Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүм, лам хоёр: сүсэгтнээ дагах нь ёс

Өнөөдөр бид шүтлэгийн хямралын оргил дээрээ байна. Оргил гэдэг нь энэнээс илүү хямрахгүй болов уу гэдэг утгаар хэлж байна. Илүү хямрахгүй гэдэг нь хямрахад бас хэмжээ бий гэдэг санаагаар бас хэлж байгаа хэрэг.

Өнөөдөр сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн шинэ хязгаар дээр ирсэн олон түмэн учир шалтгаанаа тал талаас хайж байна. Учир шалтгаан буруутныг бусдаас хайх нь хялбар байдаг бөгөөд хүн зөнгөөрөө энэ аргыг хамгийн түрүүнд сонгодог.

Ингээд манайхан “Энэ лам нарын байж байгаа царайг хар”, “Бөө нар хэр хэмжээнээс хэтэрлээ” хэмээн үглэж, лам нар муу байгаагаас буддизм мухар сүсэг болж, бөө нарын буруугаас анимизм руу ухарлаа гэсэн дүгнэлт хийж байна. Ийм тал бол байгаа. Үнэний хувьтай.

Гэхдээ асуудлыг нөгөө талаас харцгаая л даа. Лам нараар бид очиж мэргэлүүлдэг бил үү? Тэд нар ирээд “Ганц мэргэлүүлчих л дээ” гэж шалаад байдаг бил үү? Ажил хэргээ бүтээх гэж бид өөрснөө сүм хийд дээр очдог бил үү? Сүм хийдийн ухуулагч нар хаалга нүдээд “очиж тийм ном уншуулж аргалуул” гэж ухуулаад явдаг бил үү?

…Шүтлэг шашин дахин сэргэж, бишрэх шүтэх эрх чөлөө эргэн олдох үеийн нийгмийн оюун санааны хэрэгцээ юу байсан бэ? Монголчууд шашныг ямар хэмжээнд хүлээн авах боломжтой байв гэдэг асуултын хариуг эхлээд авч үзсэн нь дээр байх.

Шашин шүтлэг нь юун түрүүн итгэл найдвар. Гээгдсэн итгэл, алдарсан найдварыг эргүүлэн бэлэглэгч юм.

1990 оны ардчилсан хувьсгалаар хүчирхийллийн дэглэмийг торгоон барьж байсан “Одоо зовж байгаа боловч төддүгээр таван жилийн дараа ийм сайхан болно. Яваандаа коммунизмд орохоор бүх хүн дэлгүүрээс хэрэгцээнийхээ хэрээр авдаг болно” гэхчилэнгийн мифүүд хар аяндаа алга боллоо. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч сэргэсний үр дүнг дорхноо амсч эхэлсэн боловч олон арван жил сэтгэл зогоож ирсэн “Тэр үед ийм болно. Тэнд хүрээд ингэж жаргана” гэхчилэнгийн “төлөвлөгөөт итгэл”-ээ алдсан нь бас хэцүү байлаа.

Ер нь хувь заяагаа өөрийн гартаа авах бас ч амаргүй ажээ. Уул нь чиний өнөөдрийн хувь заяа, ирээдүйн тавилан бүгдээрээ нам засгийн гарт байсан цагт ирээдүйдээ санаа тавих хэрэг байсангүй. Эрх чөлөө, өмчлөх эрхээ эргүүлж алдмааргүй, тэгсэн атлаа ирээдүйн асуудлаа бусдад даатгамаар нэг ийм хямралын үед шашин, шүтлэг эргэж ирсэн юм.

Бодит боломж багасахын хэрээр хий горьдлого нэмэгдэнэ гэдэг үг бий. Төрөөс “төлөвлөгөөт ирээдүй” амлахаа больчихсон, дээр нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн тэр үед олон жил гол зогоож ирсэн “ирэх таван жилд аж байдал дээшлэх” төлөвлөгөөг дөнгөж сэргэж байсан шүтлэг, бишрэл орлон авлаа.

Эдийн засаг, улс төрийн нэг тогтоцоос нөгөөд шилжих үйл явцыг дагасан хямралын үеийн гэгээн найдвар нь шашин болсон. Гэхдээ Буддын шашныг аливаа мухар сүсгээс татгалзаж, гадны дээд хүчинд найдах бус өөрийнхөө сэтгэл санааг ариусган төгөлдөржүүлэх замаар гэгээрлийн хутгийг олох тухай номлол байдлаар хүлээн авах сэтгэл санааны хөрс байсангүй ээ. Зүгээр л хүнд сайхан ирээдүй байгааг хэлж өгдөг, хүнд хэцүү үед ирээдүйд буй болох “шинэ коммунизмын төсөөлөл” хайрладаг тийм үзэл суртал байдлаар л шашныг хүлээж авч чадахаар байж.

Ийм үед жирийн сүсэгтэн хүн лам хувраг дээр очоод “Бүтээгч дээд хүч гэж байдаггүй” тухай “Ид шид гэж үгүй, харин үйлийн үр бодитой” гэхчилэн сургаал сонсвол урам нь хугарна. Харин “Энэ жил сайн жил гарна”, “Ийм аюул байгаа боловч тийм заслаар зүгээр болно” гэсэн сайхан үг хэлээд өгдөг лам л урам өгнө.

Ер нь зовлон бэрхшээлийнхээ учир утгыг мэдэх ч гэж очиж байгаа юм биш, Буддагийн сургаалыг дагаж явдаг болох гэж ч очиж байгаа юм биш. Ердөө л ирээдүйнхээ тухай сайхан үг сонсох гэж л очиж байгаа юм. Тийм учраас “Сайхан төлгө буулгадаг” төлгөчдөд л сүсэгтнүүд дуртай байдаг. Үүнийг ч гэсэн төлгөч-менежерүүд сайн мэддэг. Зарим үзмэрч төлгөч “Ийм тийм аюул нүүрлэж байна” гэхчилэнгийн муу мэдээ эхлээд хэлдэг нь зүгээр л мэнэжмэнт. Төлбөрөө зохих хэмжээгээр нэмсний дараа л хүсээд байгаа сайхан мэдээг нь хэлж өгөх гэж байгаа арга. Ингээд харахаар эцсийн дүндээ хүссэнийг нь өгч л байгаа байхгүй юу.

Иймээс Буддын сүм хийдүүд оршин тогтноё, сэргэе гэвэл сүсэгтэн олныхоо энэ цангааг тайлахаас өөр сонголт байгаагүй. Мэргэлдэггүй бол лам байх аргагүй, аргалдаггүй бол сүм орших боломжгүй байсан хэрэг. Харин энэ дээр хэн нь сайн мэнэжмэнт хийсэн тухай яривал бас өөр хэрэг.

Хэдийгээр Буддагийн үндсэн санаа, мухар сүсгийн эсрэг зарчмаас хөндий явж ирсэн гэж зэмлэж болох ч шилжилтийн үеийн нийгмийн оюун санаанд итгэл хайрлах, алдагдаж буй горьдлого найдварын балансыг хадгалах үүргээ манай сүм хийдүүд үндсэнд нь биелүүлсэн гэж хэлж болно. Ингэхээр сүм хийд хуврагуудад хамаг бурууг чихэхээсээ өмнө бид юуг шүтлэг бишрэл гэж ойлгоод хүсэн хүлээж байв гэдгийгээ харах нь зөв. Сайн лам, саар лам, хүнийг гэгээрэлд хөтлөх, эсвэл бусдын мухар сүсгийг далимдуулан мөлжих энээ тэрээ бол тусдаа. Тусдаа төдийгүй өнөөдөр шинээр, жинхэнээсээ тулгарч эхэлж байгаа асуудал.

Бөө мөргөл ч гэсэн үгүйлэгдэж байгаа шүтлэг, дутагдаж буй урам зоригийг амжилттай орлож ирсэн үзэгдэл. Үүргээ ч бас биелүүлсэн.

Ухаандаа, нийгэмд дэвэрч болох байсан үл итгэлцэл, алдагдсан найдвараас үүсэлтэй сэтгэл хөдлөлийг амарлиулж, анх удаа хувь заяагаа өөрөө хариуцах болж байгаа мянга мянган хүнд горьдлого итгэлийн багана болох үүргээ лам, бөө хоёр биелүүлсэн санагддаг.

Өнөөдөр шашин шүтлэгийн хувьд эрүүл шинэ үе ирж байна. Хүмүүсийн амьдрал сайжирч, баялаг бүхий ирээдүй бодитой болохын хэрээр шашин нь хүний сэтгэл санааг төгс төгөлдөр болгох үндсэн үүрэгтээ орох боломж гарч байна.

Манайхан бөө мөргөлийг сурталчлахдаа Чингис хаан болон түүний үндэслэсэн Монголын их гүрний нэрийг их барих болжээ. Тэр үед бөө мөргөл байсан нь үнэн. Гэхдээ Чингис хаан бүх шашин шүтлэг бие биеэ үгүйсгэн тэмцэлдэлгүйгээр тэгш эрхтэй орших ёстой хэмээн зарлигласан анхны их хаан юм шүү. Тэрээр бөө нарыг сонсдог байсан ч гэсэн үгэнд нь орохгүй бол хатуу шийтгэдэг төдийгүй “Төрд тэрсэлж байгаа ямар ч шашны зүтгэлтнийг тэр дотор бөөг ч гэсэн алж байх” уламжлал үлдээсэн анхны улстөрч бас мөн. Тэв тэнгэр бөөгийн ууцыг хугалж алсан тухай “Нууц товчоо”-нд тодоос тод бичээстэй бий.

Төгсгөлийн оронд: ХХ зууны наяад онд Ягеллоны их сургуулийн профессоруудаас бүрдсэн Католик сүм хийдийн судалгааны багийнхан БНМАУ-д ажилласан байдаг. Тэд шашин шүтлэгийг үгүйсгэн хориглосон орон зайд хүний сүсэг бишрэлийг юу орлож байгааг тодруулах зорилго тавьжээ. Судалгааны багийнхан, хүн байгаа цагт шүтлэг бишрэл арилшгүй бөгөөд бурханыг орлуулан шүтэх ямар нэг зүйлийг олж чаддаг. Зөвлөлт маягаар суурьшин шашингүй нийгэм байгуулж байгаа нүүдэлчдийн жишээн дээр энэ бүхэн тод харагдана. Тэд коммунист үзэл суртлыг шашин болгон шүтэх болсон ба бурхад, архадын орон зайг нь Маркс, Энгельс, Ленин орложээ гэсэн дүгнэлттэй харьсан байна.

Намын хурал, үзэл сурталжсан цуглаан жагсаал нь мөргөл ёслолтой дүйж байгааг харжээ. Нүүдэлчин монголчууд шашингүй болоогүй, харин шүтдэг зүйлээ л сольсон. Үүнээс харахад шашин шүтлэг арилдаггүй, харин түүнийг орлуулж болдог гэж тэд үзсэн байдаг.

Үнэхээр ч “Энэ төрөлдөө зовбол хойт насандаа жаргах” сургаал ба “хувьсгалт хүчирхийлэл цус урсгахаас хулчийлгүй коммунизм байгуулж аваад цөмөөрөө жаргаах” номлол хоёр бол Цогт тайжийн хадны бичигт гардагчлан “агаар нэгэн” ухуулга бөлгөө.

Ер нь “Шашингүйн үзэл” нь бурхан байхгүй гэдгийг номлосон бас л нэг шашин. Шашингүйн үзлээс салах нь шашнаасаа салахаас өөрцгүй.1990 оны ардчилсан хувьсгалаас хойш бид Коммунист шүтээн юугаан шашин, мөргөлөөр орлуулах оролдлого хийсээр ирсэн бололтой. Марксист шашны амлаж, итгэгч нартаа урам хайрлаж байсан “Мөдхөн коммунизмд ороод жаргана. Тэнд нийгмийн баялгаас бүтээснийхээ хэрээр биш хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ” гэхчилэнгийн ухуулгыг орлох зүйл хайх болж. Ингээд “Ийм засал хийлгэвэл орлогын үүд нээгдэнэ”, “Тийм юмаа надад өгвөл танайх баяжна” хэмээн хэлж чадах шүтлэг мөргөлийг эрцгээж, хариугаа ч авч эхэлсэн бололтой байдаг.

2011 оны 2 сарын 24

Categories
мэдээ цаг-үе

Д.Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн Чойжилсүрэнгийн ЖАЧИН

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хэлбичгийн ухааны доктор, эрдэмтэн зохиолч Чойжилсүрэнгийн Жачингийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхмийг утга зохиолын хүрээнийхэн, ерөөс таньж мэдэх бүхэн “нандин нууцлаг” хэмээн тодорхойлох нь бий. Учир нь “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, олон мянган багшийг бэлдэн Монголын боловсролд гавьяа байгуулсан хүн, Нацагдоржийнхоо эх бичгийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалж утгын их мэргэд дунд өөрийн гэх дэг сургуулийг бий болгосон түүнд бахархах зүйл олон. Гэвч тэрээр өнөө л даруу төлөв, хүнлэг зангаараа өөрийгөө хойш тавьж, бүтээж туурвихаа урьтал болгон Нацагдоржоо нарийвчлан судалж, сургуулийн цаг наргүй ажилд дарагдсаар яваа.

Ардын зохиолч Бөхийн Бааст гуайн 95 насны ойн хүндэтгэлийн ёслол дээр таарахдаа Жачин докторт өнжих хүсэлтэйгээ дуулгасан юм.

Нэг их цааргалалгүй, харин ч “Мань мэт шиг амьтан нь орж болдог юм уу даа” гэж хүлээж авсан нь өнөө л ясны даруу зантай нь холбоотой байж таарна. Циркийн зүүн урд талын “Гангар”-ын байранд хүрээд очлоо. Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуайтай хоёр талаасаа уулзаадахав. Жачин доктор Нямаа найрагчийг зориуд урьжээ. Тэр хоёр “Гурван-Эрдэнэ” сургуулиар, мөн Нацагдорж, Пагмадуламаар холбогдсон бичгийн мэргэд юм. “Нутаг холдчихоод уулзаж учирч чадахгүй юм. Түүнээс нэг байранд байхдаа гэр орноороо бишгүйдээ л орж гарч явсан. Би хааяа цонхоор харж зогсохдоо Жачингийнхыг бодож, дайлуулж цайлуулж явснаа санадаг юм” гэсээр Нямаа зохиолч жигтэйхэн сэтгэл хангалуулан сууна. Анзаараад байх нь ээ, тэд нэг нэгийгээ санасан нь илэрхий. Гэрийн эзэгтэй мэнд ус, цай цүй болох зуураа Отгонбаяр эгчийг (Нямаа гуайн гэргий) асууж сураглаж байна. Жачин докторын босгыг алхахад нэг л монгол ханхалсан, ерөөл бэлгэ оршсон сайхан айл санагдсан. Биднийг хүлээж суух зуураа гэрийн эзэн шагай мөлжөөд, түүнээ орхитол морь бууж харагдлаа. Надад нэг л сайхан бэлгэшээл төрөөд явчихав. Бага хүү Цогтгэрэл нь гэргий Золзаяагийн хамтаар аавындаа иржээ. Цогоогийн хүү Хаш-Эрдэнэ гэж зүггүй барам байна. Мөн Жаргалан гэж эмээ, өвөөгийн эрх охин байна. Тэр хоёр “аварга”-ыг өвөө нь төрийн шагналт Долгорын Нямаад үнсүүлчих санаатай хэд хэдэн удаа дуудлаа. Хаш-Эрдэнэ ширээн доогуур давхиад л Нямаа зохиолчийн өвөр дээр суугаад авна лээ.

“Тэр жил Гаадамба багш намайг гэртээ урилаа. Оройн хоол ид гэдэг юм. Хоёр охиноо дагуулаад очлоо. Га багш намайг гэртээ урьдаг нь учиртай. Тухайн үед Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнтэй манай гэр ойр байсан. Га багш өдрийн унднаар манайхаар ирнэ. Жачингийн хоолыг олон идсэн. Гэртээ нэг орой ч болов урьж байгаа минь энэ гэж инээд алдсаар угтсан. Охин Саран нь тогооч юм байна. Сүрхий хоол бэлдчихжээ. Тэгтэл Га багшийнд Цэндийн Дамдинсүрэн гуай ороод ирдэг юм. Хоёр охиноо үнсүүллээ. Дамдинсүрэн гуай малгайгаа хойшлуулж байгаад үнсэж билээ” гэж эрдэмтэн зохиолч маань өгүүлж байна. Хашаа, Жаргалан хоёрыг Нямаа гуайд үнсүүлэхтэй зэрэгцээд тийм яриа өрнөөд явчихсан.

Жачин доктор Булганы Сайхан сумын Хулжийн голын хүн. Жинхэнэ Монголын брэнд болсон айрагны эх нутаг. Удам гарал ус нутгийнх нь тухай асуухад, ижийнхээ төрсөн ах Чойжилсүрэнгээр овоглосноо дуулгалаа. Харин дунд сургуулийг Архангайд төгсч, улмаар Архангайн багшийн сургуулийг дүүргэсэн байна. Насныхаа ханийг ч Арын хангай нутгаас авчээ. “Тэр сайхан ус нутаг, хангай надад өлзийгөө хайрласан” гэж сэтгэл дүүрэн бахтайхан хэлсэн. Эл үгнийх нь залгаас болгож “Жачин чи Архангайгаас тун дажгүй хүүхэн авсан даа” гээд инээдэм хөгжөөн болголоо. Гуравдугаар ангийн хүүхэд Архангайн Хайрхан сум, Хайрхан уулын бараанд аж төрөхөөр явахад Хулжийн голынхон найр наадаан болж бэлэг сэлт, өвгөдийн сургаал, уртын дууны нургилсан шуранхайгаар үдсэнийг хэлж байна. Арван хэдэн хүүхэд төрүүлж, бүгдийг нь эрдэм мэдлэг, хүнлэг сэтгэлтэй болгож өсгөсөн ижийгээ (Должинсүрэн) сэтгэлдээ нулимстай дурсч суусан.

