Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид нэг юм үзнэ (II): Бүтээлч сүйтгэл

НЭГ. ИХ УЙДАЛТ

Бид нэг юм үзэх нь ч үзэж таарлаа…өмнө нь бид ярилцаж л байсан, хүний түүхийн ёс суртлын нэгэн эрин өөрийн үеэ өнгөрөөж байгаа тухай: сайн юм сайнаараа байж болохоо байсан, зөв юм зөвдөхөө больсон тухай: энхтайван болгон дайнаар дуусч, дайн болгоны дараа энхтайван тогтож ирсэн тухай: хүний түүхийн нэгэн үеийн үнэт зүйлс үнэ цэнээ алдаж байгаа тухай: түүх дуусч, түүх эхлэх гэж байгаа тухай.

Хүмүүс нэгэн үеийн ёс суртлын үнэт зүйлсээ тоохоо больж байна, тэр нь яг л хайртай дуртай явсан хүндээ сэтгэл хөрөх шиг, авч явахад лайтай, хаячих гэхээр бас жаахан хайран санагдах хуучин тавилга шиг сэтгэгдэл төрүүлэх болж.

Үүний жишээ нь улс төрийн тогтолцооны үндэс болсон нам, ялангуяа МАН дээр тод харагдана.Үнэн хэрэгтээ үйл нь ирсэн МАН дээр л голлон харагдаж байгаагаас бус нийт үндэстний үзэл санааны хямрал юм.

Ер нь бол шуугиан тарьсан “жаран тэрбум” ямар учиртай, “утас чагналт” юуны начиртай зэрэг нь олон нийтэд сонин биш. Харин МАН-ын шинэ өө сэв илэрч, тэдэнд уураа гаргах шинэ шалтаг гарах нь л хэрэгтэй. Асуудал нь жаран тэрбумдаа биш, чагнаж чагнуулсандаа ч биш. Зодчихмоор санагдаж гар загатнуулаад байсан дуракыг нулих боломж олдсонд л байна. Ийм учраас “Жаран тэрбум”-ын үнэн учрыг сонирхохгүйгээр барахгүй, түүнийг учирлах гэсэн хүмүүсийг дуугаргахгүй загнаж байгаа. Дуугаргахгүйгээр барахгүй МАН-д уураа гаргах сайхан шалтгийг нь үгүй хийх гэсэн оролдлого гэж уурсаж буй.

Угаасаа ч ард түмэн МАН-д нэг их хайртай байснаа одоо сэтгэл хөрсөн юм байхгүй. Социализмын үед “Энхрий хайрт МАХН” гэж хэлж заншсан нь энэ намыг хайрлахаасаа илүүтэйгээр өөрийнхөө аюулгүй байдлыг баталгаажуулах агуулгатай байсан юм шүү. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН-д хайр нь хүрсэндээ биш, харин АН-д уур нь хүрсэндээ л тэдэнд саналаа өгсөн юм. Гэтэл цаадах нь үнэхээр өөртөө хайртай юм байна гэж итгэчихээд, ерөнхийлөгчтэй юутай хээтэй нь авах гэж зэвүүг нь хүргэснээр саяны сонгуулийн үр дүн гарав. Яг л нөхөртөө гоморхсон бүсгүй уурандаа нэг залууд жаахан тал өгтөл, цаадах нь үнэхээр надад дурлачихаж гэж үнэмшээд лай болсонтой төстэй явдал.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН ч үүнийг анзаарч байгаа байх, ялалтын хүчин зүйл нь олон түмний дургүйцэл, сэтгэл дундуур байдал гэдгийг. Тэдэнд хямралаас гаргах, нийгмийг тогтвортой болгох хүн биш, харин хямралтай юутай хээтэй нь самраад, авлигажсан тогтоцыг нураагаад өгөх хүн хэрэгтэй байсан бололтой. Бүхэлд нь нураахгүй бол засаж сайжруулах аргагүй “төр засаг”-тай болсноо монголчууд зөнгөөрөө ухаарсан хэрэг юм болов уу. Ер нь бол гүн ухаантнууд нэгэнт хазайсан баганыг түшихийн оронд түлхэж унагах хэрэгтэй. Хазайсан юмыг босгох боломжгүй, харин унасан юмыг босгох амар гэж сургасан байдаг. Монголчууд энэ байдлаараа цаашаа явахыг хүсэхгүй байна.

Тэгэхээр ард түмний уур хилэнг хэрхэн тайлж өгөхөөс л шинэ ерөнхийлөгчийн цаашдын хувь заяа хамаарна. Нэг их хямралаас гаргачихдаг, төр засгийг түвшитгэдэг амьтан болох гэвэл олон түмэн арзас гээд босоод ирнэ. Уул нь “бясаанаасаа салах гээд байшингаа шатааж болохгүй” гэсэн утгатай үг бий нь бий юм. Гэхдээ дийлдэшгүй олон бясааг бол оромжтойгоо хамт шатаагаад шинээр байшин босгосон нь дээр гэсэн үзэл санаа зонхилж байгаа бололтой.

Хөндлөнгөөс нь харахад “жаран тэрбумын дуулиан”, “утас чагнасан дуулиан” сэлтээс МАН-ын “мэнгэ голлож”, үйлс хазайж, үйлийн үр бүрэлдэж байгаа мэт.(Муухай дээрээ улцан гэгчийн үлгэрээр, тэр нэг бандаажтай хархүү бас юү ч билээ)МАН-ын өнөөгийн байдлыг харахад үйлийн үрийн тухай номлол өөрийн эрхгүй бодогдом. Тайлбарлах эрхгүйгээр буруутгагдаж буй 60 тэрбумын хэрэг, үнэнийг тогтоох шаардлагагүй үнэний хэмжээнд итгэгдсэн “тагнасан чагнасан хэрэг”… эдгээр нь компанит байдлаараа МАХН-ын зохиож, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн “Лоохуузын хэрэг”, “Сэхээтний төөрөгдөл”, “Академийн хэрэг”, “Лхүмбийн хэрэг”-үүдийг санагдуулахгүй байна гэж үү?

Дургүй нэгнээ “Жаран тэрбумын талынх” хэмээн чичилж болж байгаа нь хамт хонтоорлодог нөхрөө “Монгол-зөвлөлтийн найрамдалд харш юм ярьж байна” хэмээн мэдээлэл бичиж матдаг байсан үеэс юугаараа өөр байгаа юм бэ?

Бие биеэ “60 тэрбумын тал” болохыг уралдан илчилж байгааг нь хар даа. ХХ зууны гучаад онд, багш нь “Сурах бичгийнхээ төддүгээр хуудсыг нээгээрэй. Наанаа байгаа хүний зургийг баллаж, нүдийг нь сохол. Энэ хүн ардын дайсан болжээ”…гээд хичээлээ цааш нь заадаг байсан үеийг санагдуулахгүй байна уу?

Социализмын үеийн “Лоохуузыг үзэн ядах цуглаан”-ы тэмдэглэл, шинээр “ардын дайсан” илрүүлсэн хувьсгалчдын цогтой үгс тэр цагийн сонин хэвлэлээр дүүрэн байгаа. Дотор нь гарч байгаа хүмүүсийн нэрийг солиод уншихад л өнөөдрийн шинэ мэдээтэй танилцах мэт болно, туршаад үзээрэй.

Буддын шашинтай хүнийг хамгийн товчоор тодорхойлж өгөхийг Богд Зонховоос хүсэхэд “Үйлийн үрд итгэдэг хүн” хэмээн номлосон байдаг бөлгөө.

ХОЁР. ҮЗЭЭГҮЙ Л БОЛ БАЙДАГГҮЙ ГЭСЭН ҮГ

Нэг сонин үзэгдэл байгаа нь “нийгмийнхээ үзэл санаа ёс суртахууны доройтол”-ыг жигшингээ, нийгмээрээ ёс суртлаар доройтож байгаа явдал. Архины хорыг жигшин, жигшин архидахтай төстэй ч юмуу? Эндээс монголчууд үнэхээр ёс суртлаар доройтсон уу, эсвэл бусадтай л адилхан сайнтай муутай явснаа одоо л харж байна уу гэсэн асуулт гарч байна.

Монголчуудад өөрийгөө таних боломж үнэндээ гараагүй юм. “Хүний сайныг ханилж мэддэг” гэж ардын үгэнд байдаг нь хүний ёс суртахуун мөн чанар нь хамтын ажиллагаан дээр л харагддаг гэсэн санаа. Үнэн л дээ. Нүүдэлчид түр зуур л хамтраад (айлсаад) салж нүүсээр ирсэн тул бие биенээ таних бололцоо бараг гараагүй. Дараа нь хувьсгалын үед нэг хэсгийг нь ардын дайсан хэмээн нэрлэж, буудсан. Ард гэж хэн, дайсан гэж юу болохыг ч сайн ойлгоогүй. Үлдсэн сургамж нь яаж ийгээд дайсан болохгүй байх явдал. “Сайн хүн” болох ба “яаж ийгээд дайсан болчихолгүй хар толгойгоо бөөцийлж үлдэх” хоёр их ондоо шүү. Итгэл үнэмшлийнхээ хүчээр сайн байгаа хүн ба айсандаа сайн байгаа хүн хоёр ч тусдаа.

Дараа нь өөрсдийгөө “эрүүл чийрэг бие бялдартай, цэвэр ариун ёс суртахуунтай өв тэгш социалист хүн” хэмээн албан ёсоор нэрлэсэн. Харин ерээд оноос монгол хүн өөрөө өөртөө нэр өгөх эрх нээгдэнгүүт “хөх толботой хүний хайлан”-гийн домог гарав. Буруу ч юу байхав, өөрийгөө доош нь хийж суултай биш.

Иймээс “Өв тэгш хүн”, “хүний хайлан”-гийн үлгэрүүдэд дассан нэгэн үеийнхэн өнөөгийнхөө бодит байдалтай эвлэрч чадахгүй байгаа хэрэг. Тэрнээс биш монгол хүн муудсан явдал огт байхгүй. Муу хүмүүс зөндөөтэй гэдгээ л одоо харж байна. Бид өөрсдийгөө улам таньж байна.

Баяжиж хөлжсөн хэсэгтээ уур нь хүрээд байгаа нь ерөөсөө хөлжиж юмжихад дургүйгээс болоод байгаа юм огт биш. Монголчууд баяжих, ялангуяа зүгээр сууж байгаад баяжих бүр дуртай. Угаасаа ч түүхэндээ зүгээр сууж байгаад л үе үе юмжиж ирсэн түүхтэй юм. Харин өнөөдөр цөөхөн хэд нь л зүгээр сууж байгаад баяжиж, үлдсэнд нь тийм боломж олдохгүй байгаа нь урам хугалж байгаа ажгуу, нэг талаасаа.

Тэгэхээр нэгэнт өөрт олдохгүй байгаа боломжийг сөнөөмөөр, тэгэхдээ боломжийг завшиж чадсан хэсэгтэй нь хамт нураамаар байгаа хэрэг. Нэг ёсондоо шударга ёс нэхэж байгаа хэрэг л дээ, буруу ч гэхийн аргагүй.

Нөгөө талаасаа шударгаар, хөдөлмөрлөж баяжсан хэсэгтээ ч бид их дургүй. Баяжсанд нь дургүй байгаа юм биш, хаашдаа л бусад шигээ хулгай хийсэн мөртлөө баригдахгүй байна гэж үзэн зэвүүцнэ. Тэр бүү хэл бусдынх нь идсэн уусан нь баригдчихсан байхад энэ муу золиг баригдахгүй байхдаа яадгийн гэж бүр дургүйцнэ. Тэрний тод жишээ нь улстөрч С.Баярцогт шүү дээ. Тэр хаанаас ч идээгүй байгаа нь нийтийн дургүйг хүргэсэн хэрэг. Баяжих нь ч яахав баяждаг л юм байгаа биз, бусад нь баригдаад байхад энэ ганцаараа баригдахгүй үлдэхдээ яадаг юм бэ гэж зэвүүцээд, Оюу толгойн гэрээ зурахад Сангийн сайд байсан, тэндээс л идсэн гэхэд ардууд эргэлзэхгүй үнэмшээд байгаа хэрэг. Хөдөлмөрлөөд шударгаар их мөнгө олж болно гэдэгт манайхан үнэмшиж өгдөггүй. Ядаж нэг томоохон обьект луйвардаад ч болов авчихсан бол нийгэм түүнийг өршөөх байлаа. Нөгөө талаар, идсэн уусан хэсэг нь “Энэ муу цагаан хэрээ, биднээс өөрөөр баяжаад байхдаа яадаг юм бэ” гэж зэвүүцээд, ингээд шөргөн галд орчихсон амьтан. Бараг л “бушуухан шиг нэг идсэн уусан хэрэг олж хүлээгээд нэрээ цэвэрлэж ав” гэж зөвлөмөөр…

Ер нь бол хөдөлмөрлөж, бизнесийн арга ухаанаар баяжих нь бидний хувьд цоо шинэ бөгөөд ойлгомжгүй зүйл. Шударгаар баяжих, хөдөлмөрөөрөө хөлжих гэдэг бол бидний түүхэндээ үзээгүй юмны нэг байв. Худлаа л гэх байх даа. Үнэндээ олон малтай байх ба их хөрөнгөтэй байх хоёр тусдаа. Хөдөлмөрлөсөөр байгаад баяжих ба өгөөмөр зун, өнтэй өвөл болж, чоно нохой тайван байсны ачаар мал нь өсөх хоёр бүр ч тусдаа. Бид олз омогтой явж л үзсэнээс орлого ашигтайгаар хөдөлмөрлөх туршлагагүй. Хувь тавилан ийм байсан, бидний буруу биш.

Монгол үндэстний орлогын түүхэн жагсаалт: Чингис хааны дайны олз, Манжийн хааны пүнлүү шагнал, Зөвлөлтийн тусламж…хандивлагчдын өглөг… одоо бол авлига, тендер… гэсгээд болчихож байна.Үзээгүй юмаа байхгүй гэж боддог нь хүний араншингийн нэг бололтой.

ГУРАВ.ХЯМРАЛЫГ ХЯМРАЛААР

Монгол орон ардчиллын замаар ороод гучаад жил боллоо. Та “ардчилал ингээд дуусч байна” гэх болов уу гэж бодсон байх. Үгүй ээ, ардчилал одоо л эхлэх гэж байгаа. Үнэн хэрэгтээ, гучаад жилийн тэртээ үүдийг нь хаасан социализм одоо л дуусч байна. Социализмын үлдээсэн хүчирхэг төрийн уламжлал одоо л амьсгаа хурааж, ганц гудамж өөрөө мэдээд тохижуулах тэнхэлгүй болон гулдайж байна. Социализмын айдас, сахилга дээр бүрэлдсэн төрийн албаны ёс суртал одоо л мөхөж дуусаад ямар ч сурталгүйгээр авлига нэхэж алга тоссон түшмэд үлдэж. Социалист дэглэм бол юугаар ч цагаатгашгүй хүчирхийллийн тогтоц байсан боловч хээр талаар нүүдэллэж явсан малчин ардуудыг орчин үеийн маягтай төр, төрийн албан хаагч, төрийн албаны сахилга журам бүхий болгож орхисон. Энэ бүхэн одоо л арилж дуусч байна, харамсах юм алга. Социализмын бүтээж өвлүүлсэн улс төрийн нам, түүний үлгэр загварууд одоо л элж гүйцэж байна. Нэг үгээр бол, манай ардчилсан хувьсгалын анхан шатны “социализмыг нураах” зорилго амжилттай биелсэн байна. Харамсалтай нь социализм арилахдаа өөрийн үлдээсэн төрийн тогтоц, төрийн албаны уламжлалаа аваад арилдаг эд байж. Өнөө муу санаа арилдаггүй, зөвхөн эзэнтэйгээ хамт үхдэг гэдэг шиг.

Үнэн худал нь хамаагүй, үзэл санааны нийтлэгтэй болгосон нь нүүдэлчдэд том дэвшил байсан юмсан. Социализм авгай тэрийгээ ч аваад төрхөмдөө буцах нь тэр. Өнөөдөр бидний сэтгэл санаанд нийцэх зүйлс бараг үгүй болсон. Энэ нь нийтлэг үнэт зүйлс байхгүй болсны дохио бололтой. Энэ утгаараа ямар нэгэн юмсыг эсэргүүцэж байгаа, юуг ч хамаагүй буруушааж явдаг тэмцэгч л олон түмний таашаалыг хүлээж байна.

