Categories
мэдээ нийгэм

“Айлын хүн” болж очсон анхны цагаан сар

Хорин тавны жил ордог тэр жилээ би “айлын хүн” болж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд аж төрдөг хадам аав ээжтэйгээ золгохоор анх очиж байлаа. Нөхөр маань цэргийн хүн болохоор сургууль төгсөөд Өвөрхангай аймагт томилогдон ажиллаж байсан юм. Бид Арвайхээрээс шууданд сууж Улаанбаатарт ирлээ. Тэр жил цас зуд ихтэй байсан тул Улаанбаатараас Баяндэлгэр рүү шууд явахаас халгаж, Баруун-Уртаар дамжиж явахаар болсон юм. Аймгийн төвд аав ээж минь амьдардаг болохоор төрсөн гэрээрээ замын хүн шиг үдлээд буцахад “айлын хүн” болсноо хатуу ойлгож билээ. Битүүний урд өдөр байсан болохоор ээж дүү хоёр маань их ажлынхаа ард гарчихсан, аавынх идээ будаагаа засаагүй болохоос шинэлэхэд бэлэн болжээ. Замын унаатай явсныг хэлэх үү аав минь “эртхэн газар дөхсөн нь дээр” гэхэд гэртээ үлдчихмээр санагдаж, арай л уйлчихаагүй сэн.

Аймгийн төвөөс 160 гаруй км-т орших Баяндэлгэр сум нь хуучны Дарьганга хошуунд багтаж байсан зургаан сумын нэг. Жолооч залуу эхнэртэйгээ мөн Баяндэлгэрийнх. Бүгд л аав ээждээ золгохоор зорьж яваа болохоор алтан шар зам биднийг ивээж зорьсон газраа саадгүй хүрлээ. Сумын төв дээр аймгийн начин хүргэн дүү маань биднийг тосч авахаар портертой ирээд хүлээж байж. Ингээд сумаас цааш Дэлгэр багийн Уртын голд нутагтай аавынх руу замд гарлаа. Цас ихтэй байсан болохоор далаад километрт хэд хэдэн удаа сууж, зам зуураа цасанд суусан 69-ийг татан гаргаж, айлын хөрзөнг намаржаанаас нь ачиж, дөхүүлж өгсөөр битүүний өдөр их үдийн алдад аавынд очсон юм. Агуйтын аманд өвөлжиж буй хадам аав ээж хоёр маань хүний хүслэн болчихсон улс биднийг очиход бөөн хөөр боллоо. Худалч хүнд аав ээж хоёр шинэ он гарсны маргаашнаас цагаан сарын бэлтгэлээ битүүхэн базааж, мал хуйгаа эмхлүүлэх их ажлын хажуугаар сүлжээтэй газар очиж биднийг хэзээ ирэх вэ гэж сураг тавих том ажилтай суудаг юм.

Биднээс хэд хоногийн өмнө очсон “баз” бэр маань угийн хөдөөний хүүхэд тул ажилд шаламгай. “Хүүхэн маань ирж, угаалга цэвэрлэгээ, боов бууз бэлтгэх ажилд их тус боллоо. “Хүүтэй бол хүүхэнтэй” гэж үнэн үг юм” гээд хадам ээж маань сэтгэл өндөр байна. Гэсэн ч битүүний өдөр л болсон хойно ууц чанах, цас хайлах, хонь мал хотлуулах гээд гэрт гадаагүй миний тусалж чадахааргүй олон ажил хөвөрч байв. Би гэдэг хүн багадаа ганц хоёр удаа л хөдөө явж байсан төвийн хүний дээр айлын хүн болж анх удаа очиж байгаа тул юу хийх, яах ийхээ мэдэхгүй жаахан будилж билээ. Аргалын дүү хоосон байгааг анзаарч “Аргал оруулаад ирье” гэж санаачлага гаргатал хадам аав маань “Миний хүүхэн чадах уу” гэж байна. Эрхбиш аргал дүүргээд ирж чадах байлгүй гэж бодоод “Чаднаа” л гэв. Гэрийн хойно байх овоолттой аргалаас аргалын дүүг дүүргээд өргөхөд нилээн хүнд санагдсан ч оруулаад ирлээ. Гэтэл манай нөхөр хараад хөлдүүс оруулаад ирсэн байна гэдэг байгаа. Өвөл үхрийн баас хатаж амжилгүй хөлдсөнийг хөлдүүс гэдэг ажээ. Сүүлд ажаад байх нь ээ хуурай аргал гэрийн зүүн талд хучлагатай байсан юм билээ.

Дээлийнхээ сугыг урагдтал барилдаж өссөн ах дүү хоёр цагаан сарын барилдааныг шимтэн үзэж суух зуур хадам аав идээгээ засч эхэллээ. Гэхдээ ул боов биш дөрвөлжин боовоор идээ засч байна. Мөн ууцан дээрээ дөрвөн шийр, хонины толгойг буруу тийш нь харуулж тавьсан нь хэвтэж байгаа хонь шиг харагдах ажээ. Харин хадам ээж гэрийнхээ үүдэн дээр мөс, бууз, идээний дээжээ тавьж байна. Энэ нь ноёны морь услах гэдэг урьд сонсогдож байгаагүй уламжлал ажээ. Битүүний орой аймгийн төвд аавынд байхад салат зууш бэлтгэх гэж том ажил болдог сон. Энд тэгсэнгүй. Цайгаа чанаж, буузаа жигнээд ерөнхийдөө болж байна. Дээхнэ үед бол багачуудад битүүний идээ гэж уушги, зүрх, эмэгтэйчүүдэд өвчүүний мах, эрчүүдэд бугалганы мах идүүлдэг байсан гэнэ. Ингээд бүгдээр битүүлэх зуур хадам аав ээж хоёр хүүхдүүдийнхээ багын явдлаас дурсан ярьж бөөн инээдэм болцгоолоо. Хоёр хүү нь багадаа битүүний өдөр хотны айлуудаар явж ирээд “Айлууд гоё болчихсон байна. Ээжээ хурдлаарай” гээд л угийн тайван, удаан зантай ээжийгээ шамдуулдаг байсан гэнэ. Мөн дээхнэ үед ганц Дальдынх радиотой байсан юм. Тэгэхэд хамт өвөлжиж буй айлууд нь Дальдын радионоос утас татаж гэртээ өсгөгч тавиад цагаан сарын барилдаанаа сонсдог байлаа. Одоо ч цаг сайхан болж дээ гэж хадам аав ярьсан юм.

Гэртээ ийн битүүлсний дараа “Одоо бүгд хамаатан саднаараа битүүлэхээр явцгаах байх даа” гэж бодож байтал тэгсэнгүй. Аймагт бол гэртээ битүүлчихээд гэр бүлээрээ өвөөгийнх, нагац ахынхнаар явж битүүлдэг болохоор тэгж бодсон хэрэг. Харин энд зөвхөн эрчүүд нь битүүлэхээр явдаг ажээ. Манайхаар мөн дээл хүрэм тэргүүтнээр гангарсан эрчүүд ирж бид гурав цай хоол бэлтгэсээр битүүний оройг өнгөрөөсөн юм.

Шинийн нэгний өглөө хадам аав зурхай харж, баруун хойд зүгт хонио бэлчээхийг даалгалаа. Учир нь энэ өдөр хонио гэрийн эзний буян хишгийн зүгт бэлчээдэг ёстой ажээ. Хадам ээж цайгаа чанаж, цагаалгаа бэлдээд тэнгэр бурхандаа өргөж, эрчүүд зүг мөрөө гаргаснаар бид шинэ сартай золголоо. Шинийн нэгэнд мөн л эрчүүд нь морь, мотоцикль, портер гээд аль байгаа унаагаар золголт хийцгээдэг аж. Нөхрөөсөө яагаад ингэдэг талаар асуухад эмэгтэйчүүд шинийн нэгэнд золголтоор явж болно. Гэхдээ ажил нь амждаггүй болохоор гэртээ үлддэг юм. Харин шинийн нэгэнд айлд очиж золголт хийгээгүй бол хоёронд гэрээс гардаггүй ёстой гэв.

Ингээд шинийн гуравнаас эхлээд хүүхнүүд хэслээр ирж, ээжийг “Хоёр бэр нь ирчихсэн, Гэла энэ жил сайхан байнаа”, “Батын жижиг гэр ёстой оволзож байна” гэж ирээд яриа хөөрөө дэлгэж эхлэв. Хадам ээж эхээс есүүлээ. Ихэнх нь Хүрэн овоо, Агуйтын ам, Уртын голоор нутаглацгаана. Би ч нөхрийн хамт эмээгийнх, Өндөө ахынх, Агаагийнх гээд ойрхон өвөлжиж байсан хэд хэдэн айлаар хэсэл хийгээд амжив. Айл болгонд л аймаг, сум, хот оронд ажиллаж, сурдаг хүүхдүүд нь ирчихсэн дуу хуур, инээд хөөрөөр цалгиж байлаа.

Цагаан сараар төвийн айлууд ширээн дээрх идээ зууш, бэлэг сэлтээрээ өрсөлдөх нь холгүй байдаг бол хөдөөний айлууд ингэж чамирхдаггүй ажээ. Тэдний хувьд ширээн дээр тавьсан ууц, идээ нь өвлийг өнтэй давсны, мал сүрэг нь тарган тавтай орсныг илтгэх шиг санагдаж билээ.

Хөдөөний хүмүүс бие биенээ үргэлж авгайлж дуудахаас гадна их шооч хүмүүс ажээ. Хэн нэгний тухай ярихдаа зүгээр ярина гэж огт байхгүй. Үргэлж дуурайж ярих нь тун сонирхолтой. Надад бас ямар нэр өгч, намайг хэрхэн дуурайж ярьдаг бол гэхээс инээд хүрэх шиг болно. Холхон өвөлжиж буй зарим нь бид хоёрыг гэртээ ирэхийг урина. Дөшдэй гэж авгайлан дууддаг ээжийн ахынх Хүрэн овооны хөөрхөн Суужий гэгддэг бага хүүгээ бид хоёрыг авчруулахаар мотоцикльтой явуулжээ. Замдаа Уртын гол гэх их элстэй газарт жолоочийн маань өрөөсөн гутал нь сугарчихав. Суужий гутал нь сугарсныг мэдэлгүй нилээн хол давхисан юм даг. Хөдөө энэ мэт хөгжилтэй явдал их тохиолдоно.

Сар хуучрах тийшээ хандахад бидний үеийн залуус аавынд цуглаж талын хөзөр тоглоцгоов. Энэ үеэр хадам ээж маань тоглохоор ирсэн залууст “Та нар жирийн үед манай хажуугаар нисээд байдаг биз дээ” гэж бяцхан гомдол мэдүүлээд авна. Цагаан сарын энэ хэдэн өдөр л малчин хүнд жаахан амсхийх чөлөө олгож, ингэж налайж суух боломж олгодог юм гэж нөхөр маань надад хэлсэн. Нээрээ ч тийм байх даа.

Ингэж бид аав ээжийнхээ сэтгэлд нар мандаагаад, ирсэн гийчин буцдаг ёсоор Баруун-Уртыг зорьсон юм.

Тэр жилээс хойш таван жил өнгөрчээ. Хүү маань саяхан цагаан сарын тухай нэгэн шүлэг цээжилснээ уншиж өгсөн юм.

Цагаан сар гэж ямар баяр юм бол

Хүн болгонд үнсүүлдэг хацрын баяр юм уу

Айл болгон бууз хийдэг буузны баяр юм уу

Хүн болгон дээл өмсдөг дээлний баяр юм уу

Аа, мэдлээ мэдлээ

Амар байна уу гэж золгодог ахан дүүсийн баяр юм байна

Хүйтэн өвлийг өнтэй давсан хүн болгоны баяр юм байна гэхэд хөдөө нутагт цагаан сар гэж ийм л сайхан баяр болдог доо гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эх орончдын нам”-д эх орныхоо төлөө “харакири” хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг ирлээ

Цагаан сар хаяанд ирчихсэн, айл бүхэн сар шинэдээ бэлдээд, хүн бүр билэг ерөөлийг бодож байгаа. Сар шинийн өмнөхөн билэггүй юм яриад яахав дээ гэх хандлага байдаг. Гэвч эдийн засаг хамгийн үнэн, бодитой. Нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ идэхгүй гэдэг шиг өнөөдөр Монгол Улс дампуурлынхаа ирмэгт ирээд байна. Эдийн засаг үнэхээр хүнд байна. Засаг төр маш хурдтай ажиллаж, зоримог шийдвэрт хүрэхгүй бол монголчуудын уламжлалт баяр цагаан сарын золголт ид дундаа байх цаг дор улс орон маань дефолт буюу хүн төрөлхтний өмнө дампуурлаа зарлаж шившгээ дэлгэнэ. Ийм л цаг бидний өмнө ирж дампуурлаа зарлах уу, үгүй юү гэдэг асуудал ердөө л минут, секундээр хэмжигдэж эхэллээ.

Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд ороод байгаа. Гэтэл Олон улсын валютын сан Монголд хамгийн хүнд нөхцөлтэй шаардлагыг тулгах болсон. Энэ нь Монгол Улсын Сангийн яам болоод ОУВС-гийн хэлэлцээрийн явцаас мэдрэгдэж байна. Тухайлбал, “Extended fund facility” буюу урт хугацаат өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг манайд тулгаж байгаа юм. Ийм хөтөлбөрийг төлбөрийн тэнцлийн хямралд өртсөн орнууд хэрэгжүүлдэг. Үндсэндээ эдийн засаг нь элгээрээ хэвтсэн орнуудад санал болгодог гол хөтөлбөр нь аж.

Олон улсын валютын сангийнхан “Эдийн засаг чинь онцгой хүнд нөхцөлд байгаа учир үүнээс өөр арга одоохондоо алга” гэдгийг хэлж байна. Татвар нэмэх, орлогын шаталсан татвар бий болгохыг шаардсан нь өнөө яригдаад буй 450 сая ам.доллар бөөндөө биш цуварч орж ирнэ гэсэн үг. Валютын сангийн даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж байгаад дараагийн мөнгөө авах эрхтэй болно. Ийм л хатуу зарчмаар явах сонголтыг тэд тулган хүлээлгэж байна. “Extended fund facility”-д хамрагдсан орнуудад ОУВС-гаас төсвийг нь эрүүлжүүлэх танах чиглэлээр цаашдаа тодорхой салбар руу нь шууд дайран ордог байна. Түүний нэг жишээ нь уг хөтөлбөрт хамрагдсан Украинд эрчим хүчний төлбөрийг шууд нэмэгдүүлж байжээ. Манайд ийм эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүйг эдийн засагчид онцлоод байгаа.

Өнөөдөр Монголын төрийг эх орончдын нам буюу Монгол ардын нам барьж байгаа. Тэд хорин нэгэн оны хавар Монголд анх улс төрийн хүчин болж байгуулагдсан. Монгол ардын нам бол халуун зоригт эх оронч хөвгүүдийн байгуулсан нам. Улс орны тусгаар тогтнолын суурийг тавьсан эх орончдыг үгүйсгэж болохгүй хэмээн тунхаглаж, жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг Эх орончдын өдөр гэж жигтэйхэн баяр хөөр болж, наадам найр хийдэг. Юм л болбол эх орон, ард түмэн минь, эх оронч баатарлаг хөвгүүд минь гэж лоозогнодог Ардын намыг эх орончдын нам гэсэн нь ийм учиртай.

Эдийн засаг элгээрээ хэвтэж, улс орон дампуурахдаа тулаад буй энэ үед Эх орончдын намд засгийн эрхийг барих ээлж таарсан юм. Тэд өнгөрөгч оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулахдаа ард иргэдээ өдөр бүр ам руу нь угжиж байх хайр, халамжийг хавтгайд нь зарласан.

Эргэн санавал, “Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлооно” гэж уриалан тунхагласан мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг олгоно, оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилдаа орсны дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Өрх толгойлсон эцэг эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжинэ. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. “Одонтой ээжүүд”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Цалин урамшууллыг өсгөж өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гээд цааш хөвөрнө.

Эрх баригчид ингэж тунхаглан сонгуульд ялчихаад баярлалдаж байтал Олон улсын валютын сангаас энэ бүхнийг нь тас цавчсан шаардлагуудыг тавих нь тэр.

Халамжийг бараг л байхгүй болгох, татвар нэмэх, төсвөө суурь байдлаар нь танах, төрийн албан хаагчдыг эрс цөөлөх, өрөөр өр дарахгүй байх, өр зээл дахиж авахгүй байх зэрэг хатуу болзлуудыг тулгасан. Өөрөөр хэлбэл, засаг барьж буй Монгол ардын нам “Стэнд бай”-д хамрагдахын тулд сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод ард түмэндээ амлаж ялалт байгуулснаа 100 хувь үгүйсгэж, үндсэндээ амлалтынхаа эсрэг ажиллана гэсэн үг. Хэрвээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, эх орныхоо сан хөмрөгийн ёроолд байгаа жаахан хүнсээ халамж нэрээр тараагаад цацчихвал, уутныхаа ёроолыг сэгсрээд гөвчихвөл Монгол Улс дэлхий дахинд дампуурлаа зарлах нь тодорхой. Хэрэв өрөөр өр дарж дампуурлаа зарлаж гэмээнэ тухайн улс орон дахин өндийж хөл дээрээ тогтоход наад зах нь 100 жил шаардлагатай гэсэн шинжлэх ухааны тооцоо байдаг. Дампуурлаа зарлаж, дахин өр тавиад баларч байгаа улс орнуудын жишээ олон бий.