Зүүн гараас Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Дондогийн Цэвэгмид,
Ч.Жачин нар

Ах дүү нарын зарим нь Хайрханд, зарим нь Сайханд байдаг гэсэн. Гэрийн эзэн Долзоо гээд гэргийгээ зөөлнөөр дуудна. Эрдэм төгс түүний яриа сэтгэл бүлээцүүлэн ундрах ажгуу. Нямаа зохиолч бид хоёр Сайхан сумынх учир олимпийн аваргын тухай асууж орхисон. Ээжийнх нь удам гарлыг Жачин гуай сайн мэддэг юм билээ. Мундаг Цэвээн гэж хүнээс гаралтай гээд багагүй ярилаа. Х.Эрдэнэт-Од гавьяаттай олимпийн аваргынх хамаатан садан улсууд гэнэ. Тэр зуурт “Би Эрдэнэт-Одод хайртай” гэж Нямаа ах сүрхий гэгч дуугарлаа. Нэг л учир байна даа гээд төрийн шагналт зохиолч руу хандахад “Би амьдралыг амттай болгож амьдрах дуртай гэж Эрдэнэт-Од зурагтаар хэлэхийг нь сонсоод баяр төрж байсан” гэв. Түүнээ хоёрдугаар эмнэлэгт таарахдаа гавьяат тамирчин бүсгүйд хэлсэн гэсэн.

Ийм л яриа хөөрөө болж, Долзоо эгчийн цагаан тос, хайлмаг тэргүүтнийг амтархаж байх зууртаа Жачин доктороос Нацагдоржтой холбогдсон хувь заяаных нь тухай асууж орхисон юм. Тэрээр яриан завсраа Нацаг гуай хүнийхээ хувьд тун сайн хүн байжээ гэдэг нь олон зүйлээс харагддаг. Ганцхан жишээ хэлэхэд, “Энэ Нацагдорж орчин үед Монгол Улсад хэрэгтэй хүн болох учир цалинг нь нэмж өгье” гэж их Нацагдорж маань эрдэмтэн Шагдаржавын Нацагдоржийг бага залууд нь тодорхойлж байсан байна. Тэрхүү тодорхойлолтыг бүр сүүлд архивын материалаас Шагдаржавын Нацагдорж гуай олсон байдаг. Айхтар хүн учир хүүхдэд өөрөө хэлээгүй байна л даа гэв. Ингээд яриа маань гарцаа байхгүй Дашдоржийн Нацагдоржийн тухай шуударлаа. “Далан зургаан онд Нацагдоржийн мэндэлсний 70 насны ой тохиолоо. Багшийн дээд сургуулиас оюутнуудын дунд уралдаан зарласан юм. Манай ангийнхан хоёрдугаар байр эзлээд Нацагдоржийн төрсөн нутгаар аялахаар болов. Аман зохиолын Дашдорж багш биднийг дагуулаад Баяндэлгэрт очсон. Дашдорж багштайгаа бүтэн сарын хугацаанд төрсөн нутгаар нь явсан. Далан найман онд Нацагдорж судлаач Балдангийн Содном гуай өнгөрч хүрээлэнд ажиллаж байсан залуучуудаас Амгаагийн Лувсандэндэв захирал монгол бичгийн шалгалт авдаг юм байна. Учир нь Нацагдоржийн гар бичмэлтэй ойртуулах гэж тэр. Содном гуайд Нацагдоржийн гар бичмэл хадгалагдаж байсан. Ингэж би гэдэг хүн их Нацагийнхаа гар бичмэлийг анх нүдээр үзсэн. Нацагдорж гуайд бичихгүй цаг гэж байгаагүй юм билээ. Зохиолч бүр тийм байдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Гуанзанд хоол идэж байхдаа ч, шөнө амарч байгаад гэнэт сэрээд, бүр халмаг согтуу үедээ ч, шоронд, эмнэлэгт байхдаа ч бичнэ. Германд сургууль төгссөн цагийг яс барьдаг боловсролтой байсан учир гар бичмэл дээрээ он, сар өдөр, цаг минутаа, мөн хаана бичсэнээ тодорхой тавьдаг байсан. Шоронд байхдаа 16 дугаар өрөөнд гэдгээ ч тодорхой бичсэн байдаг. Гучин нэгхэн насалсан Нацагдоржоо монголчууд хоёр удаа шоронд хийсэн юм шүү дээ” хэмээн яриа үргэлжилсээр. Энэ зуурт Нарангэрэл охин нь Японоос холбогдож, аавдаа мэнд хүргэн ярьж байна. Аавын охин бололтой их л аминчирхан ярьж байгаа сонсогдсон. Долзоо эгч жигтэйхэн чамин шоколадаар биднийг дайлсан нь Японд байгаа охиных нь явуулсан бэлэг ажээ.

Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн “Тэргэл сарыг үзэхүй”, “Эрх чөлөөг хүсэхүй” гэсэн шоронгийн шүлгүүдийн нэрэнд нь эргэлздэг байна. Нацагдорж гуай хэзээ ч тийм гарчиг тавьж бичих хүн биш гэж боддогоо хуваалцсан юм. Сүүлд Содном гуай юм уу, хэн нэгэн хүн гарчиг өгсөн байхыг үгүйсгэх аргагүй гэлээ. Мөн “Шувуун саарал” туурвилынх нь эхийг хуучин бичгээр уншихад жороо мориор галигуулж байгаа юм шиг яг л тэгж уншигддагийг, ямар их сэтгэлийн хөөрөл, онгод билгээр цалгин туурвисныг бахдан хэлээд “Яах аргагүй бичгийн сод хүн байжээ” гэж дуун алдаж байлаа. Нацагдоржтой хувь заяагаа холбосоор 40 жил болсон байна. Энэ онд мэндэлснийх нь 110 жилийн ойд зориулан таван ном гаргахаар зэхсэнээ хэлсэн. Жачин докторыг тийн хэлэхүйд Долгорын Нямаа гуай босч баяр хүргэж байлаа. Эрдэмтэн зохиолчийн 40 жилийнх нь хөдөлмөр, судалгаа гээд бодохоор ямархан ланжгар номууд байх нь мэдээж. Нацагийнхаа үг бүрийг судалснаа хэлж байсан. “Монголчуудын цээжинд хадгалаатай явдаг “Миний нутаг” шүлэгт “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон, мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гэж байдаг. Гар бичмэлийг нь нарийн сайн үзтэл тогтсон биш тогтносон гэж байдаг. Энэ бол гайхамшигтай үг. “Монгол бол тусгаар тогтносон улс шүү” гэдгийг Нацаг гуай эрт хэлчихэж. Гэтэл түүнийг тогтсон болгож энэ олон жил явж байгаа нь харамсмаар. Ийм өч төчнөөн үг бий. Би гэдэг амьтан ганц нэг үг хөөцөлдөөд яваад байгаа шиг бусдад харагдаж магад. Гэвч ганцхан үгний цаана ямар их агуу зүйл оршино. Ямар том утга, билиг билгүүн агуулагдана вэ. Явуугийн “Холоос гүйдэлтэй борлог минь сулдаа ганхам жороо доо” гэдгийг сульдаа гээд буулгачихвал юу болж хувирах билээ гэж нүдний шилнийхээ цаанаас нухацтай нь аргагүй харж байна. “Хэлхээгүй сувд” зохиолд гардаг нэг үгийг Содном гогдолдоно гэж уншсан бол Дожоогийн Цэдэв хутгалдан гэж уншжээ. Харин Жачин аль алинд нь итгэлгүй худалдан гэж уншсанаа сонирхуулсан юм. Үндсэндээ тухайн өгүүлбэрийг Дариймаагийн хүмүүжилд худалдан гэж тайлжээ.

Төрийн шагналт Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамж дурдатгалын номыг зохиол бүтээлийн зах зухаас атгасан бүхэн ширээний номоо болгон уншдаг. Гайхмаар цэцэн цэлмэг, ончтой үг хэллэгтэй, баримт сэлтэд тулгуурласан баялаг мэдээлэлтэй, аливааг яаж онож хэлж болохыг чухам харуулсан бүтээл. Тэгтэл уг бүтээл Жачин докторын үүсгэн байгуулсан “Гурван-Эрдэнэ” багшийн сургуультай холбогддог байгаа. Нямаа зохиолч Жачингийнхаа урилгаар тус сургуульд 12 жил цагийн багшаар ажиллажээ. Багш болох оюутнуудад хичээл зааж явахдаа угийн чамбай хүн учир “Тэнгэрийн хаяа”-гаа бичсэн байна. Тэгээд зогсохгүй Пагмадуламын тухай баримтат зохиолоо туурвисан удаатай. “Зохиолчийн намтар судлал гэдгийг Жачингийн сургуулиас би олж авсан” гэсэг нь үүнийг нотолно. Нэг удаа Нямаа найрагч уран зохиолын хичээл дээр Жачин захирлыг өөрийг нь “чихдэж” авчраад Нацагдоржийн тухай яриулжээ. Нацагдоржийг Жачингаар, Лодойдамбыг Бажуудайн Ганбатаар заалгаж, жинхэнэ судлаачдынх нь үгийг оюутнуудад хүргэж байснаа дуулгасан юм. Уг хичээл завсарласны дараа оюутан охин Нямаа зохиолчоос “Пагмадуламын тухай сонирхон асуужээ. Тэр охины үг Пагмадуламын тухай бичих сэдлийг төрүүлсэн гэдэг.

Архангайн багшийн сургуулийг далан онд дүүргэх жилээ насныхаа ханьтай учирснаа гэрийн эзэн цухас дурслаа. Тэр яриаг сонссон Долзоо эгч “Далан зургаан онд Нацагдоржийн ойгоор бид хоёр чинь гэр бүл болсон” гэж гал тогооныхоо өрөөнөөс дуулгав. Жачин докторын ангийнхнаас нь Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мишигжав гээд лут хүмүүс дуулдана. Түүнд нэг хэсэг Горькийд сурч байсан үе ч бий гэнэ. Харин боловсролын суурь мэдлэгийг олгосон газар бол Архангайн багшийн сургууль гэж тодотгосон. Мянга гаруй шагайтай, “морь мал”-аар жигтэйхэн баян айлд Сайханых нь айргийг хүд хүд залгилж суулаа. Хүрэн шаргал хул аяганд айраг мэлтэлзүүлэн суухуйд гэрийн эзэн “Наад аяга чинь Намхай аваргынх” гэдэг байгаа. Сайханы Угалз, Цөнгөрөгийн голоор нутагтай Түшээт ханы домогт их хүчтэн Намхай аваргын цай ууж байсан гэх энэхүү хул аягыг нутгийнхаа Лүндэн гэж хүнээс Жачин доктор мөнгө хатуу цагт багагүй хэдэн төгрөг тоолж өгөөд авч байж. Нутгийн их хүчтэний аяга гэхээр их л бэлгэшээлтэй санагддаг юм гээд зөөлнөөр инээвхийлж харагдсан. Аргагүй л утга соёлын нандин өв болсон айл гэдэг нь энэ мэт юухан хээхнээс ч болов анзаарагдана.

Бага охин нь гэр бүлтэйгээ ирж, хайртай зээ хүүг нь өвөөд нь үнэрлүүлээд ээждээ тусалж байна. Бодох нь ээ, манайд зочид ирсэн гэж гэрийн эзэгтэй хүүхдүүддээ дуулгасан бололтой. Ээлж дараалан ирж байлаа. “Манай хүүхдүүд гэр ойр” гэж аав нь хэлж байсан. Тэгэхээр халуун бүлсэг айл байх нь. Бага охин Сарангэрэл анагаахыг төгсөөд Солонгост мастер хамгаалсан байна. Одоо нэгдүгээр эмнэлэгт ажилладаг гэнэ. Бидний яриа үргэлжлээд Цэндийн Дамдинсүрэн гуай руу хэлбийлээ. Далан найман онд Дамдинсүрэн гуай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, туслах нь Жачин доктор. Багшийнхаа гараар бичсэнийг нь машинаар бичдэг тийм ажилтай. Овсгоо муутай, эрдэм чадал тааруутай хүн учир Дамдинсүрэн багшийнхаа эрдмээс олигтой авч чадаагүй дээ гэсэн. “Дамдинсүрэн багшийнд хэзээд ч яваад очиход хуучны судар уншаад сууж байна. Нэг сонин түүх хэлье л дээ. Наян нэгэн онд Цэдэнбал дарга баруун аймгуудаар явахад “Монгол Улс бол дорно дахины хамгийн хоцрогдсон улс байсан” гэж хэлжээ. Түүнийг олоодох гэлээ. Бал даргын хэлсэн үг ном болоод хэвлэгдчихэж. Ховдын төв дээр шиг санагдана, уулзалт хийхдээ яалт ч үгүй тэгж хэлсэн байна. Үүнийг Дамдинсүрэн гуай Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойн хурал дээр тасхийтэл хэлсэн дээ. Тэгэхдээ Бал дарга гэлгүйгээр манай залуучууд Монгол бол дорно дахины хамгийн хоцрогдсон орон гэж хэлж байна. Харин саяхан манай улсад зочилсон Лаосын ерөнхийлөгч “Монгол бол дорно дахины эртний соёлтой орон гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг байна” гэлээ. Тухайн үед би айж л байлаа. Дамдинсүрэн гуай Монгол бол соёлын өв их уламжлалтай улс гэдгийг олон жилийн судалгааны үр дүнд итгэл төгс мэдэрсэн хүн. Мөн Цэдэнбал ч байна уу, хэн ч байна уу, хэлсэн үгийнх нь хариуд дуугүй байж чадахгүй зоригтой эх оронч байсан” гэдгийг уг жишээгээр баталсан. Да багшийнхаа эрдэм шинжилгээний анхны түүврийг нь Жачин доктор хийж байсан түүхтэй.

Гэрийн эзэгтэй бага хүүгээ зааж “Гаадамба гуай манайд ирэхээрээ Цогоотой их тоглоно. Танай аавд ийм пиво байхгүй, ийм сахал байхгүй гээд л цаашлуулна. Цүнхэндээ пиво авч явдаг, түүнийгээ хоолны даруулга болгож уудаг хүн байлаа” гэв. Гаадамба гуайг төрийн шагнал хүртдэг тэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Жачин доктор өнөө Цогоо хүүгээ дагуулж очин золгож байснаа дурссан юм. Тухайн агшинд Монголын оюун билгийн их мэргэдтэй сэтгэл ойр явсных нь буян байлгүй, Нацагдорж судлалын гаргуун эрдэмтэн болоод Монголдоо төдийгүй дорно дахины судалгаанд нэртэй төртэй эрдэмтэн болжээ гэх бодол төрж байсныг нуух юун.

Тэрээр утга зохиолд ойр явсан хүмүүсийн нэг нь Жагдалын Лхагва. Түүний дурсгал болгож Лхагвынхаа тухай ном бичсэн байдаг. Цэндийн Доржготов гуайг машид их биширч уншдагаа, дараа үеийн залуусаас Л.Өлзийтөгсийг их үнэлдгээ хэлж байсан. Судлаачдаас Сампилыгаа (Академич Хорлоогийн Самдилдэндэв) их ярина. Миний дарга байсан, Монголын уран зохиолын амьдралыг бүхлээр нь хардаг билгийн мэлмийтэй хүн байлаа гээд ярина. Үеийнхнээс Загдын Түмэнжаргал, Саруулбуян нартаа хайртай ажээ. Манай Саруул ахмад үеэ маш их хүндэтгэж байгаа нь биширмээр харагддаг гэж бүр нэг сэтгэлээсээ хэлж билээ.

Жачин доктор, Нямаа зохиолч бидний яриа “Гурван-Эрдэнэ” сургууль руу үе, үе орох нь бий. “Миний бие “Гурван Эрдэнэ”-ийг байгуулахаас өмнө хүрээлэнд арав гаруй жил ажиллачихсан. Монгол хэлний багш уран уншдаг, хөгжмийн мэдрэмжтэй, зураг сайхан зурдаг гээд олон талын авьяастай байх учиртай гэх шалгуурыг тавьж байсан. Тэр бүхнээр шалгалт аваад ёстой нэг замруулдаг байлаа. Манайд одоо 600, 700 оюутан суралцаж байна. Сургууль төгсөж байгаа багш заах аргын мэдлэг чадвар өндөр байхаас гадна сайн хүн болж төлөвших нь чухал. Тийм стандартыг эхнээсээ барьсан” гээд Их сургуулийн нэртэй багш М.Базаррагчаа, гэргий Пүрэвжал, хүү Идэрбаяр докторын хамтаар багшилж байсныг, мөн англи хэлний Өлзийням, дүрслэх урлагийн Төмөрхуяг, бага ангийн математикийн домог болсон Дашнямын Бүндэн гээд олон сайхан эрдэмт багш нараа дурссан юм. Долгорын Нямаа гуайгаас өмнө зохиолчийн ур чадварын хичээлийг Очирбатын Дашбалбар зааж байсан гэнэ.

Тэрээр бусдын адил боловсролын тогтолцооны тухайд сэтгэл дундуур явдгаа хэлсэн юм. “Боловсролын удирдах ажилтныг системтэйгээр бэлдэхгүй байна. Тохиолдлын шинжтэй хүмүүс дарга даамлаар томилогдож байна. Энэ нь сүүлийн жилүүдэд бүр их хүчтэй мэдрэгдэх боллоо” хэмээн хатуухан шүүмжилсэн. “Та бол боловсролыг суурь мэдлэгээр авсан хүн. Үүнийг арилгах боломж гарцыг хэлж өгөхгүй юу” гэхэд “Мэргэжлийн холбоодтой байх нь чухал” гэсэн хариулт өглөө. “Бага ангийн багш нарын мэргэжлийн холбоо байлаа гэхэд түүнд Монгол Улсын бүх бага ангийн багшийн бүртгэл байх ёстой. Багш нарын чадал чансаа, туршлага, өргөн мэдлэг, цар хүрээг нь тус холбооны нөхөд сайн мэддэг байх. Уг холбоо хүчтэй ажиллаад ирэх юм бол сурагч оюутнуудад нэг цаг ч хичээл заагаагүй нөхөр удирдах албан тушаалд очдог байдал үгүй болно. Хэн ч мэдэхгүй нөхдөөр дунд сургуулийг удирдуулдаг байдал гарахгүй” гэв.

