Categories
мэдээ цаг-үе

Д.Дуламсүрэн: Үйлдвэрчний эвлэл багшийн цалин нэмэгдүүлэх асуудал дээр манлайлж оролцох ёстой

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос өчигдөр багш нар цалингаа нэмүүлэхээр төр засаг болон ОУВС-д шаардлага хүргүүлж буйг дэмжиж буй талаараа мэдээлэл хийсэн юм. Тус холбоо нь багш нарын эрх ашгийг хамгаалах, хүүхэд, гэр бүл, сургууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажээ. Эцэг эхчүүдийн холбоонд өнөөдөр 5000 орчим эцэг эх нэгдэж, багш нарын цалинг нэмэхийг шаардаж, гарын үсгээ зураад байгаа гэнэ. Эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэнтэй цөөн хором ярилцсан юм.


-Та бүхэн анх яагаад энэ холбоог байгуулах болов. Өнөөдөр ямар учраас хэвлэлийн бага хурал зарласан бэ?

-Энэ жил багш нарын баярыг Монгол Улс 51 дэх жилдээ тэмдэглэж байна. Тэгэхэд дэлхийн багш нар 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ бол монголчууд эрт дээр үеэс багшийг хүндэлж, шүтэж ирсэн ард түмэн болохыг харуулж байгаа нэг жишээ гэж ойлгож болно. Социализмын үед багш нар хамгийн өндөр цалин авдаг байсан. Хамгийн өндөр боловсролтой, ёс суртахуунтай хүмүүс багш болдог байж. Тэр хүрээллээрээ ардчиллын үе хүртэл багшийн хүүхэд багш, эмчийн хүүхэд эмч болдог байсан. Яагаад гэхээр багш, эмч хоёр бол тийм буянтай гэгээлэг ажил хийдэг хүмүүс юм. Хийсэн юмтай, хэлэх үгтэй. Гучин жил ажилласан багш дөрвөөс таван үеийн багш нарыг бэлтгэж, мянга мянган шавь нараараа бахархаж суудаг улс шүү дээ. Тийм учраас багшийг хайрлахгүй, дэмжихгүй байхын аргагүй. Багш нар түмний хүүхдийг сургах үүргээ биелүүлсэн. Харин эрхээ эдэлж чадахгүй байна. Тэдний амьдралд 200 долларын цалин хүрэлцэхгүй байна. Багшийн эрх ашгийг хамгаалахад эцэг эхчүүд дуу хоолойгоо өргөх зайлшгүй хэрэгтэй байгаа учраас бид нэгдсэн.

-Өнөөгийн нийгэмд багшийн эрх тухайлбал хэрхэн, яаж зөрчигдөж байгаа талаар ярихгүй юу?

-Хуулийн дагуу нэг багш долоо хоногт 19 цагийн хичээл заах ёстой байдаг. Гэтэл өнөөдөр улсын сургуулийн багш нар 40-50 хүүхэдтэй ангид хичээл зааж байна. Багш нар зөвхөн хичээл заадаггүй. Дэвтэр зассан, анги удирдсан, конспект бэлдсэн зэрэг олон ажлыг хийдэг ч өнөөдөр үнэлэгдэхгүй байна. Удаан жилийн арван хувь, анги удирдсаны арван хувь, дэвтэр засалтын хувь гээд тэдний цалин нэмэгдэх ёстой. Гэтэл залуу багш 380 мянган төгрөгийн цалин авдаг. Монголын ирээдүйг бэлтгэж, оюуны хөрөнгө оруулалт хийж буй багш нарын хөдөлмөрийг дутуу үнэлдэг жишиг тогтжээ. Багш нарын онц их хурлын үеэр багш нар энэ талаар тодорхой ярьсан. Эдгээр нэмэгдлийг авах гэж багш нар маш их хэмжээний цаасыг захирал, менежертээ үйлдвэрлэж өгдөг. Хэрвээ тэр цаасыг өгөхгүй бол 10 хувийг нь хасдаг. Илүү цагийн хөлсөө авах эсэх нь тухайн захирлын үзэмжээс шалтгаалдаг болсон гэж байна. Багш нар сургуулийн захиралд таалагдах гэж багшилдаггүй юм. Хүүхдүүдэд суурь боловсрол өгөх гэж, хүн шиг хүн болгох гэж багш нар хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Өнөөдөр гэхэд багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд ажиллаж байгаа багш нарын цалинг өгөхгүй байна. Энэ мэт хүнд суртал, тогтолцооны гажуудлыг өөрчлөөч гэж бид хүсч нэгдсэн.

-Үйлдвэрчний эвлэл Засгийн газраас 600 сая төгрөг авсан. Тийм болохоор багш нарын цалинг нэмэгдүүлэх тэмцэлд оройлон оролцож чадахгүй байна гэсэн яриа гадуур явж байна. Үүн дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэр талаар сонссон зүйл алга. Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн Батзориг багштай бид уулзаж, шаардлага тавьсан байгаа. Эцэг эхчүүдтэй уулзахдаа бол багш нарын цалин нэмүүлэхийг дэмжиж байгаа гэсэн. Гэтэл багшийн цалин нэмүүлэх түр хорооны үйл ажиллагаан дээр үйлдвэрчний эвлэлийн дэмжлэг дутуу харагдаад байна. Төсвийн тодотгол яригдаж буй энэ үед үйлдвэрчний эвлэл Засгийн газартай хэлэлцээ хийж дэмжээд төсвийн тодотголд суулгах тал дээр манлайлж, тэргүүн эгнээнд оролцох ёстой. Гэтэл тэд тэргүүн эгнээнд гарч ирэхгүй байгаа нь хачирхалтай. Аравдугаар сарын 23-ны гурван талт хэлэлцээрийн дүнг хүлээж байна гэх юм. Тэд ингэж идэвхийлэн оролцохгүй болохоор бид ингэж явна шүү дээ.

-Эцэг эхчүүдийн холбооны зүгээс багшийн цалинг нэмэгдүүлэх ямар гарцыг харж байна вэ?

– Манай улс төрийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн тоогоор хувьсах зардал өгдөг. Тухайлбал, 2017 оны төсөвт гэхэд төрийн бус ЕБС-д 25 тэрбум, төрийн бус СӨБ-д 17 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа юм. Ингээд бодохоор 40 гаруй тэрбум төгрөгийн ядаж тавин хувийг улсын сургуулийн багш нарт өгч болно. Тодруулбал, хувьсах зардлыг төрийн өмчийн бус сургуульд өгөхийг хязгаарлаач гэж байгаа юм. Улсаас өгдөг хувьсах зардлын 85 хувийг багш нарын цалинд, 8-10 хувийг сургалтын материал, 3-5 хувийг тус сургуулийн материаллаг баазыг сайжруулахад зарцуулах ёстой байдаг. Гэтэл бодит байдал дээр хувийн дунд сургуулиуд хувьсах зардлын 85 хувийг багш нарт зарцуулдаггүй. Энэ бол цэвэр тухайн байгууллагын ашиг болж очдог.

Жилийн 30 саяын төлбөртэй сургуулийн багш нарын цалин хэд байх вэ. Гэтэл жирийн сургуулийн багшийн цалин 380 мянгаас 680 мянган төгрөгийн хооронд байна. Монголын төр нийгмийг алагчилсан энэ давхаргыг нэн яаралтай зохицуулах шаардлагатай гэж бид үзэж байгаа. Эцэг эхчүүд боловсролын ялгаатай байдлыг нэг түвшинд аваачихыг төр засгаас шаардаж байна. Төсөвт үр ашиггүй зардал их бий. Тухайлбал, төрийн өмчит компаниудын цалингийн түвшин, үр ашиггүй төсөл хөтөлбөрүүд их хэрэгжиж байна. Дэд сайдууд, тэднийг дагасан туслах, жолооч, бусад ажилтнууд гээд төр таная гэвэл өчнөөн зардал байгаа. Үүний тодорхой хэсгийг багш нарт зарцуулаач ээ гэж бид тэмцэж байгаа юм.

-Та ингэхэд ямар ажил мэргэжилтэй хүн бэ?

-Би өөрөө багш хүн. Их дээд сургуулийн багшаар олон жил ажилласан. Манай гэр бүлд багш мэргэжилтэй хүн олон бий. Миний эгч жишээлбэл цэцэрлэгийн багшаар 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ суусан. Тийм болохоор багш хүний зовлон жаргал, сайн сайхан, багш хүний энэрэнгүй сэтгэлийг үнэхээр мэднэ.

-Таны сэтгэлд хоногшсон сайхан дурсамж үлдээсэн багшийнхаа талаар ярихгүй юу?

-Би нийслэлийн хоёрдугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Манай анги даасан багшийг Янжмаа гэдэг байлаа. Биеийн тамирын багш хүн. Янжмаа багш маань сурагчдад онц сурахаас гадна бие бялдрын хөгжил ямар чухал талаар ярьж өгдөг байсан. Одоо манай багш тэтгэвэртээ гарчихсан. Бид багш дээрээ жил бүрийн цагаан сараар очдог. Ямар дурсамж байна гэвэл би гүйж харайх, биеийн тамирын хичээлд их дургүй хүүхэд байлаа. Нэг удаа би маш хүнд өвдсөн. Тэгэхэд багш маань эргэж ирээд “За Дуламсүрэн минь, чи онц сурдаг. Толгой чинь сайн ажилладаг байж болно. Гэхдээ биеийн эсэргүүцэл сул, муу байвал эрдэм ухаанаа ашиглаж чадахгүй. Эрүүл энх аж төрөхийн тулд биеийн тамираар хичээллэх хэрэгтэй” гэсэн. Түүнээс хойш би багшийгаа дагаж сагс, волейбол тоглодог болсон. Эхний үед үнэхээр хэцүү байсан. Харин өнөөдөр би гүйх дуртай, фитнесээр хичээллэдэг. Энэ бол багшийн минь надад харуулсан үлгэр дуурайл юм. Багш хүн ингэж сурагчдынхаа дутуу талыг олж харж, тусалж дэмждэг юм шүү дээ. Энэ бол багш хүний гавьяа гэж би ойлгодог.

-Таны хүүхдүүдэд багш нар нь ямар үлгэр дуурайл үзүүлж байна. Магадгүй эцэг эхчүүдийн ойлгуулж чадаагүй зүйлийг багш нь хэлж чаддаг. Багшийнхаа ачаар энэ дайтай явна гэж ярьдаг хүмүүс ч олон байдаг?

-Манайх хоёр хүүхэдтэй. Том хүүхэд маань их сургууль төгсөөд ажиллаж байна. Бага охин маань есдүгээр ангид сурдаг. Сүүлийн үеийн хүүхдүүдийн хөгжил анхаарал татаж байна. Хүүхдүүд цахим ертөнцөөс хар бараан мэдээллийг ямар ч шүүлтүүргүй хүлээн авч байна. Утасны хэрэглээг нь хязгаарлах гэж би нэлээд цаг заваа зориулдаг. Өнөөдөр эцэг эхчүүд багшаас сайн боловсрол олгохыг шаарддаг хэрнээ өөрсдөө үүргээ ухамсарладаггүй тал бий. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд багшийг нь муулж болохгүй. Харин багшийг хайрлаж, хүндлэх сэтгэлийг суулгаж өгөх хэрэгтэй. Манай холбооны бас нэг зорилго бол эцэг эх, үр хүүхэд, багш сургууль гэсэн энэ гурвалсан холбооны уялдааг сайжруулахад чиглэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганжавхлан: “Ид шидийн орон”-ыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэдэг бол маш том сорилт

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн, “Ид шидийн орон” төслийн санаачлагч Ч.Ганжавхлантай ярилцав.


-“Ид шидийн орон” нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэзээнээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна?

-Процессын дагуу зөвшөөрлөө авах гээд л явж байна. Багш, ажилчид маань эндээ байрлаад дотоод ажлуудаа хийж эхэлсэн. “Ид шидийн орон” маань утаа гаргахгүй эко хотхон учраас цахилгааны асуудлаа түргэн шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүн дээр холбогдох байгууллагууд дэмжих байр суурьтай байгаа.

-Иргэдээс нэг тэрбум гаруй төгрөг цугласан гэж байгаа. Үүнийг хэрхэн бий болгосон талаараа хуваалцаач?

-Нэг тэрбум төгрөг гэхээр их том тоо сонсогдож байна л даа. Нэг боломжтой хүн шууд 50 сая төгрөг гаргаад өгсөн зүйл байхгүй. Хүн бүрийн сэтгэл шингэсэн нэг зуу, нэг мянган төгрөг нийлж бий болсон. Мөнгөөр үнэлэгдэхгүй зүйлс ч багтаж байгаа. Дунд сургуулийн хүүхдүүд витамин С зараад нэг гэр авч өгөх жишээтэй. Нэг портер ачаа зөөгөөд өгөх, хэдэн шуудай цемент буулгаад өгөх зэрэг хүн бүрийн сэтгэлийн өглөгөөр ёстой л ид шидтэй юм шиг тэрбум төгрөг босоод ирсэн. Монголчууд хүүхдийн төлөө, хүчирхийллийн эсрэг яаж нэгдэж чаддагийн тод жишээ боллоо л гэж хэлмээр байна.

-Төр засаг, хууль хяналтын байгууллагын хүч хүрэхгүй байгаа асуудалд Төрийн бус байгууллагын хувьд хангалттай хэмжээний өөрчлөлт хийлээ гэж харж байна л даа?

-Хангалттай гэж хэзээ ч харж байгаагүй. Илүү их ажилламаар байна. “Ид шидийн орон” 60 хүүхдийг цэцэрлэгт хамруулж, 45 хүүхдийг хамгаалалтад авах боломжтой. Үүний цаана байгаа хүчирхийлэлд өртөж буй 4500 хүүхэд, цэцэрлэгт явж чадахгүй байгаа 60 мянган хүүхдийг яах юм бэ. Энд орсон нь азтай, орж чадаагүй нь азгүй гэх юм уу. Тэр хүүхдүүд монголын ирээдүй болохгүй юу. Тэд ирээдүйд эцэг эх, нийгмийн нэг идэвхтэй хэсэг болно. Төр засгийн зүгээс ч олон ажил хийх байх аа. Хийгээсэй гэж хүлээж байна. Төр засгаа муулаад тултал нь шейр хийгээд явж болох л байсан. Гэхдээ тэглээ гээд хичнээн асуудлыг шийдвэрлэж чадах юм бэ. Бидний хувьд дөнгөж нэг гэрэл асаагаад эхэлж байна. Хоёр дахиа хаана барих вэ гэх мэт хөнгөн асуулт хүмүүс асууж байна. Тэр хүмүүст хэлэхэд гол ажил эхлээгүй байна. Хүүхэд хамгаалах байранд амьдарч байгаа хүүхэд болгоны ард хүчирхийлэл, кейс, бүхэл бүтэн ертөнц байгаа. Энэ болгоныг зөв зохион байгуулж, үйл ажиллагааг жигдлэх, энэ төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэдэг бол маш том сорилт. Хоёр байшин бариад л хүүхэд хамгаалагдчихна гэж ойлгож болохгүй. Энд асуудал байгаа болохоор бид ирсэн. Энд ажиллана гэдэг өөрөө аз жаргалтай сайхан ажил биш. Бид энэ асуудлыг шийдвэрлэх гэж ирсэн. Үүнийг өөрчлөх зүрх сэтгэлтэй хүмүүс бүхнээ зориулаад хэдэн жил зүтгэнэ. Үнэхээр сайн үр дүнд хүрээд, жигдэрчихвэл хоёр дахь руугаа орж болно.

-Өөрийн тань хувьд ер нь яагаад энэ асуудалд анхаарлаа хандуулах болов?

-Миний хувьд нэг сонин уншаад эсвэл фейсбүүкээр хараад энэ зүйлийн эсрэг явъя гэж бодоогүй. Би өөрөө хүний наймааны гэрч болж, тэр хүмүүсийн үхэл хагацал, зовлонг нүдээр үзэж, хамт байсан учраас үүний эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэсэн бодол миний толгойд бат суусан. Миний амьдралд тийм зүйл тохиолдсон. Нэлээн олон эмзэглэл байдаг.

-Яг ямар зүйл тохиолдсон юм бэ?

