Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Түүхээ хүндлэхгүй уламжлалаараа бахархахгүй юм бол яаж миний эх орон гэх юм бэ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цүлтэмийн Мөнхжинтэй ярилцлаа.

Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

Сүүлийн үед шинэ зурагнууд зурж байна. Би ноднин арван сараас дөрвөн сар хүртэл Бугат хотод ажиллаж байгаад ирлээ. Уран бичлэг бичдэг Бугат хотийн уран бичигчдын нийгэмлэгийн дарга хятад хүн Ц.Энхжин бид хоёрын зургийг сонирхож үзээд тэнд “Энхжин Мөнхжин” гэж урлагийн төв нээн орон даяар мэдээлэл түгээе гэж санал тавьсан юм.

Хоёр улсын харилцааг соёл урлагаар улам баяжуулъя, хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготой, гэрээгээ хийгээд ашгаа хувааж авах эдийн засгийн сонирхолтой юм билээ. Тэгээд хятадын зураачдыг тэр хүн төлөөлөөд хамтран ажиллахаар болсон юм. Надад гурван өрөө байр гарган өгч, орчуулагч, жолооч, хоол унд гэх мэт бүх зардлыг гарган жилийн гэрээ хийсэн. Гэхдээ би долоон сар ажиллаад ирсэн. Байгаад байвал байгаад л байхаар юм билээ уг нь.

Мөн Хөх хотод дөрвөн сарын сүүлээр Оросын Эрхүүгээс ирсэн зураачтай мөн Хятадын галлиграф уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж танилцуулаад ирсэн. Гурван улсын найрсаг харилцаанд урлаг соёлоор дэмжиж хувь нэмрээ оруулж байна гэсэн утгатай үзэсгэлэн болсон юм. Бид хоёрын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт бие даасан байдалтай гурван улсын туг далбаатай, улс төрийн их ач холбогдол, агуулгатай болсон. Бие биедээ хүндэтгэлтэй хандах гурван улсын харилцаа гэдэг нарийн журамтай юм байна лээ. Удахгүй Бугатын нэг том компанитай хамтран, тэр хүн зохион байгуулж Бээжин хотын орчин үеийн том уран барилга дотор тусгай зааланд энэ үзэсгэлэнгээ гаргана. Тэнд урлаг, эдийн засгийн янз бүрийн арга хэмжээнүүд явагдана. Тэдний нэг нь манай үзэсгэлэн юм. Бээжин хотод ажилладаг Тавингурав гэж Өвөрмонгол хүн надад орчуулагч хийж биднийг холбож өгч байна.

-Гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байхад монголын урлагийг хэр хүлээж авдаг вэ?

-Би Австрали, Латин Америкт үзэсгэлэнгээ гаргаагүй. Арабын орнуудаас бусад орнуудад гаргасан даа. Миний өөрийн туршилгаар бол жирийн үзэгчид үзэсгэлэнгийн танхимд орж ирээд үзэж сонирхоод л худалдаж авдаг. Гэхдээ хүн үзэхгүй зарагдахгүй байна гэж байхгүй. Цөөвтөр зарагдах үе бол байна. Япон, Германд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бусад нь дандаа хамтарсан үзэсгэлэн. Бүх юм гэрээтэй явагддаг. Ашиггүй үе гэж бараг байгаагүй. Америкийн Нью-Иорк хотод болсон үзэсгэлэнд миний гурван зургийг тэнд амьдардаг Ганхуяг гэж залуу оролцуулаад гурвуулаа л зарагдсан. Тэгэхээр Ц.Энхжин бид хоёр гэлтгүй манай зураачид ингэж л ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч явна даа.

-Зураг зураад амьдрахад Монголд ер нь боломж байна уу? Зураачдыг төр засгаас хэр дэмжиж ажилладаг вэ?

-Манай Төр Засаг гадаад орнууд шиг мөнгө өгөөд зургийг нь худалдаж авах нь байтугай жирийн хүмүүсийн талхыг ч дийлэхгүй байна шүү дээ. Жишээлбэл Соёлын яамны урлагийн сангаар дамжуулаад зураачдын зургийг уран зургийн галерей, улсын сан хөмрөгт худалдаж авна гэсэн тогтоолтой юм. Тэгээд Засгийн газраас мөнгө гаргаад жилдээ тавин саяыг өгдөг. Манайд албан ёсоор Урчуудийн хороонд бүртгэлтэй таван зуу гаруй зураач байна. Гишүүн болоогүй олон хүн цаана нь байгаа гэж бодоход тавин сая бол тал жипний үнэ ч хүрэхгүй шүү дээ. Тэрийгээ сүүлийн хоёр жил бараг өгөхгүй байгаа. Зураач хүн чинь “хоол идэхгүй биш” иднэ шүү дээ. Тэгэхээр зэрэг манай Төр засаг урлаг соёлынхноо хаячихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Төр засаг чамайг сэтгүүлч гэж намайг зураач гэж ялгалгүй бүгдийг нь тэжээх үүрэгтэй шүү дээ. Хубилай сэцэн хааны үг байна. “Ард олон гэдэг бол улс орны үндэс. Ард олны үндэс бол идэх өмсөх юм” гэж. Тэгэхээр улс орон ард олонгүй бол байхгүй болно биз дээ, ард олон нь идэх хоолгүй өмсөх юмгүй бол байхгүй болно биздээ. Манай төр засаг сүүлийн хорин зургаан жил ард иргэдээ хангаж чадахгүй байна шүү.

-Таны аав Н.Цүлтэм гуай Барилга архитектурын чиглэлээр олон цуврал ном гаргаж байжээ. Аавынхаа талаар ярьж өгөөч?

-Манай аавын цуврал ном Япон улсад Юнескогийн зардлаар хэвлүүлсэн байдаг. Уран барилга, уран баримал, гоёл чимэглэлийн урлаг, их уран бүтээлч барималч Занабазар гээд таван цуврал гаргасан. Занабазарыг шашны тэргүүн улстөрийн талаас нь мэддэг байсан. Харин манай аав урлагийн талаас нь анх түмэнд нээж өгсөн. Үүнээс үндэслээд Н.Энхбаяр Соёлын яамны сайд байх үедээ Америкт том үзэсгэлэн гаргаж байсан. Манай аав их хүн чанартай хүн байсан тиймээс агуу их авьяас нь гундаагүй өрнөж байжээ гэж боддог. Аав маань нэг удаа Даваацэрэн хэмээх орос эхнэр дагуулаад ирсэн барималчид гурван өрөө байраа өгч байсан гэж ээж маань ярьж байсан. Орос эхнэртэй учир яаж гэрт амьдрах вэ гэж бодсон хэрэг. Үүнээс гадна аав П.Балдандорж гуайг эхнэртэй нь жил орчим амьдруулж байсан. Тэр үед би бага байж дээ. Дараа нь Самбуу гээд энэтхэгээс ирсэн буриад лам байсан. Тэр хүнийг ажилд оруулж өгөөд манайд бас жил амьдарсан. Миний мэдэхийн энэ хоёр хүн байна. Миний аав бол их тусч хүн байлаа. Олон хүнийг ажилд оруулж ажил амьдралтай нь залгуулсан даа.

-Та олон шавьтай юу? Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байсан бэ?

-Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байх үед Ардын зураач Д.Амгалан багш намайг ЗХУ-аас сургууль төгсөөд ирэхэд “Хот чимэглэлтийн анги” гэж тусгай анги гаргаж өгч байсан. Тэр үед дизайн гэдэг үгийг Монголчууд мэддэгүй байсан. Автобус унаа, зам харгуй, буудлын тохижилт, үйлдвэрийн бараа сав боодол зэргээр хүүхдүүдийг анх бэлдэж байлаа.Тэрнээс гадна бүх нэгдүгээр ангийн сурагчдад үсгийн урлаг гэж хичээл ордог байлаа. Уран зураг, хар зураг, зохиомж гээд олон хичээл орж байсан. Тэнд сурч байсан сурагчид бүгд л миний шавь байх ёстой. Гэтэл зарим залуучууд эхлээд багшаа, багшаа гэж байгаад сүүлдээ Ц.Мөнхжин ахаа л гэчихсэн явж байдаг юм. Жаахан нэр алдарт хүрэхээрээ тэгдэг юм шиг байна лээ. Гэхдээ уран бүтээлч хүнд хүн чанар гэдэг хамгийн чухал чанар байх ёстой юм шүү.

-Одоо үед уран бүтээлч гэлтгүй энгийн хүмүүс ч хүн чанаргүй болж байна. Уран бүтээл хаанаас төрдөг юм бэ?

-Уран бүтээл эх орноо гэсэн сэтгэлээс төрдөг. Уран бүтээлч хүн гэдэг бол заавал авьяастай байж, авьяасаараа л бүтээлээ хийдэг. Авьяасгүй хүн бол хичнээн мэрийгээд хэрэггүй. Авьяасыг тордож байхгүй бол гунддаг. Гэтэл түүнийг тордох юм нь хүн чанар байдаг. Хүн чанараа алдаж байгаа хүний уран бүтээл сайн сайхан болоод урлагийн түүхэнд үлдчихсэн юм нэг ч байхгүй. Агуу бүтээлч байсан хүмүүс бол дандаа эх оронч сэтгэлтэй байсан. Урлагийн түүх судална гэдэг чинь зүгээр нэг зурсан зургийг нь үзээд тэрнээс нь хуулбарлаад байх хэрэг биш. Тэр хүнээс үлгэр жишээ, сургамж авч байх ёстой. Гэтэл манай зураач нар үлгэр авдаггүй. Зураачдын хүн чанар их муудаж байна. Тэгэхээр авьяас нь нэг л өдөр гундана. Өнөөдөр ганц хоёр зургийг нь хүмүүс худалдаж аваад би болж байна гэж бодож байтал тэр нь үлдэхгүй шүү дээ. Хэрвээ уран бүтээлч хүн уран бүтээлээ мөнхөд байлгая гэж бодож байгаа бол үүнийг бодох хэрэгтэй. Хүн бол мөнх биш. Харин уран бүтээл бол мөнх байдаг. Жирийн хөдөлмөрөөс уран бүтээл үүгээрээ л ялгаатай. Үүнийг мэдэхгүй хүн чанараа гээгээд байх юм бол авьяас нь улам л зэврээд байна гэсэн үг. Хүний юу боддог ямар үзэл бодолтой юм гэдэг нь уран бүтээлд нь тод илэрдэг юм.

– Уламжлалт урлаг монголд хэр хөгжиж байна вэ? Уламжлалаа бид яаж авч үлдэх вэ?

-Түүх гэдэг чинь уламжлал шүү дээ. Манайх уламжлалт урлагаа хөгжүүлэх түүхээ үргэлжлүүлэх гэдэг юмаа хаяад байна. Гадаадын юмыг их дуурайж байна Солонгос кино их үзэж байна. Тийм болохоор царай нь монгол боловч сэтгэхүй нь гадаад болоод байна. Гадаадынхныг бишрэн шүтдэг тэгээд түүндээ төөрөлдчихсөн. Гадаадаас тусламж авна л гэнэ. Дэлхийн агуу их эдийн засагтай агуу их төрт улсыг байгуулж байсан түүхээ эргэн харж үлгэр аваачээ. Чингис хааны үеийн ганцхан түүхийг ярихгүй шүү. Тэрнээс өмнө арван гуравдугаар зуун хүртэл өчнөөн улс байсан. Хүннүгээс хойш тэр улсууд чинь мандах үедээ мандаж, буурах үедээ буурч явсан. Тэд агуу их соёл, эдийн засгаа яаж авч явж байсан бэ, үүнээс суралцах хэрэгтэй шүү дээ. Уламжлал гэдэг маш өргөн хүрээтэй уламжлалаа үргэлжлүүлж аврах хэрэгтэй. Тэрнээс биш хөгжүүлнэ гэж ярьж болохгүй. Өнөөгийн хүмүүсийн мэдлэг юу ч биш болж байна.Түүхээ судлахгүй ам дамжсан яриагаар дандаа худлаа ярьдаг болж. Түүхээ хүндлэхгүй уламжлалаараа бахархахгүй юм бол яаж миний эх орон гэх юм бэ. Түүхээ мэдэж байж монгол сэтгэхүй гарна биз дээ.Түүхээрээ бахархахгүй бол яаж эх орноо гэх вэ.

– Түүхээсээ бид дэндүү хол хөндий болсон юм шиг санагддаг. Социализмын 70 жилд монголчууд түүхээ мартчихсан юм биш үү?

– Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр социализмруу бүх юмыг чихэж болохгүй. Тэнд сайн юм их байсан шүү. Тэр суурин дээр Монголоо хөгжүүлэх ёстой байтал дордуулчихаад социализмийн үеэс л боллоо гэж ярьж болохгүй. Тэр үеийн сэхээтнүүд өнөөдөр байсан бол энэ боломжтой нийгэмд их юм бүтээнэ шүү. Манай улстөрчид юу ч хийж чадахгүй байгаа чинь арчаагүй байгаагийн илрэл. Гаднаас хайгаад байх юм байхгүй эх оронд маань бүх юм нь байж байна шүү дээ. Бид нар үндэс угсаагаа ярьвал Чингис хаан агуу их өвөг дээдсийн үр сад. Удмаа ярьвал агуу түүхтэй биздээ. Тэгээд яагаад өнөөдөр ийм ядуу байна гэвэл төр засаг зөв бодлого явуулахгүй байгаатай л холбоотой. Улс төрч хүн гэдэг бол хамгийн түрүүнд алсын хараатай байх ёстой. Мөн үзэл суртал нийгэмд маш их нөлөөлж байна.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөв дэх засаглал гэчихээд агуулгаар нь хийхгүй байна. Дандаа хүмүүсийг будилуулах юм хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа мэдээллийг буруу зөв гэлтгүй хоёуланг нь зэрэг цацчихдаг. Уг нь бол дүгнээд энэ нь зөв энэ нь буруу гэж ялгаж цацах ёстой. Бид одоо ч түүхийг бүтээсээр байгаа юуг бүтээгээд байна вэ гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй.

Би Монголын сэхээтэн хүн. Тиймээс эх ороныхоо ирээдүйн төлөө санаа зовж байна. Хүнд эх орноос илүү дээд юм гэж байхгүй. Хүүхэд байхаас нь заах, хүмүүжүүлэх хэрэгтэй. Түүхээсээ, ахмад үеэсээ суралцах хэрэгтэй. Миний эх орон өөр орноос дутхааргүй, монгол хүн хэний ч өмнө нүүр бардам явдаг.Бусад хүмүүс биднийг хүндэлдэг байгаасай гэж би хүсдэг. Өнөөгийн бид алдаа дутагдлыг нь шүүмжилж хандвал өөрийгөө өмгөөлөөд, гаднаас бурууг хайдаг, тэр бүү хэл түүхрүүгээ түлхдэг. Үүнийгээ л засах хэрэгтэй.


Categories
их-уншсан туслах-ангилал

Татвар нэмэх бол адгийн шааруудын хийдэг арга барил

Эрх баригч Монгол ардын нам найман төрлийн татвар нэмэн элгээрээ харуулдсан эдийн засгаа ямар ч сэхээгүй болгож, ард иргэдийнхээ амьдралыг бүр мөсөн сөхрүүлэхээр улайран зүтгэцгээж байна. Найман төрлийн татвар гэдэгт нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэх, хос хөдөлгүүрт буюу приус автомашины татварыг 50 хувиар нэмэх, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авах, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах, архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээс татвар нэмж авах, төрийн албан хаагчийн цалинг хасах, хүүхдийн мөнгө болоод оюутны тэтгэлгийг олгохгүй байх зэрэг багтаж байгаа юм. Ийнхүү улс орны үнэт баялаг иргэдийнхээ халаас руу аймшиггүйгээр хар савраа шургуулж, төсөв хүнд байна, улсын данс улайлаа хэмээн нүдээ бүлтгэнүүлэн нийгмийг цочролд оруулах нь тэр.

2016 оны төсвийн тодотголд оруулж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн татвар нэмэх асуудлыг Ардын намын бүлэг өнгөрөгч баасан гарагт нууц хуралдаанаа хийж байж шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээр хадгаламжийн хүүгээс татвар нэмж авах, сарын цалин нь 2.5 саяас дээш төгрөгтэй иргэдээс 25 хувийн татвар авахаар, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авахаар, хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь олгохоор, архи, дарс, тамхины онцгой албан татварыг тус тус нэмэгдүүлэхээр боллоо. Мөн төсөвт өртөг, санхүүжилт нь нэмэгдсэн обьектуудад улсын төсвөөс нэг ч төгрөг хялайлгах боломжгүй гэж мэдэгдэв. Ардын намын засаг ингэж ард түмнээ татварын дарамтаар ноёлон, жинхэнэ ёсоор нь “цусыг нь сорж” эхэллээ.

Мөнгө олж, баялаг бүтээж, эдийн засгийн эргэлт бий болгож байгаа хүмүүсээ төр засаг нь татвар нэрээр шулж мөлжинө гэдэг хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Энэ бол адгийн шааруудын хийдэг ганц ажил, арга барил. Цагдаатай, армитай, татварын албатай төрд иргэдээ шулах шиг амархан зүйл байхгүй нь мэдээж. Улсын төсөв хүнд байгаа нь хэнд ч тодорхой. Аль ч засгийн үед сөхөгдөж, хурцаар яригддаг асуудал мөн биз дээ. Түүнд барьц алдаж гүйлдээд, хэн нэгэн нам эвсэл, хувь хүнийг буруутгаад, гоншгоноод байх нь төрийн жолоо атгаж, өндөр хариуцлага үүрсэн нөхдөд үнэндээ утгагүй. Төсөв хүнд байгаа нөхцөлд хэмнэлтийн горимд шилжих нь зүйн хэрэг л дээ.

