Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Араажив хутгалдаг кино шиг “ах нам” минь яачихаав дээ?

“Намар нахиалсан мод” Монголын уран сайхны киног манайхан мэднэ дээ. Ардын хувьсгалын дараахь жилүүдэд хөдөө сууринд олон сүм хийдийг тарааж, хүрээ хийдэд шавилан сууж байсан банди нарыг бичиг үсэгт сургах ардын сургуулиуд хэрхэн байгуулагдсан тухай үзүүлдэг дэлгэцийн бүтээл. Уг кинонд Сүххуягийн шавь нар болох “Зуун ламын сургууль”-ийн лам банди нар “Энэ нэг ховч хар юм нь яриад бид нарыг багшид матаад байна” гэж тухайн цагийн арааживыг хутгаар баахан сийчиж, дэвсэлж орхидог. Тэрхүү үйлдэл аль тэртээ гучаад оны Монголын харанхуй бүдүүлэг байх үеийн тодорхой дүр зураг.

Гэтэл сэргэн мандалтын, хөгжил дэвшил бүтээн байгуулалтын шинэ эрин зууны Монгол Улсад араажив хутгалдаг кино шиг, бичиг үсэг тайлагдан гэгээрэх гэж буй лам банди нарын түүх давтагддаг байна шүү. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 20 нам жагсаал зохион байгуулсан. Жагсаал цуглааныхаа үеэр Ардын нам тэргүүтэй бусад улс төрийн хүчний гэх тодотголтой нөхөд сонгуулийн хар машиныг олны өмнө шатаасан. Ардын нам буюу “Ах нам” маань сонгуулийн санал тоолох хар хайрцаг буюу автомат машинаас болж ялагдаад байгаа юм гэнэ. Тэгээд шатаан, өс хонзонгоо авч, булшилж байгаа царай нь энэ аж.

Ах намын энэ үйлдэл олон нийтийн инээдийг барж, хэдэн өдрийн турш сошиал ертөнцөөр бусдын доог тохуу болох шив. Ардын нам гэж онцолж байгаагийн хувьд бусад нам, улс төрийн хүчин гэж юу байх билээ. Ямар сайндаа “20 намын 19 гишүүн жагсаж байгаа юм гэнэ” гэх онигоо хүртэл гарахав. Их хурлын чуулганы индэр дээрээс З.Энхболд дарга “Нэг нам нь таван гишүүнтэй” гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр ямар элэнцгийнх нь нам, улс төрийн шаардлага, төрийн эсрэг жагсаал цуглаан бэ. Учир мэдэх хүмүүсийн инээд, доог тохуу хүрэхээс ч яахав, хөөрхийс минь.

Сонгуулийн хар машиныг шатаахтай зэрэгцээд сошиал ертөнц чухам юу гэж шуугисныг эргээд нэг харъя. Шатаж байгаа хар хайрцаг руу хамаг л анхаарлаа төвлөрүүлөн, ухаан санаагаа тавьж туусан бололтой, бүр нэг ажил болгон, дотор нь юу байгаа бол гэсэн шиг сониучирхан өлийгөөд зүтгэж байгаа хэсэг нөхдийн дүр төрхтэй зураг цахим ертөнцөд ёстой нэг од болсон.

Уг зураг: “Хар машин” шатаах үеэр МАН-ын өвөө нар “дотор нь сууж байгаа” АН-ын жижигхэн хүмүүсийг хайсан бололтой гэсэн тайлбартайгаар цацагдан, харсан бүхний бах тав нь ханаж байгаа юм чинь. “Сонгогчдын саналыг хулгайлдаг хар хайрцгийг шатааасан МАНгарууд одоо сонгогчдын сэтгэлийг булаадаг зурагтыг шатаана”, “МАН 20 жил ашиглаж ялсан Гар тооллогын туршлагатай багийн хэрэглэх хугацаа ирэх жил дуусах гэж байгаа болохоор ингэж МАНгартаад байгаа ш дээ”, “Уг нь 2012 оны сонгуулийн авто машины дүнгээр УИХ-ын гишүүн болсон зарим нөхдүүд тэр үед үнэмлэхээ шатаасан бол шоу арай үнэмшилтэй болох байлаа”, “Сонгуулийн хар машины эсрэг жагсаал гэнэ үү. Дараа нь банкны АТМ машины, тооны машины эсрэг жагсаал гэвэл гайхаад хэрэггүй юм байна” гэх жиргээнүүд бусдын санаа бодолд ихээхэн нийцэж байгаа бололтой уншигдсан.

Араажив шатаадаг кино шиг ардын нам минь яаж байгаа нь энэ вэ. Тус намын удирдах нөхөд хар машины эсрэг жагсаал хийхээр ард түмэн хуйгаараа пирхийтэл босч, тэднийг даган хошуурч, Ардчилсан засгийн төлөө, Монгол төрийн төлөө дайрна гэж бодсон нь мэдээж. Мөн ч гэнэн, мухар сүсгээр ойлгож байна. Үнэндээ ард түмнийхээ бодит амьдралыг мэддэггүйн гор гарч байгаа байхгүй юу.

1989 онд ард иргэд талбай дүүртэл, багтаж ядталаа цуглаж, жагсдаг байсан гэдэг. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн хэлтсийн дарга нар болоод нам төрийн бусад албан тушаалтнууд, тэдний гэр бүлийнхэн, мөн орос ах нар тусгай дэлгүүрээр үйлчлүүлэх дархан эрхтэй байлаа. Орос тусгай дэлгүүрийн пропусктай болсон цагт галавсаа, өндөг, есийн тос зэрэг ховор нандин зүйлийг авна. Тэгвэл өнөөдөр захын нэг ТҮЦ-ээс хэн ч гэсэн өндөг ширхэглээд, галавсаа хэрчээд, есийн тос граммлаад авч байна. Монголчууд ардчилал, зах зээлийн нийгэмд ийм л боломжтой, дутагдах гачигдахын зовлонгүй амьдарч буй. Хүн бүрийн гарт боломж атгаастай байгаагийн гол илрэл энэ л дээ. Тиймээс ингэж амьдарч байна хэмээн төр засаг руугаа адарч, дайрч давшлахгүй юм бол өөрөөр жагсах ямар шаардлага байх уу. Амьдралын бодит үнэнийг мэдрэхгүй, нийгэм цаг үеэ ойлгохгүй хий хоосон хийрхсэн шалдан улстөрчид юм л бол жагсаал хийнэ, хувьсгал хийнэ гэж ярих нь үнэндээ утга учиргүй сонсогдох болжээ.

Сонгуулийн хар машины эсрэг жагсаал ард түмэнд өнөөдөр огтхон ч падлий байхгүй. Гурван жилийн өмнөх сонгуулийг тэд таг мартсан байгаа. Харин ипотекийн зээл найман хувиа болиод Ардын намын буянаар хорин хувьд хүрвэл ард түмэн жагсаалтай, жагсаалгүй босоод ирнэ. Хүнд өдөр тутмын амьдралынх нь гол асуудал ингэж хүчтэй нөлөөлдөг. Хар машинтай холбоотой зүйл бол гурван жилийн өмнө төрийн түшээгээр сонгогдож чадаагүй, ард түмний дийлэнх олонхийн дэмжлэгийг авч чадаагүй 20, 30 нөхдийн асуудал юм.

Тэгэхээр ах намын энэ үйлдэл, үзэл бодол огт буруу байсан нь хэнд ч илэрхий. Олны өмнө өөрсдийгөө дэндүү ичгэвтэр, хөөрхийлөлтэй байдалд оруулчихлаа, өөрөөр гялайлгасангүй. Ер нь “ах нам”-ын аливаа үйл ажиллагаа нэг л мухар сүсгээр явах болсон нь харамсал төрүүлэх боллоо. Уул нь улс төрийн голлох хүчний нэг мөн биз дээ. Ардчилсан нам тэгээд ардын нам гэж манайхан ярьдаг, бас ч гэж итгэж найддаг. Гэтэл явж ирсэн зам мөр, улс төрийн акц, жагсаал цуглаан энээ тэрээг нь харахад өрөвдмөөр болж.

Тэр жил төрийн түшээ байсан Хүрэлсүх нь намынхаа шатсан тугийг толгойдоо зангидаад Сүхийн талбай дээр ардчиллыг зүхэж баахан “бөөлсөн”. Түүнээс хойших жагсаал цуглааныг эргээд нэг саная. Засгийн газрын сайд нарын давхар дээлийг тайлна гэх жагсаал ёр муугийн, олон түмэн сэжиглэн жигшихээр болсон. “Давхар биш нөмгөн дээл тайлсан Ардын намынхан Монголоо доромжилж, ард зон, төрт ёсоо уландаа гишгэллээ”, “Тэд Монголын айл бүр нэг архичин, нэг янхантай боллоо гэж улс орноо, ард түмнээ хүн төрөлхтний өмнө гутаалаа” гэж хэвлэлүүд бичиж, өөрсдийгөө доромжлуулж гутаалгасан хүмүүс ар араасаа мэдэгдэл хийж байв. “МАН-аас нөмгөн дээл өмсүүлж, нөмрүүлж тайлуулсан нь эцэг дээдсийг минь тууж аваачаад цаазаар хороосон 1937 оны цуст яргаллыг бидэнд санууллаа. Энэ бүхэн Монголын эмгэнэлт түүх болохоос эрх мэдлийн төлөө улс төр хийж ашигладаг инээдэм тохуурхал биш” гэж Ц.Лоохууз, Д.Тангад тэргүүтнүүд хатуу мэдэгдэж байлаа.

Ингэж үе үеийн сэхээтнүүдийг төрүүлсэн Ардын нам үзэл бодол, оюун санаагаараа гудманд гарчихлаа. Иргэний хөдөлгөөнийхөн ийм зүйл хийхэд төр засаг ч, түмэн олон ч тэгж л байдаг гээд огтоос тоодоггүй. Ухаандаа, өнгөрөгч зун тэд Ч.Сайханбилэгийн зурагтай цаасан самбарыг Их тэнгэрийн аман дахь бөөгийн тахилгатай газраа аваачаад шатаасан. Иргэний хөдөлгөөний нэг хүүхэн уг самбар дээрх Сайханбилэгийн эмзэг газар руу өшиглөж байгааг харсан нөхөд “Энэ хэд ийм аргаар үзэхээс өөрөөр яах ч билээ” гэж өрөвдөөд өнгөрнө.

Ах намын хувьд бол байдал эрс өөр. Туулж ирсэн он жилүүдийнхээ алдаа оноог цэгнэж, Монголын төрийг эрүүл саруул ухаан, эв хамтын хүчээр зөв залж авч явахыг тэд бодож, тунгааж, ягштал баримтлах хэрэгтэй. Гэтэл хар машин гэж нэг хайрцгийг жигтэйхэн итгэл үнэмшилтэйгээр хөл хөөрцөг болж галдан шатаагаад, төрийн тэргүүн нарын дүр бүхий шуумлыг нөмгөн зогсоож, нүдийг нь сохлоод улайран дайрахаар юу болох вэ? Өнөө ард түмний итгэл үнэмшил, цаашлаад улс орны хувь заяа хэрхэх билээ. Монголын тусгаар тогтнолыг бататгаж ирсэн үе үеийн сэхээтнүүдийн үүр уурхай тулхтай гэгддэг байсан энэ нам мухар сүсгийн балайралд ийнхүү автан гудманд гарч, улс орон, ард түмнийхээ хувь заяаг шороотой хутгах учиргүй юмсан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Татвар: “мөлжлөг” ба “нийллэг”

Нэг. ХҮН ТӨРӨЛХТНИЙ АНХНЫ НИЙЛЛЭГ

Социалист тогтоц нүүдэлчин монголчуудын амьдралд олон сонин ул мөр үлдээсний нэг нь нийллэг. Дөрвөн цагийн эргэлтэд малаа даган уйдаж ирсэн монголчуудад нийллэг жигтэйхэн таалагдав. Цалин буухаараа хэд гурван цаас нийлүүлж ганц шил архи босгоод хувааж ууна. Ажилчин албан хаагчид, оюутан сурагчид байгууллагаараа, анги хамт олноороо нийлнэ.Бас хэн нэгэнд гай зовлон тохиолдоход мөнгө нийлүүлэн өгч буян үйлдэнэ.

Харин хүн төрөлхтөн мянганы тэртээгээс иргэншин суурьшиж эхэлсэн тэр цагаас “нийллэг”-ийн санаа эхтэй. Бүгдээрээ анчин, малчин явсан хүмүүс иргэншин суурьшиж тариалан эрхлэхийн хэрээр дундын эрх ашгаа санхүүжүүлэх хэрэг гарчээ. Тариа будаагаа дээрэмчдээс хамгаалахын тулд өдөр шөнөгүй харуул манаанд зогсох нөхрийг цалинжуулах мөнгийг бусдаас нь татварлахаас өөр замгүй. Суурин иргэдийн “нийллэг” найр наадам гэхээсээ илүү нийт дундын тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй болон гарч ирсэн гэсэн үг. Үүнийгээ татвар хэмээн томъёолж иржээ. Нийллэгт ижил хэмжээний мөнгийг нийлэхийг хүссэн талууд гаргана. Харин татварыг хүссэн хүсээгүй бүгд гаргах шаардлагатай учраас орлогын тодорхой хувьд ногдуулах болжээ. Аюулгүй байдал, нийгмийн халамж хамгаалалтыг татвар төлсөн төлөөгүй бүгд хүртдэг учраас “орлогоо нуух”, “татвараас зугтах явдал”-тай хатуу тэмцдэг уламжлал тогтжээ. Зөвлөлтийн талд давхар ажиллаж, АНУ-ын коммунист намын нууц санхүүгийн мөнгийг зөөдөг байсан америк тагнуулчийн дурсамжид байдаг даа. Тэрээр Зөвлөлтийн удирдагч Л.Брежневт хэлсэн байдаг юм. Манай Америкт хүн алчихсан байхад сайн өмгөөлөгч хөлслөөд шүүхээс мултрах боломж бий. Харин татвараар ороогдвол хэнбугай ч өршөөгдөх талаар горьдох хэрэггүй тухай ярьсан аж.

Иргэншсэн ертөнцийн шашин суртал ч татварыг зайлшгүй байх ёстой шударга үйл хэмээн үзэж ирсэн нь Исус Христийн “Хааны зурагтай зоосыг хаанд нь өг” гэсэн сургаалаас харагддаг.

Хоёр. НҮҮДЭЛЧДИЙН ТАТВАР БОЛ ТОЛГОЙ БӨХИЙСНИЙ ИЛЭРХИЙЛЭЛ

Гэтэл нүүдэлчин, тал нутгийн дайнч баатруудын хувьд татвар их өөр утгатай. Эзлэгдсэн газар орнууд, дагаар орсон албатын зүгээс эзнээ хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл маягтай ойлгогдоно. Хураасан татвар ч нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдахаасаа илүү эзэгнэгч, ноёрхогч орны, тухайлбал монголчуудын зугаа цэнгэл, дайны ашиг хуваарилалтад зарцуулна.Ийм учраас ялагдсан нь ялсандаа өгдөг зүйл бол татвар байв.