Тиймийн учир монгол төрийн жолоог ийм хүнд бэрх цаг үед барьж буй МАН-д эх орныхоо төлөө харакири хийж өөрийгөө золиослох шаардлага тавигдаж байна.

Харакири гэдэг нь өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ үзүүлж гэдсээ хүүлэн амиа егүүтгэдэг самурайн ёс заншил юм. Хүндлэл, үзэл баримтлалаа сэвтүүлсэн самурай нар өөрийгөө шийтгэж, энэхүү зан үйлийг сайн дураараа хийж гүйцэтгэдэг байжээ. Ардын нам ийнхүү амиа хорлон эх орноо авраад улс төрийн дараагийн сонгуульд ялагдал хүлээх нь мэдээж. Амлалтаасаа 100 хувь ухарсан тэдэнд ард түмэн дахиж итгэл үзүүлнэ гэдэг юу л бол. Дараагийн сонгуулиа бодоод, өөрсдийнхөө амийг хоохойлоод эх орноо дампууруулбал бүр чиг шившгээ дэлгэж, Монголын түүхэнд аймшигтай хар мөр үлдээнэ. Ийм л хэцүү бэрх тулгарлын өмнө ирлээ.

Сонирхуулахад, Монгол Улсын гадаад өр сүүлийн таван жилд 3.2 дахин өсч 21.6 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаад өрийн 18 хувийг хадгаламжийн байгууллага (төв банкийг оруулсан), үлдсэн 82 хувийг нь хадгаламжийн бус байгууллагуудын өр бүрдүүлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хадгаламжийн байгууллагын гадаад өр гурван тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол хадгаламжийн бус байгууллагуудын гадаад өрийн хэмжээ 12 тэрбум ам.доллараар огцом нэмэгджээ.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нь дэлхийн улс орнуудын түвшинтэй харьцуулахад хамгийн өндөр буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 173 хувьтай тэнцэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас Франц улс 93.9, Америк 104.5 байдаг бол Ямайк 138.9, Ливан 139.7 хувьтай тэнцэж байна. Харин Грек улс эдийн засгийн хямралын хамгийн хүнд үедээ гадаад өр нь ДНБ-ний 173.8 хувьтай тэнцүү буюу 320 тэрбум евро болж байсан удаатай. Дэлхийн улс орнуудыг гадаад өрийнхөө хэмжээгээр тэргүүлж буй улсаа эдийн засгийн хүндрэлээс аварч, дампуурлаа зарлан гутамшиг болгохгүйн төлөө энэ нам, энэ төр засаг ажиллах үүрэгтэй.

Ардын нам өөрсдийнх нь хэлдгээр эх оронч хөвгүүдтэй, тийм зүрх зоригтой нь үнэн юм бол Монгол Улсынхаа төлөө нэр төрөө золиослох цаг үеийн шаардлага тулгарсан байна. Улс төрийн намууд эх орныхоо төлөө ингэж золионд явдаг. Энэ удаад ард түмэн шоо хаяж сонголт хийхдээ Эх орончдын нам буюу Ардын намыг тодрууллаа. Үндсэндээ Монголын ард түмэн энэ намыг золионд гаргахаар санал нэгтэйгээр шийдлээ гэсэн үг. Харин одоо Эх орончдын намд эх орныхоо төлөө харакири хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг иржээ.

Categories
мэдээ цаг-үе

​Монгол бөхийн амьд домог “Хоёр Мөнх” сар шинийн барилдаанд анх хүч үзсэн түүхтэй

Зүүн гараас Баянаа, Мөөеө, Цэрэнтогтох аваргууд

“Билгийн улирлын арвандолдугаар жарны…” гээд цагаан сарын бөх эхлэх бахтай сайхан. Битүүний өдрийн үдээс хойшхон айл бүхний хөглөрсөн их ажил нэг л мэдэхэд цэгцэрчихсэн, бүх зүйл эрэмбэ дараатай, хүн бүхэн монгол ёс төрөө дээдэлсэн тийм л цаг дор хаврын тэргүүн сарын шинийн нэгний бөхийн барилдааны гурвын даваа эхэлдэг сэн. Аварга, арслангуудын цолыг ээлж дараалан дуудахад, монгол хүн болж төрсний ид хав эрхгүй мэдрэгдэж, ямар чиг л эрийн цээж тэвхийгээд ирнэ. Уртын дууны шуранхай хадаад, цэнхэр дэлгэцээр домогт хүчтэнүүдийн алдар сууг бахдан өгүүлээд сар шинийн барилдаан ид дундаа өрнөнө. Хөдөө, төв суурин Монгол нутгийн аль чиг газар бүрийд цагаан сарын бөхийн хууч, таавар таамаг хөвөрч буй нь мэдээж. Жил жилийн наадам сайхан гэдэг шиг, бөхчүүдийн тухайн жилийн жилийн өнгө жавхааг шинжиж, хийморь лундааг нь бадраадаг сар шинийн барилдаан цаанаа л үзүүштэй сайхан. Монгол бөхийн амьд домог болсон “Хоёр Мөнх” тэртээ жараад оны цагаан сарын баярт анх удаа учраа таарсан нь бий. Мөн халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аварга жавхгар бор залуу анх цагаар сараар л үймээн шуугиан тарьж, Хадаатайгаа зэрэгцэн гарч ирсэн түүхтэй.

Төрийн наадамд арав гаруй жил босоо байж, ард түмэн Бат-Эрдэнээс өөр нэр мэдэхгүй, ямар сайндаа л монголчууд түрүүлсэн бөхдөө БатЭрдэнэ гэдэг нэр өгдөг гэх онигоо хүртэл гарч байсан тэр л цагт жижиг Сүхбат гэж шоволзсон залуу тэр жилийн цагаан сараар цагийн эзэлсэн их аваргыг унагаж, бөхөд хайртай ард түмнээ цэнгүүлж байсан удаатай. Сар шинийн барилдаан ийм л гойд онцлогтой байдаг юм. Хэдхэн хоногийн дараа болох “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан бахтай сайхан болноо. Нэг үеэ бодоход монгол бөхөд олон сайхан хүчтэнүүд зэрэг зэрэг төрж байна. БатЭрдэнээс өөр аваргагүй, МөнхЭрдэнээс өөр арслангүй байсан цаг саяхан. Тэгвэл өнөө жилийн цагаан сараар ГунАажавын Эрхэмбаяр, Чимидрэгзэнгийн Санжаадамба, Сүхбаатарын Мөнхбат нарын аваргууд, Пүрэвийн Бүрэнтөгс, Намсрайжавын Батсуурь, Энхтөгсийн Оюунболд, Рэнцэнбямбын Пүрэвдагва нарын арслангууд, Батнасангийн Гончигдамба гарьд, Батжаргалын Батмөнх, Баатархүүгийн Пүрэвсайхан нарын заанууд болоод өнгөрөгч жилийн түрүү бөх Цэдэвийн Содномдорж харцага нар зодоглоно. Энэ хэдэн хүчтэний дунд л сар шинийн барилдааны бөхийн таавар эргэлдэх нь мэдээж. Дээрээс нь уран барилдаант харцага Төрөөгийн Баасанхүү, сүүлийн үеийн барилдаануудад өнгөлж байгаа, бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй Эрдэнэбатын Даш гэж эвгүй начин бий. Их шөвгийн дөрөвт гозойгоод зогсож байхыг үгүйсгэх аргагүй ээ.
Ингээд бөхөө дээдэлдэг, сар шинийн барилдаанаа тэсэн ядан хүлээж суугаа уншигч олондоо жил жилийн хууч, сонин сайхнаас хүргэе. Цагаан сарын бөхийн барилдаан жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэлч малчдын баяр гэх тодотголтой анхны барилдаанд жаран дөрвөн бөх хүч үзсэнээс дархан аварга Мөнхбат зургаа даван түрүүлжээ. Үзүүрт нь Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран барилдаант Чойжилын Бээжин аварга үлдсэн байна. Их шөвөгт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын хүчит арслангууд үлдсэн байна. Тэр жилийн барилдаанд “хоёр Мөнх” анх удаа учраа таарсан тухай дээр өгүүлсэн. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой залуу зодоглон дунд шөвөгт шалгарч Мөөеө аваргыг заан цолтой байхад нь тахимаа өгч байж. Жаран гурван оны улсын наадамд Мөнхбат аварга Сосорбарам, Мижиддорж нарын арслангуудыг найм, есийн даваанд цувуулан орхиж түрүүлсэн юм. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмаар өнгөлж барилддагийн жишгийг тийнхүү Мөөеө аварга тогтоож байсан удаатай.
Залуу бөх Баянмөнх мөн л тэр жилийн наадмаар улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын цолны босго алхаж байв. Жараад оны дунд үеийн цагаан сарын барилдаан арван хэдэн бөхийн хооронд өрнөдөг байсныг ахмад бөхчүүд болоод бөх судлаачид хэлдэг юм. Арван хэдэн бөх гэдэг нь Дамдин аварга, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, ЭрдэнэОчир, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын начингуудыг хэлж байгаа хэрэг. Эдгээр бөхчүүдтэй Өмнөговийн Дэмүүл, Булганы тэмээ өргөдөг Жамьяандорж, Дорнодын Түвшин нарын бөхчүүд хөдөөнөөс ирж хүч сорино. Энэ хэд дундаа мэдээж хоёр Мөнх нь онцгой байж таарна. Мөөеө, Баянаа аваргууд цагаан сарын барилдаанд тус тусдаа долоо, найман удаа түрүүлсэн түүхтэй. Жаран зургаан онд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаа түрүүлжээ. Тэрээр их шөвөгт Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн он жилүүдэд төрийн наадамд босоо байсан Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байна. Тэр жилийн сар шинийн барилдаанд Архангайн Чулуутын Түзэлийн Зундуй заан их шөвөгт шалгарсан удаатай. Таван аварга зүүн баруун жигүүрийг манлайлсан баярт Пагмын Аюуш арслан Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бөх сонирхогч олныг баярлуулжээ. Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн. Гэвч түүнд арслан цолыг нь өгөлгүй, худлаа барилдаж нам засгаа доромжилсон хэмээн наадмын комиссоос шийтгэл хүлээлгэж байсан удаа бий. Сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн бөх цөөн. Түүний анхдагч нь Чойдорын Өвгөнхүү (одоогийн харцага) юм. Тэрээр жаран есөн оны сар шинийн барилдаанд Чойжилын Бээжин аваргатай үлдэж түрүүлсэн байдаг. Өвөө харцага тухайн наадмаа дурсахдаа бас нэг инээдэм хавчуулсан хууч дэлгэдэг юм. Тэр жилийн цагаан сарын өмнөхөн мань хүн өсгийгөө гэмтээжээ. Тэгээд Догоо (Долгорсүрэн заан)-гоо дагуулаад битүүний урьд өдөр гэртээ иржээ. Түүндээ учраа хэлээд “маргааш хоёулаа аягүй л бол тунана шүү. Тэгэхээр чи давах юм шүү. Найз нь хөл гэмтэлтэй учир цаашаа олигтой барилдаж чадахгүй байх. Хоёр Мөнх эзгүй байна, цаана чинь. Цэрэн аварга, Бээжин хоёрын нэр л яригдаад байна. Гэхдээ чамд тун боломж байгаа” хэмээн баахан авч өгч л дээ. Ингээд барилдаан эхэлдгээрээ эхэлж, дөрвийн даваанд өнөө хоёр чинь баараггүй тунажээ. Гарцаагүй давах байсан Долгорсүрэн Өвгөнхүүгээ дүүгүүрдэж хаяна гэж зүтгээд өөрөө ойчсон гэдэг. “Олны өмнө яалт ч үгүй суун тусаад ойчсон Долгорсүрэнгээ давсан гэлтэй нь биш. Би өөрөө л туг тойрсон доо” гэж Өвгөнхүү харцага дурссан нь бий. Долгорсүрэндээ бууж өгнө гэж байсан Өвгөнхүү тэр жилээ шууд түрүүлсэн нь бас сонин шүү. Юм гэдэг учиртай л байдаг хойно.
Далаад оны цагаан сарын барилдаанд Мөөеө, Баянаа аваргууд болон Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн, Мядагийн Мөнгөн нарын арслангууд, Дасрангийн Мягмар, Доноровын Долгорсүрэн нарын заанууд, ГовьАлтайн Дүгэрийн Цэрэндаш, Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва нарын хүчтэй начингууд шуугиулж байжээ. Далан нэгэн онд өндөр ойн одтой бөх гэдгээрээ зартай Сэрээтэрийн Цэрэн аварга, Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан.
Спортын ордонд цугласан олон “Ойн одтойгоороо Цэрэн түүрүүлнэ биз” гэцгээж байсан гэнэ. Үнэхээр ч монгол бөхийн гучин хоёр шинжийг хадгалж төрсөн гэгддэг Цэрэн аварга түрүүлсэн байна. Далан хоёр оны сар шинээр ГовьАлтайн Хөх морьтын Ундрахын Пүрэв заан Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангуудыг дөрөв, тавын даваанд дараалуулан өвдөг шороодуулж их шөвөгт Дамдин аваргыг давснаар Баянаатай үзүүр түрүүнд үлдэж байжээ. Тэр жилийн цагаан сарын шуугианы эзэн нь Пүрвээ заан байсан байна. Хөх морьт гэхээр л сэтгэл сэрхийдэг нэртэй дипломатч Дагвын Цахилгаан гуай тэр жил Пүрвээгээ үзүүрлэхэд жигтэйхэн баярласан гэдэг юм. Архи уудаггүй хүн чинь давах бүрт нь уугаад бараг л түрүү үзүүрт үлдэхэд нь “больчихсон” байсан гэдэг. Сар шинийн барилдаанд шуугиан тарьж гарч ирж буй бөх ус нутгийн олноо ямар их баярлуулдаг гэж санана. Хэдэн жилийн өмнө дөө, Мөнгөнбаатарыг түрүүлэхэд наран ургах зүг Сүхбаатар нутгийнхан мөн ч их баярлацгааж байлаа. Тэр жил Доржсамбуу гарьдаа түрүүлэхэд Булган хангай нутгийнхан аанай л баярлалдаж, ус нутагтаа очин шинэлж байхад хүн бүхэн нэг л их баяр хөөртэй, бүгд л түрүүлчихсэн мэт ид хавтай байж билээ. “Хоёр Мөнхийн хэн нь түрүүлэх бол, Данигай (Дамдин) аварга ч хариагүй ид л байгаа шүү дээ, за тэгээд Чойжилсүрэн, “тэмээ өргөдөг” Жамъяндорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Мижиддорж, Өмнөговийн Дэмүүл гээд аатай хэдэн арслан байна. Цэрэн, Бээжин аваргууд ч баллана даа” гэх яриа далаад оны эхэн үед газар авч байсан цаг. Тухайн он жилүүдэд эдгээр хүчтэнүүдээс гадна Дагвасүрэн, Хайдав, Долгорсүрэн, Лундаа, Өвгөнхүү гээд мөн л аварга амьтад ар араасаа төрөн гарч ирж байсан.
Далан зургаан онд Мөнхбат аварга тав дахиа түрүүлж Сосорбарам арслан үзүүрлэж байсан. Төв аймгийн хоёр хүчтэнтэй их шөвгийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар начин цолтой үлдэж байлаа. Мягмар заан Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж шөвгөрөөд Мөөеө аваргад тахимаа өгч байсан. Төв аймгийн хүчтэнүүд түрүү үзүүр булаалдсан наадамд “Бүрэнгийн бүдүүн гуят” гэгддэг Мөнхийн Загдсүрэн начин Хэнтийн Барамсай заанаар гурав, Сэрээтэрийн Цэрэн аваргаар дөрөв давж байсан удаатай. Далаад оны сүүл үеэс хоёр Мөнхийн халааг “Алдар”-ын тамирчид болор Цэрэнтогтох, Хадаа нар залгаж авсан байна. Тухайлбал, далан найман оны сар шинээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Дашдоржийн Цэрэнтогтох аварга заан цолтойдоо хоёр Мөнхийг дараалуулж өвдөглүүлээд түрүүлж байсан түүхтэй.
Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд Дамдин, Баянмөнх, Мөнхбат аваргуудыг 7-9 даваанд дараалуулж орхин түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан юм. Тэр жилийн гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн Дундговийн “харлаг” хэмээх Жавзмаа начинтай, Д.ЦэндАюуш Архангайн Гүсэмийн Жалаа начинтай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэн начинтай тус тус хүч үзсэн байна. Ишгэн, Цэнд-Аюуш, Дүвчин нарын заанууд начин цолтой байсан үе юм. Далаад оны төгсгөл наяад оны эхээр Булганы Дэндэвийн Амгаа, ГовьАлтайн Рэгжийбуугийн Давааням, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн, Зэвэгийн Дүвчин, Увсын Өлзийн Тулгаа нарын хүчтэй заануудтай БаянӨлгийн Однойн Бахыт, Ховдын Адуучийн Баатархүү, Булганы Жамцын Бор, Дундговийн Цэгмидийн Улаанхүү, Өмнөговийн Дашдуламын Багахүү, Өвөрхангайн Довдонгийн Дашжамц, Сүхбаатарын Жанцангийн Чулуун гээд ёстой л нөгөө “боодогны чулуу” шиг барихад халгамаар нөхдүүд ихэвчлэн тунадаг байсан. Дээр нь Бандийн Ганбаатар арслан, Дамдингийн Баяраа гарьд нар нэмэгдэж таарна.