Харин Ардын намын нөхөд ямар ч хэмнэлтийг хийгээгүй хэрнээ шууд ард түмнийхээ халаас руу улайм цайм гараа шургуулна гэдэг арай хэтэрсэн асуудал болж байна. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдэг энэ байх шүү. Үнэхээр л хэмнэх гээд байгаа юм бол наад захын жишээ гэхэд улс төрийн бялуу хуваалт болсон дэд сайдынхаа албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй. Өмнөх засгийн үед одоогийн эрх баригч намынхан яаж орилолдож байж дэд сайдуудыг албан тушаалаас нь буулган, санаа амарч байлаа. Ард түмэн мартаагүй байгаа. Тэгэхээр одоо 13 яамныхаа дэд сайдуудыг эхний ээлжинд ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй байна. Ер нь тэгээд Жасрай гуайн ач охиныг, Очирхүүгийн хүүг дарга сайд болгож сургахын тулд татвар нэмж, ард түмнийхээ нуруунд улам л хүнд ачаа үүрүүлнэ гэдэг маань зөөлхөн хэлэхэд ёс суртахуунгүй зүйл юм. Аливаа юмны наад цаад учрыг ойлгодог хэнд ч гэсэн уг асуудал тодорхой харагдаж байгаа. Хуучин дарга даамлуудынхаа үр ач, зээ нарыг цалинжуулахын тулд ард түмнээсээ татвар нэмэх нэрээр мөнгө луйвардах нь шударга бус гэдгийг захын хүн хэлээд өгнө. Татвар нэмснээр 2017 оны төсвийн орлого 500 тэрбумаар нэмэгдэнэ гэж Сангийн сайд хэлнэ лээ. Улс төрийн албан тушаал болох дэд сайдуудыг байхгүй болговол жилдээ хичнээн төгрөг хэмнэхийг улсын мөнгөний бодлогыг барьж байгаа нөхөд тооцож үзсэн үү.

Өмнөх засгийн үед нэг дэд сайд сардаа 4-4.5 сая төгрөгийн зардалтай гэх тоо баримтыг гишүүд хэлж байсан. Дэд сайдын сарын цалин 1.4 сая, түүн дээр нэмээд унаа машин, шатахуун, утас, туслах, жолооч гээд зардлууд нэмэгдээд тав орчим сая төгрөг болдог байна. Гадагшаа дотогшоо томилолт, албан уулзалт гээд бас л мөнгөн дүн нэмэгдээд явах нь мэдээж. Ингээд бүх сайдын урсгал зардлыг аваад үзвэл жилдээ тэрбум гаруй төгрөгийг хэмнэж болох нь гэсэн тооцоо харагдаж байна. Нэг жилд тэрбум гаруй төгрөгийг хэмнэнэ гэдэг бол том тоо. Тиймээс Ардын намынхан ард түмнээ шулах гэж улайран зүтгэхийн оронд, хүүхэд багачуудыг ялгаж салган мөнгө өгнө гэж тэнэглэхийн оронд, ардчилсан чөлөөт нийгэмд иргэдийнхээ хадгаламж руу шууд гараа шургуулахын оронд эхлээд ядах нь ээ, дэд сайдын асуудлаа цэгцэлчих. Дараа нь төрийн дээрмээ явуулахад бага ч гэсэн нүүр бардам байхаа бодсон нь дээргүй юу.

Татвар нэмэхийг Ардын намын тулхтай гишүүд дэмжихгүй байгаа. “Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдгээ боль” гэж Ц.Нямдорж хэлсэн бол Ө.Энхтүвшин “МАН ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч болохгүй ээ. Эдийн засаг, нийгэм хүндрэлтэй байна. Үүнээс гарахын тулд зөв бодлогоор зүтгэх ёстой. 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах тухай хууль оруулж ирж байгаа. Монголын нийгмийн шимэгчид болсон хүмүүс гэж тэднийг ард түмэнд ойлгуулах уу” гээд 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авахыг эрс эсэргүүцсэн.

“Эдийн засаг хямарчихсан, орлого муудчихсан үед бид татвар нэмэх биш ажлын байр олныг бий болгох, татвар төлөгчийн тоог нэмэх чиглэл рүү явах хэрэгтэй. Өнөөдөр дийлэнх иргэд цалингийн, тэтгэврийн зээлтэй байна. Ийм эмзэг үед иргэд рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам бүр нэмэгдэнэ. Компаниуд банкны хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа. Өнгөрөгч оны өдийд 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нэг их наяд болчихсон байх. Бодит байдал ийм байхад татвар нэмбэл яах вэ. Гал руу бензин хийсэнтэй адил” гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдэгдсэн.

Тухайн улс орон татвараа нэмснээр эдийн засаг сэргэх бус улам мөхөл рүүгээ явж сүйрч дуусдгийг дэлхийн орнуудын түүх бэлээхэн гэрчилдэг. Алдарт “Форбэс” сэтгүүлийг эрхлэн гаргагч Стив Форбэс болон Элизабэт Эймз нарын “Биднийг капитализм л аварна” бүтээлд энэ тухай маш тодорхой өгүүлсэн байдаг.

Тухайлбал, “Илүү хүмүүнлэг нийгэм байгуулъя гэвэл татварыг нэмэх нь зөв гэдэг нь маш буруу ухуулга. Хэт өндөр татвар нь ажил бизнест санхүүгийн торгууль ногдуулж, эрүүл эдийн засагтай байх боломжийг хааж орхидог. Татвар их байх тусам эдийн засгийн аливаа үйл ажиллагааны өртөг нэмэгддэг. Өртөг нэмэгдэхийн хэрээр тэрхүү эдийн засгийн үйл ажиллагааны тоо багасдаг. Улмаар эдийн засгийн өсөлтийг зогсонги байдалд оруулж татвар төлөгчдийн тоог цөөрүүлж хуучин татвар төлөгчдийн татвар ногдох орлогын хэмжээг улам багасгадаг” гэж өгүүлсэн нь бий. Энэ бол зүгээр ч нэг хүний хэлсэн үг биш. Дэлхийн улс орнуудын туулж ирсэн замналаас үүдсэн томьёолол, гаргалгаа юм.

Одоогоос бараг 400 жилийн өмнө англид торго, дарснаас дөрөв дахин их татвар авбал хааны сан өснө гэх бодлого явагдаж, өмнөхөөсөө дөрөв дахин бага орлого олсон тухай жишээг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байсан. Хүн төрөлхтөн ингэж татвар нэмээд эдийн засаг сөхөрч, эдийн засгийн эмгэг буюу их хямрал нүүрлэдгийг амьдралынхаа туршид баталж, нотолсоор ирсэн. Эл бүгдийг засаг барьж, зайсан сууж байгаа нөхөд л мэддэггүй, мэдсэн ч өнөөдөр болж байвал хамаагүй гэх хүнийрхүү сэтгэлээр хүйтэн хөндий хандаж байгаа нь харамсалтай. “Манай улстөрчид дотор нэг тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгийг нааш цааш нь бодож чадах хүн байхгүй. Цаашлаад арав, хорин их наяд төгрөг болбол бүр ч байхгүй” гэж эдийн засагчид ил цагаан хэлж байна лээ, хөөрхий.

“Бизнесийн идэвхжил тааруу, санхүүжилт зогсчихлоо. Татварын бодит дарамт өндөр байна. Татварын реформ болоод бизнесийн орчны шинэчлэл огт хийгдсэнгүй. Ийм үед татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй” гэх эдийн засагч, судлаач, шинжээчдийн үй олон санал, сэтгэгдэл хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр сүүлийн хэд хоногийн туршид гарч буйг ард түмнээ шулах гэсэн адгийн шааруудын арга барилаар улайран зүтгэгчид ер нь анзаарч байгаа болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний өшөө авалт ба ман

Оршил. Ялалт дагуулсан гомдол

Манай монгол хэлнээ ямар ч харь гаралгүй, цэвэр цусны нэгэн хэллэг байдаг нь “Уг номоороо бол болохгүй, гэхдээ яахав” болой. Ямар нэгэн юмыг хууль номын дагуу хийхгүй гэсэн санаа. Их төлөв хүнд зөв санасан хэрэгтэй үед тусламжийн гараа сунгасан сайн хүний амнаас гарна. Яг түүн шиг ардчилсан сонгууль нь “уг номоороо”засаг барих хөтөлбөрийн сонгон шалгаруулалт бөгөөд олон түмэн өөрийн амьдралын маргаашийн программыг сонгох процесс.

Харин манай сонгууль “гэхдээ яахав” утгаараа аанай л өөр. Сонгууль нь дуртай улс төрийн хүчнээ дэмжих сонголт бус харин дургүй намаасаа өшөөгөө авах, тэдний “дайсан”-д эрх мэдлийг өгч бах таваа хангах процесс болоод байгаа юм. Нэгэнт л ийм байгаа юмыг сайхан муухайг нь дуудлаа гээд яах ч билээ.Ерөөсөө ч бидний өнгөрсөн түүхийн олон эргэлтүүдээс “ялалтаас илүү өшөө авалт”-ын зарчим харагддаг.

2016 оны сонгууль ч яг ийм утгаар явагдаж, засаг барьж зэвүү хүргэсэн АН-аас өшөөгөө авах процесс болон өрнөв. Бараг бүх аймгийг автозамаар нийслэлтэй холбосон амжилт ба Улаанбаатарын дарга Бат-Үүлийн үлгэр жишээгээр төрөө бариад ч амжилт олсонгүй.Түүгээр ч үл барам Бат-Үүлийн баг нь өөрөө хотод ялагдав.Сонгууль бол үндэсний өшөө авалт ажгуу.

Хачирхалтай нь, хөдөөний сонгогчид МАН-д санал өгсөндөө сэтгэл ханамжтай байсан ба харин “Улаанбаатарт Бат-Үүл яагаад ялагдчихаа вэ” гэж гайхах нь их байлаа. Сүүлдээ намайг ч буруутгаад байх шиг санагдахаар нь “Та нарт ямар хамаатай юм бэ” хэмээн уцаарлахад “Бидэнд ч хамаагүй л дээ. Гэхдээ л Улаанбаатар гоё болж байсан шүү дээ” гэх юм билээ.

Нэг. Өөрийнхөндөөялагдсан АН-ын Улс төрийн товчоо

Манайд ажиглагдсан жишээгээр бол ялагдах нам эхлээд өөрийн гишүүддээ ялагддаг бололтой.

Өнөөх хуучин цагийн хүрээ онигоонд “Манай хороон дарга ёстой цусуутай хүн баа. За тэр Дулмаа ч Дулмаа” гэдэг шиг “АН ч АН л” байсан. Ардчилсан нам 2004 онд луйвардуулсныг тооцвол арваад жил сонгуульд амжилт гаргаж, сүүлийн гурван (парламентын нэг, ерөнхийлөгчийн хоёр)сонгуульд дараалан гялалзсан ялалт байгуулсан. Үүндээ эрдэж, “үүрд эрх барих аятай” төөрөлдчихсөн байв. Ийм учраас сонгуулийг сөрөг намаа ялах утгаар бус нам доторх сөрөг бүлгээ дарах процесс болгохыг удирдагчид нь хэтэрхий чармайсан.

Намын удирдлага нь сүүлдээ хуучин “МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо”-г санагдуулам команд болон хувирсан гэж гишүүд нь шүүмжилдэг.Мөнөөх “Улс төрийн товчоо”-гоо хамгаалахын тулд намын их хурал хийхээ больсон ба ҮЗХ-д ротаци явуулан шинэчлэхээ зогсоогоод удсан аж. Энэ байдлаа хадгалахын тулд намын анхан шатны байгууллагаа “овгийн байгуулал” маягтай болгон төрөл садан, худ ургаараа бүрэлдүүлээд, намаа өргөжүүлэх ажилд туйлын болгоомжтой хандах болсон нь нэрмээс болов. Өнгөрсөн сонгуулийн үеэр парламентад нэр дэвшсэн Засгийн газрын гишүүн хүн өөрийн дэмжигчдээс АН-д элсүүлэх гэтэл “Батлах байхгүй” гэсэн шалтаг заан цааргалсаар өнгөрөөж байсан нь “овгийн байгуулал”-аа хамгаалж байгаагийн жишээ бололтой.

Үүнд гонсойсон намын олон мянган гишүүн “Улс төрийн товчоо”-ноосоо салахын тулд тэднийгээ газарт буулгахыг чухалчилсан нь МАН-ын ялалтад бас дэм болжээ гэж хармаар байна. Үнэхээр ч “ардчилалгүйн манлай” гэгдэх МАН нэр дэвшигчдээ бага хурлын хэдэн зуун гишүүнээрээ хоёр өдөр хэлэлцэн, хүн тус бүрээр ярилцан баталж байхад “ардчиллын магнай” болсон АН дарга нарынхаа “санал болгосон” нэрсийн багцыг хэдхэн минутад бөөндөн ёсчилсон зэрэг нь ч юм бодогдуулсан байх.

Намынхаа ардчилалгүй байдалд дургүйцсэн гишүүд, гадуурхагдсан зүтгэлтнүүдийн хүчин зүйл нь сонгуулийн дүнд нөлөөлсөн. Үнэхээр ч нам дотоодын тэмцэл нь нам хоорондын тэмцлээс хатуу харгис, өршөөлгүй байдгийн жишээ нь Н.Энхбаяр дээрээс харагддаг. Ингэхээр намын удирдлагадаа зуугдахын аюул нь сөрөг намд зуугдахаас аюултай гэсэн үг. Бас АН-ын өнгөрсөн ялалтууд нь өөрийн сайных гэхээсээ илүү МАН-ын гишүүд, зүтгэлтнүүдээс өөрийн лидер Н.Энхбаяртайгаа хийсэн тулалдааны үр дүн байсныг сануулах юун.

Хоёр. Монголын “Хувьцаат” намууд

Өнгөрсөн сонгуулийн үр дүн бол МАН-ын төсөөлж байснаас ч хэтийдсэн амжилт болсон юм. Сонгогчид тэдний төсөөлснөөс ч илүүтэйгээр АН-д гомдсон байж таарав. МАН ийм ялалтад бэлэн байсангүй.

Одоо гудамжинд гараад МАН-ын мөрийн хөтөлбөрт юу байсныг асуухад цээжээрээ хэлэх сонгогч олохгүй. Учир нь өрсөлдөөн сайн муу хөтөлбөрийн хооронд өрнөөгүй. МАН ч ёсыг бодож “нэгэнт л ийм юм хэрэг болдгоос хойш яая гэхэв” хэмээн мөрийн хөтөлбөр гаргасан байлаа. Эдийн засгийн өнөөгийн хямралыг хамтран бүтээгчийн хувьд бодит байдлыг төсөөлж байсан нь гарцаагүй ч түүнийг шийдэх талаар бодсон юм байсангүй. Их л сайндаа засаг байгуулах, голлох яамыг авах, үгүйдээ л 2012-2019 онуудад “нэрэн дээрээ сөрөг нэдэр дээрээ эрх баригч” байсан МАХН ба Энхбаярын орон зайг эзлэхээр л төсөөлж байсан болов уу.

Сонгуулийн ялалтыг дарга болох, чухал “мээст”-үүд дээр өөрийн хүнээ тавих лиценз хэмээн харж байснаас биш ийм хүнд үед улс орны хувь заяаг ганцаараа авч явах үүрэг, түүнийхээ төлөө ганцаараа хүлээх хариуцлага болно гэж төсөөлсөнгүй болтой.

Иймээс МАН-д өнөөдөр улс орноо удирдах ямар ч тодорхой хөтөлбөр байхгүйн дээр татвар нэмэх, хасах, гэхчилэнгийн сонгогчдын байтугай өөрсдийнх нь толгойд байгаагүй юмсыг сэдэн гайхшруулж байгаа хэрэг.

Улс төрийн намуудын бас нэг сул тал нь өөрсдийн санхүүжүүлэгч, дэмжигчид ба тэдний ачийг хариулах үүрэг болоод байна. Тэдэнгүйгээр нам оршин тогтнох аргагүй, тэдэнтэйгээр ч оршин тогтноход цаашдаа хэцүү, нэг ийм байдалтай.

Сонгуулийн үед мөнгөөр тэтгэж, биеэр зүтгэж, үзэл суртлаар дэмжиж санал цуглуулсан хүмүүст албан тушаал хуваарилах, эрх ямбаар тэтгэх, намын төлөө үрсэн хөрөнгө зоорио нөхөх, өсгөх (Хотын МА намын хороотой холбогдсон 60 тэрбумын дуулиан гм) боломж олгох хэцүүхэн үүрэг намд ногддог.

Энэ байдал нь сонгуульд оролцож буй улс төрийн намын жинхэнэ агуулгыг өөрчилж төсөв захиран зарцуулах тендерт өрсөлдөж буй хувьцаат компани маягтай болгож байгаа юм. Ингэхээр сайн нам байхын тулд арвин их ногдол ашиг хуваарилах чадамжтай байгууштай болоод ирнэ. Мөнөөх алдарт Сундуй даргын “60 тэрбум босгох ба хуучин бүх албан хаагчийг халж өөрийн хүнийг тавих” тухай домогт яриа нь ийм тогтолцоон дотор бодитой зүйл юм. Төсөв зарцуулах лицензийн төлөөх тендерт оролцохын тулд томоохон хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө оруулалт шаардах, эргээд тэр хэрээр нь ногдол ашиг хуваарилах тухай л асуудал харагдаж байгаа биз дээ.

Уул нь болдог бол засгийн эрхийг: инфляцийг энэ хэмжээнд барина, энэ хэмжээний төсвөөр ийм бүтээн байгуулалт хийнэ, ДНБ-ийг төд болгоно, та нарын ашиг 15-20 хувьд эргэлдэнэ гэхчилэнгийн тодорхой болзолтойгоор “хувьцаат нам”-уудад тендерээр өгөөд явбал их эрүүл юм ш дээ. Даан ч галзуу сонсогдож байгаа биз.

Гурав. Ялсан намын салаа зовлон

МАН-ын өмнө одоо хоёрдмол асуудал тулгарч байгаа. Нэг талаасаа сонгуулиар улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүнд үед эдийн засгаа аврах алхмууд хийх явдал байна. Нөгөө талд нь аливаа ХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээдэг үүргийн тусгал болсон намын санхүүжүүлэгч, онцгойлон дэмжигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх явдал байна.

Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол нам дараагийн сонгуульд ялахгүй. Санхүүжүүлэгчид дэмжигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол мөн л адил үр дагавартай.

