Categories
мэдээ цаг-үе

“Гэрэлтэх агшин бүр” хийгээд Гомбожавын Мэнд-Ооёо

Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг, соёлын академийн хүндэт доктор, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олгохоор боллоо. Тэрээр Явуугийн­хаа “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх алтан гэрээсийг санаж, дэлхийн их утга зохиолд монгол найргийн зөөлөн ай, аялгуу эгшиг, дархан цэцийг тамгалахаар зүтгэж буй. Дэлхийн яруу найрагчдын их хуралд жилийн жилд уригдан бичгийн мэргэдээ түүчээлэн очдог нь нэгэнт уламжлал болж дээ. Энэ удаад ч ялгаагүй өнөө л их гүүш Ж.Гэндэндарам, Готовын Аким гээд нөхдөө дагуулан Тайванийг зорьж байна.

2006 онд талын нүүдэлчин Монголд дэлхийн яруу найрагчдын их чуулган болж, энэхэн бөмбөрцгийн эрхэмсэг гэгээн хүмүүс Монголын тэнгэр дор чуулж, шүлэг найргаа өөр өөрийн хэлээр уянгалуулан дуудсан. Тив дэлхийн найрагчдад эх нутгийнхаа салхи савирыг амсуулж, уншигч олонтойгоо уулзуулан яруу найргийн эрчимлэг долгионыг бүрэлдүүлсэн хүн нь Мэнд-Ооёо байлаа. Хоёр мянга есөн онд Унгарын Будапешт хотноо болсон их чуулганы үеэр “Поэт лауреат” алтан титмийг Монголын найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олгосон нь манай утга соёлын ертөнцөд тохиосон томоохон баярын нэг байв. Уг шагналыг АНУ-ын Калифорнид бүртгэлтэй Дэлхийн урлаг соёлын академийн удирдах зөвлөлийн шийдвэрээр олгодог юм гэсэн.

Ерэн есөн онд буюу эдүгээгээс 16 жилийн өмнө тэрээр Токиод болсон дэлхийн яруу найрагчдын их хуралд “Яруу найраг дахь хувьсах ба үл хувьсах зүй тогтол хийгээд хүн төрөлхтний яруу найрагт монголчуудын оруулсан хувь нэмэр” хэмээх илтгэл тавьсан. Тэрхүү илтгэлдээ “Монголын утга зохиолын ноён оргилууд болох “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ын зохиогч он жилүүдийн чанадад нууцлагджээ. Монголын яруу найрагт суу билиг төгөлдөр яруу найрагчийг XIX зуун авчирсан нь говийн ноён хутагт Данзанравжаа байлаа. Равжаа хутагт хүн төрөлхтний яруу найргийн сан хөмрөгт зүй ёсоор өөрийн байр суурийг эзэлж, дэлхийн суу билигтний эгнээнд жагсах ёстой. Түүний араас хорьдугаар зууны яруу найргийн тэргүүн Нацагдорж, Монголын уянгын яруу найрагт шинэ үзэгдэл болсон Явуухулан нарыг дэлхийн яруу найрагт монголчууд бэлэглэсэн” гэж хүн төрөлхтний яруу найрагчдад дуулгасан юм.

Хоёр мянга таван онд Австралийн Сидней хотноо болсон дэлхийн яруу найрагчдын их хуралд “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” хэмээх илтгэл тавьж шуугиан тарьсан удаатай. “Гэгээрэлд хүрэх хамгийн дөт зам яруу найрагт буй. Ерөөс яруу найргаараа дамжин хүмүүний сэтгэлийг ариусгаж, дотоод ертөнцийн харанхуйд гэрэл гэгээ тусгаж, хүн төрөлхтний сэтгэл оюуныг гэгээрлээр ойртуулан найрсуулах, үл итгэлцэл, цаг хугацаа, орон зай, хил хязгаарын зааг, хана хэрмийг арилгах явдал” хэмээн дэлхий дахинд зарласан нь бий. Ингэж Мэнд-Ооёо Монголын яруу найрагчдыг дэлхийтэй холбох гүүр нь болж, өөрийн эрхэлдэг соёл, яруу найргийн академиар дамжуулан найрагчдынхаа бүтээлийг гадагш орчуулж, Монголын утга зохиолыг хөдөлгөөнд оруулж эхэлсэн юм. Өнөө жилийн Нобелийн энхтайвны шагналд түүний яруу найргийн бүтээлүүд нэр дэвшсэнийг ч дуулгахад таатай байна.

Түүний бүтээл туурвилын тухай үе үеийн яруу найрагч, эрдэмтэн мэргэд санал бодлоо хэлж, өөр өөрийнхөөрөө нээн тайлбарлаж ирсэн. Г.Мэнд-Ооёогийн яруу найраг бол монгол нүүдэлчдийн оюун сэтгэлгээний оршихуй гэж хэлж болно.

“Аав минь намайг өвөр дээрээ суулгаж, өмнө минь хуураа тавиад уртлаг тунгалаг аялгууг нь дуурьсгахад Дарьгангын “Жаахан шарга” үүрсэнхэн төвөргөж ирээд нутгийн уулс улам цэнхэртэж, ус булаг тунгалагшин, жигүүртэй шувуудын дуу яруусаж…энэхэн бие хуур болоод аав намайг хуурданхан суух бөлгөө. Хээр талын хойморт морин хуурын аялгуугаар яруу найраг минь хөглөгдсөн билээ…” гэж тэрээр бичсэн нь бий.

Дарьгангын домогт хуурчийн хүү Монголын их утга соёлын сан хөмрөгт Алтан-Овоо, Дарьганга, Шилийн Богдоо дархлан үлдээсэн. Түүний “Алтан-Овоо” хөлгөн судрын тухай ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнээс аваад олон хүн талархан бичсэн. Сэрүүн Галттайн Эрдэнэ баавай “Мэнд-Ооёо бээр яруу найраг болоод бусад нийтлэлүүддээ олныг нуршин улиглахыг чанд тэвчин гагцхүү хүн зоны оюун сэтгэхүйд гэрэл гэгээ авчрах тэр л нарийн шижмийг барьж авахыг хичээдгээрээ онцгой. “Алтан-Овоо” бол эх нутгийн дуулал мөн. Пантеист ариун сургаалыг номлосон өөр хүчтэй бүтээлийг би үл мэднэ” гэж дуу алдсан байдаг. Эрдэнэ баавай, Мэнд-Ооёо хоёр Мэгжид Жанрайсигийг бүтээн залахаас аваад соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн эрхмүүд юм. Тэдний улбаалан эхлүүлсэн “Сувдан сондор” аялал Монголын түүх, зан үйл, соёл, археологийн нэгэн давтагдашгүй зам мөр болсон билээ.

“Алтан-Овоо” хөлгөн судар гарсны дараа Шагдарын Уянга найрагч “Гэрэлт хүмүүний босгосон бодь Алтан-Овоо” гэж бичсэн бол Монголын яруу найргийн гэрэлт хөвгүүн Жамъяангийн Болд-Эрдэнэ “Гангын нэгэн сондор” хэмээн Ооёогийнхоо тухай халуун дулаанаар бичиж байлаа. Утга зохиолын наяад оныхны нэгэн төлөөлөгч, утга зохиол судлаач Ядамбатын Баатар “Мэнд-Ооёогийн яруу найраг, хөлгөн судар нь хүн төрөлхтөн тэр дундаа монгол хүний оюуны ертөнцийн эрхэмсэг оршихуйг нээн үзүүлсэн байдаг. Яруу найргийн өндөр соёл гоо зүйг уран зохиолын хэлний эрхэмсэг тансаг найруулга, шүлэглэх ур чадвар болон гүн сэтгэлгээний нэгдмэл чанарыг хангасан байдаг юм” хэмээсэн бол “Дарьгангын гурвал”-ынх нь нэг Очирбатын Дашбалбар “Орчлон ертөнц надад найрсан нуугднам”, “Ирээгүй үзээгүй, мэдээгүй бүхэн намайг нээнэм” гэж бидний үеийнхний яруу найргийн зорилгыг Г.Мэнд-Ооёо тунхаглаж, тэр замаар ч бид явсан бүлгээ. Түүний бичсэн “Сэтгэлийн байгаль” гэдэг тансаг шүлэг бидний бүх номын оршил, удиртгал болж, тэрхүү сэтгэлийн байгальдаа хүрэх гэж бид бүхэн өөр өөрийн замаар тэмүүлсэн юм гэж яруу тодоор илэрхийлсэн.

Мэнд-Ооёо яалт ч үгүй Монголын их утга зохиолын наяад оныхны түүчээ нь байлаа. Дагвадоржийн Цогт, Жүмбэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Ламзавын Мягмарсүрэн, Шагдарсүрэнгийн Гүрбазар, зураач Ц.Ойдов гээд “Гал” нэгдлийнхэн ирийтэл жагсана. Цаана нь Дамбын Төрбат, Даваасүрэнгийн Чинзориг, Долгорын Цэнджав, Доржзовдын Энхболд, Бямбажавын Цэнддоо, Данзангийн Нямаа, Жамсрангийн Оюунцэцэг, Цэрэнтулгын Түмэнбаяр гээд мөн л наяад оныхон ар араасаа давалгаалан ханарна. Тэр дундаас хамгийн түрүүнд номоо гаргаж “Бодлын шувуу”-гаа нисгэсэн нь Мэнд-Ооёо л доо. “Бодлын шувуу”-гийн араас Дашбалбарын “Оддын аялгуу”, Данзангийн Нямсүрэнгийн “Хаврын урсгал”, Д.Цогтын “Анхны шангийн дуу”, Бат-Очирын Сундуйн “Балжийн зулзаган монос”, Ж.Саруулбуянгийн “Хонгор зул”, Л.Мягмарсүрэнгийн “Урины шувуу” шил шилээ даран нисцгээсэн юм.

Эл найрагчийн тухай өгүүлэхүйд “Дарьгангын яруу гурвал” болох Дашбалбар, Нямсүрэнгийн тухай заавал ч үгүй дурсах болно.

Намрын шөнө тооноор тусах сарны туяа

Намайг чамтай хамт цаламдан цагаан гэрлээр ороов

Найргийн од сэтгэлд харвасан энэ бүдэгхэн туяанаар

Намуун шөнө чиний зүрхнээс шүлэг болон урсав

Хорин зургааны, саран тунгалаг энэ шөнө

Хорин таван нас, чиний мөрөн дээр

Гэгээн тэнгэрийн мөнгөн шувуухай болж

Гэрийн минь тооноор жиргэж буулаа…” хэмээн Балбар нь Баруун-Уртынхаа тэнгэр дор, тэртээ далаад оны дундуур Ооёодоо зориулан бичиж байжээ. Тэрээр Мэнд-Ооёогоо “Сарны шүлэгч” хэмээн тунхагласан. Үнэндээ түүний шүлгүүд сартай шөнийн намуухан аялгуу мэт сэтгэл зүрх рүү зөөлөн тунгалгаар гэгээ татуулан урсдаг бүлгээ.

“…Голын наана явахад тэнгэр дуугарч, цахилгаан гялбаад

Гоо бүсгүй гутлаа тайлан хөл нүцгэн бороон дундуур гүйх ирж буй цаг

Нов ногоон дотор хуучин төмөр зуух бөөрөөрөө унаад

Нойт даан харлаж, чийгтэй өвс үмхлэх ирж буй цаг

Сэтгэлийн уяанд хүлэг морь гэрэлтэх дорно зүгийн шөнө

Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг

Хаа эртний сайхан дуу шиг хаврын үүрээр шувууд ганганан

Харанхуйн чинад чиний зүг алсрах ирж буй… ” гэх гайхмаар гэгээн тунгалаг шүлгээ Нямсүрэн мөн л Ооёодоо зориулсан нь бий. Тэрээр

“…Шар бүрдийн зам шанзны утсан чичиргээтэй

Шаазан цахиур нь дууны аялгуутай

Шар бүрдийн нутаг Шамбалын орны туяатай

Шавилж суусан лам нь Мэнд-Ооёо” гэж бичиж байлаа. Мэнд-Ооёо найрагчийг бид

Эзэн бидний алтан хөмрөг

Энгүй тансаг байгальдаа хайртай

Эрин зууны наран дэнлүү

Эрдэнэт хүний бүтээлд хайртай

Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж

Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн

Дэлхий ээж тандаа бид хайртай

Дэлхий ээж тандаа хайртай болохоор

Дэлхий ээж та мөнх настай…” гэх дуу хийгээд олон бүтээлээр нь мэднэ. Түүний шүлгүүдээс ямар нэгэн нэмэр хачир, энээ тэрээ тодорхойлолтгүйгээр хүргэе л дээ.

Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.

Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлгэнээд

Өвсний үндэс хурын шимийг хөхөж ханаад

Эвт шувуудын цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд

Морин зэрэглээнд уул толгодын суудал солбиод

Урин цагийн амьсгал хүзүү заамаар шургаад

Энгэр газар нарны алтан учгаар цэцэг хатгаад

Ээлжлэн хувьсах цагийн жам нэхэж он цаг яарсаар нисч одном.

Үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч

Бүрдэн уснаа ороод ичингүйрэн цэмцэгнэх үес

Цэргээс буусан залуу, болзоот хүндээ зориод

Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисч ирнэм.

Дунайсан шөнийн сэвлэг цагаан туяаг гишгээд

Дууны сайхан эгшиг бие биедээ уусахуйд

Амьтай болгон нам гүм болж хайртай хосод найр тавиад

Айл саахалтаар төдхөн хуримын урилга тарааж он цаг нисч одном. ..” (Он цагийн хүрд),

Гурван цагаан тэмээ гуван гуван алхаатай

Гурвансайхан уул гүвэн гүвэн бараатай

Гурван залуу бүсгүй Гурвансайханд нутагтай

Хойно хойноосоо өвсөн толгой намалзаад

Хорол сарны мяндас туяа намилзаад

Холдож ойртох уулсын бараа шоволзоод

Цагаан шөнө урсана…

Амгалан шөнөөр тэнгэрийн гоо манлай нь

Арван тавны саран

Алиахан зантай говийн гурван бүсгүй нь

Арван тавны саран

Аялах дууны нь түвшин дүүрнийг хэлбэл ч

Арван тавны саран … (Цагаан шөнө урсана),

Сарны тусгал алтан гүүр мэт гол усыг нумлаж

Салхины үзүүрт голын харгиа үл мэдэг исгэрч

Хэрлэн их мөрөн түүхийн хөлгөн төвөргөөнөөр

Хэдэн зууныг гэтэлж бид хоёрын дэргэд ирвэй

Чамайг болоод намайг гол ус толиндоо үзэж

Чанадын хувь тавиланг алган дээрээ зурах мэт

Ажиглан ширтэж, анзааран сатаарахыг мэдрэх ахуйд

Аяа би, гол усаа үнэний гэрч хэмээн итгэмүй …” (Сарны сонат)

Чиний хөмсөг, нисч яваа шувууны далавч шиг …

Чиний, тэртээ холоос ирж яваа нь

Хүрхрэх далайн чанадаас нааш нисээд

Хүрэх газраа ирээгүй яваа шувуу шиг …” (Чиний хөмсөг нисч яваа тогорууны далавч шиг),

Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршмуй

Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй

Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй

Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй

Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй

Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй

Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй

Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй ..” (Гэрэлтэх агшин бүр) гээд хичнээн ч үргэлжилж болно. Сүүлд “Гэрэлтэх агшин бүр”, “Хэсэг цагаан манан” тэргүүт уран бүтээлийн хоёр туурвил хэвлүүлсэн юм. Түүний эдгээр бүтээлүүдийн тухай дэлхийн нэртэй найрагч, утга соёлын зүтгэлтнүүд үгээ харамгүй хайрлажээ. Тухайлбал, Энэтхэгийн утга зохиол судлаач Шаалин Кумар Сингх “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн энэхүү номоороо дамжуулан нүүдэлчдийн амьдрал, уламжлалт ахуй заншлыг маш нарийн мэдрэмжээр нээн гаргаж чадсан байх тул түүний номыг “Номадизмын дуулал” хэмээн нэрлэж болмоор санагдана” гэсэн байна. Японы нэрт яруу найрагч, соёл, нийгмийн зүтгэлтэн Икеда Дайсаку “Миний бие таны гэгээлэг сайхан ном буюу сэтгэлтэй тань танилцаад гүнзгий сэтгэгдэл төрлөө. Хувь хүнийг ч бай, нийгмийг ч бай салган төөрч байгаа өнөө үед, “яруу найргийн сэтгэл” л хүнийг хүнтэй холбох хүч, хүмүүнлэг сэтгэлийг тэжээх газар, амь насыг гэрэлтүүлэх оюун ухааны талст болно” гэжээ. “Түүний шүлгүүд үнэхээрийн сэтгэл хөдөлгөм. Амьдралынх нь зорилго бол “Хуучин сүмийн дээгүүр саран мандахад” хэмээх шүлэгтээ хэлсэн шиг “Зүрх сэтгэлээсээ, бурхны гэрэл цацруулахын эгээрэл” хүсэл нь юм. Ямар агуу сэтгэлгээ вэ” хэмээн Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлөгч асан Жастис Мохан хэлснийг нэмээд шигтгэе.

