Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шар хүний “хар” тууж

Уут уут мөнгөөр

Улсаа худалдсан сайдууд

Хувьсгалт уран зохиолоос (1921-1990)

НЭПКО хэвлэлийн газар, “Хүмүүн хорвоо” нийгэмлэг хамтран “Түүхэн Эрхмүүдийн Цадиг” (ТЭЦ) цуврал гаргаж байгаа билээ. Монгол шинэ үеийн түүхийг тодорхой хувь хүний намтраар дамжуулан өгүүлж буй энэ цувралаар Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Нацагдорж, Д.Намдаг зэрэг олон алдартны намтрыг баримтат уран сайхны аргаар өгүүлэн олон түмэнд хүргэсэн бөлгөө. Цувралын дараагийн ээлжид багтан гарахаар хүлээгдэж буй, Монгол Улсын Ерөнхий сайд агсан Г.Бадамдоржийн тухай өгүүлэх “Шар хүний “хар” тууж” номын хэсгээс танд хүргэж байна.

ОРШИЛ

ХХ зууны Монголын түүхийн хамгийн тод, бас хамгийн балархай хүн бол Г.Бадамдорж юм. БНМАУ (1921-1990)-д бүх шатны боловсрол эзэмших программаас эхлээд төрийн албаны шалгалтын зиндаанд авагддаг намын улс төрийн сургуулийн аль ч хөтөлбөрт энэ хүний нэр “Бадамдорж шанзав” нэртэйгээр, эрин зууны урвагчийн жишээ болон орж байлаа.

Харин Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Гончигжалцангийн Бадамдоржийн хувийн намтар нэн балархай. 1900-гаад оны эхээр (1895?) улс орноо тусгаар тогтнуулах санаа өвөрлөн Хаант орос руу анх явж байсан, Гадаад Монголын тусгаар тогтнолоос үлдсэн автономийг устгах үед Ерөнхий сайд байсан, улмаар шашин төрийн ажлаас хөндийрөн хөдөө сууж байгаад 1920 оны хавьцаа нас барсан гэхээс өөр мэдээ хомс. 1922 онд Ерөнхий сайдын албаа аргагүйдэн эргүүлж өгсөн Д.Бодоо ч мөн хөдөө мал маллахаар гарч байсан зэргээс үзэхэд нүүдэлчин монголчууд иргэншлийн карьераа орхихын цагт өвөг дээдсээс уламжилсан амьжиргаа болох мал идээгээ барааддаг байсан бололтой.

Монгол Улсын хамгийн балархай намтартай Ерөнхий сайд Бадамдоржийн нэрийг цээжлээгүй хүн ховор.

ҮНЭН ХЭРЭГТЭЭ Г.БАДАМДОРЖ ГЭЖ ХЭН БАЙВ?

Хувьсгалт түүхэнд үлдсэнчлэн үнэхээр хар талын гол баатар, чөтгөр шулмын төлөөлөл байсан уу? Эсвэл хувьсгалт үзэл сурталд хар баатар хэрэгтэй байсан учраас Бадамдоржид тэр дүр ногдсон хэрэг үү?

Хамгийн шинэхэн улс төрийн цуглаан дээрээс ч хоолой нь цангинаж “Улсаа худалдсан Бадамдоржийн сүнстэй нэгийгээ үзнэ” хэмээн сүгсэлзэх баатрууд үнэний ортой юм ярьж байна уу?

Ерөөсөө улс орны тусгаар тогтнол гээч юм эх орныхоо төлөө үхэхээр шийдсэн манай талын “цалин цагаан баатрууд” болон адилхан монгол цустай атлаа тусгаар тогтнолоо л худалдаж байвал хэрэг нь бүтэх нигууртай “хөө хар баатрууд”-ын тулааны шашдир байдаг уу. Яг л эртний мөргөлийн хар ба цагаан тэнгэрийн тэмцэл, шашин дахь бурхан чөтгөрийн сөргөлдөөн, зарастутрын шүтлэг шиг (Бид тэндээс гал тахих ёсыг авсан) гэрэл ба харанхуйн тулааны газар дээрх хувилбар уу?

Эс бөгөөс дэлхийн дайн, имперүүдийн уналт, үндэстний хуваагдал зэрэг манай гаригийн улс төрийн атласын шинэчилсэн үйл явцыг даган, улс гүрнүүдийн зөвшлийн үр дүнд тусгаар тогтнол бий болдог уу?

Хувьсгалт түүхнээ гардаг шиг улсын тусгаар тогтнолыг хэдэн шийдсэн этгээд нийлж зарчихаад мөнгийг хувааж авч болдог уу? Үүнээс уламжлаад, улсыг зарж болдог юм бол бид юугаа хүлээж өдий хүрсэн юм бэ. Цаашлаад, Г.Бадамдорж Автономит (Автономи гэдэг нь Тусгаар тогтнол бус Хятадын доторх автономи буюу өөртөө эзэгнэх эрх болохыг анхаарна уу. Гэхдээ, өнөөгийн Түвдийн автономи, ӨМӨЗО-ны даргынхаас арай өргөн, гуравдагч этгээдийн оролцоо хүлээн зөвшөөрөгдсөн, тийм автономи) засгийг Хятадад хэдээр зарсан бэ, зарсан мөнгийг нь хэн хаанаас гаргасан бол, нэг насаараа шашин номын мөр хөөсөн 70 гарсан настай ганц бие хуврагт тийм их мөнгөний хэрэгцээ байв уу?

Ерөөсөө хятадууд, өөрийн автономи улсын засгийн эрхийг худалдаж авдаг нь юуны учир вэ? Энэ мэтчилэн, морь биш, үл хөдлөх хөрөнгө биш, бүхэл бүтэн улс орны засаглалыг зарж чаддаг дэлхийн хэмжээний энэ дилерийн рейтэнг манай гаригийн бизнес альманахын хаахна явах бол гэхчилэн асуултууд урган гарна.

Нэгэн үе эргэлзэх эрхгүй үнэн байсан, өдгөө эргэлзэхээс аймаар санагддаг хэвээрээ үлдсэн асуулт олон байна. Ийм асуултын хариуг хамтдаа хайхад хамгийн тохиромжтой хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд асан Гончигжалцангийн Бадамдорж ба түүнийг тойрон өрнөсөн үйл явдлууд билээ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ҮЛ ҮЗЭГДЭХ ЭЗЭД (МАЛ МАЛЧИН ХОЁРЫН)

…ХХ зуун гарлаа. Тал дүүрэн мал бэлчинэ. Чингис хааны үед ч тал дүүрэн бэлчиж байсан тэр л янзаараа. Малын эзэн ч солигдсонгүй. Харин малчны эзэн ойр ойрхон солигдох цаг иржээ.

Заяа зургийн сударт “Бээжинд Манжийн төр халагдана, малчин ардын үзэл суртлыг Москвагаас чиглүүлнэ. Шашнаас өөр юмгүй тал нутагт шашнаас цэвэрлэгдсэн үеийнхэн эзэгнэх үе ирэх”-ийг зөгнөн бичсэнийг хэн таах билээ. Нүүдэлчдийн үзэл санааны төв болсон Богдын хүрээ эхлээд Сандо амбаны мэдлээс, удалгүй шинэхэн хаан Жавзандамба хутагтын захиргаанаас гарлаа.

Өвс тэжээл иддэг морины оронд газрын тос идэн хурдалдаг төмөр тэрэгтэй хятад генерал хүрээнд ирлээ. Генерал Сю Шүжаны гамин цэргүүд хүрээг эзлэн хяналтаа тогтоов. Богдын хүрээнд ямар дэглэм тогтоно, орон даяар түүнийг хүлээн авдаг байлаа.

Тэртээ арвандолдугаар зуунд, анхдугаар Богдыг дагасан нүүдлийн хүрээ Долоннуур орж Манжийн ивээлд орсноор тал нутаг Чин гүрний вассал болж байв. Харин 1911 онд наймдугаар Богдын хүрээнээс Манж амбаныг хөөн явуулснаар Алтайгаас Хянган хүртэлх малчин ардууд тусгаар тогтнолоо зарласан бөлгөө.

Угаасаа, нүүдэлчдийн засгийн эрх шилжих процесс их өвөрмөц. Хүн ам цөөтэй, байнга нүүдэллэн амьдардаг учраас тодорхой нутаг дэвсгэрт өөрийн хууль тогтоомжоо тулган хянах боломжгүй.

Иймээс отог, овгийн сүлд, улмаар аймаг улсын засаглалынх нь бэлгэдэл болсон тамга тэмдэг хэний гарт очсоноос ихээхэн хамаарч байсан байна. Сүлд, тамгыг сонгуулийн бус аргаар хулгайлаад авчихсан байлаа ч гэсэн хамаагүй, гартаа оруулсан этгээдэд захирах, засаглах эрхийг хүлээнэ. Эрх мэдлийг нь дагаж төрийн тамга ирдэг гэхээсээ илүү тамгатай болсон явдлыг дагаж эрх мэдэл шилждэг гэсэн үг. Угаасаа ч элчилгүй тал, хангай хөвчөөр нутаглах нүүдэлчин нэг бүрт хүрч очин нэгтгэх аргагүй. Тэд нар нь шинэ эзэн биечлэн ирэхийг хүлээхийн оронд “тамга хэнд байна, тэр миний эзэн” гэсэн логикоор хандана.

Манжийн хаад халхыг нэгтгэхээсээ өмнө Өвөр Монголын ноёдыг амархнаар өөртөө татсаны нууцыг “Чингис хааны хасбуу тамга надад байгаа” хэмээн итгүүлж чадсан уран аргатай холбон тайлбарлах нь ч бий. Харин ялагдсан байсан ч тамгаа алдахгүй зугтааж чадвал дайсан этгээдийн ялалт баталгааждаггүй байж. Энэхүү ёс уламжлалыг сайн мэдэх эрдэмтэн, зохиолч Б.Ринчин “Цогт тайж” кино зохиолдоо, Цахарын Лигдэн хаан уул хаданд тамгаа нууж буй зохиомжоор яруу дүрсэлсэн байдаг билээ. Энэ уламжлал өдгөө ч Монголд байдаг бөгөөд төрийн томоохон албан тушаалтнууд өөрийг нь халсан шийдвэрийг эсэргүүцэхдээ тамгаа авч зугтаасан олон жишээг хэвлэл мэдээллээс харж болно.

Харин дорно дахины улс гүрнүүдийн харилцаанд тамганы хүчин зүйл нь Лигдэн хаанаар дуусгавар болсон бололтой. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулахад тусгаар тогтнолыг бэлгэдсэн ямар нэг тамганы эрэл сурал болоогүй, Чингисийн үеэс улбаатай төрийн эрх барих тэрхүү лиценз байгаа тухай олигтой яриа хөөрөө гарсангүй.

Хэдийгээр “тамга” дагаж төрийн эрх шилжихээ больсон ч гэсэн монголчууд талын нэг тарсан хэвээрээ байв. Ингээд ХХ зууны эхээр тамгын газар байрласан хүрээ хотыг даган эрх мэдэл шилжих болов. Богд эзэн, төрийн тамга хоёр байрласан Өргөөг Хятадын гамин цэрэг эзэлсэн явдлыг ч малчин, нүүдэлчин монголчууд ийм утгаар харж байлаа. Тамга хэнд байх нь хамаагүй, хүрээ Сү Шүжаны гарт байгаа учраас тэр генерал тал нутгийг эзэгнэнэ гэсэн үг.

Гэхдээ тал нутгийн засаг, захиргааг эзэгнэх асуудал өөрөө их өвөрмөц. Манжийн хараат Гадаад Монголд насыг барахдаа нэг ч амьд манж хүний бараа харалгүй насыг барсан монголчууд нэн олон. Учир нь Улиастайн жанжин ба түүний жасаа, Хүрээ, Ховдын Сайдын газарт л хэдхэн “эзлэн түрэмгийлэгч манж хүн” суухаас биш орон нутаг, хошуу тамга, сүм хийдэд ямар ч суурин төлөөлөгч, зөвлөх байхгүй учраас тэр. Хэрвээ “Эрхбиш амьд хүн байна, биднийг хоёр зуун жил дарлаж байгаа этгээдийг нэг харж, сайтар жигшиж аваад үхэх юмсан” гэж бодогдоод болохгүй бол Хүрээ, Улиастай ороод хэргээ бүтээж болох л байсан байх л даа.

ХХ зууны хориод оныг дамнан Хятадын гамин цэрэг, Барон Унгерний цагаантны гарт ороод гарсан монголчуудын үлэмж нь амьд гамин, жинхэнэ цагаантан харж амжаагүй үлдсэнд эргэлзэх юм алга.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дөнгөж төрсөн ээжүүд хөхөнд сүү байхгүй учир хүүхдээ цатгаж чадахгүй байна гэж эндүү ойлгодог

Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн салхийг хагалж Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос харьяа байгууллагуудтайгаа хамтран өнөөдрийн өдөрлөгийн зохион байгуулав.

Нийслэлийн эрүүл мэндийн харьяа 10 байгууллага өнөөдрийн өдөрлөгт оролцож байна. Хүн амын дунд элбэгшээд байгаа халдварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн өсвөр насныханд тулгамдсан асуудал болоод байгаа амны хөндий, шүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө. Архи, тамхи, мансууруулах бодисын хор хохирол болон түүнээс татгалзах талаар иргэдэд зөвлөмж, сургалт сурталчилгаа өгч ажиллаж байна.

Дөнгөж төрсөн хүүхдийн хооллолт болон төрөлтийн талаар зөвлөгөөг хүргэж байна.

Нэгдүгээр төрөхийн Төрсний дараахь хэсгийн сувилагч Я.Баярчимэг: Тэрээр “Дөнгөж төрсөн хүүхдийн ходоод нь 5-7 мл-ийн багтаамжтай байдаг. Энэ үед ээжүүдийн эндүү ойлгодог юм нь хөхөнд сүү байхгүй учир хүүхдээ цатгаж чадахгүй байна гэж боддог. Гэтэл бодит байдал дээр нярай хүүхэд орчин нь солигдсоноос болж тухгүй байдал үүсээд уйлаад байдаг. Энэ байдлыг өөрчилж чадах юм бол ээжүүдэд асуудал багатай юм. Хүүхэд төрснөөсөө хойш ээжийнхээ хөхийг хөхөөд эхлэхээр ходоод нь 2-3 хоногтоо 22-27 мл багтаамжтай болдог. Энэ нь яг теннисний бөмбөгийн хэмжээтэй адил байдаг. Хөхөөд 10 хоног болоход хүүхдийн ходоодны хэмжээ өндөг шиг болдог. Энэ нь 60-81 мл-ийн хэмжээтэй. 10 хоносны дараа эхийн хөхөнд хангалттай хэмжээний сүү орсон байдаг” гэв.

Энэ нь төрөлтийн замыг зааж байгаа. Эхчүүд өөрөөрөө төрнө гэхээр аймшигтай санагддаг. Төрөлт бол өөрөө физилогийн асуудал учраас бодит байдал дээр хүүхэд өөрөө аарцаг ястайгаа дасан зохицоод эхний ээлжинд зулайгаараа түрээд нүүрээрээ гардаг. Хүүхдийн зулай зөөлөн байдаг учир хүүхэд өөрөө баруун тийшээ эргэж өөрт эвтэй байдлаар гардаг. Ерөнхийдөө тийм аймшигтай зовиурыг өгддөггүй гэсэн үг юм. Эмэгтэйчүүдийн боддог шиг яс нь хугарах зэрэг эндүү ташаа зүйл үүсэхгүй гэсэн үг юм.

Анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар танилцуулж байв. Ухаан алдсан хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэхдээ зүүн талын хөхний дээр алганыхаа хонхорхойг байрлуулж өвчүүнээс дээш 2 см-ийн зайтай голд нь 3-5 см суулган хүчтэй дардаг аж. Ингэхдээ зүүн алган дээрээ баруун алгаа салаавчлан тавьдаг аж. Дараа нь зүрх нь зогссон хүнийг цахилгаан цохиулах тусгай багажаар хэрхэн цохиулж сэргээх талаар тайлбарлаж өгөв.

