Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Раш: МАН, МАХН эвсэл байгуулахыг миний бие дэмжсэн учраас өргөх бичигт гарын үсэг зурсан

Өчигдөр МАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичиг барьсан. Ахмадуудын зүгээс 2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулан сонгуульд хамтарч оролцохыг уриалсан юм. Уг өргөх бичигт ахмадуудын төлөөлөл болж орсон УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн баатар Р.Раштай уулзлаа.

-МАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл хоёр намынхаа удирдлагуудад өргөх бичиг барилаа. Ер нь ингэж өргөх бичиг барьж, уриалга гаргах ажлыг хэзээнээс санаачилсан юм бэ?

-Хоёр нам эвсэл байгуулан сонгуульд оролцох хэрэгтэй гэх яриа намын 26 дугаар их хурлын үеэр болсон юм. Тэрнээс хойш сонгууль болоход хүсэж байсан үр дүндээ хүрээгүй. Ингээд намын зарим гишүүд нам эвсэл байгуулах талаар “Ер нь нэгдсэн байдлаар цаадуулд чинь хэлье. Чи нэгдээч” гэхэд нь би тэгье гэсэн. Эвсэл байгуулахыг миний бие дэмжсэн учраас өргөх бичигт гарын үсэг зурсан. МАХН-ын 26 дугаар их хурлын үеэр намын нэр солихтой холбоотой асуудлаар санал авахад нийт гишүүдийн 80-90 хүртэлх хувь нь дэмжиж байсан. Манай нам хэзээнээсээ л дотоод сахилга бат сайтай. Дээрээс хэлснийг “За” гэж хүлээж аваад хэрэгжүүлдэг нам шүү дээ. Ер нь намын нэр солих тухай асуудал нэлээн дээр үеэс яригдсан. 1990-ээд оны эхэн үеэс л ярьж байсан. Гэвч нэр солих цаг хугацааны тухайд улс төрийн алдаа хийсэн байна. Сонгууль дөхчихсөн байхад нэр усаа өөрчилсөн нь алдаа болсон. Ер нь нэр гэдэг чинь одоо цагийн хэллэгээр брэнд гэсэн үг юм байна. Хүн нэрээ, тогос өдөө ч гэдэг. Тэгэхээр нэрээ хайрлаж, хүндэтгэн тун болгоомжтой хандах ёстой юм байна.

-Ахмадуудын төлөөллийн өргөх бичгийг хоёр намын удирдлага ямар түвшинд хүлээж авч байгаа бол?

-Би хөдөө томилолтоор явж байгаад дөнгөж дөрөө мултлаад чамтай уулзаж байна. Чухам цаадуулын чинь нүүр царай хэр зэрэг хувьсаж өөрчлөгдсөнийг би сайн мэдэхгүй байна. Ямархуу янзтайгаар гардаж хүлээж авсныг мэдсэнгүй. Бодвол энэ олон хүн ингэж ярьж байгаа нь дэмий хоосон зүйл биш байх гэж хүлээж авсан байх. Ер нь тэгээд аливаа зүйл олныхоо үгийг дагах ёстой байдаг. Тэр утгаар хандсан байлгүй гэж найдаж байна.

-Өчигдөр МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарт өргөх бичиг гардууллаа. МАХН-ын удирдлагуудад хэзээ хандах вэ?

-Ямар ч байсан хоёр намын удирдлагад өгнө. Нэгд нь өгөөд, нөгөөд нь өгөхгүй гэх зүйл байхгүй.

-Уг нь энэ хоёр нам угсаа гарал нэгтэй. Нэгдэхгүй, эвсэхгүй байх эрх ашгийн зөрчил байхгүй биз дээ?

-Намуудын удирдлагын өрөөгөөр хааяа нэг шагайхад хананд нь Д.Сүхбаатар жанжны зураг өлгөөтэй байдаг. Мөн Бал даргын ойгоор хөшөөн дээр нь цэцэг өргөхөд хоёр намын удирдлага, төлөөлөл зогсож л байх жишээтэй. Амьдрал дээр ийм л байна шүү дээ. Тэгэхээр цаад язгуур үзэл санаа нэг гэдэг нь харагдаж байгаа юм. Нэг ёсондоо цаад угт ямар нэгэн асуудал байхгүй. Харин наагуур янз бүрийн бодол санаатай улс байх шиг байгаа юм. Ламбугай, ламбугай тааллаараа гэдэг шиг өөр өөрсдийнхөө үзэл бодлоор хандаж таарна. Гэхдээ цаана нь том эрх ашиг байна гэдгийг санах хэрэгтэй. Улс орны том эрх ашигт баригдах байлгүй дээ гэж бодож байна.

-Сонгуулиас өмнө эвсэл байгуулж чадах болов уу. Хэрвээ нэгдвэл ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Хамгийн муу хувилбараар бодоход сонгуульд эвсэл үүсгэн хамтарч орж болох юм. МАХН одоо МҮАН-тай нэгдээд эвсэл болчихсон яваа. Ер нь эвсэл болж сонгуульд оролцсон түүх ардчиллын 25 жилийн дотор олон бий. Эвсэнэ гэдэг шинэ зүйл биш. Малын зөргөөр машин яваад аль хэдийнэ зам болгосонтой ижил зүйл.

-Уг нь эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Гэвч өнөөгийн улс төрийн амьдрал тогтвортой биш байна. Намууд битгий хэл нам дотроо учраа ололцохгүй болсон байна шүү дээ?

-Улс төрийн намаар дамжиж сонгуульд нэр дэвшдэг. Бие даагч гэж бий л дээ. Тиймээс улс төрийн намууд ихээхэн хүчтэй, алсын хараа бодлоготой байж намын гэхээсээ улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьдаг байх ёстой. Өнөөдөр улс орон яггүй байдалд орсон шиг байна. Малчин түмэн малаа борлуулах зах зээлгүй болчихож. Одоо яах болж байна вэ, төр юу бодож байгаа вэ гэхчилэн ярьж байна. Гэхдээ дан ганц малчид ч биш нийгэм тэр чигтээ л яах вэ гэлцэж байгаа. Уг нь монгол хүмүүс төрөө их хүндэлдэг. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Ийм болохоор л намууд хүчтэй, алсын хараат бодлоготой, зорилготой, сайн зохион байгуулалттай, нэгдмэл байх учиртай юм. Сайн санааны үзүүрт тос гэж монгол үг байдаг. Дээрээс нь нэг зүйл хэлэхэд манай намуудын тухай хууль буруу байна. Уншигч олон намайг биеэ магтаж байна гэж бодохгүй байх гэж найдаж байна. Юу вэ гэхээр одоогийн Намын тухай хуулийг хэлэлцэж, баталж байхад талийгаач Наранцацралт бид хоёр эсрэг санал өгч байсан юм. Мань хүн манай өрөөнд орж ирээд “Энэ хууль нэг л биш болчихлоо. Мундаг санхүүгийн олигархиуд ирээдүйд улс төрийг багалзуурдах нь” гэх яриа өрнүүлж байсан юм. Тэр үедээ ч бид хоёр эсрэг санал өгч байлаа. Тэгэхэд манай намын бүлгийн удирдлага “Бүлгийн саналаас яагаад гажив” гэж асууж байсан. Харин өнөөдөр ингээд бодохоор зөв талдаа байж гэж бодмоор юм шиг болж байна. Одоо харин улс төрийн намуудаа л бэхжүүлж, дөмөгхөн байгаасай л гэж бодох боллоо. Бас эхэндээ би фракцуудыг дэмждэг байлаа. Улс амьтан санаа бодлоо илэрхийлж байх, нэг нэгнийхээ үгийг дуу дуугаа авалцан дэмжихэд хэрэгтэй юм байна гэж боддог байсан. Олон хүн сууж байгаа бүлгийн хурал дээр ганц нэг хүн юм яриад ямар ч нөлөө байхгүй. Энэ утгаараа фракцийг зөв гэж боддог байсан. Харин одоо эрх баригч намын дотор болж буй үйл явдлыг харахаар фракц байх хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэж бодогдох боллоо. Гэхдээ улс төрийн нам үнэхээр хүчтэй болоод, дотоод төлөвшил сайтай болоход фракцийн асуудал байхгүй ч болж болно. Уг нь намуудын дүрэмд “Фракцтай байж болно” гэж заасан байдаг. Манай намын дүрэмд лав болно гэж заасан байдаг юм. Гэтэл өнөөдөр болно гэдгийг хэрэгтэй гэж орлуулаад байх шиг байна. Ер нь намын төлөө нам байх биш, улсын төлөө нам байх ёстой гэдгийг бодох хэрэгтэй. Улс орны язгуур эрх ашигт нийцсэн зүйл дээр намууд улс төрийн өндөр соёл гаргаж, харилцан бие биедээ буулт хийвэл сайнсан даа л гэж бодож байна.

-Та улс төрийн ахмад зүтгэлтэн байсан хүний хувьд өнөөгийн улс төрийн байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэж үг байдаг. Энэ л манайд болоод байна гэж харж байгаа. Уужуу тайван ухаанаар асуудалд хандах хэрэгтэй. Яахав ээ, улс төрийн нам бол засгийн эрхийн төлөө байдаг. Гэвч чадахгүй бол нэг их мэрийгээд байх хэрэг байна уу даа. Өөрөө өөрийгөө мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр улс төрд тулгарч буй асуудлууд явж явж Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал болж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Син Хаймин: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахаар шийдсэн

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа. Уг айлчлалын ач холбогдлын талаар болон бусад цаг үеийн сэдвээр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин мэдээлэл өгөхөөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан юм. Түүний сэтгүүлчдийн тавьсан асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч тун удахгүй БНХАУ-д айлчлах гэж байна. Уг айлчлал ямархуу хөтөлбөртэй байх вэ. Хоёр улсын харилцаанд ямар ач холбогдолтой байх бол?

-БНХАУ-ын дарга Си Жиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Уг айлчлал өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си ЖиньпинМонгол Улсад айлчилсны дараа хоёр улсын харилцаанд болох өөр нэг томоохон дипломат үйл явдал болж байгаа юм. Тэгэхээр Хятадын тал өндөр ач холбогдол өгч, дээд түвшинд хүлээж авна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Си Жиньпин дарга угтаж аван албан ёсны хэлэлцээ хийж, хүндэтгэлийн зоог барих болно. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дежан нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн айлчлалын үеэр БНХАУ-ын эртний нийслэл болон торгоны замын эхлэл болж байсан Ши Ань хотод айлчлахаар төлөвлөсөн байгаа.

Одоогоор Хятад, Монгол хоёр улс үндэстний хөгжил, бүтээн байгуулалтын зангилаа үед байгаа бөгөөд хоёр талын хүрээнд нэгдсэн стратегийн ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэж байгаа. Хятад, Монголын харилцааг ард түмэн дэмжиж байгаа болохоор энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд шинэ боломж гарч ирж байгаа юм. Энэ айлчлалын үеэр хоёр улсын удирдагч Хятад, Монголын харилцаа болон бүхий л салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх, өнгөрсөн онд Си Жиньпин даргын айлчлалын үр дүнг бүрэн бүтнээр ажил хэрэг болгохоор санал бодлоо солилцож, зарчмын чиглэлийг тодорхойлно. Мөн хоёр тал улс төр, эдийн засаг, соёл болон бусад олон талт хамтын ажиллагааны талаар шинэ тохиролцоонд хүрч, нэлээд олон чухал бичиг баримт дээр гарын үсэг зурж Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах болно гэж найдаж байна.

Цаашид Хятад, Монголын харилцаа ямар хэлбэрээр өргөжих боломжтой вэ. Хятад улсаас манай улстай харилцахад ямар бодлого баримталж байгаа вэ?

-1990-ээд оноос хойш манай хоёр улсын өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж байна. Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн нар таван удаа уулзалт хийсэн.

Харин энэ жилийн дөрөв дэх уулзалтаа удахгүй хийх гэж байна. Ер нь хоёр улсын төрийн тэргүүн ойр, ойрхон уулзах нь Хятад, Монголын хоорондын харилцааны чиглэлийг тодорхойлж байдаг. Манай хоёр улсын бодит хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжиж ирсэн. Худалдааны хэмжээ л гэхэд 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл 100 дахин нэмэгдсэн тооцоо бий. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд зорчсон иргэдийн тоо давхардсан тоогоор 1.3 сая хүрсэн.

Өнгөрсөн жил Си Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийснээр хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хоёр улсын харилцааг түүхэн дэх хамгийн сайн цаг үед гаргасан юм. Мөн “БНХАУ цаг ямагт Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монгол Улсын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг” гэж хэлсэн шүү дээ.

Таван толгойн нүүрсний ордын төсөл дээр Хятадууд хамтрах хүсэлтээ удаа дараа гаргасан. Одоогийн нөхцөл байдалд Хятадын тал ямар байр суурьтай байгаа вэ?