Харин учирлах, тайлбарлах аливаа оролдлого олон нийтийн дургүйг хүргэж, хурал номын газарт шашингүйн сурталчилгаа хийхтэй агаар нэг болоод замхарч байна. Нийгэм маань одоогийн тогтолцоо шударгатай нь, шударга бустай нь, сайнтай муутай, хүнийхтэй өөрийнхтэй нь хамт, системээр нь нураахыг хүсч байна. Нийгэм маань өөрийн улс төр, эдийн засгийн тогтолцоо, дээр нь өөрийгөө ч бас жигшиж байх шиг…

…Бид нэг юм үзэх нь ч үзэх бололтой. Дайн тулаан, бослого самууны тухай энд яриагүй. Харин хямралын тухай ярьж байна. Тулгарсан хямралыг эрүүлжүүлэх замаар засах санаачилга оролдлогыг нийгэм хүлээж авахгүй бололтой. Магадгүй, хямралыг засах зам нь хямрал өөрөө бололтой. Шийдвэрлэх хямрал л болох царайтай. Нэрт эдийн засагч Иосеф Шумпетер чухам үүнийг л “Бүтээлч сүйтгэл” гэж томьёолон дэвшлийн нэгэн эх сурвалж болгон харсан байж болох талтай. Шийдвэрлэх хямрал, бүтээлч сүйтгэл бидний бясаа үүрлэсэн, биднийх гэхээсээ илүү “бясаа гуайнх” гэмээр болсон байшинг шатаах бололтой, тэгж байж л бясаанаасаа салах юмдаг уу. Их хямрал, нижигнэнхэн хямартугай..гэх ч хаашаа, гэхгүй ч хаашаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Батсүх: Б.Бат-Энэрэл бид хоёр “Өөртэйгөө ярилцахуй” гээд гоё бүтээл гаргаж байгаа

МУГЖ, дуучин “Завханы” С.Батсүхтэй уулзаж ийн ярилцлаа.

-Сүүлийн үеийн сонин сайхан юу байна, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Яагаад ч юм энэ жил ая хийгээд өгөөч гэж надад олон ханийн тухай дуу орж ирлээ. Ая хийгээд өгчихөөр, чи өөрөө дуулаад өгчихөөч гэж гуйх юм. Тэгээд “Хань минь”, “Ихэр заяа” гэх зэрэг ханийн тухай дуунууд төрлөө. Хөгжмийн зохиолч Туяагийн, “Хөсөгтөн” хамтлагийн Ариунболд гэж залуугийн “Ханийн тухай дуу” хүртэл байх жишээний. Данзангийн Нямаагийн шүлэг “Асуугаарай” гээд хайрын тухай дуу гэх зэрэг энэ жил шинэ уран бүтээл нэлээд хийлээ. Ойрын хэдэн жил залуучуудтайгаа ажиллаад, өөрөө шинэ, гоё дуу гаргаагүй байсан юм. Зундаа Завхан, Өмнөговь зэрэг хөдөө орон нутгуудаар их явлаа. Б.Бат-Энэрэл хүүтэйгээ хамтдаа “Өөртэйгөө ярилцахуй” гэж клипийг хийж байгаа, дуугаа сайхан байгальд дүрсжүүлсэн. Одоо монтажийг нь хийгээд гүйцээж байна. Ирэх сарын 10-20-ны үеэр олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа. Бат-Энэрэлтэйгээ хамтдаа “Цамбагарав”, “Орчлонг хайрлаарай”, “Монголын тэнгэр” зэрэг дуунд ая хийсэн. Энэ жил уран бүтээлийн жил байлаа.

-Б.Бат-Энэрэл хүү одоо хаана байгаа вэ. Эмчилгээ нь юу болсон?

-Эмчилгээний хандивынх нь аян зургадугаар сард албан ёсоор хаагдаж, цугласан бүх мөнгө нь эмээгийнх нь дансанд орсон. Нийтдээ 70-аад сая төгрөг цугласан байна лээ. Монголчууд тав, зургаан сая, Өмнөдмонголчууд 17,18 сая төгрөг өгсөн. Бусад нь хандивын тоглолтоос орсон мөнгө. Харин хүүгийн нүднийх нь шинжилгээний онош Монголд ч, Хятадад ч адилхан гарсан байна. Нүдний уг нь гэмтэлтэй, төрөлхийн байж магадгүй гэсэн байгаа. Тиймээс одоогоор, аппаратанд оруулаад, голын ус харуулдаг зэрэг янз бүрийн эмчилгээний дасгалууд хийж байна. Өөр бусад оронд очиж, үзүүлвэл ийм л онош гарч мэднэ, нэг явахад арав гаруй сая төгрөг орох учраас хий яваад, хандиваар цугласан мөнгө нь дуусчихаж магадгүй гэж бодоод эмээтэй нь зөвлөлдөөд мөнгөөр нь хоёр өрөө байр авахуулчихсан. Уг нь эмээ нь Энэтхэг, Герман зэрэг орон руу явж үзүүлнэ гээд байсан. Байрыг нь Б.Бат-Энэрэлийн сургуулийнх нь хажууд авахуулсан байгаа. Шинэ орон сууц, байрандаа ороход нь хэвлэлийнхнийг дуудна. Жилийн 12 сая төгрөгийн төлбөртэй “Глобал” гэж олон улсын сургуульд 12 дугаар анги төгстөлөө үнэ төлбөргүй сурах урилга олгуулсан. Энэ сургуулийн захирал нь манай “Алдархааны” С.Батсүх гэж надтай адилхан нэртэй эмэгтэй ингэж дэмжсэн юм. Дасгалаа сайн хийж байгаа учраас нүднийх нь хараа нааштай болж байгаа, хэрэв цаашид эмчлүүлнэ гэвэл байраа зараад явчихаж ч болно шүү дээ. Дансанд байвал үрэгдээд дуусах магадлалтай учраас байр авахуулсан юм.

-Б.Бат-Энэрэл ер нь ямар хүүхэд юм бэ. Мэдэх, мэдэхгүй хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нь жижигхэн хүүхэд байж, том хүн шиг гэж шүүмжилдэг?

-Заримдаа янз янзын юм ярина, заримдаа тэгж ярихгүй. Их өөр хүүхэд. Би ч эхлээд ойлгохгүй байсан сүүлдээ ойлгосон. Өмнөдмонголчууд энэ хүүгээс адис авах гэж ирж байна. Багшлаад сургаад байгаа юм биш, өөрөө л шууд дуулчихдаг, төрмөл авьяастай, ер бусын хүүхэд. За энэ дууг чи өрөвдөж дуулах ёстой, үүнийг санан дурсаж дуулна гэх зэргээр зөвлөдөг. Тэгэхэд л үзэгчдийг бүгдийг нь уйлуулаад, бүгдийг нь инээлгээд л дуулж байна. 19 цагаас тоглоод, 21 цагаас дахин тоглоход хүмүүс дахиад л тоглолтыг нь үзэж байгаа юм. Манай студид орж ирэхээрээ заримдаа хоёрхон дуулаад гарна, заримдаа огт дуулахгүй, тэр хүүхдийн дотор нь өөр хүн байгаа ч юм шиг санагддаг. Эрдэнэт, Дарханд тоглолтоор хамт явсан. Дуулуулах, дуулуулахгүй, хэзээ дуулахыг нь би шийддэг. Харин мөнгөнд нь огт ойртдоггүй, хэдээр дуулахыг нь эмээ нь мэднэ. Түүний ээжийнх нь эгч буюу “эмээ” гэж дууддаг хүн нь өөрийгөө хоёрт тавиад тэр хүүхдийг нэгт тавиад явж байгаа юм. Гадаадад сургууль төгссөн, зэрэг хамгаалсан хоёр ч гадаад хэлтэй нэлээд боловсролтой эмэгтэй юм билээ. Манай томоохон төрийн байгууллага ажилд авна гэдэг ч энэ хүүхдийн төлөө өөрийгөө зольж яваа. Тиймээс цаашид төрийн бус байгууллага байгуулаад өгчихвөл аваад, явчих юм байна гэж бодож байна.

-Б.Бат-Энэрэл хүүгийн дуулж байгаа нь бусдыг хайрлах, байгаль эх орноо хайрлах, уул усаа шүтэх сэдэвтэй байдаг. Энэ нь их учиртай юу?

-Тоглолтыг нь хийгээд, байгаль, уул усны тухай дуулуулаад байгаа нь дутагдлыг нь засаад, өөрийг нь зөөллөөд байгаа юм. Мөн ийм дуу дуулснаараа их ач холбогдолтой. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл түүний дууг дуурайн дуулж, эх оронч болоход суралцаж байна. Тэр хүүхдийн дотор ширүүн, билиг танхай хүн байгаа ч юм шиг байдаг. Жинхэнэ том ламын шавь болгоод, эсвэл бясалгалын багштай болгох юмсан гэж бодож байгаа. Аравдугаар сараас өмнө тоглолтыг нь хийж өгөөд, орлогоос нь төрийн бус байгууллага байгуулаад, дансанд нь хийлгэчихье гэсэн бодол байна. Зун Завхан руу 15 хоног явахдаа дөрвөн газар дуулаад, орлогоор нь эмээ нь машин авчихсан. Машинтайгаа тэр хоёр хөдөө байгальд очиж, амраад, нүдний дасгалаа хийгээд байгаа. Эмээг нь дэмжмээр юм шиг санагддаг. Гэтэл хүүгийн төрсөн ээж, эгч, ээжийнх нь ээж, ах дүү нар нь гэж олон хүмүүс байдаг гэсэн. Нэг нь ч бидэнд харагддаггүй юм. Хэдхэн сарын дотор орох орон, унах унаагаа хүртэл өөрөө олж байгаа энэ хүү ах дүүгээ өөд нь татах гэж ирсэн ч юм шиг.

-Анх та энэ хүүтэй хэрхэн холбогдож, яаж хүлээж авч байсан бэ. Анхнаасаа л шууд ойлгоод, дэмжсэн үү?

-Баахан ажил ярьсан нэлээд хэдэн хүн манай студид ирж, надтай уулзсан юм. Би ч Америк явах гэж байгаа, хамтарч хандивын тоглолтонд оролцож чадахгүй гэж хэлээд гаргатал нэг эмэгтэй танаас юм асуух гэсэн юм гээд суугаад үлдсэн. Сошиалаар дуулаад байгаа Энэрэл гэж хүүгийн эмээ нь би байгаа юм. Манай хүү таны дууг дуулах дуртай, тантай уулзуулмаар байна гэхээр нь хүүхдээ аваад ир ээ, надтай уулзуулаадах л гэлээ. Дагуулаад ирсэн чинь нэг л сонин яриатай хүүхэд. Эмээ нь үг зааж өгөөд байгаа ч юм уу, яагаад байгаа юм, ямар сонин хүүхэд вэ гэж бодсон. Айхтар, айхтар үг хэлж, ярьж байгаа юм чинь. Хамтдаа уран бүтээлээ хийгээд их ойлгож байгаа. Одоо болохоор зарим үзэгчид намайг үг зааж өгөөд байгаа юм уу гэдэг. Үгүй шүү дээ. Өөрөө тэгж ярьдаг, тийм сонин, сонин үйлдэл хийдэг хүүхэд. Дуугаа өөрийнхөөрөө дуулдаг, тиймдээ ч тоглолт нь гоё болдог, хүмүүс сонсохыг харахыг хүсч маш олноороо тоглолтыг нь үзэж байна. “Өөртэйгөө ярилцахуй” гээд гоё бүтээл гаргаж байгаа бид. Энэ хүүхдийн эхнийх нь дуулсныг авахад л болчихдог. “За чи ингээд дуулчихаарай, ингээтэх” гээд хэлээд, албадаад заахаар нэг л худлаа болчихоод байдаг. Б.Бат-Энэрэлийг Бээжинд онгоцноос буухад нь хүн болгон хараад таньж байна. Өмнөдмонголоос асар их урилга ирж байна. “Одон” телевизийн Отгонсод гэж алдартай сэтгүүлч залуу ирээд, нэвтрүүлэгт оролцуулъя гэж дахин, дахин гуйгаад оруулахаар болсон. Энэ сарын 25-нд эмээтэйгээ явахаар болсон байгаа. Яахав уралдаан биш алдартай нэвтрүүлэг юм байна гээд зөвшөөрсөн. Өмнөд монголоос, Тувагаас, Буриадаас асар олон хүн ярьж байна. Энэ чинь зүгээр нэг дуулаад байдаг хүүхэд биш байхгүй юу. Зрителийг уйлуулж, инээлгэж уярааж байна. Өөрөө дуулаад, өөрөө рекламандаа тоглоод, ийм айхтар байна. Би олон залуучууд, дуучидтай хамтарч ажилласан, олон хүнийг дуулуулсан. Тэгэхэд ингэж тултал нь дуулж чаддаг хүүхэд, залуус монголд байхгүй шүү. За залбирч байгаад сайхан дуулна шүү гэж хэлчихээд, маргааш нь дуулуулахад тултал дуулаал ороод ирдэг. Эмээ нь санал болгодог байх, багшаа би таны ийм дууг дуулъя гэдэг, дуул, дуул гэхээр бүгдийг нь дуулж чадна.

-Балчир хүүхдийг дуулуулж, хөдөлмөрлүүлж, өөрөөр нь мөнгө олох нь харгис. Хүүхэд өөрөө эмчилгээний мөнгөө олох ёсгүй гэх хүн байна лээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Манай монголчууд тэгээд л байдаг юм. Өөрөө дуулаад л, өөрийнхөө төлөө зүтгээд байна. Хамгийн гол нь өөрөө дуундаа их дуртай, дуулж байхдаа аз жаргалтай байна. Ерөөсөө дуундаа түүртэж, цуцдаггүй, их хүч байгаа мэт, тэнгэртэй холбогдсон юм уу ч гэмээр дуулдаг. Дуулж байж эрүүл болох гээд байна шүү дээ. Зарим хүмүүс хандив, тоглолтынх нь мөнгө яасан бэ, хагалгаанд оруулсан уу гээд л асуугаад байгаа юм. Хагалгаанд орох шаардлага гарвал байраа зараад явна биз. Шинжилгээнд нааш, цааш яваад байвал мөнгө нь юу ч болохгүй дуусна. Шилжилтийн насны хүүхэд шиг сэтгэхүйтэй том хүн шиг чадалтай, 20 настай хүн шиг сэтгэдэг хүүхэд шүү дээ. Болохгүй талаас нь яриад яахав. Өөрт нь хэрэгтэй шүү.

-С.Батсүх гавьяат хүүхдээр бизнес хийж байна гэх яриа ч гарсан?

-Бид насаараа дуулаад, өөрсдийн үзэгчтэй болчихсон. Жижигхэн хүүхдээр бизнес хийнэ гэж юу байхав. Нэг ч төгрөг авдаггүй. Харин би өөрөөсөө бүх фонограммыг нь бичүүлээд явж байгаа.

-Танай студиэр сонин сайхан юу байна. Эндээс олон дуучид төрөн гарч байна уу?

-Энэ студиэс сүүлийн үеийн олон сайн дуучин залуус гарсан. Олон залуус СУИС төгсөөд л орж ирээд эндээ бэлтгэлээ хийдэг.Студи бараадаад л яваад байх юм. Ихэнх нь дуучин болж амжихгүй шүү дээ. Жилдээ 100 гаруй залуус дуучин гэх мэргэжил эзэмшиж байна. Одоо толгой нь ажилласан, толгойгоороо дуулсан дуучид гарч ирдэг цаг. Баахан хүүхэд урлагийн сургууль төгсгөөд л байдаг. СУИС уг нь сайн төгсгөдөг. Гэхдээ бүтээлч болох эсэх нь өөрсдөөс нь шалтгаалж байна. Жишээлбэл, энэ жижигхэн хүүхдийн сэтгэл нь үнэн учраас хүнд хүрээд, хүмүүс хүлээж аваад байгаа юм. Болдбаатар, Намсрайноров зэрэг зах зээлд амжилттай явж байгаа хэсэг дуучид байна. Хүн хөөж оруулах шаардлагагүй, үзэгчид нь өөрсдөө ирээд үзчихдэг дуучид л амьдарч байна. Бат-Энэрэл хүү тийм. Энэ хүүг Өмнөдмонголын малчид хүртэл зорьж ирж үзэж байна, тэд ч нэлээд мөнгө өгдөг юм шиг байна лээ. Бат-Энэрэлд өгөх гэсэн юм гээд ярихаар нь эмээд нь өгөөрэй гэдэг. Тэд баримтжуулаад, нээлттэй тэндээ “WE CHAT”-аар тавьдаг гэсэн. Эмчилгээний хандив цуглуулахад Өмнөдмонголд 24 цагийн дотор 17,18 сая төгрөг цугласан шүү дээ. Онош нь гараагүй байхад нь ингэж их хандив цуглуулж болохгүй гээд бид хандивыг нь шууд зогсоосон шүү дээ.

-Ямар онцлогтой, ямар хүүхдүүдийг та дуучин болох нь зөв гэж хэлэх вэ?