Жачин докторын ярианаас олон сайхан хүний дурдатгал хөвөрч байлаа. Тэдний нэг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Дагвадорж юм. Буурал Дагваа багшийгаа нэг өрөө байранд олон хүүхэдтэйгээ аж төрж байхаас нь өдгөө Америкт эрдмийн ажлаа хийж байгаа цаг мөч хүртэл нь хамт байж, гэр бүлийн найзууд явж иржээ. Долзоо эгч өөрөө бага ангийн багш мэргэжилтэй. Ханьтайгаа гар нийлж оньсого, үлгэрийн тухай, хүүхдийг хүн болгох суурь хүмүүжил, монгол соёлын дархлааны тухай хэд хэдэн ном туурвижээ. Төрийн шагналт Дамдинсүрэнгийн Цэнд, Равжаа судлалын гол эрдэмтэн Цагаан нарын шавь юм билээ.

Жачин докторынх Улаанбаатарт амьдраагүй, гал голомтоо бадраагаагүй дүүрэг ховор гэсэн. Түүнээс хамгийн дурсгалтай нь Зуун айлын урдхан одоогийн 11 дүгээр хорооллын тэнд амьдарч байхдаа 100 насалсан хөгшинтэй хамар хашаанд амьдарч байсан гэдэг. Өвгөн нь 100 насалсан, эмгэн нь 90 гаруй насалсан хоёр сайхан буурал Жачин, Долзоо хоёрыг төрсөн үр хүүхэд шигээ бодож явсан байна. “Хүн зуу насыг наслах бол гайхаад байхаар зүйл биш гэдгийг би тэр хоёр буурлаас ойлгосон” гэж гэрийн эзэн баяр бахдалтайгаар хэлсэн юм. Тэрбээр Нацагдоржтой, судалгааныхаа бүтээлтэй холбоотой олон зүйлийг сонирхууллаа. 1984 онд Шведийн жуулчид дурсгасан зурагнуудын нэг нь гучин онд авахуулсан Нацагдоржийн зураг. Монголчууд хүүхэд нохой хоёрт сайн хүнд дуртай байдаг гээд уг зурган дээрх хоёр нохой хоёулаа Нацагдорж руу хандсан байгааг сонин болгож ярьсан. “Өнөөдөр бүх зүйлийг мөнгөний нүдээр хардаг болжээ. Мөнгөөр хэмжиж болохгүй зүйл гэж бас байна. Ухаандаа, Монголын төрийг мөнгөөр үнэлж болохгүй. Ямар алдар замналтай, боловсрол мэдлэгтэй хүн бэ гэхээсээ илүү бэл бэнчинг нь харж байна. Ийм буруу жишиг Монголын төрд бий болсон учир монгол төрийн дархлаа сулраад байна” гэж айхтар хэлээд авна лээ. Монголын төрд хэнээс ч хамааралгүй Бодлогын зөвлөл байх хэрэгтэй гэх санааг дэвшүүлж тэрүүхэн тэндээ улстөржөөд авсан. “Эрдэмтэн зохиолч Жачин Монголын хэлшинжлэлийг нуруундаа үүрч яваа, их Нацагдоржоо хүн төрөлхтөнд мандуулахад үнэлж баршгүй гавьяа байгуулсан хүн” гэж түүхийн нэрт эрдэмтэн академич Жигжидийн Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” номондоо бичсэнийг дурдан эл тэмдэглэлээ өндөрлөе.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Утаа, хүн хоёр

-ЭСЭЭ-

Нүүдэлч овгийн өвгөн галч

Нүүрс утган пийшинд шиднэ

Хатуу нүүрс дарь шиг авалцаж

Хайлмаг ган шиг улайн цэвцийнэ

ХХ зууны Монголын шилдэг яруу найргаас

НЭГ. ГАЛ БА УТАА

Эрт галавын цаг. Энд ч түймэр, тэнд ч үер, хажууд араатан, дэргэд хортон заналхийлэх энэ хорвоод бие хамгаалах араа шүдгүй, зугтан зайлах хурдан хөлгүй, нисэн дайжих жигүүргүй хөгийн амьтан байсан нь хүн бөлгөө. Авдгаас аятайхан махтай амьтан ажгуу. Гэвч тэр нь араатанд л хэрэг болохоос бус өөрт юуны хамаа. Бурхан тэнгэр хүнийг гагцхүү зовоож залхааж, арчаагүйг нь нотлохын тулд л бүтээсэн мэт…

Гэвч бурханы хамгийн хайртай “бүтээл” нь хүн байсан юм.(Нөгөө утгаараа, хүний хамгийн гайхамшигт “бүтээл” бол Бурхан өөрөө билээ) Түүнд хайртай учраас л юуг ч бэлнээр өгөөгүй аж. Араа шүдтэнүүд түүндээ дулдуйдан зүүрмэглэж байхад араа шүдгүй хүмүн мод, чулуу, хүрэл гангаар араа шүдээ хийлээ. Хүн уртаашаа хоёрхон хөлтэй учраас дөрвөн хөлтнийг барьж аваад “хөл залгав”, жигүүргүй учраас агаарт дүүлэх түмэн арга сэдэв. Бурханы өгөөгүй болгон түүнд бэлэг болон эргэж ирсэн юм. Хэрвээ хүн нисдэг байсансан бол өдийд уулын орой, хад хясааны элгэнд тогтоосон үүрэндээ хэвтэж байх байсан байх аа.

Байхгүй болгоноо бүтээгч хүн төрөлхтөн, айдсаа нөхөр болгож, аюулыг хамсаатнаараа ажиллуулж эхлэв. Тэдний дотор гал орно.

Анхандаа, гал түймэр нь хүнийг хөнөөн айлгагч шулмын хүч, улаан мангас байлаа. Олсон зөөснийг нь үнс нурам болгоод зогсохгүй. Гал түймэр юунд ч дийлдэшгүй тэнгэрийн хүч, өршөөлийг үл мэдэх егүүтгэгч болж харагдана.

Хүнд нэг сонин зөн заяасан нь дийлдэшгүй болгоныг атгандаа оруулах совин байсан юм. Галыг тэгж л сонирхжээ. Эхэндээ, түймэрт үхсэн амьтны түлэгдсэн (одоогийнхоор бол шорлогны үнэр) махны үнэр амт, галын дулаацуулах илч гээд өөрт хэрэгтэй олон юмны “үнэр”-ийг авсан байх.

Галыг эзэмшсэнээр хүний амьдрал эгнэгт өөрчлөгдсөн юм. Хоол хүнсээ анх удаа болгон амталж, тэсгим хүйтнийг түүдгийн илчээр ялж, араатныг айлгаж эхэлсэн тэр цагт утаа харсан хүмүүн баясан хөөрдөг байсан буйзаа. Унгасах төдий цогны утас шиг турьхан утаанаас эхлээд тэнгэрт олгойдох түүдгийнхийг хүртэл бүгд галын бурханы дүр, аврагчийн төрхийг бүтээн бишрүүлдэг байсан хэрэг. Иймээс гал анхны шүтээний төлөөлөл байсан хэрэг. Зороастра ба Манехейн шашнаас үүдэлтэй гал тахих, галаар ариусах мөргөл уламжлал өнөөгийн Монголын төрийн ёслолын хэмжээнд өвлөгдөн үлдсэн байх жишээний.

Гэвч хорвоо ертөнц хэмээх цогцлол ганцхан амьтан л дураараа дургихад зориулагдаагүй болохоор хүний амжилт ялалт болгон өөр өөрийн бэрхшээл дагуулжээ. Түүний нэг нь галыг дагалдсан утаа бөлгөө.

ХОЁР. МОНГОЛЧУУД БА УТАА

Тал нутгийн нүүдэлчид утааг амьдрал, өрх гэрийн бэлгэдэл гэж үздэг байв. Шинээр айл гэр болж голомтоо бадраахыг ч утаатай холбоно. Хэрвээ ахмад настнууд “Энэ хүний утааг нэг үнэрлэчихээд үхмээр байна” гэвэл хүүхдээ тамхинд орохыг харах, “өвс үнэрлэх”-ийг дэмжих санаа огт байхгүй. Зүгээр л үр ачаа гэрлэж, айл орон болохыг шаардаж байна гэсэн үг.

Аман зохиол, үндэсний яруу найрагт утаа чухал байр суурь эзэлнэ. Монгол үндэстэн болгоны сүлд дуулал болсон “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би…” хэмээх үгтэй дууны шүлгийг хотшиж буй нүүдэлчдийн анхны төлөөлөгчийн нэг бичсэн билээ. Утаа нь амьдрал, оршин тогтнолыг бэлгэдэх тул “Гэрийн цэнхэр утаат талдаа гэгээн наранд ойрхон өслөө…” хэмээн дуулна.

ХХ зууны эхэн үеэр монголчууд өрнөдийн жишгээр суурьшин амьдрах замыг сонгосон юм. Энэ үеэс утааны агуулга өөрчлөгдөж, үйлдвэржилт, хөгжил дэвшлийн утга орсон байна. Яруу найрагч Б.Явуухулан “Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах Үйлдвэрийн өндөр яндангийн хилэн улаан дөлөнд Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө, би” хэмээн шүлэглэж, улс орноороо түүнийг цээжилж, уран уншлага нь тайз, дэлгэцээс цуурайтаж эхэллээ.

Утаа ба түүнийг гаргагч “Яндан” нь ХХ зууны соцреалист утга зохиолын гол дүрийн нэг байсан. Аж үйлдвэрийн яндангийн дуугаар нэг хэсэгтээ нийслэлийн цагийг зарлаж байсан нь монголчууд иргэншлийн ертөнцөд хөл тавьж эхэлснийг зарлан тунхаглаж байв. Цаг тоололд хувьсгал гарав. Зуун зууны турш аянд гарахад “сайн цаг”, наймаа хийхэд “тааруу цаг”-т ангилагдаж байсан цаг хугацаа огт өөр зүйлийг хэмжиж эхлэв. Ажилд явах цаг, ажил тарах цаг, амралтын цаг анх удаа тал нутагт орж ирсэн хэрэг. Ийм учраас ХХ зууны ном зохиолууд “Яндангийн цуурай” гэхчилэнгийн аж үйлдвэрлэг нэртэй байх нь бишгүй.

Ийм учраас хорьдугаар зуунд УТАА нь айл гэрийн голомт бадарч байгаагийн тунхаг, улс орон үйлдвэржиж хөгжиж, бүтээн байгуулж буйн бэлгэдэл байлаа.

ХХ зууны сүүлч үе, 1990 онд нийгэм улс төрийн систем задарснаас хойш хотууд, ялангуяа нийслэлийн хүн огцом өслөө. Сая гаруй ам.км нутгийнхаа энд тэнд утаагаа уугиулж явсан монголчууд хотдоо төвлөрч утаагаа нэгтгэв. Дээр нь айл болгонд нэг ногдох болсон автомашины утаа нэмэгдлээ. Чухам энэ үеэс л утаа нь дотор бачимдуулж, цээж хорсгох гэмтэйг ухаарч эхэллээ. Танин мэдэхүйн хийгээд хөгжлийн шинэ шат ажгуу. Өчигдрийн мөрөөдөл өнөөдрийн бэрхшээлийг хэвлийдээ тээж ирдгийн ч жишээ бөлгөө.

Categories
их-уншсан туслах-ангилал

Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг 24 цаг байтугай 24 секунд ч хааж боох ёсгүй, тийм эрх хэнд ч байхгүй

Ардчилсан чөлөөт нийгмийн гол амин судас, чиг баримжаа нь хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээр илэрхийлэгддэг. Энэ бол ардчиллын баталгаа, оршин тогтнохуйн үндсэн дархлаа нь юм. Монгол Улс Үндсэн хуульдаа ч энэ тухай тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж бий.

Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг, улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” хэмээн бүр чиг нарийн нягт заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд болоод дэлхий нийтээрээ даган мөрддөг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ийнхүү тодорхой зааж хуулиар хориглосон дархан эрхийг ямар ч нөхцөлд хааж боох ёсгүй. Тийм эрх дарх аль нэгэн албан тушаалтан, дарга сайд, төрийн удирдагч хэнбугайд ч байхгүй нь ойлгомжтой.

Тэгтэл өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 25-нд ИИХ-аар баталсан Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно гэж заасан байгаа. Хуулийнх нь заалтуудыг нарийвчилж авч үзье л дээ. Уг хуулийн 68 дугаар зүйлд “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана”, 68.6-д “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэжээ.

Хэрвээ уг хуулийг зөрчвөл нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн байх юм.

Ингэж шинээр дахин батлагдсан Сонгуулийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, ардчиллын гол шугам, суурь баталгаа нь болсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь 24 цагийн туршид таслан зогсоож, хүний эрхэд бүдүүлгээр халдаж эхэлсэн. “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэдэг нь хэвлэн нийтлэх эрхийг 24 биш 48 цагаар зогсоосон, цаагуураа чөлөөт хэвлэлийг боомилсон харгис заалт юм. Өдөр тутмын сонины редакци өмнөх өдөр нь мэдээ материалаа бэлтгэн хэвлэх үйлдвэрт шилжүүлдэг. Ингээд сонины шинэ дугаар өглөөний ургах нартай хамт уншигчдын гарт оюуны талх болж очдог. Сонгуулийн өмнөх өдрийн дугаарт аль нэгэн нэр дэвшигчтэй холбоотой нийтлэл, сурвалжлага байтугай ганц үг, өгүүлбэр ч гарах учиргүй гээд хуулиараа тас хорьчихсон.

Тиймээс Сонгуулийн тухай хуулийг сонгуулийн ид сурталчилгаа, кампанит ажлын оргил үед 48 цагийн турш чөлөөт хэвлэлийн амыг барьж, чөдөр тушаа болж байна гэж үзэхээс өөр аргагүй. Хүн олон нийтийн өмнө үг хэлж, сонин хэвлэлийн хуудаснаа өөрийнхөө санаа бодлыг бичиж, тунхаглаж байж үзэл бодлоо илэрхийлсэн болно. Хэрвээ үг хэлэх болон хэвлэн нийтлэх эрхийг нь хуулиар хориглочихвол тухайн иргэнд үзэл бодлоо илэрхийлж болох цорын ганц зам үлдэнэ. Тэр нь өөрөө өөртэйгөө ярьж, санаа бодлоо хуваалцах явдал. Хүн өөрөө өөртэйгөө ярина гэдэг үзэл бодлоо илэрхийлэх арга яав ч биш.

Сонгуулийн сурталчилгааг хориглосон өдөр хар пиар гээч нь газар авдаг. Тухайн тойрогт өндөр рейтингтэй байгаа нэр дэвшигчтэй холбоотой санаанд оромгүй мэдээллүүд тэр өдөр гарах магадлал өндөр гэдгийг судлаачид, ажиглагчид хэлдэг. Тухайлбал тухайн нэр дэвшигчийг санамсаргүйгээр амиа алдсан, автын осолд орсон, эдгэшгүй өвчтэй гэх худал мэдээллүүд өрсөлдөгч талынхнаас шуурч, хуурай өвсөнд ноцсон түймэр шиг газар авна. Энэ нөхцөлд нэр дэвшигч өөрийн биеэр юм уу, эсвэл сонгуулийн штаб нь мэдэгдэл хийх, сонин хэвлэлд хандах боломж байхгүй. Ийм л байж боломгүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн заалт Сонгуулийн хуульд байгаад байна. Сүүлийн үед Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай яриа гарч байгаа. Хэрвээ өөрчлөх дээрээ тулбал Үндсэн хуулиа болоод олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн эдгээр заалтуудаа авч хаях хэрэгтэй. Ардчилсан Монгол Улсын гол тулгуур багана Сонгуулийн хууль хүний эрхэд бүдүүлгээр халдсан байж болохгүй. Бид олон улсын жишигт нийцсэн хуультай байх нь чухал.

Дэлхийн улс орнуудад сонгуулийн сурталчилгаа хэрхэн явагддагийг сонирхъё. Манайхны жишээ татан ярих дуртай АНУ-д сонгуулийн сурталчилгаа санал авах өдөр дуустал үргэлжилдэг. Бүр тодруулбал, сонгууль болох өдөр санал авах байрны орчимд сурталчилгаа явуулахыг хориглоод бусад газарт иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Мөн Америкт насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигладаг. Ухаандаа, Ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа гэхэд дунд сургуулийн хүүхдүүд Обамагийн юм уу хэн нэгэн нэр дэвшигчийн зурагт хуудсыг сонгуулийн өдөр тараагаад, “та энэ хүнийг сонгоорой” гээд наагуур цаагуур гүйлддэг. Ардчиллын өлгий нутаг АНУ сонгуулийн сурталчилгаанд ингэж хандаж байна. Тэгвэл манай улс сонгуулийн хуульдаа насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан гэсэн хатуу заалт оруулаад, түүнийх нь уршгаар Өвөрхангайд ялалт байгуулсан хоёр нөхөр Их хуралд суух эрхээ хасуулж байсан удаатай.

Санал авах эцсийн мөч хүртэл сонгуулийн сурталчилгаа, кампанит ажил нийтийг хамарч идэвхтэй өрнөдөг бэлээхэн жишээ Япон, Малайз, Венесуэль гээд дэлхийн олон оронд бий. Австрали улсад санал өгөхөөр ирсэн иргэддээ нэр дэвшигчдийн материалыг өгөөд оруулдаг жишиг ч байна. Сүүлийн үед дэлхий нийтийн томоохон хурлууд дээр сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24, 48 цагийн өмнө зогсоож буйг олон улсын шинжээчид шүүмжлэх болсон. Хуульч, судлаач, нэртэй эрдэмтэд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс нэг, хоёр хоногийн өмнө зогсоож, хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байгаа нь амьдралд нийцэхгүй байна гэж үздэг. Үнэндээ цахим ертөнц хүчээ авч буй мэдээллийн эрин зуунд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг 24 цаг байтугай 24 секунд ч хааж боох боломжгүй, тийм эрх хэнд ч байхгүй. Чадах ч үгүй.

Яг үүнтэй зөрчилдөж буй заалт Сонгуулийн хуульд байгаа юм. 70.1.6-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-ыг хориглоно гэж заасан. Хэрвээ зөрчсөн тохиолдолд “цахим хуудасны хандалтыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлнэ” гэнэ. Сошиал ертөнцийг, твиттер, жиргээг хянах боломж бий гэж үү. Нүүрээ нуусан хичнээн мянган жиргээч сонгуулийн эцсийн мөч хүртэл өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, сошиал ертөнц давалгаалж эхэлнэ. Үүнийг хуулиар хянах боломжгүй. Тэгэхээр хүний үзэл бодлоо илэрхийлэх хууль ёсны эрхийг нь хааж боогдуулсан, Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн хуулийн дээрх заалтыг даруй өөрчлөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүний эрхийг дээдэлсэн Монгол Улсад ардчиллын дархлаа улам батжих болно.

