Categories
мэдээ үндэсний-бөx

ДОМОГТ ИХ АВАРГА ДАШДОРЖИЙН ЦЭРЭНТОГТОХЫНД БИТҮҮНИЙ УРД ӨДӨР ЗОЧИЛЖ БАЙЛАА

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт хүчтэн бол Дашдоржийн Цэрэнтогтох аварга байлаа. Уран барилдааны гайхамшгийг монгол бөхийн дэвжээнд өөрийн биеэр үзүүлж, олон түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн энгүй хүчит аваргынд хоёр мянга есөн оны шороон үхэр жилийн битүүний урд өдөр очиж билээ. Хорооллын байранд нь хүрч очиход аварга цагаан сарынхаа ууцыг чануулаад гэртээ орж ирж байсан. Бид хоёрын яриа цагаан сарын бөхөөр эхэлж, улсын наадам гээд олон чиг сайхан хуучаар үргэлжилсэн юм. Гэргий Отгон эгч сар шинэдээ бэлдээд түмэн завгүй л суусан.

Ингэж их аваргатай дотно сайхан танилцаж, халуун дурсамжийг нь яриулж, туулсан амьдралынх нь замнал түүхээс хуваалцаж байснаа яахин мартах билээ дээ. “Миний хүү сар шинээр ирж золгоно шүү” гэж хэлж байсан. Миний бие тэр жил нутагтаа очиж, Хөшөтийнхоо голд сар шинийг гаргачихаад шинийн наймны билэгтэй өдөр их аваргадаа үнсүүлж байсан. Түүнээс хойш утсаар ярьж, уулзаж, олон л зүйл дээр санаа оноо хуваалцаж, сэтгэл ойр явжээ. Ахынхаа тухай нэг сайхан ном хийгээч гэж хэлж билээ. Энэ үг нь надад ямар их итгэл, урам зориг хайрласныг хэмжээлшгүй. Намайг “Болор цом” авчихаад баяр хөөртэй явахад утсаар залгаж, Отгон бид хоёр хүүгээ хараад баярлаж, ард түмний их хайрыг хүртлээ дээ гэж хэлэхэд нь нулимс гарах шиг болсон.

Ингээд Алтан унжлагат гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт энэ өдөр Халхын их хүчтэн домогт аварга дашдоржийн Цэрэнтогтохтой хуучилсан ярилцлагаа ямар нэгэн нэмэр хачиргүйгээр та бүхэндээ хүргэж байна. “Цагаан сараар хамгийн түрүүнд Сумъяабазар ирж золгодог” гэх гарчигтайгаар энэхүү яриа хөөрөө “Өдрийн сонин”-ы 2009 оны сар шинийн дугаарын тэргүүн нүүрт нийтлэгдэж байсан юм. хэдэн жилийн өмнө их аваргын тухай нэвтрүүлэг яг цагаан сарын өдрүүдэд цэнхэр дэлгэцээр гарч, омогшиж, бахдаж, басхүү сэтгэл нулимстаж үзэж суусан сан.

-Танд гарч буй шороон үхэр жилийн мэнд хүргэе. Та цагаан сарын барилдаанд анх хэдэн онд зодоглосон бэ. Яриагаа эндээс эхлэх үү?

-1972 оны анх зодоглож хоёр даваад гурвын даваанд Ч.Өвгөнхүү харцагад унаж байлаа.

-Цагаан сарын барилдаанд хэдэн удаа түрүүлж байсан бэ?

-Дөрөв, таван удаа түрүүлсэн санагдана. Бас тэр тооны үзүүрлэж байсан юм.

-Анх түрүүлсэн он жилээ дурсвал?

-1978 онд “Хоёр Мөнх”, Д.Хадбаатар тэргүүтэй тухайн үед босоо явсан аварга арслангуудыг дараалуулан орхиж түрүүлж байлаа.

-Сар шинийн барилдаан тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэдэг. Та цагаан сарын барилдаанд түрүүлчихээд тэр жилийнхээ наадмуудад яаж барилдаж байсан бол?

-Сар шинийн барилдаанд анх түрүүлснийхээ тэр жилийн улсын наадамд мөн анх удаагаа түрүүлж байсан. Түүнээс хойш ч энэ байдал миний хувьд хэд хэдэн удаа давтагдсан түүхтэй. Тэгэхээр сар шинийн барилдаанд тухайн жилийн наадмын өнгө тодордог гэдэг ортой л доо. Барилдааны өмнө бөхчүүд маань улсын наадамтай ижил бэлтгэлд гарч багагүй ач холбогдол өгдөг. Үүний ч нөлөө байдаг байх.

-1978 оны цагаан сарын баярт түрүүлэхдээ ямар бөхчүүдтэй хаана бэлтгэлд гарав. “Алдар” нийгэмлэгийн тамирчидтайгаа гарсан уу?

-Үгүй юм аа. Тухайн үед би “Алдар”-аас гарч “Хөдөлмөр” нийгэмлэгт харьяалагдаж байлаа. Бөхчүүдийг бэлтгэл сургуулилтдаа анхаар гэж арван хэд хоног чөлөө олгодог байсан. “Интернациональ” гэж чөлөөтийн олон улсын тэмцээн болно. Уг тэмцээний бэлтгэл цагаан сарын барилдаантай давхацдаг байв. Ер нь чөлөөтөөр тэмцээн уралдаанд оролцоод сар шинийн баярт зодоглож чадалгүй өнгөрч байсан тохиолдлууд олон бий.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/2017021/17012591_1435090256543641_345716259_n.jpg

-Монгол бөхийн хэдэн шинжийг хадгалж төрсөн гэж өөрийгөө боддог вэ?

-Нэг их олон шинжийг нь хадгалаагүй байх аа даа.

-32 шинж байдаг гэдэг байх аа?

-Тэгж ярьдаг юм. Надад 32 шинжээс эрх биш 16 нь бүрдсэн байлгүй дээ.

-С.Цэрэн аваргыг 31 шинж нь бүрдсэн бөх байсан гэж ярьдаг юм билээ?

-Тэр үнэн. Өвдөгнөөсөөө дээш бүх шинж нь бүрдсэн болов уу гэж бодогддог байлаа.

-Өвдөгнөөсөө доош гэдэг ямар байсан хэрэг вэ?

-Шувтан л байхгүй юу (инээв).

-Залуудаа их айж, бэргэж байсан бөхчүүд чинь?

-“Хоёр Мөнх” тэргүүтэй аварга, арслангууд байна. Мөн заан, начингууд болон аймаг, цэргийн цолтой эвгүйхэн барилдаантай бөхчүүдээс ч бэргэдэг байв. Санасан зоргоор бүгдийг нь хаяна гэж бодоход тийм ч амар зүйл биш. Бас унана гэж бодох нь юу юм.

-Таны ид гарч ирж байх барилдаан монгол үндэсний бөхөд шинэчлэл хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би мэхийг хэзээ ч нэг хувилбараар хийж байсангүй. Эхлээд өдөөж хийдэг байлаа. Өдөөнд минь бөхчүүд унадаг л байсан. Тэгэхээр өөрийгөө нэг мэхтэй бөх гэж ойлгодоггүй. Давхар, угсраа мэхтэй гэж боддог. Одоогийн залуучууд ид үеийн минь барилдааныг хараагүй. Хэрвээ тухайн үеийн барилдаануудын бичлэг байсан бол мөн ч олон шинэ мэх залуучууд надаас сурах байсан даа. Харин жаахан түрүү үеийн хүмүүс намайг уран барилдаантай байсан гэдгийг минь хүлээн зөвшөөрөх байх.

Үнэндээ нэг хэсэг Д.Хадбаатар бид хэдийн барилдааныг харах гэсэн үзэгчид заал танхимдаа багтахаа байж, өвлийн хүйтэнд гадаа зогсон, цагаан хоолой сонсоод гар, хөл нь бараг хөлдөхөө алддаг байж билээ.

-Та ер нь хэр аатай бөх байсан бэ?

-Ааг омог бага байсан.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/2017021/17006042_1435089789877021_1001096364_n.jpg-“Хоёр Мөнх”-ийг анх яаж унагаж байснаа дурсахгүй юу?

-Хоёрондоо барилдаж л нэг нь унадаг хоёр хүчит аваргыг анх унагаснаа тод санадаг даа. Ер нь тэрхүү барилдаанууд цээжинд минь өдөр бүр хадгалаатай явдаг юм. Ж.Мөнхбат аваргыг 1975 онд МБАТ-ий спартакиадын барилдаанд анх унагасан. Тэгээд Х.Баянмөнх аваргад унаж хоёрдугаар байрт шалгарч байсан. Ж.Хайдав, П.Дагвасүрэн нарын арслангууд, Д.Түвшин, Д.Долгорсүрэн, Д.Мягмар нарын хүчтэй заанууд бүгд л зодоглосон юм. Хоёрдугаарт байрт шалгарч “Хоёр Мөнх”-ийн голд зогсож байхад бахархалтай санагдаж байлаа. Харин надад улсын заан цол өгнө гэж амлачихаад өгөөгүй.

-Яагаад тэр вэ?

-Мэдэхгүй юм аа. Үзэгч олон цол өгүүлэхийг шаардаж байлаа. Спортын төв ордныг хэдэн өдөр доргиосон сайхан барилдаан болсон. Дараа нь хүмүүс миний өмнөөс хөөцөлдөж байж чимэг нэмүүлсэн юм. Тэгээд л өнгөрсөн.

-Уг тэмцээнд танаас өөр бөх цолны болзол хангаагүй хэрэг үү?

-Аймгийн арслан Л.Рэнцэндоржид сайн барилдсан гээд начин цол олгосон.

-Хэдэн онд анх улсын цол хүртэж байв?

-1972 онд улсын баяр наадамд зургаа давж их шөвгийн наймд шалгарч үлдэн начин цол хүртэж байлаа. Одоогийнхоор харцага юм даа. Улсын наадамд анх удаагаа зодоглож байгаа минь тэр. Төв цэнгэлдэхийг зурагтаар л харсан болохоос нүдээр үзээгүй байсан. Төрийн наадамд анх зодоглосон жилээ шууд зургаа давж, зааны даваанд тулж очиход минь хэд хэдэн зүйл нөлөөлсөн байх.

-Тухайлбал?

-Анх зодоглож байгаа болохоор цол авах тухай бодол уулын цаана байсан нь мэдээж. Санаанд ч буухгүй. Ерөөсөө гурав давчих л юмсан гэж бодогдож байсан. Учир нь тухайн үед би Зүүнбаянгаас “Алдар”-т оччихсон хугацаат цэрэг байв. Цэргийн хүүхэд гурав давбал 15 хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагнадаг болзолтой. Гэрээ санаж байгаа гэдэг жигтэйхэн. Гурав давж чөлөөгөөр шагнуулаад гэртээ очихсон гэх хүсэл тэр жилийн наадмын минь зорилго байлаа даа.

Тэгтэл улсын баяр наадамд гурван удаа дөрөв давж начны даваанд унаад байсан Булганы аймгийн арслан Б.Сүхбаатараар тунаж гурав, дөрвийн даваанд мөн л Булган хангайн бөх тухайн цагт аварга, арслангуудын зүрхэнд “шар ус” хуруулж явсан Чимидийн Лундаа начинг давсан юм. Тэрээр шигшээ багийн тамирчин. Ж.Мөнхбат аваргатай нэг жингийн бөх. Тив, дэлхий, олон улсын тэмцээнд Мөөеө аваргатай ээлжлээд л явдаг сүүлийн үеийн залуучуудтай зүйрлэхийн аргагүй гойд сайхан бөх байлаа. Тэр лут амьтныг унагачихаад байж байтал тавын даваанд Ч.Бээжин аварга амалдаг юм. Аваргын хувьд хоёр жилийн өмнө буюу 1970 оны наадмын түрүүг авчихсан ид байсан үе л дээ. Ингээд аваргыг өвдөглүүлж улсын цолд хүрлээ.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/2017021/17012675_1435090196543647_1927068989_n.jpg-Хөөрч догдолсон уу?

-Мэдээж баярлалгүй яахав. Гэхдээ учиргүй дэвхцэж цовхчоогүй. Начин цол гэж мэдэхээс яг яаж авдгийг нь мэдэх биш. Харин зургаагийн даваанд П.Дагвасүрэн арсланг давчихаад багагүй гайхсан. Хөл рүү орохоор барьцгүй тосгуулж хавсраад унагачихсан юм. Тэгээд дэлэхгүй жааахан гайхаж, эргэлзэж зогслоо. Эмээж, бэргэсэн хэрэг л дээ. Засуул “дэлээч” гэж хэлж байж дэлүүлсэн юм. П.Дагвасүрэн арслан босохгүй удаад байсан. Одооо бодох нь харамсаад хэвтээд байсан болов уу. Ингээд долоогийн даваанд Ж.Мөнхбат аваргад унасан даа.

-Мөөеө аваргатай анх барилдсан нь тэр үү?

-Тийм.

-Ямар барилдаан болсон бол?

-Яаж барилдснаа ч мэдээгүй. Гэхдээ би унаагүй юм. Дөрвөн хөллөөд гүйгээд явтал Ж.Мөнхбат аварга дэлж байгаа харагдлаа. Тахимаа авах гээд ирэхэд нь шууд элэг бүсээ тайлсан.

-Х.Баянмөнх аваргыг анх яаж унагаснаа яриагүй юм байна шүү?

-Заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Галдагва начин бид гурав шалгарч үлдлээ. Сүүлийн даваануудад бөх сондгойрч цолныхоо эрэмбээр Баянаа аварга бид хэд хий мөргөсөн байв. Ингээд сүүлийн гурван гурван бөхөөс ээлж ёсоор Д.Галдандагва начин хийлж, Баянаа бид хоёр тунасан. Маш сонин мэхээр унагасан юм. Сүүлийн үед тал хутгаа л гэж яриад байгаа юм. Самбо барилдааны л мэх юм. Баянаа аварга хувцсаа өмсч суух зууртаа “Би сая ан авд яваад ирлээ. Ямар ч бэлтгэлгүй байсан болохоор уначихлаа. Дараагийн барилдаанд дбэлтгэлтэй очно. Чи ч миний гараас хаашаа гарахав дээ” гэж хэллээ. Би ч юм дуугарсангүй.

-Дараагийн барилдаан нь хэзээ болсон бэ. Та хоёр яаж барилдав?

-Долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан боллоо. Баянаа аваргатай яалт ч үгүй л түрүү үзүүрт үлдлээ. Аварга алэг бүсний барьцаа улам шавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр нь өмнөөс цохиол маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ гэж бодож байсан боловч тэвчээр алдаад хийчихсэн хэрэг. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Баянаа аварга царай нь сонин болчихсон тахимаа өгч байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэгж анх хаяад тэр жилийнхээ цагаан сар, заал танхимын барилдаанд аваргад би унаагүй. Үндсэндээ бүтэн жил хаясан.

-Заан цол авсан жилийнхээ наадмын дурсаач?

-1977 он. Өөрийгөө заан болно гэдэгт итгэл дүүрэн байсан. Тухайн үед тэмцээн уралдаан болоод бэртэл гэмтлийн улмаас гурван ч жилийн наадамд өнжчихсөн байлаа. Энэ хооронд “онжав” Хадаа маань арслан болоод бүр хол тасраад явчихсан байв. Нөгөөхөө гүйцэхэд амаргүй. Хоёр түрүүлж байж өмнө нь орох болоод байдаг. Яагаад би Хадыг онцолж байна вэ гэхээр миний мөнхийн өрсөлдөгч байсан юм. 1977 оны хавар чөлөөт бөхийг хэсэг хугацаанд орхихоор шийдсэн юм. Тэгэхгүй л бол яг наадмын үеэр гадагшаа явуулчих гээд байдаг. “Би явахгүй. Төрийнхөө наадамд зодоглоно” гэж хэлэх эрх надад байхгүй. Наадмын үеэр намайг гадагшаа тэмцээнд явуулах сонирхолтой хүмүүс байсан л даа.

Тавд Мядагийн Мөнгөнийг, зургаад Дасрангийн Мягмар зааныг, долоод Хадаагааг тунаж давсаар наймын даваанд Баянмөнх аваргатай мөн л тунаж байгаа юм. Баянаа аваргатай жаахан тогтож барилдсан бол тэр жил түрүүлэх боломж байсан. Наймын даваанд Ж.Мөнхбат аварга П.Дагвасүрэн арсланг амалж барилдаад уначихсан байв. Гэвч би жаахан яараад алдаа гаргачихсан юм.

-Ингээд дараа жил нь түрүүлсэн бил үү?

-Тэгсэн. Заан цолтой болохоор тавын давааны тунаанаас мултарч ам авч байсан. Гэвч зургаад тунаж л байгаа юм. Харин долоогийн даваанд Д.Дамдин аварга намайг амалж, тунаанаас гаргасан юм. Гэхдээ “Хөгшин хүнд гэнэдэв дээ” гэж хэлж билээ. Тийм хатуу үг чинь барилдхаас дор юм билээ. “Нээрээ ч юу билээ” гэж бодогдож байв. Ингээд найм, есийн даваанд Баянаа, Мөөеө хоёрыг цувуулж даваад төрийн наадамд түрүүлж улсын арслан цол хүртэж байлаа.

-Бөхийн удамтай юу. Аав тань барилддаг хүн байсан уу?

-Ээжийн талд бөхийн удам бий. Төрсөн ах нь Зүүн хязгаарт цэргийн алба хааж байхдаа цэргийн наадамдаа барилдаж заан цол хүртэж байсан юм билээ. Мөн ээжийн аав нь “жижиг” Сандаг даншгийн наадамд шаггүй ноцолддог бөх байж. Аавын талд бөхийн удам байхгүй ээ. Манай аав малч удмын хүн. Багадаа хүрээ хийдэд шавилж сууж байсан гэдэг. 1930 хэдэн оны хэлмэгдүүлэтйн үед хар болж хөдөө мал дээр гарсан юм билээ. Бие их томтой, адуу малд эрэмгий хүн байсан даа.

-Та ээжийнхээ хэдэн насан дээр гарсан бэ. Ээжийнхээ ахимаг насан дээр төрсөн хүү сайн бөх болдог гэсэн дам яриа байдаг?

