Categories
мэдээ цаг-үе

​​ Д.Цэцгээ: Чихрийн шижингээр өвчилсөн бол ам их цангана, шарх эдгэрэхгүй удна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн эрхлэгч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Д.Цэцгээтэй чихрийн шижин өвчин ба түүнээс үүсэх таргалалтын тухай ярилцлаа.


-Сүүлийн үед чихрийн шижин өвчин их дэлгэрч байна. Энэ өвчний гол шалтгаан юу вэ?

-Чихрийн шижин өвчин гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал цусан дахь сахарын хэмжээ илүүдэхийг хэлж байгаа юм. Энэ өвчин нь хүмүүсийн амьдралын буруу хэв маяг болон хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Бодисын глюкоз ихэдсэн хүмүүст хамгийн их илэрдэг. Энэхүү эрсдэлийг үнэлэх 11 хүртэлх балл байдаг юм. Ер нь цусан дахь сахарын хэмжээ долоогоос дээш байвал өвдөх эрсдэлтэй буюу хэвийн бус гэж үздэг. Тэгэхээр шинжилгээ өгч сахарын хэмжээгээ тогтоолгох нь чухал. Хүмүүс чихрийн шижингийн зарим шинж тэмдгийг бусад өвчинтэй андуурах тохиолдол их гардаг. Энэ тохиолдолд эмчлүүлэхгүй явсаар өвчнөө хүндрүүлэх эрсдэлтэй.

-Энэ өвчний эрсдэлийг хэрхэн ямар шалгуураар үнэлдэг вэ?

-Эрсдэлийг үнэлэхдээ нас, жин, өөх тосны хэрэглээ, архи, тамхи хэрэглэдэг эсэх, эцэг эхийн энэ өвчнөөр өвдөж байсан эсэх, эх жирэмсэн байхдаа өвдөж байсан эсэх, хөдөлгөөний хомсдол зэргийг харгалзан үзэж үнэлдэг. Үүндээ өөрчилж болох өөрчилж болохгүй хувь гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Өөрчилж болохгүй гэдэгт нь бага жинтэй төрсөн, эхийн жирэмсэн үеийн байдал, эсвэл удмын гэх зэрэг мэт зүйлс хамаарна. Өөрчилж болох гэдэг нь таргалалт, зохисгүй хооллолт, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөн зэрэг ордог юм. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд эмчлэгдэх боломжтой гэж ойлгож болно.

-Чихрийн шижин хүндэрснээр өөр өвчин үүсэх эрсдэл бий болдог уу?

-Хамгийн гол нь хүний биеийн сахар хэт илүүдснээр бидний дунд асуудал болоод байгаа таргалалтыг бий болгож байна. Хүн таргалснаар өвчин үүсэх эрсдэл улам ихэсдэг бөгөөд зүрхний шигдээс, бөөрний дутагдал, судасны бүдүүрэл, даралт ихсэх зэрэг олон өвчин үүсэх гол шалтгаан болдог. Даралт их байх нь харвалтанд хүргэдэг бөгөөд зарим тохиолдолд судас бүдүүрснээс үүдэж хөл, гараа тайруулах хүртэл аюулд хүрдэг.

-Андуурагддаг шинж тэмдгүүд байдаг гэсэн. Сахарын илүүдэлтэй гэдгээ ямар шинж тэмдгүүдээр мэдэж болох вэ?

-Мэдээж хамгийн түрүүнд шинжилгээ өгөх нь хамгийн найдвартай арга. Сахарын хэмжээ ихэссэн бол бэлэг эрхтэн загатнах шинж тэмдэг илэрдэг. Хүмүүс энэ үед нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эмчид ханддаг, арьсан дээр идээт үрэвсэл хатиг их гарахаар цус бохирдож гээд өөр төрлийн эмчид хандах зэрэг андуурагддаг шинж тэмдгүүд ч бас бий. Түүнээс гадна сахараар өвчилсөн бол ам их цангана, шарх эдгэрэхгүй удна, хэт их таргална, үе мөч өвдөх гэх мэт шинж тэмдгүүд мөн илэрнэ.

-Сахарын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Чихрийн шижин өвчин нь сэргийлж болдог өвчнүүдийн тоонд багтдаг. Ингэхдээ Д витамины хэрэглээг гүйцэд авах нь маш чухал байдаг. Мөн хэвлийн тойргоо 90-80 см дотор барих хэрэгтэй түүнээс давах нь хэвлийн таргалалт үүсгэж өвдөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс хүмүүс хэвлийнхээ хэмжээг 100 см дотор бариад сурчихвал сайн. Мөн хоол хүнсний хэрэглээгээ маш нарийн зохицуулж сурах хэрэгтэй байгаа юм. Орой хоол идэхгүй байлаа гээд турна гэдэг өрөөсгөл ойлголт. Харин түүний оронд хоол хүнсний ихэнх хэмжээг буюу 60 хувийг эзэлдэг нүүрс усны бүтээгдэхүүний хэмжээг зөв зохицуулах ёстой. Үлдсэн 40 хувиа өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнүүдээр хангадаг тул бодисын хэрэглээг зохицуулаад сурчихвал таргалалтаас мөн, сахарын өвчнөөс сэргийлж болно. Нүүрс ус агуулдаг бүтээгдэхүүнүүдээ тэнцвэртэй хэрэглээд ирвэл эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Мөн хорт бодисын хэрэглээ буюу архи тамхины хэрэглээг багасгах нь маш чухал. Өдөрт 2000-2500 илчлэг авах ёстой байтал түргэн хоол, хийжүүлсэн ундаа, хэт их шарсан хайрсан хүнс хэрэглэснээс 3000-3500 илчлэг аваад байвал таргалж өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ шүү дээ. Тиймээс хоол хүнсээ тооцоолох хэрэгтэй. Жишээлбэл өндгийг чанаад идэхэд 75 кл калори буюу илчлэгтэй байдаг. Гэтэл шарж идэхэд 150 кл калори болчихно. Кофенд сүү, чихэр хийгээд уувал илчлэг нэмэгдэнэ гэх зэргийг мэддэг байх хэрэгтэй.

-Чихрийн шижингээр эрэгтэй хүмүүс илүү өвчилж байна уу. Эсвэл эмэгтэй хүмүүс өвчлөөд байна уу?

-Нас, хүйсийн тухайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль ч насыг хамаарахгүй тэнцүү гэж хэлэхэд болно. Ер нь тавь, тавин хувьтай байдаг. Дээрх шинж тэмдгүүд илэрвэл хойш нь тавихгүйгээр шинжилгээ өгч байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хоол хүнс болон хорт бодисын хэрэглээгээ хянаж, дасгал хөдөлгөөн зэрэгт анхаарах нь зүйтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ариунаа: Хийжүүлсэн ус ундаа, цай жүүс биш зөвхөн ус ууж байж шингэнээ нөхнө

түргэн тусламж 103 зурган илэрцүүдҮндэсний их баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн түргэн тусламжийн 103 төвийн дуудлага өмнөх жилүүдээс харьцангуй бага байжээ. Мөн наадмын өдрүүдэд иргэдээс ирж буй дуудлагын ихэнх нь нарны хордлого, наршилт, вирусын гаралттай ханиад томуу, суулгалт зэрэг өвчин байгаа аж. Мөн хоолны хордлого, элэг, өс ходоод гэдэсний хямралын өвчний дуудлага их ирэх болжээ.

Тиймээс наршилт, нарны хордлого, суулгалт зэрэг өвчнөөс хэрхэн сэргийлэх, яаж эмчлэх талаар 103-ын эмч Ц.Ариунаатай ярилцлаа.


-Сүүлийн үед ямар дуудлага хамгийн их ирж байна вэ?

-Өндөр халуурах, суулгах зэрэг өвчин их байна. Гэвч ямар шалтгаанаас яагаад гэдгээ иргэд мэдэхгүй байх юм. Ер нь нарны хордлого, наршилтын үед гэдэс гүйлгэж, бөөлжиж халуурдаг. Тиймээс өглөө оройноос бусад үед хүүхдийг наранд гаргахгүй байвал сайн. Хэрэв гадаа гаргах бол толгой дээр нь нойтон алчуур тавих, шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Шингэн сайн ууж байж нарны хордлогоос сэргийлэхээс гадна хордлого тайлагдана. Шингэн сайн ууж чадвал аливаа өвчин хүндрэхгүй байх боломжтой. Мөн шингэн зүйлээ ойр, ойрхон балга балгаар уух нь зөв. Их хэмжээгээр залгиж уух нь буруу. Хүүхдэд 50 грамм, 100 граммаар уулгасан ч ихдэнэ. Зөвхөн балга балгаар ууна. Нарны хордлогын үед хорсоол сайн уувал өвчин хүндрэхгүй байх боломжтой.

-Нарны хордлого болон ханиад томууны үед хүүхдүүд өндөр халуурдаг энэ үед яах ёстой вэ?

-Сүүлийн үед хүүхэд 3-4 өдөр өндөр халуурч байснаа бөөлжих, чацга алдах тохиолдол их байна. Хүүхдийн халууныг хэдий үед буулгах, хэзээ буулгахгүй байх вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ 38 хүртэл халуурахад л бушуухан эм өгөөд халууныг нь буулгачихдаг. Уг нь 38.5 хүртэл халууруулвал хүүхдийн эрүүл мэндэд сайн. Хүүхэд халуураад, халуун нь өөрөө буух ёстой үе байдаг. Мөн халуурсан үед ч адилхан 5-10 минут тутам шингэн зүйл уулгаад байвал сайн. Халуурч байгаа хүүхдийн хоёр гар нь халуун, хоёр хөл нь хүйтэн, эрээн болчихсон байвал зүрхний олдмол гажиг гэж үзнэ. Ер нь аль ч өвчний үед шингэнийг хэвийн хэмжээнээс их уух хэрэгтэй.

-Гадаа бөгчим байгаа эн үед хүүхдийг хэзээ гадаа гаргавал зөв бэ?

-Өглөө орой гадаа гаргахнь зүйтэй. Зундаа хүүхдийг хөдөө эсвэл зусланд байлгах нь тохиромтой. Өдөр гадаа гаргах шаардлагатай бол байрны сүүдэр дагуулаад гаргах хэрэгтэй. Болж өгвөл их нартайд гаргахгүй байх нь зөв. Эцэг эхчүүд хүртэл өөрсдөө гарахдаа шингэн сайн уугаад нарны малгайгаа өмсч, шилээ зүүх хэрэгтэй. Газтай ундаа, газтай ус, өтгөн цай, чихэртэй ундаа жүүс бүгд биеийг хуурайшуулдаг. Зөвхөн цэвэр ус ууж байж шингэнээ нөхөх боломжтой шүү.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энхжаргал: Хавдрыг генийн түвшинд оношилж, өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээг хийдэг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагналыг хүртсэн Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргалтай ярилцлаа.


-Баяр хүргэе. Таны судалгааны ажил хавдрыг оношилж, эмчлэхэд ямар дэвшлийг авчраад байна вэ?

