Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыг иргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэлд хоногшим дүрсэлсэн байдаг.
Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлсэн, монголчууд сайн эрээс хулигаан, улаан хувьсгалчаас ардчилагч болж буй процессийн тухай “Иргэншлийн замд: Монголын соёлын альманах” бүтээл уншигчдын гар дээр очиж байна. Бид уг бүтээлийн хэсгээс толилуулж байна.
…Соёлын довтолгооны жилүүдэд монголчууд хараалыг тэвчих, болж өгвөл цаашдаа хараахаа болих үүрэг авсан байдаг. Харин тэд юу гэж хараадаг болоод тэрийгээ тэвчсэн хэрэг бол оо?
Олонхи үндэстний хараал зүхэл нь хүний ёс суртахуун, мораль руу чиглэгддэг. Иргэншсэн ертөнцөд хамгийн золгүй хүн бол нийгэмдээ гадуурхагдсан хүн. Ёс сурталгүй хүн нийгэмдээ гадуурхагдаж таарна. “Ёсон бусын байдлаар эр эмийн харилцаанд ормор” гэдгээс эхлээд , “эцэг, эх лүгээ хурьцахыг бэлгэдсэн” муу муухай үгсийн эцсийн зорилго цаад хүнээ нийгмийн дайсан, хуулиас гадуур этгээд болгон гадуурхуулахад чиглэнэ.
Харин иргэншин суурьшаагүй нүүдэлчин ард түмэнд ийм мэдрэмж бага байсан бололтой. Нүүдэлчид бусдын адил нэр төрөө эрхэмлэх боловч гадуурхагдахын зовлон нь хот суурингийнхнаас бага. Тэртэй тэргүй бие биеэсээ уулын цаана, усны тэртээд алслагдан малаа маллаж аж төрөх хүмүүс нэг нэгийгээ гадуурхаад ч яах юм билээ. Ингээд нүүдэлчид өөрсдөд нь хамгийн их тохиолддог гай зовлонгийн нэг болох шархдах, бэртэх, тэдгээрээс үүдэн золгүйгээр амь алдахыг “санал болгосон” хараалуудыг сонгож авчээ. Монгол хараал дотор “хүүр” ихээхэн нөлөөтэй том байр эзлэх ба “Үхсэн хүүр”, “яс нь цайсан хүүр” , “өгөр хүүр”, “хөсрий хүүр” болон задарна. Хүүрийн өөр нэг хүчтэй өрсөлдөгч нь “цус” бөлгөө. Цус нь “цус нь саагисан”, “цусаар тээглэх”, “муу цус” зэргийн тодотголтой. Түүнчлэн “Үхсэн” гэдэг үг хаа хамаагүй үгтэй нийлэн шинэ төрлийн хараал үүсгэдгийн жишээ бол “үхсэн баас” болой.
Гэхдээ монголчуудын дунд ёсон бусын секс орсон хараал огт байхгүй биш, байгаа юм аа. Говь нутгийнхан, мөн баруун монголчууд “эхийгээ o…мор(яамар)” гэж харааж, уулгалдаг. Ялангуяа баруун монголчууд илүү хүчтэйгээр “экээнэ (эхийгээ) долоо (ганц биш!) о…мор(яамар)” гэх тул иргэншилтэй зарим орон тухайлбал оросуудын ижил утгатай хэллэгээс даруй зургаан үйлдлээр давж байна. Иргэншсэн орнуудад чөтгөр, шулам гэхчилэнгийн хараал элбэг. Монгол хэлнээ Чөтгөр гэдэг нь хараал гэхээсээ илүү ерөөсөн, бахадсан утгатай. Аливаа юманд адтай, авхаалжтай сэргэлэн, аливаа ажил төрлийг бүтээж байж л санаа амардаг хүнийг “чөтгөр шиг” хэмээн өхөөрддөг билээ.
Мөн иргэншсэн ертөнцийн түгээмэл хараалын нэг “тэнэг” гэдэг муу үг Монголд бий. Гэхдээ энэ үгийг хараалын журмаар биш үнэхээр тэнэг зүйл хийсэн тохиолдолд л хэрэглэнэ. Тэр ч байтугай “тэнэг” байхыг сайшаахгүй юмаа гэхэд төдий л муушаагаагүй тал харагдана. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Тэнэг хүн тэг дундуур нь” гэсэн хэллэг байна. Энэ бол хүн тэнэг байхын хэрээр юмыг голоор нь, дүн нуруутай шийддэг гэсэн санаа билээ.
