Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Элбэгдоржоос эрх баригчид айхын учир юу вэ?

“Өдрийн сонин”-ы 2017.09.11-ний даваа гаригийн №193,194(5760,5761) дугаараас авч нийтлэв.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн Их хурлын ээлжит бус чуулганаар “мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч намын засаг ийнхүү жил гаруй хугацааны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Засгийн газрыг огцруулах гурван үндэслэл байна гэж Т.Аюурсайхан тэргүүтэй гарын үсэг зурсан намынх нь 31 гишүүн үзсэн. Үүнд: боловсон хүчний бодлогын алдаа буюу мэргэжлийн Засгийн газар байгуулаагүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ба жаран тэрбум, концесс, хүүхдийн мөнгөний асуудал болоод эдийн засгийн дампуурал багтана. Төрийн албыг хууль бусаар худалдаж авах гэсэн жаран тэрбумын бичлэг үнэн гэдэг нь батлагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намын ялагдал хүлээсэн гол шалтгаан энэ. Жаран тэрбумын ерэн минутын бичлэг ерэн жилийн түүхтэй ах намд арилшгүй хар толбо үлдээсэн.

Засгийн газрын кабинетын удирдлага сул, гишүүд нь мэргэжлийн бус гэсэн шүүмжлэл засаг байгуулагдахаас л гарсан. Гэвч ялсан намын дарга нь Их хурлаа удирдаад өөрийн хүнийг Засгийн газрын тэргүүнээр томилсон нь эхнээсээ том алдаа болсон. Өнөө “Мэргэжлийн засаг байгуулна” хэмээн сонгуульд ялсан нам амлалтаасаа 100 хувь буцаж, мэргэжлийн бус хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Ямар сайндаа “Мэргэжлийн засаг уу, Миеэ-гийн засаг уу. Монгол Улсын Засгийн газар уу, Морин спорт уяачдын холбооны Засгийн газар уу” гэх яриа нийгэмд хүчээ авч байхав.

Мөн засаг унах гол үндэслэлийн нэг нь төсвийн хууль, Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн гэгдээд буй алдарт долоон концессын 807 тэрбумын асуудал. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаярын МАК компани 78 тэрбум 752 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” 77 тэрбум 695 сая, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбатын “Засагт чандмань майнз” компани 162 тэрбум 869 сая төгрөгийн концессын гэрээ байгуулсан. Энэ нь мэдээж бусад гишүүдийн атаархлыг төрүүлэлгүй яав гэж. Тэд адилхан барьцаж эхэлнэ. Тиймдээ “Концессыг буруутгаад байгаа юм биш. Бүх гишүүд тойрогтоо цэцэрлэг сургууль барих хэмжээний мөнгийг сайд нар өөрсдөө концесс нэрээр авчихаад байгааг эсэргүүцээд байна” гэж гишүүд хэлж байв.

“Хүүхдийн мөнгийг ялгавартай өгч эхэлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын шийдвэргүйгээр бүх хүүхдэд мөнгө олгосон нь төсвийн хууль, ОУВС-гийн өмнө амласнаа зөрчсөн. “Эрдэнэс таван толгой” эдийн засгийн 5.3 хувийг хангаж байгаа гол обьектуудын нэг. Төсвийн тодотголд үүнийг суулгалгүйгээр эдийн засгийн өсөлт -0.2 хувьтай байна гэж үзэн долоон төрлийн татвар нэмсэн. Ингэснээр “Эрдэнэс таван толгой”-н 49 хувийг гадныханд зарах гэсэн оролдлого хийсэн. Дээрээс нь Ж.Эрдэнэбатын засгийн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр удаа бууруулж, дампуурлын ирмэгт авч ирлээ. Энэ бол Засгийн газар чадваргүй, үйл ажиллагаа нь удаан байгааг илтгэж байна” гэх зэргээр огцруулах үндэслэлүүдийг гаргаж ирсэн. Энэ бүхэн зөвхөн өнгөн талдаа харагдаж байгаа зүйл. Үндсэндээ засаг огцрох гол үндэслэл биш.

Харин Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар чуулганы хуралдаан дээр Засгийн газрыг яагаад огцруулж байгаа вэ гэдгийг маш тод ойлгогдохоор хэлсэн. Ц.Нямдорж “Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байх үедээ улс төрийн намуудыг самарсан. МАХН-ыг зориуд дээд шүүхээр бүртгүүлж самарсан. Дараа нь Ардчилсан намыг дотор нь самарч Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан. Тэр явсаар байгаад өнөөдрийн байдалд хүргэж байгаа шүү. Энэ хүн Монголын хууль хяналтын байгууллагад захиалгат хүн томилсноос хууль хяналтын байгууллагууд улс төрийн цагдаа болсон. Шоронд хүн хоригдож байгаад үхэж байлаа. Улс төрийн цагдаа нар хэзээ ажлаа зогсоохыг мэдэхгүй байна. Мөн Худалдаа хөгжлийн банк гэдэг улс төр бизнесийн бүлэг байгуулж, түүний хумс манай намд орж ирсэн. Энэ хуйвалдааныг нь манай намынхан зогсоохын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй. Тийм болохоор Засгийн газар огцрох ёстой гэж би гарын үсгээ зурсан” гэв. Л.Оюун-Эрдэнэ “Монгол төрийн бодлого төрийн ордонд биш хэсэг компанийн оффист болдог нь “Эрдэнэт” дээр харагдсан учраас гарын үсгээ зурсан” гэж мэдэгдсэн. Энэ хоёрын хэлснээр эрх баригч нам иргэн Элбэгдоржоос айгаад Засгийн газраа огцруулж байгаа нь тодорхой уншигдаж байна. Нямдоржийн үгнээс бүр ч тодорхой ойлгогдож байна.

Энэ намынхан “МАНАН” бүлэглэл гэж ярьцгаадаг. “МАНАН” бүлэглэл гэж ер нь юу юм, хэн хэн багтдаг юм гэдгийг хэлчих зоригтой хүн байдаггүй. Тэгвэл МАН-ын Т.Бадамжунай, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банк, “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмэт” нэгдэл, “Эм Си Эс” групп ордог. Үндсэндээ уул уурхайн энэ бүлэглэлийг “МАНАН” гээд байгаа. Тэгэхээр уг бүлэглэлийн намдаа орж ирсэн “хумс”-ыг жаран тэрбумын бичлэгт яригдсанчлан “аалз шиг үе мөчөөр нь тасдана” гэгчээр тасдах санаатай “мэргэжлийн” гэх Засгийн газрыг огцруулж байна.

Үүний нарийн учрыг намын жирийн гишүүд байтугай Их хурлын зарим гишүүд нь ойлгохгүй байна. Хэн хэнийг “МАНАН” гэдгийг, хэнээс салах гээд байгаагаа наадуул чинь айгаад үнэндээ хэлж чаддаггүй байхгүй юу. Энэхүү “МАНАН”-г Ерөнхийлөгч “Уул уурхайн бүлэглэл ердөө 30 гэр бүл Монголын баялгийг цөлмөж байна” гэж хэлдэг. Харин иргэний хөдөлгөөнийхөн болоод энэ намынхан МАНАН гэдэг. Сүүлийн үед “ХАР ХҮЧ”-ийг сарниана гэж ярьцгаадаг болсон байна лээ. МАНАН нь ХАР ХҮЧ нэртэй болсон юм уу даа. МАНАН гэдгийг Ардын намын бодлого баригчид л мэдэж байгаа. Хөөрхийлөлтэй нь Их хурлын зарим гишүүд нь улс төрийн ийм нарийн асуудлыг байтугай энгийн зүйлийг ч мэдрэхгүй байгаа харагдах юм.

Уул уурхайн хар хүчний бүлэглэл(сүүлийн үеийн нэршил)-ийн толгойлогчийг Миеэгомбын Энхболдыг гэж үздэг юм шиг байна. Ер нь тэгж харагдаад байгаа. Түүний нөлөөллийг байхгүй болгохын тулд намаасаа дэвшүүлэн зайлуулна гэдгийг журмын нөхөд нь дор бүрнээ бодоцгоосон. Дэвшүүлээд зайлуулна, эсвэл дэвшүүлээд унагаад зайлуулна гэж аль аль хувилбараар нь л бодсон байх. Харин “Хар хүч”-ний толгойлогч өөр зүйл бодсон байж таараа. Хүн ер нь албан тушаал, эрх мэдэлд ханана гэж байх биш. Тэр хүн ч гэсэн Ерөнхийлөгч болоод бүгдийг нь эрхшээнэ гэж бодсон байх. Хэрвээ Энхболд Ерөнхийлөгч болсон бол Монголын төрийг тэр чигт нь атгах байжээ. Учир нь өөрийн Ерөнхий сайдтай, өөрийн намын даргатай, өөрийн Их хурлын даргатай байх байж. Гэвч Ерөнхийлөгч болж чадалгүй, бүгдийг эрхшээж атгандаа оруулах хүслээ биелүүлж чадалгүй газардсан. Яг энэ үеийг нь далимдуулаад, унасан дээр нь дөрөөлөөд “Хар хүчний бүлэглэл”-ээс салахаар Засгийн газрыг огцруулж байна. Цаг хугацааны тохироо гээч нь ингэж бүрдэв бололтой.

Намын жирийн гишүүд, Их хурлын жул гишүүд “Хоёрхон сарын дараа намын их хурал болно. Намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалаа хашаад явах боломжтой. Тэгэхээр хоёрхон сарын настай Засгийн газар байгуулах юм уу” гэж гайхашралаа бараад байгаа нь ийм учиртай. Тэд үнэндээ ойлгохгүй байна. Энэ бол их энгийн ойлголт юм. Ухаандаа намын даргын суудлыг мөрөөдөж байгаа Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын хувиар намынхаа их хуралд оролцоход ямар хүчтэй харагдах билээ. Түүнийг эгэл жирийн гишүүд нь Монголын төр л гэж хүлээж авах нь тодорхой . Тэгээд шууд намын дарга болно. Олны саналыг ядах юмгүй авна. Харин Ерөнхий сайдын сэнтийгээс хусч хаяад, жолоо цулбуурыг нь эвхээд намын даргад өрсөлдүүлэхэд тэр хамгийн зөөлөн боорцог. Албан тушаалаа дагаад нэр хүнд нь унасан байна. Үндсэндээ эрх баригч намын даргын суудалд суух бололцоогүй болно гэсэн үг. Ганцхан жил ажиллаад огцорч байгаа Ерөнхий сайдыг намынхаа даргаар томилж байдаг “эргүү толгойнууд” гэж хаа байхав. Ийм тактикаар наад хэд чинь намын их хурлынхаа өмнө яаруу сандруу Засгийн газраа огцруулж, “Миеэ”-гийн хүн гэгддэг Эрдэнэбатаас салж байгаа юм.

Яг нарийндаа, “Хар хүч”-ний буюу “МАНАН”-гийн бүлэглэлээс салж байгаа хэрэг. Ерөнхийд нь аваад үзвэл иргэн Ц.Элбэгдоржоос айж Засгийн газраа огцруулж байгаа нь хачирхалтай. Тэр хүн үнэхээр эрх баригч намынхан айн чичрээд засгаа хүртэл унагаад байхаар эрх мэдэл, албан тушаалтай хүн мөн билүү. Зүгээр л энгийн иргэн шүү дээ. Монголчуудын хэлдгээр энэ нь “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр юм болж өнгөрлөө. Ц.Нямдоржийн дээр хэлсэн үгэн дотор “Монголын хууль хяналтын байгууллагад захиалгат хүн томилсон” гэж бий. “Захиалгат хүн, улс төрийн цагдаа” гэж АТГ-ын Энхжаргал, Тагнуулын Хурц нарыг хэлээ биз гэж тааж байна. Тэгвэл тэр хоёрыг нь огцруулаад болчих байсан юм биш үү.

Эцэст нь хэлэхэд, ах намын нөхөд өөрсдийн байгуулсан Засгийн газартайгаа хариуцлага тооцон огцруулж байгаа нь хувьсгалт дэвшил юм. Засаг унах нь гадны хөрөнгө оруулалтаас аваад эдийн засагт сөргөөр нөлөөлдөг муу талтай ч ажил хийдэггүй, ард түмнийхээ амьдралыг өөд татахыг боддоггүй засгаа ардын нам унагаж чаддаг юм гэх горьдлогыг олон нийтэд төрүүллээ. Харин одоогийн байгуулагдах шинэ засгийн Ерөнхий сайдаа “Хар хүч”-ний бүлэглэлийн гишүүн биш хүнээр тавихаа эрх биш мэдэж байгаа байлгүй, энэ намынхан.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа

Д.Нямаа ах бид хоёр Дэл ууланд алхалж яваа нь

Ээлжийн амралтаа эдэлсэн шигээ сэтгэл амгалан байх үед төрсөн өдөр ч тохиож таарлаа. Гэргий хүүхдээ дагуулан Нямаа ахын зуслан руу гарч өгөв. Үе үехэн сүүн бороо цайрч шиврээд таатай сайхан. Монголын зохиолчдын халуун голомт Шадивлангийн зусланд яах ийхийн зуургүй туушиндаад буучих нь тэр. Биднийг ирэх сургаар Отгонбаяр эгч хуушуур хайраад сүрхий гэгч нь угтаж байгаа юм.

“Та юу аязагнаад байна даа” гэж эрхэм зохиолчоос асуухад, “Миний хийдэг ажил гэрийн гадаах сандал дээр суугаад урд уулыг харна. Урд уулын ар дээр жаахан хотгор хонхор газар бий. Түүнийг Ар хотгор гэнэ. Нэг өдөр гайгүй хэдэн үхэр, нөгөө өдөр нэлээдгүй олон үхэр гараад ирнэ. Тэгээд л Ар хотгорын бэлчирт арван хэдэн үхэр байна гэж харж, тоолж суудаг ажилтай. Хөдөөний хүн болохоор мал харах их дуртай. Мөн үүл бас харна. Дамдинсүрэн гуайн хэлснээр хувилгаан цагаан, хурмастын цагаан үүл, араг үүрсэн эхнэр бүжиглэж байгаа юм шиг, арслан цагаан барс хэвтэж байгаа юм шиг гэдэг лугаа үүлний байр байдлыг сониучирхан ажина. Энэ жил ёстой л “арслан барс” шиг үүл их гарч байна. Жигтэйхэн толгойлсон үүлнүүд байх юм” гэж ажлын тайлангаа тавих зуурт найрагчийн гэргий “Манай хүн чинь үүл юм уу, үхэр мал л харна. Намайг хардаг цаг өнгөрчээ” хэмээн цаашлуулаад Ховдын тарвас өмнө минь таваглалаа.

Нямаа ахын гэргий Ховдын Эрдэнэбүрэн сум цаст цагаан Цамбагарав хайрхны охин. Хоёр мянга нэг оны намар хадмынхаа нутаг цаст их Алтайд дахин дөрөө мулталжээ.“Нар тогтсон намрын шаргал өдрүүдэд Ховд голын хөвөө даган өөлд түмний бургасан уньтай цомбогор гэрийн хоймор өөд залагдаж, уулын сарлагийн идээ ундаагаар дайлуулан ураг садныхаа айлуудаар бууж мордож явлаа. Цаст Цамбагарав хайрхан баруун хойд талыг эзлэнхэн дүнхийж, үе үе сүүдэртээд тэргүүн дээрээ үүл татан байх нь сүслэн залбирмаар сүр бараатай. Ургах наран хамгийн түрүүн тэнд тусах нь Алтай сэрж галаа асаах мэт” гэж яг л шүлэг шиг нүдэнд харагдтал хэлж байна. Баруун Алтай бол үлгэр зүүдний юм шиг ер бусын газар орон л доо, аргагүй.

Мориор хоёр цаг гаруй явж туулдаг Ховд, Өлгий нутгийг холбосон Монгол Алтайн гол гудамж Шижигтийн хавцлыг гаталсан нь бий. Тэр тухайгаа “Хавцлын хоёр тал өөд байн байн харж явахад мянган жилийн нар салхи Алтайн эгц босоо улаан хаднуудыг өрөмдөөд орчихсон мэт энд тэндгүй нүх хонгил. Намрын сэрүү орсон хойно бол тийм нүхнээс уур цан гарч харагддаг төдийгүй амсар хавь нь цантсан үзэгддэг гэдэг. Хавцлын амаар гарч ирэхэд ямар нэг театр хүрээлэнгийн хөшиг нээчих мэт болов. Нүдэн дээр Алтайн арван гурван сантай гэх Дамжиг толгой эгнэж, Ховдын гол хэд салаалан урсаад нуга хөндийгөөр нь цагаан гэрүүд од мэт ярайжээ. Өмнө минь дуунд гараад байдаг Алтанхөхий уул. Тэртээ зүүн хойно Хархираа Түргэний цаст уулс зүмбэрлэнэ. Тийм зураг харсан Цэдэн ах “Ай, Алтай цаст буурал минь хөөрхий, хөөрхий” гэж явав. Намайг анх жаран хоёр оны зун цаст Цамбагаравын бэл хормойд хүрч очиход эмээлтэй морь хөтөлж ирээд тосч авсан хүн Цэдэн ах. Түүнийг дагаж би Алтайд гарсан” хэмээн өгүүлнэм буюу. Ингэж л баруун Алтайн бас нэг сайхан уул Цэдэндорж гуайгаар газарчлуулж Нямаа ах ханийнхаа төрсөн бууцанд нь очсон гэдэг.

Миний бие Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөрийн тухай хөрөг бичихсэн гэж хорхойсч, дотроос адгаад буйгаа дуулгаснаас үүдэн бид хоёрын яриа “Цэцэгт цэнхэр алчуур” дууны түүх рүү ороод явчихлаа. Үнэхээр тэр өдрүүдэд “Есөн эрдэнийн орон”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Миний нутгийн бараа”, “Би хаана төрөө вэ”, “Дорнын цагаан саран”, “Цэцэгт цэнхэр алчуур” гээд сонгодог бүтээлүүдийн хөгжмийг туурвиж, Монголын дууны урлагт гантиг цагаан хөшөө босгосон эгэл даруу Баттөмөр ах миний зүрх сэтгэлд уянга халгиаж байв. Одоо чиг хэвээрээ л байна. Урлагийн гавьяат гэх цол нь жулдаж байгаа эл эрхэм, ард түмэн Ардын уран зохиолч хэмээн хүндэтгэн хайрладаг Долгорын Нямаа хоёул Дундговийн аараг манхан толгодын дунд хүмүүн заяаг олсон авьяастнууд билээ л. Далан есөн онд төрсөн уг бүтээлийн үүдэл санаа тэртээ тавин нэгэн онд арван хоёрхон настай хүүгийн тархиных нь бор хальсанд зурагдсан байх юм.