Г.Мэнд-Ооёо найрагч сүүлд Равжаа хутагтын тухай “Гэгээнтэн” хэмээх роман туурвисан нь утга зохиолын хүрээнд багагүй шуугиан дэгдээсэн юм. Утга зохиолын нэрт судлаач Чойжилжавын Билигсайханаас аваад олон мэргэд үгээ хэлснийг санаж байна. Уг бүтээлээ туурвисны дараахан тэр жилийн урин хавраар Хангайн нуруу Идэр их мөрнийг хамтдаа зорьж явсансан. Равжаа хутагтын авшигтай ногоон хашнаас рашаан хүртэж, мань хүн нэг л гэгээрлийг олсон мэт гэрэл цацруулан явж билээ. Өнөө жилийн босгон дээр “Шилийн Богд” романаа мөн л уншигчдын гар дээр тавьж утгын яруу нөхдөөсөө талархал хүлээсэн. Ийнхүү Монголын утга зохиолын нэгэн сод төлөөлөгч, эрхэмсэг ялдам найрагч, дэлхийн дэвжээнд монгол найргаа гаргахын төлөө зүтгэж яваа Гомбожавын Мэнд-Ооёогийн тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүд популист болж байгаа нь хувийн өмчид санаа зовох гол үндэслэл юм

Үндсэн хуулийг өөрчлөх тухай бид ид шуугиж эхэлж байна. 99 тэнгэртэй байна ч гэл үү, яана ч гэлээ гэцгээгээд л. Тэнгэр ч биш л дээ. Гишүүдийн тоог ярьж байгаа юм. Тэднийг тэнгэр гэх нь зөв гэж мэтгэх хүн ч байгаа л байх. Гэхдээ гишүүдийг юу гэх нь гол биш. Харин манай Үндсэн хуульд хувийн өмчийн баталгааг алдагдуулсан нэг заалт байдаг нь харин ёстой өөрчилмөөр зүйл байгаа юм.

Хоёрдугаар бүлгийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн хэсгийн 16 дугаар зүйлийн гуравт …Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно… гэсэн заалт байдаг. Энэ нь эсрэгээрээ хувийн өмчийг хууль гаргаад хураан авч болно гэсэн агуулгатай юм. Тэгвэл хэн эрх барьж байна тэр нөхөр дургүй хүнийхээ өмчийг хууль гаргаж байгаад хураагаад авчихаж болно гэсэн үг. Ингэхээр Монгол Улсад хувийн өмч ямар ч баталгаагүй гэсэн үг. Яг энэ тохиолдлыг ашиглах гэж оролдсон үзэгдэл УИХ-ын зүгээс ойр ойрхон гарах болоод буй нь хувийн өмчийн дархлааг хуульд суулгаж өгөх хэрэгтэй болоод байна. Популист гишүүд олширч байгаа нь хувийн өмчид санаа зовох үндэслэл улам бүр нэмэгдээд байгааг ч хэлэх үү.

Хувийн өмчийг баталгаатай болгохын тулд Үндсэн хуульд ямар ч тохиолдолд хувийн өмчийг нийгэмчлэх юм уу төр хүч хэрэглэн хууль баталж дайчлан авахгүй байх заалт хэрэгтэй. Амьдрал баян, юу ч тохиолдож болно. Бүүр аргагүй тохиолдол гэж ч байдаг. Тэр өмчөөс болоод Монгол Улс тусгаар тогтнолоо алдах гээд байх ч юм уу. Ийм үед л хувийн өмчийг хураах, дайчлан авах хууль гаргадаг байх хэрэгтэй. Тийм учраас ямар тохиолдлыг арга үгүй тохиолдол гэж үзэх вэ гэсэн хуулийн заалтуудыг Үндсэн хуульдаа суулгаж өгвөл иргэдийн өмчлөх эрх баталгаатай болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

И.В.Рой: “Эрдэнэт” үйлдвэр хүндхэн нөхцөлд ч үүргээ нэр төртэй биелүүлж байна

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимирович Рой-той “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн зарим асуудлыг энд хөндөж ярилцсан юм.


-Сүүлийн хэдэн хоногт “Эрдэнэт” үйлдвэр нь хэвлэл мэдээллийн сонирхлыг татсан газрын нэг боллоо л доо. Ялангуяа удирдах багийнхны буруутай үйл ажиллагаанаас болж хувь эзэмшигч талуудын эрх ашиг хохирч байгаа гэж ойлгогдохоор ч зүйл харагдаж байна.

– Эхлээд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах багийг бүрдүүлдэг, бодлогыг тодорхойлдог тогтолцоог хамтдаа тодруулцгаая. Таны асуултын хариу ч тэндээс тодрон гарна байх гэж бодож байна. Юуны өмнө “Эрдэнэт” бол Монгол, Орос хоёр улсын хамтын үйлдвэр, хоёр орны ард түмний дундын бүтээн байгуулалт. Монголын тал 51, оросын тал 49 хувийг тус тус эзэмшдэг. Хамтран эзэмшигч талуудыг төлөөлсөн Удирдах Зөвлөл буюу манайхны ярьж сурснаар “Совет” үйлдвэрийн хувь заяатай холбоотой бүхнийг шийддэг. “Совет”-оос зөвшөөрөгдсөн удирдлагын менежмэнт үйлдвэрийг удирдана. Удирдахдаа дээрээс буюу мөн л “Совет”-оос баталж өгсөн үйлдвэрлэл,санхүү, бизнесийн төлөвлөгөөний дагуу менежмэнтээ хийнэ.

Ингээд харахаар Монгол Улс ба ОХУ-ын Засгийн газар, хоёр талын үндэсний эрх ашгийг төлөөлсөн Удирдах зөвлөл л хамтарсан үйлдвэрийн бодлогыг тодорхойлдог, тэндээс томилогдсон менежмэнтийн баг уг бодлогыг хэрэгжүүлдэг гэсэн үг.

Энэ утгаараа хоёр орны ард түмний эрх ашиг, сонирхол энд бүрэн тусч байгаа гэдэгт итгэж байдаг. Энэ сонирхлыг тусгасан төлөөлөгчид удирдах багтаа итгэл үзүүлсээр байгаа гэдэг нь талуудын эрх ашиг тусгагдаж хамгаалагдсаар байгаа гэсэн санаа.

-Та өөрөө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах багт багтаад хэр удаж байна.

-Би 2013 онд томилогдож ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг ерөнхий захирлаар ахлуулсан удирдлагын менежмэнт удирддаг гэдгийг дээр хэлсэн. Ийм болохоор намайг ирснээс хойш манай баг, манай хамт олны хийж бүтээсэн зүйлийн талаар яриагаа үргэлжлүүлье.

2013 оноос өмнөхөн зэсийн үнэ оргилдоо хүрч байсан. Өмнөх үеийн удирдах баг илүү их баялаг, өгөөжтэй үед, илүү их боломж, илүү их ашиг орлого дээр менежмэнтээ хийж байжээ гэсэн үг. Энэ нь бидний хэнээс ч хамаараагүй, дэлхийн зах зээлийн байдлаас л хамаарсан зүйл байсан.

Нэг тонн зэсийн үнэ 2012 онд 7949 ам.доллар байсан, жил дараалан буурсаар 2015 оны эхний 10 сарын байдлаар дундаж үнэ нь 5658 ам. доллар хүртлээ уруудсаныг та бүхэн биржийн мэдээллээс харж байгаа.

Манай багийн зорилго бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тасралтгүй унаж байгаа хүнд үед арвилан хэмнэлтийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар үр ашигтай ажиллах бүхий л боломжийг бүрдүүлэх явдал байсан. Бид зэсийн үнэ тасралтгүй буурч байгаа үед бүтээгдэхүүний өртгийг хямдруулах хөтөлбөр хэрэгжүүлсний үрээр өнөөдөр ашигтай ажилласан хэвээр байгаа. Нэг тонн зэсийн өртгийг 2013 онтой харьцуулахад 9.6 хувиар, 2012 онтой дүйцүүлэхэд 16.9 хувиар бууруулж чадсан нь манай хамт олны бас нэг амжилт. Манай үйлдвэр хамт олноо, Эрдэнэт хотоо, Орхон аймгаа авч явдаг төдийгүй, улсын төсвийн үлэмж хувийг бүрдүүлж өгдөг бөгөөд энэ үүргээ хүндхэн нөхцөлд ч гэсэн нэр төртэй биелүүлж байна гэж үзэж болно.

Үйлдвэрийн “Совет”-ын шийдвэрийн дагуу нь хоёр том төслийг хэрэгжүүлсэн нь Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл болон Эрдэнэт Медикал оношлогооны Төв юм.

-Арвилан хэмнэлттэй зэрэгцсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж та Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлөө нэрлэлээ л дээ. Энэ бүтээн байгуулалт оновчтой болж чадсан уу, тэнд зарцуулсан хөрөнгийг хадгалсан нь дээр байсан юм биш биз гэсэн эргэлзээ бас байна?

-”Эрдэнэт” үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг байлаа. Харин өргөтгөл хийснээр энэ үзүүлэлт зургаан сая тонн хүртэл нэмэгдэнэ. Гэхдээ ашиглалтад орох кноп даруутаа л хүчин чадлаа бүрэн ашиглах боломж уул уурхайн ийм том үйлдвэрт байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд өгнө.

Харин бид наадмын өмнөхөн нээж байсан баяжуулах үйлдвэрийн өргөтгөл саяын есдүгээр сарын байдлаар хүчин чадлынхаа 90 хувьд бараг хүрээд байна. Энэ бол манай хамт олны маш сайхан амжилтын нэг юм.

Бидний хийж буй нөгөө бүтээн байгуулалт маань “Эрдэнэт” үйлдвэр, эрдэнэтийнхэн төдийгүй нийт монголчуудад ач тусаа өгөх учиртай. Энэ бол хамгийн орчин үеийн, тодорхой хэлбэл 2014-2015 онуудад Япон, Солонгост бүтээгдсэн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ оношлогооны төв юм. Энэ төв оны сүүлчээр ашиглалтад орно.

Мэдээж хэрэг үйлдвэрийн удирдах зөвлөл буюу “Совет”-оор батлагдсан, дэмжигдсэн төлөвлөгөөний дагуу эдгээр бүтээн байгуулалтыг бид богино хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

Нэмж хэлэхэд, үйлдвэрийн өргөтгөлийн байгууламжийг бүтээн босгох, ашиглалтад оруулах үйл хэргийг манайхан өөрснөө удирдан хэрэгжүүлсэн, харин гүйцэтгэх ажилд монгол, орос болон хятад компаниуд оролцсон.

-Хамтарсан үйлдвэрийн орлогоос Оросын тал хүртэх учиртай ногдол ашгийг өгөөгүй олон жил болсон тухай яриа гарч байна. Оросын талд ногдох ёстой мөнгийг хадгалж ч байсан. Одоо тэндээ байхгүй болсон, эргэлтэд оруулсан гэсэн янз бүрийн тайлбар сонсогдох боллоо.

-Асуудлыг, ялангуяа “Эрдэнэт” шиг аварга том бүтээн байгуулалттай холбоотой юмыг нэг талаас, ганц өнцгөөс өрөөсгөлөөр харж болохгүй.

Оросын талын 2012 оны ногдол ашиг дансанд хадгалагдсан байсан. Мөнгөн хөрөнгө нь үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд чиглэгдсэн, үүний зэрэгцээ техникийн шинэчлэл болон дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад чиглэгдсэн.

Үйлдвэрийн өөрөө нунтаглах өргөтгөл ашиглалтад орсны үрээр манай нэмэгдэл орлого 11 сая ам.доллар болсон. Наадмаас хойших хэдхэн сарын үзүүлэлт шүү дээ. Оны сүүлчээр 28 сая ам.долларт хүрнэ. Ирэх 2016 онд хэрвээ зэсийн үнэ 6200 ам.доллар орчимд хэлбэлзлээ гэж бодоход 120 сая ам.долларын ашгийг нэмж олох боломж бүрдэнэ. “Совет” буюу “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах зөвлөлийн шийдвэр зөв зүйтэй, бөгөөд ирээдүйгээ харсан шийдвэр байсныг манай өргөтгөлийн үйл явц, эхний үр ашиг харуулаад байна.

Монгол Улсын Их Хурал нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны талаархи Засгийн газар хоорондын гэрээнд өөрчлөлт оруулж өнгөрөгч аравдугаар сард соёрхон баталлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувь эзэмшигч нь “Ростех” корпораци болсон. Засгийн газрын хоорондын гэрээний дагуу 2012 он хүртэлх ногдол ашиг ОХУ-ын төсөвт шууд орсон. 2012 оноос Засгийн газрын хоорондын гэрээний дагуу ногдол ашиг хүлээн авагч нь улсын өмчит “Ростех” корпораци болсон.

Тийм учраас өмнө нь “Эрдэнэт” үйлдвэр нь “Ростех” корпорацид ногдол ашиг шилжүүлж чадаагүй юм. Өнөөдөр “Ростех” корпораци нь ногдол ашиг хүлээн авах эрхтэй боллоо.

-Хамгийн гол нь Оросын тал ногдол ашгаа гэнэт нэхэж байна. Мөнгийг “Эрдэнэт”-ийн өнөөгийн удирдлага дураараа өр зүйлд зарцуулсан учраас үйлдвэр өрөнд орчихоод бараг Монголын талд ногдох хувь хэсгээ зарахдаа тулсан ч юм уу гэсэн ойлголт олны дунд байна.

-Өнөөдөр үйлдвэрт “Ростех” корпорациас 2012 оны ногдол ашгийг төлөх тухай мэдээлэл байхгүй. Дараагийн жилүүдэд цэвэр ашиг хуваарилах болон ногдол ашиг төлөх асуудал нь зөвхөн компанийн “Совет”-ын эрх юм.

Үйлдвэр сүүлийн бүх жилүүдэд ашигтай ажиллаж байна. 2013 оны цэвэр ашиг нь 125 тэрбум төгрөг, 2014 оных 167.5 тэрбум төгрөг. Зэсийн үнийн маш огцом уналттай байсан ч (арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 5137 ам.доллар) үйлдвэр нь 2015 оны эхний есөн сарын байдлаар алдагдалгүй бага хэмжээний ашигтай ажиллалаа. Үүний зэрэгцээгээр үйлдвэр дээр хямралын эсрэг хатуу арга хэмжээ авагдсан ч орон тооны цомхотгол хийгээгүй.

“Эрдэнэт” үйлдвэр нь Эрдэнэт хотын үндсэн суурь юм. “Эрдэнэт” үйлдвэр нь Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг юм. Хамгийн сайхан анд нөхдийн нэг, дэлхийн хоёрдугаар дайны үед манай ард түмний тууштай үнэнч хамтрагч байсан гэж монголчуудаа бид хүндэлдэг бөгөөд үйлдвэр дээр Орос, Монголын хамтарсан мэргэжилтнүүд эв найрамдалтай ажилладаг.Монгол Улсад айлчлах үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин “Эрдэнэт”-ийг Орос, Монголын уул уурхайн салбарын амжилттай хамтын ажиллагааны хамгийн сайн жишээ бөгөөд үйлдвэрийн төлөвлөгөөнд технологийн бүрэн шинэчлэл багтаж байгаа гэж тэмдэглэсэн.