-Баярлалаа. “Молекул генетик оношлогооны дэвшилтэт технологийг хавдрын оношлогоо эмчилгээнд нэвтрүүлэх нь” нэртэй судалгааны ажлыг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл гурван жил хэрэгжээд энэ жил дуусч байна. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвд молекул генетик оношлогооны лаборатори байгуулж, хавдрыг генийн түвшинд оношилж, хувь хүнд тохирсон эмчилгээг өвчтөн тус бүрт тохируулж хийх болсон. Энэ бол цаг хугацаа хийгээд мөнгө хэмнэсэн оновчтой арга юм.

-Энэ аргаа тодорхой жишээн дээр тайлбарлаад өгөхгүй юу?

-Урьд нь бид хавдартай хүмүүст нэг тогтсон стандартаар эмчилгээ хийдэг байсан. Тодруулбал, хавдартай хүмүүст гурван схемт эмчилгээг шат дараалан хийдэг байлаа. Тухайн хүн нэгдүгээр сонголтын схемийг хэрэглээд үр дүн өгөхгүй бол хоёрдугаар схемийн эмчилгээнд орно. Үр дүн өгөхгүй бол гуравдугаар схемд орох жишээтэй. Харин манай шинжилгээ нэвтэрснээр тухайн хүний генийн илрэлд үндэслээд ямар химийн эмчилгээнд мэдрэг болохыг нь шууд тогтоох боломжтой болсон. Ингэснээр гурван шатны химийн курс эмчилгээг заавал дамжилгүйгээр цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжтой болно. Мөн үүнээс гадна ээж нь хөхний эсвэл өндгөвчний хавдраар өвдөж байсан бол охид нь хавдраар өвчлөх магадлал хэр байна гэдгийг генийн мутаци дээр үндэслээд тогтоох боломжтой.

-Тэгэхээр одоо иргэд өөрийгөө хавдар тусах эрсдэлтэй эсэхийг танай лабораторид очоод шууд оношлуулах боломжтой гэсэн үг үү?

-Төслийн хүрээнд зөвхөн хавдартай хүмүүст оношлогоо хийж байгаа. Лаборатори өргөжөөд ирвэл эрүүл хүмүүст хавдраар өвчлөх эрсдэл байна уу үгүй юу гэдгийг илрүүлэх боломжтой болно.

-Шинэ эмчилгээний аргыг хичнээн хүнд хийж байна. Одоогоор ямар эерэг үр дүн гараад байгаа вэ?

-Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж буй, өндгөвч, хөх, ходоод, бүдүүн, шулуун гэдэс, уушиг, элэгний хавдартай 300 орчим өвчтөнийг эмчилгээнд хамруулж байгаа. Таван жил дотор дахисан уу, үгүй юү гэдгээр нь хавдрын эмчилгээний үр дүнг үнэлдэг. Өвчин дахихгүй бол бүрэн эдгэрсэн гэж үзнэ. Таван жилийн дараа эдгээр өвчтөнүүдийн амьдрах хугацаа хэдэн хувиар уртассан бэ гэдэг бодит үр дүн гарах юм. Өндгөвчний хавдар найман сарын дараа дахидаг бол жил гаруй хугацаанд дахиагүй эерэг үр дүн гарсан. Мөн хавдрын хэмжээ богино хугацаанд багасаж байгаа.

-Хавдар хожуу үедээ оношлогдсон тохиолдолд шинэ эмчилгээний арга эмчлэгдэх боломжтой юу?

-Хавдартай хүмүүсийн нэгдүгээр сонголтын эмчилгээ нь мэс засал байдаг. Мэс засал хийх боломжгүй хожуу үедээ ирсэн өвчтөнүүдэд химийн эмчилгээ хийгээд хавдар багассаны дараа мэс засалд оруулах боломжтой. Хоёрт, мэс засалд орсны дараа дахиад химийн эмчилгээ хийх шаардлагатай. Тухайн хүнд ямар химийн эмчилгээ үр дүнтэй гэдгийг энэ шинжилгээгээр хийж өгөх юм. Ингэснээр өвчтөнүүдийн амьдрах хугацааг хэдэн сар, жилээр уртасгах боломжтой.

-Генетик оношлогоо хөгжингүй орнуудад ямар шатандаа явна вэ?

-Мэдээж хөгжилтэй орнуудад энэ аргууд болон олон шинэ эмчилгээнүүд нэвтрээд байна. Генийн мутацид зориулсан эмчилгээг бид бай эмчилгээ гэж нэрлэдэг. Бай эмчилгээ аль хэдийнэ практикт нэвтрээд үр дүн нь гараад эхэлсэн. Гадаадад оношлуулж, эмээ худалдан аваад манайд ирж бай эмчилгээ хийлгэж буй хүмүүс ч бий. Гэхдээ энэ эмчилгээ их өндөр өртөгтэй.

-Сүүлийн жилүүдэд хавдар хожуу үедээ их оношлогдох болжээ. Эдгээр өвчтөнүүдэд оношийг нь шууд хэлдэг юм билээ. Ингэснээр өвчтөнүүд сэтгэлзүйн хувьд хүнд байдалд ордог шүү дээ?

-Өвчтөнөөс оношийг нь нуух ёсгүй. Гэхдээ тухайн өвчтөний сэтгэл зүйн байдал болон бодит байдлыг үнэлсний дараа эмч өөрт нь хэлэх эсэхээ шийддэг. Ар гэрийнхэнтэй нь зөвлөсний үндсэн дээр оношийг хэлэхгүй байх үндэслэл бий. Бусад тохиолдолд өвчтөн өөрийнхөө оношийн талаар мэдэх эрхтэй. Манай эмнэлгийн зүгээс хавдрын тусламж үйлчилгээг зөвхөн эмч, сувилагч гэлгүй нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хоолзүйч гэх мэт багаар ажиллаж хүргэж байгаа. Нийгмийн ажилтан хавдрыг даван туулсан хүмүүсийн бүлгийн уулзалтыг хийж байна.

-Хавдраас бид хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хэдийгээр шинжлэх ухаан хөгжсөн тул генетекийн нарийн судалгаа хийгдэж байгаа. Гэхдээ хүний эрүүл байх хамгийн энгийн зарчим бол зөв хооллолт, хөдөлгөөн хоёр юм. Мөн эрүүл орчинд аж төрөх ёстой. Хоёулаа ижил хавдрын өвчин үүсгэх генийн мутацитай хүн байлаа гэхэд эрүүл орчинд амьдарч, зөв хооллож, хөдөлгөөн хийж байгаа хүн хавдраар өвдөхгүй байх магадлалтай. Тэгэхээр амьдралын зөв дадлыг хүн бүр эрхэмлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд хавдартай тэмцэх гурван арга байдаг. Эрт илрүүлэх, эрт илрүүлснээ төгс оношлох, гуравт хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх. Хавдрыг төгс эмчлэх хамгийн гол зүйл бол эрт илрүүлэх. Эрт үедээ илрээд оношлогдох юм бол төгс эмчилж болно. Үүний тулд өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж жил бүр оношлогоо эмчилгээнд хамрагдах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Та яагаад эмч болохоор шийдсэн бэ?

-Намайг есдүгээр ангид байхад эмээ маань хорт хавдраар өвдсөн. Тухайн үед манайх гэр бүлээрээ сэтгэл зүйн хүнд дарамтад орсон л доо.

Гэхдээ манай эмээ маш азтай. Эрт үедээ оношлогдож, төгс эмчлэгдээд арван жилийн дараа өөр өвчнөөр таалал төгссөн. Тэгээд л эмч, тэр дундаа хавдрын эмч болъё гэж хатуу шийдсэн. 2003 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Хавдар судлалын үндэсний төвд хавдар судлаач эмчээр резидентийн сургалтыг дүүргэж байлаа. Үргэлжлүүлээд хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаад 2009-2013 онд Солонгост молекул генетикийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан. Ингээд сурсан мэдсэн зүйлээ монголдоо нутагшуулахаар ХСҮТ-ийнхөө лабораторийн тасагт ажиллаж байна.

-Таны цаашдын зорилго?

-Манайд хоол боловсруулах замын хавдар их байгаа. Дараагийн шатанд ходоодны хавдартай өвчтөнүүдэд шинжилгээ хийж, аль аймаг бүсийн хүн амд ямар генийн мутаци давамгай байна гэсэн судалгаа хийхийг зорьж байна. Судалгааны үр дүнгээс тодорхой мэдээлэл өгөх боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Гандамала Ланкара: Хэн нэгэн таны өмнөөс бясалгал хийж, тарни уншаад та сайн сайхан амьдарна гэж байхгүй

Бурхан багшийн айлдсан Ганжуурын хөлгөн судруудыг бүрэн бүтнээр нь төгс судалж цээжлэн тогтоож “Типитакадхара” цол хүртсэн Мьянмар улсын их бандида Гандамала Ланкара хувраг энэ өдрүүдэд Монголын сүсэгтэн олонд сургаал айлдаж байгаа билээ. Их бандида Гандамалатай ярилцсанаа хүргэе.


-“Типитакадхара” цолыг хүртсэн 14 хувраг байдгийн ес дэх нь та гэсэн. Энэ цолыг Төвд, Монгол зэрэг буддын шашинтай улс орны лам, хуврагууд хүртэж байсан уу. Ямар хүнд энэ цолыг хүртээдэг юм бэ?

-Бурхан багшийн үед лам хуврагууд Випашяна бясалгалд сайтар хичээнгүйлэн шамдаж төгс гэгээрэлд хүрээд тэрхүү гэгээрлийн хутагт хүрэх аргыг шавь нартаа заан сургах үйлийг эрхэлдэг байсан юм. Мөн зарим нь Бурхан багшийн айлдсан Ганжуурын гурван сав аймгийг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь судалж цээжлэн тогтоогоод номын шавь нарт заан сургадаг байжээ. Ганжуурын бүх хөлгөн судруудыг судалж цээжлэн тогтоосон хуврагт “Типитакадхара” буюу “Гурван сав аймгийг эрхшээгч” цолыг хүртээдэг байж. Лам хуврагуудын үйлдэх ёстой үндсэн энэ хоёр чухал үүрэгт үйл хэргийг эдүгээ цагт ч Мьянмар орноо лам хуврагууд гүйцэлдүүлсээр байгаа юм. Өнөө үед Випашяна бясалгал хийсээр гэгээрлийн шатуудад хүрсэн олон лам хуврагууд бий. Бирм улс тусгаар тогтнолоо зарласан 60 гаруй жилийн хугацаанд 14 хүн энэ цолыг хамгаалсан. Бурхан багшийн үед ном хэвлэл байгаагүй учраас бүх сургаалыг цээжилдэг байжээ. Түүнийг үе уламжилж цээжилж ирсэн гэгээрсэн хүмүүс Мьянмарт байдаг. Гэхдээ энэ номыг зүгээр шүлэг шиг цээжилж болохгүй. Нэвт шувт мэдэрч, ойлгох ёстой юм. Хүссэн хүн бүхэн Бурхан багшийн сургаалыг цээжилж шалгалт өгөөд энэ цолыг хамгаалж болно.