-Ер нь дуулаачид сонсголтой, хөгжим тоглодог, авьяастай хүүхдүүдийг шалгаж аваад Хөгжим бүжгийн коллежид сургаад, тэндээс нь СУИС руу аваасай гэж боддог. Зөвхөн гадны уралдаанд оролцох хүүхдүүдэд бакал тавих нь зөв. Бүгдэд нь бакал тавьчихаар, ард түмэн хүрэхгүй шүү дээ. Одоо залуусыг би урлаг хатуу, хэцүү өөр мэргэжилтэй бол гэж хэлдэг. Заримыг нь ч өрөвдөх юм. Хоёр том намыг дагаад л уйлаад гүйгээд байх юм. Энэ муу, энэ сайн гэж сонгуульд, хүмүүсийн сонголтонд нөлөөлж болохгүй. Би сонгуульд явдаггүй, спонсор гэж надад анхнаасаа байгаагүй. Өөрөө өөрийгөө аваад л өдий зэрэгт хүрсэн. Зарим хамтлагууд гурван хүнтэй, гурван өөр намд явж байх юм. Уг нь урлагийн хүмүүс ингэхгүй, арай өөр байх ёстой болов уу гэж боддог. Миний тоглолт зарлагдахаар хүмүүс ирээд л үздэг, ямарч спонсоргүй ингэж билетээрээ амьдардаг. Бүх газар очиж, дуулаад, бүх юмыг дагаж, бүгдэд ил байх нь урлагийн хүн үнэгүйднэ. Дэмий. Би ийм менежменттэй, Бат-Энэрэлийг ч энэ менежментээрээ явуулж байгаа. Эхлээд үзэгчид сонир-хоно, үнэлнэ. Ховор байхгүй бол залхана. Хуриманд ч дуулуулахгүй байгаа.

Нэг өвгөн хөөрхөн хүү гээд тэврээд авсан чинь Б.Бат-Энэрэл “Та удахгүй бурхны оронд явах юм байна. Гэхдээ сайн хүмүүс эрт бурхны оронд очдог. Бурхны орон сайхан шүү дээ” гэж хэлж гонсойлгосон байгаа юм. Тийм л сонин ер бусын хүүхэд. Энэ орчлон ч тамтай юм аа бурхны орондоо очих юмсан гээд заримдаа ганцаараа үглэж байдаг.

-Үзэгчид таныг дуугаа эхлүүлэхэд л бүгдээрээ дагаад дуулдаг. Ингэж хүнд хүрсэн нууц нь юу вэ. Та их хөдөлмөрлөсөн үү?

-Үзэгчид дагаад л дуулцгаадаг. Хүнд ойрхон байдаг юм байлгүй дээ. Би их олон дуу дуулсандаа. Одоо нэг их олон тоглолт хийхгүй. Арай өөр бизнес хийж байгаа. Энэ жаахан хүүхдийг эвтэйхэн чиглүүлээд өгчихье гэсэн хүсэлтэй байна.

-Хэтэрхий багаасаа дуулах муу гэх хүн байх юм. Хүүхэд, хүүхдээсээ шалтгаалах уу?

-Гайгүй л байдаг юм. Хүүхдүүд дуулаад л байна шүү дээ. Б.Бат-Энэрэл ядардаггүй, цаанаасаа тэнгэртэй уяатай юм шиг дуулдаг хүүхэд байхгүй юу. Би ямар ч байсан сургуультай болголоо эхлэлийг нь тавиад л өглөө. Жаахан хүүхэд юм болохоор их хөөрхөн, энерги нь гоё. Хотоос хүмүүс дагаад, тоглолтуудыг нь үзээд явчихдаг юм байна лээ. Оросын зөн билигтэн уулзах гэж ирсэн байсан. Би уулзуулаагүй, хүүхдийн энерги сорчихдог юм гэж дуулсан.


Categories
мэдээ цаг-үе

Р.БАТБААТАР: Бид зүүн хойд Азийн үндэсний хоолны хэв маягийг олон улсын тэмцээнд нутагшуулахыг зорьж байна

Ирэх сарын дөрөвнөөс наймны өдрүүдэд Монголд анх удаа олон улсын тогооч нарын “Чингис хаан” цомын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатартай ярилцлаа.


-Дэлхийн тогооч нарын тэмцээнийг Монголд зохион байгуулах хүсэл, мөрөөдөл тань биелэхэд цөөхөн хоног үлдээд байна. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш сайхан байна. Би Монгол Улсын 252 дахь мастер тогооч. Намайг бага байхад аав маань чи ямар мэргэжилтэй болох вэ гэхэд яагаад ч юм “Тогооч” болно гэж хариулж байсан. “Чингис хаан” цомын тэмцээн бол төв Азид зохион байгуулагдаж буй анхны олон улсын тогооч нарын тэмцээн болж буйгаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар тэмцээнд ОХУ, Хятад, Герман, АНУ, Солонгос, Итали, Румын, Турк, Катар, Польш зэрэг орнууд оролцохоо мэдэгдсэн байгаа. Энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулснаар бид монгол үндэстний хоол, монгол тогооч нарын ур чадварыг олон улсад таниулах боломжтой юм.

-Энэ тэмцээнийг угтаж бүсийн аварга, нийслэлийн аварга, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа шүү дээ. Монгол Улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцох тогооч нарын нэрс гарч эхэлсэн үү?

-“Чингис хаан” цом олон улсын тогооч нарын тэмцээний хүрээнд нийслэлийн аварга тогооч шалгаруулах тэмцээнийг зургадугаар сард хоолны шоутай хамтатган зохион байгуулсан. Мөн залуучуудын аварга, зүүн, хангай, төвийн бүсийн аварга тогооч, зөөгч нарыг шалгаруулсан байгаа. Ирэх сарын дөрөвнөөс зургааны өдрүүдэд эдгээр тэмцээнээс шалгарсан тогооч нар өрсөлдөж улсын аваргаа шалгаруулах юм. Манай улсаас одоогийн байдлаар 200 гаруй тогооч оролцохоор нэрээ бүртгүүлсэн байгаа.

-Удахгүй Бээжин хотод хятад хоолыг хамгийн сайн хийдэг тогооч шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана гэсэн. Энэ тэмцээнд манай улсаас ямар тогооч оролцох гэж байна?

-Энэ тэмцээн наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын нэгний хооронд зохион байгуулагдах юм. “Чингис хаан” цомын тэмцээнтэй цаг хугацааны хувьд тулгуу болж байгаа тул бид оролцож чадахгүйд хүрээд байна.

-Манай тогооч нар олон улсын тэмцээнд чамгүй амжилттай оролцдог шүү дээ. Ер нь монгол тогооч нар ямар төрөлд хамгийн амжилттай оролцдог вэ?

-Манай тогооч нар мэргэжлийн төрөлд их оролцож байгаа. 2009 оноос хойш олон улсын болон дэлхийн чанартай тэмцээнүүдээс 86 медаль хүртсэн амжилттай байна. Манай тогооч нарын хувьд махан хоол болон “Hot cooking” төрөлд сайн оролцох болов уу. Чимэглэл, дессерт гэх мэт төрөлд хөгжиж эхэлж байгаа учраас бусдаасаа туршлага солилцох, тэдний шинэлэг технологийг судлах боломжтой юм.

-Олон улсын тогооч нарын тэмцээнийг Монголд зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Бид Зүүн хойд азийн үндэсний хоолны хэв маягийг олон улсын тэмцээнд нутагшуулахыг зорьж байна. Монгол хүн Францад очоод тэмцээнд оролцлоо гэхэд итали, англи хоолоор өрсөлддөг. Монгол хоолны стандарт дэлхийд нийцдэггүй учраас монгол хоолоор оролцоно гэж байхгүй. Бид монгол хоолыг олон улс руу гаргаж, зах зээлд нийлүүлэхийн тулд түүнийг эхлээд зөв талаас нь танилцуулах, стандарт бий болгох шаардлагатай. Магадгүй олон улсын тэмцээнд зүүн хойд азийн орнуудын хоол гээд төрөл нэмэгдчих юм бол бид сая монгол хоолоо дэлхийд гаргах тухай яриад суух боломжтой болно.

Нөгөө талаар хөгшин европтой туршлага солилцож, залуучууд маань олон зүйл сурах боломжтой. Тэмцээний үеэр хийгдсэн хоолны зургаар ном гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байна. Цэцэрлэг, сургуулийн үдийн цай хөтөлбөрт болсон болоогүй, шарсан, хайрсан, хуурсан пирошки, хуушуур өгдгийг халах хэрэгтэй. Энэ утгаар нь харвал бодит судалгааны ажил юм.

-Монгол хоол гэхээр бууз, хуушуур, цуйванг хэлж байна уу. Эсвэл хорхог, боодгийг хэлдэг юм болов уу?

-Монгол үндэстний зан заншлын нэг хэсэг бол хоол. Бид хорхог, боодог гэх мэт үндэсний хоолоо орчин үед яаж хувьсгаж өөрчлөх вэ гэдэгт шинэ гаргалгаа хайж байна. Жишээ нь, хорхог гээд ярихад эрт үед төмөр сав байгаагүй. Нүүдэлчин хүмүүс юунд хийдэг байсан юм. Тэр нь л бидний онцлог. Амьтны арьсан дотор махыг нь хийгээд боож иддэг байсан шүү дээ. Гүзээн дотор хорхог хийж байх жишээтэй. Энэ хоолнуудыг орчин үед яаж гаргах хэрэгтэй вэ гэх мэт. Дэлхий дээр бүгд мэддэг барбекюг бидний үндэсний хоол гээд шууд хэлж чадахгүй. Ил гал дээр мах шарах гэдэг хүн төрөлхтөн үүссэн цагаас үүдсэн байх. Тэрнээс ганцхан Монголынх гэж хэлж болохгүй. Бууз, хуушуурыг орос, хятад хөршүүд хийдэг байх жишээтэй. Монгол хоол гээд бүх хүмүүс мэддэг болсон учраас монгол хэв маягийг гаргах ёстой. Дугуй хуушуур гэж монголд байдаг. Түүнийг таниулан сурталчлах хэрэгтэй байна.

-Тэмцээн хэдэн төрлөөр, хэрхэн зохион байгуулагдах вэ?

– Залуучуудын, мэргэжлийн гэсэн хоёр үндсэн ангилалд хуваагдаж 18 төрлөөр өрсөлдөнө. Махан төрөл, далайн бүтээгдэхүүний төрөл, салатны төрөл гэх мэтээр ангилагдана. Олон улсын тэмцээний үеэр хоол хүнсний материалаар бүтээл хийж, үзэсгэлэн гаргадаг. Энэ мэт хоолыг урлаг болгох тал руу бид залуусаа бэлтгэх хэрэгтэй байна. Мөн хар хайрцагны багийн тэмцээн зохион байгуулагдана. Цаанаас нь урьдчилан бэлтгэсэн хар хайрцганд хийсэн хүнсийг оролцогчдод өгдөг юм. Түүгээр өгөгдсөн хугацаанд хоол хүнс хийж өрсөлдөнө.

-Олон төрлийн хоол хийхэд янз бүрийн материал шаардагдана шүү дээ. Түүнийг яаж шийдсэн бэ?

-Олон улсын тэмцээн зохион байгуулахад бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал энэ болоод байна. Импортоор орж ирж байгаа хүнс хязгаарлагдмал байдаг. Мах, гурил, будаа, цуу гэх мэт ганц ганцхан нэр төрөл. Гэтэл мах дотроо хэдэн янз байдаг. Салатны навч гэхэд хориод төрөл бий. Бид ганцыг нь л хэрэглэж байгаа. Зөв буруу хэрэглээг нь ч сайн мэдэхгүй шүү дээ.

Бидний тооцоолж буйгаар энэхүү тэмцээнийг зохион байгуулахад 100 гаруй сая төгрөг зарцуулагдахаар байна. Улсаас ямар ч дэмжлэг туслалцаа аваагүй. Гэвч цаг үе биднээс үүнийг шаардаж байна. Бид “Чингис хаан” цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулахгүй бол Хятад улс хийх гэж байсан.

-Эрэгтэй хүмүүс энэ салбарт илүү амжилт гаргадаг нь юутай холбоотой вэ?

-Эрэгтэй хүн энэ мэргэжлийг гэр бүлээ, амьдралаа авч явах гол ажил нь гэж хүлээж авдаг учраас илүү анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Тогтвортой удаан хугацаанд ажиллаж амжилт гаргадаг болов уу. Эмэгтэйчүүдийн хувьд эхнэр хүний үүрэг, ар гэртээ анхаарлаа хандуулах шаардлагатай болдог нь бага зэрэг нөлөөлдөг болов уу.

Үүнээс гадна олон улсын тогооч нараас дүгнэсэн дүгнэлт бий. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэлний тэмтрүүлийн мэдрэмж харилцан өөр байдаг. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд давсыг мэдэрдэг бол эрэгтэйчүүд свийт буюу чихэрлэг амтыг түрүүлж мэдэрдэг.

Categories
мэдээ цаг-үе

Ембүүгийн Батчулуун: Газарзүйн боловсрол залуусын соёлд ч хэрэгтэй

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, профессор Ембүүгийн Батчулуунтай ярилцлаа.


-Саяхан олон улсын газарзүйн олимпиадад манайхан амжилттай оролцоод иржээ. Олимпиадын онцлог, сонин сайхнаас дуулгаач?

-“Олон улсын газар зүйн холбоо” гэж бий. Энэ холбооноос олон улсын газарзүйн олимпиадыг 1996 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн. Манай улс 2013 оноос анх оролцож эхэлсэн юм. Өнгөрсөн жил газарзүйн олимпиад Бээжинд болоход “Шинэ эрин” сургуулийн сурагч Э.Жагар мөнгөн медаль хүртсэн нь манай анхны медаль. Энэ жил Э.Жагар мөн хүрэл медаль хүртэж, амжилтаа баталлаа. Олон улсын газарзүйн олимпиад Серби Улсын нийслэл Белград хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Манайхаас дөрвөн хүүхэд, хоёр багшийн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ. Энэ олимпиадын гол ялгаа нь гэвэл зөвхөн англи хэлээр явагддаг. Зарим хичээлийн олимпиад орчуулгатай байдаг бол энэ өөр. Улсын газарзүйн олимпиадад түрүүлсэн хүүхэд явах ёстой ч хэлний мэдлэгээс болоод, бид хамгийн сайн англи хэлтэй, газарзүйн мэдлэгтэй хүүхдийг сургаж, бэлтгэл хийж байгаад аваад явдаг.

-Олимпиад хэдэн төрөлтэй, ямар, ямар даалгавартай байх уу?

-Олон улсын газарзүйн олимпиад гурван үндсэн төрлөөр явагддаг. Нэгдүгээрт бичгээр хариулах онолын асуултууд. Хоёрдугаарт, хээрийн дадлага, гуравт мультимедиа. Мөн ханын илтгэл танилцуулдаг. Жишээлбэл, манай хүүхдүүд яг л англи хүүхэд шиг бүх асуултыг бүрэн ойлгоод сэтгээд, хариултаа англи хэлээр бичнэ, ярина, асуулт хариултад оролцоно. Энэ нь нэлээд хүнд олимпиад гэсэн үг. Гэхдээ манайх тавхан удаа оролцож байгаа ч сүүлийн хоёрт нь медаль авсан нь том амжилт. Мөн энэ удаагийн олимпиадад ханын илтгэлээр хоёрдугаар байр эзэлсэн.

-Олимпиадад нийт хэдэн орны хичнээн хүүхэд оролцов. Манай багийн танилцуулсан ханын илтгэл ямар сэдэвтэй байв?

-Нийтдээ 44 орны 170 орчим хүүхэд олимпиадад оролцсон. “Танай оронд залуучуудын аялал жуулчлал ямар байх вэ” гэсэн сэдвээр ханын илтгэл танилцуулсан. Энэ илтгэлдээ адал явдалт аялал жуулчлалыг сонирхдог залуус манай Монгол оронд аялвал тохиромжтой. Яагаад гэхээр манай улсад том далай, дээд зэрэглэлийн зочид буудал, наран шарлагын газар байхгүй. Байгалийн онгон, дагшин байдлаараа байгаа. Тиймээс адал явдалт морин аялал, тэмээгээр аялах, сарлаг унах, оросын пургон машинд сууж, мотоцикль, унадаг дугуйгаар аялах боломжтой. Түүнээс биш, тансаг, тав тухтай байна гэж очих нь өрөөсгөл гэх зэргээр эх орныхоо онцлогийг харуулсан илтгэл тавьсан. Ингэхээр оролцогчид, шүүгчид сонирхоод, маш их асуулт асууж байгаа юм. Энэ бүхэнд англи хүн шиг чөлөөтэй англиар ярьж хариулж, харилцан ярилцаж чадсан. Хэлний мэдлэг хүртэл их давуу тал болсон. Тав тухтай, тансаг аялах боломжгүй, харин ганцхан төмөр замтай, транс, Сибирийн төмөр зам Монголыг дайрч өнгөрч байгаа шүү, тиймээс энэ төмөр замаар аялах боломжтой гэх зэргийг илтгэлдээ тусгасан. Мөн газарзүйн олимпиадын онцлог нь нэг чиглэлтэй байдаггүй, маш олон салбар, чиглэлийг хамарсан байдгаараа онцлог. Тухайлбал, байгаль орчин, нийгэм эдийн засаг. соёл, газар ашиглалт, газар зохион байгуулалт, өлсгөлөн зэрэг хамаарна. Тиймдээ ч олон улсын олимпиадаас нийтдээ 20 гаруй сэдвийн хүрээнд бэлтгэл хийнэ шүү гэж сануулга ирүүлдэг.