Үргэлжлэл бий

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

​Үзэгдээгүй үнэ

Үнэ өсөхөд бид дургүй. Бид ч юу байхав, хүн төрөлхтөн дургүй. Уул нь миний юмны үнэ өсөх сайхан боловч бусдынх зэрэгцээд явчихдаг нь муухай. Шударга зарчим дандаа сайхан байдаггүй аж.

Хорвоогийн баян газруудад юм нь үнэтэй, ядуурахын хэрээр хямд. Баяжих тусам инфляци нөмөрч, ядуурахын хэрээр эдийн засаг сайжран, юмны үнэ хямдарч байгаа юм огт биш гэнэ. Хүн ард нь баяжихын хэрээр бараа үйлчилгээг хэдээр л бол хэдээр авах чадалтай болж, ядуурах тутам худалдан авах чадвар буурдагтай холбоотой гэдэг. Худалдан авах чадварыг дагаад үнэ унана. Баян газарт талх таван доллараар зарж болох ч бослого самуунд идэгдсэн оронд таван центээр борлуулж чадвал их юм.

Үнэ бол зөвшилцөл дээр тогтдог гэж судлаач хэлдэг. Манайхан “Яг хэдэд өгөх юм бэ”, “наймаа наанатай цаанатай” гэдэг нь үнэ тогтоох хэлцлийн хэллэг. Худалдагч юмаа хамгийн өндөр үнээр өгөх санаатай, худалдан авагч хамгийн доод үнээр салгачих бодолтой. Энэ хоёр сонирхлын уулзвар дээр үнэ тогтдог гэсэн (Тус бичлэгт “гэсэн”, “гэнэ лээ” гэхчилэнгийн үгийг олноор хэрэглэж байгаа нь их учиртай. Баяжих бүх аргыг мэддэг гэдэгтээ итгэлтэй ч тэр нь өөртөө хэрэг болдоггүй нөхдийнхөө сэтгэлийн амгаланг бодолцсон нь тэр).

Харин манай зөвшилцөл их өвөрмөц. Үнэ өсөхөөр хөөрөөд давхихгүй боловч худалдан авалтаа багасгахгүй. Үнэ бусад оронтой адилхан өсөвч худалдан авалтад удаан нөлөөлнө. Манай эдийн засаг бусад олон орноос доогуур атлаа юмны үнэ заримдаа Америк, Японоос илүү. Манайд байр авдаг үнээр Америкт байшин авч болох жишээний.

Манайхан үнэ хэд ч байсан зөвшөөрдөгт хамаг учир байна. Энэ нь манайхан эдийн засагчдаа оролцуулаад тэнэг маанаг, худалдан авалтын гаж донтойд байгаа юм биш…Нээрээ, биш шиг байгаа юм гэсэн нь дээр байх.

Бид мянганы түүхтэй нүүдэлчин ард түмэн. Яруу найрагт бахархалтай гардагчлан “Алтай Хянганы завсарт атар аялаг баялаг орон”-той бөгөөд “дөрвөн цагийн улиралд дураараа нүүх” амьдралтай. Ингэж явах жаргалтай боловч бараа үйлчилгээний систем, тогтцод бэрхшээлтэй.

Бараа таваараар хангах байнгын тогтоц үгүй тул монгол хүн хэзээд наймаа хийхэд бэлэн. “Наймаа таарвал өгнө” гэсэн хэллэг юугаа ч, хэзээ ч зарахыг үгүйсгэхгүй гэсэн санаа. Ийм учраас унаж яваа морио, зууж очсон гаансаа сэтгэлд таарсан юмаар солиход хэзээд бэлхэн.

Энд бас нэг дүрэм үйлчилнэ. “Одоо л зарахгүй бол хэзээ ч зарж чадахгүй, одоо л авахгүй бол дахиад хаанаас ч олохгүй”. Үнэхээр тийм. Алтай хангайн ар шилд тааралдсан, сэтгэл татам гаанс зуусан эр маргааш арван давааны чинадад одсон байна. Дараагийн тийм зочин-худалдаачин хэзээ ирэхийг манай хөгжмийн зохиолч Балхжавын хэлдгээр таашгүй. Унаж яваа моринд нь боломжийн үнэ хаяад байсан явуулын хүн эргэж ирэх эсэхийг бурхан ч хэлшгүй. Тийм учраас нүүдэлчдийн зах зээлийн дүрэмд “Эсвэл одоо. Эсвэл хэзээ ч биш” хэмээн бичигдэж.

Социализмын үед хоршооны агент гэж байв. Манайд Английн тагнуулын “агент 007” ажиллаж байсан хэрэг биш. Жаахан цай, тамхи ганзагалаад нүүдэлчин ард түмнийг хайж олон үйлчилдэг социалист худалдааны тогтцын хэсэг. Ирдэг бараа нь аанай л ховор хомс. Сумын хоршоонд ирсэн ганц мотоциклийг азтай ганц нь л аваад хойтон болохыг хүлээнэ. Хоёр халуун савыг хоншоортой хоёр нь л гардана. Ийм болохоор ардын засгийн жилүүдэд “олдсон дээр нь ав” гэдэг монгол худалдааны дүрэм төдий л өөрчлөгдсөнгүй. Харин энэ системд юмны үнийг төрөөс тогтоож өгнө. Улсын худалдааны хохирол хэнд ч хамаагүй, төрийн мөнгө “ёо гэхгүй нь сайхан” тул олон жил хатуу түүнээ мөрдөж. Манай брэнд маркаараа биш үнээрээ нэрлэгдэн “11.20-ийн чихэр”, “18-ын торго”, “48-ын чихэр” гэхчилэнгээр алдаршиж байв.

Бидэнд нийтлэг байсан “Таалагдсан бараагаа тааралдсан газарт нь ав, эс тэгвэл үүрд хожимдоно” гэдэг худалдааны зарчим 1990-ээд оныг хүртэл олигтой өөрчлөгдсөнгүй. Зах зээлд орж, үнэ чөлөөтэй хөдлөх болов. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хязгааргүй олон сонголтын өмнө ирэв. Харин “одоо эсвэл хэзээ ч үгүй” гэсэн худалдан авалтын зарчим маань тийм амар арилж өгсөнгүй. Үүнийг дагаад “монгол хүнд юмыг хэдээр ч зарж болно” гэдгийг хүний өөрийнгүй ойлгож. Хэдээр ч зарсан авдаг үйлчлүүлэгч байгааг мэдсээр байж үнээ буулгах маанаг ховор.

Өнөөдрийн дэлхийн жишгээс давсан, бидний худалдан авах чадвараас хэтийдсэн “монгол үнэ”, монгол маягийн зөвшлийн нууц энд байгаа. Бид бусдаас муу учраас ингэж байгаа юм биш, туулсан зам, төлөвшсөн орчин нь ийм дадал сэтгэлгээ бий болгосон хэрэг. Мэдэхгүйдээ ингээд байгаа юм биш, юм худалдан авах бүрийд бидний өвөг дээдсийн үеэс өдийг хүртэл мянган жил дагасан үл үзэгдэх зөвлөх “Хэд ч байсан хамаагүй ав. Дахиад олдоо ч уу, үгүй ч үү” гэж шивэгнээд байх аж.

Дээр нь биднийг мөнгөө хайрладаггүй, үнэтэй юм их авдаг гэж гадныхан шүүмжилдэг. Энэ нь ч бас бидний буруу биш бөгөөд оршин амьдарч ирсэн ахуйгаас маань их хамааралтай. Бидний сайн мэдэх “Нүгэл буян” киноны ламбугайг санаж байна уу? Тэр лам сүрэгчингээ дарамталдаг хэсэг бий дээ. Яагаав, чи миний буяныг аривжуулж чадахгүй бол би хатуу юм болгоод далд хийчихнэ шүү гэж ирээд л айлган сүрдүүлдэг дээ. Энэ нь орчин үеийнхээр бол хөрөнгө юугаа мөнгө юм уу, үнэт цаас болгоод банкинд хадгалуулахтай дүйх санаа юм.

Хэдийгээр цаасан мөнгө хэрэглэсэн үндэстний нэг гэж манай өвөг дээдсийг өрнийн аялагчид тэмдэглэсэн байдаг ч гэсэн өөрснөө мөнгөн тэмдэгтэд төдий л итгэлгүй хандаж иржээ. Ханшийн өөрчлөлт зэрэг нь “найдваргүй эд” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн ч байж магад. Харин сайхан хөөрөг, сайн морь, үнэтэй гаанс зэрэг нь үргэлж үнэ цэнээ хадгална.

Монголчуудын үнэтэй гаанс хөөрөг сэлтэд дуртай, эдийн засгийн чадавхиа үл тоомсорлон тэдгээрийг авах бодолтой зэрэг нь нэг талаасаа тансаг хэрэглээнд дуртайн жишээ боловч нөгөө талаас хөрөнгө хадгалах хэлбэр нь байж иржээ.

Өнөө цагт бид банктай, төлбөрийн карттай болсон ч гэсэн сэтгэл зүрхэнд минь зуунаас зуун дамжин ирсэн хөрөнгө хадгалах арга нь үйлчилсээр байгаа бөлгөө. Тэр үл үзэгдэх зөвлөх “Үүнийг ав. Одоо л ав” гэж зөвлөсөөр…

2014 оны гуравдугаар сарын 27

Categories
мэдээ соёл-урлаг

​Э.Баатаржав: Айлд тууль хайлахад хүчтэй засал болж, жилээ даадаг учиртай

Баян-Алтайн гуч туульч, цуурч, хөөмийч Э.Баатаржавтай ярилцлаа.


-Та хэзээнээс эхэлж тууль хайлж сурсан бэ?

-Би Ховдын Дуут суманд төрсөн. 1978 онд анх “Алтайн магтаал”-ыг хайлж сурсан. “Алтайн магтаал”-ыг хайлж, хоолой хөгжсний дараа тууль хайлж сурсан. Би удам судраа Баян-Алтай гэдэг туульчаас хойш тоолдог. Дөрөв дэхь үеийн туульч юм.

– “Алтайн магтаал”-ыг яагаад эхэнд нь хайлдаг вэ, тууль хайлахын өмнө тухайн нутгийн уул усны эзэн савдгууд тэр айлд чуулдаг гэж үнэн үү?

-“Алтайн магтаал”-ыг эхэнд хайлдаг гол утга учир нь урианхайчуудын туульс хойд их Байгаль далай, Сибирь тэгээд Бурхан халдун, Алтайн нурууны цаана, наана гээд уул хайрхад хаана байна тэнд урианхайчууд нүүдэллэж амьдарч ирсэн байдаг. Урианхайчууд их эртнээс уул устай ярьж амьдралаа холбож иржээ. Урианхайчуудын дунд уулын эзэн савдагтай холбогдох, лусын эзнийг хүндэтгэх зан заншлууд саяхан болтол байсан. Тэгэхээр ийм хүйн холбоотой “Алтайн магтаал”-ыг магтсанаар уул усны эзэд тэр айлд хуран чуулдаг. Төрийн хэмжээний туульсийг айлд хайлахаар хүнддэг. Тиймээс “Алтайн магтаал”-ыг түрүүлж хайлснаар тэр орчин нялхарч өөрөөр хэлбэл уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг.
Тэгж зөвшөөрсний дараа тууль хайлбал тэр айлд маш хүчтэй засал болж жилээ даадаг учиртай. Монголчууд ер нь тийм л байсан.
Тэнгэр шүтлэгийн нэг хэсэг нь тууль юм. Гэхдээ дандаа цагаан шүтлэгүүд байдаг. Цагаан тэнгэрээр хөллөж орж ирдэг. Хатуу ямар нэг үйлийг таслах гэж хийгддэг. Зөөлөн туулиуд нь тухайн айлд хишиг буяныг авчрах, гарзын үүдийг хааж, орлогын үүдийг нээх, гантай жил хур бороо оруулах зэргээс гадна оюун ухаан буулгадаг. Миний хайлдаг “Баян цагаан өвгөн” бол буман жилийн ерөөлтэй. Учир нь дээд огторгуйгаас тухайн нутаг орон, хүмүүст оюун ухааны хур бууж, тэр нутагт олныг ахлаад явчих хүмүүсийг бий болгодог сайн талтай.
-Хамгийн урт нь хэдэн цагийн тууль хайлдаг вэ?

Манай туулиуд их урт биш байдаг. Бусад туулиудтай харьцуулахад бас тийм бага биш. Хамгийн бага тууль 3200 мөр шүлгээс дээшээ байдаг. Миний хайлдаг тууль 7-8 мянган мөр шүлэгтэй байдаг. Зарим нь 10 гаруй мянган мөр шүлэгтэй тууль ч байгаа. “Зул алдар хаан”, “Баянцагаан өвгөн”, “Аргил цагаан өвгөн”, “Талын хар бодон”, “Эрийн сайн хан Харангуй”, “Гурван настай Гунан улаан баатар” гэх мэтчилэн арав гаруй тууль хайлдаг. “Алтайн магтаал”-ыг хайлахын тулд дор хаяж цагаас дээш хугацаа зарцуулдаг. Тэнд дөрвөн цаг, ан амьтан, Алтайн эздийг ирүүлж, дараа нь үдэж мордуулдаг хоёр зан үйл явагддаг. Дөрвөн цаг улирлын онцлог шинжүүдийг хуучны сайхан үгээр илэрхийлнэ. “Алтайн магтаал”-д цэцэг, агь, хөтөн гээд янз бүрийн ургамлын нэр дурдагдана. Цогц утгыг агуулсан магтаал юм. Жишээ нь:

Хотгор хар үүл нь зангиран ирж
Хан тэнгэрийн цахилгаан цахиж
Хурын рашаан шимлэн бууж
Хурмаст дэлхийг амилтал шимлээд ийм сайхан цэцэг ургамал гарлаа гэх мэтчилэн өгүүлнэ.
Мөн амьтны шинжийг нүдэнд үзэгдтэл гоё хэлж байж “Алтайн магтаал” амилдаг. Энэ магтаал хуучин хувилбараараа Баян-Алтай гэж өвгөнөөс дамжиж ирсэн байдаг. “Өглөөдөө…” гэдгээр Алтайн магтаал эхэлдэг бол тэр туульчийнхаар Түүнээс урьд долоон их Алтай гэж эхэлдэг. Нэлээн явсны дараа “Өглөөдөө униар татаад…” гэж орж ирдэг. Өөрөөр хэлбэл уул усаа дарааллаар нь зурна гэсэн үг. Дээд огторгуйтай яаж шүтэлцдэг, тэр цагаан өвгөн нь яаж завилж суудаг, юу юутай шүтэлцдэг юм бэ…гэж явсаар байгаад дараа нь “Өглөөдөө…” гэж орж ирдэг байсан.

-Туульд хэдий үеийн аж байдал дүрслэгддэг вэ, ер нь хэдий үед тууль хамгийн их зохиогдсон юм бэ?

-Дундад зууны үед олон тууль зохиогдсон гэж ярьдаг. Зарим нь үе дамжиж урдаас ирсэн гэж ярьдаг ч оноо тодорхойлж чаддаггүй. Миний хувьд туульсийг дөрөв ангилмаар санагддаг. Дундад зууны үед туульс улам гоё болж өөрчлөгдсөн байдаг. Шашны нөлөө их орох, хэт гоё ганган болох эсвэл амьдарч байгаа цаг үетэйгээ холбогдоод “отго жинс нь сагсалзаад…” гэх мэтчилэнгийн үг их нэвтэрсэн. Түүнээс урдах цаг үед бол отго, жинсний тэмцэлдээн бага байсан. Сүүл рүүгээ ямба нь хэтэрсэн ноёдын тухай ч өгүүлдэг. Тэгэхээр арай сүүл үеийнх нь өмнөхөө гүйцэхгүй. Үүнээс урагш XIII зуун Их хааны үеийн туульс гэж байна. Энэ үед “Гэсэр”, “Жангар”-ыг оруулж хэлэхгүй. Энэ хоёр тууль зохиогдоод 580 орчим жил болж байгаа. Түүнээс урагш туулиуд “Гэсэр”, “Жангар” шиг алдаршаагүй мөртлөө маш их үнэнийг агуулж ирсэн байдаг. Их багын хэмжээ бол хамаагүй. Хамгийн гол нь үнэн мэдээлэл тэнд бий. Тэр туульсийг би эртэч шинжийн туульс гэж нэрлэнэ. Түүнээс өмнөх туульс нууц байдлаар ирсэн. Үүнийг дундад эртний тууль гэнэ. Түүнээс цааших туулийг нэн эртний тууль буюу дэлхий ертөнцийн гарал үүслийн тухай тууль гэх мэтчилэн би ангилсан.

Бүх л туульсад газар дэлхий үүсч байхад гэж гардаг. Эхлээд тэгж хэдэн мөр шүлэг явж байснаа огт өөр зүйл рүү залгаад 15,18-р зуун руу орох нь ч бий. Тэгэхээр заримдаг болчихоод байгаа юм. Тиймээс он цагийг нарийн шалгуураар ялгачихвал хуучин туульс нь маш цөөн үлдэнэ. Маш цөөн тэр туульсаас л монголчууд юм сурах ёстой. Түүнээс биш ардын аман зохиолыг баяжуулаад өөрчлөөд байж болохгүй. Боллоо гэхэд энэ өөрчлөгдсөн тууль шүү гээд судлаачид бичдэг байх хэрэгтэй.

-Тууль хайлж сурахад хэр их хугацаа зарцуулагдах вэ, ямар ч хүн тууль хайлах боломжтой юу?

