Categories
мэдээ соёл-урлаг

У.Уранчимэгт үүнээс өөр “нууц” байж болоогүй юм байх даа…

Нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа “Миний нууц” киног үзлээ. Нэрнээс нь харахад жүжигчин У.Уранчимэгийн тоглосон Хандмаагийн дүрд ямар нэг нууц байна гэж төсөөлөгдөнө. Кино эхлэхэд ялдамхан, намбатай, 40 гаруй насны компанийн захирлын эхнэр Хандмаа нөхрийнхөө ажил дээр урт цагаан даашинз дэрвүүлэн орж ирэхэд цэвэрлэгч бүсгүйчүүд атаархаж, жиг жуг хийцгээж байгаа нь харагдана. Хоёр цэвэрлэгчийн залуу нь жүжигчин А.Ганчимэг, харин нөгөөх нь жүжигчин Д.Ганцэцэг. Киноны турш буланд нуугдаад бувар бувар хийх хоёр хулгана шиг л хогийн шүүрээ барьж, энд тэнд зогссоор дууссан даа. Хажуугаар нь бяцхан хов хутгах гэж үзнэ. Гэхдээ гэм хоргүй юм даа.

За ингээд киноны гол үйл явдал руу оръё. Киноны гол баатар нь мэдээж Хандмаа түүний нөхөр Түшиг буюу Ц.Цэрэнболд хоёр. Тэд бие биендээ хайртай. Хэдий эхнэр нь нэг хүний биед хоёр янзын хүн орших сэтгэлзүйн хүнд өвчтэй болсон ч нөхөр нь эхнэрээ жаргалтай байлгахын төлөө бүхнийг хийнэ. Кино эхлэхэд нэг залууг хэдэн хүн хөөж буй дүр зураг гарна. Өнөөх залуу нь яг Хандмаагийн хувцас үзэж байсан дэлгүүр рүү орж таараад, түүний амыг нь даран “Дуугүй бай, тэгвэл чамайг яах ч үгүй” гэж хэлнэ. Ингэснээр Алтангинж хэмээх залуугийн баян хүүхнээс мөнгө салгах ажиллагаа эхэлнэ дээ.

Нэг удаа Хандмаа ердийнхөөрөө сайн эзэгтэйн дүрд хувилан хоёр хүүгийнхээ сагсны бэлтгэл дээр очиход нь Алтангинж араас нь хүрч ирэн тэвэрч авна. Эхлээд тэр огт танихгүй царайлдаг ч багынх нь дурсамжийг нь сануулсан нэгэн нэрийг сонсоод нэгэн биеийн нөгөө хүн нь сэргэж “Алтангинж минь чи юу, би мөнгөн гинж чинь байна” гэснээр тэд яг л залуу хосууд шиг гадуур эрх дураараа зугаална. Гэвч маргааш нь сэрээд л энгийн уйтгартай гэрийн эзэгтэйн дүрд шилжин бүхнийг мартаж орхино. Түүний ээдрээтэй амьдралын багын хөндүүр дурсамж нь юу болоод насан туршид нь мартагдахгүй дагах сэтгэгдэл үлдээснийг та киногоо үзээд мэдээрэй. Ямартай ч багын найз Алтангинж хэмээх анхны хайрынх нь эмгэнэлтэй түүх түүний сэтгэлийг хоёр хувааж, хоёр өөр хүнийг бий болгочихсон нь үнэн.

Эцэст нь Хандмаагийн өвчин хүндэрч, хүнд хэлбэрт шилжсэнээр өөрийгөө сахиусан тэнгэр гэж итгэн, анхны хайр Алтангинжээ сэтгэлдээ ургуулан дүрсэлсээр өндөр байшингийн оройгоос нисч байгаагаар кино төгсдөг.

Гэхдээ киноны тайлбарт ийм өвчтэй хүн Монголд байхгүй гэсэн. Байхгүй юмыг юунд байгаа юм шиг хийсэн юм бол доо. Сүүлийн үед Монголд үйлдэгдэж байгаагүй гэмт хэрэг элдвийн хүнд сэдвээр кино хийх боллоо гэж Цагдаагийн ажилтны ярьж байсан нь санаанд орлоо. Эхлээд үе үехэн нулимс дуслуулж сэтгэл гэгэлзүүлэн догдлуулж бас хөгжөөж байсан кино маань сүүлдээ сэтгэцийн хүнд өвчтөний ердийн л нэгэн түүх мэт санагдсан нь харамсалтай. “Хувьсал”-ын өмнөх кинонуудыг бодвол хийсвэрлэл нь хэтэрчихэв үү л гэж бодогдохоор. Драмын жүжигчид болохоор драмаа л тоглох ётсой юм болов уу даа. Уг нь өөр төрөлд хүч үзвэл үзэгчдэд илүү сонирхолтой байхсан. Өмнө нь ч “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинон дээрээ галзуу солиотой шахуу эмэгтэйн дүрд тоглосон. Энэ удаад ч Хандмаа хэмээх бүр солиорсон эмэгтэйн дүрд тоглолоо. Түүнд үүнээс өөр дүрийг найруулагч Д.Галбаяр зохиогоод өгчихөж чадаагүй юм байх даа.


Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлдөө танигдсан Ц.Энхтуяа багштай, Д.Цанлигренчин даргатай “супер” ангийнхан

Ц.Энхтуяа багштай ангийн хамт олон

Хөвсгөл аймгийн “Ирээдүй ХХI Зуун цогцолбор” сургуулийг 2008 онд төгссөн Ц.Энхтуяа багштай 11а ангийнхныг энэ удаагийн нэг анги буландаа онцолж байна. Нийтдээ 38 сурагчтайгаас 26 хөвгүүн, 12 охинтой төгссөн энэ ангийнхан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байсан гэдгээрээ нэлээд онцлогтой, сурлага сайтай хүүхэд олонтой байжээ. Мөн математикаас гадна бусад бүх л хичээлд идэвхтэй оролцдог, урлаг спортын төрөлдөө ч аймагтаа тэргүүлдэг анги байв. Тухайлбал, математикийн хичээлээр Б.Баярцэнгэл, Д.Цанлигренчин, Д.Энхболд нар аймаг болон бүсийн олимпиадуудад алт мөнгө хүрэл медалиудыг олонтоо хүртсэн, багшийнхаа гарын шав нар нь.

Мөн Б.Алтаншагай аймгийн физикийн олимпиадад оролцох бүртээ тасралтгүй түрүүлж, Б.Мөнхбат нь хүрэл медаль, тусгай байрын шагналыг олонтоо хүртэж байжээ. Харин монгол хэлний хичээлийн аймгийн олимпиадуудад Ичинноров өндөр амжилт гаргаж, улсын олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Мөн Д.Чинбилэгт аймгийн олимпиадад хошой алт, улсын олимпиадаас хүрэл медаль, Эрдэнэсүх хүрэл медалиудын эзэд болсны сацуу англи хэл, орос хэл, хими зэрэг хичээлүүдээр сургууль хамт олноо төлөөлөн аймгийн олимпиадад оролцон тусгай байрын эздээр тодорч байлаа.

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Б.Алтаншагай, Д.Цанлигренчин нар алт, мөнгөн медалийг хүртсэн. Мөн ширээний теннисний Аймгийн аваргын шалгаруулах тэмцээнд М.Мягмардалай хүрэл медаль хүртэж байсан. Эдний ангийнхан маш спортлог байсны нэгэн тод жишээ гэвэл “Ирээдүй цогцолбор” сургуулийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчдын ихэнх нь буюу таван тамирчин нь гэхэд л энэ ангиас гардаг байж. Тиймдээ ч тухайн үед тоглолтын болоод хөгжөөн дэмжих ёс зүйгээрээ хойч үеийн дүү нартаа үлгэр жишээ болж байсан дурсамжтай. Хожим нь тус сургуулийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд хоёр жил дараалан алт болон мөнгөн медалийн эзэд болж, багаараа дараалан цомын эзэн болсноос тус анги спортоор ямар хүчтэй баг хамт олон байсныг харж болох ажээ.

Спортоос гадна эдний анги урлагаар ч тэргүүлнэ, тухайлбал, “Edelweiss” гэдэг бүжгийн хамтлагтай байсан нь сургуулийн аварга шалгаруулах “Улаан сарнай” бүжгийн тэмцээнд алт болон мөнгөн медаль хүртэж, тухайн жилдээ Хөвсгөл аймгийн хүүхдийн харшийн сүлд модны наадамд урилгаар оролцож байсан аж.

Энэ ангийн Б.Баттуяа болон Б.Оюунчимэг нар нь гоцлол дуу, гоцлол ятга хөгжмийн төрлөөр аймгийн Хүүхдийн урлагийн Яргуй наадамд тэргүүлэн улсын Хүүхдийн наадамд амжилттай оролцож байжээ.

Ингээд төгсөх жилээ буюу 2008 онд сургуулийнхаа “Шилдэг анги” болж тухайн жилдээ Элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч, ангиараа буюу 100 хувь нь улсын чанартай томоохон их дээд сургуульд элсэн суралцацгаасан байна. Энэ их амжилтын дараа ангийн багш Ц.Энхтуяа нь тухайн жилийнхээ аймгийн “Шилдэг багш” болж байсан юм байна.

Өнөөдөр тус ангийнхан маань Монголынхоо өнцөг булан бүрт өөрсдийн сурсан мэргэжлээрээ амжилттай ажиллаж амьдарч улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байгаад ангийнхан нь бие биенээрээ ихэд бахахдаг гэнэ.

Тухайлбал, “11а”-гийн ангийн дарга Д.Цанлигренчин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн туслахыг олон жил дараалан амжилттай хийж байсан, одоо Барилгын хөгжлийн төвд ахлах мэргэжилтэн гэх алба хашиж буй. Ангийн хөвгүүн Ч.Ганбат гэхэд л Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвд эдийн засагч судлаач хийдэг. Б.Баярцэнгэл ТЭСО корпорацид мэргэжилтэн, Л.Батцогт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга болчихсон байх жишээний. Ангийн охин Е.Мягмарсүрэн ангийн теннисний аварга, волейболчин шилдэг хөвгүүдийн нэг М.Мягмардалайтай гэр бүл болоод Хөвсгөл аймгийнхаа МСҮТ-ийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. Харин чадварлаг дайчин сэтгэлтэй, зүтгэлтэй Д.Энхтуяа багш нь одоог хүртэл төрөлх сургуульдаа амжилттай багшилж байна. 2015 онд ангийнхаа нэрэмжит аймгийн математикийн олимпиадыг зохион байгуулсан гээд эдний ангийн амжилт дундаршгүй их.

Categories
мэдээ цаг-үе

Дархадын хотгор, Тайгын заставт амьдрал өрнөж байна (II)

Түрүүч нь №044 (5611) дугаарт


Хилчид алдарт дархадын цагаан адуугаар хилээ манаж яваа нь

Хөвсгөлийн дархадын өлгий нутагт Улаан-уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх сумд хамаарна. Дархадууд ихэвчлэн бөө мөргөлийг шүтдэг бөгөөд олон арван удган зайрантайгаараа нэлээд алдартай. Дархад ястан нь хар дархад, ухаа дархад, шарнууд зэрэг дотроо 32 овогтой гэгддэг ажээ. Дархадын хотгороор аялж байхад хаа нэг айлын зуслангийн хашаа, хороо үзэгдэхээс өөр аниргүй, нэвсийсэн их цастай хөндийд нэг ч амьд амьтны мөр гараагүй бичиггүй цагаан цаас шиг нэлийсэн л их уул, тал толгод харагдана. Эндхийн мал сүрэг нь хүртэл байгаль цаг уурынхаа нөхцөлд ихэд дассан, зориулагдсан мэт байдаг аж. Тухайлбал, дархадын цагаан адуу бүдүүн ястай, өргөн хөлтэй туулах чадвар сайтай, хүч ихтэй, их цасанд ажралгүй зүтгэдэг, уналга эдэлгээ сайн даадаг онцлогтой. Дархад цагаан адуу нь тайгын заставуудын хилчдийн гол уналга болсоор иржээ. Мөн энэ жил аймгийн захиргаа, хилийн цэрэг хамтран “нэг мянгат, нэг агт”хөтөлбөр хэрэгжүүлж, Хөвсгөлийн мянгат малчид хилийн цэрэгтээ нэг, нэг адуу бэлэглэсэн гэж байлаа. Мөн дархад нутагт хоргын улаан монгол гэж жижгэвтэр биетэй, том толгойтой, хүйтнийг тэсвэрлэх, цасанд туулах чадвартай үхэр элбэг.

Улаан-Уул сумын ИТХ-ын дарга Б.Бүрэнчөдөр ярихдаа “Дархадууд нэлээд дайчин, шударга. Хүний сайн талыг хараад тултал магтаж, мууг нь нүдэн дээр ил хэлж, ёгтолж, хошин дуу болгочихдог. Зоригтой шийдэмгий, хүч бяр ихтэй эрчүүд ч олон. Сайн муу алинд нь ч тэмүүлсэн бол эцэст нь хүрч чаддаг хүмүүс. Тиймдээ ч дархадууд урлагийн их өв сантай. Маш олон алдартай дархад дуу бий. Самгалдай дуу энэ жил 30 жилийнхээ ойтой золгож байгаа. Пунцагийн Бадарч гуайн манай нутагт ирээд бичсэн “Дархадын цэнхэр хотгор” гэж алдартай дуу байдаг шүү дээ” хэмээн ярилаа.

Улаан-Уул суманд хилийн 0298 дугаар салбар байх. Энэ заставын дарга, ахмад Э.Ганбаатар гэж мөн л сумын начин цолтой эр байна. Эдний застав цэрэггүй, ахлагч офицеруудтай. Тэд өөрсдөө хилийн манаанд явж хилээ хамгаалдаг гэдгээрээ онцлогтой. Энэ заставын удирдлагууд өөрсдийн нөөц боломжоо ашиглаж, бялдаржуулах төв нээсэн байгаагаас харахад нэлээд спортлог хамт олон болох нь ажиглагдаж байв. Дархадын сумд өвөлдөө битүү цастай байдаг учраас цэцэрлэгийн хүүхдүүдээ болон ус түлээгээ зөөхдөө чарга л голдуу хэрэглэх юм билээ.

Бид эндээс цааш Цагааннуур суманд байх хилийн застав, тайгын цаачны отгийг зорилоо. Энэ замд гэхэд л 300 гаруй гол нууртай. Бид манай орны хамгийн өндөр хүрхрээтэй Арсайн гол болон Гуна голоор давхисаар Цагааннуур суманд ирлээ. Энэ сум Цагааннуур гэх томоохон нуурын эрэг дээр байх аж.

Цагааннуурын заставынхан мөн л ахлагчаас бүрдсэн баг, цэрэггүй застав гэсэн үг. Эндхийн хилчид өвөлдөө дархад цагаан адуугаа эсвэл цаагаа унаад хилийн манаанд гардаг байна. Унаа тэрэг явах боломжгүй тайга, гол нуур ихтэй тул зарим тохиолдолд морин чаргаар, эсвэл явган явах ч үе бий гэнэ. Тухайлбал, биднийг очиход таван цагаан адуу унаад өнгөлөн далдлалтын цагаан хувцсаар жигдэрчихсэн манаандаа гарч байх жишээний. Учир нь хилийн зөрчил илрүүлэхийн тулд өвөлдөө цагаан цаснаас ялгагдахааргүй болж аваад уулын модоор явдаг байна. Харин зундаа модтой ижил ногоон өнгийн өнгөлөн далдлалтын хувцас өмсөөд цуваагаараа чимээ гаргахгүй, хилч нохойгоо дагуулаад явцгаана. Цагаан нуурын заставын “Норд” гэж хилч нохой хилийн цэрэгтэй танигдсан чадварлаг хилч ажээ. Хилийн цэргийнхэн өөрсдөө нохой сургалтын төвтэй бөгөөд нэг нохой нэг л эзэнтэй байна. Эзнийхээ хэлсэн ёсоор үүрэг гүйцэтгэнэ. Эзэн тушаал өгөөгүй байхад ноход өөр хүний үгэнд орж, үйлдэл хийх нь ховор юм байна.

Бид Цагааннуур сумаас гарч зүүн хойд чигт нь уулын замаар явсаар зүүн тайгын цаачны отогт очлоо. Энэ сумын малчид нь ихэвчлэн цаачид, сумын хэмжээнд 200 гаруй цаачин айл байх аж. Цаачин айлууд тав арваараа нутагладаг юм байна. Бид Хил хамгаалахад туслах хүчний гишүүн, цаачин С.Ганбат гуайнд очлоо. Тэднийх 12 метр квадрат хэртэй жижгэвтэр дүнзэн байшинтай, хажуу талд нь дүүгийнх нь мөн тийм байшинтай, харин хүүгийнх нь болон хүргэнийх нь гэсэн хоёр айл хажуухан талд нь урцанд аж төрж байна. Энэ отог ойр зуурын уналгын хэдэн цаагаа авч хоцроод бусад 60 гаруй цаагаа ууланд гаргасан байгаа гэнэ. Эндээ өвөлжчихөөд хавар дөрөвдүгээр сард цааш хаваржаандаа буухдаа цаагаа цуглуулдаг байна. Харин зургадугаар сард дахин цааш нүүж, Буриадын хилийн наахнатай очиж, уулын хярд нутагладаг ажээ. Цаачид бидэнтэй дархад аялгаар ярих хэрнээ, өөр хоорондоо болохоор голдуу цаатан, тува хэлээр харилцчихдаг юм байна. Өмнө нь цаатнууд хөгширсөн ганц нэг цаагаа хүнсэндээ төхөөрөмж хэрэглэх, сүүг нь саах болон ихэвчлэн ан хийж, ангийн махаар л амьдардаг байсан гэнэ. С.Ганбат гуай ярихдаа “Би удам залгасан цаачин хүн. Үр хүүхдүүдээ ч цаачин болгож байна. Бид энэ уул нуруунд цаагаа маллаад хэдэн үеэрээ амьдран суух ёстой. Тэгэхгүй бол энэ сайхан ой тайга минь эзгүйрнэ шүү дээ. Бидэнд тэтгэмж гэж сар бүр 130 мянган төгрөг өгдөг болсон нь их нэмэртэй байна, барагтай бол бид ан хийхээ больсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний амьдралтай танилцаж, ийм шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаад бид ихэд баярладаг” гэж ярилаа. Хэдий тайга ч гэлээ биднийг очих үед цаг агаар дулаахан байж таарлаа. Цаг агаар хүйтэн, цас ихтэй байх тусам цаа сайн таргалдаг аж. Мөн айлууд цааны гол идэш болох хөвд гэх өвс ихтэй газраа дагаж нүүцгээдэг байна. Цаа ямар ч их цастай байсан өвс тэжээлээ хөлөөрөө малтаад идчихдэг юм байна.