-Одоогоос таван жилийн өмнө би Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдүүр явж байгаад “Хүний наймааг таслан зогсооё” гэсэн бичиг барьсан хөл, гаргүй нэг ахтай таарсан. Ганзориг ах хүний наймаанд охиноо алдсан ч охиных нь хэргийг хууль хяналтын байгууллагынхан хэрэгсэхгүй болгосон юм билээ. Надад сонголт байсан. Түүнд туслах уу, эсвэл зүгээр сонсоод л яваад өгөх үү гэдэг. Тэгээд Ганзориг ахаас бичлэг хийлгээд энэ бүхнээ баримтжуулах зориг байна уу гэж асуусан. Тэгэхэд тэр ах намайг албал алах хугацаа байсан, тэгээд ч надад айх юм байхгүй. Би тэртээ тэргүй алдах юмгүй хүн. Охиныхоо төлөө, бас бусдыг над шиг битий зовоосой гэсэндээ сэрэмжлүүлэг өгч чадна гэж хариулсан. Тэгээд тэр оройдоо хийсэн бичлэгээ youtube дээр тавихад тэр шөнөдөө зургаан мянган хүн үзсэн байсан. Тэрнээс хойш нийгэмд “Ганзориг ахын хэрэг” гэсэн мэдээлэл хүрсэн. Удалгүй энэ асуудлаар олон нийт шуугиж эхэлсэн ч асуудлыг шийдэж чадаагүй. Энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл интэрнэтээр цацагдаж, олон нийтэд хүрсээр, асуудал нь ч шийдэгдээгүй явтал Ганзориг ах нас барчихсан. Нас барахдаа их учир битүүлэг байдлаар нас барсан. Гартаа мөс барьчихсан, газар хэвтэж байснаар олдсон. Хэдхэн хоногийн өмнө зүв зүгээр надтай уулзаж, тэмцэж явсан хүн гэнэт ингээд нас барсан нь нэлээд сэжигтэй санагдсан. Тэгээд энэ тухай мэдээллээ олон нийтэд улам хүргэх ёстой гэж бодон “Ганзориг ахын эмгэнэл” нэртэй нийтлэл бичиж байсан. Өнөөдөр энэ мэт нийгмийг цочроосон олон гэмт хэрэг гарах болжээ.

Гэтэл манайхан түүнийг зөвхөн сенсааци болгоод л өнгөрч байна. Түүнийг үзэн ядаад, шоронд хийгээд л өнгөрдөг. Гэтэл энэ бүхнийг бий болоход нөлөөлж байгаа ямар цог, цучил байна гэдэгт хэн ч анхаарлаа хандуулахгүй байна шүү дээ. Жишээ нь, 40 настай хүн таван настай хүүхэд заазуурдчихсан. Тэгэхэд тэр заазуурдсан хүний хоёр настай үеийн амьдралд анхаарал хандуулах хэрэгтэй. Муу хүн байсан уу. Ямар гэр бүлд, ямар нийгэмд өсөв. Юу тэр хүнийг таван настай хүүхэд заазуурдах хэмжээний араатан болгов. Ямар ямар нийгмийн хүчин зүйл нөлөөлөв. Үүнтэй ижил хичнээн хүн байна. Маргааш заазуурдахад бэлэн хэдэн хүн байна. Үүнд гэр бүлийн суурь боловсрол яаж нөлөөлөв гэдгийг давхар харж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй болов уу.

-Танай байгууллага энэ мэт хүчирхийллийн кейсийн шийдвэрлэлт дээр хэрхэн дуу хоолой, хувь нэмрээ оруулж байв?

-Таван настай хүүхдийг заазуурдсан хэрэг дээр гэхэд эцэгт нь шаардлагатай хариуцлагыг хүлээлгэсэн. Маш ховор зүйлчлэгддэг 100.1.1 дүгээр зүйл анги буюу байнгын тарчлаан зовоох гэдэг ангиллыг оруулж ирж яллуулсан байгаа. Энэ бол дэвшил юм. Долоо хоногт нөхөртөө гурван удаа зодуулна гэдэг бол гэмт хэрэг. Үүнийг мэдэхгүй хүмүүс байна шүү дээ. Мөн өнөөгийн манай нийгэмд хүчирхийлэл байна уу, сэтгэцийн эмгэг байна уу гэдгийг ялгаж харах хэрэгтэй байна. Би харахдаа энэ бол хүчирхийлэл биш, сэтгэцийн өвчтөн гэж харж байгаа. Хоёр настай хүүхдээ шөнөжин хазаж тамлаж байгаа хүн бол сэтгэцийн өвчтөн. СЭМҮТ-д хэвтэж байх ёстой хүн гудамжинд зүгээр явж байна гэдэг бол аюул. Тэр хүмүүс өөрөө өвчин туссанаа ч мэдэхгүй байгаа юм. Нийгэм дээр сэтгэцийн өвчтэй хүмүүс их байна. Үзэн ядаад шоронд хийхийг хэн ч чадна. Үүний оронд ямар өвчин байна гэдгийг судлах хэрэгтэй. Ийм гэмт хэрэг үйлдэх боломжтой хичнээн хүн байна гэдгийг судлах хэрэгтэй.

-Та өнөөгийн нийгэмд сайн үлгэр дуурайл үзүүлж чадлаа. Ч.Ганжавхлан шиг зуун хүн байхад манай улс хөгжинө гэж хүртэл ярих болжээ?

– Бид өчнөөн олон мөнгөтэй, боловсролтой хүмүүсийг мэднэ. Тэднийг хараад улс орон хөгждөг бол хөгжихөөр хугацаа боллоо. Миний бодлоор тухайн хүний суурь ямар байхаас бүх зүйл эхэлнэ. Зөв л байх хэрэгтэй. Тэгвэл түүн дээр ургасан юу ч сайхан ургана шүү дээ. Суурь гэдэг бол хүүхэд насанд бий болдог. Бид өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн сууринд анхаарлаа хандуулж байна.

-Хувь хүний хөгжлийн багш хийж байсан юм билээ. Өнөөгийн залуус өөрийгөө олох, юуны төлөө амьдарч буйгаа мэдэх гэж багагүй хугацаа алддаг юм шиг санагддаг. Таны хувьд тэдгээр залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Би өөрийгөө олохын төлөө, илүү утга учиртай амьдрахын төлөө явж байна. Өөрийнхөө хувьд өөрийнхөө зөв гэж бодсон, сонгосон замаар зөв явж байгаа гэж боддог. Өөрийгөө энэ түвшинд олох хүртлээ ийм л хугацааг зарцуулсан. Надад алдаа дутагдал бий, муу муухай араншин гээд хүнээс гардаг муу сайн бүхэн бүгд бий. Би ч гэсэн одоо байгаагаасаа илүү сайн байхыг хичээж явна. Надад маш сайн хамт олон бий. Миний хувьд тэднийг манлайлж, хариуцлага үүрч яваа болохоор намайг мундаг гэж бодоод байх шиг байна. Миний ард маш хүчтэй баг хамт олон байгаа. Тэдгээр залуусаараа бахархаж явдаг.


Categories
мэдээ нийгэм

Туг болсон андууд: Ерэнтэй

ОРШИЛ. МИНИЙ ИХ СУРГУУЛЬ-2

Анд нөхдийн нөлөөлөл бол амьдралын хамгийн том сургууль. Өдгөө 75 жилийнхээ ойг тэмдэглэж буй МУИС надад шинэ шинэ анд нөхөд бэлэглэсэн юм. Сайн муу янз бүрийн юмны зах зухад хүргэсэн нөхдүүд байхад, юу ч заагаагүй мөртлөө нөлөөллөөрөө чиг замыг маань гэрэлтүүлсэн хүмүүс бий. Жаргал зовлон хуваалцах сайн нөхөд гэж байхад үзэл санааны гэрэлт бамбар болсон андууд миний замд олонтаа таарч, хөмөрсөн тогоо шиг төөрөгдсөн итгэл үнэмшил рүү маань гэрэл тусгаж явжээ. Тэдэнтэй учирсан ховор завшаанаа эргэн санах бүрий “Эрт урьдын сайн ерөөл” гэхчлэнгийн, яльгүй мухар сүсэг ханхлуулсан соньхон бодол төрдөг билээ. Хэдийгээр мухар харанхуйгаас тэд нар л намайг хөтлөн гаргалцаж ирсэн ч гэсэн тэднийхээ тухайд “яльгүй мухар сүсэг”-тэй яваадаа би өөрөө дуртай байдаг.

ХОЁР. ЕРЭНТЭЙ

Ерэнтэйгийн биетэй нь танилцахаас өмнө “сураг”-тай нь танилцсан юм. Нэгдүгээр курсын анхны хичээл эхэлсэн өдөр дээд ангийн “ах” нар орж ирэв. Дунд сургуулийн шинэ ангид ирсэн хүүхдүүд дээр зочилдог ахлах ангийнхнаас ялгаатай нь зодох барих шинж тэдэнд алга. Тэдний дунд горзгор бор нөхөр орж ирсэн нь миний андын нэгэн болох учиртай Б.Цогзаяабаатар байж. “Говь-Алтайн гурван нэрт” хэмээгдэх тэр хүүг төрөхөд нь Дэлгэр сумын төрөх тасагт түймэр гарчээ. Сумынхаа эмнэлгийг хайлуулангаа алдаж мэндэлсэн учраас бөөн гал, цог болсон нэр хайрласан юмсанж.

Бид хоёр өөр өөр аймгийнх боловч Завхан голын хоёр эргийн хүүхдүүд байсан тул дорхноо л “Тэр гуайг таних уу”, “Энэ гуайг мэдэх үү” бололцон бараг л хамаатан болоод авлаа. Цогоо надтай танилцаж дууссаныхаа дараа “Одоо манай Ерэнтэй танай ангид шилжиж ирнэ. Угаасаа танай Завханых” гэсэн нь чи түүнтэй танилцах учиртай гэсэн санаа байлаа.

Ер нь бол Ерэнтэй нь Цогоогийн амины чухал найз бөгөөд нарийн яривал Ерэнтэйг хэнтэй найзлахыг мань хүн мэддэг шахуу бололтой. Яг тэгж хэлээгүй л дээ, гэхдээ л тэгж ойлгогдоод байсан. Юугаараа тийм айхтрыг нь хэлээгүй ч гэсэн мань хүнд их шүтэгджээ, янз нь. Миний ч гэсэн сонирхлыг татаж, тэр “ерэн есөн шидтэй Ерэнтэй” гэгчийг нь нэг харах юмсан гэж хүсэх болов. Анд маань “Ерэнтэйгийн шинэ найз нарын жагсаалт”-ын бараг толгойд миний нэрийг зоогоод хүлээсээр. Польшид сурч байгаад өнөө “солидарность”-ийн хэрэг явдлаар далимдуулан оюутнаа татахад дүйвээнд нь орсон бололтой юм дууллаа.

Ингээд Ерэнтэйг өндөр нуруутай, нарийн гонзгой царайтай, намирсан урт битльз халимагтай, хос жийнстэй, тэр үеийн хамгийн үнэт тамхи болох ВТ гэдгийг эр хүнд нарийдсан хуруундаа хавчуулсан, яриан дундуураа учир үл ойлгогдох гадаад үг олноор хэлж гайхшруулсан, үл ойлгогдом атлаа мань мэтэд бишрэл төрүүлэм польш хараал урсгасан…нэг тийм амьтнаар төсөөлөв.

Тэгж байтал хагас жилийн шалгалтын дараагаар чухам л “Христос дахин үзэгдэв” гэгчийн үлгэрээр Ерэнтэй ирсэн болохыг Цогоо дуулгалаа. Зайлуул, хүнд өвчин тусч, хагалуулж барьж юм юм үзээд, хагас жилийг аваад ирсэн нь тэр аж. Тэгж байтал Цогоо маань нэг тийм намхавтар нуруутай, шар нөхөр дагуулан ирснийг ажвал миний бүхий л төсөөллийн толгойг нь уруу харуулаад тавьсан мэт. Харин хэл ам нь гүйцэгдэхгүй амьтан байлаа. Миний төсөөлснөөс дахиад зөрсөн нь, гадаад үг хэрэглэдэггүйгээр барахгүй, бидний ганц нэг “орос” үгийг ч шоолно. Гэхдээ яаж гадаадад байсан хүн зүгээр байхав гэх шиг хааяа нэг монголоор бол “хүүр вэ” гэж л дуулдахаар “по” хараал хааяа хэлэх нь хэлнэ ээ.

Нөхөрсөг илэн далангүй тэр залуу дорхноо л манай ангийнхны бүгдийнх нь найз боллоо. Хуучин ангийнхан нь ч гэсэн Ерэнтэйгээ бидэнд орхих дургүй, Цогоо, Хуандаг эд нар манай түүгээр байнга эргэлдэнэ. Ийнхүү Ерэнтэй маань хоёр курсын дундын “тэлээ” найз маягтай үзэгдэнэ.

Цэцэн цэлмэг, хүнийг шоолох дуртай ч бас гомдоохгүй байх хэм хэмжээг сайн мэддэг болох нь ажиглагдлаа. Би хөдөөнөөс өвөртөлж ирсэн дэвтэр дүүрэн шүлгээсээ түүнд уншиж өгөх.

Мань хүн тэвчээртэй нь аргагүй сонсож дуусаад“За ёстой уучлаарай, мань шүлэг ерөөсөө ойлгодоггүй юм” гээд санал, сэтгэгдлээс зайлсхийнэ. Сүүлд мэдэхнээ “муу байна” гэж хэлэхээс зайлсхийж явсан нь тэр юм билээ.

Мань хүн гадаад юмнаас гадна “монгол юм” мэднэ гэж жигтэйхэн, энд тэндхийн маарамба, хувилгаадын арга чаргаас эхлээд, ардын эмнэлгийн нууц жор сэлтээс байнга ишлэнэ. Зурамны дунд чөмөгний ясыг битүү шатаагаад, үнс нь ямар эмийн жоронд ордог ч гэнэв, жигтэй сонин юм ярина. Сонирхуулж хэлэхэд ардын ийм уламжлал, өвийг сонирхох нь эсэргүүцлийн нэг хэлбэр байсан юм шүү, гэдгийг хэлэх ёстой байх. Бариач гэдэг юмыг ерээд оны босгон дээр анх удаа Ардын намаас зөвшөөрч Сүхээ гэдэг бариачийн тухай “Ардын бариач” гэдэг өгүүлэл “Үнэн” сонинд анх гарч байсан даг. Тэр үед нам төр юуг хүлээн зөвшөөрч байгаагаа төв хэвлэлээрээ дамжуулан илэрхийлдэг байв даа.

Б.Ерэнтэй гадаад хэлтэй хүн учраас тэндхийнхээ сонинг их уншина аа. Төв шуудангийн тэнд “Ах дүү социалист орнуудын хэвлэл” зардаг мухлаг байх. Тэндээс Польшийн “Панорама” гэж сэтгүүл авах. Тэнд нь монголын төдийгүй ах дүү Зөвлөлтийн хэвлэлд гардаггүй нэг зүйл байсан нь “Хороскоп” буюу Өрнийн зурхай. Мэргэ, төлөг хориотой нийгмийн хүүхдүүдэд “Диваажингийн алим” болсон тэрхүү хороскопт бид бүгдээрээ автлаа, эхлээд. Өнөө сэтгүүлийнх нь шинэ дугаар гарахыг тэсч ядан хүлээж “Панорама гарах болоогүй юу” гэж байн байн лавлана.

Мань хүн ер түвэгшээхгүйгээр хүн бүрийн “төлөг”-ийг орчуулж өгөх боловч “Наадах чинь худлаа даа” гэж биднийг өрөвдөнгүй хэлнэ. “Юу боллоо гэж хэвлэлд худлаа юм тавьдаг юм бэ”гэж бид гэнэн хонгороор асуух. Нам засаг үнэнийг тогтоогоод олон түмэндээ түгээдэг ба тэр нь улсынх нь албан ёсны үнэн болдог, тэр үнэнээс өөр үнэнг сонин хэвлэлд гаргадаггүй ертөнцийн хүүхдүүдийн зүй ёсны асуулт л даа. Харин бидний гэнэн хонгор асуултад “Яахав дээ, зугаа төдий л юм даа” гэж хариулдаг байв. Хэвлэлд яахлаараа, нам засгийн үнэнээс өөр зугаа төдий юм гарч болдгийн учрыг олдоггүй ээ.

