Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн их задрал ба тэр “сумт”-ын нэр хэн бэ?

Оршил. СУМ АГССАН ӨРСӨЛДӨГЧИД

АН-ын даргын уралдаан ид явж байна. Намын удирдлага нь тэдэнд Чингисийн дайчдын гол зэвсэг байсан нумны сум нэжгээдийг бэлгэдэл байдлаар гардуулснаас үүдэн “Таван сумт”, “Сумтай тав”, “Сумтай гар” гэхчилэнгийн наргиантай нэр цол хүртэл гарчээ. Хуучин цагт уртаашаа ганц “Сум” Даашкатай байсан бол одоо тавын таван “сумт”-тай болж хэмээн егөөдөх нь ч байна. Алунгоо эхийн домогт таван хүүгээ багцалсан сум мэт нэг баг болж явахыг ерөөсөн гэдэг. Гэтэл дөрөв нь ялагдаж зөвхөн нэг нь үлдэх дүрэмтэй “дажин”-гийн таван оролцогчид нэжгээд сум өгсөн нь харин ч өөр утга илэрхийлэх тул “Үлдсэн сумаар нь хэнийг?” гэсэн наргиантай асуулт хүртэл гарч. Ер нь бол хэнийг сонгох нь намын гишүүдийн саналаас хамаарна гэдгийг бэлээхэн мэднэ. Харин намын гишүүдийн санал хэнээс хамаарах вэ…?

I. ДЭЛХИЙН ШИНЭ ДЭГ ЖУРАМГҮЙ БАЙДАЛ

Энэ нэр томьёог ВВС иш татан хэрэглэсэн байна. “Дэлхийн шинэ дэг ёс”, “ардчиллын шинэ дэг журам” гэхчлэнгийн, дэлхийн хоёрдугаар дайн болон хүйтэн дайн дууссаны дараагаар гарсан улс төрийн хэллэгүүдийг сөргүүлсэн томьёолол. Ардчилал өөртөө олон сул талтай, түүний нэг нь маш олон чухал зүйлийг хуульчлахын оронд иргэдийнхээ ёс суртахуун, хүн чанарт даатган орхидог явдал юм. Хатуу хил хязгаар, тусгаарлагдсан бүсүүд дотор өөр өөрийн ёс суртахуун, нийгмийн хөгжлийн түвшин нь энэхүү үнэт зүйлээ тэндээ хадгалаад тус тусын диваажиндаа орших боломж олгож ирсэн бололтой байна. Харин XXI зууны технологийн дэвшил, дэлхий хавтгай болох үзэгдэл нь хүн төрөлхтнийг хонь хурга нийлсэн мэт нэг тогоонд хутгаж, хил хязгаар, улс улсын өөрийн хууль ба ёс суртахууныг нэмэр багатай зүйл болгосон бололтой.

Чухамдаа, ардчиллын “Ахиллын өсгий” болсон “нийгмийн гишүүдийн ёс суртахуунаар зохицуулагддаг” хэсэг үүнээс болж шархадсан байна. Тухайн нийгмийн үнэт зүйлсийг цогцлоодог нийтлэг ёс суртахуунд “дүрвэгчдийн” янз бүрийн түвшинтэй ёс суртахуун нөлөөлж, энэ нь улс төрийн шийдлүүдэд тусгалаа олж эхлэв. Энд яг дүрвэгч хүмүүсийг биш, тэдэнтэй тэдэнгүй тал тал руу нэвчиж яваа янз янзын ёс суртахууны дүрвэлтийг хэлж байна. Бас сайн ба муу ёс суртахуун, шашин суртлын ялгаа гэсэн утгаар бус, харин иргэншлийн янз янз түвшинд яваа ёс суртахууны үнэт зүйлсийн нийтлэгүүд гэдэг утгаар хэлж байна. Мөн ийм ёс суртахууны дүрвэлтээс айсандаа, өөр өөрийн ёс суртлыг хамгаалан гаргаж байгаа Бриксит мэтийн шийдлүүдийг ч бас хамааруулж болно. Үүний улмаас “дүрвэж яваа ёс суртахуун” ба түүнээс үүдсэн айдас дээр тоглож болох нэгэн шинэ зам дэлхийн улс төрийн тоглоомд нээгдсэн бололтой байна.

Магадгүй үүнээс үүдэлтэй байх, өнгөрөгч 2016 оныг “Путины бадралын жил” болов хэмээн дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд онцолж байна. Тэрээр, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд англичуудын сонголт, Европын холбооны хэтийн заяа тавиланд хүртэл нөлөөлж чадлаа хэмээн үзсэн байх юм. Хэдийгээр, америкчууд ардчилал нь эргээд хэдхэн ураг овог ноёлдог хаант засаг шиг болоод, төрийн эрхэнд байгаа нам солигдохын оронд, клинтоныхон, бушийнхан гэхчлэнгийн эрх баригч овог солигддог болсонд шаралхсан нь үнэнтэй ч гэсэн. Хэдийгээр, Их Британийн иргэд Европын холбоо хэмээх дүрвэмэл-суумал ёс суртахууны холион бантангаас өөрийн үндэстнээ салгаж үлдээхийг хүссэн гэдэг нь магадтай ч гэсэн. Эцсийн дүндээ, Путин өөрийнхөө эсрэг бүлэглэлийг хэн толгойлохыг шийдэж, өөрийнхөө эсрэг бүлэглэлийн бүтэц ямар байхыг зохицуулж харагдаж байгаа нь яах аргагүй бодитой.

Одоо ч Франц болон Германд болох гэж байгаа сонгуулийн дүнг Путинтэй холбон харж байгаа бөгөөд нээрээ ч тийм ээ, гэх шиг Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч Марин Ле Пен “Крым бол Оросын салшгүй хэсэг мөн” гэж өчигдөрхөн мэдэгдсэн байна.

Өнөөгийн дэлхий ертөнцийг нэг хүн, нэг бүлэг, нэг ёс суртахуун удирдах аргагүй болж байна. Тийм атлаа гаднаас нь нөлөөлөхөд маш амархан. Өөрөөр хэлбэл, зохицуулахад хэцүү, хутгахад амар гэсэн үг. Өөрийгөө удирдахад хэцүү атлаа хүнийг удирдахад амархан ч гэмээр юм уу? Үүнийг л “Дэлхийн шинэ дэг журамгүй байдал” хэмээн нэрлэж байгаа бололтой.

II. ХОЁРДУГААР “КОЛОНИЙН ЗАДРАЛ”

Манай дэлхий нэг талаасаа глобальчлагдан нийлж байгаа ч нөгөө талаасаа задран салж байна. Европын холбоо ч бараг л хоногоо хүлээх байдалтай. Бүрмөсөн задрахгүй юмаа гэхэд, одоо байгаа дундын үнэт зүйлс дээрээ л лав нэг их удахгүй бололтой. Америк ч гэсэн “Америкийн дэлхий” гэдэг зарчмаасаа илүү “Америкчуудын улс” гэдэг хандлага руугаа чиглэсэн сонголтыг Трампаараа дамжуулан хийж байгаа юм шиг байна.

Ерөнхийдөө том гүрнүүд нөлөөллийн бүсээ задалж, эцсийн дүндээ өөрийгөө авч үлдэх эрмэлзэлтэй болж эхэлж байгаа юм уу. Ийм үзэл олон нийтийн санаа бодолд голлох байртай болж эхэлж байгаа нь ардчилсан ертөнцийн төр засагт эцсийн дүндээ нөлөөлж таарна. ХХ зууны далаад онд томоохон гүрнүүд колонио орхиж, илүү ачаанаасаа салах хөдөлгөөн өрнөсөн. Үнэн хэрэгтээ “тэжээгчээ алдах” энэ үзэгдлийг манай социалист ертөнцийнхөн колонийн гинжийг тасдан хаяж эрх чөлөөгөө олж байгаа байдлаар сурталчлан ойлгуулж “Колонийн задрал” хэмээн нэрийдэж ирсэн байдаг.

Харин өдгөө “дэлхийн хоёрдугаар Колонийн задрал” эхэлж, хэтэрхий өндөр өртөгтэй нөлөөллийн бүсүүдээс аятайгаар татгалзах үзэгдэл эхэлж байх шиг байна. Дэлхийн шинэ дэг журамгүй байдал юу сургаж байна вэ гэхээр, эзэлсэн орноо захирдаг цаг өнгөрч, харин эзэлсэн орондоо захирагддаг цаг ирсэн гэж. Тэгэхээр үүнийг “Колонийхоо нөлөөнөөс чөлөөлөгдөх эрмэлзэл” гэж тодорхойлмоор ч юм уу?

Гачлантай нь, иймэрхүү бүсийг зөнд нь орхих нь ямар их гай зовлон дагуулдгийг Колонийн задралын дараахь Африкийн замнал харуулсан. Ингээд өнөөдөр авъя гэхнээ авч болохгүй, хаяя гэхнээ хаяж болохгүй нөлөөллийн бүсүүд Ирак, Афганистан, Сири, Ливи…гээд дэлхий дүүрэн. Улс гүрэн биш гүүр, байшин юмсан бол дэлбэлж устгаад ухарч болохсон.

Нөгөө талаас Крымыг нэгтгээд Сирид нөлөөлж буй Орос орон энэ бүхнийг сөрж байгаа ч юм шиг. Нөлөөллөө тэлэхийн хэрээр нөлөөллийнхөө эрхшээлд орж, эрх мэдлийн байр солигддог болоод байгааг тэд ч харж байгаа. Ийм учраас урьдчилан таахын аргагүй, орос маягийн улс төрийн алхмуудын нэг л байх даа. ХХI зуун бол дэлхий ертөнц хавтгай болж нэгдсэн глобальчлалын эрин төдийгүй дэлхийн голлох гүрнүүд нөлөөллийн бүсээсээ аятайхан салахын мөн болсон ИХ ЗАДРАЛ-ын үе бололтой.

Угаасаа өнөөдөр хэн далайд ноёлсон нь тэргүүлдэг асан XIX зуун биш, хэн хуурай газарт ноёлсон нь үгээ хэлдэг ХХ зуун ч бус, харин хэн сансарт буюу технологид ноёлсон нь найраа ахалдаг XXI зуун эхлээд явж байгаа билээ.

III. “ДАЙСАН”-АА ЗАХИАЛДАГ СОНГУУЛЬ БУЮУ МОНГОЛЫГ АВРАХ “ШУНАЛ”

Дэлхий дахины ийм байдал Монгол Улс дахь АН-ын даргын сонгуульд нөлөөлөх үү, үгүй биз ээ. Гэхдээ, “хил хязгааргүй эмч нар” гэдэг шиг хил хязгааргүй технологийн эрин үе шүү дээ.

Ардчилсан намын даргын сонгуульд гишүүдийн санал нөлөөтэй, гэхдээ гишүүдийн саналд нөлөөтэй хүчин зүйлс бий. Яг л Путины эсрэг эвслийн толгойлогч буюу АНУ-ын Ерөнхийлөгч хэн байхыг Путин өөрөө сонгож байна гэдэг шиг. Путины эсрэг эвсэл буюу Европын холбооны зохион байгуулалтыг Путин өөрөө шийдэж байна гэдэг шиг.

Үнэхээр л тэгж болсон юм бол, МАН-ын эсрэг эвслийг хэн толгойлохыг МАН өөрөө голлон шийдэж яагаад болохгүй гэж. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. АН-аас хэн нэр дэвшиж МАН-ын бөхтэй барилдахыг голлон шийдэх хүн энэ сунгаагаар тодорно. Тэгэхээр АН-ын даргын сонгууль бол үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил сонгууль. Чухам энэ сонгуулиар “ам угтуулд гарах захиалгат бөхийг нь гаргаж өгөх хүн АН-ын толгойд гараасай” хэмээн МАН хүсч яагаад болохгүй гэж. Хүсэх төдийгүй, хүслээ биелүүлэхээр ажиллаж яагаад болохгүй гэж. МАН-ын үгнээс гарахгүй байх шалтгаантай хүний эрэлд гараад, олоод АН-ын даргад дэвшүүлсэн байж яагаад болохгүй гэж. Бөмбөрцгийн нөгөө бөөрөнд болж байгаа сонгуулийг энэ бөөрнөөс зохицуулж болоод байгаа шиг юм болж яагаад болохгүй гэж. Нөлөөлөл мэдээж, янз бүрийн наймааны дүрмээр л хийгдэх байх. Гэхдээ монгол хүнд юу ч нөлөөлөх аргагүй болгодог нэг зүйл бас бий.

…Би нэг юманд бас найдаж байгаа. Бурхан болооч С.Зориг “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” байсан. Харин би “Монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг”. Энх-Амгалан хаан гомдоллосон байдаг юм: “Халхууд юу ч өгсөн баярладаггүй, ханана цадна гэж байхгүй” хэмээн. Чухам энэ хязгааргүй шунал л биднийг бүрмөсөн худалдагдахаас, Манж байтугайд нь үүрд үнэнч үлдэхээс авардаг. Хэдийг ч өгсөн голдог, дутуу санагддаг, авснаасаа болж ёс суртахууны өрөнд өөрийгөө унагадаггүй энэ чанар л биднийг худалдагдашгүй болгодог юм, сонин шүү.

Мөнгө тарааж байгаа гэсэн яриа хөөрөө явж л байна. Мөнгө тараалтын эх үүсвэрийг дотоодын болон гадаадын эх үүсвэртэй ч гэж хардаж л байна. Яг тарааж байна гэхээр авсан нь аваагүй, өгсөн нь өгөөгүй гэлцээд нүдээ цавчихгүй бүлтэрнэ. Тэгэхээр өөр өнцгөөс ярьцгаая.

Жишээлэхэд, саналаа өгөх эрхтэй жирийн гишүүнд 50,000 төгрөг амлалаа гэж бодъё, гадуур цуураад байгаа шиг. Гэтэл, ямар ч монгол хүн өөрийгөө 20-хон доллараар үнэлэхийг доромжлол гэж үзнэ. Дээр нь өөрөөс нь дээгүүр байгаа зарим этгээд ав адилхан ганцхан саналынхаа төлөө 100.000, магадгүй саяыг авч байгааг ч анзаарна. Энэ үйлдэл “чам шиг юмны санал үсрээд л 50 цаас” гэсэн доромжлол байгааг ч харна. Гэхдээ энэ бүхнээ хэлчихвэл тавин цаас ч үгүй хоцорно гэдгийг бас мэднэ. Тийм болохоор, шүдээ зууж байгаад 50 цаасыг нь авчихаад, харин саналаа өгөхдөө хонзонгоо тайлж чадна.

Воо.. энийг л хэлээд байгаа юм. Адам Смит хэлсэн юм, хүн болгоны амиа хичээсэн хувийн сонирхол эцсийн дүндээ хүн төрөлхтний сайн сайхныг бүтээдэг “үл үзэгдэх гар” болдог тухай. Харин өөрийгөө “30 мөнгөн зоос”-оор үнэлүүлсэн хүн маань Адам Смитийн өмнө байтугай Бурханы өмнө “Би өгснийг авснаас биш эс өгснийг аваагүй” гэж мэлзэх эрхтэй үлдэнэ. Тийм болохоор л “Монгол хүний хязгааргүй шуналд найдах”-аас өөр аргагүй.

Хүнд заяасан болгон эцсийн дүндээ сайн сайхны зорилготой. Хэрвээ монголчуудыг энэхүү цэвэр шуналаа, эх орон ард түмний нэр барьсан балиар халхавчнаас нь гаргаад хаячихад л хувь хүний сонирхол тэргүүлэх зэрэгтэй америк маягийн нийгэм шууд л цогцолно, харж байгаарай. Шунал гэгч зүйл болбоос юманд боохоор л бузар болчихдогоос биш цэврээрээ бол Бурханаас заяасан л зүйл шүү дээ… “Хүнд заяасан болгоноос би цэрвэдэггүй. Учир нь би хүн” (Homo sum, humani nihil a me alienum puto) гэж мэргэд хүртэл сургажээ.

…Юунд ч боож хиртүүлээгүй ариун шуналаараа андгайлъя: Би монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Баярцэцэг: Шүүгчид хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ

“Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арванэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тус тэмцээнд манай улсаас загвар өмсөгч мисс Алтангэрэлийн Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг XI байрт шалгарсан билээ. Тэрээр одоо АНУ-ын Вашингтон хотноо шилдэг 11 миссийн тусгай арга хэмжээнд оролцох зэрэг ажилтай яваа учраас эх орондоо хараахан ирээгүй байна. Тиймээс А.Баярцэцэгтэй интернэтээр холбогдож ийнхүү ярилцлаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд 11 дүгээр байрт шалгарч түүхэн амжилт гаргаж, дэлхийд Монголоо сурталчилсанд баярлалаа бас баяр хүргэе. Одоо хаана явж байна. Миссийн тэмцээнээс хойш амарч чадав уу?

– Дэлхийн миссийн тэмцээн дуусаад яг долоо хонож байна. Дэлхийн миссийн 66 дахь удаагийн тэмцээнд оролцож, монгол ёс заншил өв уламжлал, эх орон, орчин үеийн монгол залуусын мэдлэг боловсрол зэргийг дэлхийд сурталчилсандаа баяртай байна. Энэ удаа би өмнөх жилүүдэд оролцож байсан миссүүдийнхээ амжилтыг ахиулахыг зорилоо. Тиймдээ ч маш богино хугацаанд баг хамт олонтойгоо шаргуу ажиллаж, бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл сайтай оролцсон. Маш мундаг баг, хамт олонтой ажиллаж, дэлхий дахины олон залуусын дэмжлэгийг авч чадсанаараа шилдэг 11 дүгээр байрт орж, том амжилт гаргаж чадлаа. Эхний аравт орсон охид Нью-Йорк хотод оролцох үйл ажиллагаатай байгаа учраас бид Нью-Йоркт байрлаж байна. Өчигдөр (уржигдар) энд зул сарын баяр болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаануудаа дуусгаад нэгдүгээр сарын дундуур эх орон руугаа буцна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэмцээн эхлэхээс өмнө бэлтгэл ихтэй байсан учраас өдөрт гурваас дөрвөн цаг л унтдаг байсан. Өглөө бүр 06:00 цагт босч хувийн бэлтгэлээ хийнэ. Ингээд 08:00 цагт бид тэмцээний үйл ажиллагаандаа бэлэн байх ёстой байдаг юм. Харин орой өрөөндөө орж ирэхэд Монголд үд болж байдаг болохоор дэлхийн миссийн тэмцээн яг яаж явагддаг, ямар зүйл болов гэдгийг монголчууддаа сошиалаар хүргэж байсан. Мөн тэмцээний өдрүүдэд нэлээд ядарсан учраас ойрын хэдэн өдөр сайн унтаж амрахыг хичээж байгаа.

-Өмнө нь олон улсын хэмжээний ямар, ямар тэмцээнд орж, ямар амжилт гаргаж байв?

-Дэлхийн хэмжээний дөрвөн том миссийн тэмцээн болдог. Хоёр жилийн өмнө Мисс интернэшнлд оролцож байсан. Тухайн үедээ амжилт гаргаж чадаагүй ч хамгийн анхны тэмцээн байсан болохоор их зүйлийг сурсан. Харин дараа жил нь “Эх дэлхийн мисс”-т оролцоод 16 дугаар байрт орсон. Ингээд энэ удаа “Miss World 2016”-д амжилттай оролцсондоо баяртай байна.

-Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээний онцлог нь юу байв?

-Дэлхийн миссийн тэмцээнүүд өмнө нь ихэвчлэн Ази тивд зохион байгуулагддаг байсан. Гэхдээ энэ удаа хоёр дахь удаагаа Америкт болж байгаа юм билээ. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байх үед дэлхийн миссийн тэмцээн Вашингтонд нэг сарын турш болж өндөрлөж байгаа нь дэлхийн анхаарлын төвд илүү их өртөж чадсан юм болов уу гэж бодож байна. Нью-Йорк таймс хүртэл тогтмол биднээс ирж мэдээлэл авч байсан.

-Дэлхийн миссийн тэмцээний шалгаруулалт ямар санагдсан бэ. Шалгаруулалтын онцлогоос сонирхуулаач. Шүүгчид нь хэр шудрага байсан гэж бодож байна?

-Маш олон шүүгч ажилладаг. Жишээлбэл бүжгийн багш тоглолтын бэлтгэл хийлгэж, ирц бүртгээд л, бүжиг заагаад бид нартай өдөр бүр хамт байдаг байсан. Гэтэл тэр багш маань тэмцээний сүүлийн өдөр ерөнхий шүүгч болоод ороод ирсэн. Биднийг хариуцаж явсан багийн ахлагч нар гэхэд л 1980, 2010 оны дэлхийн мисс байсан. Ер нь багийн ахлагч нар нь өмнө нь миссийн тэмцээнд орж байсан хүмүүс байлаа. Шүүгчид тэмцээний үзүүлбэрүүдийг нь үнэлэхээс гадна зан чанар аливаад хандах хандлага, хүсэл мөрөөдөл, төлөвшил амьдралын зорилго зэрэг хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ.