Categories
мэдээ цаг-үе

Өвгөөдэй Дамдинсүрэнгийн хүү Энхсайхан: Цэндийн Дамдинсүрэн гуай аав хоёрыг До яам хүртэл андуурч байсан гэдэг

Зүүн гараас Б.Чойндон, Б.Банзрагч, Ээндэн, Д.Даржаа, Ц.Дамдинсүрэн,
Өвгөөдэй Дамдинсүрэн, О.Пунцаг нар. 1965 он

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, бичгийн их утгач Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнгийн хүү хөдөө аж ахуйн доктор Д.Энхсайхантай ярилцсанаа хүргэе.

-Өвгөөдэй Дамдинсүрэн гуайг Монголын сэтгүүл зүй болоод бичил туурвилын ертөнцийн нэгэн оргил байсныг үе үеийн зохиолч, сэтгүүлчид дурсдаг юм. Аавынхаа удам гарал хийгээд ус нутгийн тухай ярихгүй юу?

-Миний аав хүмүүний амьдралын жаргал зовлонг биеэрээ туулж, жинхэнэ хал үзэж халуун чулуу долоосон хүн юм. Аав шиг минь зохиолч нөхдийнхөө бүтээл туурвилын төлөө сэтгэл тавьж, амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл зүтгэсэн хүн ховор болов уу гэж боддог юм. Утгын их ертөнцийн мэргэд намайг “Өвгөөдэйн хүү” гэж хүндэтгэн хайрладаг. Өдгөө ч би аавынхаа буяныг эдэлж амьдарч явна. Миний аав Хан Хэнтий уулын хошуу одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн, Тэнүүн, Зүлэгтийн голын Бага тохой гэдэг газар 1912 онд төрсөн. Анчин, малч удамтай хүн л дээ. “Таныг өв уламжилсан номтой хаадын хүүхэд гэж би ойлгосон. Гэтэл та чинь зүгээр нэг анчин малчны хүүхэд байжээ” гэж Эрдэнэ баавайн дурдатгалд байдаг юм. Эрдэм номыг шавь сургууль буюу гэр сургуулиар олж авсан байдаг. Балган гэж ус нутгийнхаа эрдэмтэй хүнээр бичиг үсэг заалгасан юм билээ. 1925 онд Өндөрхааны дунд сургуулийн анхны 25 сурагчийн нэг болж суралцжээ. Утга зохиолын аваргуудтай, өнөө цагт домог мэт яригдаж буй мэргэдтэй ойр дотно явснаа өндөрт бодож сүсэлдэг байв. 1928-1929 онд Багшийн сургуулийн сурагч ахуйдаа Мөрдэндэвийн Ядамсүрэн гуайгаар хичээл заалгаж явсан түүхтэй. “Сартваахь Шагж, Онходын Жамъян гүн нараар хичээл заалгасан азтай хүн ааваас чинь өөр байхгүй” гэж хүмүүс хэлдэг.

-Аавынхаа бүтээл туурвилыг гурван боть болгон хэвлүүлснийг тань уншсан. Зохиолчдын эвлэлийн гишүүний батлахаа Сономбалжирын Буяннэмэхээс авсан байдаг. Тэгэхээр аргагүй эртний хүн гэдэг нь мэдрэгддэг?

-Гучин дөрвөн онд Буяннэмэхийг “Ардын үндэсний эрх” сонины нарийн бичгийн дарга байхад нь тун ойр байжээ. “Намайг бичиг зохиол оролдохын авьяас хандлагатайг тоож уран зохиолын өндөр босго алхуулсан ачтан бол нөхөр Буяннэмэх билээ” гэж дурсамждаа өгүүлсэн нь бий. Мөн гучин таван онд Дорнод аймагт очиход нь уран зохиолын бүлгэм байгуулагдаж, алдарт Дондогийн Цэвэгмид гуай багшилж байсан гэдэг. Уг бүлгэмд хожим соёлын гавьяат болсон, “Улаан наран”, “Үүрийн цолмон” гээд олон роман туурвисан нэрт зохиолч С.Дашдэндэв тэргүүтэй хүмүүс байж. Тэдгээр нөхдийн бүтээлийг Ши.Аюуш ихэд тоож “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүлийн 1936 оны эхний дугаарт гаргасан. Ингэж аав минь Монголын их утга зохиолыг үндэслэгч Сономбалжирын Буяннэмэх, Мөрдэндэвийн Ядамсүрэн, Ширнэнгийн Аюуш нартай уулзаж, шүлэг найргийг нь сонсч, бүтээл туурвилынх нь алдар замналыг бахдаж явсан. Бас нэг зүйлийг сонин болгоход, хорин есөн онд нам эвлэлийн долдугаар их хурлын тогтоол шийдвэрийн дагуу одоогийн Говь-Алтай, Ховд аймгийн сумдад эвлэлийн гишүүдийг бичиг үсэгт сургах ажилд томилогджээ. Тийн явахдаа үндэсний эрх чөлөөний цогтой тэмцэгч Ард Аюуштай уулзаж тэмдэглэл хөтлөн түүнээ Судар бичгийн хүрээлэнд өгч байсан удаатай.

-Нам төрийн даалгавраар бага залуу наснаасаа олон газар ажиллаж, хүнд хүчир цагт эх орныхоо төлөө зүтгэж явжээ. Хилс хэрэгт гүтгэгдэх хүртлээ хаана юу эрхэлж байсныг нь сонирхуулахгүй юу?

-Багшийн сургуулийг төгсөөд одоогийн Дундговийн Дэлгэрцогт суманд багш, захирлаар очсон. Тэндээс л намтар түүх нь үргэлжилнэ. Өмнийн говь нутагт улс төрийн байдал ээдрээтэй хэцүү тэр цагт эх орны даалгавраар ажиллаж байсан. Жамсрангийн Самбуу гуай, Буджавын Чойндон гуай нартай гучаад оны эхэн үед Өмнөговийг байгуулж явсан түүхтэй. Түвдэнгийн Бор нарыг Тугийн цохион дээрээс буудан хороосон эсэргүү нарын үймээнээс Цогцолын Сайнбаяр гэж хүн хөндий цээжээрээ буудуулан амьд гарсан байдаг. Түүнийг намын тусгай даалгавраар нууцаар эмчилж, эдгээсэн ачтан бол миний ижий юм. Ээж маань бага эмчийн мэргэшил эзэмшсэн Монголын анхны эмч нарын нэг шүү дээ. Аав Дорнод аймгийн намын төв хороонд ажиллаж байгаад гучин долоон оны сүүлчээр “Үнэн” сонины эрхлэгчээр томилогдсон. Нам төрийн алба эрхэлж байгаад сонины ажилд томилогдсоноо бахархан дурсдаг юм. Ном зохиолтой холбогдон бүтээл туурвилаа бичих хүсэл сонирхол нь биелсэн нь тэр. Гэхдээ “Үнэн” сонинд удаан байлгаагүй. Нэг жил орчим болгоод гучин найман онд Мал, тариалангийн яамны нэгдүгээр орлогч сайдаар тохоон томилсон. Сайдын алба хашихдаа Жаргалант, Зүүнхараа, Баруунтурууны сангийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлж, Архангай Их Тамирын “Гэрэлт зам” зэрэг олон аймаг сумдын нэгдлийг шинэ тутам байгуулсан. 1939 оны зун Халхын голын байлдааны үед армийн хэрэгцээнд зориулсан 50 мянган малыг тууварлах ажлыг мөн хариуцсан байдаг.

-Өвгөөдэй гуайг юуны учир хэлмэгдүүлж, 10 жилийн ял оноосон юм бол?

-Ерөөсөө Японы тагнуул гэж л үзсэн юм билээ. Дорнод аймгийн намын хорооны дарга байхдаа япончуудтай ойр байсан гэж хардаж, сэрджээ. Ямар сайндаа цэргийн шүүхийн дарга Махцэнд гэгч “Дамдинсүрэн чи, Мал, тариалангийн яамыг эсэргүү зэвсэгт бослогод бэлдэж байсныгаа тодорхой мэдүүл” гэсэнд “Тэр яам чинь эсэргүү бослогод бэлдэх байтугай манаандаа барих буугүй газар шүү” гэж аав зэвүүрхсэн удаатай. 1939 оны аравдугаар сарын тавны шөнө гэнэт гэрээс нь баривчилсан. Аав тэр тухайгаас “Эхнэр хүүхэд, хөдөө гэрт очсон учир эзгүй. Эцэг Цэнд над хань болж ирсэн байв. Тэр өдрийн албанаас оройтосхийн гэртээ ирж цай хоол ууж идэж базаагаад ор дэрээ засаж тавлав. Дуг нойронд гэрийн хаалга хэмхлэх нь холгүй хүчтэй дэлдэв. Дотоод явдлын яамны буу зэсэг агссан хоёр гурван ажилтан сүр үзүүлэх байдалтай орж ирлээ. Намайг орон дээрээ эргэж суутал нэг нь өврөөсөө алгын чинээ хуудас гаргаж өгөв. Дайчлан баривчлах хуудас. Улсыг аюулаас хамгаалах газрын дарга Жамбалдоржийн гарын үсэг харагдсан шиг санагдана. Намайг баривчлагч этгээд бос, хөдлөлгүй зогс гэж зандрав. Аав маань дээрх яриа чимээнээс цочин сэрэв. Их л айсан сүрдсэн дүртэй өндийж суув. Нөгөөдүүл авдар сав, ор дэр онгичин нэгжив. Аль л өнгөтэй өөдтэй үнэ цэнтэй хувцас хунар, эд өлөг, ээмэг бөгж, аяга таваг, шүр сувд төгрөг мөнгө, ном судар, тэмдэглэлийн дэвтэр, хүүхдийн шинэ тоглоомыг хүртэл хуу хаман хураав. Тэр бүх зүйлийг нүд ирмэхийн зуур жигтэйхэн сурамгай дансалсан болж баригдаж нэгжигдэгчийн балмагдлыг далимлан гарын үсэг зуруулсан нэр зүүв. Тэгээд үүдэн зүг зааж “Явъя” гэж ширүүн дориун өгүүллээ. “Байз хө” гэж хэлсэн би, галаа сэргээв. Данх цай буцалгав. Эцэгтээ аяга дүүрэн цай хийж бариад, өөрөө нэг аягыг уув. “За аав минь, хүүгээ хэрэг хийж баригдлаа гэж бүү бодоорой. Миний өмнөх явдал ариун, зам мөр цагаан. Гэвч хүний гарт орсон хүүгээ амьд мэнд гарч ирнэ гэж тэгтэл битгий горьдоорой. Миний адил аавын олон хөвгүүд сүйдэж байгаа юм шүү. Бэр, ач хүүхдээ сайнаар асарч тэтгэж байгаарай, баяртай” гэж хэлээд түлхүүлж туугдан гэрээсээ гарсан” гэж “Цээжинд хөтөлсөн тэмдэглээ” дурдатгалдаа бичсэн.

Өвгөөдэй Дамдинсүрэн хүү Энхсайхан, бэр биологийн ухааны доктор Г.Отгон нарын хамт. 1968 он

Уг дурдатгалд До яамны “Мангас” Дорж гэгчийн хатуу хахирган ноён зан, харгислалыг, мөн хэн хэн гээч сэхээтнүүдийг хэлмэгдүүлж, тарчлаан зовоож, эцэст нь халуун амийг нь аван ар гэр, үр хүүхдийг нь өнчрөөн хоцроосныг өр шимширмээр бичсэн байдаг. Ингэж ачит эцэг минь улс төрийн хилс хэрэгт тулгагдан 10 жилийн ял сонсч, бүтэн зургаан жил яс суусан даа. Шоронд байх хугацаанд Зөвлөлтийн улаан армид бэлэглэх нэхий дээл, бээлий хантааз өдий төдийг оёсноо, нэг ёсны олз, ялалтад оруулсан хувь нэмэр минь гэдэг сэн. Дөчин таван онд шоронгоос суллагдаад хэвлэх үйлдвэр, сонины газар ажиллаж байгаад 1956 оноос зохиолчдын хороонд ирж “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажилласан. 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 79 насандаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

-Зохиолчдын хороонд ажиллаж байсан он жилүүдийнх нь тухай одоо ярья. Өвгөөдэй гуайг бичгийн их утгач гэдэг. Энэ бол яг зохисон тодорхойлолт санагддаг. Зохиолчдын бүтээлийг редакторлох ажилд олон жилийн хөдөлмөрөө зориулсан?

-Аавынхаа нийтлэл, тэмдэглэл, бүтээлүүдийг нь уншихад монгол хэлний үгийн сан ийм гайхамшигтай юм уу гэж эрхгүй бодогддог. Жинхэнэ үгийн сондрыг хэлхэж, яг оносон үгийг нь шигтгэж өгдөг байснаараа аавын бүтээл, найруулан боловсруулах эрдэм нь оршиж байж. Бусдын зохиолыг утга санааг нь алдуулалгүйгээр оносон үгийг нь зоож, хоёр гуравхаан гайхам үгээр тухайн зохиолыг босгоод ирнэ. Тийм л эрдэм чадалтай, монгол хэлний ундарга байж дээ, аав минь. Ерэн насных нь ойгоор бид мөн л зохиол бүтээлийг нь хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Тэгэхэд соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Чойсүрэнгийн Дагвадорж аавыг “Бичгийн их утгач” хэмээн өргөмжилж, түүнийг нь үе үеийн зохиолч, найрагчид талархан хүлээж авсан. Аав минь сэрүүн тунгалагтаа энэ алдрыг сонсоогүй ч зохиолч нөхдийнхөө дунд хамгийн нэр хүндтэй байлаа. Эрдэнэ, Явуухулан нарын авьяас билигтнүүд аавыг машид ихээр хүндэтгэн хайрлаж, “Өвгөөдэйн дэргэд халамцуу харагдахгүй юм шүү” гэж болгоомжилж байсан байдаг. Ахмадаас С.Дашдэндэв гуай, Бааст гуай, Мишигийн Цэдэндорж гуай бүгд манайхаар ирнэ. За тэгээд Явуухулан, Эрдэнэ, Дашдооров, Мягмар гээд үе үеийн мэргэд ирнэ. Аав минь хэзээний л монгол дээл, памбагар цагаан гуталнаасаа салахгүй. Зохиолч нөхдийгөө ирэхэд унд, цай болж хөл хөөрт умбана.

Зохиолчид гадагшаа яваад ирэхдээ аавд тэмдэглэлийн дэвтэр ихэвчлэн дурсгадаг байлаа. С.Дашдэндэв гуайн “Улаан наран”, Ц.Уламбаяр гуайн “Зовлон жаргал”, Ж.Лодой гуайн “Дайн” гээд аварга романуудыг аав редакторлосон байдаг. Ухаандаа, Лодой гуайн тоосго шиг зузаан гурван дэвтэр романыг нэгд нэгэнгүй уншиж, засч залруулж редакторлоно гэдэг амаргүй. Бодохоос халширмаар. Гэвч аав минь огтоос залхууралгүй уншдаг байлаа. Ажилдаа өглөө арван цагийн алдад яваад орой ирнэ. Хоол цайгаа идэж уугаад сонин, сэтгүүл бага зэрэг үзээд есөөс арван цагийн хавьд нөгөө зузаан хавтастай бичгүүдийг уншаад үүрээр дөрөв, таван цаг хүргэж унтдаг тогтсон цагийн хуваарьтай байсан. Манай гэр бүлийн хүн бид хоёр тэр зохиолуудын эхийг аавыг засахаас өмнө унших дуртай. Зассан хойно бол бараг ухаан хүрч унших аргагүй. Улаан хар харандаагаар зассан байдаг сан.

-Эрдэнэ баавайн “Диваажинд суугаа Өвгөөдэйд” хэмээх уярам нийтлэл бий. Ингэхэд яагаад “Өвгөөдэй” гэж нэрлэх болов. Овог нэр ижил эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайгаас ялгах гэж тийн нэрийдсэн болов уу?

-Аугаа их эрдэмтэн, төрийн гурван удаагийн шагналт Цэндийн Дамдинсүрэн гуай аав хоёр овог, нэр ижил. Үндсэндээ Дамдинсүрэн гуайгаас ялгах гэж аавыг Өвгөөдэй хэмээн нэрлэсэн байдаг. Жараад оны үед Эрдэнэ гуай тэр нэрийг өгсөн юм билээ. Зохиолчдын хороонд тухайн үед хамгийн ахмад нь аав байж л дээ. “Танаас нямбай хичээнгүйг хамгийн олзтой нь мартах шахсан монгол бичгээ сэргээн хэл найруулгын уран нарийнд суралцан, тэр үеийн болоод хожмын олон тууж, өгүүллэгээ шүүлгэж ариутгуулсан ачийг тань мартахгүй. Таны ариутгаж шүүсэн анхны тууж минь “Хөх хулгана жил” байлаа. “Хөх хулгана жил”-ийг ариутгуулснаас хойш би адаглахад “байна, байгаа” гэдэг үгээр өгүүлбэрээ төгсгөдөг улигт зангаа орхисон” гэж Эрдэнэ гуай “Диваажинд суугаа Өвгөөдэйд” нийтлэлдээ бичсэн нь бий. Эрдэнээ гуай аавыг багшаа гэж хүндэтгэдэг байсан. Мөн төрийн шагналт Дарамын Батбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Саруулбуян нарын зохиолчид, түүхч Баярсайхан зэрэг олон хүн ааваар монгол бичиг заалгасан. “Монгол бичгийн дөт зам” хэмээх Шагж багшийн анхны толийг аав олон хүнд гараараа бичиж өгсөн байдаг. Сүрэнжав гуайн “Ерэн баатрын дууль”-ийг хуучин монгол бичгээр бичээд өөрт нь дурсгасныг гурван ботид нь оруулсан. Явуугийн шүлгийг ч хуучин бичгээр бичиж дурсгаж байж. Тэмдэглэлийн дэвтрийг нь бид нэгийг ч хаяагүй. Тэр ч бүү хэл завсар нь хавчуулаастай байсан цаасыг ч үрэгдүүлээгүй. Зохиолчийн өв гэж үүнийг л хэлнэ дээ гэж хүмүүс хэлдэг. Харин гучин есөн оноос өмнөх тэмдэглэлүүдээ хөтөлсөн дэвтрийг нь Дотоод яам шатаасанд өөрөө ихэд харамсдаг байлаа. Ааваараа бахархах нэг зүйл бол туйлын даруу зан. Гаднаас нь харсан хүнд дээлтэй, өндөр янхигар өвгөн харагдана. Дотроо эрдэнэ хадгалсан тийм л хүн байв. Чадраабалын Лодойдамба, Чойжилжавын Лхамсүрэн, Цэгмидийн Гайтав, Мишигийн Цэдэндорж, Намсрайн Банзрагч гээд аавын гараар ороогүй зохиолч гэж ховор. Тэр олон зохиолчийн ном редакторлож, бусдынхаа бүтээлийг ариутган шүүгээд өөрт нь зохиолоо бичих зав зай гарсангүй дээ гэж жаахан харамсдаг юм.

