Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, Зууны манлай шүүгч, “Алтан шүгэл”ийн эзэн Адуучийн Басхүүтэй ярилцлаа.
-2016 оны Риогийн олимпод Монголын тамирчид дэндүү үхээнц, арай ч дээ гэмээр оролцсон. Хоёр алтан медаль, мөнгө, хүрэл нийлсэн тав зургаан медаль авах бүрэн боломжтой гэж хэн хүнгүй ярьж, бүгд л хөөрцөглөж байв. Ялангуяа, чөлөөт, жүдогийнхонд ихээхэн найдлага тавьж байсан. гэвч сумъяагийн мөнгөн медалийг эс тооцвол ганзага хоосон ирсэн. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийг танаас асуумаар байна. Та олимпоос хойш бараг л ам нээсэнгүй?
-Тийм ээ, би олимпоос хойш дуугараагүй байгаа. Одоо бол дуугарах цаг нь болсон гэж бодож байна. Риогийн олимпод манай баг тамирчдыг өндөр амжилт үзүүлнэ гэж Монголын төр, ард түмэн хүлээж байсан. Тэр бүх итгэл найдвар талаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч “Та бүхнээс их зүйл хүлээж байгаа шүү. Халаасандаа байгаа сүүлчийн мөнгөө та бүхэнд зориулж гаргаж өгч байна. Хоёр дахин илүү амжилт гаргаарай, олимпийн алтан медалийг авчрах ёстой” гэж баг тамирчдаа үдэхдээ захиж хэлсэн. Сүүлд М.Билэгтээс аваад Их хурлын гишүүд ч чуулганы танхимд айхтар үг хэлж байна лээ.
“Риогийн олимпод Монголын тамирчид ерэн оных руугаа эргээд ухарлаа” гэж хатуу мэдэгдсэн. “Сумын спартакиадад оролцох гэж байгаа юм шиг олимпод бэлдсэн нь харамсалтай” гэж танай сонин бичсэн. Энэ бүхний үр дүнг одоо бид хэлэлцэх ёстой. 2012-2015 оны хооронд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч байсны хувьд, Риогийн олимпод оролцох баг тамирчдыг олимпийн мөчлөгийн эхнээс удирдсаны хувьд учир байдлыг тайлбарлая. Миний бие 2012 оны Лондонгийн олимпийн дараа Монгол Улсын үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон. 2008 онд төрсөн олимпийн хоёр аваргаа бид дараагийн Лондонгийн олимпод алдсан, өмнөх амжилтаасаа ухарсан байв. “Бид гаргасан амжилтаа алдаад байна. Дахиад олимпийн аваргатай болохын тулд та ажиллах хэрэгтэй байна” гэж тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар шавь минь надад итгэл хүлээлгэсэн юм.
Мөн шинжлэх ухааны доктор Г.Лхагвасүрэн “Улсын шигшээ багийн голдрил алдагдсан шүү. Чи үүнийг хийх цаг нь болсон. Чамд бүх боломж нь байна. онолын талаасаа ч, практик талаасаа ч…” гэж зөвлөсөн. Ингээд би үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилго тавьж, онол арга зүйн хичээл зааснаар ажлаа эхэлсэн. Монголын спортын байгууллагын сор болсон шинжлэх ухааны эрдэмтдийг урьж сургалт семинар явуулсан. Гадны нэртэй эрдэмтдийг ч урьсан байгаа. Тавь гаруй жил хийгдээгүй сургалт, дасгалжуулалтын олимпийн циклийн төлөвлөлтийг багш нартайгаа боловсруулж хэрэгжүүлсэн. Олон улсын жишигт нийцүүлж хийхийг эрмэлзэж ажилласан. Гэвч олимпоос нэг жилийн өмнө энэ ажлыг маань таслан зогсоосон. Үндсэндээ намайг ажлаас минь чөлөөлсөн. Яамны дарга даамал хэн нэгнийг өөрчилж болно. Гэхдээ сургалт дасгалжуулалтын ажил гэдэг хэн дуртай нь ирээд хийчихдэг юм биш л дээ. Зөвхөн Басхүү гэж ганц хүнийг нухчин дарахын тулд Монгол Улсын эрх ашгийг умартсан. Хүн төрөлхтний их баяр олимпийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт мандуулахаас илүүтэйгээр Басхүүг гарт нь орсон ажлаас нь салгаж, нэр бүхий нөхөд атаа жөтөө, өш хонзонгоо авах нь ашигтай юм байна гэдгийг нүдээр үзэж, биеэр амссан.
-Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаас таныг мулталж, сургалт онол зүйн аргыг удирдлагагүй болгосноор Монголын баг тамирчид Риогийн олимпод ийм арчаагүй байдалтай оролцлоо гэж та хэлээд байна. Танаас өөр хүн энэ ажлыг чинь үргэлжлүүлээд явж болоогүй юм уу. Ер нь яагаад таныг олимпийн өмнөхөн ажлаас чөлөөлсөн юм бол?
-Сургалт дасгалжуулалтын ажил гэдэг хэн дуртай нь хийчихдэг юм биш гэж би дээр хэлсэн. Тэр бол үйлдвэрлэл юм. Бүтээгдэхүүн нь тамирчин. Тэгэхээр бүтээгдэхүүнийг маш нарийн сайн боловсруулж, дэлхийн зах зээл буюу олимпийн дэвжээнд борлогдохыг нь харна. Үндсэндээ бүтээгдэхүүнийг дээд зэргийн шаардлагад нийцүүлсэн, брэнд болгох хэрэгтэй. Ийм л нарийн төлөвлөгөөг спортын төрөл бүр дээр боловсруулж, спортын шинжлэх ухааныг цогцоор авч үзэж байж, тэр бүгдийг нэг дор зангидаж байж бид ажлаа явуулж байлаа. Түүний үр дүн ч гарсан. 2013 оны дэлхийн аваргад манай жүдо, чөлөөтийн баг тамирчид ямар амжилт гаргасныг хүн бүр мэдэж байгаа. Жүдогоор М.Уранцэцэг алт, Д.Амартүвшин мөнгөн медаль авсан. Чөлөөтийн эмэгтэй баг таван медаль авч, багаараа хоёрт орсон. Өмнөх олимпийн дөрвөн жилийн циклд 30 дугаар байр хүртэл ухарч элгээрээ хэвтээд байсан чөлөөтийн эрэгтэй баг багаараа наймд орж, Г.Мандахнаран медаль авсан. Дараа жил нь буюу 2014 онд Риогийн олимпийн өнгийг тодорхойлох Азийн спортын наадамд манай баг тамирчид таван алтан медаль хүртсэн. Нийтдээ 12 медаль хүртсэн. Энэ бол түүхэн амжилт. Шигшээгийн дасгалуулагчидтайгаа хамтарч хийж буй бидний ажил зөв голдрилдоо орж эхэлснийг Азийн наадмын түүхэн амжилт харуулсан. Үнэхээр багш нар, маань хөдөлгөөнд орж эхэлсэн. 2015 онд дөчин жилийн өмнөх амжилтаа чөлөөтийн эрэгтэй багийн тамирчид давтаж, багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан. Ингэж чөлөөтийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нарын удирдсан баг гурван медаль хүртэж бахдам амжилт гаргасан. Атаа жөтөө дагуулдаг спортын байгууллагыг цэл залуухан дарга Б.Наранбаатар тун чадварлаг удирдаж богино хугацаанд амжилт гаргасныг хэлэх ёстой.
-Үр дүн нь гарчээ. Гэхдээ хамгийн том үзүүлэлт болох олимпод манай тамирчид өрсөлдөгч бөхийнхөө гарыг ч нугалж чадалгүй унаж байсан нь үнэн биз дээ. Ингэхэд таныг яагаад ажлаас чөлөөлөв гэдгийг сонирхоод байна л даа?
