Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Ашигт малтмалын үнэ жаахан өссөн болохоор л манай улс дөнгөн, данган амьдарч байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын уул, уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Манай орны эдийн засгийн гол хөшүүрэг бол уул уурхай. Энэ онд уул уурхайн салбарт ямар өөрчлөлт орох вэ. шинэ ордууд нээгдэх янз байна уу?

-Уул уурхайн төсөл эхлүүлэхийн тулд ашигт малтмалуудаа хайж олох ёстой. хайж олсныхоо дараа нөөцийг нь тогтоогоод, эдийн засгийн үнэлгээг нь гаргаад, хөрөнгө оруулж, хүртэх ёстой үр ашгаа зөв тооцоолоод, төсөл эхлүүлнэ. үүнийг шаардлага хангасан төсөл гэх нь байна. Гэхдээ том төслүүдийн тухай ярихаасаа өмнө 2018 оныг хүртэл Монголын уул уурхай яг ямар байсан, юу болчихоод байгаа юм гэдгийг ярих хэрэгтэй. төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого гэж гаргасан байдаг. Энэ бодлогын хүрээнд 2006 онд ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулсан юм. 2011 оноос эхлэн хайгуулын лицензийг хориглосон хууль гаргачихсан. ингээд уул уурхайн салбарынхны эхний хэсэг тасраад, зогсчихсон гэсэн үг. энэ нь эрхзүйн маш тогтворгүй, тодорхой биш орчин, хөрөнгө оруулалтын таагүй нөхцөл үүсгэсэн. ийм таагүй нөхцөлтэй байсаар өнөөдөр ч хэдэн төслүүд нь урагш явахгүй байна. “Тавантолгой”, “Гацуурт” гэх мэт том төслүүдээ хөдөлгөж чаддаггүй. Газрын ховор элементүүд, Асгатын мөнгөний ордууд ч хөдлөх янз алга. Энэ нь төр улсын бодлого сул байгаатай л холбоотой. ийм байдалтай найм, есөн жил боллоо. “таван толгой” гэхэд л 18,19 жил болж байна. “Арево”, “Марда” ч бүр зогссон. Хөрөнгө оруулалт ч байхгүй. угаасаа дэлхийн компаниуд хайгуулд хөрөнгө оруулах байдал нь багасчихсан. Монголд байсан хэд нь гараад явчихсан. уул, уурхайн асуудалд нээлттэй ил тод шударга байхгүй бол болдоггүйн жишээ. хувийн хэвшлийг дэмжихгүй байна. МАК-ийн төсөл “Цагаан суварга”-ыг ч дэмжсэнгүй. “тавантолгой”, “энержи ресурс”-тай хамтрах том төслийг ч дэмжээгүй.

Хувийн хөрөнгөөр босговол 34-өөс багагүй хувийг нь төр эзэмшинэ гэчихлээр хэн уул уурхайд хөрөнгө оруулах юм бэ. Хөрөнгө оруулагчид технологитойгоо мөнгөтэйгөө бүх юмтайгаа ирдэг, монголоос юм гардаггүйг ойлгох хэрэгтэй. Энэ оны тухай биш урт хугацаанд юу хийх, цаашид цэгцлээгүй төслүүдээ хэрхэн яаж цэгцлэх зэрэг зүйлсээ ярих хэрэгтэй байна. Түүнээс биш энэ онд ямар том төсөл хөдлөх нь гэж хүлээгээд ч хэрэггүй болчихоод байна. Хамгийн бодитой “Цагаан суварга” “Гацуурт” “Тавантолгой”-г хөдөлгөж чадахгүй байхад өөр юу хөдлөх юм бэ. 2018 онд юу болох вэ гэвэл юу ч болохгүй. Яг энэ байдлаараа өнгөрсөн дөрвөн жил шиг наашаа цаашаа, худлаа ганхаад таарна. Том төслүүдээ хөдөлгөнө гэж 2012 онд зарласан биз дээ таван жил өнгөрчихсөн байна. Учир нь манай уул уурхайн салбарын талаарх бодлого, олон янз болж, улстөрчдийн мэдэлд самрагдсаар ингэж гацсан. Нөгөө талаасаа уул уурхайн асуудалд эрх мэдэлтнүүд шийдвэр гаргахдаа дан улстөрийн шийдвэр гаргадаг. Хувийн хэвшилтэйгээ, иргэний нийгэмтэйгээ зөвшилцдөггүй. Уул уурхайд хөрөнгө л оруулах ёстой. Хөрөнгийг хувийн хэвшил л оруулна. Тэрнийгээ төгс ойлгохгүй учраас уул уурхайн ажил явахгүй байна. Иргэдийн, төрийн олон нийтийн эрх ашгийг ойлгосон нэгдсэн бодлого байж цэгцтэй болно. Гэтэл төр хувийн хэвшилдээ саад болж байна.

-Мөн нэг талаараа уул уурхайгүй хөгжих ёстой, уул уурхай цөлжилт үүсгэж байна гэх мэт асуудал гардаг?

-Монголын газар нутгийн нэг хувьд л ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм. Нийт газар нутгийн 7.6 хувь нь газар тариаланд ноогддог. Уул уурхайд ашиглах талбайн хэмжээ маш бага. Гэтэл Монголын нийт газар нутгийг уул уурхай сүйтгэж байгаа юм шиг яриад байдаг нь төөрөгдөл үүсгэдэг. Нөгөө талаасаа уул, уурхайг төр дэмжинэ гэдэг нь татварын чухал механизм байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байна. Мөн уул, уурхайтай бүгдийг төсөвт аваад буцаагаад, тендерт хөрөнгө оруулаад л тендерийг нь эрх баригчид хувааж иднэ. Ингэж хувааж идэхийн тулд Засгийн газар, Их хурал руу орохын тулд хүмүүс хичээн зүтгэж байна. Улстөрөөс өөр хийх бизнес монголд байхгүй болчихож. Тэгэхээр 2018 оны тухай биш. Цаашид уул уурхайгаа яаж хөгжүүлэх юм бэ гэж ярих нь зүйтэй. Нэг засгийн царайг хараад л, хүлээгээд байдаг. Энэ засаг хоёр жилд юу хийх бол гэдэг юу ч хийж чаддаггүй. Худлаа ярисаар байгаад л дуусна. Дахиж хэлэхэд 2018 онд юу ч хийгдэхгүй, худлаа яриад л дуусна. Ашигт малтмалын газар бараг ямар ч лиценз олгохгүй байгаа мөртлөө, өмнөхөөсөө хоёр дахин их хүнтэй байна. Ах дүү хамаатан саднаа ажилд авдаг. Мөн хүнд суртал их үүссэн зэрэг байдлыг цэгцлэх шаардлагатай.

-Уул, уурхайн байдлыг хэрхэн яаж өөрчлөх боломж байна вэ?

-Нам тэргүүнд гарчихсан болохоор аливаа асуудал намаар дамжаад л, сонгуулиар дамжаад байдаг учраас өөрчлөлт орохгүй байна. Урт хугацааны төлөвлөгөө хийж, ухаан зарах шаардлагатай байгаа юм. Улстөрчид өөрийнхөө эрх ашгийн төлөө, албан тушаал руу зүтгэж байна. Их хурлын гишүүн болсон бол хууль тогтоогоод, хуулийг судлаад, сайжруулаад, санаачлаад сууж байх ёстой. Гэтэл нэг л их эрх мэдэлтэй 76 хүн. Хууль батлах хүртэл санаачлаад, хэлэлцүүлээд, боловсруулна гэж байхгүй. Бодлогоо засаад ил тод нээлттэй, шударга шаардлага гаргаад, тогтвортой мөрдөх юм бол гурав, дөрвөн жилийн дараанаас эхлээд гарч явсан хөрөнгө оруулагч ирнэ. Хуулиа хэрэгжүүлж чаддаггүй, хүнд сурталтай ил тод биш байхад гадныхан яаж ирэх юм бэ. “Алтан нар”, “Хармагтайн” ордыг гэхэд л яаж ийж байгаад хөдөлгөх байсан юм. Хармагтай нь Оюутолгойгоос том орд гэж худлаа шуугисаар байгаад байхгүй боллоо. Фэйсбүүк твиттерээр зориуд бодлоготойгоор, хүмүүсийг хооронд нь байлдуулдаг. Тэр хар пиартай нь зууралдаж байтал, дараагийнх нь хар пиарыг шидээд л хүмүүсийг эрүүлээр юм бодож хийх завгүй болгож байна улстөрчид.

-2018 онд эрдэс баялгийн үнэ ханш тогтвортой, өсөлттэй байх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэж хараад байгааг та юу гэж бодож байна вэ?

-Төсвийн орлого энэ онд гайгүй л байх шиг. Гэхдээ зөв зарцуулах нь маш чухал. Эрчимтэйхэн ажил хийж, бодлого гаргаж дараагийн 10,15 жилийн ажлыг одооноос хийх хэрэгтэй. Ийм тогтолцоотой, ийм бодлоготой байгаа нөхцөлд, ашигт малтмалын үнэ жаахан дээшээ болохоор л дөнгөн данган амьдарч байна манай улс. Би энэ ассоциацид 18 дахь жилдээ. Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Төр энэ салбарынхныг гадуурхаад, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байна. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгч болж байна.

-Оюутолгой ямар ч ашиггүй байгаа гэх хүн олон байдаг?

-Хамгийн их татвар төлж байна. Эрдэнэт үйлдвэртэй адилхан хэмжээнд татвар төлж байхад ашиггүй гэдэг нь утгагүй зүйл. Их хуралд байгаа популизмаар л ингэж яригддаг. Хөрөнгө оруулагчийн талд илүү ашигтай гэдэг ч буруу. Эрдэнэт үйлдвэр гэхэд л 1978-2003 он хүртэл ямар ч татвар төлж байгаагүй. Гэтэл Оюутолгой байгуулагдсан өдрөөсөө эхлэн татвар төлөөд эхэлсэн. Сургууль, цэцэрлэг, цагдаа төсвийн ажилтнуудыг цалинжуулж байна гэсэн үг. Оюутолгойг муулж байгаа нь идсэн хоол руугаа нулимж байна гэсэн үг.

-Нөхөн сэргээлтийг хэр хийдэг юм. Нөхөн сэргээлт хийгдэж байгаа юу?

-“Алтан дорнод монгол”, “Багануур”, “Шивээ овоо” гэх мэт бүгд нөхөн сэргээлт хийж байна. Гэхдээ бүх компаниуд жигд биш байгаа. Компаниуд дотроо байгаль орчны хяналтын тогтолцоотой болох, шалгууруудыг тогтоогоод, тэд нарыг урамшуулах зэрэг төрийн бодлого шаардлагатай байгаа. Төр менежментгүй байна. Өртэй гэдэг, өрийг хэн тавьсан, улстөрчид л тавьсан, орлогыг уул уурхайнхан авчирч байна.

-ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороод хэд, хэдэн төрлийн татвар нэмэх болсон. Уул, уурхайн салбарынхны ихэнх нь цалингаасаа татвар төлөх боллоо. Үүнийг танай салбарынхан яаж хүлээж авч байна вэ?

-Алс газар хөдөө, илүү их ажилладаг хүнд хөдөлмөр. Ийм хүмүүсээс татвар аваад эхлэхээр яах юм бэ. Олон улсын валютын сан яг ингэж татвар ав гэж хэлсэн үү. Хэлсэн гэдэг нь яг үнэн үү гэдэг ч эргэлзээтэй. Засгийн газар олон улсын валютын сан ингээд байна гэдэг. Яг валютын сан цалингаас татвар ав гэж хэлсэн юм уу. Хэлсэн бол хэн мэдэж байгаа юм. Татвар аваад эхлэхээр маш их сөрөг дагавар гарна. Хүнд салбарт уйгагүй ажиллаж байгаа хүмүүсийн татварыг нэмээд эхэлнэ гэдэг бол байж боломгүй зүйл. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байж, хөдөлмөрийн хөлсөө авч байгаа гэдгийг нь ойлгох ёстой. Татварыг уурхайчид маш их эсэргүүцэж байгаа.

-Уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд ямар алхам хийх хэрэгтэй байна?

-Ядаж хамгийн түрүүнд Тавантолгойн төмөр замыг тавьчихгүй байгааг би гайхаад, бодоод ер олдоггүй. Яагаад энэ төслийг гацаагаад байдаг юм. Төмөр замын оронд машин яваад, хүний амь, эрсдэж, байгальд хохирол учраад байна. Төмөр зам тавьчихвал хүн үхэхгүй, байгаль орчинд ээлтэй. Хятад руу төмөр зам тавихгүй гэдэг домгийн сэтгэлгээнээсээ л салах хэрэгтэй байна даа. Мөнгөнд үнэр амт байхгүй. Зөвхөн шар толгойтой хүн байвал бидэнтэй ажиллаж болдог, хятад хүн байвал болдоггүй юм уу.

-Хятад нүүрсний хэрэглээгээ танасан. Энэ нь манайд хэр нөлөөлөх бол?

-Бээжин утаагүй болсон. Нүүрсээр ажилладаг бүгдийг зогсоосон ч нүүрсний хэрэгцээтэй хэвээр л байна. Гэтэл манай улсын байж байгаа царай хэцүү. Ер нь 2018 онд энэ салбар хүнд байна. 10,20 жилээр бодлого гаргаад л, тэрийгээ ягштал биелүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй сонгуулиас, сонгуулийн хооронд амьдарч явсаар сүйрэх нь. Ганцхан уул, уурхай биш бүх салбарт тийм байна. Казахстанд гэхэд л жижиг дунд үйлдвэрээсээ татвар авдаггүй, мэргэжлийн хяналт нь шалгаж зовоодоггүй юм билээ. Өөрсдөө хэрэглэгчийн шаардлага, зах зээлээрээ хөлөө олдог. Ийм нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Гэтэл манайд эсрэгээрээ.

-Таныг олон лицензтэй, хууль бус зүйл хийсэн гэх мэт мэдээлэл сүүлийн үед, хэд хэдэн сайтаар харагдсан энэ ямар учиртай зүйл байв?

-Ор үндэслэлгүй худал мэдээлэл байна лээ. Би хараад бүр гайхсан. Ямар учиртай юм бол, цагдаад гомдол гаргадаг ч юм бил үү гэж бодож байгаа. Би чинь 9911-тэй дугаараа зарж байж арай гэж хоёр өрөө байр авсан л хүн. Надад ямар ч лиценз байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Энэ оны Монголын нийгэм, эдийн засгийн төлөв байдал

Манай улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдал энэ онд ямар байх вэ. Үүнийг тооцоолохын тулд эхлээд улстөрийн байдлыг авч үзье. Өмнөх онтой харьцуулахад 2018 он сонгуульгүй жил байх учраас улстөр харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна. Одоогийн Засгийн газар гэнэт л факталчихдаггүй юм бол огцрох асуудал яригдахааргүй 2019 онтой золгоно. Харин хаврын синдром буюу газар гэсэх цагаар “Амь ордог” иргэний нийгмийн байгууллагууд болон парламентад суудалгүй жижиг намын төлөөллүүд олон арван жагсаал цуглааныг зохион байгуулж, төв талбай, төрийн ордныг хэдэнтээ тойрох байх. Өөрөөр хэлбэл, сар шинийн баяраас хойш оффшор бүс, ядуурал хоёрыг эсэргүүцэх иргэний нийгмийн байгууллагууд ар, араасаа, шил шилээ даран гарч ирнэ. Харин Засгийн газар огцруулах, Их хурлын гишүүдийг эргүүлэн татах зэрэгт хүртлээ хурцадмал асуудал үүсэхгүй гэсэн үг. Гэхдээ л нийгэм улстөрийн аж байдлыг илэрхийлэх гол үндэс нь эдийн засаг. Тэгвэл энэ онд манай улсын эдийн засгийн төлөв байдал ямар байх нь вэ.

Улсын эдийн засаг энэ онд харьцангуй тогтвортой дунджаар 5.6 хувийн өсөлттэй байна гэж зарим эдийн засагч тооцоолж. Харин улсын 2018 оны төсвийн төсөлд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байна гэж тооцоологдсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэх хувь найман хувьд хүрч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэл тавигдана гэж үзэж буй. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор, иргэдээс татварын орлого авч эхлэх тул дундаж давхаргад үүсэх татварын дарамт улам нэмэгдэнэ гэсэн эсэргүүцэл одоо ч нийгэмд байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын 4.0 сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдуулж байгаа. Энэхүү татвараас гэхэд л төсвийн орлогод 2018 онд 51.5 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Харин цалинтай ээж хөтөлбөрт жилд 98.8 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон байгаа. Шинээр долоон төрлийн татвар нэмэгдэж буй учир энэ онд төсвийн орлогыг 10 хувь өсгөнө гэж тооцоолсон. Үүнээс гадна олон улсын зах зээлд эрдэс баялгийн үнэ тэгтлээ ганхахгүй тул уул уурхай дээр түшиглэсэн манай орны эдийн засаг дажгүй, тогтвортойхон байна гэсэн өөдрөг төсөөлөл бий. Шатахууны татварын нэмэгдлээс үүдэлтэй багахан хэмжээний үнийн өсөлт, цалин, архи, тамхинаас авах татвар зэрэг нь ямар нэг хэмжээгээр нийгэмд бухимдал үүсгэж, стресс нэмэх асуудал хэвээр байх бөгөөд, ажлын байр тэгтлээ олноор нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрүүд сэргэж, иргэдийн амьдрал хормын дотор сайжирна гэж итгэлтгүй байна. Итгэл төрүүлж эерэгээр жолоодох эсэхийг төрийн бодлого шийдвэр л мэднэ. Гэхдээ ганц найдаж буй нь нөгөө л алт, зэс, нүүрс.

