СЭТГЭЛ ТАТСАН ХҮЧИРХИЙЛЭЛ
ХХ зууны хориод оноос монголчууд диваажинд төрж жаргахын оронд эндээ диваажин цогцлоохоор шийдсэн юм. Энэ бол коммунизмын тухай яриа. Нэгэнт өнгөрсөн тогтцыг муулахын оронд үзэл санааны мөн чанарыг хамтдаа сонирхъё.
Нийгмийн энэ байгууллыг санаачлагчид өмч хөрөнгө, боловсрол, амьжиргааны бүхий л ялгааг арилган жигдлэх санаа сэдсэн юм. Бүх хүн нийгмийн гарал, шашин шүтлэг, ухаан бодол, боловсрол, за тэгээд “хөгжлийн бэрхшээл”-ээсээ ч үл хамааран жигд жаргана гэсэн үг л дээ. Тэгш гараа ч биш, тэгш бариа ч биш. Ерөөсөө нэг эгнээнд байрлах тухай санаа.
Нэгэнт жаргаж байгаа баячууд энэ асуудлыг тоохгүй нь тодорхой. Иймээс жаргаж чадахгүй байгаа хэсэг энэ ажилд идэвхтэй оролцох учиртай. Эндээс “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн уриа урган гарчээ. Пролетари гэдэг нь үгээгүйчүүд буюу “алдах юмгүйчүүд” гэсэн үг.
Энэ үзэл санааг үндэслэгчид “Алдах юмгүйчүүд”-ийн алдах юмгүй байгаа шалтгааныг тайлбарлажээ. Бүх хүн тэгшхэн хуваагаад жигд баян байх учиртай хөрөнгө баялгийг цөөхөн хүн булааж эзэмшсэн учраас маш олон “алдах юмгүйчүүд” бий болсон гэж хэлж өгчээ.
Хичнээн ядуу ч гэсэн эрүүл ухаантай хүмүүс гайхна биз дээ, “хэзээ миний юмыг булаалаа” гэж. Эхээс төрөхөд нь газар, үйлдвэр завод эзнийх байсан, ээж аав, эмээ өвөө нь булаагдсан юмны тухай дурсаагүй байдаг.
Гэтэл коммунист суртлын их багш Карл Маркс, Фридрих Энгельс нар энэ эргэлзээг тайлж өгсөн юм. Тэдний хэлснээр хөрөнгөтнүүд “нэмүү өртөг” хэмээх нууц явуулгаар хүний ясыг цайтал мөлждөг байжээ. Маркс “багш” тайлбарлахдаа, “Ажил олгогч чамаар сандал хийлгэхдээ зөвхөн ажлын хөлс өгдөг, харин сандлаа цааш нь зараад олсон ашгаа өөрөө ганцаараа гудардаг. Уг нь зүгээр хэвтэж байсан модыг чи л зорж, хадаж сандал болгоо биз дээ, ингэж л чамайг шулж байна, ямрав дээ, хэн минь” хэмээн сэтгэл хөдөлтөл халаглажээ.
Хөрөнгө оруулагчийн тухай нарийн юм ойлгохоо байг гэхэд, хэний модоор, хэний ажлын байранд сандал хийсэн, хэн борлуулалт хийсэн, менежмэнтийг хэн авч яваа, өөрөө тохирсон хөлсөө авсан эсэх тухай эргэцүүлэх боломж гарсангүй. Маш олон хүнд “ямар ч байсан чи авах ёстой” гэсэн санаа таалагджээ.
Бас нэг сонирхолтой санаа нь хувийн өмч бол мөлжлөгийг төрүүлдэг. Иймээс баячуудаас хурааж авсан өмчийг хэн ч авахгүй, харин нийтийн өмч байна. Нийтийнх гэдэг бол чиний ч биш, бас минийх ч биш өмч. Өмч чамд ч биш, надад ч биш байвал намайг ч мөлжихгүй, чамайг ч мөлжихгүй гэж айлджээ.