Ингээд тэд хэдэн алхам хэрэгжүүлэх гэж байх шиг байна. Энэ нь эзэн Чингис хааны эрх ямба бэлэглэх ёсноос үүдэлтэй албан тушаалын бялуу хуваах асуудал. (Дашрамд дурдахад, Чингисийн үеийн байгуулсан гавьяаных нь төлөө “есөн удаагийн гэмт хэрэгт нь ял хэлцэхгүй өршөөх ” урамшуулал одоо ч “Өршөөлийн хууль” хэлбэрээр үргэлжилж байгаа)

Ялангуяа татварын маш сайн тогтолцоогоо өөрчлөх, хувь хэмжээг нь нэмэхээр завдаж байгаа нь нийгэмд томоохон хардлага төрүүлж байгаа юм.

Ер нь бол татвар нэмэхийн оронд татвар хураах талбайг томсгох, татвар төлөгчдийн чадамжийг нэмэх нь илүү үр дүнтэй гэдгийг тэд мэдэхгүй биш, мэдэхийн цаагуур мэднэ.

Татвар нэмснээрээ зохих гавьяа байгуулсны учир албан тушаалд томилогдсон “хувьцаа эзэмшигч”-дийнхээ захиран зарцуулах хөрөнгийг яаралтай босгож урамшуулах, тайтгаруулах арга хэмжээ авч байна хэмээн хардмаар байгаа юм.

Ялангуяа нийслэлийн шинэ удирдлагын зүгээс хийж байгаа алхмууд гайхаш төрөм.

Хот руу хөдөөнөөс чиглэсэн автомашины урсгал нэмэгдэх үеийг тохиолдуулан авч байгаа тээврийн хэрэгслийн хяналтын томоохон үзлэг эхлүүлсэн, мөн баар рестораны ажиллах цагийн хуваарийг багасгахаар зарласан зэрэг олны сонирхол татсан алхмуудыг ажиглацгаая.

Энэ алхам хоёр талтай юм. Уул нь Бат-Үүл хотын дарга байхдаа хичээлийн шинэ жилийн эхээр болон цагаан сарын босгон дээрх амралтын өдрүүдэд дугаарын “тэгш,сондгой” хязгаарлалт зарлаж ирсэн. Энэ нь хөдөөнөөс ирж түвэг удагсдын талыг нь нэг өдөр хазаарлаж хашраах зорилготой байгаагүй. Харин ч хотын машины талыг нэг өдөр зогсоож, хөдөөнийхөн ажлаа бүтээхэд чиглэсэн алхам байв. Учир нь энэ өдрүүдэд хот дахь худалдан авалт, үйлчилгээний хүрээ огцом нэмэгдэж улаанбаатарчуудын эдийн засгийн эргэлтийг тэтгэдэг тул дэм өгч байгаа хэрэг. Үнэхээр л “Найрсаг Улаанбаатар” болж эхэлж байсан юм шүү.

Харин энэ удаа тэдэнд автотехникийн томоохон гэнэтийн шалгалтаар бэлэг барьж байна. Утаа хаядаг машин, бүрэн бус үзэмж муутай тэрэг, аптекгүй жолооч (Чааваас, далимд нь хотод эмчид үзүүлж эм авах санаатай яваа амьтан), ослын дохиогүй этгээд хөдөөнийх л байгаа. Эцсийн дүндээ хотод шалгуулж, торгуулж хаширсан хөдөөнийхөн эгүүрд Улаанбаатарыг зүглэхээ болих ба үр дүнд нь хотын түгжрэл багасах нигууртай бололтой.

Баар рестораны цагийн хуваарийг уртасгасан нь мөн л Бат-Үүлийн алхам. Хүмүүс чөлөөт цагаараа, үдэш орой л баар ресторонд суудаг. Тэрнээс биш өглөө есөн цагт бааранд орчихоод орой зургаан цагт харьдаг хүн байж гэмээнэ өвчтэй, эсвэл тусгай үүрэг гүйцэтгэж яваа этгээд л байж таарна.Энийг МАН ч мэднэ, мань ч мэднэ. Согтуугаар үйлдсэн хэргүүд гэр орон, харанхуй гудамжинд голлон гардаг, шөнө юм уухаар шийдсэн хүний хүслэн ямар ч цагийн хуваарьт үл захирагдана, баар ресторон хаасан бол мухар гудамжнаас найрка олж ууж байж ханана гэдгийг бас л МАН ч, мань ч мэднэ. Иймээс юуг ч мэдэхгүйгээсээ болж буруу хийгээгүй.

(Нууцгүй хэлэхэд хотын удирдлага өөрсдийгөө “өөр нэртэй Бат-Үүл”, “Бат-Үүлээс ч илүү батүүл” болгон харагдуулж байж олны сэтгэлийг татна шүү. Тэрнээс биш түүнээс өөр хүн, илүү мундаг дарга болох гэсэн явцгүй алхмууд чинь “өмнө нь Бат-Үүл байсныг өглөө бүр сануулах” болно. Хотын иргэд МАН-д хайртайдаа санал өгөөгүй, уурандаа өгсөн, түүнчлэн ялагдсан дарга нь хотынхны сэтгэлд “бурхан дарга” болон үлдсэнийг зөвшөөрөх ёстой)

Ялангуяа хотын удирдлагын ийм үйлдлүүд нь олон түмэнд хууль хэний гарт байгааг мэдрүүлэх зорилготой юм шиг санагдаж байна.

Ер нь бол төр засгийн зангаргийг харуулах, төрийг төлөөлдөг намын гишүүдийнхээ эрх мэдлийг тэтгэхийн тулд шалгах хянах явдлыг дээд хэмжээнд хүргэх бололтой.Тамхи татах, архи уух, биеэ үнэлэхтэй хийх тэмцэл өдөр тутмын үйлс болох царайтай.

Шинээр маш олон хориг нэмнэ. Шөнийн цагаар гадуур тэнэх, хүүхдүүд интернэтэд орох, гудамжинд нулимахтай дайн зарлана. Цаашлаад ард иргэдээ халамжлахын тулд өвөл малгайгүй явахыг хориглох ба байгууллагын ариун цэврийн комиссоос үс хумс шалгаж ч магад. Айлуудыг унтаж байхад орж шалгах ба үүнийгээ гэмт хэргээс сэргийлэх хууль дүрмийг хэрэгжүүлэхтэй холбон тайлбарлаж мэднэ.

Эцсийн дүндээ иргэд юун эдийн засаг масаг сайжрах вэ, хэрэгт орчихолгүй бор хоног өнгөрөөж байгаагаа их юм гэж боддог болгохыг санаархсан юм уу гэмээр. Ийм туршлагаар тэд дутахгүй л дээ. Үүнээс өөрөөр төр барьж байгаагаа харуулах, юм хийж байгаагаа нотлох зам тэдэнд харагдахгүй байгаа нь дээрх хардлагыг улам нэмэгдүүлж байна.

Гэвч эцсийн дүндээ төрийн албаны нэр хүнд унаж, тэднийг авлига, гэмт хэргийн зам руу хөтөлнө, хүмүүс өөрийг нь хэрэгт холбогдуулсан засгийг өөрийг нь сольж цагаадахыг эрмэлзэнэ, дараагийн сонгуулиар сөрөг үр дүн гарна.

Төгсгөл. Төгсгөлийн боломж

МАН-ыг сонгуульд ялсан атлаа улс орноо хямралаас гаргах мөрийн хөтөлбөргүй байгаад буруутгах аргагүй. Учир нь манайд “мөрийн хөтөлбөр” гэдэг бол сонгуульд ороход л хэрэг болдог, яг л үзлэгт орох үеэр л хэрэг нь гардаг автомашины аптек энэ тэр шиг зүйл.

Харин “Улс орны өнөөгийн байдал”-ыг хамтран бүтээгчийн хувьд хүлээх үүрэг хариуцлага МАН-д бий. Тэр үүргээ ухамсарлаж, эдийн засгийн орчноо эрүүлжүүлэх, байдгаа хувааж идээд дуусдаг халамжийн тогтолцооноос салах, нүүдэлчний зангаар бүхнийг өөрөө хийгээд өөрөө хэрэглэдэг араншингаас хагацах олон алхмыг хийвэл гайхалтай үр дүнд хүрмээр байна.

МАН-д үндэстнийхээ нийгэм, эдийн засгийг эрүүлжүүлсэн, улмаар аварсан гавьяанд эзэн суух гурван зурвас боломж байна.

Юуны өмнө зарчмын ийм шинэчлэлийг хямралын нэрийг өмнөө барин хийх боломжтой өчүүхэн зурвас үе гарсан байна.Хямарч байгааг нийтээрээ ухаарсан, шинэчлэлийн ая даахаар байгаа зурвас.Үүнээсээ цааш бол алдах юмаар улам багасч, нийтээрээ шийдэмгий хувьсгалч болж мэднэ.

Хоёрдугаарт, олон түмэн АН-ыг чадсандаа бах нь ханасан байдлаасаа гарч амжаагүй зурвас үе байна.Ийм үедээ сонгогчид зоримог шинэчлэлийн ая даах сэтгэлийн хаттай байж таарна.

Гуравдугаарт, АН дотоод зөрчлөө шийдэж амжаагүй, сөрөг хүчнүүд эвлэлдэн нэг фронт болж чадаагүй бяцхан чөлөө байна. Энэ нь зоримог шинэтгэлийг хэн ч тасалдуулах боломжгүй зурвас үе юм.

Хэрвээ зарчмын шинжтэй зоримог шинэчлэл хийх гэж байгаа бол ганц улирал, үсрээд л хагас жил байна. Цагаан сарын дараа боломжууд нөгөө талдаа гарчихсан, сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шаардлага ч гудамжнаас цуурайтаж байж мэднэ. Уурссан олон түмэн, мэргэжлийн хувьсгалчид хамтдаа гудамжинд байгаа шүү дээ. Санасандаа хүрэхийг хэн байг гэхэв.

Categories
мэдээ цаг-үе

Т.Билэгжаргал: Худлаа яриад яахав, манай кино урлаг сүйрч байна

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Билэгжаргалтай ярилцлаа.

-Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-“Нэг өдрийн дайсан” гэж кинонд тоглосон маань энэ жилийн хамгийн гол уран бүтээл байлаа. Энэ кинонд баян залуугийн дүрд тоглолоо. Сайхан чадварлаг хамт олонтой ажилласан. Гэхдээ нэг жилд дөрвөн кинонд тоглочихлоо. Уг нь би жилд ганцхан кинонд чанартай тоглох ёстой гэж боддог ч олон кинонд тоглосондоо жаахан санаа зовж байгаа. Уран бүтээлч хүн уг нь ингэж ажиллах онцгүй.

-Таныг үзэгчид баян, романтик дурлалт залуугийн дүрээр тань илүү мэддэг. Ихэвчлэн ийм дүрд тоглоод байгаа шалтгаан нь юу байна. Эсвэл өөрөө амьдрал дээр яг тийм залуу юм уу?

-Тухайн дүрдээ тохирсон хүмүүсийг сонгох нь тухайн найруулагчийн ажлын 50 хувь байдаг гэж үг бий. Хүмүүс намайг яг өөр шиг чинь бодоод байдаг юм. Найруулагчдын харж байгаагаар дурлалт залуугийн дүр надад илүү ойрхон санагддаг юм шиг байгаа юм. Анзаарвал эсрэг тэсрэг дүрд ч мөн тоглосон. Уран бүтээлч хүн үргэлж ургуулан боддог, асар их эрэл хайгуулчид байдаг. “Боолын гэрээ” киног найруулсан Болдоо ах маань намайг “Архичин, ээжийгээ зовоодог, тэнэг залуугийн дүрээр” харж байсан. Ингэж намайг өөрөөр харж, чадна гэж итгэж байгаад нь би түүнд баярладаг. Найруулагч тухайн жүжигчнээ яаж харна. Тэр дүрийг тэгж амилуулах нь чухал. Анх “Ийм нэгэн дурлал” төслийн шалгаруулалтад тэнцээд, жүжигчин Тэмүүжин, Алтаншагай бид гурав гол дүрд тоглож байсан. Энэ жил энэ жүжгийн маань 10 жилийн ой болж байна. Тиймээс бид ойдоо зориулаад “Ийм нэгэн дурлал 3” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Манайх Өвөрхангайн гаралтай. Хужиртын айл. Манайхан дээр үеэс нэг хүнээ хар, нэгийг нь шар болгодог заншилтай. Мөн есөн үеэрээ цэрэг армид ажиллаж, амьдралаа зориулсан хүмүүс. Тиймээс би аравдугаар анги төгсөх хүртлээ армийн хүн болно гэж боддог байлаа. Гэтэл 2004 онд Үндсэн хуулиар армийн хүн болох эрх минь хасагдсан. Өөрөөр хэлбэл, хуульд орсон өөрчлөлтөөр метр 72-оос өндөр хүнийг цэрэг, цагдаагийн байгууллагад авна гээд заачихсан. Ингээд аравдугаар анги төгсөх жилээ нэг жүжиг үзэхдээ, театрын үнэрийн өвөрмөц сайхныг мэдрээд, жүжигчин болох санаа төрсөн. Мөн би жүжигчин болох юм бол бүх мэргэжлийн хүн болж үзэх боломжтой юм байна гэж бодсон. Жишээлбэл, багш, эмч, цэрэг армийн хүн гээд аль ч дүрд тоглох боломжтой шүү дээ. СУИС-д шалгаруулалтад орж байхдаа Н.Сувд багшид ингэж тайлбарлаж байсан нь шалгалтын оноонд маань эерэгээр нөлөөлсөн.

-Өөрийн зүтгэж буй урлагийн салбарыг хөгжүүлэхийн тулд залуус ямар байх шаардлагатай гэж бодож байна?

-Хүн аливаа зүйлийн мөн чанар руу хандаж, чиглэж байх нь чухал юм болов уу. Би сүүлийн үед нэлээд судалгаа, эрэл хайгуул хийж байна. Өөрийн орны урлагийн хөгжил болон гадны томоохон улс орнуудын урлагт хандах зарчим, практик зэргийг судалж байгаа. Мөн кино урлагийн түүхэнд их чухал байр суурь эзлэх томоохон төслийг олон жил бодож явлаа. Одоо хийхэд бэлэн болж байгаа. Гэхдээ баярлах болоогүй байна. Урлагийн хүн болоод 10 жил өнгөрчихлөө. Тиймээс олон тийшээ үсчиж, урваж шарвалгүй дэлгэцийн урлагаар тууштай дагнана гэж боддог. Мөн дараагийн түвшинд би хэрхэн яаж ажиллах вэ зэрэг бодож буй зүйл их байна.

-Урлагийн хүн байх хэцүү байдаг уу?

-Үнэндээ Монголын нөхцөлд урлагийн хүн байх хамгийн хэцүү. Манай иргэдийн сайхны тухай ойлголт, гоо зүйн хэм, хэмжээ улс төрчдийн засаглалын түүнд хэрэгжүүлж байгаа бодлого, түүнийг нь гардаж ажиллаж байгаа хүмүүсийн онцгүй үйлдлээс хамаараад урлаг хэцүү болж байна. Уг нь манай уран бүтээлчид авьяастай, цаанаасаа төрсөн өгөгдөлтэй, нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл кино урлагт бөмбөрцгийн хаана ч гологдохгүй шүү. Гэхдээ кино урлаг хөгжиж байна уу гэж асуухаар манайхан хөгжиж байна гэдэг. Энэ салбарт сайн төлөөлөгчид байдаг ч цөөхөн. Худлаа яриад яахав, миний ажиглаж байгаагаар манай кино урлаг сүүлийн үед сүйрч байна. Хэллэг, нийгэмд өгч байгаа мессэж, сэтгэлгээ авах юм алга. Хүний тархинд үр тарих биш, хүмүүсийн халаасыг сэгсрэх хүслээр ажиллаж байгаа киночид өөртөө дүгнэлт хийгээд бодох хэрэгтэй. Өөрсдийгөө юу хийж байгаагаа харах, дахин дахин бодох ёстой байна.

-Ширээн дээрээ янз бүрийн чулуу тавьж, арц уугиулаад, мөн зэс аяганд сүү уудаг юм байна. Мөн гартаа эрх зүүдэг зэргээс тань харахад орчин цагийн залуусаас арай өөр харагдлаа. Энэ таны үзэл бодлын илэрхийлэл үү?

-Би боксын спортын мастер, хошууч генерал хүний бага хүү. Аливаа хүний ертөнцийг үзэх үзэл тухайн гэр бүлийн орчин, хүмүүжлээс эхлэлтэй байдаг. Энэ бол миний ертөнцийн нэгээхэн хэсэг. Олон янзын цуглуулга байдаг ч ил гаргаагүй байна. Мөн очиж үзээгүй газар орноор явахдаа тэндхийн чулууг авдаг. Гартаа эрх зүүдгийг манай ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Би янз бүрийн сонирхолтой, олон сайхан сэдвээр хүмүүстэй нээлттэй ярилцах дуртай. Залуучууд мэддэг, чаддаг сонирхдог зүйлээ бусадтайгаа хуваалцаж байвал гоё. Өөрөөр хэлбэл, би суу ухааны, шашин,соёлын болон улсын бодлого тодорхойлогч, улстөрчид зэрэг хүмүүстэй ярилцах дуртай. Миний үгийг сонсдог, надтай ярилцдаг олон найз нөхөдтэй болж байгаа. Ном унших, олон зүйлийн тухай эргэцүүлэн бодох дуртай. Гэхдээ одооны залуус мэдлэг, мэдээлэл хоёрыг ялгахгүй байх шиг санагддаг.

-Та нээлттэй, өөдрөг хүн шиг санагдлаа. Сэтгэлээр унах, гуних үе тохиолдоход хэрхэн даван туулдаг вэ?

-Хүмүүст муугаар хэлүүлж, муухай харагдаж, буруугаар ойлгогдож бас хайр сэтгэл, амьдрал бүтэлгүйтсэн хүнд хэцүү сэтгэл хямрах өдрүүд одоогоос хэдхэн жилийн өмнө байсан. Гэхдээ би ийм зүйл тохиолдоход, тийм хэцүү байх ёстой гэдгийг ойлгож байсан болохоор даван туулж чадсан. Гайхалтай хайр байдаг ч бас хайрын гурвалжин байна. Гэхдээ би барагтай бол гуньж, гутардаггүй, тийм зүйл болоогүй юм шиг байж чадна.

-Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа та хоёр олон жил үерхээд, хөөрхөн охины ээж, аав болцгоосон. Гэхдээ та хоёрыг хоёр тийш болоход гайхаж, бас харамсах хүмүүс олон байгаа нь ажиглагдсан. Охинтойгоо хэр ойр уулзаж байна?

-Миний охин одоо таван настай. Охиноо тав дахь өдөр болгон аваад, хагас бүтнээр охинтойгоо хамт байдаг. Хааяа ажлын шаардлагаар, хөдөө гадаа явах тохиолдолд 14 хоногоор ч уулзахгүй үе бий. Охинтойгоо уулзахгүй 14 хонох хэцүү. Хүний үр гэдэг хамгийн сайхан үгээр хэлшгүй нандин байдаг юм. Хайр гэдэг бол сайхан бүхний охь, гайхамшиг бүхний ундарга юм. Сайхан хайраас ургасан ганц охинтой.

-Ойрын хугацаанд гэр бүл зохиох бодол бий юу?

-Ойрын хэдэн жилдээ ээж, охин хоёр минь надад байхад хангалттай. Одоохондоо гэр бүл зохиох бодол, төлөвлөгөө байхгүй. Намайг мэдэхгүй хүмүүс намайг хараад, дүгнэж байгаагаас би их өөр хүн. Эмэгтэй хүн эргүүлж гадуур дотуур явдаггүй, ганцаараа бол ганцаараа хичнээн хугацаагаар ч хамаагүй үнэнч байж чаддаг.


Categories
мэдээ цаг-үе

С.Хишигжаргал: Өөрийнхөө энергиэр, дотоод сэтгэлээр гоё байх л гоо сайхан

Залуу дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-Өнгөрсөн зургадугаар сард “Гэрлийн жил” гэж шинэ клип гаргасан. Манжуур хотод болсон “Олон улсын фестиваль”-д амжилттай оролцоод ирлээ. Одоо киноныхоо нээлтийг л хүлээж байна.

-Өнгөрсөн хугацаанд эротик кинонд хүртэл тоглоод амжсан. Энэ удаа ямар кинонд ямар дүр бүтээв?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийгдсэн “Plus mo­tion picture”-ийн бүтээл “Нэг өдрийн дайсан” кинонд гол дүрд тоглолоо. Инээдмийн энэ киногоор баян, ядуу хүмүүсийн хоорондын амьдралд гардаг зөрчлийг нэг өдрийн дотор багтааж, харуулсан. Гол дүрийн баян залуугийн дүрд жүжигчин Билэгжаргал, түүний найз бүсгүйд би тоглосон. Миний бүтээсэн дүр эсрэг. Гэхдээ солонгос кинон дээр гардаг шиг “Хоролмаа” дүр биш. Амьдралаа аваад үлдчихье, гайгүй хүнтэй гэрлээд сайхан амьдаръя гэсэн эмэгтэйг харуулсан. Мөнгөнд дуртай эмэгтэйн дүр байгаа. Кино маань энэ баасан гаригт нээлтээ хийнэ.

-Мэргэжлийн биш хүн кинонд тоглоход хэцүү байдаг уу. Дахиж эротик кинонд тоглох бодол бий юу?

-Мэргэжлийн жүжигчин биш ч энэ мэргэжилд их хайртай. Жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч мэргэжлийг нь эзэмшиж чадаагүй. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдэг шиг авьяаслаг найруулагч, авьяаслаг мэргэжлийн жүжигчин хүмүүсийн дэмжлэгээр кинонд тоглож, зах зухаас нь суралцаж байна. Өөртөө тохирсон, өөрийнхөө онцлогт таарсан дүрүүдийг боломжийн гаргахыг хичээж байна. “Хоёулаа унтах уу” бол секс, эротик кино. Гэхдээ бодит биш, тэр бол кино. Тоглоход хэцүү байсан. Үүнээс хойш эротик кинонд тоглох санал нэлээд ирсэн ч би тоглоогүй. Цаашдаа ч эротик кинонд тоглохгүй. Яагаад гэвэл манай Монголын кино урлаг нэлээд хөгжиж байгаа ч эротик төрлийн нарийн хөдөлгөөн, эмэгтэй хүний мэдрэмж, гоо сайхан зэргийг ойлгож, дэлгэцийн хальсанд буулгах хэмжээнд хүртлээ хөгжөөгүй санагдсан. Яахав би үзээд алдсан. Үзэгчдээс хүртэл шууд доромжлол ирдэг юм билээ. Уг нь бусдыг шүүмжлэхээсээ өмнө чи өөрөө энэ хүний оронд байсан бол хийж чадах уу гэж бодож үзэх хэрэгтэй байх.

-“Universe best songs” наадамд оролцож байсан дурсамжаасаа хуваалцаач?

-2010 онд аялал жуулчлалын мэргэжлээр сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ нэг жил ажиллаж байгаад 2011 онд “Universe best songs”-т орсон. Тухайн үед өрсөлдөөн ихтэй байсан. Би шилдэг 25-д орвол болно гээд өөрөө бодчихсон. Тэгээд л шилдэгт орсон. Уг нь би гранпри авна гээд зүтгэсэн бол авах боломж надад байсан юм байна гэж дараа нь бодсон. Гэхдээ тухайн үед амьдралдаа орж үзсэн хамгийн анхны тэмцээн байсан учраас надад сайн гараа болж өгсөн. Их зүйлийг сурсан, ойлгосон. Гараа сайн бол бариа сайн гэдэг болохоор аль болох эрчээ алдахгүй байхыг хичээдэг.

-Архангай аймгийнх юм билээ. Хаана дунд сургуулиа төгссөн бэ?

-Би Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Ээж маань намайг гэдсэнд байхад амралтаараа нутагтаа явж байсан юм билээ. Тэгээд би ээжийнхээ нутагт төрсөн юм. Миний төрсөн газар бол Тэрхийн голын хөвөө.

Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд гэдэг. Ээжийн маань аавынх тэнд байсан болохоор хүүхэд байхад зуны амралтаараа өвөөгийндөө очдог байсан. Хурдны морь хүртэл унаж байсан удаатай. Гэхдээ нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг төгссөн. Манайхан намайг эрдэм номын мөр хөөлгөнө л гэдэг байлаа. Урлагтай холбогдоод, одоо бол урлагийг орхиж чадахааргүй болсон. Урлаг гэдэг хэн нэгний зав чөлөөгөөрөө хийдэг ажил биш. Зав чөлөөгүй, хичээл зүтгэл, хамтын хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр босдог.

-Урлаг хэцүү, хатуу гэдэг. Болимоор, шантармаар үе байдаг уу?

-Болохгүй байна, би яаж болгох вэ гэж боддог. Түүнээс биш болохгүй юм байна, больё гэж бодож байсангүй. Урлагт л амжилттай байхгүй бол өөр хийх зүйл надад байхгүй шүү дээ гэж боддог. Маш их зүйлийг эрэлхийлж, өөрийгөө боловсруулж, бусдаас онцгой, чанартай сайн бүтээл гаргахын төлөө хичээж байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Ямар гэр бүлд, ямар хүмүүжлээр өссөн бэ?

-Айлын том охин. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Ээж маань цэцэрлэгийн багш. Аав инженер гэхдээ тусдаа байдаг. Ээж маань намайг хайрлаж эрхлүүлж өсгөсөн. Хүнийг хайрлахыг ээжээсээ сурсан даа. Эмэгтэй хүүхэд хайранд өсөх ёстой гэж боддог. Хэрвээ намайг загнаж өсгөсөн бол би хүн загнах дуртай байх байсан. Одоо бол хамтарч ажиллаж байгаа ойр дотнын бүх л хүнийг хайрлахыг хичээдэг. Ээж минь намайг гадаадад сургуульд явуулж чадаагүй ч зөв хүн байх, бусдыг хайрлахад сургасан.

-Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа таны багш юм билээ. Энэ хүний шавь байх ямар санагддаг вэ?

-Манай багш их соёлтой хүн. Анхны уран бүтээл болох “Зуны дурлал” дуун дээр ажиллаж байхад Ангирмаа багш над руу залгаж, Анжел дуун дээр хамтран ажиллаж, багш шавь болцгоосон. Нийтдээ миний есөн дуун дээр багш маань ажиллаж, анхны цомгийг минь гаргаж өгсөн.

-Танай багшийг хатуу шаардлагатай гэдэг. Шавь бүсгүйчүүдээ хүүхэд гаргахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг гэдэг?

-Ажил дээрээ хатуу, ажлын шаардлага өндөртэй, зарчимч. Хувь хүн талаасаа гайхалтай. Миний мэдэх хамгийн мэдрэмтгий, мэдрэмжтэй хүн. Багш бид хоёр гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулсан тохиолдолд ажил учраас хүүхэд гаргах эсэх зүйл заавал яригдах ёстой. Тухайн дуучны ард маш олон хүн ажилладаг болохоор тэдэн жил би та бүхэнтэй ажиллана, уран бүтээлийн ажлаа цалгардуулахгүй гээд гэрээнд тусгадаг. Түүнээс биш цагдаад, хориод, дарамтлаад байдаг зүйл байхгүй.

-Одоо найз залуутай юу?

-Найз залуутай гэж хэлэхээр яахыг мэдэхгүй байна. Найз залуугүй гэж хэлэхээр хүмүүсийн хандлага хэцүү болж эхэлдэг юм билээ. Найз залуугүй гээд зарлаад яваад байхыг хүсдэггүй.

-Эмэгтэй хүн хэрхэн гоо сайхан байх ёстой гэж боддог вэ?

-Төлөвшил хүмүүжил, өөртөө олж авсан мэдлэг, мэдрэмж нь эмэгтэй хүнийг гоо сайхан харагдуулдаг. Түүнээс биш ямар нэгэн гоо сайхны мэс засалд ороод л эмчийн бүтээсэн гоо сайхнаар гоё харагдана гэж байхгүй. Гоо сайхны мэс засал хийлгэсэн бүх хүнийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Би сайхан эмэгтэйчүүдийг хараад, энэ эмэгтэйг яг юу нь сайхан харагдуулаад байна гэж үргэлж бодож үздэг.

-Та эрч хүчтэй, өөдрөг хүн шиг санагдлаа. Сэтгэлээр унах, гуних үе байдаг уу. Хэрхэн даван туулдаг вэ?

-Шалтгаангүйгээр уйлах өдөр хүртэл байна. Гэхдээ би 5-10 минутаас илүү гуниглаж чаддаггүй. Асуудлаа хүнд ярьж тайвширдаггүй. Өөрийнхөө асуудлыг өөрөө давж гарчихаад өнгөрсний дараа зовлонгоо хальт ярьдаг. Өөрөө л даваад, туулаад гарах хэрэгтэй. Зовлонгоос зугтаж болохгүй. Ялагдаж болохгүй. Чиний тархи чинь гүй гэдэг команд өгвөл чиний хөл хэзээд ч гүйхэд бэлэн байдаг гэж үг уншлаа. Дотроосоо хүчтэй байх ёстой. Шаардлагагүй тохиолдолд би ямар ч гоо сайхангүй харагдаж бас чаддаг. Тухайлбал, шөнийн клубт зохисгүй газар гоо сайхан харагдаж, хүмүүсийн нүдний олз болж, ярианы сэдэв байхыг хүсдэггүй. Харин хүссэн газраа хүн бүхнээс илүү гоо үзэсгэлэнтэй харагдах юмсан гэж боддог. Гоо сайхан гэдэг бол хувцасны сайхан, гоё будалт биш. Өөрийнхөө энергиэр, дотоод сэтгэлээр гоё байх л гоо сайхан.

-Гадаад гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Зөв хооллодог уу?

-Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, гоо сайхны массажинд ч ордоггүй, усаа сайн ууна. Зөв хооллож зөв амьдралын хэмнэлийг дагадаг. Хоолоо сайн иддэг. Гэхдээ өөрийнхөө биед яг хэрэгтэй юмыг иднэ. Жаахан таргалаад ирвэл өдөрт нэг хоол иддэг, бусад үед өдөрт хоёр удаа хооллодог. Элдэв шоколад, газтай ундаа, чипс, зайрмаг зэргийг огт хэрэглэдэггүй. Махан хоол, жимсэнд дуртай. Ус их уудаг. Хүнсний ногоонд дуртай биш ч шаардлагатай үед иддэг.

-Хүмүүс хамт олон дотор ажиллаж, олон хүнтэй баг болж явахдаа өөр өөрийн зан аашийг гаргадаг. Аливаад өөр, өөрийнхөө онцлогоор ханддаг. Та олон дотор ямар байхыг эрхэмлэдэг вэ?

-Урлаг хамтын бүтээл учраас бусадтайгаа нийлээд урсгал дотроо орж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ бусдыгаа дагуулж, манлайлж явах ёстой. Мөн бусдыг зөв зүйлд уриалан дуудаж, өөртөө дүгнэлт хийгээд өөрийнхөө шийдвэрээр өөрийнхөө ажилд хандвал дээр.

-Гоё сайхан харагдаж байгаа бүсгүйчүүдийг их мөнгөөр ийм болоод байна гэх ойлголт байдаг. Та ямар хувцас хэрэглэлд хамгийн их мөнгө зардаг вэ?

-Өөрөө л брэнд бай. Өөртөө зохих, чанартай сонголтоо хийж, маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Чанартай гэдэг нь үнэтэй гэсэн үг биш. Үүнийг би хэдий хэр хугацаанд өмсөх вэ, ямар материалтай байна гэдгийг барьж үзээд мэддэг байх ёстой юм. Хувцас сонгохдоо өөртөө хамгийн гоё зохидог өнгийг сонго. Хэт гоё чамин зүйлсээс аль болох татгалзвал зүгээр байдаг. Миний мэдэх нэг мундаг эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй нэг гутлаа дөрвөн жил өмсөж байгаа. Гэхдээ түүний гутал үргэлж цэвэр, тоосгүй байдаг. Мөн маш амжилттай явдаг. Тэгэхээр тэр эмэгтэй маш тууштай, өөртөө байгаа юмыг хайрлаж чаддаг хүн гэж ойлгогдож байна. Би эр хүн байсан бол ийм эмэгтэйг эхнэрээ болгоно гэж бодож байлаа. Би тоглолтын хувцсаа оруулахгүйгээр тооцвол сүүлийн хоёр жилд нэг ч хувцас аваагүй, шоппинг хийгээгүй. Шилэн тиркогоо хүртэл урахгүй өмсөж сурсан. Хуучин даашинзаа дахин, дахин өмсдөг. Хүмүүс Хишгээ нөгөө даашинзтайгаа ирж байна. Гэхдээ гоё харагдаж байна гэж харахад л боллоо. Хувцас авалгүй мөнгө хэмнэснээрээ би шинэ цомгоо гаргаж чадлаа. Хувцсанд их мөнгө үрэх хэрэггүй. Боломжтой, мөнгөтэй болсон үед 10 минутын дотор гоё гоё хувцас аваад өмсчихнө. Би бол мөнгөө хамгийн түрүүнд хадгалдаг. Зүгээр л хөөрхөн охид байдаг шүү дээ. Уг нь үнэт чанараараа хүндлэгдэж байвал гоё.

-Хотод стресс их байна гэдэг. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Тийм их стресстэхгүй л байна. Хотын замд түгжирч байхдаа ч гэсэн гоё дуу сонсоод л, гоё юм бодоод явах хэрэгтэй. Хүмүүс муухай аашилбал энэ хүн ууртай байгаа юм байна гээд л тоохгүй өнгөрөөчих хэрэгтэй. Үргэлж муухай ааштай байдаг хүн гэж байхгүй шүү дээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Толгод болгон сая сая жилийн өмнө Тэнгэр багандсан уулс байсан

Хурмастын үүлэн чөлөөнөөс наран гарах нь

Хуурамч юм шүү, цэцэгс минь, битгий инээмсэглэ

Хумисан далиа намар оройн цаг дор бүү задла

Хугарч нугарч, хөөрхий Цанцэцэг минь салхинд үхсэн…

Энэхүү шүлгийг агуу яруу найрагч Данзангийн Нямсүрэн Д.Ган-Очирт зориулан бичжээ. Тэрбээр өөрийн “Бясалгагч шүүдэр” шүлгийн номынхоо эхний хуудсан дээр энэ шүлгийг нийтэлсэн нь багшийгаа хүндэлсэн сэтгэлийн өчүүхэн илрэл мэт харагдана. Түүнийг уншигчид маань дуучин Т.Ариунаагийн “Хуучраагүй жинс”, Камертоны “18 нас”, “Монголын нууц товчоо” зэрэг дууны үгүүдийг зохиосноор нь сайн мэдэх юм. Ингээд та бүхэндээ МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Эрээнцавын Д.Ган-Очиртой хийсэн ярилцлагаа хүргэе.

Та “Монголчууд” гэдэг сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Энэ сэтгүүлээ танилцуулахгүй юу. Яагаад ер нь ийм сэтгүүл гаргая гэж бодсон бэ?

– Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн хүний хувьд албан байгууллага ч юм уу, аль эсвэл хэвлэлийн төлөөлөгч, сонинд сурвалжлагч, хэлтсийн дарга хийх нь надад тиймхэн санагдсан. Надад өшөө илүү ямар боломж байна. Үүнээс илүү өөрийнхөө чадал чинээгээрээ юу хийж болох вэ гэж бодсоны эцэст “Монголчууд” сэтгүүлээ гаргахаар шийдсэн. Дэлхийд таван том үндэстэн байдгийн нэг нь Монголчууд шүү дээ. Нэгдүгээр санаа нь энэ байлаа. Хоёрдугаарт “Би сэтгүүл гаргалаа гэхэд ямархуу сэтгүүл гаргаж болох вэ” гэдэг орон зайг харсан. Өнөөдөр нэлээд сэтгүүл монголд гарч байна. Тэр дундаа “Playboy”, “ National Geography”, “Cosmo Politian”гэх мэт дистрибютер сэтгүүлүүдийг би хувьдаа эсэргүүцдэг. Энэ сэтгүүлүүд монголд орж ирээд хэрэг байна уу үгүй юу. Өөрсдийнхөө баялаг түүхийг бүтээж өнгөрсөн цагийн агуу өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь надад илүү чухал. Тийм учраас угсаатны ёс зүй, түүх танин мэдэхүй, утга зохиолын сар тутмын сэтгүүл гаргаад явж байна. Энэхүү сэтгүүлийг гаргах гэж хоёр жил гүрийн ажиллаж байна. Сэтгүүл эрхлэн гаргана гэдэг нь санхүү мөнгө, боловсон хүчин, зураг материалаас өгсүүлээд нэлээд л их ажил болдог. Би ч сүүлдээ завгүй боллоо. Гэхдээ хэдий чинээ завгүй байх тусмаа энэ бол миний үүрэг гэж бодон зүтгэдэг дээ.