-Сайн төсөл байвал найдвартай хөрөнгө оруулалт алга гэдэгт санаа зовох хэрэггүй. Төслөө эхлүүлснээр Монгол Улсын дэд бүтэц, ажил эрхлэлт, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг боловсруулах асуудлыг яваандаа шийдвэрлэх болно. Хятад, Монгол хоёр тал Таван толгой төслийн асуудлаар олон жил хэлэлцсэн байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд Монгол Улсад айлчлах үеэр тусгай дэмжлэг үзүүлэн транзит тээвэрлэлт, далайн боомт зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн. Миний бодлоор Таван толгой төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох бүрэн боломжтой, бас үлгэр жишээ болох ёстой. Одоогоор хоёр тал тус төслийг ахиулахаар нягт хамтран ажиллаж байна. Энэ завшааныг ашиглан би санхүүгийн хамтын ажиллагаа, ялангуяа Хятад банк (bank of China) Монголд салбараа нээх талаар дуулгая. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Хятад банк Улаанбаатарт салбар нээх асуудлаар ойрын хугацаанд эерэг ахиц гарах болно гэж найдаж байна.

Саяхан Хятад, Монголын анхдугаар экспо боллоо. Уг экспогоос ямар үр дүн гарсан бол?

-Хятад, Монголын анхдугаар экспог Хөх хотод зохион байгуулсан. Энэ үеэр холбогдох талууд 166 хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд 14.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын тохиролцоо хийсэн. Цаашид хоёр жил тутамд Хөх хотод зохион байгуулах болно гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн.

Та БНХАУ болон Монгол Улсын хооронд олон улс, бүс нутаг дахь хамтын ажиллагааны тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Манай хоёр улс олон улс ба бүс нутгийн олон асуудлаар ижил байр суурьтай байдаг. Монголын талыг олон улс ба бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын талдэмжиж ирсэн. Монгол Улсыг олон улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг бас дэмжиж байгаа. Монгол Улсыг АПЕК-д элсэхийг манай улс тууштай дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүйн байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг мөн дэмжинэ.

Мөн Хятад, Монгол, Орос гурван улсын хамтын ажиллагааны тухай онцолмоор байна. Манай гурван улс бол бүс нутгийнхаа чухал улс орон мөн бөгөөд гурван улсын харилцааг хөгжүүлэх нь бүс нутгийнхаа, тэр тусмаа дэлхий нийтийн энх тайван болон хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой байдаг юм. Сүүлийн жилүүдэд гурван улсын дээд хэмжээний уулзалтын механизм нэгэнт бий болсон. Энэ оны долдугаар сард Оросын Уфа хотод болсон гурван улсын дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд харилцаа ба хамтын ажиллагааны талаар олон чухал тохиролцоонд хүрсэн юм. Гурван тал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг боловсруулахыг шийдсэн бөгөөд гурван улсын хамтын ажиллагааны замын зураг зэрэг чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сүнсний баяр

Би хувьдаа олон төрлийн баяруудаас хамгийн сонирхолтойг нь Halloween буюу сүнсний баяр гэж боддог. Манайхан америкчууд шиг айл гэрийн хаалга нүдээд чихэр гуйгаад явдаггүй л дээ.

Гэхдээ сүүлийн хэдэн жил залуучууд ач холбогдол өгч өргөн хүрээнд тэмдэглэдэг болжээ. Энэ баяр аравдугаар сарын 31-нд болдог. Залуус сүнсний баяр тэмдэглэхээр бүтэн сарын өмнөөс биш юмаа гэхэд долоо хоногийн өмнөөс өөрийгөө бэлдэнэ. Юу нь тэгтлээ сонирхолтой вэ гэвэл энэ өдөр хүн бүр өөрсдийн хүссэн дүрдээ хувирах боломжтой болдог юм. Бид амьдрал дээр кино жүжигчид шиг янз бүрийн дүрд хувирч чаддаггүй бол Сүнсний баяраар мөрөөдлөө биелүүлж болно.

Охидууд л гэхэд ихэнхдээ барби хүүхэлдэй, сахиусан тэнгэрт хувирч байгаа харагддаг. Бүр эсвэл шүүр унасан шулам, хорон санаат эмгэн болно. Эрчүүд харин супермэн, хүн аалз, цус сорогчийн дүрд хувирах боломжтой. Гэхдээ заавал аймшгийн баатрын дүрд хувирах албагүй л дээ. Үнсгэлжин, цасан гоо, маугли, тарзан гээд хайртай үлгэрийн баатрынхаа дүрд хувирч болдог.

Ингэж өөрийн дуртай дүрдээ хувирч, түүгээр амьсгалдаг уг баяр залуусын сонирхлыг тун их татдаг юм. Сонирхолтойгоос гадна бүтэн сарын өмнөөс ямар дүрд хувирах, үс, нүүр, хумсаа яаж будуулах вэ гэдгээ бодож догдлох нь хамгийн гоё. Яг л шинэ жилийн баяртаа оролцох гэж буй хүүхнүүд ямар даашинз өмсөх вэ гэж арванхоёрдугаар сард тэр чигтээ догдолдогтой ижил. Шинэ жилээр хүүхнүүд хамгийн гоё даашинзаа өмсөхөд л баярын утга учир оршдог шүү дээ. Түүнтэй ижил хоол идэж, архи дарс уух шалтгаан үүсгэхээс илүүтэй өөрийгөө бэлддэг баяр л хамгийн гоё байдаг бололтой.

Categories
мэдээ улс-төр

Х.Болорчулуун: Стандарт бус чөлөөт бүс байгуулж болохгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

Өнгөрсөн долдугаар сард “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын хаврын чуулган завсарлах наадмын өмнөх өдөр энэ тогтоол батлагдсан. Чөлөөт бүсийн талаарх ТЭЗҮ, эдийн засгийн тооцоо зэрэг нь тогтоолоо батлагдсаны дараа хийгдэж байх жишээтэй. Ер нь нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох, тэр бүү хэл олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр үндэслэл, тооцоо судалгаатай хандах байсан юм. Монгол Улс өмнө байгуулсан Алтанбулаг 500 га, Замын-Үүд 900 га чөлөөт бүсийн ажил “0” байна шүү дээ. Үүнээс 1000 дахин том газар нутгийн хэмжээтэй чөлөөт бүс байгуулна гэж зарлаж байгаа нь зарчмын том алдаа болсон. Би эсрэг байр суурьтай байгаа.

Уг нь хэрэгжиж эхэлбэл Дорнодын иргэдэд хэрэгтэй байсан юм биш үү? Яагаад цуцлах, өөрчлөх тогтоол өргөн барив?

-Энэ төсөл хэрэгжих болбол Дорнодын нутгийн иргэдэд хэрэгтэй бус хохиролтой байх болно. Тэгэхэд Чөлөөт бүсийн тухай 75 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилж, соёлын өвийг хамгаалах тухай хууль, газрын тухай хуулийн үзэл санаа, хэрэгжилттэй ноцтой зөрчилдөж байгаа юм. Тийм ч учраас УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлах, өөрчлөх тогтоолын төсөл хэсэг гишүүдийн хамт өргөн бариад байна. Дэлхийд 500 мянган га газартай чөлөөт бүс гэж хаана ч байхгүй. Хамгийн том Шанхайн чөлөөт бүс гэхэд дөнгөж 12 мянган га байна шүү дээ. Бид үндэслэл тооцоогүй, стандарт бус чөлөөт бүс байгуулж болохгүй шүү дээ. Түүнээс гадна ХАА-аар дагнасан чөлөөт бүс гэж байдаггүй. Харин НҮБ-ын ХХАА-н байгууллагын судалгаагаар органик үйлдвэрлэлийн ХАА-н бүс (Agricultural areacertified organic) гэж 90 гаруй оронд экспортын баримжаатай ХАА-гаа хөгжүүлж байна. Үүний нэг жишээ Уругвай улс гэхэд тус аж ахуйн бүс нутгийнхаа 99 хувьд нь мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог. Монгол Улс олон улсын энэ л нэршил болоод үйл ажиллагааны чиг­лэлээр ХАА-гаа хөгжүүлэх ёстой.

Нэрэнд тийм их учир шалтгаан байна уу. Чөлөөт бүс гэж нэрлэснээр ямар хор хохирол, аюул байгаа юм бэ?

-Чөлөөт бүс гэдэг бол Монгол Улсын татвар болоод гаалийн бүсийн гадна орших тусгай хууль, журам, дэглэмтэй Монгол Улсын нутаг дэвсгэрийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Тэгэхлээр эдийн засгийн тусгай статустай улс доторх улс гэж хэлж болно. Жишээлбэл, Дорнод аймгийн болоод Халхгол сумын Засаг даргын мэдэлд хамаарахгүй, Чөлөөт бүсийн захирагч гэж хүн бүхнийг шийдвэрлэж, чөлөөт бүс доторх газрыг дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах замаар хэдэн жилээр ямар хэмжээтэй газрыг хэнд олгохыг мэдэж шийдвэрлэнэ. Тийм ч учраас хувийн эдэлбэр газар тариалан, өвөлжөө, хаваржаа, ус бэлчээрийг ашиглаж байгаа нутгийн иргэдийн эрх ашигтай зөрчилдөх нөхцөл үүсч байгаа юм. Мөн чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орохдоо татвартай, гадаад руу бол татваргүй байна. Тэнд ажиллах гадаадын иргэн, мэргэжилтний тоонд хязгаарлалт байдаггүй. Ер нь чөлөөт бүсийн газар нутаг Монгол Улсад гэхээсээ гадны улсад илүү таатай ашиглагдах нөхцөл үүсгэдгээрээ онцлог.

Орон нутгийн иргэд чөлөөт бүсээ дагаад ажилтай, орлоготой болно биз дээ. Тэнд 260 өрхийн өвөлжөө бууц орж байгаа нь давхцал үүсгэж байна уу?

-Чөлөөт бүсийн нэг зорилго нь татвараас чөлөөлөгдсөн орчинд үйлдвэрлэл хөгжүүлж хүмүүсийг ажлын байраар хангах явдал байдаг. Харин дэлхийд байхгүй ийм том газар нутаг бүхий чөлөөт бүс нь нутгийн иргэдийн олон арван зуун дамжин ажиллаж амьдарч ирсэн амьдралын хэвшил, уламжлал зан үйл, эзэмшил газар нутагт шууд нөлөөлнө. Ялангуяа судалгаагаар тогтоогдсон Халхгол сумын 200 гаруй өрхийн өвөлжөө, хаваржаа, нүүдэллэж дассан ус бэлчээрт давхцал үүсгэснээрээ тэдгээр иргэдийн эрх ашиг шууд хохирох нөхцөл болж байгаа юм. Чөлөөт бүсэд 26 мянган га газрыг хаших юм гэнээ. Ялангуяа уугуул нутгийн Ялалт багийн төв дээр гэхэд айлууд нь хашаа хороогүй, зэрэгцээд амьдарч ирсэн тал нутгийн онцлогтой хүмүүст газар нутгийг нь хашаална гэдэг тархин дундуур нь татах шиг санагдаж байгаа байх. Түүнийгээ ч иргэдтэй УИХ-ын гишүүд биднийг уулзах үед хэлж байсан. Ялангуяа Буйр нуурыг хөвөөлж чөлөөт бүсийн гортиг татаж байгаа нь өмчлөх, хашаалах сэтгэхүйтэй гадна дотныхон эзэмших, дээрэлхэх үндэс болох нь гарцаагүй юм.

Бас хятадууд орж ирж өвс хадаж байгааг эсэргүүцэж буй хүн олон. Хятадуудыг оруулж ирлээ гэж дургүйцэж байна. Энэ чинь эдийн засгийн харилцаа биш үү. Эрээн рүү ч монголчууд хэдэн мянгаараа л очдог шүү дээ?

-Хадлан хадах зөвшөөрөл авсан монголчууд хятад хүмүүсийг техниктэй нь оруулж хадуулаад өвс гаргах хамтарсан үйл гэж хэлж болно.

Сумын захиргаа, иргэдийн хурал нь хүнгүй газар шил рүү хадлан хадах зөвшөөрөл олгоход тэнд нь хадалгүй өвс гаргах боомтонд ойроор нь сум, багийн төвийн дэргэд, айлуудын өвөлжөө, хаваржааны газар өвс хадсанд нутгийн иргэд бухимдаж байна. Сумын удирдлага ч дарга, захиргааны зангараг дутсан нь харагдсан. Тиймдээ ч иргэдийн шахалтаар сумын ИТХ нь сумын дарга, ИТХ-ын даргаа огцруулах шийдвэр гаргасан гэнэ. Ер нь өвсийг хагдарч унадаг зүйл мэтээр ойлгож, ихээр хадаж гаргах нь цаашлаад цагаан зээрийн бэлчээрлэлт, үр удмаа үлдээх зэрэгт сөргөөр нөлөөлж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах байдал үүсгэх юм билээ. Тийм учраас өвс хадланг ихээр хадаж экспортлох дээр цаашдаа судалгаа, тооцоотой анхаарах шаардлагатай.