Дараа нь сэтгүүлээсээ ганц нэг орчуулан тайлбарлаж өгөх болов. Тэнд зөвлөлтийн эсрэг биш юмаа гэхэд, зөвлөлтийг нэр дурдан магтаагүй юмнууд зөндөө гардаг болохыг анзаарав. Сэтгүүлээс гадна “Жичэ Варшав”(буруу галигласан байж магадгүй) гэдэг сонин бас уншдаг болохыг мэдэв. Хожим тэр сониноос “Краковын талбайн чулуу болгонд эсэргүүцлийн хүч шингэсэн байдаг” гэсэн мөрүүдийг уншуулж байсан нь санаанд үлдэж.

Нэг өдөр Ерэнтэй бидэнд сургууль дээрээ болсон хичээл хаялтын тухай маш ойлгомжгүй юм ярилаа. Оюутнууд нь “Эв санааны нэгдэл”-тэй санаа нэгдэж байгаагаа илэрхийлэн хичээлээ хаясан гэнэ. Тэрийг нь эхэндээ, хэсэг танхай нөхдүүд бөөндөө хичээлээ тасалсан юм байна гэж төсөөлөөд байтал ойлголт маань бишдээд явчихав. Оюутнууд хичээлээ таслахын оронд сургууль дээрээ ирээд деканыхаа газар суучихсан гэнэ. Эндээс, ажил хаях гэхээр л ажлаа таслаад явчихдаггүй болохыг мэдэж авав.

Тэр ч яахав. Өнөө сургууль чинь задарсан оюутнуудаа хөөхийн оронд амралтаа эхлүүлчихээд “гэрт чинь хүргэж өгье” гээд автобус гаргасан гэнэ. Цаадуул нь бөөн баяр болж гэртээ харихын оронд хөнжил пүүгээгээ авчраад сургууль дээрээ тухлаадахжээ. Ойлгох юм нээгч байдаггүй ээ. Польш оюутнууд ч гэж оюутнууд, дээд сургууль байгуулж өгсөн нам засагтаа талархаж, хичээл бүртээ мэрийн суралцахын оронд яаж байгаа нь тэр юм бүү мэд? Польшийн нам засаг ч гэж нам засаг, ачит нам засгийнхаа буянг умартсан залуусыг сургуулиас хөөж бусдад нь үлгэр болгохын оронд царайчлаад суудаг нь ч ямар учиртай юм, бүү мэд. Энэхүү олон олон “бүү мэд”-үүд хөдөөнөөс ирээд дөнгөж ядан хотшиж яваа орь залуу оюутан хөвүүний сэтгэлийг эзэмдэн толгойг нь эргүүлсээр.

Хүний толгой эргэх муу ч юм биш санагдсан. Учир нь би эргэлзээн дундаасаа нэг дүгнэлтэд хүрсэн нь “Би үүнийг ойлгож хүчрэхгүй байгаа явдал бол миний ойлгож хүчрэхгүй нэг юм байна” гэсэн бодол. Тиймээ, тэр үед миний ойлгож хүчрэхгүй байсан тэр зүйл бол эсэргүүцлийн үзэл санаа, улмаар эрх чөлөөний мэдрэмж байсан юм.

Ер нь бол “Миний мэдэхгүй нэг юм байна” гэдгийг мэдэх нь өөртөө хийсэн хамгийн том нээлтийн нэг байсан байх аа. Магадгүй хүнд төрөлхөөс заяагдаад, орчин нөхцөлөөсөө болоод ч юмуу, нуугдаж байдаг эрх чөлөөний төрөлхийн зөн совин. Хөмөрсөн тогооны дотор, үзэл сурталжин шүүгдсэн “үнэн” дотор буцалж өссөн надад “ийм зөн совин чамд ч байгаа” гэж мэдрүүлсэн хүн маань Ерэнтэй анд бөлгөө.

Ерэнтэй маань хүнийг явуулах, шоолох дуртай шигээ, өөрөө ч тоглоом даана. Мань хүн юм юманд авьяастай. Хулсан хуур татахаас эхлээд, арга барагдахад шүдээ няслаад, яахын аргагүй “Гоож- нанаа” тоглочих жишээний. Бас хөөрхөн зурна. Тэрнээсээ болж эвлэлийн үүрийн ажилд дайчлагдана. Эвлэлийн ханын сонины толгой зураад үлдэхэд нь бид “Том авьяас эзнээ мандуулдаг бол жижиг авьяас эзнээ хорлодог юм. Чи том авьяастай байсан бол том зураг зураад алдарших байсан. Жижиг авьяастай хүн яая гэхэв, ханын сониноо зураад үлд дээ” гээд хөхрөлдөн гарахад муухан инээгээд үлддэгсэн.

Ерэнтэйг жилийн чөлөө авсныг нь гайхалтгүй, би өөрөө жилийн чөлөө авах боллоо,төгсдөг жил дээ. Одооны хэмжүүрээр бол шалих юм биш ч, бас гайхуулах ч биш юм болсон хэрэг. Тэр үед надад хамгийн ойр байсан хүн бол Б.Ерэнтэй. “Ийм үед сайн найз дэргэд байх хэрэгтэй байдаг юм.Би чамаас сар холдохгүй” гэж тэр амалсан юм. Өглөө дагаад гарна. Орой унттал бараг хамт явна. Деканы зөвлөл, ректоратаар ороход хүртэл үүдэнд хүлээж сууна. Эрхбиш ганц нэг оймс илүү элээсний хувьд хаширлан харж хандах, түшиг болох аль алин нь л байсан байх. Сарын дараа миний бодол санаа ч өөр болж, энэ хугацааг хэрхэн өнгөрөөх, сургуульдаа хэрхэн эргэж ирэх, төгсөөд яах тухайгаа бодохтойгоо болсон. Ерэнтэй анд маань ч сургууль төгсөх шалгалтандаа бэлдэх хэрэгтэй болсон юм.

…Үерхээд жил гаруй болсны дараа нэг өдөр Ерэнтэй надад юм хэлэх гээд ч байх шиг, үгүй ч юм шиг сонин байв. Тэгснээ шийдэв бололтой “За, золиг минь болох болохгүй хүн амьтанд харуулав аа, өөрөө уншчихаад маргааш өгөөрэй” гээд бичгийн цаасны хагас дээр машиндсан олон хуудас өглөө. Тэр хуудсууд бол Ерэнтэй андын надад атгуулсан өөр нэгэн гэрэлт бамбар байсан юм. Юу байсан бэ, гэж үү? Баабарын бичсэн юмнууд байсан юм аа….

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат агрономич Б.Дорж: Ямар ч гантай зун тодорхой хэмжээний ургац авах нөөц заавал байдаг

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор, академич, гавьяат агрономич Б.Доржтой ярилцлаа.


-Ургац хураалтын ажил ид өрнөж байна. Манай улс энэ жил багагүй ургац алдаж, ОХУ-аас 160 мянган тонн үр тариа худалдаж авахаар болчихлоо. Үүнийг та урьдчилан таамаглаж байв уу?

-Хаврын тариалалт хийх агро зөвлөмжийг би жил бүр гаргаж, тариаланчдад хүргэдэг. Үүнийг бичихдээ ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлаж гаргадаг юм. Тариалалт хийхдээ тунадасны хэмжээ, хөрсөн дэх чийг хоёрыг маш нарийн тооцох хэрэгтэй байдаг. Тодруулбал, хөрсөнд байгаа чийгээр нь тариаг ургуулж байгаад ганд нэрвэгдэхээс өмнө зуны бороотой залгуулах арга бий. Энэ аргатай би 1974 оноос хойш ноцолдсон. Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ зун үнэндээ их халалттай байх юм байна гэдгийг мэдсэн. Зургаа, долдугаар сард маш их халах бөгөөд тунадас хэвийн хэмжээнд байх юм байна гэдэгт үндэслээд үрийн норм, үр суулгалтын гүн, хаагуур яаж тариалах талаар зөвлөгөө гаргасан юм. Миний ойлгож байгаагаар ийм их халалттай жил 1964 онд нэг тохиосон. Тэр үед нэг гагаас авах ургацын хэмжээ 3.5 центрт хүртлээ буурсан. Түүний дараа 2002 оны их халалтаар нэг гагаас авах ургацын хэмжээ 5.7 центнр болж байлаа. Тэгэхээр энэ жилийн халалт бол 53 жилд гурав дахь удаа тохиож буй их халалт юм. Бид энэ жил алдсан зүйлээ засаад ажиллаж чадвал нэг гагаас 10 центнр ургац авах боломжтой талаар зөвлөмждөө бичсэн байгаа.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд нэг гагаас дунджаар 9.4 центнр ургац авч байна гэж мэдээлсэн. Тэгэхээр таны зөвлөмжийг барьж ажилласан хүмүүс хангалттай хэмжээнд ургац авч чадсан байх нь?

-Тун дөхсөн байна. 260 мянган гагаас ургац бүрдүүлж чадсан тариаланчид өнөө жилийн цаг агаарын нөхцөл байдлыг бүрэн ашиглаж чаджээ. Гэхдээ ерээд мянган га газраас ургац огт аваагүй гэж байгаа. Энэ газруудад тунадас зурвасаар ороод байсан юм болов уу гэж бодож байна. Нөгөө талаас тэд тариалах технологи дээр, тухайлбал үр суулгалтын гүн дээр алдсан юм шиг байна лээ.

-Тэгэхээр ер нь ямар ч гантай зун байлаа гэсэн тариалах технологио барьж ажиллах юм бол ургац авах боломжтой гэж ойлгож болох уу?

-Тийм. Ямар ч муу, гантай зун байлаа гэхэд тодорхой хэмжээний ургац авах нөөц заавал байдаг. Бид түүнийг зөв ашиглаад ургацаа авдаг болох хэрэгтэй. Тийм болохоор тариа тарих хугацаа гэдэг бол манай орны хувьд маш чухал үзүүлэлт болдог. Цаашдаа өөрийн нутаг орны нөхцөлд тохирсон сортуудыг гаргах, тарилангийн технологийг боловсруулах шаардлагатай байна. Ганд тэсвэртэй үр тарианы сортыг Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнд хийж байгаа.

Өнгөрсөн хавар гэхэд бидэнд тариа тарих хоёр хугацаа байсан. Талбайн 20-30 хувьд эрт тариалаад үлдсэн хэсгийг нилээн хойно тариалах байжээ гэж харж байна. Гэхдээ үүнийг үйлдвэрлэлд зөвлөхөд их хэцүү. Яваандаа техникийн хангамж сайжраад ирвэл нэвтрүүлж болох байх гэж боддог.

-Одоо байгаа ургацаа алдахгүйн тулд хэрхэн ажиллах талаар та зөвлөөч?

-Улсын хэмжээнд 259 мянган тонн буудайн ургац авна гэж төлөвлөж байгаа. Гэхдээ ургац энэ хэмжээнд арай хүрэхгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл энэ жилийн ургац их намхан байсан. 40 сантиметрээс намхан ургасан тариа комбайны жоотуунд орохдоо муу, түрүү нь таслагдах, түрүүн дээгүүр нь өнгөрчихөөд байдаг талтай. Ялангуяа хавар тариалахдаа талбайгаа тэгшилж чадаагүй бол комбайны жоотуу доогуур шороо хутгаад байдаг. Үүнээс гадна нэг ширхэг буудайн натур жин гэж байдаг. Буудайн хэмжээ хэлбэр ерөнхийдөө шувтан, шөвгөр, гонзгойдуу харагдаж байсан. Гонзгойдуу харагдаж байгаа нь механик болц гэгч юманд орсныг харуулж байгаа юм. Яг өөрийнхөө биологийн болцоор явсан бол дугуй хэлбэртэй, нэлээн бэлцгэр харагддаг. Тэгэхээр жингийн хувьд арай бага байх болов уу. Гэхдээ чанарын хувьд муу байна гэж ойлгож болохгүй.

-Тэгвэл ганд нэрвэгдсэн болон орой соёолсон буудайг яах вэ?

-Орой соёолсон буудай болон хог ургамлын ургалтыг нэмэгдүүлж хүлээгээд ногоон тэжээл болгож хадаж болно. Эсвэл ирэх жилийн тариалалтаа бодож одоо хагалах юм уу, хүнд сэндчилүүрээр боловсруулж уринш бэлтгэж болох юм.

-Манай улсын газар тариалангийн түүхэнд цасны усыг ашиглаж байсан туршлага байдаг. Харин өнөө цагт хөв цөөрмийг яаж барих вэ?

-Тариалангийн төв бүс болох Алтай, Хангай, Хэнтийн нутагт цасны ус их хуримтлагддаг. Хараа, Ерөө, Орхон голоос эхтэй Сэлэнгийн хөндийг дагасан асар их шуудуунууд байгаа. Хаврын цас, борооны усыг тэр шуудуугаар дамжуулаад авч ашигладаг байсан туршлага бидэнд бий. Аадар бороо хөрсөнд шингэхгүй урсаад өнгөрдөг. Энэ усыг их зөв зүйтэй ашиглах хэрэгтэй. Одоо бол булгийн усыг л ашиглаж байгаа болохоос цасны усыг ашиглахгүй байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод өвөлд орох цасны хэмжээ нэмэгдэх болсон. Тэгэхээр эдгээр шуудуунуудыг ашиглаад хөв цөөрөм барьж болно. Үүнд төр засгийн бодлого үгүйлэгдэж байна. Хүмүүс ч бэлэн биш байна. Ирээдүйд энэ бол зайлшгүй хийгдэж таарна. Хамгийн гол нь экологи, орчин тойрондоо нөлөөгүй тийм аргаар усыг нь авна гэдэг чухал асуудал юм. Манай сургуульд яг энэ асуудлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй оюутнууд сурч, хөдөлмөрлөж байна даа.

-Манай улсын газар тариалангийн салбарт ямар асуудал тулгамдаж байна. Хэтийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Манай улс дотооддоо гурил будаа, төмсөөр бүрэн хангадаг боллоо. Хүнсний ногоог хангадаг болоход тун ойрхон байна. Одоо манайд дутагдаж байгаа зүйл бол жимс, тэжээл хоёр юм. Энэ хоёрыг тариалаад, дотоодын хэрэгцээгээ хангаад эхэлбэл газар тариалангийн салбар мал аж ахуйн салбартай эн зэрэгцэж ирнэ гэж боддог. Манай улс 1990 он хүртэл сая 200 мянган га талбай хагалсан. Цаашид үүнийг өргөтгөх талбай тун ховор. Тэгэхээр одоо зөвхөн манайд төдийгүй дэлхий нийтэд нэг гагаас авах ургацыг нэмэгдүүлэх асуудал хамгийн их тулгамдаж байна.

-Үүний тулд яах ёстой вэ?

-Дэлхийн улс орнууд хортон шавьжтай тэмцэх, ургамлыг хамгаалах, бордохын тулд газар тариаланг химижүүлж байсан. Гэтэл химийн бодис хөрсөнд, усанд, агаарт хуримтлагдаж, мал, ургамалд, эргээд хүнсний аюулгүй байдалд заналхийлэх болсон. Газар тариалан өндөр хөгжсөн орнууд үүнийг дайраад өнгөрсөн. Харин бид аль болох бага хохирол амсахын тулд газар тариаланг экологижуулах хэрэгтэй байна.

-Япон, Солонгос зэрэг орнуудад хөрсгүй технологи нэвтэрч эхэлсэн шүү дээ. Энэ технологи бидэнд хэр ойр байна вэ?