-38-тай байхад нь төрсөн.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Есөн хүүхэдтэй айлын дороосоо гурав дахь нь. Одоо долуулаа болоод байна.

-Хэр шүтлэгтэй вэ. Тэмцээн уралдаан, наадамд явахын өмнө сан май тавиулдаг байсан уу?

-Ид барилдаж байх үедээ гадагшаа дотогшоо тэмцээнд явахдаа ч юм уу, наадмын өглөө ааваараа сан тавиулдаг байсан. Ээж маань ч уншлага сайтай байв. Багад сургууль соёлд явахад хүртэл аав хоёр маань үргэлж сан тавьж, арц хүж уугиулан маани мэгзэм уншсаар хоцордог сон.

-А.Сүхбат аваргын барилдааныг таны залуугийн барилдаантай төстэй гэдэг?

-А.Сүхбат бусдаасаа арай өвөрмөц л дөө. Хөдөлгөж барилддаг. Ер нь хөдөлгөж байж л уран барилдаан гарна шүү дээ. Одоо манай бөхчүүд хэн нэгнээ зуураад, барьц сонгуулахыг хүлээгээд л зогсоод байх юм. Уран мэхийг уралдуулж байгаа юм шиг харагддаг ч монгол үндэсний бөх өнөөдөр зогсонги байдалд ороод байна уу даа гэж бодогддог. Ингэж бодох хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, бөхчүүд маш их таргалж байна. Бүр зориудаар өөрсдийгөө бордох болж. Хоёрдугаарт, бэлтгэл хийхгүй байна. Өөр дотроо бол бэлтгэл сайн хийж байна гэж бодоод л байгаа байх. Гэвч тийм биш байна.

-Үндэсний бөхийн ирээдүйн аваргын тухайд ямар бодолтой яваа бол?

-Онцгойроод гараад ирэх бөх байдаггүй юм аа гэхэд залуучууд маань цолоо хадгалах хэмжээнд барилдмаар байгаа юм. Улсын наадамд түрүүлж арслан цол аваад дараа жилийнх нь наадамд дөрөв, тавын даваанд унаж байна. Энэ чинь юу гэсэн вэ. Магадгүй бяр тэнхээ нь бүр илүүдээд юм уу, мөнгө төгрөг, хоол унд нь бялхчихаад байж болох юм л даа. Улсын наадамд тэр түрүүлнэ гэсэн баталгаа алга. Идэр залуу хоёр аварга хүртэл дор даваанд унаж эхэллээ шүү дээ.

-Д.Сумьяабазар аварга танай нутгийн бөх. Таны шавь ч гэж хэлж болно. Аваргад хандаж та ямар нэгэн зүйл хэлдэг үү?

-Д.Сумьяабазар бизнесийн ажилдаа түлхүү ороод бэлтгэл хийж өгөхгүй байна. Энэ тухай хэлэхээр “Зав чөлөө олдохгүй юм” гэдэг. Уул нь одоо л тогтож барилдаж, амжилтаа хадгалдаг нас нь юм байгаа.

-Хад аварга та хоёрыг “Алдарын хоёр” гэж ярьдаг байсан. Энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Бид хоёр нэг оны начингууд. Мөн нэг тогооноос хоол идэж явсан эрхэм дотны анд нөхөд. Хоёулаа “Алдар”-ын тамирчид байхгүй юу. Би чөлөөт, Хад самбогийнх. Тэмцээнд жин таарч барилддаггүй байв. Харин үндэсний бөхөөр мөнхийн өрсөлдөгчид байсан даа. Бие биенээ хурцалж байлаа. 1979 онд МБАТ-ний зургадугаар спартакиадаар бид хоёрын барилдааныг үзэх гэж Спортын төв ордон дотор гадаагүй пиг дүүрч билээ. Бид хоёрын хэн давсан нь аварга болох байсан.

-Та хоёр хамгийн сүүлд оноолт таарсан байв уу?

-Бараг л тийм. Дараа нь хоёр хоёр л барилдах байсан. Ингээд би давж аварга болж, цолны эрэмбээр Хадынхаа өмнө гарсан. Мөрөөдөж явснаа олж авсан хэрэг. Би чинь Хадын арслан болчихсон байхад начин байлаа шүүү дээ. Гурван жил араас нь хөөгөөд л өмнө нь гарсан юм. Ер нь би заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн бөхийн дээд таван өндөр цолыг таван жилийн хугацаанд дараалуулж хүртсэн. Ингэж авах хэцүү л дээ. Монгол бөхийн түүхэнд Д.Дамдин аварга, Ж.Мөнхбат аварга бид гурав л байх шив дээ.

-Маргааш битүүний өдөр. Уламжлал ёсоор хүчит 256 бөх барилдана. Хэнийг түрүүлэх бол гэж таамаглаж байна?

-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Одоо чинь тэр энэ гэж нэхр оноож хэлээд сууж байх ямар ч бололцоогүй болоод байна. Г.Өсөхбаяр аварга, И.Доржсамбуу гарьд хоёр сайн барилдах байх. Мөн Б.Ганбат заан, Н.Ганбаатар гарьд нар их шөвөгт очих болов уу. Залуу начин, харцагууд тэр бүү хэл аймаг, цэргийн цолтнууд их дээшээ гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.

-Хүү Базаррагчаа чинь аавыгаа залгамжлах бөх болсон. Гэвч сүүлийн үед огт барилдаж харагдахгүй юм?

-Тийм ээ, хүү аймгийн цолтой залуу бий. Биеийн эрүүл мэндээс болоод хүнд хүчир ажил хийж болохгүй болоод байгаа юм. Яваандаа барилдах байлгүй. Уул нь бие хаа сайхантай гайгүй ноцолдоод байвал ноцолдмоор л юм байгаа.

-Ингэхэд танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Таван хүүхэд төрсөн юм. Хоёр эндсэн. Одоо хоёр хүү, нэг охинтой. Базаррагчааг хэллээ. Нөгөө хүүг маань Өвгөнбүргэд гэдэг. Өвөрхангай аймагт мал хуйгаа харж, мөн хажуугаар нь аж ахуй эрхлэнг амьдарч байгаа. Охиныг Урансүрэн гэдэг. Д.Рагчаа зааны гэр бүлийн хүн. Тэр хоёр гурван хүүхэдтэй. Би чинь тав, зургаан ач зээтэй болоод байгаа.

-Гэр бүлийн тань хүнийг Отгон гэдэг байх аа. Одоо юу хийж байна?

-Оригийн Отгончулуун гэдэг. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул. Хөдөө төрж өссөн. Малчин айлын хүүхэд. Хань маань уран хүн байгаа юм. Залуудаа ч цаг наргүй дээл хувцас оёдог байсан. Одоо сар шинийн өмнө надад л нэг дээл хийж өгөхөөс хэтрэхээ байж дээ. Бид хоёр 1972 онд айл гэр болсон. Түүнээс хойш 37 жил өнгөрөөд байна. 37 жил нэг гэртээ хэрэлдэж сууна даа (инээв).

-Та улсад дөрөв түрүүлсэн. Түүнээс олон түрүүлэх боломж байсан гэдэг?

-Бололцоо байсан. Өөрийн нөхцөл байдлаас болоод алдсан гэж хэлж болох юм.

-Таныг ид үедээ бэртсэн. Энэ нь амжилтад нь нөлөөлсөн гэж хүмүүс үзэдэг. Энэ тухайд?

-Тэмцээнд оролцож байхдаа бэртэл авч ухаангүй эмнэлэгт хүргэгдэж байсан тохиолдлууд ч бий. Мөн аваар осолд орсон юмнууд ч бий. Энэ бүгд мэдээж амжилтад нөлөөлөлгүй яахав.

-Харамсалтай барилдаан олон байх ньв мэдээж. Гэхдээ ихэд харамсч байсан барилдаан гэвэл?

-1987 оны наадмын үзүүр түрүүнд Х.Баянмөнх аваргатай үлдээд унахдаа ихэд харамсч билээ.

-Ам мэхээр унасан гэх дам яриа байдаг. Энэ үнэн үү?

-Тиймэрхүү зүйл болох нь болсон юм аа. Баянаа “Чи ид гарч байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаячихаад ирж байгаа юм чинь над шиг хөгшин амьтныг гарын үзүүрээр л хаяна. Тийм болохоор хөгшин хүнийг яарч хаях гээд яахав. Жаахан тогтож үзээрэй. Тэртэй тэргүй чи түрүүлэх нь тодорхой” гэв. Ингэж хэлэхээр “нээрээ ч тийм дээ” гэсэн юм бодоод тулаад зогсч байтал гэнэт хүчтэй зайлдаг юм. Би тэр дороо суучихгүй. “Чи яаж байгаа юм” гээд босоод иртэл Баянаа аль хэдийнэ дэвээд явчихсан. Наадмын дэвжээн дээр ямар цохиод авалтай нь биш. Ингээд Баянаа 10 дахиа түрүүлж байгаа юм.

-Б.Бат-Эрдэнэ аваргыг яаж амархан хаяв?

-Б.Бат-Эрэдэнэтэй их л удаж байж хаялцах байсан. Гэвч зүүн хөлөнд нь хонгодож дайраад минут хүрэхгүй хугацаанд хаячихсан юм. Би энэ мэхийг бүтэн хоёр жил хадгалж байж тэр жилийн наадмын наймын даваанд Бат-Эрдэнэтэй тунахдаа хийж байлаа.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/2017021/17006257_1435090149876985_655004744_n.jpg-1986 оны наадамд Хадтайгаа түрүү үзүүрт үлдсэн. Энэ барилдааны талаар яривал сонин байх болов уу?

-Бид хоёр багагүй удаан барилдсан. Олон дахин ч шуудагдсан. Хадын хоёр суларч байгааг би мэдэрсэн л дээ. Тэгтэл мань эр хүчээ шавхаж намайг эргүүлээд газар буухад хоёр хөл нь миний хоёр хөл дээр яг гишгэж таарч байгаа юм. Тэгээд би суучихсан юм. Хэрэв хоёр хөлийнх нь гишгэдэл таараагүй бол би хаях байсан. Ер нь манай Хад чинь их тэвчээргүй бөх байсан. Хүнтэй удаан ноцолдож чадахгүй. Бушуухан л хаях гэж яараад тэр нь болдог ч үе байсан.

-Аварга цол хүртсэнийхээ дараа дор даваанд унаж байсан тохиолдол бий юу?

-Байхгүй ээ. Миний барилдаан бусдаас арай өөр үзүүлэлттэй. Улсын наадамд анх зодоглож начин цол хүртсэнээсээ хойш 41 нас хүртэлх хугацаанд би хоёрхон удаа зургаа давж их шөвгийн наймд шалгарсан байдаг. Бусад нь дандаа түрүү, үзүүр, шөвгийн дөрөвт үлдсэн байгаа юм. Миний тогтоосон амжилт энэ л дээ. 1990 онд 41 настайдаа тэр үеийн наадмын босоо бөх Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү үзүүр булаацалдан хоёр цаг 37 минут барилдан унаж байсан. Өнөөгийн бөхчүүдтэй харьцуулахад өндөр нас. Одоо чинь 30 гараад л харьчихаад байна.

-Өндөр цолтой бөхчүүдэд нэг хэцүү зүйл нь тавын даваа байдаг шиг санагддаг. Яагаад вэ гэхээр улсын цол горилж яваа залуучуудыг яалт ч үгүй амалж таардаг. Танд амлуулж унаад улсын цолгүй үлдэж байсан бөхчүүд олон уу?

-Тун цөөн дөө. Тавын даваанд цол горилоод зогсч байгаа залуучуудыг бараг л амалдаггүй байлаа. Өвөрхангайн Цэрэндорж, Төв аймгийн Бадарч, Булганы Нансал гэх тоотой хэдэн бөх бий.

-Өмнөх үеийн аваргуудтайгаа гар зөрүүлж байв уу. Тэднй тухай хуучлаач?

-Ид залуугийнх нь барилдааныг мэдэхгүй юм. 1972 онд намайг анх барилдаж байхад тэр үеийн арван аваргын долоо нь барилдаж байсан санагдана. Аварга аваргаараа төрдөг гэдэг шиг мөн ч хийморьтой харагддаг байлаа даа.

-Чөлөөтөөр хэдэн кг-д барилддаг байсан бэ?

-90 кг-д барилдаж байсан. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа. Би дээр яриандаа манай залуучууд их таргажл байна гэж хэлсэн. 1921 оноос 1990 он хүртэлх хугацаанд 100 кг-аас дээш жинтэй хоёр бөх л улсын наадамд түрүүлж байсан болов уу. Б.Түвдэндорж аварга, Д.Хадбаатар аварга хоёр. Г.Дэмүүл гуайг хэлж болох юм. Гэхдээ найм давж түрүүлсэн болохоор тооцсонгүй. Д.Дамдин аварга, Ж.Мөнхбат аварга би ч гэсэн ердөө 80 гаруйхан кг жинтэй байхдаа түрүүлж байлаа. Мөөеө, Баянаа хоёр улсад хоёр, гурав түрүүлсэн байхдаа жаахан жин хасаад 78 кг-д барилддаг байлаа шүү дээ.

-Таны өндөр хэд байв?

-Ид барилдаж байхад нэг метр 83 сантиметр байсан. Чөлөөтөөр олимп, тив дэлхий, олон улсын тэмцээнд бүгдэд нь оролцож байсан. 80 гаруй медаль авсан байдаг: Сонирхолтой нь хүрэлд медаль бараг авч үзээгүй. Дандаа алт, мөнгө дээр бууна. Чадахгүй бол мултарна.

-Тантай нэг сум (Өвөрхангайн Нарийнтээл)-ын уугуул, улсын харцага Ч.Даваадорж гэж сайхан бөх байлаа. Та хоёр хэр ойр дотно байсан бэ?

-Бид нэг голын хүмүүс. Сайнаар ярьвал хамаатан садангууд. Манай сумаас төрсөн сайхан бөх. Цолоо баталсан. Самбо, жүдогоор сайхан барилдаж тив, дэлхийн тэмцээнүүдээс медаль авчирч байсан. Бие нь жижгэвтэр байсан болохоос сайн бөх байсан.

-Хамгийн сүүлд ямар наадамд, хаана түрүүлж байсан бол?

-2003 онд Өвөрхангай аймгийн наадамд Д.Мөнх-Эрдэнэ арслантай үлдэж үзүүрлэж байлаа. Түрүүлснээ санахгүй байна.

-Одоо ямар ажил эрхэлж байна?

-Ээрмэлийнхээ үйлдвэрт ажиллаж байна.

-Юу хийдэг юм?

-Борлуулагч, менежер, аж ахуйн дарга гээд олон төрлийн ажил хийнэ.

-Нутагтаа олон очдог уу. Сүүлд хэзээ очив?

-Жил бүр очдог.

-Дотны найз нөхдийнхөө тухай ярихгүй юу?

-Үе тэнгийнхээ бөхчүүдтэй их үерхэнэ. Бөх хүнд байх эр хүний сайхан жудгийг их хүндэтгэдэг. Барилдаанаас болоод бөхчүүд хоорондоо муудалцдаг. Надад тийм зүйл байсангүй. Бас энд Д. Мягмар зааныг хэлмээр байна. Заанууд дотроос энэ хүнтэй би олон барилдсан. Гэвч “Чи намайг олон дахин амаллаа. Чамд надаас өөр амлах бөх олон байсан” гэж нэг удаа ч боло хэлж байгаагүй. Амлах нь чиний эрх, барилдах нь бидний үүрэг гээд ”үздэг” байлаа.

-Бөхчүүд улс төрд ордог жиши г манайд тогтоод байгаа. Таны улс төрийн сонирхол ямар бол. Ер нь улс төрд оръё гэж боддог уу. Аль нэг намыг дэмждэг үү?

-Улс төрийг сонирхоно. Гэхдээ айхтар шимтэхгүй. Намайг настай хүн болохоор Ху намынх байх гэж олгож магад. Би аль нэг намын гишүүн биш.

-Намд элсээд нутагтаа сонгуульд өрсөллдвөл Б.Бат-Эрдэнэ аварга шиг гараад ирэх юм биш үү?

-Сонирхоод, ер нь нэрээ дэвшүүлчихдэг ч юм уу даа гэж бодсон бол магадгүй гараад ирж болох л юм шүү. Анхдугаар бага хуралд сум сумаас төлөөлөгчид сонгож байхад манай том эгчийн хүү Чинбат сумаасаа төлөөлөгчөөр сонгогдож байв. Хэрвээ би зүгээр нэрээ явуулахад л гараад ирэх байсан. Гэвч тэгээгүй.

-Шинийн нэгэнд шавь нар чинь ирж золгодог байх. Хамгийн түрүүнд хэн ирдэг бол?

-Цолныхоо эрэмбээр Д.Сумьяабазар ирдэг юм.

-Та ах аваргууддаа очиж золгодог уу?

-Уул нь хүндэтгэл үзүүлж золгох ёстой л доо. Гэхдээ тэд ойлгодог байлгүй. Сар шинэ хуучиртал манай битүү хүнтэй байдаг.

Categories
мэдээ үндэсний-бөx

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЭНХТӨГСИЙН ОЮУНБОЛД: ЖИГЖИДИЙН МӨНХБАТ АВАРГЫН АМЖИЛТЫГ ДАВТАЖ, 22 НАСАНДАА ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболдтой ярилцсанаа хүргэе.

-Төрийн наадамд ес давж бахтайхан түрүүллээ. Бөхөд хайртай монгол түмэн баярлаж байна. Ижий аав хоёр тань ихэд баярлаж байгаа харагдлаа. Өнөө жилийн наадамд түрүүлнэ гэж бодогдож байв уу?

