Categories
мэдээ цаг-үе

Нэрт найруулагч Г.Доржсамбуугийн хүү Амараа: Аавын тоглосон олон киноноос “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүр сэтгэлд дотно санагддаг

“Говийн зэрэглээ” киноны Арслангаас аваад тайз дэлгэцийн олон дүрээрээ олны сэтгэлд хоногшсон авьяаслаг жүжигчин, Монголын нэрт найруулагч Гүрсэдийн Доржсамбуугийн хүү Амараатай ярилцсанаа хүргэе. “Royal Presents” студийн уран бүтээлч тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөж “Миний ахын эхнэр”, “Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” зэрэг олон киноны найруулагчаар ажилласан билээ.

-“Миний бага нас театрын тайзны ард зүүгдээстэй хоцорсон” гэж та нэгэнтээ хэлж байсан. Үнэхээр л тийм байх шүү?

-Бага балчиртаа мэдээж аав, ээжийнхээ ажил дээр л өнжинө шүү дээ. Дүү бид хоёрыг аав минь хаа явсан газраа дагуулна. Наян онд Киевийн театр урлагийн их сургуулийг төгсөж ирснийхээ дараа Багшийн дээд сургуулийн кино драмын ангид багшилдаг байсан. Тухайн цагт дүү бид хоёрыг гэрт харах хүнгүй. Аав хоёр гараасаа нэг нэгээр нь хөтлөөд хичээлдээ очно. Хүмүүс харчихаад “Арслан хоёр зулзагатайгаа явж байна” гээд инээдэм наргиан болгоно. Миний ижий Цолмонг Хүүхэд залуучуудын театрын авьяаслаг жүжигчин байсныг хүмүүс мэднэ. “Хэцүү даалгавар” киноны гол дүр болох Дашхүү ахын төрсөн эгчийнх нь дүрийг бүтээсэн. Мөн “Нарны унага”, “Мөнгөн буйл” зэрэг кинонуудад дүр бүтээсэн байдаг. Ингэж л балчир наснаасаа театр хэмээх ариун сүмтэй холбогдсон. Аав ээжийн нөлөө байсан байлгүй, надад урлагаас өөр талбарт хүч сорих, өөр ямар нэгэн мэргэжлийн сайхныг мэдрэх нөхцөл байсангүй. Нэг үгээр хэлбэл, хүрд эргүүлэх боломж ч гараагүй дээ.

Бид чинь эхээс гурвуулаа. Дээрээ нэг эгч, дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том хүү. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, том эгч ээжид, дүү эмээ өвөөд харьяалагдаад, харин би аавтай тунаж үлдсэн. Үндсэндээ аавын амины хүүхэд байсан хэрэг. Миний бие далан гурван онд төрсөн. Аав болохоор далан таваас наян оны хооронд Киевт суралцсан. Одоо эргээд санах нь ээ, багын төсөөлөлд нэг л үзэгдээд алга болчихдог аав буугаад байдаг. Аав амралтынхаа богинохон хугацаанд ирээд буцдаг байсан нь тэгж санахад хүргэсэн нь мэдээж. Харин далан есөн онд би зургаан настай байхдаа Киевт очиж зургаан сар болсон. Ухаан орсноосоо хойш анх удаа аавтайгаа хамт удаан байсан хугацаа минь тэр.

-Доржсамбуу агсныг “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүрээр ард түмэн мэднэ. Тэр дүрээрээ ч хүмүүсийн сэтгэлд хоногшсон болов уу?

-Сургуульд орсон цагаас хойш надад нэг зүйл илүүтэй мэдрэгдсэн. Тэр нь аав минь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн юм байна, эгэл жирийн аавуудаас өөр юм байна гэх ойлголт. Тухайн үед монгол кино ховор байсан ч юм уу, аавын тоглосон кино зурагтаар ойр ойрхон гарах нь бий. Ялангуяа “Говийн зэрэглээ” их гарна. Кино гарсны маргааш хичээлд очиход ангийн хүүхдүүд болоод багш нар “Танай аав гарсан, ийм тийм” гээд л унана. “Танай аав чинь Арслан мэдэв үү, чи тэгэхээр Арслангийн зулзага за юу” гээд хэцүү. Эцэг эхийн хурал болоход аавыг очуулах дургүй байв. Хэрвээ яваад очвол хүүхдүүд ойроос харах гээд сургуулиар нэг юм болно. Аав сургуулиар ирэх нь надад ядаргаатай санагддаг байсан. Хожим эргээд бодоход хамгийн аз жаргалтай үе минь аавтайгаа байсан, арслангийн зулзага гэж дуудуулж явсан цаг мөч маань байж дээ.

-Танай өвөө буюу Доржсамбуу гуайн аав Гүрсэд гэж алдартай шог зураач байсан. Та үе дамжсан урлагийн гэр бүлд төрсөн хүн?

-Тийм ээ, манай өвөө Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Арнайн Гүрсэд. “Тоншуул”-ын ахмад партизануудын нэг байсан. Өвөөгийн шогч зан, аливаад маш мэдрэмтгий, өөр өнцгөөс ханддаг байсан нь аавд, залгуулаад надад нөлөөлсөн болов уу. Гүрсэд өвөөгийн зуун насны ой өнөө жил тохиож байгаа. Ирэх есдүгээр сард өвөөгийнхөө төрсөн нутаг Төв аймгийн Баян суманд ураг садангийнхаа хүрээнд тэмдэглэнэ гэж төлөвлөж байна. Ээжийн минь аав ч нэртэй зохиолч хүн байсан шүү дээ. Лувсандэндэвийн Цэнд-Очир гэж насаараа Соёлын яаманд ажилласан, бас л гавьяат цолтой хүн байлаа. Өнгөрөгч жил Цэнд-Очир өвөөгийн зуун насны ойг төрсөн нутаг Сэлэнгийн Орхонтуулд нь тэмдэглэсэн

-Аавын тань анхны тоглосон кино нь юу бол?

-“Тунгалаг Тамир” кинонд нэгэн ламын дүр бүтээсэн юм билээ. Үзэгдээд өнгөрдөг жижиг дүр. Харин олны сэтгэлд хүрсэн анхны кино нь яалт ч үгүй “Говийн зэрэглээ” л дээ. Энэ тухай Б.Балжинням найруулагчийн дурсамж байдаг юм. Мань хүн тухайн киноны зохиолыг бичиж, батлуулчихаад Арслангийнхаа дүрийг аавд үлдээсэн гэдэг юм. Пробонд орсон бүх хүнээ голжээ. Тэр чинь наян он. Аав Киевийн театр урлагийн их сургуулиа дүүргэчихээд гурван сар гаруй хугацаанд найз нөхөдтэйгөө наргиж, үндсэндээ зугаалж өнгөрөөсөн байгаа юм. Энд кино нь хүлээгдээд байдаг. Арсланд өөр хүн тоглуулъя гэхээр Балжинням найруулагч зөвшөөрдөггүй, ацан шалаанд орохгүй юу. Киевээс ирээд л бараг маргааш нь Дундговь руу зураг авалтад гарч байсныг санаж байна. Арслангаа удтал хүлээсэн минь үнэхээр оносон шүү гэж Балжаа найруулагч хэлдэг юм. Монголын кино урлагийн нэг том багана нь болсон Балжинням найруулагч өнөөдөр бидний дунд алга байна.

-Аавтайгаа киноны зураг авалтад хамт явж байв уу?

-“Мөнгөн буйл” кинонд хамт явж байсан. Тэгэхэд би арав орчим настай байлаа. Төв аймгийн Дэлгэрхаан сум, Өвөрхангай аймгийн тийшээ зураг авч байв. Кино гэдэг тийм ч хүсмээр зүйл биш юм байна даа гэх бодол балчир оюунд минь хадгалагдаж үлдсэн байдаг шүү.

-“Мөнгөн буйл”-ын гол дүр чинь Дорлигжав гуай шүү дээ. Тэдгээр сайхан уран бүтээлчдийн тухай дурсаач?

-Манайхаар их ирнэ ээ, тэр луугарууд чинь. Дорлигжав гуай, Цэвээнравдан ах гээд даан чиг сайхан хүмүүс байсан даа. Тэдний яриа хөөрөөг чагнаж өсчээ. Манайх чинь ердөө хоёрхон өрөө байртай. Том өрөөнд би эвхдэг ор дэлгээд унтана. Хажууд нөгөө хэд хуучлаад л. Дундаа шилтэй “юм” тавьчихаад сууна шүү дээ. Яриаг нь би сонсоод хэвтчихнэ. Намайг бол аль хэдийнэ унтчихсан л гэж боддог байсан биз. Аав их онигоо ярьдаг байсан, бүр зартай. Ямар сайндаа Москвагаас наашаа тав хоног галт тэргээр явж ирэхдээ нэг онигоогоо давтаж ярихгүйгээр бүтэн таван өдрийн турш бусдыгаа баясгаж байсан түүх ч бий. Ааваас надад үлдсэн нэг зүйл нь онигоо ярих. Гэхдээ арай ч тав хоног ярьж чадахгүй ээ. Нэг хоног бол ярьчихна аа (инээв).

-Онигоо ярьдаг гэснээс, харахад нэг л сүр бараатай хэрнээ хүүхэд шиг гэнэн цайлган, халуун дулаан хүн байсан санагддаг?

-Хувь хүнийх нь зан чанарын тухай ярихад, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн байсан. Хатуурхвал бас чадна аа. Биднийг тийм ч эрх өсгөөгүй юм шүү. Гэхдээ гар хүрч байсангүй. Ерөнхийдөө харцаараа л үг хэлнэ шүү дээ. Бас нэг онцлог чанар нь хэлэх үгээ шог маягаар, тойруу утгаар хэлчихнэ. Ухаандаа ээж нэг сайхан хоол хийх юм бол ширээгээ тойроод сууж байхдаа “Та нарт ийм аятайхан хоол хийдэг хүн олдох уу” гэж шог аястайгаар өдөж хэлнэ. Энэ нь цаанаа сайн ханьтай болоорой гэж хэлж байгаа захиас нь юм. Том эгч маань Германд ажиллаж амьдарч байна. Манай эгч чинь герман хүнтэй гэр бүл болсон. Сувдаа гэж хүн бий. Сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлийнхээ дагуу Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан. Дүүг минь хүмүүс мэднэ дээ. Цогтоо гэж найруулагч залуу бий. Бас л хэвлэлийн салбарт хүчээ сорьж явна. Телевизийн цуврал кинонууд хийсэн. Бид гурав ганц нэгхэн насны зөрүүтэй болохоор найзан дундаа өссөн. Хэн хэндээ ахархаж, эгчирхээд байдаггүй.

-“Говийн зэрэглээ“ ч юм уу, аавын тань тоглосон кинонууд гарахад ямар сэтгэгдэл төрдөг бол?

