Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Сэргэлэн: Дэлхийн эрдэмтэд “Монголын нөхцөлд элэг солино гэдэг бол гайхамшиг”хэмээн ярьцгааж байсан

Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн эмч өнгөрөгч пүрэв гаригт эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон болон дотны хүмүүс нь угтан авсан юм. Мөн энэ үеэр хэвлэлийн бага хурал хийж, О.Сэргэлэн эмч энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын талаар мэдээлэл өгөв. Хэвлэлийн хурлыг нээж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Д.Бямбадорж үг хэлэхдээ “Өнөөдөр манай эмнэлэг, эмч нар, Монголын мэс засалчдын хувьд үнэхээр бахархалтай сайхан өдөр тохиож байна. Америкийн мэс засалчдын коллеж, Канадын мэс засалч эмч нар хамтраад 1913 оноос эхлэн дэлхий нийтэд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, мэс заслын анагаах ухааныг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байсан шилдэг эмч нараа шалгаруулах зорилгоор энэ шагналыг олгож эхэлсэн юм. Түүнээс хойш дэлхийн хэмжээнд 127 орныг эгнээндээ нэгтгэж, жил бүр шилдэг эмч нарыг шалгаруулж, хүндэт профессороор өргөмжилдөг болсон билээ. Энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон О.Сэргэлэн эмчдээ сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.

Үүний дараа О.Сэргэлэн эмч сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Дэлхийн шилдэг мэс засалчдын нэг болсонд баяр хүргэе. Тантай хамт энэ эрхэм шагналыг өөр ямар орны эмч нар хүртсэн бэ?

-Америкийн мэс заслын коллеж гэж энэ байгууллага маш том байгууллага юм байна. Энэ онд Монгол Улс маань энэ байгууллагын албан ёсны гишүүнээр бүртгэгдсэн бөгөөд энэ шагналд нийтдээ 70 гаруй орны эрдэмтэд нэр дэвшсэн.Тэдний дундаас Англи, Ирланд, Франц, Япон, Монгол гэсэн таван орны эрдэмтэн энэ жил хүндэт профессор гэх нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлсэн гэхэд танхим дүүрэн хүн маш их талархаж баяр хүргэж байсан. Харин надад “Миний авсан энэ шагнал Монголын бүх мэс засалчдын амжилт юм даа” гэх бодол төрж, эх орноороо, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

-Таныг өөрийнхөө багшийн багштай хамт энэ шагналыг хүртсэн гэх мэдээлэл байсан. Энэ талаар тодруулбал?

-Япон улсад анх амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн Матасото Макучи гэж профессор байдаг. Макучи профессор 1980 оны сүүлээр миний багш Солонгосын Асан анагаах ухааны төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Ли профессорт анх элэг шилжүүлэн суулгах мэс заслыг зааж өгч байсан юм билээ. Тухайн үед Макучи профессор Ли профессорт “Би чамд зааж өглөө. Чи бас дараа дараагийн хүмүүст энэ аргыг зааж өгөөрэй” гэсэн үүрэг өгсөн гэж ярьж байсан. Харин сая Макучи профессортой зэрэгцэж зогсоод шагнал гардах үеэр яг энэ үгийг нь Макучи профессорт хэлсэн. Тэгэхэд “Би Ли профессорт үүнийг зааж өгсөн. Ли профессор ухаантай хүн учраас та нарыг өдий хэмжээнд сургасанд баяртай байна. Та нар ч гэсэн цаашдаа бас энэ аргаа бусад хүмүүст зааж сургаарай” гэж хэлсэн.

-Ази тивээс энэ шагналыг урьд нь хичнээн хүн авч байсан бэ?

-Хятад, Энэтхэг, Япон гэх мэт Ази тивийн таван улсын эмч энэ цолыг авч байсан бөгөөд миний бие Азиас энэ шагналыг авч байгаа 11 дэх хүн болж байна.

-Манай улсад мэс заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээс эхлээд асуудалтай зүйл бишгүй байдаг. Энэ бүхнийг давж, дэлхийн шилдэг мэс засалчдын нэг болно гэдэг амаргүй байсан болов уу?

-Энэ хурлын үеэр бусад улсын эрдэмтэд Монгол Улсыг элэг шилжүүлэн суулгасан байна гэхэд маш их гайхаж байсан. Яагаад гэвэл эдийн засаг, санхүүгийн хязгаарлагдмал нөхцөлд байдаг Монголд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэдэг бол гайхамшиг гэж ярьцгааж байсан. Макучи профессор бид хоёр хоёулаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өөрийн оронд эхлүүлсэн хүмүүс. Макучи профессор Японд анх элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэдгээрээ бахархагдаж байсан бол тэнд байсан бүх хүмүүс надад ирж Монголын нөхцөлд элэг солино гэдэг бол танай багийн байгуулсан гавьяа гэж биднээр бахархаж байлаа.

-Дэлхийн шилдэг мэс засалч гэдэг энэ шагналын үнэ цэнэ чухам юундаа оршиж байна вэ?

-Энэ шагналыг авсан хүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, мэс засал хийх эрхтэй болдог юм байна. Манай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн диплом одоохондоо олон улсын хэмжээнд төдийлөн хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа шүү дээ.

-Эрхтэн шилжүүлэх мэс заслыг амжилттай хийж байгаа гэдгээс гадна өөр ямар үзүүлэлтүүд энэ шагналын эзэн болоход нөлөөлдөг юм бол?

-Манай багийнхны хийсэн судалгааны бүтээлүүд мөн үүнд чухал үзүүлэлт болдог юм байна. Бид Монголдоо арав гаруй ном, 400 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Энэ шагналыг авахад хамгийн их нөлөөлсөн бүтээл болох “Монгол Улсын дурангийн мэс заслын есөн жилийн үр дүн” өгүүлэл маань “Лантед” сэтгүүлд нийтлэгдсэн явдал байлаа. “Лантед” бол инфакт, фактораараа дэлхийд гуравдугаарт ордог сэтгүүл юм. Мөн бид дэлхий дахинд баримталдаг мэс заслын библи болсон Шварцийн 2050 хуудастай номыг манай хамт олон орчуулж дуусаад одоо хэвлүүлэх гэж байна.

-Таныг мөн робот мэс засал хийх хүсэлтэй байдаг гэж сонссон. Цаашдаа Монголд ямар хагалгааг нутагшуулахыг зорьж байна вэ?

-Дэлхийн мэс заслын оргил нь эрхтэн шилжүүлэн суулгах юм. Тэгээд бага хөнөөлт мэс засал, мэс засал, яаралтай тусламжийг чадавхижуулах гэсэн гурван үндсэн чиглэлтэй байдаг. Бид нар мэс засал, яаралтай тусламжийг чадавхижуулах тал дээр дэлхийн жишиг орны нэг болж чадсан. ДЭМБ 2030 он гэхэд Монголоос доош байгаа 88 орныг Монголын хэмжээнд хүргэнэ гэсэн зорилт тавиад байна. Үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Эдгээрээс гадна дурангийн мэс засал, робот мэс засал гэж бий. Манайд дурангийн мэс засал хангалттай түвшинд хөгжсөн байгаа. Одоо бидний мөрөөдөл бол робот мэс засал. Хэрэв “Да винчи” гэдэг том аппаратыг аваад өгөх юм бол Монголын мэс засалчид робот мэс заслыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Тэр нь ямар онцлогтой юм бэ?

-Нэг хүн тусгай удирддаг аппаратныхаа ард суугаад удирдана. Харин мэс заслыг нь робот хийнэ гэсэн үг.


Categories
мэдээ нийгэм

​Ж.Цолмон: Цаг хугацаа гэдэг бол ухрааж болдоггүй, дундуур нь орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн явдаг

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон “Цагийн зурвас” номоо өлгийдөн авч, уншигчдын гарт хүргэж байна. Хөл хөдөлгөөн ихтэй, хурсан зочид зохиолчид баяр хүргэн сэтгэлийн үгээ дэлгэсэн халуун дотно уур амьсгалтай нэгэн номын нээлт МУИС-ын Номын санд болж өндөрлөв. Нээлтийн үеэр зохиолч Ж.Цолмоноос номын талаар тодрууллаа.


-Цагийн зурвас гэх шинэ номын нээлт хийж байна. Өөрийн номын утгыг уншигчдаа зориулан товчлон яривал?

-Номоо Монгол улсын социализмын үе, ардчилсан нийгмийн 25 жил буюу хагас зууны Монгол улсын хөгжил дэвшил болоод дэлхий нийтийн томоохон үйл явдлуудыг бодит хүний амьдрал дээр тулгуурлан бичсэн. Нөгөө талаар өөрийн амьдралынхаа бүхий л цаг үеийг харуулж, өнөөдрийн намайг бий болгоход тусалсан бүх л хүмүүс болон нийгмийг харуулахыг зорьсон. Энэ номыг бичих явцад өөрийн амьдралын хуудас болгоныг ухрааж, өөрийн ой санамжид байгаа зүйлсийг гаргаж бичлээ. Надад чухал гэж бодогдсон төдийгүй монголын ард түмний нийтлэг ой санамжид тогтсон нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдлуудыг харуулахыг хичээлээ. Цаг хугацаа гэдэг бол ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн явдаг. Энэ цаг хугацаа хэзээ дуусахыг бид мэдэхгүй ч бид тэр цаг хугацааны нэгээхэн хэсэгт амьдарч байгаа жижигхэн зурвас юм. Тийм учраас энэ номоороо дамжуулан өнөө үеийн түүхийг жижигхэн зурвасаар хойч үедээ бичиж үлдээж байгаа юм. Бас нэгэн онцлог бол “календарчилагдсан жанраар бичигдсэн” явдал билээ.

-“Миний болон орчин үеийн монголын хроник” номыг бүтээхэд хэр хүндрэлтэй байсан бэ?

-Миний хувьд ийм бүтээлийг бүтээж байгаагүй. Мэргэжлийнхээ дагуу ном бүтээх гэж оролдож байсан. Энэ том ертөнцөд хөл тавин гэдэг бол маш их хариуцлага юм. Иймээс надад зөвшөөрөл хэрэгтэй байсан. Хэдийгээр номыг би бичсэн ч гэсэн тухайн ном нь хүмүүст хэрэгцээтэй юм үлдээж чадах нь уу? Гэдэг нь маш чухал байсан. Тиймээс Монгол Улсыг цогцлооход гол үүрэг гүйцэтгэсэн, хариуцлагатай, нэрийн хуудас нь болж явсан хүмүүсээр номоо уншуулсан. Жишээлбэл Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ахмад дипломатч, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, МУ-ын эрүүл мэнд, боловсролын С.Дамбаа, БШУСЯ-ны сайд асан Чулуунбаатар, МУ-ын арван тав дахь Ерөнхий сайд Гунгаадорж нар номыг уншаад, хэвлүүлэх зөвшөөрөл өгсөн учраас номоо хэвлүүлээ.

-Номоо туурвихад хэр их хугацаа зарцуулж бичив?

-Энэ номыг эхлүүлээд дөрвөн жил болж байна. Барьж бол 99 хоног бичсэн. Олон хүмүүсийн сэтгэл зүтгэлээр бүтсэн. Гэгээн зурвас, нандин зурвас, эрхэм зурвас гэх гурван бүлгээс бүрдсэн 640 хуудастай номоо өлгийдөн авлаа. Уг номыг бүрэн эхээр нь гаргасан бол мянгаад хуудастай болох байлаа. Мөн номд 650-аад улс төрчдийн нэрийг багтаасан. Номоо индекстэй гаргая гэж бодсон боловч нэгд индекс нь 100 гаруй хуудас болох байсан учир илүү зузаан ном болно,хоёрдугаарт цаг хугацаанд давчигдаад индексээ гаргаж чадсангүй. Дараа дараагийн номдоо индексээ оруулах болно гэв.

Номын нээлтэд МУСТА, поп дива дуучин С.Наран уран бүтээлээсээ ая дууны мэндчилгээ өргөсөн юм. Ж.Цолмон, дуучин С.Наран хоёр нь ах дүүгийн хүүхдүүд ажээ. Мөн нээлтийн дундуур зохиолч Ж.Цолмон ийнхүү шүлгийн мялаалга уншиж байсан юм.

Алд биеийг минь төрүүлсэн аав ээждээ мөргөмүй

Эрдэм мэдлэгийг олгосон ачит багшдаа мөргөмүй

Энэ бүгдийг олгож буй ахуй төрдөө мөргөмүй

Амьдрал үргэлжилнэ, энэ ном бас үргэлжилнэ… хэмээсэн юм.

Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмоны аав МЗЭ-ийн гишүүн, зохиолч, яруу найрагч З.Жадамба өөрийн сэтгэлийг хуваалцсан юм. Тэрээр “Охины минь номын нээлтэд ирсэн та бүхэндээ баярлаа. Эцэг хүний сургаал гэдэг бол их хатуу. Уурламаар, гомдмоор, уйлмаар байдаг. Гэвч энэ бүхэн бол тэрний амьдралын замын зааж, шулуутгаж сайжруулж өгдөг зүйл юм. Энэ номыг хэвлэхэд хатуу үг хэлж, шүүмжилж байсан хүн нь би юм шиг байгаа юм. Тэгж дарж байгаагүй бол энэ ном гурван боть болох байсан байх.(инээв) Миний охин их зоригтой, тэвчээртэй, ухаалаг. Хар нялхаасаа л улс төрийн амьдралд зүтгэсэн. Тэр бүгдийн жоохон дарж өгдөг байсан юм гээд номын нээлтэд өөрийн шүлгийн мялаалгаас уншсан юм.







Дашрамд сонирхуулахад уншигчид маань “Цагийн зурвас” номыг бүх номын дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой ажээ.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Гэрэл: Шуналын сэтгэлээ дарж, байгаль дэлхийг мөн чанараар нь ойлгосон хүн гөрөөчин болж чаддаг

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, гурван үеийн гөрөөчин Д.Гэрэлтэй ярилцлаа.

– Анчин, гөрөөчин гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Анчин гэдэггүй, гөрөөчин гэж ярьдаг номтой. Малчин гэдэгтэй л адил үг. Шуналынхаа сэтгэлийг дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг л гөрөөчин гэнэ. Энэ бол нэг талаас мэргэжил. Нөгөө талаас өв тээгчид гэж хэлж болно. Түүнээс дуртай нэг нь сонирхол хоббигоороо хийдэг ажил биш.