Манай аяллын багийнхан цаа унаад л хэд алхав уу үгүй юү цаан дээрээс ойчоод байлаа. Цаан дээр мордохдоо хожуул дээр зогсож байгаад юм уу эсвэл урт модоор тулаад их зөөлөн суух ёстой аж. Тэгэхгүй бол цааны нуруу маш эмзэг учир амархан хугарах аюултай. Мөн мордсон хойноо тэнцвэрээ олохын тулд биеэ суллах шаардлагатай. Тэгэхгүй бол цаа их уян хатан биетэй учраас хажуу тийш эргэхдээ могой шиг нахилзаад л, унаж сураагүй бид ойчоод өгөх юм.

Энэ цаачны отогийн зүүн доохно тал руу уруудаад Хар нуур гэж нуур байх. Энэ нуурын эрэг дээр “Содура” киноны зураг авалтыг хийсэн гэх юм билээ. Цагаан нуурын тайгаар мөн л нэвсийсэн их цастай, зуд ихтэй, мал нэлээд ядарч турж эцэж байгаа гэнэ. Мөн энд зун богинохон болдог. Хавар урт учраас ирэх хаврыг хэрхэн давна даа гэцгээсээр малчид зутрангуй л харагдана лээ. Тайгад зургадугаар сард л нэг юм цас хайлж, эргээд наймдугаар сараас эхлээд л цас орчихдог гэнэ. Энэ өвөл мөн л нэлээд эрт цас орж. Арваннэг, арванхоёрдугаар сард 50 хэм хүртэл хүйтрэхэд малчид бичин жил гэдэг нь ийм л хүйтэн өвөл байх нь гэж ихэд сандарсан гэж байлаа. Дархадын хотгорын айлууд болон хилийн заставынхан олон төрлийн жимсний шүүс, жимсний чанамлаар зочдоо их дайлах юм. Тэнд хамгийн элбэг идээ жимс аж. Мөн загасны мах нэлээд байна лээ. Гэхдээ Цагааннуур өмнө нь цагаан загас элбэгтэй байсан ч одоо нэлээд ховордсон байна. Загас агнахыг хориглочихоод байгаа ч хулгайн загасчид буурахгүй байгаа янзтай харагдах юм.

Цагааннуур сумаас гарч бид Ренчинлхүмбэ сумаар ороод, Хорьдолын даваагаар давж давхисаар Хөвсгөл нуурын баруун захаар, нуурын замаар 70 гаруй километр яваад Хатгал тосгонд ирлээ. Хөвсгөл нуурт 99 гол цутгаж, нэг гол эх авна. Мөсөн дээгүүр машинтай явахад мөс дуугараад л толь шиг мөсний цаанаас нуурын чулуу хүртэл харагдаад их л сүртэй. Хөвсгөлийн жолооч нар бол мөсөн зам хараад засмал дээр давхиж байгаа мэт явах. Харин хотоос очсон, мөсөөр явж сураагүй жолооч нар багагүй сандардаг бололтой юм. Нуурын мөс хагараад овойсон байхыг цагаан хил, хагарч ангал үүссэн байхыг нуурын хар хил гэх аж. Хар хилтэй хэсгээр явахад осолтой. Гуравдугаар сарын сүүлээс эхлээд мөсөөр явахыг хориглодог ч нутгийнхан нуур хайлж байхад ус үсчүүлээд л давхиад байдаг гэнэ. Нуурын энд тэнд мөс цоолчихсон нутгийн иргэд загас барьж байна лээ. Мөн гуравдугаар сарын 3-нд мөсний баяр болох гэж байгаа. Энэ баярын үеэр Японы хан хүү айлчилж ирнэ хэмээн Хатгалын жуулчны баазууд зочдоо хүлээж авахдаа бэлдээд түмэн завгүй байв. Мөрөнгийн төвийн айлууд Могойн голынхоо нүүрсийг нэлээд түлдэг болсон учир бараг хотоос дутахааргүй утаатай байна. Харин зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдарчээ. Тухайлбал, намар 10 мянган төгрөгийн үнэтэй байсан лаазалсан цагаан загас 4000 болчихсон байх жишээний, мөн утсан цагаан болон хар загас нэг килограмм нь өмнө нь 20 мянга гэдэг байсан бол одоо 10 мянга гэж байна. Гэхдээ утсан загасыг наймаачид нууцаар зарж байна лээ. Нутгийн иргэд ярихдаа “Манай эндхийн наймаачид их увайгүй ээ. Аялал жуулчлалын үе эхлэхээр зарим бараа, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ хэтэрхий өндөр үнээр зараад хүмүүсийг хашраачихдаг юм” гэж байв.

Categories
мэдээ цаг-үе

Дархадын хотгор, Тайгын заставт амьдрал өрнөж байна

г

Хилчид хилийн манааны үеэр цайлж байгаа нь

Хөвсгөлийн их хөвч тайгад амьдран суух нутгийн олны аж амьдрал, Монголын хойд хил буюу тайгын хилийн заставын өвөрмөц онцлог, Дархадын хотгорын өвлийн их үзэсгэлэн зэргийг сонирхон сурвалжлахаар хоёрдугаар сарын 8-ны өдөр замдаа гарлаа. Хөвсгөлд очиход нэвсийсэн их цастай, хөдөөгийнх нь замд буухад гутлын түрий давсан цастай ч тогтуун дулаахан байх аж. Зарим уул нурууд нь ар хөвчөөрөө их модтой, зарим нь урдуураа мод ихтэй мөнх ногоон гацуур олонтой юм байна. Хөвсгөлийн хойд хэсгийн баруун талын уул нурууд нэлээд өндөр шовх оройтой бол зүүн тийшээ урт үргэлжилсэн налуувтар харагдана. Өвөлдөө ууланд цас ихтэй учраас морины дөрвөн хөлийн арьс зулгарчихдаг гэнэ. Харин цаа бол их цасанд ажирдаггүй гэх. Манай аяллын багийг Хил хамгаалах Ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас ахалж явсан учир биднийг Хөвсгөл аймаг дахь Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар ангийнхан угтан авав. Монгол Улсын хилийн заставуудын хэмжээнд анх удаа Хөвсгөл аймгийн анги бүрэлдэхүүн “Тайгын нударга” хэмээх гардан тулааны клуб байгуулжээ. Энэ клубийн нээлтийн үеэр хилийн заставынхан өөрсдийн сурсан мэдсэнээ тайлагнаж, гардан тулааны тоглолт хийж үзүүллээ. Эрэгтэй эмэгтэйгүй бүгд л гардан тулааны дасгалдаа шимтэн, чадварлагаар гүйцэтгэж байв. Штабын дарга, дэд хурандаа М.Эрдэнэбуян өөрөө гардан тулааны хар бүстэй, каратэгийн спортын мастер шилдэг тамирчин ажээ.

Мөн Хөвсгөл аймаг дахь хилийн цэргийнхэнтэй аяллын багийнхан гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион явуулахад заставын дарга нарын баг тэмцээнийг тэргүүллээ. Хөвсгөлийн хилийн заставынхан гар бөмбөгийг мэргэжлийн тамирчид шиг тэгш тоглодог юм байна. Түрүүлсэн багийн залуус үндэсний бөхийн баг тамирчид гэж андуурагдмаар хулгар хулгар чихтэй, том биетэй залуус байх. Угаас заставтаа үндэсний бөхийн цолтой цөөнгүй хүнтэй юм байна. Ямар сайндаа л тэдний дунд түгсэн нэг сүрхий онигоотой. Тээр нэг жил наадмын үеэр хилийн заставт шинэхэн ажилд орсон залуу ажлын байраа сахиад хоцорсон үед аймгийн хилийн ангиас гэнэтийн шалгалт иржээ. Шалгалтын багийн ахлагч “За танай заставт хэн хэн байна, дарга нар чинь хаачив” гэхэд мань нөхөр хэн ах сумын наадамд барилдах гээд явсан, хэн ах бас барилдаж байгаа гэсэн гэдэг. Тэд нар чинь ямар цолтой юм гэхэд сумын заан, сумын начин, би өөрөө залуу бөх Бямблаа” гэж тайлбарласныг заставынхан одоо ч дурсан ярьж инээдэм болгох юм. Би ч мөн хошуу нэмэрлэж, танай хилийн цэрэг бөх залуусыг ажилд авдаг, бөхийн цолтой залуусаа заставын дарга болгоод байдаг юм уу гэхэд хилийн 0232 дугаар заставын дарга О.Мөнгөн “Хөвсгөлийнхөн бөх сайтай, барилддаг эрчүүд олон. Мөн манай хилийн цэрэг залуусынхаа спорт, бие бялдарт нэлээд анхаардаг. Гэхдээ бид цэргийн ажил гээд барагтай бөхийн бэлтгэл хийж амждаггүй, ажлаа хийж яваад л наадмаар ойрхон байх аль нэг суманд очиж барилдаад хэд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэчихсэн л залуус. Бөх хөөсөн бол ч аймгийн цолоор тогтохооргүй амжилттай барилдах эрчүүд байгаа юм даа” гэж нөгөөдүүлээ магтав. Заставын дарга, ахлах дэслэгч О.Мөнгөн өөрөө Завханд болон Хөвсгөлийнхөө сумдад барилдаж, түрүүлсэн сумын заан цолтой аж. Тэрээр Заставынхаа эмэгтэйчүүдийг алив манай хүүхнүүд ингээрэй, тэгээрэй, алив манай цэргүүд ингэ тэг, хурдал, за манайхан ингэнэ шүү гэх зэргээр нэлээд найрсаг хандах инээд алдсан хээгүй эр байна лээ. Ямар сайндаа л манай багийнхан зураг дарахад инээхгүй, төв царайлаад ууртай дарга шиг харагдаач гэж байхав. О.Мөнгөн Халх голд цэрэгт очоод тэндээсээ гэрээт цэрэгт шилжээд, үлгэр жишээ цэрэг хэмээн Хилийн цэргийн их сургуульд явж суралцаад, сургуулиа төгсөөд, хилийн заставт даргын орлогчоор томилогдож, дараа нь энэ заставын дарга болж ирээд байгаа нь энэ аж.

Хилчид хилийн манаанд явж буй нь

Хөвсгөлийн хилийн цэргийн удирдлагууд хамт олноо урлаг спортоор тэгш чадварлаг хөгжүүлэхийг зорьдог гэнэ. Тиймдээ ч аймагтаа зохиогддог байгууллагуудын урлаг, спортын наадмуудад ихэвчлэн тэргүүн байр эзэлж, монгол улсын хилийн цэргийн хэмжээний болон улсын уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцдог ажээ. Үүнд хөвсгөл аймаг дахь 0257 дугаар хилийн цэргийн үлээвэр хөгжмийн “Хилчин харгуй” хамтлаг болон тус ангийн соёлын төвийн дарга, соёл сурталчилгааны хэлтсийн ажилтан ахлах дэслэгч Б.Нямсайханы үүрэг их аж.

Ингээд бид Мөрөнгийн төвөөс гарч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт байх хилийн 0232 дугаар салбарыг зорилоо. Ахлах дэслэгч, О.Мөнгөн даргатай тус застав өнгөрсөн 2016 оны шилдэг застав болжээ. Хоёр жилийн дараа заставынхаа 40 жилийн ойг нижгэр тэмдэглэнэ гэж өөрсдийн боломж бололцоогоор цэргийн байр шинээр барьчихсан байна. Уулнаас модоо бэлтгээд, гэрээт цэргүүд болон ажилчдынхаа хүчээр байр барьсан гэнэ. Халаалтыг нь хүртэл шийдээд тохилог барилга бариад цэргүүдээ оруулчихсан, ажлын байр болон бусад барилгуудаа сайхан тохижуулсан байхыг харахад аргагүй шилдэг застав байхаар харагдаж байв.

О.Мөнгөн зам зуур явахдаа “Манайхан зочид ирнэ гээд л сүрхий баярлачихсан. Нааш цааш гүйлдээд бэлтгэлээ базааж байгаа байх. Гаднаас зочин очиход манайхан их баярлана. Уулын мухарт утасны сүлжээ ч барихгүй, шувуу ч нисэхгүй шахуу газар шүү дээ. Хойд талынхаа уулан дээр гарвал харин “Жи мобайл”-ын сүлжээ барьдаг. Би нөгөөдүүлдээ сонинг нь авлаа. Өдөр тутмын сонингуудаа ч цагт нь уншиж чаддаггүй юм. Аймагт бөөгнүүлж байгаад застав руу хүн явбал аймгаас нааш нь явуулдаг. Бартаа ихтэй учраас манай заставт очих машин ховор. Шинэ сонин ирлээ гээд манайхан их баярлана. Сонинг ёстой реклам, он сартай нь юу ч үлдээхгүй уншиж дуусгана даа” гэж ярилаа.

Мөн бидэнтэй хамт явсан хилийн 0257 дугаар цэргийн ангийн сэтгэлзүй мэдээлэл соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хошууч Л.Очирсүрэн ярихдаа “Ээж ааваасаа хол, олон сар жилээр цэргийн алба хааж байгаа. Хөвч ой тайга, цас зудтай хүнд нөхцөлд уул хадаар явж үүрэг гүйцэтгэж, хилээ манадаг залууст юу уншуулах, юу үзүүлж сонсгох, заах ёстой гэдгээ нарийн зөв сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол бид энэ залуусынхаа сэтгэл санааг хямраах зүйл сонсгож болохгүй. Ямартай ч бид улс оронд юу болж байгааг тогтмол мэдээлж байдаг. Мөн эх орны сэдэвтэй номнуудыг сонгож уншуулна. Өдөр тутмын гол хэвлэлүүдийг тогтмол захиалж үүрэг гүйцэтгэж буй цэрэг, ахлагч, офицеруудад хүргэдэг” гэлээ.

Өлийн давааны 13 овоо

Тус застав орох зам бартаа ихтэй юм. Уулын хяраар ганцхан машин явах, нэг л эвгүй дарвал өндөр хясаа руу нисэхээр замаар ч явлаа. Ийн даваа, гүвээ ихтэй уулархаг замаар гэлдэрсээр оройдоо хүрч очлоо. Биднийг очиход гэрээт цэргүүд жагсчихсан сүртэй сайхан угтлаа. Мөн застав гаднаас ирэх зочдыг хүлээн авах зочид буудал бариад тохижуулчихсан байна. Зочид буудлын хаалгаар ороход заставын эмэгтэйчүүд банкны ажилтан шиг цагаан цамц, алчууран зангиа хар юбкаар жигдэрчихсэн жигтэйхэн ганган, инээд алдсаар ёстой л баярлаж байгаа юм байна даа гэмээр угтав. Мөн тэд өөрсдийн гараар бэлдсэн төрөл бүрийн жимсний шүүс, жимсний чанамал, талх ааруул, үхрийн махан зууш, шинэхэн өрөм тарагтай олон төрлийн амтлаг хоол цайтай жигтэйхэн халгиж цалгисан байдалтайгаар зочдоо дайллаа. Энэ заставын эмэгтэйчүүд зундаа олон төрлийн эмийн ургамал, самар, жимс зэргээ түүгээд өвлийнхөө хэрэглээг нөөцөлчихдөг юм байна. Баргийн хүнсийг худалдаж авдаггүй, өөрсдийн гараар хийдэг гэсэн үг. Мөн олон төрлийн гар урлалын бүтээл, дээл хувцас зэргийг урласан байна лээ.

Энэ заставын бас нэг онцлог нь гэрээт цэрэгтэй. Гэрээт цэргийн албанд орох сонирхолтой, нэг жилийн цэргийн алба хаасан залуусыг сонгон шалгаруулж авдаг аж. Тэд сарын 600 гаруй мянган төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хуулиараа жилдээ нэг удаа ээлжийн амралт авчихдаг. Гэрээт цэргийн алба хааж буй залуусын ихэнх нь 4-5 жил болжээ. Тэд цалингийнхаа 20 хувийг бэлнээр аваад, үлдсэн хэсгийг нь шууд хадгаламжиндаа оруулдаг. Тэгэхээр дөрвөн жил болсон залуу гэхэд л 20 гаруй сая төгрөгийн цалин хураачихсан, дээр нь банкных нь хуримтлалын хүү бодогдож байгаа гэсэн үг. Тэд гэрээт цэргийн албаа сунгаж сайн ажиллаад ахлагч буюу ажилчдын эгнээнд шилжих сонирхолтой, цэргийн амьдралд дассан эрчүүд байх юм. Хөвсгөлийн хилийн цэрэг өмнө нь хугацаат цэрэгтэй болж үзсэн боловч 18-хан настай гэрээсээ хол явж үзээгүй залуус уул тайга намаг шалбааг ихтэй хүнд нөхцөлд алба хааж чадахгүй, ямар сайндаа л модон дотор явахаараа модонд өлгөгдчих гээд их цасанд хэрхэн морь унах зэргийг ч мэдэхгүй хүндрэл бэрхшээл ихтэй байсан учир хугацаат цэргийг больжээ. Харин зарим застав нь гэрээт цэрэгтэй бол тайгын заставууд цэрэггүй, ахлагч офицерууд нь өөрсдөө хилийн манаанд явж хилээ хамгаалдаг байна. Манай сонин өмнө нь “18 настай хүүхдээр хилээ мануулах байтугай итгэж манаачаар ажиллуулах албан газар байхгүй” гэж бичиж байсан нь Хөвсгөлд яг биеллээ олж дээ гэж бодогдлоо. Хугацаат цэргийн албанд яваад тэндээсээ улирч гэрээт цэрэг болсон залуус байхаас гадна их сургууль төгссөн бакалаврын дипломтой эрчүүд хүртэл гэрээт цэрэг болчихсон цохиж явна лээ. Ихэнх нь Хөвсгөл аймгийн залуус байх бол Зүүн болон баруун аймгуудаас говиос ирсэн цэрэг ч байна. Хилийн цэрэгт орсон эрчүүд нэлээд эх оронч, хөдөлмөрч хатуужилтай, амьдралын ухаантай, цэргийн амьдралд дуртай болсон байдаг гэнэ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас алба хааж буй гэрээт цэрэг Ж.Мягмардорж ярихдаа “Эр хүн болж төрснийх хилээ манана гэдэг сайхан. Эр хүний байх ёстой газар хилийн цэрэг гэж би боддог. Гэрээт цэргийн албаа сайн хаагаад цаашид эндээ ахлагч болж үлдэх хүсэлтэй” гэж байлаа. Энэ жил гэхэд л долоон жил гэрээт цэргийн алба хаасан залуусыг ахлагч болгосон байна. Тиймээс залуус ахлагч болж дэвштэлээ гэрээт цэрэгт цуцалтгүй зүтгэдэг байна. Хилийн заставынхан цагаан сарын үеэр 14 хоног манаанд гарна. Манаанд гарахдаа битүүлгэнийхээ болон сар шинийн хоол унд, чанаж идэх бууз зэргээ зэхээд явдаг байна. Мөн шинийн нэгний өглөө хилийн баганадаа мөргөж сар шинээ гаргадаг уламжлалтай аж. Хилийн манаанд цэргүүдийг дагаж явж үзлээ. Тэд манааны ахлагчтайгаа нийлээд зургуулаа явах аж. Ингэхдээ мод ихтэй уулаар голдуу явдаг тул ар араасаа нэг жимээр явна нэг нь баруун талаа хянаж, дараагийнх нь зүүн тал руу, дараагийнх нь урагшаа гэх зэргээр хяналт зохион явах аж. Мөн боорцог, чанасан мах, шар тос, элсэн чихэр болон цайны идээ давс зэргээ хүнсэндээ зэхэж явдаг юм байна. Өвлийн хүйтэнд шар тостой халуун хар цай уухад их өег байдаг гэнэ. Хоол ундаа бэлтгэх үедээ нэг нь хоточ нохойтойгоо манаанд зогсож бусад нь цайлна. Мөн зөрчил илрүүлэхийн тулд уулын модонд гал түлэхгүй, хоол ундаа бэлтгэж идэхгүй байх үе байдаг гэнэ. Малын хулгай, хулгайн ангийн зөрчил нэлээд гардаг байна. Энэ застав ОХУ-ын Тува улстай хиллэдэг. Хойд хөрш манайхаас өөр. Тодруулбал, улиралдаа нэг удаа нисдэг тэргээр хилээ эргэдэг сурагтай. Цэргүүд чөлөөт цагаараа сонин унших дуртай, сонин уншихдаа эхлээд хамгийн гоё, гэгээлэг мэдээллээс эхлээд улмаар урлаг соёлын эсвэл уран зохиолын сэдэвтэйг уншаад, сүүлдээ рекламыг нь түүж уншдаг гэнэ. Хөвсгөлийн хилийн цэргийн анги байгууллагууд бүгдээрээ “Өдрийн сонин” тэргүүт өдөр тутмын гол хэвлэлүүдийг тогтмол захиалан уншдаг юм байна.