Нүүдэлчдийн удирдагч нь ард олноосоо “цэрэг дайнд байнга бэлэн” байхыг шаардахаас бус улс орны боловсрол, эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэх хөрөнгө татварлах нь бараг үгүй. Харин ч өөрт нь үнэнч байсны шагнал болгож дайны олз, эзлэгдсэн орнуудын татвараас зохих хувийг олгоно.Ойлголт их энгийн “Хэрвээ чи татвар төлж байгаа бол хэн нэгэнд ялагдан эрхшээлд нь оржээ гэсэн үг”. Харин “татвар татаж байгаа бол чи ялалт байгуулж бусдыг эрхэндээ хураасны нотолгоо” ажгуу. Ийм учраас нүүдэлчин монголчууд ба иргэншсэн ертөнц хоёрт татвар хоёр өөр янзаар ойлгогдоно гэсэн үг.

Хувьсгалын жилүүдэд иргэншин суурьшиж, соёлоор довтолж эхэлсэн монголчуудын татварын тухай ойлголт бас л сайжирсангүй. Системийн удирдлага нь тогтоцоо зөвтгөхийн тулд жам ёсны ертөнцийн бүхий л дэг ёсыг муулна. Эдний дотор татвар орно. Сурагчид дунд ангид шилжиж эх орныхоо түүхийг судалж эхлэхэд нэгэн ер бусын зурагт хуудас тосдог байв. Уранхай ноорхой эр маш том баглаа үүрч, дээр нь хоёр хүн суужээ. Ноорхой эр бол ард түмэн бөгөөд ачаа нь татвар, дээр нь суугаа этгээдүүд бол татвар хураагч, захиран зарцуулах эрх мэдэлтнүүд ажгуу. Сурагчид сэдвийг судалж дуусахдаа “Албан татвар бол мөлжлөгийн хэлбэр” гэсэн афоризмтай үлдэнэ.

Социалист нийгэмд иргэдийн хувийн өмчийг хураан авсан тул орлогод ногдуулах татвар гэхээр юм бараг байсангүй. МАХН, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн, Үйлдвэрчний эвлэлийн гэхчилэнгийн татвар байвч онхи өөр утга учиртай. Жишээлэхэд, намын татвараар дамжин эрх барих бүлэгт хандив өргөж, албан тушаалаа хадгалах дэвших боломж олно. Өөрөөр хэлбэл найман зууны тэртээд байсан мөнөөх үнэнчээ, эрхшээлд байгаагаа татвар өргөн барьж илэрхийлэх уламжлал үргэлжилж байна гэсэн үг. Ер нь л татвар төлөх нь нэг л буруушаагдсан байдалтай.Жишээлэхэд, хүүхэдгүйн татвар гэж татвар байв. Насанд хүрээд гэрлэхгүй, хүүхэд гаргахгүй бол буруушаасан маягтай. Хүнтэй суухаасаа өмнө хүүхэд гаргавал энэ татвараас чөлөөлөгдөж байх жишээний.

Гурав. ТӨР, ТАТВАР ХОЁР

Манай эриний гурав дахь мянганы босгон дээр Монгол орон ардчилал зэх зээлийн уламжлалт тогтолцоонд оров.Соёлт ертөнцийн жишгээр татвар, татварын байцаагчтай, тэд нар нь дүрэмт хувцастай, базарваань.Татварынхны сүр сүндэр ч гэж айхавтар. Шоронд явуулна.

ХХ зууны их хядлага хэлмэгдүүлэлтээс ч болсон уу, монголчууд албаны дүрэмт хувцастай хүнээс айна. Формоо өмсчихсөн хэдэн байцаагч хавтас сугавчлаад орж ирэх нь КГБ-ийн зөвлөх нэрийн жагсаалт цүнхлээд ирэх мэт.

Ойр дотнынхноо “За цагдаа, яамны (аюулаас хамгаалах) улсад л үнэнээ ярьж болдоггүй юм шүү” гэсэн захиасан дор хүмүүжсэн үеийнхэн яг л тэр мэтээр “Татварын газар”-аас зайгаа барив. Цагдаа, яамныхан чиний хэлсэн дотроос ямар нэг өлгөх юм олж аваад шоронд хийчихдэг шиг татварынхан чиний тайлан дотроос “гэм хилэнц” олохоо л олно гэж үзнэ. Нийгмийн хандлага ийм байлаа.

Ер нь хүмүүст хууль дүрэм зөрчөөд байх сонирхол байдаггүй, харин санаандгүй хийсэн зүйлс дотроос нь гэмт хэрэг болгоод мушгиад явчих юм гараад ирэх вий гэдэг айдас байдаг. Ялангуяа бүхэл бүтэн гурван үе нь юухан хээхнээр дайсан болгож болдог тогтцод амьдарсан бидэнд бүр их бий.

Нөгөө талаас татварынхан монгол маягийн “Төрийн” хүмүүс байлаа. Нүүдэлчид бусдыг айлгаж, хүний хувь заяа өөрөөс нь хамааран дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг харах их дуртай.Ялагдсан овог аймгийнхны амь гуйсан арчаагүй төрх, эрхэнд нь унасан этгээдийн бөхийлтөөс ялалтаа мэдэрч ирснийх юм болов уу?

Өнөөдөр монгол төрийн албан хаагч ч ийм онцлогтой.Айлгамааргүй юман дээр ч сандраахыг бодно. Туслах гэсэн хүнээ ч эхлээд үйлийг нь жаахан үзнэ. Энэ бол тал нутгийн овог аймгийн дунд өөрийгөө зөвшөөрүүлдэг морьтон баатруудын иймэж л дээ. Ер нь “Хэн нэгэн чамаас айж байвал чи оршин тогтнож байна” гэсэн философи.Манай төрийн бүх албан хаагчид энэ байдал бий. Хүн өөрөөс нь айхгүй бол сэтгэл тавгүйтээд л, ажлаа муу хийж байгаа юм шиг санагдана.Эсвэл хэн ч өөрийг нь тоохгүй байгаа мэдрэмж төрөн гутрах жишээний. Татварынхан ч гэсэн төрийн л албат, тэр тусмаа монгол төрийн албат учраас бусдаасаа юугаар ялгарах билээ, тийм л байгаа.

Уламжлалт ойлголт, социализмын үед шингээж өгсөн буруу суртал, өнөө үеийн төрийн албаны нэр хүнд хангалтгүй байгаа зэрэг шалтгаанууд нь “татвар” ба түүний “алба”, “албат-уудын ерөнхий иймэжийг бүрдүүлж байна гэсэн үг. Монголын татварыг дотроос нь харахад иймэрхүү.

Дөрөв. ГАДНААС ХАРАХАД…

Саяхан монгол хэлнээ буусан Стив Форбес, Элизабет Эймз нарын “Капитализм биднийг яагаад аврах вэ”1 номд Латви болон Монголд нэвтрүүлсэн татварын тогтолцооны нэг шатлалтай, тэгшитгэсэн системийн ач тусыг магтаад, энэ аргыг Америкт нэвтрүүлэх ёстой хэмээн үзжээ. Дотроос нь харахад сүрхий ч үгүй санагдах манай татварын тогтолцооны шинэчлэл, механизмын шинэтгэл нь гадаад ертөнцөд сүрхий тоогддог, үнэлэгддэг болтой юм.

Татвараас зугтаах аргагүй гэж үг бий. Хэрвээ татвараас зайлж чадсан хүн байдаг бол тэр нь Робинзон Крузо л байх гэдэг. Зөвхөн татвар хураах байгууллагын хурц хараа, сонор сэрэмжийн тухай гэхээсээ илүү нийгмийн харилцааны дунд нийгмээс тусгаарлагдан орших аргагүй тухай санаа юм. Учир нь татвар эцсийн дүндээ жирийн хэрэглэгч ард түмэн дээр тусч байдаг. Авсан бараа үйлчилгээ, хайрцаг шүдэнзэнд хүртэл бүх төрлийн татварыг шингээгээд борлуулдаг. Гудамжны буланд тамхи сорон зогсож буй зайгуул эр ч гэсэн татвар шингэсэн янжуур худалдан авсан учраас татвар төлөгчийн төлөөлөл болно. За тэгээд цалин дээрээс суутгадаг орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг дурдах юун.

Эцсийн хэрэглэгчийн, жирийн хүн ардын “зайлах газаргүй” төлдөг энэхүү нийллэгийн хөрөнгийг хатуу чанд хамгаалах логик чухам эндээс үүджээ. Түүнчлэн төсвийн хөрөнгийг “Татвар төлөгчдийн мөнгө”, “Татвар төлөгчдийн хөрөнгө” гэхчилэн нэрлэх болсон нь нийтийн сан хөмрөгийн өмнө хүлээх хариуцлага, иргэний сонор сэрэмжийг нэмэгдүүлсэн алхам гэж үздэг юм билээ.

Энэ хөрөнгийг анхан шатнаас нь ажил үйлчилгээ эрхлэгч, ажил олгогч, татварын байгууллагаар дамжин улсын сан хүртэлх замыг хамгаалах, ил байлгах нь ялангуяа “шилэн” ил тод төрийн гол зорилго ажгуу. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгө ажил олгогч дээр гацдаг уу, хураасан газар нь байна уу гэдгийг нийтээрээ харах боломж бүрдэнэ.

Ухаандаа саяхан НӨАТ-ын тодорхой хувийг эргүүлэн олгох систем хөгжүүлсэн байна. Тайваньд нэвтрээд үр дүнгээ өгөөд манайхан одоо авч буй аргачлал ажээ. Иргэд худалдан авалт хийхдээ тусгай дугаар бүхий баримт авна.Энэ баримтан дээр дахин давтагдахгүй дугаар байх юм байна. Тэр дугаар нь цаанаа бүртгэгдээд жилийн эцэст буцаан олголт хийгдэнэ, харин сар бүр сугалаа тохируулна.

Юуны өмнө тэнд бүртгэгдсэн 10 хувийн НӨАТ-ынхаа 20 буюу худалдан авалтынхаа хоёр хувийг жилийн эцэст буцаан авна. Дундаж амьдралтай айл жилдээ 200 гаруй мянган төгрөг буцаан авах тооцоо гарчээ.

Сугалааны ГУРВАН орон таарсан хүн багахан хонжвор, харин НАЙМАН орон таарвал 100 сая хүртэл төгрөг хожих боломжтой. Сугалаа яах гэж хийгээд байна гэхээр, ийм гэнэ. Худалдагч нар “НӨАТ-ын падаанаар яах нь вэ, та жилийн эцэст хоёрхон хувь л буцаан авна. Харин танд арван хувь хямдруулаад бэлнээр өгчихье” гэдэг саналыг сөргүүлэн хийж байгаа ажил юм байна. Учир нь тэнд 100 саяыг хүртэл хожих боломжтой “Азын дугаар” байгаа тохиолдолд ямар ч хүн “За даа, падаанаа л авдаг юм уу” гэх бололтой.

Кассын машингүй наймаач, худалдаач нарт зориулсан гар утас, таблетаар төлбөрийн баримт олгох хувилбар бас байгаа юм байна.

Сониноос, орлого тодорхойлох боломжоор тааруу жижиг бизнес эрхлэгчид ч татварт бүртгэлтэй байхыг хүсэх болсон гэнэ. Учир нь тэд бизнесээ өргөжүүлэх, эсвэл орон сууцны зээлд хамрагдах гээд банкин дээр очиход зээлийн баталгаа, орлогоо үзүүлчих баримт байдаггүй, хар дэвтэрт бичсэн “Өнөөдөр 10 оймс зарав” гэсэн тэмдэглэлээ л харуулдаг аж. Банк юу гэж тэрэнд итгэх билээ.

Эрнэндо Сото “Өмч хөрөнгө бүртгэгдэж байж үнэ цэнтэй болдог” тухай хичээнгүйлэн сэнхрүүлсэн байдаг даа. Тэгэхээр шинээр нэвтрүүлж байгаа энэ ажил нэг талаасаа орлогыг бүртгэлжүүлэх, нөгөө талаасаа эцсийн хэрэглэгчийн төлсөн татварыг улсын санд алдагдалгүй хүргэх хоёр чиглэлтэй аж.

Эдийн засаг, нийгмийн байдал баргар байна. Гэхдээ баргар байгаа нь баярлахаар гялбаа үгүй гэсэн үг биш гэдэгсэн. Манай татварын тогтолцооны систем, шинэтгэлийг гаднаас нь харахад ийм үзэгдэнэ.

Энэ ном Т.Баттулгын орчуулгаар удахгүй хэвлэгдэнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монгол туургатнуудыг цус нөжтэй нь хутган уулзуулах санаа хэн гээч хорон санаатны бодол вэ?

Монгол туургатны боксын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дуусчээ. Мэдээж бид нөгөөдүүлээ цусанд нь хутгаж өгөөд буцаасан байна. Шүд нь унаж нүдээ таглуулсан бидний туурга нэгт ахан дүүс маань манийгаа үгийн муухайгаар хараасаар толгой хавчуулагдаж байгаа орон орон руугаа одоо биз. Ямар хорон санаатай бодлого ингэж монгол туургатныг ганц уулзуулахдаа заавал зодолдож байхаар тааруулдаг байна вэ. Зодолдсон хүмүүс нэгэндээ сайн санах уу. Хаанаас гарсан нарийн бодлогоор бид ахан дүүстэйгээ ингэж ганц уулзахдаа дайсан мэт уулзалданав. Бид бас яагаад ёр бэлгэ бодолгүйгээр ийм ухаан мөчид амьдарцгаана вэ.

Монгол туургатнууд уулзалдаж байх ёстой. Урлаг соёлоор, ёслол хүндэтгэлээр, зодолдохоос бусад бүхий л төрлөөр байн байн уулзалдах нь бие биенээ ойлгох, биесээ хүндэтгэх, нэгэндээ найрсан дотночлоход үнэхээр чухал. Харин аливаа уулзалт баяр ёслолыг зөвхөн Монгол Улсад зохион байгуулж байх ёстой. Яагаад гэвэл монгол туургатны гал голомт, төрт ёс, эцэг дээдсийн ариун сүнс нь хаана ч биш зөвхөн энд хатан Туул, Хан Богдын хормойд билээ. Дэлхий үндэстнүүдээрээ улам айхтар хуваагдан, улам айхтар шашинсаг болон тэмцэлдэж байгаа. Ийм дэлхийд монгол туургатнууд нэгдэж байж, нэг нэгийгээ хүндлэн дээдэлж байж л тэсч үлдэнэ. Зөвхөн монгол хэлээр ярьсных нь төлөө л бид бие биенээ хайрлах ёстой. Ах дүү байхад үүнээс илүү юу ч шаардлагагүй.

Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Цаг хугацааны урсгалд залуу нас үнэ цэнтэй

-ДАРГЫН ЦҮНХ БАРЬЖ ГҮЙСЭН НӨХӨД ДЭЭШЭЭ ГАРДАГ ҮЗЭГДЭЛ БОДИТОЙ БОЛЖЭЭ. “ЛИФТЭЭР ӨГСЧ БАЙГАА ЗАЛУУС” ГЭДЭГ НЭР ТОМЪЁО ҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ БОЛОВ УУ-

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байнгын хорооны дарга Болдбаатарын Эрдэнэбаттай ярилцлаа.

Та Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг үүсгэн санаачилж захирлаар нь ажиллаж байгаад Монголын залуучуудын холбооны удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар томилогдсон. Нэг ёсондоо залуучуудын талаар хамгийн ихийг мэдэх хүний нэг. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү?

-Залуу хүн Монголын ирээдүй, Монголын баялаг. Энэ утгаараа тэдний оролцоог хөгжлийн үйл явцад хангалттай ашиглах ёстой гэж боддог. Залуучууд эрхэлсэн ажилгүй, завтай, баялаг бүтээх үйлст гар бие оролцохгүй байгаа цагт улс орны хөгжил хэзээ ч урагшлахгүй ээ. Энэ үүднээсээ залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого зайлшгүй үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, залуучууд руу чиглэсэн төрийн бодлого шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Залуучуудын байгууллагад ажилладаг хүний хувьд сүүлийн үед манай залуучууд хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгааг нь хараад бахархах, урамших сэтгэл төрсөн. Мөн залуучуудыг туршлагагүй, нас залуу гэж голох биш дэмжлэг хэрэгтэй юм байна гэдгийг ч анзаарсан. Урам өгөөд зөв чиглүүлбэл тэдэнд маш их бололцоо байгааг харж байна. Гэхдээ мэдээж залуу хүмүүс бүгдээрээ зорилготой, тэмүүлэлтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч байна гэвэл бодитой биш. Нас залуу цус шингэн хэрнээ ажил хийх дургүй, арчаагүй, залхуу, буруу аргаар ч хамаагүй мөнгө олж амар хялбар амьдрах зорилготой залуучууд ч байна. Эцэг, эх төр засгийн гар хараад суух биш өөрсдөдөө боломж олгох талаар хичээх хэрэгтэй юм.

Үнэхээр залуу хүн шиг, мөрөөдөл тэмүүлэлтэй хүн шиг өөдрөг сэдвээр яриагаа эхэлж байгаад баярлалаа. Та өөрөө тэр боломжийг бий болгохын тулд хэрхэн ажилласан бэ?

-Би оюутан байхаасаа л олон нийтийн ажилд идэвхтэй оролцож боломж ирэхийг хүлээж суух биш өөрөө бий болгохыг хичээж ирсэн. Монгол Улсын их сургуулийг оюутны байгууллагыг тэргүүлэх зэрэг өөрөө өөртөө боломжийг бүрдүүлж, залуу хүн завгүй байсан нь үр дүнтэй юм аа гэдгийг тодорхой хэмжээгээр ойлгож ирсэн. Энэ ч утгаараа янз бүрийн шинэлэг ажлуудыг санаачилж бүтээж ирлээ. Тухайлбал, Монголд анх удаа “Ажилтай, орлоготой монгол залуу” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, арван таван мянга гаруй залуучуудыг цагийн болон түр, байнгын ажлын байраар хангасан. Үүнд хамтран зүтгэгч идэвхтэй залуусын хамтын үүрэг их байсан. Мөн 95 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбооны удирдлага, хамтын ажиллагааны газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэх явцдаа Монголын залуучуудын холбооны 12 жил завсарлаад байсан тавдугаар их хурал, Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар Ерөнхий ассамблейн хурал, 16 байнгын хороог үүсгэн байгуулах хурал зэргийг амжилттай зохион байгууллаа. Зургаан жил завсарлаад байсан бүсийн чуулга уулзалт буюу баруун, төв, өмнөд, зүүн бүсийн чуулга уулзалт, “Залуучууд судлал”-ыг хөгжүүлэх энэ чиглэлд нийгмийн анхаарлыг хандуулах үүднээс эрдэм шинжилгээний бага хурлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтарч зохион байгуулсан гээд тоочоод байвал маш олон зүйлийг хийсэн байна. Хүн болгонд хийж бүтээх боломж бололцоо байна. Гагцхүү түүнийг хайх, сэдэх, санаачлах, хэрэгжүүлэх хурд залуу хүнд хэрэгтэй.

Ярианыхаа эхэнд бусдаас гар хараад суудаг залуусын талаар цухас дурдлаа. Үнэхээр амар хялбар аргаар аж төрөх эрмэлзэлтэй залуус цөөнгүй байгаа нь илэрхий болжээ. Хэн баялаг бүтээх гэдэг асуулттай уялдуулж тэднийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг сэдвийг хөндье?

-Залуучууд бүгдээрээ өөгүй сайн ч юм уу, ирээдүйн хошуучлагч гэвэл мэдээж үнэнд нийцэхгүй. Уг нь би бүх залуусыг зорилготой, шаргуу, эрч хүчтэй, шударга, хөдөлмөрч, урагшаа тэмүүлэлтэй байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь тийм байж чадахгүй байна. Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг үүсгэн байгуулаад тодорхой хэмжээнд удирдсан. Маш олон залуустай уулзаж ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлэхэд хөдөлмөрч сэтгэлгээ дутагдалтай байдаг нь ажиглагдсан. Дээрээс нь залуучуудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол ажилгүйдэл. Залуучууд өөрсдөө идэвхтэй байх ёстой. Төр засаг хэзээ ажлын байр бий болгох вэ, хэзээ юм өгөх вэ гэж харах биш идэвх санаачилгатай байж өөрийгөө боловсруулж, чадваржуулах ёстой. Одоо дэлхийн хэмжээний боловсролтой залуусыг нийгэм шаардаад байгаа боловч чанаргүй боловсролын системээс болоод ажилгүйдэл улам нэмэгдэж байна. Тийм учир энэ бүгдийг цогцоор нь системтэй авч үзэх, хамгийн гол нь хөдөлмөрийн дадлага туршлагатай болгох асуудал маш чухал. Уг нь залуу хүн бүр хөгжих бололцоогоо өөрсдөө хангах ёстой юм. Ядарч цуцахыг мэддэггүй, даарч хөрөхөөс халширдаггүй оргилуун дэврүүн шинж чанар бол залуу хүний давуу тал шүү дээ. Гэтэл яагаад өтөл насны хүмүүсээс дор сэтгэлгээтэй байх ёстой гэж. Тийм хүмүүс өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Мэдээж төр засаг, нийгэм, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, найз нөхдийн нөлөө бий л дээ. Хамгийн гол өөрчлөлт тухайн хүнээс өөрөөс нь хамаарна. Тийм учир залуус минь цаг мөчийг дэмий зүйлд бүү зориул. Урагшаа хараад өөдрөг алхацгаая гэж уриалмаар байна даа. Хүний залуу нас мөнх биш шүү дээ. Цаг хугацааны урсгалд залуу нас үнэ цэнтэй. Аар саархан ажил хийж, зугаа цэнгэлд автаад явж байтал нэг л мэдэхэд хийж бүтээх хайран сайхан цаг мөч салхинд хийсчихсэн байх вий. “Залхуурал бол цаг хугацааны хулгайч” гэдэг мэргэн үг байдаг даа.

Дарга болох сонирхолтой амбицтай залуус олон болжээ. Үүнийг дагаад нийгэмд шүүмжлэл ч сонсогдох боллоо. Гол нь бүгдээрээ дарга болчихвол хэн барилга барих вэ гэдэг ч юм уу?

-Миний бодлоор манай тогтолцоонд буруу их байна. Даргын цүнхийг барьж гүйсэн нөхөд дээшээ гардаг үзэгдэл бодитой болжээ. “Лифтээр өгсч байгаа залуус” гэдэг нэр томъёо үүнээс үүдэлтэй болов уу. Өнөөдөр таван хүн тутмын гурав нь дарга гэдэг яриа хэдийгээр хэтрүүлэгтэй ч гашуун үнэн. Яагаад гэвэл бүгд дээд сургууль төгсч дарга болох гээд зүтгээд байхаар хэн баялаг бүтээх юм бэ. Баялгийг бүтээдэг үйлдвэрлэл хөгжиж байж улс орны хөгжил урагшаа явна шүү дээ. Аль ч улс орны эдийн засаг, санхүү материаллаг баялгийн үйлдвэрлэл дээр тулгуурладаг. Гэтэл баялгийг үйлдвэрлэгч нар бүтээж байна. Энэ салбар руу залуусаа оролцуулах, мэргэжил эзэмшүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй байна. МСҮТ-үүдийг дэмжиж залуусын суралцах эрмэлзлийг төрүүлэх хэрэгтэй. Мөн залуучууд маань юм л болбол хөдөлгөөн өрнүүлж, үйлдвэрчний эвлэл шиг болсон нь харамсалтай. Төрийн бус байгууллага, аливаа хөдөлгөөний ард дандаа эрх ашиг явдаг болсон. Уул нь залуучууд дор бүрнээ хийх ажлаа мөрөөрөө хийгээд, сураад явж байх нь зүйн хэрэг. Миний бие Солонгост төрийн захиргааны удирдлагын чиглэлээр суралцан, Монгол Улсын их сургуульд улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан дээрээ тулгуурлан харийн нутагт докторын зэрэг хамгаалсан. Залуу идэр насандаа гадагшаа явж суралцах нь юунаас ч эрхэм гэдгийг ойлгосон. Хувь хүний үзэл бодол харийн нутагт маш өөрөөр төлөвшдөг юм билээ. Бид чинь Монголдоо байх юм бол хэн нэгнээ үргэлж доош хийсэн, хий хоосон цэцэрхсэн хүмүүс л байна. Сурч боловсорсон юм байхгүй, нэг л амбицтай, улс төр хөөсөн, төр засгаа муулсан хүмүүс байдгийг ухаарсан даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ухаантай харагдах гэж жүжиглэлгүй, өөрийнхөөрөө амьдрах сайхан

Монголын
нийгмийн идеал болсон залуусын нэг Rokit bay нэгэн ярилцлагадаа “Би ингэж ярьж,
ийм байдалтай суувал бусдад гоё харагдана гэх ойлголт надад байхгүй. Өөрийгөө олсны
давуу тал маань энэ. Тэгэхээр амьдрал маш амархан болчихдог” гэжээ. Үүнээс улбаалаад
бодоход, бид чинь өөрсдөдөө ямар их дарамттай, садаа тээртэй, тарчилгасан ядаргаатай
амьдарна вэ. Залуус бусдад таалагдах гэж элдэв янзаар жүжиглэн, хүн харахад жигтэйхэн
ганган хээнцэр хэрнээ ачир дээрээ нэг л аз жаргалгүй баяр баясгалангүй амьдраад
байх шиг.

Орой үдшийн
цагаар найз нөхөд нь, эсвэл нэртэй төртэй нэгэн, тухайн салбарынх нь шилдэг од,
хэн ч дуудаж болно.

Тэр бүгдэд
“Очихгүй бол болохгүй, намайг буруугаар ойлгоно, тоохоо больчихно, харилцаагаа тасална”
гээд гардаг. Ханьтайгаа, балчир үрстэйгээ жаргал гээчид умбаж байтал “тамын утас”
дуугарч, яг л цагдуулж байгаа хүн шиг гарна. Өөрөө хүсээгүй ч бусдад таалагдах,
сайн хүн болох гэсэн царай нь тэр. Тиймэрхүү уулзалтууд ажил хэргийн гэхээсээ архидалт,
хов жив, атаа хорсол, найраа хэлцээгээр дуусдаг нь жам.

Бид амьдралынхаа
үнэт цагийг зүгээр л бусдын зугаа гаргах төдий өнгөрүүлж, дараа нь харамсахын зовлонд
унадаг. “Амьдралынхаа турш жүжиглэн өнгөрүүлснээ бодохоор…” гэж ихэнх ухаантнууд
амаа барьдаг нь ийм учиртай. Тэгэхээр үзэл бодлоо төлөвшүүлж, итгэл үнэмшилтэй байх
нь чухал. Хүний үзэл бодол төлөвшин, итгэл үнэмшилтэй болж өөрийгөө олоход нөлөөлөх
гол зүйл бол ном юм. Эрдмийн оргилд хүрсэн, түүн рүү тэмүүлсэн хүн бусдад ухаантай
харагдах гэж өөрийгөө зовоолгүй, мөрөөрөө, санаан зоргоороо аж төрөхүйн сайхныг
мэдэрч, хожим харамсах зүйлгүйгээр амьдардаг нь гайхмаар.

Categories
мэдээ цаг-үе

Х.ЗАНДРААБАЙДЫ: Ринчен гуай Халхын Цогт хунтайжийн удмын хүн байжээ

Монгол Улсын төрийн шагналт, бичгийн сод хүмүүн, билгүүн номч Бямбын Ринченгийн мэндэлсний 110 жилийн ой өнөө жил тохиож байна. Уг ойн хүрээнд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгээс нэрт эрдэмтний бүтээл туурвил хийгээд Монголын хэл шинжлэлд оруулсан гавьяат үйлстэй нь холбогдуулж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Манай сонин Ринчен гуайн тухай соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Хоролын Зандраабайдытай ярилцсанаа хүргэж байна.

-Таны “Бадмаарсан зул” ботийн хоёрдугаарт Ринчен гуайн тухай нийтлэл орсон байна. Эл өдрүүдэд нэрт эрдэмтний 110 жилийн ой болж байна. Тантай Ри багшийн тухай тогтож хуучлах гэсэн юм?

