Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ-д хэлэлцэгдэж байгаатай холбогдуулж, энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа. Асуудал боловсруулж байгаа УИХ-ын гишүүд болон иргэдэд энэ хүний санал сонирхолтой байх төдийгүй ирэх жил болох УИХ-ын сонгуулийг зохистой зохион байгуулахад ч ач тустай байж болох юм.
-Засаг төр тогтворгүй, эдийн засаг хүндрэлтэй, нийгэмд тайван биш байдал ажиглагдаж байна. Энэ бүхний үндсэн шалтгаан нь юу байж болох вэ?
-Үндсэн шалтгаан нь их алсаас улбаатай байх шүү. Том улс гүрнүүдийн хооронд дэлхийд ноёрхох сонирхлоос үүдэлтэй ширүүн тэмцэл арга нь өөрчлөгдөж олон жил тасралтгүй үргэлжилж байна. Өнгөрсөн зууны сүүлчээр өрсөлдөгч улсыг цэрэг, зэвсгийн хүч хэрэглэхгүйгээр устгах зорилготой шинэ арга бий болжээ. Хүмүүст байдаг хязгааргүй хэрэгцээгээ хангаж байх хувиа хичээсэн ухамсрыг нь дэвэргэж улс оронд нь тогтворгүй байдал бий болгох явдал энэхүү шинэ аргын гол тулгуур бололтой. Хүн бүхний хүсч байдаг ардчилал, эрх чөлөө болон баяжих ашиг сонирхлыг нь туйлшруулах замаар сахилга, дэг журамгүй байдлыг дэвэргэх аргаар улс орныг нь сульдуулан устгах бодлогыг зарим том гүрний зүгээс амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Хүмүүсийн ухамсрыг ашиглан явуулж байгаа энэ цусгүй дайны зорилго нь биелж буйн илрэл нь зарим улсын төр, засаг тогтворгүй, байнга өөрчлөгдөж байдаг, эдийн засаг нийгэм нь цэгцтэй бодлогоор хөгжиж чадахгүй болоход хүрч байгаа явдал гэж бодож байна.
Ардчилал, эрх чөлөө гэсэн сайхан нэртэй боловч өрсөлдөгч улсын иргэдийн нь ухамсрыг залж жолоодох замаар тухайн улсын бат бэх байдлыг сулруулах зорилготой цэрэг зэвсгийн хүч хэрэглэдэггүй шинэ дайны аргыг социалист гэж байсан том улсуудыг, ялангуяа манай хоёр том хөрш улсыг сульдуулах зорилгоор бий болгосон байх. Миний бодлоор шинэ аргын урхинд орохоос БНХАУ анхнаас нь сэргийлж чадсан, түүний ачаар энэ аварга улс сахилга, дэг журамтай тогтвортой төр, засагтай улс хэвээр үлдэж, зах зээлд аажмаар бодлого зохицуулалттай орж байгаа бөгөөд үүнийхээ ачаар дэлхийн хүчирхэг улс орны нэг болон хурдан хөгжиж байна.
Далайн цунами ямар аюултай билээ. Энэ улсад ардчилал эрх чөлөөг туйлшруулж 1,3 тэрбум иргэнээ сахилга, дэг журамгүй байдалд хүргэсэн бол түүнээс үүсэж болох байсан цунами дэлхийг донсолгох ч байсан байх. Оросын Холбооны Улс жаахан хожуу боловч ухаарч дэг журамтай, тогтвортой төр, засгийн удирдлагатай улс болж чадлаа. Гэвч эрсдэл хэвээр, дээрээс нь цэрэг зэвсгийн дарамт, эдийн засгийн янз бүрийн хязгаарлалт хавчилттай тулгарсаар. Ийм эрсдэл бэрхшээлийг их гүрэн ОХУ даван туулах болно. Мөнхийн хоёр их хөрш улс маань тогтвортой төр засагтай, амгалан тайван амьдралтай, өндөр хөгжилтэй байх, тэдгээр улстай найрсаг харилцаатай байх нь монголчууд бидэнд эрхэм зүйл. “Айлын амь нэг, саахалтын санаа нэг“ гэж ярьдаг. Амь, санаа нэг байх тавилантай хөршүүдээ бид харж мэдэрч байх ёстой. Гэтэл бид 1990-ээд оноос мэдрэмж муутай байсан санагддаг. Одоо цагт бид дараахь асуудалд хариу олох хэрэгтэй:
-Улсыг сульдуулах урхинд бид өөрсдөө давхиад орчихсон юм биш үү?