– Тарих газаргүй болчихсон, хэдэн сая хүн амтай улс орнууд хөрсгүй орчинд тариалалт хийх болсон. Үндсийг нь шим тэжээлийн бодисоор шүршээд агаарт тарина гэсэн үг. Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд тэр судалгааг хийж байгаа. Манайх бол одоогоор цөөхөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай одоохондоо үүнд яарах шаардлагагүй болов уу. Говь-Алтай аймгийн Бигэр суманд арвай тарьдаг тариаланч олон бий. Тэнд нэг хүн га газраас 90 центнр арвай хурааж авсан гэж байгаа. Энэ бол дэлхийд ургацаараа тэргүүлж яваа Голландтай адил ургацыг говиос авч чадсан гэсэн үг. Говь нутаг маань эрт үед далайн ёроол байсан гэдэг. Органик бодис задарч эрдэс болж байж ургамалд очдог. Тэгэхээр угаасаа далайн ёроол байсан болохоор говь хээрийн бүс нутгийн хөрс эрдэс хэлбэрээрээ байж байна. Тийм учраас эндээс тийм их ургац авч чадаж байгаа юм. Монголчууд усны нөөцөө зөв ашиглаж чадвал газар тариаланд хамгийн тохиромжтой бүс ирээдүйд өнөөдөр бидний ургац авч чадахгүй байгаа говийн бүс байж болохыг үгүйсгэх аргагүй.


Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл (IV)

Түрүүч нь №207(5774), №211(5778), №215(5782) дугаарт

“Алтай” чуулгын тайзнаа төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын нэрэмжит зохиолч уншигчдын уулзалт эхэллээ. Их зохиолчийнхоо бүтээлийг эхийн сүү шигээ хөхөж өссөн алтайчууд хөдөөдөө хамгийн томд тооцогддог чуулгын танхимыг дүүргэжээ. Суудал олдоогүй нэгэн нь хоёр давхрын чөлөөнд босоогоор зогсч, ёстой нөгөө “зүү орох зайгүй” гэдэг шиг багтаж ядан байна. Уран үгсийн чуулганыг Монголын өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, гавьяат жүжигчин Гомбын Равдан, “Болор цом”-ын хөтлөгчийн дархан эрхийг Бямбаа гавьяатаас өвлөн авсан нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа нар удирдан явуулсан юм. “Түмэн олноос уран уншигч алдрыг хүртээж, үг танихын гайхамшгийг надад мэдрүүлсэн зохиолч бол яах аргагүй Лодойдамба гуай” гэж Равдан гавьяат сэтгэл догдлон хэлж байна. Тэрээр 1979 онд Монголын зохиолчдын эвлэлийн 50 жилийн ойгоор зарлагдсан уран уншигчдын улсын уралдаанд нэрт зохиолчийн “Шаргачин” өгүүллэгийг уншиж мөнгөн медаль хүртжээ. Мөн наян таван онд Монголын радиогоор “Алтайд” романыг бүрэн эхээр нь уншиж түмний сонорт хүргэсэн бол 100 жилийнх нь ойгоор “Тунгалаг Тамир”-ын хоёр ботийг бүтнээр нь уншжээ. Эл үдэш ч “Шаргачин”, “Солонго” тэргүүт өгүүллэгүүдийг нь амилуулж, Алтайн зон олонд сэтгэлийн цэнгэл амсуулсан юм.

Уран үгсийн чуулганд Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн эрдэмтэн зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж нарын эрхмүүд өнөө “Засагт ханы хөх харчууд”-ын дунд сууж шүлэг найргаа уншсаан. “Засагт ханы хөх харчууд” гэдэг нь мэдээж төрийн шагналт Далхаагийн Норов, соёлын гавьяат Санжийн Пүрэв тэргүүтэй аваргууд. Тэдний араас “Би жинхэнэ монгол билэг танхай хөдөөний хүн”, “Цэцгээр хорвоо бялуурахын цагтаа санаагүй байж мэднээ ээж ээ, цээжнээ зовлон хурахын цагт таныгаа л үгүйлдэг шүү ээж ээ, уураг сүүгээрээ тэжээсэн таныгаа, уулга алдахдаа ч дууддаг бурхан ээжээ”, “Уулзах л юмсан чамтайгаа, би” зэрэг олон дууны эзэн Халиун сум, Хар азаргын нурууны авьяас билэгт найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбийн Дашдондов, “Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай, насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад бас хайртай, өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай, өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай”, “Цаст хайрхан, хөвч хангай, элсэн манхан, цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй, уулс ус ургамал амьтан, буурал дээдэс минь, уртын дуу, хүлгийн тоостой эх орон минь” хэмээх олон аварга дууны эзэн соёлын гавьяат зүтгэлтэн Хайдавын Чилаажав, “Эрчүүдээ та нар хааяа ч болов өршөө, “Эрчүүдээ та нар хааяа ч болов өршөө, эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл” хэмээн яруу найргийн тайзнаа шуугиан тарьдаг Мишигийн Цэндэндоржийн шагналт Мөнхөөгийн Билэгсайхан, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Намрын өнгө орлоо ээж ээ” тэргүүт хит дуунуудын эзэн Намбарын Пүрэв гээд аргагүй л Алтайн сор болсон найрагчид тайзыг эзэгнэсэн байлаа. Яруу сайхны төгс илэрхийлэл гэж хэлж болохоор тийм тансаг үдэш. Өндөр Алтайнх нь найрагчид Монголын яруу найргийн цээжний морьдын дунд явааг их Лодойдамба, Мишигийн Цэдэндорж нь мэдэрч байгаа даа гэх бодол эрхгүй төрөв. Үзэгчдийн алга ташилт үнэндээ саарсангүй. Хаврын хаварт хангайн тэлмэгэр нуруу Бөхөн шар, Идэрийн голын хөвөөнөө ийм л нэг үлэмж тансаг үдэш болдог сон. Чилаажав найрагч Лодойдамба гуайд зориулсан “Цахиур Төмөрийн дуулал”-аа уншсаны дараа “Ингэн тэмээ буйлаад л байдаг нутаг даа, Ээж минь хүүдээ бүүвэй аялж суусан даа, тэнгэр ч гэж тэнгэр дээ, Алтайн хөх тэнгэр ээ, тэнд л намайг төрүүлсэн ижий аав хоёр минь дээ. Агт морин үүрсээд байдаг нутаг даа, Аав минь хүүдээ үнэг хайчилж суусан даа, уулс ч гэж уулс даа, Алтайн цэнхэр уулс аа, усаар нь намайгаа ариулсан ижий, аав хоёр минь дээ” гэж уншихад нь нүдний нулимс гарах шиг болсон.

Уулзалтын дундуур Лодой гуайнхаа 100 жилийн ойд автобус дүүрэн зохиолчдын дунд гонзойгоод хүрээд очсон соёлын гавьяат зүтгэлтэн, генерал Лувсангийн Пүрэвдоржтой уулзлаа. “Лодойдамба гуайг зохиолчийнх нь хувьд их зохиолч гэж хүндэтгэдэг. Ер нь тэгээд Лодойдамба, Түдэв, Эрдэнэ, Явуухулан, Пүрэвдорж гээд цөөхөн хүнийг их зохиолч гэнэ. “Тунгалаг Тамир” дэлхийд судлагдсан бүтээл. Гэтэл “Солонго” гээд богинохоон өгүүллэгийг нь уншихаар “монгол хүний монгол өгүүллэг гэж тийм л юм байдаг байх” гэж бодогддог. Үнэхээр нүдний нулимс гаргадаг зохиол юм. Энгийн хэрнээ нарийн зүйлийг ажиглаж бичнэ гэдэг аргагүй л авьяас билэгтэй хүний ажил мөн. Лодойдамба гуай Монголын соёлыг манлайлдаг хүн байжээ. Энэ талаар би киноныхон, сонгодог урлагийнхан, жүжигчид, дуучид, балетынхан гээд олон хүнтэй ярилцсан. Бүгд л “Лодой багш” гэдэг. Ухаандаа Лодойдамба гуай бүжгийн хүн биш шүү дээ” гэв. Пүрэвдорж генерал батлан хамгаалахын офицер байхдаа Лодойдамба гуайн НАХЯ-ныхантай уулзсан уулзалтад байсан гэдэг. Тухайн яамны нэг хүн “Хугараагүй ноён нуруу” зохиолынх нь тухай асуугаад, энгийн ардыг манай яамныхан хэлмэгдүүлж байсан гэж та бичжээ. Таныг зохиолыг уншаад би айлаа хэмээн жаахан гомдсон, дургүйцсэн байдалтай хэлж л дээ. Лодой гуай “Би тэгж л айлгах гэж бичсэн юм” гэж шуудхан хариулсан байна. Ардчиллын үнэр ч байхгүй далаад онд Лодойдамбаас өөр зохиолч “нахынхны” өмнө тийм зоригтой үг хэлж чадахгүй гэж генерал өчсөн. Мөн тэрээр “Олон зарц ажилчидтай баян нөхрийг эерэг сайн дүр болгож Монголын утга зохиолд анх үзүүлсэн хүн” гэж Итгэлтийн дүрийг жишээ болгон хэлсэн. Нээрээ л хөрөнгө мөнгөтэй хүн өөдгүй новш, тайж ноёд өөдгүй амьтад гэсэн сэтгэлгээ манай утга зохиолд илэрхий байдаг нь үнэн. Пүрэвдорж генералын “Монголын соёлыг манлайлагч” гэж хэлснийг өмнөх тэмдэглэлдээ зууны манлай Хорлоогийн Уртнасан, балетмейстр Жамъяндагва нарын олон хүний яриагаар тодотгосон. Үргэлжлэл болгож өгүүлэхүйд, өдгөө Монголын кино урлагийн тулах багана нь болсон ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн “Миний хайрлан хүндэтгэж явдаг хүн гарцаагүй Лодой багш маань юм. Тэр хүний буянаар би Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн ангийг төгссөн” гэж залбирдаг.

Жаран онд Жийгээ найруулагч Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь авчээ. Ээж нь “Ганц хүүгээ мөрдөн байцаагч болгохгүй. Рагчаа дээр дагуулж очин эмч болгоно” гэж зүтгэсэн байна. Ижийнхээ үгнээс гардаггүй хүү нь эмч болохоор явж байтал Лодойдамба гуай таарсан гэнэ. Түүнд хандан нэг жил кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллахыг үүрэгджээ. Ингээд тэрээр Монгол киноны тэргүүн жанжин Дэжидийн Жигжид гуайтай хамтран “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд ажилласан түүхтэй. Дараа жил нь Лодой зохиолч хэлсэн ёсоор киноны операторын ангийн хуваарь ирэхэд дээд боловсролын хороогоор өөрөө хөөцөлдөж байж найруулагчийн ангиар солиулаад Жигжидсүрэнг явуулсан гэдэг. Дипломынх нь ажил “Анхны алхам” киног цээжээрээ хамгаалж, ямар ч хасалт оруулалгүй гаргах эрхийг өгсөн хүн мөн л Лодойдамба гуай. “Харамсалтай нь багш маань “Анхны алхам” киног маань дэлгэцэнд гарахыг нь үзэж чадаагүй” гэв. Лодой гуайгаа ийнхүү Жигжидсүрэнг кино найруулагчийн сургуульд явуулаагүй бол Монголын кино урлаг “Хатанбаатар”, “Суварган цэнхэр уулс”, “Эх бүрдийн домог”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Нарны унага”-аар дутах байсан. Багшдаа зориулж “Солонго”, “Шаргачин” хоёр өгүүлэгийг нь нэгтгээд кино хийхийг олон жилийн өмнөөс бодсон. Энэ миний сүүлчийн бүтээл байх болно гэж эрхэм найруулагч хэлсэн. Бас л айхтар сонсогдож байна лээ. Түрүү жилийн намар, есдүгээр сарын сүүлээр миний бие Хатанбаатарын дүрээр ард түмний хайр талархлыг хүлээсэн, Булган хангайн хүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Лхагвын Эрдэнэбулганыд очиж, Навчаа эгч тэр хоёртой үдэшжин хуучилсан сан. Эрдэнэбулган ах “Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх энэ агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” хэмээн бүр чин зүрхнээсээ хэлж билээ.

Жаран хоёр онд дэлхийн оюутан залуучуудын VIII их наадамд оролцох Монголын урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд түүнийг агуу их Дагвын Лувсаншарав багш нь багтааж, Лодойдамба гуай дэмжсэн түүхтэй. “Чехословак, Румын, Польш, Герман зэрэг олон орноор сар гаруйн хугацаанд яваад хамгийн сүүлд Болгарт иртэл элчин сайд Цэдэндамба гэдэг хүн дуудлаа. За би ямар буруу зүйл хийлээ дээ гэж баахан эмээсээр очтол “Лодойдамба сайдаас цахилгаан ирсэн. Өөрийг чинь хөгжмийн дээд сургуульд шалгуул. Тэнцвэл энд сур” гэж палхийтэл хэллээ. Би ч энэ амьдралд олон л юманд баярлаж яваа хүн. Харин хамгийн анх хэмжээлшгүй баярласан маань Лодой багшийн тэр үг байсан даа” гэж аньсага чийгтүүлэн хэлж байв.

Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн оюутан ахуй цагтаа Бажуудайн Ганбат судлаачийн Лодойдамба гуайн инээмсэглэсэн хөрөг зурагтай зузаан гэгч цэнхэр номыг илтэл нь уншиж билээ. Уг бүтээлээрээ Ганбат зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг Тугалхүүгийн Баасансүрэн, Бямбажавын Хүрэлбаатар гээд Сутай хайрханыхаа “нэг уяаны морьд”-той хамт хүртэж байхыг зурагтаар харан баясаж байсан сан. Мөн 2001 оны намар, дөнгөж нэгдүгээр курсын жулдрай оюутан байхдаа ардын жүжигчин Чимэдийн Долгорсүрэн гуайг сүүлчийн замд үдэхэд нь драмын театр дээр очиж, алтан шарилынх нь өмнө мэхийж байсан. Дунд сургуулийн сурагч байхад “Чиний хайр шиг тунгалаг, чиний сэтгэл шиг цагаан зүйл энэ хорвоод үгүй билээ. Догоо минь чи яасан сайхан хүн, ямар сайхан хүүхэн бэ. Чамайг мөн ч их санаж байна. Гудманд бүхий л биеэрээ наалдан хөтлөлцөөд, дөрвөн хүүхдээ дагуулаад явмаар байна. Зөвхөн явмаар биш яваад л баймаар байна” гэх Лодойдамба гуайн ханьдаа бичсэн халуун зүрхнийх нь захидлыг сониноос олж үзсэн. Үнэгэн лоовуузан малгай өмссөн Долгорсүрэн гуайн яралзсан цагаан шүдээрээ инээмсэглэж буй гэрэл гэгээ цацарсан зураг нь тэрхүү захидлын хамт сонинд гарсан байв. Тугалхүүгийн Баасансүрэн гавьяат Варшав хотоос анд нөхөр Бажуудайн Ганбатад бичсэн захидлыг нь “Уул шиг түшигтэй нөхөр минь” номноос нь уншиж байлаа. “Уул уулаа таньдгийн адилаар Ганбат Лодойдамба гуайг таньсан” гэж Дөнгөтийн Цоодол багш минь хэлдэг сэн. Эл бүх учрал, дурсамж дурдатгалыг санан өндөр их Алтай, Хантайширын нуруунаас буцаж явна.

“Лодойдамба гуайг хэзээ ч муу үг сонсож, муухай санаа өвөрлөж яваагүй хүн гэж боддог. Нэг үе Гаадамба гуай тэр хоёр их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолын талаар “Утга зохиол” сониноор олон дугаар дамнуулан айхтар сүрхий маргалдсан. Гаадамба гуай надад бүр сүүлд “Лодойдамбаас өөр надтай маргалдаж чадах онолын бэлтгэлтэй хүн манай зохиолчдын дотор байхгүй л дээ” гэж байв. Харин Лодойдамба гуай бол их зохиолчийн бичсэн “Монголын уул талаар соёлын үрийг таригч” мөнөөсөө мөн байсан байх шүү” гэж Лувсандамбын Дашням доктор хэлдэг. Эдүгээ сэрүүн тунгалаг байгаа зохиолчдын дунд Лодойдамба гуайтай хамгийн олон уулзсан, үг яриаг нь сонссон, зураг хөргөө татуулсан хүн бол Дашням ах юм. Том охин Насанбуянтай нь хамт хойно сурч, Лодой амин зүрхний хайрт охиноо Дашням ахад захин виски задалж, үлдээсэн мөнгөөр нь мань хоёр Москвад ганцхан байдаг “Националь” зочид буудлын бааранд орж явсан түүх ч бий.