-Мэдээж маш дотно байдаг. Өнгөрснийх нь дараахан үзэхэд маш хүнд тусч байсан. Ялангуяа ээжид минь их хэцүү байсныг бид бие сэтгэлээрээ мэдэрдэг. Одоо бол зүгээр. Тэгтлээ их харамсаад, сэтгэл өвдөөд байдаггүй. Ер нь би Доржсамбуу гэж хүний хүү болж төрснийхөө буян хишгийг алхам тутамд мэдэрдэг. Хаана ч очсон намайг яг аав шиг минь хүндэтгэдэг. Би чинь сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Хэрвээ жаахан сэтгэлийн хөдөлгөөнтэй, аливаад догдлоод энэ тэр болдог бол уйлах, аав минь ийм гайхамшигтай хүн байж дээ гэж цээжээ дэлдэх өдөр хоногууд надад олон. Хэд хэдэн кино хийж үзлээ. Тэр бүгдэд аавын минь л нөлөө байсан. Нэг сайхан үг байдаг даа. “Сайн аавын нэрийг гурав худалдаж иддэг” гэдэг ч бил үү, тэр л болдог шүү дээ. Доржсамбуугийн хүү, Арслангийн хүү гэхээр хүмүүс нэг л өөр хандаад байдаг юм. Манай аав чинь маш олон шавьтай. Ер нь урлагийн хоёр, гурван үеийг гаргаж ирсэн гэхэд болно. Тэдгээр шавь нар нь өнөөдөр Монголын их урлагийн хүнд ачааг үүрч явна. Аавынхаа шавь нараар би маш их бахархдаг. Тэд намайг “багшийн хүүхэд” гээд ихэд хүндэтгэдэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгорзул: Уртын дууг ухааны цараар урлаж дуулдаг юм

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзултай ярилцлаа.

-Та хүүхэд байхдаа дуулж байгаагүй. Уртын дууны тухай ойлголтгүй шахуу байхдаа Ханхэнтий чуулгад дуучнаар орсон байдаг. Дуучин болж байсан түүхээсээ дурсаач?

-Тийм ээ, би бусдын адил багаасаа дуулсан, урлагт дурласан хүүхэд байгаагүй. Эгэл жирийн хөдөөгийн айлын хүүхэд. Сургуульдаа явахдаа аав, ээж дээрээ оччихоод, амралтаараа хөдөө эмээ, өвөө дээрээ зусдаг. Өвөө маань морь уядаг уяач хүн байсан. Би хурга тугал хариулж, хурдны морь унаж байгаад хожим дунд сургуулиа төгсөөд, өвөөгөө дагаад малчин болсон түүхтэй. Мал маллаж байгаад 20 настайдаа Ханхэнтий чуулгад дуучнаар орсон юм. Тухайн үед уртын дуу гэдгийг хаяа нэг цагаан сараар радиогоор сонсдог байлаа. Санаандгүй тохиолдлоор манай нутгийнхан хонины бэлчээрт миний дуулж байгааг сонсоод Ганболдын энэ охин дуулах маягтай юм байна. Үүнийг дуучин болгоно гэж ярьцгаасан байдаг. Харин ээж минь охиноо урлагийн хүн болгохгүй гээд дурамжхан, би ч нэг их дуртай биш янзтай байв. Ингэж байгаад нутгийн олны шахалт шаардлагаар аймгийнхаа Ханхэнтий чуулгад шалгуулаад уртын дуучнаар орсон. Миний анхны багш Монгол Улсын гавьяат жүжигчин Нансалмаа багш маань надад анх уртын дуу заасан. Би ардын жүжигчин Шархүү гэж хүний шавь шүү дээ. Ингээд сайн багш сайхан хамт олны буянаар уртын дуучин болох гараа минь эхэлсэн. Намайг ороход Авирмэд гэж дарга байсан. Энэ хүн олон сайхан хүнийг дуучин болгож төрүүлсэн түүхтэй юм.

-Анх дуу сурч байхад чадахгүй, шантармаар үе байв уу. Та юунаас хамгийн их итгэл урам зориг авч, юунд шантарч байв?

-Эхлээд ч халширмаар, шантармаар үе олон байсан. Би багшийнхаа анхны шавь болохоор багш минь маш их хичээж надад шаргуу заасан, их зүтгэсэн. Одоо больё гэж бодогдох өдөр ч олон байлаа. Гэхдээ миний төлөө багш минь ингэж цаг зав гаргаж чармайж байхад би хичээх хэрэгтэй гэж бодно. Анхандаа би миний төлөө гэсэн багшийнхаа хүч хөдөлмөрийг хайрлаад хичээж байлаа. Ганц миний төлөө зүтгээд байгаадаа ч биш, Ханхэнтий чуулгад хэрэгтэй дуучин төрүүлчихье гэсэндээ биш, Монголдоо хэрэгтэй удам залгасан дуучин төрүүлэх гэж зүтгэж байгаа нь тэр шүү дээ. Мөн чи чадна гэж их урам хайрладаг байлаа. Нутгийн түмэн олон ч танай удамд сайн дуучин байсан, чи уртын дуучин болох ёстой гэцгээж байсан.

-Уртын дууны тансаг аялгуу газар тэнгэрийг хүртэл холбодог гэж ярьдаг, хорвоо дэлхий амьтай бүхнийг аргаддаг гэдэг. Уртын дууны гайхамшгийг та анх хэзээ мэдэрч байв?

-Уртын дууны аялгууны гайхамшгийг гадаадынхан их сэргэг, эд эсээрээ хүлээж авдаг. Мөн уртын дууг ойлгох сонсож, мэдрэхэд насны мөчлөг их нөлөөлдөг юм уу гэж би ойлгодог юм. Оюуны цар хүрээ нь задарсан хүн гээд л ярьдаг ш дээ. Юм үзэж нүд тайлаад аливаа зүйлийн хар цагааныг ялгаад ирэхээр уртын дуунд хүний амьдрал байдаг юм байна гэдгийг ойлгоно. Хүний эрдэнэт биеийг авч төрөөд энэ хүртэл хэчнээн их амьдралын сайхан муухай даваа гүвээтэй тулгардаг билээ. Тэр бүхэн уртын дууны аялгуунд шингээстэй явдаг. Уртын дууг мэдэрч дуулдаг. Бусдад мэдрүүлнэ гэдэг бол амар зүйл биш л дээ. Үг, аялгуу хоёрыг нийлүүлээд болчихдоггүй юм. Тэгэхээр би өөрөө уртын дуугаа мэдэрч энэ дуугаар юу өгүүлж, хэнд ямар сэтгэгдэл төрүүлэх гээд байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэж боддог. Хүний энергид тэгж их нөлөөлж хүний цус тийм эрчимтэй эргэлдэж байгаагийн дохио. Хүний сэтгэл зүрх эд эсэд нь хүрч тэр хүнд дууны сайхан, хүний амьдралын сайхныг хүргэж байгаа ухаан бол уртын дуу дуулах юм. Дууг амьдруулж өөрийнхөө бие сэтгэлээс нөгөө хүний бие сэтгэлд хүргэж чадна гэдэг маань хэн хүний зоргоор хийчих ажил биш л дээ.

-Уртын дууны үүх түүхийн тухайд?

-Хорвоо ертөнц байгаль дэлхийг уярааж байдаг ахуйн шаардлагаар үүссэн дуу. Хүн үүссэн цагаас уртын дуу үүссэн гэж үздэг. Орчин үеийн зохиолын болон эстрадын дуутай дүйцүүлэх эд биш шүү дээ. Ахуй амьдралын шаардлагаар үүссэн, асар урт хугацааг даван туулж оршин тогтнож байгаа гайхамшигт аялгуу.

-Нийгэм, цаг үеийн байдлаас болоод олон түмний сонсох, дуулах дуу өөрчлөгдөж байдаг. Зарим нь хэсэг хугацаанд мартагдах зэрэг мөчлөг байдаг юм шиг санагддаг. Уртын дууны хувьд?

-Хувьсгалаас өмнөх жилүүдэд уртын дууг найман настай балчраас наян настай буурал хүртэл дуулж байсан. Хүн болгон уртын дууг сурч хүмүүжиж, айл хотол орон даяараа дуулдаг байсан юм. Уртын дуучин, бөх хоёр айл гэрт орж ирэхэд айлын босго хүртэл хотойж угтаж авдаг гэх яриа эрт дээр үеэс гарсан. Нэг айлд ороод дуулаагүй гарсан ч тэр айлын жаврыг үргээж байдаг. Тэгээд тухайн дуучныг ирэхэд хот хороогоо цэвэрлээд л уртын дуугаа дуулж гэр орноо ариусгаж, найр хийж сэтгэлийн баясал эдэлцгээж байсан түүхтэй. Тэр үеийн дэг жаягаар жирийн дууг хүүхдүүд нь дуулдаг айзамт аялгуут дуугаа томчууд нь дуулдаг байжээ. Түүнээс хойш уртын дууны ардын урлагийн түүхэн хувь заяанд нэлээд өөрчлөлт орсон байдаг юм. Асар их түүхийг даван туулж ирсэн хөгжил нь өөдөлж дэвжиж явсаар өнөөдөр дэлхийд уртын дуу хүлээн зөвшөөрөгдсөн байна. Намайг хүүхэд байхад уртын дууг мэддэг хүн ховор байсан бол одоо өөр болсон. Залуус үндэсний өв соёл, түүхээ ойлгодог болжээ.

-Ардын урлагийн бүтээлд орчин цагийн өнгө аяс оруулах байдал нэлээд гардаг болжээ. Үүнийг та зөв гэх үү?

-Орчин цагт уртын дууг янз бүрийн загварт оруулаад байна. Уртын дууг өөрчилж бол хэзээ ч чадахгүй. Зүгээр тэр хөгжим гэх мэт зүйлсээ өөрчилж янз бүрийн урсгал, монгол поп ч гэнэ үү янз бүрээр яриад байгаа юм. Тэр бүхэнд уртын дуу орж байгаа. Уртын дуу хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрийнхөөрөө л дуулагдана. Янз бүрийн урсгал янз бүрийн жанрууд орж ирж байна. Ил задгай хувцас өмсөж дуулах нэг нь ч байна. Ингэвэл үндэсний гэдэг утгаа алдах магадлалтай. Юмыг язгуураар нь хадгалах хэцүү, устгах шиг амархан юм байхгүй. Тэгэхдээ шүүмжлээд байх эрх надад байхгүй. Хүн юу дуулахыг хүсэж байна түүнийгээ л дуулна. Тэр дуугаа ямар хувцастай дуулахыг хүсч байна тэрийгээ л өмсөнө. Миний хувьд бол уртын дууг язгуураар нь л дуулдаг, янз бүрийн этник хэлбэр оруулж чадахгүй. Уртын дуунд хөх, гуяа гаргаад дуулаад байхаар зохимжтой харагдахгүй. Эсрэгээр нь харвал ингэж хувцаслаад өөрийгөө доромжилж байгаа хэрэг. Бүтээл нь өөрийнх нь оюун ухаанаас нь даваад явчихсан байна гэсэн үг болно.

-Урлаг уг нь нийгмээ хөтөлж явах ёстой гэдэг. Сүүлийн үед нийгэмдээ тохируулж хөтлөгдөж, уран бүтэл хийж байгаа харагддаг. Урлагийн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Аль ч улс оронд урлаг, спорт хоёр нийгмийн толь гэж ярьдаг. Манай улсад спортоо илүү харж үзээд урлагаа харж үзэхгүй болчихлоо. Манай ардын дуу, хөөмий, морин хуур зэрэг нь дэлхийн бусад улс оронд байхгүй. Тиймээс эх орныхоо брэнд болгож бодлогоор хөгжүүлэх ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй байдалтай байна. Дэлхийд бүртгэгдсэн олон өв бий. Ирээдүйд залуу үе маань үндэсний урлагаа хөгжүүлж өндөр түвшинд авч явах байх гэж хардаг. Ингэхийн тулд хүүхдийг цэцэрлэг, бага ангиас нь эхлэн сургаж, ардын урлагаа өвлүүлэх ёстой юм. Монгол гэдэг нэрийг өөрийнх нь өвөрмөц бүтээлтэй хамт хөгжүүлэх учиртай. Эх орон минь ардын урлагтайгаа хамт хүлээн зөвшөөрөгдөж хөгжих хэрэгтэй байна.

