийт бухимдаж байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бүрдсэн хуримтлалыг иргэдэд нь зориулах хэрэгтэй. Энэ бол улс төрийн шийдэл болно. Тухайн томилогдсон сайд нарын хандлагаас хамаардаг энэ асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй. Парламентын түвшинд энэ чиглэлд нэгдсэн ойлголтод үндсэндээ хүрсэн гэж ойлгож байгаа. Тиймээс үр дүн гарна байх аа. Үүний төлөө ч тууштай ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар даатгалыг иргэдэд нь зориулах ёстой гэсэн байр суурьтай байдаг нь мөн итгэл төрүүлж буйг хэлэх хэрэгтэй. Ганц гишүүн гүйгээд хийчихдэг ажил биш учраас улс төрийн дэмжлэг хэрэгтэй. Энэ дэмжлэг байгаа гэдэгт итгэж байгаа. Дараагийн ажил бол эрүүл мэндийн боловсрол. Энэ чиглэлээр шат дараатай, тогтвортой мэдээлэл, мэдлэг боловсрол олгох нь хүн ардаа эрүүл саруул байлгах, насыг нь нэгээр ч болов нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Тиймээс энэ ажлыг шинэ шатанд гаргана. Урьдчилан сэргийлэх ажил чухал гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн болгон мэдэх учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон энэ заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

-Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг давхар дээлтэй, дээлгүй, мэргэжлийн, мэргэжлийн бус гэх мэтээр янз бүрээр тодотгоод байна. Мэргэжлийн бус сайд гэдэгт таны нэрийг оруулаад байх шиг байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашаад явах нь давхар хариуцлага гэж тодорхойлсон Ерөнхий сайдын үг таны асуултад хариулт болно гэж бодож байна. Сайдууд томилогдох үеэр баахан бярын тухай яригдсан даа. Бүх салбарын бодлого парламентад тодорхойлогддог. Тиймээс тухайн салбарын бодлогыг оновчтой гаргах, хэрэгжүүлэх, улмаар хамгаалах, шаардлагатай бол улс төрийн шийдэлд хүрэх тэрхүү боломж нь иргэдийн итгэлийг авч сонгогдсон төрийн түшээдэд түлхүү байдаг нь гишүүн-сайдын давуу тал гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн үзсэн гэж ойлгож байгаа. Мэргэжлийн бус гэдэг шүүмжлэл явсан, явсан. Тиймээ, би мэргэжлийн бус хүн. Гэхдээ сайд хүн чагнуур бариад хүн үзэхгүй, тариур бариад тариа хийхгүй. Засгийн газрын түвшинд эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлж л ажиллана. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа эмнэлгийн дарга нар, ерөнхий эмч нар нь удирдаад явна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллахаас илүү ариун гэгээн үйлс гэж хаана байхав. Эрүүл мэндийн салбарт эхийн сэтгэлээр хандаж, эмчийн сэтгэлээр зүтгэнэ ээ.

-Таны хувьд эрүүл мэндийн салбар руу чиглэсэн хуулиуд дээр нэлээд хүчин чармайлт гаргаж бодитой ажил хэрэг болгосон. Эмч нарыг найман жил хорьж, 80 сая төгрөгөөр торгох хатуу заалтыг өөрчлүүлсэн шүү дээ?

-Хувь заяаны шоглоом гэх үү, тохиол гэх үү аль нь оновчтой байх нь уу ямартай ч парламентын гишүүн болсноосоо хойш таван жил тасралтгүй Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллахдаа эрүүл мэндийн асуудлаар дагнасан байх юм. Түүний дотор таны жишээ татаж буй Эрүүгийн хуульд орсон эмч нарт мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор хариуцлага тооцох тухай заалт байсан. 48 мянган эмч, ажилтантай энэ том салбарыг доргиосон асуудал үүсээд байсан юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нартай хамтран Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өргөн барьсан маань ажил хэрэг болсонд баяртай байдаг. Ер нь эрүүл мэндийн салбарын хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгосон хуулийн төслүүд дээр ажилласаар иржээ. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын ажлын хэсэг ахалж УИХ-аар батлуулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийн ажлын хэсгийг мөн ахалсан. Одоо Донорын тухай хуулийн ажлын хэсэгт мөн ажиллаж байна. Салбарын сайдын хувьд цаашид ч эрүүл мэндийн салбарын олон хууль,тогтоомжийн ажилд гар бие оролцох болж байна даа.

-Аль ч Засгийн газрын үед хамгийн их хэл ам дагуулдаг нь эрүүл мэндийн салбар, Эрүүл мэндийн яам байдаг. Энэ салбарыг эмэгтэй хүнд даатгаж байгаа нь бас учиртай болов уу гэж ойлгож байгаа. Мөн олон талын мэдлэг, мэдрэмжтэй сэтгүүлч хүнийг ийм ажилд тавьсан нь итгэл хүлээлгэсний илрэл болов уу?

-Ерөнхий сайд маань эрүүл мэндийн салбарын бодлого, менежментийг хариуцаад явж чадна гэж итгэсэн учраас хамтарч ажиллах санал тавьсан гэж ойлгож, тэр мөчөөс нойр ч хүрэхгүй болсон шүү. Итгэнэ гэдэг бол их хариуцлага хүлээлгэж буй хэрэг юм билээ. Тиймээс толгой өөд татахгүй ажиллах хэрэгтэй болж байна. Нэг зүйлийн төлөө хичээж, сэтгэл гарган ажиллаад байхад үр дүн гардгийг ажил амьдралын туршлагаараа мэдэх юм. Тиймээс өөртөө итгэлтэй байгаа. Бас хамтран зүтгэгчдийн маань дэмжлэг надад урам зориг өгч байгааг хэлэх учиртай. Сайдын зөвлөлийг мэргэжлийн шилдгүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна гэж төлөвлөж байна. Сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байхдаа ч тэр, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ч эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажилласан маань хожмын өдөр хэрэг болж байна. Ер нь очоогүй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага цөөн санагдаж байгаа. Тиймээс танилцах аялал яаран хийхгүй, харин мэргэжлийн хүмүүстээ түшиглэн тулгамдсан асуудал, дээр дурдсан төлөвлөсөн таван гол чиглэлээ барьж ажиллана гэж бодож байна. Таныг асуусан болохоор хариулъя. Ер нь манай сэтгүүлчдийн хэн нь ч гэсэн аль ч салбарт хөрвөж ажиллах чадвартай байдаг. Энэ нь бүх салбарт хүрч ажилладаг мэргэжлийн онцлогтой холбоотой юм даа. Хүйсийн тухайд гэвэл дэлхий нийт батлан хамгаалах салбарыг ч эмэгтэй хүнээр удирдуулдаг болж. Энэ нь эмэгтэй хүний гүйлгээ ухаан, уян хатан чанар, сэтгэл нь бүх салбарт хэрэгтэй болсны илрэл болов уу. Эрүүл мэндийн салбарын нэр хүнд түмний дунд тиймхэн байгаад байдаг нь зөвхөн энэ салбартай холбоотой гэж үзвэл хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болно. Олон хүчин зүйл нөлөөлж байна. Тэр дундаа нийгмийн амьдралын доройтол ч нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Уур бухимдлаа эмч, эмнэлгийн ажилтнуудад гаргаж байна шүү дээ. Эм тариа, эмчилгээ үйлчилгээний төлбөр өндөр байгаа нь эмч нарын буруу биш. Энэ бол төрийн зохицуулалтын ажил. Тиймээс дээр дурдсан ажлуудыг эн тэргүүнд хийх шаардлагатай. Ням гаригт яамны баг, хамт олонтойгоо уулзах үеэрээ бодлого, төлөвлөгөөгөө танилцуулахад таатай хүлээж авсан нь тулгамдсан асуудлыг зөв тодорхойлсон гэж үзсэн үнэлгээ байлаа гэж ойлгож байгаа. Гэхдээ хэлэлцэж ярилцах, засч сайжруулах зүйл явцын дунд гарч л таарна.

-Хамгийн их авлига, хүнд сурталтай салбарын тоонд эрүүл мэндийн салбар орсоор ирсэн. Та энэ байдалтай хэрхэн тэмцэх вэ. Мөн эмч нар, эмнэлгийн ажилчдын цалин, нийгмийн байдлыг сайжруулах тал дээр яаж ажиллах вэ?

-Ер нь эрүүл мэндийн гэлтгүй аль ч салбарт хүнд суртал ноёлсоор байна. Ням гаригт бодлогын яамны баг, бүрэлдэхүүнтэй уулзах үеэр хөндөгдсөн нэг зүйл нь хүнд суртал, авлигатай холбоотой асуудал байлаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх нь аливаа сөрөг үзэгдлийг таслан зогсоох боломжийг бүрдүүлнэ гэж ойлгож байна. Олон хүн үзсэн ч, цөөн хүн үзсэн ч ялгаагүй, ажлын үр дүнгээр цалин урамшуулал тооцохгүй байх нь эмч, эмнэлгийн ажилтнуудын урмыг мохоож байгаа. Манайхан гадаад явж эмнэлгийн үйлчилгээ их авдаг болсон. Тэнд эмчийн нинжин сэтгэлийн тухай ойлголт байхгүй. Бүх зүйлийг зоосны нүхээр хардаг, үйлдэл болгон үнэлгээтэй байдгийг гадагшаа эмчилгээнд явсан хүмүүс мэдэх байх. Түүнтэй харьцуулахад харин ч манай эрүүл мэндийн салбарынхан өргөсөн тангарагтаа үнэнч байж хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл гарган зүтгэдэг. Тиймээс ажлын ачаалал их ч амьдралд нь хүрэхгүй байгаа цалин мөнгөө нэмэгдүүлэх, ажил хөдөлмөрийг нь бодитой үнэлэхийг шаардаж буй нь зүй ёсны хэрэг. Зөвхөн цалин нэмэгдүүлэх ч бус нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд ч анхаарах ёстой. Эмнэлгүүдийн төсөв хэчнээн нэмэгдсэн ч чанарын өөрчлөлт гарахгүй байгаа нь төсвийн уян хатан байдал хангалтгүй, хуулиар хайрцагласан байдал иргэнд болон эмч, ажилтнуудад ээлтэй зохион байгуулалт, менежмент хийх боломжийг хязгаарлаж байна гэж үздэг салбарын эрдэмтдийн саналыг хувьдаа дэмждэг юм. Энэ чиглэлд өөрчлөлт хийх, нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зориулалтын дагуу зарцуулан иргэнд эдийн засгийн дарамтгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг замаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган эмч, багш нарын цалингийн асуудлаар гурван талт хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан, асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчилгүйгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Таны сайдын ажил өнөөдрөөс эхэлж байна. Өмнө нь энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд бодлогын ямар шинэчлэл хийхээр зорьж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын үед хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагааны хөтөлбөрт орсон зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд багагүй ажил хийсэн гэж бодож байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гарч байсан. Тиймээс өмнөх үр дүнтэй, бодитой бодлогыг үргэлжлүүлээд явна. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, олон түмний хүсэн хүлээж буй асуудал бий. Эдгээрийг хэлэлцүүлж ажлаа эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа.

Өнөөдөр манай салбарт тулгамдаж буй асуудал гэвэл Ерөнхий сайдын захирамж гарсантай холбоотойгоор 2017, 2018 оны гурван талт хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлуулах ажлыг яаравчлах хэрэгтэй байна. Энэ ажлыг өнөө, маргаашгүй эхлүүлэх ёстой. Ер нь иргэдийн ядуурал, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн амаргүй цаг үед шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа. Нөгөө талаас багш, эмч нар цалин нэмэхийг шаардаж жагсаал цуглаан хийж байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага бий. Хоёр хоногийн өмнө Дэлхийн банк ядуурлын судалгааны дүнгээ зарласан. Манай улсын ядуурлын түвшин 29.6 хувь болж нэмэгдсэн байна лээ. Өөрөөр хэлбэл 904 мянган хүн ядуу амьдарч байна. Бас нэг асуудал бий. 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй. Энэ хугацаанд инфляцийн түвшин 20 орчим хувиар нэмэгдчихэж. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг яаралтай судалж үзэж шийдэх ёстой.

-Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учраас цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа биз дээ?

-Мэдээж хэрэг салбарт тулгамдаж буй хүндрэл бий. Орлогын боломж ямархуу байгаа билээ. Боломж байсан ч ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гээд үүрэг хүлээчихсэн байгаа. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэхэд хүндрэлтэй. Нэгэнт эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд олон улсын байгууллагатай гэрээ хийсэн болохоор түүнийгээ хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Нөгөө талаас нийгэмд бодитой үүссэн байгаа багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудалтай Засгийн газар нүүр тулж ямар нэгэн гарц хайх хэрэгтэй. Манай ард түмэн ярьдаг даа. Хонь бүрэн, чоно цатгалан гэж. Үүн шиг зарчим барьж асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Миний бодож буй хувилбар бол төрийн албан хаагчдын цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэхэд хэцүү. Тиймээс нэмэгдэл, урамшуулал олгох замаар төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хайна. Тодорхой шийдэлд хүрээд саналаа Засгийн газарт оруулна гэж бодож байгаа. Иймэрхүү тулгамдсан асуудлаас ажлаа эхлээд явна даа.