-“Монголчууд” сэтгүүлээ гаргахын хажуугаар уран бүтээлээ хийж амжиж байна уу?

-Өмнө нь би эссэ бодролын ном, шүлгийн номнуудаа гаргаад их завтай байлаа. Сэтгүүлээ гаргаж эхэлснээс хойш хөтөлгөө морьтой хүн шиг явъя гэж бодовч уран бүтээлдээ цаг зав гаргах нь хомс болж байна. Гэхдээ “Бодролын цонх” эссэний номоо дахин засварлаад өгүүллэгийн ном болгоод хэвлэлтэнд бэлдэж байна. Мөн гурван жилийн өмнөх “Бясалгагч шүүдэр” шүлгийн номоо дахин хянаж засаад гаргах гэж байгаа ч санхүүгийн асуудлаас болоод түр азнаад л байж байна даа.

Ном гаргахад санхүүгийн асуудал нь илүү хэцүү байдаг уу, аль эсвэл номныхоо санааг олох нь хэцүү байдаг юм уу?

-Утга зохиолч, яруу найрагчид бид бол үргэлж санаагаар баян явж байдаг. Тэрэнд бид санаа зовж түүртдэггүй. Манай зохиолч, яруу найрагчдын ширээний нүдэнд зөндөө л номнууд төгрөг мөнгөө хүлээгээд хэвтэж байдаг. Яагаад гэвэл цаг үе нь ийм болчихож. Санхүүгийн бэрхшээлээс болоод уншигчдынхаа гарт хүрч чадахгүй номнууд зөндөө байна. Цахим ертөнцөд дэмий юм уншаад суух, нэг сайхан ном уншаад суух хоёрын хооронд маш их ялгаа бий. Тийм учраас л монголын шилдэг зохиолч, яруу найрагчдын олон номыг гаргах хэрэгтэй. Уншигчдынхаа номын санг тасралтгүй баяжуулж байхын тулд бид үргэлж санаагаа чилээж байдаг улс. Жинэхэн уран бүтээлчид хувийн амбиц, нэр алдар гэх мэт зүйлсийн хойноос хөөцөлддөггүй. Энэ бол маш жижигхэн асуудал. Тийм болохоор европын утга зохиол, төв азийн утга зохиол хоёрын хооронд дэндүү их ялгаа байдаг. Яагаад гэвэл бид нүүдлийн соёл иргэншилтэй байсан учир суурин бичгийн өв соёл их багатай. Бидний өвөг дээдэс үр хүүхдүүддээ дандаа номоо цээжлүүлж ирсэн байдаг. Тиймээс бид цээж сайтай ард түмэн юм.

Танай гэр бүлтэй танилцаж болох уу?

-Би хоёр хүү нэг охинтой. Том хүү маань СЭЗДС-ийн 3-р курс. Оюутан цэрэгт татагдаад сая халагдаад ирлээ. “Оюутан цэрэг” гэдэг Ерөнхийлөгчийн санаачилсан энэ төслийг үнэхээр сайн төсөл гэж боддог. Залуучуудыг сургууль завсардуулахгүй эх оронч хүмүүжлийг олгож байгаа их зөв алхам гэж боддог.Манай эхнэр хувиараа бизнес эрхэлдэг манайх гэдэг эгэл жирийн л нэг монгол айл даа. Энэ зун манай сумын 60 жилийн ой болоод аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ Чулуун хороо сумандаа очоод ирлээ.

-Таныг агуу яруу найрагч Данзангийн Нямаа гуайн шавь гэдгээр хүн бүр мэднэ. Анх багштайгаа учирсан түүхээ яриач?

-Д.Нямсүрэн багш манай аав хоёр найзууд байсан. 1987 онд долдугаар ангид байхдаа албан ёсоор хадаг барьж багшдаа шавь орж байлаа. Тэр үед шүлэг бичээд аймгийн утга зохиол сонирхогч ах нараа дагаад гүйж явдаг хүүхэд байлаа. 1974 онд Эрээнцавын сангийн аж ахуй байгуулагдахад аав ээж хоёр маань нэг нь малын эмч, нөгөө нь багшаар очсон юм билээ. Тэнд гал голомтоо бадрааж намайг төрсний дараах үеэс л манай аав Д.Нямсүрэн багш хоёр найзалсан юм байна лээ. Тэр үед манайхаар их орж гардаг байсан ч би хүүхэд болохоор огт тоодоггүй байлаа. Сүүлд нь утга зохиол, яруу найрагт хөл тавин орж ирэхэд багш маань намайг таниад “Өө чи чинь Даваасүрэнгийн хүүхэд үү” гээд л тосож авсан. Багш маань яруу найраг, хөдөө аж ахуй, одон гариг гээд бүхий л зүйлсийн талаар их сайхан ярьж өгдөг хүн байлаа.Тэгж л багштайгаа танилцаж түүнээс хойш тэнгэрт хальтал нь уулзаж учирч байнгын холбоотой явсан даа.

Ломбын Нямаа гуай “Хөөе Ган-Очироо дэлхий бумбын эринд шилжиж байна, яруу найргаа их бичээрэй” гэж хэлсэн гэдэг…

-Ер нь бол Бумбын эрин гэдэг маань амар амгалангийн эрин юм. Миний утга зохиолын мөнхийн эрэл хайгуул маань явсаар байгаад “Тэнгэр үзэл”, “Буддын философи” хоёр дээр тулсан. Тэгэхээр Монголчуудын тэнгэр үзэл, суурин иргэншилд шилжсэний дараах Буддын философи хоёр аль аль нь л хүний амьдралд чухал. Буддын философи нь суурин иргэншлийн энэхүү стресстэй нийгэмд бодож суугаад бясалгахад их хэрэгтэй болдог. “Тэнгэр үзэл” бол сая таван зуун мянган км хавтгай дөрвөлжин газар нутагтаа үйлчилдэг. Энэ бол их гайхалтай . Яагаад гэвэл хүний тархины орой дээшээ хязгааргүй нээлттэй байдаг. Бид тэнгэртэйгээ харьцаж нар сар, долоон бурхан одондоо өргөлөө өргөдөг ард түмэн шүү дээ. Бид дээшээ хардаг учраас л монгол гэр маань дээрээ цонхтой байгаа биз дээ. Үеийн үед оддыг гэрийнхээ тооноор л харж ирсэн. Буддын филосфоос бол яаж амар тайван амьдрах вэ гэдгийг л илүү суралцах хэрэгтэй.

-Та “Яруу найрагт өөрийгөө зориулаад явж байгаа маань сайн хэрэг” гэж нэгэнтээ дурсчээ. Таны амьдралын зорилго яг юу вэ?

-Би Монгол хүн болж төрсөн. Тийм болохоор буцан буцталаа Монгол нутагтаа амар тайван сайхан амьдрахыг бодох нь зүйн хэрэг. Гэхдээ юу бүтээж юу үлдээх вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Би дааж давшгүй эдийн баялагаас илүүтэйгээр оюуны баялаг бүтээж олж авсан жаахан мэдлэгээ монголынхоо өв соёлд зориулж утга зохиол, яруу найргаар дамжуулан бусдад түгээх юмсан гэж боддог. Монголчууд “Огторгуй” гэдэг ойлголтыг “Огт оргүй” гэж үздэг. Тэгэхээр бүх юм огт оргүй болж байгаа биз. Энэ бол Нагаржунаагийн онол юм. Тэгэхээр оргүй юмыг ойлгоно гэдэг хэцүү. Энэ тухай миний шүлэгт байдаг. Бүх юм хоосон учраас чи хүсэх хэрэггүй, чи шунах хэрэггүй. Эцсийн эцэст бүх юм хумхийн тоос болох учраас үхлийг ч эхлэл юм шиг тэвэрч чадах тийм их тайвшрал бясалгалыг өөртөө бий болгох хэрэгтэй. Энэ л амьдралын маань зорилго юм.

Шүлэг, яруу найргийг бясалгал гэж хэлж болох уу?

-Үгүй, яг тэгж хэлж болохгүй. Одоо байгаа хэвшмэл, энэ их стресстэй амьдралын хэв маягаас ангид байлгаж чадаж байгаа нь л чухал. Зохиол бичнэ гэдэг нь өөрийнхөө гаргаж чадахгүй байгаа дотоод ертөнцөө илэрхийлж буй хэлбэр. Гэхдээ хүн бүр зохиолч биш. Зохиол бичлээ ч хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бас хэцүү. Зөндөө л бичигч нар байна. Гэхдээ жинхэнэ зохиолч хүн бол төрдөг гэж би боддог. Зохиол, уран зураг, хөгжим гэсэн гурван сонгодог байдаг учраас л хүн амьтнаас ялгардаг. Тэгэхээр үүнийг хүн болгон хийх боломжгүй.

Авьяас байсан ч зарим нь түүнийгээ хөгжүүлээд авч явж чаддаггүй хүмүүс байна. Энэ юунаас шалтгаалдаг гэж та боддог вэ?

-Үүнд ухаан хэрэгтэй. Эцэг эхийн суурь хүмүүжил маш чухал нөлөөтэй.Би эмээгээрээ байнга үлгэр домог яриулж өссөн. Хүн алдсан ч гэлээ өөрчлөгдөж бас болно. Үүний тулд муу зуршил, муу санаа бодол, атаа хорслоо хаях хэрэгтэй. Хаяад байх тусам л хүн гэгээрнэ. Тэрнээс биш түүнийгээ тээгээд л яваад байх юм бол чи донтож солиорч эхэлнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талын дүрэм ба ардчилсан монголын “Нууц товчоо”

(ОУМ ЭРДЭМТНИЙ XI ИХ ХУРАЛД ТАВЬСАН ИЛТГЭЛ)

Өндөр настай залуу үндэстэн. Дүрмээ тулгасан тал нутаг. Нууц товчоо бол тал нутгийн дүрэм, ёс суртлын толь. Асуудал бэрхшээлийг буурин дээрээ орхих арга. Бүхнийг шийддэг нүүдэл. Арга олох бус аргалаад өнгөрөх менежмэнт. Нүүдэг хот айлаас суудаг хот суурин. Өнөөгийн Монголын нүүдлийн улс төр эдийн засаг. Иргэншлийн хальстай нүүдэлчний зовлон. Орчин үеийн монголын “Нууц товчоо” юу вэ?

Нэг. Хуулиатулгасантал нутаг

Төр ёс ба соёлын түүх нь хэдэн мянганаар яригдаж, хүн төрөлхтөнд гайхуулдаг үндэстний нэг бол монголчууд. Харин иргэншил хотшлын утгаар нь авч үзвэл монголчууд дэлхийн орь залуу үндэстнүүдийн нэг юм.

Хотшин суурьшиж, хамтран амьдарч ирсэн туршлага нь маш бага учраас нийтлэг эрх ашгийн тугийн дор нэгдэх туршлага багатай. Энэ нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, ардчилсан төр засаг байгуулах, глобальчлагдсан дэлхий ертөнцөд амьдрахад учирдаг гол бэрхшээлүүдийн үндсэн шалтгаан болж байна.

Өнөөгийн бидний эх нутагт хүний өвөг (primat) 700 мянган жилийн тэртээд амьдарч, 20-30 мянган жилийн тэртээгээс дэлхийн зүг бүрт чиглэсэн миграци болж, тэдний зарим нь Берингээр дамжин Америк тивд хүрчээ гэж үздэг . Монгол нутагт анхны төр бий болсон үеийг Хүннү гүрнээс эхлэн 2200(2010 онд гарсан Монгол улсын Ерөнхийлөгчийн 216 тоо зарлиг, Засгийн газрын 314 тогтоолын дагуу 2011 оны турш “Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жилийн ойг тэмдэглэсэн) илүү Монгол үндэстний гүрэн улс үүдэн цогцолсон явцыг XIII зуунаас эхлэн тоолж, 800 гаруй жилээр тоолон тэмдэглэдэг.

Харин ХХ зууны эхнээс Зөвлөлт маягийн төр засагтай болж, социалист дэглэмийн дор хотшин суурьшиж эхэлсэн. Зөвлөлтийн нөлөөн дор иргэншлийн анхны алхмаа хийсэн боловч хуурмаг дүр төрхтэй нийгмийг бий болгосон байна.

Хотшил нь хөдөлмөрийн хуваарь бий болгож, хувь хүмүүсийн эрх ашгийн нэгдэл, дундын сонирхлыг тунхаглаж, хувь хувийн жижиг амбицаа хазаарлах чадамжийг төрүүлдэг. Энэхүү эрх ашгийн нийтлэг нь тулгарсан бэрхшээлийг хамтаараа шийдэхэд хүргэдэг бөгөөд чухам эндээс өөрийн хот улс орноо нийтэч үзэл санаа буюу эх оронч үзэл санаа жинхэнэ утгаараа урган гардаг.

Харин жалга жалгандаа дур зоргоороо байх, хэнд ч үл захирагдах үзэл санаан дээр нүүдэлчдийн эрх ашгийн нийтлэг ба эх оронч үзэл санаа урган гардаг.

Жишээлэхэд, иргэншсэн ертөнцөд бизнес эрхлэхэд иргэд масс рүү татагддаг. Тэд аль болох олон хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй байх утгаараа. Бас байгалийн гамшиг, харийнхны довтолгоо зэрэгтэй тэмцэхэд эв нэгдэл, хамтын хүч чухал.

Харин нүүдэлчин хүний бизнес дэлгэрч мал өсөхөд эзгүй бэлчээр, хүн цөөтэй нутаг хэрэг болно. Түүгээр ч зогсохгүй гол бэрхшээл болох ган зудыг давах арга нь мөн л “хүнээс дайжих” зарчмаар хийгдэнэ . Малчин хүн хүндрэл бэрхшээл тулгарахад бусадтайгаа хамт байж болдоггүйн жишээ нь “Туурын зуд”(Гурван төрлийн зуд байна. Цагаан буюу цас их орсноос өвсгүйдэх зуд, харын буюу огт цас ороогүйгээс мал усгүйдэх, туурын буюу өнтэй нутагт хэтэрхий олон мал цугласнаас бэлчээр дутагдах явдал энд орно. Зөвхөн Монголын хөдөө аж ахуйд тохиолддог зуд хэмээх “малын өлсгөлөн”-гөөр дамжин нийгэм эдийн засагт нөлөөлдөг үзэгдэл англи хэлнээ Zud, dzud, zud disaster хэмээн саяхнаас оржээ.) буюу малын хөлийн зуд болно.

Чухам иймээс “бусад хүмүүстэй жишин үзэхэд тэд хавьгүй бардам агаад бусад хүмүүсийн язгуур угсааг үл харгалзан бүх хүнийг үл тоомсорлох ажгуу…бусад хүмүүсийг бодоход огцом дүрэлзүүр зантай” хэмээн Плано Карпини тодорхойлсон байдаг нь нийгмийн бусад гишүүдээсээ бага хамааралтай амьдарч болдогийн жишээ юм.

Цаг улирлын сайхан үед ч адуу малын бэлчээрийн онцлог тэднийг холдуулна. Монголын нууц товчоонд гардгаар Тэмүүжинтэй жил орчим айлссан Жамуха “…Ууланд шахаж бууя, Адуучинд гэр болтугай, Голд шахан бууя хоньчин хургачин нарт гэр болтугай” хэмээн Тэмүжинд хэлдэг нь малын нутаг бэлчээрээс болоод салж нүүх шаардлага гарч байгааг сануулсан хэрэг. Үнэхээр ч саяхан ялалт байгуулж мал хөрөнгө нь үлэмж нэмэгдсэн нүүдэлчин хөршүүд жилийн турш айлсана гэдэг амаргүй. Харамсалтай нь ойр орчныхон нь үүнийг ихээхэн өөрөөр Тэмүүжинд тайлбарлаж өгдөг билээ. (Ерөөсөө Жамух Тэмүүжин хоёрын явдлаас хүн чанар, сэтгэл зүрхнээс хамаарал багатай, тал нутгийн тулгасан дүрмээр явдаг, нүүдэлчин монголчуудын нөхөрлөл, уйдалт, урвалт, жижиг ялагдагчийг дэмжин том руу турхирдаг тактик, ойрын нөхрөөс холын дайсан дээр гэдэг логик, (ХХ зууны эхээр Автономитыг устгахын өмнөхөн Шарын тал буюу Богд гэгээнээ дагасан лам нарын “нам” засаглалд хүчтэй байх үед харын талынхан нь “Лам нарын гарт орсонд орвол Хятадуудын гарт орсон нь дээр. Учир нь хятадууд арай хол юм. Ирээд дарамталтал хаа байсан юм бэ” гэсэн утгаар яриа хөөрөө гаргаж байсан мэдээллийг Л.Шинкарев гарган тавьсан байдаг) зэргийн түмэн учрыг харж болно)

Нүүдэлчдийн хувьд тулгамдсан асуудлыг шийдэх бус харин орхиж явах, бэрхшээлээс дайжих гарц хайдаг. Дөрвөн улирлын турш хийдэг нүүдэл нь өвлийн хүйтэн, зуны халуун, бэлчээрийн өгөөж багасах зэрэг асуудал бэрхшээлээс дайжих үйл явц билээ. Жужуанууд “зуны улиралд умар нутгаар нутаглаж…намар адуу мал таргалсан хойно хуран төвлөрч, хүйтнээс зайлан дулаан нутаг руу чиглэн…” ирдэг тухай судлаачид бичжээ. Ийм учраас нүүдэлчид тулгамдсан асуудлын мөн чанарыг таних, нэгмөсөн шийдэж сурахад анхаарлаа бага хандуулж ирсэн байна.