Олон улсын шинжээчдийн таамагласнаар, алтны ханш энэ оны зургадугаар сар гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх бол тонн зэсийн үнэ 2019 он гэхэд 5329 ам.долларт хүрч өсөх нь. Харин нүүрсний хувьд гэвэл тонн нь 125 ам.доллар болж буурах таамаг байгаа.

Алт бол эдийн засгийн баталгаат хэрэгсэл тул олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарсан хэвээр байна. Ийм цагт манайх нэн таатай мэдээтэй суугаа. Тодруулбал, Монголбанк өнгөрсөн сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 911.83 кг алт худалдан авснаар нийт алт худалдан авалт оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн дүн бөгөөд Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байгаа юм байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох АНУ-ын Төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69 хувь, Итали 68 хувь, Франц 66 хувийг алтаар бүрдүүлдэг. Харин БНХАУ-д гадаад валютын нөөцийнхөө ердөө хоёр хувийг, ОХУ 16 хувийг алтаар бүрдүүлдэг юм.

Харин зэсийн үнэ олон улсын зах зээлд сүүлийн хэдэн сар өсөлттэй ч багахан хэлбэлзэлтэй байна. 2019 он гэхэд дэлхийн зах зээлд зэсийн бага зэргийн хомсдол бий болж, олборлолт өсөх хандлага ажиглагдсан хэвээр.

Гэхдээ нүүрсний үнэ цаашид тонн тутамдаа 10 ам.доллараар буурах таамаг олон улсын зах зээлд бий. Дэлхийн дулаарал, агаарын бохирдлоос үүдэн ханш нь аажмаар буурах магадлал бий. Манай нүүрсний 90 гаруй хувийг түүхийгээр нь худалдан авдаг Хятад улс гэхэд л нүүрсний хэрэглээгээ эрс багасгаж, Бээжин хотод хар түлш хэрэглэхээ больсон. Ийм байдлаар, нүүрсний эрэлт багахан буурч, ханш унах хандлага ажиглагдаж байгаа ч цаашид уул уурхайн гол түүхий эд хэвээр байна.

Тодруулбал, коксжих нүүрсний ханш ирэх 2018 онд 125 ам.доллар болж буурах таамаг бий бөгөөд шинжээчид энэ онд нүүрсний хэрэгцээ 17 хувиар буурахыг таамагласан.

Гэхдээ манай улсын томоохон төслүүдийн аль нь ч хөдлөх шинжгүй, уул уурхайн аж байдал бахь байдгаараа үргэлжилсээр, энэ оныг барах магадлал тун өндөр байна. Хэдэн жилийн өмнөөс ярьсаар өдий хүрсэн хэдэн том төслөө төрөөс анхаарч, дорвитой шийдэлд хүрэхгүй л юм бол эх орны эдийн засгийн цаашдын аж байдал хүндрэлтэй болж байна гэж уул уурхайн салбарын гол төлөөлөгчид хэлж байна. Эдийн засгийн боломжийг энэ онд хэрхэн ашиглах вэ, ирээдүйд юу болох эсэх нь дан ганц эрх баригчдын гарт бий гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн томоохон төслүүдээ хөдөлгөхийг хүсдэг хувь улстөрч, эрх мэдэлтнүүд өөрт ногдох ашиг харсаар, төслийг гацааж боомилдогт хамаг учир бий гэж энэ салбарынхан учирлаж байна.

2018 онд дэлхийн эдийн засагт багахан бууралт ажиглагдах ч манай оронд тэгтлээ нөлөөлөхгүй, эрдэс баялагийн ханш тогтвортой, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан сэхэл авахтайгаа байгаа энэ жил л хөлөө олох замд орох уу, орохгүй юу гэдэг нь шийдэгдэх гээд байна гэсэн үг.

Эрдэс баялгаас гадна энэ онд олон улсын зах зээлд ч хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний ханш өсөлттэй байна. Гэхдээ манай орны баруун бүс нутгуудаар ихээхэн цас орж, хатуу хавар болоод, зуданд багагүй мал хорогдох тул хөдөөд тодорхой хэмжээгээр ядуурал үүснэ гэж тооцоолоход гэмгүй. Гэхдээ цацсан шагай шиг тарсан, алс хөдөөгийн айлуудын хотонд болж буй ядуурал улсын эдийн засагт хүндрэл учруултлаа асуудал дагуулахгүй. Тиймдээ ч хөдөө рүү эрчимжсэн мал аж ахуй, түүхий эдийн аж үйлдвэр, аялал жуулчлал, газар тариалан зэргийг хослуулан бодлогоор хөгжүүлэх тулгамдсан асуудал үүссэн хэвээр байна.

Эрдэс баялагтаа найдаж энэ хэвээр байснаас заавал эдийн засгаа солонгоруулах нь хэрэгтэй гэсэн үг. Хэд, хэдэн жилийн давтамж, үе шат мөчлөгтэйгээр эдийн засгийн хямралд нэрвэгддэг гол үндэс нь ерөөсөө л ганцхан уул уурхайд найдаж, түшиглэсэн эдийн засагтай л холбоотой.

Ганц итгэл найдвар болох уул уурхайн салбарын зарим том төслийг хөдөлгөхийг хүссэн ч гадны томоохон хөрөнгө оруулагчид бүгдээрээ зугтаасан. Улстөрийн тогтвортой байдал, төр засгийн татварын бодлого, татварын ойлгомжгүй далд байдал зэрэг олон улсын стандартаас холоо хоцрогдож үлдсэн байр байдлаа засахаас нааш хөрөнгө оруулагчид эргэж харахааргүй байна. Гэхдээ Монгол банкнаас хүлээгдэж байсан Чингис бондын эхний төлбөр гэх мэт гадаад өр төлбөрүүд амжилттай шийдвэрлэгдсэн. 2018 он бол бодлогын реформуудаа хийх, эдийн засгийн өсөлт нэмэгдэх сэргэлтийн жил байх болно гэсэн өөдрөг мэдээллийг түгээж байгаа.

Эдийн засгийг солонгоруулан, төгөлдөржүүлэхийн тулд нэн түрүүнд эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг үе шаттайгаар бодитойгоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир, хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргах, дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр, боловсруулалт, нийлүүлэлт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг хийдэг болох ёстой. Уул уурхайг хөгжүүлэхийн тулд хаягдалгүй технологи ашиглах, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, байгалийг 100 хувь нөхөн сэргээх үүрэг авч, хэрэгжүүлсэн уул уурхайн компанид үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох, орон нутгийн хяналтыг сайжруулах шаардлагатай. Мөн олон жил ярьсаар үр дүн гаргадаггүй инновацийг хөгжүүлэх ажлаа ажил хэрэг болгох ёстой. Эрүүл мэндийн салбараар дамжин гадагш гардаг хөрөнгийн урсгалыг эерэгээр шийдэх. Ази Европыг холбосон төмөр зам, автозам, агаарын замын транзит төв болох боломжийг нэмэгдүүлэх, худалдааны шинэ гарцуудыг нээх шаардлага бий. Ядаж л Тавантолгойн төмөр замаа тавиад өгөх хэрэгтэй гэдгийг улстөрчид ер ойлгож байгаа юм болов уу.

Барилга, орон сууцны салбарыг хөгжүүлэх, жишиг хотуудыг орон нутагт байгуулж, Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байруудыг олноор бий болгох, шинэ төгсөгчдөд ажлын байр, хөдөө орон нутагт бий болгох. Гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт чиглүүлэх нь зүйтэй. Хөдөө рүү чиглэсэн хөгжлийн бодлогогүйгээс болоод хотын энэ их тулгамдсан асуудал, эдийн засгийн хямрал ер арилахгүй байна. Энэ онд л ухаалаг шийдвэр гаргах уу үгүй юу гэдгээр ирээдүйн асуудал шийдэгдэх гээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол найргийн улаан алмааз эрдэнэ Цэгмидийн Гайтав

Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ, Ц.Гайтав нар

“Тэрээр гуниж гутахыг мэдэхгүй юм шиг уужим сэтгэлтэй. Түүний яруу найраг сэтгэлийнх нь угийн бадрангуй сайхны дуулал болон цуурайтдаг сан” гэж Сэнгийн Эрдэнэ, Цэгмидийн Гайтавынхаа тухай өгүүлсэн нь бий. Эрдэнэ, Явуухулан, Гайтав гурав бол хорин есөн онд төрсөн үе чацуутнууд юм. Зохиолчдын эвлэлтэйгээ нас чацуу, ирэх жил ерэн жилийнх нь ой тохиох ийм л аваргууд.

Монголын туульсын томоохон хэмжээний найраглалын онцгой содон төлөөлөгч Гайтавын тухай өнөөдөр цөөн ярих болж. Харин дурсаж гэмээнэ өнөө социализмын үеийн уриа дуудлага болсон Сүхбаатар, Чойбалсан, Лениний тухай найраглалуудыг нь хэлж, “Коммунист шүлэгч” гэх тодорхойлолтоос цаашгүй төдий.

“Гайтав гуайг одоогийн залуус буруу ойлгож дэндүү наана үнэлдэг шиг санагдана. Хувьсгалчдыг магтан дуулагч, улаан хамарт, архины лүү гэх маягтай. Яагаад тэдний тухай бичиж болохгүй гэж. Уран зохиолд бичиж болохгүй сэдэв гэж байхгүй. Харин “Улаанбаатарын вальс”-ынх нь аялгуунд бүжихдээ хэн маань ч Гайтав гуайгаа дурсах нь үгүй. “Манай Маяковский”, “Гайтав шаталж бичихээрээ зартай”, “Тэр бол нам төрийн том найрагч” гэх тодорхойлолтууд мань эрд тус болохоосоо ус болсон ч байж магад. Түүнийг Монголын утга зохиол мартах учиргүй. Их утга зохиолд тэнхээ заан орон зайгаа эзэлсэн хүн бол одоогийн залуусын дооглоод байгаа улаан хамарт Гайтав чухамдаа мөн. Гайтав гуайн утга уянгын хүн үнэмшмээргүй шүлгүүдээр хэн нэгэн нь ном хийдэг ч болоосой гэж хүсэмжилж суудаг” тухайгаа эрдэмтэн зохиолч Лувсандамбын Дашням бичсэн байдаг.

Үнэндээ Гайтав гуайн түүвэр ботиудыг уншихад эрдэнийн шигтгээ шиг гялалзаж гялтганасан шүлгүүд олон таардаг билээ.

“Тархиараа бодож зүрхээрээ бичсэн шүлгүүд минь

Таны өмнө зорин байж золгож явбал

Үзэг гартаа барьсан хэрэг бүтэх нь тэр

Үг холбож өрсөн хүсэл биелэх нь тэр

Тэнэгэр талаар хүлэг морины чадал гаргаж

Тэнгэр дундуур хүчит шонхрын жигүүр зааж

Бадаг бүхнээрээ дэвэн дэвсээр зүсээсэй

Байц өндрийг даван давсаар нисээсэй… хэмээх омог төгөлдөр, утга яруу туурвилчийг “намын шүлэгч” гэж тодорхойлох нь гунигтай. Мөн түүнд “Балатон нуурын эргээс” гэж сайхан шүлэг бий.

“Цэгээн өнгөтэй Балатон нуурын элгэн дээгүүр

Цагаан өнгөтэй усан хөлөг мөрөө гаргана

Яарсан онгоц холдон холдоод тэнд хүрэхэд

Явсан мөр нь үлдэн үлдээд энд хоцорно

Замаар нь цахлай шувуу нисэн явна

Загас жараахай юу магад гэж горилон дэвнэ

Олзтой болоод л тэд ингэж дандаа

Онгоц дагаж олноороо явдаг байлгүй

Униарт Балатон нуурын зах үл үзэгдэн

Уудам тэнгэрийн хаяатай цуг нийлээд

Тэнгэр нуур хоёр тээр тэнд очоод

Тэврэлдсэн юм шиг л нүдний үзүүрт сүүмийнэ…” хэмээн яг л зураг шиг нүднээ үзэгдэх, хөл хөөр, хөдөлгөөн дунд бичигдсэн эл шүлгийг миний бие оюутан ахуйдаа улаан хавтастай дөрөвдүгээр ботиос нь олж уншаад шүүрс алдан шуудхан л цээжилчихэж билээ.

“Арц Богдын өвөрт

Харц ардын гэрт

Гандан хийдийг ч ухаараагүй

Гайтав гэгч хүү төрсөн нь

Би өөрөө

Хурганы хошуу долсож

Иргэний өвчүү түшиж

Хөдөө газрын амьдралд

Хөлөө сайртуулсан хүү

Онож онож өгсөн газарт нь

Олон хүслийг шугамдаж

Яван явсаар сүүлд нь

Яруу найраг шугамдсан” хэмээн өөрийгөө тодорхойлсон суут найрагч яах аргагүй Оросын улс төр, иргэний яруу найргийн онцгой төлөөлөл Владимир Маяковскийг үнэн зүрхнээсээ шүтдэг байжээ. Цэл залуухан байхаасаа л Маяковскийн зузаан зузаан ботиудыг номын шүүгээнийхээ дээд талд хүндэтгэлтэйгээр байрлуулж, зургийг нь бичгийн ширээнийхээ ард талын хананд хадчихаад ширтэж суудаг байсан юм гэнэ лээ. Чойжилын Чимидийн орчуулсан “Зөвлөлтийн паспорт” хэмээх Маяковскийн шүлгийг залуухан Гайтав үдэшлэг уулзалт дээр шаталсан хэлбэрээр нь уран яруу уншдаг байсныг үеийнх нь дурссан байдаг.Тэрээр өөрийгөө Маяковскийн шүлгийн айзам цохилтыг тааруулан сүрлэг уншиж чаддаг ганц хүн гэдэгтээ итгэл төгс байжээ. Жаахан халамцахаараа амаа томоор ангайгаад “бөмбөр бөмбөр модондоо” гэж дуулна. Нулимс гарах нь ховор хүн боловч тэр дууг дуулахдаа яагаад ч юм нүдээр ус гүйдэг сэн. Тэр дууг Цогзолмаа гуайн дуулах нь түүнд урлагийн дээд байсныг Эрдэнэ зохиолч хэлээд “Ээжийгээ “Цэгмид чавганц” гэж өхөөрдсөн шоглосон хоёрын хооронд хэлнэ. Гайтавын ээж тэр “Цэгмид чавганц” үнэндээ буянтай хөгшин сөн. Хожим Өвөрхангайн Богдоос хүүгийндээ ирээд байхад нь бид өнөөх муу зуршлаараа бужигнахад Их Богдын хүрмэн хад шиг түмэн үрчлээт даанч уужим хүлцэнгүйн гэрэл цацруулан, хүүгийнхтэйгээ адил ухаалаг доогтой нүдээ жартайлган харж хуучин муу тод толгойгоороо тамхилж суудаг сан” хэмээн дурссан нь бий.

Төрийн шагнал хүртсэн “Дамдины Сүхбаатар” найраглалынхаа мөнгөөр гэртээ цагаан толгойтой ор, хивс, баян хуур, өөртөө хар бостон даавуу гимнастерк, галифитай өмд, урт түрийтэй савхин гутал, саарал бүрх малгай зэргийг худалдан авчээ. Тэгээд баян хуураараа өнөө “бөмбөр бөмбөр модоо” хөгжимдөн дуулж байсан нүднээ үзэгдэх шиг болдог юм. Шагналынхаа үлдэгдэл мөнгөөр “ИЖ-49” мотоцикль авч тугал нүдэн Эрдэнээгээ сундлаад Туулын хөвөө юм уу, Сэлбийн голыг өгсөөд салхи татуулж явсан түүхтэй.

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа Эвлэлийн төв хороонд ажиллаж байхдаа Гайтав гуайтай хар чек мотоцикльтой нь сундалдаад Богд уулын ам өгсчээ. Тэгтэл

Туулын гүүрний тэнд мотоцикль нь унтарчихаад хоёул түрээд арай гэж хот руу орж ирж байсан тухай дурсамж бий. Тухайн цагт Дулмаа гуай тэр хоёрыг холбосон янз бүрийн яриа гаргаж, онигоонд оруулна. Энэ тухай өөрт нь хэлэхэд маш их бухимдаж уурладаг байсан гэдэг. Ер нь тэрээр насны хань Лхамсүрэнгээсээ өөр хүнтэй нэр холбогдоогүй, хайр дурлал ярихаар “заваан юм, бүдүүлэг юм” гээд хүлээж авдаггүй байсан гэдэг. Ямар сайндаа

“Яруу найргийн хаан

Янаг амрагийн дайсан

Яравгар улаан Гайтав” гэх шүлэг хүртэл гарахав дээ.