-Бидний монголчууд өөрсдөө үр дагаврыг нь ухаарч мэдрэхгүйгээр ардчилал, хүний эрх, эрх чөлөөг маш их туйлшруулж сахилга, хариуцлага, дэг журамгүй байдлыг гааруулаад байгаа юм биш үү. Ардчиллаар Азид, дэлхийд үлгэрлэх улс гэж биднийг онгироож л байх юм. Зовлонг нь мэдсэн зарим гадаад улсын улс төрийн зүтгэлтэн манайд ирж үзээд дүр эсгэсэн ардчилал аюултай шүү гэж шууд хэлж байснаас дүгнэлт хийх ёстой биш үү.
Төрөө тогтворгүй байлгах нөхцөлийг бид өөрсдөө Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулиараа бүрдүүлчихсэн юм биш үү. Хөгжлийн цэгц бодлоготой байхын чухлыг одоо болтол ухаарч ойлгоогүй байгаа юм биш үү. Манай улсын төрийн одоогийн тогтолцоо зохистой биш байна гэж би үздэг, яаж засах талаар саналаа хорь шахам жил хэлж, бичиж байгаа.
-Төрийн тогтолцооны юу нь болохгүй байгаа юм бэ?
-Одоо манай төр, засаг Үндсэн хуулийн дагуу дөрвөн жил тутамд байнга заавал өөрчлөгдөх ёстой. Төр, засгийн удирдлага муу байна уу, сайн байна уу хамаагүй, ямар ч нөхцөлд өөрчлөгдөж байх ёстой гэсэн төрийн байгууллын систем хуульчлагдаад хэрэгжиж байна. Төр тогтворгүй байх энэ систем нь ирээдүйд улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдалд муу нөлөө үзүүлэх аюултайг ухаарч даруй засахгүй бол болохгүй. Улс орон, ард иргэдийн эрх ашигт нийцсэн ухаалаг бодлого үйлдэлтэй, иргэдийнхээ дэмжлэг хүндэтгэлийг хүлээсэн төр, засаг уламжлагдаж тогтвортой байх систем бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн 20 гаруй жилийн явцаас харахад улс орны маань төр, засгийн удирдлагад олз ашиг хайсан, хоноцын сэтгэлгээтэй цөөнгүй хүн шургалан орж, эрх мэдэл баялаг нөөцийн төлөө хоорондоо тэмцэлдлээ. Түүний хор нөлөөгөөр улс орон тогтвортой хурдан хөгжих боломжоо ашиглаж чадсангүй, төр, засгийн нэр хүнд, төрийн албаны чадвар, чадамж сонгуулиас сонгуулийн хооронд доройтож сульдсан, төрдөө итгэх иргэдийн итгэл муудаж байгаа гэж дүгнэхэд буруудахгүй байх. Төр засаг, түүний удирдлага тогтворгүй, ойр ойрхон солигдож байх нөхцөлд улс орон бодлогоор хөгжих нөхцөлгүй. Нэг сарын хугацаатай томилогдсон төрийн ажилтан хоёр сарын ажил төлөвлөхгүй. Түр ажил гүйцэтгэгч хэзээ ч эзэн хүн шиг ажилд хандахгүй. Хүн тийм л байдаг. Ямар системийг хуульчилна, тэр системийн дүрмээр л хүмүүс ажиллана. Түр хугацаанд томилогдсон удирдагч нар улс хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулахгүй, богино хугацаанд ашиг олоод зайлж амжих сэтгэхүйтэй л байх болно. Үр уршиг нь юу байх вэ гэвэл эцсийн эцэст нийгэмд түгшүүр л бий болгоно. Иргэд ба төр, засгийн харилцан итгэлцэлд ан цав үүсгэнэ. Улсыг сульдуулах устгах зорилготой систем учраас тийм үр уршиг таригдах нь ойлгомжтой.
