Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адидастай” муммиг анх удаа олон нийтэд үзүүлж байна

Монголын Үндэсний музейд “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд энэ удаад Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Урд улаан үнээт” уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, 2016 онд Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворыг дэлгэжээ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд гарсан байв. Энэхүү олдворыг судлаачид лабораторийн судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу НТ-ын Х зууны үед холбогдохыг тогтоожээ. Эдгээр дурсгалуудыг мөн үзэсгэлэнд дэлгэсэн байв.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын “Урд улаан үнээт” уулнаас олдсон дурсгалуудыг судлаачид урьдчилсан байдлаар Жужан улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байгаа аж. Уг дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворыг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
“Ховд” их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн багш Ч.Мөнхбаяр Ховд аймгийн Мөнххайрхан уулнаас олдсон “Үзүүр гялан”-гийн олдворыг талаар танилцуулсан юм. Тэрээр:
-Энэхүү “адидастай” мумми гэж нэрлэгдээд байгаа эмэгтэй маань 30 орчим насны эмэгтэй байсан. Эдэлж хэрэглэж байгаа зүйлээс нь үзэхэд эмэгтэй хүн гэдэг нь тогтоогдсон. Хүн судлалын үүднээс монголжуу төрхтэй эмэгтэй хүн байна гэсэн судалгаа гарсан. Цаашдаа ДНК-ийн судалгаагаар монгол хүн байсан уу, кидан хүн байсан уу, түрэг хүн байсан уу гэдэг нь тодорхой болно. Зарим хүмүүс “Үзүүр гялаан” гэж буруу хэлээд байгаа. Уг нэр нь бол “Үзүүр гялан” юм. Энэ газар нь Цэрэндорж гэдэг малчны хаваржаанаас 300м-н зайтай оршдог. Тэр малчны ээж 70 орчим насны хүн Үзүүр гялаан гэж нэрлэе гэсэн юм байна лээ. Энэхүү олдворын онцлог нь гэвэл гутал нь адидас пүүзтэй төстэй, мөн эмэгтэйн малгай нь дээрээ хээтэй байгаа. Ийм малгай өмнө нь олдож байгаагүй. Бас нэг малгай биш таван малгай нэг дороос гарснаараа онцлог юм. Нийтдээ 71 олдвор олдсон. Даавууны хийц байдал маш сайн хадгалагдсан, иж бүрэн олдсон гэдгээрээ их онцлогтой гэсэн юм.

Түүнээс дараахь асуултад хариулт авав.

-Энэ эмэгтэй язгууртан хүн байсан уу?
-Энэ бол язгууртан хүний булш биш. Хэрвээ язгууртан байсан бол морины хазаар нь алтаар юм уу мөнгөөр бүрэгдсэн байх ёстой. Харин энэ эмэгтэйн морины хазаарын товруу нь хүрлээр цутгагдсан, гадна талаар нь мөнгөөр цайрдсан байгаа. Мөн хөдсөн дээлний дотуур хормойнд нөхөөс байгаа. Мөн арьсан дээлэн дээр ч бага зэргийн эсгийн нөхөөс байсан. Энэ эмэгтэй гэнэтийн байдлаар толгойндоо цохиулж нас барсан нь тогтоогдсон.
-Цаашдаа энэ олдвор олдсон газраас олон булш гарах боломж бий юу?
-Монгол Алтайн уулс, Мөнххайрхан хавь бол олдвороор баялаг. Олдворын байрлаж байгаа газарзүйн байрлал, чулуун дараас, хадыг ашиглаж оршуулга хийсэн байгаа байдлыг нь харахад оршуулга дахиад байх магадлалтай байгаа.
-Өөр Мөнххайрхан уулаас ямар ховор олдворууд олдож байсан бэ?

-Энэ уулаас олдсон олдворуудыг дурдах юм бол 2013 онд Мөнххайрхан сумын Гоожуур гэдэг газраас хадны оршуулга олдсон. Судалгааны үр дүнгээр ХБНГУ-д энэ дурсгалын он цаг тогтоох, ДНК-ийн судалгаа явагдаж байгаа. Малгайн хувьд 13-р зууны үеийн өндөр богтого малгайтай байсан. Өөр нэг өвөрмөц олдвор нь 2001 онд энэ уулаас Монгол, Оросын хамтарсан судалгаагаар хиргисүүр малтсан. Тэндээс хүний ясны олдвор олдож байсан. Хиргисүүр нь гурван буган чулуун хөшөө дагалдуулсан өвөрмөц олдвор байсан.

-Морьтой хамт оршуулсан байгаа нь шашны ямар нэг зан үйлтэй холбоотой юу?

-Тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, оршуулгын зан үйлтэй л холбоотой асуудал. Морийг хойд насандаа очоод унана гэсэн утгатай. Жишээлбэл, толины хагархай олдсон. Яагаад хагалж дагалдуулав гэдэг нь шууд бөөгийн зан үйлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хүнийг оршуулахдаа эдэлж хэрэглэж байсан зүйлийг нь хагалж, тэр эдлэл хэрэглэлд байгаа сүнсийг нь явуулсны дараа тэр хүний сүнс нь хойд насандаа очиж үйлчилнэ гэсэн утгаар толийг хагалж дагалдуулсан байгаа. Та бүхэн сайн мэдэх байх, 2011 онд манай багш Эрдэнэбаатар “Гол мод-2” булшийг малтсан. Тэндээс зургаан тэрэг бүтнээрээ мөртлөө эд ангийг нь салгасан байдалтай гарсан. Хүннүгийн үед тийм оршуулга олдож байгаа нь саяын миний хэлсэнтэй л холбоотой. Жишээ нь ваарны ирмэгийг хагалаад бүтнээр нь дагалдуулсан байдаг. Бид айлд савыг нь хоосон буцаадаггүй. Савны эзэн нь гомдчихно гээд чихэр, боов хийж явуулдаг. Тэр утгаараа энэ нь бөөгийн шашинтай холбоотой зан үйл юм.
О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Долоон төрлийн татвар ядуурлыг ёрлож, монголчуудыг туйлдуулж эхэллээ

Засгийн газрын бодож олсон долоон төрлийн татварыг Монголын ард түмэн эсэргүүцэж ч амжаагүй байхад УИХ нь шийдвэрлэж орхисон. “Монголчууд Манжийн дарлалд байхдаа ч ингэтэл татварт нэрвэгдэж, үгүйрч хоосрохдоо тулаагүй” тухай амтай бүхэн хэлцэж, сошиал хаягтай бүхэн шүүмжилж байна. Ер нь хүн бүхэн тийм нийгмийг санагалзаж, өнөөгийн нийгмийг үзэн ядаж байна уу гэлтэй өдөр хоног өнгөрөх болжээ. Ийнхүү Засгийн газрын хүслээр УИХ нь шатахууны гаалийн онцгой албан татварыг долдугаар сарын 1, Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1, архи тамхи, автомашины гаалийн онцгой албан татвар, хадгаламжийн хүү болон хувь хүний орлогын албан татварыг тавдугаар сарын 1-нээс авч эхлэх шийдвэрийг гаргасан нь Манжийн дарлалын харгис хатуу үетэй зүйрлэгдэж байна. Харин эрх баригчид ард түмнээ басамжилж, доог тохуу хийж байгаа юм шиг “Иргэдэд огт хүндрэл учруулахгүй” гэж долоон төрлийн татвараа өмөөрч өдөр бүр ярьж байгаа. Тиймээс бодит байдал ямар байгааг тодруулахаар нийслэл хотын жирийн иргэнээс компанийн босс, оюутан залуугаас пээнсэндээ суух гэж буй албан хаагчидтай уулзаж, явж сурвалжиллаа.

Үнэндээ долоон төрлийн татвар ядуурлыг ёрлож, монголчуудыг туйлдуулж эхэлсэн бололтой байна. Уулзсан хүн бүхэн татварын тухай сонссон даруйдаа цухалдаж, бухимдацгааж байна. Тухайлбал, Хайлаастын дугаар тоотын иргэн Д.Бат-Очир хэмээх хижээл насны эр “Өнөөгийн эрх баригчдыг 2014 оноос хойш ард түмэн маань талх гуялж байна, төмс ширхэглэж байна, эвий дээ гээд байхаар нь итгээд саналаа өгсөн. Гэтэл өнөөдөр тал талхны маань өрөөсөн буланг дахиад булаана гэж төсөөлөө ч үгүй. Яагаад гэвэл шатахууны үнэ нэмэгдэхээр дагаад бүх зүйлийн үнэ нэмэгдэнэ. Машины үнэ өсөхөөр сэлбэг хэрэгслийнх нь үнэ дагаад л өснө. Энэ нийгмийнхээ тогтолцоог, жирийн бидний амьдралыг үнэндээ мэддэггүй, төрийн түшээдийн амьдрал биднээс хол тасарчихсан гэдгээ баталж харуулах шиг боллоо. Тэд хэзээнээсээ хөрөнгөтэй байсан учраас татвараа төлж болох байх. Харин бид талхнаасаа илүү гардаггүй, хурааж хуримтлуулж чаддаггүй учраас жилийн эцэст баахан татварын өртэй үлдэх юм болов уу даа. Ер нь төрийн түшээд биднийгээ хэзээ ч ойлгохгүй юм байна. Архи, тамхи тэр бүр хэрэглээд байдаггүй учраас энэ төрлийн татвар нь надад падлийгүй шахам. Мөн хэзээнээсээ хадгаламжиндаа мөнгө тогтоодоггүй мань шиг хүнд тэр нь хамаа ч байхгүй юм билээ дээ” хэмээж байна. Тэрээр таван жилийн дараа тэтгэвэртээ гарах ёстой байсан. Харин одоо энэ хугацаа 10 жил болж уртассан бөгөөд залуу насандаа төрдөө зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр шимийг мөддөө хүртэж чадахгүй ёстой л мачийх шаардлага тулгараад байгаагаа ч дуулгалаа.

Компанийн захирлуудын хувьд ёстой л үгээ хэлж, үсээ зулгаацгааж байгаа сурагтай. Хэрвээ төрийн шийдвэрийг эсэргүүцвэл хуулийн дагуу шийтгэл хүлээх учраас хаана, хэнд асуудал тавьж, яаж гарц хайхаа мэдэхгүй байгаа ажээ. Тэдний яриагаар бол долоон төрлийн татвар авах ажиллагаа хэрэгжээд дуусахад Монголын нийгэмд дундаж давхарга гэж байхаа болих бололтой. Хатуухан хэлэхэд жирийн иргэд нь ч, бизнес эрхлэгчид нь ч бүгд Улаанчулуутад хог түүдэггүй юм аа гэхэд өгөх цалин бүү хэл эрхлэх бизнесгүй, хийх ажилгүй хоцорцгоох бололтой. Тэгэхээр тэдний толгойд орж буй мэргэн санаа нь мэдээж татвараас бултах, орлогоо нуух. Бараг Оффшорын хуульд заагдсан 42 орноос өөр оффшор орон байдаг эсэхийг судлаад эхэлсэн гэдэг үнэний ортой байх. Амь биш, заяа биш азаа үзнэ гэж шийдчихээд татвараас бултах дэлхийн сонгодог аргуудыг судалж эхэлчихээд байгаа юм шиг байна, тэд. Ийм арга сүвэгчлэхгүй бол, орлогоо үнэн зөвөөр нь тайлагнах юм бол тэдэнд эдийн засгийн ямар дарамт ирэх вэ гэвэл хадгаламжийн хүүгийнх нь 10 хувь, цалингийнх нь 25 хувийг татвар гээд зүгээр л авчихна. Дээрээс нь 10, 20 түүнээс дээш ажилчин тус бүрийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг одоогийн байгаагаас таван хувиар өсгөж төлнө. Тэгэхээр хөдөлмөрлөж, хөдөлмөрлөж олсон орлого нь бүгд татварт явж, цэвэр ашиггүй шахам үлдэхдээ тулах учраас ажилчдаа цомхотгох, орлогоо нуух, зарим аж ахуйн нэгжүүдээ татан буулгах гэх мэтээр улс орны эдийн засагт хортой, хохиролтой арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Ер нь эрх баригчид татвар нэмэх замаар төсвөө нэмж эдийн засгаа аврах гэж байгаад эсрэгээр нь сөнөөж байх магадлал тун өндөр байгааг бизнес эрхлэгчид дуулгаж байна. З.Нарантуяа гишүүнээс эхлээд эдийн засагчид “Тооцоо судалгаагаа буруу хийснээс болоод иргэдэд маш их хүндрэлтэй, аж ахуйн нэгжүүдэд асар их дарамттай төсвийн тодотгол батлах гэж байна” гэж эхнээс нь шүүмжилж байсныг эрх баригчид сонсоогүй нь ийм байдалд хүргэжээ.