Хэрэв чөлөөт бүс байгуулбал татвар байхгүй болно. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би өмнө нь хэлсэн. Чөлөөт бүс гэдэг бол Монгол Улсын татвар, гаальд хамаарахгүй тусгай хууль журам мөрдөгдөх газар гэж. Тэнд эдийн засгийн харилцааны хувьд онцгой дэглэмтэй Чөлөөт бүсийн хууль үйлчилнэ. Гэтэл Р.Бурмаа сайд чөлөөт бүсийн хуулийг журмаар зохицуулна гэж яриад байгааг ойлгохгүй байна. Чөлөөт бүсийн хуулийн үйлчлэлээс давсан журам гэж байж болохгүй шүү дээ. Жишээлбэл, тэнд ажиллах аж ахуйн нэгжийн 51 хувь нь Монголынх байна, гадаадын ажиллах хүч мэргэжилтэн нутгийн иргэдийн гурван хувиас хэтрэхгүй байна гэх мэтээр амьдралд хэрэгжих боломжгүй тархи угаалт маягийн юм ярих нь инээдтэй. Дэлхийд байхгүй стандарт бус чөлөөт бүс байгуулах гэж зүтгээд байгаа­гийн цаана хувийн эрх ашиг бүү байгаасай гэж л бодох юм.

ТаНоёнуулыг ухуулахгүй гэж байсан. Гэвч өнөөдөр нинжа нар үүрлэчихлээ. Уг асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах ямар боломж байна вэ?

-Хараа голын Ноён уул, Хан хэрлэнгийн Бурхан Халдун, Хатан туулын Богд уулыг үеийн үед дээдэлж тахин, хайрлан хамгаалж байх тухайтүүхийн шарласан хуудсанд бичээстэй байдгийг эрдэмтэн доктор Г.Аким гуай хэлсэн нь нэгийг бодогдуулах бус уу. Сентерра Гоулд компанийн лицензтэй талбай нь хамгийн өндөр Ноён оргил 1759м, хатан оргил 1722м хоёрын дунд оройг нь хүртэл хилийн заагтай байна. Энэ бодлогогүй үйлдэлтэй Засгийн газар УИХ-аас ашиглуулaхгүй гээд хоёр удаа буцаагаад байхад гурав дахиа оруулна гэж байна. Нүд улаан, мөнгө цагаан гэгч л энэ байх. Бас Ноён уулаа төрийн тусгай хамгаалалтад аваад, зэрэгцүүлээд ухаж ашиглана ч гэх шиг. Ноён уулын ноён оргилын талыг нь тасдаж ухчихаад энэ бол төрийн тусгай хамгаалалттай Ноён уул гэж хэлээд тэнэгтээд сууж байх уу. Энэ канадууд нь ч гэсэн Ноён уулын 70 тонн алтыг 10 жилд ухаж аваад ердөө 10 хувийн ашигтай ажиллана гэсэн ТЭЗҮ хийсэн байх нь алтыг нь аваад авдрыг нь эвдлээд хаяна гэгч болох байх. Ноён уулын энэ өндөрлөгөөс 5-6 жижиг гол горхи Хараа голд цутгаж тэжээдэг үзэсгэлэнт байгальтай. Хамгийн гол нь өвгөдийн булш онгоныг хадгалсан түүхийн дурсгал, мөнх цэвдэгт нөлөөлөх нь гарцаагүй юм. Ямартаа л Ноён ууланд “Монголиор” хэмээх олон улсын экспедиц алт ухаж байгаад Хүннүгийн олдвор дурсгал олдож эхэлмэгц 1920-иод онд Богд хааны зарлиг гарч үндсэндээ төрийн хамгаалалтад авч, алт ухахыг зогсоон дархалж байхав дээ. Өнөөдрийн энэ байдал зуун жилийн өмнөхөөс дор ёс суртахуунтай эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй. Ноён ууланд нинжа нарыг ухах сонирхол бүхий этгээдүүд нь зохион байгуулалттай оруулаад байна гэж нутгийн хүмүүс ярьж байгаа нь ортой байх. Эзэнтэй төр засаг байгаа л юм бол хэдэн нинжагаас хамгаалахад юу байхав дээ. Ер нь Ноён уулыг энэ төр ухуулах шийдвэрийг албан ёсоор гаргавал түүний гор, хор хохирлыг Монгол Улс, Монгол түмэн амсах нь гарцаагүй. Ялангуяа Ноён ууланд алт дагасан хаан хор хүнцэл хамгийн ихээр агуулагддаг гэдгийг эрдэмтэд өгүүлж, сэрэмжлүүлж байна.

Та ирэх сонгуульд бие даагч статусаараа нэр дэвших үү. Эсвэл намын харьяалалтай болох уу?

-Сонгуульд оролцож УИХ-ын гишүүн болох нь миний эцсийн зорилго биш. Дэвшихгүй байхыг ч үгүй гэх газаргүй. Санаа зорилго нэг нөхдийн хамт авлигажсан төртэй бугшсан идээ бээрийг шахаж үгүй болгоход амаргүй юм байна гэдгийг дотор нь суугаад л ойлгож байна. Бидний улс орноо гэж хэлсэн үг, үйлдлийг популист гэж хочилж байна. Хэвлэл мэдээллийг мөнгөөр зодож хаалтын гэрээг энэ Засгийн газар хийж байна. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон түүний засгийн газар Дубайд дуудагдан очиж Оюу толгойгоос Монголын хүртэх ногдол ашгийг 15 жилээр ухраах буулт, хуйвалдаан хийчихээд ичих ч үгүй сандал ширээтэйгээ зууралдаж байна. Монгол Улсыг хоёр жилийн дараа улсын төсөвтэйгөө тэнцэх өр зээл төлөх гарцаагүй лай ланчиг бүхий ирээдүй хүлээж байна. Оюу толгойн төлөвлөгөө нэрээр далдалсан Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж Монголын эрх ашгийг хохироочоод байхад энэ намууд яагаад эсэргүүцэж үгээ хэлэхгүй байна. Дүгнэлт тайлбараа гаргахгүй байна. Энэ чинь л намаар далдалсан олигархижсан төр засаг бий болсныг харуулж байгаа юм даа. Намайг нутгийнхан намаар бус хүнээр минь сонгосон юм. Төлөөллөө болгоод УИХ-д суулгахад хуйвалдахгүй, ху­вийн эрх ашгаа өмнөө тавиад байхгүй гэж итгэл хүлээлгэсэн. Тийм ч учраас намд оролгүй, бие даагч статустайгаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Цаашдаа улс төрийн ямар үйл ажиллагаа явуулах сонголт байхыг цаг хугацаа харуулна биз.

Сонгуулийн жилд тойрогтоо ямар, ямар ажил амжуулав?

-УИХ-ын гишүүн гэдэг бол улс орондоо хэрэгтэй хууль тогтоомж батлан гаргахын төлөө ажиллахын зэрэгцээ сонгогдсон тойргийнхоо төлөө цаг ямагт ажиллаж байх учиртай. Өнгөрсөн хугацаанд Дорнод аймаг буюу тойрогт баригдан, бариулсан эмнэлэг, сургууль, зам, барилга бүхнийг би хийсэн, хийлгэсэн гээд тоочоод байх нь зохисгүй байх. Мэдээж нэг ч гэсэн хөрөнгө оруулалт төсөвт суулгахын төлөө хичээн ажиллах нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний үндсэн гол үүрэг, хариуцлагын нэг гэж хэлж болно. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө мөнгөтэй холбоотой нэг ажлыг би амласан юм. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа. Энэ бол Дорнод төдийгүй Монгол Улсад жишиг болсон өмчлөлийн 0.7 га бүхий хороолол (Залуус хотхон) барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил юм. Дэд бүтцийг нь УИХ-ын гишүүний хувиар хөөцөлдөж, улсын төсөвт дөрвөн тэрбум гаруй төгрөг тавиулсан. Одоо олон арав, зуун байшин бариг­даж ашиглалтад ороод байна. Монголчууд бид хөгжилтэй улсуудын жишгээр газартайгаа ойр амины орон сууцанд амьд­рах эрхтэй, ёстой шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Өлзийсайхан: Монголын улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу 10 орныхтой ижил байна

Монгол Улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-МУИС-ийн багш нар судалгаа хийгээд манай улсын улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орныхтой адил байна гэж дүгнэсэн. Ямар үзүүлэлтээр ингэж дүгнэж байгаа вэ?

-МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрдэмтэн багш нар дэлхийн хамгийн баян болон ядуу орны улс төрийн тогтолцоонд дүгнэлт хийсэн. Судалгааны явцад манай улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орныхтой ижил байгаа нь анзаарагдлаа. Манай төрийн бодлого яагаад ард түмний талд гарахгүй байна вэ, яагаад хөгжил дэвшилд хөтлөхгүй байна вэ зэрэг асуудлын учир шалтгааныг судлаач бүр өөр өөрийн өнцгөөс олж харахыг хичээдэг. Улс төрд манлайлж байгаа хүмүүсийн чадвараас уу, элит бүлэглэлийн амиа хичээсэн байдлаас уу, эсвэл ард түмний улс төрийн соёлоос болж байна уу гэх мэтээр янз бүрийн талаас нь л харж байна. Ер нь бол улс төрийн тогтолцоог харьцуулан авч үзэх явдал бол улс төрийн шинжлэх ухаанд өргөн хийгддэг судалгаа. Харин хамгийн ядуу, хамгийн баян орнуудын улс төрийн тогтолцоог сонгож улсынхаа төрийн тогтолцоотой харьцуулсан судалгааг өнөө хэр хийгээгүй байсан. Төрийн бодлогын хувьд анализ хийх нь улс төр судлаач бүрийн л хийж байдаг ажил. Үндсэн ажлаа хийх явцад аяндаа энэ асуудал руу орсон. Жишээ нь, улс төр судлалд либерал, консерватив, социал демократ гэх мэт үзлүүдийн онцлог, түүхэнд хэрэгжиж ирсэн байдал манай улсын онцлогт тохирох уу гэдгийг судалдаг. Тэгэхээр манай төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орнуудын тогтолцоотой адилхан гэдэг нь яах аргагүй үнэн. Яахав зарим нэг ялгаа байх нь байгаа. Гэхдээ л ерөнхий байдлаараа их төстэй.

-Улс төрийн тогтолцоо сайтай улс орнууд ямар байдаг вэ. Манайх яг юугаараа ингэж доогуур үнэлэгдэж байна вэ?

-Дэлхий дээр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Катар, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Норвеги, Сингапур, АНУ, Швейцарь, Нидерланд, Ирланд, Австри зэрэг улс эхний аравт жагсаж байгаа. Эдгээр улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 91-39 мянган ам.доллар. Дээрх улсыг харахаар талаас илүү нь эзэн хаантай, тэдгээр нь удам угсаагаараа улс орон ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж эзний ёсоор улс орноо удирдаж байдаг. Заримд нь хааныхаа эрх мэдлийг Үндсэн хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарласан, зарим нь хэмжээгүй эрхт хаант засаглалтай орон. Хаанд нь хэн нэг бизнесмэн, үндэстэн дамнасан корпораци хахууль өгч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулна гэх ойлголтгүй болтлоо хөгжсөн тогтолцоотой. Нөгөө нэг хэсэг баян улс нь хоёр танхимтай парламенттай, дээд танхим нь хууль тогтоох доод танхимаа хянаж байдаг. Швейцарь гэхэд хоёр танхимтай мөртлөө ард нийтийн санал асуулгаар хуулийг өөрчлөх, батлуулах боломжтой. Ерөөсөө улс төрийн тогтолцоо нь ийм байгаа юм. Гэхдээ заавал ардчилсан системтэй улс баян байгаад байгаа хэрэг биш. Катар, Арабын нэгдсэн Эмитарад өнөөдрийн бидний ардчилал гэж яриад байдаг зүйл байхгүй. Сонгуулийн эрхийг хязгаарласан, улс төрийн бодлогыг шүүмжлэх эрхгүй байдаг. Сингапур гэхэд хөгжлийн өндөрлөгт хүрэхдээ авторитари буюу улс төр судлалын үүднээс бол дарангуйлал бүхий улс төрийн системээр дамжин хөгжсөн байдаг. Юутай ч энэ улсууд нэг бол эзэнтэй, нэг бол парламентын гишүүддээ авлига өгч шийдвэр гаргуулж чадахгүй хэмжээнд хүрсэн олон парламентын гишүүнтэй байгаа нь үнэн.