“Тэр намрын шувуудын олныг юу гэхэв. Нүүдлийн шувууд тийм олноороо цувсан өөр намрыг би санадаггүй. Унаган далиа халтал дэвж говь цөлийн уудмыг туулдаг биз. Холын тэртээ нутгийг зорьж явааг нь бодоод арван хоёр настай хүү би хонины дэргэд нүүдлийн шувуудын хойноос уяран уяран харж зогсдог сон. Зай завсаргүй шувууд зэллэсэн тэр намар нэг сонин юм надад ажиглагдсан. Үүл дундуур зэл татан өнгөрснөө төдхөн ханаран даялаад хонин дээгүүр минь гангар гунгар дуугарсаар эргэж ирнэ. Тэгээд далавч юугаараа баяртай гэж даллах гэсэн шиг санагдана. Эхлээд би гайхдаг байснаа сүүлд нь ийнхүү бодлоо. Манай нутгийн хоньд мөнгөн бөмбөг шиг цав цагаан. Сул асгасан сувд гэж дуулдаг биз дээ. Тийм болохоор усны шувууд талын цагаан хонийг нуур гэж андуурдаг байх. Түмэн цагаан хонины нуруу гүвэлзэн хөдлөх нь шувууд хөөрөх өндрөөс усны долгио шиг харагддаг биз. Шувууд эргэн хурган саатсаар тэр долгионыг магадалж хардаг байх нь. Энэ тухай санаанд явсаар байгаад хожим нь “Нүүдлийн шувууд” гэсэн шүлэг бичсэнд хөгжмийн зохиолч Баттөмөр ая хийснээр “Цэцэгт цэнхэр алчуур дуу” гарсан түүхтэй” хэмээн өгүүллээ. “Хонин дээгүүр минь нүүдлийн шувууд буцлаа…” гэж эхэлдэг тэр дуунд

“…Мянган цагаан хонь минь

Мяралзсан ус шиг харагдана уу

Цэцэгт цэнхэр алчуур минь

Цэн тогорууд шиг үзэгдэнэ үү

Хойтон хавар ирэхдээ

Хонин дунд минь буугаарай

Аясын салхинд намирсан

Алчуур дээр минь суугаарай”.

Ийн дуу хуур, баяр баясал болж суух зууртаа эрхэм зохиолчоос Галбын говийн нүүдлийг асуухуйд “Их баярлалаа. Сүүлийн үед тэр тухай асуух хүн ховордоод байгаа юм” гэж нүд нь гэрэлтээд ирдэг байна шүү. Одоогоос арван жилийн тэртээд сэн. Намар оройн жигтэйхэн налгар өдрүүдэд Дэл Хөнжлийн уулсын Нямаа, өмнийн шаргал говийн Эрэнжидийн Хархүү, баруун Алтай Сутай хайрхны Бямбажавын Хүрэлбаатар, догшин хутагтын нутаг, Улаанбадрахын Арлааны Эрдэнэ-Очир гэсэн Монголын их утга зохиолын эрдэнийн чулууд найрагчдын хамт Дорноговийн Хатанбулаг, Эргэлийн зоо, Сулинхээрийн хязгаарт хөл тавьж билээ. Тэр өдрүүдэд Нямаа ах элгэн далдуураа хайр урсгаж, цээжин цаанаа мэлмэрч явааг хорь гаруйхан настай жулдрай би үнэндээ мэдээгүй явж дээ.

Хатанбулагийн сууринд нар, салхи, элс, шүлэг найргаар хатаагдаж, чухам л Хорго хайрхан цагаан зандан шиг гэрэлтсэн Сономын Чулуу найрагч Эргэлийн зоондоо урилаа. Их говийн цагаан өвчүү гэгддэг Эргэлийн тэгш дөрвөлжин зоон дээр хурдны морьд уралдаж, шүлэг найргаар бялхам байх цаг дор Долгорын Нямаа найрагч их овоонд нь сүслэн мөргөв. Бүр тэр чигээрээ сөхрөөд уначихав. Жаахан халмаг байна даа гэх зүйл тухайн үед бодогдож байсан сан. Гэвчиг Хатанбулагаас ирсний дараахан их зохиолчийн “Тэнгэрийн хаяа”-тай золгож, “Бор нялхсаа гангануулан ботго тэмээдээ гунгануулан” явж туулсан Галбын говийнх нь нүүдэлд оюун санаагаараа агсагдан жаргасны учир Эргэл хайрханд сөхрөн унасных нь шүншиг ерөөлийг ойлгосон.Тэрбээр “Галбын говийн нүүдэл надад уянгын сэрэл мэдрэмжийг төрүүлсэн” гэж хэлэх дуртай.

Сүм суварга, Гурван хасар, Эргэлийн зоо, Ухаа заг, Онгон саглагар гээд газар усны нэр дөчин дөрвөн оны алдарт мичин жилийн зудны их нүүдэлд дөрөв, тавхан настай хүүгийн сэтгэлд тодоос тод үлджээ. Түүгээр ч үл барам, Зах гурван зээмэг, Заг сүүжийн говь, Модон тоонотын гол, Хаяа гурван бөхтэй, Цахиур таван толгой, Хярын гурван алтгана, Ингэн сэвстэй гэхчилэн ямар нэг шүлэг дууны нэр шиг сонсогдох говийн уул ус яруу найргийнх нь сэрэл мэдрэмжийг хөглөж, бүтэн амьдралынх нь туршид бүлээн бороо шиг сэлбэж явна чинээ хэн санах билээ дээ. Мөн энэ их нүүдэл балчир хүүгийн бодол оюунд тэнгэрийн хаяаг суулгаж өгсөн байдаг. “Холын холд тэнгэрийн хаяа газардаж, холхи хөндийн цэнхэр хязгаар алдрана, тэмүүлсэн сэтгэл түүний дээгүүр цойлж, тэмдгэн төдий үүлэн цөвдлийг ч давна” гэж тунхаглах аугаа их хүчийг тэрхүү нүүдлээс мэдэрсэн нь бий. “Манай говь талд тэнгэрийн хаяа нүүж явдаг. Түүнийг нэхэж яаж гүйцэх вэ. Гэхдээ “би энд явна” гэж даллаад байдаг нь сонин. Тэнгэрээр үүлс нүүдэг бол газраар бас үүл нүүдэг. Газраар нүүсэн үүл нь Монголын хээр талын нүүдэлчид” хэмээн ухаанаар зодож хэлдэг нь ийм учиртай ажгуу.

Хоёр жилийн өмнө, есдүгээр сарын аравдаар Нямаа ахын унаган нутаг Дэл Хөнжлийнх нь уулсад хамт очиж, намрын говийг зүрхээрээ мэдэрч явлаа. Яруу найргийнх нь онгод оргил Баянхайрханы барааг харан баясаж, төрсөн буурь Хирс таван толгойн үүдэн бууцанд нь үдэлсэн. Дурдмал говийн энхэр салхи илбэн байх агшинд домогт Шанхын хэцийг хараачлан, багширсан хүрэн улаан тэмээд нулимсан дунд дайвалзан байсан. Монголын говийн гайхамшиг Цагаан суварганд мөн л дөрөө мулталж, их утга зохиолд мөрийг нь түшиж явсан алдарт Дооровынх нь Дэлгэрхангай уул тэртээд хөхөртөн цэнхэрлэхийг үзээд сэржим өргөж байсан сан. Эл бүгдээ эргэн санан сэтгэл хөлөргөн суухдаа Баянхайрханы цахивартсан цагаан саарал дүрийг дахин үзэх шиг болов.

Өнгөрөгч хавар Нийслэлийн захиргааны шүүхийн хамт олон Долгорын Нямаа, Балжирын Догмид гэсэн хоёр аваргатай намайг хамт урьдаг юм. Цэнд-Аюушийн Ичинхорлоо шүүгч урьсан хэрэг л дээ. “Гийгүүлэн” тэргүүт хэд хэдэн номтой тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт нэгэн. Нямаа ах уулзалтын эхэнд “Бид гурвыг зэрэг урьсан нь надад их таатай санагдлаа. Догмид бид хоёр хэн хэнийгээ эртнээс эрхэмлэж яваа хүмүүс. Миний тухай “Самаркандын шөнө сар хээр хонодог” хөрөг нийтлэл сонинд хэвлүүлсэн. Сүүл үеийн залуучуудаас Гантулгад би их хайртай юм” гэж билээ. Догмидын хөрөг гэснээс Долгорын Нямаагийн өнөө “хүүхдийн бариувч” шиг хэрнээ гүн гүнзгий утга, яруу сайхны илэрхийлэл шүлэг найраг олон чиг хүмүүний зүрхэнд явдаг. Монголын сэтгүүл зүйн өрлөг ижий Дүгэрийн Амбасэлмаа гуай “Эх орныхоо торгон хилээр явж, хэдэн бор цэрэгтэйгээ уулзахдаа Нямаагийн “Аргалын уул”-ыг би уншдаг” гэдэг. Эрдэнэ-Очир ах бидний зүрхээрээ хоршин уншдаг шүлгийн нэг юм. Мөн Сандагдоржийн Пүрэвсүрэн сэтгүүлчийн тэмдэглэлд ч “Аргалын уул”-ын аялгуу эгшиглэн байна лээ.

“Бараа бараагаа харсан

Холын цэнхэр уул

Багаас миний хайртай

Хоёр цэнхэр уул

Зэрэглээ гүйсэн талын

Зэрэгцээ хоёр уул

Зээр цахилсан хөндийн

Сондгой хоёр уул

Саахалт хоёр айлын

Санаа нэг гэдэг шиг

Сайхан хоёр уулын

Салхи бас нийлнэ

Сайхан хоёр уулын

Салхи нийлэв гэхэд

Ботгон цагаан уулын

Бороо бас нийлнэ

Ботгон цагаан уулын

Бороо нийлэв гэхэд

Цэнхэр хоёр уулын

Цэцэг бас нийлнэ

Холын холоос бараатай

Аргалын хоёр уул

Хоёулаа байх нь жаргалтай

Амрагийн хоёр уул

Хэн хэнээсээ холдохгүй

Талын хоёр уул

Хэзээ ч гэсэн ойртохгүй

Дууны хоёр уул” гээд уншихуйд нэг л сайхан. Хайр ярууслын зөөлөн цагаан бороо бүлээн сүү шиг цээж рүү урсаад ирнэ. Үүнд л Долгорын Нямаагийн шүлэг найргийн үнэ цэн оршино.

“Сар чанх дээр нь хонодог

Самаркандын шөнө тагтан дээр суухад

Салхи сэм сэмхэн үлээж

Сайхан арц модны үнэрийг надад авчирна

Дэлхийн гэрэлт цэг Самарканд гэж

Дээр үеэс нүдэнд туссан газар

Дорно дахины их шүлэгчдийн

Домог цуутай яруу найргийн өлгий

Намрын шөнө сарны саруулд

Намайг танихгүй өвгөн хот налайна

Баргил ногоон цэцэрлэгийн дунд

Багачууд хүүхдүүд дуу аялна

Эрдэнийн чулуун хана туурга

Эртний түүхийн чулуун хуудас

Үлэмж тансаг Самаркандын шөнө

Үлгэрийн юмс амилж ирэх шиг болно…”.

Тиймээ, төрийн шагналт найрагчийн шүлгийг уншихад сарны гэрэлд ертөнц тэр чигээрээ тодорч, салхины үзүүрт говийн өвгөдийн ухааны учиг зангилагдах ажгуу. Мөн оддын дунд адуу янцгаах шиг болно. Тэгээд л

“Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдрана

Алс замын алжаал тайлж

Аяны хүн талдаа хононо

Гүн харанхуйд тэнгэрийн заадал

Гүүн зэл шиг сунайн цайрна

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг од харвана

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдана

Оддын дунд ижлээ үзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана” гэж Монголын хээр талд хүмүүн заяаг олсон бүхэн цээжиндээ баяр тээж уншдаг байлгүй. Ийм сонгодог бүтээлийг туурвиж ирсэн хүмүүн дэлхийн найрагч бололгүй ч яахав дээ. Тэр жил нутаг руугаа явахад энэ шүлгээ байн байн уншиж, ялангуяа “Оддын дунд ижлээ үзсэн юм шиг” гэх мөрийг тийм нэг тэсрэлттэй, дотроосоо булаг шиг оргилж уншихыг нь яг дэргэдээс нь хараад бахдаж байсан сан. Уул нь бол манай хүн чинь аядуу намуухан, говийн манхайсан хөх тэнгэр шигээ налгар нэгэн шүү дээ. Гэвч шүлгээ уншихад өөрийн эрхгүй ид хав нь сэргэж, дал мөрөн дээрээс нь гал бутарч байна уу гэмээр.

Шадивлангийн зуслангийн уулзалтаас хэдхэн хоногийн дараа дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал Монголд болж, эл үеэр Дэл Хөнжлийн уулсын билэгт хөвгүүнд “Дэлхийн гарамгай найрагч”-ийн шагналыг гардуулсан юм. Ийнхүү молхи миний бие гучин дөрвөн насныхаа баяраар дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаад үнсүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Сүүлчийн пионеруудаас тодорсон гоц авьяастнууд

Монгол Улс зах зээлд шилжээд удаагүй, боловсролын тогтолцоонд олон шинэ туршилт хийгдэж байсан 1995 оны намар Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилд “Гоц авьяастан”-ы гэсэн сүрхий нэртэй, шалгуур өндөртэй нэгэн ангийг нээж байжээ. Ахлах ангид элсэн суралцахаар ирсэн аймаг, сумдын сурагчдаас бүх төрлийн хичээлээр шалгалт авч, хамгийн өндөр оноотой 41 сурагчийг нэгтгэж гоц авьяастнуудын 10Ё ангид нэгтгэсэн байна. Анги даасан багш нь сургуулиа дөнгөж төгсч ирсэн, хэл уранзохиолын багш Б.Туул. Шаардлага өндөртэй, залуу сайхан багшдаа ангийн хөвгүүд нь дурлаж явсан ч удаатай гэнэ.

10Ё ангийн сурагчид математик, хими, монгол хэл, нийгмийн ухаан, гадаад хэлний таван сонгонд хуваагдаж долоо хоногт нэг удаа тухайн хичээлийг таваас зургаан цаг судалдаг байжээ. Тиймдээ ч эдний ангийнхан дээрх хичээлүүдээр аймгийн олимпиадад байнга түрүүлж, улсын олимпиадад орон нутгаа төлөөлж оролцдог, тогтмол амжилт гаргадаг байв.Тухайлбал, химийн улсын олимпиадад Г.Батчимэг мөнгө, хүрэл, биологийн олимпиадад О.Мөнх-Ундраа тавдугаар байр, ангийн дарга Б.Ууганцэцэг есдүгээр ангид байхдаа аравдугаар ангийн газарзүйн улсын олимпиадад оролцож байсан зэргээс харж болно.

Ангийн багш Б.Туул нь “Манай анги тухайн үед сургуулийн хамгийн тохижилт сайтай анги байсан бөгөөд дуу хөгжмийн кабинет болгон тохижуулсан, төгөлдөр хууртай анги байсан. Гэхдээ хичээлийн завсарлагаанаар нэг ч хүүхэд босч хөгжимд гар хүрдэггүй, ялаа ниссэн ч дуулдахаар чимээгүй суудаг, хичээлдээ дуртай сурагчид байсан. Миний анхны шавь нар аравдугаар ангиа төгсч, конкурс өгөхөд ихэнх нь дээгүүр оноотой жагсаж, бараг бүгд их дээд сургуульд элсэж, сонгосон хичээл, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж явна” гэж шавь нараараа бахархаж байсан удаатай гэнэ.

Монгол хэлний хичээлийг Б.Туул багшийнхаа удирдлага дор сонгон судалж байсан Н.Эрдэнэсувд “Бид багшаасаа их эмээдэг, хичээл хийхээс өөр зүйлд анхаарал хандуулдаггүй одоо бодоход нэлээн эрдмийн мөр хөөсөн, сахилга баттай, төлөв даруу, хүмүүжилтэй, лидер хүүхдүүд байсан. Мөн хичээл ордог багш нар маань тухайн үеийн шилдгүүд байсан бөгөөд гавьяат багш Адилбиш хими, Алтангадас одонт Жамьянчанрав багш физик, Алтангадас одонт Жаргалсайхан багш нийгэм, математикийн багш Боловсролын тэргүүний ажилтан М. Эрдэнэ математик, биологийн Шүрэнчимэг багш гэх мэт мундаг туршлагатай, тэргүүний багш нараар хичээл заалгадаг байлаа. Ийм мундаг багш нараас номын дуу сонсож байсны хүчинд бид өдий зэрэгтэй явна” гэж талархан дурсаж байлаа.

Гоц авьяастнуудад хамгийн тод дурсамж үлдээсэн багш нарын нэг бол математикийн М.Эрдэнэ багш. Энэ тухай химийн сонгоны Д.Мөнхцацрал ярихдаа “Эрдэнээ багш математикийн сонгоны сурагчдыг их дэглэнэ. Математикийн сонгоны С.Ундрах бид хоёр хамт суудаг байлаа. Нэг удаа Ундрах математикийн шалгалтаа бүгдийг нь зөв бодчихоод байхад багш дэвтэр дээр нь “2” тавьчихсан байсан. Ундрах шартай охин байсан болохоор уурлаж тэр дүнг дөнгөж арилгаад байтал багш арай том “2” дахиад тавьчихдаг юм байна. Миний инээд хүрээд байлаа. Ундрахыг ахиад арилгатал багш дэвтэр дүүрэн “2” тавьсан. Тэгээд багшийг гарсны дараа журнал очиж үзтэл “5” тавьсан байж билээ” гэж дурссан юм. С.Ундрах өнөөдөр Сүхбаатар аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаа аж.