Сүүлийн жилүүдэд ОХУ болон БНХАУ-ын удирдагчидтай уламжлалт сайн харилцаа, алсыг харсан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хэлэлцээрүүд хийгдлээ. Хэлэлцэн тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэх, түүний тулд итгэлцэл байх нь чухал. БНХАУ-ын СИ ЗИН ПИН даргатай төр, засгийн удирдлага арван жил тогтвортой ажиллана. ОХУ-ын В.ПУТИН Ерөнхийлөгчтэй төр, засгийн удирдлага 7-14 жил тогтвортой ажиллах байх. Гэтэл бид одоогийн хуулийн дагуу 2016, 2017 онд сонгууль явуулна, дөрвөн жил болоод дахин сонгууль явуулж төр, засгийн удирдлагаа, төрийн бүх яам, газрынхаа удирдлага төдийгүй төрийн албанд ажиллагсдынхаа ихээхэн хэсгийг намын харьяаллаар солино. Хоёр хөрш улстайгаа харилцааг тогтвортой хөгжүүлэх сонирхлын үүднээс ч үзэхэд төр, засгийн удирдлага, төрийн албанд хоноцуудыг биш эздийг шалгаруулан сонгох буюу томилоод тогтвортой ажиллуулах асуудлыг шийдэх л ёстой.
-Одоо яах вэ? УИХ-ын сонгууль ирэх жил болно. Мөн л дөрвөн жилийн хугацаатай Их Хурал сонгоно шүү дээ?
-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдүүлэх ажлын хэсэг томилсон гэсэн. Ямар санал боловсруулж байгааг би мэдэхгүй. Үндсэн хуульд төрийн байгууллыг боловсронгуй болгох өөрчлөлт оруулахгүйгээр УИХ-ын 2016 оны сонгуулийг явуулна гэж шийдвэл хүсэшгүй хоёр үр дагавар гарч магадгүй. Эсвэл хүчин төгөлдөр гэж үзэх сонгууль болохгүй байх эрсдэлтэй, эсвэл сонгууль хүчин төгөлдөр болсон ч маргаашаас нь шинэ Их Хурал Засгийн газраа шүүмжлэх эсэргүүцэх эцэс төгсгөлгүй хөдөлгөөн гарч энх амгалан байдалд сөргөөр нөлөөлж магадгүй. Ингэж болгоомжлох шалтгаан байна. Иргэдийн дотор “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг зөрчиж улс нийгмийг хөгжүүлэх алсыг харсан бодлого төлөвлөгөөтэй байхыг хүсдэггүй буюу зохиох чадваргүй улс төрийн намуудын удирдлага дахь цөөн хүмүүсийн мэдэлд засгийн бүх эрх байгааг буруутгаж, эсэргүүцэж байгаа хүмүүс улам олон болж байна. “УИХ-ын гишүүнийг сонгогчид нууцаар шууд сонгоно“ гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг ноцтой зөрчиж намын нэрээр хууль бус санал авсан болоод сонгуулийн тойроггүй олон хүнийг намаасаа томилж УИХ-ын гишүүн болгож байгааг эсэргүүцэж байгаа хүмүүс их байна. Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалт бий. Гэтэл ард түмний биш намын элч болчихоод томилсон намынхаа ашиг сонирхлыг УИХ-д илэрхийлж байдаг хүмүүс бий болгосонд иргэд дургүйцэх нь аргагүй болжээ. Төр засгийн удирдлага, эрх мэдэл албан тушаал олж авах хууль бус үйлдлээ улс төрийн намууд таслан зогсоох эсэхээс 2016 ба дараа жилүүдэд Монголын төр, засаг ухаалаг бөгөөд тогтвортой байх эсэх, иргэд сонгуульд идэвхтэй оролцох эсэх нь шууд хамаарна. Тийм учраас энэ 2015 ондоо багтаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг шийдэж, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг өөрчлөөд тэр үндсэн дээр 2016 оны УИХ-ын сонгуулийг явуулах нь зөв гэж би хувьдаа боддог.
-Төрийн байгууллыг өөрчлөх таны санал олон удаа нийтлэгдэж байсан. Саналынхаа гол утга учрыг товч хэлж өгөх үү?
-Миний санал бол: Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн төрийн байгууллын тухай заалтад дараахь үндсэн өөрчлөлт оруулах:
-Монгол Улсын Ардын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Ардын Их Хуралд хадгална.
-Монгол Улсын Ардын Их Хурал нь 400 гишүүнтэй, Хурлаасаа томилсон 35 гишүүнтэй Улсын Бага Хуралтай байна.