-Дор хаяж гурван тууль сурчихвал дараагийн туулиа сурах суурьтай болно гэж өвгөд сургадаг. Хэл сурахтай л ижил юм. Эхлээд тууль сурахад янз бүрийн хугацаа ордог. Зарим хүмүүс жил сурч байхад ой тогтоолт сайтай хүмүүс хагас жил сурах нь ч бий. Туульсийн дотоод нарийн ширийнийг мэдэрч, хөгжим зэмсэгтэйгээ харьцдаг болоход тодорхой хугацаа ордог.

Удам дамжсан хүмүүс ихэвчлэн туульч болдог. Ясан талаа дагадаг. Гэхдээ үнэхээр туульс дотор өссөн эсвэл байгалиасаа өгөгдөлтэй хүн байж болно. Мөн өөрсдөө үлгэр, тууль хайгаад явдаг, туульс хайлдаг хүн хаана байна уулзах юмсан гэдэг хүмүүст бас юм байна л гэсэн үг. Тийм хүмүүс цаг хугацаа хожиж, туулийн гоо сайхан, дотоод мөн чанарт дурлаж амьдралдаа зөвөөр хэрэглэж, бусдадаа гэрэл гэгээ цацруулж явах бололцоотой .

-Танд тийм өгөгдөл байсан байх, аав тань алдартай туульч байсан шүү дээ. Ааваасаа их юм сурсан уу?

-Би их сайхан орчинд өссөн. Ховдын Дуут суманд далан хэдэн оны үед сайн туульчид их байлаа. Ардын туульч Сүхийн Чойсүрэнгээс авахуулаад миний аав Эрдэнэцогт, мөн Уртнасан гэх зэргийн туульчид байлаа. Бусад туульчид ч зөндөө байсан. Алдаршаагүй хүмүүс ч олон. Гэхдээ тэд туулийг бүтнээр нь мэддэг байсан. Тэр хүмүүсийн дунд өссөн болохоор дор хаяж аялгаар нь сурч авна. Түүнээс гадна тууль өөрчлөгдөж байна уу эсвэл дундаас нь хаяад өөр маягаар хайлж байна уу гэдгийг ялгадаг болж ирдэг. Хамгийн эхний тууль маань “Гурван настай Гунан улаан баатар” байлаа. Тэгээд нэмж сурсан туулиудаа “Монгол туургатан”, “Эсгий туургатанууд”-даа хайлж туршлага солилцсон.

Хоёр жилд нэг тууль хайлж, соронзон хальсанд бичүүлдэг. Туулиудаа цуглуулаад дөрөв, таван жилийн өмнө аудио болгосон. Зарим нь ШУА-д, Зарим нь Монголын радиод очсон. Лха.Туяабаатар гэж хүн миний аавын тууль хайлахыг судалж тэмдэглэж авсан байдаг. Одоо Алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Мөн Америкийн нэрт монголч эрдэмтэн Х.Гомбожав гурван тууль судлах гээд аваад явсан. Миний хувьд өөрийн дуу хоолойгоор туульсаа таван тивийн улс орнуудад очиж хайлсан. Мөн хажуугаар нь хөөмийлнө, цуур үлээнэ, ардын өв соёлын талаар лекц уншина. Энэ мэтчилэн ардын өв соёлоо түгээх гэж сүүлийн 20 гаруй жил явж байна.

-Тууль хайлахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Нутаг усандаа туульс хайлахад сайхан. Үүнээс гадна онгон дагшин байгальд янз бүрийн мэдрэмж төрнө. Зохицолдоогүй орчинд албадлагын шинжтэй хайлвал юм ирэхгүй. Мэдэрч байгаа юмаа хүн ялгах хэрэгтэй байдаг. Өөрт хэрэгтэй хийгээд хүн төрөлхтөнд хэрэгтэй юмаа ялгах давуу тал тухайн хүнд байх хэрэгтэй. Түүнээс биш тууль хайлж байх үеийн мэдрэмж бүрийг үнэн зөв гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь харсан зүйлсээ далд ертөнцийн юм хардаг хүмүүстэй харьцуулж ямар дохио, тэмдэг ирснээ тайлдаг болох хэрэгтэй. Ер нь настай улсууд хий юм харах юм бол хэзээ ч хүнд хэлж болохгүй гэдэг байсан. Аман дотор чинь чихэр амтагдаж, бал бурам байгаа ч юм шиг санагдаж байсан ч битгий хэл, залгиад бай гэнэ. Хэлбэл нас нь ахар болно ч гэдэг юм уу айхтар үг хэлдэг байсан. Тиймээс бид нарийн юмаа тоочоод байдаггүй. Энэ үндсэн дээр “Хаан Чингэл” гэдэг хамгийн сүүлд хэвлэсэн туульдаа зарим нарийн шүтэлцээний нууцуудаа оруулсан. Энэ тууль “Баян-Алтайн гуч Баатаржавын хайлсан туульс” гэдэг номонд орсон байгаа.

-Тууль хайлахын тулд ямар бэлтгэл хангах ёстой байдаг вэ?

-Туульч хүнд баримтлах ёс журам гэж бий. Олон мянган мөр шүлгийг хайлахын тулд дор хаяж хоолойны бэлтгэл, биеийн бэлтгэл шаардана. Тууль хайлж байх үеэр өөх тостой зүйл учиргүй их идэж сүүтэй цай уудаггүй. Голдуу бор цай уудаг. Хөгжим зэмсэгтэй хамт увидастай өвгөдөөс дамжиж ирсэн ямар нэгэн унжлага, зүүлт, ангийн үс, зэрэг зүйлс байвал бүгдийг нь авчирна. Янз бүрийн шүтээн байж болно. Тэднийгээ авчирч байж тууль хайлна. Мөн нийтийн шинжтэй тархсан нэг ёс бол туульчийг залахаас өмнө гурван хоногийн өмнө хөгжмийг нь залдаг. Хөгжим тийм хүндтэй гэсэн үг. “Сайн туульчийн товшуур залагдахынхаа өмнө дуугардаг” гэж хүртэл ярьдаг байсан. Товшуурын утсыг хөндөлгүйгээр тэр айл гэртээ авчирч тавиад түүнээс хойш туульчийг гурван хоногийн дараа унаагаар очиж залж авчирдаг.

-Орчин үед айлууд гэртээ , тууль хэр хайлуулж байна вэ, туулийг ер нь ямар үед хайлвал зохимжтой байдаг юм бэ?

-Язгуур зан заншлаа мэддэг хүмүүс олширч байна. Хувь хүмүүс намайг гэртээ урьж тууль хайлуулдаг. “Эцгийнхээ гал дээр хайлуулах уу хаана хайлах вэ, үр хүүхдүүд нь гээд арваад айл байна гэдэг. Тэгээд би өдөр судрыг нь зааж бэлдэх зүйлсийг нь хэлж өгдөг. Туулийг ихэвчлэн өвөл хайлдаг. Хөрсний шим, усны шим, малын тарга тэвээрэг, дээдсийн гүр шим зэрэг бүх зүйлс нийлсэн үед тууль хайлахад зохимжтой гэж үздэг. Тэгээд тууль хайлахынхаа өмнө “Алтайн магтаал”-аа хайлна. Энэ цаг хугацаа бол намрын дунд сараас эхлээд өвөлжин үргэлжилдэг. Лус буюу эх тэнгэр бол өвөл унтаж байдаг. Харин эцэг тэнгэр нь биднийгээ сахиж харж байдаг. Өөр өөр цаг үеийн туульсийг харьцуулаад харахад алтан шар нартын доорхи хүн зонын хямралдааныг багасгах гэж л тууль байдаг юм шиг санагддаг. Номхруулахыг нь номхруулаад зөв замд явааг нь дэмжээд явдаг. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон нэгийгээ буруутгахаасаа урьтаад үнэн мөнийг нь олох жишээг туулиас авах бололцоотой гэсэн үг. Төрд хар цагаан хоёр сүлд байдаг. Төр хэмээх тэр том хамгаалалтыг баталгаажуулж өгөхийн тулд төрийн онгон шүтлэгт уул даваанд очиж хайлдаг. Эхэс дээдсийн хуралдааны өмнө нээлт болгож хайлах, эврүү цагийн эхэн дээр хайлах, уул овооны тахилган дээр хайлна.

-4-5 тууль хайлаад сурчихаар тухайн туульч муу муухай юманд өртдөггүй гэж сонссон. Энэ үнэн үү?

-Настай туульчид тэгж ярьдаг байсан. Нэг тууль хайлж байгаа хүнийг туульч гэж нэрлээд байна. Яагаад гэвэл туульч нь тийм амар төрөхгүй байгаа учраас тэр юм. Гэтэл бүтэн долоо,найман тууль буюу ном хайлж байгаа хүнд увдис орж ирэхээс аргагүй. Далд ертөнцийн сайн сайхан юмыг эргүүлж авчирч өгдөг. Тууль хайлуулж байгаа айлдаа ч засал болно. Тууль нь голдуу айлын галыг засдаг. Эртний монголчууд галаа л шүтдэг байсан. Хоймрын бурхан шүтээнийг сүүлд шүтэж эхэлсэн. Тэр айлын галыг сайхан тэгшилчих юм бол бүх зүйл нь бүтэмжтэй сайхан болдог. Настай хүний галыг засчихвал тэр айлын үр хүүхдүүдэд нь ч ялгаагүй тустай байдаг.

-Сүүлийн үед тууль хайлсан тухай их сонсогддог боллоо. Туульчид олширч байна уу?

– Сүүлийн гурван жил ЮНЕСКО-гийн төслөөр шавь сургалт явуулснаар ганц, хоёр тууль бүтэн хайлдаг цөөн туульч бэлтгэгдсэн. Олон хүнд зааж байж энэ шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан тасрахгүй яваад байх юм байна гэж бодож байгаа. БСШУЯ-д төсөл дуусаад номын баяр хийсэн. Манай туульчдын гар дээр байгаа материалуудыг цуглуулаад арав гаруй туульстай ном гаргалаа. Бүх номын сангуудаар тараагдсан. Тэр номыг уншсан хүн язгуурын монголчууд ийм маягаар амьдарч байсан юм байна гэсэн ойлголт төрөх байх.

-Туулийг шинээр зохиох боломжтой юу?

-Хажуугийн үндэстнүүдийн зохиосон тууль гэж байдаг. Туульсийг дуурайсан том яруу найргууд байдаг. Түүнийг туульсийн яруу найраг гэж нэрлээд байгаа. Бөөгийн онгодууд заримдаа тууль хайлдаг. Харамсалтай нь уртаар хайлж байгаа онгод байхгүй. Туулийг шинээр зохиож болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

Битүүний шөнө миний нойр ерөөсөө хүрдэггүйсэн

2003 он цагаан сарын шинийн нэгэн. Манай гэр бүлийнхэн

Сар шинийн баяр ойртож буй энэ өдөр айл хотол, аав ээж, эмээ өвөө, ахан дүүстэйгээ золгон цалгиж байсан бага насныхаа цагаан сарын тухай дурсъя гэж бодлоо. Манайх Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар багийн “Хөшгийн өвөр” гэх их хадтай уулын өврөөр нутагладаг аймгийн алдарт уяач Д.Ням-очир буюу нутгийн олны нэрлэж заншсанаар Халзаа панзынх гэж айл. Манайхан хүүхдүүдээ бүтэн нэрээр нь эсвэл нэрийг нь таллаж дууддаггүй уламжлалтай учраас аавыг багад нь ээж, аав нь Халзаа гэж авгайлан нэрлэсэн юм билээ.

Аав маань Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аварга малчин Дулам гэж хүний хүү бол ээжийн маань аав нутаг олондоо “Өндөр” Ж.Пүрэв нэрээр танигдсан сум нэгдэлдээ нярав гэхчилэн алба хашиж байсан “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага” зэрэг уртын дууг сайхан дуулдаг, гүндүүгүй эр хүн байлаа. Намайг ухаан орсон цагаас эхлэн манайх ээжийн аавынхтай хоёр гэрээр нутагладаг байв. Цагаан сар өргөн дэлгэр, урт удаан үргэлжилнэ. Угаас цагаан сар, наадам хоёр малчдын хувьд хамгийн том бөгөөд хамгийн сайхан баярт тооцогдоно. Манай нутагт цагаан сарын бэлтгэл ажил ихэвчлэн нэг сар гаруйн өмнөөс эхэлнэ. Цагаан сараар хүн болгон шинэ дээл өмсөнө гэдэг нь бичигдээгүй хууль байдаг болохоор ээж бидэнд дээл оёно. Гэхдээ хүүхдийн дээлийг шинэ материалаар хийдэггүй, хээтэй торго дурдан зэргээр урлахыг бүр ч цээрлэнэ. Манай том ах 10 настай, бага дүү хоёр настай байх үед буюу 1997,1998 оны үеийн цагаан сараар бидэнд томчуудын урагдаж, өнгөө алдсан дээлийг задалж угаагаад өнгийг нь эргүүлээд дээл оёод өгчихөж байсан юмдаг. Нэг жил надад эмээгийн хуучин хөх дээлээр дээл оёж өглөө. Би шинэхэн дээлээ өмсөж хэрэндээ гангарч аваад л ахтайгаа хөтлөлцөөд нэг километр хэрийн цаана байх буурал ээжийнх рүүгээ очиж мялаалгаж байлаа. Буурал ээж орос чихэр, жигнэмэг зэргээр шагнаад дээл мялаахдаа ерөөл хэлж урд хормойных нь дотор талд жаахан шар тос түрхэж өгч билээ. Тухайн үед бага байсан болохоор унага, даага гэж хэлээд л мялааж байна гэж ойлгодог байлаа. Эмээ ах бид хоёрт тав, зургаан ширхэг орос чихэр өгнө. Би харих замдаа хамгийн гоёос нь түүж идсээр дуусгачихаад ирдэгсэн. Харин ах Н.Ганхүрэл маань нэгийг ч идэхгүй ээждээ эмээдээ, өвөөдөө, аавдаа, дүүдээ өгнө гээд хүний тоогоор нь хадгалчихдаг тооцоотой хүүхэд байсан.

Ингээд цагаан сар болохоос 20-30 хоногийн өмнө айлууд буузаа хийнэ. Манайх бол адууны, хонины махтай гээд хоёр төрлийн бууз хийгээд настай хүмүүст шөлтэй хоол хийж өгөх нь илүү дээр байдаг хэмээн банш бэлдэж хөлдөөнө. Бууз хийхэд айл саахалтын хүмүүс, ахан дүүс тусална. Мөн нэг том ажил нь хавсай хийх. Хэвийн боовыг манай нутагт хавсай гэж нэрлэнэ. Өдрийн сайныг харж байгаад хэвийн боов сайн хийдэг хүнийг урьж залж авчраад хамтдаа өдөржин хэвийн боов хийцгээнэ дээ. Хэвийн боовноос гадна манайхан алаг маажуур, том мушгиа боов зэргийг хийдэг. Бууз, боов хийх том ажлын дараагаар угааж цэвэрлэж цэгцэлсээр байгаад л цагаан сарын битүүнтэй золгоно доо. Битүүний орой радиогоор бөх сонсонгоо аав идээгээ засна, өвөөгийнх ууцаа чанангаа эмээ битүүлгэний хуушуур хайрна. Харин ээж гэрээ цэвэрлэж, бидний хувцсыг бэлдэнгээ хамгийн сүүлийн дээлийнхээ товчийг хадна, шинэ орны бүтээлэг хөшиг зэргээ гаргаж зэхнэ гээд мундахгүй их ажилтай. Ингэж байтал эмээ, өвөө хоёр битүүлгэний идээ ундаагаа хуушууртайгаа бариад манайд ороод ирнэ. Хуушуурыг нь идэцгээж, өвөөд архи задлаад, ярьж хөөрөлдөнө. Ингээд ээж их ажилтай байдаг учраас битүүлгэний хоол гэж ихэвчлэн буузаа жигнээд идээ будаагаа зэхэж өвөөгийнх рүү аваад бүгдээрээ орно доо. Өвөөгийнд цай унд болж, өвөө ганцаараа архи хүртэнгээ босож зогсчихоод “Эрдэнэ засгийн унага”, “Эр бор харцага”-аа дуулж гэрийн жавар үргээнэ. Биднийг багад аав маань залуу байсан болоод ч тэр үү, огт архи амсдаггүй байлаа. Тиймээс архийг 60 гарсан өвөө минь л хүртэнэ. Багадаа уртын дууг ойлгохгүй, өвөөгөө ямар урт дуу дуулдаг юм бэ гэж боддог байж билээ. Битүүний орой эмээ бидэнд чихэр өгнө. Ингээд цагаан сарын баяр эхэлчихэж байгаа юм болов уу гэмээр байж байгаад л унтацгаана. Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэж бодохоор миний нойр хүрэхгүй шүү дээ. Ингээд шинийн нэгний өглөө ээж эртээ босож цайгаа чанахаас эхэлнэ. Цайгаа чанаж гэрээ цэвэрлэчихээд, мөрөө гаргаж, хонь малаа бэлчээрлүүлчихээд, дахин шинэ цай чанаж бууз жигнээд л золгоцгооно. Бид эхээс тавуулаа, насныхаа дарааллаар зогсоод эхлээд аавтайгаа, дараа нь ээжтэйгээ золгоцгоож цайгаа ууж, буузаа идчихээд л аав, ээжтэйгээ бүгдээрээ өвөөгийнд золгож орно. Өвөөгийнд орохдоо халуун савтай шинэ цайтай, жижгэвтэр идээгээ бариад орно. Ингээд өвөөгийндөө золгуутаа хийчихээд, нэг километр хэрийн цаана байх аавын ээжийнх рүү морин тэргээ хөллөөд шогшчихно шүү дээ. Хоёр ах морио унаад хонь адуугаа нэг эргүүлчихээд бидний араас очдог байсан. Авга эмээгийнх бидэнд хамгийн гоё бэлгийг өгнө. Эмээ дугуй цагаан еэвэн, ёотон, орос чихэр, нар хамба, нандин чавга зэрэг тухайн үедээ бол жилдээ бараг ганц иддэг амттануудыг сонингийн цаасанд боогоод өгнө. Ингэхдээ бидний үеийн бүх хүүхдэд яг ижилхэн бэлэг өгдөг. Харин манай том ах авга өвөөгийнд өссөн болохоор гутал, эсвэл өмд зэрэг их том бэлэг авна. Ингээд дараагийнхаа айл руу буюу аавын хамгийн том ахынх руу явцгаана. Тэднийх мөн л гурван километр хэрийн цаана, уулын хярд байна. Ингэж, хоёр гурван айлаар орсоор шинийн нэгний өдөр өндөрлөнө дөө. Харин маргааш нь аавын дүү нар манайд ирж золгоно. Тухайн үед ихэнх айлууд жижигхэн шилтэй, үйсэн бөглөөтэй шимийн архи, бэлэгтэй золгож ирнэ. Жишээлбэл, аавд дүү нар нь нэг дээлийн даавуу, нэг хүзүүний ороолт, нэг шил шимийн архи өгнө, ээжид нэг дээлийн торго, эмжээр зэргийг чихэртэй өгнө. Бэлэгний чихэр гэдэг нь тухайн айлын хэвийн боов, боорцогны дээж дээр нэг жигнэмэг хэдэн чихэр тавьсан харагддаг.

