Categories
мэдээ нийгэм

ФОТО: Сүхбаатарын талбайд урлаг соёлоор амьсгалсан өдөрлөг боллоо

Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт соёл, урлагийн 17 байгууллага оролцож өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцууллаа. Өдөрлөгийн үеэр УДЭТ-ын хамт олон үзэгчдэдээ зориулан бяцхан тоглолт хийсэн юм. Тухайлбал драмын театрын жүжигчин Б.Шинэбаяр нарын жүжигчид “Макарина” дуугаа дуулсан бол “Баянмонгол” чуулга, Филармонийхон өөрсдийн тоглолтоо сонирхууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэд хаан хатны сэнтийд сууж, цамын багтай жүжигчидтэй зургаа авахуулах боломж нээлттэй байв. Төрөл бүрийн үзмэрүүдээс гадна урлаг соёлын байгууллага бүрийн өөрсдийн гаргасан ном товхимлууд дэлгээтэй байв.

Энэ үеэр зарим уран бүтээлчдээс сэтгэгдлийг нь сонслоо.

Драмын театрын дарга Д.Цэрэнсамбуу: Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бид үйл ажиллагааныхаа дунд, урт хугацааны хөтөлбөрийг танилцуулах болон юу нь болж, юу нь болохгүй байгаа талаар жаргал зовлонгоо ард түмэнтэйгээ хуваалцах олон үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Анх 1931 онд монголын түүх, өв соёлдоо түшиглэн Монгол Улсад мэргэжлийн театр байгуулагдсан түүхтэй. УДЭТ 2009-2016 оны хооронд есөн жилийн хөтөлбөр боловсруулаад дууссан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөтөлбөрөө шинэчлээд “Драм 21” шинэ хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийнхөө 70 орчим хувийг ерөнхийдөө дорнын тэр тусмаа үндэсний бүтээлийг хийж байхаар төлөвлөсөн. Тэр жишгээр саяхан монголын залуу зохиолчдын “Царцаа намжил” хүүхдийн жүжгийг тавилаа. Энэ жилдээ их хааны тухай түүхэн томоохон бүтээл хийхээр төлөвлөсөн. Найруулагч, уран сайхны зөвлөл зохиол дээр ажиллаж байна. Ирэх намар үзэгч олондоо барихаар төлөвлөж байна. Урын санд маань 30 гаруй бүтээл байнга эргэн тоглогдож байна.

Хүүхэлдэйн театрын жүжигчин: П.Эрдэнэзаяа “Хүүхэлдэйн театр нь ерөнхийдөө хүүхдийн баяраар ачаалал ихтэй байдаг. Манай театр нь 160 хүний багтаамжтай. Тавдугаар сарын 28-аас зургадугаар сарын 1-нийг дуустал өдөр бүр 15:00 цагаас “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” шоу тоглолттой. Тоглолтын билетийг театрын кассаар 5000 төгрөгөөр худалдана. Мөн “УБ палас”-т хүүхдийн баяраар “Алтан залаат азарган тахиа” жүжиг тоглоно. Гадуур, дотуур дор хаяж өдөрт зургаан тоглолт хийж байдаг. Өнөөдрийн өдөрлөгт “Долоон дэлбээт цэцэг” жүжгийн хүүхэлдэйнүүдээ дэлгэн тавьсан байна. Хүүхэлдэйн тайз, декрацын ажлыг театрын дор байрладаг үйлдвэр ангид хийдэг. Гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зарим үед нэмэлтээр жүжигчид ч тусалдаг” гэв. Тэрээр “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь” жүжгийн чонын хувцас өмссөн байв.

Монголын үндэсний төв номын сангийн асарт орчуулагч Ж.Нэргүй өөрийн орчуулсан номнуудаа дэлгэн сууж байв. Түүний номнууд төв номын сангийн хамгийн эрэлттэй номуудыг тэргүүлдэг учир урьсан аж. Тэрбээр “Сүүлийн үед хүний юм авахаа болиод байна. Уг нь бол “Атлантын нуруу тэнийв” зэргийг хүний захиалгаар орчуулж байсан. Гэхдээ сүүлийн үед хүнд таалагдсан юмыг гэхээсээ илүү өөртөө таалагдсан юмыг хийхгүй бол цаг зав байхгүй болчихлоо шүү дээ. Нийтлэлийн болон орчуулгын номнуудаа дэлгэн тавьсан байв. Хамгийн эхлээд Н.Пржевальскийн 1847 оны үйл явдал, дараа нь 1859, 1870 оны аян замын тэмдэглэл, дараа нь 903 оны түрүүчийн далай ламын монголоор явсан тухай, тэгээд 1921 он гээд “Азийн зүрх”-ээр дуусч байгаа юм. Хүмүүс иймэрхүү баримтат номыг их авдаг юм. Монголчууд дээр үед хориотой байсан номуудыг их авч байна. Тухайлбал, 20-р зууны Марко Поло гэж нэрлэгддэг Орос, Польшийн аялагч, сэтгүүлч, зохиолч Ф.Оссендовскигийн 1920-1921 оны үед Монголд аялаж байсан тухайгаа бичсэн “Хүн, араатан, бурхад” ном байна. Энэ зохиолыг түрүү нийгмийн үед олонд түгээхийг хориглож, шатааж байсан. Энэ хүн бол Монголд их элэгтэй хүн байсан” гэв.

УДЭТ-ийн жүжигчин Б.Шинэбаяр “Манайх тавдугаар сарыг “Хайрын жүжгийн өдрүүд” болгон зарласан. Тэгээд өөрийн тоглосон жүжгүүд дээрээ тоглож байна. Сая манай театрын 85 жилийн ой, Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой болж сүр дуулиантайгаар тэмдэглэж өнгөрөөлөө. Дөрөвдүгээр сард алслагдсан дүүргүүд, хот, аймгуудаар аялан тоглолт хийлээ. Хөдөө орон нутгийн үзэгчид “Царцаа намжил” хүүхдийн жүжиг, “Жаргаагүй нар” түүхэн жүжгүүдийг маань сайхан хүлээж авсан” гэв.

Гэрэл зургуудыг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ утга-зоxиол

Шидтэнүүдийн сургууль

Хүүхдүүд та бүхэндээ зориулан залуу зохиолч О.Өнөрцэцэгийн 2015 онд бичсэн “Шидтэнүүдийн
сургууль” адал явдалт уран зохиолын номыг танилцуулж байна. Энэхүү ном нь 8-13
насны аливаа юмыг төсөөлөн бодож, өөрсдөдөө шинэ ертөнцийг нээх дуртай
хүүхдүүдэд зориулсан байна. Жирийн хүүхдүүдээс онцгой авьяастай төрсөн таван
хүүхдийн нөхөрлөл хийгээд хортон дайснаа хэрхэн дарж байгаа талаар энэхүү
номонд өгүүлэх болно. Гал гаргадаг, амьтан болж хувирдаг, нисдэг, бусдыг
эмчилдэг гэх мэтчилэн төрөл бүрийн шидтэй хүүхдүүдийн сонирхолтой адал явдлыг
эндээс уншаарай. Зохиолч маань хоёрдугаар дэвтэрээ аль хэдийн бичиж дуусчээ.
Энэхүү дэвтэрт тэдгээр хүүхдүүд олон жилийн түүхтэй дэлхийн шидтэний сургуульд
элсэн суралцаж байгаа тухай гарна. Мөн гол баатруудын хайр сэтгэл цаашид хэрхэн
өрнөсөн талаар уншиж болох аж.