Тус заставын байрлах нутаг болох Баянзүрх суманд цас зуд ихтэй байв. Гэхдээ тэндэхийн айлууд уулын орой бэл хяраар өвөлжөөгөө барьчихсан их өндөрлөг газар голдуу нутаглах аж. Мөн сарлаг, адуу голдуу малтай. Тэжээлийн хэдэн сарлагаа үлдээгээд бусад сарлагаа айлууд ууланд залчихаж. Сарлаг нь бараг зэрлэгшчихсэн, тэндээ өвөлжөөд хавар бууж ирдэг байна. Сарлаг биеэ чангалаад хяраад хэвтэхээр арьсыг нь чоно ч даадаггүй гэнэ.

Эндээс бид дараагийн заставаа буюу Дархадын хотгорыг зорилоо. Цас ихтэй ихэнх зам даваа хаагдчихсан учраас Хөвсгөлийнхөн ихэвчлэн гол, нуураар давхиад л нэг сумаасаа нөгөө сум руугаа дамжаад явчихдаг юм байна. Бид ч мөн Бэлтэсийн голоор давхисаар, голоосоо зүүн хойш хэвийгээд л Өлийн их даваан дээр ирлээ. Өлийн даваан дээр Дархадын 13 овоо гэж байх. Энд ирсэн хүмүүс гол овоо болох том овоонд мөргөөд дараа нь өөрийнхөө жилтэй овоонд мөргөх ёстой юм байна. 13 гэдэг нь Дархадуудын шүтдэг тоо бөгөөд үүнийгээ 10 зүг гурван цагтаа даатгал өргөж байгаа хэрэг гэж үздэг байна. Мөн энэ даваагаар Хотгойдын шадар ван Чингүжав дайтаж, манжуудаас зугтаж явсан зэрэг эртний түүхтэй.

Өлийн их даваагаар даваад л Дархадын цэнхэр хотгор эхэлж буй нь энэ. Энэ давааны цаахантай Цэнхэр хотгорын Улаан -Уул сум байх. Тус сум нь алдарт Дэлгэрхаан уулын баруун ард, Хорьдол сардагийн нурууны ноён оргилуудын баруунтай оршино. Хорьдол сарьдагийн нуруу цааш гурван сумын нутаг дамнан дүнхийх аж. Улаан-Уул сумын нутгийн 70 гаруй хувь нь ой тайга, 30 хувь нь бэлчээрийн бүс нутаг бөгөөд дархад ястны өлгий нутаг …

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Өвчүү тавьдаг айлын тоо хоёр жилийн өмнөхөөс нэмэгджээ

Өвчүү зурган илэрцүүдМИК судалгааны байгууллагаас цагаан сараар нэг өрх дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг тухай судалгааг энэ сарын 22-24-ний өдрүүдэд хийжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 90 гаруй хувь нь цагаан сар тэмдэглэдэг гэж хариулсан байна. Тэдний 80 гаруй хувь нь цагаан сараар дээл, хантааз гэх мэт үндэсний хувцасаар гангардаг гэжээ.

Цагаан сарын өдрүүдэд хичнээн зочин хүлээн авдаг вэ гэсэн асуултад гэртээ цагаан сар тэмдэглэж буй айлуудын 30 хувьд нь 31-50 хүн ирдэг, 38 хувьд нь 51-100 хүн ирдэг гэсэн байна.

Мөн баярын өдрүүдэд хэдэн айлд зочилдог вэ гэхэд 6-10 айлд зочилдог гэж 30 хувь нь, 11-15 айлд зочилдог гэж 32 хувь нь, 21-25 айлд зочилдог гэж таван хувь, 26-аас олон айлд зочилдог гэж дөрвөн хувь нь хариулжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь мөнгөтэй золгодог бол 17 хувь нь мөнгөгүй хадагтай золгодог гэсэн байна. Тэгвэл золголтод хэдэн төгрөг зарцуулдаг вэ гэсэн асуултад 42 хувь нь 50 мянган төгрөгөөс доош, 32 хувь нь 50-100 мянга, таван хувь нь 300 мянга хүртэл төгрөг зарцуулдаг гэсэн байна.

Цагаан сараар нэг өрх хүнсэнд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг талаар судлахад 73 хувь нь 500 мянган төгрөг,16 хувь нь 500 мянгаас нэг сая төгрөг, 10-11 хувь нь сая төгрөгөөс дээш төгрөг зарцуулдаг гэжээ.

Харин бэлгэнд 67 хувь нь 500 мянган төгрөг,18 хувь нь 500 мянгаас нэг сая төгрөг, есөн хувь нь сая төгрөгөөс дээш төгрөг зарцуулдаг гэсэн байна.

Хоёр жилийн өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад энэ жил өвчүү тавьдаг айлын тоо багагүй хувиар нэмэгдсэн байна. Өвчүү үнийн хувьд арай хямдаас гадна дараа нь идэх зүйл ихтэй учраас ингэж нэмэгдсэн байх гэж судалгааны байгууллагынхан тайлбарлажээ. Улаанбаатарчуудын 47 хувь нь ууц, 30 хувь нь өвчүү, 13 хувь нь мах чанаж шүүс тавьдаг, 10 хувь нь махтай таваг засдаг гэжээ. Хувийг тоонд шилжүүлбэл нийслэлчүүд сар шинийн баяраар 140 мянга гаруй ууц тавьсан нь Дундговь аймгийн Дэлгэрцогт, Бууц хоёр сумын бүх хонийг ууц болгосон хэмээн зүйрлэсэн байна. Харин өвчүүний хувьд Сүхбаатар аймгийн нийт үхрийн тал хувийг нь өвчүү болгосон хэмээжээ.

Мөн нийт өрхийн 95 хувь нь их бага хэмжээгээр бууз хийдэг бөгөөд нэг өрх дунджаар 900 орчим бууз хийдэг гэсэн судалгаа гарчээ. Ингэхдээ нэг буузанд 30 гр гурил, 35 гр мах, хоёр гр давс, 8-10 гр сонгино хэрэглэдэг гэж үзвэл нэг өрх дунджаар 26 кг гурил, 30 кг мах, найман кг сонгино хэрэглэдэг байна. Судалгаанд хамрагдагсдын 38 хувь нь 501-1000 бууз, 20 хувь нь 300-аас цөөн бууз хийдэг, 7 хувь 1501-ээс дээш бууз хийдэг гэжээ. Харин нэг хүн айлд дунджаар таван бууз иддэг байна.

Эцэст нь нийслэлчүүд сар шинийн баяраар дунджаар сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг гаргажээ.


Categories
мэдээ нийгэм

Домогт их аварга Дашдоржийн Цэрэнтогтохынд битүүний урд өдөр зочилж байлаа

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт хүчтэн бол Дашдоржийн Цэрэнтогтох аварга байлаа. Уран барилдааны гайхамшгийг монгол бөхийн дэвжээнд өөрийн биеэр үзүүлж, олон түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн энгүй хүчит аваргынд хоёр мянга есөн оны шороон үхэр жилийн битүүний урд өдөр очиж билээ. Хорооллын байранд нь хүрч очиход аварга цагаан сарынхаа ууцыг чануулаад гэртээ орж ирж байсан. Бид хоёрын яриа цагаан сарын бөхөөр эхэлж, улсын наадам гээд олон чиг сайхан хуучаар үргэлжилсэн юм. Гэргий Отгон эгч сар шинэдээ бэлдээд түмэн завгүй л суусан.

Ингэж их аваргатай дотно сайхан танилцаж, халуун дурсамжийг нь яриулж, туулсан амьдралынх нь замнал түүхээс хуваалцаж байснаа яахин мартах билээ дээ. “Миний хүү сар шинээр ирж золгоно шүү” гэж хэлж байсан. Миний бие тэр жил нутагтаа очиж, Хөшөтийнхоо голд сар шинийг гаргачихаад шинийн наймны билэгтэй өдөр их аваргадаа үнсүүлж байсан. Түүнээс хойш утсаар ярьж, уулзаж, олон л зүйл дээр санаа оноо хуваалцаж, сэтгэл ойр явжээ. Ахынхаа тухай нэг сайхан ном хийгээч гэж хэлж билээ. Энэ үг нь надад ямар их итгэл, урам зориг хайрласныг хэмжээлшгүй. Намайг “Болор цом” авчихаад баяр хөөртэй явахад утсаар залгаж, Отгон бид хоёр хүүгээ хараад баярлаж, ард түмний их хайрыг хүртлээ дээ гэж хэлэхэд нь нулимс гарах шиг болсон.

Ингээд Алтан унжлагат гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт энэ өдөр Халхын их хүчтэн домогт аварга дашдоржийн Цэрэнтогтохтой хуучилсан ярилцлагаа ямар нэгэн нэмэр хачиргүйгээр та бүхэндээ хүргэж байна. “Цагаан сараар хамгийн түрүүнд Сумъяабазар ирж золгодог” гэх гарчигтайгаар энэхүү яриа хөөрөө “Өдрийн сонин”-ы 2009 оны сар шинийн дугаарын тэргүүн нүүрт нийтлэгдэж байсан юм. хэдэн жилийн өмнө их аваргын тухай нэвтрүүлэг яг цагаан сарын өдрүүдэд цэнхэр дэлгэцээр гарч, омогшиж, бахдаж, басхүү сэтгэл нулимстаж үзэж суусан сан.

-Танд гарч буй шороон үхэр жилийн мэнд хүргэе. Та цагаан сарын барилдаанд анх хэдэн онд зодоглосон бэ. Яриагаа эндээс эхлэх үү?

-1972 оны анх зодоглож хоёр даваад гурвын даваанд Ч.Өвгөнхүү харцагад унаж байлаа.

-Цагаан сарын барилдаанд хэдэн удаа түрүүлж байсан бэ?

-Дөрөв, таван удаа түрүүлсэн санагдана. Бас тэр тооны үзүүрлэж байсан юм.

-Анх түрүүлсэн он жилээ дурсвал?

-1978 онд “Хоёр Мөнх”, Д.Хадбаатар тэргүүтэй тухайн үед босоо явсан аварга арслангуудыг дараалуулан орхиж түрүүлж байлаа.

-Сар шинийн барилдаан тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэдэг. Та цагаан сарын барилдаанд түрүүлчихээд тэр жилийнхээ наадмуудад яаж барилдаж байсан бол?

-Сар шинийн барилдаанд анх түрүүлснийхээ тэр жилийн улсын наадамд мөн анх удаагаа түрүүлж байсан. Түүнээс хойш ч энэ байдал миний хувьд хэд хэдэн удаа давтагдсан түүхтэй. Тэгэхээр сар шинийн барилдаанд тухайн жилийн наадмын өнгө тодордог гэдэг ортой л доо. Барилдааны өмнө бөхчүүд маань улсын наадамтай ижил бэлтгэлд гарч багагүй ач холбогдол өгдөг. Үүний ч нөлөө байдаг байх.

-1978 оны цагаан сарын баярт түрүүлэхдээ ямар бөхчүүдтэй хаана бэлтгэлд гарав. “Алдар” нийгэмлэгийн тамирчидтайгаа гарсан уу?

-Үгүй юм аа. Тухайн үед би “Алдар”-аас гарч “Хөдөлмөр” нийгэмлэгт харьяалагдаж байлаа. Бөхчүүдийг бэлтгэл сургуулилтдаа анхаар гэж арван хэд хоног чөлөө олгодог байсан. “Интернациональ” гэж чөлөөтийн олон улсын тэмцээн болно. Уг тэмцээний бэлтгэл цагаан сарын барилдаантай давхацдаг байв. Ер нь чөлөөтөөр тэмцээн уралдаанд оролцоод сар шинийн баярт зодоглож чадалгүй өнгөрч байсан тохиолдлууд олон бий.

-Монгол бөхийн хэдэн шинжийг хадгалж төрсөн гэж өөрийгөө боддог вэ?

-Нэг их олон шинжийг нь хадгалаагүй байх аа даа.

-32 шинж байдаг гэдэг байх аа?

-Тэгж ярьдаг юм. Надад 32 шинжээс эрх биш 16 нь бүрдсэн байлгүй дээ.

-С.Цэрэн аваргыг 31 шинж нь бүрдсэн бөх байсан гэж ярьдаг юм билээ?

-Тэр үнэн. Өвдөгнөөсөөө дээш бүх шинж нь бүрдсэн болов уу гэж бодогддог байлаа.

-Өвдөгнөөсөө доош гэдэг ямар байсан хэрэг вэ?

-Шувтан л байхгүй юу (инээв).

-Залуудаа их айж, бэргэж байсан бөхчүүд чинь?

-“Хоёр Мөнх” тэргүүтэй аварга, арслангууд байна. Мөн заан, начингууд болон аймаг, цэргийн цолтой эвгүйхэн барилдаантай бөхчүүдээс ч бэргэдэг байв. Санасан зоргоор бүгдийг нь хаяна гэж бодоход тийм ч амар зүйл биш. Бас унана гэж бодох нь юу юм.

-Таны ид гарч ирж байх барилдаан монгол үндэсний бөхөд шинэчлэл хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би мэхийг хэзээ ч нэг хувилбараар хийж байсангүй. Эхлээд өдөөж хийдэг байлаа. Өдөөнд минь бөхчүүд унадаг л байсан. Тэгэхээр өөрийгөө нэг мэхтэй бөх гэж ойлгодоггүй. Давхар, угсраа мэхтэй гэж боддог. Одоогийн залуучууд ид үеийн минь барилдааныг хараагүй. Хэрвээ тухайн үеийн барилдаануудын бичлэг байсан бол мөн ч олон шинэ мэх залуучууд надаас сурах байсан даа. Харин жаахан түрүү үеийн хүмүүс намайг уран барилдаантай байсан гэдгийг минь хүлээн зөвшөөрөх байх.

Үнэндээ нэг хэсэг Д.Хадбаатар бид хэдийн барилдааныг харах гэсэн үзэгчид заал танхимдаа багтахаа байж, өвлийн хүйтэнд гадаа зогсон, цагаан хоолой сонсоод гар, хөл нь бараг хөлдөхөө алддаг байж билээ.

-Та ер нь хэр аатай бөх байсан бэ?

-Ааг омог бага байсан.

-“Хоёр Мөнх”-ийг анх яаж унагаж байснаа дурсахгүй юу?

-Хоёрондоо барилдаж л нэг нь унадаг хоёр хүчит аваргыг анх унагаснаа тод санадаг даа. Ер нь тэрхүү барилдаанууд цээжинд минь өдөр бүр хадгалаатай явдаг юм. Ж.Мөнхбат аваргыг 1975 онд МБАТ-ий спартакиадын барилдаанд анх унагасан. Тэгээд Х.Баянмөнх аваргад унаж хоёрдугаар байрт шалгарч байсан. Ж.Хайдав, П.Дагвасүрэн нарын арслангууд, Д.Түвшин, Д.Долгорсүрэн, Д.Мягмар нарын хүчтэй заанууд бүгд л зодоглосон юм. Хоёрдугаарт байрт шалгарч “Хоёр Мөнх”-ийн голд зогсож байхад бахархалтай санагдаж байлаа. Харин надад улсын заан цол өгнө гэж амлачихаад өгөөгүй.

-Яагаад тэр вэ?

-Мэдэхгүй юм аа. Үзэгч олон цол өгүүлэхийг шаардаж байлаа. Спортын төв ордныг хэдэн өдөр доргиосон сайхан барилдаан болсон. Дараа нь хүмүүс миний өмнөөс хөөцөлдөж байж чимэг нэмүүлсэн юм. Тэгээд л өнгөрсөн.

-Уг тэмцээнд танаас өөр бөх цолны болзол хангаагүй хэрэг үү?

-Аймгийн арслан Л.Рэнцэндоржид сайн барилдсан гээд начин цол олгосон.

-Хэдэн онд анх улсын цол хүртэж байв?

-1972 онд улсын баяр наадамд зургаа давж их шөвгийн наймд шалгарч үлдэн начин цол хүртэж байлаа. Одоогийнхоор харцага юм даа. Улсын наадамд анх удаагаа зодоглож байгаа минь тэр. Төв цэнгэлдэхийг зурагтаар л харсан болохоос нүдээр үзээгүй байсан. Төрийн наадамд анх зодоглосон жилээ шууд зургаа давж, зааны даваанд тулж очиход минь хэд хэдэн зүйл нөлөөлсөн байх.