-Та Буддын сургаалыг хичнээн жил судалж энэ цолыг хүртсэн бэ. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би1968 онд Мьянмар улсын Мандалай хотод мэндэлсэн бөгөөд есөн сүүдэртэйдээ төрөлх хотын Буддын их хийдэд шавилан сууж, Ганжуурын хөлгөн судруудыг нэг бүрчлэн цээжлэн судалж “Типитакадхара” болох амаргүй эрдмийн үйлсэд шамдан Мьянмарын ханьцашгүй мэргэн лам нарыг шүтэн суралцаж эхэлсэн. Улмаар 2001 онд 33 сүүдэртэйдээ Бурхан багшийн айлдсан 84000 номын цогц хөлгөн судруудыг төгс эрхшээсэн “Типитакадхара” цолыг хүртэж байлаа.

-Та Монголчуудад ямар сургаал айлдаж, юуг ойлгуулахыг хүссэн бэ?

-Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв багшийн урилгаар монголд ирээд байна. Д.Ширэндэв багш 2016 онд Мьянмарт очоод надтай уулзаж, хамт бясалгал хийгээд Бурхан багшийн номын гурван сав аймгийг нэвт мэдсэн хүнийг монголд ирж адис айлдаж, монголчуудад буян болооч гэж урьсан юм. Тэр урилгыг аваад өчигдөр Бэтүб хийдэд сахил санваартай лам нарт хандаж Винайн ёсыг хэрхэн дагах тухай сургаал айлдсан. Өнөө өглөө 09:00 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй заланд Абадама Абхидхамма сэдвээр лекц тавьсан. Одоо 14 цагаас Гандан хийдийн Гунгаачойлин дацанд эгэл жирийн сүсэгтэн олонд Судар хийгээд судрын аймгийн талаар, бурхны шашныг хэрхэн, юу гэж ойлгох ёстой юм бэ гэдэг айлдвар айлдах гэж байна.

-Буддын шашныг эгэл жирийн сүсэгтэн олон яг юу гэж ойлгох ёстой вэ. Шашин хийгээд мухар сүсэг хоёр юугаараа ялгаатай вэ?

-Бурхан багш нирваан дүр үзүүлснээс 1000 жилийн хойно Бурхан багшийн сургаалд ойлголтын зөрүү гарч, олон жижиг хэсэг, бүлэглэлд хуваагдсан. Сүсэг бишрэл, итгэл үнэмшилд ч зөрүүтэй ойлголтууд гарч эхэлсэн. Нэг хэсэг нь Энэтхэг, Төвд, Хятад, Монгол, Солонгос, Япон гээд хойд чиглэлд дэлгэрч Махаяана урсгалыг бий болгожээ. Нөгөө хэсэг нь Шриланка, Тайланд, Мьянмар, Вьетнам, Камбож, Лаос урд зүгийн орнуудад дэлгэрч Теревала урсгалыг дэлгэрүүлжээ. Ингэж өөр өөр ёс заншилтай орноор дамжиж явсаар Буддын сургаал зан үйл, мухар сүсэг болчихоод байна. Үүнээс болоод Монголын буддизм, Мьянмарын буддизм хоёр ялгаатай харагдах болсон. Бурхан багш бол нэг л сургаал айлдсан.

-Бидний мэдэхээр Буддын шашинд үйлийн үр, арван цагаан буян, арван хар нүгэл, хойд нас гэх мэт ойлголтууд байдаг. Мьянмарт дэлгэрсэн Буддын сургаалд энэ бүхэн бий юу?

-Бурханы сургаал нь гурван зүйлээс бүрддэг. Бие хэлээрээ нүгэл үйлдэхгүй байх, сэтгэлийнхээ өнгөн хэсэгт анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн гүнд байгаа муу муухай зүйлийг арилгахыг Бурхан Будда сургасан. Буддын шашны үндсэн ойлголт бол маш энгийн. Өөрийн сэтгэлд эзэн болж сэтгэлээ удирдах гэдэгт арван цагаан буяныг үйлдэж, арван хар нүглийг тэвчих нь ордог. Төвдийн буюу Махаяана урсгал Бурхан Буддагийн жинхэнэ сургаалаас нэлээд гажсан байна.

-Бурхан багшийн сургаалын гол зүйл нь юу вэ. Библид амьдралын энгийн зүйлсийг ойлгомжтойгоор тайлбарласан байдаг. Буддын шашны сургаалыг орчуулахаар магтуу дуунууд, олон хүний нэр байгаа нь ойлгомжгүй санагддаг шүү дээ?

-Миний түрүүнд хэлсэн гурван ойлголтыг үйлдэл болгох хэрэгтэй. Хамгийн сүүлийн өөрийн сэтгэлийг номхотгох, хир буртгийг арилгах гэдэг нь билгүүн ухааныг олох юм. Тарни цээжилж, бясалгал хийж өөрийгөө олж болно. Гэхдээ таны өмнөөс хэн нэгэн хүн бясалгал хийж, тарни уншаад та сайн сайхан болно гэж байхгүй. Чин сэтгэлээсээ хүсч, анхаарлаа төвлөрүүлж бясалгах ёстой. Бясалгалын ухаан нь хоёр төрөл байдаг. Нэг нь Шаманта буюу анхаарлаа төвлөрүүлж сурснаар оюун ухаан сэтгэлийг төвлөрүүлэх арга юм. Нөгөө нь Випашяна буюу өөрийн сэтгэлийн билгүүнийг үүсгэж, хир буртгийг арилгах. Ийм хоёр үндсэн сургаал байдаг. Нэг нь нөгөөгөө хөтлөөд явдаг. Хамгийн гол нь энэ сургаалаас чи өөрөө ач тус хүртэх ёстой. Хэн нэгэн чиний өмнөөс үүнийг уншаад чи ач тус хүртэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хоёр чиглэлийн аль нэгийг сонгож, өөрөө хичээж, хөдөлмөрлөж байж билгүүн ухаанаа нээж гэгээрэх юм.

-Сүүлийн жилүүдэд манай улсаас маш олон гэгээнтний хойд дүр тодрох болсон. Энэ ямар учиртай юм бол. Гэгээнтнүүд яаж төрдөг вэ?

-Гэгээрэлд хүрэхийн тулд хутагтын найман гишүүнт зам мөр гэж байдаг. Энэ зам мөрийг сахиад билиг оюунаа хөгжүүлээд хутагт болж гэгээрч болно. Миний хувьд Төвдийн буддизм гэгээнтнийг хэрхэн тодруулдаг талаар сайн мэдэхгүй байна. Манай Теревалад бол хэн нэгэн хүн өөрөө бясалгал хийгээд өөрөө л гэгээрдэг. Гэгээрсэн хүмүүс бусаддаа гэгээрэх зам мөрийг зааж сургах нь бидний үндсэн үүрэг юм.


Categories
мэдээ цаг-үе

Б.Чинбат: Бидний өвөг дээдсүүд тэнгэр хүчтэй, чадалтай хүмүүс байсан шүү гэдгийг наадмын нээлтээс мэдрээсэй гэж хүсч байна

“Өдрийн сонин”-ы 2017.07.03-ны даваа гаригийн 146 (5713) дугаараас авч нийтлэв

Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбаттай ярилцлаа. Тэрбээр энэ жилийн үндэсний их баяр наадмын тоглолтын хөгжмийн найруулгыг хийж байгаа юм. Өмнө нь наадмын тоглолтод зориулсан тусгай хөгжим зохиогдож байгаагүй бөгөөд үндэсний их баяр наадам анх удаагаа хөгжимтэй болж байгаа нь энэ.


-Наадмын тоглолтын хөгжмийн найруулгыг та хийжээ. Үндэсний их баяр наадам маань ямар онцлогтой, ямар хөгжимтэй болж байна вэ?

-“Домог туульсын дуудлагатай тэнгэрлэг монгол наадам” гэж нэртэй. Энэ жилийн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор нь би ажиллаж байна. Харин хөгжмийн тохиргоо, студийн ажил, дуучдын дуу хоолойг МУГЖ, дуучин Б.Дашдондогийн “Дашка” студи хариуцаж байна. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтонд Монголын бүх л урлагийн байгууллагууд оролцоно. Тиймээс наадмын тэр сайхан өдөр урлагийнхан хүчээ нэгтгэж, бид монголчууд шүү гэдэг мэдрэмжийг наадамчин олонд өгсөн өдөр болох байх. Мөн наадмын өмнөхөн шинэ Ерөнхийлөгчөө сонгоно, тэр Ерөнхийлөгчийн анхны наадам байж таарна гэдэг утгаараа ч тэр бид “Монголчууд эргэж нэгдэж байна” гэдэг санааг илэрхийлж байгаа. Тоглолтын үзүүлбэрүүдээс бидний өвөг дээдсүүд, тэнгэр хүчтэй, хүч чадалтай хүмүүс байсан шүү гэдгийг эргэж мэдрээсэй гэж хүсч байна. Хөгжмийнхөө зохиолыг бичээд дууссан байгаа. Мөн тоглолтод оролцох дуучдын дууны найруулга дээр продюсерээр ажиллаж байгаа. Ер нь тоглолтын бүх л хөгжмийг хариуцаж байна.

-Наадмын тоглолт ёслол төгөлдөр сайхан болдог. Энэ жилийн наадамд ямар дуучид дуулах вэ?

-МУГЖ Т.Ариунаа, Г.Ариунбаатар, Никитоны Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Батчулуун, “Sweetymotion” хамтлаг зэрэг олон дуучид өөр, өөрийн дүрийг бүтээж, өөр өөр өнгө аясыг илэрхийлж тоглолтод оролцоно.

-Тоглолтын хөгжмийн найруулгыг хийхдээ Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан оронд” аялгуунаас оруулжээ?

-Ерөнхийдөө наян хувь нь миний зохиосон хөгжим байгаа. Харин Э.Чойдог гуайн “Монголын сайхан оронд” хөгжмийн “гийнгоо”-ных нь аялгуунаас авч оруулсан. Энэ сайхан аялгууг хүмүүст эргэн сануулъя гэдэг эрхэм зорилго байсан юм. Эртний сайхан, сайхан хөгжмүүд бий шүү дээ.

-Тоглолтын үеэр дуучид хүртэл өөр, өөрийн дүртэй Б.Чинбат: Бидний өвөг дээдсүүд тэнгэр хүчтэй, чадалтай хүмүүс байсан шүү гэдгийг наадмын нээлтээс мэдрээсэй гэж хүсч байнабайгаа гэсэн. Нэлээд сэдэвчилсэн тоглолт байх нь. Нэрнээс нь харахад эртний домог туульсын зохиолуудаас тоглогдоно гэсэн үг үү?