-Олимпод улс орнууд нэгдсэн бодлоготой, баг тамирчдаа нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалттайгаар бэлддэг. Жүдо, чөлөөт, буудлагынхан мэдээж дор бүрнээ мэргэжлийнхээ бэлтгэл сургуулилтыг хийх нь ойлгомжтой. Харин онол арга зүйн талаас нь өөр өнцгөөс харж, алдаа дутагдлыг нь хэлж, засч залруулж явах учиртай. Энэ гол холбоос Риогийн олимпод алдагдсаныг би хэлээд байна. Үүнийг би гэнэт ухаан орсон юм шиг өнөөдөр хэлж байгаа юм биш. Хэн ч ингэж хэлж, айхтар шүүмжилж болно. Риогийн олимпод спортын төрөл бүр дээр тус тусад нь бэлдэж боловсруулсан олимпийн циклийн төлөвлөлтөө харахаар надад үнэндээ харамсах сэтгэгдэл төрдөг. Гол зангилааг удирдаж байсан таныг явчихаар бид дур дураараа л явсан. Таны шаарддаг, шахдаг, харамгүй юм хэлж өгдөг хүн байхгүй болсон гэж жүдогийн О.Балжинням, чөлөөтийн Ц.Цогтбаяр, буудлагын Л.Ундралбат, боксын Д.Батсүрэн гээд ахлах дасгалжуулагчид хэлж байв.Тэд намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа аргаа барахдаа тухайн үеийн Эрүүл мэнд, спортын сайд байсан Г.Шийлэгдамбад өргөх бичиг барьсан. Спортын төвийн дарга болсон Бат-Эрдэнэ гэж хүн намайг ажлаас чөлөөлснийхөө хоёр хоногийн дараа, “За би буруу юм хийжээ, энэ хүнийг ажилд нь буцаан томилох нь зөв юм байна” гээд томилох гэтэл өглөө нь шууд болиулсан байдаг.
-Хэн болиулсан байх уу. Нэр устай нь хэлчихэж болно биз дээ?
-Чөлөөт бөхийн холбоог удирдаж байсан Д.Дагвадорж, Д.Сумъяабазар хоёр болиулсан юм билээ. Миний бие их спортдоо эргэж ирээд элгээрээ хэвтэж байсан чөлөөтийн эрэгтэй багийн амжилтыг дахин сэргээсэн. Түүхэн амжилтад нь хүргэсэн. Үүний төлөө худлаа ч гэсэн надад “Баярлалаа” гээд хэлчихэж болно доо. Гэтэл энэ хүн яах аргагүй ажиллаад байна, татаж унагая гээд зүтгэсэн нь харамсмаар. Ийм байж болох уу, ийм төрийн түшээ гэж байх уу. Сумъяабазар энэ хэд надад дургүй байж болно. Цаана нь Монгол Улсын нэр хүнд гэж юугаар ч хэмжишгүй зүйл бий юмсан. Шийлэгдамба сайд хэрэгт орооцолдохынхоо урд өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Басхүү дасгалжуулагчийг ажилд нь буцааж тавина. Олимп хаяанд ирлээ. Гол судсыг нь атгаж байсан хүнийг бид явуулсан нь алдаа болжээ” гэж хэлсэн байна лээ. Сүүлд би сонссон. Даанч тэр орой Шийлэгдамба хэрэгт орооцолдсон. 2016 оны тавдугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг спортын ордонд ирж олимпийн бэлтгэл ажилтай танилцаж байхдаа Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Спортын хөгжлийн төвийн захирал Д.Жаргалсайхан нарт үүрэг болгосон. “Ерөнхий дасгалжуулагчийн асуудлыг шийд” гэсэн. Тэгэхэд шийдсэн бол үлдсэн хугацаанд нь би зангидчих бүрэн боломж байсан.