-Хүний амьдралд дахин давтагдашгүй агшин хором гэж байдаг бол миний хувьд монгол төрийнхөө наадамд түрүүлсэн энэ цаг мөчөө хэлнэ. Дөрвөн уулынхаа дунд багтаж ядталаа баярлаж байна даа. Ижий аав, багш нар минь надаас дутуугүй баярлаж байна. Төрийн наадамд зодоглох хүүгээ нутгийн уулс нь түшдэг юм гэдэг. Хан Хэнтийн минь их уулс түшлээ. Есийн даваанд П.Бүрэнтөгс арсланг давчихаад тугийн мандал руу алга хавсран гүйхдээ “Ингээд би төрийн наадмын түрүү бөх болчихлоо гэж үү” хэмээн бодоод хоёр нүдний нулимс гарсан. Энэ жилийн наадмын бэлтгэлээ Сүүж уулын өвөрт Бүдээбазарын Адъяахүү багшийнхаа удирдлага дор базаасан. Манай нутгийн хүчит бөх дархан аварга, хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ Сүүж уулын өврөөс наадмын бүх түрүүгээ хүртсэн байдаг. Бөхөд ийм л ээлтэй сайхан дэвжээнээс наадмын түрүү хүртэж, улсын арслан хэмээх эрхэм цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадмын түрүү бөхөөр тодрон төв цэнгэлдэхийн индэрт гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс арслан цолны үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардчихаад нутгийн ах Бат-Эрдэнэ аваргад үнсүүлэхэд “Улсын арслан сайхан цол шүү. Хэн хүний хүртээд байдаг цол биш ээ. Хүндэтгэж яваарай” гэж чихэнд минь хэлсэн. Тэр үгний үнэ цэнийг мэдэрч байна.

-Мөөеө аварга 1963 онд хорин хоёр насандаа төрийн наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ. Халхын их аваргын амжилтыг өөрөө 52 жилийн дараа давтлаа?

-Ес даван түрүүлж есөн хөлт цагаан тугаа баяр бахдал дүүрэн тойрч байхад бөхийн тайлбарлагч төв цэнгэлдэхэд “Мөнхбат аваргын амжилтыг 52 жилийн дараа Оюунболд маань давтаж байна” гэж хэлэхэд цэнгэлдэх дүүрэн наадамчид уухайн түрлэг хадаасан. Миний бие 2008 онд 15 настайдаа улсын наадмын өсвөрийн бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдээд унасан. Дараа жил нь түрүүлнэ гэсэн бодолтой очоод шөвгийн дөрөвт үлдсэн. Ингээд 19 насандаа Хэнтий аймгийнхаа наадамд зодоглон Б.Хадбаатар арслантай үлдэж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн юм. Тэр жилийнхээ улсын наадамд зодоглоод хоёрын даваанд Ховдын Ц.Мягмарсүрэн зааныг өвдөглүүлж, гурвын даваанд Давааням зааны хүү улсын начин Лхагвадоржид тахимаа өгсөн дөө. 2013 онд хорин насандаа төрийн наадамд хоёр дахиа зодоглож До.Ганхуяг арслангаар дөрөв, И.Доржсамбуу гарьдаар тав давж начин болоод зургаагийн даваанд Т.Санчир заанд амлуулан барилдаад түүнийг хамж дайрах мэхээр давж улсын харцага цолонд хүрсэн. Харин түрүү жилийн наадмаар Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Б.Болдбаатараар гурав давж дөрвийн даваанд Сэлэнгийн өндөр Ч.Баянмөнх начинд өвдөг шороодсон юм. Тэгвэл өнөө жил 22 насандаа төрийн наадамд ес даван түрүүлж улсын арслан цол хүртэн Жигжидийн Мөнхбат аваргын монгол бөхийн дэвжээнд дархлан үлдээсэн түүхэн амжилтыг давтлаа. Үүнд маш их баяртай байна.

-Улаан хүрэн дээлтэй, бөхийн малгайтай хүн уйлаад л, ийш тийшээ гүйгээд л их баярлаж байсан. Тэр хүнд хүмүүс баяр хүргээд байсан нь танай аав юм билээ. Залуу арслангийн маань аав бөх хүн байдаг гэсэн. Тэр тухай сонирхуулахгүй?

-Ижий аав хоёр маань Өмнөдэлгэрээс манайд ирчихээд байж байгаа. Хотод наадам үзсэн. Хүүгийнхээ барилдааныг үзнэ гээд хүрээд ирсэн. Ерөөлөөр болсон юм шиг миний бие сайхан барилдаан үзүүлж ижий аав хоёроо, ус нутгийн олон түмнээ баярлуулж чадлаа. Наадмын өглөө аав “За миний хүү сайхан барилдаарай. Өөрийнхөө санаснаар л барилдаарай” гэж хэлсэн. Төрийн наадмын даваа бүхэн амаргүй байдаг. Энэ жил ч ялгаагүй, хэцүүхэн учраануудтай таарлаа. Тэр бүгдэд аавынхаа захиснаар өөрийнхөөрөө л барилдсан. Ээж маань сүүгээ өргөөд, тэнгэр бурхан, уул усандаа залбираад байсан гэсэн. Ээжид нь хамгийн хэцүү нь дөрвийн даваа байлаа гэж хэлж байв. Ш.Мөнгөнбаатар арслантай оноолт таарсан барилдааныг хэлж байгаа хэрэг. Мөнгөнбаатар арслан бид хоёр өмнө нь олон барилдаж байсан. Давж унаж явсан бөхчүүд. Адъяахүү багшийн шавь, “Аварга” сургуулийн бөхчүүд юм. Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдааны наймын даваанд Мөнгөнбаатар арслантай тунаж барилдаад би давсан. Өнгөрөгч жил Өндөрхаан хайрханы тахилгад түрүү үзүүрт шалгарч миний бие түрүүлж байсан удаатай. Харин монгол бөхийг Гиннест бүртгүүлсэн барилдаанд би Мөнгөнбаатар арсланд тавын даваанд унаж байсан юм. Манай аав Дашдоржийн Энхтөгс аймгийн начин цолтой. Өмнөдэлгэр сумын уугуул. Аавын маань аав, манай өвөө Өмнөдэлгэр сумандаа нэгдлийн адуу малладаг, морь сайхан уядаг, нутаг усандаа зартай уургач, уяач хүн байсан. Гоё халиун гэж хурдан хүлэг байсан. Манай удмынхны унаган адуу даа. Ээж Алимаасүрэн Цэнхэрмандал суманд төрсөн. Ээжийн аав болохоор Хэнтийн Дадал сумын уугуул, малын их эмч.

-Өнөө жилийн наадмын учраа бөхчүүдийн талаар асууя. Дөрвийн даваанд хурц арслан Шарын Мөнгөнбаатартай оноолт таарч давсан. Түүнтэй өмнө нь барилдаж байснаа ярилаа. Тавын даваанд аймгийн арслан М.Бадарчийг, зургаад шинээр начин цолны болзол хангасан Дашийг, долоод Ц.Содномдорж харцагыг тунаж давсан. За тэгээд наймын даваа буюу их шөвөгт Б.Гончигдамба гарьдыг тунаж, есийн даваанд П.Бүрэнтөгс арсланг давж түрүүлсэн. Даваа бүхэн амаргүй байсан нь мэдээж?

-Гурвын даваанд Өвөрхангайн П.Ганхүү начинг амлаж давсан. Энэ тухай хүмүүс асууж байна лээ. Улсын цолгүй олон бөх байхад яагаад Ганхүү начинг амласан бэ гэж. Тэр бол миний сонголт байсан. Монгол бөхөд цолныхоо эрэмбээр ам авдаг сайхан уламжлал бий. Тэр дагуу л ам авч барилдсан. Мөнгөнбаатар арсланг хагалж татаад давсан юм. Хурц арслантай наадмын бэлтгэлд хамт гарсан. Хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Тавын даваанд ам авах үнэндээ амаргүй байлаа. Ч.Ганзориг, О.Хангай, Э.Даш гээд улсын цолонд зүтгэж байгаа олон сайхан бөхчүүд байсан. Мөн Булганы Э.Энхбат начин, Говь-Алтайн Л.Цэрэнтогтох, Увсын Т.Баасанхүү гээд хүчтэй уран барилдаантай начингууд байсан. Тэр дундаас Архангай аймгийн арслан М.Бадарчийг амласан юм. Барилдаан таарах болов уу гээд амласан л даа. Бадарчийн хувьд өнгөрсөн жил төрийн наадамд дөрөв давчихсан бас л барилдаанч, сайхан арслан шүү дээ. Барилдаан багагүй удааширч би барьц сонгооноос давсан. Зургаад Б.Одгэрэл, Ч.Ганзориг, Э.Даш гэсэн улсын цолны босго дөнгөж алхаад байгаа бөхчүүдээс Дашийг амлаж барилдсан. Тахимдах мэхээр түүнийг давсан. Долоогийн даваанд Ч.Санжаадамба заан, Ц.Содномдорж харцага нарын аль нэгтэй нь тунах байх гэсэн таамаг байсан. Тэгтэл таамагласан ёсоор Содномдорж харцагатай тунасан. Тийм ийм барилдаан гаргана гэсэн төлөвлөгөө байгаагүй. Өөрийнхөөрөө барилдъя л гэж бодсон. Тэгээд хүч үзсэн дээ. Гончигдамба гарьд, Бүрэнтөгс арслан хоёр бол төрийн наадмын өндөр даваанд барилдаад үзчихсэн, түрүү үзүүрлэж байсан энэ цаг үеийн хүчтэй бөхчүүд. Миний хувьд шийдэмгий барилдаанууд гаргасан. Дээлийн маань захыг мушгиад зогсож байсан ээжийн маань нутаг Цэнхэрмандалын Бадарчийн Батбаяр начин гээд ус нутгийн ах нар зааж зөвлөж байсан. Адъяахүү багш маань барилдааны дундуур зааж зөвлөж байсан. Бүх даваануудад санасандаа хүртэл сайхан барилдлаа. Монгол бөхийн энэ сайхан цолыг хүндэтгэж явна. Нутгийнхаа уул усанд сүсэж монгол бөхийн дэвжээнд илүү их амжилт гаргахын төлөө зүтгэнэ дээ.

-“Тоёота” корпорацийн хамт олон “Ланд крузер-200” маркийн авто машины түлхүүр гардууллаа. Энэхүү ёслол Чингэсийн талбайд болсон. Тэр үеэр та Адъяахүү багш, Ц.Хосбаяр багш нартаа баярлалаа гэдгээ дахин дахин хэлж байсан. Ингэхэд Адъяахүү багш дээрээ арван хэдэн настай хүүхэд ирж байсан гэдэг. Тэр тухайгаа МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийг арав давж магнайлаад манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан даа?

-2007 онд арван дөрвөн настай хүүхэд Б.Адъяахүү багш дээр очсон. Надад бөхийн эрдэм анх заасан хүн Адъяа багш маань юм. Уран барилдаанч мундаг багш. Улсын харцага Пүрэвсайхан, улсын начин Э.Энхбатаас аваад олон хүнийг бөхийн эрдэмд сургасныг манайхан мэдэх байх. Бөхийн бэлтгэл гэдэг ийм нарийн дэг жаягтай, утга агуулгатай, тийм амар хялбар биш гэдгийг сургасан. Их спортоор хичээллэх хэрэгтэйг хэлж байлаа. Их спортоор, чөлөөт бөхөөр хичээллэсэн маань үндэсний бөхөд амжилт үзүүлэх нэг том бааз суурь болсон. 2010 онд чөлөөтийн улсын өсвөрийн аваргад түрүүллээ. Дараа нь Ташкент хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүүхдийн олимпод оролцох эрхээ авсан. Олон улсын олимпийн хорооноос хүүхдийн анхдугаар олимпийг Сингапурт 2010 оны наймдугаар сард зохион явуулсан юм.

Уг наадамд Монгол Улсынхаа төрийн далбааг өргөж явах хүндтэй, хариуцлагатай үүргийг Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гуайгаас хүлээн авсандаа маш их баярлаж билээ. Чөлөөт бөхийн 100 килограммын жинд хүч үзэж тавдугаар байрын шагнал хүртсэн. Мөн уг наадмын элсний чөлөөт бөхийн барилдаанд оролцож хүрэл медалийн эзэн болсон. Ингэж л их спортоор хичээллэж, хүүхдийн олимпийн наадамд төрийнхөө далбааг өргөж явах алдрыг “Аварга” сургууль, Адъяахүү багш маань өгсөн түүхтэй. Наймдугаар ангиасаа хойш бараг л хичээлд яваагүй хүн чинь “Аварга” сургуулийн лицей сургуульд суралцаж, улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон доо.

Categories
бөхийн-удам-судар мэдээ үндэсний-бөx

Ө.ТУЛГАА ЗААНЫ ХҮҮ СҮРЭНЖАВ: ААВ МИНЬ “ХАРХИРААГИЙН ТЭЖЭЭЛИЙН АЖ АХУЙН БӨХ” ГЭЖ ЦОЛЛУУЛААД УВСЫН ХЯЗГААРААС ИРДЭГ СЭН

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит заан Өлзийн Тулгаа агсны хүү Т.Сүрэнжавтай ярилцсанаа хүргэе.

-Бөхөө дээдэлдэг ард түмэн танай аавыг илүү хайрладаг байсан санагддаг. Бүргэд хамар, ширвээ сахалтай, төгс бие галбир бүхий дүр төрх нь одоо ч хүмүүсийн сэтгэлд тодхон бий. Аавынхаа удам гарлын тухай эхлээд ярихгүй юу?

-Манай аав дуу цөөтэй, хүнд маш тусархуу, хэн нэгнийг ялгаж харилцдаггүй, олны хэлдгээр хүний хайлан байсан. Өдий хүрэхдээ миний бие аавынхаа тухай нэг ч муу үг сонсоогүй. Өөрийгөө улсын алдар цолтой бөх гэж дөвийлгөх, бусдад дээрэнгүй хандан, ихэрхэж байсныг нь мэдэхгүй юм. Тиймдээ ч ард түмний хайр хүндэтгэлийг илүүтэй хүлээсэн болов уу. Аав шиг хүнлэг сэтгэлтэй, даруу төлөв зан чанартай, бусдыг машид хүндэтгэж харилцдаг хүн өнөөгийн алдар цолтой бөхчүүд дунд ховор юм уу даа гэж анзаарагддаг. Бааварлана гэж манайхан ярьдаг даа. Бяр тэнхээтэй хүмүүст байдаг дээрэнгүй зан. Аавд тийм баавар зан байгаагүй. Өвөө маань их шулуун шударга, зарчимч хүн байсан.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/buh_2.jpg

Би өвөөгөө сайн мэднэ л дээ. Намайг хорин хэдэн нас хүртэл өвөө, эмээ маань сэрүүн тунгалаг Малчин сумынхаа Баянмандал бригадад аж төрж байлаа. Манай аав чинь тавин зургаан оны хүн. Цагаан сарын битүүний өдөр төрсөн гэдэг. Малчин сумын хамгийн хойд талын нутаг, Наранбулаг сумтай залгаа орших Хүрэн бөөмийн өвөлжөөнд мэндэлсэн юм билээ. Аавын төрсөн дүү, улсын начин Сумъяа гэж бий. Сумъяа ах аав хоёр яг арван хоёр жилийн зайтай хаврын тэргүүн сарын эхээр Хүрэн бөөмийн өвөлжөөнд төрсөн байдаг. Эцэг, эхээс долуулаа юм. Аав хамгийн том нь. Дүү нарын хоёр нь Малчиндаа бусад нь аймаг, хотоор амьдарч байна.

-Аавыг тань цэрэгт байхдаа төрийн наадамд зодоглож байсан гэдэг?

-Улаанбаатар хотноо дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан. Их тэнгэрийн аманд харуулд гардаг байснаа хааяа дурсана. “Хилчин” спорт хорооны дарга байсан Д.Дашжамц начинтай онжавууд юм билээ. Цэрэгт ирээд удаагүй байхдаа Баянаа аварга, Хайдав арслан нарыг харж л дээ. Бөх болох хүсэл нь бадраад ирсэн хэрэг. Далан дөрвөн оны наадмаар аав хуучин цэрэг зодоглосон гэдэг. Нэг даваад хоёрын даваанд Архангайн Чойндонгийн Адьяа заантай таарсан байна. Адьяа зааныг хоёр хөлд нь давхар хамаад давчихав гэнэ. Гурвын даваанд Дамдин аварга амлаж, хүчит аваргын мөрнөөс атгах хувь тохиожээ. Улсын наадамд цэргийн хуарангаас ирж зодоглохдоо хоёр давж, их аваргад амлуулна гэдэг бахтай байхаас яах билээ. Аавынхаа зодоглож явсан төрийн наадмын оноо дансыг эргээд харахад дандаа тунаж барилдсан байдаг. Ялангуяа улсын цолонд анх хүрсэн 1980 оны наадамд гурваас долоогийн даваанд дараалан тунасан байдаг.

-Тэр жил шууд зургаа давсан билүү?

-Тэгсэн юм. Үндэсний бөхийн шинэчилсэн дүрмээр бол улсын харцага цолны болзлыг шууд хангасан гэсэн үг л дээ. Дөрвийн даваанд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж начинг, тавд Ж.Ганболд зааныг, зургаад Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начинг тунаж даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан. Ганболд заан, аав хоёр хоёулаа улсын цолгүй залуу бөхчүүд начны даваанд тунаж байжээ. Д.Долгорсүрэн, Д.Мягмар, Ч.Өвгөнхүү, Д.Галдандагва, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Ёндонгийн Ишгэн гээд тухайн үед ид байсан хүчтэй бөхчүүд аавыг амлаагүй байдаг юм. 1984 онд Говь-Алтайн С.Эрхэмбаяр начин, Булганы Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж очоод Хадбаатар аваргад өвдөг шороодсон. Бөхийн торгон дэвжээнд хазайлгаж үзээгүй аварга, арслан ховор.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/buh_1.jpg

Баянаа аваргаас аваад А.Сүхбат аварга хүртэлх бүх аваргыг аав өвдөг шороодуулсан байдаг. Бат-Эрдэнэ аваргыг арслан цолтой байхад нь 1988 онд өвдөг шороодуулж байсан. Жижиг Сүхбат аваргыг 1997 онд улсын заан цол авчихсан, ид үед нь Увс аймагт болсон аваргуудын нэрэмжит барилдаанд түрүү үзүүрт үлдээд хөлийг нь авч хөндлөн дайраад давчихаж байсан. А.Сүхбат аварга толгой сэгсрээд босоод ирж билээ. Увсын ард түмэн ямар их хөөрч баярлаж байсан гэж бодно. “Та нар тавь хүрч байгаа хөгшин хүнийг хараад ичдэггүй юм уу” гэж Спорт хорооны дарга бөхчүүдийг загнаж байлаа. Тэгэхэд ааваараа ихэд бахархаж байсан. “Хамгийн эвгүй бөх бол манай Дүвчин шүү дээ. Би түүний чигчий хуруунд ч хүрэхгүй” гэж нэгэнтээ хэлж байсан санагдана. Далан есөн оны наадмаар Суядааны Ганзориг начинг, Бандийн Ганбаатар арслан нарыг өвдөглүүлээд тавын даваанд Дүвчин заантай тунасан байна. Дүвчингийнхээ хөлийг дээр өргөж гаргаж ирээд “Ингээд начин болдог юм байжээ” гэж бодтол яах ийхийн зуургүй хөлийг нь тэврээд газар хэвтэж байсан гэдэг юм.