-Тиймээ. Домог үлгэрийн шинж чанартай аялгуутай. Тэнгэрлэг домог туульсын дуудлагатай байна. Тиймээс “Жангар”-ын туулиа хайлна. Мөн “Отелло баатрын ром гүрнийг сөгдүүлмой” гэдэг хэсэг байх жишээтэй. Эргүнэ хунгаас Боржгон домог эхэллээ гэдэг ч хэсгийг хүртэл дуу хөгжмөөр илэрхийлнэ. УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн мэргэн ухаан, авьяас билгээрээ найруулгаа хийж байна. Бид хамгийн сайхан үндэснийхээ язгуур урлагийг орчин үеийн хөгжимтэй нийцүүлэн маш гоё бүтээл гаргаж, наадмын сайхан тоглолтыг гаргахаар ажиллаж байна. Ялангуяа Алунгоо ээж “амилж” сургаалаа айлдана. Эзэн Чингис хаан маань “Бурхан халдун” дээрээ гарч өөрийн үгээ хэлнэ гэх мэт олон гоё хэсгүүд тоглолтонд байна. Одоогийн байдлаар Найруулагч Н.Наранбаатар Төв цэнгэлдэхэд бэлтгэлээ хийж байгаа. Харин Дашка хүмүүсийн зүрх сэтгэлд аялгууг яаж хоногшуулах уу гэдэг нарийн хөгжмийн тохиргоог хийж байх жишээний. Бидний ажил ид сайхан явж байна.

Image result for Б.Чинбат

-Яг ямар жанрын хөгжим гэж ойлгох вэ?

-Ерөнхийдөө оркестрын дуугаралттай хөгжмийн найруулгууд явагдаж байгаа. Тухайн дуулж байгаа дуучид, хамтлагууд өөр, өөрийн онцлогоор дуулна. Нэгэн нууцыг задлахад Бачка гэхэд л Отелло баатар болж байгаа. Г.Ариунбаатар маань ямар бэлгэ тэмдэг болж гарч ирэх вэ гэдгийг наадмын нээлтээс хараарай. Жил жилийн наадам үе шаттайгаар хөгжөөд ахиад яваасай гэж боддог. Монголчууд бид наран эжийгээ шүтдэг бэлгэдэлтэй болохоор бага үдийн нарнаар тоглолтоо нээдэг. Тиймээс тоглолтын үеэр таазны өнгө, гэрэл зэрэгт их ажиллагаа, чадвар шаарддаг. Олимпийн нээлтүүд ихэвчлэн шөнө болдог шүү дээ. Шөнө бол ямар л бол ямар шийдэл, тайз засалт хийх боломжтой байдаг. Хөгжмийн зохиолоо бичихдээ халх буриад гэж бие, биенийгээ харахгүй, халуун эв нэгдэл, тусгаар тогтнолоо эрхэмлэж яваасай гэж бодож бичсэн. Наадмын өдөр тийм л халуун сэтгэл стадионд тоглогдож байгаа дуу хөгжим бүх зүйлээс эгшиглэээсэй гэж их хүсч байна.

-Өнгөрсөн жил үндэсний их баяр наадам сайхан дуутай болсон. “Миний монгол наадам” гээд энэ дууны хөгжмийн найруулгыг та хийсэн юм билээ. Манай урлагийнхан нэгдэхээрээ сайн бүтээл хийж байна шүү?

-Урлагийнхан бид нэгдээд л хийсэн. Монголчууд нэгдэж чадвал ямарч зүйлд хүрч болдогийг урлагийнхан илэрхийлдэг шүү дээ. Монголчууд бид нэгдэж чадвал илүү их үр дүнд, амжилтанд хүрэх байх гэж дотроо боддог юм.

-Таны хувьд наадмын дурсамжаасаа хуваалцвал юу нь хамгийн сайхан санагддаг вэ?

-Би хүүхэд байхдаа хөдөө байх их дуртай байсан. Наадмыг морьгүйгээр ерөөсөө төсөөлж чаддаггүй байлаа. Морь бол монгол эр хүний яс цусанд байдаг юм байна. Сүүлийн үед төв цэнгэлдэхдээ наадамлаж байна.

Аливаа уран бүтээлд язгуур урлагийг шингээхээр хүмүүст илүү хүрдэг, монголчууд улам их огшдог. Язгуур урлагийг шингээж хувийнхаа уран бүтээл хийх тал дээр хэр анхаарч байна вэ?

-Яг тийм. Тэр л зүйлээрээ бид дэлхийд онцгойрч чадна. Язгуур урлаг ардын хөгжим дээрээ суурилсан төрөл жанраар уран бүтээл туурвих гэж байгаа. Никитонтойгоо хамтарч байна. CD гаргах гээд уран бүтээлүүдээ хийж байна. Хүн бүр дор бүрнээ ухаарч ойлгож хамтдаа хөдөлмөрлөвөл гоё. Бид гуравхан саяулаа шүү дээ.

-Наадмын үеэр цаг агаар хүртэл сайхан, хүн бүрийн сэтгэл баяртай байдаг. Хангай дэлхий хүртэл баярладаг. Хангай дэлхийг баярлуулахад хөгжим бас их чухал байх?

-Хүн гэдэг чинь байгалийн амьтан шүү дээ. Уул усаа аргаддаг, хайрладаг. Эх дэлхийгээ хайрлахгүйгээр зөвхөн алт эд баялгийн төлөө хэт их шунавал байгаль яаж хариугаа авдагийг олон улсын мэдээллүүдээс харж байна. Тэр тусмаа Монголчууд байгаль дэлхий нар сартайгаа асар ойрхон, тэнгэрлэг хүмүүс. Байгаль дэлхийгээ хайрлаж, юм болгон л амьтай гэдгийг ухаарч, дуу хуураараа аргадаж явах ёстой гэж боддог юм. Хээрийн салхи, горхины чимээ хүртэл хөгжим шүү дээ. Өнөө цагт дэлхий дахинд биднийг маш их сонирхож байна. Тиймээс нэлээд бодож байж наадмын уран бүтээлээ хийж байна. Өвөг дээдсээс үлдээсэн олон сайхан сургаалаа ч бид бодож явах ёстой. Бид бүгдээрээ мэднэ. Ботгоо голсон энгийг морин хуур, уртын дуугаар уяраадаг. Ингэ, ботгоны нулимс нь бөмбөрөөд л байдаг шүү дээ. Амьтан хүртэл хөгжмийг мэдэрч байна. Байгаль, дэлхий ч амьтай сонсдог, мэдэрдэг.

-Г.Ариунбаатар, Амартүвшин гээд л дуучид дэлхийд өндөр үнэлэгдэж, дэлхийд монголчуудын авьяас гайхагдахад ойрхон байх шиг байна?

-Монголчууд азтай шүү. Яагаад гэхээр бид гайхамшигтай сайхан нутаг эх оронд төрж өссөн юм билээ. Орчин цагаар ярих юм бол энергитэй. Уул ус, гол горхи бүх зүйл амьтай. Тэрний учир бэлгэдлийг өвөг дээдэс маань ойлгуулаад үлдээсэн. Тэрнэээсээ бид жаахан холдсон байж магадгүй. Монголчууд гадны тайзан дээр гарахад алхаа гишгээ, харц, бие, царай зүс, хоолойны өнгө гээд л хийморьтой сайхан шүү дээ. Тэгээд монгол хувцсаа өмсчихөөр үнэхээр өөр. Байгалиас заяасан өгөгдөл, авьяас билэгтэй ард түмэн.

-Таны хувьд гадны орнуудаар тоглолтоор явж байна уу?

-Саяхан “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Чоно” хамтлагуудтай Өвөрмонголд тоглочихоод ирсэн. Гайхамшигтай тоглолт боллоо. Никитон хамтлагийн хувьд бол урагшаагаа гарц нээлттэй болсон. Тэнд ч мөн монголчууд байгаа шүү дээ. Өвөрмонголчууд чинь монголчууд, тэр тусмаа их гүрний хажууд байгаа цөөнх. Тэдэнтэй хэдэн үг солиод би ичиж үхэх шахлаа. Тэд хэний үр удам бэ, миний өвөг дээдэс юу хийж явсан, ямар хүмүүс бэ гэдгийг мэддэг. Саяхан өвөрмонголд Жангар бүжгийн жүжиг хийлээ, тэдэнтэйгээ илүү ойртож үзлээ үнэхээр өөр юм байна. Дэлхий даяар тархсан монголчууд маань нэгдэх ёстой гэж их бодлоо.

-Рок попынхон хамгийн сайн нэгдэж чаддаг. Нэгдэхээрээ онцгой бүтээл гаргадаг. Нэгдмэл байдлын нууц нь юунд байна вэ?

-Ер нь бол рок поынхон “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гээд хамтдаа дуулж эхэлж байсан. Тийм л их бадрангуй сэтгэлтэй л хүмүүс байдаг шүү дээ бид. Дотроо их эв найртай. Шуудхан хэлэхэд мөнгийг эрхэмлэдэггүй. Амьдралд мөнгө хэрэгтэй ч тэгтлээ мөнгөний төлөө дуулдаггүй. Дуугаа чин зүрх сэтгэлээс гаргаж, тэр сэтгэлийн аялгуу нь хүмүүст хүрдэг.

-“Sweetymotion” хамтлагаар сонин сайхан юу байна. Танай гэр бүл, бүл нэмсэн үү. “Sweetymotion”-ынхон ар гэрийн амьдралаа бас төвхнүүлэх гээд завгүй байх шиг байна?

-“Sweetymotion” хамтлагийн хорин жил болох гэж байна. Анх14 настай хүүхдүүдтэй уран бүтээлээ туурвиж эхэлж байлаа. Цаг хугацаа хурдан байна шүү, гэтэл одоо хорин жилийнхээ ойг хийх гэж байна. Ойн баярынхаа талаар ярилцаж байна. Шинэ уран бүтээлүүд хийгдэж байгаа. Бид сүүлийн үед уран бүтээлүүдээ хийгээд студидээ амьдарч байна шүү. Манайх бүл нэмсэн, хоёр охинтой болсон. Сүүлд бид хайраар амьдардаг гэж дуу хийсэн. Наадмын дараагаас өөрийн зохиолуудаа клип болгоод гаргана. Сүүлийн үед Монголдоо суурин амьдраад нэг зүйлийг анзаарлаа. Намайг Америкт амьдарч байхад тэнд улстөр нийгмийн их ороо бусгаа үе байсан. Баячууд нь амиа хорлож үхээд л, хувьцааны ханш унаад л, эдийн засаг хямраад гэсэн ч хувь хүнд нөлөөлдөггүй юм билээ. Тэд тийм нийгмийг тэнд байгуулж чаджээ. Гэтэл манайд эсрэгээрээ байх юм.

-Зундаа манайхан хөдөөгүүр их явдаг болжээ. Та хөдөө явж байна уу. Хөдөө амрах сайхан шүү?

-Уртын дуугаа сонсоод л хөдөө аялж явах гайхалтай сайхан. Хүүхэд байхдаа уртын дуу явахаар ямар ядаргаатай юм бэ, нойр хүргээд байх юм гэж боддог байж билээ. Гэсэн чинь одоо монголын уртын дуунуудыг сонсоод уйлаад байна шүү дээ. Тэгэхээр язгуур урлаг нь монгол хүндээ ингэж нөлөөлдөг, тийм сонин код яс цусаар гүйж байх шиг. Язгуур урлагаа өнөөтэйгээ бид хослуулж явбал болно доо. Цаг үеэ дагаад урлаг өөрчлөгддөг ч уламжлалаа мартах учиргүй.

Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбаатар: Наадмын нээлт монголчуудын зүрхэнд орж, тархитай нь ярих болно

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.


-Та хоёр дахь жилдээ наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Энэ жил наадмын нээлт ямар байх бол гэсэн хүлээлт наадамчин олонд далдхан байх шиг?

-Төрийн наадам хийнэ гэдэг чинь дуртай хүний ажил биш. Миний хувьд төрийн наадмын ерөнхий тавилтыг өөрчилье гэж бодсон. Монгол тавилтуудыг бий болгохыг зорьж байна. Энэ утгаараа төв цэнгэлдэхэд тулга мөнхөд асах ёстой гэж үзсэн. Тулгын галыг яаж асаах нь тухайн найруулагчийн зохиомж байгаасай гэж хүссэн юм. Өнгөрсөн жил бид илүү түүхчилсэн хэлбэрээр, сюрприз сэтгэл хөдлөлд илүү анхаарсан. Энэ жил эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой гэдгээрээ онцлогтой түүхийн он цаг тохиож байгаа. Тийм болохоор агуулга тал руу илүү анхаарч байна. Цаг хорин минутын хугацаанд гурван сая монголчуудын зүрх рүү орж, тархитай нь ярих болно.

-Наадмын нээлтээр дамжуулж монголчуудад яг юуг хүргэхийг зорьж байна вэ?

-Монголчууд бид хаанаас эхлэлтэй, ямар хүний үр сад билээ. Ямар тэнгэрээс заяатай, хэрхэн яаж амьдрах ёстой вэ. Юуг шүтэж, юуг хайрлах билээ. Юуг эрхэмлэх ёстой билээ гэдэгт ач холбогдол өгсөн. Товчхондоо хүн аавыгаа дурсаж, ээжийгээ хайрладаг байгаасай гэж хэлэхээр, харуулахаар нээлтийнхээ зохиолыг гаргасан. Нээлт л бол нээлт. Бидэнд гайхамшигтай түүх байна. Энэ түүхийг бид хэдэн арван жил идээд барахгүй. Ийм түүхтэй улс дэлхийд ховор. Энэ сайхан түүхээ онцолсон. Юугаар илрэхийг ирээд үзэх хэрэгтэй.

-Наадмын нээлтэд “Дэлгэр монгол орон”, “Бүүвэйн дуу” эгшиглэнэ гэсэн. Их содон сонсогдож байна л даа?

-Наадмын нээлтийн үеэр “Бүүвэйн дуу”, “Дэлгэр монгол орон” зэрэг утга, агуулга өндөр ая дуунууд эгшиглэх болно. “Бүүвэйн дуу” бол энэ хорвоо ертөнцийн хамгийн анхны дуу авиа. Эх хүний үрдээ хүссэн сайн сайхан бүхэн энэ аянд багтдаг. Сүүлийн үед монголчууд их шүүмжлэгч, хар юмыг өлгөж, тосож авдаг болжээ. Аливаа юмны гэгээн цагааныг олж харах сэтгэл биднээс алсарсаар байна. Үүнийг эргүүлэн олж авах нь хайр, энэрэл, уучлал, бие биесээ дэмжих эхлэл юм. “Үйл бүхний дээд нь дэмжих, бүтээх, туурвих. Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх” хэмээн говийн ноён хутагт Данзанравжаа хэлсэн байдаг. Гэтэл бид өнөөдөр яагаад харанхуй болов гэдэгт уран бүтээлчийнхээ хувьд санаа зовниж энэ дуугаар, наадмын нээлтээр гурван сая хүний сэтгэлд гэгээн бодол тусгахыг хичээлээ. “Дэлгэр монгол орон” дуу бол эх орон, газар шороо, монгол хүнээр бахархсан дуу. Яагаад бид жилд ганц болдог төрийнхөө наадмаар энэ бүхнээрээ бахархаж болохгүй гэж.

-Өнгөрсөн жилийн наадмын нээлт 1990 оны ардчилсан хувьсгалыг орхигдуулсан гэдэг шүүмжлэлийг олноос хүртсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Өнгөрсөн жил тэгш ойнууд тохиосон өндөр жил байсан. Хүннүгийн үеэс эхлээд эзэн Чингис хаан, XIII зуун, тусгаар тогтнол, ардын хувьсгал гээд томоохон түүхийн үйл явцыг түүж авсан. Хүмүүсийн хүсэл сонирхлыг ойлгож, алдаагаа ухамсарлаад энэ жилийн наадмын нээлтэд ардчиллыг илүү символический байдлаар оруулж байгаа.

-Төв цэнгэлдэхэд Бурхан халдун шүтээн, морин хуурч өвгөн, идлэг шонхор гээд олон бэлгэдлийн зүйлс байрлуулжээ. Энэ бүхнээр хүмүүст юу хүргэхийг хүсч байна вэ?

– Нэг ийм үг байдаг. Төвд хүн шидээрээ, хятад хүн бэнчингээрээ, монгол хүн бэлгээрээ гэж. Монгол хүн бүр Бурхан халдун шүтээндээ тэр бүр очоод байж чаддаггүй. Энэ сайхан хайрханаа ард түмэн минь удахгүй наадмын талбайдаа харж, итгэл бишрэл төрөх байх. Морин хууртай өвгөн бол бидний аман зохиол, ардын түүхийг өгүүлж байгаа юм. Сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад гээд эхэлдэг шүү дээ. Ардын аман зохиолд бидний соёл, ёс суртахуун, хэм хэмжээ багтаж байдаг. Театрын урлаг эртний Грекээс өмнө Монголын аман зохиол, үлгэр туульсад илэрч байсныг харуулж байгаа юм. “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн” гээд туульс бий. Яагаад бид үүнийгээ наадам дээрээ харуулж болохгүй гэж. Энэ гайхамшигтай аман зохиолууд монголчуудыг эртнээс бусдаас түрүүлж сэтгэж байсныг харуулах тод баримт гэж би үздэг. Тиймээс, аман зохиолоор тэр дундаа “Жангар” туулиар нээлтээ хийнэ гэж ойлгож болно. Эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой тохиож буй учраас, энэ түүхийг илтгэх өгүүлэмж нь мөн гэж үзэж байгаа. Гэхдээ наадмын нээлтийн талаар олон зүйл яримааргүй байна. Наадмын өглөө ард түмэн минь өөрсдийн нүдээр үзвэл сонирхолтой байх.

-Бэлгэ дэмбэрэлтэй наадмын нээлт болох нь ээ. алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэж байгаа нь юуг бэлгэдэж байгаа вэ?

-Энэ бол энэ жилийн наадмын бас нэг онцлог, үзүүштэй, хамгийн сайхан хэсэг байх болно. Ээжүүд маань сайн дураараа, өөрсдөө хувцсаа бэлтгэж оролцож байгаа. Монголын үр сад олон болж, эрүүл саруул өсч торних нь Монголын ирээдүй сайн сайхан байхын эхлэл гэж бодож байна.

-Наадмын нээлтийг ямар уран бүтээлчид нээх вэ?

-Мэдээж төрийн наадамд шилдгүүд оролцоно. Энэ онд хамгийн мундаг байсан, амжилт гаргасан уран бүтээлчид сонгогддог. Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, “Хар сарнай”-ийн С.Амармандах нар оролцоно. Театрын уран бүтээлчид, алдартай 33 уртын дуучин, 33 морин хуурч, төв Гандантэгчэнлин хийдийн лам нар мөн оролцоно.

-Наадмын нээлтэд хичнээн хүн оролцож байгаа вэ?

-Бүжигчид, жүжигчид, цэрэг армийнхан, авьяаслаг хүүхдүүд, одонтой ээжүүд гээд 1500 орчим хүн оролцож байна. Энэ олон салбарын хүмүүсийг учирлаж, ухааруулж нэг зүгт харуулна гэдэг амаргүй ажил. Гэхдээ би энэ ажлыг 17 жил хийж байна шүү дээ. Миний ажлын л нэг хэсэг юм. Тэгээд ч олимп, наадмын нээлт гэх мэт иймэрхүү томоохон үйл явдлын нээлтийг театрын найруулагчид тавьдаг. Учир нь энэ бол массын урлаг юм. Хамт олон минь надтай хамт байна. Барьц алдаад байх зүйлгүй цаг хорин минутын хугацаанд олон зүйл хүргэхийг хичээж ажиллаж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Нарантуяа: Нарны харшил болбол биеэр тууралт гарч, халуун оргин загатнадаг

Арьс өнгөний их эмч Б.Нарантуяатай нарны харшлын талаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд манайд нэлээд хуурайшилттай, хэт халуун байх боллоо. Тиймдээ ч нарны харшилтай хүмүүс олон болсон байна. Нарны харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Нарны харшилтай болсноо яаж мэдэх вэ?

-Эрс тэс уур амьсгалтай, хуурайшилттай манай орны нөхцөлд гар, нүүр, биеийнхээ арьсыг нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй. Нар гэлтгүй, орчны бохирдол зэргээс хамгаалж, органик бүтээгдэхүүн хэрэглэж занших хэрэгтэй. Ихэвчлэн дархлаа султай хүмүүс нарны харшилд өртөх гээд байдаг. Хавар, намар, зуны улиралд нар салхины улмаас нарнаас харшилдаг. Зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшил тусах магадлал өндөр. Хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнавал нарны харшил гэж ойлгож болно. Загатнасан үед аль болох маажихгүй байвал сайн. Тэгэхээр нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хэрэв нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх боломжтой байдаг юм шүү. Мөн даавуун материалтай битүү хувцас, нүдний шил, саравчтай малгай өмсөж, өөрийгөө нарнаас хамгаалах хэрэгтэй. Нарны шүхэр хүртэл тогтмол бариад сурчих хэрэгтэй.

-Нарны харшлыг хэрхэн эмчлэх вэ?

-Хүний эрүүл мэндийн онцлог, насны ялгаа зэргээс хамаараад эмчилгээ өөр, өөр байна. Тогтсон нэг эмчилгээ нэг заавар гэж бараг байхгүй.Мөн эмчилгээнээс гадна зөв хооллолт, арьс хамгаалах арга их чухал. Тиймээс юун түрүүнд мэргэжлийн арьс өнгөний эмчид хандах хэрэгтэй. Цаг алдалгүй зөв эмчилгээ хийвэл бүрэн эдгэрэх боломжтой өвчин. Нарны харшил хүний биед зовиуртай, эмчлэхэд нэлээд төвөгтэй өвчин.

-Хамгаалалт гэхээр хамгийн түрүүнд нарнаас хамгаалах тосыг тогтмол түрхэх ёстой юу. Нарнаас хамгаалах тосыг хэрхэн, яаж хэрэглэх нь зөв юм бэ?