Ерөнхий сайд нь үүрэг өгчихсөн байхад Дагваа, Сумъяа хоёрын үгэнд ороод хулчийж суудаг ийм арчаагүй төрийн сайдтай байгаад яахав дээ гэж эрхгүй бодогдсон. Өмнө нь би С.Ламбаа сайдад “Миний гадаад явах, олимп үзэх хор арилчихсан. Мөн алдар цол хүртэх гэсэн хор ч арилсан. Ардын багшийг нь, гавьяат дасгалжуулагчийг нь авлаа, надад өөр зүйл хэрэггүй. Харин Риогийн олимпоос хоёр олимпийн аварга төрүүлнэ, 5-6 медальавна” гээд өнөө нарийн нягт төлөвлөгөөгөө үзүүлсэн. Тэгэхэд нэг айхтар том харснаа “Та үнэхээр мундаг, цогц төлөвлөлт гаргажээ” гэсэн. “2013-2015 оны улсын шигшээ багийн тогтвортой амжилтын эцсийн үр дүн Риод гарах ёстой. Монголын ард түмний хүсэн хүлээгээд байгаа энэ үр дүнг нь би гаргаад өгье. Танд хэрэгтэй, эх оронд минь хэрэгтэй” гэж дахин дахин хэлсэн, ойлгуулсан. Тэр бол 2016 оны гуравдугаар сард болсон явдал. Салбарын сайд нь ойлгосон хэрнээ, түүнийг хэрэгжүүлэхийг, олимпийн дэвжээнд Монголын тамирчид гялалзсан амжилт гаргахыг үнэндээ хүсээгүй нь гайхалтай. Уул нь Ламбаа сайд эхэлсэн ажлынхаа эцсийн үр дүнг үзье гэж хэлдэг хүн л дээ. Ингэж салбар хариуцсан сайд нь, спортын хөгжлийн төвийн захирал нь эх орноо бодоогүй. Риогийн олимпод ийм байдалтай оролцсон нь баг тамирчдаа нэгдсэн бодлогоор хангаж чадаагүй эрх мэдэлтнүүдийн арчаагүй байдлын үр дүн гэж би шууд хэлнэ. Түүнээс биш багш, дасгалжуулагч нар үнэндээ “бор зүрх”-ээрээ л зүтгэсэн. Тэдэнд буруу байхгүй.
-Монголын чөлөөт бөхийн холбоо, дэлхийн бөхийн холбоо руу бичиг явуулж таныг олимпийн зэрэглэл бууруулж, Лондонгийн олимпийн шүүгчээс хасуулж байсан. Бусад улс орнууд олимпийн зэрэглэлийн шүүгчтэй болох гэж зүтгэдэг бол манайх эсрэгээрээ таныг болиулах гэж дайрсан. Энэ ямар учиртай юм бэ. Тухайн үед та бас л тодорхой тайлбар өгөөгүй санагдана?
-Хувь хүнд өөрт нь ирүүлдэггүй нууцын зэрэглэлтэй материалыг дэлхийн бөхийн холбоо надад явуулж байсан. Намайг хасуулах тухай бичгийг шүү дээ. Манайхан олон улсын бөхийн холбоонд “Наад хүнийхээ зэргийг бууруулаад өгөөчээ” гэж явуулсан байдаг. Дэлхийн бөхийн холбоо гурван удаа “Болохгүй ээ” гэсэн хариу өгсөн байгаа юм. Тэгээд бүр сүүлдээ цөхрөнгөө бараад “Наад Адуучийн Басхүү гэдэг хүн чинь монгол хүн мөн үү” гэсэнтэй адил зүйл асуусан байдаг. Тодруулбал, “Басхүү Монголын шүүгч хэвээрээ юу гэдгийг та нар нотолж чадах уу. Үгүй гэх юм бол одоо яая гэхэв дээ” хэмээн асуусан байна. Түүний хариуг одоо хэр нь өгөөгүй байна. Дэлхийн бөхийн холбоонд явуулсан бичгийг үзсэн хүн “Басхүү минь чи яаж тэвчиж болоод байна” гэж асуудаг. Хэрвээ гучин долоон он байсан бол намайг шууд буудан хороох юм байна л даа. Гэхдээ намайг амьд мэнд байхад, миний ухамсарт амьдралаа зориулж ирсэн Монголын чөлөөт бөхийн холбоо, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөх гол үзүүлэлт болсон олимпийн зэрэглэлийг минь бууруулж өгөхийг хүссэн энэ үйлдлийг нүдээр үзсэн минь надад буудуулснаас хүнд, хэцүү