М.Эрдэнэ багш хүнийг загнаж, чангалдаг шигээ магтаж, урамшуулж чаддаг багш байсан гэж математикийн сонгоны Ч.Буянтогтох ярьж байлаа. Тэрбээр Баяндэлгэр сумаас есдүгээр ангид шилжин ирээд эхний улиралд математикийн хичээлд муу дүн авч байсан гэнэ. Тэр үед М.Эрдэнэ багш түүнийг самбарын өмнө гарган загнаж байжээ. Харин хоёрдугаар улиралд Ч.Буянтогтох хичээлдээ мэрийсээр онц авахад дахин самбарын өмнө гаргаж магтсан гэв. Мөн тэрбээр цааш нь “М.Эрдэнэ багш дандаа “цусаар урс” гэж хэлдэг. Түүнийг нь манай ангийнхан шоолсоор байгаад хэллэг болчихсон байв. Нэг удаа багш намайг “Буянтогтох оо, энэ тоог ингэж бодохгүй ээ” гэхэд нь би “өө цусаар урс” гэж хэлээд маш их загнуулж билээ” гэсэн юм.

Авьяастнуудын анги хөдөөний хүүхэд олонтой байжээ. Тэдний дунд морь маланд нугасгүй дуртай Асгат, Наран сумын хоёр банди үй зайгүй нөхөрлөнө. С.Анужин, Э.Эрдэнэбилэг хоёр хичээл завсарлахаар л арын ширээнд суугаад хоёулаа морь ярьчихдаг байсан гэнэ. Өдгөө хоёулаа аймгийн алдарт уяач болцгоосон байна.

10Ё ангид өөр өөрийн онцлогтой олон содон хүүхэд байсны нэг нь “хүүхэн Сэлэнгэ” юм. Тэрбээр цав цагаан царайтай, соёлтой, цэмцгэр их эмэгтэйлэг хүү байжээ. Харин одоо бол тийм хочтой байсан гэхээргүй хувирсан гэж ангийн найзууд нь дурсав. Таргалаад, хууз сахалтай болсон төдийгүй газрын тосны хайгуулын компанид ажиллах болсон гэнэ. Мөн тэрбээр ангийн охин Анхбаяртай гэр бүл болсон нь нэг ангийнхны хувьд санаанд оромгүй явдал болжээ. Эдний ангиас төрсөн хоёр дахь хос бол “Жижгээ” гэгддэг байсан Т.Амарбаатар, “дэлдэн” Ганчимэг хоёр юм. Өдгөө Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй Т.Амарбаатар заяаны хань Ганчимэгээ “дэлдэн, дэлдэн” гээд шоолж, хонь чоно болж явсан нь амьдрал баялаг болохыг харуулсан сонин тохиолдлуудын нэг гэлтэй.

“Манай ангийнхан Улаанбаатар хот руу олимпиадад их явна. Нэг явахдаа дөрвөөс таван хүүхэд. Явах болгонд нь ангиараа гаргаж өгч байна, ирэхэд нь тосч байна гээд хичээлээ таслана. Хотоос ирэхдээ “Kevin” гэдэг цагаан жинсэн өмдийг өмсөж ирэхэд их гоё харагддаг байж билээ. Тэр өмд манай ангийнхан, манай үеийнхэнд мода болж байлаа шүү дээ. Мөн тэр үед Камертон, Хар сарнай, Сүнс хамтлагийн дуу хит болж, охидын дунд платформ гутал моданд орж байсан” гэж ангийн охин Туяацэцэг ярьсан юм. Тэр үед “гоц авьяастнуудын анги” гэсэн тодотголоос болж 10Ё ангийнхан үеийнхэндээ төдийгүй биеийн тамирын багшдаа адлуулах үе ч гарч байжээ. Гэхдээ энэ нэр тэдэнд хариуцлага үүрүүлж, түүнийхээ хэрээр дор бүрнээ хичээж сурахад түлхэц болж байсан нь дамжиггүй.

Гоц авьяастнуудын ангиас одоогийн байдлаар комьпютерийн шинжлэх ухааны доктор, магистр 10 төрөн гарсан ба удирдах албан тушаалтан, багш сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтан, инженер техникийн ажилтан, уул уурхайн яамны мэргэжилтэн, банк санхүүгийн ажилтан, хувиараа бизнес эрхлэгчид төрөн гараад байна. Тэдний эрхэлж буй ажил мэргэжлээс дурдвал, Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар, “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХКийн дэд захирал И. Сэлэнгэ, “Айтехник плас” ХХКн захирал, Багануур дүүргийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Л. Солонго, Сүхбаатар аймаг “Нэмэр их” ХХК-ийн захирал С.Түвшиндэлгэр нар, мөн гадаадад мэдлэг боловсролоо дээшлүүлж буй Ууганцэцэг, Хишигдэлгэр, Наранчимэг, Түмэндэлгэр, Батчимэг нарын хүмүүс маань удахгүй ирж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт ангийн нөхөд нь итгэж явна.

Өнгөрөгч наймдугаар сард 1997 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн нэгэн үеийн 10 бүлгийнхний түүхт 20 жилийн ой тохиож, сүүлчийн пионерууд болж явсан алтан үеэ эргэн дурсацгаажээ. Гоц авьяастнуудын “10Ё” ангийн найман хөвгүүн, есөн охин энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн байна. Харин энэ уулзалтад хайрт багш Б.Туул нь хүнд өвчтэйн улмаас ирж чадаагүй тул багшдаа зориулж хандив цуглуулж илгээсэн гэнэ.

Тэдний бахархал бол эцэг эх, эрдэмт багш, эзэмшсэн мэргэжлийнхээ нэрийг өндөрт өргөж, нийгэмд хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болж аймаг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж чадаж байгаа нь юм. Мөн ч ерөөлөөр учирсан ангийн нөхдийнхөө зовлон жаргалыг хуваалцаж, насан туршдаа нэг ангийнхан болж нөхөрлөсөн азтай учралаа дээдэлж яваагаар нь бахархахгүй байхын аргагүй.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Тунгалаг: Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэсэн сурагчдад зөрчлийн хуудас өгдөг болсон

Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай XI сургуулийн нийгмийн ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Ц.Тунгалагтай ярилцлаа.


-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өнгөрсөн жил ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах тушаал гаргасан. Түүний хэрэгжилтийг хангах хүрээнд танай сургууль дотоод журамдаа өөрчлөлт оруулаад нэг жил болжээ. Ямар үр дүн гарсан бэ?

-Ухаалаг утасны хор уршгийг сайдын тушаал гарахаас өмнө сургуулийн захирлууд, нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөө ажилладаг хүн бүхэн ойлгож, тодорхой арга хэмжээ авч байсныг үгүйсгэх аргагүй. Харин яамнаас өндөр үнэтэй, ухаалаг утсыг хориглох тушаал гаргаснаар эрхзүйн орчин бүрдэж, ерөнхий боловсролын сургуулиуд энэ асуудалд албан ёсоор хандах боломжтой болсон гэж хэлж болно. Манай сургууль багш нарын зөвлөгөөний хурлаараа энэ асуудлыг хэлэлцээд дотоод журамдаа тусгаж, өнгөрсөн оны аравдугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр манай сурагчид ухаалаг утаснаас 100 хувь татгалзсан гэж би хэлж чадахгүй. Наян хувьтай л байна. Энэ асуудалтай хамгийн их тулж ажиллаж байгаа хүмүүс бол анги даасан багш нар, эцэг эхчүүд байдаг. Тийм болохоор эцэг эх, багш, сурагчдын дунд байдаг гурвалсан гэрээнд тусгаж өгсөн.

-Дотоод журамдаа хэрхэн тусгасан бэ. Ухаалаг утас хэрэглэсэн сурагчдад ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хэрвээ сурагчид хичээл дээрээ ухаалаг утастай ирвэл багш нар нь хурааж аваад, эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгдөг. Мөн сургуулийн орчинд өдөр тутам хэвшүүлэх 11 зүйлд тусгасан. Түүнийг нэг удаа зөрчихөд анхааруулна. Ухаалаг гар утасны асуудлаар хоёр зөрчлийн хуудас авбал ангийн хурал, багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж, зөрчлийн хуудсыг анги удирдсан багш эсвэл нийгмийн ажилтан өгнө. Зөрчлийн хуудас таван оноотой. Энэ оноо 25 болвол тухайн сурагчид хариуцлага тооцох арга хэмжээ авдаг.

-Танай сургууль дээр урьд нь ухаалаг утасны хэрэглээтэй холбоотой ямар хор хохирол учирч байсан бэ. Нийгмийн ажилтны хувьд бодит жишээ авч яриач?

-Ухаалаг утасны хэрэглээг хориглох А-43 дугаар тушаалд хоёр зүйлийг үндэслэл болгосон байгаа. Нэгдүгээрт, өсвөр үеийнхний эрүүл мэндэд хор холбогдол учруулдаг, хоёрт гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилго тавьсан. Манай сургууль 700 шахам сурагчтай. Сургуулийн байршил төв замтай ойрхон учраас сурагчид утсаа дээрэмдүүлэх, булаалгах, суйлуулах тохиолдол их гардаг байсан. Ухаалаг утас сургуулийн орчин дахь хулгай дээрмийн дийлэнх шалтгаан болдог. Харин ухаалаг утаснаас татгалзсанаар энэ төрлийн гэмт хэрэг эрс буурсан гэж хэлж болно.

-Мэдээлэл технологийн эрин зуунд ухаалаг утасны хэрэглээ их болсон. Үүнээс болж танай сургууль дээр ямар нэг асуудал гардаг уу?

-Зургаагаас есдүгээр ангийн сурагчдад ийм асуудал гардаггүй. Одоо ахлах ангийнханд л яригдаж байна. Ахлах ангийн сурагчид онлайнаар бүртгүүлэх, дүнгээ харах зэрэгт ухаалаг утас ашиглах хэрэгцээ хааяа гардаг. Энэ хэрэгцээг гэртээ эсвэл сургуулиас гадуур шийдэхийг эцэг эхчүүдэд сануулж байгаа.

-Хүүхдүүд товчлууртай утас барьдаг болсноос хойш хичээл, сургууль дээр өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Өөрчлөгдсөн зүйл их бий. Хүүхдүүд хичээлийнхээ 45 минутыг үр бүтээлтэй өнгөрүүлдэг болж байна. Сургуулийн ойр орчимд хулгай, дээрэм гарахаа больсон. Хүүхдүүд хүчирхийлэлд өртөхгүй байна гэдэг бол хамгийн том өөрчлөлт.

Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинбаяр: Олон улсын стандартаар зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн сургуулийн орчинд алга

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сургуулийн орчинд зарагддаг хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хадгалалт, хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяртай ярилцлаа.


-Танай байгууллагаас ерөнхий боловсролын сургууль түүний орчинд хадгалагдаж буй хоол хүнсний чанар аюулгүй байдлын талаар судалгаа хийсэн байдаг. Эндээс та бүхэн ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Бид энэ судалгааг 2015 онд нийслэлийн 15 сургуулийн орчинд явуулсан. Сурагчид юу идэж байна, өдөрт хичнээн төгрөг зарцуулж байна, сонголтод юу нөлөөлж байна, хоолны хордлогоор өвчилж байсан эсэх гэх мэт хэд хэдэн асуумжтай. Сургуулийн орчинд худалдаалагдаж буй сурагчдын өргөн хэрэглэдэг 67 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 98.4 хувь нь ерөнхийдөө байнга сургуулийн орчноос хүнс авч хэрэглэдэг. Бага ангийн хүүхдүүд сургууль дотор худалдахыг хориглосон чихэр, чавга, чипс, бохь зэргийг сургуулийн ойр орчимд байгаа хүнсний мухлаг, дэлгүүрээс худалдан авдаг бол дунд болон ахлах ангийн сурагчид сургууль дотроос пирошки, ороомог, мантуун бууз, бэлэн гоймон зэргийг авч иддэг. Ерөнхийдөө ундаа, пирошкиг сурагчид хамгийн их худалдаж авдаг юм билээ. Хүүхдүүд өдөрт дунджаар 1000 төгрөгийг идэх юманд зарцуулдаг. Тэр мөнгөнд нь таарч байгаа нь дээр дурдсан зүйлс. Хоол аваад идье гэхээр 3000-4000 төгрөгийн үнэтэй. Хүүхдэд зориулсан бага порцтой, хямд төсөр хоолыг сургуулийн хоолны газар хийдэг болох хэрэгтэй байна. Тэгээд л хамгийн их илчлэг, калоритай пирошкиг өл дарах зорилгоор долоо хоногт 3-4 удаа худалдан авдаг.

-Эдгээр бүтээгдэхүүн, тухайлбал пирошкиг тогтмол хэрэглэх нь сурагчдад ямар хортой вэ?

-Судалгаагаар хоолны хордлогод орж байсан уу гэхэд 17.8 хувь нь тийм гэж хариулсан. Тэдний тал хувь нь пирошкиноос хордсон гэж байна. Нийт сурагчдын 42 хувь нь пирошки авч хэрэглэдэг. Мөн шууд гараараа барьж иддэг бургер, кимбаб, мантуун бууз, ороомог байна. Пирошкиг маш их тосонд шарж болгодог болохоор тослогийн хэмжээ маш их гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийтээр транс тосноос татгалзаж байна шүү дээ. Тийм болохоор пирошкиноос сурагчид аль болох татгалзах хэрэгтэй.

-Сахарын агууламж ихтэй ундаа, шүүс, нарийн боов, печень чихрийг сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон эрүүл мэндийн сайдын тушаал 2013 онд гарсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл сурагчид хамгийн их худалдан авсаар байна. Эдгээр нь хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Сургуулийн орчинд 100 грамм бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа сахарын хэмжээ 10 граммаас их байвал сахар ихтэй бүтээгдэхүүн гэж үздэг. Олон улсын энэ стандартаар бол өнөөдөр сургуулийн орчинд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн алга байна. Чихэр ихтэй бүтээгдэхүүн их хэрэглэснээр хүүхдийн анхаарал сулрана. Мөн таргалалтад нөлөөлж буй гол хүчин зүйл болж байна. Өнөөдөр нийт сурагчдын арав гаруй хувь нь илүүдэл жинтэй болчихоод байгаа нь үүнтэй холбоотой. Мөн нийт сурагчдын 60 хувь нь сахар ихтэй төрөл бүрийн жүүс, газтай ундаа хэрэглэдэг. Жүүснүүд коланаас илүү сахарын агууламжтай байдаг. Тухайлбал, Анар жүүс хамгийн их сахарын агууламжтай юм билээ. B15, Fuzetea-д сахар арай бага ч хүнд металл агуулагддаг юм билээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ 10 хувиас бага сахарын агууламжтай ундаа, 50 хувиас дээш жимсний шүүсний агууламжтай өтгөрүүлсэн шүүс эсвэл ус сонгох хэрэгтэй. Зайрмагны хувьд түгээмэл худалдаалагдаж буй Батос зайрмагт 100 граммд 22.7 грамм, I-berry 14 грамм сахарын агууламжтай болох нь тогтоогдсон.

-Хүнсний бүтээгдэхүүнд хүнд металл агуулагдах зөвшөөрөгдсөн хэмжээ гэж байдаг байх. Түүнээс хэтэрсэн хэмжээгээр агуулагдсан хүнсний бүтээгдэхүүн байсан уу?

-Нийт дээжийн 3.2 хувь нь кадьмийн агууламж өндөртэй байсан бол 10 хувьд нь хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн.

Тодруулбал, ундаа жүүсэнд кадьми, зөв аарцны ундаа, fuze tea, джек, счастливый день, хрустик, контик, мон-амур бүгдэд нь хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн. Мөн будаатай хуурга, хуушуур, ороомог, соустай будаа, цуйванд хар тугалгын хэмжээ нэмэгдсэн байх жишээтэй. Хоолнуудаас цуйванд хүнд метал, мөөгөнцөр илүү илэрсэн нь цуйвангийн гурилыг урьдчилж бэлтгээд хүнсний бус уутанд хадгалдагтай холбоотой болох нь тогтоогдсон. Зориулалтын бус гялгар уутанд нэг өдөр хадгалахад л хүнд металлын бохирдолд өртөх боломжтой. Тийм болохоор цуйвангийн гурилыг урьдчилж битгий бэлдээч гэж хэлмээр байна. Мөн нян судлалын шинжилгээгээр e coli нийт дээжийн хоёр хувьд, хоолны хордлого үүсгэгч нян арван бүтээгдэхүүний нэгд, хөгц мөөгөнцөр 3.6 хувьд нь илэрсэн. Төрөл бүрийн өвчин үүсгэгч нян арчих төдийд арилдаггүй учраас сургуулийн орчинд ажиллаж буй хүнсний дэлгүүрүүд жимс жимсгэнийг угааж зарах хэрэгтэй.

-Бэлэн гоймонг худалдахыг хориглодог гол шалтгаан нь юу юм бол?

-Шинжилгээнд орсон нийт дээжийн 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр насанд хүрсэн хүн өдөрт таван грамм давс хэрэглэх ёстой. Гэтэл бэлэн гоймонд байдаг давсны агууламж маш өндөр бөгөөд ямар ч шимт бодисгүй байдаг. Чанадаг гоймонд 2000 мг давс агуулагддаг юм билээ. Энэ нь хүүхдийн ходоодны хүчлийг нэмэгдүүлж, цочролд оруулж улмаар цоороход хүргэнэ. Мөн өндөг уургийн агууламж өндөртэй, хүүхдэд маш сайн бүтээгдэхүүн боловч сургуулийн цайны газрууд хүнсний аюулгүй байдлыг хадгалж чаддаггүйн улмаас эргээд хор болох аюултай байна. Нүдэлж шарсан өндгийг овоолоод тавьсан байгаа харагдсан шүү.

-Гадаадын киноноос харахад хүүхдийнхээ өдрийн хоолыг эцэг эх нь бэлтгэж явуулж байгаа харагддаг. Дэлхийн улс орнууд сургуулийн орчин дахь хүнсний аюулгүй байдлыг яаж шийдсэн байдаг юм бол?