Айлын бэлгийг багадуулж өгч болохгүй гээд бэлэгтэй нь дүйцэхүйц бэлэг бэлдээд дээр нь заавал нэг хоёр зүйл нэмж өгнө. Мөн архитай ирсэн айл бүрт архиных нь үнэ гээд мөнгө тавьж өгдгийг би их тод санадаг юм. Цагаан сараар элбэг дэлбэг байхыг бэлгэддэг болоод ч тэрүү нэлээд тооцоотой, нягт нямбай ээж маань цагаан сараар их өглөгч болчихсон харагддаг байв. Бэлэг гэдэг чинь цагаан сараар бараг эцэс төгсгөлгүй үргэлжилнэ шүү дээ. Айлууд бэлэгтэй ирнэ, эргүүлээд манайх бэлэг өгнө. Нөгөө ирсэн айлууд нь хүүхэдгүй айл байж таарвал ээж тооцож үзэж байгаад бидэнд өгсөн бэлэгтэй нь дүйцэхүйц мөнгө бэлэг дээр нь нэмж тавина гэх жишээний. Бидэнд ирсэн бэлгийг ээж хурааж аваад айлын хүүхдүүдэд өгчихнө. Ийм учраас цагаан сараар айлууд нэг их нүсэр бэлэг бэлдэхгүй. Айлын өгсөн бэлгийг эргүүлж, зөрүүлж өгсөөр байгаад зөрөлдөөд таарна гэсэн үг. Харин эмээ, өвөөд л тусгайд нь бэлэг бэлддэг байсан юм. Ингээд шинийн гуравнаас аав өвлийн бооцоот уралдаанд хурдан мордио аваад явчихна. Манай морьд ямар ч уралдаанд очсон айраг түрүүгүй ирэхгүй. Тиймээс морины шагнал гэж хивс, халуун сав, дээлийн торго гээд ганзага дүүрэн ирнэ. Аав хурдан морьдын уралдаанд явахдаа хамгийн жороо морио унаад, тэнзэн ташуур, арван баавартай мөнгөн тоногтой эмээлээ зэхээд, хурган дээл, булган малгай, угалзтай монгол гут-лаа өмсөөд нүнжигтэй явна. Тиймдээ ч ах нарт сайхан хувцаслаж, ухаантай, арчаатай явж байхыг үүрэгдэнэ.

Ингээд аав уралдаанаас ирсний дараа аав, ээж хоёр хол байх ах дүү, найз нөхдийнхөөрөө явж золгоно. Ингэхдээ биднийг авч явахгүй, хоёулаа мотциклиороо явчихна. Аав Архангай, Завхан, Булган зэрэг хөрш зэргэлдээ аймаг болон Хөвсгөлийнхөө бүх сумдад найз нөхөдтэй, тэднийхээрээ хүртэл очиж золгох үе байна. Яагаад гэхээр манай аав нэг доголон даагыг шинэ мотоциклиор худалдаад авчихдаг, эсвэл нэг шинэ мотоциклио азарга адуу болгочихдог, 10 адуу өгөөд нэг даага авчихдаг, өөр бусад аймгуудаас ноолуурын чиглэлийн ямаа, сүүний чиглэлийн үхэр зэргийг цуглуулж, малаа чанаржуулдаг зэргээрээ нутагтаа нэртэй хүн байв. Тиймээс ч хангайн бүсэд Халзаа панз гэхээр хүмүүс аавыг андахгүй мэддэг. Гэхдээ аавын наймааны зарчим нь ядуу хүнтэй наймаа хийхдээ өөрөө хохирч, тэр хүнд буян болно, баян хүнтэй наймаалцахдаа хэн, хэнийгээ холгохгүй хэн, хэндээ сэтгэл хангалуун байхаар наймаалцана гэх маягтай. Сайн адуу авах гэсэн, морь уях талаар зөвлөгөө хүссэн хүмүүс өөр аймгуудаас манайхыг их зорьж очно.

Цагаан сараар манай голын айлын хүүхдүүд тав, арвуулаа морьтой давхилдаад л айл хэсэж бэлэг цуглуулна. Ингэхдээ тэд бараг таних, танихгүй бүх айлаар орно. Аав хоёр ахыг ах дүү шиг болсон таньдаг голынхоо хэдхэн айлаараа ороод ир, жороо цайвар сайн морио унаад сайхан хувцаслаад яв, хүмүүстэй бүрэн бүтэн сайхан мэндэлж бай, жижиг хөөрөг бариад явж болно гээд жижигхэн халтар манан хөөрөг аваад өгчихсөн байдаг байж билээ. Аав ах нарт өндөр шаардлага тавина, бүх л ажлыг хийж чаддаг, тэвчээртэй, олонтой, хүмүүстэй найрсаг сайхан харилцдаг байх ёстой гэнэ.

Манай нутагт цагаан сар их өргөн дэлгэр болно. Гурав, дөрөвдүгээр сард ч хүмүүс золгож ирсээр л байдаг байв. Зун зусланд гарчихсан хойно ч зарим холын зочид ирнэ. Тиймээс ээж ирээгүй айлуудаа тооцоолоод бэлэг бэлдчихсэн байдаг юм. Би оюутан болсон хойноо өвлийн амралтаар гэртээ харьчихаад шинийн дөрвөнд хотод ирлээ. Тэгсэн хотын айлууд ямар ч цагаан сар болоогүй мэт чимээгүйхэн сууцгааж байлаа. Би тухайн үед хүн нас барсан юм болов уу гээд ихэд гайхаж байж билээ. Гэтэл хотын цагаан сар шинийн гурванд бараг дуусчихдаг юм билээ. Одоо манай эмээ хотод амьдардаг болсон. Ач зээ нар нь хүнд бэлэг өгөх хэрэггүй гэж цагаан сар болгоноор эмээд зөвлөнө. Харин эмээ минь бүх хүнээс зөрөөд заавал ирсэн хүн бүрт бэлэг өгнө. Бэлэг өгч буй шалтгаанаа тайлбарлахдаа цагаан сараар заавал хүний алга дээш нь харуулах ёстой байдаг. Өгч байгаа бэлэг нь захтай, эсвэл метрийн энтэй зэрэг хүндэтгэлийн агуулгатай байх ёстой гэдэг сэн.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэт ба муусайн феодалууд

НЭГ. ЭРДЭНЭТИЙН ГУРВАН ЯВДАЛ

Эртүү урьд цагт, ЗХУ-БНМАУ-ын хамтарсан Эрдэнэт үйлдвэр гэж байв. Өмчөө тэг дундуур нь хуваан эзэмшинэ. Ер нь бол барих, босгох хөрөнгийг Зөвлөлтийн тал бүгдийг гаргасан бөгөөд харин монголчууд “дараа аймаар их мөнгөтэй болохоороо өөрт ногдох байсан хэсгээ өгнө” гэсэн байна. Дараа нь яаж аймаар их мөнгөтэй болох юм бэ гэхээр, олборлож борлуулсан зэснээс ногдох ашгаа авалгүй хуримтлуулан байж өрөө дарахаар тохирчээ.

Гэтэл арваад жил өнгөрсний дараа Монголын өр дарагдаж дуусах нь байтугай, нэмэгдэх шинжтэй болоод байгаад гайхсан Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном нар хоёр гэрээг судлан үзээд мэл гайхжээ. Гэрээ маш ашиггүй хийгдсэн байж. Мэдэх хэрэггүй зүйл сонирхсон Содном нарыг “Монголын улс төрийн тавцангаас арчих төлөвлөгөөг” тэр үеийн улсын “эх дагина” Анастасия Ивановна боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ нь “Орос эхнэрийнх нь эрх мэдэл хэрээс хэтэрсэн учраас хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөлөх болсон”, “Өөрөө зөнөж, ой санамжаа алдан удирдах чадвараа алдсан” зэрэг шалтгаанаар Ю.Цэдэнбалыг эргүүлэн татах шийдэлд хүрээд байсан Кремлийн эздэд сайхан шалтаг болов. Төлөвлөгөө эзнийхээ эсрэг хэрэгжиж Ю.Цэдэнбал гэргийн хамт Москва руу эргүүлэн татагдав. Энэ нь Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт эхэлсэн үетэй давхацсан тул харин ч БНМАУ-д ашигтай байдлаар эргэв. Нэг дэх түүх ингэж төгсөв.

Хоёр дахь түүх нь ерээд оны дундуур эхэлсэн билээ. Тухайн үеийн хэвлэлийг сөхөн харвал, өмч хувьчлалын хүрээнд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь “Эрдэнэт концерн” хэмээх хувийн компанид шилжиж байсан аж. Үүнийг зогсоох, мөн үйлдвэрийн захирлыг солихтой холбоотой том дажин өрнөсөн бөгөөд тухайн үеийн Монголын улс төр Эрдэнэтийг л тойрон өрнөж байлаа. Эцсийн дүндээ захирал солигдсон байдаг.

Үүний дараахан улс төрч С.Зориг алагдсан нь олон нийтийн анхаарлыг өөр зүг рүү татан Эрдэнэтийг түр мартуулсан байна. Мөн удалгүй Эрдэнэтийг тойрсон тоглоомын гол тоглогч бөгөөд Эрдэнэтийн захирал асан Ш.Отгонбилэг онгоцны ослоор нас баржээ. Ингээд Эрдэнэтийн түүх чимээгүй үргэлжилжээ. Явцын дундуур Эрдэнэт үйлдвэрийн “тал дээр нэмэх нь нэг” хувийг манайхан эзэмших болов.

Эрдэнэтийн гурав дахь явдал ноднин зун эхлэв. Москва өөрийн хувийг монголчуудад заржээ. Москва өөрийн өөрийнхөө хувийг зарсанд биш монгол хүн тэрийг авсан явдал нь олны уурыг эхлээд хүргэв. Оросууд өөрийн хувийг зарахгүй байж болох байсан, эсвэл гуравдагч этгээдэд, тухайлбал, хятадуудад зарсан бол яахав гэхчилэнгийн бодол хэний ч санаанд орсонгүй. Мөн түүнтэй давхцаад “Эрдэнэтийн хоёр дахь явдал”-ын үеэр “С.Зориг алагдсан” хэргийн холбогдох этгээдүүдийг шүүсэн явдалтай давхцав. Мөн “С.Зоригийг хөнөөсөн” хэргийг хаалттай шүүсэн нь домогт хэргийг улам домоглог болгож, хүн болгон өөр өөрийн хувилбарыг дэвшүүлэх боломж нээсэн билээ.

ХОЁР. ЭРДЭНЭТИЙН ГУРАВ ДАХЬ ЯВДАЛ

Эрдэнэтийн гурав дахь явдлыг монголчууд бараг л сонгуулийн (2016) урьд өдөр сонслоо. Эрдэнэт үйлдвэр оросуудад хамаагүй болж, 49 хувь нь Монголын хувийн компанийн өмч, 51 хувь нь Монголын Засгийн газрын өмч болсон аж.

Хавтгайдаа уурлав. Юуны өмнө эрх баригчдаасаа уйдаж залхаад, тэдний хийсэн юуг л бол юуг нулимахад бэлэн байсан сонгогчид зөнгөөрөө хилэгнэлээ. Тэд юу болсон нь хамаагүй, Засгийн газар хуйвалдсан, буруу шийдвэр гаргасан гэж үзэв. Нэгэнт зан нь хувирсан сонгогчид Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газар авсан байсан ч, ерөөсөө авахгүй гээд буцаасан ч уурлах л байсан. Ийм тохиолдолд нэг бол “Даахгүй нохой булуу хураав гэгчээр, Эрдэнэт бидэнд дарамт болно. Том гүрний хувь оролцоо тэнд байх нь манай тусгаар тогтнолд хэрэгтэй байсан” гэх юм уу, эсвэл “Эрдэнэт Монголдоо эргэж ирэх түүхэн боломжийг манай тэнэг Засгийн газар үүрд алдлаа” гэхчилэнгээр зүхэх л байсан.

Харин хүмүүс сонголтоо нэгэнт хийчихсэн байсан учраас уг шийдвэр сонгуулийн дүнд тэгтлээ нөлөөлөөгүй бололтой. Түүнчлэн уг үйлдвэр улсын мэдэлд байхын хэрээр үр өгөөжөө хайрладаг байсныг санасан тодорхой хэсэг зөнгөөрөө түүнийг эсэргүүцэх нь ойлгомжтой байсан гэдэг. Яг сонгуулийн босгон дээр, “нэгдэл нийгмийн” сүүтэй үнээг хариулах боломж олддогийн даваан дээр шүү. Яаж ч бодсон эзэнтэй болсон үнээг гувших аргагүй болно. Ингээд ууран дээр уур нэмсэн гэж үзэх нь байдаг.

Бас, өөрөө тэнд (Эрдэнэтийн 49 хувийг авсан багт) багтаагүйдээ гонсойсон хэсэг ч эсэргүүцэлд түрлэг нэмсэн бололтой байдаг. Яг л “Анхны алхам” киноны өвгөн хадланч сонин дээр гарсан нөхдийнхөө зургийг хараад “Ингээд л миний нэр алга” гэж гоморхдог шиг.

Бас Эрдэнэтийг буцаахаар айлгаж байгаад өөр бусад томоохон бизнест болон улс төрийн тоглолтод илүү боломж нэхэж байгаа хэрэг гэж тайлбарлах улс ч байна.

Зарим ажиглагчид “Эрдэнэтийг Орост буцаах” хөдөлгөөнийг сонин өнцгөөс тайлбарлах нь ч байна. Тэд “Оросууд өөрснөө энэ шийдвэртээ харамсах болсон. Эрдэнэтийг 100 хувь Монголд шилжүүлснээр Монгол Улсын төрийн бодлого, эдийн засагт нөлөөх чадамжаа ихээхэн алдсан гэж үзсэн учраас залруулах боломж эрэлхийлж байгаа. Залруулах гэдэг нь олон улсын худалдаа наймааны дүрэм журмыг зөрчихгүйгээр 49 хувийг Орост эргүүлэн авах тухай санаа юм. Ингээд Монголын талаас уг наймааг хууль бус үзсэн албан ёсны шийдвэр гаргуулах нь энэ ажилд ихээхэн дэмжлэг, чухал сэдэл болно гэж үзэж байгаа бололтой” гэх нь ч байна. Чөтгөр, бүү мэд!

Яаж ч бодсон, “Орлогын үүд хаагдсан”, “надгүйгээр авсан” гэж ярьж болохгүй учраас “ард түмний юмыг хууль бусаар авсан байна. Иймээс эргүүлж өгнө” гэсэн уриаг “Эрдэнэт Монголд ирснийг эсэргүүцэг-чид” дэвшүүлжээ.

Гэтэл аль “ард түмэн” гэдэг сонин асуултын хариу алга. Учир нь оросуудын зарсан Эрдэнэтийн 49 хувь бол “Оросын ард түмэн”-д хамаарах өмч. Эндээс “Оросын ард түмний юмыг монголчуудаас яагаад харамлах болов. Улмаар, та бүхэн аль улсын, хаанахын улс үндэстний эрх ашгийг биднээс хамгаалж байна”, “Яг нарийндаа, Оросын ард түмнийг төлөөлөх эрх Монголын парламентад бий юү” гэхчилэнгийн сонин асуултууд хариу нэхэн ургаж ирнэ.

Магадгүй эдгээр ярвигтай асуултын хариу өөрсдөд нь байхгүйг анзаарсан уу яасан, Оросуудад буцааж өгөх тухай тунхгаасаа сүүлийн үед ухарч байгаа бололтой.

Улмаар “худалдан авалт хууль бус болсон” гэдэг яриа хөөрөөнөөсөө ч ухарч байгаа юм шиг байна. Хэрвээ худалдан авалт нь хууль бус болсон бол худалдалт ч мөн хууль бус болсон байх учиртай болоод явчихжээ. Иймээс Оросын талыг хууль бус үйлдэлд буруушаасан утга гарч эхлэхийг анзаараад тэд жолоогоо хумьж байх шиг байна. Учир нь Эрдэнэтийн хувь заяагаар тоглох чадамжтай үеийнхэнд Оросыг буруушаах зориг зүрх огт байхгүй. Учир нь тэдний үеийнхэн “Ээ дээ, Зөвлөлтийн эсрэг, Монгол-Зөвлөлтийн найрамдалд харшилсэн хэрэгт орчихгүй юмсан гэж шөнөдөө гурвантаа цочин сэрдэг” дэглэмд бойжсон улс.