-Шилэн дансны хуулийг “Эрдэнэт” үйлдвэр мөрдөхгүй байна гэсэн шуугиан бас дэгдлээ л дээ.

-Шилэн данс бол шударга ёсыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах хэрэгсэл гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ нэг зүйлийг бодолцох учиртай. Улсын байгууллагууд нь нэг талаас татвар төлөгчдийн хөрөнгийг төсвөөр дамжуулан авч зарцуулдаг нэг хэсэг байна. Гэтэл улсын өмчөөр үйлдвэр худалдаа эрхлэн мөнгө олж түүгээрээ улсын төсвийг бүрдүүлж өгдөг бизнесийн газрууд ч бас байдаг.

Харин бизнес нь улсын мэдлийнх, хувь хүнийхээс үл хамааран өрсөлдөөн дунд оршин тогтнодог. Өрсөлдөөн учраас бизнесийн нууц гэж байдаг. Энэ нууцыг төрөөс хүлээн зөвшөөрдөг ба Монгол Улсын парламентаас баталсан нууцын тухай хуулиар энэ эрх хамгаалагддаг. Азийн уул уурхайн компаниудаас эхний аравт ордог Эрдэнэт үйлдвэр бол томоохон зах зээлийн, ширүүхэн өрсөлдөөн дунд оршдог. Арилжаа бизнесийн сонирхлын үүднээс өрсөлдөгч нараас нууцалж, зохих хүрээнд хадгалах мэдээлэл гэж “Эрдэнэт”-д бас байна.

Иймээс л энэ хуулийг хэрэгжүүлэх аргачлалыг гаргаж өгөх, түүнийгээ Байгууллагын нууцын тухай хуультай нийцүүлэх нь чухал юм.

Биднийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэвэл гүтгэлэг болно. Засгийн газрын www.gov.mn сайтад бид шилэн дансаа байршуулсан байгаа. Шилэн дансны хууль ёсоор бид өрийн бичиг болон өрийн баталгаа гаргасан эсэх, банкнаас авсан зээл, тендерт (худалдан авалтын) холбогдох мэдээллээ оруулсныг тэндээс үзэж болно. Компанийн бизнесийн бүхий л нууцыг нээлттэйгээр задлах нь компанийн үйл ажиллагааг ноцтойгоор хүндрүүлж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

-Манай уншигчдын сонирхсон сэдвээр ярилцлага өгсөнд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бүгд найрамдах Халх гол ард улс” гэж байгуулагдаж байна уу?

Дорнодын Халх гол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол гарсан. Уг тогтоол шийдвэрийн дагуу тэрхүү бүс нутагт газар ашиглах эрх олгох юм уу, ямар нэгэн байдлаар ажил эхэлсэн зүйл одоогоор байхгүй. “Халх голын чөлөөт бүсэд байгальд ээлтэй, генетикийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гадаадын ажиллах хүч гурван хувиас илүү байж болохгүй. Мал аж ахуй болон газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулалттай байх ёстой” гэж Засгийн газраас салбар яамдын сайдуудад үүрэг болгосон.

Гэтэл Халх гол сумынхан Их хурлын тогтоол шийдвэрээр батлагдсан чөлөөт бүсийг эрс эсэргүүцэж, Монгол төрийнхөө эсрэг цэрэглэн босч байна. Энэ нь Монголын төр өнөөдөр ямар ч хүчгүй, үхээнц дорой, хэн дуртай нь боорлож болдог, дархлаагүй болсны илрэл гэлтэй. Мөн Монголын төр нэгдмэл зангидсан бодлогогүй болж, данхар том бүтцээс цаашгүй, дороо тулах хөл суурьгүй сул ганхаж, сум бүр нь нэг нэг ханлиг улс болжээ гэдгийг Халх голыг тойрсон сүүл үеийн дуулиан шуугиан, хэл ам хэрүүл тэмцэл бидэнд хэлээд өгөх шиг. Юу болсныг эргэн нэг харъя. Их хурлын 75 дугаар тогтоол хэрэгжиж эхлэх сургаар Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн Д.Цогтбаатар тэргүүтэй хүмүүс Халх гол суманд очсон. Тэд “Халх гол сумын 500 мянган га газрыг хаших гэж байна. Малчдын өвөлжөө хаваржаа, газар тариалангийн бүс, тусгай хамгаалалттай нутгийг тэр чигт нь байхгүй болгох гэж байна. Төр засаг чөлөөт бүс нэрээр газрыг чинь гадаадынханд өгөх гэж байна. Тиймээс Халх голын иргэд та бүхэн тэмцэх хэрэгтэй” хэмээн нутгийн иргэдийг төр засгийнхаа эсрэг тэмцэхийг уриалан дуудаж, турхирсан байдаг. Энэ бол нутгийн зөвлөлийн удирдлага болон улс төрийн хүрээнд нэр нь ч танил болоогүй зарим нэг намын төлөөллийнхний эх оронч царайлсан хиймэл дүр төрх. Харин Халх гол сумыг удирдаж байсан нөхдийн зохион байгуулсан жагсаал цуглаан, төрийнхөө эсрэг цэрэглэн босч, дунд сургуулийн сурагч нь хүртэл “Амиараа хамгаалъя, амийг амиар” нь хэмээн аймшиггүйгээр хийрхсэн бослогоос харахад Монголын зүүн хязгаарт “Бүгд найрамдах Халх гол ард улс” гэж байгуулагдаж байна уу гэх бодол өөрийн эрхгүй сэрхийтэл төрсөн. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн бослого тэмцэлтэй тулгарч, төрийн өмнөөс очоод хөөгдөж ирсэн үйл явдлаас харж болох юм.

Халх голыг хамгаалсан эх орончид “Гадаадын иргэд олноор суурьшин визгүй чөлөөтэй зорчиж, монголчууд өөрсдөө зөвшөөрөл авч, орж гардаг тусгай зоон, харийнхны суурин болно” гэж мэдэгдсэн. “Малчдын өвөлжөө хаваржааг аваад хашна гэж ойлгоод байна. Тийм биш л дээ. Хил дээр байрлалтай чөлөөт бүс хашаатай, хүн орж гарахад шалгаж, хянадаг. Тэнд гадаадын иргэн визгүй 30 хоногийн хугацаатай нэвтрэх боломжтой. Харин Халх голын чөлөөт бүс хил дээр биш нутгийнхаа гүнд байгаагаараа ялгаатай. Тэнд гадны иргэн визгүй нэвтрэх эрхгүй” гэх тайлбарыг Р.Бурмаа сайд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцолсон. Халх голыг тойрсон шуугианаас та бүхэнд сануулах зорилгоор эл бүгдийг иш татлаа.

Ингэхэд Монгол Улсын Хууль зүйн яамны хуулийн хэрэгжилтийг хянах газрын дарга, Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн сайд, хил хариуцсан хурандаа нь очоод захын нэг сумын гудманд суугаа иргэдэд ичгэвэртэйгээр хөөгдөнө гэдэг юу гэсэн үг вэ. Энэ юунаас болов. Хариулт нь маш амархан. Төрийн эрхэм түшээд орон нутгийн бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах ёс гэх сүрхий нэр томъёо гаргаж, жалга бүхэн жасаатай гэдэг шиг орон нутгийн ноёдод эрх мэдэл өгч оодруулсныхаа горыг одоо амсч байна. Жалгын ноёдын “тусгаар улс” бий болж, тэд төрийн дээр сандайлах нь холгүй аяглаж, ихэрхэж эхэлсний үр дүн хайгуулын лицензийн шийдвэрээр тодорхой илэрч байв. “Монголын эдийн засаг одоо л сэргэх нь. Хайгуулын тусгай зөвшөөрлөөс тэрбум ам.доллар орж ирнэ” гэх итгэл найдварыг сумдын засаг ноёд буюу ханлиг улсын эзэд тас цохиж, 219 хайгуулын тусгай зөвшөөрлөөс ердөө есхөнийг тухайн орон нутаг зөвшөөрч, бусдад нь татгалзсан хариу өгсөн. Одоо бүр давраад “Бүгд найрамдах улс” байгуулж, өөрсдийнхөө “тусгаар тогтнол, бүхэн эрхт байдал”-ын төлөө Монголын төр рүү цэрэглэн дайрч байна.

“Халх гол ард улс”-ынхан зээл, зээр хоёроор амь зууж байна гэж зурагт, радиогоор ярихыг олонтаа сонслоо. Зах зээлийн нийгэмд зээлээр амьдардаг нь жам. Дэлхийн бүхий л улс орны иргэд ингэж аж төрдөг. Харин зээрийн сүргээ хүйс тэмтэрч, улаан цустай нь хутган махаар нь хооллоно гэдэг Монгол Улсын хууль дүрмийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал. Цагаан зээр бол Улаан номын “устах аюул нүүрлэсэн” ангилалд багтдаг нэн ховор амьтан. “Халх гол ард улс”-ын “хууль дүрэм”-д дархан цаазат амьтнаа алж шулахыг зөвшөөрдөг юм байгаа биз. Монгол Улсын хуульд бол хориотой зүйл. Зүүн хязгаарын “тусгаар улс”-ын нөхдөд Монголын нутаг дэвсгэрт Монголын хуулийг зөрчих дархан эрх байхгүй.

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Халх голын сум сууринг удирдаж байсан дарга даамлуудын газар нутгаа зарсан гэх баримт ил цагаан дэлгэгдэх болов.

“Халх голын орчимд атаршсан 30 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглах нь зүйтэй” гэх Засгийн газрын 2010 оны тогтоол бий. Гэтэл уг тогтоол гарахаас жилийн өмнө буюу 2009 онд Халх гол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын дарга Ц.Насанхүү нар Солонгосын “Хансолмо” компанид 30 мянган га газрыг хугацаагүй ашиглах зөвшөөрөлтэйгөөр өгсөн байна. Энэ нь Газрын тухай хууль болон бусад хуулийг зөрчжээ. Одоогийн засаг ноён В.Мөнхтайван мөн л олон мянган га газрыг компаниудад өгсөн баримт бий гэнэ. Тухайлбал, “Соёмбо буудай” компанид 1621 га газрыг өгсөн байх юм. Тухайн компанийн ард Хятадын хөрөнгө оруулалттай “Erlian Deyu organic Agriculture” компани байдаг аж. Мөн “Үйзэн тал” компанид долоон мянган га, дараа нь 14 мянган га газар гээд хэд хэдэн удаагийн үйлдлээр газар нутгаа хувийн юм шиг заржээ.

Сумдын Засаг дарга нар газар нутгаа ингэж хувийн юм шиг үрэн таран хийн замбараагаа алдтал баяжин, төр засгийн түшээдийн үгийг нохой хуцсан чинээ тоолгүй ихэрхэх болсныг бид мэднэ. Хуучин бол хөдөө сумдын дарга нар гэхээр морь уралдуулж, бөх барилдуулж наадам найр хийсэн тийм л нөхөд байлаа. Одоо бол танигдахын эцэсгүй, үзэгдэж харагдахын аргагүй болсон шүү дээ. Улаанбаатар хотын Зайсангийн үнэтэй хаусанд орон нутгийн засаг ноёд чинь бүгд байртай гэж байгаа. “Ланд-200”, “Лексус-570” гээд бандгар бандгар жийп хөлөглөнө. Амралтаараа гадагшаа явж зугаа цэнгэл хөөнө. Тэд яаж ингэтлээ баяжив гэхээр сумынхаа газар нутгаас яг л Халх голын нөхөд шиг гадна дотныхонд зарчихсан байдаг. Мэдээж хамаг л үржил шимтэй, эд баялагтай газрыг үнэтэйхэн арилжина. Орон нутгийн удирдлагууд ийн оодорч буйг төрийн түшээд мэдэхгүй. Мэдсэн ч зарим нь дуугүй өнгөрнө. Таныг ирэх сонгуулиар энэ нутгаас гаргахгүй шүү гэхэд л навтасхийгээд чимээгүй болно. Монголын төрийн өнөөгийн байж байгаа үнэн нүүр царай энэ л дээ. Төр засаг нь ард иргэдийнхээ ахуй амьдрал, улс орны хөгжлийн төлөө хэмээн хуулиа баталж, ажлаа эхлэхээр очиход өмнөөс нь цэрэглэн босч байна гэдэг ердөө л тэнд байгаа хэдхэн феодалийн эрх ашиг хөндөгдөж байгаа хэрэг бус уу.

Халх гол дээр бас нэг зүйл яригдаж байна. Хятадын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” Буйр 22 гэдэг талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ талбай нь 780 мянган га газрыг эзэлдэг юм гэсэн. Тэрхүү га талбай нь чөлөөт бүстэй давхцаж байгаа учир 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох сонирхол Петро Чайна-гийнханд байж магадгүй гэх хардлага мөн л хэвлэлээр бичигдэж эхэллээ. Алслагдсан сууринд жагсаал хийж буй хүмүүс өндөр үнэтэй өнгөт хэвлэмэл материалыг барьж, зохион байгуулалттай жагссан нь ингэж хардахад хүргэж байгаа юм. Магадгүй, Петро Чайна-гийн нөлөөгөөр “Бүгд найрамдах Халх гол ард улс” байгуулагдаж Монгол төрийнхөө эсрэг босоод байгаа юм биш байгаа даа.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүгд найрамдах Халх гол ард улс” руу очих нь гэсэн яриа гараад намжсан. Дөчөөд оны дундуур байх аа, баруун хилийн тулгаралт гэж эх орны баруун хязгаарт айхтар юм болж олон аавын хөвгүүд эрсэдсэн. Маршал Чойбалсан өөрийн биеэр очин Ховдын Булганы Алаг толгой гэдэг газар Оспантай уулзаж байсан түүх бий. Түүн шиг Монгол төрийн тэргүүн зүүн хилийн “тулгаралт” руу очих нь ээ гэх бодол төрснийг нуух юун.

Монгол Улс нэгдсэн нэгдмэл бодлоготой, хууль цаазтай хүчирхэг улс орон юм бол Халх голын асуудал дээр хатуу арга хэмжээ авч, төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон. Улсын Их Хурал ажлын хэсэг гаргаж, Халх голд чухам юу болоод байгаа, юуны учир тусгаар улс байгуулагдсан мэт бослого тэмцэл өрнөөд буйг олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээлэх хэрэгтэй байна.

1939 онд Халх голд Монголын төр, Монгол Улс ялж байсан түүхтэй. Харийн дайсантай тэмцэж эх орныхоо тусгаар тогтнолыг авч үлдсэн. Тэгвэл өнөөдөр Монголын төр “Бүгд найрамдах Халх гол ард улс”-тай тэмцэж ялж ялагдахаа үзэх болжээ. Ийм л нэг инээдэмтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр байдал нийгэмд бий боллоо. Сүүлд нь нэмээд хэлэхэд, энэ бүхэн юуг харуулна вэ гэхээр Монгол төрийн бодлого алдагдаж ямар ч уялдаа холбоогүй, хүнээр бол гар хуруу, мөч бүхэн нь тасарч санжчихсаны тодорхой дүр зураг юм. Төрийн алтан гагнаас хэдийнэ заадал бүхнээрээ салсан учир энэ олон ханлиг улс бий болж, “Бүгд найрамдах ард улс”-ууд гарч ирэх нь. Номхон бурхныг нохой хүртэл долооно гэгчээр Монголын төрийг хэн дуртай нь боорлодог болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Дамбийн Дашдондов: “Уулзах л юмсан чамтайгаа” дуунаас эхлээд олон бүтээлээр минь хүмүүс намайг мэддэг юм

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа.

-Та бол яруу найрагчийн хувьд бас л зангарагтай, утга зохиолд өөрийн гэсэн томоохон буурь хатгасан хүн. “Сарны гүмүда”, “Навчсын дуулал” гээд яруу найргийн олон шилмэл бүтээл хэвлүүлсэн. Гэвч нэг л нам гүм байж бүтээлээ туурвисаар ирсэн. Эндээс яриагаа эхэлмээр байна?