-Өвгөөдэй гуайд олон сайхан баримтад зохиол бий. Мөн орчуулгын бүтээлүүд ч их байдаг даа?

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Ч.Нацагдоржийн тухай өгүүлсэн “Газар тэнгэрийн заагт” намтарчилсан тууж бий. Мөн Шагдарын Гонгор баатрын амьдрал тэмцлийн тухай “Тамсагбулагийн хязгаарт”, Лодонгийн Дандарын тухай “Гал дөлөн дунд” дурдатгалын номууд байна. Чойбалсангийн үүрэг даалгаврын дагуу 100 гаруй партизанын намтар түүхийг бичсэн. 1968 онд “Мандах нартай үлгэрлэе” түүвэр зохиолоо хэвлүүлсэн байдаг. Уг номын редактор нь Чойжилын Чимид гуай. Эл номонд “Эрдэмтэн генерал”, “Домогт хүний мөр”, “Цагаан хусны дэргэд” тэргүүт хорь гаруй томоохон найруулал нь багтсан юм. Жаран дөрвөн онд Халимагийн нэрт зохиолч Аксен Сусеевтэй уулзаж, дараахан нь Халимагийн яруу найрагчдын “Зүрхний дуулал” номыг орчуулсан. Халимаг, буриад гээд монгол туургатны шилмэл зохиолуудыг халх аялгуугаар утгачлан найруулж, монгол хэлний яруу гайхамшгийг үзүүлэн эх хэлнээ буулгасан гавьяатай. “Хамбуудай мэргэн хаан”, “Цагаадай мэргэн хөвгүүн”, “Луу мэргэн хаан” зэрэг туульсыг латин галигаас шинэ үсэгт буулгасныг бид бүрэн эхээр нь хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон. Уг туульсууд Ринчен гуайн өмнөтгөл үгтэй учир тухайн үед хэвлэхгүй байсан юм билээ. Миний мэдэхийн манайд тавиад жил болсон юм даг.

-Хоёр Дамдинсүрэн гуайг андуурч байсан нь мэдээж. Тэр тухай сонирхуулахгүй юу?

-Цэндийн Дамдинсүрэн гуай “манай амьдай” гээд аавд их сайн байсан. Баялаг сайхан монгол хэлтэйг нь үнэлж, бахаддаг байсан. Аавд ирсэн захидал Дамдинсүрэн гуайд оччихно. Түүнийг өөрөө авчирч өгдөг сөн. Хүмүүс “Та хоёрыг их андуурах юм аа” гэхэд “Энгийн хүмүүс байтугай До яам хүртэл андуурч байсан юм аа хө” гээд инээд алдана. До яаманд хоёул зэрэг шахам баригдаж, шоронд хамт байсан юм билээ. Шоронд эргэлтээр орос хоол ирэхэд аав “Энэ миний хоол биш байна. Нөгөө Дамдинсүрэнгийн хоол байна” гээд харгалзагчийг нь явуулдаг байж. Өөрсдийг нь ингэж андуурахаас гадна бүтээлийг нь их андуурна. “Ахун уулын цамхаг”, “Мөнхийн сэрүүн тунгалаг дүр” тэмдэглэл нийтлэлүүдийг Цэндийн Дамдинсүрэн гуайн “Бүрэн зохиол”-ын гуравдугаар ботид оруулснаа Дожоогийн Цэдэв гуай сүүлд мэдэж аавын ботид оруулсан. Тэдгээрийг “Өвгөөдэйн бүтээл” гэдгийг нь Бааст гуай гэрчилсэн. 2002 онд Мөнгөнморьтын сургуулийг аавын нэрэмжит болгосон доо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакердуулсан малгай

Амгалан даргын мэндчилгээ амгалан байдал алдагдуулснаар энэ түүх эхлэв. Дүүргийн дарга байхаа больсон ч хүмүүс түүнийг “дарга” мэтчилэнгээр авгайлсаар байгаа юм. Бас “авгайлах” гэхээр эмэгтэй хүнийг авгайгаар нь дуудан жээндэргүй царайлсан хэрэг биш. Нэрийг нь цээрлэн гуайлж байгаа юм. Нэрийг нь цээрлэнэ гэхээр хэлэхээс сэжиг нь хүрсэн, цээр хөдөлсөн гэсэн үг бас биш… гэхчилэн цаашаа тайлбарлах уу, болих уу?

Ер нь “Сайн нэрийг хүсэвч олоход бэрх, муу нэрийг хусавч арилахад бэрх” гэдэг ардын зүйр үг эргэлзээтэй. Манай дарга нар сайн нэрийг нэг л олоод, дарга тушаалтай болоод авбал ерөөсөө тэр нь алдагдахгүй байна. Гэтэл авлига, луйварт холбогдсон муу нэрүүдээ хичнээн хурдан хусаад арилгачихаж байна. Ингээд бодохоор “Сайн нэрийг хусавч арилахгүй, муу нэрийг хүсэвч тогтохгүй” гэсэн цэцэн үг байснаа, хакердуулж утга нь өөрчлөгдсөн бололтой. Өнөөдрийн сэдэв ч “хакер” болно.

Амгалан дарга “Эх орончдын өдөр”-өөр мэндчилгээ дэвшүүлэхдээ ногоон таван хошуутай Дэн Сяопин малгайгаар гоёжээ. Гэтэл хакерууд түүнийг хакердаад улаан таван хошуутай ногоон малгай болгосон төдийгүй Дэн стилийг нь Мао трендээр сольчихжээ.

Амгалан ч зохиогчийн эрх тал дээр амгалан нэгэн биш аж. Тэрээр мэндчилгээнийхээ роликийг хийхдээ Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн чуулгын “Дорно зүгээс нар мандлаа, Хятадад Мао төрлөө…” гэдэг дууны клипийг хакердаад, Монголын цэргийн чуулгын “Магнаг үсэгтэй туг” болгосон гэх.

Хакер, МАН хоёрын түүх бол салшгүй холбоотой. Эх орончдын өдөр гэдэг бол МАН-ынхан баяртаа өгсөн нэр. Харин “Эх орон”, “хакер” хоёр ямар холбоотойг бол мэдэхгүй. Ямар нэгэн юмыг хакердаад эх орон болгосон уу, эсвэл эх орныг хакердах гээд байна уу, таах юм алга.

Ер нь бол, их ч сайн нам, сайхан ч нам гэж байгаа. Даан ч хамаг юмаа хакердуулчихдаг л болохоос. Тэд 1921 онд алтан ургийнхан, ихэс дээдсээ урт наслуулах хөтөлбөр гаргасан боловч хакердуулаад ноёдоо бүгдийг нь устгачихсан байдаг. Улмаар лам нарыг мөнхжүүлэх, сүм хийдийг хөгжүүлэх гээд хакердуулжээ гэхчилэнгээр буруугаар эргэсэн үйлсийг нь тоолшгүй.

1959 онд бүх малыг ард түмэнд хувааж өгөх хөтөлбөр гаргаснаа хакердуулаад хамаг мал, хөрөнгийг хураах программ болгочихсон гэж тайлбарладаг.

Түүхчдийн хэлж байгаагаар нам төрийн жолоодогч Ю.Цэдэнбал дарга чинь уул нь Бялхаа Дэвээ гэдэг сайхан монгол авгайтай байжээ. Нэг сайхан шөнө оросууд хакердаад л Филатова гэдэг орос авгай болгоод хаясан гэсэн (Зарим судлаач Бялхаа Дэвээ бол маршал Чойбалсантай сууж байсан жүжигчин Дэвээгийн бүсгүй дүү ч гэх нь бий).

Хакердуулах явдал ганц намын хүрээнээс аль хэдийнэ хальсан байна.

Эртээд манай ерөнхийлөгч ажлаа хийгээд мөрөөрөө сууж байтал өрөөнд нь нэг түнтийсэн улаан амьтан орж ирээд, сүнсий нь зайлуулчих дөхжээ. Айж, хөлссөн ерөнхийлөгч маань Чой хамбаар ширэглүүлж баймаажин тайтгарсан гэдэг. Тамгын дарга Цагаан нь хакердуулаад улаан болчихгүй юу?

Энэнээс ч сонин юм болсон байна. МАХН-ын эгнээнд ногоон намын этгээд шургалаад, тэр баригдсан нь хэн байсан гээч. Хөөрхий Ч.Улааныг хакердаад ногоонтон болгоод хаясан нь тэр байж.

Их хурлын дарга З.Энхболд чинь өндрөө хакердуулчихсан “метр наян таван санч” хархүү юм гэнэ. Харин Сайханбилэг ерөнхий сайд бол…гэснээс тарвага ичээнээсээ гарсан уу, хэд хоног дутуу байгаа ч бил үү?

Н.Энхбаяр дарга чинь өөрийгөө хакердуулчихснаас биш улсын ерөнхийлөгч хэвээрээ байгаа гэж үздэг юм байна. Дүрмэндээ “монголчууд хакердуулснаасаа болоод Элбэгдоржийг ерөнхийлөгч гэж бодоод байгаа гэдэгт итгэсэн хүмүүсийн улс төрийн нэгдлийг МАХН гэнэ” гэдгийг заасан ч гэх шиг. МАХН-ын дарга саяхан МАН-ыг эсэргүүцсэн жагсаал хийх гэж гараад хакердуулжээ. Тэгээд юу яасны МАН-ыг эсэргүүцэх, харин ч баярыг нь хамтарч тэмдэглээд харьсан гэх.

Хакер гээч юм ч бидний алийг алдагдуулж байна аа. Ер нь Хиншү Ганбаа чинь хөөрхий, ориг дипломоо хакердуулчихсан амьтан юм биш үү?

…Ингэхэд, би юун улс төр бичээд унав? Ээ, базарваань, Амгалан даргын тухай фельетоноо хакердуулаад улс орны сэдэвтэй болгуулчихсан байна, больё чи минь. Ингээд төгслөө. Бака…

…Амгалан дарга гэснээс мань хүн чинь уул нь эрэгтэй төрсөн боловч хүйсээ хакердуулаад охин болчихсон гэсэн…ккк… бас л хак..е..рр.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулах нь хамгийн бодитой байдаг

Өнгөрөгч оны сүүлээр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Их хурлаар Сонгуулийн тухай хуулийг баталсан. Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл нарын гишүүдийн санаачлан боловсруулсан уг хуулиар Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж холбогдох харилцааг зохицуулсан байдаг. Үндсэндээ Монгол Улсын Сонгуулийн тухай нэгдсэн хууль юм. Тэрхүү хуульд сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэхийг тодорхой зааж өгсөн нь бий. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх тухай” хэсэгт “Нэр дэвшигч буюу нэр дэвшигчийн сонгуулийн штаб дараах хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг иргэдэд тараах эрхтэй. Үүнд: гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан” хэмээн нарийвчилж заасан байна.

Мөн үүнээс гадна сонгуульд оролцогч нам, эвсэл буюу нам эвслийн сонгуулийн штаб сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан дөрвөн хэвлэлийн хуудас сонин эсхүл сэтгүүл, гурван хэвлэлийн хуудас бүхий сурталчилгааны материал олон нийтэд тараах эрхтэйг хуульчилсан. Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь Сонгуулийн тухай хуульд зааснаар А4 хэмжээтэй цаасны найман нүүрийг хэлж байгаа аж. А4 хэмжээтэй цаасны найман нүүр гэдэг сонины гурван нүүрийг хэлнэ. Сонины нэг нүүрт А4 цаасны 2.5 нүүр материал зураг хөрөг, дэглэлт дизайнтайгаар багтдаг юм. Тэгэхээр нэг хэвлэлийн хуудас нь тухайн сонины гурван нүүр байх нь. Гурван хэвлэлийн хуудас хичнээн нүүр талбайг эзлэх нь ойлгомжтой. Ингэж өнгөрөгч оны сүүлээс мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд тодорхой заасан.

“Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” хэмээх хэвлэл мэдээллийн байгууллагынхан анхаармаар заалт ч бас бий. Уг хуулийг хэлэлцэж байх явцад манай сонин “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэх гэж байна” хэмээн хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалт бүрийг нь тайлбарлан, эсэргүүцэж байв. “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулж болно, болохгүй гэсэн заалт орхигджээ. Радио, телевиз, цахим вэб сайт, тараах материалаар явуулж болно гэсэн нь сонин хэвлэлийн бизнес эрхлэгчдийг ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө” гэж эрх баригчдад хаяглан, Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг сонинуудаа дэмжихийг уриалж байсан удаатай. “Өдрийн сонин”-ы дэвшүүлсэн уриалга, нийтлэл ажил хэрэг болж түүхэн үүргээ гүйцэтгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн сонин хэвлэлтэй холбоотой дээрх заалтууд юм.

Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасан. П.Хашчулуун нийтлэлчийн бичсэнээр энэ нь өнөө “Хүн, хонь хоёроо ялгаж барагцаалахгүй 14 хоногийн хугацаа” гэдэг нь шүү дээ. Их хурлын энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа нөхдүүд одооноос эхлэн сонин хэвлэлд, тэр тусмаа мянга мянган уншигчдын итгэлийг хөсөрдүүлэлгүй явж ирсэн өдөр тутмын тулхтай хэвлэлд ярилцлага өгч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийгөө нийгэмд таниулж эхлэх хэрэгтэй.

Нэгэн цагт төрийн төв хэвлэлд ярилцлага өгч байж улстөрч болох зам мөрөө тодорхойлж байсан шиг ард түмний оюуны индэр, үзэл бодлынх нь чиг шугам, нийгэм цаг үеийн хамгийн гол толь нь болсон өдөр тутмын топ хэвлэлд ярилцлага өгч, өргөн олон уншигчдаар өөрийгөө үнэлүүлэх нь чухал.

Сонины нүүр талбай, эн цараагаар монголчуудтайгаа уулзан бодол санаагаа хуваалцаж, өөрийнхөө зорьж буй зам мөр, хүсэл тэмүүлэл, улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн сайн сайхны төлөөх итгэл үнэмшлээ хуваалцах шиг үнэт зүйл үгүй билээ. Миний бие “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн хувьд сонин хэвлэлийг онцлоод байгаа юм биш л дээ. Дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил дэвшлээрээ манлайлж буй улс орнуудын төр засгаа бүрдүүлж буй сонгуулийн үйл явцыг ажиглахад ийм л гаргалгаа харагдаж байна. Ухаандаа, Японд гэхэд улстөрчид нь хамгийн нэр хүндтэй сониндоо ач холбогдол өгч, тухайн сониноор дамжуулан мөрийн хөтөлбөрөө олонд хүргэдэг юм билээ. Ийм бэлээхэн жишээ дэлхийн олон оронд бий.

Өдөр тутмын сонинд гарсан мэдээлэл, нийтлэл, ярилцлага тэр чигээрээ түүх болж, тухайн сонины хуудсыг ураад шатаачихдаггүй л юм бол хичнээн мянган жил оюуны бүтээл болон хадгалагддаг. Мэдээллийн энэ эрин зуунд, цахим ертөнц хүчээ авч буй нийгэмд сонин хэвлэлийн гол үнэ цэн үүнд оршино. Бүр тодорхой хэлэх юм бол, сонинд нийтлэгдсэн хэн нэгний ярилцлага, тэмдэглэл тухайн хүний үзэл бодол, үйл хэрэг, амжилт бүтээлийн замнал, залуу насных нь хөрөг дүртэй хамт түүх болоод л архивлагдана. Үе удамд нь хэзээд ч он цагийн баримт болоод байж байна. Иймийн учир өдөр тутмын хэвлэлийг онцлоод байгаа хэрэг.

Их хурлын сонгуулийн жил олон зүйлийг хуулиар хориглодог. Сонгуулийн тухай хуульд ч энэ талаар тов тодорхой заасан байна лээ. Уг хуулийн 70 дугаар зүйлийн “Хууль бус сурталчилгааг хориглох” хэсэгт “мөнгө, эд зүйл тараах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах”-ыг хориглосон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт авах зэрэг олон зүйлийг хориглосон байдаг.

Тиймээс 14 хоногийн хугацааг хүлээлгүй наана нь өдөр тутмын хэвлэлүүдэд өөрийнхөө явж ирсэн зам мөр, ижий аав удам гарлынхаа үүх түүх, ус нутгийн бахархал болсон хүмүүс, улс орны хөгжил дэвшил, Улаанбаатарын ирээдүй… юу эсийг ярьж болох билээ дээ. Зөвхөн Их хурлын гэлтгүй орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр бэлдэж буй эрхмүүд эл бүгдийг эртнээс сайтар тунгаах цаг нь хэдийнэ иржээ. Улаанбаатар хотоос Их хурлын болон орон нутгийн сонгуульд өрсөлдөх хүмүүс наад зах нь агаарын бохирдлыг багасгах төхөөрөмж хэрэгжүүлж буй инженерүүд, техник технологийн шинэ дэвшлийг бий болгож буй баялаг бүтээгчдээ сониноор дэмжсэн, сурталчлан таниулсан ажлыг хийх хэрэгтэй байна.