Манай улсын тухайд 1992 онд Үндсэн хуулиа батлах үедээ бид өөрсдөө ийм сонголт хийсэн үү, эсвэл гадны нөлөөллөөр ийм хууль баталчихав уу гэдгийг судалж байна. Тухайн үед гадныхнаас зөвлөгөө их авсан нь үнэн. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлыг өнөөдрийн хэмжүүрээр шүүмжлэх нь буруу байх. Бид ардчилсан төр засгийг эмхлэн байгуулах гэж нэгэнт шийдсэн учраас туршлага, зөвлөгөө хэрэгтэй байсан. Харин улс орныхоо хэтийг, өнө удаан хугацааны хөгжил дэвшлийг урьдчилан харж чадаагүй нь монголчууд бидний буруу. Одоо ч гэсэн бид манайх жижиг улс учраас ийм, тийм бодлоготой байх ёстой гэж ярьцгаадаг. Гэтэл улс орон том жижгээсээ үл хамааран аюулгүй оршин тогтнох, өөрсдийн хөгжил дэвшлийг баталгаатай хангах бодлогыг зөв сонгох гэсэн адилхан зорилготой байдаг шүү дээ.

-Улс төрийн буруу тогтолцоотой, манайхтай ижил түвшинд үнэлэгдэж байгаа ямар улсууд байна вэ?

-Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн улсуудыг тэргүүлж байгаа улс болон хамгийн хүчирхэг том эдийн засагтай улс орнуудын төрийн тогтолцоотой манай улсынх адилгүй. Бүр ойр гээд хэлчихээр зүйлгүй байдаг. АНУ, Хятад, Япон, Герман, Франц, Их Британи, Энэтхэг, Бразил, Итали, Канад улсууд бас л хаантай эсвэл хоёр танхимтай, олон гишүүдтэй парламенттай учраас лоббид өртөх магадлал багатай нь анзаарагддаг. Газар нутгийн хувьд манайхаас том ч байна, жижиг ч улс байна. Гэхдээ л биднээс өөр, хариуцах эзэнтэй, авлигад өртөх магадлалыг багасгасан тогтолцоотой. Харин Монгол Улсын сонгож авсан төрийн тогтолцоо нь дэлхийн хамгийн ядуу 10 орны наймтай нь тун адилхан байгаа. Энэ 10 улсын хоёр нь буюу Буркина Фасо, Бурунди хоёр нийгмийн хямралт байдалтай байж, байж саяхнаас л шилжилтийн үеийн засаг төрөө байгуулж байгаа улс. Хаа очиж тэр хоёр улс нь хоёр танхимтай парламенттай тогтолцоог авсан юм билээ. Үр дүн нь ямар байхыг одоогоор хэлэхэд хэцүү ч, ямартай ч хяналтын тогтолцоог бий болгох чиглэлд зөв алхам хийсэн нь харагдаж байна.

-Харин бусад орнуудын тухайд?

-Харин Конго, Нигери, Мозамбек, Чад, Либери, Сьерра Леон, Төв Африкийн БНУ, Гвиней зэрэг хамгийн ядуу орнууд буюу нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийн улс орны сүүлийг мушгиж байгаа. Тэд манай улсын төрийн тогтолцоотой адилхан нэг танхимтай парламенттай. Тэр нь цөөхөн хүнтэй, парламентын гишүүдийн шийдвэр гаргах хэмжээний хүмүүсийг худалдан авчихаж болохуйц тоотой харагдаж байна. Эдгээр улс байгалийн баялаг ихтэй мөртлөө ард түмэн нь урт удаан хугацаанд ядуу дорой амьдардаг, авлигад идэгдчихсэн, гадаад өр зээлийн хэмжээ нь их гэхчилэн байдлыг нь авч үзвэл манай улсын өнөөдөр болон ирээдүйтэй төстэй дүр төрх харагдаад байгаа юм. Манай улс эдгээр улстай төстэй тогтолцоогоор явж байгаа нь судлаачдын анхаарлыг татаж, санааг зовоож байна. Ашигт малтмалын тухайд баримталж буй бодлого, хуулийн заалтууд, ард түмний өнөөгийн амьдрал, гадаад өрийн хэмжээ зэрэг асуудал анхаарал татахгүй байхын аргагүй. Өрийн тухайд ядуу дорой улс дундаас өрнөөсөө арайхийж салсан нь хөгжлийн замд илүү хурдан гарч ирдэг. Манайхны яриад байгаа шиг нэг өр шинээр авч нөгөөгөө дардаг нь улам хүнд байдалд шилжиж байгаа нь анзаарагдаж байна. Уг нь улс төрийн эдийн засгийн сонгодог төлөөлөгчид өрх гэрийн хувьд ойлгомжтой бодлоготой, төрийн бодлого адилхан явагдах ёстой гэж үзсэн байдаг юм билээ. Манай улстөрчид эсрэгээр нь яваад байдаг. Улс орны эдийн засаг улам муудаад, өөрсдийнх нь амьжиргаа дэлхийн баячуудын түвшинд хүрч байгаа нь яалт ч үгүй буруу тогтолцоотой холбоотой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уран дархан Д.ПҮРЭВСҮРЭН: Баянаа аварга миний урласан малгайгаар хөшөөнийхөө нээлтэд гоёсон

Урт цагааны баруун урд талд “Хөөрөг” нэртэй урлангийн газар бий. Энд олноо уран Пүүжээ гэж алдаршсан Д.Пүрэвсүрэн ажилладаг. Түүнтэй уулзаж хөөрөг, алт мөнгөн аяга, даалин тэргүүтэй уламжлалт эд зүйлстэй холбоотой яриа өрнүүлэхээр гэрт нь очлоо. Эднийх Нүхтийн аманд хоёр давхар хувийн орон сууцанд амьдардаг ажээ. Гэрийн эзэгтэй үүдээ нээж өгөөд зочны өрөө рүүгээ дагуулан оров. Мэнд усаа мэдэлцэн ширээний ард сууж байтал Д.Пүрэвсүрэн дээд давхраасаа бууж ирээд мэндэлж байна. Гэхдээ зүгээр нэг “За сайн байцгаана уу. Ажил төрөл өндөр үү” гэсэнгүй. Монгол түмний эртнээс нааш уламжилж ирсэн ёсоор хөөрөглөж “Тарган тавтай сайхан намаржиж байна уу” гэж мэндчилэв. Мэнд усаа мэдэлцэх хооронд гэргий нь цай аягалж тавгийн идээ тавьжээ.

Д.Пүрэвсүрэн Архангай аймгийн Эрдэнэбулган уулын өвөрт төржээ. Бага байхад нь гэрийнхэн нь хот руу нүүж ирснээр Дарь-Эхийн хүүхэд болсон байна. Хүүхэд байхын л юм юманд гарын уртай байсан бөгөөд дархан болоход ээжийнх нь нөлөө их байсан гэнэ. Түүний ээж гар урлалын үйлдвэрт чимэглэгч хийдэг байж. Хааяа нэг ээжийгээ дагаж ажил дээр нь очих үед монголын шилдэг дархчуул гайхалтай бүтээл туурвин суудаг байсан гэнэ.

Түүнийг нь харж сонирхсоор дархан болох мөрөөдөлд автжээ. Тухайн үед дунд сургуулийн сурагч байсан хэдий ч алх, дөшний чимээ дотно санагдах болсон байна. Улмаар наймдугаар ангиа төгсөөд 16-хан настай байхдаа Монгол Улсын начин, улсын алдарт уяач Гарамжавын Ганхүүгийн гарын шавь болжээ. Дархан хүмүүс аливаа зүйлд тун хүндэтгэлтэй ханддаг учраас билигт сайн өдрийг хүлээн алд цэнхэр хадагтай очиж байсан нь Д.Пүрэвсүрэнгийн сэтгэлд өнөө хэр тод дурсагддаг гэсэн. Урт цагаанд байрлалтай багшийнхаа ажлын өрөөнд анх очиж уулзахад “Гартаа овоо эвтэй хүүхэд байна” гэсээр шавиа болгожээ. Багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай мөртлөө нягт нямбай гүйцэтгэдэг байсан болохоор овоо тоогддог байж. Ажилд ороод удаагүй байхад багш нь өрөө цэвэрлэх, хоол хийлгэх, дэлгүүр явуулах гэхчилэн ойр зуурын ажилд байнга дайчилна. Тэгэхээр нь дотроо “Хар бор ажилд л зараад байх юм” гэж дурамжхан маягтай боддог байсан ч энэ нь цаагуураа аливаа зүйлд тууштай, шантрахгүй байхыг сургасан нэг төрлийн хичээл байсныг ухаарчээ. Ингэж ойр зуурын ажилд дайчлахын зэрэгцээ мөнгө давтах, эд зүйл өнгөлүүлэх зэргээр сургаж эхэлсэн байна. Хамт ажиллаж байх үедээ “Дархан хүн алх, дөшөө эрхэмлэх хэрэгтэй” гэх юмуу “Дархан хүнийг мөнгөө хэрхэн давтаж буйгаар нь шинждэг” гэхчилэн сургааль хэлнэ. Тэгсэн нэг өдөр 80 ширхэг мөнгөн бугуйвч хийх захиалга орж иржээ. Мөнгөө хайлаад ажлаа эхлүүлж байтал захиалагч талынхан “Бугуйвчаа болилоо. Аяга хийлгүүлье” гэжээ. Ингээд хамгийн анхныхаа мөнгөн аягыг хийж байсан түүхтэй. Энэ цагаас хойш мөнгөн аягаар мэргэшин нэг хэсэг “аяганы” Пүүжээ гэдэг хочтой болсон гэнэ. Гэтэл удалгүй Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн малгайн оройг титэмтэй болгож цолоор нь ялгая гэсэн санал гарчээ. Улмаар бөхчүүдийн малгайн титмийг хийж эхэлжээ. Анхны малгайн титэм О.Балжинням аваргынх байсан гэнэ. Тухайн үед О.Балжинням аварга арслан цолтой байж. Бөхчүүд ч аварга, арслан гэлтгүй бүгд нэг ижил загвартай жанжин малгай өмсдөг байв. Үүнийг шинэчлэн аваргууд дөрвөн талдаа хангарьдтай малгай өмсдөг байя гэж тогтжээ. Улмаар эрийн гурван наадамд алдар суугаа бадруулан цолонд хүрсэн хүмүүсийн малгайн оройны титэм хийж эхэлсэн байна. Энэхүү ажлыг Г.Ганхүү багш нь санаачилж, загварыг нь гаргаж байсан гэнэ. Тэр цагаас хойш “Хөөрөг” урлангийн дархчуулаар улсын цолонд хүрч байгаа бөхчүүд, уяачид, сур, шагайнхан бүгдээрээ эднийд ирж малгайн титмээ хийлгэх болжээ. Улсын баяр наадам дууслаа л бол бөхчүүд, сур, шагайнхан хамгийн түрүүнд эднийхийг зорьдог юм байна. Тэрээр аливаа зүйлд нухацтай, нягт нямбай, шударга ханддагаа гэр бүлийнхээ хүмүүжилтэй холбон тайлбарлаж байна лээ. Түүний өвөө нь Лхагвасүрэн гэж нутаг усандаа нягт нямбай, цэвэрч, шударгаараа алдартай хүн байсан гэнэ. Дээл хувцсаа цэвэрхэн өмсдөг болохооор нутгийнхан нь ганган Лхагвасүрэн гэж хүндэтгэдэг байжээ. Өвөө нь Д.Пүрэвсүрэнгээр гуулин данхаа байнга өнгөлүүлнэ. Нүүрээ тольдож болох хэмжээнд өнгөлүүлдэг байсан нь түүнийг дархан болоход нөлөө үзүүлсэн гэж ярьж байна лээ. Бас хүүхэд байхын л гар хурдтай, аливаа зүйлийн эвийг олохдоо чадамгай байж. Тиймээс багш нь яаралтай, эсхүл нарийн хийцтэй аливаа ажлыг Д.Пүрэвсүрэнд даатгадаг байсан гэнэ. Тухайн үед багшийнх нь өрөөгөөр халхын сайхан аваргууд байнга зочилдог байжээ. Тэд малгай, бүснээс эхлээд хөөрөг, мөнгөн аяга хийлгэхээр ирнэ. Ирэх бүртээ сайхан яриа хөөрөө дэлгэн сууна. Дарийн Дамдин, Жигжидийн Мөнхбат тэргүүтэй аваргууд багшийнх нь өрөөнд хүрч ирээд идээ будаа, архи дарс болно. Аваргууд нэг уухаараа ганц, хоёр шил архиар тогтохгүй. Арав, хорин шилээр нь уудаг байж. Өглөө нь ирээд багшийнхаа өрөөг цэвэрлэн хоосон архины шилийг тушаахад ямартай ч хоолны мөнгөтэй болчихдог байжээ. Бас банкны захирал тэргүүтэй алдар цуутнууд байнга хүрч ирнэ. Өрөөгөөр шагайхад дүүрэн хүнтэй л сууж байдаг байжээ. Тэр хэрээр өдөрт л нэг бүтээл төрдөг байсан гэнэ. Түүнийг нь харсаар багш шигээ олонтойгоо байдаг дархан хүн болох юм шүү гэсэн бодол Д.Пүрэвсүрэнд суужээ.

