“Өдрийн сонин”ы 2017.06.08 Пүрэв гаригийн №129 (5696) дугаараас авч нийтлэв.
Түрүүч нь №127, 128 (5694, 5695) дугаарт
Монголын хүчит их аваргууд
Солонготын давааны чанх урдхан Тарантын амны доод өвөлжөөнд дуу шуутайхан давхиад буучихлаа. Цахирын төвөөс ердөө арван хэдхэн километрийн зайтай лүглэгэр уул хангайн өвөр бэл, үдийн наран асгарч байх энгэр ээвэр газар ажээ. Эгц өндөр биш хэрнээ нэлээдгүй зүтгүүлж байж өвөлжөөний өтөг бууцны баруун дээд шанаан дээр хүрч очив. Уулын энгэр судгаар яргуй цэнхэрлиж, өвөлжөөний тийм нэг элгэмсэг дотно үнэр өмнөөс ханх тавих нь тэр. Халуу дүүгсэн хүрэн улаан өтөгтэй, урд хойноо зэрэгцээ хашаа саравчтай хөх бууц бол Монголын домогт бөх “Буур” аваргыг өлгийдөж авсан ариун дагшин газар шороо юм.
“Ерэн есөн онд 100 жилийнх нь ойгоор хөгшнийхөө бууцанд гэр бүлээрээ ирж байлаа. Тэгэхдээ энүүхэнд чулуугаар овоо босгож тэмдэг тавьсан юм” гээд Гэлэгжамц гуай машинаас буунгуут л хойш урагш хөнгөн хөнгөн алхалж, тоглоомоо хайж буй хүүхэд адил нүд нь гэрэлтчихсэн харагдана. Арга ч үгүй биз дээ. Ханийнхаа ачит эцэг, үр ач нарынхаа өндөр өвөг, энэхэн насны шүтээн хүчит их аваргын төрсөн бууцанд нь ирэхээр тэгэхээс яах билээ. Хөндлөнгийн мань мэтийн сэтгэл хөдөлж байхуйд домогт их аваргатай эцэг хүүгийн барилдлагатай явах алтанхан заяаны эзэн Гэлэгжамц гуайн зүрх догдлохоос яахав.
Өвөлжөө бууцны баруун талыг нөмөрлөсөн хадат уулын орой дээр гарч арц хүжсээ уугиулан, зөөлөн сэвэлзүүр салхинд алгадуулан Буур аваргаа дурсаж хэсэг суулаа. Дэргэд цэлийх уужимхан уртхан хөндийгөөр Тарантын гол газрын хөх судас адил мушгиран урсч Хойд Тэрхийн голд цутгаж байна. ХойдТэрхийн гол Богд Очирваань Отгонтэнгэр хайрхантай залгаа, наахна талд нь орших Цахирынхны шүтээн Очир хайрхан, Бумбатын даваанаас эх аван урсаж, замаасаа Солонгот, Тарант, урд Тэрх, Ужигийн голын усыг цуглуулсаар хэдэн салаа урсаж мэлмэрсээр Тэрхийн цагаан нуурт цутгадаг юм. Тарантын голын ай саваар сарлагийн сүрэг налайлдана. Өвөлжөөний зүүн сугаар мөн л хүлхгэр цүлхгэр хөндий харагдана. Хаашаа л харна нүдний хараа уужирч, сэтгэл тайвширмаар цэлгэр сайхан хөндий, ам бүрээс нь ус гол асгарсан тэгш дүүрэн нутаг үзэгднэм. Ай мөн чиг, халхын хүчит аварга төрдөг уул хангай өөр юм байна гэж эрхгүй дуу алдмаар. Аваргын өвөлжөөнд Чимээхүү гэж бидний урьд шөнө нь хоноглосон хөгшний хүүхдүүд өвөлждөг ажээ. Хуучин захиргаадалтын үед өндөр Гүрсэд гэж нэгдэл нийгмийн олон малтай айл, мөн Чимэдгочоо, Чимиддамба гэж ах дүү малчид өвөлжиж байсан гэдэг.