-Малчин гэдэгтэй адил гөрөөчин гэдэг нь мэргэжил юм байна. Тэгвэл өнөөдөр жинхэнэ гөрөөчдийг та бүхэн бэлтгэж байна уу?

-Мэргэжлийн гөрөөчид шавь сургалтаар төрдөг. Гэтэл бид шавь сургалтаар хүн сургаагүйгээс болж өнөөдөр хүссэн бүхэн хөх төмөр хөндлөн үүрээд ан гөрөөнд явдаг болжээ. Гөрөөнд явах хорхойтой хотын залуусыг хөдөөний жинхэнэ гөрөөчидтэй холбож, агнуурын бүс бий болгомоор санагддаг. Тэндээс ашиг олох гэж улайралгүй, олсон хэдээ тэр газартаа зарцуулаад, ан амьтныг нь өсгөж үржүүлэх хэрэгтэй. Ингэж байж л мэргэжлийн гөрөөч төрөх болов уу.

-Таны хувьд гурван үеийн гөрөөчин болохоор энэ мэргэжлийг удам дамжин өвлөж авсан байх?

-Тийм. Гэхдээ надад цагдаагийн газарт шинжээчээр ажиллаж байсан “Төрийн Моюу” гэж мундаг гөрөөчин багш байлаа. Аав өвөө хоёр минь хоёулаа гөрөөчний замналаар амьдарсан. Би ч түүнийг өвлөж, социализмын үед ангийн бригадад багтаж, тодорхой хуваариар ангаа хийдэг, байгалиа хамгаалдаг байлаа. Би энэ мэргэжилдээ хайртай дуртай гэж жигтэйхэн. Харин одоо энэ мэргэжлийн үнэ цэнэ алдагдаж байгаад харамсдаг даа.

-Гөрөөчдийг бэлтгэдэг шавь сургалтын талаар яриа дэлгээч?

-Гөрөөчин хүн нэгийг идээд арвыг хамгаалах үүрэгтэй. Жинхэнэ гөрөөчдөд олон сайхан ёс жудаг бий. Гахай унагаачихаад сууж байна гэж бодъё. Гэдэс гаргаагүй сууж байхад өөр нэг гөрөөчин ирвэл яг адил хувиар хүртэнэ. Ингэж хувь хүртсэн гөрөөчин ахиад нэг амьтны амийг хэлтрүүлэх учиртай. Гэдэс гаргачихсан хойно ирвэл хувь өгдөг. Хувь гэдэг нь чанаж идэх тогоо мах л байдаг юм. Харин яг тухайн амьтныг гөрөөлсөн, буудсан хүн бол зүлдээ авна. Зүлд гэдэг нь толгой нь.Тэгээд цуг гөрөөлсөн дөрвөөс таван хүнтэй тэнцүү хуваагаад харьцгаадаг. Гөрөөнд яваад ирсэн хүн айл саахалт, нутгийнхандаа хувь хүртээх ёстой. Үгүй бол дараагийн удаад хангай хишгээ өгөхөө больчихдог гэж ярьдаг. Хээлтэй, төлтэй амьтныг гөрөөлдөггүй. Дурандаад харахад төлтэй амьтан чинь хөх нь сэрийгээд, эсвэл биеийн бүтцээрээ хүртэл өөр харагддаг. Монголчуудын дээд удамд малчин, гөрөөчин хүмүүс л байсан учраас гөрөөний соёл маш өндөр сууж өгсөн байдаг.

-Та энэ талаар нэлээд хөндөж ярьдаг. Ангийн соёл уламжлалын талаар тодорхой баримт ярихгүй юу?

-Гөрөөчид байгаль, ан амьтнаа хамгаалдаг байсныг нотлох баримт ч бий. Хайсанхүлэг хаан гантай зун “Өвөл зуд болох магадлалтай байна” гээд ард иргэдийг дураар мод түлээгээ бэлдэх, ан гөрөө хийхийг зөвшөөрсөн зарлиг гаргаж, гөрөөчдийн ахлагч нарт хүргүүлж байсан гэдэг. Тэгэхээр гөрөөчин хүн энэ жил амьтдын тоо толгой хэр зэрэг өссөн, тарга хүч сайн авсан эсэх, өнгө зүс ямар байна, хаагуур нутаглаж байна. Үүнийг харгалзан үзээд хэдийг нь, хэзээ гөрөөлөх вэ гэдэг бол монголчуудын ухаан. Ингээд харахаар гөрөөчид бол удам дамжиж ирсэн байгаль, ан амьтан хамгаалагчид юм. Гэтэл энэ өв уламжлал тасарчихлаа. Социализмын үед нэг суманд ганцхан ойн цагдаа байсан хэрнээ, нутаг дэвсгэрийнхээ байгаль, ан амьтныг бүхэлд нь харж чаддаг байсан. Гөрөөчид, иргэдтэй хамтардаг байсан учраас тэр юм. Энэ бол бичигдээгүй хууль. Одоо бол ойн цагдаа гэдэг нэрийг хаяж, нэг суманд багадаа дөрвөөс тав, зарим газарт 10 орчим байгаль хамгаалагч ажиллуулдаг болж. Тэгсэн хэрнээ байгаль орчноо хамгаалж чадахгүй байна.Өнөөх өв уламжлал чинь алдагдаж, иргэн, гөрөөч хүнийг байгаль хамгаалагч гэж үзэхээ больчихсон учраас тэр. Энэ бол бодлогын маш том алдаа.

-Та гөрөөчин өвөг дээдэс, багш нараасаа сонсож байсан сургаал захиасаас хуваалцахгүй юу?

-Би бол хөвчийн гөрөөчин. Говьд гөрөөлөх, шувуу агнахыг боддоггүй. Хөвчийнхөө гахайнд л явна. “Чи хөх төмөр хөндлөн үүрч байгаа санаатай юм бол гахайгаа л сайн гөрөөлж идээрэй” гэж өвгөчүүл захидаг байлаа.Өвөг дээдсээс бидэнд, гөрөөчдөд захисан захиас гэж бий.“Хятадтай сайдсан тохиолдол болгонд ангийн тоо толгой эрс цөөрдөг юм шүү.Тэр үед хөх төмрөө хол тавиарай” гэсэн байдаг. Мөн “Эр хүн хэрэв хөх төмөр хөндлөн үүрэх гэж байгаа бол олзонд нүд аньж сурах хэрэгтэй” гэсэн захиас ч бий. Энэ захиас өвөг дээдсээс бидэнд өвлөж ирсэн ч бид хойч үедээ үлдээж чадахгүйд хүрээд байна.Үүнээс гадна гөрөөчин хүнд жудаг гэж бий. Амьтныг зовоож гөрөөлдөггүй. Зовсон мах бүү хүрт, бүү түгээ. Зовоож, тамлаж гөрөөлсөн мах юм болдоггүй гэдэг. Сайн анчин бол зовоож шархдуулалгүй ан гөрөөгөө хийнэ. Ер нь аливаа амьтныг зовоохгүй гөрөөлнө гэдэг чинь нэг ёсны буян юм. Үүний тулд гөрөөчин хүн ур ухаан, авьяас чадвар гаргаж, тэвчээр хатуужил зааж байж гөрөөлнө.

-Ёс жудагтай жинхэнэ гөрөөчин амьтны амь тэвчих нь нүгэл биш байдаг байх нь ээ?

-Социализмын үед би төлөвлөгөө биелүүлж олон амьтныг агнасан. Тэр үед Моюу гуай, автобаазын дарга байсан Рэнцэндорж гуай гээд сайхан гөрөөлдөг хүмүүс байлаа. Нэг удаа анд явахынхаа өмнө би нэг лам дээр очиж “Олон амьтан агнахаар явах гэж байна. Ном уншуулъя” гэсэн. Тэгэхэд нөгөө лам “Гөрөөчин хүний нүгэл буян тэнцдэг юм. Унших ном байхгүй” гэж хэлж байсан.Тэгэхээр шашинд хүртэл энэ тухай дурдсан байгаа биз.

-Өнөөгийн залуус хурдан буу, том жийптэй анд явцгааж сүр хүчээ гайхуулцгаадаг болжээ. Тэдэнд юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Машин,онгоц зэрэг техникийн хүчээр хөөгөөд буудчих амархан. Ингэж илт давамгай, хялбархан хожсон хүнд “Би энийг гөрөөлчихлөө” гэх сэтгэгдэл төрөхгүй болов уу.

-“Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг” гээд л сүүлийн үед чоно агнаж хийморио сэргээх хүсэлтэй хүмүүс их болжээ. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Гөрөөчид чоно, баавгай, ирвэс гээд махчин амьтдыг өөрсөдтэйгээ адилхан гөрөөч гэж үзээд их хүндэлдэг. Тэдгээр амьтад ч үүнийг мэднэ. Гахайнд явж байхад аргамжны цаана чоно дагаж явдаг ч гөрөөчин хүний морийг иддэггүй. Адилхан гөрөөч учраас тэр. Гахай агначихаад гэдсийг нь гаргаж, дотрыг нь цэвэрлээд үлдээчихнэ. Буун дуунаар чоно очиж гахайны гэдэс иддэг. Залуу гөрөөчид мэдэхгүй гэнэдэж “Буудъя” гээд багш нартаа загнуулна. “Наадах чинь бидэнтэй хамт нэг сар гөрөөлж, гахайн гэдэс идээд хоолтой байна. Буга унагаахгүй, ан амьтанд хэмнэлттэй байгаа биз дээ. Адилхан гөрөөч байж чи юунд ад үзэв” гэж ахмадууд хэлж сургадаг байлаа. Ийм зүйлийг их, дээд сургууль дүүргээд ч сурдаггүй юм. Хичээл болгоод зааж болдоггүй. Отог дээр өвгөчүүлийн сургаалыг сонсож байж л сурна. Чоныг социализмын үед төлөвлөгөө өгөөд агнуулж л байсан. Одоо л нэг их хайртай болоод л агнуулахгүй гээд байна.Цагаан газарт машинаар хөөж алж байгааг хорьсон нь зөв. Харин хөвчийн чоно ихтэй газарт чоно агнахыг хориглосон нь буруу гэж боддог.

-Яагаад?

-Одоогийн залуучууд хөвчийн чоныг буудаж чадахгүй. Хүн болгонд буудуулаад явдаг чоно гэж хаана байхав. Хүн болгон чоно агнаад байж чаддаг ч юм биш. Чоно үхэх хүнийхээ л өмнө ирж үхдэг амьтан.

-Гөрөөлөхөд хамгийн хэцүү амьтан юу вэ?

-Хамгийн хэцүү ан гэвэл тарвага. Их нарийн буундаа ордог. Тарвагыг яг цагаан шанаанд буудах ёстой. Тэрийг онож буудна гэдэг хэцүү. Мундаг гөрөөчдөд бол амархан л даа.


Categories
мэдээ нийгэм

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрөөс гурван төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв , Япон Улсын Гадаад худалдааны байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын эдийн засгийн коридоруудын эдийн засагт үзүүлэх нөлөө: Эдийн засгийн үр ашгийг Газар зүйн тооцооллын загварыг ашиглан тодорхойлох нь” сэдэвт семинар зохион байгууллаа. Уг семинар нь өнөөдөр НҮБ-ын хурлын танхимд болсон юм. Энэхүү арга хэмжээнд хамтарсан судалгааны ажлын үр дүнг танилцуулж, худалдаа болон хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг төрийн албан хаагч, судлаач, их сургууль, судалгааны төв, хувийн хэвшлийн төлөөллүүд болон бусад зочдын дунд хэлэлцүүлэг өрнүүлснээрээ онцлог байлаа.

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оршиж байгаа аж. Хөтөлбөрт хил, гааль, аялал жуулчлал, худалдаа, аж үйлдвэр, эрчим хүч, хил орчмын бүс нутаг хоорондын болон хүрээлэн буй орчны хамгаалал зэрэг хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тохиролцсоны нэг нь тээврийн дэд бүтцийн харилцан уялдаа бүхий хөгжлийг дэмжих зорилтой юм.

Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн газар, МУИС, Стратегийн судлалын хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төв, Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөх Б.Зоригт хэлэхдээ: 2014 онд Душенбэ хотноо гурван талт уулзалтын эхнийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар анх удаа хийж байсан. Гурван талт уулзалтын хоёр дахийг нь 2015 оны долоодугаар сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулж хамтран хийх ажлуудаа тодорхой болгон холбогдох Санамж бичгүүдийг байгуулсан билээ. Харин энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын талын зам, БНХАУ-ын торгоны зам, ОХУ-ын Евро Азийн эдийн засгийн холбоо гэсэн гурван төслийг уялдуулан эдийн засгийн коридор байгуулахаар төлөвлөсөн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэр бүхий байгууллага гэж байгаа Монгол улсын талаас гадаад харилцааны яам, ОХУ-аас Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-аас Хөгжил шинэчлэлийн хороо байдаг юм. Уг хөтөлбөр нь гарын үсэг зурснаас таван жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд тав таван жилээр сунгагдаж явах юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш хийгдсэн ажлаас дурдвал. Гурвын талын шинжээчдийн анхдугаар хурал уулзалтыг энэ оны гуравдугаар сарын 25-нд Бээжин хотноо зохион байгуулсан. Дараагийн хурал нь энэ оны найман сарын 9-нд Москва хотноо боллоо. Уулзалтаар гурван төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд үүнд нэгд төмөр замын төв коридор, хоёрт авто замын сүлжээ, гуравт Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэн гэж тохиролцсон” гэв.