Ийн хуучлах хооронд гэргий Б.Гэрэлчимэг борцтой будаатай цай чанав. Эднийх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл. Том охин П.Номинчимэг арваннэгдүгээр анги. Аав ээжийгээ эзгүйд дүү нарынхаа хичээлийг давтуулах, гэр орноо цэвэрлэх зэрэг үүрэг хүлээнэ. Дүү нарыг нь П.Түмэндэмбэрэл, П.Энхномин, П.Отгонтэнгэр гэдэг ажээ. Гурван том нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бол отгон хүү П.Отгонтэнгэр цэцэрлэгт явдаг юм байна. Тэрээр аавынхаа улаан фэн гэсэн. Аав нь хөх өнгөтэй дээл өмсвөл яг ижлийг хийлгээд өг гэж ээжээсээ гуйна. Хар өнгийн хослол өмссөн өдөр нь бас л дуурайж хувцасладаг гэсэн. Аавынхаа урлан дээр хааяа нэг очихоороо “Би яг тан шиг ийм мундаг хүн болно” гэдэг ажээ. Гэргий Б.Гэрэлчимэг нь нөхөртэйгөө хамт “Хөөрөг” урландаа ажилладаг юм байна. Тэрээр урлангийнхаа менежерээр ажилладаг гэсэн. Д.Пүрэвсүрэн, Б.Гэрэлчимэг хоёрын танилцсан түүх ч ажил, мэргэжилтэй нь холбоотой. Б.Гэрэлчимэг өөрийнхөө төрсөн өдрөөр ээмэг хийлгүүлэхээр Д.Пүрэвсүрэн дээр иржээ. Захиалсан ээмэг нь түүний сэтгэлд ихэд нийцсэн болохоор төрсөн өдрийнхөө баярт Д.Пүрэвсүрэнг урьжээ. Улмаар нэг нэгэндээ сэтгэл алдарч Д.Пүрэвсүрэнгийнх гэх айлын өрхийг хамтдаа татсан түүхтэй. Гэр бүл зохиогоод удаагүй байхдаа хоёр талынхаа аав ээжийнд нэг хэсэг амьдарч байгаад Дарь-Эхэд гэр барьж тусдаа гарчээ. Гэрт амьдарч байхдаа өвлийн хүйтэнд “Чи орондоо хэвтэж бай, би босож галаа түлье” гэлцэн даарч хөрч байсан хөгжилтэй түүхээсээ хуваалцлаа. Дарь-Эхэд тав, зургаан жил амьдарч байгаад банкны зээлээр “Баянмонгол” хороололд орон сууц худалдан авч нэг хэсэг амьдарч байгаад өнгөрсөн жил одоогийн амьдарч буй газраа нүүн иржээ. Анх айл гэр болон гал голомтоо бадрааж байхад нэгэн ахынх нь бэлэглэсэн морин хуур эдний гэрийн нандин өв болж хойморт нь залагджээ. Д.Пүрэвсүрэн “Үнэтэй цайтай эд зүйл гэхээсээ хүний сэтгэл шингэсэн бэлэг эрхэм санагддаг” гэж байв.

Дархан хүн аливаа нэгэн бүтээл эхлэхдээ луу өдрийг сонгодог ажээ. Луу өдөр дарх хийхэд сайн гэсэн лусын буулттай байдаг юм байна. Тиймээс чухал, нандин зүйл урлахдаа өдөр судраа нарийн хардаг гэсэн. Бас сэтгэл зөвтэй байж гэмээнэ сайн бүтээл төрдөг гэнэ. Бүтээл урлаад эхэлсэн л бол муу зүйл ярихгүй, хүнтэй муудалцахгүй байхыг эрхэмлэнэ. Бас багшийнхаа захьсан “Хүнд эд зүйл хийж өгөхдөө нүнжигтэй хандаж байгаарай. Эдэлгээ даахгүй, хэтэрхий нимгэн зүйл хийвэл буян заяанд чинь муу” гэх захиасыг байнга дагадаг гэсэн. Түүнчлэн хүний эд зүйл хийж өгөхдөө материалыг нь хольж сольж болохгүй гэх зарчмыг хатуу баримталдаг юм байна. “Манай ээжийн алтан ээмэгний өрөөсөн нь энэ. Үүгээр хөөрөгний нуух хийлгэе” гэх зэргээр ирэх хүн олон. Тэр бүрт тухайн хүний авчирсан материалыг заавал өөрийнх нь захиалсан зүйлд шингээнэ. Учир нь үнэт эдлэл маш их энерги дагуулж байдаг болохоор тун хариуцлагатай хандахгүй бол болдоггүй гэсэн.

Д.Пүрэвсүрэн эхээс тавуул. Нэг ах, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Тэд бүгдээрээ “Хөөрөг” урланд ажилладаг юм байна. Эднийхэн бүгдээрээ нийлж олон сайхан бүтээл туурвиснаас өнгөрсөн цагаан сараар Хакухо аваргад зориулан хийсэн аягыг онцлон ярив. Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал хөдөлмөрийн баатар болоход Ч.Санжаадамба тэргүүтэй үеийн найзууд нь хаш аяга хийлгэжээ. Уг аягыг Д.Пүрэвсүрэн “Монгол дархны ур ухаан харагдахаар хийнэ” гэж тооцоолжээ. Ингээд Их наран улсын бэлгэ тэмдэг нарыг бадмаараг эрдэнийн чулуугаар төлөөлүүлж, 69 дэх аварга болсон бэлгэдэлт тоог нь арга, билгээр хослуулан танаар хийжээ. Монгол төрийнхөө алтан соёмбыг алтан дээр суулган, мөнхөд ноён байхын бэлгэдэлтэй ноён сэврээ хийцтэй сүүн цагаан сэтгэл, найз нөхдийн бэлгэдэл болсон хаш аяга урлажээ. Энэ мэт олон бүтээл туурвисан. Өнгөрсөн зун гэхэд дархан аварга Х.Баянмөнхийн малгайн чимгийг бүтээж өгчээ. Х.Баянаа аварга Увс аймгийнхаа 90 жилийн ойд зориулан дөрвөн хүчтэнтэй малгай хийлгэсэн байна. “Увсын 90 жилийн ойн үеэр Баянаа аваргын хөшөөний нээлт болсныг сүүлд мэдсэн. Тэгэхээр аварга маань миний урлаж өгсөн малгайгаар гоёж хөшөөнийхөө нээлтэд очжээ” хэмээн инээмсэглэв.

Хөөрөг түүх болж үлддэг. Асашёорюү Д.Дагвардоржид манлай баатар Дамдинсүрэнгийн хар хас хөөрөг байдаг гэнэ. А.Сүхбат аваргад “Даян халтар” хөөрөг байдаг. Архангайн Хотонтоос гаралтай тэрхүү хөөрөг үнэхээр аварга хүнд байхаар хийцтэй сайхан хөөрөг гэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгт хар обсиден буюу хувилгаан эрдэнийн хас хөөрөгтэй. Тэрхүү хөөрөг хар өнгөтэй мөртлөө долоон өнгөөр солонгорч харагддаг тун ховор чулуутай гэсэн. Ингэж гоё хувирдаг чулуу дэлхий дээр тийм ч олон байдаггүй юм байна. Харин сүүлийн үед монголчууд хөөрөг цуглуулах сонирхолтой болж байгаа ажээ. Да.Ганболдын цуглуулгад 300 орчим хөөрөг байдаг гэнэ. Хөөрөгний үнэ цэн чулуу, хийцэндээ ч бий. Эдэлж хэрэглэж байсан эзэндээ ч байдаг гэнэ. Ардчилсан нийгэм гарахаас өмнө хөөрөгний үнэ цэн тийм ч өндөр байгаагүй байжээ. Хүмүүс өв уламжилж ирсэн хөөрөгнийхөө үнэ цэнийг сайн мэдэхгүйгээс болоод урд хөршийнхөнд нэлээд зарж байсан гэнэ. 1990-ээд оны эхээр ч гэсэн аав, өвөөгийнхөө эдэлж хэрэглэж байсан хөөргийг Эрээн рүү гаргаад хэдэн шуудай оймсоор сольдог байж. Тэр үед буюу 1994 онд Д.Пүрэвсүрэн ах, дүү нартайгаа нийлэн мөнгөн аяга хийж хар зах дээр гарган худалддаг байв. Нэг аягыг 50 мянган төгрөгөөр зарна. Тэгсэн нэг өдөр Балган гэж өвгөн томоо модны дор гадил жимс идэн сууж байгаа мичний дүрстэй халтар манан хөөрөг 200 мянган төгрөгөөр зарж байсныг худалдан авчээ. Уг хөөргөө 10 гаруй жил хадгалж байгаад 2005 онд нэгэн танилдаа зарж байсан гэнэ.

Түүний яриан дунд “Хүнд хөөрөг, аяга тэргүүтэй үнэт эдлэл хийж өгөхдөө чин сэтгэлээ шингээж маш сайн чанартай хийх ёстой” гэх зарчим байнга гарч ирж байв. “Үнэт эдлэл, тэр дундаа хөөрөг бол монголчуудын уламжлалт хэрэглээний зүйл. Манайхаас өөр эрдэнийн чулуугаар мэнд мэддэг газар хаа ч байхгүй. Англи, Итали гээд олон улсад хөөрөг сонирхдог хүмүүс бий. Гэхдээ тэд манайхан шиг уулзсан хүмүүстэйгээ хөөргөө зөрүүлэн мэндэлдэггүй. Зүгээр л цуглуулдаг. Дэлхийд ганцхан соёл, уламжлалыг тээж яваа агуу түүхтэй ард түмэн шүү дээ бид” гэлээ. Чанар, чанар гэх түүний яриаг сонсож суухад уран Пүүжээ биш, чанар Пүүжээ гэж нэрлэмээр санагдаж байлаа. Угаасаа ч түүний “Хөөрөг” урлан “Дэлхийд ганцхан монгол дархны ухаанаар цор ганцыг бүтээв” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн. Мөн тэрээр бүтээл бүрээ “Монгол хийморь, монгол нүнжиг” гэж бодон ур ухаан, мэдлэг чадвараа шавхан хийдэг ажээ. “Та Монголын алдар цуутай ямар, ямар хүнд үнэт эдлэл урлаж өгөв” гэж асуухад “Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, монгол бөхийн аварга, арслан, алдар цуутай уяачид гээд олон хүн бий. Надаар юм хийлгүүлсэн гэхээсээ хийлгээгүй хүнийг тоолбол амархан биз” гэж байна лээ. Ийн хуучлаад Д.Пүрэвсүрэн­гийнхээс явах боллоо. Тэрээр “Монгол дархчуудын маань хараа хурц, үйл нь уран, дөш нь дуутай байх болтугай” гэж ерөөсөөр хоцорсон юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ


Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Ард түмэн ирэх сонгуулиар улс төрийн шинэ сонголт хийж болзошгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-УИХ-аар ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхэлнэ. Ямархуу төсөв болно гэж төсөөлж байгаа вэ. Сангийн сайдын хувьд танаж болох бүхий л урсгал зардлуудаа танасан гэж байсан?

-Шийдвэр гаргах түвшинд төсвийн хэт тэлэлтийг хүлээн зөвшөөрч бууруулах хандлага гарч буй нь сайн зүйл. Тэр талаас нь харвал зарим дэвшилттэй хандлага энэ төсөв дээр байгаа. Б.Болор сайд сүүлийн жилүүдэд манай байнгын хорооны төсвийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд төсөв дээр ямар асуудал байгааг мэдэж байгаа. Тэр талаасаа хандсан байх. Зардлын бүтцийг оновчтой, хэмнэлттэй болгохыг оролдож байгаа нь сайн зүйл. Харин хэр оновчтой сонголт хийж танав гэвэл бас ярих зүйл бий. Жишээ нь, хямралтай үед хавтгайруулж цалин бууруулах тухай ярих бус хэрэггүй яамдаа оны эхнээс татан буулгаж төсөв хэмнэх тухай яривал хүн зөв ойлгоно, үр дүн гарна. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг харахад зарим ач холбогдолгүй шинэ барилга байгууламж, арга хэмжээ харагдаж байна лээ. Тиймээс УИХ-аас томилогдох ажлын хэсэг энэ чиглэлд анхаарах биз. Зайлшгүй нэмэгдэх зардал гэж бас бий. Тухайлбал, төрөлт нэмэгдээд хүүхдийн тоо өсөөд шинэ сургууль, цэцэрлэг хэрэгтэй болж тэнд ажиллах орон тоо нэмэгдэж байгаа нь буруу зүйл биш.

-МАН-ын бүлэг ирэх жилийн төсвийн орлогыг бодитой биш гэж дүгнэсэн. Орлого зохиомол гэдэг нь үнэн үү. Бидэнд төсвийн орлогоо нэмэгдүүлэх ямар, ямар боломж байгаа вэ?