Categories
мэдээ цаг-үе

Оюутнууд цахилгаан автомашин бүтээжээ

Аливаа улс орон, аж ахуйн нэгжийн хөгжлийн түвшин инновацийн идэвхжлээр тодорхойлогдож буй эрин үед бид амьдарч байгаа билээ. Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч. Үүний үр дүнд үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн дэвшилд хүргэдэг болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрч буй цаг үе. Иймд Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд бүтээлч сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг ШУТИС болон Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газраас зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд өчигдөр Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” болж өнгөрлөө. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, инновацийн төв, лаборатори зэрэг өндөр технологийн төлөөлөл болсон байгууллагууд оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар төр хувийн хэвшил, Монголын томоохон аж ахуйн нэгжүүд юу авахыг хүсч байна вэ, ямар инноваци хүсч байна вэ гэдгийг олж мэдэх боломжтой хэмээн харж буйгаа албаныхан тайлбарлаж байв. Энэ үзэсгэлэнд хамгийн их анхаарал татсан бүтээл гэвэл Монголын үндэсний их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудын хийсэн “G500” маркийн автомашин байлаа. Үүнийг Suzuki, santona загварын автомашинуудын загваруудаас санаа авч бүтээсэн ажээ. Энэ нь “MGL170” нэртэй юм байна. Тодруулбал, таван ширхэг аккумулятортой, тогонд бүтэн цэнэглээд 100 километр явах боломжтой, 800 кг-ын даацтай, дөрвөн хүний суудалтай, хоёр хаалгатай энэ автомашиныг харахад “G сlass”-ын жижгэрүүлсэн загвар шиг харагдах аж. Энэхүү машиныг 7,5 сая төгрөгөөр зохион бүтээсэн гэнэ. Оюутнууд энэ бүтээлээ сургуульдаа үлдээх хүсэлтэй ч худалдан авъя гэсэн хүмүүс олон байгаа гэнэ. Мөн оюутнууд бүрэн автомат хаусны загвар бүтээжээ. Бүх зүйл нь удирдлагатай байхаар зохиосон аж.

Үүнээс гадна эм, эмийн бүтээгдэхүүн, гарааны компаниудын өрөмдлөгийн 3D машинуудаар хийсэн гэр зэрэг байв. Энэхүү үзэсгэлэн нь соёл урлаг, боловсролын гэсэн олон нэр төрлийн инновацууд оролцсноороо онцлог ажээ. Ихэнх нь гадагшаа зах зээлд гараад танигдчихсан байна. ОХУ-д гардаг бүтээгдэхүүнүүд энд тавигдсан байлаа. Шинжлэх ухааны академи дээр байгаа оюуны өмчийн зарим патентуудыг иргэдэд үнэгүй өгч байгаа юм байна. Патент авахын тулд Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хандах ёстой ажээ.

Мөн энэ өдөр Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болж, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээний дүн гарлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” өнөөдөр болж, “Улаанбаатар марафон-2017” гүйлтийн тэмцээнд дэлхийн 17 орны тамирчид оролцлоо. Нийтдээ 36 мянга гаруй иргэн оролцож байна.

Олон улсын гүйлтийн тэмцээний нээлт 10 цагт болж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буудсанаар “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарлаа.

Хотын дарга тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Энэ жилийн марафон маш их онцлогтой сайхан болж байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, Их Британи Умард Ирландын нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кетрин Элизабет Арнолд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдЭд Жэйгэр нар гүйж байгаад талархал илэрхийлье. Монгол эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхий дахинд сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой энэхүү гүйлтэнд оролцогчиддоо спортын өндөр амжилт хүсэж, гүйлтийн ажиллагаа нээснийг мэдэгдье” гэлээ.

Гүйлтийн тэмцээнд 12-17 насны охид, хөвгүүд болон 18-35 насны эрэгтэй, эмэгтэй, 36-54 насны, 55-аас дээш насныхан оролцож, эхний найман байрт шалгарсан тамирчдад шагнал гардууллаа.

Олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид 5 метр, 10 метр, 21 метр, 42, мянган метрийн зайд уралдлаа.

Тэмцээний 21 мянган метрийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчинтэргүүлж, 2-р байрт Хилчин спорт хорооны тамирчин н.Мөнхбаяр, 3-р байрт Алдар спорт хорооны тамирчинн.Бямбажав нар орж, эмэгтэйчүүдийн 42 мянган метрийн зайд Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа түрүүллээ.

Өсвөрийн 12-17 насны охидын гүйлтийн төрөлд:

        • Оюунчимэг /1-р байр/
        • Мөнхзул /2-р байр/
        • Барсмаа /3-р байр/
        • Буянхишиг
        • Оюунтунгалаг
        • Эрхнаран
        • Одгэрэл
        • Энхжин

Өсвөрийн 12-17 насны хөвгүүдийн гүйлтийн төрөлд:

        • Төрбат /1-р байр/
        • Цогтжаргал /2-р байр/
        • Мягмарсүрэн /3-р байр/
        • Билгүүн
        • Мелдос
        • Нямдорж
        • Ачбуян
        • Асалбек нар эхний найман байрт шалгарлаа.

18-35 насны гүйлтийн төрөлд 1,2-р байр:

        • Эмэгтэйчүүд: Энххүслэн, Халиунаа
        • Эрэгтэйчүүд: Төртогтох, Бахет

36-54 насны гүйлтийн төрөлд 1,2-р байр:

        • Эмэгтэй: Лхамжав, Уранчимэг
        • Эрэгтэй: Мөнх-Од, Дашням

“Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулжээ.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ
С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганбат: Гурван хэмжээст технологи эмчийн харааны ачааллыг 70 хувь бууруулдаг

Photonic West Олон улсын хурал дээр зүүн гар талаас Мөнх-Учрал, Багш Ким Намын хамт. 2015 он

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль, Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч профессор, доктор Б.Ганбаттай ярилцлаа.


-Таныг одоо байгаа 3D дэлгэцээс илүү нимгэн дэлгэцийг хэрхэн хийх талаар судалгааны ажил хийж байгаа гэж сонслоо. Энэ тухайгаа дэлгэрүүлээч?

-Энэ судалгааны ажлыг манай тэнхимийн Д.Номин-Эрдэнэ багш гардан хийж байгаа. Бид хоёр цэгэн гэрэлт дэлгэц дээр төвлөрч ажиллаж байна. Бидний судалгааны ажлын гол зорилго бол 3D дэлгэцийн харагдах өнцөг, нягтаршлыг сайжруулахад оршиж байгаа юм. Энэ технологийг амьдралд өргөн хэрэглэж чадахгүй байна гэдэг бол сайжруулах зүйлс байна гэсэн үг. Эдгээрийг сайжруулах олон арга бий ч, үйлдвэрлэлд хямд, хялбар аргыг л нэвтрүүлдэг. Манай арга бусдаас юугаараа давуу юм гэвэл уламжлалт бүтэц дээр ард байдаг гэрлийн тоог нэмж өгсөн юм. Давхар дэлгэц, линз ашиглаж болох ч ингэх тусам өртөг нь ихэснэ. Нягтшил гэдэг бол цэгэн хэмжээ хоорондын зайгаар илэрхийлэгдэг. Хоёр цэгийн хоорондох зай бага байвал тод сайн зураг харагддаг. Нэмэлт гэрлийн үүсгүүр тавьснаар цэгэн гэрэл хоорондох зайг гурав дахин багасгасан. Ингэснээр нэг мм хэмжээтэй гэрэл үүсгэгч ашигласан үед зай нь 0.33 мм болж бараг хоёр хэмжээст дэлгэцийн үзүүлэлт рүү дөхөж байгаа.