103-н эх эмч С.Ариунболд: Насанд хүрэгчид болон хүүхдэд гэсэн хоёр горимтой. Хүүхдэд болохоор 50 жоул-с дээш хэтрүүлэхгүй, насанд хүрэгчдэд болохоор 220-360 жоул хүргэх бололцоотой. Зүрхний цохилт орж ирэх хүртэл цохиулж болдог. Хэдэн минутад ямар тусламж үзүүлж байгаагаас шалтгаалаад өөр өөр байна. Маш богино хугацаанд тусламж үзүүлээд тогонд цохиулах юм бол сэргэх боломжтой. Түүнээс удаан буюу 10-15 минут зогсчихсон зүрхэнд бол ямар ч ашиггүй.

Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос тавдугаар сарын 20-нд “Улаанбаатар” олон улсын марафоныг 4 дэхь удаагаа зохион байгуулах гэж байна. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 50 гаруй байгууллагаар цом аялаж, 1000 гаруй хүнийг сайтаар, анкетаар 2000 хүний бүртгэл байгаа аж.

Усан спорт сургалтын төв өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт зориулан хүүхэд, том хүн ялгаагүй сарын төлбөр нь 30 хувь хямдарсан байв. Тайлбарлагч нь “Хэрвээ сэлж чаддаг болоод анхан шатны гурван сарын эрх нэг дор авах юм бол нэг хүн 40 хувь хямдарна. Жишээ нь: Том хүн сард 8 удаа орох нь 80 мянга байгаа бол 30 хувь хямдраад 56 мянга болсон байгаа. Анхан шатны 1 цагийн төлбөр нь 10 мянга. Чөлөөт гэхээр арай хямдхан 8000 болсон. Манайхаас санал болгож байгаа нь сард 8 удаа буюу долоон хоногт 2 удаа байна. Цагийн хувьд өглөө 7:45-с орой 20:00 цаг хүртэл ордог. Энэ цагуудад тааруулаад өөрөө өдөр, цагаа сонгоно. Багш бол байнга байж байна” гэв.

Нээлттэй өдөрлөгийн үеэр залууст зориулан сагс, волейбол тоглох талбайг бэлдэж өгсөн байв. Мөн зорин очсон хүмүүст зориулан шагайн наадаан хийх боломжийг ч хангасан нь өвөрмөц содон байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Т.Дэлгэрхүү: Дэлхийн түвшинд хүрсэн дэвшилтэт аргаар нурууны мэс заслыг хийх боломж бүрдсэн

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүзүү нуруу, нугасны гэмтэл согогийн тасаг өнгөрөгч сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж эхэлжээ. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Т.Дэлгэрхүүтэй ярилцлаа.


-Нурууны гэмтэл засах шинэ технологийг нэвтрүүлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоогоор хичнээн хүнд хагалгаа хийгээд байна вэ?

-Одоогоор нэг хүнд хийгээд байна. Өнөөдөр дэлхий нийт хүнд хөнөөл багатай мэс заслыг чухалчилдаг болсон. Бид энэ чиглэл рүү, дэлхий нийттэй хөл нийлэх эхлэл тавигдаж байгаа нь гэдгээрээ ач холбогдолтой. Солонгос улсад хоёроос гурван эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан. Цаашид энэ технологиор хагалгаа хийх эхлэл бүрэн тавигдсан гэдгийг онцолмоор байна.

-Тоног төхөөрөмжөө аль улсаас, ямар санхүүжилтээр оруулж ирэв?

-Солонгосын нэгэн компаниас бэхэлгээ, шураг хэрэгслийг цөөн тоогоор эхний удаад үнэ төлбөргүй нийлүүлсэн. Хоёр хүнд хагалгаа хийж болох найман ширхэг төхөөрөмж ирсэн байгаа.

-Нурууны ямар гэмтэл согогийн үед шинэ технологиор хагалгаа хийх вэ. Гадаадад энэ технологиор хагалгаа хийлгэхэд ямар өртөгтэй байдаг бол?

-Иргэд шинэ технологи, шинэ зүйлийг хамгийн сайн гэж бодож туйлшрах тал бий. Тухайн хүний өвчин болон биеийн байдлаас шалтгаалаад аль мэсэл засал тохиромжтой гэдгийг бид шийдвэрлэнэ. Зарим хүнд ил, нээлттэй мэс засал хийх нь эерэг үр дүн авчрах тохиолдол ч байж болно. Гадаадад, тухайлбал Солонгос улсад энэ шинэ технологиор хагалгааг 25 мянган воноор хийдэг. Бидний хувьд шинэ технологиор анх хагалгаа хийлгэсэн хүнээс төлбөр аваагүй. Сүүлийн үед иргэд бүх зүйлийг үнэ төлбөргүй, хямд төсөр байлгах гэдэг хандлагатай болжээ. Амь нас, эрүүл мэнд гэдэг бол тухайн хүнд юугаар ч үнэлэшгүй үнэ цэнэтэй зүйл. Тийм болохоор цаашид энэ хагалгааны зардлын 25 хувийг иргэн өөрөөсөө, 75 хувийг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийлгээд явах боломжтой болов уу гэж харж байна.

-Энэ төрлийн мэс заслыг шинэ технологиор хийх болсон нь ямар давуу талтай вэ?

-Урьд нь бид энэ төрлийн хагалгааг том хүрцээр 14-15 см зүсдэг байсан бол одоо арьсны гаднаас 1.5 см урттай дөрвөн жижиг зүсэлт хийгээд нурууны хугарал болон согогийг эмчлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр шархны халдварын эрсдэл бага, эдгэрэлт хурдан болно. Мэс засал хийлгээд оройдоо ч хөл дээрээ босох боломжтой дэлхийн түвшинд хүрсэн дэвшилтэт арга гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

-Хүзүү, нуруу, нугасны гэмтэл согогийн тасагт өөр ямар эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж байгаа вэ?

-Манай тасаг тархины тасагтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг байж байгаад 2012 онд бие даасан тасаг болж гарсан. Манай тасгаар жилдээ 1500-1600 хүн хэвтэн эмчлүүлж, 600 гаруй хүнд мэс засал хийж байна. Нийт мэс заслын 100 гаруй нь хүзүүнд хийгддэг. Бид хүзүү нурууны тасаг болж шинэчлэгдсэний үндсэн дээр шинэ технологийг нэвтрүүлж, шинэ өвчлөлүүдийг эндээ эмчлэх боломжтой болсоор байна. Тухайлбал, 2012 оноос хойш нугасны хавдрын мэс заслыг 6-7 удаа хийлээ. Мөн хүзүүний мэс засал дээр шинэлэг арга нэвтрүүлж, зүслэг, хүрцээ багасгаад байна. Хүзүүний мэс заслыг хийхдээ бид урьд нь нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч оронд нь ташаан толгойноос нь яс авч орлуулдаг байлаа. Энэ шинэ аргыг нэвтрүүлснээр нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг аваад тэр хооронд хиймэл жийргэвч тавьдаг болсон. Ингэснээр тухайн хүний хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх, босоод явахаар хөл нь доголохгүй байх зэрэг олон давуу тал бий болж байгаа юм. Цаашлаад манай эмнэлгийн захиргаанаас нурууны дурангийн мэс заслыг нэвтрүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Нурууны өвдөлт, бөөрний өвчин хоёрыг хооронд нь ялгахад хэцүү байдаг. Энэ хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай эмнэлгийн амбулатори орой 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Тийм болохоор нуруугаар өвдсөн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид эхлээд үзүүлэх хэрэгтэй. Нуруу дотроо хүзүү, сээр, бүсэлхий, аарцаг гээд олон хэсгээс тогтдог. Энэ бүх хэсгийн өвдөлтүүд бөөр, цөс гэх мэт дотор эрхтэний өвчлөлөөс хамаарч өвдөх тохиолдол байдаг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгч тохирсон эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Мэс заслаас наана нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болно шүү дээ.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“АРДЫН ҮГ” ба АРДЫН УУР

Монголыг хуурах амархан (монголд ойлгуулах хэцүү)-II

НЭГ. АРДЫН УУР

Ард түмний тодорхой хэсэг үргэлж ууртай байдаг. Жишээлэхэд, “авлигатай тэмцэхгүй байна” хэмээн шударга ёс хүссэн хэсэг уурлана. Тэмцээд эхлэхээр авлигачид болоод тэдэнтэй нэг тогооноос хооллож ирсэн хамууд, цаашдаа авлигаар хооллон үлдэх боломжгүй болсноо харсан хэсэг нь уурлана. Хулгайн хэргийг шударга шүүвэл хариуцагч уурлана, ял завшуулбал хохирогч уурлана…ард түмэн үргэлж уурлана.

Ялангуяа хямрал нүүрлэж аягатай хоол нь өдөр өдрөөр дундарч байгаа цагт бүр ч их уурлана…Тэр уурыг хэн нэгэнд гаргахгүй бол өөрөө дэлбэрнэ, бидний сайн мэдэх жишээгээр бол хийг нь гаргаагүй хорхог шиг буудна. Сонирхолтой нь хорхогийг дэлбэлж байгаа хүчин зүйлийг ч бас “уур” гэдэг. Ийм учраас сэтгэл, санааныхаа эрүүл мэндийг хамгаалах нэгэн аргатай төрсөн нь хорхог шиг уураа гаргах юм. Уур бол галзуурахаас сэргийлдэг дархлаа бас мөн.

Зарим хүн ажил бүтэхгүй болохоор хамаг уураа гэр бүлдээ гаргаж хүүхдээ зодож, эхнэрээ дарамтална. Зарим нь бусдын уур дээр уур нэмэн нийгэмд даралт үүсгэж, ёс суртахууны дэлбэрэлт үүсгэн бах таваа хангана. Мянга мянган хүнийг уурлуулан цуглуулж, өөрийн уурыг нэмэн нэмэн буйлуулна. Тэгээд өөрийнх нь уур үржин өсч байгааг харж сая амсхийнэ. Зарим хүн өөрийн сэтгэлийг зовлонгүй болгож байж санаа амардаг бол нөгөө хэсэг нь бусдыг яг өөр шигээ зовлонтой болгож санаа амардаг гэсэн үг.

Зовлонг арилгаж биш, харин ч түгээж, үржүүлж, өөр шигээ зовлонтон шинээр бий болгож баймаажин тайтгарах арга нь нэн эртээс үүсэлтэй. Чухам эндээс “нүдийг нь чинь ухвал нүдийг нь ух, хамрынхаа оронд хамрыг нь ав” гэдэг мөрдлөгөө гарчээ.

Гэвч цус нөж, нус нулимс араасаа дагуулсан тайтгарлын философи маань он жилийн уртад өөрчлөгдөв. Тэнд нэг дүрэм байгааг харжээ. Тэр нь энгийн. Чиний уураа гаргаж сэтгэлийн даралтаа хэвийн болгох процесс өөр хэн нэгний даралтыг ихэсгэх ёсгүй. Өөрөөр хэлбэл халдвар тараах замаар өвчнөө дарахыг хориглодог гэсэн үг. Энэ дүрэмд хүрэх гэж үнэхээр их юм үзсэн дээ.

Бид энэ дүрмээс жаахан хол өссөн. Юуны өмнө малчин нүүдэлчдийн амьдрал стресс багатай байсан. Энэ нь төрийн болон нийгмийн дарамтаас хол амьдардаг, аж төрөл нь мөн л нийгэм төрийн хүчин зүйлээс хамаарал багатай байсантай холбоотой байх. (Мал сүрэг өсч үржих эсэх нь байгалиас хамаатай. Байгалийн энэ хамаарлыг хүн өөрчлөх боломж байхгүй шахам учраас тэрэнд санаа зовдоггүй байжээ)

Яаж ийж чардайж байгаад, чоно нохойнд ч юм уу уурлаад ч стресс, депресст орж чадлаа гэж бодъё. Ганц гэрээрээ, сайндаа хот айлаараа нутаглах тул уураа гаргах олон түмэн, стрессээ халдаан үржүүлэх масс ойр хавьд байхгүй. Хөрш айлаа стресстүүлээд байвал салаад нүүнэ. Авгай хүүхдэдээ түүнээ гаргах ч амаргүй. Монгол эхнэр омголон агаад чөлөөтэй, хэдэн хүүхдээ чирээд аав, ээж рүүгээ явчихаас сийхгүй. Гэтэл арай гэж олж авсан стрессээ хаячихад хайран байдаг. Саахалт руу очиж уураа юүлэх гээд мордож болно. Гэвч явах замдаа байгалийн сайханд стресс нь тайлагдана. Нэг мэдсэн чинь шувуудын жиргээ чагнан, жамъянмядаг дэлгэрснийг ажсаар сэтгэл хөнгөрөх төдийгүй сэргээд дуу аялаад авсан ч байж мэднэ.

Сэрэмж алдах шахсанаа анзаарсан уурлагч “Цусаар урс гэж, гэнэдээд тайтгарчих шахлаа. Ингээд байвал гол зорилгоосоо хазайх нь байна. Ингэхэд би чинь юунд уурлаж яваа билээ… Ээ нөжөөр тээглэ… мартцан байна ш дээ….Аа тийм, чононоос болж стресстсэн ш дээ. Бурхан минь, сануулсанд баярлалаа…Энэ жаахан стрессээ олдсон дээр нь сайн ариглаж байгаад депресс болгох юм хуна” гэж үглэсээр морио давирах буйзаа. Очсон айл нь хүний мөрөөс, мэдээллийн өлсгөлөн болчихсон байх тул юун уур цухал хүлээн авч дэврээх вэ, харин ч сонин юм дуулж таашаал авна…одоо уураа тарваганы нүхэнд л хаядаг байх даа.

ХОЁР. ХОРИОТОЙ УУР

Тэгвэл “бидний стресс социализмд яасан байхнуу” гэсэн асуулт гарна. Тэнд бид анх удаа бөөгнөрсөн, суурьшсан. Уураа бие биедээ наах боломж гарсан. Нийгмийн психологийн нэгэн сонирхолтой үзэгдэл энд ажиглагддаг. Хүн уур цухлаа гаргах нь хориотой дэглэмд орсноо ухамсарлахын хэрээр стресст орох нь багасдаг бололтой. Магадгүй, сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалах байгалийн нэгэн зөн байх. Малчин нүүдэлчин хүн ган зудыг өөрчлөх чадамжгүй болохоо ухамсарлахын хэрээр хувь заяандаа найдаж эхэлдэг. Тэр хэрээрээ өөртөө найдахаа больдог. Нэгэнт өөртөө найдах хэрэггүй учраас стресстэж өөрийгөө зовоохгүй, харин түүний оронд хүнд хэцүү тавилангаа туулан гарах сэтгэл зүйн бэлтгэлээ хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хувь заяа өөрөөс нь хамаарахгүй, тэгж оролдох нь осолтой үед өөрийгөө хамгаалах үүднээс сэтгэлийн уур хилэн өдөөгдөх нь багасдаг, эсвэл нууц байдалд орж эзнээ зовоохоо байдаг байж болох талтай.

Эцсийн дүндээ стресс уур уцаар нь түүнийгээ тайлах боломжийг дагаж үүсдэг. Хэдийгээр хэлэхэд муухай боловч “чөлөөт нийгэм нь стресс, нийгмийн уур хилэнг ил болгодог. Тайлах боломж байхын хэрээр хувь хүмүүсийн болон нийгмийн стресс ил харагддаг” бололтой.

Социалист дэглэмийн үед “нийгмийн эрх чөлөөний таглаа”-г гурван удаа сөхөж олон нийтийн сэтгэл зүйн даралтыг хөнгөлж үзсэн. Эхний хоёрыг эргүүлэн илүү чанга тагласан байдаг. Энэ нь “Их хэлмэгдүүлэлт”-ээр эргүүлж дарсан “Шинэ эргэлтийн бодлого”, мөн “Сэхээтний төөрөгдөл” хэмээх операциар буцааж тагласан “Хрушевийн дулаарал” юм.

Хамгийн сүүлд, социалист дэглэмийн нуугдмал уур “Горбачевийн өөрчлөн байгуулалт”-аар дэлбэрэн гараад эргэж таглагдаагүй.

Гэхдээ өнөө болтол тэр “хориотой уур” дэлбэрэн гарсаар байгаа нь хоёр талтай байх. Нэгдүгээрт, бараг бүтэн зууны турш хуримтлагдсан уур удаан гардаг тал бий байх, хоёрдугаарт, “ард түмний уур” гэдэг нь улс төр-бизнес, бизнес-улс төрийн ертөнцийн өрсөлдөөний шалгарсан арга, менежмэнт болж хувирсанд ч байгаа байх.

ГУРАВ. АРДЫН УЙДАА

Ерөнхийлөгч тайлангаа тавьж байна. Түүнийгээ “Ардын үг” гэж нэрийджээ. Зөв зүйтэй гэж үзсэнүүд нь тэрүүгээр яриад л байна. Бас “Ардын үг”-нд уурсан өөрийн үгээ хэлж буй “ард” ч харагдана. Мэдээж ард түмний тодорхой хэсэг үргэлж уурладаг, баярлаж байгаа хүн анзаарагдахгүй өнгөрдөг ч уурлаж байгаа болгон харагддаг болохоор тод ч байна. Хийгээгүй юмаа ярилаа гэхгүй, хүний хийснийг өөртөө наалаа гэхгүй ч ууртай хүн нэлээд байна.

Үгээ хэлэх “ард”-тай зэрэгцэн уураа гаргах “ард” гарч ирсэн нь ч учиртай. Хамаг шалтгаан Ерөнхийлөгчийн суудалд “найман жил тасралтгүй суусан”-д байгаа. Угаасаа ч өвөг дээдэс “морь удах тусам ижилсэж, хүн удам тусам толхилцоно” гэж зүгээр нэг хэлээгүй. Одоогийн Ерөнхийлөгчийн сууринд Бурхан багш Шагжаамунь байсан ч гэсэн ялгаагүй олон түмний тодорхой хэсэг “Иусус Христос гэж их боломжийн хүн дуулдах юм” гэж шивэгнэлдээд эхэлцэн байх нигууртай, өнөөдөр.

Угаасаа ч дахин сонгогдох боломжтой Ерөнхийлөгч л тайлан тавьдгаас биш улирсан нь ажил төрлөө ярьдаггүй байв. Суудлаасаа буухдаа “Замд гарах, салж нүүхдээ айлын хүүхдэд баахан чихэр жимс тараадаг” нүүдэлчний зангаараа одон тэмдэг, гавьяат цацаад явдаг байж. Тэрийг нь манайхан таалдаг. Ёстой нүнжигтэй Ерөнхийлөгч “сайхан тараагаад явлаа” гэж магтдаг байжээ.

Харин тайлан тавих санаа аль ч Ерөнхийлөгчийн санаанд орсонгүй. Магадгүй олон түмэн найман жил харж уйдаад явуулахын мөн болсон үед ажил яривал хүний өөрийн улс амьтан дургүйцнэ гэдгийг бодсон байх. За даа, заримд нь нэг их тайлагнаад байхаар юм байсан ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.Та нар минь нүдээ аньж байгаад “тэрний үед тэгсэн”, “энэний үед ингэсэн” гээд нэг бодох гээд үз дээ…Ерөөсөө “нөхөөр, тайлангаа харуул, амласнаа хэрхсэнийг ярь” гэж нэхэх санаа “ард түмэн”-ий толгойд ч орж байсангүй.

Гэтэл Ц.Элбэгдорж дахин сонгогдохгүй гэдгээ мэдсээр байж тайлан тавьж эхлэв. Олон түмэнд “Нээрээ энэ нөхөр юу хийлээ” гэж сонирхохын оронд “дахин өрсөлдөх гэж байгаа ч юм шиг” сонин сэтгэгдэл төрж эхэллээ. Ерөөсөө ч манайд дарга болох гэж байгаа хүн л хийх юмаа ярьдгаас биш даргаа болих гэж байгаа хүн ажлаа ярьдаг практик байхгүй. Иймээс дадаагүй юмаа харсан үзэгчид сонирхох, сонжихоосоо илүү гайхаж хардлаа. Үнэн, худал нь хамаагүй, “Яагаад хийснээ яриад байна, яагаад вэ, яагаад вэ…” нэг л учир байгаа…

Хариуг нь олохгүй байхын хэрээр унтуу хөдөлнө. Шинэ, шинэ хар төрсөөр…

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тайлангаа хэлэлцүүлэх “Ардын үг” цаг үеийн хувьд үнэхээр онцлогтой. Магадгүй тэр өөрийн хөтөлбөр, зарчимдаа үнэнч байсан байлаа ч ард түмний сонирхолд шилжилт гарсан. Өчигдрийн “бузар булай” ба “үнэт зүйл”-үүдийн байр цагийн эрхээр солигдсон. Солигдохоо байг гэхэд байрлал нь хөдөлсөн. Цагийн богино зүү нь шөнө дунд тэнгэрийг зааж байсан бол өглөө газар луу чиглэсэн байдаг шиг.

Шударга ёс тогтооё л гэвэл “Н.Энхбаярыг бариад л аль” гээд улсаараа хашгирч, нам нь хүртэл даргаасаа уйдаж явсанүеийн цагийн зүү өнөөдөр өөр тийшээ заасан. Ард түмний сэтгэгдлийн цагийн зүү “Зохиогч Шаравдорж (бурхан өршөөг!). Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос:Намбарын Энхбаяр” гэсэн ном нээлтээ хийсэн өдрийг зааж байна.

Өнөө “Ус авахаар очиход минь уулзаж байснаа санаачээ…” гэж дуунд гардаг шиг “Шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бээр АТГ-ын хуучин даргыг камерын өмнө чичрүүлчихсэн “Авлигын загалмайлсан эцгийг барина гэсэн, хаа байна” гээд гөлөгнүүлэхэд авч байсан кайфээ санаачээ” гээд ч нэмэргүй. “Авлигатай хэн анх тэмцлээ, шилэн данс хэн санаачилж төрийн мөнгийг ил болголоо, хэн анх..хэн анх” гэхчилэн асуухад, “Тэгээд яачихаав, санаачлаа л биз, хийгээ л биз, одоо ямар хамаатай юм бэ…” гэж түвэгшээхээр байна.

Магадгүй ард түмэн удирдагчийнхаа гавьяаг мартаж чаддаг байж гэмээнэ шударга ёс тогтдог байх аа. Солонгос энэ тэрийг харахад ч тэр. Тэгэхгүй бол нэг удаа аминд орсон нөхрийг толгой дээрээ насаараа залахад хүрэх биз. Найман жил гэдэг бол ард түмэн уйдахад хангалттай хугацаа. Аан, “Ю.Цэдэнбал төрийн тэргүүнд 40 жил байхад яагаад уйдаагүй юм бэ” гэж үү. Тэр үед уйдахыг хориглодог байсан юм. Та нарын олонхи нь “уйдах эрхгүй амьдрах” гэж юу болохыг биеэр мэдрээгүй болохоор юу ч гэхэв дээ. Нийтийн дуунд гардаг “уйдах эрхгүй хайр” энэ тэрээс шал өөр юм шүү гэсгээд орхие.

Цаг элэхийн хэрээр ард түмэн олон юмнаас, тэр ч байтугай мөрөөдлөөсөө ч залхдаг. Өнөөдөр “офшоорчдын хөрөнгө хураах” гээд л сүйд болоод байна. Яг хураагаад эхлэхээр нь манай ард түмэн өмөөрөөд давхина. Харж байгаарай “Хөөрхийсийг хэлмэгдүүллээ” “гучин долоон оны хэлмэгдүүлэлт сэргэлээ” “Хөрөнгө хураагчид амиллаа” гээд “ард түмэн” өөрснөө жагсана. Энэ С.Баярцогт энэ тэрд үнэхээр офшоор данс манс, нуусан хаасан юм байдаг бол сайн дураараа хураалгаад нийгэмчлүүлчихээсэй. Тэгвэл жилийн дараа ард түмний өмнөөс хохирогч гэгээнтэн, хүн төрөлхтний өмнөөс наждаа эдлэгч Иусус болон хайрлагдана. Ийм л байсан, ийм л байна. Харин цаашдаа ийм байх эсэхийг бүү мэд.

Тэгвэл Ц.Элбэгдорж тэнэгтээ “Ардын үг” хэлэлцүүлээд байна уу. Зүгээр л одон медалийн “боорцог” цацчихаад явчихад юу нь болохгүй байна. Хэн түүнээс тайлан нэхээ вэ? Магадгүй энэ нь илүү хойтыг харсан санаа байх. Энэ бол ард түмэн уураа гарсан хойно, уйдаагаа дууссан хойно, эргэн санахад зориулсэн эд байх аа.

Нэгдүгээрт, түүнд “хэн ч худлаа гэхийн аргагүй” олон тайлан байгаа. Буруу зөрүү болсонд нь биш, зүгээр цаг хугацааны уртад уйдсандаа тоохгүй байгаа тийм үнэнүүд тэнд байгаа. Санах нэг нь санах байх, санаагүй нэг нь санах цагаа болохоор санах байх. Энийг урьдаас харж бардамнаж байгаа болов уу.

Удахгүй бид шинэ Ерөнхийлөгчтэй болно. Нэг хэсэг угаалга, найр үргэлжилсний дараа өнөөхөөсөө уйдах шинж орно. Уйдахаа байг гэхэд урдынх шигээ баярлуулахаа болино, цаадах нь. Тэр цагт өнөө тайлансаг нөхөр чинь юу юу гээд байлаа гэлцэх тэр өдөр “ардын үг” санагдах учиртай байх…Би хийсэн шүү дээ, би хэлсэн, би санаачилсан, би батлуулчихаад явсан…харин тийм. Одоо байгаа нь энэ…гэх мэт, гэх мэт.

Хоёрдугаарт, мань хүнд нэг аархал байна. Дургүй байсан ч гэсэн худлаа гэхийн аргагүй үнэнийг зориуд босгож “дургүй байсан ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэгэн” гэдгээ тунхаглах өөр санаа ч явж байгаа юм бил үү?

Юм өнөөдрөөр дуусахгүй, хийснээ хэлэхгүй явж болохгүй….ерийн малчнаас Ерөнхийлөгч хүртэл замыг туулсан тэр “ардын үг”-ийн учир энэ л болов уу. Би та нарын дундаас гарсан, бараг цаад захын хязгаар нутгаас гарсан ардын хүү шүү. Тайлан үгээ “Ардын үг” гэсний нэг учир ч энэ болов уу.

Ямар ч байсан манайд “Ажил авах хүн биш” харин “ажлаа өгөх хүн” тайлан тавьж тооцоогоо бодуулдаг улс төрийн практик бий болж байна. Муу юм яав ч биш.

ДӨРӨВ. ТЭГЭЭД ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ?

Уураа зэхэж, цоо шинэ уур цогцлоон түгээж “ард түмний уур” болгоход бэлдэн бэлдэн уншиж дуусав уу? Бензинд чүдэнз зураад шидэх чинээний уур бэлэглэх юм бодтол тэгсэнгүй юү? Нэг хэсэг нь “энэ муу лүд, Элбэгээг яг өмөөрсөн байгаа. Чамайг ёстой шүлс, нусаараа будна даа” гээд бэлдсэн үү? Эсвэл “ард түмнийхээ уурыг сайхан дүрэлзүүлээд өгөх нийтлэл бололтой” гэж хуурай түлээ бэлдэн хүлээтэл тэгсэнгүй юү?

Тийм ээ, болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс нь харахыг хичээсэн учраас тэгж байгаа юм. Энд “Элбэгдорж их юм хийлээ” ч гэсэнгүй, бас “юу ч хийсэнгүй явлаа” ч гэсэнгүй. Түүнчлэн “Элбэгдорж л анх авлигатай тэмцсэн, шилэн данс санаачилсан энээ тэрээ” гэсэнгүй, улмаар “Тэр авлигатай огт тэмцээгүй, харин авлигын загалмайлсан эцэг өөрөө өөрийгөө гавлаад оймсоо гозгонуулсан, бас төрийн шилэн санхүүг юмаар бүтээж харанхуйлсан” ч гээгүй.

Зүгээр л, яагаад өмнөх Ерөнхийлөгч нар нь тайлан тавилгүй явдаг байтал энэ нөхөр хийсэн ажлаа хэлэлцүүлж байгаа юм бол? Хүмүүс яагаад “Ийм юм хий” гэж сонгосон хүнээ “ийм юмыг чинь ингэлээ” гээд тайлагнахаар унтуутай байдаг юм бол? Яагаад тэгдэг юм бол, яагаад ингэдэг юм бол? Энэ тухай л хөндлөнгөөс нь ярилаа.

Та юмыг дотроос нь биш хөндлөнгөөс нь харах гээд үз дээ. Уур хүрэхээ бараг больчихдог юм. Цаагуур чинь, гарын доорх багаж болгоод ашиглачихмаар бэлэн зэлэн ууртай хүн хайсан улстөрчид дүүрэн байна. Хүнд туслах сайхан ч хүнд ашиглуулах муухай, ялангуяа ашиглуулж байгаагаа мэдэхгүй ашиглуулах нь эмгэнэлтэй…

Categories
мэдээ цаг-үе

Жефри С Гленн: Элэгний өвчлөлийг бүрэн эмчлэх боломжтой. Дараагийн шатны шинэ эм хүртэл гарсан

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай улс АНУ-тай хамтран ажиллаж эхлээд байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын “Гилайд Сайнс” компанийн үйлдвэрлэсэн Харвони зэрэг дөрвөн төрлийн эмийг Монголд оруулж ирээд байгаа. Өндөр үр дүнтэй “Харвони” эмийг бүтээсэн эрдэмтдийн нэг АНУ-ын Стэнфордын их сургуулийн доктор Жефри С.Гленн манай улсад ирж албаны хүмүүстэй уулзаад уржигдар буцсан юм. Нутаг буцахынх нь өмнөхөн түүнтэй уулзаж ийнхүү ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулаач. Ямар чиглэлээр мэргэшсэн, хэзээнээс эм, эмийн бэлдмэлийн чиглэлээр ажиллав. Монголд ирсэн гол зорилгынхоо тухай сонирхуулаач?

-Намайг Жеффри С. Гленн гэдэг. АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор мөн Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирлаар ажилладаг. Би сүүлийн 30 гаруй жил элэгний В, С, D вирусийн судалгаа, элэгний хорт хавдрын чиглэлийн судалгаанууд дээр ажиллаж байна. Эмч, эрдэмтэн хүний гол зорилго нь дэлхийн шинжлэх ухаанд гарч буй шинэ ололтуудыг нээн илрүүлж түүгээрээ хүмүүсийг эмчлэх байдаг. Ийм учраас эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн цагаасаа эхлэн эмийн хөгжүүлэлт, өвчтөнүүдийг анагаах эм бүтээхэд чиглэн ажилласан. Аль ч улсын иргэн энэхүү эмийг аваад уух боломжтой байх ёстой. Монголд ирсэн зорилго маань үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс элэгний хавдар, элэгний хатуурлын нас баралт, элэгний В, С, D вирусийн тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх боломж Монгол Улсад байна. Тиймээс шинэ загварын дагуу ажлаа эхлүүлэхэд болохгүй зүйл алга гэж харж байгаа.

-Энэ их элэгний өвчлөлийн үед Харвони эмийг нээж, монголчуудад хүртэл боломжийн үнээр хүргэж буйд бид баяртай байгаа. Та Харвони эмийг хэрхэн нээж үйлдвэрлэлд, эмчилгээнд нэвтрүүлсэн бэ. Энэ яг ямар үйлчилгээ найрлагатай эм юм бэ?

-Харвони гэдэг үйлдвэрийнх нь нэршил. АНУ-ын “Гилеад Сиансес” компани үйлдвэрлэн гаргаж байгаа. Энэ эмийн найрлагын гол үйлчилгээ үзүүлдэг бодис софосбувир нь нуклейдын аналоги. Өөрөөр хэлбэл, бидний биеийн генийн мэдээллийг агуулж байгаа РНК, ДНК-тэй төстэй байгалийн молекулын эдийг модификаци хийгээд эм болгон хөгжүүлсэн, шинэ төрлийн, дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гаргасан эм юм. Софосбувирыг бүтээх гол үйл явц Стэнфордын их сургуулийн дэргэд байрлах Швейцарийн Рош компани дээр явагдаж байлаа. Энэ эмийн нээлтийг хамтран зүтгэгч эрдэмтэд маань хийсэн. Софосбувир үнэхээр гайхалтай, үйлчилгээ өндөртэй сайн эм. Гэхдээ софосбувирыг илүү сайжруулсан дараагийн хэлбэрийг бид гаргаад авчихсан. Софосбувирын нэг дутагдалтай тал нь гэвэл ходоодонд ороод шингээлт муутай байдаг. Үүнийг цаашид сайжруулах боломжтой. Шингээлтийг сайжруулна гэдэг нь хоол боловсруулах эрхтний замаар дамжаад элгэнд очих идэвхтэй бодисын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Эмчилгээний хугацааг богиносгох бас нэгэн шинэ боломж гарч ирсэн. Одоо бол нийт эмчлэгдэж байгаа хүмүүсийн 95-аас дээш хувь нь гурван сарын дотор, 12 долоо хоногийн дотор эмчлэгдэж байна. Үүнийг дараагийн шатны шинэ эмээр сар буюу дөрвөн долоо хоног түүнээс ч богино хугацаанд эмчлэх боломжтой болоод байгаа юм. Софосбувир нь 1 point 0 буюу Харвонигийн дараагийн шатны эмийн хувьд эсрэг дархлаа тогтох барьер нь маш өндөр.

-Элэгний хорт хавдрыг эмчлэх дараагийн шатны шинэ аргыг нээсэн юм байна. Энэ нь ямар эмчилгээ юм, Харвони эмээс ямар ялгаатай, онцлогтой вэ. Элэгний ямар, ямар вирус өвчлөлийг эмчлэх боломжтой вэ?

-Элэгний 8-9 төрлийн вирус байдгаас дэлхий даяар хамгийн их тархалттай таван төрлийн вирус байдаг. Шинжлэх ухааны хэллэгээр элэгний хепатитын А, В, С, D, Е гэсэн вирусийн төрлүүд. Үүнээс А, Е вирус цочмогоор өвдөөд зөв эмчилгээгээ хийлгээд, хүн биеийнхээ дархлааны системээр эдгээж чаддаг. В, С, D вирусийн хувьд архагшдаг байнгын вирус тээгч болдог. В вирусийн хувьд өвдөөд эдгээд байгалийн вирусийн дархлаатай болох боломжтой. С вирусийн хувьд байгалийн дархлаа тогтдоггүй. Дараа дахин халдвар авч өвчлөх боломжтой. D вирус маш хурдан хугацаанд элэгний хавдар, хатууралд хүргэдэг. Вирусийн халдвар гэдэг бол генийн мэдээлэл агуулсан, эсийг гэмтээдэг хүний биед маш жижиг хэмжээтэй, гадны биет орж ирж байна гэсэн үг. Вирусийн архаг халдвартай гэдэг нь байнгын вируст тээгч. Элэгний эсүүд үхжээд хорт хавдар болдог. Элгийг хүний биеийн цэвэрлэх байгууламж гэж хэлж болно. Манай судалгааны баг элэгний хатуурал, В, С, D вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийг бүтээж ажиллаж байгаа. Элэгний хорт хавдрыг эмчлэх дараагийн шатны маш гайхалтай шинэ эмийг гаргаж авсан. 2015 онд Монголд ирэхэд 25-30 насны залуус гуравдугаар шатны хатууралтай, элэгний циррозтой, В, С вирусийн давхар халдвартай, эмчлэгдэх боломжтой юу гэж асууж байсан. Тэднийг хараад эмч, мэргэжилтний хувьд Монгол оронд би чадах бүх зүйлээ хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Үүнээс хойш “Оном” сангийн эрдэмтэд, Монголын эрдэмтэдтэй энэ чиглэлээр илүү нарийвчилсан судалгааны ажлуудыг хийх, хамтран ажиллах, шинэ нээлт хийсэн эмүүдээ Монголд нэвтрүүлэх, Монголын ард иргэдэд эх орондоо эмчилгээ хийлгэх боломжийг нь олгох зорилготой ажиллаад явж байна. Элэгний вирусуудыг эмчлэх боломжтой. Учир нь шинжлэх ухаан асар хурдацтайгаар хөгжиж байна. Бид ч шаргуу ажиллаж байгаа тул эмчлэх боломжтой гэж харж байгаа.

-Шинэ эмчилгээг хэзээ Монголд нэвтрүүлэх вэ?

-Маш хурдан хугацаанд нэвтрүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Бид энэ удаагийн айлчлалаараа элэгний хорт хавдар, элэгний В, D, С вирусийн шинэ эмчилгээнүүдийг Монголд нэвтрүүлэх гол зорилготой ирсэн. Элэгний хорт хавдрын хувьд бүх л төрлөөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, албаны хүмүүстэй уулзаж эмчилгээний нэн шинэ арга эмчилгээний талаар иргэдэд нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Монголын вируст хепатитын эсрэг явуулж байгаа ажлууд дэлхийд жишиг болж байгаа. ДЭМБ, энэ чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэд АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэн, халдварт өвчин судлалын төв зэрэг олон байгууллагын анхаарлын төвд байгаа. Саяхан АНУ-ын Шинжлэх ухааны академи, элэгний В, С вирусийг устгах стратегийг гаргасан. Энэхүү стратегийг гаргахдаа хоёр орныг онцгойлон дурдсан байсны нэгдүгээрт Монгол байлаа.

-Элэгний өвчлөл манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа. Энэ өвчнөөс монголчууд хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ. Яаж эмчлэх нь хамгийн үр дүнтэй байна вэ?

-Би дөрөв дэх удаагаа Монголд ирж байна. Энэ өвчлөл үнэхээр Монгол хүмүүсийн амьдралд ямар их хор нөлөөтэйг ойлгож, мэдэрч байгаа. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг түрүүлж авалгүй өвчний араас явна гэдэг бол хамгийн хэцүү. Эрт илрүүлж, урьдчилан сэргийлж байж элэгний вирусийн халдвараас урьдчилан сэргийлнэ. Энэ бол цусаар дамжиж халддаг, арьс салст гэмтээсэн бүх төрлийн ажиллагаа, мөн бэлгийн замаар халдах боломжтой. Халдвар аваагүй эрүүл байгаа иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах хэрэгтэй. Мөн түүнчлэн Монголд D вирусийн халдварын тархалт өндөр байгаа нь сонирхол татаж байгаа юм. Тиймээс бид энэхүү чиглэлд цаашид судалгааны олон ажил хийх шаардлагатай байна.

-Бусад орны туршлагаас сонирхмоор байна. Манайхтай адилхан элэгний өвчлөл өндөртэй байж байгаад энэ өвчнөөс салж чадсан улс орнуудын ямар сайн жишээ байдаг вэ?

-Элэгний вирусийн халдвар дэлхий даяар өндөр буюу ДЭМБ-ын судалгаагаар 400 орчим сая хүн элэгний вирусийн архаг халдвартай байна. Элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгах хөтөлбөрийг Монгол, Гүрж, Египет, Исланд, Австрали зэрэг олон улс дэвшүүлсэн. Үүн дээр нэмэгдэж АНУ-ын ШУА-иас 2030 он гэхэд элэгний В, С вирусийг устгах стратегийг сая гаргасан. АНУ-д элэгний В, С вирусийн халдвартай гурван сая орчим хүн байдаг. Өмнө нь дурдсанчлан энэхүү стратеги дээр зөвхөн хоёр орныг л жишээ болгосон. Египет улсад ойролцоогоор зургаан сая хүн элэгний С вирусийн архаг халдвартай байдаг бөгөөд 2016 онд нэг сая орчим хүнээ эмчилж, эдгээсэн гайхалтай амжилт гаргасан. Мөн бусад орны туршлагууд байна. Жишээлбэл, Гүрж улс нь АНУ болон бусад орнуудтай хамтран маш сайн ажиллаж байгаа.

-Элэгний вирусийн эсрэг Харвони зэрэг эмийг уугаад вирус устлаа гэхэд дахин халдвар авахгүй гэх баталгаа бий юү. Халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

-Элэгний С вирусээр өвчилсний дараагаар тогтвортой дархлаа тогтдоггүй, эмчилгээний дараагаар дахин халдвар авах эрсдэлтэй. Тийм учраас танай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй С вирусийн голомтыг устгах энэ хөтөлбөр нь энэхүү халдварыг дахин авах эрсдэлийг бууруулна. Өөрөөр хэлбэл, халдварын голомтыг устгаж чадвал энэ өөрөө урьдчилан сэргийлэх нэг арга юм.

Sofosbuvir /ledipasvir бүхий элэгний С вирусийн эсрэг эмчилгээ хэрэглэсэн үед дахин халдвар авах боломжтой. Жишээлбэл Египет улсад хэдийгээр олон хүн эмчлэгдэж байгаа хэдий ч дахин халдвар авах эрсдэлийг бууруулж чадаагүйн улмаас жилдээ 200-гаас 300 мянган хүн дахин халдвар авч байна.

Элэгний вирус нь цусаар дамждаг тиймээс арьс салстыг гэмтээсэн, цустай харьцах зүйлсээс сэргийлэх хэрэгтэй. Гоо сайхны үйлчилгээ, шивээс хийлгэх нь нэгэн том эрсдэл юм.

-Эмчилгээний дараа дархлаа сэргээх бэлдмэл зэргийг хэрэглэх ёстой юу. Хэрхэн гам барих вэ?

-Дархлаа сэргээх эм бэлдмэлийг хэрэглэхдээ үнэхээр анхааралтай байх хэрэгтэй. Дархлаа сэргээх гэсэн нэрийн дор маш олон хуурамч зүйл дэлхийн зах зээл дээр байдаг. Тийм болохоор үүнийг авч хэрэглэхдээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн эмчилгээний дагуу эм бэлдмэлийг авч хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Элэгний С вирусийн эмчилгээ хийлгээд вирус нь устсан тохиолдолд дахин эм авч хэрэглэх шаардлага байхгүй. Аливаа эм бодис гэдэг бол нэгэн төрлийн хор учраас эмийг эмчийн зааваргүй, мөн хэтрүүлэн ууна гэдэг маш буруу. Энэ тал дээр Монголчуудыг анхаараарай гэж хэлье.

Categories
мэдээ нийгэм

С.Даваапүрэв: Лам хүн бизнес хийж болохгүй, бурхны шашинд эд хөрөнгийг түр зуурын хуурмаг зүйл гэж номлодог

Эрдэмтэн, түүхч, гүн ухаантан, бурхны шашны томоохон зүтгэлтнүүдийн нэг Зава Дамдины хойд дүр гэгддэг Зава Дамдин ренбүүчи буюу Д.Осгонбаяр ламтан ZD нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ. Тэрээр Дундговь аймагт байх Чойрын хийдийн хамба. Тиймдээ ч лам, бурхны шашны багш хүн бизнес хийх ёсгүй, баян тансгийг сурталчилж, эд хөрөнгөнд шуналаа хэмээн түүнийг буруутгах хүн цөөнгүй байна. Үүнээс гадна лам нар эд хөрөнгөнд шунадаг, сүсэгтэн олны өргөл хандиваар бизнес эрхэлдэг, архи ууж зохисгүй үйлдэл гаргах байдал ажиглагддаг. Тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдох зэрэг ёсзүйн том алдаа дутагдал гаргах тохиолдол мэр, сэр ажиглагдсаар байгаа. Тиймээс лам хүн гэж хэнийг хэлэх, энгийн хүнээс юугаараа ялгарах, ямар байх ёстой, лам хүний хийж болох, болохгүй үйл, ёсзүйн талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэвтэй ярилцлаа.


-Лам гэж ямар хүнийг хэлэх вэ. Лам хүний баримтлах ёстой зүйл, энгийн хүнээс ялгарах онцлог, зарчим зэрэг нь ямар байх ёстой юм бол?

-Бурхны шашинд гурван зүйлийг эрхэмлэдэг. Нэгдүгээрт, төгс гэгээрсэн эрдэм бүгдийг төгсгөж, бурхныг шүтэх, хоёрт нь, хамаг амьтны тусын тулд бурхны сургаал болсон номыг шүтэх, гуравдугаарт, бурхны хутгийг олсон ламыг шүтэх. Хамгийн гол нь амьтанг хорлохгүй, бусдад хоргүй байх ёстой. Аливаа шашинг шинжихдээ тэр шашинг гаргасан эзэн буюу үндэслэсэн багшийг нь шинждэг. Бурхан багш гэм бүгдийг тэвчиж байж сайн эрдмийг олдог. Ийм зүйлийг дуурайж байгаа бурхан болох алсын зорилгыг тавьсан бодгалыг лам гээд байгаа юм. Лам хүн маш олон зүйлээр бусдаас ялгардаг. Энгийн хүмүүс гэр бүлийнхэн зэрэг хамгийн дотнын хүмүүсийнхээ төлөө бусдыг гомдоох явдал байдаг бол лам хүн ийм зүйл байх ёсгүй гэж үздэг. Лам хүн бол хамаг амьтны тусын тулд байх ёстой. Тэгэхээр түүний явдал мөр, үзсэн ном, бусдад тусалж байгаа үйлдлээр нь лам гэж ойлгож болно.

-Лам хүнд байх ёсгүй үйлдэл гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Лам хүний эрдэм, ёсзүйг өөртөө бүрдүүлсэн байна уу гэдгээр нь энэ хүн лам мөн үү гэдгийг танина. Гэхдээ алдаа гаргалаа гээд айхтар шийтгэх, залхаан цээрлүүлдэг зүйл байхгүй. Лам хүн үйлийн үрийг маш сайн ойлгож суралцсан байх ёстой. Хүн аливааг үйлдсэн л бол үйлийн үрийг нь амсдаг. Тиймээс шийтгэл үйлийн үрийн хуулиар ирэх ёстой. Мөн тухайн хийдийн дотоод журам, дүрэм гэж бий. Тиймээс алдаа дутагдал гаргасан ламыг бусдад ямар хор учруулсан, ямар нөлөө үзүүлсэн гэх зэргээр нь зохих шийтгэлийг нь оногдуулна.

-Сүүлийн үеийн лам нарыг эд хөрөнгө, үнэтэй эдлэлд дуртай, шуналын сэтгэлтэй, баяжих хүсэлтэй болсон. Сүсэгтэн олны өргөл хандиваар тансаглаж байна гэх шүүмжлэл нэлээд байдаг. Бусдын адил ийм байж болох уу, болохгүй юу?

-Эрдэм сайтай хүн уулын орой дээр байсан ч талх өөрөө өнхрөөд ирнэ гэдэг. Лам хүн далай мэт эрдмийг сурна гэж үг бий. Мөн их бага арван эрдмийг сурсан хүн хожмоо “Бандида” гэж үнэлэгдэнэ. Энэ мэт лам хүний эзэмших ёстой эрдмүүдийг сураад ирэхээр бусдын зовлонг нимгэлж чадах ачтай, буянтай хүн болно. Ийм хүнд хүн юугаа ч хамаагүй өргөдөг. Одоогийнхоор ойлгоход машин техник, алт сувд гээд тэр хүн өөрт байгаа нандин гэж ойлгож буй бүхнээ өргөнө. Тиймээс энэ утгаар тэр ламд маш их зүйл цугласан байж болно. Харин лам нэрээр сүрдүүлэн далайлгаж эд хөрөнгө авдаг тохиолдол бурхны шашны түүхэнд гарч байсан. Хүний сүжиг бишрэлийг далимдуулж өөрийн шуналын муу хүслээ гүйцэлдүүлэх зүйл гарч байсан гэж ойлгож болно. Хойшдоо ч ийм зүйл гарах л байх. Мөн эсрэгээрээ сайн лам ч гарна, муу лам ч гарах л байх. Сайн муу гэдгийг сүсэгтэн олон үнэлнэ.

-Заавал их өргөл барьц өгч байж бурхны ном сайн үйлчилнэ гэх зүйл байхгүй биз дээ. Өргөл барьц өгөх нь ямар учиртай юм?

-Тухайн ламыг бурхан мэт үзэж ирж байхад зовлонгоос нь нимгэлж, жаргалаас нь хагацуулахгүй юмсан гэж өргөлийг хүлээж авбал тэр өргөл сайн болно. Хүлээж авч байгаа хүнд ч сайн. Өгч байгаа хүн нь үнэн сэтгэлээсээ өгч байгаа бол түүнд ч сайн. Харин нэр алдар эдэд шунасан, хөрөнгө хураах, сайхан гоё харагдах юмсан гэдэг байдлаар өргөл авбал нүгэл болно. Өргөлийн хэмжээ их бага нь ямар ч хамаагүй байдаг. Цаад хүн үнэн сэтгэлээсээ алгын чинээ даавуу өргөсөн ч хүнд өргөл болдог. Их хэмжээний алт өргөсөн байлаа гэхэд цаад хүн нь тухайн ламыг сорьсон, туршсан, өөрийнхөө эд хөрөнгийг гайхуулах байдлаар болон тэр ламыг өөрийнхөө далласан газар ил гарч, далайсан газар нь далд ордог хүн байлгах гэсэн санаагаар өргөсөн бол шимгүй, нүгэл болно. Лам хүн тухайн авсан өргөл барьцаар л гол зогоох ёстой. Монголчууд номд маш сүжигтэй байсан учраас дэлхийд номыг дээдэлдэг онцгой үндэстэн болж үлдсэн. Аливаа зүйл, өргөлийг хүндлэл байна гэж үзэх юм бол тэр ламаас муу юм гарахгүй, өөртөө ч хураагаад байхгүй. Өөрт нь илүү бол бусдад өгчихдөг лам ч олон бий. Өргөлийг тэр дор нь ядарсан шавьдаа өгнө, эсвэл дээжээс нь аваад хүнд нь буцаагаад өгөх үе ч бий. Харин лам гэх нэртэй, хувцастай олон лам нарын нэр хүндийг унагадаг ёсзүйгүй хүмүүс ч бий.

-Хүмүүс зөндөө л ламаар явлаа, ном уншууллаа нэмэр болдоггүй ээ гэхийг сонсч байлаа. Энэ нь өөрийнх нь итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй холбоотой юу?

-Энэ нь номыг хэрэгцээ гэж үзсэнээс болоод байгаа юм. Хэрэв сүжиглэх юм бол лам хүний дүрийг харах төдийд, бурхны дүрийг харах төдийд, номонд мөргөх төдийд л аливаа ажил бүтнэ гээд байгаа шүү дээ. Цаанаа далай их нүглийг хураачихаад, наанаа дуслынх нь төдий буян үйлдчихээд тэр буянаараа зовлонгоо арилгана гэвэл эрүүл ухаанд ч буухгүй шүү дээ. Мөн ном уншуулах нь мөнгө төлөөд талх худалдаж авахаас огт өөр зүйл. Тухайн хүний итгэл үнэмшил, сүжигтэй холбоотой.

-Сүсэгтэн олны итгэл үнэмшил, өргөл барьц зэргээр лам нар өдий зэрэгт хүрч яваа. Тэгвэл ард олондоо эргүүлээд тэд юуг өгч чадах юм бэ гэдэгт та ямар хариулт хэлэх вэ?

-Бурхан багш шиг хамаг амьтны тусыг, хойд насандаа зовохгүй байх аргыг зовлонгийн шалтгааны тайллыг гаргасан зүйл өөр байхгүй. Үүнийг бурхны шашны номыг судалсны дараа л ойлгох боломжтой. Амьтны тусыг үйлдсэн олон хүн байна. Их хаадын үед, Хүннү гүрний болон бага хаадын үед ч сонгогдсон оюун санааны маш том зүйл бол бурхны шашин юм. Бурхны шашнаар явснаар маш олон соёлыг бий болгосон. Хүнд өвчин тусаад, өөрийгөө үхнэ гэдгийг мэдэж буй хүн бурхны шашинг ойлгочихсон бол асар өөр байдаг. Үхлийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь сэтгэлийн маш том хичээл. Мөнх насалсан хүн гэж байхгүй ч хүмүүс үхнэ гэдгээ барагтай бол хүлээн зөвшөөрдөггүй. Бид аливаа зүйлд өнгөц ханддаг учир асар их алддаг. Өөрөөр хэлбэл, зовлон учирсан тохиолдолд асар их сэтгэлийн тэнхээгээр, юм үзсэн хүн шиг туулж чаддаггүй. Тэгэхээр буддын шашнаас суралцах их зүйл байсныг монголчууд мэдэж, зэвсэг барин тэмцдэг зүйл амарлингуй болсон. Улс төрийн энэ тогтворгүй үед асар тайван хүлээцтэй, хүлцэнгүй байгаа нь буддын шашны үлгэр жишээ. Мөн монгол айл гэрээ цоожилдоггүй ёс заншил хөдөөгийн айлуудад хэвээрээ байна. Эзгүйд нь аянчин ирээд хоол хийж идээд явсан байхад гэрийн эзэн уурладаггүй, харин ч өлсөж, ядарсан хүн хоол идээд явж хэмээн баярлана. Ийм зан заншил үнэт зүйл дэлхийд хаана ч байхгүй. Энэ нь буддын шашны оруулсан их гавьяа болов уу гэж би ойлгодог.

-Гэгээрэлд хүрсэн лам нар хэр байдаг юм бэ?

-Бурхан багшийн номлосон ном үнэн юм уу гэдгийг нотолсон нотолгоо нь гэгээрэл. Бурхан багш та нар миний номыг сонсоод сонссон номынхоо тухай бодоод, яг миний заасан номоор явбал гэгээрэлд хүрнэ гэдэг. Гэгээрлийг үзүүлсэн бодгалууд бий.

-Дундговийн хийдийн хамба Д.Осгонбаяр гуай гэгээрэлд хүрсэн гэгддэг юм билээ. Гэхдээ тэрээр саяхан үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн байна. Лам хүн арилжаа наймаа хийж болдог юм уу?

-Сүүлийн үед хэвлэлээр дэлгүүр нээсэн тухай мэдээлэл гарсан байна лээ. Ер нь лам хүн ямагт бизнесийн зорилгыг агуулж болдоггүй. Ертөнцийн бүх явдалд л нуруугаа харуулах ёстой гээд байгаа шүү дээ. Энгийн хүмүүс бол сайхан амьдралыг эдийн засгаар ойлгоод, аз жаргалыг эд хөрөнгө гэж ойлгодог. Харин бурхны номд эд хөрөнгө баян тансгийг түрхэн зуур үзэгдэх хуурмаг зүйл гэж олонтаа номлодог. Тэр байдлаас бол хувь хүн өөрийнхөө төлөө ашгийн зүйл нээх нь буруу. Гэхдээ өнөөгийн нийгэмд аливаа зүйл хөрөнгөгүйгээр босдоггүй. Жишээлбэл, Ажаа гэгээний нээсэн эмнэлэг санхүү мөнгөн дээр тулгуурлаж боссон. Гэхдээ Ажаа гэгээн бизнес хийгээгүй. Бизнес хийдэг хүмүүсийг уриалж бусдын тусын тулд эмнэлэг босгосон байдаг. Үүнтэй адил тухайн борлуулж байгаа зүйл нь бусдын сайн, сайхны төлөө зарцуулагддаг бол хориотой зүйл биш юм. Тэгэхээр зорилго нь чухал юм даа.

-Д.Осгонбаяр гуай ямар зорилготой дэлгүүр нээсэн юм бол. Бусдын сайн сайхны төлөө юм болов уу?

-Мэдэхгүй, дэлгүүрийнх нь тухай Д.Осгонбаяр буюу Зава Дамдин гэдэг хүнээс асуух нь зөв байх.

-Д.Осгонбаяр Зава Дамдины хойд дүр гэдэг юм билээ. Зава Дамдин нь ямар хүн байсан юм бол. Өмнөх дүр нь арилжаа наймаа хийдэг панзчин хүн байсан юм болов уу. Учир нь үнэт эдлэлийн дэлгүүрээ Зава Дамдины товчлол буюу ZD гэж нэрлэсэн юм билээ?

-Зава Дамдин гэдэг бол алдартай лам байсан. Монголд олон янзын эрдэмтэй лам нар байсан. Зава Дамдин лам түүхийг маш сайн мэддэг, түүхч гэдгээрээ их алдаршсан хүн. Мэдээж бурхан шашны гол сургалт болсон чойрын сургалтыг дуусгасан. Түүндээ мэргэшсэн хүн байсан. Тэгээд Чойрын нэг засаг захиргаа байсан газар Дэлгэрэхийн Чойр гэж хийдээ нээсэн байдаг. Сүүлийн үеийн эрдэмтдийн нэг.

-Д.Осгонбаяр лам бизнес хийх ёсгүй байвч энэ нь ашгийн байж таараад ёсзүйн алдаа гаргалаа гэхэд танай хийдээс хариуцлага тооцох үндэслэл бий юү?

-Байхгүй. Яагаад гэхээр сүм хийдүүд бусад хийдийнхээ үйл ажиллагаанд оролцохгүй гээд хуульд заачихсан. Өөрийнхөө асуудлыг тухайн хийд өөрөө дотооддоо шийднэ. Бусад сүм хийдүүдийг нээх хаах, лам нарыг томилох буцаан татах, гэм шийтгэлийг нь өгөх гэсэн эрхийг хязгаарласан. Өөрийн хийдийнхээ дотоод журмаараа шийтгэнэ. Лам хүн архи уугаад гудамжинд хэвтлээ гэхэд манай хийдийн лам биш бол бид яаж ч чадахгүй. Тиймээс лам нарын нэр хүндийг гутаасан лам нэртэй хүмүүс олон болоод байгаа.

-Гандантэгчинлэн хийдийн орлого хаашаа ордог вэ, хэрхэн зарцуулдаг юм гэх асуулт бас байдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Гандангийн уншлага хамаг амьтны төлөө байдаг. Нийтээр хурал хурж хамаг амьтны сайн сайхны төлөө залбирах залбирал байдаг. Тухайн хүний эрүүл мэнд болохгүй, ажил хийхээр саад учраад, хийморь доройтсон бол ламыг бурхан мэт үзэж ирдэг байсан. Одоо ч энэ байдал хэвээр. 2500-гаад жилийн өмнөх хүний асуудал одоогийнхтой яг ижил байдаг. Бурхан багш хүний амьдралд тохиолддог зовлон гуниг, элдэв асуудалд тохируулан ном гаргасан байдаг. Энэ ном эрдэм нь багшаас шавьд увдисаар дамжсаар ирсэн. Үүгээр мөнгө олдог нь үнэн. Гэхдээ төрөөс ямар ч татаас байхгүй. Лам нарыг татварын мөнгөөр цалинждаг гэсэн буруу ойлголт байдаг. Тийм зүйл хэзээ ч байгаагүй. Харин бид төрдөө татвараа тогтмол компани шиг төлдөг. Гэхдээ хийдийг Олон нийтийн байгууллага гэдэг утгаар ашгийн бус байхыг шаарддаг. Бид орлогоо дулаан, гэрэл цахилгааны зардал, зуугаад ажилчны цалин болон 400-гаад ламыг цалинжуулдаг. Дээр нь урсгал зардал, өргөл хандивт зарцуулдаг. Мөн нийгмийн сайн сайхны төлөөх хариуцлагаа ухамсарлаад хийсэн буяны ажлууд олон бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Давхиж яваа “Найман хөлтэй морь”

Монголыг хуурах амархан (монголд ойлгуулах хэцүү)-I

НЭГ. ЗА ХӨ, ХУУРААД БАЙГААРАЙ…

Бид төсөөлөх дуртай ч эргэцүүлэх дургүй. Мэдээллийг даган шуурах дуртай ч анализ хийх сонирхолгүй гэсэн үг. Муухайдаа ч биш юм. Малаа дагасан нүүдэлч амьдрал нь мөнхийн ганцаардал, уйдаа дагуулна. Тийм болохоор олны амаар дамжин, хүн хүний фантаазаар баяжиж ирсэн цуу яриа, үлгэр домогт юу яасны эргэлзэх, харин ч тийм юм дуулгасанд баясна. Ид шид шингэсэн, сэтгэл хөдөлгөм байхын хэрээр баяр хөөр авчирна.

Ийм учраас нүүдэлчин хүн нэгэндээ барих хамгийн том бэлэг бол гоёор хэлэхэд сонин мэдээ, яг үнэндээ цуурхал. Ямар ч шинэ цуурхалгүйгээр айлд очих, хүнтэй уулзах нь ичгэвтэр хэрэг болно.

Учир иймээс, монголчууд “Сайн байна уу” гэж мэнд мэдээд, араас нь “сонин сайхан юу байна” гэж асуудаг. Орчин үед “Юу байна” болтлоо товчлогдож, англи хэлтний ертөнцийн “Хайя” –тай зэрэгцэж ирсэн хэллэгийн гарвал энэ болой.

Өнгөн талаасаа “Сонин сайхан юу байна” гэдэг нь сонин бөгөөд сайхан ( сонирхол татам эерэг мэдээлэл гэж ойлгогдохоор) мэдээг хүсч байгаа мэт боловч хэрэг дээрээ “бүлтрээд байгаарай” гэсэн утга.

Сайхан цуурхал сонсгох нь зочиндоо барих бэлэг. Сүртэй, дуулиантай цуурхал бэлгэнд авсан (сонссон) нөгөөх нь түүний үнэн худалд эргэлзэх ёсгүй. Жишээ нь, “Зүүн голоор найман хөлтэй морь явж байсан гэнэ. Ирэх жил зуд болж мал барагдахын цондон” гэсэн үнэ цэнэтэй цуурхал хүлээн авсан хүн түүндээ эргэлзвэл цааш нь ярих юмгүй болно. Иймэрхүү хандлагыг өвөг дээдэс “Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх” хэмээн сэрэмжлүүлж ирсэн билээ. Хэрвээ, амьтан хүний чихийг дэлдийлгэнгээ өөрийгөө тоолгох учиртай цуурхлыг “Морь яагаад ч найман хөлтэй байх учиргүй. Тийм гажигтай амтан төрлөө ч гэсэн цас ороход нөлөөлөхгүй” болтол эргэцүүлэн бодож болохгүй. Тэгэхээр эргэцүүлэх, мэдээлэлд анализ хийх нь харин ч хортой байгаа биз дээ.

Иймээс, үнэн худлыг эргэцүүлэн бодохын оронд шинэ санаа фантаазаар баяжуулах хэрэгтэй. Жишээ нь, “Найм, найм. Нийтдээ 16 хөлтэй морь (бараг л битүү туурайтай аалз) баруун, зүүн хоёр голоор явж гэнэ ээ. Энэ өвөл зуд болж, хойтон зун дайн гарна гэнээ. Гарцаагүй гэнэ” болгон баяжуулах учиртай. Ингэж байж л уг мэдээг дуулаагүй болон дуулсан байсан улсыг гайхшруулна.

Анализ хийх, эргэцүүлэх дуртай хүн байсан байх л даа. Тийм нэгийгээ “Хүний үгэнд итгэдэггүй”, үгүйсгэх үзэлтэй негилист этгээдийн хэмжээнд хэмээн гадуурхаж таарна.

Энэ утгаараа, цуурхах, үнэмшимгүй мэдээлэл тараах , солилцох зэрэг нь нүүдэлчдийн “шоу”, нийтийн зугаа цэнгэлийн нэг хэсэг байжээ. Одоо ч нутаг нутагт худал хэлдгээрээ алдаршиж, хүндлэгдсэн, домог болсон хүмүүс байсаар л байгаа.

Яагаад худал яриад болоод байсан юм бэ гэсэн асуулт гарна. Нэгдүгээрт, иргэншиж хотшоогүй, бие биеэсээ хамаарал багатай малчин нүүдэлчдийн амьдралд мэдээллийн үүрэг роль бага байсан. Ядаж л буруу цуурхлаас болж олон нийтийн үймээн самуун дэгдэх боломжгүй. Ганц ганцаараа, сайндаа л хот айлаараа талын нэг тарсан улс үймэхийн тулд нэг дороо цугларах хэрэгтэй болно биз дээ. Нэг дороо цугларах гэхээр эзгүй үлдсэн малыг нь боохой зооглоно. “Монголын их амар амгалан”-гийн нэг шалтгаан болгосон “нөхөр чоно”-д тээнк юү, айн?

Ер нь ганц ширхэг хүн эзгүй хээр “нийгмийн эмх замбараагүй байдал” үүсгэж байгааг нэг төсөөлөх гээд үз дээ.

Хоёрдугаарт, цуурах, фантаазлах орон зай өөрийн хил хязгаартай. Үнэмшимгүй юмыг л улам үнэмшилгүй болгох ёстойгоос биш, бодитой зүйлтэй тэрийгээ хутгаж болохгүй. Жишээ нь адуу малын сураг, чимээтэй холбоотой мэдээлэл дээр дээр фантааз хийвэл тоглоом хатуудна.

ХОЁР. ХУУРТАХАА БОЛИВОЛ ЖАРГАХАА БОЛИНО

ХХ зууны дундуур монголчууд иргэншин хотшиж ирлээ. Амьдрал нь бие биенээсээ хамааралтай, тэр хэрээрээ мэдээллээс хамаатай болоод ирэв. Ийм орчинд худлаа ярих, цуурхах аюултай. Одоо, цуурхлаар яриагаа чимж, чихээ мялаадаг үе өнгөрөх учиртай.

Гэтэл тухайн тогтоц болох социалист нийгэм ба түүний үзэл суртал нь “үндэсний цуурхал зүй”-г томоохон дэвэргэгч, спонсор болон хувирав.

Тэд ард түмэндээ “Лам ноёд, ихэс дээдэс нь ард түмнээ сорон мөлжиж байгаа тухай, баячууд хамаг хөрөнгийг нь эзэмшсэн учраас үлдсэн хэсэг нь ядуу байгаа тухай, хөрөнгөтөн орнууд биднийг үхээсэй гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа тухай, тухай, тухай…” шинэ домог зохиож өглөө. Улмаар домгийг улам хөгжүүлэх үүрэг хүлээлгэв.

Ямар чадахгүйн зовлон байх биш, өнөө “найман хөлтэй” морины явдлыг баяжуулаад явчихад ядаж цөхөх юм алга. Морийг нь хөрөнгөтөн, англи америк болгож шинэчлэхэд худлаа гэх хүн гарахгүйн дээр төрөөс сайшаалгана. Социалист (соцреалист ч гэдэг) урлаг соёл энэ хөрсөн дээр соёолсон.

Ингэж явсаар 1990-ээд оноос хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд шилжлээ. Тогтоц өөрчлөгдсөн ч уламжлал өөрчлөгдсөнгүй. Намуудын үзэл суртлын арга барил нь мөнөөх социалист дэглэмийн домог зохиох уламжлалаар явна. Идсэн уусан, хулгайлсан, офшоорт нуусан “найман хөлтэй морь” зохион тал дүүрэн бэлчээнэ.

Олон түмний сэтгэхүй ч гэсэн жирийн морь биш, “найман наймын жаран дөрвөн хөлт”-ийг хүлээгээстэй. Тийм учраас л “17 тэрбум доллар хулгайлаад сейфэндээ нуужээ” гээд гөрдөхөд хүлээж авна, учир нь энэ бол хөл нэмж болох морь.

Харин араас нь “сейфэнд ийм мөнгө багтах бололцоогүй” гэж тайлбарлаад нэмэргүй. Олон түмэн ч уурлана, яагаад гэвэл сэтгэл догдлуулсан, айлд ороод ярих юмтай болгосон, хэдэн ч хөл нэмээд бусдыг гайхшруулж болох “морь”-ных нь хөлийг тайрах оролдлого гэж харна. Өөрөө хэлбэл, масс өөрөө гуйвсан мэдээлэлдээ дуртай. Тэр нь алга болчихвол аз жаргалынхаа тодорхой хэсгийг алдчихмаар ч юм шиг төсөөлөгдөөд байгаа юм. Зохиомол, илүү сүр оруулсан мэдээлэл буюу цуурхал амь бөхтэй байдгийн нэг учир нэг талаасаа энэ.

Найман хөлтэй улс төр ба намуудын ч буруу биш, бас тэд тэнэг биш. Учир нь нам сонгуульд ялах эсэх л чухал болохоос биш, “найман хөлтэй мориор түрүүлсэн үү, эсвэл дөрвөн хөлтэй бодит морь унаад хоцорсон уу” гэдэг сонин биш…

Categories
мэдээ утга-зоxиол

Наран тогоруу

Төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн алдарт өгүүллэгийг уншигч танаа толилуулж байна.

Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа олон гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардагсан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдагсан. Бурханд мөргө гэхээр нь мөргөнө. Тэр бүхэн газар цөмөрсөн мэт алга болж зөвхөн сүмийн чулуун суурь үлджээ. Тэр чулуун дөрвөлжүүдийн хоорондуур лууль шарилж ургажээ. Харамсах юм алга. Мөхөх ёстой болоод л мөхөө биз. Худаг нь хүртэл ширгэчихсэн. Энэ худгийг миний аав ухалцсан гэж ярьж байсан санагдана. Аав минь ч байхгүй. Ер нь сүм дуган, аав бас өөр олон юм алга болж урьд өмнө байгаагүй олон шинэ юм бий болдог юм байна. Дайн болов гээд манай нутгийн аль чадалтай түшигтэй эрчүүд цэрэгт дайчлагдсаар жил болж байна. Миний ах ч бас явсан. Эргэж ирэх үгүйг бүү мэд. Дайны газар хүнд алуулчихдаг гэнэ. Маргааш өглөө би ч бас явна. Аймгийн сургуульд явж байгаа хүн дайнд явж байгаа биш боловч урьд байсан юм байтугай, хүн алга болчихдог ертөнцөд ямархан хувь заяа угтаж байгааг хэн мэдэх билээ.

Ингэж бодоод газраас хайрга авч худаг руу шидэхэд ёроолын шалбаагт чол чол хийн унав. Би нутгийнхаа нартай салах ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна. Оройн саалины цаг. Айл айлын үнээний хороод тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан мөлхөнө. Тэрүүхэн урдах модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчиж явна. Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхий тогоруунууд хүчийг сорих гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх боловч “Миний нутгийн тогоруунууд баяртай” гэж дотроо би өгүүлнэм. Урд арын модны захын цэл ногоон цагдуулууд шингэх нарны гэрэлд мөн л улбар өнгөтэй болжээ. Надтай хамт өссөн тэр зулзаган моднуудыг би цөмийг танина. Булгийн эхний ганц хөгшин шинэс одоо хөгшрөөд бөв бөгтөр болжээ. Хөгшин мод үхэж, залуу мод ургаж байдаг ёс юм биз ээ.

Бага байхдаа борооны дараа татсан солонгыг барих гэж ойн зах хүртэл гүйхэд энэ цагдуул зам хаадаггүйсэн. Чингэхээр надтай хамт “төрсөн” нялх модод байжээ.

Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна. Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлзэж “надтай цанхаагаа гаргах бух байна уу” гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нэлдээ агь ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүүд хонио ялган шуугилдаж тэртээ зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна. Тэр Тэхийн Палхай лав мөн. Тэх гэдэг нэртэй байх яах вэ. Харин Палхай гэдэг маань юу гэсэн үг вэ. Багад нь муу амтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон хэрэг. Палхайн орь дуунаас үргэх мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны булгийн тэнд дахин буув.

Нар шингэх дөхжээ. Маргаашаас эхлээд би үхрийн хорооны шургааг дээр юм уу энэ худгийн ирмэг дээр сууж нутгийнхаа нар шингэхийг үзэхгүй, хол явчихсан байна. Нөгөө улаан бух хичнээн шороо цацлавч мөргөлдөх зүрхтэн ирсэнгүй тул цээлхэн залуу дуугаар урамдан үнээнүүдийн хойноос яваад өглөө. Би Палхайг тэр бухтай тархий нь хага мөргөлдүүлэх юмсан гэж бодоод инээд алдав. Манай хөрш Сангид гуайн гадаа үнээгээ сааж дууссан хүүхнүүд цуглараад хангинасан сайхан хоолойгоор дуулцгаав. Тэдний дуу үдшийн сэрүү буусан нуга талын дээгүүр зэллэн, шингэх нарны түмэн цацрагаар дамжин одож байх мэт.

“Огторгуй харахад минь хол шиг аад

Орох л борооны түргэнийг дээ

Орчлон санахад минь хол шиг аад

Очих л насны түргэнийг дээ…” Цэрэгт явсан эр нөхөр, сэтгэлт хүнээ санаж дээ гэмээр гэгэлгэн гунигтай дуулна. Хүн хүнээ хайрлах ба санах ёсыг би мэддэг болжээ. Чингэснээс хоолой дээр минь бөөн хар юм тулж ирээд арай л уйлчихсангүй.

“Ганга л мөрний гургалдай

Гадаа ирээд жиргэнэ л…”

Ээжийн бурхны орон гэж ярьдаг тэр Ганга мөрөн хаа ч юм билээ. Энэ тогоруунууд тэндээс ирдэг юм биш байгаа. Үгүй, бий болох үхэх, төрөх жамтай энэ ертөнц ямар их уудам бэ. Тэр Ганга мөрөн гэдэгт нь хүрч очих цаг ирэх ч юм бил үү “Мөнх биш хорвоод хүн төрдөг, ухаантай зоригтой яваарай” гэж аавын захидаг үнэн. Ухаантай зоригтой явбал аймгийн сургууль байтугай тэр гайхамшигт Ганга мөрөнд ч хүрч болно.

Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал нар шингэж улаан тогоруунууд жирийн хөх тогоруу болов. Нутгийн минь нар баяртай. Тогоруунууд ч нар шингэхийг хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр алсыг чиглэн нисэв. Тогоруунууд минь баяртай. Би маргааш та нарын хойноос одно…

Од түгж дулаахан шөнө болов. Хөрш айлуудынхаа хөгшдийг сайн сууж байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг өвөртлүүлээд явуулав. Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй болно гэж би итгээд, Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл надад бий. Үерхдэг охин гэх юм уу, юу гэмээр юм бэ дээ. Булгийн ганц модон дор түүнийгээ хүлээж байхдаа зүрх минь түг түг цохилон байв. Зүгээр нэг үерхдэг бол юундаа ингэж зүрх булгилах билээ. Энэ амьтан болгон ямар нэг юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр дор анир чимээ чагнаархан байдаг болов уу гэмээр. Хээр талд адуу янцгаан, мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв хуцна. Адуу адуугаа мэлхий нь мэлхийгээ, нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт. Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө хий агаарт явах мэт чимээгүй гишгэлэн оддын гэрэлд сүүтэгнэн хүрч ирээд “Цайгаа буцалгах гэсээр удчихлаа. Чи их хүлээв үү” гээд зайдуухан суув. Саяхан болтол бид эзэнгүй зуслангийн байшин саравч, лууль шарилжинд нуугдаж тоглодог байсан атал одоо тийнхүү тоглох байтугай бие биендээ хүрэхээсээ эмээн болгоомжлох болжээ. Бие биесээ нууцаар хүсэмжилж сэтгэл догдлох соньхон. Бид хэн, хэнийхээ дээрхэн гарсан амьсгааг чагнаж нэг хэсэг дуугүй суулаа. Хажууд чөдөртэй морьд өвс ширд ширд зулгаахаас өөр чимээгүй. Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү болсон оготор даалимбан тэрлэгтэйгээ аж. Харин би дэлгүүрийн үнэртэй шинэ даавуу дээл савхин гутал өмсөөд харанхуйд боловч түүнийгээ байн байн харж, тийм сайхан шинэ хувцастайгаа охинд мэдэгдэх аргаа олж ядан суув. Ялангуяа савхин гутал хүсэл болсон эд билээ. Нэлээд томдсон тэр хуучин савхийг ээж минь бүтэн бодоор авч өгсөн юм.

-Сампилын аав, Баатарын ээж гээд бүгдээрээ над мөнгө өгсөн. Ээж ноосныхоо мөнгөний талыг өгнө гэсэн. Би аймгаас чамд савхи авч явуулна аа.

-Аймгийн хоршоо нээрээ их юмтай байх даа гэж охин горьдож итгэсэн дуугаар хэлэв. Бидний дуу хүртэл өөр болжээ. Ээж намайг ёстой эр хүн шиг бүдүүн дуутай болсон гэнэ. Охин хоолой дээрээс гарах огцом чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ. Харанхуйд би түүний номхон бор нүдний гунигт харцыг мэдэрч байлаа. Би аймгийн сургуульд явж тэр минь аарц цагаа буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ. Би түүнд зүрх шимширтэл хайр хүрч байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн баас, шавхай болсон нүцгэн хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр нь үзэгдэв. Хүүхдийн харьцах гэнэн цагаан ёсыг эвдэж, аргагүй ертөнцийн нүгэлт амьдралын амтыг үзүүлдэг тийм нэгэн цагт ийнхүү хагацан салах өдөр тохиолдоно гэж санасангүй.

Гэвч хайр бол зөвхөн бодлоор биш бас биеэр хүрдэг ажээ. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадас, зуны шөнийн түмэн түмэн од гялалзах аугаа ертөнцийн дор хослон байдаг жаргал зовлон өчүүхэн хоёр амьтанд бас ноогджээ. Хүүхэд бас гэнэт нисэн одсоныг харамсах адил чимээгүй уйлан гашуун нулимсаа залгихад маань дотор бяцхан онгойв.

-Би аймгийн сургууль төгсөөд цэргийн сургуульд явна. Цэргийн дарга болоод чамайгаа аваачна. Тэр болтол зуны амралтаар уулзаж байх боллоо доо.

-Би чамайг хүлээгээд л байна. Ах жин тээж аймаг орвол хамт очиж магадгүй. Чи надад захидал л их бичиж байгаарай.

-Тэгнэ ээ.

-Ээж чинь яачихав гэж хүлээж байгаа даа.

-Яах вэ, миний хүүгийн дуу хүртэл бүдүүрээд ёстой эр хүн болж гээд л байсан.

Охин шүүрс алдаад миний гарт нэг зөөлхөн юм бариулав. Миний багын үс. Чи комсомол болгоно гэж гэзгийг минь хайчилчихсанаа санаж байна уу гэв. Дүрсгүй толгой би нээрээ тайранхай үстэй хүүхнүүдийг хараад шодгорхон гэзгийг нь тас хайчлан “комсомол” болгосон юм. Хүүхдийн үнэр анхилсан тэр туг үс эрдэнэ чандмань шиг нандин болно гэж хэн санах билээ дээ.

Охин түүнийг зөнгөөрөө мэджээ. Амьдрал гэдэг үлгэр шиг ч юм шиг, үгүй ч юм шиг. Үлгэр хэвээрээ байгаасай гэтэл барин тавин үнэн юм болчихно. Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ. Бид хоёр үүнийг мэдрэн тэнгэр ширтэж гайхан хэвтлээ. Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй. Салалтын гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа. Тэнгэр над үлгэр хайрлав. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг улаан тогоруу нисэн явтал нутгийн минь нарны гэрлийг авч яваа тэдгээр наран тогоруу алсын алсад нисэж одъё гэж намайг дуудан байх мэт.

-Наран тогоруу. Хараач, тэр наран тогоруу!

Амьдрал үлгэр биш ажээ. Хайрт бяцхан нөхрөөс минь үлдсэн юм хүүхдийн үнэртэй сэвлэг үс байна. Нутгийн минь нарны гэрэл сүүлчийн гэнэхэн үлгэрийг авч одсон Наран тогоруунууд альхан газартаа явна вэ. Алсын алсад нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна уу.

Categories
мэдээ утга-зоxиол

ДӨНГӨТИЙН ЦООДОЛ: ЯВУУГҮЙ ӨНГӨРҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД ХӨГ НЬ АЛДАРСАН ХУУР ШИГ САНАГДАХ ЮМ

Монгол Улсын төрийн шагналт Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн 85 насны ой өнөө жил тохиож байгаа билээ. Эл эрхэм найрагчийн ойг тохиолдуулан түүний шавь, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой ярилцсанаа хүргэж байна.

-Явуу багшийн тань 85 насны ой тохиож байна. Яриагаа мэдээж Явуу найрагчаас л эхэлнэ дээ?

-Цаг хугацаа гэж хурдан юм аа. Миний багш өнөөдөр сэрүүн тунгалаг байсан бол наян тавтай өвгөн байж байх нь. Их л сэмбэгэр сайхан хүн байх байсан даа гэж бодогдоном. Насанд нь жаахан цөв орсон болов уу гэж боддог. Ирж буцдаг нь хорвоогийн жам юм. Явууг эргэж төрөөсэй хэмээн ард түмэн залбираад хоцорч билээ. Багш маань олон түмэндээ жигтэйхэн хайртай, элгэмсүү найрагч байсан. Явуу шиг ганган дэгжин нь тухайн үед ховор байжээ. Мөн түүн шиг олон таван үггүй найрагч бас ховор байлаа. Найранд очихоос төвөгшөөдөггүй хэрнээ дуулж хуурдана гэж байхгүй. Маш олон дуу бичсэн хүн шүү дээ. Дагвын Лувсаншарав гуайтай гэхэд дөч гаруй дуу хийсэн гээд бодохгүй юу. Тийм олон дуутай хүн чинь хашгирч болноо доо. Гэвч тэгээгүй. Уруулаа долоочихоод л сууж байдаг сан. Улаа бутарсан царай, урсгал хар нүдтэй. Махир гаанс зуучихна. Ер нь гаанс цуглууламтгай хүн шүү. Түүнийг өнгөрснөөс хойш яруу найрагт маань ямар чиг том орон зай үлдэв дээ. Явуугүй өнгөрүүлсэн он жилүүд хөг нь алдарсан морин хуур шиг санагдах үе байдаг.

-Ингэхэд та чинь багштайгаа хэрхэн яаж танилцаж байв. Шаравын Сүрэнжав гуай танилцуулсан гэдэг?

-Би чинь юмыг их мартамхай, салан палан хүн. Гэхдээ нэг зүйлийг мартдаггүй, мартаж боломгүй юм гэж бас байдаг байх нь. 1966 оны зургадугаар сарын 17-ны өдөр юм. Би гэдэг хүн Төв аймгийн Зуун мод хотын баруун захад галлагаатай ганц өрөөнд амьдарч байсан үе. Залуучуудын эвлэлийн ажил хийж байгаа ухаантай. Тэр цагт надад бусдад үзүүлж харуулах зүйл байсангүй. Харин “найрагч болноо” гэх зүйл зүрх сэтгэлд хадгалаастай байсан. Галлагаатай ганц өрөөгөө “Чонын хонгил” гээд нэрлэчихсэн тийм л ядмагхан амьтан дээр Явуу багш гэнэт хүрээд ирж билээ. Хотоос автобус дүүрэн зохиолч Төв аймагт ирж уулзалт хийсэн юм. Сүрэнжав өмнө нь надтай нэг удаа уулзсан учир намайг мэдэж байж. Аймгийн утга зохиолын нэгдлийнхэн гэдэг жагсаал тараах гэж байгаа цагдаа нар шиг төвийн том найрагчид руу усан шүлгээрээ шүршинэ. Сүрэнжавыг өмнө нь би бас л шүршээд явуулсан хэрэг. Гэхдээ цаад чинь надад их сайхан урмын үг хэлж, чи чинь авьяастай юм байна гээд явсан. Ингээд л дараа нь Явууг дагуулаад ирсэн хэрэг. Явуу ягаан буурал костюмтай, өндөр өсгийтэй ботинктой жигтэйхэн, сүрдмээр хүн санагдаж билээ. Тэр хоёр сайндаа ирсэнгүй, хүмүүс цуглах хооронд ороод гаръя гээд ирж. Аз болоход надад хугас шил юм байсан. Түүнийгээ гаргалаа. Өнөө хоёр чинь хуваагаад хүртчихлээ. Тэгэхэд би хоёр шүлэг уншиж өгсөн юм. Багш “Чи над дээр яваад очоорой. Би чинь Цог сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн дарга” гээд сэтгэл зассан үг хэлсэн юмдаг.

-Таны анхны ном “Нутгийн зургаан өнгө”-ийн өмнөтгөлийг Явуу багш тань бичиж гаргасан билүү?

-Жаран найман онд багш дээрээ очсон. Явуу багш миний арав гаруй шүлгийг өмнөтгөл үг бичээд “Цог” сэтгүүлд тавьсан. Хөдөөгийн шүлэгч надад түүн шиг том баяр гэж юу байхав. Тэгж би багшаасаа яруу найрагч болох “лиценз”-ийг авсан хувьтай хүн юм. Төв аймгаас хотод ирэхдээ Явуу багшийндаа л ирнэ. Өөр надад очоод байх айл гэж байсангүй. Манай хүн гэртээ бол султаан шиг л байна. Эрээн өнгийн халаад өмсчихсөн, гал тогооныхоо өрөөнд эргэлдээд л. “Зуун муу зохиолчийг нийлүүлээд нухчихсан юм шиг лут амьтан даа” гэж Ванганыгаа магтаад л. “Манай энэ олигор бас мундаг даа” гэж “Үер” киноны Болд өвгөн буюу ардын жүжигчин Сангийн Гэндэнгээ хэлээд л байж байна. Багш ер нь хүнийг муу хэлж байсан удаагүй. Жижигхээн юманд хүүхэд адил баярлахыг нь яана. Өөрийгөө мундаг тогооч гэж магтана аа. “Удвал дарга намайг сайн тогооч гэсэн” гээд өнөө цуйвангаа л хийнэ. Зохиолчид хөдөө явахад Явуу багш нэг удаа цуйван хийснийг нь Удвал гуай “Чи чинь сайн тогооч юм байна” гэчихэж л дээ. Явуу ганганыг бүгд мэднэ. Гэхдээ мань хүн шинэ костюм өмсчихөөд хүнээр заавал магтуулж байж санаа нь амардаг сан. Энүүхнээс нь харахад л хүүхдэрхүү гэдэг нь мэдрэгдээд байдаг.

-Жинхэнэ уянгын яруу найргийн оргил гэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Тэр үнээн. Явуугаа оргил гэхгүй юм бол хэнийгээ тэгж бардамхан хэлэх билээ. Шүлэг бүрээс нь, шүлгийнх нь мөр нугалаа бадаг бүрээс Явуу цухалцаж байдаг нь гайхмаар. Явуу ханхлаад, Явуу уянгалаад байна шүү дээ.

Ухаандаа, “Туулайн гүйдэл шиг салхинд

Туулын шугуй найгана

Уулын согоо шиг хүүхэнд

Хайрын сэтгэл дасна…”,

…Мөнгөн аяга шиг гараас чинь

Туулын уснаас амсах юм сан

Мөнхийн усыг уусан юм шиг

Танхил чамтай амьдрах юм сан….” гэдэг ч юм уу, эсвэл

“Харахаас ялдам хонгор бүсгүй ээ

Хайрын тухай битгий дуулаач

Наалинхай хонгор аашаа дэлгэж

Надад битгий нүүр үзүүлээч

Дэнлүү хоёр нүдэнд чинь

Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна

Дэвүүр хоёр сормосонд чинь

Дэнжийн ногоо шиг ганхаад байна…

…Дэнлүү хоёр харцтай чинь би

Дэндүү эрт тулгарч дээ, хөөрхий

Дээж найргаа гүйцээсэн бол ч

Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай… гэхэд л Явуу байдаг.

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Зэллэсэн бүхэн эргэж ирнэ

Намрын навч шиг надаас хийссэн

Залуу нас минь л эргэж ирэхгүй” гэдэг ч юм уу. Эрдэнийн сувд шиг шүлэг бүрээс нь л асгаруулмаар байна. Мань мэтийн юмнууд чинь ганц хоёр аятайхан мөр бадаг биччихээд түүндээ ханачихдаг. Явуу бол тэгдэггүй байсан. Өөрийгөө жинхэнэ утгаар нь нэрж, шүлгийг цогцоор нь бүтээж байж л сая санаа нь амрах нь тэр ээ. “Янхигар” Явуухулан гэдэг чинь ёстой янхийлгадаг л байсан байхгүй юу. Багш маань хэзээ ч таргалж, айлхаж байсныг мэдэхгүй юм. Одоо чинь хүмүүс хэлтсийн дарга болоод л алхайтал таргалаад ирэх юм. Уул нь багш маань амьтны жишгээр бол таргалах л хэмжээний хүн. Төрийн шагналтай, Дорно дахины том найрагч, АИХ-ын депутат, Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга гээд л албан тушаалыг нь хэлж барахааргүй. Гэвч бүх чадал дотоод энерги, энерциэ зөвхөн яруу найрагтаа чин үнэнчээр зориулсан хүн юм даа. “Түлээчин”, “Сонин” гээд шүлгүүд байдаг. Гэхдээ тэрээр иргэний уянгын шүлэг бичихдээ ч гэсэн нийтлэлийн аяс огт оруулалгүй, яг л цэвэр найргаа урладаг байсан. Үндсэндээ яруу найргаа бүдүүн тоймын утсаар хэзээ ч нэхэж байсангүй. Түүнийг яруу найргийн ёрог даавуу нэхээд сууж байсныг хэн ч хараагүй нь тийм учиртай. Утга зохиолын дараа дараагийн үедээ багш маань ингэж л сургамжилжээ.

-Аав ээж удам гарлынх нь талаар та багшаасаа асууж байв уу?

-Багштайгаа жараад оны сүүлээр учирсан. 1970-аад онд гэхэд эх эцэг нь өнгөрчихсөн үе. Аав тань юу хийж байсан хүн бэ гэж багшаас бага залуудаа асууж байсан. “Ерөөсөө л анч хүн байсан” гэж хариулж байсан юм. “Тэхийн зогсоол” найраглалынхаа өмнөтгөлд “Ачит эцэг анчин Бэгзийн гэгээн дурсгалд зориулав” гэсэн нь тийм учиртай юм билээ. Аав ээж нь Ар, Өвөрхангайн хүмүүс байсан гэдэг шүү. Ан хөөж амьдардаг, тэгж явсаар газрын цээжинд хангайн оргилд гарчихсан хэрэг л дээ. Дэжид гэж төрсөн эгч нь байсныг мэдэх юм. Ядамжавын Баатар гэж судлаач бий шүү дээ. Тэр яалт ч үгүй садангийнх нь хүн. Харин багшийн маань Энхээ, Амараа гээд хоёр хүүгийнх нь хүүхдүүд байлгүй яахав. Зарим нь Америкт байдаг л дуулддаг. Ингэхэд Явуугийнх анх нутгаасаа, Завханы Алдархаанаасаа хот руу гарахдаа зургаан сарлаг, хайнаг тэргэнд гэрээ ачаалаад хөдөлж байжээ. Анчин Бэгз гуайнхтай айл аймаг явсан нэг хөгшнийг эрж сураад тэр жил би Дамбадаржаад очиж уулзан энэ бүгдийг асууж байсан.

-Та ардын уран зохиолч хэмээх өндөр цол хүртээд бараг л маргааш нь Явуу багшийнхаа нутаг руу зохиолч нөхдийнхөө хамт явж байсан. Багшийн тань ус нутгийн олон ихэд бэлгэшээж байсныг санах юм?

-Мэдээж бэлгэшээлтэй сайхан санагдалгүй яахав. Багшийнхаа төрсөн бууц Ар Тасархайн хоёр ууланд нь очоод алхаж явахад, “Тэхийн зогсоол”-доо мөнхөлсөн Хүүшийнх нь өвөлжөөний бууцны салхи савирт илбүүлээд зогсож байхад өөрийн эрхгүй дотогшоогоо мэлмэрч л явлаа. Нөгөө талаас бас санаа зовох гэдэг ч юм уу, жаахан ичих явдал байсныг юуг нь нухав. Учир нь багшийнхаа хүрээгүй өндөр цолыг авчихаад очно гэдэг чинь молхи шавьд нь хэцүү байдаг юм билээ. Гэхдээ Явуу, Гайтав хоёрыг ардын цолыг хэд дахин нугалахаар аварга амьтад байсныг ард түмэн мэдэх юм даа. Алдархааны ноён шовх оргилууд, Богдын голын мэлмэрсэн хөвөө, Отгонтэнгэр хайрханых нь бэлд оччихоод “Би Явуугийн шавь байна” гээд хашгирч явсангүй. Манай нөхөд л яриа хөөрөөн дундаа миний тухай дурдаж, багшийнхаа нэрэмжит “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” гэх яруу найргийн баярт шүлгээ уншиж, ус нутгийнх нь түмэнтэй уяралтайхан сэтгэлээр учран золгосон нь тэр юм аа.

-“Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Тэхийн зогсоол” гээд бүтээлүүдийг нь мэдэхгүй хүн ховор. Ялангуяа “Би хаана төрөө вэ” шүлэг Монголын яруу найрагт нэгэн том давалгаа үүсгэж, үзэгдэл болж, өнөө л шинэчлэлийн үүд хаалгыг нээсэн болов уу гэж санана…?

-Явуугийн “Би хаана төрөө вэ” шүлгээс өмнө манай зохиолчид эх орны тухай олон гайхалтай бүтээл биччихсэн байсан шүү дээ. Их Нацагдоржийн маань “Миний нутаг”, “Дөрвөн цаг”, Дондогийн Цэвэгмид гуайн “Булшин дээр” найраглал, Цэдэнжав гуайн

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг” хэмээх “Миний нутаг” найраглал бичигдчихсэн байсан үе. Эх орны тухай дээрх шүлгүүдээс илүү өндөр түвшинд, нарийн гаргалгаатай, цэвэр онгодоор бичиж үг хэллэг, дүрс дүрслэл, утга уянгын хувьд “Би хаана төрөө вэ” гэх шүлэг бол үнэндээ өндрөө авсан сонгомол бүтээл л дээ. “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд

Цасан ширхэг царцаж мөс болох халилд

Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би…” гээд уншихад ямар гайхамшигтай билээ дээ. Тэгээд “… Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би” гээд хүн рүү нь ойртуулж өгсөн байдаг. “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Тэхийн зогсоол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Туулын шугуй”, “Хар ус нуурын шагшуурга” гээд бүх л шүлгээс нь Явуу ханхлаад, Явуу уянгалаад байдаг, үүнийг би ярианыхаа эхэнд бас л хэлсэн дээ. Эмзэг нарийн хийл шиг түүний шүлгүүд хүний сэтгэлийн мухарт тэр чигээрээ долгиотон, намиатан хүрч чаддаг. Үүнд л яруу найргийнх нь үнэ цэнэ байдаг биз ээ. Дээр нь нэмээд хэлэхэд Явуу бол жинхэнэ эх оронч байсан. Түүний илрэл нь мэдээж өөрийнх нь уран бүтээл. Манай залуухан “сонгодгууд” үүнийг мэдрэх хэрэгтэй юм. Ингэхэд манай хүн чинь Сэлэнгийн Номгоны сангийн аж ахуйд хаврын тариалалтаар очиж тариа үрлэгч хийж байсан гэдэг. Дараа нь би тариаланчидтай нь уулзахад хүмүүс жигтэйхэн магтаж билээ. Мөн Батлан хамгаалах яаман дээр нэг удаа уулзалт болж Ёндондүйчир генерал гээд олон аваргууд байхад Явуу нэг их айхтар үг хэлсэн санагдана. “Нөхөд минь та нарт анхаарах юм их байна, цэргийн эмх цэгц дорой байна. Дарга, цэрэг нь мэдэгдэхгүй, биенээ дайрч унагачих гэсэн хүмүүс байх юм. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Энэ үнэн. Тушаалынхаа дэсээр дарга нартаа ёсолдог байх ёстой” гэж хэлээд нам авч л байсан. Тэгж л бүхнийг нарийн анхаардаг эх орны бүхий л зүйлийг сэтгэл дотроо тээж явдаг найрагч байсан.

-Явуугийн шинэчлэл гээд л байдаг. Үүнийг та хэрхэн тайлбарлах бол?

-Монголын яруу найрагт тэр яриа байхгүй шинэчлэл хийсэн. Маш товчхоноор хэлэхэд, монгол уламжлалт найргийнхаа хөрсөнд л тулгуурлаж шинэчлэл хийсэн байхгүй юу. Ерөөл магтаалын шинжтэй уламжлалт яруу найргаа илүү уянгалаг, сэтгэлийн болгосон юм даа. Түүнээс багш минь гаднаас там тум дуулсан зүйлээ уншигчдадаа тулган шаардаагүй, монголоос монгол яруу найрагч. Мэдээж асар их уншиж, боловсрохыг хэлдэг байсан нь илэрхий.

-Горькийг төгсч ирээд гаргасан “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн ном нь Монголын утга зохиолын нэгэн том шинэчлэл гэж үе үеийн найрагч, судлалтнууд хэлдэг. Танаас Горькийд сурч байсан тухай нь асуух гэсэн юм?

-Авирын Чойжилжав гэж соёлын гавьяат зүтгэлтэн нэртэй сэтгүүлч байдаг. Явуу багш Чойжилжав гуайг “Бид хоёр чинь хүж барьсан хоёр” гэдэг. Миний бие Чойжилжав гуайгаас, Лувсаншарав гуайгаас багшийнхаа Горькийд сурч байсан үеийг их сонсоно оо. Халгиа цалгиатайхан залуу байжээ. Хагас бүтэн сайнд Явуугийнд очиж цагаа өнгөрөөдөг байсныг найзууд нь хэлнэ. Орос айлаас өрөөг нь хөлсөлж аваад тэндээ үдэшлэг зохиодог байж. Тэгээд л Явуу нь шүлгээ уншиж, Лууяа нь хөгжмөө уянгалуулна биз дээ. Том найрсалт, цэнгээн болдог нь тодорхой. “Өгөр толгой” Гүрсэд буюу Дугарсанжаа гуай тухайн үед театр урлагийн сургуульд сурч байсан юм билээ. Дугарсанжаа бас л тэр тухай ярина. Хүүхнүүд Явууд их дуртай байсан гэдэг. Харин найз нөхөд нь тэр тухайд “Манай Явуу ч урамгүй л дээ” гэдэг сэн. Горькийн сургууль төгсөөд хамгийн нижгэр том цайллагыг Явуу хийсэн гэдэг юм. Лев Ошанин, Евгений Долматовский гээд Оросын утга зохиолын лидерүүд ирж гэдэг. Гахайн шарсан торойн дээрээ спирт асгаад шүдэнз зурахаар цэнхэр туяа татаад гэрэлд нь орос охидтой бүжээд гээд их романтик зүйлсийг Лууяа тэргүүтнүүд ярина шүү дээ.

-Сүүлд танд аминчлан хэлж захисан зүйл байдаг болов уу.

-1982 оны хоёрдугаар сарын таванд сүүлчийн удаа уулзсан. Миний бие Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дэргэдэх дээд курст сурч байв. Өвлийн амралтаар ирээд багштайгаа уулзалгүй яахав. Харин сургууль руугаа буцах гэж байсан тэр өдөр багш “Чи нэг манайд хүрээд ирэхгүй юу. Чамаар Адъяад үг хэлүүлмээр байна” гэлээ. Миний Адъяа эгчид үг хэлнэ гэж юу байх билээ. “Энэ Явуухулан ойрд их хариуцлагагүй байгаа” гэж Адъяа эгч хэлж байсан. Уугаад гэж аашилж байгаа бололтой. Багш хариуд нь “Таван жил архи уугаагүй хүн чинь гурван өдөр ууж болно биз дээ” гэж байв. Багштайгаа гэрээс нь хамт гараад одоогийн Үндэсний түүхийн музейн ард хүртэл алхлаа. “За миний шавь сайн яваарай” гэж хэлээд хоцорч байсан сан. Ачит багшаасаа сонссон сүүлчийн үг энэ байлаа. Энэ нь намайг Москва хүртэл сайн явах тухай биш, ерөөсөө үлдсэн амьдралдаа, их утга зохиол яруу найрагтаа сайн яваарай хэмээн молхи шавь намайгаа ерөөжээ гэж бодохуйд нулимс гарах шиг болдог. Түүнээс багш зааж зааварлаад байна гэж байхгүй. Ерөнхий дүн нуруугаараа л бүхнийг ойлгуулна шүү дээ. Надад хүрэн үзэг сүүлд бэлэглэж билээ. Одоо л мөн би толгойг нь хадгалдаг юм. Манай хүүхдүүд алга хийгээд толгой нь үлдсэн хэрэг. “Сайн яваарай” гэж ерөөснийх нь хүч байлгүй их утга зохиолд Дөнгөтийн Цоодол гэж амьтан өнөөг хүртэл нуруугаа алдалгүй, шүлэг зохиолынхоо зам мөрөөр бэдэрч л явна. Монголоо бичсээр, хөдөөгөө дуулсаар л явна. Ж.Саруулбуянтайгаа хамт Явуу багшийнхаа тухай нэг ном гаргахаар бэлдэж байна. Эрдэнэ баавайгаасаа аваад их бага гэлтгүй бүгд л Явууг гайхмаар бичсэн байна аа, манайхан. Явуугаа л судалмаар байна. Явуугаа хичнээн нээх тусам бидний яруу найргийн зам илүү тодорхой болно гэдгийг хэлмээр байна. Өөр юу чиг хэлэх билээ дээ.

Ярилцсан: Н.Гантулга

Categories
мэдээ нийтлэл үндэсний-бөx

БӨХЧҮҮДИЙН БАРЬЦ СОНГОХЫГ ХҮЛЭЭЖ ЗОГССОН ҮХЭЭНЦ БАЙДЛЫГ Ө.ДАВААБААТАР ЭВДЛЭЭ


Хэдхэн хоногийн өмнө улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан бөхийн өргөөнд болсон. Залуу аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд тэргүүтэй алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уран барилдаант харцага Өлзийбатын Даваабаатар найм давж түрүүлсэн. Ө.Даваабаатар харцагын хувьд үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран дайчин барилдааныг үзүүлж, олны хэлдгээр бахтайхан түрүүлсэн билээ. Бөхийн тайлбарлагчид хэлэх үгээ олж ядан магтацгааж, бөхийн өргөөнд цугласан олон шавайгаа ханатал баярлаж буйг анзаарахад сүүлийн үед ийм уран барилдаан гараагүй нь илт мэдрэгдэж байв.

Бараг л долоо хоног бүр ээлж дараалан болдог барилдаанууд нэгэн хэвийн загварт автчихсан, тийм нэг унтаа уйтгартайхан болдгийг бөх сонирхогч олон сайн мэднэ. Тиймдээ ч сүүлийн үед бөхийн үзэгчдийн тоо эрс цөөрч, жинхэнэ сэтгэлийн таашаалыг мэдрэхээс илүүтэйгээр цаг нөхцөөх гэсэн нөхөд цуглаж байна уу гэж эргэлзэхэд ч хүргэсэн юм. Үүнд бөхчүүдийн урам хугалсан унтаа байдал, хурц дайчин бус үхээнц барилдаан, үзэгч олноо бус зөвхөн өөрийгөө бодсон өрөвдмөөр сэтгэлгээ нь нөлөөлсөн.

Ч.Санжаадамба, Ц.Содномдомдорж нарын цөөхөн бөхчүүд зодоглоогүй бол үндэсний бөхийн барилдаан бүр чиг үзэх юмгүй, улсын аварга, арслан, гарьдтай цолтой бөхчүүд нь нэгийн давааны ам угтуулаа хаяж дөнгөхгүй зууралдаж, онигоогоо чирдэг. Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Б.Гончигдамба нар зодоглоод дор даваанд уначихвал тэгээд өнгөрөө. Идэр залуу аваргууд нэг, хоёрын давааны амны хүүхдүүдтэйгээ хар хөлсөө цутгатал, тамираа бартал ноцолдохыг харахад эрхгүй өрөвдмөөр. Монгол үндэсний бөхийн түвшин өнөөдөр ийм л хэмжээнд байна. Үүнийг С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд ойлгож, ухамсарлан бодох л хэрэгтэй. Харцага цолтнуудын хүндэтгэлийн барилдааны дараа бөх сонирхогч олны сэтгэл баясч, сошиал ертөнцөд Даваабаатарын зургийг янз бүрээр тавьж, баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Энэ бол бөх сонирхогч, бөхөө дээдэлдэг түмэн гагцхүү Ө.Даваабаатар гэдэг залууд хайртайдаа бус монгол үндэсний бөхөд уран дайчин барилдааныг үзүүлж, бөхийн ертөнцийн унтаа, уйтай байдлыг сэрээсэнд нь талархаад буй хэрэг юм.

Бөхийн тайлбарлагчид “Харцага Ө.Даваабаатар даваа бүртээ уран хурц, эрмэг дайчин барилдааныг үзүүлж, гайхалтай байна” гэж орилолдоод байсан. Энэ нь сүүлийн үед ийм уран барилдаан үзэгдэхгүй болсныг, бөхчүүд маань үзэгчид болоод бөх тайлбарлагчдыг залхаан цээрлүүлж, бүгд шодооны буюу алсын сүвээний барьц авах гэж барилдах бус баглаж зогсохын нэр төдий болсныг гэрчилнэ.

“Сүхбат аварга ингэж барилддаг байлаа” хэмээн Даваабаатарын барилдааныг харсан хүмүүс ярьж байсан. Нээрээ л бөхийн эрдэмд хөтөлсөн дархан аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат шиг барилдааныг тэр үзүүлж эхэллээ. Сүүлд болсон харцага цолтнуудын барилдаанд 3-7-гийн даваанд энэ цаг үеийн шилдэг залуу бөхчүүдийг дараалуулж давсан. Аварга, арслангийн буурь заалаа гэдэг шиг баруун солгойгүй тонгорч шидсэн. Ингээд их шөвгийн дөрөвт түрүү жилийн магнай бөх залуу арслан Э.Оюунболдыг хөлийг нь шүүрч аваад арагш дэрлээд хэвтүүлчихэж байна. Э.Оюунболд бол төрийн наадамд түрүүлчихсэн ид аагин дээрээ байгаа бөх. Тэгтэл Даваабаатарт хэдхээн секундэд нам даруулаад хэвтээд өгч байна.

Түрүү үзүүрт залуу арслан Н.Батсуурийг өрөнгүүтээ л хавсраад шидчихсэн. Удаашруулсан байдлаас харахад зүгээр ч нэг хавсраагүй юм билээ. Батсуурь арслангийн алхаа гишгээг нь тааруулж байгаад тосгуулж хавсраад, түүнээ залгуулан давуулж бариад, зайлж дугтран, арагш гүйлгэж шидээд тэрүүхэн агшинд хичнээн ч мэхний хувилбар хийсэн юм бэ дээ. А.Сүхбат аварга ид үедээ “зургаан залуу заан” буюу Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Б.Ганбат нартай яг л ингэж гал асаасан, хэт цахисан барилдаанууд гаргаж, уран мэхийг угсруулан хийж олон түмнээ баясгадаг байсан сан.

Тэдний барилдааныг үзэх гэж бөхийн өргөөг дүүртэл цугласан олон хэд хэдэн хэсэг болж талцаад, спортын фэн ийм байх ёстой гэдэг шиг өөрийн бөхөө дэмжиж, зургаан залуу зааны барилдааныг зүрх даран үздэг байлаа. Тийм л үеийг Даваабаатар харцага сануулж, даваа бүрт үзэгчдийг суудлаас нь босгож, цөсийг нь хөөргөсөн юм.

“Даваабаатар бөхийн ертөнцдөө эргэн ирлээ” гэж олон түмэн шагширч байна. Энэ ч учиртай. Хоёр мянга долоо, найман олны үед улсын начин тэрээр өнөөдрийнх шиг уран хурц барилдааныг үзүүлж, олон түмнээ цэнгүүлдэг байв. Харин 2009 оны өвлийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, Ө.Даваабаатар харцагыг эвгүй унагаснаас болж бэртэл авч, ид мандаж байх цагтаа бөхийн дэвжээг орхисон гашуун түүх бий. Түүнийг шөрмөсөө тасалж хүч гарган барилдах нь бүү хэл, хөлөө аясаар нь хөдөлгөж ч чадахгүй шаналж байх үеийг мэдэх нэг нь мэддэг. Тиймдээ “Даваабаатар эргэн ирлээ” гэж шагширсан байх. Рагчаа гарьдтай хийсэн барилдаан ард олны нүдэн дээр ил болсон. Уг барилдааны дараа “Амбатны цагаан Жигмэд буюу Рагчаа” гэх утга бүхий нийтлэлүүд өдөр тутмын хэвлэлээр гарч байсан. Сонирхолтой нь 2008 онд Ө.Даваабаатар зургаагийн даваанд Д.Рагчааг давж улсын харцага цолонд хүрсэн байдаг юм.

Сүүлийн жилүүдэд бөхийн өлгий гэгддэг Төв аймгаас бараг л гурав давчих хүчтэн төрөхгүй байгаа. Жараад оны эхэн үе буюу Жигжидийн Мөнхбат аваргыг ид байх үед Лувсанчимэдийн Сосорбарам, Өлзийсайхан Эрдэнэ-Очир, Пүрэвийн Дагвасүрэн гээд аваргын дайтай арслангууд Төв аймгаар цоллуулж, төрийн наадмын түрүү, үзүүр их шөвөгт шалгарч байлаа. Далаад оны эхэн үеэр Хадаа аварга гарч ирээд бас л бужигнаан болсон. Хад аварга шиг бяртай хүн монгол бөхөд дахин заяахад ховор л гэдэг юм. Хадаа аварга төрийн наадамд арван жилийн зайтай хоёр түрүүлсэн хүчтэн. Гэхдээ монгол бөхийн дэвжээнд хорин удаа түрүүлсэн юм шиг ард түмэндээ хайрлагдсан хүн. Алдаж онож явсан он жилүүд нь тийм хайрлам сэтгэгдлийг төрүүлдэг ч байж магад. Гэхдээ тэр бол хүний хайлан явсан байдаг.

Хадаа аваргыг залгаж төрсөн бөх бол дархан аварга А.Сүхбат. Түүний барилдааныг ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Сүхбат аварга нэгэнтээ манай сонины редакцид ирээд Ж.Гангаа сэтгүүлчтэй ярилцаж суухдаа “Би монгол үндэсний бөхийн барилдааныг урлагийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлсэн” гэж билээ.

Үнэндээ ч тэгж бодохоос өөр аргагүй. Тийм бөхийн шавь Даваабаатар юм. Бэртэл гэмтлийн улмаас санасандаа хүртэл барилдаж чадалгүй, наадмын ногоон дэвжээнээс багтарч буцсан жилүүд олон байсан биз. Сүхбат аварга зодог тайлсныхаа дараа “Ирээдүйн аварга” хэмээн шагнал бий болгож, тэр жилийн цагаан сарын барилдааны үеэр аймгийн цолтой Ө.Даваабаатар хэмээх бүдүүвтэр гуятай, сөөсгөр халимагтай туранхай бор хүүд анхны шагналаа олгож байсныг санаж байна. Эл бүх учралыг санаж Ө.Даваабаатар бөхийн дээд цолонд хүрэх учиртай юм. Тавин таван оны наадамд Төв аймгийн Баянбараат сумын адуучин Самдангийн Оргодол гэж хүн нутгаасаа хөтөлгөө морьтой гарч давхиад төрийн наадмын түрүү бөхөөр тодорч байсан түүх бий.

Өнөө жил тэгш ой давхацсан гээд 1024 бөх барилдах юм гэсэн. “Шанаган тав” минь бөхгүй боллоо гэж шаналж байгаа олныхоо сэтгэлийн магнайг тэнийлгэж идэр залуу харцага тодроод ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Алдарт Мөөеө, энгүй хүчтэн Хадаа, уран барилдаант Сүхбат аваргуудын нутаг, за тэгээд аваргын дайтай хэдэн арслангийн нутгийнхан сүүлийн үед тариан талбайны мануухай гэдэг шиг хөлийн цэцээр сууж, нутгийнхаа нэрийг дуудуулж байх шив дээ. Ардын багш Данзандаржаагийн Сэрээтэр, алдарт уяач Хэнмэдэхийн хөвгүүд болох Амараа, Түвшинсанаа гээд баахан олон хөлийн цэц “мануухай”-нууд л бий болсон байна. Аатай, хүчтэй нутгийнхны алдрыг өргөх найдвар Даваабаатарт байгаа юм биш үү.