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хавсралтаар батлагдсан 32 төслийг танилцуулж байна

Тээврийн дэд бүтцийн чиглэлээр:

1. Төмөр замын Төв коридор (Улаан Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин)-ыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах,

2. Төмөр замын Хойд коридор (Курангино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин)-ын төслийг судалж, засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

3. Төмөр замын Баруун коридор (Курангино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Такашикэн-Хами муж- Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

4. Төмөр замын Зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жиньжоу/Паньзинь)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

5. “Түмэн голын тээврийн коридор” (“Далайн эрэг-2) (Чойбалсан-Сүмбэр-Рашаан-Улаанхот-Чанчунь-Яньзи-Хуньцүнь-Зарубино)-ыг төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

6. Төмөр замын тээврийн “Далайн эрэг-1” коридор (Чойбалсан-Сүмбэр-Рашаан-Манжуур-Цицихар-харбин-Муданьзян-Суйфэньхө- Владивосток-Находка)-ыг төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

7. Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлах,

8. Гурван талын ложистикийн компани байгуулах асуудлаар хамтарсан яриа хэлэлцээ өрнүүлэх,

9. Азийн автозамын сүлжээний АН-3 (Улаан Үд-Хиагт/Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд/Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих эдийн засгийн үндэслэлийг судлах,

10. Азийн автозамын сүлжээний АН-3 (Новосибирьск-Барнаул-Горно Алтайск-Ташанта/Улаан байшинт-Ховд-Ярантай/Такашикэн-Өрөмч-Каши-Хонкираф) чиглэлийг бүтээн байгуулж дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах,

11. Автозамын Зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт-Зүүн хатавч-Си-Уджимчин-Ци-Улаанхад/Шилийн гол-Чаоянь/Чэндэ-Жиньжоу/Паньзинь/Тяньжин чиглэлд)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

12. Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх /АНДЭЗНК/,

13. Харилцаа холбооны дэд бүтцийг байгуулах ажлыг илүү идэвхжүүлж, Улаан Үд-Хиагт/Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд/Эрээн-Улаанцав-Бээжин-Тяньжин чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн коридоруудын технологийн үйл ажиллагааг удирдах, аюулгүй байдлыг хангах талбарыг байгуулах,

Аж үйлдвэрийн салбарын чиглэлээр:

14. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын тэргүүний жишиг бүсийг байгуулах ажлыг эрчимжүүлж, гурван улсын хоорондын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны кластерийг байгуулах боломжийг судлах,

15. Хейлунжин муж (БНХАУ), ОХУ-ын холбогдох субъект, Өвөр Монголын Өөртөө засах орон (БНХАУ), Монгол улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны жишиг бүс байгуулах үндэслэлийг судлах,

Хилийн боомтыг шинэчлэх чиглэлээр:

16. ОХУ-ын төмөр замын Забайкальск, авто замын Пограничный, Краскино, Монд хилийн боомтыг сэргээн засварлах, БНХАУ-ын Манжуур, Суйфэньхэ, Хунчунь, Эрээний хилийн боомтыг шинэчлэх, Монгол улсын төмөр зам, авто замын боомтуудыг шинэчлэх, бүтээн байгуулах,

Эрчим хүчний чиглэлээр:

17. Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах,

Худалдаа, гааль, мэргэжлийн хяналт шалгалт, хорио цээрийн чиглэлээр:

18. 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол, Орос, Хятадын хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр болон Монгол улс, ОХУ, БНХАУ-ын гаалийн албад хооронд Гурван улсын хоорондын худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Санамж бичгийг хэрэгжүүлэх,

19. Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол улсын Гааль, татварын ерөнхий газар, ОХУ-ын Холбооны Гаалийн алба, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр байгуулахыг дэмжиж, хэрэгжүүлэх,

20. “Бүс, зам” санаачилгын хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны тухай Монгол, Орос, Хятадын 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, хүнсний бүтээгдэхүүний хил дамнасан худалдааны хяналтын хамтын ажиллагааг бэхжүүлэн, худалдааны нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,

21. Монгол улс, ОХУ-ын эрх бүхий байгууллагууд болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хоорондын хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад дэмжлэг үзүүлэх, үүнд: хилээр нэвтрэх /орж, гарах/ амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан мал, ургамлын гоц халдварт өвчин, хортой биологийн тархалтаас урьдчилан сэргийлэх, мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах,

Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн чиглэлээр:

22. Байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хангах практик хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох харилцаа холбоог бэхжүүлэх, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах, Монгол, Орос, Хятадын хамтарсан “Дагуурын дархан цаазат газар”-ын үйл ажиллагааны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

23. Монгол, Орос, Хятадын хил дамнасан экологийн коридоруудыг байгуулах, зэрлэг ургамал болон амьтны аймаг, ус, намгархаг газартай холбогдох эрдэм шинжилгээний хайгуул, хяналт шинжилгээ хийж, зэрлэг ан амьтан, ургамал, нүүдлийн шувуудыг хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх,

24. Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн салбарт хамтарсан удирдлагын болон мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох боломжийг судлах, түүнчлэн байгаль орчныг хамгаалах сэдвээр семинар зохион байгуулах,

Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр:

25. Гурван улсын шинжлэх ухаан, техникийн парк, инновацийн талбар хоорондын, мөн түүнчлэн эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагуудын хооронд тээвэр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт, амьдрахуйн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи, нано систем ба материал, эрчим хүч, эрчим хүчийг хэмнэх ба хог хаягдлыг бууруулах, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн шинэ технологи, байгалийн болон технологийн гаралтай гамшгийн зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх,

26. Талуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тухай мэдээллийн солилцоог урагшлуулж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг солилцох, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх,

27. Сурагчдын харилцан солилцоо болон оюутнуудыг гадаадад харилцан суралцуулах хүрээг өргөжүүлэх, боловсролын байгууллагуудын нөөц бололцоонд тулгуурлан залуучуудын боловсролын солилцоог урагшлуулах,

Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр:

28. Хил дамнасан бүс нутаг хоорондын аялал жуулчлалын чиглэлүүдийг хөгжүүлэх, тухайлбал, Монголын Хөвсгөл нуур, ОХУ-ын Байгаль нуур, БНХАУ-ын Хөлөнбуйр нуурыг оруулсан “Их нууруудын гурвалжин”, мөн түүнчлэн Монгол-Орос-Хятадын аялал жуулчлалын тойргийг бий болгох,

29. Монгол-Орос-Хятадын аялал жуулчлалын “Цайны их зам” брэндийг бий болгох,

30. Гурван улсын киноны арилжаа солилцоог урагшлуулах, хамтарсан кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх,

Хөдөө аж ахуйн чиглэлээр:

31. Хамтран ажиллах эрмэлзлэлийн тухай Монгол улсын Мал эмнэлэг, үржлийн газар, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хяналтын Холбооны алба болон БНХАУ-ын Мал эмнэлгийн алба хоорондын 2015 оны есдүгээр сарын 12-ны өдрийн Протоколыг хэрэгжүүлэх,

Анагаах ухааны чиглэлээр:

32. Анагаах ухаан болон эрүүл мэндийг хамгаалах олон улсын семинар хамтран зохион байгуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх.

Б.Үржиг

Categories
мэдээ нийгэм

Сэлэм эргүүлж танхайрсан найман этгээдийн хоёрыг нь эрэн сурвалжилж байна

Энэ сарын 11-12-нд шилжих шөнө мөрийтэй тоглоомоос болж зодолдсон 30-40 орчим насны найман залууд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж, танхайрсан этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ.

Тэд эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо олны нэршсэнээр 3,4-өөр хорооллын бичилд байрлах “Castle” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээсэн байна. Уг найман залуу хоорондоо зодолдоход, нэг залуу сэлэм эргүүлж танхайрсан үйлдэл нь тухайн үйлчилгээний газруудын камерт бичигджээ. Мөн зодоон хийсэн залуус “ДК” буюу Дипломат корпусын машинаас бууж ирж байгаа дүрс үлдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Эдгээр залуучуудын хоёр нь бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Үлдсэн зургаан этгээдээс хоёрыг нь цагдаа нар барьж чадаагүй, эрэн сурвалжилж байгаа аж.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

Японд алдаршсан хөдөлмөрч хүүхдүүдийн хотхонд өнжлөө

Дархан-Уул аймгийн төвд байрлах “Нарны хүүхдүүд” хотхонд зочилж, энэ удаагийн “Танайд өнжье”-гөө бэлтгэлээ. Энэ бол 20 шахам жилийн түүхтэй хүүхэд асрамжийн төв боловч хүүхдүүд өөрсдөө гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, оёж урлаж, ногоо тарьж, боорцог, талх хийж, дуулж бүжиглэж уран нугарна. Энд тогооч, цэвэрлэгч гэж тусдаа хүн байдаггүй онцлогтой. Ингэж хөдөлмөрлөж мөнгө олохын зэрэгцээ сайн суралцаж, олсон мөнгөөрөө сайхан амьдарч, гадаад дотоодын их дээд сургуульд суралцан шилдэг боловсон хүчин болдог бөгөөд хуримтлал ч үүсгэж ажил амьдрал дээр гарахаараа хэрэглэдэг байна. Ийм менежменттэй, жирийн нэгэн ажилч хичээнгүй айл шиг асрамжийн төв Монголд битгий хэл олон улсад ч байдаггүй гэж хэлэхэд болох аж.

Хүүхэд асрамжийн төв ямар байдгийг судлахаар манай төлөөлөгчид японд очсон байна. Тэгэхэд японы хүүхэд хөгжлийн газар болон төр засгийн төлөөллүүд нь “Монголын нарны хүүхдүүд”-ээс бид суралцдаг. Энэ бол хүүхдийг сурган хүмүүжүүлж, гайхалтай хөгжүүлдэг, асрамжийн төвийн шилдэг загвар гэж хэлжээ. Ингээд Монголоос очсон төлөөлөгчид эх орондоо ийм хүүхдийн хотхон байдгийг мэдэж аван тус төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан аж. Гэхдээ төрийн бус байгууллагын нэрээр өөрөө, өөрсдийгөө санхүүжүүлэн авч явдаг бөгөөд улсаас хувьсах зардал, төсөв гэж огт олгож байгаагүй юм байна.

Биднийг очиход ажлын өдөр буюу баасан гариг байсан болоод ч тэрүү ихэнх хүүхдүүд хичээлдээ явчихсан, үдээс хойш хичээллэх зарим багачууд нь гал тогоондоо талх барьж, кекс, жигнэмэг хийцгээж байв.

Гурав, дөрөвдүгээр ангийн дүү нар нь гурилаа жинлээд адилхан хэмжээтэй жижиг, жижиг хуваагаад цааш дамжуулахад дараагийнх нь нухаж хивэнд оруулна, арай том нь элдэнэ, нэг нь жигнүүрт хийж шарх зуухныхаа галыг тохируулна гэх мэтээр тун завгүй байцгаана. Тэд өөрсдийнхөө идэх боорцог талх болон гэрээтэй хоёр ч цэцэрлэгийн үдийн цайны боов, боорцгийг бэлтгэж байгаа нь энэ. Цагаан хослол өмссөн бяцхан тогооч нарын ажил ийнхүү ид өрнөж байхад цаад гал тогоонд том ах эгч нар нь үдийнхээ хоолыг хийчихээд бусдыгаа “Хоолоо идээрэй” хэмээн дуудаж байх ажээ. Тэдний бэлтгэсэн хоол, талх боорцог ямар ч үйлдвэрийн бүтээгдэхүүний амтыг дагуулахааргүй тансаг амттай юм билээ.

Ингэж байтал өглөө хичээлдээ явсан зарим багачууд ирж, хоолоо идчихээд хичээлээ давтах аж. Харин оёдлын өрөөнд энэ төвийн багш нар японоос ирсэн захиалгын дагуу хувцас хэрэглэл оёж, хүүхдүүдийнхээ тоглолтын гоёлуудыг урлаж байх юм. Япончуудын санаанд таарахгүй л оёсон бол буцаагаад явуулчихдаг тул маш нямбай оёдог гэнэ. Багш нар нь хүүхдүүдээ уран нугаралт, дуу хөгжим, зураг, хайчилбар, бүжиг, оёдол зэрэг бүх л зүйлд сургаж, өөр өөрсдийнх нь чадварын дагуу хөгжүүлдэг байна. Авьяасгүй хүүхэд гэж байдаггүй тул ихэнх нь тоглолтын 3-4 номерт орчихдог гэж байна. Жил бүр Японы хотуудаар тоглолт хийж жилийнхээ төсөв, хэрэгцээнийхээ мөнгийг олдог уламжлал тогтжээ. Тун удахгүй тоглолтоор явах гэж байгаа тул багш нар нь хүүхдүүдийнхээ тоглолтын хувцсыг оёж байгаа энэ. Тэднийг очихоор японы NHK телевиз зэрэг томоохон хэвлэл мэдээллүүд урилгаар ярилцлага, нэвтрүүлэгт оролцуулж, асрамж, хүүхэд хөгжлийн төвүүд нь С.Эрдэнэчулуун багшийг урьж хүүхдийн авьяасыг хэрхэн хөгжүүлж, хүмүүжүүлэх, сайн сургах, яаж хөдөлмөрч үнэнч шударга болгох талаар зөвлөгөө авдаг, лекц уншуулдаг гэж байна. Тэдэнтэй хамтардаг японы түншүүд нь энэ хүүхдүүдийн хичээн бүтээснийг ихэд дэмжиж, тэдний урласан зураг, хайчилбар, хувцас хэрэглэл зэрэг бүтээлүүдийг нь борлуулж өгдөг бөгөөд тун төвөггүй зарагдчихдаг гэж байв.

Орц, хонгил зэргээр амьдардаг орон гэргүй , бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг багаас нь энэхүү хотхондоо авчран сургуульд сургаж, оюутан болгоод, ажилд оруулж, эхнэр, нөхөрт гарахад нь хүртэл гуйлгыг нь өгч, хуримыг нь хийж, орон байр, машинтай болоход нь дэмжлэг үзүүлж, худ ургуудтайгаа үргэлж холбоотой байдаг энэ олон хүүхдийн ээж нь болсоор ирсэн хүн бол энэ хотхоны үүсгэн байгуулагч, дарга Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун.

Оюутан болсон хүүхдүүд нь амралтаараа энэ төвдөө очно, сургуулиа төгсөөд гэр бүлтэй болоогүй бол мөн л эндээ ирцгээнэ. Гэр бүлтэй болсон ч цагаан сараар ирж золгоцгооно, тэмдэглэлт баяр ёслол бүрээр ирнэ. Энэ том гэр бүлээс нийт 40 хүүхэд нас биед хүрч гарсны 33 нь МУИС, ШУТИС, АШУИС, ХААИС зэрэг улсын томоохон их, дээд сургуулиудад суралцаж төгссөн бол хоёр нь магистр хамгаалж, таван хүүхэд нь МСҮТ төгссөн байна. Одоо хотхондоо 40 хүүхэдтэй байгаа бөгөөд арваад хүүхэд оюутан болсон байна.