Түүнчлэн байнгын нүүдэл, хувирал, шилжилт дунд өнгөрдөг амьдрал нь орхиж нүүх боломжгүй тулгамдсан бэрхшээл, асуудлыг өнгөц байдлаар, түрхэн зуур аргацаан шийдвэрлэхэд сургажээ. Өвлийн хүйтнийг нэгмөсөн хөнгөвчлөх дулаан өвөлжөө орон сууц барих боломжгүй. Барилаа гэхэд хавар түүнээ орхиод нүүх болно. Хойтон нь газрын гарц муу байвал тэндээ эргэж өвөлжихгүй. Ийм учраас өвлийн ид хүйтэн хэдэн хоногийг зардал чирэгдэл багатай давах нь чухал. Гэр барихдаа оосор бүчний уяа зангилааг хүртэл чивчрэхгүйгээр, хэд хоноод дахин ачаалах үед амархан тайлагдах байдлаар зангидах хэрэгтэй болдог.

Эцсийн дүндээ нүүдэлчдийн нийгэм нь тулгамдсан асуудлыг шилжилт хөдөлгөөнөөр шийддэг, бэрхшээлийг шийдвэрлэхийн оронд орхиж явдаг нийгмийн нэр.

Иргэншиж суурьшсан нийгмийн гишүүд нь нийтлэг сонирхлоо хамгаалсан тогтоц, хууль цаазын орчин дээр ашиг сонирхол, эх оронч ба үндэстнээ гэх үзэл санаа нь тодордог бол нүүдэлчдийнх өөр. Нүүдэлчин уламжлалт монголчууд эрх ашгийн нийтлэг нь эрх дураараа, үл захирагдах байдал дээр буюу эзгүй уудам нутагт дураараа нүүж амьдрах сонирхол дээр нэгдэн гардаг. Эх оронч ба үндсэрхэг үзэл нь үүн дээр илэрдэг. Монгол ардын “Барын сүүл явснаас батганы толгой явъя”хэмээх цэцэн үгэнд үндэсний тусгаар тогтнолын утгаас илүүтэйгээр толгой толгойгоо дааж, дов довон дээрээ дураараа явах нүүдэлчний философи харагддаг. Энэ байдал нь өнгөрснөөсөө сургамж авахаасаа илүүтэй хувь тавиландаа найддаг болгосон байна. Жишээлэхэд, хуримтлуулсан туршлага сургамжаараа ган зудыг тойрох аргагүй. Аз ивээвэл зуд болохгүй ба боллоо ч гэсэн хувь тавилан ивээвэл хохирол багатай үлдэж болно.

Нүүдэлчнийн амьдрал нь сонгодог утгаар хөдөлмөрийн хуваарь бий болоход садаа болдог. Малчин зөвхөн эм хонь маллах, хургаар дагнах, байтугаа нэг төрлийн малаар дагнах боломж хомс. Зөвхөн эсгий хийж, дээл оёж аж төрөх боломжгүй. Тухайн бүтээгдэхүүнийг нэг ширхгийг тодорхой нэг хүнд зориулан “Батын наадмын дээл”, “Дулмаагийн хуримын тэрлэг”, “Сүрэнд төхөөрч буй эмээл” гэхчлэн үйлдэнэ.Ардын гунигт дуунд “Хөх торгон цамцыг хэндээ ч гэж оёх вэ” хэмээн гардаг нь үүний жишээ. Зах зээлтэй газар бол хөх торгон цамцаа хэдэн цаасаар арилжаад, мөнгөөр нь дуртай юмаа авч сэтгэлээ сэргээхгүй юу? Энэ нь байдал нь хэрэгтэй бүхнээ байг гэхэд нэлээдийг нь өөрөө хийж чаддаг байх хэрэгцээг бий болгодог.

Түүчлэн Монголын тал нутагт тогтоод өнгөрсөн социализмийн ул мөр Зүүн Евпопт үлдээснээс арай өөр. Монголчууд энэ тогтцыг байгалийн бэршээл, ган зудын нэгэн адил дайраад өнгөрдөг гамшиг, цаг төрийн түр зуурын хатуурал байдлаар хүлээн авч, түүнийг аргалаад өнгөрөх сэтгэхүйгээр, “ингэж байгаад нэг л өдөр хугацаа нь дуусч өнгөрөн одно” гэдэг итгэлээр хандаж ирсэн байна.

Монгол орны хотшил иргэншлийн түүх тодорхой утгаараа 1959(1928 оноос Феодалын хөрөнгө хураах кампанит ажлаар эхэлсэн “өмч хураах” процесс 1959 онд малчдын малыг хураан авч нийгэмчилснээр амжилттай өндөрлөсөн ба хувийн өмчийг хурааж дуусснаар “социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” гэж тухайн үеийн албан ёсны үзэл сурталчид үзэж байв.) оноос эхэлдэг. Энэ жил малыг нийгэмчлэх ажил дууссанаар малчин монголчууд өмчгүй болж хот суурин руу эрчимтэй нүүж эхэлсэн юм. Нийслэлийн хүн ам 1950 оноос хойшхи арав гаруй жилд бараг тав дахин өссөн нь үүний жишээ..

Нүүдэлчин монголчууд иргэншсэн ертөнцийн жамаар нийтлэг бэрхшээлтэй тэмцэж эхэлсэн явдал 7 жилийн дараа 1966 онд тохиосон нь Улаанбаатар хотыг нөмөрсөн үерийн гамшиг ба үерээс хамгаалсан даланг Туул голын эрэг дагуу байгуулж эхэлсэн баримт болно. Энэ бол иргэншин суурьшиж эхэлсэн монголчуудад эрх ашгийн бодитой нийтлэг бий болж, бэрхшээлийн эсрэг нэгдэн босгосон анхны “Цагаан хэрэмнүүдэлчид хотшиж эхэлсний түүхэн дурсгал болно.

1961 онд гарсан АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигт орчин цагийн хот нь малчны хот айлаас юугаараа ялгаатай болохыг онцлон тодорхойлж “…олонхи нь цалин хөлсөөр, цөөнх нь аж ахуйн орлогоор амьдардаг 4000-аас дээш хүнтэй суурин, 3000-аас доошгүй хүн байнга оршин суух аж үйлдвэрийн газруудыг хот” хэмээн үзэх болсныг дурьдсан байна. “олонхи нь цалин хөлсөөр” гэдэг үг бол мал маллахаас өөр замаар орлого олж, иргэншил хотшлын хаялгаар амь зуудаг гэсэн үг болно.

Анх удаагаа хотшин суурьших үйлсээ социалист хүчирхийллийн дор эхлүүлсэн монголчуудыг “хотын хүн” болгохоор хийсэн томоохон хувьсгал бол 1959 онд эхлүүлсэн Соёлын довтолгоо(Соёлын довтолгоог 1959 оноос 3 жилийн хугацаатай явуулж, 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор дуусгахаар төлөвлөсөн боловч цаашид гурван жилээр сунгах тогтоол гаргасан байна) билээ. Хот гэдэг ойлголт нүүдэг хот айлаас суудаг хот суурин болж хувирав. Удахгүй бүх социалист орон Москвагийн дээвэр дор нэгдэн нэг улс болоход монголчуудын соёлч боловсон бус байдал садаа болж байна гэж үзээд малчин ардуудын зөвлөлтийн хүнтэй бүх талаар ижилсүүлэх алхам болгон түүний хийж байгаагаа зарлаж байсан.

Хагас албадлага, хагас хүчирхийлэл, хагас урам зоригоос бүрдсэн Соёлын довтолгоо нь малчин ардуудыг долоо хоногт нэг удаа усанд ордог, гарын байтугаа хөлийнхөө хумсыг авдаг, ил байдаг нүүр гараасаа эхлээд хагас далд байдаг шүдээ хүртэл өдөр бүр угаадаг болгож заншуулсан. Нийтээрээ хотшин бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдаж (1951 оноос кирилл монгол үсэгт албан ёсоор шилжиж, 1971 онд ЮНЕСКО-оос бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсны учир медаль авч байсан) хүн амын өсөлтийн хувь нь дэлхийн дунджаас 0,47 хувиар давах болсон байна.

Харин монголчуудын хотшил иргэншлийн түүх жинхэнэ утгаараа 1990 оноос эхэлдэг. Дэлхийн социалист систем задарсан, ЗХУ тарсан, Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн зэрэг үйл явцууд нь монголын жам ёсны иргэншил суурьшлийн түүхийг эхлүүлсэн. Энэ нь Монгол орон ардчилсан түүх төдий биш, харин хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замаар толгой даан орсон, засаглалыг хүчээр бус хууль цаазын дор тогтоож эхэлсэн, төр нь ард түмнээ цэрэг дайны олзоор тэтгэх бус баялаг бүтээх боломжийг нь хангах замаар цэцэглүүлэх замд орсон үйл явц бөлгөө. Төр ёсны хоёр мянганы шастир, соёл аж төрлийн хувь түүнээс ч урт намтартай монголчуудын 26 жилийн настай жам ёсны иргэншлийн түүх эндээс эхэлсэн билээ.

Хоёр. Хотшсон гадартай, Нүүдэлчин дотортой Монгол орон

Нүүдэлчин маягаар асуудлыг шийдэж ирсэн уламжлал нь өнөөгийн нийгмийн ерөнхий төрх, ялангуяа төрийн бодлогод тусгалаа олж байна.

Нэгдүгээрт, асуудлыг орхин нүүх аргаар шийдэх зарчим хүчтэй хэвээр байна. Улс төрчид намын даргатайгаа яльгүй зөрчилдөх юмуу, асуудал өөрийнхөөр нь шийдэгдэхгүй тохиолдолд намаасаа гарч нам байгуулах, жигүүр фракци үүсгэх замыг сонгодог. Энэ нь хөрш айлтайгаа муудалцахад хэлэлцэн тохирохын оронд салаад нүүдэг туршлагын илрэл бөгөөд асуудлыг намын даргатай, эсвэл намтай нь орхиод явах замаар шийдэж байгаа хэлбэр болно. Анхны сөрөг нам МоАН байгуулагдаад хэдхэн хоносныхоо дараа Бүгд найрамдах нам тэднээс өрх тусгаарласнаас хойшхи хуваагдал нь гарын арван хуруунд багтахгүй ба хамгийн бат бөх нам болох МАХН нь сүүлийн хориод жилд МАН, Сэргэн мандлын нам, МАХН болон гурав хуваагдсан байна. Үнэндээ Монголын улс төрийн намуудад хөгжлийн үзэл баримтлалын ялгаа бараг байхгүй бөгөөд дотоод эрх ашгийн зөрчлүүд нь шинэ хуваагдлын шалтгаан болдог.

Хоёрдугаарт, Аргалаад өнгөрөх сэтгэлгээ хэвээрээ байна. Энэ нь нэгдүгээрт, юмыг аргалаад, тухайн үеийн хэрэгцээг хангаад өнгөрөх хоёрдугаарт, яалт ч үгүй тулгарсан бэрхшээлийг аргацаагаад ард нь гарах арга юм. Жишээлэхэд, өвлийн хүйтэн, цус зудыг эгнэгт шийдэх боломж байхгүй учраас хэдхэн хоногийн хүйтэн, ганц сарын зудны ард яаж ийгээд гарах л чухал болдог. Монголчууд “цагийн бэрхийг давах”, “цас зудыг давах” гэж л ярьдгаас биш цас зудны асуудлыг шийдэх, ган гачгаас ангижрах боломжгүй явж ирсэн.

Монгол хэлнээ “монголчлох” гэдэг хэллэг бий. Энэ нь юмыг байгаа боломжоороо, түр аргацаахын нэр билээ.

Гуравдугаарт, нүүдэлчдийн мөнхийн эрмэлзэл болох ачаа хөнгөн байх, тэр хэрээрээ маневрлах чадамж сайтай байх эрмэлзэл одоо ч хэвээрээ. Энэ эрмэлзэл нь олзыг түргэн зуур багасгах, найрлаад дуусгах хэрэгцээ буй болгоно. Юмыг муутгаж хаяснаас, ачаандаа багтаалгүй буурин дээрээ үлдээснээс нийтээрээ хэрэглээд үрэн таран хийгээд дуусгасан нь сэтгэлд өег билээ. Ер нь зунаар төхөөрсөн хонины гэдсийг аль болох олон айлтай хуваадаг ёс нь монгол хүний өгөөмөр зан, харамгүй сэтгэлийн илэрхийлэл мөн боловч халууны улиралд муудахаас нь өмнө амжиж амархан муудах хүнсээ дуусгах хэрэгцээний нэг хэсэг бас мөн. Энэ байдал 2010 аад онд Монголын эдийн засаг нүүрсний үнийн өсөлт ба гадаадын хөрөнгө оруулалтын эхний давалгаанаар цэцэглэсний үр хуримтлалыг хүүхдийн мөнгө, иргэний хувь хишиг, хуримласны шан зэргээр хуваан найрлаж дууссны жишээ харуулна..

Дөрөвдүгээрт, Нүүдэлчний төр дайны олзыг хуваадаг Монгол засаглалын уламжлал хэвээрээ байна. Чингисийн үеэс илүү тод харагдах болсон түүхэн баримтуудаар бол нүүдэлчдийн төр нь нийгмийг баялаг бүтээх боломжоор ханган жолоодох боломжгүй учраас дайнаар бизнес хийж, түүнийхээ олзоор нийгмээ тэтгэж байжээ. Монгол их гүрний байлдан дагуулалт, ялалтын нууцыг юуны өмнө дайныг бизнес утгаар хөгжүүлж, сонирхогч талуудыг амжилттай татан оролцуулж чадсанд явдлаас хайх нь зүйтэй. Харин цөөн тоотой монголчууд өөрснөө жанжин штаб буюу дайны бизнесийн менежмэнтийн багт ажиллана. Чухамдаа хуучин өс хонзонг сэрээх болон олз ашиг сонирхлыг нь хөгжүүлэх тактикаар дайны бизнест татан оруулж чаддаг байсан. “Бат хаан Польш руу довтлоход цэргийн ихэнхийг славян үндэстнүүд, Хүлэгү Багдадыг довтлоход армян, гүрж цэргүүд, Хубилай Японд дайрахад солонгосчууд цэргийн ихэнхийг бүрдүүлж” асан нь үүний тод жишээ. Чингис хааны цэргийн урлагийн гол хэсэг байлдах тактик гэхээсээ илүү дайн хийх менежмэнт байсан гэж үзэж болно.

Чингис хааны дайны менежмэнттэй улс гүрэн нь хүнд хэцүү үед хэрэглэх “Улсын нөөц дайн”-ы фондтой байжээ. Монголын нууц товчоонд Чингис хаан “Өмнө зүгт Тангуд улс байгааг өглөө бүхэн надад сануулж байх” тухай захисан хэсэг бий. Тангуд улс бол түүний Чингис хааны дайны бизнесийн хувьд “стратегийн нөөц” байсан бөгөөд Дайны бүгд найрамдах улсынх нь иргэдэд ирээдүйн орлогын нөөц болон харагдаж байжээ. Иймээс Чингис хаан нөөц дайснаа сайтар ариглан хадгалж байгаад насны бөгсөнд ашигласан билээ.

Эхнэрээ булаалгасан Тэмүүжин хүү бүрлээч эцгийнхээ эртний анд Тоорилд хандаж, булган дах бэлэглэн тусламж гуйсан тухай “Монголын нууц товчоо”-нд буй. Сайхан бэлэг, сайхан нөхөрлөлийн дурсамж хоёрт хайлсан Ван хаан дайнд мордох шийд гаргана. Үнэн хэрэгтээ энэ нь хэсэгтээ бизнес хийлгүй (ойрын хугацаанд дайн хийлгүй), үүнээсээ болоод хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилаагүй (албатууддаа дайны олз тараагаагүй) захирал Ван хааны бизнес ухаанаар хийсэн шийдэл юм.

Нууц товчоонд өгүүлснээр, Чингис хаан ширээнд суусныхаа дараахан, орчин цагийн ойлголтоор бол “хувьцааны ногдол ашиг хуваарилах” томоохон арга хэмжээ зохион байгуулж, олон хүлэг баатрыг эрх мэдэл, хэргэм цолоос гадна “Есөн удаа гэмт хэрэг хийх эрх”-ээр урамшуулж байгаа тухай гардаг.

Энэ уламжлал нь “нийгмийн халамжийн бодлого” гэдэг зүйлийг хүн төрөлхтөнд бэлэглэжээ. Улмаар Манжийн вассал болон Зөвлөлтийн дагуул улс байх үед ч энэ байдал улс төр, эдийн засгийн утгаар үргэлжилж “Хааны хишиг, пүнлүү”, “Зөвлөлтийн зээл тусламж” нэрээр үргэлжилж ирсэн нь Монголын нийгмийг төрийн хишиг халамжид улам дасгасан байна.

Яг энэ уламжлал одоо ч хэвээрээ ба намууд сонгуулийн хөтөлбөртөө “Иргэн бүрт сая төгрөг”-ийг дайны олз маягаар хуваарилна хэмээн тусгадаг явдал үүнийг гэрчилнэ. 2013 онд дэлхийн банкнаас гаргасан тайланд Монгол улс ДНБ-нийхээ 2,78 хувийг нийгмийн халамж болгон бэлэн мөнгөөр тараасан тухай дурьдсан аж. Энэ нь ихэнх хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дунджаас хоёр дахин их байгаа тухай олон улсын шинжээч Жастин Дүүдигийн анализэд дурьдсан байна

Тавдугаарт, Бүхнийг өөрөө хийж, өөрийгөө хангаж оршин тогтох амжиргаатай, “Хөдөлмөрийн хуваарь” гэдэг ойлголтоос холуур нүүдэлчний ой ухамсарт өнөд шингэсэн дадал зөн одоо ч хэвээрээ. Уламжлалт ийм эрмэлзэл өдгөө ч төрийн бодлогын хэмжээнд ард түмний өргөн дэмжлэгээр үргэлжилж байна. Уул уурхайгаа зөвхөн өөрөө ашиглах, зөвхөн монгол хүнийхээ хийсэн зүйлийг хэрэглэх үзэл санаа нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих”, “Монголдоо үйлдвэрлэе” гэхчлэнгийн албан ёсны нэртэй. Хамгийн сүүлд байгуулагдсан Засгийн газар “Монголдоо хийдэг юмыг гадаадаас авахгүй” тухайгаа тунхагласан нь үүний шинэхэн жишээ. Цоо шинэ ч юм биш. Үе үеийн Засгийн газруудад “гадаадын өндөг авахгүй байх” тухай, “зөвхөн монголдоо ургасан улаан буудайн гурил идэх” тухай яриа байнга өрнөдөг. Эдийн засгийн хүчирхэг байдал гэдгийг зөвхөн хэрэгцээгээ өөрөө хангаж амь зуух, импортгүйгээр оршин тогтнохыг ойлгодог.