-Огт санаанд ороогүй асуулт ирсэн үү?

-Рио-де-Жанейро хотод олимп болоход тамирчид энд байрласан, харин тэмцээн энд болсон энэ байршлын давуу болон сул тал юу байна гэх зэрэг асуулт ирсэн нь санаанд ороогүй. Мөн олимпиадад оролцогч орон болгон англи хэл дээр асуулт явуулдаг журамтай. Тодорхой нэг сэдвээр нэг бүлэг асуулт буюу арваад асуулт бэлтгэдэг гэсэн үг. Энэ асуултууд стандартад нийцэхээр бол олимпиадад оруулна. Манайхаас явуулсан гурав, дөрвөн асуулт багтаж байсан. Манайхаас сүүлийн гурван жилд энэ олимпиадад материал засахад оролцож байна.

-Энэхүү олимпиадын ач холбогдлын талаар сонирхуулаач?

-Нэгдүгээрт улсын нэр хүнд. Монгол хүүхэд англи хэлээр олимпиадад оролцоод бусад орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн амжилт гаргаж байна. Мөн тэдэнтэй нийлж аялж, юм үзэж нүд тайлж байна. Мөн манай газарзүйн сургалтын түвшин хаана нь явж байна гэдгийг харах. Тэндээс суралцах ач холбогдолтой. Дэлхийн жишгээс дутахааргүй гэж бид харж байна. Мөн цаашид чиг хандлага ямар байна гэдгийг харж болдог. Энэ жил олимпиадын зардлын хагасыг улсаас өгсөн. Ирэх жил бүтэн олгох байх гэж найдаж байна. Өнгөрсөн жилүүдийг бодоход манай хүүхдүүдийн хэлний мэдлэг маш сайжирсан байна лээ.

-Монгол хүүхдүүдийн дутагдалтай болон давуу тал нь юу байв?

-Манай хүүхдүүд бие дааж ажиллах, багаар ажиллах тал дээр жаахан муу байдаг нь жил бүр ажиглагддаг. Мөн бие дааж шийдвэр гаргах, ном унших, бие дааж өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай санагдсан. Медаль авсан хүүхэд гэхэд л газарзүйн чиглэлээр найман ном бие даагаад уншсан байсан нь амжилтад нь нөлөөлсөн. Мөн манайхан хээрийн дадлага маш тааруу хийдэг. Өөрсдөө шийдвэр гаргах нь тааруу. Чамд ийм газар өгвөл тэнд ямар хот байгуулах вэ гэхээр энд нь ийм ийм байна гэж зураглах шаардлагатай.

-Манай улсын газарзүйн хичээлийн сурах бичиг өмнө нь ямар байсан. Одоо хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-1990-ээд он хүртэл оросын сургалтыг дагаж явсан. Өмнө нь орос сурах бичгийг орчуулан хэрэглэж байсан. Харин үндэсний сурах бичиг гарахад академич Ш.Цэгмид багш маш том үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр 1957 онд анхны Монголын газарзүй номыг бичсэн. 1984 онд Төрийн шагнал хүртсэн. Энэ нь дунд сургуулийн сурах бичгээс анх удаагаа ийм том шагнал хүртсэн гэсэн үг. Маш сайн шинжлэх ухааны үндэслэлтэй сурах бичиг. Мөн Г.Батсүх гэж анхны ардын багш байна. З. Мөнхөө, М.Баянтөр, Ж.Авхинсүх нарын үүрэг их. Монголын газарзүйн боловсрол өдий зэрэгтэй болоход Ш.Шагдар, Г.Содномваанчиг нар их үүрэг гүйцэтгэсэн. Энэ хоёр багштай нийлж, би 1990-ээд оны дундаас хойш газарзүйн хөтөлбөр, стандартыг боловсруулах багийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. 20 гаруй жил энэ ажлыг хариуцаж байна. Энэ хугацаанд газарзүйн сургалтын агуулга сайн байсан бол манай багийн амжилт, саар муу байгаа бол миний алдаа байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

-Газарзүйн хичээлийн сүүлийн үеийн судлах онцлог нь ямар байгаа вэ?

-Хүн байгалийн буюу байгаль нийгмийн харилцан хамааралд нь авч үздэг болж байгаа. Энэ нь дэлхийн жишигт нийцэж байна гэсэн үг. Бороо орлоо, маргааш үүлтэй, хур тунадасны хэмжээ тэд гэхээс илүүтэйгээр бороо яаж нөлөөлөв, үер буусан уу, үүний давуу болон сул тал. Үерийн улмаас газар тариалан, хөдөө аж ахуй, эдийн засагт яг ямар хохирол гарав гэх зэргийг ч судална. Тогтвортой хөгжлийн боловсрол гэж их ярих боллоо. НҮБ-аас тогтвортой хөгжлийн зорилтууд гэж зарласан. Нийт 17 зорилт бий. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгалийн гамшиг, цөлжилт, үер ус, эрчим хүч зэрэг бүх зорилтууд газарзүйн агуулгад багтдаг. Бүх юм нь холбогдсон байгаа учраас дэлхийн хөгжингүй орнууд газар зүйн хичээлийнхээ цагийг нэмж байна. Манайх мөн ахлах ангийнхаа цагийг нэмлээ. Гэхдээ суурь боловсролын түвшинд долоо, найм, есдүгээр ангидаа долоо хоногт ганцхан цаг орж байна. Гэтэл Монгол Улс дэлхийн хуурай газрын нэг хувийг эзэлдэг онцлогтой том газар нутагтай орон. Тиймээс энэ орны иргэд газарзүйн онцлог, түүх соёл, эх орныхоо хаана юу байдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж эх оронч сэтгэлгээ төлөвшлийг бүрдүүлдэг. Орос бол газарзүйн маш хүчтэй бодлоготой. Оросын газарзүйн нийгэмлэгийн хүндэт тэргүүлэгчээр Путин өөрөө ажилладаг. Тэрээр орос хүн газар нутгаа мэдэж байх нь маш чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна лээ.

Манайх ч цаашид бусад орнуудын жишгийг дагаж газарзүйн хичээлийн цагийг нэмэгдүүлэх байх. Тухайлбал, одоогоор зургадугаар ангид газарзүйн хичээл огт орохгүй байгаа. Энэ алдаа засагдах байх гэж бодож байна. Тэгээд ч дэлхий дахинаа XXI зууны цөм хичээл гэж гаргасны дотор газарзүй бие даан орсон байгаа.

-Газарзүйн мэдлэгтэй байх, газарзүйн хичээлд ач холбогдол өгөн сайтар судлах нь ямар, ямар ач холбогдолтой вэ?

-Монгол байгалиасаа хамаардаг орон. Бельги улсын хүн амын 75 хувь нь хотод, Японд ч нэг хот залгаад, дараагийн хот эхэлдэг. Гэтэл манайд эрс өөр. Манай улсын үндсэн уламжлалт амьдрал байгалиасаа хамаарч байна. Эдийн засаг мөн байгалиас, байгалийн унаган төрхөө хадгалсан онцлогтой гэдэг нь маш том давуу тал. Алт угаавал гол бохирдоно. Энэ өвөлжөөнийхөө өвсийг хамгаалах хэрэгтэй, энэ уулын ард цас их унадаг тул өвс сайн ургана гэх зэрэг мэдлэг зайлшгүй шаардлагатай. Жолооч нар гэхэд л замгүй газраар явдаг тул автозамын зураг ашиглаж сурах хэрэгцээ гардаг. Ийм чадварыг газарзүйн хичээлээр л олгоно.

Түүнчлэн гол гатлах үедээ голын энэ хэсгээр, цүнхээл үүссэн, энэ хэсгээр харгиа үүссэн гэх зэргийг хараад ойлгох нь өдөр тутмын хэрэгцээ. Газарзүйн боловсрол амьдрах ухаанд хамгийн их хэрэгтэй боловсрол гэсэн үг. Мөн залуу хүний соёлд хэрэгтэй. XXI зууны залуу хүн “Хавай явна гэнэ ээ хаана байдаг юм бол” гэвэл инээдтэй биз дээ. Энэ зуунд амьдарч байж хаана ямар улс байдгийг мэдэхгүй байх нь зохимжгүй. Тэгэхээр энэ нь ерөнхий соёлд их хэрэгтэй гэсэн үг. Тиймээс бусад орнууд газарзүйг чухалд тооцож байна. Газарзүйн мэргэжил хөрвөх чадвар их сайтай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алмастай “УЧИРСАН” намтар

1970-аад оны сүүлчээр манай суманд нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал өөрөө морь унаж, мод тохоод, дээр нь тэр үед гараагүй байсан мобиком бариад ирснээс ч гайхалтай зочин айлчилсан нь алмас судлаач Р.Равжир гээч байв. Хөл хөдөлгөөн, хэл чимээ багатай хөдөө нутагт ийм хачин юм судлаач, түүнийгээ хайж (тэр нь мэдээж манай суманд байхгүй) ирнэ гэдэг алмаснаасаа дутуугүй сонин байлаа.

-Майдар даргын гарын үсэгтэй бичигтэй юм гэнэ.

-Тэр бичгэн дээр нь дунд гарын шаазангийн амсрын чинээ улаан тамга дараастай гэж байгаа.

-Бүр дуртай газраасаа унаа, хоол, унд гаргуулах бүрэн эрхтэй гээд заачихсан гэдэг шүү.

Ийм яриа сумын төвөөр дорхноо тарлаа. Тэрхүү «бүрэн эрхтэй, бүдүүн хүзүүтэй» сонин хүн өөрийнхөө бүрэн эрхийн гурав дахь заалтыг шууд хэрэгжүүлж унаа, хоолноосоо илүү «ундаа»-гаар даалгаж гарлаа.

Сонин хачин юм сонсох хүсэлтэй хүмүүс түүнийг гэртээ урих дараалал тогтоосны дэргэд 90-ээд оны картын барааны оочир юу ч биш санагдана. Сургуулийн хүүхдүүд түүнийг томчуудаас дутуугүй сонирхсон боловч ахмад хүмүүс цугласан газар багачууд орох нь ахас ихэсээ хүндлээгүй, одоогийнхоор бол ёс зүйн алдаатай хэрэг тул дэмий л цуу ярианд чих тавина.

-Алмасын зураг үзүүлж явна гэнэ.

-Үзүүлэх ч гэж дээ, сайн харуулахгүй, нүдэнд нь гялс тулгачихаад буцааж өвөртлөчихөөд байгаа гэсэн.

-Улсын нууц болохоор тэгдэг гэнэ.

-Барьж авсан алмасаа манай энд ирээд оргуулчихсан гэнэ ээ.

Энэ бүх ярианаас бид мань ер бусын судлаачийг алмастай учран зургийг нь авчихсан юм байна, ер нь алмас судлаач хүн байнгын 75 градустай байх учиртай ажээ гэсэн ойлголттой үлдэв. Температурын хувьд амь халуун дээр нь албан ажлын шаардлагаар хэрэглэж буй ундааных нь хэмийг нэмсэн хэрэг шүү дээ. Сумын гэрлийн мотор асаадаг хүн сүүний нормтой байхад ер бусын юм судалдаг хүн ийм «нормтой» байхад гайхах юм алга. Хэд хоногийн дараа тэр хүн өөр газар очиж, магадгүй бүрэн эрхийнхээ гуравдугаар заалтыг ч юм уу хэрэгжүүлэхээр яваад өглөө.

Түүний явсны дараа манай хөгшчүүлийн дунд «Манай цорж багшийн хойд дүр мөн гэнэ» гэсэн феодализмын үнэртэй шивнээ таран, зарим нэг сүсэгтнүүд «Уулзаад явуулах минь яалаа» хэмээн малгайгаа авч өвөртөлчихөөд нүцгэн толгойгоо бээлийгүй гараар шааж байтал «Нөгөөх чинь гадаадын тагнуул байсан гэнэ. Дөрвөн мөчийг нь хоньчилж хүлээд аймгийн шүүх рүү дамжлаад орохыг нь харсан хүн байна» гэсэн хувьсгалт цуу дуулдаж, мөнөөх бишрэлтэй хүмүүс малгайгаа даруйхан өмссөн төдийгүй амаа жимийв.

Харин тэр цаг үеэс хойш алмасын тухай яриа манай нутгаар агаар дуслын замаар халддаг ямар ч ханиад шуухинаанаас хурдан түглээ. Алмастай өөртэй нь бус түүнтэй учирсан хүнтэй учирсан хүний тухай л голдуу «Манай эцэгт өвөө маань ярьсан юм билээ…», «Яагаав өнөө хэн гуай гэж нэг сайхан хүн байв даа, тэрнийг ярьсан гэдэг…» хэмээн эхлэх энэ ярианы гол агуулга алс тэртээ Алтайн ууланд ч юм уу, эсвэл их говьд анчин жинчдэд тохиолдсон явдал.

Ихэвчлэн эм алмас эр хүнийг хулгайлдаг. Зарим үндэстэн хүүгээ гэрлүүлэхдээ бэр хулгайлдаг байхад тэд хүргэн хулгайлдаг гэсэн үг. Хулгайлсан хүнээ агуйд аваачин хорьж байгаад өөрийгөө хүчиндүүлэх ба гэрлэлтийн хүчирхийлэлд өртсөн цаад хөөрхийд санал гомдлоо гаргах Хүчирхийллийн эсрэг төв ойр хавьд нь байхгүйн улмаас их төлөв оргодог. Йоджуулсан байтугай огт давсгүй, түүхий мах идсээр байгаад бүх биед нь үс ургаж “байгалийн нэхий дээл”-тэй болсон нэгэн ирээд, удалгүй гуужих ба хэнхдэг сэрвээнийх нь үс муу нэрийн нэгэн адил хусавч эс арилах тул «дэлт» хэмээх хоч зүүсэн тухай барим тавим өгүүлнэ.

Харин хүнийх нь нэр солигдон дэлт Сундуй, дэлт Шагдар, дэлт… гэхчлэн газар бүр ондоогоор нэрлэн өөр өөрийнхийгөө зөв гэж мэтгэлцэнэ. Нарийндаа бол «манай энд» гэсэн тодотгол энэ домогт бараг байдаггүй, алтайнхан болохоор «Танай Хангайн нуруу, Отгонтэнгэр хавьд харсан дуулддаг» гэх болсон ба хангайнхан « Алтайд байдаг гэнээ. Харин говьд ч гарцаагүй» гэж буцаах бөгөөд говийнхон үүнийг «Тэрэн дээрээ тулбал Алтай, Хангай хоёрт хоёуланд нь байдаг» гэж нотолно.

Харин өнөөх Р.Равжир гэдэг хүн алмасаа бариагүй, бас дайсны тагнуул болоогүй гэдгийг сүүлд мэдсэн ба «Алмас сурвалжилсан тэмдэглэл» гэдэг ном гаргасныг нь хожим уншсан. Мэдээжээр энэ ном миссис Алмасыг буланд шахаж байгаад микрофон тулган авсан ярилцлага биш. Гэхдээ цаг завтай, хэрэгт дуртай хүнд бол дажгүй детектив. Уулзсан хүн, байдаг газар нь үргэлж солигдох энэ домгийн зохиогч нь монголчууд тэр дундаа дэлт… нар, Равжирын аль нь ч биш ажээ.

Түүгээр ч барахгүй монголчуудын цаст Түвдийн орноос залж ирсэн дөрвөн зүйлийн нэг нь алмас ажээ. Шарын шашин залсан хүмүүс сарлаг унаад, судар ганзагалаад, нохой дагуулан ирэхдээ алмас үзсэн хүнтэй уулзсан хүний тухай «цай уух зуур» ярих юмтай буусан хэрэг. Уншигч та ч гэсэн Балба, Түвдээр аялбал алмас үзэхгүй ч гэсэн «Алмас» нэртэй буудалд тухалж, «уулзсан» хүнтэй хуучилж болно. Үлгэр домог шинжлэх ухаанаас илүү сэтгэл гижигдэнэ гэсэн үг бий. Гэтэл алмасын асуудал өдий төдий судалгаа хийгдсэн, олон судлаач адал явдал хайгч, шинжээчдийн хөлс хүч, харанхуй бүдүүлэг нутгийнхны уран дүрслэл аль аль нь шингэсэн шинжлэх ухааны домог юм.

Алмасыг цасны хүн, иети, конгми гэх мэт янз бүрээр нэрлэнэ. Манай зарим домогт хүн хар гөрөөс хэмээсэн нь буй. Зарим улс орон алмасын эрлийг дуртайяа санхүүжүүлж байхад нөгөө нэг нь, тухайлбал Балбын засгийн газраас 1957 онд «Лус савдаг хилэгнүүлсэн» шалтгаанаар алмасын эрэлд хориг тавьж байсан удаатай. Хэдийгээр «Гээвэл олдоно», «Эрлийн үзүүрт эрдэнэ бат» гэх мэт сайхан үг байдаг ч алмасын эрэлчид алмасаа олсонгүй. Гэхдээ мөр олжээ. Мөр нь байгаа юм чинь бие нь байж таарна гээд дараагийнх нь хөдлөх боловч их л сайндаа мөр олно. Яг таг алмасын мөр гэхэд хэцүү, том палбигар хоёр хөлтэй амьтны мөр олдог байсан. Алмас судлал маань яван явсаар мөр судлал гэмээр юм болж хувирав.