Мөн бизнес эрхлэн баялаг бий болгож, гадна дотнын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн залуус улс орныхоо хөгжлийн талаарх шинэ санал санаачилга, үнэн бодитой мэдээллийг сониноор дамжуулан олон нийтэд хүргэж, итгэл үнэмшил төрүүлэх нь чухал юм. Тэдний үг яриа улс төрийн хийрхэгчдээс илүүтэй үнэн, амьдралтай сонсогддог. Олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, найр наадам, урлаг соёлын арга хэмжээг сонгуулийн жилд явуулахыг нэгэнт л хуулиар хориглосон учир нийгэмд иргэн таны өөрийгөө таниулах ажил чинь сонин хэвлэлд ярилцлага өгч үг яриа, үзэл бодлоо үнэ цэнтэй болгон баталгаажуулах юм биш үү. Тулаанд өөрийгөө сорих талбар, хүчээ төвлөрүүлэх гол цэг чинь энэ бус уу.

Суурь боловсрол мэдлэгтэй, үзэл бодолдоо тууштай, гэгээн зам мөртэй, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай тийм хүмүүс энэ удаагийн сонгуульд өндөр оноо авахаар харагдаад байгаа. Түүнээс “эх орон, газар шороо, ард түмэн минь” хэмээн хий хоосон орилсон хийрхэгчид, хэн нэгэн эрх мэдэлтэн, нам эвслийн гар хөл бологчид, нийгэмд үймээн таригч попууд нэг их сүрхий амжилт гаргах нь юу л бол. Учир нь одоогийн парламент боловсрол мэдлэггүй, ард түмнээ хуурсан хулхидсан, аман фигур мухар сүсгээр популизм хийсэн нөхдөөр дүүрчихсэн.

Тэдний хор уршгийг монголчууд ханатлаа амсаж, мэдэрлээ. Тийм хийрхэгч, популист, попуудыг өдөр тутмын тулхтай хэвлэл сониныхоо нүүр талбайд, ард түмний итгэл, оюуны индэр болсон талбарт гаргахыг хүсдэггүй юм. Эл бүгдийн эцэст өгүүлэхэд үзэл бодолдоо тууштай байж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард олныхоо сайн сайхан амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхээр зориг шулуудсан нөхөд сонины гал тогоонд хичнээн ойртоно тэр хэмжээгээр амжилт олж, ард олны итгэлийг хүлээх нь дамжиггүй ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Диваажинд төрөх эрхийн бичиг

-ФЕЛЬЕТОН-

Улс орон хоцрогдонгуй байх тэр цагт зөвхөн хүн тавьдаг газар л хий үзэгдэлтэй байсан гэдэг юм. Одоо сонгууль дөхөхөөр л хий үзэгдэл бүтээн байгуулалт маягтай өрнөх боллоо. За, байхгүй иргэд саналаа өгөх ч аль эртийн явдал. Байгаа эсэх нь тодорхойгүй сая төгрөгийг хүн бүрт тарааж эхлээд байна. Араас нь хийгээгүй ажлын цалин, хүрээгүй насны тэтгэвэр, тусаагүй өвчний эмчилгээ…гээд цуварч өгөх юм байх аа. Нөгөө нөхөд чинь сүүлдээ энэ насны бүх хэрэгцээг амлаж дуусчихаад “Диваажинд төрөх эрхийн бичиг” гардуулж явааг бодохул, хорвоо ч цагаа тулахаар багтаамж муутай эд дэг ээ.

Учрыг нь олчих санаатай хүн амьтнаас асуух гээд гарахаар тооны хүрдээ талд нь ортол цээжилж амжаагүй бололтой хэдэн нөхөд “Би бодохдоо: 4х4 хэд билээ” гээд бодоод суучих юм. Ирэх сараас эхлэн урдаас мэлийтэл харснаа “Би боддоггүй ээ. Харин Чи Чодохдоо…” гэсэн хачин асуулт тавих юм гэсэн…Базарваань гэж.

Бид хоёр ертөнцөд зэрэг амьдарч байгаа юм байна. Нэг нь бодит ертөнц, өглөө сэрэхэд бахь байдгаараа л байдаг энэ ертөнц. Нөгөө нь улстөрчдийн бидэнд төсөөлүүлдэг амлалтын ертөнц. Улс төрийн төсөөллийн ертөнц үнэхээр жаргалтай, юм юмтай. Дээр үед “Коммунизмд орохоор чадлынхаа хэрээр хийгээд хүссэнийхээ хэрээр авна” гэж итгүүлдэг байсан нь энэний дэргэд юу ч биш. Мянга мянган мөрийн хөтөлбөрийг эвлүүлэн бүтээсэн энэ кибер ертөнцөд “чадлын хэрээр хүсч, хүсч хүчрэхийн хэрээр авна” гэж байгаа.

Анх төрсөн ертөнц маань бараг хэвээрээ боловч “хөтөлбөрийн ертөнц” хөгжиж байгаа гэж жигтэйхэн. Тийм болохоор бид илүү сайхныг амласан, амлалтаа ой тойнд буутал гоё төсөөлүүлж чадсаныг нь сонгодог болоод байна. Яг цагаа тулахаар хүсэх гэдэг чинь бас амаргүй ажил аж. Хүний хүсч байгааг өөрийнхөө нэхэж байгаатай харьцуулахад ямагт гологдоод байх юм. Үүнийг анзаарсан улстөрчид маань улам бүр төсөөлшгүй, санаанд ерөөсөө орж байгаагүй, орохын ч эцэсгүй зүйлсийг мөрийн хөтөлбөртөө дүрслэх болов.

Тэд төсөөлүүлэх, бид төсөөлж авах үүрэгтэй учраас өмнөх сонгуулиар дүрслэн ярьсан зүйлийг нь санахгүй бол сонгогчид л буруутай болоод байна. Үнэхээр ч хүний ярьсан юмыг мартчихаад бурууг өөрөөсөө зайлуулах гэвэл шударга бус аа. Манай сонгууль ийм бөлгөө.

Бид бодит хорвоо хэцүүдээд ирвэл “Ямар ганцхан хорвоотой биш. Дарга нарын маань төсөөлүүлж өгсөн амлалтын хорвоо байж л байгаа юм чинь” гэж тайтгардаг. Талх авах мөнгө хүрэхгүй тохиолдолд “Үхсэн ганц талхтай ч яалаа, талхгүй ч яалаа. Дарга нарын маань төсөөлүүлж өгсөн “Засгаас үнэгүй авах гурван өрөө байр, сар бүр авах монгол хүн болсны нөхөн төлбөрийн сая төгрөг хэвтэж л байгаа юм чинь” гээд бодоход дотор онгойж байгаа юм чинь. Нам, улс төр хоёр ийм л өгөөжтэй.

Би та нарт ярилуу яалаа, багадаа эгэл хүн, намын гишүүн хүн хоёр хэрэлдэхийг харснаа. Бүр социализмын үед шүү дээ. Тэр үед чинь саяхан Ши хуа болсон Хухуа нам дангаараа байсан цаг. Хухуа гэдэг нь хуучин “Хуучин ху нам” буюу МАН, Шихуа нь “шинэ Ху нам” буюу МАХН гэсэн товчлол юм гэсээн, хүн хэлсэн.

Уул нь өөрснөө “Шихуй” гэж товчилдог юм гэсэн. Хуй гэдэг бол нэгдүгээрт буу, хутга, сэлэм зэргийн агуулах гэрний нэр юм. Бас хүчтэй эргэлдсэн салхины ч нэр аж. Цаад утгаараа МАН бол эртний түүхтэй хуучин бууны хугархай төдийгүй маш эрч хүчтэй нам гэсэн санаагаар өөрсдийгөө Ху Хуй гэж товчилдог гэсэн.

Харин зарим хүн судлаач болохоор “Ху хуа” гэвэл дээр. Хуа гэдэг бол Янлинхуар, Тоохуар гэхчилэнгийн ардын дууны хүүхнүүдийн нэр. МАН нь “Хуа”-тай болсноор уянгалаг яруу дуудагдах төдийгүй бусдаасаа илүү жендерлэг харагдуулж байна гэх юм билээ. Бас ноу-хау гэдэгтэй ч ойролцоо сонсогдож байгаа тал бий. Олон сайхан эмэгтэй сайд даргыг эгнээнээсээ төрүүлж бас сонгуульд нэр дэвшүүлж байгаа энэ нам бол “Ху”-гаар зогсохгүй “Хуа” нам мөнөөсөө мөн гэж юм мэддэг улс ярих боллоо. Эл өгүүллийг бичигчийн хувьд бол, эрдэмтдийн талыг баримталж МАН-ыг “хуалж” байгаа болно. Хэвлэлийн мэдээнд “Хухуа намын хурал хуваариас хоцорч эхэллээ”, “Шихуа намын хуралдсаныг хэмээн Шинхуа агентлаг уламжиллаа” гээд явбал бараг шүлэг шиг сонсголонтой болж байна.

Одоо түрүүнд орхисон эгэл хүн намын гишүүн хоёрын хэрүүл рүүгээ орно оо. ХуХуа нам хуйтай сэлэм шиг гозолзож, хуй салхи шиг хуйлруулж байсан 1970-аад оны үесэн. Тракторын жолооч сургуулийн багш хоёр муудалцсан юм. Хүүхнээс болсон санагдана. Энэ хүүхнүүд үү, эр хүнийг намтай намгүй ялгалгүй алийг нь алдуулдаг айхавтар улс шүү, базарваань гэж. Тракторчин нь Хухуамэн буюу намын гишүүн байсан. Багш хархүү нь хуй, диплом хоёроос өөр барих юмгүй шалдан амьтан. Хуй гэж хутгаа гээгээд хоосон гэр зүүчихсэн гэсэн санаа шүү дээ. Тэр үед намд боловсролгүй улсыг голлон авдаг байсан. Сэхээтнүүдээс болгоомжилно гэж жигтэйхэн. Мэдэх хүнээс асуугаарай. Боловсролтой байж тэрийгээ нуугаад намд элсээд баригдвал болгож тавьдаг байсан цаг. Сэхээтний төөрөгдөл гэж дуулсан уу? 1964 онд хэсэг сэхээтэн төөрснийг. Янз янзаар нь ярьдаг юм. Их сургуулийн хэдэн багш боловсролтойгоо нууж намд элсээд тэр нь илэрч шившиг болсон гэдэг ч билүү? Элсэхдээ үнэхээр боловсролгүй байсан боловч нууцаар бие даан боловсрол эзэмшиж булайгаа хутгасан ч билүү? Намын түүхэнд бол төл бойжуулахаар явсан хэсэг профессор цасан шуурганд төөрөөд намын жанжин шугамаас гажсан мэтээр өгүүлдэг санагдана.

Ингэхэд хоёр хүний хэрүүл ярих гээд мөн их хадуурч байна аа. Бодсоноосоо өөрийг яриад, ярьснаасаа өөрийг хийдэг улстөрчдөөс болоод энэ. Сав л хийвэл ярьж байгаагаасаа өөр юм бичих гээд байдаг болчихсон…

Тэр үед ийм юм болсон. Тракторчин нь “Чи намайг зодвол шорон явна. Сэхээтэн хүн байж ажилчин ангийг дээрэлхсэн хэмээн бүр чангалж гяндан явуулна. Харин би чамайг зодвол яах ч үгүй. Би намын гишүүн хүн, сайндаа л намаас сануулга аваад үлдэнэ. Пролетари хүн юмны учрыг олоогүй гээд давхар өршөөнө. (Хүн зодох нь зөв буруу эсэхийг мэдэхгүй тул хэргийг хөнгөрүүлнэ гэсэн санаа) Яасан ч байсан би зөвдөнө” гээд даналзаад байсан. Яаж ч бодсон түүний зөв байсан ба багш хархүү бараг номхон зогсож байгаад нармайгаа нээлгээд үлдсэн. Харин хүүхнээ бол нам бус нь авсан. Золоор, намын гишүүн нь эхлээд хүүхнийг авна гэсэн заалт байгаагүй нь бурхан байсаар байсны гэрч гэлтэй…нам аа гэж, хуйтай бол хуйтай эд байлаа даа…

Ийм л паянтай намууд биднийг хоёр ертөнцөд зэрэг амьдардаг болгож өгсөн юм. Сүүлдээ аль ертөнц нь жинхэнэ гэдгийг ялгахаа байгаад байна. Эхнэртээ толгой түрүүгүй загнуулаад хөөгдсөн анд маань “Үхсэн баас, манай нэр дэвшигчийн төсөөлүүлсэн амьдралд Зайсангийн хотхонд байртай, 18-тай охин байж л байгаа юм чинь. Энэ мууд царай алдахгүй” гээд явсан. Одоо болтол эргэж ирэхгүй байгааг бодоход намуудын мөрийн хөтөлбөр дотор л амьдраад болоод байгаа хэрэг.

2012.5.2

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүнийг танивч өөрийгөө таньдаггүй

Манай уншигчдын хамгийн сайн танил уран бүтээлчийн “Б.Цэнддоо. Иргэншлийн замд: Монголын соёлын альманах” бүтээл хэвлэгдээд удаагүй байна. Номын зохиолчтой хийсэн ярилцлагыг танд толилуулж байна.

Сайн байна уу. Таныг хэн гэж бичих вэ?

-Цэнддоо л гэж бичих байлгүй дээ.

Үгүй ээ. Албан тушаал, алдар цол гэдэг утгаар асуусан юм.

-Миний нэр бол наддаа л цол, наддаа л албан тушаал.

Бас сэтгүүл зүйн ертөнцийн брэнд.

-Асуултыг алгасъя.

Яагаад?

-Тийм гэхээр онгирсон болох, үгүй гэхээр өөрийгөө үгүйсгэсэн болох…

За тэгвэл цаашаа явъя

-Эндээ суугаад ярьсан нь дээр биш үү?

За за, ярилцлагаа цааш явуулъя. Та улс үндэстнийхээ зан араншингийн тухай их бичих болж?

-Үндэстний араншин улс төр дээр их илэрдэг. Дээр нь хамгийн их улстөржсөн үндэстэн гэвэл монголчууд бид. Энэ утгаараа монголчууд шиг араншингаа тод харуулж байгаа хүмүүс ховор. Гэтэл тодорч байгаа мэт санагдах тэр зан, авир, сонирхол хуурмаг бөгөөд жинхэнэ эрмэлзэл хүсэл цаанаа машид далдлагддаг онцлогтой. Заримдаа гадныхан бүү хэл өөрсдөө өөрсдийгөө ойлгоход ч хэцүү болчихдог.

Бидний онцлог юун дээр онцгойрч байна?

-Монголчууд их сонин үндэстэн. Өөрөөсөө хол юмыг маш сайн мэддэг. Мэдлэг нь хувь хүний амьдралаас алс, хамаарал бага байхын хэрээр их болдог. Жишээлэхэд, марс дээрээс усны ул мөр олдсон, тэр нь ямар учиртай болохыг ихэнх нь мэдэж байгаа. Сирийн босогчид, лалын улс энээ тэрээгийн талаар ч чамгүй ойлголттой байгаа. Монгол орны эдийн засгийн бодит чадавхийн тухай бодит мэдээлэл рүү орохоор бүр багасна. Хямралын үеийн хувийн менежмэнт, зохистой хэрэглээний талаархи мэдлэг туршлага яривал “нойль” руугаа бууна. Амьдралын зөв хэвшил, эрүүл хооллолт энээ тэрээг бол ярих хэрэг юун.

Их шүүмжлэлтэй хандаж байна.

-Үгүй. Харин эсрэгээрээ. Яагаад, юунаас болоод ийм байгаагийн учрыг хайж, нийгэмдээ бухимдлын оронд тайтгарал, мухардлын оронд итгэл найдвар өгөх гэж их боддог.

ТаИргэншлийн замд: Монголын соёлын альманахномынхоо гол санааг ярьж байна, тийм үү?

-Яг тийм, чи асуугаасай гэсэн юмыг маань асууж байна.

Баярлалаа. Одоо тэгэхээр миний хариулаасай гэсэн хариултыг өгөх нь таны үүрэг, тийм үү?

-Хичээгээд үзье. Өнөөдөр нийгэм даяараа урам хугарсан, итгэл алдсан шинжтэй байна. Зөвхөн эрх баригч намд итгэл алдаад, улстөрчдөд сэтгэл дундуур болоод байгаа юм биш. Үндэстэн өөртөө сэтгэл дундуур болоод ирж байгаа юм. Дэлхий дахины хөгжил дэвшил, нийтлэг сонирхлоо хамгаалан урагшилж яваа улс үндэстнүүдийг бид өдөр тутам харж байна. Гэтэл өөрснийгөө жишээд хар л даа.

…Энэ бүхнийг иргэншил суурьшилд хэт оройтон шилжиж байгаа, нүүдэлчний сэтгэхүйгээсээ салж ядан буйн жишээ юм болов уу гэж боддог. Суурин амьдралын тулгамдсан асуудал, бэрхшээлийг нүүдэлчний туршлага, уламжлалаар шийдэх боломжгүйгээс үүдсэн хямрал ч юм уу?

Урам өгье гэх мөртлөө хямрал яриад эхэллээ дээ, та.

-Урам өгнө, өгнө. Гэхдээ хугарсан урмын тухай эхлээд ярихгүй бол болохгүй.

Нүүдэлчинд тулгардаг бэрхшээл буюу ган, зудыг эсэргүүцэх боломж муу, угаасаа бүрэн арилгах аргагүй учраас түрхэн зуур тэсээд гарах арга хайсаар ирсэн зэргээс улбаатай байж магад. Ийм учраас нүүдэлчний шийдлүүд нь түр зуурын, богино хугацаанд үр дүнгээ өгөөд хэрэггүй болдог онцлогтой. Өвөл гэрээ дулаалан, хаяагаа манан байж хүйтнийг аргацаан даваад хавар зунд нь давхаргаа хуулан хаяж, хаяаны манаасаа зайлуулах хэрэгтэй болдог шиг.