-Би Ринчен гуайг шуудан холбооноос баахан сонин сугандаа хуйлан хавчуулаад Сүхбаатарын талбайгаар урт цагаан үсээ салхинд намируулан хүрэн тэрмэн дээлийнхээ өрөөсөн урт ханцуйг савчуулан алхаж явахыг тэртээ жаран оны хавар анх харж билээ. Харин ойртож яриа хөөрөөгий нь анхааран сонссон нь тэр жилийн намар Зохиолчдын хорооны нэгэн өрөөнд юмсан. Манай хороо Гадаад худалдааны яамны нэгдүгээр давхрын зүүн талын хэдэн өрөөнд байрладаг байлаа. Би “Соёл, утга зохиол” сонины газар жижүүрийн редактор гэдэг том нэртэй, сонин гаргагч хийдэг ухаантай. Самбуугийн Бадраагийн ч билүү, нэгнийх нь өрөөний хаалгыг татвал утаа майн дунд баахан хүн суух нь сууж, зогсох нь зогсоод, нэг хүний яриаг шимтэн сонсож байв. Шамбааралдсан хүмүүсийн дунд үзүүр нь шарласан цагаан сахалтай, шар царайтай, ногоон туяатай сэрэлгэнэсэн шар нүдтэй хүн, нэг гараар сахлаа шувтчин духуйн хараад, цаасан дээр монголоор баахан юм сараачаад сууж байх юм. Урьд нь холоос бараагий нь харах төдий болсон Ринчен гуайг мөн гэж танилаа. Мөнөөх цаасыг нь харвал, халдага гэсэн үг хамгийн түрүүнд харагдсанд хачирхан гайхаж ичих шиг ч болов. Тэр үгийн гарал үүслийг тайлбарлаж байгаа ажээ. Тэр, халд гэдэг үгийн үндэс нь халддаг дайрдгийг илэрхийлж байна. Түүнд хүч нэмэгдүүлэх га дагавар залгачихаар нөгөө сүрхий нэр чинь үүсэж байгаа юм гээд хөхрөв. Энэ үед хижээл насны хүүхэн орж ирээд “Ринчен гуай, таны сонин сэтгүүлд бичсэн зүйлийн шагнал” гээд бөөн мөнгө өгөв. Өвгөн духуйж хараад “Бизъяа гуай мэдээгүй юм байх даа. Мэдсэн бол энэ юу гэж байхав” гээд дундаас нь аравтын улаан дэвсгэрт сугалан авч духандаа хүргэснээ “Сонин авахад энэ хүрнэ. Бусдыг нь Ложоо гуай танд бэлэглэчихье” гэв. Сүүлд Ложоо гуайгаас учрыг лавлахад “Ринчен гуай бичсэн юмныхаа шагналыг авдаггүй юм. Түүнийг нь мэдчихээд Мөнгөний Бизъяа ирж авчих гээд байдаг юм” гэж билээ. Нэг өдөр Бадраа гуай “Ринчен багшийг сурвалжлаад ир” гэж үүрэг өглөө. Тэрээр сонины нарийн бичгийн дарга. Тавин долоон оны Зохиолчдын эвлэлийн хоёрдугаар их хуралд Ринчен гуай “Бадраа сүрхий авьяастай, үг найруулга сайтай, нямбай орчуулагч болно гэдгийг түүний орчуулсан Чеховын өгүүллэгээс уншсан хэн ч хэлэх байх” гэж тэмдэглэсэн байдаг.

-Ринчен багшийг сурвалжилсан сурвалжлага тэгээд юу болов?

-Айж бэмбэгэнэсэн, баахан цэрвэж хулчийсан амьтан очлоо. Тэднийх Улсын их сургуулийн баруун талд байдаг багш нарын байрны нэг давхарт байв. Миний очсон зорилго бол, эх орны дайны ялалтын ойд зориулсан сонинд гаргах сурвалжлага хийх. Дэлхийн хоёрдугаар дайны дараа, сэргээн босголтын ажил эхлэхэд Ленинград хоттой холбоотой газар газрын хүмүүс тус хотынхонд туслах хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ үед буюу 1946 онд Ринчен гуай маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал аваад байсан аж. Тэрээр шагналд хорин мянган төгрөг авснаа Ленинградын өнчин хүүхэд, өтгөс настангуудад бэлэглэн явуулсан байна. Эр хонь гурван төгрөгийн үнэтэй байсан гэхэд хорин мянга гэдэг манай ханшаар бузгай мөнгө бололтой. 1924 онд эрдэм ном сурахаар Орост очсон арван найман монгол сурагчийн нэг Ринчен гуай. Ленинград хотын Енукизегийн нэрэмжит Дорно дахины амьд хэлний дээд сургуульд суралцсан шүү дээ. Өөрийн нь бичсэнээр дөрвөн настайгаасаа цагаан толгой үзэж, орос хэл бичиг сурсан Ринчен шууд дээд сургуульд орсон байна. Орос Зөвлөлтийн алдарт эрдэмтэн Алексеев, Шерба Олденбург зэрэг хүмүүсээр ном заалгасан ачийг санаж тэдний төрөлх хотынхонд бүтээлч хөдөлмөрийнхөө шимээр тусалсан нь тэр байж. Түүнд баярласан хүүхдүүд тэдний асрагч, халамжлагч нар, хамаатан садан нь Ринчен гуайд үй түмэн захиа илгээж хасаг тэргэнд багтахгүй болсон гэдэг. Зарим захиаг нь Ринчен гуай нэр хаягтай нь цээжээр хэлж байлаа. Би нэлээд хэдэн зүйл тодруулж асуусан юм. Хүний нэр усыг зөв бичиж байгааг өнгийн харж, буруу бичсэнийг хуруугаараа зааж засч өгч байгаад “Хоёрны өдөр гэхгүй, хоёрон гэнэ шүү дээ. Зохиолч хүн байж ингэж хайхрамжгүй” гээд инээмсэглэж билээ. Надад “Зохиолч хүн” гэсэн үг содон сонсдож, айх эмээх зэрэгцсэн ч Ринчен гуайн амнаас тийм үг сонссондоо ихэд бэлгэшээдэг.

-Удам угшлынх нь тухай асууж байв уу?

-Өвгөнөөс “Та ямар овгийн хүн бэ. Буриад чинь арван нэгэн овог гэдэг байх аа” гэж сүрхий мэдэмхийрэн асуутал доогтойёо хөхрөөд “Би та нарын боддог шиг буриад хүн биш шүү. Халхын еншөөв овгийн хүн. Миний өвөг дээдэс ч бас эх оронч тэмцэгч улс байсан юм” гэв. Харин энэ үгийн учрыг би их хожуу ойлгож билээ. Ринчен гуай түүх намтрынхаа төгсгөлд Еншөөв овогт гээд үсгээ зурсныг хараад, тэр нь буриадын нэг овог юм байх гэж мунхарч байж. Тэгэхнээ нь тэр Еншөөв гэдэг нь манай Булган, Төв аймгийн залгаа нутгаар нутагладаг эртний зартай овгийнхон юм байна. Тэр овгийн цоохор Цогт гэдэг тайж, улааны шашинд орж шарынхантай харгалдаж, сүүлдээ нутагтаа байх суухын аргагүй хавчигджээ. Улааны шашныхан гэдэг шарын шашны дундаас үүссэн арай дэвшилттэй урсгалынхан. Тэд ертөнцийг бодитойгоор тайлбарлаж, амьдралд идэвхтэй хандсан учраас мухар сүсэгтэй шарынхантай зөрчилдсөн хэрэг. Ухаандаа, шарын шашны лам хүн эхнэр авч болохгүй бол улааны тарнийн шашны лам эхнэр авч найр наадам, зугаа цэнгэл хийж болно. Тэдний зөрчил Цогт тайжийн орон нутгаасаа зайлах болсон шалтгаан юм билээ. Тэр үед Монголын их хаадын сүүлчийн хаан Лигдэн хутагт Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцээд харийн ов зальтны мэхэнд орж урвасан ноёдоос болж хүчин мөхөсдөж байна. Түүгээр далимдуулж, Цогт тайж тэдэнд туслахаар отог омгийнхноо гэр малтай нь аваад Түвдийн Хөх нуурын зүг нүүжээ. Энэ бол 1630-аад оны үе. Түүний зорилго нь тэнд очиж, нутгийн монголчуудтай нийлж хүчээ хамтатган манжийн эсрэг тэмцэж Лигдэн хаанд туслах байж. Гэвч Лигдэн төдөлгүй далдын явуулгаар хордон бие барж, Цогтын зорилго биелээгүй ч зориг нь мохсонгүй, Түвдийг эзэлж аваад тэмцлээ үргэлжлүүлэхийг хүссэн ч нутгийн феодалууд түвдүүдтэй үгсэн хуйвалдсан учраас ялагджээ. Цогт тайж бол Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн ач Баарай хошуучийн отгон хүү бөгөөд тэр үедээ эрдэм боловсролтой, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Манжийн эсрэг улс орноо нэгтгэхийн төлөө тэмцэгчдийн нэг дайчин баатар байсныг бид түүхээс мэднэ. Манжийн талыг барьсан нутгийн ноёд Цогтынхныг элдвээр хяхан хавчиж байжээ. Цогтын хөвгүүн Хонтгорын хүү Охин тайжийг “Цогтоос дор чөтгөр гарч ирээд нутгийн улсыг үймүүлж байна” гэж ад үзсэн учраас тэр хэсэг айлыг дагуулан Буриадын нутагт очжээ. Тэгтэл тэд бас ад үзсэн бололтой. Тэгээд Халхын хилийн орчмын сул газраар нутаглаж буриадуудтай холилдон байсаар сүүлдээ халх буриад нь ялгагдахаа болихгүй юу. Ринчен гуайн дээд өвөг нь мөнөөх Охин тайжийн угсааны, еншөөв овгийнхон байж. Сэлэнгийн Бул Сарай гэдэг газар 1905 онд буриад Бямбаевынд төрсөн боловч өөрийгөө би буриад биш еншөөв гэдгийн учир энэ.

-“Цогт тайж” хэмээх кино бичиж, Чойбалсангийн шагнал буюу төрийн шагнал хүртсэн нь цаанаа утга агуулгатай байж шүү?

-Яалт ч үгүй тэгж бодогдохоор байгаа. Монголын олон баатарлаг өвгөөс зөвхөн Цогт тайжийг сонгон авч киноны зохиол бичсэн нь еншөөвтэй холбоотойгоос гадна маргаан гарахгүйг бодсон байж магадгүй. “Цогт тайж” үр өгөөжтэй, нөлөөтэй бүтээл болсон нь тодорхой. Тэр кинонд авьяастай залуусыг олж тоглуулсан нь шинэ нээлт болсон бөгөөд хожмоо тэд манай урлагийн шилдэг зүтгэлтнүүд болсон юм. “Цогт тайж” үзэх тоолонд шинэ кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь үнэнхүү цагийг эзэлсэн бүтээл болсны гэрч. Ганц “Цогт тайж” ч биш, Ринчен гуайн хориод оноос хойш бичсэн олон зохиол нь Монголын шинэ утга зохиолд том байр эзэлдгийг бүгдээр мэднэ. Миний бие хүүхэд байхдаа

“Цоохор шар саран чавганц

Цоорхой үүлэн дээлээ хэдрээд

Туяан цагаан таягаа тулж

Тугал олон одон сүргээ туув

Үүлэн ноорхой дээлийг нь ноолон

Үеэл хөвгүүн салхи үлээн наадав” гэж уншихад сэтгэл сэргэдэг сэн. Анхных нь шүлэг юм гэнэлээ. Сэмжин үүлний цаана нэг ил гарч нэг далд ордог саран, үүр цайхад нээрээ л мал бэлчээртээ гарах мэт алга болдгийг урнаар дүрсэлсэн нь нүднээ харагдаад байдаг. Ринчен гуайн энэ мэт олон зохиол миний нүдийг нээсэн. Анх “Үүрийн туяа” романы эхний дэвтрийг уншихад, сонгодог бичгийн найруулга мэт нь төвөгтэй байсан ч хойш тавилгүй уншуулж дуусгадаг шид нь намайг олон жил хөтөлсөн. “Үүрийн туяа” гурамсан романыг нь шүүмжлэгч Г.Жамсранжав гуай “Энэ роман бол үндэсний үзэл нэвт шингэсэн зохиол” гэж дүгнэснийг үзээд зориг мохолгүй харин чиг ямар үндэсний үзэл шингэснийг нь ойлгохгүй мөртөө мэдэх гээд шимтэн уншиж байснаа мартдаггүй. Эл романыг дөрөв дэх удаагаа хэвлэв гэснийг харахад бах төрдөг юм. С.Бадраад нэгэнтээ “Үүрийн туяа”-гийн өмнө есөн роман бичиж залгана гэж хэлснээ хэрэгжүүлж завдаагүй байх. “Заан залуудай”-гаас эхлээд “Их нүүдэл”, “Напраас”, “Сандо амбан” гэх мэтээр нааш нь яваад “Үүрийн туяа”-тай залгана гэж ярьж байсан. Жаран хоёр оны Зохиолчдын эвлэлийн хурлын үеэр Ш.Гаадамба багш “Ринчен “Заан залуудай” романаа Сы Мацяний “Хүннү” романаас бараг хуулсан байна. Томчуул нь ингээд байхаар ямар хэрэг байх вэ” гэж шүүмжиллээ. Хурлын завсарлагаар Ринчен гуай Га багштай уулзаад “Чи бас түүнийг олоод уншчихаа юу. Балар эртний сэдвээр бичихэд үлгэр авчихаар юм түүнээс өөр ном олдоогүй шүү” гээд мушийж байхыг миний бие харсан. Ринчен гуай нэг өдөр хороон дээр ирээд “Би “Их нүүдэл”-ийнхээ нэг дэвтрийг бичээд хэвлэлд өгчихлөө. Одоо сүүлээс нь урагш явъя гээд “Сандо амбан”-ыг эхэлчихлээ” гэв. Тэрээр хурдан бичдэг, уйгагүй сууж их юм бүтээдэг хүн байлаа. Уран зохиолын хажуугаар, судалгаа, орчуулга хийнэ. Гэртээ гурван бичгийн машин зэрэгцүүлж тавиад сууна. Хэл шинжлэлийн зүйл машиндаж байснаа босоод уран зохиолоо үргэлжлүүлэн тачигнуулж гарна. Тэр бичих машиндахдаа маш хурдан, гар нь ухаанаа гүйцэхгүй байгаа юм шиг санагддаг сан.

Ингэж хурдан ажиллаж байхад гараас нь бүтээл гаралгүй яахав. Нэг л мэдэхэд “Сандо амбан” романы эхний дэвтэр хэвлэлээс гараад ирлээ. Ёстой нэг, чадал зааж бичсэн зохиол доо. Түүнд Сандог Халх руу явуулах гэж Манжийн хааны ордонд сургаж байгаа хийгээд Манж нарын үүх түүх болон төрийн бодлогыг нь яруу сайхан өгүүлдэг бөгөөд Хүрээнд суух амбан Богд хан уулын зүүн сугаар орж ирж байгаагаар дуусдаг юм. Дараахь дэвтэрт нь Сандо амбан хүрээнд ирж ажиллаад, Манжийн эсрэг бослогын дараа хөөгдөн мөнөөх уулын зүүн сугаар далдарч байгааг гаргана гэж ярьдаг сан. Түүний яруу найраг нь гойд сонин дүрслэлтэй байдаг нь, эрх мэдэлтэй, бусдаас өө согог хайдаг зарим хүний санаанд таардаггүй байсан нь нийтэд илэрхий шүү дээ. Тэрбээр шүлгүүдээ эмхэтгэн “Бэр цэцэг” нэрээр 1958 онд хэвлүүлээд алуулах шахав.

“Уудам сайхан манай нутгийн

Уул талаар өнгийн цэцэг олон

Онц л түүний дундаас бэр цэцэг

Олны сэтгэлд хайртай сайхан” гэх мөрүүд ч үндсэрхэх үзлийн илрэл хэмээн дүгнүүлж байлаа. Тэр үеийн Төв хорооныхонд ямар гэгчийн ад зэтгэр шүглэхээрээ, ийм яруу найрагчийг дайрч давшилсан юм, бүү мэд ээ. “Бэр цэцэг” номонд “Гашууны гудамж”, “Үдэш Невскийд” зэрэг эх орны дайны үеийн Москвагийн тухай, бас Унгарт аялж явахдаа бичсэн хэдэн хурц шүлэг орсон бөгөөд бүх шүлгээ монгол, орос хэлээр бичсэн.