Эцсийн дүндээ, худалдан авах мөнгөө буруу цуглуулсан учраас “Эрдэнэтийн 49 хувийг улсад хураан авах” болтлоо асуудлын хүрээ хувирчээ. Наймааг буцаах (Энэ нь Эрдэнэтийн 49 хувийг Орост эргүүлэн өгөх гэсэн хоёргүй нэг утгатай), наймаалцах процесс буруу болсон (Энэ нь мөн л Оросын талын хувиа зарах эрхийг хөндсөн) зэрэг шаардлагаасаа буцаж, одоо “наймаа яахав болоо л биз, харин авсан юмыг нь улс хураан авах” дээр буусан байгаа биз?

Эдийн засагч Д.Жаргалсайханы1 бичсэнчлэн Эрдэнэтийн 49 хувь бол яаж ийгээд оросуудаас худалдан авсан компанийн буюу хууль ёсны хувийн өмч бөгөөд худалдан авах мөнгөө хэрхэн цуглуулсан нь тусдаа асуудал юм байна.

Ойрын жишээ татъя, манайхан Японоос хуучин машин их авч ачуулдаг даа. Нэг нөхөр жийп ачуулжээ. Машины үнэ болон гааль худалдааны татвараа төлөн машинаа авч.

Гэтэл мань хүн машин авах мөнгө цуглуулахдаа хууль зөрчсөн байж гэж үзье. Залилсан ч юм уу, за бүр хулгайлсан байг. Ингэлээ гээд уг машиныг эргүүлэн Токио руу ачуулж, зарсан японд нь буцааж өгнө гэж байх уу?

Түүгээр ч барахгүй, хулгайн мөнгөөр авсан байна гээд машиныг нь хураах эрх ч засагт байхгүй. Харин хулгайгаараа учруулсан хохирлыг барагдуулах хүрээнд шүүхийн шийдвэрээр машиныг нь хураан зарж болно. Гэхдээ, “зөвхөн, зөвхөн, бас дахин зөвхөн” шүүхийн шийдвэрээр.

Үнэхээр л “Монгол зэс” корпорацийнхан Эрдэнэтийг баганхи талыг авах мөнгөө хууль бусаар цуглуулсан байгаад, тэр гэм бурууг шүүх нотлоод, яван явсаар төлбөр ялбараа дийлэхээ байвал, эзэмшилд нь байгаа 49 хувийг зарах барих бол тусдаа хэрэг. Магадгүй ингэвэл, манай шүүх хууль цаазын практикт сайн үлгэр болохсон.

Энэ утгаараа, Японоос жийп ачуулсан иргэний хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг монгол компани оросуудаас худалдан авсан асуудал хоёр яг ижил. Мөнгөний хэмжээ дамжаагаар өөр ч гэсэн “Гадаадаас худалдан авалт хийгээд ирсэн иргэнийхээ наймааг буцаалгах комисс томилсон, мөнгө хөрөнгө юүгээн зөв цуглуулаагүй гэх үндэслэлээр авсан барааг нь төрд хураан авах” сэдлээрээ ив ижил.

ГУРАВ. ЭРДЭНЭТИЙН АРААС ХУРААГДАХ КОМПАНИУД

Засаг баригчдад олон түмэнд байнга таалагдахын тулд юу л бол юу хийх гээд байдаг зовлон бий. Буруу дуулсан байлгүй дээ, саяхан УИХ дахь МАХН-ын бүлгээс Эрдэнэтийг улсад хураан авах шийдвэр гаргасан гэж. Нэгдүгээрт, Намын төв хорооны шийдвэрээр (шүүхийн шийдвэргүйгээр) хөрөнгө хураадаг, өмчийг нийгэмчилдэг цаг өнгөрсөн, хоёрдугаарт хураалгах өмчтэй, нийгэмчлүүлэх хөрөнгөтэй баяачуудын ихэнх нь энэ намын гишүүд, санхүүжүүлэгчид шүү дээ.

Үндэсний хөрөнгөтнүүд нь үлэмж татвар төлж, мянган мянган ажлыг байр буй болгодог буянтан гэдгийг америкчууд л ойлгоно уу болохоос бидэнд хамаа багатай. Уржигдрын морьтон дайчид, өчигдрийн нүүдэлчин малчид болох манай үеийнхэн хотшин суурьшиж гүйцээгүй, нийтлэг үнэт зүйлсээ гүйцэд ухаарч амжаагүй яваа. Иймээс хүнд хэцүү өдрүүдэд “Түүнийг баян байхад би яагаад ядуу байна” гэж эргэцүүлэхгүй. Харин “Намайг ядуу байхад тэр яагаад баян байгаа юм бэ” гэж уур нь хүрнэ. Дашрамд тэмдэглэхэд, тэр хүнд хэцүү өдрүүд нь эхлээд байна…

Энэ үед ийм юм болно. Засгийн эрхэнд байхын тулд, эсвэл засгийн эрх гудамжинд унаад ирвэл шүүрэхэд бэлэн байхын тулд юу ч ярьж, хийж чадах болсон популистууд дараагийн алхмаа сэднэ. “Эх оронч миний бие, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ авч өгсөн билээ” гээд л эхэлнэ. Тэгээд “Одоо манай ард түмний стратегийн бараа болсон нефтийн компанийг ард түмэндээ эргүүлэн авч өгнө өө. Муусайн олигархиуд дундаас нь ийм ийм ашиг унагаж, ард түмнээ мөлждөг учраас бензин өндөр үнэтэй байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд, өчигдөр уржигдархан ард түмний зөвшөөрөлгүйгээр бензинийхээ үнийг 100 төгрөгөөр нэмлээ шүү дээ” гээд уриалаад эхлэхээр яах болж байна?

Нөгөөдөр өглөө нь мах гурилын үйлдвэрүүд, сүүний үйлдвэр, газар тариалангийн компаниудыг “ард түмэн хэтэрхий үнэтэй хиам, талх идэж, дамын үнэтэй сүү ууж байгаагийн буруутан”-аар зарлан, хөрөнгийг эргүүлэн нийгэмчлэхийг шаардан, олны дэмжлэг аваад эхлэхээр та нар яах юм бэ?

Мэдээж ингэснээр амьдрал улам л доройтно. Гэтэл ард түмэн ээлжит тайтгарал нэхнэ. Араас нь Улсын их дэлгүүр, Улаанбаатар, Баянгол буудал…яван явсаар бүх худалдааг ард түмний мэдэлд шилжүүлсээр…орон сууц, амины машин руу орно. Ордог ч номтой. Орсон ч түүхтэй.

1929 онд феодалын хөрөнгийг хураахыг бах нь ханан ажиглаж эхэлсэн ардууд 1959 онд аминых нь малыг албадан нийгэмчлэхэд “Юу болоод өнгөрөв өө” гэж гайхсан боловч нэгэнт оройтсон байсан юм (феодалын хөрөнгө хураах комиссынхон ч өмчөө хураалгасан).

ДӨРӨВ. ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ӨМЧ, ӨМЧГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ…

Хэрвээ бид Эрдэнэтийн хөрөнгийг хураах процессыг эхлүүлбэл өөрийнхөө орон сууц, зуслан, хувийн машинаа хураалгах замыг засаж байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тэртээ ХХ зууны эхний хагасыг бодвол өнөөгийн монгол хүн бүр алдах юмтай болсон, ядаж л төр засагтаа “май чи” гэж салаавч үзүүлээд дотроо онгойлгох эрх, “намайг хэлмэгдүүллээ” гэж хэвлэлийн бага хурал зарлан дүвчигнэх боломжийг хүртэл.

Чухам иймээс л манай үндэсний хөрөнгөтнүүдэд бусдаасаа давж баяжих, өрсөлдөгчөө дарж унагах санаагаа түр орхин ардчилсан тогтоцоо хамтдаа хамгаалах, нийгмийнхээ оюун санааг эрүүлжүүлэх, эмзэг хэсгээ хамгаалахад хүч хөрөнгөнөөсөө гаргахгүй бол болохгүй боллоо. Эргэн тойрон чинь алдах юмгүй, харамсах зүйлгүй, шийдсэн үгээгүйчүүд дүүрч, хоосон ядуу яваагийнхаа төлөө тануусыг занасан хүрээлэл дунд хөрөнгөтэй өмчтэй үлдээд юугаа хийх юм бэ?

Иймээс “Итгэл үнэмшил, улс төрийн баримжааг нь эх оронд хэрэгтэй”(Машид гоёчлон хэлэв) хэмээн үзэж санхүүжүүлдэг нам, зүтгэлтнүүд чинь арьсаа хамгаалахын тулд та нарыгаа мулзлахад бэлэн болоод байгаа учраас очиж зөвлөлдөх (мөн л гоёчлов), өөрийн болоод бусдын өмч ба эрх чөлөөнийхөө баталгааг нэхэх ч хэрэгтэй байж мэднэ.

Өнөөдөр хууль бусаар бүрдүүлсэн, авсан гэж таамагласан (Шүүхээр шийдээгүй учраас) хадгаламж, хувийн өмчийг нийгэмчлэн хурааж аваад “улс орноо хямралаас гаргах”, “эх орныхоо бондын өрийг төлөх” хөдөлгөөн нэгэнт өрнөжээ. Залгаад “ард түмэнд байх ёстой хөрөнгийг цөөн хэдэн хөрөнгөтөн, феодал өмчилж байгаа учраас бид ядуу байна. Иймээс ард түмний хөрөнгийг ард түмэнд эргүүлэн өгье” гэсэн уриа цуурайтна гэж мөрийцсэн ч болно. Зарим нь хямралын үед хөрөнгөө өндөр үнэлэн улсад зараад баахан доллартай үлдэхийн дайны юм зүүдэлж явж мэднэ. Тэгдэггүй юмаа, ард түмэн булаагдсан хөрөнгөө шударгаар, үнэгүй эргүүлж авах төдийгүй ард түмний өмчийг ашигласан хууль бусаар олсон ашгийг ч буцаан авах асуудал дэвшигдэнэ, шийдэгдэнэ.

Хожмын маргааш “Энхбаяр ч хүний хайлан байжээ” хэмээн шогширч, “Элбэгдорж ч олон үгтэй л болохоос Далай багшийн дараа л жагсана шүү, гарцаагүй, даанч хараасаар байгаад явуулсан даа”, “Зайлуул, муу Нямдорж чинь өөрийг нь “гүтгэсэн” хүнийг шоронд л хийнэ үү гэхээс бууддаггүй л байсан биз дээ” гэлцэн харамсахаар болбол ямар юм нь сайхан байхав дээ.

Хөрөнгөө аваад зугтаах, үр хүүхдээ тайван газар амьдруулах дайны юм бодож сууна уу, үгүй юмаа. Үймсэн олныг оройлж үлдсэн поп удирдагчид бүх бурууг та нарт чихэж “Ард түмний насаараа идээд барахгүй хөрөнгийг тэр тэр хулгайлаад зугтчихсан. Офшоортоо хийчихсэн учраас бид өлсөж байна. Тэднээс юмаа авчихвал жаргана” гэсэн суртал нэвтрүүлэг зохиож, гурван үеэрээ нэрээ сольж нүүрээ нууж амьд явахаар өөр аргагүй болгоно. Жаргасан болох уу?

Та нар үндэстэндээ санаа тавихгүй бол “феодалын хөрөнгө” хураах албан бус комисс үүсдгээ үүсчихсэн шүү.

Сонирхуулахад, “феодалын хөрөнгө хураах, феодалыг устгах комисс”-ын ажил яаж дуусдаг вэ гэхээр, феодалын хөрөнгө хураах комиссынхны хөрөнгийг хурааж, феодалын хөрөнгө хураах комиссын гишүүдийг устгаснаар л дуусдаг номтой.

…Эрх чөлөөгүй өмч, өмчгүй эрх чөлөө гэж байдаггүй.

1(http://jargalsaikhan.niitlelch.mn/contentlist/list.shtml)

Categories
мэдээ цаг-үе

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмчихлээ

“Петровис”, “Шунхлай” зэрэг компаниуд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн шатахууны үнийг төрөл тус бүрт 100 орчим төгрөгөөр нэмээд байгаа билээ. Тухайлбал, АИ92 бензин 1,625 төгрөгт хүрсэн байна. Уг нь Засгийн газраас шатахууны импортын татварыг бууруулж, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс уг асуудалтай холбогдуулан өчигдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл гаргасан байна. Уг мэдээлэлд “Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өссөн. Ингээд шатахууны импортын үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамд 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн. Тиймээс Засгийн газрын тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллараар өссөн байна. Тиймээс шатахууны зарим компани хоёрдугаар сараас эхлэн шатахууны үнийг литр тутамд 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ашигт малтмалын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулж ажиллаж эхэллээ” гэх мэдээллийг өгсөн.

Тиймээс дээрх асуудалтай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагватай ярилцлаа.


-Зарим компани шатахууны жижиглэнгийн үнээ нэмсэн асуудал гарлаа. Үүнийг танай байгууллага шалгаж байна уу. Энэ талаар хэрэглэгчдээс санал, гомдол ирсэн үү?

-Сүүлийн хоёр, гурван өдөр шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдээс нэлээд гомдол санал ирж байна. Энэ асуудалд бид анхаарч ажиллаж байна. Саяхан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ахлуулсан үнэ тогтворжуулах зөвлөл шатахууны үнийн асуудлыг хэлэлцээд шатахууны импортын жижиглэнгийн үнийг нэмж болохгүй гэж тохирсон.

Харин алдагдалтай ажиллаж буй зөрүүг нөхүүлэх журмаар импортын онцгой татварыг бууруулах зөвлөмжийн дагуу Засгийн газар импортын шатахууны албан татварын хэмжээг бууруулсан шийдвэр гаргасан. Шатахууны үнийг тогтвортой байлгах, хяналт тавих ажлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон ШӨХТГ-т үүрэг болгосон. Тиймээс бид хяналт тавьж ажиллаж байна. Гэвч зарим компаниуд шатахууны жижиглэнгийн үнийг өнгөрсөн өдрүүдэд 50-150 төгрөгөөр нэмсэн байна. Манайх энэ асуудлыг шалгахаар улсын байцаагчдаа томилон ажлын хэсэг гаргаж, ажиллаад эхэлсэн. Мөн өнөөдөр би шатахууны компанийн эздийг дуудаж дураараа үнэ нэмсэн шалтгааныг тодруулж, үнийг хуучин үнэд нь оруулах шаардлага тавилаа. Дэмжлэг үзүүлээд байхад үнэ нэмэх асуудал байж болохгүй. Бүх бүтээгдэхүүний үнэ өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учраас, дураараа үнэ нэмэх асуудал байж болохгүй. Энэ бол үнэхээр хариуцлагагүй зүйл боллоо.

-Шатахууны үнэ нэмэх гол шалтгаан юу байв?

-Үе үеийн Засгийн газар шатахууны үнийн онцгой татварын хөнгөлөлт зээл тусламж зэрэг арга хэмжээг авсаар ирсэн байдаг. Гэтэл дураараа үнэ нэмсэнд харамсаж байна. Ямартай ч ажлын хэсэг албан ёсоор үнэ нэмсэн шалтгааныг шалгана. Үнээ буулгаж, хуучин үнэд нь оруул гэдэг шаардлагыг шатахууны компанийн эздэд тавиад байна. Шатахууны жижиглэнгийн үнийг Засгийн газар барьж байгаа. Эдийн засаг хүнд байгаа өнөө үед засгаас зохицуулалт хийсээр байгаа. Зохицуулалт хийсээр байтал зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмчихлээ. Энэ нь зохион байгуулалттай улс төрийн явуулгатай ажил байх вий гэж эмзэглэж байна. Манайхан баяр ёслол, сонгууль дөхөхөд аливаа бүтээгдэхүний суурь үнийг хөдөлгөдөг. Яагаад гэвэл томоохон аж ахуйн нэгжийн ард улстөрчид байдаг. Тиймээс бид маш сайн хяналт тавьж, торгууль шийтгэлийг ногдуулж ажиллана. Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байхад үнээ нэмж байгаа нь ард түмнийг төрд итгэх итгэлгүй болгох ажил байж болно. Тиймээс энэ байгууллагуудын эздийг судалж шалгана. Үнэхээр үнэ нэмэх асуудал байгаа бол саналыг нь хүлээн авч ярилцана. Шатахууны компаниуд туйлын хариуцлагагүй зүйл хийлээ.

-Шатахууны компаниудын эзэд шатахууны үнэ нэмсэн асуудлаа хэрхэн тайлбарлаж байна вэ. Шатахууны компанийн эзэд хоорондоо тохироод үнээ нэмсэн байна уу?