-Нарнаас хамгаалах тос маш олон төрөл бий.Тиймээс өөрийн арьсныхаа онцлогт тохируулан сонгох ёстой. Тослог арьстай хүний түрхэж байгаа нарны тос хуурай арьстай хүнд таарахгүй. Тослог арьстай хүн усан суурьтай тос түрхэх ёстой бол хуурай арьстай хүн чийгшил, тослогийг сайн агуулсан тос түрхэж байх шаардлагатай байдаг. Нарнаас хамгаалах тос SPF буюу PA гэсэн хоёр үзүүлэлттэй. Уг хоёр үзүүлэлт тодорхой хэмжээнд өндөр түвшинд байсны үндсэн дээр хамгаалах чадвараа агуулдаг. Гэхдээ SPF нь өндөрсөх тусам химийн агууламж нь ихсэж, төдий чинээгээрээ хүний арьсанд хортой чанар үзүүлэх магадлал өндөртэй. Хамгийн тохиромжтой SPF-ийн хэмжээ нь 15 эсвэл 30-тай байх хэрэгтэй. 30-аас дээшийг хэрэглээд байвал арьс гэмтэнэ. Тиймээс хэт өндөр хамгаалалттайг шаардлагатай үед түрхэж байх ёстой.

-Нарнаас хамгаалах тосыг хэдэн цаг тутамд түрхэх нь зөв бэ?

-Нарнаас хамгаалах тосыг өглөө гэрээсээ гарахаас 20-30 минутын өмнө түрхэж арьсандаа шингээнэ.SPF 20-30-тай тосыг та өдөртөө 2-3 цаг тутамд заавал сэргээж түрхэнэ. Өдөртөө тосоо арчиж авлаа, арьсыг цэвэрлээд дахиад сэргээж түрхэнэ гэсэн үг. Нарнаас хамгаалах тос маань 2-3 цагийн дараа хамгаалах идэвхээ алдчихдаг. Нарны тосон дээрээс будалт хийх нь нүүрний арьсыг хамгаалах сайн арга шүү.

-Мөн халуун өдрүүдэд нарших гэдэг нэг асуудал байна. Наршихаас хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Наршихгүйн тулд үд дундын хэт халуун наранд аль болох гадаа гарахгүй байх, гарсан ч олон цаг болохгүй байвал сайн. Наршсан тохиолдолд, хэвтэх үед толгой эргэж дотор муухайрна. Мөн бөөлжиж, зарим тохиолдолд халуурдаг. Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арчиж, толгой дээрээ хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн хүйтэн агаар үлээгчээ ажиллуулбал сайн. Гэхдээ наршсан үед хэт хүйтэн ус ууж болохгүй. Бүлээн шингэн зүйлийг ойр, ойрхон ууна. Зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй зүрхний эм ууж, гэрээсээ гаралгүй хэвтэх хэрэгтэй. Халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандаарай.

-Нярай хүүхдийг наранд түлэгдэхээс, наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

-Хөхөөр хооллодог бол өөр шингэн ус өгөх шаардлагагүй. Хүүхдийн нас бага тусам арьс нь нимгэн, эмзэг булбарай байдаг болохоор наранд амархан түлэгдэх гээд байдаг.Наранд түлэгдсэн хүүхдийн арьс улайж хавдан хөндүүрлэн өвдөнө. Хүнд тохиолдолд цэврүү үүсч, зарим тохиолдолд зовхи сэлхэрч хавагнадаг. Түлэгдсэн арьсан дээр хүйтэн усаар норгосон цэвэр алчуур тавьж болно.Хэд хоногийн дараагаас түлэгдсэн арьс гуужих үед лосьон, чийгшүүлэгч сүүн шингэн эсвэл эмульс түрхэх нь загатнааг багасгадаг. Наршсан бол хүүхэд 39 түүнээс өндөр халуурах ба хөлс гардаггүй, парацетамолд буурдаггүй онцлогтой. Арьс нэлэнхүйдээ улаан, халуун байхаас гадна толгой нь хүчтэй өвдөж бөөлжинө. Харин наршсан үед шингэн баах буюу суулгадаггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Гүрбазар: Морины тайлбарыг төгс болгоё гэвэл М.Оюунбаатар тайлбарлаад, би бас давхар тайлбарлах хэрэгтэй байгаа юм

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазартай ярилцлаа.


-Өнгөрсөн жилийн наадмаар “Миний монгол наадам” хэмээх сайхан дуу бүтсэн. Рок попынхон ч сайхан дуулсан. Энэ дууны түүхээр ярилцлагаа эхэлье?

-Энэ бол улсын наадмын төв комиссын захиалгаар хийгдсэн дуу. УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жилийн тавдугаар сард Л.Балхжав бид хоёртой уулзаад, наадамд зориулсан, жинхэнэ наадмын тухай дуу манайд алга. Морь, бөх, сур харваа гэх зэргээр эрийн гурван наадмыг тус, тусад нь магтан дуулсан дуунууд л байна. Тиймээс бүгдийг нь багтаасан “Монгол наадам” гэдэг дуу байвал яасан юм бэ гэж санал тавьсан. Ингээд тавдугаар сараас эхлээд л бид хоёр ажилдаа ороод наадмаас өмнө дуугаа бэлэн болгосон. Монголын рок попын бүх л дуучид дуулсан юм. Өнгөрсөн жил би өөрөө ч наадам хөтөлсөн. Дараа нь сонсож байхад их аятайхан дуу болчихсон санагдсан шүү. Ер нь ийм дуу байх хэрэгтэй гэж бодсон юм. “Миний монгол наадам” гэдэг дуунд эзэн Чингисийн нутагт байх монгол наадам минь гэж үг бий. Тэр үгээрээ би их олзуурхдаг. Гэхдээ энэ миний үг биш. XVII, XVIII зууны үеийн цолонд байсан үг. Энэ бол зөвхөн Чингисийн нутагт л байх наадам. Рок попын дуучид дуулсан учир сонсогчдод хөнгөхөн хүрч байгаа боловч нэг бүрчлэн харах юм бол судар номонд байх эртний язгуур монгол, хуучны үг их бий. Энэ дуундаа морь бөхийн цолонд байдаг язгуур үгсийг тусгах гэж оролдсон. Би зохиох гэхээсээ илүү Монголын уламжлалт үг хэлнүүдийг шингээх гэж их оролдсон. Морины цолны 30 хэдэн бадаг шүлэг харж байгаад л тэндээс нэг үг олох жишээтэй байлаа.

-Таныг ная, ерээд онд наадмын хурдан морьдыг их сайхан тайлбарладаг байсан гэж одоо болтол хүмүүс ярьдаг. Азарганы уралдаан эхлээд л таныг шүлэглэхээр, хүмүүс огшоод л монгол наадам эхэллээ гэдэг байсан. Тэр сайхан мөртүүдээсээ хэлж өгөөч?

-Би улсын наадмын морь тайлбарлаад 15 жил, тайлбарлаагүй 15 жил болчихлоо. Нийтдээ 39 жил телевизэд ажиллаж байна. Ажилд ороод есөн жилийн дараа наадмын морь тайлбарлаж эхэлсэн гэсэн үг. Өнгөрсөн 15 жилд хүмүүсийн санаанаас гарахгүй байхыг бодоход миний тайлбар хүмүүсийн сэтгэлд хүрч байжээ гэж бас бодох юм. Зарим нь та энэ жил наадмын морь тайлбарлах уу гэж асуугаад байдаг юм. Тухайн үед Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн зэрэг хүмүүсийн шүлгээр л чимэглэдэг байлаа.

Тургихад нь агийн үнэр

Туурайнаас нь газрын үнэр

Тохойноос нь хөлсний үнэр…

Туг сүүлнээс нь тэнгэр үнэртсэн монгол морь эргэлээ, монгол наадам эхэллээ гээд л уншина. Эсвэл өөрийнхөө шүлгэнд байдаг “Зуун тогос буудаллан далавч хумин цомцойх шиг, долоон хошуу наадамчдын эрээн асар цэгцэрч, монгол наадам эхэллээ” гэнэ. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон айдсын даваа өгсөж байна, самсай шархирна гэдэг ч юм уу чихэнд хоногшсон үгс үзэгчдийн санаанаас гардаггүй , их дотно санагддаг юм шиг байгаа юм. Мөн би 1977 онд “Дугуй хээтэй наадам” гэж шүлэг бичсэн.

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд

Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж

Зуузай харшуулсан гурван сумын морьд

Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж

Хөх торгон баадантай хөлийн хоёр асар

Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд

Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах

Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ …гэж одоогоос 40 жилийн өмнө бичсэн. Энэ шүлэг бүтсэний намар нь нэрт яруу найрагч Чойном гуай “Сайхан шүлэг гарлаа. Гүрбазар гэж залуу бичсэн байна” гэж ярьж байсан нь түүний дурдатгал номонд хүртэл орсон байдаг. Энэ шүлэг наадмын үеэр их уншигдана. Олон жил наадам тайлбарлалаа. Монгол наадам бол миний зүрх тархинд, миний урын санд их ойрхон зүйл. Би өөрөө монгол ахуйн шүлэг их бичдэг хөдөөний хүн.

-Тухайлбал, та ямар, ямар хурдан буянуудын уралдааныг тайлбарлаж байв?

-Алдартай хурдан хүлгүүдээс хамгийн сүүлд 1997 онд “Толин хул”-ыг тайлбарласан юм байна. Их сайхан хурдан буян байсан. Данзаннямын хүрэн азарга, Мөнхбатын хүрэн азаргыг ид гараанаас нь тайлбарлаж байлаа. Сайхан азарганууд байсан. Харин сүүлийн үеийн хурдан буянуудыг М.Оюунбаатар гэх зэрэг залуус сайхан тайлбарлаж байгаа. Тэд морио сайн мэддэг болохоор мундаг тайлбарладаг.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлүүдийн ихэнх нь эх орон, Монголын тухай сэдэвтэй юм аа…

-Сүүлийн 10 жил Монголын тухай их дуу шүлэг бичсэн. “Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи”, “Монголоороо гоёдог” зэрэг уран бүтээл бий. Хүний нас яваад ирэхээр нутаг эх орноороо илүү их омогшдог болчихдог юм байна. Тэгээд ч нийгэм эдийн засгийн байдал даяарчлагдаж буй энэ үед монгол гэдэг ойлголтыг их өндөрөөр авч явах шаардлагатай болчихоод байгаа юм.

-Та сүүлд ямар бүтээл дээр ажиллаж байна, сүүлийн үеийн уран бүтээл?

-2016 онд “Жаргаагүй нар” жүжиг маань оны шилдэг болсон. Би зүгээр суудаггүй хэдэн жүжиг биччихсэн байгаа, бичиж байна, шүлгээ ч бичиж байна. Л.Балхжав, Н.Жанцанноров зэрэг хөгжмийн зохиолчидтой дуу хийж байна. Мөн яруу найргийн номоо гаргахаар ажиллаж байна. Хайрын шүлэглэсэн романаа эхлүүлчихсэн. Би хайрын сэдэвтэй 30-аад жүжиг хийсэн байдаг юм. Хайр дурлал бол мөнхийн сэдэв.