-904 мянган хүн ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан гэлээ. Нэг ёсондоо манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн үг үү. Ядуурлыг бууруулах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Нийт хүн амын гуравны нэг буюу 30 хувь ядуу амьдарч байна гэсэн үг. Тэгэхээр нэн тэргүүнд хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй. Юуны өмнө ажлын байрыг бодитой нэмэгдүүлье. Засгийн газрын зүгээс иргэдийг орлоготой болгох бодлогын арга хэмжээ явуулах ёстой. Ер нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого гэдэг дан ганц манай яамны асуудал биш. Салбар хоорондын зохицуулалт хийх макро эдийн засгийн асуудал. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх, өсөлтийг хангах бодлого явуулах ёстой. Бизнесийг дэмжих, таатай орчин бүрдүүлэх татвар, санхүүгийн бодлого явуулъя. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлоготой байж гэмээнэ томоохон төсөл, хөтөлбөрөө эдийн засгийн эргэлтэд оруулна. Ингэж чадвал бид ажлын байрыг дорвитой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Хоёр дахь асуудал нь амьдралаа аваад явчих хэмжээнд боловсорсон мөртлөө хөдөлмөр эрхлээгүй залуусыг ажлын байранд зуучилдаг тогтолцоог шинэчилж, сайжруулмаар байгаа юм. Бас залуус өөрөө өөртөө ажлын байр бий болгодог, аж ахуй эрхлэх, бизнес эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэгч болоход нь дэмжлэг үзүүлдэг болох ёстой. Наанадаж аж ахуй эрхлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хүү багатай, урт хугацаатай зээлд хамруулдаг болъё. Гуравдугаарт, өнөөдөр манай улсын хөдөлмөрийн зах зээл маш эмзэг байна. Нийт аж ахуйн байгууллагын 85 хувь нь ес хүртэлх ажилтантай жижиг аж ахуйн нэгж байдаг. Гэтэл манай улсын нийт ажиллагсдын тоо 1.2 сая. Үүний тал хувь нь тогтвортой бус ажлын байранд ажиллаж байна. Хувиараа аж ахуй эрхлэгч, малчид нийлээд 500 мянга орчим хүн бий. Тэгэхээр тогтвортой бус ажлын байртай хүмүүс болох малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж орлогыг тогтвортой болгох бодлого явуулах ёстой. Олон талын цогц бодлого явуулж байж үүнийг шийднэ. Бас нэг зүйл бий. Түрүүн хэлсэнчлэн 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлээгүй болохоор ядуурлын түвшин нэмэгдэхэд шууд утгаараа нөлөөлсөн гэж бодож байгаа. Тиймээс тодорхой хэмжээгээр орлого бий болгоод ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчилгүйгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэрвээ төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэх боломж гарч ирвэл төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор гэсэн харьцангуй өндөр цалинтай хүмүүсийнхийг хөндөхгүй. Эхлээд бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэсэн бодолтой байгаа. Шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцэх үеэр гишүүд ярьж байна лээ. Жагсаал цуглаан хийж байгаа гээд зөвхөн багш, эмч нарын цалинг нэмж болохгүй шүү гэж. Би ч гэсэн тийм байр суурьтай байгаа. Багш, эмчээр хязгаарлахгүйгээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлье. Өнөөдөр тэдний дундаж цалин 758 мянган төгрөг байна. Тиймээс ийм хэмжээний цалинтай хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлнэ гэж үзэж байгаа.

-Таныг сайдаар томилогдохтой зэрэгцэн АНУ руу урт хугацаанд ажиллах хүчин гаргах тухай яриа өрнөж байна. Гадагшаа ажиллах хүчин гаргах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Гадаадад ажилтан гаргах, тэндээс оруулж ирэх тухай хууль намайг дэд сайдаар ажиллаж байх үед буюу 2003 онд батлагдсан. Үүнээс хойш 14 жил өнгөрчээ. Хуульд өөрчлөлт ороогүй байгаа. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа бид дотоодод бэлдэж чадахгүй байгаа инженер, техникийн ажилтан, өндөр ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн урьж авчирдаг байх хэрэгтэй. Нөгөө талдаа монгол залуусыг гадаад руу биеийн хүчний буюу хүнд хөдөлмөр эрхлэхэд нь хяналт тавих хэрэгтэй. Харин өндөр технологи, ур чадвар эзэмших ажилд түлхүү явуулмаар байгаа юм. Ийм бодлого явуулна гэсэн бодол бий. Ер нь би өмнө нь энэ салбарт ажиллаж байхдаа гаднаас авч буй ажилтны тоог 50 хувиас доошгүй бууруулъя гэсэн зарчим баримталж байсан. Энэ бас болохгүй ч юм биш. Тодорхой хэмжээгээр эерэг үр дүн өгөхөөр харагдаж байлаа. Тиймээс уг бодлогыг үргэлжлүүлье гэсэн бодол бий. Яваандаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа улсын төсвөөс хөрөнгө эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөрөнгө хуваарилалт маш бага байдаг. Бидний нөгөө муу хэлээд байдаг гадаадаас авч буй ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөр л хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бүрдэж байна. Уг сангийн хөрөнгөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах бодлогоо хэрэгжүүлдэг. Алийн болгон ингэж явах вэ дээ. Гадаадаас авах ажиллах хүчнээ багасгах бодлого баримталж байгаа болохоор хөдөлмөр эрхлэлтийн санг дэмжих хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгөх бодлого зайлшгүй хэрэгтэй.

-Сангийн орлогыг нэмэгдүүлэх ямар гарц байгаа вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулинд төсвийн 0.5 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг санд төвлөрүүлнэ гээд заачихсан байдаг. Түүгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэх хуультай. Сүүлийн 10-аад жил уг хуулийн заалт хэрэгжихгүй явж ирлээ. Тиймээс тодорхой хэмжээгээр ажилгүйдлийн түвшинг бууруулах асуудлыг улсын төсвөөс зарцуулах шаардлагатай. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьж төсвийн төсөлд тусгаж ажиллана.

-Өнгөрсөн жил та малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулах, олон хүүхэдтэй ээжүүдийн улсад ажилласан жилийг нэмэгдүүлэх гэхчлэн хэд хэдэн хууль батлуулсан. Уг хуулийн хэрэгжилтэд яаж анхааръя гэж бодож байгаа вэ?

-Өнгөрсөн жил УИХ-ын гишүүнийхээ хувьд хууль санаачилсан юм. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч ээжүүдийн улсад ажилласан жилийн тоог нэмэгдүүлэх гэхчлэн хууль батлуулсан. Одоо өөрөө энэ салбарын сайдаар томилогдсон болохоор хуулийн хэрэгжилтэд анхаараад явна. Тодорхой бодитой алхам ч хийнэ. Удахгүй шинэ Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулж өргөн барина. Төсвийн төсөл боловруулах явцад саналаа нэгтгэж УИХ-д тодорхой санал оруулна гэсэн байр суурьтай байгаа. Нэг зүйлийг хэлэхэд ОУВС-тай байгуулсан гэрээ, хэлэлцээрт эдгээр хуультай холбоотойгоор үйлчлэлийг зогсоох, эсхүл хүчингүй болгох гэсэн заалт ороогүй. Тиймээс хэрэгжих нөхцөл боломж бүрдэнэ. УИХ-аас гурав хүртэлх насны хүүхдээ хараад гэртээ сууж буй ээжүүдэд тодорхой хэмжээний тэтгэмж олгодог байх тухай хууль баталсан. Хоёрдугаарт, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд хүүхдээ асарч хамгаалах хугацаанд тэтгэмж олгох хууль бий. Эдгээрийг хэрэгжүүлэх талаар тодорхой саналыг ирэх оны төсвийн төсөлд суулгаад УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн бодолтой байна. Ингэж чадвал иргэдийн мөнгөн орлого нэмэгдээд явна. Ер нь хөдөлмөрийн насны, ажил эрхлэх чадвартай иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого явуулна. Төр засгаас зайлшгүй халамжлах шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй олгож буй олгож буй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг амьдралаа боломжийн авч явж буй хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

-Шинэ Засгийн газрын сайдууд бүгд давхар дээлтэй. Сайд болсон хүмүүс УИХ-ын гишүүний ажлаа орхигдуулах юм биш үү?

-УИХ-ын гишүүн хүн сайд болчихоор хууль тогтоох, гүйцэтгэх ажлыг давхар хийнэ. Тэгэхээр аль нэг ажил цалгардах болов уу гэх болгоомжлол иргэдийн дунд байгаа нь үнэн. Миний хувьд тийм байдал гаргахгүйгээр ажиллах боломж бий гэж харж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд Засгийн газар дээр бодлогоо шийдүүлэх, дэмжүүлэх шаардлагатай. Нөгөө талаас сонгогчдоос хүлээн үндсэн үүргээ биелүүлж чуулган, байнгын хорооны хуралдаа сууж орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээд явна. Ачаалал өндөр байх нь мэдээжийн асуудал. Үндсэндээ хагас, бүтэн сайн өдөр яаман дээрээ суугаад Засгийн газрын үндсэн ажлаа нэлээн нугалж авах хэрэгтэй болох байх. Өглөө маш эрт ирж, орой шөнө дөл болтол сууж яамны ажлаа эмхэлнэ. Бусад үед УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаа суугаад явъя гэж бодож байна. Ингэж ажиллавал аль, аль ажлаа цалгардуулалгүй аваад явах боломжтой.

-Та салбарынхаа яам, агентлагт халаа сэлгээ хийх үү?

-Би УИХ-ын чуулган дээр ч хэлсэн. Хүн халах гэж сайд болоогүй. Асуудал шийдэх гэж, ажил хийж гэж энэ албан тушаалд очиж байгаа. Халаа, сэлгээ хийнэ гэдэг миний үндсэн зорилго биш. Гэхдээ ажил хийдэггүй, цалгардуулдаг, хариуцлагагүй, цаг хугацаандаа ажлаа хийдэггүй, иргэдэд түргэн шуурхай үйлчилж чадахгүй байгаа төрийн албан хаагчид байвал өөрчлөх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Ажилдаа эзэн болсон, төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хэнтэй ч болов хамтарч ажиллахад бэлэн.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдаар томилогдох хүмүүсийг УИХ-ын гишүүний юм уу сайдынхаа аль нэгийн цалинг аваарай гэсэн. Таны хувьд ямар шийд гаргасан бэ?

-Яамны сайдаар томилогдоод явж байгаа болохоор үндсэн цалингаа яамнаас авах байх. УИХ-ын гишүүний цалингаа авахгүй. Төрийн захиргааны албан хаагч ажил хавсарч гүйцэтгэж байгаа бол 40 хувийн нэмэгдэл авч ажилладаг Засгийн газрын тогтоол бий. Үүнд улс төрийн албан тушаалтан хамаардаггүй. Тиймээс би сайдынхаа цалинг авч ажиллана.

-Сайдын цалин хэдэн төгрөг байдаг юм бэ?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хоёрын цалин адилхан. Сард 1.4 сая төгрөгийн үндсэн цалин авч байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энх-Амгалан: ОХУ манайхыг онгоц үйлдвэрлэгч улс болохыг дэмжсэн. Тэд 150 тэрбум рублийн зээл олгохоор ярьж байгаа

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Засгийн газрын гишүүдийг эхнээс нь баталж байна. гэхдээ дотоод асуудлаа шийдэж чадалгүй хоёр сар гаруйн хугацаа алдсанаас болоод ирэх оны төсөв, мөнгөө ч шийдэж чадаагүй байна. одоо шинэ Засгийн газар уг асуудлыг богино хугацаанд хэлэлцэх гээд хэтэрхий яарах байх даа?

-МАН дотоод асуудлаа шийдэж чадахгүй гэхээсээ илүү нийгэмд үүсээд байгаа хямрал, энэ гажуудлыг засах гэсэн оролдлого боллоо. Ард түмэн шударга ёс, хариуцлагыг хүсэж байна. Төрийн албаны ёсзүйг хүсэж байна. Бид энэ асуудлыг л тойрч ярилцсан. Энэ бол зөвхөн намын дотоод асуудал биш гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд үүссэн хямрал энэ цаг үед ирж, тэсэрч байх шиг байна. Засгийн газар шинээр байгуулагдлаа. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд үргэлжилнэ. Яагаад гэвэл МАН-ын сонгуулийн өмнө амласан мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой. Шинэ засгийн газар яам агентлагуудын тоог нэмэхгүй, хуучин бүтцээр ажиллана. Ингэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрийн залгамж чанар үргэлжилнэ. Харин энд хариуцлага сахилга батыг дээшлүүлэх, төсвийн хэмнэлт гаргах, эдийн засгийн үр ашигтай шинэ төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, ажлын байрыг бий болгох зэрэг чухал чухал асуудлуудыг маш яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

-Ирэх оны төсвийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Зөв, түргэн шуурхай эдийн засагт дүгнэлт гаргаад, дотоод болон гадаад нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглавал ирэх оны төсөв хүндрэлтэй байхгүй байх боломж байгаа.

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг сэргэсэн гэж Ман-ынхан ярьж байсан. Гэвч өнгөрсөн зун буцаад уналтад орж байх шиг байна. Эдийн засгийн сэргэлт бодитой байж чадсан уу?

-ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны хооронд манай улсад ажиллаж, гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монгол банкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийж, амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэсэн байгаа.

Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Азийн хөгжлийн банк 100 сая ам.долларыг Засгийн газарт шилжүүлж, мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 1.3 тэрбум ам.долларыг гурван жилийн хугацаанд Монгол Улсад шилжүүлнэ гэж тогтсон шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд ажлын хэсэг улирал бүр манай улсад ажиллаж, хэрэгжилтийн явцад дүгнэлт гаргана гэж үзээд байгаа. Тэгэхээр ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлсэн байна гэсэн эхний дүгнэлт гарлаа. Тиймээс үргэлжлүүлэн санхүүжилт олгож байна гэж ойлгож байгаа.

-Өнгөрсөн зургадугаар сараас хойш урд хилээр гарах нүүрсний хэмжээ илт багасаж байгаа. Үүнээс болоод эхний хагас жилийн өсөлт эргээд унах гээд байгаа юм биш үү?

-Өнгөрсөн наймдугаар сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 37 хувиар буюу 1.1 сая ам.доллароор өс-сөн үзүүлэлттэй байна. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт нь экспортыг 36 хувиар, уул уурхайгаас бусад төрлийн экспортыг 0.4 хувиар өсгөхөд хүрлээ. Нэг жишээ хэлэхэд өнгөрсөн оны хоёрдугаар улирлын байдлаар эдийн засгийн бодит өсөлт 1.5 хувиар өсч байсан бол энэ онд хоёрдугаар сард 5.3 хувьд хүрсэн байна. Эндээс нүүрсний экспорт буурсан, энэ нь эдийн засагт нөлөөлөх гэж байна гэсэн тоон үзүүүлэлт харагдахгүй байгаа биз дээ. Гэхдээ нүүрсний экспортын бодит хэмжээний үнэ өссөнөөс шалтгаалж эдийн засаг 1.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт байгаа. Энэ цаашид хэвээр хадгалагдах байх гэж найдаж байна.