Тухайлбал, АНУ-гийн Санфранцеско хотын их сургуульд Гэрэлтуяа, Японы Осака гадаад хэлний сургуульд Э.Уянга сурч байгаа бол СУИС-ийн төгсөгч Н.Баярбаатар Швейцарийн Балетийн их сургуульд суралцаж байгаа бөгөөд Германы урлагийн академийн балетчин болжээ. Харин төгсөгчид нь Бүжгийн сургуулиуд болон СУИС, гадаад хэлний сургууль зэрэгт багшилж, Хөх хотод ч бүжгийн багшаар ажиллаж, нэг нь загвар өмсөгч болж, нөгөөх нь Оюутолгойд инженерээр, Миний сүлжээ дэлгүүрт менежерээр гэх зэргээр тус тусын ажил хөдөлмөрөө хийж байгаа юм байна. Хамгийн том хүүхдүүдээ урлагаар явуулчихсан чинь ажлын байр хомс, цалин бага байдаг нь ажиглагдсан тул дараагийнхыг нь уул уурхай, инженер, эмч, багш зэрэг мэргэжлүүдээр суралцуулж байгаа гэнэ.

Энэ хотхоны бас нэгэн ажлын талбар бол авто угаалга. Төсөл бичиж, япончуудаас санхүүжилт авсан энэхүү угаалгын газар нь дархандаа л хамгийн шилдэгт ордог гэнэ. Японы угаалгын брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, япон технологиор угаадаг гэдгээрээ онцлог аж. Энэхүү угаалгын газарт бага ангийн хүүхдүүд нь алчуур угаадаг бол оюутан, их сургуулиа төгсөөд түр ажилгүй байгаа залуус зэрэг нь мөн ээлжээр ажиллачихдаг. Нэг сарын цалин нь 600 мянган төгрөг байдаг юм байна. Ажлын байр ховор тул тулгамдсан үед өөрсдийгөө ажлын байраар хангаж байгаа нэг хэлбэр аж. Угаалгаас ашиг гэж олдоггүй зөвхөн хүүхдүүдээ цалинжуулж, төслийнхөө зээлийг төлдөг гэж байна.

Анх Английн Хүүхдийг ивээх сан хуучин Дарханд айлын жижиг байр авч өгсөн бөгөөд тэндээс “Нарны хүүхдүүд” хотхоны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй юм билээ. Япон хүний асрамжийн төв барих гэрээслэлийн дагуу мөн анх санхүүжүүлэгдэж байжээ. С.Эрдэнэчулуун багш хамгийн анх Америкийн байгууллага руу төсөл бичиж, төсөл амжилттай хэрэгжиж төвийн дулаанд холбогдсон түүхтэй юм байна. 2003 оноос хойш 18 удаа Японы хотуудаар тоглолт хийж, тоглолтынхоо орлогоор гурван байшинг шинээр барьжээ.

С.Эрдэнэчулуун багш ярихдаа “Энэ хотхондоо хүүхдүүд хамтдаа дутуугаа нөхөөд амьдрах нь асар их боломжийг олгож байгаа юм. Аливааг бэлэн өгөөд байвал хүүхэд зүгээр л бусдаар тэжээлгэдэг хүн болчихно. Хүүхдүүдээр нас, насны онцлогт нь тохирсон ажил хийлгэж, хөдөлмөрийг нь шударга үнэлэх хэрэгтэй. Ялангуяа бүтээл гарчихаар зүйлийг сайн үнэлэх нь зөв. Эцэг эхчүүд өөрсдөө бүх ажлаа хийчихээд манай хүүхэд үгэнд орсонгүй, гэрийн ажлаа хийхгүй байна гэдэг. Хүүхдийн сэтгэлээсээ хөдөлмөрлөх боломжийг олгож, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, өөрийг нь хайрлаж байж эргээд хүүхдүүдээрээ хайрлуулах ёстой шүү дээ. Багш, дарга удирдах албан тушаалтан гээд өөрөө зүгээр суугаад, тушаагаад байж болохгүй. Авьяасгүй, чадваргүй хүүхэд гэж бараг байхгүй. Хүн болгонд өөр, өөрийн чадах зүйл бий. Хүүхдийг хүмүүжүүлэх хөгжүүлэхэд л сайн анхаарах хэрэгтэй байдаг. Анх “Английн Хүүхдийг ивээх сан” хүүхдүүдээ нэг жил болгоод буцаагаад, дараагийн хүүхдээ авч байх ёстой гэдэг байсан ч насан туршийн гэр бүл байх нь зөв гэж энэ замыг сонгосон” гэж байлаа.

Тэрбээр энэ олон хүүхдийг сурган хүмүүжүүлж, хүн болгоход асар их зовлон бэрхшээл тулгарч байсан ч буцах, болих эрх байхгүй хэмээн зүтгэсээр ирсэн хүн ажээ. Тухайлбал, 2007 онд мөнгө санхүүгүй, хүүхдүүдийнхээ хоолыг яаж олох вэ гэж аргаа баран ихэд хямралд өртсөн гэнэ. 2006 оноос эхлэн 10 сарын турш ямар ч орлогогүй, энд тэндээс гуйлга гуйсан ч мөнгө олдохгүй хүнд үе тохиожээ. Тоглолтынхоо орлогоор байшин барилга барьчихсан чинь хүүхдүүдээр мөнгө олж байна хэмээн цагдаа нар шалгаад, байнга дуудаж байцаадаг болсон гэнэ.

Ингээд 10 гаруй багштай, тэднийгээ цалинжуулж чадахгүйд хүрсэн тул “Та нар өөр ажил олж хий. Би цалин өгч чадахгүй юм байна. Та нар минь амьдралаа бод. Та нар шиг сайн багш нарт ажил олдоно шүү дээ. Ажилд оруулж өгье” гэж хүртэл хэлжээ. Тэгэхэд багш нарынх нь хэн ч ажлаасаа гараагүй бөгөөд 10 сарын турш цалингүй шахуу ажилласан байна. Ингээд хямралаас гарахын тулд хэдэн хуучин оёдлын машин аваад, бүх багш нар нь өөр,өөрийн чадах зүйлээ оёж эхэлжээ. Оёсон дээл хувцас хэрэглэлээ зарж борлуулаад, эхний долоон сарын орлогыг бүтнээр нь нэг багшдаа, дараагийн долоон сарынхыг нөгөө багшдаа гэх зэргээр өгөөд, бие биедээ байрны урьдчилгаа бэлдэж өгч өөрсдийгөө орох оронтой болгосон байна. Энэ бол С.Эрдэнэчулуун багшийн гаргасан санаа. Тэрбээр бодохдоо бид хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж, сайн сургаж, сайн боловсон хүчин болгох ёстой, мөн сайн тоглолт уран бүтээл гаргаж байж тэрийгээ үнэлээд мөнгө олж хүнээс гуйхааргүй хоолоо олцгооно. Хүүхдүүдийг ингэж бэлддэг гол хүмүүс бол багш нар. Тиймээс яаж багш нараа авч үлдэх вэ гэдэг арга хэрэглэсэн нь энэ аж. Хүүхэд сурган хүмүүжүүлж, хөгжүүлэхэд гаршсан хэмээн том, том сургуулиуд эдний багш нарт өндөр цалин өгч уриад байх тохиолдол гардаг гэнэ. Одоо ихэнх багш нар нь байртай, машинтай болсон бөгөөд одоо ч хичээлээ зааж, хувцсаа оёж, цаг наргүй хөдөлмөрлөсөөр байна лээ. Багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгчихөөд, хүүхдүүдээ нэг нэгээр нь гэртээ аваачихдаа аваачиж, өвөртөлж унтаж, эрхлүүлж, хамгийн сайн сайхан аргаар хүмүүжүүлээд, дараа нь сургаад хөгжүүлээд өг гэдэг шаардлагыг багш нартаа хэлдэг гэнэ. Өнчин өрөөсөн, хайрлах хүнгүй их бэтгэрсэн хүүхдүүд цэвэр цэмцгэр байсан ч бөөстчихөөд байдаг гэнэ. Бэтгэрээг нь гаргаж, хамгийн сайхнаар хайрлаж, хүүхэд бүрийн сайн талыг нь олж харж магтаж, урамшуулахаас эдний хүүхдээ хүмүүжүүлэх ажил эхэлдэг гэнэ. Сэтгэлийн галыг нь бадрааж, амьдрах хөгжих их урам зориг олгодог гэсэн үг. Тиймдээ ч энэ төвийн хүүхдүүд их цовоо сэргэлэн, эрч хүчтэй, нүд нь гялалзсан байх ажээ.

“Нарны хүүхдүүд” хотхонд ирсэн ямар ч хүүхэд эндээс явахыг хүсдэггүй, буцаагаад явуулна гэхээс маш их айж, хичээдэг гэнэ. Гэхдээ асрамжийн төвд байдаг тул сэтгэлзүйд нь нөлөөлөх хэцүү зүйл ч тохиолддог аж. Тухайлбал анги, сургуульд хулгай гарвал хардах нь энүүхэнд, асрамжийн төвийн хүүхдүүд мөнгөгүй биз, мөнгө хураалгаж чадахгүй юм чинь цэвэрлэгээ хийж бай гэж ад үзэх гэх мэт тулгамдсан асуудал үүсдэг гэнэ. Зарим бүтэн өнчин, нялхаасаа хаягдсан хүүхдүүд нь ээж, аавынхаа регистрийг багш заавал олж ир гэсэн хэмээн уйлаад ороод ирэх тохиолдол ч их байдаг гэж байна. Хүүхдүүдийнхээ сэтгэл санааг өөдрөг байлгаж, өмнөх амьдрал зовлон бэрхшээлийг нь мартуулахын тулд нэлээд завгүй байлгадаг гэж байв. Гэхдээ хүүхэд завгүй байхад юу нь хэцүү байдаг, хүүхэдтэй ажиллахад багшид ямар зүйл тулгамддаг зэргийг олж илрүүлэхээр, нэг өдөр бүх хүүхэд багшаар ажиллаж, багш нар хүүхдүүдийнхээ хийдэг ажлуудыг хийж солигдож үздэг гэнэ. Ингээд багш нар нь хүүхдүүдээ өдөр унтуулж, амрааж байх нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн байна.

Хүүхдүүдийнхээ дунд сургуулийн ангийн багш нарыг нь хүртэл авчирч нэг өдөр өнжүүлж, бүх үйл ажиллагаатайгаа танилцуулдаг. Ингэж танилцснаас хойш ангийн багш нар нь асрамжийн төвийн хүүхэд хулгайч, муухай бохир орчинд байдаг гэх сэтгэлгээ нь өөрчлөгдсөн гэж байв. Мөн бага ангийн нэг охины ээж нь нас барсан ч хамаатнууд нь ээжийг нь гадаад явсан гээд ойлгуулчихсан тул одоог хүртэл ээжийгээ хүлээдэг. Чихэр идэхээрээ тал чихрээ ээждээ өгнө гэж хадгалдаг, япон явж буй хүмүүст миний ээжийг хурдан ир гээд хэлээд өгөөрэй гэж захидаг гэнэ. Том болохоор нь л учрыг нь гаргаж хэлэхээс одоо хэлбэл хүүхэд шоконд орно гээд багш нар нь үнэнийг нь хэлж чадахгүй байгаа гэх мэт дотоод сэтгэлийн гуниг бишгүй байдаг болтой.

С.Эрдэнэчулуун багш “Хамгийн сайн чанар юу байна тэрийг нь олж илрүүлж урам өгч онгирооно, ингэж байж хүүхэд өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Манайд ирж байгаа хүүхдүүд өөртөө итгэх итгэлгүй, мөрөөдөлгүй болчихсон байдаг. Чи гоё хоол хийдэг юм байна. Гоё зураг зурж чадаж байна гэх мэтээр урам өгнө. Ингээд дараагаар нь за чи ямар мэргэжилтэй болох уу, ийм мэргэжил чамд зохих байх, тийм байвал ямар вэ гэж асууна. Ингээд мөрөөдлийнх нь мэргэжлийг зуруулна. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд ийм, ийм зүйлийг чаддаг болох ёстой гэх мэтээр зөвлөнө. Нэг хүүхдийг гурваас дөрвөн өөр урлаг, спортын төрлөөр хичээллүүлдэг. Авьяасгүй хүн гэж байхгүй шүү дээ” гэж байлаа. Бүх хүүхэд мөрөөдлийнхөө мэргэжлийн талаар зураг зураад ханандаа өлгөчихсөн байна. Тухайлбал нэг нь Ерөнхийлөгч, нөгөөх нь эмч, нэг нь багш, инженер, тогооч, загвар өмсөгч болно гэсэн байх жишээний.

С.Эрдэнэчулуун багшийн аав нь Санжаа хэмээх сайн эмч хүн байжээ. Тэрбээр 1939-1945 оны дайнд эмчээр оролцож явсан байна. 1945 оны байлдаанд оролцсон бүх хүн сүүлд ахмад зүтгэлтэн, улсын баатар партизан болсон аж. Харин Санжаа гуай нэг ч дайсан устгаагүй, харин ч дайснуудыг эмчилж байсан гэдэг шалтгаанаар бүх шагналаас хасагджээ. Аавынхаа энэ түүхийг санаандгүйгээр япончуудтад ярьж, аав минь япон цэргүүдийг эмчилж байсан гэчихэж. Үүнийг сонссон япончууд түүнийг ихэд хүндэтгэж, бусдадаа хэлж, өөр, өөрийн чадахаараа тусалж, хамтарч ажилладаг түүхтэй болсон юм байна. Аав нь япончуудыг эмчилж байсан болохоор энэ хүн япончуудаас дэмжлэг авч олон өнчин хүүхдүүдийг тэжээж байна гэж бусдадаа түүнийг танилцуулдаг гэнэ. Энэ үеэр “Нарны хүүхдүүд”хотхоны төгсөгч, ХИС-ийн оюутан Г.Энхгэрэлээс зарим зүйлийг тодруулахад “Энэ төвд бага байхдаа ирсэн. Анх ирээд аягаа угаагаад л уран нугаралт, дуу хөгжим, бүжгийн хичээлд орж байснаа мартдаггүй юм. Багш нар минь бидэнд зөвөөр үлгэрлэн зааж, сургаж хүмүүжүүлдэг. Маш сайхан орчинд ирж өдий зэрэгт хүрсэндээ их баяртай байдаг. Энд ирээд миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллана. Багш шигээ өнчин хүүхдүүдийг асардаг төвтэй болно. Гэр оронгүй хүмүүст хоол унд хийж өгөх хүсэлтэй. Одоо ч боломж олдвол өөрийн гараар боорцог хийж аарц буцалгаж, гэр оронгүй хүмүүсийг хааяа хооллодог” гэж ярилаа.