-Харагдах өнцгийг сайжруулахад юуг голчлон анхаарч, шинэчлэл хийсэн бэ?

-Харагдах өнцгийг сайжруулах патентаа бид өнгөрсөн намар авсан. Анх энэ санаа 2010 онд төрсөн ч санхүүжилт байхгүй учраас хэрэгжүүлж чадахгүй байсан. Улмаар өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны төслөөр туршилтад хэрэгтэй тоног төхөөрөмж авснаар шинэ санаагаа туршилтаар батлаад байна. Эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын сэтгүүлд хэвлүүлэхээр бэлтгэж явуулсан. Шүүмжлэгчдээс эерэг хариу авсан болохоор хэвлэгдэх байх гэж хүлээж байна.

-3D дэлгэцийг сайжруулах нь хүмүүсийн амьдралд ямар ахиц дэвшлийг авчрах вэ?

-Хэрэглээнд нэвтэрч эхлээд байгаа 3D дэлгэц буюу стерео дэлгэц нь нүдний шил ашигладаг. Энэ нь хүний хоёр нүд өөр зураг хардаг дээр тулгуурладаг юм. Гэтэл хүн болгоны хараа ижил биш, харааны гажиг зэргээс болоод зарим хүн үзэж чаддаггүй тохиолдол ч бий. Хүүхэд, том хүн хоёрын нүд хоорондын зай өөр байдаг учраас ижил зүйлийг харсан ч өөр өөр мэдрэмж авдаг. Харин энэ технологийг амьдралд нэвтрүүлснээр бүх дүрсийг нүдний шилгүйгээр, аль ч өнцгөөс бодитоор харах боломж бүрдэх юм. Ерөнхийдөө стерео дэлгэц зөвхөн хэвтээ тэнхлэгийн дагуу гурван хэмжээсээр хардаг. Харин бидний хөгжүүлж байгаа “Нийлмэл дүрсэн дэлгэц” босоо, хэвтээ аль ч тэнхлэгийн дагуу 3D харах боломжтой.

-Гурван хэмжээст дэлгэцийг хүмүүс “Аватар” киногоор маш сайн мэддэг болсон. Өнөөдөр 3D-гүй бараа бүтээгдэхүүн ч гэж байхгүй болж. Гурван хэмжээст дэлгэцийг аль салбарт, хэрхэн ашиглах нь тохиромжтой вэ?

-Ерөнхийдөө 3D загварчлалыг дэлхий нийт цэрэг дайны болон эмнэлгийн салбарт өргөн ашигладаг. Тухайлбал, эмч нар дурангийн хагалгаа хийхэд 3D камер, дэлгэц ашигласнаар эмчийн харааны ачаалал 70 хувь хүртэл буурдаг. Ингэснээр эмчийн хагалгаанд зарцуулах цаг ихэсч, бүх анхаарлаа хандуулан ажиллах боломж бүрдэх юм. Мөн уул уурхайн хүнд машины жолоодлогын дадлагад өргөн ашиглаж болно. Хүнд машин механизм барих гээд очсон хүмүүсийг шууд машин бариулаад онхолдуулж болохгүй. Бодит юм шиг 3D загвар дотор суулгаад бариулж үзээд туршлагатай болсон хойно бариулдаг. Цаашлаад тоглоомын дизайн гаргах, реклам сурталчилгаа, энтертайнмент чиглэлд ашиглах гэх мэтээр гурван хэмжээст технологийн хэрэгцээ нэмэгдсээр байна.

-Цаашлаад зурагт дэлгэцийн салбарт ямар ахиц дэвшил гарч, хүн төрөлхтнийг гайхуулах бол?

– Ер нь бол өнөөдөр лабораторийн орчинд манай тоног төхөөрөмжөөр хамгийн томдоо 3х3 см хэмжээтэй жижигхэн дэлгэц хийж байна. Яваандаа 2D шиг том том 3D дэлгэцүүд өдөр тутмын амьдралд нэвтэрч хүмүүс түүнээс орон зайн мэдрэмж автал хөгжүүлэх ёстой. Монголчууд шинэ нээлт, огт хүний санаанд оромгүй зүйлс зохион бүтээхийг хүсээд, хүлээгээд байдаг. Гэтэл хүн төрөлхтөн гар утсыг зохион бүтээчихлээ гээд зүгээр суугаад байсан бол өнөөдөр Galaxy S2 гэх мэтчилэн S8 хүртэл утас гарч ирэхгүй байсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл гар утсыг бага багаар судалж, хөгжүүлсээр байгаад өнөөдөр ийм түвшинд хүргэсэн шүү дээ. Түүнтэй адил судалгааны ажил гэдэг бол байгаа зүйлийг хөгжүүлэх юм. Судалгааны ажил бүрт шинэ нээлт, санаа байдаг. Тэр нь явсаар байгаад том ахиц дэвшлийг авчирдаг. Өнөөгийн залууст нэг сайхан санаа төрөөд интернэт рүү ортол тэр зүйл байж байдаг. Тэгэхээр л байдаг юм байна гээд санаагаа орхидог. Тэгж болохгүй. Дэлхий ертөнц дээр байгаа бүх л зүйлсийг илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байдаг. Тухайлбал, одоо ажиллаж байгаа пуужингуудын зардлыг яаж бууруулах вэ гээд л шинэ санаа, судалгааны ажил байж болно. Одоо байгаа юмыг судлаад ямар дутагдал байгааг нь судалж олоод түүнийгээ сайжруулсан шинэ санаа гаргаж ирэх нь өнөөгийн судалгааны ажил. Түүнээс биш өнгөрсөн олон зуун жилүүдэд хийгдсэн шиг том том нээлт хийх хэцүү.

-Танай сургууль дээр хүмүүсийн амьдралд хэрэгтэй өөр ямар судалгааны ажлууд хийгдэж байна вэ?

-Дээхнэ үед Монголд академи л судалгаа хийдэг гэж боддог байсан. Гэтэл их сургуулиудын хийдэг нэг том ажил бол судалгаа. Манай МУИС судалгааны их сургууль болох зорилго тавьсан. Энэ ч үүднээс судалгааны төслийг өөрөөсөө санхүүжүүлдэг болж жилдээ 800 сая төгрөгөөр судалгааны төслүүдээ санхүүжүүлдэг болсон. Энэ нь багш нарыг судалгааны ажил хийхэд идэвхжүүлж өгч байна. Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх болон патент авах нөхцөлтэйгөөр олон шат дамжлагагүйгээр төслөө авна. Ингэж судалгаа хийснээр шинэ мэдлэгийг бий болгож, оюутнууддаа өгөхөөс гадна их сургуулийн багш нар судалгааны бүтээлээ патент болгоод оюуны өмч болгож зарах боломжтой юм. Үүний тод жишээ болж Ж.Батхүү багш “Зуу наслаарай цай”-ны патентыг худалдаж “Моннис” компанид шилжүүлсэн явдал юм.

Мөн МУИС дээр өнөөдөр олон сонирхолтой судалгааны ажил хийгдэж байна. Тухайлбал, манай хэл шинжлэлийн төвийнхөн команд биелүүлдэг гар утасны аппликейшн, компьютертой яриад шатар тоглодог программууд хийсэн байгаа. А.Энхбаяр багш Занабазарын дүрсийн моделийг гэрлээр сканердаж, 3D хувилбарыг бий болгож байна. Гэрлээр сканердахад сүүдэр талыг яаж бүтэн болгож харуулах вэ гэдэг асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэсэн. Ирээдүйд эм гэдэг генийн түвшинд очно. Энэ талаар А.Баярбаатар багш судалгаа хийж байна. Тодруулбал, хүний генийн моделийг харж байгаад тэр өвчинд тохирсон эмийг зохиож өгөх юм. Энэ мэт олон сонирхолтой ажил хийгдэж үр дүн нь гараад байна.


Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: 2010 оноос хойш хар тамхи хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байгаа юм.

Хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өгч байна. Асуулгатай холбогдуулан гишүүд асуулга тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Мансууруулах бодис дэлхий нийтийн анхааралд байдаг том асуудал. Манай улс хар тамхийг зөөвөрлөгч, тээвэрлэгч орны тоонд багтдаг байсан. Одоо хэрэглэгч орны тоонд орсон гэж байгаа нь харамсалтай мэдээ байна. Мансууруулах бодис, хар тамхины хэрэглээ өсвөр үе, залуу насны хүүхдүүдэд тархаж байгаа нь бидний сэтгэлийг зовоосон асуудал болжээ. Тэгэхээр манай улс 2007 онд дэлхий нийтийн гаргасан хууль тогтоомж, гэрээнд өөрийн улсын адил нэгдэн орно гэж гарын үсэг зурсан байдаг.

Гадны улс орнуудад урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх ажлыг сайн хийдэг юм билээ. Энэ талаар гадны улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ, хил дээр ганц нохойноос өөр тоног төхөөрөмж байна уу. Допинг, хар тамхийг илрүүлэх улсын лаборатори манайд байдаггүй. Үүнийг бий болгох судалгаа, зорилт байгаа юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Манай улсад нэг хүндрэлтэй зүйл байдаг нь хар тамхи худалдаж, борлуулсан этгээдэд оногдуулах ял шийтгэл бага байна. Тиймээс танай улсад ялтан шилжүүлэх боломж муу байна гэж ярьдаг. Тэгэхээр сая батлагдсан Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийн хэмжээ нэмэгдсэн учир энэ тал дээр тодорхой арга хэмжээ авах бололцоотой болно. Сүүлийн 2010 оноос хойш хар тамхи хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн судалгаа гарч байгаа. Үүнд 18-25 насны залуус илүү хэрэглэгч болж байна гэсэн тоо биднийг түгшээж байгаа.

Хар тамхины хор нөлөөг өсвөр насныханд таниулах, сурталчлах, ухамсарлуулах үйл ажиллагааг хийж, зорилтоо тодорхойлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэрэмжлүүлэх, болгоомжлуулах гэхээсээ илүү шохоорхох, сонирхох чиглэл рүү нь сенсаацлах явдал гарч байна. Болгоомжлуулах байтал тэр сургуулийн хүүхдүүд ангиараа хэрэглэжээ гэсэн мэдээ явахаар бид бас хоцорчихсон юм биш байгаа гэж сонирхох хандлага үүсч байна.

Цагдаагийн байгууллагад энэ талаар судалгаа хийгдсэн байдаг. Бодит байдал дээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 1100 хүний бүртгэл байдаг. Нэг хүний ард таван хүн байдаг гэвэл 5-6 мянган хүн гэж бид тооцоолж байгаа. Гэтэл жар, далан мянган хүн хэрэглэдэг, дунд сургуулийн анги болгон хэрэглэж байна гээд шуугиад байхаар хүүхдүүд “бид хоцорчихсон юм биш байгаа” гэж бодох эрсдэлд оруулж байна.

Тоног төхөөрөмж, лабораторийн хувьд хүндрэлтэй байгаа. Хил дээр рентген төхөөрөмж тавихаас гадна оруулж ирэхдээ бараандаа нуух, биедээ тээх асуудлууд байгаа. Биедээ тээсэн тохиолдолд рентген туяагаар илэрдэг. Ачаа бараандаа нуусан бол нэлээн нарийн тоног төхөөрөмж хэрэглэхээс аргагүй болдог. Гэтэл аль аль нь манайд хангалттай биш.

Гадны байгууллагуудтай хамтарч ажиллах асуудал дээр бид Интерпол, Хятад улсын Нийгмийн аюулаас хамгаалах яам, Солонгос зэрэг улсуудтай хамтрах чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал Солонгосын Ерөнхий прокурорын Мансууруулах бодистой тэмцэх албаныхан өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн. Нийтдээ 337 сая воны санхүүжилттэй төслийг ойрын үед эхлүүлэхээр болсон байгаа. Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яаманд лабораторийн талын, гэмт хэргийг илрүүлэх тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр олгооч гэсэн санал тавьсан байгаа. Засгийн газар, УИХ-ын зүгээс бидэнд тодорхой дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яг хар тамхи гэдгийг НҮБ-аар тодорхойлсон байдаг. Сэтгэцэд нөлөөлөх бодис янз бүр байдаг. Сэтгэцэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэх мэт. Түүнээс хамаараад ял шийтгэл янз бүр байдаг. Гэтэл таны энэ хуулийн бодлогын орж байгаа зүйл дээр хар тамхитай холбоотой заалт, санкц алга. Та үүнтэй санал нийлэх үү. Худалдан борлуулсан бол 2-8 жил цаад тал нь 12 жил гэж байна. Хуучин 2002 оны хуулин дээр хэд байсан юм бэ. Одоо хэд болгочихоод байгаа юм бэ. Үүн дээр маш тодорхой хариулж өгөөч Хууль зүйн сайд аа. Ер нь хар тамхи ургамлын гаралтай, химийн гаралтай гэж хоёр янз байдаг. Мансууруулдаг ургамал гэж юуг хэлээд байгааг би бас ойлгохгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Манай О.Баасанхүү гишүүн маань мушгихдаа, мурихдаа, гөрдөхдөө сайн л даа. Бас л мушгиж, гөрддөгөөрөө л хандаж байна. Хар тамхи гэж бичээгүй болохоор энэ хууль чинь хар тамхи хэрэглэхийг өршөөчихсөн, ялын бодлогыг хөнгөлчихсөн гэж хэлэх гээд байх шиг байна. Битгий тэгж мушгиж бай л даа та. НҮБ-ын мансуурах тухай конвенцед Монгол Улс 1990 онд элссэн. Сэтгэцэд нөлөөлөх тухай конвенцед 1999 онд нэгдсэн. Хууль бус хэрэглээтэй тэмцэх конвенцид 2001 онд нэгдсэн. Олон улсын нэр томъёо нь хар тамхи биш мансууруулах бодис гэж байдаг. 2002 онд баталсан хуулинд ч энэ нэр томъёо байгаа. Энэ хуулинд үйлдэл, шинж тэмдгээр нь маш нарийн зүйлчлээд өгсөн байгаа. Дээрээс нь үйлдэлд нь тохирох ялыг дотор нь зааглаад өгсөн байгаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Энэ жилийн ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгаврын загвар гарчээ

Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дууссан билээ. ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын ихэнх нь математикийн хичээлийг сонгожээ. Мөн хүйсээр нь авч үзвэл шалгуулагчдын 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Тэдний 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байгаа ажээ. Энэ онд нийт 40388 төгсөгч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид ажээ. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш БҮТ-ийн албан ёсны цахим хуудсаас мэдэх боломжтой ажээ.

ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нд монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, 19-нийг дуустал үргэлжлэх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн даалгаврын агуулга ийнхүү гарчээ.