Буур аварга, Бал даргын 1970-аад оны эхэн үе
“Манай хөгшин чинь 1899 оны өвлийн эхэн сард энэ өвөлжөөнд эхээс мэндэлжээ. Бие нь жаахан ядруу байхад миний бие хөгшнөөс өөрөөс нь төрсөн газрыг нь асуусан юм л даа. Тарантын доод өвөлжөө гэж маш ойлгомжтойгоор надад хэлж өгсөн. Аавыг сэрүүн тунгалагт нь төрсөн бууцан дээр нь хамт ирж чадаагүй юм. Тийм учраа ч мэдэхгүй явж дээ. Хожим эргээд бодоход хүн чинь олон зүйлд харамсдаг юм байна. Харин бие нь жаахан чилээрхүү байхад би аймгийн төвөөс наашаа гарч давхиад төрсөн бууцнаас нь хэдэн чулуу, шороо аваачиж өгч байлаа. Төрсөн бууцны чулуу гэж аав билгэшээж байсан” хэмээн хүргэн хүү нь өгүүлж сууна. Тэр зуурт “Танай хөгшин хаана төрсөн бэ” гэж Гэлэгжамц гуайгаас асуулаа. Үндсэндээ Буур аваргын охин, Өсөхөө аваргын ээжийг сонирхож байгаа хэрэг. “Солонготын аман дахь голын зүүхэн талд Айдар толгой гэж газар 1940 онд төрсөн юм билээ. Бид хэд тэр жил ирэхдээ голын эрэг дээр хэдэн чулуу давхарлаж орхиод, хөгшнөө нэг хөрвөөлгөж аваад буцсан юм” гэв.
Санжаахүү хэмээх ном эрдмийн хүн өөрийн бүтээл туурвилдаа Насантогтох гуайн тухай тодорхой оруулсан. “Буур аваргын манайхан айл аймаг хүмүүс байлаа. Айдар толгойн оролцоо нутаглаж байсан тэр жил, намар оройхон Жамъян гуай манайхнаар буугаад “Одоо эхнэр амаржих болчихлоо” гэж ярьж байсан. Тэр төрсөн хүүхэд бол Өсөхбаяр аваргын ээж мөн” гэж дурдатгалдаа оруулжээ. Буур аваргын хань Гарамдагий Архангай аймгийн Хангай сумын хүн. Тиймийн учир охин нь Хангай сумынхаа бага сургуульд анх орсон түүхтэй. “Ижий минь монгол гутлыг угалзтай, угалзгүйгээр нь янзын сайхан хийнэ. Аавын монгол гутлыг ижий л урладаг байлаа. Мөн зодог шуудаг оёдог, Өсөхөөг таван настай байхад нь зодог шуудаг оёж өгсөн. Одоо бага хүү нь өмсөж байгаа” гэж Насантогтох гуай ижийнхээ тухай дурссан нь бий.
Харин Буур аварга өмнө нь гэр бүлтэй байсан тухай яриа хөвөрлөө. Одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын бүсгүйтэй залуу идэр насандаа хайр сэтгэлийн холбоотой болж л дээ. Хань нь дөнгөж амаржаад эмнэлгийн тусламж авч чадалгүй өнгөрчихсөн байна. Үндсэндээ хүндрэлтэй төрснөөс болоод эндчихэж. Харин хүү нь эсэн мэнд үлджээ. Тэр тухай Гэлэгжамц гуай дуулгасан юм. Хүү нь Булганы Баяннуур суманд энх тунх сайхан амьдарч байсныг хэлэв. “Би наашаа цаашаа явахдаа уулзаж л байсан” гэж өвгөн хэлж байна. Мөн буур аваргатай буюу аавтайгаа ирж уулзаж байсан тухай ч хуучиллаа. Тэр хүүгийнх нь үр удам одоо Дашинчилэн, Баяннуур суманд байгаа дуулддаг ажээ.
“Вандан аварга бид Дайчин вангийн бөхчүүдтэй нийлж Авзага уулын хошуу, Хар бухын голын хөвөө, Цогтын балгасны тэнд дэнж дэвсэг газар цуглаад наадмын их сорилго хийдэг байлаа” гэж Жамъян аваргын ярианд гардаг. Авзага хайрхан уул, Хар бухын гол Булганы Гурванбулаг, Дашинчилэн сумдын нутаг яах аргагүй мөн. Төрийн наадмыг зорьж явах бөхийн замд л учирч дээ, хөөрхий. Аваргын хүүг сайн мэддэг хүний нэг нь нэрт бөх судлаач Бат-очир гуай байсан гэдэг.