-Баруун, зүүн аймгуудын хилээр орж байгаа шатахууны онцгой татварыг тэглэчихсэн байгаа. Цаашдаа хилийн үнэ нэмэгдэх асуудалтай байгаа гэдэг тайлбар тавьж байна. Өнөөдөр нэмэгдээгүй учраас энэ тайлбарыг бид хүлээж авахгүй. Тохирсон, хуйвалдсан гэдгийг хэлэхэд эрт байна. Бид шалгаж байгаа. Тийм байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр нэг газар нь “Шунхлай”, нөгөө нэг газарт нь “Петровис” бас нэг газар “МТ” гэх жишээгээр зөрүүлж үнээ нэмсэн асуудал ажиглагдсан. Өнгөрсөн хугацаанд шатахууны компаниуд үнэ нэмнэ гэдэг асуудлыг тавьсаар ирсэн. Гэхдээ энэ удаа ийм санал тавиагүй хэрнээ гэнэт үнээ нэмсэн. Тэгэхээр удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор, санаатайгаар иргэдийн бухимдлыг нэмэгдүүлэх гэж байгаа нэг арга гэж ойлгож болохоор байна. Санал тавиагүй хэрнээ ингэж байна гэдэг төрийг иргэдтэй харшуулах гэж байгаа зүйл юм биш биз. Үнэхээр үнэ нэмэхээс өөр аргагүй болсон бол асуудлаа холбогдох газарт тавих хэрэгтэй. Шатахууны компаниуд үнээ нэмэхгүй бол дампуурахаар тийм хүнд байдалд лав ороогүй. Бид сайтар судалж байж хэлдэг.

-Манай улс цаашид газрын тосны үйлдвэр барьчихвал шатахууны үнэ өсөх асуудлаас айхгүй болох болов уу?

-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам газрын тосны үйлдвэр барина гээд санал тавиад яваад байгаа. Барих газар нь олдохгүй байна уу, эсвэл ямар шалтгаантай байна, одоохондоо ажил хэрэг болоогүй л байх шиг байна. Манайх Орос, Солонгос зэрэг гадны улсаас шатахуунаа импортолж байна. Аюулгүй байдлын хүрээнд ч гэсэн дотооддоо үйлдвэртэй болчихвол сайн. Ер нь үйлдвэрүүд бий болгох замаар аливаа салбар хөгжинө.

-Хууль бусаар шатахууны үнэ нэмсэн компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

-Хууль бусаар нэмсэн тохиолдолд өрсөлдөөний тухай хуулийн дагуу торгууль шийтгэл тавина. Шалтгалтын дүнгээс хамаарч ямар хариуцлага үүрүүлэх нь тодорхой болно.

-Дүнжингарав худалдааны төв түрээсийн үнээ нэмсэн байна. Үүнтэй холбоотой санал, гомдол танайд ирэв үү?

-Одоогоор ирээгүй байна. Түрээслэгч, түрээслүүлэгчдийн хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдээр зохицуулагдах ёстой. Тиймээс ойлголцож, зохицож ажиллах хэрэгтэй. Хэрэв гомдол ирвэл хэрэглэгчийн өрсөлдөөний хулиар хохироосон зүйл байна уу гэдгийг шалгана.

-ШӨХТГ сүүлийн үед ямар, ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна вэ. Ихэвчлэн ямар гомдол иргэдээс их ирж байна?

-Манайх хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг, бизнес эрхлэгчдийг дэмждэг байгууллага. 2017 оны хувьд бид хэрэглэгчийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг зорилтыг гарган ажиллаж байгаа. Ганцхан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага биш. Хэрэглэгч, аж ахуйн нэгж, төр засгийн гурвалсан холбоог сайжруулахад анхаарна. Сүүлийн үед Сууц өмчлөгчдийн холбоо, худалдааны төв дэлгүүр, үүрэн телефон зэрэгтэй холбогдолтой гомдол санал их ирж байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд 100 гаруй санал гомдол ирсэн. 2012 онд намайг ажиллаж байхад гардаг байсан гомдлууд ч гарсаар байгаа. Тиймдээ ч иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс хэвлэл мэдээлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тиймээс хийж байгаа ажил болон хууль тогтоомж хэрэглэгч та юун дээр анхаарах вэ гэдэг асуудлыг хэвлэлийн байгууллагуудаар дамжуулан өгч байгаа зэрэг нэлээд олон ажлыг шинээр хийж хэрэгжүүлж байгаа гэв.

Өнгөрсөн өдрүүдэд хамгийн түрүүнд “Шунхлай”, “Петровис” шатахуун түгээх станцууд шатахууны үнээ нэмсэн байлаа. Тухайлбал, “Шунхлай” групп нийслэл болон хөдөө орон нутгийн салбартаа шатахууны жижиглэнгийн үнээ нэмжээ. Гэхдээ зарим салбартаа үнээ хөдөлгөөгүй юм билээ. “Шунхлай” групп шатахууны үнээ зарим салбарт нэмсэн шалтгаанаа тайлбарлах боломжгүй, ихэнх салбартаа хуучин үнээрээ борлуулж байгаа гэдэг тайлбар өглөө. Өчигдөр “Сод Монгол” шатахуун түгээх станцад Аи92 -1530, Аи95-1730, “Шунхлай” шатахуун түгээх станцад Аи95-1720, Аи92 -1510, “Жаст ойл”-д Аи95 -1730, Аи92 -1530 төгрөгийн үнэтэй байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зохиолын нарийн утсыг олж хөндвөл өөрийн гэсэн дуу чимээтэй байдаг

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовтой уулзаж хөөрөлдлөө.


Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна вэ?

-Хүүхдэд зориулсан жүжиг бичиж байна. Мазаалай, тахь, хулан, хар сүүлт, хавтгай гэх мэт ховордсон амьтдын тухай. Хүн амьтан хоёрын хоорондын зөрчилдөөнийг харуулсан дуулалт жүжиг болох юм. Мөн кино зохиол бичиж байна. Сүүлийн арваад жил зохиол бичихээр кино болгочихмоор санагдаад байдаг болсон. Хэдэн кино бичсэн болохоор тэр биз. Энэ хавар л үүнийгээ дуусгана даа.

Таны хувьд зохиолын сэтгэлзүй гэж юу вэ? Таны бичсэн “Хөх тавилан” туужийн “хөөрхөн эмгэн” эцэстээ хэн байсан нь тодорхойгүй үлддэг шүү дээ.

-Хүний сэтгэхүй гэдэг таагдашгүй. Аливаа юманд баярлах, гомдохоос эхлээд сэтгэл санаанд асар их өөрчлөлт ордог. Энэ чинь нийгмийн хүмүүстэй харьцах харьцаанаас өдөр бүр урган гарч байдаг. Нэг нь ийшээ чангааж, нөгөө нь тийш нь чангааж, эндээс нэг нь зүүгээр шивж, нөгөө нь тэндээс лантуугаар нүдэж байдаг. Нэг нь дор нь цэцэг дэвсэж, нөгөө нь дор нь хадаас дэвсдэг орчлон шүү дээ. Тэр дунд хүн амьдраад явахад хүний сэтгэл санаанд нь тэр бүхэн чинь нөлөөлөөд агуу их энэрэнгүй үзэлтэн болгох уу, аймшигтай өшөө авагч болгох уу, эсвэл уярч хайлж чаддаг, өширч үзэн ядаж чаддаг тийм хүн болгох уу, эсвэл тэнэг хүн болгох уу, ухаан суулгах уу гэдгийг шийддэг. Энэ чинь л явж явж зохиолын үзэл санаа, зөрчил болж, хүмүүсийн сэтгэл санаанд гарч байгаа асар их өөрчлөлтийг илтгэж байгаа юм шүү дээ.

Харин мэдрэмж гэдэг бол зохиолч хүнд байгалиас заяасан хэмжигдэхүүн юм. Зохиолын нарийн утсыг олж хөндвөл өөрийн гэсэн дуу чимээтэй байдаг. Гуниг байна уу, баяр байна уу, атаархал байна уу, үзэн ядалт байна уу, жигшилт байна уу, аймшиг байна уу… чиний цээжинд нэг биш түмэн утас байгаа. Түүний хөгийг олохыг л мэдрэхүй гэнэ. Тэгээд түүнийгээ уран бүтээл, дүрдээ шингээх нь л зохиолчийн ажил шүү дээ.

“Хөх тавилан” дээр ч гэсэн тэр хөөрхөн эмээ юу болсон юм бэ гэдэг асуулт чинь тэр их зовлонг ганц бие эмэгтэй туулж байж л тайлагдана. Эхлээд бол тэр хүн өөрийнхөө хувь заяаныхаа төлөө явсан шүү дээ. Эмэгтэй хүн болж төрсөн болохоор эх хүний зовлон жаргалыг эдлэхсэн гэсэн их хүслээр явсан хүн шүү дээ. Тэгээд явсаар зүтгэсээр байгаад нэг агуйн ламтай уулзсан, гэгээнтэнтэй учирсан, хээрээс хүүхэд олсон гээд л… Мах, цусаар нь шингэж мөн чанар нь гарч ирж байгаа нь тэр. Тэр торгон утсуудыг олж, оноож, өнгө хөгөөр нь зөв дуугаргаж чадаж байгаа нь л сэтгэлзүй шүү дээ. Үүнийг илэрхийлэх олон аргууд байна.Эцсийн эцэст хүн гэдэг чинь нийгэмдээ, улс гэртээ үүрэг хүлээдэг юм байна л даа. Хувь заяа нь хөтлөөд л эцсийн дүнд тэр хүнийг тийм л юманд хүргэсэн.

-“Хөх тавилан” тууждаа болзолт дүрүүдийг олон ашигласан. Тухайлбал хаа нэгтээгээс гараад ирдэг “шарга морьт” гэх мэтчилэн. Тэгвэл “болзолт дүр” гэж яг юуг хэлээд байна вэ?

-“Болзолт дүр” гэдэг маань бодит дүр биш гэсэн үг юм. Зохиолын үйл явдлыг гүнзгийрүүлэх, дүрээ тодотгох үүднээс хийсвэр дүрүүдийг зохиодог. Тухайлбал “хөөрхөн эмгэн”-ий дотоод дүр тэр шарга морьттой холбогдож тодорч гарч ирж байгаа юм. Зохиолын өнгө аясыг бий болгоход “тэр шарга морьт” бол маш их чухал үүрэгтэй.

-Гадныхан шидэт реализм гэх урсгалаар зохиол бичиж, компьютер график ашиглан кино их хийж байна. Тэнд янз бүрийн мангас, чөтгөр, шулмууд гардаг. Монголд энэ урсгал хөгжих боломж, суурь хэр байгаа бол?

-Бид өрнөдийн зохиолыг мундаг гэдэг. Дэлхийн алдартай зохиолчдыг уншиж байхад тэр яриад байгаа шидэт реализмыг чинь хэрэглэсэн л байдаг. Тэр нь бидэнд сонин байдаг. Болохгүй ч юм байхгүй л биз, сайхан ч юм шиг л байдаг заримдаа. Гэвч эцсийн дүндээ хийсвэрлээд гаргаж ирж байгаа тэр зүйлс нь тэр Испаных ч юм уу, Европийнх ч юм уу, Японы самурайнх л байх. Тэд нарын мангас чинь өөр сэтгэхүйтэй, өөр араншинтай байгаа. Гадны хэлбэр дүрсийг нь зурахдаа хүртэл өөрөөр зурна. Тэгвэл монгол уран зохиолд ямар байх вэ гэж бодох хэрэгтэй. Монголын уран зохиолд гардаг шидэт үлгэр, домог бол бидний мах ясанд шингээд, өвөг дээдсийн маань оюун ухаанаар бүтээгдээд ирчихсэн зүйл байдаг. Түүнийг бид ашиглах хэрэгтэй. Чөтгөр, шулам, хий юм, ад зэтгэр, зүүд зөн, зөн билэг, далдыг харах гээд бүгд байна. Тэр бүхэн чинь монголоороо л байх хэрэгтэй. Чөтгөр ч байсан монгол, шулам ч байсан монгол баймаар байна. Тиймээс би зохиолдоо өөрсдөдөө байж байгаа тэр зүйлийн зах зухаас нь л элтэлсэн юм шүү дээ.

-Гэхдээ залуучууд энэ бүхнийг аймшгийн зохиол дээр ихэвчлэн дүрсэлж харуулаад байна. Тийм биш биз дээ?

-Энэ бол сэтгэцийн үзэгдэл байгаа юм. Сэтгэлзүйн энэ үзэгдлийг өрнөдийнхөн эмгэг гэж үзээд зохиолдоо оруулаад байгаа юм. Яагаад гэхээр тэр хүний үзсэн аймшигтай аллага, хядлага, өшөө авалт зэргийг эмгэг сэтгэлгээ гэж үзээд түүнээс үүссэн гаж сэтгэлгээ, гаж үйл явдалтай дүр болгоод байхаар нөгөө цуст аймшигт явдалтайгаа нийлэхээр тэрийгээ хүний сэтгэлзүйн нарийн юм руу орж байна гэж төсөөлөөд уншигчид нь ч тэгж хүлээж аваад байгаа юм. Манайд бол тэр нь тийм ч сонин биш шүү дээ. Манайд 95 толгойтой Индэрмаа хар мангас нь ч байж л байдаг, зэс хошуутай шулам нь ч байж л байдаг. Бүгд л байдаг шүү дээ. Гэхдээ монгол сэтгэхүйгээр л бий болсон.

-Барууны кинонуудыг харж байхад хийсвэр дүрүүдэд нь урансайхны хөгжил явагдаад байх шиг. Харин Монголд энэ нь хоцрогдоод байна уу гэж бодогдох юм?

-Энэ бол уран сайхны сэтгэлгээний хөгжлийн явцаас л хамаарна. Хийсвэрлэл бол хэзээд байсан. Элэнц хуланц, хэдэн мянган жилийн өмнө ч хангарьд, луу гэх зэрэг хийсвэр дүрүүдийг сэтгээд бий болгочихсон байна. Энэ чинь асар их хөгжил мөн үү, мөн шүү дээ. Тэрийг хоцрогдсон юм гэж хэлж болохгүй.

-Гэхдээ ийм хийсвэр дүртэй зохиолууд Монголд ховор шүү дээ. Дээр үед бол “Гэсэр”, “Жангар” гэх зэрэг зохиолууд байж. Орчин үед яагаад ийм зохиолууд төрөхгүй байна вэ?

-Наадах чинь бол жам ёсны юм байх. Тэр алсын цуурай, далд юмсыг санаанд тусгах нь нэг үе давалгаалж ирээд л, нэг үе намждаг. Нийгмийн уран сайхны сэтгэлгээний хөгжлийн давалгаа л явагдаад байгаа юм болов уу гэж боддог. Давалгаа байж байж л нуур, далай, тэнгисийн аливаа юмыг авч яваад маргааш нь буцаагаад аваад ирдэг шүү дээ.

-Л.Түдэв гуай “зохиолч хүнийг эхлээд зохиолчид нь мэддэг байх ёстой” гэж хэлсэн байна лээ. Энэ юу гэсэн утгатай үг юм бол?

-Залуучуудын гаргасан зохиолыг уншаад цаашаа явах уу, явахгүй юу гэдгийг уншигчаас түрүүлж зохиолч хүн л хэлж өгдөг. Бидний үед шинээр гарч ирж байгаа зохиолуудыг зохиолчид л түрүүлж уншдаг байсан. Одоо харин юу болж байгааг мэдэхгүй. Тэгж байж л мэдрэмж төрдөг. Тэгээд дараа нь тэр чинь харин гайгүй явчихмаар хүүхэд биш үү гэж хэлдэг. Хэрвээ зохиолчид чамд гайгүй шиг дүн тавиад ирвэл аяндаа нийт уншигчид уншиж эхэлнэ гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл зохиолчид нь таалахгүй байхад номнууд нь зарагдаад бестселлер болоод уншигдаад байдаг зохиолчид байна шүү дээ, үүнийг та юу гэж хэлэх вэ?

-Түүнийг зах зээлийн зохиолчид гэдэг юм. Тэр хүн тэрүүгээр мөнгө олно уу, байна уу хамаагүй явж л байг. Энэ нийгэм чинь тийм л нийгэм юм чинь. Гэхдээ зохиолчийн мөн чанарыг мах цусаараа эзэмшиж бичнэ гэдэг өөр юм шүү.

-Өнөө үед зохиолч болох гэж байгаа залуус маань амьдралаа залгуулахын тулд сэтгүүлч эсвэл орчуулгын ажил хийж байна. Тэгэхээр уртын дуу дуулах хүн богинын дуу дуулаад байхаар хоолой нь эвдэрдэг гэж ярьдаг. Үүнтэй адил авьяас нь эвдрэх үү?

-Миний ажигласнаар нэг юм байдаг. Манай ахмад зохиолчид болох С.Эрдэнээ гуай, Ц.Гайтав гуай хэлдэг л байсан. Би ч сонсож байсан. “Сонинд битгий ажилла” гэж. Яагаад гэвэл залуучууд өөрийнхөө бичлэгийн арга барил тогтоогүй үед сонинд ажиллахаар яг “МОНЦАМЭ-гийн модон хэлтнүүд” гэдэг шиг сонины хэл, арга барил тогтчихдог. Тиймээс хэлэнд нөлөөлөхгүй өөр ажил хийх хэрэгтэй. Өөрийн минь ажигласнаар зохиолч хүн утга зохиол судлалын ажилд орохоор бас эвдэрдэг. Хорин хэдхэн насандаа “Уулын үер”, “Нүүдэл суудал”-ыг бичиж байсан Л.Түдэв гуай судалгааны ажил хийж дэд эрдэмтэн, одоогийнхоор бол докторын зэрэг хамгаалсан. Тэгэхээр зохиолчийн тэр хурц мэдрэмж нь дарагдаад нийтлэлийн талын юм их бичдэг болохоор хөшүүн, баримтан дээр голдуу тулгуурлаж бичдэг болж байгаа юм.

-Л.Түдэв гуай нийтлэлч, эрдэмтэн болсон хойноо “Оройгүй сүм” гээд романаа бичсэн байдаг шүү дээ?