Ямар нэгэн юм гараад ирмэгц онол таамаг гэдгээ дэвшүүлдэг эрдэмтэн мэргэд хэмээх сайхан улс манай дэлхийд элбэг хойно алмасыг зүгээр орхисонгүй. Нэг хэсэг нь халуун орны горилл хэмээх сармагчин хүн төрөлхтөн хөргөлтийн систем бүтээх асуудалд нэн хойрго хандаж буйд дургүйцэн Хималайн ууланд «эсэргүүцлийн дааралт» хийхээр гарсан хэмээжээ.

Эрдэмтдийн гол зорилго нь өөрийн зөвийг батлах бус өрөөлийнхөө худалчийг нотлох явдал учраас нөгөөдүүл нь түүнийг эсэргүүцжээ. Хүний хөгжлийн өмнөх тодорхой үед буюу неандерталь хэмээх агуйн хүний үед нэг хэсэг нь «Ингээд байвал атомын бөмбөгтэй болоод, цөмийн сүйрэлд орж мэднэ» хэмээн хаширлаад хөгжлийнхөө моторыг унтраан Хималайд гарч хиппи болсон аятай ярина.

Харин « Цасан дээр гарсан жижиг амьтны мөр наранд гэсэн тэлсээр томорч ер бусын амьтных гэмээр болдог байх» гэсэн нэг таамаг төдий л тоогддоггүй. Биднийг маш сайхан таамаг дэвшүүлээд орхимогц «сайхан залж байна» хэмээн дооглох атлаа тэднийг сайхан залаад ирэхлээр «чухал таамаг дэвшүүллээ» хэмээн гайхдаг энэ хорвоог яалтай билээ!

Балбын Понбочо сүмд алмасын хуйх хадгалагдаж байжээ. Хойш налсан хүрэн бор үстэй ёстой сүпэр хуйх. Эрдэмтэд сүмийн эрхтэн дархтныг ятгасаар байгаад түүнийг нь Лондонд аваачиж шинжлүүлсэн чинь юу болсон гэж санана? Янгирын хүзүүний арьсыг дэлгэж татан хийсэн хулхи хуйх байжээ. Манай сайхан оронд ч гэсэн зарим хийдэд алмасын 89 размерийн арьс, цөсөөр нь үйлдвэрлэсэн пенициллин эм байжээ гэж ойлгомоор яриа хөөрөө ч зөндөө.

Зарим хүмүүсийн нотолдгоор алмас, шулам хоёр нэг зүйл амьтан бөгөөд шулмас нь эмэгчин нь юм байна. Эргэлзээтэй нь, алмас нь шулмасаа богтлохын оронд эр хүн хулгайлдагт байгаа юм. Эсвэл шулмас нь төрөлхийн лесби (эмийг эрлэгч), алмас нь угаасаа гомо (эрийг эмлэгч) хэрэг үү? Тэгтэл яаж өсөн үрждэг хэрэг вэ? Нэг эст бүдүүлэг амьтад шиг эс нь хуваагдаж салаалсаар гар хөл нь мөчирлөн аажимдаа нэг алмас хоёр болж хувилагддаг юм болов уу гэмээр. Эсвэл колонацийн аргыг тэд аль эрт нээгээд өөр дээрээ туршсан бололтой. Ийнхүү үй түмэн асуулт тавигдахын хэрээр хариулт бий болж алмасын түүх зузаарсаар. Харин өөрөө байгаа эсэх нь бүү мэд.

Алмасын эрэл өөрийн гэсэн он дарааллын түүхтэй. Тэр байтугай интернэтэд өөрийн гэсэн байр суурьтай. Энэ хуудас «1800-гаад оны үед хүн алмастай хамт амьдарч байсан гэх…» гэж эхлээд, хачирхалтай нь «…тэндээс хамгийн сүүлд мөр олдов» гэж дуусах ажээ.

Манай орны зах хязгаар нутгийн нэгэн ууланд гурван жуулчин явж байжээ. Гэтэл нэг алмас майхных нь хажуугийн цасан дээр дурсгал болгон мөрөө үлдээгээд явсан гэнэ. Арай л «Таныг хундэтгэсэн …» гээд гарын үсгээ зураагүй юм байх. Манай боловсролын хуулинд алмасын хүүхдэд бичиг үсэг сургах талаар тодорхой юм заагаагүй учир тэдэнд юуны буруу байх билээ. Ингээд уг дарааллын бичгээс сонирхуулъя.

+ 18? Алмас хүнтэй амьдарч байсан гэх. 1950-иад онд Балбад алмасны арьс байсан гэх. Энэ хоёр баримтыг эргэлзээтэй зүйл хэмээн эхэнд нь тэмдэглээд 1832 онд Балбад нэвтэрсэн анхны англи хүн гэгдэх Б.Х.Хадсон өөрийнх нь анчид руу хүн дүрстэй болхи хөдөлгөөнтэй амьтад дайрсан тухай мэдээлжээ. Харин өөрөө хараагүй бололтой юм.

+ 1889 онд хошууч Водел Хималайн нурууны 11000 тохой өндөрт алмасын гэмээр мөртэй таарчээ.

+ 1913 онд Хятадын хэсэг анчид үсэрхэг, хүнтэй адил амьтан Патан гэдэг газраас «баривчилжээ». Алмас анчдын «Ганц худагт» 5 сар суусны эцэст «Хэргээ хүлээлгүй» үхсэн гэх.

+ 1921 онд Эверестэд авирч байсан Ховард Бури алсад хэдэн хар юм бөртөлзөн далд орсныг алмас байх хэмээн боджээ.

+ 1923 онд Английн хошууч А.Камерон мөн л ийм юмны бараа харжээ. Хоёр хоногийн дараа тэнд очиход хүнийх шиг атлаа том мөр байв.

+ 1936 онд Эрик Шиптон бас л мөр үзлээ. Мөрийг хөөж явсаар хад руу оруулан алджээ.

+ 1937 онд Ф.Смит 14 000 тохой өндөрт мөр олсон төдийгүй «Алмасын тухай яриа» тэмдэглэлтэй харьжээ. Түвдүүд түүнд «Өө чи чинь алмас мэддэггүй юм уу даа? Манай энд зөндөө… зөндөө» хэмээн гуталчин Маруфархуу хуучилж өгчээ.

+ 1941 онд ЗХУ-ын хурандаа Варген Крипетьян сонин зүйл тэмдэглэжээ. Кавказад партизанууд түүнтэй холбоо барьж хүн төрхтэй, урт үстэй энд тэндээс нь татаж чангаахад анги салбарынхаа нууцыг хэлэхгүй хачин фашист баривчилсан ба дулаан өрөөнд оруулахаар амь тэмцэн орилоод, гадаа гаргахаар зүгээр болчихоод байгаа тухай мэдээлжээ. Харамсалтай нь «Майнкамп»- ыг уншсан байж мэдэх тэрхүү нацист алмас оргожээ. Хэрвээ Дагестаны Дотоод яам түүнийг Германы тагнуул биш ердөө л нэг муу алмас байна хэмээн тайлбарлаагүй бол партизанууд олзны этгээдийг дулаан газар гал түлэн эрүү шүүлт тулгаж өчиг авах хэрэг гарах байв.

+ 1948 онд Сиккимд Жийн Форстэс хэмээх норвег хүнийг хоёр алмас бүлэглэн зодож мөрийг нь гэмтээжээ. Ойр хавьд цагдаа байгаагүй учир сэжигтэн алмас хэргийн газраас оргон зайлжээ.

+ 1949 онд Хималайд анх гарсан Дэнзэн Норгой нэгэн сүмийн ойролцоо алмас салхинд гарч явахыг харснаа ярьсан гэх.

+ 1954 онд Английн «Дэйли Мэйл» сонин алмас барих экспедиц зохион байгуулж хагас сар эрсний эцэст мөр олсон байна.

+ 1955 онд Лостэр Дэйвис мөрнийх нь зургийг авчээ. Цаадах нь иргэний үнэмлэхний цээж зураг авахуулахаас татгалзсан болтой.

+ 1992 оны зургаан сарын 12. Ж.Фрийман-Этвүд Монгол орны хязгаар нутгийн уулсаар хоёр нөхрийн хамт аялж явжээ. Нэг удаа майхнаа бариад хоёр цаг өнгөрсний дараа гадаа нь цасан дээр алмасын мөр гарсан байв…

«Барааг нь хараад алдлаа», «Халуун мөрөөр нь орчихсон шүү», «Мөрнийх нь зургийг авсан» гэх мэт юу юугүй бариад авахнээ гэмээр горьдлого төрүүлсэн алмасын эрэл хайгуулын түүх «С.Зоригийг хөнөөсөн» хэргийг манай цагдаагийнхан мөрдөж байгаатай олон талаар төстэй. Ялгаатай нь гэвэл тэд «Алмасыг яг барих гэхээр шинжлэх ухаан саад болоод байна. Намайг академич болгочихвол олоод ирнэ» гэх маягийн шуугиан дэгдээж, баавгай чоно үнэг зэргийг «Энэ нөхөр л алмас мөн байж магадгүй» хэмээн сэжигтнээр татаж төвөг удаагүй билээ. Алмас, алуурчин хоёр олдохыг хэн байг гэх вэ. Цаг хугацаа харуулна биз?

2000 OН (ӨДРИЙН СОНИН)

Categories
мэдээ цаг-үе

Бүх хичээлээ Орос хэлээр судалсан Монголын анхны усны инженерүүд

Ангийн хамт олны оюутан ахуй

Монгол Улсын Их сургуулийн барилгын инженерийн факультетэд гидро техникч мэргэжил эзэмшин төгссөн, анхны усны инженерүүдийн 50 жилийн ойн баярын уулзалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэд 26-уулаа энэ мэргэжлийг эзэмшин, монголынхоо өнцөг булан бүрт хуваарилагдан, ажил хөдөлмөрийн гараагаа ихэвчлэн төрийн албанаас эхэлж байсан юм билээ. Харин энэ удаагийн уулзалтанд ангийн есөн хүүхэд ирцгээж, оюутан насны хөгжилтэй дурсамж, хөөр баяр, хичээл сургуулийнхаа тухай хөөрөлдөцгөөв. Сургалтын төлбөр гэж төлдөггүй харин стипент цалин авдаг байсан нь ч их гоё түүх гэнэ.

1967 онд сургуулиа төгсөөд, эх орныхоо говь хангай, хээр талд ус ундруулж газар тариалан усжуулж тухайн үедээ шаардагдаж байсан хөдөө аж ахуйн чухал ажлыг хийж, олон сайхан амжилт гаргаж явлаа хэмээн тэд мэргэжлээрээ ихэд бахархаж сууна лээ. Тухайн үед улсаас хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд ихэд анхаарч, ЗХУ зэрэг орнуудын тусламжаар, шаардлагатай техник, тоног төхөөрөмж авчруулан, суурь баазыг үүсгэж байсан гэнэ. Тухайлбал, 1960-аад оны сүүлээр бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, усалгаатай газар тариаланг өргөжүүлэх ажил ид эхэлж, жижиг усан цахилгаан станц барьж байсан үе. Яг энэ л үед эрчим хүчний хангамжийг сайжруулахад тэдний эзэмшсэн мэргэжил ихэд чухал үүрэг гүйцэтгэж байсан гэж энэ ангийнхан бахархан ярих дуртай юм билээ.

Гидро техникч буюу одоогийнхоор усны инженерийн энэхүү ангийг угаас улсын бодлогоор анх нээсэн бөгөөд эдний ангид элсэн орсон хүмүүсийн зарим нь 10-дугаар анги төгссөн хүүхдүүд байсан бол ажил хөдөлмөр дээр гарсан олон жилийн туршлагатай, техникчид ч олон байсан гэнэ.

Угаас манай улсад энэхүү мэргэжлийн суурь тавигдаж буй үе болоод ч тэр үү яг гидро техникчийн хичээл заах мэргэжлийн багш гэж бараг байгаагүй аж. Тиймээс ихэнх багш нь ОХУ-аас ирсэн мэргэжилтэн, багш нар. Тэд бүх хичээлийг орос хэлээр заана. Анхандаа оросоор хичээлээ ойлгоход тун хэцүү санагддаг байсан ч хичээсээр байгаад бүгд их сайн сурсан, орос хэлтэй, усны инженер мэргэжилтэй хүмүүс болоод, бөөн баяр сургуулиа төгсөж байжээ. Бас нэг асуудал нь барилгын болон гидротехникийн талын ном сурах бичиг бараг байгаагүй тул тухайн үеийн ЗХУ-аас сурах бичгээ авчруулдаг байжээ. Тавин жилийн уулзалтынхаа үеэр тэд Орос хэл анхлан сурахад хүнд шүү, гэхдээ сурдаг л юм даа, сурахгүй гээд яахав” хэмээн бахархалтайгаар хөгжилдөцгөөж байв.

Ангийн хамт олны 50 жилийн уулзалт

Ангийн төгсөгч Д.Балсанжав ярихдаа “1967 оны найман сард Хэнтий аймагт усжилтын конторын даргаар ажилласан. 1976 оны найман сард Говь-алтай аймгийн усны аж ахуйн удирдах газрын даргаар яамнаас томилогдож очоод тэнд дөрвөн жил ажилласан. Салбарын уралдаанд гурван удаа түрүүлж аймаг нь “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм. Одоо ингээд эргээд харахад тэр үед хөдөлмөрийн төлөө л явдаг байсан маргааш юу хийх вэ нөгөөдөр юу хийх вэ гэдгээ урьдчилан боловсруулна. Ингээд төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийгээд, аливааг бүтээхийн төлөө хамаг хүчээрээ зүтгэдэг байлаа. Одооны залуус тэгж зүтгэхгүй байгаа юм шиг харагддаг. Нийгэм өөр болоод тийм байх. Оюутан байхад бидэнд Должинжав, Дамдиндорж нарын Орос улсад сургууль төгссөн маш чадварлаг багш нар хичээл зааж өндөр мэдлэг олгож байсанд талархаж явдаг. Энэ багш нарын ачаар л бид Орос хэлийг сураад зогсохгүй, ном сурах бичгээ хүртэл төвөггүй уншдаг болсон. Биднийг анх элсэхэд МУИС маань ердөө хоёрхон байртай учраас хичээлийн байр хүрэлцдэггүй. Хичээл орчих хоосон байр олдвол хаана нь ч хамаагүй хичээлдээ ороод явдаг байсан. Гэхдээ ихэнхдээ МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд хичээллэдэг байсан. Харин нэгдүгээр байранд голчлон лабораторийн хичээлээ явуулдаг байлаа. Манай төгсөгчдөөс олон хүн амжилт гаргаж ажилласан. Аюуш, Балсанжав, Жалбаа, Баасанжав нарын туршлагатай хүмүүс усны конторын болон, нэгдлийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байсан. Анх манай ангид газар, газрын 30-аад хүүхэд элссэн санагдаж байна. Тэднээс шигшигдсээр 24 нь төгсөж байсан. Харин 50 жилийн ойгоороо уулзахад есөн хүн ирж байна даа бусад нь ч тэгээд ховоогийн жамаар бурхны оронд очсон байна даа” хэмээн нулимс унагаж байцгаасан. Ингэж ярих зуураа нээрээ манай ангийн дарга чинь Ц.Жалбаа байсан шүү дээ гээд өөдөөс нь хараад инээж байгаа нь өдий насалсан эр хүнийг илтгэх мэт ээ.

Харин ангийн дарга Ц.Жалбаагийн ажил, амьдралын тухай сонирхоход “Би Дорноговь аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 1953 оноос Зүүн баянгийн нефтийн үйлдвэрт өрөмдөгч, өрөмийн мастер хийсэн. Хийж байх хугацаандаа ЗХУ-руу явж нэг жил ажилласан. Түүний дараа нь 1964 онд МУИС-д гидро техникч мэргэжлээр ороод 1967 онд төгсөж байсан. Төгссөн даруйдаа Дорноговь аймгийн усны аж ахуйд даргаар ажиллаж, дараа нь усны аж ахуйн яаманд улсын байцаагч, улсын ахлах байцаагч хийж байгаад 1977 оноос 2003 он хүртэл Шарын голын усны аж ахуйн техникумд захирлаар ажиллаж байсан. Тэр үеийн залуус бол жинхэнэ хөдөлмөрийн төлөө л явж байсан даа” гэж байна.