“Долоочихсон юм шиг өнгөнд чинь болсонгүй

Доржпалам шиг шигтгээтэй бөгжнд чинь болсонгүй

Хайр дурлалынхаар атгасан

Хамгийн анхны мутар нь

Харин таных байлаа…” гэж ханьдаа зориулсан цорын ганц дурлалын шүлэгтэй юм дуулддаг. Гайтав гуайтай архи уух нэг талын хэцүү. Мань эр согтохоороо шууд л сэргийлэх рүү ярина. Цагдаагийн жолооч давхиж ирэн Гайтавыг гэрт нь хүргээд хамт явсан нөхрийг нь баривчлаад аваад явчихдаг тухай онигоо маягийн яриа бий.

Цагдаагийн газар руу гэснээс Гайтав зохиолч халамцуу үедээ Улс төрийн товчоо, сайд нарын зөвлөл рүү утсаар ярьдаг бичигдээгүй хуультай гэж байгаа. Нэг удаа Дулмаа зохиолчийнд ирж шараа тайлан багагүй халамцчихаад гэрийнх нь утсаар

Сайд нарын зөвлөлийг орлогч Пунцагноров руу ярьж “Намайг гадаад явуулна гэсэн яасан бэ” гээд тулган асууж л дээ. Дулмаа гуай санаа нь зовоод “Та согтохоороо яах гэж хамаагүй дээшээ ярьдаг юм бэ” гэхэд “Ярилгүй яадаг юм. Эд нар чинь дэндүү жаргаад, зарим хэлсэн үгээ мартчихдаг юм. Би сануулж байгаа юм” гэж хариулсан байдаг.

Гайтав гуай шүлгийг ядах юмгүй хурдан бичдэгийг нь Дулмаа найрагч ийн дурсч байна. “Гол төлөв улс төрийн шүлэг бичнэ. Тэгэхдээ маш хурдан бичдэг байлаа. Нэг удаа “Үнэн” сонинд улсын баярын шүлэг өгөх захиалгатай байсан. Гэтэл шүлэг байдаггүй. Сонин шилжих гээд байдаг. Намсрай эрхлэгч дуудаад “Одоохон машин аваад яв. Гайтавыг гэрээс нь олоод ир” гэв. Өглөө арван цагийн үед гэрт нь очлоо. Гайтав бор торгон дээл өмсчихсөн, урдаа нэг шил виски тавьчихсан, нэлээд халамцуу сууна. Таныг эрхлэгч хүрээд ир гэж байна гэлээ. Дэбо яах гээ юм бол гэв. Манай эрхлэгчийг Гайтав “дэлдэн боохой” гэж хочилдог байж л дээ. Тэгээд л “дэбо” гэж байгаа нь тэр ажээ. Дуртай дургүй хувцсаа өмсөөд намайг дагаад явлаа. Өрөөнд ортол эрхлэгч инээгээд “Одоохон соёлын хэлтэст орж суугаад манай захиалсан баярын шүлгийг бичээдэх” гэв. Эрхлэгч намайг “Цаадахыгаа гаднаас нь цоожилчих. Аягүй бол шараа тайлах гээд гараад явчихна гэлээ. Хориод минут болов уу, үгүй юу хаалга балбаад, хүүе та нар энэ шүлгээ аваач гэж байна. Жараад мөр тун сайхан шүлэг байж билээ. Ингэж би Гайтавыг шүлэг түргэн бичдэгийг нь үзсэн юм”.

Улс төрийн шүлэгч гэгдэх энэ эрхэм жинхэнэ онигооны эзэн явсан нь зохиолч нөхдийнх нь ярианаас илт мэдрэгддэг. Өөрөө онигоонд ороод зогсохгүй бусдыг явуулах, үгээр идэхийн мастер байж шүү. “Нэгэн удаа Явуу, Эрдэнэ, Ванган, ардын жүжигчин Гэндэн, орчуулагч Самбуугийн Бадраа, нөхөд нь Монцамэ-гийн Цунцаамэ гэж авгайлдаг сэтгүүлч Зундуй нар Явуугийнд элдвийг ярьж суусан. Энэ үед яриан дундуур нь утас дуугарсан нь “Хүрэн морь”-ны Чойжилжавын Лхамсүрэн гуай байв. Тэрээр Цэгмидийн Гайтавтай Батсүмбэрийн сангийн аж ахуй орж уулзалт хийж баяжчихаад байгаа юм байж. Явуугийн зочид тэднийх рүү хөдлөв. Гэрийнхэн нь зусланд гарчихсан гээд Их дэлгүүрийн тэндэх сууцандаа байж байв. Тасарсан яриа дахин үргэлжилж, дуу хуур болж хамгийн олон дууны шүлэгтэй хэрнээ ганц ч дуу дуулдаггүй Явуу гоё гаансаараа утаа савсуулан дуугүйхэн суусан сан. Лхамсүрэн гуай 300 төгрөгийн шагнал авсан байжээ. 150-ийг нь Лхамсүрэнд гэж өөрөө хуваарилав. Гайтав намайг дооглож шүлэг бичээд, би ганц сайн чадаад хэмээн Лхамсүрэн гуай чанга инээж суусан. Сангийн аж ахуйн даргыг нь Дарамжав гэдэг юм байна. Гайтав цус

“Дарамжав гэсэн чинь

Барамжав юм байна.

Лонх гэж санав уу,

Данх саваар цутгаад

Хүрэн морийг Сүмбэртээ

Бүрэн гүйцэд сөнөөв өө” гэж байхгүй юу. Тэгэхээр нь би бас мөчөөгөө өгөхгүй

“Пүүшиг зуудаг

Пойшиг уудаг

Өнөө үеийн Ойдов

Өвөрхангайн Гайтав” гээд дөнгөчихсөн юм, муу туучийг гэж байлаа” хэмээн Дөнгөтийн Цоодол найрагчийн халуун дурсамж бий. Энүүхэн дурдатгалаас Ламын гэгээний цоохор гэгддэг “Хүрэн морь”-ны Лхамсүрэн гуай, төрийн шагналт найрагч Цэгмидийн Гайтав нарын дүр зураг бас л томруун уншигддаг юм. Онигоо гэснээс Чойжилын Чимид, Гайтав хоёрын нэгнээ явуулсан зүггүйтэл, мөчөөрхөл, үгэн идэлт дундаас Монголын залуучуудын сүлд дуу төрсөн түүх ч бичигддэг билээ.

“Нэг өглөө Гайтав гүн шартчихсан хогийн сав руу толгойгоо шаагаад бөөлжиж, нулимж тун хэцүү сууж байтал гялалзсан цовоолог найрагч Чимид орж ирээд шууд шүлэглэж

Тантан Гайтав хоёр ихэр юм

Тамхи архи хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн чөдөр юм

Маргааш өдрийн чөтгөр юм” гэжээ. Огьж суусан Гайтавын хаанаас нь гарсан юм бүү мэд, тэр дор нь шууд нь

“Өмд Чимид хоёр ихэр юм

Өнөөх тэр хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн янхан юм

Маргааш өдрийн ялтан юм”

гэж дайруулж хэлсэнд Чимид “За хоёулаа үүгээр буурал Даржааг бут ниргэчих үү гээд хоёул ганц гожин “юм”-аар дотроо засч суухдаа түрүүчийн бадгийн хэмнэлээр

Улаан туг, залуучууд хоёр ихэр юм

Уралдаан ялалт хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн золбоо юм

Маргааш өдрийн гялбаа юмгэж.

Монголын залуучуудын шинэ марш дууг зохиосон цадиг түүх бий. Буурал Даржааг ниргэх гэдэг нь “Онон Туулыг харахад ээжийн минь сүү шиг санагдана” гэсэн үгтэй залуучуудын дууг Даржаа зохиосныг өөрчилнө гэдгээ хэлсэн хэрэг ажээ.

“Дөчин найман оны өвлийн эхээр нийслэлийн хоёрдугаар сургуулийн олон цонхтой дүнзэн байшингийн танхимд залуу зохиолчдын зөвлөгөөн болов. Тэр зөвлөгөөнд офицерийн сургуулиас хожим нэртэй орчуулагч болсон Аминдаваа, “Хүний ганц” роман бичсэн Загарын Сандагаа бид гурав оролцсон юм. Санхүүгийн техникумаас Гайтав гэж урт хар нэхий дээлтэй, Иванкалан (Бэгзийн Явуухулан) гэж нэг янзгүй хавар намрын пальтотой нөхөр ирсэн. Бааст гуай залуу зохиолчдын бүтээлийн тухай илтгэл тавьж, “Төрсөн газар” гэдэг миний шүлгийг сайн жишээ болгон царгиа нарийн дуугаар уншлаа. Дараа нь үдэшлэг болж Гайтав, Явуу бид “Залуу зохиолчдын цоморлиг” гэж будгийнх нь үнэр арилаагүй шинэ номонд орсон шүлгүүдээ уншиж байлаа” хэмээн Эрдэнэ гуайн дурсамжид бас л бий сэн. Эрдэнэ, Гайтав, Явуу гурав яалт ч үгүй л бар багаасаа нөхөрлөсөн, Монголын их утга зохиоллын эрдэнийн гэрэлт чулууд байж дээ.

“Би амьдралдаа ганцхан удаа архи уусан. Харин түүнээс хойш дандаа шараа тайлсан юм” гэж Гайтав гуайн “алдартай” үг бий л дээ. Сонирхолтой нь энэ үгээ Бал даргад хэлчихсэн юм гэнэ билээ. Халамцуухан явсан Гайтавтай цэцэрлэгт Бал дарга халз таарчихжээ. Тэгээд “Нөхөр Гайтав чиний тухай янз бүрийн яриа надад ирэх болсон. Чи чинь дандаа л согтуу явдаг гэв үү” гэхэд Гайтав огтоос эмээсэн янзгүй улаан нүүр рүү нь харж байгаад “Дарга минь би амьдралдаа ганцхан удаа архи уусан. Харин түүнээс хойш дандаа шараа тайлсан. Намайг муу хэлж танд сайн хүн болж харагдах гэсэн нөхдийн ховын үгээр та хоол хийх хэрэггүй байх аа. Эр хүнд дэмий зүйл” гэчихэж л дээ. Тэгэхэд нь Бал дарга “за ойлголоо. Нөхөр минь чи шараа багахан шиг тайлж үзээрэй” гэх инээдтэй гэмээр яриа байдаг. МХЗЭ-ийн төв хорооны дарга Пүрэвжав нэг удаа дэлхийн залуучуудын их наадамд зохиолч авч явна гэхээр нь “Та Дашдооровыг аваад яваач” гэж нэг нь хэлж л дээ. Тэгтэл дарга хариуд нь “Тэр хар архичингаар чинь яах юм. Би Гайтавыг авч явна” гэснээс үүдэн зохиолчдын дунд Гайтав цагаан архичин, бусад нь хар архичин гэсэн шог яриа гарсан ч дуулддаг л юм.

Улаан хамарт зохиолч сүмбэ шиг сайхан гар хуруутай хүн байсан нь нэртэй орчуулагч Хасбаатарын Мэргэний ярианд гардаг. “Намайг төрөхөд Гайтав гуай шүлэг зориулж бичиж байсан. Манайхаар их орж гарна. Надтай шатар нүүнэ. Халамцуу байхдаа надад хожигдоно. Сүмбэн цагаан хуруутай, тэдгээр нь хойшоо их хотойдог, уран гоё гартай хүн байсан. Хожигдохоороо тэр уран гоё хуруугаараа миний гарыг ороож ирээд л баяр хүргэн, биеийн тамир мандтугай гэж хэлдэг сэн” хэмээн дурсчээ.

Намуухан шөнө түг түмэн зулаа асааж

Нарлаг өдөр түм буман толио гялбуулж

Хөх цэнхэр тэнгэрийн дор дурайсан

Хөвч ханхар уулын ард ярайсан

Улаанбаатар хот минь хүч чадлаа хөвчлөөд

Улс Монгол орныхоо амьсгал болон тэлж байна” гээд “Улаанбаатарын вальс” эгшиглэхэд хэн хүний сэтгэл догдолж, хийморь сэргэд ирнэ. Үүнд Гайтавын үнэ цэн орном буюу. “Гайтавын шүлэг найргаас үгсийн эгшиглэн зохицол, монгол шүлгийн гүн ухаан, цэцэн мэргэн тансаг хээ хуар ямагт мэдрэгддэг. Яруу найргийнх нь увдис, урлах эрдмийг гүн эзэмшсэн хүнээс л гарах авьяас, сэтгэлийн долгис давалгаагаар цалгилдаг” гэж үгийн мастерууд нь үнэлдэг билээ л.

“Дээдсийн тавьсан газар

Дэрний нь чулуу бүлээн бий

Дэргэд нь боссон барилгын

Дээвэр төмөр халуун бий” гэж бичээд “Ухаантай сайхан ардыг удмыг таслахгүй юм шүү” гэж хэлснийг нь санахад сайхан. Ийм л омог төгөлдөр найрагч хүмүүний хорвоод ердөө тавиадхан жил наслаад буцжээ. Одоогоос найман жилийн өмнө шиг санагдана, Гайтав зохиолчийн ганц охин Адъяасүрэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдөж билээ. Дээр үеийн зургийн цомгоо бариад аав ээжийнхээ олон дурсгалтай зургийг үзүүлж, хоёул оройжингоо хуучилж суусан. Аавынхаа бичгийн ширээ болоод номуудыг нь хамгаас илүү хайрладгаа хэлж, олончиг дурсамж дурдатгалыг хөврүүлсэн тэр эгэл сайхан эмэгтэй өнөөдөр бидний дунд байхгүй нь харамсалтай. Далан есөн онд зохиолчдын эвлэлийн 50 жилийн ойгоор Гайтав гуай соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байдаг. Түүнийхээ дараахан өнгөрчихсөн.

Түүнийг “Монгол найргийн улаан алмааз эрдэнэ” хэмээн үе үеийн найрагч нөхөд нь тодорхойлдог нь учиртай. Тэрээр шүлэг найраглалаар ч, их утга зохиолд үлдээсэн өөрийн орон зайгаараа ч, амьдарч асан он цаг, хүнийхээ зан чанар, жудаг ёсоороо ч үнэхээр л улаан алмааз эрдэнэ байж дээ.


Categories
мэдээ цаг-үе

С.Дулам: Монголын соёлын чанд дохио, кодыг бид үр хойчдоо, хүн төрөлхтөнд түгээх цаг нь иржээ

Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламтай ярилцлаа.

-Ардаараа овоглодог, Ардын багш гэх энэ эрхэм хүндтэй цол хүртсэнд тань баяр хүргэе. Энэ цолыг авна гэсэн хүлээлт танд байв уу?

-Миний хувьд нэг их хүлээгээд байсан зүйл байхгүй. Харин миний өмнөөс хүмүүст их хүлээлт байж ээ гэсэн бодол төрсөн. Би нүүр номтой болоод нэг их удаагүй байна л даа. Нэг мэдсэн чинь л 5000 найзтай, мянга гаруй дагагчтай болчихсон. Тэд намайг Ардын багш болсны дараа баяр хүргэж, санал сэтгэгдлээ бичиж байна. “Нүдээ олсон, эзнээ олсон шагнал байлаа” гэсэн байгаа юм. Тэгэхээр олон түмний дунд хүлээлт байж ээ гэж бодсон.

-Та нүүр номдоо Цагаан сарын ёс заншил, өв уламжлалын тухай өргөн цар хүрээтэй мэдээлэл оруулж байгаа юм билээ. Хүмүүс маш их сонирхож, танаас асууж, лавлаж, талархан хүлээж авч байгаа харагдсан?

-Шинэ он гараад л Монголд Цагаан сарын уур амьсгал орчихдог шүү дээ. “Цагаан сарын бэлгэдэл” гэдэг номоо би 1992 онд гаргасан байгаа. Цагаан сарыг түүхэн талаас нь, ёс заншил бэлгэдэл талаас нь бичсэн байдаг. Тэр номоо сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэлээн баяжуулж, тэлснээ нүүр номын найзуудтайгаа хуваалцаж байна. Үүнээс хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ мэдээд аваг, нэг мөр бодол санаатай болцгоог гэж бодсон юм. Болж өгвөл цагаан сарын шинийн нэгнээс өмнө багтаагаад оруулаад дуусгах санаатай байна.

-Нэмж баяжуулсан байдлаар нь дахин хэвлээд гаргавал хүмүүст их хэрэгтэй л юм байна даа?

-Хэвлүүлэх санаа их байна. Гэхдээ мөнгө цаасны зардлаас эхлээд асуудал бий. Манай МУИС-ийн профессорын баг миний урьд нь хэвлүүлсэн “Цагаан сарын бэлгэдэл” номыг англиар орчуулаад, монгол соёлын тайлбар толь болгоод гаргачихсан байна лээ. Орчин үеийн залуус хийгээд, гадаад хүмүүст нэлээн хэрэгтэй бүтээл болжээ гэж харсан.