Тус хотхоны халамжийн төвийн багш Б.Хишигбаяр ярихдаа “Олон хүүхэд байдаг тул муу зуршилтай хүүхэд ч ирнэ. Энэ бүхнийг өөрчилж, хүмүүжүүлж, энэ орчинд дасгадаг юм. Урлагаар, хөдөлмөрөөр хүүхдийг зөв тийш нь чиглүүлж хөгжүүлж байна. Бид бүгдээрээ нэг гэр бүл шиг, бүгдээрэ миний, бидний хүүхэд юм шиг байдаг. Ангийн багш нар нь аав ээжийнхээ регистрийг аваад ир, мөнгө өгч чадах биш асрамжийн хүүхдүүд цэвэрлэгээ хий гэх зэрэг олон асуудал үүснэ. Тэр болгоныг зохицуулаад л явж байна” гэж байлаа.

Хүүхдүүд анх шинэ дэвтрүүдээ зарж чихэр авч идээд байхаар нь дэвтэргүй, цаас өгч явуулаад, орой ирэхээр нь бүх хичээлийг нь дэвтэр дээр нь хуулуулж бичүүлдэг болжээ. Үүүнээс хойш хашраад хэн ч дэвтрээ зардаггүй болсон гэнэ. Энэ мэт хүүхэд хүмүүжүүлж буй олон аргатай юм.

Биднийг очиход тэд Японд тоглох гэж буй үндэсний язгуур урлагийн тоглолтоо бүтнээр нь тоглож үзүүллээ. Яг л мэргэжлийн бүжигчид, дуучид шиг байх аж. Мөн уран нугардаг хүүхдүүд ч байна. Жил болгоны тоглолтоо өөр, өөрийг цогцоор нь бэлдэж, тоглолтын иж бүрэн шинэ хувцас хийж өмсөөд Японыг зорьдог байна. С.Эрдэнэчулуун багш залуудаа пионерийн удирдагчаар ажиллаж байсан нь их туршлага болдог ажээ. Японд алдаршсан хөдөлмөрч хүүхдүүдийн хотхонд ийнхүү өнжлөө.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж (III)

Түрүүч нь №232(5799), 235(5802) дугаарт

-“ХАВАР НАМРЫН ЦАСАН САРХИАТ ХАРЛАГ ТАХЬ ШИГ ЭРЭЭН УУЛ”-ЫН ТЭМДЭГЛЭЛ-

Бүрд сумын соёлын төвийн тайзнаа Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн “Хөх үндэсний гал” яруу найргийн баяр эхэллээ. Өврийн хангайн эгшиглэнт найрагч, “Болор цом”-ын хошой эзэн Баярхүүгийн Ичинхорлоо зарлан эхлүүлэх нь тэр. Албан ёсны нээлтийн үгийг “Дэндэвийн Пүрэвдорж сан”-гийн тэргүүн соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Цэрэнпилийн Гомбосүрэн хэлсэн. Пүрэвдорж гуай тэр хоёр бараг л нэг хошуу нутагт төрсөн гэж болох амь нэгтэй хүмүүс. Тэртээ хоёр мянга зургаан онд энэ эрхэм Пүдогийнхоо (Пүрэвдорж гуайг дотных нь нөхөд, утга зохиолын садангууд ийн нэрийддэг байв) урилгаар униар дунд хөх асар мэт хөшиглөх Эрээн ууланд нь хамт очиж, хана шийрлэсэн буурь, Хажуу худагийн буурал хондонд нь найрагчаа хөрвөөлгөсөн ерөөлтэй. Тийн явснаа “Эрээн уулын хяр дээр даанч гараагүй. Хэрвээ гарсан бол өвөр бэлд нь миний төрсөн Өндөрсант хайрхан ердөө л ганц өдөрчийн газарт тодоос тодхон харагдаж байгаа юм” гэж дурссан байдаг.

“Хөх үндэсний гал” энэ нэрэнд би ертөнцийг бус монгол үзлээ тарни мэт шившсэн хэмээн их найрагч нэгэнтээ хэлсэн. Түүний энэхүү үзэл, иш түрүү гурван зангилаат сэрэл ухаарлынх нь тухай нэрт эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар даац далайцаараа жин дарах судалгааны аварга бүтээл бичсэнийг санаж байна. Их найрагч сүүлд хэвлүүлсэн нэгэн бүтээлээ “Хөх үндэсний гал” хэмээн нэрийдэж, тэрхүү номыг “Шувууныхан” багийнх нь гишүүн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат ивээж хэвлүүлсэн юм билээ. Харин эмхлэх, цэгцлэх ажилд өнөө Гомбосүрэн нь тэрэгний морь адил зүтгэсэн байдаг. Тэрээр өөрийн эрхлэн хөтөлдөг “Бидний монголчууд” цувралаар “Улаан гэрийн хоригдол”-ыг нь хэвлүүлсэн нь ч бий. Их найрагчийг өнгөрсний дараа “Нар тойрсон зам”, “Чингисийн тахилга”, “Төрийн түмэн эх”, “Бор гэрийн богд”, “Улаан зүүд” таван ботийг нь олны хүртээл болгосон. “Шувууныхан” багт Ообоо Ерөнхийлөгч, Гомбосүрэн гуай, нэрт дипломатч Дагвын Цахилгаан гуай гээд аваргууд багтдагийг мэдэх хүмүүс нь мэднэ.

Пүрэвдорж гуай үнэхээр л Монголын их урлагийн алтан үеийнхний дунд бүтээн туурвиж, утга зохиолын ертөнцөд авьяас билгээрээ шуугиан дэгдээн гарч ирсэн нэгэн. Тэрээр Шекспирийн “Отелло”, “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц даргаас аваад Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийн гол дүр, чухам л алтан үеийн хараацай Гомбожавын Гомбосүрэн, төрийн хошой шагналт Лувсанжамбын Мөрдорж нартай шагай харваж, өөрийнх нь хэлснээр алдарт Цогт тайж буюу Цагааны Цэгмид, “Ирж яваа цаг”-ийн Багаяа зэрэг олон дүрийн эзэн Лувсан гуай нартай богино хөлийн анд байж, “Үер”-ийн Болд өвгөн өнөө алдарт Сангижавын Гэндэнгийн дотрыг засч явсан эрхэм бүлгээ. Тэгээд зогсохгүй зууны манлай сайхан хүүхэн Лувсанжамцын Цогзолмаатай анд нөхрийн барилдлагатай байж, суут хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэнг гэр бараа болоход нь Цооцоогийнхоо хамтаар ганц шил юм өвөртлөн очин ерөөлийн үг хэлж, алдарт морин хуурч Гомбодоржийн Жамъянтай хаяа айлсан бууж, Жамъянгийн Чулуун удирдаачтай өрөө залган сууж, амьдарч явснаараа эрхгүй бахархана. Энэ бол дээдийн бахархал. Тиймдээ ч өөрийгөө “Алтан үеийнхний зарц” гэж тодотгосон байлгүй.

Утга зохиолын үе үеийнхий дунд зиндаархсан даа. Тэр бүгдээс нь хэлж яаж барахав. Хормой хоширсон хэвнэг мэт дээлийг агсрагадан, цал буурал үс сахлыг хийсгэж цаст уулын цагаан арслан лугаа алхах суут эрдэмтэн Ринчен гуайтай ойр дотно явжээ. Хэдэн хасаг тэрэг ном уншсан түүнийг “Алхагч нэвтэрхий толь” хэмээгээд эрэл мухардах цагт түргэн дуудахад заавал нэг амь тариа хийдэг сэн гэж дурсдаг. Энэхүү аварга том эрдэмтнийг зохиолчдын шинэ жилээр өвлийн өвгөн болгоод авсан хүн Пүрэвдорж гуай. “Ринчен гуай намайг нэгээхэн ч захчлаж байгаагүй. Асуусан бүхэнд ул үндсээр учрыг тайлан ухааруулдаг байв. Жүжигчид олдохгүй арга мухардахдаа “Ринчен гуайгаа л өвгөн болгоё, би хариуцъя” гээд Удвал даргад амалсан. Зохиолчдын шинэ жилийн өвгөнөөр Монголын утга зохиолын маршал Бямбын Ринченг тохоон томилсугай гэхэд “Маршал гэдэг чинь морь бариач гэсэн үг юм шүү” хэмээн чихэнд минь шивнэж билээ” гэж дурссан нь бий. Ринчен гуайгаа өвгөн болгосон тэр л шинэ жилээр зохиолчдод хошин бэлэг өгсөн тухай яриа одоо ч яригддаг. Тухайлбал, төрийн шагналт Цэгмидийн Гайтавт цай гэж хүн уудаг ундаа байдаг юм гээд дугуй булант, утга зохиол судлаач Хасбаатарт таны шүүмжлэл ийм л болоод байгаа юм гээд бөмбөг өгч байсан түүхтэй.

Пүрэвдорж гуайнхаа нутагт алтан шаргал элсийг нь нургилуулан алхалж явахдаа Их Монгол аваргын хөшөөг үзсэн. Монголын домогт энэ хүчтэнтэй их найрагчийн түүх бас л холбогддог. Эдүгээс 66 жилийн өмнө ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Пүрэвдорж найрагч 18 настай эргэлдсэн алаг нүдтэй залуу Их Монгол аваргатай хамт Улаанбаатар хотын барааг харж, улсын наадам үзсэн юм билээ. Их аварга намхан оройтой цан мэт малгай тавьж, шар хамбан дээлийнхээ энгэрт Алтан гадас одонгоо зүүсэн байлаа гэдгийг өнгө, зурагтай нь хэлсэн. Тэр хоёр торхтой цөцгийн тос ачсан цагаач орос жолоочийн ачааны машин дээр шигшүүрийн арвай шиг бөмбөрсөөр тоосонд дарагдаж ирсэн нь бас л сонин түүх. Их Монгол аваргын төрийн наадамд хамгийн сүүлд ирсэн нь бараг тэр байх. 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор далан хэдэн насандаа уригдан ирж зодоглоод, алдарт Буур Жамъян аваргаар цолоо дуудуулж байсан түүхтэй. Тэгэхдээ Маршалын машинаар хүргүүлэн ирээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан. Тэгвэл 30 жилийн ойгоор нутгийн хөвгүүн Пүрэвдоржтой ачааны машин дээр арвай буудай шиг бөмбөрч ирсэн байна. Дөчин дөрвөн оны мичин жилийн их зуднаар Пүрэвдорж гуайг 11 настай байхад тэднийх холын нүүдэл хийж Батхаан уулын ар хормой Алагийн бууцанд өвөлжихөд Бандгайнхтай нь хамт Галсанравжаа гэж хөмрөглөж буусан хөмсөгтэй ханхар эрийнх айл буужээ. Тэр хүн Түшээт ханы Намхай аварга, Лу гүний Вандан аварга, алдарт хулгар Нацагийн тухай ярьж байсныг их найрагч сонссон байдаг. Их Монгол Шаравжамц аварга даншгийн наадамд зодоглохдоо Галсанравжаа нэрээр барилддаг байсан нь тэрхүү ханхгар эртэй холбоотой юм билээ. Тодруулбал, нэгэн наадамд Шаравжамцыг хоцроод ирэхэд нь өнөө Галсанравжаа нь өөрийнхөө оронд барилдуулчихаж, Хасын Шаравжамц Галсанравжаа болсон ийм учиртай ажгуу.

Пүрэвдорж гуайн намтар цадигт “Явууг алсан” гэх нэг зүйл дурсагдаад байдаг. Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй юм гэж айхтар үг бий. Мань мэтийн жулдрай юу хэлэхэв. Харин Явуугийн шавь Дөнгөтийн Цоодолд “Явуу бид хоёр гуч гаруй жил сайхан нөхөрлөсөн. Үзэг төдийгүй хундага нэгтэй явсныг хүмүүс мэднэ. Бидний хоорондын зөрөө найрагчдын хооронд биш намын үүрийн дарга, намын гишүүн хоёрын дунд л болсон юм” гэж Пүрэвдорж найрагч хэлсэн байна. Тэгвэл далаад оны тэртээд их Явуу их Пүрэвдоржийнхоо тухай ийн бичжээ. “Алс Африкийн Климанжорагийн цаст уулыг Эрнест Хэмингуэй зүүдэлдэг байж. Хэмингуэй залуу зандан насандаа энэ ууланд арслан бар агнаж явсан хүн. Тэрээр хожмын дурдатгал зохиолууддаа энэхүү уулыг олон дахин дурсаж бичсэн байдаг. Үүнээс болоод ч тэрүү түүний зохиолыг уншихаар Климанжора уул нүдэнд үзэгдэн, тэрхүү уулыг санахаар Эрнест Хэмингуэйн үсэн буурал төрх нүднээ бууна. Монголын яруу найрагт Пүрэвдоржийн уран бүтээл Сэгс цагаан Богд уултай холбогдон сэтгэлд буудаг” гэжээ.