Бүхнийг нэг хүнд зориулж нэг ширхгийг үйлдвэрлэж ирсэн мянганы дадал өнөө ч хэвээрээ. Зам даган эгнэсэн олон гуанзны хуушуур, цуйван, бууз гэсэн ижил цэс, сумын төвийн бараг айл болгоны үүдэнд шовойх ижил бараатай ТҮЦ-үүд, зурагтын хэдэн зуун суваг , гурван сая хүнтэй улсын 20 орчим өдөр тутмын сонин… энэ бүхэн өөртөө юм бүхэнтэй байх гэсэн нүүдэлчний араншин. Нүүдэлчний шалгуураар “Унах унаатай, саах үнээтэй, ачих тэмээтэй” байх учиртай явсан монголчууд өнөөдөр “Хүнээс юугаараа дутах вэ гээд нэг зурагтын сувагтай”, “Олны жишгээр, өдөр тутмын сонинтой”, “амьтны нүдэнд зүгээр юм гээд нэг уурхайтай”, “арга ядахад лицензтэй” явахыг хүснэ. Хувьцаат компанийн даржин, өр авлагатайг эс харгалзан 50+1 хувийг эзэмшихийг хүснэ. Төр ард түмэн хоёрт ямар ч ялгаа энд харагдахгүй.

Зургадугаарт.Бэлчээрээ харамлах үзэл санаа нь хүчтэй хэвээр. Гадаадын хөрөнгө оруулалтыг баялаг үйлдвэрлэх салбарын хамтын ажиллагаа гэдэг утгаар бус бэлчээрт нь айлын мал орж байгаа утгаар харж гадуурхдаг. Үнэхээр ч мянга мянган жил монгол хүний эзэмшил бэлчээр дээр орж ирсэн бусдын хөрөнгө бэлчээрийн хомсдол үүсгэж, туурын зуданд өртүүлж ямагт гай тарьсаар ирсэн билээ. Монгол орныг өнөө нөмөрсөн эдийн засгийн хямрал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлын мал сүрэг бэлчээрт орсны нэгэн адил үзэж хөөн явуулсны гор мөн.

Тусгаар тогтнолын үзэл санаа ба эх оронч сэтгэлгээ нь чухамдаа дур зоргын авир ба бэлчээртээ гадны мал сүрэг (гадаадын хөрөнгө оруулалт) оруулалгүй харамлан нөөцлөх сэтгэлгээн дээрээ тулгуурлаж байгаа. Эдийн засгийн хараат бус байдал, улс төрийн бие даасан бодлого зэрэг нь хоёрдугаарт тавигдаж, бүрэн бүтэн бэлчээр нутаг бол тусгаар тогтнол гэж ойлгодог. Энэ үзэл санааны тугийн дор Эгийн голын усан цахилгаан станцын Малайзын болон Хятадын хоёр төсөл, Дорнод бүс дэх Арева компанийн ураны хайгуулын төсөл, Тамсагт нефьт хайсан Соко, Таван толгой дахь Рио Тинто, Төмөр замын өргөн нарийн цариг …гээд Монголын эдийн засгийг сэргээж чадах олон төсөл амьсгал хураасан бөлгөө.

Долдугаарт, Өөрсдийнхөө хэн нэгний манлайллыг хүлээн зөвшөөрөх дургүй учраас алс холын хүчирхэг нэгний ивээлд, дотооддоо хэн хэнээсээ илүүрхэх юмгүй оршин суух сонирхолтой. Ер нь бол өөрсдийнхээ хэн нэгний гарт байснаас Монгол нутагт ирээд суучихгүй, холоос удирдаж залаад байдаг тийм “ах”-ын эрхшээлд байх сонирхолтой. Энэ байдлыг нь Манжийн ноёрхол, Зөвлөлтийн эрхшээл тодорхой утгаар хангаж байсан. Монголчуудын, ялангуяа зонхилох ястан болох халхуудын энэ байдлыг сайн мэдэх Зөвлөлтүүд БНМАУ-ын удирдагчийг ХХ зууны эхний хагаст нутгийн зүүн хязгаараас, сүүлийн хагаст баруун хязгаараас тус тус сонгон томилж байсан ч байж мэднэ.

ХХ зууны төгсгөлд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны нийтлэг замд орсон монголчууд “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлого тунхагласан нь чухамдаа Манж, Зөвлөлтийн орлогчийг далайн цаанаас (ирээд нутаглачихгүй_ холоос ивээх) хайж эхэлсэн хэрэг байлаа. Харамсалтай нь орчин цагийн хамтын ажиллагаа ашиг сонирхлыг нэгдлийг бий болгодон “хөрөнгө оруулалт” гэдэг ойлголтыг монголчууд “Бэлчээрт айлын мал орох” процессоос ялгахтай үгүйтэй байгаа нь “Гуравдагч хөрш”-ийг нь үргээгээд байгаа билээ.

Наймдугаарт, Өнгөрсөн түүхээсээ сургамж авах сонирхолгүй, туулж өнгөрүүлсэн гай зовлонгоо дахин туулахгүй явахыг эрмэлзэхийн оронд түүнийг ган зудын нэгэн адил дайраад өнгөрөх зовлон, харин хэзээ хаана таарахыг хувь тавилан мэднэ, азтай явбал ахиад тийм зүйл болохгүй гэдэг утгаар хардаг. Ийм учраас өнгөрсөн(хувьсгалт хүчирхийллийг шүүмжилсэн, социализмыг буруушаасан г.м) тогтоцын мөн чанарыг шүүмжилсэн үзэл санаа нийгмийн зүгээс дэмжлэг авах нь бага байдаг.

Есдүгээрт, орчин цагийн даяаршсан ертөнцийн суртал ба үнэт зүйлд хандах хандлага нь нүүдэлчин хэвээрээ. Энэ нь аливаа үзэл суртал, шашин мөргөл суртахуун болгон шингээж авдаггүй, харин дагасан зөвшөөрсөн байдал үзүүлж байгаад ашиг унагах, хожих үзэл санаа юм.

Хүний түүхэнд монголчуудаас хандивласан хувь нэмэр дотор шашны хүлцэл ордог ба Хархорум хотноо буддист, загалмайтан, лал мөргөлтнүүд эрх тэгшээр цэц булаалдаж байгааг Рубрук тэмдэглэсэн байдаг. Бас албан ёсоор загалмайн несториан мөргөлтэй гэх Мөнх хаан далны ясаар мэргэлүүлж, бөө буулгаж, тэнгэр хилигнүүлсэн гэмтнийг тэдний оролцоотойгоор “илрүүлэн” гэсгээж байгааг ч дурьджээ.

Түүнчлэн, ХХ зууны наяад онд Улаанбаатарт судалгаа хийсэн, Польшийн Краковын Их сургуулийн социологийн экспедиц Монголд судалгаа хийгээд, монголчууд марксизмыг шашин болгоод буддизмын оронд шүтэн сүсэглэдэгийг тодорхойлжээ. Яг л Мөнх хаан өөрийгээ нестор загалмайтан гэж “бүртгүүлчихээд” бөө буулгаж суусан шиг ХХ зууны монголчууд Маркст мөргөдөг гэж бүртгүүлчихээд дагуул (Зөвлөлтийн) боловч тусгаар тогтнол, өнгөц(социалист) боловч иргэншил хотшил хожоод гарсан билээ.

“Нэг нь биш ч гэсэн нөгөө нь тус болох байлгүй” гэсэн бодлоор, өглөө гарч Гандан хийд дээр засал хийлгээд, өдөр нь Христийн цуглаанд дээр очиж Ертөнцийн эзнийг магтан хандив хүртээд, орой нь бөө буулган муу зүгийн юмсыг хөөлгөдөг монголчууд олон. Гандантэгчинлэн хийдийн томоохон санваартны яриагаар бол, жил бүр эцэг эх, эсвэл найз нөхдөөрөө дамжуулан тус хийдээр засал номоо уншуулдаг Загалмайн пасторууд нэг биш гэнэ.

Анимизм, бөө мөргөл, шарын шашин, дээр нь төр холилдсон ёслолын жишээ нь өнөөгийн уул овооны тахилга юм. Төрийн тахилгатай 10 орчим уул байдаг ба улсын Ерөнхийлөгч тэнд очиж мөргөн ард түмэндээ аз жаргал, улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн засгийн өсөлт зэргийг гуйдаг протоколтой билээ. Уул овоо, далдын шидэнд гүн итгэж, шашин нь итгэл үнэмшил өдөр тутмын суртал нь болоод байгаа юм биш, “за нэг их гарзтай юм биш, итгэсэн гээд мөргөчихвөл тус болчих юм билүү” гэсэн нүүдэлчний араншин.

Харамсалтай нь орчин цагийн даяаршсан дэлхийн үзэл суртал, арилжаа бизнесийн ёс суртахууныг нь яг ийм утгаар хүлээн авч, дагасан байдал үзүүлж байгаад ашиг хүртэх хандлага нь гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг үргээх нэгэн шалтгаан болж байна.

Гэвч, иргэншсэн ертөнцийн дүрэмтэй зөрчилдөн зөрчилдөн амжилттай иргэншиж хөгжиж яваа монгол орны урагшлах замын нэгэн нууц нь бас өнгөрсөн үетэй холбогдоно.

Нүүдэлчин монголчууд шинэ орчинд ямарч эргэлзээгүй дасч, урьд үзээгүй дадал зуршлийг эрээлэлгүй өөриймшүүлдэг уламжлалтай. Өчигдөрхөн халуун нар шарж байсан хорвоо өнөөдөр цас шуурч байхтай дасч, дэлэгнэн дэлгэрч байсан дэлхий өнөө гандан шарлахтай эвлэрч, үзэж дасаагүй бэлчээрт хоромхноо нутагшиж явсаар дассных буйзаа. Яг л ХХ зууны гучаад оны хувьсгалт засаглалыг “Өө, шашингүй болж байгаа юмуу, ойлголоо” гээд яг л ган зуд ирсэн мэт хүлээн аваад тэвчин туулсан шигээ, зах зээл, ардчиллыг “өө, ардчилж байгаа юм уу, ардчилъя, ардчилъя”, “Зах зээлд орсон уу, яадаг гэнэ ээ. Сураад дагая” гэсэн байдлаар, хувь тавилан хэмээн эргэлзээнгүй хүлээн авсан билээ.

Манай өнөөгийн нийгмийн гол бэрхшээл нь богино хугацаанд өнгөц нэвтэрсэн иргэншил даяаршлын хальс ба түүнийг түр зуурын үзэгдэл байдлаар хүлээн авсан нүүдэлчний хандлагын зөрчилд оршиж байна.

Монголчуудын амьдралд иргэншил даяаршил нэвчин шингэх хэрэгтэй байна. Харамсалтай нь, цагийн байдал эргэхэд зах зээлээ орхих, даяаршлаа орхиод хаашаа ч юм бэ явахад бэлэн байгаа явдал юм.

Гадна талаасаа танигдахын аргагүй өрнөджсөн ч нүүдэлчний зөн совин, асуудалд хандах өнцөг, түүнийг шийдэх аргачлалаасаа салж чадаагүй тал нутгийн баатрууд гэсэн үг. Энэ өнгө будгийн цаад мөн чанарыг хөрөнгө оруулагчид, хамтрагчид, түншүүд олж харахгүй, ойлгохгүй, мэдрэхгүй байгаа нь бүр ч харамсалтай байна.

Хачирхалтай нь, нүүдэлчний дадал, далд совин нь орчин үед олж авсан мэдлэг, мэдээлэл боловсролыг нь давамгайлсаар байгаа нь сонин бөгөөд нийгмийн сэтгэлзүй, массын психологи судлаач нарын хариулах асуулт буй заа. Магадгүй мэдлэг, мэдээллийг ч гэсэн цаг улирлын нэгэн адил түр зуур хэрэг болоод өнгөрдөг туршлага гэж хараад байна уу?

Тал нутгийн дүрэмтэйгээ оршсоор байх уу, монголчууд? Талын хуулиар амьсгалсан сэтгэлгээ, даяаршил, хотшил цаашдаа яаж хоршихыг би мэдэхгүй. Минийхээр бол XXI зууны “Монголын нууц товчоо” бол энэ.

Монгол судлал хөгжиж байгаа нь сайхан байна. Гэхдээ судалгааны гол чиглэл Монголын их гүрэн, Чингис хаан эсвэл ардын өв уламжлал руу голлон хошуурч байна. Харин уржигдрын нүүдэлчин, өчигдрийн социалист хөдөлмөрийн бригадын гишүүн, харин өнөөдөр Азийн төв дэх гол ардчилагч гэгдэж байгаа монголчуудын иргэнших процесс судалгаанаас гадуур цагаан толбо маягтай байна.

Хувь хувийн ашиг сонирхлыг илэрхийлэгч нүүдэлчин малчнаас нийтлэг үнэт зүйлстэй иргэний нийгмийн салшгүй хэсэг болохын төлөөнөө хийж буй “их нүүдэл” ч судалгаанаас гадуур байна.

Монголын орчин цагийн энэхүү “НУУЦ ТОВЧОО”-г нээж, Монголчуудын маргаашийн хөгжлийн хандлагыг тодруулах үйлст та бүхнийг илүүтэй оролцохыг уриалж байна.

Энэ асуултад хариулт хайж ядаж байгаа өчүүхэн хүнд тус болбол баярлана.

Анхаарсан явдалд баярлалаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван зуун техникч буюу Мэргэжлийн засгийн газар

Шинэ засаг хэмнэхээс ажлаа эхэлж байна. Хуучин хотын дарга зургаан орлогчтой байсан бол шинэ нь “хайран сайхан эрх мэдлийг ийм олон хүнтэй хуваахгүй” хэмээн дөрөв болгожээ. Тэдний заримынх нь албан тушаалын нэрийг өөрчилж, “хотын орлогч хэмээх төслийн дарга” гэж авгайлсан учраас хуучнаасаа бүрч цөөхөн орлогчтой хэмээн тайланд тусгах юм байна.

Ингээд зогссонгүй, хотын Батболд дарга маань өөрийнхөө албан тушаалыг “Улаанбаатар төслийн захирагч бөгөөд нийслэл төслийн дарга” хэмээн нэрлэснээр хотын хамгийн том албан тушаалын орон тоог цомхтгон хэмнэжээ.

Хэмнэх, цомнох хорхойтой дарга маань нэрийнхээ эхний хэсэг ба овгийн товчлолыг заагласан цэг зэргийг үрэлгэн тэмдэглээнд тооцон хасч, гарын үсгээ “Суболд” хэмээн татах болсноор захирамж тутмаас 0.0000099 мл принтерийн хор ба монбланы бэх хэмнэж, хэмнэсэн мөнгөө төл хүлээн авах, хонь хяргах ажилд хандивлах болж гэж.

Мөн хотын даргын малын талын мэргэжлийг илүү хотлог харагдуулахын тулд зарим нэр томьёог өөрчлөх захирамж гаргасан гэх. Жишээлэхэд, зоотехникч гэдэг үгийн эхний гурван үсгийг цифрт шилжүүлэн умшиж, 300 техникч (гурван зуун техникч) гэж хэлж заншихаар журамлажээ. Хотшсон, техникшсэн удирдагч ч өөр байдаг юм байна аа.

Түүнчлэн малын эмчийг малын инженерт тооцохоос гадна хонь гаргахыг мал задалж зарах, хонины гэдсийг шалаанк, малын давсгийг амьтны радиотор болгож томьёолохоос эхлээд бод малыг жийп мал, ачлагын тэмээг траак, богийг седан сүрэг гэх болсон гэлцэнэ.

Дэлгүүрт зарж байгаа махыг “Малыг сэлбэг”, “хүнсэнд зориулсан малын эд анги” гэж үзэхээс эхлээд албан хаагчдын гуанзанд байгаа хоолыг “хүний биеийн шатах, тослох материал”, жижиг буфетийг “кофе колоонк” болгохоор захирамжилжээ.

Хөдөөний ах дүүс нь хүндлэн үнхэлцэг зүрх чанаж дайлсан явдлыг “седан малын сальниктай поршень идээд” хэмээн гайхуулсан дуулдав.

Сая, даншгийн наадмаар л гэхэд, “Морины уралдааныг “био ралли” гэж нэрлэнэ. Би инженер хүн мэдэж байна” гэж зүтгээд, цаадуул нь Чой хамбатай хавсран хорьж баймаажин болиулсан юм байх. (Нээрээ, хотын дарга маань хамбыг “бурхны инженер”, харин лам нарыг “бурхны техник ажилтнууд” хэмээн дууддаг болсон юм гэсэн).

Энэ бүхнийг манай хотын удирдлага мэргэжлийн (инженер техникийн) болж байгаа явдал гэж судлаачид хэлж байна. Бас “өнөө” Сундуй маань ч мэргэжлээрээ ажиллаж “Аз жаргалын хотхон” аль нэг газар дээрээ барихаа мэдэгдсэн байна лээ.

За, бас манай шинэ засгийн газрын инфляцтай тэмцэх арга нь ч өвөрмөц харагдана. Хуучин засгийн газар төгрөгийн ханшийг сулруулж байсныг өөрчилж, оронд нь долларын ханшийг чангалах арга хэмжээ авч эхэлсэн байна. Эдийн засагчид нь үүнийгээ “Долларыг нисгэж алах тактик” хэмээн нэрлэж байгаа ба чоныг үргээж авлах ардын аргаас санаа авсан зүйл аж.

Мэргэжлийн засгийн газар байгуулах хүрээнд мэргэжлийн уяач нараар засаг бүрдүүлсэн нь их учиртай юм байна. Ер нь бол хөгжил гэдэг тодорхой утгаараа уралдаан учраас хөгжлийг хурдлуулж чадах хүн нь яах аргагүй уяач нар болж таарч байна.