Буур аварга дээрээ Чоглий, Шагдар гэж хоёр ахтай айлын бага хүү байжээ. Аав нь нутаг хошуундаа “Нацаг заан” гэж нэршсэн бөх хүн. Ээжийнх нь талд хэдэн үе дамжсан бөхчүүд ч байсан гэдэг. Тэгэхээр Жамъян аварга манайхны хэлдгээр таримал бөх болж таарна. Арваад насандаа Далай Чойнхор вангийн хошууны шашин мөргөлийн гол төв болох Тариатын хүрээнд шавилан суусан ч шашны эрдэмд дур сонирхол муутай. Харин бөхийн сургууль зүрх сэтгэлийг нь соронз адил татах болсноор даншгийн их аварга жаахан Дамбий багштайгаа бөхийн барилдлага тогтоох хувь тавилангийн үзүүр гогцоо тэгж гардаг юм. Түмэн олондоо алдаршсан “Буур” хэмхээх алдрыг хэрхэн хүртсэнийг хүмүүс бараг л мэднэ дээ.
Гэхдээ товчхон өгүүлбэл зүйд нийцнэ болов уу. Хорь орчим насандаа нутгийнхаа ах нартай Альшаа, Хөх хот руу жин тээж явах замд энэхүү алдрыг хүртсэн түүхтэй. Тэмээн жингийн цуваа нэгэн модон гүүрээр гарч явбал хамгийн сүүлийн тэмээ ачаатайгаа доош цөмрөн унасан байна. Жинчид ачааг нь буулгая гэхэд, Жамъян би өргөх гээд үзээд алдах уу гэжээ. Тэгээд л өнөө ачаатай тэмээг дэнхийтэл өргөн гүүрэн дээр гаргаад ирсэн байна. Тэгж аян жинд олсон “Буур” хэмээх нэр нь түүхийн буурал улбаанд үл арилах, он жил алсрах тусам тодоос тод гялалзах агуу нэршил болсон нь гайхмаар. Хүний амьдрал тийм сонин содон өгүүлэмжтэй байдаг.
Эдүгээгээс 120-иод жилийн тэртээд дуугаа хадааж мэндэлсэн төрийн наадмын манлай хүчит аваргын төрсөн бууцанд урин хаврын шувууд дуулан жиргэнэ. Хүмүүний амьдралд аугаа их тайвшралыг олох газар ус гэж байдаг бол Тэрхийн энэ хөвөө юм даа гэж эрхгүй бодогдохоор. Тийм л уужимхан амьсгаа аваад ертөнцийг эгээрмээр нутаг юмсанж. “Урьдны хүмүүсийн дэг жаяг, жудаг ёс гэдэг айхавтар зүйл байж дээ” гээд Гэлэгжамц гуай өвгөн аваргынхаа төрсөн бууцны салхийг амсч, Тарантын голынх нь тийш хараа бэлчээж сууна. Мань хүн Жамъян аваргыг бие чилээрхүү байх үед ахтай нь уулзуулъя гээд Хангай сумын нутаг Нарийн гичгэнэ гэдэг газар давхиж очсон байдаг. Би ер нь ахтайгаа нэг уулзая гэж Буур аварга хүргэндээ хэлсэн байх л даа.
Тэгтэл Чоглий ах нь учир байдлыг ойлгоод явахгүй ээ, би очиж чадахгүй гэж хэлсэн байна. Гэлэгжамц гуай арга цөхрөхдөө төрсөн бууцаар нь дайрч чулуу аваад явсан нь тэр. Очоод буур аваргад “Чоглий ах ирэх жилийн ногооноор ирье гэнээ. Энэ удаа ирж амжсангүй” гэж хэлжээ. Тэгтэл удаа ч үгүй Чоглий ах нь бурхан болсон дуулдаж. Тэрхүү гунигт мэдээг Жамъян аваргад хэлэлгүй нуучихсан гэдэг. Дүүгээ өнгөрөх нь, дор орчихжээ гэдгийг зөнгөөрөө мэдсэн ах нь “би түрүүлж явах ёстой” гээд холын аянд мордчихсон нь тэр. Ингэж л урьдны хүмүүс үхлээ хүртэл зохицуулж чаддаг байсан байна. Дүүгийнхээ ард хоцроод яахав гэх монгол хүний агуу их жудаг эндээс мэдрэгддэг юм гэж Гэлгээ гуай өгүүлсэн юм.