“Лодой гуай биднийг магтах дуртай. Манай Явуу ч хийл хөгжим шиг найрагч. Гайтав маань ч бөмбөр юм” гэж ирээд магтана. Лодойдамба гуайгаар магтуулна гэдэг төрийн шагнал авахтай ижил санагддаг” гэж төрийн шагналт ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын хэлсэн үг бий. Дооров гэснээс нэг зүйл санаанд ургалаа. Лодой гуай “Тунгалаг Тамир” романыхаа анхны дэвтрийг редактортоо өгнө гээд сонингийн цаасанд боочихсон Зохиолчдын хороон дээр ирж гэнэ. Тэгэхэд роман нь “Тамир нутгийнхан”, “Тамирын урсгал”, “Тунгалаг Тамир” гэсэн гурван нэртэй байжээ. Аль нь дээр вэ гэж Дооров тэргүүтэй зохиолчдоос асуухад, “Тунгалаг Тамир” нь илүү сонслолонтой юмаа гэсэн гэдэг. Бас л сонин сайхан дурсамж. Уг романы анхны редактор нь төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай. “Лодойдамба гуай намайг тоож романаа редакторлуулсанд би их баярладаг. Бүлэг бүлгээр нь уншаад засах зүйлийнхээ тэнд анхааруулах тэмдэг тавина. Шууд засч зүрхлэхгүй шүү дээ” гэж хуучилсан бол “Манай хүн нэг зөрөхөөрөө лут зөрнө. Үгүй гэм дээ гээд л зүтгэчихнэ. Монголын зохиолчдын байгууллагын 40 жилийн ой тэмдэглэх үеэр нэг шог яриа гарсан. Түүнд зохиолчдыг тарвага болгож шоглосон юм. Лодойдамба гуайг буудуулчихсан хэрнээ нүх рүүгээ орох гээд цээж хийгээд зүтгэчихсэн, анчин нүхнээс нь сугалах гээд дийлэхгүй байгаагаар шог ярианд оруулсан байдаг. Үүнийг өөрөө сонсчихоод “Наадах чинь би мөн байна” гэж билээ” хэмээн Дэндэвийн Пүрэвдорж гуай ярьсныг ч энд шигтгэе.

“Аав минь хэрийн юмнаас айдаггүй, гүжирмэг, гаднах байдалдаа төдийлөн анхаардаггүй хүн байв. Нэг хөгтэй явдлыг санах юм. Аав гадаад явахаар МИАТ-ээс онгоцны билет авчээ. Тэр үед билет олддоггүй бас л хэцүү байсан юм билээ. Аав захисан билетээ авъя гээд кассынх нь хүн дээр очиж. Билетээ аваад гарах гэж явбал ээлжийнх нь ахлагч “Юун хүнд чи Лодойдамба гуайн билетийг өгчихөв өө. Лодойдамба гуай наадахыг нь захиалсан шүү дээ. Алив нааш нь аваад ир” гээд кассчинг, давхар аавыг мөн сандаргасан гэдэг. Сайд хүн гэхэд, дэндүү хээ шаагүй, гаднах төрх нь ч тийм харагдсан байлгүй. Тэр явдлаас хойш аавыг хувцас хунартаа анхаарч бай гэсэн яриа манай гэрт өрнөсөн” хэмээн хүү Галбадрах нь нэгэнтээ хэлж байсныг санав.

Лодой гуай 1970 оны нэгдүгээр сарын 11-нд өнгөрчээ. Эмнэлэгт байхдаа “Миний хувьд хийх юм мөн ч их байна даа хэмээн харуусч бодол санаагаа гүйцээхээс урьтаж богинохон насаа гүйцээх болж байна даа” хэмээн яагаад ч тэсэхгүй нь гэдгээ шулуухан хэлжээ. Түүнийг өнгөрснийг дуулаад “Улаан наран”, “Үүрийн туяа” романуудын эзэн Д.Нацагдоржийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн С.Дашдэндэв, ардын жүжигчин Нямын Цэгмид гуай нарын дотны нөхөд харууслын үг бичиж байжээ. Монголын утга зохиол, соёлын хэзээ ч бүдгэрэхгүй аугаа их авьяастан тэрээр ид хийж бүтээх тавин гуравхан насандаа орчлон хорвоог орхижээ. Нэгэнтээ суут их зохиолч Лодонгийн Түдэв “Монголын утга зохиолд Лодойдамбыг уултай зүйрлэвэл Хантайширын нуруу, устай зүйрлэвэл тунгалаг Тамирын гол” гэж хэлсэн байдаг. Түдэв гуайн энэ үгээр “Суу билэгтний өлгий” цуврал тэмдэглэлээ өндөрлөж байна. Өвөр бууцанд нь төрсөн нэрт зохиолч байхгүй ч өндөр их Алтай нь хэвээрээ, халуун зүрхнийхээ нулимсыг унасан Хантайширын нуруу нь дүнжгэрээрээ л байна. Харин Монголын их Алтай дэлхийн суут хөвгүүн төрүүлсэн юм шүү гэсэн шиг ихэмсэг бадрангуй төрхөөрөө үдэж мордуулсан юм. Нийслэл хотын зүг хошуу эргэсэн зохиолчдын цуваа их Лодойдамбаа сэтгэл оюундаа адислаад Тарлан хайрхных нь дэргэдүүр дуулалдан буцлаа.

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл(III)

Түрүүч нь №207(5774), №211(5778) дугаарт

Их зохиолчийн төрсөн бууцнаас хөдөлсөн цуваа Тайшир сумыг зорих замд “Тунгалаг Тамир”-ын Итгэлт буюу ардын жүжигчин Аюурзанын Очирбат гуайн яриа хөөрөө сэтгэлд ургаад ирлээ. Тэр жилийн арваннэгдүгээр сард юмсан. Бүр нарийн үзвэл Улс тунхагласны баярын өдөр миний бие “Богд Ар”-ын байранд Очирбат гуайнд очиж билээ. Бүрэнгийн хонхроос тодорсон нэрт жүжигчин маань хоёр нүдээ сүрхий гэгч нь эргэлдүүлж, дээш доош нь “үсэргээд” хичнээн сайхан дурсамж дурдатгалыг хуучилсан гэж санана. “Манай Лодой багш мөн ч сийрэгхэн ухаантай хүн байсан юм шүү. “Тунгалаг Тамир”-ын жүжигчдийг хоёр, гурваар нь дагуулж уулзалтад явдаг байв. Нэг удаа багштай хамт явж байтал заалнаас хүн босоод “Та цахиур Төмөрөө яагаад алчихсан юм бэ, амийг нь хороохгүй өршөөж болоогүй юм уу” гэхэд багш “Үгүй ээ хүүхээ, би алаагүй шүү дээ. Түүнийг чинь Түгжил алчихсан юм” гэв. Хүмүүс нирхийтэл инээлдээд л явчихлаа. Хэрвээ багшийн оронд би байвал юу гэж хариулах бол. “Тэр нөхрийг зайлшгүй егүүтгэх шаардлага байсан” гэж тэнэглэж магадгүй гээд хөмсгөө атируулан жуумганан инээвхийлж байсан сан. Тэрээр “Итгэлтийн дүрд тоглоно гэж ёстой зүүдлээ ч үгүй явсан даа” гэж хэлдэг. Мэдээж тэр тухай асуулгүй л яав гэж. Ардын жүжигчин ийн хариулсан байдаг.

“Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” роман кино болох нь гэх сургаар жүжигчид тэр түүний дүрд таарна гэсэн таамаглал яриаг өөр хоорондоо хэлэлцэж эхэлсэн. Би өөрөө бодох нь байтугай бусад маань ч намайг Итгэлт болно гэж бодоогүй нь мэдээж. Тухайн үед нэг ч кинонд дүр бүтээгээгүй. Бие жижиг, дээр нь царай муутай учир найруулагчийн нүдэнд өртөөгүй байсан хэрэг л дээ. Итгэлтэд “цоохор” Мижиддорж гуайг тоглоно гэсэн яриа хүмүүсийн дунд байв, би ч тэгэх байх л гэж бодож байсан. Донровын Намдаг гуайн “Хярааны хонхорт” жүжгийн гол дүр Цэрэнжав зангид би тоглож байсан юм. Хожим нь “Харуул занги” нэртэй кино болсон. Уг жүжгийг Лодойдамба гуай үзэж л дээ. Тэгж суухдаа “Би Итгэлтээ оллоо” гэж хэлсэн гэдэг юм. Надад энэ үгийг Хо.Нацагдорж сүүлд дуулгасан. Ингэж Лодойдамба гуайн буянаар тэрхүү сонгодог сайхан кинонд Итгэлтийн дүрийг бүтээсэн хүн дээ” гэж хуучилсныг санав.

Лодойдамба гуай бүхий л кино, жүжгийнхээ дүрүүдийг өөрөө сонгодог байсан тухай олон хүний дурдатгалд тэмдэглэгдсэн байдаг. Тухайн дүрд хэнийг тоглуулах вэ гэдгээ бодож байгаад яг л онодог байж. “Өвгөн миний хамгийн эрхэм шагнал энэ юм” гэж Очирбат гуай Лодойдамбын нэрэмшит шагналтны тэмдгээ үзүүлж байсан. Ерэн хоёр онд Чадраабалын Лодойдамбын нэрэмжит шагналыг бий болгож, журмыг нь “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тоомойн Очирхүү боловсруулж, тухайн үед Говь-Алтайн намын хорооны дарга байсан Вандангийн Алзахгүй тэргүүтэй хүмүүс баталж байсан гэдэг. Анхны шагналыг нь Лодойдамба зохиолчийн амьдрал, уран бүтээлийг дагнан судалж “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” бүтээл туурвисан судлаач Бажуудайн Ганбат, уран бүтээлийн дотны нөхөр ахмад зохиолч Дэгээхүүгийн Сүрьяа, “Зууны манлай” “Тунгалаг Тамир”-ынх нь Итгэлтийн дүрийг бүтээсэн ардын жүжигчин А.Очирбат нарт олгожээ. Нэрт зохиолчийн төрсөн бууцнаа эдгээр гурван эрхмийн татуулсан зураг хөрөг ч байдаг. Сүрьяа гэж урт цагаан сахалтай өвгөний дүрийг Итгэлт баяны зургийн цомгоос үзэж билээ. Цээжнийхээ цаана ийм л дурсамжийг Алтайн салхинд алчуур шиг намируулаад Тайширын төвд, их зохиолчийн гэрэлт хөшөөний өмнө дөрөө мулталлаа.

Монголын урлагийн алтан үеийн сор болсон жүжигчдийн төлөөлөл Чимэдийн Долгорсүрэн гуай тэр намар ханийнхаа нутаг Хантайширт ирэхдээ зүрхнийхээ долгисоор шүлэг найргийн шад мөрүүдийг уяран ундруулсан нь бий. Алтай нутгийн тухай хэд хэдэн эвлэгхээн шүлэг тэрлэсний нэгэн нь “Эрдэнийн Тайшир” бүтээл юм. Ижийнхээ тэрхүү шүлэгт охин Насанбат нь аялгуу хийж аавынхаа унасан газар, уул нуруудад сонордуулан дуун суварга бүтээжээ. Дэлхийн сонгодог Чайковскийн хөгжмийн сургуулийг дүүргэсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн түүнийг “Орчлонгийн сайхан хүүхнүүд” тэргүүт олон бүтээлээр нь ард түмэн мэднэ. “Эрдэнийн Тайшир”-ыг нь ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Баартуугийн Зангад дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн түүхтэй.

Дуу гэснээс энэ зуурт нэг зүйлийг шигтгээ болгоход, “Унаган хайр”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Ухаарч амьдрах хорвоо” зэрэг хит бүтээлүүдийн эзэн, дууны шүлгийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж ерэн таван онд Насанбат гавьяатад аавд нь зориулж бичсэн “Тэнгэр буурал аав” шүлгээ өгч ая хийхийг хүссэн байдаг. “Энэ мундаг найрагч миний охиныг тоож шүлгээ өгсөн байна. Сайхан аялгуу хийгээрэй” гэж ижий нь захисан юм гэнэ лээ. “Нутаг холдсон аав минь ирэхийн цагтай ч болоосой, сайхан буурал аавыгаа санахын цаг нь урт байгаасай. Тэнгэр буурал аавтайгаа тэнцүүлж дуулах эгшиг олъё доо” хэмээн сэтгэлийн нандин утсыг хөндсөн уг дуунд охин нь ёстой л нэг асгарсан аялгуу хийж тэнгэрийн цэнхэрлиг оронд суугаа ачит эцэгтээ сонсгожээ. Тэрээр “Би жирийн нэг Насанбат биш. Лодойдамба, Долгорсүрэн нарын хүүхэд. Аав ээжийнхээ нэрийг сэвтээлгүй өндөрт өргөж явах хариуцлага бидэнд оногдсон” гэж даруухнаар өгүүлнэ. Монголын соёл урлагийн жинхэнэ алтан үеийг түүчээлж явсан эрхэм хоёр хүмүүний үр хүүхдүүд ижий аавынхаа нэрийг сэвтээлгүй явж ирснийг он жилүүд нь гэрчилнэ. Бүтээл туурвил нь хэлээд өгнө. Зөвхөн Насанбат гавьяат төдийгүй олон улсын сэтгүүлч Насанбаяр, өдгөө Лаост элчин сайдаар ажиллаж байгаа нэрт дипломатч Галбадрах гээд аугаа их Лодойдамбаар овоглосон эрхмүүд Монгол Улсын гадаад харилцаа, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагад нэртэй мөртэй ажиллаж байна.

Маргааш өглөө нь бид домогт Хантайширын нуруунаа гарсан. Хойд талд цаст цагаан Сутай хайрхан дүгрэглэн мэлтийж, наран ургах зүүн урд зүгт хангайн нурууны ноёлог оргил Отгонтэнгэрийн орой гурвалжлан цайрч, Хасагт хайрхан, Хар азаргын нуруу, Бурханбуудай уулс эргэн тойронд ханараад өндөр Алтай гэдэг чинь өнгөөрөө байлаа. “Хар азаргын нурууг харахуйд хамаг сэтгэл тийшээ нисчих юм” гэж Пүрэв баавай уяралтайхнаар хэлж байна. Алтайн домогт их уулсын хүрээлэл дунд Хантайширын тэргүүн дээр “Чадраабалын Лодойдамба сан”-гийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Бадам-Очирын Галааридтай хад сандайлж суугаад ярилцаж буй минь энэ. “Манай Алтай чинь зохиолч, найрагчдаа багтааж ядсан газар. Гэтэл Лодойдамба гуайн үр хүүхдүүд сангийнхаа тэргүүнээр намайг ажиллаач гэж хэлэхэд нь баярласан. Бид энэ хүнийг зохиолчийнх нь хувьд сайн мэддэг, харин бусад зүйлийг нь тэр бүр нарийн мэддэггүй юм байна” гэв.

Бусад зүйл гэдэгт нь тэртээ жаран гурван онд Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж Улсын хөгжимт драмын театрыг улсын драмын театр, улсын дуурь бүжгийн театр болгон хоёр салгаж Монголын сонгодог урлагт оруулсан хувь нэмэр нь багтана. Мөн Судар бичгийн хүрээлэнг шинжлэх ухааны академи болгон өргөжүүлсэн бахдам гавьяа нь орно. Сонгодог урлагаас гадна орчин үеийн урлагийн урсгал чиглэлийг бий болгон тамгалж өгсний баталгаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулсан түүх нь бичигдэнэ. Чадраабалын Лодойдамба гэж хүмүүний 100 жилийн ой гэдэг зөвхөн зохиолчийнхоор тогтохгүй Монголын сонгодог урлаг, шинжлэх ухааны хөгжил цэцэглэлтийн алтан он жилүүдийн түүх давхар бичигдэж буй нь ийм учиртай. Хуучин зөвлөлтөд төмөр замын курс дүүргэж Улаанбаатар төмөр замын депогийн машинчаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Лодойдамба улмаар Төмөр замын сургуульд физикийн багш, намын дээд сургуульд философийн багшаар ажиллаж байсан. “Зохиол бүтээлд нь яагаад гүн ухаан ингэж айхтар шингэсэн байдгийн нууц философийн багш байсантай нь холбоотой юм билээ” гэж Галаарид сэтгүүлч тодотгосон.