-Ардын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сум, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, нэрийг нь дэвшүүлэн шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, долоон жилийн хугацаагаар сонгоно.
-Ардын Их Хурал жилд хоёр удаа, шаардлагатай бол түүнээс илүү удаа хуралдана. Ардын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хадгалж, Улсын Бага Хурлын хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд хяналт тавьж, хуульд шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулж байна.
-Ардын Их Хурлаас 7 жилийн хугацаатай томилогдох Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байх бөгөөд хуулийн төсөл боловсруулах, хурлаараа батлах үндсэн үүрэгтэй байна.
-Ардын Их Хурал нь үйл ажиллагааг тасралтгүй хариуцаж ажиллах Ардын Их Хурлын тэргүүлэгчидтэй байна. Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүд болон Тэргүүлэгчдийн даргыг Ардын Их Хурлаас сонгоно.
-Ардын Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын дарга нь Бага хурлыг даргалан хуралдуулах, улс нийгмийн амьдралд зохицох хууль боловсруулж зохих журмаар батлан гаргаж байхыг Ардын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд Ардын Их Хурлаас томилсон нэг орлогчтой байх.
Үндсэн Хуулийн Гуравдугаар бүлгийн Хоёр дахь Монгол Улсын Ерөнхийлөгч, Гурав дахь Монгол Улсын Засгийн газар гэсэн заалтуудад дараахь үндсэн өөрчлөлт оруулах:
-Монгол Улсын Ардын Их Хурлын сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг долоон жилийн хугацаатай явуулах.
-Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхийн саналаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч нь Ардын Их Хурлаас томилогдсон дэд Ерөнхийлөгчтэй байна.
-Засгийн газрыг тэргүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын саналыг авах үндсэн дээр бие даан шийдэх эрхтэй байх.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлэхтэй холбогдуулж Үндсэн Хуулийн гуравдугаар бүлэгт заагдсан УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийг заагласан хуваарьт зохих өөрчлөлт оруулж Ардын Их Хурал болон Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгч бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хуваарийг шинэчлэн тогтоох.
Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Дөрөв дэх хэсгийн Шүүх эрх мэдэл гэсэн заалтад дараахь өөрчлөлт оруулах:
-Улсын дээд шүүх, бусад шүүхийн шүүхчид болон Ерөнхий шүүгчийг Монгол Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга томилох.
-Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Монгол Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга томилох.
Монгол Улсын сонгуулийн тухай хуульд дараахь асуудлыг зохистой шийдэх чиглэлээр өөрчлөлт оруулах.
-Улс төрийн намуудаас гадна эмэгтэйчүүд, залуучууд, үйлдвэрчний зэрэг олон нийтийн байгууллагаас Ардын Их Хурлын гишүүнд сонгоход тохирно гэж үзэх хүнийхээ нэрийг дэвшүүлэх эрхтэй байх. Сонгуулийн тухай одоогийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдоогүй эрхийг улс төрийн намуудад олгосон гажуудлыг, тухайлбал, УИХ-ын гишүүнд зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлдэг буюу ард иргэд нэр дэвшүүлэх эрхгүй болгоод байгаа, мөн нэр дэвшсэн хүний биш намын нэрээр санал хурааж УИХ-ын гишүүнийг намаас томилдог ноцтой гажуудлыг засах.
-Нэг тойрогт буюу нэг сум, нэг дүүрэгт 5 хүртэл хүний нэрийг дэвшүүлж түүнээс нэг хүнийг Ардын Их Хурлын гишүүнээр олонхийн саналаар шууд сонгох боломжийг сонгогчдод олгох.
-Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүдэд тавигдах шаардлага, хүлээлгэх хариуцлага өндөр байх заалтуудыг сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуульд оруулах. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын ноцтой алдаа гаргасан, авлигын асуудалд холбогдсон, хөрөнгө завшсан, албан тушаалаа ашигласан зэрэг гэмт хэрэгт холбогдсон, сахилга, дэг журам, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтныг хууль, хяналтын байгууллага шалган байцаах, шийтгэл цээрлэл хүлээлгэхээс хаацайлах биш, харин ч илүү өндөр шаардлагаар ханддаг байх заалтыг холбогдох хуульд оруулах. Зөвхөн энэ нөхцөлд эрх мэдэл, албан тушаал, намын хамгаалалтыг ашиглаж ял завшдаг, шударга тэгш биш явдлыг эцэс болгоход тодорхой ахиц гарна.