Суурин иргэншил нь бэрхшээлийг чадахаасаа чадахгүйгээ хүртэл ялаад шийдээд ирсэн. Энгүүн жишээ ярихад, хүн хоёр хөлтэй учраас хурдан явж чаддаггүй байснаа морь гэршүүлээд “хөл дутуу” асуудлаа үүрд шийдсэн. Гэтэл адуу маллах нь түүнийгээ тэжээх, чоно нохойноос хамгаалах гээд түмэн ажилтай, байнгын арчилгаа нэхдэг зүйл. Машин хэмээх илүү хурдан, хэрэглээгүй үедээ “авдрандаа хийчихдэг” төмөр морь бүтээн мал тэжээх арчлах бэрхшээлийг шийдэж. Далавчгүй учраас нисдэггүй байж, гэтэл онгоц бүтээгээд “ургаагүй жигүүр”-ээ шийдсэн. За тэгээд мухар олгойгоо үрэвсэхээр үхдэг байснаа мэс заслаар авдаг болж, цагаан бурхнаар хиардаг байснаа анагаах ухааны хүчээр үүрд ялсан хэмээн зарлаж. Хатгаагаар үхдэг байснаа болиод пенициллинээр эдгээж сурч. Ердөө саяхан элэгний “С” вирусийг анагаах гайхамшигт эм бүтээгдсэнийг манайд хэрэглэж эхлэх гэж байна. Удахгүй ДОХ-ыг ялснаа зарлах нь магад.

Суурьшин хөгжсөн хүн төрөлхтөн улам иргэншээд л, улам улам ялаад л явсан. Харин нүүдэлчид “дөрвөн хөлтэй” болоод л, тэгс гээд зогссон. Монголчууд бид Арабын бидуинууд шиг тэгж бэлчээрт хаягдаагүй ч сэтгэлгээ нь бэлчээртээ идээшсэн хэвээрээ.

Ямар нэгэн асуудлыг мөнхөд шийдсэн, үүрд ялсан нүүдэлчид байдаггүй. Байдаггүй ч юу байх вэ нэг арга бий л дээ. Энэ бол мөнх бусыг бясалгах замаар бол “би” гэх үзлийг үүрд дарах тухай Буддын номыг дагах. Тэгээд ч Бурханы шашин дэлгэрсэн байх. Чадахгүйдээ гутарсан мухардсан нүүдэлчдэд хэрэгтэй урам зоригийг ч өгсөн байх.

ХХ зуунд монголчууд суурьшиж, нийгэм журам байгуулан, нүүдэлчний амиа аргацаасан аж төрлийг ялсан гэдэг. Хэдийгээр энэ нь хувьсгалжсан түүхийн хэллэг боловч үнэн болсон явдал. Соёлын довтолгооны үрээр иргэншин суусныг та бахдан бахдан бичсэн байдагсан.

-Ер нь хувьсгалт хүчирхийллийг зөвтгөж байгаа юм биш, гэхдээ л иргэншлийн утгаар нь харвал, социализм байгуулсан нь нүүдэлчний амьдралыг урагш нь гуд татсан процесс юм. Социализм хүртэл дэвшил болсон газарт ардчилал, зах зээлийн хишиг буяныг ярих юун.

Гэтэл өнгөн талын дэвшил, зөвхөн ахуйд гарсан хувьсгалд нэгэн онцлог харагдаж байгаа. Түрүүн ярьсан түр зуурын шийдэл, богино хугацаанд үр дүнгээ өгдөг аргачлал, дадал нь арилж өгөхгүй байна. Бид гонжоомтой, зангиатай, жийптэй, эплтэй, твиттертэй, орон сууцтай, хаустай XXI зууныхан болсон хэрнээ сэтгэлгээ оюунаараа нүүдэлчин хэвээр.

Хөгжсөн гадартай, хоцорсон дотортой хүний тухай яриа болоод явчихлаа.

-Нүүдэлчид морь унахаас цаашид олон асуудлыг шийдээгүй орхисон бөгөөд тулгардаг бэрхшээл нь хүний идэвх санаачилгаас хамаарах нь бага. Харин байгалийн араншингаас хамаардаг учраас тэгдэг байх гэж дээр ярьсан. Ийм тохиолдолд тулгамдсан асуудын сэдэв хүнээсээ холдож одно. Яриад шийдэхгүй, шийдье гэвч боломжгүй асуудлыг мартсан нь дээр биз дээ, угаасаа.

Яг л тийм учраас өөрийн амьдралаа өөд татах тухай ярихаасаа өмнө, улс орны геополитикийн ирээдүйд санаа зовж, хашаандаа ганц мод ургуулж сурахын оронд Халхын голд тариа тарихын төлөө ба эсрэг үзэж тарж байгаа юм. Нэгэн үе Анжела Девис хэмээх хар арьстан эмэгтэйг л Америкийн шоронгоос суллуулчихвал хэрэг бүтэх гээд явсан үеэ бодоход асуудал наашилж л байна.

Тэгэхээр бид жаахан асуудалтай үндэстэн гэсэн үг үү?

-Үгүй. Ер нь бол муу үндэстэн гэж байдаггүй. Харин янз бүрийн араншинтай, тодорхой асуудлаа шийдэх туршлага суугаагүй үндэстэн бол байна. Бидний энэ бэрхшээл юунд байна гэхээр иргэншин суурьших явц, хотшил, социализм байгуулалт, улмаар ардчилал зах зээл нь үндэстнийхээ хөгжлийн явцаас урган гараагүйгээс болж байна. Өөрөөр хэлбэл том гүрнүүд нөлөөний бүсээ шинэчлэн хуваасан байдал, дэлхийн дайнуудын дүнд шинэчлэгдсэн улс төрийн газрын зураг, социалист системийн задрал зэрэг үйл явц манай нийгмийн тогтцод шийдвэрлэх нөлөөтэй байсантай холбогдоно.

Мэдээж энд уламжлалт төрийн зүтгэлтнүүд, язгууртнууд, үндэсний сэхээтнүүдийн сортоо, самбаа, зүтгэл байлгүй л яах вэ. Гэхдээ л Чин гүрний задрал, Зөвлөлт улс бий болсон, даян дэлхийд коммунизм байгуулах үзэл санаа хүчээ авсан, дэлхийн II дайнд Зөвлөлт ялсан, социалист систем бүрэлдэж капитализмтай дайсагнахын хажуугаар боломжоороо уралдсан зэрэг нь Монголын хувь заяаг голлон шийдэж ирсэн.

Хүүхдээр бол, мөлхөж эхлэхээс нь өмнө хөлд оруулаад, хэлд орж гүйцээгүй явахад нь үсэг заагаад л, үсгээ нүдэлж дуусаагүй үед нь томъёо цээжлүүлэх маягтай огцом дэвшил, гэнэтийн хувьсгал болсон байна. Нийгмийн хөгжлийн эрэмбүүдэд албадан оруулсан гэсэн үг. ХХ зуунд монголчууд боолын нийгмийг болон капитализмыг алгассан гээд их бахархдаг байв даа. Боол моол нь ч хаашаа юм гэхэд хөгжлийн эрэмбэ алгассан нь үнэн юм.

Нэг л тиймэрхүү, ухарвал л дээр гэсэн аятай, арагш чангаасан санаа биш үү?

-Түүхийн хүрд арагшаа эргэнэ гэж байх биш. Урагшаа л явж байна. Урагшлах замдаа алгассан болгоноо арай өөр маягаар туулаад явах шиг. Товчлоод л, сургамж аваад л явж байгаа гэсэн үг. Аз болоход, нүүдэлчин удамт монголчууд шинэ юм үзэгдлийг хүлээж авах чадвар гойд сайн, юм юмыг өөриймшүүлэмтгэй үндэстэн аж. Тийм учраас дорхноо хувьсгальч, сүм хийд нураагчаас таван жилийн гавшгайч, тоосго өрөх төлөвлөгөөгөө давуулагч, социализм байгуулагч, тэгснээ социализмыг нураагч, ардчилагч болоод явчихаж байгаа. Улмаар уул уурхай, гадны хөрөнгө оруулалтыг нураах, засаг төрөө гацаах болохоор сүм хийд түйвээж явсан улаан хувьсгалч араншин нь сэргээд ирэх жишээний.

Шинэчлэхдээ амархан, шинээсээ хагацаад хуучнаа сэргээхдээ ч амархан байх нь

-Тийм. Иргэншин хөгжихтэй зэрэгцэн төлөвших нигууртай ёс суртахууны үнэт зүйлс, эрх ашгийн нийтлэгийг тодорхойлох чадвар үгүйлэгдэж байна.

Малчин хүн мал нь өсөхийн хэрээр бусдаасаа холдох хэрэгтэй. Энэ нь баяжиж хөлжөөд ирэхээрээ зан нь хувиран бусдыгаа тоохоо больж буй хэрэг биш. Бэлчээр хүрэлцэхгүй болоод айлаасаа салж нүүхдээ тулж байгаа юм. Харин хот суурин газрын хүний бизнес цэцэглэхийн хэрээр улам олон хамтрагч, илүү олон үйлчлүүлэгчтэй болохыг хүсч масс руу татагдана. Тал нутагт хүчирхэгжихийн хэрээр бусдаас хамааралгүй болж толгой даана. Харин иргэншсэн, эрүүл ертөнцөд хүчирхэгжихийн хэрээр хувь заяа нь олон түмнээс, массаас хамааралтай болоод ирнэ.

Эсрэг чиглэл байгаа биз. Нэг нь дэвжихийн хэрээр хүнээс зугтааж, нөгөөх нь хүн рүү улам бүр татагдаж, айн. Бидний аж амьдралд энэ хоёр чиглэл л зөрчилдөөд байгаа юм.

Бидний энэ араншинг гадныхан мэдэхгүй учраас харилцаанд бэрхшээл гарч байна гэсэн үг үү?

-Гадныхан цөмөөрөө ч мэдэхгүй гэж болохгүй. Хоёр хөрш сайн мэднэ. Тэд өөр өөрийн аргаар хандана. Хятадууд болохоор аяыг нь дагуулж бэлэг сэлтээр аргалж ирж. Гэвч бидэнд авсан бэлэг сэлтээ үржүүлэх олон болгох боломж менежмэнт байсангүй. Торгоо өмсөөд, чихэр еэвэнгээ идээд дуусахаар мөр нүцгэн гэдэс хоосон болно. Энэ нь бэлгээр тохиролцсон зөвшилцөөгөө идээд дууслаа гэсэн үг. Дахиад нэхэж, айлгаж эхэлнэ. Энх-Амгалан хаан өөрийн гол холбоотон халхуудаа тодорхойлохдоо “Ханахыг мэддэггүй, ямар ч юм өглөө гэхэд сэтгэл ханахгүй” хэмээн тодотгохдоо тулсны учир энэ. Хятад арга тодорхой утгаар үр дүнтэй ч алдагдалтай.

Харин оросууд бол айлгаж ирсэн. Ер нь их аймхай, нэг айчихвал тэгээд бөмбөрөөд өгдөг улс, нүүдэлчид. Айлгачихаар жигтэйхэн үнэнч царайлна. Гэхдээ үнэнч царай нь ч худлаа. Орос арга ч бас төгс биш. Айсан, хулчийсан, эхийгээ ч бариад очихоос буцахгүй үнэнч дүр үзүүлэвч цаг нь ирэхээр өөр хүнтэй нийлээд мурьж хаях эгзэгтэй мөчийг хүлээгээстэй.

Аливаа санал, нөхцөл байдлыг бүхлээр нь биш ч тодорхой хэмжээнд эсэргүүцэх, эсвэл тодорхой хэсэг дээр таагүй байгаагаа ойлгуулах замаар зөвшилцөх, харилцаагаа бүрмөсөн нураачихалгүй зохих түвшинд байлгах зэрэг нь иргэншсэн, суурьшсан ертөнцийн харилцааны дүрэм болохоос нүүдэлчдийнх биш.

Харин бидний энэ араншинг барууны хөрөнгө оруулагчид мэдэхгүй. Мэдэхгүй учраас ойлголцож чаддаггүй. Яагаад, дэмжээд байгаа юмаа эсэргүүцээд явдаг. Эсэргүүцээд байна уу гэхээр бас тийм биш байгаагийн нууцыг харахгүй байгаа юм.

Тэгэхээр монгол хүнийг таниулах, ойлгуулах гэж бичсэн байх нь.

-Тийм, монгол хүн юманд учир холбогдол өгдөг дарааллыг ойлгохоос эхлэх ёстой. Дэлхийн дулаарал чухал уу гэвэл чухал аа. Түүнээс чухал юм байгаа нь улсаараа малын хорогдол багатай онд тарган орох асуудал байна. Мал тарган орохоос ч чухал асуудал байгаа нь гэр орноо дулаан өвөлжүүлэх, хүүхэд шуухдаа осгоочихгүйн төлөөх ажил байна. Гэр орноо дулаан байлгахаас ч амин чухал хэрэг байгаа нь өөрөө хөл гараа хөлдөөчихгүй, ханиад шуухинаагаар мажийчихгүй тэсч гараад “хойтон жилийн наадам” үзэх хэрэгцээ байна. Тулгамдсан асуудлын бодит дараалал ийм.

Гэтэл эхний асуудал шийдэгдэх найдвар багасахын хэрээр хоёр дахь гурав дахь проблемийг шүүрч авдаг нь бидний зан юм уу даа. Ингээд эхнэртээ уурлахаараа Засгийн газрыг огцруулах ажилд зүтгээд, гэрийн бүрээсээ давхарлаж хүчрэхгүй болохын хэрээр хүн төрөлхтнийг нөмөрч болох цөмийн гамшгийг цээжээрээ хаахаар зориглон босох жишээний.

Ийм учраас монгол хүний шийдэх гээд байгаа “проблем”, тулгамдсан асуудал, зовлон нь маш далд, нууцлаг байдаг. Эрхбиш хэн хэнээ мэддэгийн хувьд, өөрөө бухимдлаа яаж тайлдгаа анзаардгийн хувьд л бид биенийхээ дотоод зовлонг гадарлах төдий. Гадаадынханд бол бүр ч хэцүү.

Барууныхан биднийг мэдээлэл дутмагаас болоод “уран, цөмийн хаягдлыг эсэргүүцээд байна” гэж бодоод сэнхрүүлэх, технологи, тайлбарлах гээд байдаг. Гэтэл цаад хүн нь зүгээр л оюутан хүүхдийнхээ төлбөрийг бүрдүүлж чадаагүй нэгэн байх жишээний. Яалт ч үгүй унаган байгалийн төлөө амиа өргөх зүтгэлтнүүд гээд л хүндлээд учирлаад, нөхөн сэргээлт, орчинд халгүй технологийн нууцыг мэдээгүйдээ ингэж байна гэж харна. Гэтэл юун байгаль, юун нөхөн сэргээлт, зүгээр л бусадтайгаа адилхан хуучин япон жийп авч унахыг хүссэн эгэл хүмүүн байх жишээний.

Миний сүүлийн бүтээл бол НЭПКО хэвлэлийн газраас National geographic хамтран хийсэн “Баабар. Монголын түүхийн альманах”, “Монголын эдийн засгийн альманах” цувралын гурав дахь нь юм. Үндэстний зан төрхийн зураглал, дэлхийг донсолгосон баатарлаг дайнч, нүүдэлчний удам судар болох социализм байгуулж, улмаар ардчилалд хүрэхдээ хэрхэн хувьсч байгаа зураглал гэж хэлж болно.

Үндэстнийхээ мөн чанар, зан араншингийн учир шалтгааныг олж харснаар урагшлах хүч нэмнэ. Биднийг гадаад ертөнцийнхөн ч зөвөөр ойлгоно. Монголчууд муу үндэстэн биш, төрөлхийн худалч хуурамч амьтад ч бас биш. Харин олон зууны амьдралын дадал, хүнд бэрхийг туулан амь гарч, биеэ авч явсан дадал нь арилж дуусаагүй, түүнээсээ салахыг эрмэлзэж яваа бадрангуй үндэстэн гэдгийг ойлгох учиртай.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Ярилцлага авсандаа баярлаж байгаад тань баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Гомбожавын ЖигжидсҮрэн: Цэвээнжав гуайг Монголын кино урлагийн шилдэг эмэгтэй жүжигчин гэж эргэлзэх зүйлгүйгээр нэрлэнэ

-НАЦАГДОРЖИЙН ЗАХИДЛУУД ИЖИЙД МИНЬ ХАДГАЛАГДАЖ БАЙСАН-

Монгол Улсын ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэнтэй ярилцлаа.

Хоёулаа яриагаа Их Нацагдоржийн тухай эхэлмээр байна. Кино найруулагчтай зохиолчийн тухай ярьдаг ямар учиртай юм гэж хүмүүс гайхаж магад. “Нацагдоржтой холбогдох хэд хэдэн сэжим надад бийгэж та нэгэнтээ хэлж байсан санагдана. Түүнийг асуух гээд байгаа хэрэг?

-Их Нацагдоржийн зуун жилийнх нь ойгоор би зургаан ангит баримтат уран сайхны кино хийсэн. Тэгээд тэр гайхамшигт зохиолчийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. Үүндээ ихэд бэлгэшээдэг юм. Дашдоржийн Нацагдоржтой холбогдох хэд хэдэн шалтгаан бий гэдэг маань ийм учиртай. Нацагдоржийн ээж сайхан Пагма гэж хүүхэн байжээ. Үнэхээр сайхан хүүхэн байсан гэж эмэг ээж минь ярьдаг байсан. Нацагдоржийн ээж сайхан Пагма, манай эмээ тэр хэд үеийн хүмүүс байж л дээ. Манай эмээг Дуламханд гэдэг байсан. Намайг хойно сургууль төгсч ирэх далаад оны эхэн хүртэл сэрүүн тунгалаг байж 98 насалсан буянтай хөгшин байлаа. Эмээ Нацагдоржийг “Ижийгээ дуурайсан сайхан хүү байсан” гэж ярьдаг байсан. Дашдоржтой суухад нь үеийнх нь охид бүсгүйчүүд “Сайхан Пагма явж явж энэ Дашдоржтой суугаад байхдаа яахав дээ” гэж жиг жуг хийдэг байсан гэдэг. Дашдорж бол хөдөлгөөнтэй хүн байсан юм уу даа. Миний ээж бол Нацагдоржийн үеийн хүн.