Уг зохиол хэрхэн төрсөн түүхийг хүмүүс мэднэ. 1999 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Нямаа зүүж явсан тэмдгээ Сүхбатын энгэрт зүүж өгөх санаа байвч биднээс жийрхээд чадалгүй тэр унаганы ногтон дээр зүүгээд өгчихдөг юм. Түүнээс үүдэн “Сайхан хотын хөөрхөн хархүү” гэх мөр орж ирсэн. Цаана нь Нямаа байгаа гэсэн үг” гэжээ. Тэр бол жаран есөн оны аравдугаар сарын 15-ны өдөр. Пүрэвдорж гуайн төрсөн өдөр. Найраглалын гол баатар тэмээчин бүсгүйн зүрхэнд хадагдсан Нямаа найрагч энэ тухай өгүүлэхдээ “Амьтны үр зулзага гэхээр эгдүүтэй санагдаад хилэн шиг зөөлөн хамар дээр нь үнсээд орхив. Бас ч гэж хөөрхөн цагаан шидмэсэн ногттой юм. Тэр ногтон дээр ямар нэг гоёмсог зүйл баймаар санагдаад сар гаруйнхны өмнө Эрхүүд аялж явахадаа “Восточно-Сибирская правда” сонины газраас дурсгасан ойн тэмдэг энгэрт явааг санаж, түүний аваад ногтных нь хамар дээр хадчихлаа. Баруунаа ташиж яваа нарны гэрэлд “50” гэсэн тоотой тэрхүү алтан шаргал тэмдэг аятайхан гялалзаад хөөрхөн харагдаж байлаа” гэсэн нь бий. Тэр жилийн арванхоёрдугаар сарын дундуур нэг өглөө Пүрэвдорж гуай Нямаа ах руу утасдаж, үдийн цайгаар гэртээ ирэхийг урьжээ. Яваад очтол дөнгөж гараас гаргаад байгаа “Сэгс цагаан Богд” найраглалаа уншиж өгсөн түүхтэй.

“Жараад оны оргилолт үед Монголын яруу найрагт Бэгзийн Явуухулан, Дэндэвийн Пүрэвдорж гэдэг хоёр том од зэрэг төрж, зэрэг мандаж, зэрэг алдаршсан. Ер нь томчууд хосоороо гарч ирдэг, эсрэгцдэг, тэмцэлддэг. Монголын яруу найргийн уянгалаг зөөлөн, чихнүү сонсголонтой, дотоод гүн амьсгалтай, эгшиглэнт аялгуутай, цэвэр гоё мэдрэмж болгосон найрагч нь Явуу. Харин шүлэг найргийн эрмэг зоригмог, цэцэн цэлмэг, од хийморьлог, бадрангуй, баатарлаг, туульссаг болгосон хүн нь Пүрэвдорж гуай. Энэ хоёр эрхмийн гэрэл гэгээ яруу сайхны ертөнцийг цэлсхийлгэх шиг болгожээ. Цогтой яруу найрагч тэнгэрээр ч, газраар ч нисэлдэж байгаа бурхны санааг шүүрэн олж чаддаг ер бусын ид шидтэнгүүд байдаг. Пүрэвдорж гуай бол тийм л хүн юм. Онгодын цагаан шувуу нь шүлэг найргийнх нь мөр болгон дээгүүр цахлай шиг нисч, дүүлж явдаг юм билээ. Тэр хэзээ ч нурамгар, гал дөлгүй, дорой номхон, үлбэгэр сул шүлэг бичиж байгаагүй. Цэцэн цэлмэг байна гэдэг монгол найргийн нэгэн мөн чанар” хэмээн Пүрэвдорж гуайн байгуулсан “Монголын уран зохиолын академи”-ийг нь нэгэнтээ үүрч ирсэн Долгорын Цэнджав докторын хэлснийг энд шигтгэе.

Эрхэм найрагч нутгаа гэх сэтгэлийн үзүүрт уяатай явсан хүмүүний нэг нь Нацагийн Жанцанноров юм. Энэ хоёр аварга амьтан бие биедээ жигтэйхэн хайртай байсан. Нацагийн Жанцанноров бол бурхан юм гэж Пүрэвдорж гуай хэлдэг. Ямар сайндаа ийм нэг онигоо маягийн яриа бий. Жанцанноров нь Пүрэвдорж гуайнх руу утасдаж л дээ. “Би Жанцанноров гэж хүн байна” гэхэд ардын уран зохиолч “Чи хүн юм уу” гэсэн байна. “Тэгээд биш юм уу” гээд өнөөх нь адарна биз дээ. “Би чамайг бурхан л юм байх гэж боддог шүү дээ” гээд тас тас хөхөрч байсан гэдэг. Сангийн далай хэмээх нүдэн нуурын намрын шувуудын өнгө, эгшиг хоёр Жанцанноровын сэтгэлийг сүлж яруусгасан. “Мандухай”, “Чингис” киноны хөгжим эндээс улбаатай гэж бичсэн. Эл хоёр билгүүн сод авьяастны “Арвайн тал” гэж аатай дуу бий. Ёстой л нөгөө Арвайн тал шигээ сунгаж татсан дуу, Ариунбаатар гэж өнөө аварга дуучин залуу дуулдаг билээ.

Жараад оны эхээр МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны 52 дугаар тогтоол гарч Монголын тулгар төрийг үндэслэн байгуулагч Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх шуугиан орон даяар дэгджээ. Энэ явдал галтай эрмэг найрагчийн онгодыг дуудаж, ёстой л нэг загатнасан газар нь маажив гэдэг шиг сэтгэлийнх нь утсыг доргиолгүй яав гэж. 1962 оны хоёрдугаар сард төрийн шагналт эрдэмтэн Дамдинсүрэнгийн Цэнд гуай тэр хоёр Бутырийн захаас гар нядалгааны хонины мах авч хоолыг хийхээр тохиролцон унаанд суужээ. Мэдээж хойно сурч байхын үеийн явдал шүү дээ. Замд Пүрэвдорж гуай “Урьд шөнө ийм шүлэг бичлээ” гээд Цэнд гуайд “Чингис”-ээ уншсан байна. Бахтай сайхан санагдсан нь мэдээж. “Оонын халиун зоо шиг халхын уудам талд

Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм

Онон голын шугуйд хур шиг шаагих адуунаас

Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм” гэх дөрвөн мөрийг тэр дор нь цээжилж өөрт нь уншсан гэдэг. “Энэхүү мөнхийн бүтээлийн анхны сонсогч болсондоо би баярладаг” гэж ардын багшийн дурдатгалд бий. Пүрэвдорж гуай жаран хоёр оны тавдугаар сард МЗЭ-ийн хуралд оролцоор урилга хүлээн авч Улаанбаатарыг зорихдоо Дарамын Төмөрийн хүү Галбадрахын захидлыг аавд нь хүргэж өгөх хүсэлт авчээ. Ингээд Улаанбаатарт ирээд Төмөр-Очир гуайнд очихдоо “Чингис” шүлгээ бахтайхан уншина биз дээ. “Нинжбадгар аа, шүлэг гэж ийм л юм байдаг юм байна” хэмээн Төмөр-Очир гуай өөрийн эрхгүй дуу алдсан гэдэг. “Тэмүүжин нумын хөвчинд төрсөн юм, Тэмүүжин сумын зэвэнд төрсөн юм” гэх мөрүүдийг нь сонсоод “нумын хөвчинд, сумын зэвэнд төрөөгүй юм гэж хэлбэл онох байх” хэмээн айхтар нарийн мэдэрч, амин судсыг нь олж зөвлөсөн түүхтэй. Монгол хүн бүхний сэтгэл оюуныг бадрааж, зүрхнийх нь галыг асааж эзэн Чингисээ хатуу цагийн буулган дор, түүхийн буурал улбааг босгоод ирснээрээ Пүрэвдорж буруудсан. Нийгмийн хянан шалгах хорооны Лувсанравдан гэж хүн дуудаж “Чи Чингис шүлгээ Төмөр-Очирын даалгавраар бичсэн үү, яах гэж түүнд уншиж өгсөн юм” гэж тулган байцаасан бол Үзэл суртлын ажилтны улсын зөвлөгөөнд МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Лхамсүрэн “Үндсэрхэг үзэл амь бөхтэй оршиж байна. Тод илрэл Чингис хааны төрсний 800 жилийн ойг тохиолдуулан Төмөр-Очир болон түүний аялдан дагагчид нь үндсэрхэг үзлийг зориуд дэгдээж байна. Сүүлийн үед манай утга зохиолд бидний үзэл сурталд харш үндсэрхэг үзлийн амьсгал гарах боллоо. Чингис хааныг шагшин магтсан яруу найрагч Пүрэвдоржийн шүлэг нь үндсэрхэг….” хэмээн дүгнэснээр орон даяар буруутан болж хувирсан билээ. Тэрээр зургаан удаа төрийн шагналаас буцаж байсан нь үүнтэй холбоотой.

Дэндэвийн Пүрэвдорж гуай “Болор цом” наадмыг тэртээ наян гурван онд санаачилж эхлүүлсэн хүн юм. Анхны түрүүг нь “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ хүртэж байсан. Миний бие 2013 оны нэгдүгээр сарын есөнд Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын тайзан дээр агуу их Пүрэвдорж гуайнхаа санаачилсан “Болор цом” наадмын 30 жилийнх нь тэгш ойгоор тэргүүн шагналыг нь хүртэж эгшиглэнт Янжинлхам бурхны гэгээн өлмийд сөгдөн адислаж билээ. Юмны учрал тохиол гэж сонин. 2014 оны эхээр “Болор цом” наадам 31 дэх удаагаа Өвөрхангай аймагт Пүрэвдорж гуайн 80 насны ойн хүрээнд болсон юм. Түрүү жилийн цомын эзэн дараа жилийнхээ наадмыг нээдэг бичигдээгүй хуулийн дагуу Пүрэвдорж гуайнхаа нэрэмжит наадмыг нутгийнх нь тэнгэр дор нээн эхлүүлж байлаа. Яасан сайхан авшиг ерөөл вэ хэмээн үргэлжид санаа сэтгэлд буудаг л юм.

Энэ их хүний бараанд явах заяа дуталгүй хаачив гэж. Мань мэтийн жулдрайг яахин тоож харах билээ. Харин Хулан найрагчийн яруу найргийн нэгэн сайхан үдэшлэг жил бүрийн хавар болдог сон. Тэрхүү найргийн галын дэргэд нэгэнтээ Цоодол багшийгаа бараадан Пүрэвдорж гуай, Төрбат найрагч нартай нэг ширээнд суудал зэрэгцэх хувь тохиосноо санаж байна. Над руу нэгэнтээ сүрхий ширвэж харснаа “Өө манай Цоодолын шавь билүү” гэсэн сэн. Өчүүхэн надад хандаж хэлсэн цорын ганц үг нь тэр юм. Монголын яруу найргийн хөх сүмбэр оргил түнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцсоон. Алтан шарилынх нь өмнө тэргүүн гудайн зогссон. Дөнгөтийн Цоодол, Долгорын Нямаа, Доржийн Гармаа гээд утга зохиолын аваргууд гэр бүлтэйгээ ирчихсэн эмгэнэл илэрхийлж байв. Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аварга нутгийн хүүгийн ёсоор ардын зохиолчтойгоо салах ёс гүйцэтгэж байсан. Гэвч өнөөдөр Нямаа ах минь, Гармаа гуай, Цэрэнтогтох аварга маань алга байна. Тэр өдөр жигтэйхэн цас будагнасан, хаврын цас бүр том томоор малгайлан орж билээ. Хүмүүний хорвоод тэнгэрлиг амьдраад буцна гэдэг энэ биз гэх бодол санаанд бууж байсан сан.

“Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан Богд”, “Хар цас” хэмээн гурван найраглалаараа Монгол найргийн тулгын гурван чулууг тулж, “Чингис”, “Тусгаар тогтнол” хэмээн асч бадарсан гал, намирсан туг болсон хоёр шүлгээрээ хоёр тулах багана нь болгосон найрагчийн тухай ийн өгүүллээ.

“…Эгнээ цэнхэр уулсын цаана

Эрээн уул минь үлдсэн юм

Эргэн эргэн очих бүрийд

Эцгийн сайхан тэр л дүрээрээ

Энэ хорвоод хүүгээ юм шиг

Эрээн уул минь хүлээж байдаг юм

Хавар намар цасан сархиалж

Харлаг тахь шиг Эрээн уул минь

Одоо ч гэсэн тэндээ л намайг

Он он жилээр хүлээж байгаа” хэмээн тэрээр бичсэн билээ. Нээрээ л Эрээн уул нь намрын хөхөмдөг тэнгэр дор ханхайгаад л угтаж. Шүлэг найргийн охь ундарга шиг нулимс шүүдэрлүүлэн угтаж байна. Тэр л сайхан уулыг хормойдож төрсөн тэнгэрлиг найрагчийн шүлэг найргийг унших нь байтугай түүний тухай бодоход цээж огшиж, зүрх долгилном. Аргагүй л монгол найргийн дархан цэцийг тогтоосон, монгол үндэстний бахархал байж шүү. Түүнтэй нэгэн он цагт амьдарч байсан хувь заяандаа бахдахаас өөр яанам билээ.

Categories
мэдээ цаг-үе

Чойдорын ӨВГӨНХҮҮ: Өсөхөөг туранхай горзгор хүү байхад нь аварга болно хэмээн Жадамбаа генералд амлаж байж би “Алдар”-т авсан юм

Ч.Өвгөнхүү зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Ардын багш цолоор энгэрээ мялаасан улсын харцага Чойдорын Өвгөнхүүтэй ярилцлаа.


-Ардын багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Та бөхийн спортод нэг насаараа зүтгэж, олон сайхан бөхчүүдийг дасгалжуулсан гавьяатай хүн. Анх дасгалжуулагч болж байсан тэр үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

-Би 1964 онд “Алдар” нийгэмлэгт анх тамирчнаар орж, 1966 онд улсын начин цол хүртсэн. Тэр үеэс хойш би бөхийн спортоор тасралтгүй хичээллэсээр тавь гаруй жилийн нүүр үзлээ. Гавьяат багш цол хүртсэнээс хойш 25 жилийн дараа энэ хүндтэй цолыг хүртэж байна. 1968 оноос бөхчүүдийг дасгалжуулж эхэлсэн бөгөөд 1971 онд “Алдар” нийгэмлэгт албан ёсоор дасгалжуулагч багш болж байлаа. 1970 он бөхийн ургац арвинтай жил байсан. Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Д.Цэнд-Аюуш, Ч.Гочоосүрэн, Ц.Баярсайхан гээд хожим нэрээ дуурсгасан олон сайхан бөхчүүд цэргийн албанд ирсэн юм. Тэднийг бүгдийг нь “Алдар”-т авч үлдэх гэж Даш багш бид хоёр яам тамгын газраар явж, элдэв арга хэрэглэж мөн ч их хичээсэн.

-Хурдан морь шинжихтэй адил, сайн бөхийг шинждэг билгийн нүд танд байдаг юм шиг санагддаг. Тэр нууцаасаа хуваалцаач?

