Түрүүч нь №232(5799) дугаарт
-“ХАВАР НАМРЫН ЦАСАН САРХИАТ ХАРЛАГ ТАХЬ ШИГ ЭРЭЭН УУЛ”-ЫН ТЭМДЭГЛЭЛ-
Монголын утга зохиолын оргилууд болох Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ нар. 1960-аад он
Чухамхүү ер бусын тэнгэрлиг найрагч хэмээн хэн бүхэнд дархлагдан зөвшөөрөгдсөн Пүрэвдорж гуайнхаа төрсөн нутгийнх нь одот тэнгэрийг ширтнэм. Хөлийн дор их найрагчийн голомт Монголын хүйс нутгийн алтан шаргал элс нурах нь сонсдож, бүлээн дулаан орчинг бүрдүүлнэ. дулаан, Хайрхан, Хөгнөхаан, Батхаан дөрвөн их уулсын титэмлэсэн хүрээлэл энэ нутаг үнэндээ хангай, говийн цогцлол. Их элс, алдарт Элсэн тасархайн үзүүр хаяа нь билээ сэн. “Яруу найрагч хүн ийм л ёстой гэдгийг бүтээлээрээ төдийгүй өөрийнхөө асан бадамлаж явсан он жилүүдээр тэр баталсан юм” гэж Заяатын Ядмаа нь бардам хэлж байна. “Би түүний шүлэг найргийг унших бүртээ туркийн алдарт зохиолч назым Хикметийн сэтгэл зүрхээрээ найрагч хэрхэн шатаж явах тухай үгийг санадаг билээ. Найраг нь үргэлжийн эрэл дунд ямагт галын дөл шиг өөдөө бадарч, уншигчийн зүрхэнд цоргин явдаг гэж боддог” хэмээн доржийн гармаа гуайн хэлсэн нь “нээрээ тийм дээ” гэх бодлыг төрүүлдэг юм.
“Сайхан хун жигүүр амраан
Сангийн далайд чуулах үеэр
Тэнгис талын сүрэг бэлчин
Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг
Намрын хүйтэн уулан дунд
Найман нуур уйдах цагаар
Наран хайлах хонгор говийн
Нарийн таана хэнзлэн байдаг
Орхон голын униарт хөндийд
Одод огших хаврын үүрээр
Алтан түрүү хөрсөө түлхэн
Алсын од шиг түгсэн байдаг
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уудам цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай…” гэж Халхын заяанд төрсөн бүхэн суу билэгт найрагчийнхаа тарни мэт, охь ундарга болсон шүлгийг нь уншиж, хийморь лундаа нь бадраад багтаж ядан байгаа нь анзаарагддаг. Бүрдийнхэн хот хүрээний найрагчдаа угтаад Пүрэвдоржоороо бахархан, мандааж сууна. ардын уран зохиолч тангадын галсан, монголын нэрт гүүш, соён гэгээрүүлэгч цэрэнпилийн Гомбосүрэн, төрийн шагналт яруу найрагч дамбын төрбат, соёлын гавьяат зүтгэлтэн санжийн Пүрэв нарын эрхмүүд хүрэлцэн иржээ. тэд бол тэнгэрлиг бадрангуй найрагчтай сэтгэл зүрхний садан, ном эрдэм, багш шавийн барилдлагатай явсан хүмүүс юм.