-Тухайлбал?

-Анх зодоглож байгаа болохоор цол авах тухай бодол уулын цаана байсан нь мэдээж. Санаанд ч буухгүй. Ерөөсөө гурав давчих л юмсан гэж бодогдож байсан. Учир нь тухайн үед би Зүүнбаянгаас “Алдар”-т оччихсон хугацаат цэрэг байв. Цэргийн хүүхэд гурав давбал 15 хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагнадаг болзолтой. Гэрээ санаж байгаа гэдэг жигтэйхэн. Гурав давж чөлөөгөөр шагнуулаад гэртээ очихсон гэх хүсэл тэр жилийн наадмын минь зорилго байлаа даа.

Тэгтэл улсын баяр наадамд гурван удаа дөрөв давж начны даваанд унаад байсан Булганы аймгийн арслан Б.Сүхбаатараар тунаж гурав, дөрвийн даваанд мөн л Булган хангайн бөх тухайн цагт аварга, арслангуудын зүрхэнд “шар ус” хуруулж явсан Чимидийн Лундаа начинг давсан юм. Тэрээр шигшээ багийн тамирчин. Ж.Мөнхбат аваргатай нэг жингийн бөх. Тив, дэлхий, олон улсын тэмцээнд Мөөеө аваргатай ээлжлээд л явдаг сүүлийн үеийн залуучуудтай зүйрлэхийн аргагүй гойд сайхан бөх байлаа. Тэр лут амьтныг унагачихаад байж байтал тавын даваанд Ч.Бээжин аварга амалдаг юм. Аваргын хувьд хоёр жилийн өмнө буюу 1970 оны наадмын түрүүг авчихсан ид байсан үе л дээ. Ингээд аваргыг өвдөглүүлж улсын цолд хүрлээ.

-Хөөрч догдолсон уу?

-Мэдээж баярлалгүй яахав. Гэхдээ учиргүй дэвхцэж цовхчоогүй. Начин цол гэж мэдэхээс яг яаж авдгийг нь мэдэх биш. Харин зургаагийн даваанд П.Дагвасүрэн арсланг давчихаад багагүй гайхсан. Хөл рүү орохоор барьцгүй тосгуулж хавсраад унагачихсан юм. Тэгээд дэлэхгүй жааахан гайхаж, эргэлзэж зогслоо. Эмээж, бэргэсэн хэрэг л дээ. Засуул “дэлээч” гэж хэлж байж дэлүүлсэн юм. П.Дагвасүрэн арслан босохгүй удаад байсан. Одооо бодох нь харамсаад хэвтээд байсан болов уу. Ингээд долоогийн даваанд Ж.Мөнхбат аваргад унасан даа.

-Мөөеө аваргатай анх барилдсан нь тэр үү?

-Тийм.

-Ямар барилдаан болсон бол?

-Яаж барилдснаа ч мэдээгүй. Гэхдээ би унаагүй юм. Дөрвөн хөллөөд гүйгээд явтал Ж.Мөнхбат аварга дэлж байгаа харагдлаа. Тахимаа авах гээд ирэхэд нь шууд элэг бүсээ тайлсан.

-Х.Баянмөнх аваргыг анх яаж унагаснаа яриагүй юм байна шүү?

-Заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Галдагва начин бид гурав шалгарч үлдлээ. Сүүлийн даваануудад бөх сондгойрч цолныхоо эрэмбээр Баянаа аварга бид хэд хий мөргөсөн байв. Ингээд сүүлийн гурван гурван бөхөөс ээлж ёсоор Д.Галдандагва начин хийлж, Баянаа бид хоёр тунасан. Маш сонин мэхээр унагасан юм. Сүүлийн үед тал хутгаа л гэж яриад байгаа юм. Самбо барилдааны л мэх юм. Баянаа аварга хувцсаа өмсч суух зууртаа “Би сая ан авд яваад ирлээ. Ямар ч бэлтгэлгүй байсан болохоор уначихлаа. Дараагийн барилдаанд дбэлтгэлтэй очно. Чи ч миний гараас хаашаа гарахав дээ” гэж хэллээ. Би ч юм дуугарсангүй.

-Дараагийн барилдаан нь хэзээ болсон бэ. Та хоёр яаж барилдав?

-Долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан боллоо. Баянаа аваргатай яалт ч үгүй л түрүү үзүүрт үлдлээ. Аварга алэг бүсний барьцаа улам шавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр нь өмнөөс цохиол маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ гэж бодож байсан боловч тэвчээр алдаад хийчихсэн хэрэг. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Баянаа аварга царай нь сонин болчихсон тахимаа өгч байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэгж анх хаяад тэр жилийнхээ цагаан сар, заал танхимын барилдаанд аваргад би унаагүй. Үндсэндээ бүтэн жил хаясан.

-Заан цол авсан жилийнхээ наадмын дурсаач?

-1977 он. Өөрийгөө заан болно гэдэгт итгэл дүүрэн байсан. Тухайн үед тэмцээн уралдаан болоод бэртэл гэмтлийн улмаас гурван ч жилийн наадамд өнжчихсөн байлаа. Энэ хооронд “онжав” Хадаа маань арслан болоод бүр хол тасраад явчихсан байв. Нөгөөхөө гүйцэхэд амаргүй. Хоёр түрүүлж байж өмнө нь орох болоод байдаг. Яагаад би Хадыг онцолж байна вэ гэхээр миний мөнхийн өрсөлдөгч байсан юм. 1977 оны хавар чөлөөт бөхийг хэсэг хугацаанд орхихоор шийдсэн юм. Тэгэхгүй л бол яг наадмын үеэр гадагшаа явуулчих гээд байдаг. “Би явахгүй. Төрийнхөө наадамд зодоглоно” гэж хэлэх эрх надад байхгүй. Наадмын үеэр намайг гадагшаа тэмцээнд явуулах сонирхолтой хүмүүс байсан л даа.

Тавд Мядагийн Мөнгөнийг, зургаад Дасрангийн Мягмар зааныг, долоод Хадаагааг тунаж давсаар наймын даваанд Баянмөнх аваргатай мөн л тунаж байгаа юм. Баянаа аваргатай жаахан тогтож барилдсан бол тэр жил түрүүлэх боломж байсан. Наймын даваанд Ж.Мөнхбат аварга П.Дагвасүрэн арсланг амалж барилдаад уначихсан байв. Гэвч би жаахан яараад алдаа гаргачихсан юм.

-Ингээд дараа жил нь түрүүлсэн бил үү?

-Тэгсэн. Заан цолтой болохоор тавын давааны тунаанаас мултарч ам авч байсан. Гэвч зургаад тунаж л байгаа юм. Харин долоогийн даваанд Д.Дамдин аварга намайг амалж, тунаанаас гаргасан юм. Гэхдээ “Хөгшин хүнд гэнэдэв дээ” гэж хэлж билээ. Тийм хатуу үг чинь барилдхаас дор юм билээ. “Нээрээ ч юу билээ” гэж бодогдож байв. Ингээд найм, есийн даваанд Баянаа, Мөөеө хоёрыг цувуулж даваад төрийн наадамд түрүүлж улсын арслан цол хүртэж байлаа.

-Бөхийн удамтай юу. Аав тань барилддаг хүн байсан уу?

-Ээжийн талд бөхийн удам бий. Төрсөн ах нь Зүүн хязгаарт цэргийн алба хааж байхдаа цэргийн наадамдаа барилдаж заан цол хүртэж байсан юм билээ. Мөн ээжийн аав нь “жижиг” Сандаг даншгийн наадамд шаггүй ноцолддог бөх байж. Аавын талд бөхийн удам байхгүй ээ. Манай аав малч удмын хүн. Багадаа хүрээ хийдэд шавилж сууж байсан гэдэг. 1930 хэдэн оны хэлмэгдүүлэтйн үед хар болж хөдөө мал дээр гарсан юм билээ. Бие их томтой, адуу малд эрэмгий хүн байсан даа.

-Та ээжийнхээ хэдэн насан дээр гарсан бэ. Ээжийнхээ ахимаг насан дээр төрсөн хүү сайн бөх болдог гэсэн дам яриа байдаг?

-38-тай байхад нь төрсөн.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Есөн хүүхэдтэй айлын дороосоо гурав дахь нь. Одоо долуулаа болоод байна.

-Хэр шүтлэгтэй вэ. Тэмцээн уралдаан, наадамд явахын өмнө сан май тавиулдаг байсан уу?

-Ид барилдаж байх үедээ гадагшаа дотогшоо тэмцээнд явахдаа ч юм уу, наадмын өглөө ааваараа сан тавиулдаг байсан. Ээж маань ч уншлага сайтай байв. Багад сургууль соёлд явахад хүртэл аав хоёр маань үргэлж сан тавьж, арц хүж уугиулан маани мэгзэм уншсаар хоцордог сон.

-А.Сүхбат аваргын барилдааныг таны залуугийн барилдаантай төстэй гэдэг?

-А.Сүхбат бусдаасаа арай өвөрмөц л дөө. Хөдөлгөж барилддаг. Ер нь хөдөлгөж байж л уран барилдаан гарна шүү дээ. Одоо манай бөхчүүд хэн нэгнээ зуураад, барьц сонгуулахыг хүлээгээд л зогсоод байх юм. Уран мэхийг уралдуулж байгаа юм шиг харагддаг ч монгол үндэсний бөх өнөөдөр зогсонги байдалд ороод байна уу даа гэж бодогддог. Ингэж бодох хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, бөхчүүд маш их таргалж байна. Бүр зориудаар өөрсдийгөө бордох болж. Хоёрдугаарт, бэлтгэл хийхгүй байна. Өөр дотроо бол бэлтгэл сайн хийж байна гэж бодоод л байгаа байх. Гэвч тийм биш байна.


-Үндэсний бөхийн ирээдүйн аваргын тухайд ямар бодолтой яваа бол?

-Онцгойроод гараад ирэх бөх байдаггүй юм аа гэхэд залуучууд маань цолоо хадгалах хэмжээнд барилдмаар байгаа юм. Улсын наадамд түрүүлж арслан цол аваад дараа жилийнх нь наадамд дөрөв, тавын даваанд унаж байна. Энэ чинь юу гэсэн вэ. Магадгүй бяр тэнхээ нь бүр илүүдээд юм уу, мөнгө төгрөг, хоол унд нь бялхчихаад байж болох юм л даа. Улсын наадамд тэр түрүүлнэ гэсэн баталгаа алга. Идэр залуу хоёр аварга хүртэл дор даваанд унаж эхэллээ шүү дээ.

-Д.Сумьяабазар аварга танай нутгийн бөх. Таны шавь ч гэж хэлж болно. Аваргад хандаж та ямар нэгэн зүйл хэлдэг үү?

-Д.Сумьяабазар бизнесийн ажилдаа түлхүү ороод бэлтгэл хийж өгөхгүй байна. Энэ тухай хэлэхээр “Зав чөлөө олдохгүй юм” гэдэг. Уул нь одоо л тогтож барилдаж, амжилтаа хадгалдаг нас нь юм байгаа.

-Хад аварга та хоёрыг “Алдарын хоёр” гэж ярьдаг байсан. Энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Бид хоёр нэг оны начингууд. Мөн нэг тогооноос хоол идэж явсан эрхэм дотны анд нөхөд. Хоёулаа “Алдар”-ын тамирчид байхгүй юу. Би чөлөөт, Хад самбогийнх. Тэмцээнд жин таарч барилддаггүй байв. Харин үндэсний бөхөөр мөнхийн өрсөлдөгчид байсан даа. Бие биенээ хурцалж байлаа. 1979 онд МБАТ-ний зургадугаар спартакиадаар бид хоёрын барилдааныг үзэх гэж Спортын төв ордон дотор гадаагүй пиг дүүрч билээ. Бид хоёрын хэн давсан нь аварга болох байсан.

-Та хоёр хамгийн сүүлд оноолт таарсан байв уу?

-Бараг л тийм. Дараа нь хоёр хоёр л барилдах байсан. Ингээд би давж аварга болж, цолны эрэмбээр Хадынхаа өмнө гарсан. Мөрөөдөж явснаа олж авсан хэрэг. Би чинь Хадын арслан болчихсон байхад начин байлаа шүүү дээ. Гурван жил араас нь хөөгөөд л өмнө нь гарсан юм. Ер нь би заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн бөхийн дээд таван өндөр цолыг таван жилийн хугацаанд дараалуулж хүртсэн. Ингэж авах хэцүү л дээ. Монгол бөхийн түүхэнд Д.Дамдин аварга, Ж.Мөнхбат аварга бид гурав л байх шив дээ.

-Маргааш битүүний өдөр. Уламжлал ёсоор хүчит 256 бөх барилдана. Хэнийг түрүүлэх бол гэж таамаглаж байна?

-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Одоо чинь тэр энэ гэж нэхр оноож хэлээд сууж байх ямар ч бололцоогүй болоод байна. Г.Өсөхбаяр аварга, И.Доржсамбуу гарьд хоёр сайн барилдах байх. Мөн Б.Ганбат заан, Н.Ганбаатар гарьд нар их шөвөгт очих болов уу. Залуу начин, харцагууд тэр бүү хэл аймаг, цэргийн цолтнууд их дээшээ гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.

-Хүү Базаррагчаа чинь аавыгаа залгамжлах бөх болсон. Гэвч сүүлийн үед огт барилдаж харагдахгүй юм?

-Тийм ээ, хүү аймгийн цолтой залуу бий. Биеийн эрүүл мэндээс болоод хүнд хүчир ажил хийж болохгүй болоод байгаа юм. Яваандаа барилдах байлгүй. Уул нь бие хаа сайхантай гайгүй ноцолдоод байвал ноцолдмоор л юм байгаа.

-Ингэхэд танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Таван хүүхэд төрсөн юм. Хоёр эндсэн. Одоо хоёр хүү, нэг охинтой. Базаррагчааг хэллээ. Нөгөө хүүг маань Өвгөнбүргэд гэдэг. Өвөрхангай аймагт мал хуйгаа харж, мөн хажуугаар нь аж ахуй эрхлэнг амьдарч байгаа. Охиныг Урансүрэн гэдэг. Д.Рагчаа зааны гэр бүлийн хүн. Тэр хоёр гурван хүүхэдтэй. Би чинь тав, зургаан ач зээтэй болоод байгаа.

-Гэр бүлийн тань хүнийг Отгон гэдэг байх аа. Одоо юу хийж байна?

-Оригийн Отгончулуун гэдэг. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул. Хөдөө төрж өссөн. Малчин айлын хүүхэд. Хань маань уран хүн байгаа юм. Залуудаа ч цаг наргүй дээл хувцас оёдог байсан. Одоо сар шинийн өмнө надад л нэг дээл хийж өгөхөөс хэтрэхээ байж дээ. Бид хоёр 1972 онд айл гэр болсон. Түүнээс хойш 37 жил өнгөрөөд байна. 37 жил нэг гэртээ хэрэлдэж сууна даа (инээв).

-Та улсад дөрөв түрүүлсэн. Түүнээс олон түрүүлэх боломж байсан гэдэг?

-Бололцоо байсан. Өөрийн нөхцөл байдлаас болоод алдсан гэж хэлж болох юм.

-Таныг ид үедээ бэртсэн. Энэ нь амжилтад нь нөлөөлсөн гэж хүмүүс үзэдэг. Энэ тухайд?

-Тэмцээнд оролцож байхдаа бэртэл авч ухаангүй эмнэлэгт хүргэгдэж байсан тохиолдлууд ч бий. Мөн аваар осолд орсон юмнууд ч бий. Энэ бүгд мэдээж амжилтад нөлөөлөлгүй яахав.

-Харамсалтай барилдаан олон байх ньв мэдээж. Гэхдээ ихэд харамсч байсан барилдаан гэвэл?

-1987 оны наадмын үзүүр түрүүнд Х.Баянмөнх аваргатай үлдээд унахдаа ихэд харамсч билээ.

-Ам мэхээр унасан гэх дам яриа байдаг. Энэ үнэн үү?

-Тиймэрхүү зүйл болох нь болсон юм аа. Баянаа “Чи ид гарч байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаячихаад ирж байгаа юм чинь над шиг хөгшин амьтныг гарын үзүүрээр л хаяна. Тийм болохоор хөгшин хүнийг яарч хаях гээд яахав. Жаахан тогтож үзээрэй. Тэртэй тэргүй чи түрүүлэх нь тодорхой” гэв. Ингэж хэлэхээр “нээрээ ч тийм дээ” гэсэн юм бодоод тулаад зогсч байтал гэнэт хүчтэй зайлдаг юм. Би тэр дороо суучихгүй. “Чи яаж байгаа юм” гээд босоод иртэл Баянаа аль хэдийнэ дэвээд явчихсан. Наадмын дэвжээн дээр ямар цохиод авалтай нь биш. Ингээд Баянаа 10 дахиа түрүүлж байгаа юм.

-Б.Бат-Эрдэнэ аваргыг яаж амархан хаяв?

-Б.Бат-Эрэдэнэтэй их л удаж байж хаялцах байсан. Гэвч зүүн хөлөнд нь хонгодож дайраад минут хүрэхгүй хугацаанд хаячихсан юм. Би энэ мэхийг бүтэн хоёр жил хадгалж байж тэр жилийн наадмын наймын даваанд Бат-Эрдэнэтэй тунахдаа хийж байлаа.

-1986 оны наадамд Хадтайгаа түрүү үзүүрт үлдсэн. Энэ барилдааны талаар яривал сонин байх болов уу?

-Бид хоёр багагүй удаан барилдсан. Олон дахин ч шуудагдсан. Хадын хоёр суларч байгааг би мэдэрсэн л дээ. Тэгтэл мань эр хүчээ шавхаж намайг эргүүлээд газар буухад хоёр хөл нь миний хоёр хөл дээр яг гишгэж таарч байгаа юм. Тэгээд би суучихсан юм. Хэрэв хоёр хөлийнх нь гишгэдэл таараагүй бол би хаях байсан. Ер нь манай Хад чинь их тэвчээргүй бөх байсан. Хүнтэй удаан ноцолдож чадахгүй. Бушуухан л хаях гэж яараад тэр нь болдог ч үе байсан.

-Аварга цол хүртсэнийхээ дараа дор даваанд унаж байсан тохиолдол бий юу?