“Эмэгтэйчүүдийн үс нь яасан ч шар юм бэ

Хүний зүрх сугалж сорсон юм шиг

Уруулаа гал улаанаар будсан шиг нь

Хээр тал нутагт минь тийм байдаггүйеэ” (“Үдэш Невскийд”),

“Хортобаажийн хөдөө талд нь, ховор эрдэнэ олсон мэт баярланхан

Ар монгол нутагтай эгээ адилхан агь ханхалсан аргал олж өвөртлөөд

Үдэш Дунай их буудалдаа, үнсний саванд утаа тавин асаадаг боллоо

Багын дадсан үнэр ханхлаад Монгол нутгийн үнэр ханхлах мэт сайхан санагдсан…” (“Хортобаажийн аргал”) гэж бичсэн нь эрх баригчдын хилэнг хөдөлгөж хамгийн түрүүнд “Бэр цэцэг” шүлгийн түүврийг ноцов. Мөн “Монгол хэл” хэмээх чухамдаа өөрийг нь таних тэмдэг болсон цуутай шүлэг байдаг.

“Чихнүү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөдийн маань өв их эрдэнэ…” гэсэн мөрийг “Чин зоригт өвгөд гэдэг хэн бэ, бодвоос Чингис хаан биз. Түүнийг далдуур магтсан нь тодорхой байна” гэж сэжиглэдэг байлаа.

-Ринчен гуайн хэлмэгдлийг хүмүүс бараг л мэднэ. Тэр үеийн сэхээтнүүд бүгд хэлмэгдэж, хоригдож цагдуулж ирсэн гашуун түүхтэй. Харин зохиолчид хоорондоо таарамжгүй байсан гэдэг. Тухайлбал Ринчен гуай Дашзэвэгийн Сэнгээ хоёр их үздэг байжээ. Тэр тухай ярихгүй юу?

-Ринченг шүүмжлэгдэж байхад түүний үзэг нэгтнүүд тэгтлээ хамгаалж байгаагүй шиг санагддаг юм. Д.Сэнгээгийн бичсэн дайрал шүлэг бол тэр талаарх том жишээ л дээ. Сэнгээ залуудаа Дотоод яамны төлөөлөгчөөр ажиллаж, хүмүүсийг баривчлан, нугалаа завхрал гаргахад албан үүргийн дагуу оролцож байжээ. Түүнийгээ ч ухаарч 1959 онд болсон МАХН-ын Төв хорооны бүгд хурал болон Ардын их хурлын чуулганд дамнуургаар хүргүүлэн очиж буруугаа хүлээн Монголын сэхээтнүүдээс хамгийн түрүүнд нам ард түмнээсээ уучлалт гуйсан хүн. Тэрбээр, яаманд ажиллаж байхдаа дайсантай тэмцэж, эх орондоо тусалж явна л гэж бодож байсан гэж хэлсэн байдаг. Үнэндээ, Сэнгээ бол тэр үед ташаандаа буутай, тархиндаа тангарагтай цэргийн хүн байсан болохоор хэлсэн, хийснээ төрийн төлөө хийж байна гэж бодож байсан гэдэг нь үнэн байх. Залуу насандаа алдаа гаргаж нүгэл хийж явснаа ойлгох чадвартан байна гэдэг ухаантай хүний шинж. Тэр нийгмийн идэвх сайтай, зохион байгуулах чадвартай, төгөлдөр авьяастай том зохиолч байлаа. Олонхи залуу уран бүтээлчийн адилаар Сэнгээ зохиол бүтээлдээ алддаг байсан нь мэдээж. Тавин дөрвөн онд “Далан настанд ч даруулга хэрэгтэй” дайрал шүлэг бичиж Ринчен гуайн дайснуудад өгөөш хаясан удаатай. Олон жилийн дараа Ринчен гуай “Сэнгээ тэр шүлгийг Төв хорооны үзэл суртал эрхэлсэн дарга Н.Лхамсүрэнгийн даалгавраар бичсэн үнэнээ хүлээсэн” гэж зохиолчдын дунд хэлж байхыг сонссоон. Тэр ярианы дараа Д.Намдаг багш “Ринчен Бямбаев хэцүү хүн. Сэнгээд айхтар өвчин тусаж бие нь муудаад байх үед байн байн очиж, биеийг нь асууж, сахлаа илбэн суудаг байсан. Энэ надад их аймшигтай санагддаг. Тэр олон эргэлтийг чинь хайр халамж гэх үү, хариугаа авалт гэх үү, хэлэхэд хэцүү л юм даа” гээд толгой сэгсэрч байж билээ. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд Ринчен гуай ардын хувьсгалын хэрэгт арван тав, зургаатайгаасаа биеэр оролцсон хүн юм. 1920 онд Ардын намын анхны долоон хүн Орост одож, Дээд Шивээ, Эрхүү хотод нууцаар ажиллаж байхдаа Бямбаевынхантай танилцаж тэдний тус дэмжлэгийг их авч байжээ. Энэ талаар партизан цэргүүд болон Ринчен гуай өөрөө ч дурсан ярьж, бичсэн. МАН-ын анхдугаар их хурал 1921 оны гуравдугаар сарын 1-нд Оросын Дээд Шивээ хэмээх хилийн жижиг хотод хуралдахдаа Бямбаевын байшинг сонгож авчээ. Хожим тэр байшинд Монголын хувьсгалын музей нээсэн юм. Ринчен гуай “Манайд Сүхбаатар нар 1920 оны намраас үе үе ирдэг байснаа цагаан сарын дараахан олуулаа цуглаж хэдэн өдөр хуралдсан юмдаг. Би тэдэнд өглөө оройд данхтай цай оруулж өгдөг, захиа бичиг зөөдөг байлаа” хэмээн ярьдаг сан.

-Монголын хэл шинжлэл, соёлын нэг том уул байсан нь мэдээж. Тэр тухай баримт сэлттэй нэгд нэгэнгүй ярина гэвэл барагдах юм биш байх?

-Түүний “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа”, “Ану хатан”, “Мангаа До-гийн эцсийн зүүд” зэрэг тавиад оны сүүлчээр бичсэн өгүүллэгүүд уншигчийн сонирхлыг маш их татсан. Ринчен гуай энэ үед шаргуу бичиж, бичсэнээ зохиолчдын сонин сэтгүүлд авчирч гаргуулдаг байлаа. Өвгөн эрдэмтэн, шинэ үсгийн дүрмийг дандаа шүүмжилж, тодорхой санал дэвшүүлнэ. Зарим хүн нүүрэн дээр нь зүйтэй, зүйтэй гээд нүднээс нь далд “Ринчен дэмий юм ярих юм, хэрэгжүүлэх боломжгүй юм донгосч байна” гэнэ. Сонин, сэтгүүл, радиогийн хэл найруулгыг айхтар шүүмжилж “МОНЦАМЭ-гийн мохоо модон хэл, монгол хэлийг модны өт шиг идэж байна” гээд шүүмжилнэ дээ. Харин түүнийг бие барсны дараа сонин радиогийнхны чих амарч өөлж хэлэх хүнгүй болсонд баярласан байх шүү. Сурагч байхдаа М.Горькийн “Салхич шувууны дуун” хэмээх гайхамшигт зохиолыг орос монголоор уншихад сэтгэл хөөрөн онгод орох шиг болдог сон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрөө үл хүндэтгэсэн бөхчүүдэд төр нь цол өгөх хэрэг байна уу

Саяхан төрт ёсны хоёр томоохон баяр тохиолоо. Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр(өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн)-ийг “Монгол бахархлын өдөр” болгон улс даяараа тэмдэглэсэн. Эл өдөр бүх нийтээрээ амарч, төрийн есөн хөлт цагаан тугаа цэнгүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагнал Чингис хааны одонг гардуулдаг. Мөн чансаа өндөр 128 бөх зодоглон, түмэн олон хүчит бөхийнхөө барилдааныг шимтэн үзэж цэнгэл таашаалыг эдэлдэг. Гэтэл төрт ёсны баяр, эзэн хааныхаа түүхт өдрийг бөх тэх гэх нөхөд үнэндээ юман чинээ тоосонгүй. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ц.Содномдорж нарыг эс тооцвол энэ цаг үед шуугиан болж буй идэр залуу хүчтэнүүд бөхийн өргөөнд хамраа ч цухуйлгасангүй. Сэтгэл дундуур хоцорсон олны хэлдгээр “сайн дурын уран сайханчид”-ын тэрсэлдээн болоод өнгөрчихөв үү дээ.

Үзүүр түрүүнд улсын начин, шөвгийн дөрөвт аймгийн цолтон ч шалгарч байх шиг. Аргагүй шүү дээ, тийм л зиндааны бөхчүүд зодоглож байгаа юм чинь. Чингис хааны төрт ёсны баярт энэ цаг үеийн идэр аваргууд болох С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Д.Азжаргал, улсын гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганбаатар, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын өсөх идэр начин, даншгийн арслан Р.Пүрэвдагва гээд бүгд зодоглоогүй. Энэ хэд зодоглохгүй болохоор ямар элэнцгийнх нь чансаа өндөр барилдаан байхав дээ. Дараахан нь буюу арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны ой тохиосон. Сүүлийн үед уг өдрийг бүх нийтийн амралтын өдөр биш болгон үнэ цэнийг нь жаахан бууруулсан ч тусгаар тогтнолын өдөр гэдэг нь маргашгүй. Монгол ёс уламжлал, жаяг дэгийн дагуу 256 бөх зодоглолоо.

С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр аваргууд бас л тоож ирсэнгүй. Өнөө жилийн наадамд ес давж түрүүлэн шуугиан дэгдээж, ааг омог нь багтаж ядаж байгаа залуу арслан Э.Оюунболдын бараа сураг ч байдаггүй. Түрүү жилийн наадмаар улсын алдар цолтнуудыг толгой дараалан цувуулсан Завханы Ш.Жаргалсайхан, шинэ цагийн анхны даншиг наадмын арслан өнөө Пүрэвдагва гээд залуу хүчтэнүүд мөн л зодоглож гялайлгасангүй.

Улс тунхагласны баярыг 1984 онд тэмдэглэн, 60 жилийнх нь ойгоор бөх барилдуулахад 128 шилдэг хүчтэн зодоглож Баянаа аварга түрүүлэн, Хадаа аварга үзүүрлэж байсан түүх бий. Ерээд оноос хойших барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон түрүүлсэн байдаг. Ингэж төрт ёсныхоо баярыг заалны барилдаан гэж гололгүй, цаг цагийн бөхийн манлай болсон хүчит аваргууд зодоглож ирсэн байх юм. С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр хоёр идэрхэн аварга маань өнөө жилийн наадмын дөрөв, тавын даваанд залуу бөхчүүдэд гуядуулснаас хойш бараа дүрээ харуулсангүй. Тэд бол үндэсний бөхийн аварга хэмээх дээд эрэмбийг Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нараас өвлөсөн энэ цагийн бөхийн магнай болсон хүчтэнүүд юм. Төрийн хүндэтгэлийн ойгоосоо нүүр буруулан пээдийх биш зүүн барууны магнайгаа тэргүүлэн босч ард түмнээ цэнгүүлэх үүрэгтэй. Төрийн наадамд “гарлаа, өрлөө, давлаа” хэмээх гуравхан үгээр дуудуулж тав дараалан түрүүлсэн Д.Дамдин аварга, тэрхүү буухиаг залган авч мөн л тав дараалан түрүүлсэн Ж.Мөнхбат аваргууд шиг тийм насандаа, бөхийн эрэмбэндээ яваа бөхчүүд л дээ. Ер нь тэгээд бөхдөө хайртай монголчууд аварга гэдгийг Түвдэндорж, Дамдин, Батсуурь, Мөнхбат, Баянмөнх, за тэгээд Цэрэнтогтох, Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Сүхбат шиг дийлж барилддаг бөхчүүдээр төсөөлж ирсэн. “Ид барилдаж байхдаа долоогийн даваа хүртэл хэнтэй барилдсанаа дараа нь санадаггүй. Гарч ирээд л ганцхан хүчтэй дайрчихаад, эсвэл дугтарчихаад яваад өгнө. Удна төднө гэдгийг мэдэхгүй шүү дээ” гэж Баянаа аварга ярьдагсан. Тэд бол үнэндээ ширүүхэн хөдлөхөд салхинд нь хүн найгахаар тийм л багтаж ядсан хүчтэнүүд байсан.

Тэгтэл манай залуу аваргууд төрийн наадамд түрүүлснийхээ дараа жилээс гурав даваад тахимаа өгөхийг харах ямар ичгүүртэй гээч. С.Мөнхбат 2011 онд түрүүлээд дараа жил нь дөрвийн даваанд улсын цолгүй бөхөд тахимаа өгсөн бол Сэлэнгийн Эрхэмбаяр аварга цол хүртсэнээсээ хойш улсын наадамд одоогоор тав давж шөвгөрөөгүй байна. Юун дахиад үзүүр түрүү, амныхаа хүүхдийг барахгүй байна. Ийм аваргууд гэж байдаг ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Эрхэмбаяр өнөө жилийн наадмаар яав. Гурав даваад Дорнодын Анар гэж залууд тонгоруулан тас гэдрэгээ саваад унасныг олон түмэн харсан.

Наадмын өмнөхөн Бурхан Халдуны төрийн их тахилгад залуу аварга С.Мөнхбатыг төрийн тэргүүн авч явсан. Энэ бол Элбэгдорж Мөнхбат гэсэн хоёр хүний асуудал биш л дээ. Монголын төрт ёсны, үеийн үед бөхөө хүндэтгэж, ёс жаягаа дээдэлж, үндэснийхээ тусгаар тогтнолын дархлааг хадгалж ирсний нэгэн илэрхийлэл байлаа. Эзэн Чингисийнхээ үеэс тахиж шүтэж ирсэн хайрхны тэргүүн дээр бөхийн магнай болсон залуу хүчтэнийг гаргаж, төрт ёсны баярт оролцуулж, Монголын өв соёл, монгол эрийн сүр сүлд, хийморь лундааг төрийн тэргүүн бодсон хэрэг.

Гэтэл Мөнхбат аварга маань төрийн энэ их хүндэтгэл хайрыг үл огоорч байна уу даа гэх бодол эрхгүй төрөх боллоо. Хааныхаа онгон дагшин хайрхны тэргүүн дээр төрийн ёслолд оролцсон хүн наад зах нь “Монгол бахархлын өдөр”-өөр төрт ёсоо хүндэтгэн зодоглож, бөхчүүдээ манлайлан барилдана биз дээ. Арванхоёрдугаар сарын 29-нд Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаан болдог. Бүр тодруулбал, ногоон хаш чулуун дээр өндөр төрийн сүлдийг байрлуулсан хүндэтгэлийн цомыг түрүү бөхөд гардуулдаг. Монголын төр бөхөө дээдэлж, өв соёлын дархлаа хэмээн үзэж ирсний баталгаа бол энэ юм.