“Урьхан хаврын намуун шөнөөр
Уулын цаанаас шувууд ирлээ
Онгон талын цагаан нууранд
Одтой наадан дуулж хонолоо
Хаврын шувууны дуунд уяран
Хайртаа санан гармаар байнаа
Хатан дөрөөний чимээ чагнаж
Харгуйн бараа хармаар байнаа
Дархан хилээ манаж яваа
Дайчин чамдаа очмоор байнаа
Давхар давхар мянган уулын
Даваа бүхнээр давмаар байнаа
Удаан хүлээсэн нуураа амрааж
Усны чандаас шувууд ирнээ
Учрал хүссэн намайг жаргааж
Удахгүй бас чи минь ирнээ” (“Хаврын шөнийн бодол”),
“Алсын анирхан уулс дунд
Агаарын сайхан хөдөө юм аа
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа
Уулс үүлс нь гүнд нь туссан
Усны тунгалаг хөдөө юм аа
Урт насалж удаан жаргамаар
Урамтай сайхан нутаг юм даа…” (“Хөдөө нутаг сайхан”),
“Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээж
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал нялхарна…” (“дөрвөн цагийн тал”) гээд өнөө домогт найрагчийн монгол хүмүүний сэтгэл зүрхийг долгилуулсан дуунууд нь уянгалах нь бахадмаар. “Янагийн сайхан харц шиг…” хэмээн зууны манлай намжилын норовбанзад гуайн дуулахыг сонсох хичнээн сайхан.Банзрагч гавьяат “агаарын сайхан хөдөө”-г нь дуулсан найрагчийн хөрөг нэвтрүүлгийг хаа нэгтээ цэнхэр дэлгэцээр үзэж суухуйд бодол санаа цэлмээд, дотоод ертөнцөд ер бусын хүч хуралдах шиг болдог.Хорин таван найраглал бичиж хорьдугаар зуун, хориннэгдүгээр зууны торгон заагт “Монгол найргийн дархан цэц” гэдгээ тамгалж өгсөн эл эрхмийн энгийн нэг дууны шүлэг нь ч эрдэнэ мэт жинхэнэ бүтээл байдаг нь гайхмаар. тэрээр улсын гавьяат багш, утга зохиол судлалын нэрт эрдэмтэнЧойжилжавын Билигсайханы онож хэлснээр “Үг эзэгнэх эрдэм”-ийг төгс эзэмшсэн нэгэн. “Үг бол утгын утсанд хэлхэх эрдэнэс мөн. Онож хэлсэн үгийн тунгалаг талстын цаанаас шүлгийн санаа нэвт гэрэлтэх ёстой” гэж нэгэнтээ хэлсэн нь ч бий. Үг эзэгнэх эрдмийг төгс эзэмшсэн, дархан цэцтэй найрагч л
“Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Гангийн халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэн манан хөөрөгний
Даалин дарах шаргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би…” гэж бичдэг биз ээ. “Пүрэвдорж гуай маш олон ухааны халуун амин үзүүрийг өөрийн болгож оюун ухаандаа мэтгээслэн хадгалж явдаг хүн. тэр нэг удаа “Уран бүтээлд хатуу зөөлөн хоёр хөг ая байх жамтай. Энэ нь хайрлах, үзэн ядах хоёр юм. Үзэн ядаж байгаа зүйлээ амин зүрхээр нь үзэн ядах хэрэгтэй. Үүнийг үзэн ядах ухаан гэдэг. м.шолохов “Үзэн ядахын ухаан” гэж дайны сэдэвт зохиол хүртэл бичсэн” гэж ярьсан. “улаан гэрийн хоригдол” болж явсан тэрээр хуучин тогтолцооны үед зуйрган хулчгар үзэгдэл хал балгүй юм хийх сэтгэгдлийг бүрэлдүүлж, улмаар сэтгэхүйн хязгаарлалт тогтоосон. Энэ бол мөхөл юм гэсэн нь бий. Тэр хатуу зүйлийг зохиолч зад цохиж гарах учиртай гэдэг. Энэ бол уран бүтээлч хүний иргэний зориг юм. Түүний энэ зориг нас тогтож нэр хүндэд хүрсэн хойно нь буй болж төлөвшөөгүй. социализмын улаан хувьсгалын үзэл санаа орныг бүрэн бүрхэж байсан жараад оны эхэн үед “Чингис”, “тусгаар тогтнол” шүлгүүдээ бичсэн нь яруу найрагчийн бадрангуй эр зоригийн илэрхийлэлт” хэмээн нацагийн Даваадаш найрагч бичсэн нь гарцаа байхгүй үнэн санагддаг ажгуу.
“Мань хүн миний ойлгосноор ахмадуудаас намдаг багш, лхамсүрэн гуай хоёрт гайгүй. Чойжилын Чимид гуайд талтай, дашдооровт дотно юм шиг санагдуулна. багштай нутгархаж, үрэн гуайтай найзархаж байснаа дурсана. Харин Дооровын тухай яриа өдөхөд илт сэргэж чин сэтгэлээсээ инээнэ” гэж монгол утга зохиолын амьд түүх, архив болсон Хоролын Зандраабайды гуай хэлж билээ. Ядмаа ах тэр хоёрын эмхэтгэж гаргасан “дэлгэрхангай уулнаас дэлхийг харсан дооров” дурсамжийн номонд Пүрэвдорж гуай “инээдийн гэрэлд сэтгэл цэлмэнэ” хэмээн хөрөг дурсамж бичиж түүндээ “дооров бол бидний үеийнхэн дотроос инээдмийн гэрэл цацраасан хамгийн амьд, бүх бүтээлээрээ муу бичиж чадахгүй болтлоо боловсорсон гэдгээ харуулсан зохиолч байсан” гэдгийг бардам тэмдэглэсэн байдаг. Тэгээд “Бид хоёрыг зохиолчдын онигоо наргианы хувиараа эрхлэх аж ахуй байгуулсан гэж хүмүүс хэлдэг байлаа” хэмээн үнэнээ хүлээсэн байж билээ.