Саяхан тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан зарим орны оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийж байсан. Монголын оюутнууд төрийн шийдвэрийг эсэргүүцэж жагсаагүй ч мөн л таагүй хүлээж авчээ. Оюутнууд аав, ээжүүд маань ч тэтгэвэртээ гарч өгдөггүй, бид ч ажилд орж өгдөггүй, манай улс Солонгос шиг болж байгаа юм гэнэ лээ хэмээн хошигноцгоож байна. Солонгос улсын ихэнх залуус 30 нас хүртлээ шоудаж, шоудаж түүнээс хойш ажил хийдэг гэсэн яриа Монголд байдаг учраас ийн ярилцаж байгаа бололтой. Ажлын байраа бэлдсэн эсэх талаар МУИС-ийг түүх судлаач мэргэжлээр энэ жил төгсөх У.Бадамсүрэнгээс дараахь асуултад хариулт авлаа.

-Сургуулиа төгсөөд хийх ажлаа олсон уу?

-Би энэ хавар төгсөнө. Манай мэргэжил хөрвөх боломжтой болохоор хүний нөөц юм уу архив бичиг хэргийн ажилтнаар орон нутагтаа ажиллана гэж бодож байгаа. Архивт, музейн тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан, магистрын чиглэлээр дадлагажих боломжтой. Гэхдээ ажлаа хараахан олоогүй байгаа. Хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг уртасгасан гэсэн. Хэзээ, хаана орон тоо гарахыг мэдэхгүй. Юу ч гэсэн сургуулиа сайн төгсчихвөл болох байх гэж бодож байгаа хэмээн хариулж байна.

Хувь хүмүүст хамааралтай албан татварууд ийнхүү иргэдийн урмыг хугалжээ. Эрх баригчид долоон төрлийн татварыг бодож олсон өдрөөсөө эхлэн иргэдийн амьдралд дараа болохгүй, хамаагүй шахам зүйл шүү дээ гэж тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ хамгийн их хамаатай нь эндээс харагдлаа. Бүгд л олигтой амьдрахын тулд олохын төлөө байж, төрдөө татвараа төлөөд явж байсан учраас нэмнэ гэхэд нь гайхаж, нэмчихээр нь бүр шооконд оржээ. Долоон төрлийн татвар авах ажиллагаа бүрэн хэрэгжээд дуусахад Монголд дундаж давхарга үгүй болж бүгд эмзэг давхаргын эгнээнд орж, төрийн мөнгөний ажлыг хийдэг хэдхэн олигархи нөхөр хагартлаа баяжаад үлдэх бололтой.

Эрх баригчдын долоон төрлийн татвар иргэдэд дарамт болохгүй гэсэн яриа худлаа болох нь ингээд нотлогдож байна. Харин ирэх долдугаар сарын 1-нээс шатахууны гаалийн онцгой албан татвар нэмэгдэнэ. Эрх баригчид мөн л шатахууны үнэ өсөхгүй гэж ярьсаар л байгаа. Тэгвэл яагаад эртхэн татвараа нэмж, төсвөө зузаатгахгүй байгаа юм бэ гэдэг асуултаас үүдэн МАН Ерөнхийлөгчтэй болоод л бензиний үнийг сул тавина гэсэн шуум дэгдэхэд хүрчээ. Ер нь шатахуун импортлогчид, энэ төрлийн бизнес эрхлэгчид Засгийн газар хэдэн жилийн өмнө хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр далайлган шатахууны үнийг барихыг оролдох ч хилийн цаана үнэ нэмэгдвэл бид алдагдал хүлээгээд, Засгийн газарт үнэнч царайлаад суухгүй. Нэмэгдэх бол нэмэгдэж л таарна гэсэн яриа нэгийг бодоход хүргэж байна.

Л.МӨНХӨӨ


Categories
мэдээ цаг-үе

О.Сэргэлэн: Монгол эмч нар хүүхдийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны эрсдэлийг тооцож чадах туршлагатай болсон

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн бямба гаригт амжилттай хийсэн билээ. Энэхүү хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа болж байгаа юм. Хагалгааг удирдсан, гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Ээж, охин хоёрын биеийн байдал ямар байна вэ?

-Л.Бүжинлхам охин эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Одоогоор амьсгалын аппаратнаас гүйцэд салаагүй ч биеийн байдал нь тогтвортой байгаа. Шээсний гарц хэвийн, шинжил-гээ болоод бусад үзүүлэлтүүд харьцангуй гайгүй гарсан. Хагалгаанд орохоос өмнө охины цусны бүлэгнэлт муу байсан нь одоо ч хэвээр байна. Ийм үед бага зэрэг цус шүүрэх тохиолдол бий. Гэхдээ одоохондоо ажиглаж, зохих ёсны шинжилгээ, эмчилгээг хийж байгаа. Харин ээжийнх нь хувьд биеийн байдал тогтвортой, босоод явах хэмжээнд байна.

-Л.Бүжинлхам охинд учирч болох ямар эрсдэл байгаа вэ?

-Бид хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг гурав дахь удаагаа хийж байна. Энэ удаад ээж нь донор болсон. Хүүхдийн элэгний зохилдлогоо том хүнийхээс ялгаагүй байдаг ч ховхрох урвал гэж бий. Ховхрох урвал хүүхдэд илүү тохиолдох магадлалтай байдаг. Учир нь хүүхдийн дархлааны урвал хүчтэй байдагтай холбоотой юм. Бид ажиглалтаа үргэлжлүүлж байгаа. Хэрэв дээрх тохиолдол илэрвэл зохих ёсны арга хэмжээг авахад бэлэн байна.

-Мэс засал 30 гаруй цаг үргэлжилнэ гэж тооцоолж байсан ч 16 цаг үргэлжилсэн гэж байгаа. Энэ талаар тодруулаач?

– Хагалгаа өнгөрөгч бямба гаригийн өглөөний 06:00 цагт эхэлж, шөнө дууссан. Л.Бүжинлхам охин нярай үедээ шарласан бөгөөд арилахгүй явсаар бие нь шар, нүд нь ногоон туяатай болсон тул гурван сартайд нь эмчид хандахад төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэсэн онош сонссон юм билээ. Хагалгаанд гурван эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нийт 60 гаруй хүн оролцлоо. Хугацааны хувьд цөсний замыг ялгахад ойролцоогоор гурван цаг зарцуулагддаг. Гэтэл охины цөсний зам төрөлхийн битүүрэлтэй учраас энэ хугацаа хэмнэгдсэн. Мөн ялгагдаж байгаа талбай нь харьцангуй бага учраас энэ хэрээр арай бага хугацаа зарцуулсан. Том хүний тухайд зөвхөн хэвлийг нээхэд хоёр цаг гаруй хугацааг зарцуулдаг бол хүүхдэд нэг цаг орчим үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдэд хийгдэж байгаа талбай харьцангуй бага учраас хугацааны хувьд богиносох талтай. Цөсний зам залгахад дөрвөн цаг, цөсний замыг ялгахад 2-3 цаг мөн хэвлий нээж, хаахад тус бүр хоёр цаг зарцуулагддаг. Энэ мэтээр том хүний хувьд 27-28 цаг болдог. Хугацааны хувьд үүнээс болж наашилсан.

-Хагалгааны үед хүндрэлтэй зүйл юу байв?

-Манай эмч нар хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг урьд нь хоёр л удаа хийж байсан болохоор туршлага дутмаг байлаа. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгахдаа зүүн талыг суулгадаг, харин том хүнд баруун талыг суулгадаг. Уг нь баруун талыг нь суулгах илүү хэцүү. Хүүхэд том хүнийг бодвол хагалгааны техникийн хувьд арай хялбар байдаг. Л.Бүжинлхам охины хувьд урьд нь хоёр удаа маш хүнд хагалгаанд орж байсан болохоор мэс заслын үед наалданги үүссэн байх магадлалтай, цус алдсан, биеийн байдал сул, эрсдэл өндөр байсан. Ээжийнх нь хувьд ч мөн анатомийн онцлогтой. Уг нь зүүн дэлбэнг аваад суулгахад зөвхөн нэг ширхэг цөсний зам, нэг артер залгагддаг бол энэ бүхэн нь салаа байсан зэргээс болоод Солонгосын “Асан” төвийн эмч нарыг урьж хагалгааг хамтран хийхээр болсон. “Асан” төвөөс нэг мэдээгүйжилтийн эмч, хоёр мэс заслын эмч бидэнтэй хамт ажилласан учраас сэтгэл санааны хувьд бид харьцангуй тайван байсныг онцлох хэрэгтэй болов уу. Солонгосын эмч нараас хагалгааны явцад маш олон зүйлийг сурсан. Цаашдаа монгол эмч нар хүүхдийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг хүндрэлтэй байсан ч эрсдэлийг тооцон, хийж чадах хэмжээний туршлагатай боллоо.

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед донорын элэгнээс хичнээн хувийг нь авдаг вэ?

– Том хүнд элэг шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд донорын элэгний 66 хувийг авдаг бол хүүхдэд арай бага элэг суулгадаг. Энэ удаад охинд ээжийнх нь элэгний гуравны нэгийг буюу зөвхөн зүүн дэлбэнг авч суулгасан байгаа. Хүүхэд болон том хүнд элэг шилжүүлэн суулгасны дараахь хариу урвал ерөнхийдөө ойролцоо. Гэхдээ хагалгааны үед том хүнээс 100-150 гр цус гарахад ноцтой өөрчлөлт төдийлөн гараад байдаггүй бол хүүхдээс 50 граммаас дээш цус гарахад л ноцтой өөрчлөлтүүд гардаг учраас байнгын хяналтад байлгах шаардлагатай байдаг.

-Элэг ургадаг эрхтэн. Тэгэхээр охины элэг хэдий хугацаанд төлжих вэ?

-Донорын элэг гурван сарын дараа гэхэд 80 хувь төлждөг. Охины тухайд том хүний элэг суулгасан учраас төлжихөд харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй хийгддэг шүү дээ. Энэ удаагийн хагалгаанд хичнээн төгрөг зарцуулагдсан бэ?

-Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсаны 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргасан. Мөн сайхан сэтгэлт монголчуудын хандив, тусламжаар ийнхүү нэгэн гэр бүл элэг бүтэн үлдлээ.

-Охинд яг одоо ямар эмчилгээнүүд хийгдэж байгаа вэ?

-Хүүхдийн биеийн байдал ямар хонов гэдэг дээр өглөө бүр 7:00 цагаас хуралдаж танилцаад тухайн өдөр ямар эмчилгээ хийх талаар багаараа зөвшилцөж байна. Хэрэв зайлшгүй шаардлага гарвал эмч нарын баг яаралтай хуралдана. Мөн охины биеийн байдал сайжрахад эцэг, эхийн хариуцлага, асаргаа сувилгаа чухал үүрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Б.Наминчимэд: Зүүдний ертөнц заримдаа энэ бодит ертөнцөөс ч илүү баялаг

“Аугаа эрин” түүхэн зохиол нь уншигчдын хүртээл болоод буй Алтай нутгийн хүү зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээллийн газрын дарга, ерөнхий редакторийн алба хашиж байлаа. 2003 онд Америкийг зорин, гадаад оронд суугаа монголчууддаа “Вашингтоны мэдээ”, “Хамаг Монгол”, ”Даяар Монгол” сэтгүүл гаргаж, мэдээлэл түгээж байжээ. Мөн тэрээр гэргийтэйгээ хамтран Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН” 108 цувралыг орчуулж хэвлэн багачуудад хүргэсэн юм.

-Ингэхэд юу таныг уран зохиолд дуртай болоход нөлөөлсөн бэ. Яаж яваад уран зохиолын зам мөрд орчихов?

-Зохиолч болох, байх гэдэг хувь заяаны хэрэг. Мэргэжил сонгохтой адилгүй. Ямар нэгэн ажил мэргэжил, ирээдүйн тухай бодож эхэлсэн мөч хэрвээ надад байсан бол тэр үеэс л зохиолч болно гэсэн нэг тийм дотоод итгэл зөн байж… Тэр зөн ямар ч үед хувирч өөрчлөгдөж байсангүй. Одоо ч надад хадгалагдаж байгаа Сурагчийн хувийн хэргийн тавдугаар ангийн тэмдэглэлд багш маань “Зохиолч болох хүсэл эрмэлзэлтэй” гэж тэмдэглэснийг үзвэл лавтай тавдугаар ангидаа бусдад хэлж ярьж байсан хэрэг.

Хэрвээ уран зохиолын хувьд анхны маань багш хэн бэ гэвэл би аавыгаа л хэлнэ. Аав маань дайнд оролцож, янз бүрийн ажил алба хашиж явсан, нутаг орныхоо элдэв хууч түүхийг нүдэнд харагдтал уран ярьдаг, цээж сайтай хүн байлаа. Би багадаа сониуч, саваагүй хүүхэд байж. Бас аавыг хаа ч явсан гөлөг шиг дагана. Тэгээд ааваас залхтал нь элдвийн юм шална. Замын хажууд нэг сондгой чулуу харагдахад “Энэ чулуу яагаад энд байгаа юм. Ямар учиртай юм бэ?” гэнэ. Дэргэдүүр хараацай шуугиад өнгөрөхөд “Энэ шувуу яагаад хажуугаар өнгөрөв” гэх мэтээр шалгаадаг сан. Тэр бүгдэд аав маань ямар нэгэн түүх, домог, үлгэр уйгагүй ярьж өгнө. Заримыг нь өөрөө сайхан зохиогоод хэлчихдэг, заримдаа ч хэлэх үггүй болохоороо “Юу яагаад гэж? Яагаад гэсэн чинь юу гэсэн үг юм бэ?” гэж уцаарладаг байв.

Удаах багш бол яах аргагүй ном юм. Үг холбож сурсан цагаас л номоос салсангүй. Би ном голдоггүй, бас ямар нэгэн системгүй, гарт таарсныг л уншиж явсан. Хонины бэлчээрт, үйлдвэрийн цехэд, хурлын танхимд ч ялгаагүй. Нөхцөл байдал ч өөр байх боломжгүй байв. Хожим сургуулийн танхимд О.Дашбалбар, Ч.Дагвадорж, Л.Хүрэлбаатар, С.Байгалсайхан нарын зэрэг олон сайхан уран бүтээлчдээр уран зохиолын мэргэжлийн хичээл заалгаж байв. За тэгээд зохиолч хүнд хамгийн сайн багш бол амьдрал өөрөө юм шүү дээ. Түүнтэй эгнэх багш гэж үгүй.

-Та олон төрлийн ажил хийж явжээ. Тэр бүхэн таны уран бүтээлд нөлөөлсөн л байх?

-Нөгөө толь Гэндэн, толгой Шийрав гэдэг шиг л тогооч, цэвэрлэгч, угаагч, ачаа ачигч, ногоочин, дархан, мужаан, тууварчин, хоол зөөгч, сэтгүүлч, сурвалжлагч, наймаачингаас эхлээд дарга даамлыг нь хүртэл урт богино хугацаагаар 30 гаруй төрлийн ажил хийж, элдэв нөхцөлд амьдарч үзжээ. Янз бүрийн хүмүүстэй уулзаж учирч, нөхөрлөж явав. Эргээд харахаар би ямагт бэрхшээлтэй хэцүү замыг нь сонгож ирсэн санагдана. Аравдугаар ангиа онц төгсчихөөд, дотоод, гадаадын аль нэгэн сургууль авах боломж байсаар атал “Амьдрал үзнэ” гээд илгээлт аваад нөхдийн хамт хоньчин болж явав. Дөрвөн жил хонь хариулсан. Хожим албан тушаал ахин дэвших боломжийг орхиод “Би гадаад оронд очиж ажиллаж амьдарч үзнэ” гээд АНУ-д очиж, цагаачлан амьдарч буй монголчуудынхаа дунд хутгалдан, айл нүүлгэж, шал угааж ч явав. Ийм нөхцөлд ядарч, зутарч, уйлж дуулж явахдаа харамсаж байсангүй. Энэ бүхэн миний амьдрал, уран бүтээлчийн минь их сургууль, миний хувь заяа л гэж бодож явсан. Тиймдээ ч тэр бүгдийн ард гарсан байх.

Энэ мэт амьдрал туулчихаад уран бүтээлч байж эс чадваас ёстой хохь нь болно шүү дээ. Нэг бодлын “уран бүтээлчийн сургуульд” их ч удаан суралцаж ээ. Бараг 30 гаруй жил болсон байна шүү.

-Энэ хугацаандаа та бичиж байв уу? Анхныхаа уран бүтээлийг хэзээ бичсэн бэ?

-Тасралтгүй бичиж байсан. Гэхдээ хэвлүүлж байсангүй. Ихэвчлэн тэмдэглэл бичиж дээ. Сургуульд орох жилээ анхныхаа шүлгийг, есдүгээр ангидаа анхныхаа өгүүллэгийг, 1996 онд анхныхаа туужийг бичиж. Харин анхныхаа номыг 2003 онд хэвлүүлсэн. Одоо эргээд харахад хэвлүүлэх гэж яараагүй маань зөв ч байж мэднэ. Амжвал хуучин бичлэгүүд, шүлгүүдээ нэг засаж янзлаад ном болгох санаа бий.

-Та саяхан “Цог” сэтгүүлд “Тэнэг авьяас” нэртэй нэгэн яруу найрагчийн хөрөг бичсэн байсан. Уран бүтээлч, зохиолч хүний онцлох шинж юу вэ?

-Маш эмзэг, мэдрэмтгий, яг л зэрлэг гөрөөс мэт соргог байх нь нэг чухал шинж болов уу. Тэр эмзэглэл, мэдрэмжээ гүйцээн шавхаж илэрхийлэх чадвар эзэмших нь чухал. Бас саваагүй, сониуч байх хэрэгтэй. Түүнээс гадна өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл санаатай байх нь чухал. Тэгж байж л томоохон уран бүтээл туурвина, ялангуяа хүүрнэл зохиолын тухайд. Уран бүтээлч хүний хамгийн чухал шинж бол эцсийн эцэст хүн байх явдал юм. Хүн байж чадаагүй хүнээс ямар яруу дуун, өнгө аяс, зүй ёсны эмзэглэл, шаналал, баяр бахдал илрэх билээ дээ.

-Та Америкт байхдаа “Даяар Монгол” сонинг гаргаж тэнд байгаа монголчуудыг мэдээллээр хангаж, олон ч хүнд ажлын байраа олоход нь тусалжээ. Америкт хэрхэн хөлөө олж байв?

-Өө, тэр тухай урт яриа болно. Тэр үеийнхээ амьдралаас нэг зохиол эхлүүлчихээд дуусгаж чадахгүй гацчихсан яваа. Америкийн 50 мужийн 146 хотод аж төрж буй монголчуудтайгаа сонин сэтгүүлээрээ дамжаад холбоотой байв. Амьдралын маш олон өнгө, дүр бий. Зүүн талын арав гаруй мужийн 140 гаруй хот тосгоноор аялсан. “Даяар Монгол”сэтгүүлийн 146 дугаар гаргасан. Тэр дугаарууд л гэхэд 2004-2007 онууд дахь Америкийн монголчуудын амьдрал зовлон жаргалтайгаа бараг бүхэлдээ туссан. Юм болгож чаддаг хүнд бол уран бүтээлийн бэлээхэн нээчихсэн түүхий эдийн их уурхай.

-Та зохиол бичихдээ юуг гол болгодог вэ, онгодыг уу, аль эсвэл сэтгэхүйг үү, эсвэл бүр орчин нөхцөлийг чухалд тооцдог уу?

-Заримдаа бичиж буй юм нэг л эвлэж өгөхгүй, түг таг гээд хэцүү байх нь бий. Тийм үед бичсэн зүйлс сэтгэл хөдлөлгүй баахан хуурай, найруулга ч муутай байх. Заримдаа зовлонгүй өөрөө урсаад байх. Тийн бичсэн нь эргээд харахад овоо сүрхий болчихсон, ядахдаа хэл найруулга нь ч эмх цэгцтэй байх. Бодвол энэхүү уйлж дуулж, зохиолдоо орж буй үеийг онгод гээд байж магад.

Харин орчин нөхцлийн хувьд хүмүүс шуугиж, хэрэлдэж, дуулалдаж байсан ч бичиж, бас нам унтаж чаддаг. Тав тух хайж явах боломжгүй амьдрал надад ингэж сургасан.

-Та 2015 онд бичсэн нэгэн нийтлэлдээ “Сайхан зүүднээсээ сэрцгээ, уран зохиолчид оо” гэжээ. Уран зохиол шиг хүн төрөлхтөнд нөлөөлдөг салбар байхгүй талаар ч дурджээ. Монголын уран зохиолын хөгжил аль шатандаа яваа вэ?

-Уран зохиолын нийгмийн нөлөөллийн талаар ярилтгүй биз ээ. Чухам тийм хүчтэй учраас л хүн төрөлхтний томоохон үзэл сурталчид уран зохиолыг үзэл суртлын маш хүчирхэг зэвсэг болгон ашиглаж ирсэн байдаг. Ленин “Нийгмийг машин техник гэх аваас утга зохиол бол эрэг шураг нь юм” гэсэн. Алан Даллес ч утга зохиолын хүчирхэг нөлөөг хүйтэн дайнд хэрхэн ашиглаж, дайснаа дотроос нь задлах арга технологийг чадварлаг ашигласан.