-Баярлалаа. “Навчсын дуулал” шүлгийн ном минь улсын ном эрдэнэсийн санд хадгалах 2006 оны шилдэг номоор, “Бөлбөөхийн аялал” шүлгийн ном минь хүүхдэд зориулсан уран бүтээлийн шилдгээр шалгарч намайг баярлуулж л байлаа. Дотогшоогоо чимээгүй “хашгирдаг” гэх үү дээ.

-Утга зохиолын ертөнцөд хэзээ анх хөл тавьсан бэ. Яруу найргийн багш гэдэг ч юм уу, бичих туурвих зүйлд чинь урам өгч дэмжсэн хүмүүс гэвэл аваргуудаас хэн хэн байна.?

-Анхны “шүлэг” 1967 онд “Алтайн хөгжил” дээр хэвлэгдэж билээ. Тэгээд л орхичихсон юм. Тоо физик хөөгөөд явчихгүй юу. Гэхдээ угийн дуртай юмаа хүн бүр орхино гэж юу байх вэ. “Худаг дээр” шүлгий минь П.Пүрэвсүрэн ах 1983 оны “Утга зохиол, урлаг” дээр анх тавьж, дараа нь С.Дашдооров ах 1985 оны “Цог” сэтгүүлийн “Оч” буланд хэдэн шүлгийг минь тавьж бөөн баяр болж явлаа. Тэр үед би Эрдэнэтийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал, нэг л их завгүй амьтан явлаа л даа. Тэгэхэд Нямбуугийн Нямдорж багшийн минь хэлсэн нэг үг надад их нөлөөлж намайг бүр гайхшруулж билээ. “Чи шүлэгч болъё гэвэл уран бүтээлээ ажлынхаа дээр нь тавь” гэсэн юм.

-Тэгээд ажлынхаа дээр тавьсан уу?

-Тэр чанга цагт чинь ажил албаныхаа дээр юун өөр юм гаргах. Ажил овоо өөдрөг явна, эргээд харахаар бичсэн юм байдаггүй, бухимдана. Тэгээд л шөнө дүл болтол суудаг болсон. Тэгтэл П.Пүрэвсүрэн ах юу гэсэн гээч. “Чи сайн шүлэгч болъё гэвэл уран бүтээлээ амьдралынхаа дээр тавь” гэдэг байгаа. Мань эр дуучин Ж.Сэлэнгэ эгчид өгөх захидлаа надаар дамжуулсан удаатай. “Тэр нэг хар юм нь Сэлэнгээг нүддэг гэнэ ээ. Тэр сайхан амьтны чинь хаана нь гар хүрдэг байна аа. Тэрнийг нь бодохоор дургүй хүрэх юм” гэж надад аминчлан хэлээд нэг их санаа алдсансан. Нэг тийм гэгээн хайраар л хайрладаг байсан байх гэж би бодоод Пүүжээ ах, Сэлэнгэ эгч хоёрыгоо өрөвдөж л явлаа. Би амьдралдаа хоёр зохиолчийн хайрын захидлыг зөөсний нэг нь тэр юм.

-Та уран зохиолын олон төрөл жанраар туурвидаг. Яруу найргаас гадна “Есүхэй”, “Ану хатан”, “Тэнгэрийн гэрээс” түүхэн дууриуд, мөн “Бөртэ” хөгжимт драм гээд тайз дэлгэцийн олон бүтээлүүд бичиж их урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулсан?

-2002 онд Мишигийн Цэдэндоржийн мэндэлсний 70 жилийн ойн яруу найргийн наадам Алтай хотод болсон. Би тэр уралдаанд нь тэргүүн байр эзэлж явлаа. Тэгээд Халиун сум руу явцгааж алдарт Бурханбуудай уулын бараа сүрд залбирч, Уст Чацран голын “Хавчиг өтөг” хэмээх газар орших Цэ багшийн төрсөн гэрийн буурин дээр очсон минь сэтгэл их хөглөсөн хэрэг. Ирээд л “Есүхэй” дуурийн цомнолоо бичсэн. Тэрнээс хойш арав гаруй шүлгэн жүжиг бичсэнээс “Бөртэ” маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах үндэсний хорооноос “Хамгийн хамгийн шилдэг” бүтээл өргөмжлөл, “Тэнгэрийн гэрээс” фольк дуурь маань “Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны гран при шагнал хүртсэнийг би нутаг усны минь хийгээд Цэ багшийн минь тэнгэрийн хишиг гэж сүслэн боддог юм. “Ану хатан” бол Монголын анхны фольк дуурь. 2008 онд ДБЭТ-т аваачиж энэ дуурийг тоглосны дараа тэдний уран сайхны зөвлөл хэлэлцээд “Урьд өмнө гарч байгаагүй өвөрмөц шийдэлтэй, шинэлэг сайн бүтээл болжээ” гэж үнэлсэн юм. “Монгол рок дуурь тавих оролдлого хийсэн удаатай. Харин танайх Монголын анхны фольк дуурийг тавьж чадлаа” гэсэн Сэргэлэн даргын үгэнд ч манайхан их урамшсан. Энэ чинь Дуурь бүжгийн эрдмийн театрын үнэлэлт гэж бодохоор сайхан байдаг юм. Дуурийн алдарт дуучин том хэмээх Баттөр “Ану хатан” дуурийн Галдан хааны дүрд тоглосон тоглолтоороо тэгэхэд магистрийн зэргээ хамгаалж байлаа шүү дээ.Хөгжмийг нь Баатарын Цэрэндондов туурвисан. Ёстой гайхамшигтай сайхан аялгуутай хөгжмийн зохиолч шүү дээ. СУИС-ийн дуулаачийн ангийн хэсэг оюутнууд үзээд “Бид өмнө нь хэд хэдэн дуурь үзсэн. Ингэж сэтгэл хөдөлж бадарч байгаагүй” гэж чин сэтгэлээсээ хэлж байсныг дуулахад урамтай л байлаа.

-Сүүлд “Монголын их хатад” гэх өвөрмөц шийдэл бүхий бүтээл тайзнаа тавигдсан. Түүнийг зарим хүн таны цомнол гэх юм билээ?

-2014 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад тавьсан “Монголын их хатад” бүжгэн туульсын тухай асууж байна уу. Түүнийг найруулсан бүжиг дэглээч Д.Баярбаатар надад Н.Болдын цомнол гэж хэлсэн шүү дээ. Би яруу найрагчаар нь оролцсон юм. Энэ бүтээл тайзанд тавигдахаас хоёр сар гарны л өмнө байх, над руу Баярбаатар утасдаад, “Бид нэг ийм бүтээл тавих гэтэл хатад хоорондоо ялгардаггүй ээ. Та есөн хатанд зориулж үзэгдэл бүрийн өмнө хэлэх 8-12 мөр шүлэг бичиж ирүүлээч. Бас хатдын дууны үг, хэлэх шүлэг, тууль хайлах үг хэрэгтэй” гэлээ. Тэгээд л цахим шуудангаар харилцаж, заримдаа утсаар ч ярих бил үү. Би уран бүтээлийн зовлон мэдэх болохоор, нөгөө талаар “Есүхэй”, “Бөртэ”, “Ану хатан” түүхэн шүлгэн жүжгүүд, “Гоо марал”, “Алунгоо” зэрэг дууны үг бичээд дуулуулчихсан. Тайзанд тавигдаагүй байгаа ч бас “Жамуха”, “Дөргөн”, “Сорхогтан” гээд түүхэн дуурийн цомнол, шүлэглэсэн жүжгүүд зохиочихсон хүн шүү дээ. Тийм болохоор богино хугацаанд Баярбаатарын захиалгыг биелүүлсэн. Ер нь Баярбаатарын найруулга, бүжгийн дэг, хөгжим, хөгжмийн найруулга, тайз, хувцас, жүжигчдийн гүйцэтгэл гээд бүх юм нь жигд сайн, их сайн бүтээл болсонд би их баярлаж явдаг юм даа. Харин жүжгийн зар сурталчилгаанд миний нэрийг эхэн үедээ огт дурдаагүй байсан. Н.Болдын цомнол, Д.Баярбаатарын найруулга, Б.Мөнхболдын хөгжим гээд бүхий л уран бүтээлч, оёдолчин, ажилтан бүх хүний нэрийг бичсэн атлаа шүү. Асуусан чинь таны нэрийг мартчихаж гэсэн. Сүүлд нь цахим танилцуулга дээрээ яруу найрагч гэж оруулсан байна лээ. Би уран бүтээлчдийн нэг хэсэгтэй уулзаж энэ бүжгэн туульс хэрхэн бүтсэн тухай ном хийе гэж бодсон чинь хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй, тэгээд л өнгөрсөн.

-Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл бол дууны урлаг. Та дууны яруу найрагчдын гол төлөөлөгчдийн тоонд зүй ёсоор орох байх. “Цайныхаа дээжийг тандаа барья, цамцны чинь товчийг бөхлөөд өгье”, “Би хөдөөний хүн”, “Цэцгээр хорвоо бялуурахын цагт санаагүй байж мэднэ ээ ээж ээ”, “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ”, “Уулзах л юмсан чамтайгаа” гээд олон хит дууг нэрлэж болно. Дуутай холбогдсон түүхээсээ ярихгүй юу?

-Ая хийсэн 200 гаруй, дуулагдсан 100 гаруй дуу бий. Тэр бүхний түүхийг ярина гэвэл зай талбай хүрэлцэхгүй байх. “Ханийн тэнгэр” дууны үгийг Н.Чулуунхүүд утсаар өгч байлаа. Тэр үед гар утас гэж байсангүй. Чулуунхүүгийн өрөөнд Л.Мөрдорж гуай, сэтгүүлч Б.Дашзэвэг хоёр хамт сууж байтал нь би Эрдэнэтээс утсаар ярьж үгээ өгч таарсан байдаг. Мөөеө “Нөгөө дээлийн чинь сугыг товчлоод өгье …” гэдэг дуугаа аль нэг дуулаатхаач гэж Чулуунхүүгээс хүсдэг байсан юм гэнэ лээ. Тэр агуу хөгжмийн зохиолч намайг нэг дууны үг өгч явуулаач гэснийг нь би гэдэг мулгуу алгуурлаж яваад өнгөрөөчихсөн. Одоо хэр харамсдаг юм. “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө”, “Тэмээн сүргийн говь”, “Эмчээ дуулъя” зэрэг сайхан дуунуудын шүлгийг бичсэн О.Цэрэндэндэв гэж миний хүргэн ах байлаа. Цэрэндэндэв ахаар хэлүүлсэн байж билээ. “Уулзах юмсан чамтайгаа” дуунд хэн ая хийснийг олохсон гэж бодож явтал дуучин Т.Баясгалан манай ордонд ирж тоглолт хийв ээ. Үзэгчдэд хандан “Надтай Дэлгэрмөрөнг орлон хамтран дуулах цоглог залуу байвал гараад ирнэ үү” гэдэг байгаа. Тэрхэн зуур нь би өрөө рүүгээ гүйж “Навчсын дуулал” номтойгоо тайзан дээр гараад “Уйлж л дуулмаар дуу байдаг даа

Учирлаж ярьмаар хайр байдаг даа

Уйдахын аргагүй бодол байдаг даа

Уудалж онгоймоор сэтгэл байдаг даа…” хэмээн “Уулзах л юм сан чамтайгаа” шүлгээ уншсан чинь Баясгалангийн нүд орой дээрээ гараад ирэх нь тэр. “Надад нэг хүн гараар бичсэн энэ үгийг авчирч өгөөд, ая хийлгэвэл гоё дуу болмоор юм байна гэсэн. Яруу найрагчийг нь олж уулзахсан гэж боддог байлаа, та байжээ” гэхэд үзэгчид алга нижигнүүлээд явчихсан. Тэгж Б.Дашдондог гавьяат аялгуу оруулсныг Баясгалангаас мэдэж авсан юм. Иймэрхүү түүх олон. Энэ дуунаас аваад олон бүтээлээр минь хүмүүс намайг мэддэг. Бүтээлээрээ алдаршина гэдэг сайхан.

-Ерээд оны эхээр “Би жинхэнэ монгол билиг танхай хөдөөний хүн” гэдэг дуу бас л шуугиулж байлаа. Хөдөө гадаагүй дуулж байсан даа?

-Өө бүр өвөр монголчуудын дунд хүртэл түгсэн гэнэ лээ. Бадарчийн Магсаржав бид хоёр долоо хоногийн дотор хөдөөгийн сэдэвтэй 10 дуу хийж байлаа. Хөдөө аж ахуйн биржийн захирал Бадамдорж гэж сайхан зантай нийтэч эр Эрдэнэтэд байлаа. “Би хөдөөний хүн” дууг минь сонсчихоод та хоёр хөдөөний сэдэвт хэдэн дуу хийгээтэх. Манай бирж мөнгийг нь гаргаад олны хүртээл болгох тал дээр тусалъя гэхээр нь сэтгэл бадраад хэд хэдэн дуу хийсэн. Гэтэл Маагаа маань Эрдэнэтээс шилжин нийслэлд гаалийн түшмэл болон мандаж, нэг хэсэг манаргаад дараа нь урд хөрш рүү одоод, тэгж явсаар мартагдахгүй юу даа.

-Зохиолчдоос хэн хэнтэй ойр байдаг вэ. “Навчсын дуулал” номын өмнөтгөлд Д.Цоодол найрагч их л халуун дулаан үг бичсэн байдаг. Ер нь зохиолчид таныг ярих дуртай, өөрсдөө ойртуулж буй нь анзаарагддаг юм?

-Эрдэнэтийнхээ хэдтэй л илүү ойр байх юм даа. Холоос гэвэл Д.Цоодол, Д.Урианхай, Бавуугийн Лхагвасүрэн, Санжийн Пүрэв, П.Бадарч, Ш.Сүрэнжав, Т.Галсан, Далхаагийн Норов, Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав, С.Оюун, Д.Лхасүрэн, Л.Мягмарсүрэн, Г.Чардаг, Ц.Цэнд, Д.Цэрэннадмид, Б.Цэрэнжамц, Д.Ганчимэг, Ж.Батцэцэг, Ц.Буянзаяа, А.Эрдэнэ-Очир, Б.Эрдэнэсолонго, Ж.Баяржаргал та нар гээд л бүгдтэй чинь л ойр дотно яваа гэж боддог. Бас сэтгэлд их дотно санагдах Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ш.Лхамноржмаа, за даа алийг нь гэхэв дээ. Тэдэнтэйгээ уулзаж хөл хөөрцөг болох ч сайхан шүү.

-Уран бүтээлчдэд цаг улирлын аяс байдал их нөлөөлдөг л дөө. Энэ намрын өдрүүдэд ямархан бүтээл туурвиж сууна?

-Намрын улирал яльгүй сэтгэл гэгэлзээд гоё. Ойрын хэд хоногт өдөр бүр шүлэг бичлээ. Уран бүтээлийн дөрөвдүгээр ботио бэлдэж байна. Энд тэндээс дууны үг гэх хүн бас гарах юм. Уржнан Хятадын Зохиолчдын хорооны урилгаар А.Эрдэнэ-Очир тэргүүтэй хэдэн зохиолч Бээжин, Шанхайгаар аялсан. Тэгж явахад Дарамын Батбаяр ахын хэлсэн үг сэтгэлд хадаатай явна. Одоо та нар л томоохон хэмжээний хүүрнэл зохиол бичихгүй бол хэн бичих вэ гэсэн. Би сүүлд тэрлэсэн шүлгээсээ цөөн мөр хэлмээр байна.

-Тэгээч хө?

“Хэн нэгэнд хэлчихээд таг мартчихсан

Хэрэггүй үгийнхээ чулуунд бүдрэх

Хаа нэгтээ алдчихсан амныхаа араас

Харанхуйд тэмтчин аянгат бороонд цохиулах

Зүүдэндээ бусдын амрагийг тас тэвэрчихээд

Зүгээргүй л байсан юм шиг зүрх хөндүүр сэрэх

Зүсээ хааяа толинд зэрвэсхэн харчихаад

Зүүнд хурууныхаа өндгийг хатгуулсан мэт цочих …

Тэр хөөрхөн нялх амьтныг хараагүйсэн бол уу…

Тэгээд л өнгөрөх байсан мэт бодогдох…”

-Эрдэнэт хотод Дамдинсүрэнгийн Мандахсан гэж сайхан хүн бий. Саяхан манай сонинд ярилцлага өгсөн. Мөн Лхагвадоржийн Болдсайхан, Намжилын Мөнхбаяр, Намсрайжавын Батжаргал, Хавааны Байыт, Дүгэрийн Отгонбаяр гээд олон галтай найрагч бий. Галсангийн Хорлоо гэж буянтай буурал бас бий. Ер нь уран зохиолын том арми байна аа даа?