-УИХ “Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр” гэж зарласан. Тэр юу болсон бэ. Хэрэгжээд үр дүнгээ өгч буй төсөл хөтөлбөрүүд байна уу?

-Ер нь бол татварын цэвэр орлого 3.9 их наяд төгрөгт хүрсэн. Бас л өмнөх онтой харьцуулбал өссөн үзүүлэлт. Нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаад худалдааны орлого, нийгмийн даатгалын орлого, татвар төлбөрийн хураамжийн орлого өссөн үзүүлэлттэй. Энэ мэт үзүүлэлтүүд нь тодорхой хэмжээгээр эдийн засгийг тогтворжуулахад нөлөөллөө гэж үзэж байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдэд үндэсний үйлдвэрлэлийг сэргээх асуудлууд орж байгаа. Энэ асуудлыг дараагийн Засгийн газар идэвхтэй авч хэрэгжүүлээд явах байх.

-Саяхан болсон “Монгол Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалтын ажлын хэсгийг та ахалсан байна лээ. Уг уулзалтаас ямар үр дүн гарсан бэ?

-“Монгол-Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын эхэнд болж өндөрлөлөө. Уулзалтад ОХУ-аас ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн, эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашниковоор ахлуулсан ажлын хэсэг ирсэн. Энэ уулзалтын хүрээнд “ОХУ-д үйлдвэрлэв” үзэсгэлэн худал-даа болж ОХУ-ын 70 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон. Тэд бүгдээрээ манай хэрэглэгчдэд зориулж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хүргэсэн. Мөн энэ үеэр хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, зам тээвэр, аялал жуулчлал, эрчим хүчний салбаруудын салбар хуралдаанууд явагд-сан. Хамгийн гол нь чуулга уулзалтаар Монгол Оросын худалдааны эргэлтийг нэмэг-дүүлэх, ОХУ-ын Сибирийн зах зээл, Алс Дорнодын зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээг-дэхүүнийг гаргах, мөн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайж-руулах, хилийн бүсийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх гэх мэт олон асуудал хөндсөн юм. Мөн ОХУ манай улсыг онгоц үйлдвэрлэгч орон болохыг дэмжсэн, ОХУ-аас Монгол Улсад олгогдохоор амласан 150 тэрбум рублийн зээлийн асуудлыг хоёр тал хамтран шийдвэрлэх, бодит төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хоёр улсын парламент хоорон-дын харилцааг өргөжүүлэх, тэр дундаа гадаад худалдааг явуулахад хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар ярилцсан.

-Та хоёр хөршид болж буй эдийн засгийн уулзалт, арга хэмжээнд нэлээн оролцдог. Тэд манай улсын эдийн засгийг ямар хэмжээнд дүгнэж байгаа вэ. Мөн хөрш орны харилцааны хүрээнд эдийн засгийг сайжруулахад ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. БНХАУ-ын зүүн хойд мужууд, ОХУ-ын Сибирийн зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг нэлээд их сонирхдог. Тэнд бас хэрэглэгч нь байгаа. Энэ зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийн тулд нэгдүгээрт, бараа бүтээгдэхүүний чанар стандартыг тухайн улсын чанар стандартад нийцүүлэх шаардлага хэрэгцээ байгаа. Хоёрдугаарт, Монголоос гарч байгаа түүхий эд, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гаргахын тулд монгол малыг эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх шаардлага хэрэгцээ байна. Ингэж чадвал бид хоёр хөршийн зах зээлд гарах бүрэн бололцоо бий. Түүхий эдээ гүн боловсруулж, нэмүү өртөг шингээн, ажлын байрыг бий болгосон, гадаад зах зээлд гарах бололцоо боломжийг бий болгосон үндэсний үйлдвэрлэлүүдийг төрийн бодлогоор дэмжиж ажиллах ёстой. Тэгвэл нэг талаар эдийн засгийг сэргээн хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

-Эдийн засаг бодитоор сэргэж, одоогийн нөхцөл байдлаас дээшлэх боломж байна уу?

-Байгаа, би өмнө нь ч хэлсэн. БНХАУ-ын зүүн хойд мужууд болох Хөх хот, Хянган, Бугат, Манжуур, Хайлар, Шилийн гол, мөн ОХУ-ын Сибирийн тойргийн мужууд болон Алс Дорнодын чиглэлд Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, соёлын арга хэмжээ хийх, эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулах гээд гарцууд байна. Хэдийгээр Монгол Улс далайд гарцгүй ч гэсэн хоёр том хөршийн зах зээлд гарах бүрэн бололцоо бий. Ингэж байж эдийн засаг бодитоор сэргэх боломж бүрдэнэ. Үүн дээр нэмээд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтворжуулах, үнийг тогтвортой барих асуудал нэлээн чухал байгаа.

-Олон улсын дата төвийг Улаанбаатарт байгуулах тухай та ярьж байсан. Тэр ажлууд юу болсон бэ?

-Улаанбаатар хотод Ази Европыг холбосон олон улсын дата төвийг байгуулах асуудал яригдаж байгаа. Энэ маань нэг ёсондоо бид мэдээллийн тээвэрлэгч болно гэсэн үг. Энэ утгаараа Монголын дата төвөөр дамжиж, олон улсын томоохон хэрэглэгч болох Гүүгл, Интел, Майкрософт, Фэйсбүүк зэрэг томоохон цахим мэдээллийн орчинд ажилладаг компаниудын мэдээллүүдийг Европоос Ази руу дамжуулах боломж бололцоо бүрдэнэ. Энэ нь эргээд Монгол Улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулна. Монгол Улс мэдээлэл технологийн салбарт дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах алхам болно. Шинэ Засгийн газар үүнийг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Оффшор, хулгайн мөнгөнийхөө араас өөр улсын харьяалалтай болсон хүмүүс тэндээ очиж амьдар

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ давхар иргэншилтэй хүмүүс засгийн газар болон уиХ-д ажиллаж байж магадгүй гэсэн. Таны таамаглаж буйгаар хэн, хэн давхар иргэншилтэй гэж?

-Давхар иргэншил, давхар харьяалал гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Давхар иргэншил гэж ямар утгатай вэ гэвэл АНУ-ынхаар бол ногоон карт юм. Давхар харьяалал бол тухайн улсын паспорттой, иргэн нь гэсэн үг. Жишээлбэл, Английн гадаад хэргийн сайд америк хүн байсныг иргэд нь мэдсэн ч асуудал үүсгээгүй. Учир нь Англи давхар харьяаллыг хүлээн зөвшөөрдөг. Давхар харьяалал буюу тухайн улсын иргэн болъё гэвэл хөрөнгө оруулалт хийж компани бүртгүүлээд иргэн нь болдог. Монгол Улсын хуулиар тийм боломж байхгүй. Би давхар иргэншилтэй хүмүүсийг тэр гээд шууд зарлах юм бол баттай эх сурвалж болж чадахгүй. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн зарлах ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуул, хүчний байгууллагынхан бусад улс оронтой сүлжээтэй, хамтран ажилладаг. Тиймээс тэд ажиллах ёстой. Миний хувьд давхар харьяалалтай иргэн Монголын төрд ажиллах бололцоо байна, тиймээс шалгуулъя гээд байгаа юм. Манайхан давхар харьяалал гэдгийг зөвхөн Хятадаар төсөөлж урд хөршийнхнөө хардаад байдаг. Яг үнэндээ муу юм бүхэн хятадуудтай биш, манайхантай холбоотой.

Хэрэв манай Засгийн газарт орж ажиллах сайд нар, эсхүл УИХ-ын гишүүд давхар харьяалалтай байвал бид түмний шившиг болно. Манайхан намайг давхар харьяалал гээд яриад эхлэнгүүт муугаар нь байгаа ганц казах гишүүнийгээ хардаад эхэлсэн. Казах иргэдтэй ямар ч хамаагүй. Жинхэнээсээ авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнууд мөнгөөрөө харьяалал, иргэншлийг худалдаад авчихсан байгаа.

-Та хий хардаад байгаа юм уу, эсхүл баримттай мэдэж байна уу?

-Хардах бүрэн үндэслэл надад бий. Ихэнх нь үр хүүхдүүдээ гадны иргэн болгочихоод өөрөө л Монгол Улсын иргэн гээд явж байгаа. Хэрэв хэрэг үүсгээд балрах шинжтэй болоод эхэлбэл нутаг руугаа явчихна гэж бодож байгаа хүмүүс олон байна.

-Тийм хүмүүсийг та шууд нэрлэж чадах уу?

-Тэр, энэ гээд хэлчих юм бол хүний нэр төрд халдсан болно. Яагаад гэхээр миний ярьж буй зүйл нотлох баримтын чанарыг хангахгүй. Наадуул чинь өөрсдөө бүхнийг атгаж байгаа. Тагнуул, цагдаа, шүүх гээд бүхнийг гарынхаа атганд байлгаж байна. Тийм болохоор О.Баасанхүү хүн гүтгэлээ гээд суучихна. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шалга гээд байгаа юм. Тэртээ тэргүй МАХН олонх болчихвол хариуцлага хүлээлгээд явна.

-Таны мэдээллийг сонсоод ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделхан хоёрыг юм болов уу гэх мэдээлэл явсан. Тэд мөн үү?

-Би тийм нэр дурдаагүй шүү. Хүн гүтгэмээргүй байна. Мэдээлэл хийсний дараа Н.Оюундарь гишүүн л надаас асуусан. Би Х.Баделхан биш шүү гэж хэлсэн. Би тэгж казах иргэдээ доромжилж, гутаахгүй. УИХ-ын гишүүд дотроос Баян-Өлгийн ганц хүндэт иргэн нь би. Тэдний төлөө би явдаг. Тэндхийн иргэд гадаадад шорон оронд орчихсон байхад нь би хөөцөлдөөд асуудлын учрыг олж байлаа. Одоо эрх баригчид намайг үндэсний цөөнхийн эсрэг байгаа мэт турхирах гэж байна. Ер нь давхар харьяалалтай иргэдийг би зарлах шаардлагагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга уг асуудлыг ганцхан өдрийн дотор мэдэх боломжтой.

-Та шалгуулж өгнө үү гэх бичгээ Ерөнхийлөгчид өгсөн байх аа?

-Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хуульзүй, дотоод хэргийн сайдад өгсөн. Эд шийдэх ёстой. Уг нь их амархан шүү дээ. Гадаад улсад суугаа Элчин сайд нараараа дамжуулаад мэдээлэл авчихна. Мөн, биш гээд лавлагаа гаргаад ирнэ. Тэр хариуг нь авчраад өгчихнө биз. Дор нь шийдэх асуудал шүү дээ. Асуудлын гол нь хардах үндэслэл бий юу гэдэгт байгаа. Зүгээр байгаа хүн болгоныг очиж хардаад байгаа юм биш. Манай төрийн томчуул болон УИХ-ын гишүүдийн ихэнхийн үр хүүхэд нь гадны иргэн болчихсон байна. УИХ-ын гишүүн байсан болон одоо байгаа хүмүүсийн ихэнх шүү. Монгол Улсын гурван мянга орчим иргэн хоёр иргэншилтэй явж байгаа. Тэдний дийлэнх нь томчуудын хүүхэд. Гэхдээ Хятадын иргэншил биш шүү. Өмнөх Ерөнхийлөгч давхар харьяаллын хуулийг оруулах гэж зүтгээд байсан шүү дээ. Тэр үед манайхан хятадууд манайд орж ирэх гэж зүтгээд ийм хууль батлуулах гээд байна гэж байсан. Гэтэл тийм биш юм байна. Эд нар өөрсдийгөө давхар харьяалалтай болгох гээд бүр улайрчихаж. Австралийн, эсвэл Канад, Английн иргэн болчихсон мөртлөө манай төрийн янз бүрийн удирдлагын хэмжээнд ажиллаад явж байна. Ер нь та нар анзаараад байгаарай. Мань мэт шиг амьтан нь тойрог руугаа яваад, өвөө эмээ нартай уулзаад явж байдаг. Гэтэл нөхдүүд тойрог руугаа явдаг ч үгүй. Сонгуулиар очиж нэг харагдсан болдог. Тэгвэл тэд ихэнх хугацааг хаана өнгөрүүлдэг гээч. Гэртээ байж байдаг байхгүй. Тэр гэр нь Монголд байхгүй юу. Өөрөөр хэлбэл хоёр дахь эх орондоо дийлэнх цагаа өнгөрүүлж байгаа. Шударгаар хэлэхэд тиймэрхүү хүмүүс төрд ажиллахдаа өрөм, ааруулыг нь идэж байна. Бид хусмыг нь идээд явж байгаа. Өмнө нь гадаад эхнэр, нөхөртэй бол гээд балай юм ярьж байсан. Тэр бол огт хэрэггүй шүү дээ. Хувь хүний хайр сэтгэлийн асуудлыг бид хэмжиж чадахгүй. Харин хулгайн хөрөнгөө дагаж нутгаа сонгосон хүмүүсийг Монголын төрд оруулж болохгүй.

-Гэхдээ үүнд ногоон карттай хүмүүс хамаарахгүй биз дээ?