-Л.Түдэв гуай тэр номоо наяад оны эхээр бичсэн байдаг. “Оройгүй сүм” бол нэлээд далайцтай зохиол л доо. Судалгаа хийгээд асар их мэдлэгтэй болчихсон байсан учраас тэр зохиолыг тийм сайхан, мундаг далайцтай бичсэн. Хуврагын ёсыг сахьсан ч төрийн хар хүний ёсыг баримталж амьдарсан ч эцсийн эцэст амьдрал, хайр сэтгэл, гомдох баярлах, нөхөртэй, дайсантай байх гэдэг юмнаас хэзээ ч зайлж амьдарч чаддаггүй тэр жамыг л харуулсан зохиол. Буддын гүн ухааны энэрэхүй, нигүүлсэхүйн үзлийг мундаг гаргаж тавьсан байдаг.

-Энэ жилийн “Болор цом” наадам Дорнод аймагт болоод өнгөрлөө. Хүмүүс янз бүрээр л ярьж бичиж байна. Харин та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Би зурагтаар л үзсэн. Очиж чадсангүй. Гэхдээ манай эндээс жил бүр явдаг хорхойтнууд байдаг. Тэд нарыг бол их л гомдоосон байна лээ.

-Наадмын түрүү байрыг эзэлсэн “Тэр эмэгтэй” шүлгийг “дадаизм” хэмээх урсгалаар бичсэн гэж тайлбарласан байна лээ.

-За яахав дээ юу ч гэж тайлбарлаж болно шүү дээ. Урсгал гэдгийг нэг шүлгээр ч тайлбарладаг юм биш шүү дээ. Дусал ус урсах уу, тэрийг усны урсгал гэх нь хаашаа юм бэ, нэг шүлэг бол дусал шүү дээ. Харин нэлээд хэд нь нийлж байж урсах байх аа. Харин дусал бөмбөрдөг үү гэвэл бөмбөрдөг. Түүн шиг урсгал гэж тайлбарлах нь одоохондоо арай томдох байх аа.

-Сүүлийн үед олны бухимдлыг төрүүлээд байгаа нэг асуудал байгаа. “Ноён уул”-ын алтыг авах гэж хэсэг хүмүүс эрээ цээргүй дайрч байна. Өвөг дээдсийнхээ түүх, дурсгалт газрыг ингэж ухаж сэндийлж байгаа тал дээр та юу хэлэх вэ?

-Би монголын өв, соёлоор 20 гаруй жил дагнаж телевизийн нэвтрүүлэг хийлээ. Археологи, палеонтологи гээд газрын хөрсөнд байгаа үлэг гүрвэлийн яснаас эхлээд өчүүхэн ургамлын эсийг хүртэл судалдаг хүмүүстэй би уулзаж явлаа. Эртний юм гэдгийг бид үлэг гүрвэлээр төсөөлөөд байдаг шүү дээ. Гэтэл тэр хөрсөнд эртний амьтны чинь эд эс , нүдэнд үзэгдэхгүй микроб шингээстэй байж байдаг. Тэгэхээр зэрэг “Ноён уул” маань тэр нандин өвийн өлгий нь байхгүй юу. Алтнаас илүү үнэтэй юм тэнд бий. Хүн төрөлхтний хувьд үнэ цэнэтэй юм тэнд бий. Тийм учраас тэрийг сүйтгэж болохгүй. Алтаа ухдаг юм бол өөр газраас л ухна биз. Монгол оронд дүүрэн л алт байгаа шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гаднаас эрсдэлтэй зээл авахаар ард түмнээсээ зээлсэн нь дээр

“Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” хэмээх нийтлэлийг миний бие өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн дугаарт бичиж хэвлүүлсэн. Хуучин оны төгсгөл шинэ оны эхэнд бичсэн уг нийтлэл хэвлэгдсэн даруйд нийгмийг хөдөлгөөнд оруулж, чухам үүнийг л хүлээж байсан мэт ард түмний санал санаачилга тал бүрээсээ нэгдэж эхлэх нь тэр. Улс эх орондоо хүнд бэрх цагт нь эрвийх дэрвийхээрээ тус дэм болъё гэж олон түмэн уухайлан дэмжиж байна. Бүр сүүлдээ гавьяат эдийн засагч нэгэн хүн “Өдрийн сонин”-ы уриалгыг өөрөө бодож олсон мэтээр ярьж, олон нийтэд зарлан шуугиан дэгдээгээд авлаа. Эл бүхэн бол манай сонин нийгэмд хэрхэн нөлөөтэйг баталж, бид бүхний дэвшүүлсэн санаа оноо ард түмний дунд ямархан давалгаа үүсгэж болохын илэрхийлэл гэлтэй.

Монгол Улсын гавьяат багш, эрдэмтэн докторууд гээд нэр нөлөөтэй хүмүүс сонины редакцид ирж дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн нэр бүхий төрийн түшээд, бизнесмэнүүд болон албан байгууллагууд эх орондоо тусалж, туурга тусгаар улс орноо өрнөөс нь салгах аянд нэгдэж буйгаа илэрхийлээд байна. Нэг өдрийн цалингаас аваад нэг зуун сая төгрөг хүртэлх мөнгө өгөхөө амлаж буй хүмүүсийг анзаараад байхад бүгд л хандив гэж яриад байх юм. “Би эх орондоо төчнөөн сая төгрөг хандивлаж байна. Та бүхэн мөн хандив өргөнө үү” гээд уриалаад байгаа. Миний бие дээрх уриалга нийтлэлдээ эх орондоо хандив өргөх бус зээл өгье гэж маш тодорхой бичсэн. Энэ талаараа ч хэвлэл мэдээллээр хөндөж ярьсан нь бий.

Тухайлбал, “ТВ-9” телевизийн “Ярилцъя л даа” шууд нэвтрүүлэгт шинэ оны эхэнд орохдоо “Ард түмэн минь өөрт байгаа ямар л алт эрдэнэс, адуу мал, мөнгө болох юу л байна тэр бүгдээ төр засагтаа зээлье. Тэгж эх орноо өрнөөс нь салгахгүй бол Монгол Улс дампуурлын ирмэгт ирээд байна” гэдгийг онцолж хэлсэн.

Гэтэл “Өдрийн сонин”-ы уриалгын зорилгыг өөрчлөх, санаатай хийгээд санамсаргүйгээр мушгин гуйвуулах харалган бодол хэн нэгэнд байна. Ялангуяа төр засагт, Монголын Засгийн газарт байна уу даа гэх хардлага өөрийн эрхгүй төрөөд байгаа юм. Тиймдээ л зориудаар хандив гэх нэршлийг нийгэмд бий болгож, улсдаа тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлж аваад түүнийгээ төсөл хөтөлбөр нэрээр өөрсдөдөө зарцуулах нь. Үндсэндээ ард түмнийхээ халуун сэтгэл, Монгол Улсаа өрнөөс салгах гэсэн бид бүхний санал санаачилга дээр төр засаг тоглолт хийж, тэс өөр зүйлд зарцуулах шинжтэй болоод явчихлаа.

Үүний нэгэн нотолгоо нь өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдааны тухай Ерөнхий сайдын мэдэгдэл юм. Тэрээр “Монголын төр, Засгийн газар хандивын мөнгөнөөс нэг ч төгрөг бондын өрөнд төлөхгүй” гэж мэдэгдээд “Бондын өр төлөх шийдлээ Засгийн газар олсон. Хугацаанд нь төлнө. Иргэдээс цугласан хандивыг эрүүл мэнд, боловсролын салбарт, нийслэлийн утааг бууруулах дэд бүтцийн шинэчлэл зэрэгт зарцуулна” хэмээн хэлсэн. Ингэж ард иргэдийн эх оронч эрмэлзэл, сэтгэл зүтгэлийг Монголын төр нухчин дарж, та бүхнийг улс орноо өрнөөс нь гаргахыг харъя л даа гэж бүр нэг даажигнасан байдалтай, зэвүү хүрмээр шийдвэр гаргачихав. Монголын ард түмэн нийслэлийн утааг бууруулахын тулд өөрт байгаа таван төгрөгөө төрдөө өгье гэсэн зорилго огтхон ч өвөрлөөгүй. Утаа гэдэг хэзээнээсээ үе үеийн дарга нар, нам эвслийнхний мөнгө угаадаг шалгарсан арга гэдгийг энэ он жилүүдэд бид эрх биш мэдэхтэйгээ болсон. Тэгэхээр энэ бол тэмээ гэхэд өөдөөс нь ямаа гэж хэлэн, хэргээр янзыг нь үзэн басамжилж байгаа явдал мөн.

Дампуурлын ирмэгт тулаад байгаа улс орноо аврахын тулд, дефолт зарлаж дэлхий нийтэд шившгээ дэлгэхээс нь урьтаж өрнөөс нь салгах гэсэн олон түмнээ Монголын төр, Монгол Улсын Засгийн газар ингэж доромжилж байгаа юм шиг доог тохуу хийж болохгүй ээ. Зээл гэдгийг хэргээр хандив болгож, хандивынх нь мөнгийг эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад зарцуулан тендер, төсөл хөтөлбөр нэрээр өөрсдөө шамшигдуулж, эх орноо өрнөөс гаргах гэж эрвийх дэрвийхээрээ цуглуулсан иргэдийнхээ мөнгийг цусалж сууна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Нөхөд минь арай дэндэж байгаа юм биш үү. Монгол Улсын гадаад өр хэрээс хэтэрлээ. Улс орон минь удахгүй мөхөх гэж байна хэмээн бараг л хагас жил орчим тасралтгүй гасалж, гонгиносон Засгийн газрын тэргүүн гэв гэнэтхэн бондынхоо мөнгийг төр засаг өөрөө төлнө гэж шүдээ зуусан нь ямар учиртай юм бол.

Д.Мөнгөндалай нийтлэлчийн бичсэнчлэн (“Эх орондоо хайртай байх эсэхийг минь Ж.Эрдэнэбат мэддэг болсон юм уу” нийтлэл) “Ерөнхий сайдын албанд очсоноосоо хойш төлж дийлэхгүй хэмээн гонгиносон өрийг нь ард түмэн хормын дотор уухайлан төлчихвөл Эрдэнэбат ичгүүртэй байдалд орох нь гэж айсан”-аас зайлахгүй. Мөн сүйрч мөхөх гэж байгаа улс орноо бид л арайхийж өрнөөс нь аварлаа хэмээн ардын баатар болцгоож, жигтэйхэн сүрхий жүжиг тавих гэж байсан нь баригддагийн даваан дээр Засгийн газар маань ингэж бажига авчихав уу даа, хөөрхий. Тэгээд л засгийнхаа хуралдаанаар бушуу түргэн ярилцсан болоод сандарч тэвдсэн мэдэгдэл хийчих шиг боллоо.

Ард иргэд минь төр засагтаа хандив биш зээл өгье гэж бичсэн маань учиртай. Бидний уриалгыг дэмжих нэгэн байхад басхүү эсэргүүцэх нэгэн ч байна. “Улс орныг хувьдаа завшсан луйварчдад мөнгө өгөх хэрэг үү” гээд дайрч давшилж байгаа. Уг асуудалд хүн бүр ухаантай, уужуухан хандаж хэдхэн хоногийн дараахан буюу энэ гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларыг ард түмэн төр засагт зээлэхээс өөр гарцгүй болоод байгаа. Сү.Батболдын Засгийн газрын үед Хөгжлийн банкаар дамжуулж олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бондын өрийг манайх төлж чадахгүй бол Монгол Улс дефолт буюу хүн төрөлхтний өмнө дампуурлаа зарлах гутамшигт байдалд хүрнэ.

Монголчууд бидэнд урд хөрш маань мөнгө зээлэхийг бараг шахаж шаардаж байгаа л даа. Хэрвээ Хятадын Засгийн газраас хүүгүй шахам өгөх гээд байгаа 4.2 тэрбум ам.долларыг хоёр хуваагаад зээлчихэж болно. Тэгээд өрөө төлчихөж болно. Гэвч энэ бол улс төрийн агуулгатай мөнгө. Алсдаа Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа ганхахад хүрэх аюултай. Тиймээс монголчууд бид өөрсдөө улс орныхоо эрдэнэсийн сан хөмрөгт бусад орны явж ирсэн жишгийн дагуу байгаа бүхнээ боломжийнхоо хэрээр зээлж байршуулахгүй бол гадны зээл эрсдэл, хор уршиг дагуулна. Тиймийн учир “Ард түмэн төлье гэж байхад төлүүлэхгүй байж Хятадаас зээл аваад үзээрэй” гэж “Өдрийн сонин” Монголын Засгийн газарт хатуу сануулж байгаа юм. “Хятад тэврэлт” гэж айхтар зүйлд атгуулчихаад дараа нь газар нутгаа өгөх, улмаар эрхшээлд нь орох аюулд хүрэх вий гэж сануулаад байгаа хэрэг.

Нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ идэхгүй. Ард түмнээсээ зээл. Ардчиллын буянаар монголчуудад хураасан, цааш нааш хийсэн мөнгө байгаа. Түүнийгээ засаг төрдөө зээлүүл. Наад зах нь үндэсний том компани, аж ахуйн нэгж, хөрөнгөтнүүд бүх татвараа түрүүлж өгөх хэрэгтэй байна. Оффшор бүсэд Монголын хөрөнгөтнүүдийн олон тэрбум төгрөг байршиж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр оффшорт болон хувийнхаа хадгаламжид байгаа мөнгөө зээлүүлэх нь чухал. Цаг сайхан болох үед төр засгаасаа буцаагаад авна биз. Хэн хэдэн төгрөг өгсөн гэдэг нь данс тооцоогоор тодорхой гараад ирнэ. Ийм л зарчмаар явж бид өрнөөсөө гарах учиртай. Гаднаас эрсдэлтэй зээл аваад баларч байгаа улс орны сургамж зөндөө байна. Мозамбик гэж Африкийн орон олон улсын хөрөнгийн зах зээлээс уул уурхайдаа түшиглэн улсын сандаа огт байхгүй мөнгийг, үндсэндээ ирээдүйд олно гэх баталгаатайгаар зээлснээр түүнийхээ өр төлөөсөнд өнөөдөр улс орон нь дампуурахад хүрч байна. Бүх мөнгөнийх нь гүйлгээг юань эзэлж, аргаа барсан ард түмэн заанаа хүртэл өгөөд байж байна. Монголд Мозамбикийн түүх давтагдахгүй гэх баталгаа алга.

“Хөгжил буурай орнуудыг эдийн засгийн талаар хараат байдалд оруулж колоничлох бодлого явуулдаг орнуудын нэг нь гарцаагүй Хятад. Одоогоор Хятадын эзэмшилд оччихоод байгаа Тажикстаны уулархаг муж нь вольфрамаас аваад газрын ховор элементийн ашигт малтмалаар асар их баялагтай бүс нутаг. Хятадууд тэнд олноор суурьшиж, Тажикстаныг ханьжуулах (хан үндэстний нөлөөлөл) бодлого явуулж, орон нутгийн оршин суугчдыг өөрийн улсад байршуулж байна. Хятадууд тажикуудын оршин суугаа дүүргээ “Халтар тосгон” гэж нэрлэдэг. Хятадаас авсан хоёрхон миллярд зээлийн өр ийм л үр хөврөлийг энэ улсад авчирчээ. Тажикстаны эдийн засгийн 60 хувийг Хятад дангаар хянаж байна” гэж эдийн засагч, социологич Н.Цэрэнхүү хэлж байна. МөнТуркмен улс Хятадаас авсан зээлийнхээ өрөнд газар нутгаа өгсөн гашуун түүхийг бид мэднэ. Тажикстан, Узбекстан, Туркмен орнуудад Хятад улс 80 гаруй том төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. Эдийн засгийн хувьд Хятадын хараат болоод буй эдгээр улс орнуудын Оростой харилцах харилцаа сүүлийн жилүүдэд суларсныг Хятад гүрэн ийн ашигласан гэдгийг судлаачид хэлдэг. Гаднаас авсан зээл ийм аюул дагуулдаг.

Ийм эрсдэлтэй зээл гаднаас аваад тэвдэж, сандарч, шаналж суухын оронд ард түмнээсээ зээлсэн нь хамаагүй дээр. Энэ зарчим манай өнөөгийн нөхцөлд маш хэрэгтэй байгаа. Учир нь ард түмэн төр засгаа хянах боломж нь нээгдээд ирнэ. Мөнгөө зээлүүлсэн хүмүүс урьд өмнөхөөсөө илүүтэйгээр санаа тавьж, хариуцлага нэхнэ. Төр засаг тэр хэмжээгээр алдаа гаргахгүйг хичээж туйлын хянамгай ажиллах нь мэдээж. Тендер, төсөл хөтөлбөр нэрээр ард түмний татварын мөнгийг идэж, өөрсдийгөө санхүүжүүлэхээ зогсооно.

Өнөөдөр төр засаг, ард түмэн хоёрын харилцаа ямар байгаа билээ. Төр гэж тусдаа вант улс шиг аашилдаг. Ард түмэн нь төрөө харааж зүхэхээс өөрийг мэдэхээ байсан. Ямар ч хүнтэй уулзахад “Монголын 76 луйварчин” гээд зүхээд эхэлдэг. Ард түмэн төрдөө итгэл үзүүлж мөнгөө зээлэх нь төр ард түмний хоорондох хонгил үгүй болохын баталгаа юм. Ингэж Монгол Улс ард түмнийхээ хүчинд өрнөөсөө гарч, ард түмэндээ эргүүлж өрөө төлөхөөр шамдаж ажиллана. Монгол Улсын хөгжил дэвшлийн шинэ түүх ингэж эхэлнэ.