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар та санал дэвшүүлдэг байх аа?
-Тийм. Улс орны тогтвортой хөгжлийн чухал нөхцөл бол төр, засаг нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй байх явдал. Монгол Улс ардчилсан хувьсгалаас хойших 25 жилд хөгжсөн. Гэвч үр өгөөж илүүтэй тогтвортой хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадаагүй учраас хүндрэл, хямрал давтагдаж ард иргэд бухимдаж, засаг барьж байгаа нөхөд “гал унтраах” гэж зовж байна. Дэлхийн олон улсад төр, засаг нь ойр ойрхон солигдож, сонгуулийг 4 жил дутам явуулдаг, улс төрийн намууд өрсөлдсөөр байдаг боловч улс нь тогтвортой хөгжиж байдгийн учрыг олж мэдэх хэрэгтэй. Миний бодоход гол учир нь тухайн улс нийгэм, эдийн засгийн хөгжлийнхөө алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөг, хэрэгжүүлэх арга механизмтай нь боловсруулсанд байдаг болов уу. Өөрөөр хэлбэл улс нийгмийнхээ хөгжлийн алсыг харсан бодлого боловсруулдаг, мэдлэг мэргэжилтэй хүмүүсээс бүтсэн хүч чадвартай аппарат төр, засагт нь байдаг, энэ асуудал хариуцсан төрийн албаны хүмүүсээ тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хамгийн чухал нь тэдний боловсруулсан бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлж байх сахилга хариуцлага өндөр байдаг байх. Тогтвортой ажилладаг, мэргэжил, боловсролтой ажилтнуудаас бүрдсэн төрийн яамны бодлого байх ёстой, ирж явж байдаг сайдын бодлого гэж байх ёсгүй гэж ярьдаг юм билээ. Монголчууд бид улс орноо хөгжүүлэх 4 жилээс цаашхийг харсан бодлого, төлөвлөгөөтэй, зарим яам, аймаг хотын удирдлагын санаачилж байгаа төлөвлөгөөг нэгтгэн уялдуулж улсын хэмжээний бодлого, төлөвлөгөө болгон боловсруулдаг, хэрэгжүүлэх арга механизм, хууль эрх зүйн үндэстэй болгон төгөлдөржүүлж хуульчилдаг болох юмсан гэж би хувьдаа боддог юм. Юуны өмнө Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан яам буюу хороог Засгийн газрын бүтцэд бий болгож, хариуцах ажлаа зөв ойлгож, үр бүтээлтэй ажиллах мэдлэг чадвартай ажилтан нарыг сонгон авч мэргэшүүлж тогтвортой ажиллуулах, мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай болох нь чухал.
-Та Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргатай болох, Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газраа тэргүүлдэг болгох саналтай байгаа юм байна. Үүний ач холбогдол юу вэ?.
Манай Үндсэн хууль Монгол Улсад засаглалыг Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн гурван хэсэгтэй байхаар суурь зарчим тогтоосон. Засаглалын энэ гурван хэсгийн бүрэн эрх, хүлээх үүрэг хариуцлагыг улам тодорхой зааг ойлгомжтой болгоход миний төрийн байгуулалтын талаар Үндсэн хуульд оруулах зарим өөрчлөлтийн санал тус болох болов уу гэж бодож байгаа. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь заалт бий. Сонгогчдын нууцаар шууд сонгосон 400 орчим гишүүнтэй Ардын Их Хуралтай, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргатай болсон нөхцөлд засгийн бүх эрх улс төрийн намын мэдэлд байгааг болиулж ард түмний нь мэдэлд өгч Үндсэн хуулийн дээрх суурь заалтыг хэрэгжүүлэхэд алхам хийгдэх ач холбогдолтой гэж бодогддог.
Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газрыг удирдах үүрэгтэй болгосон нөхцөлд Гүйцэтгэх засаглалын үүрэг хариуцлага өндөржих ач холбогдолтой гэж бодож байгаа. Төр улсын манлайлагч удирдагчтай байх, ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээсэн удирдагчийг ажил амьдралаар сургаж хүмүүжүүлэн гаргаж ирэх хэрэгтэй санагддаг. Энэ асуудлыг шийдэхэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай миний санал тус болж магад.