Гэвч бөхчүүд төрөө хүндлэхгүй өөрт оногдсон үүргээ ухамсарлахгүй, ажлаа хийхгүй байгаа нь харамсалтай. Б.Гончигдамба гарьдтай нэгэнтээ яриа хөөрөө болж суухад “Намайг дараалсан олон барилдаанд тогтмол дээгүүр барилдлаа гээд хүмүүс магтаад байх юм. Энэ чинь тэгж гайхаад магтан мандуулаад байх юм биш. Би зүгээр ажлаа л хийж байна” хэмээн хэлж байсан. Тэгвэл идэр залуу аваргуудаас болоод бусад бөхчүүдээс ажлаа тогтмол, үнэнч шударга хийхийг ард түмэн шаардах эрхтэй. Ялангуяа төрийнхөө наадамд үнэнч шударга ажиллахыг төртэй, түмэнтэйгээ шаардах учиртай. Наадмаас хойших бүх барилдаанд Бүрэнтөгс арсланг нэг ч алгасалгүй барилдлаа гээд бөхийн тайлбарлагчид амаа олохгүй магтаад байгаа. Тэр хүн зүгээр л ажлаа хийж байна. Бүрэнтөгс арсланд ард түмэн үнэхээр хайртай байх шиг. Тэрээр Баянаа аваргын нэрэмжит наадамд түрүүлсэн бөхийн бай болох таван сая төгрөгөө хандивын аянд өргөсөн. Урьд өмнө нь бөх тэх гэх нөхдөөс ийм өгөөмөр сэтгэл гарч байсныг мэдэхгүй юм. “Тэд бол бусдаас юм авахын донд автаж, авлига хээл хахууль, атаа хорслын талбар болсон нөхөд” гэх таагүй хандлага олны дунд байдаг. Үүнийг залуу арслан өөрчилсөн нь шинэ зүйлийн эхлэл болсон. Төрт ёс, түмэн олноо хүндэтгэн барилдаж ирээдүйнхээ их түүхийг бичихийн төлөө Бүрэнтөгс зүтгэж байна.

Ирэх он жилүүдийн наадмыг харахад, Бүрэнтөгс онцгойрох юм шиг итгэл бөх сонирхогч олонд төрж эхэлсэн нь нууц биш. Зүгээр л мөрөөрөө ажлаа хийж, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж буй хүнд амжилт ялалт өөрөө ирдэг нь хууль юм.

Төрт ёсны энэ баяруудад улсын цолтнууд эзгүй байхыг хараад арай өнөө “алтан гулдмай”-даа явчихаагүй байгаа даа гэх бодол зурсхийсэн. Өнгөрөгч жил яалаа. Шинэ Үндсэн хуулийн ойгоор Рагчаа гарьдаас өөр улсын цолтон бараг зодоглоогүй. Гэтэл яг тэр үеэр урд хөрш маань жаран саяын үнэтэй алтан гулдмайгаар манай бөхчүүдийг даллачихсан байгаа юм. Яагаав, Санжаадамба заан амандаа алтан гулдмай зууж ирээгүй бил үү. Зэвүү хүрмээр өөр нэг зүйл бол Үндсэн хуулийнхаа ойд зодоглоогүй нөхөд хэдхэн хоногийн зайтай болсон “Жем интернэшнл” компанийн өндөр бооцоотой барилдаанд бүгд зодоглож, төр, ард түмнээ доромжилсон. Түрүү бөх таван саяын бай мөрийтэй гэж сонсоод л юун шинэ Үндсэн хууль, ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол болоод явчихна биз дээ. Монгол бөхийн залгамж халаа ийнхүү хэдэн халтар төгрөгт сэтгэл урваж, үндэснийхээ өв соёлын дархлааг үнэгүйдүүлж эхэлсэн нь харамсмаар.

Төрөө үл тоож, төр, ард түмний хайр хүндэтгэлийг хувийнхаа эрх ашгаас доогуур үзэх болсон тэднийг өргөмжлөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, үндэсний их баяр наадмын хүндэт индэрт цол тэмдгийг нь ёс төртэй гардуулах хэрэг байна уу. Харин ч эсрэгээрээ олон түмнээ хүндэтгэн барилдахгүй байгаа нөхдийн амжилтыг бууруулдаг, сануулга өгч шахаж шаарддаг хууль дүрэмтэй болох хэрэгтэй. Япон улсын хувьд үндэсний спорт нь болох сумо бөхийн цол, зэрэг дэвийн уламжлал нь манайх шиг байсан. Ёкозуна цолонд хүрсэн л бол насан үүрд тэр цолтойгоо үлддэг байж. Гэтэл энэ байдал нь яг манай өнөөдрийнх шиг байдалд хүргэсэн учраас XX зууны эхээр сумо бөхийн холбооноос эрс реформ хийж амжилт нь ахиагүй, ёс суртахууны алдаа гаргасан … гэхчилэн олон үзүүлэлтээр цолыг нь бууруулах, хураах, сумогоос хөөх зэрэг хатуу дэг журам тогтоосноор өнөөдөр сумо бөх олимпийн төрөлд оруулах хэмжээнд яригдах хүртлээ хөгжиж байна.

Монголын үндэсний бөхийн бодит үнэн иймдээ хүрсэн учир монгол төрийн тэргүүн хүндэтгэлтэйгээр цолыг нь өгдөг бус салбар холбоо болох Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийнхээ цол, чимгийг өгч, статусыг нь бууруулах нь зүйд нийцнэ. Монголчуудын бөх шүтсэн галзуурсан сэтгэлгээ улс орныг доройтуулахаас цэцэглэн хөгжүүлэхгүй л болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүгдээрээ хождог уралдаан

Нэг. Хуурамч нүүр ба үнэн дадал

ХХ зуун домогт нүүдэлчид хэмээгдэх монголчуудын нүүр царайг өөрчилсөн юм. Орон гэр, амьдралын хэвшил, ахуй байдлаас эхлээд биеийн галбир царай зүс нь өөрчлөгдөв. Байшинд амьдардаг, өрнөд маягийн суурин хувцастай болоод зогссонгүй хөл нь тэгширч, нуруу нь тэнийн гоолигжиж, наранд түлэгдэж, салхинд осгоруутсан хүрэн саарал царай нь зөөлөн цагаан болов.(Монгол хүн морь унасаар байгаад хөл нь майга болсон хэмээн бид шүлэглэн дуулах нь байдаг. Буруу ч юу байхав, ард түмэн болгон сэтгэлээ засах эрхтэй хойно. Тэгж бодоход сэтгэл сайхан боловч өсөлтийн насанд дутагдсан шим тэжээл, витаминаас болсон гэж судлаачид хэлдэг юм билээ)

Гэтэл “нүүр царай” бол гадна өнгөн тал бөгөөд тэнд гарах хувьсал, хувирал дотоод агуулгадаа нөлөө багатай ажгуу. Яг л хорвоо дэлхийг өвлөөр харахад цас мөсөнд хучигдаж хүйтэн мөн чанартай гэж үнэмшмээр, ахиад мэдэхнээ цэцэг ногоо нөмрөн дулаан байхаар бүтээгдсэн хэмээн нотолмоор барьцгүй байдаг шиг.

Нийгмийн нүүр царай өөрчлөгдөх нь ихээхэн өнгөц хувьсал байжээ гэдэг нь социализм анх орж ирснээс 70 жилийн хойно сая мэдэгдэв. 1990 онд социализм нуран унахтай зэрэгцээд тухайн дэглэмийн тогтоосон үнэт зүйл бүхий монгол хүний “нүүр царай” агшин зуур ховхрон унах нь тэр.

Нүүдэлчин монголчууд хувийн малаасаа үүрд залхаад нийгэмчилсэн ба цаашдаа хувийн өмчийн сонирхолгүй болсон тухай нам засгийн дүгнэлт ба малчдын өөрсдийнх нь ам андгай шал худал болж таарав. Тэд нэгдэл тарах процессийг баяртайгаар хүлээн аваад зогссонгүй, малаа хувьдаа авав. Хувьдаа аваад зогссонгүй “нэгдлийн өмч” байхдаа 25 сая хүрч үзээгүй Монголын малыг дорхон нь хоёр дахин өсгөж 50 сая гаргаад авав.

Дэглэмээс тулгасан суртал ёсоор социалист хэмээх эзэнгүй, улсын өмчийг нүдний цөцгий мэт хайрладаг болсон нь нэгэнт тодорхой байсан монголчууд агшин зуур нийгэм ба улсын мөнгийг тоногчид, эхлээд зуугаар, дараа нь мянгаар, улмаар сая саяар, сүүлийн үес тэрбумаар нь завшигчид байсан нь мэдэгдэв.

Нүүр царай худлаа ажгуу.

Харин ХХ зууны монголчуудын амьдралын агуулгыг өөрчилж дадуулсан нэгэн том хувьсгал байсан нь Соёлын довтолгоо байлаа. Ариун цэвэр, амьдралын хэвшил, хувийн соёл, боловсролын хүрээнд төрийн хүчинд дулдуйдан хийсэн энэ хувьсгал суурин иргэншлийн амин чухал дадлуудыг монгол хүний агуулгад шингээж өгсөн юм.

Энэ хувьсгалын үрээр усанд ордог, нүүрээ угаадаг, зүгээр нэг угаахгүй савандаж угаадаг, шүдээ цэвэрлэдэг, мөрөөрөө нэг шүдээ цэвэрлэхгүй “оо, сойз” хэрэглэдэг болгожээ. Бас нийтээр нь бичиг үсэг сургаж, уншсан номыг нь яриулж, тэмдэглэл хөтлүүлэн шалгаж явсны үрээр “Малаа ч малладаг,Марксын намтрыг ч уншдаг” нүүдэлчид бий болов.

Соёлын довтолгооны үрээр дадуулсан суурин иргэншлийн тариалан одоо ч цэцэглэн үр шимээ өгсөөр бөлгөө.

Хоёр. Ичих нэрэлхэхийн давааг гатлахуй

Нэгэн аймаг тэгш ойгоо тэмдэглэхээр хандивын үдэшлэг зохиожээ. Монгол хүний хувьд баяр наадам сайхан хийвэл амьд явсны хэрэг бүтнэ гэж үзэх тул хэр чадлаараа хандив өргөнө. Зайлуул хөөрхий энэ мөнгөөрөө олигтой хувцас аваад өмсөөсэй, витамин авч биеэ тэнхрүүлээсэй гэмээр хүмүүс ч 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгөө харамгүй өргөсөөр. Бололцоотой нэг нь арав хорин саяыг ч өргөж байх шиг. Аймгийн ой тэмдэглэх комиссынхон бараг тэрбум цуглах нь гэлцэн, нижгэр дэлгэр наадам нүдэнд харагдаж эхэлжээ.

Гэтэл бяр мөнгө хоёр нь амтагдсан нэг эрхэм босч ирээд хагас тэрбумыг амлах нь тэр. Харамсалтай нь түүний араас хандив өргөх хүн гарсангүй, өөрт байгаагаа харамгүй өгөхөөр гар өргөн өндөлзөж байсан улс ч таг чиг. Таван зуун сая төгрөг амласан хүний араас 10 сая төгрөг бариад очих нь ичмээр явдал болов.

Тэтгэвэр цалингаасаа тав арваар хураасаар байгаад сая болгож нутгийнхаа ойд хандивлаад, өсч төрсөн газар орондоо нүүр бардам очиж, энэ сайхан наадмыг би ч бас хийлцсэн хэмээн магнай тэнийн дурсахыг мөрөөдсөн ахмадуудын санаа талаар болов. Түрүүхэн 10 сая, нэг саяыг өргөж байсан улс ичингүйрэн, хувьсгалын туг шиг улаан царайтай болчихоод бушуухан гарах арга хайж байлаа.

Сураг дуулахнээ өнөө том амлагч мөнгөө ч бүрэн өгөөгүй, тэрнээс болоод мянга мянган хүнээс цуглараад хэмжээ нь жижиг ч тооныхоо олноор сав дүүргэх учиртай байсан мөнгө ч талаар болсон гэсэн. Сандралд орсон “ой тэмдэглэх комисс”-ынхон “бага хандив голохгүй” хэмээн дахин дахин зарласан боловч “нэгэнт ичсэн хандивлагчдын хүрэл зүрх шантарсан” тул хэн ч эргэж ирсэнгүй.

Сайн үйлс бүтээхэд туслах, буяны хандив өргөх санаа бүх хүнд бий. Гэхдээ, хүн юм болсон хойно бусад хандивчдаас ядуу харагдахаас нэрэлхэнэ. Бас хүн л юм хойно бяцхан болов алдар нэр хүсч, том том хандивын дотор өөрийнх нь өргөл харагдахгүй живэхээс айна. Тийм болохоор “мянган төгрөг” өргөх буяны үйлс нийтийн сонирхлыг татавч хэн нэг нь сая саяар нь цутгаад эхлэхээр утгаа алдан сая сая эгэл хүнийг үргээнэ.

Яг үүн шиг хурааж хуримтлуулах, баялаг цуглуулахдаа хүмүүн нэрэлхүү зангаасаа болж хойш суудаг. “Чинээлэг хүмүүсийн хадгаламжинд тэрбум тэрбум төгрөг байхад ганцхан зуун мянгаар хадгаламж нээх хэрэг байна уу”, “намайг ийм өчүүхэн юм банкинд хадгалуулж байгааг хүмүүс харчихвал муухай яа”, “банкны ажилтан цааш нь хүнд ярьчих болов уу” гэхчилэнгийн түмэн саадтай тулаад “За, ядаж ганц сая төгрөгтэй болоод эргэж ирье” хэмээн гарна. Гар дээр үлдсэн мөнгө юүхэн хээхэнд үрэгдэх нь ёс. Зуун мянган төгрөгтэйгөөр арван удаа ирээд банкны үүднээс буцахад нэрэлхээгүй бол аль хэдийнэ сая болох учиртай хадгаламж замхарна.

Хүнд өгөхөд ч, өөртөө үлдээхэд ч хаалт болдог “бага хэмжээтэйн садаа” гэж байна. (Хачин юм шүү, монгол хүн цөөн малтай, ганц морьтой байхаас ер ичдэггүй. “Ганц морь туралдаач” гэж үг байдаг нь уртаашаа нэг ширхэг унаатай тэр хүн ямар ч сэтгэлийн дарамтгүй, орчин үеийн ойлголтоор бол хөрөнгөгүйн улмаас үүдсэн стресс, депресс, комфлексгүй ажаам)

Харин заримдаа ядуу зүдүүгээрээ гайхуулахдаа тулан “Ядуу ардыг чи яахын”, “би угаасаа ядуу хүн, тэгээд яах гээв” хэмээн түхэлзэх боловч “зуухан мянгаар хадгаламж нээлгээд тэндээ сар бүр 10-хан мянган төгрөг хийдэг гэхчүүлээ” хэмээн хэлэгдэхээс учиргүй ичнэ. Тэгэхээр нүүдэлчин хүн “ядуу байх” ба “мөнгөгүй байх” хоёр тусдаа ойлголт бололтой.