Монголын урлагийн бүхий л сонгодгуудын замнал, хувь заяа нь Лодой зохиолчтой холбогддог нь үнэн юм. “Жараад оны үед ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нар дэлхийд дээгүүрт ордог Москвагийн хөгжмийн сургуулийг төгссөн залуус байлаа. Тухайн үед Ч.Лодойдамба Соёлын яамны сайд байсан юм. Тэр хүн л намайг Болгарт мэргэжил дээшлүүл гэж явуулсан. Загдсүрэнгийн арыг залгамжлах ирээдүй энэ хүүхдэд байна гэж итгэсэн” хэмээн дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг Монгол Улсын ардын жүжигчин, зууны манлай Хорлоогийн Уртнасан бардам хэлдэг юм. “Учиртай гурван толгой” эмгэнэлт зохиолыг бараг хошин шог болгоод найрлаад дуусгачихлаа. Шекспирийн “Отелло” эмгэнэлтэйгээр төгсдөг. Гэтэл Отелло нас барчихаад байхад найр хийснээр дуусгаж болохгүй биз дээ. Харин манай “Учиртай гурван толгой”-г тэгсэн байна. Үүнийг чи л өөрчлөн утга санааных нь дагуу найруулж чадна. Нэгэн цагт бүжгэн жүжиг болгоорой гэж Лодойдамба захисан” хэмээн сонгодог урлагийн амьд домог хөдөлмөрийн баатар, нэрт балетмейстэр Балжиннямын Жамъяндагва дурсдаг. “Лодойдамбын зоригжуулж хэлснээр би хэд хэдэн цомнол бичсэн хүн шүү дээ” гэж Базарын Ширэндэв гуайн хэлсэн үг ч бий.

Соёлын яамны уран бүтээл хариуцсан орлогч сайд байхдаа Монголын урлагийг төрөл бүрээр нь ийн хөдөлгөөнд оруулж, хүн бүхний авьяас билгийг нээн, бүтээл туурвилын санаа өгч, өөрөө үлгэр дууриал болгон жинтэйхэн бүтээлүүдийг бичиж Монголын нийгмийг босгоод ирсэн байна. Өдгөө хүн бүхэн “жараад оны алтан үе” гээд л ярьдаг. Тэрхүү алтан үеийг бүтээсэн хүний нэг нь Чадраабалын Лодойдамба гарцаагүй мөн юм байна. Туурга тусгаар улс орон сонгодог дуурийн театртай, сонгодог драмын театртай, шинжлэх ухааны академитай байна гэж зүтгэснээрээ тэрээр Монголын оюун санааны тусгаар тогтнолын дархлааг хэзээ ч ганхашгүйгээр бий болгожээ. Оюун сэтгэлгээний эх ундарга утга зохиолыг шинэ түвшинд гаргаж анхны романыг жишиг болгон бичиж, улмаар “Тунгалаг Тамир”-ыг бүтээж, “Гарын таван хуруу”, “Энэ хүүхнүүд үү” кино гээд утга зохиолын төрөл жанр бүрээр шинийг эрэлхийлсэн байдаг. Мөн тавиад оны эхээр төрийн шагналт Чойжамцын Ойдовтой “Хуйвалдлага”, төрийн хошой шагналт Донровын Намдагтай “Нэг ангийнхан”, Цэвээний Зандраатай “Эрдэнийн Дорж” жүжгүүдийг бичиж Монголын театр урлагийн тайзнаа шинэ хувьсгал хийснийг урлаг судлаачид үнэлдэг.

“Та хэдийд бичдэг вэ” гэсэн асуултад “Өдөр ажиллаад боломж ч гардаггүй. Тиймээс шөнө бичдэг. Хүн дуртай л бол ядаргаа мартагдаж, шөнийн нэг, хоёр, гурван цаг хүртэл суухад ялангуяа сайхан зохиол бичиж байхад бүхнийг умартаж чаддаг. Би тогтмол орой болгон бичдэг. Үг эвлэхгүй ч үзгээ бариад суудаг” хэмээн ярьсан нь номын хуудаснаа баримт болон үлдсэн байна. “Манай Лодой ажлаа хийнэ, хүүхдээ авна, зохиолоо бичнэ. Хачин завгүй явдаг хүн байсан. Өөрийнхөө биеийг огт бодохгүй, тогтмол хоолоо иднэ гэсэн номгүй. Шөнө орой унтдаг байсан учир өглөө эрт босохгүй. Ажлынх нь цаг болоход яараад цайгүй явдаг сан. Орой унтсаныг нь мэдэж байгаа учир өглөө эрт босгож чадахгүй хайрлаад ажлынх нь цагийг дөхүүлээд сэрээнэ. За тэгээд түргэн хувцаслана гэж байхгүй. Нэг оймсоо өмсөөд нөгөөгөө бариад минут шахам болно. Үндсэндээ хоёр нүд нь аниастай л байгаа. Хүүе түргэн хувцаслаад цай ууж юм иддэг ч болоосой гээд би үглээд хоцорно” гэж халамжит ханийнх нь дурсамжид бий.

Ингэж л өдөр нь ажиллаж, басхүү аавын үүргийг гүйцэтгэн хүүхдүүдээ асарч, шөнө нь зохиолоо бичин манайхны хэлдгээр нойр хоолыг умартан зүтгэжээ. Хүүхдүүдээ асраад гэснээс тэрээр хүүхдэд жигтэйхэн хайртай, тэдэнтэй үеийн юм шиг тоглодог энгийн, эгэл нэгэн. “Бага байхад аав бидэнтэй их тоглодог байжээ. Нуугдаж тоглоно, нуруун дээрээ үүрнэ, бид нар жүжиг тоглоно. Би хамгийн дүрсгүй нь байсан шиг санагддаг. Миний тавьсан жүжиг дуусахгүй дээ. Байрны хүүхдүүд “Лодойдамба гуай хэзээ ирэх бол” гээд л аавтай тоглох гэж, гурван дугуйтад нь суух гэж бүгдээрээ хүлээдэг сэн” гэж бага охин нь хэлж байна. Ийм л эгэлхэн амьдарсан хэрнээ ялгуусан хувь заяаны эзэн байж дээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Миний Их “сургууль”

Төрөлх сургууль МУИС-ийн маань 75 жилийн ой болж байна. Ээлээ өгсөн МУИС юугаа бахдан дурсахын сацуу энэхүү эрдмийн уурхай руу хөтөлсөн, тэнд байраа олоход минь хүргэсэн, хожмын өдөр сургуулиараа бахархан овоглоход дэм өгсөн олон “их сургууль”-иудыг мартахын аргагүй.

МУИС хүнийг өөрийгөө олоход хамгийн их тусалдаг сургууль санагддаг. Гэхдээ чамайг олж өгөх гэж, хүмүүжүүлэх гэж ер оролдохгүй, харин чамайг өөрөө өөрийгөө олтол нь зөнгөөр нь орхино. Яг л ус үзээгүй баахан багачуудыг бөөнөөр нь шидчихсэн тэнгис шиг. Эрэг дээр зогсох багшид аврах цагираг үгүй, харин живэхгүй гэж үзэж тарах нэгэнд “Уухайс, даллаад сэл, ингэ тэг” гэж заах мэт. Тэгээд угаасаа сэлэх чадваргүй хэсгийг нь хаялгаараа гаргаж хаясаар явна. Ингээд нэг өдөр та нар сэлж сурлаа, одоо задгай далайд гар гээд үүд гарцаа нээх шиг…

Тиймээ, би их сургуульд олон хичээл заалгасан, их ч юм сурсаан, гэхдээ намайг хөтөлбөрөөсөө илүү МУИС нь өөрөө хичнээн их өөрчлөн боловсруулж хувиргасныг их хожуу анзаарч билээ. Социализмын хатуу өдрүүдэд ч гэсэн хана туурганаас нь эрх чөлөөний үнэр ханхалсан, багш нарынх нь лекцнээс нам засгийн байр сууриас гадна “ өөрийн гэсэн байр суурь” цухалзсан, хонгил танхимаас Ц.Дамдинсүрэн тэргүүтэй сэхээтний“сэхээтний төөрөгдөл”-д холбогдсон зоригт үгс сонсогдох шиг болсон газар байж билээ. Анх тэнд Г.Дэлэг багшийн амнаас “Хиагтад байсан 10,000 гаминг, 400 партизан хөөсөн гэдэг худлаа ш дээ. 1000 орос цэрэг лам дээл өмсөөд дайрсан ш дээ. Уг нь нууц юм байгаа юм. Гэхдээ сэтгүүлч болох улс мэдэж байхад зүгээр”… гэж сонсоод хэсэгтээ л хөшиж байсан…Их сургуулийн надад өгсөн хамгийн анхны “диплом” бол эрх чөлөөний мэдрэмж байлаа…Монголын ардчилсан хувьсгалын эхний цог нь МУИС-ийн багш нар, тэдний анд нөхдийн дугуйлан байсан билээ. Тиймээ, МУИС хүнд “Чи бол хүн, одоо өөрийгөө ол” гэж хэлж өгдөг, ойлгож чадаагүй бол хаялгаараа шидчихдэг далай юм.

…МУИС-ийн түүхийг хүн бүхэн мэдэх тул жаахан алгуурлая. Харин их сургууль тойрсон их “сургууль” болсон орчин, үйл явдал, хувь хүмүүсийн тухай яриандаа эргэж оръё.

НЭГ. ТУГ БОЛСОН АХ НАР

Хязгаар нутгийн бяцхан сум найман жилийн сургуультай. Хөх дээлтэй хөвүүд, ногоон дээлтэй охид нь зөвхөн зун, намрын дулаан цагт л формоороо гоёно. Сумынхаа нэрийг ч өөрийн дүрмээр “Шүлүүстэй” гэж бичдэгсэн. Хэн ч үл анзаарам тийм л хөдөө, тийм л багачууд. Гэхдээ бидэнд туг болсон сайхан ах нар байжээ. Хэрвээ тэд л миний мөрөөдлийн дарцгийг дэрвүүлж, хүсэл зорилгын туг болтол дэрвүүлээгүй бол… гэсэн нэгэн эргэлзээ надад байдаг.

Миний балчир насны бяцхан мөрөөдөлд салхи оруулж тэнд байсан өчүүхэн дарцгийг дэрвүүлсэн хүн бол Доржжигээ гэдэг хүүхэд байжээ. Манай сумын, бүр манай голын тэр ах биеэ даан уншиж, тоо бодож сураад, нэгдүгээр ангид суулгүй шууд гуравт ч билүү ороод, тэгснээ бас хэдийг ч билээ алгасаад сурсан, онц сурлагатан. Өнөө таван жилд арван жилийн ажил хийсэн гавшгайч энэ тэр шиг ч гэмээр юм уу. Манай гэрийнхэн тэр хүүг бахдан, бахдан ярих зуураа намайг “чи яах бол” гэсэн харцаар ширтэж байсныг би анзаардагсан. Надад төрсөн анхны итгэл мөрөөдөл, туг тэр ах байсан. Учир нь тэр өөр хаанахынх ч биш, манай айл саахалтын хүүхэд байсан юм. Чи хаана төрсөн, хэн байх нь хамаагүй, хүсвэл чи цойлон гарч чадна гэж тэр хүүхэд анх хэлсэн ажгуу. Би үсэрч дүүлж чадаагүй ч гэсэн, хэрвээ чамд хүсэл мөрөөдөл, чин зорилго байгаа бол “зогсож байгаа газар бүхэн чинь гараа мөн” гэж балчирхан ухаандаа тэр үед төсөөлсөн бололтой. Хожмоо “Механик Жигээ” нэртэй болсон тэр ахын жинхэнэ нэр Г.Доржжигжид. Хууччуул түүнийг “Найм төгсгөөд техникумд явалгүй, аймгийн 10 жилд орсон бол юм дуулгах хүүхэд байсан” гэлцдэгсэн. Тийм ч байсан байж магадгүй. Ямар ч байсан эгэл боргил “ахмад” болсон тэр хүн хоньчин бяцхан хүүгийн хүсэл мөрөөдлийн дарцгийг анх дэрвүүлсэн үлгэр дууриалтан мөн билээ.

Миний хүсэл мөрөөдлийн дарцгийг туг болтол дэрвүүлсэн өөр ах нар байлаа. Тэд бол оюутан болсон ах нар.Манай бяцхан сумын, бяцхан сургуулиас бяцхан гэхээргүй тооны хүүхдүүд гадаадад сурна. Манайхан тэднээрээ их бахархана аа. Хэзээ нэг цагт тэдэн шиг болох юмсан гэж цөмөөрөө л мөрөөдөж явсан биз ээ.

Тэдний заримынх нь дүү нар манай ангид, заримынх нь дээд, доод ангид байх. Маньтайгаа л улаан хацартай жаал байсан нөхдүүд нэг өдөр цав цагаан ах болчихсон хүрээд ирдэгсэн. Арзайж байдаг үснүүд нь намирсан гоё халимаг болсон үзэгдэнэ. Манай нутагт үзэгдээгүй чемодан, мань огт харагдаагүй зурагтай цамц энэ тэр бол жичдээ.

Манай ангийн Г.Амарбатын ах Цэдэн гээд хүүхэд бүр оросоос цаашаа Унгар улсад дээд сургуульд явсан юм. Дүүдээ бичсэн захиаг нь бид тойрч суугаад уншина. Нэг захиандаа, шинэ жилээр оюутнуудын дунд маш сонин тэмцээн зохиосон тухай өгүүлсэн байж билээ. Тэр нь шөнөөр гарч байшингийн дээврээс амьд тагтаа барьж ирэх даалгавар байж. Оюутан залуус хэрхэн хөглөж явж, тагтаа барьж ирснээ нүдэнд харагдтал бичсэн тэр захиа шөнөжин миний толгойд эргэлдэж, газар газраас тэнд ирсэн азтай аавын хүүхдүүдийн хөл хөгжөөнт амьдрал нүдэнд харагдсаар улмаар зүүд болон үргэлжилсэнсэн.

Манай ангийн Ж.Паньдийжунайгийн ах Дашдорж бас орост сурна. Ирсэн сургаар нь ангийнхаа найзтай уулзах гээл очно. Ангийнхаа найзтай уулзах ч юу байхав, гадаад явсан ахыг нь харж шүтэх гэж л явна. Үзэгдээгүй гоё чемодан дээрээ латин үсэг наагаад, нэрээ бичснийг үсэглэж ядан уншив. Нэг их олон ах биш ч томорч байна гэж жигтэйхээн. Бараг л хичээл номоо сайн давтаж байгаа биз дээ гэх маягийн юм хэлээд цаашаа тоож харах ч юм биш.Гэхдээ тоохгүй байхынхаа хэрээр сүрлэг, хүндлэм. Одоо энэ УИХ-ын Тамгын газарт байгаа нөхөр ш дээ.

Бас Цэрэндүгэр гээл ах орост байлаа. Б.Жигжидсүрэн гээд уриалгахан ах бас Зөвлөлтөд сурдаг байлаа.Манай ангийн Раднаабазарын ах юм. Тоогоо бодож чадахгүй туслаач гээд очиход жигтэйхэн уриалгахан ханддагсан. Би ч бушуухан бодуулж аваад явмаар байхад мань хүн ойлгуулчих санаатай их тайлбарлана аа. Нэг тийм сайхан ах байсан.Бас манай доод ангийн Галсанцэрэнгийн ах Шараваа гээд Зөвлөлтийн оюутан. Одоо энэ орон нутгийн сонины холбоо ч билүү гээд яваа С.Шаравдорж гэж хүн.

Өөр нэг содон ах байлаа. Германд сурдаг гээд. Хүүхдүүдийн дунд тарсан домог ёсоор бол нэг их сурлагатай хүүхэд байгаагүй гэнээ. Эхлээд ТМС( одоогийн МСҮТ)-д орсон гэнэ. Тэндээсээ л цоорсон юм байх. ТМС –ээ онц төгсгөсөн чинь Техникум (одоогийн коллеж)-д урилгаар оруулсан юм байх. Тэхээр нь бас онц сураад явж, техникумаа онц төгсгөсөн учраас Германы дээд сургуульд явсан гэнэ. Домог үнэн эсэхийг мэдэхгүй ч гэсэн, хүн хичээл зүтгэлийг хүссэн цэгээсээ эхлүүлж болно гэдэг итгэлийг бидэнд тэр ах үлдээсэн юм. Норовсамбуу билүү, нэр нь бараг мартагджээ.