-МЗЭ-ийн гишүүн 20 гарчихлаа. Онцлог нь өөр өөрийн гэсэн өнгө аястай шүү. Намсрайжавын Батжаргалын “Зүр хонгор аялгуу” гээд туульсын том шүлэглэсэн бүтээл бол Чойномын “Хүн” романаас хойш манай уран зохиолд гарсан үзэгдэл гэж би боддог. Сүүлийн арваад жилийн дотор Дамдины Пүрэв маань есөн роман бичиж хэвлүүллээ. Намжилын Мөнхбаяр дөнгөж саяхан “Дотоод цуурай” шүлгийн номоо гаргасан. Уран зохиолын хүрээнийхэн их ам сайтай байгаа.

-Тэр жил Эрдэнэтэд “Болор цом” болоход та шүүгчээр сууж байсан. Соёлын ордны даргаар хэдэн жил ажилласан. Тэнд очсон уран бүтээлч болгоныг халуун сэтгэлээр хүлээж авдаг байсныг тань мэдэх юм. Ер нь Эрдэнэтэд очиж байсан зохиолчдын дурсамжуудыг, тэдэнтэй наргиж явсан тухайгаа хуваалцаач хө?

-За даа, алийг нь ч хэлж барах вэ дээ. Манай Эрдэнэтэд ирээгүй зохиолч, яруу найрагч бараг үгүй дээ. Бид чинь уулзахаараа л нэг их хөөрч, шүлгээ уншиж, бас дуулсаар шөнийг авдаг даа. Дашзэвэгийн Банзрагч найрагч мөн ч эвлэг сайхан дуулдагсан. “Жил жилээр дундарсан Жирмийн цагаан нуур минь …” гээд л дуулж байсан нь одоо ч чихнээ сонсогдох шиг. Д.Мандахсан найрагч “Саарал морины минь сүүл юм шүү, Сайхан хурууны минь дэм юм шүү, Саваагүй муудаа сурсан юм биш ээ, Самбай цуглуулахаар сурсан юм…” гэж ирээд л дуулна. Л.Болдсайхан “Намбуулаа”-гаа, Т.Сэр-Од “Аралжидмаа”-гаа дуулна. Хүн бүр л өөрийн гэсэн нэг нэг сүлд дуутай. Тэрнийгээ дуулж байж л тарна. 2004 онд бил үү дээ, Ц.Буянзаяа, Н.Батжаргал, Л.Болдсайхан, Ц.Цэнд, О.Жадамба, Л.Чулуунцэцэг бид нийлж аваад Булганы Сайхан сум руу гарч өгөв өө. Буянзаяагийн ах дүүс бидэнд тусгай гэр барьж өгөөд, айраг шимж, хөзөр тоглосон шиг хэд хоног сайхан ч амарсан. Буянзаяагийн ээж нь гэж хүний хайлан болсон сайхан буурай бидэнд шүлэг уншиж өгөөд л. Найрагчийн ээж гэж аргагүй ийм л байдаг даа гэх бодол төрж билээ.

-Та афоризмын бие даасан номоо хэвлүүлсэн цөөн найрагчийн нэг дээ?

-Гарын таван хуруунд багтах байх аа. 600 гаруйг бичсэнээс 400 орчмыг нь “Анзаарлын төгс хэлбэршил” номондоо шигшин оруулж 2012 онд хэвлүүлсэн. Афоризм гэдэг чинь хоосон цэцэрхэл, хэн нэгний сэтгэгдэл биш. Амьдрал таньсан хүний анзаарч харсан гарцаагүй үнэнийг хамгийн цөөн үгээр, нэг хоёрхон өгүүлбэрт багтаан урнаар хэлсэн үг байдаг гэж би ойлгодог.

-Жишээлбэл?

-Бусдын төлөөх шаналангаар бууралтсан зүс гоо харагддаг. Хэн нэгэн чамд атаархаж байвал өөрийгөө овоо явна гэж баярла. За ингээд болох уу?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэнэг Үүл (Бат)

Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэнбугай билээ, аан?

Нийслэлийнхнийг итгэл найдвартай, Улаанбаатар хотыг мөрөөдөлтэй болго гэж чамайг хэн албадсан юм. Хотын намын хороо л найдвартай, хотын дарга нар мөрөөдөлтэйгөөр арав, хорь, гуч, бараг зуун жилийг өнгөрөөгөөд болоод ирсэн байхад, чи юу ч билээ.

За яахав, даргатай даргагүй хөгжөөд ирсэн хот цаашаа явдаг л юм байгаа биз. Гэтэл айл бүрээс албаар хураадаг хогны мөнгийг хогтой хаячихсан гэж ойлгуулаад болоод ирсэн байхад чи тэрбум тэрбумын үлдэгдлийг зарлаж, илүүдлээр нь хогийн уут тараан гайхуулж гэнэ. Одоо энэ хотынхон чинь “хогны мөнгө ч хог юм болохоор Улаанчулуутад асгачихсан” гэхээр яаж үнэмших юм бэ? Хот цэцэрлэгжүүлэх мөнгөөр гудамж талбайд цэцэг тарьж онгирон амьтны дургүйг хүргэж гэнэ. Хотын цэцгийг хувийн амьдралдаа ургуулж болоод ирсэн байтал, үхсэндээ тэгж гайхуулсан юм бэ, хохь нь.

Гэр хорооллынхныг машин нүүрс, гэрийн давхаргаар аргалаад саналыг аваад ирсэн уламжлалыг нураахаар хаанаас ирсэн гай вэ, чи. Одоо тэд хашааны газраа үнэтэй гэдгийг ойлгоод, түүнийгээ орон сууцаар сольж болдгийг мэдчихлээ. Гэр хорооллынхныг байртай, хүчтэй болгодог хэн юм бэ чи.

Хүүхдээ хулгайд сургаж, гарыг нь төрийн халаасанд хүргэхийн оронд барилга бариулж сургаж байдаг яасан тэнэг эцэг гээч вэ. Тэгээд хүний нэрээр завшуулж, нууц дансаар хөлжүүлэхийн оронд ил тод тендерт оруулж энэ тэр. Юм буруугаар эргэхэд хүүхдийнхээ өмнөөс шоронд орох золиосны хүнийг хүртэл бэлддэг байхад… чи яаж байна.

Тендерийг ил зарлаа л, ил шалгаруулаа л, миний хүүхдийг битгий сонгоорой гэж гэр хорооллынхонд хэлээд л…бүх юм шударгаар явуулчихвал болно гэж итгэж явдаг хүн байх гэж. Нийгэм шударга бусдаа дасаад ээнэгшсэн байгааг хараагүйн гай л даа.

Хүүхдээ юугаар амьдардгийг зарласнаараа олон амьтанд гай болсон доо чи. Олон түмэн гэнэтхэн сэхээ аваад цаадуулаас чинь “Танай хүүхэд юугаар амьдардаг юм бэ”, “Ямар бизнесээр ингэж баяжсан юм бэ” гэж асуухаар хариуд нь юу гэж хариулах болж байна.

Дээр нь алсын хараатай дарга нар хойч үеийнхнээ нураах, самрах, хөмрөхөд гаршуулж байхад хүүхдээ байшин бариулж сургаж суудаг, цъ! цъ! Үе үеийн сайхан удирдлага үр хүүхдэдээ “зүлгүүр ч бариулалгүй зүгээр жаргааж”ирсэн байхад чи хүүгээ ажилд сургаж, очиж очиж шавар нухуулж явдаг, яадаг садист вэ?

Чамаас хойших хотын дарга нар хүүхдээрээ ажил хийлгэж амьдрах юм уу? Дараа дараагийн дарга нарын гэр бүлийн амны хишгийг арчих хэн юм бэ, чи.

Чамайг 14 тэрбумыг үрсэн гэж МАН-ынхан буруутгаж байна. Тэднийг гүтгэлээ гэж уурлахаасаа өмнө ойлгох хэрэгтэй. МАН-ынхан улсын мөнгийг “идэж чадсан”, “идэж чадаагүй” гэж хоёр хуваадаг юм. Өөрийнхөө халаасанд ороогүй бүхий л хөрөнгийг яасан ч байг хамаагүй “үрэгдсэн”, “талаар болсон”-д тооцон гуньдаг юм.

Хэрвээ тэр үрсэн гээд байгаа 14 тэрбумыг өөрөө идчихсэн болж гэм чамайг ижлээ хэмээн үзэж үүрсэх байсан даа, тэнэг минь.

Ер нь бол өөрсдийнх нь аманд байсан шар тосыг булаалаа гэж уурлаад байгаа юм биш. Харин өмнөх үед амандаа оруулсаар ирсэн шар тосыг чиний үед хэлээрээ түлхсэнд үзэн ядаж байна. Үе үеийн удирдлагууд залгисаар ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх хэн юм бэ, чи.

Замын мөнгийг замаас нь хусаад болоод ирсэн байхад тэр их хөрөнгийг газарт нялаад аманд ч үгүй, хамарт ч үгүй болгочихоор чинь “мөнгө үрлээ” гэхгүй, яалаа гэх юм бэ? Зам нимгэрч хадгаламж зузаардаг зүй тогтлыг эвдэн зам зузаарч хадгаламж нимгэрдэг болгох гэж аль газраас ирсэн “мам бэ”, айн.

Хэрвээ өмнө нь засаглаж байсан МАН-ынхныг бүгдийг нь бариулж шоронд хийлгэчихээд өрөө тэднээс дутахгүй идэж уусан бол чамайг тэд уучлах байсан. Уучлах төдийгүй талархах байсан. Учир нь дараагийн сонгуулиар чамайг идсэн ууснаар дуудаж буулгаад эргэж ирэхэд идэх хоол баталгаатай учраас уучлах байсан. Гэтэл чи бусдын аманд үргэлж байсан бэлэн хоолыг бэрх хоол болгосон гэмтэй. Ер нь чиний араас юугаа бодож хотын дарга болох юм бэ?

МАН-ынхан хэзээ нэгэн цагт хотын удирдлагад эргээд сонгогдлоо гэхэд юугаа идэж хуйхаа мөлжих юм бэ? Энэ мөнгийг өмнө нь та нар яадаг байсан юм бэ гэсэн асуултад юу гэж хариулах юм бэ? Чамайг “Орших эс орших”-д тулгасан асуудал энд л байгаа юм.

Чи хотын иргэдийг ирээдүйтэй болгосон ч гэсэн хотын удирдлагыг ирээдүйгүй болгож байна. Дараа дараагийн хотын удирдлагыг хөдөлмөрлөж амьдрахаас өөр гарцгүй, бүтээн байгуулж байж тогтнохоос ондоо замгүй болгож байгаа чинь хорсолтой. Яагаад өмнөх удирдлага нь ингэж хөдөлмөрлөж, бүтээн байгуулж байгаагүй юм бэ гэсэн эргэлзээг нийслэлчүүдэд төрүүлж байгаа чинь бүр заналтай.

Удирдлага нь хотынхоо шүүсийг шимдэг тогтолцоог өөрчилж хотын иргэд удирдлагынхаа авьяас чадварыг шимдэг болгох хэн юм бэ, чи. Хувалз хачиг устгадаг дуст, креолин юм уу хаашаа юм бэ?

Бат-Үүл минь дээ, чи хийсэн юмныхаа үр дагаврыг бодохгүй юм.

Тавьсан шинэ шинэ замаар явж байгаа хүн бүхэн чамд дуртай л байгаа байх. Гэтэл зам барина гээд мөнгийг нь хусдаг, дараа нь дахиад яг барина гээд авдаг ийм мөнхийн циклиэр амьдардаг бүлэглэлийг яаж аж төрнө гэж байгаа юм бэ.

Шинэ байрандаа орж, насны мөрөөдлөө биелүүлж эхэлсэн гэр хорооллынхон өөрснөө бол баяртай л байгаа байх. Гэтэл “Надад санал өгвөл орон сууц хуваарилна” гэж хуураад сонгогддог нөхдийг яаж амь зогооно гэж бодоов чи. Тэднийг хямд зардлаар гэрийн дулаалга, машин нүүрсээр аргалж болсоор ирсэн сайхан уламжлал яахлаараа чиний үе дээр тасрах учиртай юм бэ?

Нийтийн тээврийн шинэчлэлд нийтийн тээврээр явдаг хотын иргэд л дуртай байгаагаас биш нийтийн тээврээс тэвэр тэврээр нь сааж ирсэн саальчид дургүй байгаа. Тэд яах юм бэ, чамаас болоод ажил хийж амьдрах болж байна уу?

Хувийн нууцыг хуулиар хамгаалж нуудаг байтал “Хотын төсөв одоогийнхоос 10-30 хувиар илүү” байсныг зарлах хэн юм бэ,чи. Чи адилхан л өөр шигээ дарга байсан улсын идэж уусан юмны барагцааг зарлах АТГ юм уу, шүүх бохироор юм уу, даварцан гар вэ?

Бат-Үүл ээ, чиний хамгийн тэнэг нь юу вэ гэхээр ийм байна. Байранд орсон гэр хорооллынхон, шинэ замаар давхих машинтайчууд, мөрөөдөлтэй, итгэлтэй болгосон хотын иргэд чинь чамайг хамгаална гэж итгэж байна уу? Чадвал алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах, чадахгүй бол хотыг чамтай хамт нураах гэж байгаа “улаан хамгаалагч” залуусаас тэд чамайг өмөөрнө гэж бодож байна уу. Ээ дээ, юу л бол доо.

Монгол хүн сэтгэл хангалуун байвал дуугаа хураадаг, баярласан бол цаашаа хардаг юм. Харин сэтгэл дундуур байвал дуу шуу орж, гомдож байгаа бол наашаа эргэн хэрэлддэг. Тийм учраас ууртай цөөнх, хорссон баганхи нь баяр хөөртэй олонхи, сэтгэл дүүрэн ихэнхийнхээ өмнөөс хувь заяаг нь шийдсээр ирсэн Монгол орон доо.

Жич: Чамаас болоод нийслэлийнхэн бид МАН-ын занаанд ороод байна. Тэд чамаас өшөөгөө аваад зогсохгүй чамайг сонгосон улаанбаатарчуудаас хариугаа авна. Чамайг самраад зогсохгүй нийслэл хотоо хөмөрнө. Арай л бөмбөг дэлбэлэхгүй байх. Гэхдээ бөмбөг дэлбэлсэн бол хамаагүй бага хохирох байж дээ гэхээр юм ч олон гарна. Яана даа.

Чи улаанбаатарчуудыг хотоо, нийслэлийнхнийг мөрөөдлөө хамгаалахаас өөр замгүй болгож байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Дэжидийн Жигжид агсны охин Навч: аавыг минь монгол киноны тэргүүн жанжин гэдэг дээ

Монгол Улсын тєрийн шагналт, ардын жүжигчин Дэжидийн Жигжид агсны охин Навчтай ярилцсанаа хүргэж байна.

-Танай аав Дархадын хотгороос тодорсон нэрт найруулагч. Хэдэн жилийн өмнө танай гэр бүлийнхэн 90 насных нь ойг нэр төртэй тэмдэглэж байсан санагдана?

-Тэр чинь 2009 он шүү дээ. Ерэн насных нь ойг амьхандаа л өргөн дэлгэр тэмдэглэх гэж багагүй зүтгэцгээсэн. “Аавын минь нөмөр” хэмээх ном бичиж хэвлүүлсэн. Манай аав чинь 1919 онд төрсөн хүн юм. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумынх. Миний бие аавынхаа нутагт хэд хэдэн удаа очиж байлаа. Харин аавтайгаа хамт очиж байгаагүй. Хорьдол Сарьдагийн нуруу, Шишгэдийн гол зэрэг дархад зоны нутаг, олон уул даваагаа кинонууддаа үлдээсэн байдаг. Радиогоор дархад дуу явахад “Алив миний охин чангалаарай” гэдэгсэн. Өөрөө бол дуу хуурт тааруу. Аав минь ээжээрээ овоглосон. Аавыгаа огт мэддэггүй гэдэг. Манай эмээ таван хүүхэд төрүүлсэн юм билээ. Тэгээд гурвыг нь амьдралын эрхээр хүнд өргүүлжээ. Аав отгон нь. Би эмээгээ үзээгүй. Ээж ч үзээгүй. Эр хүн шиг гүжирмэг, бяр чадалтай, шулуун шударга зоримог зантай хүн байсан гэж аав ээжид ярьж байхыг нь сонссон. Аавын ямар ч ажлын цаана гарах гэж шантаршгүй зүтгэдэг дайчин, зоримог чанар эмээгээс эхтэй болов уу.