-Байхгүй ээ. Миний барилдаан бусдаас арай өөр үзүүлэлттэй. Улсын наадамд анх зодоглож начин цол хүртсэнээсээ хойш 41 нас хүртэлх хугацаанд би хоёрхон удаа зургаа давж их шөвгийн наймд шалгарсан байдаг. Бусад нь дандаа түрүү, үзүүр, шөвгийн дөрөвт үлдсэн байгаа юм. Миний тогтоосон амжилт энэ л дээ. 1990 онд 41 настайдаа тэр үеийн наадмын босоо бөх Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү үзүүр булаацалдан хоёр цаг 37 минут барилдан унаж байсан. Өнөөгийн бөхчүүдтэй харьцуулахад өндөр нас. Одоо чинь 30 гараад л харьчихаад байна.

-Өндөр цолтой бөхчүүдэд нэг хэцүү зүйл нь тавын даваа байдаг шиг санагддаг. Яагаад вэ гэхээр улсын цол горилж яваа залуучуудыг яалт ч үгүй амалж таардаг. Танд амлуулж унаад улсын цолгүй үлдэж байсан бөхчүүд олон уу?

-Тун цөөн дөө. Тавын даваанд цол горилоод зогсч байгаа залуучуудыг бараг л амалдаггүй байлаа. Өвөрхангайн Цэрэндорж, Төв аймгийн Бадарч, Булганы Нансал гэх тоотой хэдэн бөх бий.

-Өмнөх үеийн аваргуудтайгаа гар зөрүүлж байв уу. Тэднй тухай хуучлаач?

-Ид залуугийнх нь барилдааныг мэдэхгүй юм. 1972 онд намайг анх барилдаж байхад тэр үеийн арван аваргын долоо нь барилдаж байсан санагдана. Аварга аваргаараа төрдөг гэдэг шиг мөн ч хийморьтой харагддаг байлаа даа.

-Чөлөөтөөр хэдэн кг-д барилддаг байсан бэ?

-90 кг-д барилдаж байсан. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа. Би дээр яриандаа манай залуучууд их таргажл байна гэж хэлсэн. 1921 оноос 1990 он хүртэлх хугацаанд 100 кг-аас дээш жинтэй хоёр бөх л улсын наадамд түрүүлж байсан болов уу. Б.Түвдэндорж аварга, Д.Хадбаатар аварга хоёр. Г.Дэмүүл гуайг хэлж болох юм. Гэхдээ найм давж түрүүлсэн болохоор тооцсонгүй. Д.Дамдин аварга, Ж.Мөнхбат аварга би ч гэсэн ердөө 80 гаруйхан кг жинтэй байхдаа түрүүлж байлаа. Мөөеө, Баянаа хоёр улсад хоёр, гурав түрүүлсэн байхдаа жаахан жин хасаад 78 кг-д барилддаг байлаа шүү дээ.

-Таны өндөр хэд байв?

-Ид барилдаж байхад нэг метр 83 сантиметр байсан. Чөлөөтөөр олимп, тив дэлхий, олон улсын тэмцээнд бүгдэд нь оролцож байсан. 80 гаруй медаль авсан байдаг: Сонирхолтой нь хүрэлд медаль бараг авч үзээгүй. Дандаа алт, мөнгө дээр бууна. Чадахгүй бол мултарна.

-Тантай нэг сум (Өвөрхангайн Нарийнтээл)-ын уугуул, улсын харцага Ч.Даваадорж гэж сайхан бөх байлаа. Та хоёр хэр ойр дотно байсан бэ?

-Бид нэг голын хүмүүс. Сайнаар ярьвал хамаатан садангууд. Манай сумаас төрсөн сайхан бөх. Цолоо баталсан. Самбо, жүдогоор сайхан барилдаж тив, дэлхийн тэмцээнүүдээс медаль авчирч байсан. Бие нь жижгэвтэр байсан болохоос сайн бөх байсан.

-Хамгийн сүүлд ямар наадамд, хаана түрүүлж байсан бол?

-2003 онд Өвөрхангай аймгийн наадамд Д.Мөнх-Эрдэнэ арслантай үлдэж үзүүрлэж байлаа. Түрүүлснээ санахгүй байна.

-Одоо ямар ажил эрхэлж байна?

-Ээрмэлийнхээ үйлдвэрт ажиллаж байна.

-Юу хийдэг юм?

-Борлуулагч, менежер, аж ахуйн дарга гээд олон төрлийн ажил хийнэ.

-Нутагтаа олон очдог уу. Сүүлд хэзээ очив?

-Жил бүр очдог.

-Дотны найз нөхдийнхөө тухай ярихгүй юу?

-Үе тэнгийнхээ бөхчүүдтэй их үерхэнэ. Бөх хүнд байх эр хүний сайхан жудгийг их хүндэтгэдэг. Барилдаанаас болоод бөхчүүд хоорондоо муудалцдаг. Надад тийм зүйл байсангүй. Бас энд Д. Мягмар зааныг хэлмээр байна. Заанууд дотроос энэ хүнтэй би олон барилдсан. Гэвч “Чи намайг олон дахин амаллаа. Чамд надаас өөр амлах бөх олон байсан” гэж нэг удаа ч боло хэлж байгаагүй. Амлах нь чиний эрх, барилдах нь бидний үүрэг гээд ”үздэг” байлаа.

-Бөхчүүд улс төрд ордог жиши г манайд тогтоод байгаа. Таны улс төрийн сонирхол ямар бол. Ер нь улс төрд оръё гэж боддог уу. Аль нэг намыг дэмждэг үү?

-Улс төрийг сонирхоно. Гэхдээ айхтар шимтэхгүй. Намайг настай хүн болохоор Ху намынх байх гэж олгож магад. Би аль нэг намын гишүүн биш.

-Намд элсээд нутагтаа сонгуульд өрсөллдвөл Б.Бат-Эрдэнэ аварга шиг гараад ирэх юм биш үү?

-Сонирхоод, ер нь нэрээ дэвшүүлчихдэг ч юм уу даа гэж бодсон бол магадгүй гараад ирж болох л юм шүү. Анхдугаар бага хуралд сум сумаас төлөөлөгчид сонгож байхад манай том эгчийн хүү Чинбат сумаасаа төлөөлөгчөөр сонгогдож байв. Хэрвээ би зүгээр нэрээ явуулахад л гараад ирэх байсан. Гэвч тэгээгүй.

-Шинийн нэгэнд шавь нар чинь ирж золгодог байх. Хамгийн түрүүнд хэн ирдэг бол?

-Цолныхоо эрэмбээр Д.Сумьяабазар ирдэг юм.

-Та ах аваргууддаа очиж золгодог уу?

-Уул нь хүндэтгэл үзүүлж золгох ёстой л доо. Гэхдээ тэд ойлгодог байлгүй. Сар шинэ хуучиртал манай битүү хүнтэй байдаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Арилгаж үл хүчрэх…

НЭГ. ДАРАМТЛАХ ҮДЭШЛЭГ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗУГААЛГА

(болсон явдал)

1952 онд, цагаан сарын шинийн нэгний өмнөх өдөр буюу битүүнд маршал Х.Чойбалсан таалал төгссөн байдаг. Үүнээс улбаалан цагаан сарыг хүчтэй хориглох болсон аж. Үүнээс хавьгүй өмнө, 1930-аад оны “нугалаа завхрал” гэдгийн үед ч цагаан сарыг феодалын баяр хэмээн хориглож байсан удаатай гэдэг. Хувьсгалч үзэл сурталд зоригжсон фанаатууд айл амьтныг айлгаж ичээх байтугай, цагаалгыг нь түйвээх сандаачих энүүхэнд байжээ.

Ер нь уламжлал бүхнээ таягдан мартаад, шинээр зохиогдсон түүхтэй, социализм байгуулагч болж байгаа монголчууд шашин суртал, зан заншлаа орхих үүрэг хүлээж байсан. Иймээс цагаан сарыг хориглох, гадуурхах нь өнөө маргаашгүй ээлжээ хүлээж байсан цаг.

1960-аад онд хамаг өмчөө нийгэмчлүүлсэн малчдад урам хайрлах гэсэн үү, социалист системийг хамаарсан “Хрущевийн дулаарал” ч нөлөөлсөн үү, малчдын буюу “нэгдэлчдийн баяр” гэдэг баяр шинээр нэмэгдэв. Григорийн тооллын арваннэгдүгээр сарын 7-нд болдог “октябрийн баяр”, тавдугаар сарын 1-нд болдог “Майн баяр” зэргээс ялгаатай зүйл байв. Учир нь “нэгдэлчдийн баяр”-ыг Төгс буянт шинэ зурхайн цагаан сарын шинийн нэгэнд тэмдэглэнэ. Аль ч талаас нь харсан уламжлалт цагаан сарыг хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрсөн явдал байв.

Харин ажилчин сэхээтний хүрээнд цагаан сар тэмдэглэх явдалтай хатуу тэмцэнэ. Шинийн нэгний өглөө ажлыг зориуд эрт эхлүүлнэ. Яадаг вэ гэхлээр, 07:30-8:00 цагийн хооронд өглөөний сонсгол, сонин уншлага зарлана (Сонин уншлага гэдэг нь бичиг үсэгтэн ховор байх үед ном сурсан нэгнээрээ өглөөний сонин гарчиглуулан яриулдаг байснаас үүдсэн нэр юм). Иргэд үүр цүүрээр босоод шинэлэх завгүй яаран ирэх учиртай.

Битүүний болон шинийн нэгний орой нь мөн адил үдэшлэг, уулзалт зохионо. Хэрвээ шинийн нэгэн нь амралтын өдөр таарвал бүх нийтийн албадан зугаалга, өдөрлөг, тэмцээн зохиож хатуу чанд бүртгэнэ. Нэг үгэндээ, шинэлэх зав гарахгүй байх учиртай ажгуу.

ХОЁР. ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ЦАГААН САР

(Эмээгийн хууч)

Маршал явдаг (нас бардаг) жилээс л цаг төр ахиад хатуурч, цагаан сар хийлгэхгүй болсон. Хийлгэхгүй л гэдэг болсноос биш уул хаданд яваа мань мэтийг яаж цагдаж хүчрэх билээ. Харин тэр төвийнхөн л хийхээ больсон байх. Тэр жил манайх уулын (Шилүүстэй уулын) өвөрт өвөлжиж байхад санагдана, битүүлэх гэж байтал сумын төлөөлөгч давхиад ирлээ. Төлөөлөгч ч гэж дээ, манай энэ хэн… өнөө хэний зээ… золиг чинь нэр нь толгойд ордоггүй. Сүүлд санахаараа хэлье. Тэр хархүү морь нь цантчихсан, өөрөө ч уухилсан амьтан харуй бүрийгээр орж ирлээ.

Маршал нас барсан тухай дуулгахаар манай багт хэдэн ухуулагч гарсны нэг юмсанж. Ард иргэдийг гашуудуулах, бас битүүлэг, цагаан сарыг болиулах чухал ажилтай амьтан. Төрийн тэргүүн бурхан болсон хойно бүгдээрээ гашуудаж, зул нэмж өргөлөө, буян санаж маани ч уншлаа. Төлөөлөгчдөөн битүүлгийн бууз жигнэж өглөө дөө, өөр яахав. Хөөрхий тэгээд өөр хэдэн айлд гашуудлын мэдээ хүргэж, битүүлгийг зогсоох албатай амьтан шөнө хагаслаад мордсон.

Өглөө золгочихоод байж байтал өнөөх чинь эргээд ирлээ. Өчигдөр орой битүүлүүлэхгүй байхаар хуваарилж аваад ухуулсан айлуудаа өнөө эргэж, цагаан сар хийлгэхгүй хорихоор яваа нь тэр аж. Хөөрхий, биднийг гилбэлзэнгүй харснаа золгож л байна. Тэгээд ойр зуурын юм хуучлан, цагаалгын бууз идэж аваад гарахдаа “Цаг төр айхавтар хатуурч байна даа. Танайхыг битүүлж, цагаалаагүй гэж намын үүрийн даргад мэдээлнэ. Юмыг яаж мэдэх вэ, албаны улс ирвэл цагаалаагүй л гээд зүтгэчихээ та нар юу эс андах вэ” гээд мордож билээ. Манайх гэдэг айл цагаан сараа таслаагүй чам дээр ирсэн. Чиний үед яахыг бүү мэд дээ…”

ГУРАВ. ЦАГААН САР БА БЭЛГИЙН МЕНЕЖМЭНТ

Хөдөө суманд нэгдэлчид (малаа нийгэмчлээд нэгдлийн мал хариулан амьдардаг хүмүүс) ба тэдний дарга, эмч, хүүхдүүд, намын үүр нь байх тул бүгдээрээ цагаан сар тэмдэглэх онцгой эрх эдэлнэ. Бүр ажил сургууль амарна гээд бод доо.

Бага ангид сурах үеэс, эмээтэйгээ төвлөх (сумын төвд суух) учраас арай өөр менежмэнтээр шинэлнэ. Ямар менежмэнт гэхээр ийм юм, төвийн бараг бүх багачууд бүхий л айлаар орно. Хамгийн их айж эмээдэг хүмүүс болох захирал, багшийндаа хүртэл айх юмгүй орно гээд бод доо. Тэр өдөр “Өнөөдөр шинийн нэгэн учраас намайг айл хэслээ, тэнэлээ гэж загнах эрх хэнд ч байхгүй” гэсэн бардамнал бяцхан цээжинд оргилно. Багш, захирал нар маань ч сайхан зантай гэж жигтэйхэн золгож үнсээд бэлэг өгнө.

Бүх хүнийг тэнцүүлдэг, ижилсүүлдэг нэгэн айхавтар хүч цагаан сард байгааг би анх мэдэрсэн нь тэр. Хожим нь бид дарга цэргээсээ үл хамаараад “монгол хүн” гэдэг нэг юман дээр ижилсэж, тэнцдэг болохыг ухаарсан бөлгөө.

Өнөө менежмэнтээ мартах гэж байна, сумын төвийн “бүх хүүхэд” манайд орох учраас эмээ бид хоёр бэлэг бэлдэх хэрэгтэй болно. Эмээ маань боломжоороо баахан юм бэлдээд, үлдсэнийг нь надад даатгана. Би айл хэсч олсноосоо дөнгүүр хэсгийг нь сорчилж аваад үлдсэнийг бэлгийн санд хувь нийлүүлнэ гэсэн үг л дээ. Айлууд голдуу бал харандаа, “12 мөнгөний” дэвтэр зэргийг атга чихэртэй өгнө. Хэтэрхий бага бэлэг өгдөг айлд нийтээрээ дургүй байсан юм болов уу,

“Шинийн нэгэн болж гэнэ

Шинжгүй айлд орж гэнэ

Ганц хавсай өгч гэнэ

Гашааг (хашааг) нь давуулаад шидэж гэнэ” гэсэн үгтэй зайгуул шүлэг бидний дунд явдагсан.

Харин жаахан өсөөд дунд ангид орохын хэрд бэлгийн чансаа эрс дээшилж нэг, хоёр, гурав заримдаа таван төгрөг, арван хуруутай бээлий болтлоо ахиж эхэлсэн боловч ичиж нэрэлхээд айл хэсэхээ больсон үе залгаж билээ. Ахлах ангид ороход зарим айл пүүшиг (беломорканал хэмээх папирос) тамхи барьдаг болсон. Энэ нь хүүхдийг буруу зуршилд уриалсан гэхээсээ эр хүн болж өсч байгааг маань илэрхийлсэн хүндэтгэл байсан бөлгөө.

ДӨРӨВ. “БАЙРНЫ ХҮҮХДИЙН ХУВЬ”

(хөдөөний алим)

Эр бие өсч, цагаан сарын бэлэг маань “пүүшиг”-ний зиндаанд хүрэхийн үес дотуур байранд суух болов. Байрны хүүхдүүдэд зориулсан цагаан сарын золголтыг сургуулиас зохион байгуулна. Нямаанбуу захирал, байрны хүмүүжүүлэгч Дагва багш, мөн тэр өдөр жижүүр таарсан багш гурав өглөө эрт ирдэгсэн. Урт ширээн дээр олон таваг засаж идээ будаа өрнө, тэгээд захирал тэргүүтэй багш нар маань биднийг үнсэн золгож хүүхэд болгонд хувь өгнө. Цагаан сарын бэлгийг “хувь” гэдэг байсан. Байрны хүүхдүүдийн бэлэг их нандин. Захирал багш Нямаанбуу гуай аль намар, өвлөөс л алим, вафли бичээнэ мэтчилэнгийн ховор нандин зүйлсийг дотуур байрны хүүхдүүдэд цагаан сараар хувь болгон өгөхөөр хадгалуулдаг байсныг мэдэх юм.

Гэм нь жаахан эрт, үүр цайхаас ч өмнө шахуу золгоно. Учир нь багш нар, сургуулийн тогооч гээд бүхий л томчууд гэртээ амжиж очоод золгож цагаалах ёстой шүү дээ.

Тэгээд нар мандахын үес ах дүү хамаатныхаа хэн нэгнийд очиж шинэлэхээр арван зүгтээ тарцгаана. Сургуулийн гуанзанд үдийн хоол идэх хүүхэд олдохгүй. Оройхон тогооч нарын нэг нь ёс болгож “Хоол хийвэл идэх хүн байна уу” гэхэд бид нэгэн дуугаар “Байхгүй ээ” гэж хариулах. Тогооч эгч нар “Тэгвэл цай чанасан шүү, уугаарай” гэдэгсэн.

ТАВ. ЦАГААН САРТАЙ ТЭМЦЭГЧДИЙН ЦАГААН САР

(зохиогчийн хууч)

1985 онд их сургуулийн ширээнээс сэтгүүлчийн ажлын талбарт шилжээд, МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын хэвлэл “Үнэн” сонины хамт олонтой Монголын цагаан сарыг угтах болов. Коллегийн гишүүд, хэлтэс, тасгийн дарга нарын ярилцах нь, цагаан сарыг нууцаар тэмдэглэдэг хоцрогдолтой хийх тэмцлийг урьд урьдынхаас хүчтэй болгохыг Намын төв хороо шаардаж байгаа аж.

Ингээд цагаан сар нь малчдын баяр болохоос биш сэхээтэн, ажилчинд огт хамаагүй зүйл болохыг ухуулсан, зарим ухвар мөчид айлууд бүтэн ууц чанаж, эдийн засагч бус үрэлгэн загнаж байгааг шүүмжилсэн материалууд цуварч гарлаа. Гэртээ сар шинийн зоог шүүс бэлтгэдэг этгээдийг шүүмжилсэн “Ууц Дамбий” хошин өгүүллэгийг нэгэн зохиолч туурвиж, сонины “Ардын хяналт” нүүрэнд нийтлүүлж ч байх шиг.