Гол таван шалгаруулалт буюу “Авьяаслаг мисс”, “Спорт мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Топ модель”, “Олон нийтийн санал буюу мультмедиа” шалгаруулалт гэж таван номинацид шилдгүүдийг шалгаруулсан. Үүнд би авьяаслаг миссээр шалгарсан. Энэ номинацуудад үлдсэн охидыг автоматаар шилдэг 20-д үлдээдэг юм. Шүүгчид 120 орны охидын авьяас үзүүлбэрээс шилдэг 10-ыг шалгаруулаад, интернэтэд байршуулж санал хураахад миний үзүүлсэн илбэтэй бүжиг хамгийн олон санал авч, шилдгээр шалгарсан.

-Монгол бүсгүй дэлхийн миссийн тэмцээнд Монголынхоо өв соёл, ёс заншлыг таниулан сурталчилж онцгойрч чадсан. Тэгэхэд зохион байгуулагчдын зүгээс хэрхэн хандаж байв?

-Дэлхийн миссийн тэмцээнд байр эзлэхээс гадна монголынхоо өв соёл, ёс заншилыг сурталчилна гэдэг надад том зорилго байсан. Ингээд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр миний 26 насны төрсөн өдөр болсон. Тэр өдөр Америк дахь Монголын Элчин сайдын яамнаас миссийн тэмцээнд зориулсан гоё том торт хийгээд, надад явуулсан. Тэгэхэд зохион байгуулагчид үнэхээр гайхаж байлаа. Улс орон нь өөрийнхөө мисст ингэж анхаарлаа хандуулдаг юм байна. Элчин сайдын яам нь ингэж ач холбогдол өгч байна, мөн фэйсбүүк, твиттерээр хүртэл монгол, монгол гэсэн постууд маш их байсан учраас зохион байгуулагчид үнэхээр гайхширсан. Гуравхан сая хүн амтай улс интернэтийн хандалтыг эрс нэмэгдүүлж байсан учраас дэлхийн миссийн тэмцээний зохион байгуулагчид Монголын мисс хаана байна гэж зорьж очиж миний зургийг авдаг байсан. Яагаад гэхээр хүмүүс монгол хаана байна, монгол, монгол гэх сэтгэгдлийг их бичдэг байсан юм билээ.

-Дэлхийн миссийн тэмцээнд ороод ямар амжилт гаргаж, хэддүгээр байрт орно гэсэн зорилттой байв. Тэмцээний 11 дүгээр байрт шалгараад сэтгэгдлээ илэрхийлж байхдаа юугаар, хэнээр хамгийн их бахархав. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Миссийн тэмцээнд орох бэлтгэлийн хугацаа бага байсан ч нэгдүгээрт Монголоо сурталчилна, хоёрдугаарт өмнө нь дэлхийн миссийн тэмцээнд орж 25 дугаар байрт шалгарч байсан Сарнай эгчийн амжилтыг ахиулъя гэж оролцсон.

Дотроо бол шилдэг аравт үлдэх юмсан гэж маш их мөрөөдөж байлаа. Гэхдээ айдас байсан. XI байрт дуудагдахад өөрийн эрхгүй нулимс гарсан. Шилдэг 10 гоо бүсгүйг дуудчихсаны дараа нүдээ аниад ид шид гэж байдаг бол намайг дуудчихаасай гэж бодсон. Гэтэл хөтлөгч шилдэг арав тодорлоо, тэхдээ энэ удаа бид ард түмний сонголтоор гарч ирсэн нэгэн гоо бүсгүйг шилдэг 11-ээр тодрууллаа. Энэ бол монгол бүсгүй гэж хэлсэн. Өмнө нь шилдэг 10-ыг шалгаруулдаг байсан бол энэ жил шилдэг 11-ийг тодруулж, 11-т нь би орсон гэсэн үг юм. Би мундагтаа биш, монголчууд, ах дүү, аав ээж, олон улсын хүмүүс, найз нөхөд, баг хамт олны минь хичээл зүтгэл, сэтгэл. Тэднийхээ энэ их дэмжлэгийг авсандаа баярлаж, талархаж байна.

-Ийм амжилттай оролцоход таны ямар үзүүлбэр, ямар давуу тал илүү их нөлөөлсөн бэ?

-Бэлтгэл бас дахин бэлтгэл, бусдын дэмжлэг. Бусад хүмүүсийн дэмжлэггүйгээр хэн ч амжилт гаргахад хэцүү. Гэхдээ хичнээн бусдын дэмжлэгийг аваад өөрөө бэлтгэлгүй, гадаад хэлний мэдлэггүй байвал бас хэцүү. Хүмүүс миссийн тэмцээний тухай мэдээллийг сошиалд цаг тухай бүрт нь мэдээлж байсан нь амжилтанд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн юм болов уу гэж бодож байна. Монголчууд маань намайг үнэхээр их дэмжсэн. Би өөрөө олон орноор явж байсан учраас гадаад найз олонтой. Мөн “Марко поло” кинонд би туслах дүрд тоглосон. Энэ үед хамт тоглосон найзууд болон алдарт Холливудын алдарт жүжигчин Стивэн Сигал нар сошиалд намайг дэмжиж, Монголын А.Баярцэцэгийг дэмжээрэй гэж шэйрлэж байсан нь их нөлөөлсөн. Мөн түүний гэргий Эрдэнэтуяа эгчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг танихгүй ч Монголоо гэсэн сэтгэлээр олон мянган гадны хүмүүст миний тухай мэдээллийг хүргэх боломжийг олгосонд үнэхээр талархаж байна.

-Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцоход хэн хамгийн их тусалж, ямар хүмүүс илүү их дэмжиж байв?

-Дэлхийн мисст ороход маш олон хүн надад тусалсан. Компани, аж ахуйн нэгж байгуулага, пиар агентлаг, найз нөхөд, хамаатан, ар гэр, оюутан залуус гээд тоочоод байвал хэдэн зуугаар дуусахгүй хүмүүс бий. Бүгдэд нь маш их баярлалаа.

-Мисс хүн ямар байх ёстой бол. Мисс гэдгийн утга учрыг тайлбарлаж өгөөч?

-Би мисс гэдэг ойлголтыг арай өөрөөр хүлээж авдаг. Мисс гэхээр бусад хүмүүс хамгийн хөөрхөн эмэгтэйг шалгаруулах, цол титэм олгох тэмцээн гэж хардаг байх. Тийм биш шүү дээ. Энэ тэмцээнд оролцсоноороо олж авах зүйл нь маш олон хүнд хүрч болох дуу хоолой. Эргээд өөрийн тэр дуу хоолойгоороо өөрийгөө, орчноо нийгмээ, залуусын харилцаа уур амьсгалд эергээр нөлөөлөх залуу үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм болов уу гэж бодож байна.

-Та аль нутгийн ямар айлын хэд дэх хүүхэд вэ. Төрсөн гэр бүл, эцэг эхээ танилцуулаач?

-Би айлын ганц хүүхэд. Улаанбаатар хотод төрж өссөн. Ээж аав маань Говь- Алтай аймгаас гаралтай ч Улаанбаатар хотод төрж өссөн хүмүүс.

-Та хаана, хаана ямар сургууль төгссөн бэ?

-2007 онд “Сант” дунд сургуулийг төгссөн. Дараа нь ШУТИС-ийн компьютер, менежментийн дээд сургуулийг маркетинг удирдлага мэргэжлээр төгссөн. Мөн Өмнөд Африкийн коллежид суралцаж, бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн. Гэхдээ сүүлийн гурван жилд Америкт жүжигчин мэргэжлээр суралцаж байна. Гурван жилийн өмнө жүжигчин болох шийдвэр гаргаад Америкийг зорьж байсан минь намайг энд хүргэлээ. Болох ёстой юм болдгоороо болж байна гэж бодож байгаа.

-Орчин цагийн залуусыг ямар байгаасай гэж та хүсч байна бэ?

-XXI зууны залуус боломжийг Монголоор битгий хэмжээсэй, би Монголдоо амьдарч байгаа ч гэсэн хаана боломж байна гэдгийг эрэлхийлж, суралцаж, гадны орнуудаар явж байхыг хичээдэг. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж боддог. Зөвхөн Монголдоо байгаад өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ олон хүмүүстэй харилцаад, олон орноор явж, суралцаж хөгжиж дэвших боломж бий шүү дээ. Хаана боломж байна тэнд очиж суралцаад, амжилтад хүрээд хойч үедээ хөгжлийн гүүр болох боломж байна гэж би харж байгаа.

-Та найз залуугаараа ямар эр хүнийг сонгоод байна. Гэр бүлтэй болж амжсан уу?

-Гэр бүлгүй, хүүхэдгүй байгаа дээрээ олон зүйлийг сурч нийгмээ хөгжүүлэхийг зорьж хүсч мөрөөдөж байна. Ирэх нэгдүгээр сард эх орондоо очно. Тэгээд тухтай сайхан ярилцъя.


Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Атомын цахилгаан станц барих шаардлагатай

-УТААГ БАГАСГАХЫН ТУЛД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЦАХИЛГААНААР ХАЛААДАГ АРГА ЗАМЫГ СУДАЛНА-


Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын утааг бууруулах даалгаврыг тус академид үүрэг болгон өгчээ.


-Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрээд удчихлаа. Өнгөрсөн жилүүдэд утааг бууруулах талаар нэлээд ажил хийж, мөнгө зарж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хотын утааны асуудлыг шийдвэрлэх том үүрэг хариуцлагыг Шинжлэх ухааны академид үүрэг болгосон юм байна. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу юунаас ажлаа эхлэх гэж байна вэ?

-Энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь бид хоёрт хотын утааг бууруулах арга замыг олох даалгавар өглөө. Улаанбаатар хотын утааг эрс багасгах санааг олох ёстой гэсэн үг. Сайд бид хоёр энэ даалгаврыг баяртай хүлээж авсан боловч үүнийг хэрэгжүүлэх нь амаргүй ажил гэдгийг ухамсарлаж байгаа.

Ийм том даалгавар өгч байгаа нь бидэнд нэр төрийн хэрэг бөгөөд маш том хариуцлага боллоо. Мөн маш их итгэл хүлээлгэж байгаа юм байна гэж ойлголоо. Утаа бууруулах ажил 2009 оноос эхэлсэн байдаг. Гэвч энэ асуудалд олон арван тэрбум төгрөг зарцуулсан боловч ихэнх нь цаасан дээр бичигдсээр иржээ. Ер нь хэвлэл мэдээллээс утаанд зарцуулсан мөнгөн дүнг харахад улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Хувийн хэвшлээс болохоор 200-гаад тэрбум төгрөг гарчээ. Гэтэл утаа улам бүр ихсэж байна. Утааны хэмжээ, азотын давхар ислүүд тэдэн хувь байна гэж яриад ч хэрэггүй болсон.

Угаасаа хотын утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн багадаа 10-20 дахин их буюу гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд утааг бууруулах арга нь шал буруу байжээ. Олон зуух, шахмал түлш хийж үзсэн ч үр дүн гарсангүй. Тиймээс энэ удаа Ерөнхий сайд бидэнд энэ асуудлыг даалгаж байгаа нь утааг бууруулах ажлыг бизнесийн нүдээр биш, шинжлэх ухааны аргаар харж, шийдвэрлэх байх гэж итгэсэн юм болов уу. Бид хамгийн эхлээд утааг эрс бууруулах санал гаргаж, техникийн шийдлийн хамт боловсруулж танилцуулна. Тэгэхээр энэ нь нэлээд олон хүний хүч хөдөлмөр шаардах, багагүй хугацаа орох ажил. Бид сүүлийн хоёр өдөр хуралдаж, утааны асуудлыг яаж хурдан шийдэх вэ гэдэг асуудлаар санал солилцож байна. Энэ чиглэлийн томоохон эрдэмтдийг урьж ярилцлаа. Ямартай ч энэ ондоо багтаагаад зохион байгуулалтын ажлаа хийчихье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Улаанбаатарын утааг бууруулах ямар арга байна. Шинжлэх ухааны академи ямар аргыг хэрэглэх гэж байна?

-Манайхтай төстэй, хөгжлийн түвшин харьцангуй буурай орнуудад үндсэндээ утааг бууруулах хоёр л арга байдаг. Нэгдүгээрт, орон сууцжуулах, хоёрдугаарт цахилгаан халаагуур ашиглах. Нэгдүгээр аргыг хэрэглэнэ гэхээр дааж давшгүй их хөрөнгө хэрэгтэй болно. Цахилгаан, усны нөөц нь хүрэх үү гэдэг асуудал гарна. Мөн хийн түлш хэрэглэх арга байдаг ч хугацаа шаардлагатай. Тиймээс бид цахилгаанаар халаадаг, арга зам руу судалгаагаа чиглүүлье гэж бодож байгаа юм. Бидний ерөнхий чиг энэ. Ерөнхий сайд ч мөн энэ чиглэлийн ажил байж болно гэсэн. Нэг шийдчихвэл энэ нь төгс шийдэл. Эхлээд суурь судалгааны ажлуудыг хийх хэрэгтэй байгаа. Ямар ч байсан манай шинжлэх ухааны академийн эрдэмтэд гэдэг нь ашиг сонирхлын зөрчилгүй санал боловсруулах хүмүүс. Монгол орныхоо хөгжлийн төлөө, улаанбаатарчуудын эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ гаргаад харьцангуй хямд төсвөөр утааны асуудлыг шийдэх хүмүүс бол академийн эрдэмтэд байна.

-Академийн эрдэмтэд утааг бууруулах чиглэлээр хийсэн бэлэн судалгаа, технологи бий юу?

-Олон бий. Хамгийн наад зах нь таван ханатай гэр халаахад хэр хэмжээний цахилгаан зарцуулах вэ, гэр хаагуураа хэдэн хувийн дулаан алддаг юм гэх зэрэг судалгаанууд бий. Ядаж л гэрийн үүдэнд амбаар барих хэрэгтэй юм байна. Гэрийн бүрээсийг ямар материалаар яаж хийвэл дулаан алдалтыг багасгах вэ гэдэг судалгаа ч бий. Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр тодорхой хэсгийг хангах боломжтой. Ер нь бид төсөл боловсруулах техникийн танилцуулгаа гэгээлгээр харж байна. Утаа бууруулах шийдлийг Шинжлэх ухааны академи харьцангуй богино хугацаанд гаргаж чадахгүй юм бол өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй.

-Хамгийн багадаа хэдий хугацаанд хотын утаа эрс буурах боломжтой бол. Ерөнхий сайд үүрэг даалгавар өгөхдөө хугацаа заасан уу?

-Ямар хугацаанд бууруулахыг ажлын хэсэг нэлээд судалж байж хэлнэ. Ерөнхий сайд ерөнхий чиглэл өгсөн, хугацаа нарийн заагаагүй. Хөх хот зэрэг хамгийн богино хугацаанд утаанаас салсан хотуудын туршлагыг судлах хэрэгтэй байна. Мөн хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан ялгаруулдаг халаалтын төхөөрөмжийн загварууд дэлхийн хаана байна. Төхөөрөмжүүдийг авч, харьцуулж, задалж шинжилж үзнэ. Түүнээс биш хаана ч байдаг цахилгааны хэрэглээ асар өндөр үнэтэй тень хэрэггүй. Тэр дундаас хамгийн хямд загварыг бид сонгож авах ёстой гэх зэрэг олон ажил бий. Ер нь бид гурваас, дөрвөн жилд багтах асуудлыг л зохион байгуулна. Энэ бол байж болох маш богино хугацаа.

-Өнгөрсөн жилүүдэд манайхан төслийн зуух, утаа гаргадаггүй зуух гэж нэлээд хошуурлаа. Ер нь утаагүй зуух гэж байдаг, байх боломжтой юм уу?

-Нүүрс түлж байгаа л бол заавал утаа гарна. Ямар ч шаталт байсан шаталтаас утаа гарна шүү дээ. Нүүрс түлэхэд жижиг ширхэгтэй тоосонцор нь агаарт дэгдэж, том хэсэг нь хөрсөн дээр унадаг. Ингээд хүний амьсгалын хэмнэлээр уушги руу орно. Нүүрсний утаа хортой юу гэвэл үнэхээр хортой. Нүүрсний утаанд угаартсан хүн эргэж бараг сэргэдэггүй. Энэ утаанд азотын хийн хүхэрт бодис бий. Энэ нь нярай болон бага насны хүүхэд, өндөр настанд илүү сөргөөр нөлөөлдөг.

-Шинжлэх ухааны академийн эрдэмтэд өмнө нь утаа бууруулах ажилд оролцох боломж, нөхцөл байгаагүй юм уу?

-Утаа буруулах талаар манай дулаан, цахилгаан, эрчим хүчний чиглэлээр ажилладаг эрдэмтэд төр засагт маш олон санал, төсөл хүргүүлж байсан. Гэтэл шалгаруулдаг комисс нь авч үзэж байгаагүй. Хэн нэг хүний ширээн дотор л тэр материалууд байж байгаа. Угаасаа төр засаг шинжлэх ухаан руу харъя гэж боддоггүй. Одоо харж байгаад нь баяртай байна. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий.

-Агаарын бохирдлын 10-20 хувийг машины угаар эзэлж байна. Машины утааг бууруулах сайн технологи юу байна?

-Нэгдүгээрт ашиглах бензинийхээ чанарыг сайжруулах хэрэгтэй. Нэг нь катализатор тавих арга. Катализаторын хүчээр бензиний бүрэн шаталт явагддаг. Утааг бууруулах ажилд автомашины угаарын асуудал тусгагдсан байгаа.

-Утаанаас салахын тулд дулааны станц барихдаа байгальд ээлтэй технологи ашиглах ёстой байх. Тэр нь ямар арга байх вэ?

-Манай эрдэмтэд янз янзын санаачлага хэлдэг. Минийхээр атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Гэхдээ атомын цахилгаан станц цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнийг дэлбэрч сүйд болно гэж ойлгож болохгүй. Ашиглалт буруу болохгүй юм бол цөмийн цахилгаан станц дэлбэрэх магадлал маш бага. Манайх шиг нүүрсний асар их нөөцтэй улс нүүрс түлдэг дулааны станцаас бүрмөсөн сална гэхэд амаргүй. Тиймээс нүүрсээр ажилладаг станцуудыг хотоос зайдуу, хөдөө газар бариад, эрчим хүчээ гадны орнууд болон бусад хотууд руу борлуулдаг байх хэрэгтэй.

-Аливаа улс орон шинжлэх ухаанаа түшиглээд хөгжвөл илүү бодит үр дүнтэй байх болов уу. Академийн эрдэмтэд утаа бууруулахаас гадна эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ямар, ямар ажил хийхэд бэлэн байна?

-Төр засаг төрийн захиргааны төв байгууллагууд орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд Шинжлэх ухааны академид захиалга өгвөл тэр захиалгыг шийдвэрлээд өгөх хүний нөөц, боломж бололцоо байна. Аливаа улс орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувиас дээш төгрөгийг шинжлэх ухаанд зарцуулаад байвал улс орныхоо эдийн засгийг өсгөх, хөгжүүлэх бодит хүчин зүйл болдог. Академийн эрдэмтдийн бүтээл дэлхийд харьцангуй өндөр үнэлэгдэж байгаа. Монгол эрдэмтдийн гадаадад хэрэгжүүлж байгаа төсөл, инноваци Азид 19 дүгээр байрт орж байгаа юм. Гуравхан сая хүнтэй, 1500 орчим орон тооны эрдэм шинжилгээний ажилтантай улс гэхэд энэ өндөр амжилт. Манай мэргэжилтнүүдийн боловсруулчихсан технологи 200 орчим байна. Бүтээгдэхүүн болгоод аваад явах нь 100 орчим бий. Технологийг үйлдвэржилтэд нэвтрүүлдэг холбох гүүр, байгууллага манайд алга. Тиймээс шинжлэх ухааны парк байгуулах хэрэгтэй байна. Дэлхийн ихэнх улс шинжлэх ухааны парктай байдаг.

-Жишээлбэл үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй ямар, ямар технологи байна?