-Та МУИСургууль гэдэг их айлд дөч гаруй жил багшилж, Монголын мянга мянган оюутныг оюунтан болгон гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн хүн. Тэр үеэ эргэн дурсахгүй юу?

-Би өөрөө уранзохиолын багш хүн болохоор уранзохиолын дугуйлангаар дамжуулж оюутнуудтай холбогддог байлаа. Тэр үед залуусын хамгийн их сонирхдог зүйл бол уранзохиол, яруу найраг. Манай МУИС-ийн уран зохиолын дугуйлангаас уранзохиолын таван үе гарч ирсэн гэж нүүр номд манай нэг шавь бичсэн байна лээ. Энэ ч үнэхээр үнэн. Өнөөдөр Монголын нийгмийг өнгөлж байгаа, гялайж, гялтайж байгаа хүмүүс чинь бүгд манай дугуйлангийн хүүхдүүд байна шүү дээ. Өгүүллэгийн нэрт мастер П.Баярсайхан, Далхаагийн Норов, Дамбын Төрбат, Б.Цэнддоо, яруу найрагч Бя. Энхтуяа гээд л олон хүнийг нэрлэж болно. Миний бодлоор жинхэнэ чөлөөт сэтгэлгээ хөгжих гал голомт тэнд байсан. Манай Га багш түүгээрээ их буруудсан. Төв хорооны тогтоолд нэр ус нь дурдагдаад л, уран зохиол чөлөөтэй байх ёстой гэж номлол их сургууль дээр үүссэн. Үүнээс болж марксизм, ленинзмээс гажсан, хөрөнгөтний гэмээр хэсэг бүлэг хүмүүс гарч ирж байна гэсэн утгатай Төв Хорооны тогтоол гарч байлаа. Энэ тухай Монголын түүхийн таван ботид хүртэл бичээтэй байдаг.

-Та ч мөн Ш.Гаадамба багшийн дугуйланд явж байсан. Тэр үеийн залуус уранзохиолд тэгтлээ их татагдаж, энэ дугуйланд идэвхтэй явдаг байсны нууц нь юунд байв аа?

-Би өөрөө уранзохиолын дугуйланд анх очсон өдрөө тод санадаг юм. Намар хичээл эхлээд нэг их удаагүй байсан болов уу. МУИС-ийн Төв байрны 119 тоот лекцийн танхимд уранзохиолын дугуйлан хичээллэх тухай зар сонсоод би хэдэн муу халтар шүлгээ өвөртөлчихөөд эв нь таарвал шүлгээ уншчихья гэж бодоод л яваад очлоо. Танхим дүүрэн хүүхэд байна. Ийм олон зохиолчтой байдаг юм бол “Би ч барахгүй юм байна” гэж бодоод л байж байлаа. Тэгж байтал нэг намхандуу халзан хүн ороод ирсэн. Хүн бүхэн Га багш, Га багш ирлээ гэлцээд л. Дугуйлангийн хичээл эхлээд л Га багш маань уранзохиолын тухай ярьж гарлаа. Нэлээн ярьснаа шүлгээ унших хүн байна уу гэсэн чинь Хэнтийгээс гаралтай Төмөртогоо гэдэг оюутан хоёр, гурван зузаан дэвтэр гаргаад ширээн дээр падхийтэл тавьж байна. Дүүрэн шүлэг. Би уншина аа л гэлээ. Түүний зориг зүрхийг би бахархаж байна гэж жигтэйхэн. Надаас ер нь тийм зориг гарахгүй нь ээ. Энэ зүрх чинь хагарах гэж байгаа юм шиг цохилоод, өвөртөлсөн цөөхөн юм аа гаргаж унших гэхээр зүрх хүрэхгүй. Тэгсэн нөгөөх чинь дуусдаггүй. Нэлээн хээгүй хувцасласан нөхөр, за бараг нус мус нь гоожсоннөхөр байсан санагдана. Хааяа нэг шударчихаад л уншаад байсан. Тэр мөн ч аварга санагдаж билээ. Тэгж л уранзохиолын дугуйланд хөл тавьж байлаа. Тэр үед утгазохиолын дугуйланг удирддаг хүмүүс чинь тавдугаар курсийн том ах нар. Зохиолч Д. Цэмбэл, Ломбын Нямаа гээд л мундагууд. Тэд нар дандаа л дэлхийн том яруу найрагчдын тухай, тухайн үеийн Оросын Евтушенко, Вознесенский нарын шүлэг яруу найргийг нь уншаад л, шүүмжлээд л лут юм аа. Яаж тэд нарын энд хүрдэг билээ гэж бодогдсон. Уранзохиолын сонирхол тэр цагийн оюутнуудад үнэхээр их байсан. Тэр дугуйлан чинь тардаггүй байлаа шүү дээ. Одоо манай дугуйланг миний гарын шавь Д.Нямдорж гээд маш онгод, мэдрэмжтэй, авьяастай хүү удирдаж байгаа.

-Та бол Бямбын Ринчен, Чой. Лувсанжав багш гээд Монголын оюун санааны оргил болсон нэрт эрдэмтдийн гараар орсон, тэдний хойч үе, залгамж болсон хүн шүү дээ. Багш нарынхаа тухай эргэн дурсаач?

-Тэгэлгүй яахав. Ахмад үеийн эрдэмтэн, мэргэн багш нар маань сэрүүн тунгалаг байсан цаг шүү дээ. Чой.Лувсанжав багштан, Б.Ринчен багштан маань байна. Тэр үеийн угсаатны зүйн мундагууд болох Нямбуу багш, Бадамхатан багш гээд олон хүмүүс бий. Тэдний судалгааны аргазүйгээс судалж, суралцсан. Сургуулиа төгсөөд Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн Буддын судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар очдог юм бил үү гэж бодож байлаа. Төвд судлал, Төвдийн утгазохиолоор явах бодолтой байсан юм. Намайг энэ замд оруулсан хүн бол Чой.Лувсанжав багш маань шүү дээ. Тэгээд л сургуульдаа багшаар үлдээд, судалгааны ажлаа үргэлжлүүлж хийх болсон. Тэр үед миний судалж байгаа зүйл нэг их айхтар үнэ цэнтэй зүйл байгаагүй. Монголын гэсэн юмыг нэг их дээш нь гаргах дургүй, монгол ёс заншлаас суралцах дургүй, хуучны хоцрогдсон зүйл гэж үздэг байлаа. Түүнийгээ оюутнуудад айхтар их сурталчилвал хуучин феодлын ёс сурталчиллаа, үндэсний үзэл гаргалаа гэж хэл аманд орж мэдэхээр үе шүү дээ. Тэр үед гэхдээ би ярьдаг юмаа ярьсаар л байсан. Гэхдээ одооныхоос арай аядуу байдлаар, хүмүүст илүү сонирхолтой хэлбэрээр ч юм уу, гарцаагүй ярих ёстой юм гэдэг үүднээс ярьж байлаа. Хамгийн гол нь би тэр үед өөрөө санаачлаад Монголын хязгаар нутгуудаар судалгаа, шинжилгээний ажлууд хийж явсан юм. Увс, Ховдын угсаатны бүлгүүд, тэдний дунд настайчуултай их уулзаж, янз бүрийн эх хэрэглэхүүн цуглуулсан. Нутгийн аялгууны үгсээс эхлээд л тэр бүхэн маань хожмын судалгааны ажилд их хэрэг болсон. Арай жаахан чөлөөтэй болоод ирэхээр Дорнод, Хөвсгөлөөр явсан даа.

-Та нэг ярилцлагадаа Италичууд итали хүүхдийг төлөвшүүлэхийн тулд Дантегийн “Тэнгэрлэг туульс”-ийг уншуулдаг гэж байсан. Монголчууд монгол хүүхдийг төлөвшүүлэхийн тулд юуг уншуулах ёстой вэ?

-“Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн Хан Харангуй”-г уншуулах ёстой. Энэ зохиолуудыг хүүхэд уншаад, ойлгоход хүнд хэцүү гэж бодох хэрэггүй. Түүнийг хэрхэн яаж ойлгуулах нь уранзохиолын багшийн үүрэг. Үндэсний утгазохиолыг хүүхэд бүр багаасаа үзэж, судлах ёстой. Үүний ач холбогдлыг хэмжээд баршгүй юм.

-Та бол монгол хэл соёл, өв уламжлал, соёлын дархлааны талаар хамгийн их ярьж, жинтэй хувь нэмрээ оруулсан хүн. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэгжилт ямар түвшинд байгаа бол. Танд юу мэдрэгдэж байна?

-Хэрэгжилт ямар түвшинд байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Надад мэдрэгдэж байгаа нэг зүйл бол соёлын өв гэдэг бол давтагдашгүй үнэт зүйл, үүнийг хайрлаж, хамгаалах ёстой гэдгийг олон хүн мэддэг болжээ. Гадныханд алдаж болохгүй, өөрсдөө үүнийгээ хөгжүүлж, контент болгож, урлаг соёлын бүтээл болгох ёстой гэдгийг ойлгодог болсон. Тийм учраас соёлын аж үйлдвэр хөгжүүлэх тухай, хэд хэдэн томоохон хурал зөвлөгөөн болоод түрүүчээсээ хэрэгжээд явж байна.

-Та энэ ажилд манлайлан оролцож байгаа хүмүүсийн нэг?

-Чадлын хэрээр оролцож байна. Их сургуулиас тэтгэвэрт гарсны дараа СУИС-д ирсэн гол зорилгын нэг юм. Жишээлбэл, хадны зургийг судалж, монгол бэлгэдэл зүй, дүрсийн болоод дохио зангааны бэлгэдлийн кодуудаар тайлж, үүний үндсэн дээр эртний этно модерн бүжгэн жүжиг бүтээгээд байна. Хоёр ч бүжгэн жүжиг гаргаад, одоо гуравдахиа хийж байгаа. Энэ мэтээр соёл урлагийн инноваци бол иймэрхүү байх ёстой гэсэн чиг баримжаа бий болгоод байна.

-Энэ сайхан бүтээлүүдээ дэлхий нийтэд гаргахын тулд яах ёстой вэ?

-Энэ ажлыг хариуцах ганц мэргэжлийн биш хүн нь би байж байдаг. Энэ талаар гэвэл ноднин Боннын их сургуульд лекц уншиж, өвөлжлөө. Германы урлаг соёлыннэг агентлаг бидний бүжгэн жүжгийг сонирхоод Германд тоглуулъя гээд хамтран ажиллаж байгаа. Харин манай Сосорбарам дүү маань энэ талаар сонирхолтой санаанууд их хэлж байсан. Сосорбарам маань сүүлийн хэдэн жил монгол урлаг гэж юу байдгийг Японд үндсэндээ таниулж байна. Тэгэхээр энэ мэтчилэнгээр гадагш нь чиглүүлэх юм бол маш сонирхолтой бүтээл болох ирээдүй боломж харагдаж байгаа гэж боддог.

-Өнгөрсөн жил Д.Сосорбарам гуайн “Жамаас” дууг Япончууд худалдаж авсан гэдэг?

-Тийм байх. Тэр болгоныг нарийн мэдэхгүй байна. Лав л Монголын язгуур урлагийн хамтлаг, бүжиг, морин хуур зэргийг Тайвань, Хятад, Япон зэрэг улсууд айхтар сонирхох болсон. Энэ сонирхлыг нь дагуулаад бүжгэн жүжгийг тэнд яаж гаргах вэ гээд сонин сонин санаанууд хэлж байна лээ. Хүний бүтээлийн нууцыг энд задалмааргүй байна.

-Даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд бид яаж өөрсдийнхөө өв соёлыг авч үлдэх вэ. Бидний соёлын дархлаа юунд оршиж байна?

-Манай Монголын соёлын чанд дохио, код гэж нэг юм байна. Энэ бол зүгээр нэг хэдхэн жилийн настай зүйл биш. Энэ бол хэдэн зууны настай.Энэ зүйл маань өнөөдөр бидэнд хүрээд ирсэн гэж хардаг. Олон мянган жилийн түүхэн донсолгооныг даваад бидэнд ирээд байна. Тэгэхээр бид үүнийгээ цааш нь үр хойчдоо уламжлуулах, хүн төрөлхтөнд тархаах ийм нөхцөл бүрдсэн байна гэж харж байгаа. Хамгийн энгийн жишээ хэлье. Өнөөдөр дэлхийг дамнасан том нэгтгэл болсон лего тоглоом гэж бий. Энэ жишээгээр Монголын шинэ соёлыг бүтээх боломж байна. Манай хэдэн залуучууд нэгдээд монгол гэрээр яг ийм тоглоом хийгээд түүнийгээ надтай зөвлөж, Монголын соёлын бүх кодуудыг англи, монголоор жагсаасан байгаа. Тэр тоглоомоо “Наад бренд” гэж нэр өгөөд бүх салбаруудаар худалдаалж байна. Энэ бол монгол соёлыг дэлхий дахинд түгээх нэг сайхан боломж юм. Миний сонссоноор МҮХАҮТ-ын хамгийн шилдэг гарааны компани шагналыг манай Наад брэндийн залуучууд авсан байна лээ. Энэ бол ганцхан монгол гэрээр зогсохгүй зүйл юм. Ер нь би нэг зүйлд айхтар итгэлтэй байгаа.

-Юунд?

-Хүн төрөлхтөнд сонголтгүйгээр оноосон нэг л цэнхэр гариг бий. Энэ цэнхэр гаригийнхаа нөөцийг сүүлийн хэдэн жил бид тун харамгүй залгилжээ. Өнөөдөр дэлхий дээрх, байгаль ээжийн нөөц баялаг шавхагдаж байна. Бидний ойр хавьд хоёр дахь дэлхий гэж байхгүй. Бид хоёр, гурав дахь дэлхийг хайхаасаа өмнө энэ цэнхэр гаригаа хайрлаж хамгаалах хэрэгтэй юм. Үүнийг хайрлаж хамгаалах хамгийн гол гүн ухаан нь хэнд байдаг юм гэвэл нүүдэлчдэд байна. Яаж хамгийн бага зүйлээр хангалуун сайхан амьдарч болох тухай ухаан бидний өвөг дээдэст байжээ. Минималист гэж ярьдаг шүү дээ. Ний нуугүй хэлэхэд өрнө дахины соёл иргэншил үүнийг сүйтгэсэн гол зүйл. Үүнийг бүгд мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа. Яаж бага зүйлээр хангалуун сайхан амьдарч чадсан бэ гэдгийг дэлхий нийт сонирхож эхэлсэн. Энэ бол ирээдүйн хүн төрөлхтний байнгын анхаарч, сонирхох зүйл байх болно. Ингэхээр монгол соёл судлаачдын үүрэг маш их болно. Тийм болохоор би мэргэжлийнхээ ирээдүйд айхтар итгэлтэй байдаг даа.

-Таныг Францын Турын их сургуулийн профессор Бианки Изабел “Өрнөдийн шинжлэх ухааны хил зөрчсөн хүн” гэж онцлоод намтарчилсан ном бичсэн байгаа шүү дээ. Яагаад ингэж нэрлэсэн юм бол?

-Миний бичсэн зарим бүтээлүүд тухайлбал, бэлгэдэл зүй, монгол домог зүйн судалгааг би Монгол нутагт, их сургуульд ажиллаж байхдаа бичиж байлаа. Тэр үед өрнийн шинжлэх ухааны тухай ямар ч ойлголтгүй, Оросоос өөр газар явж үзээгүй байсан юм. Гэхдээ энэ номд бичигдсэн зүйлсийн нэлээд нь тэнд яригддаг, тэдэнд хэрэгтэй зүйлийг олж харсан гэдэг утгаар л тэгж хэлсэн болов уу. Жишээ нь тэмдэг зүй гэдэг ойлголт бол Америкийн сэтгэгч, эрдэмтэн Чарльз Пийрс гэдэг хүний гаргасан зүйл. Тэмдгийн соёл, тэмдгийн ухааны тухай юу ч олж үзээгүй байхдаа Чарльз Пийрсийн томьёолсон гурван зүйлийн нэг болох бэлгэдэл гэдэг зүйлийг монголынхоо соёл дээр, судалгааны явцдаа олж хараад дэвшүүлээд гаргасан байгаа юм. Тэдний бодсоноос арай өөр, гэхдээ гарцаагүй бодит зүйл дээр тулгуурлаж бичсэн байжээ гэж бодсон. Бэлгэдлийн кодууд, цогцолборууд гэх мэт зүйлс тэдэнд их сонирхолтой санагдсан байх л даа.

-Бас таны яриад байгаа нүүдэлчдийн соёл уламжлал тэдэнд сонирхолтой санагдсан болов уу?