Буддын шашинт монголчуудын ойлголтоор бол хараал хэлэх нь амаар үйлдэх нүгэл бөгөөд арван хар нүглийн нэгэн. Гэхдээ хараахгүйгээр оршин тогтноход хэцүү.
Ингээд хараах эрхээ хааж боогдуулахгүй, бас нүгэлд унахгүйн тулд сонин эерүүлэл хэрэглэдэг болжээ. Энэ нь хараалын оронд хэлдэг “тосоор гоож”, “алтаар урс”, “насаа нэм” гэхчилэнгийн ерөөлийн сайхан үгс хэрэглэх эерүүлэл юм.
Бас монголчууд өөрийн мал аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, мөн эрхтэн биеэ хараах нь элбэг. Монгол хараал малынхаа мораль талыг мэдээж хөндөхгүй. Иймээс ямааг эхтэйгээ эсвэл хуцтай явалдуулах сэдлээр хараахгүй. Мөн л хүнийхээ нэгэн адил малд тохиолдож болох золгүй үхлийг нэрлэн “чонын хоол”, “зудын банш” зэргээр хэлнэ. Мөн тухайн мал амьтныг олноор нь үхүүлдэг аймшигт өвчин тахлын нэр “малын хараал”-д хамгийн хүндтэй байр эзэлнэ. “Ям”, “гувруу”, “мялзан”, “хорхироо”, “годрон” зэрэг малын хараал бол адуу, тэмээ, үхэр, хонь, ямааг хиаруулж өгдөг өвчний нэрийн цэс болой. Харин хүнийг “хорт хавдар”, “хий, шар, бадгана” гэхчилэн өвчнөөр дуудан хараах нь үгүй. Дайнч, нүүдэлчин хүн осолдож, бэртэж, шархдаж алагдалгүй өвдөж байгаад үхэх нь зүй зохистойд тооцогддог ч байж мэднэ. Аливаа хараал нь зүй бус юмыг л “зөгнөн” нэрлэх учиртай. Иймд мал хүнээс өөр амьтан, жишээлэхэд чононд идүүлэх эсвэл өвчин тусч өөрийн үхлээр үхэх нь зүй бус. Харин хүн өвчин тусалгүй осолдох мэтээр үхэх нь зүй бус хэрэг. Монгол хараал үүнийг хэлээд өгч байна.
Монголчууд багаж хэрэгслээ хараадаг. Жишээлэхэд, буу нь юм онохгүй бол “муу зэв”, “хог дээр хэвтэхдээ таарсан царил” гэхчилэнгээр зэмлэн буруушаадаг. Мөн тодорхой үүргээ гүйцэтгэж чадаагүй эрхтнээ харааж, хангинах нь бий. Юм олж үзэхгүй байгаа нүдээ “Муу циймэр”, барьж байсан юмаа алдсан гараа “муу салгалмар” гэхчилэн буруутгаж байгааг харж болно. ХХ зуунд Монгол орон Оросын нөлөө ба эрхшээл дор иргэншихийн хэрээр эхээрээ болон эрхтнээрээ оролдсон “Пи…”, “На… “е… твоя мать” гэхчилэнгийн “боловсон хараал” сурлаа. Тал нутгийн хэний л бол хэний амнаас сад тавих энэ орос хараалын утгыг харин мэдэх хүн цөөн биз ээ.
“Малжсан хараал” ч бас боловсрон хөгжиж ердийн хөсгийг орхин авто тээвэр лүү шилжив. Ухаандаа “дөрөөндөө чиргүүлж, дөрвөн мөчөөрөө тасчуул” хэмээн морьтойгоо явган нь хараадаг байв. Гэтэл явган зорчигч нь авто тээврийн хэрэгслээр зорчигчоо зүхэх “дөрөв нь дээшээ, дөрвөлжин нь доошоо” хэмээх хараал бас гарчээ. Энэ бол машины дөрвөн дугуй дээшээ харж, дөрвөлжин кабин нь доошоо харан онхолдож осолдтугай гэсэн үг.
Харин 1990-ээд оноос барууны, ялангуяа Америкийн хараалын түрлэг Монголыг дайрлаа. Эхээн долоо удаа яахыг “фаак”-аар сольж, “үхсэн баас”-ыг “шийт” орлуулж эхлэв…