Саяхан Санхүү эдийн засгийн дээд сургуульд Монголчуудын эрхэмлэх ёстой зүйлийн тухай сэдвээр болсон нэгэн хэлэлцүүлэгт бидний монголчууд хамтрахыг эрхэмлэгчид үү?, хувиа хичээгчид үү?, аль нь зонхилдог вэ? гэсэн асуудлаар санал солилцсон. Ихэнх хүмүүс “хувиа хичээгчид их, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувиа хичээх үзэл гаарсан, хамтарсан баг санаачлагддаг боловч хөрөнгө ашгийн хуваарилалтын асуудал гарах үед ихэвчлэн задардаг, хувиа хичээгчид давамгайлдаг, тэгэх ч жамтай” гэсэн дүгнэлттэй санал нэг байсан. Тэр хэлэлцүүлэг болсноос хойш сөхөгдсөн сэдвийг ярилцахын ач холбогдол, гарах дүгнэлт ямар байж болох талаар хүмүүс бодож байгаа байх. Манай улс 700 мянга орчим өрх айлаас бүтэж байгаа. Тэдгээр өрх айлын эздийн ихэнх нь гэр орноо тохижуулах, хашаа хавьдаа мод цэцэрлэгтэй болох, хүүхдүүдээ хүмүүжүүлэх гол зорилгоор л хөдөлмөрлөж байгаа. Зөв бөгөөд зорилго нь бүтэж байвал сайн хэрэг. Улсаар авч үзвэл эдгээр өрх айлууд бол улс гэдэг том айлын хувь хувиа бодож амьдарч байгаа хүүхдүүд юм. Тэгвэл энэ улсад нэг айлын гэр байшин барих биш хотууд барьж тохижуулах, айл орчим мод тарих төдий биш Монгол Улсыг ойжуулах, бас өөрийн хүүхдүүдээ төдий биш иргэдээ хүмүүжүүлэх хэмжээгээр сэтгэж, түүний төлөө тэмцэж, хэрэгжүүлэлтийг зохион байгуулагч улс үндэсний удирдагч байх зайлшгүй шаардлагатай. Төр улс, түмэн олноо амар амгалан, айл гэр болгоныг илүүдэх дутагдахын зовлонгүй байлгахын төлөө улс үндэсний хэмжээнд сэтгэж, түүний төлөө тэмцлийг манлайлан зохион байгуулж чадах ухаан чадвартай, улс гэдэг том айлын эзэн, эцэг шиг манлайлан удирдагч хүн дутагдаад байгаа биш үү? Найман зуун жилийн өмнөх Чингэс, 40-50 жилийн өмнөх Ж.Самбуу, Ю.Цэдэнбал шиг нэг айлын биш улс орны хэмжээнд асуудал шийдэх сэтгэлгээтэй удирдагч үгүйлэгдээд байгаа биш үү.
-Та сахилга, дэг журмын тухай хэд хэдэн удаа дурдлаа.