Ингээд цагаан сарын шинийн нэгэн болоод ирэв. Ерөнхий эрхлэгч Л.Түдэв гуай, манай сониныхон бол намын үзэл суртлын найдвартай зүтгэлтнүүд учраас хэн нь ч цагаан сар тэмдэглэхгүй нь ойлгомжтой. Иймд шинэлэхээс урьдчилан сэргийлсэн өглөөний сонсгол, оройн лекц зэрэг нэмэлт арга хэмжээ авахгүй гэсэн утгатай зүйл хэлсэн дуулдав. Шинэ ажилтны хувьд илүү дутуу юм лавлаж асуухаас зүрхшээж, үнэхээр ч тэгдэг байж таарна гэсэн юм бодсоор үлдэв.

Гэтэл шинийн нэгний өглөө нэг л өөр хүмүүс ажилдаа ирж байх юм. Монгол дээл хувцсаар гоёогүй ч гэсэн жирийн өдрийнхөөс ондоо, ялангуяа ахмадуудын гоёсон хэрдээ л шинэхэн бөгөөд эрхэмсэг малгай сэлт цаанаа л нэгийг өгүүлэх мэт. Монголчууд малгайгаараа маш их зүйлийг илэрхийлдгийг эндээс мэдэж авсан билээ.

Өрөөндөө орж феодалын хоцрогдсон ёс заншлын үлдэгдэл цагаан сар мэтсийн үзэгдэл социалист нийгмийн аж төрөх ёсноос амжилттай арчигдан арилж байгаа тухай өгүүлэлтэй сонины шинэ дугаараа гарчиглаж дуусч байтал цөмөөрөө ерөнхий эрхлэгч дээр орж золгох юм яриад эхэллээ. Хувьсгалт үзэл суртлын гол цөм дотор ийм юм болж байгаад нүд, чихэндээ итгэж ядсаар ерөнхий эрхлэгчийн өрөө рүү орлоо.

Гэтэл монголчууд зуу зуун жил ёсолж өнгөрөөсөн хүндэтгэл зан үйл л тэр хэвээрээ үзэгдэж, коллегийн гишүүд насныхаа эрэмбээр налайж “Амар байна уу, та”, “Сар шинэдээ сайхан шинэлэв үү”, “Тарган аятай онд оров уу” гэхчилэнгийн чихэнд дассан билигт үгс дуулдаж байлаа. Надаас арай өмнөхөн сонинд орсон Ш.Батмөнх гэдэг залуу жоохон хөөрөг барьчихсан Л.Түдэв гуайтай мэндийн тамхи зөрүүлж ч байх шиг. Жирийн үед бол эвлэлийн батлахтай нь ярьж мэдэх түүний үйлдэлд ерөнхий эрхлэгч харин ч таатай байртай. “Үгүй ерөө, манай Батмөнх хүртэл хөөрхөн хөөрөг олоод авчихаж гээч, мөн сүрхий еэ” гэлцэн инээнэ.

Дараа нь залуучууд хэлтэс, тасгаараа хэсч, ахмадууддаа золгодог юм байна. Хөгшчүүл ганц нэг ул боов, эсвэл дан чихэртэй тавгийг цайны аяганы суурь дийзэн дээр засаад амжсан “Хүүхээ, идээ амс” гэж ч байх шиг…

Энэ бүхэн үдээс урагш үргэлжлээд, үдийн завсарлагаас хойш нэгэн хэвийн үзэл сурталжсан уур амьсгалдаа эргэн орж, хэзээ ч цагаан сар хийж байгаагүй аятай чухал царайлсан хүмүүс дараа дараагийн ажилдаа орцгоосон. Хэзээ, хаана боловч монгол хүнээс салгаж хаях аргагүй ариун нандин зүйлс байдгийг, ямар ч үед биднийг ижилсүүлдэг юм ил далд оршсоор байдгийг тэгэхэд анзаарсан юм.

ТӨГСГӨЛ: ҮЛ ТАСРАХ ҮНДЭС

Эцсийн эцэст, Монголын цагаан сарыг хэн ч, хэзээ ч тасалж чадаагүй юм байна гэдэг дүгнэлт надад үлдсэн. Үндэстэн бүхэнд арилгаж үл хүчрэх үзэл санаа байдаг юм байна. Тэр нь монголчуудын хувьд цагаан сар нь бөгөөд энэ өвөг дээдэс, ахас ихсээ дээдлэн ёсолж, ураг удмаа таниулдаг, улмаар “чи бол монгол хүн” хэмээн сануулж “би бол монгол хүн юм байна” гэж ухааруулдаг болохыг ойлгосон.

Хэдийгээр төрийн байгууллага, хот сууринд цагаан сарыг албан ёсоор тэмдэглэдэггүй ч “цагаан сарын бөх” буюу албан ёсны нэршлээр “Нэгдэлчдийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан” нь шинийн нэгнийг орлодог байсан бололтой. Цагаан сарын бөх нь тухайн жилийн хамгийн нэр хүндтэй барилдаан хэвээр байна.

Цагаан сарын бөх дээр цор ганц сувагтай Радио өргөн нэвтрүүлэг түрлэг нэмнэ. Радио өдөржингөө нэгдэлчдийн баярын нэвтрүүлгээр амьсгалж, уртын дуу цангинаж, таван хошуу малын гэхчилэнгийн ерөөл хангинаж, малчин түмэндээ зориулсан “Ая дууны мэндчилгээ”, “Хүсэлтийн хариу” хэмээх хит нэвтрүүлгүүдээр бялхана. Монголын цагаан сар мартагдсан, тасалдсан нь хаана байна? Арилгаж үл хүчрэгдэх ариун ёс мину.

Categories
мэдээ цаг-үе

Зургаан залуу заан буюу цагаан сарын бөхийн өнгө

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №042 (5609), 045 (5612) дугаарт

Цагаан сарын барилдаанд 11 дараалан түрүүлсэн Бат-Эрдэнийг Сүхбат ерэн есөн онд баруун гараараа далавчлан гуядаж хаяснаар бөхийн нэгэн шинэ үе гарч ирснийг Монгол даяар зарлан тунхагласан юм. Жижиг Сүхбат Бат-Эрдэнэ аваргыг тэгэхэд анх удаа хаясан юм биш. Ерэн долоон онд байна уу даа, чансаа өндөр бөхчүүдийн тойргийн барилдаанд их аваргыг өөрийн хадам аав болох Баянаа аварга, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж нарын өмнө аваачиж байгаад уран гоё тонгорч хаясан. Спортын төв ордонд бөхийн барилдаан болдог байх тэр үед юм. Сар шинээр аваргыг анх хазайлгахад Бөхийн өргөө дүүрэн цугласан олон баяр хөөртөө бахдаж ядан оволзоод л босоод ирсэн сэн. Сар шинийн барилдаан гэдэг ийм л үүх түүх, өнгө жавхаатай олон түмний сэтгэлд үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.

А.Сүхбат тэр жил зургаагийн даваанд Одгэрэл зааныг тунаж долоогийн даваанд Цэрэнпунцаг заан (одоогийн гарьд)-ыг давж наймд Өсөхбаяр заан (дархан аварга)-ыг мөн л тунан давж түрүү үзүүрт Бат-Эрдэнэтэй үлдэж байв. Монгол бөхөд нэгэн үзэгдэл болсон зургаан залуу зааны үе эхэлсэн нь тэр байв. Тэр жилийн наадмаар Ганбат Балжинням аваргаар долоо давж заан болсноор зургаан залуу заан ид жагсаж ирсэн юм. Их шөвгийн наймд Бат-Эрдэнэ аварга Хатансайхан начинг, Балжаа аварга Мөнх-Эрдэнэ арсланг амласнаар зургаан зааны дөрөв нь буюу Цэрэнпунцаг, Гантогтох, Өсөхбаяр, Сүхбат нар тунаж үлдэж байлаа. Цэрэнпунцаг тэр гурваас Сүхбатыг амлаад тахимаа өгсөн. Сүхбатын шуугиан дэгдээдэг цагаан сараар Дорноговь аймгийн харьяат улсын начин Алтангэрэлийн Хатансайхан тун сайн барилдсан. Дашзэвэгийн Эрдэнэбат заанаар тав давж дунд шөвөгт шалгарахад нь үзэгч олон “Хатансайхан маань бараг л начнаа баталчихлаа” гэж инээд наргиан болгож байлаа. Залуу заануудын нэг Увсын Баруунтурууны Батжаргалын Ганбат ерэн найман оны сар шинийн барилдаанд улсын цолгүй байхдаа Өсөхбаяр заан, Мөнх-Эрдэнэ арслан нарыг өвдөглүүлж үзүүрлэн шуугиан тарьсан. Тэгвэл хоёр мянган оны цагаан сараар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, даншгийн алдарт Буянтоо аваргын удмын бөх Цэрэндашдоржийн Магалжав гэж шоволзсон цагаан залуу мөн л дуулианы эзэн болсон юм. Улсын цолгүй бөх тэрээр Баярсайхан заан, Балжаа аварга нарыг тав, зургаагийн даваанд өвдөглүүлж, Сүхбат зааныг долоогийн даваанд бариан зөрөөн дээр ард нь гарч давснаар үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Бараг л түрүүлэхээ алдсан. Бөх сонирхогч олон түрүүлснээс дутуугүй баярлаж, Магалжавыг дэмжиж хайрласан юм даг.

Хоёр мянга нэг онд Агваансамдангийн Сүхбат арслан цолтой хоёр дахиа түрүүлсэн. Өсөхбаяраар зургаа, Цэрэнпунцагаар тунаж долоо давж түрүү үзүүрт Сумъяабазартай үлдэж байгаа юм. Сумъяабазар нь болохоор Ганбат, Гантогтох нарыгаа дараалан тунаж даваад, их шөвөгт Бат-Эрдэнэ аваргыг унагаж, түрүү, үзүүрт гарч ирж байгаа юм. Ингэж л өнөө зургаа чинь хоорондоо гал маналзтал үзэж байлаа. Бөх судлаач, бөхчүүдийн хэлдгээр “Монгол үндэсний бөхийн барилдааныг урлаг болтол нь хөгжүүлсэн” тэдний барилдаан хэрхэн үзүүштэй, амттай болдгийг уншигч олон бүгд мэднэ. Хоёр мянгаад оны эхэн үеийн буюу залуу заанууд хоорондоо тамираа тасартал хүчийг үзсэн барилдааны бичлэгүүд “youtube”-ээр дүүрэн бий. Хоёр мянга нэг оны сар шинийн бичлэг ч бий. Сүхбат баруун хөлийг нь хонгодоод дайрахад Сумъяабазар дагуулаад тонгордог. Хоёулаа л тархиараа газар шаагаад унадаг. Гэвч Сумъяагийн толгой түрүүлж хүрсэн гэж үзсэн. Харин 2002, 2003 оны сар шинийн барилдаанд Долгорсүрэнгийн Сумъяабазар дараалж түрүүлсэн. Эхний жил уран барилдаанч начин Мижиддоржийн Жамънпүрэвээр тав, Өсөхбаяр, Сүхбат нараар тунаж зургаа, долоо даван түрүү, үзүүрт Ишдоржийн Доржсамбуу заан (одоогийн гарьд)-тай үлдэж түрүүлсэн бол дараа жил нь Гантогтохоор тунаж зургаа, Одгэрэлээр тунаж долоо даван Сүхбат аваргатай даагаа нэхэж барилдаад давж түрүүлсэн юм. Тэр жил Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат уран барилдаант начин Наранцэцэгийн Бүрэнбаатар Батзориг заанаар тунаж тав, Бат-Эрдэнэ аваргаар зургаа давж их шөвөгт шалгарч байсан удаатай. Тухайн үед зургаан залуу заанаас гадна Дамирангийн Бумбаяр, Ишдоржийн Доржсамбуу, Очирын Одгэрэл, Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн нарын хүчтэй заанууд, мөн Жамъянпүрэв начин ид үздэг байлаа. Энэ хэдийн дундаас шинэ залуу бөх дээшээ гарч ирнэ гэдэг үнэндээ амаргүй байсан. Тэдний хооронд хоёр мянгаад оны үеийн бөхийн барилдаан өрнөдөг байв.

2004, 2005, 2007 онын сар шинийн барилдаанд Гэлэгжамцын Өсөхбаяр аварга түрүүлсэн байдаг. Эхний жилээ түрүүлэхдээ Ганбат заан (арслан)-аар зургаа, Мягмарсүрэн заанаар долоо, Доржсамбуу гарьдаар найм давсан бол хоёр дахь жилээ мөн л Ганбатаар долоо, Сумьяабазараар найм давж түрүүлсэн нь бий. 2005 оны их шөвөгт Өсөхбаяр, Сумъяабазар, Ганбат, Чогсомын Батзориг энэ хэд үлдсэн бол 2007 онд мөн Өсөхөө, Сумъяа, Ганбат гуравтай Цэдэвийн Мягмарсүрэн заан шалгарч байх жишээний. Тэгээд л төрийн наадамд олонтаа үлдсэн жишгээрээ Сумъяа, Өсөхөө аваргууд түрүү үзүүр булаалдаж Өсөхөө аварга түрүүлж байсан. Хоёр мянга найман онд Ишдоржийн Доржсамбуу гарьд сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Дугардоржийн Батбаяр начин үзүүрлэв. Тэр жил түрүү үзүүрт баттай хүрнэ гэж ард түмний итгэл хүлээлгэж байсан Сумъяабазар аваргыг Завхан аймгийн Идэр сумын харьяат залуу бөх Жаргалсайхан (одоогийн гарьд) дотуур хутгаж, ар бөгсөөр нь суулган шуугиулж байсан удаатай. Ингээд хоёр мянга есөн онд Батжаргалын Ганбат мөн л анх удаагаа түрүүлж, бөхөд хайртай түмнээ баярлуулсан. Хоёр жилийн дараа тэрээр төрийн наадмын түрүү бөх болж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Ганбат арслан цагаан сарын барилдаанд ч, төрийн наадмын түрүү үзүүрт ч хоёуланд нь Өсөхөө аваргатай үлдэж давж байсан юм.

Ганбатыг улсын наадамд түрүүлэх Сүхбат аварга дээс тоглож байгаа охин шиг жигтэйхэн дээр үсэрч баярлаж буй нь тод харагддаг. Зургаан залуу заанаас ганцаархнаа бууриа сахин цолтойгоо хоцорсон түүнийг арслан боллоо хэмээн ард түмний баяр бахдалын нэгэн дүр зураг тэр болов уу. Ганбат арслангаас монгол бөхөд бас нэгэн шинэ үе орж ирсэн нь хоёр арван оны цагаан сараар хэмжигддэг. Тэр жил Санжаадамба гэх залуу До.Ганхуяг арслан, Өсөхөө аварга нарыг бараг л гарынхаа үзүүрээр нударчихаад салхилчихсан. Цэргийн арслан цолтой залуу тийнхүү сар шинийн барилдаанд түрүүлж нэгэн амжилт тогтоосон бол удаа ч үгүй Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Шарын Мөнгөнбаатар гэж залуу мөн л аймгийн арслан цолтойдоо түрүүлсэн юм.

Ингэж наяад оны дундуур эхээс мэндэлсэн Санжаадамба, Мөнгөнбаатар хоёр сар шинийн барилдаанд улсын цолгүй байхдаа түрүүлж байлаа. Санжаа нь өнөөдөр аварга цолтой, харин Мөнгөө нь аанай л аймгийн арслан хэвээр байх шив дээ. Эрхэмбаяр аварга, Рагчаа гарьд хоёрыг эс тооцвол хоёр мянга арван оноос хойших сар шинийн барилдаанд Сүхбаатарын Мөнхбат, Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Цэдэвийн Содномдорж гээд үе чацуутан буюу наяад оны залуучууд түрүүлээд байгаа. Рагчаа гарьдын түрүүлэх жил онгодтой сайхан барилдсан бөх бол Оргихын Хангай юм. Ховд аймгийн Буянт сумын уугуул, ээжийнхээ талаас Засагт ханы хөх харчуудын нэгэн алдарт Шаравын Батсуурь аваргын удамд хамаардаг тэрээр Мөнхбат аварга гээд бүгдийг дараалуулж орхиод түрүү үзүүрт гараад ирсэн. Яг Рагчаатай гардгийн даваан дээр Мягаа заан, Батзориг заан гээд нутгийн ах, багш нар нь очиж нэгийг зөвлөсөн. Рагчаад унаад өгчих өө, ийм залуудаа түрүүлбэл улсын өндөр цолонд хүрч чадахгүй гэх ухааны сургаал хэлсэн байж магадгүй. Дараа нь тийм таамаг бөх сонирхогчдын дунд байсан. Батзориг, Мягаа нар тэгж хэлсэн нь бас учиртай.

Тухайн цагт Санжаадамба заалны бүхий л барилдаанд түрүүлдэг хэрнээ улсын наадмын дөрвийн даваанд унадаг байв. Ямар сайндаа Давааням зааны хүү Лхагвадорж начинг “Санжаадамбын эрлэг” гэж байхав. Мөн Мөнгөнбаатар цолгүй бөх түрүүлээд улсад бас л хоёр, гурваас дээш давахгүй байсан. Энэ бүхнийг бодолцож Хангайг унаж өг гэж хэлсэн байж болох талтай. Цагаан сарын барилдаан ийм л яриа хөөрөөтэй болж тухайн жилийнхээ онцлогийг хадгалдаг. Харин хоёрхон хоногийн дараа болох “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан хэрхэн болох бол. Архангай аймгийн Булган сумын харьяат Рэнцэнбямбын Пүрэвдагва, Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгс гээд хоёр идэрхэн арслан байна. Өнгөрөгч жилийн наадмаас хойш, хэдхэн хоногийн өмнө болсон “Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит цагаан сарын сорилго барилдаан хүртэлх томоохон барилдаануудад ихэвчлэн түрүүлсэн. Тухайлбал, Пүрэвдагва наадмын дараахан болсон даншиг наадамд түрүүлж, даншгийн аварга цол, эзэн хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн шилдэг бөхчүүдийн барилдаан, мөн Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаан, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний ой зэрэг барилдаануудад түрүүлсэн бол Бүрэнтөгс Юмжаагийн Цэдэнбалын 100 насны ой, Их Монгол аваргын наадам зэрэгт түрүүлээд байна. Ер нь Пүрэвдагва бол Даш начинг өмсөж шидээд, Санжаа аваргыг дунгуйлдаж татаад гойд байгаа л даа.