Бидний нүдэн дээр тэд хувирч, цоо шинэ хүн болон өөрчлөгдөж байгаа нь сонин. Далдхан сэтгэлд “би ч ингэж өөрчлөгдөж яагаад болохгүй билээ” гэсэн гэнэхэн мөрөөдөл асч, даалимбан шарваар, монгол бахиаль хоёроо ичингүйрэн ширтэж тонгойдогсон. Гэхдээ л тэднийг ирж байгааг харах тоолонд л далдхан хүслийн оч бадарсаар, нэгэн цагт унтаршгүй түүдэг болон дүрэлзсэн билээ. Өөр өөрийн хувь заяаны эрхээр амьдралын харгуйгаар одсон ч гэсэн хүүхэд насны минь хүсэл мөрөөдлийн дарцаг, орь насны итгэл үнэмшлийн туг явсан ах нар минь. Та нар надад мөрөөдлийн жигүүр ургуулж өгсөн билээ. Та нарыг харах тутам, бодох тутам холын холд одох хүсэл төрж, хүслээ дагаад даль жигүүр ургаж эхлэх шиг байдагсан. Унтаа хэвтсэн хоньчин хүүг та нар сэрээсэн юм. Хэрвээ та нар байгаагүй бол гэж би заримдаа боддог, бодох тусам энэ тухай бичмээр болдог оо.

Он жилүүд улирсаар, туг болсон сайхан ах нарын маань сэтгэлийн гүнд дэрвүүлж өгсөн тэр дарцаг намайг МУИС-ийн хаалга рүү хөтөлж хүргээд, хүүхэд насны гэгээн өдрүүдтэй хамт Шүлүүстэйн бяцхан сууриндаа үлдсэн юм. Тэнд намайг өөр хүмүүс, өөр туг, үзэл санаа хүлээж байсан юм. Тэр сургуулийн маань 75 жилийн ой тохиож байгаа хэрэг.

Харин ах нар маань хэн нэгний амьдралд гэгээ нэмж, туг болон дэрвэж явснаа огт анзаарахгүйгээр эгэл жирийн амьдарсаар үлджээ. Туг өөрийгөө хардаггүй гэнэм…

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Ж.Болор-Эрдэнэ: Хүний сэтгэл булингартай байвал аливааг муугаар сэтгэж, муухайгаар хардаг болчихдог

Дорноговь аймгийн Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдэд Дүйнхор дацан нээж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. 1938 оноос хойш Монголд Дүйнхорын хурал, ном тавих уламжлалт ёс үгүй болсон ч 1944 онд дахин сэргэж, 1966 оноос Дүйнхорын хурлыг Гандантэгчэнлэн хийдээс сэргээн хурж эхэлжээ. Мөн 1995 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд заларч олон нийтэд Дүйнхорын авшгийг хайрласан байна. Харин өдгөө ийн аг тарнийн ёсны хуралтай Дүйнхор дацан шинээр байгуулагдаж байна. Дацангийн албан ёсны нээлт энэ сарын 15-нд болох ажээ. Энэ үеэр Дорноговь аймгийн Дэчинчойнхорлин буюу Олонхүрээ хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Аг тарнийн ёсны хуралтай Дүйнхэр дацан гэдэг нь ямар учиртай вэ?

-Дүйнхор дацан нь аг тарнийн хийд. Бурхан багш шавь нарынхаа оюуны цар хэмжээ чадалд нь тааруулж, их хүлэгний бага хүлэгний ёсонг хийсэн байдаг. Их хүлэгний ёсонд монгол тарнийн, ханашгүй дээд дуйнхор, тарнийн аглаг орно. Энэ нь тарнийн аглагийг анхаарч авах дацан гэсэн үг. Нэгэн цагт ноён хутагт Шамбалын ерөөл талбидаг байсан юм. Шамбалын ерөөл талбисны буянаар “Дуйнхор дацан” хамгийн анх байгуулагдсан түүхтэй. Одоогоор хөдөө орон нутагт анхных нь нээгдэж байгаа нь бурхны шашны дэлгэрэх, хөгжих дэвшихийн бэлэгдэл юм. Дуйнхор дацангийн нээлт энэ сарын 15-нд болно. Бурханы шашныг хүндэтгэдэг зон олноо хүрэлцэн ирэхийг урьж, заллага айлтгаж байна. Хүн оюун сэтгэлдээ амар амгаланг бий болгох учиртай. Хамаг амьтны амар амгалан, сайн сайхны төлөө л хийгдэж байгаа зүйл шүү дээ.

– Хүмүүс яагаад амар амгаланд хүрч чадахгүй байна вэ?

-Хүн бүр үргэлж амар амгаланг хүсдэг. Тэгсэн хэрнээ бид зовоод л байдаг. Яагаад гэхээр хүсэл тачаал шуналд автаж, материаллаг эд хөрөнгөнд шунаснаас болоод зовоод байгаа юм. Төгс амар амгалан бол төгс гэгээрэл байдаг юм. Ер нь амар амгалангийн гол зүйл нь Дуйнхор дацан.

Юуг ойлгож байж амар амгалан жаргалд хүрэх вэ?

-Жишээлбэл хүн гэдэг амьтан хэт материаллаг зүйлд автаад байна. Жижиг тэрэг унаад явахад амьдрал болоод байдаг ч өөрийнхөөс нь том машин унасан хүнийг хараад шунаж эхэлдэг. Том машинтай бол жаргачих юм шиг санаад л шуналд автаад байгаа юм. Монгол гэрт амьдраад болоод л байсан бол том хаустай болох гээд л зовоод эхэлдэг. Байгаа зүйлдээ сэтгэл ханах нь чухал шүү дээ. Мөн зовлонгийн шалтгаан нь уур хилэн, шунал байхгүй юу. Уурын мунхгаар буянаа барж, шунал тачаалаар зовлонгоо нэмж байна. Сэтгэлийн амар амгалангаар жаргана гэдгийг ойлгохгүй байна.

-Дээрхээс гадна өвчин, өнчрөл хагацал гэх мэт зовлон хүний амьдралд тохиолддог. Энэ үед ч тэгвэл сэтгэлээ бэлдсэн байх ёстой гэсэн үг үү?

-Ер нь бэлдэх ёстой. Төрөх нэг зовлон, өвдөх бас нэг зовлон. Дөнгөж төрсөн хүүхдийг торгонд өлгийдөөд авсан ч өргөстэй модонд өлгийдөж байгаа мэт өвддөг гэж байгаа юм. Хүн болж өсөхдөө өвчин ороодоггүй, өвдөж үзээгүй хүн гэж энэ орчлонд байхгүй. Наанадаж хамрын ханиад хүрсэн байгаа шүү дээ. Өвчин гэдэг зовлон энэ орчлонд байна. Өтлөхдөө ч мөн өвдөнө. Ингээд үхдэг ийм зовлон байна. Эцэст нь бид үхэх юм гэдгийг мэдсээр байж л зовоод байдаг. Байх ёстой зүйл, тохиолдож болно гэж, ойлгож хүлээж авах ёстой.

Үйлийн үр гэж ярьдаг. Хүнд заавал туулах ёстой зүйл гэж байдаг уу?

-Бурхны шашны гол онол нь үйлийн үрийн тухай номлодог. Бүтээгч эзэн байхгүй гэж үздэг. Жишээлбэл, чамайг эзэн төр бүтээгээгүй, бурхан бүтээгээгүй. Чиний жаргах зовохыг бурхан мэдэхгүй, чи өөрөө л мэднэ, зовлон жаргал бүгд чиний гарт байгаа гэсэн үг. Чи энэ амьдралаа диваажин болгох, там болгох эсэх нь чиний гарт байгаа. Чи сайн үйл хийгээд л байвал сайн зүйл тохионо. Сонгино тарьсан бол сонгино хурааж авдаг. Сонгино тарьчихаад, төмс хурааж авна гэдэггүй биз дээ. Муу үйл хийчихээд л бид жаргах ёстой гээд байвал таарахгүй. Тиймээс бид жаргахыг хүсч л байгаа бол сайн үйл хийх хэрэгтэй. Ямар үйл хийнэ түүнийхээ үрийг заавал эдэлнэ. Аливаа үйлийг хийхэд хүний сэтгэл чухал. Үйл зөв бол үр дүн зөв гарна.

Ном уншуулдаг, засал хийлгэдэг. Энэ нь гэнэтийн муу муухай зүйлээс хамгаалдаг гэдэг. Засал номын утга учрын тухай тайлбарлаж өгөөч?

-Энэ ертөнцөд бүх юм шүтэлцээтэй, харилцан холбоогүй зүйл гэж байхгүй. Нар сар лус савдаг бүгд холбоотой. Тиймээс бид энэ дэлхий дээр амьдарч байгаа тохиолдолд лус гэдэг зүйлийг аргадаж байх ёстой. Газрын эзэн савдаг гэж байна, эзэнгүй зүйл гэж байхгүй. Засал ном гэдэг чинь засах гэсэн “санскрит” үг ш дээ. Засна гэсэн үг. Юуг засах гээд байгаа юм гэхээр сэтгэлийг засах гэж байгаа юм. Жишээлбэл, хүн, тэнгэр бэрд гурав усыг өөр, өөрөөр хардаг гэж үздэг. Тэнгэр усыг рашаан гэж харж байгаа юм. Хүн бол усыг ус гэж харна. Гэтэл бэрд гэдэг амьтан усыг идээ бээр гэж хардаг нь буянгүй байна гэсэн үг. Үүнтэй нэгэн адил хүний сэтгэл булингартай байвал аливааг муугаар сэтгэж, муухайгаар хардаг болчихдог. Тэрийг л бид ном уншуулж, засч байгаа юм. Уг нь хүн болгонд бурхны чанар байгаа. Бурханлиг чанарыг ном уншуулж сэргээж өгч байгаа юм.

Засал хийлгэхдээ хүртэл сэтгэлээ бэлдэх ёстой байх?

– Доошоо харсан саванд юм хийж болдоггүйтэй адил. Хүний сэтгэлийн сав дээшээ харсан байх ёстой. Хиртэй булингартай саванд сүү хийвэл ээддэг. Мөн цоорхой биш бүтэн байх ёстой. Цоорхой саванд хэчнээн юм хийгээд ч тогтохгүй. Ном буяныг тогтоохын тулд ном уншуулж байгаа хүний сэтгэл чухал.

Зарим хүмүүс шашин мухар сүсэг хоёрыг ялгадаггүй ?

-Асар ялгаатай. Бурхны шашны онол бол дан гүн ухаан. Хийморийн сан тавина гэдэг. Энэ нь “хий -морь” гээд гурван төв судас байгаа юм. Рома жума судас дунд нэг хий гүйж байна гэж үздэг. Хийг хөглөж байгаа сэтгэлийг морь гэж нэрлээд байгаа юм. Хүний суудлыг хийморийн сан тавьж засдаг энэ бол том философи. Арцны утаагаар хүний цөвийг арилгадаг. Мухар сүсэг гэхээрээ тэнгэр намайг бүтээсэн, миний идэх хоолыг тэнгэр бурхан хайрлаж байна гэдэг чинь мухар сүжиг. Бүх л зүйл үйлийн үрээр бүтээгддэг. Бид хөдөлмөрлөж байж л амьдарч байгаа шүү дээ. Түүнтэй адилхан бид буян үйлдэж байж л жаргал ирэх байхгүй юу. Түүнээс биш мухар сүжиг гэдэг нь далдын хүчинд итгэх. Жишээлбэл, фэйсбүүкээр үүн дээр лайк дарвал мөнгөтэй болно гээд шэйрлээд байдаг. Энэ бол жинхэнэ мухар сүжиг. Хэрэв тийм байсан бол хүн бүр ажил хийхгүй шэйрлээд суугаад байх нь. Хүн ажиллаж, хөдөлмөрлөж амьдарна, ертөнцийн бүх юм үйлийн үрээр л явна.

-Хийдийн хашаагаар ч болов ороод гарч байвал ариусна гэдэг. Энэ нь үнэн үү ?

-Байж болно. Номын адис Жанлав, олон дээдэс бурхдын Жанлав байна. Гэхдээ тэр хүн яаж сэтгэж байна түүгээр болно. За Гандан орчихлоо сайхан болчихлоо гэдэг ш дээ. Ингэж өөрийн бурханлиг чанараа сэргээж байна ш дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Цацралтуяа: Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын даргад хүн дэвшүүлэх боломжтой ч бид улс төрийн ухамсар гаргасан

НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өвөлжилтийн бэлтгэл хангах, утааг арилгахаас эхлээд нийслэлд тулгамдсан олон асуудал шил шилээ даран хүлээж байдаг. Гэтэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчид даргагүй, МАН-аас ахиад ажлын тав хоногийн завсарлага авчихлаа. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн XI хурлаар иргэдийн хурлын дарга Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлөх, дараагийн даргыг сонгох байсан. Ц.Сандуйгийн хувьд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Дийлэнх олонх болсон Ардын намын бүлгээс хурлын даргад хоёр хүн дэвшүүлсэн ч санал тэнцэж аль аль нь сонгогдож чадаагүй. МАН-аас үндсэн хуулийн цэцийн тайлбарын дагуу эргээд энэ хоёр хүнийг дэвшүүлж болох эсэх нь тодорхойгүй байна гэсэн шалтгаанаар ажлын тав хоногийн завсарлага дахин авсан. Ингээд нийслэлийн иргэдийн хурал даргагүй 17 хонох болоод байна даа.

-Ардчилсан намын төлөөлөгчид иргэдийн хурлын даргын сонгуульд цагаан хуудас өгцгөөсөн гэж яригдаж байна. Танай бүлгийн зүгээс Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын хэнийг нь дэмжиж байгаа юм бол. Яагаад ийм сонголт хийх болсон бэ?

-Ардын намыг бүлгээс Д.Баярсайхан төлөөлөгчийг, заалнаас С.Амарсайхан төлөөлөгчийг дэвшүүлсэн. Санал хураалтын өдөр би тооллогын комиссын даргаар ажилласан. Хурал эхлэхэд 44 төлөөлөгч байснаас 17 нь Д.Баярсайхан төлөөлөгчид, 17 нь С.Амарсайхан төлөөлөгчид санал өгч тэнцсэн. Санал хураалт нууцаар явагдсан тул хэн нь хэнд санал өгснийг мэдэх боломжгүй юм. Учир нь Төлөөлөгч бүр дэмжсэн төлөөлөгчдөдөө саналаа өгөх эрхтэй.

-Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын даргад хүн дэвшүүлэх боломжтой юу?

-Болохгүй гэсэн зүйл байхгүй. Нийслэлийн иргэдтөлөөлөгчдийн 76 хувь буюу34 төлөөглөгчдөд итгэл хүлээлгээд хотоо удирдуулахаар сонгосон учраас иргэдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрч, улс төрийн ухамсар гаргаж, ардчилсан намаас хүн дэвшүүлээгүй. Дэвшүүлнэ ч гэж яригдаагүй. Бид олонх болсон бүлгийг хүнээ дэвшүүлээд саналаа өгөөд асуудлыг шийдэж чадна гэж найдаж байсан. Ер нь бол иргэдийн хуралд сонгогдсон 45 төлөөлөгч бүгд 100-300 мянган хүнтэй дүүргүүдээс сонгогдсон болохоор хурлын даргад нэр дэвших боломжтой. С.Амарсайхан, Д.Баярсайхан хоёр төлөөлөгчийн хувьд аль нь ч олонх болж чадаагүй гэдэг нь бас нэг зүйлийг хэлээд байна шүү дээ.

-Аравдугаар сарын 9-ний өдөр шийдэлд хүрч чадна гэж бодож байна уу?