-Тиймээ. Гадаадын улс төрч ирээд буцахдаа болгоомжлуулсан үг хэлснийг би дурдсан. Сингапур, Малайзыг бар улс болгож хөгжүүлсэн гавьяатай, олон улсад үнэлэгдсэн удирдагчид нь бичсэн номондоо ардчилал, эрх, эрх чөлөөг туйлшруулж болохгүй, улс орны хөгжилд сахилга, дэг журам илүү ач холбогдолтой гэдгийг дахин дахин хэлж бичсэн байна билээ. Би тэдгээрийг сонсож уншаад, хөрш болон бусад улсуудад болж байгаа үйл явдлыг ажиглаад, улсынхаа байдлыг хараад сахилга, дэг журамтай байхад анхаарах цаг болжээ гэж хэлээд байгаа юм. Зарим хүн ардчилал, хүний эрх эрх чөлөөг боомилох, захиргаадалт дарангуйллыг мөрөөдөж байна, ардчиллаас ухрахыг уриалж байна гэх мэт шүүмжлэх биз. Гэвч туйлширсан ардчилал, хүний эрх, эрх чөлөө ямар хортой, сахилга хариуцлагагүй байдал ямар их хохирол учруулж байгааг бид бүгдээрээ сайн мэдэрч байгаа учраас ярих хэлэхээр хязгаарлахгүй сахилгагүй, дэг журамгүй, хариуцлагагүйн илрэл бүртэй иргэд бүр эвлэрэлгүй тэмцдэг болох, түүнийг төр, засаг зохион байгуулах зайлшгүй шаардлага бий болсон. Хүний эрх, эрх чөлөө гэх далавчин дор үйлдэгдэж байгаа гэмт үйлдлүүд, улс нийгэмд ямар гай тарьж байгааг тоочоод барах аргагүй. Тэр гэмт үйлдлүүдтэй зөвхөн цагдаа, хуулийн байгууллагын ажилтнууд тэмцэх ёстой гэж хувиа бодоод сууж болохгүй болжээ. Хууль зөрчигчид, гэмт үйлдэл хийгчид өнөөдөр танд нөлөөлөөгүй өнгөрч байж болох ч маргааш хэний ч эрхэнд халдаж орж ирж болохоор болчихоод байна гэдгийг иргэн бүр бодох цаг болчихож. Онц их аюул бол авлига. Авлигыг сэжиглэсэн хүн бүхэн зохих газарт нь нууцаар боловч заавал мэдээлдэг болмоор. Авлигын эсрэг тэмцэж байгаа байгууллага, тэнд ажиллаж байгаа нөхдийг хамгаалж дэмжиж байцгаая, цагдаа нараа хайрлаж байяа гэж уриалмаар байна. Авлигын асуудалд холбогдсон л бол ямар ч эрхтэн, дархтан байх нь хамаагүй шалгалт байцаалтад ямар ч саадгүй очиж учраа олдог, хэрэв буруутай нь илэрсэн бол оногдуулах ялыг улам чангатгасан байхад буруудахгүй. Авлига гэдэг дайсантай ард иргэд бүгдээрээ хүч хавсарч дайтахгүй бол дарагдахгүй. Авлигаар баяжиж тэрбумтан болсон нь тодорхой байгаа зарим хүмүүс эсвэл УИХ, Засгийн газар юм уу намын удирдлагад шигдэн хамгаалалтад орсон, эсвэл гадаадад хөрөнгөө нууж гаргаад тэндээ тухалцгааж байгаа нь хэн бүхний нүдэнд ил байгаа юм биш үү. Тэр хүмүүст завшсан хөрөнгөө төрд тушаагаад, эх орныхоо хаана таалагдсан нутагт ногоон зүлгэн дээр гэрээ бариад сэтгэлийн зовлонгүй амар тайван амьдар гэж хэлж, үгэнд орохгүй бол албадаж болохгүй гэж үү.
-Үндсэн хуульд байгаа Төрийн байгууллын заалтуудыг өөрчлөх таны саналыг хууль санаачлах эрхтэй эрхмүүд зөвшөөрөх болов уу?. Засгийн эрхэнд байгаа улс төрийн намууд зөвшөөрөх эсэхээс хамаарах байх.
-Би эргэлзэж л байдаг. Засгийн эрхийг мэдэлдээ авсан улс төрийн намууд хууль санаачлах эрхийг эдэлж байгаа болохоор эрх мэдлээ ард түмний мэдэлд өгөхийг хүсдэггүй байж магад . Үндсэн хуульд улс төрийн намын холбогдолтой гуравхан заалт байгаа. Тухайлбал, 16.10 дугаар зүйлд Монгол Улсын иргэн нам байгуулах эрхтэй. Тэгэхдээ хуулийг дээдлэн биелүүлэх ёстой. Төрийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно гэсэн заалт бий. Мөн 31.2 болон 33.2 дугаар зүйлд Ерөнхийлөгчид болон Ерөнхий сайдад нам нэр дэвшүүлж болохыг заасан. Өөрөөр хэлбэл төр, засгийн эрх мэдлийг улс төрийн нам эзэрхэх хуулийн үндэс байхгүй. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна“ гэсэн заалт л байгаа. Гэтэл УИХ-ын гишүүнд иргэд биш зөвхөн намууд нэр дэвшүүлдэг болгосон, УИХ-ын 76 гишүүний 28-ыг намаас томилдог болгосон, УИХ, Засгийн газар ямар асуудал хэлэлцэх, ямар шийдвэр гарахыг нам, намын бүлэг мэддэг болгосон, Хууль тогтоох ба Гүйцэтгэх үүргийг нэг хүнд хариуцуулдаг болсон зэрэг албан тушаал эрх мэдлийн төлөөх шуналыг гааруулж байгаа үйлдлүүд бол Улс төрийн намуудын зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Ингэж Үндсэн хууль завхруулахаа боль гэсэн санал хэлсэн хүнд намгүй төрийн байгуулал байдаггүй юм гэж хэлдэг. Гэвч хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэн, ойлгож шийднэ гэдэгт эргэлздэггүй учраас ярьж бичиж байгаа. Цаг их алдаж, улс нийгэмд улам их хохирол учруулах аюултай.