-Тийм байх. Турын их сургуульд нэг удаа лекц уншихаар очихдоо Леонарда Да Винчи амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг өнгөрөөсөн шилтгээнд орж үзсэн юм. Тэнд Да винчигийн бичсэн онч мэргэн үгнүүдийг ханан дээр сийлсэн байсан. Тэнд байсан нэг үг нь яг манай монгол өвгөдийн үзэл, сургаал, номлолтой адил утгатай байсныг тодхон санаж байна. Байгаль хэзээ ч худал хэлдэггүй, хуурдаггүй, хүн л худал хэлж, хуурдаг гэсэн байсан. Байгалийн жам гэдэг зүйл бол тогтмол байдаг. Үнэн зүйл. Энэ үнэн, тогтмол зүйлийг монголчууд хүндэтгэж, дагаж амьдрахыг өвгөд маань мэддэг байж. Энэ хоёр үг ялимгүй өөр болохоос цаад мөн чанар, санаа нь адилхан байсан.

-Энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг маш том хувь тавилан. Энэ их хувь заяанд эзэн болж, амьдарсан шиг амьдарна гэдэг том бахархал юм. Таны хувьд амьдралын утга учир, юунд оршдог вэ?

-Би Монгол нутагт төрсөн хувь заяандаа өглөө босох болгондоо баярладаг. Бидний өвөг дээдсийн агуу их байгальч үзэл, би байгальч үзэл гэж нэрлэе л дээ. Байгаль ертөнцийн жам ёсонд тааруулж, хэрэглээгээ зохицуулах ухаан. Энэ бол ний нуугүй хэлэхэд хүн төрөлхтний хамгийн удаан оршин тогтнох арга ухааны гол үндэс байсан байна. Үүнийг судална гэдэг бол ганц монголчууд биш бүх хүн төрөлхтөнд хамаатай хэрэгтэй зүйл юм. Орчин үеийн технологийн хөгжлийг бүрэн үгүйсгээгүй байна. Энэ хөгжил маань аль болохоор байгалийн жам ёсонд харгалзсан, зохицсон байвал бидэнд хэрэгтэй юм шүү гэдэг талаас нь ярьж байгаа юм. Үүнд бидний судалгаа, хийж байгаа зүйл их чухал үүрэгтэй. Үүгээрээ Монголын урлаг соёл чухалд тооцогдож байна. Хязгааргүй хэрэглээ гэдэг бол хамгийн балмад зүйл. Тун бага зүйлээр сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдарч болох байтал бид хэтрүүлээд үрэн таран хийсэн, дэндүү үрэлгэн хэрэглээтэй байсан. Энэ нь эргээд хүн төрөлхтөнд цохилт болохоор байна. Өөр гариг дээр очсон ч цэнхэр гариг дээр байсан шиг жаргалтай амьдарч чадахгүй болов уу. Байгаа зүйлдээ сэтгэл ханах, байгаа зүйлдээ ханах нь аз жаргалын эх үүсвэр юм шүү дээ.

-Таны амьдралдаа хамгийн их баярладаг бас харамсдаг зүйл юу вэ?

-Аав ээж хоёртоо л маш их баярлаж явдаг. Манай Баянхонгор аймгийн Баянбулаг суманд Сэрүүн булаг гэж сайхан зуслангийн газар байдаг. Аав ээж хоёр минь тэр зуслангийн газраас тэмээгээ ачаалаад малаа туугаад хичнээн хоног нүүж, Байдрагийн дунд сургуульд намайг сургах гэж халуун нар, хүйтэн бороонд шавшуулан өөрийнхөө ганц эрх хүүхдээ сургуульд сургах гэж ирж байсан үе надад тодхон санагддаг. Энэ бол өөр хэн ч хийж чадахгүй, хэзээ ч чадахгүй тийм зүйл юм. Тэр хүмүүсийн буянаар би энэ дайтай явж байна.

-Таныг аав ээжийнхээ өргөмөл хүүхэд байсан гэдэг?

-Тэгэлгүй яахав. Тэр үед миний эрх танхи, ааш авир гэж тэсвэрлэхийн аргагүй байлаа. Манай нутгийнхан Сэндэнжавын хүүхэд хэзээ ч хүн болохгүй гэж ярьдаг байсан. Одоо ч гайхдаг. Харин миний ээж, аав хоёр “Миний хүү жаахан огцом ууртай болохоос ухаантай хүү шүү. Сайн хүн болноо гэдэг байсан. Тэр их хайрыг би юутай зүйрлэхээ мэддэггүй. Жаахан байхдаа бол ээжийг үнээнд нь гаргадаггүй байлаа. Тэгээд аав, ээж хоёр минь ганц хүүгийнхээ нулимсыг бараад яахав гээд үнээгээ зэлээр нь, хонио холбоотой нь зарсан нэртэй айлд зүгээр өгч байсан юм шүү дээ. Намайг уйлуулахгүй гэж л тэр. Тэр хоёрыгоо бодохоос илүү баяр баясгалан гэж надад байхгүй.

-Аав ээжийгээ хожим яаж баярлуулсан бэ?

-Их сургуулийн багш болоод аав ээж хоёрыгоо нэгдлийн ялтай малнаас нь салгаж, Чингэлтэйд авчирч хашаа байшинд амьдруулсан. Хоёр үнээ авч өгсөн. Гэхдээ энэ бол хүүхэд бүрийн хийдэг л зүйл.

-Харин танд амьдралдаа харамсаж явдаг зүйл бий юу?

-Айхтар харамсдаг зүйл байхгүй ээ. Монголынхоо олон газраар явж чадаагүй гэж боддог. Миний уулзах ёстой байсан, маш их үнэ цэнтэй мэдээлэл агуулж байдаг нэргүй мэргэдүүдтэй уулзаж чадалгүй, мөнх бусыг үзүүлснийх нь дараа очсондоо харамсдаг. Хуучин цагт, 1984 онд би Увс аймагт явж байлаа. Наранбулаг суманд Ямаан самган гэж нэг удган байдаг гэж сонсоод очиж уулзъя гээд очсон. Тогтохын шил гээд их олон адилхан аараг толгодтой газар давхисаар байгаад арай чамай олсон. Гурван аараг толгодын дунд ганц гэр байлаа. Яваад орсон чинь нэг залуухан бүсгүй гал түлээд сууж байна. Нэг настай эмгэн буурал үстэй цаашаа хараад хажуулаад унтаж байна. Сэрэхээр нь аминдаа л бөө мөргөлийн тухай сонин сайхан юм сонсох гээд нэг өдөржин юм асуугаад надад юу ч хэлж өгөөгүй. Дэвтэрийн тал хуудас юм тэмдэглэж авсан юм. Яагаад надад ярихгүй байсан учрыг нь би жилийн дараа олсон. Тэр хүн маань бөөгийнхөө ажлаас болоод аймгийн аюулаас хамгаалахад байцаагдаад хамаг хувцас хэрэглэлээ хураалгасан байсан юм билээ. Харин охиныг нь намд элсүүлээд ээжийгээ ийм зүйл яриулж, хийлгэж болохгүй гэдэг хориг тавиад байж. Ярьж чадахгүй, айж байхад нь би очсон юм билээ л дээ. Намайг туршуул гэж бодсон байх. Жишээ нь үүнд би маш их харамсдаг. Бөөгийн тухай ямар ч мэдээлэлгүй үед тийм сайхан мэдээллийн эх сурвалжтай уулзчихаад юу ч олж мэдэж чадаагүй.

-Гэхдээ энэ таны буруу биш шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ л харамсалтай. Тэр хүн юу ярих байсан бол гэж боддог. Энэ бол ганц надад хамаатай зүйл биш. Монголын соёлын өв уламжлалын нэг цул алтыг би гээгдүүлсэн гэж бодогддог.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан цаашид үргэлжилбэл ОХУ-ын талд шилжиж болзошгүй

Image result for Монголын  зэс

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авахаар болсон гэж Сангийн сайд тэргүүтэй хүмүүс мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлийн маргааш нь буюу энэ сарын 5-ны өдөр “Монголын зэс” корпорациас хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан хэмээн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар ярихдаа “Манай компанийн зүгээс Засгийн газартай өмнө нь уулзаж ярилцаж байсан. Дахиж, уулзах ёстой, хэлцэл дуусаагүй гэж ойлгож явтал ийм гэнэтийн шийдвэр гаргачихсан байна. Засгийн газрын энэ шийдвэр олон улсын гэрээ хэлцэл төдийгүй дотоодын хууль журмыг зөрчлөө” гэж байв.

“Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Засгийн газраас гаргаж буй энэхүү шийдвэрийн талаар танайх ямар байр суурьтай байна вэ?

-Улстөрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал ард түмэнд хор хохиролтой. Өнөөдрийг хүртэл бид “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Засгийн газартай хийх уулзалт дуусаагүй гэж бодож байсан. Дээд шүүхийн тогтоолыг Засгийн газрын тогтоолоор залруулаад хүчингүй болгож байна. Эдгээр хууль бус үйлдлүүд дахин давтагдаж байна. Өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал “Монголын зэс корпораци” ХХК-ийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хувь хүн болгоны эрх ашигт нөлөөлж байгаа институт хоорондын маргаан юм. Дээд шүүхийн тогтоолыг засгийн газрын тогтоолоор тодруулаад, хүчингүй болгоод дахин буцаагаад авчихаж байгаа үйлдэл болж байна. Энэ нь дотоодынхоо болон олон улсын хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс биднийг олон улсын шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Суутган тооцох гэдэгтэй холбоотой асуудлыг бид өнөөдрийг хүртэл сайн ойлгохгүй байгаа. Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүд өөрсдөө бас сайн ойлгохгүй байгаа юм шиг байна лээ, ярьж байгаагаас нь харахад. Ер нь 49 хувийн энэ асуудал бол байж боломгүй зүйл. Өөрөөр хэлбэл, би утсандаа 1000 нэгж аваад хийчихсэн чинь манай хажуу талын хашааны хүн нэгжийн зээлтэй байж таараад, тэр хүний зээлд суутгаад авч байгаа юм шиг л үйлдэл болж байна.

-Таныг залуу хүн мөртлөө хаанаас энэ их мөнгийг олж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан юм бэ. Төрийн мөнгө байсан болоод төр авах ёстой зүйлээ авчихлаа гэж байна. Та мөнгөний эх үүсвэрээ тодорхой хэлж өгөхгүй юу?

-Эх үүсвэрийн асуудлыг өмнө нь олон удаа ярьсан. Шүүхийн хуралдаан дээр ч яригдаж байсан. Энэ эх үүсвэрт Засгийн газар эргэлзсэн, хууль бусаар бүрдсэн мөнгө гэж ойлгож байгаа бол асуудлыг шүүхийн шатанд тавиад, нотлуулаад явах боломжтой байсан. Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байгаа энэ асуудал хувь хүн болгонд хамаатай институт хоорондын маргаан болж өрнөчихөөд байгаа юм. Уг нь энэ үйлдэл нь шат шатандаа нотлогдоод, хуулийн байгууллагаар шалгагдаад, тогтоогдоод явж байгаа.

Энэ үеэр “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатараас дараахь зүйлсийг тодрууллаа.

-Засгийн газрын мэдэгдлээс харахад анхнаасаа 49 хувийг авсан мөнгө нь Хөгжлийн банк, Монголбанкны нэг ёсондоо төрийн мөнгө байсан гэжээ. Танай компани дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн мэт ойлголт бас гарсан байна. Энэ ямар учиртай вэ?

-Засгийн газартай бид уулзалт хийж байсан, бидний хэлэлцээр дуусаагүй байсан. Мэдээлэл солилцох уулзалтууд өрнөж байлаа. Гэтэл нэг л өдөр гэнэтийн хууль бус ийм шийдвэр гаргаж байна. Манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн харагдаж байна. Бид Засгийн газартай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Засгийн газар Дээд Шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үргэлжилж байгаа. Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан юм. Энэхүү маргаан үргэлжилж байхад Засгийн газар дахин, дахин хоёр ч удаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгааг үнэхээр гайхаж байна. Уг нь Засгийн газар нь хууль дээдлэх, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан юм. Хамгийн сүүлийн хүсэлтээ арванхоёрдугаар сарын 27-нд гаргасан. Гэтэл ажлын хамгийн сүүлийн өдөр буюу 28-ны өдөр Засгийн газар биелүүлсэн. Он гарсны дараа ТУЗ хуралдаж үйлдвэрийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг бид шийдвэрлэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болголоо” гэж байна.

-Энэхүү 49 хувийн асуудал маргаан ихтэй байгаад, монголчууд учраа олж чадахгүй бол Оросын талаас буцааж татна гэх мэдээлэл байна. Олон улсын шүүхэд хандах уу?

-Энэ маргаан олон улсын арбитрын шүүхэд очихоор байгаа юм. Их Британы хоёр компани манай компанид зөвлөгөө өгсөн. Тэгэхээр, Английн хуулиар хийсэн зөрчил хүчин төгөлдөр болвол энэ маань ОХУ-ын компанийн эзэмшилд шилжинэ. Эцэст нь татвар төлөгч нар, Монгол Улсын иргэд хохирно. Энэ гэрээ хэлцэл хийгдсэнээр, “Эрдэнэт” үйлдвэр “Монросцветмет” хоёр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд ганцхан тендер зарласан бол 2017 онд өнөөдрийн байдлаар 500 тендер зарлачихаад байна. Шахаа хийдэг хүмүүсийн эрх ашгийг бид хөндчихөөд байна гэсэн үг. Бодит нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн. Наймдугаар сард ажилчдадаа урамшуулал олгосон. Он солигдохын өмнө ажилчид тус бүрт 500 мянган төгрөгийн шагнал олгосон. Татварыг өмнөхөөс дөрөв дахин илүү төлчихөөд байгаа юм. Ийм үр дүнд хүрсэн. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид мэдэж байгаа гэж бодож байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд бий болгоогүй бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн. Цаашид сургууль цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байсан. Энэ бүхэн маань хийгдэхгүй зогсож байна.

-Эцэслэн шийдэгдчихсэн байсан ТУЗ-ийн бүтцэд өөрчлөлт орох болов уу?

-Эцсийн шийдвэр нь гараагүй. Бид Засгийн газрын шийдвэртэй албан ёсоор танилцаагүй байна. Хэлбэрийн хувьд яг ижилхэн тогтоол гарчихлаа. 2017 оны эхээр гарсан тогтоол яг давтагдаад л гарчихлаа гэсэн үг.

-Монголбанкнаас авч байсан мөнгө. Та бүхний авсан зээлсэн мөнгө төгрөгийг хүчингүй болгож, өрийг хааж байгаа гэх мэдээлэл Засгийн газрын мэдэгдэл дотор харагдсан. Энэ үнэн үү?

-Ямар нэгэн авсан мөнгө гэдгийг ойлгохгүй байгаа. Мэдээлэл хийж байгаа сайд нар ч өөрсдөө учраа олохгүй, ойлгохгүй байх шиг харагдсан. Би ер нь ойлгохгүй байгаа. Тухайлбал, таны өмчийг хэн нэгэн дураараа авчихаж болдог юм уу. Худалдаа хөгжлийн банк зээлтэй эсэхийг би мэдэхгүй. Бид бол төрөөс ямар нэгэн мөнгө аваагүй, тийм өр байхгүй.

-Эрдэнэт үйлдвэрийн энэхүү 49 хувь танай талд байх, төрд байх хоёрын ялгааг тайлбарлаж өгнө үү?

-Дээр дурдсан, товчхондоо бол өнгөрсөн хугацаанд хийсэн бүх дэвшилтэд ажлууд үгүй болно.

“Монголын зэс корпораци” ХХК-ийн өмгөөлөгч Д.Батбаяр “Үүсээд байгаа асуудлыг хууль зүйн талаас авч үзвэл 51 хувийг эзэмшдэг төр, 49 хувийг эзэмшдэг хуулийн этгээд хоорондын цэвэр бизнесийн эрх зүйн маргаантай асуудал юм. Энэ асуудалд төр, хувийн хэвшил бүгд хуулийн өмнө эрх тэгш харилцан тохиролцож хандах ёстой.

Төр болон хуулийн этгээдийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Нэг талаас хүч түрэн асуудлыг шийдсэнээр хувийн компанийн эрхийг ноцтой зөрчсөн, бүдүүлэг шийдвэр гэж үзэж байна. Тийм учраас иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах болно” гэлээ.


Categories
мэдээ цаг-үе

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан: Аархал, хийморь хоёрынхоо хүчинд амьд явна

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, олон улсын сэтгүүлч Жигмэдийн Батсайхантай ярилцлаа.

-Та бол энэ цагийн онгодтой найрагчдын нэгэн. Яруу найргийн олон сайхан бүтээлээ уншигчдын гарт хүргэсэн. Одоо бас нэг ном гаргахаар зэхэж байгаа дуулдсан. Тэгэхээр шинэ бүтээлийн ая дангаас яриа хөөрөөгөө эхлэх үү?