-Судалгаанд хамрагдсан хүнсний дэлгүүр, цайны газрууд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын дагалдах шинжилгээний бичиггүй, кекс, торт, наполеон зэрэг зориулалтын хөргүүртэй орчинд хадгалах ёстой бүтээгдэхүүний 89 хувийг, пицца, хотдог, бургерийн 15 хувийг ил задгай хадгалж байсан. Мөн 61.8 хувь нь ямар нэгэн шинжилгээ, дагалдах лабораторийн бичиггүй байгаа юм. Үүнээс гадна манай улсад хүнсний нэмэлтийг огт хориглодоггүй, ямар ч хяналтгүй байна. Зарим улсууд эдгээрийг хориглодог. Жишээ нь Норвеги, Швейцарь, Англид “E-102”-г хүүхдийн хоолонд хэрэглэхийг хорьсон байдаг. “E-102” нь шоколадтай үрэл, “Bebetto” резинэн чихэрт агуулагддаг. Энэ нь астма үүсгэдэг, хүүхдийг хэт хөдөлгөөнтэй болгох сөрөг талтай юм. Тайваньд сургууль, дэлгүүр, эцэг эхчүүд гурвалсан гэрээ байгуулж хүнсний бүтээгдэхүүнээ сонгодог бол Солонгост сургуулиас 200 метрт ногоон бүс бий болгож эдгээр бүтээгдэхүүнийг зардаггүй байх жишээтэй. Харин АНУ савласан бүтээгдэхүүний илчлэг 2000 калориос ихгүй, нийт тослогийн хэмжээ 35-аас ихгүй, ханасан тос нийт илчлэгийн 10 хувиас ихгүй байх, сахарын хэмжээ төд байна гэхчлэн тодорхой заасан байдаг. Ийм зохицуулалт манайд дутагдаж байна.

-Та бүхэн судалгааны үр дүнгээ танилцуулаад хоёр жил болжээ. Үүнийг амьдралд хэрэгжүүлж, бодитой үр дүн гаргахад ямар асуудал тулгамдаж байна?

– Эрүүл мэндийн яамнаас хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэх шаардлагатай байна. Сүүлийн таван жилийн байдлаар хоолны хордлогын 37 дэгдэлт гарсны 31 нь Улаанбаатар хотод , 32 хувь нь хүүхдийн байгууллага буюу цэцэрлэг, сургууль, дотуур байранд гарсан байна. Тийм болохоор үүнд хяналт тавих хэрэгтэй. Үдийн цай хөтөлбөр дээр эцэг эх, багш, гал тогоо хамтарч ажилламаар байна.

-Та эцэг эх, багш сурагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сахарын агууламж багатай жимсний шүүс, тослог багатай, бүхэл үрийн печень жигнэмэг, нарийн боов, мантуун бууз, шарах шүүгээнд жигнэсэн хоол, бага тосонд шарсан хуушуур, майонезгүй кимбаб, бургер, хачиртай талх, шинэ ногооны салат, зууш, чанасан өндөг, цагаан идээ, давсгүй самар хэрэглэж дадаарай гэж зөвлөмөөр байна.

СУРГУУЛИЙН ОРЧИНД ХОРИГЛОХ ХООЛ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ:

1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

3. Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

4. Өндөг, хуурай өндөг, майонез

5. Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

6. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

7. Кофе

8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

9. Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)

11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13. Дулааны боловсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн

14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтад дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс

16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс

19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон

20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн

21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан


Categories
мэдээ цаг-үе

Д.Даваасүрэн: Манайхан нэг л их урлагжсан, спортжсон, түүхжсэн хүмүүс болжээ

-ХИЛИЙН ЦААНА БАЙГАА ЖАНЧХАЛСАН ЛАМЫН ШАРИЛД ХЭДЭН МЯНГААРАА ОЧИЖ МӨРГӨӨД ХӨГЖИЛД НЭМЭР БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ УХААРМААР ЮМ-

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан “Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Соёолж компаниа хэрхэн үүсгэн байгуулж байсан бэ. Хэрхэн, хэзээнээс энэ бизнест орох болов. Энэ тухай яриагаа эхэлье?

-Би 1990 онд Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд Дорноговийн Сулин хээрийн заставт 10 сар ажиллаад цалин болох 6000 төгрөгтэй баян хүн амралтаараа хотод орж ирсэн юм. Гэтэл хотод ирсний маргааш нь Засгийн газрын 20-р тогтоол гэдэг юм гарч халаасанд байсан 6000 төгрөг маань 3000 төгрөг болчихсон тул яах учраа олохгүй гайхаж билээ. Хилийн цэргийн олон офицеруудын гар дээрээ хадгалж байсан цалин мөнгө нь хоёр дахин үнэгүйдэж хохирсондоо. Тухайн үед офицеруудад цалингаа банкинд хадгалуулах ямар ч нөхцөл боломж байгаагүй юм шүү дээ. Ингээд би 1992 онд “Монгол хоршоо” банкнаас ээж, ах дүү нартайгаа нийлээд 100 мянган төгрөгийн зээл авсан, тэр үеийн 100 мянган төгрөг нь тухайн үеийн ханшаар 500 орчим доллартой тэнцэнэ. Зах зээл дөнгөж эхэлж байгаа, хүнсний гол бүтээгдэхүүнүүд картын системээс гараагүй байсан тэр үед би цэцгийн дэлгүүр нээж ажиллуулж эхэлсэн. Тухайн үед бараг хэний ч санаанд орохооргүй бизнес байсан байх. Гэсэн ч би алдаагүй юм. Тэр үед компанийн тухай ойлголт байхгүй шахуу, хууль нь ч батлагдаагүй, хувийн бизнесийг улсын бүртгэлд хувиараа аж ахуй эрхлэгч, хоршоолол гэсэн хоёр ойлголтоор бүртгүүлж зөвшөөрөл авдаг байсан үе. Радиогийн өглөөний мэдээллээр, менежер, брокер, хувьцаа, бизнес төлөвлөгөө гэж юу болох тухай тайлбарлаж ярьдаг байлаа. Би бизнес хийж эхэлсэн цагаасаа өдийг хүртэл ногоон бизнес болох цэцэг ургамал, хүнсний ногоо, мод үржүүлэг, ойжуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд явуулсан, 2000 онд хүлэмжинд тарьсан сарнай цэцгээ Оросын Эрхүү хот руу экспортлож байсан юм. Яг одоогийн нөхцөлд манай компани 200 гаран ажилчинтай мод үржүүлэг, цэцэг хүнсний ногооны үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, барилга үл хөдлөх хөрөнгийн бизнесийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

-Ингэхэд та аль нутгийн хүн билээ. Яагаад заавал энэ чиглэлийн бизнес хийх болсон юм бэ?

Миний аав Ю.Дашцэрэн гэж Төв аймгийн Заамарын хүн, харин ээж Л.Жавзанпагма маань Лүн сумынх. Би өөрөө 1966 оны үерийн жил төрсөн. Бага нас маань Улаанбаатарын есдүгээр дэлгүүрийн урд талд Рашаантын гудамж, 100 айл, Сэлбэ гол, Цагаан даваа, Хайлаастын гудамжинд өнгөрсөн. Аав маань 1970 онд МУИС-ийг цахилгааны мэргэжлээр төгсч тэтгэвэрт гартлаа Улаанбаатарын мод боловсруулах үйлдвэрт цахилгааны инженерээр ажилласан хүн. Бурхан болоод 10 гаруй жил болж байна. Ээж Жавзанпагма маань таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Би айлын хоёр дахь хүүхэд. Ээж маань одоо 70 гаруй настай боловч манай компанид худалдааны ажил хийсээр байгаа тэнхлүүн сайхан хүн бий. Аав мод боловсруулах үйлдвэрт 25 жил ажилласны хүчинд манайх 1978 онд улсаас өгсөн циркийн зүүн талын хоёр өрөө байранд орж бид магнай хагартал баярлаж байсан юм. Тэр үед амьдралын үнэ цэнэ хатуу бөгөөд шударга байж. Миний хувьд 1984 онд нийслэлийн гуравдугаар дунд сургууль, 1990 онд Хилийн цэргийн дээд сургууль, 2004 онд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Гэр бүлийн хувьд эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдардаг. Хоёр том хүү маань тусдаа гарсан, хоёулаа “Соёолж” компанидаа менежер хийдэг. Цаг хугацаа гэж урсаж буй уснаас хурдан мэт өнгөрөх юм. Нэг л мэдэхэд хүмүүс намайг гуай гэх болжээ.

-Танайх сүүлийн үед мод үржүүлгийн ажил нэлээд хийх болжээ. Мод үржүүлэх ач холбогдол, саад бэрхшээл юу байна?

-Манай компани Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгийн Хушаат суманд нийтдээ 200 га талбайд мод үржүүлгийн ажлыг хийж байгаа. Бидний гол зорилго бол Монгол орны ойн санг нэмэгдүүлэх, ойжуулалтанд нэмэр болох, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай байгаа модлог ургамлыг тарьж үржүүлэх зорилготой юм. Ажил маань эхний гурван жилд бэрхшээлтэй байсан боловч өнгөрсөн жилээс өөрийн гэсэн арга барилаа олж нэлээд урагштай байгаа. Ер нь Монголын цаг агаарын хэцүү нөхцөлтэй газарт мод үржүүлгийн аж ахуй байгуулж ажиллана гэдэг байгальтай тэмцэлдсэн хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгосон. Одоогоор манай талбайд 15 төрлийн мод бутлаг ургамлын үржүүлэг байна. Иж бүрэн усалгааны систем усан хангамжийг шийдсэн мөн цаашдаа мод үржүүлгийн аж ахуйд хэрэглэгдэж байгаа, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техникийг хэрэглэн ажиллахаар анхаарч байна. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байгаа мод үржүүлэг нь нэлээд онцлогтой. Бид мод үржүүлгийн аж ахуйг ойн арчилгаа цэвэрлэгээтэй хослуулсан юм. Тухайн хэсэгт нарсан ойн хэт шигүүрэлтэй ой бий. Үүнийг өмнөх жилүүдэд сум дундын ойн анги улсын төсвөөс зардал гаргуулан шигүүрэлтэй ургасан хэсгийг үндэснийх нь дээгүүр огтолж хаядаг байсан, энэ нь хуучирсан арга технологи юм. Хэт шигүүрэлтэй ойд хөрөнгө оруулалт хийн, зөв технологийг хэрэгжүүлбэл ойн маш их хэмжээний баялаг болдог. Шигүүрэлтэй ургасан нарсан ойн ургах боломжтой модыг сонгон авч мод үржүүлгийн бойжуулах талбайн системд оруулан ургуулна гэсэн үг. Энэ ажил маш амжилттай явж байгаа. Ажлын үр дүнд, хуучин ойн цэвэрлэгээний аргаар устгагдах гэж байсан ойг аварч түүнийг мод болгон ургуулсан. Ингэж Монгол орны ойн санг нэмэгдүүлж байгаа нь их ач холбогдолтой. Энэ технологийг Канад улсад 1970 оноос хойш ойн салбарт өргөн ашигласан байдаг. “Технологийг шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх” гэж нэрлэдэг. Цаашид энэ технологийг Монгол орны шигүүрэлтэй ургасан бүх ойд хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс энэ чиглэлд бидэнтэй хамтарч ажиллах сум орон нутгийн захиргаа, ойн байгууллага, нөхөрлөл байвал надтай холбогдож болно.

-Сүүлийн жилүүдэд хур тунадас багасч, хуурайшилт ихсэх боллоо. Ийм үед ойжуулалтын ажил хамгийн чухал байна уу?

-Цаг уурын хувьд нэлээдгүй өөрчлөлт орж хур тунадас багасч байна, ялангуяа өвөл цас барагтай орохгүй болох нь байна. Өвлийн цас хур тунадасны хамгийн сайн хэлбэр. Зуны цаг агаарын тааламжтай хугацаа маш богино байдаг боллоо. Эдгээр нь ургамлын бүрхэвч цаг агаар улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Төр засгийн газраас ойжуулалтыг дэмжсэн зоримог шийдвэрүүд гаргахгүй юм. Хий дэмий байгаль орчныг хамгаалах, ойгоо ярьсан хүмүүс их болж, зөв шийдлийг гаргаж ирж чадахгүй байна. Мод үржүүлгийн аж ахуйнуудад газрын төлбөрөөс өөр ямар ч дэмжлэг алга. Томоохон компаниуд болон гадны хөрөнгө оруулалтгүй ганц салбар нь мод үржүүлгийн салбар болж байна. Үүний учир тодорхой, мод үржүүлгийн аж ахуй бол хавар тариад, намар хураагаад авдаг төмс тариалангийн аж ахуйгаас огт өөр олон жилийн хүлээлт, уйгагүй хөдөлмөр шаардсан, үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг аж ахуй байдаг . Цаашид Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд доод тал нь нийт газар нутгийн 25-30 хувийг ойжуулах хэрэгтэй.

-Улаанбаатарын өвлийн утааны асуудлыг шийдвэрлэх талаар танд санал байгаа гэж сонссон, чухам ямар санал төлөвлөгөө байна вэ?

-Энэ талаар бид эхнээсээ асуудлаа буруу нэрлэж байгаа гэж боддог. Утааг арилгах, утааны эсрэг тэмцэл гэх мэтээр буруу ярьж байгаа нь цаашид асуудлаа улам хийсвэр тэнэг болгож байна. Хий хоосон утаатай тэмцээд яаж дийлэх билээ. Зөв нэрлэж ярих нь цаашдаа зөв сэтгэж, зөв хийх хөрсийг бий болгоно. Утаа биш агаарын бохирдол гэж бичиж, ярих ёстой байхгүй юу. Утааг арилгана тэмцэнэ гэхээр хий хоосон юмтай тэмцээд дийлэх үү. Чухам ямар утаа юм аргалын утаа юу, түймрийн утаа юу гэх мэт. Миний санал бол хамгийн прагматик бодитой санал юм. Чухам юу гэхээр нийслэлийн агаарын бохирдлыг багасгах арга зам нь манай ойн салбарт байна. Манай орны ойд олон сая м3 унасан, хөгширсөн ой бий. Судалгаагаар ойн цэвэрлэгээ хийгээд түүнээс гарсан модыг нүүрсний оронд түлээнд ашиглавал доод тал нь Улаанбаатарыг 25 жил хангах нөөц хаягдал байгаа юм. Монгол хүн идэр есийн хүйтэнд монгол гэртээ нүүрс түлэхгүй аргал модоор галлаад өчнөөн жил амьдраад гэртээ хөлдөж үхэж байгаагүй ирсэн биз дээ. Үүнд ойн цэвэрлэгээний бодит төлөвлөгөө, бага зэргийн хөрөнгө оруулалт, хуулийн зарим дэмжлэг байхад энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Хуулийн талаасаа нийслэлд чулуун нүүрс түлэхийг бүрэн хориглох ёстой. Гэхдээ мэдээж түлэх модоо бэлтгэсний дараа нь шүү дээ. Хэдэн жилийн өмнө Засгийн газраас нүүрс хөтөлбөр гэдэг гамшиг дээр гамшиг болсон зүйл хийж сүүлдээ авлигын асуудал нь сөхөгдөж хөгөө чирж байсан. Үүний оронд миний энэ санаа бол дэргэд нь алт шиг санаа. Тодруулбал, ойн цэвэрлэгээ хийж ойгоо цэвэрлээд түүнээс гарсан модоор нүүрсний оронд түлээнд ашиглаад агаарын бохирдлоо зогсоох ёстой. Цэвэрлэсэн ой түймэрт өртөх нь бага, нөхөж сэргэж ургахдаа сайн. Цаашлаад ойн хүрээнд хамаарахгүй гол мөрний урсац нэмэгдэх ан амьтад олшроход ч ач холбогдолтой. Сүүлийн үед ухаан муутай ч юм шиг орон гаран, мартамхай өчүүхэн юманд цочир догшин ууртай хаа сайгүй уурлаж хэрэлдсэн хүмүүс их байх болж. Энэ нь нүүрснээс гардаг олон төрлийн хорт бодист хордоод байгааг харуулж байгаа юм. Нүүрсний найрлаганд хүхрийн ба азотын давхар исэл, хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд онц хортой химийн бодис агуулагдаж байдаг. Өнгөрсөн жил агаарын бохирдол эхийн урагт хүртэл ихээр нөлөөлж эхэлсэн байгааг хэвлэлээс зөндөө харж байсан. Бид ярьсаар л байна. Хорт утаандаа хордсоор л байна. Одоо шийдвэрлэх цаг болоод өнгөрчих гээд байна шүү дээ. Зөв шийдвэрийг хэн гаргах юм бэ. Тэр шийдвэрийг нь хэн яаж хэрэгжүүлэх вэ. Цаашдаа бид үхэр шиг тэнэг, хонь шиг номхон амьдарсаар байх уу. Үүнийг хийж чадах хүн байхгүй юм бол надад эрх мэдэл үүрэг хариуцлагатай нь өгчих. Тэгвэл би Улаанбаатарыг 24 сарын дотор агаарын бохирдолгүй болгож чадна гэж энэ асуудлыг амлан авч байгаагаа танай сониноор энэ ярилцлагаараа дамжуулан мэдэгдье. Олон жил хордлоо, олон жил шийдэгдэх байх гэж хүлээлээ, олон тэрбумыг дэмий үрлээ. Миний хувьд цаашид тэвчих хугацаа дууслаа. Та бид хордож оюун ухаан бие сэтгэл маань хэврэг болсоор байвал бидний хамгийн их санаа зовдог тусгаар тогтнол маань үгүй болох нь байна.

-Компанийн удирдагч татвар төлөгчийн хувьд одоогийн эдийн засгийн байдал ямар байна, та бүхэнд яаж нөлөөлж байна вэ?