туссан. Хэрвээ дэлхийн бөхийн холбоо тэрхүү бичгийг над руу явуулаагүй бол би амьдаараа хад мөргөх байсан. Учир нь чөлөөт бөхийн холбооныхон үнэнээ надад хэлэхгүй. Намайг ярихаар худлаа ярьж байна гээд хүлээж авахгүй, ийм л байх байсан. Би дэлхийн бөхийн холбооны тэргүүнээс “Ноён ерөнхийлөгч өө, та худлаа хэлээд байна уу, Монголын чөлөөт бөхийн холбооныхон худлаа хэлээд байна уу. Манайхан болохоор тийм бичиг явуулаагүй, бид таныг оролдоогүй” гээд байх юм гэж арга ядахдаа асуусан. Өөдөөс “Монголын чөлөөт бөхийн холбоо чинь галзуурчээ” гэж орилж чарлаад,над руу тэр бичгийг явуулсан. “Гацуурт”-ын Чинбат холбооны ерөнхийлөгч байх үед түүний гарын үсэг зурагдсан байдаг. Би Чинбатаас асуусан, аргагүйн эрхэнд би зурсан гэж хэлсэн. Чинбатыг шахаж шаардсан хүмүүс нь Д.Сумъяабазар, гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд нар юм билээ. Энэ бол аймшигтай хэлмэгдүүлэлт. Энэ хэлмэгдүүлэлт надаар дуусаагүй. Миний дүү А.Баасанхүү дээр бас давтагдсан.
-Яаж тэр билээ?
-Миний дүү олон улсын шилэгдмэл шүүгч байсан. Дараа нь олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч болсон. Гэвч энэ бүхнээс дүүг минь ямар ч тайлбаргүйгээр, нууцаар хасуулсан нь аймшигтай. Одоо дүү маань гэртээ сууж байна. Ингэж ах дүүгээр нь хэлмэгдүүлж байна. Тэр ч бүү хэл талийгаач болсон дүүг минь хүртэл оролдон ясыг нь өндөлзүүлж, түүхэн амжилтыг нь баллуурдсан нь аймшигтай. Тодруулбал, миний дүү, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин А.Баатархүүгийн амжилтыг үгүй болгосон.
Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх чөлөөт бөхийн тавин жилийн ойн ном хийнэ гээд надаас ирж зурагнууд авсан. Надтай огт харилцдаггүй хүн чинь гэнэт хэрэг болохоор гэрт минь хүрээд ирсэн. Тавин жилийн ой юм даа гээд чөлөөт бөхдөө хайртай хувьд би тусалж 66 зургийг скайнердуулж хувилаад тус бүрт нь тайлбар бичээд файлаар өгсөн. Тухайн үед би ажилгүй, гудманд хөөгдөөд гарчихсан ч тэр бүгдэд мөнгө зарж, сэтгэл гаргаж Баянмөнхөд өгтөл тавин жилийн түүхэн номдоо миний дүү Баатархүүгийн зургийг ганцааранг нь оруулалгүй үлдээсэн байсан. 1979 онд Монголд болсон залуучуудын дэлхийн аваргад миний дүү Монголын ард түмний зүрхийг буцалтал баярлуулж байсан. Ганцаараа алтан медаль хүртэж дэлхийн залуучуудын аварга болсон. Хуучин ЗХУ-ын 22 орон орсон агуу тэмцээнд Баатархүү маань мөн л ганцаараа мөнгөн медаль хүртэж байсан. Гэтэл энэхүү түүхэн амжилтуудыг нь ялангуяа дэлхийн залуучуудын аварга болсныг 50 жилийнхээ түүхэн номонд оруулаагүй шууд хассан. Баатархүүгийн дараа, сүүлд хоёр хүн залуучуудын дэлхийн аварга болсон байдаг. Тэр хоёрыг нэртэй устай, зурагтай хөрөгтэй нь оруулаад, тэр ч бүү хэл, мөнгө, хүрэл медаль авсан тамирчдыг нь хүртэл оруулсан байгаа юм. Ганцхан миний дүүг л хассан. Үүнийг хараад би голоо тасартал гомдож байлаа. Энэ бол үнэндээ эмгэнэл, Баянмөнхийн хийсэн хамгийн аймшигтай яргалал юм.