Энэ бүгдийг яах гэж ярив гэхээр ийм учиртай юм. Нэг талаас нь бид өнгөн талаасаа суурин иргэншлийн баг өмссөн боловч хотшин нийгэмших үйл явц яагаа ч үгүй байна. Бид нам засгаас айсандаа л “хотын хүн”, “малчин бус иргэншин суурьшсан этгээд мөн” болж харагдан жүжиглэж байж гэж.

Гэвч нөгөө талаас социализмын үед үндэстний гадна өнгө төрхийг нэвчин сэтгэл санаа агуулгад шингээж чадсан дадал хэвшил байгаа нь Соёлын довтолгооны ургац юм байна. Учир нь монголчууд үзэл суртлын хүлээс тайлагдмагц улсын өмч харагдвал олз хэмээн үзэгч, хувийн малыг нийгмийнхээс илүү үржүүлэгч болон хувирсан ч бичиг үсгээ мартаагүй, усанд орохоо болиогүй, ахуйн соёлоо гээгээгүй билээ.

Гурав. Олзонд дурлана, ашгаас ичнэ.

Хандив болон хуримтлалыг мөн л хурдан морины уралдаан шиг ойлгож, тэнд хамгийн их өргөсөн нь үзүүрлэж, хамгийн их мөнгөн хадгаламжтай нь торгон жолоо өргүүлэн барианд орох юм шиг хандаад байна. Монгол хүн хандив өргөхдөө сайн үйлст түрлэг нэмье гэхээсээ илүү “ядаж л тэрнээс илүү хандив өргөх юм хуна” гэсэн уралдаанч сэтгэлгээндээ хөтлөгдөх аж. Хуримтлалд ч гэсэн бага багаар хурааж хуримтлуулахыг “шороот бөх, баян ходоод” болохтой адилтган ичингүйрнэ.

Энэ нь тал нутагт тасралтгүй бага багаас ашиг өгдөг бизнес гэж бараг байгаагүй, харин бөөнөөрөө, цулаараа орж ирдэг аян дайны олз, ангийн хишиг л гэж байснаас үүдсэн зуршил байх. Монгол хэлнээ “Олзыг олуулаа”, “эр хүн олзонд, эрвээхэй зуланд” гэхчилэнгийн зүйр үг олон боловч байнгын ашиг, тасралтгүй орлого сэлтийн чухлыг сануулсан зүйрлэл таарах нь ховор.

Гэтэл улсын эдийн засаг бол айл айлын чадал чинээний нийлбэр, үндэсний хуримтлал бол бүхий мянга мянган хүний хураасан, бөөгнөрүүлсний нийлбэр. Ийм учраас нийт үндэстний “хураах” зан төрхөд тааруулсан, ичмээр байдаг хүчин зүйлүүдээс нь зайлсхийсэн менежмэнт чухал болохыг бид харж байна.

Хүчирхэг тогтвортой улс байхын тулд хүн амын үнэмлэхүй олонхи нь хүчирхэг дундаж байх учиртайг мэргэд номлодог. Хүчирхэг дунджийг бүрдүүлэхийн тулд өнөөгийн “хураах юм нь зарим хүнийхээс багахан учраас жаахан ичээд байгаа” олонхийн сэтгэлийн тээгийг давсан арга нэхэгдэнэ. Тэр нь “хураах өсгөх нь уралдаанд хаагуур байртай яваагаас бус тасралтгүй цуглуулахаас хамаатай”гэдгийг хэлсэн харуулсан зүйл байх ёстойг нийтээрээ мэдээд байгаа юм, уул нь.

…Саяхан ийм юм дууллаа. Альч банкнаас гэв дээ “Мөнгөний дээд хязгаарыг заасан” нэг тийм хадгаламж гаргасанд танил маань хамрагдсан юм байх. “Дээд хязгаар заасан” гэдэг нь сонин санагдав. Тэгэхнээ яг хадгаламж биш хуримтлал бий болгож байгааг урамшуулсан, жилийн эцсээр хөөрхөн урамшуулалтайгаар өгөх нэг тийм юм ажээ. Банк бол бизнесийн газар учраас мөнгө байршуулсан гэхчилэнгийн утгаараа өөртөө ашигтай л зүйл хийх нь дамжиггүй. Харин дээд хязгаар заасан нь бага мөнгө хадгалуулахаас нэрэлхдэг монголчуудын сэтгэл зүйн барьер буюу садааг арилгасан санагдав. Хэн нэг сагсуу этгээд нүүрэн дээр чинь сая төгрөг Үндэсний хуримтлалдаа нэмж чамайг доош нь хийхгүй гэсэн үг. Тийшээ очоод хамрагдаач гэж байгаа юм биш. Харин хадгаламжийнхаа бага, хуримтлалынхаа цөөнөөс ичихээргүй болж байгаа нь сайн хэрэг.

Мал нэг өсөхөөрөө яадгийг бид мэднэ. Бойжиж байгаа төл цөөддөггүй ш дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний үг

Өөрийнхөө санааг илэрхийлэхэд өөр хүний үг хэрэг болдог нь сонин. “Би тэгж бодож байна” гэвэл хүмүүс хөндийрөөд явчихна. Харин “тэр гуай тэгж хэлснийг би дэмжиж байгаа” гэвэл улс амьтан ондоо болоод явчих жишээтэй. Дээхнэ үеийн багш нар “За хүүхдүүд минь хичээлээ давтаад байгаарай” гэхийн оронд “сур сур бас дахин сур” гэж Ленин багш сургасныг сануулдаг байв. Яг юу юуг сур гэснийг нь тодорхой хэлээгүй байж тамхи татаж сурсан нэгнийг маань алангаа алддаг сан.

Хэрвээ Ленинг өөрийг нь олж уулзаад энэ талаар асуухад юу гэхийг хэн мэдлээ. Тэрээр шанаагаа тулан бодлогоширсноо “Юу билээ, байз. Би тэгж хэлсэн байна уу? Аа саналаа, саналаа. Өнөө Разлив нуурын хөвөөнд өвсөн эмбүүлд сууж байхдаа нэг гөлөг тэжээсэн юм. Өнөөхийгөө шидсэн мод авчруулж сургах гэж үйлээ үзсэн сэн. Тэр үед л “ой …Моська яасан юм сурдаггүй нохой вэ. Сургах, сургах бас дахин дахин сургах хэрэг гарах юм” гэж байсан санагдах юм. Тэр л юм болов уу” гэх байсан ч байж мэднэ. Харин Лениний “үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль мөн” гэсэн үгийг үнэн гэж боддог шүү, одоогийн үйлдвэрчин энэ тэрийг харах тусам.

Ер нь бол бидний түүхийн үе бүхэн өөрийн гэсэн ишлэлтэй явсан байж таарна. Чингисийн үед ямар ишлэл байсан юм бол. Хааны өөрийнх нь зарлиг л яригддаг байсан болов уу?

Хээр тал нутагт ХХ зууны эхэн хүртэл Бурхан багшийн үг сургаал л их ишлэгддэг байсан болов уу?

Харин ХХ зуунд олон юм урваж, хөрвөжээ. Юун түрүүн “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” гэсэн ишлэлээ “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн өө” гэсэн Марксист лоозонгоор солив. Энэ зууны ажил хэрэг бүхэн өөрийн гэсэн марксист ишлэл лоозонтой байсан юм.

Зохиолч Ж.Лхагваа гуайн “Атга чулуу” номд ийм нэг хэсэг бий. Нэг суманд лекц ярианы дараа “Энэ талаар Маркс, Энгельс, Ленин нар юу гэсэн бэ” хэмээн лектороос асуудаг өвгөн байж гэнэ. Зохиогчийн дурссанаар “Энэ талаар Маркс, Ленин нар юм хэлээгүй” гэх лектор гараагүй юм гэдэг.

Хачирхалтай нь Ленин, Маркс нар нь юм болгоны тухай үгээ хэлсэн байж таардаг нь сонин. Кино театрууд гэхэд “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино. В.И.Ленин” гэсэн ишлэл хадаж байж л сая “хүчин төгөлдөр кино театр” болох жишээтэй. Авто баазууд “Тээвэрт сахилга бат хоёр гурав дахин чухал. В.И.Ленин” гэсэн байдалтай. Харилцаа холбоо, эрчим хүчний салбарт бол тээврийнхээс хоёр гурав дахин бага сахилга хангалттай юмдаг уу?

Маркс, Лениний үг олдохгүй бол Д.Сүхбаатар (Ардчилсан холбооны Д.Сүхбаатар биш), тэгээд барахгүй бол тухайн үеийн удирдагч Ю.Цэдэнбалаас ишилж байж л сая аливаа санал, төсөл үйл хэрэг болох шатандаа ордог. Хичнээн сайн ишлэлээр нотолно тэр хэрээрээ хүлээн зөвшөөрөгддөг байсан. Заримдаа ч тааруулсхийгээд зохиогддог байсан бололтой. Жолооч бэлтгэдэг цэргийн анги болох “107”-гийн Сүхбаатарын танхимын хананд Д.Сүхбаатарын хэлсэн гэх “Манай улс улам олон автомашинтай болно..” гэж эхлээд бараг л өвлийн цагт антифриз хэрэглэж, аккумлятороо сайн цэнэглэж байгаарай гэж ойлгогдохоор ишлэл наяад оны сүүлээр байсан сан.

Д.Сүхбаатарын үед автомашин байсан ч гэсэн түүнийг “Чийчаан, мухар тэрэг, шилэн Форд” гэхчилэнгээр нэрлэдэг байсан гээд бодохоор хожим зохиогдсон болж таарах гээд байна. Ангийн захирагчийн ярьснаар түүнийг энд томилогдон ирэхэд л уг лоозон байсан гэнэ. Мэдээж боловсролтой сэхээтэн хүн уг ишлэл үндэс муутай гэдгийг хараад л гадарласан байх л даа. Гэхдээ үгэнд эргэлзэж байгаагаа хэлбэл буруутах болно. Тэгэхээр байснаар л байж байг. Харин марксизм ленинизмыг үндэслэгч ба ардын хувьсгалын удирдагчийн хэлсэн үгийн талаарх яриа осолтой. Хэлсэн гэх үг нь бол өөрөө осолгүй. Чухам иймээс мөнөөх Лхагваа гуайн номд гардаг өвгөн ба лекторууд ямар нэгэн юманд ороолддоггүй байж гэж ойлгож болно.

Ерээд оны ардчилсан хувьсгал бидэнд ишлэлгүй амьдрах, өөрийн санаатай байх боломж олголоо. Гэтэл өөрийн санаатай гэдэгт ийм ч амар юм биш болоод явчихлаа. Хүний үгээр үг хийх нь хамаагүй амар хялбар байж.

-За ардчилдаг байж. Энэ талаар Марсизм ба Ленинизмийн онолчид, нам төрийн удирдагчид юу гэсэн байна гээд үзэх гэхээр байдаггүй ээ. Байдаггүйгээр барахгүй бүр түүний эсрэг номлол болж таарлаа. Энэ талаар үг хэлсэн хүн гэхээр Зориг, Баабар, Элбэгдорж, Бат-Үүл… бид жирийн хүнээс ишилж сураагүй байлаа. Бид өөрөөсөө ишилж сураагүй байлаа. Учир нь бид өөрснөө хэн ч биш байсан хэрэг.

Тун удалгүй “Япон Ленин” болох Хироно профессор гээч олдов. Ленин багшийн гучин ботийн оронд Хироно багшийн “Зах зээлийн эдийн засаг” лекцийн ксероксдсон хувь уншигдах болов. Дараа нь Кейнс багш, Скаузен багш…

Олон багшийн дундуур “монгол ухаан” гэдэг багш орж ирлээ. Үг хэл, бодол санаа маань хувь хүн рүүгээ улам ойртоод байгаа л хэрэг. Энэ бол “миний ухаан” гэх гээд жаахан халгаад, тойроод байгаа л хэрэг шүү дээ. Олдсон боломж ба бодит байдал хоёрын хооронд буй зөрөө алхам алхмаар багасаад л байгаа хэрэг.

Сүүлийн жилүүдэд уул уурхай яригдах болсонтой холбогдон нэг ийм үг гарлаа. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”. Эхлээд энэ үгийг Хүннүгийн хаан Модунь Шанью бээр ирээдүйд 2200 жилийн дараа гадаадын хөрөнгө оруулагчид ирэх үед хэрэг болно хэмээн хэлж үлдээсэн болохыг ишлэгчид дурдаж байв. Удалгүй хэлсэн хүн нь Модунь биш, харин Галдан бошигт өврийн дэвтэртээ бичиж үлдээсэн болж таарав. Ер нь 2200 -гаад жилийн тэртээх бөөгийн мөргөлт Хүннү нар “Бурхан” гэдэг үг хэрэглэх эсэх, Галдан бошигтын хувьд шарын шашны хутагт хүн байж“ бурхан хүнээс юм гуйх” мэтээр төсөөлөх зэрэг энд ямар ч хамаа алга. Сэтгэл татам энэ ишлэл “би бодохдоо…” гэдэг үгийг бүрэн орлож байлаа.

Яг үүнтэй зөрөөд “Тусгаар тогтнолд хэрэг болох л юм бол төрсөн бууцаа ч битгий харамла” гэж ХХ зууны Монголын лидер Ю.Цэдэнбал хэлсэн гэх үг ч бас гараад ирж. Үнэхээр ХХ зууны Монголыг нийгмийн хөгжлийн шинэ эрэмбэд гаргасны золиосонд нам төрийн удирдагчийнх нь төрсөн бууц явчихсан нь бол үнэн л дээ. Харин энэ үг хэн нэгний “би бодохдоо”-г орлон яригдаж байна.

Ардчилал зах зээлд шилжээд жил өнгөрч байна. Харин бидэнд өөрийн бодол санаа ирж гүйцээгүй л ажгуу. Өөрийн бодол санаагаа хүлээх зуур өөрийн санаа бодол гээч юм өөрөө бас хувиран арилж, хувьсан орчилдсоор.

…Өнөөдөр гэр бүл, үржил, хүйсийн зохицлын тухай уламжлалт ойлголт эвдэгдэж гомо, лесби гараад ирлээ. Мал амьтныг бэлгийн замаас гадуур үйлдвэрлэж эхлэв. Энэ нь бузар муухай зүйл, ертөнц сөнөхийн дохио гэхээсээ илүү бидний хамгийн зөв гэх ойлголт, шилдэг гэгдэх мораль хичнээн хэврэг, хичнээн төөрөгдөл байдгийн л жишээ. Ухаандаа саяхан болтол солгой хүүхдийг хүлээн зөвшөөрдөггүй, багш нар албадан байж баруунаар нь бичүүлж сургадаг л байсан даа.

Бүтэж бүрэлдсэн бүхэн хоосон бөгөөд хуурмаг хэмээнэ.