-Улсын заан цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-1988 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 бөхөөс 30 давж хоёрдугаар байрт шалгарч улсын заан цол хүртсэн. Өмнөх жилийнх нь улсын аваргаар Р.Давааням агсан заан цолны болзол хангаж байв. Улсын аваргад тасралтгүй 11 удаа барилдахдаа гуравт нь медаль хүртэж, шагналт байрт таван удаа шалгарснаараа давтагдашгүй амжилт тогтоосон. Ямар сайндаа Г.Намсрайжав харцага ”Манай Тулгаа Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ ирээд их спортын шигшээ тамирчидтай ана мана үзэлцдэг байлаа. Хөдөөгийн бүсээс шалгараад ирсэн бөхчүүдийг бол үзэхгүй шүү дээ” гэж хэлж байхав дээ.

Үнэндээ аав минь жил жилийн цагаан сарын барилдаанд зодоглоно гээд л тээврийн тэрэгтэйгээ өвлийн сүүлч сараар нутгаасаа гарч “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх Өлзийн Тулгаа” гэж цоллуулаад Спортын төв ордны гадаа машинаасаа бууж байсан даа. Аяныхаа тоосыг гүвээд л буудаг байсан. Аавынхаа барилдааныг бид “араажав”-аар сонсоно. Аавын дүү нар манайд цуглачихаад Цагаан сарын бөх сонсоно. “Увсын Тулгаа давлаа” гэхээр ах нар баярлалдаад, би чинь ийм мундаг аавтай даа гэх бодол төрдөг байлаа.

-Ард түмний хайртай бөхийн хүү гэдгээ хэдийнээс мэдэрч эхэлсэн бэ. Өөрөө аймгийн цолтой бөх. Аавынхаа захиасаар бөх болсон уу?

-Багадаа өөрийгөө “Аваргын хүүхэд” гээд хөөрүү амьтан явдаг байсан юм билээ. Бага ангийн багш нар тэгж хэлдэг. Харин аав намайг бөх болгоно гэж огтоос хэлээгүй. Өөрийнхөө сонирхлоор барилдаж эхэлсэн. Мэдээж аавыгаа дуурайсан хэрэг л дээ. Аавтайгаа үзсэн наадмууд санаа бодлоос минь гардаггүй. 1996 онд аавынхаа ЗИЛ-130-ын тэвшин дээр суугаад гурав хонож Улаанбаатарын барааг харсан сан. Аав улсын наадамд зодоглоно гээд. Би бас болоогүй, хүүхдийн барилдаанд барилдана гээд ирж байгаа юм. Бүтэн гурван өдрийн турш нар салхинд алгадуулж, хоёр хацар битүү сайр болчихсон амьтан ирээд хүүхдийн барилдаанд хоёр давж байсан. Тэр жилийн хүүхдийн барилдаанд сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж түрүүлж байсан. Аав гурав даваад дөрвийн даваанд Ц.Цэрэнпунцаг гарьдын ах Ц.Бэгзсүрэн харцагад унаж байсан. Сумын заан цол хүртсэн наадам мөн л санаа сэтгэлд ойр байдаг. Одоо бодоход их дурсамжтай сайхан санагддаг.

-Тийм үү, сумын цол хүртсэн наадмынхаа хуучаас дэлгээч?

-Би чинь Бөхмөрөн суманд түрүүлж сумын заан болсон хүн. Тэр жил Бөхмөрөний ой болсон юм. 2004 он шүү дээ. Ч.Чулуунбаатар, Г.Намсрайжав, Д.Жавзанжамъян, Ө.Сумъяа гээд улсын цолтой олон бөх очсон байж билээ.Уг наадамд аавыгаа дагаад явах гэтэл машинд нь багтдаггүй. “Чи багтахгүй нь үлд” гэдэг юм. Тэгтэл аавын найз “Хүүгээ багтаагаад аваад яваач. Сумын наадамд барилдана гээд байхад” гэж хэлж байж намайг аваад явсан юм. Хоёрын даваанд аймгийн арслан Цэдэндамбааг, гуравт аймгийн заан Цэдэнбалыг давчихлаа. Дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг байгаа. Аав надад тахимаа өглөө. Ингээд үзүүр түрүүнд Чулуунбаатар харцагыг давж түрүүлээд мотоциклиор шагнуулж байсан. Бөхмөрөн сумын Засаг дарга “Сүрэнжав аа, уучлаарай. Сумын заан цолны үнэмлэх байхгүй шүү. Улс, аймгийн цолтой олон бөхчүүд ирсэн болохоор үнэмлэхний хэрэггүй юм байна гэж бодтол өөрөө түрүүлчихлээ” гэж хэлж байсан.

Наадмын дараа аавын найз баярлачихсан “Энэ наадмын түрүү бөхийг чи үлдээх гээд байжээ” гэж хэлээд л. Аав баяр хөөрөө ямар ил гаргах биш. Эрх биш намайг нэг үнэрлэсэн байлгүй. Хүмүүс намайг аавынхаа дэмжлэгээр аймгийн арслан болсон гэдэг. Тийм биш л дээ. “Бөх хүн авсан цолондоо эзэн байх ёстой. Цолоо ахиулдаггүй юм аа гэхэд батлах хэрэгтэй” гэж аав нэг удаа Сумъяа ахад хэлж байсан. Тийм бодолтой хүн чинь хүүгээ өөрийнхөө хүчээр цолонд хүрэг гэж боддог юм билээ л дээ. Аймгийн арслан болчих санаатай олон жил зүтгэсэн. Олон ч наадам хэссэн. Тэгж тэгж 2008 онд Увс аймгийнхаа наадамд түрүүлсэн. Аав дөрвийн даваанд сумын заан цолтой нэг залууд унаж байсан. Тэр жил одоогийн цэргийн арслан Б.Ганзориг үзүүрлэж, улсын арслан П.Бүрэнтөгс шөвгийн дөрөвт шалгаран аймгийн начин болж байлаа.

-Тулгаа зааны чулуу өргөж байгаа нэг зураг байдаг. Тэр хэдэн килограмм чулуу вэ. Ямар учраас өргөсөн юм бол?

-156 килограмм жинтэй чулуу. Одоо Тувагийн музейд байгаа. Уул нь цэнгэлдэх хүрээлэнд нь байсан юм. Уг чулуун дээр “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” гэж бичсэн байдаг. Ямар түүхтэй вэ гэхээр, 1985 онд Монгол, Тува Эв модны баяр болжээ. Орос, Монголын дарга нар хоёр улсын Хилийн зааг дахь уулан дээр уулзалдсан байна. Аав Тувагаас будаа зөөж яваад таарсан байгаа юм. Гэтэл Оросын нэг дарга хилийн зааг дахь уулан дээр байсан чулууг заагаад “Үүнийг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье” гэж ам гарчээ. Монгол мөнгөөр 2500 төгрөг л дөө. Тувагийн том биетэй залуу эхэлж өргөөд арав орчим алхаад бараагүй байна. Дараа нь аав өргөөд хэлсэн ёсоор нь 100 алхаад амласан мөнгийг нь авч байсан түүхтэй. Тэр үеийн 2500 төгрөг гэдэг их мөнгө. Би аавынхаа чулууг өргөж үзсэн. Эрхбиш газраас хөндийрүүлээд гаргаад ирж байгаа юм. Харин өргөөд алхана гэж барахгүй юм билээ. Тэгээд аавынхаа бяр тэнхээ, бурхнаас заяасан хүч чадлыг нь бахдаж л байлаа. Манай аав шүд их сайтай хүн. Дээхнэ үеийн 70 килограммын шуудайтай гурилыг шүдээрээ зуугаад явчихдаг байсан. Тэр үеийн хүмүүс яс сайтай байжээ. Одоо бид зуугаад явна гэвэл хүзүү нь дийлэх байх, харин шүд булгараад унах байлгүй. Аав ид барилдаж байх үедээ 85-90 килограмм жинтэй байсан. Өнөөдөр захын сумын заан 100 гаруй килограмм жинтэй байна. Өнөөгийн бөхчүүдийн хэрэглэж байгаа шиг уураг, витамин гэж аавыг барилдаж байх үед байсангүй. Гурилтай шөлөө уугаад л явж байсан хүмүүс шүү дээ.

-Өөрөө эхээс хэдүүлээ вэ. Гэр бүлээ товчхон танилцуулахгүй юу?

-Би 1981 онд төрсөн. Эхээс гурвуулаа. Дороо хоёр эмэгтэй дүүтэй. Ээжийг мааньЧулууны Дэмбэрэл гэдэг. Манай өвөө Баянаа аваргын багш нь байсан гэдэг шүү. Баянаа аварга Малчин суманд долдугаар ангиа төгсч байжээ. Ээж минь одоо Увс аймагтаа амьдарч байна. Манай гэр бүлийн хүнийг А.Солонго гэдэг. Эмч мэргэжилтэй. Одоо Эх нялхаст мэргэжлээрээ ажиллаж байна. Аавыгаа өнгөрсний дараа Монголын ард түмэн аавд минь ямар их хайртай юм бэ гэдгийг илүүтэй мэдэрсэн дээ. Намайг хаана ч очсон “Тулгаагийн хүү” гээд хүмүүс халуун дотноор хүлээж авдаг. Аавынхаа нэрийг сэвтээлгүй, бөхийн дэвжээг нь хүндэтгэн явна гэж боддог. Цагаан сар, улсын наадам дөхөхөөр аавыгаа улам их санах юм. Өөрөө барилдаж бөхийнх нь ариун мөрөөр явж байгаа,айлын ганц хүү болоод ч тэр үү аавыгаа их л санаж, нөмөр нөөлгийг нь үгүйлдэг. Тэр бүгдэд “Аав шигээ хүнлэгявах юм шүү” гэж бодогдоно.

Categories
мэдээ үндэсний-бөx

МОНГОЛ УЛСЫН АВАРГА ЧИМЭДРЭГЗЭНГИЙН САНЖААДАМБА: МЯНГАН ХҮЧТЭНИЙ МАНЛАЙ БОЛЖ МОНГОЛ БӨХИЙН ДЭЭД ЦОЛОНД ХҮРСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай ярилцлаа. Тэрээр “Бөхбилэгт” дэвжээ, Эрдэнэтийн “Хангарьд” клуб, “Ажнай” кропорацийн бөх юм.

-Юуны өмнө Монгол Улсын аварга цол хүртсэнд баяр хүргэе. Наадамчин олноо баясгаж, аатай одтой, эрэмгий барилдлаа. Сүүлийн арваад жилийн наадамд өөрийг тань түрүүлнэ хэмээн бөхөд хайртай монгол түмэн хүлээсэн. Энэ жил тэрхүү хүлээлт биелж, хүн бүхний баяр бахдал төрлөө, сайхан байна?

-Монголчуудын төрт ёсны их баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Олон тэгш ой давхацсан үндэсний их баярт 1024 бөх зодоглож, ид хаваа гайхуулан хүчийг сорилоо. Мянган хүчтэний манлай болж, монгол үндэсний бөхийн эрхэм дээд цол, улсын аварга цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадамд арав давж түрүүлнэ гэдэг их том хүндэтгэл байдаг юм байна шүү. Миний бие аварга цолонд хүрэхсэн, төрийн наадмын түрүү бөх болохсон гэж хүсч мөрөөдөж, тэрхүү зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилтаас аваад хамаг л бүхнээ дайчлан зориулж ирсэн. Хүнд чинь хүсэл биелэх өдөр гэж ирдэг юм байна. Надаас дутуугүй баярлаж байгаа ард түмэндээ, төрүүлж өсгөсөн ижий аав, хань ижил, гэр бүл, ойр дотнынхоо бүх хүнд баярлаж байна. Унах, давах бүрийд минь үргэлж хамт байж ирсэн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний хүчит бөхчүүддээ, намайг бөхийн зам мөрд хөтөлсөн ачит багш, эрхэм сайхан ах нартаа, төрийн наадмын түрүү бөх болтол минь зааж сургаж, дасгалжуулж ирсэн Зэвэгийн Дүвчин багшдаа их баярлаж байна.

2002 онд Өсөхөө аваргыг ес давж түрүүлэхэд цэнгэлдэх дүүрэн цугласан олон шагшин баярлаж байсныг санаж байна. Наадмын дараа уулзсан бүхэн Өсөхөө аваргад “баярласан шүү” гэж хэлж байсан гэдэг. Энэ удаа ард түмнээ хөөрч баярлаж байгааг харах бахтай байсан. Ард түмний итгэл, хайр хүндэтгэлийг алдалгүй төрийн наадамдаа олон жил сайхан барилдахыг хичээн зүтгэх болно. Энэ их итгэл, сэтгэлийг уран дайчин барилдаан, бөхийн жудаг ёс, хичээл зүтгэлээр хариулахаас өөр том хүндэтгэл юу байх билээ. Монгол Улсын аварга хэмээх алдар цолонд эзэн байхыг хичээх болно.

-Монгол бөхийн дэвжээн дээр бүтэн арван жилийн хугацаанд зогсож байж оргил цолонд хүрлээ. 2006 онд анх улсын наадамд зодоглосон санагдана?

-Тийм ээ, бүтэн арван жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр ард түмнийхээ хамт хүртэж байна. 2006 оны улсын наадамд анх зодоглосон. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор 1024 бөх барилдаж билээ. Тэрхүү наадамд мянган бөхийн тоосонд орж барилдаад нэг давж хоёрын даваанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын начин Базарбидэрнаагийн Бадам-Очирт өвдөг шороодсон. Нэг сонин түүх хэлэхэд, Жигжидийн Мөнхбат аварга зүүний магнайд гарч гурвын даваанд цолоо дуудуулаад миний тахимаа өгсөн Бадам-Очир начинг амлаж өвдөг шороодож байсан. Үндсэндээ тэр жил Мөөеө аварга зодгоо тайлж байсан. Бадам-Очир начин бол Мөөеө аваргын удмын бөх. Миний бие 2002 онд Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. 2006 онд Дорноговь аймгийн наадамд Ховдын И.Мөнхбаатар начингаар тав давж аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр жилээ аймгийн начин цолтой улсын наадамд зодоглож байсан. 2007 онд Зэвэгийн Дүвчин багшаараа гурав даваад дөрвийн даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон. Улсын наадамд 11 удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их аваргад тахим өгсөндөө бэлгэшээдэг. Тухайн үедээ аваргыг хаяж чадсангүй дээ гэж сэтгэл гонсойж л байлаа. Одоо эргээд бодоход бэлгэшээлтэй санагддаг юм.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/2016072/19site.jpg-“Цэргийн арслан Санжаадамба” гэж зарлуулаад бөхийн өргөөнд болсон барилдаануудад түрүүлээд л, Монгол туургатны ой, цагаан сарын гээд томоохон барилдаан манлайлаад, шуугиулаад л байсан. Гэвч наадмаар гурав даваад л унана. Ямар сайндаа Баянаа аварга “Энэ хүүг тав давуулчих юмсан. Тэгвэл ч дийлдэхгүй дээ” гэж байсан?

-2008, 2010 оны наадмуудад гурав даваад унасан. Б.Ганбат арсланд хавируулаад унаж байлаа. Дараа нь нутгийн ах Д.Хишигдорж заанаар гурав даваад Д.Лхагвадорж начинд тахимаа өгч байлаа. 2009 онд бүр хоёрын даваанд аймгийн цолтой (аймгийн арслан Б.Суманчулуун) бөхөд унаж байлаа. Нэг л болж өгөхгүй байсан. Харин 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Чимэдийн Гочоосүрэн заанаар гурав, Ж.Амартүвшин харцагаар дөрөв, Ө.Бат-Орших харцагаар тав, Б.Сангисүрэн начнаар тунаж зургаа, Ц.Содномдорж харцагаар тунаж долоо давж шууд заан болсон. Содномдорж харцага бид хоёр шууд шоо хаяад барьц сонгосон юм. Ингээд миний талаар бууж би барьцаа аваад барилдсан. Үндэсний бөхийн дүрмийн дагуу барилдаан болсон. Хүмүүс тэр барилдааныг маргаантай болсон гэж боддог байж мэднэ. Яг л дүрмийнхээ дагуу барилдаан болсон.

Ингэж л начин, харцага цолыг алгасан заан цолонд хүрч байлаа. Заан болсны дараа жилийн наадамд Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар дөрөв давж тавын даваанд Пүрэвжав харцагад хоёр хөлдөө давхар гүйлгээд унаж байсан. 2010 оны төмөр бар жилийн сар шинийн барилдаанд одоогийн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай үлдэж түрүүлж байлаа. Гурвын даваанд одоогийн арслан П.Бүрэнтөгстэй, дөрөвт Ө.Бат-Орших харцагатай гээд шилдэг бөхчүүдтэй тунаж хүч үзэж байлаа. Тэрхүү цагаан сарын барилдааны өмнөх өдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд А.Бямбажавтай үлдэж мөн л түрүүлж байсан. Гэвч жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Лхагвадорж начинд өвдөг шороодож шуугиан тарьсан даа (инээв).

-2013 оны наадамд тав давж шөвгөрөөд Б.Батмөнх заанд хавируулаад унасан. Бас л түрүүлнэ гэгдэж байсан наадам шүү дээ?