-Жишээлбэл, тосыг нь авчихсан шингэн сүү гэж байдаг. Тэр шингэн сүүнээс уургийг нь ялгаж аваад бүтцийг нь жаахан өөрчлөөд кофе шиг уусдаг болгочихдог. Энэ технологи манайд байгаа. Үүнийг социализмын үед Хятад, Финланд зэрэг улсад экспортолдог байсан юм. Одоо дэлхийд гаргаж болно. Энэ нь хамгийн өндөр чанартай, оригнал уураг байгаа юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Дотроо 00-той ТҮЦ байтугай банк ч Монголд байхгүй

Монголчуудын ахуй амьдралыг залгуулсаар өдий хүрсэн ТҮЦ хэмээх “аймшгийн бузар булай” зүйлийн эсрэг цэвэр ариун Улаанбаатар хотоо хамгаалах тэмцэл сүүлийн 30 шахам жил үргэлжилж байгаа. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн эхэн үед Тохиролцооны дэлгүүр гэж байлаа. Хөдөө суманд худалдаа бэлтгэлийн анги, эд хэрэглээний хоршоо гэж байсныг хүмүүс мэднэ. Тохиролцооны дэлгүүр бий болох үндэс суурь ингэж тавигдсан. Газар сайгүй хашаа байшин нүхэлсэн дэлгүүрүүд нээгдэж бужигнаан үүсгэж эхлэх нь тэр. Гэвч тэр бүр амжилтад хүрээгүй түүхтэй. Тохиролцоо нэртэй боловч бүх бараа таваар нь худалдагчийн хэлсний дагуу явна. Ямар сайндаа тохиролцоо нь хохиролцоо боллоо гэх яриа гарахав.

Харин ард иргэдийн ахуй амьжиргааг залгуулах, хэрэглэгч түмэнд ямар ч хүнд сурталгүйгээр, түргэн шуурхай зах зээлийн бодит үнээр үйлчлэх цэг нээгдсэн нь ТҮЦ юм. Хөдөө, хот гэлтгүй иргэдийн амьдралд жинхэнэ тусаа үзүүлж, бага ч гэсэн үр шимээ үрэл мэт хүлхүүлсэн нь үнэндээ эрх баригчдын харааж зүхэн, ад үзээд байгаа ТҮЦ-үүд шүү дээ. Монголчуудын амьдрал ТҮЦ-ийнхээ хэмжээгээр л явж ирсэн. Бусдын хэлээд байдагчлан албан тушаал, авлига хээл хахуулиар хагартлаа баяжиж, бодит амьдралаас тасарсан дарга нар үүнийг мэдэхгүй. Түүнээс бол ТҮЦ-ээрээ бид бүхэн амь зогоож байгаа нь үнэн юм. Өнөөдөр нийслэл хотын хэмжээнд 1132 ТҮЦ ажиллаж байгаа юм гэсэн. Эдгээрийн ард гурван мянган өрх гэр амьжиргаагаа залгуулж, түлээ нүүрснээс аваад бор хоногийнхоо хоолыг бусдын гар харалгүйгээр залгуулаад л байгаа. Том болсон нэгнийх нь сургалтын төлбөрийг, сургууль төгссөн нэгнийх нь орон байрны урьдчилгааг ТҮЦ-ийнхээ таван цаасны ашгаар төлчих гэж зүтгэцгээж л байна. Бидний бодит амьдрал ийм л байна. Гэтэл “Аз жаргалтай” Улаанбаатар хотынх нь өнгө төрхийг гутааж байгаа гэх нэрээр ТҮЦ-үүдийг хоморголон устгахаар, бүр мөсөн зайлуулахаар эрх баригчид дайрч байна.

Үндсэндээ, энгийн иргэдийнхээ хоногийн хоолыг булаахаар тэмцэж байна. Одоогийн байдлаар 30-аад ТҮЦ нүүлгэлээ гэж тэд бахархалтайгаар хэлж байна. 750 нь газрын зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй хэмээн хотын захиргааныхан даналзаж, өвлийн тэсгим жавар тачигнаж, эдийн засаг элгээрээ харуулдсан гүн хямралын үед өл залгуулж байгаа эзэмшлийг нь дээрэмдэхээр ханцуй шамлалаа. Арга барсан иргэд “ядахдаа урин цагтай золгуулаач” гэж төрөөсөө гуйж байна. Ийм л үйл явц энэ өдрүүдэд үргэлжилж байна даа. Улаанбаатарын утаа аюулт гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад огтоос санаа зовоогүй нөхөд ядарсан олныхоо ганцхан үнэт катипал нь болсон ТҮЦ рүү нь дайрч байгаа нь хүнлэг бус гэж хэлэхэд ч багадмаар хэрцгий санагдаж байна.

Ер нь иргэдийн амьжиргааны эсрэг энэхүү тэмцэл улс төрийн нэг хүчин сонгуульд ялахад маш хүчтэйгээр идэвхждэг. Улс төрийн ээлжит сонгуульд ялалт байгуулж засгийн эрхийг авсан нам хүчин гурван зүйл дээр алалдаг. Төрийн эрх барих дээд удирдлагууд нь уул уурхайгаа булаацалддаг. Харин дундуур албан тушаалтнууд нь сайдын суудлын төлөө үхэн хатан зүтгэцгээдэг. Нам дотроо фракц үүсгээд танайх төдөн суудал, манайх төдөн суудал, би чи гээд чичрэн дайрцгааж харагддаг. Доод албан тушаалтнууд нь шууд л ТҮЦ-ээ булаалдаад эхэлдэг. Аль ч нам, улс төрийн хүчин ялгаагүй дээ.

Үүл баатрын үед стандартад нийцсэн ТҮЦ гэх нэрээр бас л үймүүлж, бужигнуулсан. Дороосоо халдаг шалтай, дотроо амрах өрөөтэй, хяналтын камер, галын багаж хэрэгсэлтэй гээд баахан “стандарт” заасан ТҮЦ-ийг Эрээнээс зөөсөн.

Өнөө алдарт “25 саяын ТҮЦ” гэдэг маань тэр шүү дээ. Энэхүү үймээнээр ардчиллын партизанууд, Ардчилсан нам чигийн нөхөд хувьдаа ТҮЦ-тэй болсон нь нууц биш. Одоо эрх баригч Ардын намынхан өөрсдийнхөө нөхдийг өл залгуулах хоолтой болгохоор эгэл жирийн олны өмч хөрөнгийг хураахаар тэмцлээ эхлүүлэх нь тэр. Анзаарах нь ээ, ардын намын нөхдийн тавьж байгаа шаардлага үнэндээ инээдтэй, өрөвдмөөр, хөгийн. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүд дотроо 00-гүй гэх нэрээр тэд нурааж байна. Ерэн хэдэн хувь нь 00-гүй байна гэж сүржигнэж байна. Битгий сэрүүн зүүдэл нөхөд минь. Өнөөдөр Улаанбаатар хотод жинхэнэдээ дотроо 00-той ТҮЦ битгий хэл банк ч байхгүй шүү дээ. Яагаад банк гэж байна вэ гэвэл мөнгөтэй газар. Гэвч банкаар үйлчлүүлээд гарахдаа 00-оор давхар үйлчлүүлсэн хүн байна уу. Мэдээж албан байгууллага учир ариун цэврийн өрөөтэй байж таарна. Тэр нь ард иргэдэд, үйлчлүүлэгч олонд хамаагүй. Бие засах газар хаана вэ, ороодохъё гэвэл харуул хамгаалагчид нь нохой шиг хөөгөөд гаргана.

Хүн төрөлхтний амьжиргааны гол эх үүсвэр арилжаа наймаа байдаг. Гудамжиндаа, иргэдийнхээ дунд арилжаа наймаа хийдэггүй, бараа бүтээгдэхүүн зардаггүй, хоол ундны үйлчилгээ эрхэлдэггүй дэлхийн хот гэж байхгүй. Бүхий л улс орнууд дүүрэг, хороо бүртээ худалдааны том том гудамж, бүсүүдтэй, гар дээрээс наймаа эрхлээд, тэнд нь хоол ундны, үзвэр үйлчилгээний гээд иж бүрнээрээ, цогцоороо байж байдаг.

Гэтэл Монголд үүнийг хамгийн бузар муу муухай зүйл мэтээр үзэж, гар дээрээс наймаа хийхийг шившгийн ажил гэж харж байгаа нь эмгэнэл. Бид ийм тэнэг, бүдүүлэг сэтгэхүйгээ нэн даруй өөрчлөх хэрэгтэй байна. Аливаа асуудалд бодитойгоор, амьдралын үнэнээр хандмаар байна. Аз жаргалтай Улаанбаатарыг муухай харагдуулаад байгаа хүмүүс чинь хэдэн малаа цас зуданд тавьж туучихаад хотоо харлуулан яахаа мэдэхгүй, амь зуухын тулд их хотоо бараадаж байгаа иргэд. Тэднийг зайл гээд нохой шиг хөөхгүй нь үнэн. Улаанбаатарт нүүж ирсэн иргэд арилжаа наймаа хийхгүйгээр, ядах нь ээ ганц бохь, зайрмаг, ундаа зарахгүйгээр амьдрахад бэрх. Залуучууд нь барилга энээ тэрээд ажилладаг юм байгаа биз. Нас тогтсон эмэгтэйчүүд бол ийм л ажил хийнэ. Өөр нөхцөл боломж өнөөдөр алга байна. Иргэдийнхээ ийм боломжийг нь хязгаарлаад яаж амьдар гэж байгаа хэрэг вэ. ТҮЦ-үүдийг байхгүй болгоход сүлжээ том дэлгүүрүүд багагүй нөлөөлдөг шиг байна лээ. Тэдний лоббигоор эрх баригчдын зарим нэг захирамж явдгийг хүмүүс барим тавин хэлдэг л юм. Гар дээрх иргэдийн худалдаа томоохон дэлгүүрүүдийн ханшаас даруй 40, 50 хувиар хямдхан байдгийг бид мэднэ. Тиймээс тэд үзэж чаддаггүй юм. “Утаа баагиулсан ТҮЦ-үүд Улаанбаатар хотыг минь бузарлаж байна” гэх утгатай үгсийг нэг банкны эзэн олон нийтийн сүлжээгээр бичсэн байна лээ. Миний бие хувьдаа банктай бол тэгж хэлмээр л байх юм. Гэвч бодит амьдралын хөрс гэдэг өөр байдаг. Тиймийн учир олон түмэнд зардал багатай (лангууны түрээс гэж өгдөггүй учир бараа бүтээгдэхүүн нь зах зээлийн ханшаар байдаг), дээрээс нь ямар нэгэн чирэгдэлгүйгээр түргэн шуурхай үйлчилдэг ТҮЦ-үүдийн эсрэг тэмцлээ одоо зогсоох цаг нь болжээ. Зуугаад хувь нь дотроо 00-гүй гэснээс нийтийн үйлчилгээний газрууд ялангуяа томоохон дэлгүүр, хоолны сүлжээ ресторан, банк зэрэг албан газрууд нэг давхартаа иргэдэд үйлчлэх 00-той болмоор байна. Нийтийн жорлон гэж нэг хэсэг ярьсан. Түүнийгээ ажил болгож хэрэгжүүлбэл яасан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МУ-ын Ерөнхийдөө сайд

-ФЕЛЬЕТОН-

Манай Ерөнхий сайдууд ямар нэг донтой явж иржээ. Жишээлэхэд, ардын засгийн анхны Ерөнхий сайд нь авгайчуудын гэзэг хайчлах дуртай хүн байсан гэдэг. Бас, нүх рүү шагайчихаад л “гэрэл харагдаж байна” гэж зүтгэдэг, сул газар л харагдвал мориор сольдог Ерөнхий сайдуудтай байв. Түүнчлэн хувийнхаа мөнгөнд аймаар харамч боловч улсын мөнгийг нэг нүдээрээ үздэггүй, хаа олдсон газарт нь тарааж өгдөг Ерөнхий сайд ч таарч байлаа.

Дээхнэ үед “нэгийн дон” туссан нэг сайхан хархүү (шар хүү гээгүй болохыг анзаарна уу) манай Ерөнхий сайд байв. Яагаав нөгөө, бүх шалгаруулалтын нэгдүгээр байрт орохгүй бол гомдчихдог нөхөр. Шилдэг улстөрч, шилдэг уулчин, тэргүүлэх хартай хүн (хар царайтай биш, шилдэг хар найзтай хүн, жишээлэхэд, Манделатай найзалдаг), топ шартай хүн (хор шартай биш онцгой сайхан шартдаг хүн)…гэхчилэнгээр шалгаруулалт болгоны нэгдүгээр байрт тэр л ордог байлаа. Ямар сайндаа, оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулахдаа шууд хоёрдугаар байраас эхлэн тодруулдаг уламжлал тогтох билээ.

Дараа нь тууз хайчлахын энтэй ба бас Ерөнхий сайдтай байлаа. Эхэндээ нээлтийн тууз хайчилдаг байснаа даамжраад хөндлөн даавуу л харагдвал тэсгээхээ больсон доо. Хөдөө, айлын гадаа сэмхэн давхиж очоод гэрийн бүсийг хайчлаад хаясан гэж байгаа. Гэр нь налмайгаад явчихаар айсан авгай, чавганц нар орилолдоод гараад ирэхэд мань эр алга ташаад зогсож байсан төдийгүй нэг бүрчлэн гар барьж баяр хүргэжээ. Цуу ярианд итгэх юм бол, охидын гэзэг хайчилсан явдал бий гэлцдэг.

Ихэнхдээ, иймэрхүү дон сайн юманд хүргэдэггүй. Хөөрхий ардын засгийн анхны Ерөнхий сайд коминтерний төлөөлөгчийн гарыг хайчлах гэсэн хэрэгт орооцолдоод дууссан. Харин нэгийн донтой нөхөр маань хэцүү нэртэй (Авто техникийн газар) газрын тусгүй жагсаалтын нэгт ороод баларсан. Цуу ярианд үнэмших бол, уг жагсаалтыг шалгаруулалт гэж андуураад зориуд өөрийнхөө нэрийг толгойд нь бичүүлснээс болсон ч гэдэг.

Тууз хайчлагчийн тавилан ч сүрхийгүй үлджээ. Тэрээр тун ч “болохгүй хүн”-ий улаан зангиаг тууз гэж андууран хайчлаад тэрнээсээ эсэн юм болсон гэх. Болоод өнгөрсөн түүх иймэрхүү.

Харин одоогийн Ерөнхий сайд “нээх”-ийн донтой нөхөр таарчээ. Ерөнхий сайд болсныхоо маргааш л Сэлэнгэ аймагт огт өөр хүний бариулсан гүүрийг нээгээд эхэлсэн дээ. Буцах замдаа тааралдсан бүх айлын үүдийг нээгээд орхисон гэх. Нутгийнхан, ид хүйтнээр ирээгүйнх нь төлөө бурхандаа залбираад үлдсэн гэх.

Нээхийн амтанд орсон Ерөнхий сайд тэр эрчээрээ арваад жилийн өмнө барьсан Төмөртэйн төмөр зам болон олон жил ашигласан боловч олигтой нээж амжаагүй байсан Хүдрийн уурхайг хамтатган бас нээгээд буцсан байдаг.

Улмаар, Дорнод аймагт очиж хэд хэдэн хуучин обьект нээснээр зам нь шулууджээ. Дараахан нь амаржих газартай танилцаж явахдаа, “төрөх гэж байгаа эхийн савны ам нээгдэж байна” гэлцэхийг дуулаад “Би очиж нээнэ” хэмээн сандаргасан гэдэг…

Одоо, Их тэнгэрийн буудлын буфетыг өглөө болгон нээж санаа нь амраад ажилдаа явдаг гэсэн. Хэрвээ худалдагч охин түрүүлж ирээд буфетээ нээчихвэл аймаар гомдоод, “тэгүүл би ажилдаа явахгүй” гэж тийчлээд, аргаа барсан комиссарууд нь дэлгүүрээс шилтэй өгөрций авчирч, мань эрээр онгойлгуулж (үүнийгээ “өгөрций нээх ёслол” гэж хэлдэг) баймаажин Засгийн газрын хуралдаанд авчирсан дуулдана.

Занг нь андахгүй болсон сайдууд хуралдаан эхэлмэгц гэрээсээ авчирсан хайрцагтай жигнэмэг, лаазтай молоонк зэргээ гаргаж Ерөнхий сайдаараа “нээлгэн” баярлуулна. Нөгөөдүүл нь Ерөнхий сайдаа улам баярлуулах гэж цүнх, цүнх нээх болон онгойлгох юм зөөгөөд Засгийн газрын хурал юм ярих завгүй болсон гэх. Ганцхан удаа л асуудал хэлэлцэж шийдсэн нь БНУ тунхагласан ойн өмнөх ажлын өдрийг амралтын өдөр болгосон тогтоол аж. Үүндээ урамшсан Ерөнхий сайд маань ямар ч асуудал танилцуулсан “Ерөөсөө амралтын өдөр болгоод л шийдчихье” гэх гээд байх болж гэнэ.

Ерөнхий сайд маань өдөржингөө юм юм нээж өчүүхэн ч чөлөө завгүй. Туслахууд нь бичиг сачиг танилцуулахдаа хүртэл хавтас цүнхэнд битүүмжлэн өгч өөрөөр нь нээлгэн баярлуулна. Орж ирсэн хүний цүнхийг комиссаруудаараа булаалган авч нээнэ. Зарим нэг цуурхалд, цай зөөгч охид түүний өрөөнд нь орохоосоо айгаад байгаа гэх. (Та нар юу гэж ойлгосон? Би бол косметикны савных нь тагийг нээнэ гэж дайрдаг байх гэж бодсон)

Хамаг анхаарлаа “юм нээх” асуудалд зориулдгаасаа болоод их мартамхай болсоон. Улаан цайм хэлчихээд “Би тэгээгүй” гээд гүрийчихнэ. Эртүүд , “сайд, дэд сайдын асуудлыг намын хурал шийдсэн” гэж ярилцлага өгчихөөд, залгуулаад “Би сайд, дэд сайдын асуудлыг намын хурал шийдсэн гэж хэлээгүй” сэдэвт хэвлэлийн хурал хийгээгүй юу? Дараа нь ярилцлага, хэвлэлийн хурал хоёроо хоёуланг нь үгүйсгэсэн нэвтрүүлэг хийлгээ л, айн? Ингээд зогссон бол их юм.

Саяхан манай Ерөнхий сайд Японд айлчлахдаа эзэн хаанд нь бараалхжээ. Оруутаа л

-Намайг Эрдэнэбат гэдэг гээд нэрээ хэлжээ

Хаан хариуд нь

-Сайн байна уу, Эрдэнэбат аа гэхэд, манай хүн

-Би нэрээ Эрдэнэбат гэж хэлээгүй хэмээн зүтгээд, ээ базарваань. Үүнийг харсан япончууд яг өгөх гээд тоолж байсан мөнгөө буцаагаад далд хийчихжээ.

Энэ бүхнээсээ ч болсон юм уу, даргадаа загнуулсаар байгаад юу яачихав уу, сүүлийн үед өөрөө мэдэж үг хэлэхээ байсан гэнэ. (Зарим нэг цуу яриагаар бол, дарга нь орой дуудаж авчраад “Яах гэж тэгж хэлсэн. Дахиж тэгэхээ байх уу, чи” гэж загнан, толгой руу нь укааскаар тоншсоор байгаад хачин болгоцон ч гэх юм билээ)

Үүнээс хойш, Ерөнхий сайд маань ерөнхийдөө л тиймэрхүү болцроод,

-Сайн байна уу гэхээр хариу мэндлэхийн оронд утасдаж “юу гэж хариулах нь зөв бэ, дарга аа” хэмээн асуух болсон гэлцэнэ.

Саяхан, Монгол Улсын Ерөнхий сайдаас ярилцлага авахаар ирсэн ВВС-гийн сурвалжлагч

-Та Монгол Улсын Ерөнхий сайд мөн үү, гэхэд

-Би даргаасаа асуучихаад ирье гээд дэгдчихжээ…тэгээд таг болж, болж ирээд

-Та тэгж асуугаагүй. Худлаа ярьж байна хэмээн дүрэмджээ.

Энэ бүхнийг эс тооцвол сүрхий боловсролтой, ер нь хэл устай, Сэлэнгийн хүн болохоор наймааны орос хэл сайтай гэнэ. (Хятад хэлтэй гээгүй гэдгээ онцлон тэмдэглэмээр байна) Ерөнхий сайд болсон өдрөө л Оросын Ерөнхийлөгч В.Путин руу залгаж “Драасчий кампаань, Я Эрдене-крепкий. Общий минийстр Монголий, У мэня еще многоо министранты и министрацы. Боонд еэст, еэст моноог. Бензээн ест? Сколько гэжээнэ” хэмээн эдийн засгийн чухал сэдвээр ярилцжээ.

Энэ бүхнийг эс тооцвол түүнийг орон даяар хүндэлж, хайрлаж байна. Жишээ нь, түүний нэр хүндийг өргөх үүднээс төгссөн сургуулийнх нь нэрийг шинэ, хуучин алинаар нь ч: Худалдааны техникум, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль гэхчилэн тэмдэглэхийг больсон байна. Харин сургуулийг нь “Худалдаар идж Үйлдвардын Оксфоорд, мэргэжлийг нь “төрийн нябо” хэмээн өргөмжлөн, намтарт нь тэмдэглэх болжээ. Харин суманд нябо байсан хэсгийг нь “Засгийн газраас суманд суух санхүү-эдийн засгийн тусгай агент (зарим мэдээлэлд “эдийн засгийн агент-007” гэсэн тал ч байна) болгон дурдаж эхэлжээ.

Түүнчлэн Иргэний бүртгэлийн газраас хотын паспорт шинээр бичиж олгохдоо, оюутан байсан жилийг нь Улаанбаатарт амьдарснаар тооцон “дөрөв гаруй, бараг таваад жил” болгосноо уламжилж, баяр хүргэсэн байдаг.

Categories
мэдээ соёл-урлаг

Я.БАЯРАА: Яруу найргийг мэдрэх үү, яруу магтаалд баясах уу гэдэг хүний сонголтын л асуудал

-ЯРУУ НАЙРГИЙГ БАЙГААГААР НЬ ХҮРТЭХЭД Л ХАНГАЛТТАЙ-


СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн багш, яруу найрагч Я.Баярааг “Долоо хоногийн зочин” ярилцлагын буландаа урилаа.


-Удахгүй шинэ номоо өлгийдөн авах гэж байгаа юм байна. “Таслал” гэдэг нэрнээсээ эхлээд сонирхолтой юм?

-2011 онд “ЦӨН” гэж шүлгийн түүвэр хэвлүүлснээс хойш ном бүтээл хэвлүүлэлгүй өдийг хүргэжээ. Манай яруу найрагч Т.Баясан, “Яруу найргийн ном бүтэх цагтаа л бүтдэг” гэж нэгэнтээ хэлж билээ. Тэр л ёсоор нэг ийм ном бүтчихлээ. “Таслал” гэдэг нэрийн хувьд шууд утгаар нь өгсөн. Өгүүлбэрт нэг утгат хэсэг төгсөхөөр таслал тавиад, цааш өөр зүйлийн тухай бичдэг дээ. Тэр л зориулалтаар нь энэ номонд “Таслал” гэдэг нэр өгсөн.

-Анх яруу найрагт хэрхэн татагдсан бэ, энэ замд алхан ороход хамгийн их нөлөөлсөн хүн тань хэн бэ?

-Өссөн орчин маань яруу найрагт дурлахад хамгийн ихээр нөлөөлсөн болов уу. Манай нутаг Улаанбаатар хотоос 1500 гаруй км-ийн зайд оршдог, Увс аймгийн Зүүнговь сум. Яруу найрагч Г.Аюурзанын “Зурагтын ганцхан суваг гардаг бяцхан суурин” гээд шүлэг бий дээ. Тийм л нэг бяцхан суурин, тэндэхийн хэл нь ч, сэтгэл нь ч эвдрээгүй хүмүүс, ажин түжин амьдрал намайг ном руу, уран зохиол руу татсан санагддаг. Ээж маань надад А үсэг заасан. Ээжийн минь уран зохиолыг хайрлах сэтгэл намайг шүлэг бичихэд бас их нөлөөлсөн гэж боддог. Гэрийн маань номын санд яруу найргийн хэдэн ном байдаг байлаа. Очирбатын Дашбалбарын “Гэрэлт хайр”, Цэгмидийн Гайтав гуайн шүлгийн түүвэр, Далхаагийн Норовын “Уулын хөх сүүдэр” роман лав байсан. Анх бичиг үсэг тайлагдсаар “Гэрэлт хайр”-ыг уншсан байх шүү. Тэндээс О.Дашбалбар гуайн өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр, сэтгэлийг шүлгээр амилуулж чадаж байгаа байдал нь надад их сонирхолтой санагдсан. Яруу найргаар мэдрэмжээ илэрхийлэхийн амтанд энэ ном л намайг татаж оруулсан.

-Яруу найрагч байна гэдэг таны бодлоор яг юу вэ?

Яруу найрагч байна гэдэг миний бодлоор яруу найрагч л байхын нэр юм даа. Ямар нэг зам мөрийн тухай, жишээлбэл, сахил хүртсэн лам шиг ямар нэг хэмжүүр яруу найрагт байгаа ч үгүй. Байх ч үгүй болов уу. Манайд л яруу найрагчдыг соён гэгээрүүлэгч, ухаарал хайрлагч, хүлээн авалтын микрофон дээрээс хүндэтгэлийн үг хэлэгчгэж боддог байх. Математикт дурлачихсан, хүнд бодолт, гаргалгааны ард гарчихаад маадгар суугаа хүн, ёхийтлоо сууж зураг төсөл гаргачихаад дараагийнхаа байшингийн тухай яриад эхэлдэг архитекторч найзууд маань миний яруу найрагт амиа тавьдагтай агаар нэгэн санагддаг. Нэг нь тооны хэлэнд, нөгөө нь дүрсийн хэлэнд, би үгийн хэлэнд л дурлачихсан яваа.

Яруу найраг бол хүн төрөлхтөнд байсаар ирсэн уугуул мөн чанаруудын нэг. Түүнийг алдаршуулан магтах, дооршаан үзэхийн аль аль нь ч шаардлагагүй. Тиймээс яруу найргийг байгаагаар нь хүртэхэд л хангалттай.

Ер нь хүний хэлийг бүдүүн тоймоор гурван хүрээнд хувааж үзэж болмоор юм шиг. Нэгдүгээр нь, хүмүүс хоорондоо харилцахдаа хэрэглэдэг ярианы хэл, дараа нь сэтгүүл зүй, албан ажил гээд харилцааны хэл орно. Энэ хэлээр бид бие биесээ тодорхойлж, энэ хэлний хүрээнд бидний амьдрал өрнөдөг. Харин яруу найргийн хэл бол дээд хэл юм. Энэ хэл ямар нэг баримт, харилцааг бус сэтгэлийг өгүүлдэг. Үл баригдах сэтгэлийн үелзэл хөдөлгөөн, зүүд зөн, хүлээлт, ганцаардлын хэл. Энэ хэлээр ярих чадвар бяр хүч бидэнд адилхан заяадаггүйн адил хүн бүрт тэгш бус заяадаг бололтой. Хомер, Шекспир, Гёте, Бодлерын шүлгийг ертөнц даяар хэдэн мянган, хэдэн зууны турш уншсаар, мань мэтхэн нь хүртэл эх хэл рүүгээ орчуулчих санаатай нухсаар л байна. Харин тэдний цаг үеийн хаад, түшмэдүүдээс одоо нэг овгор чулуу, орд харш үлдсэн бол их юм.

-Яруу найргийн онгодоо хэрхэн хөглөдөг вэ?

-Онгодын тухай онгодгүй хүмүүс л их ярьдаг юм шиг санагддаг. Миний хувьд бол шүлэг бичмээр санагдвал суугаад бичдэг. Бичмээргүй санагдсан үед ч суугаад л биччихдэг.

-Яруу найрагчид өөр өөрийн давтагдашгүй ертөнцтэй, түүнийгээ дагаад уран бүтээл нь гэрэл сүүдэртэй янз бүр байх шиг. Орчин үеийн үеийн яруу найрагчдыг их бараан зүйл бичдэг болсон гэлцэх болжээ?

-Хүн савныхаа хэмжэээгээр л хорвоогоос хүртдэг гэдэг шүү дээ. Ер нь аливаа зүйлийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгээс л шалтгаалж байх шиг. Гэхдээ ихэнх яруу найрагч юуг ч гэрэл гэгээтэй талаас нь хардаг, гэрэл гэгээг л хөөгөөд явдаг юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж яруу найраг гэдэг бол дан ганц гэрэл гэгээ, сайн сайхныг дуулдаг юм биш. Ер нь үзэгдлийн гүн рүү нэвтрэх тусмаа шүлгийнх өнгө баргар болоод байх шиг хааяа санагддаг. Ерөөсөө үнэн гэдэг хатуу, баргар төрхтэй эд юм биш үү. Энэ бүхэн тухайн шүлэгчийн зан араншин, ямар хэлний орчинд өссөн гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг байх. Жишээ нь Данзангийн Нямсүрэн найрагч ямар ч гүн санааг маш гэгээн шүлгээр илэрхийлдэг. Яруу найргийнх нь гүнээс яруу гаргалгаа нь гэрэлтэж байдаг.

Ямар ч яруу гаргалгаа байхгүй, хуурай тоочилт, сайхан санагдахуйц үгсээр бялдсан мөртүүдээр яг одоо манай яруу найраг үерлэж байна. Их Д.Урианхайн хоёрхон мөрийг уншаад дотор хоосроод, эсвэл амьдарч яваа утга учраа олсон юм шиг санагдаж байхад, төрийн соёрхолт шүлэгчийн тоосго шиг том туульсаас сэтгэлд торох юу ч үгүй байх жишээтэй. Гэхдээ яруу найргийг мэдрэх үү, яруу магтаалд баясах уу гэдэг хүний сонголтын л асуудал. Насаараа морины цол маягаар бичигдсэн шүлгэнд баясаад явдаг хүн ч байна. Тархи, зүрх өрөмдсөн шүлгээр сэтгэлийн таяг хийж яваа хүн ч байна. Аль алийг нь нүдэндээ хавчдаггүй хүн ч байна. Хэнийг нь ч буруутгах, дооршаах аргагүй.

– Тэгвэл та өөрийнхөө шүлгийг ямар хэв төрхөд хамруулж ойлгодог хэрэг вэ?

-Мэдэхгүй юм даа. Шүлэгчийн зовлонг шүлэгч л ойлгоно гэдэг шиг шүлэгч нөхөд маань л миний шүлгийг тодорхойлох байх. Миний бодлоор оюутан цагийн шүлгүүд маань их гэгээлэг, үзэж туулаагүй атлаа амьдралын сайн сайхныг дуулсан, амьдралын өнгөн талын сэтгэл баясгах хүчин зүйлд татагдсан янзтай байсан санагддаг. Яг тийм үедээ би 2008 онд “Нэг урлаг” номоо гаргасан. Одоо Хөвсгөл аймагт амьдарч байгаа яруу найрагч О.Элбэгтөгс найзтайгаа 50, 50 шүлэгтэй хоёр талаасаа уншигддаг ном гаргаж байлаа. Уг нь хоёулаа зуу, зуун шүлэг сонгоод байснаа хассаар яваад тавь гаруй шүлэг номонд маань орж байсан. Харин одооны шүлгүүд маань тэр үеийнхээс арай илүү тодорхой, итгэл үнэмшилтэй болсон юм шиг санагддаг. Өөрөөр өөрийгөө тодорхойлж мэдэхгүй юм.

ЭНЭ ЦАГ ҮЕ МИНИЙ ХУВЬД СОРИЛТЫН ЦАГ ХУГАЦАА

-“Хөх мэдрэхүй” гэдэг бүлгэмийн залуусын тухай уран зохиолын хүрээнд яригдаж эхэлсэн цаг саяхан. “Хөх мэдрэхүй” байгуулагдсан түүхээс хуваалцаач. Ер нь уран зохиолын бүлгэм гэж юуг хэлээд байна вэ?

-Урьд нь бол Монголын яруу найрагт “Дөмөн”, “Гал” гээд бүлэг, нэгдэлүүд байсан. “Дөмөн” нэгдэлд л гэхэд Д.Урианхай, Дарамын Батбаяр гэх мэт томчууд цугладаг байсан гэдэг. О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, Ү.Хүрэлбаатар нарын хамрагдаж асан “Гал” гэдэг нэгдэлийн талаар сүүлийн үед бас ярих болжээ. 1990-ээд онд О.Дашбалбар найрагчийн уран бүтээлийн үзэл санааг талархан дэмждэг залуус “ГУНУ” урсгалд хамаарч байсан түүх бий. 1991 онд Увсад номоо гаргасан “Зүс бүгэг андууд” бүлэг байна. Энэ бүлэг тухайн үедээ маш их шуугиан тарьж гарч ирсэн тухай зохиолчид одоо ч ярьдаг. Би “Зүс бүгэг андууд”-ын тухай судалгааны ном бичсэн. Ирэх ондоо багтаад гарчих байх. Үүний дараа “Хүрээ хөвгүүд” гээд бүлэг гарч ирсэн. Энэ бүлгийг П.Батхуяг зохиолч, судлаач Г.Ням-Очир, Бадрал найруулагч, яруу найрагч Д.Энхболдбаатар гээд залуус байгуулж байжээ. Люмпен Пастухын уран зохиол хэмээх тэдний шүүмж 1990-ээд оны дунд үеийн Монголын шүүмж судлалын хамгийн анхаарал татсан, хөдөлгөөнд оруулсан үйл явдал байх жишээтэй. “Хөх мэдрэхүй” бол эдгээр бүлгийн л адилаар залуу уран бүтээлчдийн нэгдэл маягаар байгуулагдсан. МУИС-ийн Утга зохиолын нэгдэл дээр төвлөн анх байгуулагдаж байлаа.

-“Хөх мэдрэхүй” бүлэг сүүлийн үед жаахан нам жим болчих шиг?

-Бид баар сав ажиллуулдаггүй, уран зохиол оролддог болохоор үргэлж хангинаж, түчигнэж байна гэж юу байхав. Анх 2008 онд “Хөх мэдрэхүй”-г байгуулснаас хойш бараг 10 гаруй жил өнгөрчихөж. Эхэн үедээ бид гудамж, галерей, номын сан, музей, супермаркет, их сургууль гээд маш олон газар яруу найргийн чөлөөт уншлага, утга зохиолын арга хэмжээ зохиодог байлаа. Бүгд оюутан байсан болохоор тэгж явах цаг зав ч байж, дур ч байж. Харин 2010 онд “Хөх мэдрэхүй” шүлгийн цоморлиг хамтын номоо гаргаснаас хойш бид тус тусын уран бүтээл, ажил руугаа анхаарал хандуулж иржээ. Угаасаа уран бүтээлийг хамтлагаараа хөгжүүлдэггүй, хувь ертөнцийн урлаг учраас бүлэглээд, дарвиад явдаг цаг хугацаанд ч бас хязгаар байх.

“Хөх мэдрэхүй”-д Н.Нарангэрэл, Б.Баясгалан, Ц.Дэлгэрмаа, Ш.Хатанбүүвэйбаатар, О.Элбэгтөгс, Ж.Оргил, М.Хангал, миний бие гээд найман залуу хамаардаг. Манай бүлгэмээс Б.Баясгалан маань “Тагтаа паблишинг” гээд компани үүсгээд давгүй амжилттай явж байгаа. Мөн өдгөө Австралид сурч байгаа Ж.Оргил маань “Валентиний захидал”, “Амьдралд тавтай морил”, ”Зүүдэнд ч оромгүй явдал” гэх мэт 10 гаруй кино зохиол бичсэн. Н.Нарангэрэл маань “Хэлний бодлогын зөвлөл”-ийг удирддаг. Бусад маань яруу найраг, хүүрнэл зохиол, шүүмж судлалын чиглэлээр ид бичицгээж байна даа. Магадгүй энэ цаг үе миний хувьд, бидний хувьд сорилтын цаг хугацаа байх. Энэ үед л бичиж чадахгүй бол цаашид хэзээ ч бичихгүй биз дээ. Тийм болохоор бичицгээж л байна. Бичих процес угаасаа их нам жим эд шүү дээ.

ЯАЖ МОНГОЛОО ЕРТӨНЦИЙН ХҮНИЙ ОЮУН САНААНД АХИН СҮНДЭРЛҮҮЛЭН БОСГОХ ВЭ

-Сүүлийн үед хүмүүс ном унших нь багассан, ихэссэн гэж янз бүрээр яригдаад байгаа. Таны бодлоор уншигчдын боловсрол дээшилсэн гэж боддог уу, эсвэл…?

-Сүүлийн үед уншигчдын боловсрол улам нэмэгдэж байгаа гэж бодож байна. Манай ихэнх залуус англи хэлний дундаас дээш мэдлэгтэй болчихсон байна. Бусад гадаад хэлээр ч чөлөөтэй мэдээлэл авдаг болчихсон байна. Маш олон орчуулагч гарч ирж, залуучууд шинэ юм их хийж, эрэлхийлж байна. Үүнийгээ дагаад уран зохиолын шалгуур улам бүр өндөрсөж байгаа ийм цаг үед бид амьдарч байна. Гэхдээ дан ганц уран зохиол ч биш нийгмийн бүх салбар ийм шатандаа явна. Жишээлбэл манай кино урлаг байна. Би саяхан “Итгэл”, “Шүүдэр дундуур” гээд кино үзсэн. Бас тийм бодол төрсөн. Энэ бодлоо хөгжөөж “Шүүдрээс тунасан шүүдэр”, “Итгэлээс төрсөн итгэл” хэмээх хоёр шүүмж бичсэнээ шинэ оны эхээр гарах “Харах өнцөг” номдоо оруулна.

Бид эрх чөлөөтэй нийгэмд амьдрах болсоор хүний амьдралын хоёр үеийг туулжээ. Ардчилсан хувьсгалтай чацуу залуус одоо л эхнээсээ байр сууриа олж эхэлж байна. Энэ цаг үеийг цөвүүн цаг гэлцээд байдаг улсыг би амьдралын орон зай нь хумигдаж буй хүмүүсийн гомдол гэж ойлгодог. Яг үнэндээ Чингисийн их гүрнээс хойш Монголчууд ийм эрх чөлөөтэй, гар газар, хөл хөсөр байж үзсэн юм уу? Энэ цаг үеийг бүтээж буй урт дурын хүмүүсийн гараар эх орон маань улам цэцэглэн хөгжинө гэж би үнэн голоосоо итгэдэг.

-Монголын утга зохиолд яг одоо хийх ёстой алхам, хөндөх ёстой сэдэв юу байна вэ?

-Чингисийн улс яагаад дэлхийг эзэлсэн агуу гүрэн болсон юм бэ гэдэг нууцыг бид хайх ёстой гэж боддог. Гэхдээ алдаршуулан магтахаас илүү уран яруу, утга учиртай арга замаар энэ эрэлхийллийг хиймээр. Өвөг дээдсээс минь бидэнд өвлөгдөж үлдсэн зүйлсийн талаар эргэцүүлж, гаргаж тавих хэрэгтэй юм шиг санагддаг. Учир нь манай үндэстний ой санамжийг Манж, Хятадууд янаглан хорлох, коммунистууд аймаглан устгах арга замаар арилгачихжээ.

Уран зохиолын хүрээнд 1990-ээд оноос энэ эрлийг эрчимтэй хийж ирсэн. Бидний мөн чанар юу байна, түүнийг яаж урлагаар гаргаж ирэх вэ, юу хэрэгтэй байна гэдэг дээр манай уран зохиолын хоёр том зүтгэлтэннэлээд толгой гашилгасан байдаг. Нэг нь яруу найрагч О.Дашбалбар. Энэ хүн монголын онцлог, оюун санаа урлагт хэрхэн илрэх вэ гэдэг дээр их санааширсан. Тэр санаашрал нь ГУНУ хэмээх үзэл санаанд зангидагдсан байдаг. Бас “БИШҮБИ” гээд томъёолол үүсгэчихээд яваа Д.Урианхай гуай байна. Анхааралтай уншвал энэ хоёр хүнугтаа нэг зүйлийн тухай хоёр талаас нь л бичсэн байдаг. Яаж монгол байх вэ, яаж монголоороо бүтээх вэ, яаж монголоороо хэлбэрдэх, яаж Монголоо ертөнцийн хүний оюун санаанд ахин сүндэрлүүлэн босгох вэ, өрнө, дорнын модернистуудыг дуурайж хэлбэрдэх биш, яаж монголоороо бичих вэ гэдэгт санааширсан улс.

Яг энэ мөн чанарынхаа эрэлд мордоод түүгээрээ дэлхийд мандаж байгаа зохиолчид байна. Жишээ нь, Туркийн зохиолч Орхан Памук. “Хар судар” романдаа исламын шашны ёс зүй , Туркийн соёлын асуудлыг дэлхийн ямар ч хүн ойлгохоор задалж, зарим зүйлийг нь яг Турк хүмүүс уншвал уур нь хүрмээр ёжилж, яруу мөртлөө, гүн гүнзгий хүүрнэсэн байдаг. Памукийн энэ чанар, хүүрнэл түүнд Нобелийн шагнал авчирсан. Манай зохиолчид ер нь бол энэ орон зайг олж хараад, дүүргэх гэж ажиллаж байгаа. Харамсалтай нь их түүхээ дордуулж хүүрнэхээс нэг их холдсонгүй. Миний санахаар энэ талаар хамгийн их амжилт олсон зохиолч бол Сорогдогийн Жаргалсайхан. Энэ хүн Чингис хааныг уран сайхны дүрээр олж харж, бүхэл бүтэн ертөнц бүтээчихээд яваад өгчээ. С.Жаргалсайханы “Хаан түүх”, “Жамух”, “Чингис хааны нууц түүх” гурвыг ядаж ганц удаа бүтэн уншчихвал илүүдэхгүй л болов уу. Зохиолч Г.Аюурзана мөн энэ орон зайд сүүлийн үед чамгүй их цагаа зарж байна. Түүний “Бөөгийн домог” роман манай хүүрнэл зохиол бас нэг том бүлэг нээсэн гэж боддог.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Мэдээж шинэ ондоо олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байх. Цаашдын тань зорилгоос хуваалцвал…?

– Ирэх онд хэд хэдэн судалгааны бүтээлээ хэвлүүлэх санаатай байна. Юун түрүүн уран сайхны шүүмжийн эмхэтгэл маань “Харах өнцөг” нэрээр хэвлэгдэхээр бэлэн болоод байна. Дээр хэлсэн “Зүс бүгэг андууд”-ын тухай ном маань ч хэвлэлд үндсэндээ бэлэн болчихсон. Яг хэвлэгдэх нь тодорхой номууд гэвэл энэ хоёр байна. Бусад нь тухайн цагтаа болно биз дээ.

МЗЭ-ийн удирдлагаас санал тавьсаны дагуу бидний хэдэн залуус ЦОГ сэтгүүлийг сэргээж, гурван ч дугаар гаргаад байгаа. Дараагийн дугаар нь ирэх нэгдүгээр сард Д.Нямсүрэн найрагчаар голлож гарахаар агуулгаа бүрдүүлж эхлээд байна. Энэ сэтгүүлийн ажил ирэх онд мөн үргэлжлэх байх. Одоохондоо ийм л сонинтой байх шив дээ.

ЭСЭЭ 1

Нүүдэл тосон гарахаар, цай цүүгээ зэхэх заншил
Зүүд л болж үлдэх ирээдүй
Сүүтэйгээ цуг хөхөж өссөн эх хэлнийхээ
Сүүлчийн яруу найрагч нь гэх хар совин
Цуурын бүүдэн аялгуу шиг цээжний мухраас цуурайлна…
Хэрэв энэ бүхэн үгүй болвол
Хэнийхээ төлөө амьдрах хэрэг вэ гэхээс
Зундуйн Дорж гэх омголон өвгөний өмнө
Зуун зуун буруутай мэт санагдана
Биеийн зовлон, эдийн гачлан төдийгүй
бичсэн хэдэн мөр минь хүртэл
Бирдийн хоосон ходоодноос дуулдах
Биегүй хоосон авиа мэт санагдана…

ЭХЛЭЛ

Г.Баярт

Хавар бүхэн газраар нэг
Хайлган цэцэгс дэлгэрэх болно
Халуун уургаа хөхсөн нярайн
Хариугүй турьхан гар
Эхийнхээ хөхөнд хүрэх болно
Бядан явсан бидний зам
Тэнүүлчний жим биш гэдгийг
Бичсэн мөрийг минь илбэн таалах
Цагийн салхин шивнэх болно
Буцах хаяггүй захидалын буланд
Цэцэг зурсан булбарай хүү
Анир гүмхэн тал нутгийн дууг
Аялан дуулсаар хэлд орно
Үхрийн жим дээр ургасан цэцэг шиг
Үдийн зуурхан өнгөрөх амьдрал
Үхлийн хилийг давсан мөчөөсөө л
Үнэн ёсоороо эхлэх болно.

БҮҮВЭЙ…

Сэрэмж алдаж, нэгэн агшинд дэнсэлсэн
Сэтгэлийн гүнээсээ бүүвэй аялаж суунам
Хэзээ л ингэж, эр сэтгэл минь нялхраад
Хэнхдэг дотроо хайлахын чинээ саналаа


Эртийн амин үгийг хэн нэгэн шивнэх шиг
Энэ дууны аялгуунд амьдралын нууц бий
Энэ дууг аялсаар зүрхнээс зүрхэнд өртөөлсөн
Эрт балрын совин судсанд минь лугшиж бий


Агуйн хүний гунигаар одоо би гуниж
Анх гал үзсэн мэт хөөрөн баясаж
Сонор хэнгэрэгт минь энэ аялгуу үүрлэснээс л
Солиорчихолгүй өдий хүрснээ ухаарч байна.




Categories
мэдээ цаг-үе

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж: А.Сүхбат тэргүүтэй нөхөд Бөхийн өргөөг булаан авч хувьцаат компани болгохоор улайрч байна

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.


-А.Сүхбат аварга, Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэдэн хүн Монголын үндэснйи бөхийн холбоог шинэчлэх цаг болсон гэж нэлээд бухимдаж байх шиг байна. Энэ ямар учиртай юм. Та нарын дунд байгаа маргаан хаанаас, хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Үндэсний бөхийн холбоо их хурлаа 1990 онд хийхэд би тэргүүнээр сонгогдсон. 1994, 1998 онуудад мөн сонгогдсон. Харамсалтай нь энэ үеэс бөхийн холбоо өмчтэй болсон. Тэр нь бөхийн өргөө. Тэгэхэд зарим бөхийн дотор шуналын гал асч эхэлсэн юм байна. “Монголд өнөөдөр бөхийн өргөөнөөс өөр авах юм алга. Энэ бөхийн өргөөг бид заавал авна” гэж дээрх нөхөд ярьсан байдаг. Тэр үг нь бидэнд ирсэн. Монголд нууц юм гэж алга байна шүү дээ. 1970,1980- аад онд эрчээ авсан бөхийн найрааг арилгахын тулд дөрвийн давааг оноодог болгоод, бөхчүүдийг амжилтаар нь эрэмблэдэг болсон, харцага, гарьд цолыг бий болгосон Энэ шинэчлэл зарим бөхөд таалагдаагүй. Тиймээс энэ шинэчлэл дээр дөрөөлөн бөхийн холбоо руу дайрч Бөхийн өргөөг булаан авахыг улайрсаар өнөөдрийг хүрсэн. Таваас зургаан хүн Бөхийн холбоог авахаар улайрч байна.

-Монголын үндэсний бөхийн холбоо үүссэн түүхээс сонирхуулахгүй юу?

-“Монголын үндэсний бөхийн холбоо” бол 26 жилийн түүхтэй байгууллага. Анх 1990 оны дөрөвдүгээр сард бөхчүүд болон бөхөд хайртай хүмүүс үүсгэж байгуулсан юм. Өмнө нь самбо, жүдо, үндэсний бөхийг хамарсан Монголын бөхийн холбоо гэж байлаа. Тухайн үед тэр холбоонд орон тооны удирдлага байхгүй, төрөөс санхүүждэг төржсөн байгууллага байлаа. Ингэхдээ чөлөөт бөх, самбо, жүдогоо илүүтэй анхаардаг байсан болохоор монгол бөх бол хавсаргын шинжтэй байсан юм. Ийм байдалтай байгаа учраас ирээдүйд монгол бөх гэдэг өв соёл хохирч болохыг анхаарч Монголын үндэсний бөхийн холбоо байгуулаад ажилласнаар энэ байгууллагын түүх эхэлсэн. Анхны “Их эе”-ээ тэр оныхоо арванхоёрдугаар сард хуралдуулж, тэргүүнээр намайг сонгосон. Бид анхнаасаа “Монгол бөхийг дээдлэх үзлийг дээд шатанд гаргана” гэдэг бодлогыг барьж ажилласан, тэгээд дээд шатанд гаргасан. Ингэхдээ монгол бөхөд 50 шинэ зүйл бий болгосон юм.

-Ямар 50 шинэчлэл хийсэн юм бэ?

-Жагсаалт нь байгаа. Энэ тухай ном хүртэл гаргасан. Үүний зөвхөн нэг нь буюу хүний нүдэнд ил харагдаж байгаа нь бөхийн өргөө. Харагдахгүй байгаагаас нэрлэвэл монгол бөх гэх ойлголтыг тодорхойлсон, монгол бөхийн аксиомыг томьёолсон гэх зэрэг олон ажил бий. Манай удирдлагын тогтолцоонд “Их эе” гэж нэрлэдэг их хурал бий. Энэ их хурлаараа тайлангаа хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлт оруулан дүрмээ баталж, Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, тэргүүнээ сонгодог. Мөн хяналтын албаны илтгэлийг сонгон хэлэлцдэг юм. Цэцдийн зөвлөл 67 хүний бүрэлдэхүүнтэй, цэцдийн зөвлөлөөр барилдааны дүрэмтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг. Цэцдийн зөвлөлөөсөө тэргүүлэгчдийг сонгоно. Харин тэргүүлэгчид сар тутам хуралдаж, тулгарсан асуудлыг хэлэлцэнэ. Бөхийн холбоо бусад спортын байгууллагуудад жишиг болон ажилласаар ирлээ. Тухайлбал, бөхийн малгай, залаа гэдгийг бий болгосноор уяачид, шагайчид малгай, залаатай болсон. Гиннест монгол бөхийг бүртгүүлснээр морины холбоо, шагайн холбоо, сурын холбоо энэ ажлыг хийсэн. Бусад олон холбоо энэ талаар манайхаас туршлага аваад явж байна. Мөн “Монгол бөхийн нэвтэрхий толь” гэдэг түүхэн бүтээл гаргалаа. Энэ мэтээр манайх бусдадаа үлгэр болж ажилладаг. ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн хамгаалалтын жагсаалтад монгол бөхийг бүртгүүлсэн. Одоо таван жилийнхээ тайланг бичээд ЮНЕСКО руу явуулах гэж байна. Иймэрхүү ажлуудыг хийж, хэрэгжүүлж, эх орондоо төдийгүй олон улс, дэлхийд монгол бөхийг сурталчилсан. Аймаг, сум бүрт манай салбарууд ажилладаг.

-Одоо бөхийн найраа маш их байна, утгаа алдлаа гэж тэд ярьж байна шүү дээ. Найрааны энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-А.Сүхбат сумын заан таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин 500 сая төгрөгийн найраатай байна гэж ярьж байна. Ийм баримт олсон нь сайн байна. Одоо тэр бөхчүүдийн нэрийг цохоод хэлэх хэрэгтэй. Тэгвэл шударга болно. Бид арга хэмжээ авч, барилдах эрхийг нь хасч чадна. Монгол үндэсний бөхийн аварга цолтой хүн ийм болчимгүй мэдэгдэл хийснээрээ яг өнөө цагт монгол үндэсний бөхөөр барилдаж байгаа, бөхийн алдар цолонд хүрч, түүний төлөө амь амьдралаа зориулан хөдөлмөрлөж байгаа залуу хүчтэнүүдийг бүгдийг нь гутаан доромжиллоо. Залуу зургаан зааны үе гэж монгол бөхөд яригддаг. Тэд үнэхээр уран хурц, дайчин барилдааныг ард түмэндээ үзүүлдэг байсан. Монгол бөх бол үе үеэрээ хөгждөг. Өнөөдөр залуу зургаан зааны үе шиг уран хурц барилдаанаараа үзэгч олноо баясгаж байгаа залуучууд олон бий.

-Монголын үндэсний бөхийн холбоог буруутгаад байгаа нэг шалтгаан нь хөрөнгө мөнгөний асуудал байна. Танайх орлогын мэдүүлгээ ил тод гаргадаг юм уу?

-Бөхийн холбоог Монголын төрийн хянан шалгах хороо гээд хянадаг шалгадаг байгууллагууд нь олон удаа шалгасан. Одоо сар тутам, улирал тутам тайлангаа улсад тушаадаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс бид одооны шилэн дансны хууль гараагүй байхад шилэн дансны зарчмаар ажиллаж эхэлсэн. Тэр нь юу гэвэл, тайлангаа цаасан дээр бичиж хэвлээд тэргүүлэгчид, бөхчүүддээ тараадаг болсон. Бөх үзэхээр ирж байгаа үзэгчдэд хүртэл тараасан. Үүнээс хойш А.Сүхбат зэрэг хүмүүс биднийг идэж ууж байна гэж гүтгэж ярьж чадахаа больсон.

-2002 онд Үндэсний бөхийн холбооны “Их эе” хуралдсан байдаг. Энэ хурлаас хойш л таныг хууль бусаар ажиллаж байгаа хүн гэдэг болсон байна?

-2002 онд их хурал болсон. Энэ хурлаар А.Сүхбат, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Х.Баянмөнх нар намайг энэ ажлаас гаргах хуйвалдаан хийсэн юм билээ. Гэвч тэр нь бүтээгүй. Тийм болохоор Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, А.Сүхбат нар шүүхэд худал нотлох баримт гарган өгч, хэрүүл маргаан үүсгэсэн нь одоо хүртэл үргэлжилж байна. Тэр хурлын тооллогын комиссын дарга нь Ж.Ганболд байсан. Тэр тооллогын комиссын тогтоолыг хармаалаад зугтаасан. Шүүх тооллогын тогтоол байхгүй учраас сонгууль болсныг гэрчлэхгүй гэдэг юм. Гэвч бид ухарч буцалгүй, цуцаж няцалгүй 14 жил олон шинэ ажлыг хийлээ. Харин А.Сүхбат, Х.Баянмөнх, Ж.Ганболд нар түүнээс хойш төрийн өмчийг яаж хувьдаа авч болох вэ, ямар арга байна вэ гэдэг ажлаар хөөцөлдсөн хүмүүс. Шүүхдэж мэргэшсэн хүмүүс юм байна лээ. Спортын төв ордны хажууд байгаа хоёр цогцолборынх нь нэгийг Ганболд, нөгөөхийг нь Сүхбат хувьдаа түрээсэлж авсан. Одоо тэд өөрсдийн хувийн өмч болгосон байна. Ийм л дүнтэй юм.

-Өнөөдөр Монгол ардын нам монголчуудын бүтээн бий болгосон бүх зүйлийг эзлэн авч байна. Тэдний хар саварт ороогүй ганц зүйл нь Монголын үндэсний бөхийн холбоо байх шиг байна. Тиймээс ч Сүхбат, Сумъяабазар тэргүүтэй Ардын намын эрх баригчид сүүлийн өдрүүдэд бөхийн холбоо руу илт дайрч байгаа нь анзаарагдах юм.

-А.Сүхбат Бөхийн өргөөг булааж авах гэж улайран зүтгэж байна. Тэр бөхийн өргөөг хувьцаат компани болгоно гэж ярьж байна лээ. Мөнгө олохын тулд төрийн эзэмшлийн хувьцаагаа төр шууд зарна. Тэр хувьцааг нь Х.Баянмөнх аварга, А.Сүхбат тэргүүтэй таван хүн хувааж авах юм гэнэ. Ингэхийн төлөө тэд үхэн хатан зүтгэж байна. Энэ чинь Монголын бөхчүүдийн эрх ашгийн төлөө зүтгэж байгаа хэрэг мөн үү? Бөхийн өргөө бол Монголын үндэсний бөхийн холбооны өмч. Үүнийг зээлийн барьцаанд тавьж болохгүй, хувьчилж болохгүй. Энэ өмчийн тухай аливаа асуудлыг “Их эе”-ээр шийднэ. Өөр хэн ч шийдэж болохгүй. Энэ барилгыг нуртал нь бөхчүүд энд барилдана. Өнөөдөр барилдаж байгаа хэдэн хүнээр монгол бөх дуусчихгүй шүү дээ. Ирээдүйд барилдах бөхчүүдийн ч өмч. А.Сүхбат Төв аймгийн тойрогтоо гурван хүн тутмын нэгийнх нь саналыг авч гарж ирчихээд, төрийн эрх мэдлээр далайлган Бөхийн өргөөг булааж авах гэж байгаа нь төрийн хүний ёс зүйд нийцэх үү. Энэ нь А.Сүхбат гэж хүнийг ямар чанартай эр болохыг харуулж буй үйлдэл мөн.

-Аваргуудын зөвлөл гэж байдаг юм билээ. Чухам яг ямар байгууллага вэ. Танай холбоонд хамаардаг уу?

-Манай холбоонд ажиллаж байгаад тодорхой шалтгааны улмаас халагдсан нэг залуу Аваргуудын зөвлөл гэж байгуулах тухай яриад ийм зөвлөл байгуулжээ. Тэр зөвлөлд нь олон аварга багтдаггүй байх. Энэ бол сайн дурын байгууллага. Монголын үндэсний бөхийн холбооны зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүнд байдаггүй. Анзаараад байх нь ээ Аваргуудын зөвлөл гээчийг Японы мэргэжлийн сумог дуурайж байгуулсан гэдэг. Гэвч тэд буруу ойлголттойгоор, буруу зөвлөл байгуулсан юм билээ. Тодруулбал, Японы сумогийн аваргуудын зөвлөлд нийгмийн бүх давхаргын нэр нөлөөтэй төлөөлөл болсон эрхмүүд багтдаг байна. Багш, эмч, дуучин, улстөрч зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй зөвлөл сумогийн аваргуудынхаа гаргасан алдаа дутагдал, ёс зүйг хэлэлцэж, хариуцлага тооцдог. Тэрхүү аваргуудын зөвлөлд мэргэжлийн сумогийн ёкозүна цолтой нэг ч бөх байхгүй. Гэтэл манайд яг эсрэгээрээ Аваргуудынх нь зөвлөлд үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүд багтаж, тэд нийлээд Монголын үндэсний бөхийн холбоонд үүрэг өгдөг, гол нөлөө үзүүлдэг байгууллага мэтээр нийгэмд харагдаж буруу ойлголт төрүүлээд байна. Бөхийн ёс жудгийн тухай, зөв үлгэр дуурайллын тухай тэд ярьж байгаа бол болно гэхсэн. Гэтэл тэс өөр зүйл яриад байна. Монгол бөхийн аваргууд гэдэг бол Монголын өв соёлын дархлаа болсон хүмүүс шүү дээ. Үүнийгээ тэд ухамсарлаж ойлгохгүй байгаа юм.

-Бөхийн өргөөг барихад төрөөс 800 сая төгрөг өгсөн учраас төрд очих ёстой гэж байна.

– Төрийн бус байгууллагын тухай хуульд төрөөс төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж болно гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 800 сая төгрөгийг төр өгсөн. Тэр нь хуулийн дагуу манайд өгсөн төрийн дэмжлэг юм. Бид “Монгол бөхийн өргөө” гэдэг маш том төсөл хэрэгжүүлсэн.

-Р.Нямдорж тэргүүн хууль бусаар Монголын үндэснйи бөхийн холбоог тэргүүлээд байна гэдэг?

-Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12-ын 4-т зааснаар Төрийн бус байгууллагын тэргүүн нь дараагийн тэргүүн ажлаа хүлээж автал ажлаа үргэлжлүүлэн хийж байх ёстой. Энэ хуулийн дагуу ажиллаж байна.

-Та тэргүүний ажлаа өөр хүнд өгчихөж болдоггүй юм уу?

-2014 онд дараагийнхаа хүнд өгнө гэдэг шийдвэрийг гаргачихсан байлаа. Гэтэл дээрх нөхөд дундуур нь орж үймүүлээд хурал хийлгэсэнгүй. Одоо 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, улмаар “Их эе”-ээ хийж тэргүүнээ сонгоно. Бид энэ ажлыг хүлээлгэж өгнө. Гэхдээ хэнд хүлээлгэж өгөх бэ гэдэг нь хамгийн гол асуудал. Ард түмний толгойг эргүүлдэг хүмүүст өгөхгүй. А.Сүхбат нартай хамааралгүй хүмүүсээс сонгуулна. Монголын бөхчүүд ийм сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бөхийн холбоо гэж байхгүй, бөхийн өргөөний суурь ч тавигдаагүй байх үеэс нэгэн насны амьдралаа зориулсан болохоор энэ холбоог зөв сайхан сэтгэлтэй хүмүүс авч яваасай гэх хармын сэтгэл төрдөг юм. Зөв бодолтой, зөв зам мөртэй хүн цааш нь үргэлжлүүлэн авч явснаар монголчуудын өв соёлын дархлаа болсон монгол үндэсний бөх зуун зуунд хадгалагдан орших учиртай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрвээ …

НЭГ. БОЛСОН ЯВДАЛ НЬ

Ийм юм болжээ. “Хар сарнайн Амараа” хэмээх дуучин С.Амармандах хүнд зодуулжээ. Зодсон хүн нь Оросын дипломатч байсан аж. Хэвлэлийнхэн, дуучны хувцсанд урласан хас тэмдэг дипломатчийн эгдүүг хөдөлгөсөн бололтой гэсэн хувилбараар болгоомжтой бичиж байна. Хохирогч, хохироогчийн алиных нь ч амнаас хас тэмдэгний тухай үг гараагүй. Гэтэл, манай хэвлэлийнхэн хэрэг явдлыг болгоомжтой нь аргагүй мэдээлэхтэй зэрэгцүүлэн, ямар ч байсан зодуулах сэдэл шалтаг байсан л болохыг дурдахаа мартахгүй аж. Үүний шалтгааныг сүүлд өгүүлнэ.

Өнөөгийн Монголд “хас тэмдэг” нь өөрсдийгөө үндэсний үзэлтнүүд хэмээн зарласан бүлэглэлийн илэрхийлэл болсон юм. Ийм тэмдэгтэй хүмүүс гадны иргэдийг чөлөөтэй зодох эрхтэй гэсэн ойлголт манайд байдаг ба ялангуяа хятад иргэд, жуулчдыг зодвол эх орноо хамгаалсан сайн үйлст тооцогдоно. Иймэрхүү сайн үйлсийн бичлэг, баримтжуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьж үндэсний сайн үйлсийн хэмжээнд магтагддаг болоод байгаа юм.

Харваас, гэмт хэргийн шинжтэй зарим үйлдлүүд хүртэл хууль ёсны мэт болж байгаагийн тухайд хоёр янзын таамаг байдаг.

Бизнес улс төрийн томоохон бүлэглэлүүд тэднийг урамшуулах, хөлслөх, ивээлдээ авах журмаар өрсөлдөгчөө дарах, элдэв нэр хоч зүүлгэн улс төрөөс холдуулах ажилдаа ашигладаг гэж зарим ажиглагчид хэлдэг. Заримдаа, хууль сахиулагчид тэдний өмнө хүчгүй харагддаг нь улс төр-бизнэсийн томоохон бүлэглэлийн өмгөөлөлд байдгийг нь илтгэсэн хэрэг хэмээн үзэх нь ч бий.

Түүнчлэн, өнгөрсөн нийгмээс улбаатай “улс төрийн айдас”-ын улбаа нийгмийн ухамсарт гүн шингээстэй хэвээр байгаа. Энэ айдас дээр л тоглолт хийсэн хэрэг гэж үзэх нь байна. ХХ зууны БНМАУ-д (Залууст сонирхуулахад, манай улс ийм нэртэй байсан) хүнийг ажил амьдрал, хувь заяаг нь орвонгоор эргүүлдэг хоёр том айдас байлаа. Нэгдүгээрт, “Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг санаатан” болох, хоёрдугаарт, “Хятадын талын этгээд болох”, эднүүс юм. Санаатайгаар энэ хэрэгт холбогдох зүрхтэй амьтан байхгүй. Харин санаандгүйгээсээ болоод юм уу, удирдах бүлэгт таалагдаагүйн улмаас энэ “зүйл анги” руу чихэгдсэн нэгний хувь тавилан мөнөөх “Нэгэнт өнгөрсөн андаа бодоход хүрэл зүрх ч хайлна” гэдэг шүлэг шиг л болно доо.

Чухамхүү Хятадын тал болохоос “хүрэл зүрх нь хайлсан” үеийнхний айдас ба Хятадтай холбогдсон зүйлсийг хичнээн шударга бус байсан ч өмөөрөх чадамжгүй сэтгэхүй, энэ хоёр дээр өөрийгөө эх оронч хэмээн нэрлэсэн зарим этгээд “тоглолт” хийж байна хэмээн үздэг. Социализмын үлдээсэн нийгмийн сэтгэл зүйн нэг томоохон өв бол “ямар ч тохиолдолд Зөвлөлтийн хүнийг эсэргүүцэх зориггүй, хятад хүнийг зөвтгөх зүрхгүй монгол хүн” бөлгөө. Тэгэхлээр, өнөөдөр ямар ч цөс ихтэй эх оронч, хас тэмдэгтэнд орос хүн (буюу зөвлөлтийн хүн)-ийг зодох нь бүү хэл, өөдөөс нь эгц харах зүрх байхгүй.

Гэтэл орос хүн өөрөө “хас тэмдэгт” хүнийг зодоод хаячихаж. “Хоолтой чоно хонгилд, хоосон чоно хоморгонд” гэгчээр хамгийн гэм зэмгүй “хас” нь энэ дажинд өртөж.(Дуучин Амарааг дуулаад л намирч явсныг харснаас биш эх орны нэр барьж хүн амьтан айлгаж ичээж явсан гэж дуулаагүй юм байна) Үлдсэн бүх хас тэмдэгтнүүд “Амараагийн асуудал” дээр амаа хамхив. Сэтгүүлчид нь ч тэднээс очиж амыг нь асуун сурвалжлахаас айв. “Ямар ч хувцсаар далдлах аргагүй, үе дамжсан “иргэний айдас”-тай хөөрхий зүрхнүүд нь зоримог алхам үл хийлгэнэ.

Ганцуу нэг сэхээтнүүд л маш болгоомжтойгоор Зөвлөлтийн үеийн айдсын уламжлалыг туйлын болгоомжтой сануулна. Зарим газар “Амараагийн өмссөн хувцасны хас тэмдэг нь Гитлерийн германтай байлдсан орос хүний дургүйг хүргэсэн” гэх тайлбар гаргасан нь “Би чамд хайртай” киноны “Баяраа өөрөө уначихсан юм байна лээ” гэдэг афоризмын хувилбар бөлгөө. Хэрэг явдал буруугаар эргэлээ гэхэд “Бид Зөвлөлтийн хүнийг эхнээс нь өмөөрсөн шүү дээ” гээд амиа авч үлддэг туршлагын үргэлжлэл.

Хүний эцэг юм хойно, дуучин Амараагийн аав нь хэвлэлийн бага хурал хийлгэж асуудлыг дэлгэнгээ, “Ээ дээ, хоёр орны дипломат харилцаатай л битгий холбож ойлгоорой” хэмээн айдас дүүрэн учирлана. Гэтэл Малайзад хөнөөгдсөн охины эцэг болохлоор, хоёр орны дипломат харилцааг таслахыг шаардаж, гадаад харилцааны сайд тайлбар хийхдээ тулж байсан. С.Сүхбаатар гуай хүүдээ бусдаас бага хайртай юм уу, гэж үү? Үгүй ээ. Яагаад гэж үү, ийм учиртай юм.

ХОЁР. АЙДСЫНТҮҮХ: Д.СҮХБААТАРААС С.СҮХБААТАР ХҮРТЭЛ

Айдсын түүх бүр эрт, өнөөгийн дуучин Амараагийн аав, манай үеийн суу билигтний нэг С.Сүхбаатар айсан явдлаас бараг зууны өмнө өөр нэг Д.Сүхбаатарын үеэс эхтэй. Төв талбайд хөшөө нь байдаг Сүхбаатарыг хэлж байна. 1921 онд нийслэл хүрээнд байсан орос цэргүүд дээрэм тонуул хийсэн явдалд Богд хаан дургүйцжээ. Албатыг нь тонохоор хаан нь уурладаг нь байж болох явдал биз дээ.

Уг хэрэг явдлыг өөрийн итгэлт хүмүүсийн нэг, жанжин Д.Сүхбаатарт Богд хаан дуулгасан болтой байдаг. Д.Сүхбаатар уг асуудлыг Зөвлөлтийн талд уламжлахдаа, нэгэнт гамин цэрэг дарагдсан учраас улаан арми буцах хэрэгтэй гэсэн санаатай байгаагаа давхар ойлгуулжээ. Энэ тухай В.Букатыйгаас тавдугаар армийн штаб руу илгээсэн нууц захидалд өгүүлсэн ба хэрэг явдал цааш өрнөж Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссариатаас “Монголын олон нийтийн санаа бодол… манай цэргийг гаргахад чиглэж байгаа…ингэж огт болохгүй” тухай чиглэл гаргахад хүргэж байжээ. Чиглэл ч чигийг заасаар үлдэж. Энэ мөчөөс хойш Сүхбаатарын хувь тавилан өөрөөр эргэсэн гэж судлаачид хэлдэг. Тэрээр жанжны албанаас халагдсан ба удалгүй ханиадаар нас баржээ. Ингэж “Амьдаараа Зөвлөлтөд хэрэггүй, харин үхсэн хойноо тун чухал” Д.Сүхбаатарын түүх эхэлжээ. Үүнээс хойших үзэл сурталжсан түүхийг манайхан мэднэ…

ГУРАВ… ХЭРВЭЭ ЭНЭ ЯВДАЛ 1990 ОНООС ӨМНӨ ӨРНӨСӨНБОЛ!!

Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол…Монголын дуучинг Зөвлөлтийн элчингийн хүн зодсон байг гэж бодъё. Нэгдүгээрт, энэ мэдээллийг тараахгүй. Бүх сонин, хэвлэлийн материалыг үг үсэггүй хянаж баталдаг газрын (ХУЗХГазар) ажил үүргийн зааварт, Монгол-Зөвлөлтийн найрамдалд харш зүйлс, Зөвлөлтийн хүн, цэрэг монгол хүнийг зодсон, алсан явдлыг мэдээлэхээс сэргийлэх явдал орно. Уг үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийг Аюулаас хамгаалахын төлөөлөгч биечлэн дуудаж, амаа хамхихыг сануулан үхтэл нь айлгаад явуулна.

Гэнэдээд, нэр ус дурдалгүйгээр зодоон болсныг мэдээлж гэмээнэ, тухайн хэвлэлийн эрхлэгч, сурвалжлагч, хянасан Хэвлэл хянахын ажилтан гээд ташраараа дээлээ нөмөрнө. Согтуу орос жолоодсон том тэргэнд дайруулан шатсан автобуснаас хүн амь аварсан залуугийн тухай “Залуучуудын үнэн” сонинд бичсэн, гаргуулсан, хянасан хүмүүс ташраараа халагдаж хүнд ажилд цөлөгдсөн шиг. Орос хүний тухай бүү хэл, автобус яагаад шатсан тухай үг үсэг гараагүй юм шүү.

Дараа нь Аюулаас хамгаалахын төлөөлөгч, мэдээлэгчдэд нийт ард иргэдийг тандан энэ талаар цуу яриа тарсан эсэхийг судална. Хэрвээ тийм тохиолдол илэрвэл чандлан шалгаж, хэнээс хэн сонссоныг нь яг тогтоож, шаардлагатай гэж үзвэл “Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг цуу тараасан” хэргээр яллана. Үйл явдал болсон баарны дарга, үдэшлэгийг гардан зохион байгуулагчдын хувь заяаг ярих ч хэрэггүй.

Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол…Энэ явдлыг сонссон Цэдэнбал дарга маш их уурлана. Гэхдээ түүний гэргий, БНМАУ-ын албан бус удирдагч Анастасия Ивановна-гийн хилэгнэхийн хажууд генсекийн уур бол тоглоом. Уурссан Анастасия Нийгмийг аюулаас хамгаалахын сайд ба Намын хянан шалгах хорооны дарга руу шууд утасдаж “Зөвлөлтийн хүнд архи уулгаж согтоосон, зүй бус хувцас өмсөж Зөвлөлтийн хүний уурыг хүргэсэн этгээд, тийм нөхцөл бүрдүүлсэн намын улсын ажилтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардана” гэж цамнана. Авгайн ийм ааш араншингийн түмэн жишээг Леонид Шинкарев дурдсан байдаг. “Известия” сонины сурвалжлагчаар Монголд олон жил ажилласан тэрээр “Цэдэнбал ба түүний цаг үе” хэмээх баримтаар бялхсан бүтээл туурвисан билээ.

Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол…Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчоо яаралтай хуралдан “Залуучуудын дунд хөрөнгөтний үзэл санаа дэлгэрч байгаатай хатуу тэмцэн, пролетарийн интернационализм, Монгол-Зөвлөлтийн найрамдалд үнэнч үзлээр шинэ үеийн хүмүүжүүлэх ажлыг хүчтэй болгох” тогтоол гаргаж таарна.

Түүний мөрөөр МХЗЭ буюу Залуучуудын эвлэлээс “Залуучуудын дунд хөрөнгөтний үзэл санаа, фашизм дэлгэрч байгаатай эвлэршгүй тэмцэх” тогтоол бас гаргана. Тогтоолыг хэрэгжүүлэх зааварт “албан байгууллага, аж ауйн нэгжүүдийн дэргэдэх Эвлэлийн үүрээс өглөө бүр ажлын үүдэнд, мөн үдэшлэг кино үзвэр эхлэхийн өмнө залуучуудын хувцсыг шалгаж оруулах” тухай үүрэгдэнэ. Эвлэлийн үүрээс залуусын халимаг үсийг “Битльз”-ийнхэн шиг урт болгохгүй хэмээн тайрч, өмдний шулхнагийг хайчилж байсныг мэдэх гэрч одоо ч олон.

Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол…Намын үүр хороодоор тараасан нууцын зэрэглэлтэй, зөвхөн гишүүдэд танилцуулах заавартай Төв хорооны захидал тарах нь лав. Нууц захидалд зодооны тухай дурдахгүй. Харин “А гэгч этгээд Зөвлөлтийн хүнд агсам тавьсан” гэх маягийн зүйл дурдана. Ердөө “3өвлөлтийн хүний нүдэнд хас тэмдэгтэй үзэгдсэн” гэхэд л хангалттай даа. За даа, “3өвлөлтийн хүн оролцсон үзэл суртлын чухал арга хэмжээн дээр фашист тэмдэгтэй явсан” гэдэг л асуудал үлдэх нь ортой дог. Намын гишүүд үүнийг үзээд хувьсгалч нэг нь жигшинэ, эрүүл ухаантай нь зүгээр л үхтлээ айна. МАХН-ын хамгийн сүүлчийн ийм баримт бичиг 1990 онд тарахдаа “Ардчилсан холбооныхон бол эрүүгийн гэмт хэрэгтнүүд” хэмээн тайлбарласан байдаг.

Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол…Хотын намын хороон дээр үүл хуралдах нь гарцаагүй. Хөөрхий Сандуй дарга юун “жаран тэрбум”-дах вэ, харин ч хар толгойноосоо салахад тулна. Харин, Сандуй Зөвлөлт (заавал Орос байх албагүй, Зөвлөлтөд багтдаг ямар нэг цагаан арьст) эхнэртэй байсан бол асуудал өөрөөр эргэж, түүний орлогч, хотын намын хорооны үзэл суртал хариуцсан дарга руу аянга чиглэнэ.

Ингээд орон даяар “Төв хорооны тогтоол” хэрэгжүүлэх ажил эхэлж, биелэлтийн явцыг нь Филатова дарга Намын хянан шалгах хороо, Аюулаас хамгаалах яам, Эвлэлийн төв хороо руу биечлэн утасдаж асуух ба идэвхтэй ажиллахыг шаардана.

Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол…Хэрэг явдалд шууд болон дам байдлаар холбогдсон олон арван хүн хамгийн хүнд улирал болох дүн өвлөөр, хамгийн хүнд зүйл анги болох “Монгол-Зөвлөлтийн найрамдалд харшилсан” асуудлаар ажил албанаас хөөгдөнө. Энд “дам байдал” гэж дуучны бага ангийн багшаас эхлээд эвлэл пионерийн дарга нь явсан улсыг “тухайн үед нь хүмүүжүүлж, ийм явдлаас урьдчилан сэргийлээгүй” гэдэг үндсээр буруутгаж болдог байсныг хэлж байна.

Найрамдлын эсрэг хэрэгт холбогдсон хүмүүс ажил албаны карьераа дуусгасанд тооцогдоно. Ийм гэмт хэрэгт “ялын хугацаа” гэж байхгүй, насаараа тэнсэнтэй амьдарна. Тэдний хажууд эрүүгийн хэрэгтнүүд хамаагүй толгой гэдгэр үлддэг байв.Орон нутагт цөлөгдөн, тэр даруйдаа орон сууцнаасаа хөөгдөх энүүхэнд бөгөөд нялх нойтон хүүхэд нь өвлийн нүүдлийн аяыг даахгүй хатгаа ханиадаар үрэгдсэн олон жишээ байдаг. Сүүлийн үеийнхэнд сануулахад, тэр үед хувийн орон сууц гэж байгаагүй бөгөөд ажлаасаа халагдахад орон сууцаа хураалгадаг байсан.

ГУРАВ…ХЭРВЭЭ ЭНЭ ЯВДАЛ 1990 ОНООС ӨМНӨ ӨРНӨСӨН БОЛ…

Үйл явдал хувь хүн талдаа яаж тусахыг төсөөлье. Дуучны аав нь юун нэхэмжлэл гомдол гаргаж хэвлэлийн хурал хийх вэ, харин ч “Хүүхдээ Монгол Зөвлөлтийн найрамдал ба пролетарийн интернационализмд үнэнч үзлээр хүмүүжүүлээгүй” гэсэн асуудлаар намын арга хэмжээ авахуулах бол гарцаагүй. Түүнийг аль нэг аймгийн соёлын ордонд бүжгийн багшаар явуулах бол наад захад харагдаж байгаа тавилан. Захын аймгийн захын суманд улаанбулангийн эрхлэгч болговол нам засаг харж үзэж байгаагийн жишээ л болно. Уран бүтээл эрхлэх, бүжиг дэглэх эрхийг нь хасч, томоохон уран бүтээл туурвих боломжийг хааж ч мэднэ.

Харин дуучны хувьд бодохоос аймаар. Түүнийг ажилд авсан хүн “Монгол Зөвлөлтийн найрамдлын эсрэг этгээдийг ажилд авсан” хэрэгт холбогдож, өөрөө ч ажилгүй болно. Түүнийг нэг ч удаа болов тайзанд гарахыг зөвшөөрсөн этгээд ч адилхан хариуцлага хүлээнэ. Ийм учраас, найзуудынхаа нийллэг дээр л банзан гитартай дуулах боломж л үлдэнэ.

Хэрвээ энэ явдал 1990 оноос өмнө өрнөсөн бол…Гэхдээ, аз хаана ч байдаг. Юм сайхнаар өрнөж яагаад болохгүй гэж. Тухайлбал, асуудал чимээгүй дарагдаад өнгөрч болно. Дуучин Амарааг Улаанбаатарын орос эмнэлэгт эмчлүүлэн эдгээх юм уу, Москвад сувилалд явуулж яагаад болохгүй гэж. Авьяаслаг дуучин хөвүүнийг “Мы поедом в Артек” нэвтрүүлэгт оролцож, “Пусть, всегда будет солнце” дууг маш хөөрхөн дуулахыг нь Анастасия хараад өхөөрдсөн байхыг хэн байг гэх билээ. Яг л Улсын бага хурлын дарга Ламжавыг цаазлахын урьд орой авьяаслаг циркчин хүү Ламжавын Ванганы тоглолтыг үзсэн маршал уярсан түүх шиг. Маршал “Ийм авьяаслаг хөөрхөн хүүг өнчрүүлэх нь хайран” санагдаад эцэг Ламжавын амийг өршөөсөн гэдэг.

Магадгүй гэр бүлийнхэнд нь Зөвлөлтийн цэргийн ангийн “орос дэлгүүрт орох эрхийн үнэмлэх” олгон тайтгаруулж мэднэ. Монголчуудад энэ нь доромжлол мэт санагдавч үүнээс ч аймаар тавилан өөрийг нь тойрч байгааг ойлгох учраас хүлцэнэ. Зөвлөлтийн цэрэгт хүчиндүүлсэн охидын ар гэрт “хүнсний зүйлс” өгөөд тайтгаруулж байсан тухай БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яаман дахь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны ахлах төлөөлөгчөөр 1983-1987 онд ажиллаж байсан, генерал Всеволод Радченко “Главная профессия -разведка” номдоо дурсан бичсэн байдаг.

Бид ийм учраас аймхай байдаг. Энэ айдсаар тоглож чадсан нь биднийг дуугүй байлгаж, бас хүсээгүй үгийг хэлүүлж чаддаг. Цаг үе улиран Зөвлөлт ба комммунист дэглэм түүх болон үлдэв. МАХН ч хувирч Энхбаярынх нь жинхэнэ үү, Энхболдынх нь жинхэнэ үү, ялгахын аргагүй болов. Харин айдас үргэлжилсээр…

Categories
мэдээ цаг-үе

Жүмпэрэлийн Саруулбуян: Миний энэ насны шүтээн аугаа их Бурхан Халдун хайрхан юм

Түрүүч нь №272 (5537) дугаарт

Яруу найрагч Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян. 1980 он

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Жүмпэрэлийн Саруулбуянтай хөөрөлдсөн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.


-Таны уран бүтээлийн нөхөд чинь гэвэл мэдээж хамгийн түрүүнд “Гал”-ынхныг нэрлэнэ дээ?

-Яриад яахав. Миний “Гал”-ын нөхөд байгаагүй бол бидний хэн маань ч ганц нэгээрээ их хол явахгүй л байсан байх. Энэ онд дөчин жилийн ой тохиож байна. “Гал”-ын удирдагч Г.Мэнд-Ооёо, гишүүд Я.Баатар, Д.Цогт, Ү.Хүрэлбаатар, О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Б.Сундуй, Л.Мягмарсүрэн, Ж.Оюунцэцэг, Ц.Ойдов, Ш.Гүрбазар, А.Батешхан нар болно. Өнгөрсөн жил Саймон бидний наяад оны бүтээлүүдээс түүвэрлэн “Гал”-ынхны яруу найргийг англи хэлээр гаргасан. О.Дашбалбар, Д.Нямсүрэн хоёрыг бол монголчууд мэднэ. Б.Сундуй маань даанч наслаагүй. Жинхэнэ нуугьсан монгол шүлэгтэй намбалзсан алхаатай авьяасаар халгисан найрагч байлаа. Түүний минь дунд сургуульд байхдаа бичсэн “Нутаг” шүлгэнд хөгжмийн зохиолч Ц.Чинзориг хожим сүүлд ая хийгээд дэлхийн буриадуудын хайртай сүлд дуу болгосон доо.

-О.Дашбалбар найрагч нэг биш шүлгээ танд зориулсан байдаг?

-Балбар бид хоёр “Гал”-ынхан дотроо амь, бид шүлэг зохиолынхоо сэдвийг уралдан бичдэг байлаа. Балбар надад лавтайяа арав гаруй шүлэг зориулан бичсэн нь ном, ботиудад нь үлджээ. Би нөхөртөө бараг л шүлэг зориулаагүй байх. Бурханд явахаас нь өмнө найзыгаа суулгаж байж усан будгаар хөргийг нь зурж, хол явсны нь дараа нэгэн таталбар дүр хийсэн нь мөнхжин дээр нь сийлэгдсэн, одоо хэвлэгдэж байгаа ном бүгдийн хавтсан дээр миний Балбарыгаа зурсан хажуу хөрөг гардаг. Таалал болсны нь дараа зураг урлалын зураачид түүний хөрөг дүрийг хийх үүрэг аваад “Бид Балбарыг зурж мэдэхгүй найзаар нь зуруул” гээд над руу илгээсэн юм. “Гал”-ынхандаа бүгдэд нь зориулж сайхан хөрөг бичсэн дээ. Мэнд-Ооёо, Мягмарсүрэн, Цогт, Ойдов нар маань надад олон сайхан шүлгээ зориулан бичсэн. Яруу найргийн сэтгэлийн их өглөгийг хариулахад бараг боломжгүй санагддаг юм. Түүнийг бид одоо биш дараа хожим ойлгоно байх.

Манай Цогт бол гайхалтай сэтгэгч, гал дөлтэй яруу найрагч, алтан гартай их авьяаслаг мэс засалч хүн. Тэр бидний ихэнхийг гэгээрүүлж, номын замд оруулаад тавьсан хүн. Морь уралдахад жижиг хүүхэдтэй морийг арай томхон нь хөтлөн авч эргүүлж тавьж өгдөг дөө. Цогтын гайхалтай номын сангаас бид сонгодгуудыг олж сонсч үзэж, Ван Гог, Поль Гоген, П.Пикассогийн уран бүтээлийг мэдэрч, дэлхийн яруу найргийн мөч чацыг ойлгож ухаарсан. Өөрийнх нь тархины “номын сан” бол хэмжихийн аргагүй. Д.Цогт, Л.Мягмарсүрэн бид гурвын анхны номыг их Б.Явуухулан хянан эрхэлж гаргаж өгсөн юм. “Гал”-ынхан бид бараг бүгдээрээ Явуу, Цэдэндорж, Түдэв нарын шавь. О.Дашбалбарыг Сүхбаатар аймгаас чемоданаа бариад Мэнд-Ооёогийнд буухад Түдэв, Цэдэндорж нар өлгийдөн авч Хотын эвлэлийн хороонд ажилд оруулан шүлэг зохиолыг нь дэмжиж байсан. Мэнд-Ооёо бол яах аргагүй бидний оюун санааны манлайлагч. Түүний яруу найргийг Монголын орчин үеийн яруу найргийн түүчээнүүдийн нэг гэдгийг бид өөрсдөө бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь харамсалтай. Түүний яруу найраг дэлхийн хамгийн олон хэлээр орчуулагдсан. Олон хэлээр гарсан гэдгээр нь хэлээд ч байгаа юм биш. Түүний найргийг дэлхийн яруу найраг хүлээн зөвшөөрч анхаарч байгааг бид бас л мөчит дутуу ойлгодог. Энэ бол уншигчдад хамаатай зүйл биш, утга зохиолын хүрээнийхэнд л хамаатай. Түүний бүтээлийг Шведийн утга зохиолын академиас Нобелийн шагналд дэвшүүлчихсэн байхад бид баярлахын дээдээр баярлах учиртай. Энэ бол зөвхөн Мэнд-Ооёогийн бүтээлийг биш Монголын яруу найргийг анхаарч буйн хэрэг биз дээ.

-Танай нэгдлийн гишүүн нэртэй зураач Ойдовынхоо тухай яриач?

-Бид Галын дөл зураач, сийлбэрч, түүхч, жинхэнэ модернист яруу найрагч Ц.Ойдовынхоо зохиосон Төрийн сүлдийг Их хурлаар батлагдахад мөн ч их баярлаж байж билээ. Хүмүүс янз бүрээр хэлдэг. Их нуршуу, орчин үеийн биш хэллэгтэй, модон морь энэ тэр гэж, Төрийн сүлд бол Төрийн сүлд. Монголчууд Төрийн сүлдээ шинэчилье гэж шинэчлээд бүгдээр хэлэлцээд л баталсан. Гадаад орнуудын олон сүлдийг бид мэднэ. Манай сүлд бол бэлгэдлийн чанарт их сэтгэмж ухаан цогцлон сүлжилдсэн гүн утгын зангилаа байсан. Монгол зураачийн л бүтээж чадах гайхалтай бүтээл. Тэр гаднын сүлднүүдээс хичнээн илүү ур ухаан шингэснийг бид өөрсдөө л мэдрэх ёстой биз дээ. Түүнээс оройдоо шүтсэн шүтээнээ муухай, сайхан гэж өөлж өөнтөглөнө гэгч ёстой бурхнаа бургаасаар гуядахын үлгэр болно биз дээ. Энэ жил Ойдовын маань наяад онд бүтээсэн модернист яруу найраг, уран зургийн ном Америкийн утга зохиолын шилдэг орчуулгын бүтээлээр шалгаран хэвлэгдэв. Монголын утга зохиол судлаач, орчуулагч Саймон орчуулсан. Энэ чинь бидний оюун сэтгэлгээний авьяас билгийн ундарга хэвээр байгаагийн баяр бахдал биш гэж үү.

-Танай “Гал”-ын нэг эрхэм гишүүн, утга зохиол судлагч, яруу найрагч Я.Баатар анд чинь хаа байна. Сүүлийн үед хол алсад суугаа сурагтай?

-Ядамбатын Баатар минь гайхалтай ховор хүн. Тэр эрдэмтэн судлаач, зохиолч хүн. Сүүлийн арав гаруй жил холын Америкт амьдарч байна. Тэр хол нутагт өнө удаан суухдаа анд минь арван таван боть утга соёл, эртний судлалын ном бичиж хэвлүүллээ. Бидэнд илгээсэн. Монгол Улсад өнөөдөр Гэсэр, Жангараа судалдаг хүн үгүй болсон. Дамдинсүрэн гуайгаас хойш хэн Гэсэр судалж байна вэ гэвэл Я.Баатар. Тэр гуч, дөчин жилийн турш Гэсэрийн судлалаар ажиллаж хоёр боть, Явуугийн судлалаар боть ном, утга зохиолын ахмад үеийн төлөөлөгч Н.Наваан-Юндэн, С.Доржпалам, Д.Чимид нар гээд л бүгдийг ялгалгүй судлан нэгэн сэдэвт бүтээлүүд хэвлүүлсэн. Өөрийн шүлэг зохиолыг ч орхиогүй. Эх нутгаасаа, эмгэн буурал ээжээсээ хол сууж, элэг зүрхээ нутаг руугаа хандуулан байж энэ олон боть номоо бичсэнийг баатарлаг явдал гэхээс яахав. Түүний минь бие тийм ч сайн биш. Тэнд эмнэлгийн хяналтад хагас хэвтрийн дэглэмтэй байгаа хүн шүү. Бид бараг өдөр бүр ярилцдаг. Явуу багшийн их ойрын хамаатан. Биднийг их Явуугийн шавь нар болох дөт яруу замыг дурайтал гаргаж өгсөн хүн. Түүнээс тэр үед шүлэг оролддог хүн бүр л Явууд шавь орохыг хүсч зүтгэж байсан шүү дээ. Явуу бидний авьяасын хэлтэрхийг олж харсан учраас л биднийг тоосон байх.

-Танаас ганц нэг сонин асуулт асуумаар санагдаад явдаг юм. Та бол Хэнтийн уугуул хүн. Аймгийн төв чинь Чингис гэдэг нэртэй болсон. Үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Лав л өнгөрсөн зуунд болоогүй. Манай Хэнтий аймгийн төвийг Өндөрхаан гэж нэрлэдэг юм. Энэ нутаг Хан Хэнтий уулын аймаг. Өндөрхаан уулын хошуу гээд нэрлэнэ. Өндөрхаан хайрхан бол эрт үеэс тахилга тайлгатай, Чингис хааны болоод бусад хаад, Сэцэнханы түүхтэй нэн холбоотой, хаадын хаан гэсэн утга бүхий нэртэй их уулын нэрийг бид Өндөрхаан хотдоо өгсөн юм. Хаадын хаан болохоороо Чингис хааны дээд үетэй холбогдоно гэсэн үг. Нэг л өдөр манай аймгийн залуу удирдагчид гарч ирээд Өндөрхаан нэрийг нь авч хаяад Чингис хот гээд нэрлэчихсэн. Чингис хот гэх нэр бол үнэндээ Улаанбаатарын оронд болсон ч томдох л нэр. Аймгийн төв Чингис нэртэй байх нь Чингисдээ биш. Аймгийн шившиг юм. Үүнийг би тэр үед ч зохисгүй гэдгийг радио телевизээр хэлж байсан, огтонын дуу тэнгэрт хүрэхгүй. Хотын дарга байсан Э.Бат-Үүл Хэнтий аймгийн төвд Чингис гэдэг нэр ахадна, хуулийн дагуу биш гэж шүүмжилж байсан. Хотынхоо нэрийг Их хурлаар биш, ердөө л Аймгийн Иргэдийн хурлаараа өөрчилчихсөн улс. Ер нь байгаа юмыг байгаагаар нь байлгаад, бүтээн цогцлоох зүйлээ хиймээр. Нэр солих нь бүтээн байгуулалт юм уу. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосноо хот Чингисийн сайхан шинэ талбай цогцоор нь байгуулчихсан гэж эндүүрээгүй л баймаар. Ард олон нэг ч удаа Чингисийн талбай гэж хэлээгүй. Одоо эргээд Сүхбаатарын талбай хэвээрээ болж байх шив. Маршалыг тахин шүтэж байсан үед Богдхан уулынхаа нэрийг сольж Чойбалсан уул болгосон. Тэр үед бараг нэг ч хүн Чойбалсан уул гэж амнаасаа гаргаагүй байх. Шашингүйн суртал ноёлж байх цагт Монгол Улс Богд нэртэй уулсынхаа нэрийг бүгдийг солихыг зорьж, шашин бурхны нэр орсон ардын дуунуудаа засч байсны эндүүг одоо ч бүрэн засаагүй л байна. Уул ухаа толгод, овоо тахилгынхаа нэрийг дураараа солиод байна гэдэг түүх гуйвах үндэс суурь нь болдог. Олон жилийн өмнө нэг удаа Нацагдоржийн Гүн Галуутай, Нүүрэнтэйн хөндийгөөр явж байхад нуурын хажууд буусан казах айлуудад буухад тэд нуурынхаа нэрийг казах нэрээр нэрлэчихсэн сууж байв. Ер нь Баян-Өлгийн казахууд Алтайн урианхайн соёлыг баллаж, шашин соёлын зөрчил явуулж байгааг хэн, хаана мэдэрч ойлгож байна. Соёлын ялгамж, шашны зан үйлийг төрөөс цэгцлэхгүй дураар нь тавьсаар байна. Америкт явж байхад сүрлэг их их уулсын нэр нь уугуул эзэд индианчуудын өгсөн нэрээр өдий хүртэл хадгалагдаж байна. Америкчууд уугуул иргэдийн соёлыг бүрэн гэхээр устгаж үгүй болгохдоо уул усны нэрийг нь солиогүй нь тэднийг хүндэтгэсэндээ биш л байх.

-Ингэхэд та Ажаагийнхаа төрсөн газар морин хөшөө босгосон байдаг. Тэнд чинь таны аав төрсөн болохоос, хурдан морь төрөөгүй биз дээ?

-Ажаагийн минь бие тааруу байлаа. Нэг удаа бид Бэрхэд ажаатайгаа байж байтал Ажаа, “Өнөөдөр, Мөнххаан ууландаа гарна, бас нэг газар очно, машинаа асаа” гэлээ. Ажаа, дүү бид гурав Бэрхээс уруудан Суварган хөндийгөөр давхиад Мөнххаан уулан дээрээ гарлаа. Тэр өдөр их хүйтэн салхитай, золтой л бие чилээдүү аавыгаа хийсгэчихсэнгүй. Дараа нь Нарантульяагийн зүүн хажууд очив. Эрт үед айл нутаглаж байсан байж магадгүй нэгэн газар зогсоод бид бууцгаалаа. Ажаа ийш тийшээ харж байгаад энүүхэн борлоод байгаа тэгшдүү газар манайх хаваржиж байхад Ажаа нь энд төрсөн юм. Мэдэж ав гэлээ. Өөр ч юм хэлсэнгүй. Чулуу ховортой газар учир эрж байж хэдэн чулуу овоолон овоо босгоод, нэг номын хавчуур байсан баймаар мод олж өмнө нь тавьж дээр нь идээ будаа өргөөд мордсон юм.

Ажааг бурхны оронд явснаас хойш би ажаагийнхаа төрсөн газар байн байн ирж сүү цагаа өргөөд ном уншихдаа энэ эрхэм газар би юу хийж болох вэ? Ямар нэг уяач өвгөний хөшөө гээд босголтой биш гэж их бодлоо. Гэтэл нэгэн шөнө Ажаа маань зүүдэнд орж ирээд; Ажаа нь хойт насандаа хурдан морь болж байгаад эгэж хүн болох юм. Миний хүү Ажаагийнхаа төрсөн газар морины толгой босгочих гэлээ. Би өглөө босоод ажаагийн төрсөн газар босгосон хөшөөний загвараа шууд гаргаад барималч С.Бадралыг дуудан бид хоёр морин хөшөөний загвар гаргаад зун очиж хөшөөгөө хийсэн. Морин наадам ч хийсэн. Би ажаагийнхаа төрсөн газар нь л очдог болохоос оршуулсан газар нь ер очдоггүй.

-Чингис хааны хүй цөглөсөн газрын тухай маргаан мэтгээнд оролцдог хүний нэг та гарцаагүй мөн дөө?

-Ер миний хаа газар явахдаа очиж хүндэтгэл үзүүлэх, судлан сонирхох дуртай зүйлийн нэг бол их хүмүүсийн мэндэлсэн газар. Тийм газар ер бусын авшиг шид оршсон байдаг. Чингис хааныхаа мэндэлсэн газрыг бид зэрэгцээ хоёр багийн нутагт энэ мөн, биш гэж булаацалдаж, элдэв хөшөө шав тавьж, хол ойрын амьтны толгойг эргүүлэх нь хэтдээ муу. Хэтдээ ч юу байхав, одоо ч муу үртэй. Үүнийг эрдэмтэн судлаачид эвлэлдэн нийлж нэгэн тийш болгох ёстой. Өндөр Гэгээн, Явуу багш гээд л их хүмүүсийн төрсөн газар руу зорьж очжээ. Мөн Бурхан багшийн мэндэлсэн газар руу зорьж яваад Катмандуд их газар хөдөлсөн сүйрэлд өртөж эгээ л ертөнцийн тоосонд орчихоогүй. Ус уух хоногийн тоо дуусаагүй байж. Эх нутаг минь, эцэг эх минь өршөөн их сүйрлээс гэтэлгэн авч үлдсэн юм. Таны энэ насны шүтээн юу вэ гэвэл би аугаа их Бурхан Халдун хайрхан гэж хэлнэ. Монгол төрийн тахилгат хайрхан. Үе үеийн Ерөнхийлөгч хүндэтгэн тахихад хамт явж оролцсон. Хайрхныхаа тухай ном ч бичсэн. Лувсаншарав ахайтай Бурхан Халдуны тухай томоохон дуу хийж ойн концертод нь дуулуулсан. Хүмүүст сайн хүргэж чадахгүй л байна. Цаг сайхан болж хөгжмийн зохиолч бүр, яруу найрагч бүр дуу бичиж, зураачид өөр өөрийн Бурхан Халдуныг сүндэрлүүлэн босгож байна. Би өөртөө Бурхан Халдунаа зурдаг, зураач нөхдөөрөө зуруулан зургаараа сольж авдаг. Уран зургийн цуглуулга ч бий. Гэхдээ тийм ч олон биш л дээ. Нэрт зураач Ц.Байды, Г.Дунбүрээ, С.Төгс-Оюун, С.Бадрал гээд нэлээд хэдэн зураачийн Бурхан Халдуныг зурсан бүтээл бий.

-Хэрлэнгийн хүү Хэрлэнгээ магтан дуулахаа хэнээр заалгав гэж. Бид хоёрын энэхүү хөөрөлдөөнд их мөрөн чинь орох учиртай байх?

-Орхигдуулбал эзэн савдаг нь гомдох ч юм бил үү. Би нэг биш номоо “Хэрлэнгийн ай” гэдэг нэрээр хэвлүүлсэн. Их Жанцанноров бид хоёр “Хэрлэнгийн ай” дуу, дуулал юм даа, зохион дуулуулж байна. Хэрлэн маань Монголын гол мөрнөөс хамгийн олон дуун өргөлтэй мөрөн юм шүү.

“Дээдлэн шүтвээс дэмбэрэлтэйеэ

Дэнж л сэрмүүн Хэрлэн минь

Тэнүүхэн талбайгаар урсана аа хө

Дэлхийн цээжнээ мишилзээд байх нь хө

Дэндүү эртний ерөөл юм гэнэ лээ

Хүүгээ алсад зориход

Дагаад мэлмэрсэн Хэрлэн минь

Хүрэн зүрхний үзүүрт

Дандаа уяатай Хэрлэн минь…” гээд л дуулдаг юм. Их сайхан бадрангуй мөртлөө уяралтай аялгуу бий.

Categories
мэдээ цаг-үе

Япон-Монгол (нүүрээ хардаг) толь

“Монголын өнөөгийн улс төр бол хүний түүхийн

хамгийн өндөр өртөгтэй

танин мэдэхүйн хичээлийн нэг ажгуу.

Үүнээс ч харамсалтай юм бас байна.

Юу гэвэл, бид тэр хичээлийн сонсогч биш

харин сургалтын хэрэгсэл нь бололтой юм аа”

Нэг. Япончууд цаг барьдаг. Монголчууд цаг зүүдэг. Хоёулаа адилхан цаг ашигладаг. Монголчуудын амьдралын хэмнэл нь хүнээс илүү байгаль, цаг уураас хамааралтай явжээ. Иймээс өвөлжөө, намаржаанаасаа нүүхээр товлосон цаг, болзсон үе нь цас хайлж хүн малын унд хомсодсон, цас нэмж орсон эсвэл эрт хүйтэрсэн зэргээс болж үргэлжид зөрчигдөж байжээ. Ийм учраас цаг хугацааны огт өөр мэдрэмж, хэмжүүр хэрэгтэй болсон хэрэг.

Нүүдэлчин өвөг дээдэс маань цаг товлох, тодорхой болзохоос зайлсхийж, ажилд садаа, үйлсэд барцад учирдаг хэмээн цээрлэж ирсэн нь тийм учиртай. Болзохын оронд “тэгж байгаад уулзъя”, “боломж гарахаар өгч, авалцъя”, “хүйтрэхээр нүүнэ” гэхчилэнгээр баримжаа гаргах болжээ. Ер нь сүсэг бишрэл, бэлгэдэл цээрийн зан үйлийг ч гэсэн ихээхэн прагматик байдлаа, амьдралд нийцүүлэн тогтоодог уламжлалтай байж. Амьдралд нийцгүй, боломжгүй учраас болзох, цаг товлох асуудлыг нүгэлд багтаан цээрлэсэн юм шиг байна. Харин одон зурхайд байдаг элдэв цээр хоригуудад янз бүрийн гарц бодож олоод амьдралд нийцүүлсэн нь төрөл бүрийн заслууд болой. Жишээлэхэд, аян замд гарахад таагүй гэгдсэн өдөр цаг агаар таатай байвал “мөрөө гаргах” засал хийгээд л мордох жишээний.

Харин цагаар гангалах тухайд бол ийм юм. Нүүдэлчин амьдрал хүний чанарыг танихад бэрх болгодог. Жилдээ цөөн уулзаж, хэдхэн сар айлсаад өнгөрөхөд хүмүүс зөвхөн сайхан талаараа нийцэж яваад салдаг. Гэтэл хүний далд мөн чанарыг урт удаан хугацаанд хамтран ажиллаж байж л мэднэ.

Бизнесээ хамтран хөгжүүлэх боломж гэж малчдад байсангүй. Малаа нийлүүлээд өсгөвөл хотондоо багтахгүй болоод салж нүүхдээ тулна. Гэтэл суурин хүмүүс хөрөнгөө нийлүүлээд илүү далайцтай бизнес хийж болдог. Харин малчин хүн сүргээ нийлүүлбэл, өөрийн гэсэн малын “зүсгүй” болж хоосрохын цондон нүүрлэнэ. Нийлүүлсэн хөрөнгө арвиждаг бол нийлүүлсэн мал хорогддог.

Энэ нь нэг сайн, хоёр муу талтай байж. Сайн нь: бие биенийхээ талаар дандаа эерэг сэтгэгдэлтэй, ер нь л диваажинд амьдарсан аятай бодогдож явсаар насыг элээх жаргалтай тавилан бэлэглэнэ. Гэвч өөрийн сул талаа түр нуухад л сургахаас биш үүрд хазаарлаж сургахгүй. Бас өөрийн эрх ашиг ба нийтлэг эрх ашгийн зохистой харьцааг тодорхойлох туршлага бүтээж өвлүүлдэггүй бололтой.

Зүс үзээгүй хүнийг байтугай, саахалтын айлаа гүйцэд таних боломжгүй учраас өнгөн талаас нь дүгнэхээс өөр аргагүй болдог. Монгол хүн үл таних хамтрагчаа сонгохдоо “Нүдэнд дулаахан хүн” гэдэг үгийг хэрэглэдэг.

Иймээс өөртөө зөв иймэж бүрдүүлэхийн тулд “нүдэнд дулаахан” харагдах хэрэг гардаг. Нүдэнд дулаахан байхын тулд өнгөтэй өөдтэй явах хэрэгтэй болно. Өнгөтэй өөдтэй явна гэхээр боломж, хэрэглээ хоёрын дунд зөрчил үүснэ. Наадамд ирсэн жороо морьтой, торгон дээлтэй хүнийг л “наадамд ирсэн жороо морьтой, торгон дээлтэй хүн” гэхээс биш, цаана нь хэчнээн мал адуу, алт мөнгө байгааг авч хэлцэхгүй. Үгүй ээ тэгээд, найр хэсэхээрээ авдраа үүрээд, хонио туугаад очилтой биш.

Монгол хүний орлогоосоо давсан хэрэглээ, гангараа бол амьхандаа л өөртөө маш сайн СиВи(CV), “тодорхойлолт”, ажилд ороход хэрэг болдог “нэгдүгээр маягт” бүрдүүлээд яваа ухаантай юм шүү дээ. Цагийг баримтлахаасаа илүү зүүж явбал эргэн тойрондоо сэтгэгдэл төрүүлдгийн учир энэ.

Хоёр. Япончууд өнгөө хадгалж агуулгаа шинэчилдэг. Монголчууд агуулгаа хадгалж өнгөө шинэчилдэг. Хоёулаа л шинэчлэх дуртай. Ики арлын музейд эх газрын наймаачид хөл тавьж буйг харуулсан макет байна. Хичээнгүй тайлбарлагч, орон нутаг судлаач М.Яманиши гуай “хөл нүцгэн нь япончууд, харин гуталтай нь эх газраас ирсэн наймаачид” болохыг хэлж өглөө.

Солонгосын хойгоос завьтай наймаачин ирж байсан цагаас хойш зуу, зуун жил улирчээ. Япончууд солиод барахгүй олон гуталтай болсон ч байшин савандаа “хөл нүцгэн” ордог хэвээрээ. Гэхдээ л эх газрын гуталтнуудыг хол орхин хөгжсөн байна. Япончууд бол япон өнгөө хадгалаад агуулгаараа үргэлж шинэчлэгдэж, бусдын соёлыг шингээж авдаг. Өнгөн талаасаа зуун зууны уламжлалтай сумо, кимоно, харин агуулгаараа сони, тоёота, мицүбиши….

Харин эх газрын ширүүн уур амьсгалтай хээр талын нүүдэлчид эсрэгээрээ, зөвхөн өнгөн талаа шинэчлэх дуртай. Өвлийн гурван сар чукча нар шиг, аагим зунаар арабын цөлийн бидиун мэт болж хувирна. Даарах, халууцах асуудлыг нэгмөсөн шийдэхийг яарахгүй, угаасаа ч боломжгүй. Дулаан байшин, өвлийн хүлэмж, хөргөлттэй орон сууц сэдэх чадваргүйдээ биш, тэрийгээ хээр хаяад нүүх болох учраас дэмий юманд толгойгоо зовоохгүй.

Ийм учраас нүүдэлчин хүний ахуй амьдралын менежмэнт өнгөн талын реформ хийж сурахад чиглэн хөгжсөн байдаг. Үстэй дээлээ өмсөөд “өвлийн хүн”, тэрлэгээр гангалаад “зуны хүн”, түвд маягаар дээлээ сугалдаргалаад “улирал шилжих үеийн хүн” болчихно. ХХ зуунд шашин шүтлэгээ тайлж хаяад “бурхангүй социалист хүн” хүртэл болж байв.

Одоо ардчиллын, бас зах зээлийн улиралд тааруулаад хувцаслачихсан яваа. Харин агуулга нь нүүдэлчин хэвээрээ.

Гурав. Япончууд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хүлээх тэвчээртэй. Монгол хүн гүрийж туулах, шүдээ зуусаар байгаад юмны ард гарах тэвчээртэй. Хоёулаа л тэвчээртэй. Нүүдэлчин хүмүүсийн мал нь өөрөө өсч бойжно. Харин эзэн нь түүнийхээ аюулгүй байдал, өсч үржих таатай орчинг хангах үүрэг хүлээнэ. Нүүдэлчин хүний менежмэнт нь малаа өсч бойжиход садаа болдог ган, зуд зэрэг цаг агаарын өөрчлөлт бэхшээлийг даван туулахад чиглэдэг.

Монгол хүний бизнесийн авьяас мянга мянган жил үүнд л чиглэгджээ. Манайхны ажлын туршлага, философи гэвэл: яаж ийгээд дуусгасан байх нь чухал болохоос ямар чанартай дуусгасан байх нь гол биш.

Япон хүн байшин босговол санаснаа гүйцээж, түүнээсээ таашаал авахад чиглэнэ. Харин нүүдэлчин хүнд яаж ийгээд байшингаа дуусгачихсан, барилга барих ажлын ард гарсан байх нь л чухал. Юмны “ард гарах”-ын төлөө харин ч түмэн зовлонг тэвчиж чадна. Бүх тэсвэр тэвчээрээ түүндээ л зориулна. Амьдрал түүнд “Өнөөдрийн цасан шуургыг л яаж ийгээд тэвчээд давчих. Маргааш нар гийсэн налгар өдөр хүлээж байгаа” хэмээн шивнэсээр ирсэн юм. Монгол ардын “Ажил хийвэл дуустал” гэдэг мэргэн үгэнд чанартай, сэтгэлтэй хөдөлмөрлөн үр дүнг нь үзэх тухай гэхээсээ илүү чардайж байгаад, тэвчээр зааж байгаад шилийг харах, яаж ийгээд “хоёр яс салах” тухай л агуулга түлхүү буй.

Ямар ч ган, зудыг даваад л ард нь гардаг итгэл, зүтгэлийнхээ хүчээр нэг л өглөө коммунизмын ард гарчихсан суниаж байлаа, бид. Өдгөө ч бидний далд ухамсар “гүрийж байгаад ардчилал, зах зээлийн ард гарна даа” хэмээн зоригжуулна. Бидний өнөөгийн хамгийн том чадвар, бас хамгийн том зовлон энд л байгаа юм даа.

Дөрөв. Япончууд нэгийнхээ гаргасан замыг дагаж урагшлах дуртай. Монголчууд эгнээгээрээ урагшлах дуртай. Хоёулаа л адилхан урагшлахыг хүсдэг. Тал нутгийн эрх чөлөөний баталгаа нь хүчний балансад оршино. Мал сүрэг, бусад хүчин зүйлээр нөгөөдүүлээ дарамтлах чадамжгүй хот айл, овог аймгууд байж гэмээнэ аль алин нь эрх дураараа нүүх боломжтой.

Харин нэг нь илүү хүчирхэгжих нь энх тайвны балансыг эвдэж, бусдыгаа эрхшээлдээ оруулах, сайн нутаг бэлчээрийг дээрэнгүйлэн булаахад хүргэдэг. Энэ утгаараа хэн нэгийгээ илүү хүчирхэгжихэд болгоомжтой, сортоотой ханддаг. Баяжиж, хөрөнгөжин дэвжих нэгнийг харсан сахиусан тэнгэрүүд нь монгол хүний чихэнд “төлөгний бие төлжив, хурганы үс гуужив”(МНТ#79) хэмээн сануулна. Энэ хандлага одоо ч хэвээрээ байгаа бөгөөд манайхан сайн яваагаа татаж унагадаг “тамын тогооны үлгэр”-тэй байнга зүйрлэдэг. Суурин иргэдийн бизнес нэгийнхээ амжилтыг дагах замаар өсөх хандлагатай байдаг бол тал нутагт эсрэгээрээ.

Энэ хандлага сайн, муу хоёр талтай байна. Муу тал нь нэгнийхээ амжилтыг нураах гэж санаархах, хамтаараа өргөн далайцтай бизнес хөгжүүлэхэд тээг болдог. Харин санхүүгийн тодорхой бүлэглэл эсвэл хэт хүчирхэг хувь хүн ноёлсон тогтоц үүсэхээс зарим талаараа сэргийлдэг бололтой.

Тав. Япон хүн алдагдлаас сэргийлж, орлогыг чухалчилдаг, монгол хүн гарзаас эмээж, олзыг эрхэмлэнэ. Хоёулаа л хөрөнгө чинээгээ байнга өсгөх эрмэлзэлтэй. Нүүдэлчин хүнд мал сүрэг нь үржиж өсөх, үхэж үрэгдэхийг эс тооцвол тасралтгүй орлого эсвэл байнгын алдагдал, эрсдэл зэргийг ойлгуулах бизнесийн сургууль байсангүй. Мал сүрэг нь цаг агаараас хамаарч заримдаа бан цунгаараа өсч, заримдаа өм цөм хорогдоно.

Аян дайн, ялалт, эсвэл амжилттай ан гөрөөг дагаж ирдэг олз омогт хэмжээ тогтоох аргагүй. Тиимээс олзыг даах чинээгээрээ авдаг байв. Олдож байгаа хэмжээнээс өөр хязгаар байхгүй. Иймээс олз, орлогодоо хязгаар тогтоох мэдрэмж суусангүй. Аажим, аажмаар баян болгох тасралтгүй хэвийн орлого ба нэг л мэдэхэд хоосруулж мэдэх байнгын алдагдлын тухай эдийн засгийн мэдрэмж бас суусангүй иржээ. Ийм учраас монголчуудтай өнөөдрийг хүртэл нөхөрлөж ирсэн хүмүүс, “хэмжээ хязгааргүй санаархал, мэдрэмжгүй шуналтай” хэмээн гайхахдаа тулж байжээ.

Энэ чанар муу ба сайн хоёр талтай байна. Муу тал нь нь гэвэл орлого, ашгийнхаа зохистой хязгаарыг мэдэрч чадахгүй байгаагаас хэтэрхий их хувь ногдол шаардаж, тогтвортой орлогын олон эх үүсвэрийг нь хааж байна. Бас монгол хүнийг оройгүй шуналтай болгон харагдуулдаг. Сайн тал нь гэвэл, энэхүү мэдрэмжгүй шунал ба үл ханах сонирхол нь нийгмийн нөлөөтэй хэсгийг бүхэлд нь эсвэл хэвлэл мэдээллийг хэт хөрөнгөлөг хэсэг худалдан авахаас бага ч болов сэргийлдэг гэж хэлдэг.

Зургаа. Япончууд итгэмтгий ч нэгээс илүү хууртдаггүй. Монголчууд хүнд итгэдэггүй ч олон дахин хуурч болдог. Япончууд хүний итгэл алдах дургүй, яг л монголчууд малаа алдах дургүй шиг. Тиймээс бусдад итгэмтгий. Харин итгэлийг нь нэг л алдвал дахиж хэзээ ч сэргэхгүй, бас хэзээ ч хууртахааргүй хаширна.

Монголчууд угаасаа хартай, итгэхээсээ өмнө харддаг. Гэхдээ хардлага нь маш гэнэн учраас дөнгөхөд маш амархан. Сэдвээ солиод хуураад байхад нэг хүнийг эсвэл нэг хүн бусдыгаа олонтаа хуурах боломжтой.

Үргэлжийн тулаан, халдлага дунд амьдардаг байсан тал нутгийн дайнч нүүдэлчид маш соргог, яг гөрөөс шиг цочимтгой. Мөн цочоосон зүйл нь шууд аюул учруулахгүй бол дорхноо тайвшраад араатанд бариулдаг гөрөөстэйгөө адил бас гэнэхэн.

Нүүдэлчид мэдээллийн тогтоцгүй орчинд олон зуун жил явсан учраас эсрэг тэсрэг мэдээлэлд анализ хийх туршлагагүй. Зөвхөн нэг талыг барьсан мэдээлэлтэй социализмд иргэншлийн замаа эхлүүлсэн нь бүр гаж уламжлал үлдээсэн. Энэ нь хэвлэлийн болон албан ёсны мэдээлэлд итгэхээсээ илүү ам дамжсан үгэнд ач холбогдол өгдөг болгожээ.

Хэрвээ “Таны мөнгийг банк найдвартай хадгална” гээд зурагтаар яривал суртал нэвтрүүлэг гэж харна. Харин хэн нэгэн таних хүн “Энэ сүлжээ бизнес ашигтай гэнэ” гэвэл дорхноо үнэмшээд “Үнэхээр ашигтай гэнэ. Хүн хэлж байна” хэмээн хамаг хөрөнгөө луйварчинд аваачиж тушаахад бэлэн.

Япончууд буюу иргэншлийн илүү туршлагатай орны иргэд болсон явдал, баримтыг үнэнд тооцдог. Нүүдэлчид өөрт ашигтай хувилбарыг үнэн, шударга гэж хүлээн авах сонирхолтой байдгийн нэг учир ч энд байгаа.

Долоо. Япончууд худлаа хэлэх дургүй. Монголчууд үнэнээ хэлэх дургүй. Бие биеэсээ хол нүүдэллэн амьдарч ирсэн хүмүүсийн дунд үзэл бодлоо солилцох, байр сууриа илэрхийлэх урлаг төдий л хөгжөөгүй болтой. Эсэн бусын юм санаанд ордог л байлгүй яав гэж. Гэтэл ярих хүн ойр хавьд байхгүй. Бодсоноо ярихгүй ганцаараа галгиулсаар байгаад амаа хамхиж сурдаг байсан болтойдог.

Хамгийн том мэтгэлцээн нь “бэлчээр булаалдах” дээр өрнөх ба ялагдсан тал нь үнэнд хүрэх гэж зүтгэхийн оронд өөр тийшээ нүүгээд л асуудал шийдэгдэнэ. Угаасаа, бэлчээрийн маргаанаа шат, шатны шүүхээр хэлэлцүүлэх гэвэл заргалдах зуурт мал нь тураад үхнэ биз дээ. Харин суурин иргэдэд ус агаар мэт хэрэгтэй эрх чөлөө гэдэг ойлголтыг зоргоороо нүүж, дуртай газраа гэрээ барих боломж нь орлоно.

Монголчуудын үнэнээ хэлдэггүй занг хамгийн их хөгжөөсөн үйл явц бол социализм. ХХ зуунд монголчууд иргэншин суурьшиж эхэлсэн боловч тэр нь социализм байгуулахтай давхцав. Социалист дэглэмийн хотшил нь жам ёсны иргэншлээс өөр, янз янзын дэглэмтэй (Зүүн Европын Польш, Чехословакаас Монголыг дайраад Умард Солонгос хүртэл сул, чанга дэглэмтэй) лагер, хаурангууд байсан. Өөрсдийгөө ч социалист лагерын орнууд гэж албан ёсоор нэрлэж байсан. Энэ лагерт монголчууд “өөрийн үзэл бодолтой болох” ба “үзэл бодлоо нуух” хоёр урлагт зэрэг суралцжээ. Дэглэмийнхээ үзэл сурталд тааруулан “зааснаас нь өөрийг бодож, бодсоноосоо өөрийг ярьж” сурсан байна. Өдөр нь ажил дээрээ “Бурхан гэж байхгүй, шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” хэмээн сурталдах ба шөнө нь гэртээ нууцаар залбирч, Ленин багш гэдгийнхээ хөрөгийн ард нуусан бурхандаа залбирна”. Өвөг дээдэс нь “урт хэл хүзүү орооно”, “дааганаас унаж үхэхгүй, дарвагараасаа болж үхнэ”, “урьтаж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” хэмээн захисныг хэлэх үү. Ийм уламжлал нь биднийг үнэнээ ярих албагүй гэж үздэг болгож, улмаар нэгэнт үнэнээ яриагүй учраас хэлсэндээ байх ч албагүй гэсэн гаргалгаанд хүргэсэн бололтой.

Үнэнээ ярьдаггүй онцлогийн хүрээнд ярих өөр нэг сэдэв бий. Мөн л өнгөрсөн үеийн улбаа. “Эх оронч”, “марксизм-ленинизм, пролетарийн интернационализмд үнэнч” гэхчилэнгийн үзэл суртлын халхавчаар бүхнийг зөвтгөж болдог ба удирдагчдад таалагдаагүй хэнийг ч “Мао-гийн талыг баримтлагч”, “ангийн дайсан” гэсэн шошгын дор хөнөөж болдог байсан, БНМАУ-ын үед. Өнөөдөр ч гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээ “эх оронч” нэрийн дор халхлах, тааламжгүй этгээдээ “Хятадын тал” болгон нийгмээс гадуурхуулах оролдлого амжилт олсоор байгаа нь ийм улбаатай.

Найм. Япончууд “үгүй” гэж хэлэх дургүй. Монголчууд ч бас “үгүй” гэх дургүй. Хоёулаа л “буруу дуулахгүй бол үгүй гэдэггүй” гэлээ гэдэг шиг үндэстэн. Гэхдээ аль нь ч бусдыг хуурах зорилгогүй. Харин япончууд “үгүй” гэхгүй хэрнээ цаанаа үгүй гэдгээ ухамсарласан байдаг. Үүнийгээ эелдэг зан хэмээн ухаардаг бололтой. Ийм болохоор тэдний “үгүйгээс тойрох” арга ихэнхдээ ойлгомжтой. Харин монгол хүн “аяндаа болж бүтэх байлгүй” гэдэг утгаар л “үгүй” гэхээс зайлсхийдэг. Ийм болохоор үнэнгээсээ л хэлсэн “за” гэж ойлгогдох нь бий. Монголчууд нэгэндээ “за” гэчихээд алга болчихвол “хэлсэндээ хүрэх гээд арай л чадахгүй яваа юм байна” гэж ойлгогдоно.

Төгсгөл: Хоёулаа сайн үндэстэн. Муу үндэстэн гэж байдаггүй. Харин иргэншин төлөвшсөн, төлөвшиж яваа үндэстэн гэж байдаг. Тухайн улс орны иргэдийн араншин, мөн чанар нь үзэж туулсан амьдралын туршлага, тэнд бүрэлдсэн ёс суртахууны үнэт зүйлсийн цогцлол маягтай оршдог. Япон, монгол хоёулаа сайн ард түмэн. Харин тэдний туулсан зам нь хөгжлийн хандлагыг тодорхойлж, тэр хандлага нь онцлог араншинг нь бүрдүүлж байна.

Япончууд арлаасаа хаашаа ч нүүхгүй гэдгээ эрт ухамсарласан учраас орчин тойронтойгоо нийцэж, эрх ашгаа зохицуулах гарцуудыг хайхаас өөр зам байсангүй. Иймээс тэдэнд эрх ашгийн нийтлэг эрт үүсч, тэр нь нийтийн ёс суртахууныг нь тодорхойлох болж.

Гэтэл нүүдэлчин удамтай монголчууд асуудлыг газар дээр нь орхих замаар шийддэг уламжлалтай, хэрэлдсэн хүнтэйгээ учраа ололцохын оронд салж нүүсээр ирсэн. Иймээс өөрийн эрх ашиг ба нийтийн сонирхлын зохистой харьцааг тодорхойлох туршлага суусангүй. Нэг нь “чамгүйгээр болно” гэдэг дүрмээр, нөгөөх нь “Чамгүйгээр болохгүй” гэдэг хуулиар хүмүүжсэн гэмээр ч юм уу. Бидний зөрөө энд л бий.

2016 оны арваннэгдүгээр сарын 30