-Энэ л миний хань болох хүн байна гэж ирээдүйн эхнэр, нөхрөө хүмүүс хардаг шиг бөх болох хүнийг шинжинэ, харна. Байгалиас заяасан бөх хүн гэдэг бол жирийн хүнээс арай өөр байдаг. Тэр хүнд юу дутуу байна, яаж бэлтгэвэл сайн бөх болох вэ гэдгийг нь олж мэдээд бэлтгэнэ шүү дээ.

-Хайртай шавь нарынхаа талаар, хэрхэн яаж бэлтгэж байсан талаараа ярихгүй юу?

-Миний хамгийн хайртай шавь бол Д.Хадбаатар аварга. Д.Хадбаатар 013-т анх ирэхдээ хөнгөний тамирчин байсан. “Алдар”-т авчрах үед Лхагвасүрэн дасгалжуулагч нь намайг “Миний сайн тамирчныг бөх болгоно гэж аваад замирууллаа” гэж байлаа. Хадбаатар зээрэнцэг, бөөрөнцгөөр улсын рекорд эвддэг тэр жилээ Чойжилсүрэнгээр тав давж улсын начин болж байсан юм. Тэр үед Чойжилсүрэн “Би одоо ямар хүн авчихав аа. Хаяая гэхээр хаяж дийлэхгүй. Уная гэхээр унаж болохгүй. Унах гэхээр татаад босгочих юм. Махаа идэж байж арай гэж уналаа ш дээ” гэж ярьж байсныг тодхон санаж байна. Манай Хадаагийн тэр жил эвдсэн зээрэнцэг, бөөрөнцгийн рекордыг одоо хүртэл эвдсэн хүн байхгүй байх шүү. Хадаа маань улсын наадамд хоёр түрүүлж, гурван удаа шоронд орсон. Гурвууланд нь би очиж эргэсэн. Өөрөөсөө ч болоогүй. Тэгж шоронд ороогүй бол арваа байг гэхэд дөрөв, тав түрүүлэх хэмжээний хүн байсан.

-Даяар дуурсагдах аварга Г.Өсөхбаярыг та мөн анх бөхийн спорт, “Алдар” нийгэмлэгт авчирч байсан гэдэг?

-Тэр бас сонин түүх шүү. Жадамбаа сайд “Б.Бат-Эрдэнэ аваргыг орлох хүн олж ир. Чамайг л олж чадна гэж олон хүнээс сонслоо” гэсэн юм. Тэгэхээр нь би “Аварга гэдэг чинь хэдэн арван жилд нэг төрдөг. Жил бүр төрдөггүй шүү дээ” гэхэд “Чи заавал ол” гээд ээрээд болдоггүй. Тэгээд би “Олж болно. Тийм нэг л хүн бий. Архангайгаас ирсэн, заалны барилдаанд нэг, хоёр давахтай үгүйтэй туранхай, өндөр нэг хүүхэд бий. Гутлын үйлдвэрийн Чимэдрэгзэн гэдэг хүн цалинжуулдаг. Тэр хүүхэд таван жилийн дараа улсын цол авах байх” гэсэн. Жадамбаа сайд “Чи тэрнийгээ аваад ир” гэж байна. “Авахад хэцүү шүү дээ. Хүнд чинь юм өгч байж авна сайд аа. Чимэдрэгзэнгээс илүү юм өгөх хэрэгтэй” гэсэн. Юу авах юм гэхээр нь “Хоёр өрөө байр, ерөнхий сургуульд дуртай ангидаа орж суралцах эрх, гуравдугаар курст ороход нь дэслэгч цол өгөх хэрэгтэй” гэлээ. Тэгээд Өсөхөөтэй уулзсан. “Армид авъя, жилийн дараа хоёр өрөө байр өгнө. Улсын баяр наадмын цугларалтад гараад чамд цол авах мэхийг чинь зааж өгнө” гэхэд зөвшөөрсөн. Тэр жилээ Г.Өсөхбаяр Дүвчин, Мөнхбат хоёртой цэргийн амралтанд бэлтгэлд гарсан байлаа. Би ч Магалжавыг начин болгох гээд тэнд байсан юм. Би Өсөхөөд салтаадах мэх, суйлах мэх хоёрыг зааж өгсөн. Тэгэхэд Мөнхбат “Энэ Өвгөнхүү ухаанд орохгүй юм хэлж байна ш дээ. Монголд одоо ганцхан том Санжаа л энэ мэхийг хийдэг ш дээ” гэсэн. Одоо энэ мэхийг хийдэг хүн байхгүй. Ингэж Г.Өсөхбаяр салтаадах мэхээр А.Сүхбат болон бусад шилдэг хүчтэнүүдээ давж заан болсон. Миний таамагласан ёсоор Г.Өсөхбаяр таван жилийн дараа аварга болж, дөрвөн удаа төрийн наадмын түрүү бөх болсон.

-“Алдар” спорт хороог брэнд болгоход таны оруулсан хувь нэмэр их бий. Таны хөлс хүч, хичээл зүтгэлийн ачаар “Алдар”-аас усны урсгал шиг олон сайхан бөхчүүд төрөн гарлаа шүү дээ?

-Бүгд л миний гараар орсон доо. Ер нь ямар ч сайн бөх нэгээс хоёр мэхтэй л байдаг. Тэр мэхийг хоол унд идэж байгаа юм шиг чөлөөтэй хийдэг, ямар ч нөхцөлд тэр мэхээ хийж оноо авч чаддаг болох хэрэгтэй. Түүнийг сурах амар биш. Мөн тэр хүний онцлогт тохирсон мэхийг олж зааж өгнө гэдэг дасгалжуулагч хүний эрдэм юм даа. Байгалиас заяасан авьяастай ч хүн бүрт давуу болон сул тал бий. Сул талыг нь хүчирхэгжүүлэх бэлтгэл сургуулилт хийлгэдэг. Ганбаатар арслан, Ганбат арслан, Гончигдамба гарьд, Доржсамбуу гарьд гээд дурдаад байвал олон хүн бий дээ. Саяхан Бат-Оршихын найран дээр Мөнхбат аварга надтай уулзаад “Тан дээр би хоёр жил бэлтгэл хийсэн. Танай аймагт би заан цол авч байсан” гээд ярьж байна лээ. Надад их сайхан санагдсан. Мөнхбат ер нь их барилдаанч хүн. Аваргын бяртай хүн биш ч хүний мэхийг айхтар хариулдаг. Томоотой даруухан хүүхэд байсан даа.

-Бөхийн спортод тавин жил зүтгэсэн гэхээр таныг бөхийн спортын амьд домог болсон хүн гэж хэлж болох байх аа. Олон сайхан аварга, арслангуудтай мөр зэрэгцэн бэлтгэл сургуулилт хийж, барилдаж явсны хувьд тэдний талаар ярих зүйл бишгүй их байдаг болов уу?

-Түвдэндорж, Батсуурь, Чүлтэмсүрэн, Чимэд-Очир гээд монгол бөхийн бахархал, үлгэр жишээ болсон олон сайхан аваргууд намайг анх энэ спортод хөл тавихад ид барилдаж байлаа. Дандаа цэргийн хүмүүс. Чүлтэмсүрэн гуай Батсуурь аваргыг ерөөсөө хаяхгүй байсаар байтал Батсуурь аварга болчихсон гэнэ. “Одоо би Батсуурийг амлах эрхгүй боллоо” гэж байсан. Тэгээд нэг удаа Чүлтэмцэрэн гуай Баянчандманьд нүүгээд явж байтал нэг таньдаг жолооч нь “Хөөе, Батсуурь Дарханд барилдах гэж байгаа гэнэ” гэхэд морио шонгийн модноос уяад, хонио аваарай гэж эхнэртээ хэлээд явчихсан гэж байгаа. Тэнд очоод барилдах гэтэл далбаа шуудаггүй байж. Тэгтэл Батсуурь аварга хоёр далбаатай байсан гэнэ. Шөвгийн дөрөвт тэр хоёр үлдээд байхад Батсуурь аваргын далбаа их бариу, өөрийнх нь далбаа өөрт нь жаахан томдоод байжээ. Тэгэхээр нь “Хоёулаа далбаагаа сольё” гэхэд “Өө тэг тэг” гэсэн байна. Тэгээд Чүлтэмсүрэн гуай Батсуурь аваргыг давж түрүүлээд гахай гөлөм авч байсан гэдэг. Цэрэн аварга бид хоёр жинхэнэ барилдаж ноцолдож, үерхэж нөхөрлөж байсан улс. Улсын наадамд хоёр удаа барилдсан. Их сайхан бяртай, үнэн үгтэй хүн байсан. Цэрэн аваргатай холбоотой нэг дурсамж ярья. Би 1966 онд уран мэхт Бээжин аваргыг улсын арслан цолтой байхад тав давж, улсын начин цол хүртсэн юм. Далбаа нь хүртэл дөрвөн цацагтай, дэлж байгаа нь их гоё, хүний хайр татсан хүн байсан. Түүний дараа жил нь Бээжин гуайгаар зургаа давж улсын харцага цолны болзол хангаад байлаа. Шөвгийн наймд Мөнхбат аварга, Цэрэн аварга, Баянмөнх заан, Дэмүүл заан, Дагвасүрэн начин, Дашдаваа начин, Говь-Алтайн Пүрэвээ заан бид найм үлдээд байсан юм. Эрэмбээрээ Мөнхбат аварга Дашдаваа начинг авчихлаа. Тэгээд Цэрэн аварга ам авах болж намайг дуудаад “Надад чамаас өөр авах хүн алга. Пүрэвээтэй барилдаан таардаггүй юм” гэсэн. Тэгэхэд би “Өөрөө мэд” гэх юм уу, Тэг” гэж хэлээгүйдээ жаахан харамсдаг. Тэгээд Цэрэн аваргад “Надад ганцхан долоогийн даваа хэрэгтэй байна” гэсэн бол үгүй гэхээргүй гүдэсхэн хүн байсан юм. Намайг дуугарахгүй байхаар Цэрэн аварга “Өвгөнхүү дургүй байх шиг байна” гээд Пүрэвээг амласан. Ингээд Баянмөнх намайг авсан юм.

-Баянмөнх аваргатай Мюнхений олимпод хамт явж, Мөнхбат аваргатай хамт бэлтгэлд гардаг байсан хүнд хоёр Мөнх аваргын талаар сонин содон дурсамж байдаг болов уу гэж бодогдож байна?

-Хоёулантай нь би сайхан найзалж нөхөрлөж явсан. Мөнхбат аваргатай хамт цугларалтад гарахаар тамирчдыг миний өмнөөс зэмлэнэ. Намайг их хүндэтгэдэг байсных юм болов уу. Баянмөнх аваргатай шигшээд байхдаа танилцаж, Мюнхэний олимп, Ираны дэлхийн аваргад хамт явж байлаа. Иранд байхад нэг өглөө байрандаа ортол Баянмөнх ногоон дээлээ нөмөрчихсөн буруу хараад сууж байна. Маргааш тэмцээн эхэлнэ гэж байхад төмөр аяганд шөл буцалгаад сууж байсан юм. “Аварга сайхан хоносон уу” гэсэн дуугардаггүй. Шөл болоод гаргахад “Чи шөл уух уу” гэж байна. “Ууя” гэлээ. “Алив чи үүнийг уучих” гэж байна. Би ч уугаад тавьчихлаа. Тэгсэн “Ямар сайхан юм бэ, би урьд шөнө шатаад унтдаггүй. Шөл уух гэхээр хоолойгоор орохгүй байна. Чамайг идчихээр их сайхан санагдлаа. Одоо идэж чадах байх аа” гэсэн. Чи одоо шөл буцлахаар гарна шүү. Би одоо ууж чадах байх гэсэн юм. Ойдов бас тэгэхэд хамт явсан юм. Тэр хоёр хоёулаа шатаад шөнө унтаж чадаагүй юм билээ л дээ.

Зураг-Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, У.Мижиддорж, Ж.Чойжилсүрэн, тэмээ өргөдөг Жамьяандорж гуай гээд олон түмэнд аваргын дайтай хүндлэгддэг олон сайхан арслангууд бий. Тэдэнтэй барилдаж явсан сайхан дурсамжууд танд бишгүй л байдаг байх?

-Тэгэлгүй яахав. П.Дагвасүрэн бид хоёр Мюнхений олимпод хамт явж байсан. Мюнхений олимпоос ирээд Дорноговьт олимп сурталчлах ажлаар хамт явж байлаа. Манай хөгшнийг нас барахад хүртэл хэдэн төгрөг өгч л байсан. Нэг их бяртай биш ч, тун барилдаанч хүн байсан. Улсын наадамд хоёр удаа үзүүрт үлдэж байжээ. Жамьяандорж гуай гэж их бяртай мундаг хүн байлаа. Хоёр суга руу дайраад л нуруун дээр нь тохой мордоод дарчихдаг хүн байсан. Булган аймагт бүсийн уулзалтад очиж барилдахад би Жамьяандорж гуайг давж түрүүлсэн юм. Дараа нь Улсын наадмын тавын даваанд чамайг авна” гэж байсан ч Бээжин аварга намайг өрсөөд авчихаж билээ. Би дотроо Жамьяандорж гуайг нутагт нь хаяж чадсан юм чинь ахиад нэг хаячих байлгүй гэж бодож байсан юм.

Чойжилсүрэн арслан бол маш гайхамшигтай, түүхэнд дурсагдахаар бөх байлаа. Барилдаж буй бөх нь хий гишгээд урд нь ирэхэд бөгс рүү нь цохиод хөөргөчихдөг. Тэгээд л барьцаа тавина. Нөгөө бөх хөөрч явахад дэвдэг бөх байсан даа. Түүнийг эргээд харахад нөгөө бөх унаж байдаг байсан. Тийм бахдалтай сайхан хүн дээ. Ө.Эрдэнэ-Очир гуай бол улсын наадамд олон удаа наймд үлдсэн. Чөлөөт бөхөөр нэмэх 100 килограммд барилддаг. Хүний сайныг аваад ир гэвэл Ө.Эрдэнэ-Очир гуайг аваад очиж болохоор жинхэнэ хүнлэг, томоотой, гүндүүгүй хүн.