-Болдоггүй юм гэдэг болдоггүй л юм билээ. Аливаа юм цагаа хүлээдэг гэдэг. Би олон түүхт ой давхацсан 1024 бөхийн барилдааныг 10 давж манлайлах хувьтай байжээ. 2013 онд Сэлэнгийн өндөр Баянмөнх начнаар тав давж Төв аймгийн Б.Батмөнх зааныг зургаагийн даваанд амлаж аваад хавирах мэхэнд нь өвдөг шороодсон. Дараа жилийнх нь наадмуудад тус бүр долоо давж шөвгөрөөд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын арслангуудад тахим өгсөн. Эдгээр бөхчүүдтэй чухам ямар барилдаан болсныг наадамчин олон, бөхөө дээдэлдэг түмэн сайн мэдэж байгаа. 2014 онд Найдангийн Түвшинбаяр харцагаар тав, Завханы Бадамсүрэн начнаар зургаа, Б.Гончигдамба гарьдаар тунаж долоо давж Н.Батсуурь арслантай тунасан. Харин өнгөрөгч жил Ховд аймгийн арслан Б.Тайвангаар тав, Увс аймгийн харьяат шинэ начин Д.Энхбаяраар зургаа, шинээр харцага цолны болзол хангаад байсан Сэлэнгийн Б.Одгэрэлээр долоо давж их шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан.

Монгол туургатны бөхийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэндээ ихэд бэлгэшээдэг. Энэ наадам надад өөртөө итгэх итгэлийг, монгол бөхийн дээд цолонд хүрч болох юм гэх бодлыг төрүүлсэн. “Монгол туургатны бөхийн барилдаанаар чи мандчихсан шүү дээ” гэж хүмүүс хэлдэг. Тэрхүү наадам миний бөхийн зам мөрийг зөв сайхан тэгшилж өгсөн. Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх зургаан мянган бөхийн барилдаанд С.Мөнхбат аваргаар 13 давж түрүүлсэндээ баярладаг. Нэгэн том түүхийн эзэн боллоо гэсэн бодол эрхгүй төрж байлаа.

-Өнөө жилийн наадмын тухай эргээд ярилцъя. Долоогийн даваанд Ц.Содномдорж, Т.Баасанхүү, Б.Пүрэвсайхан нараас Баасанхүүг амласан. Өнгөрөгч жилийн сар шинийн барилдаанд түүнд өвдөг шороодсон. Долоогийн давааны барилдааны тухай дурсахгүй юу?

-Шинээр харцага цолны болзол хангаад байгаа Баасанхүүг амлаад барилдчихъя гэж бодсон. Бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа барилдсан, хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Сар шинийн барилдаанд би унасан. Дараа нь шилдэг 12 бөхийн багийн халз барилдаанд давсан. Баасанхүүгийн барилдааныг хүмүүс сайн мэднэ. Биеэр жижгэвтэр хэрнээ уран дайчин барилдаантай. Миний хувьд золгоод барилдъя гэж бодоод зүтгэсэн. Санасандаа ч хүрсэн.

-Наймын даваанд Э.Оюунболд арслантай тунаж хүч үзсэн. Оюунболдын хувьд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх. Өнөө жилийн наадамд түрүүлнэ гэж яригдаж байсан хүчтэй арслан даа?

-Ер нь төрийн наадамд амар хялбар даваа гэж байхгүй. Барилдаан бүхэн, даваа бүхэн хэцүү байдаг. Наймын даваанд Э.Оуюунболдтой тунах байх гэсэн бодол надад байсан л даа. Залуу арслан бол үнэхээр ирэн дээрээ байгаа бөх. Арслантай их тайван, санасан бодсоноо хийж чөлөөтэй сайхан барилдсан. Шуудхан хэлэхэд, сэтгэлдээ хүртэл барилдсан гэж хэлж болох юм. Барьц сонгооноос залуу арсланг давсан. Найм давчихаад гарьд цолны болзол хангачихаад их баярласан шүү. Цэнгэлдэхэд цугласан наадамч олон давах бүрт минь нижигнэтэл алга ташиж, урам зоригийг бадрааж байлаа.

-Есийн даваа буюу арслан цолны даваанд Г.Эрхэмбаяр аваргад амлуулж барилдсан. Аваргыг давчихаад зүүн мөрнөөс нь адис авч харагдсан. Тэр тухай “Монгол бөхийн жудаг гэж энэ дээ” хэмээн олон хүн санал сэтгэгдлээ цахим ертөнцөд бичсэн байна лээ?

-Г.Эрхэмбаяр аваргыг би их хүндэтгэдэг. Бөхийн жудаг ёс талаасаа ч, олон жил барилдсан хүч хөдөлмөрийг нь бодсон ч сайхан бөх. Хийморь лундаатай энэ сайхан аваргаар арслан цолны босго алхлаа, аварга цол хүртэхийн ерөөлийг бэлгэдэж мөрнөөс нь адис авъя гэж бодсон.

-Түрүү үзүүрт нутгийнхаа бөхтэй үлдсэн. Өнөө жил Архангай нутгийнхан гойд сайхан наадлаа?

-Г.Өсөхбаяр аварга, Д.Рагчаа гарьдаар ахлуулсан “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд хийморьтой сайхан наадлаа. Начин цолтой дөрвөн бөх төрлөө. Аварга, арслан цолтон тодорлоо, Лу гүний Вандан аварга, буур хэмээх Нацагийн Жамъян аварга, Цэдэндоржийн Чимэд-Очир аварга, энэ цагийн бөхийн манлай дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр гээд монгол бөхийн түүхэнд домог болсон аваргууд энэ нутгаас төрсөн. Улсын наадмын түүхэнд Архангай нутгийн бөхчүүд түрүү үзүүрт шалгарч байсан тохиолдол ч олон байдаг юм билээ. 1920-иод оны эхээр Буур аварга, Төмөрбаатар арслан хоёр үлдэж байсан, дөчин гурван онд Архангайн Хайрхан сумын аат Лувсанжамц арслан, Цэнджавын Содов арслан хоёр үлдэж байж. Жаран хоёр онд Жалбуугийн Чойжилсүрэн, Далайн Жамц гэсэн хоёр хүчит мөн л түрүү үзүүрт шалгарч байсан түүх бий. Ийм л домог түүхтэй хүчтэнүүдийн нутгаас аваргын буухиаг залгуулсандаа баяртай байна. 16 настай байхдаа бөх болно гэж нутгаасаа гарсан. Өнөөдөр бөхийн оргил цолонд хүрлээ. Анх Дүвчин багшийнхаа “Хасар” бөхийн дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Бөх болоход минь улсын хүчит арслан Уламбаярын Мижиддорж их нөлөөлсөн. Манай эмээтэй төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм.

Categories
xурдан-морь мэдээ

САНДАГДОРЖИЙН ООНОН ХАР

Нэгэн мянга есөн зуун ерэн долоон оны наадмын азарганы уралдааныг уяа моринд ойр байдаг хүмүүс сайн санаж байгаа. Тэр жилийн наадамд Монгол Улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү зул хонгор азаргаа түрүүлүүлэх бодолтой сойжээ. Тод манлайн уяан дээр хонгор азарганаас гадна ерэн дөрвөн оны наадмын “түмэн эх” цолмон халтар, өмнөх жилийнх нь наадамд түрүүлсэн Г.Батхүүгийн толин хул, Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойн Есөн зүйлийн даншиг наадамд түрүүлсэн М.Зоригийн хүрэн, Төв аймгийн Баян-Өнжүүлийн Ц.Эрдэнийн хонгор зэрэг дөрвөн лут азарга сойгдсон байдаг.

Тэдгээр дөрвөн азаргыг ганцхан азаргатай уралдуулах гэж сойжээ. Зууны манлай уяачийн хараанд өртсөн тэрхүү ажнай бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, алдарт уяач Ц.Сандагдоржийн оонон хар азарга юм. Оонон харыг ерээд оны дундуур зүүн зүгээс тодорсон гойд хурдан хүлэг хэмээн зартай уяачид хийгээд морь судлаач олон нэгэн дуугаар үнэлдэг билээ. Ерөнхийдөө Х.Сүрэнхорын алдарт хээр азарганаас хойш Хэнтий нутгаас төрсөн тэнгэрийн хүлэг юм даг уу даа.

Тэрээр төрийн их баяр наадамд ганцхан удаа ирж уралдахдаа бас л шуугиан тарьсан түүхтэй. Ямар сайндаа Даваахүү уяачийн “Өндөр зул”-ыгаа түрүүлгэх “хар хайрцаг”-ны бодлогод нь өөрчлөлт оруулж, тун ихээр сандаргасан байхав дээ. “Өнөө жилийн наадамд Сандагдоржийн оонон хар ирэх юм гэнэ ээ” гэж баттай сураг сонссон тод манлай дөрвөн азаргаа дөрвөн өөр төлөвлөгөөгөөр, чанд нарийн судалгаатай бэлдсэн гэдэг шүү.

Ерэн долоон оны наадмын хуучаа дахиад сөхье. Их сунгаанд хар азарга торох юмгүй л түрүүлжээ. Даваахүү уяач тэрхүү сунгаанд өөрөө ирсэнгүй. Өнөө хэдэн лут амьтдаа ч уралдуулсангүй. Илч довтолгож, оонон харыг шинжүүлэн, нууц төлөвлөгөөгөө дахин сайтар нягталсан байгаа юм. Ингээд наадам эхэлдгээр эхэлж, Элбэг хээр, Идэр хээр тэргүүт домогт хүлгүүдийн угсаа хурдан азарганууд гараанд гарчээ. Ц.Сандагдорж уяач аавынхаа захиснаар, морины комиссынхноос гуйж байгаад машинд нь суугаад авсан байна. Хар азарганыхаа давхилыг анзаарах гэж тэр.

Үе үеийн хурдан буянуудын хөлс шингэсэн алтан зурхай дээрээс азарга эргэж, удаа ч үгүй шар цамцтай хүүхэд унасан хар азарга хошуу өлгөн түүчээлсэн нь алдарт оонон хар байсан ажгуу. Эзэн нь барааны газраас таньж, хамт яваа хүмүүстээ дуулган, хөөрч догдолсондоо машины цонхоор үсрэх дөхсөн нь мэдээж. Хар азарга өнгөлсөөр Алдар толгой тойрон, Айдасын хүр өөд өгсөхөд, морины комиссынхон Сандагдорж уяачид хандан “Хүүхдэдээ хэл хүргэ, азарганыхаа амыг татуул, жолоог нь арай л эрт сул тавиад байна” гэхэд, миний хар сууна ч гэж ярихгүй гэж далбайсан том нударгатай тэрлэгээ улам хөөргөн омгорхсон гэдэг.

Айдасын даваа уруудахад өнгөлж явсан хар азарган дээр Даваахүүгийн түмний эх цолмон халтар зуузай холбон ирж, нэг хэсэгтээ л “урж” өгчээ. Тэгсгээд цолмон халтар суусан байна. Хамаг байдгаа гарган, хар азарганы хурдыг жаахан сааруулж үүргээ гүйцэтгэсэн нь тэр. Удалгүй Батхүүгийн толин хул оонон хар дээр салхи адил хүүгэн ирж бас л багагүй хугацаанд хурд хуваан уралджээ. Толин хул бол бариа ойртох тусам газрыг эвхэж өгдөг, аварга амьтан л даа. Хар азарга ч тэнийтэл сайхан харайж байна гэнэ. Буянт-Ухаагийн буурал дэнжээд өгсөх мөчид толин хулын хүүхэд жолоогоо татаж, янз нь хойноос ирэх дараагийн азаргаа хүлээв гэнэ шүү. Тэр нь Өндөр гэгээний даншигт түрүүлж шуугиан дэгдээсэн Бямбашижээгийн хүрэн азарга. Төв аймгийн Эрдэнэсантын адуу шиг санагдана. Уг азаргыг Их хурлын гишүүн асан М.Зоригт мөнгө хатуу байхад таван саяар худалдан авч, хурдан адууны үнийг тогтоож байсан удаатай. Хар азаргыг араас илдэж барьсан хүрэн азарга зуузай холбон нэлээдгүй зовоосон байгаа юм.

Тэр даруйд “Дүүгийн оонон хар ч түрүүлэх нь баталгаатай боллоо” хэмээн баяр хүргэж байсан олон эргэлзэж эхэлжээ. “Энэ нэг л биш болоод явчихлаа. Даваахүү манлайн уяаны азарганууд ээлж дараалан ирж зуузай холбоод байгаа нь цаанаа учиртай” гээд сая л нэг хар авсан аж. Сандагдорж бол дотроо “Миний оонон харын өмнө өнөөдөртөө гишгэх адуу байхгүй ээ” гэсэн юм л бодож, магнай нь тэнийгээд байсан нь гарцаагүй. Зоригийн хүрэн хар азарга уралцаж байх зуур хойноос хоёр хонгор азарга зуузай холбон ширүүхэн дайрч, зул хонгор нь өнгөлснөөр тэр жилийн наадмын азарганы түрүү тодорсон гэдэг ээ. Д.Даваахүү гуай ингэж л тэр жилийн наадамд Сүрэнхорын хээр шигээ холоо түрүүлэх Хан Хэнтийн босоо хар азаргыг аман хүзүүдүүлж, зул хонгороо түрүүлгэн, толин хулыг гуравт, Баян-Өнжүүлийн Эрдэнийн хонгорыг дөрөвт, Зоригийн хүрэнг тавд давхиулсан байдаг аа.

Оонон харын төрийн наадамд уралдсан түүх ийм буюу. Хар азаргыг том жижиг бүх уралдаанд нэг л уяагаар гардан сойсон уяач нь Сандагдоржийн эцэг Цэрэндондог гуай. Тэрээр Дэлгэрхааны унаган нэгэн бөгөөд арван хэдхэн наснаасаа л морь уяж эхэлсэн юм гэнэ лээ. Оонон хар сумын наадамд бага дөрвөн насандаа айраг түрүү хүртэж байгаад хавчиг азарга аймгийнхаа далан жилийн ойд тасархай түрүүлсэн байдаг. Хар азарганы эх тал нь Дэлгэрхааны Жүнгийн адууных. Бүр дээд угшил нь Галшарын оонон харын удамд хамаардаг гэдэг. Харин эцэг тал нь төрийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан Даваанэрэн начингийн алдарт халзан азарганы угшилтай аж.

Ийм л нэг хурдан буян ерээд оны сүүл үеэр моринд хайртай монгол түмний сэтгэлд хадаатай явсан даа. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаан Хан Хэнтий нутагт анх зохиогдоход оонон хар түрүүлж, олны баяр бахдалыг хүлээж байсан. Тэр бол ерэн долоон он юм. Төрийн наадамд ирж уралдан аман хүзүүдсэнийхээ дараахан зүүн бүсийн наадам түрүүлсэн удаатай. Үндсэндээ давхар уяагаар сойгдож, нутгийнхаа тэнгэр дор манлайлан өвгөн уяачийнхаа нулимсыг олны өмнө унагасан байдаг аа. Түмэн олон шагшиж, түрүү азаргыг бүчээд авах ахуйд Хөхийн Сүрэнхор гуай олны дундуур зүсэн орж ирээд оонон харын хөлснөөс магнайдаа хүргэн, босоо хээрээс минь хойш өвгөн ноёны нутагт босоо төрсөн хүлэг энэ мөн байна гэж сэтгэл догдлон өгүүлсэн түүх бий.

1998 онд эртний нийслэл Хархоринд Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд” наадам анх удаагаа зохиогдсон билээ. Газар газрын шигшмэл хурдан хүлгүүд нэгэн дор цуглаж, хурд, хүчээ сорьсон тэрхүү уралдаанд Сандагдоржийн хар азарга Хан Хэнтий нутгаасаа ирсэн байв.

Орхон голын хөвөөнд Монголын зартай уяачид асар майхнаа зоон, уяа цэрэв татаж, түмэн эхүүдээ сойсон нь мэдээж. Тэдгээр ажнай хүлгүүдийн дунд хар азарга аргагүй нэг ялгарч байж. Зурсан, зорсон юм шиг уяан дээрээ живхрэн байсан ажгуу. Ер нь хар азаргыг биеийн ерөнхий хийц сайтай, толгой уран, дахиад ховор л төрөх ганган сайхан ажнай байсныг нүдээр үзсэн хүмүүс бахархан өгүүлдэг юм аа. Давхил нь бол ч намар оройн тэнгэрт салхины аясаар нүүж яваа үүл шиг л газрыг ууж өгдөг байсан гэдэг шүү.

Анхны “Их хурд”-д Хэнтийн аймгийн Дархан сумын уугуул, алдарт уяач У.Буяндэлгэрийн жинст хонгор азарга түрүүлсэн. Уг азарга өвгөн ноёны наадамд аман хүзүүдсэн юм. Оонон харын ард давхисан гэсэн үг. “Их хурд”-ын азарганы аман хүзүүнд Сүхбаатарын Уул баянгийн Шагдарын хул, гуравт Төв аймгийн Лүнгийн О.Жамьяндоржийн буурал духт хүрэн, дөрөвт манлай уяач Г.Батхүүгийн толин хул, тавд Ц.Сандагдоржийн хар азаргууд давхиж, аргагүй л хурдан буянууд гэдгээ нотлон харуулсан билээ. Их насанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, Ш.Лхүндэвийн хонгор магнайлан, аман хүзүүнд манлай уяач Г.Батчулууны төрийн наадмын түмэн эх болж байсан зээрд халзан, гуравт мөн манлай уяач Партизаны гэгдэх Цоогийн Доржсүрэнгийн аварга хээр давхин олон түмнийг баярлуулж байсан нь саяхан даа.

Ямар ч наадамд явна, хүүгийнхээ дэргэд байж өмөг түшиг болдог Цэрэндондог уяач оонон харынхаа алтан тэлүүр магнайг илбэнгээ “Монголын шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөхөд айрагдлаа. Өвгөн ноёны хишиг хүртсэн өндөр заяат адуу гэдгээ моринд хайртай монгол түмэндээ харууллаа. Чамаас үүнийг л хүсч байсан. Одоо л миний сэтгэл амарч, энэ олон жил хүлэг морьдын тоосонд явсныхаа хэргийг бүтээлээ” гэж дуу алдсан байдаг шүү. Уяач эзэндээ бурхнаас заяагдсан хэмээн гарцаагүй ойлгогдохоор хүлэг гэдэг тийм л үнэ цэнтэй хийгээд нэгэн насных нь баяр баясгалан, хайр харуусал, утга төгөлдөр амьдрал нь болдог буюу.