Тухайлбал, математикийн шалгалт 100 минут үргэлжлэх бөгөөд сонгох хэлбэрийн 36 тесттэйгээс бүтээлч хэлбэрийн дөрвөн задгай даалгавар байх юм байна. Мөн тоо тооллын 10 даалгавар нь 25 хувь, алгебрын 18 даалгавар нь 45 хувийн оноотой, геометрийн долоон даалгавар 17.5 хувь, магадлал статистикийн таван даалгавар 12.5 хувь байх аж. Харин монгол хэлний шалгалт нийт 80 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын гурван хэсэгтэй аж. Нэгдүгээр хэсэг нь 70 оноотой ялгах, онцлох чадвар сорьсон 35 даалгавартай байх ажээ. Хоёрдугаар хэсэг нь харгалзуулах чадвар сорьсон 20 оноотой дөрвөн даалгавартай. Гуравдугаар хэсэгт сонсох чадвар сорьсон 10 оноотой таван даалгавартай. Тухайлбал, эх дөрөв, өгүүлбэр, үг, бүтээвэр тус тус зургаан даалгавартай бөгөөд тус бүр 13.6 хувийн оноотой юм байна. Харин уран зохиол гурван даалгавартай, 6.8 хувийн оноотой байна. Монгол бичиг 10 даалгавартай, 22.7 хувьтай байх аж. Харин монгол хэлнйи шалгалтын хоёрдугаар хэсэг нь өгүүлбэр, даалгавар, бүтээвэр, уран зохиол монгол бичиг тус бүр нэг даалгавартай бөгөөд 2.3 хувийн оноотой байх ажээ.

Нийгмийн тухай мэдлэгийн хичээлийн шалгалт нийт 80 минут үргэлжилж нэгдүгээр хэсэгт сонгох хариулттай 80 оноотой 56 даалгавартай. Хоёрдугаар хэсэгт харгалзуулах хариулттай 20 оноотой дөрвөн даалгавартай байх аж. Энэ нь соёл ёс зүй, эдийн засаг, улс төр ардчилал, эрхзүй, олон улсын харилцаа гэсэн сэдвүүдээр тус бүр 16.5-27 оноотой байх нь.

Англи хэл мөн 80 минут үргэлжилж, 40 сонсох хариулттай, 70 оноотой байх бол хоёрдугаар хэсэг нь дөрвөн хэлбэрийн 20 онооны даалгавартай байх юм байна. Гуравдугаар хэсэгт сонсох чадвар шалгасан 20 оноотой зургаан даалгавартай байна. Ингэхдээ хэлзүй, үгийн сан, харилцан яриа, унших сонсох зэрэг тус бүр 2-24 онооны даалгавартай байх ажээ.

Орос хэлний шалгалт 80 минут үргэлжилж сонгох хэлбэрийн 40 оноотой 40 тест байх юм. Хоёрдугаар хэсэгт нь харгалзуулах хэлбэрийн 40 оноотой, дөрвөн даалгавартай, сонсох чадвар шалгасан 20 оноотой зургаан даалгавартай байна. Үүнээс хэлзүй, үгийн сан, харилцан яриа, унших, сонсох зэрэг даалгавар тус бүр нэгээс 14 оноотой байх юм байна.

Газарзүйн шалгалт мөн 80 минут үргэлжилж сонгох хэлбэрийн 50 тесттэй, бүтээлч хэлбэрийн дөрвөн задгай даалгавартай аж. Даалгаврын агуулга нь газарзүйн зураг ба судалгаа долоон оноотой, дэлхий бидний орон гэр 19 оноотой. Дэлхий ба Монголын нийгэм эдийн засаг 16 оноотой, байгаль орчин ба нийгэм 12 оноотой байх юм байна.

Биологийн хичээл нийт 80 минут үргэлжилж нэгдүгээр хэсэгт сонсох хэлбэрийн 50 тесттэй. Хоёрдугаар хэсэг нь хэрэглэх задлан шинжлэх чадварыг шалгасан дөрвөн задгай даалгавартай байх ажээ. Үүнээс амьд бие махбод 18 оноотой, биологийн төрөл зүйл 20 оноотой, амьд бие махбод ба орчин 19 оноотой.

Физикийн хичээл мөн л 80 минут үргэлжилж механик, термодинамик тус бүр есөн оноотой. Хэлбэлзэл долгион найман оноотой. Цахилгаан ба соронзон, гэрэл тус бүр найман оноо, Атом ба цөм таван оноо, орчлон ертөнц гэсэн агуулгатай тест нь гурван оноотой байх нь.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон Чингэс

НЭГ. ДЭЛХИЙН ЧИНГЭС

Чингэс хаан бол монголчуудын хувьд Бурханы нэгдүгээр орлогч, заримдаа босстойгоо ч байр сууриа булаалддаг нэгэн. Социализмын он жилүүдийг эс тооцвол Чингэс хааны байр суурийг булаалдах хүн Буддагаас өөр гараагүй билээ. Гэхдээ Чингэс хааныг хүн ардын сэтгэл зүрхний тольтоос яахин арчиж барах билээ.

Чингэс хааны амьдрал нь ялалт байлдан дагуулалтаар дүүрэн байсныг бид түүх номоос уншиж ирсэн. Харин түүний хамгийн агуу ялалтыг бид мэдэхсэн бил үү? Энэ ялалт нь мянга мянган дайчид амиа өрсөн их тулаануудын дунд бус, монгол баатруудын хөлд сөхөрч буй хэрэм цайз, хот балгадын нурам цурам дунд бус ердөө хот хүрээн дотор нь жирийн нэгэн амгалан өдрүүдэд болж өнгөрчээ.

Тэнгэр шүтэх бөө мөргөлт монголчуудын оюун санааны удирдагч нь бөө нар байв. Голлох бөө нар залуу Тэмүүжинг эхнээсээ дэмжин “Тэмүүжин улсын эзэн болох тухай зөнг тэнгэр надад хэллээ” гэхчилэнгийн пиар хийж байлаа. Гэвч залуу лидерийн цаашдын ирээдүй, нүүрэн дээр нь өсч байгаа нөлөө нь бөө нарт юм бодогдуулсан болтой юм. Ингээд түүний эсрэг сурталчилгаа хийж эхэлсэн байна. Арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа.

Ингээд бөө мөргөлт тал нутагт ямар ч хүн зүрхэлж хиймгүй нэгэн ажлыг Тэмүүжин хаан зориглон хийжээ. Энэ нь олны нүдэн дээр Тэв Тэнгэр бөөг нурууг нь хугалан алууллаа. Мухар сүсэгт олон түмэн агшин зуур тэнгэр нурж, аянга ниргэн ирээдүйн их хаанаас жаахан үнс хайлш төдий үлдэнэ гэж түгшин хүлээж байлаа. Мэдээж, өөрснөө ч хомрогонд өртчихгүйг хичээн хүрээнээс зайгаа авч, тэнгэрээс ядаж л том чулуу уналаа гэхэд булт үсрэх талын юм ч бодсон нь гарцаагүй. Учир нь бөө нар бол тэнгэрийн суурин төлөөлөгчид шүү дээ.

Гэтэл тэнгэрийн суурин төлөөлөгчийн ууцыг хугалсны араас орчин цагийн махчингууд НҮБ-ын суурин төлөөлөгчийг шарж идсэний дайтай ч үймээн болсонгүй. Тэнгэр нурах нь бүү хэл од ч харвасангүй. Тэмүүжин “болдог юм байна” гэж бодсон уу, “тэнгэр миний талд байна” гэдэгт итгэсэн үү, мэдэхгүй.