Буур аваргын охин Насантогтох
Бүтэн үдийн хагаст бид аваргынхаа бууцанд хуучилж, дэлгэр цагийн сайхныг мэдэрч, уул усанд нь сүслэн залбирч, идээ будааны дээжээ өргөлөө. Халхын хүчит аваргын охин, Монголын хүчит аваргыг төрүүлсэн ижийд зориулж миний бие “Ижий минь” шүлгээ буур аваргынхаа төрсөн бууцан дээр уншиж, сэтгэлийн мялаалга өргөлөө. Өвөлжөөг нь нар зөв тойроод өргөн жалга судгийг нь даган уруудлаа. Тарантын голд ангир ганганалдаад, сарлагийн тугал эхийгээ тойрч давхилдаад, хаврын сүүл сарын нам гүм сайхан өдөр.
Гэлэгжамц гуайтай төрсөн ах дүүсийн хүүхдүүд болох Хайдавын Лхагваа ах “Монголын домогт их аваргын төрсөн бууцан дээр ахтайгаа хамт ирлээ. Миний Гэлгээ ах бол уул мэт түшигтэй, буянтай сайхан хүн. Ахаар минь овоглосон Өсөхөө дүү минь төрийн наадамд дөрвөн удаа түрүүлж, дархан аварга хэмээх бөхийн дээд цолонд хүрч түмэн олноо баярлуулж явна. Тэр бүрийд л өвөөгийнх нь сүнс баярлаж байгаа байх гэх бодол санаа сэтгэлд ургаж, нүдний аяганд нулимс дүүрээд ирдэг юм” хэмээн догдлонгуй өгүүлж байна. Тэрээр Архангай аймгийн Үйлдвэрлэл, эдийн засгийн хэлтсийн дарга, статистикийн дарга гээд дандаа хариуцлагатай алба хашиж явсан нэгэн. Бөхөд мөн чиг хорхойтой. Нэг хэсэг аймгийн бөхийн холбооны дарга ч байсан гэдэг. Эл эрхэм Гэлэгжамц гуай, Насантогтох гуай хоёрын тэртээд жараад онд нийлж байх үеийн нандин дурсамжийг сөхлөө.
“Гэлгээ ахын гэргий Насаа эгчийг бид “Гоёо ажээ” гэж нэрлэнэ. Гоё эгч гэсэн үг л дээ. Жаран нэгэн онд юм уу, ах гоёо ажааг дагуулаад төрсөн нутагтаа очсон юм. Том охин Нарантуяа төрөөд байсан үе. Гэлгээ ахыг алдарт Буур Жамъян аваргын охинтой гэр бүл болж байгаа юм гэнэ хэмээх яриа манайхны чихэнд хүрээд байсан. Тэгтэл нэг өдөр өндөр сайхан гэргий дагуулаад очсон юм. Манай ах чинь залуудаа яг л Өсөхбаяр, Батбаяр нарын хөвгүүд шигээ сайхан эр байлаа шүү дээ. Ахыг гэр бүлтэйгээ очлоо гээд манайхан Эрдэнэмандал сумынхаа зүүн Цүүрийн голд найр наадам бололгүй яахав. Гэлгээ ах арилжаа хар морь унаад охиноо өвөртөө хийгээд бүсээрээ баадагнаад бүсэлчихсэн, Гоёо ажаа мөн л жороо хар морь уначихсан хос хоёр морьтой голыг өгсөөд сульдаа ганхам жороолуулж явсныг хүүхэд байхдаа харж, бахдан бахархаж байлаа. Хэрвээ би шүлэг зохиол бичдэгсэн бол өөрийн эрхгүй шад мөр тэрлэхээр тийм л дүр зураг миний санаанд ургаастай явдаг юм” гэж уярангуй хэлсэн юм.