Энэ цагийн лидер уяачдын дурсамж дурдатгал, яриа хөөрөөнд ямар нэгэн байдлаар дурсагдаж, мөн ч сайхан буян байсан шүү хэмээн хайрлагддаг, өвгөн ноёны нутгаас тодорсон гойд хурдан хүлгийн тухай цухас өгүүлэхэд ийм байна. Дундговийн Эрдэнэдалайн Гомбо-Очирын саарал, Завханы Дөрвөлжингийн Туяагийн халиун, Увсын Өндөрхангайн Дамдингийн хээр, Сэлэнгийн Зүүнхараагийн Ганбаатарын манхан халзан тэргүүт их морьд хийгээд Сандагдоржийн хар азарга шиг идэрхэн ажнайнууд хөдөөнөөс ирж, төрийн наадамд бяр заан уралдан, тод манлай уяачдын зүрхэнд шар ус хуруулах болтугай гэх ерөөлийг өргөе.

Categories
xурдан-морь мэдээ

​“ХОС ШАРГА”-ЫН ЭЗЭН

Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны ах дүү хоёр шарга ажнайд зориулсан “Хос шарга” хэмээх дуу зохиогдсон даруйдаа л хит болсон билээ. Уг дууны шүлгийг туурвисан эрхмийг энэ удаа “Өдрийн зочин”-доо урьсан юм. Түүнийг Даш-Очирын Агваан гэнэ. Тэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул нэгэн. Аав нь сумынхаа агентаар ажиллаж байсан, морь уядаг, хурдан хүлэг шинждэг, шүлэг зохиол ч тэрлэчихдэг юм юмтай буурал байжээ. Сум орон нутгийнхаа наадамд ч айраг, түрүү багагүй хүртэж байсан гэдэг. Зочин маань эцгийнхээ гэрээсийг биелүүлснээ ийн хуучилсан юм.

“Аав минь нас өндөр болсон хойноо надад нэг зүйлийг аминчлан захилаа. Тэр нь юу байв аа гэхээр нутгийн адууныхаа цусыг сэлбэх. Хонгор нутгийн минь адуу нэг л давжаараад байх шиг санагдах юм Миний хүү адууныхаа цусыг сэлбэвэл аав нь мөн их баярлах байна аа гэж тэр нэг намрын хүйтэн бороотой зэврүүхэн үдэш галын нөмөрт дулаацан суухдаа хэлж билээ. Ингээд би чинь аавынхаа амьдад захиасыг нь биелүүлэх гэж тухайн үед хуримтлуулсан багагүй хэдхэн төгрөгөө өвөртлөөд зүүн аймгуудыг зорьсон доо” гэв.

Мань хүн Хэнтийн Галшар болоод Сүхбаатар аймгийн сумдаар явж, азарган үрээ худалдаж авчээ. Тэр нь 1999 оны наадмын дараахан аж. Баянхонгорчууд Ламын гэгээнийхээ ойг тэмдэглэн, даншиг наадам хийж байхад Агваан 57 азарган үрээ нутагтаа аваачиж, ус голын олон түмэндээ өгчээ. Дараа нь 83 азарган үрээ мөн л нутагтаа аваачсан байгаа юм. Ингэж хонгор нутгийн адууны цус сэлбэгдэж, “Агвааны угшил” гэсэн нэр хүртэл гараад авсан байна. Нас өндөр болсон эцэг нь тэгэхэд ёстой нэг хөхин баясч, “Одоо л нэг миний сэтгэл амарлаа” гэсэн гэдэг. “Аавыгаа тэгж л нэг баярлуулсан хүн дээ, би. Эцэг хүний ухаан гэдэг мөн чиг холыг хардаг юм шүү” хэмээн утга төгөлдөр яриа үүсгэх ажгуу. “Баянхонгортодоо ахынх нь угшлын морьд ид давхиж байна даа” гэж омогших нь цаанаа л бахархалтай.

Д.Агваан 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн инженер механикийн ангийг дүүргэсэн байна. Тэгээд Дарханд хуваарилагдсан аж. Үндсэндээ ажил амьдралын гараагаа найрамдлын хот гэгддэг Дарханаас эхэлжээ.

Ерээд оны эхээр Эрдэнэт хот руу шилжин, “Тахь” нэртэй компани байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан гэдэг. Энэ тухайгаа “Чехээс хүнсний бараа оруулж ирэн бизнесээ эхэлж байлаа” гэж өгүүлэх ажгуу. Ерэн дөрөв, таван оны үед их хотын айл болжээ. “Дэнжийн 1000”-д лангуу ажиллуулж байгаад одоогийн “Бөмбөгөр” худалдааны төвийн суурин дээр ганцаараа худалдаа эрхэлж эхэлсэн гэнэ. Бөмбөгөр гэж өөрийн төрөлх сумаараа нэрлэжээ. Бас сонин юм шүү. “Бөмбөгөр” худалдааны төв, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаар ийн нэрлэгдсэнийг, Агваан гэж залуу анх байгуулж байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй билээ. “Бөмбөгөрийг байгуулаад ашиг орлоготой болж, хүмүүс ч оволзоод эхэлтэл газраа бусдад алдсан даа” гээд тэр тухай тодорхой зүйл ярьсангүй.

Бөмбөгөрийнхөө дараа “Улаанбаатар палас”-ын урд тал, Кёкүшюү цамхгийн дэргэд “Хөх бүрд” гэсэн худалдааны төв нээжээ. Төрсөн газрынхаа нэрээр тийн нэрлэсэн байна. Одоо бол “Орхон” нэртэй худалдааны төв болсныг манайхан мэднэ болов уу. Мань хүн ингэж л бужигнуулж явсан байгаа юм. Өдгөө тэрээр “Вилмар” нэртэй барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна.

Олон ч айл, албан байгууллагыг орон сууцтай болгож, гал голомтыг нь бадруулсныг дурдвал барагдахгүй ээ.

Уран бүтээлчийнх нь тухайд, олны хайртай дуу хэрхэн бүтсэн түүхээс сөхвөл сонирхолтой байх нь мэдээж. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны найман зуун жилийн ойгоор эзэн Чингэсийн тухай нэгэн дууны шүлэг бичжээ. Тэгээд нутгийн ах, Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд үзүүлсэн байна. Со гавьяат өнөө дууных нь шүлгийг үзээд “Тэнгэр заяа” гэсэн нэр өгч сэтгэл огшоосон сайхан мөрүүдээс дууны дундуур би өөрийн хоолойгоор уншина гэжээ. Түүндээ ч хүрсэн гэдэг.

Харин “Хос шарга” дуу хэрхэн бүтсэн тухай одоо тосч өгүүлье. 2007 онд юм гэнэ. Дотных нь анд нөхөр Э.Эрдэнэчулуун нь тод манлай уяачийн болзол хангаж, цолныхоо мялаалгад хүрэлцэн ирэх урилга хүргүүлжээ. Найздаа ямар бэлэг барих тухай бодсоноо ерөөсөө л нэг сайхан бүтээлтэй очъё гээд “Хос шарга” нэртэй шүлэг бичсэн аж. Уг шүлгээ уншихуйд Э.Эрдэнэчулуун манлайгаас аваад, Д.Даваахүү, Д.Онон нарын сэтгэл хөдөлж, эрсдэж хальсан хайран шарга аа гэсэн мөр бадагт дээрх хэлхгэр уяачид нулимсаа арчсан гэдэг шүү. Дараахан нь уг шүлэгт Н.Баасандорж гэх хонгор нутгийн залуу ая данг нь зохируулан тааруулж, өөрөө дуулснаар ард түмний хайртай бүтээл болсон аж.

Д.Агвааных хоёр охинтой гэнэ. Том охин Халиун нь Орост суралцаж байгаа бол бага охин Хулан энэ жил аравдугаар ангиа дүүргэсэн байна. Гэргий Ц.Ганцэцэгтэйгээ буудлагын спортын тамирчин байхдаа танилцсан гэдэг. Ингэхэд “Хос шарга”-ын эзэн маань буудлагын спортын мастер юм билээ. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын дэлхийн шилдэг тамирчидтай хамт уг спортод хөл тавьж байсан гэдэг ээ.

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн инженер, математикчид оюун ухаан, ур чадвараараа өрсөлдөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг бүх төрлийн олимпиадын хоёрын даваа өчигдөр эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит нийслэлийн шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах олимпиад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль дээр зохион байгуулагдсан юм. Олимпиад хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргах бөгөөд нийслэлийн 50 гаруй сургуулийн 700 шахам сурагч, 100 гаруй багш оролцож байна. Энэ жилийн хувьд Монголын математикийн олимпиадын хорооноос бодлогыг боловсруулж, засалт, дүгнэлтийг хариуцан ажиллаж байгаа ажээ. Өчигдөр V-XII ангийн сурагчид, бага, дунд ангийн багш нар эхний өдрийн бодолтоо хийсэн юм.

О.Наранчимэг: ЭНГИЙНЭЭС НАРИЙН РУУ ГЭСЭН ЗАРЧМААР МАТЕМАТИКИЙГ ОЙЛГУУЛДАГ

Энэ үеэр улсын математикийн багш нарын олимпиадын хоёр удаагийн аварга, “Орчлон” сургуулийн багш О.Наранчимэгтэй цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр, “Улсын олимпиадад анх 2004 онд оролцож байлаа. Тухайн үед юу ч мэдэхгүй ороод шууд хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш есөн жил медальгүй, тусгай байр эзэлж байгаад 2012 онд алт, 2013 онд мөнгө, 2014 онд алтан медаль хүртэж байлаа. Энэ жил гурван бодлого ирснээс сая хоёрыг нь л бодлоо. Өнөөдрийн дүнгээ харж байгаад маргааш хэдэн бодлого бүтэн бодож, хэдэн бодлого хагас бодох вэ гэдэг тактикаа боловсруулна” гэсэн юм. Түүнээс математикийн хичээлийн сайхан нь юундаа байдаг вэ гэхэд “Математик бол өнгөрснөө үгүйсгэдэггүй, харьцангуй тогтвортой шинжлэх ухаан гэдгээрээ давуу талтай. Миний хувьд бага ангийн багш болохоор математикийг аль болох амархан, гоё хичээл гэж сурагчдад ойлгуулахыг хичээдэг. Заримдаа тоглоомын аргаар заадаг. Бодлогоо таних аргад сургачихсан байхад хүүхэд аяндаа математикт дуртай болдог. Дунд ангийн сурагчдад бол энгийнээс нарийн руу гэсэн зарчмаар явдаг. Амархан бодлого өгч бодуулсаар, өөртөө итгэлтэй болоод ирэхээр нь арай хүнд бодлого өгдөг. Нэг төрлийн бодлогыг олон дахин бодуулахаар би чадаж байна гэж боддог. Тэгэхээр нь жаахан өөрчлөөд өгөх жишээтэй. Ингэж явсаар байгаад сурагчид нэг мэдэхэд хүнд бодлогыг ч боддог болчихдог” гэж ярилаа.

Эхний өдөр дунд ангийн сурагчид дөрвөн бодлогыг 150-180 минутад боддог бол ахлах ангийн сурагчид, багш нар хоёр өдөр тус бүр 270 минутад гурван бодлого бодож эцсийн дүнгээ сонсдог байна. Ингээд өнгөрсөн жилийн математикийн улсын олимпиадад анги дэвшин оролцож аварга болсон нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Батмэндээс өнөөдрийн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Б.Батмэнд: МАТЕМАТИКИЙГ БОДОЖ БАЙГАА АРГА НЬ УРАН НАРИЙН БАЙХ ТУСАМ ИЛҮҮ ИХ ТААШААЛ АВДАГ

Тэрбээр “Би математикийн олимпиадад хоёрдугаар ангиасаа оролцож эхэлсэн. Намайг жаахан байхад ах маань математикийн олимпиадын аварга болж байсан. Ахаараа бахархаж, хичээгээд байвал медаль авдаг юм байна гэж бодож эхэлсэн. Ах минь одоо Америкт Google компанид программ хангамжийн инженерээр ажилладаг. Тийм болохоор би ирээдүйд сайхан амьдрахын тулд өдөрт тогтмол зургаан цаг математикаа давтдаг” гэсэн юм. Түүнээс математикаар хичээллэхийн юу нь сайхан бэ гэхэд “Математикийг бодож байгаа арга нь хэр уран гоё байна гэдгээс хамаараад маш их таашаал авдаг. Бага ангидаа нийслэлээс гурван удаа мөнгөн медаль авч байсан. Монголын математикч бүхэн олон улсын IMO олимпиадад амжилттай оролцохыг хүсдэг. Би ч мөн адил тэр олимпиадаас алтан медаль авахын тулд мэрийж байгаа” гэж ярилаа.

Дашрамд сонирхуулахад, энэ жилийн математикийн улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт доктор Д.Шагдар багшийн нэрэмжит болж зохион байгуулагдах ажээ.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАДЫН ХОЁРЫН ДАВААНД 560 ГАРУЙ БАГШ, СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Мөн энэ өдөр Монгол Улсын гавьяат багш М.Цэрэнхандын анх санаачлан зохион байгуулсан техник технологийн олимпиадын хоёрын даваа 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилээс тус олимпиадыг МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуужав, Н.Батбаяр нарын нэрэмжит болгож буйгаараа онцлогтой юм. Техник технологийн олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагчид техник спорт, зураг урлал, дизайн гэсэн гурван төрлөөр ур ухаанаа уралдууллаа.

О.Батжаргал: СУРАГЧИД ЯМАР БҮТЭЭЛ ХИЙЖ, ЯАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ, ТЭВЧЭЭР ГАРГАЖ БАЙГААГ АНХААРЧ, ДЭМЖЭЭСЭЙ ГЭЖ БОДДОГ

Энэ удаагийн олимпиадад усан техник загварын төрлөөр хоёр сурагч, авто загвараар нэг хүүхэд бэлтгэн оруулж буй Ган зам хорьдугаар сургуулийн багш О.Батжаргалтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр, “Миний хувьд 2004 онд их сургууль төгсөөд энэ сургуульд багшилж эхэлсэн. 2005 оноос олимпиадад оролцож байна. Бэлдсэн шавь нар маань чамгүй амжилт гаргаж байгаа. Усан техник загварыг сонирхож, тэр чиглэлээр хүүхдүүд бэлтгэдэг. Техник спортын чиглэлээр хүүхдүүд бэлтгэнэ гэдэг бол улс оронд маш том хөрөнгө оруулалт оруулж байна гэж боддог. Энэ жил нэгдүгээр шатанд дөрвөн төрлөөр таван хүүхэд оролцож, тавуулаа хоёрдугаар шатанд оролцох эрх авсан. Гэвч өнөөдөр хувийн шалтгааны улмаас хоёр хүүхэд орж чадахааргүй болчихоод байна. Хүүхдүүдийн бүтээлүүдийг харж байхад деталь эд ангиуддаа их анхаарсан, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж чаджээ. Миний хувьд техник технологийн олимпиадын улсын аваргад нэг удаа тусгай байр, нэг удаа есдүгээр байр эзэлж байсан. Шавь нараа бэлтгээд өөрөө оролцоход хүндрэлтэй байдаг. Улс орны ирээдүй болсон инженер техникийн боловсрол эзэмшиж байгаа сурагчид ямар бүтээл хийж, юу хүсч мөрөөдөж, яаж хөдөлмөрлөж, тэвчээр гаргаж байгааг холбогдох албаны хүмүүс анхаарч, дэмжээсэй гэж боддог” гэв. Түүнээс энэ жилийн олимпиадад өгөгдсөн даалгавар урьд жилүүдийнхтэй харьцуулахад ямар байсан талаар тодруулахад “Усан загварын хувьд 1945 оны дайнд оролцож явсан ЗХУ-аас 500 ширхэг үйлдвэрлэгдэж Герман улс руу шилжсэн торпет Г-5 байлдааны сөнөөгч онгоцны загварыг хийж байна. Ер нь бол их хүнд загвар. Автомашин дээр бартаат замын хаан гэгддэг ГАЗ-66 машин өгөгдсөн. Тэмцээний үеэр техникийн саатал, хүүхдийн өөрийн ур чадвараас шалтгаалаад алдаа дутагдал гардаг. Гэхдээ сурагчдын ур чадвар жилээс жилд сайжирч байна” гэлээ.

Мянганбаяр: УРАН НИСЛЭГ БУЮУ F2B ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙГАА ТУЛ НИСГЭГЧИЙН УР ЧАДВАРААС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА

Усан загварын ангилалд онгоцоо шалгуулаад гарч ирсэн Сонгинохайрхан дүүргийн XII сургуулийн есдүгээр ангийн сурагч Даваасүрэнгээс сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Техник технологийн олимпиадад усан загварын төрөлд зургадугаар ангиасаа хойш орсон. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь ганцаарчилж дүнг нь хэлж өгч байна. Зураг, их бие дээр бага оноо авч, гүйцэтгэл дээр 70 хувийн оноо авлаа. Усан онгоцоо бэлэн болгох гэж хоёр, гурав хоног нойргүй хоносон. Мотор их биетэйгээ нийлээд 400-500 мянган төгрөгийн зардал гарсан” гэв. Түүний дараа өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн XI ангийн сурагч Мянганбаяр онгоцоо цэцэрлэгт хүрээлэнд хөөргөхөөр явж байхтай таарлаа. Тэрбээр энэ спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил нийслэлд гуравдугаар байр эзэлжээ. Түүнээс энэ жилийн даалгаврын талаар тодруулахад “Уран нислэг буюу F2B төрлөөр өрсөлдөж байна. Тийм болохоор нисгэгчийн ур чадвараас их зүйл шалтгаална. Онгоцоо зохион бүтээх гэж гурван сар хөдөлмөрлөсөн. Ингэж их хөдөлмөрлөсөн ч зарим хүүхдүүд онгоцоо нисгэх үедээ алдаа гаргаж чанга унагах тохиолдол байдаг. Чанга унагах юм бол мотор нь эвдэрч их хохирол амсдаг” гэж ярьсан юм.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдоржийн “илрүүлсэн” С.Зоригийн хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, захиалагч нь тов тодорхой байсан

Сүүлийн үед Монголын нийгмийн хамгийн гол дуулиан шуугиан нь С.Зоригийн хэрэг болоод байгаа. Одоогоос 19 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн. Монголын нийгмийг тэр чигт нь цочирдуулсан энэхүү аймшигт аллагыг иргэн Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар бүлэглэн үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тэднийг анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн. Саяхан давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Хорь шахам жил олон түмний анхаарлын төвд байсаар ирсэн дуулиант хэргийн талаар зарим улстөрчид байр сууриа илэрхийлж, үгээ хэлж байна. Тэдний нэг нь Их хурлын дэд дарга Ц.Нямдорж. Монголын прокурорт бүхий л насаараа ажиллаж ирсэн тэрээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд айхтар уурлаж, ундууцсан ярилцлага өгч байгаа харагдсан.