-Чөлөөт бөхийн холбооныхон, нэр бүхий нөхдүүд яагаад таныг ингэж өстөн дайсан мэт боддог юм бэ. Дэлхийн тавцанд дэндүү их нэр хүндтэй, Дэлхийн бөхийн холбооны “Алдарын танхим”-д өргөмжлөгдсөн ганц хүн болохоор атаархаж үхэх гээд байдаг хэрэг үү. Эсвэл та тэдний зэвүү, дургүйг нь хүргээд байдаг юм уу, ойлгохгүй байна?
-Миний нутгийн ах, Монгол Улсын заан Дасрангийн Мягмар надад хэлж билээ. Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан тэргүүтэй нөхөд миний тухай яг энэ сэдвээр ярилцаж байлаа л даа. Тэгэхэд Мягмар заан “Чамайг энэ холбоо үнэндээ баллаж дууслаа. Чи бусдаас дэндүү хол илүү ажиллаад, бусдаас илүү гараад байх юм. Тэр чинь л алдаа болоод гай болж байна” гэсэн. Олимпийн зэрэглэлийн шүүгчээс хасуулсан хэлмэгдүүлэлт, энэ бүх асуудлыг би удахгүй баримттайгаар дэлгэнэ. Би тэгж бусдад дарлуулаад, дуугүй сууж чадахгүй. Багагүй хугацаанд бие сэтгэлээ уруулж, хүн л юм болохоор тарчиллаа. Монголын чөлөөт бөхийн спортын төлөө бага балчраасаа хоёргүй сэтгэлээр зүтгээд өнөөдөр ийм байдалд орлоо. Одоо болсон, юманд хэмжээ гэж бий. Хүний жаргалд ч зовлонд ч хэмжээ байдаг. Гэхдээ би нэг ч хүнийг гүтгэхгүй. Бүх зүйлийг баримт нотолгоотой хэлнэ. Миний энэхүү үйлдэл дараа дараагийн үед хэрэгтэй. Өнөөдөр аргаа барахдаа зарим хүмүүс өөрийгөө шатаана гэж хүртэл хэлж байна. Аминдаа хайргүйдээ биш. Тийм л аргагүй байдалд чөлөөт бөхийн холбоо, нэр бүхий нөхөд хүргэж байна.
-Таныг ингэж айхтар зуух, тэгтлээ үзэн ядах зүйл яагаад Д.Дагвадорж, Д.Сумъяабазар хоёрт байдаг юм бол. Тэд Монгол төрийн түшээ, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс. Үүнд бас хариулт өгөөч?