“Аавын минь эдэлж хэрэглэж байсан зүйлээс хэт хутга тэргүүтэй хэдэн зүйл бий. Бөхийн өмсгөл дээл хувцсыг нь Архангайн музейд өгсөн” хэмээн Насантогтох гуай нэгэнтээ өгүүлээд “Би чинь хүний ганц охин шүү дээ. Тийм болоод ч тэр үү, эрх танхил гэж жигтэйхэн. Аавыг хаашаа л явна дагана. Ямар сайндаа ноос тушаах гэж морин тэргэнд аччихсан байхад нь тэргэн дээр гарч морийг нь үргээгээд сүйд болохоо алдсан. Тэрэгтэй морь хонины хашаа зад дайрч өнгөрөөд хүмүүс шуугилдаад би ч орилоод явчихсан нь мэдээж. Аав миний охин сайн зуурч бай гэж хэлээд тосон угтаж тэрэгний аралд хүрэх шиг л болтол морь зогсчихсон. Дараа нь бодоход их бяр тэнхээ гаргасан байгаа юм. Нэг өвөл тэргэнд сургаж байсан хайнаг гунаа хөллөөд Хойд Тэрхийн голоос мөс ачихаар явж би дагадгаараа дагалаа. Мөсөө ачаад эргэтэл гуна явдаггүй. Гэтэл аав гунаа тэрэгнээс буулгаж хойноос нь чөрхлөөд намайг сайн туугаарай гэж хэлээд өөрөө тэргэндээ ороод зүтгэчихсэн” хэмээн ярьсан нь Тэрхийн голыг гаталж явахад санаанд бууж байлаа.
Буур аварга 1928 оны наадамд долоо даваад Хангай хайрханы Гарамбазар гэж лут заанд унасан байдаг. Дэмидийн Гарамбазар заан улсын наадамд ердөө ганцхан ирж барилдсан нь тэр жил юм билээ. Хорин найман оноос гучин дөрвөн он хүртэлх таван жилийн хугацаанд Буур аварга төрийн наадамд зодоглоогүй. Ир бяр жагсаж жинхэнэ торгон ирэн дээрээ байсан он жилүүдэд юуны учир зодоглолгүй өнжсөн нь хэд хэдэн зүйлээс шалтгаалжээ. Анхных нь хань зуурдаар өнгөрч, мөн Тариатын хүрээний бослого гээч ид мандаж юм юм л болсон байна. Харин гучин дөрвөн оноос дөчөөд оны эхэн хүртэл зодоглохдоо найман удаа шөвгөрч, халхын хүчит их аварга гэдгээ харуулсан байдаг. Ихэвчлэн долоо давсан байдаг шүү. Тэрээр хоёр жил дараалан Дорнодын “гулзгай” Дамчаа арсланд унасан байдаг. Энэ тухайгаа эхний удаад “Эхний удаад бие хаа ойролцоо, барилдахад түшигтэй юм гээд амласан. Тэгтэл уначихлаа. Харин хоёр дахь удаад нь даагаа нэхье гэж амлаад бас унасан даа. Дамчааг өөрөөсөө арай л дутуу гэж бодсон минь алдаа байсан” гэж хэлсэн нь бий. Аваргын энэ ярианаас монгол бөхийн жудаг ёс нэвт ханхалдаг юм. Ер нь алдарт аварга унагасан бөхчүүдээ ярьдаггүй, харин унасан бөхчүүдээ дурсдаг, хэн нэгнийг огт муугаар хэлж байгаагүй гэдэг. Гулзгай Дамчаа нь жудагтай сайхан бөх байсныг олны мэдэх нэгэн жишээ тодотгоод өгдөг. Дөчин хоёр оны наадам гэдэг санагдана. Түрүү үзүүрт Ховдын Шаравын Ванчинхүү арслан, Дорнодын гулзгай Дамчаа нар үлдээд барилдааны явцад хэн хэн нь ойрхон газардаж л дээ. Тэгтэл босч ирээд Ванчинхүү гуай “За Дамчаа минь, чи давсан. Чи дэв” гэжээ. Хариуд нь Дамчаа арслан “Үгүй ээ, Ванчинхүү гуай, би түрүүлээд уначихсан. Түүнийгээ мэдэж байна. Тийм болохоор та давсан. Энэ жилийн төрийн наадамд та түрүүллээ” гэж хэлсэн байдаг. Ингээд тэр жилийн наадамд түрүүлж үзүүрлэсэн хоёр бөхөд хоёуланд нь Монгол Улсын арслан цол хүртээсэн удаатай.
Монгол бөхийн жудаг ийм л байж дээ.