-Эдийн засаг бол улс орон оршин тогтнох үндэс, тусгаар тогтнолын баталгаа гэж боддог. Манай том дарга нар хөгжлийн гарц уул уурхай гэж харж, ярьдаг. Гэтэл тэнд нь интернациал бүтэц бүхий авлига мафийн эзэмшилд орсон байгаа нь ил тодоор харагдаж байна. Уг нь бидний хөгжлийн гарц монгол хүний гарт байгаа юм. Гэхдээ сэтгэх оюунлаг чадвар, буруутай тэмцэх зориг зүрхгүй ,бүтээж хийх хүсэл эрмэлзэлгүй залхуу тэнэг хүмүүс бусдын колончлолд амьдрах тавилантай. Заримдаа улс төр эдийн засгаа харахаар монголчууд бид чинь үхэр шиг тэнэг, хонь шиг номхон амьдарч байгаа мэт санагддаг. 1000 төгрөгний бараагаа 100 төгрөгөөр зарахаар ухаантай байх уу. Тэнэг байх уу?. Төр нь улсаа зөв удирдаж чадахгүй болохоор улс төр хүн бүхэнд хамаатай болчихож байгаа юм. Дарга болгон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ. Ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Монголын нөхцөлд жижиг үйлдвэрүүд үнэндээ хөгжих боломж муу бараг байхгүйтэй адил юм. Жижиг үйлдвэрт зовлон их. Мэргэжилтэй ажилтан олох түүнийгээ тогтвортой ажиллуулах, технологи, борлуулалтын зардал, валютын ханш, тээвэр өрсөлдөх чадвар энэ тэр гээд олон бэрхшээлүүдэд жижиг үйлдвэрүүд сөхөрч байна. Өрсөлдөх чадварын хувьд тэрбум хүнд зориулж хэт олноор үйлдвэрлэсэн өөрийн өртөг нь маш хямд хөрш орны үйлдвэрүүдтэй өрсөлдөнө гэдэг бол том бэрхшээл юм. Хүн ам цөөхөн зам тээврийн сүлжээ тааруухан энэ байдалдаа таарсан үйлдвэржилтийн бодлогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг нь төрийн нам дарга болгоны хоосон уриа болж дээ. Тийм биш бол монголчууд ажлын байр эрж гадаадад дүрвэсээр байх уу. Ядаж сум дундын зах зээл ер нь л том үйлдвэрүүд монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Өрсөлдөх чадваргүй жижиг дунд үйлдвэрүүд гэсэн гоё малгай одоо цаг үедээ таарахаа больжээ. Банш, бууз, хэрчсэн гурилын 10 хүнтэй жижиг үйлдвэр 50 сая төгрөгийн зээлээ төлөх гэж таван жил болж байна.

-Ямар хэв маяг, үзэл бодол, юу биднийг хөгжилд хүргэнэ гэж та бодож байна вэ?

-Би ч гэсэн монгол хүн. Манайхан их л урлагжсан, спортжсон, түүхжсэн хүмүүс болжээ. Агуулга, зорилго муу урлагийн олон янз шоу уралдаан телевизээр гарах нь хэрээс хэтэрлээ. Эдгээр нь залуу үеийг улам ихээр хэврэг сэтгэхүйтэй, бүтээлч хандлага огт байхгүй, зүрх зориг муутай болгож байна. Уран зохиол, урлаг соёлд түүхийн талыг баримтлах нь хэт их байна. Сүүлийн үед олигтойхон үг, аятай дуу ч гарахаа больж. Номын дэлгүүр орохоор түүхийн сэдэвтэй баахан ном тэгээд цааш гадаадын орчуулгын номууд байх. Хэдий болтол өнгөрсөн түүхээрээ бахархаж амьдрах вэ. Бидэнд одоо цаг, маргааш, нөгөөдөр гэж байгаа биз дээ. Одоо байгаа бэрхшээл асуудлаа хамгийн их бичиж шиийдвэрлэж амьдрах орон зайгаа ажил үйлсээр олж авах нь монголчуудын хөгжил дэвшлийн гарц мөн. Айл өрх, хүн болгон унаатай, бүгд л интернет ашигласан гар утастай боловч эдийн засаг маань хэврэг, асар их байгалийн баялагтай хэрнээ олон тэрбум валютын гадаад өртэй ирээдүйдээ итгэл муутай амьдарч байна. Улс орны хөгжил гэж гудамжаар явж байгаа машины тоо, гар утас, интернетийн хэрэглээгээр, баригдаж байгаа барилгын тоогоор нь харах нь гэнэн ойлголт. Ухаалаг, зоригтой, ажилсаг байх нь бидний тусгаар тогтнолын баталгаа юм. Улс төр гэснээс дарга нарыг сайжруулах гэдэг нэг хэрэг. Харин монгол хүн өөрийгөө оюун ухаан, үзэл санааны хувьд хатуужуулан сайжруулах, чанаржуулах цаг болсон байна. Хилийн цаана байгаа жанч халсан ламын шарилд олон мянгаараа хэдэн ч удаа мөргөөд хөгжил дэвшилд тус нэмэр болохгүй гэдгийг бид ухаармаар юм.


Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаяр: Морины уран бүтээлийн хөгжим хүний сэтгэлийг хөдөлгөж, сэргээж, хөглөж байдаг. Хөглөх хөглөхдөө сагсууруулж хөглөнө

“Хардэл бэйсийн унага”, “Гал шарын унага”, ‘Түрүү магнай”, “Адуучин миний жаргал”, “Тэсийн голын унага” зэрэг олон сайхан дуугаараа морины хэмээн алдаршсан МУГЖ, дуучин Гэнингийн Батбаяртай уулзаж ийн ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?

-Сүүлд “Би баян хүн” гэх шинэ дуу дууллаа. Мөнгөөрөө баян биш, ах дүү, ээж аав нутаг усаараа баян, үр хүүхдээрээ баян, монгол орноороо баян гэсэн агуулга сэдэвтэй уран бүтээл байгаа юм. Харин хамгийн сүүлд “Баярын нулимс” гэж дуу гаргах гэж байна. Яагаад гэхээр барианы газар морь орж ирэхээр үзэж байгаа хүмүүсээс баярын нулимс гарахгүй байна гэж үгүй. Манайхан үргэлж баяр үзэж, огшиж байдаг. Морь нь түрүүлээд ороод ирэхэд эзэд нь баярын нулимстай тосдог. Тиймээс “баярын нулимс бөмбөрөх л юм даа. Барихын завдал өгсөнгүй…” гэсэн үгтэй дуу байгаа юм. Сүүлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, хүргэн Дөлбадрах болон өөрийн том охин дуучин, Сонгуультай хамтарч хэд, хэдэн дуу дуулсан байгаа. “Миний шүтээн”, “Зүүдний энтэй нутаг”, “Монголдоо би хайртай” зэрэг дуунуудаа нэгтгээд, өөрийнхөө дабл сиди хийх санаатай байна. Хүүхдүүддээ бэлэг барьж байгаа юм. Мөн энэ намар хүүхдүүдтэйгээ хамтарч уран бүтээлийн тоглолтоо хийх бодолтой байгаа. Би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгадаа ажиллаж байгаа, одоохондоо амарч байна. Удахгүй ажилдаа орно, уран бүтээлүүдээ дуулна.

-Та хөдөө орон нутгуудаар тоглолтоор явж амжиж байна уу. Үзэгчид их хүлээж буй байх?

-Хөдөө орон нутгаар тэр бүр яваад байж чадахгүй юм. Аймгийн ой, насны баяр, тэмдэглэлт ойн наадмууд зэрэг урилгатай хэд, хэдэн газарт очиж дуулсан.

-Таныг тайзан дээр гарч ирээд, дуугаа эхлүүлэхэд л үзэгчид нижигнэтэл алга ташиж, дуу дуустал алга ташсан хэвээр байх юм. Үзэгчдийг ингэж огшуулдаг нууц нь юу юм бэ?

-Морины уран бүтээл өөрөө их сайхан. Түүнээс миний ид шид биш л дээ. Морины уран бүтээлийн хөгжим яваад эхлэхэд л хүний сэтгэл хөдөлж, сэтгэл сэргэж, сэтгэлийг хөглөдөг. Хөглөх хөглөхдөө сагсууруулж хөглөж байдаг. Тийм учраас тайзан дээр гараад, морины дуу дуулахад гоё бахдалтай. Мөн үзэгчдэд дуугаа хүргэхийн тулд, чимэг яриа хийнэ, өөрөө дуундаа орж, дуугаа биеэрээ илэрхийлнэ. Түүнээс биш номхон зогсоод морины дуу дуулаад байвал утгагүй. Морины дуунууд гоё аялгуутай, цоглог учраас хүмүүс их огшдог юм. Өөрийгөө хөглөж жаахан ч гэсэн хөглөгдөж, сагсуурч байж бусдад хүргэдэг. Тэгж байж ард түмэн хүлээж авдаг онцлогтой дуу шүү дээ.

-Морины уран бүтээлийн сайхан нь, энэ хийморьтой амьтныг дуулах нь танд яаж нөлөөлсөн бэ. Мөн танай удамд уртын дуучин хүн байсан?

-Миний хийморьтой яваа, өдий зэрэгт хүртэл нэр хүндтэй ард түмэндээ тэнгэрлэг хөг аялгууг хүргэж буй нь морины уран бүтээлийн ач буян. Ямар ч үед морины тухай уран бүтээлийг тайзан дээр гараад дуулахад сэтгэл сэргэдэг. Миний аав Увс аймгийн Малчин сумын Цалгарын хотгорт төрсөн Гэнин гэж хүн. Аав минь насаараа багшийн ажил хийсэн.

Харин миний ээжийг Аюуш гэдэг. Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн хүн. Манай удамд ээжийн маань аав Ховд аймгийн уртын дууч Жанглай гэж маш сайхан дуулдаг, авьяастай хүн байсан. Би эхээс зургуулаа. Дээрээ хоёр эгчтэй, гурван дүүтэй хүн дээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач. Танай охидууд мөн урлагийн хүмүүс болсон уу?

-Үр хүүхдүүддээ ч би үүнийг л захидаг. Миний охин Б.Сонгууль, хүргэн Г.Дөлбадрах нар дуулдаг болохоор би “Миний хүүхдүүд ямар ч тохиолдолд өөрийн гэсэн уран бүтээлтэй бай. Хүний уран бүтээлийг дахин дуулна гэдэг бэлэн хоол идэж байна л гэсэн үг. Өөрсдөө хөлсөө гаргаж, хөдөлмөрлөж байж л ард түмэнд хүргэдэг юм шүү” гэж хэлдэг. Манайх гурван охинтой. Хоёр нь тусдаа гарсан. Нэг нь бүжиг дэглээч, нэг нь дуучин. Нэг нь гадаад хэлний багш мэргэжилтэй.

-Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач. Хүүхэд байхдаа дуучин болно гэж бодож байв уу. Та хожим цэрэгт яваад тэндээсээ дуучин болсон байдаг?

-Хөнгөн шингэн, хүнд их тусархуу, сэргэлэндүү талдаа хүүхэд байлаа. Монгол хүн бүр уралдаж байгаа морины хийморийг харж огшиж байдаг. Их ч хөдөлмөр, зүтгэл гаргасан уран бүтээл бол “Хардэл бэйсийн унага”. Энэ дуу минь намайг уран бүтээлд хөл тавихаас эхлээд өнөөг хүртэл хамт явж байна. Би сумандаа наймдугаар ангиа төгсөөд, гадаадын техник мэргэжлийн сургууль төгсч ирээд, цэрэгт яваад цэргээсээ дуулаад, цэргийн ансамбльд орсон.

Тухайн үед хилийн цэргийн 50 жилийн ой болж, дуулж бүжиглэдэг хүүхдүүдийг шалгаруулж авч байсан юм. Хилийн цэрэгт 18 жил дуулаад, бүх цэрэгт өнөөдрийг хүртэл ажиллаж 35 дахь жилдээ морины уран бүтээлийг хийж байна.

-Анх цэрэгт ямар дуу дуулж байсан бэ?

-“Онгон цэргийн харуул”, “Цэнхэр хангайн нутаг” зэрэг дуу дуулж байсан. Тэгээд л удаагүй морины уран бүтээлдээ орсон юм.

-Таны багш таныг морины уран бүтээл дуулах хэрэгтэй. Мөн хүний дуу дуулж болохгүй гэж захисан гэдэг?

-Манай Зангад багш тэгж байсан. Хүний дууг дуулахаар, сонсогчдод тэр хүн нь бодогддог, Нансалмаа гуайн дууг дуулвал хүмүүс Нансалмаа гуайг санана гэх мэт. Амьд сэрүүн байгаа хүмүүсийн хуучны уран бүтээлүүд рүү давших нь эвгүй. Хүний дуу дуулна гэдэг нь идэж байсан хоолыг нь булаана гэсэн үг.

-Таны хөл одоо нэлээд тэнхэрсэн үү. Таныг гэмтээсэн хүмүүст гомддог уу. Одоо холбоотой байдаг уу?

-Таяггүй гараад хоёр дуу дуулчихаад орох дайны болсон байгаа. Гэмтсэнээсээ хойш 16 жил болчихсон байна. Жирийн үед таяг бариад явчихдаг. Болж өгвөл тайзан дээр таяггүй гарахыг хичээдэг юм. Тухайн үед шүүх хурал болоход л ирж байсан. Тэр хүмүүст гомддоггүй ээ, гомдлоо гээд яахав. Монголын ард түмэн намайг дэмжиж, миний дууг сонсож байна. Ард түмнийхээ хүчээр дуугаа дуулаад, сайхан л амьдарч явна.

-Дуучдын амьдрал, эдийн засаг хэр байгаа бол. Эдийн засгийн хямрал хэр нөлөөлж байна вэ?

-Зах зээлийн энэ үед дуучдын эдийн засаг ч хүнд байгаа байх гэж бодож байна. Яг л уран бүтээлээрээ талхныхаа мөнгийг олдог хүмүүст эдийн засгийн хямрал нөлөөлөлгүй яахав. Эх орон маань сайхан болоод, хүн зоны амьдрал дээшлээд ирэхээр сайжрах байх. Урлаг бол хэзээ ч хаягдахгүй, мөнхийн зүйл.

-Та тоглолтоо хийгээгүй нэлээд удаж байна. Тоглолт хийх үү. Ард түмэнд хүрчихсэн хүмүүс тоглолтоо хийхгүй болохоор их хүлээдэг. Яагаад таг болчихов гээд эрээд, сураад байдаг шүү дээ?

-Хамтарсан уран бүтээлийн тоглолтоо гурван жилийн өмнө хийсэн. Харин өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй их удчихлаа. Яагаад тоглолт хийхгүй байна, та хэзээ тоглолтоо хийх вэ гээд хүмүүс асуугаад л байдаг юм.

Шинэ уран бүтээлүүдээ хийгээд, хүнд сайн хүргэж байгаад, хийе гэж боддог. Чанарт нь илүү анхаарах юм. Залуу хүүхдүүдтэй уралдаж тоглолт хийгээд яахав. Гэхдээ энэ намар хүүхдүүдтэйгээ хамтраад тоглолт хийх санаа байгаа.

-Сүүлийн үеийн залуу дуучид хэр байна вэ?

-Хэн нь ч ах аа, эгч ээ гээд л бүгдтэй нь сайхан харилцаатай байдаг юм. Ганц нэгнийх нь хүч чадал хүрэхгүй бол тусалж байх юмсан гэж боддог. Сайн дуучид ч бий. Батболдтой, Банзрагчтай хамтарч дуу хийлээ. Би ганцаараа дуулж чадахгүй болсондоо биш, залуу хүмүүст туслах юмсан, жаахан ч гэсэн түлхэц болчих гэж л боддог.

-Ямар онцлогтой хүмүүс дуучин болохоороо онцгой амжилтад хүрч байна вэ?

-Тэр болгон хүнд заяадаггүй авьяас. Төрмөл бол төрмөлөөрөө байна. Авьяастай байж сайн сурдаг. Нэг ёсондоо хүний төөрөг хувь тавилан гэж ойлгох юм уу даа. Сонирхсон мэргэжилдээ хөтлөгдөөд л өдий зэрэгт хүрсэн хүмүүс шүү дээ. Насаараа мэргэжилдээ, дуундаа үнэнч явсан дуучид л ард түмний хайртай дуучин болсон байдаг.

-Дуучдад өнөөдөр дуулахгүй, хоолойгоо гамнах ёстой гэсэн үе байх уу?

-Дуулах болгоноосоо эрч хүч хөг авч цаашдын уран бүтээлээ төлөвлөж байдаг.

Өнөөдөр дуулахгүй гэж хувиа хичээж болохгүй. Ард түмэн сонсъё гэж байгаа бол хүссэн үед нь дуулах ёстой. Энэ чинь миний уран бүтээл биш ард түмний уран бүтээл.

-Ард түмнээ нэгдүгээрт тавьдаг байх нь?

-Ард түмэн байж бид дуулна. Ард түмэн байхгүй бол гадаа гараад хашгираад бид хэн ч биш шүү дээ.

-Дуучин болоогүй бол та ямар мэргэжилтэй хүн байсан бол?

-Барилгачин болох байсан юм болов уу гэж боддог. Гэхдээ багаасаа дуулж байсан. Гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлэн дуу аялж сурсан юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан хувьсгалч ба усанд ордог хувьсгалч

-Соёлын довтолгоо: /1959-1964/ Нүүдлийн амьдралаас хотын аж төрөх ёс руу (“ХХ зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. 2017.8.28)-

ОРШИЛ.

Монгол оронд өрнийн маягтай соёл нэвтрүүлэх хүсэл эрмэлзэл эхэлсэн үеийг XIX-XX зууны зааг гэж үзэж болно. 1911 онд ялсан Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол үзэл санаа нь өрнөдийн маягтай орчин үеийн улс болж хөгжин, тусгаар тогтнолоо бататгах явдал байв. Учир иймээс монгол орныг Хятад-Дорнынхоос өөр соёл иргэншилд хөтлөн оруулах нь тусгаар тогтнолын нэгэн баталгаа гэж үзэж байсан бололтой. Манж- хятадын нөлөөний бүсээс гарахын тулд тусгаар тогтнолоо зарлах нь зөвхөн их үйлсийн эхлэл төдий зүйл. Харин монгол орон нь соёл, ахуй, ертөнцийг үзэх үзлийн хувьд “Дорнын бус” улс орон болсноор Манж, улмаар Хятадад татагдах ямар ч үндэсгүй, тусгаар соёл бүхий тусгаар улс болох тухай санаа байж болох юм.