-Уртын дуугаа дэлхийн өндөр хөгжилтэй улсын олон театрт дуулж явсан. Гадаадынхан Монгол гэхээр яаж хүлээж авч байна. Уртын дуугаа дуулаад тайзнаас буухад ямар зүйлийг хэлдэг вэ?

-Монгол гэхээр арьс нөмөрсөн, түүхий мах зулгаасан дээр үеийн байдлаасаа салаагүйгээр төсөөлсөн хэвээрээ байгаад байна.Тэр бол нүүдэлчдийн язгуур амьдрал. Гэхдээ хөгжсөн гэдгээ харуулмаар байна. Эхлээд ядуу орны хүн гэдгээр дээрэнгүй хандах тохиолдол байна. Уртын дуу сонсоод харин тэд их уярдаг. Сансар огторгуйгаас тасарлаа, амьдралдаа үзэж хараагүй газраар аялаад ирлээ гэнэ. Уртын дуугаа дуулчихаад тэднээс ингээд амыг нь асуугаад сууж байх сайхан. Уртын дуу маань дэлхийн сонгодог болтлоо хөгжлөө. Эх орон минь үүнийгээ дагаад яг л уртын дуу шигээ хөгжих ёстой юм. Яг л энэ дуу шиг эх оронд би амьдардаг гэж гадаадынханд хэлдэг. Гэхдээ уртын дууны гайхамшгийг Монгол гэж өмчирхөөд байх шаардлагагүй. Энэ хорвоо ертөнцийн хүний амьдралыг өгүүлж байгаа дуу юм.

-Уртын дуу дуулж, сонсож буй хүн, амьтан, байгаль дэлхийд яаж нөлөөлдөг вэ?

-Хангай дэлхий, мал амьтан гээд уртын дууны аялгуунд баясахгүй зүйл гэж байхгүй. Адууны хажууд дуулахад нүдээ аниад сонсдог, тэмээ хүртэл нулимсаа бөмбөрүүлээд сонсдог юм ш дээ. Тэгэхээр оюун ухаант хүн энэ дуунд уярахгүй байна гэж үгүй. Уртын дуу гэдэг хүний хүмүүжилд асар их нөлөөтэй. Би бол баярладаг. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ийм сайхан бүтээлийг олон улсын түвшинд хүргэж байгаадаа баяртай байдаг. Энэ аялгуунд Хангай дэлхий хүртэл уярч хураа хайрладаг юм.

-Уртын дуучинг байгалиасаа төрдөг гэж сонсож байсан?

-Норовбанзад, Шархүүхэн гээд алтан багш нарын хэлж ярьсныг сонсож, уншиж байхад уртын дуучин гэдэг тэнгэрээс заяатай гэсэн байдаг. Яг дуулах хүн тэнгэрээс төрдөг болов уу гэж би ойлгодог юм. Гэхдээ хэчнээн сайхан авьяас заяасан байгаад өөрийгөө таньж мэдээгүй, өөрийгөө олоогүй бол чадахгүй. Заавал багшаар заалгаж, асар их хөдөлмөрлөж, биеэ дайчилж тархи зүрх, ухаанаа хөгжүүлж дуулна. Уртын дууг ухааны цараар урлаж дуулдаг юм.

-Сүүлийн үед гадагшаа тоглолтоор явж байна уу. Ойрын хугацаанд тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Одоогоор Улаанбаатар чуулгад ажиллаж байна. Албан ёсоор шавь бэлдээгүй. Хувиараа ганц нэг уртын дуу заалгаж байгаа хүмүүс байгаа. Хүүхдүүд маань бага болохоор тэр бүр гадагшаа явж чадахгүй, ганц нэг л явж байна. Тоглолт хийх төлөвлөгөө бий. Гэхдээ яг хугацаа хэлж чадахгүй байна.

-Бага насныхаа тухай дурсаач. Таны аав, ээж таныг уртын дуучин болох эхлэл, суурь хүмүүжлийг олгосон байх?

-Гэр бүлийн хүмүүжил, нутаг оронд амьдарч байгаа хүмүүсийн өвөрмөц байдал нөлөөлнө. Архи ууж хоорондоо арцалдаж хэрэлдэж хөдөөгөө ч мэдэхгүй, төвөө ч чадахгүй гэр бүл зөндөө байна. Миний багад ч тийм айлууд байсан. Ийм айлын хүүхэд амжилттай явна, сайн хүн болно гэдэг хэцүү. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумынх. Морио унаж, цагаан идээгээ идээд л хөл нүцгэн гүйж өссөн. Ээж, аав минь их тайван амгалан хүмүүс байсан юм. Хоёулаа 50 гаруйхан наслаад бурхан болсон. Аав, ээжийнхээ хэрэлдэж байхыг ч бид хараагүй. Тийм сайхан амгалан гэр бүлд өссөн. Тухайн гэр бүл хүүхдээ ямар хүн болох вэ гэдгийг бэлдэж байдаг. Ирээдүйг нь тодорхойлж байдаг юм. Хүн зовлон үзэх тусмаа ухаан сууж, амьдралд их зүтгэдэг юм байна. Ижий аав минь амьдралд хүн чанар, тэвчээр, ухаан гурваар л хүн өөрөө цэнэглэгдэж, өөрөө өөрийгөө олж авдаг гэдгийг зааж сургасан. Хүний тэвчээр барагдах, сөхөрчихмөөр үе зөндөө л байдаг. Гэхдээ өссөн орчин ахуй, аав ээжийн сургасан сургамжууд цаг эргээд амьдралд хөлөө олоход нөлөөлж байдаг. Хонгорзул гэж хэн билээ гэж ухаарах хөг аялгуу болж явдаг юм. Эцэг эхийн минь хүмүүжил бол миний хамгийн үнэтэй өв юм. Хүн чанартай, тэвчээртэй байхад тэрийгээ дагаад ухаан заавал байдаг. Энэ гурван тулгын чулууны нэг нь байхгүй бол амьдралд хүн тэгээд л урсчихдаг юм гэсэн эмээ өвөөгийнхөө сургаалыг ухаарч амьдарч байна.

-Та айлын том охин. Таны дүү нараас дуулдаг хүн бий юу?

-Би айлын том охин. Дороо дөрвөн дүүтэй. Отгон дүү маань дөрвөн жилийн өмнө бурхан болсон. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүү байна. Аав, ээж минь алийг нь ч амьдралд хүргэж чадалгүй өөд болсон. Эгчийн хувьд би дүү нараа хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэлээ.

-Та удам дагасан дуучин гэсэн. Таны аль үед ямар дуучин байв энэ талаараа тодруулаач?

-Дуулдаг хүн байхгүй тус тусын ажлаа хийгээд өнөр өтгөн болоод, сайхан амьдарцгааж байна. Манай ээжийн, ээжийн аав нь Намжил гэж ноёны уртын дууч байсан юм гэнэ лээ. Морь, нохой, хүн гурав удмаа дагадаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд л би уртын дуу оролдож яваа байх.

-Хошин урлагийн тоглолт, нийтийн дуу, ардын урлагийн тоглолт зэргийг үзэж байхад үзэгчдийн зан харилцаа өөр өөр байгаа нь ажиглагддаг. Үзэгчидтэй холбоо тогтоох, бие биенээ мэдрэх зүйл байдаг уу?

-Уртын дуу сонсдог хүмүүс ухааны цараа ихтэй, далайцтай сэтгэдэг хүмүүс байдаг. Уран бүтээлч, сонсогч хоёр нэг нэгнийгээ татаж, хэн хэнийгээ мэдэрч байдаг. Үзэгчээ олно, үзэгч бид хоёр бие биенээ олно гэдэг том зүйл.

-Аз жаргалын тухай таны бодол?

-Хүн хоолгүй байна уу, хувцасгүй байна уу тэр хамаагүй. Хамгийн гол нь сэтгэлдээ баяр баясгаланг олох хэрэгтэй. Сэтгэлийн амар амгалангаа олоогүй мунгинаж явсан үе надад бий. Одоо бол их амар амгалан, аз жаргалтай байна. Монголын минь ард түмэн амар амгалан, аз жаргалтай, эрүүл саруул байж юу санасан есөн цагаан хүсэл нь дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг түмэн олонд дэвшүүлье.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нутгийн хүн ба “нутгархсан хүн”

Энэ жилийн сонгуульд намаасаа илүү хүний хүчин зүйл голлож байх шиг байна, ялангуяа орон нутагт. Угаасаа сонгууль нь намынхаа нэрийг барьж хүн сонгуулах, эсвэл хүнийхээ нэрийг барьж намдаа суудал авах хоёр үндсэн чиглэлээр л явдаг ба түүнийгээ пропорциональ ба мажоритар хэмээн нэрлэдэг билээ.

Энэ онцлогоос болоод орон нутгийн тойргуудад нэр дэвшигчдийг “Нутгийн хүн”, “Нутгархсан хүн”, “Нутаг царайлсан хүн” хэмээн хувааж болохоор байна.

Нутгийн хүн нь мэдээж ээж аав, ах дүүс нь тэндээс угтсан, ижий бололцсон улс байх ажээ.

Харин манай өвөө, эмээ уг нь эндхийнх гэсэн хэмээх яриатай, олны мэдэх хэн нэгний нэрийг барьж “тэр хүн манай төрөл”, “ энэнтэй бид садансаж явдаг” гэхчилэнгийн юм ярьж яваа нутгархагсад ч харагдана.

Гэтэл хэнийхний хүн бэ гэж асуухаар бараг л Хүннү, Сүннүгийн үеийн юм ярьж, өнөөх “Сэрэлт” кинонд “Галзуу Бумаа та хоёр хэдийдээ эгч дүүс болчихоов” гэдэг шиг мөн ч гэхийн аргагүй, биш ч гэхийн ч аргагүй “нутаг царайлсан хүн” ч бас байх жишээний.

Харин орон нутгийнхан өөрснөө хүнээ сонгохдоо хэд хэдэн зарчмыг барьж байх шиг байна. Юуны өмнө эргэж ирэх нүүрээ бодох, энд суудаг амьтан ах дүү нарынхаа нэрийг баастаад явчихгүйг хичээх тийм хүнийг орон нутагт онцгойлон үзэх төлөвтэй байна.

Нөгөө талаасаа, нутагтаа төрж өссөнөөс гадна төвдөө нөлөөтэй, аймаг орныхоо өмнөөс хэнтэй ч таван үг солилцож чадах, хүний эвийг олдог байх нь чухал гэж үзэж байгаа бололтой. Энэ нь бас учиртай юм байна. Сонгоод л явуулахаар баахан зовлон тоочоод, эрх баригчдаас боллоо, нөгөө намынханд ингэж чадуулчихлаа хэмээн ханилж яваа нөхдөө зүхсээр ирдэг нөхөд нэгэнт хэрэггүй болохыг таньсан шиг байна. Тэд нөгөө муулаад байсан улсынхаа шийдсэн, бүтээсэн юмыг болохоор “Би ингээд хийлгэчихлээ”, “Миний тавиулсан зам” гэж ичгүүргүй ярьсаар байгаад нүүрээ барсан тал ч байна.