-Өө тэгье эрхэм дүү минь. Нээрэн л өглөө сэрэх бүртээ шүлэг бичиж, сэтгэлийн цагаан өргөлөө энэхүү фэйсбүүк гээч их далайн түрлэгт дусал нэмж суудаг боллоо. Өглөө бүр шүлгийг минь чимээрхэн чагнаж, алган дээрээ ширхэг цагаан мөндөр шиг тосч авдаг найзуудтай болчихоор чинь өглөгөө өглөө бүр өгөх “өртэй” мэт санагддаг болчих юм. Тэгээд л за өнөөдөр юу бичих билээ? гэж бодно. Нэг юм хэвлэлд өгчихөөд явж байна. Дэлхийн яруу найргийн их чуулган өнгөрөгч зун Монголд минь болсон. Энэ чуулганаа угтаад 10 шүлгээ англи хэлээр хөрвүүлэн гаргасан ухаантай. Дэлхийн шилдэг хичнээн ч зохиолч, найрагч ирэв дээ. Тэдэнд хадагтай бэсрэг номоо барьсан минь энэ. Номын эхээ хэвлэлд өгчихөөд нэг ийм шүлэг бичиж билээ. Гандан тойрч гороолсны буянаар төрсөн шүлэг юм аа.

Би бурханы хүү

Бие, хэл, сэтгэл минь

Бурханы захиалгатай

Бэрх,эрх, эрэлхүү минь

Буруугийн залруулгатай

Би бурханы хүү

Би бурханы хүү

Хайр, найр, дуу минь

Бурханы заллагатай

Хагацал, дурлал, үхэл

Буцаах аргагүй залруулгатай

Би бурханы хүү” гээд.

-Яруу найрагчдыг арав, арван жилээр үечилж хуваах нь бий. Таны хувьд утга зохиолын наяад оны төлөөлөл болох байх. Үеийнхнээсээ дурсахгүй юу?

-Яасан сайхан асуулт вэ. 1980 оныхон гээд яривал яг л 18 нас руугаа эргээд орох мэт болдог юм шүү. Би гээч өчүүхэн бор болжмор 1979 онд Олон улсын хүүхдийн жилээр зарласан сурагчдын уран зохиолын улсын уралдаанд нэгэн шүлгээрээ хоёрдугаар байранд оров оо. Наймдугаар ангиа төгсчихсөн, ангийнхаа хөөрхөн охинд дурлачихсан додигор юм есдүгээр ангидаа орох гээд есөн сарын нэгэнд иртэл сургуулийн үүдэнд бүх хүүхдийг жагсаачихаж.хичээлийн эрхлэгч өндөр Пүрэвсүрэн багш минь намайг онцлон дуудаж өрөөндөө дагуулж орлоо. Ухаан алдах шахав. За нэг л хэрэгт орох нь дээ л гэж бодов. Тэгэхнээ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дарамбазар гуай хүлээн авч бүх сурагчдын өмнө МЗЭ-ийн диплом бүхий хичээлийн бүрэн хэрэглэлээр шагнаж улсын уралдаанд аймгийнхаа нэрийг гаргасан авьяаслаг хүү хэмээн цоллов оо. Тэгээд л би гээч нь

Сумандаа Пушкин

Сургуульдаа Нацагдорж болов оо.

1980 онд 10 дугаар ангиа төгсөөд шууд Горькийн дээдэд орох санал өглөө…үхсэнийх нь өнөөх Горькийн сургуулийн хуваарь аймагт ирсэнгүй…сэтгүүлч болъё гэв…бас сэтгүүлчийн ангийн ч хуваарь байхгүй…уг нь онц төгссөн гар тул дуртай хуваариа ав…гэлээ.

Гадаадад сурах сонирхол байвч аав ээж хол газар явуулахгүй гээд тас хорив. Тэгээд Унгарын Будапештийн хүнсний инженерийн ангиа өөр хүүхдэд өглөө. Сонин нь миний энэ мэргэжлээр төгссөн охин Дарханд ажиллаж амьдарч байгаа дуулдсан.

За тэгээд Политехникийн дээд сургуулийн усны хайгуулын инженерийн хуваарь авав. Нэг л дуртай биш…октябрийн баярын жагсаалд очоод МУИС-ийн сэтгүүлийн ангийнхантай таарав. Тэгэхнээ хүүхдийн зохиолын уралдаанд түрүүлсэн Говь-Алтайн хүү Ш.Содномжамцтай тааран танилцлаа.Сэтгүүлийн ангид орохоор хөөцөлдлөө. Монголын Сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга Д.Үржинбадам гуай дэмжсэн бичиг хийж өглөө. МЗЭ-ийн хорооны дарга Д.Цэдэв, хүүхдийн уран зохиолын секцийн дарга Д.Содномдорж гуай нар бас дэмжсэн бичиг хийж өглөө. МУИС-ийн проректор Лхамсүрэн бас дэмжсэн бичиг хийж өглөө энэ олон сайхан хүний буянаар сэтгүүлчийн анги руу шилжин сурлаа. Тэгээд л МУИС -ийн утга зохиолын дугуйлан руу орлоо доо. Загдын Түмэнжаргал утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн ажлаа МУИС-ийн монгол хэлний ангийн Далхаагийн Норовт хүлээлгэн өглөө. За тэгээд долоо хоног бүр дугуйландаа шүлгээ уншдаг болов. Манай дугуйлан мундаг л даа. Бидний дундаас манай сэтгүүлийн нэг ангийн Бямбажавын Цэнддоо маань төрийн шагнал хүртсэн.Бас сэтгүүлийн доод ангийн Дамбын Төрбат, Норов ах нар маань төрийн шагнал хүртлээ. Мөн үргэлжилсэн үгийн мастер Доржзовдын Энхболд, Долгорын Батжаргал маань Нацагдоржийн шагнал авав. Шүүмж бичдэг Дашлхүмбийн Галбаатар ах Монгол Улсын гавьяат багш болов. Дугуйлан удирддаг байсан Сэндэнжавын Дулам багш минь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болов. Энэ мэт сайхан багш, найзууд минь сайн явна. Манай сэтгүүлийн нэг ангийнхнаас гэхэд л Б.Ерэнтэй минь шаггүй шог зохиолч, Ш.Содномжамц маань сэтгүүлч, Б.Төмөрхүү нэлээд дуу зохиочихсон Монголын радиод насаараа ажиллаж явна.

-Утга зохиолын ертөнцөд хөл тавьсан үе хэдийд вэ. Анхны багш гэвэл хэнийг хэлэх вэ. Ер нь яруу найргийн хадаг тавьсан багш гэж байна уу?

-Хүн ном эрдмийг багшаасаа л сурдаг. Багшгүй хүн гэж хаа ч байхгүй. Аав ээж бие төрүүлнэ, ачит багш эрдэм өвлүүлнэ. Сурагч байхад монгол хэл уран зохиолын багш Я.Ванданбат, Цэдэндамбаа нар их тус өгсөн дөө.М.Шолоховын “Хүний хувь заяа” өгүүллэгийг оросоор цээжлүүлж орос утга зохиолын амт мэдрүүлсэн Д.Магван багш нартаа баярлаж явдаг. Хотод ирээд “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байсан Жамцын Шагдар, Цэндийн Доржготов , Жаргалын Барамсай гээд нутгийн ах нараа дагаж тус сэтгүүлд шог зураг, шог шүлгээ хэвлүүлэн дадлагажиж, шагналын хэдэн төгрөгөөр хоол, ундны аргаа олоод, хөөрхөн “мөнгөжиж” явснаа мартах учиргүй ээ…эднээс их ухаан авсан даа. Дараа нь хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж гуайн шавь болов. Харин сүүлд нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровт хадаг барьж шавилсан даа… Багштайгаа хамт Архангайд цөөнгүй хоног уран бүтээлийн эрэл олз хайн цуг явж, хөдөлмөрийн баатар болсон Д.Гончигсумлаагийн тухай найраглал бичиж бүүр их дотно болсон. Тэрхүү шүлэглэсэн найраглалдаа багш маань миний нэр ажил, шүлгийн хэсгээс оруулан нийтэлж, монгол даяар намайг алдаршуулан олонд таниулж, бүүр “Үнэн“ сонины Ерөнхий эрхлэгч, одоогийн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Түдэв гуайн анхааралд оруулж тухайн цагтаа “Үнэн” сонинд ч татах тухай яриа хөөрөө болж л явлаа. Гэвч аймгийн Намын хороо өгөхгүй гэж хэсэг уясан хөөрхий. Мөн сүүлд МУСГЗ Санжийн Пүрэв ах, Төрийн шагналт Очирбатын Дашбалбар нар “Утга зохиол” сонинд шүлгүүдээс минь тавьж бас их тус болсон доо. Номын минь оршил ерөөлийн үг бичиж урам хайрладаг ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, төрийн шагналт Дарамын Батбаяр, Долгорын Нямаа, Балжирын Догмид, МУСГЗ нэрт орчуулагч Готовын Аким, Галсангийн Жамьян… гээд ланжгар багштай данагар эр дээ би.

-Таны нутаг Архангай аймаг. Энэ нутгаас Ойдовын Цэнд, Далайн Найманжин, Амгаагийн Самбалхүндэв гээд олон сайхан зохиолч найрагч төрсөн байдаг. Сүүлд Бидэрийн Баярсайхан, Мягмарын Амархүү гээд ерээд оныхон байна. Та нутгийнхаа хуучны сайхан зохиолчдын тухай яриач?

-О.Цэнд гэж онгод нь асгарсан хүн байлаа. Амьдад нь уулзаж чадаагүй ч хань, үр хүүхэдтэй нь амьд холбоотой явдаг.Тухайн цагтаа аархаж явж орон нутгийн дарга нартаа адлагдаж явсан хөөрхий.Цагдаад хураалгасан бичгийн машиныг нь үр хүүхдэд нь өгсөн. Гэвч бичгийн машиныг өгөлгүй хулхидсан дуулдсан.Найманжин гуай миний ажиллаж байсан “Архангайн үнэн” сонинд ажиллаж байсан гэдэг. Уулзаж бас л амжаагүй. Эрдэнэтэд байсан. Харин нэг охинтой нь танилцсан. Яруу найргийн 60, 70-аад оныхны овгор зохиолчийн нэг дээ. Жамцын Шагдар гэж Тариатын мундаг ах минь байв.Уран цэцэн үг урсгаж ярьдаг “Үнэн”, “Тоншуул” сонины хамаг онигоог гаргадаг, дарга нар нь амаа таглуулж айж явдаг айхтар хүн байсан. Зураач Б.Цэдэвийгээ арга хэмжээ авахуулах болоход

Хошин шогийн авьяас

Коллег хавийн овьёос…гэж хэлээд аварч байсан гэдэг. Намайг оюутан байхаас шүлгийг минь сониндоо тавьдаг, зохиолчдын эмхэтгэлд шүлгийг минь оруулдаг, гэртээ дагуулж очин хооллодог хүн байлаа.Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовынд бол хүүхэд шиг нь л байдаг байлаа.

Цэрэнжавын Уламбаяр гэж хүнийг домог мэт санана.Аймагтаа номын сан байгуулж тэндээ ажиллаж аймгийнхаа залуу зохиолчдыг ихэд өөд татсан хүн. Сүүлд ганц хүү Амарсайхантай нь “Засгийн газрын мэдээ” сонинд гар сэтгэл нийлэн ажиллаж байлаа.

Сүүлхний жишээ нь Бидэрийн Баярсайханыг 10 жилийн сурагч байхад нь дагуулж шүлгээ уншиж яруу найраг руу хөтөлсөн.Бас М.Амархүүг багшийн сургуульд байхад нь сониндоо зураг зуруулж, шүлгийг нь нийтэлж утга зохиолд дурлуулсан.Одоо эд нар чинь Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагнал хүртсэн, “Утгын чимэг” болон “Болор цом”-ын цулбуур атгалцсан амьтад болж дээ. Мөн хаа хол Увсын хөвүүн Ядамдоржийн Бадамсүрэнд анх сонины хичээл зааж гэртээ суулган “Хонгорзул”, “Алаг хорвоо” сонины анхны макетийг хийж өгч л байлаа. Я.Бадамсүрэн чинь манай Цэцэрлэг сумын Туулантын уг гарвальтай юм шүү дээ.

“Монголын залуучууд” сонинд байхдаа 10 дугаар ангийн сурагч А.Эрдэнэ-Очирын шүлгийг уран зохиолын буланд анх нийтэлж байлаа.Саяхан МУСГЗ болов оо.Бас л манай Өндөр-Улаан сумын угшилтай. Төрийн шагнал хүртсэн Цогдоржийн Бавуудорж Чулуут сумын гаралтай…ихэд хайрлаж явдаг дүүгийн нэг дээ!

Энэ мэтээр нутгархах өвчтэй.Тэгээд ч

...Нууж болдоггүй юм

Нутаг минь байдаг

Элээж бардаггүй юм

Эх орон минь байдаг…гэж хэлэх дуртай!

-Шүлгийг нэг л зовлонгүй амархан биччихэж байх шиг санагддаг. Сошиал ертөнцөд шинэ шүлгүүдээ бараг өдөр бүр гаргаж шуугиулдаг хүн бол та. Цэвэр онгодоор бичээд байна уу… сонирхох гэсэн юм?

-Тархиа бүтэн амраагаад өглөө сэрүүтээ л шүлгийн мөрүүд харваад орж ирдэг болчихож.Тэнгэрлэг мөрүүд тэнгэрээс унжсан цагаан, цэнхэр хадаг шиг санагдах юм.Бадаг ч урсаад л, асаад л, цээж гижигдэх юм аа.Зүгээр цонхоор харах, тооноор ширтэхэд л шүлэг бууна шүү. Тэгээд л манай хангай нутагт тооноор нь хадан дээрх ямаа, сарлаг хоёр нь харагддаг шиг

“Тооноороо харсан шүлэг” мэт хэнийг нэг л мэдэхэд биччих л юм

…Өглөө болгон гэргий минь

Өрхөө татан гэгээ цацруулдаг

Өргөө гэрийн тооноор

Өнгөт наран мэлмий гялбуулдаг

Тооно нь өндөр Монголын минь

Толгой гэдгэр байхаас яах вэ?

Үүрээр боссон бүсгүйчүүл

Бүрхээр тогоогоо нийлүүлдэг

Үнэр нь ханхийх охь гарган

Хөхүүр айргаараа хул дүүргэдэг

Тооно нь өндөр Монголын минь

Толгой гэдгэр байхаас яах вэ?

Үүлэн цэнхэр манан шүргэхдээ

Өлзий хээгий нь ч норгоогүй

Уулан дээр харайх янгир нь

Өнгийж харахдаа ч цочоогүй

Тооно нь өндөр Монголын минь

Толгой гэдгэр байхаас яах вэ?

Сарьдгийн оройтой зэрэгцсэн

Сарлагийн бух нүдээр нь харагддаг

Савга сүүлнээс нь унасан цас

Сагалдрага чагтагнаас нь будардаг

Тооно нь өндөр монголын минь

Толгой гэдгэр байхаас яах вэ?… гээд явчих үе байх юм аа.

-Таны удам угшилд бичгийн хүмүүс бий юу. Та чинь домогт Буур аваргын нутгийн хүн. Ус нутгийнхаа тухай , бага балчиртаа уулзаж байсан сайхан өвгөдийнхөө тухай хуучлахгүй юу?

-Богд хаант засгийн Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны жинхэнэ алтан ургийн үр дээ. Манай хошуу ноён чинь Богдын засгийн боловсролын сайд байсан. Нутаг усандаа анхны сургуулийн шав тавьж байсан. Монгол Улсын анхны сургуулийн нэг Тариатын 10 жилийн дунд сургуулийг онц төгссөндөө бахархдаг. Манай сургуулиас зургаан академич төрсөн. Ээж минь багш хүн. Ринчингийн Сэнгэжав гэж одоо 76 хүрч байгаа ч шүлэг, сургамжит өгүүллэг бичиж суугаа. “Сүүтэй үг” гээд хоёр ч номыг нь хэвлүүлж өгсөн. Ээжийн төрсөн дүү Ринчингийн Батаахүү гэж эгэлгүй эрдэмтэн багш, зохиолч хүн байлаа. УБДС-ийг улаан дипломтай төгсч байв. Ховдын Багшийн дээдийг байгуулалцан олон жил багшилсан. Энэтхэгийн Неругийн их сургуульд зургаан жил багшилсан. Дараа нь МУИС-д багшилж ч байсан. Энэ эрхэм ах минь их нөлөө өгч номоор намайг гэрэлтүүлсэн.. гэргий нь төрийн шагналт Чойжамцын Ойдовын Туул гэж орос англи хэлний багш гэгээлэг эгч минь байгаа. Энэ боловсролтой эгчийн минь сүүдэр нь ч гэрэлтэж харагддаг.Бид саяхан аавынх нь 100 жилийн ойг нь тохиолдуулан “Ардын элч-Ойдов” сан байгуулж БСШУЯ-аас ойг тэмдэглэх шийдвэр гаргуулсан. Аав Жигмэд маань тайж гаралтай. Миний хань Пүрэвдаваагийн Долгормаа гэж оюунлаг эмч бий.Түүний ах Гүндүүгийн Буянтогтох гэж МУИС-ийн багш монголын найруулга зүйн том доктор байгаа. Ингээд бодохоор тал талдаа оюуны их ай савтай байгаа биз!

Манай нутагт Далан худалч хочтой Гаамаа, Хангидорж гээд зартай уран хошин яриатай олон хүн байсан. Тэдний яриаг сонсож өссөн хүүхэд фантааз сайтай байлгүй яах вэ?

Буур аварга гэснээс манайд хааяа ирж аавтай хуучлан суугаад унтах болоход нь орноос илүүдсэн урт хөл дор нь сандал ивж өгдөг хүүхэд байлаа ш дээ.

Миний бас нэг өвөө Ваанчиг гэж уран дархан хүн байсан. Би чинь зургийг зурвал ч зурна шүү хөө

-“Батсайханы шүлгүүдээс жинхэнэ яруу найрагчийн халуун зүрх мэдрэгдэж байна. Ямар эрэмгий бадрангуй юм бэ” гэж МУСГЗ сэтгүүлч, зохиолч Дамбын Цэмбэл дуу алдсан байдаг. Б.Цэмбэл доктор таны зохиолын тухай томоохон нийтлэл бичсэн. Утга зохиолын аваргуудад бол та их магтуулж урмын үгээр мялаалгасан хүн дээ?

-Ёооё дүү ахыгаа муухай ёворч байна. Нээрэн л томчуудын тоосонд орсных уу тэд муу ахыг нь овоо тоодог, би ч цовоо явах гэж хичээдэг.Миний ном болгонд ерөөлийн өргөл мөргөлөө өргөдөг Дашдооров, Лхагвасүрэн, Цоодол, Батбаяр, Аким гээд хэрийн хүн тоохгүй улсын тоосонд дарагдаж яваадаа баярладаг. Ер нь сайхан улсын хөл дор сөгдөж явахад гэмгүй шүү.

Би ч бас хөл дороо сөгддөг хэдэн шавьтай шүү. Хүн гэдэг хорвоо өөрөө дэндүү том юм даа. Дамбын Цэмбэл бол намайг Монголд нээж өгсөн их буянтан. Энэ хүний өмнө үхтлээ би мөргөнөө. Д.Цэмбэл ахын минь танай сонинд гарсан “Оргил өөд мацаж яваа яруу найргийн их садан” шүүмж өгүүллийг би одоо ч цүнхлээд дахин дахин харж урам авч явдаг юм. Хайран энэ ах минь саяхан насан өөд болж тэнгэрийн суудалд залраад харамсавч баршгүй гунигт автууллаа. Тэнгэрээс хааяа харж, алдаа оноог минь сануулах шиг л болох юм. Саяхан яруу найрагч Д.Ган-Очир дүү тааралдаад “Батсайхан ахаа та өөрөө ном шүү дээ” гэсэн гоё үг хэлнэ лээ.

-Та бол МОНЦАМЭ-ийн хүн. Ажил албаныхаа тухай яривал мөн ч их зүйлийг хэлэх нь мэдээж. Сэтгүүлчийн хос морьтой хүнийг тэр тухайд нь асуухгүй өнгөрч боломгүй. Сэтгүүлчийн буянаар олон сайхан хүнтэй уулзаж олон ч түүхэн явдлын гэрч болоо биз. Тэр тухай?

-Монголын нэрийг дэлхийд гаргадаг Засгийн газрын ганц агентлаг нь МОНЦАМЭ шүү дээ. Энэ нэрийг зүгээр нэг өндөр цагаан залуу байдаг мэтээр эндүүртлээ уярсан монгол түмэн байдаг юм шүү. Өө тийм.Би МОНЦАМЭ-г танинаа нэг өндөр цагаан залуу л байдаг гэх онигоо он цагийн салхинд элэгдэхгүй дээ. Харин одоо бол ах нь МОНЦАМЭ-гийн монцгор бор өвгөн болох нь дээ.

МОНЦАМЭ бол үеийн үедээ алдартай. Бямбын Ринчен МОНТА гэдэг угшилт нэрийг МОНЦАМЭ буюу Монголын цахилгаан мэдээ болгож өгсөн цэцэн хүн. Одоо цагаар бодсон ч Монголын цахим мэдээ гэсэн ч болохоор байгаа биз дээ.

Ухаантай хүний үг урт настай байдгийн дохио энэ. Одоо манай захирал Бадамдоржийн Ганчимэг гэж буянтай амьтан ирлээ. Ахыг нь хөөргөөд л байгаа. Дэлхийн яруу найрагт орох мөнгө өгсөн, англи хэлд хөрвүүлсэн 10 шүлгийн ном хэвлүүлэн тусаллаа. Түүгээр ч зогсохгүй ажлын дарамтнаас ч аль болох чөлөөлж “эрхлүүлэх” гээд л байх юм. Уран бүтээлч сэтгэлээс гадна их хүн чанартай бүсгүй юм.Түүнийхээ дэргэд зөв сууж, хамтран ажиллах хугацаандаа нэр , нүүр хоёрыг нь улалзуулахгүйхэн шиг, итгэлийг нь алдахгүй байх юмсан гэж хичээж байна. Гэвч ховын хошуу, атаархлын хайч хааяа бидний дундуур гүйлгэх гэсэн амьтад байх л юм. Болж өгвөл ийм сайхан хүмүүстээ “Амьдад нь алтан аяганаас “мөнхийн ус” буюу рашаан олж уулгах юмсан” ч гэж бодох л юм. Бас зохиолч Тугалхүүгийн Баасансүрэн гуай дарга байхдаа надад энэ мэт их тус өгсөн дөө. Ер нь МОНЦАМЭ-д үе үедээ сайн дарга заяасан газар шүү.Энэ МОНЦАМЭ рүү намайг хөтөлсөн хүний нэг С.Ламбаа ах юм шүү. Бас Тамирын голын нэг дууг ч ивээсэн буянтай ах даа. С.Ламбаа гэж лам шиг, лха тэнгэр шиг амьтан байдгийг хэлэлтэй. Мөн анх сэтгүүлч болоод “Архангайн үнэн” сонинд очиход тулж түшсэн сайхан улс бас их бий. Энэ жил уг сонины 70 жилийн ой болно. Нөхөдтэйгээ ном бэлтгээд сууж байна. “Монголын залуучууд” сонинд уран бүтээлийн уралдаан зарлан болзлын дагуу тус сонины редакцид хамтдаа ажиллаж байсан яруу найрагч С.Батмөнхийгөө ч дурсахгүй бол алдас болно. Мөн оюутан байхаас дадлага хийж, уран бүтээлийнх нь шавь болж явсан Төрийн шагналт Долгорын Нямааг бас яах аргагүй дурсах хүн шүү дээ. Саяхан болтол хамгийн ойр дотно явсан энэ агуу найрагч багш, ах маань бас л гэнэтхэн тэнгэрт суухад нь их гуниглан, гутарч харууссан. Зун түүний зуслангийн гэрт нь цуг сууж өнжин сууж хуучилснаа ч үлгэр мэт санана. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав гуайн 90 насны болон номын баяр дээр уулзаж сууж байгаад маргааш өглөө нь л нас барсан гунигт мэдээг сонсоод үл итгэсэн. Гайхмаар юм болсон. Итгэхийн аргагүй. Энэ хүн чинь яруу найрагчаас гадна сонины агуу эрхлэгч байсан юм. Одоо чиг л би “Тэнгэрийн хаяа” нийтлэл, яруу найргийн түүврийг нь дэрлээд унтаж байна. “Ардын эрх” сонинд утга зохиолын нарийн бичгийн даргаар ажиллуулж том сонины гал тогоонд ажиллуулж мэргэжлийн ур чадвар суулгаж өгсөн Ц.Балдорж бол бас л агуу хүн дээ. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд Б.Пүрэвдаш, насаараа утга зохиолын нарийн бичгийн дарга хийсэн Г.Бямбажал гээд ланжгаруудтай хамт ажиллаж сууснаа бодоход аймаар ч, гайхмаар ч байлаа. Нийслэлийн “Улаанбаатар” сонинд Ү.Хүрэлбаатар, Г.Жамьян нартай ч гар сэтгэл нийлэн сайхан ажиллаж байсан шүү. Зүгээр ч нэг сэтгүүлч болчихдоггүй гэдгийг эд нар минь зааж зөвлөсөн дөө. За тэгээд төрийн шагналт Д.Цоодол, Д.Нямаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, УИХ-ын гишүүн, сайд зэрэг алба хашиж явсан, яваа Т.Ганди, Ө.Энхтүвшин, Х.Дашзэвэг… гээд нэг үе нэг редакцид явсан олон нөхөд, ах эгч, үзэг нэгт улсууд миний хөтөлгөө морьтойгоо явах замд дөрөө нийлснийг дурсах сайхан л байдаг юм. Тиймээс ч би сүүлийн үес аархал, хийморь хоёрынхоо хүчинд, ямагт сайн хүмүүстэй хамтран ажиллаж явсныхаа буянд л амьд явна даа гэж боддог болсон шүү. Ах нь ч дуусан дуустлаа “МОНЦАМЭ-БАТ САЙХАН” гэх сэтэртэй л үхэх байх шүү!

Дууны ертөнцөд ч олон сайхан хөгжмийн зохиолч намайг хөтөлж дээ. Төрийн шагналт Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Б.Шарав гурав бол намайг дундаа хийгээд л ая эгшгээр бүүвэйлсэн буянтнууд. Сангидорж ямар агуу ах минь өдөр шөнөгүй хөтөллөө дөө. Д.Баттөмөр гэж хайлан байх. “Соёолон хүлгийн тоос” зэрэг олон дуугаар хөглөсөн Н.Чулуунхүү бол өдөр бүхэн дуугаар, хөгжмөөрөө гуруйлдаг юм. За тэгээд уулзах болгондоо дуугаар аргадддаг Б.Бямбабаяр маань байна. Эдгээрийн дууг дуулсан олон сайхан дуучдыг бол нэрлэх аргагүй ээ. Ингээд бодохоор би ганцаараа бус олон сайхан авьяастан, бурхдын хишгээс хүртэж яваа юм. Тэгэхээр муу явж, муухай харагдаж болохгүй . Муу уран бүтээл ч гаргаж, нүүрээ улайлгаж болохгүй юм шүү дээ гэж мунхаглах юм.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баяраа: Иргэдийнхээ амьжиргааг татварын бодлогоор хааж, боомилж байна

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин орлогоос татвар авах шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай ярилцлаа.

-Өндөр цалинтай иргэдийн орлогоос тогтмол татвар авах болсон шийдвэрийг төмөр замчид эсэргүүцэж байгаа юм байна. Эсэргүүцэж буй шалтгаанаа тайлбарлаж өгөөч?

-Хамгийн гол нь татвар нэмэхээр тогтоосон арга барил нь шударга бус байгаа юм. Үүнтэй л тэмцэж байна. Жишээлбэл, иргэдийнхээ амьжиргааг татварын бодлогоор хааж, боомилж байна. Нэг нь нөгөөхөөсөө илүү хөдөлмөрлөөд, илүү хүнд ажил хийгээд жаахан давуу цалин аваад эхлэхээр “Өө чи өндөр цалин авч байна. Тиймээс чамаас өндөр татвар авна” гэчихээр хүний хөдөлмөрлөх урам зориг мохож байгаа юм. Уг нь энэ хуулийг гаргахаасаа өмнө өндөр гэх цалин авч буй хүнд хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсээс асууж, санал бодлыг нь сонсож, судалгаа хийж байж үндэслэлтэйгээр, зөв тогтолцоогоор, татвар нэмэх ёстой байсан юм. Тэгэхгүй “би хууль мэддэг, хуулийг өөрчлөх, санаачлах эрх нь надад байна. Би дураараа ингэж шийдэж болно гэсэн байдлаар, хэдэн лобби бүлэг нь лоббидоод дийлэнх олонхоороо батлаад, явчихдаг нь л хамгийн буруу зарчим. Ялангуяа төмөр замчид бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Ажил хийгээд байгаа зүйл болохоос биш, зүгээр суугаад олж байгаа орлого биш.

-Цалингаас нь татвар авбал ямар, ямар хүндрэл үүсэхээр байна?

-Манай нэг машинист өчигдөр (уржигдар) энэ тухай ярьж байна лээ. Эхнэр гурван хүүхэдтэй, сарын 30 хоногийн 20 хоногт нь гэртэй байдаггүй. Байнга ажлаар явж таардаг. Нөхөр нь эзгүй шахуу байдаг тул ар гэрийнхээ бүх асуудлыг эхнэр нь зохицуулдаг. Хоёр бага насны хүүхэдтэй тул эхнэр ажил хийх ямар ч боломжгүй гэсэн үг. Хөдөө гадаа их явдаг, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ар гэрийн хүн нь ихэнхдээ ажил хийдэггүй. Тухайн хүн хөндлөнгөөс харахад өндөр цалин авч байгаа боловч, бүхэл бүтэн өрх гэрээ цалингаараа л тэжээж явдаг. Нийгмийн нэлээд ачааг үүрдэг хүмүүс.

Үүний учир шалтгааны олж харж, зохистой шийдвэр гаргаж, өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй. Татвар авч байгаа нөхцөлөө зөв болгох шаардлагатай л байгаа юм. Гэтэл далд эдийн засагтай, их орлого олдог татвараас ангид үлддэг маш олон хүн бий. Тодруулбал, төмөр замын 1000 машины зогсоолыг түрээслүүлж, өдөрт нэг машинаас хоёр мянган төгрөг бэлнээр хурааж авч байсан хүмүүсээс татвар авч чадсан уу. Төр засгийнхан нэг л их шатлал яриад, өндөр хөгжилтэй орон ингэж татвар авдаг гэх жишгийг ярих юм. Өөрсдөө тэгвэл ард түмнээ дэлхийн жишигт дүйцэхүйц цалинтай байлгаж чадаж байна гэдгээ харах хэрэгтэй.

-Багш нарын цалин нэмэгдүүлэх эсэргүүцлийг үл тоосоор чимээгүй болгож авсан. Одоо та бүхнийг эсэргүүцэхээр мөн л таг дуугүй гүрийх нь төрийнхөн. Хэрэв төмөр замчид ажил хаявал юу болох бол. Эдийн засгийн зогсонги байдалд ч хүргэж мэднэ биз дээ. Багш нар ажил хаях асуудлаас арай ялгаатай шүү дээ?

-Төмөр замчдыг хөндлөнгөөс ингэж хараад байдаг юм. Ялгаж үзэх гээд байдаг гэсэн үг. Эд нар өндөр цалинтай. Төмөр замаар Монголын ачаа тээврийн 80 гаруй хувийг тээвэрлэж байгаа монополь эрхтэй, тиймээс эд нар ажил хаячихвал Монголын эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэж хараад, төмөр замчид монополь шинж чанараа ашиглах гээд байна гэж харж байна. Түүний оронд энэ бол хөнгөн хөдөлмөр биш гэдэг талаас нь илүү ойлгоосой. Үнэхээр эрх баригчид шийдвэрээ эргэж харахгүй бол бидний дараагийн шатны тэмцэл нь ажил хаялт байна. Ажил хаялт үүсэхэд монголын эдийн засагт маш их хохирол учрах аюултай. Гэхдээ төрийн эрх баригчид биднийг тийм байдалд хүртэл битгий түлхээсэй, бидний шаардлагыг хүлээж аваасай л гэж бодож байна. Хаа, хаанаа ойлголцоод зөв замыг сонгох хэрэгтэй байна. Төмөр замчид татварыг бүрэн утгаар нь эсэргүүцээд байгаа юм биш. Улс үндэстнээрээ хэлэлцүүлэг өрнүүлээд, судлагаа хийгээд ул суурьтай эцсийн шийдвэрийг гаргасангүй гэж байгаа юм. Гэтэл хоёрхон сарын дотор лобби бүлгийнхэн яриад л шийдээд, бусдын цалингаас булаах болж байна. Тэтгэврийн насыг ч уртасгахыг ч бид эсэргүүцэж байгаа. Нас нь 55 хүрээд, физиологийн хувьд цуцсан хүмүүс 55 наснаас дээш хүнд нөхцөлд ажиллаж чадах уу гэдэг учир дутагдалтай. Төмөр замын хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс нас нь дөхөөд ирэхээр тэтгэвэрт гарах өдрөө хоног тоолон хүлээдэг. Хугацаа нь дуусах гэж байгаа батерей шиг ажиллаж байгаа юм. Тэдний самбаачлах хурд, залуу хүний чадвараас хамаагүй буурсан байдаг. Том хэмжээний гологдол сүйрэл гаргачихвал тэтгэвэрт гарахад авдаг мөнгөн тэтгэмжээ авч чадахгүй хэмжээнд хүртэл өрөнд орох аюултай. Ийм салбарт ажиллаж буй хүмүүсийн тэтгэврийн насыг нэмж болохгүй.

-Та бүхэн хэзээнээс эхлэн эрх баригчдад хандсан бэ. Нааштай хариу хэлэх янз байна уу?