Баячууд булааж (үнэхээр булаасан байлаа ч) авсан юмаа зүгээр буцааж өгөхгүй. Иймээс булааж авахаас өөр аргагүй. Булаах гэдэг бол хүчирхийлэл. Хүчирхийлэл муухайдуувтархандуу болов ч “зорилго аргаа зөвтгөнө” гэж сургана. Булаах ажлын нэр нь “Пролетарийн диктатур” бөлгөө. Ингээд их булаалтад уриалжээ. “Пролетари нарт гинжнээсээ өөр алдах юм байхгүй. Харин олохдоо бүх дэлхийг олж авна” гэсэн алдарт уриа эндээс төрөв. Тэд бүх дэлхийг олж авч чадаагүй ч, монголчуудыг авч дөнгөсөн юм.
Марксистууд өрнөдийн ажилчин анги энэ уухайг хамгийн түрүүнд хүлээн авч эздээсээ үйлдвэр завод газрыг булаана гэж найдаж байсан гэдэг. Гэтэл тэд нь хичнээн ядуу ч гэсэн иргэншлийн тогоонд ёс суртахуунжталаа чанагдсан төдийгүй, өмч ба эрх чөлөөний уялдааг ойлгоод эхэлчихсэн байжээ. Манай үйлдвэрийн эзэн муухай ч гэсэн ажлын байр бий болгож, би хичнээн бага ч гэсэн тохиролцооны үндсэн дээр хөлсөө авч байна. Энэ үйлдвэр нурвал би ажилгүй болно. Тэгэхээр үйлдвэр ажилласаар байх нь миний эрх ашгийн нэг хэсэг гэж хардаг болчихсон байв.
Гэтэл хамжлагаасаа гараад гараад хагас зуун ч болоогүй тариачид голлосон орос орон энэ үзэл санааг хүлээн авсан ба тэр хувьсгал одоогоос яг зуун жилийн өмнө болсон билээ. Харин монголчуудын хувьд энэ нь сонголт гэхээсээ илүү хувь заяаны тулгалт байсан билээ.
ХҮНЭЭС ГАРЧ НАМД ОЧСОН “СОВЕСТЬ”
Хувь заяаны эрхээр коммунизм байгуулах болсон монголчууд болбоос өрнөд болон оросуудаас их ондоо үндэстэн байлаа. Аж амьдралын хоцрогдлын тухайд ч биш. Хэдийгээр дайнч түйвээнчээрээ алдартай боловч төр ёсны хоёр мянганы уламжлалтай, зуу зуун дамжсан Буддын ёс сурталтай хүмүүс. Төрөө хөмөрч хаяна гэж бодохоосоо илүү төр улсдаа үнэнч зүтгэх үүрэгтэй хэмээн харж “Төрийн сүлд өршөө” хэмээн залбирна. Хувь заяагаа үйлийн үрээс хамааралтай хэмээн хардаг ба аз жаргалтай амьдрал гэдэг нь хөрөнгө чинээний хэмжээнээс илүү сэтгэл санааны хангалуун түвшин байдлын илэрхийлэл гэж ухаардаг байжээ. Ер нь бол хүн болгон өөрийгөө “алдах юмтай” гэж үздэг байсан гэсэн үг.
Ийм үндэстнийг “алдах юмгүй” болгох үүрэг Коминтернийн өмнө тулгарчээ. Алтан ургийн язгууртан ихэс дээдэс, хутагт гэгээдийг нь “дайсан” гэж хэлэхэд үнэмших хүн гарахгүй. Иймээс “алдах юмтай”-чуудаас нийгмийг цэвэрлэх хэрэгцээ гарч ирлээ. Энэ ажлыг хувьсгалын эсэргүүг дарах, феодалын хөрөнгө хураах, лам нарыг ангийн хувьд устгах, ноосны төлөвлөгөө биелүүлэх зэрэг олон кампанит ажлаар хийсэн билээ.
Ингээд 1930 –аад он гэхэд үндэстний ёс суртахууныг тээгчид болох язгууртнууд, шашны зүтгэлтнүүд, хуучин уламжлалаар бэлтгэгдсэн төрийн албан хаагчид цэвэрлэгдэж дуусав. Үүнтэй зэрэгцүүлэн гүйцэд хүмүүжээгүй, ойворгон залуусыг хөөрөгдөн хувьсгалт үзлээр зэвсэглэлээ. Зэвсэглэсэн төдийгүй засгийн эрх атгасан хүүхэлдэй болгов. Түүхнээ үүнийг 1928 онд Коминтерн монгол ирж “Хөдөөгийн фракц” засгийн эрхэнд гарав хэмээн тэмдэглэжээ. Жинхэнэ утгаараа “хөдөөний гар”-ууд төрд гарсан нь тэр байв.