Өнөөдөр хөгжингүй орнууд Төрийн бодлогынхоо түвшинд утга зохиолын тэрхүү хүчирхэг нөлөөг ирээдүй хойч үеэ зөв төлөвшүүлэх, үндэстний ухамсараа сэргээхэд ихээр ашиглаж байгаа. Харамсалтай нь манай төрд, элит хэсэгт утга зохиолыг хөгжил дэвшилдээ, үндэсний сэргэн мандалдаа хэрхэн ашиглах талаар ямар ч ойлголт, сэхээрэл байхгүй нь харамсалтай. Үндэсний утга зохиол гэдэг утга зохиолд дуртай хэдэн хүний хэрэг биш, Төрд ч бодлого, санаачилга байх ёстой. Утга зохиол бол зөвхөн зугаа цэнгэл, энтертайнмэнт төдий зүйл биш шүү дээ. Энэ талаар би олонтаа бичиж, ярьж, нийтэлж байсан даа. Ингэхэд манай төр уран зохиолын тэр хүчийг яагаад эерэг зүйлд, хүүхэд багачуудынхаа гоо зүй, оюун танин мэдэхүйд ашиглаж болохгүй гэж…

Манай утга зохиолын хөгжил дэлхийгээс нэг их хоцорсон ч юм алга, түрүүлж цойлсон ч юм алга. Гэхдээ бид хүн төрөлхтний оюун сэтгэлгээний түвшинд үндэстнийхээ өвөрмөц онцлог, соёл, түүхийг утга зохиолоор хүргэх, Нобелийн шагнал авах гэх мэт том хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тийм гал эрмэлзэл илэрхий үгүйлэгддэг. Ойр зуурхан л эргэлдээд байна уу даа.

Утга зохиолийн өндөр түвшин гэдэг нь үндэсний сэтгэлгээний тусгаар тогтнолын бас нэгэн хүчирхэг хэрэм, цайз юм шүү дээ. Ялангуяа тусгаар тогтнолын асуудал маань эмзэг хэврэг байгаа энэ цаг үед.

-Та зүүдний тухай блог хөтөлж, олон жил тэмдэглэл хийжээ. Таны бодлоор зүүдний ертөнцийн юу нь ер бусын санагддаг вэ?

-Багадаа байнга хар дарж зүүдэлдэг, ааваар ширгэлүүлж, тарнидуулдаг хүүхэд байж. Их бодитой, заримдаа аль нь бодит байдал, аль нь зүүд вэ гэдгээ ч ялгахгүй байх нь бий. Хүн бүрийг л тэгж зүүдэлдэг байх гэж боддог байв. Хожим хүмүүс тийм бишийг мэдсэнээс хойш зүүдний талаар сонирхон, өөрийн хэмжээнд амьхандаа судалгаа хийж үзсэн. Бас зүүдээ тэмдэглэж хөтөлдөг байв. Ер зүүд дотроо хэд хэдэн давхаргатай байж магад. Энгийн зүүд байна. Тэр бол хэн хүнд ирдэг л зүүд. Түүний дараа зөн билгийн зүүд байна. Тэр бүр хүнд ирдэггүй, ховор талдаа. Тэгээд сүүлчийнх нь өөр оршихуйн астрал аялал ч гэмээр юм уу, тийм зүүд байна. Би тэр астрал аяллын зүүдээ нэг хэсэг тэмдэглэж, блог хөтөлж байсан. Хүний зүүдэнд нь нэвтэрч, хувь заяаг нь өөрчлөх боломж байж магад. Гэхдээ би энэ талаар сонирхож байсангүй, зөвхөн тэрхүү янз бүрийн түвшний зүүдээ уран бүтээлд хэрхэн ашиглах вэ л гэж бодож явжээ. Ер нь зүүдний ертөнц бол бидний ахуй ертөнцөөс ч илүү сонирхолтой, гайхалтай.

-Зөнтэй зүүднээсээ сонирхуулаач?

-Содон сонин зүүд алийг тэр гэх вэ. Ер зүүдэнд бишгүй олон адал явдал болох ч сэрэхэд хэдхэн хором өнгөрсөн байх нь бий. 2008 оны хавар Олимпийн алтан медаль авчихаад маш их баярлан хөөрч байна гэж зүүдэлсэн. Түүнээ блогтоо ч бичсэн. Тэр зуны наймдугаар сард Н.Түвшинбаярыг алтан медаль авахад талбай дээр таарсан бүхэнтэйгээ тэврэлдээд явж байхдаа хэдэн сарын өмнө зүүдэлж байсан тэр мэдрэмжээ эргэж мэдэрсэн. Зүүдний аяллуудаасаа сэдэвлэсэн цуврал бичсэн. Ном болгож хэвлүүлэх санаа бий.

-“Аугаа эрин” цуврал түүхэн романаа бичиж байх үеийн сонин хачнаасаа хуваалцаач, зохиол бичээд ид дундаа явж байх үед ямар амт мэдрэгддэг вэ?

-За, нэг их ч сонирхолтой зүйл болоогүй дээ. Мичин жилдээ багтааж, Цагаан сарын өмнө хэвлүүлнэ гэсэн бодолтой байсан. Бусад бүх хэсгүүдийг бичээд дуусчихсан, ганцхан Хитбух ноёны үхлийн тухай бичиж чаддаггүй. Уг нь үйл явдал нь маш тодорхой нүдэнд харагдаад байдаг. Суугаад бичье гэхээр халшираад байдаг. Өмнө Элдэрдээ баатар, Хүрэлхү хошууч, Долдахур догшин, Барсболд, Начинбаатар, Хатанболд баатар нарын олон баатруудын төгсгөлийг бичсэний дараа хэсэгтээ зүрх өвдөж, эм тан болсон.Бараг хэвтэрт орох шахсан. Ялангуяа Долдахур догшины үхлийн тухай олон зүйлийг дүрсэлж бичмээр байсан ч зүрх хүрэлгүй, Хитбух ноёны нүдэнд илдээ түшээд суугаагаараа нөхцсөн Долдахур догшин хальт харагдаад өнгөрч буйгаар, Хитбуха ноёнтон баатар эрдээ “Доройтуулан дарагч Долдахур догшин мину, Хөх тэнгэрийн орондоо эргээд тухтай уулзая” гэсэн ерөөл өргөөд, цааш давхин одож буйгаар хальт бичээд өнгөрсөн. Гэтэл Хитбух ноёны төгсгөл бүр ч илүү эмгэнэлтэй, бас сүрлэг бахдам, харуусалтай. Тэгээд нэг гарц олж, тэр их баатрын эмгэнэлт төгсгөлийг Хүлэг хаанд ирж тайлан тавьж буй Алдар хуурчийн үгээр, туульсын хэлбэрт оруулан аргалсан. Өөрөөсөө жаахан хөндийрүүлж, хоёрдахь баатрын үгээр илэрхийлж буй санаа нь тэр. Яг хэвлэлд өгөхийн урд орой тэр үлдсэн хэсгийг бичсэн.

-Дэлхийн хүүхдийн уран зохиолын 108 цуврал номыг та гэргийтэйгээ хамтран гаргасан. Өнөөгийн цахимжсан нийгэмд хүүхдүүдэд цаасан номыг хэр хүлээж авч байна вэ?

-Тэр номуудыг хүүхдүүд уншиж байхыг хараад сэтгэл дотор гийдэг дээ. Бидний хэдэн жилийн нойр хоолоо шавхсан хөдөлмөр маань үр дүнгүй байсангүйдээ гэсэн итгэл төрдөг. Нийтдээ 500 гаруй зохиол орчуулсан. Түүнээс 60 орчим нь тууж, 50 орчим нь роман. Олонхи нь монгол хэлээр анх удаа бууж буй зохиолууд, гэхдээ хүн төрөлхтний оюуны болон цаг хугацааны шалгуурыг давчихсан хүүхдийн сонгодог зохиолууд шүү дээ. Хэвлэлийн хуудсаар тооцох юм бол 2200 орчим болно. Бага хөдөлмөр биш. Нийт зохиолын 60 гаруй хувийг нь манай эхнэр орчуулсан. Мөн Ц.Даваажав, Я.Сүхбаатар, С.Лхагва, У.Нямсүрэн, Б.Баясгалан, Н.Сүрэнжаргал нарын зэрэг арав гаруй уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн. Юутай ч бид хийдгээ хийлээ, одоо монголын хүүхэд багачуудад хүргэх л үлдсэн.

-Таны ханийг “Оройн ганц мод” роман бичсэнээр нь таньдаг болсон. Тэнд зүүд, зөнгийн талаар гайхалтай урнаар хүүрнэсэн байдаг. Д.Оюунчимэг одоо юу хийж байгаа вэ, дараагийн бүтээл дээрээ ажиллаж байгаа юу?

-Манай хүн “Оройн ганц мод”-ны дараагийн ботийн түүхий эд хайгаад Хөхнуур явчих шиг боллоо. Өмнөхөө бичих гээд Ховд руу хоёр ч удаа явж, хөгшидтэй уулзсан. Хуучны мэдлэгтэй хөгшид одоо ч өдөр өдрөөр цөөрч байна даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баярсайхан: Хөдөө аж ахуйн бирж малчдын гар дээр очиж байгаа мөнгийг дундаас нь луйвардаж байна

Малчдаас авсан ноос, ноолуур, арьс, ширийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалж экспортод гаргах нь компаниудад татвар төлөхөөс зайлсхийсэн байдлаар бичиг баримтын бүрдүүлэлт хийхэд хүргэж байгаа талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүд 2013 оноос эхлээд ямааны арьсыг ноолууртай нь, хонины нэхийг ноостой нь худалдаж авч байгаа. Малчдаас худалдаж авсан эдгээр арьс ширээ боловсруулахдаа ноос, ноолуурыг нь ялгачихаж байгаа. Түүнийгээ угааж боловсруулаад Хятад, Энэтхэг, Казакстаны зах зээл дээр гаргадаг 20 гаруй компани байдаг. Гаргаж байгаа ноос, ноолууран дээрээ заавал гаалийн бүрдүүлэлт хийхэд Хөдөө аж ахуйн биржээр худалдаалсан байх ёстой гэсэн журам байгаа. Бид малчнаас авсан арьс, ширээ балансандаа тусгачихаж байгаа. Эргээд экспортлохоор заавал хөдөө аж ахуйн биржээс худалдаа хийсэн гэсэн бичиг хэрэгтэй гэдэг. Тэгэхээр баланс дээрээ хоёр удаа тусгах шаардлага үүсч байна. Нэг худалдаж авсан юмаа хоёр удаа тусгах ийм гажиг тогтолцоо төр засгийн хуулинд байна. Энэ бол үйлдвэрлэл эрхлэгчдийг хүссэн хүсээгүй татвараас зайлсхийсэн байдлаар экспортын бүрдүүлэлт хийлгэж байна. Өөрөөр хэлбэл бид худалдаж авсан зүйлээ дахин худалдаж авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэх хүндрэл учирч байна. Бид энэ талаар Хөдөө аж ахуйн бирж болон яаманд хүсэлт тависан. Гэвч энэ байдал өөрчлөгдөөгүй яваад байгаа. Өөрөөр хэлбэл малчны авах мөнгийг хөдөө аж ахуйн бирж дээр компьютерийн ард суусан хэдэн нөхөд л аваад байна. Нэг кг тутамд 30-50 төгрөг өгч байгаа. Тэгэхээр хонины арьс, түүхий эд маань боодол бохины үнэгүй болчихсон гээд яриад байгаа юм.