Ийм болохоор нийслэлдээ нүүрээ барчихаагүй, хүний эвийг олоод явдаг хүн эрэлттэй харагдана. Өөрөөр хэлбэл, юманд явуулахаар ганзага хоосон ирчихээд “тэрнээс боллоо”, “энэнээс гайтлаа” хэмээн буруугаа бусдад чихдэг хүн хэрэггүй болж. Харин аль ч намынхны эвийг олдог, аль ч хүний аргыг олдог, шалтаг хайхын оронд шалтгааныг олж засахыг хичээдэг хүнийг хайж байна. Мэдээж, янз янзын юманд нэр холбогдож нүүрээ барчихаагүй, төрд очоод тэрбумтан болох гэж алийгаа алдахгүй хэмжээнд “биеэ болоод гэрээ зассан” байх нь чухал бололтой байна.

Жишээлэхэд, манай булганыхан Лхамсүрэнгийн Энэбиш даргаа их ярих дуртай юм. Л.Энэбиш гуай бол Улаанбаатар хотыг удирдаж эхэлсэн цагаасаа л хот улсын хэмжээнд, нийт үндэстний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улс төрийн аль ч бүлэглэл үгийг нь сонсдог байсан төрийн зүтгэлтэн.

Түүнээс хойш улсын хэмжээний тийм улстөрч Булганаас төрсөнгүй гэлцэнэ. Энэбиш гуайгаас хойш нийслэлд буюу Монголын их улс төрд Булганы дуу хоолой сонстохоо больсон гэж гэж үздэг юм байна.

Спорт, урлагийн зүтгэлтнүүдийнх нь нэрийг хэлэхээр Монгол Улс байтугай манай дэлхий алга ташдаг энэ нутгийнхны нэр нөлөө улс төр дээр ирэхээрээ иймэрхүү. Ийм учраас булганыханд Л.Энэбиш дарга шигээ л нийслэлдээ, улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнтэй болохыг их мөрөөдөж, сонголтынхоо бараг л тэргүүлэх хүчин зүйл болгосон харагдана лээ.

Өнөө жил Их хурлын сонгуульд АН-аас Булган аймагт нэр дэвшсэн хүн бол О. Амартүвшин билээ. Тэрбээр Нутгийн зөвлөлийн даргын хувьд Булган аймгаа зорьдог байсан бол энэ удаад нутгаасаа УИХ-д нэр дэвшигчийн хувьд очиж байгаа юм байна. (Нутгийн зөвлөл бол Нийслэлд нутаг орноо төлөөлдөг иргэний байгууллага. Тэд нутгийн зөвлөлийн даргаа аль болох “Энэ хүнд л нутаг орноо гэх сэтгэл байгаа” хэмээн итгэсэн хүнээрээ томилдог онцлогтой)

Амартүвшин өнгөрсөн жил байх аа, уржнан ч бил үү, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ танхим бол улсын нийслэлийн хөгжлийн төлөөнөө манай улс төр, бизнесийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн үүсгэсэн байгууллага. Дарга удирдлагыг нь ямар ч байсан улсын нийслэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн, хэнтэй ч ажил ярихаар очиход нь үүдэндээ хүлээлгээд байхааргүй, хүнээр хийлгэдэг билээ.

Байдал нэг иймэрхүү…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын бороотой нартай зуны өдрүүдийг магтан дуулмуу би

Ойрын өдрүүдэд бороо нэлээд орох шиг боллоо. Хөдөөгүүр сайхан орсон дуулдана. Хотод ч багаахан ч гэсэн орсон. Одоо цаашдаа бүр их намиран орох байлгүй.

Монгол орон хүйтэн сэрүүн улиралтай орон.Ямар сайндаа есөн сар нь хүйтэн, гурван сар нь сэрүүхэн гэсэн яриа гарах вэ. Харин зуны энэ өдрүүд үнэнхүү жаргалын орон мэт байдаг билээ. Ямар ч халуун нар гарсан заавал нэг сэрүүн салхи сэрчигнэн алчуурын пансыг сэвэлзүүлнэ.

Үүнийг сэрхэрээ сэрчигнээд сайхан нартай өдөр байна гэж ярьдаг. Дулаахан дээр нь борооны том том дусал цонхны шилэн дээгүүр алгуурхан урсан том цагаан үүл, цэнхэр тэнгэр. Ай даа аргагүй л зун цаг болжээ. Алтан наран мишээн илч гэрлээрээ гийгүүлэн тоолоход “Ай нар яасан айхтар шарнам, хярвас болгох нь. Энэ хэцүү байна” гэлцэн сүүдэр газар хайн гүйлдэнэ. Тэнгэр дуугаран бороо орж эхлэхэд “Энэ усан бороо нь хэзээ зогсох вэ. Цул шавхай чийгэнд нь зүдрэх ажээ” гэлцэн тэнгэр зүхнэ. Хэдийгээр тэнгэр хангай хэлсэн ч эс хэлсэн ч хийх ёстойгоо хийдэг боловч бидний ингэж үгэндээ оруулчих юм шиг ихэрхэх нь нөгөө тогоруу газар цөмрөх вий хэмээн дээр дээр алхав гэдэгтэй адил зүйл юм. Хөдөө тал цайран бороошиж зурвас цагаан бороо их талын дундуур цэнхэртэн орж ирэхэд тэнд буй мал сүрэг амирлан тайвширч тархан бэлчих бөлгөө. Нар шатаах шахах юм гэсэн хэн нэгний гомдолд цуг яваа эмэгтэй нь “Байг хөөрхий цөөхөн юм” гэж хэлэхийг сонсоод нээрэн л тийм дээ гэсэн бодол төрж билээ. Бороо орж л байг, нар шарж л байг, дураараа л болог, битгий түүнийг элдвээр хэл. Яагаад гэвэл тэр бүгд нь цөөхөн юм хөөрхий. Тиймээс энэ бүгдийг магтан дуулахаас өөр ямар ч арга бидэнд алга. Хэдийгээр “Тэнгэр зүхээд амны гарз тэмээ шаагаад гарын гарз” гэдэг ч муу хэлж байгаа хүн харахаар дэмий санагдах юм. Ай алдрайхан зуны цагтаа бороо цайран цайран орог ээ. Нар халан халан гараг ээ. Хөхөө бөн бөн дуулаг. Амирлангуй Монгол эх нутаг минь сайхан байнам бус уу.

Categories
мэдээ цаг-үе

Орост шүүсэн шүүлт буюу үнэгүй монгол зан

Чөлөөт бөхийн Оросын аварга
шалгаруулах тэмцээнтэй холбоотой бичлэг цахим ертөнцөд шуугиан дэгдээж, спорт
сонирхогчдын халуухан сэдэв болж байна. Орос гүрэн чөлөөтийн спортоор дэлхийд
ноёлдог. Тиймээс чөлөөтийн Оросын аваргын тэмцээн дэлхий нийтийн анхаарлын төвд
байдаг. Ялангуяа олимпийн өмнө бол бүр ч нарийн нягт анхаарал хандуулах нь
мэдээж. Ийм цаг үед болсон уг тэмцээний 57 кг-ын хагас шигшээд дэлхийн хошой
аварга Якутын тамирчин Виктор Лебедев, Европын залуучуудын аварга Дагестаны
тамирчин Исмаил Мусукаев нарын барилдааны шүүлт хуурамч болсон нь гол шуугианыг
дэгдээхэд хүргэсэн юм. Тус барилдааныг шүүсэн дөрвөн шүүгчийг тэмцээнээс
хөөсөн. Хөөгдсөн дөрвөн шүүгчийн хоёр нь Монголын шүүгчид байсан.

Ялалт авсан тамирчин Лебедев
“Манай нутагт болсон болохоор намайг ялуулах гэж оролдсон. Шүүгчид миний талд
ажилласан нь надад таалагдаагүй. Олон жил хөдөлмөрлөж, хөлс хүчээ шавхчихаад
луйвардуулж ялагдахын зовлонг би мэднэ” гээд Рио-2016 зуны олимпийн их наадамд
оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн олимпийн гурван удаагийн аварга
ОХУ-ын Төрийн думын гишүүн Александр Карелин “Манай дотоодын тэмцээнийг
Монголын шүүгч шүүх болтлоо бид нэг нэгэндээ итгэхээ больсон хэрэг үү” гэж
хэлсэн нь асуудлыг бүр ч хурцатгасан. “Батгана суусан газар балагтай” гэгчээр
монголчуудын шүүсэн шүүлт ийм боллоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн
эвэр доргидгийн жишгээр орос гүрэн Монголыг зүхэж байна. Ялангуяа илт ялагдал
хүлээсэн дагестанчууд, ялсан хэрнээ хэл амтай энэ олимпод оролцохгүй гэж домог
болсон тамирчин нь мэдэгдэл гаргаад байгаа якутууд монголчуудыг нэг нүдээрээ ч
үзэж чадахгүй байгаа. Ингэж бид тив дэлхийд шившгээ дэлгэж байна.

Ер нь ганцхан энэ удаагийн
тохиолдолд алдаа гарган, хэдэн халтар цааснаас нэр хүндээ барж байгаа юм биш л
дээ. Монголчуудын өнөөдөр болж байвал маргааш хамаагүй, өөрөө л болж байвал
бусад нь хамаагүй гэх энэ өчүүхэн, өрөвдмөөр, арчаагүй сэтгэлгээ биднийг уруу
дорой харагдуулж, улс орны хөгжил дэвшлийг арагш нь улдан чангааж байгаа юм.
Зөвхөн хар амиа оторлон өнөөдрөө бодно гэдэг хамгийн ядарсан, увайгүй арга шүү
дээ. Нэг өдөр нэр төрөө хугалан байж таван төгрөг олоод нэг насаараа хэн ч биш
болно гэдэг ямар аймшигтай вэ. Үүнийг монголчууд ухаарч чадахгүй байна. Хоёр
өдрийн цаадахыг харах билиг оюун бидэнд алга болжээ.

Оросын чөлөөтийн тэмцээний
шүүлтийг худлаа болсон гэж үзээд байгаа. Магадгүй манай шүүгчдийг хахууль авсан
гэж хардаад буй. Тэр үүднээс аваад үзвэл 20 мянган доллар авсан байлаа гэж
бодъё. Баталж хэлж байгаа юм биш. Бусдын адил хардаж байна л даа. Өнөөдөр хэн
нэгэн хүн өөрийнхөө нэрийг хугалаад зогсохгүй улс үндэстэн ард түмнийхээ нэрийг
хугалаад 20 мянган доллар аваад яах юм бэ. Тэр мөнгийг цаашдынхаа 40, 50 жилийн
амьдралтай харьцуулахад юу болох билээ. Дэндүү өрөвдмөөр дүр зураг харагдана.
Тэр хүн ердөө мянган төгрөгийн үнэтэй нөхөр болоод зогсохгүй итгэл, сэтгэл,
хүнлэг чанар, жудаг ёс гээд хүний хорвоогийн бүхий л сайн сайхан зүйлийг
уландаа гишгэлээд зүгээр л нэг хүн сүг болж дуусна. Бид аливааг ирээдүйтэй харж,
өргөн сэтгэж, нэр төрөө сэвтээлгүй хадгалж үлдэх нь юунаас ч чухал гэдгийг
огтхон ч ухаарахаа больсон нь олон зүйл дээр илт анзаарагдах юм. Нэр хугарахаар
яс хугар гэдэг. Магадгүй ясаа хугалаад хэвтэж байгаа хүн “Бусдад тэгж
хэлмээргүй юм байна. Бараг нэр хугарсан нь дээр юм байна” гэж бодно.