Энэ хоёр арслангийн цаана өнгөрөгч жилийн наадмын 1024 бөхийг магнайлсан Санжаадамба аварга, хийгүй нягт барилдаантай Ховдын Пүрэвсайхан заан, сүүлийн зургаан жил төрийн наадамд тасралтгүй шөвгөрсөн амжилт үзүүлээд буй Гончигдамба гарьд, түрүү жилийн цагаан сарын тэргүүн бөх Содномдорж харцага, үймээн бужигнаан тарьж мэдэх Баасанхүү харцага, Эрдэнэбатын Даш начин гээд олон бөхчүүдийн нэр дурдагдана. Хорин хоёр насандаа төрийн наадамд түрүүлж халхын их хүчтэн Мөөеө аваргын түүхэн амжилтыг давтсан Энхтөгсийн Оюунболд арслан ч дээгүүр барилдаж таараа. Ингээд тааварлаад үзэхээр өнгөө жилийн цагаан сарын барилдаан үзүүштэй сайхан болох нь дамжиггүй юм.


Categories
мэдээ цаг-үе

Э.Жигмэддорж: Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай Ловон ширээтийн эрдэм чадлын талаар өөрт тохиолдсон явдлыг дурссан байдаг

Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддоржтой ярилцлаа.


-Наймдугаар Богд гэгээнтнээ сунтаг айлтгаснаар Галсангийн Рэнцэндоржийг Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны ширээт ламын дөрөвдүгээр дүрээр тодруулсны 120 жилийн ой тохиог тэмдэглэн өнгөрүүлсэн юм байна. Ловон ширээт ламын үүх түүхээс яриагаа эхлэх үү. Та энэхүү ялгуусан эрдэм чадалтай хүний тухай ном бүтээл гаргажээ?

-Тэгсээн, ноднин “Хошуу даасан хувилгаан лам” (Ловон ширээт Рэнцэндоржийн намтрын балархайг тодруулахуй) нэртэй судалгааны ном гаргаж, нутгийн олны хүсэлт, дэмжлэг, Ловон ширээтийн удам судрын хүмүүс төрөл садныхны оролцоотойгоор Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны туурь дээр энэ алдарт ламын суваргыг босгосон. Судалгааны явцад бид Ловон ширээт судлалыг бас урагш ахиулж, тэр алдарт хүний төрсөн болоод тодруулсан, Ловон ширээтээр заларсан он зэргийг архивын баримт сэлтэд тулгуурлан зөв тогтоож, цаазлуулсан гэж үздэг байсныг залруулж хөдөө нутагтаа өөд болсныг нь тодруулсан юм.

-Ловон ширээт лам хошуу нутгаа даасан хосгүй эрдэм чадалтай хувилгаан байсан гэдэг. Энэ хүний тухай ярихаар мэдээж Бишрэлт гүн Сундуйн тухай, мөн цаашлаад Түшээт ханы тухай дурсаж таарах нь?

-Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Хүрээ нь нэр эрдэм ном төгс, анагаах увдис чадварыг биедээ нэвт шингээсэн нэр алдар бүхий олон тооны маарамба нартай байснаараа онцлог юм. Хошууны хүрээ хийдэд шавилан сууж байсан С.Цэрэндагва лам Хүрээний маарамба нарын тухай “Манай нутаг олон сайхан маарамбатай байсан юм шүү. Сосоржав гуай бол Хүрээний толгой маарамба байлаа. Хүрээний мамба дацанг тэргүүлдэг байсан. Авзага хайрхны ар Уртын хүн. Миний мэдэх маарамбууд гэвэл Сосоржав, Балдан, Бат, Цэвэл, Жавзмаа гавж маарамба, Гэцлэн аймгийн хоёр Гомбожав буюу бор Гомбожав, бага Гомбажав, Цэдэвбазар, Чог, Раднаабазар, Пүрэв (шар), Далхжавын Сандагжав, Сэдэд, Гочоо, Х.Чимэд-Осор, тарган Банзар, халбага Дорж, Чойдорын Алтангэрэл нар юм. Одоо бол манай нутаг олон эмчтэй байгаа юу даа. Гол нь орон нутагтаа эмч нараа бэлтгэдэг байжээ” хэмээн бахархан ярьж байсан нь үүний нэгэн баталгаа билээ. Бишрэлт гүн Сундуйн хувьд ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэнд өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн түүхэн зүтгэлтний нэг юм. Тэрбээр Чингис хааны алтан ургийн тайж гаралтай, албан бичигт өгүүлснээр “…төрөлхийн цэцэн ухаантай, монгол бичигт боловсорсон…” язгууртан байсан бөгөөд түүний намтар, үйл ажиллагаа өнөөг хүртэл судлаачдын анхаарлыг татсаар байна.

Ловон ширээт хувилгаан ламын тухай олон хууч яриа тархсан байдаг. Тэр бүхнээс түүхч Дамбын Доржсүрэн гуай олж сонссоноо эмхэтгэн “Ловон ширээт” гэдэг товхимол гаргаж байсан. Бид бас хэд хэдийг олж нэмсэн. Сонирхолтой нь Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай “Бохоодой Зундуй” гэж хүн Ловон ширээтийн эрдэм чадлыг өөрт тохиолдсон явдлаар дурсан өгүүлснийг Ц.Дамдинсүрэн гуай сийрүүлэн бичиж аваад дор нь Ш.Гаадамба ярив гэж бичсэн баримт олдсоныг дээрх номд оруулсан.

-Ширээт ламын эрдэм чадлын тухай домог түүх шиг л яригддаг. Хамбын ямба, ном билэгт гэдэг бол зүгээр ч нэг хүнд олгочихдог цол хэргэм биш байх. Энэ тухай та тодорхой ярихгүй юу?

-Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны хамбын ямба, номч билэгт, дөрөвдүгээр дүрийн Ловон ширээт Галсангийн Рэнцэндоржийн намтар, түүхэнд холбогдох баримт Монгол Улсын Үндэсний төв архив, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив болон “Монгол улсын шастир” зэрэг түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг юм. Сурвалжид тэмдэглэснээр Ловон ширээтийн хоёр, гурав, дөрөвдүгээр дүрийг хошууны ноёд, лам нараас Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад сунтаг айлтгаж, Богд гэгээний лүндэнгээр тодруулж байжээ. Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бээр Бадаргуулт төрийн XXI (1895) оны хөхөгчин хонь жил Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Галсангийн хөвгүүн Рэнцэндоржийг ловон ширээт ламын дөрөвдүгээр дүр мөн хэмээн айлдаж, тамгагүй хутагтаар өргөмжилсөн бөгөөд тухайн үед Рэнцэндорж хөвгүүн таван настай байжээ. Энэ тухай албан бичигт: “…хойд дүрийг Бадаргуулт төрийн хорин нэгэн (1895) онд Богд гэгээнээ сунтаг шүүсэнд нэг биш хэд хэдэн хүүхэд тохирсон тул тэдний нэрийг цаасанд алт буюу мөнгөн бумбанд хийж савхаар шового татсанд (сугалаа сугалах мэт) Галсангийн Ринчиндоржийг ловон ширээт мөн хэмээв. Дөрвөн үе залав” гэжээ.

Ловон ширээт хувилгаан 1902 онд Богд Жавзандамба хутагтад Халхын дөрвөн аймаг, шавь таван газар Бат-Оршил өргөхөд бараалхан мөргөсөнд Богдоос түүнд хамбын ямба, соном хадаг шагнасан ба мөн онд Гүмбүм хийдэд ном хуруулан буян үйлдэж, Гүмбүм сүмийн хамба ламаас шар шүхэр, дадар бэлгэнд авчээ. Баримтад бичсэнээр “…Бадаргуулт төрийн XVII онд Гүнбум хийдэд хурал хуруулж, буян үйлдсэн тухай Гүмбум хамбаас шар шүхэр, дадар, барсын сүүл хос дайгаар шагнан өгчээ. Мөн онд Очирдара Богд гэгээнтнээ дөрвөн аймаг, шавь таван газраар Бат-Оршил /21б/ өргөхөд бараалхан мөргөх тухайд Ринчиндоржид хамба ямба, соном хадаг шагнажээ”.

Архивын баримтаас үзвэл, Рэнцэндорж хувилгаан бээр хамбын ямба, номч билэгт цолтой, ловон тушаалтай, ширээт лам байв. Тухайлбал, Үндэсний Төв Архивт буй Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны 1918 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын бүртгэлд “Манай хошууны хамбын ямба, номч билэгт ловон ширээт хувилгаан Рэнцэндорж” хэмээн бичсэн нь үүний баталгаа юм.

-Нэрт түүхч Д.Доржсүрэн “Ловон ширээт” ном бичиж, уг хүний тухай судлалыг эхлүүлжээ. Улсын төв архивын хөдөлшгүй баримт, Богд хааны бадаргуулт төрийн зарлиг зэргийг тодорхой гаргасан байна лээ. Энэ тухайд ярихгүй юу.

-Ловон ширээтийн талаарх судалгааны явцад бид түүхч Д.Доржсүрэн гуайн өөрийн гараар хийсэн Бишрэлт гүний хүрээний тойм зургийг хувийн архиваас нь олсон. Доржсүрэн гуай өөрөө багадаа хүрээндээ цөөн жил шавилан сууж байсан юм билээ. Уг зурагт Сундуй гүн, Ловон ширээтийн өргөө ойролцоо байсныг дүрсэлсэн байдаг. Энэ бол Хошуу ноён, Ловон ширээт хоёр ойр дотно харилцаатай байсныг гэрчлэх наад захын баримт.

Ширээт ламын хоёрдугаар дүр Гончигийн Лувсандэндэв, гуравдугаар дүр Жаргалын Ёндондорж, дөрөвдүгээр дүр даруй Галсангийн Рэнцэндорж юм. Энэ тухай “Монгол улсын шастир”-т “Жанч халсны хойно хоёрдугаар үеийн хувилгааныг VII Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Гончигийн хөвгүүн Лувсандэндэв мөн хэмээн зааж айлтгаснаар мөн сүмд залж шашин амьтнаа ихэл тустай явж жанч халсны хойно гуравдугаар үеийн хувилгааныг VIII Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Жаргалын хөвгүүн Ёндондоржийг (21а) мөн хэмээн зааж айлтгаснаар мөн сүмд залжээ. Жанч халсны хойно дөрөвдүгээр үеийн хувилгааныг Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Галсангийн хөвгүүн Ринчиндоржийг Лонбумба ширээт мөн хэмээн зааж айлтгаснаар харьяат сүмд залж шашин хурлыг дэлгэрүүлэн суулгажээ” гэсэн байна. Эндээс Бишрэлт гүний Хүрээний үе үеийн ловон ширээт хувилгаан нь “шашин амьтнаа тустай”, “шашин хурлыг дэлгэрүүлэн явж”, сүсэгтэн олон түмнийг буян номын үйлээр тэтгэж байсныг харж болно. Нутгийн ард олны дунд ловон ширээт хувилгааныг “өндөр дүр”, “номч дүр”, “догшин дүр”, “тарган дүр”, “хайлдаг дүр” хэмээн цээрлэн нэрлэж байсэн гэдэг.

-Ловон ширээт ламын судлал амжилттай үргэлжилж байгаа юу?

-Ловон ширээт хувилгаан бол сүм дуганы дотор тусгайлан зассан арслант ширээнд залран хурал номын үйлийг удирдаж, Хүрээ хийд, ард олны дунд үлэмж нэр хүндтэй, хошуу даасан хувилгаан лам, мэргэч төлгөч, үзмэрч хүн байжээ.

Нутгийн ард олны дунд ам дамжин ирсэн хууч яриа, домог зэргээс үзэхэд хувилгаан бээр анх тодорсон үеэс жанч халах хүртлээ номын хүчээр олон түмэнд буян үйлдэж, хүмүүний итгэл бишрэлийг хүлээж, шавь нартаа дотоод сэтгэлийн ариусал, гэгээрэл, амар амгаланг мэдрүүлж, өвчин зовлон, гай түйтгэрээс авран хамгаалж байсныг олон жишээгээр өгүүлж болно.

Ловон ширээт өргөөндөө заларч байгаа сургаар хошууны сүсэгтнүүд ном хуруулах, сан тавиулах, сэржим өргүүлэх, уул овоо тахих, мэргэ төлгө тавиулах зэрэг олон зүйлийн арга засал хийлгэхээр хувилгаанд бараалхан адис хүртэх бөгөөд үргэлжид хөл ихтэй байсан тухай нутгийн буурлууд хуучилдаг юм.

Монголын буддын шашны түүхээс үзэхэд, сүсэгтэн олон буян хураахын тухайтад арван хар нүглийг цээрлэхийн сацуу бурхан шүтээнд өргөл, лам хуврагт өглөг өргөж, бурхан маанийн хүрд, номын бар, суварга бүтээж байжээ. Энэ лугаа адил Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний Хүрээний туурин дээр сүсэгтэн олны дэмжлэгээр хошуу даасан хувилгаан лам ловон ширээтийн суварга босгосон, цаашид шашин соёлын дурсгалт газар, цэцэрлэгт хүрээлэн болгож өргөжүүлэхэд нутаг орныхон анхаарч байгаа. Ловон ширээт судлалын тухайд цаашид Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу төдийгүй Эрдэнэ дайчин вангийн хошуу, Жонон гүний хошуу, Үйзэн гүний хошуу, Хатанбаатар вангийн хошууны үүх түүхийг судлах замаар судалгааны хүрээг улам өргөжүүлэх бололцоотой гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

“Цагаан сарын барилдаанд Монголын хүчит их аваргууд түрүүлдэг байв. Сүүлийн жилүүдэд шинэ залуу бөхчүүд магнайлах болжээ”

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №042 (5609) дугаарт

Зураг дээр зүүн гараас: Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, С.Цэрэн, Д.Хадбаатар нарын хүчит их аваргууд. 1990-ээд он

“Цагаан сарын барилдаан төрийн наадмын дараа эрэмбэлэгддэг, аргагүй чансаатай том барилдаан юм. Бэлгэ дэмбэрэл, ёс жаягаа бодож манай бөхчүүд үнэнчээр барилддаг. Буулт, суулт огтхон ч байхгүй шүү дээ. Хамгийн шударга сайхан барилдааныг үзье гэвэл цагаан сарын бөхөө л харчих” гэж ахмад бөхчүүд хэлдэг нь нь учиртай биз. “Жаран таван оны сар шинийн барилдааны их шөвөгт Бээжин, Баянмөнх, Дамдин аварга бид дөрөв үлдэж, Дамдин аварга Баянмөнхтэй үзэж, Бээжин бид хоёр тунасан. Тухайн үед ид гарч ирж байсан Баянмөнхийг төрийн наадамд тав дараалж түрүүлсэн хашир аварга Дамдин аргалчихсан. Ингээд түрүү үзүүрт Данигай аваргатай үлдэж, би гэдэг хүн түрүүлж байлаа. Цагаан сарын барилдааны он дарааллыг эргээд харж байх нь ээ, Монголын домогт их аваргууд ихэвчлэн түрүүлж байсан. Харин сүүлийн үед залуу бөхчүүд түрүүлдэг болж” гэж 1963 оноос буюу сар шинийн барилдаан албан ёсоор зохиогдож эхэлснээс хойш өнөөг хүртэл тавь гаруй жил сар шинийн барилдааныг тасралтгүй үзэж, эхлээд барилдаж, нас ахисан хойноо хөлийн цэцээр ажиллаж, сүүлдээ үзэгчийн суудлаас харж ирсэн өвгөн арслан Сосорбарам гуай хуучилж байна.

Тэрээр цагаан сарын барилдаантай холбогдуулж өнөөгийн бөхчүүд болоод хуучны бөхчүүдийн ялгааг бас айхтар онож хэлсэн юм. “Монгол бөх сүрхий хөгжиж байна. Өнөөгийн бөхчүүд жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байдаг болж. Жар, далаад оны үед чинь цагаан сараар 64 бөх барилдуулах гээд тоо нь гүйцдэггүй, эгээтэй л үүдний жижүүр өвгөнийг хүртэл нүцгэлүүлэх нь холгүй юм болдог байв. Гэтэл өнөөдөр 256 бөх зодоглоход цаана нь хичнээн олон залуу хүчтэнүүд тоо гүйцсэн гээд хасагдаж байна. Цагаан сарынхаа барилдаанд айхтар сүрхий бэлдэж, зодоглоцгоодог болжээ. Бидний үед орой 19 цагийн алдад ажлаа дуусгаж аваад цагаан сарын барилдаанд очиж зодоглоно. Шөнө болсон хойно нэг юм дуусч, шөнө гэрээдээ алхана. Такси, унаа тэрэг гэж байсан биш. Хаа байгаа Баянхошууны эцэс, Яармагийн дэнж рүү бүгдээрээ бөхийн далбаа шуудгаа хийсэн цүнхээ үүрчихээд шуугилдаад алхана. Явсаар гэр гэртээ очиход хүүхдүүд хүлээж ядаад унтчихсан, тэднийгээ сэрээж босгоод битүүрдэг сэн, ийм л байлаа шүү дээ” хэмээн энгийн сайхан хууч дэлгэлээ.

Саяхан “Их Монгол” Шаравжамц аваргын 140 жилийн ойд зориулсан цагаан сарын сорилго барилдаан болсон. П.Бүрэнтөгс,Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын энэ цагийн шилдэг арслангууд манлайлсан 224 бөхийн барилдаанд 100 шахам аймаг, цэргийн цолтой бөхчүүд хасагдлаа гэж тайлбарлагч хэлж байна лээ. Ингээд бодохоор Монголын эрчүүд бүгд л барилддаг хүмүүс болсон юм уу даа. Ямар чиг л байсан монгол бөхийн барилдаан үзүүштэй сайхан болж байна. Энэ жилийн цагаан сарын барилдаан хэд хэдэн зүйлээр онцлог болно. Тухайлбал, улсын аварга цолтой гурван бөх зодоглоно. Хэрвээ Өсөхөө аварга барилдвал дөрвөн аварга зодоглох нь. Дээрээс нь өнгөрөгч наадмын 1024 бөхийн барилдаанд шинээр арслан, заан цол хүртсэн бөхчүүд зодоглоно. Мөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авна. Сар шинийн дараа баахан маргаан дагуулахыг үгүйсгэх аргагүй. Битүүний өдрийн барилдаан 14 цагт эхэлдэг. Харин өнөө жил 12 цагаас эхлэх шийдвэр гарсан. Үндсэндээ бөх эртээ дуусах магадлалтай.

Цагаан сарын бөхийн хуучийг хэлж яаж барахав. Домог түүх мэт л яригддаг. Далан найман оны сар шинийн барилдааны зургаагийн даваанд Баянаа аварга залуу заан Цэрэнтогтоход уначихаад гайхаад зогсоод байсан гэдэг. Цэрэнтогтох туг рүү гүйгээд явчихсан. Баянаа аварга зогсоод л байж. Буцаж ирээд тахимаа авах гэтэл сүрхий цочисноо, би нээрээ уначихсан юм уу гэсэн гэдэг. Тухайн үед дандаа давж, өрсөлдөгч бөхөөсөө тахим авч байсан хүчит их аварга анх удаа дор даваанд унаж, гарцаа байхгүй “шок”-нд орно гэдэг тэр. Ийм л хууч өрнөдөг юм. Ингээд сар шинийн барилдааны он дарааллыг эргэж сөхье.

