-ЭСЭЭ-
Энгийн дүрмээс эхэлье. Үндсэн ажилдаа тааруу нөхдүүд олон нийтийн ажилд идэвхтэй байдаг. “Хэн зүлэг услах вэ-Би”, “Манай байгууллагаас нэг хүн замын цас арилгах боллоо-Би”, “Буяны ажилд явах хүн байна уу-Би”, “Үйлдвэрчний татвар хэн хураах вэ-Би” хэмээн тэд дуугардаг. Тэнд үндсэн ажлаас бусад бүх юман дээр манлайлна. Харин тэр хүнийг бүгдээрээ таньдаг болдог.
Хичээлдээ тааруу сурагч ангийн ажилд дуртай гэж жигтэйхэн. “Хэн шал угаах вэ-Би”, “Нэг түмпэн хэрэгтэй байна-Би авчиръя,манайд зөндөө түмпэн байгаа”. Тэд хичээлээс бусдадаа үнэхээр сайн байдаг.Тэр сурагчийг сургуулиараа андахгүй болно.
Байгууллага, сургуулийн зорилго бүгдэд тодорхой ч хашааны цас арилгах, анги танхимаа угаах, цонхоо дулаалах хэрэгцээ бас байлгүй л яахав, ийм юманд уриалаад орчихдог улсын хэрэгцээ ч гаралгүй яахав. Чухам энэ “байлгүй л яахав” орон зай дээр менежмэнт хийх гэсэн үй түмэн хүн байдаг.
Иргэн бүхэн нь өөрийн оршин тогтнолоороо дамжуулан эх орон, улс үндэстнээ цогцлоон цэцэглүүлж байдаг. Тэднийг хэн ч анзаардаггүй. Гэвч эх орны “олон нийтийн ажил”, “ангийн ажил”-д л шоволзож амьдардаг хүмүүс бий. Олон нийт ч тэднийг андана гэж үгүй.
Эдний манлайллын “ач буян”-аар эх орны хөгжил дэвшил “байгууллагын гадуурхи ажил”, “анги ажил”-д оршдог л юм шиг сэтгэгдэл төрж, ерөөсөө л тэдний буянаар л улс төр оршин тогтнож байгаа аятай бодогддог. Түг түмэн хүн эх орноо мөрөөрөө хайрлаж, тэтгэж чив чимээгүй амьдардаг. Лааз түүж яваа нэгэн ТҮЦ-нээс чүдэнз авахдаа түүнд шингэсэн татварыг хамтад нь төлж, тэр мөнгөөр нь эх орноо манаж яваа хилчдээ хооллон хувцаслаж, гэмт хэрэгтэнтэй амь өрөн тэмцэж яваа цагдааг цалинжуулж явааг анзааралгүй амьдардаг.
Сая сая иргэний чив чимээгүй, үнэнч хайр эх орныг тэжээдэг. Яг л зөөлөн шиврэх чимээгүй бороо л хөрсний ангааг тайлж, дэлхийн шимийг дэлэгнүүлэх лүгээ адил.
Чимээтэй, сүртэй бороо үер усны аюул дагуулдаг. Эх орныг сүржин, шуугиантай хайрлагсад яг түүн шиг нийгмийн гамшгийн уруйд үндэстний мянга мянган үнэт зүйлсийг живүүлсэн нь нэг бус гэгддэг.
Эхнэртээ гардуулсан бүтэлгүй гар “Би чамд хайртай, зөвхөн чамд л хайртай шүү дээ” хэмээн мянга түм үглэн хуурамч наминчлал үйлдэж байхад насаараа бие биеэ хайрласан буянтай хоёр буурал үггүй хайранд умбан жаргасаар ирсэн байдаг. Ам “дүүрэн” хайр итгэлгүй, харц дүүрэн хайр эргэлзээгүй.
Юм дутагдах тусам түүнийг үгээр нөхөх хэрэгцээ гардаг. Хэрвээ эр хүн гэнэт л бүсгүйчүүдтэй учир ургуулж явснаа учиргүй хуучилдаг болоод эхэлвэл тэр дахин хэзээ ч учир ургуулж чадахгүй болсны дохио байдаг гэдэг. Бүтэмжтэй юм бүхэн хэл чимээгүй байдаг.