Харин тал нутгийн нүүдэлчид Тэмүүжин өөрөө тэнгэрээс илүү биш юмаа гэхэд чацуу эрхтэйг харлаа, үнэмшлээ. Үүнээс хойш эрх мэдэл, ашиг сонирхлын зөрөөгөөр л түүнтэй цанхаалсан этгээд мэр сэр гарснаас бус тэнгэртэй тэнцэх эрх мэдэл, хувь тавиланд нь хэн ч эргэлзэхээ байжээ. Ялалт ингэж эхэлсэн билээ. Чингэс хаан ба түүний үр сад бол тал нутгийн нүүдэлчдийн дээд эзэн төдийгүй, тэнгэрийн дор орших бүхнийг захирахаар газарт буугсад ажгуу. Тиймээс Монголын эзэнт гүрний хаадаас харь орны эзэн, захирагч нарт илгээсэн захидлууд “Наран ургахаас аваад наран жаргах хүртэл бүх газар дэлхий Тэнгэрийн соёрхлоор гагцхүү бидэнд заяасан” хэмээн ямагт сануулна. Одоо ч бид Монголын тулгар төрийг үндэслэгч их хаанаа тэнгэрийн хөвүүн, тэнгэрлэг хөвүүн хэмээн хэлэлцсээр…

ХОЁР. АВРАГЧ ЧИНГЭС

Хуран бүтсэн их монгол гүрэн таран буурахын цагт монгол голомтоо сахисан үр хөвүүд Манж Чин гүрний эрхшээлд орлоо. Ил хаад, Алтан ордны эзэд, Юань династийн боссуудын ихэнх нь тэр газрын соёл, шүтлэгт уусчээ. Зарим нь бууран доройтож сарнин зугтааж, төрөлх голомтоо бараадсан нь ч бий. Чухам ийм харанхуй зуунуудад гал голомтоо сахиж үлдсэн монгол хүн бүрийн зүрх сэтгэлд нэгэн зул бадарч үлджээ.

Хэзээ ч үл унтрах энэ гайхамшигт зул “Чи өнөөдөр дорой буурай байгаа нь цаг зуурын зовлон. Чи Чингэс хааны үр удам билээ. Нэгэн цагт нойрноосоо сэрмэгц өвөг дээдсийн чинь сүр хүчин чамайг эзэмдэн, золбоо хийморь чинь бадрах болно” хэмээн буурлын сургаал, эхийн бүүвэйгээр учирлан учирласаар. Энэ гайхамшигт зул харанхуй бүрэнхий зуунуудад монгол хүнийг унтуулалгүй, уусган арилгаагүй авч үлджээ. Дэлхий дээр өчнөөн төчнөөн хүчирхэг гүрнүүд бөхөн арилжээ. Бас сая саяар тоологдох үндэстнүүд нутаггүй, эх оронгүй тэнүүчлэн оджээ. Хамгийн хоцрогдсон, хамгийн цөөхөн буурай нүүдэлчин монголчууд дэлхий дахины дажин, үймээн дундуур, тоо томшгүй олон хүнтэй улс гүрнүүдийн завсарт тэсэн үлдсэн нууц энэ. Хүн нэрээ ч мартаж болох балар цагийн дундуур монголчууд Чингэс хаанаа мартаагүй тулдаа тусгаар тогтнох, гал голомтоо сэргээх үзэл санаагаа хаяагүй, мартаагүй.

Харин энэ үеийн шүтээн Чингэс хаан, эрт үеийнхээс өөр агуулгатай. Их гүрний үед дэлхий дахиныг тэгшитгэгч, хорвоогийн хүн ардыг алагчлалгүй захирагчийн дүртэй байсан тэнгэрийн хөвүүн өөр болжээ. Монголчууд дэлхийг эзэгнэх гэдэг, монгол хаан дэлхийг захирах гэдэг үзэл санаа энд байраа солихоос өөр замгүй болов. Их гүрний нөлөөнд өөрийн зан суртал, удам судраа аварч үлдэхээс өөр эрмэлзэлгүй болохын цагт Чингэс хаан зөвхөн Монголын цэвэр цусыг авран хамгаалах шүтээн болов.

Чингэслэг үзэл нь юун түрүүн манж хятадын эсрэг үзэл санаа болов. Улмаар ХХ зуунд Монголын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ нөлөөллөө тулгасан Зөвлөлтүүд Чингэсийг нэг нүдээрээ үздэггүй нэгэн байв. Энэ бүхнээс үүдэн гадаадынхны соёлын түрлэгийг сөрөх гол үзэл санаа Чингэс дээр тогтох болов. Улмаар үндэсний үзэл, “цэвэр цусны монгол” байх үзэл санааны удирдагчаар Чингэс хаан тодров. Цаашлаад, цөөхнөө мэдэхгүй бага ястнаа гадуурхах, хэн нэгнийг эрлийз хурлийзаар нь дуудан “муу цустны данс хараа хөтлөх”, санаандаа таараагүй заримыгаа эрлийз хурлийзаар хочлох их үйлсийг Чингэс хааны тугийн дор явуулах болов.

Чингэс хааны есөн хөхөлт туг яван явсаар есөн хөлтэй гэж ойлгогдсон . Тэгээд хөл гэж ишийг нь хэлж байна хэмээн ухаарсан. Улмаар нэг туганд есөн хөл хийх нь хаанаас нь ч харахад шавьжлаг дизайнтай болох тул тусдаа ганц хөлтэй есөн туг хийсэн зэргийн хажууд бол шалихгүй зүйл. Ер нь бол тугны бариул иш гэж л байхаас хөл гэж байхгүй. Монгол ойлголтоор бол нэг хөлтэй юмыг ад тийрэн, хоёр хөлтэй бол хүн, дөрвөн хөлтэй бол адгуус, түүнээс дээш хөлтэй бол шавьж мавьж гэдэг юм гэсэн. Гэхдээ ингээд тогтсон, шүтээд, цэнгэлдэхэд аваачаад тойрч барилдаад болоод байгаа юмыг яая гэхэв. Чингэс хаанаараа дулдуй хийсэн үндэсний үзэл санаа маань хэрэгтэй цагтаа үнэхээр ч хэрэг болоод өнгөрчээ. Ингээд яваад байсан ч болохоор байсан юм, уул нь.

ГУРАВ. НӨГӨӨ ЧИНГЭС

Манайхан түүх шүүнэ, түүхээр шагнуулна, шийтгүүлнэ гэж ярьдгаас биш түүх уучламтгай. Мэдээж түүхэн үйл явдал, бие хүнийг тодорхой хугацаанд тодорхой ард түмэн үзэн яддаг л даа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх хэрээр зүгээр л нэг тийм хүн байсныг хэлээд, дурсаад явдаг. Өнөөдөр жигших маягтай явдаг цуутай алуурчид, цуст дарангуйлагчид Гитлер, Ленин, Сталин хар аяндаа Германыг удирдаж байсан жаахан бүтэл муутай байлдан дагуулагч, Зөвлөлтийн үүсгэн байгуулагч, дэлхийн хоёрдугаар дайны ялагч гүрнийг удирдагч гэхчилэн бичигдээд л явна.

Өрнөдийнхний хувьд зуун зуун жилийн турш хот балгадыг түймэрдэгч, хүн ардыг егүүтгэгч хэмээн бичигдэж ирсэн Чингэс хаан ХХ зууны төгсгөл үеэс цагаадах боллоо. Эхлээд түүнийг дэлхийн түүхнээ хамгийн томд ордог эзэнт гүрнийг цогцлоогчийн хувьд хүлээн зөвшөөрч эхлэв. Энэ үеэс эхлэн өрнийн судлаач түүхчид Их хааны намтар түүхэн дотроос өнөөгийн цаг үед нийцэх гайхамшигт санаа бодлын үр хөврөлийг олж харжээ. Энэ нь орчин үеийн глобальчлал хэмээх даяарших үзэгдлийн амин зарчмууд их хааны төрийн бодлогод байсанд оршино. Өнөө үед өөр өөрийн шашин шүтээн хэл соёл ондоо үндэстнүүд өөр өөрийн онцлогтойгоор нэгдэн даяарших болсон.