-Иргэдийн хурлын даргад хоёр хүн нэр дэвшээд аль нэг нь олонх болж чадахгүй бол хоёуланг нь дахин нэр дэвшүүлэлгүй, шинэ хүн нэр дэвшүүлэх талаар цэцэд заасан байгаа юм билээ. Ардын намын зүгээс ийм тайлбар хэлж завсарлага авсан. Тэгэхээр хурлын даргад өөр хүнийг ч нэр дэвшүүлж магадгүй. Ардын намаас энэ асуудалд ажлын тав, нийт долоо хоногийн завсарлага авах нь иргэдийг хүндлэхгүй байгаа хэрэг гэж харж байна. Үүнээс гадна аравдугаар сарын таван гэхэд Засаг дарга 2018 оны үндсэн чиглэлээ өргөн барьж, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах ёстой. Гэтэл бид аравдугаар сарын есөнд даргаа сонгох хурлаа хийх гээд байдаг. Ингээд л өвөлжилтийн бэлтгэл ажил, утааны асуудал, 2018 оны төсөв, 2017 оны ажлын явц гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх иргэдийн төлөөлөгчдийн хурал хойшилсоор байна. МАН-ын төлөөлөгчид хоёр он дамнан сандал ширээний асуудалтайгаа зууралдлаа. Одоо иргэдийн хурлаа удирдаад явчих, үлгэр дуурайлал болсон хүнийг даргаар сонгоод, хурлаа хуралдуулж, ажлаа хийгээсэй гэж төлөөлөгч хүний зүгээс хүсч байна.

-Сөрөг хүчний төлөөлөгчийн хувьд өнгөрсөн хугацаанд иргэдийн хурлаас хийгдсэн ажлууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийдөө хотын ажил их удаашралтай байна. Иргэдийн хурлын төлөөлөгчид маань 2018, 2019 онд шуурхай ажиллаж “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө хэрэгжүүлж, иргэдээ аз жаргалтай болгох тал дээр яараасай, дэвшүүлсэн том том хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Манай Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд гэхэд Э.Бат-Үүл даргын үед 118, 60 дугаар сургуулийн хажуугаар тус бүр 1.22 км зам баригдаж, 240 хүүхдийн 209 дүгээр цэцэрлэг ашиглалтад орж, бүх гудамж гэрэлтүүлэгтэй болсон байдаг. Гэтэл энэ иргэдийн төлөөлөгчид бүрдээд жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад нэмэгдэж шийдэгдсэн бүтээн байгуулалт алга. Э.Бат-Үүл даргын үед хэрэгжүүлж байсан хуучин ажлуудыг зогсоогоод өөр газар шинэ ажлууд эхлүүлэх гэж оролдох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд, концессоор баригдаж байсан сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг зогсоож үхмэл хөрөнгө бий болгоод байна.

-Урьд хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлье гэсэн саналыг та бүхний зүгээс тавьсан уу?

-Манай дүүрэгт байсан цэцэрлэгийн асуудал зогсохоор Нийслэлийн боловсролын газрын дарга Гантулга руу хоёр гурван удаа санал хүргүүлсэн. Төлөөлөгч бидэнд удахгүй шийдвэрлэнэ гэх мэт хариуг шуурхай өгдөг боловч Нийслэлийн орлогч дарга Ш.Анхмаатай газар дээр нь хамт очиж үзэхээр өөр юм ярьдаг. За энэ концесс ч яахав, бидний эхлүүлсэн шинэ ажил юу болж байгаа билээ, тэрийгээ эхлээд очиж үзье гээд явчихдаг. Сургууль цэцэрлэг иргэдэд хэрэгтэй юу хэрэгтэй. Энэ мэт иргэдэд хүрсэн ажлуудыг үргэлжлүүлээд явж болмоор санагдах юм.

-Таны хувьд урьд нь дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхийн төлөөлөл болж удаа дараа сонгогдон ажиллаж байсан. Харин нийслэлийн иргэдийг төлөөлж, цөөнх болж ажиллах нь түүнээс юугаараа өөр байна вэ?

-Миний хувьд 2008-2016 онд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд олонхийн төлөөлөл болон сонгогдон ажиллаж байсан. Тэр үед дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрд нь шийдвэрлээд явдаг байлаа. Төрийн ажлыг анхан шатнаас нь хийж яваа хүний хувьд хэлэхэд шат ахих тусам асуудлыг хурдан шийдвэрлэх гэхээсээ илүү шат дамжлага нь улам ихэсч иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулж байна. Хийгдэж байгаа ажил, төсөв нь том ч гэсэн яг иргэндээ чиглэсэн ажлуудыг хурдан шуурхай удирдлагаар хангаад, иргэдийн санал бодлыг тусгах тал дээр муу юм уу гэсэн бодол төрж байна даа.

-Цөөнхийн төлөөлөл иргэдийн хуралд асуудал оруулж, шийдвэрлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

-Тодорхой хэмжээнд тусгагдсан ажлууд хөрөнгө мөнгөтэй ч холбоотой, цөөнхтэй ч холбоотойгоор шийдвэрлэгдэхдээ удаан байна. Иргэдийн төлөөлөгчдөд орон нутгийн хөгжлийн сангаас тойрогтоо хийх ажилд зуугаад сая төгрөг тавигдсан. Тодорхой хэмжээнд хийгдээд явж байгаа ажлууд бий. Гэхдээ иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахгүй, даргагүй байгаагаас болж байна уу, ер нь ажлууд нэлээн удаашралтай, төлөвлөсөн ажлууд хойшлогдсоор байна. Тухайлбал: Сонсголонгийн аравдугаар гудамжинд ус зайлуулах сувгийн зураг төсөв хийлгэх гээд өгсөн ч өчигдрийн байдлаар ажлын явц ердөө тавхан хувьтай байх жишээтэй.

-Танай бүлгийн төлөөлөгчид энэ хугацаанд ямар ямар асуудлуудыг шийдвэрлүүлж чадсан бэ?

-Монгол Ардын намын удирдлагуудын асуудлаас болоод нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажил цалгардаж байна. Гэхдээ Ардчилсан намынхан энэ хугацаанд зүгээр суугаагүй. Иргэдээ сонсох аяныг өрнүүлж байна. Ц.Баатархүү төлөөлөгч бид хоёр хүндэт доноруудыг хүлээж авч автобусаар үнэ төлбөргүй зорчих эрхийг нь баталгаажуулж өглөө. Хөрсний бохирдлын асуудлыг Батцогт төлөөлөгч хуралд оруулж хөрсний өдөртэй болгосон. Нарантуяа төлөөлөгч СӨХ-ийн асуудлуудыг яриад хэлэлцүүлээд явж байна. Болж бүтэхгүй байгаа зүйлсээ ярьж хэлээд шийдвэрлүүлэх гээд ажиллаж байгаа. С.Одонтуяа төлөөлөгчийн тойрог дээр цэцэрлэгийн асуудал, манай тойргийн хоёрдугаар хороон дээр цэцэрлэгийн дээвэр фасаднаас болоод хүндрэлтэй асуудал үүссэн. Энэ мэт асуудлуудыг дүүрэг, нийслэл, яам тамгын газартай яриад явж байна даа.

-Нийслэлийн жижиглэн худалдаа эрхлэгчид, ТҮЦ-нийхэн энэ өдрүүдэд өлсгөлөн зарлаж тэмцэж байна. Бас багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг хичээж байна. Энэ мэт асуудлуудад иргэдийг төлөөлж буй хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Жижиглэн худалдаа эрхэлдэг болон ТҮЦ ажиллуулж байгаа хүмүүс түүнээс өөр ажил хийх боломжгүйн дээр өөр өөрсдөдөө ажлын байр бий болгоод явж байна. Ард нь дөрвөөс таван хүн амьдарч байгаа. Тийм болохоор гадаадын улс орнууд шиг нэгдсэн зохион байгуулалтад оруулаад ажиллуулах хэрэгтэй болов уу. Тэдэнд зөв шаардлага тавьж, зөв зохион байгуулалтад оруулах боломжийг сайн судлах хэрэгтэй байна.

Өнөөдөр багшийн цалин үнэндээ бага байна. Монгол Улсынхаа ирээдүй хойч үед эрдэм боловсрол олгож байгаа багш нарт анхаарал хандуулах хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөс санаачилж 2012-2016 онд “Саятан багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Манай бүлгийн зүгээс энэ хөтөлбөрийг үргэлжлүүлье гэж санаачилга гаргасан ч дэмжигдээгүй гэсэн ч бид багш нартайгаа хамтран боломжийг судлах болно.

Ямар ч асуудлыг шийдвэрлэе гээд гарц хайх юм бол олддог. Үүний нэг жишээ бол урьд өмнөх сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн автобусыг кондукторгүй болгох шийдвэр удаашралтай, төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гэсэнүр дагаврыг дагуулж байсан ч одоо хэрэгжээд иргэд ухаалаг картаараа үйлчлүүлж хэвшээд байна. Энэ мэтээр урьдын ажлуудыг үргэлжлүүлээд явмаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Вирусын болон харшлын гаралтай ханиад элбэгшиж байна

Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд ирэх хүүхдийн дуудлага өнгөрөгч долоо хоногт 10-12 хувиар өсчээ. Үүнийг тус төвийн хүүхдийн мэргэжилтэн З.Энхцэцэг ханиад томууны улирал эхэлж буйтай холбон тайлбарласан юм. Мөн тэрбээр “Өнгөрөгч долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 0-16 насны хүүхдийн дуудлага арав гаруй хувиар нэмэгдлээ. Нийт дуудлагын жаран хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд тавиас дээш хувь нь ханиад томууны шалтгаанаар дуудлага өгсөн. Өчигдөр буюу аравдугаар сарын нэгний байдлаар Баянзүрх дүүргийн салбарт хамгийн их буюу 51 дуудлага ирснээс таван хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Гэхдээ эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ халуурах төдийд түргэн тусламж дуудах гэж оролддог. Өрхийн эмнэлгүүд ажлын найман цагаар, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 24 цагаар ажиллаж байхад гэртээ шөнө оройн цагаар түргэн тусламжийн эмч нарыг авчрах гэдэг. Ээж аавууд хүүхдээ ханиад хүрч эхлэх үед юун түрүүнд өрх, дүүргийн эмнэлэгт хандах нь зүйтэй” гэсэн юм.

Хамгийн их ачаалалтай байгаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Үдийн 14:00 цагт хүлээн авахад 0-24 сартай хүүхдээ тэвэрсэн дөрвөн ээж, таваас арван насны хоёр ч хүүхэд дугаарлаж байсан юм. Манай хүүхэд өнгөрөгч баасан гаригаас хойш халуурсан, шөнөдөө ханиалгаад байх юм гэх залуухан ээж настай эхийгээ мөн дагуулжээ. Хүлээн авахын эмчтэй ярилцахыг хүссэн боловч “Ачаалал ихтэй, завгүй байгаа тул дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчээс яриа авна уу” гэлээ.

Ингээд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн X төвийн хүүхдийн их эмч Б.Болормаатай уулзлаа. Тэрбээр “Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд манай кабинетаар өдөрт 50-60 хүүхэд үзүүлж байна. Тэдний ихэнх нь ханиалгах, амьсгалын замын өвчний улмаас хандсан. Удаан хугацаанд, бөгшүүлж ханиалгасан гэсэн зовуурьтай орж ирж байна. Эмнэлзүйн шинж тэмдгээр нь харвал харшлын суурин дээр удаан хугацаанд ханиалгасан ижил шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байгаа. Үүний дээр салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар, суулгалтын дараа вирусийн гаралтай ханиад хүрсэн байсан. Яг одоогийн байдлаар хатгаа болж хүндэрсэн хүүхэд алга” гэв.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг. 2017.10.02-ны 14:00 цагт

Харшлын болон вирусын гаралтай ханиаданд ямар эм уулгаж, хэрхэн эмчлэх талаар тодруулахад “Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ эмээр бөмбөгдөөд байдаг. Хүүхдийн дархлааг дэмжих хоол хүнс өгдөггүй, эмнэлгээс эмнэлгийн хооронд явж байгаа нь анзаарагдах боллоо. Өнөөдөр үдийн хойно надад хандсан нэг ээж гэхэд урьд шөнө Баянзүрхийн хүлээн авахад, өглөө өрхийн эмнэлэгт, үдийн хойно манай кабинетэд хандаж байх жишээтэй. Нэг өдөр хоёроос гурван байгууллагын хаалга татаж явна. Дүүргийн хүлээн авах ханиад томууны үед өдөрт 200-300 хүүхдийн ачаалалтай ажилладаг. Тэдний зөвлөгөө сэтгэлд нь нийцдэггүй юм уу маргааш нь өрхдөө хандах юм. Харин өрхийн эмнэлэг нь манай руу бичиг хийж явуулдаг. Мөн эмнэлэгт, бидэнд хандахаасаа өмнө эмийн санчаас зөвлөгөө авч, аль хэдийнэ дур мэдэн антибиотекийн сонголт хийчихсэн байдаг. Бүр хоёр гурваар нь давхарлаад уулгаж байх юм. Ингэж эмнэлгээс эмнэлэг рүү дамжиж явахдаа хүүхдийн бие төдий хэмжээгээр муудна гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Хамраас нь нус гоожиж байсан хүүхэд эмнэлэгт хандаад буцахдаа ханиад аваад явна. Эмнэлэгт үзүүлэхээр ирэхдээ хүүхдийнхээ хамарт вирусээс сэргийлэх оксолин түрхсэн, маск зүүлгэсэн эцэг эх алга. Энэ талаар бүгд мэддэг ч хэрэгжүүлэхгүй байна. Ханиад томууны цаг ирж байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих хоол хүнс сонгож, ханиалгах шинж тэмдэг илэрмэгц халуун бүлээн шингэн, цагаан гаатай сүү, зөгийн балтай сүү уулгах хэрэгтэй. Вирусийн гаралтай ханиаданд бол виферон, анаферон зэрэг вирусийн эсрэг лаануудыг хэрэглэж болно. Энэ бүхний дараа хүүхдийн ханиад эдгэхгүй, улам хүндэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийж, давтан үзлэгээ хийлгэсний дараа тухайн эмч хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах бичиг өгдөг. Гэтэл энэ дарааллыг алгасаж, өрхийн эмнэлгийг тоохгүй шууд түргэн тусламж дуудах эсвэл хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах нь ачаалал нэмэгдүүлэх сөрөг талтай байдаг” гэсэн юм.

Үүний дараа Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны “Энхсүндэр” өрхийн эмнэлгийг зорилоо. Хүчтэй бөгшүүлэн ханиалгаж буй арван настай хүүгээ дагуулсан нэгэн ээжтэй энд таарсан юм. Тэрбээр “Манай хүү бараг 14 хоног ханиалгасан. Гайгүй болчих байх гээд яваад байтал хоёр хоногийн өмнөөс халуурч эхэлсэн. Ингээд өнөөдөр өрхийн эмнэлэгт хандахад харшлын гаралтай ханиад хүндэрсэн байна гээд хлорфенамин, АЦЦ, антибиотектай бичиж өглөө. Мөн гурав хоногийн акт бичсэн. Миний хувьд хүүдээ антибиотек уулгамааргүй байна. Гурав хоног гэрт нь дулаан байлгаж, асаръя гэж бодож байна” гэж ярилаа.

Харин “Энхсүндэр” өрхийн эмнэлгийн дарга Г.Энхтуяа “Манай эмнэлэгт ханиад томууны улиралд нэг эмчид өдөрт дунджаар 30 хүүхэд ханддаг. Ойрын өдрүүдэд гайгүй байна. Огцом хүйтэрсний дараа олон хүүхэд ирдэг. Бид энэ өдрүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа. Сүхбаатар дүүрэгт томууны эсрэг үнэ төлбөргүй 1200 тун вакцин хуваарилагдсан. Түүнээс 75 тун бидэнд ногдсон. Томууны вакцин хийх эрсдэлт бүлгийн судалгааг хийж байна. Эхний ээлжинд 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэсэн дарааллаар вакцин хийхээр төлөвлөж байгаа. Эцэг эхчүүдэд хандан зөвлөхөд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэдээ иллэг хийх, шингэн сайн уулгах, агаар салхинд гаргахдаа маск зүүлгэх хэрэгтэй” гэлээ.