Манай эдийн засгийн уяач нар морийг хурдлуулахын тулд сойдог шиг, эдийн засгийг ч бас сойх учиртай гэдгийг номлож байна.

Өчигдрийн, засгийн газрын хуралдаан дээр “Инфляци бол эдийн засаг илүү жингээ хасч, сойлго орж байгаа шинж. Улсын статистикийн дүнгүүдийг Морины шинжийн сударт хөрвүүлж үзэхэд Засгийн газрын сойлго гүйцэх яагаа ч үгүй байна. Ер нь эдийн засаг хичнээн хөнгөн байна төдийчинээн хол явдаг. Унаач хүүхэд хөнгөн байхын хэрээр морь хол давхидаг шиг ДНБ бага байхын хэрээр эдийн засаг хол очиж унадаг номтой. Одоогийн нэг хүнд ногдох ДНБ манай наадмын эдийн засагт хүнддэхээр байна” гэхчлэн хуучилсан гэлцэж байна…Үнэхээр л мэргэжлийн засгийн газар ажгуу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өгий нуураар аялахуй дор

Зургийн тухайд…

Та бүхэнд миний гараар авагдсан байгалийн зургийг толилуулж байна. Авагдсан гэдэг ийм учиртай, зургийн аппаратыг зохих газарт хүргэх, түүнчлэн обьект руу чиглүүлэх, зураг авах товхыг дарах зэрэг юугаар ч орлуулшгүй чухал ажлууд миний гараар хийгдсэнийг хэлж байна. Харин тухайн байгалийг хэрхэн өнгө үзэмжтэй буулгах талыг зургийн аппарат өөрөө хариуцсан гэхэд болно.

Байгалийн зураг сонгож авсан нь хэд хэдэн учир шалтгаантай. Юуны өмнө байгаль бол ямар ч гомдол гаргадаггүй сайн үйлчлүүлэгч бөгөөд “миний зураг ийм тийм гарчихлаа, дахиад даруулмаар байна” гэхчилэн хэл ам таталсан удаа нэг ч гараагүй хэмээн ахмадууд барим тавим хэлж байна. Түүнчлэн “миний зургийг угааж өгнө биз дээ”, “тэр жилийн өнөө зураг яасан бэ” гэх зэргээр нэхэл дагал болж түвэг уддаггүй сайн талтай.

Нөгөө талаар “Монголын байгаль үнэхээр үзэмж төгс тул муухай авсан ч гоё зураг гардаг” хэмээн гэрэл зурагчин найз маань хэлсэн юм. Уг нь би түүнээс магтаалын үг сонсох санаатай зургуудаа үзүүлсэн чинь тэгж хэлсэн. Ингээд бодохоор байгалийн фото зураг мань мэтийн тааруухан нөхдийн сул талыг сайн нууж өгдөг маш чухал ач холбогдолтой.

Авьяас бага байхын хэрээр багаж зэвсэг сайн болдог номтой. Энэ жам ёсоос гажаад яахав, түвэг гэж бодоод тун давгүй аппарат хэрэглэдэг. Нэлээн сүүлийн үеийн Сони Алфа 77, бараг энэ жилийн загвар санагдана. Сайхан эд ээ, бараг л “наадах чинь арай л биш ээ, жаахан зүүн тийш”, “хурдаа жаахан хасахаа мэддэггүй мал уу” гэж хэлнэ дээ. Би тэгэхээр нь “Тийм сүрхий л юм бол өөрөө тааруулаад ав” гээд автомат горим дээр нь тавьчихаж байгаа юм.

Сони фирм анх хагас-мэргэжлийн фото аппарат хийж эхлэхэд авсан Алфа 100-гаа ер нь дуусгасан. Дотор нь нэг юм дуугараад, шажигнаад болохоо байчихсан. Амьтны, ялангуяа зэрлэг амьтны зураг их авахаар тэгдэг гэж мэргэн хүн ховлого татаж үзээд хэлсэн. Үнэхээр ч дотор нь баахан амьтан орчихоод тонгочоод байна уу гэмээр байдаг юм. За тэр ч яахав.

Эцэст нь сайхан мэдээ дуулгахад, миний бие гэрэл зургийн салбарт хүч үзэж, амьтан хүнд садаа болох, түвэг удах ямар ч бодолгүй, боддог байлаа гэхэд авьяас чадвар огт байхгүй гэдгээ дуулгахад таатай байна.

Зүгээр тэнэхээр зүү утас бариад оёчихмоор юм хайж тэнүүчил гэгчээр фото зураг нь аялал, явдлыг утга төгөлдөр, зугаатай, дурсамжтай болгодог гайхамшигт хобби юм билээ.

Үзэсгэлэнт эх орныхоо дүр төрхийг зураглан харах дуртай, төрсөн нутгаасаа алс хол явахдаа унасан газар угаасан усныхаа үзэмжийг харж сэтгэлээ хөглөхийг жаргал гэж үздэг тийм хүмүүст зориулан зургуудаа толилуулж байна. Байгалийн зургийг яаж ч муу авсан гоё сайхнаараа гардаг гэдгийг дээр хэлсэн билээ.

ӨГИЙ НУУРААР АЯЛАХУЙ ДОР

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн…за за байгаль юм чинь үзэсгэлэнтэй байж таараа, үзэсгэлэнтэй байгаа хойно юм юм бүрдсэн л байх нь дамжиггүй. Өгий нуур бол Өгийнуур сумынхаа зүүхэнтэй байдаг. Өгийнуур сум хаана байдаг юм бэ гэж үү, Өгий нуурынхаа баруунтай л байж таараа шүү дээ.

Нуурын өмнөд эрэгт “нуурын музей” байх ба тэнд Өгий нуурын экосистемийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаг.

Дэнжийн мянгын Ногоон нуурыг эс тооцвол Улаанбаатарт хамгийн ойр орших томоохон нуур бол яахын аргагүй Өгий. Хатуу хучилттай замаар 200 гаруй км яваад очно доо. Тэнд улаанбаатарынхан машинтай нь машиндаж, машингүй нь дайгдаж очно. Жил ирэх тутам л хүн ихсээд байх болж. Арваад жилийн өмнө бол бараг майхныхаа амаар уургаа шидээд загас барьдаг, аглагдуу байгаль байж. Энэ жил дөрвөн дугуйтай “штоонк” унасан баахан залуус, бас усны “моцийлэк”-тэй хүнтэй хамт амарч таарав. Дөрвөн дугуйтууд нь майхны хаяа бараг гишгүүлэн чарлуулж салхидаад, усны “моцийлэк”-тэн нь урдуур хажигнаад нэг дуу газарт, нөгөө дуу тэнгэрт хэд өнжив. Хэрвээ загасанд уушги байсан бол нуураасаа гарч хамар даваад дайжсаан, дайжсан. Мотортой аялагч жаргахын хэрээр бусад аялагчдын жаргал хомсдох тул “Нарантуулын уулзварт гудас хаяад хэвтэхэд энэнээс илүү чимээтэй болов уу, дутуу чимээтэй болов уу” гэхчилэнгийн юм бодогдоод байсан шүү. Гэхдээ сайхан байсаан, муу амлах юм биш.

Нөгөөдөр нь “штоонк”-тонгууд өөр газрыг “сэрээхээр” одож, усны “моцийлэк”-той нөхрийн бензин дууссан сураг гарч нуур ч амгалан, нугас ч амгалан, нугас байтугай загас ч амгалан болов.

2012.07.19

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам үнэхээр зуун мянган төрийн албан хаагчийг халах дээр тулсан уу?

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын 11 сайдыг томилоод байна. Нэр бүхий дөрвөн яамны сайдад нэр дэвшигчийг “Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэн учир Ерөнхий сайд эргүүлэн татсан. Эрх баригч нам Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсны дараа сайд нарын нэрсийг Удирдах зөвлөлийнхөө хурлаар тодруулсан. Энэ нь багагүй шүүмжлэл дагуулан, “Мэргэжлийн Засгийн газар гэж энэ үү?”, “Ард түмнээ хэтэрхий басамжилж, Монголын төрийг дорд үзлээ” гэх мэдээллүүд гарч, нийгэм даяараа л шуугисан. Төрийн тэргүүн ч сайдад нэр дэвшигчдийг дэмжих боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн Ардын намын гишүүд ч Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа хэлж байв.

Тухайлбал, Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаасаа ухарсанд харамсч байна. Ард олны итгэл найдвар руу нулимлаа. Намыг дэмжигч, итгэл үзүүлсэн мянга мянган хүний урмыг хугаллаа. Ард түмнээ дэндүү басаж байна. Ингэж байж Ардчилсан нам шангаа хүртсэн. Дараа дараагийн сонгуулийг мөнгөөр шийднэ гэж бодож байгаа бол Ардчилсан намын хувь заяаг давтана” гэж мэдэгдсэн бол парламентын шинэхэн гишүүн үндэсний бөхийн дархан аварга “Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүлснээрээ Ардын нам анхны ялагдлаа хүлээлээ” гэж хатуухан хэлээд авсан.

Эл бүх тайлбар болоод сандал ширээний төлөөх улайрал нэг их гайхаад байхаар зүйл үнэндээ биш л дээ.

Улс төрийн сонгуульд ялсан нам засаг төрөө эмхлэн байгуулж, улс орноо удирдан авч явдаг. Ямар ч цаг үед шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүн ард иргэдэд болоод бусдад 100 хувь таалагддаггүй. Заавал алдаа оноотой байх нь бий. Мэдээж тэрхүү алдаа оноо нь намдаа зүтгэсэн, сонгуульд ханатал нь хандив мөнгө өгсөн, нэг үгээр хэлбэл, намын санхүүжүүлэгч нөхөд сайдын зөөлөн суудалд очих гэж, эрх ашгийн хуваарилалтыг авах гэж зүтгэцгээдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Шинээр сайдын суудалд тухалсан хийгээд АТГ-аас “виз” авч чадаагүй горилогчид дунд намын санхүүжүүлэгчид байж л байна лээ. Улс төрийн энэхүү бичигдээгүй хууль дүрмийг мэдсээр байж Ардын намынхан өмнөх Засгийн газраа яг ийм асуудлаар баалж, “давхар дээл”-гүй байхыг эсэргүүцэн жагсаж, улс төрийн жүжиг тавьж байсан нь одоо эргээд харахад илүү байсан. Намын бүлэглэлүүдийн эрх ашиг, улс төрийн дайралт шахалтан дунд шинэ засаг байгуулагддагийг тэд мэдэхийн дээдээр мэдэх хэрнээ ардчилсан засаг руу арай хэтэрхий дайрч байсныхаа горыг эргээд амсах вий.

Монголын улс төрийн өнөөгийн нөхцөлд “Мэргэжлийн Засгийн газар” гэж байх боломжгүйг Ардын намынхан маш сайн мэдэж байгаа. Сонгуулиар ийм пиар хийхдээ ч ах намынхан мэдэж л байсан. Гэвч ард иргэдийн саналыг авах хамгийн мэргэн арга байсан нь тодорхой. Ийм илэрхий зүйлийн тухай (мэргэжлийн Засгийн газар байгуулах) ярьж, эрх баригч нам руу дайрч, эх захгүй маргаан үүсгэж, хийрхэж байхын хэрэг байна уу. Харин өнгөрөгч долоо хоногийн дундуур улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийсэн. Тэрхүү мэдээллийн дунд нэг айхтар зүйл хэлэгдсэн нь “100 мянган төрийн албан хаагчийг халах” тухай мэдэгдэл юм.

Их хурлын гишүүн Ж.Батзандан “Монгол ардын нам хуучин тогтолцоо руугаа эргээд явж байна. Олон яам, агентлагуудын нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. Зуун мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг ингэж битгий самар” гэж төрийн ордны танхимаас хатуухан дуулгаад авсан. Түүний хийсэн мэдэгдэл хэрвээ үнэн бол “Мэргэжлийн” гээд байгаа шинэ засгийн хамгийн ноцтой асуудал энэ байх болно. Төрийн мэргэшсэн албан хаагч гэдэг тухайн улс орны дархлаа нь байдаг. Тэгэхээр мэргэшсэн төрийн албан хаагчдыг намын харьяаллаар, улс төрийн ашиг сонирхлын үүднээс хоморголон хална гэдэг монгол төрийн дархлааг үгүй хийж байгаа явдал.

Улс төрийн сонгуульд ялалт байгуулсан эрх баригч намын шийдвэрээр сайдын зөөлөн суудалд очиж байгаа нөхөд монгол төрийн дархлааг хадгалагч биш. Тэд мэдээж намдаа зүтгэснийхээ шагналыг, хандив нэрээр өгсөн мөнгөнийхөө төлөөсөнд сайдын суудалд очиж байгаа цаг зуурын төдийхөн албан тушаалтан, улс төрийн бялуу хүртэгч, түүнийгээ бусдадаа хуваан хуваарилагч юм. Мэргэжсэн төрийн албан хаагч гэдэг өөр ухагдахуун. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэснээс аваад бүхий л амьдралаа Монголынхоо төрд зориулсан, олон жилийн дадлага туршлага хуримтлуулсан, тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, жинхэнэ төрийн хат суусан эрхмүүд байдаг. Тэдний нуруун дээр улс орны хувь заяа явдаг. Хөгжил дэвшил, мандан бадрал, сайн сайхан ирээдүй тэднээс, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа их зүтгэлээс шалтгаална. Ямар ч нам эвсэл улс төрийн эрхэнд гарсан монгол төрийн залгамж халаа алдагдах учиргүй гэж улс төр судлаач, шинжээчдийн үздэг нь ийм учиртай.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа Монгол ардын нам монгол төрийн дархлаагаа сахин хамгаалах учиртай. Гэтэл 100 мянган төрийн мэргэшсэн албан хаагчаа хоморголон хална гэдэг Монголын төрийг ямар ч дархлаагүй үхмэл болгон, цаашид устаж үгүй болох замыг тавьж байна гэсэн үг.

Монголын ард түмний итгэлийг хүлээсэн нам мэргэжлийн Засгийн газраа байгуулдаггүй юмаа гэхэд мэргэшсэн төрийн албан хаагчдаа намын нэрээр хоморголон халж болохгүй. Үүнийг л ард түмэн эсэргүүцэж, шахаж шаардах хэрэгтэй байна.

“Ард түмний эрх зөрчигдөнө, ардчилал хумигдана гэж битгий айцгаа. Бид хэнд ч аль ч намд барьцаа байхгүй. Бид эрх нь зөрчигдсөн ард түмнийхээ дуу хоолой болох гэж эрхийг нь сэргээх, хамгаалах үүрэгтэй сонин. Бид энэ үүргээ чин үнэнчээр хангалттай биелүүлж ирсэн. “Монголын ард түмэн ядрах цагтаа “Өдрийн сонин”-ы өлзийт үүдийг зорьдог. Яагаад гэвэл тэнд ард түмнээ өмөөрөх сэтгэл зүрхтэй хүмүүс байдаг” гэх алдарт үг нийтийн сүлжээнд явдаг. Энэ үнэн юм аа. “Өдрийн сонин” ард түмнийхээ төлөө, ардчиллын төлөө дуугарч ирсэн” гэж “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, Монголын нэртэй нийтлэлчдийн нэг Дашбалбарын Мөнгөндалай бичиж байсан. Үнэхээр эрх нь зөрчигдсөн, намын харьяалал, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан монгол төрийн мэргэшсэн албан хаагчид, энгийн иргэдийн төлөө бид дуугарах болно. “Сандуйн цахилгаан төлөвлөгөө” гэж нийгэм даяар шуугиж байгаа. “Төрийн албан хаагчдыг бүгдийг нь солих юм гэнэ” хэмээх яриа гарч байгаа. Энэ бүгдийн эсрэг “Өдрийн сонин” сөрж зогсон, зөвхөн үнэний талд байх болно. Халагдсан албан хаагчид “Өдрийн сонин”-д хандахыг уриалж байна. Бид ард иргэдийнхээ үнэний дуу хоолой байх алтан зарчмаа хэдийд ч баримтлан ажилладаг. Тиймдээ ч Монголын мянга мянган иргэд, уншигч олныхоо итгэлийг хүлээдэг юм.

Өнөөдөр Монголын төрөөр хэн дуртай нь тоглож, дур зоргоороо авирлан ард түмний сэтгэл зүйг хүссэнээрээ өөрчлөх гэдэг болсон. Ерэн оноос хойших он жилүүдэд зөвхөн хоёр нам л ээлжлэн төр барьж, улс төрийн тоглолт хийлээ. Энэ хугацаанд Монгол Улсаас үндэсний томоохон хөрөнгөтөн төрсөн үү. Хувийн хэвшил рүү зогсоо зайгүй дайрч, ард иргэдийнхээ хөрөнгийг булааж авч, төр засаг нь дээрэмчин тонуулчны үүрэг гүйцэтгэж, эцэстээ иргэдээ ядуу хоосон гуйлгачин болголоо. Энэ бүгдэд улс төрийн хоёр том хүчин хариуцлага хүлээх цаг нь иржээ. Ийм атал улс төрийн хамгийн тулхтай нам гэгддэг Ардын нам төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халж, гудманд хөөж гарган монгол төрийг үгүй хийх ноцтой зүйл яригдаж эхэлсэн нь харамсалтай.

Ард түмэндээ “амар сайхан жаргах”-ын үлгэр ярьж гарч ирсэн нам Монголын төрөөр тоглож, дур зоргоороо авирладаг энэ механизмыг одоо зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчийг аль болохоор тогтвортой ажиллуулж, монгол төрийн залгамж халааг хадгалах нь чухал. Үүнийг бүр хуулиар баталгаажуулмаар байна. Ямар ч засгийн үед зөвхөн улс төрийн албан тушаалтан сайдууд солигдоод бусад нь ном журмынхаа дагуу ажил үүргээ хэвийн явуулдаг хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш засаг өөрчлөгдөх сургаар л бүх яамдыг цэвэрлэгчээс нь аваад сайдыг нь хүртэл сольж, нэг хэсгийг нь гудманд гаргаж, нэг хэсгийнх нь өлсгөлөн ходоодыг цатгах гэж улайрахаар монгол төрийн дархлаа, аюулгүй байдал яаж бүрэн бүтэн байх билээ.