Эндээс л монгол үндэсний ёс суртахууны номлол өөрчлөгдлөө. Зуу зуун жил номлогдсон “сайн хүн” болох тухай философи орвонгоороо эргэлээ. Монгол хүн хар багаасаа сайхан сэтгэлтэй, худал хэлэхийг цээрлэдэг, хуурч дээрэмдэхийг тэвчдэг, эцэг эхийн ач элбэрлийг санадаг, өрөвч нинжин хүн болох учиртай байсан юм. Өвөг дээдэс нь “сайн явах санааных, сайхан төрөх заяаных” хэмээн сургасан нь их учиртай. Энэ бол чиний санаа сэтгэл зөв бол өмч хөрөнгөгүй царай муутай ч байсан жаргаж болно гэсэн гүн ухаан байлаа.
Гэтэл пролетарийн диктатур огт өөр юм номлолоо. “Чи сайн хүн энээ тэрээ болохоосоо өмнө хувьсгалч болох ёстой” гэж номлов. Нүглээс айх ёсгүй. Учир нь нүгэл гэж байхгүй, шашин чамайг мэхэлж байсан. Алдах юм үгүй, айх юм ч үгүй хувьсгалч ингэж төрлөө.
Ийм үзэл санаа бий болгохын тулд шашин шүтлэгийг устгахаас өөр аргагүй. Учир нь алдах юмгүй тэр хүн нүглээс үнэхээр айдаггүй байх ёстой. Ардын хуучин үгэнд зөв хүмүүжиж байгаа залуусыг “Эрлэгийн элч ороод ирэхэд эх рүү заахааргүй хүн болох нээ” хэмээн урамшуулан хэлдэг байж. Гэтэл хувьсгалын хүүхдүүд эрлэгт ээжийгээ зааж өгөх төдийгүй, санаачилгаараа өөрөө хүргэж өгөх хэмжээнд хүмүүжиж эхлэв. Социалист хүмүүжлийн чухал үлгэр болсон “Зөвлөлтийн баатар хүүхэд” нарын дунд Павлик Морозов гэгч байх. Тэрээр эцэг, эх нь хамтралд тариагаа өгөхийн оронд шалан дороо нуусныг (өөрийг нь тэжээж өсгөх гэж) илчилж баатран хүүхэд болжээ.
Хүний сайныг илэрхийлэх шударга, хүнлэг, өрөвч, уучламтгай, тусархуу, өгөөмөр, ёс суртахуунтай гэхчилэнгийн бүхий л тодорхойлолтыг дарангуйлсан “эх оронч” “намч зарчимч” гэсэн хэмжүүр гарлаа.
Яг энэ үед орос хэлний совесть гэдэг үг тэр чигээрээ орж ирлээ. Монгол хүнд совесть гэхээр совесть л буудаг. Нандин чанар, хүн чанар гэхчилэн олон үгээр орчуулдаг ч аль ч совесть болж буудаггүй. Хуучин цагийн онигоонд монгол хүнд совесть байдаггүй учраас орчуулах үг олдоогүй гэж гардаг. Магадгүй энэ хэллэг иргэншсэн хотошсон нийгэмд бүрэлддэг нийтлэг үнэт зүйл ба тэр үнэт зүйлийг нийтээрээ дээдлэх хэрэгцээ шаардлагатай уялдан гарсан ойлголт ч байж мэднэ.
Ямар ч байсан ХХ зуунд монголчууд совесть гэхээр ойлгодог нэг зүйлтэй болсныг совестьтой болсон гэж үзвэл зохилтой. Гэтэл дөнгөж совестьтой болж эхэлж байтал бас нэг сонин зүйл тохиолдлоо. Учир нь Монголын коммунизмын багш В.И.Ленин маань “Нам бол манай үеийн оюун ухаан, нэр төр, совесть мөн” хэмээн сургасан байжээ.