2010 оны нэгдүгээр сарын 6


Categories
мэдээ цаг-үе

Намсрайн Баттулга: Монголын жүдочид дэлхийд тэргүүлж буйг харахад бахдам сэтгэл төрдөг

Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Намсрайн Баттулгатай ярилцлаа.

-Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн шилдэг жүдочдын чансааг саяхан гаргасан. Уг чансааг Монголын жүдочид жиндээ тэргүүлж эхэллээ. Дэлхийд нэг номерт бичигдэнэ гэдэг бас л бахдам амжилт даа?

-Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргасан байна. 48 кг-ын жинд дэлхийн нэртэй 184 жүдочоос Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, 57 кг-д 246 шилдэг тамирчнаас ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа нар нэгдүгээрт бичигдсэн нь бахдам амжилт байлгүй яахав. Мөн гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг нар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг хоёрын хувьд өнгөрөгч сард Францын нийслэл Парис хотноо болсон “Их дуулга”-д тэргүүлсэн амжилт нь нөлөөлж байгаа. Тэр жил буюу 2010 онд Парисын “Их дуулга”-аас манайхан ганзага хоосон ирж байв. Тэгвэл саяны “Их дуулгад” үнэхээр өнгөтэй байж чадлаа. М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар аваргалахаас гадна Д.Сумъяа мөнгө, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Алтансүх нар хүрэл медаль хүртсэн. Монголын жүдо бөхийн холбоо сүүлийн хэдэн жил идэвх санаачилгатай, удирдлага зохион байгуулалттай ажилласны үр дүнг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

-Олимпийн аваргаас аваад шил шилээ дарж төрсөн дэлхийн аваргууд бичигдэх нь мэдээж?

-Монголчуудын зүрх сэтгэлийн дуудлага, хагас зуун жилийн мөрөөдөл болсон олимпийн алтан медалийг жүдогийн тамирчин авчирсан. Н.Түвшинбаяр аварга дэлхийн шилдэг тамирчин гэдгээ бататгаж, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн нь Монголын спортын түүхэнд бас л дээд амжилт байлаа. Жүдогийн тамирчид жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа. 2013 онд Бразилийн Рио-де-Жанейро-гийн дэлхийн аваргаас М.Уранцэцэг маань Бразилийн шилдэг жүдоч, олимпийн аварга Сара Менезеийг нутгийнх нь дэвжээн дээр ялж шуугиан дэгдээсэн. Аваргын төлөөх барилдаанд Японы алдарт тамирчин, дэлхийн аварга Харуна Асамитай хүч үзэж цэвэр ялснаар Монголын жүдо бөхийн спортод анхны эмэгтэй дэлхийн аварга хэмээх түүхэн амжилтын эзэн болсон. Уранцэцэгийн аварга болдог тэмцээнд Д.Амартүвшин мөнгөн медаль хүртэж бас л биднийг баярлуулсан удаатай. Урнаа, Амараа хоёр тэр жилээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэгэн зэрэг гавьяат болж спортын хүрээнийхэнд өөрийн эрхгүй омогшил, бахархлыг бэлэглэж байлаа. 2014 оны Оросын Челябинск хотод болсон дэлхийн аваргаас Г.Болдбаатар мөн л алтан медаль хүртэж, аваргын буухиаг үргэлжлүүлсэн юм. Казахстаны Астанад болсон өнөө жилийн дэлхийн аваргад манайхан бас л түүхэн гэж хэлж болохоор амжилт тогтоосон. Жүдогийн шигшээ багийнхан өмнө нь ДАШТ-ээс гурван хос медальтай, багаараа хүрэл медальтай ирж байсан түүх байхгүй л дээ. Гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртсэн. Ням-Очирын хувьд олимп, дэлхийн аваргын хос медальтай жүдогийн хоёр дахь тамирчин болсон. Монголын жүдочдоос олимп, дэлхийн хос медалийг анх хүртсэн бөх бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар шүү дээ.

-Х.Цагаанбаатар гэснээс жүдогийн домог болсон тамирчин тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн. Цагаанбаатарын тухайд та юу хэлэх вэ?

-Цагаанбаатар бол Монголын спортын түүхэнд арилшгүй тод мөртэй, бахдам амжилтын эзэн мөн л дөө. Спортын, тэр дундаа жүдогийн “амьд архив” гэвэл Цагаанбаатар, Түвшинбаяр нарын аваргууд байна ш дээ. Үнэндээ тэднээс дэлхий чичирдэг. Жин тус бүртээ дэлхийд босоо явж ирснийг мянга мянган фэнүүд нь хэлээд өгнө. Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын нэрийн хуудас болж, Монголын спортын түүхэнд од мэт гялалзсан бахархалт хөвгүүдийнхээ тухай Монголын топ хэвлэл “Өдрийн сонин”-д ярьж буйдаа миний бие баяртай байна. Ер нь тэгээд Цагаанбаатар, Түвшинбаяр тэргүүтэй олимп, дэлхийн аваргуудтай ах дүүгийн барилдлагатай, тэднийг удирдан манлайлж яваа Халтмаагийн Баттулгатайгаа анд нөхдийн барилдлагатай яваадаа үнэндээ бахархдаг юм. Жүдогийн тамирчдын тив, дэлхий, олимпод үзүүлж буй энэхүү бахдам амжилт бол Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай салшгүй холбоотой. Аливаа зүйлд эдийн засгийн хөшүүрэг гэдэг ямар чухал байдаг, гол эх суурь, үндсэн баталгаа нь болдгийг монголчуудад миний найз, миний амьдай Баттулга харуулсныг энд хэлэх нь зөв байх.

Цагаанбаатар 2004 оны Афины олимпийн хүрэл медаль хүртсэнээр амжилт ялалтынх нь он жилүүд эхэлсэн гэж хэлж болно. 2009 онд Нидерландын Роттердам хотноо болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, дэлхийд нэг номерын тамирчин гэдгээ тунхагласан. 2006 онд Катарын Дохад болсон Азийн наадмаас мөн л аваргалсан. Тэрээр 2003, 2005 оны Ази тивийн аварга, 2006 оны зүүн Азийн аварга бөхөөр тодорч байлаа. Жүдогоос гадна самбо бөхөөр дэлхийн хошой аварга болсон домогт тамирчин юм. “Баруун хязгаарын Баруунтуруун гэх жижигхэн сууринд мэндэлсэн эгэл ардын хөвүүн Цагаанбаатар дэлхийн дайдад од болон гялалзаж, бидний баяр бахдлыг тээж ирсэн билээ. Түүний бидэнд авчирсан анхны амжилт 2003 оны Азийн аваргын алтан медаль байв. Чухам энэ үеэс л Цагаанбаатарын гэх аатай омогтой, хяргасан хурц амжилтууд эхэлсэн. Дараа жил нь л тэр 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртсэн. Цагаанаагийн хүзүүнд гялалзсан энэ хүрэл тухайн үед Монголын багийн цорын ганц амжилт байлаа” хэмээн Б.Ганчимэг сэтгүүлч бичиж байсныг би мартдаггүй юм. Жүдогийн нэрийн хуудас болсон тамирчин зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Холбооны удирдлагууд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч гээд ойр тойрныхоо хүмүүстэй зөвлөлдөж байж гаргасан шийдвэр нь тэр юм.

-Жүдогийн шилдэг тамирчдын тухай, тэдний амжилт ялалтын тухай багагүй ярилаа. Харин одоо ярианыхаа сэдвийг тан руу хандуулъя. Та бага балчраасаа спорттой холбогдож, олон төрөлд хүч сорьсон байдаг. Тэшүүрийн өсвөрийн улсын аваргад удаа дараа оролцож, каратэгийн хар бүс хамгаалж, сонгомол бөхөөр ЗХУ-ын дэд мастер цол хүртэж байсан?

-Миний бие спортын гэр бүлд төрж өссөн. Ижий аав хоёр минь өнөөдөр зуу шахам настай хоёр сайхан буурай Увсын цэнхэр хязгаартаа аж төрж сууна. Бид бүхэн тэшүүрийн спортоор гэр бүлээрээ хичээллэдэг байсан. Би гэдэг хүн Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлж, улсын аваргад ирж оролцож байлаа. Манай гэр бүлд 12 тэшүүрчин байсан гээд бод доо. Манайхан аймгийн аварга шалгаруулах тэмцээний бараг бүх насны ангилалд түрүүлж, цагаан онгоцонд гэр бүлээрээ суугаад Улаанбаатарыг зорьдог байсан. Спортын буянг ингэж л бага балчраасаа хүртсэн хүн дээ, би. Улаанбаатарт ирж улсын аваргад оролцож байсан дурсамж дурдатгалаа эргээд санахад хачин сайхан санагддаг юм.

Төрсөн эгч Норжин улсын шигшээ багт гавьяат тамирчин Л.Цэнд багшийн удирдлага дор хичээллэж байсан. Олон улсын хэмжээний мастер цолтой. Миний тулааны спорттой холбогдсон түүх хүргэн ах Ш.Батаатай холбоотой юм. Ах маань цэргийн заан цолтой, бөхөд дуртай хүн бий. Улсын багшийн дээд сургуулийг Баянаа аваргын хамт төгссөн. 1983-1985 онд ахын зөвлөснөөр чөлөөт бөхөөр хичээллэж, хажуугаар нь күнфүгийн хичээл заалгасан. Күнфү, гимнастик, үшү чинь уян хатны дасгал шүү дээ. Күнфүг манай аймагт байсан хятад хүнээр заалгаж билээ.

Тулааны спортоор гучин жил хичээллэж байна. Наян таван онд дунд сургуулиа төгсч Беларусийн Городный хотын их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцахаар очлоо. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Городный хотын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болдог юм. Түүнд хүсэл сонирхлынхоо дагуу оролцтол түрүүлчихдэг байгаа. Ингээд ЗХУ-ын тусгай албаны багш нарын бэлтгэлд хамрагдах болсноор цахилгааны инженер мэргэжлээр суралцаагүй. Городныйд байхдаа каратэгийн хар бүсийг хүртсэн. Хүний хувь заяа гэдэг сонин юм шүү. Наян долоон онд Монголд ирээд цэрэгт татагддаг юм аа. Тэгтэл “Алдар” нийгэмлэгт хуваарилагдав. Монголын үе үеийн тамирчдын, спортын түүхийг бичилцсэн аваргуудыг төрүүлсэн “Алдар”-т ардын багш Солийн Магсар гэж аугаа хүний ивээлд багтсан. Армийн аваргын тэмцээнээс медаль хүртээд Маагаа багшаа баярлуулж л явлаа. Увсын Тулгаа зааны дүү Сумъяа начин бид онжавууд л даа.

-Спортын гэх тодотголтой танай удам угшил Монголын шилдэг жүдоч Тэмүүлэнгээр үргэлжилж байгаа. ОУХМ Б.Тэмүүлэн бол таны хүү. -100 кг-д Н.Түвшинбаяр аваргын гол өрсөлдөгч байсаар ирсэн. Та хүүгээ жүдогийн спортод уруу татсан уу?

-Би чинь спортоор ид амжилт гаргах насандаа айхтар бэртсэн хүн. Тиймээс өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүүдээ өвлүүлсэн гэж хэлж болно. Аавынхаа бодож, санаж, зорьж тэмүүлж явсан тэр зүйлийг хүү минь үргэлжлүүлэн гүйцээх ёстой. Хүсэл мөрөөдлийг минь биелүүлж ч байна. Монголын спортод манай удам угшлын нэрийг хүү минь дуурсгаж явна. Хүүгээ таван настай байхаас нь өөрийн гараар бэлтгэж, 11 настайгаас нь бөхийн спортоор хичээллүүлсэн. Сумогоор барилдуулж, үндэсний бөхөөр цагаан сарын хүүхдийн барилдаанд хоёр ч удаа түрүүлсэн удаатай. ОХУ-ын Саха хотод болдог Азийн хүүхдийн спортын наадмаас 2004 онд алтан медаль хүртэн анхны гараагаа эхэлсэн. Хүү минь 2014 онд Узбекстаны Ташкентад болсон жүдогийн гран-прид тив, дэлхийн шилдгүүдтэй хүч сорьж, аваргын төлөө Австрийн бөх Аллерсторферийг цэвэр ялахад нь өөрийн эрхгүй нулимс гарч билээ. Парис, Москва, Токиод болсон “Их дуулга”-аас мөнгө, хүрэл медаль хүртэн Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан. Түвшинбаяр аваргын гол өрсөлдөгч л гэдэг юм. Үнэндээ Түвшээ аваргын амжилт бүхний цаана Тэмүүлэн байсан. Лондонгийн олимпод Түвшээ аварга мөнгөн медаль хүртэж шагналын тавцанд зогсоход миний хүү бэлтгэл хангагчийн хувиар байж байлаа. Хүү минь үндэсний бөхөөр өндөр амжилт үзүүлэх боломж байсан. Гэвч их спортоор хичээллэн улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж буйд нь их баярладаг юм.

-Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. “Адидас ди ди монголиа” компанийг байгуулсан. Танайх дэлхийд алдартай “Адидас” брэндийн албан ёсны дистрибьютер байх шүү?

-Тулааны спортын хувцас хэрэглэлийг Азид худалдаалах зорилгоор 2011 онд энэ компанийг байгуулж байлаа. Тулааны спорт болох бокс, жүдо, самбо, чөлөөт бөх, таеквондо, каратегийн хувцас хэрэглэл худалдаалдаг. Буриад, Өмнөд Монголын шигшээ баг хувцас хэрэглэлээ манайхаас авч байна. Энэ бүст “Адидас”-ын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа нь ганц манайх болоод байна л даа. Ер нь “Адидас”-ын албан ёсны зөвшөөрлийг авах амаргүй. Жилд доод тал нь сая ам.долларын бараа авдаг байх хэрэгтэй. Спортоор бол норматив биелүүлэх ёстой. Түүнээс биш нэг удаа бараа авчихаад суугаад байж болохгүй.

Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөлөө. Тэрээр 2012 оноос Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй. “Х.Баттулга бид ерээд оноос хойш нөхөрлөж байна. Жүдогийн холбоог ганцхан хүний нуруун дээр үүрүүлж болохгүй. Миний мэдэхийн түүний халааснаас жил бүр тэрбум гаруй төгрөг гарч байгаа. Бид энэхүү ачааг тэнцүү үүрэлцэж, хамтдаа зүтгэх ёстой” хэмээн хэлж байна. Ийм ч сэтгэлээр жүдогийн холбоотой холбогджээ. Олон улсын стандартад нийцсэн жүдо бөхийн ордон ашиглалтад орчихвол спортын амьдралд огт өөр орчин бий болж, талын нүүдэлчин Монголоос олимп, дэлхийн аваргууд олноороо төрнө гэсэн өөдрөг тэмүүлэлтэй явдаг нь ярианаас нь илт анзаарагдсан. Ийнхүү спортын гэр бүлд өсч хүмүүжсэн, өөрөө спортоор хичээллэж, хүүгээ мөн их спортын тамирчин болгон хүч хөдөлмөр, оюунаа зориулж яваа бадрангуй эрхэмтэй хөөрөлдсөн минь ийм учиртай.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН