Categories
мэдээ соёл-урлаг

Од эрхсийн дуун…

Холхи газраас гялалзан харагдагч өнгөт Од.

Д.Н

Би сэрж байнам…Амин сүнсний минь нэрээр дуудахыг сонсдог байна шүү, намайг.Тэр нэрийг авиагаар үл дуудах, харин гэрэл, туяагаар л дуудаж болох. Түмэн жил хэн ч дуудаагүй, миний ч санаанд ороогүй бөлгөө. Нэрийг минь санан дуудсан мөнөөх одны амраг туяа нь намайг сэрээхийн учир юусан.

Танихгүй атлаа танил дуун

Таараагүй байтлаа мэддэг дуун

Тааруулж оноох эзэнгүй дуун

Тааж тайлах утгагүй дуун

Онхид дуулдаагүй тэр нэрээр

Огтоос байгаагүй тийм нэрээр

Оноож хэнд ч өгөөгүй нэрээр

Одоо дуудаж, яах гэж сэрээв!

Сэрээд үзэхнээ гариг оддын буудал мөн байнам. Тэнгэр тэлсээр газартай нийлэх энэ л зайд од гариг бууж чуулдаг. Энэ бол хээр тал…Энд мөрөөдөл өөрөө ододтой хамт бууж ирдэг юм. Хэрвээ чи мөрөөдөж чадвал тал нутгийн нэг хэсэг, од эрхсийн үргэлжлэл нь болно.

Гариг эрхэс шивэгнэн хэлэх нь: “Мөрөөдөгтүн…Мөрөөдлөө гансрал, санаашрал болгож болохгүй. Харин түүнийг бясалгал болго. Бясалгал болгосон мөрөөдөл диваажинд хүргэж, гансрал болгосон мөрөөдөл зовлонд унагадаг…мөрөөдөгтүн” хэмээнэ.

Оддыг туучин хээр талаараа алхнам…Хувь тавилан энд л ододтой хамт бууж ирдэг юм. Хувь тавилангаа өөрчлөх гэж, шинээр зохиох гэж битгий зүдэр. Хувь тавилантайгаа нийл. Учир нь чи хувь тавилан руу ирсэн юм биш, хувь тавилан чамайг эрж, олж ирсэн юм…

Хөлд одод хөглөрөхийн цагт

Хөх тэнгэр… хаана вэ, юу вэ!

Хөх оддын хөнжлөөс харахад

Хөөрхөн гэж…хэн бэ, хаана вэ!

Сар, эрхэс асгарахын цагт

Сансар тэнгэр…хаана вэ, юу вэ!

Сансрын хөнжлийг сэвэн харахад

Сайхан гэж…юу вэ, хаана вэ!

Одод харвах нь санаа алдах мэт ээ. Одод асгарах нь тэнгэрийн алдас гэж үү? Үгүй ээ, одод харван алдарч байгаа юм биш, нисэн одож байгаа юм. Одод асгарч байгаа юм биш, орон зайгаа хээр талаар тэлж байгаа юм. Яах гэж тэр вэ? Чиний үнэлэмжийг өөрчлөхийн тулд хэмээнэ. Алдаа гэж байдаггүй, харин цагаа олоогүй оноо гэж буй. Харин алдаатайгаа битгий зууралд. Алдаагаа битгий давт, бас битгий зас, тэнд нь л орхиж бай.

Харуй бүрийн заагаар

Хар нар мандаж

Харанхуй гэрэл нэлмийж

Хамаг амьтан гялбана

(Харахгүй, үзэхгүй болно)

Харахгүй, үзэхгүй гэтэл

Харийн одод тодорно

Хар нар л тэднийг

Харуулж,гийгүүлдэг байх нь.

Одод хоромхон зуур гялбалзаад, анивчих нь аз жаргал ирэх мэт, ирснээ алдрах мэт… “Аз жаргалтай битгий зууралд, тэр зууралдсан хүнээс зугтаадаг. Тэврэх, боомилох хоёр ялгаагүй түүнийг давчдуулж, улмаар зугтан тэлүүлэхэд хүргэнэ. Аз жаргал орхиж чаддаг хүнд л эргэж ирдэг юм. Үүдээ нээлттэй орхи, аз жаргал гарч л байж эргэж ирдэг” гэнэм.

Орон дэлхийн зай завсраар

Огторгуйн заадас хөглөрч байлаа

Оддыг тэгж тэнгэрээс харахад

-Одоо боллоо, нислээ гэхийн

Оготно хулганын оромж нүх рүү

Огторгуйн заадас хөвөрч одлоо

Одоо тэгээд дээшээ харахад

Олж үзэх юм юусан билээ.

Одод унтрах нь үхэл мэт ээ. Үгүй ээ, унтарч байгаа бүхэн үхдэггүй. Одод унтарч байгаа бол шинэ од мэндэлж байгаа юм. Үхэл л зөвшөөрсөн учраас чи амьд байгаа шиг. Зүгээр л, үхэлтэй мөр зэрэгцэн од мэт гялбалзагтун. Харин түүнээс битгий ай, битгий зугтаа. Үхэл өөрөө араатны зөнтэй. Айж байгаа, зугтааж байгаа бүхнийг анзаарамтгай. Амьдрал бол үхлийн өгсөн чөлөө…өглөгийн эзэнд чимээгүй талархагтун.

Үзсэн бүхэн минь зүүдсэн бол

Үзүүр нь үлдсэн амьсгал юу вэ!

Үнэхээр ертөнц хумхи юм бол

Үнэр нь үлдсэн цэцэгс юу вэ!

Анзаарсан бүхэн зэрэглээ юм бол

Амт нь үлдсэн уруул юу вэ!

Атгасан бүхэн минь хоосон юм бол

Алганд үлдсэн мөр нь юу вэ!

Алганд буувч алганд эс үлдэх, алслан одовч орхин үл арилах од эрхэс, чи мөрөөдөл үү, бодит үнэн үү? Үнэн гэдэг бол царцсан мөрөөдөл юм. Царцсан мөрөөдлөө гэсгээ, амьдруулан асааж, дэрвүүлэн хийсгэ. Одод дэвссэн хээр талд мөрөөдөл биелдэг болохоос биш төлөвлөгөө биелдэггүй. Эргэн тойрноо хар. Ямар лут, лут төлөвлөгөө, өө сэвгүй төлөвлөгөө элсэн байшин мэт нурж байгааг үз!

Харин ямархан, ямархан биелшгүй мөрөөдөл, ер бусын санаа амилан босч байгааг үз… Одод буудаг энэ орон зай ирээдүйгээ төлөвлөж буй хүнийг өөртэйгээ тэрсэж байна гэж хардаг юм. Харин мөрөөдлийг нөхөрлөл, хайр хэмээн хүлээж авдаг.Энэ хээр тал од эрхэст хамаатай болохоос газар дэлхийд хүртээлгүй хэмээнэ.

Хүлэг морь минь уяан дээрээс

-Хүрээд ирээч гэж үүрсэн дуудлаа

Хүргэж ирсэн унаа хүлэг минь

Хүнийрхэж юундаа тэлүүлж янцгаав!

-Уяа, буудлыг орхиод нисч бай

-Уягдаж, өөрийгээ битгий хүлж бай

Улаан наран эхэлж мялаадаг

Уулсын оргил дуудлаа гэнэм.

Алсын одод дэргэд буухын цагт алс гэж юу сан. Алсад буй одод л алсыг бидэнд “энд” хэмээн төсөөлүүлсэн бус уу? Алс өөрөө буугаад ирэхээр алс гэж юусан билээ. Одод эрхсийн сургууль “Алсыг харах гэж битгий яар. Алс өөрөө буугаад ирэхийг хүлээ. Хүлээлт бол мөрөөдлийн буудал. Юуг ч хүлээдэггүй хүнд юу ч ирэхгүй” хэмээн үүдэн дээрээ бичжээ.

Сүмийн хонх бурхдыг дуудахад

Сүсэгтний цуваа хийд рүү хөвөрнө.

Сүүдэр бараадсан бяцхан хулгана л

Сүмээс чанадад хэнийг эрнэм!

…Би сэрж байна. Сэрсэн хойноо бяцхан зүрх гэрэлтэхийг харав шүү. Бяцхан зүрхний бяцхаан гэрлийг нэгэн бяцхан эрвээхэй ирээд бяцхан зуур хааваас од эрхэс бүүдийн харанхуйлах чинь юү вэ…

Од эрхэс чамайг бус, од эрхсийг чи гэрэлтүүлнэм буюу. Ингэхэд, тэнгэр, хээр тал хоёрын аль нь дээрээ байж, одод, зүрх хоёрын аль нь алийгаа гялбуулан гэрэлтүүлнэм бэ?

Од эрхсийг нэрлэн дууднам, би. Амраг туяа нь намайг гиигүүлсээр бууж л байг уy.

Categories
мэдээ цаг-үе

Их ухралт: “Миний биш” Улаанбаатар

НЭГ. ХОТЫН ЗАХИРГААГ ЖИЖИГРҮҮЛСЭН “ҮНДСЭН ЗАХИРГАА”

Үнэн хэрэгтээ, улаанбаатарынхны үндсэн захиргаа нь дүүрэг хороод биш юм. Одоо больчихоогүй болбол, анкетанд байх “үндсэн захиргаа” гэсэн хэсэгт төрсөн орон нутгийнхаа засаг захиргааны нэгжийг бичдэг байсан. Үндсэндээ бол тэнд л захирагдах ёстой, энд захирагдаад байх учиргүй гэсэн санаа.

Улаанбаатар хот 1960-аад онд, малаа хураалгаж өмчөөсөө салаад, хот суурин руу дайжсан малчдын давалгаанаар идэвхтэй томорч эхэлсэн. Тэр үеийнхэн бараг бүгдээрээ “Үндсэн захиргаа: Завхан аймгийн Шилүүстэй сум” гэхчлэн бичиж эхэлжээ. Улаанбаатар урбан утгаараа цогцолж эхэлсэн тэр үеэсээ л “өөр үндсэн захиргаатай” иргэдийн “үндсэн бус захиргаа” болон хөгжиж ирсэн байх нь.

Тун удалгүй, малаас дайжсан малчдыг эргүүлэн тогтоож нэгдлийн хонь хариулгах хэрэгцээнээс үүдэн “хотын паспорт” хэмээх Улаанбаатарт амьдрах эрхийн лиценз гаргаж, шинээр төрсөн иргэд болон нам, төрийн ажил албаны шаардлагаар суурьшсан хүмүүст олгож эхэлжээ.

Ингэлээ гээд “цэвэр хотынхон” бүрэлдсэнгүй. Нийслэлд төрсөн, тэднээс төрсөн ялгаагүй “тэндхийн уугуул” гэдэг шинэ нэр гарлаа. Улаанбаатарт төрсөн хөдөөний уугуул.

Энэ нэр томьёо үндэсний бахархал болсон монгол бөхийн дэвжээнээс байнга сонсдоно. Хотод төрсөн өвөөтэй, нийслэлд мэндэлсэн аавтай, нэгдүгээр төрхийн уугуулууд л “ Увс аймгийн….сумын уугуул”, “Хөвсгөл аймгийн…сумын бөх” хэмээн цоллуулна.

Хэрвээ, хэн нэгнийг “Баруун талын магнайд байгаа Улаанбаатар хотын, Сүхээбаатаар дүүргийн бөх өө…” гээд цоллуул наадамчин олон цочих төдийгүй, наадам нь ч наадам биш болоод явчихна. Тийм болохоор Улаанбаатарын идэвхтэй хотжсон цагаас тоолоод гурав дахь үеийн жаалуудыг барилдуулахдаа, магадгүй амьдралдаа очиж амжаагүй ч байж мэдэх аль нэг аймаг сумаар овоглон дууддаг ажгуу.

ХОЁР. НИЙСЛЭЛИЙНХНИЙГ ЗАХИРДАГ “НУТГИЙН ЗӨВЛӨЛ”

Иймээс өнөөгийн улаанбаатарчуудын жинхэнэ захиргаа нь нийслэлийн дүүрэг, хороод гэхээсээ илүүтэйгээр 21 аймаг, 300 гаруй сумын нутгийн зөвлөл юм. Энэхүү “нутгийн зөвлөл” хэмээх ТББ-ууд нь нийслэлийн иргэдийн жинхэнэ, амьд засаг захиргаа юм аа.

Гудамжинд тааралдсан хүнээс оршин суудаг хорооных нь дугаар, хорооны даргын нэр, гудамжных нь албан ёсны нэр зэргийг асуухад хэрхэн хариулах бол?

Харин сум, аймгийнхаа нутгийн зөвлөлийн дарга, уугуул нутаг, эцэг дээдсийн төрсөн газрыг нь бол ихэнх нь хэлээд өгөх болов уу?

Нийслэлийн иргэд хорооныхоо нийтийн хурал, СӨХ-ны хурал зэргийг төдий л ойшоодоггүй. Түүнийг тэтгэврийн хөгшчүүлийн ажил, хэл ам татлах дуртайчуудын үйл хэрэг байдлаар төсөөлөх нь элбэг.

Харин нутгийн зөвлөлийн хуралдаа очиж амжаагүй бол “хүний мөсгүй явдал” боллоо гэж эмзэглэх нь олонтаа бөгөөд цаадуул нь ч биеэ тоосон, их зантайгаар төсөөлнө. Бүүр “хүний нүүр харах аргагүй болоод тэр биз” гэхчлэн баалж ч магад. Ийм учраас, Улаанбаатар хотынхон “нутгийн зөвлөл” “уугуул нутаг” хэмээх тойргоос шахагдаж гарахгүйг эрхэмлэдэг.

Яг л глобальчлалын үед үндсэн төрхөө хадгалах гэж чардайх цөөнх үндэстэн шиг л Улаанбаатарт ирээд нутгаа мартахгүйг хичээх хөдөөнийхний супер өргөн айлсалт, бараг л “бүү март, мартвал сөнөнө”гэдэг уриатай…

Нийслэлийн иргэдийн хамгийн том нийтийн хурал бол нутгийн зөвлөлийн цагаан сарын золголт байдаг. Холхи хязгаарын нэгэн сумын уулзалт-золголт гэхэд л Бөхийн өргөө мэтэд багтаж ядна. Ийм уулзалт нийслэл, дүүргийн иргэдийн хурлаас ч тогтмол бөгөөд тэднийг дагуулахгүй ирцтэй.

Улаанбаатарчуудын санааг өнөөдөр хамгийн их зовоож байгаа асуудал бол “Хотын утаа” мөн үү, биш үү, бүү мэд. Утаа нь уушгийг хордуулж байгаа угаар гэхээсээ илүү манай эдийн засгийн салшгүй хэсэг, өвөл цагийн улс төрийн гол хэрэглэгдэхүүн болчихсон учраас л анхаарлын төвд байгаа юм биш биз?

Харин орон нутагт нь зуд болуул яахав, яаж малчдад туслах вэ гэдэг бол нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал мөнөөсөө мөн. Тэр ч бүү хэл, албан хаагчдын цалин нэмэх мөнгөгүй төр засагт маань зуд болбол тараах мөнгө байж л байгаа.

Ингэхэд улаанбаатарынхны үндсэн эрх ашиг юу вэ, нийслэлийн иргэдийг нийслэлийн иргэний утгаар үнэн санаанаас нь нэгтгэдэг ёс суртал нь хаана вэ?

ГУРАВ. УДААН СУУДАГГҮЙ ХОТ

Угаасаа нүүдэлчдийн бөөгнөрөл түр зуурынх байж ирсэн. Тэдэнд хот байгуулалтын соёл туршлага байхгүй учраас нүүдэлчний стилиэр түр хамтраад сална. Ер нь хувь хувийн амбицаа хөөсөн нүүдэлчдийн хамтын суурьшил, хамтын айлсал, хамтын ажиллагаа, хамтын нөхөрлөл бүгд л түр зуурын шинжтэй.

Өнөөгийн нийслэлийн үндэс суурийг тавьсан “өргөө” ч нэг газар удаан тогтдоггүй байв. Хотыг дагасан дэд бүтэц үүсгэх соёл, туршлага дутмаг учраас “ ойр хавьд түлээ түлш олдохоо байсан”, “морины аргамжаа муудсан ( хавь ойрын бэлчээр талхлагдан морь идэшлүүлэх газар олдохгүй) учир” байн байн нүүж байсан ажээ.Муу ус зайлуулах бүтэцгүй “Өргөө”-д ариун цэвэр сахиулах ажлыг золбин ноход гүйцэтгэнэ.

Угаасаа Да хүрээ нь нэгдсэн захиргаагүй, шавь нь шавьдаа, харин түр ирсэн хүмүүс аймгийнхаа суурин жасаанд хамаарна. Нутаг ойр учраас зүүн хоёр аймаг суурин жасаатай, харин баруун аймгууд хэрмэлийн буюу нүүдлийн жасаа хэмээх засаг захиргааг их хүрээнээ байгуулсан байв. Тэдгээр нь Өргөө дахь албан ёсны нутгийн зөвлөл бөгөөд хотод ирсэн иргэдийн хэргийг шийдэж, татвар ногдуулж, цэрэг цуухад татна. Өргөн уудам нутагтаа нүүдэллэн амьдрах монголчууд хаана ч явсан үндсэн захиргаатай байсан аж. Үндсэн захиргаа гэж…

Тэрхүү үндсэн захиргаа одоо ч биднээс салахгүй дагаж яваа нь өнөөгийн “Нутгийн зөвлөл”-үүд бөлгөө. Амь бөхтэй энэ зохион байгуулалтыг Манж чин гүрний вассаль байх үед хийсэн бөгөөд Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” зохиолын На түшмэл бээр Монголын түүхийг гуравхан өгүүлбэрт багтаан “Богд Чингис хааны үед их гүрнийг байгуулаад, Автай сайн ханы үед Гомбогүр бурхныг залаад, Энх-Амгалан хааны үед тусгай засаг хошууг байгуулаад” гэж хэлдгийн учир тэр. Энэ өгүүлбэрт монголчууд тулгар төрөө байгуулж, үндэсний шашинтай болж, засаг захиргааны шинэчлэл хийсэн үеүдийг заасан байдаг.

ДӨРӨВ. ИХ УХРАЛТ

Нүүдэлчид угаасаа л овог аймагт хуваагдсан хэвээрээ удаан явжээ. Тэр нь цусан төрөл, нэг овогтны холбоо гэхээсээ илүү нутгийн зөвлөл, жалга довны группийн шинжийг агуулна. Ийм учраас хүн нэг аймгаас нөгөө аймагт шилжиж болно. “Нууц товчоо”-г уншсан болгоны мэдэх зүйл л дээ.

Харин иргэншиж хөгжсөн газар оронд энэ үзэл халагдаж, нэг хотынхон, нэг улс үндэстэн болон хувирч байжээ. Хүн төрөлхтний түүх бол ураг садан, жалга довны нэгдлээ даван туулж үндэсний эрх ашгийн нийтлэгтэй болж чадсан шаштир ажгуу. Глобальчлал, ардчилал гэдэг ойлголт өнөөдөр хүн гэдэг амьтан “хүн төрөлхтний нийтлэг”-тэй болж буйн жишээ.

Анхандаа шашин шүтлэг, үндэсний зан суртал нь овог аймгаас илүү том нийтлэг бий болгож байсан ч өөр шашин суртлын хил хязгаар дээр тулж, зарим газар мөргөлдөж байж.

Магадгүй энэ хязгаарыг илүү том тэлсэн зүйл бол улс төрийн нам болов уу? Бид өнөөдөр улс төрийн энэхүү байгууламжийг шавартай хутгаад хаячихсан болохоос биш, цаад гарвалаараа хүний түүхийн гайхамшигт дэвшил байлаа. Учир нь хүмүүс овог аймаг, шашин, гарал үүсэл, арьсны өнгөнөөс үл хамааран улс төрийн үзэл бодлоороо нэгдэх боломж олсон нь улс төрийн нам байж.

Жишээлэхэд, бидний сайн мэдэх коммунист чиг баримжаатай үзэл суртал ба намууд бөмбөрцгийн хүн ардын бараг талыг эзэгнэж байв. Даанч,“хоосон ядуу ч гэсэн хүн мөн” гэдэг тэнгэрлэг үзэл санаанаас гараагаа аваад “хоосон ядуу л бол хүн мөн” болж гуйвснаас биш.

Социализмын жилүүдэд, ялангуяа Ю.Цэдэнбал даргын удирдлагаар овог аймгийн үзэл санаанаасаа төдий л холдоогүй монголчуудыг үндэсний нийтлэг үнэт зүйлтэй болгох олон ажил хийгджээ. Бөхчүүдийг хүртэл аль нэг аймаг орон нутгаар цоллон дуудахаас зайлсхийж биеийн тамир спортын нийгэмлэгүүдийн өмнөөс барилдуулж байлаа.

Америкийн хөгжил дэвшлийн нууцыг чухам овог отог, арьсны өнгө, шашин шүтлэгийг давсан нийтлэг эрх ашгийг бий болгож чадсан явдал хэмээн бахархаж бичдэг. ХХ зууны Монголын соёлын довтолгооны бас нэг том ололт нь жалга довны үзэл санаанаас давсан “БНМАУ-ын иргэн”, “монгол эх орон” зэрэг үндэстний нийтлэгийг бүтээж чадсан явдал байлаа.

“Заяын шавийнхан, Дархан бээлийн хошууныхан, Дорж тайжийн хамжлага хэмээх бяцхан “нийтлэг”-тэй явсан монголчуудад “эх орон” гэдэг хэллэг, ойлголт байсангүй. (Монголчууд өөрснөө гурав дөрөв хуваагдчихсан цаг).

Магадгүй, орос хэлний отечество, родина, народ, партия гэдэг үгсийн орчуулга болох “Эх орон”, “ард түмэн” гэхчлэнгийн үгс нь бид үндэстэн болж цогцолсны илрэл байв. Чухам энэ дэвшлийн үрээр л эх орон хэмээх тугийн дор нэгдсэн манай улсын буддын шашинт монголчууд, ислам шашинт казахууд хоорондоо овог аймаг, шашин шүтлэгээрээ бус харин намаараа ялгаран “үзэж” тарж байгаа билээ, дэвшил шүү.

Харамсалтай нь, социализмд бүтээгдсэн үнэт зүйлсийн нэлээд нь албадлага дээр тогтож байснаас болсон уу, угаасаа хотшин иргэншиж гүйцээгүй байхдаа ардчилалтай золгосон улсын зовлон ч юм уу, олон сайхан ололт нь нурж эхэлсэн юм.

Тэдний нэг нь монголчууд улс үндэстний нийтлэгээсээ ухарч нутаг усны буюу овог аймгийн эрх ашгийн нийтлэг рүүгээ хийж буй ухралт бөлгөө. Үндэсний хэмжээний энэ ухралт арай гэж хотшиж байсан нийслэлийн хүүхдүүдийг ч үертээ хамжээ. Тэд энэхүү овог, аймгийн байгууламжийн аль нэг хэсэгт л хамаарахгүй бол улс төр хийж чадахгүй болсон учраас эцэг эхийнхээ намтрыг судлан сонголт хийж байх шиг.

Нийслэлийн унаган иргэд болох Н.Энхбаяр аавыгаа даган Архангайн овогт очиж, М.Энхсайхан Дорнодын отогт нэгдэн, С.Баяр Хөвсгөлөөр аймагжсан нь үүний жишээ гэлтэй.

Нэг талаасаа төрөлх нутаг орноо хөгжүүлэх, байгаль дэлхийтэй тогтоосон хүйн холбоогоо эргэн санах тэнгэрлэг үйл мэт. Гэтэл, ХХ зууны монголчуудын гол ололт болсон хотшил иргэншлийн эсрэг чиглэсэн нүүдэл болж байдаг.

Энэ ухралт эхэндээ биднийг нийслэлийн иргэн, Улаанбаатарын хүн биш болгож, Улаанбаатарыг “миний биш болгож” эхэлж байна. Дараа нь монгол хүн, Монголын иргэн гэдэг нийтлэгийг эвдэж эхэлбэл яах вэ?

Бидний, хотынхоо өмнө нэр нүүртэй байхаасаа илүүтэйгээр хот айлынхаа өмнө нүүр улайхгүй байх эрмэлзэл “хөгжсөөр” байгаад “овог аймгийнхаа өмнө хүлээх хариуцлага нь улс үндэстний өмнө хүлээсэн үүргээс давах” хэмжээнд очвол яах вэ?

Хэдэн жилийн өмнө “Увс хүн” гэдэг хөтөлбөр гарч, ном нь хэвлэгдэж байсныг наргиан болгоод өнгөрцгөөсөн. Одоо араас нь “Өмнөговь хүн”, “Алтай хүн” гарч хөгжөөд монгол хүн задарч эхэлбэл яах бол?

ТӨГСГӨЛ. “ЧИНИЙ ХОТ”-ООС “МИНИЙ ХОТ”

Монголчууд орчин үеийн утгаар суурьшиж эхлээд нэгэн жарныг үджээ. Харин иргэд нь далд ухамсраараа түүнийг хуучин цагийн өргөө, түр зуурын айлсал, асар том хот айл маягаар төсөөлсөөр. Тэрхүү далд ухамсар нь “Чи энд түр суугаа аяны хүн, чамд өөрийн гэх уугуул нутаг бий. Харин түүнийгээ мартаж болохгүй” хэмээн сануулсаар…Гончоом өмсөж, англиар яривч далд ухамсраас нь үл арилах сэтгэл зүрхний дуудлага.

Монгол хүн явсан газартаа нүүртэй байхаас илүү нутаг орондоо очих нүүртэй байхыг эрхэмлэдэг. Энэхүү далд чин эрмэлзэл бидний төрөлх хотдоо хандах хандлагыг тодорхойлсоор байна. Нэгэнт л нутаг нутгийн зөвлөлд албан ёсоор хуваагдсан иргэдтэй, тэд нар нь нийслэлд тулгамдсан асуудлаас илүүтэйгээр уугуул нутгийн цас зудыг чухалчилдаг Улаанбаатар хотыг хөдөөний хүн удирдах, хотын суугуул захирах хоёрт зарчмын ялгаа байхгүй л болов уу?

Хамгийн гол нь Улаанбаатарыг хот шиг хот байлгахын эхлэл нь хотод суугаа энд тэндхийн уугуулуудын сэтгэл зүрхийг эгүүлэх явдал юм шиг байна. Улаанбаатар хот миний хот болох ёстой. Энэ алхмыг үндэсний зан үйл, уламжлалт соёлдоо шингээж эхэлбэл ямар бол? Жишээлэхэд, Улаанбаатарын, Сүхбаатар дүүргийн бөх хэмээн цагаан сараар цоллохоос эхэлбэл…

Чухамдаа “улаанбаатарын хүн”, “Миний Улаанбаатар” гэдэг ойлголт, итгэл үнэмшил л биднийг өөр хаанахын ч биш “Монголын хүн” болох зам руу маань эргүүлэн хөтлөх болов уу?

Categories
мэдээ цаг-үе

Б.Цогзолмаа: Хүүхдийг өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн арга бол нар, ус, агаараар чийрэгжүүлэх

Амар-Мед хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Цогзолмаатай ярилцлаа.


-Өвлийн улиралд хүүхдийг ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хүүхэд нялхсын дунд хамгийн элбэг тохиолддог өвчин бол намар, өвөл, хаврын улиралд элбэг тохиолдох амьсгалын цочмог халдвар буюу ханиад томуу юм. ДЭМБ-ын шинжээчдийн дүгнэлтээс харахад хот суурин газрын хүүхэд жилдээ 5-8 удаа хөдөө орон нутгийн хүүхдүүд 3-5 удаа ханиад томуугаар өвдөж байна гэж дүгнэсэн байдаг. Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаас сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол хүүхдийн амьдрах сурах орчинг эрүүл байлгах. Хүүхдийн орчин цэвэр байх ёстой. Үүнд гэр болон цэцэрлэг сургуульд өдөрт хоёроос доошгүй чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдийн анги танхим, гэр орон тоглоомын газруудыг өдрийн цагаар хоёр цаг тутам 5-10 минутаар агаар оруулах хэрэгтэй. Мөн орчныг чийгшүүлж өгөх хэрэгтэй. Зуухан дээрээ том амсартай саванд ус хийж тавих, радиаторынхоо орчинд цэвэр саванд ус хийж тавих, агаар чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч асаах гэх мэт. Хүүхдийг дааруулахгүй, халууцуулахгүй дулаан хувцаслаарай. Манай эцэг эхчүүд хүүхдээ сэрүүний улиралд хэт бэгнэж халууцуулж хувцасладаг. Энэ нь эсрэгээрээ хүүхэд ханиад хүрэх, ханиадтай хүүхэд хүндэрч хатгалгаа болоход нөлөөлдөг. Хүүхэд тэжээллэг амин дэмээр баяжуулсан хоол өгөх, жимсний бүлээн шүүс уулгах, халуун бүлээн аарц сүү тогтмол уулгаж байвал хүүхдийн дархлаа сайжирна. Зургаан сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллоорой. Ингэснээр хүүхэд эхээсээ дархлааны иммунглобулин авч өвчнөөс хамгаалагддаг юм. Хүүхэд, томчууд бүгд ямарваа нэгэн үйлдэл хийхийн өмнө заавал гараа угааж байх шаардлагатай. Томуу томуу төст өвчин бол зөвхөн агаар дуслаар дамжихгүй бохир гар, орчноос халдварлагддаг гэдгийг битгий мартаарай. Мэдээж хүүхдийг товлолын вакцин болон улирлын томуугийн вакцинд хугацаанд нь хамрагдуулаарай. Хүүхдийг дагуулж шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, хэрэв зайлшгүй шаардлагатай бол маск хэрэглэж заншаарай. Маскийг хоёр цаг тутам сольж байх, болж өгвөл зориулалтын шүүлтүүртэй маск хэрэглэх нь ханиад томуу төдийгүй, агаарын бохирдлоос хамгаалж чадна. Эцэст нь хэлэхэд томчууд маань нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх нь үр хүүхэд болон өөрсдийгөө томуу, томуу төст өвчин болон сүрьеэ гэх мэт халдвараас хамгаалж чадна.

-Ханиад томуу хүрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах хэрэгтэй байдаг вэ?

-Ханиад томуугаар өвдсөн нөхцөлд хамгийн түрүүнд хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулалгүй гэрт нь дулаан байлгах хэрэгтэй. Ханиадны үед хамгийн түрүүлж илрэх шинж бол хамар битүүрэх нус гоожих шинж байдаг энэ үед хүүхдийн хамрыг хоёр хувийн содын уусмал юмуу 0.9 хувийн давсны усаар угаах, угааж чадахгүй бол хамарт нь дусааж хамрыг цэвэрлэх шаардлагатай. Үүний дараа хүүхдийнхээ цээжийг 20-30 градус орчим өндөрлөж хагас хажуу тийш нь харуулж хэвтүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн амьсгал саадгүй болох, хамрын салст хөөж хавагнахаас хамгаална. Дараагийн илрэх нэг шинж бол халууралт юм. Хүүхэд халуурах нь өвчнөө эсэргүүүцэж өөрийн интерфероноо ялгаруулж буй хамгаалах урвал юм. Хүүхдийн халууныг 38-38,5С хүртэл болж өгвөл эмгүйгээр буулгах гэж оролдох хэрэгтэй. Үүнд хүүхдийн хувцсыг нимгэлэх, хүйтэвтэр бүлээн нойтон алчуураар том судастай газар болох суга цавь, хүзүү цээжийг арчих, шингэн зүйл уулгах, хүүхдээ биендээ нааж тэвэрч тайвшруулах аргуудыг хэрэглэж болно. Хүүхэд халуурахдаа татдаг бол эсвэл тархины янз бүрийн эмгэгтэй, унаж татдаг гэх мэт асуудалтай бол халууныг яаралтай буулгах шаардлагатай бөгөөд халууныг ойрхон үзэж хянаж байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд 38,5С-ээс их халуурах, бага халуурсан ч зовиур их уйлагнуур байх, арьс эрээнтэж цонхийж цайж байвал парацетамол, ибупрофен зохих тунгаар уулгаж халууныг нь буулгаарай. Хэрэв 39С-ээс дээш удаан хугацаагаар халуурах, татах, уух, хөхөхдөө муудах шинж илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандаарай. Мэдээж ханиад хүрсэн хүүхэд ханиадаг энэ үед эцэг эхчүүд яаран антибиотик, цэр ховхлох эм уулгадаг. Цэр ховхлох шингэлэх эмийг 0-6 сар хүртэлх хүүхдэд дураараа уулгаж болохгүй. Хүүхэд бөгшүүлж удаан хугацаагаар ханиагаад байвал эмчид үзүүлж эм өгнө. Ханиад томуугаар өвдсөн үед хүүхэд хоолонд дургүй болдог. Энэ үед амархан шингэхүйц аль болох шимт бодисоор баялаг хурц биш хоол өгөх ёстой. Хүүхэд хоолонд дургүй болдог тул ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй. Хүүхэд халуурах үед амьсгал олширдог. Үүнээс гадна ханиад хүндэрч хатгалгаа болсон бол халуураагүй үедээ амьсгааддаг. Хүүхдийн амьсгалыг зөв тоолж сурах нь чухал. Хүүхдийг уйлаагүй тайван байх үед нь амьсгалыг тоолох ба нэг минутын турш тоолно. 0-2 сар хүртэлх хүүхдийн амьсгал нэг минутанд 60 ба түүнээс их болох, хоёр сараас нэг настай хүүхэд 50 буюу түүнээс их амьсгалах, 1-5 нас хүртэлх хүүхэд 40 ба түүнээс дээш амьсгалвал хатгалгаа болсон байна гэж үздэг. Мөн хүүхдийн цээж хонхолзох шинж хатгалгааны үед илэрдэг. Хүүхдийн цээж хонхолзох нь хатгалгааны шинж. Ханиад томуугаар өвдсөн үед гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулах, хүүхдээ дулаан хувцаслах хэрэгтэй.

-Өвчин тусахгүй байхын тулд дархлаагаа сайжруулах ямар энгийн арга байна. Дархлааны эм, бэлдмэлүүд их байдаг. Үүнийг хэрэглэх зөв үү, уг эм бэлдмэлүүд нь сайн болон сөрөг ямар талтай байдаг вэ?

-Хүүхдийг өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн арга бол нар, ус, агаараар чийрэгжүүлэх. Иймд хүүхдээ өвөл нь өвдүүлэхгүй байя гэвэл зунаас эхлэн бэлтгэх хэрэгтэй. Манай орны хувьд зун долоо, наймдугаар сар бол хүүхдээ чийрэгжүүлэх чухал улирал тул эцэг эхчүүд ажил амралтаа зохицуулж амрах хэрэгтэй. Мөн албан газрууд ч гэсэн бага насны хүүхэдтэй ажилчдадаа зуны улиралд амрах боломж олгож өгвөл танай байгууллагын ажил өвөл саадгүй үргэлжлэх боломжтой болно гэсэн үг. Мөн цэцэрлэгийн ахлах анги, сургуулийн сурагчдыг хөдөлгөөнт секц, дугуйланд хамруулах, сурагчдын үдийн цай нь шим тэжээллэг хоол хүнс байвал өвчлөхгүй байх бас нэг нөхцөл болно. Мэдээж зун намрын улиралд сүү, цагаан идээгээ түлхүү ууж, идэх, ойн жимс жимсгэнэ түүж идэх дарж нөөцөлж өвөл хаврын улиралд хэрэглэх нь дархлааг сайжруулах энгийн арга юм. Нялх нярай бага балчир насны хүүхэд хөгшдийг нартай дулаан өдөр айраг, шар сүү, сүүнд оруулах, шавших наранд шарах нь дархлааг дэмжиж чийрэгжүүлэх манай ард түмний уламжлалт арга байдаг.

Хүүхдийн дархлааны тогтолцоо нь бусад эрхтэн тогтолцооны нэгэн адил гүйцэд хөгжөөгүй байдаг. Хүүхэд төрөхдөө ихэсээрээ дамжуулан авч нөөцөлсөн эсрэг бие нь 2-3 сар орчим болоод багасаж эхлэх ба энэ үеэс хүүхдийн өөрийн дархлаа тогтолцоо бага боловч эсрэг бие ялгаруулж эхэлнэ. Мөн зургаан сар хүртэлх хүүхэд эхийн сүүнд байдаг хүүхдэд хамгийн тохиромжтой уураг, нүүрс ус, өөх тос, байхаас гадна янз бүрийн бичил элементүүд, ферментүүд, хамгаалах бодисууд болох иммунглобулин агуулдаг тул хүүхдийг хөхний сүүгээр хооллох нь маш чухал ач холбогдолтой. Сүүлийн үед маш олон төрлийн вирусийн эсрэг эм, дархлаа дэмжих эм гарах болжээ. Манай залуу эцэг эхчүүд ажлаа хийхийн тулд хүүхдийг хэт багаас нь ясли цэцэрлэгт явуулж байна. Энэ нь тэдний буруу биш юм. Амьдрахын тулд хөдөлмөрлөх нь чухал. Гэтэл манай орны хөгжилтэй холбоотойгоор эхчүүд, ээжүүд маань хүүхдээ гурван жил гэртээ хараад суух боломжгүй байна. Уг нь гурван жил хүүхдээ гэртээ харвал хүүхдийн өвчлөл, эндэгдэл багасч хүүхдүүд элдэв янзын дархлааны эм уух шаардлагагүйгээр дархлаа тогтолцоо нь хэвийн хөгжих боломжтой юм. Нэгэнт багаасаа маш ойр ойрхон ханиад хүрч хүндэрч эмнэлэгт хэвтэж, антибиотикийг ихээр хэрэглэж байгаа үед хүссэн хүсээгүй дархлааны дутагдалд орж байгаа үед дархлаа дэмжих эмчилгээг хийхээс өөр аргагүй болж байна.

-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх өөр ямар, ямар арга байна. Хүмүүс юунаас болоод ханиад томуу их тусч байна вэ?

-Ямарваа нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг бол эрүүл аж төрөх ёсноос эхэлнэ. Хүн ажиллах амрах цаг нь эрүүл зөв, идэх хүртэх хоол унд нь эрүүл зөв, тоглох хөгжилдөх нь ч эрүүл зөв, сэтгэл нь амар амгалан байвал хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлж байна гэж ойлгож болно. Иймд хүмүүс амьдралын буруу хэв маягаас болж дархлаагаа муутган үүнээсээ улбаалан ханиад томуу болон бусад өвчнөөр өвдөж байна. Эрт унтаж сайн амрах, зөв эрүүл шимтэй хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний дуталгүй идэвхитэй амьдрах, эрүүл агаар нар усаар чийрэгжих нь эрүүл амьдралын үндэс болно.

-Өвлийн улиралд агаарын бохирдол мөн өвчлөлийн эх үүсвэр болж байна. Үүнээс сэргийлэх энгийн арга юу байна?

-Агаарын бохирдолд зөвхөн утаа биш, хэт хуурайшил, гэр хороололын бохирын асуудал, хэт төвлөрөх асуудал, авто машины насжилт гээд маш том сэдвээр ярих хэрэгтэй болно. Ядаж хавраас зүлэгжүүлэх цэцэрлэгжүүлэх, моджуулах ажлаас эхлээд л ажлаа эхлэх хэрэгтэй юм шиг. Агаарын бохирдлоос зөвхөн амьсгалын замын өвчлөл биш ураг нярайн гажиг хөгжил нэмэгдэж байна. Төрөл бүрийн хавдрууд нэмэгдэж, мэдрэл, сэтгэцийн өвчнүүд, арьсны харшлын өвчнүүд нэмэгдэж байна. Агаарын бохирдлоос сэргийлэх арга ядсан энгийн арга нь маскаа л зүүх юм даа. Орчин үед зориулалтын утаа бактер шүүгчтэй маскнууд худалдаалагдаж байгаа. Маскийг тохирсон хугацаагаар нь зүүгээд устгах хэрэгтэй. Удаан хугацаанд хэрэглэсэн маск нь таныг дахин эрсдэлд оруулах болно.


Categories
мэдээ цаг-үе

Цор ганц гоо үзэсгэлэн чамайг татвар эмийн байр сууринд хүргэнэ

Image result for бүсгүйн код“Бүсгүйн код” номын зохиогч бүсгүйчүүдэд хандан “Цор ганц гоо үзэсгэлэн чамайг татвар эмийн байр сууринд аваачиж дөнгөнө. Харин хатан хаан болоход чамд үүнээс илүү зүйл хэрэгтэй” хэмээн өөрийн амьдралын бодит түүхийг дэлхийн лидерүүдийн амьдрал хандлагын хэв маягтай хослуулан хүүрнэжээ.

Тухайлбал, хэрэв чамд эрчүүдийн харцыг татах том хөх, гоолиг бэлхүүс байхгүй бол давуу талаа ашигла, гэнэн цайлган охины дүрд тогло гэв. Глория том хөх, гоолиг бэлхүүс, долгиолсон хөвсгөр шар үстэй, өндөр нуруутай. Түүний гоо үзэсгэлэнг шилэн хананы цаанаас харсан эрчүүд өлсөөгүй байсан ч орж ирээд хоол авдаг байж. Бүх л эрчүүд зөвхөн Глориягийн үйлчилдэг хэсэгт суудаг байсан бол Реймон Симон хэмээх чинээлэг залуу л харин Барбарагийн хариуцдаг текээр үйлчлүүлдэг байв. Энэ залууд түүний гэнэн хонгор зан, хүүхдэрхүү төрх ихэд таалагджээ. Ингээд хожим тэд гэр бүл болон үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж амжилтад хүрнэ. Гэтэл нэг л өдөр Реймон нарийн бичиг бүсгүйтэйгээ гэрлэхээр болов. Энэ үед Барбара бялууны хамгийн жижиг зүсэм амттай хэмээх ээжийнхээ хэлж байсан ёсоор бүх сонголтыг нөхөртөө өгөөд, түүний сонгоогүй үлдэгдэл хувьцаагаа эзэмшин хоёр тийш болжээ.Ингээд тэрбээр өөрийн “Коркоран групп”-ээ нээн үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч нэг л ажил нь явдаггүй, нэгэн өдөр “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл унаж болзошгүй” хэмээн “Гиббонс Энд Ивенс” компанийн захирал Брестер Ивес “Нью-Йорк Таймс” сэтгүүлд ярьсан байжээ. Түүнийг уншсан Барбара үл хөдлөх хөрөнгийн талаар яагаад заавал энэ хүн ярих ёстой гэж, манай компани бодит судалгаагаа хэвлүүлж байх ёстой бус уу хэмээн “Нью-Йорк Таймс” -тай хамтран ажиллаж эхэлтэл тэдний нэр хүнд өсч өндөр амжилтанд хүрнэ. Тухайн үед үл хөдлөхийн томоохон төлөөлөл байсан Доналд Трамп хүртэл түүнтэй уулзаж, эдний компаниар “Трамп таур”-аа борлуулуулдаг.

Номын зохиогч Барбарагийн амжилтад хүрэх хандлага, дадал, сэтгэлгээний тухай бүсгүйчүүдэд зөвлөж буй хэд, хэдэн санаа бий. Тухайлбал, тэгж болохгүй, томоотой байх ёстой, ямар ч алдаа хийдэггүй, эрсдэл гаргадаггүй, юуг ч туршиж үздэггүй зориггүй байх нь хамгийн онц хүүхэд гэх сургалтын систем хүчирхэг бус иргэнийг бэлдэж, бусдыг хохироодог гэжээ. Ийм онц сурлагатан нь бусдыг ажил хийлгэх менежер, нарийн бичиг, сайн зохион байгуулагч байж чадна. Харин тухайн байгууллагад шинэ нээлт, том төсөл бүтээнэ, байгууллагыг нэг шат ахиулна гэж тэднээс хүлээх хэрэггүй гэсэн байна. Мөн эрчүүд яагаад манлайлагч байдаг вэ гэвэл маш өөртэй итгэлтэй. Энэ дэлхийн хамгийн өөртэй итгэлтэй хүн бол ноён Доналд Трамп гэсэн байна. Мөн нугарч мятаршгүй байх эрдэмд суралц, эрүүл мэнд болон зүрхээ хайрла, бүх зүйлийн хэм, хэмжээг тохируул. Тайлах боломжтой оосрыг хэзээ ч бүү тасал буюу бусдаас заавал хагацах биш, зүгээр л холдох хэрэгтэй. Амжилттай байх тусам чиний тухай муу мэдээлэл их гарах тул үүнийг давахад бэлэн бай. Уучлал гуйж сур. Саруул ухаанаар зэвсэглэсэн гоо сайхны өмнө өвдөг сөхөрдөггүй эр хүн гэж энэ хорвоод нэгээхэн ч үгүй. Ухаалаг боловсролтой, хөдөлмөрч бүсгүйчүүд олон байдаг ч өөртөө итгэх итгэл, манлайлах чадварыг суралцаагүй тул амжилтад хүрдэггүй.

“Арслан хэзээ ч нохой хуцах төдийхөнд эргэж хардаггүй” жижиг зүйлсэд анхаарал хандуулахгүй зөвхөн зорилгынхоо төлөө тууштай бай. Бусад бүх хүнд шударга хандах нь удирдагч байх гол шинж. Хүмүүсийн хоорондын харилцааг зөөллөж уян хатан бай. Бусдын арга барилыг судал, өөрийн гэсэн хэв маягаар амжилтад хүр. Хатагтай Меркелль гэхэд л маш эелдэг даруу төрх, нэгэн хэвийн төлөв хувцаслалт, найрсаг харилцаагаар имиж бүрдүүлж, олны өмнө гараад юу хэлэх, яаж зогсох хаашаа харж инээмсэглэхээ хэдэн өдрийн өмнөөс хэдэн арван мянган удаа давтаад, төлөвлөгөө ёсоор олны өмнө гардаг, ингэж бусдын хүндэтгэлийг хүлээсэн хүн гэжээ. Эцэст нь хамт ажиллагсад чинь чамаас өөр үзэл бодолтой бол дундыг баримтал. Агуу удирдагч нар үр дүн бүтээхийн тулд буулт хийж чаддаг гэжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Морроу ба “Миний монгол орон”

Монголын тухай дурсамж тэмдэглэл олон, Марко Поло, Плано Карпинигаас эхлээд. Үнэн хэрэгтээ бидний бүтээж өвлүүлснээс ч дутахгүй дурсамжийг чухам тэд л бүтээж хүн төрөлхтний ой санамжид үлдээсэн ч байж магадгүй.

Гэхдээ дурсамж тэмдэглэлүүд олон янз. Шашин номлооч, наймаачин, тагнуул, судлаач зүсэн бүрийн хүмүүсийн хандлага, харах өнцөг тэнд шингээстэй. Нэг хэсэг нь “буруу номтон, гэгээрүүлэхээс өөр замгүй харанхуйчууд”, “ зэрлэгүүдийн удам, удахгүй мөхөж буй үндэстэн, хэдхэн жилийн дараа эзгүйрэх газар нутгийг нь эзлүүштэй” гэхчлэнгийн байр суурьтай байх аж. Нөгөө зарим нь зүгээр л гайхан биширч, догдлон харна. Харин цөөн хэд нь монголчуудыг ойлгон танихыг хичээж, дотносон уусаад, дотроос нь харахыг хичээх ажгуу.

Тэдний нэг нь Шведийн шашин номлооч бөгөөд “Монголын гүн” гэгдэх Ларсон. Тэрээр загалмайн шашин номлохоор хээр талд хөл тавьсан боловч тал нутгийн буддистууд ба анимистуудын дотно анд, итгэлт хүн нь болжээ. Тусгаар тогтнолоо сэргээх үеийн монголчуудын гадаад харилцааны, ялангуяа гурав дахь этгээд рүү чиглэсэн алхмууд чухам түүний оролцоо, санаачилгаар явж байлаа. Хэдийгээр Загалмайн номлолоор нүүдэлчдийг соёхоор ирсэн боловч монголчуудын амьдралын философи зан суртлыг харилхаж харахын оронд дотносон танихыг хичээсэн байдаг юм, Ларсон гуай.

Ларсоны дурсамжид нэг сонин хэсэг бий. Тэрээр аргал түүж яваа самгантай хээр тааралдана. Ларсон бодохдоо, хөөрхий энэ эмэгтэй талаар нэг тарсан аргалыг яажшуухан зовж түүгээ бол, бас зовж түүсэн аргалынхаа нэлээдийг ноён эзэндээ өгч таардаг байхдаа, хэцүүхэн ч хорвоо юм даа гэх маягаар төсөөлжээ. Гэтэл мөнөөх самган түүнийг алс холын Швед орноос ирснийг дуулаад “Хөөрхий минь, тийм алс газар төрсөн ч гэсэн энд хүрээд ирдэг нь болж дээ, бас л аз түшсэн хэрэг шүү” гэчихээд ихэс дээдсийн бардам алхаагаар намба төгөлдөр гамбайсаар оджээ.

Өөр нэгэн монголжсон монголч бол Данийн судлаач Хеннинг Хаслунд Кристенсон. Тэрээр монголчуудыг өрөвдөж хайрлаа ч үгүй, бахдан шагшаа ч үгүй, харин байгаа байдалд нь уусан нийлсэн нэгэн бөлгөө.

Олон арваар тоологдох монголч, монголын тухай бичээч нараас эднийг онцолсны учир нь ийм юм. Тэд монголыг сонжих, өөрчлөхийг бодохын оронд байгаа байдлаар нь хүлээн авч өөриймшин харж, сэтгэлээрээ ууссан цагаан арьст монголчууд байгаа юм.

Өөрийн өнгө төрхтэй, Монголын тухай монголсуу бүтээл нэгээр нэмэгдэж байгаа нь манайхан “ХААН банкны” хэмээн авгайлж агсан Питер Морроу гуайн амьд ахуйдаа бичиж үлдээсэн “My Mongolia”(Миний монгол орон) хэмээх ном юм. Уг бүтээлийг НЭПКО хэвлэлийн газраас олны хүртээл болгож байгаа билээ.

П.Морроу бээр 2000-оны босгон дээр Монголд ирж ХААН банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж бидний танил болсон хүн. Орчин үеийн Монголын анхны гадаад захирлын нэгэн, тэр тусмаа Зөвлөлтөөс өөр орны харьяат анхны “гадаад дарга” тэр байсан байх.Бас төмөр хөшигний цаана “бүтэж бүрэлдсэн” шинэ монголчуудын дотор ажиллаж, дундаас нь удирдаж, төвөөс нь харах боломж олсон чөлөөт ертөнцийн анхны төлөөлөгчийн нэг ч бас мөн байх. Монголчуудтай анх танилцах үеийн сэтгэгдлээс эхлээд шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, айл гэрийн амьдрал, Чингис хааны өв, нинжа нарын тухай олон хэсгээс бүрдсэн байх аж.

Уг бүтээл дотор , марзан Шаравын “Монголын нэг өдөр” маягаар зураглан бичсэн “Монголын нэг өдөр-2000”, “Монголын нэг өдөр-2014” зураглалыг харьцуулан уншихад сонин ажгуу.

Монголын уудам нутгаар хамгийн их тархсан нэгжтэй ХААН банкыг удирдах зуураа говь, хангай, ой хөвч, уул хангайгаар аялсан тэмдэглэлүүдээс гадна, нүүдэлчний амьдрал, ертөнцийг үзэх үзэл, үлгэр мөрөөдөл, төөрөгдөл гэгээрэл, уналт бүтээн босголт дундаас өндийж байгаа шинэ Монголын дүр төрхийг тодорхойлон өгүүлсэн бичлэгүүд нь сонирхол татам ажээ.

Бидний амьдралыг сайн мэдэх хүний хувьд хөгжөөн наргиантай зүйлсийг нь цөөнгүй дурдаж. Түүнийг банкны захирлын ажил хүлээж аваад удаагүй байхад нэг ажилтан нь тайлангаа тавих зуураа “Манай Гонгор бурхнаа тахиулаагүй жил өнжсөнөөс банкны үйлс тааруу байна” гэж сануулсан нь тухайн үедээ бараг л хэвийн үзэгдэл мэт байсан ч эргэн сонирхоход гашуун болоод наргиантай.

Бас нэг бөө-үйлчлүүлэгч түүн дээр ирээд, таны ажлаас нь халсан хүн надаар хараал хийлгэсэн байгаа. Хэрвээ та төлбөрийг нь хийвэл уг хараалаа хүчингүй болгох төдийгүй таны өмнөөс түүнд хараал хийх зэргээр үйлчлэх, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн зэрэг нь бидний ердөө хэдхэн өдрийн өмнөх дүр зураг л даа.

Зохиогч өөрөө монгол оронд хувийн хэвшил үүсч тогтнох, орчин үеийн менежмэнтийг хээр тал нутагт дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд манай төрөөс “Алтан гадас” одонгоор шагнуулсан нэгэн.

Бас тэрээр манай зураач урчуудын ивээн тэтгэгч, тэдний бүтээлийг өндрөөр үнэлэгч, урлаг соёлын салбарын томоохон ивээн тэтгэгч-мценат байсан бөгөөд түүний шилээвэр цуглуулга нь Монгол оронд үлдсэн юм байна.

Монгол орны хамгийн зах хязгаарын нэгжийг хүртэл хамарсан орчин үеийн, хувийн хэвшлийн хүчирхэг санхүүгийн тогтоц болох ХААН банкыг бүтээлцсэн П.Морроугийн “Миний монгол орон” номын учир иймэрхүү.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: Ядаж утааны голомтын айлуудад хүргэхийн тулд “Илч 2.0”-г үйлдвэрт шилжүүлэх хэрэгтэй

Өнгөрсөн долоо хоногт болсон “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэнд 97 байгууллагын 200 гаруй инновацийн бүтээгдэхүүн оролцсоноос шилдэг бүтээлээр Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан зохиогчтой “Илч-2.0” дулааны хуримтлуур шалгарсан юм. Уг дулааны аккумулятор нь оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хурааж өдрийн турш цахилгаан хэрэглэлгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барьж байх зориулалттай аж. Уг төхөөрөмжийг тус хүрээлэнгийн эрдэмтэд зургаан сарын хугацаанд хийж туршсан бөгөөд одоогоор хоёр ширхгийг үйлдвэрлээд байгаа ажээ. Тиймээс энэ талаар Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-“Илч 2.0” дулааны аккумуляторын онцлог чанарыг танилцуулаач. Энэхүү төхөөрөмжийг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-2016 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаас Шинжлэх ухааны академид утааг бууруулах чиглэл өгсөн. Тиймээс эрдэмтдийн баг гурав хуваагдан ажиллаж эхэлсэн юм. Тодруулбал, дулааны ажлын хэсэг, цахилгааны ажлын хэсэг, автомашины бохирдлыг бууруулах ажлын хэсэг гэсэн гурван ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн байдаг. Тэр хооронд шөнийн цахилгааныг тэглэх шийдвэр гарсан юм. Манай дулааны ажлын хэсэг нь яндангийн тоог бууруулъя гэдэг шийдэл гаргаад, 50 айлын дунд хэсэгчилж халаах халаалтын зуух тавиад, оператор компани байгуулагдаад, ажиллавал ямар вэ гэдэг судалгаа явуулж зураг төслийн ажлуудыг хийсэн. Үүний дараа үнэгүй болсон шөнийн цахилгааныг хэрхэн хуримтлуулж өдөр ашиглах боломжтойг тооцоолон энэхүү дулааны аккумуляторыг хийх санаагаа гаргасан юм. Ингээд 2016 онд шөнийн цахилгааны тэглэлттэй холбоотойгоор гэр сууцанд зориулж “Илч 2.0” нэртэй аккумуляторыг хийж эхэлсэн. Оройны 21.00 цагаас 06.00 цаг хүртэл 45 клаватт цахилгаан хуримтлуулж аваад, хадгалж, ашиглах юм.

-Нэг айлын дулааны өдрийн хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг үү?

-Өдрийн хэрэгцээг бүрэн хангана. Үнэхээр шөнийн цахилгааныг тэглэсэн тохиолдолд тухайн аккумуляторыг хэрэглэж байгаа айл арваннэгдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл дулааны мөнгө төлөхгүй байх бүрэн боломжтой. Мөн уг төхөөрөмж дээр хоол цайгаа хийчих боломжтой плитканы ширэм байрлуулсан байгаа юм.

-Үүнийг үйлдвэрлээд борлуулах боломж байна уу. Нэг аккумулятор хэдэн төгрөг болж байна вэ?

-Үйлдвэрийн туршилтыг олон жил хийсэн. Харин хэрэглээний туршилтыг Боловсролын яамнаас гаргаж өгсөн судалгааныхаа гэрт хийсэн байгаа. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд туршилт хийсэн. Одоо бол үйлдвэрлэх л хэрэгтэй байна. Ядаж хотын утааны голомт гэгддэг цэгүүдэд хүргэхийн тулд үйлдвэрт шилжүүлэх хэрэгтэй. Бидний тооцоолсноор нэг “Илч 2.0” төхөөрөмж нэг сая 200 мянган төгрөгийн өртгөөр зарагдахаар байна. Мянган ширхгийг хийнэ гэж үзвэл тэрбум төгрөг болох юм.

Энгийн дөрвөн зуухны үнээр нэг айл нэгийг авна гэсэн үг. Үүнийг аваад үйлдвэрлээд, импортын төхөөрөмжүүдтэй өрсөлд, бид үнэгүй угсраад, заагаад өгье гэж байгаа ч авч хийх сонирхолтой компани ховор байна.

-Зөвхөн гэрт зориулсан юм уу, байшинд тавих боломж бий юу?

-Гэрт тавих зориулалтаар угсарсан болохоос биш, байшинд тавих бүрэн боломжтой. Угсраатай төхөөрөмжүүдийг салгаад, өөр, өөр өрөөнд байрлуулж болно, мөн угсруулаад пар хэлбэрээр ч байрлуулах боломжтой юм. Одоогоор монгол зуухны оронд тавина гэж үзээд пийшин шиг угсраад тавьчихсан байгаа юм.

-Монгол инженерүүд энэ мэт бүтээлүүдийг хийж байна. Утааг бууруулахад хамгийн тохиромжтой нь ямар, ямар шийдлүүд байна вэ?

-Манайх дулааны, шаталтын хүрээлэн. Аливаа улсын хүмүүс нэгдүгээрт хөлдөөд үхчихгүй байх, хоёрт өлсөөд үхчихгүй байх хэрэгтэй. Тэгэхээр манайх нэг номерын хүрээлэн байх. Гэтэл 2015 онд Засгийн газраас тушаал гаргаад биднийг төсөвгүй болгочихсон. Уг нь бол бид өмнө нь явж бодлогыг нь тодорхойлох ёстой байсан ч ард нь гараад, туслалцаа үзүүлэхийг л бодож байна. Тухайлбал, Э.Бат-Үүл даргын үед хэсэгчилсэн жижиг, жижиг инженерийн байгууламжийг байгуулъя, хоёр мегаваттын зуух хэрэгтэй гэхээр нь хоёр мегаваттын зуух хийгээд эхэлсэн. Тэр нь явахгүй нь тодорхой болчихоор нь гудамж, гудамжинд нь халаах бололцоо байна. Яндангийн тоог ч цөөлнө гээд 50 айлын дунд тавих зуухны загвар зохион бүтээсэн. Үүнийг хөдөлгөх юм уу хөдөлгөхгүй юм уу бүү мэд. Аль чадахаараа бид хийдэг ч нөгөөдүүл нь ярьдаг боловч ажил хэрэг болгодоггүй. Ингэж байтал тогны үнийг тэглэсэн, энэ тохиолдолд ийм хуримтлуулах төхөөрөмж хэрэгтэй гээд зохион бүтээлээ. Энэ болгонд засагт мөнгө байхгүй юм байна. Зуухыг сайжруулаад, үнэгүй заагаад өгье та нар үйлдвэрлээд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөөч ээ гэж сургалтууд зарлаад байдаг, зарим нэг нь сонирхдог, хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллахыг хичээдэг. Манай хүрээлэн зүгээр суухгүй л байна.

Үүнийг аваад хэрэгжүүлчихье гэж дэмжиж байгаа нь хэд байна вэ?

-Манай Монголд эс үйлдэх гэсэн өвчин байна. Ирлээ, үзлээ ярилаа, эргүүлээд надад зөвлөмж өгчихөөд явчихдаг. Тэгээд л хийхгүй хаячихна. Манайд уг нь ийм зуухыг туршдаг лаборатори, төв байдаг. Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй нэлээд сайн хамтарч ажиллаж байна. Манай төв дээр ирээч. Зуухаа лабораторит туршуулаач гэж байгаа юм. Утааны эх үүсвэр иргэдтэй их холбоотой. Хүмүүс зөв галлагааны талаар ярихаа больчихсон байна. Зөв галлагааг сурталчлах хэрэгтэй. Утаанаас салахад иргэн бүрийн үүрэг оролцоо хэрэгтэй. Өдөр тутам ядаж зөв галлаад сурчихмаар байна.

-Зөв галлах технологи гэхээр энгийн зууханд ч хамаатай юу?

-Энгийн дөрвөлжин пийшин бол боломжгүй. Төслийн зуух болон босоо хэлбэртэй зуухны галлагааг зөв хийвэл утаа гарахгүй байх, хор багатай утаа гарах боломжтой. Мөн зуух нь керамиктай байх хэрэгтэй. Ноцоолтын үеийн модны температурыг хаагаад, нүүрсэндээ өгчихнө. Зөв галлагаа технологийн шийдлүүдийн тухай яримаар байна. Өөрөө өөрийгөө хордуулаад байгаа тухай хүмүүсийн тархинд нь сайн суулгаж өгөх хэрэгтэй. Монгол улс инженерийн дутагдалд ороод байгаа зүйл алга. Хүмүүсийн толгойноос л болж байна, хэлээд байхад хийхгүй байна. Хаана хаанаа зөвхөн цэцэрхээд л яриад байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Хамгийн анхны уламжлалт анагаах ухааны эмч нар

Монголд хамгийн анх удаа “Уламжлалт анагаахын их эмч” гэсэн мэргэжлийн диплом гардан авч байсан нэг ангийнхан өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр ойн баяраа нижгэр тэмдэглэцгээсэн юм. Тэд 1993 онд АУИС-ийн Уламжлалт анагаахын ангийг төгссөнөөс хойш 24 дэх жилдээ мэргэжилдээ үнэнч амжилттай ажиллаж байгаа юм. Эдний ангиас Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн нэг, академич хоёр, Анагаах ухааны доктор тав гарч бараг бүгдээрээ магистр, уламжлалт анагаахын ахлах болон тэргүүлэх зэрэгтэй эмч, клиникийн профессорууд болжээ. Оюутан байхынх нь гол зорилго бол Монголын уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх байжээ. Тэд үнэхээр зорилгоо биелүүлж уламжлалт анагаахыг хөгжүүлж чадсан гэдгийг ангийнхны амжилтаас харж болох аж. Тухайлбал, Шаравын Болд гэхэд л ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор болжээ. Одоо тэрбээр уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн “Эмийн үйлдвэр”-ийн даргаар ажиллангаа “Ач” АУИС, ЭЗШУИС-д багшилдаг байна. Тэрбээр гадаад хэлээр 18 ном хэвлэж, зургаан баримтат кино бүтээсэн гэх зэрэг хийсэн ажил ихтэй хүн. Мөн Далхын Цэрэндагва нь ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашихын зэрэгцээ маш олон ном товхимол гаргасан эрдэмтэн ажээ.

Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж одоо АШУҮИС-д профессор багшаар ажиллахын хажуугаар АШУҮИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, ЭМЯ-ны УАУ-ны мэргэжлийн зөвлөлийн гишүүн эмч судлаачдын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн зэрэг олон ажлыг зэрэг амжуулж буй чадварлаг эмч, багш хүн билээ.

Анагаах ухааны доктор,дэд профессор М.Сугармаа нь ангийн ганц эмэгтэй доктор аж. Мөн доктор, профессор Б.Батгэрэл Шастины нэрэмжит Улсын нэгдсэн III эмнэлгийн сургалт эрхэлсэн захирлаар ажиллангаа Монголын сэргээн засах нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. Харин Н.Алтанхундага Уламжлалт анагаахын ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр АУИС-ийг уламжлалтын их эмч мэргэжлээр онц дүнтэй төгссөнөөс хойш тасралтгүй 24 жилийн турш мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.

Тэрбээр АШУҮИС-ийн уламжлалт анагаахын тэнхимийн эрхлэгч болон Дундговь, Орхон, Сэлэнгэ зэрэг алслагдсан хөдөө орон нутгуудад голдуу ажиллаж эмч хүний үүргээ чадварлаг үнэнч биелүүлэн 14500 орчим хүн оношилж, 8350 хүнийг гардан эмчилсэн байна. Уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Мөнх-Эрдэнэ АШУҮИС-ийн эмгэг судлалын тэнхимд багш,тэнхимийн эрхлэгч, Дархан-Уул аймгийн АУК-д Сургалтын албаны даргаар ажиллаж байжээ. 2013 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймагт Уламжлалт анагаах ухааны “Сэлэнгэ” эмнэлэгтээ ерөнхий эмчээр ажиллаж байна.

Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор Довчингийн Энхжаргал нь Улаанбаатар сувилал, Ардын эмнэлгийн хүрээлэнд уламжлалт анагаахын их эмчээр ажиллаж байсан. Тэрээр одоо Польш улсын Варшав хотноо амьдран “ME­DI-MOL” -д зүү төөнүүр заслын их эмчээр ажиллахынхаа зэрэгцээ Хатха Ёог, “Зүүн эмчилгээ ба амьдрал,” Дорно дахины Анагаах ухааныг ойроос харахад” зэрэг (e-book) номыг дэлхийн олон хэл дээр бичиж түгээжээ. Банзарын Саран нь Уламжлалт анагаахын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор. Тэрбээр Улаанбаатар хотын түргэн тусламжийн төвд их эмчээр таван жил, УАШУТК-д одоог хүртэл 19 жил их эмч, мэдрэлийн эмч,тасгийн эрлэгчээр ажиллаж байна.

Дагвадоржийн Очирбат /Анагаах ухааны магистр/ АУИС-ийн Уламжлалт анагаахын тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагч, Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байсан. Мөн Баянхонгор аймгаасаа сонгогдож байсан ганц УИХ-ын гишүүн юм. Тэрбээр 2016 оноос эхлэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн юм.

Харин Галаарайдын Төмөрбаатар нь /Анагаах ухааны магистр/ 1993 онд АШУҮИС-ийг Уламжлалт анагаахын их эмч мэргэжлээр улаан дипломтой төгссөн найман эмчийн нэг бөгөөд Сайд нарын II эмнэлэгт Уламжлалтын их эмч, Нераму лабораторид их эмч, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан.

2015 оны дөрөвдүгээр сараас 2015 оны аравдугаар сар хүртэл Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга, 2017 оны дөрөвдүгээр сараас Гэмтэл Согог Судлалын Төвд Мэдээлэл технологи хангамж үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын ажлыг тус тус хашиж байна.

Баатарсүхийн Батчулуун нь Уламжлалт анагаахын их эмч, зүү төөнүүр заслын эмч, судлаач гэсэн гурван ч чиглэлийн хос мэргэжилтэн. Дархан-Уул аймгийн АУК-д багшилж байхдаа Уламжлалтын дунд мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг санаачилсан, ЭМЯ-д уламжлалт анагаах ухаан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Мөн Дархан уул аймгийн “Дархан мед” эмнэлгийн эмч,”Дархан жор”уламжлалт эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байна.

Пунцагийн Соёлмаа /Анагаах ухааны магистр/ “Октябрь” Эрүүл мэндийн зөвлөх төвд өрхийн эмч,Сонгино хайрхан дүүргийн эмнэлэгт дотрын эмч, Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, мэдрэлийн эмч, Геронтологийн үндэсний төвд мэргэжилтэн, мэдрэлийн эмч, албаны дарга, орлогч даргаар ажиллаж байгаад 2014 оноос хувийнхаа “Итгэл мэнд” мэдрэлийн эмнэлгийн ерөнхий эмчээр ажилласан эмч бүсгүй юм.

2014 оноос одоог хүртэл “Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбоо” ТББ-д мэдрэлийн эмчээр сайн дураараа давхар ажиллаж байгаа буянтай нийгмийн хариуцлагатай хүн.

Ц.Дуламсүрэн нь Уламжлалт анагаахын их эмч бөгөөд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил дээшлүүлэх курс төгссөн боловч хүн арддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж яваа. Тэрбээр нөхрийнхөө хамт “Энэрэлт их эрдэнэ” ХХК -даа ажиллан Монгол орныхоо өнцөг булан бүрт Монгол дарханы бурхан ухаан шингэсэн гандан хийдийг босгон цогцлоож явна.

Чойжамцын Мөнхчимэг /Уламжлалт анагаахын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр,клиникийн профессор/ АУИС-ийн уламжлалт анагаахын их эмч мэргэжлээр төгссөнөөс хойш эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж, гурван ч нарийн мэргэжлийг давхар эзэмшсэн эмч нарын дундах эрдэнэ шиг бүсгүй аж. 2003 -2014 онуудад УАШУТК-д их эмч,тасгийн эрхлэгч , ЭМШУИС-ийн Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлгийн уламжлалтын их эмчээр ажиллаж байгаад 2014 оны долдугаар сараас Польш улсын Варшав хотод уламжлалтын кабинетад их эмчээр ажиллаж уламжлалт анагаах ухаанаа сурталчлан яваа ажээ.

Харин ангийн охин Д.Баярмаа /Уламжлалт анагаахын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр клиникийн профессор/ УАШУТ К-д зүрх судасны их эмч, амбулаторийн тасгийн эрхлэгч, чанарын албаны даргаар тасралтгүй 25 жил тогтвортой ажиллаж байгаагаас гадна Корпорацийн ажил мэргэжлийн аварга, “Тэргүүний ажилтан ”, ЭМЯ-ны Жуух бичиг,Эрүүлийг Хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан байна.

Бямбаагийн Мягмарсүрэн /Уламжлалт анагаахын ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор/ Оюутан байхын л идэвхтай дайчин байсан энэ бүсгүйн 1996 онд Орхон аймагт байгуулсан “Мажаа” эмнэлэг нь 20 жилийн турш амжилттай ажиллахын зэрэгцээ улам өргөжин 2005 оноос ОХУ-ын Санкт-Петербург хотод салбараа нээн, 25-30 эмч сувилагч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм байна. Тэрбээр ОХУ-ын эмч нарт лекц уншиж, эмч нарыг шавилан сургаж, 20 гаруй эмчийн дадлага удирдаж, хоёр удаа Олон улсын үзэсгэлэн яармагт оролцож бүх чиглэлээр ОХУ-д МУАУ-ыг сурталчлан үлгэрлэх ажлыг амжилттай хийж байна.

Жаргалын Болорцэцэг /Анагаах ухааны магистр, клиникийн профессор/ Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд уламжлалт анагаахын их эмчээр 10 гаруй жил ажилласан байна. Тэрбээр ангийнхаа ШУ-ны акедемийн хамгийн залуу гишүүн болох Болдын гэргий.

Д. Болормаа, М.Сэлэнгээ, Д.Тунгалагтамир, Т.Туул, Ц.Нарантөгс нарын нэртэй сайн уламжлалтын эмч нар бүгд энэ ангиас төрөн гарчээ.

Тэднийг оюутан байхад буюу 1993 онд АУИС-ийн анги бүрээс онц сурлагатангуудыг цуглуулан Уламжлалт анагаах ухааны ангийг бүрдүүлж байсан түүхтэй юм билээ. Тэд төгсөхдөө бүгдээрээ төвд хэлтэй мундаг оюутнууд байсан талаар Эмийн ургамлын багш Б.Хүдэрчулуун дурсан ярьж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр”-т зориулсан шилдэг бүтээлийн уралдаанд манай сайтын сэтгүүлч Б.Үржиг тусгай байранд орлоо

Өнөөдөр “ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудалд боллоо. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобал сангийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцлоо.

Хурлын эхэнд НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе хэлэхдээ “ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр бүр, бид бүхэн ДОХ-ын улмаас амь насаа алдсан, өвчилсөн гэр бүлийн гишүүн, найз нөхдөө эргэн санах болон ДОХ-той амьдарч байгаа хүмүүст бидний эв нэгдлийг илэрхийлэх юм. ДОХ-ын нийгэмлэг нь эрүүл мэндийн эрхэд тулгуурласан системийг дэмжиж, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг хэрхэн ойлгуулах, хэрхэн яаж эмчлэх талаар хүчин чармайлтыг хурдасгахад чиглэсэн байдаг. Хэтэрхий олон хүн-ялангуяа эмзэг бүлгийн хүмүүс ХДХВ-ийн халдварт хамгийн их өртөж байна. Яаралтай шаардлагатай байгаа эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээнд хамрагдахад бэрхшээл тулгарсаар байна. Бид бүхэн орхигдсон хүмүүстэйгээ хамтдаа мөр мөрөө түшилцэн үргэлжлүүлэн хүний эрхийг зөрчихгүй байхыг шаардъя” гэсэн юм.

Монгол Улс ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг

Би сэргийлж чадна, Харин та

Бид сэргийлж чадна, Харин та” уриатай болж байгаа юм.

Монгол Улсад ХДХВ,ДОХ-ын нийт 249 тохиолдол бүртгэгджээ. Албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0,1 хувиас бага, харин бэлгийн цөөнх, эрэгтэйчүүдийн дунд 12 хувь байна. Энэ онд шинээр 24 тохиолдол оношлогдсон бөгөөд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогджээ.Одоогийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй ажээ. Нас баралт нийт 40 байгаагаас энэ онд 5 хүн нас баржээ.

Энэ жил хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол Улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол хийсэн байна.Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насныхан, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлжээ. Бүртгэгдээд байгаа 249 тохиолдлоос гадна гадаадын харьяалалтай иргэдээс ХДХВ-ийн халдвартай оношлогдсон 33 тохиолдол бүртгэгдсэн гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ярихдаа “ХДХВ-ийн халдварын тархалтыг 2020 ог гэхэд хяналтдаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгохоор 90-90-90 зорилт тавин ажиллаж байна. ЮНАЙДС-аас албан ёсоор мэдээлснээр Монгол улс нь ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 35 хувийг оношилсон гэх үзүүлэлт гарсан. Мөн манай орны хувьд ХДХВ-ийн халдварын илрүүлэг оношилгоонд анхаарах нь чухал байна. Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм. Уг шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага” гэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолдох БЗДХ-ын тохиолдол 12153 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 33,1 хувийг эзэлж байна.10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар (33,2), Дорнод (27,1), Говьсүмбэр(23), Баянхонгор(22,5), Хөвсгөл(22,2) аймгууд улсын дунджаас өндөр байгааг онцолж байлаа.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобаль сан, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зарласан шилдэг бүтээлийн дүнг танилцуулж, шагнал гардуулах ёслол боллоо. Уралдааны болзолд ХДХВ, ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлсэн, бэлгийн эрүүл зан үйл тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчлан таниулсан, ХДХВ, ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар хариу арга хэмжээ авах боломжтой талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх гэх шаардлагуудыг тавьсан.

Уралдааны шүүгчээр ХӨСҮТ-ийн ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч, “Хамтдаа” ТББ-ын гүйцэтгэх захирал, клиникийн профессор Г.Эрдэнэтуяа, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын ажилтан, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Эрдэнэчимэг, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Г.Энхбаатар, Оюуны дархлаа ТББ-ын зөвлөх, тархвар судлаач, клиникийн профессор Ч.Уртнасан, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Д.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж, бүтээл тус бүрт 1-10 оноог нууцаар өгөх замаар үнэлж, онооны нийлбэр дүнгээр хамгийн их оноо авсан бүтээлүүдийг жагсааж байр эзлүүлжээ.

Шалгарсан бүтээлүүд:

Веб сайтын төрөлд:

1 дүгээр байр:

  • С.Лхагвасүрэн www.sbn.mn сайт “Захидал” (Бодит түүхээс сэдэвлэв)
  • О.Сайханцэцэг www.wikimon.mn сайт “Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэж, айдасгүй амьдаръя”
  • Б.Анхцэцэг www.times.mn сайт “Бурхны нулимс, буруутай гэж үү?”
  • Н.Дөл www.ontslokh.mn/ сайт “ДОХ бол хэнийг ч баян ядуу, хөгшин залуу гэж ялгаварладаггүй аюул”

2 дугаар байр: .

3 дугаар байр:

Тусгай байр:

  • З.Батхуяг www.ulsturch.mn сайт “Өрөөнийхөө гэрлийг тод асаах боломж тэдэнд бий…”
  • Б.Үржиг “Өдрийн сонин” сайт “ХДХВ бол элэгний В,С вирустэй адил вирусийн гаралтай өвчин юм”
  • Б.Дэлгэрцэцэг www.updown.mn сайт ХДХВ/ДОХ-ын халдвартай гэдгээ Та мэдвэл яах вэ?
  • Д.Батцэцэг, Б.Хаш-Эрдэнэ МҮОНР, Монголын дуу хоолой радио “Хайр” нэвтрүүлэг
  • В.Батболд “Эмч” сонин “Айдасгүй амьдрал”
  • Д.Ганзориг ТВ9 телевиз, “Хүсэл тэмүүлэл ХДХВ/ДОХ-ыг “эмчилж” чадна” нэвтрүүлэг
  • А.Даваасүрэн “Эх орон” телевиз, “Сэдвийн гүнд” нэвтрүүлэг
  • Б.Ганчимэг ТМ телевиз, “Өөдрөг өглөө” хөтөлбөр
  • Ийгль телевизийн мэдээллийн төрөлжсөн хөтөлбөр
  • Хаан пикчерс студийн “Жигүүр” богино хэмжээний кино тус тус шалгарлаа.

Сонин, радиогийн төрөлд:

1 дүгээр байр:

  • Б.Энхтуул “Зууны мэдээ” сонин “Мэдлэггүй байх нь ДОХ-оос ч илүү аюултай”
  • С.Юмсүрэн “Монголын үнэн” сонин “Чухал хамгийн чухал боловсролыг хаалганы цаана үлдээсний уршиг”
  • Б.Даариймаа “Монголын үнэн” сонин, “Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан”

2 дугаар байр: .

3 дугаар байр:

Тусгай байр:

Телевизийн төрөлд:

1 дүгээр байр:

2 дугаар байр:

3 дугаар байр:

Тусгай байр:

Categories
мэдээ цаг-үе

Төр өгөх юм чинь, юунаас айх вэ?

Ард түмнийг минь ахиад л залилжээ. Хямдхан машинтай болох гэж яваад гэнэдэж хөөрхийс. Хараажаар үүнд төр буруутай. Нэгдүгээрт, төр машины үнийг хямдруулаагүй нь нөлөөлж, хоёрдугаарт төр өдөр бүр иргэнийхээ гэрээр орж залилуулж байгаа эсэхийг нь шалгах ажлаа сулруулснаас болжээ. Хохирогчид ч хэлж байна. “Залилан хийх гэж байгаа этгээдийг урьдчилан мэдээлээгүй төрдөө гомдож байгаа ба хохирлоо нөхүүлж л таараа” гэдэг утгаар.

Үнэхээр ч татварын хуулиар далайлган хурааж авсан мөнгөөр тэдний хохирлыг барагдуулна. Татвар төлөгч бидний мөнгө энээ тэрээ хэмээн гомдол гаргаж цор цор гэх гээд байна уу? Чамайг өөрөө луйвардуулаад нөхөн төлбөр авахыг чинь хэн хорьсон юм бэ, хохь чинь.

Налайхын нүүрсний уурхайг төр албан ёсоор хаагаад удаж байна. Гэвч тэнд хууль бусаар уурхай ажиллуулж, байн байн дарагдаж аврах албаныхан очиж аварсаар, хөөрхий зарим нь тусламж авч чадалгүй хорвоог орхисоор. Заримдаа хүч мөхөстсөөр. Уул нь хууль зөрчин, хаагдсан уурхайг ашиглаж байгаа хүмүүс хуулийн өмнө буруутмаар. Үгүйгээр барахгүй, сүүлдээ “удаан аварч байна” гэж төрийг зандчих маягтай. Амьдрахын эрхэнд тэгж байгаа гэнэ.

Нийслэлд нүүж ирээд үерийн зам дээр гэрээ барина. Нүүлгэх гэхээр “буух газар байхгүй” хэмээн ярдаглана. Үерт автаад ирэхээрээ “Нөхөр төр, авраадах даа”, “За дахиад нэг гэр өгнө үү дээ”, “Эргээд эндээ буухгүй яах юм бэ, хотын төвд газар олдохгүй байхад”…

Гадаадын уул уурхайн компани, муу нэртэй хужаа нараас илүүтэй хөх толботой нинжа нар эх орны алтан хөрсийг орвонгоор эргүүлэн сэгсэрсээр. Гэвч тэд маань амьдрахын эрхэнд тэгж байгаа ба бэлэн зэхээний аз жаргалыг хуваарилан олгоогүй төр үүнд буруутай аж… Цаашлаад машин, орон сууц, хөрөнгө бэлэглээгүй төр буруудан буруудсаар. Монголын төр бэлэн мөнгө бэлэглэж эхэлснээр энэ бүхэн дуусахгүй. Цаашдаа “төрийн өгсөн мөнгөний шавхруу юу ч болохгүй учраас аргагүйн эрхэнд алт ухах, айл тонох” болно.

Бүхнийг бэлгэнд авч болно оо, гэхдээ нэг үнэнийг мэдсэн байгууштай. Хэрвээ чи аз жаргалыг бэлгэнд авах хүсэлтэй байгаа бол хариуд нь эрх чөлөөгөө бэлэглэх болдог энгийн дүрэм буй.

Монгол орон ардчиллын замаар ороод 21 жил улирчээ. Гэвч бид коммунист ёсоор аж төрсөөр байна. Коммунист дэглэм угаасаа ямар ч дутагдалгүй ба нийгэмд байгаа муу муухай бүхэн өөр сурвалжтай хэмээн тайлбарлана. Өөрснөө ямар ч өө сэвгүй байх ба алдаа эндэл, муу муухайгаа тийш нь чихнэ. Давж хүчрэхгүй, тайлбарлаж барахгүй, эсвэл хариуцлагаас нь мултрах гэсэн бүх зүйлээ тийш нь чихнэ. Төлөвлөгөө биелүүлж чадахгүй бол дайсан этгээд шургалаад хорлож байна гэж үзнэ. Тэгээд ажлаа сайн хийхийн оронд тэр дайсныг илрүүлж бут цохих кампани өрнүүлнэ.

Социалист нийгмийн үед аливаа дутагдлыг шүүмжлэн бичихдээ түүний шалтгааныг заахын сацуу, засах арга замыг нь зааж өгөх учиртай гэж шаардаж байлаа. Тэр үед сэтгүүлчдийн дунд ийм нэг оруулга байсан юм: “Төлийн хорогдол их байгаа явдал нь сахилга хариуцлагыг сулруулж, намаас дэвшүүлсэн зарчмын хоёр лоозонг чандлан сахиагүйгээс болжээ. Цаашид нөөц бололцоогоо ашиглан социалист уралдааныг өрнүүлэх замаар төлийн хорогдлыг багасгах талаар сумын намын үүр, хувьсгалт залуучуудын байгууллага идэвх санаачилга гаргах шаардлагатай” гэх мэт.

Өнөөдөр “Барууны оппортунистуудын явуулга”, “Хөрөнгөт нийгмийн үлдэгдэл”, “империализмын гар хөл бологчдын явуулга” гэхчлэнгийн бүх нийтийн зүхлийн орыг төр залгамжлан авчихаа юу гэлтэй байна. Ардчилсан большевикууд ч гэмээр юм уу, социалист ёсоор аж төрөнгөө капитализмын үр шимийг хүртэх оролдлого ч гэмээр юм уу? Эргэн тойрноо харахад судалгаа, эрдэм шинжилгээний материал дүүрээн, дүүрэн.

Манайд төр ба ард түмний зохистой харьцаа алдагдчихаад байна аа. Иргэд өөрийн хүсэл зоригоор төрөө байгуулаад, түүнээ хянаад явдаг жанжин шугамаас гуйвчихаад болох юм биш. Нэг бол төр нь дарангуйлаад ард түмнээ буудчихдаг. Эсвэл ард түмэн нь дарангуйлаад төр лүүгээ сум тавьчихдаг. Монголын төр ард түмэн хоёр хоорондоо таарахгүй болчихвол улс нь өөрөө арилахын дохио л доо. Ард түмэндээ ялагдсан төр ч төр биш, ард түмнээ ялласан төр ч төр биш.

Бүх юмыг амьдрахын эрхэнд, ядуурлын улмаас гэж зөвтгөсөөр. Ядуурал гуйланчлал нь гэмт хэргийн эх мөн нь мөн. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх эрх, гэмт үйлдлийг цагаатгах шалтгаан болохгүй. Ингээд цаашлаад явчихвал хоол идэж суугаа хүнийг алчихаад түүнийгээ “өлсөхийн эрхээр” хэмээн тайлбарлаж болно.

Эрх чөлөөнд нэг залгаас үг байдгийг бид залхуураад ч юмуу уншдаггүй. Тэр бол эрх чөлөөгөө эдэлснээс гарах үр дагавраа өөрөө хариуцах. Манай өвөг дээдэс ч сургасаар ирсэн. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж. Унахдаа уйлахгүй байх хэрэгтэйгээс гадна унахгүйгээр хөлд орох аргагүй.

Амьд болгон дур дураараа орших хүсэлтэй ч орчлон өөрөө дэг журам дээр тогтдог. Гариг эрхэс ч тэр. Дэлхий өөрийнхөө байр суурийг илэрхийлэн хурдаа хасдаг ч юм уу, сар ардчилсан байдлаар тойрог замаа өөрчилбөл нарны аймаг системээрээ сүйрч эхэлнэ.

Амьдрахын эрхэнд хийх, шунахын эрхэнд алдах хоёр тусдаа. Зальтай хүмүүс хүний амь зуух хүсэл дээр тоглодоггүй юм. Залилагч нар хүний шунал дээр тоглодог юм. Мөнгөө банкинд хадгалуулснаас хавьгүй их “үлгэрийн хүү”-гээр өсгөх шунал дээр хадгаламжийн хоршоонууд тоглосон. Одоо гурав дөрвөн саяар биш 300 хан мянгаар машин авчих “сонирхол” дээр ажиллаж. Шунахаа болиогүй цагт залилахаа болохгүй. Үнэгүй хоолтой хавх алга болноо гэж байхгүй. Орчлонгийн хавхыг түүж барах аргагүй, харин хавханд оруулдаг шуналаа дарчихвал хавх болгоныг сөнөөсөнтэй дүйнэ. Бурхан багшийн сургаалын нэгэн логик энэ.

Өнөөдөр иргэнээ залилуулахаас сэргийлж “Төр сануулаагүй, арга хэмжээ аваагүй” гэдэг асуудал гарч байна. Яг нарийндаа монголын төр анхааруулсаар л ирсэн. Хадгаламжийн хоршоонд мөнгийг ингэж өсгөх боломжгүй гэдгийг Монгол банк, бүр тэр үеийн ерөнхийлөгч О.Чулуунбат нь зурагтаар хэлээд байсан. Дараа нь хадгаламжийн хоршооны хэргийг шүүсэн нь үндэстэн даяарт өгсөн сэрэмжлүүлэг гэж үзэж болно. Дарагдаж үхэх аюултай учраас уурхайг хаасан нь бас л сэрэмжлүүлэг.

Өнөөдөр залилангийн шинэ сүлжээний хохирогчид төрөөс алдагдлаа нэхэж буй нь зөв юм. Тэд хадгаламжийн хоршооны хохирогчдоос юугаараа ч дор биш. Нэгэнт төрд ийм журам нэвтэрснээс хойш иргэнээ алагчлах нь зохисгүй. Түүнчлэн яаж ч алдсан нөхөөд өгдөг ачит төр байгаа цагт ард түмэн айх юмгүй зальдуулсаар байх нь лав.

Дашрамд нэг түүх ярья, та нар дуулсан ч байх. Хэдэн жилийн өмнө болсон явдал. Баруун Сахарт самуун ихээр гарсан тул тийшээ явахгүй байхыг Германы төр иргэддээ анхааруулжээ. Гэтэл чихгүй толгой оргисон хэдэн жуулчин тийшээ яваад барьцаалагджээ. Барьцаалсан этгээдүүд хүн бүрийн толгойг сая доллараар үнэлсэн байна. Германы төр мөнгө гарган иргэнээ аварчээ. Тэднийг эх орондоо авчирсан хойноо шүүгээд төр нь хүн бүрээс сая доллараа нэхэмжилжээ. Та нарт сануулсан уу, сануулсан. Амийг чинь аварсан уу, аварсан. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж болохгүй учраас эргүүлж авна аа гэх нь тэр. Германы төр муухай л даа. Манай сайн сайхан төртэй жиших юм биш.

Төр бол сайхан ч бай, муухай ч бай эх орны голомт, нийт үндэстний сүлд хийморь. Гэрийн голомтыг өшиглөх нь айлыг доромжилсон нүгэл. Төрийн голомтыг өшигчих нь үндэстнээ доромжилсон хилэнц. 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Бужиг, Пунцаг нарыг цаазаар авсан баримт байдаг. Нэг нь Шүүх яаман дээр агсам тавиад тулгыг нь өшиглөсөн байна. Төрийн халдашгүй ариун голомтыг өшиглөсөн учраас гэмт этгээдийг цаазлуулах ялтай гэмтэн хэмээн гэсгээжээ. Нөгөөх нь зарга шийдэхдээ төрөөс шийд гаргасан мэтээр бүлтэрч яваад “Хааны нэр барьсан” хэмээн яллагджээ. 2200 жилийн өмнө үүссэн, найман зууны тэртээ Чингис хаан бадруулсан төрийг 1911 онд сэргээн мандуулсныхаа дараа дархан, халдашгүй ариун байдлыг нь ийнхүү хамгаалж явсан баримт байдаг.

Иргэд дарангуйлагч төрд дургүй, хүчгүй төрд түүнээс ч дургүй. Эрх баригчид “нийслэлийнх нь зүрхэнд бааж шээгээд, үндэсний тахил шүтээн руу сум тавиад явсан улсыг олон түмэн жигшиж байна. Ямар ч хариу үзүүлээгүй нь зөв боллоо” гэж дүгнэж яваа дуулдана лээ. Үнэн ч биз. Гэхдээ юу юунаас илүү өнөөгийн төр барьж байгаа та нарыг минь жигшээд үлдсэн. “Үндэстнийхээ ариун шүтээнийг хамгаалж чадахгүй гутаалгадаг, 2220 жилийн ойгоо тэмдэглэж буй төрт ёсныхоо ариун орон зайг нүдэн балай доромжлуулдаг увайгүй, арчаагүй амьтдыг бид сонгожээ, дараагийн сонгуулиар бодууштай юм байна” гэсэн дүгнэлт хийгээгүй гэх үү?

Иргэдийг эх орныхоо төлөө амиа өгсөн л гэж ярьдаг. Эх орон гэдэг маш хийсвэр ойлголт. Үнэн хэрэгтээ өөрсдийнхөө байгуулсан, ариун нандин бүхнээ цогцлоосон төрөө л амиараа хамгаалдаг юм.

2011 оны зургадугаар сарын 22

Categories
мэдээ цаг-үе

ХДХВ бол элэгний В, С вирустай адил эмчилгээтэй, архаг явцтай өвчин

ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах олон улсын өдөр удахгүй тохиох гэж байна. Дэлхийн улс орнууд энэ жил “Би сэргийлж чадна-Харин та, Бид сэргийлж чадна-Харин та” гэсэн урианд нэгдэж байгаа аж. Харин өчигдөр энэхүү өдрийг угтаж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

ХӨСҮТ-ИЙН ДОХ/БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ЭМЧ П.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: ХДХВ ЭМЧИЛГЭЭТЭЙ, АРХАГ ЯВЦТАЙ ӨВЧИН

Иргэдийн дунд ХДХВ/ДОХ гэдэг бол үхэлд хүргэх аюултай, ямар ч эмчилгээгүй өвчин гэсэн ойлголт байдаг. энэ талаар тандалт судалгааны эмч П.Түмэндэмбэрэл ярихдаа, ХДХВ бол элэгний В,С вирустай адил вирусын гаралтай өвчин юм. Вирусын халдвар авсан хүн түүнийгээ насан туршдаа биедээ тээж явдаг. Тэгэхээр энэ вирусын халдварыг ДОХ болохоос өмнө эрт илрүүлэх тусам эмчлэгдэх боломжтой гэж ойлгож болно. удахгүй ХДХВ болон ДОХ-ын эмнэлзүйд тэсрэлт бий болно гэж итгэж байгаа. монгол улсад анх 1992 онд ХДХВ-ын халдвар авсан тохиолдол илэрч байсан. Тэр хүмүүс өнөөдөр ч эрүүл саруул, үр удмаа үлдээгээд амьдарч явна. Мөн энэ хугацаанд ХДХВ-ын халдвартай 13 ээжээс 19 хүүхэд төрж, эрүүл саруулж бойжиж байна гэв.

Мөн тэрбээр бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярьсан юм. Он гарсаар манай улсад ХДХВ-ын халдвар авсан 24 хүн шинээр илэрч, таван хүн нас барсан. энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ энэ талаар нээлттэй ярилцдаг болох хэрэгтэй. Өнгөрөгч онд ХДХВ-ын халдвар авсан нийт хүний 50 хувь нь гэр бүлтэй хүмүүс байсан. Үүнээс гадна жирэмсний сүүлийн сард тэмбүүгийн халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байна. Энэ бол аавуудын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй өвчлөл юм. Тийм болохоор гэр бүлдээ үнэнч байх хэрэгтэй. Мөн бэлгэвчний хугацааг харж, тогтмол, зөв хэрэглэж дадах хэрэгтэй гэлээ.

ХӨСҮТ-ИЙН ДОХ/БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ЭМЧ Э.ЭРДЭНЭТУНГАЛАГ: ХДХВ-ИЙН ХАЛДВАР АВСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЭРСДЭЛТ БҮЛГИЙНХЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХГҮЙ БАЙНА

Харин э.эрдэнэтунгалаг эмч ярихдаа, 2030 он гэхэд ХДХВ/ДОХ эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болно. Үүний тулд дэлхий нийтээр 3х90 гэсэн зорилго тавин ажиллаж байгаа. Тодруулбал, ХДХВ-ын халдвар авсан байх магадлалтай эрсдэлт бүлгийн 90 хувийг илрүүлэх, ХДХВ-ын халдвартай иргэдийн 90 хувийг ретровирусын эсрэг эмчилгээнд хамруулах, эмчилгээний үр дүнг 90 хувьд хүргэхийг зорьж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар манай улсад ХДХВ-ын халдвар авсан 249 хүн байгаа бөгөөд тэдний 50 хувь нь эмчилгээнд хамрагдаад байна. ХДХВ-ын халдвар авсан нийт иргэдийн 80 хувийг бэлгийн цөөнх буюу гей залуус эзэлдэг. манай улсад өнөөдөр нийтдээ 85 цэгт ХДХВ-ын шинжилгээ хийгдэж байгаа боловч ХДХВ-ын халдвар авсан байх магадлалтай эрсдэлт бүлгийнхэн үүнд хамрагдахгүй байна гэсэн юм.

Мөн тэрбээр бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэхэд олон асуудал тулгамдаж байна гэлээ. Тухайлбал, Бэлгийн замын дархлал хомсдолын хавьтал судлаачийг орон тоогоор нь ажиллуулах, хавьтлыг илрүүлэх өвөрмөц аргуудыг хэрэглэх шаардлагатай байна. Жирэмсний хяналтын чанар хангалтгүйгээс төрөлхийн бэлгийн замын халдварт өвчинтэй хүүхэд төрж байна. Бэлгийн замын дархлал хомсдолын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж, бэлтгэх, аймаг, дүүрэг дэх лабораторийн чадавхыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох цагийн багтаамжийг нэмж оруулах шаардлагатай байгааг онцолж байлаа.