-Залуудаа хайр бичих, өдий насанд хайрын тухай бичих хоёр их ялгаатай байна уу?

-Өдий насанд сэтгэлийн хөдлөлөө дагахаасаа илүү хүн төрөлхтний ойлголт руу нь их ордог юм байна. Хайрын бурууг, зөвийг, үнэнчийг нь, нууц амрагийн тухай бичсэн ч аль алиныг нь хамгийн сайн бичнэ. 20 хэдхэн настай хүн бол нууц амрагийн тухай бичиж чаддаггүй юм шүү дээ. Тийм юм байдаг болов уу л гэсэн ойлголтоор ханддаг. Хайр сэтгэл бол хүн хүний оньсого шүү дээ. Тиймээс цэвэр хайр сэтгэлийн зохиол ховор ч “Надаар тоглосон хайр” бол цэвэр хайрын зохиол байхгүй юу. Хайргүй кино, хайргүй зохиол гэж байдаггүй мөртлөө ямар нэгэн зүйлтэй холилдчихсон байдаг. Миний энэхүү шүлэглэсэн роман бол цэвэр хайр, өөр юу ч биш. Улстөр хүн чанар өөр юу ч үүнд хамаа байхгүй, зөвхөн хайрыг илэрхийлсэн. Жишээлбэл, “Учиртай гурван толгой”, “Отелло”, “Ромео Жульетта”- ч хайрын зохиол биш шүү дээ. Энэ зохиолуудад тухайн үеийн нийгмийн байдал, амьдралын зөрчлүүдийг хайраар илэрхийлэн гаргасан байдаг. Өөр юу ч биш зөвхөн хайр бичих хэцүү гэхдээ би оролдож байна, энэ оны сүүлээр бэлэн болчих байх.

-Таны хамгийн анхны дууг “Соёл-Эрдэнэ” хамтлаг дуулж байсан бил үү?

-Том Жагаа бид хоёрын дуулсан “Хүүхэд шувуухай хоёр” гэж дуу анх 1970- аад онд гарч байсан нь миний хамгийн анхны дуу. “Сэм сэмхэн алхана, сэргэлэн шувуухай донгодоно” гээд л. “Соёл-Эрдэнэ” хамтлаг дуулж байсан шүү дээ. Энэ үеэс эхлээд л дууны шүлэг бичсэн гэж бодохоор олон жил Монголын бараг бүх л хөгжмийн зохиолчтой хамтран дуу хийсэн байна.

-Наадмын хурдан морины уралдааныг та 15 жил хөтөлсөн болохоор наадмаар их огшино биз. Наадмын өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Монгол хүнийхээ хувьд сүүлийн найм, есөн жил өглөө эртээ морины уяан дээр очдог. Сайхан уяа, хурдан буян харна. Наадмын нээлт хөтлөх ажилд бас дайчлагддаг болохоор наадмын өдрүүдэд завгүй шахуу л байдаг.

-Наадмын хурдан морины тайлбарыг яаж төгс болгох вэ. Дутуу зүйл харагдана биз?

-Морины тайлбарыг төгс болгоё гэвэл М.Оюунбаатар тайлбарлаад, би бас давхар тайлбарламаар байгаа юм. Яагаад гэхээр М.Оюунбаатар морио сайн таньж байна. Тайлбарлаж байхдаа би ч таньдаг байсан, одоо бол танихгүй болсон байх. Харин би наадмыг 400 уяач, хоёр сая хүнд тайлбарлаж уянгалдаг байсан. Оюунбаатар гэж залуугийн морио мэддэг таньдаг тайлбар, миний уянгалдагтай нийлчихвэл үзэгчдэд их сонин байна байх. Уг нь наадамчдад хэний хүрэн морь түрүүлж яваа нь биш,наадам хамгийн сонин, гоё сайхан байхгүй юу. Харин уяачид бол өнгөнд нь хэнийх өнгөлж байна гэдгийг сонирхоно. Телевиз үзэгчдэд морь мэддэг ч хүн байна, мэдэхгүй ч хүн байгаа шүү дээ. Монгол Улсын гавьяат Ганбаатар гуай бөх тайлбарлахдаа бүхэл бүтэн наадмын цараар нь тайлбарладаг байсан шүү дээ. Өөр хүн бөх тайлбарлахаар өмслөө, дэгээдлээ гэдэг. Тэр яахав нүдэнд харагдаж байгаа зүйл. Үе үе тэрийг нь хэлчихээд, ерөнхийдөө хоёр сая ард түмнийг дэлгэц рүү нь уриалах, догдлуулах, монгол хүн болж төрснөөр нь бахархуулах зэрэгт анхаарах хэрэгтэй. Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байна. Хурдан хүлгүүдийн тоос таньд бараг үнэртэх шиг болж байна. Эрхэм хүндэт үзэгчдээ тургихад нь агийн үнэр ханхалсан монгол морьд ийнхүү давхиж байна шүү дээ гэхээр хүмүүс гэртээ огшоод л наадам үзсэн юм шиг болдог. Тайлбарлалтын нууц нь энэ. Хэн, хэн нь хэддүгээрт орж байна гэдгийг уяачид л илүү харна, түүнээс биш энэ ингэж байна гэж хөөцөлдөх хүн ховор шүү дээ. Мориных нь уралдаанаар хөглөгддөг, бөх ч гэсэн адилхан. Эхнэр нь мах чанаад л гэрийн хоймортоо сууж байхад тэнд жинхэнэ наадмын халуун уур амьсгал байх ёстой. Ер нь монгол хүн болж төрсөн нь сайхан, монгол наадам сайхан, монгол морьдын сайхныг үзэгчдэд хүргэх нь чухал. Одоо бол нэг тийм талууд нь дутагдаад байгаа юм болов уу. Залуучууддаа хэлэхээр Гүрээ ах бид бодож байгаа, гэхдээ тань шиг яруу найрагч биш болохоор болохгүй байна гэдэг юм. Тэгэхээр нь би тоглоод хамтраад үзэх юмсан гэнэ. Ямар хөөрхөн хүн бэ гэж ард түмэн миний тайлбарыг санадаггүй байх, би өөрөө их огшиж, омогшиж тайлбарлана. Наадам хараад хөөрнө, монгол хүн болж төрснөөрөө бахархаж догдолно. Та ч гэсэн хөөрч догдлооч гэсэн сэтгэлээр тайлбараа хийдэг.

-Тэгвэл таньд шавь болъё гэж ирэх залуус байна уу?

-Сонирхсон хүмүүс байдаг. Шавьтай болж болно, гэхдээ хэцүү. Энэ бол уран чадварын тухай л асуудал шүү дээ. Заагаад болдоггүй шиг байгаа юм. Ер нь төрдөг шиг байна. Тухайн хүний өгөгдлүүд их чухал. Монгол ахуйтай ойр, Монголоо мэддэг, уламжлалаа хүндэлдэг байх хэрэгтэй. Сүүлийн үед баячууд морь уялаа гэж их ярьдаг. Тэд тоохгүй ярвайгаад байдаг бол хэцүү шүү дээ. Тэдний гэрт ороод үзэхэд монгол эмээл хазаартай, дээл бүсээ дээш нь тавьчихсан арай өөр байдаг. Томчуудыг морь уяхад би дуртай.

-Наадмаар хүн бүхэн гоё, сайхан ааштай, хангай дэлхий хүртэл үе үе хураа хайрлаад л нэг л гоё болчихдог шүү?

-Хүний сэтгэлийг орчлон даяар сонсдог гэж үг бий. Гурав хоногийн турш инээгээд л сайхан зүйл яриад л сайхан шүү дээ. Тэгээд ч ийм сайхан монгол наадмын хийморьт бид 2000 жил сайн яваа ч юм бил үү. Наадмын энерги гоё гэж ярьдаг болсон байна. Монголын хийморь сайхаан сайхан.


Categories
мэдээ цаг-үе

Эрдмийн далайд хөл тавьсан тавин жилийн ойгоо тэмдэглэж буй “баатарчууд”

Завхан аймгийн Завханмандал сумын найман жилийн сургуульд 1967 онд элсэн орж, эрдмийн их далайд хөл тавьсан нэг ангийнхан 50 жилийн ойгоо тэмдэглэж буйтай таарлаа. Тавин жилийн тэртээ “А” үсэг заалгаж байсан Э.Хоохор багшийгаа тойрон бужигнах 22 шавь нь аль хэдийнэ өвөө, эмээ нар болцгоожээ. Олноо “Хоохор” багш хэмээн хүндлэгдсэн Э.Түмэнжаргал багш энэ үеэр сурагчдынхаа дүнгийн хүснэгт бүхий хувийн тэмдэглэлээ дэлгэж, гэнэн томоогүй хүүхэд ахуй насных нь дурсамжаар тэднийг аялуулсан юм.

1967 оны есдүгээр сарын нэгэнд Э.Түмэнжаргал багш 21 сурагчтай “1а” ангийг дааж авсан ч хүүхдийн тоо нэмэгдсээр хоёрдугаар улирал эхлэхэд 40 сурагчтай болсон байв. Ангийн багш нь бяцхан шавь нарынхаа нэгдүгээр ангийн тоо, монгол хэлний бичгийн ажлын материалыг тавин жил хадгалснаа уулзалтын үеэр бүгдэд нь дурсгажээ. Энэ талаар багшийнхаа мэргэжлийг өвлөн авсан ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Наранцэцэг “Багш маань манай ангийг дөрөвдүгээр анги төгсгөөгүй ч гэсэн бидний тухай бичиг баримтаа 50 жил хадгалж, өнөөдөр хүлээлгэн өгөхөд үнэхээр сайхан байлаа. Энэ бол багш хүний шавь нараа гэсэн нандин сэтгэлийн илэрхийлэл юм” хэмээн ярив.

Тухайн үед “1А” ангийн баатарчуудын үсэглэлийн баярын тухай мэдээ орон нутгийн “Туяа” сонинд нийтлэгдэж байжээ. “Баатарчууд” баяраараа эцэг эхдээ концерт тоглож үзүүлсний дээр сурагчдын 63 хувь нь сайнаас онц дүн үзүүлсэнд ангийн багш нь баяр хүргэж, амжилт хүсч байсныг сонины шарласан хуудас гэрчилж байна. Мөн ангийн цэвэр бичигтнээр С.Сувданчимэг, тооны аваргаар Н.Наранцэцэг, хурдан уншлагын аваргаар Д.Болд нар шалгарч байсныг эргэн дурсахад ангийн нөхөд дор бүрнээ нэгийг санав бололтой.

Ангийн дарга В.Баатарсүрэн багшийн баруун гар, хариуцлагатай сурагч байжээ. Тэрбээр, “Х.Рэгжиймаа даалгавраа дутуу хийсэн, Да.Бямбаноров намайг элэгдсэн, надтай хэрэлдсэн” гэх мэтээр ангид болж буй өдөр тутмын үйл явдлыг тэмдэглэдэг байсан талаараа ярихад бөөн инээдэм болсон” гэв.