ХХ зууны босгон дээрээс эхтэй энэ үзэл санаа нь 1921 оны ардын хувьсгалаар хүчээ аван 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн. ХХ зуун бол монголчууд Оросоор дамжуулан өрнөдийн соёлд суралцан, түүнийгээ амьдралд нэвтрүүлсэн эрин байв. Энэхүү эрин зууны уриа нь ардын дунд зүйр үг маягтай тархсан нь “орос хэл, оньсон техникт суралцах” гэдэг хэллэг байв. Албан ёсны хамгийн том мессеж нь Нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын хэлсэн“Орос хэл бол эрдэм мэдлэгийн түлхүүр” гэсэн ишлэл болно.

НЭГ.

Социалист Монголын үед энэ сэдэв кампанит ажил, процессын хувьд бараг хөндөгдөөгүй үлдсэн байдаг. Харин тодорхой хэсгүүд буюу Эрүүлийг хамгаалах, Ардын боловсролын салбарт хамаарагдах хэсгүүд нь өргөнөөр судлагдсан. Ч.Дашдаваа. (БНМАУ дахь соёлын хувьсгал: түүхэн туршлага орчин үеийн асуудал.1989.) Б.Сумъяа (Феодалын аж төрөх ёсноос социалист аж төрөх ёсонд), зэрэг бүтээлд мөн л боловсрол, соёлын салбарын ололтууд, нүүдэлчний амьдралаас социалист аж төрөх ёсонд шилжиж орсон зэргийг голлон авч үзсэн байдаг. БНМАУ-ын Соёлын түүх (1981, 1989 онуудад хоёр боть нь гарсан),Монголын соёлын түүх(1999он. гурван боть) зэрэг бүтээлд “Соёлын довтолгоон”-ны сэдэв тусгайлан тусгагдаагүй. Харин 1990-ээд оноос хойш, доктор Б.Пунсалдулам нарын судлаачид энэ сэдвээр судалгаа хийсэн байна.

Соёлын довтолгооны гол салбар нь “ариун цэврийн хувьсгал” буюу өглөө бүр нүүр гараа угааж хэвшихээс эхлээд шүдээ угаах, усанд орох, хумсаа авах, дотуур хувцас өмсөж сурах, цагаан даавуутай хөнжилд унтах, бөөснөөсөө салах зэрэг суурин амьдралын хэвшлийн анхан шатны элементүүд байв. Ийм хувьсгал хийхэд хүргэсэн шалтгаан нь хувьсгалчдын хувьд “ярихад санаа зовмоор” хоцрогдол байсан нь албан ёсны судалгаанаас гадуур үлдэхэд хүргэсэн байж болох талтай. Албан ёсны үзэл суртал нь 1921 онд ардын хувьсгал ялснаар феодалын хоцрогдлоос амжилттай салж эхэлсэн гэж үзэж байсан учир ХХ зуун хоёрдугаар хагастаа ороод арваад жил өнгөрчихсөн байхад усанд ордоггүй, хумсаа авдаггүй байсан баримтыг ил зөвшөөрөхөд амаргүй байсан ч байж магад. Харин түүнийг Хятадад болсон “Соёлын хувьсгал”-ын самуунтай эндүүрэгдэхээс болгоомжлон хувьсгал гэдэг үг хэрэглэхээс цэрвэж ирсэн бололтой.

ХОЁР.

Өмч хураах ажил 1928 онд эхэлж, мөн оны 7 сарын 13-нд “феодалын хөрөнгө хураах төлөвлөгөө” батлагдсан байна. Энэ ажил 31 жилийн дараа 1959 онд малыг нийгэмчилж дуусснаар оргилдоо хүрэв. Ийнхүү малчин ардууд өмчөөсөө салж, нүүдэлчин амьдралаас чөлөөлөгдөж эхлэв. 1960 он гэхэд малчдын хөрөнгийн 50-иас доошгүй хувийг нийгэмчлэх зорилт тавьж байсан боловч санаснаас амархан хэрэгжсэн байна. “Энэ жил хоршоолж дууслаа. Ардын аж ахуйтны 99,3 хувь” нийгэмчлэгдсэн хэмээн мөн оны сүүлээр төвийн хэвлэлд мэдээлсэн байна. Ингэснээрээ улсын бүх иргэн нь улсын(болон хоршооллын) секторт хамаарах болсон нэгдсэн хяналт тавих боломж бүрдсэн.

Эндээс уламжлаад хот руу чиглэсэн миграци болов. Бэлчээрээс чөлөөлөгдсөн малчид хот руу бөөнөөрөө шилжив.1955 онд Улаанбаатарын хүн ам 55,5 мянга орчим байсан бол 1960 онд 150 шахам мянга болсон аж.

Хот суурины ямар ч дэг журамд суралцаагүй нүүдэлчдийн томоохон хот айлууд буюу бөөгнөрлүүд үүсгэж эхлэв. Улаанбаатар болон бусад томоохон суурьшлын цэгүүд нь урбан хот гэхээсээ илүү маш олон малчид түр айлссан үлэмж том хот айлын шинжтэй бөөгнөрөл болоход хүрэв. Иймээс урбан амьдралын цоо шинэ дэг ёсонд сурах зайлшгүй хэрэгцээ гарлаа. (Наад зах нь, хуучин Богдын хүрээний оршин суугчид ил задгай бие засч заншсан ба тэдгээрийн ялгадсыг хэдэн зуугаараа сүрэглэсэн золбин ноход идэж устгадаг байв. Цаашдаа нохойгүй хот байгуулах цагт ямар амьтан ариун цэврийг сахиулах нь тодорхойгүй)

Юуны өмнө, бичиг үсгийн шинэчлэл амжилттай болсон нь ахуйн хувьсгал явуулах боломж олгожээ. 1930-аад оноос “Боловсролын жагсаал” нэртэйгээр эхэлсэн бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн бүх олон нийтийн урам зоригийг бадрааж, нийтийн үйл болон хөгжив. 1931 онд эхэлсэн латин үсэг сурах хөдөлгөөн жил хэртэй өрнөж байснаа сулран зогссон нь Зөвлөлтийн олон үндэстнүүдийг кирилл Мефодийн цагаан толгойгоор үсэг бичигжүүлэх шийдвэр гарсантай холбогдоно. Улмаар 1941 оны гуравдугаар сарын 25-нд МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн хамтарсан тогтоол гарч “тус орны соёл боловсролын цаашдын хөгжил гагцхүү ЗХУ-ын…соёлыг эзэмших замаар явах болно…монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдал чухал…” хэмээн дүгнэжээ.

1950 оны наадмаар бүх нийтээр кирилл монгол бичигт шилжсэн нь нийтээр бичиг үсэгт тайлагдах, орчин цагийн монгол бичиг болон утга зохиолын хэл бүрэлдэх эхлэлээ.Улмаар 1960-аад он гэхэд шинэ бичиг үсэг нь зүгшрэн, олон нийтэд түгээх боломж бүрдэв.

1920-иод оны сүүлчээр эхэлсэн, нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх, хүн амыг эрүүлжүүлэх хөтөлбөрүүдийн үр дүн гарч, төрөлт нэмэгдсэн. Зөвлөлт улсаас 1926 оноос хойш арьс өнгөний өвчнийг илрүүлэх, эмчлэх дөрвөн том экспедицийг ирүүлснээс гадна, олон тооны эмнэлэг-ариун цэврийн болон эрдэм шинжилгээний ангиуд ирж ажиллажээ. 1948 оны тэмбүү илрүүлэх отрядын мөрөөр тийм морьт отряд 1950-иад онд долоон удаа гарч байв.

1960-аад он хүртэлх эрүүлийг хамгаалах салбарын гол зорилт нь нийтийг хамарсан арьс өнгөний өвчинтэй тэмцэх, эцсийн утгаараа хүн амын хэвийн нөхөн үржихүйн нөхцлийг хангахад голлон анхаарч байлаа. 1947 онд гэхэд эхчүүдийн 47 хувь эмнэлэгт амаржиж, 1958 онд 1200 хүнд нэг их эмч, 840 хүнд нэг бага эмч ногдож, 235 суманд төрөх тасаг нээгдсэн байлаа. (Монгол улс 1990 оныг хүртэл эрүүлийг хамгаалах салбарын чансааг “ой хүрээгүй хүүхдийн эндэгдэл, дундаж наслал”-таар бус харин “нэг их, бага эмчид ногдох хүний тоо, 10.000 хүнд ногдох эмнэлгийн ор” гэдэг нэгжээр илэрхийлж байсныг анзаарна уу)

1926 дундаж наслалт эрэгтэй эмэгтэйгээрээ 52/52 байсан бол 1957 он гэхэд 54/55 болж ирсэн байна.

ХХ зууны дунд үеэс эрдэм номтой, дээр нь эрүүл саруул амьдрахын тулд амьдрах орчин, амьдралын хэвшлээ шинэчлэх хэрэгтэй болох нь анзаарагдав. Эрүүл мэндийн салбарын ололтууд нь ариун цэвэрч бус амьдралын хэвшилтэй нь зөрчилдөх боллоо. Ялангуяа арьс өнгөний өвчинтэй тэмцэх талаар хийсэн асар их үйлс нь нэн хэврэг, нурахад амархан байлаа. Тухайлбал, тэмбүүгийн идэвхтэй хэлбэр огт буурахгүй, жишээ нь 1952-1956 онуудад энэ хэлбэрээр нийтдээ 4370 хүн өвчилсөн бол 1958-1960 онд 4040 хүн өвчилсөн байх жишээний. Эндээс ургаад монголчуудын аж төрөх ёс, ахуйн соёлд хувьсгал хийхгүй бол энэ ажил амжилт олохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн бололтой.

ГУРАВ.

1928 оны наадмаар (7сарын 13-нд) феодлын хөрөнгө хураах төлөвлөгөөг баталж байсан бол 31 жилийн дараа яг тэр өдөр (1969.07.13)“Орон даяар соёлын довтолгоо явуулах” Нам засгийн шийдвэр гарав.

Нэгдүгээрт, бөөнөөрөө нэг дор цугларсан, урт удаан хугацаанд, ган зудаас үл хамааран айлсан амьдрах болсон нүүдэлчин ардуудыг хот суурины дүрмээр зохион байгуулах шаардлага гарлаа.

Хоёрдугаарт,нэгэнт хувийн өмч устаж социализм эдийн засгийн утгаараа ялсан боловч хүн амын ухамсар соёлын түвшин түүнээсээ “сүрхий хоцорч” байна гэж үзсэн байна.

Гуравдугаарт, Зөвлөлт маягийн нэг том улс болж бүх социалист орнууд нэгдэхэд монголчууд соёл, ялангуяа ахуйн соёл, ариун цэврийн хувьд бэлэн биш байна гэж үзсэн. МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны “Орон даяар соёлын довтолгоон явуулах тухай” тогтоолд өгүүлсэнчлэн, ЗХУ тэргүүтэй бүх социалист орнууд нийлж нэг “улс” болох (албан ёсны нэр нь “Ойртон нягтрах бодит зүй тогтол”) учиртай бөгөөд нэгдэн нийлэхийн цагт БНМАУ-ын иргэд нь ахуйн соёл, боловсролын хоцрогдсон түвшнээрээ ялгарах учиргүй аж.

(Философийн утгаараа “Ойртон нягтрах бодит зүй тогтол”, эдийн засгийн талаасаа “социалист интеграци” гэхчилэнгээр нэрлэж байсан энэ ойлголтыг хоёр янзаар хялбархан тайлбарлаж болно. Өөдрөг талаас нь харвал социалист лагерийн орнууд эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшингөөрөө жигдрэн нэгдэж өнөөгийн “европын холбоо” маягийн тогтолцоо болох тухай санаа юм. Пессемист утгаараа, социалист орнуудын улс төрийн тогтолцооны ижилсэл нь бараг л төр- засаг захиргааны нэг систем болтлоо ойртож Зөвлөлтөд нийлэх явдал гэж ч хардаж ч болохоор зүйл.)

Ингээд Иргэний боловсролын салбар буюу бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх замаар хүн амыг эрүүлжүүлэх, улмаар ариун цэвэр ахуйн соёлын хувьсгал хийх, байгаль орчныг хамгаалах шинэ соёлд суралцах үндсэн чиглэлээр хувьсгал хийхээр “Соёлын довтолгоо” зарлажээ.

Соёлын довтолгооныг процессын хувьд дөрвөн үе шаттайгаар авч үзэж болмоор байна.

Эхний үе. Ардын хувьсгалын 40 жилийн ой угтан гурван жилийн хугацаатай (1959-1961) зарлажээ. Хоёрдугаар шат. 1961 онд Соёлын довтолгооныг дахин гурван жилээр сунгасан байна. “Бичиг үсэг бага мэдэгч нь дунд мэдэгч болох”…зэргээр өмнөх амжилтаа шат ахиулах нь энэ удаагийн довтолгооны гол зорилт байв.

Гуравдугаар шат, соёлын довтолгооны гурав дахь шатыг албан ёсоор шинэчлэн зарлаагүй боловч “Соёлын довтолгоо” албан бус байдлаар “Төрийн яамны үзлэг”, “Эмнэлэг гэгээрлийн өдөр” нэртэйгээр 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн байна.

Дөрөвдүгээрт,Соёлын довтолгоон нь ерээд оноос хойш барууны соёлд суралцах бүх нийтийн эрмэлзлэлээр солигдсон гэж үзэж болно.

ДӨРӨВ.

Соёлын довтолгооныг гурван хүрээнд хийхээр намзасгийн шийдвэрт заасан байдаг. Соёлын довтолгооны гол чиглэл нь ариун цэврийн салбарт өрнөсөн ба үүнийгээ “хүн бүр хувцсаа угааж цэвэр боловсон өмсөх, халуун усанд тогтмол орж байх…ариун цэврийн анхны мэдэгдэхүүнтэй болох” хэмээн томьёолжээ.

Хоёрдугаарт, ард нийтээр иргэний боловсролын хувьд шат ахих явдал байв. Үүнийг “ Бичиг үсэггүй хүн бичиг үсэг мэддэг болох, анхан шатны боловсролтой болох, анхан шатны боловсролтой нь дунд, дунд шатных нь бүрэн бус дээд боловсролтой болохын тулд ахиц хийх…” хэмээн тодорхойлсон байдаг.

Гуравдугаарт, нүүдэлчид хотшин суурьшиж эхэлсэнтэй холбогдуулан гарч ирсэн шинэ зорилтыг томъёолсон байдаг. Энэ бол хамтран амьдрах дэг ёс, хотших урлагтай холбоотой асуудал бөгөөд үүнийгээ “Нийтийн хэв журам” хэмээн тодорхойлжээ. Улмаар хууль цаазын ертөнцөд нэвтэрсэн “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэг ойлголт нь иргэншил, хотшлийн дэг ёстой харшсан үйлдэл гэсэн утга агуулан орж ирсэн. Манай нэгэн үеийнхний сайн мэдэх “301-д орох, 111-д суух” зэрэг хэллэг нь монгол нутагт хэзээ ч гарч байгаагүй эрх зүйн зохицуулалтууд юм.(Ардын их хурлын тэргүүлэгчдээс гаргасан, нийгмийн хэв журам зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай зарлигуудын дугаар. Их төлөв архидан согтуурч, олон нийтийн газар жижгээр танхайрсан этгээдэд энэ зарлигаар хариуцлага хүлээлгэн захиргааны арга хэмжээ авч байв. Түр баривчлах, албадан хөдөлмөрлүүлэх зэрэг арга хэмжээ авахдаа үсийг нь их төлөв хусдаг учраас “111.301”-д орсон хүн андашгүй байсан. Тэр үед архи уудаг хүмүүсийг шүүмжилсэн “Гудамжны голоор гуйванхан, Гурван зуун нэг рүү дайванхан” гэсэн шог шүлэг хүртэл гарч байлаа.)

Энэ зорилтыг МАХН-ын Төв хорооны тогтоолд “ Хүн бүр боловсон зан суртахууныг эзэмшиж, архи ууж агсам тавих, бусдыг доромжлох, хулгай хийх, хуурч мэхлэх үл бүтэх явдлуудыг үзэн ядаж тэмцэх…” хэмээн томьёолсон байна. Соёлын довтолгооны хүрээнд хуучны хот (айл) гэдгээс ялгамжтай хот (суурин) хэмээх ойлголт бас шинээр үүслээ. 1961 оны зун гарсан Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 136 дугаар зарлигт “…олонх нь цалин хөлсөөр, цөөнх нь аж ахуйн орлогоор амьдардаг 4000-аас дээш хүнтэй суурин, 3000-аас доошгүй хүн байнга оршин суух аж үйлдвэрийн газруудыг хот хэмээн” үзэхээр тогтсон байна. Иймээс “аж ахуйн орлого”-оор амьдардаг цөөнх гэдэг нь нүүдэлчний амьдрал, малаас шууд гарах орлогоор амь зуудаг хүмүүсийг хэлсэн хэрэг бөгөөд монгол орон цаашдаа малчин биш, малаас шууд хамааралгүй хүмүүсийн цоо шинэ нийтлэгтэй болсны илэрхийлэл нь энэ зарлиг гэж үзэж болно.

ТАВ.

Соёлын довтолгооны тэргүүлэх зорилт нь “иргэний хувийн ариун цэвэр” байсан учраас кампанит ажлын үндсэн зохион байгуулагч БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах Яам (түүний харьяа Улсын Ариун цэврийн Ерөнхий газар) байв. Тийм ч учраас Соёлын довтолгооны хамгийн сүүлийн үр хөврөл нь 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн “Эмнэлэг гэгээрлийн өдөр” (Долоо хоног бүрийн лхагва гариг) буюу эмнэлгийн ажилчид гадуур явж айл өрхийн ариун цэвэр, бие засах газрын ариутгалын байдал зэргийг шалгадаг үзлэг байв. Энэ үзлэгийн дүнгээс хамааран айл өрхт “Соёлч өрхийн диплом олгож байлаа.