-Монгол бөхийн жудаг, монгол эр хүний ноён нуруу, гүндүүгүй сайхан зан чанар чухам тэр үеийн аварга арслангуудад нэвт шингэсэн байжээ. Өнөөгийн бөхчүүдэд энэ зүйл дутагдаж байх шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Урьд гулзгай Дамчаа, Чүлтэмсүрэн гуай хоёр улсын наадамд үзүүр түрүүнд үлдээд хайнцсан юм. Тэгээд хоёулаа “Чи давсан, чи давсан” гэж байсан сан. Тэр үед аль түрүүлж мэх хийсэн хүн давдаг байлаа. Харин одоо бол зүгээр зогсож байгаад л давдаг болжээ. Бөх хүн ард түмний хайр хүндэтгэлийг дааж, алдахгүй байх хэрэгтэй. Улсын цол гэдэг хүнийг хүмүүжүүлдэг байсан. Харин одоогийн бөхчүүд энэ тал дээр дутагдах болжээ. Нэг компани ивээн тэтгээд цол авдаг, хөлс хүч, оюун ухаанаа зараагүй болохоор цолондоо хүндэтгэлгүй ханддаг юм болов уу. Шахааны барьцыг бөхчүүд үхлийн барьц гэж ярьдаг болжээ. Монгол бөхийн мэх цөөрч, шахааны барьцнаас амь гарах арга л хайдаг болсон шиг санагдаж байна. Миний бодлоор гучин минут барилдуулаад л аль дорвитой хөдөлгөөн хийснийг давуулмаар санагдах юм.


Categories
мэдээ цаг-үе

Хуультай болон “хуульгүй” тагнуул

“Дандар баатрыг орос офицер буудсан гээд цаазаар авах болж.

Тэгтэл Сталин “Та нар ганц баатраа тэжээж чадахгүй юм бол манайд өгчих” гэсэн юм байхаа.

Тэгээд Дандар баатрыг шоронгоос гаргасан юм гэнэ лээ”

ХХ зууны цуурхал.

ЯРИАД ЭХЭЛСЭН БОЛ…

Хачин ч юм байх. Хуулиараа яваа юмны зий ч үгүй шахам болсон манай төрийн түшээ нар “хууль зөрчсөн эсэх” тухай байнга л ярих болж. Арай л хуулийн хүрээнд цас орж, мөсөн дээр хуулийн дагуу хальтирч унасан эсэхийг шүүх нь холгүй. Хуулийг алга болгож байгаагаа мэдэрсэн хүмүүсийн комплекс юм даг уу?

Тагнуул гэж гарчиглаад эхэлсэн хойно, өнөөдөр моодонд ороод байгаа тагнуулч Хурцын тухай ярина. Мэдээж, улстөрчид өөрийн гараар тэмбэржүржиг болгосон юмаа ярьдаг гээд бодохлоор манай төр тагнуулын ажлаа тавиад туучихсан нь ч ойлгомжтой.

ТАГНУУЛЧИЙН ДУУЛЬ

Тагнуулын дарга байгаад буусан Хурц бол хүн хулгайлсан гэмт хэрэгтэн ажгуу. Иймээс түүнийг шийтгэх хэрэгтэй гэж зарим хууль тогтоогчид нотолж байна. Шийтгэх эсэхийг тогтоодог өөр газар байдаг энэ тэр бол өнгөрсөөн, өнгөрсөн. Харин юу болоод өнгөрснийг эргэн санацгаая.

Монголын төр түүнд хүн хулгайлах даалгавар өгчээ, цэргийн хүн даалгаврын зөв бурууг шүүх эрхгүй учраас “мэдлээ гүйцэтгэе” гээд явжээ. Жижигхэн Монголын жижигхээн тагнуулч нь том Европын том хамгаалалт дундуур нэвтрээд төрөөс өгсөн үүргийг биелүүлжээ. Израйлын МОССАД хэмээх тагнуулын газар Аргентинаас фашистын гэмт хэрэгтнийг хулгайлан авчирч шүүхээр оруулсны дараа бичигдэхээр операци болжээ. “Балтыг өөрийг нь шагнах юмсан”.

Герман, Францын тагнуулын алба үүнийг мэдээд нүд нь орой дээрээ байтугай газраа очсон гэдэг. Учир нь, өрнөдийнхний нүдээр харахад, хонь хариулж, хомоол түүсэн хэвээрээ яваа Монголын тагнуулч, хамгийн орчин үеийн секурити, супер технологитой Европын холбооны хамар доогуур нь хүн хулгайлаад хэд хэдэн улсын хил давуулан оджээ.

Тэд сайндаа ч мэдээгүй болтой, хүн хулгайлсан явдлыг. Монголд уг ажиллагааны талаар өргөн хэлэлцүүлэг өрнөөд эхлэхээр мэдэж. Ер нь бол гадаад тагнуулынхаа ажлыг өөрснөө илчилсэн анхны тохиолдол. Бусдын нутагт “заншлан тагнах” ажлыг анх монголчууд сэдэж, бас бусдын нутагт явуулсан “тагнуулаа өөрснөө илчлэх” ажлыг ч монголчууд анх сэдсэн нь энэ байх.

Европын улс төр, тагнуулын байгууллагынхан “монгол тагнуул”-ын ажиллагааг битүүхэндээ бахдаж, наанадаж л бүс нутгийн аюулгүй байдлын цоорхойг илрүүлж өгсөн явдал боллоо гэлцэн, ханцуй дотроо эрхий хуруугаа гозойлгож байсан гэдэг. Гэхдээ манай гаригийн эрхэмсэг гүрнүүд хэмээн өөрсдийгөө хардаг Европ нэг муу хонины хүүхдэд ингэтлээ чадуулаад өнгөрвөл доромжлол болно. Иймээс Б.Хурцыг Англид явахад нь саатуулаад, ёс болгож хорьсон болоод явуулжээ.

Дээр өгүүлсэн түүх бол бүх ард түмний мэдэх зүйлс, ярьдаг сэдэв.Харин энэ асуудалд Хурцаас ч хурц нэг өнцөг, ярьдаггүй сэдэв байдаг. Хэн ийм даалгавар өгсөн тухай бид ярьдаггүй, хэн ийм даалгавар өгөх эрх мэдэлтэй албыг хашиж байсныг эргэн санахыг бид хүсдэггүй. Бас Монгол Улсын нууцын нууц баймаар гадаад тагнуулын дотоод талыг хэн олон нийтэд дэлгэсэн тухай бас ярьдаггүй. Хэн Монгол Улсын авьяаслаг гадаад тагнуулчийг гадаадынханд илчилж өгсөн тухай ярьдаггүй. Түүгээр ч барахгүй хэлмэгдэгч болон үлдсэн Энхбатын төлөөх гомдолд Хурцаар өөрөөр нь цэг тавихыг эрмэлзэх болсны нууцыг хэн ч сонирхдоггүй. Яаж ч бодсон гар нь загатнасан хэдэн тагнуулч халуурч сууснаа хөдөө явж адуу хулгайлахын оронд гадаадад явж хүн хулгайлахаар шийдсэн гэж төсөөлөгдөхгүй байна.

Ойр дотны хүнээ алдсан улсын уй гашуу, шударга бус явдалд эгдүүцсэн олон түмэн ч Хурцыг хурцлаад явуулсан хүнийг биш, хурцыг өөрийг нь үзэн ядаж байна. Яг л саваадсан хүнтэй биш саваатай нь зууралдаад байгаа аятай.

Бид алсын хараатай болно гэвэл хээнцэрдэх учраас ойрын хараагаа жаахан гүнзгийрүүлмээр байгаа юм. Наад зах нь өөр лүүгээ дайрсан нохойтой хөөцөлдөхийн оронд нохойгоо чамруу турхирсан хүнийг олж харахыг оролдох хэмжээнд. Гэтэл бид чинь нохойтой зодолдоод ялаад байдаг, харин турхирагч этгээд өөр нохой тэжээгээд л тавиад байдаг, нэг иймэрхүү дүр зураг харагдаад байгаа юм. Гэгээрсэн Будда “Зовлонг биш зовлонгийн шалтгааныг арилга” гэж сургасны учир энд байгаа.

ТАГНУУЛЧИД ДУУЛЬ БАЙХААС ХУУЛЬ БАЙДАГГҮЙ

Манайхан хууль зөрчиж гадаадад тагнуул хийсэн хүнээ шийтгэх тухай ярьж байна. Гэтэл хууль ёсны гадаад тагнуул гэж манай гариг дээр байдаггүй. Тэд эх орныхоо төлөө, хүний газар гүний нутагт хууль бус юм хийхээр оддог хүмүүс. Манайхан “Хаврын 17 учрал” киног мөн ч их үзсэн дээ. Штирлиц “Германд тагнуул хийх тухай Зөвлөлтийн хуулийг судлаад суудаг. КГБ-ынхан Штирлиц Германыг тагнах хуулиа баримталж байгаа эсэхийг шалгадаг” хэсэг байдаг билүү, юу билээ? Бас “Тагнуулчийн дууль” гээл алдартай кино байв даа.

Гадаад тагнуул чинь бараг л “а.Баригдаж болохгүй. б.Баригдвал хохь чинь” хоёрхон заалт бүхий ганцхан “дүрэм”-тэй гэдэг. Угаасаа тухайн орны хууль ёсыг зөрчиж явуулдаг ажиллагаа учраас хуульчилж болдоггүй. Дээр нь тагнуулч хүн даалгаврыг ухамсарлахгүйгээр биелүүлэх дадалтай байх учиртай. Бараг л “Аавыгаа бууд”, “мэдлээ,гүйцэтгэе”…пан!!” шахуу.

Иймээс “Хятадад тагнуул хийх тухай Монгол Улсын хууль” парламентаар хэлцээд л “Ни хао” гэж мэндлэнэ, мэндлэхгүй гээд баадуурч суух боломж байхгүй. Бас Монгол Улсад гадаадын тагнуул ажиллах хууль баталж “Гадаадын тагнуулч Монголын Консулаас “Т” ангиллын виз авна, авахгүйдээ тулан бохь зажилж суух боломж ч бас гарахгүй гэсэн үг.

ТӨРД ЗҮТГЭСЭНД ОРВОЛ…

Өнөөдөр Монголын төр өөрөө даалгавар өгч гүйцэтгэх ажилд томилсон хүнээ “шүүх” тухай хэлэлцэж байна. Даалгавраа биелүүлээгүй юм уу, муу биелүүлсэн тухайд нь биш. Харин “буруу” даалгавар биелүүлсэн асуудлаар шүүх бололтой.

Хамгийн гашуун нь улс төрчдийн энэ явуулга Монголын төрд тангараг өргөсөн гүйцэтгэх ажилтнууд, цэргийн албан хаагчдад ёс суртахууны цохилт болж байна. Төрийн өмнө гавьяа байгуулсан гавьяандаа магнай тэнэгэр ахмад үеийнхэнд айдас төрүүлж байна. Бас төрөөс өгсөн үүргийг амжилттай биелүүлсэндээ бахдаж яваа тусгай ажилтнууд ч намайг хэзээ илчлэх бол гэсэн айдсаар дүүрч яваа.

Хэрвээ Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон нь буруу болох юм бол яах вэ? Цэнхэр дуулга өмсөөд хилийн чанадад одсон дайчдаа баривчлаад эхлэх үү?

Японоос илүү том тусламж, улам том бонд авахын тулд Халх голын байлдаанд оролцсон ахмадуудаа буруутгах уу? Тэдний одон медаль, улсаас олгосон орон сууцыг хурааж эхлэх үү?

Ийм үед гарч байгаа логик нь “Монголын төрд зүтгэсэнд орвол Монголын төрөөс хулгай хийх нь аминд өлзийтэй” болж байна. Тээр жил Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд байхдаа “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” хэмээн санаа алдан өгүүлж байсансан.

ТӨГСГӨЛ

Социализмын хүүхдүүд сайн мэдэх нэгэн цуурхал байсан. Тэр домог-цуурхалд Дандар баатар орос цэргийн даргыг буудсан тухай гарна. Манайхан Дандар баатраа барьж аваад цаазлах юм болж. Гэтэл Сталин шууд утасдаад “Танайхан Дандар баатраа тэжээж чадахгүй юм бол манайд өгчих” гэж гэнэ. Ингээд Дандар баатар суллагдсан тухай тэнд өгүүлнэ.

Өнөөдөр Монгол Улсын “төр болгосон” улс төрчид хамгийн авьяаслаг гадаад тагнуулчаа төрөөс өгсөн үүргийг биелүүлсний төлөө шүүх тухай асуудал хэлэлцэж байна. Сэдэл нь: төрийн даалгавар буруу байсан явдал.

Энэ хэрэг явдлыг жинхэнэ хохирогч тал буюу өөрийгөө тагнуулдуулсан улсууд яаж харж байгаа бол? ХХ зууны Дандартай домог шиг “Монголчууд Хурцыгаа тэжээж чадахгүй бол бидэнд өгчихөөсэй” гэж бодож байгаа болов уу?

Эсвэл “Энэ барам амьд байх юм бол биднийг л тагнана. Хамар доороос юу ч аваад арилж мэднэ. Иймээс монголчууд өөрсдийнхөө тагнуулыг өөрсдөө нухчихаасай” хэмээн ханцуй дотроо залбирч суугаа болов уу? Бурхан л мэдэх буй заа.10 гаруй жилийн өмнө болсон явдлын тухайд болон түүнээс улбаалсан өнөөгийн явдлыг өгүүлэхэд ийм байна.

…Бид нэг юм үзэх нь ч үзнэ…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сэржмядаг охины аав, ээжийг шалгаж дуусжээ

Замын-Үүдээс манай сонины тусгай сурвалжлагч
Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна.
Охин алга болдог өдөр эцэг, эх хоёр нь үнэхээр Дорноговь аймаг руу явсан уу? ямар хэргээр явсан, охин гэртээ яагаад ганцаар үлдэх болов. Хэмээх асуудлаар сураггүй алга болоод байгаа Д.Сэржмядаг охины аав, ээжийг холбогдох байгууллага шалгаж байсан билээ. Охины аав Д.Дашдулам аймгийн төвд ажилд орохоор бүртгүүлэх гэж явсныг тогтоосон байна. Мөн Д.Дашдулам, Б.Хоролмаа нарыг аймгийн төврүү явсныг хамт явсан зорчигчид баталжээ.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авна уу.


Б.ҮРЖИГ