Гэвч амьдрал дээр нэрээ хугалан
нэг насаараа хэн ч итгэхээ байчихсан, бусдын доог тохуу болж, хүн гэж харахын
эцэсгүй нийгмийн шаар шавхай болчихвол яах вэ. Хугарсан яс эдгэдэг л байхгүй
юу. Спортын шуугианаас үүдээд үүнийг бичиглэлээ. Энэ бол монголчуудын
өөрсдийгөө үл хүндэтгэж, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг умартаж,
эцэс сүүлд нь ямар ч үнэ цэнгүй болдог монгол зантай холбоотой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Муухай гоё

Хүн болгонд ойлгодог юм байдаг. Зарим улстөрч “Би нэг л юмыг ойлгосонгүй” гэж ирээд л сүрхий царайлж харагддаг. Гэтэл нөгөө зүтгэлтэн нь “Би нэг л юмыг ойлголоо” гэж ирээд мэтгэж үзэгддэг. Хоёулаа мундаг. Эхний этгээд нэгээс бусад бүх юмыг ойлгож байхад нөгөө нь ядаж нэг юм ойлгочихоод сууж байх жишээний. Гэтэл мань мэтэд бол ойлгогдох юм нэг ч үгүй болоод байдаг.

Намайг бага аа байхад нэг мэргэн хүн тааралдаж билээ. Тэр хүн “За хүү минь санаж яваарай. Ямарваа юм ойлгомжтой санагдаад эхэлбэл чи огт ойлгоогүйн тэмдэг юм шүү” гэж захисансан.

Тэр хүн миний анх бодсон шиг мэргэн биш гэдэг нь дорхноо илэрсэн боловч хэлсэн үг нь огт мартагдаагүй. Учир нь гэрээсээ мордохын өмнө есөн зоос гүйлгэж цаг агаарын прогноз хийгээд, хариуг нь 21 чулуу татаж “контрол”-доод, “Сайхан өдөр болох нь ээ” гэсэн дүгнэлт боловсруулсны эцэст цувгүйгээр гарсан боловч цагийн дараа азарган бороонд дайруулж, усан хулгана болоод эргэж ирсэн юм. Тэрээр осгоод, шүд нь зуурчихсан амьтан зуух тэвэрчихсэн зогсож байхдаа эрүү амаа тачигнуулан байж дээрх афоризмыг хэлсэн бөлгөө.

Амьдралын жаргалыг би инээд хөөр гэж ойлгож өссөн. Ойлгох юу байхав төөрөгдөж өссөн. Учир нь инээсэн үедээ жаргалтай, баяр хөөртэй байсан болоод тэр. Харин уйлсан үедээ их төлөв гомдсон, сэтгэл гундсан үе таардаг учраас нэг их хүсээд байх юм биш гэж дүгнэсэн. Дүгнэлтийг ч амархан хийсэн үү гэвэл, тийм юм аа. Гэтэл амархан ухаарсныхаа хэрээр төөрөгдөл болох гээд байх шиг байна.

Зарим хүн инээд нь хүрэхээр инээхийн оронд уурлаад байгааг ойлгохоо байсан. Манай зарим нэгэн “хошин урлагийнхан инээлгээд байна”, “хүн инээлгэхээс цаашгүй юмнууд”. “Цаашдаа инээлгэж явдгаа боливол таарна” гэж ирээд уурлаад байх юм. Би гэдэг буруу ухаарсан гайхал “хүн уур нь хүрэхээр л уурладаг” гэж бодоод байсан юм. Гэтэл инээд хүрэхээр л уур нь шатаад явчихдаг болж таарч байна. Согтуу хүнээс болгоомжлохоос илүүтэй инээд нь хүрсэн этгээдээс сэрэмжлүүлүүштэй болж таарлаа. Өндөр хүчдэлийн шон дээр байдаг хохимой дүрсийг ярзайтлаа инээсэн төрхтэй болгох гарцаагүй болов.

Орцонд пижигнэх, орь дуу хадах чимээнээр “За өнөө хулигаан чинь авгайгаа инээлгээд эхэллээ. Дандаа инээд нь хүрч байдаг мөн ч зэрлэг гар юм аа”, “Тэгнэ ээ тэр. Урьд өмнө нь зүв зүгээр барайчихсан, хөмсгөө зангидчихсан мөрөөрөө явж байдаг хүн чинь түрүүн бөөн инээд хөөр болчихсон орж ирж харагдсан”, “Зайлуул хөөрхий, инээд хөөргүйгээр амьдарч болдоггүй л юм байх даа” гэлцэх нь байна.

Тэгээд бөөн баяр хөөр болсон архичин… биш юм аа, инээдэмд нэвт орсон нөхөр нь тачигнатал хөхөрч эхнэрээ нүдээд л. “Гэр бүлийн инээвхийлэл”-д автсан хөөрхий эхнэр нь уйлж…нээрээ яалаа гэж уйлах билээ, инээх ёстой. Инээдээ барьж чадахаа байсан эхнэр нь “Амь авраарай” гэж хахаж цацан хашгирч амжив уу, үгүй юү элэг нь хөшин унаад л…базарваань гэж.

Олон нийтийн газар инээсэн, бааранд бүлэглэн хөхрөлдсөн этгээдийг цагдаа журамлаа л, “Манай гудамжаар шөнө инээлдсэн хүмүүс яваад байна” гэсэн ноцтой мэдээлэл 102-т ирээ л…

Хүмүүс инээхэд уурлаад зогсохгүй, уйлсан юманд дурлаад эхэлсний учрыг бас олохоо байсан. Үзэгч олны зарим нь “Яасан сайхан бүтээл вэ, зөндөө уйллаа”, “Зүрх зүссэн сайхан кино байна”,“Өр элэг эмтэрч үнэхээр сайхан боллоо” гээд л гарч ирцгээх юм.

Уг нь хүн зовохоороо л уйлдаг, зовох дургүй учраас л уйлах дургүй гэж ойлгосон. Гэтэл ойлгосон л бол ойлгоогүйн шинж гэдэг нь үнэн болох гээд байх юм. Хачин юм болох нь. Үр хүүхдээ сургаж, айл аймгаасаа жишээ татахдаа “Энэ хэнийхийг хар. Хань ижлээ хорин жил нус нулимстай нь хутгаад хичнээн сайхан авч явж байна”, “Уйлах дуу тасрахгүй жаргалтай айл даа” гэхчилэн магтах болох нь.

Одоо дээр нь “Сайхан юм ярилаа”, “Ерөнхийлөгч сайхан юм яриад байгаа нь таалагдахгүй байна”, “Чихэнд чимэгтэй үг сонсгодог тусгүй хүн байна” гэж уурладаг улс гарах боллоо. Бүр байчихаад, “Сайхан юм ярьдаг хүнийг жигших” хөдөлгөөн өрнүүлэх юм ярьж яваа хүн ч гарч таарч байх шиг. “Сайхан ярьдаг хүн хэрэггүй” ч гэх шиг. Эргэн тойрноо чагнаад байхад “Энэ сайхан юм ярьдаг тусгүй хүн байна. Харин тэр муухай муухай юм хэлээд байгаа хүний байр байдлыг харахад цаашдаа улам ч муухай муухай юм дуулгах ирээдүй ханхалж байна шүү” гэлцэх нь ч сонсогдох шиг.

Хүмүүс цайны цагаараа “За, сэтгэл санаа ч гэж хэрэг алга. Жаахан муухай юм ярьж сэтгэлээ онгойлгох уу”, “ Тэгье, тэгье. Амнаас нь олигтой юм унадаггүйгээрээ чи л биднийгээ жаахан жаргаагаад аль”, “Эвэр амласан мөн ч буянтай амьтан даа” гэлцэх нь байна. Иргэний эсэргүүцэгч хэвлэлийн хурал хийлгэж “Мөрөөрөө муухай юм ярьж, хүн амьтан уйлуулж явахад минь саатуулж хэлмэгдүүллээ” гэж зарлах нь.

Энэ мэтээр ойлгох юм нэг ч үгүй болоод байна аа. Ойлгохгүй байгаа болохоор сэтгэл ч амар байх юм. Харин ойлгоод эхэлбэл айдас төрөөд явчихдаг учраас тэр.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын захиргааны гурван давхар “пин”-гээ бас л буулгахгүй гэнэ

Хотын захиргааны нэгдүгээр байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байшинг буулгаж, буурин дээр нь орчин үеийн стандарт бүхий шинэ барилга барихаар болсон. Улмаар эдийн засгийн хөгжлийн газраас концесс олгох уралдаант болзлыг зохион байгуулан “Голомт фаннэйшнил” компани шалгарсан юм. Тус компани өөрийн хөрөнгөөр төмөр бетонон карказан хийцтэй зургаан давхар, нэгдсэн зоорийн нэг давхартай нийт 17037 метр квадрат талбай бүхий барилгыг хотын захиргааны гурван давхар “пин”-гийн оронд барихаар төлөвлөөд байна.

Дөчин долоон онд баригдаж, хоёр мянга долоон онд ашиглалтынх нь хугацаа дууссан байрны оронд сүндэрлэх шинэ барилгынхаа зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад буй. Гэвч хотын энэхүү шийдвэрийг ард түмэн ихээхэн эсэргүүцэж байгаа бололтой. “Түүхийн дурсгалыг устгах нь”, “хотын дарга танил тал, найз нөхөдтэйгөө нийлж идэж уух нь”, “захиргааны гурван давхар байрыг залгилахад хүрлээ” гэж баахан хардаж сэрдэн, харааж зүхэж сүйд болж байна. Энэ бүхнийг эрүүл саруул ухаанаар харж, наанатай цаанатай бодоход арай хэтэрнэ ээ.

Тарж бутарсан, салж нийлсэн, сараа саравчийг малын пин гэдэг. Дэлхийн том том хотуудын тэнгэр баганадсан орчин үеийн барилга байгууламжийн дэргэд хотын захиргааны гурван давхар шар байшин үнэндээ малын пин л байхгүй юу. Малын саравч шиг навсгар байшин түүхийн дурсгал байна гэдэг үнэндээ хэтэрсэн асуудал болно биз дээ. Улаанбаатар хотын зүрх нь болсон төв талбайн дэргэд, жинхэнэ “А” бүсэд орчин үеийн стандартад нийцсэн, машины зогсоолоос аваад бүхий л төлөвлөлтийг нарийн чанд баримталсан барилга сүндэрлэн босно гэдэг бүтээн байгуулалт биш гэж үү. Улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр концессын гэрээгээр барилга байгууламжийн ажил явагдана гэдэг өнөө цагт дэлхийн улс орнуудын хамгийн дэвшилтэт арга болсон. Хотын захиргааны байр ийм зарчмаар, олон улсын хууль дүрмийн дагуу баригдахаар болсон.

Нийслэлийн засаг ноён танил тал, найз нөхөдтэйгөө нийлж захиргааны байрыг маань залгиж байна гээд цуураад байгаа. Ингэхэд хувааж идэхгүйгээр, хэн нэгэндээ илүүчилж өгөхгүйгээр бүтдэг ажил гэж энэ дэлхий дээр байна уу. Миний бие Бат-Үүлийг найз нөхөдтэйгөө нийлээд хуваагаад идчих гэж байгаа юм биш гэж хэлж байна. Ашиглалтынх нь хугацаа дууссан “малын пин”-гийн оронд хэн нэгэн нөхөр барилга барих нь гарцаагүй. Барилга барихын тулд хотын захирагчаас хууль дүрмийн дагуу нэг нь газрын зөвшөөрлийг авч таарна. Цаанаа бас ашиг хонжоо олохыг бодож таарна. Үнэ хөлсгүй ажил хөдөлмөр, мөнгөн дүнгээр хэмжигддэггүй бүтээн байгуулалт гэж хаана ч байхгүй.