-Манайд орлого нэмэгдүүлэх асар их бодит боломж байгаа. Гадагш ачуулж буй баялгаа, экспортын орлогын өсөлтөө харъя л даа. Тухайлбал, экспортын хэмжээ 2013 онд 4269.1 сая ам.доллар байсан бол 2014 онд 5774 сая.ам доллар болж өссөн байна. Тэгвэл яагаад экспорт өсөөд байхад валютын нөөц буурч, ханш өсөж, эдийн засаг хямарч өр зээлдээ баригдав. Шалтгаан нь маш энгийн. Экспортод ачуулсан баялгийнхаа 5-24 хувийг л бид буцааж хүртэж байна. Оюу толгой дээр орж ирэх татвараасаа өр зээлэндээ суутгуулаад борлуулалтын орлогын тавхан хувийг л бид авч үлдэж байгаа. Түүхий нефть дээр дөнгөж хорь гаруй хувиа л авч үлдэнэ. Ийм байхад бид яаж ч зардлаа хасаж тэвчээд хямралаас гарч чадахгүй. Харин энэ томоохон ордуудынхаа гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээгээ харилцан үр ашигтай болгож алдаж байгаа орлогоо олж авч байж бид хямралгүй амьдарна.

-Өнгөрсөн жил та манай сонинд ярилцлага өгөхдөө хэт тэлэлтийг бууруулж чадсан төсөв баталлаа хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл энэ жил нөхцөл байдал арай л өөр байх шиг?

-2011-2012 онуудаас төсвийг үндэслэлгүйгээр хэт тэлснээс болж 2000 онтой харьцуулахад 16 дахин, 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн юм. Сүүлийн хоёр жилд төсвийг өмнөх онтой нь харьцуулахад бууруулж баталж ирлээ. Тодруулбал, төсвийн өсөлтийг зогсоож, зардлыг бууруулж баталсан. 2010-2012 оны төсвийг харахаар урсгал зардал жилд дунджаар 22-43 хувиар өсөж байсан бол 2013 оноос 10 хувь болтлоо буурсан байна. Тухайлбал, 2014 оны төсөв өмнөх жилийн тодотгосон төсөвтэйгөө харьцуулахад өсөлтгүй, тэр түвшинд батлагдсан. 2015 оны төсөвт урсгал зардлыг 118 тэрбум төгрөгөөр бууруулан баталж илүүдэл орон тоог 900 гаруйгаар цөөрүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад салбарт их засварын зардлыг нэг жилээр тэвчсэн гээд зардал бууруулсан олон жишээг дурдаж болно. Өмнөх жилүүдэд эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаж чадахгүй, бизнес, банк санхүүгийн салбарт хүндрэл авчирч байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавьж, үндэслэлгүйгээр шинэ хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг хязгаарласан. Дээрээс нь урсгал зардлыг хэт тэлж байгаа зүйл бол салбар салбараар нь нэмэгдүүлж байгаа яамдын төсөв. Эвслийн нэртэй Засгийн газарт хэрэггүй, зардал нэмэгдүүлсэн, ач холбогдолгүй яамд олноор бий болсны хамгийн тод жишээ бол Дэд бүтцийн яам дөрөв болж задарсан явдал юм. Улс төрийн шийдэл учраас хамгаалагдаад өнөөг хүртэл яаж ч чадахгүй явна. Жишээ нь, өнгөрсөн жил яамдын тоог бууруулчихаад 14 хоногийн дараа МАНАН-гийн Засгийн газар гарч ирэнгүүтээ буцаагаад нэмсэн.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах тухай яригдаж байна. Цалин бууруулахгүйгээр асуудлыг шийдэх боломж байгаа юу?

-Наадах чинь ёстой популист хандлага юм биш үү. Улстөрчдийн цалин гэхээр гоё сонсогдоно гэсэн шиг. Харин тэр бялуу хуваарилалтаар бий болсон яамдыг сонгуулийн дараа гэхгүйгээр татан буулгаад орон тоо хэмнэвэл дор хаяж дөрвөн тэрбум төгрөг хэмнэнэ.

-Мөн ДНБ буюу эдийн засаг, экспорт ирэх онд өсөлттэй харагдана. Энэ нь Оюу толгойн борлуулалттай холбоотой. Ирэх онд Оюу толгой 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэмжээгээр эдийн засаг, экспортын өсөлтөд нөлөөлнө гэж хэлж байсан. Гэтэл эдийн засгийн өсөлт гурав орчим хувь байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-2014 онд манай улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд эхний тавд багтсан. Гэтэл өрийн эрсдэлээр хамгийн өндөр 10 улсаар нэрлэгдсэн. Ирэх онд ч гэсэн эдийн засаг өсөхөөр байна. Гэтэл яагаад хямраад байна вэ. Хоёулаа үүнийг тайлбарлавал бүх зүйл тодорхой болж чиний асуултын хариу гарна. Тэгэхээр түрүүн бид хоёр экспорт өсөж байгаа талаар ярилаа. 2014 онд экспорт 5.7 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Энэ чинь Оюу толгой ашиглалтад орж Эрдэнэтээс 2-3 дахин их баяжмал экспортолж Тамсагийн нефтийн экспортлох хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн 2016 оны нэгдсэн төсөв 6.9 их наяд гээд бодъё. Гэтэл Оюу толгойн борлуулалт 3.9 их наяд гэдэг чинь манай төсвийн 56 хувьтай дүйцэж байна. Гэтэл энэ их орлогын дөнгөж таван хувь нь л Монголдоо үлдэж байгаа. Жишээ нь, 2016 онд Оюу толгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасаад тооцоход төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л Оюу толгой бүрдүүлнэ гэсэн үг юм. Энэ бол хангалттай тайлбар байх.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах саналд та гарын үсгээ зурсан. Уг нь бид байж болох бүх хувилбараар Засгийн газраа бүрдүүлж үзсэн. Хэрэв одоогийн Засгийн газрыг огцруулбал дараа нь хэрхэн бүрдүүлэх вэ?

-Саяхан Шийдлийн Засгийн газрын зургаан сайдыг бүрдүүлэхэд сайд болох сонирхолтой хүмүүс мундахгүй юм байна гэдгийг та, бид хангалттай харлаа. Өөрөөр хэлбэл, дараагийн хоолонд орох сонирхолтой хүмүүс гараад л ирнэ.

-Ер нь Засгийн газрыг огцруулах хэнд ашигтай вэ. Монголчуудад ямар ашигтай вэ?

-Бидний хэсэг гишүүдийн хувьд Дубайн гэрээг залруулахын тулд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих гарын үсэг цуглуулж эхэлсэн. Мөн энэ Засгийн газар нь дараагийн Дубайн хувилбар гаргаж ирэх магадлалтай байгаа учраас огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Уг нь Засгийн газар тогтворгүй байх нь сайн зүйл биш.

-Та өмч хувьчлалыг эсэргүүцдэг. Ямар учиртай вэ?

-Улс орноо тэжээж байгаа, стратегийн ач холбогдол бүхий томоохон объектуудыг хувьчлахыг би дэмждэггүй. Харийнхан үүнийг худалдаад авчихвал эдийн засгийн эрх чөлөө боймлогдож эхэлнэ биз дээ. Ер нь одоо цэрэг, танк орж ирүүлэхээсээ илүүтэй үнэ цэнтэй зүйл, амьдралын эх үүсвэрийг чинь худалдаад авчихна шүү.

-Ирэх жилийн сонгуулиар аль нэг намд элсэх үү. Эсвэл бие даагч статусаараа цаашид улс төрд хүч үзнэ гэж бодож байгаа юу?

-Одоогоор сонгогч түмний итгэлийг биелүүлж бие даагчийн үүргээ гүйцэтгээд явж байна. Цаашид хэрхэх талаар тэднээсээ асууна. Түүний дараа сонголтоо хийнэ.

-Ирэх жилийн сонгуулиар аль нам ялалт байгуулах магадлал өндөр вэ?

-Одоогийн улс төрийн намууд олон түмний итгэлийг алдсан байна. Ялангуяа энэ Засгийн газарт оролцож байгаа улс төрийн намуудын хувьд хүнд болж байх шиг байна. Хариуцлагыг хамтарч л хүлээж таарна. Хоёр том улс төрийн хүчний аль нэг нь нөхцөл байдлыг ухаараад, олон түмнээсээ уучлалт гуйгаад, амжиж шинэчлэлт хийж, олны итгэлийг олж чадвал ялалт байгуулах боломжтой. Гэхдээ ийм алхам бараг л хийж чадахгүй биз. Тиймээс ирэх сонгуулиар улс төрийн шинэ сонголтыг ард түмэн хийж болзошгүй.

-Та энэ сонгуулийн жилд тойрогтоо ямар, ямар томоохон ажил хийв. Ард түмэн хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Бие даагчийн хөтөлбөрөө хэрэгжүүлчихсэн. Аймаг маань нийслэлтэй засмал замаар холбогдчихлоо. Дулааны станц ашиглалтад орж орон сууцжуулалтыг эхлүүлэх дэд бүтэц бүрдлээ. Иж бүрэн оношлогооны төв, 50 ортой төрөх эмнэлэг, Эрүүл мэндийн шинэ төв, багшийн хөгжлийн ордонтой болсон гээд олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд боловсролын салбарт 30 орчим шинэ объектын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна лээ. Энэ бүхэн 120 мянга гаруй хүнийг төлөөлж буй миний үүрэг. Зарим нь албан тушаал ашиглаж нутагтаа хөрөнгө оруулалт хийлээ гээд шүүмжилж л байдаг юм. Сонгуулиар бүгд л тэгж амладаг хойно өөр яах ч билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөө хээр замын хажууд шээх нь зөв гэж эрхэм гишүүд үзжээ

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр Эрүүл ахуйн хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гэр хорооллын бие засах газрын стандарт ямар байх, хогийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, халдварт өвчин, сүрьеэгийн болон сэтгэцийн эмнэлгийг хотын төвд байгуулахыг хуульчлан хориглох тухай асуудал яригдсан юм. Мөн хөдөө, орон нутаг руу явах төв зам дагуу 30 км тутамд боловсон бие засах газар байгуулах тухай яригдлаа. Гэвч УИХ-ын гишүүд хөхрөлдөн инээлдэж “Хэт амьдралд нийцэхгүй заалт байна” гэж шоолсноор чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тэдний ярьж буйгаар хөдөө хээр боловсон 00-д бие засна гэдэг амьдрал дээр хэзээ ч бүтэхгүй зүйл гэнэ. Түүнийгээ инээдэм болгон “Тэгээд хөдөө явж байхад шээс хүрвэл тас гүрийсээр жорлон хайх хэрэг үү. Хэн ч гэсэн машинаасаа бууж замын хажууд бие засна биз дээ” гэж байна лээ. Тэд шоолж инээлдэж байсан хэдий ч үнэндээ бол амьдралд хэрэгтэй хууль байлаа. Гадаад улс орны орон нутгийн шинжтэй зам дагуу хэдхэн км явахад бие засах газар, гуанз, дэлгүүр гээд бүх зүйл байдаг. Бүр усанд орох душ байх нь ч бий. Аян замд яваа хүмүүс боловсон 00-д бие засаад, усанд орж гарч ирсэн хойноо халуун хоол, цайгаа идэж уучихаад явдаг. Ингэж иргэдийнхээ хотоос гарч аялах тав тухыг хангаж өгч байгаа юм. Түүнтэй адил манай хөдөө орон нутгийн зам дагуу боловсон бие засах газар байгуулахад болохгүй гэх зүйл үгүй. Машин замаас тавхан алхмын цаана цаашаа хараад бие засаж байгаа эрэгтэй хүн ямар муухай харагддаг гээч. Зүгээр хажуугаар нь зөрж өнгөрөхдөө хүртэл өмнөөс нь ичээд байдаг юм. Өөрийн эрхгүй ямар муухай бүдүүлэг хүн бэ гэж бодогддог. Эмэгтэй хүний тухайд бүр ярилтгүй. Ээжийнхээ өвөр дээр суугаад тосуулж шээдэг хүүхэд биш л бол ил задгай газар бие засах шиг хэцүү зүйл байхгүй. Өндөрхөн шиг бут, дов хайгаад тэр хавиар нэг гүйнэ. Хамт яваа хүмүүсээсээ санаа зовж ичнэ. Эрчүүд ч бас үр хүүхэд, охин дүү, хамт ажилладаг бүсгүй, эмээгийнхээ хажууд буруу харж зогсон шээхдээ эвгүйрхдэг байх.

Хэдэн жилийн өмнө хотоос холгүй томилолтоор явахдаа шээх газар олдохгүй хэцүүдэж байснаа одоо хэр нь санадаг юм. Хээр газар яваа автобус дүүрэн хүн бие засах газар хайгаад л. Эрчүүд нь ч яахав буруу харж зогсож байгаад учраа олсон байх. Хүүхнүүд харин өмсөж байсан цамцаа бөгсөөрөө уян бие засч байгаа харагдсан. Тэгэхэд би олноос ичээд бие засаж чадаагүй юм. Гэртээ давсаг чинэрсэндээ уйлангаа алдсан амьтан орж ирж билээ. Иргэдээ ийм байдалд оруулж байхын оронд боловсон бие засах газар байгуулах саналыг дэмжих хэрэгтэй. Шоолж инээлдэж байгаа УИХ-ын гишүүд үнэндээ бүдүүлэг санагдаж байна. Тэд үр хүүхдээ дагуулан явахдаа машиныхаа цаад талд зогсож бие зассанаар ямар үлгэр дуурайл үзүүлдэг бол. Аавынхаа гадаа шээж буйг харсан хөвгүүд хотод ирээд байшингийн булан бараадаж байж магадгүй.