Жамъян аварга өөрт тааламжгүй санагдсан нэгнээ “амтгүй хүн” гэдэг байсныг хүргэн нь ном бүтээлдээ ч оруулсан байдаг. Далан нэгэн онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Жамъян аварга Тэрхийн голоосоо Улаанбаатар хотноо уригджээ. Энэ үеэр өвгөн аваргад Үндэсний спортын гавьяат мастер цол хүртээсэн юм. Уг цолны анхныхыг Бадаморгийн Түвдэндорж аварга хүртсэн. Одоогийн гавьяат тамирчин цол. Цол тэмдгийг нь гардуулах үеэр Цэдэнбал дарга “Буур чи амьд байсан юм уу” гэж хэлжээ. Үүнд аварга гомдсон байна. “Үгүй ээ, энэ Цэдэнбал чинь надаас хамаагүй дүү баймаар юм. Тэгэхэд та ч гэхгүй, за тэгж хүндлэх нь дүүрч гэхэд, чи амьд байсан юм уу гэж амьд хүнээс асууж байгаа нь эвгүй сонсогдсон. Тун амтгүй хүн байна лээ” гэж нутагтаа ирээд ярьж байсан гэдэг.
Аварга өөрийнх нь тухай ном бүтээлийг уншаад хэтрүүлэгтэй, бодит үнэнээс зөрсөн бол урам нь хугарч, “ийм ч юм гэж юу байхав дээ” гээд чимээгүй болчихдог байсан аж. Далай Чойнхор вангийнхны тухай нэгэн ном гарчээ. Тэрхүү номын хавтсанд хүзүүн дээрээ тэмээг хурга шиг тавиад хойд, урд хоёр хөлийг нь бариад зогсож байгаа хүний дүртэй зураг байсан аж. Үндсэндээ Буур аваргын тухай өгүүлсэн ном гэнэ. Түүнийг харчихаад “Хүн гэдэг чинь тэмээг ингэж өргөнө гэж юу байхав. Энэ амтгүй ном байна” гээд уншаагүй тухай хүргэн нь хэлсэн. Олон таван үггүй, худлаа хэлж, аливааг дэвэргээд байдаггүй, үнэн юм үнэнээрээ байхыг үлгэрлэдэг гүдэсхэн монгол хүний чанар энүүхнээс нэвт мэдрэгдэнэ. Ер нь өөрийнх нь тухай олны яриа хөөрөө цаашид бодит байдлаас өөр болох вий гэдэгт аварга их боддог байсан нь мэдрэгддэг юм. Домогт аваргуудыг төрийн наадамд хүндэтгэн урьж байсан жишиг Монголд бий. Дөчин зургаан онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Өвөрхангайн Бүрд сумын Харлин, Шарлингаар нутаглаж буй Их Монгол Хасын Шаравжамц аваргыг Маршал Чойбалсан өөрийн тэргээ давхиулж далан хэдэн насанд нь авчруулсан байдаг. Тэр жил Их Монгол аваргын цолыг Буур аварга дуудсан түүхтэй. Энгүй хүчит хоёр аваргын зураг хөрөг өмнөх тэмдэглэлд орсон билээ. Буур аварга Их Монгол аваргынхаа цолыг монгол төрийн наадамд ингэж дуудсанаар Лу гүний Вандан аваргынхаа ачийг хариулсан гэж бөх судлаачид үздэг. Улсын баяр наадамд Жамън аварга анх ирж барилдах жил Вандан аварга Хан Хэнтийн босоо Самданд тахимаа өгчихөөд Жамъянгаа түрүү булаалдахаар гарахад нь өөрөө засч цолыг нь дуудаж байсан юм билээ.
…Манай хөгшний 100 насны ой их сайхан болсон. Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй бөхчүүд бүгд ирсэн. Баянхонгорт болсон Ламын гэгээний ойгоос буцаж яваа МөнхЭрдэнэ, том Сүхбат тэргүүтэй бөхчүүд Буур аваргынхаа наадамд зодоглолгүй яахав гээд ирж байлаа. Үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ, Өсөхөө хоёр үлдэж, хүү маань түрүүлсэн юм. Өвөөгийнх нь өндөр ойг бодож аварга тахимаа өгсөн байх л даа. Наадмын маргааш өглөө нэвсийтэл цас дарсан байж билээ. Манай Тэрхийн голын хөвөөнд наймдугаар сарын эхээр тэгж айхтар цас орж байгаагүй санагдана. Их хүний ой өндөр гэдэг… Гэлэгжамц гуайн энгүүн сайхан хууч үргэлжилсээр.