Бусдын хардаж сэрдээд байгаа шиг Бат-Үүл ойр дотнын таньдаг мэддэг, найзалж нөхөрлөж ирсэн, манайхны хэлдгээр зан зангаа авсан нэгэндээ өгсөн бол бүр чиг сайн. Учир нь андын журмыг баримталсан хүн наад зах нь хулхидаад алга болдоггүй л байхгүй юу. Хичнээн хууль дүрмийн хүрээнд ч гэлээ, нэр зүс үл мэдэх нөхөрт итгэл хүлээлгэж өгөөд адаг сүүлд нь хоосон хоцрохыг алийг тэр гэхэв. Танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг биз дээ.

Дотнынхоо хүнд бат итгэлтэйгээр өгч, найзын ёсоор тус болж дараа нь ард түмэндээ нүүр бардам байх шиг бахтай зүйл амьдралд үгүй. Ер нь явж явж хүн гэдэг чинь таньдаг мэддэг нэгэндээ тус дэм болохыг боддог шүү дээ. Тиймээс хотын даргыг “Голомт фаннэйшнил” компани буюу дотнын нөхөртөө захиргааны байраа концессын гэрээгээр өгсөн байгаасай гэж бодоод буй минь энэ.

Дотнын нөхөртөө итгэл хүлээлгээд зогсохгүй Монголын хэвлэл мэдээллийнхний нэг нүдээрээ ч үзэж чадахаа байсан, есөн шидээр нь хэлээд байгаа хүү Чулуудайдаа хариуцуулсан бол бүр сайн байна. Улаанбаатарын зүрх нь болсон төв талбайн дэргэд улсын баатар эцгийнхээ нэрийг бодоод ёстой нэг хийсэн шиг хийж, барьсан шиг барьж, нүүр бардам хүлээлгэж өгөх байлгүй. Эцэгтээ хийж өгч байгаа юм шиг хандана, хүний хүү тийм л байдаг хойно. Эр хүн ямар ч үед төрсөн хүүдээ итгэдэг. Хүний амьдралд энэ бол бичигдээгүй хууль юм.

Дэлхийн том том хотуудыг үнэндээ яаж боссон гэж бодно. Бурхан тэнгэр тэднийг гэнэт бий болгочихоогүй. Таньдаг, мэддэг нэгэндээ итгэдэг амьдралын зарчмаар явсан нь мэдээж. Хүн төрөлхтний нүдийг булаадаг Нью-Йорк хотын Манхэттен гэж дүүрэг бий. Манхэттений тэнгэр баганадсан, хийц дизайны жинхэнэ урлаг, өнгө гэрлийн гайхамшиг болсон барилгуудын түүхийг аваад үзье. Яг үнэндээ бол Нью-Йорк хотын захирагч таньдаг нэгэндээ газрыг нь өгч, орчин үеийн гол мөрдлөг болсон “концессын гэрээ”-гээр авсан нэг нь бас жаахан ашиг олох гэж хөдөлмөрлөж зүтгэсний хүчинд өнөөдрийн Манхэттен сүндэрлэсэн.

Олон улсын жишиг хотуудын бүтээн босголтын түүх ийм. Хүний нийгмийн хөгжил дэвшил ингэж бий болдог. Үндсэндээ олон танилуудын хоорондын итгэлцэл, хэн нэгнээ хүндэтгэсэн хүндлэл, ирээдүйгээ харсан зөв ухаарал, эрмэг зоримог алхам дээр тогтдог байна. Аль ч нийгэмд найз нөхөд, танил талын хүрээний итгэлцлийн гагнаас, түүнийг холбосон хүнлэг чанар байж улс орон оршин тогтнох дархлаа нь болдог. Социализмын үед ч хэн нэгэн нөхөр таньдаг дарга дээрээ ороод “Наад ажлаа манайд өгчих. Унац нь хаачихав” гэж ярьдаг байсан.

Монголчууд бид аливаа зүйлийн учир мэдэхгүй, дэндүү харанхуй бүдүүлэг байгаагийн илрэл юм бүгдээс харагддаг. Анагаахын шинжлэх ухааны гол төв болсон, бидний хүсч мөрөөдөөд хүрэхээргүй эмнэлгийг Японы Засгийн газрын тусламжтайгаар Монголд барья гэтэл “империалистуудаар амиа авруулахгүй, энд мод тарина” гэж өвчигнөцгөөсөн. Энэ мэт эх оронч царайлсан хийрхэл, энэ олон жагсаал цуглаан эвсэл, дээрээс нь ашиг сонирхлын зөрчлийн гэдэг ч юм уу, ард иргэдээ гэнэт баяжиж, хөрөнгөтэй болохыг эсэргүүцсэн хууль зай завсаргүй “нүдэж” байхад Монголд Манхэттен шиг өндөр барилга босохгүй. Үндэсний хөрөнгөтнүүд, баялаг бүтээгч үнэт капиталууд бий болохгүй, харин түүнийг эсэргүүцэгч, нураагчид үй түмээрээ үржиж буй цагт улс орон яаж хөгжих юм.

Уул уурхай, ашигт малтмал, барилга байгууламж, бүтээн байгуулалт гэсэн бүхэнд саад тээг болж, хий хоосон хийрхэцгээж, огтоос амьдралгүй зүйл ярьж харанхуй бүдүүлэг байхаа больё. Аливаад ултай суурьтай ухаалаг хандаж, дэлхийн хөгжил дэвшлийн нэгэн жигүүр болсон Улаанбаатар хотыг хамтдаа цогцлоон босгож амьдрах хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Миний офшоор амьдрал

-ФЕЛЬЕТОН-

Анхны офшоорыг илрүүлсэн гавьяа хүүхнүүдэд ногдоно. Нөхрийнхөө цамцыг индүүдэж байгаад хармайнаас нь 100 цаас илрүүлсэн эхнэр нь “яадаг шаар вэ, овоо муу шаар вэ” хэмээн бархирсаар гарч ирсэн гэдэг. Эхнэрийн хараал он цагийн эрхээр “Овоо шаар” болтлоо товчлогдсон агаад латинаар галиглагдахдаа “оф шоор” гэгдэж эхэлжээ. Офшоор үүссэн ёс тэр бөлгөө.

Мянга мянган жилийн турш, оёдолчид эр хүний госчоомны нууцгай хэсэгт офшоор халаас гаргасаар… хүн төрөлхтөн офшоор хоёр хүйн холбоотойг гэрчилсээр… Харин имж бол байгалиас заяасан офшоор халаастай амьтан гэдгийг зоологичид нэгэн дуугаар зөвшөөрдөг.

Орчин үеийн офшоорын жишээ болсон Панама гэдэг нэр нь сийрсэн малгайныхаа хүрээнд 100 доллар хавчуулаад жил тойрон баригдалгүй пяавдаж чадсан латин эрийн баатарлаг түүхтэй холбогдоно. Мөнгөө амжилттай офшоордож байсан панама хэмээх сийрсэн бүрхнийх нь нэр ийнхүү мөнхөрсөн бөлгөө.

Хүн төрөлхтний түүх офшоороор баялаг. Монгол нутгаас эртний офшоорын үнэлж баршгүй олдвор нээгдсээр. Хадны хөндийд хичээнгүйлэн нуусан шаант чөмөг Гурван цэнхэрийн

зарим болчимгүй этгээд олон хоносон офшоор хуушуур зарж, хүний гэдэс өвтгөсөн тохиолдол ч байдаг.

Социализмын жилүүдэд монгол малчид олон тооны хонь ямаагаа офшоордон тооллогоос нууж байсан хэмээнэ. Тэр үеийн хотошсон монголчуудын хамгийн түгээмэл офшоор нь хэдэн

цалингаасаа “жимийсэн” мөнгөөрөө авгайдаа хэлэлгүй бүрдүүлсэн бол яах аргагүй офшоор хадгаламж болно.

Томчууд нуудгайгаа “офшоор эхнэр” гэж нэрлэх болсон ба “Офшоорындоо хонолоо, офишиалынх руугаа гарлаа” гэхчилэн ярилцах болжээ. Хүний эрхийг хамгаалагчид “офшоор

зарим эрхтнийг ч офшоор эрхтэн гэж нэрлэх санал гарчээ. Гарч байгаа төдийгүй нийгмийн халдварт өвчнийг анагаадаг нэгэн эмнэлэг “Офшоор эрхтний эмнэлэг” гэсэн хаяг зүүсэн харагдана.

Хууль зүйн яамны эротикийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний биеийн офшоор хэсгүүдийн зураг дүрсийг үзүүлэхгүй бөгөөд офшоор эрхтнийг харуулах болбол сээтэг тавих юм уу “+18” тэмдэглээ хийнэ” хэмээн зааварлажээ.

Нохой энд тэнд шороо ухаж, булууны яс нуух дуртай байдаг үзэгдлийг судалсан эрдэмтэд “хүний нөлөөгөөр гэрийн тэжээмэл амьтанд үүссэн офшоор инстинкт” хэмээн дүгнэжээ. Гэрийн муур баасаа нуудаг занг ч үүнтэй холбон тайлбарлаж байна.

Бидний эргэн тойронд “Цаадах чинь офшоор хадгалж чаддаггүй ам султай хүн”, “асуудлыг офшоор байдлаар энүүхэндээ ярилцъя”, “ төрийн офшоор задлаад асуудалд орсон гэнэ” гэхчилэнгийн яриа гарах болсон нь манай гариг офшоорлогдож байгаагийн жишээ гэлтэй.

Шинэ юм амархан ээнэгшдэг хойно, ачийнхаа шинэ дээлийг мялааж буй өвөө нь “Хойд хормойд нь хоёр офшоор, дотоод хормойд нь долоон панаам…урт настай удаан офшоортой…”хэмээн ерөөж, цаад бацаан нь сэтгэл хангалуун толгой дохиж байсан гэдэг. Гэхдээ энэ юу ч биш. Саяхны нэг шүүх хурал дээр гэрчийн этгээдийг дуудаж босгоод, Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад “Би офшоордохоо, зөвхөн офшоордохоо амлая” хэмээн андгайлахыг шахсан гэж байгаа. За танилцах зар бол аль хэдийнэ “офшоортой хүнтэй, нас харгалзахгүй …” хэмээн эхэлдэг болоод удаж.

Офшоор ёсон шашныг ч тойрсонгүй. Тэдний номлодгоор бүрлээч болсон хүний сүнс 49 хоног офшоор зоонд байж байгаад дараа нь төрлөө олдог гэнэ. Хий үзэгдэл, чөтгөр гэдэг бол офшоор хүн юм байна. Сая л дууллаа.