Нэг талаасаа намаа магтсан юм шиг боловч үнэн утга нь ондоо. Үнэндээ “оюун ухаан”, “нэр төр”, “совесть” зэрэг хүний мөн чанар болсон ойлголтуудыг хүнээс нь салгасан хэрэг байлаа. “Чи хүнлэг, оюун ухаанлаг, совестьлог байх ямар ч хэрэгцээ байхгүй. Харин чиний тэр оюун ухаан, нэр төр, совесть чинь нам буюу манай тогтоц өөрөө юм аа”… гэж. Тийм болохоор хамгаалах хүн чанар, нэр төр ариун нандин зүйл хүнд үлдэхгүй. Алдах юмгүй хүн ингэж эхэлсэн.
Өөрөө сайн хүн болж байж дараа нь амьтны тусыг бүтээх учиртай гэсэн дараалалтай хүмүүжлийн логик орвонгоороо эргэлээ гэсэн үг л дээ. Эхлээд хувьсгалын тусыг бүтээ, дараа нь яахав, хувьсгалын хэрэгт садаа болохгүй хэмжээнд сайн хүн мүн болох гэж оролдвол оролдох л юм биз. Оролдохгүй байсандаа ч яах вэ. Хувьсгалч байх нь л чухал.
Үймээн самууны дараагийн шатанд хувьсгалч гэдгийг орлох өөр үг гаргаж ирлээ. Цаашдаа байнгын ажиллагаатай хувьсгалчидтай байх нь осолтой болоод иржээ. Өдөр тутмын хувьсгалд дассан, гар хуруу нь загатнасан хувьсгалчид нь хувьсгалаа өөрийг нь хувьсгачихаж магадгүй болсон хэрэг. Ингээд хувьсгалчдыг өөрсдийг нь “нугалаатан”, “ардын дайсан” гэхчилэнгийн нэртэй ээлжит цэвэрлэгээнд оруулж зүйл дуусгасан ба “хувьсгалч” гэдэг цолыг 1920-30 онд хамааруулан үлдээв.
Дараагийн шатанд хувьсгалчийг орлох “эх орон” ба “Эх оронч” гэж үг гарч ирлээ. Хэрвээ чи эх оронч л байвал чамайг хэн ч яаж ч чадахгүй. Чи муу хүн байсан ч, өөдгүй шаар байсан ч хамаагүй. Эх оронч л байвал чамайг хэн ч дийлэхгүй болов. Уг нь бол “газар нутаг болоод үндэстнийхээ үнэт зүйлсийг хамгаалагч” гэх тэнгэрлэг өргөн утга агуулавч хэрэглэгдэх зарчим нь өөр. Чи улсынхаа төлөө үхэхэд бэлэн, үндэстэндээ хайртай болов ч нам засагтай ганцхан юман дээр зөрвөл л эх орны дайсан болон хувирна. Чи өчүүхэн зүйлээр дарга удирдагчтайгаа зөрөлдвөл агшин зуур монгол орноо сөнөөсөй гэж боддог этгээд болон хувирна. Зүрх сэтгэл чинь хаана байх нь хамаагүй. Тухайн дэглэмээсээ “эрх оронч” гэсэн тодорхойлолт авсан нэгэнтэй муудалцвал авгай хүүхэн, арав таван цаасны өр ширээс болсон ч хамаагүй “эх оронч биш” буюу монгол орон сөнөөсөй гэж боддог нэгэнд тооцогдоно. Тийм учраас “эх орончийн лиценз”-ийн төлөө ёс суртахуун байтугай төрсөн эхээ ч хайрлахгүй шаарууд олноороо төржээ. Өнөөдөр ч энэ инерци байгаа бөгөөд, энэ ариун үгийг духан дээрээ наагаад явахад айхгүй ч гэсэн аягүй хэвээр бөлгөө.