-Хэдэн онд нутгаасаа гарч, сургууль соёлын мөр хөөсөн бэ?

-Сумынхаа бага сургуулийг дүүргээд хот руу багшийн сургуульд явах болжээ. Эмээ авдраа уудалж, эвхэж хадгалсан тавьтын хуучин дэвсгэрт гаргаж ирэн аавд өгөөд “Миний хүү аян замдаа сайн явж, эрдэм ном сураад ирээрэй” хэмээгээд баруун хацрыг нь үнсээд хоцорсон гэдэг. Хотод нэг жил суралцахдаа аав нөгөө мөнгөндөө гар хүрэлгүй байсаар зуны амралтаар нутаг буцахдаа гэрийн цагаан бүрээс худалдаж аваад явж байсан тухайгаа хуучилдаг юм. Тухайн үеийн багш бэлтгэх сургуулийн оюутан байхад нь Монголкино үйлдвэр анх байгуулагдаж, оросын мэргэжилтнүүд үйлдвэрт ажиллах авьяастай хүүхдүүдийг сонгон авахад аав багтсан юм билээ. Ингэж аав минь 16 настайгаасаа Монголкино үйлдвэрийн босгыг алхаж, алдар замналыг нь үргэлжлүүлсэн түүхтэй.

-Анхны бүтээл нь “Цогт тайж” гэдэг байх аа, Тарич гэж алдарт найруулагчтай хамтарч ажилласнаа Жигжид гуай дурссан нь бий?

-Аав зураг зурах дуртай, үсэг дармалдан бичих авьяастай, ялангуяа монгол бичгээр сайхан бичдэг байсан. Тиймээс кино үйлдвэрт анх зураглаачаар орсон байдаг. Анхны бүтээл нь “Цогт тайж” кино юм. Өмнө нь “Норжмаагийн зам” анхны монгол кинонд туслах оператороор ажиллаж байгаад 1945 онд “Цогт тайж” кинонд ерөнхий оператороор ажилласан . Оросын шилдэг найруулагч Юрий Тарич гуайтай аав гар нийлж ажилласан. Тэрхүү түүхэн кинонд алтан үеийн бүх сайхан жүжигчид хамт ажиллаад 24 насандаа урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж байв. Дараа нь “Сэрэлт” кинонд мөн ерөнхий оператороор ажилласан. Анхны найруулсан кино нь “Ардын элч”. 1959 онд дэлгэцэнд гарсан бүтээл шүү дээ. Түүнээс хойш “Үер”, “Хөдөөгийн баясгалан”, “Өглөө”, “Өнөр бүл”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Хүргэн хүү”, “Хөх ногооны униар”, “Жаргал даахгүй зовлон”, “Ард Аюуш” гээд 20 гаруй уран сайхны кино, 70 гаруй баримтат кино бүтээсэн байдаг. Монгол киноны түүх яалт ч үгүй аавтай минь холбоотой. Аав минь хэрхэн цар хүрээтэй, мундаг найруулагч байсныг уншигч олон надаар хэлүүлэлтгүй мэднэ. Монголын кино урлагийн жинхэнэ сод бүтээлүүд аавын минь гараас гарсан. Гэвч мэргэжлийн дипломгүй хүн. “Аав нь киноны сургуульд явж болох л байсан. Гэвч та нарыг л бодоод яваагүй” гэдэг байсан. Өөрөө мэргэжлийн сургууль төгсөөгүй болоод тэр үү, дүүг минь (УГЗ Биндэрийг хэлж байна) Москвагийн киноны дээд сургуулийг төгсөөд ирэхэд аав ихэд баярлаж билээ.

-Нэг кино бүтээгээд хэдэн төгрөг авдаг байсан бол. Ер нь аавынхаа нөмөрт эрхэлж явсан дурсамж гэвэл барагдахгүй дээ?

-Чухам хэдэн төгрөг авдаг байсныг сайн мэдэхгүй байна.”Аав нь сайдын хэмжээний цалинтай хүн шүү” гэдэг байв. Тэгэхээр их л мөнгө авдаг байсан байх. Киноны мөнгө бид хэдийн хувцас хунар, хоол хүнсэнд л таардаг байсан биз ээ. Өнөөдөр манайх гурван хүүхдээ амьдралтай залгуулах гэж сандарч л байна.Тэгтэл ижий аав хоёр минь арван хэдэн хүүхдийг бүрэн бүтэн явуулах гэж бусдын хэлдгээр “хуруу хумсаа хуйхалж” байж өдий зэрэгт хүргэсэн нь мэдээж. 1970 онд “Үер”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ төрийн шагнал хүртсэн юм. Шагналынхаа мөнгөөр дэлгүүрээс хоёр гоё хивс аваад үүрээд ирж байсныг санаж байна. Харин идэх дуртай зүйлийнх нь нэг жимс байсан. Алимыг том томоор нь хазаж, амтархан иднэ. Их сайхан шүдтэй хүн байсан шүү дээ. Насан туршдаа тэрхүү сайхан шүдтэйгээ байсаар өнгөрсөн. Нэг удаа Ардчилсан Солонгос улс руу яваад ирэхдээ том авдраар дүүрэн алим авчирч, айл айл руу бид хэдээр тараалгаж байсан юм. Ээжтэй нийлэхээс өмнө гэр бүлтэй байсан юм билээ. Найман жил болоход хүүхэд гараагүй гэдэг. Тэгээд ээжтэй нийлээд би төржээ. Намайг анхны үр гээд амь шигээ л хайрладаг байв. Гэхдээ надад эрхлэх хугацаа бага олдсон. Араас олон дүү нар минь залгаж төрөөд.

-Хүүхдүүддээ хэр ширүүн ханддаг байв. Зураг авалтын үеэр нэртэй жүжигчид Жигжид гуайгаас айдаг байсан тухайгаа дурсдаг?

-Ээж минь 12 хүүхэд төрүүлснээс нэг дүү маань багадаа эндчихсэн. Бид арваннэгүүлээ өссөн дөө. Олуулаа өсөх бужигналдаад сайхан ч хоол унд, хувцас хунар нь дийлдэхгүй хэцүү. Аав үдэш хүүхдүүдийнхээ өрөөстэй гутлуудыг хараад нэг хэсэг шинжинэ. Тэр бол нэгд, хэн гэртээ байгаа, хэн эзгүй байгааг бүртгэж байгаа хэрэг. Энэ үед байгаагүй бол яггүй асуудалтай тулгардаг байв. Хоёрт, хэний гутал муу тослогдсоныг шалгаж байгаа хэрэг. Хэн нь заваан залхуугаа шалгуулчихна. Хамгийн гол нь хэний гутал муудсан, хэнд гутал авах шаардлагатайг үзэж байгаа хэрэг. Энэ үед гутал нь муудсан хүний нүүрэнд баясал тодорно шүү дээ. Аав ээжийг гэртээ байхад манайх нам гүм, эзэнгүй юм шиг байдагсан. Аав минь хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн байсан. Өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйл дээр хэнтэй ч хамаагүй маргана. Тийм шударга, зарчимч, аливаа зүйлийн үнэний талд зогсож чадаж байснаараа аав минь өөрийнхөө хүрэх ёстой өндөрлөгт хүрсэн гэж боддог. Гэхдээ аавд шударга бус зүйлийн өмнө сөхөрч байсан үе бий. Нэг удаа аав ээж хоёр аминчхан яриа өрнүүлж суусныг би чих тавин сонссон юм. Ээж “Чамайг шоронд хийчихгүй байгаа даа” гэхэд нь би ихэд гайхан цочиж билээ.

-Юунаас үүдэн тийм яриа гарав?

-Хожим ойлгох нь ээ, “Түмний нэг” киноны хоёрдугаар ангиас болсон юм билээ. Энэ тухай сэтгүүлч Д.Хатанбаатарын “Монгол киноны тэргүүн жанжин” номонд тодорхой бий. “Түмний нэг” киноны хоёрдугаар анги “Хүний мөр” гарсны дараа 1963 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Намын төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан түүнийг уран бүтээлч нөхдийн нь хамт дуудан “Уран бүтээлдээ улс төрийн алдаа гаргасан тул арга хэмжээ авч, төлбөр төлүүлнэ” хэмээн түгшээж байжээ. Хуралдаан дээр үг хэлсэн дарга болгон аавын шинэ киног амьдралаас тасархай болсон, намын удирдах роль харагдахгүй байна, үндэсний үзлийг номлосон байна, “Нууц товчоо”-г харуулсан байна. Гол дүрийг гаднаас нь харахад Б.Ринченг санагдуулаад байна. Энэ киног ер нь ямар санаатай хийсэн юм гэцгээж байв гэнэ. Харин Цэдэнбал дарга дуугүй сууж байснаа “Жигжээд танайх хэдэн хүүхэдтэй болж байна” гээд зохиолоо өөрчлөх, дахиад батлуулах, хоёрдмол утгатай санааг цөмийг нь хасахыг үүрэгджээ. Аав энэ тухайгаа хэзээ хойно бидэнд цухас дурдахдаа “та нар минь л намайг аварсан шүү” гэдэг байлаа. Аливаад шударга, үнэнч байхыг өөрөөрөө үлгэрлэн алхам тутам сургаж байсан нь өнөө ч үр хүүхдүүдийнх нь ажил амьдралын мөрдлөг болж явна.

Categories
мэдээ цаг-үе

“Макс”-ын Д.Ганбаатарын сарт хээр АНУ-д болох дэлхийн аваргад уралдана

“БРИДЕРС КАП”-ИЙН
ТҮРҮҮ ХҮЛЭГ ДУНДЖААР 1-6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛТАЙ

Монгол Улсын тод ман­лай
уяач Дагвадоржийн Ган­баатарын цэвэр англи цусны сартай хээр зүсмийн ажнай хүлэг
Америкт болох дэлхийн аваргын дэвжээнд тоосоо өргөх гэж байна. Тодруулбал энэ сарын
30, 31-нд Америкийн Кентаки мужийн Лэксинтон хотод морин урал­дааны дэлхийн аварга
шалгаруулах “Бридерс кап” тэмцээн болох юм. Наяад оны эхэн үеэс дэлхийн аваргын
уг тэмцээн АНУ-д зохиогдож ирсэн бөгөөд Францын Триумфальная Арка, Арабын
Дубайн цом, Австралийн Мельбурны цом, Америкийн Эпсомийн Дебри, Японы цом зэрэг
уралдаануудад бахдам амжилт гаргасан дэлхийн шилмэл хурдан хүлгүүд хурд хүч, ир
бяраа сорьдог ажээ.

Дээрх цомын тэмцээнүүдэд
түрүүлсэн моринд дунджаар 1-6 сая ам.долларын шагнал олгодог байна. Энэ нь өндөр
шагналд тооцогдох нь мэдээж. Мөн цэнгэлдэх хүрээлэнд морин уралдааныг үзэн сонирхож
буй бизнесмэн, тив, дэлхийн нөлөө бүхий эрхмүүд, моринд хорхойтой үзэгчид бооцоо
тавьж сэтгэ­лийн цэнгэл эдэлдгийг бид мэдэх юм. “Бридерс кап” морин уралдааны дэлхийн
аваргын дэвжээнд өмнө нь араб, будённый, тракен, ахал­тек, дон, кабардин,
орловын хатирч, англи-араб, англи-будённы, англи-кабардин, англи-крачеев,
англи-тракен, англи-терский үүлдрийн шил­мэл хүлгүүд шандсаа сорьж ирсэн түүхтэй
юм. Одоогоос гурван жилийн өмнөх намар “Бридерс кап” уралдаан АНУ-ын Калифорни
мужийн Санта Анита цэнгэлдэхэд болж байсан. Тэрхүү уралдаанд хурдан морь
сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг таван сая долларын шагна­лын сантай классик
гараанд төдийлөн нэрд гараагүй Форт Ланед гэдэг америкийн халтар соёолон гараан
дээрээс өнгөлсөөр түрүү маг­найд хурдалж спортын нэвтрүүлгийн олон улсын сувгаар
хүн төрөлхтөнд хүрч байсан удаатай. Энэ удаагийн “Бридерс кап” тэмцээнд хоёр өдрийн
турш нийт 13 төрөлд ажнай хүлгүүд уралдах гэнэ. Нийт шагналын сан нь 26 сая ам.доллар
аж. Монгол Улсын нэрийн өмнөөс уралдаж байгаа тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian saturday” морины уралдах turf
sprint буюу богино зайн төрлийн шагналын сан нь нэг сая ам.доллар юм байна.

“МАКС” ГАНБААГИЙН
“Mongolian saturday” БУЮУ САРТАЙ ХЭЭР ТАВАН НАСТАЙ АДУУ

Д.Ганбаатар манлайн
дэлхийн дэвжээнд тоосоо өргөх гэж буй сартай хээр морь өнөө жил таван нас хүрч байгаа
аж. Уг ажнайг дааган настай байхад нь дэлхийд зартай “Keenland”-ын дуудлага худалдаанаас Монгол Улсын
тод манлай уяач, гавьяат малчин Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар цаашид хурдлах
зартай хүлэг болно гэх эрмэлзлээр авч байсан гэдэг. Онон манлай монгол угшлын адуунаас
гадна цэвэр цусны эрлийз адууг хүртэл гарамгай таньдаг гэдгээ “Макс” Ганбаагийн
сарт хээр дээр нотолсон гэж хэлж болох юм. Биеийн хийц галбир сайтай, тухайлбал,
эрүү түүш урт, магнай тэнэгэр, дөрвөн мөч
тэгш, гол ясны бяртай гэх онцгой хурдан адуунд байх олон шинж зэрэг бүрдсэн хэмээх
яриа тухайн үед уяачдын дунд хөвөрч байв. “Америкийн уралдаануудад удахгүй Монголын
нэрийг гаргасан адуу дуурсагдана. Онон манлайгаар шинжүүлж Максын Ганбаа дэлхийн
баячууд үнэ хаялцдаг талбараас хурдын удмын адуу худалдаж авчээ. Дэлхийн зангарагтай эрчүүдтэй Монголын
уяачид эн зэрэгцэж эхэллээ” хэмээх жиг жуг дуулдаж л байсан. Д.Ганбаатар манлай
эртнээсээ л хурдан адууны үүлдэр угсааг сонирхож, төрсөн ах тод манлай уяач Цэрэнжигмэдийн
хамтаар Макс угшил гэдгийг бий болгохоор зорьсон. Түүний хүсэл мөрөөдөл ийнхүү эхнээсээ
биелж “Макс”-аар нь овоглосон, Монголын нэрийг дуурс­гасан ажнай хүлэг тив, дэлхийн
шилдгүүдтэй Америкийн хамгийн алдартай уралдаанд ийнхүү шандсаа сорих гэж байна.
“Mongolian saturday” хэмээх нэртэй сарт хээр морь өнөө жил арваад тэмцээнд уралдахдаа
хоёр удаа түрүү магнай болж, гурван удаа аман хүзүүнд давхиж, мөн хоёр удаа гурвалсан
амжилтаар “Бридерс кап”-ийн ойрын зайн төрөлд дэлхийн алтан тууртуудтай хүч үзэх
болзлыг хангасан байна.