Энэ ангийн Ц.Хэнзийн амьдрал их түүхтэй. Тэрээр Махкомбинатад ажиллаж, ажлынхаа хажуугаар оройгоор 12-дугаар дунд сургуульд суралцаж, дараагаар нь энэхүү их сургуульд орж, онц суран 240 төгрөгийн оюутны стипентээ 280 болгож авдаг байж. Ингээд усны инженер мэргэжил эзэмшин, мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байхдаа буюу 1976-1989 он хүртэл талийгаач Ш.Наранцацралт сайдтай хамт ажиллаж байсан гэнэ. Тэрээр сайд агсан Ш.Наранцацралтыг мэдлэгтэй, даруухан хүн байсан гэж онцолж байлаа. Харин 1989 оноос эхлэн сонирхлоороо гэрэл зураг авч, суралцаж, гэрэл зургийн студи нээж, олон жил үр бүтээлтэй ажиллан, Соёлын гавьяат зүтгэлтэн болжээ. Эдний ангийнхан энэ мэт ихэвчлэн дарга хийгээд явчихсан хүмүүс гэнэ.

Дадлага хийхээр задгай машинд суугаад явдаг байж. Тэгсэн чинь ангийн нэг хөвгүүн нь машины тэвшин дээр хүртэл ийш тийш алхан, зүгээр суудаггүй, хичээл дээр ч зүгээр суудаггүй байж. Түүнийгээ ангийнхан нь холхио хэмээн хочилдог байсан гэнэ. Одоо холхиогийн маань хөл нь өвдөөд холхиж чадахгүй болжээ хэмээн хөгжилдөцгөөж байв.

Д.ДОРЛИГЖАВ

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярбямба: Жингээ хасах гэж байгаа бол эхлээд дотор болон хэвлийн өөхөө хасах хэрэгтэй

“Цахим эмч” төрийн бус байгууллагын тэргүүн, их эмч Б.Баярбямбатай ярилцлаа.


-Биеийн илүүдэл жин манай иргэдийн нэлээд том асуудал болж байх шиг. Ер нь сүүлийн үед таргалалт улам нэмэгдэх хандлагатай байна уу?

-Илүүдэл жингийн талаар хийсэн хоёр удаагийн том судалгаа бий. Тухайлбал, 2009 онд манай иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт 31 хувьтай байсан бол 2013 оны судалгаагаар иргэдийн 50 гаруй хувьтай болоод өсчихсөн. Дөрөвхөн жилийн дараа ингэж их өссөн гэсэн үг. Түүнээс хойш цогц судалгаа гараагүй байна. Өмнө нь монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан тул барагтай бол хөдөлгөөний дутагдалд ордоггүй байж. Харин сүүлийн үед ихэнх нь суурин соёл иргэншилд шилжээд, өглөө гараад ажилдаа автобус эсвэл машинаар явчихдаг. Орой мөн унаагаар хариад хоолоо идчихээд, зурагт үзэж байгаад унтчихдаг. Мөн маш буруу хооллож байна. Дэлгүүрт хэт олон төрлийн хүнс байгаа ч түүнээс өөрт хэрэгтэйгээ сонгон хэрэглэж чаддаггүй. Илүүдэл жинтэй хүмүүсийн 90 гаруй хувь нь амьдралын буруу хэв маягаас болж жин нэмсэн бол 10 орчим хувь нь дааврын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаас болсон байдаг.

-Жингээ хасах хамгийн зөв арга юу вэ?

-Эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд би сарын хугацаанд хэдэн кг хасах боломжтой вэ гэж их асуудаг. Уг нь сарын дотор би эрүүл амьдралын дадал хэр эзэмших бол гэж асуух хэрэгтэй. Эрүүл амьдралын хэв маягтай байхад жин хүссэн хүсээгүй буурчихдаг. Тиймээс эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд тийм ч олон зүйл шаардлагатай биш. Өдөрт би хэдэн калори илчлэг авч байна, авсан илчлэгээ тухайн өдрөө шатааж чадаж байна уу, эсвэл илүүдэл өөх болгон биедээ хуримтлуулчихаад байна уу гэдгийг л мэдчих. Түүнээс биш зөвхөн жингээ хасна гэдэг бодолд автаад буруу аргаар жин хасаад, эргээд таргалчихдаг, өөрийнхөө эрүүл мэндийг хохироодог тохиолдол нийтлэг байна.

-Турах дэглэм барих хүсэлтэй эмэгтэйчүүд олон бий. Ямар дэглэм сонгож барих нь зөв бэ?

-Хүн нэг өдөр гэнэтхэн илүүдэл жинтэй болчихдоггүй. Нэг хоёр, тав арван сар, тав, арван жилийн турш хуримтлагдсан зүйл. Ингээд өөрийн мэдэлгүй шахуу жин нэмж байгаад гэнэтхэн жингээ хасах ёстой юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг. Хамгийн түрүүнд богино хугацаанд жин хасах ёстой гэж буруу эм бэлдмэл хэрэглэж, хоол хэт сойж эрүүл мэндээ алдаж байна. Жин хасах хоолны янз бүрийн дэглэм бий. Тэр дэглэмүүдийг судлаад үзэх хэрэгтэй. Хоол хэт сойсон дэглэм л байвал буруу гэсэн үг. Харин уураг, өөх тос, нүүрс зэргийг тооцсон хоолны зөв хөтөлбөр байвал шинжлэх ухааны үндэслэлтэй гэж ойлгож болно.

-Сүүлийн үед бүсгүйчүүд мацаг их барих болсон. Мацаг барих нь хэр зөв бэ?

-Монголчуудын уламжлалт амьдралаас судлаад үзэхээр дулааны улиралд их хэмжээгээр хоол иддэггүй байж. Харин өвөлдөө идэш хийгээд махаа идчихдэг. Зунаас намрын хооронд аль болох хөнгөн хооллож, ихэвчлэн сүү, цагаан идээгээ хэрэглэдэг байсан юм билээ. Зөв цагт мацаг барих нь зөв гэж үздэг. Гэхдээ өөрийн бие махбодид дасгах зарчмаар мацаг барьж хэвших ёстой. Бага хооллож, бага багаар биедээ дасгаж байж мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор мацаг барих хэрэгтэй. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг. Хэт илүүдэл жинтэй хүн гэнэт мацаг барих нь бол буруу. Тиймээс заавал эрүүл мэндийн шинжилгээ хийлгээд, өөрт тохирсон мацаг барих нь зөв. Жингээ хасах гэж байна хэмээн өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохгүй.

-Жин хасахад хоол хүнснээс гадна, дасгал хөдөлгөөн маш чухал уу?

-Бид өдөрт хоёр мянган калори энерги шатааж байгаа мөртлөө 3000 калори илчлэгтэй хоол идээд байвал нэг мянган калорийн зөрүү нь өөх болж хувирдаг гэсэн үг. Харин идсэн хоолноосоо илүү энерги зарцуулж дасгал хөдөлгөөн хийж байгаа нь өөх эрчимтэй шатаахад тустай. Мөн дасгал хөдөлгөөнийг шинжлэх ухааны үүднээс хоёр төрөлд хуваачихаж байгаа юм. Аэробик, усанд сэлэх, сагс тоглох, 108 мөргөх, бүжиглэх зэрэг нь аэроб төрлийн дасгалдаа орно. Энэ төрлийн дасгалыг сонгож хийх юм бол өөх шатаалтыг илүү дэмжиж өгдөг. Харин өөхөө шатаачихсан булчингаа галбиржуулах гэж байгаа, булчингийн масс авах гэж байгаа хүмүүс гантел өргөх, хөл мөр, гарын дасгал зэрэг хэсэгчилсэн булчингийн дасгалууд хийх нь зөв. Гэтэл зарим фитнес клубууд буруу, зөрүү зөвлөгөө өгдөг. Жингээ хасах гэж байгаа хүмүүст жижгээс нь эхэл гээд жижиг гантел бариулаад зогсоочихдог. Жингээ хасах гэж буй хүмүүс эхлээд хэвлийн өөх, дотор өөхөө шатаах ёстой. Тиймээс хамгийн түрүүнд хөнгөн гүйх, усанд сэлэх зэрэг дасгалуудыг хийх нь зөв.

-Дасгалын үед ус уух нь зөв үү?

-Биеийн өөх багатай тамирчид булчин нэмэх зорилготой тул ус бага уух нь зөв. Харин өөх шатаах зорилготой хөдөлгөөн хийж байгаа илүүдэл жинтэй хүмүүс дасгалын үед бага, багаар ус ууж өөхөө шатаах ёстой. Мөн идэвхтэй дасгал хийсэн үед хөлсөөр их хэмжээний бодисын солилцооны хорт нэгдэл, эрдэс давс гадагшилдаг. Үүнийг шүршүүрт орж цэвэрлэж байх учиртай. Цэвэрлээгүйгээс болж арьсны pH орчин өөрчлөгдөж бактери үржих таатай нөхцөл бүрддэг. Иймд бэлтгэл хийсний дараагаар заавал шүршүүрт орж занших хэрэгтэй.

-108 мөргөх нь өөх хайлуулахад их үр дүнтэй байгаа бололтой?

-108 мөргөхөд биеийн бүх булчин ажиллаж, амьсгалын дасгал хүртэл орж байна. Мөн залбирч, бясалгаж болно. Маш сайн төвлөрдөг дасгал. Тиймээс бодисын солицоог маш сайн эрчимжүүлж байгаа юм. Эрт дээр үеэс л монголчуудын хийж байсан гол дасгал шүү дээ. Гэрийн нөхцөлд хийж байгаа тохиолдолд агаарын солилцоо сайн явуулж байх хэрэгтэй. Мөн аливаа дасгалыг хүчилтөрөгч сайтай, агаартай орчинд хийх нь илүү үр дүнтэй. Гэтэл зарим зааланд орохоор битүү хөлс үнэртсэн ч хүмүүс дасгал хийж байдаг. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин.

-108 мөргөх “Fit club Mongolia”цахим хуудсыг та хоёр жилийн өмнө анх нээсэн гэл үү?

-Би анх санаачлаад үүсгэж байсан юм. Сүүлдээ идэвхтэй хүмүүст админ эрхийг нь өгчихсөн. Хүмүүс өөрийнхөө сайн дураараа бие, биедээ мэдээлэл түгээгээд нэгдээд дасгалаа хийгээд, үр дүнд хүрээд явж байгаа.

-Туранхай харагдаж байгаа хэрнээ өөх ихтэй хүмүүс бий. Би туранхай юм чинь зүгээр гээд яваад байдаг. Өөх хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өөх ихэвчлэн хэвлий хэсэгт хуримтлагддаг. Малтай зүйрлэвэл сэмж гэсэн үг. Хэвлийн өөх их байвал цаашлаад элэг өөхөлнө. Цусан доторх өөх тосны агууламж ихэснэ. Судасны хатуурал бий болно. Тархинд цус харвах эрсдэлт хүчин зүйл эндээс үүсч эхэлж байна. Зарим нь өөх нь багасаад жин буурч байгаад сүүлдээ жин хасагдахгүй болчихлоо гэдэг. Үнэн хэрэгтээ өөхөө хасаад булчин нэмээд ирэхээр биеийн галбир өөрчлөгдөж, хувцасны размер жижгэрдэг ч жин хасагдахгүй байж болно. Тиймээс жинд биш, биеийн бүтэцдээ анхаарах хэрэгтэй. Нэг кг өөх, нэг кг булчин хоёр бүтцийн хувьд харьцангуй өөр. Өөх илүү хөвсгөр шүү дээ.

-Өөх биед байх ёстой юу?

-Өөх байх ёстой. Өөх нь биеийн дулааныг хадгалах үүрэгтэй, мөн бодисын солилцооны үүрэгтэй. Бага хэмжээгээр байх ёстой гэсэн үг.

-Огт давсгүй хоол идэх ёстой, давс тодорхой хэмжээгээр идэх нь зөв гээд хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг?

-Давс дутагдчихсан явж байгаа монгол хүн гэж байхгүй. Манайхны давсны хэрэглээ хэт илүүдэлтэй гэх судалгаа бий. Давс ихтэй хүнс идэхээр ам их цангадаг. Ийм шалтгаанаар шингэн их уудаг. Тэгэхээр хүний эс бие махбодид өөхнөөс гадна хаван үүсгэж байгаа юм. Цусан дахь сахар нэмэгдэж, даралт ихэснэ. Гадуур зарж буй бүх хүнсэнд давс агуулагдаж байгаа тул гэртээ хийж буй хоол цайныхаа давсыг бага багаар хасаад, аль болох бага давс хэрэглэх ёстой. Хүн өдөрт таван грамм давс хэрэглэх ёстой ч монголчууд 10-аас дээш граммыг хэрэглэж байна.

-Энэ мэт эрүүл мэндийн боловсролыг монголчууд хаанаас олж авах боломжтой байна?

-Эрүүл мэндийн боловсролгүй хүмүүс бизнес хөөсөн хүмүүсийн арганд орж хохирч байна. Хөгжилтэй орнууд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох талд их анхаардаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол олгох ямар ч бодлого байдаггүй. Хүнд өвчинд хүмүүсийн зарцуулж буй мөнгө улсын эдийн засагт тодорхой хэмжээг эзэлдэг тул урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах хэв маягийн талаар улсын бодлогын хэмжээнд анхаарах ёстой юм. Ямартай ч бид “Цахим эмч” фэйсбүүк хуудсаараа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн тодорхой мэдээллүүдийг түгээж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Отгонтэнгэрийн дуулал 1

НЭГ

Отгонтэнгэрийн бараа холдон холдтол харагдана. Эгийн даваанаас, Алтай хотоос харагддаг. Хангайн их уулсын дээгүүр торолзох бараа нь их уулсын дээгүүр, холын замд хүүхдээ үдсэн ээж нь аянчдын бараа тасартал гаднаа зогсох мэт бүртэлзэн торойно. Тэгээд сэтгэл оюун, бодол мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд сүмбэрлэн үлдэх бөлгөө.

Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн сүсэглэн залбирдаг. Тэнд Очирваань бурханы орон буй хэмээн мөргөх бөлгөө. Өвөр бэлийн сумыг Отгон гэдэг. Мэдээж, хувьсгалын үед сум орноо Богд Очирваань хэмээн хувьсгалч бусаар нэрлэж болохгүй, “Тэнгэр” энэв тэрэв гэсэн шүтээний утгат нэр оноож болохгүй байснаас тэгсэн биз. Ингээд сумаа “Отгон” хэмээн нэрийдсэн бололтой. Бас Цагаанхайрхан хэмээх сум Отгонтэнгэрийн баруун хаяанд байна. Отгонтэнгэрийн нэрийг цээрлэн Цагаан хайрхан хэмээн авгайлж, сум орноо нэрлэсэн бололтой, тэр хавьд Цагаанхайрхан нэртэй, сүр бараатай өөр уул дуулддаггүйг бодоход. Бодвоос, нутгийнхан Отгонтэнгэр уулаа л Цагаан хайрхан гэхгүй бол өөр ямар уулаа “цагаан хайрхан” гэхсэн билээ.

Ийм уламжлал нэг бус. Нэрээ сольж Чингис хот болсон “Өндөр хаан” ч түүний жишээ санагддаг. Монголчууд Чингис хаанаа л Өндөр хаан гэхгүй бол өөр ямар хааныгаа өндөр хаан гэх ч билээ.

Харин Отгон, Цагаанхайрхан хоёрын дундуур орших Шилүүстэй бол манай сум, манай зуслан нутаг Богд Очирвааний баруун өмнөөс сунаж мөргөх мэт сунайсаар Отгонтэнгэрийн бэлийн уул хяр руу хүрдэг бөлгөө. Хуучиндаа манай хэдэн сум Хошууч бээсийн хошуу хэмээх засаг захиргааны нэгэн нэгж байжээ

-Миний хүү хол газар явахдаа Богд Очирвааньдаа залбирч яваарай гэж эмээ минь захидагсан. Хүн нь элж, захиас нь үлджээ. Бодит ертөнц элж, хийсвэр хорвоо үлддэг ч юм уу гэмээр. Гэтэл “Үгүй ээ. Байгаа болгон байгаа” гэх шиг Отгонтэнгэр хайрхан байсан газартаа дүнхийсээр.

ХОЁР

Отгонтэнгэрийн бараа ойртохоос ч өмнө харагдана. Ахыгаа сургууль тарахыг хүлээн хамар толгой дээр бараа харж өнжих хайртай дүү шиг… гэрээсээ ирэх хэн нэгнийг мөрөөдөж, хураасан түлээн дээр зогсоод хангайн давааг элтэл ширтэх дотуур байрны жаал шиг.

Тэгээд, удтал хүлээсэн хүнийхээ барааг харсан нүдэндээ итгэж ядан гэрлүүгээ гүйж орох хүүхэд шиг Отгонтэнгэрийн бараа газрын бартаанд тасрана.Ойртохын хэрээр мөрөөсөлт зочноо хүлээж тэсэлгүй гаран орон байх нэгэн шиг нэг ил гарч, нэг далд орно.

…Хаврын нүүдлээр хүүхдийг арганд хийж толгойн тэмээнд ачна. Итгэлт номхон тэмээний зөөлөн алхаанд бүүвэйлүүлэн, дээлээр дулаалсан арганд сууж аялах үнэхээр тавлаг, үлгэрлэн хэлвээс агаарын тээврийн “бизнес ангилал”тай дүйцэх тухлаг аялал. Дээр нь чихэр, еэвэн мэтийн тусгай үйлчилгээтэйг хэлэх үү.