Харин дооровынх нь тэртээ далаад оны эхээр москвагаас Пүрэвдорждоо бичсэн нэгэн захидлыг уншсанаа санах юм. аварга зохиолчид нэгэндээ ингэж л захиа занаа бичдэг байхдаа гэх бодол төрсөн. “Захиа бичихийн шалтгаан хаанаас гарав гэвэл намайг тоодоггүй нэг сайхан хүүхэн өнөө л нэг анзаарч мэндлэхэд мишээж, уулзъя гэхэд толгой дохиж, учирсан хойноо мартахгүй чамайг…гэх мэт үгийг авч байсан мэт явдал тохиолдсон юм. тэр нь юу байваа гэвэл чиний “цэнхэр даалимбан тэрлэг”-ийг уншиж гайхалтай ихээр баярласных. Би анх уншаад духаа нэгээр барахгүй хэд хэд пад пад хийтэл алгадсан. ийм юм санахгүй маанаг хар толгой гэж тэр шүү дээ” хэмээн “Хөх даалимбан тэрлэг” алдарт найраглалыг нь уншаад баяр бахдалаа ийн илэрхийлсэн байна.
“Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад ирлээ
Цээжин дотор учрал зарлаад
Цэнхэр уулыг даваад ирлээ
Олон эрчүүд дайснаа дараад
Онгон талаар давхиад ирлээ
Орон гэртээ зайгаа эзлээд
Одтой адил харваад ирлээ
Халагдаж ирэх цэргийн сургаар
Хадам аав сумын төв рүү
Унаа хөтлөө хоёр морьтой
Улсын түрүүнд давхиад явчлаа
Хөөрөн сэнсрэх сэтгэл гэдэг
Хөл газар хүрэхгүй дэрвэж
Хөв чийгий нь эгшээн тавихаар
Хөх даалимбан тэрлэгээ гаргалаа
Урд хормойд нь унага даага гэж
Урдаас дугтарч оёосы нь тавилаа
Хойт хормойд нь хонь хурга гэж
Хойноос нь дугтарч хаваасы нь тавилаа
Дотоод хормойд нь тос өөх гэж
Дороос нь дугтарч шидээсий нь авлаа
Эзгүй байхад нь хийсэн юм гэж
Эцсийн учгаа хатгаж авлаа
Салаа гэзгээ дагнан сүлжиж
Сар сувдан даруулга зүүлээ
Цайны дээлээ нөмгөн өмсөж
Царай зүсээ тольдон заслаа
Үдэш эртхэн хажуулаг гэж
Үнээ малаа эртхэн саалаа
Хонгор хүүгий нь цэвэрхэн хувцаслаж
Хоёрхон усаар тогоо авлаа
Тэгтэл … нар шингэсэн хойно
Тэртээгээс хадам аав ганцаар
Эмээлтэй морь хөтөлсөн чигээр
Эргэж ирээд уяан дээр буулаа
Гэр лүүгээ нэг явах гэснээ
Гэнэтхэн зог тусаж хэсэг зогссоноо
Хонгор морины эмээлийг авч
Хоёр бүүргэнд хазаарыг сойлоо
Үеийг эзэлсэн буурал хайлаас
Үндэс тасран гуйвалж байх шиг
Сүртэй өвгөн эмээл тэвэрсээр
Сүүдэр шиг нааш айсуй хайрагдлаа
Гэнэтхэн миний дотор пал хийж
Гэртээ орж гэрэл барилаа
Айсан туулай шиг дүрлийн гайхаж
Аавын өөдөөс дуугүй ширтлээ
Аав ч бас таг дуугүй
Асга царай нь тас харанхуйлж
Төөрсөн гар нь эмээлээ алдахуй
Төмөр дөрөө нь ёолон харшлаа
Хөл дорхи газар дайвж
Хөх ногоон улаанаар эргэж
Хүний орчлонд барьц алдахдаа
Хүүгээ л би тэврэн авлаа
Эрлэг дайны хүйтэн савар
Эвдэрсэн сэтгэл тэмтрэх цагт
Ямар их хүнд үнээр
Ялалт ирснийг бид мэдлээ” хэмээн дунд сургуулийн сурагч ахуйдаа уншаад үнэндээ бахдаж байсан сан “говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино, “Хүлэг”тэргүүт найраглал, “Хойтон жилийн наадам” шүлэг тэргүүт утга зохиолын бүхий л төрөл жанраар тэгш туурвисан төрийн шагналт сормууниршийн Дашдооров духаа нэгээр барахгүй хэд хэдэн удаа пад пад хийтэл алгадсан байхад мань мэтийн жулдрай үнэндээ юу хэлэхэв дээ.