Тодруулбал, “Яахлаарааа захиалагч нь тогтоогдоогүй байхад гүйцэтгэгчид нь тогтоогддог юм. Яахлаараа шүүх хурлыг хаалттай хийдэг юм. Цорын ганц гэрч болох Булганыг яагаад шүүх хуралд оруулдаггүй юм. Яагаад шүүхийн шийдвэрийн өмнөөс прокурорууд хэрэгт оролцож телевизээр мэдэгдэл, тайлбар хийдэг юм. Ерөнхийлөгч яахаараа хэргийн тодорхой зарим хэсгийг ил болгох шийдвэр гаргаж байгаа юм. Энэ бол сэжигтэй” гээд жигтэйхэн эгдүүцсэн байдалтай прокуроруудаа загнаж байна лээ. Нямдоржийн ингэж уурлаж бухимдах нь зөв л дөө. Прокуроруудаас ам асууж, тэднийг буруутган загнаж зандрах нь аргагүй. Яагаад ингэж хэлэв гэхээр, 2004 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийг “илрүүлчихэж” байсан юм.

С.Зоригийн хэргийг захиалагч нь тухайн үед МҮАН-ын дарга байсан М.Энхсайхан, зохион байгуулагч нь мөн тухайн үед “Центр пойнт”-ын хэргээр шоронд сууж байсан “Цагаан шонхор”-ын Энхтайван, харин гүйцэтгэгч нь энэ байна гээд Д.Энхбатыг Францаас хулгай хийгээд аваад ирсэн. Ингэж С.Зоригийн хэргийг Ц.Нямдорж “илрүүлээд” нийгэмд зарлахад бэлэн болоод байсан. 2004 он гэдэг бол одоогийн Монголын ардын нам буюу тэр цагийн МАХН-ын Монголын төрд эз дийлсэн үе нь байлаа. 2000-2004 онд хуучин “Ху”-гийн нөхдүүд Их хурлын 76 суудлын 72-ыг нь авч жинхэнэ ноёлж байсан цаг. Намын дарга байсан Намбарын Энхбаярын хаанчлалын жинхэнэ оргил он жилүүд тэр байв. Энхбаярын Засгийн газрын Хууль зүйн сайд нь одоогийн Их хурлын дэд дарга Ц.Нямдорж. Мань эр 2000 оны үнэмлэхүй ялалтаа 2004 оны Их хурлын ээлжит сонгуулиар дахин баталгаажуулах гэж С.Зоригийн хэрэг “илэрсэн” хэмээх шоуг Монголын нийгэмд бий болгож, улс төрийн ээлжит жүжгээ тавихаар бэлтгэж байсан.

Ямар сайндаа намынхаа бүлгийн хурал дээр Нямдорж “С.Зоригийн хэрэг илэрч байгаа. Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намыг үсгүй хусна. Даргагүй нам сонгуульд яаж орохыг нь хараарай” гэж даналзсан байдаг. Энэ бүх үйл явц, Зоригийн хэрэг гэх жүжгийн талаар тухайн үед “Өдрийн сонин” эрэн сурвалжлах материал бэлдэж, Монголын ард түмэн, уншигч олондоо хүргэхээр ажиллаж байсан юм. Бүр нарийн тодруулбал, “Ц.Нямдорж: Намын даргагүй нам сонгуульд яаж орохыг нь хараарай” гэсэн гарчигтай шуугиантай материал гарахад бэлэн болсон байсан.

Яг тэр үед “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Жамбалын Мягмарсүрэнг Тагнуулын ерөнхий газрын дарга дуудаж, дарамт шахалт үзүүлсэн байдаг. Тагнуулын ерөнхий газрын дарга, Ж.Мягмарсүрэн эрхлэгчид “С.Зоригийн хэрэг илэрч байгаа. Үүнийг танай сонин үгүйсгэж, элдвээр бичих гэж байна. Ер нь танай сонин засаг төрийн явуулж байгаа юм бүхнийг үгүйсгэж, харлуулж, гутааж харагдах юм. С.Зоригийн хэргийг үгүйсгэсэн нийтлэлээ одоо зогсоо. Чи үхэл гэж ямар аймшигтай юм байдгийг мэднэ биз дээ. Танай ах чинь саяхан үхээ биз дээ” гэж хэлсэн байдаг. Ингэж дарамтлан хэлснийх нь хариуд манай сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн “С.Зоригийн хэрэг илэрч байгаа гэж дуулаагүй. Харин Зоригийн хэрэг илэрлээ гэсэн жүжгийн зохиол бичигдээд дуусч байгаа гэж дуулсан. Хэрвээ бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм бол сонинд юу гарах гэж байгааг мэддэг, тэр материалынх нь төлөө дарамталдаг, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж айлган сүрдүүлэхийг хүлээж авахгүй. Харин сонинд хэвлэгдэж гарсан материалын буруу зөвийг нь шүүхээр тогтоодгийг мэднэ. С.Зоригийн хэргийн тухай энэ нийтлэлээ “Өдрийн сонин” гаргана” гэж өөдөөс нь хэлсэн.

“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Б.Цэнддоо, Ш.Сүхбаатар, нийтлэлч Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат, Шаабар нарын Монголын нэртэй нийтлэлч, сэтгүүлчдийг бүгдийг нь тухайн үед тагнуулынхан дуудаж, ээлж дараалан дарамталж, мөрдөн мөшгиж, “Бичиж байгаа нийтлэл, сурвалжлагаа одоо зогсоо. Хэнээс хаанаас энэ нууц мэдээллийг олж авав” гэж сэтгүүлчдийн ёс зүйд бүдүүлгээр халдаж байсан. Орон шоронд хийнэ гэж хүртэл айлган сүрдүүлэх нь наад захын асуудал байсан.

Гэвч “Өдрийн сонин” тагнуул, хууль шүүхийнхний дарамтаас хулчийлгүйгээр, зөвхөн үнэнийг мэдээлэх хэвлэлийн үндсэн үүргийнхээ дагуу С.Зоригийн хэрэг гэх жүжгийн тухай эрэн сурвалжилсан материалаа цувралаар нийтэлж, Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан. Үнэнийг нь гаргаж тавьсан уг цуврал нийтлэл олон хүнд итгэл төрүүлж, урам зориг өгч, “үсгүй хусагдана” гэж Нямдоржийн басамжилж байсан Ардчилсан нам 2004 оны Их хурлын ээлжит сонгуульд 36 суудал, мөн бие даан нэр дэвшсэн Р.Амаржаргал, Я.Санжмятав, Д.Одхүү нарын Ардчилсан намын гурван гишүүнтэйгээ нийлээд 39 суудал авсан юм. “Намын даргагүй нам сонгуульд яаж орохыг нь харнаа” гэж зануулж, С.Зоригийн хэргийн захиалагчаар тодорч байсан М.Энхсайхан намаа удирдан сонгуульд оролцож, өөрөө мөн төрийн түшээ болж байсан түүхтэй.

Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийг тэгж “илрүүлж” байсан Ц.Нямдорж өнөөдөр ингэж эгдүүцэн уурлалгүй ч яахав. Үнэхээр Нямдоржид тухайн үед С.Зоригийн хэргийг нийгэмд зарлах л дутуу байсан. Захиалагч, гүйцэтгэгч, зохион байгуулагч нь тов тодорхой байсан. “Өдрийн сонин” ийм дайны олон хатуу бэрх даваатай тулгарч байж Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд өөрийн байр суурийг итгэл төгс эзэлсэн юм. Олон жилийн энэ бүх туршлага, анхнаас нь эрэн сурвалжлах дуулиант материал бэлдэж, уншигчдадаа хүргэж ирсний хувьд С.Зоригийн хэрэгтэй холбоотой сүүл үеийн мэдээлэл үнэмшилтэй санагдаад байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон уг хэрэгтэй холбогдуулж хэвлэл мэдээллээр ар араасаа залгуулан ярилцлага өгч, тайлбар мэдэгдэл хийж байгаа прокуроруудын үг үнэмшилтэй, ханатай санагдаад байгаа. Гэхдээ тэдний мэдээлэл дотор гэнэн юмнууд бас бий.

“Энэ хэргийг дөрвөн хүн үйлдсэн. Түүний нэг нь Б.Отгонбаатар. Тэд бие биеэ таньдаг, ойролцоо амьдардаг хүмүүс. Чимгээгийн нөхөр Бямбасүрэн нь Цэвэлмаатай эгч дүүсийн хүүхдүүд. Харин Цэвэлмаа нь Ц.Амгаланбаатарын өргөж авсан ээж. Т.Содномдаржаагийн хувьд энэ хүмүүстэй төрөл биш ч хашаанд нь хамт амьдарч байсан юм билээ. Хэрэг илрүүлэх олон арга байдаг. Тухайлбал, энэ хүмүүсийг хэрэг гарсан газрын ойролцоо аваачаад тухайн хэрэг гарсан байрыг ол гэхэд төвөггүйхэн яваад олж байсан. Т.Содномдаржаа гэхэд байрыг олоод орц нь довжоогүй байсан гэдгийг хэлсэн. Чимгээ хэрэг гарсан шөнө Нарны гүүрний баруун талд байсан “Хан хараацай” зочид буудалд очиж хоносон байдаг. Тухайн үед буудалд ажиллаж байсан эмэгтэй Чимгээг гэрэл зургаар нь таньсан. Дараа нь шүүх хурал дээр нүүрэлдүүлэхэд “Хувилаад тавьчихаагүй л юм бол энэ хүн ямар ч эргэлзээгүй мөн байна” гэж мэдүүлсэн” гэж Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал хэлсэн. Буудалд ажиллаж байсан эмэгтэй ганц шөнө харчихаад Чимгээг дараа нь зургаар нь шууд танина гэдэг арай л гэнэн сонсогдоод байгаа. Мөн байрны засвар ч гэсэн бас л гэнэн. Наад байранд чинь засвар хийсэн шүү гэж өмнө нь нэг удаа сануулж хэлээд л болоо биз дээ.

“Хэрэг гарсан өдөр аллага үйлдэхээс өмнө Чимгээ, Содномдаржаа, Отгонбаатар бид дөрөв Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Хоол идсэний дараа Отгонбаатар гарч яваад Чимгээ, Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Бид тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж Амгаланбаатар мэдүүлснийг прокурор мэдэгдсэн. Б.Булган бол цорын ганц гэрч. Түүнийг шүүх хуралд оролцуулаагүй нь буруу гэж Нямдорж хэлсэн. Тэгвэл үүний хариу болгож Б.Булган гэрч биш гэдгийг олон түмэнд нотлохын тулд прокурор цуг тамхи татаж, мах идсэн хэмээн хэлсэн байлгүй дээ. Захиалагчийг нь зарлахад л улс төр орчихгүй бол энэ бүгд бараг үнэн байх. Гэвч цаг хугацаа харуулах биз дээ. Зохиомол зохиомол гэхэд Монголын шүүх арай ч ингэж зохиохгүй байх. Бид өмнө ч тэгж бичиж байсан. Одоо ч тийм байр суурьтай байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дотоод харилцааны яамд

-ФЕЛЬЕТОН-

-Амьдрал бол ёслол гэж нэр нь үл мэдэгдэх суутан хэлжээ. (Суутны нэрийг нууцалж байгаа бөгөөд цаг нь болохоор дэлгэнэ!) “Нээрээ би тиймээ гэх шиг, нэр нь хүртэл тэмээ” гэгчээр УИХ баталсан хуулийнхаа ард “хүлээн авах ёслол хийсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ” гэж заах болсон гэв. Цагдаагийн болон хүчний байгууллагуудтай холбоотой хэдэн хуулийг салбарынхан нь сайхан хүлээж авсан байна. “Хүлэг болох унаганаасаа, хууль болох хүлээн авалтаасаа” гэнэм.

Гэвч цагдаагийнхан баярлах, айх зэрэгцэн байна. Учир нь, удахгүй батлагдах Эрүүгийн шинэ хуулийг хэрэглэгчид нь Сүхбаатарын талбайд жагсан хүлээж авах юм гэнэ.

Цагдаагаас илүү олон түмнийг айлгасан өөр хууль цаана нь байна. Ухаандаа, Оршуулгын хуулийг яаж хүлээн авах, Сүхбаатарын талбайд ямархуу жагсаал болох зэргийг бодохоор үс босмоор, үс байтугай юм ч үсээ дагаад босмоор (жишээ нь, сууж байсан хүн үсээ дагаад босох гэх мэт) бөлгөө. Энэ тухайд нэгэн найрагч “Нэгэнт болох ёслолыг бодоход, хүрэл зүрх ч хайлна” хэмээн шүлэглэн, уралдаанд байр эзэлжээ.

Төрийн хууль цааз нэгэнт л “ёслол” үйлдэн хүчин төгөлдөр болдог болсноос хойш олон сонин зүйл өрнөжээ. Наад зах нь, дүрэм зөрчөөд торгуулсан жолооч нар цагдаад ёсолж өгөхгүй зовоож байгаа сурагтай. Саяхан дүүргийн шүүхээс нэгэн малын хулгайчид ял заажээ. Гэтэл цаад сайн эр нь “Шүүхийн тогтоолыг хүлээн авах ёслол хийхгүй” гэж гүрийгээд…хууль нэгэнт тиймээс хойш гэрт нь хариулсан гэх.

…Сүүлийн үед Гадаад харилцаанаас илүү Дотоод харилцаа их хөгжиж байна. Манай яамд хоорондоо гэрээ байгуулж, момерандумд гарын үсэг зурж байгаа мэдээ хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа. Уржигдар, аль хоёр яам харилцан ойлголцлын бичиг үзэглэчихэв дээ, байз?

Ер нь манай яамд бие биеэ ойлгохыг хичээж эхэлж байгаа нь их сайхан зүйл гэнэ. Өмнө нь Сангийн сайд нь Эрүүл мэндийг (Өөрөө мэндтэй боловч) ойлгодоггүй, Эрүүл мэндийн сайд нь (Өөрөө боловсролтой боловч)боловсролыг ойлгодоггүй, Хууль зүйн сайд нь (өөрөө санхүүтэй боловч) Сангийн яамаа ойлгодоггүй гэхчилэнгээр ойлгодоггүй, ойлгодоггүй байсан болтой юм аа.

Гадаадынхан биднийг мэдчихээд харилцахад түвэгтэй болсон тал бол бий. Иймээс гадаадын харилцааны оронд дотоод харилцаагаа хөгжүүлэх замыг сонгосон дуулдана. Саяхан, ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэгч зарим гишүүдээс нэгэн санал боловсруулсан гэх. Тэнд “Гадаад харилцааны яамыг өөрчлөн Дотоод харилцааны Яам хэмээн нэрийдэх ба Ази, Америкийн гэх мэт газруудыг Сангийн болон Гэгээрлийн яамтай харилцах газар, монголчуудтай харилцах газар мэтчлэнгээр өөрчлөх, ингэснээр гадаад ертөнцөөс хамааралгүй болох, улмаар гадаадаас хамааралгүй болсноор ОУВС-гийн хөтөлбөрөөс зугтаах…” гэхчилэнгийн томьёолол багтсан байсан гэлцэх.

Цаашдаа, яамд хоорондоо Элчин сайд солилцох юм байна. Консул суулгах нь хэвийн үзэгдэл болжээ. Зарим яамд харилцан пороомсоггүй нэвтрэх хэлэлцээр хийсэн нь олны талархлыг хүлээж. Учир нь өөр яамны ажилтан бусад яамны үүдээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан тохиолдлууд хэд хэд бүртгэгдсэн бөлгөө. Нэг байранд суудаг хоёр яамныхан “хил зөрчсөн жоом, хулганыг хүндрэл багатай хүлээлцэх” шийдэлд хүрсэн зэрэг амьдралд нийцтэй олон шийдвэр гарчээ.

Гэвч, нэг яамны хархүү, нөгөө яамны бүсгүйтэй гэрлэвэл аль талд бүртгэх, гарсан хүүхдийг нь хэн сайдаар овоглох гэхчилэнгийн шийдээгүй асуудлууд ч хариугаа хүлээсээр…

“Асуудал нь байгаа хойно аппарат нь байлгүй яахав” хэмээн өөр нэг гүн ухаантан айлджээ. (Гүн ухаантны нэрийг нууцалж байгаа бөгөөд цаг нь болохоор дэлгэнэ!) Нэгэнт л яамдын хил зөрчих, нэг яам нөгөөгийнхөө дотоод асуудал бүрэн бүтэн байдалд өнгөлзөх явдал гарсаар байгаа учраас түүнийг шийдэх аппарат өөрөө бүрэлдэх нь зүй. Ингээд яамд өөрийн хилийг болон эрх ашгийг зөрчсөн этгээдийг хорих саатуулах газрыг подвоолдоо байгуулаад эхэлжээ. Засгийн газраас “Аль яамны хашаанд хэрэг гарна, тэр яамны дүрмээр шийтгэж, шийтгэлийг тэр яаманд эдлүүлж байх” чиглэлийг өгсөн гэх. Харин хэрэгтэн солилцох гэрээтэй яамдад энэ журам хамаарахгүй юм байна.

Гэвч анхаарах зүйл багагүй байна. Харилцан хэрэгтэн солилцох гэрээ байгуулж амжаагүй яамны статусыг ашиглах явдал гарч байна. Нэг яаманд авлигын хэрэгт орсон этгээд нөгөө яаманд ажилд орчихсон, тэндээсээ гарч өгөхгүй, гарч ирэхгүй болохоор барьж болохгүй байгаа явдал үүнийг гэрчилнэ.

Ерөөсөө, Хууль зүйн яамны мэдэлд байгаа цагдаагийнхан өөр бусад яаманд ажилладаг хүмүүст эрүү үүсгэх нь яамдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, сувирнетитийг хөндсөн асуудал мөн гэдэг дээр Дотоод харилцааны яамд санал нэгтэй байгаа юм.

Овсгоотой зарим сайд нар АТГ-тай “Харилцан үл баривчлалцах, эрүү үл үүсгэлцэх конвенци” байгуулахаар хөөцөлдөөд эхэлж. Тэр байтугай, нэгэн яамнаас Шүүхийн шийдвэр биелүүлэх газартай байгуулж буй гэрээнд “хэрэгтэнг шилжүүлэн өгөх” заалт хүртэл тусгагджээ.

Гэрэлтэй талаас нь харвал, сайхан мэдээ бишгүй байна аа…

Categories
мэдээ цаг-үе

Б.Сарантуяа: Самар хатныг би л бичихгүй бол он цагийн тоосонд дарагдаад үлдэх юм шиг санагдсан

Зохиолч, сэтгүүлч Бямбаагийн Сарантуяатай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Самар хатан” роман 2000 хувь хэвлэгдээд дууссан гэж сонссон. Та маркетингийн ямар нэгэн онцгой арга хэрэглээд байна уу?

-Надад янз бүрийн маркетингийн арга гэж байхгүй. Өмнөх номууддаа ч ямар нэгэн реклам хийлгэж байгаагүй. Эрхбиш шинэ номоо хэвлэгдсэний дараа өөрийнхөө цахим хуудаснаа номынхоо тухай танилцуулга тавьдаг төдий. Тэгж их рекламдсанаар уншигчид тухайн номыг шуурч авах нь юу л бол. Ном бол өөрийгөө таниулдаг зүйл гэж ойлгодог. Үнэхээр чиний номыг хүмүүс сонирхож байвал түүнийг унших, дараагийн номыг нь хүлээх хүлээлт аяндаа бий болно. Түүнээс биш миний номыг аваарай гэсний зоргоор хүн авна гэж байхгүй шүү дээ. Авлаа ч гэсэн таалагдахгүй бол дахин нээж харах хүсэл төрөхгүй. Сая давхардсан олон баяр таарлаа. Эхний хэвлэлт дууссан нь үнэн. Одоо дахин хэвлэгдээд дэлгүүрүүдэд тараагдаж байгаа.

-Та эмэгтэй хүн учраас эрчүүдийн талаар бичихээсээ илүүтэй эмэгтэй хүний талаар бичвэл арай ойрхон байх болов уу гэж бодоод хатдын тухай бичиж эхэлсэн гэсэн. Гэхдээ дараа нь Бат хааны тухай бичсэн. Яагаад хааны тухай бичих болсон юм бэ?

-Мэдээж надад эмэгтэй хүний дотоод ертөнц мэдрэмжийг бичихэд илүү дөхөм байсан. Тийм ч учраас “Сорхугтани” романаа зориглон бичсэн. Энэ номонд XIII зууны Монголын түүх, тэр дундаа хатдын түүхийг уран зохиолоор дамжуулан өгүүлсэн маань уншигчдад номонд дурлах, цаашлаад эх түүхээ үргэлжлүүлэн судлах сонирхол сэдлийг төрүүлсэн гэж боддог. “Сорхугтани” хэвлэгдэн гарсан цагаас хойш таван жилийн хугацаа өнгөрсөн ч энэ ном шилдэг борлуулалттай номын жагсаалтад байсаар л байна. Мөн энэ номоор дамжуулан эмэгтэй хүн, эх хүний үүргийг гаргаж ирэхийг чармайсан маань бас уншигчдад хүрсэн юм болов уу. Харин дараагийн романы хувьд зохиогчийн зүгээс өөрийгөө сорьсон бүтээл байсан. Үнэндээ чадашгүй зүйлийг чадахын төлөө явах нь уран бүтээлчийн нэг суурин дээрээ тогтож мөлийхөөс сэргийлдэг гол чанар гэж боддог.

Эрэгтэй хүний өнцгөөс, тэр тусмаа умардын тэнгэр дор ид хаваа гайхуулж явсан их хүн Бат хааны тухай роман бичих маань дээрхийн адил өөрийгөө, чадал боломжоо сорьсон хэрэг болсон. “Сайн хаан Бат” романд өмнөхөөс илүү гол дүр, түүхэн үйл явдлуудыг тодотгох уран зохиолын туслах дүрүүдийг гаргаж өгсөн. Мөн л монгол эр хүний мөн чанар, хүмүүс бахархан дуурайж болох эр хүний хэв шинжийг гаргахыг хичээсэн. Ер нь хийж байгаа бүтээл бүхэндээ өөрийнхөө өмнө туулж барамгүй хүнд сорилтыг тавихыг хичээдэг. Энэ бүхнийг даван туулж чадсан цагт зохиолчийн хувьд мэдрэх сэтгэл ханамж, уншигчдаас ирэх талархал аль аль нь бодитой санагддаг. “Самар хатан” романы хувьд миний олон жилийн өмнөөс бичихийг хүсч байсан сэдэв л дээ. Хэрвээ би л бичихгүй юм бол хэн нэгэн хэзээ нэгэн цагт энэ түүхийг сөхтөл он цагийн тоосонд дарагдан үлдэх гэж байгаа юм шиг харамсалтай санагддаг байсан болохоор зориглон авч бүтээл болгохоор хичээн сууж ийнхүү уншигчдадаа барьж байна. “Сорхугтани” роман хэвлэгдсэн цагаас хойш хүмүүс тухайн үеийн түүхийг илүү сонирхон судлах болсон шиг санагддаг. “Самар хатан” романыг уншсан хүмүүс бага хаадын үеийн түүхийг илүү сонирхон судалж алдаа онооноос нь сургамж аваасай гэж хүссэн. Энэ бол бидний л түүх. Эмгэнэлтэй, гашуун үнэн амьдрал бол бидний өвөг дээдсийн туулж ирсэн зам. Миний өмнөх хоёр романд монголчууд эв нэгдлийн хүчээр дэлхийн дайдыг эзэлж явсан баатарлаг түүхийн тухай өгүүлэх боловч “Самар хатан” роман бол монголчууд эв нэгдэлгүйдээ хэрхэн уруудан доройтож байгааг харуулсан түүх юм. Хүмүүс ирээдүйг бүтээхийн тулд өнгөрснөөс суралцах хэрэгтэй. Өнгөрсөн цаг үед бидний өвөг дээдэс бодитой олон жишээг хожмын бидэнд үлдээгээд явсан. Энэ бол түүх юм. Харин “Сорхугтани”, “Самар хатан” романы гол дүрийн бүсгүйчүүдийн хувьд ялгаагүй жаргал, зовлон ээлжилсэн амьдралын ямар ч цаг үед эмэгтэй хүн үндэс угсаа, үйлс зорилгынхоо төлөө хэрхэн амьдарч болдгийг харуулаад буцсан түүхт хүмүүс.

-“Самар хатан” романы Батула хааны Бахаму хүү Тогоон нэртэй болсон түүх үнэхээр сонирхолтой. Үнэхээр тийм түүх байдаг юм уу?

-Тийм ээ, эх сурвалжуудад ингэж бичсэн байдаг. Түүх, түүхэн уран зохиол хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж үздэг ч зохиолч хүн түүхэн үйл явдлаас сэдэвлэн уран зохиол бичихдээ ямар нэгэн байдлаар түүхийг гуйвуулж өөрийн зүгээс дур мэдэн шийдвэр гаргаж болохгүй гэж би боддог. Миний бичсэн гурван романд аль алинд нь түүхийг гуйвуулсан зүйл байхгүй. “Сорхугтани” романд ганц хоёр шүүмж бичигдэн гарсныг харахад шүүмж бичиж байгаа хүмүүс маань өөрсдөө түүхээ судлаагүй, эх сурвалжаа мэдэхгүй байгаа юм уу гэж анзаарагддаг. Хүнийг гүтгэх амархан шүү дээ. Ийм юм байгаагүй, энэ худал ярьж байна гэж хэлэхэд шүүмж бичсэн хүнд хүмүүс үнэмшинэ. Миний хувьд зав чөлөө байдаггүй учраас тэр бүрд хариу өгч амждаггүй. Жишээ нь Сорхугтани романы эхэнд Чингис хаан өөрийн голомтод бодисадвагийн хувилгаан төрүүлж өгөх хүсэлтээ бурхны шашны Манзушири ламтанд илгээдэг болон Сорхугтани хатны зүүдэнд ирсэн дөрвөн алтан шумуул аль аль нь Лувсанданзангийн “Алтантовч”-д тодорхой бичигдсэн. Энэ бол баримт.

1219 онд Чингис хаан бомбын шашны арш Чан Чун Бомбод уулзах хүсэлтээ илэрхийлэн захидал илгээхэд өвгөн арш 73 насандаа 19 шавиа дагуулан Сартуулын нутагт суугаа Чингис хаантай очиж уулзан Даогийн буюу Бомбын шашны тухай сургаал номлолоо айлдаж байсан тухай эх сурвалжууд дурддаг. Үүнийг Чингис хаан Даогийн шашин шүтдэг байсан гэж хэн ч хэлэхгүй шүү дээ. Самар хатны хүү Бахаму урдын нэгэн өш хонзонгийн эргүүлгээр Аргутайн гарт очиж, тогоон дор хөмрүүлэн Тогоон нэрийг авч байгаа нь мөн л түүхэнд дурдагддаг. Түүний өмнө Тогооны эцэг Батула Аргутайг муучлан зарж, араг үүрүүлэн Аргутай хэмээн нэрлэсэн нь ч бодит явдал. Хамгийн сайн зохиол гэж юу вэ гэсэн асуултад “Хамгийн сайн зохиол бол болсон явдал” гэж хариулсан байдаг юм билээ. Харин түүхийн сурвалжуудад огт дурдагдаагүй ямар нэгэн байдлаар эх сурвалж үлдээгүй хоосон орон зайд зохиолч өөрийн таамгийг дэвшүүлэх нь бий. Жишээ нь, Элбэг хаан Ойрадын Хуухай Тэйюүгийн хүү Батулад уучлалын бэлэг болгон Самар охиноо өгсөн нь баримт. Харин Батула Самар гүнжийг хэрхэн хүлээж авсан, ер нь өс хонзонгийн тайлал болсон тэр гэр бүл хэрхэн амьдарч байсан нь тодорхойгүй. Дараа нь эр нөхөр нь болох Батула Үгэчи Хасахатай нийлж, Элбэг хааныг хороосон. Энд Самар хатан яавч зүгээр хараад сууж байгаагүй болов уу. Ер нь түүхэнд хатдын тухай их бүдэг үлдсэн байдаг. Дараа нь Адай хаан Батулаг хороож, Самар хатныг нь авсан. Энэ бас түүх. Харин энэ бүхний уялдаа холбоог чухам яагаад гэдгийг зохиолч л гаргаж дэвшүүлнэ. Уран зохиол учраас заавал яагаад гэдэгт хариулах хэрэгтэй болно. Харин судалгааны бүтээлд яагаад гэдэгт хариулах албагүй.

-Тогоон Ойрадын Чинсан болсон хийгээд Самар хатан Адайн хатан болохыг асуусан зэрэг үйл явдал нэгхэн хуудсанд өрнөж дууссан. Цаана нь бичих олон үйл явдал хангалттай байсан учир ингэж хурдтай өрнүүлсэн үү?

-Самар хатан романы хувьд XV зууны эхэн үеийн жараад жилийн үйл явдал, энэ хооронд нийт долоон хаан солигдож буй түүхийг өгүүлсэн. Үнэхээр таны хэлдгээр бичих зүйл, багтаах үйл явдлууд хэтэрхий их байсан л даа. Харин зориудаар Адай хааны хатан болсон тэр үйл явдлыг хэтэрхий сунжруулахыг хүсээгүй юм. Энэ нь гол дүрийн маань үзэл бодол өөрчлөгдсөнтэй холбоотой. Хүний амьдрал ч адилхан. Гэнэн залуу насандаа хайр сэтгэлийнхээ төлөө бүхнийг хийх хүсэл мөрөөдөлтэй байдаг ч цаг хугацаа улирч, юмс хувьсан өөрлөгдөхийн хэрээр хүний бодол санаа, хүсэл зорилго өөрчлөгддөг. Аль хэдийнэ дөчин нас давсан Самар хатны хувьд анхны хайрын тухай дэврүүн хүсэл мөрөөдлөөс илүү улс орны хувь заяа чухал болчихсон үе шүү дээ. Гэнэн бага насны тэр догдлол дөч гаруй настай эмэгтэйд төдийлөн илрэхгүй л болов уу.

-Ойрадын Тогоон чинсан охин Сэцэнээ алтан ургийн Тогтобухад өгсөн. Уг нь бол Сэцэн нагац ахынх нь ач шүү дээ. Тэгэхээр ураг төрлийн цус ойртолт гэдэг айхтар зүйл явагдахгүй юу?

-Та гярхай ажиглаж. Түүхээс харахад Тогооны охин Ажайн хүүтэй гэрлэсэн хийгээд дараа нь Эсэнгийн охин Агваржин жононгийн хүүтэй гэрлэж Баянмөнх жонон төрсөн зэргийг харахад гурав, дөрөв дэх үе дээрээ ураг төрлүүд хоорондоо гэрлэсэн мэт харагдаж байгаа юм. Гэвч түүхэнд энэ үйл явдлыг ямар нэгэн хэмжээгээр буруутган шүүсэн бичвэр таарсангүй. Энэ үед эхийн цусыг биш эцгийн цусыг дагасан юм болов уу гэж бодсон. Ер нь бол ойрад монгол, баруун зүүн түмний эв нэгдлийн зангилаа болгож л энэ хүмүүс хоорондоо гэрлэсэн байдаг. Үнэхээр эхийн цусыг чухалчилдаг байсан бол эхийн талаас бодоход Тогоон чинсан ч тэр, Эсэн тайж ч тэр алтан ургийн цустай. Гэтэл тэдэнд алтан ургийн ядаж ганц дусал ч атугай цус байгаа гэж түүх дурдаагүй. Ойрадын чинсан л гэж дурдагдаж байгаа юм.

-Та “Сорхагтуни хатан”, “Сайн хаан Бат”, “Самар хатан” романуудаа 2012 оноос хойш хоёр, хоёр жилийн зайтай бичжээ. Ингэж хурдтай ажиллах нь таны ажлын арга барил уу, бусад зохиолчдоос суралцдаг уу, голчлон хэнээс их үлгэр дуурайл авдаг вэ?

-Хоёроос гурван жилд нэг ном гаргасан байна. Зарим зохиолчид жилд нэг ном гаргадаг. Харин зарим нь бүр жилд арваад ном гаргах нь ч бий. Харин миний хувьд хэтэрхий удаан, залхуу байна уу гэж өөрийгөө шүүмжилдэг шүү дээ. Надад бол энэ нь хурдтай санагдахгүй байгаа. Миний хувьд зохиолчдоос суралцах үлгэр дуурайл авах гэдгийг ном унших л гэж ойлгодог шүү дээ. Өөртөө цаг гаргаж ном их уншдаг, цуглуулдаг. Өөрөө ном бичиж байгаа үед тэр чиглэлийн ямар л ном байна бүгдийг нь олохыг хичээдэг. Уншдаг, харьцуулдаг, гаргалгаа хийдэг. Харин бичихдээ зөвхөн дотоод ертөнцөөсөө гарч буй анирыг барин авч бичдэг. Зохиолчид нэг их бие биенээ дуурайдаггүй байх аа.

-Цаашдаа хатдын тухай үргэлжлүүлэн бичих үү, нууц биш бол ямар зохиол бичихээр төлөвлөж байна вэ?

-Миний бичих ном үргэлжид өөрийгөө сорьсон, чадах эсэхээ мэдэхгүй эргэлзээг өмнөө нээн удаад нь түүнийгээ таягдан хаяж, уншиж судалж, зүтгэж ард нь гардаг сэдвүүд байдаг. Хоёр жилийн өмнө “Самар хатан” романаа эхлүүлэхийн урд домгоос сэдэвлэсэн нэгэн ном эхлүүлж байгаад орхисон байгаа. Ойрноос түүнийгээ эргэж харах санаатай байна. Энэ номыг бичихэд бас л их мэдлэг хэрэгтэй. Унших, судлах хэрэгтэй. Энэ бол бодитой хэрнээ бодитой биш сэдэв л дээ. Тийм болохоор ил, далд ухаан судлаачидтай уулзах, энэ тухай өгүүлэх бүхий л ном товхимлыг шүүн харах олон ажил хүлээж буй. Одоогоор ганц хоёр сар амрах санаатай байна. Бие сэтгэл, зүрх зориг, хүсэл мөрөөдөл цэгцрэн жигдрээд ирэхийн цагт бичих хүсэл төрж, тэр нь бодитой болж ирдэг болохоор түүнээ хүлээнгээ амарч байна. Түүхэн сэдвээр зохиол бичихэд хариуцлага үргэлж дагалдаж явдаг. Харин одоо сонирхон судалж буй уран сэтгэмж төсөөллийн ертөнцөөр аялах домгоос сэдэвлэсэн энэ зохиол маань сэтгэлгээний эрх чөлөөг мэдрэн бичиж болох таатай зүйл шиг санагдах хэдий ч бас л уламжлалгүй шинэчлэл гэж байхгүйн адил энэ ертөнц дээр танин мэдсэн, бичиж үлдээсэн ил далд мэдлэггүйгээр цааш үргэлжлэхгүй болохоор судлах зүйл ихтэй л болоод байна даа.