-Д.Сумъяабазар сонинд өгсөн ярилцлагадаа “1990 онд байгуулагдсан Залуучуудын улсын шигшээ багт орсноороо миний бөх болох замнал эхэлж, суурь тавигдсан” гэж хэлсэн байна лээ. Тэгж ярихдаа залуучуудын улсын шигшээ багийг байгуулсан хүн нь намайг гэж мань эр бодоогүй байх л даа. Залуучуудын шигшээ багийн тамирчид анх удаагаа цалинтай болж байсан. “Бөхийн ирээдүйг ингэж бэлдэхгүй бол болдоггүй юм” гэж тэр үеийн олимпийн хороог удирдаж байсан С.Болд даргаас аваад олон хүнтэй уулзаж, хөөцөлдөж байж энэ шигшээг миний бие байгуулж байсан түүхтэй. Дасгалжуулагчаар нь Ганбаатар гэж Сумъяабазарын унаган багшийг томилсон. Би тэгэхэд улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан юм. Тэгээд Сумъябазар, Өсөхбаяр нарын багш болох “хар” Ганбааг дасгалжуулагчаар нь бусадтай маргаж байж тавьж байсан юм. Бусдыг нь орхиё, үүнийг хэлэхэд Сумъяабазар нэг юм бодох байх. Мөн түүнд миний дүү Баасанхүү мөн ч их тус болсон доо. Ингээд хэлчихэд цаад чинь сайн ойлгоно. Өөр бидний хооронд ямар ч асуудал байхгүй. Нэг түүх хэлэхэд, Сумъяабазар, Дагвадорж нарын аав Долгорсүрэн заан миний шавь юм. Насаар бол надаас арваад ах хүн. Би 1975 онд 22 настай “Замчин” нийгэмлэгийн дасгалжуулагчаар очсон. Улсын шигшээ багаас хорин хоёрхон настай дасгалжуулагч болсон хүн бол ганцхан би. Тэнд Долгорсүрэнтэй учирсан. Намайг очсоны дараа улсын аваргаас чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртсэн.
Миний гар дээр байхдаа самбо бөхийн улсын аварга болсон, спортын мастерын зэрэг хамгаалсан. Мастерын анкетыг нь би бөглөж өгч байлаа. Далан зургаан оны наадмаар ажлаас нь түр чөлөөлж, хоол байрыг нь бэлдээд Сонгинын амралтад “Замчин” нийгэмлэгийн бөхчүүдтэй хамт бэлтгэлд авч гарсан. Тэр жил Долгорсүрэн улсын заан цол хүртсэн. Миний ардын багш цолны хүндэтгэлийн цайллагын үеэр олны хүртээл болсон баримтат кинонд Долгорсүрэн заан ямар сайхан үг хэлэв. Намайг үнэхээр хүндэтгэдэг. Нэрээр минь дуудахгүй. “Багшаа” л гэдэг юм. Энэ бүгд бодит үнэн юм. Гэхдээ би яг нарийндаа Сумъяабазар, Дагвадорж нарт нэг их буруу өгөхгүй. Харин энэ залуучуудын дэргэд тулхтай, ноён нуруутай, зарчимтай хүн байсан бол ийм айхтар алдаа гаргахгүй байх байсан болов уу. Өнөөдөр чөлөөтийн холбоо ямар байдалтай байна. Ийм байхгүй байх байсан. Тэднийг дандаа хувийн өс хонзон өвөрлөсөн, атаа жөтөөний үүр уурхай болсон нөхөд хүрээлж байна. Б.Болд, Ч.Дамдиншарав нарыг хэлж байна. Ер нь чөлөөт бөхийн энэ их хагарал бутрал бол Ч.Дамдиншарав гэж хүний хийсэн гай юм. Сая чөлөөтийн хурал дээр гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Цогтбаяр Дамдиншаравт “Танаас болж чөлөөт бөхийн холбоо ийм хагаралд хүрлээ” гэж уйлж байгаад хэлсэн. Ахмадууд залуучууддаа зөв нөлөө үзүүлэх учиртай.
Би Д.Сумъяабазарт “Бөхөөр ярьвал би уначихсан хүн. Чөлөөтөөр бол дээшээ хараад хэвтчихсэн хүн. Гэтэл холбооныхон чинь надтай ноцолдоод байх юм” гэж хэлсэн. Ер нь тэгээд бодоход өнөөдөр чинь хувийн үзэл бодол дээр төрийн ажил явдаг болжээ. Улс орон ядуу буурай болсны гол зүйлийг би ямар ч удирдлагагүй, хууль хэрэгжихээ больж, дур дураараа ажлаа хийдэг болсонтой холбоотой гэж бодож байна. Гэр бүл, ах дүү, нутаг нуга, жалга довны үзэл хаана хаанаа хавтгайрсан нь Монголын нийгмийн аймшигтай хоцрогдол. Энэ бүхнээс ангижирч байж Монголын спорт хөгжинө. Монголын тамирчид дэлхийд мандана. Үүнийг хатуу хэлье.