агуу их дооров ийн духаа балбасан бол “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” хоёрыг нь уншаад сэнгийн Эрдэнэ уран бүтээлийн цагаан атаа хөдөлснөө дурссан байдаг. “Пүрэвдорж бид хоёр монголын орчин үеийн утга зохиолд зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүү шиг хоёр. Би түүнээс цөөхөн жилийн түрүүнд яруу найрагчийн нэр зүүсэн. Пүрэвдорж шүлэг найргаа бичиж хэвлүүлээд уншигчдын дунд ойрхон нэрд гарсан. Зөвлөлтийн нэрт яруу найрагч Евгений долматавский Чойжилын Чимидэд бичсэн нэг захидалдаа “орны сайхан найрагч явахаас илүү хувь заяа үгүй” гэсэн байдаг. Пүрэвдорж бол миний үеийн сайхан найрагчдын нэг. Жараад оны дундуур Пүрэвдорж “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” гэдэг хоёр сайхан найраглал бичиж билээ.
Би тэр найраглалуудыг нь уншаад баярлахын дээдээр баярлаж, нөхрийнхөө яруу найрагчийн сэтгэл, үг хэлний яруу тунгалаг дүрслэлийн нарийн нандинг хэзээ хэзээнээс илүү ойлгож, түүнээс нь дутуугүй сайхан өгүүллэг, тууж бичихсэн гэж хичээж байж билээ. магадгүй тийм бүтээлч атаархал миний бүтээлд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн биз ээ” гэж уран зохиолч сэнгийн Эрдэнэ наяад оны эхээр бичсэн нь бий.
Эрдэнэ гэснээс Пүрэвдорж гуай их зохиолчийн эцсийн зүүдийг элгэн халуунаар бичиглэн үлдээсэн байдаг шүү. “Эрдэнэ бол сэтгэлдээ уянгын эгшиглэнтэй зохиолч. Харин түүний тэлмэсэн яруусал нулимстай байсан юм. Эрх танхи насандаа эсэргүү хилсээр эцгээ буудуулж сэрүүн галттайн хөвчөөс үргэсэн янзаны нүд насан турш будантай явсан юм” гэж тодотгоод аугаа их Сэнгийн Эрдэнийгээ сүүлчийн удаа эргэж очсоноо дурсчээ.“Хоёрдугаар эмнэлэгт түүнийг эргэж очиход тэр минь бие эцэж гагцхүү сэтгэлийнхээ дөрөөн дээр тогтож байх шиг санагдсан.
Надтай харцаараа мэнд солиод Эрдэнэ минь “Би жаахан өндийж суумаар байна” гэлээ. Би цээжийг нь өргөн өндийлгөж түшин хэдхэн агшинд суулгав. Эрдэнэ тамирдангуй инээвхийлж, хачин юм зүүдэллээ гэж мушилзсанаа “цэрэндэжид минь цэл залуухан бид хоёр Бразилын Ерөнхийлөгчийн гоёмсог ордонд хүлээн авалтад цэнгэж байх юм” гэхэд нь би “Бразил байдаг нь ч юу билээ. Ядахдаа Чилид Пеночетийн ордон байсан бол чи бид хоёр сураг дуулсан баймаар юм” гэхэд “Харин тийм ээ” гээд Эрдэнэ хажуулав. минь хар багаас ижилссэн ханиа өрөвдөж дотоод ертөнцийнхээ илч гэрэлд эрхлүүлэн зүүдэлжээ. Би эмнэлгээс ирээд гэр рүү нь утасдаж Цэрэндэжидэд энэ тухайгаа хэлбэл “Та хоёр чинь бүр зүүдээ ярихтайгаа байгаа юу” гээд инээсэн юм. Энэ инээд Эрдэнийн зүүдний цагаан тайлал байлаа. сэнгийн Эрдэнийн эцсийн зүүд энэ. аугаа их бичгийн мэргэн, энэрэнгүй үзэлтэн, энэ хүн зүрх сэтгэл төдийгүй зүүдээрээ ийнхүү цагаан гэгээ цацан буцсан билээ” хэмээснийг уншиж “Бор гэрийн богд” номноос нь уншаад нулимсаа барьж даанч чадаагүй дээ, би.
Үргэлжлэл бий