Бөө мөргөлтэй, тал нутгийн их хаан дэлхийн зүсэн бүрийн үндэстэн улсыг нэгэн тугийн дор нэгтгэхдээ тэдний он тоолол, тахил шүтээн, зан заншил, ариун нандин болгоныг хүндэтгэн үлдээжээ. Их хаан юун түрүүн бүх шашин тэгш хэмээн зарлажээ. Чингэс хаанаас эхэлсэн энэ агуу үзэл санаа орчин үеийн ардчиллын туган дээр бичээстэй байгаа. Энэ бүгдийг олж харах болсон өрнө дахин “Глобальчлалын үзэл санааг үндэслэгч-Чингэс хаан”-ы дүрийг бүтээн алдаршуулж байна. Тэрнээс биш алаад хядаад эзлээд байсан лут баатар эр гэж огт тахиагүй юм шүү.

Өнөөгийн соёлт ертөнцийн бүтээн дээдэлж байгаа Чингэс хааны дүр, бидний үндэсний явцуу үзлээр жигүүрлэсэн Чингэс хааны дүр хоёр даанч эсрэг тэсрэг. Соцреалист зохиолын хар цагаан хоёр баатар шиг. Тэдний Чингэс болохоор өөрийн их санаанд нийцэж байгаа бүхний хувийн чанар, өөрийн өнгө төрх, давтагдашгүй чанаруудыг хүлээн зөвшөөрч дээдэлсэн их жолоодогч байдаг. Биднийх болохоор “ориг монгол цус” гэдэг хэмжүүрт харшсан болгоныг дайсагнасан, хардсан, хөөж туусан, гадуурхсан нэгэн Чингэс. Хоорондоо уулзаж гэмээнэ шууд л зодолдоод унахаар. Аль нь жинхэнэ нь вэ?

ДӨРӨВ. ОЙЛГОМЖГҮЙ ЧИНГЭС

Чингэс хааныг өнөөгийн бидний үндэсний үзлийн дурангаар харвал танигдахын эцэсгүй. (Үндэсний явцуу үзэл, улс үндсээ гэх үзэл хоёрын хооронд өлгүүр, дүүжлүүр хоёр шиг ялгаа байдгийг дашрамд дурдъя). Энэ дурангаараа өнгөрсөн үеийн түүх рүү эргэн харъя. Чингэс хаан бол анхны халх монгол гэсэн аксиом аваад цаашаа явна аа. Гэтэл хайран сайхан халх охид хажууд нь байсаар л байхад хаа хол хил дээр, дайснуудын яг хажууд байдаг аймгаас эхнэр авна. Цусыг нь огт шинжлэхгүй. Ингээд зогссонгүй гадаад хатан хичнээн ч олноор нь авч хайран монгол цусыг минь талаар нэг тараав аа. Тэр нь багадсан юм шиг өөрийн охидоо харийн хүний өвөрт хичнээн ч хийв ээ. “Чингэс өөрийн охин Алтан Беги-г уйгарын идукут Барчукт өгөв”, Ой май гаад. Нууц товчооноос авсан мөр шүү. Өнөөгийн “Хужаа л даа хужаа” гэх категорид 110 хувь тэнхцэх Кидан гаралт нангиад улстөрч Елю Чуцайг дэргэдээ авчран монгол төрийн бодлогоо мэдүүлнэ, эй базарваань. Дайсны дундаас жоохон хүүхэд олбол ээждээ авчраад өгчинө. Ээж нь ч ээж, хор өгөхийн оронд мөөмөө хөхүүлээд өсгөөд Чингэс хааны дүү болгоно. Болж байгаа юм уу, та минь ээ.

Хар хоринд Бүх шашин тэгш гэж тунхагласныг чинь яахав ёс юм гэж бодъё. Дайсагнасан өссөн Хятадынх нь шашин номын лидер Чан чун бумбад мөргөж шавь ордог нь ч юу вэ? Дараа нь үр хөвүүдээ дэлхийгээр нэг тараав. Исламын ертөнцийн монгол гарвалт хаад тэндээс төрөв…Ламаалаа чувсучоо…айн?

Бид ийм байж чадах уу? Чингис хаан ба бидний үеийнхний ертөнцийг үзэх үзлийн хооронд дэндүү их зөрөө ангал байнам бус уу? Их өвгийн маань цагаан сахалт хөрөг дахь уйтгар, ёжлол хоёр шингэсэн нүд бидэн юу өгүүлнэм? “Дэлхий рүү өөриймсөг харж байвал дэлхий чинийх. Дэлхий ертөнц рүү харилхан харж байвал дэлхий ертөнц чинийх бишээр барахгүй чи дэлхий ертөнцийх биш”. Их өвөг ийн өгүүлнэм билээ. Тэр үзэн ядалтаар эхэлж үзэн ядалтаар дуусах учиртай дайныг байлдан дагуулалт, түрэмгийлэн эзлэлтийг хүлээн зөвшөөрөлт болгож чадсан. Тэр хүчирхийллийг урлаг болгож хувиргасан. Тэр гайхамшигт мэнэжэр. Ийм учраас л өнөөгийн дэлхий ертөнц мянган жилийн турш цуст алуурчнаар цоллосны эцэст мянганы шилдэг хүнээр тодруулах болсон юм.

2008

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СЕХ гурван нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэснээ зарлалаа

СЕХ-ны ажлын албаны дарга Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж дууссан талаар болон сонгууль зохион байгуулах үйл явцын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор ирэх сарын 26-нд болно. Гадаадад байгаа сонгогчдын санал өгөх өдрийг энэ сарын 10, 11-нд тогтоосон бол 1983 санал авах хэсгийн байрыг зохион байгуулсан байна. Нийт 22 аймаг, 339 сум, дүүрэгт сонгуулийн хороо байгуулагдаж, 32 улсад 45 санал өгөх салбар комисс байгуулагджээ. 23.500 орчим газар зурагт хуудас, ухуулах хуудас тавихаар тогтоож өгсөн байна. Сонгуулийн зардлыг намын хувьд 6.8 тэрбум төгрөг, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас тогтоож өгсөн гэв.

СЕХ нэр дэвшигчдийн ирсэн материалуудыг шалгаж үзсэний дүнд СЕХ-ны хуралдаанд танилцуулснаар эхний ээлжинд МАН, АН-ын нэр дэвшигчдийг бүртгэсэн бол МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярыг тодорхой шалтгааны улмаас татгалзсан юм.

Харин өчигдөр МАХН-аас хуулийн хугацаанд дахин нэр дэвшигчийг оруулж ирсэн. Ингээд тус намаас нэр дэвшигч С.Ганбаатарын бичиг баримтыг 23.30 минутад авч, өнөөдөр 14.00 цагаас СЕХ хуралдаанаа хийж С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргаад намд нь хүргүүлсэн гэв.