Офшоор судлаач миний бие энэ ажлын амтанд хар нялхаасаа орсон гэхэд болно. Эмээ маань айхавтар офшоорч нэгэн байсан ба миний дуртай чихрүүдийг орны хөндий, дэрийн ширгүү зэрэг офшоор зоонуудад байнга нуух боловч ард түмний хурц хараанаас мултарсан удаа нэгээхэн ч үгүй. Нэг удаа аргалын бүтээлэг доогуур офшоордсон гялгар ууттай чихрийг илрүүлсэн нь санаанд үлджээ. Төрөлхийн антиофшоорч үзэлтэй төрсөн миний бие эд мөрийн баримтыг барьсаар үнээ сааж байсан ард түмэн дээр очиж, эмээгээ илчлэн шударга гарын жаргалыг амссанаа сананам. Эмээ маань эргэн тойрон байгаа үхрүүдийн нүдэн дээр намайг яаж ч чадаагүй учир дэмий л хацар дээр үнсээд хоёр чихрээр авлигадсан бөлгөө. Тэр цагаас хүний өөрийн ялгаагүй офшоорыг илчлэх нь ихээхэн унацтай ажил гэдгийг ухаарсан болно.

Сүүлийн үед шинжлэх ухааны салбаруудад офшоор аргачлал нэвтэрсээр. Монголын говиос олдож буй үлэг гүрвэлүүд бол нэг ёсондоо офшоор зоонд үлдсэн амьтан гэх үзэл ихээхэн хүчтэй болов. Саяхан олдсон нэгэн үлэг гүрвэлийг Панамын дуулианыг бэлгэдэн Панамус офшоорзаврус хэмээн нэрлэх болсон байна.

Нээрээ, Панамын сүлд дуулал “Дархан манай офшоор улс…” гэж эхэлдэг, хүмүүс нь офшоор эрхтэн дээрээ гараа тавьж байгаад дуулдаг гэж сонссоноо хэллүү яалаа, хэлээгүй дээ ч яахав дээ.

Categories
мэдээ цаг-үе

Баянхайрханы бараа буюу Долгорын Нямаагийн тоонот

Түрүү жилийн намар, есдүгээр сарын аравдаар төрийн шагналт найрагч Долгорын Нямаагийн нутаг Дэл Хөнжлийн (Дундговийн Өлзийт) уулсад очоод ирсэн юм. Дэлийн ханан хадны ер бусын бичээсийг үзэж, Баянхайрханы барааг сэтгэл дэнслүүлсэн намрын тунамал үдшээр нэг харахсан гэх хүсэл биелж, тэрхүү уул усны эзэн уянгат найрагчтай дөрөө харшуулан тоонотыг нь зорьсон бүлгээ. Эрхэм найрагчийн нутаг савир савир цагаан бороотой угтлаа. Есөн сарын бороо бол говийнхны хүсэн хүлээдэг эм тодын бороо ажгуу. Унаган нутаг нь, намрын хөхөмдөг говь нь ингэн тэмээний нулимс шиг асгаранхан угтахуйд Мандалговийнхоо манхайсан хөх тэнгэрийг чухам л ижийгээ санасан хүүхэд адил зүүдлэнхэн ирсэн найрагчид жигтэйхэн сайхан байгаа нь илэрхий.

Улаанбаатар хотоос нутгийн зүг хөдлөхүйд мань хүн хөг аялгуу нь орчихсон хуурын чавхдас адил уянгатай байв шүү. “Эртний домог шиг буурал тал, эргэн тойрон чимээ алдарна. Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана” гэх шүлгийнхээ мөрүүдээс уншаад л. Хөөр баяраа тэгтлээ ил гаргаад байдаггүй нууцлаг хүн чинь булгийн ус шиг оргилж ундраад, бадарч өгдөг байгаа. “Оддын дунд” гэж дуудахдаа бүр нэг долгионтойгоор тэсрэмтгий хэлж байна. Яг л гайхам шүлгүүдийнхээ гүнзгий цохилт шиг оюун бодолд туяа татуулнам. Халуун сэтгэлийнх нь илэрхийлэл ч болдогсон уу, ямар чиг л байсан Дэл Хөнжлийн уул нь “эм тодын бороо”-тойгоо угтлаа. “Есдүгээр сарын сүүлч хавиар говьд бороо орж, нэг хэсэгтээ дулаарч ногоо хэнзлэх үест эм барьдаг хүмүүс говь руу бэлчинэ. Эмийн ургамал хамгийн сайн боловсордог үе л дээ” гэж төрийн шагналт Л.Хүрэлбаатарын бичсэнийг Нямаа ах номондоо оруулсан байдаг. Эм тодын бороо гэдэг ийм учиртай.

Дэл уулынхаа бэлд намаржиж буй Сумъяагийн Батбуянгийнд хүрч очлоо. Зэлнээс уяатай хэдэн ботго зүсрээ бороонд налмайтал норчихсон, салхины нойтон алгадалтад жиндүүхэн харагдана. Хонь, ямаа нь гэрийнхээ хаяанд тургилан зогсоцгооно. Ганц нэг борлон “УАЗ 469”-ийг нөмөр татан бээвийгээд, хатавч хавиар нохойн хэвтрийн нойтон эсгийг булаалдах янзтай. Ёстой л нөгөө намрын усан бороо яндан дагаад урсаж байх үест зорьсон айлынхаа босгыг дуу шуутайхан алхлаа. Батбуян гэж долгио татсан бужгар үс, нургилсан зөөлөн яриа, намуухан инээмсэглэлтэй хижээл насны эр. Гэргий Дуламсүрэн нь унд ус сайтай, үг яриа цэгцтэй, олонтой газар явж сурсан хүн шиг элбэг тэнүүн нэгэн ажээ. Тэднийх түүх дурсгалын хосгүй үнэт өв болсол Дэл уулынхаа элгэн хадыг эмжээрлэн дөч гаруй жил тэмээ маллан нутаглаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Жанлавын Наранцацралтын удам угшил “хүүхэнүүд” овгийнхноос Дэл уулынхаа дэнж дэвсэгт тэмээн буйлаатай голомтоо сахиж үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь Батбуян юм билээ. Намрын говийн тэрхүү аян замыг санаачилж, хангай газрын хүү надад халуун говио үзүүлэх л гэж элгэмсэг сэтгэлээр эрмэлзсэн нандин нэгэн бол “Дэл уулыг хамгаалах сан”-гийн тэргүүн Бичээчийн Батмөнх. Тэрээр элбэг тавиухан энгэр бэл, хормой юугаас нь зүүгдэн өсч өндийсөн унаган нутаг-Дэл уулаараа гоёж, омгорхон бахархдаг буюу. Гэхдээ зүгээр нэг цээжээ дэлдэн орилоод байлгүй ханан хадныхаа судалгаа, шинжилгээний ажлыг нарийн нягт хариуцаж, Монголын нэртэй эрдэмтэд, бичиг соёлын зүтгэлтнүүдийг ээлж дараалан Дэл ууландаа аваачиж, манай эриний өмнөх хоёр мянган жилээс хорьдугаар зууны дунд үе хүртэлх оюуны болон эдийн соёлын үнэт өв болсон баялаг түүхтэй нутгаа нүдээр үзүүлж, бахархал гээчийг амсаж чаддаг нүнжигт нэгэн билээ.

Нямаа найрагч, Батмөнх тэргүүн, Батбуян гурав зулайгаа гишгэж төрсөн ах дүүс гэдгийг миний бие аяны замд мэдэрсэн. Хөнхөр гэж хүний гурван хүү ажээ. Зүс царай, үг яриа, байр байдал, аливаад хандах хандлага, тийм нэг эрхэмсэг нандин чанар нь яалт ч үгүй нэг эцгийн хүүхдүүд мөөн. Өдөр шөнийн зүсрээ бороонд гэрийн бүслүүр чивчирч чангараад хоёр багана нь сул гэгч ганхаж байна. Бага дүүгийндээ ирсэн хоёр ахын сэтгэл өрхөн дээр чимээ татуулан, өвчүүн цаана уянга эгшиглүүлэн, өлгий нутагт нь жаргал амсуулан буй усан болор рашаан шиг дэлгэр сайхан. Баянхайрханаар нутагтай, Андал гэж дал мөрөө хөдөлгөсөн хэнхгэр эр байна. Батбуянгийнхаа гэргийгээр тогоо тавиулаад, ганц нэг усаар авч галын хөх дөл бадарсан таргийн нэрмэлээс шимсэн шигээ, намрын уйтан бороонд халмагхан суугаа нь тэр. Халхын Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойн Есөнзүйлийн даншигт ажнай хүлгүүдээ уралдуулж явсан аатайхан эр. Уртаа гэгч цагаан гаанс зуугаад, торгон дээл бэлхэмзэлчихсэн суугаа нь “Хүргэн хүү”-гийн хоргой Хайдав шиг харагдаж билээ. “Нямаа ах та маргааш Андалынхаараа орно биз дээ. Баянхайрханы чинь баруун суганд шүү дээ” гэв.

Найрагч эртээ босчихсон гэрийн зүүнтэйх номын хуудас шиг давхраатай нимгэн хаднуудын өндөрлөг дээрээс Баянхайрханыхаа барааг харан баясан зогсох ажгуу. Их найрагчийн шүлэг дуулалд мөнхөрч ижий аавынх нь дүрийг, багынх нь цангинасан дуутай хамт хадгалж үлдсэн хайрхан нь тэртээ өмнөдөд цайвалзан харагдана. Ууцаа үүрч, бас ч үгүй санаа алдангуй багагүй хугацаанд зогслоо. Би гэдэг хүн ботгоны зэлийг ажин, эрдэнийн гоёмсог чулуудад нүд унаган, үнэхээр л таана хэнзлэх намрыг сэтгэлдээ шингээж алхсан шигээ найрагчийг бараадан, мөрийг нь түшин зогсож буй минь энэ. “Дэл Хөнжлийн уулаас тэгтлээ холдож үзээгүй би гэнэтхэн Москвад хөл тавьж, Горькийн сургуулийн оюутан болохуйд Баянхайрхан минь үе үе санагддагсан” гэв.

Ингээд бид төрийн шагналт найрагч Долгорын Нямаагийн төрсөн тоонот Хирс таван толгойн Үүдэн бууц, яруу найргийнх нь шүншиг оршсон Баянхайрханых нь зүг хөдөллөө. Замын хажуугаар хайлаас сүглийлдээд, сухай нэлдээ ягаарч харагдана. Загийн багсайлдаж байгааг хэлэх юм биш. “Манай нутаг ч үргэлж ийм байдаггүй. Өнөө жил онцгой сайхан байна. Наян хэдэн оноос хойш бараг ийм байгаагүй байх шүү” хэмээх яриа зам зуурт өрнөв. Дэлийн уулс тэр чигээрээ номын хуудас шиг нимгэн хавтгай хар хад ажээ. Хөндийг нь хуудас хэмээн нэрийдэх нь бүр чиг утга агуулгатай. Ном судраас өмнө гарсан нэр гэдэг нь тодорхой. Харанхуйн амны элгэн хаднаа дөнгөж саяхан цохиод орхисон юм шиг маанийн зургаан үсэг тодорч харагдана. Батбуян ахынхаас хөдлөн Дэлийн хадны сэжүүр бараадасхийгээд л түүх дурсгалын бичээсүүд нь угтаад авна даа. Баруунтаа Гөлий тооройн уул, урдхан Гурван ухаагийн уул харагдана. Гөлий тоорой ардын жүжигчин Нямын Дагийранзын төрсөн уул юм. Гурван ухаагийн сондуул дундуур явах мөчид “Амьдралын хүрд” киноны очир алмаазын эрдэнэс олдог тэрхүү газар нутагтай яагаад ч юм адилхан санагдаж билээ.