Манайхаас өөр улсад ингэж хөдөө хээр зам дагуу хээвнэг шээж байгаа хүмүүсийг олж харахгүй л байх. Харин манайд бол хотын төвөөс хорь, гучхан км холдоход буруу харж зогсоод бие засаж байгаа хүнтэй таарна. Ингэж зогсоо хүн гадныхан байтугай орчин үеийн залуу үеийнхэнд дэндүү бүдүүлэг санагдаад байгаа юм. Ийм харанхуй, бүдүүлэг байдлаасаа салах цаг болсон. 30 км тутамд жорлон барих саналыг шоолж инээхийнхээ оронд дэмжиж хэлэлцмээр байна. Тэгэхгүй бол хөдөө, орон нутгаар явахад хэцүү болчихож. Кофе шоп, усанд орох душийг нь бэлдэж өгдөггүй юмаа гэхэд наад захын боловсон бие засах газаргүй байх нь орчин үеэс хэт хоцорч байгаагийн илрэл болжээ. Тэгээд ч 30 км тутамд бие засах газартай болно гэдэг тийм ч амьдралгүй зүйл биш. Орон нутаг өөрийнхөө хөрөнгөөр тохилог цэвэрхэн 00 байгуулахын зэрэгцээ түүнийгээ дагаад түргэн хоолны газар байгуулж болно. Ингэвэл орон нутгийнханд ажилтай болох боломж бий. Замд яваа хүмүүс цэвэрхэн 00-д бие засаад гарахдаа хэдэн зуун төгрөг өгөхөөс татгалзахгүй л байх. Түүнчлэн хол зам туулж байгаа хүмүүс хэсэг амарч байгаад явдаг унтлагын өрөөтэй байж болно шүү дээ. Гэр бүлээрээ, ая тухтай амарч яваа улс машиндаа атиралдан унтаж байхаар хоёр цаг цэвэрхэн орон дээр дуг хийвэл таатай санагдах нь гарцаагүй. Энэ мэтээр янз бүрийн санаа гарган бизнесээ өргөжүүлээд явах боломжтой. Гэтэл эерэг үр дүнг тооцолгүйгээр асуудалд бүдүүлгээр хандаж буй УИХ-ын гишүүд нэг ёсондоо ард түмнээ басамжилж буй хэрэг юм. Гадаа шээж л байдаг шүү дээ гэж хээвнэг хэлээд инээж байгаа нь соёл иргэншлийн эрин зуунаас хэтэрхий хоцорсон үйлдэл байлаа.

Наргиантай түүх ч бий. 1960-аад оны үед улс даяар соёлын довтолгоон болсон юм гэнэ лээ. Тэр үед ард түмнийг сард нэг удаа усанд орж бай гэсэн шаардлага тавьсан байдаг. Үүнийг сонссон дөрвөд эмгэн “Яаж тэгж галуу хэвтээ усанд шумбаж байдаг юм бэ” гээд уурлаж байсан юм билээ. Энэ тухай номноос уншиж байсан хэрэг. Их хурлын гишүүдийн хэлж, аяглаж буйг харахаар тэр эмгэний тухай уншсан санаанд орж инээд хүрч суулаа. Бид дэлхийн чиг хандлагыг л дагах ёстой. Машинаасаа бууж зам дээр шээнэ гэж ярьж байвал дэлхий нийтээс дэндүү хол хоцорсон бүдүүлэг хэрэг болно.

Categories
мэдээ цаг-үе

Тариалангийн бүс нутгаар комбайны дуугүй уйтай намар болж байна

Түрүүч нь 243 (5195) дугаарт

Төв аймаг газар тариалангийн гол бүс нутгийн нэг. Аймгийн баруун болон хойд талын хэдэн сумаас өнөө жилийн ургац улсын хэмжээнд ямархуу байгаа ерөнхий дүр зургийг харж болно. Ингэж бодоод Баянцогтыг зорилоо. Сумын төвийн урд руу тариалангийн талбай ихтэй. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнх аж ахуйн нэгж Сарлаг бригадын нутагт харьяалагддаг юм байна. Талбай дээр очин ургац ямархуу байгааг бодит байдал дээрээс нь сонирхов. Сэлэнгийг бодвол эндхийн тариа өвдөг хүрэхээр ургажээ. Гэвч тарианы болц оройтсоноос ногооноороо байлаа. Нийт 1600 га талбайд тариалалт хийсэн “Жагро” компанийнхантай уулзахад “Энэ жил 200 га талбайгаасаа л ургац авч байна даа. Үлдсэн талбайгаасаа ургац авах ямар ч боломжгүй болсон. Хагасыг нь ногоон тэжээлд шилжүүлнэ” гэлээ. Энэ хавиар тавдугаар сараас долдугаар сар хүртэл нэг ч удаа бороо ороогүй ажээ. Хөрсөн доорхи будаа 70 хоног чийггүй байсан болохоор тарианы болц хойшилсон гэнэ. Улмаар хурааж авах боломжгүй болж ногоон тэжээлд өгөхөөр зорьж байгаа юм байна. Уг нь тав болон зургадугаар сарын дунд үеэр учиргүй үүлшиж юу юугүй бороо орох нь уу гэмээр болжээ. Манайхан тэр үүлийг задалж хур бороо оруулж чадаагүй гэнэ. Манайхаас урагшаа нүүсэн үүлийг хятадууд тосож аваад тав хоног бороо оруулжээ. Харин анхны бороо долдугаар сарын 7-нд орсон ч улаан буудайд эерэг нөлөө үзүүлээгүй байна. Ийн ярих зуур ургацынхаа дийлэнхийг алдсан “Жагро” ХХК-ийн тариалангийн талбайд хоёр комбайн нааш цааш эргэлдсээр цаг хэртэй болов. Хэрэв ургац жигдхэн байвал нэг захаас нөгөө хүртэл тасралтгүй явах ёстой. Гэвч ургацын болцоос хамааран нэг дороо л эргэлдэж байлаа. Энэ үед Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг “Алаг түрүү” ХХК-ийн захирал У.Дамбийсүрэн хүрч ирлээ. Тэрээр хураах ч тариагүй болсон болохоор ойр хавийнхаа хэдэн сумын тариаланчидтай уулзаж яваа ажээ. Цээл, Угтаалцайдам сумынхан ургацынхаа дийлэнхийг алдсан гэж дуулгалаа. “Тариаланчид байгалийн хишгийг хүртэж байгаа болохоор дандаа сайхан зүйл бодож, бэлгэшээж явдаг. Есдүгээр сар гартал ургац арвин авна гэж ярьж байлаа. Байдал бишидсэн гэдгийг мэдэж байгаа мөртлөө амны бэлгээ бодсон хэрэг. Гэвч дуугарахгүй бол болохгүй болчихоод байна” гэв. Тариаланчид яг л хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж буй уяач шиг тариалалтын үеэр аливаа муу, муухайг цээрлэдэг ажээ. Ургац алдаж байгаа хэдий ч монгол хүний амны бэлгийг бодон сайн сайхныг зөгнөн ярьдаг гэнэ. Тиймээс хий дэмий л ургац арвин байна гэж өөрсдийгөө хуурсан хүмүүсээр газар тариалангийн бүс нутаг дүүрчээ.

Тариаланчид зуны эхэн үеэс байдал хүндрэх нь гэдгийг мэдээд харьяа яамандаа хандсан боловч авч хэлэлцээгүй гэнэ. Түүгээр ч үл барам “Энэ жил улсын хэмжээнд нийт 170-180 мянган тонн буудай авахаар байна шүү” гэж тооцоолсныгоо олон нийтэд мэдээлжээ. Төв аймгийн хэмжээнд л гэхэд 58 мянган га талбайд тариалалт хийснээс ургацынхаа талаас илүүг алдаад байгаа гэсэн. Одоогоор ургац хураалт хэдэн хувьтай байгааг нарийн хэлэх боломжгүй. Мөн өдийд тариагаа хураагаад дуусчихсан байх ёстой атал мөндөр, цас ороод улаан буудайгаа хураах боломж гарахгүй байгаа гэнэ. Ерөнхийдөө л тариа нов ногооноороо байна лээ. Энэ нь ургац оройтож байна гэсэн үг. Боловсорч дуустал хэд хоног байлгая гэхээр шөнөдөө хайрагдчих гээд болохгүй. Бас түрүүлж ургасан буудай эхнээсээ хатаад хог болж байгаа ажээ. Сарлаг бригадын тариаланчид “Ганцхан манай энэ хавиар иймэрхүү байдалтай байгаа юм биш. Та нар өөрсдөө яваад үз. Ургац алдаагүй хувь хүн, аж ахуйн нэгж нэг ч байхгүй дээ. Хамгийн багадаа 50 хувийн ургац алдсан” гэж байлаа.

Өнгөрөгч хавар тариаланчид нийт 150 тэрбум төгрөгөөр тариалалт хийсэн байна. Энэ мөнгө бол зөвхөн хаврын эхэн сард тариаланчдын халааснаас гарсан дүн. Түүнээс хойш бордоо, машин механизм, цалин хөлс, хоол унданд зарцуулсан мөнгийг бодвол багагүй тооцоо гарна. Энэ мөнгийг дийлэнх нь банкны зээлээр босгожээ. Одоо харин зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа юм байна. “Алаг түрүү” ХХК-ийн захирал У.Дамбийсүрэн “Тариаланчид гэлтгүй бусад салбарт бизнес эрхлэгчид банкны зээлээр л үйл ажиллагаагаа явуулдаг. Би ч гэсэн зээлтэй. Намар буудайгаа хураагаад зээлээ төлж эхэлнэ гэж тооцоолсон. Гэвч өнөөдөр хураах ч ургацгүй сууж байна. Банкныхан ирээд унаж явсан машиныг минь хураасан. Эхнэр, хүүхдийг минь гаргаж байгаад манай гэрийг битүүмжлээд явсан. Бодит байдал дээр бид ингэж л амьдарч байгаа. Гэхдээ би ганцаараа иймэрхүү байдалтай байгаа юм биш. Над шиг байдалд орсон олон тариаланч бий” гэлээ. Мөн тэрээр “Бид энэ намар 50-80 хувийн ургац алдах нь нууц биш болсон. Болдог бол тариаланчдын банкнаас авсан зээлийг хойшлуулж өгөөсэй. Ирэх жилийнхээ ургацаас зээл төлөх боломж гарч ирвэл олон компани амьтай голтой үлдэх байх” гэсэн юм.

Дундаж аж ахуйн нэгж хавар тариалалтаа эхлэхдээ 800 саяас нэг тэрбум төгрөг зарцуулдаг ажээ. Энэ жилийн хувьд зардлынхаа 50 хувийг тэр чигт нь алдаж байгаа гэнэ. Нэг ёсондоо ирэх хавар тариалалт эхлэх үед 800 сая төгрөг хэрэг болохоос 400 сая нь сох дутна гэсэн үг. Иймэрхүү хүнд байдалд орсон тариаланчид буудайны үнийг чөлөөлж өгөөч гэж хүсэж байгаа ажээ. “Буудайн үнэ зах зээлийнхээ жамаар яваг. Төр засаг оролцохоо боль” гэж байна. Хэрэв үнийг чөлөөлөөд өгчихвөл зах зээлийнхээ голдрилоор хөгжих боломж байгаа гэнэ. Өнөөдөр зах зээлд 0.33 литрийн цэвэр ус 700 төгрөгөөр зарагдаж байхад нэг тонн улаан буудай 550 мянган төгрөг. Тэгэхээр нэг кг улаан буудай 550 төгрөгийн үнэтэй. Ингэж уснаас хямд үнэлэгдэж байгааг тариаланчид эсэргүүцэж байлаа. Түүнчлэн нэг үеэ бодвол улаан буудайгаа тариад сурчихсан учраас чанаргүй гэх ойлголт алга болжээ. “Царвантай буудай идэж, улсынхаа хэмжээнд нийт 70 мянган тонн буудай хурааж байсан түүх бий. Тэр үед ясны гурил идэж дотоодынхоо хэрэгцээг импортын буудайгаар хангадаг байлаа. Одоо тэр үе ард хоцорсон. Бид барууны түвшинд хүрсэн техник, технологи ашиглаж байгаа. Зардал өндөр гарч байгаа нь аргагүй. Бид ганцхан комбайн авахдаа хэдэн зуун сая төгрөг зарцуулж байна” гэж ярилаа. Бас гурилын үнэд тариланчид нөлөөлөхгүй гэдгийг хэлж байв. Тэдний ярьж буйгаар гурилын компаниуд үнэ дээр тоглолт хийдэг ажээ.