УАЦШБЕГ-ын удирдамжаар төр, аж ахуйн бүх салбарууд өөрийн ариун цэврийн дүрмийг боловсруулан мөрдөж эхэлсэн байна. Эндээс Нийтийн хоолны, дунд сургуулийн, хүнсний дэлгүүрийн, хүүхдийн цэцэрлэг яслийн гэхчлэнгийн ариун цэврийн дүрмүүд салбарлан гарч, нийгмийн амьдралын өдөр тутмын хэм хэмжээ болж эхэлсэн байна.

Эдний шууд харьяаны, өдөр шөнийн аль үед айл өрхөд чөлөөтэй нэвтэрч, айл өрх, албан байгууллага, хувь хүний аль ч хэсгийн ариун цэврийг үзэх, харин Засан хүмүүжүүлэх байгууллага буюу шорон зэрэг тусгай хамгаалалттай обьектод зөвхөн ажлын цагаар нэвтрэх онцгой эрх бүхий улсын байцаагч нараас гадна байгууллага хамт олны хамгийн жижиг бүтцийг хүртэл хамарсан “орон тооны бус байцаагч”, “ байгууллага, анги бүлгийн ариун цэврийн комисс” ажиллаж өргөн эрх эдэлж байв.

Тэд байгууллагын орчны ариун цэвэр байдлаас гадна иргэний хувийн ариун цэвэр, гэр орны ариун цэврийг шалгана. Дунд сургуулийн анги бүлгийн ариун цэврийн комиссынхон сурагчдын хумс, дотуур хувцасны хир, усанд орсон байдал, бөөсийг тогтмол шалгана. Харин насанд хүрэгчдээс бүрдсэн комиссынхон айл гэрээр явж, хөнжлийн даавуу, хөлийн саарь, дотоож болон хөхний даруулга хэрэглэж хэвшсэн эсэхийг үзнэ.

1959 онд гарсан “Хот, хөдөөгийн сургуулийн ариун цэврийн заавар”ёсоор сурагч бүр гурван ээлжийн дотуур хувцас( хамгийн гол нь турсик) ор дэрний хэрэгслэл, нусны алчууртай байх, түүнчлэн долоо хоног бүр усанд орж, хумсаа авдаг журмыг хэвшүүлэхээр заасан байна. Мөн бие зассаны дараа ба хоол идэхийн өмнө гараа угааж хэвшүүлэхийг зорьжээ. Цаашдаа техник мэргэжлийн сургуулийн(ТМС буюу одоогийн МСҮТ) сурагч охидыг сарын тэмдэг ирэх үед хэрэглэх “эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслэл”-ээр хангах, хэрэглүүлж сургах асуудлыг ч бас авч үзэж байсан байдаг.

1960 онд гарсан УАЦШБЕГ-ын даргын 8 тоот тушаалд “..нэг хүн жилд 52 удаа усанд орох” бөгөөд нэг удаа орохдоо 45 минутаас багагүй хугацаагаар биеэ угаах заавар гарсан байна. Мөн “халуун усны газарт очиж усанд орохдоо хиртэй хувцсаа аваачиж угаахыг хориглосон” нь амьдралаас урган гарсан шийдвэр бололтой.Улмаар 1963 онд Сайд нарын Зөвлөлийн 436 дугаар тогтоол гарч, хүн бүр тогтмол усанд ордог заншилтай болох үүрэг өгчээ. Шийдвэрийг биелүүлэх хүрээнд 1959-61 онд сумын төвд 383, бригадын төвд 196, аймгийн төвд 40-ийг шинээр байгуулсан тайлан хадгалагдан үлджээ.

Соёлын довтолгооны мөрөөр, долоо хоногийн бямба, ням гариг нь ерөнхийдээ иргэдийн халуун усанд орох өдөр болж хэвшсэн ба байнгын халуун устай орон сууцанд амьдардаг мөртлөө хагас бүтэн сайнд л усанд орж хэвшсэн нэгэн үеийнхэн ингэж бий болсон юм.

Соёлын довтолгооны олон бригад төвөөс орон нутагт, аймгаас сумдад, сумаас баг бригадад томилогдон ажиллаж байлаа. Тэд үсээ хумсаа хэрхэн авахаас эхлээд, биеэ яаж угаахыг биечлэн зааж байсан.

Соёлын довтолгооны хоёр дахь зорилт нь нийтээр бичиг үсэг тайлагдах явдал байлаа. Эхний хоёр жилд 57.000 хүн бичиг үсэг бага мэдэгч, 76,000 хүн сайн мэдэгч болж Булган, Өмнөговь, Ховд, Сэлэнгэ аймаг 13-14 насныхныг бүгдийг нь бичиг үсэг сургасан хэмээн тайлагнасан аж. Бичиг үсэгт тайлагдах ажил “хэн үсэг мэднэ тэр заана” гэдэг зарчмаар явж, гэрийн сургалт дугуйлангуудад дунд сургуулийн сурагчдыг дайчлан багшлуулж байв.

1960 оны зуны гурван сарыг Соёлын довтолгооны хүрээнд “Бичиг үсгийн цохицтой ажлын сар” болгов. Сарын хүрээнд “бичиг үсэг үл мэдэгчдийг илрүүлэх” операци гэдгийг зохиожээ. Энэ нь “хуурамч бичиг үсэгтэн” буюу бичиг үсэгт сурсан, сургасан мэтээр худал тайлан явуулагчидтай хийх тэмцэл байлаа. Ингээд шалгалтаар “илэрсэн” 52,000 орчим хүнийг албадан бичиг үсэг сургах ажил өрнүүлсэн байна. Ингээд 1972 бүлгэмд 1605 багш, 400 орчим оюутан ажиллуулан “илэрсэн” хүмүүсийн 47000 орчмыг сургалтандаа хамруулж чадсан байна. 1971 онд БНМАУ бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан учир ЮНЕСКО-гийн алтан медаль хүртэж байв. Түүнчлэн бүх нийтээр бүрэн бус дунд буюу 8 жил, бүрэн дунд буюу 10 жилийн боловсрол эзэмших хөтөлбөрийн үндсэн хөрсийг соёлын довтолгоон бүрдүүлж өгсөн болно.

Соёлын довтолгооны хүрээнд гарсан нэг том хувьсал бол монголчуудын хүнсний салбарт гарсан хувьсгал юм. Соёлын довтолгооны хоёр дахь шатны зорилтуудын дотор “хоол ундны хольцыг сайжруулах, төмс идэшний ногоо, талхыг өргөн хэрэглэх…” заалт орсон байна. Энэ цаг үетэй зэрэгцэн атар газар эзэмших, хүнсний ногоо тариалах томоохон ажлууд бас эхэлсэн байдаг. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 83/78 тогтоолд “Нийтийн хоолны газрууд, тодорхой хэлбэл больниц, сургууль, цэргийн анги, үйлдвэрийн газрын гуанзанд “нэг хүн хоногт 180 грамм төмс, 150 грамм хүнсний ногоо…ясли цэцэрлэгт 90 грамм төмс, 80 гр хүнсний ногоо” идэж байхаар тогтоосон байна.

Анх удаа “нийтийн хоол” гэдэг ойлголт гарч ирсэнтэй холбогдон олон зүйлийг цоо шинээр журамлан мөрдүүлэх хэрэгцээ гарч ирсэн байна. Тухайлбал хүнсний байгууллагад ажиллах хүмүүсийн ариун цэвэр эрүүл мэндийг эхлээд шалгах, үлдэгдэл хоолон дээр шинэ хоол хийх, хоносон хоолыг халааж үйлчлэхийг хориглох гэхчлэн. “Хүнсний худалдааны ариун цэврийн дүрэм”-ээр худалдагч нарын ажлын халаа өмсөх ба түүнийхээ халаасанд хувийн эд зүйлсээ хийхгүй байх, бас жорлонд орохдоо түүнийгээ тайлахыг зааж өгсөн байх жишээний.

Түүнчлэн эрүүл аж төрөх ёсонд суралцах, ялангуяа нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар томоохон алхмыг Соёлын довтолгооны далбаан дор өрнүүлсэн байна. 1931 оны намар “Биеийн тамир сайжруулах стадион” гээч зүйл анх нээгдснээс үүдэн “Биеийн тамир” гэдэг үг гарсан бололтой. Нийтийн биеийн тамир нь нэлээн хувьсгалч агуулгаар эхэлсэн ба 1936 оноос “Улс орон ба Үйлдвэрийг батлан хамгаалахад бэлхэн” тэмдгийн норм гарсан бөгөөд ажилчин албан хаагчид тэдгээрийг биелүүлэх ёстой байсан юм. Улмаар бүх нийтээрээ биеийн тамирын дасгал, гимнастик заавал хийж сурах үүрэг хүлээлээ.

1959 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Ажилчид албан хаагчид, сургуулийн сурагчид үдийн завсарлагаар бие махбодийг чийрэгжүүлэх 8-10 минутын дасгал хийж байх” журам гарчээ. Улмаар энэ дасгалыг Радио өргөн нэвтрүүлгээр удирдан хийлгэх болсон бөгөөд алдартай хөтлөгчийн “Өдрийн гимнастиктаа бэлтгээрэй…хөлдөө мөрний хэмжээний зай авч…” гэсэн хэллэг нэгэн үеийхний чихэнд хоногшин үлдсэн байна.

Дүгнэлт. СОЁЛЫН ДОВТОЛГООНЫ АЧ ХОЛБОГДОЛ

Соёлын довтолгоо нь 1911,1921 оны хувьсгалуудаас эхтэй тусгаар тогтнолын үзэл санааны үргэлжлэл мөн. Энэ зорилгын хүрээнд хятад-дорнынхоос өөр иргэншил соёлын замналтай Оросыг дагаж хөгжих, ингэснээр европ маягаар замнах зорилт орж байв. Соёлын довтолгоо нь Орос-Зөвлөлтийн маягаар (цаад утгаараа европ маягаар) иргэншин суурьших, хотшин хөгжих сургуулийн үе шат болж хэрэгжсэн гэж үзэж болно.

Соёлын довтолгоо нь бүх нийтээр боловсролтой болох, нийтээрээ эрүүлжих, хот суурины амьдралын дүрмээр “боловсон ёс”-оор аж төрөх аргын цогц сургууль байв.

Соёлын довтолгоон нь ариун цэврийн дэг журам, хамтран амьдрах соёл (буюу иргэншил хотшлийн анхан шатны сургууль гэлтэй) салбарт голлон тулгуурласан нь онцгой ач холбогдолтой болов. Учир нь монголчууд бичиг соёл, анагаах ухааны өв уламжлалтай ч хот суурины соёлоос хол хөндий явж ирсэн юм.

Нэг талаасаа төрийн хүчирхийлэл, албадлага хосолсон ч нөгөө талаас нь олон түмэн соёлын довтолгоог халуунаар хүлээн авсан юм. Учир нь соёлын довтолгоон нь хоцрогдсон байдлаас нийтээр гарч, соёлт ертөнцийн хүн ардтай мөр зэрэгцэн хөгжих үндэсний эрмэлзлийн нэг хэсэг байсан бөлгөө.

ХХ зууны сүүлийн хагаст монголчууд нийгмийн халдварт өвчнөөс салж эрүүлжсэн, үүнээс улбаалаад төрөлт нэмэгдэж хүн ам анх удаа нэг саяд хүрсэн, дундаж наслалт уртассан, шинэ шинэ хотууд үүсч хөгжсөн, боловсрол эрүүлийг хамгаалахын маш сайн системтэй болсон зэрэг эрин зууны ололтуудын туг нь Соёлын довтолгоо байсан гэж үзэж болно.

Мөн социалист монгол буюу БНМАУ-ын (1921-1990) үеийн хамгийн том үзэл санааны бүтээн байгуулалт, нийгмийн амьдралд эерэг ул мөрөө үлдээсэн хувьсгалт кампани нь Соёлын довтолгоо байжээ гэж үзэж бас болмоор байна.

Соёлын довтолгооны үр дүнд хот айлын амьдрал нь хот суурины амьдрал болон төлөвшиж, олноороо нэг дор байнга амьдрах соёлд монголчууд амжилттай суралцсан байна.

Боловсрол, эрүүл мэнд, ахуйн соёлын (ариун цэврийн)гурван хүрээнд явуулсан Соёлын довтолгоо нь монголчуудын аж амьдрал, оюун санааг шинэчилсэн хамгийн том ололт амжилт байсан. Мөн 1990 онд ардчилсан хувьсгал ялахад үлдээсэн БНМАУ-ын социалист тогтоцын хамгийн том өв бол Соёлын довтолгооны үр шим болох Нийтийг хамарсан боловсролын тогтолцоо, бүх нутгийг хамаарсан эрүүлийг хамгаалах систем, бүх нийтийн өдөр тутмын амьдралд дадуулсан ариун цэвэр-эрүүл ахуйн дэг ёс байсан гэж үзэж болно.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунтунгалаг: Авагддаг ч бай авагддаггүй ч бай насан туршийн хиймэл шүд гэж байхгүй

“Crystal” шүдний эмнэлгийн согог заслын их эмч Д.Оюунтунгалагтай ярилцлаа.


-Шүд өвчлөх гол шалтгаан юу байна. Шүдээ хэрхэн бэхжүүлэх ёстой вэ?

-Амны хөндий дэх бактерууд нь чихэр, гурилан бүтээгдэхүүн гэх мэт нүүрс ус агуулсан хүнсний нөлөөлгөөр хүчил ялгаруулдаг. Энэхүү хүчлийн байнгын нөлөөнд шүдний хатуу эд эрдэсгүй болно. Ёотонг усанд хийхээр уусдаг шиг шүдний хатуу эд эрдэсгүй болохоороо уусч зөөлрөх байдлаар шүдний цоорол явагдана. Түүнээс биш хорхой гэж амьтан шүд ухаж идээд байгаа юм биш. Үүнээс сэргийлэхийн тулд шүдний өнгөрөө сайтар угаах хэрэгтэй. Хүмүүс зөвхөн чихэр идэхээр шүд цоордог гэж ойлгоод байдаг. Хамгийн гол нь шүд өөрөө их хатуулаг байх ёстой. Шүдээ угаадаггүй ч яралзсан цагаан шүдтэй хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь тухайн хүний шүдний хатуулаг, бат бэх чанартай холбоотой юм. Шүдний өөрийн ясыг хатуу болгохын тулд амин дэмтэй хоол хүнс хэрэглэнэ, аль болох хатуу, зажлууртай хүнс сонгож хэрэглэх нь зөв. Мөн сүү цагаан идээ түлхүү хэрэглэвэл сайн. Шүд хатуулаг биш байх тусам тэсвэрт чанар муу болж амархан цоорч, гэмтдэг.

-Орчин цагт шүдний өвчлөл өөр болсон уу. Хатуулаг чанартай хүнс хэрэглээгүйгээс болж шүдний ямар өвчлөл их гарах болов?

-Сүүлийн үед шүдний битүү цоорол гэх нэр томьёо их яригдах болсон. Энгийн нүдээр харахад бага зэргийн хар толбо, зураас юм шиг, зовиургүй хэрнээ, эмнэлзүйн үзлэгээр үзэхэд шүдний хатуу эд их гэмтсэн, зарим тохиолдолд сувгийн эмчилгээнд орох хэмжээнд хүрсэн байх тохиолдол ч байдаг. Энэ нь бидний хоол хүнсний хэрэглээ, түүний шим тэжээллэг чанартай холбоотой. Гэтэл зөвхөн угаавал сайн гэж ойлгоод фтортой оогоор шүдээ угаагаад байдаг ч шүдний хатуу эдийн өнгөц хэсэг нь фторын хүчээр хатуулаг болчихдог. Уг нь шүд өөрөө хатуулаг, бат бэх байх нь хамгийн чухал. Харин хуучны хүмүүсийн шүд их хатуулаг байсан. Тамирчид булчингаа хөгжүүлэхийн тулд дасгал хийдэгтэй яг адилхан бид шүдээ бат бэх болгохын тулд зажлуур сайтай хоол хүнс идэх хэрэгтэй. Хатуу зүйл зажлахаар шүд, буйлны цусан хангамж сайжирч шүд яс хоёрыг холбож байгаа холбогч эдэд бодисын солилцоо сайн явагдана. Ингэж шүд бэхжинэ гэсэн үг. Шүдээ угаавал сайн гэхээр гутал сойздож байгаа юм шиг хүмүүс хэт үрж угаах гээд байдаг. Хэт үрэхээр шүдний хатуу эд элэгдэж, паалан гэмтдэгийг анхаарах хэрэгтэй.

-Шүдийг хэрхэн цайруулах боломжтой байдаг юм. Шүд шарлах гол шалтгаан юу вэ?

-Шүд шарлах, өнгө нь хувирах олон шалтгаан бий. Тухайлбал зарим говийн аймгуудын ундны ус хэт эрсдэлжилттэй учраас хүмүүсийн шүд шарладаг. Түүнийг цайруулах арга өөр. Энгийн хүмүүсийн шүд аажимдаа идэж ууж буй хоол хүнс тухайлбал өнгө оруулагчтай хүнсний бүтээгдэхүүн, кофе, тамхи зэргээс шалтгаалж шарладаг. Мөн сувгийн эмчилгээ хийлгэсэн, архаг үрэвсэлтэй шүдний өнгө аажимдаа шарлаж, хөхөрдөг. Дээрх шалтгаан бүрт цайруулах арга өөр өөр. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж өөрт тохирох цайруулах эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

-Шүдний цоорол маш их бий. Цоорсон шүдийг аль болох авахуулахгүйгээр эмчлүүлэх нь зөв үү. Шүд авсан тохиолдолд хэдий хугацаанд хэрхэн ямар шүд хийх ёстой вэ?

-Шүдний цоорол маш их байна. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийн дунд цоорол хамгийн их тохиолдож байгаа. Хүн амын дунд шүд цоорол их байгаатай холбоотой шүдний эгнээний согог буюу шүдгүйдэл их гарч байгаа юм. Насанд хүрэгчдийн арван хүн тутмын бараг ес нь аль нэг шүдээ авахуулсан байдаг. Шүдийг авахуулсан бол аль болох хурдан хугацаанд тухайн согогт тохирсон протезоор нөхөн сэргээх ёстой. Учир нь нэг шүд авахуулахад зэргэлдээх шүд налах, хоршигч шүд нь сунах, үлдсэн шүднүүдэд хэт ачаалал ирэх гэх мэт амны хөндий болон эрүүний үенд маш олон өөрчлөлт явагдана. Тухайн алдагдсан шүдийг хурдан нөхөн сэргээх тусмаа гарах үр дагавар, хүндрэлүүд бага байдаг.