Ардчилсан хувьсгалыг санаачлагч залуучуудтай би БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа 1990 оны 3 дугаар сарын 8-ны өдөр тэд нарын санаачилгын дагуу уулзаж өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар санал солилцсон юм. Төв телевизээр уулзалтыг шууд нэвтрүүлсэн. Тэр нэвтрүүлгийн бичлэг манайд байдаггүй. Гадаадын хүнээс залуучууд саяхан олж авсан байна. Би тэр бичлэгийг үзсэн. Бидний хооронд болсон тэр уулзалтын яриаг одоо иргэдэд үзүүлэх юмсан гэж боддог.
Өөрчлөлт, шинэтгэлийг шаардаж өлсгөлөн зарлаад байсан С.Зориг тэргүүтэй залуучууд 3 үндсэн шаардлага тавьж байсан. Нэгдүгээрт МАХН хэмээх нэг нам засгийн бүх эрхийг барьж байгааг таслан зогсоо, Хоёрдугаарт Ардын түр хурал байгуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өг, Гуравдугаарт МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо огцор. Би тэр шаардлагад МАХН-ын эрхийг хязгаарлах асуудлыг шийдэж болно, Улс төрийн товчоог огцруулах асуудлыг уламжилъя, харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Ардын түр хурал бий болгож байж шийдье гэх нь зохистой эсэхийг бодох хэрэгтэй гэсэн хариу хэлээд өлсгөлөнгөө зогсоохыг уриалсан. Маргааш нь буюу 3 дугаар сарын 9-ний өдөр Ж.Батмөнх гуай Улс төрийн товчоо огцорч болно гэсэн мэдэгдлийг телевизээр хийж өлсгөлөн зогсож, хэд хоногийн дараа МАХН засаглах эрхээ зогсоох хууль гаргуулсан, тэр оныхоо 7 дугаар сард Улсын Их Хурлын шинэ сонгууль явуулж АИХ, Улсын Бага Хурал бий болж улмаар Шинэ Үндсэн хууль боловсрогдож 1992 оны 2 дугаар сард 430 гишүүнтэй АИХ-аар батлагдсан.
Энэ түүхийг сануулж байгаа учир бол тэр үед гаргаж байсан зөв шийдвэр өнөөдөр яаж хэрэгжиж байгаад дүгнэлт гаргах, Үндсэн хуулиа хатуу сахиж гажуудлыг засах чадвар боломж байна уу, эсвэл гажуудлыг засах өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулахаас өөр аргагүй болсон уу гэдэгт хариу олоход байгаа юм. Миний бодлоор бол сүүлчийнх.
Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай, мөн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ боловсруулж байгаатай холбогдуулж өөрийн бодол саналаа илэрхийллээ. Дээрх хуулиудад миний хэлж байгаа саналын дагуу зарчмын өөрчлөлт оруулах бол Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг нь уялдуулж нарийн боловсруулах шаардлага гарна. Зарчмын асуудлаар иргэдийн дунд асуулга тавьж санал авах хэрэгтэй болох байх. Мөн мэргэжлийн сайн хуульчдын баг бүрдүүлж хуулийн өөрчлөлтийг цогцоор боловсруулах нь чухал. Ярьдаг хүмүүс их, харин барьж аваад нягт нямбай боловсруулж бичдэг ажилсаг нь бага болсон байх шиг. Талийгаач Б.Чимэд агсан шиг хуулийн эхийг барих чадвартай ухаалаг хуулчийг олох юмсан.
Ярилцсан
Н.ГАНТУЛГА