Атрын гуравдугаар аян эхэлж газар тариалан цэцэглэх үед нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр үнэлсэн. Тариаланчид нэг тонн буудай тарихдаа дээрх үнээс илүү зардал гаргаж байсан болохоор төрөөс 100 мянган төгрөгийн урамшуулал олгох болсон. Төрөөс өгч буй энэ мөнгө угтаа урамшуулал биш. Тариаланчид зах зээлд нийлүүлэх бодит үнийнхээ зөрүүг авч байгаа хэрэг. Угтаа буудайн үнийг чөлөөлөөд урамшууллыг бүр болих хэрэгтэй гэнэ. Учир нь урамшуулал авч чадахгүй байгаа тариаланч олон байдаг гэсэн.

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг бригадад үйл ажиллагаа эрхэлдэг тариаланчид иймэрхүү л зүйл ярьж байна. Ихэнх ургацаа малын тэжээлд боож, талбайгаа уриншилжээ. Тариан талбай нам гүмхэн агаад сүргүй. Уг нь бол өдийд намрын ажилд дайчлагдсан оюутан залуус шаагилдан гүйлдэж Монголын тал нутагт ажил, амьдрал буцалж байдагсан. Намар, намрын ийм дүр зураг өнөө жил харагдсангүй. Юу ч үгүй цасанд дарагдаж гулдайсан тариа, эзгүй шахуу тариалангийн талбай л угтана. Угтаа мянга гаруй га талбайд тариа тарьсан хүмүүс урдах ажлаа дийлэхгүй ажиллаж байх ёстой. Гэтэл бодит байдал дээр тариалангийн талбайд комбайны дуугүй уйтай намар болж байна.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Шаамар сумынхан хар манжин, артишок, гишүүнэ тарьдаг болжээ

-ТУС СУМ ОДООГИЙН БАЙДЛААР 1992 ТОНН ХҮНСНИЙ НОГОО ХУРААГААД БАЙНА-

Сэлэнгэ аймгийн Шаамар сумыг хүнсний ногооны өлгий нутаг гээд хэлчихэж болно. Ялангуяа төмсөөрөө алдартай. Бүр Шаамарын төмс шал өөр амттай гэх яриа хүртэл байдгийг сумын төвд орж ирээд мэдэв. сэлэнгийн төв рүү явах замаас салаад сайжруулсан шороон замаар арав гаруй км давхих замд гар өргөн суусан өвөө ингэж хэлсэн юм. Өвөө машинд суусан хойноо ямар ажлаар хаа хүрч явааг асуухад нь танай нутгийн хүнсний ногоог сонирхож явна гэж хэлсэн хэрэг. Тэр үед өвөөгийн нүд сэргээд яг зөв газраа ирсэн байна гэж магтсан юм. Бас “Төмс тэргүүтэй хүнсний ногоогоороо алдартай нь ховд, манай хоёр. харин ховдчууд төмс, тарвас хоёроосоо арвин ургац хураахын тулд янз бүрийн хүний биед ашиггүй бордоо хэрэглэдэг болсон байна лээ. Муу золигнууд амны хишгээ ар дээрээ гаргах гэж байгаа юм. Харин манай нутаг жинхэнэ монгол ногоо тарьдаг” гээд өөд уруугүй магтаж байна. бас “хотод хямрал нүүрлээд байгаа гэсэн үү. монголчууд өлсөж үхэх хаа байсан юм” гэсээр баахан улс төр ярив. Өвөөгөөс хашаа дүүрэн хүнсний ногоо тарьдаг айл зааж өгөөч гэхэд “манай сумын нохой хүртэл ногоочин, эсвэл зөгийчин гээд хэлчихвэл арай л дэгсдүүлсэн болчих уу” гээд хөхөрч байна. Тэгснээ “Манай суманд зүгээр суудаг, ажилгүй айл байхгүй. Өвөө нь хүртэл байшингийнхаа урд хэдэн төмс суулгасан. худлаа гэвэл манай сумын хөдөө аж ахуйн тасгийн даргатай уулз” гэсээр захиргаа руу дагуулан орлоо. Тасгийн дарга Ж.баярсайхан энэ жил хэдэн га талбайд хүнсний ногоо тарьсан болон бусад мэдээлэл өгсөн юм. Сэлэнгэ аймгийн Шаамар сум нийт 3600 га эргэлтийн талбайтай ажээ. аймгийнх нь бусад сум голлон үр, тариа тарьж байхад Шаамарынхан хүнсний ногоогоор дагнадаг. Уг нь зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө хадлан сайн авдгаараа алдартай байж.

Сүүлд 1990 оноос хойш хувьчлал эхлэх үед иргэд нь өөрсдийнхөө сонирхлоор хүнсний ногоо, тэр дундаа төмс тарьж эхэлсэн байна. Өдгөө сумын 1100 өрх айлаас 420 гаруй нь хүнсний ногоо тарьдаг болжээ. Үлдсэн айлууд нэг бол зөгийн аж ахуйтай, эсвэл мал аж ахуй эрхэлдэг гэсэн. Ер нь ямар нэгэн аж ахуйгүй айл Шаамараас олохгүй гэж нутгийн олон сайрхана. Энэ жил тус сум нийт 64 га талбайд төмс тарьжээ. 187 га-д бусад төрлийн хүнсний ногоо тарьсан гэнэ. Төмсний хураалт 90 орчим хувьтай байгаа, нэг га талбайгаас 110-120 цн төмс авч эцсийн мэдээгээ гаргахаар төлөвлөжээ. Бусад төрлийн хүнсний ногоог 187 га-д тарьсан бөгөөд одоогоор 1992 тонн ургац хураагаад байгаа юм байна.

Эндхийн нэг онцлог нь эрт ургацын ногоо. Өнөө жил ихэнх нутгаар гандуу байна, үр тарианы ургалт муу гэх янз бүрийн шалтгаан байсан болохоор хүнсний ногооны үнэ тэнгэрт хаджээ. “Хотод эрт ургацын төмс 1500 гэж байна” гэх яриа амнаас ам дамжсаар ихэнх хүмүүс ургац хураалтаа идэвхжүүлжээ. Бүр есдүгээр сарын дунд үеэс ургацаа хураана гэж байсан ногоочид төмс, хүнсний ногоогоо түүврийн аргаар хугацаанаас нь өмнө хураажээ. Угаасаа хүнсний ногоо наймдугаар сард үнэд орно гэдэг тэр бүр олдоод байх боломж биш учраас ийн идэвхийлсэн байна. Уг нь ногоочид жил бүрийн эрт ургацын төмсөө 500-800 төгрөгөөр зардаг байсан бол өнөө жил 1500 төгрөг хүргэжээ. Худалдан авалт ч сайн байсан болохоор Шаамарын ихэнх ногоочид нийслэлийг зорьсон гэнэ. Тиймээс өдгөө намрын ургац хураалт бага хувьтай байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Шаамар суманд очих үеэр тэндхийн ногоочид бас л эзгүй шахуу байсан. Учир нь жил бүрийн есдүгээр сард болдог “Шаамарын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцохоор явжээ. Уг нь есдүгээр сарын эхээр буюу 10 гэхэд эхэлчихсэн байдаг намрын ногоон өдрүүд энэ жил орой болж байгаа нь цаг агаартай холбоотой гэсэн. Долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр бороо орж эхэлсэн болохоор хүнсний ногооны болц оройтжээ. Ногоочид ургацаа оройхон авсан болохоор “Шаамарын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаагаа есдүгээр сарын 28-наас “Мишээл экспо”-д эхлүүлсэн байна. Уг үзэсгэлэн худалдаанд оролцогчид бүгдээрээ өрхийн үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс. Том хэмжээний аж ахуйн нэгж нэг ч байхгүй. Тэднээс ногоо худалдаж авснаар аль нэг компанийг биш, жирийн ногоочдод орлого оруулна гэсэн үг. Шаамарчууд жил бүрийн намар болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаанд тун дуртай оролцдог гэнэ. Бүр долоохон хоногийн дотор бүтэн жилийнхээ ашиг, орлогыг хийдэг сүйхээтэй ногоочид ч бий. Өөрсдийнхөө тарьсан ногоог өөрөө борлуулдаг болохоор нийслэлчүүд ч таатай ханддаг ажээ. Энэ жилийн тухайд тус үзэсгэлэн худалдаанд 30 гаруй өрхийн 40 орчим ногоочин оролцож байгаа юм билээ. Нэг өрх доод тал нь гурван тонн хүнсний ногоо борлуулахаар төлөвлөн Улаанбаатарыг зорьдог гэсэн. Нутгаасаа гарахдаа “Портер”, “Бонго” тэргүүтэй ачааны машин хөлслөн явах бөгөөд энэ жил нийт 100 гаруй тонн хүнсний ногоотой нийслэлд иржээ. Тэдэнтэй хамт зөгийн аж ахуй эрхэлдэг 12 өрх айл ирсэн. Нэг өрх дунджаар 50 кг зөгийн бал борлуулахыг зорьжээ. Үзэсгэлэн худалдаанаас бусад үед нийслэлийн дөрвөн дүүргийн таван цэгт Шаамарын 27 ногоочин борлуулалт хийдэг юм байна. Хуучин “Барс” захын арын талбайд ногоогоо бөөндөж өгчихөөд буцдаг байсан бол сүүлийн гурав, дөрвөн жил өөрсдөө лангуу түрээслээд ч болтугай жижиглэнгээр зарах сонирхолтой болжээ. Ченжүүдэд бөөндөж зарахаар ашиггүй биш ч гэлээ лангууны ард зогсохоос бага мөнгө олдог гэсэн. Тиймээс жил бүрийн намар зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа хэзээ болохыг чих тавин хүлээдэг болсон байна.

Шаамарын ногоочид өнгөрсөн жилээс эхлэн тарьж буй хүнсний ногооныхоо нэр төрлийг олшруулах үүднээс хар манжин, артишок, гишүүнэ тарьж эхэлжээ. Хар манжин шар, хүрэн хоёрыгоо бодвол илүү чихэрлэг амттай. Гаднах хальс нь тас хар өнгөтэй, доторх нь цагаан гэсэн. Шарж, хуурахаас илүүтэй шөлтэй хоолонд хийгээд идэхээр витаминлаг чанар нь илүү. Харин гишүүнийг ихэнх хүмүүс айраг гэх нэрээр нь мэднэ. Өндөрлөг газар, ууланд ургаж байгаа байгалийн зэрлэг гишүүнийг түүж авчирч үрийг нь салгаж авснаар шаамарчууд гишүүнэ тарих болжээ. Түүгээрээ чанамал, компот хийнэ. Гишүүнээр хийсэн чанамал бусад төрлийн жимснийхийг бодвол өтгөнөөс гадна хэт нялуун амтгүй гэсэн. Чихрийн шижинтэй хүмүүс гишүүнийг ямар ч чихэртэй холилгүй чанамал хийж идэхэд нэн тохиромжтой гэж байлаа. Бас усанд хийж буцалгаад уувал хорт хавдрын эд эсийг үхүүлдэг шидтэй юм байна. Үхүүлдэггүй юмаа гэхэд цааш үсэрхийлэхээс сэргийлдэг болохоор Шаамарын ногоочид тарьж эхэлсэн гэнэ. Энэ мэт Монголд урьд өмнө ургаж байгаагүй шинэ төрлийн ногоо тарих боломжийг ногоочид хэдийнэ эрэлхийлдэг болжээ. Тэгээд ч гаднаас янз бүрийн нарийн ногоо их орж ирж байгаа болохоор зах зээлээ алдахгүйн тулд байнга шинэ зүйл сэдэж, туршиж үзэж байгаа гэсэн. Мөн нарийн ногоо тарих арга барилаараа бусад газрын ногоочдыг бодвол арвин туршлагатай болохоор хүнсний ногооныхоо нэр төрлийг улам олшруулна гэж байв.

Өнөө жилийн ургацад цаг агаар гойд нөлөө үзүүлсэн гэсэн. Есдүгээр сарын сүүлээр орсон цас, мөндөр ургац хураалтыг удаашруулж байгаа ажээ. Төмс цасанд хайрагдаж байгаа болохоор нартай хэдэн өдрийг ашиглан ургац хураалтаа түргэсгэж байв. Төмснөөс гадна бусад төрлийн нарийн ногоо ч хяруунд хайрагджээ. Мөндөр, цасны дараа төмсөө хураах гэхээр талбай шавар ихтэй байсан учраас ялгах ажил давхар нэмэгдсэн гэсэн.

Энэ сумын тухайд өнөө жил таван мянган тонн хадлан бэлтгэнэ гэж төлөвлөжээ. Гэвч хэт халсны улмаас хадлан төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй ч 3500-4000 тонн хадлан бэлтгэж сумынхаа хэрэгцээг бүрэн хангах юм байна. Улаан буудайны тухайд энэ жил 1405 га талбайд тариалалт хийсэн ч ургацынхаа ихэнхийг алдаж байгаа юм билээ. Мөн 980 га-д рапс, 505 га-д малын тэжээл тарьсан ч урьдчилсан байдлаар ургацынхаа 50 гаруй хувийг алдсан гэнэ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