“Mongolian
saturday” буюу сарт хээрийн албан ёсны хуудсанд ингэж бичсэн байна. Түүний эцэг
нь “any given saturday” аж. Үүнийг монголчилбол байдаг л нэгэн бямба гариг гэсэн
утгатай үг болно. Харин эх нь “miss hot salsa” гэж байгаа. Мөн л хошин маягаар монголчилбол
“Хатагтай, халуухан салса” гэж бууна. Тэгэхээр “Макс” Ганбаагийн сарт хээр халуухан
Салса “хатагтай”-гаас төрсөн, байдаг л нэгэн “бямба гариг”-ийн үр төл ажээ. Байдаг
л нэгэн бямбын үр төл ийнхүү “Монголын бямба” болж, Чингисийн удмынхны өмнөөс Америкийн
дэвжээнд шандсаа сорихоор болсон түүх энэ буюу.

“МАКС”-ЫН УГШЛЫН
АДУУНУУД ХЭРХЭН АМЖИЛТ ГАРГАВ

Шинэ монгол адуу
үүсэж хөгжихөд үлэмж хувь нэмрээ оруулж яваа ах дүү тод манлай уяачдыг бид
“Жигүүр хул”, “Асгат саарал”, “Зандан хүрэн”, “Дэлт хээр” зэрэг энэ цагийн
хурдан хүлгүүдээр нь мэднэ. “Макс”
угшлын бага насны адуунууд 2006 оны
“Тамирын хурд”-д онцгой амжилт гарган хээр даага, халтар шүдлэн, сартай зээрд
соёолонгууд тус тус түрүүлж байсан. Цэрэнжигмэд манлайн зээрд үрээ тэр жил Алтан-Овооны
тахилгад айрагдаж байсан удаатай. Шинэ монгол
адууны гол төлөөлөл болох уг зээрд үрээний эцэг
нь ОХУ-аас авчирсан Будённый азарга бөгөөд эх нь 2003 оны улсын их баяр
наадамд зургаагаар давхиж, Архангайн 80 жилийн ойн даншиг, 2004 онд болсон
“Монгол азарганы бооцоот уралдаан”-д тус тус түрүүлсэн алдарт Зандан хүрэн
азарганы дүү гүү юм. Зээрд үрээ ардын
хувьсгалын 88 жилийн ой төрийнхөө их баяр наадмын хязаалангийн уралдаанд аман хүзүүдэж , Ламын гэгээн
Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370 жилийн ойн Хангайн бүсийн даншиг
наадамд магнайдаа тоосгүй ирж олныг гайхшруулж байсан. Америкийн морин тойруулгын
шилдэг хүлгүүдийг нэг хэсэг Монгол Улсын тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг
сойж байсан удаатай. Түүнийг эрлийз морьдын уяагаар гаршсан нэгэн гэдэг.

Тэрээр “Макс” үүлдрийн
шинэ монгол адууг бий болгоход хувь нэмрээ оруул­сан. Хоёр жилийн өмнө хурдан морьдын
дуудлага худалдаа зохион байгуулагдахад тод манлай уяач С.Ганхуяг өнөө жилийн дэлхийн
аваргын тэмцээн болох гэж байгаа АНУ-ын Кентаки мужийн дуудлага худалдаанаас авч
Монголд оруулж ирсэн цэвэр цусны англи үүлдрийн “Withheld” нэртэй гүүг зарахаар
болсон. Түүний санал болгосон гүү 35
мянган америк доллараар анх дуудуулж, моринд дуртай олны дунд шуугиан тарьж байсан
түүх бий. Гэвч Ганхуяг манлайн 35 мянган ам.долларын үнэтэй англи цусныг гүүг үнэ
цохиж авах хүн тухайн цагт гараагүй юм.

Монголын уяачид дундаас
олон улсад морь уях албан ёсны эрхийг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул Монгол
Улсын алдарт уяач Энэбишийн Ганбат авсан байдаг. Тэрээр С.Ганхуяг манлайтай хамт
нэг хэсэг “Макс” Ганбаагийн морьдыг Америкт уяж байсан юм. Тэрээр “Дэлхий дээр
цэвэр цусны Англи адуу хамгийн хурдан байдаг. Энэ адууг хүн төрөлхтөн бий
болгоод 300 гаруй жил болж байна. Гэтэл монгол адуу хэдэн мянган жилийн
түүхтэй. Бид хурдан адууны удмын бичиг гаргамаар байна. Монгол хүмүүс бид
өөрсдийнхөө таван үеэ мэдэхгүй байхад англи адуу 20 үеийн удмын бичигтэй байна.
Цэвэр цусны англи адууг зөвхөн уралдуулах зорилгоор олон жилийн үржил селекцийн
нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан. Уналга, ачлага, ан гөрөө, мал
хариулахад хэрэглэдэггүй, цэрэг дайны зориулалтгүй, махыг нь хүнсэнд
ашигладаггүй. Энэ адуу чухам ямархуу үнэ
цэнтэйг дараахь жишээ харуулна. Алдарт Нортерн Дансер азарга нэг сая долларын
ханштайгаар гүү гишгэдэг байсан. Монгол адуу 20-25 километрт 40км/цаг хурдтай
давхидаг бол шинэ монгол адуу 46 км/цаг хурдтай давхиж байна. Англи адуу 200
метрийн таранд 75 км/цаг хурдтай, 2400 метрийн уралдаанд 60 км/цаг хурдтай
давхидаг” хэмээн өгүүлж байсныг энд сонирхуулахад илүүдэхгүй биз ээ. Э.Ганбат уяач
албан ёсны эрхийнхээ дагуу эдүгээ Америкт ажиллаж амьдарч морин тойруулгын морьдыг
сойж байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүн хониныхоо зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ

Дэлхийн хөгжил дэвшил, техник технологийн түүхэн эрин үед монголчууд бид дэндүү хоцрогдмол, бүдүүлэг аж төрцгөөж байна. Мэдээллийн хурд санаанд багтамгүйгээр өндрөө авч, хүмүүний оюун ухаанаас ундарч буй танин мэдэхүйн шинэ шийдэл-нээлтүүд цаг минутаар хэмжигдэн ар араасаа давалгаалж байхад монгол хүн хониныхоо зунгагтай зууралдаж байна. Соёлт хүн төрөлхтөн аз жаргалтай, амар амгалан, иргэнээ жинхэнэ утгаар нь хайрласан хүнлэг нийгмийг хамтдаа бүтээж буй.

Гэвч Азийн Монголыг нүүдлийн мал аж ахуй нь тэр дундаа хонин сүрэг нь хоцрогдмол, бүдүүлэг, өрөвдмөөр харагдуулаад байгаа юм. Хонь гэдэг амьтан монгол хүнтэй их адилхан санагддаг. Ухаандаа бор, шар нүдтэй. Номхон, томоотой. Харин манайхаас өөр улс оронд хонийг үнэндээ тоодоггүй. Мэдээж хүнсэндээ хэрэглэнэ. Гэхдээ сүүлийн үед Европын болоод өндөр хөгжилтэй орнууд хонины махыг холестерин ихтэй гээд огт идэхээ больсон. Орчин үеийн шинжлэх ухаан тэгж нотолсон учир бараг л дэлхий нийтээрээ хонины махнаас татгалзсан. Монголчууд бид нэгэн хэвийн амьдрал, хэв загвараасаа салдаггүй, сэтгэлгээгээ өөрчлөх дургүй болохоор холестеринтой махаа “Монгол хүний биед сайн, олон жил идсээр ирсэн. Муу юм болоогүй” хэмээн өөрсдийгөө зөвтгөн идэж, өдөр тутмынхаа хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг.

Үүний уршиг нөлөө байлгүй, сүүлийн үед монголчуудын дунд сахарын өвчлөл ихэсч, хүний гол эрхтэн болох зүрх судсанд шууд нөлөөлөх болсон. Анагаах ухааны нэртэй эрдэмтэд, зүрх судас болоод чихрийн шижингээр дагнасан эмч нар энэ тухай амаа цангатал ярьж байгаа. “Манай иргэд холестерин, ханасан өөхний хүчил ихээр агуулсан хоол хүнс өдөр тутам хэрэглэх болсон нь зүрх судасны өвчлөлд гол нөлөө үзүүлж байна” гэж анагаах ухааны доктор, зүрх судасны их эмч Н.Одгэрэл хэлснийг жишээ болгоё. Мөн “Холестерин ихээр агуулдаг гээд гадныхан хонины махыг хүнсэндээ хэрэглэхээ больсон. Харин манайх л хэрэглээд байгаа юм” хэмээн мастер тогооч Н.Батчулуунаас аваад мэргэжлийн, салбар бүрийн хүмүүс санаа бодлоо хэлсээр ирсэн.

Монгол хүн холестериноор баялаг хонины махаа идсээр наслалтын хувьд жараас хол хэтрэхгүй байгаа нь хатуу үнэн юм. Соёлт хүн төрөлхтөн өнөөдөр хоол хүнсэндээ далайн бүтээгдэхүүн, үхэр, гахай,тахианы мах хэрэглэж дундаж наслалт нь наяас дээш үзүүлэлттэй байгаа. Зөвхөн хоол хүнсний хэрэглээнээс анзаарахуйд Монгол болоод гадны улс орнуудын иргэдийн ахуй амьдрал ямар том зөрүүтэй гэдэг нь хэнд ч ойлгогдохоор. Монголын тал нутгаар дэлхэн бэлчээрлэж буй хонин сүргийн мах нь ийнхүү зүрх судасны өвчлөлийн гол эх үүсвэр юм байна. Бусдаар ямар ашиг нөлөөтэй билээ гээд бодъё л доо. Ноосыг нь аваад үзье. Нэг килограмм ноос зах зээлд ердөө 300-400 төгрөгийн үнэ хүрч байгаа. Хуучин цагт ноосны үүлдэр угсаа гээд сүрхий яригддаг байсан. Одоо бүр чимээгүй болж. Арав гаруй жилийн өмнө буюу 2003 оны Засгийн газрын “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т нарийн, нарийвтар ноост хонины тоо ерэн оныхтой харьцуулахад 82-89 хувь хүртэл буурсан. Орхон, Ерөө, Жаргалант, Сүмбэр үүлдрийн ноосны чиглэлийн хонь үлэмж хэмжээгээр цөөрснийг тэмдэглэсэн байдаг.

Ноос нь үнэгүй, дээрээс нь арьс нэхий нь (2000 орчим төгрөг) үнэгүй. Тэгэхээр Монголын нутагт хамгийн ихээр тархан оршиж байгаа хонь юугаараа үнэ цэнтэй болж байна вэ. Ямар ч үнэ цэнгүй байгаа биз дээ. Хэнд, юунд хэрэгтэй гэж бид хонийг үй түмээр нь өсгөн үржүүлэх болов. Өнгөрсөн оны мал тооллогоор Монгол Улс 23.2 сая толгой хонь тоолуулсан. Өмнө оныхоос 3.1 сая толгойгоор өссөн гэх мэдээ гарсан. Энэ жил бас л тийм хэмжээнд өссөн байж таарна. Ингээд бодохоор манайд хонь гэдэг амьтан арай дэндмээр, хэтэрхий олон байна. Тоо толгойг нь багасгаж, үүлдэр угсааг нь сайжруулан цөөрүүлэх хэрэгтэй болжээ. Холестерин ихтэй, хүний биед хор болж байгаа махыг сүүлэнд нь шингээх, хуучны ууцан сүүлт гэдэг шиг тийм үүлдрийн хонийг бий болгох нь зүйд нийцнэ.

Дэлхийн улс орнуудад сурч боловсорсон, багагүй хугацаанд ажиллаж амьдарсан, хөгжил дэвшлийн түүчээ соёлт нийгмийг үзэж бахадсан хүмүүс Монгол нутагт буухад шууд л хонины зунгаг үнэртдэг гэдэг. Тал нутгийн салхи савир, хөндий хээр, ус голоос хонины шээс шингэг, шавхай үнэндээ нэвт шувт ханхлах нь ойлгомжтой шүү дээ. Дээрээс нь жилийн дөрвөн улиралд хараа салгалгүй хонио дагасан малчид нэг л аз жаргалгүй, гиюүрсэн, гансарсан, уйтай харагдах нь бий.

Өөрсдөд нь жаргаад байгаа юм шиг санагддаг байх. Гэвч тэд хэзээ ч аз жаргал гээчийг амсдаггүй. Аз жаргалтай байхын эх үндэс нь сэтгэлийн амар амгалан юм.

Малынхаа хойноос сөртөн сөнөөстэй мөнхөд харуулдаж, олон малтай хэмээн бусдад ад үзэгдэж, гол төлөв ганц гэрээрээ ганьхарч яваа хүмүүст сэтгэлийн амар амгалан гэж яаж ч байх билээ дээ.

Малчдын гансармал, уйтай, жаргалгүй дүр төрхийг эрүүл саруул нүдээр харж, ухаалгаар тунгаахад монголчууд бид чинь малтайгаа зүй бусаар харьцдагаас болоод малын хараал хүрсэн юм биш байгаа гэх бодол төрдөг юм. Тэгж бодох шалтаг шалтгаан захаасаа аваад байна. Жишээлбэл, манай малчид хонио тэжээлээр бэлтгэн дулаан оромжинд байлгадаггүйгээс хэдэн саяар нь хөлдөөж, осгоож, өлсгөж алдаг. Амьтныг амьдаар нь хөлдүүс болгон, харсаар байтлаа өлсгөж ална гэдэг хүн төрөлхтний энэрэнгүй хүнлэг нийгэмд хамгийн харгис зүйл. Амьтны амь хариуцаж буй гэдгээ ухамсарлан үүрэг хариуцлага хүлээж сураагүй учир өвөл, хаврын өвс тэжээлийг сайтар базаана гэж үгүй. Хахир өвлөөр хэдэн малдаа ёр юм шиг хатуу ханддаг нь хачирхалтай. Мөн идэр есийн тэсгим хүйтэнд урдаасаа онгорхой, салж унах гэсэн хэдэн саргар хашаа бүхий хөлдүүс оромжинд малаа амьдаар нь хатаадгийг үнэндээ ойлгодоггүй. Битүү модон хашаа янгинатал бариад өгчихөж яагаад болдоггүй юм бол.

За тэгээд адуу сургана гэж амьдын там бий. Чихийг нь тас мушгиад, хамар уруулыг нь дарвайтал цорводоод, дөрвөн мөчийг нь тэлээд, амыг нь урж цуу цуу татаад, хэдэн талаас нь тархи толгойгүй нүдэж байж уналганд сургадаг. Амьтныг амьтан болгож “шок”-нд оруулж байж сая эрхшээлдээ оруулна. Үхрийг хөллөгөөнд сургахдаа мөн ялгаагүй. Хамрыг нь цуу татан дөрлөөд, нойтон хусан мунаар хавирга, нурууг нь хуга цохиж байж номхруулж авдаг. Гэтэл бусад улс оронд, соёлт нийгэмд тэс өөр байх юм. Адуу малтайгаа бүр унага, тугалнаас нь найзалж нөхөрлөх юм. Нялх унаганаасаа найзалж нөхөрлөсөн, илүүлж таалуулсан адуу эзнийхээ хамгийн дотнын найз нь юм шиг араас нь даган шогшиж, хүзүү толгойгоо өгч, ээнэгшин эрхэлнэ. Монголтой адилхан адуу мал шүү дээ. Манайхны адуу бол эзнээсээ сулрангуутаа дайснаасаа зугтаж байгаа юм шиг хар эрчээрээ алга болдог. Бараа сураг нь үзэгдэхгүй болно. Ингэж монголчууд малдаа дарангуйлагчаар хандаж, амьдаар нь хөлдүүс болгон тамласны эцэст малын хараал хүрсэн юм биш байгаа даа.

Дэлхий нийтээрээ глобалчлагдаж буй хөгжил дэвшлийн эрин үед бид бусад улс орнуудын адил аз жаргалтай, аливаад санаа зовох зүйлгүй урт удаан насалж, сайн сайхан амьдармаар байна. Тийм цаг нэгэнт ирсэн. Аз жаргалтай, хөөр баяртай тэгш дүүрэн амьдрахын тулд бид тамын малнаасаа, ялангуяа шивтэр шээг, зунгаг ханхалсан хониноосоо салах хэрэгтэй. Тэгж байж хөгжил дэвшилд хүрнэ. Сэтгэл амар, нуруу тэнэгэр амьдарна. Малын буян ирнэ гэж хичнээн жил ярив, одоо больё. Дээр өгүүлсэнчлэн тоо толгойг нь эрс багасгаж, үүлдэр угсааг нь сайжруулан суурин аж ахуйд шилжих нь хамгийн зөв зам болоод байна. Цаг үргэлж араас нь харуулдан ганьхарч, сэтгэлийн хар тамд унаж, өвлийн тэсгим хүйтэн хаврын шуурганд хамт осгож буяныг нь эдлэх шив дээ “Ам тостдог мал амь тасддаг болжээ” гэж Монголын нэрт нийтлэлч Жамбалын Гангаа нэгэнтээ бичиж байсан. Үнэхээр амьдын там болсон мал ам тостох биш, амь тасддаг болсон.