-Хиймэл шүдний чанар юунаас хамаардаг вэ?

-Хиймэл шүдэлбэрийг авагддаг болон авагддаггүй гэж хоёр төрөлд хуваадаг. Аль ч тохиолдолд тухайн хиймэл шүдний чанар нь шүдэлбэрийн аль төрөл болох, тухайн шүдэлбэрийг хийж байгаа арга техник, шүдэлбэрийн зохиомж, хийж буй материалын хэрэглэгдэх хугацаа, ажилбарын дэг журам, хувь хүний амны хөндийн арчилгаа дэглэм гээд маш олон зүйлээс шалтгаална.

-Шүдээ авахуулах эсэх ээ зөв шийдэх ёстой юм байна. Аль болох шүд авахуулахгүй байх нь зөв байх нь?

-Тийм. Шүдээ өвдтөл нь, авахаас өөр аргагүй болтол нь хүндрүүлэхгүй л байх ёстой. Мөнгө төлж шүдээ авахуулчихаад, дараа нь дахиад мөнгө төлж хиймэл шүд хийлгэнэ. Хиймэл шүд хэзээ ч өөрийн шүдийг гүйцэхгүй шүү дээ. 80 мянга,100 мянган төгрөгөөр эмчилгээ хийлгээд өөрийнхөө шүдтэй үлдэх үү, хэдэн жилийн дараа хоёр гурван сая төгрөг төлөөд, хиймэл шүд хийлгэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Хиймэл шүд наад зах нь цэвэрлэгээ арчилгаа сайн байх, тогтмол хяналтанд үзүүлж байх зэрэг асуудал их гарна. Хиймэл шүдийг насан туршдаа юм шиг санадаг. Авагддаг ч бай авагддаггүй ч бай насан туршийн хиймэл шүд гэж байхгүй.

-Мөн эмчээ зөв сонгож, мэргэшсэн эмчээр шүд хийлгэх ёстой юу?

-Шүдний эмч нар чиглэл чиглэлээр мэргэшсэн байдаг. Тиймээс эрүү нүүрний согог заслын эмчид үзүүлж, оношлуулсны дүнд өөрт тохирох протезийг хийлгэнэ.

-Шүд бүрэх үйлчилгээ хэр найдвартай вэ. Эрүүл шүдийг хүртэл бүрүүлэх нь зөв үү, буруу юу?

-Бүрээсийг шүдний цөгц их хэмжээгээр гэмтсэн, зарим сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд, авагддаггүй шүдэлбэрийн тулгуур шүдийг бүрэх, мөн гажиг заслын аппарат зүүх боломжгүй шүдэнд гажиг засах зорилгоор хийдэг. Мөн цайруулах эмчилгээгээр цайрах боломжгүй болсон шүдний гоо сайхныг нөхөн сэргээх зорилгоор хийдэг. Бүрээс болон нүүрэвч хийх шүдний хатуу эдийг тодорхой хэмжээгээр зорж засдаг учраас шүд болон шүдний эгнээнд согог, гажиг мөн хатуу эдийн эмгэг байхгүй бол заавал бүрээс хийлгэх шаардлагагүй л дээ. Шүдний өнгийг сэргээх зорилготой бол цайруулах эмчилгээ хийлгэж болно. Ер нь өөрийн эрүүл шүдийг аль болох оролдохгүй байгаагаар нь хадгалж үлдэх нь зөв шүү.

Categories
мэдээ цаг-үе

Б.Шатархүү: Москвагийн олимп, монгол хүн сансарт ниссэнийг дамжуулснаа азтай тохиолдол гэж боддог

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан Б.Шатархүүтэй ярилцлаа.


-Та бол Монголын радио Монголын ард түмний нүд чих болж байсан алтан үед ажиллаж байсан мундаг нэвтрүүлэгчдийн нэг. Энэ их айлын босгыг давж, анх нэвтрүүлэгч болж байсан үеэс тань яриагаа эхэлье?

-Ер нь бол би МУИС-ийн Газарзүйн ангид 1962 онд элсэн суралцаж төгссөн юм. Радиод анх ажиллаж эхэлсэн үеэ одоо бодоход ёстой л залуу насны эрч хүчээр даван туулж дээ гэж боддог. Тэр үед манайх Толгойтод байдаг. Толгойтоос хотын төв орно гэдэг асар хүнд байсан. Хоёр сар өглөө ажил цуглахад ирээд, орой ажил тарахад буцна. Гэхдээ цалингүй, дадлагажигч маягаар ажиллаж байсан. Хоёр сарын дараа тушаал гарч дагалдан нэвтрүүлэгч болсон боловч тэр үед би зургаан сартай жирэмсэн байсан юм. Тэгээд ороод удалгүй жирэмсний амралтаа авахаар болов оо. Радиод орсон эхний хоёр жилээ би хоёр хүүхэд гаргасан. Тэгээд л дотроо “Ажил мэргэжилдээ ч сайжирсан юмгүй, хүүхэд гаргахаас өөр ид шидгүй хүн орж ирсэн байна” гэж бодож байгаа болов уу гэж санаа зовно. Хүн амьтантай зориглож ярьж, харилцаж чадахгүй. Эхний гурван жил би чинь шинэков байлаа. Уг нь би чинь МУИС-д газарзүйн багш мэргэжил эзэмшсэн хүн шүү дээ. Тэр үед дээд сургууль төгссөн хүн радиод ажиллаж байгаагүй юм билээ. Намайг бүр “Би л энд ганцаараа их сургууль төгссөн гэсэн аятай, тусгаар тогтносон Шатархүү улс тэнд сууж байдаг. Хэнтэй ч ярьж, нийлдэггүй” гэж хамт олон минь шүүмжилж байсан удаатай. Яг үнэндээ би тэднээс айж эмээгээд, халгаад байсан хэрэг шүү дээ.

-Тийм хүнд хэцүү гурван жилийг хэрхэн давж туулав. Өнөөгийн залуус их шантрамтгай болсон шиг санагддаг?

-Бас нэг удаа “дээд сургууль төгссөн хүн амархан ажил хийнэ гэж энд орж ирсэн биз” гэдэг байгаа. Тэр бүрт л надад газар доогуур ормоор санагддаг байсан. Нэг удаа би эфиртээ уйлаад сууж байтал манай гавьяат Чулуунбат орж ирээд “Зүгээр, чи ингэж шүүмжлүүлж байна гэдэг чинь ажлаа хийж чадаж байна гэсэн үг. Битгий гутар” гэж хэлсэн юм. “Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд, гарцаагүй түүнийг нь олж хэл” гэж О. Дашбалбар нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Яг тэр л үгийг Чулуунбат надад хэлсэн. Хүн урмаар сэхдэг гэж үнэн юм билээ. Бас нөхөр минь намайг шахаж радиод оруулсан болохоор “Зүгээрээ Шатар аа, цэвэрлэгч хийж байгаа хүн ч сайн муугаараа хэлүүлдэг юм. Чи чадна” гэж хэлдэг байсан. Радиод намайг ингэж явахад хамгийн их ойлгож, хүлээж авч, дэмжиж байсан хүн бол манай найруулагч Ням-Осор гуай. Намайг студи дээр суулгаад үүнийг сонс, унш гэх мэтчилэнгээр хамгийн их зүгшрүүлэх гэж ажилласан хүн юм. Жинхэнэ миний багш гэж боддог. Ням-Осор гуайд сэтгэлдээ байнга баярлаж явдаг. Ингэж явсаар байгаад л алтан үеийн агуу нэвтрүүлэгчдийн дунд Шатархүү гэдэг хүн үлдэж чадсан даа.

-Тэгээд хэзээнээс өөрийгөө болж байна гэж бодож, тоох болсон бэ?

-Нэвтрүүлэгчийн мэргэжлийг одоо ч сурч дуусаагүй гэж боддог. Одоогийн хүүхдүүд хоёр гурван юм уншчихаад өөрийгөө чадаж байна гэж боддог. Хүн ер нь өөрийгөө болчихлоо, чадаж байна гэж бодож болдоггүй. Тэгэх л юм бол ахидаггүй. Манай мэргэжлийн хамгийн хүнд өвчин бол “хий унших”. Юу ч бодохгүй, зүгээр л уншихыг хэлж байгаа юм. Өнөөдөр ийм хүн олон болжээ. Би Балжир, Гүнгаа, Ичинхорлоо, Батцэрэн, Чулуунбат гээд мундаг, жинхэнэ алтан үеийн нэвтрүүлэгчдийн үед ажилд орсон. Фронт дээр, тэнд л жинхэнэ нэвтрүүлэгчдийг бэлтгэдэг байлаа. Би тэдний нэвтрүүлгийг сонсож тэднээс их зүйл сурсан даа. Тэр үед уншиж байгаа нэвтрүүлгээрээ өөрийгөө хаана яваагаа мэддэг байлаа. Тухайлбал, “Эрин цаг, үйл явдал” нэвтрүүлэг улс төрийн гол нэвтрүүлэг байсан. Тэрнийг мундагчуул уншина. Үүн дээр миний нэрийг тавьсан байгааг хараад л өөрийгөө шат ахиж байгаа юм байна гэж урамшдаг байлаа.

Уран зохиолын нэвтрүүлэг уншиж буй нь.

-Таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан нэвтрүүлэг тань юу байв?

– Зохиолч Базаррагчаагийн “Баян намар” радио жүжгийг Батбаяр бид хоёроор Бүргэд найруулагч хийлгэж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүмүүс ч их гайгүй болсон гэж үнэлцгээж байлаа. Энэ мундаг нэвтрүүлэгчдээр хийлгээгүй байж надаар хийлгэсэнд нь их баярлаж, өөрийгөө жаахан үнэлж байсан юм. Гэхдээ одоо эргээд сонсоход бас л болоогүй байж дээ гэж өөрийгөө голдог.

Радиод ажиллаж байхад транслияцид явна гэж нэг сайхан юм байлаа. Шууд нэвтрүүлэг дамжуулахыг хэлж байгаа юм. Майн баярын жагсаал, Улсын баярын нэвтрүүлэг, Сүхбаатарын төрсөн өдөр, Намын их хурал, пионерийн дөчин жил гээд л шууд нэвтрүүлэг их дамжуулна. Бүргэд найруулагч маань “транслияцид явахаар Шатархүүгийн жинхэнэ онгод ордог” гэдэг байлаа.

-Дээхнэ үед радиогийн нэвтрүүлэгчдийг хүмүүс дуу хоолойгоор нь анддаггүй байсан гэлцдэг. Танд тийм явдал тохиолддог байсан уу?

-2000 оноос хойш хүмүүс радио сонсохоо байчихаж. Түүнээс өмнө дэлгүүрт ороод юм асуухаар “Хүүе, радио дуугарч байна. Та радиогийн нэвтрүүлэгч үү” гэж асуудаг хүмүүс зөндөө таарч байсан.

-Таны амьдралын хамгийн баяр жаргалтай мөч хэзээ, хэрхэн тохиож байв?

-1977 онд байгууллагын коллеги, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар орж Москвагийн радиод ажиллахаар явсан юм. Москвагийн радиод оччихоод удаагүй байлаа. Нэг өглөө 07:00 цагт мэдээгээ уншчихаад Москва голын салаан дээр очиход нар мандчихсан байгаа нь их гоё санагдаж билээ. Үнэхээр сайхан зүйлийг мэдрэхэд ээж минь бодогдож надад гашуун дурсамж үлдсэн. Тэр үед “Ээж минь байсан бол” гэж эрхгүй бодогддог юм билээ. Охиноо энэ дайтай явна гэж ээж минь даанч ойлголтгүй энэ хорвоогоос буцсан даа. Мөн энэ үед надад их азтай үйл явдал тохиосон. 1980 оны Москвагийн олимпийн мэдээ, 1981 онд Монголын анхны сансрын нисгэгч Гүррагчаа, Жанибеков хоёрын сансарт ниссэн тухай мэдээллийг Монголын ард түмэндээ хүргэх, түүхэн үйл явдлын гэрч болох аз тохиосонд баярлаж явдаг.

-Та МУИС-д газарзүйн багш мэргэжил эзэмшсэн. Радиод нөхөр маань шахаж оруулсан гэж ярьсан. Яагаад радиогийн нэвтрүүлэгч болохоор шийдсэн бэ?

-Би сургуулиа төгсөөд радио хүлээн авах станцад жил гаруй хугацаанд ажилласан. Нөхөр маань тэнд инженерээр ажиллаж байсан юм л даа. Тэр үед нөхөр маань намайг радиод очиж шалгуулаач, чи нэвтрүүлэгч болж чадна гэдэг байсан. Тэгээд нэг өдөр очоод шалгуулсан чинь “болж байна” гэсэн. Гэхдээ чиний шүд дутуу юм байна, долоо хоногийн дотор хийлгүүлж чадах уу гэхэд их ичсэн. Тэгээд дахиж очоогүй. Дарханд очиж Эвлэлийн хороонд сургууль пионер хариуцсан зааварлагчаар ажиллах болсон. Гэтэл тэнд Эвлэлийн хорооны нэвтрүүлэг бэлтгэж, өөрөө уншдаг юм байна. Тэр үед Амбасэлмаа гуайтай нэг өрөөнд суудаг байлаа. Амбалаа гуай намайг “Чи яг радиогийн нэвтрүүлэгч болох хүн байна” гээд байдаг. Тэгээд л радиод ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн дээ.

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ. Бага насаа хаана хэрхэн өнгөрүүлэв?

-Би Говь-Алтай аймгийн хүн. Намайг долоон настай байхад манайх Улаанбаатар хот руу шилжсэн. Манайх усны гудамжинд байдаг. Би охидын нэгдүгээр арван жилд сурах болсон. Би даахиа үргээлгэчихсэн, хоёр сонжуугаа тайрчихсан болохоор хүүхдүүд намайг их шоолдог байсан. Ээжийнхээ оёж өгсөн хөөрхөн монгол гутлыг өмсчихсөн байхад сургуулийн хүүхдүүд хөдөөний хөөсөн мантуу гээд л шоолно. Манай сургуульд Маршал Чойбалсан гуайн Сувдаа гэдэг охин сурдаг. Саарал победоор хүргүүлж ирнэ шүү дээ. Дууны хичээл дээр багш хүүхдүүдийг самбарын урд гаргаад дуу дуулуулна. Тэр үед манай ангийн Нина гэж шар охин дуулж чадахгүй, минчийсэн улаан болчихоод багшид загнуулдаг байсан. Түүний жинхэнэ нэр Ерөө байсан юм билээ. Сүүлд Ерөө маань МУГЖ, дуурийн дуучин болсон гэж байгаа.

Наймдугаар ангид ордог жилээ комбинатын 18 дугаар сургуульд шилжин очсон юм. Манай ангид Булганаас Зундуйн Дорж шилжиж ирээд байлаа. Тэр үед манай сургууль дээр хэдэн хүмүүс ирээд манай ангиас З.Дорж бид хоёрыг босгож, онцолж хараад явсан.

“Уран зохиолын багш нар маань хэзээ явах гэж байна” гээд л асуугаад байсан. Би учрыг нь сайн ойлгохгүй байлаа. Гэтэл багшийн дээдийн дэргэд СУИС-ийн үндэс суурь тавигдаж жүжигчний ангид хүүхэд шалгаруулж авч байсан юм билээ. Тэгэхэд манай сургуулийн есдүгээр ангид байсан одоо Ардын жүжигчин Мэндбаяр, “Алтан өргөө”-ийн Зоригт, Батсүх гурав жүжигчин болохоор сонгогдон явж байсан. Тийм мундаг жүжигчид манай сургуулиас төрж байлаа.

-Шатархүү гэхээр эрэгтэй хүнд л баймаар нэр шиг. Хэн өгсөн, ямар учиртай нэр вэ?

-Миний жинхэнэ нэрийг Түмэнжаргал гэдэг байжээ. Багадаа их жижиг биетэй байсан болохоор намайг хүмүүс “Шатрын хүү шиг” гэж өхөөрддөг байснаас ийм нэртэй болсон юм билээ. Миний овгийг Дүгэрсүрэн гэдэг. Энэ овог ч миний жинхэнэ овог биш. Намайг ой гарантай байхад төрсөн эцэг минь өөд болсон. Харин найман настай байхад ээж минь хойд аавтай суусан. Тэгээд Дүгэрсүрэн гээд хойд ааваараа овоглох болсон. Миний аавыг Бүтэд гэдэг. Ийм сайхан амьдарсан болохоор өөрийнхөө ааваараа овоглосон бол сайхан байхгүй юу гэж боддог.

-Та дөч шахам жил радиогийн нэвтрүүлэгч хийжээ. Мэргэжлийн өвчин гэх үү, рефлекс гэж хүнд суучихдаг. Та нарт тийм зүйл бий юу?

-Байлгүй яахав. Ном сонин уншихаараа заавал чанга дуугарч уншина. Хэл ам ээдэрвэл түргэн хэллэг хэлээд л. Бас нэг суусан зүйл гэвэл өглөө хоцрохгүйн тулд шөнө байн байн сэрдэг байсан юм. Одоо ч хэвээрээ. Шөнө дахин дахин сэрнэ. Сэрээд унтах гэхээр заавал цаг харна. Тийм рефлекстэй болсон.

-Монгол Улсын гавьяат тамирчин, дугуйчин Өлзий-Оршихыг таны хүргэн гэж сонссон?

-Тийм ээ. Манай охиныг есдүгээр ангид байх үеэс нэг хөх алаг нүүртэй хүү хаалга үүд цохиод байдаг болсон. Хоёр ч удаа ирлээ. Тэгэхээр нь охиндоо “Чамайг сураглаж ирдэг энэ хүү дандаа л хөх алаг нүүртэй явах юм. Зодоон хийдэг, нэлээн хулигаан хүү байх аа” гэж хэлж байсан юм. Гэтэл төрөлхийн тийм мэнгэтэй хүн байсан юм билээ.