Эх орон гэдэг үгийг хэлж байгаа муу хүн ч сайн, муухай хүн ч гоё харагддаг. Гайхамшигт халхавч, төгс төгөлдөр бамбай. Тэр үгийг хэлж байгаа этгээд рүү нулимах, муулах арга байдаггүй. Тийм болохоор буланд шахагдсан болгон энэ үгийг хэлж, амиа аврахыг хичээдэг. Муу муухай болгоноо энэхүү гэрэлт бамбарын гялбаанд нуухыг оролдоно. Сүүдэрт нуусан юмнаас илүү гэрлийн дэргэд нуусан юм найдвартай.
Тийм учраас цэцэд мэргэд “Сүүгүй хонь хургасаг”, “Адгийн амьтан арга барахдаа эх оронсог” гэхчлэн сургасаар иржээ. Өөдгүй амьтад хулгай худал нь баригдаад ирэхийн цагт “Тэгж ярих юм бол би эх орондоо хайртай хүн” хэмээн хашгираад эхэлдэг. Үлгэрлэвээс, гэрийг чинь ухаж байгаад үйлдэл дээрээ гардуулсан этгээд “Танай авгайд чинь би хайртай шүү дээ” гэж бархирч байгаатай агаар нэг.
Олон нийт ч эх орончийн мэхэнд унан, гайхаж эргэлзээд “Эх орноо хайрлаад байгаа хүнийг улаан цайм буруутгах яасан ч хэцүү юм бэ” хэмээн эргэлзэж эхэлнэ. Энэ нь чиний хайртыг хүн үнэхээр хайрлахыг хүлээн зөвшөөрч түүнийг уучилж байгаатай агаар нэг. Ингэснээрээ лав л чиний аз жаргалын төлөө үйлчлэхгүй “хайр”-ыг хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Эх орныг хэн ч булааж хайрлах ёсгүй. Чиний эх орон чиний нандин бүхэн. Чиний хайртай бүсгүй, янаг хөвүүн чинь. Хөрш айлын чинь хүн орж ирээд “эхнэрт чинь, (хань ижилд чинь) би хайртай” гэж тунхаглахыг чи тэсч чадахгүй. Харин эх оронд чинь “Би л ганцаараа хайртай” гэж дүвчигнэхийг тэвчиж байгаа л юм даа.
Хэрвээ анзаарах юм бол “эх орондоо хайртайдаа л ингэж байна” хэмээн цээжээ дэлдэн, шүлсээ үсчүүлэх хэллэгийн цаана “Харин чи бол эх орондоо хайргүй”, “Чамайг хайрлахгүй байгаа болохоор чинь би хайрлаж байна” гэсэн мөрүүд нуугдаастайг уншихгүй байна гэж үү?
Шашин доройтохын цагт бурханы нэр баригчид олширдог. Эх оронд, эдийн засагт хямрал нүүрлэхийн цагт түүнд хайртайгаа тунхаглагчид гаардаг.
Эх орныг түүнийг хайрлах хайрыг хэн ч өмчлөн, өөрийгөө алдаршуулах хэрэгслэл болгох эрхгүй. Эх орон бол сайн муу, сайхан муухай, өөдтэй, өөдгүй бүх хүний хэнд ч дангаар эзэмшүүлэхгүй ариун өмч.
Засаг төрийн үүрэг нь ард түмэн өөрснийгээ хооллох, хувцаслах зүй зохистой нөхцөл бүрдүүлэх. Эдийн засаг хэвийн байгаа бол засаг, төр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нам гүм байдаг. Хэрвээ тэд ард түмнээ хооллох, хувцаслах тухай яриад эхэлбэл үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болсных. Ялангуяа ард түмнээ “сайн хүн болгох” энэ тэрээг яриад эхэлбэл хамаг юм нэгэнт өнгөрснийх.
Хэвийн яваа төрийн ажил алба ч чимээгүй. Төрийн томилгоо хэвийн яваа тохиолдолд сайд дарга нарын хамаатан садны хэмжээг олон түмэн багцаалж чадахгүй үлддэг.
Зүй зохисоороо бүхэн чимээгүй. Д.Урианхай найрагчийн “…ногоо ургаж байгаа шиг чимээгүй, хүүхэд өсөж байгаа шиг чимээгүй..” гэсэн утга төгөлдөр мөрүүд байдаг. Ногоо ургасаар, хүүхэд өссөөр байхын цагт бидний ертөнц оршин тогтнох болно. Гэхдээ энэ бүх процесс жамаараа, чимээгүй өрнөсөөр байхын цагт…
2013 оны 8 сарын 21