Мэдээ орсон цагаас хойш надад хамгийн их таалагдсан зүйл бол нүүдэл. Сунайсан уул, цэлийсэн талыг туулан чанадад нь гарахын жаргалыг зөвхөн нүүдэлчний хүүхдүүд л мэднэ.

Тэнгэрийн хагасыг халхалсан хяр дээгүүр давахын өмнө ер бусын сэтгэгдэл бие эзэмдэнэ. Давааны хяр үл таних үлгэрийн хотыг түр халхалсан хөшиг мэт. Даваан дээр гарах торгон агшинд эзгүйрэн байсан тэнгэрийн хаяа гайхамшигт шинэ үзэмжээр дүүрнэ. Оргүй хоосны огторгуй агшин зуур дүүрэх мэт… их тэсрэлтийн дараа ертөнц агшин зуур тэлсэн гэдэг шиг… гэгээрэл гэнэт цэлсхийн гийгүүлдэг гэдэг шиг… учир начир нь олдож өгөхгүй байсан зүйлс гэнэт логик дараалал, учир замбараа нь танигдах мэт…зүйрлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг өө.

Хамгийн холын уул хамгийн түрүүн харагдана. Тэгээд уулнаас уул хүртэлх гайхамшгийг үзэн туулан хамгийн цаад талын даваан дээр гарахын хүсэл эзэмдэнэ. Нүүдэлчин хүн очиж үзэхийн хорхойтой болж өсдөг. Энэ бол танин мэдэхүйн дон. Монголчууд нийтээрээ үзэж танихын хорхойтой үндэстэн.

Чингис хааны цэргүүд зүгээр л нүүж явсан юм шиг. Тэд хорвоо ертөнцийг нүүгээд өнгөрөх, дайраад үзэх учиртай, аялан одох бүх хүнд хүртээлтэй байх учиртай гэж бодсон байх. Тэгээд ямархуу ертөнцөд төрснөө мэдэх сонирхолгүй үндэстэнд дургүйцдэг, хорвоо дэлхийгээ үзэж танихын оронд “шавар хотонд шавааралдан суудаг” гэж тэднийг басамжлан хардагч байсан юм бил үү? Улмаан, өөрөө ч аялдаггүй, бусдыг ч аялуулдаггүй хот балгадтай тулалдахаас өөр аргагүй болдог ч байсан юм уу гэж бодогдом. Чингис хаан эзлэн авсан уудам нутагтаа нэг л уриа түгээсэн нь “хөлөө хүрэх газарт явцгаа. Аюулгүй байдлыг би даана” бөлгөө. Тэр хэлсэндээ хүрч Өрнөөс Дорно хүрэх замаар “толгой дээрээ алтан таваг тавиад шөнөөр явсан ч айх юмгүй” болгосон гэдээг.

ГУРАВ

Тэмээтэй нүүдэл зогсох, хөдлөх нэн аажим. Орчин цагийн иргэний тээврийн супер онгоцны нисгэгч агаарын хөлгөө газардуулах мэт намбалаг. Мөнөөх “люкс арагт” дугхийж явахад нүүдэл зөөлөн зогсох нь мэдрэгдэнэ. Шар хөтөл юм уу, Зүүнбулагийн даваан дээрээс л ийм явдал болдогсон. Арагнаасаа өндийн харахад хангайн нурууны ширээ шиг тэгш оройтой уулсын дээгүүр мөнгөн гурвалжин мэт Отгонтэнгэр үзэгдэнэ. Уул усны эзэд хангай дэлхийгээрээ тахилын ширээ үйлдээд цагаан титэмт бурхан залсан мэт. Отгонтэнгэрийн олон дүр төрхөөс хамгийн ер бусын байдал нь тэрхүү пирамид маягийн гурвалжин дүр байдал бөлгөө. Магадгүй, хамгийн анхны сэтгэгдэл, хар багаас хоногшсон дүр төрх учраас тийн санагддагч байж магадгүй.

Эмээгийн маань дуу ойртон ирж

-Миний хүүгийн Богд Очирваань гараад ирлээ дээ гэнэ.

Тиймээ, тэр уул миний уул, бас эмээ болгоны ач хүүгийн уул. Надад анх удаа уул усыг “минийх мэт” хайрлах сэтгэл тэгж төрсөнсөн. Аваад явж болдоггүй, сахиад үлдэх аргагүй, өмчлөөд үлдээх боломжгүй ч гэсэн “миний юм” байж болдгийг тэгэхэд анх ухаарчээ. Энэ хорвоо ч тийм бөлгөө. Эмээ минь үнэн хэлсэн ажгуу.

Би тэр уул хайрханыг өмчлөн суухгүй, үүрээд явахгүй, гэхдээ л тэр бол миний уул. Учир нь би нэг юманд уягдах учиргүй, нэг үнэнд хүлэгдэх явдалгүй, үзэл санааны нүүдэлчин хүн. Үзэж үл барах, таниж үл ханах ертөнц дэлхий өмнө цэлийж байгааг төрөхдөө л мэдэрсэн. Нүүдэлчин хүн танин мэдэхүйн загварт баригдах дургүй. Мөн чанараараа догмын эсрэг. Нүүдэлчид юмыг эсэргүүцэхийн оронд түр хүлээн зөвшөөрдөг. Хүний үзэл санааг шүүн хэлэлцэх, шүүмжлэхийн оронд зөвшөөрөн, бусдыг өөрийн гэсэн үнэнтэй нь орхиод одохыг боддог. Ертөнц шүүн хэлэлцэхэд бус үзээд өнгөрөхөд зориулагдсан гэж хардаг.

Тэд хамгийн өндөр уулын цаана хамгийн өндөр уул байгаа гэдгийг мэдэрдэг. Тийм болохоор, өөрийн уулыг хамгийн өндөр гэж боддог нэгэнтэй маргаж суухын оронд тэнгэрийн хаяа руу замаа хөөхийг эрхэмлэнэ.

Бас хамгийн үржилт нутгийг ч орхиод нүүнэ, хамгийн жаргалтай агшныг ч хаяад босно гэдгээ мэддэг, мянга мянган гайхалтай зуныг зусландаа орхиж дассан шигээ. Алдана гэдэг бол шинийг эрэх шалтгаан, хагацана гэдэг бол илүү сайхнаар учрахын бэлтгэл гэж ухаардаг, мянга мянган зуд гамшгийг өвөлжөөндөө хаяад нүүсэн шигээ…

ДӨРӨВ

Намар уруудаж нүүтэл Отгонтэнгэрийн бараа үл тасрана. Отгонтэнгэрт ил зусаж буй айлууд тэр зүгт үнсээ үл асгана. Тийш харж “морь харах”ыг цээрлэнэ.

Отгонтэнгэрийн дүр төрх олон янз. Баруун хойноосоо бол тал алман сар хэлбэртэй, торгон ирмэгийг нь цас эмжээрлэнэ. Эс бөгөөс үүлсийг эсгэж ир нь цайрсан алман сүхээ асар тэнгэрүүд газарт орхиж мартсан мэт. Энэ дүр хувирал Даян зуслангаас үзэгдэх бөгөөд монгол төгрөгийн “100” ба “50”тын дэвсгэрт дээр буй.

Харин зүүн өмнөөс нь харахад цагаан хэвнэг хагас хөдөрсөн орон дэлхийн эзэн бээр, газар тохиолдоод хагас хажуулах мэт. Өмнө нь рашаан дүүрэн бадар аяга нь мэлтэлзэх нь тахилгат нуурБадар хундага бөлгөө. Ийм дүр байдлыг Отгонтэнгэрийн тахилгад очсон, Бадар хундагаариун нуурыг тольдохоор очигсод мэднэ. Хүн болгонд анх харсан тал нь хамгийн төгс хамгийн эрхэм.

Өндөр газрын араншин таагдашгүй. Дөнгөж саяхан л цэлмэг тэнгэрт сүүмийн байсан Богд очирваань хайрхан агшин зуур үүлэнд баринтаглуулан бараа тасрана. Гэнэтхэн тэнгэрийн тайзны хөшиг нээгдэх мэт тув тунгалагаар тодрох нь Төвд газрын сүм хийдийн туурган зургуудын “өөрөө тодорсон домогтой” хэмээх тайлбар лугаа адил.

Нутгийн зон олон энэ үзэгдлийг “Отгонтэнгэр дургүй хүндээ харагдах дургүй” хэмээн тайлбарлах дуртай. Хажууд нь удаан байхад ч гэсэн “харагдах”, “үл харагдах” энэ байдал ээлжлэх тул уул ус чамд нэг дургүй нь хүрээд, тэгснээ сайхан загнаад байна гэж хэлэх аргагүй.

Үнэн хэрэгтээ, Отгонтэнгэр хүн бүхэнд харагдана. Гагцхүү, чи харъя гэж хүссэн л байх хэрэгтэй. Үл үзэгдэх байдал бол дүр төрх мөн. Чи Отгонтэнгэрийн үл харагдах дүр төрхийг л харсан байна. Харагдахгүй болгон байхгүй гэсэн үг биш. Чи хайрыг хардаггүй. Гэхдээ түүний байгааг мэдэрч, хайр байгаагийн хүчинд жаргадаг гэдгээ мэддэг.

…“Гишгэж зогсоо газрын минь үргэлжлэл, Гэгээн нарны дорхи чиний эх нутаг…” Оюутан цагийн шүлгийн мөр. Чамд харагдаж байгаа бүхэн Отгонтэнгэрийн нэг үзүүр. Чиний гишгэж байгаа газар чинь Отгонтэнгэрийн хормой мөн. Чи Отгонтэнгэрт очсон бол, энэ мөрүүдийг уншсан бол “Хүү минь, Чиний Богд Очирваань тэр байна”…

Categories
мэдээ цаг-үе

Адууны тэнгэр буюу Очирын Чүлтэм

“Эр бор харцага”-ын уулс дамнаж, тал алдалсан шуранхайтай манай сумын наадам эхэлдэг сэн. Одоо ч сумын наадам улсын наадмаас өмнө болдог болж дээ. Бидний багад төрт ёсны их баяр наадамтайгаа яг л нэгэн цагт эхэлж, Дархан хан уулын өвөрт уяа морьдоо манаж хоноод өглөө эртээ сумын төв ороход өнгө алагласан үлэмжийн гоё ертөнц угтана гээч. Наадмын өглөө дэл сүүлээ намируулсан адуун сүргийн манлай азарга мордох шиг бахтай зүйл үгүй. Сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнд заларч, Монголын тал нутагт уухайн түрлэг эхлэх цаг дор Хишиг-Өндөрийн наадмын хөндий ямархан эгшиглэнтэй болдог гэж санана.

Хүүхдийн гийнгоо цангинан, хөлөрчихсөн хар ногоон зүсмийн морь шиг уулын бэлээр ажнай хүлгүүдийн тоос босч, энд тэндгүй алагласан хэцийн асрын тэртээгээс морьтой, машинтай, явган бүгдээр дэнж дэвсэгтээ багтаж ядан цуглахад түрүүчийн морьд бариандаа орно. “Чүлтэмийн шандаст хүрэн түрүүлдгээрээ л түрүүллээ. Аргагүй л хурдан буян юм. Манай Чүлтэм ч хэзээнээсээ адууны тэнгэртэй эр дээ. Олон ч жил биднийг баярлуулж байна” гэх яриа аргамаг хүлгүүдийн сувдан хөлстэй хамт наадамчдын дунд хөвөрнө. Тохом хөлсний сэврээ, хусуур сойзны шаргиа, амгайн зуузайн чимээтэй хамт хэсүүчлэх нь тэр.

Булганы Хишиг-Өндөр гэхээр Монгол түмэнд айраг адууны орон гэж санаа сэтгэлд нь урган буух нь бий. Тэр чиг үнэний хувьтай юм. Униар хөөг зэрэглэн татсан ээрэм талынх нь салхинаас айрагны үнэр сэнхийж, нутгийнхаа дээсийг алхахад өөрийн эрхгүй хийморь лундаа бадраад ирэх шиг болном. Гэхдээ энэ нутгийн айл бүхэн гаднаа адуу багшруулж, хэдэн цэрэв уяа татан хүлгийн сайхныг сойж, хөхүүртэй айраг сэнгэнүүлдэг гэж ойлговол бас ташаа болно. Адуу маллах, өсгөн үржүүлэх, сааль сүүг нь бэлдэх, хүлгийн шандсыг сорих гээд ерөөс адуу тойрсон их өв соёлын дархлаа цөөн хэдхэн хүнээр уламжлагддаг ажгуу. Адууны соёлын дархлааг хадгалж, чухамхүү адуучин хэмээх алдрыг нутаг нугийнхаа түмнээс соёрхон хүртсэн нэгэн бол Хишиг-Өндөрийн Мааньтын голын унаган хүү Очирын Чүлтэм билээ.

“Лениний зам” нэгдлийг улс даяар мандуулсан хүн нь Монголын хөдөө аж ахуйн анхны ууган баатар, аварга хоньчин Зундуйн Очир билээ. Очир баатрын оройлон түүчээлсэн тус нэгдэлд нэргүй олон баатрууд ажиллаж, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр мандаж ирсний нэг нь Чүлтэм гуай юм. Тэрбээр арваадхан настай балчир хүү нэгдлийн хадланчаар анх ажилд орсон түүхтэй. Удаа ч үгүй арван дөрөв, арван тавхан настай хүү нутгийн ах нарыг даган агт тууж, Сэлэнгийн Алтанбулагийн хил хүртэл хичнээн зуун километр морин дэлэн дээр агсагдан явж эрийн шийр заасан нэгэн. Бага балчраасаа адуунд л хорхойсч, хүлгийн дэлэн дээр, адууны салхин дунд явахыг хүсэмжилсэн түүний зам мөрийг нэгдэл нийгмийнх нь суурь адуу угтан авч, эл эрхэм бүхий л насаараа адууны төвөргөөн дунд аж төрөх алтанхан хувь заяаны эзэн болжээ.

Мааньтын гол, Омтын шанд, Хүрэмтийн рашаан, Тогтоогийн хөндий, Хөшигийн булан, Хонхор нуур гээд ёстой л адууны нутаг байхаар заяагдсан тэлмүүн нутаг. Хээрлиг уулсынх нь энгэр бэлээр өвөлдөө цасны будан татаж, зуны цагт цагаан бороо цайран, солонго нумарсан, өвс ургамал тэгш сайхан. Ийм үзэсгэлэн төгөлдөр ус голд тэднийх нутаглаж гэрийнхээ буурийг тамгалж ирсэн бүлгээ. Миний бие хэдэн жилийн өмнө “Улсдаа зартай У.Пүрэвийн цагаан гаанс” гэж ус нутгийнхаа буурлын үе дамжиж ирсэн өв соёлын үнэт зүйлийн тухай бичиж байсан. Чүлтэм бэйсийн зургаан үе дамжигдсан Монголд өдгөө нэн ховорт тооцогдох эрдэнэ-хаш цагаан гаансны тухай өгүүлсэн тэрхүү бичил туурвил олон чиг хүнд хүрсэн байдаг. Монголын толгой баячууд үнэ цохиж авах гэхэд нь “зарахгүй ээ” гэх ганцхан үг хэлээд амыг нь тагладаг У.Пүрэв гуай эдүгээ цагийн нэртэй адууч Очирын Чүлтэм гуай бүгдээр нэг голын хүмүүс. Домогт Буур Жамъян аварга, Их Монгол Шаравжамц аварга нартай нэгэн цагт монгол бөхийн дэвжээнд хүчийг сорьж, төрийн наадамд хоёр удаа долоо давсан хүчит заан Ширчингийн Даш, хан уулын ар, Хатан Туулын хөвөөнд морьдоо авчирч уралдуулан, Хүй мандлын дэвжээнд ханхалзаж явсан нэртэй уяач Цамбажавын Банзрагч нарын хойчийг залгасан нутгийн минь ханагар уулс сан билээ л.

Цогт хун тайжийн хар балгасны тууриас хойших, алдарт Хар бухын голоос арагш, Авзага хайрхан уулаас хойш залгагдан Мааньтын гол, Мөнгөн уулаас урагшаа тэрхүү ай сав нутагт хуучин цагт “Адуу” бригадын олон суурь молор эрдэнэ налайжЦамба, Санжмятав, Лхагвацэнд тэргүүт нэр ус нь мөнхийн алдрын титэмтэй дурсагддаг эрэмгий адуучид уургын уртыг барьж, усны тунгалагт нутаглаж явсаан. Энэхүү “Адуу” бригадын нэрийн хуудас болж, эрийн хийморь сэргээсэн нэгэн нь яалт ч үгүй адуучин Чүлтэм юм. Монгол төрийн түшээ, Их хурлын дарга асан Энэбиш гуайн ачит эцэг “дунд хүү” Лхамсүрэн гэж нэртэй адууч Могодын Хулж, Баавайн голоос Хишиг-Өндөрт ирж нутаглан, өнөө л Чүлтэм болоод тухайн цагийн эрмэг адууч эрстэй эмээлийн хос бүүрэг шиг ижилсэн нөхөрлөсөн түүх ч байдаг. Айраг, адууны орон гэгдэх бүс нутагт адууны соёл, адгуулан маллахын дэг сургуулийг туулсан замнал, он жилүүдийнхээ түүхээр бий болгосон адуучны алдар бахадмаар сайхан. Тэрбээр зөвхөн сайн хүлгийн дэлэн дээр хийсч, залуу халуун насны аагаар омгорхож яваагүй нь олон зүйлээс харагддаг.