Categories
мэдээ цаг-үе

Нацагийн ТАРВАА: Домог болсон таван генералыг захирч явлаа

Өдгөө ерэн насны сүү­дэр зэрэгцэж буй Нацагийн Тарваа гуайтай ярилцлаа. Тэрээр спортын анхдагч эмч нарын нэгэн юм. Бүр тодруулбал, Монголд спор­тын эмнэлэг бай­гуу­­лагдахад даргаар нь ажил­­лаж байж. 1964 оны Токиогийн олимпод Монголын тамирчид анх оролцоход Тарваа гуай эмчээр явж байсан. Жаран найман оны Мехикогийн олимпод мөн л эмчээр явж Ж.Мөнхбат аваргыг мөнгөн медаль хүртэхэд гавьяа байгуулсан гэдэг. Хөнгөн атлетикийн анхны шигшээ багийн тамирчин, цанын спортын ууган мастеруудын нэгэн гээд түүний тухай өгүүлбэл барагдахгүй түүх хөврөх ажгуу.

-Монголд спортын эмнэлэг байгуулагдаж, биеийн тамирын эмч гэх алдрыг анхлан хүртсэн хүн бол та. Үүнээс улбаалаад тантай олон сэдвээр ярьж болно. Офицерийн сургуульд суралцаж байсан үеэс тань яриагаа эхэлье гэж бодлоо л доо?

-Өвгөн миний ажлын гараа бол яалт ч үгүй их жанжин Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулиас эхэлсэн түүхтэй. Тэртээ дөчин гурван онд Офицерийн сургуулийн долдугаар ангид элсэн орж байлаа. Тус сургуулийн тавдугаар ангид хожим ардын уран зохиолч болсон Сэнгийн Эрдэнэ гэж хүү байлаа. Манай сургуулиас олон алдар суутнууд төрсөн юм. Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зүтгэлтэн П.Хаянхярваа байна. Мөн ардын эмч, хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла байна. Тэд надаас ганц нэг дүү хүмүүс л дээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа манай сургуулийн хөгжмийн багш байлаа. Монголын анхны долоон генералын нэг Гончигийн Дагдан хурандаа цолтой захирал нь байлаа. Батлан хамгаалах яамны сайд байсан Монголын домог болсон генералуудын нэг Лувсангийн Моломжамц, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байсан дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, хошууч генерал Донойн Бямбаа, Сэнгийн Гомбосүрэн, Гэндэнпил гээд аваргуудын салаан захирагч нь би байлаа. Домог болсон таван генералыг захирч явсан гэхээр сайхан санагддаг. Саяхан Молом (Моломжамц генералыг хэлж байна) бид хоёр эмнэлэгт хамт хэвтээд гарсан.

Офицерийн сургуулийг Маршал Чойбалсан байгуулсан гэдэг. Та Мар­шалыг олонтаа харсан нь мэдээж. Танай сургуулиар ирж байсан уу?

-Тийм ээ, Маршал өөрөө байгуулсан сургууль юм. Анх Гандангийн тэнд дан цагаан байшинд байсан. Маршал өөрөө байгуулсан учир манай сургуулиар хааяа ирнэ. Сүх жанжны гэргий Янжмаа гуай мөн ирнэ. Залуу жанжин гэгддэг Жамьяангийн Лхагвасүрэн ирнэ. Энэ гурван хүн их ирдэг байсан. Сүхбаатар жанжны хүү Галсан нэг хэсэг манай сургуулийн захирал байлаа. Тэр үед Янжмаа гуай байнга ирдэг байсан. 1953 онд сургуулийн 10 жилийн ойгоор бид Маршалын өрөөнд очлоо. Тэр үед Засгийн газрын ордон одоогийн Боловсролын их сургуулийн байранд байсан санагдана. Маршалын өрөөнд орлоо. Хурлын өрөөнийх нь модон ширээнүүдийг улаан одончуу даавуугаар бүтээчихсэн харагдсан. Одоо эргээд санах нь ээ, Маршалын өрөө бусдаас онцгойрох зүйлгүй байсан. Сонсогч хүүхдүүдээ, өнөө хэдэн генерал, хожмын ардын цолтон, хөдөлмөрийн баатруудыг чинь би дагуулж орсон хэрэг л дээ. Тэднийгээ ахалж явсны хувьд Маршалын өмнө номхон зогсоод рапорт өглөө. Чойбалсан гуай товчхон үг хэлсэн. Түүнийг нь би хуучин монгол бичгээр тэр даруй нь буулгаж авсан юм. Маршалын хэлсэн, миний буулгаж авсан тэр үгийг манай сургууль үг, үсэг орхилгүй бичээд ханандаа хадчихсан, хүүхэд бүр цээжилж байсан юм даг. Ингэхэд би Маршалыг 1939 онд Дорноговь аймгийн бага сургуульд байхдаа харж байсан хүн.

Тэр тухайгаа сонирхуу­лахгүй юу?

-Дорноговийн бага сургуульд Маршал зочилж очсон хэрэг. Урьд өмнө хараагүй гоё хар машинтай хүмүүс очлоо. Сурагч биднийг гэрээс гаргадаггүй. Хүүхдүүд болсон хойно сонирхож гэрийнхээ тотгоор өнөө хар машинтай хүмүүсийг сонирхон харж, Маршалыгаа анх гэрийн тотгоор шагайж харсан түүх тэр. Бүрээ дуугарсны дараа гарна шүү гээд сургуулийн захирал мэдэгдсэн байв. Удаа ч үгүй бүрээн дуу тасхийлээ. Бид ч гүйлдээд гарав. Маршал хүүхэд бүртэй дотночилж гар барьж байсан. Зүгээр гар бариад өнгөрөх биш хүүхдүүдийг нарийн гярхай харж, хувцас хунарыг нь ажиглаж байсан. Маршалын нүдэнд хэд хэдэн хүүхэд өртсөн юм. Тэдний эсгий гутал цоорч жийрэг нь цувсан байсныг Маршал анзаарч, сургуулийн захирлыг загналаа. Тэгээд Сүрэнжав гэдэг хүнд хандан гутал нь цоорхой хүүхдүүдийн тоо аваадах гэв. Өнөө Сүрэнжав нь нэг, хоёр гээд гараараа дохиод тоолж эхэлтэл Маршал “Чи ямар мал тоолж байгаа юу. Командалж зогсоогоод өөрсдөөр нь тоолуулаач” гэж сүрхий уурлаж билээ. Бидний зургийг Дэмбэрэл гэж алдартай кино оператор авч байсныг сүүлд мэдсээн. Тэр зураг кино хальсанд үлдсэн байдаг. Маршалын тухай түүхэн кино зураг гарахад дорно дахины нэртэй академич болсон Ишжамцын дүр сүрхий тод харагддаг юм. Хүү нь Сэргэлэн гээд Архивын газрын дарга байсныг хүмүүс мэднэ байх.

-1964 оны Токиогийн олимпод Монголын тамирчид анх оролцсон түүхтэй. Та тэрхүү багийн бүрэлдэхүүнд спортын эмчээр явж байсан гэдэг?

-Анагаахын сургууль одоогийн Их сургуулийн харьяа Хүн эмнэлгийн факультет гэж байхад нь би суралцаж байсан. Офицерийн сургуульд байж байгаад орсон учир хөгшин оюутан байсан. Манай ангиас хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав тэргүүтэй Монголын анагаах ухааны нэртэй эмч нар төрсөн байдаг. Тус сургуулийн гуравдугаар ангид байхад Биеийн тамирын төв зөвлөлийн дарга Ядамсүрэн гэж хүн “Нөхөр минь чи спортын хүн. Спортын эмнэлгээр дагнан, сурч боловсрох хэрэгтэй байна” гээд юугаа ч мэдэхгүй оюутныг Москвад болсон дэлхийн биеийн тамирын эмч нарын курст улсын зардлаар явуулчихдаг юм.Ингээд тус курсыг төгсч ирээд биеийн тамирын төв зөвлөлд эмчээр ажилласан.

Токио, Мехико, Мюнхений гурван олимпод Монголын баг тамирчдын эмчээр ажиллах алтан хувь заяа надад тохиосон юм. Тэдгээрийг он дарааллаар нь ярина гэвэл урт түүх болно. Жаран дөрвөн оны Токиогийн олимпод манайх чөлөөт бөх, дугуйн спорт, хөнгөн атлетик, буудлага, гимнастик гэсэн төрлүүдээр оролцож байсан. Чөлөөт бөхөд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа нарын нэртэй тамирчид оролцож байсан. Тэдэнд би ойр зуурын эм тариа өгнө, иллэг массаж хийнэ. Бусад төрлийн тамирчдад ч ялгаагүй эрүүл мэндийн ямар үйлчилгээ хэрэгтэй байна, түүнийг нь хийнэ. Нэг инээдтэй гэмээр дурсамж хэлье л дээ.

Тэгээч хө?

-Жаран найман оны Мехикогийн олимпийн үе. Тэр үед зөвлөлтийн мэргэжилтэн Богданов гэж эмч манай тамирчидтай хэсэг хугацаанд ажилласан юм. Мань нөхөр зөвлөлтөөс нэг ч эм тариатай ирээгүй. Харин гаднын үзэгдэж харагдаагүй витамины гоёмсог хайрцаг хэд хэдийг авчирсныг нь би мэднэ л дээ. Богданов надаас C витамин авч тэдгээр хайцагнуудад хувааж хийснээ “Гагарин сансарт нисэхдээ энэ эмийг ууж байсан юм гэдэг” гээд манай хэдэд өгдөг байгаа. Би ч учрыг нь мэдээд чимээгүй байлаа. Ингээд олимпод оролцохоор Мехикод ирчихлээ, Мөнхбат маргааш нь барилдах гээд байж байтал өнөө “Гагарины эм” нь алга болчихож. Бөөн уур бухимдал. Нэг нь хусчихгүй юу. Манай хүн чинь уурлахаараа хамар дээр нь хэд хэдэн атираа үүсээд сүртэй шүү дээ. Маргааш барилдана гэж байтал эм алга гээд сүйд. Тэгэхээр нь би Мөнхбатад “Богданов буцахдаа надад хэдийг үлдээсэн юм. Хэрэгтэй үед наад хэддээ өгөөрэй гэсэн юм” гээд C витаминаас хэдийг өгчихлөө. Ингээд Мөнхбат маань Америкийн алдарт бөх Пэкхэмийг ялж мөнгөн медалийн эзэн боллоо. Эх орондоо анхны мөнгөн медалийг авчирлаа гээд бид бөөн баяр хөөр болсон нь мэдээж. Барилдаан дууссаны дараа аварга хэлж байна. “Тарваа эмч ээ таны өгсөн эмийн хүчинд л яллаа шүү дээ” гэв. Сүүлд би Мөнхбатад учрыг нь хэлээд сүвээ рүүгээ нэг айхтар хатгуулсан даа.

Сайнцог хурандаа нэгэнтээ “Монголын тамирчдаас хөнгөн атлетикийн Тарваа гуайг хайрлан хүндэтгэдэг. Энэ хүн миний хүүхэд ахуй цагийн шүтээн. 1958 онд 10 мянган метрийн холын зайн гүйлтэд түүний тогтоосон рекордыг наяад оны дунд үед л эвдсэн. Нэртэй тамирчнаас гадна спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их зүйл хийсэн гарамгай зүтгэлтэн” гэж хэлсэн нь бий. Тэгэхээр та олон хүний шүтээн болсон хүн. Цана, хөнгөн атлетикийн спортод үзүүлсэн амжилтаасаа дурдахгүй юу?

-Ерэн насны өндөрлөгт хүртлээ зүтгэхдээ спортоос бие, сэтгэл салгасангүй. Чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик, цана, дугуй, гимнастикийн алтан үеийн тамирчид намайг багш аа, эмч ээ, зарим нь дасгалжуулагчаа гэдэг. Би чинь 1943 оноос хөнгөн атлетикаар хи­чээл­лэж эхэлсэн. Б.Даш, Ж.Гом­босүрэн, Л.Чимиддорж, Ч.Най­дан гээд нэртэй дасгал­жуулагчдын удирдлагад бэлтгэл сургуулилт хийдэг байв. Хөнгөн атлетикийн төрөлд 30 шахам удаа рекорд шинэчлэн тогтоосон. 1953 онд холын зайн 10 мянган метрийн төрөлд 31 минут гүйсэн амжилт үзүүлж, улсын рекордыг шинэчилсэн. Энэ амжилтыг 1983 он хүртэл Монголын шигшээгийн тамирчид эвдээгүй юм. Харин Сэрээтэр гэж хүн 30 минут болгож эвдсэн бол сүүлд Сэр-Од гавьяат маань 29 минут болгож дэлхийн жишигт хүргэсэн. Хөнгөний анхны шигшээ багт дархан аварга Ш.Батсуурь, хурц арслан Ц.Бадамсэрээжид нар байсан. Шидэлтийн тамирчид юм. 1948-1962 он хүртэл цанын спортод тасралтгүй амжилт үзүүлсэн. Ууган мастеруудын нэг л дээ. Зундаа хөнгөнөөр гүйгээд намрын улиралд дугуй, өвөл цана, бусад үед нь гимнастикаар хичээллээд жилийн дөрвөн улиралд өөрийгөө сорино. Түүний буян юм байлгүй, ерэн настай надад өвдөх өвчин гэж алга. Одоо мөн ялгаагүй жуулчидтай дугуй болон мотоциклийн аялал хийгээд явж байна.

Монголын дугуйчид Бээжинд анх очиж Майн баярын жагсаалд ороход та явсан түүхтэй?

-200 гаруй хүн явна гэж өргөдөл гаргаснаас 12 хүн явж байлаа.Төв хорооны орчуулагч Тэшээжалбуу, Лувсанчүлтэм, Дотоод явдлын яамны Бат-Очир гээд албаны хүмүүс байсан. 1953 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Хоолтын давааны наахна хоноглолоо. Тэгтэл шөнөдөө битүү цас дараад хонодог байгаа. Босоо орхисон дугуйнууд бүгд унаад зөвхөн бариул нь харагдаж байж билээ. Буцъя гэхэд буцаж болохгүй. Биеийн тамир спортын хорооны дарга Жигмэддорж машинтай араас давхиж очин яв гэсэн тушаал өгсөн. Хоол хүнс ачсан ГАЗ-53 машин биднийг дагана. Монгол Хятадын хооронд биеийн тамирын найрамдалт харилцаа тогтоосны анхны уулзалт тэр юм. Хятадын Соёлын хувьсгал гараагүй байсан үе шүү дээ. Замын-Үүдийн хил дээр хүрээд очлоо. Хилийн баганын наана Монголын нутагт ганцхан бор гэр бөөвийтөл байж байна. Харин хилийн цаана эмнэлгийн тэрэг, усны машин гээд арав гаруй машин эгнээд зогсож байна. Хуучин манай нутагт байсан Цагаан-Овооны сүмийн үүдэнд хятадууд биднийг найрсгаар угтсан. Цагаан хэрэм, Жанчхүүгийн давааг тэгж л дугуйгаар давж байлаа. Майн баяраар Хятадын төв талбайд бид дугуйтайгаа жагссан. Монголын дугуйчид жагсаалд оролцож байна гэж зарлахад Мао Зедун дарга бидэн рүү гараараа даллаад элгэмсгээр мэндчилж байлаа. Мөн далан зургаан оны өвөл Хиагтаас Улаанбаатар руу цанаар явж байсан түүх ч бий. Энэ мэт Монголын спортын хөгжил дэвшлийн замд олон түүхийн гэрч болж дээ, өвгөн ах нь.