Сая 95 мянган төгрөгөөр Хөдөө аж ахуйн биржийнхэн дуудлага худалдаа зохион байгуулсан. Энэ байдлаасаа шалтгаалаад экспортолж байгаа ноос, ноолууран дээрээ заавал бичиг аваад байгаа нь боломжгүй зүйл юм. Бирж дээр хэдэн тэрбум төгрөгний ноос, ноолуур арилжаалсан гээд байнга мэдээ гардаг. Гэхдээ та нар тэрхүү арилжааг очоод үзчихээчээ. Уг нь малчид ямааныхаа ноолуурыг тэдэн төгрөгөөр зарна гээд тэнд дуудлага худалдаа зарлагдаад тэндээс бид худалдаж авч байх ёстой юм. Гэтэл малчдаас худалдаад авсан ноолуураа гаргах гэхээр заавал биржээр худалдаалсан байх ёстой гэсэн журмын дагуу бид дахин бичиг аваад байгаа юм. Тиймээс үүнийг шийдэж эдийн засгийн хямралыг багасгаж, малчдын гар дээр очих мөнгийг дундаас нь авч байгаа энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: ОУВС-гийн шийдвэрийг харахад Монгол Улс “Рио Тинто”-гийн улс нэртэй уурхай болжээ

Өнөөдөр ОУВС-гийн гаргаж буй шийдвэр болон тэдний тавьж байгаа саналууд хэний эрх ашгийн үүднээс хийгдээд байна вэ гэдэг талаар УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, эдийн засагч Т.Баярхүү, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар: ОУВС-ийн гаргаж буй шийдвэрийг харахад Монгол Улс “Рио Тинто”-гийн улс нэртэй уурхай болжээ. Валют манайд дутагдаж байгаа. ОУВС зүй нь бол та бүхэн Оюутолгой, Центерра Гоулд, Рио-Тинто зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас баялаг босгож байгаад Монголдоо валютыг ав, валютын урсгалыг нь дотогшоо оруулах нь зөв гэсэн зөвлөмж өгөх ёстой. Гэтэл тэд баялгаа хамаагүй гаргаад надаас зээл ав гэсэн шаардлага тавьж байна. Олон улсын хочилсон нэрээр нь ОУВС-г олон улсын алуурчны сан гэж нэрлэдэг юм шүү дээ. Тэгэхээр ОУВС зээлээ өгөхгүй байгаа нь монгол төрийг энэ 76 гишүүн удирдаад байгаа юм биш, Рио –Тинто-гийн гар хөл болсон хүмүүс удирдаад байгаа юм бишүү хэмээв.

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: Бид сүүлийн хоёр жил үнэгүй Монголын төлөө тэмцэж байгаа. Манай С.Ганбаатар сүүлийн 10-аад жил “Рио Тинто”, “Оюу-толгой” гэж яриад байгаа. Гэтэл өнөөдөр бидний хэлснээр онош маань зөв батлагдлаа. Өнгөрсөн тав дахь өдөр Вашингтонд болсон ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улстай хөтөлбөрөө хэрэгжүүлэх болоогүй гэсэн. Шалтгаан нь та нар Монголын баялгийг Монголын банкаар дамжуулна гээд бид нартай тэрсэлдээд байна. Тиймээс та нартай хөтөлбөрт гарын үсэг зурахгүй гээд жинхэнэ эзэн Рио Тинто нь гарч ирж баганынхаа цаанаас цухуйж байна. Сүүлийн үед төгрөгийн ханш унаад өрөнд ороод ядуураад байгаа бүх юмны шалтгаан нь дотоод гадаадын мөнгө хүүлэгчид байна шүү гэдгийг бид мэдээлэхийг зорилоо.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах асуудал гурван сар өнгөрөөд байхад шийдэгдэхгүй саармагжсан байдалтай байна. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн эргэн тойронд болж буй 49 хувийн талаарх асуудлыг эдгээр асуудлуудыг дүгнээд монгол түмний баялаг жинхэнэ эзэддээ хүрэхэд саад болж буй гол хүчин зүйл бол сүүлийн 26 жил монголын төрд шургалсан нам дамнасан МАНАН бүлэглэл юм байна гэсэн дүгнэлтийг хийгээд байна. Тиймээс өнөөдөр МАНАН-гийн толгойлогчид тодорхой болсныг зарлах гэсэн юм. УИХ-аар хоёрдугаар сарын 10-нд гарсан тогтоолыг их хурлын дарга зүйл бүрээр нь саармагжуулж байна. Монгол төрөөс Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах ажлыг зохион байгуулсан удирдан чиглүүлсэн этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж яаралтай шалгаж өгөхийг шаардаж байна.

Засгийн газрыг төлөөлж байсан Б.Энхбаяр гэж хүн шүүх хурал дээр очоогүй байна. Тэгэхээр энэ хүн дээр МАНАН бүлэглэлээс маш том дарамт ирсэн байна. Учир нь Б.Энхбаяр гэж хүн 2005 онд Үндсэн хуулийн маргаан үүсэхэд өөрөө үндсэн хуулийн гомдол гаргаж ялсан хүн. Гэтэл ялалтаа шүүхэд гаргаж тавилгүй УИХ-д түдгэлзэх боломжийг яагаад олгож байгаа юм бэ. Тиймээс энэ хүнтэй нэн даруй хариуцлага тооцохыг шаардаж байна гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны балетчдын нэг Ю.Цэрмаа гуайнд өнжлөө

Монгол Улсаас хамгийн анх ОХУ-ын Пермь хотын бүжгийн сургуулийн балетын ангийг төгссөн, Монголын анхны балетын бүжигчдийн нэг Ю.Цэрмаа гуайнд өнгөрсөн амралтын өдөр хөөрөлдөж өнжлөө. Түүнийг театрын зураач, дөчин мянгатын Ц.Зоригт хэмээх эрийн үзэсгэлэнт гэргий, алдарт балетчин Ю.Цэрмаа гэвэл социализмын үеийнхэн бүр ч андахгүй. Энэ гэр бүл болоод, Ю.Цэрмаа гуай 70, 80-аад оны жинхэнэ сонгодог урлагийн од байсан юм билээ. Эднийх одоо ч дөчин мянгатын гурван өрөө байранд үр ач нарынхаа хамт аж төрж байна. Социализмын алтан үеийнхний тэргүүн эгнээнд явсан сонгодог урлагийн гэр бүл болох Ц.Зоригт гуайнх З.Уянга хэмээх ганц охинтой. Охин нь аавыгаа дуурайн уран зураг сонирхож, Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэж, ОХУ-ын И.Е Репиний дүрслэх урлагийн академийг төгссөн бөгөөд одоо СУИС-д багшилдаг.

Энэ гэр бүлийнхэн ОХУ-д наймаас, арав гаруй жил суралцсан хүмүүс болоод ч тэр үү, амьдралын хэв маяг, аж байдал нь орос маягийн айл бөгөөд ихэвчлэн орос хоол унд хэрэглэдэг аж. Мөн аав, ээж охин гурав өөр хоорондоо оросоор голдуу ярилцчихдаг байсан гэнэ. Бид болзсон цагаасаа яльгүйхэн хоцорч очоод З.Уянга эгч рүү утас цохиход тэр даруй утсаа авч, орцныхоо кодыг хэлж өгөөд, аль хэдийн хаалгаа дэлгэчихсэн зогсож байлаа. Түүний зээ охин зураг авахуулна гээд гоёлын даашинз, ганган туфлиэ өмсөөд үсээ гоёчихсон

Ц.Зоригт, Ю.Цэрмаа нар. Дэлгэр мөрөн гол. 1961 он

Зочны өрөөнд ороход ширээ засаад, салат зууш хоол бэлтгээд өрчихсөн, шарах зууханд тахиа шарж байна. Хоол, зууш, дессерт сайхан амттай юм. Түүнийг багад аав, ээж нь ихэвчлэн завгүй байдаг тул З.Уянга эгч багаасаа ийнхүү олон төрлийн хоол унд хийж сурсан бололтой. Түүний нөхөр “Цонжин болдог”-ийн морьтой хөшөө болон “Маамуу нааш ир”-ийн хөшөө зэргийг барьсан зураач, барималч Б.Эрдэнэбат гэж эрхэм бий. Эднийх ихэвчлэн зуслангийн байшиндаа амьдарцгааж, өвлийн цагаар 40 мянгатын байрандаа ирдэг юм байна. Биднийг очиход гэрийн эзэн зусландаа уран бүтээлээ хийж байгаа гээд эзгүй байлаа. Б.Эрдэнбат гуайнх хүү охин хоёртой, хоёр хүүхэд нь мөн аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн зураачид болсон бөгөөд “Blue moon”-ийн “Арт галерей”-г ажиллуулдаг юм байна.

СУИС-ийн оюутнууд сургуулиа төгсөхдөө Ю.Цэрмаа гуайн амьдрал, уран бүтээлээр дипломын ажлаа хийж, эрдмийн зэрэг хамгаалах болжээ. Учир нь тэрээр Монголын балетын урлагийн анхдагчдын нэг бөгөөд алтан үеийнхнээс үлдсэн гарын хуруунд багтах хэдхэн хүний нэг. Бас түүний амьдралын замнал ээдрээтэй хэрнээ сонин, гунигтай бас азтай хувь тавилангийн түүхтэй юм. Ю.Цэрмаа гуай 1944 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Гонгор хэмээх айлд мэндэлжээ. Түүнийг гурван настай байхад ээжийнх нь бие өвдөж, тэмээн жингээр Нийслэл хүрээнд ирээд эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээ хийх боломжгүй гээд нутаг буцсан байна. Тухайн үед анагаах ухаан хөгжөөгүй байсан тул насгүй болсноо мэдэхээс өөр хийж чадах зүйлгүй үе байж. Ингээд тэрээр том охин болох Ю.Цэрмааг эгчдээ, бага охиноо эмэгтэй дүүдээ өргүүлснийхээ дараахан бурхан болжээ. Ю.Цэрмаа гуай “Морьтой ч болоосой” Монголын уран сайхны кинонд тоглосон МУГЖ Г.Батсүхтэй эцэг нэгт ах дүү юм байна. Г.Батсүх гуай Гонгор гэж хүний анхны эхнэрээс гарсан хүү байсан тул ахтайгаа харилцаа холбоотой байжээ. Тэдний аав Гонгор, Ю.Цэрмаа гуайн ээжээс хойш дахиж хүнтэй гэрлээгүй бөгөөд нэг охин өргөж аваад нутагтаа аж төрж 90 гаруй наслаад бурхан болжээ.

Ю.Цэрмаа гуай өөрөө ч мэдэлгүй есхөн настайдаа балетын урлагтай амьдралаа холбосон түүхтэй. Түүнийг нийслэлийн хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангид сурч байх үед нэгэн өдөр орос, монгол хоёр хүн ирээд хүүхдүүдийн хөл, гарыг өргүүлж үзэж, хөгжмийн аянд нааш, цааш алхуулж байгаад л хэдэн хүүхэд сонгож авсны нэг нь Ю.Цэрмаа гуай. Сонгосон хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт оруулахад тэнцчихэж, ингээд 1953 оны арванхоёрдугаар сарын сүүлээр вагонд суугаад ОХУ руу явжээ. Хаа хүрэхээр, юунд явж байгаагаа ч огт мэдээгүй вагонд сууцгаагаад маш удаан яваад л байсан гэнэ. Очоод охид, хөвгүүдээрээ тус тусдаа орос хүүхдүүдийн хамт дотуур байранд амьдарч сургуульдаа оржээ. Анх удаагаа “Хунт нуур” жүжгийг үзээд л ийм хүн болох юм байна гэж учрыг ойлгосон гэнэ. Тухайн үед манай улсаас 14 хүүхэд тэнд очсон бөгөөд дараа жил нь Монголоос мөн 14 хүүхэд Ташкентад сонгодог бүжгийн сургуульд сурахаар явсан түүхтэй. Ю.Цэдэнбал дарга бодлогоор хүүхэд залуусыг олон улсын нэр хүндтэй сургуулиудад сонгодог урлагийн чиглэлээр суралцуулж, алтан үеийнхнийг төрүүлсэн түүхийн нэгэн жишээ энэ юм байна.

Түүнийг өргөж авсан Юндэндоо гуайнх Хөвсгөлд байж. Тэнд зуныхаа амралтаар очоод үдэшлэгт орж байгаад Цэрмаа гуай ирээдүйн нөхөртэйгөө танилцжээ. Түүний хань Ц.Зоригт гуай тухайн үед Хөвсгөлийн цэргийн ангийн дарга байсан, Хурандаа генерал Цэрэндорж гэж хүний хүү байжээ.

Тэднийг 18 нас хүрээд сонгодог бүжгийн сургуулиа төгсөх гэж байхад нь нэг залуу усанд осолдож, нэг залуу сургуулиас хасагдсан байна. Тиймээс энэ хоёрын оронд Ц.Сэвжид, Н.Баатар гэх хоёр залуу очиж байж. Н.Баатар нь балетын бүжигчин болсон бол нэг нь балет чадахгүй гээд буцаж байсан нь Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжид гуай байжээ.

Тухайн үед балетын бүсгүйчүүд хотын гудамжаар алхахад хүн бүр эргэж хараад л, залуус дурлаад л бусдаас тогос шиг ялгардаг байсан гэнэ. Харин одоо бүх л охид нэгнээсээ ялгарахааргүй гоё болсон байна шүү гэж Ю.Цэрмаа гуай ярилаа. Балетын сургуульд явж байсан 14 хүүхдээс амьд сэрүүн байгаа нь Т.Баянжаргал, Н.Баатар, Х.Цэцэгмаа болон Ю.Цэрмаа гуай ажээ. Оюутан байхдаа 500 рублийн цалинтайгаас 350 рублийг хоолны мөнгөнд төлөөд үлдсэнээр нь тансагхан л амьдардаг байсан бөгөөд тэд монгол бичиг сайн мэддэгийн дээр орос, франц хэлтэй мэргэжлийн балетчид болоод төгсөж ирцгээжээ. Ирээд бүгд л дуурийн театрт 900 төгрөгийн цалинтайгаар ажиллацгааж эхэлсэн байна. Балетын гол дүрийн бүжигчид хүүхэд төрүүлэх хориотой байдаг ч Ю.Цэрмаа гуай цалингаараа торгуулж, загнуулж шийтгүүлж байж ганц хүүхэд төрүүлсэн нь З.Уянга аж. Дэлхийн алдартай балетчид нэг ч хүүхэд төрүүлээгүй амьдралаа бүхэлд нь балетын урлагт зориулсан байдаг юм байна.

Тухайн үед хүүхдээ төрүүлчихээд л 14 хоногийн дараа ажилдаа орж байжээ. Өдөр бүр тоглож, өдөрт гурван өөр тоглолтын гол дүрээр гарч тоглолтын үеэр эргэж байхдаа хөлөө мэдрэхээ больчихсон байх үе ч байж. Энэ нь сонгодог урлаг тэр дундаа балет үзэгч ихтэй, ард олныг сонгодог урлагаар хүмүүжүүлдэг үе байсантай холбоотой гэнэ. Ю.Цэрмаа гуай 22 жил дуурийн театрт тоглоод улсын даалгавраар тухайн үеийн соёлын сургууль болон циркт бүжгийн багшаар зэрэг ажиллаж байгаад 1991 онд зээ нь төрөхөд зээ хүүгээ харахаар бүх ажлаа орхижээ.

Ю.Цэрмаа гуай ярихдаа “Хүүхдүүд их хөөрхөн, яг үнэн сэтгэлээс тоглолтонд орчихдог. “Цэнхэр нүдэн бүсгүй” тоглож байхад л хөөе, хөөе араас чинь барьж авлаа гээд л хашгирна, үзэгч хүүхдүүдийн цайлган зан их сайхан сэтгэгдэл төрүүлдэг байж билээ” гэв. Ц.Зоригт гуайнх Б.Дорж генерал, Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав, С.Зориг агсны аав Санжаасүрэн, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа зэрэг айлуудтай ах дүү шиг харилцаатай хөршүүд байжээ. З.Уянга ярихдаа “Санжаасүрэн гуайнх яст мэлхий тэжээдэг айл байсныг тод санадаг. Надад нэг яст мэлхий бэлэглэж байсан юм. С.Оюун бид хоёр гадаа их тоглоно. С.Оюун надаас нэг дүү хэрнээ бараг дөрөв, таван настайгаасаа уншиж бичдэг мундаг хүүхэд байж билээ. Ээж нь Доржпалам гээд намайг эмчилдэг, эмчээр ажилладаг, эрүүл мэндийн сургуульд багшилдаг гоё эмэгтэй байсан” гэлээ.

Охин З.Уянга

Энэ үеэр Ц.Зоригт, Ю.Цэрмаа нарын охин СУИС-ийн дүрслэх урлаг график дизайны танхимын багш З.Уянгатай ярилцлаа.


-Танд балетын сэдэвтэй нэлээд бүтээл байна. Балетын урлагийг харж, мэдэрч өссөнийх байх. Балетчин болно гэж бодож байв уу. “Жизель” гэх томоохон бүтээлийнхээ тухай сонирхуулаач?

-Багадаа балетын бүжигчин болно гэж боддог байсан ч ээж энэ урлагийн хүнд хэцүүг мэддэг учраас зөвшөөрөөгүй. Харин аав маань миний охин авьяастай, чадна гээд дүрслэх урлагаар явуулсан. Ээждээ зориулж балетын сэдэвтэй дөрвөн ч үзэсгэлэн гаргасан. Ээж баруун солгойгүй 32 эргэдэг бүжигчин. Баргийн балетчид ингэж эргэдэггүй. Балетчид техник сайн байхаас гадна жүжиглэх авьяастай нүдээрээ үйлдлийг илэрхийлэх ёстой байдаг. Ээж маань энэ бүгдийг эзэмшсэн хүн. Би түүхийн болон бүх сэдвээр бүтээлээ гаргадаг ч балетын урлагтай ойр байсны хувьд “Жизель”-ээс сэдэвлэсэн “Зүүд” бүтээл маань хоёр метр өндөр, төмөр бар аргаар урласан дэлхийд маш ховор бүтээл. Бар зураг бол хүнд, баргийн зураачдын хийдэггүй сэдэв. Энэ бүтээлээ өнгөрсөн жил төрийн шагналд нэр дэвшүүлсэн.

-Сонгодог урлагийн ач холбогдлыг та юу гэж ойлгодог вэ?

-Сонгодог урлагаар хүмүүжсэн хүн сонгодог л байна. Сонгодог хувцас хүртэл хэзээд хоцрогдсон харагддаггүй шүү дээ. Моодны хувцас авлаа гэхэд нэг жилийн дараа өмсвөл ичмээр харагдана. Сонгодог урлагаар хүмүүжсэн хүн хариуцлагатай, дэгтэй журамтай, цаг барьдаг, аливааг байж болох хамгийн сайн, зөвд тултал хийдэг, уйгагүй хөдөлмөрч болсон байдаг. Тиймээс улсын хар хайрцагны бодлогоор хүүхэд, залуусыг сонгодог урлагаар хүмүүжүүлж байсан. 1990 оноос хойш энэ бодлого алдагдсан. Социализмын үеийн хүмүүс ажил тасалдаггүй, худлаа хэлдэггүй шүү дээ гэлээ.

Ю.Цэрмаа гуай Ардын жүжигчин, ХХ зууны манлай балетчин Ю.Оюунд өөрийн дүрээ зааж өвлүүлж үлдээжээ. Тэрээр дуурьт ажиллаж байхдаа Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай циркчин, уран нугараач Б.Норовсамбуу гуайтай гадны олон орноор тоглолтоор явдаг байсан аж. Ю.Цэрмаа гуай 1973 онд МУГЖ болжээ. Харин 1971 онд “Дон Кихот”-ыг тоглоход нөхөр Ц.Зоригт нь тайзны зураачаар ажиллаж, Ю.Цэрмаа гуай гол дүрд тоглосон нь энэ гэр бүлийн том дурсамж. Энэ үеэр Баянхонгороос илжиг морь хоёр авчирч тоглуулж байсан нь дуурийн театрын түүхэнд амьд амьтан тоглуулсан анхны бөгөөд цор ганц тохиолдол гэнэ.


Categories
мэдээ нийгэм

“Мишээл экспо”-д орон сууц, барилгын материалуудын үнэ ханш ямар байна вэ

Мишээл экспо дээр өнөөдөр орон сууц, барилгын материалын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөл хөдөлгөөн дүүрэн байлаа. Энд голчлон шинээр баригдсан хотхонуудыг танилцуулж загваруудыг нь дэлгэн макетаар үзүүлж, байрлал, өрөөний багтаамж, м2-н үнийг нь хүмүүс асууж байв.

Үнийн хувьд хамгийн хямд нь “Классик констракшн” ХХК-ий 66 айлын “Офицер таун” м2-нь 1.550.000-1.650.000 гэж байв. Эднийх нэг өрөө нь 36.7 м2, 39.6 м2 сонголттой байсан бол 2 өрөө нь 44.5 м2, 44.8 м2 гэж байв.Байрлал нь БЗД-ийн 16-р хороо, офицеруудын ордны зүүн талд аж.

Дундаж үнэтэй хотхонууд ойролцоогоор м2 нь 2.050.000 төгрөгөөс 2.190.000 төгрөгний үнэ ханштай байв. Тухайлбал Нарны гүүрээс баруун тийш орших “Peace town” хотхоны м2-н үнэ 2.050.000 төгрөг байна. Эхний ээлжийн барилгууд нь 2015 онд ашиглалтад орсон бол 2017 онд хоёр дахь ээлжийн В блок-н байрууд нь ашиглалтад орж 53.98 -81.64 м2-ийн 2-3 өрөөний сонголтуудтай байгаа юм байна.

Содон хороолол м2 нь 1 сая 700 мянга ба Голомт банкны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж болно хэмээж байв.

Голомт банкны ипотекийн 8 хувийн зээлд цөөн хэдэн байрнуудыг санал болгож байв. Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд та дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

Үүнд:

-18 нас хүрсэн байх

-Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт, хэрэгцээтэй байх

-зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх

-Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх

-Үндсэн, хамтран зээлдэгч нь тогтвортой ажлын байртай буюу 1 жилээс дээш тогвор суурьшилтай ажилласан байх

-Хэрэв үндсэн зээлдэгч 3-аас дээш жил тогтвортой ажилласан бол хамтран зээлдэгч 6-11 сар ажилласан байж болно

-Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

Урьдчилгаа төлбөр 20-29 хувь төлнө.

Нарантуул захын хойно орших “Аман хуур” хотхон м2 нь 2.600.000-2.900.000 үнэтэй байгаа нь үнэтэйд тооцогдож байна.

Богд хан уулын хойно байрлах өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол “Elizabeth” хотхоны 2-3 өрөө байрууд м2 нь 2.200.000-2.400.000 төгрөг гэж байв.

Мөн өнөөдрийн үзэсгэлэнд хувийн байшингийн дээврийн материалууд, гэр хороолол болон зуслангийн айлуудын хашааны гүйдэг төмөр хаалга болон бохирын асуудлыг шийдэх технологийн үзэсгэлэн хүмүүсийн сонирхлыг их татаж байлаа.

Жишээ нь, байшингийн дээврийн материалууд 1м2 нь 12-13 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 50 жилийн баталгаа өгч байв. Эдгээр метан хийцийн барзгар гадаргуутай нэг ширхэг нь 4 кг жинтэй зузаан хавтангуудыг дээр дээр нь даруулан зориулалтын хадаасаар бэхлэн угсардаг юм байна.

Зөөврийн суултуурууд 400-850 мянган төгрөгний үнэтэй бөгөөд ардаа бохирын хоолойтой. Өтгөн, шингэн нь тусдаа гарах зориулалттай, өтгөн дээр нь үртэс, үнс зэрэг зүйлсийг нэмэн хатууруулснаар бордоо болох боломжтой хэмээн тайлбарлаж байв.

Мөн гадна тохижилтын резин хавтангууд төрөл бүрээрээ байв. Сургууль, цэцэрлэг, жуулчны бааз зэрэг бүхий л газруудад хэрэглэхэд тохиромжтой эдгээр хавтангууд 1м2 нь 28-48 мянган төгрөгийн үнэтэй байв.

Урт нь 600 мм, өндөр нь 250 мм, өргөн нь 75-500 мм-тэй “МАК” евро блок дунджаар 145 мянган төгрөг. Хөөсөнцөрүүд 1м2 нь 120-210 мянган төгрөгний үнэтэй байлаа.

“Номуун-Ундраа” ХХК-ий хашааны гүйдэг том, жижиг төмөр хаалганууд 500-1.500.000 төгрөгийн үнэтэй байсан бол хашаа хайснууд энгийн болон гоёлын гэсэн загвараасаа шалтгаалаад 1м2 нь 25-65 мянга, цонхны хамгаалалт 1м2 нь 30-65 мянга, гражийн хаалга дулаалгатай, дулаалгагүйгээсээ хамаараад 450-1.200.000 төг, торон хашаа, цонх 1м2 нь 18-25.000 гэж байв.

Зам талбайд ихэвчлэн ашигладаг зузаан чулуун хавтангууд м2 нь 11-31 мянган төгрөг, паркетан шал м2 нь

Камень зуух 3 сая 800-3 сая 900 мянга, зөөврийн дугуйтай нүүдлийн майхан гэр 17 сая, гадны дүнзэн модоор хийсэн бэсүд сандал ширээтэйгээ 5 сая гэж байв.

Солонгос улсаас оруулж ирсэн шалны халаалт м2 нь 45 мянга, паркетний дор дэвсэж өгнө. 220 вольтийн цахилгаанаар ажиллаж 10 м2 өрөөнд сардаа 30-40 мянган төгрөгний цахилгааны мөнгө гарна.

Categories
мэдээ нийгэм

Д.Наранбаатар: Хэдхэн жилийн өмнө В вирустэй бол баярладаг, С-тэй бол ингээд өнгөрч гэж боддог байлаа

Монгол Улсын Засгийн Газар 2017 оны 4-р сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор баталсан билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд элэгний вирусийн эрт илрүүлэлт, эмчилгээ, судалгааг Монгол орон даяар шуурхай эхлүүлж, бүрэн хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож “Оном сан”, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Гастроэнтерелогийн холбоо, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын Лабораторийн Нэгдсэн Сүлжээ “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ЧУУЛГАН”-ыг хамтран өнөөдөр “Корпорейт” зочид буудалд зохион байгууллаа.

“Хэдхэн жилийн өмнө бид элэгний В, С вирустэй, D вирус нь эмчилгээ байхгүй. В вирустэй байвал баярладаг. С-тэй бол ер нь ингээд өнгөрч байгаа юм байна даа гэж боддог цаг үе байлаа. Энэ үед жилд 2600, өдөрт 7 халуун амь нас элэгний өвчнөөр үгүй болж байлаа. 2012 онд Монгол Улс дэлхийн дунджаас 7 дахин их элэгний өвчлөлтэй гэсэн судалгаа гарахад хүмүүс итгэдэггүй байсан” хэмээн энэ арга хэмжээний үеэр “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар хэлсэн юм.

Төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулснаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолжээ. Ингэснээр Монгол Улсын хүн ам 2020 он гэхэд С вирусээ бүрэн устгаж, энэхүү вирусээс гаралтай элэгний хавдар, хатуурлыг эрс бууруулах боломж бүрдээд байгаа аж. Монголд одоогоор 400 мянган элэгний вирустэй хүн байна. Үүнээс С вирустэй 150 мянга, В вирустэй 150 мянга, D вирустэй 100 мянган хүн байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар юм.

Тэрээр ярихдаа “Өнөөдрийн үйл ажиллагааг энэхүү “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан төр засагтаа талархан хийж байна. Энэхүү үйл ажиллагаанд “Оном” сүлжээнд харьяалагддаг 27 лаборатори, хувийн хэвшлийн 18 лаборатори үзэсгэлэн гаргаж байна. С вирусийн эмийг 100 дахин хямдруулна гээд яриад явж байхад хэн ч итгэхгүй байлаа. Америкаас хулхи эм оруулж ирээд турших гэж байна гэх мэтчилэн маш олон хардлага сэрдлэг гарч байсан. Гэхдээ үүнийг бид давж гараад Монголд хүмүүс мянга мянгаараа эдгэрээд явж байна.

Монгол Улсын төр эм оруулж ирж чаддаггүй. Үүнийг хувийн хэвшил нуруун дээрээ үүрч явдаг. Энэ хариуцлагатай үүргийг хүлээгээд явж байгаа “МОНОС” групп, “МОНГОЛ ЭМ ИМПЭКС”, “ЭНТО”, “АЗИ ФАРМ” гээд компаниуд өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Цаашдаа бид В, С вирусийг тоолдог шинжилгээг Нийгмийн даатгалаас хөнгөлүүлдэг болох хэрэгтэй байна. Эмнүүдийн үнийг цаашид улам хямдруулах, төрлийг нь нэмэх зэрэг олон ажил байна.

15-аас дээш насны бүх хүмүүсийг бүгдийг нь бүртгэж аваад шинжилгээнд хамруулаад өвчтэйг нь эдгээх хөтөлбөрийг эхлүүллээ. Энэ нь Монгол Улсад улаан тарианы дараах хоёр дахь том эрүүлжүүлэх аян болно гэж урьд нь хэлж байхад нэг ч хүн итгэдэггүй байсан бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсанаар Монголын 40-өөс дээш хүмүүсийг энэ жил, 15-39 насны бүх хүмүүсийг 2018 онд шинжилгээнд хамруулах аян хэрэгжих боломжтой боллоо. Үүнд энэхүү хөтөлбөрийг баталсан төр засагтаа талархах хэрэгтэй юм” гэв. Түүнчлэн “Энэхүү үйл ажиллагаа бүх аймаг, сумын өрхийн эмнэлгээр дамжаад явагдах ёстой. Элэгний С вирустэй хүмүүс эдгээд гарч байгаа ч эргээд халдвар аваад орж ирж байна. Яагаад гэвэл ариутгал муу байгаагаас, шүдний эмчээс, шивээс хийлгэх эсвэл хануулаад орж ирж байна. Учир нь С вирус нь дархлаа тогтдоггүй. Египет улс өнгөрсөн жил 1 сая хүнээ эмчилсэн. 200-300 мянга нь дахиад халдвар аваад орж ирсэн байдаг. Монгол Улсад 8000 хүн эмчлэгдээд 3000 хүн шинээр бүртгэгддэг” гэлээ.

“Элэгний төв”-ийн төлөөлөгч Л.Оюунгэрэл:

С вирусийг устгадаг дөрвөн төрлийн эмийг Монголд дараахь компаниуд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр худалдаалж байна. Гэхдээ ЭМД-д хамрагдсан иргэдэд л хамаатай. Оруулж ирсэн компаниасаа шалтгаалаад өөр үнэтэй байгаа боловч үйлчилгээ нь яг адилхан юм. “HARVONE” эмийг “Омбол” ХХК, “LEDVIR” эмийг Монгол Эм импекс, “LEDIPOS” эмийг Ази фарм, “VERPAS” эмийг “Монос” ХХК оруулж ирж байгаа.

“HARVONE” эмийг АНУ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ядуу буурай орнуудад хямдралтай үнээр заръя гээд Энэтхэгт лицензээ худалдсан. Энэтхэгийн компаниуд нь адилхан түүхий эдээр энэ эмийг үйлдвэрлээд арай хямдаар Монголд орж ирж байгаа эмнүүд нь дээрх гурван төрлийн эм юм. Тиймээс эдгээр эм нь “Харвони”-гоос хямдхан гээд муу гэсэн үг биш юм. Эдгээр эмнүүд нь 3-6 сарын хугацаанд С вирусийг бүрэн устгана. Гэхдээ шинжилгээний хариу, биеийн байдлаас нь хамаараад дээрх хугацаанд устана. Шинжилгээний хариугаар хавдар юм уу, хатуурал байвал 6 сар ууна.

  • Ямар шинжилгээнүүд өгөх вэ?
  • Эхлээд вирусээ тоолуулсан байх ёстой. Тэгээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, эхо, цус бүлэгнэлт, шээсний ерөнхий шинжилгээ өгнө. Шаардлагатай тохиолдолд бусад шинжилгээнүүдийг нэмж өгнө. Зарим тохиолдолд генотип-г тоолуулах шаардлагатай гэж байдаг. Энэ нь монгол хүний 95-98 хувь нь 1В генотиптой байдаг гээд судалгаагаар гарсан байдаг учраас тэр юм. Генотип гэдэг нь С вирусийн овог гэсэн үг. Монголчуудын дотор Боржигон гээд олон овог байдаг шиг 1А, 1В, 2А, 2В гээд генотипуудад хуваагддаг. Тэндээс монгол хүнд 1В генотип их байдаг учир “Харвони” зэрэг эдгээр эмнүүдийн найрлага илүү таарах юм. Эрүүл мэндийн яамнаас лабораториудыг сонгон шалгаруулаад тавдугаар сарын 1-нээс иргэдийн С вирусийг үнэгүй тоолж эхэлнэ.
  • 3 сар уугаад бүрэн эдгэрэх үү?
  • 3 сар уусны дараа дахиад 3 сар хүлээгээд С вирусээ тоолуулаад гарч ирэхгүй бол эдгэрсэн гэсэн үг. Ер нь бол С вирусийн эмчилгээний үр дүн нь 6 сарын дотор гардаг.

Энэтхэгээс оруулж ирсэн В, С вирусийн эмнүүд байгаа. Гурван хайрцаг нь нэг курс болно. Зарим хүндэрсэн элэгний хатуурал, циррозтой хүмүүс 6 хайрцаг үргэлжлүүлэн уух боломжтой. Өглөө тогтмол цагт нэг ширхэгийг залгиж ууна. 395 мянгаас ЭМД-р 210 мянган төгрөг хөнгөлөгдөөд 185 мянгаар худалдаалж байгаа.

“Монгол Эм импэкс концерн”-ий эмч, төлөөлөгч Д.Ганбат:

Энэтхэг улсад үйлдвэрлээд АНУ-аас оруулж ирж байгаа эмнүүд байгаа. Энэхүү “LEDVIR” эм нь Монголд орж ирээд жил гаруй болж байна. Монголд хамгийн их буюу 4000 хүн хэрэглэгдсэн судалгаатай. Ямар нэгэн гаж нөлөө илрээгүй, үр дүн нь 98-99 хувь байгаа. Үнэ нь 475 мянга. ЭМД-р хөнгөлөгдөөд эхний хоёр сарын эм нь 265 мянга. Сүүлийн гурав дахь сарын эмийг нь манай компаниас 50 хувь хямдруулаад 27.500 төгрөгөөр худалдаалж байгаа.



Categories
мэдээ нийгэм

Х.Наранжаргал: Сүүлийн үед гарч байгаа хуулиуд сэтгүүлзүйн үйл ажиллагааг хязгаарлах, хумих чиг хандлагатай байна

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд сонгуулийн үеэр хүн гүтгэвэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг 10-100 сая төгрөгөөр торгох Ц.Гарамжав гишүүний оруулсан санал Хууль зүйн байнгын хороогоор дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах гэж байгааг ХМХ-үүд нэгдэн эсэргүүцэж буй билээ. Үүний дүнд Ц.Гарамжав гишүүн энэхүү саналаа татаж авч буйгаа илэрхийлсэн юм. Энэ талаар өнөөдөр “Өдрийн сонин”-ы байранд ХМХ-ийн удирдлагууд цуглан хэлэлцүүлэг дахин өрнүүллээ. Энэ үеэр “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал Зөрчлийн хуулийн бусдыг гүтгэх, доромжлох хуулийн заалтын талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Тэрээр “Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Энэ нь Үндсэн хуулийн 10-р зүйлээр баталгаажсан. Нэгдүгээрх нь Монгол Улсын соёрхон баталж, нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцууд дотоодын хуулиас илүү үйлчилнэ. Дараагийнх нь Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ гэж байгаа. Эдгээр гэрээ конвенцийг хүлээгээд авна гэдэг нь Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээчихэж байгаа юм. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу бүх өөрсдийнхөө хууль тогтоомжийг эргэж хараад иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах ёстой. Энэхүү эрхэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээллийг хүлээн авах, түгээх, мэдээллийг олж авах эрхүүд багтдаг. Дээрээс нь үзэл бодлоо илэрхийлэх арга хэрэгсэл нь сэтгүүл зүй байдаг.

Тэгэхээр сэтгүүлчдийн олон нийтийг мэдээллээр хангах, тэдний эрх ашигт нийцсэн үнэн мэдээллийг түгээх боломжийг нь эрхзүйн хүрээндээ тодруулж өгөх шаардлагатай. Энэ гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг яагаад олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ, бусад Олон улсын байгууллагууд Эрүүгийн хуулиас халах зөвлөмжийг гаргадаг вэ гэхээр гүтгэлэг гэдэг нь худлаа мэдээлэл гэсэн үг. Тиймээс сэтгүүлчид хүнийг гүтгэж болохгүй, худлаа мэдээлэл өгч болохгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь бол нийгэмд нэр нөлөө бүхий хүмүүс өөрөөр хэлбэл улстөрчид, эрх баригчид өөрсдийнхөө зорилгод урвуулан ашиглаад үнэн мэдээллийг боогдуулах, цензурийн хэрэгсэл болгож ашигладаг учраас үүнийг Эрүүгийн хуулиар битгий зүйлчлээч ээ, үзэл бодлоо илэрхийлсэн гэж ямар нэг шийтгэл, ялангуяа баривчлах, хорих шийтгэл битгий өгөөчээ гэсэн зөвлөмжүүдийг өгдөг юм.

Үүний цаана юу байдаг вэ гэхээр, энэ Зөрчлийн тухай хууль байснаар намайг гүтгэсэн гэж гомдол мэдүүлж байгаа хүн тэр мэдээллийг бичсэн сэтгүүлч хоёрын хооронд ямар харилцаа үүсээд байна гэхээр сэтгүүлч бол өөрийнхөө мэдээллийг үнэн гэж нотолно. Гэтэл үүнийг хэн нотлох вэ гэхээр тодорхой хэмжээнд ажиллагаа хийж, шалгаж байж энэ мэдээлэл үнэхээр худлаа байсан юм байна гэдгийг нотолно. Шүүх дээр яваад очсон үед үнэн бол хамгийн сайн нотолгоо болдог гэж Олон улсын эрхзүйчид үзэж байгаа. Гэтэл Зөрчлийн тухай хуулинд нэг хүнийг гүтгэсэн байна гэхэд тэр хуулийг сахиулах эрх бүхий албан тушаалтан гэж байхгүй. Тэгэхээр ямар нэгэн төрийн албан тушаалтан гаргаж тэр өндөр торгуулийг төлүүлэх гээд байна. Хоёр дахь зүйл нь бол улстөрийн хүчин зүйлийн хувьд аюултай гэж үзэж болно. Нөгөө талаас нь авч үзвэл энэ нь эдийн засгийн цензур байгаа. Яагаад гэхээр 100 сая төгрөг гэдэг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бол маш их мөнгө. Ялангуяа орон нутгийн радио, телевизийн хувьд нэг сая төгрөг ч хүнд тусна.

Гурав дахь зүйл нь 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсан. Тэр хуулиар бол цензурийн бүх хэлбэрийг хориглоно. Цензур тогтоох байгууллагыг байгуулахгүй гэж заачихсан байгаа. Тэр хуулийг Зөрчлийн хууль зөрчөөд байна. Хэн нэгэн гүтгэсэн зөрчсөнийг шалгана гэдэг нь хэвлэл мэдээллийн агуулгад нь хяналт нь тавина гэсэн үг. Хоёр дахь зүйл нь энэ хуулиар редакц өөрийн нийтлэл, нэвтрүүлгийн төлөө хариуцлага хүлээдэг. Гэтэл Зөрчлийн хуулинд хувь хүнийг торгох гээд байгаа. Хувь хүн гэдэг нь сэтгүүлч шүү дээ. Тэгэхээр сэтгүүлчийн цалин хөлс өнөөдөр ямар байгаа билээ, хэдэн жил төлөх үү гээд авч үзвэл аль ч талаасаа бодсон энэ нь улстөрийн хийгээд Засгийн газрын эдийн засгийн цензурийн хэлбэртэй байгаа учир ардчилал байгуулж байгаа, хүний эрхийг дээдэлж байгаа орны хувьд бол зохимжгүй хууль юм.

Олон улсын эрхзүйн зохицуулалт байдаг. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавихгүй болж байгаа нөхцөлд зөвхөн эрх чөлөөг нь баталгаажуулсан хуулийг нь баталж өгдөг. Хоёрдугаарт иргэдийнхээ мэдэх эрхийг баталгаажуулсан хуулийг баталдаг. Тэр нь бол манайд 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдлын тухай хууль байгаа. Гурав дахь нь бүх цензурыг хориглосон хуультай байх ёстой. Тэр хууль тогтоомж нь 1998 оны баталсан манай хууль юм.

Хэвлэл мэдээллийн хамгийн үнэт зүйл бол хараат бус байдал байдаг. Тэр хараат бус байдлаа хангахын тулд ХМХ-үүд нэгдэж байгаад шүүхээс өмнө асуудлаа шийдвэрлэдэг хэвлэлийн зөвлөлийг байгуулдаг. Өнөөдөр манайд энэ зөвлөл байгуулагдаад нэлээн амжилттай ажиллаж байна. Гэхдээ энэ нь ХМХ-ээс хариуцлагыг мулталж байгаа гэсэн ойлголт биш. Иргэний болон улстөрийн эрхийн олон улсын фактын 19-р зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь баталгаажуулахаас гадна ямар тохиолдолд хязгаарлалт хийж өгөх вэ гэдгийг заасан байгаа. Гэхдээ хязгаарлалтыг зөвхөн хуулиар хийдэг. Зайлшгүй гэдгээ нотолсон байх ёстой. Энэ хязгаарлалт бол хүрээ нь өргөн байж болохгүй, хэм хэмжээндээ байх ёстой. Тэгэхээр энэ хүрээнд садар самуун, мансууруулах бодис зэрэг зүйлийг сурталчлахгүй байх, хүүхдүүдээ эрсдлээс хамгаалах. Ерөнхийдөө үндэсний аюулгүй байдлын үүднээс, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх үүднээс нийгмийн дэг журам, эрүүл мэндийг хамгаалах үндэслэлээр хязгаарлалт хийж болно гэдгийг тогтоосон байгаа.

Тэгэхээр ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүлзүйн үндэс нь редакц дотроо байдаг. Өөрөө өөрийгөө удирддаг, зохицуулдаг, хяналт тавьдаг тогтолцооны үед төрийн үүрэг гэдэг иргэдийнхээ үнэн мэдээлэлтэй байх эрхийг нь баталгаажуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тодорхойлж өгөхөд л оролцож байгаа юм” гэв.

Та түрүүнд Сонгуулийн хуулинд сэтгүүлчдэд хамаатай аймшигтай заалтууд орсон талаар ярьсан. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Сонгуулийн хуулийг 2016 оны сонгуулийн үеэр анх удаа ашиглалаа. Сонгуулийн хуулийг нарийн уншаад үзэх хэрэгтэй. Гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйлүүдийг бид Эрүүгийн хуулиасаа халчихсан шүү гэж хэлээд байгаа. Гэтэл Эрүүгийн хуульдаа байж л байна. Тэр нь юу гэхээр сонгуулийн үеэр гүтгэлэг, доромжлол, худлаа мэдээлэл тараасан бол дээд тал нь нэг жил шоронд хоригдох ял хэвээрээ л байгаа. Сонгуулийн хуулинд болохоор ийм худлаа мэдээлэл тараасан байвал тухайн ХМХ-ийн үйл ажиллагааг нь зогсооно, тусгай зөвшөөрлийг нь санал хураах өдөр болтол түдгэлзүүлнэ, 6 сараар үйл ажиллагааг нь зогсооно гэсэн заалт байгаагаас гадна хэвлэл мэдээллийн ажилтныг торгох заалт байж байгаа. Тэгэхээр сүүлийн үед гарч байгаа бүх хуулиуд тодорхой хэмжээгээр сэтгүүлзүйн үйл ажиллагааг хязгаарлах, хумих чиг хандлагатай байгаад сэтгэл зовж явдаг. Эцсийн эцэст энэ бол микрофон, үзгээ барьчихаад явж байгаа хэдэн сэтгүүлчийн эрх бол биш. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчиллын тулгуур зарчим. Энэ бол иргэдийн эрх. Тиймээс Үндсэн хуулинд заасан иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх, мэдээллийг хүлээн авах эрхүүдийг нь манай үндэсний хууль тогтоомжууд баталж өгөх ёстой юм.