-Хамааралгүй яадаг юм. Сонгуульд оролцохгүй болохоос биш бусад бүх зүйлд тэндхийн иргэдийн нэгэн адил тэгш эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл Монголд ирсэн ч гэлээ зургаан сар тутамд нэг удаа эх орондоо буюу Америкт ирж байгаарай гэсэн үг байхгүй юу. Ногоон картыг иргэншлийн, паспортыг харьяаллын гээд байгаа юм. Манайд өнөөдөр Монголын иргэншилтэй, гадны харьяалалтай хоёр, гурван мянган хүн бий. Гэхдээ бид тэднийг гадныхан гэж гадуурхдаггүй. Гадуурхах ч ёсгүй. Тэр хүн хаана төрөхөө өөрөө мэдэж байгаа болохоор иргэншлийг нь өгөөд явж байгаа. Харин тийм хүн Монголын төрд орж болохгүй. Хэрэв Монгол Улсын харьяат болчих юм бол асуудал өөрөөр яригдана. Сонгуульд оролцоод сонгох, сонгогдох эрхээ эдлээд явна биз. Гэтэл гадаадын харьяалалтай, Монголын иргэншилтэй хүмүүсийг төрд оруулахаа больё гээд байгаа юм. Хараар ажиллаж байгаад ногоон карттай болсон хүмүүсийг энд ярьж болохгүй. Оффшорынхоо араас, хулгайн мөнгөнийхөө араас харьяалалтай болсон хүмүүс нь тэр сонгосон улсдаа очиж амьдар. Тэндээ улстөрөө хий, энд ирж худлаа сонгуульдахаа боль. Монголын төрд ажиллахыг хүсээд байгаа юм бол тэндхийн харьяаллаасаа татгалзаад эндээ амьдарч, эрх үүргээ эдэл. Би ийм л зүйл ярьж байгаа. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Давхар харьяалалтай хүмүүс харь үзэлтэй, харь бодолтой болчихсон байгаа. Бараг нөгөө эрлийзүүдээсээ долоон дор болчихож. Тийм давхар харьяалалтай хүмүүс олны анхаарлыг өөрөөсөө холдуулахын тулд бусдын цусыг шинжлээд гүйгээд байна. Төрийн дээр байгаа хар хайрцагны бодлого гэж нарийн зүйл бий. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч “Монгол ялна” гэж сонгуульд оролцоод ялсан биз дээ. Одоо тэгээд Монголоо ялуулаач. Одоогийн төрд миний яриад байгаа арав гаруй хүн байгаа. Зөвхөн давхар харьяаттай гэвэл дөрвөн хүн бий. Иргэншилтэй арваад хүн байна. Энэ 14 хүнийг төрийн өндөр дээд албан тушаал, УИХ-ын гишүүнээс нь болиулаач гэж байгаа юм.

-Тэр 14 хүн бүгд наад зах нь ногоон карттай юм уу. Та тэрийг баттай мэдэж байгаа юу?

-Тэрийг мэдэж байгаа болохоор л ярьж байгаа биз дээ. Би нотлох эрх бүхий байгууллага биш. Би ганцаараа байгаа. Хэрэв нэг цаас үзүүлчих юм бол наадах чинь худлаа, эвлүүлэг гээд эхэлнэ. Зөрчлийн хуулиар хүний нэр төрд халдсан гээд аягүй бол УИХ-ын гишүүнээс татъя гээд явж байж магадгүй. Хуульч хүний хувьд нотлох баримтыг гаргах эрх бүхий субьект нь ажлаа хийхийг шаардаж байгаа юм. Тэр болтол би хүний нэр зарлаж болохгүй байна.

-Гэхдээ та тоог нь хэлчихлээ?

-Нэр биш тоо зарлаж болно л доо.

-Тэр 14 хүн одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа юу. УИХ-ын гишүүн юм уу?

-Холимог 14. Өмнөх Засгийн газарт ч байсан, одоогийнход ч байгаа. УИХ-д бий. Эхний ээлжинд сайд байсан болон сайд болох гэж буй зургаан хүний учрыг олооч гэж байгаа.

-Та бас У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллуулж болохгүй гээд гурван хүний нэр зарласан. Яагаад тэр билээ?

-Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа гэсэн гурван хүнийг нэрлэсэн. З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө өшөөг авч байна ч гэх шиг янз бүрийн зүйл бичээд л байна. Мөнгөтэй хүмүүс гоё юм аа. Ингээд өөрөөсөө анхаарлыг сарниулахын тулд өөр зүйл бичүүлдэг. Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж буй миний шалтгаан ойлгомжтой. Өнөөдөр Монголын арилжааны банкуудын зээлийн жилийн хүү 18-26 хувь. Гадаадад 0.75-3 хувийн хүү жилд төлдөг. Ийм банк оруулаад ир. Хятадынх байсан ч хамаагүй. Орж ирээд Монголын балай банкуудыг дампууруул. Яагаад гэвэл ОУВС хүртэл хэлээд байгаа шүү дээ. Зээлийн хүү 14 хувь байхад үнэхээр хангалттай байхад юун хорь давсан хүү вэ. Хоёрдугаарт, таны мөнгийг барьцаалж байхад эрсдэлгүй гэсэн үг. Гэтэл манай банкууд таны цалинг, тэтгэврийг барьцаалсан мөртлөө дахиад эрсдлийн хүү гэж авдаг. Энэ нь ямар ч ойлгомжгүй байна. Ингэтлээ улайрсан банкуудын эсрэг бага хүүтэй гадны ч хамаагүй банк оруулаад ир. Гэтэл Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын банк гэдэг нэрээр лоббидож, улайрсан. Ард түмэн санаж байгаа байх, Ч.Хүрэлбаатар бид хоёрын муудалцсаныг. Би өөрийгөө доромжлуулсандаа гомдоогүй. Баасанхүү гэдгийг баасан нь бааж шээсэн гэсэн утгатай үг гэж уурлаад чичирсэн шүү дээ. Би түүнд уурлах шаардлага байхгүй. Надтай ижил нэртэй хүн олон бий. Ч.Хүрэлбаатарын нутагт ч гэсэн Баасанхүү гээд начин байдаг биз дээ. Хүнийг хоёр янзаар алж болно. Нэг бол нэр төрийг нь гутаана, эсхүл махан биеийг нь ална. Ийм хүнийг Сангийн сайдаар тавибал бид сүйрнэ. Хуульзүй, дотоод хэргийн сайдын хувьд би бас саналаа хэлье. Бид яах гэж эрхзүйн шинэчлэлийг хийсэн юм бэ. Ц.Нямдоржийн алдааг засах гэж л хийсэн биз дээ. Ер нь эрхзүйн шинэчлэлийг сайжруулах гэж хийсэн юм уу, улам муутгах гэж хийсэн юм уу. Арван хэдэн жил гарсан хуульзүйн зөрчил 2000 оноос гаралтай. Системийн хямрал манай Н.Энхбаяр даргыг хаан байх үеэс эхтэй. Н.Энхбаяр хаан байхдаа эднийг хажуудаа авчраад дараа нь өөрөө өөрийнхөө хүүхдэд залгиулсан байхгүй юу. Одоо эргээд энэ систем рүүгээ орох ёстой гэж үү. Ц.Нямдоржийг сайдаар тавибал энэ хүн хамгийн түрүүнд Эрүүгийн хуулийг өөрчилнө. Хуулийн байгууллагынхан Ц.Нямдоржийг ирэх сургаар Ажлын хэсэг байгуулж байгаа гэсэн. Арван хэдэн жил бэлтгэсэн өөрийнх нь хүүхдүүд, дүү нар нь байгаа. Цагдаа, прокурор, шүүх сүүлийн арав гаруй жилд шинэчлэгдсэн үү. Үгүй биз дээ. Дандаа өөрийнх нь хүмүүс байгаа юм чинь яаж ч шинэчлэх вэ дээ. Өмнө нь агуу ихийн дэмийрэлтэй, хүн сонсдоггүй Х.Тэмүүжин гэж очоод хуулийн байгууллагыг яаж самрав. Чингэлтэй дүүргийн байшинг булааж авсныгаа шүүхийн шинэчлэл гэж яриад байдаг.

-МАН-ынхан Ц.Нямдоржоос өөр энэ салбарт сайдаар ажиллах хүн байхгүй ухааны юм яриад санал оруулж байгаа биз дээ?

-Ц.Нямдорж энэ салбарыг сайжруулаад явж чадахгүй. Уг нь бол Ц.Нямдорж миний ах байхгүй юу. Чи бараг “Ц.Нямдорж миний ах” гээд ярилцлагаа гарчиглачихаарай. Энэ хүнийг би ахаа гэж дууддаг. Хуульчид дунд Ц.Нямдоржид хүндэтгэлтэй ханддаг ганц хүн нь би байх. Би ч үүнийгээ ний нуугүй хэлж байгаа. Танд би эрхэлье, гэхдээ та больчих гэдэг. Тэр хүн одоо болно. Ц.Цогзолмаа ч гэсэн дээ. Дүүргийн Засаг дарга байхдаа баахан л хэл аманд ороод байсан. Одоо сайдаар томилогдоогүй байхдаа л халаа сэлгээ ярьж байна. Бодлого ярихын оронд боловсон хүчнээ хална ч гэх шиг. Боловсролын яамыг мэдлэгтэй, боловсролтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн авч явах ёстой. Түүнээс биш сэлэм эргүүлдэг хүн тэнд хэрэггүй. Бид боловсролын системээр хангалттай тоглолоо. Мүүний шашинтай гээд нэг хүн гарч ирээд баахан тоглосон. Эмнэлэг, сургууль, хууль гурваараа битгий тоглооч. Түүнээс биш надад хувь хүнтэй хийх дайн хэрэггүй. Эрүүл мэндийн салбарын хувьд ч ялгаагүй. Японд Анагаах ухааны сургуулийн захирлаар ажиллаж байсан монгол хүн өнөөдөр эх орондоо ирэхэд ажил олдохгүй байна. Гэтэл сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг авч явах гэж байна. МАН боловсон хүчний хомсдолд ороогүй. Би У.Хүрэлсүхэд үнэхээр гутарч байна. У.Хүрэлсүх дан дээлтэй, хүчтэй, шударга, барьцаалагдаагүй сайд нар оруулж ирээд унасан байлаа ч нэр төрийн хэрэг байлаа. Дараа нь тэр хүн бүр илүү хол явах байлаа. У.Хүрэлсүх жаахан чангахан дуугарахаар нь ард түмэн төдийгүй би ч гэсэн хүндэлж эхэлсэн. Гэтэл одоо Засгийн газар нь унахад хохь нь гэж хэлэхээр болчихлоо. Мөхөл рүүгээ л явж байна даа. Тиймээс нэн яаралтай МАХН-даа ир гэж уриалаад байгаа юм.

-Нээрээ МАХН руу орж магадгүй гэсэн яриа яваад байсан. МАН-ын нэр бүхий гишүүд танай намынхантай уулзсан уу?

-Намаа шинэчилбэл ирье л гээд байгаа шүү дээ. Багаар бодоход зургаан гишүүн ирье гэж байна.

-Хэн зургаа юм бэ?

-Хүний нэр яриад яахав дээ. Эхлээд намаа шинэчлээдэхье. Намаа шинэчилж чадаагүй байж ирье гэж байгаа хүмүүсийг улстөрчийнх нь хувьд үхдэл болгоод хэрэггүй биз дээ.

-Тэгвэл танай нам шинэчлэгдэж чадах нь уу?

-Ирэх долоо хоногоос ажиллагаа явагдах байлгүй дээ. Дүрэмтэй, журамтай нам шүү дээ.

-Шинэчлэгдвэл юутай ч зургаан гишүүн ирэх нь ээ дээ?

-Багаар бодоход зургаа шүү. Яаж ийж байгаад бүлэг байгуулах хэмжээнд очно. 2020 он гэхэд багаар бодоход хориулаа, томоор бодоход дөч, жаруулаа сууж байя. Миний мөрөөдөл тэр.

-Та Ардчилсан намынхан төмсөгдүүлчихлээ гэсэн. Яагаад тэгж хэлэв?

-Та нар өөрсдөө мэдэж байгаа биз дээ. Концессын гэрээ, Эрдэнэтийн ард хэн байгаа гэж. Ардчилсан намынхан л байгаа шүү дээ. Өнөөдрийг хүртэл тэд байж л байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагийн хэдэн сард ямархуу байдалтай байсан билээ. Чангахан дуугарч ч чадахгүй байсан. Монгол ялж байж эд нар нэг дуугарах сөхөөтэй болсон биз дээ. Захын Ж.Мөнхбат хүртэл дээрэлхээд байдаг байлаа. МАН-ынхныг гомдоочихвол баларна гээд юм ч ярьдаггүй байсан. Тэрийг чи ч гэсэн мэдэж байгаа. Сүүлийн үед монгол ялчихаад овоо жаахан дуугарч байна. Гэхдээ чанга биш. Өмнө нь сүнс, сүлдгүй болчихсон хүмүүс л байсандаг. Харин би бол эдний өөдөөс ярина, дуугарна. Д.Гантулгын ёс зүйн асуудлыг ярина.

-Д.Гантулгын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хаалттай хэлэлцсэн. Яагаад ил тод ярьж болохгүй байна вэ?

-Д.Гантулга болохоор нь ч яриад байгаа юм биш. УИХ-ын гишүүн хүн ийм байж болохгүй байхгүй юу. Өөрт нь би зөвлөмж өгье гэж бодож байгаа, ах Их хурлын гишүүний хувьд. Чиний наад үйлдэл чамайг ард түмэнд муухай харагдуулаад байна. Тиймээс сайн дураараа чөлөөлөгдчих гэсэн утгатай. Тэгвэл дүүд хугацаа бий. Би 37 настайдаа улс төрд орсон. Дүү 35-тайдаа улс төрд эргээд ороод ирэхэд том явна. Би цаадахыг чинь дүү шигээ хайрлаж байгаа юм. Одоо энэ хэвээрээ яваад байвал дууслаа. Энэ хэдэн намынх нь ах нар Д.Гантулгын өмдийг хэзээ ч өмсүүлэхгүй. Би хүртэл доромжлуулж байгаад дараа нь Их хурлын гишүүн болоод орж ирсэн. Д.Гантулга одоо өөрөө өргөдөл бичээд огцрохгүй бол хэнтийчүүд дахиад хүлээн зөвшөөрөхгүй шүү. Ц.Элбэгдоржийг гадаадын тагнуул гэхэд нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаад дараа нь Ерөнхийлөгч хүртэл яваа биз дээ. Түүн шиг сайн дураараа чөлөөлөгдөөд эмэгтэйчүүдээс уучлал гуйх хэрэгтэй. Сонгогчдын 64 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ёс суртахууны хувьд алдаа гаргасан учраас уучлал хүсэж байна гээд зоригтой хэлэх хэрэгтэй. Тэгж чадвал 2020 онд дахиад ороод ирэхийг үгүйсгэхгүй. Эмэгтэйчүүд чинь уяхан шүү дээ.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утасны хэтийдсэн хэрэглээ эмэгтэйчүүдийг овортой харагдуулдаг гэнэ

Японы эрдэмтэд ийм судалгаа хийжээ. Гар утас барьдаг, түүнийгээ байнга ухаж төнхөж байдаг эмэгтэйчүүд наснаасаа илүү овортой харагддаг талаар дуу нэгтэй баталсан байна. Тэд албан ажил эрхэлдэг мянга гаруй бүсгүйчүүдийн дунд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан бүсгүйчүүдийн талд нь хүссэн үедээ утсаараа оролдох боломж олгосон байна.