Ийн бодолтой зэрэгцээд л Нямаа найрагчийн “Тэнгэрийн хаяа” номынх нь хавтсан дээр ханарч байдаг Баянхайрхан дүрээрээ харагдах нь тэр. Эргэн тойрон дахь элгэн хар уулсын дунд Баянхайрхан буюу Хонгор хайрхан цахивар цайвар өнгөөр гэрэлтэнхэн сацарна. Найрагч нэгэнтээ “Миний нутгийн онгод оргил нь энэ цагаан шаргал хайрхан” хэмээн хэлсэн байдаг. Алс баруун хязгаараас Буурал угалз (уул) хэмээх хөгшин баяны эхнэр болохоор залагдсан Хонгор бүсгүй зуур замдаа дургүй нь хүрч суун туссанаас энэ хайрхан тогтсон домогтой. Цааш явахгүй гэхдээ дээл хөнжлөөр биеэ ороосон нь эдүгээгийн Дэл Хөнжлийн уулс гэнэ. “Сүхбатын нутаг Баянхонгорын Шинэ жинстийн уулнууд цайвар шаргал өнгөтэй юм билээ. Тэндээс ирсэн байж мэдэх юм. Тэгээд Хонгор нэрээ хадгалсан байж болох” гэв. Сүхбат гэдэг нь “Сэгс цагаан Богд” найраглалын гол баатар тэмээчин бүсгүй. Амбасэлмаа гуай уг найраглалын гол баатрууд болох Сүхбат, Нямаа нарыг дөчин дөрвөн жилийн дараа уулзуулсан. Тэрхүү учрал ерөөлийн тухай, “Сэгс цагаан Богд”-оос улбаалж Пүрэвдорж гуайн тухай зам зуурт дурсамж дурдатгалын хуудас дэлгэгдэж явсан.

Баянхайрхан бол яалт ч үгүй барааны газраас харагдан, элэг зүрх уясуулан долгилуулж, энгэр бэлд нь төрсөн хүн байтугай эрхэмсэг дүрийг нь нэгэнтээ харсан бүхэнд хэзээд ч мартахааргүй, яруу найргийн онгод билгийн их уул юм. Сэтгэл зүрхэндээ эрдэнийн чулуу адил хадгалж явдаг найрагчийнхаа хамт, авьяас билгийнх нь шүтээн их уулсынх нь дэргэд зогсохуйд өөрийн эрхгүй Улаан хадаа мэлмэрүүлэн санаж, яруу найргийн тэнгэрлэг бодолд умбасан даа. Тэр жилийн намрын ухаа хонгор өдөр Долгорын Нямаа найрагчтай буурал Бадарчийнд нь анх танилцаж сэтгэл ойртох болсноор, дараахан нь Сулинхээрийн хязгаар Эргэлийн зоонд хамт очиж аян зам нийлсэн нь улмаар “Тэнгэрийн хаяа”-г нь гардаж ер бусын гайхамшигт ертөнцийг өөртөө дахин дахин нээсэн нь энэхүү тэнгэрлиг хайрханд нь сүслэн залбирах хувь тохиожээ хэмээн санагдсан бүлгээ. Ерөөс “Тэнгэрийн хаяа” туурвилыг нь элгэн халуун сэтгэлээр дээдэлсний шүншиг оршлоо гэж бодсон. Эл бүхнээ найрагчтай хуваалцан жүнз харшуулаад төрсөн бууцан дээр нь очсон юм.

Өмнө нь Хирс таван толгойн Үүдэн бууцанд буурал Бадарч нь хамт ирж, шүлэг найргаа дуудаж байжээ. Найрагчийн төрсөн бууц газар нутгийн хуваариар бараг л Өмнөговийн Цогтцэций рүү хэлбийж байгаа ажээ. Үүдэн бууцны урдхануур Шанхын уул ханарч, хүрэн улаан тэмээд багширна. Говь шанхын нутаг гэдэг нь энэ ажгуу. Төрсөн бууцныхаа эхийн сүү нэвчсэн зөөлөн шороон дээр хөрвөөн аргалын гал уугиулж, арц хүж сангаа тавьж, чулуун гэрээ эргэн тэмээ, ямаагаа бүртгэн “Хирс таван толгойн Үүдэн бууц” хэмээх шүлгээ дуудахдаа зэрэгцээд хэсэгтээ завсарлаад байсан бороо дахиад л асгарч эхэлсэн юм. Нямаа ах минь элбэрэлт ижийгээ дурсаж, өөрийг нь төрүүлэх гэж олон хоног дуншиж өвдсөнийг нутгийн хөгшдөөс сүүлд сонссоноо хэлж, элгэн далдуураа мэлмэрч байлаа.

Гэрийнхээ гадаа хүрэн улаан тэмээдээ багширтал хураасан айлын гадаа давхиад буутал төөрсөөр төрөлдөө гэдэг шиг Хөнхөрийн хөвүүдийн хүргэнийх байдаг байгаа. “Шижиртэн туяарах говь минь шинэхэн айл шиг өнгөтэй дөө” гэдэг шиг Цогтцэцийгийн Нэргүйбаатар гэж тэвхийсэн залуу эр гэргийн хамт угтаад авах нь тэр. Ингэний хуруу зузаан ааруул таваг дүүрэн өрж, хатавчнаасаа нэрмэл гаргаж задлаад сүрхий юм болов. Ажиг ч үгүй суутал алдарт Долгорын Нямаа ороод ирсэн нь хэрдээ л бажига авахуулах нь мэдээж. Нэргүйбаатарын нэрмэлд дөрөө чангалсан бид Хонгор хайрханы Алаг зандангийн агуйгаар орлоо. Эрт цагт сайн эрс орогнож байсан томоохон таван ханатын зайтай агуй дотор түрхэн саатаад уруудахуйд Нямаа ах Баянхайрханыхаа алтан харганыг дээжлэн барьж, бүтээл туурвилын ерөөл өргөсөнд бэлгэшээж билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Лалар толь

-ЛАЛАРИСТ ФЕЛЬЕТОН-

Сүүлийн үед “лалар”, “интерлалар”,
“монлалар” гэхчилэнгийн хэллэг моодонд орсон билээ. Цаг үеэ соргог мэдэрсэн Шинжлэх
ухаантнууд (судлаач гэдэг үг лалартаад шинжлэх ухааны нэршилд тохирохоо байсан,
хүмүүс ад үзсэн нэгнээ “Чи муу судлаач” гэхчилэн хочлох болсон учраас дээрх хэллэгийг
түр хэрэглэж байгаа) “Лалар тайлбар толь”, “Лалар-монгол толь” зэргийг зохион гүйлгээнд
оруулжээ. Уг толийн зарим үгсийг дор ишлэн авлаа.

Лалар (лат:lalarum, грэг:Лальфа,
араб:Аль лалар, хят: Ла Лоа, орос: ла ля ) нууцаар матагч, нэргүй мэдээлэгч, нэрээ
нуух юм уу хүний нэр барьж муу юм бичих, хов хутгах ёсон. Лалраар ажилладаг хүн.
Латин хэлний la, la, rum буюу лаа, лаа, ром (ром дарс) гэсэн гурван үгнээс гаралтай
гэж лаларзүйчид лалартдаг. Эртний Грэгт лалрууд харанхуйд лалартаж лалартчихаад
хүнд баригдахаараа хэд хэдэн лаа асаан гэрэлд нь ром дарс ууж байгаа дүр үзүүлдэг
байснаас энэ нэршил үүссэн гэх.

Лаларизм. Лалартахуйн ухаан

Лаларзүй. Лалартахуйг судлах ухаан

Лаларист. Тууштай лаларч

Лаларчин. Лалраар ажиллаж буй эрэгтэй.

Лалармаа. Лалраар ажиллаж буй эмэгтэй.
Заримдаа лаларчны гэргийг нэрлэх ёсон буй.

Лалархан. Залуухан, ялдам лалармаа

Лаларжин. Улс төрийн хов хутгуулахаар
хааны ордонд шургалуулсан хүн.

Лаларжендерист: Лалруудын хүйсийн
тэгш байдлын төлөөх үзэл. Эмэгтэй лалрыг төрийн хэрэгт оролцуулахыг дэмжигч. Монголын
лаларжендеризмыг үндэслэгч нь Турхан хатан гэж үздэг.

Лаларжуулагч: Лалар юм найруулагч

Лалагнуулах: Хэн нэгнийг лаларталтад
татан оруулах

Лаланин: (бүт.нэр: Лаларимир Лаларыч
Лаланин)Лалакс, Лалекс нарын хамтаар Лаларизмыг үндэслэгчдийн нэг бөгөөд “Орон бүхний
лалрууд, Лалартагтун” хэмээх уриаг зохиосон гэж үздэг.

ЛАСЕМ. Ази Европын лалруудын байгууллага

ЛалариСТА. тэргүүний лаларт олгох
цол.

Лалартах уу, эс лалартах уу: (анг.
Lalar be or not lalar) гүн ухааны лалар асуулт.

Лаларлаг лаларчууд: Шинэ лалруудыг
эрэн сурвалжилж тодруулах үйлийн нэр. Хуучин “Сайн дурын лалруудын улсын үзлэг”
нэртэй байсан.

Лаларзиндаа: Лаларистуудын нийгэмд
эзлэх зэрэг дэв. Жишээ нь,

Жөтөөч: Бэлтгэл шатны лалар

Ховч: Анхан шатны лалар

Матаач: Ажил хэрэгч лалар

Төрийн хутгуур: Эрхэм дээд зиндааны
лалар.

Лалрын гурван үнэн: Лаларизмын тулгын
чулуу болсон гурван зарчмын (Лалар иймэж: Нүүрээ нуу. Лалар мессэж: Би тэгээгүй.Лалар
зарчим: Араас нь хутгал) нэр.

Лаларжмэнт: Лалар аргаар таашаал
авах ёсон. Жишээ нь, хамгийн сайн андаа нууц нэрээр гутааж гутаачихаад юу ч болоогүй
юм шиг очиж сэтгэлийн дэм өгөн нүүр тал олох.

Лаларшуулах хэллэг: Лаларлаг ярианд
сургах дадлагын хэллэг: “Лалрын лалрыг л лалрын лалар гэхгүй юм бол ямар лалрын
лалрыг лалрын лалар гэх юм бэ” гм гм.

Лаларшил: Дэлхийн даяараа лаларшиж
байгаа ноцтой үзэгдэл

Хавтгай лалар: Лаларшлыг үзмү.

Лаларбижан: Лалруудын дуртай хоолны
нэр.

Аманлалар: Матаач-ийг үзмү.

Интерлалар: Интернэт орчинд нэрээ
нуух юм уу, хүний нэрээр коммент бичих

Антилалар программ: Лалруудаас хамгаалах
антивирус программ.

Нэргүй мэдээлэгч: Хууч. ХХ зууны
лалар. Интернэт орчин үүсэхээс өмнө Ардын хянан шалгах хороо, намын хянан шалгах
хороо, Дотоод яам зэрэг газарт нууц нэрээр коммент бичиж, найз нөхөд болон дургүй
нэгнээ хэрэгт оруулж, шоронд хийлгэдэг байсан лаларчны нэр.

Матаач: Аман лалрын хуучин нэр.
Коммент бичихийн оронд нууц цагдаагийн газар зэрэгт биеэр очиж ховлоод, “намайг
хэлсэн гэж битгий хэлээрэй” гэж гуйдаг этгээд. Сүүлийн үед лаларжилтын дэвийг илэрхийлэх
хэллэг болсон…гм гм.