Энэ шинэ үг өвөг дээдсийн сургаал, Ноён хутагтын айлдвар, Чингисийн билэг сургаалын алинд ч байгаагүй. Монголчууд эх оронгүй, эсвэл эх орондоо хайргүй, нэг ч эх орончгүй байсан ч юм биш. Монголчуудыг улс болгон нэгтгэж байгаа төрдөө, төрийг төлөөлсөн хаандаа үнэнч зүтгэхийг номлож байснаас биш “эх оронч болбол зохистой” тухай үг байхгүй. Эх орны төлөө төрөө нураах, хаанаа алах, эзэн хаанаа мөлжигч гэж нэрлэх тухай санаа оноо огт байхгүй.
Ийнхүү өмч хөрөнгөгүй, алдах юмгүй, ёс сурталгүй учраас үнэт зүйлгүй хүн бүрэлдүүлж эхэлсэн юм. Энэ хүн өөрийн сайхан амьдралын төлөө тэмцэх ёсгүй. Учир нь өөрийн сайхан амьдрал гэж байхгүй. Энэ хүн өөрийн өмчөө хамгаалахгүй, учир нь түүнд хамгаалах өмч байхгүй. Энэ хүнд нандигнах совесьт байхгүй, учир нь совесть нь өөр юманд байгаа. Өөрийнх нь совестийг шингээсэн үзэл суртлыг л хайрлахаас биш өөрийгөө хайрлах хэрэггүй.
Яг л үлгэрийн киноны зарим баатрын сүнс нь далайн ёроолд хэвтэх авдарт байдаг шиг. Тэд төрсөн биеэ хамгаалахын оронд нэг авдар хамгаалаад тулалддагтай адил. Социалист нийгмийн гишүүн хүн өөрийгөө хамгаалахын оронд өөрийнх нь сүнс, совесть энэ тэрийг хадгалсан “социализм” хэмээх төмөр авдрыг амь тэмцэн хамгаалах үүрэгтэй болсон юм. Хүнийг хомосапиенс биш “хөдөлмөрчин” гэж нэрлэж байсан нь ч ийм учиртай. Өмчгүй, алдах хөрөнгө, муудах ёс сурталгүй нэг ширхэг зүйл, хөдөлмөр хийхэд зориулсан багаж гэсэн санаа. “Манай орны хөдөлмөрчид”, “хөдөлмөр сонин”, “хөдөлмөрчидтэй уулзалт хийх” гэхчилэнгийн хэллэгүүдийг манайхан санаж л байгаа.
Хүнийг зөвхөн “авдар хамгаалагч” болгохын тулд л өмчөөс нь, хувийн үнэт зүйлсээс нь хэрхэн салгасан түүхийг бид ярилцаж байна. Гамшиг байгаа биз? Гэтэл энэ гамшиг бүх хүн төрөлхтнийг жигд жаргаах тухай хачин тэнгэрлэг үзэл санаанаас эхтэй аж. Сайхан сонсогдсон, сайхан санагдсан бүхэн сайхан байдаггүй аж.
Амь хайргүй эх оронч болгохын тулд аминдаа хайрлах үнэт зүйлгүй хүн бүтээж эхэлсэн энэ түүх дуусаагүй байна. Коммунизмыг тогтцын хувьд нураах нь амархан байж. Харин түүний үлдээсэн ёс суртахууны өвийг даван туулах нь үнэхээр амаргүй.
Хүний мөн чанар нь хүнлэг байдал. Хүнлэг байдал гэдэг ёс суртахуун, хүмүүжлийн цогц ойлголт. Сая сая хүнийх нь хүн чанарын нийлбэр нь үндэстний ёс суртал болдог. Энэ ёс суртал дээр үндэстэн оршин тогтнодог. Үндэстэн оршин тогтнож байхыг улс орон, эх орон гэж хэлдэг. Сайн үндэстэн сайн хүнээс эхэлнэ. Үндэстэн сайн бол муу муухай ганц нэгийгээ уусган сайжруулаад явчихна. Харин “эх оронч, хувьсгалч л байвал хүн нь ямар хамаа байна”, “хүн муутай боловч сайн улстөрч” гэсэн суртал хэвээрээ байгаа бол бид хуучнаасаа салаагүй л яваа гэсэн үг. Өчигдрөөсөө салдаггүй үндэстэнд маргааш байдаггүй гэдэг.