Эдний анги хоёр Бямбаноров, хоёр Жаргал, гурван Наранцэцэгтэй байжээ. Да.Бямбаноровын амьдаа До.Бямбаноров нь ангийнхаа хамгийн мэргэн хүү байсан гэнэ. Тэр тухай ангийн охин Г.Ягаан дурсахдаа “Манай ангийнхан зээр буудаж их тоглодог байлаа. Тэгэхэд талийгаач “цэцэн Паагаа” маань их мэргэн ононо. Тэгээд л нарийхан хоолойгоор чанга инээгээд одоо тэрийг буудна шүү гэдэг байж билээ” гээд хоолой зангируулан ярьсан юм. Ангийн нөхдийнхөө бахархал болсон самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, спортын мастер Б.Тэрбиш болон Б.Гэрэл, Ц.Цэрэнбат, Д.Ганбат, Ц.Рэгжиймаа, С.Ганболд, Б.Мөнхцэцэг, Ч.Дэлгэрнасан, С.Пүрэвдорж, Ч.Рэндоо, Л.Норов нар ангийн нөхдийнхөө сэтгэлд мөнхөрчээ.

1968 онд Завханмандал суманд зуд болж орос ачааны онгоцоор цэргийн ногоон хувцасны тусламж ирж байжээ. Тэр үед Э.Түмэнжаргал багш нь ангийнхаа хамгийн жижиг сурагч болох С.Батхуягийг өргөж онгоцны цонхоор харуулж байсан нь түүний сэтгэлээс хэзээ ч мартагддаггүй гэв.

Бидний үед эцэг эхчүүд маань “Багшаа мартвал номоо мартана” гэж сургадаг байсан тухай Н.Жаргал дурсав. Тэрбээр “Манай ангийн Н.Наранцэцэгийн ээж, аав нь “Багшийнхаа байгаа зүгт цайны дээжээ өргөж бай” гэж хэлж байсан удаатай” гэв. Энэ тухай Э.Түмэнжаргал багш нь “Би чинь бурхан биш шүү дээ. Гэтэл намайг бурхан шиг үзэж ингэж хэлсэн нь надад ямар ч шагналаас илүү үнэтэй санагдаж байсан” гэлээ.

Хөвгүүд нь цэнхэр даалимбан дээл, охид нь ногоон даалимбан дээлийг форум болгосон нэг ангийнхан цэнхэр чернилэн бэхээ хөлдөөхгүй авч явах гэж ихэд хичээдэг байжээ. Үүний тулд бүлээн үнстэй хонины арьсан уутанд бэхээ хийж явна. Өвлийн хүйтэнд дотуур байрнаас сургууль хүртэл шилтэй бэхээ ханцуйдаа хийгээд гүйчихдэг байжээ. Тэр үед үзэгний хошуугаа үмхэх зуршилтай ангийн зарим нөхдийнх нь хуйхан дээр цэнхэр толбо гардаг байсан тухай Г.Ягаан дурсав.

Энэ удаагийн уулзалтад хоёрдугаар ангид байхдаа энэ ангиас шилжин явсан Д.Амгалан, Х.Жуухбаатар нар тавин жилийн дараа анх удаа энэ уулзалтыг зорин иржээ. “Бид хоёрыг таних болов уу. Ямар сэтгэгдэлтэй хүлээж авах бол” гэж бодсоор ирэхэд ангийн нөхөд нь гараа дэлгэн угтжээ. Найман жил нэг ангид сурсан ангийн нөхөд нь хэн хэнд хайртай байсан тухайгаа хуучилцгаахад Д.Амгалан “Та нартай хамт төгссөн бол бас л нэг анхны хайртай байсан даа” гэлээ. Эдний ангиас нэг хос төрсөн нь С.Батхуяг, Б.Мөнхцэцэг нар байжээ.

Зовох цагт нөхрийн чанар танигддагийг биеэрээ мэдэрсэн шонхлой хочит Ю.Болдбаатар “Намайг хүнд өвчин тусаад, эмнэлэгт хэвтэж байхад ангийн найзууд маань эргэж ирсэн юм. Хэвтрээс босч чадахгүй, сэтгэлийн шаналгаатай байхад ангийн нөхөд маань намайг зорьж ирсэн. Тэднийгээ хараад сэтгэлийн хүч авч, маргааш нь гэхэд хөл дээрээ босч билээ. Түүнээс хойш ангийнхан хаана уулзаж байна, тэр бүхнээс хоцрохгүй хамт байхыг хичээдэг болсон” гэж дурссан юм.

Нэгдүгээр ангийн сурагчдаас багш нь “Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд ихэнх нь багш, эмч болно гэж хариулж байжээ. Тэдний дундаас боловсролын салбарт Д.Наранцэцэг, Г.Оюун, Жаргал, С.Сувданчимэг нар, эрүүл мэндийн салбарт Н.Наранцэцэг, М.Наранцэцэг, М.Энх-Амгалан нар, эдийн засаг, банк санхүүгийн салбарт Ц.Энхтуяа, М.Эрдэнэцогт, Ч.Батсэрээдэнэ нар өөр өөрсдийн салбартаа тууштай хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаасан байна. Мөн Ганболд, Даваажав, Болд нар сайн малчин, С.Батхуяг онц тээвэрчин болжээ.

Ангийн найзууд зуны цагт Хүнгийн голоос загас жараахай варений шилэнд хийж авчраад охиддоо үзүүлдэг, өвөл нь Хүнгийн голын мөсөн дээр гулгаж, бөнжигнөж унжсан мөснүүдийг нь жин жин гэж дуугарган тоглодог байжээ.

Эрдмийн далайд хөл тавьсан тавин жилийн ойгоо тэмдэглэж буй нэг ангийнхан Завханы гавьяат С.Батсүхийн “Хамаатнаас дутуугүй андууд, ханилснаас дутуугүй найзууд” дуугаа дуулсаар. А үсгийг анх заалгаж, арвын тоог зэрэг сурсан зүггүйхэн багын нөхөд тэр л сайхан өдрүүдээ эргэн дурсаж, дараагийн уулзалтаа Аварга тосонгийн амралтын газарт товлоод буцацгаасан юм.


Categories
мэдээ цаг-үе

О.Бямбасүрэн: Хачигт хазуулсан тохиолдолд хошууг нь сугалан авч спирт, иодоор арчих хэрэгтэй

Сүүлийн үед иргэд хачигт хазуулах, могойд хатгуулж амь насаа алдах хүртэл тохиолдол гарах боллоо. Ялангуяа хөдөө орон нутагт аялал зугаалгаар яваа хүмүүс зарим төрлийн хорхой, шавьжинд хазуулах тохиолдол их бүртгэгдэх болжээ. Хорхой шавьжинд хатгуулчихаад заавал эмнэлгийн тусламж авч байхгүй бол амь насанд аюултай юм байна. Мөн могойд хатгуулж амиа алдах тохиолдол ч байсаар байна. Тиймээс энэ талаар их эмч, анагаах ухааны магистр О.Бямбасүрэнгээс зарим зүйлийг тодруулж ярилцлаа.


-Могойд хатгуулсан үед хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Хортой могойноос гадна, хоргүй могой гэж бий. Хортой могойд хатгуулсан тохиолдолд хатгасан газар нь хавдаж маш жижигхэн шарх үүсч, ганц дусал цус бултайсан байна. Ичээнээс гарах үеийн могойд хатгуулвал хордох аюултай. Могойд хатгуулсан тохиолдолд ирмэг нь арзгар бус, шил сав буюу бумбаар бумбадана. Мөн могойн хорыг аль болох түргэн амандаа соруулаад, нулимж хаях хэрэгтэй. Сорж туслах хүн байхгүй бол өөрөө сорчихож болно. Хэрэв хөлөө хатгуулсан бол хөлөө нугалж, гартаа хатгуулсан бол гарыг тохойтой нь нугалж бооно. Энэ нь могойд хатгуулсан мөчний судсаар бие махбодид хор тархахаас сэргийлж байгаа юм. Мөн хатгуулсан хэсгээ хүйтэн усанд сайтар дүрвэл сайн. Мөн өтгөвтөр найруулсан марганцтай даавуу, самбаа тавьж бооно. Хатгуулж хавдсанаас дээхнүүр хэсгээр чанга боогоод байдаг нь бол буруу шүү. Түүний оронд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Гэхдээ спиртлэг ундаа уухыг хориглоно. Аль болох хурдан анхны тусламж үзүүлэхгүй бол амь насанд аюултай гэдгийг хүн бүр мэдэж байх хэрэгтэй.

-Сүүлийн үед хачигт хазуулж амиа алдсан тохиолдол хүртэл гарах боллоо. Хачигт халдвар манай улсын аль бүс нутагт, хаана их байна вэ?

-Манайх дэлхийн хачигт халдварын байгалийн голомтын идэвхтэй бүс нутагт хамаарагдаад байгаа. Тодруулбал ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Архангай, Говь-Алтай, Төв аймагт хачигт хазуулсны улмаас гардаг хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг өвчний тохиолдол их бүртгэгддэг. Хачигт хазуулсны улмаас бусдад халдварладаг нийт 30 гаруй халдварт өвчин бий. Хачигт энцефалит, хачигт боррелиоз нь хусан ой бүхий нутагт байдаг бол хачигт риккетсиоз өвчин нь манай орны ихэнх нутгаар тархсан байгаа. Тиймээс аялал зугаалга, самар жимс, эвэр, эмийн ургамал түүх, албан томилолтоор ажиллах зэрэг үедээ хачигт хазуулснаар халдвар авч өвчлөх тохиолдол их бий. Тиймээс аялагчид аль болох анхааралтай явж, битүү хувцас өмсч, урт түрийтэй гутал, том саравчтай нарны малгай өмсөх зэргээр наад захын бэлтгэлээ хангах хэрэгтэй. Мөн хачигт хазуулахгүй байх нь чухал. Байгалийн голомттой бүс нутагт явахдаа хачиг дайжуулагч хэрэглэх хэрэгтэй. Мөн хачигт энцефалит өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай гэж зөвлөх байна. Хачгийн голомтот бүс нутагт байх үедээ хачигт хазуулбал хачгийн хошууг биед үлдээхгүйгээр сугалан авч, харьяа эрүүл мэндийн байгууллагад өгч, шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Мөн хачиг хазсан газраа спирт, иодоор арчих ёстой юм.

-Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх тарилга, вакцин гэж байдаг юм уу?

-Хачигт энцефалит өвчнийг тодорхой товлол, зааврын дагуу гурван удаа давтан таригдсаны дараа хамгаалах чадвартай болдог вакцин бий. Тиймээс иргэд өөрсдөө энэ вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй.

-Манай оронд хаздаг шавьж хорхой нэлээд бий. Тухайлбал, зөгийд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Зөгийн хатгуур арьсанд үлдсэн байвал түүнийг авч хаяна. Хатгуулсан хэсэг дээр усаар нэг дахин шингэлсэн архи, үнэртэй усаар норгосон боолт хийнэ. Хэрэв үнэртэй ус, архи, спирт аль аль нь байхгүй бол энгийн содтой усаар жин тавьж болдог.