Наян онд Дагвасүрэнгийн Хадбаатар аварга түрүүлж бөхөд хайртай олон түмнээ баярлуулсан удаатай. Тэрээр түрүү үзүүрт Доноровын Долгорсүрэн заантай тунаж үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэн хүч бяраар илүүрхэж түрүүлсэн байдаг. Хадаа аваргын тэрхүү барилдааныг “араажив”-аар бөх сонсож суусан олон өөрсдөө түрүүлсэн мэт баярлаж байсныг хүмүүс дурсдаг юм. Дараа жил нь Мөнхбат аварга зургаа дахиа түрүүлж, Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн байна. Тэр жилийн барилдааны шуугиан нь Говь-Алтайн Нэмэхбаяр гэдэг залуу байжээ. Сүүлд буюу наян зургаан онд улсын цолонд хүрсэн тэрээр Хайдав арслангаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв, Галдандагва начингаар тав давж шуугиулжээ. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начин Булганы Жамцын Борыг, Ёндонгийн Ишгэн Сүхбаатарын Жанцангийн Чулууныг амлаж, Ховдын Баатархүү, Өмнөговийн Багахүү нар тунаж байсан удаатай. Баруун Алтай сумын Адууч даргын хүү, Монгол Улсын гавьяат тамирчин Баатархүү начин Багахүүгээр гурав даваад Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой ид байхад нь дөрвийн даваанд өвдөглүүлж бас л дуулиан дэгдээсэн. Сонирхуулахад, Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг манлайлан барилдаж байсан Мөнхбат аваргыг амласан байна. Энэ нь Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт арааживаа чагнаж суугаа сонсогч түмэнд бас л нэг ярианы сэдэв болох нь мэдээж. Данигаа аваргын уг шийдвэрийг зарим нь Мөөеөгийнхөө түрүүлэх замыг эртнээс зассан гэдэг бол зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавим хэлдэг юм.

Цэрэнтогтох аваргыг түрүүлэх (1983 он) жил Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн. Амгаа заан шөвгийн дөрөвт Баянаа аваргыг өвдөглүүлсэн нь олон түмнийг оргилон баярлахад хүргэсэн байна. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Санжжавын Сүхбаатар заан тэр жил залуу бөх байхдаа хоёрын даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланг, гуравт Дашжамц начинг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиод дунд шөвөгт үлдэж байжээ. Наян дөрөв, наян таван оны сар шинийн барилдаанд Хадаа аварга аанай л дараалан түрүүлжээ. Эхний жил нь өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтогтох аваргыг их шөвөгт өвдөглүүлж, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхисон бол дараа жил нь мөн л мөнхийн өрсөлдөгч “онжав” Цэрэнтогтохтойгоо үлдэж түрүүлжээ. Наян таван оны сар шинээр Цэрэн аварга гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Сосорбарам арслан мөн л амлаж аваад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлэн олныг хөгжөөж байжээ.

Наян долоон оны сар шинийн барилдаанд Одвогийн Балжинням аварга начин цолтой түрүүлж шуугиан дэгдээсэн удаатай. Өмнө нь буюу жараад оны сүүлээр Өвгөнхүү начин цолтой түрүүлсэнээс хойш сар шинийн барилдаанд начин цолтой бөх түрүүлээгүй байсан юм. Балжаа аварга тэр жил С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байдаг. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлсэн юм. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. Дүгэржавын Хишигдорж хэмээх Архангайн өндөр залуу Дүвчин, Мягмар нарын хүчтэй заануудыг гурав, дөрвийн даваанд унагаж олны хараанд өртсөн нь “Батцэнгэлийн динозавр”-уудын нэг Хишигдорж заан билээ. Тэр жил гэдэг шиг байх аа, хорьдугаар зууны манлай онигооч, цэргийн Агвааны Тэгшээ агсан Ундрав Пүрэв заан, С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр харуулчихсан байдаг. Ингээд наян найман оноос Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлсэн түүхтэй.

Бат-Эрдэнэ аварга наян найман оны сар шинээр анх түрүүлсэн юм. Мань хүнд одоо л цагаан сараар төд өд түрүүлсэн, рекорд тогтоосон энээ тэрээ нь хамаагүй байх. Их хуралд удаа дараа сонгогдсон нэртэй парламентч, төрийн сайд, том амьтан даа, базарваань. Ерөнхийлөгч л бодогдож байж магад. Түүнээс бол цагийг эзэлсэн хүчит аварга маань цагаан сарын барилдаанд 13 түрүүлж, үлэмж амжилт тогтоосон юм шүү дээ. Харин 13 дахиа түрүүлэхдээ яалт ч үгүй алдаа хийчихсэн. Их хурлын танхимаас ирээд, Өсөхөө, Сумъяабазар нарын идэрхэн аваргуудыг дараалуулж хаяад, бөхийн өргөөнд дүүрэн цугласан олон ундааны саваар нүүлгээгүй юу. Тэр л жаахан дэмий юм болчихсон л доо. Арван гурван түрүүнийхээ анхныхыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул “Алдар” нийгэмлэгийн бөх Бандийн Ганбаатараар хүртэж байсан. Заан цолтой ид байсан аварга гурвын даваанд Өвөрхангайн өндөр Д.Эрдэнэбат зааныг, дөрөвт Баян-Өлгийн Бахыт харцагыг, тавд Д.Мягмар зааныг, зургаад О.Балжинням аваргыг начин цолтойд нь тунаж орхисон байдаг. Д.Мягмар заан тавын даваанд таван бөхөөс ам сонсохдоо Бат-Эрдэнийг амласан. Бөхчүүд болоод олон түмний яриагаар бол тунаанаас гаргаж, ялангуяа Дамдингийн Баяраатай тунахаас нь урьтаж даваа ахиулсан гэх юм билээ. Тэр нь ч үнэн байх. Учир нь өнгөрсөн жилийнх нь цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ дөрвийн даваанд Д.Баярааг амлаж барилдаад унаж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ аваргын хатуухан учраануудын нэг Баяраа гарьд байсан байгаа юм. Мягмар заан хэрвээ амлаагүй бол Баагий аварга Баяраа гарьдтай яалт ч үгүй л тунах байж. Баяраа гарьд, Ишгэн зааныг тунаж хаян шөвгөрсөн байдаг. Баяраа тэр жилийнхээ наадамд одтой сайхан барилдаж заан цол хүртсэн байна. Наян найман оны барилдаанд хоёр бөх бусдаасаа жаахан онцгой байлаа. Нэг нь гавьяат тамирчин Жамцын Даваажав. Тэрээр Өвөрхангайн С.Дамдинбазар начин, Ч.Гочоосүрэн заан, П.Дагвасүрэн арслан нарыг өвдөглүүлж тавын даваанд Б.Ганбаатар арсланд унасан билээ. Даваажав ч аргагүй ясны бөх дөө. Ид үедээ улсын наадамд цөөхөн зодоглосон. Гадагшаа дотогшоо тэмцээн уралдаан гэж яваагүй бол ядаж л заантай шүү гэх яриа гарч байв. Нөгөө нэг нь Увсын Тэсийн Дэчингийн Жавзанжамьян начин. Арван найм, есөн настай залуу идэрчүүдийн улсын аваргад оролцож мөнгөн медаль хүртээд цагаан сарын барилдаанд Н.Бүрэнзэвсэг, Д.Баатаржав, Д.Амгаа нарын хүчтэй заан, начингуудыг дараалуулан орхиж бага шөвөгт шалгарч байлаа. Мань хүн улсын цолтнуудын аманд гарахаасаа л Амгаа зааныг ноёлдог байж. Сонирхуулахад, ерэн хоёр онд Амгаагаар тав давж начин болсон юм.

Дараа жил нь Б.Бат-Эрдэнэ аварга хоёр дахиа түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэсэн. Их шөвөгт М.Мөнгөн арслан, С.Сүхбаатар заан нар үлдсэн. Баянаа аварга Сүхээ зааныг амлаад, Мөнгөн, Бат-Эрдэнэ хоёр тунасан юм. Мөнгөн арслан ирэн дээрээ байгаа залуу хүчтэнд одоогийн хэллэгээр бааварласан гэдэг шүү. Бат-Эрдэнийг хүчээр түлхэж хананд аваачиж наагаад л, үзэгчдийн суудал руу хэд хэд аваачаад л. Мөнгөн арслан маань арай л харьчихаагүй, омогтой байж дээ. С.Сүхбаатар заан начин цолтойгоо их шөвөгт үлдсэн. Тэрээр ерэн оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Нууц товчооны ойгоор заан болсон билээ. Наян есөн оны сар шинийн барилдааны хоёрын даваанд Ж.Ганболд зааныг, гуравт мөн л нэг нутгийн Г.Намсрайжавтай тунаж, дөрөв, тавд П.Дагвасүрэн, Б.Ганбаатар нарын арслангуудыг орхисон байна. Тэр жил шуугиулсан бөхчүүдийн нэг нь Сэлэнгэ аймгийн арслан Жүрмээгийн Ганзориг. Бие галбир, гараа дэвээ, уран хурц дайчин барилдаан, хэлбэр хийцээрээ А.Сүхбат аваргатай төстэй гэгддэг, бас чиг үймээний л эзэн байлаа даа.

З.Дүвчин, Д.Мягмар нарын хүчтэй заануудыг хоёр, гурвын даваанд өвдөглүүлж Ц.Баярсайхан зааныг начин байхад нь тунаж унаж байсан. Ц.Баярсайхан заан гурвын даваанд Балжаа аваргаар давсан. Үндсэндээ Балжаа аварга заан цолтойдоо түүнийг амлаад унасан юм. Учир нь тухайн сар шинийн барилдааны өмнө үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж Бат-Эрдэнэ түрүүлэн, Балжаа хоёрт орж заан, Баярсайхан гуравт орж начин цол хүртсэн. Балжаа ердөө хоёрхон унаатай байв. Бат-Эрдэнэ, Баярсайхан хоёрт л унасан. Тиймийн учир даагаа нэхэж Баярсайханаа амласан байдаг. Тэр жилээс хойш улсын аваргад амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол өгөөгүй билээ.

Ерэн онд Б.Бат-Эрдэнэ гурав дахиа түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Б.Ганбаатар арслан Ө.Тулгаа заан нар үлдсэн юм. Өлзийн Тулгаа зааны “Увсын Хархираагийн сангийн аж ахуйн бөх” хэмээн дуудуулан ид барилдаж байсан он жилүүд нь гарцаа байхгүй ерээд он юм. Тээврийн тэрэгтэйгээ Увсаас битүүний өдөр давхин ирж Спортын төв ордны өмнө зогсоод аяны тоосоо ч гөвж амжилгүй зодоглож байсан жилүүд нь. Тулгаа заанд ард түмэн ямар их хайртай байсан гэж санана. Ерэн оны цагаан морин жилийн сар шинийн барилдаанд идэрхэн заанаа шөвгөрөхөд Монгол даяараа л баярласан даа. Тэрээр Цэдэндамбын Баярсайхан зааныг гурвын даваанд амлаж унагасан байдаг. “Тулгаа ч хатуухан ам авч байна даа. Өнөө жил ч өнгөтэй байгаа юм байна” гэх яриа ихээ эрт чих дэлсэж байсан дуулддаг. Дөрөвт Мядагийн Мөнгөнийг, тавд Хорлоогийн Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан. Өнгөрсөн жилийнх нь барилдаанд түрүү үзүүр булаалдсан Баянаа аварга “Тулгаагаа арай ч намайг туучихгүй байх гэж бодоод авсан чинь буруудлаа” хэмээн амаа барьсан удаатай. Тэрхүү барилдаанд Говь-Алтайн Энхжаргал, Завханы Нармандах, Дармаабазар, Хэнтийн Баяраа, Дорнодын Чимэддорж гээд аймаг, цэргийн дэрсхэн арслангууд туйлж өгсөн байгаа юм. Ухаандаа, хоёрын даваанд Энхжаргал нь С.Хүрэлбаатар зааныг, Чимэддорж нь Ишгэн зааныг, Нармандах нь Баяраа заан (одоогийн гарьд)- ыг, Баяраа нь Агвааны Норов начинг, Дармаабазар нь Гүсэмийн Жалаа начинг өвдөглүүлсэн байх жишээний.

Ерэн нэгэн оноос сар шинийн барилдаанд 256 бөх зодоглож эхэлсэн түүхтэй. Монгол Улс ардчиллын замналаар замнасан он жил үүдийн эхлэл. Нэгдэлчдийн баярт зориулсан гэдэг ч юм уу, эс бөгөөс Монголын радио, телевизийн улсын хорооны нэрэмжит гэх албаны соц үг, ойлголтууд гээгдэж “Билгийн улирлын арвандолдугаар жарны цагаагчин хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан” хэмээн бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав, Агвааны Ганбаатар нар ард түмний сэтгэлд нэг л дотнохон хүргэж эхэлсэн дээ. 256 бөхөөс Б.Бат-Эрдэнэ аварга найм даван манлайлж, Бандийн Ганбаатар арслан үзүүрлэсэн. Их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын заан С.Сүхбаатар үлдсэн байдаг. Улсын цолгүй хоёр бөх тав давж дунд шөвөгт шалгарсан нь Дуламжавын Мөнх-Эрдэнэ, Гунгаасамбуугийн Бат-Амгалан нар байлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслан тэр жилийн цагаан сараар цэргийн арслан цолтой зодоглож гуравт Нэргүйн Түмэннаст начинг, дөрөвт Болдын Жавхлантөгс харцагыг, тавд онжав Ч.Бямбадоржтойгоо тунаж орхисон юм. Мөнх-Эрдэнэ Бямбадорж хоёрын хооронд тухайн цагаас галтай барилдаанууд эхэлсэн түүхтэй. Улсын наадамд ч тэр, цагаан сарын барилдаанд ч тэр мань хоёр олон удаа тунасан. Ихэвчлэн Бямбадорж заан унаад шарандаа уйлдаг байлаа. Ерэн гурван оны наадам байна уу даа, өнөө усан бороотой жил мань хоёр бас л тунаад. Мөнх-Эрдэнэ Бямбадоржийгоо устай хонхор руу палхийтэл нь шидээгүй юу. Заан цолонд зүтгэж байсан Бямбадорж уйлчихсан монгол гутлаа тайлаад хөлийнхөө жийргийг мушгиад сууж байсан түүхтэй.

Их шөвөгт үлдсэн улсын цолгүй нөгөө нэг бөх нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалан. Тэрээр гурвын даваанд Сэлэнгийн Ж.Ганзоригтой тунаж, дөрөвт аварга О.Балжиннямыг, тавд Дамдингийн Баярааг өвдөглүүлсэн байна. Бас л хатуу учраанууд. Ж.Ганзориг тухайн үед хэрхэн шуугиулдаг байв, за тэгээд Балжаа аваргын төрийн наадамд түрүүлдэг жил, Баяраа гарьд ч ид байсан үе. Ийм л ланжгарууд Бат-Амгалан начин залуу бөх байхдаа цувуулж хаясан байгаа юм. Тухайн үеийн “Спортын мэдээ” зэрэг сонинуудад Г.БатАмгалан, Д.Жавзанжамьян нарын тухай их гардаг байв. Цаашаа хол явна гээд л. Харамсалтай нь, тэр хоёр начнаар л тогтсон доо. Дараа жил нь Б.Бат-Эрдэнэ аварга тав дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Баянаа аварга, Баяраа гарьд нар үлдсэн байна. Тухайн барилдаанд том, жижиг хоёр бөх цойлчихсон байдаг. Том нь Жигмэдийн Оргилболд начин. Жижиг нь Агваансамдангийн Сүхбат аварга. Ж.Оргилболд начин залуу бөх зодоглож Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь хоёрын даваанд, Булганы Равдангийн Лхагвасүрэн начинг гуравт, Дуламжавын Мөнх-Эрдэнээр тунаж дөрөв, Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начингаар тав давж их шөвгийн наймд Дамдингийн Баяраатай тунаад унасан байна. Өндөр нам хоёр залуу үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж тэр жилийн яриа хөөрөөний эзэн болжээ. Оргилболд том Сүхбат хоёрын барилдаан их удаан үргэлжилсэн гэдэг. Дараагийн даваа нь эхэлчихээд байхад давалцаагүй байжээ. Гол нь Оргио байж байгаа нь өөрөө содон. Унасан ч, давсан ч инээж байдаг гарьд маань хоёр метр хол гаран өндөр товарищид яах аргагүй унаж тахимаа өгчихөөд инээж нэг, ярвайж нэг үзсэн сураг бий. Төрийн наадамд дөнгөж үзүүрлэчихсэн арслан, аварга цол л нүдэнд нь харагдаж байсан Пунцагийн Сүхбат заан (одоогийн гарьд)-ыг Оргилболд үнэндээ тамласан байгаа юм. Ёстой уйлах ч биш, инээх ч биш болгосон гэдэг. Даян аварга Агваансамдангийн Сүхбат мөн л залуу бөх зодоглож нэгийн даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, аймгийн арслан Бямбын Шаравдоржийг, хоёрт улсын заан Ж.Ганболдыг, гурав, дөрөв, тавд Тэрбишийн Нармандах, Лүндэгийн Бадарч, Гэлэгийн Намсрайжав нарын хүчтэй харцагуудыг дараалуулан орхижээ. Биеэр жижиг хэрнээ уран дайчин барилдаантай, шөрмөстэй залуу эхний даваанаас олны анхаарлыг татсан байна. Улсын цолонд хамгийн ойрхон бөх гэгддэг Шаравдорж арслангийн баруун хөлийг нь авч ард нь гараад хаяжээ. Ганболд заан, Нармандах, Бадарч нарын өндөр биетэй хүчтэнүүдийг ч хөлд нь ганцхан сууж бужигнуулаад л тэнгэр харуулчихаад байж. Тавын даваанд Намсрайжав харцагыг тийм жижиг биетэй хэрнээ нохой мордоод хаячихсан гэдэг. Үзэгч, сонсогч олон шавайгаа ханатал баярласан нь мэдээж. А.Сүхбат аварга Намсрайжавыг нохой мордож унагахдаа хөлөө эвгүй гишгэн доголчихсон байна. Ингээд түүнийг зургаагийн даваанд Баянаа аварга амласан гэдэг.

Үргэлжлэл бий