Нэг ёсондоо утасны хэрэглээнд нь хязгаарлалт тавьсангүй. Нөгөө хэсэгт нь зөвхөн шаардлагатай тохиолдолд мессэж бичих, утсаар ярихыг зөвшөөрчээ. Хоёр сарын дараа бүсгүйчүүдийн нүүр, хүзүүний арьсыг харьцуулж үзэхэд гар утаснаас салдаггүй хүүхнүүдэд хялгасан үрчлээ, булчин сулралт хэд дахин илүү байж.

Учир нь гар утсаа их ашигладаг хүмүүс байнга хагас тонгойдог учраас нүүрний булчин нь суларч унждаг гэнэ. Суларч, унжсан арьс мэдээж хэрэг амархан үрчлээтнэ. Тиймээс арьсаа гоё сайхан, залуу байлгахыг хүсвэл гар утсаа “маажихаа” багасгахыг Японы эрдэмтэд зөвлөжээ.

Сонирхолтой нь гар утасны хэтийдсэн хэрэглээ, түүнээс ялгарах долгионоос болж хөгширсөн арьсыг эргэн сэргээхэд байгалийн жамаараа үрчлээтэж буйгаас хэд дахин илүү хугацаа зарцуулдаг гэнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсвийн орлого их наяд давсан ч хүүхдэд өгөх мөнгө байхгүй гэнэ

Үндэсний статистикийн хороо мэдээлэл хийж улсын төсвийн орлого төлөвлөснөөс 904 тэрбум төгрөгөөр давж биелсэн тухай сайн мэдээ дуулгав. Орлого ингэж нэмэгдэхэд татвар чухал нөлөө үзүүлсэн гэнэ. Хэдийгээр зарим нэг татвар зуу гаруй тэрбум төгрөгөөр буурсан ч гэлээ нийгмийн даатгалын орлого, орлогын албан татварууд өссөн байна. Төсвийн орлого төсөөлж байснаас их наяд орчим төгрөгөөр өснө гэдэг эдийн засаг сэргэж буйн дохио. Хэдийгээр статистикийн тоо баримтыг хөөсрөлттэй гэх яриа байдаг ч дээрх эерэг үзүүлэлтийг баталсан мэдээлэл байна. Юу вэ гэвэл Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөг давчихаж. Иймэрхүү эерэг үзүүлэлтүүд хэдийнэ гарч эхэлсэн нь эдийн засаг өсөлттэй байгаагийн илрэл. Харин хүүхдийн мөнгө өнөөдрийг хүртэл сураггүй байна. Уг нь бол өнгөрсөн хавраас хойш хүүхдийн мөнгийг олгоно, олгохгүй гэж ярьсаар ОУВС-гийн хөтөлбөрөөр далайлган зогсоочихсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэмэх оноо авах зорилгоор хүүхдийн мөнгө олгож байлаа. Одоо харин таг чиг байна. Сангийн яамнаас хүүхдийн мөнгийг хэзээнээс эхэлж олгох вэ гэдгийг тодруулахад “УИХ-ын намрын чуулганаар төсвийн тодотгол хийнэ. Тэр үед хэлэлцэнэ” гэсэн хариу өгч байна лээ. Харин эрх барьж буй МАН-ынхан энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй таг чиг болчихлоо. Уг нь Ардчилсан намынхан наймдугаар сарын эхээр “Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг олго” гэж хичнээн шаардсан. Одоо бол МАН-ынхан хэн нь дарга болох вэ гэх өрсөлдөөнд хамаг анхаарлаа хандуулаад юун хүүхдийн мөнгө манатай л байна. Угтаа бол Монгол Улсын нэн тэргүүнд анхаарал хандуулах ёстой зүйл нь хүн амын өсөлт. Энэ өсөлтийг дэмжих хамгийн том хөшүүрэг нь хүүхдэд сар болгон олгодог 20 мянган төгрөг. Гэтэл төр засаг хүүхдэд энэ мөнгийг олгож чадахгүй байна. Уг нь бол дээрх статистикийн мэдээллээс харахад хүүхдийн мөнгө байтугайг шийдэж болохоор харагдаж байгаа юм. Гэтэл намынхаа дотоод хэрүүлээс болоод заавал ч үгүй төсвийн тодотгол хүлээх болчихлоо. Хэрэв эрх барьж буй МАН Монголын ирээдүйг, үр хүүхдээ гэж боддог бол ээлжит бус чуулганыг өнөөдөр ч хамаагүй зарлаж хуралдуулаад хүүхдийн мөнгийг олгочихож болмоор харагдаад байгаа юм. Ийм боломж бий гэдгийг эдийн засагчид ч хэлж байна лээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, судлаачдаас энэ тухай тодруулахад “Хүүхдийн мөнгө олгох боломж бүрдэж байгаа” гэдгийг хэлж байсан. Ер нь төсвийн орлого их наядаар давна гэдэг чамлах зүйл биш. Тиймээс эрх баригчид хүүхдийн мөнгийг олгохгүй байгаагаа “Мөнгө байхгүй” гэж тайлбарлах аргагүй. Нэгэнт хоёр ч сонгуулийн ард гарчихсан болохоор тэдэнд хүүхдүүд мөнгөө авах эсэх огт хамаагүй болчихож.


Categories
мэдээ нийгэм

Эрх баригчид хэргээ наймаалцав уу, эсвэл прокурорууд тэдэнд тал засчихав уу

Related imageХэдхэн хоногийн өмнө прокурорын байгууллага өөрсдийн албан ёсны цахим хуудастаа эрх баригчидтай холбоотой хэргүүд юу болж буй талаарх ярилцлага нийтэлсэн. Олны анхаарлын төвд буй 60 тэрбум, Ардчилсан намын үеийн төмөр зам барих ажилтай холбоотой гэхчлэн хэргүүдийн талаар мэдээлжээ. Тухайлбал, 60 тэрбумын бичлэгийг зохиомол эвлүүлэг гээд цайруулчихлаа. Гэтэл үүнд холбогдож бичлэг хийсэн хүмүүс нь хэргээ хүлээсэн, амьд гэрчтэй хэрэг. Хэргийн гол эзэн гэгдэж буй НИТХ-ын дарга Ц.Сандуй хариуцлагаа хүлээж ажлаасаа халагдах өргөдлөө ч өгсөн. Нэг ёсондоо захын цагдаагийн албан хаагч учир начрыг нь олоод үнэн зөвийг нь төвөггүй тогтоочих учиртай. Харин прокурорын байгууллага хэргийг шалгаж үзээд бичлэгийн эх хувь батлагдахгүй байна гээд хаачихлаа. Уг нь орчин үеийн цахим материалд эх хувь гэх асуудал маргаантай байдаг юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл эх хувь гэж байхгүй, хуулбар бол хуулбар. Хувилсан, эсвэл эх хувь гэдгийг ялгах боломж хараахан байхгүй. Ийм байхад М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын яриаг эвлүүлсэн гэж үзээд хэрэгсэхгүй болголоо. Прокурорын байгууллага уг хэргийг хаасныгаа 60 тэрбумын төлөвлөгөө бодит байдал дээр хэрэгжээгүй хэмээн тайлбарласан байна. Ийн хавраас хойш олон нийтийн дунд шуугиан тариад байсан 60 тэрбумын хэрэгт хуулийнхан ямар нэгэн хариуцлага тооцолгүйгээр хүчингүй болголоо. Нэгэнт МАН-тай холбоотой гол хэргийг хаасан болохоор эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн үлгэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогдсон төмөр замын хэргийг мөн л хаах шийдвэр гаргасан байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 онд төмөр замын суурь бүтэц барих ажлыг хууль бусаар явуулсан гээд нэр бүхий албан тушаалтнууд холбогдож байв. Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дээрх хэрэгт холбогдуулан шалгасан. Тэгвэл уг хэргийг мөн л хэрэгсэхгүй болгон хаалаа. Ганцхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй байгаа гэнэ. Прокурорын байгууллагынхан уг хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа нотлох баримт хангалтгүй гэж тайлбарлана лээ. Ингэснээр нийгмийг шуугиулж байсан хэргүүд үндсэндээ хаагдаж дахин хэлэлцэх шаардлагагүй боллоо. Харин прокурорын байгууллага өөрийн албан ёсны хуудастаа хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн тухай ярилцлагыг юуны учир нийтлэх болов. 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудал ид дуулиан тарьж байгаа энэ цаг үед юунд үндэслэж, ямар зорилгоор ингэж мэдээлэх болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Анзаарвал гурван үндэслэл байна. Нэгдүгээрт, эрх баригчид хоорондоо тохирчээ гэж хардахаар харагдлаа. МАН 60 тэрбумын хэргээ хаая, АН хариуд нь Ерөнхийлөгчийнхөө нэр холбогддог хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн тохироо явсан байж магадгүй. Хэрэв ингэж тохирсон бол 60 тэрбумын хэрэг үнэхээр үнэд хүрчээ. Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх тухай концессын гэрээ гэдэг бол хэдэн тэрбум ам.доллароор яригдаж байсан хэрэг. Үүнийг 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотой хэргээр наймаалцсан бол МАН уг хэрэгт үнэхээр том үнэ төлсөн гэсэн үг. Хоёрдугаарт, МАН прокурортой хуйвалдаж хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хэргээ хаасан байж мэднэ. Эрх баригч намын тухайд 60 тэрбумын асуудал амин чухал зүйл болчихоод байгаа. Уг хэргийг хэрэгсэхгүй болгож нийгэмд мартуулна гэдэг тэдний хувьд юу юунаас чухал. Хэрэг хаагдана гэдэг тэдний хувьд Засгийн газрыг огцруулах үндэслэлээ байхгүй болголоо гэсэн үг. Мэдээж хэрэг дан өөрсдийн хэргээ хаачихвал сөрөг хүчин дуугүй байх учраас далимд нь Ерөнхийлөгчийн холбогдолтой хэргийг хамтрууллаа. Мэдээж хэрэг Ерөнхийлөгч холбогдож байсан хэргээ хаалгавал хэл аманд орооцолдох нь тодорхой. Тиймээс МАН-ын зүгээс өдөөж буй хар пиар ч гэж хардаж болохоор байна. Гуравдугаарт, энэ бүхэн Монголын прокурорын байгууллага, АТГ, шүүхийнхний бодож олсон тэнэг арга болов уу. Бүгдээрэнд нь адилхан сайн хандсан болохын тулд ийм шийдвэр гаргасан байж магадгүй. Эрх барьж буй намд ч тэр, Ерөнхийлөгчид ч тэр сайн ажиллаж буй нэр зүүх гэж, аль алинд нь тал алдахгүй гэж, хэнээс ч буруу шийдвэр гаргасан гэж зэмлэл хүртэхгүйн төлөөх арга ч байж мэдэх юм. Нэг ёсондоо суудлаа аварч үлдэх, гал намжаах гэсэн ядарсан арга байх даа гэж хардаж байна. Хэвлэл мэдээлэл, ард түмэн хардах эрхтэй байдаг. Тэрнээс биш 60 тэрбумын хэрэг яалт ч үгүй гэрчтэй, нотлох баримттай хэрэг мөн. Хэдийгээр прокурорынхон ийм шийдвэр гаргасан ч гэлээ цаана нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хүн бий. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө 60 тэрбумын хэргийг байж боломгүй хэмээн ярьж байсан. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгоод хааж байгааг дуугүй өнгөрөөхгүй байх аа. Прокурор ийм шийд гаргасан гээд буцчихгүй байлгүй. Ядах нь ээ өнөөх Г.Доржзодовыг Монгол Улсын баатар болгоно гэсэн нь хаа байна вэ. Тэр амлалтаа Ерөнхийлөгч мартаагүй яваа биз. Бас 60 тэрбумын хэргийн эцсийг үзнэ гэж найдсандаа ард түмэн түүнд саналаа өгөө байлгүй. Үүний зэрэгцээ шударга Ерөнхийлөгч өөрийнхөө холбогдож байсан хэргийг ч айхгүйгээр шалгуулж эцэслэхээр зүтгэх байх. Өөрөө бол хэрэгт холбогдолгүй гэж хэлдэг учраас айж, ичээд байх зүйлгүй шүү дээ. Тиймээс нийгмийн бухимдлыг тайлж дээрх хэргүүдийн үнэн мөнийг тогтоохыг шаардах биз ээ. Ер нь ч тэгээд ард түмэн аливаа зүйлийн учрыг олох ухаантай. Дээрх хоёр хэргийг дарагдуулаад өнгөрвөл хуйвалдаан гэдгийг дор нь ойлгоод хардахаар болтлоо хэрсүүжсэн. Улс төрд юу болоод байгааг уншаад мэддэг болчихсон, ямар учиртай, юу болж байна вэ гэдгийг ялгаж салгахтайгаа болсон шүү. Тийм болохоор саяын сонгуулиар Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Сонгохдоо шударга ёс тогтоохыг л хүссэн. Түүнээс биш даргыг дарга болгоно гэж гаргаагүй. Нийгэмд жаахан ч гэсэн шударга ёс хэрэгтэй байгаа учраас ард түмэн сонголтоо хийсэн юм. Ер нь тэгээд эцэст нь дээрх хэргүүдийг хаасан гэнэтийн мэдэгдлээс юу олж харав гэхээр манай АТГ, прокурорынхон ажлаа хийж чадахаа байжээ. Тэднийг солих шаардлагатай болж гэдгийг л харууллаа. Яаж ч харсан цагаа олоогүй, захиалгын мэдээлэл гэж дүгнэхээр юм болж байна. Засгийн газрыг огцруулах, эсэх талаар ярьж байгаа ийм цаг үед нэрээ бага ч болтугай цэвэрлэе гээд захиалгын мэдээлэл цацсан гэж хардах үндэслэл байгаа юм. Түүнийгээ далдлахын тулд ийм башир арга хэрэглэх шиг боллоо. 60 тэрбумыг дангаар нь шийдэхээсээ нэрэлхээд бүгдийг хамруулж ийм зүйл хийх шиг боллоо гэж нийгэм даяар үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Засгийн газрыг огцруулах гол үндэслэл гэгдэж буй концессыг бүлгийн хурлаар дэмжиж байсан

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.


-Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн үндэслэлийг та хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газрыг сайн ажиллуулахын төлөө шахаж шаардах ёстой. Гэхдээ ажлыг нь шахаж байна гээд Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа. Хэрэв муу ажиллаж буй сайд байвал сугалж аваад бусдыг нь тогтвортой ажиллуулаасай гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажлаа авах үед улс орны эдийн засаг үнэхээр хүнд байсан. Тэрийг УИХ-ын гишүүд бүгд мэдэж байгаа. Цалин, тэтгэвэр тэтгэмжээ ч тавьж чадахгүй, өр төлбөрийн хугацаа тулчихсан байсан. Хоёрдугаарт, ганцхан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно гэсэн хоёр том шалгуурын дунд ажилласан шүү дээ. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг бодолгүйгээр улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллаж чадлаа. Унаж байсан эдийн засгийг сэргээхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, өндөр хүүтэй гадны зээлийн хүүг багасгаж чадсан нь өнөөдөр өгөөжөө өгч байна. Энэ бүхэн одоогийн Засгийн газрын гавьяа. Харин өнөөдөр нөхцөл байдал туйлын эмзэг байгаа. Тавдугаар сард бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Зургаа, долдугаар сард сонгууль гэсээр хугацаа алдсан. Одоо харин ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд донор улс оронтой гэрээ хэлэлцээр хийж байна. Гэрээ хэлэлцээр хийж дуусаагүй байхад засгаа солих тухай ярих утгагүй юм. Хэрэв одоогийн засгаа огцруулаад шинийг байгууллаа гэхэд шинэ удирдлагуудыг ямар хэмжээнд ажиллах нь вэ гэдгийг гадны донор орнууд хүлээзнэж таарна. Наанадаж сар, цаанадаж зургаан сарын турш ажиглана биз дээ. УИХ ч гэсэн дөнгөж байгуулагдсан Засгийн газарт учиргүй шаардлага тавиад байж чадахгүй. Өнгөрсөн намар, өвөл ихэнх гишүүн Засгийн газарт хугацаа хэрэгтэй гэж ярьж байсан шүү дээ. Одоо дахиад шинийг байгуулбал жилийн дараах өдийд бас л иймэрхүү зүйл ярьж байх нь. Уг нь бол одоогийн Засгийн газар болохгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцоод, солиод явж л байгаа.

-Засгийн газрын асуудлаас болоод МАН дотроо хоёр хуваагдчихав уу?

-Тэглээ. Нөгөө эвтэй найртай 65 гишүүн маань гарын үсэг зурсан, зураагүйгээрээ хоёр хуваагдчихсан. Уг нь манай нам нэг цөм болж байж асуудлаа шийдэх ёстой. Хоёр хуваагдаж яваад сайн зүйлд хүрэхгүй. Ардчилсан намынхантай нийлж өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах дээрээ тулчихсан явна. Ер нь бол МАН-ын Их хурал хоёрхон сарын дараа хуралдах гэж байна. Ядаж энэ үеийг хүртэл хүлээх хэрэгтэй. Их хурлаасаа даргаа сонгоод, Ерөнхий сайдаа томилчихмоор байгаа юм.

-Хэрэв Засгийн газар солигдвол ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд мөнгө өгөх донор орнууд амлалтаасаа татгалзана гэж байх уу?

-Ирэх оны нэгдүгээр сард 650 сая ам.долларын зээл төлнө. Тэр мөнгийг хаанаас олж өрөө төлөх юм бэ. Засгийн газар унаад, дараагийнх байгуулагдана гэсээр байтал хугацаа алдана. Гэрээ хэлэлцээр жигдрээгүй байх үед өр төлөлт хийхээр валютын ханш дээшээ өснө. Одоо 2400 байгаа ам.долларын ханш гурван мянга даваад явчих байлгүй. Үр дүнд нь ард түмэн л хохирно.

-Гишүүд иймэрхүү зүйлээ тооцоолж байгаа байлгүй дээ. Дотроо учраа ололцож чадахгүй нь уу?

-Намын удирдлагын түвшинд мэдээж хэрэг янз бүрээр л ярьж байгаа. Нэг танхимын хоёр гишүүн хоорондоо учраа олох байлгүй гэж бодож байна. Гэхдээ шийдэлд хүрсэн зүйл харагдахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Одоо тэгээд чуулганаар шийдэхээс өөр аргагүй болчихлоо.

-Гарыг үсэг зурсан гишүүд Засгийн газар солигдсон ч гэлээ бодлого өөрчлөгдөхгүй гэж ярьж байгаа. Тийм юм бол солих хэрэг байгаа юм уу?

-Засгийн газрыг огцруулчихвал гарын үсэг зурсан 31 гишүүн шинэ кабинетыг бүрдүүлнэ гэх яриа бий. Ардчилсан нам тэднийг дэмжиж кноп дарах нь тодорхой. Ямар нэгэн барьцаанд орчих вий гэх болгоомжлол ч бас байна. Уг нь бүлгийн хурлаар дотоод асуудлаа нэлээн ярьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ойлголцож чадахгүй байсаар чуулгантай золгож байна. Ер нь намын жирийн гишүүд Засгийн газрыг тогтвортой байлга, тэгснээр эдийн засаг сайжирч амьдрал дээшилнэ гэсэн хандлагатай байгаа. Уг нь бол Засгийн газрыг огцруулах гол үндэслэл гэгдээд байгаа концессын асуудлыг бүлгийн хурлаар дэмжиж байсан юм шүү дээ. Хүүхдийн мөнгийг ч гэсэн өгөх ёстой гэж бүгд дуу нэгтэй ярьж байсан. Бас нэг үндэслэл нь 60 тэрбумын асуудал. Тэр бол 2014 онд ярьсан төсөөллийн бичлэг. Тэрийг эвлүүлэг байж гэдгийг прокурорын байгууллага тогтоосон гээ биз дээ. Нарийн яривал 60 тэрбумын асуудал Засгийн газарт хамаагүй.

-Намын доторх хэрүүл нэг тийш шийдэгдэх биз. Сарын дараа намрын чуулган эхлэх гэж байна. Ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Хаврын чуулганаар хэлэлцээд эцэслэж батлаагүй хуулиуд бий. Малчдын хүсэн хүлээж буй хамгийн чухал хууль болох Малын генетик нөөцийн хууль, Малын эрүүл мэндийн тухай хуулийг эцэслэн батална. Хөдөө аж ахуйн салбарыг цаашид хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хуулиуд. Эдийн засгийг солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн салбарыг зайлшгүй дэмжих ёстой. Яг бодит амьдрал дээр өнөөдөр экспортод гаргах гол бүтээгдэхүүн мах. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ яаж савлаж болдгийг бид өнгөрсөн хэдэн жил харлаа. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд дэмжмээр байна.

-Хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн хуулийн төслүүд орж ирэх үү?

-Өнгөрсөн хаврын чуулганаар хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хуулиудын нэлээн сайн хэлэлцэж, баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байна. Эхнээсээ үр өгөөжөө өгөөд явж байна.

-УИХ-ын чуулганы танхимд хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлалцсан гишүүд хүчирхийллийн хэрэгт холбогдоод явж байна. Энэ асуудал дээр эмэгтэй гишүүд яагаад дуугарахгүй байна вэ?

-Төрийн түшээ болсон хүн ингэж яригдаж байна гэдэг үнэхээр харамсалтай. Залуусын улс төр дэх өрсөлдөөнөөс үүдсэн яриа болов уу гэж таамаглаж байгаа. Гэхдээ гэм буруутай, эсэхийг хуулийн байгууллага тогтоох байлгүй. Тэр нь шийдэгдээгүй байхад юу ч гэж дуугарах билээ. Хэрэгт холбогдож нэр нь яригдаад байгаа хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулаасай гэж бодож байгаа. Хэрэв буруугүй бол нэр цэвэр ажлаа хийг л дээ. Ер нь бол төр түшилцэж байгаа хүн хүчингийн хэрэгт холбогдоно гэдэг ёсзүйгүй асуудал мөн.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Дарга нарын хоорондох үл ойлголцол өнөөдөр МАН-ыг ийм байдалд хүргэлээ

“Өдрийн сонин”-ы 2017.08.31-ний пүрэв гаригийн 185(5752) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-МАн-ын зарим гишүүн Засгийн газраа унагахаар гарын үсэг зурсан. Таны хувьд ямар үндэслэлээр Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан юм бэ?

-Төр засаг тогтвортой байна гэдэг бодлого тогтвортой байхыг хэлж байгаа юм. Бодлого тогтвортой байна гэхээр нэг хүн, эсхүл нэг субьект тогтвортой ажиллахыг хэлж буй биш. Бодлого хэрэгжүүлэх хүн нь зөв, цаг үедээ нийцсэн, мэргэжлийн байх ёстой гэдэг утгаар асуудалд хандаж байгаа юм. Түүнээс биш Засгийн газрын гишүүдэд хувь хүнийхээ өнцгөөс хандсан зүйл байхгүй. Бодлого яагаад тогтворгүй болсон бэ гэвэл МАН 2016 оны сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд оролцсон. Мөрийн хөтөлбөрийн 90 орчим хувь Засгийн газрын хөтөлбөрт суусан. Цаг үеийн шат дараалалтай хэрэгжээд явах ёстой байлаа. Гэтэл тэгж явсангүй. Хөтөлбөр хэрэгжиж чадахгүй байна гэдэг бодлогын тогтворгүй байдалтай холбоотой. Хэрэгжүүлэхгүй болохоор ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намд дүнгээ тавилаа. Бид нарт тавьж буй дүн шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлдөггүй. Хууль тогтоох эрх мэдэлтэй шүү дээ. Бидний амласан зүйлийг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр Засгийн газар. Нэг ёсондоо гишүүдийг төлөөлдөг төрийн субьект нь Засгийн газар. Энэ асуудлыг нэгдүгээрт харах ёстой. Хоёрдугаарт гэвэл өнөөдрийн Засгийн газар гаргасан шийдвэрээсээ маш олон удаа буцсан. Энэ нь Их хурлын гишүүдийг эвгүй байдалд оруулдаг. Засгийн газар шийдвэрээ гаргасны дараа бүлэг үүнийг эсэргүүцэж байна гээд буцаадаг. Намын бодлого юм чинь гээд чимээгүй дагаад өнөөдрийг хүрлээ. Цаашид яах юм, энэ маягаараа яваад байх уу.

-Огцруулах үндсэн шалтгааны нэг нь концессын гэрээ биз дээ?

-Энийг сөхөхөөс аргагүй. Нэр бүхий компаниудад концессын гэрээгээр ажлыг нь өгчихсөн байна. Уг нь бол концессын гэрээгээ зогсоох тогтоол гаргасан байсан. Гэтэл яахаараа өмнөх шийдвэрээ зөрчиж гэрээ байгуулдаг юм бэ. Энэ асуудлыг нь бүлгийн хурал дээр сөхөж ярихаар “Тэгвэл тэр концессыг чинь больчихъё, зогсоочихъё” гэдэг. Хүмүүсийг ярихаар шийдвэрээ цуцлаад, ярихгүй байхаар хэрэгжүүлээд байх юм уу. Ийм байдлаар цаашаа явна гэж байхгүй. Анх бид татвар нэмнэ гэж байхад нь за яахав, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж байгаа юм чинь гээд эсэргүүцээгүй. Засгийн газраа ямар ч тохиолдолд дэмжье, тогтвортой байлгая гээд явж байсан. Гэтэл нөгөө хэд маань гаргасан шийдвэртээ үнэнч байж чадсангүй. Хэрэв шийдвэртээ үнэнч байсан бол асуудал гарахгүй байсан. Гэтэл “УИХ-ын гишүүд ээ, энэ шийдвэрийг өөрчлөөд өгөөч” гээд оруулаад ирдэг.

-Яг ямар шийдвэрийг тэгж буцаагаад байсан юм бэ?

-“Приус” автомашины татварыг нэмье гээд нэмсэн. Гэтэл өөрсдөө дахиж оруулж ирээд болиулж байх жишээтэй. Хууль, шийдвэр гэдэг ард түмний дунд хэрэгжиж нийгмийн харилцааг зохицуулдаг. Хамгийн сайн хууль амьдралтай ойр байх ёстой. Амьдралд нийцсэн шийдвэрүүд тун бага гаргасныг ард түмэн дүгнээд дүнгээ тавьсан. Анхнаасаа шийдэмгий, гаргасан шийдвэртээ үнэнч байсан бол асуудал үүсгэхгүй, дэмжээд явах байсан. Угаасаа тэгж явсан бол бид дөрвөн жилийн дараа хамтдаа үр дүнгээ хүлээнэ. Амласан амлалтаа шат дараатай хэрэгжүүлэхгүй бол 2020 онд бид дахиад ард түмэндээ ярих хэлэх зүйлгүй болно. Өнөөдөр өөрөөсөө тав, гурван цаас гаргаж хичээлийн хэрэгсэл гардуулаад явж байна. Эмнэлэгт тоног төхөөрөмж хэрэгтэй боллоо гэхэд бас л хувийн хөрөнгөөсөө асуудлыг шийддэг. Би л гэхэд Сонгинохайрхан дүүрэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдэд зориулан цэцэрлэг бариулж байна. Ингэж бага багаар болгохоос өөр аргагүй. 72 сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр барина гээд л ярьж байсан. Гэтэл хамгийн хэрэгтэй ажлынхаа гэрээг хийж урагш явуулахгүй байж хаа хамаагүй гэрээ байгуулаад явах юм. Манай намын хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр байсан. Гэтэл хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа юм уу. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжтэй болгоё гэхээр улсын төсөв хүрэлцдэггүй. Тиймээс бид ажлаа эрэмбэлэх ёстой. Ядаж хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульдаа ямар нэгэн сугалаагүйгээр явах хэрэгтэй байна. Үүний төлөө шийдвэртээ үнэнч бай гээд байгаа юм. Түүнээс биш Засгийн газрыг огцруулъя гэж 30 хүн гарын үсэг зураад бие биеэсээ урвасан зүйл байхгүй. Бид зарчим л ярьж байна. Яагаад гэвэл бид ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон. Бодлого зөв байвал хэн ч ажиллаж болно. Бодлогыг зөв болгохын тулд УИХ ажиллаж байна. Бас нэг зүйл бий. Их хурлын гаргасан шийдвэрийг Засгийн газар удаана гэдэг төрийн албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоо байхгүй болсныг харуулж байгаа юм. УИХ Эрдэнэтийн асуудлаар тогтоол гаргаад өгсөн, Хөгжлийн банк, Монголбанкийг шалгасан. Одоо хаана, хэнийг нь шалгаад байгаа юм. Шийдвэрийг хэрэгжүүлж байгаа нь хаа байгаа юм бэ. Засгийн газрыг хэрэгжилтийг хангаад өг гэдэг. Гэтэл тэгж ажиллахгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ.