Ээжийн маань анхны нөхөр Лооройсамбуу гэж Нацагдорж хамт Германд сурч байсан орос хэлтэй хүн байсан. Буянчуулган гэж том түүхчийн хүү шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Буянчуулганыг хоёр хүүхдийнх нь хамт бариад цаазалчихсан юм билээ. Надад Германы гахайн ширэн чемодан байдаг л даа. Түүнд нөхөртэйгөө харилцаж байсан захиа, зураг зэргийг хадгалж байжээ. Миний ижийгийн зургаан настай байх үеийн зураг, Нацагдорж хамт авахуулсан нөхрийнх нь зураг хожим үлдсэн. “Нацагдоржийн захиа эргээд санахад дандаа шүлэг зохиол байсан юм байна даа” гэж ээж маань хэлдэг сэн. Нөхөрт нь бичсэн захидлуудыг ээж уншдаг байж л дээ. Тавиад оны дундуур Нацагдоржийн тухай нэвтрүүлэг арааживаар явахад ээж шууд унтраачихдаг байв. Та яаж байгаа юм гэхэд “Энэ хүмүүс Нацагдоржийг амьдад нь хайрлаж, ядарч явахад нь тусалж байсан биш. Тэгтэл миний найз гээд ярихаар нь уур хүрчихлээ” гэж билээ. Харин Нацагдоржид тусалж байсан хүн нь Лхамсүрэнгийн Дэндэв гэж том түүхч байсан. Саяхан 120 жилийн ойг нь тэмдэглэлээ. Тэр хүн эмээгийн дүүгийн нөхөр байв. Шүүх яамны сайд, Улсын Бага хурлын гишүүн байсан мундаг хүн. Онходын Жамъян гүний дараагаар Судар бичгийн хүрээлэнгийн даргаар 10 гаруй жил ажилласан байдаг. Нацагдоржийг сургууль төгсөөд ирэхэд нь Судар бичгийн хүрээлэнгийн түүхийн тасгийн эрхлэгчээр анх удаа Дэндэв гуай тавьсан юм билээ. Нацагдоржийн үед түүхийн тасаг анх байгуулагдаж байсан. Сүүлд Нацагдоржийг бор дарсанд орж ажилтай, ажилгүй явах үед нь Дэндэв гуай нутаг усаар нь хамт явж амардаг байсан гэдэг. Түүний “Миний нутаг” шүлэг нь анх Судар бичгийн хүрээлэнгийн ханын сонинд гарсан гэдэг. Энэ бүхнээс харахад Нацагдоржтой би холбоотой байдаг.

Нэгэнт зохиолчоор эхэлснийх зохиолчийн тухай дурсамжаар үргэлжлүүлье. Өнөө жил Сормууниршийн Дашдооровын наян насны ой тохиож байна. Та бол Дооровтой ойр явсан уран бүтээлчийн нэг?

-Дооров бид хоёр кино үйлдвэрт хамт ирж байлаа. Тэр чинь жаран есөн он юм. Мань хүн ерөнхий редактороор, би найруулагчаар ирж байлаа. Тэрхүү арав гаруй жилийн хугацаа бид хоёрыг хүнийх нь хувьд, уран бүтээлчийн хувьд нөхөрлүүлнэ биз дээ. Надад хамгийн ойр явж, сэтгэлээ хуваалцсан хүмүүсийн нэг юм. Сэнгийн Эрдэнэ гуайн “Нарангаравуу” өгүүллэгээр хийсэн “Эх бүрдийн домог” кинонд Жамъянгийн Бунтар найруулагч бид хоёр хамтарч ажилласан. Нэг сонин түүх сөхье. “Эх бүрдийн домог”-ийн зургийг Өмнөговийн Ханбогдод авсан юм. Биднийг зургийн натур руу явах үед Дашдооров “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино зохиолоороо төрийн шагналд нэр дэвшээд байлаа. Удаа ч үгүй төрийн шагналын тэмдэг энгэртээ гялалзуулаад хүрээд ирдэг юм. Ижий, аавдаа очилгүйгээр зургийн натур дээр ирсэн нь тэр. Бид ч бөөн хөөр баяр болоод хэсэг пижигнэлдлээ. Ингээд Дооровыгоо аваад Ханбогдоос Дундговь, Дэлгэрхангай уул руу нь явлаа. Төрдөө үнсүүлсэн хүнийг ижий, аавд нь үнсүүлэхээр зүтгэж яваа. Нар жаргах үед суманд нь давхиад ирлээ. Дооровыг маань угтаж байгаа хүн ч гэж алга. Одоо шиг утас шөрмөс, харилцаа холбоо хөгжөөгүй цаг. Сумын төвийн хажууханд гэрт нь хүрээд очтол ижий нь дүү охинтой нь хамт гарч ирээд хүүгээ хүзүүнээс нь зүүгдээд үнслээ. Дооров чинь бие томтой ханагар эр. Ижий нь атигар жаахан хөгшин. Хүүгийнхээ хүзүүнээс зүүгдчихсэн үнсэж буй тэрхүү дүр зураг одоо ч нүдэнд харагдаж, нулимсыг минь цийлэлзүүлдэг юм. Төрийн шагналт зохиолчийг төрүүлсэн “өндөр ээж” гэдэг тийм л байдаг юм билээ.

Өнгөрөгч онд кино урлагийн ой тохиолоо. Ойдоо ямар бэлэг барив. Ном бичээд байгаа дуулдсан?

-Монголын кино урлагийн наян жилийн ой тохиолоо. Миний бие кино урлагтай хувь заяагаа холбоод тавин таван жил болжээ. Энэ хугацаанд 25 бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн байна. Киноны далан жилийн ойгоор “Монгол киноны нэвтэрхий толь”-ийг хийсэн. Түүний хоёрдугаар дэвтрийг өнгөрөгч онд гаргалаа. Миний анхны номонд 300 гаруй кино орсон байдаг. Тэгтэл хоёр мянган оноос хойших арван таван жилийн хугацаанд 600 гаруй кино хийгдсэн байна. Жилдээ гуч, дөчин кино хийж байна. Энэ дундаас жинхэнэ уран бүтээл гэвэл өөр хэрэг л дээ. Одоо бол кино зүгээр л үйлдвэрлэдэг болжээ. “Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичээд дуусч байна. Мөн “55:25” гэсэн ном хувьдаа хийж байна. Кино урлагийн академи намайг дурсамжаа бич гэсэн. Хүн харахад зүгээр нэг хоёр тоо байж болох юм. Гэвч энэ бол цаанаа Жигжидсүрэн гэдэг хүн Монголын урлагт 55 жил зүтгэхдээ 25 кино хийжээ гэсэн нэг бодлын тайлан юм даа.

Нэгэнт кино үйлдвэртэй холбогдсоных цээжинд явдаг зүйлээ хэлчихье байз. Кино үйлдвэрийн уран бүтээлийн баг гэдэг чинь тэр чигээрээ атаа хорслын талбар байлаа. Хор гээчийг жинхэнэ найруулдаг газар байлаа. Намайг олон жил ажилласан газраа ингэж хэллээ гэж зарим нь гайхаж магад. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан биз дээ. Кино үйлдвэр гээд бодохоор надад сайхан байдаг. Би бол хүний ганц хүү. Ижийгээ, эцгээ алдчихаад газар дэлхий хөмөрчихсөн юм шиг явахад Кино үйлдвэрийн эгэл жирийн ажилчид, миний хамт олон надад түшиг болж, сэтгэлийн зовлон жаргалыг хуваалцдаг байсан. Харин уран бүтээлч нөхөд жалганаас том жижиг чулуу ар нуруу руу нүүлгээд зогсож байна. Ингэхэд би гэдэг хүн Кино үйлдвэрт байхдаа төрөөс нэг ч шагнал авч үзээгүй гээд бодохгүй юу.

Урлагийн гавьяат зүтгэлтэн болоогүй юм уу?

-Үгүй юм аа. Сүүлд Соёлын яаманд, Цанжид сайдын үед мэргэжилтэн байхдаа авсан юм.Тэгээд би үндэсний телевизэд очсон хүн. Монгол телевизэд очоод ойгоор нь ардын жүжигчин болсон. Намайг чинь телевизээс төрсөн ганц ардын цолтон гээд манайхан жигтэйхэн хүндэтгэнэ. Үндэсний телевиз үнэндээ хаяа сайтай айл юм. Ямар сайндаа Шаравын Сүрэнжав “Жийгээ, Кино үйлдвэрийн уран бүтээлчдийн чамд хандаж байсан хандлага, телевизийн уран бүтээлчдийн хандлага өдөр шөнө шиг зөрүүтэй байна” гэж нэгэнтээ хэлж билээ. Бусдад тэгж л мэдрэгдэж, ажиглагддаг юм байна.

Та хэд хэдэн киноныхоо дууны шүлгийг өөрөө бичсэн. “Анхны алхамкиноны дуунд агуу их Мөөеө ая хийсэн байдаг. “Манай хүү нэг юм хийжээ. Мөрдорж оо, чи нэг юм бодооройгэж аав тань хэлсэн гэдэг. Энэ талаараа ярихгүй юу?

-Миний аав Жамсрангийн Гомбожав гэж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Эдийн засагч хүн байсан. Худалдааны яаманд олон жил болсон. Сүүлдээ МОНЦАМЭ-д хорь гаруй жил нягтлан хийсэн дээ. Аав, Мөрдорж гуай хоёр их ойр явсан. Тэр үед шагай их харвадаг байж. Тэр хоёр нэг багийн хоёр шагай харваач байсан байгаа юм. Мөрдорж гуай сайн харвадаг байсан гэдэг шүү. Баг нь ч сайн баг байсан гэдэг юм. “Анхны алхам” киноны зураг авалтын үед натурт байхдаа дууны шүлгийг бичсэн. Тэр чинь жаран есөн он. Гол дүрийн хоёр жүжигчин болох Хүрэл, Цэцэгбалжид хоёрын дурлалыг яаж холбох вэ гэж бодсоны үүднээс ерөөсөө дуугаар холбоё гэсэн санаа төрсөн юм.

Хөнгөн жигүүр ургаж гүйцээд

Холын тэртээд шувууд зорилоо

Онгон насны хосгүй учралд

Хайрын дээдээр чамдаа даслаа

Хорвоо ертөнц уужим гэдгийг

Хунгийн дэгдээхэй мэдээгүй

Хонгор чамтай учирна гэж

Хорьхон насандаа бодсонгүйгээд бичлээ.

Анхнаасаа миний санаа бол Мөрдорж гуайгаар аяыг нь хийлгэх байсан. Тэгээд яаж хэлэх вэ гэж бодлоо. Намайг яваад очвол мэдээж хүлээж авахгүй. Тэгээд аавд хэлсэн хэрэг. Мөрдорж гуай хөгжмөө сонсгоод надад өөрөө дуулж өгч билээ. Мань эр чинь дуулахдаа тааруу. Над шиг солгой хоолойтой. Зундуйн Хангал бол сайхан дуулдаг байсан. Ингэхэд “Анхны алхам” киноны дуу миний анхны дуу биш юм. 1961 онд би “Гологдсон хүүхэн” киноны туслах найруулагчаар ажилласан. Тэгээд киноныхоо зураг авалтын үер “Насан туршийн хайр” гэж дууны үг бичиж, киноны маань Долингорын дүрд тоглосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Норсонжав гуайд тэр дууныхаа үгийг өгч байсан түүх бий. Уг дуу маань Ардын хувьсгалын дөчин жилийн ойн концертонд дуулагдаж байлаа шүү дээ. Ингэж миний анхны дуу 1961 онд Норсонжав гуайн аялгуугаар төрсөн юм. Харин “Суварган цэнхэр уулс”-ын “Буцах хунгийн дуунаар сэрсэн, Буурал намрын сэрүүн шөнөөр” гээд эхэлдэг “Хунгийн дуу”-г Буурангийн Нандинцэцэг дуулсан юм.

-“Суварган цэнхэр уулсгэснээс танаас Чогдон баатрын тухай асуух гэсэн юм. Баатрыг та хэд хэдэн удаа гадаа хонуулсан байдаг?

-Чогдон баатар “Суварган цэнхэр уулс” киноны маань цэргийн зөвлөх байсан. Халх голд гурав, дөрвөн сар хамтдаа явсан. Нөмрөгийн застав, Баянхошууны застав, Хэрээ уулын заставт ихэнх зургаа авсан. Буйр нуурын заставт ч зураг авч байлаа. Хил зөрчигчийн зургийг шөнө авсан. Нар жаргаж байхад зургаа эхлээд үүр цайж байхад дууссан. Арван сар гарчихсан жигтэйхэн хүйтэн. Бүгдээрээ нээх их ядарсан амьтад л байж байгаа юм чинь. Чогдон баатрыг хартал нэлээн ядарсан янзтай харагдаж байна. Би таныг ядраачив уу даа гэхэд “Халх голд нойргүй хонох миний хоногийн тоо дуусаагүй л байгаа юм байна” гэж хэлж билээ. Бас л агуу үг шүү. Олон улсын цэргийн шүүхэд Монголыг төлөөлж очсон хүн бол Чогдон баатар. Уул нь Дандар баатар явах байсан юм билээ. Гэтэл өнөө Дандар нь шоронд байсан үе. Зураг авалтын үеэр үг өдөхөд “Хурандаа ч ерундаа болоод байна даа” гээд хөхөрч байдаг сан. Ер нь маш гоё хүн байсан юм шүү. Зүүн урд хилийн Дархан уул буюу Хулд ууланд баатар намайг дагуулж очиж билээ. “Энэ хайрхныг самурайнуудад гурав алдаж, гурав буцааж авч байлаа” гэж баатар хэлж билээ. Чогдон гуай хуурай элсэн дороос шүдэнзний хайрцаг шиг дөрвөлжин хар юм гаргаж ирээд гал асаатал дүрс хийж байсан. Гучин есөн оны дайны дарь тэр олон жилийн дараа байсан нь сонин.

Өнөөдөр гарч байгаа Монголын гэх тодотголтой уран сайхны кинонуудад аллага, хүчирхийлэл их гарах юм. Мөн тэнгэрээс гэнэт мөнгө унаж ирээд ч юм уу, газраас мөнгө ургаж ирээд байгаа мэт маш хурдан баяждаг, иймэрхүү зүйлүүд их гардаг. Үзсэн хүмүүс, ялангуяа хүүхэд залуусАмьдрал ерөөсөө ийм амар хялбар юм байнагэж бодож сэтгэж байна. Энэ талаар та санал бодлоо хэлэхгүй юу. Амьдрал бол үнэндээ тийм биш шүү дээ?

-Одоогийн кино миний хийж байсан үеэс их өөр болжээ. Хуучны кинонуудыг гарахад хүмүүс уйдахгүй үзээд байдаг хэрнээ орчин үеийн киног нэг л хүлээж авахгүй юм гэж хүмүүс надаас асуудаг л даа. Уран бүтээлчдийн бүтээлдээ хандах хандлага байхгүй болчихсон юм уу даа. Доржийн Гармаа нэг удаа хэлж билээ. “Хөхөө гэрлэх дөхлөө”-г хийж байх үедээ мань хүн Баянхонгорт байж. Орой түлээ хөрөөдөж байтал хоёр эмэгтэй ороод ирж л дээ. Тэр хэн байв гэхээр агуу их жүжигчин Цэвээнжав гуай. “Гармаа гэж хүн мөн үү, таны нэгэн кинонд надад жижигхэн дүр оногдсон юм. Би тэгээд амьдрал судалж байна” гэж хэлжээ. “Морьтой ч болоосой”-гийн Дондогийн ээжийн дүрээ Цэвээнжав гуай авчихаад байсан нь тэр. “Бид чинь дүрээ ингэж судалдаг юм аа хүү минь” гэж хэлсэн гэдэг. Цэвээнжав гуай тухайн үед драмын театрынхантай Баянхонгорт тоглолтоор явж байж. Тэр гайхалтай хүнд ардын жүжигчин өгөөгүйд нь харамсдаг юм. Монголын киноны хамгийн гайхамшигтай эмэгтэй жүжигчин хэн бэ гэвэл би эргэлзэх зүйлгүйгээр Цэвээнжав гуайг нэрлэнэ. Харин түүний дараа яалт ч үгүй манай Цэрэнпагма орно. Миний “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн дүрийг яаж гайхалтай бүтээсэн билээ.

Цэвээнжав гуайн түүхтэй харьцуулаад би нэг зүйл хэлье. Хэдэн жилийн өмнө кино хийлээ. Драмын театрын залуу жүжигчнийг нэг дүрд тоглуулахаар авлаа. Өнөө залуугаа киноны группийн 20-иод хүн цуглуулж байгаад баахан хүлээлээ. Ирдэггүй шүү. Утасдаад байлаа, цаг гаруй хүлээлгээд ирдэг юм. Орж ирэнгүүтээ “Жийгээ найруулагч аа, би 5.30-д явна шүү” гэдэг юм. Зургандаа ороогүй, үгээ ч уншаагүй байж. “Хүү минь чи юу ярьж байна вэ” гэтэл би зургаан цагаас хүний хурим хөтлөх юм аа гэдэг байгаа. Залуучууд киноны зураг авалтад ерөөсөө ингэж ханддаг болчихож. “Чамаар миний кино дутахгүй” гээд би хөөгөөд явуулчихсан. Уран бүтээлдээ ингэж ханддаг учир үзэгчдэд үлдэх дүр гэж байхгүй байгаа юм.

Миний бие 2015 онд олон ангит телевизийн сериал гаргалаа. “Аймшигтай нүүдэл” нэртэй зургаан цагийн кино. Анх удаа хийж үзсэн телевизийн сериал байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 1975 онд “Хүний амь” кино хийж байсан. Цэрэндагва, Төмөрбаатар, Гүрбазар гээд миний шавь нар хоёрдугаар курсын оюутан байхдаа тоглоцгоосон. Тэр киноны 40 жилийн ой өнгөрсөн онд болсон. Шагдарсүрэнгийн Гүрбазар санал гаргаж 40 жилийн дараа нэг юм хийе гэж хэлсэн. 40 жилийн дараа тэр гурав хэн болов гэсэн санааг гаргасан. Өлзийхишигийн Нарангэрэл гавьяат, Гүрээ бид гурав яриад телевизийн сериалаа нэг ангит бүрэн хэмжээний уран сайхны кино болгоё гэж тохиролцсон. Сүүл үеийн бүтээл гэвэл энэ байх шив дээ.