Ингээд үндсэндээ гурван нэр дэвшигч тодорлоо. Санал авахаас 30 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох ёстой. Энэ өдөр бол тавдугаар сарын 27 буюу хагас сайн өдөр байгаа. СЕХ-ны хуралдааны шийдвэрээр АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар нарыг албан ёсоор бүртгэж авснаа ийнхүү мэдээллээ. С.Ганбаатарын тал дээр түүнийг МАХН-ын гишүүн өчигдөр болсон гэсэн албан бичиг ирсэн. Мөн ХҮН намаас гарсан талаарх бүх бичиг баримтыг хавсаргасан байсан гэсэн юм.

Саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрийг УИХ дахь намынх нь суудлын тоогоор эрэмбэлж байрлуулах аж.

Өөрөөр хэлбэл УИХ-д хамгийн олон суудалтай нам болох МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дараа нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар саналын хуудсанд нэр нь бичигдэх юм байна.

СЕХ-оос нэр дэвшигч нарт энэ сарын 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгөх юм.

Саналын хуудсыг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө хэвлэнэ гэсэн хуулийн заалттай.

Categories
мэдээ цаг-үе

О.Болор: Уян дурангаар оношлуулахад ходоод гэмтэнэ гэх ойлголт байдаггүй

“Сөүл” эмнэлгийн хоол боловсруулах замын уян дурангийн эмч О.Болортой ярилцлаа.


-Манай улсад хоол боловсруулах замын өвчлөл их байна уу. Нас баралтын үзүүлэлтээр дэлхийд хэддүгээрт орж байна вэ?

-Манай улсын хэмжээнд хоол боловсруулах замын өвчлөл маш их байна. Ялангуяа ходоод, улаан хоолой, элэг цөс, нойр булчирхайн өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Манайх 100 мянган хүнд ногдох ходоодны хорт хавдраас үүдсэн нас баралтын үзүүлэлтээр дэлхийд хоёрт орж байна. Япон, Солонгос зэрэг уян дуран сайн хөгжсөн орнуудын иргэд болохоор тодорхой заалтын дагуу, үе давтамжтайгаар шинжилгээнд ороод явдаг. Гэтэл манайхан шинжилгээнд хамрагдахгүй байсаар ходоодны өвчлөлийг хүндрүүлээд байгаа юм.

-Орчин үед ходоодны өвчлөлүүдийг хэрхэн оношилж байна вэ. Танай эмнэлэг гэхэд хамгийн сүүлийн үеийн уян дурангуудаар оношилдог юм байна. Дурангаар харуулж болно, болохгүй гэсэн заалт байдаг юм уу?

-Дурангийн шинжилгээнд орох заалт гэж бий. Гэхдээ дурангийн ариутгал маш чухал. Дурангаар дамжиж халдвар тарах эрсдэл бий. Манай эмнэлэг дуранг хамгийн сайн ариутгадаг. Ер нь урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээнд орж хэвших хэрэгтэй. Ходоодны салстын өөрчлөлт, шалбархай үрэвсэл, хеликобактери халдвар гэр бүлийн хавдрын хамаарал зэрэг шалтгаануудаас хамаараад хэн хэдэн жилд, хэдэн сард дурангийн шинжилгээнд орж байх ёстой зэргийг тодорхой заачихсан байдаг. Яагаад гэхээр ходоодны хорт хавдар хүндрэх хүртлээ огт зовуурь өгдөггүй. Тиймээс зовуурь өгсөн хойно эмчид хандвал хожуу оношлогдож байна гэж ойлгох хэрэгтэй. Хавдрыг эрт үед нь оношлох тусам эмчлэхэд хялбар байна шүү дээ. Олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн линзтэй дуранг Монголд нэлээд хэдэн эмнэлэг хэрэглэж байгаа. Харин манай эмнэлэг хамгийн орчин үеийн технологийн дэвшлийн дуран хэрэглэхээс гадна, тухайн хүнийг шинжилгээнд бэлтгэж ходоодны салстуудыг бүрэн харах боломжийг бүрдүүлдэг. Мөн тусгай бодис хэрэглэж байж дуранддаг дэвшилтэт технологитой учир ходоодны шархыг эрт үед нь илрүүлж байна.

-Олон удаа дурандуулбал ходоодонд муу гэх яриа байдаг. Энэ хэр үнэн юм бэ?

-Энэ бол их хуучирсан ойлголт. Уян дурангаар дурандуулахад ходоод гэмтэнэ гэх ойлголт бараг байдаггүй. Хүн шаардлагатай тохиолдолд өдөр бүр дурандуулсан ч болохгүй зүйл байхгүй. Ходоодны шарх хавдар болдоггүй, хавдраа танихгүй шарх гэж андуурдаг. Тиймээс аль болох хамгийн сайн чанарын уян дурантай, эмчилгээ үйлчилгээ өндөртэй эмнэлэгт үзүүлж, оношлуулж байх хэрэгтэй. Хеликобактеритай бол гурваас таван жилд нэг удаа дуранд орно гэх зэрэг гурван сараас таван жил гээд заачихсан тодорхой хугацаа бий. 40-өөс дээш настай бол жил бүр дурангийн шинжилгээнд орж байх хэрэгтэй.

-Ходоодны өвчний үед ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Илрэх нийтлэг шинж тэмдгүүд гэж бий. Ходоодны хорт хавдрын үед өвөрмөц шинж тэмдэг байдаггүй. Зарим тохиолдолд ходоодны үрэвсэлтэй холбоотойгоор гэдэс цанхайж, аюулхай орчмоор өвдөнө. Мөн турж эцэх, хоол шингэхгүй байх, цус багадах зэрэг хүндрэл гардаг. Энэ нь өвчин хүндэрсэн үед мэдэгдэнэ.

-Ходоодны өвчлөлийн гол шалтгаан юу байна. Ямар хоол хүнс хүний ходоодонд хамгийн их халтай байдаг юм бэ?

-Ходоодны хорт хавдар үүсгэж байгаа гол шалтгаануудын нэг нь хеликобактери. Манай улсын хүн амын 76 орчим хувь нь хеликобактеритай. Хэт их давсны хэрэглээ, архи тамхи зэрэг хорт зуршил, амьдралын буруу хэв маяг, хооллолтын буруу дэглэм, хоосон явах эсвэл хэт их идэх зэрэг нь ходоодонд маш халтай байдаг. Үүнээс гадна хорт туяаны нөлөө, вирусийн шалтгаан ходоод өвчлөхөд хүргэдэг ч Монголд тэр бүр тохиолдоод байдаггүй шалтгаан юм. Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлээд, салст хуулах мэс ажилбар хийдэг. Өөрөөр хэлбэл манай эмнэлэг хорт хавдрын салстыг дурангаар хуулж авч байна.

-Хеликобактери бага хэмжээгээр байх ёстой, огт байх ёсгүй гээд янз бүрийн ойлголт байдаг. Аль нь зөв юм бэ?

-Хеликобактери ходоодонд байх ёстой гэдэг нь харьцангуй хоцрогдсон ойлголт. Огт байх ёсгүй юм. Хеликобактерийг зөв оношлох нь маш чухал. Зөвхөн цусаар үзэх биш, болж өгвөл генетикийн түвшинд үзэж, ямар төрлийн эмчилгээнд устах боломжтой зэргийг тодорхойлох хэрэгтэй. Монголчууд антибиотикийн замбараагүй хэрэглээтэй учраас эмчилгээ тохирохгүй, баргийн антибиотикт устахгүй байх тохиолдол бий. Тиймээс шаталсан эмчилгээ хийж устгах ёстой. Манай Сөүл эмнэлэг ходоодноос биет авах, өтгөнд тест үзэх зэрэг олон төрлөөр шинжилгээ авч, шаталсан эмчилгээнүүдийг хийж байгаа.