-Та Засгийн газрыг шийдвэрээсээ буцдаг гэж байна. Гэтэл УИХ-ын гишүүд та нар шийдвэрээ буцаагаач гэж шахаад байдаг биз дээ?

-Засгийн газар өөрсдөө саналаа оруулаад ирж байгаа юм. Бид хууль оруулж ирсэн юм бол түүгээрээ яв гэсэн зарчим баримтална. Засгийн газар кабинетын зарчмаар ажиллаж байгаа юм бол багаараа шийдвэрээ гаргаад тэрэндээ үнэнч явах хэрэгтэй. Н.Учрал нэг юм хэлээд байна гээд шийдвэрээсээ буцах ёсгүй юм. Зарчим нь ердөө энэ. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд шүүмжилж болно, ярьж болно. Гэхдээ Засгийн газар шийдвэртээ үнэнч байх ёстой.

-МАН-ын бүлэг хоёр өдөр хуралдлаа. Юу ярив?

-Ямар үндэслэлээр Засгийн газрыг огцруулахаар өргөн барив гэдэгт тайлбараа тавьж байна. Асуулт асууж, хариултаа хэллээ. Тогоон дотроо байгаа учраас хүн бүр үзэл бодлоо хэлсэн. Түүнээс биш зурсан, зураагүй гэж хоёр хуваагдчихаад байгаа юм биш. Бид адилхан УИХ-ын гишүүд. Нэгнийхээ санал, дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж байгаа.

-Одоо тэгээд тогоон дотроо учраа олж чадах нь уу?

-Саналаа хураая, гэхдээ гарсан шийдвэрийг бүгд хүлээн зөвшөөрье гэсэн байр суурьтай байгаа.

-Ер нь муу ажиллаж байгаа сайд нараа сугалж аваад тохироо хийж болохгүй нь уу?

-Миний хувьд МАН-д анх удаа ийм үйл явдал болохыг харж байна. Би энэ намын хамгийн том үнэт зүйлийг асуудлаа дотроо шийддэг, эв нэгдэл гэж харж байсан. Ингэж ч бодоод намдаа элссэн. Одоо бүр учрыг нь олохоо байлаа. Нэг ёсондоо үнэхээр урам хугарч байна. Нэг хүний асуудал биш шүү дээ. Кабинетыг удирдаж байгаа багийн зохион байгуулалтаас боллоо гэж харж байгаа. Бас нэг зүйл бий. Ер нь Засгийн газар тэргүүлж байгаа хүн улс төрийн албаа давхар хашихгүй бол шийдвэр гаргах боломжгүй болдог юм байна. Намын дарга Ерөнхий сайдаар томилогдохгүй бол ийм асуудал үүсдэг юм байна. Сонгодог парламентын засаглалтай улс оронд намын дарга нь Ерөнхий сайдаар ажилладаг. Тэгэхээр манай намын алдаа энэ байж. Энэ үнэт зүйлээ алдчихаж. Гэхдээ бид шинээр кабинет бүрдүүллээ гэхэд нам дотроосоо л сонгоно. Манай намын дарга нар асуудалд ухаалаг хандаж эвлэлдэн нэгдээсэй гэж бодоод байгаа юм. Өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь нэгийгээ тагнасан, чагнасан гэх хэрүүл хийж байна. Ингэхээр бид яаж Засгийн газраа дэмжих юм бэ. Хоорондоо ойлголцохоо больчихсон. Ийм байдал үүсээд байхаар УИХ-ын гишүүдэд итгэл, үнэмшил байх уу. Дарга нарын хоорондох үл ойлголцол өнөөдөр биднийг ийм байдалд хүргэж байна.

-Үүсээд байгаа асуудлыг хэзээ шийдэх юм бэ. Ээлжит бус чуулган хэзээ хуралдах вэ?

-Хуулиараа бол хүссэн хүсээгүй Байнгын хороо, чуулганаар орох ёстой. Ирэх долоо хоногийн лхагва гариг ээлжит бус чуулган хуралдаж шийдвэр гаргасан байх ёстой эцсийн хугацаа.

-Засгийн газрыг огцруулах гишүүдийг анзаараад байхад ихэнх нь шинэ, залуу гишүүн. Бас НАМЗХ-ныхон байх шиг. Жишээлбэл, таныг У.Хүрэлсүхийн хүн гэдэг. Ах нарынхаа өмнөөс залуучууд нь гүйгээд байгаа юм биш үү?

-Уг нь гарын үсэг зурсан гишүүдийг харвал тэгж их овоглогдоод байх хүмүүс биш. Би У.Хүрэлсүх даргатай ажиллаж байсан. Энэ хүнийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад намд орж ирсэн. Дэргэд нь ажиллаж байлаа. Мөн НАМЗХ-нд ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ би өөрийн итгэл үнэмшлээр сонголтоо хийсэн. Зүгээр нэг сэтгэл хөдлөлөөр асуудалд хандахгүй.

-Гэхдээ нийгэм та нарыг гар хөл боллоо гэж харж байгаа?

-УИХ-ын гишүүдийг хөгшин, залуу гэж ангилдаггүй учраас, бүгд адилхан бүрэн эрхтэй учраас өөрсдийн итгэл үнэмшлээр гарын үсэг зурах, эсэхээ шийддэг. Одоогийн Засгийн газрын гишүүдтэй бүгдтэй нь сайхан харилцаатай. Асуудал дууссаны дараа бие биеэ хүндэтгээд хамтран ажиллана. Нэг хүнийг дэмждэг байлаа гэхэд тухайн хүнийхээ бүх шийдвэрийг дагана гэж байхгүй.

-Тагнасан, чагнасан асуудал юу болж байна. Сүүлдээ У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулсан болчихов уу?

-Тэр асуудлыг дотроо ярилцах ёстой. Нотлох баримт хангалтгүй зүйлийг АТГ яллагдагчаар тат гэсэн бичгийг прокурор руу шиднэ гэдэг байж боломгүй. Дээрээс нь өөрийгөө тагнаж, чагнасан гэх зүйл хаана байдаг юм бэ. Би энийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Хэрэгтэй нь танилцаагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ ийм зүйл гэж хаа ч байхгүй. Өөрийгөө тагнадаг, чагнадаг зүйл гэж ер нь юу яриад байгаа юм бэ. Тэгж яриулж байгаа хүмүүс нь ч гэсэн Засгийн газрын ордонд дээр, доороо сууж байж асуудлаа ярилцаад шийдчихэж болохгүй байна уу. Ер нь тэгээд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа гэх зүйл ангийг яаж гаргаж ирээд байгаа юм бэ. Хэн Ерөнхий сайд болох гээд байна вэ. Хуулийн байгууллага хэвлэлийн мэдээгээр, эсхүл сургаар ажиллаж болохгүй биз дээ. Дээрээс нь би гарын үсэг зурснаар хүн чанар, ёс жудаг гэж юу байдгийг харж байна. Над руу “Чи яах гэж гарын үсэг зурсан юм бэ” гэж залгаж байгаа хүн ч байх юм. Зарим нь бүр хэвлэлээр янз бүрийн зүйл ч явуулж байх шиг. Гэх мэтээр миний нөхөр гэж бодож байсан хүмүүс жижигхэн асуудлаас үл ойлголцол гаргаж байгаад харамсаж байна. Өөр өөрсдийнхөө үзэл бодлыг хүндэтгээд энэ асуудлыг дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь хов живээр ажил хийдэг байж болохгүй. Дээрээс нь улс төрд хуулийн байгууллагыг хамруулах шаардлага алга. Үүнийг зогсоох ёстой.

-Гарын үсэг зурсан 30 гишүүний заримыг дарамталсан гэж дуулдсан. Нэг нь та юм байна?

-Тийм дарамт ирж л байна. Би бүлгийн хурал дээр ч хэлсэн. Би өөрийн үзэл бодлоороо гарын үсгээ зурсан. Одоо намайг шахаад, боль гэсэн зүйл ерөөсөө битгий шаард. Байр сууриндаа хатуу байна гэдгээ хэлсэн. Би яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бэ. Би өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байх ёстой биз дээ. Дээрээс нь би сонгогчдоосоо асууж байна. Тэр хүмүүс санал бодлоо надаар дамжуулж байгаа. Өнөөдөр би 50 мянган иргэнийг төлөөлж УИХ-д сууж байгаа.

-Таныг бас шантаажилсан гээд байгаа?

-Би үзэл бодолдоо итгэж хууль зүйн үндэслэлүүдээ харж байгаад гарын үсгээ зурсан. Би өнгөрсөн сонгуулийн үеэр бүх аймгаар явж иргэдтэй уулзсан. Нөхцөл байдал ямар байгааг би дэндүү сайн мэдэрсэн.

-Сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдож нийгэмд шуугиан тарьсан. Таны нэр бас араас нь яваад эхэллээ. Тайлбар өгөөч?

-Наад хошин шогийн яриаг чинь дам сонссон. Тодорхой мэдээлэл алга байна. Ховоор сонссон гэх үү дээ.

-Таныг гарын үсэг зурсан болохоор нам дотроос чинь ийм мэдээлэл гаргаад байх шиг ээ?

-Тийм юм шиг байна. Би гарын үсэг зурсныхаа буянаар их зүйл дуулах бололтой. Гэхдээ иймэрхүү хов битгий ярь. Би хорхойд хоргүй хүн. Одоо улс төрийн халуун өдрүүд эхлэхээр эрчүүд нь хүчирхийлэгчид болох юм уу. Арай дэндлээ шүү дээ. Магадгүй нэг өдөр Г.Тэмүүлэнг, дараагийн өдөр Н.Цэрэнбатыг гээд насны дарааллаар бүгдийг нь ярих уу. Одоо ийм ховын асуудлаа больчихвол яасан юм бэ. Дээрээс нь ийм байдлаар улс төр хийх хэрэггүй. Ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс ийм утгагүй, тэнэг зүйлийг тоогоод байх шаардлага ч алга. Надад тийм асуудал байхгүй.

-Таныг хүчиндсэн охиндоо “Лексус-570” машинаа өгч тохиролцсон гэж ч ярьж байна?

-Инээдтэй юм. Тийм зүйл байхгүй учраас үнэндээ юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй байна.

-Дотроо учраа ололцохгүй байгаа энэ асуудал 2020 онд МАН-ыг унагах шалтгаан болж байх шиг. Өөрсдийгөө унагах зүйлээ та нар хийгээд байгаа юм биш үү?

-Засгийн газраа унагаж намын даргаа солилоо гэхэд тэр хүний үлдсэн гурван жилд хийх ёстой хамгийн чухал асуудал намын эв нэгдлийг хангах байх. Бид нэг нам гэдгийг ухаарсан хүн байгаасай. Ажлаа мэддэг, салбараа ойлгодог хүмүүсээр кабинетаа бүрдүүлээд ажиллах хэрэгтэй.

-Одоо тэгээд мэдэхгүй, чадахгүй байгаа сайдаа сугалж аваад Засгийн газраа үлдээж болохгүй нь уу. Ядаж л гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй биз дээ?

-Засаг яахав солигдож болно. Өөр нам засаг барих гээд байгаа зүйл алга. Нэг нам учраас асуудлаа шийдээд явна.

-Багш нар ажил хаяна гэж жагслаа. Та Залуу багш нарын холбоог тэргүүлдэг хүний хувьд тэдэнтэй уулзав уу?

-Багш нарыг цалинг нэмэх ёстой. Бага, дунд, ахлах ангийн багш нарын цалинг шат дараалалтай нэмдэг тогтолцоогоо бид алдсан. Насаараа ажиллаж буй багшийн цалин нэг жил ажилласан хүнийхээс дөрвөн мянган төгрөгөөр илүү байгаа. Ийм байж болохгүй. Тиймээс шийдэх л ёстой. Гэхдээ цалинг үе шаттай нэмэхэд хугацаа хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Энэ Засгийн газар 807.8 тэрбумын конценссын гэрээг хулгайгаар байгуулчихаад байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.30-ны лхагва гаригийн №184(5751) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүний нэг нь та. Яагаад Засгийн газраа огцруулах гэж зүтгээд байгаа юм бэ?

-Үндсэн шалтгааныг концесстой холбож байгаа. Ерөнхий сайд өөрөө концессын ажлууд хуулийн дагуу хийгдсэн гэж тайлбарлаад байна. Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоол гэж гарсан. Тэр тогтоолд концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай дурдсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй барьж, шилжүүлэх нөхцөлөөр концессын гэрээ байгуулахгүй гэж заасан байдаг. Гэтэл мөн оныхоо арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч эрчим хүчний салбарт зургаа, зам тээврийн салбарт дөрвөн төсөл хөтөлбөрийг концессын гэрээгээр хийж гүйцэтгүүлэхээр болсон. Нэг үгээр бол хулгайгаар гэрээ байгуулчихаад байна. Тэр гэрээний сонгон шалгаруулалтыг өмнө нь хийсэн гээд байгаа. Өмнө нь хийгдсэн гэрээ өмнөх Засгийн газрын л асуудал шүү дээ. Тэд яагаад тухайн үедээ гэрээгээ хийгээгүй юм бэ, тийм биз дээ. Тиймээс огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн ярьж буй гол асуудал нь хоёр тогтоол хоорондоо зөрчилдөж байна. Хоёрдугаарт, эдийн засаг ээдрээтэй үед хурдан өгөөжөө өгч чадахгүй төслийн гэрээ байгуулах хэрэг байсан юм уу. Энэ чинь эргээд 2020, 2021 оны төсөвт дарамт учруулна. 807.8 тэрбум төгрөгийн концессын ажил яригдаж байгаа. Бараг нэг их наяд төгрөг байгаа биз дээ. Улсын төсвийн аравны нэг хэмжээний хөрөнгөтэй төсөл шүү дээ. Он гараад биднийг бондын эргэн төлөлтүүд хүлээж байна. 160 сая, 560 сая ам.долларын төлөлтүүд тулчихлаа. Гэтэл ар араасаа дарамт үзүүлэх шийдвэр гаргасан. Гаргахдаа нэг тогтоолыг нөгөөгөөр зөрчилдүүлэн байж шүү. ОУВС-гийн хөтөлбөрт орох нөхцөлөө өнгөрсөн жилийн өдийд хэдийнэ ярьчихсан байсан. Тэр үед концессын гэрээ битгий хий, халамжийг битгий хавтгайруул гэсэн байдлаар урьдчилсан хэлэлцээр хийчихсэн байлаа. Энэ бүхнийг Засгийн газар зөрчсөн. Одоо болохоор “Бид эдийн засагт үр өгөөжөө өгөх, өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн ажлуудыг гүйцээсэн” гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл шинэ, хуучин концесс гэж ярьж байгаа. Тэгж ярьж болохгүй. Яагаад гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар зарлаад, шалгаруулаад, гэрээ хийсэн бол өмнөх рүү нялзаах боломжгүй.

Өнгөрсөн засгийн газрын үед Д.эрдэнэбатын толгойлж байсан аж үйлдвэрийн яам сангийн яамтайгаа ч тохиролцолгүйгээр 1.4 их наяд төгрөгийн гэрээ хийчихсэн. Тэр өрийн дарамт нь өнөөдөр бидэнд ирж байх жишээтэй. Одоогийн Засгийн газрыг эх оронч бус шийдвэр гаргасан гэж үзээд байгаа юм. түүнээс биш хэн нэгэн хувь хүн рүү ямар ч дайралт хийгээгүй. Тэгэхийг ч хүсэхгүй байна.

-МАН дотроо ойлголцож болохгүй байна уу. Заавал Засгийн газраа унагаах хэрэгтэй гэж үү?

-Ардчилсан намын алдаануудыг давтаад байгаа учраас нэн яаралтайгаар засаг, төрийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх ёстой. С.Эрдэнэ сайд байхдаа төсөвт тусгалгүйгээр хүүхдийн мөнгийг олгосон. Манай Засгийн газар яг түүнийг нь давтаж байна. Д.Эрдэнэбат дур мэдэн баахан концессын гэрээ байгуулсан. Тэрийг нь ч бас давтлаа. Гэхдээ Ардчилсан намын Засгийн газартай харьцуулашгүй сайн ажлууд бий. Эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр тодорхой ажлууд хийсэн. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүд улс эх орноо л бодсон. Эдийн засаг хүнд нөхцөлд байхад өшөө илүү дарамт учруулан байж гэрээ байгуулах шаардлага байсан юм уу.

-Засгийн газрыг огцруулбал дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болно гээд байгаа. Таныг бас Хуульзүй, дотоод хэргийн сайд болно гэх яриа гарсан байна лээ?

-Тийм зүйл огт байхгүй. Дараагийн Ерөнхий сайд тэр, энэ болно гэж дур мэдэн яригдсан зүйл байхгүй. Мэдээж хэрэг манай нам дотроосоо Ерөнхий сайдаа томилж, дангаараа Засгийн газраа бүрдүүлж таараа. Ингэх нь зүй ёсны хэрэг. Түүнээс биш стандарт бус Засгийн газартай болно гэх асуудал байхгүй. Хоёрдугаарт гэвэл би ямар нэгэн сандал, ширээний тохиролцоо хийгээгүй. Хийх ч үгүй. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж санаачилж, батлуулах хуулийн төсөл бишгүй байна. Тойрогтоо хийхээр төлөвлөсөн олон ажил бий.

-Огцруулах бичигт 30 хүн гарын үсэг зурсан. Зарим нь хүчээр зурсан, одоо түүнээсээ буцах гэж байгаа гэх юм?

-УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй. Тийм хүний халдашгүй дархан эрхэнд халдаж хүчээр гарын үсгийг нь зуруулна гэж байх уу. Ардчилсан Монгол Улсад тийм зүйл болохгүй.

-Таны гарын үсэг их сонин юм билээ. Таных мөн, биш гэх яриа бас л гарсан. Та гарын үсгээ угаасаа тэгж зурдаг юм уу?

-Мөөн, мөн.

-Бид уг нь тогтвортой байдал хамгийн чухал гээд л ярьдаг. Гэтэл ярьсныхаа эсрэг үйлдэл хийдэг нь ямар учиртай юм бэ. Шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд сайдууд ажилтайгаа танилцах гэж дахиад нэг жил болно. Өнөөх амлаад байсан мөрийн хөтөлбөрөө хэзээ нь хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ?

-Мөрийн хөтөлбөр эхнээсээ хэрэгжээд явж байгаа. 2016 оны Үндэсний статистикийн газрын дүн мэдээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0 хувьтай байсан. Өнөөдөр тодорхой хэмжээний эерэг үзүүлэлтүүд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлтөд суурилж мөрийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Мөрийн хөтөлбөрийн аль хэсэг нь тасалдсан юм бэ. Үндэслэл, судалгаатай МАН-д гаргаад ир. Хэвлэлийн хуудсаар баримт сэлтгүй ярьж байхаар аливаа асуудалд нотолгоотой хандах хэрэгтэй. Харин улс төр тогтвортой байх ёстой гэдэгтэй зуун хувь санал нийлнэ. Гэхдээ гаргаж байсан алдаануудыг давтаад байгаа учраас болиоч гээд байгаа юм. Засаг солигдлоо гээд төрийн алба эвдрэн нурах үйл явц явагдахгүй.

-Гэхдээ л нийгэм Засгийн газар солигдохыг хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох тоглоом мэтээр хүлээж авч байна. Энийг та яаж зөвтгөх юм?

-Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орно гэдэг чинь сөрөг хүчнийхний гаргасан жорган хэллэг. Их хурлын гишүүд сонгогдсоныхоо дараа тангараг өргөдөг. Нийт улс эх орныхоо эрх ашгийн төлөө зүтгэнэ гэсэн агуулгатай. Тэгэхээр аль ч Засгийн газар энэ тангаргийг хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Жишээлбэл, миний хувьд ямар нэгэн сандал суудалд сууя, хоол идье гэсэн тохиролцоо хийгээгүй. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Урдаас зөгнөөд яахав.

-Танай нам доторх бужигнааныг НАМЗХ-той холбоотой гэх юм. Лифтээр өгсөж гэнэт дарга болсон тэндхийн залуус ах нарынхаа тушаалыг биелүүлээд байна уу?

-Би хувьдаа ямар нэгэн лифтэнд суугаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар нийгмийг хоёр талцуулж НАМЗХ-ноос болсон гэж ярьж болохгүй байх. Намын дэргэдэх залуусын байгууллага үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байгаа. Би өөрөө дэд ерөнхийлөгч нь шүү дээ. НАМЗХ-ны байр суурийг гаргаж ярьсан зүйл байхгүй гэж бодож байна.

-Уг нь МАН хамгийн сахилга баттай, эв нэгдэлтэй гэгддэг. Гэтэл цагаа тулахаар тийм байж чадахгүй юм аа?

-МАН-ын улс төрийн үндсэн үзэл баримтлал нь социал демократ. Бүр 1899 оны үед марксист үзэлд шүүмжтэй хандаж социал демократ үзэл бий болсон. Марксизмд шүүмжлэлтэй хандаж Эдуард Бэрнштэйн гэж хүн социал демократ үзлийн үндсийг тавьсан байдаг. Мэдээж хэрэг тодорхой үе шатыг давж боловсрогдсон. Үе шат давахдаа гурван зүйлийг үнэт зүйлээ гэж үзсэн. Тэр гурав бол МАН-ын үнэт зүйл болох эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс гурав. Дэлхийн улс орнуудын социал демократ намууд ч гэсэн энэ гурвыг үнэт зүйлээ болгосон байдаг. Энэ гурвын эв нэгдэл гэх үнэт зүйлээр нам доторх болж бүтэхгүй бүх зүйлийг халхавчлах, хаах, бамбай болгох ёсгүй. Ингэвэл манай нам эрүүл бус болно. Тухайлбал, Монголын нийт сонгогчдын дийлэнх хувь, намын гишүүдийн олонх төрийн албыг наймаалцах тухай бичлэгтэй холбоотой асуудалд маш их эгдүүцэж байгаа. Энэ мэт зүйлд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрүүлж болохгүй.

-Гэхдээ хариуцлага хүлээлгэнэ гээд ганц, нэг хүнээр туг тахиад өнгөрөх гээд байгаа юм биш үү?

-Тийм яриа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэг, хоёр хүн бий. Тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм яриа болсон гэдгийг хүмүүс хэлж байсан. Тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой.

-Энэ талаар болон тагнаж, чагнахтай холбоотой асуудлыг өнөөдөр (өчигдөр) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ярина гэж байсан. Хурал нь яагаад болоогүй юм бэ?

-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Хүнийг тагнаж, чагнах асуудал сүүлийн үед бүр хэрээс хэтэрлээ. Бараг тагнаж, чагнасан хүмүүс нь баатар болдог болчихож. Би хувьдаа 60 тэрбум төгрөгийн хэрэг дээр тагнасан тагнуулсан, чагнасан чагнуулсан бүх хүнийг шалгаж хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байгаа. Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал өнөөдөр олны анхаарлын төвд байна. Энэ болгонд цэг тавих ёстой. Монгол Улсад гүйцэтгэх ажиллагааны тухай гэж бие даасан хууль бий. Би хуульч хүний хувьд хэлье. Гүйцэтгэх ажиллагаа гэдэг нь маш товчхондоо гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой тагнуулын ажиллагаа. Жирийн хүмүүст ингээд товчхон ойлгуулж болно. Гэтэл улс төрийн зорилгоор бие биенээ тагнаж чагнана гэдэг байж боломгүй асуудал. Барууны орнууд ардчиллыг төлөвшүүлэх явцдаа ийм үе шатыг дамжаад ирсэн. 1970-аад оны дундуур АНУ-д сөрөг хүчнээ тагнасан Уолтер Гейтийн хэрэг гарч сүр дуулиан болж байлаа. Тэрнээс хойш АНУ тагнаж, чагнахтай холбоотой асуудалд маш их анхаарал хандуулдаг болсон. Манайд 1990-ээд оноос хойш ийм үйл явц их гарч байна. Багш нарын ажил хаялтыг тагнасан, чагнаснаас эхлээд улс төрийнхний асуудал яригддаг. Үнэний логик гэж байдаг бол тагнасан хүмүүс нь хариуцлагаа хүлээ. Эсхүл тагнуулсан хүмүүс нь хариуцлагаа хүлээ. Ингэж олны санаа сэтгэлийг хоёр хуваасан зүйлүүдээ нэг тийш нь болгомоор байгаа юм. Ялангуяа эрх барьж буй намынхан бид цэг тавих ёстой. Тэгж байж нийгэмд бий болж буй сөрөг зүйлсийг даамжруулахгүй байх нөхцөл бүрдэнэ. Ер нь өнөөдөр нийгэмд үнэт зүйл гэх тогтсон ойлголт байхгүй болчихож. Шударга ёс алга боллоо. Хүний эрх, эрх чөлөөний хязгаарын хэмжүүрийг нийтээрээ эргэж ярилцах цаг болсон байна. Эрх, эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг.

-Тийм хэргүүдийг яагаад АТГ шалгаад байгаа юм бэ. Эрүүгийн цагдаагийн хийх ёстой ажил биш үү?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн харьяалал гэдгийг зүйл заалт бүрээр мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудад хуваарилж өгсөн. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй хуулиар ингэж заасан. Өмнө нь ч тийм заалт байсан. Албан тушаалтай холбоотой бүлэгт зааснаар арван нэгэн төрлийн хэргийг АТГ шалгана, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулна. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой хэргүүдэд Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Бусад бүх хэрэгт цагдаагийн байгууллага ажиллана. Яг одоо ямар зүйл заалтаар хэн гэж хүнд хэрэг үүсгэчихээд байгаа талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй учраас баримт нотолгоогүй дүгнэлт хийж болохгүй.

-Төрийн албыг наймаалцдаг 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан төрийн албан хаагчдаас мэдүүлэг аваад эхэлсэн гэсэн. “Та энэ албанд очихдоо мөнгө өгсөн үү” гэх асуулт асууж байгаа сурагтай байна лээ. Ингэж байцаалт авсан мэт жүжиг үзүүлж хэргийг хаах гээд байна уу?

-Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хамгийн эхнийх нь байцаалт явуулах. Үүнээс гадна хуульд заасан бусад үйл ажиллагаа явагдах байх. Би хэргийг уншаагүй учраас дүгнэлт хийх боломжгүй.

-Та түрүүнд эдийн засаг сайжирч байна гэж ярьсан. 5.4 хувийн өсөлттэй байгаа нь үнэн. Гэхдээ МАН сайн ажилласны хүчинд өсөлттэй гарсан гэж бодохгүй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбож харах гээд байна л даа?

-Ардчилсан намынхан л тийм байр суурьтай дүгнэлт хэлэх байх. Ямар эдийн засаг хүлээж авсан бэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Тэрнээс хойш ард түмний уур ундууцлыг хүргэн байж эдийн засгийн ямар хатуу арга хэмжээ хэрэгжүүлж байгаа билээ дээ. Тэрний л үр дүн шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгдийг байгалийн баялгийн түүхий эдийн үнийн өсөлттэй холбож тайлбарлаж болохгүй. Манай нам Засгийн эрхэнд гараад шууд хоёр, гурван тэрбум ам.долларыг эдийн засагт цутгаагүй. Та энийг мэдэж байгаа байлгүй дээ.

-Өнөөдөр (өчигдөр) МАН-ын бүлэг хуралдлаа. Юу хэлэлцэв?

-Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан бичигтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

-Хурлын уур амьсгал ямархуу болж байна вэ?

-Муудалцаж барьсан зүйл байхгүй. Хэвийн явагдаж байгаа. Асуулт хариулт явлаа. Огцруулахаар өргөн барьсан гишүүд, Засгийн газрын сайд нараас асуулт асууж байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН