Categories
мэдээ цаг-үе

Цагаан сарын жил жилийн хуучаас

Тэр жил буюу ерэн дөрвөн оны цагаан сарыг манайх сумын төвд гаргасан юм. Ижий, аав хоёр минь гэр бүл болоод анх удаа л төв газар сар шинийг угтсан нь тэр байх. Аавын төрсөн дүү Отгоншарав ахын хашаанд өвөлжлөө. Айл амьтан битүүрч байхад манайх хэзээний л ажлаа бараагүй байна. Ээжид туслах хүн байхгүй. Дандаа харчууд учир, хэцүү л байсан биз. Ямар сайндаа битүүний шөнө ээж маань дүү бид хэдийн хэнийх нь ч юм бэ, дээлийн товч шилбийг гүйцээж хадаад сууж байдаг сан. Харин сумын төвд шинэлж байгаагийнх ажил арай цэгцтэй.

Хамар хашааны айлын охид бүсгүйчүүд ээжид туслаад наанатай цаанатай байсан нь мэдээж. Отгоо ах гэж жигтэйхэн нямбай, цэмцгэр хүн. Гэрийнхээ хоймрын толийг гялалзтал арчина. Баяр ёслол бус энгийн үед ч сонин гаргаад зүлгэж байна. Харин ерээд оны эхээр “доналд” гэж үлээдэг бохь гарахад мань хүн үлээж сурах гэж их хөглөж билээ. Толиныхоо өмнө зогсож байгаад ганц хүчтэй үлээгээд л бохио толиндоо наачихдаг сан. Тэгээд л арчаад байна.

Манайх өнгөт зурагтгүй учир би гэдэг хүн байсгээд л мань эрийнд харайлгаж орно. Цагаан сарын бөхөө үзэхээр. Нэг ороход Отгоо ах модон тэвшинд цагаан сарын ууцаа тавиад хэдэн талаас нь нухацтай нь аргагүй харж зогсов. Тэв тэгшхэн харагдахад “жаахан далий л байх шиг байна даа” хэмээн хэн нэгэнд хэргээр хэлж байгаа юм шиг амандаа бувтнахыг нь яана. Дахиад нэг ороход мөн л угалзан хээтэй модон тэвшинд тавгийн идээгээ өрж сууна. Гэргий нь бол арчих зүлгэхээ л хийнэ. Гэрийн эзэн хэлээ үе үе гозолзуулж уруул амаа шилэмдээд тавгийн идээтэйгээ дор хаяж хоёр цаг ноцолдоно. “Буурай ажаа, Нанкүү мөөмөөс минь ирсэн аяга даа” гэж нэг их гоё луу хээтэй том шаазанг гаргаад ваартай айрагнаас хийв. Удаа ч үгүй өнөө аягаа угааж, айраг хийхгүй ээ, бурхандаа идээ засч тавина гээд ааруул хурууд хийгээд унана. Аяг нь олдохгүй хүн л дээ.

“Цаана чинь Ноов ахынх битүүрээд эхэллээ, удахгүй манайд ороод ирнэ” гэж гэргий нь сандран хэлнэ. Манай хүн хөлсөө шудраад ноцолдоод байна. Хоймрынх нь зурагтаар цагаан сарын бөх барилдаж, уртын дуу хангинаад л. Идээгээ тун чиг сайхан өрж сэтгэл ханасан бололтой, алив хөгшөөн дээл хунар юу байгаа билээ гэж сая л нэг сэхээ орсноо, надаас “том жижиг Сүхбатууд байна уу, бужигнуулна даа” гэж асуух нь хууль. Мөн манай Оргио байгаа биз гэж тун дотночлон сураглана. Тэр нь улсын начин Жигмэдийн Оргилболдыг асууж байгаа хэрэг. Тухайн үед Оргио нь улсын цолгүй дэмий гонзгой байсан л даа. Бөх үзэнгээ бас дээр нь Отгоншарав ахыг идээ будаагаа засах гэж хэрхэн аяглахыг хараад гэртээ орлоо.

Манайд сахал Буяа ах аав хоёр хуучилж сууна. Айраг цагаа уулаа. Пиавны амт үзнэ гэж исгэсэн бараашиг уулаа. Нэг мэдэх нь ээ, од түгчихжээ. Манай ёотон шиг жижигхэн цагаан зурагтаар бөхийн барилдааны гурвын даваа эхэлчихсэн, Баянаа аваргын цолыг дуудаад л. Ээж хэлж байна. “За Буяа ах минь одоо гэртээ орно байгаа. Цаад хэд чинь битүүрэх гээд таныг л хүлээж суугаа даа” гэв. Буяа ахад тоож байгаа ч юм алга. “Болдог юм болдгоороо болно доо” гээд хүд хүд инээж байна. Манайх битүүнийхээ буузыг гал дээр тавилаа. Тэгтэл үүд сэвхийтэл онгойгоод Буяа ахын бага хүү ороод ирлээ. “Ээж таныг битүүрье гээд дуудаад байна” гэлээ. Ах өндийдөггүй ээ. Хүү нь бүснээс нь татаж, чангааж байгаад яваад өглөө. Уул нь гэр нь ойрхон. Ерөөсөө урд талын л гудамж. Хүү нь гарсны дараа “Ах та гэр лүүгээ орж битүүрэхгүй бол нээрээ болохоо байлаа” гэж аав хэлэв. Буяа ах нэг өндиймөөр аядсанаа буцаад суучихлаа. “Өнөөдөр Ноовындоо сайхан битүүрнэ, Отгоныдоо орно” гээд бүр айлгаад авалгүй яахав. Инээдтэй, хөөртэй юм яриад л, бид хэдийг цаашлуулаад сууж байтал том охин нь ороод ирлээ. “Та чинь битүүлгээ хөнддөггүй юм уу” гээд бараг л чирэх нь холгүй аваад гарч билээ. Буяа ах гэж тийм нэг амар амгалан сайхан эр. Банзай дарга тэр хоёрын хотод ирсэн тухай онигоо шиг л түүх яригдана. Сумдын Засаг дарга нар Төрийн ордонд хурал хуйд орсон юм биз. Гараад иртэл дарга нарын машин гээд тэр үеийн бор ногоон “69”үүд ордны урд эгнэчихсэн байна гэнэ. Гэтэл тэр дунд Буяа ах хэдийнэ оччихсон хуучирсан ногоон тэвштэй тавин гуравтайгаа зогсоод Банзай даргыгаа кабинаасаа даллаж байсан гэдэг. Банзай дарга нь машинаасаа, үс сахал болсон өнөө Буяагаасаа ичсэн байлгүй. Ийм л гудиггүй, хүнд тусархуу гэж жигтэйхэн, цагаан цайлган, хүний хайлан байж билээ.

Сумын төвд шинэлсэн учир шинийн нэгэндээ амжаад Бавуу ажаадаа золгохоор Өвөрбулагийн эх Ангалын амыг зорилоо. Ангалын ам гэж нүүгэлтсэн их ой, хадан хавцалтай, уулын бэлдээ оргилсон булагтай, идэр гурван есөөр дошин гүйсэн сайхан газар. Төрийн шагналт найрагч Доржийн аав навсаан Зундуй гуайн нутаглаж байсан газар ус шүү дээ. Аав ээж, дүү бид хэд бүгд морьтой галигуулалгүй яахав. Сумын төвөөс баруун хойшоо хатируулан үдшийн бүрий тасрахтай зэрэгцэн Баянхангайн давааг давлаа. Хөшөөтийн хөндийн оройн жавар алгадаж байна аа. Элбэгхэн дээлтэй аавынхаа нөмөрт бүжин шиг хярж явахад их хөндийн жавар хага ярагдаж л байсан. Хөшөөтийн гялганасан жаварт аавын минь үнэгэн лоовуузын сор гялтганаж, унасан морьд битүү цан цохиж, уур манан савсуулсаар ажаагийнхаа уяан дээр бууж билээ. Ажаагийнд яваад ортол бөөн дуу шуу. “Паваан” Ням гэж манай нутаг усанд ардчиллын загалмайлсан эцэг нь болсон хөгшний дуу хадаж байна. Хот хүрээнээс ирж золгуут хийж буй хүмүүстэй үзэж байгаа бололтой. “Амар байна уу” гэж золгохтой зэрэгцээд “Ху намыг дагавал хувхайрч дуусна” гэж Ням гуай хангиналаа. Бавуу ажаа хэзээд л хүнийг цаашлуулж, өвчин хуучийг нь сэдрээдэг хүн Ням гуайнхаа гэдэнг нь жаахан хөдөлгөчихөж л дээ. Ням гуайн пал пал ярианд бусад нь хөгжөөд тийм л нэг халуун дулаан ахуйд бид зочилж иржээ. Ингэхэд энэ хөгшний амнаас л манай сумынхан анх Элбэгдорж, Бат-Үүлийн нэрийг сонсч, “хүүхдүүд минь өлсөж байна” хэмээн ерэн оны цагаан морин жилийн хувьсгалаар хотод ирэхэд нь тухайн үеийн нам засгийн удирдлагууд шоолж хоцорсон л гэдэг юм. Ням гуай минь өөрийн үзэл бодолдоо үнэнч явж хорвоог туулсан даа, хөөрхий. Ням гуайн буйлаатай тэр цагаан сар сэтгэлд хадгалагдаж, үе үехэн санагддаг билээ л.

Баян Бавуу гэж олон түмний хүндэтгэдэг ажаа минь ёстой л нэг халгиж цалгисан, хишиг буян нь гэр дүүрэн хөглөрсөн, нүнжигт нэгэн байв. Хөгшин нь Ханд мөөм гэж хайлсан өрөм шиг сайхан хүн. Орсон гарсанд ундтай устайг нь хэлээд яахав. Аавын минь аав буюу Батсүх ажаа, Бавуу ажаа хоёр Хөшөөтийн голын эх ЦэцэгӨндөрөөр нутагладаг Лувсанхүү гэж хүний хоёр сайхан хүү нь. Хөшөөтийн голын хоёр багана нь байж дээ гэж миний бие зүрх шимшрэн санадаг. Наян гурван оны цагаан сарын битүүний өдөр Батсүх ажаа мориноос унаж, дөнгөж айл гэр болоод байсан аав минь Орхон голын нугаас Хөшөөтийн голын Адуун толгой хүртэлх жараад километр газрын уртад хөтөлгөө морьтой жавар сөрж давхисан гэдэг юм. “Анх гэр бүл болчихсон, засгийн их адуу буюу арван тав, зургаан азарга адуугаа гэрийнхээ гадаа хураачихсан, арц сангаар ариулж байх тэр цаг мөчид “Батсүх ажаа мориноос унасан гэх мэдээ очиход зүрх рүү ширхийгээд л явчихсан даа” гэж аав минь хожим Хавтгайн бэлд өвөлжиж байх тэр жилийн цагаан сарын битүүний өдөр хоолой зангиран хэлснийг мартдаггүй. Тийм л нэг шаналал ч бас сар шинээр бодогдох нь бий.

Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэж манайхан ярьдаг. Хоёр мянга найман оны хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг миний бие төрсөн гэртээ очиж гаргасан. “Дотоод орон зайн урсгал” яруу найргийн номоо гаргачихсан тэр жил аавтайгаа хоёул шинийн нэгний өглөө хонио Зүрхийн энгэр өөд налуулчихаад Хөшөөтийн голоо хөндлөн огтолж Амаагийндаа дөрөө харшуулан бууж байлаа. Амаагийнх адууны хишиг уул гэгддэг Баянхангайн өвөрт өвөлжиж байсан. Хоёрдугаар сарын сүүлээр сар шинэ тохиох мөчид “урт шар дээлтэй хүн” гадаа дөрөө мулталж буй учир жигтэйхэн налгар тавиухан, малчны хотонд төлийн дуу цангинаад цаанаа л сайхан. Амаа аав хоёр баз хүргэчүүд. Гүр заан гэж нэршсэн Хишиг-Өндөрийн Хужирт, Тогтоогийн хөндийгөөр нутаглаж асан сайхан хүний хүргэчүүд болсон хүмүүс юм. Амааг Цамбын Мягмар гэдэг. Морь сайхан уяна. Ерэн зургаан онд манайхан айл аймаг зусаж байхад Амаагийн хар морь сумын наадмын түмэн эх болж голоороо л хөл хөөр, найр наадам болж билээ. Цагаан сараар Амаагийнх гэрийнхээ хоймрын унинаас агсам хар мориныхоо медалийг ёс юм шиг гаргаж зүүх нь бахтай.

Бас л нэг инээд хачиртай дурсамж сөхье. Тэр жилийн цагаан сараар Амаа гэргий Оюундаа баахан загнуулсан түүхтэй. Учир нь цагаан сарын өмнө гэргий нь биеэ үзүүлэхээр хот оржээ. Амаа хүүхдүүдтэйгээ үлдсэн байна. Мал хуйтайгаа зууралдаж байгаад сая нэг сэхээ авч сумын төв бараадан гэргийгээсээ сураг чимээ сонсохоор холбооны цагаан байшингийн үүдэнд давхиад бууж. Холбоочин бүсгүйн нөхөр нь Амаагийн найз байж. “Би буруу зөрүү дуулаад, наад утсаар чинь ярьж чадахгүй. Чи нэг яриатах” гээд мань хүнээр хот руу яриулжээ. Гэхдээ мань хоёр бас зүгээр байгаагүй, жаахан халмаг байсан нь мэдээж л дээ. Оюун эгч “Хоёр хоноод гарлаа, бие зүгээр” гэж хэлснийг “Хоёр хоньтой бушуухан ир. Би үхлээ” гэж дамжуулсан байгаа юм. Тэр үед Булганы ХишигӨндөрөөс шууд Улаанбаатар руу өнөөдөр шиг өдөр бүр машин явна гэж байхгүй. Ингээд Амаа яарч тэвдээд хэний ч билээ дээ “ЗИЛ130”ыг хөлслөөд, бензин тос хийгээд, хотод байгаа хамаатан садандаа нэг нэг хонь гаргаад, замын зардалдаа гэж жолоочдоо өвлийн идэш, өөр юу юу ч билээ өгөөд бөөн сүр дуулиан болж хотод очиж баларсан гэдэг. Ийм л яриа хөөрөө, инээд наргиан сар шинийн өдрүүдэд үргэлжлэх нь бий.

Аавынхаа дэлийг нь сумлан зассан хул хонгор морьдыг ижилсүүлж унаад Хөшөөтийн голоо өгсөх сайхан. Айл айлаар орж бэлэг түүнэ. Баасан ахынх гэж нандин сайхан айл Бага арцынхаа амыг эзэгнээд л байж байна. Гэрийнхээ хойморт, жаазныхаа дээгүүр таван хошуу малын зурагтай хатгамлыг зурваслан өлгөх нь сэтгэлд нэн дотно. Мөн ижил хоёр морины зурагтай хатгамал ч хуучныг сэргээгээд яг л хэвээрээ байж л байна. Орны явган болоод босоо хөшигтэй. Үнэхээр сайхан айл. Улсын нэртэй анчин Гүрзийн Дорж буюу Шар гуай гэж мундаг хүн байлаа. Хүүхэд их цаашлуулна. Ямар сайндаа л миний бие бага байхын Шар гуайгаас үнхэлцгээ хагартал айдаг байж билээ. Хөгшин нь Долзодмаа эгч гэж нарийн дуугаар цангинасан сайхан хүн. “Ноовын хэдэн хүүхэд ирлээ. Шар чи битгий хүүхдүүд айлгаад байгаарай” гээд угтдаг сан. Нэг жилийн цагаан сараар аав ээж хоёр айлд очоод эзгүй байх хойгуур манайд машин дүүрэн хүмүүс ирсэн нь тэр дунд Даржаа ирж билээ. Даржаа гэж өндөр хавчигар хар хүн. Би гэртээ орж чаддаггүй ээ, Даржаагаас айгаад. Удаа ч үгүй аав, ээж хоёр ирсэн. Машин дүүрэн зочид манайд цагаалж, шөнө орой болтол би үхрийн пинд чичрэн зогсч билээ. Даржаа байсгээд л “ногоон өвөө” гээд гэрээс гараад ирнэ. Сүүлд бодоход, “Тод магнай” кино зурагтаар гараад, өнөө буурал хээрийн өвгөн уяачийг хэлээд байж л дээ.

Хөшөөтийн адагт Жамбаа буюу Жанлав гуайнх нутаглана. Жанлав гуай зуны аагим халуунд зузаан гэгч хөвөнтэй дээлтэй эсгий гуталтай явна. Хот хүрээнээс ирсэн хүмүүс “пүү паа” болоод гайхаж гүйлдэнэ. Гайхшралыг нь бүр хөдөлгөж байгаа юм шиг Жамбаа эсгий гуталтай, арай л үстэй дээл, эсгий малгайтай тууж ирэх нь холгүй. Зузаан пөөнийсөн, хөвөнтэй хар дээлнээс сална гэж үгүй. Тэднийх мал ихтэй. Хэзээний мянга гаран малтай, их голын адгийн сайрыг мал нь бүрхдэг тийм л айл. Бид сар шинээр Жамбаагийнд шуугилдаад буулаа. Очих замдаа “Жанлав гуай хониндоо явчихсан эзгүй байгаасай, тэгвэл гоё доо” гэж ярилцлаа. Жамбаа байвал бас яггүй хэдэр ааштай учир бид эмээсэн хэрэг. Харин хөгшин нь сайхан зантай, бэлэг сайтай. Ингээд яваад ортол Жамбаа хойд талынхаа модон орон дээр түрүүлгээ хараад унтаж байна аа. Хурган дээлийн үзүүр хормойгоор хучсан шиг улаан шаргал торгон өмдөө салбайлгаад унжуулчихсан жигтэйхэн амьтан хурхирч байна. Хөгшин нь цай цүй гээд бууз жигнэх гэтэл бид дуу дуугаа авалцан “хэрэггүй хэрэггүй, бууз идэхгүй яарч явна л” гэлээ.

Хүүхдүүд байж байгаарай бэлгийг нь өгөөдөхье гээд эрэгнэгийнхээ хажуу талын хуучны модон авдрыг ухахтай зэрэгцээд нохой хуцаад явчихлаа. Хүүе хайя гэхийн зуургүй голын зүүн талаар нутагладаг Түмэнцогоо ах ороод ирдэг юм. Мань хүн нэлээн улаан зээрд болчихож, Жамбаа ахдаа золгоно шууд хоймор руу зүтгэчихлээ. Бид болохоор Жанлав гуайг сэрэхээс өмнө бэлгээ авчих санаатай сууж байдаг. Цогоо ах очоод хэд хэд нудчаад авбал Жамбаа нэг нүдээ аниад ууртай нь аргагүй босоод ирдэг юм. Цогоо ахтай мэнд ус мэдсэн ч юмгүй шууд л “юун хүүхдүүд вэ, гарцгаа” гэх нь тэр. Бид зэрэг шахам босч үүд рүү чихэлдэн дайрцгаагаад, босго даван хоёр гурваараа хэлхэлдэн унаж, уухайн тас алга болов. Бүгд л Түмэнцогоо ахыг зүхэж явсан сан. Цагаан сар дөхөөд ирэхээр ийм л нандин дурсамжууд сэтгэлд буух нь сайхан.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Фулбрайтын мастерын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй 2018-2020 оны Фулбрайтын хөтөлбөр зарлагдлаа. Тодруулбал, Америкийн Нэгдсэн Улсын манай улс дахь Элчин сайдын яам Фулбрайтын мастерын хөтөлбөрийн өргөдөл хүлээн аваад эхэлжээ. Хөтөлбөрийн өргөдлийг тус Элчин сайдын яамны байранд ирэх гуравдугаар сарын 27-ны 12:00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөрт тооцогддог бөгөөд одоогоор дэлхийн 150 гаруй оронд хэрэгжиж байгаа юм байна.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй энэхүү хөтөлбөр нь манай улсад 1994 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед жилд 4-5 оюутанг уг хөтөлбөрт хамруулдаг байжээ. Харин 2011 оноос манай улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан хоёр дахь Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-наас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон байна. Ингээд нэг жилд дунджаар 13-15 оюутан хамруулсаар иржээ. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг сонгон шалгаруулах ажил нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун нь хөтөлбөрөө эхлүүлдэг байна. АНУ дахь мастерын хөтөлбөрүүдийн дийлэнх нь 1-2 жил үргэлжилдэг, уг хөтөлбөр ч мөн ийм хугацаатай. Гэхдээ Фулбрайтын тэтгэлэгт гэр бүлийн гишүүдийг хамтад нь хамруулдаггүй ажээ.

ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГТ ЯМАР ЗАРДАЛ БАГТАХ ВЭ?

Тэтгэлэгт хөтөлбөрт суралцагчийн амьдрах байр, хоол хүнс болон бусад холбогдох зардлын тэтгэмж, сургалтын төлбөрийг бүтнээр нь, хөтөлбөрийн удиртгал уулзалтанд оролцох буудал, хоол, эрүүл мэнд, сургалтын зэрэг бүх зардлыг даадаг байна. Мөн суралцагчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар бүрэн хангагддаг ажээ. Түүнчлэн визний төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үүнээс гадна аяллын тэтгэмж олгодог бөгөөд суралцагчдад ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгодог ажээ. Мөн хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэргийг худалдан авах тэтгэмжтэй байдаг аж. Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгаа чиглэлээр зарлагддаг байна.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАГЧДАД ТАВИГДАХ ҮНДСЭН ШАЛГУУР

Хөтөлбөрт хамрагдах оролцогч Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин суудаг байх. Мөн хамгийн багадаа 1.5 жилийн ажлын туршлагатай, дээд боловсролтой буюу бакалаврын зэрэгтэй. Англи хэлний TOEFL эсвэл IELTS-ийн хүчин төгөлдөр оноотой байх шаардлагатай аж. Суралцах чиглэлээсээ хамааран IBT 80, PBT/IPT 550, IELTS 6.5 юм уу IBT 90, PBT/IPT 575, IELTS 7.00 зэрэг оноотой байх ёстой юм байна. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон бол уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно. Тухайлбал, АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд уг хөтөлбөрт өргөдөл гаргах эрхгүй юм байна.

ФУЛБРАЙТЫН ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ ВЭ?

Нэгдүгээрт, Фулбрайтын өргөдлийн маягт бөглөнө. Ингэхдээ өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ны вэб сайт дээр тавигдсан байгаа юм байна. Хоёрдугаарт, тодорхойлох захидал бүрдүүлэх. Тухайлбал, таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээр тодорхойлолт бичүүлээд захидалд хавсаргана. Тодорхойлох захидлыг зөвхөн англи хэл дээр хүлээн авах ба монгол хэлнээс нотариатаар хөрвүүлсэн баталгаат хуулбарыг нь давхар хавсаргаж болно. Гуравдугаарт, яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа, хөтөлбөр дууссаны дараа юу хийхийг хүсэж байгаа талаараа товч буюу хоёр хуудсаас ихгүй эссэг англи хэлээр бичээд материалд хавсаргана. Дөрөвдүгээрт, их дээд сургууль төгссөн дипломын баталгаат хуулбарыг англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана. Хөтөлбөрт хамрагдах өргөдлийн материалыг буцаан олгохгүй бөгөөд өргөдлийг Элчин сайдын яам руу зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.

ӨРГӨДЛИЙГ БӨГЛӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Өргөдлийг англи хэл дээр, электрон хэлбэрээр бүрэн зөв бөглөнө. Мөн өргөдлийн маягт дээрх бүх асуултад хариулах хэрэгтэй. Бүрэн гүйцэд бөглөөгүй өргөдлүүдийг техникийн хувьд шалгуур хангаагүй гэж үздэг аж. Хэрвээ өөрт холбогдолгүй асуулт гарвал N/A гэж бичнэ. Өргөдлийг компьютер дээр бөглөсөн байх. Гараар бичсэн өргөдлийг тэнцээгүйд тооцдог байна. Эссэ нь тухайн өргөдөл гаргагчийн өөрийн санааг тусгасан байх ёстой. Өөр зорилгоор, хаа нэгтээ хэрэглэсэн өргөдөл байж болохгүй. Бусдын ажил, санаанаас тэмдэглэсэн бол заавал дурдах шаардлагатай. Өргөдлийн эссэний хэсгүүдийн үг болон тэмдэгтийн тоог анхаарч, заасан тэмдэгтэд багтааж бичнэ.

ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ?

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан хүмүүсээс соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг хийж, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, чадамжтай иргэнийг сонгодог байна. Ингэхдээ эхлээд техникийн шалгалт авна. Техникийн шалгалт гэдэг нь өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэх, хавсралт материалууд бүрэн байгаа эсэх, өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хэр хангасан зэргийг хянадаг байна. Ингээд техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Өргөдлийг дор хаяж гурван хүн уншиж шалгана. Ингээд анхан шатны шалгаруулалтаар өргөдөлтэй танилцаж, ярилцлагад дуудах өргөдөл гаргагчдыг сонгоно. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад биеэр ирж оролцохыг урина. Ярилцлагыг ЭСЯ-ны, АНУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж ирсэн төгсөгчдийн төлөөллүүд авна. Ингээд ярилцлагыг удирдан явуулсан хүмүүс дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх хөтөлбөрт оролцогчийг сонгон шалгаруулна. Харин эцсийн шалгаруулалтад FSB-ээс зөвшөөрөгдсөн оролцогчдод хөтөлбөрт хамрагдах эрх олгох юм байна.

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САНҮҮЖИЛТТЭЙ ФУЛБРАЙТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАРААЛАЛ

2-4 дүгээр сард хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээн авах бөгөөд дөрөвдүгээр сард техникийн шалгуурыг хийж, өргөдлийг шалгана. Харин тавдугаар сард Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцлага хийнэ. 7-10 дугаар сарын хооронд шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэл хийж, IBT, GRE/GMAT зэрэг шалгалтуудыг өгдөг. Ингээд 10-12 дугаар сард АНУ-ын их, дээд сургуулиудад элсэлтийн өргөдлийг илгээнэ. Харин 1-4 дүгээр сард элсэлтийн өргөдлийн хариу хүлээнэ. 5-6 дугаар сард элсэлтийн өргөдлийн хариуг зарлаж, Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна. Ингээд 7-8 дугаар сард хөтөлбөр эхэлж, тэнцсэн оролцогчид АНУ-ыг зорино.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сар ба Хар зурхай

НЭГ. ХАР ЦАГААН ХЭЛ АМНЫ ШАЛТАГ

Бид өнөөдөр хоёр “цагаан сарын шинийн нэгэн”-ий хооронд түр оршиж байна. Хятадынх (буюу Япон, Солонгос гэхчилэн Хятадын соёлын нөлөөний бүсийн)болоод өнгөрсөн, Төгс буянтынх (буюу Монгол, Түвд, Балбад хэрэглэдэг) сарын дараа гэдэг утгаар ч тэр, энэ хоёр тооллын алин нь зөв бол гэдэг эргэлзээгээрээ ч тэр.

Сүүлийн хориод жилд буюу иргэд өөрийн бодолтой байх эрхтэй болсон цагаас хойш энэ эргэлзээ бий болсон. Үнэн хэрэгтээ, хамаг зовлон цаг тоололд байгаа юм биш. Хэн нэг нь зөв тоолоод, нөгөөх нь алдаад байгаа ч юм бүр биш. Цагаан сарын зөв буруу, золголтын оносон оноогүйн тухай маргаан нь огт өөр зүйлээс шалтгаантай.

Юуны өмнө, бусдаас өөр саналтай байж харагдах хөдөлгөөн, монгол ардчиллын анхан шатны үзэгдэл гэж харууштай. Энэ үзэгдэл хоёр шалтгаантай. Нэг талаас зөвхөн нам засгийн саналтай байхаас өөр эрхгүй нийгэмд залхсаных, өөрийн гэсэн байр суурь гээч юмаар нэгэн жарны турш цангасных.

Нөгөө талаасаа, дөнгөж хотшиж иргэншиж байгаа нүүдэлчин хүнд илэрч байгаа нийгмийн айдас. Хээр талдаа, уул уулын аманд зожигрон оршиж, “бор гэртээ богд” болж явсан малчин нүүдэлчид хотшиход үүссэн айдас. Юунаасаа гэж үү? Хотшил хэмээх хүмүүн далай дунд дусал төдий болон шингэж байгаагаа мэдэрснээс үүдсэн айдас. Хотшилын далайд “би”-гээ авч үлдэх зөнтэй холбоотой ч гэмээр юм уу. Ямар нэгэн юмны эсрэг байж, тэр утгаараа өөрийн бодолтойгоо харуулж, өөрийгөө болон өөрийн бодлоо зөвшөөрүүлэх, ийм аргаар “би”-гээ хамгаалах зөн ч гэмээр юм уу.

Хотшил, иргэншлийн далайд цүлхийн унасан, өөрийгөө сэлж чадахгүй гэж айсан малчны, сарвалзаан, ус үсчүүлсэн самралт, нүүдэлчний мэгдэл сандралаас улбаатай. Нийтийн санаа бодлыг дэмжээд явчих гэхээр өөрөө бүдгэрээд, бусдад уусаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бололтой. Хамаг малаа айлын сүрэгт нийлүүлчихсэн хоньчин, эсвэл айлын хонь хариулж, тогоо руу нь өнгийн амьдарч яваа буурай нүүдэлчнийх шиг гутрал төрөөд, тэр нь хатгаад байдаг болтой.

Мэдээж энэ “дажин” дунд олны дундаас товойх гэсэн популистуудын хөдөлгөөнөөс эхлээд манай ном хэвлэлийн зах зээлд тэргүүлэх байртай “Малчны” гэгдэх календарийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн ч зохих байраа эзэлж л яваа.

Үнэн хэрэгтээ байдал огт өөр. Харин ч “Ганц дусал тэр дороо л ширгэнэ, харин далайд нийлсэн дусал нь далай ширгэтэл оршино” гэж дорнын мэргэн ухаан сургадаг. Өрнөдийн иргэншил, ардчиллын философи ч тэр. Бид өөрийнхөө “би”-г зөвшөөрүүлэхийн тулд бусдыг буюу яг л чам шиг өөрийгөө зөвшөөрүүлэх хүсэлтэй “чи”-г хүлээн зөвшөөрөхөөс эхлэх ёстой. Зөвхөн “чи”-г хүлээн зөвшөөрсөн “би” л хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг номтой. Даанч, мэдэхгүйн зовлон гэдэг бол үнэнийг халхалсан “цагаан хэрэм” байдаг хойно яалтай ч билээ.

Бид, энэ дүрмийг яс махаараа мэдрэх анхан шатны курстээ л явж байгаа.Дараагийн курсээр “чи”-гийн юуг зөвшөөрөх, “би”-гээс юугаа зөвшөөрүүлэх гэж оролдохгүй байхыг сурна. Энэ мэт цаашаа явна.

Цагаан сарын маргаан улангассан шинжтэй байхаа нэгэнт больжээ. Тэрч байтугай, шарын зурхайг сурталдагч заримууд хүртэл чив чимээгүй Төгсбуянтын тооллоор золгодог, тэрийгээ нуудаг болсон гэж дуулдсан. Үнэн байх аа. Ямар ч шашинтай байлаа гээд монгол анимист (бурхны хөргөөс эхлээд хад чулуу, мод овоо, юунд л бол юунд мөргөх ёсон) л болсон хойно “нээрээ буруу өдөр золгоод хамаг юм буруугаар эргэх юм биш байгаа” гэж айж л таарна. Угаасаа ч “би”-гээ илэрхийлж, өөрийгөө олон түмний хөлгүй далайд живүүлэхгүй гэж л самарсан болохоос биш, зөв буруу шинэлэх нь тэртэй тэргүй хоёрдугаар асуудал.

Тэгж ярих юм бол, Төгсбуянтын зурхайгаар сүүлийн 300-гаад жил энгийн ард, сүм хийд нь шинэлж ёсолсон. Болоод ирсэн. Сайн саар бүгдийгээ түүнтэй холбовол ч холбохоор. Хэлмэгдүүлэлт, хөрөнгө хураалтаас эхлээд, хотын утааг хүртэл тэрнээс болсон гэж чихэж болохоор. Бас сайн бүхнээ тэрэнтэйгээ уяж, хоёр хэт гүрний завсарт аваад үлдсэн тусгаар тогтнол, эрх чөлөө, өнөөгийн соёл боловсрол, ололт бүхнээ зөв шинэлсний буян гэж магтаж ч болохоор, ийм л юм.

ХОЁР. ЭРТЭЭС УЛБААТАЙ “ХОС ШИНЭ ЖИЛ”

Монголчууд сүүлийн 300-гаад жил хос шинэ жил тэмдэглэсээр иржээ. Чин гүрний вассаль байсан Гадаад Монголд хоёр шинэ жил тэмдэглэдэг байжээ. Нэгэнт Манжийн төрийн хараат байсан учраас тэдний тооллыг хүндэтгэнэ. Гэхдээ төрийн ажил албаны хүрээнд. Гадаад Монгол, автономит Монгол, Ардын засаг гээд гурван төрд албан хаагч явсан Г.Навааннамжил гуайн тэмдэглэн үлдээснээр “…хар зурхай бол түвд ёсны зурхай, шар зурхай хэмээгч Хятадын цаг улирлын тооны бичгийг өгүүлнэ…шар зурхайн шинийн нэгэнд төр талын манж хятадын яамууд, ба Монголын хот хөдөөгийн аймгийн чуулганы дарга, жанжны жасаад, олон хушуу тамгын газар шинэлнэ. Дараахь хар зурхайн шинийн нэгэнд шашны талын хүрээ хийгээд сүм дуган бүр шинэлнэ…”1 гэнэ. Шар зурхайн календарийг Бээжинд зохиогоод өөрийн дотооддоо болон Гадаад Монголд зохих шугамаар хүргүүлдэг байжээ.

Хүн ам нь бүхлээрээ шарын шашинтай, Оройн дээд Богд ламаа нийтээрээ дээдлэн шүтсэн монголчуудын хувьд Сүм хийдийнх нь дагадаг хар зурхай бүх нийтийн шинэ жил болж таарна. Төрийн зүтгэлтэн, ихэс дээдэс, сайд түшмэд гэхээр эцсийн дүндээ, шарын шашинтан, хуврагууд, үнэнч сүсэгтнүүд л байгаа.

Харин 1911 онд Манжийн нөлөөг халан улс төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаар энэ заншил өөрчлөгдөж “…Монголын тусгаар тогтносон, автономитын засгийн үед хүрээний зурхайч дацангийн дан зурхайч нар зохиож (тэр жилийн хуанлигаа.зох) тогтоолгон Дотоод яамнаас модоор сийлж хэвлэн нийтэлдэг”2 болсон аж.

Манжийн үеийн Гадаад Монголын төрийн албан хаагчид шар зурхайн шинэ жилээр бүтэн сар амардаг байжээ. Төрийн ажил алба амрах энэ үеийг “Тамга битүүмжлэх” хэмээн нэрлэнэ. “Аймаг хошууд ба бүх албан газар нь цөм нэгэн зэргээр өвлийн сүүл сарын хорьдийн үеэс дараа жилийн цагаан сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаагаар тамга битүүмжилдэг хуультай байв.Тамга битүүмжлэх ёслол хийнэ. Төрийн албан хаагчид амарна…энэ завсар хэрэг байцааж, эрүү шүүлт үл явуулна…Энэ зуур бичиг явуулахад хүрвэл тамга дарах учиртай зайн дээр улаан бийрээр “тамга битүүмжилсэн” гэсэн цохолт хийдэг”3 байжээ.

Гадаад Монголын үеийн шар зурхайн цагаан сар нь Манжийн төрөөс хараат байгаагаа хүлээн зөвшөөрөх ёслолын чанартай үйл явдал байсан аж. Монголд суугаа амбан, жанжинд очиж хүндэтгэл илэрхийлэхээс эхлээд өндөр дээдэс ихэс ноёд Бээжин орж Манжийн хаантай мэндлэх дүрэмтэй байв. “Энэхүү шинэ жилийн баярыг Манжийн хаан ба улс даяар нэгэн адил явуулдаг учраас Монголын феодалууд манж Хятадтай зууралдсан ёслол хүндэтгэлийн ажил ихээр гарна. Олон ван гүнгийн зэрэг засаг ноёд тамга бүхий хутагт нарыг Бээжингээс ээлж дараалан дуудуулж манжийн хааны амгаланг эрэх жасаанд оруулдаг байсан”4 ажээ. Яг л ХХ зууны БНМАУ-д Зөвлөлтөд үнэнчээ илэрхийлэн тэднийд хэрэглэдэг тооллыг авсан төдийгүй Октябрийн хувьсгалынх нь ойг үндэсний баяр болгоод арваннэгдүгээр сарын 7-нд амардаг, ЗХУКН-ын их хурлуудад очиж, шийдвэрийг нь Монгол даяараа сурталчилдаг байсантай агаар нэг зүйл. Монголын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал ба түүний гэргий Анастасия Ивановна нар их төлөв Москвад шинэ жилээ угтах тул Улаанбаатарын “Төв хорооны ёолк” нэг бус удаа “генсек”-гүй зохиогдож байжээ.

Наадам наргианд дуртай, нийлж цэнгэх боломжийг алддаггүй нүүдэлчид эдгээр Зөвлөлт маягийн баяруудыг халуун дотноор хүлээн авч өөриймшүүлсэн бөгөөд өнөөдөр ч Халловены, Валентины гэх мэт шинэ шинэ баярууд нэмэгдсээр байна.

Бас нэг сонирхолтой зүйл бол бөө мөргөл, тэнгэрийг тахих ёсноос үүдэлтэй галын тахилга хэмээх зан үйлийг Богд гэгээнтэн хүртэл үйлддэг байсан явдал юм. “Богдоос эхлэн олон ноёд ардууд хааныг тахина хэмээн Чингисийн үеэс улбаатай гэх галын тахилгыг өвлийн сүүл сарын 23-24-нд хийж байсан”5 ажээ. Гэхдээ ёслол нэлээн өвөрмөц, шарын шашны гэхээсээ илүү уламжлалт мөргөлийн шинжтэй байжээ. Богд Жавзандамба хутагт ёслолыг сүм хийдэд үйлддэггүй, харин ордны хашаанд байх “Тосны” гэр гэдэгтээ гурван чулуу тулан гал асааж үйлдэнэ. Үүнийг ноёд ба ардууд ч бас үйлдэх ба Чингис хааны үед зохиогдсон гэх монгол үсгээр бичсэн судрыг зэрэг жинс бүхий төрийн хар хүн барин сууж галаа тахидаг6 байсан байна.

Өнөөгийн монголчууд ч гэсэн хоёр тоололтой. Григори папын шинэчилсэн тооллоор манай төрийн он тоолол явдаг. Бидний төрсөн он сарыг энэхүү Загалмайн мяндагтны нэртэй хуанлигаар бүртгэсэн тул, Христос мэндэлсний 1952 онд төрсөн гэх байдлаар тэмдэглэгдэнэ. Хэрвээ та, ажилд орох маягтыг “цагаан морин жилийн хаврын дунд сарын шинийн найманд төрсөн” гэхчилэн бөглөвөл хүчингүйд тооцогдоно.

1930-аад оноос өрнөдөд буюу Орос, Франц, Германд боловсрол эзэмшсэн залуусын нөлөөгөөр Загалмайн тооллын шинэ оныг тэмдэглэх ёслох соёл нэвтэрчээ. Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг нарын сэхээтнүүд ХХ зууны гучаад онд “Ёолк” тэмдэглэж буй зураг олонд түгсэн байдаг. Харин дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр Монгол Улс Григорион тоолол болон кирилл-монгол үсгээр төрийн хэргийг хөтлөх болжээ.

Гэхдээ л монголчуудын сэтгэл оюуны гүнд үл ажиглагдам тодотгол, зааг ялгаагаар уламжлалт тооллын мэдрэмж нь шингэн үлдсэн байдаг. Жишээлэхэд, хоёр хүн “он гараад уулзъя” гэвэл Григорион тооллын утгатай, харин “жил гартал хүлээе” гэвэл Төгс буянтын зурхайн агуулгатай ойлгогдоно.

ГУРАВ. ЦАГААН САР БА ХАР ЗУРХАЙ

Үнэндээ бол зурхайг хар цагаанаар нь дуудах гэсэн юм бол биш. Угаасаа бидний ёслон дагадаг зурхайг хар зурхай гэдэг аж. Хар гэдэг үг падан хараас гадна олон утгатайг судлаачид хэлдэг. Хар кидан гэхээр афро-монгол үндэстний улс байгаагүй шиг, төрийн хар хүн гэхээр Монголын төрд зүтгэхээр Африкаас ирсэн хүмүүс гэж ойлгодоггүй, хар феодал гэхээр нүүрээ угаадаггүй алтан ургийнхан гэж тайлбарладаггүй шиг.

Судлаачдын хэлж байгаагаар “Хар” гэдэг “умарт” буюу “хойд зүгийн” гэсэн бас нэг утгатай. Хууччуул, “хар Хятад” ба “Цагаан Хятад” хэмээн хэлцдэг нь одоогийн хятад ба вьетнамчуудыг умард ба өмнөдийн Хятад хэмээн авч үздэг байсантай холбоотой аж.

Бас хар гэдэг үгэнд энгийн, жирийн гэсэн утга ч буй. Хар ухаан, хар аяандаа, хар ажил гэхчилэн. ХХ зууны эхэн үед Японыг “хар Орос” гэдэг байсан нь сонин. Орос гэдэг нь өрнө зүгийн соёлтны нэр7 ба япончууд нь жирийн ангиллын (цагаан арьстан биш) орос буюу өрнөдийн жишгээр хөгжигч шар арьстны улс гэсэн утгатай байх магадгүй.

Энэ утгаараа, хар зурхай нь умард зүгийн одон зурхай гэсэн утгатай ч байж мэднэ.(Умар зүгийн Жавзандамбын шашинтан гэж өөрсдийгөө авч үздэг Богдын шавь нар хийгээд, Бурхан багшийн “Миний шашин умраас умар зүгт дэлгэрнэ” гэх лүндэнг бодолцсон ч тэр) Бас дэлхийн умард хагасын хойд хэсэгт тодорхой үзэгдэх од эрхсийн байршлыг ашигласан гэдэг утга ч байж магадгүй. Ямар ч байсан падан хар зурхай гэсэн өнгөний утга л лав үгүй байх.

Цагаан сарын түүх ч гэсэн үргэлж дардан цагаан явсангүй. ХХ зууны гучаад онд нугалаа завхралын давалгаан дор “феодалын баяр” хэмээн хоригдож, хүрээнийхэн нууж хааж шинэлэхдээ тулж байснаа “Шинэ эргэлтийн бодлого”-оор түрхэн зуур өөрчлөгджээ. Удалгүй, 1952 онд маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барсан тул цагаан сарыг нийтийн гашуудлын өдөр болгосон төдийгүй цаашид тэмдэглэхийг нь хорьж байжээ.

Өөрийн орны төрийн тэргүүн болон эрхшээлд нь явдаг улс орны удирдагч таалал төгсөхөд зарласан гашуудал нь үндэсний баяртай давхацсан учраас “алгасах” тохиолдол угаасаа байжээ. Манжийн эрхшээлийн үед ч ийм явдал тохиолдсан удаатай аж. Г.Навааннамжилын “Өвгөн бичээчийн өгүүлэл” (Улаанбаатар.1956) хэмээх дурсамжид “…гэтэл Бадруулт төрийн 34 дүгээр онд Бадруулт төр хаан, эх Хуан тайхугийн хамт нас барав гэж зарлал ирж, Монгол нийтээр бэлэвсэрч… баяр ёслол үйлдэхгүй…аливаа хүн үс гэзгээ самнуулахгүй 100 хоног болов…тэр жилийн хаврын тэргүүн сар шинэлж цагаалалгүй өнгөрч дараа жил шинэлж байхыг үзсэн болно”8 хэмээн бичсэн байдаг. 1952 оны “хориг”-оос ялгаатай нь тэр жилийнхээ цагаан сарыг хориод, дараа жилээс нь хэвийн цагаалах болсон аж.

Харин 1959 онд амины малыг албадан нийгэмчилснээр иргэний бүхий л хувийн өмчийг хурааж дууссан ба энэ ажлаа дахин нийгэмчилгээгээр (1962)баталгаажуулжээ. Социалист үйлдвэрлэлийн харилцаа нэгэнт ялсныг (Хувийн өмчгүй нийгэм байгуулсан) тохиолдуулан нэгдлийн мал маллаж буй иргэдэд “Нэгдэлчдийн баяр” нэрийн дор цагаан сар тэмдэглэхийг зөвшөөрчээ, 196О-аад оны эхээр.

Чухам энэ үеэс нэгдэлчдийн баярын бөх буюу ардын хэллэгээр “цагаан сарын бөх” хэмээх хамгийн нэр хүндтэй барилдааны түүх эхэлжээ. Цагаан сарын барилдаан нь хэдийгээр цол олгодоггүй боловч хамгийн хүндтэй, хамгийн шударга үнэнч барилдаан хэмээн үнэлэгдсэн хэвээр байна.

Харин шинэлж цагаалах ёсон нь огт тасраагүй бөгөөд зарим хэсэг нь Григорион тооллын 1 сарын 1-нд хамтатган тэмдэглэж, нөгөө хэсэг нь нууц байдлаар орой үдэш гэртээ ёслох зэргээр үйлдэнэ. Үзэл суртлын томоохон байгууллагууд ч гэсэн сүүлдээ өнгөн дээрээ цагаан сарыг буруушаах маягтай боловч цаанаа “нам тэмдэглэж, сэм золгодог”9 болжээ. Нийслэлийн албан хаагчид, нутгийн хотын иргэд ёолкноор таваг засан золгож байсан байна. Тун боломж муутай зарим нь ахмад настандаа “айл хэсэх” дүрээр очиж золгон ёс гүйцэлдүүлнэ. Харин хөдөө сумдын төрийн байгууллага, сургууль соёлын газар шинийн нэгэнд амарч “Нэгдэлчдийн баяр” тэмдэглэнэ.

Алив улс үндэстэнд үл тасалдах уламжлал, нандин зүйлс байдаг. Тэрний нэг нь шинэ жилээ тэмдэглэх ёсон. Бусдаараа бол өнөөгийн хүмүүс ижилсэж, дэлхийн иргэн болцгоож, түүнийгээ даяаршил, хавтгай болсон дэлхий гэж томьёолж байна.

Харын зурхайн Цагаан сар бол хаалттай битүү социалист лагерт ч, даяаршиж нээгдсэн өнөөгийн нийгэмд ч биднийг монгол болгодог, монгол байлгадаг эрхэм ёсны нэгэн. Бид бүгдийг монгол харагдуулдаг, цагаан сар мину.

Даяаршсан ертөнцийн их далайд бид өөрийн цагаан сар, ёс заншлаар далбаа хийж, монгол гэдгээ тунхагладаг. Иргэншил даяаршлын их далайд нийлэхгүй бол оршихгүй, өөрийн гэсэн далбаатай хөвөхгүй бол тогтнохгүй, ийм л юм.

1 Г.Навааннамжил: Цагаан сарын үүслийн учир. Галсангийн Навааннамжилын бүтээлийн дээжис. ЗГХЭГ.УБ.2011.325 тал

2 Мөн тэнд. 325 тал.

3 Ц.Сономдагва. Манжийн захиргаанд байсан үеийн ар монголын засаг захиргааны зохион байгуулалт (1691-1911) Улаанбаатар. ШУАХ. 1961. тал 54

4 Г.Навааннамжил:Цагаан сарын үүслийн учир. Галсангийн Навааннамжилын бүтээлийн дээжис. ЗГХЭГ.УБ.2011.325 тал

5 Мөн тэнд тал 328

6 Мөн тэнд. тал 328

7 И.М.Майский. Орчин үеийн Монгол. Улаанбаатар.2001. 118 тал.

8 Б.Цэнддоо. Иргэншлийн замд:Монголын соёлын альманах. 169 талыг үзмү

9 Мөн тэнд. 170 талыг үзмү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр: Хуучны аялгууг л “ухмаар” санагдаад байна

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Дамбын Ганбаяртай ярилцлаа.


-Монголын рок поп урлагт “Хурд” хамтлаг өөрийн гэсэн гайхалтай түүхийг бүтээж, хорин тав дахь жилдээ дуулж байна. “Хурд”-ынхны тухай мэдэхгүй хүн гэж үгүй. Та урлагтай холбогдсон тэр л түүхээ эргэн нэг сөхөж яривал сонин байх болов уу?

-Эргээд өнгөрсөн түүхээ ярихаар бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг. Урлагтай холбогдсон 42 дахь жилтэйгээ золгож байна даа. Төмөр замын соёлын ордны тайзан дээр 1975 оны аравдугаар сард анх пионерийн дуу дуулж, тэндээс миний урлагийн замнал эхэлсэн. Эдүгээг хүртэл гитар, бөмбөр, рок попын ертөнцтэй нөхөрлөж явна. Энэ замнал бол гайхамшигтай, адал явдалтай, басхүү гуниг төрүүлсэн үеүд байлаа. Заримдаа тайзнаасаа хөөгдөх гэж байгаа ч юм шиг хүмүүст янз бүрээр хэлүүлэх үе ч байсан. “Тайзнаасаа буугаач ээ” гээд л… Бүх зүйл дардан байгаагүй.

Манай “Хурд” хамтлаг үүсэн байгуулагдаад 24 жил болж байна. Миний урлагт өнгөрүүлсэн дөч гаруй жилийн цаг хугацааг хамтлагаараа нэхэж, хөөж явна даа. Тэртээх 1987 онд суудлын вагон депогийн хажууд “Хурд” хамтлаг байгуулагдаж байлаа. Одоо тоглож байгаа үе маань “Хурд” хамтлагийн хоёр дахь үе. Анх ажилчид цугласан газар заавал дуу хөгжим байх ёстой гэж бодож байгуулж байсан. Цахилгаан хөгжимжүүлж байсан тэр ашгаар л “Хурд” хамтлаг байгуулагдсан юм. Яг энэ бүрэлдэхүүнээрээ 1991 оноос бэлтгэлээ хийж, 1993 онд анхны тайлан тоглолтоо тавьж байсан түүхтэй.

-Хөдөлмөр хүнийг босгодог гэдэг. Та дөч гаруй жилийн дараа харахад энэ их хөдөлмөрөө юутай зүйрлэх вэ?

-Уран бүтээлч хүнд тэсвэр тэвчээр маш их шаардлагатай. Эстрад урлаг Монголд хөгжөөд тавиад жил болж байна. Үүний 25 жилд нь “Хурд” хамтлаг дуулж байгаа. Урлаг бол тэсвэр л гэж хэлмээр байна. Хоолтой, хоолгүй хонох үе бишгүй гарна. Тэр байтугайд тэвчээртэй хандаж байж л амжилтад хүрнэ. Түүнээс биш урлагийн хүн гээд том том зохиолчдын бэлэн ноотыг харж дуулаад, том зохиолчдын хөгжмийг тоглоод шууд уран бүтээлч болно гэж үгүй. Уран бүтээлч хүнд сэтгэл, итгэл үнэмшил, ирээдүйгээ зөв харах эрмэлзэл гэж байх ёстой юм.


-“Хурд” хамтлагийн эх орны сэдэвтэй дуунууд сонсогчдыг уйдааж байгаагүй. Ялангуяа алс хол яваа монголчуудын хувьд нутгаа санаж бэтгэрсэн сэтгэлийг нь ёстой нэг дэвтээх шиг сайхан сонсогддог гэцгээдэг. Одоо харин аядуу намуун дуунууд дээр ажиллаж байгаа юу, эсвэл хүнд рок чиглэлийн дуунууд дээр ажиллаж байна уу?

-Ер нь “Хурд” хамтлаг өөрийн өнгө төрхөө алдаж болохгүй. Алдвал “урлагийн банзал” гэж ярьдаг шүү дээ. Тийм л болно. Гоё болгон дээр үсэрч очоод, гоё юм болгоныг өмсөөд л байж болохгүй. Одоо тийм зүйл мэр сэр харагдаад байна шүү дээ. Монголын урлагийн бурхад болсон мундаг дуучдын дууг өөрийнхөө хоолойны хэлбэрт тааруулж дахин дуулж байна. Гэтэл тэр мундаг улсуудын бүтээсэн, туурвисан хэмжээнд хүрч чадахгүй явдлууд гарч байна. Тийм учраас хүн өөр өөрийн өнгөөр, өөрийнхөө дуу хоолойгоор л байх ёстой. Өөрсдөө шинэ юм бүтээхийг эрмэлзэх хэрэгтэй. Түүнээс биш амттан бүрийг авч идээд байвал ядаж л гэдэс өвддөг биз дээ. Таарах, таарахгүй юм гэж байна. Яг үүнтэй адил урлагт зохих, зохихгүй юм гэж байдаг учраас бодох л хэрэгтэй.

-Сэтгэлийн ухаарал гэж юм байдаг. Танд ухаарал юуг өгүүлж байна вэ?

-Сэтгэлийн ухаарал гэж юм байдаг. “Хурд” хамтлаг жанр стилиэ алдаагүй. Үнэхээр олон жил болоод ирэхээр сэтгэлийн ухаарал гэж чиний асуугаад байгаа чинь урлагт их мэдрэгддэг. Улам монголжуу бүтээл хиймээр санагдаад, улам л эрт үед манай Монголын урлаг ямар байсан бол гэж бодогдох юм. Сүүлийн үед этник чиглэл дэлгэрч гарч ирж байна. Манай ардын урлаг хөөмий, морин хуур, товшуур хөгжмийг тоглож байгаа хамтлагууд бий. Яг үүнтэй нэгэн адил орчин үеийн хөгжимд хуучныхаа хөгжмийн зэмсгийг эргэн оруулж сэргээх үйл хэрэгт миний хувьд түлхүү ажиллаж, их юм судалж, үзэж байна.

“Хурд” хамтлаг эх орон, элгэн садан, хайр гээд монгол хүний зүрхэнд шигдэж явдаг тэр эх оронч сэтгэлгээгээр залуучуудыгаа хүмүүжүүлж, эх орон гэдэг чинь юу билээ гэдгийг уран бүтээлээрээ дамжуулж хэлэх гэсэн тэр арга барил маань яг хэвээрээ байгаа гэдгийг л хэлмээр байна. Олон сайхан эх орны сэдэвтэй дуу хийсэн. Бидний үндэс угсаа нэгтэй Өмнөд Монголоос хүртэл өөрсдийнхөө ёс заншлыг харуулсан дууг дуулуулах саналыг ирүүлдэг болсон. Түрүүчээс нь ч эхлээд явж байна. Бид л хийхгүй бол хэн хийх вэ. Монгол туургатан ахан дүүс бид чинь нэг л үндэстэн. Тиймээс тэр нэгдлийг “Хурд” л хийх ёстой гэж боддог.

-Ардын урлагийн хөгжмийн зэмсгүүдийг судалж, сонирхож байгаа гэлээ. Тухайлбал ямар хөгжмийг илүүтэй сонирхож байна вэ?

-Одоогоор эртний хөгжмийн зэмсгүүдийг сонирхож байна. Товшуур хөгжим, ятга, хөөмий, хархирааны сонгодог хэлбэрүүдийг оруулаад “Хурд”-ын орчин цагийн хөгжимтэй хослуулан хоёр гурван дуу хийчихсэн байна. Түмэн олонд одоогоор хараахан түгээгүй байна. Нэгэн найзынхаа захиалгаар “Ижийгээ баярлуулах гэж хүү нь тандаа ирсэн” хэмээх нэртэй товчхондоо “Ээж” гэдэг дуу хийсэн. Энэ дуун дээрээ уртын дууны шуранхайг орчин цагийн хэмнэлтэй хослуулах оролдлого хийсэн. Монголчууд морин хуур, уртын дууны шуранхай орчин цагийн хэмнэлтэй хослохоороо ямар сайхан дуугардгийг мэдрэх болно. Удахгүй клипжүүлнэ. Мөн “Амар мэндийн дуу” гэж байна. Бас л хуучны гоё дуун дээр хөөмийг оруулсан. Ер нь бол хуучны аялгууг л “ухмаар” санагдаад байгаа. Сүүлийн үеийн залуучууд бүр гадаадаас хуулаад монгол үг оруулаад тууж байна. Яахав, ингэж зүтгэж байгаад л гольдролоо олно.

Тахийн тухай дуу их омогшилтой. Тахь бол өнөөгийн адууны өвөг. Хэдэн зуун жилийн өмнө гаднын нутаг руу алдчихсан. Сүлдэндээ залсан морин эрдэнийн эцэг болсон тахийн сүргийн тухай сайхан дууг бид хийлээ. Мөн хуучны аялгуу, цоор хөгжим, товшуур оруулаад, хархираа хөөмий бүгдийг шингээгээд их өвөрмөц дуу гарч байгаа. Ямаршуу болж гэж энэ дууг хүмүүст сонсгосон чинь сэтгэл их хөдөлж байна гэсэн.

-Тэгвэл дуулах тусам л таны зүрх сэтгэл үндэстнийхээ өв санг санагалзаж байна гэж хэлж болох нь ээ?

-Тийм. Ер нь хүний нас яваад аливаа зүйлийг тунгаагаад үзэхээр эх орон, үндэс угсаа, ёс заншлыг л үгүйсгэж, мартаж болохгүй юм байна гэж бодогдоно. Ялангуяа энэ цагт их ороо бусгаа болж байна шүү. Төр нь ч ороо бусгаа болоод л, түмэн олон нь ч хөл гараа унжуулсан, унжийсан нийгэм болчихоод байна шүү дээ. Гэхдээ гоё болно оо. Үүнд хэн хөглөх ёстой вэ, урлагийнхан л энэ ард түмний, тэр өндөр суудал дээр суучихсан байгаа даргын оюун ухаанд дуугаараа “юм” хүргэнэ. Дуу хөгжим автомат буу шиг айхтар шүршдэг хүчтэй, ямар ч хана хэрмийг давж гарах чадалтай.

-Морин хуур тоглодог хүн танай хамтлагт бий юу?

-Морин хуур тоглодог хүн байгаа. Манайхан чинь янз бүрийн л хөгжим тоглож байна. Би гэхэд товшуур хөгжим оролдож байна. Хувиараа цоор хөгжмөөр хичээллэж байгаа.

-Тайзан дээр гарахаараа мангас болдог гэж та нэг ярилцлагадаа дурдсан байна лээ. Яг ямар утгаар тэгж хэлсэн бэ ?

-“Хурд” бол бусдаас онцгой гэж хэлж болмоор нэг юм бий. Бид тайзны ард эгэл жирийн монгол залуус байдаг. Хэн нэгнийг муулсан, онгироо сагсуу занд дургүй. Хэн нэгнийг давчихлаа гэж сагадаггүй. Бид тайзан дээрээ гарахаар дүр бүтээдэг. Мангасын дүр бүтээж байгаа юм. Мангас гэдэг бол бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч гэж үлгэр домогт хүртэл гардаг шүү дээ. Бид өнөөдөр рок буюу “Heavy metal” урсгалыг Монголд гаргаж байгаагаараа омогшил тайзан дээр л байдаг. Тэр хоёр цаг гучин минутын хугацаанд үнэхээр ертөнцөөс салж, цугларсан олонтойгоо дүр бүтээдэг. Түүнээс биш зүгээр л тэддүгээр дуу шүү гэж ам барих гэж гардаггүй. Ам барьж ард түмнээ “Хурд” хэзээ ч хуурч үзээгүй. Телевизийн бичлэг, Төрийн хүндэтгэлийн ёслол дээр л понаграмм тавьж дуулах тохиолдол байдаг болохоос “Хурд”-ын хувьд ам барьдаггүй. Бид тайзан дээр үнэхээр мангасыг бүтээдэг. Мангас байхгүй даруухан, ноомой байвал бие биеэ хурцалж чадахгүй, үзэгчдээ ч хөглөж чадахгүй.

-Монголчуудын сонсох дуртай ийм том хамтлаг болж, дуулж хуурдаж яваагаа та юутай холбож боддог вэ. Магадгүй хувь заяа байх?

-Би бурхандаа залбирдаг. Монголынхоо ард түмэнд баярлаж байна. Яагаад гэхээр бид улсад ажиллаж цалин авч үзээгүй хүмүүс. Тэгэхэд өнөөдөр “Хурд” хамтлаг талхныхаа мөнгийг ар гэртэйгээ, аав ээжтэйгээ бүгд дуу дуулж, дуугаараа олдог ийм л хүмүүс. Биднийг Монголын ард түмэн тэжээдэг гэж болно шүү. Мэдээж, бид зүгээр мөнгө өгөөч гэдэггүй. Өөрсдийнхөө оюуны бүтээлийг үнэлүүлж, өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон арав таван төгрөгөөсөө “Хурд”-ыг сонсоход зориулах тийм хэмжээнд л уран бүтээлээ хийхийг эрхэмлэдэг.

Ер нь би омогшилтой монгол. Бас зарим үед онгирдог монгол баймаар байна. Гаднын олон рок, поп фестивалиудад зөндөө оролцож байна. Тэнд очиж бид үнэхээр монгол мангасыг бүтээдэг. Тэнд бид монгол эр хүний бардамнал, эрч хүчийг харуулдаг. Бидний ард гурван сая, бүр цаашлаад дэлхий даяар 30 сая монголчууд бий. Бид тэдгээр хүмүүст эрч хүчийг түгээдэгтээ талархаад баршгүй юм даа.

-“Хурд” хамтлаг тайзнаасаа буух болоогүй биз дээ?

-Буух болоогүй. Миний хувьд дахиад 20 жил байна гэж боддог. Миний дүү нарын хувьд 30, 40 жил байна.

-Удахгүй хосуудын хайрын баяр гэгдэх Валентины баяраар тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Энэ тоглолтынхоо онцлогоос хуваалцаач?

-Энэ тоглолтоо хайрын дууны цугларалт гэж хэлмээр байна. Урьд нь яг ингэж зөвхөн хайрын дуунууд дуулагдаж байсан удаа бараг байхгүй ээ. “Уянга” гэж концерт арван хэдэн жилийн өмнө тоглож байсан. Энэ удаагийн тоглолт бол хайрын дууны тоглолт. Үнэхээр бие биедээ хайртай бол бидний тоглолтод ирээрэй. Хамтдаа дуулж, нэгэн үдшийг өнгөрүүлье. Уянгын дууных биш хайрын дууны тоглолт. Гэхдээ олон янзын хайр байдаг. Эх орноо хайрлах дуу байж болно.

Бидний сүүлийн үед хийсэн хайрын дуунаас сорчлон 24-25 дуу орж байгаа учир энэ өдөр бол “Хурд”-ын хайрын гайхамшиг л болно гэсэн үг.

-Яг одоо бол та хэд тоглолтын бэлтгэлээ хийгээд завгүй байх шиг байна шүү?

-Тийм. Энэ тоглолтоо дуусгаад цагаан сар дөнгөж даваад Европын 14 улсаар аялан тоглох тоглолтын бэлтгэлийн ажиллагаа болчихсон байгаа. Чехээс эхлээд Унгар, Швед, Англи, Франц гээд Европын орнуудаар яваад хамгийн сүүлд Берлинд дуусна. Энэ тоглолтоо дуусгаад урагшаа Өмнөд Монгол руу явж тоглоно доо. “Хурд” хамтлаг тийшээ маш их явж тоглодог. Энэ жил зургаан сар хүртэл аялан тоглолтуудтай байгаа.

-Ингэхэд “Хурд” хамтлаг ирээдүйгээ хэр бэлдэж байна вэ, шавь нар олонтой болсон уу?

-Зөндөө шүү дээ. Орж гараад л явж байдаг юм. Жишээ нь манай хамтлагийн дэргэд хоёр ч хамтлаг бэлтгэгдэж байна. Дуучид ч байна. Ер нь бол хамгийн ойрхон, эрчимтэй бэлтгэгдэж байгаа нь “Аадар” хамтлаг байна. Энэ хамтлаг маань шинэ бүтээл гаргах гээд эрчимтэй хөдөлмөрлөж байна даа.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Шартаж гөлөрсөн монголчууд архинаасаа салах цаг болсон

Монгол орон тэр чигтээ архин далайд дуниарч байна. Ёстой л хиар цохиулсан юм шиг энд тэндгүй савж унацгааж, зах замбараагүй ууцгааж байна. Уулзсан хүн бүхний нүд нь гөлөрчихсөн, урьд шөнийнх нь уусан архины үнэр амнаас нь арилаагүй, үмхий ханхлах нь гутамшигтай. Юу ярьж байгаа нь огтоос ойлгогдохгүй, шартаж гөлийсөн хүмүүс дүүрэн байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд гэлтгүй бүгд ууж байна. Нялх хүүхдийнхээ дэргэд ухаан мэдрэлээ алдан тасраад уначихсан монгол хүүхнүүдийн зураг хаа сайгүй. Мөн баар саванд архидаж, үс гэзэг нь сэгсийлдсэн залуу сайхан охидын зураг ч газар сайгүй. Ингэж л эр эм гэлтгүй ууцгааж байгаа нь аймшигтай.

Ажлын цагаар ажлынхаа байранд ухаан жолоогүй архидацгааж, амьд нүдтэй эрүүл хүн гэж алга. Бүр сүүлдээ хэн хүнгүй архиндаа нэвшрэн донтчихсон, архины төрлийн л бол хор ч хамаагүй ууж мажийцгаах боллоо. Саяхан Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт таван хүн архинд хордож нас барсан. Тэдний шүүх эмнэлгийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа. Уг үйл явдалтай холбогдуулж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ сарын 17-ны 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан юм.

Архийг хориглосны хүчинд амьд нүдтэй хүн хаа нэг тааралдах боллоо. Харамсалтай нь тэд “архины хорио хэзээ дуусах, шагчид архи зарж байгаа, үнэ ханш нь төд байгаа” тухай л ярих ажээ. Тэгээд нэг их бахархалтайгаар хуучин цагийн архидаж явсан дурсамж дурдатгалаа сэргээнэ. Анзаараад байх нь ээ, шагийн архи зарж байгаа нөхдийг жигтэйхэн эвийлж хаацайлсан мэдээллүүд гарах юм. Хэдэн халтар цаасны төлөө ард түмэндээ хор өгч байгаа шагчдыг өмгөөлөн магтацгааж, улс орноо аварч байгаа мэтээр сүйд болцгоон мандуулдаг нь ямар учиртай юм бэ.

Архийг хориглосон өдрүүдэд архидан согтуурснаас үүдсэн гэмт хэргийн тоо хэрхэн цөөрсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол аваар гаргадаг байдал буурсан эсэх судалгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд болоод цагдаагийн газраас гаргасан. Тодруулбал, архигүй өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар тус тус буурчээ. Гэмт хэрэг ихээр гардаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энгийн өдрүүдэд архинаас үүдсэн зөрчил дуудлага 80-120 ирдэг байсан бол архийг хориглосон өдөр арав гаруй болж илт буурчээ. Согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил бусад өдрийнхөөс 40.4-47.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Архийг хориглосон хоёр, гурван хоногт Улаанбаатар ийм нам гүмхэн өнгөрчээ. Хэрвээ таван хүн амиа алдсанаас болж хориглох шийдвэр гараагүй бол шөнөдөө хасах 50 хэм хүрч хүйтэрсэн өнгөрөгч өдрүүдэд хичнээн хүн согтуу хөлчүү хөлдөж үхэцгээхийг таашгүй. Архигүй өдрүүдийн гэмт хэрэг болоод, согтуу жолоочийн тоо илт буурсан дээрх үзүүлэлт шартаж гөлөрсөн монголчуудыг архинаасаа салах цаг болсныг гэрчилж байна. Бид алийн болгон зоомби шиг, ядуу гуйлгачин, өөдгүй үхээнц дорой амьдрах юм бэ. Нийслэл хот маань агаарын бохирдлынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Хүн амьдрах эцэсгүй аймшгийн утаатай хотод нохой шиг гутамшигтайгаар амьдарч буйн гол баталгаа бол архи. Архидан хөлчүүрхсэн залхаг залхуу монголчууд энэ олон жилийн туршид юу ч бүтээгээгүй. Хэрвээ хүн бүхэн эрүүл саруулаар сэтгэж, дор бүрнээ хөдөлмөрлөж, бүтээж цогцлоох гэж зүтгэсэн бол монголчууд бид өнөөдөр арай ийм үхээнц дорой, ядуу тарчиг аж төрөхгүй байх байсан. Архин далайдаа живж живж нэг л сэхээ автал Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрчихсэн, бүгд зоомби шиг байж байгаа нь тодорхой.

“Монголчуудад хувиа хичээх үзлийн хамгийн хурцадмал хэлбэр болох өөрийгөө дөвийлгөх үзэл хэрээс хэтэрсэн гэдэг нь ажиглагдаж байна. Энэ нь амиа хичээх үзлээс илүү хор уршигтай” гэж Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын төвийн хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд хэлсэн. Энэ бол маш үнэн тодорхойлолт. Өөрийгөө дөвийлгөх үзлийн гол учир шалтгаан бол эцсийн дүндээ архитай холбоотой. Архи ууж онгирч, сагсуурсан хүн ерөөс өөрийгөө л худлаа хоосон магтаж, бусдыг дорд үзэх хандлага илт мэдрэгддэг. “Би бол агуу, би бол Чингисийн Монголын үр сад” гэж цээжээ дэлдэж, ширээ шаадаг. Гэвч энэ Монголд агуу нь хаана байна. Бид чухам юу бүтээчихээд, түүгээрээ гайхуулж бардамнаж байгаа юм. Бүгд л дуулж, хуурдаж, барилдаж, бахиралдацгаасан. Тэгээд түүндээ хөөрч дэвэрч ууж сагсуурсан. Үр дүн нь өнөөгийн Монголын өрөвдмөөр, нүд халирмаар нийгэм, Улаанбаатарын утаа, өөр юу ч биш.

Монгол төрийн жолоог атгалцаж явсан тулхтай өвгөн түшээдийн үг, нийгмийн нэртэй зүтгэлтнүүдийн ярианаас нэг зүйл сэтгэл сэрдхийлгэдэг. “Төрийн ордонд чинь эрүүл хүн гэж байна уу. Хүнтэй очоод ажил ярих гэхээр өөдөөс гөлөрсөн, баларсан хүмүүс байх юм” гэх утгатай зүйлсийг хэлдэг. Сонин хэвлэлд өгсөн яриа хөөрөөнөөс нь ч анзаарагдах нь бий. Нээрээ л шинэ засаг төр солигдсоноос хойш залуу төрийн түшээд маань үүрэг хариуцлагыг ухамсарлахаасаа өмнө бүгд баяраа тэмдэглэн архидацгааж, хөөрч дэвэрсэн хэрэг үү. “Би монгол төрийн толгойд гарчихлаа” гэж онгирч омойтон сагсуурсан юм биш үү. Бүр сүүлдээ эмэгтэй гишүүн нь хүртэл Их хурлын танхимд суудлаа олохгүй тэмтчиж яваа харагдах юм.

Монголчууд өнөөдөр бусдыгаа дорд үзэх, басамжлан гутаах, байхгүй нэгнээ үгийн муугаар чичлэх ажлыг сайн хийж чадаж байна. Уужимхан саруул монгол хүний чанар ийм новшийн болсон байна. “Бид хоорондоо эв түнжингүй, ард түмэн төр засгаа шүүмжлээд төр засаг нь ард түмнээ буруутгаад хоёр тийшээ хараад байвал хөндлөнгийн улсын идэш болно” гэж судлаач хэлсэн. Согтуу солиотой иргэд нь төрд гарсан хүмүүстээ бүр нэг ясных нь дургүй хүрч, чин үнэнээсээ үзэж чадахаа больсон. Зөвхөн төрд гэлтгүй сайн сайхан яваа нэгэн рүүгээ хар хор, өшөө хорсол муу муухай бүхнээ цацаж, нэр төрийг нь гутаах, элдэв муу үгээр доромжлох энүүхэнд болжээ. Эл бүхний үр үндэс ерөөсөө л архидалт шүү дээ. Бид бүхэн хөгжил дэвшлийн тухай бус хов жив ярьсан шигээ хундага тулгаж байна. Тэгэхээр сайн сайхан ирээдүй гэрэлтэх нь юу л бол.

“Баярлана гэдэг балгахын нэр биш” гэж “Өдрийн сонин” одоогоос арваад жилийн өмнө бичиж, тийм уриалгыг нийгэмд дэвшүүлж байсан. Монголчуудын баяраар эх захгүй архидаж буйг, ялангуяа шинэ жил зэрэг нийгмийг хамарсан томоохон баяруудаар ухаан жолоогүй ууж байгааг, бүх л зурагт телевиз нь архийг ил цагаан сурталчлан Монгол Улс маань архин далайд живж буйг сануулсан. Бидний энэхүү уриалгыг олон хүн дэмжиж санаа бодлоо илэрхийлж байв. Нэртэй яруу найрагч, хөгжмийн зохиолч, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс архийг “тогтооё” гэж үндэсний телевизээрээ сурталчилж монголчуудаа архин далайд сэлүүрдэхийг уриалж байв. Архичдыг өөгшүүлсэн, тэднийг үндэсний баатар болгосон нэвтрүүлэг, хошин шогийн тоглолт, кино зай завсаргүй гарч, газар сайгүй архидалтыг дэвэргэснийхээ горыг монголчууд амсаж байна. Монголын хөдөө сум сууринд ард иргэд банкны барьцаа, хүнсний дэлгүүрийнхээ архины барьцаа гэх хоёрхон зүйлийн барьцаанд байдаг нь нууц биш. Ингэж хот хөдөөгүй тэр аяараа ууж живцгээж байна. Одоо монголчууд минь болох юм биш үү. Архинаасаа салж шинэ сэргэгээр, эрүүл саруул амьдаръя. Архины хариуд, мунхарч гүйцсэнийхээ төлөөсөнд газар нутгийнхаа тавны гурвыг, хүн амынхаа ихэнх хувийг хоёр хөршдөө алдаж, цэрэг зэвсэг хүч чадалгүй хөгжил дорой улс болсон. Мөнхийн согтуу, залхуу залхаг, үхээнц өөдгүй байгаагүй бол ядаж энэ бүхнийхээ өмнөөс тэмцэж, ярьж хөөрөх байлаа.

Монголын төр эрмэг зоримог, эрс шийдэмгий байх цаг нь ирсэн. Аль болохоор архийг заруулахгүй байх, түүнийг хориглож журамлах шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Хүйтний улиралд архи зарахыг тас хориглох нь зүйд нийцнэ. Ялангуяа хүйтний эрч чангарч шөнөдөө хасах 25, өдөртөө хасах 18 хэмийн хүйтэнтэй л бол архийг улс даяар хориглодог болох хэрэгтэй. Цаг агаарын мэдээ харж байгаад л “за одоо ард иргэддээ сануулахад архийг хориглох цаг ирсэн байна. Хүйтний эрч тэд хүрч байна” гээд албан ёсоор зарладаг байх. Мөн томоохон баяр ёслолын үеэр ч юм уу, ямар л гарц, боломж байна тэр бүгдэд хориглох шийдвэрийг түргэн шуурхай гаргаж байх хэрэгтэй. Иргэд нийтэд ийн хэвшүүлж, улс орны хамгийн гол шийдвэр гэдгийг ойлгуулж сургах нь чухал юм.

Архийг хориглох нь буруу, хориглох тусам шагийн хорт шингэн ихэсдэг, хориглож цагдах тусам ард түмэн уух гэж хорхойсдог гэх архичдын дэл сул үг, гадны улс орнуудын буруу жишгээр явж болохгүй ээ. Монголын төрөөс яг энэ асуудал дээр хахир хатуу зогсохыг шаардаж байна. Хор гэдгийг нь мэдсээр байж уугаад үхэж байгаа аминаасаа уйдсан архичдынхаа өмнөөс алийн болгон далчганаж сайн хүн гэж болох гэж гүйх юм бэ.

Архиндаа хордоод үхэж байгаа нөхдийг “өөрсдийнх нь хохь” гэж төр үздэг байх хэрэгтэй. Түүнээс биш “эвий халаг, төчнөөн иргэн хордчихлоо” хэмээн нялуурч, дэлүүрэхийн хэрэг огтоос байхгүй. Ингэж далчганан, архичдынхаа өмнүүр бөхөлзөж гүйснийхээ хүчинд ахиад л өчнөөн төчнөөн нөхдийг хордуулж алах замыг нээж байна гэсэн үг. Монголчууд бид одоо л сэхээрэхгүй бол, эрс шийдэмгий хатуу бодлого баримтлахгүй бол тэртэй тэргүй хоёр хөрш маань биднийг архин далайд живүүлэх, өөр хооронд нь эв түнжингүй байлгах, өстөн дайсан мэт болгохыг эрмэлзэж байгаа нь нууц биш. Ард түмэн архинаас аль болохоор татгалзаж байж улс орон хөгжин дэвшиж, тусгаар тогтнол, төрийн дархлааны бааз суурь батжин бэхэждэг нь хууль юм.


Categories
мэдээ цаг-үе

Шашин, мухар сүсэг хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай юм

“Өдрийн сонин”-ы өнгөрөгч мягмар гаригийн дугаарт нийтлэлч П.Хашчулууны “Монголын төр шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө санаа тавихгүй бол оройтох нь” нийтлэл хэвлэгдсэн. Мухар сүсэгжсэн засаг төр улс орноо харанхуй мунхгийн туйл болгох тэнэглэл нүүрлэснийг сануулсан уг нийтлэл нийгэмд цочроо өгч, дээр дооргүй шуугьж байна. Энэ бол цаг үеэ мэдэрч, зөв зүйтэй санаачилга дэвшүүлсний илрэл юм. “Өдрийн сонин”-д энэхүү нийтлэл хэвлэгдэхтэй зэрэгцээд бага насны хүүхдийг шашин сүмээс хол байлгах тухай нэгэн чухал хуулийн төслийг төрийн түшээд боловсруулан өргөн бариад байна.

Тодруулбал, Их хурлын гишүүн Д.Сумъяабазар, Н.Оюундарь нарын санаачилсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 1.3.6-д “Бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, эцэг, эх хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр сүм хийд, цуглааны сургалтад оролцуулахыг хориглоно” гэж заасан. Мөн уг хуулийн 3.7.12-т “Бөө, зайран, удган, үзмэрч, зурхайч зэрэг хувиараа шашны зан үйлийг гүйцэтгэж байгаа иргэн нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлд бүртгүүлсний дараа бусдад үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно” гэж заасан бол 3.7.13-т “Уул овоо, ой, усны сан бүхий газарт шашны байгууллага аливаа зан үйл үйлдэхдээ байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг дагаж мөрдөнө” гэсэн байна.

Энэ бол мөн л цагаа олсон, нийгмээ мэдэрсэн, алс ирээдүйг харсан, улс орны хувь заяатай шууд холбоотой маш чухал хууль. Өнгөц харахад, Далай ламын айлчлалтай холбоотой, Х богдыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль мэтээр ухвар бодолтой хүмүүс гөрдөж хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэж байгаа боловч энэ нь нарийндаа Далай ламын айлчлалтай ямар ч холбоогүй. Харин Монгол Улсын оршин тогтнох үндэсний дархлаатай холбоотой гэж хэлж болно. Төрийн хэмжээнд ингэж хуульчилж өгөхгүй бол төртэй түмэнтэйгээ мунхарч, Монголоор дүүрэн бөө удган, хутагт хувилгаад, хадаг яндар, бүрээ хэнгэрэг, овоо тахилга. Тэр бүгдээ шүтэж дээдэлж, мөргөж залбирсан ард түмэн. “Шашин шүтэх эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон дархан эрх” гэх байх л даа. Сануулахад, шашин шүтлэгийн тухайд биш Монголын төр, ард түмэн мухар сүсгээр тэнэгэрч гүйцэж байгааг хэлж буй хэрэг. Тиймдээ ч шашин, мухар сүсэг хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатайг сануулж байгаа юм.

Эл бүхний хамгийн эхэнд монголчууд бид насанд хүрээгүй хүүхдийг сүм хийдэд шавилж, шашин номд ойртуулахыг хатуу хориглох хэрэгтэй. Үнэхээр л хутагт хувилгаан юм бол ерөнхий боловсролын сургууль буюу арванхоёрдугаар анги, хуучнаар аравдугаар ангиа төгсөж байж, арван найман нас хүрч байж шашин номоо бараадахгүй бол болохоо байдаг юм бол, сургууль мөрийг нь хөөдөг юм байгаа биз. Ингэж хатуу хориглон хуульчилж заахгүй бол А үсэг ч мэдэхгүй, шинжлэх ухааны наад захын мэдлэггүй, шашны гүн ухааныг судалж үзэх нь байтугай орчлон ертөнцийн жам ёсыг таниагүй жаалхан банди нар лам болж хүний хувь заяа, төөргийг шийднэ гэхээр үнэндээ санаанд буухгүй.

Хуучин нийгэмд эцэг, эхчүүд бага балчир үрсээ сургууль соёлд хүргэж өгөхөөсөө илүү хүрээ хийдэд үүрч дүүрч аваачаад, лам багшийн тогоо бариулаад орхидог байсан. Тэгж л монголчууд эрдэнэ болсон үр хүүхдийнхээ хувь заяаг мухар сүсгийн зам руу хөтөлдөг байсан. Энэ байдал нэг хэсэг тасраад эргэж дахин сэргээд, юу ч мэдэхгүй харанхуй нялхаасаа лам болчихсон нөхөд Монголын нийгмийг тэр чигт нь мухар сүсгийн балайралд автуулж байна. Тиймээс хүүхдийг орчлон ертөнцийн жам ёсыг таних нь бүү хэл үсэг ч мэдэхгүй, шинжлэх ухааны ямар ч мэдлэггүй бага балчраас нь лам болгосны гор өнөөгийн мухар сүсгийн нийгэм. Эцэг нь үр хүүхдээ лам болгож амьдралын амрыг хардаг. Идэх хоолтой, өмсөх хувцастай, өргөл барьц авчихдаг юм, адаглаад хүнд зодуулж, дарлуулахгүй юм гэж мөчидхөн бодсоны улмаас мухар сүсгийг дэлгэрүүлэгч лам хувраг нэртэй үзмэрч, зурхайчид үйл олноороо үржсэн. Уул нь манай буддын шашин бол шинжлэх ухаанжсан, гүн ухааны шашин юм. Үүнийг ойлгож мэдэрдэг, шинжлэх ухаанчаар ханддаг лам нар хэрэгтэй.

“Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг энэрч, тэр бүхний тусын тулд бие, сэтгэл, үг үйлдлээ зориулж, нүгэл үл үйлдэхийг ямагт хичээж явахын зохистойг хүмүүн төрөлхтөнд сургамжлан гэгээрүүлсэн Жагарын их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн Буддагийн сургаал, номлолыг анхдагч цэвэр ариун утга, санаагаар нь эдүгээ дахин сэргээж, шинжлэх ухаанч мэдлэг болохын нь хувьд дэлхий даяарт түгээн сурталчлах хэрэгтэй. Буддагийн сургаал, номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилжээ. Эхэндээ Жагар, Энэтхэгт, хожуу нь Төвд, Хятад, Монголд, мөн Солонгос, Японд гэхчилэн мөнхүү сургаал, номлол элдэв өнгө, аясаар хиртэж бохирдсоор эцэс сүүлдээ мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжжээ” хэмээн Д.Чулуунжав доктор бичсэн. “Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй” гэх даац далайцтай уг нийтлэл мөн л шуугиан дэгдээгээд байгаа. Тэрээр “монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа бурханы шашин юм” гэж тодотгоод том лам, хутагт хувилгаадын хойд дүрийг эрэх, олж тодруулах, чингэснээр нутаг орон бүрийг байнгын шүтээн, амьд бурхадтай болгох овжин, зальжин аргыг анх Төвдийн лам нар сэдэж, хэрэгжүүлжээ. Урьд нь бурханы шашин дэлгэрсэн аль ч оронд ийм заншил, уламжлал байгаагүйг баримт сэлттэйгээр нотолжээ. Жижиг буурай улс орныг сөхрүүлэх, алт эрдэнэсийг нь хүүдийлж авах ганц шалгарсан арга нь шашин номоор далимдуулсан мухар сүсэг гэдэг. Хутагт хувилгаад төрдөг. Энэ нь мэдээж улс төрийн ач холбогдолтой байх. Гэхдээ Чулуунжав судлаачийн хэлснээр бол худлаа юм билээ. Богдоор тодорсон хүн ердөө хоёрхон жил насалсан түүх бий. Тийм л эрдэм ном чадалтай, гүн ухааны нууцад нэвтэрсэн юм бол хүний амьдралын том шалгуур болох урт удаан насыг насалж, буян хишгээ олон түмэндээ хүртээх хэрэгтэй биз дээ.

“Шашин бол мухар сүсэг биш. Мухар сүсгээр шашныг хөгжүүлэхгүй” гэж Далай лам хэлдэг. Саяхан Монголд сүр дуулиантай ирээд буцахдаа ч хэлж байна лээ. Мөн дээрхийн гэгээнтэн “Шашин, шинжлэх ухаан хоёр олон зүйл дээр нэгддэг. Хэрэв зээ зөрчилдөх тохиолдол гарвал шинжлэх ухааныг нь дагах нь зөв юм шүү” гэж айлдсан байдаг. Гэтэл бидний монголчууд сүүлийн жилүүдэд, ялангуяа төр засгийн хэмжээнд шашин, мухар сүсэг хоёроо ялгаж салгаж ойлгохоо больсон нь эмгэнэлтэй. Тэртээ тавиад онд Чимид, Ванган нарын “Сэрэлт” гэж кино дэлгэцэнд гарсан нь бий. Тэрхүү бүтээлд шинжлэх ухаан, мухар сүсгийг айхтар нарийн зааглаж харуулсан байдаг. Өвчтэй хүүхнийг нь анагаахын шинжлэх ухаан эдгээж байхад ах лам нь “хойд насандаа хонин гүрвэл болж төрнө” хэмээн мунхруулдаг. Дэргэд нь эмч байсаар байтал Бумаа авгай маарамба руу хадаг өвөртөлж гүйгээд баригдаж байх жишээтэй. Яг үүн шиг олон олон Бумаа монгол төрийн толгойд байна. Тэд шинжлэх ухааныг биш мухар сүсгийг дээдэлж, хадаг өвөртлөн лам хувраг, бөө удган руу гүйлдэж байна. Монголын толгой эрдэмтэн, академичдаар хүрээлүүлэхээс илүүтэйгээр бөөн удган, лам багш нараар хүрээлүүлж улс орныхоо хувь заяаг даатгаж байна. Эрх баригчдад ард түмэн арвангуравдугаар зуунаараа харанхуй бүдүүлэг байх нь амар байх. Гэхдээ ард түмний амьдралд дэндүү хорлонтой байна. Энгийн нэг жишээ хэлэхэд, урд уулаа нүхлээд зам тавьчих дарга олдохгүй бол яах билээ. Бүгд сүсэг бишрэлд хэт авчихвал улс орон хэзээ ч хөгжихгүй. Бид ёс суртахуунтай байх гэж шашинтай байсан. Харин хийморийн сан тавьж, түүндээ итгэн хүний хувь заяа төөргийг өөрчилнө гэх мунхагладаг, мухар сүсгийг дэлгэрүүлсэн энэ олон сүм хийд, шашны байгууллагууд Монголд огтоос хэрэггүй. Шинэчлэгдэж, өөрчлөгдөх цаг нь болсон.

Өнөө “Сэрэлт” гэдэг шиг Монголын төр техник технологи, шинжлэх ухааны эрин зуунд дахин сэрж шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө, амьдралын төлөө, шинжлэх ухаанжсан хөгжлийн төлөө гэх уриалгыг Монголын нийгэмд тунхаглаж, шинжлэх ухаанжсан шашны дархлааг бий болгох нь юунаас ч чухал болжээ. Ийм дархлаа төрд бий болбол шинжлэх ухааныг жинхэнэ утгаар нь үлгэрлэн дагуулах сайд маань яалаа гэж шатаж буй хонины ноосон дээгүүр хөл нүцгэн харайлгаж, лам багшийнхаа айлдсанаар булайгаа дэлгэж байх билээ. Яалаа гэж төрийн сайдууд тамгаа гардаад л том том жийпээр лам хуврагуудаа чихэж аваад хөдөө гадаа давхилдах билээ. Ард түмэн ч бөө удганд итгэж, амь амьдрал хувь заяагаа даатгадаг мухар сүсгийн мунхралаасаа ангижирч, шинжлэх ухаанжсан шинэ цагийн иргэд болох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Галиндэв: Монгол хүний ёс суртахууны яс модыг зөв бүтээхсэн гэж боддог

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн Отгонтэнгэр Их сургуулийн багш, философийн ухааны доктор, профессор Б.Галиндэвтэй ярилцлаа.


-Философийн багш мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ салбарт хичнээн жил багшилж буй талаар тань яриагаа эхэлье?

-Би уг нь цэргийн хүн байсан. 1967 онд Цэргийн ерөнхий дээд сургууль анх байгуулагдахад курсантаар элссэн юм. Сургуулиа төгсөөд цэргийн ангид ажиллаж байгаад Оросын цэргийн улс төрийн академид сурч, философийн багш мэргэжил эзэмшсэн. Миний хувьд философи бол амьдралын утга учрыг олох, дотоод сэтгэл рүүгээ өнгийж харах, амьдарч буй нийгмийнхээ учир утгыг олох, бидэнд тавигдаж байгаа аливаа асуудалд үнэнийг эрж хайсан хариу өгөх зориулалттай мэдлэгийн салбар учраас сонирхсон гэж үзэж болно. Мөн бидний үеийнхэн арван жилийн дунд сургуульд байхдаа уран зохиол уншдаг, өөр хоорондоо ярилцдаг байсан туршлага, сонирхол маань тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх гэж боддог. Философийн багш болоод Батлан хамгаалах Их сургуульд 11 жил, Отгонтэнгэр Их сургуульд 22 жил ажиллаж байна.

“Соёмбо” сонинд эх оронч үзлийг философи талаас нь тайлбарласан ярилцлага өгснийг тань уншиж байсан. Эх оронч үзлийн талаар товч ярихгүй юу?

-Өнөөгийн нийгэмд эх оронч үзлийн талаар эргэлзээтэй ойлголт яваад байна. Хүн сайхан л амьдарч байвал хаа ч байсан яадаг юм. Эх оронч үзэл хэрэггүй гэсэн ойлголт нэг хэсэгт нь байна. Миний хувьд энэ үзлийг уриалан дуудаж, хүлээн зөвшөөрдөггүй. Миний бодлоор хаана ч амьдарсан болно, эх оронч үзлээр яадаг юм гэж үзэж байгаа хүн эд материалын хойноос хөөцөлдсөн хүн болж хувирна. Хүн гэдэг чинь ганцхан материаллаг эд зүйлийг хэрэглэгч биш. Хүн бол оюуны үнэт зүйлсийг эзэмшиж байж өөрийнхөө үнэ цэнэ, нийгэмд эзлэх байр сууриа, амьдарч яваа утга учраа ойлгодог. Эх оронч үзэл гэдэг бол Монгол Улсынхаа сайн иргэн болох тэр хязгаар цэгээс эхэлдэг гэж оюутнууддаа хэлдэг.

Ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн бүр өөртөө ногдсон үүргийг яв цав биелүүлж байх явдал маш хэрэгтэй байна. Энэ байдлаар иргэн бүр өөр рүү гээ харахаас эх оронч үзэл эхлэх ёстой, эх оронч үзлийн гол цөм гэж боддог.

-Та философийн салбарт ямар чиглэлээр мэргэшиж доктор, профессорын зэрэг хамгаалав. Хичнээн судалгааны бүтээл, ном туурвисан бэ?

-Цэргийн академид сурч байх үеэсээ л би ёс суртахууны асуудлыг сонирхсон. Ёс суртахуун бол хүн төрөлхтний мөнхийн асуудал. Хүмүүс бүгдээрээ бурхан болж заяагдаагүй учраас ёс суртахуунаас сайн ч, муу ч зүйл гарч байдаг. Сүүлийн үед ёс суртахууны асуудал хурцадсан. Үүнд, хэд хэдэн шалтгаан бий.

Нэгд, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой хүмүүсийн ёс суртахууны үнэлэмж 180 градус өөрчлөгдсөн. Хуучин нийгэмд үнэ цэнэтэй байсан ёс суртахууны үнэт зүйлсийг үгүйсгэсэн. Хоёрт, ёс суртахууны боловсрол хүний толгойд хийсвэр байдлаар оршдог. Ёс суртахуун үйлдэл болохдоо бусдаас үлгэр жишээ авдаг. Ёс суртахууныг хүн ахмад үеэ, бусдыг дуурайж эзэмшдэг. Бидний үед Дамдинсүрэн гуай шиг эрдэмтэн, Эрдэнэ шиг зохиолч болох сон гэж хүсдэг байсан. Гэтэл өнөөгийн нийгэмд үлгэр дуурайл үзүүлдэг хүнгүй болчихоод байна. Улстөрчид, өндөр дээд албан тушаалтнууд маань авлигачид, оффшорчид, улс төрийн хариуцлага хүлээж чадахааргүй хүмүүс болж хувирсан. Гэхдээ залуусын бахархан дуурайх хүмүүс нь нийгмийн амьдралаас нууцлаг, нам жим ажиллаж амьдарч байгааг хэлэх хэрэгтэй. Д.Урианхай гэж гайхамшигтай эрдэмтэн ажиллаж хөдөлмөрлөөд явж байгааг залуу үе мэдэхгүй байна. Тийм хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах хэрэгтэй. Би “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” гэдэг буланг үргэлж уншдаг. Нийгэмд их ач тустай зүйл гэж үздэг. Гуравт, дээд боловсролын тогтолцоонд хүнийг хүн болгодог нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлийг үнэлэхээ больсон. Түүнийг дагаад ёс суртахууны хүмүүжил, итгэл үнэмшил алдагдаж байна.

Би жил бүр оюутнуудаар ёс суртахууны талаар эссэ бичүүлдэг. Оюутнууд “шударга байлаа гээд би өөрөө хохирохоос өөр юм алга” гэж хэлдэг. Энэ бол оюутан залуучуудын нийгэмдээ өгч байгаа том үнэлгээ юм. Тэгэхээр нийгмийн ухааны багш нар үнэнийг хэлэх нүүргүй болж, өнөөгийн нийгэмд ёс суртахууны үнэлэмж ийм хандлагатай болсон. Энэ эмзэг асуудлаар гурав, дөрвөн ном бичсэн. “Өөрчлөлтийн үеийн ёс суртахууны асуудал”, “20, 21 дүгээр зууны Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдал” гээд өөрийнхөө хэмжээнд нэлээн том ном бичсэн. 2014 онд “Хүний төрх”, 2016 онд “Хүн байх ухаан” гэсэн номуудыг монгол хүний ёс суртахууны яс модыг зөв бүтээхсэн гэдэг утгаар бичсэн.

-Оюутнуудын нийгэмд өгч байгаа том үнэлгээ болсон асуултад та хэрхэн хариулдаг вэ?

-Тэдэнд хандаж, өнөөдрийн үзэгдэлд хууртаж болохгүй. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэдэг үгийг монголчууд олон зуун жил хэлсэн. Энэ бол монголчуудын том найдвар. Нэг талаасаа биелсээр ирсэн. Шударга бус хүн сайхан амьдарч байгаа юм шиг харагдаж болно. Энэ бол ирээдүйгүй. Хоёрт, чи цоо шинэ залуу үе. Танай үеэс сайн сайхныг бид горьдож байна. Өнөөдрийн эрх мэдэл рүү явж байгаа хүмүүс бол ёс суртахууны хувьд алдагдсан хүмүүс гэж хэлдэг.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Та оюутнуудад философийг яаж ойлгуулдаг туршлагаасаа хуваалцаач?

-Би оюутнууддаа “Өнөөдөр чамд философийн хичээл зааж байгаа нь хоёр асуултад хариулт өгөх зорилготой. Нэгт, Би хэн бэ? гэсэн асуултыг өөртөө тавь. Хоёрт, Би хэн болж байж энэ ардчилсан нийгэмд сайхан амьдрах юм бэ? гэсэн асуултад хариулт олж чадах юм бол философийн хичээл өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн гэж ойлгох хэрэгтэй” гэдэг. Философи их олон талтай болж байна. Сүүлийн үед шашин, сонгодог урлагтай нийлэгших болсон. Би оюутнуудад шалдар булдар ном битгий унш. Цагийн гарз гэж хэлдэг. Толстой, Достоевский, Кафка, Камю, Сартрыг унш. Ингэж байж ухаарч, хүн болно гэдэг. Уран зохиолоор дамжиж философид дурлах, философиор дамжаад шашны утга учрыг ойлгох хэрэгтэй. Ингэж философийг бусад хичээлтэй онь холбож нийлэгшүүлж явуулмаар юм шиг санагддаг. Ер нь хүн философи, шашин, уран зохиолоор дамжуулж өөрийгөө дотроосоо бүтээх ёстой. Өөрөө өөрийгөө дотроосоо бүтээсэн хүн өөртөө ч, нийгэмдээ ч хэрэгтэй хүн болдог. Гаднаас нь бүтээсэн хүн хэн ч биш болдог юм.

Үүнээс гадна өнөөгийн нийгэмд оюутнууд асар их мэдээлэлтэй байдаг болсон. Энэ нь нэг талаар давуу тал, нөгөө талаар сонсож дуулсан бүхнээ эргэцүүлж бодох анализ хийх сэтгэлгээний чадвар муу байна. Тийм болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үзэж сонирхдог сониуч хүнийг биш, аналитик сэтгэлгээтэй уншигчдыг бэлдэх хэрэгтэй. Бид ч үүнд хувь нэмрээ оруулмаар санагддаг.

-Анализ хийх чадвар хүнд яаж төлөвших вэ?

-Задлан шинжлэх сэтгэлгээг багаас нь ёстой л цэцэрлэг, ясли, дунд сургуулиас нь төлөвшүүлмээр байна. Манай оюутнууд гэлтгүй бид ч хүний хэлсэн юмыг яг тэр чигээр нь хүлээж авдаг нь туйлын үнэн. Хүн бүр өөрийн гэсэн шүүлтүүртэй, хүний хэлсэн үгийг бодож тунгаагаад авах гээхийн ухаанаар хандаж хэд хэдэн сайн санааг нийлүүлээд өөрөө шинэ санаа, мэдлэг бүтээж чаддаг байх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гадна эцэг, эхчүүд үүнд чухал үүрэгтэй. Эцэг, эхчүүдийг нийгэмшүүлж хүн болгомоор байна. Өөрсдөө хүн болж төлөвшөөгүй байж нэг хүнийг төрүүлдэг. Хүн болоогүй гурван хүн яаж нэгнийгээ хүн болгох вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Миний харж байгаагаар 1980 оноос хойш төрсөн нөхдүүд нэлдээ уран зохиол уншаагүй байна. Зүгээр л үздэг, сонсдог хүмүүс. Тэднийг би алдагдсан үе гэж нэрлээд байгаа. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн тухай их ярьж байна. Асуудлын гарцыг хуулийн заалтаас хайгаад хэрэггүй гэж боддог. Үүнийг хувь хүний оюун санаанаас эрэх хэрэгтэй. Тухайн хүнд нинжин сэтгэл байна уу, гэр бүлээ аваад явах ухаан байна уу гэдгийг анхаарах нь зүйтэй. Гэр бүлээ авч явж чадахгүй бухимдахын эрхэнд гэр бүлээ хүчирхийлж байна. Өнгөн талаас нь бол хууль, эрхзүйн заалт байх нь зүйтэй л байх.

-Философийн шинжлэх ухаан шашинтай нийлэгжиж байна гэлээ. Монголд шашны олон урсгал орж ирж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Шашин гэдэг бол хүн төрөлхтний амьдралд онцгой ач холбогдолтой. Мухар сүсэг, гэгээрэл гэсэн хоёр талтай. Зан заншил ихдэх тусам мухар сүсэг болдог. Шашин гэдэг хувь хүний амьдрах арга болж болохгүй. Буддын шашны сүм хийдүүд бизнесийн байгууллага болсон тул Буддын шашны үнэнийг хоосон чанар, шүтэн барилдлага, үйлийн үрийг залууст ойлгуулах үндсэн үүргээсээ ухраад байна. Хүн ямар шашин шүтэх нь хүний оюуны эрх чөлөө. Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн шашинтай байх ёстой болов уу. Миний бодлоор бидний ойлгож байх ёстой, хамгийн үнэн, шинжлэх ухаанч шашин бол Буддын шашин юм.

-Таны санаанаас гардаггүй, сэтгэлд тод үлдсэн шавь бий юү?

-Санаанаас гардаггүй шавь нар байдаг. Цэргийн сургуульд байхад Энхбаяр гээд оюутан байсан. Тэр сүнсний тухай курсын ажил бичсэн юм. 1985 онд сүнсний тухай ярина гэдэг сайхан юм биш. Тэр нөхөр өдий төдий материал цуглуулаад сүнс байдгийг нотолсон. Тэгэхэд нь би “Чиний бичсэн юм сайн, материал цуглуулсан хөдөлмөр чинь сайн байна. Гэхдээ миний итгэл үнэмшилтэй нийцэхгүй байна” гэж хэлж байсан.

Отгонтэнгэрт багшилж байхад Удамцэнгэл гээд япон хэлний ангийн оюутан байлаа. Төгсөөд нэлээн хэдэн жил болж байна. Японы сонгодог уран зохиолыг сонирхдог, түүгээрээ надтай санаа нийлдэг байсан юм. Японы сонгодог уран зохиолоор “Хүний асуудал” гэсэн дипломын асуудал бичиж хамгаалсан. Сургуулиа төгсөөд Японы соёлын төвд ажиллаж байгаад Япон руу сурахаар явсан гэдэг. Нобелийн шагналт Ясунара Кавабатагийн өгүүллэгүүдийг орчуулж хэвлүүлсэн. Их сайн шавь. Шадар сайд У.Хүрэлсүхийн ангийнхан манай цэргийн сургуулийг 1989 онд төгссөн. Сэтгэлгээ, хүн чанарын хувьд содон төгсөгчид байсан.

-Сүнс байдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, нотолсон гэдэг шүү дээ. Та одоо итгэдэг үү?

-Үгүй. Тэр бол тодорхой хэсэг бүлэг хүний санал бодол, судалгааны ажил юм. Үүнтэй холбогдуулаад нэг зүйл хэлэхэд, би оюутнууддаа шинжлэх ухаан гэдэг юм руу нүүрээ харуулаач гэж хэлдэг. Энэ нийгмийг төөрөгдлөөс гаргах зүйл бол шинжлэх ухаан. Хоёр жилийн өмнө Английн эрдэмтэн нэг судалгаа хийсэн. Ямар ард түмэн шинжлэх ухааныг сонирхож, итгэдэг юм гэхэд Швед, Швейцарь, Англи, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын нэлээд хэсэг нь шинжлэх ухаанд итгэдэг гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн үед хойт насны тухай, сүнсний тухай их ярих болж. Би залхуураад, хичээлээ хийхгүй байгаа оюутанд хандаж, “Чи өнөөдөр нэг л залхуураад байна. Хойт насандаа мундаг хүн болох гээд байна уу даа” гэж ёжилдог.

-Философич хүний тань хувьд асуухад өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл юу байна?

-Өнөөдөр Монголд хамгийн их дутаж байгаа зүйл бол хүн хүнээ хайрлах хайр. Улаанбаатарт хамгийн их илүүдэж байгаа зүйл бол утаа.

Б.Наранчимэг

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна

Их хурлын дарга мөнгөний эрэлд мордож, баахан явж явж ирлээ. Эхлээд юмыг яаж мэдэхэв гээд хойд хөршдөө давхиад буусан. Гэтэл “Танай монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлага гэдгийг мэддэггүй хүмүүс” гэж ам руугаа алгадуулах нь тэр. Тодруулбал, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монголын парламентын тэргүүнийг хүлээж авахдаа шууд л тэгж хэлсэн. Ингээд ноён спикер гишүүдээ дагуулаад дэлхийн баян орнуудын тоонд зүй ёсоор бичигддэг Арабын улсуудыг зорьсон. Эмират, Саудын Араб, Кувейтээс мөнгө босгох нь найдвартай болов уу гэж амьхандаа итгэсэн. Тэгтэл Арабын нэгдсэн Эмират улсын парламентын дарга “Эдийн засгийн тусламж үзүүлж болно. Гэхдээ олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримтлах ёстой”-г сануулсан бол Кувейт “Монголд хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр алга байна” гэж мэдэгдсэн юм.

Их хурлын дарга ийм л нэг бүтэл муутайхан, ганзага хоосон яваад иржээ. Хойд хөрш болоод Арабын орнуудын эдийн засгийн тусламж үзүүлж чадахгүй гэх мэдэгдлийн цаана урд хөршийн маань хатуу бодлого нуугдаж байгаа байлгүй дээ. “Монгол Улс Хятадын санал болгоод байгаа хөнгөлөлттэй зээлийг авахгүй, өөр улс орноос зээл авах нь” гэж тээг саад хийж байгаа биз. Өнөө “хятад тэврэлт” гэх айхтар зүйлдээ оруулах гэсэн санаархлын нэг хэлбэр энэ мөн байх. Сануулахад, манай улс ирэх оны гуравдугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлээс Монголын Засгийн газрын босгосон бондуудын хамгийн эхнийх буюу Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр төлнө.

Уг өрийн 520 тэрбум төгрөг буюу 210 сая ам.долларыг улсын төсвөөс үлдсэн 370 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудаар төлүүлнэ гэж байгаа. Хөгжлийн банкнаас буюу “Чингис” бондоос санхүүжүүлт авсан төсөлд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, Эрдэнэс таван толгой, “Хөтөлийн цемент шохой” компанийн өргөтгөл, нийслэл хотын болон орон нутгийн авто замууд багтаж байгаа юм. Эдгээр төслийн дийлэнх нь эргэн төлөгдөх боломжгүй, ойрын хэдэн жил улсын төсөвт үр ашгаа өгөх ямар ч боломжгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бондынхоо өрийг төлж чадахгүйд хүрвэл Хөгжлийн банкийг дампуурсанд тооцох нь хууль. Хөгжлийн банк дампуурна гэдэг Монгол Улс дампуурлаа гэсэн үг. Үүнийг олон улсын хэллэгээр дефолт гэж нэрлэдэг. Дефолт зарласан тухайн улс орноос гадныхан хамгийн түрүүнд нүүрээ буруулж эхлэх нь жам. Гадны хөрөнгө оруулалт, банк санхүүгийн урсгал, зээл тусламж бүх зүйл зогсох нь дамжиггүй. Монголын төр засаг гадагшаа хичнээн санал санаачилга, төсөл хөтөлбөр гаргаад нэмэргүй. Биднийг хэн ч тоохгүй, улс орон гэж үнэлэхгүй. Харин ч даажин тохуу хийж “Дефолт зарлачихсан юм. Илүүчлэх юм байвал өгье. Зовж байгаа амьтад” гэх зэргээр өрөвдмөөр хандлага үзүүлнэ. Эдийн засгийн боломж бололцоотой, хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлж байгаа Хятад гүрэнд хуваарилж, өлсгөж цангуулалгүй аваад явахыг ч санал болгохыг үгүйсгэх аргагүй. Туурга тусгаар Монгол Улс ингэж өмнөд хөршөөсөө бүх зүйлээ асуусан, өөрийн гэх толгойгүй болж буйн эх үүсвэр ерөөсөө л эдийн засгийн баталгаагүй болсны илэрхийлэл. Ийм үед бидний сүйд болоод байдаг ардчилал маань ч худлаа болно. Хятадын мэдлийнх гэх нь хаашаа юм. Гэхдээ л үгнээс зөрсөн үйлдэл хийвэл бөөн гомдол санал, уньсан туньсан байдал үзүүлэх нь дарамттай. Ер нь тэгээд сүүл үеийн улс төрийн байдлыг анзаарахад урдаас айлгаж, хойноос анхааруулсан ийм л нөхцөл бүрдэх шинжиндээ орчихлоо.

Тэгэхээр өмнөд хөршийнхөө үгэнд орохгүйн тулд, дэлхийн улс орнуудад хоёр талаасаа хоол горьдсон өрөвдмөөр дүр төрхтэй харагдахгүйн тулд яах ёстой вэ. Монголчуудыг эх оронч сэтгэлтэй байхыг “Өдрийн сонин” уриалж байна. Улс орны хувь заяа тун эмзэг боллоо. Монгол Улс түүхэндээ хоёр удаа хүндхэн байдалд орж байсан гэдэг. Дотоодын тэмцэл хэрээс хэтэрсний горонд Манжийн эрхшээлд орсон. Сүүлд хориод оны эхээр гаминд эзлэгдэж байсан. Тэгвэл хориннэгдүгээр зуунд дефолт болж дэлхий нийтэд дампуурлаа зарлах дээрээ тулаад байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлээс “Чингис”, “Самурай” бонд нэрээр босгосон Хөгжлийн банкны 1.8 тэрбум ам.доллар, 580 сая еврогийн өр зээлийг Монголын төр төлж дийлэхгүй шинжтэй боллоо. Хэрвээ гаднаас мөнгө босгоё гэвэл бурхан шажнаасаа няцсан, хөршүүдийнхээ үгнээс гарахгүй гэж улс төрийн айхтар том амлалт өгч байж таван төгрөгтэй болох юм байна.

Гаднаас орж ирэх улс төрийн агуулгатай, далд нарийн бодлоготой “айхтар хатуу” мөнгийг авч өр зээлээ төлөхийн оронд монголчууд бид өөрсдөө тэр өрийг төлчихвөл яасан юм бэ. Үндсэндээ Монголын төр засаг ард түмэндээ хандаж, ард түмнээсээ зээлж өрөө төлөхөөс өөр гарц байна уу. Монголын томоохон компани, аж ахуйн нэгжүүдийг жинхэнэ эх оронч байхыг цаг үе шаардаж байна. Ядах нь аа, татвараа урьдчилгаа болгоод төр засагтаа тавь, зуун саяар зээлээр өгмөөр байна.

Дефолт гэдэг зөвхөн Монгол Улсад бий болж байгаа зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Америк, Герман, Англи гээд дэлхийн хүчирхэг улс орнууд дефолт болж байсан түүх бий. Тэд эдийн засгийн энэхүү эрсдэл, дампуурлаас хэрхэн гарч байсан гэвэл ерөөсөө л ард түмнийх нь эх оронч үзэл аваад гарч байсан. Бэлээхэн жишээ гэхэд Өмнөд солонгосчууд байна. 1998 оны Ази тивийн хямралд хамгийн ихээр өртсөн орон Солонгос юм. Тухайн орны ард түмний хүн нэг бүрийн хүчин зүтгэл, улс орноо гэх сэтгэл тэрхүү хямралыг даван туулсан байдаг. Өнөөдөр Солонгос улс хөгжил дэвшлээрээ ямархан хэмжээнд байгаа билээ. Солонгосын ард түмэн төв банкныхаа эрдэнэсийн санд тушааж мөнгө болгохоор алт, мөнгөн ээмэг бөгжөө бариад оочерлоод зогсож байсан гэдэг.

Яг үүн шиг монголчууд алт эрдэнэс, машин тэрэг, мал хөрөнгө… мөнгө болчихоор юу л байна, тэр бүхнээ улсдаа хандив, зээл болгож өгөх хэрэгтэй. Малчид мал сүргээ, тариаланчид тариа будаагаа зарж борлуулан улс орондоо хандивламаар байна. Монголын ард түмэн ингэж нийтээрээ хөдлөхөд дааж давшгүй зүйл биш, ойрын хэдэн жилийн өр дорхноо л барагдаад ирнэ. Эрх биш ардчиллын буянаар монголчууд хадгаламжиндаа тав, арван тэрбум долларын хөрөнгөтэй болсон байлгүй. Түүнийгээ төр засагтаа зээлүүлэх хэрэгтэй. Мөн оффшорт мөнгөө хадгалуулсан нөхөд, одоо л хэрэг болно гээд улс орондоо өгөх нь чухал. Улс орон хөл дээрээ тогтон, хөгжин дэвшиж цаг сайхан болох үед буцааж авна биз.

Харин зээл тусламжийг хүлээж авах хяналтын зөвлөлийг ард түмнээс сонгох нь зөв. Тэрхүү хяналтын зөвлөлд нам улс төрийн харьяалалгүй, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс орно. Хяналтын зөвлөлийнхөн тусламж, зээлийг нарийн нягт дансалж, цаг тухай бүрт нь олон түмэнд хэвлэл мэдээллээр мэдэгдэж байх үүрэгтэй. Улсын төсвөөс өр зээл авсан хүмүүсийн төлбөрийг барагдуулах, мөн төрийн мөнгийг хувьдаа завшсан нэгэнд нь хатуу арга хэмжээ авахыг хяналтын зөвлөл хариуцаж ажиллана.

Шашин төрөө нулимж байж хэдэн бор цаас царайчилснаас монголчуудынхаа халуун сэтгэл, жинхэнэ эх оронч эр зоригт найдсан дээргүй юу. Ингэж хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс салгахыг “Өдрийн сонин” уриалж байна. Хүний эрхээр жаргаснаас өөрийн эрхээр зов гэдэг. Сэтгүүлчид бид нийгэмд хүлээсэн үүргийнхээ дагуу энэ асуудлыг гаргаж тавьж буй юм. Нарийн учрыг мэргэжлийн хүмүүс нь залаад чиглүүлээд явах учиртай.

Categories
мэдээ цаг-үе

П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагвыг дахин амлаж “олныг баясуулагч” хэмээх монгол бөхийн цэнгэл баярыг мэдрүүллээ

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 105 жилийн ойн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр бөхчүүдийн барилдаан шинэ оны өмнөхөн болсон. Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлан тунхагласан өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд чансаагаараа тэргүүлсэн шигшмэл 128 хүчтэн ир бяраа сорьж, төрт ёсны их баярыг зургаа дахь удаагаа тэмдэглэж байна. Эл удаагийн барилдаанд Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарын аваргууд, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын арслангууд болон Б.Гончигдамба гарьд, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан нарын заанууд, Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, А.Цацабшир, Т.Баасанхүү нарын харцага цолтнууд зодоглосон. Дунд шөвөг буюу шилдэг наймд хоёр аварга, дөрвөн арслан, хоёр заан цолтон тунаж үлдсэн нь ямархан чансаатай барилдаан болсныг илтгэнэ.

Тавын даваанд тунаж үлдсэн найман бөхөөс Ч.Санжаадамба аварга хамгийн түрүүнд улсын арслан Э.Оюунболдыг амласан. Түрүү жилийн наадмын наймын даваа буюу гарьд цолны төлөө энэ хоёр бөх тунаж барилдаж байсан. С.Мөнхбат аварга Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхийг амласан. Хоёр аварга ам бөхөө амласны дараа цолныхоо эрэмбээр П.Бүрэнтөгс арслан ам сонсох байв.

Түүнийг ам бөхөө амлахаар гарын даа нарын зүг хандахад бөх тайлбарлагч “Улсын арслан Бүрэнтөгс гурван бөхөөс ам авна. Тодруулбал, улсын арслан Пүрэвдагва, Батсуурь, улсын заан Пүрэвсайхан нараас ам авна” хэмээн зарлахад Бөхийн өргөөг дүүртэл цугласан олон “Пүрэвдагва, Пүрэвдагва” хэмээн уухай хадаах нь тэр. Үзэгч олны ингэж шуугиан шаагиан болсон нь хоёр залуу арслангийн барилдааныг дахин үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэхэд оршиж байв. Түрүү жилийн наадмын наймын даваанд Бүрэнтөгс, Пүрэвдагва нар хүч үзэж, чухам ямархан барилдаан болж өрнөснийг монголчууд бүгд мэдэж байгаа. “2016 оны хамгийн дуулиант барилдаан” хэмээн бөх сонирхогчид онцолсон байна лээ. Наадмаар Пүрэвдагва нь давж Бүрэнтөгс нь газар элэглэн унаад эгшиж, мэгшиж уйлсан. Тэгвэл өнгөрөгч намрын сүүлээр Өмнөд Монголд болсон Алтан бүсийн барилдаанд тэр хоёр дахин таарч мөн л Пүрэвдагва нь давсан. Харин Улс тунхагласны 92 жилийн ойн барилдаанд Бүрэнтөгс даагаа нэхэн амлаж барилдаад бардам хаясан юм. Ийм л нэг хүчтэй тэмцэл идэрхэн энэ хоёр арслангийн дунд байдаг учир үзэгч олон дахин барилдахыг нь үзэх гэж тэсгэл алдан “Пүрэвдагва” хэмээн орилсон нь мэдээж.

Түүнээс биш наадмын дараа цахим ертөнцөд өрнөсөн “халх дөрвөдийн тэмцэл” гэх зүйл үүнд хамаарахгүй ээ. Үзэгчдийн энэхүү хүсэлтийг Бүрэнтөгс арслан хүндэтгэж гарын даа нар дээр очин нэр сонсолгүй, шууд л толгой дохиод инээмсэглэж харагдсан. Тэр нь бөх сонирхогчдынхоо хүсэлтээр Пүрэвдагвыг амлая гэсэн үг байв. Ингээд ам бөхөө амласан арслан Санжаа аваргын араас буюу зүүний дагавар магнайд гарахдаа аваргатай мөн л инээд алдаад толгой дохиж байв. Аварга түүнээс “Яасан, Пүрэвдагвыг авчихав уу” гэж асуусан нь тодорхой.

Бүрэнтөгсийг тийм ам авахыг хүлээж байсан үзэгч олон ёстой л нэг сэтгэлийн хөөрөл, цэнгэл баяр гээч нь дээд цэгтээ хүрэв үү гэмээр шавайгаа ханатал баярлалдаж, шаагитал алга нижигнүүлэв. Тэрхүү нижигнэсэн алга ташилтын дуу намжиж амжаагүй байтал Архангай нутгийн уран барилдаант арслан Р.Пүрэвдагва Увс аймгийн залуу хүчит арслан П.Бүрэнтөгсийг хоёр гарын сэнжигний барьцнаас ганц хүчтэй дугтарч дундуйлдаад татчихлаа. Бөгсөөр нь суулгаж, гулдайтал нь чирч, бүтэн эргүүлээд хаячих нь тэр. Үүнийг л хүлээж байсан мэт үзэгчдийн уухайн түрлэг бүр яадгаа алдаж хоцорсон л доо. Ийм л харгүй сайхан барилдаан хоёр арслангийн дунд болсон. Монгол үндэсний бөхөд байх нэг гол зүйл бол олныг баясуулагч гэх тодорхойлолт юм. Манай бөхчүүд олныг баясуулж, наадамчин олон, үзэгч түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс илүүтэй дандаа ашиг хонжоо, амин хувиа бодож, буулт хийж, худлаа барилдаж уур дургүйцлийг нь хүргэдэг.

Харин Бүрэнтөгс олныг баясуулагч гэх гол шугамаа барьсан зөв зүйтэй шийдвэр гаргасан. Түүнээс үзэгчдээ хүндэтгэлгүй, Пүрэгдавыг бус Батсуурь юм уу, Пүрэвсайханыг амлан өөрийгөө бодсон бол яалаа гэж дунгуй хадталаа унах вэ дээ. Сүүлд нь нэмээд хэлэхэд, энэ шийдвэр бол Бүрэнтөгс Пүрэвдагвад өширхсөндөө бус ерөөс үзэгчдээ хүндэтгэсэн, тэдний урам зоригийг бадраасан, бөхийн барилдааныг жинхэнэ утгаар нь шоу цэнгээн болгосон зүйл байв. Өнөө цагт уул нь монгол үндэсний бөх ингэж л шоу цэнгээн дор болж үзэгчдийг хөөрөлд автуулдаг, өөрийн эрхгүй бооцоо тавихад хүргэдэг сонирхолтой, үзүүштэй болох хэрэгтэй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатараас 100 км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувь хөнгөлье

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь шинэ оноос хэрэгжиж эхлээд байгаа. Тодруулбал, тус хуулийн 19.12-т “Нийслэлээс 550 км хол байршилд байгаа аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50 хувиар бууруулах, мөн 1000 км-ээс цааш алслагдсан бол 90 хувиар хөнгөлнө” гэж заасан байна.

Энэ нь амьдралд хэрэгжих боломжгүй, наалдах наалдацгүй, аж ахуйн нэгжүүдээ харж хандсан биш харин ч басамжилсан, доог тохуу хийсэн мэт дэндүү хуумгай болжээ. Уул нь уг хуулийн заалт ямар нэгэн аргаар юм хийх эрмэлзэлтэй хүн бүхэнд, хөдөөд ажлын байр бий болгоё, бүтээн байгуулалт цогцлооё гэж зүтгэж байгаа компани, байгууллагад хамааралтай. Тэднийг татварын дарамтаас чөлөөлөх, бизнесийг нь төр бодлогоор дэмжих, товчхон хэлбэл иргэд рүүгээ хандсан хамгийн амин чухал заалт юм. Гэвч өнөө л төрийн харгис дарамт, ард түмнээ татвараар боомилсон ээлжит дарангуйлал болсон нь харамсалтай. Улаанбаатараас 600 шахам км-ийн алсад аж ахуй эрхлээд татвараа 50 хувь хөнгөлүүлнэ гэдэг дэндүү инээдтэй биз дээ.

Харин 100 км-ийн зайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн албан татварыг 50 хувиар, 200 км-т 90 хувиар хөнгөлнө гээд заачихвал хэрэгжих бүрэн боломжтой. Төв аймгийн Баянхангай сум буюу Атар шиг нийслэлээс 100 км-т байх бүхий л газарт хууль ингэж үйлчлээд эхэлбэл утаагаа, замын түгжрэлээ дийлэхээ больсон Улаанбаатар нүд ирмэхийн зуурт тэлнэ. Хөдөөд бичил хот суурингууд бий болно. Тухайн байгууллагын ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэг, удахгүй сургууль сүндэрлээд, үйлчилгээний байгууллагууд өрсөлдөн баригдаж эхэлнэ. Дэлхийн хотууд яг л ийм замаар хөгжиж тэлж ирсэн байдаг.