Адуу маллахын арга туршлагыг хөдөлмөрийн баатар адуучдаас судалж, заавар зөвлөгөөг нь авч, амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлж ирснийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Сүхбаатар аймгийн “Дарьганга” нэгдлийн адуучин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Санзайн Шарбандийн адуу хэрхэн маллах, оторлох, унага төлийг хорогдолгүйгээр авах зэрэг бахдам туршлагыг нь нутаг орондоо санаачлан нэвтрүүлсэн нь дараа дараа үедээ улажлагдсаар л байна. “Нутгийнхаа адууны цусыг сэлбэх шиг үнэт зүйл үгүй юм” гэж аливаа юмны учир мэдэх өвгөд гэрээс мэт хэлэх нь бий. Тэгвэл Очирын Чүлтэм гуай хурдан ажнайн голомт болсон Хэнтийн Галшар, мөн адууны үүлдэр угсааг сайжруулах, “морин тойруулга”-ын гол бүс нутаг Төв аймгийн Жаргалант, алдарт Тэсийн голын адуугаар нутгийнхаа адууны цусыг сэлбэж, бас нэгэн гавьяа байгуулсан удаатай. Хаа сайгүй адуун сүрэг багширч, үрээ морьдын тоос боссон Мааньтын голд Чүлтэм гуайнх л анх гүүгээ уяж, хөл хөөр, ёс төр, дэг жаяг болдгийг адууч аавын хүү би мэднэ. Тэдний айрагны сайхныг нь хэлээд юүхэв. Намар оройхон айраг ханхалсан гэрийнх нь гадаа бууж, мөнгөн сор нь гялалзсан адуун сүргийнх нь тоосонд орж, бие галбир төгс гэрийн эзэнтэй хууч дэлгэж суух бахтай.

Мэргэжлийн сумогийн жаран найм дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монголын ард түмний бахархалт хүү Асашёорюү Дагвадорж тэр жилийн намар Чүлтэм гуайнд давхиад буужээ. Хөлбөмбөг тоглосноос болоод ч билүү барилдах эрхээ хасуулчихаад сэтгэл жаахан будантай, алжаал тайлахаар Монголдоо амарч явахдаа тэднийхээр буучихаж л дээ. Тэр тухайгаа аварга сумогоос зодог тайлаад ирснийхээ дараа дурсч байсан. Мөн өнгөрөгч жил Хишиг-Өндөрийн зон олонтой уулзаж байхдаа хэлж байсан. Дагваа аваргыг ганган хар жийптэйгээ давхиад очиход Чүлтэм гуайнх, хүү Батжаргалынхтайгаа айл хэдэн зэл гүүгээ уяад багширч байжээ. Аварга тэдний айрагны сайхныг бахдан бахдан ярьдаг юм. Айрагных нь сайхныг энгийн иргэд байтугай Монгол Улс баталгаажуулсан түүхтэй. Тодруулбал, наян есөн онд Монголын адуучдын анхдугаар зөвлөгөөнд шалгаран оролцож байхдаа айрагны уралдаанд хоёрдугаар байрын шагнал хүртсэн байдаг.

Манайхан сумынхаа наадамд сайхан мориор гоёх дуртай. Чүлтэм гуайн хөвгүүд гэж аавыгаа дуурайсан алаг нүдэн банди нар ёстой л нэг суман хатиртай, бусдын нүд хужирласан аатай сайхан морьд унана. Гүйн хар алхаатай, суман хатиртай, уран гоё толгойтой, хөхөл самбаагаа шидлэн хүзүү сунгасан морьд яалт ч үгүй наадмын чимэг мөн. Чүлтэм гуай бие хаа тэгш, өндөр нуруулаг, эргэлдсэн томоо алаг нүдтэй, эрүү түүш сайтай эр. Ямар сайндаа түүнийг “Сүх жанжныхаа дүрд тоглуулчихмаар залуу байна” гэж ардын жүжигчин, төрийн шагналт Эрдэнэбатын Оюун дуу алдсан байхав дээ. Тэртээ наяад оны эхээр Булган аймагт болсон Соёл урлагийн өдрүүдэд уригдсан төлөөлөгчид Хишиг-Өндөр сумаар дайрахдаа Чүлтэм гуайнхаар бууж айраг ууцгаасан юм биз. Тэр үед Монголын театр урлагийн өрлөг ижий болсон Оюун гуай гэрийн эзэн адуучин залууг эрхгүй сонирхож, айраг уух гэж айлаар орсон биш, Сүх жанжнаа олчихож байгаа юм биш үү гэж сэтгэл ханамжтай хэлээд хотод очиж уулзахыг захиад явжээ. Гэвч гэрийн эзэн “Надад тэр урлагийн суу авьяас нь яаж байхав дээ” гээд яваагүйг бага хүү Монголын шинжлэх ухааны залуу эрдэмтэн Батсүхээс сонсч байлаа.

Эдүгээ далан насны даваа руу дөхөж яваа ч гэсэн идэр залуугийн цог залиар адууны дунд бахтайхан алхалж, ажнай хүлгийн сайхныг унаж, дээл бүсэн гоёл, хийморь лундаатай явна. Үр ач нараас нь эцэг өвгөдийнхөө халуун голомтод гэрийнхээ буурийг тамгалан нутаглаж байна. Эглээс эгэл, эрхмээс эрхэм нутгийн буурал минь алтан унжлагат тахиа жилийн босгонд Монголын төрд үнсүүлж Алтан гадас одон хүртжээ. “Баатрын алтан соёмбо хоттой хонин дунд минь байжээ” хэмээн Намхайнямбуу баатар хэлсэн лугаа тэнгэрийн алтан гадас эрийн лундаа адуучны энгэрт гялалзжээ. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” гэж дархалсан нэрт найрагч Зундуйн Доржийн нутгийн хүлгийн тоосонд шүншиг нь гэрэлтсэн адууны тэнгэртэй эрхмийн тухай цухасхан өгүүлэхэд ийм буюу.

Categories
мэдээ цаг-үе

Г.Дагиймаа: Ажлаа сэтгэлээсээ хийвэл амжилт өөрөө хүрээд ирнэ гэж оюутнууддаа захидаг

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаатай ярилцлаа.


Та МУИСийн сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгсөж байсан юм билээ. Сэтгүүлч болохыг тэгтлээ хүсч байсан хүн яагаад багш болсон талаараа яриагаа эхэлье?

-Бүжигчин болох хүслийг аав, ээж минь дэмжээгүй учир сэтгүүлч болохыг хүсч байсан болохоос багш болно гэж огт бодож байгаагүй. Гэхдээ одоо эргээд бодоход ямар азаар сэтгүүлзүйн багш болсон юм бэ гэж бодох болсон. Намайг МУИС-ийн Сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгсөхөд сургуулиас магистрантурт сурах урилга өгсөн. Үүнд би хүндэтгэлтэй хандаж, баяртай хүлээн авсан. Бид Монголын сэтгүүлзүйн анхны магиструуд болсон юм. Суралцах явцад багш нар маань биднийг энд тэнд хичээл заах хэрэгтэй гэж хэлсэн. Багшийн үгэнд ягштал ордог байсан учир анх “Шинжээч-21” дээд сургуульд радио сэтгүүлзүйн хичээл зааж эхэлсэн. Их сургуульд сурч байхдаа би Монголын үндэсний радиод ангийнхаа охинтой хамт “Оюутан сурвалжлагч мэдээлж байна” гэдэг мэдээний булан бэлтгэдэг байлаа. Дотор санаандаа тэнд үлдэж ажиллахыг л хүсч байсан хэрэг л дээ. Харин намайг Монголын радио тоож аваагүй. Би үүнд харин баярладаг шүү. Тэгээд би дараагаар нь МУИС, МУБИС-д цагаар хичээл заах болсон. Удалгүй 2000 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшлах болсон юм. Ингэж л сэтгүүлзүйн багш болсон доо.

-Багшаар ажиллаж эхэлж байсан үеийнхээ хөгжилтэй дурсамжаас хуваалцахгүй юу?

-Дөнгөж багш болоод анхныхаа хичээлийг заах гэж байхад манай найз надад нэг зөвлөгөө өгсөн нь санаанаас гардаггүй юм. “Хэрвээ чамаас оюутан мэдэхгүй асуулт асуувал чи мэдэхгүй гэж хэлж болохгүй. Харин өө, ямар сайхан асуулт вэ. За энэ асуултад хариулах хүн байна уу” гээд буцаагаад оюутнуудаас асуучих хэрэгтэй. Аягүй бол оюутнууд хариулж чадахгүй. Тэгэхээр “за энэ асуултын хариултыг та нар гэртээ мэдээд ирээрэй” гээд асуултаас бултаж болно гэж зөвлөж билээ. Гэхдээ ийм тохиолдол гарсангүй дээ. Монголчууд номыг, багшийг шүтэж, дээдэлдэг ард түмэн. Багшийг төгс хүн гэж боддог. Багш чинь хүн л юм чинь алдаатай, оноотой байлгүй л яахав. Мэдэхгүй юм байж болно. Түүнийгээ багш хүн шударгаар хүлээх хэрэгтэй гэж боддог.

-Та өөрийнхөө хүндэлж явдаг багш болон хамгийн хайртай шавь нараа нэрлээч гэвэл хэнийг дурсах вэ?

-МУИС-ийн М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Б.Болд-Эрдэнэ багшаараа бахархаж, хүндэлж явдаг. Би тэнд арван жил сурсан юм. Ингэж хэлэхээр хүмүүс намайг тэгж олон жил улирсан юм уу гэж асуудаг. Бакалавр, магистрантур, докторантур гээд арван жил суралцжээ. Ялангуяа Б.Болд-Эрдэнэ багш миний бакалавр, магистр, докторын ажлыг гурвууланг нь удирдаж хамгаалуулсан. Ийм тохиолдол олон байдаггүй болов уу.

Олон сайхан шавь байна. Залуу байхаасаа их сургуульд багшилсан болохоор нас ойролцоо шавь нарынхаа заримтай нь багш шавь гэхээсээ илүү найз нөхөд ч болсон байна. Сургууль төгсөгчдөөрөө, багш шавиараа л бахархах юм. Аргагүй дээ сургуулийн чансааг төгсөгчид илтгэдэг хойно. Гурван шавь зэрэгцэж суугаад мэдээ дамжуулахыг харах их гоё мэдрэмж. Манай бага хүү жаахандаа намайг телевизийн суваг солихоор “Энэ бас л танай шавь уу” гэж асуудаг байж билээ.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Таны хувьд чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэн гаргахын тулд юуг шавь нартаа чухалчлан захидаг вэ?

-Юун түрүүнд зөв хүн бай гэж оюутнууддаа захидаг. Ажлаа сэтгэлээсээ хийвэл нэг л өдөр амжилт өөрөө хүрээд ирнэ. Араас нь хөөцөлдөх хэрэггүй гэж захиж хэлдэг. Эхлээд хүн бол, дараа нь сэтгүүлч бол гэж манай багш хэлж байсан. Монголын сэтгүүл зүй өнөөдөр тун түвэгтэй байдалд байна. Энэ юунаас үүдэж байна гэвэл ерөөсөө л хүн байх хэм хэмжээ, ёс суртахуун алдагдсанаас үүдэлтэй. Хүн нь өөрөө зөв байх юм бол айхтар ноцтой алдаа гарахгүй шүү дээ. Өнөөдөр сэтгүүлч болсон ч, хүн болоогүй хүмүүс олон байна. Өөрийгөө ч хүндэлж чаддаггүй тэр хүмүүс мэргэжлийн минь нэр хүндийг унагаж байна. Хэт ёс зүйгүй авирлаж байгаа сэтгүүлчдээс болоод хүмүүс бидэн рүү дайрахад тэднийг төгссөн сургуулиар нь ангилж ялгаад хүмүүст харуулахсан гэж боддог шүү. Надад тийм муухай шавь байхгүй ээ. Цаашид ч гарахгүй гэдэгт итгэдэг.

-Мэргэжилдээ дургүй, сонирхолгүй оюутнуудтай хэрхэн ажилладаг туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Бакалаврын дөрвөн жилийн хугацаа бол хүний төлөвшлийн үе байдаг. Нөгөө талаар бол нийгэмшлийн үе. Дийлэнх хүмүүс энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараасаа цааш төдийлөн ахидаггүй. Тийм учраас багш хүний хувьд сэтгүүлч мэргэжлийн сайхныг хуваалцаж, чиглүүлж, урам өгдөг. Мэргэжилдээ сонирхолтой, дуртай мөртлөө хичээлээ хийдэггүй хүүхдүүд ч байдаг. Ер нь бүх зүйл хувь хүний хүсэл сонирхол, хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг оюутнууд сайн ойлгох хэрэгтэй. Би сэтгүүлч мэргэжилд үнэхээр хайртай. Надад энэ мэргэжлээр ажиллах боломж олдвол ажиллахад бэлэн байгаа шүү. /инээв/

-Сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж байгаа олон сургууль байдаг. Танай сургуулийн онцлог нь юу вэ?

-Мэргэжлийн характер хүнд өөрийн эрхгүй суудаг. Сэтгүүлзүйн ангийн оюутнууд бусад оюутнаас их өөр байдаг. Сэргэлэн цовоо, нээлттэй гэх мэт олон сайн чанартай. Сэтгүүлч хүн олон хүнтэй харилцаж, буруу зөвийг ялгах, мэдээлэл олж авах чадварыг эзэмших хэрэгтэй. Тийм болохоор бид оюутнуудтай аль болох нээлттэй харилцаж, багш, оюутан гэсэн хөндий харилцаанаас татгалздаг. “Дуугүй явах бол алт мөнгө”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэх мэт эртний сургаал үгийг бид нэг их дэмждэггүй. Тэр бидний онцлог байж болох юм. Бас бид оюутнуудын практик ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Алтан үзэг” оюутны бүтээлийн наадмыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Сэтгүүл зүйн эцсийн бүтээгдэхүүн бэлтгэж уралдаанд оролцоно гэдэг бол зүгээр багшид шалгуулаад дүн авахаас өөр юм билээ. Энэ их сайн практик болдог.

-Сэтгүүлзүйн салбарын гал тогоонд чанагдаж яваа, сэтгүүлзүйн салбарт докторын зэрэг хамгаалсан хүний хувьд энэ салбарын хөгжилд ахиц авчрахуйц ямар судалгааны ажил хийж байна вэ?

-Манайх Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхим. XXI зуун технологийн зуун болчихоод байна. Үүнийг дагаад сэтгүүлзүйн салбар цахим орчинд ажиллах чадвартай, мультимедиа сэтгүүлчийг яалт ч үгүй шаардаад эхэллээ. Миний хувьд гадаад дотоодын сэтгүүлзүйн сургуулиудын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгаа хийж байгаа. Үр дүнг харахад Монголын их, дээд сургуулиуд сэтгүүлзүйн хөтөлбөрөө шинэчлэх шаардлагатай болжээ. Дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлага дижитал сэтгүүлзүй рүү явчихлаа. Бид хараад сууж байж болохгүй шинэчлэгдэх л хэрэгтэй. Тэгээд л бид шинэчлэл хийж цахим ертөнцөд ажиллах чадвартай, орчин үеийн мэдээлэл технологи, техникийн бүрэн мэдлэгтэй мультимедиа сэтгүүлчдийг бэлтгэж эхэлсэн.

-Цахим ертөнц, фейсбүүк, твиттерээс хүмүүс мэдээллийг маш хурдтай авдаг болжээ. Тэгэхээр цаасан хэвлэлийн орон зай үгүй болох уу?

-Хүмүүс цахим ертөнцөөс мэдээлэл авдаг болсон тул сэтгүүлчид мөн дагаад тийшээ нүүх хэрэгтэй болж байна. Гэхдээ дэлхийн улс орнуудын төв хэвлэл нь сонин хэвээр байна. Цаасан хэвлэл огт алга болно гэж байхгүй. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн давуу чанаруудыг нэгтгэсэн мультимедиа бүтээлд суралцах шаардлага байна. Өнгөрсөн хавар бид оюутнуудтайгаа хамтран сайтууд дээр судалгаа хийж үзсэн. Өөрсдийнхөө сурвалжлагыг мультимедиа бүтээл гэж нэрлэж байгаа ч яг аваад үзвэл сонины хэв маягаасаа төдийлөн салж чадаагүй байна. Энэ нь мэргэжлийн боловсон хүчин байхгүй, одоохондоо хүмүүс мэдрэмж, туршлага дээрээ үндэслээд хийж байгаа учраас нэр төдий байгаа гэсэн үг.