-Өнгөрсөн 12 дугаар сард бид Нийгмийн бодлогын байнгын хороон дарга Баатарбилэгтэй уулзаж асуудлыг тавьсан. Биднийг хүлээж авсан, их хуралд энэ асуудлыг чинь оруулъя гэж хэлсэн юм. Ерөнхий сайд мөн адил бидэнтэй уулзаж асуудлыг хэлэлцэнэ, ярилцана гэж байсан. Түүнээс хойш чимээгүй байсаар, өнөөдрийг хүргэчихлээ тэд. Өмнө нь Эрчим хүч геологийн салбарынхан мөн татварыг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Уул уурхайнхан мөн ийм байр суурьтай байгаа. Бүгд л хүнд хортой нөхцөлд ажилладаг. Татвар нэмэх асуудлаа хойшлуулаач ээ. Бодлого шийдвэрээ эргэж хараач, ул суурьтай зүйл хийгээч гэдэг нийтлэг шаардлагыг л бид тавиад байгаа юм.

-Бусад хүнд нөхцөлд ажилладаг салбарынхантай нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэх талаар ярилцаж байгаа юу?

-Яригдаж байгаа. Төрийн эрх баригчдаа эхлээд харж байна. Албан шаардлагаа хүргүүлж байна. Хуулийн хугацаанд хариу ирэхгүй, өөрчлөлт хийхгүй бол дараагийн шатны асуудлыг ярина.

-Төмөр замчдын дундаж цалин хэд вэ?

-Дундаж цалин одоогийн байдлаар нэг сая 260 мянга байна. Нийт төмөр замчдын 22 хувь нь нэг сая 500 мянгаас дээш цалинтай. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаруй хувь буюу 7.771 хүн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаагаас 30 хувь нь эмэгтэйчүүд байна. Цалинг маань орлого гэж үзээд байгаа юм. Гэтэл нарийн яривал энэ бол орлого биш, хөдөлмөрийн хөлс. Хүнд хөдөлмөрөө наймаалсан зүйл. Хортой хүнд нөхцөлд энерги, эрүүл мэндээ зольж авч байгаа хөлс. Харин орлого гэвэл ширээний ард зүгээр сууж байгаад хүч заруулахгүйгээр гэнэ, гэнэт өчнөөн их мөнгө олохыг хэлнэ. Ийм далд эдийн засаг бий болгочихсон маш олон хүн байгааг тэгвэл тэд илрүүлсэн юм уу. Цалингаас татвар авах нь маш бүдүүлэг, бохир арга. Нэг сая 500 мянга гэдэг нь өнөөгийн нөхцөлд амьжиргааны баталгаа болж чадах уу. Цалингийн түвшин манай улсад бага байгаагаас болоод бүх асуудал үүсч байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын доройтол ч цалин багатай, ядуу байдлаас үүссэн. Хүн их ажил бүтээж, өндөр цалин авч, улсын хөгжил баялагт хувь нэмэр оруулж байж, улс хөгжинө. Гэтэл илүү их тэмүүлэлтэй, их хөдөлмөрлөж, хамгийн хүнд салбарыг үүрч яваа хүмүүсийнхээ идэвхийг сулруулж байна. Ер нь төрийнхөн иргэдээ ядуу л амьдруулах хүсэлтэй юм шиг харагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Муу тусмаа үнэн, үнэмшилтэй тусмаа эргэлзээтэй

Үнэний талд байх, үнэний төлөө тэмцэх бахтай. “Үнэний төлөө сэтгэлээрээ нийлсэн бидний хэдэн нөхөд…”гэж ирээд л бусдыг дарамтлах юутай сайхан. “Үнэний төлөө яваа хүнийг та нар яах юм бэ” хэмээн дүрэмдэж, хүн айлгах юутай жаргалтай!

НЭГ. ҮНЭН БОЛГОГЧ АЙДАС

Үнэний талд байх, үнэний төлөө тэмцэх бахтай.

“Үнэний төлөө сэтгэлээрээ нийлсэн бидний хэдэн нөхөд…”гэж ирээд л бусдыг дарамтлах юутай сайхан. “Үнэний төлөө яваа хүнийг та нар яах юм бэ” хэмээн дүрэмдэж хүн айлгах юутай жаргалтай!

Өмнөөс эсэргүүцэх, урьдаас хэрэлдэх гэхээр үнэний эсрэг болчих гээд ацан шалаанд орон бүлтэгнэх, бушуухан хүссэнийг нь өгөөд нийтийн дайсан болохоос аврагдахаас өөр гарцгүй болсон нэгнийг харахад сэтгэл цадан зүрх булгилмуй… Ерөөсөө одооноос эхлээд “үнэнчин” болж, санаснаа бүтээн, сарвайснаа атган амьдын жаргал эдлэх хүсэл төрмөөр. Энэ бол зурагтын мэдээ, хэвлэлийн хурал, “ард түмний” эсэргүүцлээс бидний хардаг өдөр тутмын зураглал.

Тэр ч байтугай бодит үнэнээс хол хөндий зүйлс ярихын хэрээр омог бардам. Харин үнэн, зөв зүйтэй юм ярьж байгаа хүмүүсийн халирхай, аймхайг хэлээд яах вэ. Сая тэр Оюу толгойн далд уурхайн нээлтэд оролцсон төр засгийн зүтгэлтнүүдийн байж байгааг хар даа. Улс орныхоо эдийн засгийн хөгжлийн шинэ үеийг нээж байгаа хэрнээ, цагийн механизмтай бөмбөг янзалж байгаа сапёр аятай айсан бэргэсэн, дальдчисан, чанга хашгирвал зугтаахад бэлэн. Цаанаа л нэг “үнэн”-ий эсрэг сөрсөн байдалтай. …айн!

Гэтэл хэдхэн сарын өмнө Бороогийн алтны уурхайг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай компани болох Сентерра гоулдтай хамтран ашиглах төслийг нураахын төлөө тэмцэгчид ямар урамтай, бадарсан улс харагдлаа. Цаанаа л нэг “үнэн”-тэй нөхцөж төрсөн байдалтай… айн!

Монгол үнэнийг үнэний дайтай болгодог нэгэн хүчин зүйл бий. Энэ бол мэдээллийг муу, түгшүүртэй болгох аргачлал. Буруушаах, мушгих гэж байгаа зүйлээ хэдийчинээн аймаар, фантаазтай болгоно, төдий чинээн үнэмшилтэй болно. Ийм нэг үг та нар сонссон уу, муу юм үнэн л байдаг юм даа гэж. Монголчууд авсан мэдээллээ аймшигтай байхын хэрээр бага эргэцүүлдэг, бараг тунгаадаггүй гэсэн ч болно.

Байнгын аюул түгшүүр, хөрш овог аймгийн үргэлжийн халдлага дор өнгөрөөсөн он жилүүд нь биднийг ийм үргэмтгий, цочимтгой болгосон бололтой. Хэрвээ “Мэргэд довтоллоо” хэмээн нэг нь хашгирвал үг сүггүй сэлмээ шүүрээд гарахаас өөр сонголтгүй болно. Хэрвээ “Мэргэд мөн болов уу, энэ хүн худлаа хэлж байгаа юм биш биз” гэхчлэн эргэцүүлж цаг алдвал дайсан амжиж ирээд хоолой хэрчинэ.

Бас “хотонд чоно орлоо” гэсэн мэдээллийг аваад ухасхийн гарахын оронд “Юун чоно билээ” хэмээн эргэцүүлээд суучихвал хамаг малаа боохойд хага татуулна. Тал нутгийн амьдралын дүрэм бидэнд “муу мэдээнд бүү эргэлз” хэмээн заажээ.

Тийм болохоор Гачууртын ордыг Сентеррагоулдтай хамтран ашиглахаар зэргэлдээ ноён уулын булш сүйдээд аюул болно гэж айлгаж болж байгаа юм. Аюул гэдэг хэллэгт инстинктээр хандан дэрхийсэн нүүдэлч хэвээр сэтгэлгээтэй ард түмэн Мэргэд довтолж, хот руу боохой орсон лугаа адил сэтгэн буугаа шүүрээд ухасхийнэ. Тэрнээс биш юун булш, хаана байдаг булш, ер нь мянган жилийн өмнө үхсэн хүний хүүр өөртэй нь яаж холбогддог, орчин үеийн хариуцлагатай уул уурхай гэж юу болох, нөхөн сэргээлтийн туршлага сэлтийг эргэцүүлэх үгүй. Өнөөгийн Монголын их, бага улс төр үүн дээр л тоглож, “Барууны компани урааны хайгуул хийхээр хоёр толгойтой тугал хийдэг” гэж айлгаж болоод байна даа.

Заримдаа ямар ч үгийг айлгасан өнгө аясаар хэлээд нийгмийг донсолгож, хэн нэгнийг тодорхой хугацаанд нийтийн дайсан болгож болно. Жишээлэхэд, “Таминь ээ. Өнөө Дорж хутгатай явж байна. Алуулахаасаа өмнө хөөж явуулъя” гэхэд нийгэм дэрхийнэ. Үнэхээр ч Доржийнх нь өвчин хөдлөөд хүний бөөр гаргахаар явж байвал тэр л биз.

Харин айлын цагаалгын мах эвдэж өгөхөөр явж байгаад хэлмэгдвэл мөн гашуунаа. Бас “Дээлтэй монгол” шоунд иж бүрэн оролцохоор шийдээд өвөөгийнхээ хэт хутгаар гангарч яваад өртвөл юутай гуниг. Бүр эсрэгээрээ, гэгээн хутагтаар тодроод Далай багшаас жуухаа авчихаад бөөн баяр болж “Би хутагт юм байна” хэмээн баярлан алхаж яваад алуурчинд тооцогдон толгойгоо хагалуулбал…хэлэх ч юм биш.

Муу мэдээнд, муугаар зарласан мэдээнд эргэлздэггүй шигээ, муу мэдээг тайлбарлах оролдлогыг хүлээж авахгүйгээр барахгүй, дайсанд үйлчилсэн тэдэнд цаг хугацаа олгох гэсэн санаархал мэтээр үзнэ. Тийм болоод л нэгэнт дайснаар зарлагдсан офшоорын учрыг тайлбарлах тухай санахын гарз болно. Намын эсрэг бүлгийн гишүүн, Лоохуузын хамсаатны үлгэр болоод дуусна.

Нүүдэлчид муу мэдээний, донсолгоотой Пиарын үнэн худлыг эргэцүүлэх завгүй явсан тэр үеийн хандлагаа орхиогүй байна.

Харин сайн мэдээнд бол эргэлзэх хугацаа, эргэцүүлэх боломж аль алин нь бий. Жишээлэхэд, “чоно махнаас гарчээ” гэвэл “махчин амьтан цагаан хоолонд орвол үхчих байлгүй” гэдэг жирийн эргэлзээнээс эхлээд, өвсөн тэжээлтэн ба махчин амьтан нь амьд байгалийн тэнцвэрийн гол хөшүүрэг болох тухай түмэн зүйлийг тайван эргэцүүлж болно.

ХОЁР. ҮНЭН ХЭНИЙ ТАЛД ВЭ?

-Чи үнэний талд байна уу гэсэн асуултад эргэлзээгүй “тийм” хэмээн хариулах амархан. Харин “Үнэн гэж юу вэ” гэвэл хариулахад амаргүй. Бид үнэн гэж яг юуг хэлээд байгааг хэзээ ч эргэцүүлж явсангүй.

Харин үнэний төлөө тасралтгүй тэмцсээр ирсэн. Бүр социализмын үеэс л үнэний дуу хоолой байх явдал нь иргэний үүргийн нэг хэсэг байлаа. Харин тэмцэн хамгаалж байгаа үнэнийхээ талаар эргэцүүлэх хэрэг байсангүй. Угаасаа нам төрөөс юу юу үнэн болохыг заагаад өгдөг байсан учраас түүнийг шүүмжлэн эргэцүүлэх хориотой байв. Нэг зүйл ойлгомжтой байсан нь “Үнэн гэдэг бол төрийн байр суурь”, илүү гярхай ажигласан хүнд бол “аливаа хувилбарууд дотроос социализмын үзэл санаанд нийцэх хэсэг” ажгуу.

Харин ардчилсан хувьсгалын дараагаар хувийн ба хувьсгалын үнэн нийцэх албагүй боллоо. Хүн бүр өөр өөрийн үнэнтэй байх боломж бүрдэв, тэр мэт ч болов. Хамгаалан тэмцэх үнэн хаа сайгүй байвч “үнэн гэж юү вэ?” гэсэн асуултын хариу алга хэвээр. Гагцхүү өмнөх үеийн үзэл суртлын нэгэн өв үлдсэн нь “үзэл суртлын ашиг сонирхолд нийцэх хувилбар” гэсэн шалгуур ажгуу.

Тэгвэл, тал нутгийн “үнэн”-үүдийн хөнжилдөө унтах завгүй тулаан дунд хэнийх нь хувилбар ялдаг вэ гэсэн асуулт гарна.

Жаахан холоос эхэлбэл, дургүйцэхгүй биз дээ. Тал нутгийн дайны мораль, тулааны дүрмийг өрнөдийн ертөнц огт төсөөлөөгүй учраас монголчуудын байлдан дагуулал онцгой амжилттай болсон юм. Тэдний номоор бол рыцарь маягаар, нүүр тулан, удирдагч нь удирдагчтайгаа шударга тулаад эхэлж мориноос унасан нь ч юмуу, айж зугтаасан нь ялагдсанд тооцогдоно. Нэр хүнд бол ялалтын хагас ажээ. Байлдах алалдах муухай зуршилд нь хүртэл мораль шингэж эхэлсэн байсан гэсэн үг.

Наран ургах зүгээс ертөнцийг гатлан ирсэн морьтон баатруудыг тэд бас өөрсөд шиг нь дүрэм журамтай улс гэж бодсон гэдэг. Гэтэл цаадуул нь нэр төр ялсан талд нь ордог гэсэн ойлголттой, ухрах зугтаах, зальдах, шарвахыг нэр төрд хүрэх ерийн технологи гэж үздэг улс байв. Түүхчид “Монголчууд ялна гэдэгт итгэлтэй болтлоо зугтаадаг” тухай гайхшран тэмдэглэжээ.

Тал нутгийн тулааны дүрэм онцгой. Тэнд шударга явах, хууль баримтлах, хүчээр давуу байх зэрэг огт хамаагүй. Зүгээр л түрүүлж айсан нь ялагддаг юм. Харин айх, зугтаах хоёр тусдаа. Чингис хаан гайхамшигтай айлгагч байсан. Түүний цэргүүдийн асаадаг олон түүдгээс эхлээд цуу тараах, тэнгэрийн нэр барьж сүрдүүлэх, газартай тэгшитгэхээр заналхийлэх гээд сэтгэл зүйн дайны том мэргэжилтэн байсан.

Нөгөө талаасаа монголчууд нэг айсан бол нэлээн сайн айдаг улс. Энэ нь Орос болон Хятад, барууны хөрөнгө оруулагчдад хандах янз бүрийн хандлагаас их тод харагддаг. Бас нэг айлгасан амьтныхаа хүзүүн дээр насаараа зайдлах санаатай. 1921 онд Барон Унгернтай хүч хавсарсан монголчууд (Үнэндээ бол монголчуудын дэмжлэгийг авсан Бароны цэргүүд) хүрээнд байсан Хятадын гамин цэргийг хөөсөн нь хятадуудыг хамгийн сүүлд айлгасан явдал байж. Харин тэд одоо болтол айсаар байгаа гэдэгт итгэдэг.

Үүний нэгэн өвөрмөц хувилбар нь ард түмний ашиг сонирхлоос урган гарсан ардчилсан төр ард түмэнд үйлчлэх ёстой гэсэн логик их өөр утгатай болсон явдал. Хууль дүрэм “ард түмэн”-ээс айх ёстой, хүчний байгууллага, хууль хэрэгжүүлэгчийг ард түмний өмнөөс нэг сайн айлгачихад л болно гэсэн санаа их хүчтэй байна. Чухам эндээс үүдэн ард түмний нэр барьж чадсан нь хэргээс мултарч, бас ард түмний нэрийг барин хэрэгт хийж болох юм байна гэсэн ойлголт нийгэмд бий болсон нь нууц биш. Ингэснээр “ард түмэн”-ий нэр барьж чадсных нь өмнө хууль, засаглал хүчгүйдэх аюул нүүрлэж буй хэрэг. Ийм завшааныг эрх баригчид ч сул орхисонгүй, өөрийн намаас гадна хэрэгтэй үед хэрэгтэй юм хийгээд өгдөг тус тусын “ард түмэн” байх санаархалтай ч болж байна.

ТӨГСГӨЛ. “ЗОВЛОН ҮНЭН, ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН…”

Чингис хаан тэнгэрт хальж, эзэнт гүрэн түүх болоод удав. Харин тал нутгийн тулааны дүрэм хуучнаараа, үнэний тухай ойлголт мянганы тэртээх тэр л хэвээрээ.

Монголчууд нүүдэллэхээ болиод хотшин суурьшаад, хүн төрөлхтний нийтлэг жишгээр иргэншин хөгжиж эхлэв. Энд муу сайн ямар ч мэдээнд түрүүлж эргэлзсэн нь хожно.

Бас үнэний тухай суурин амьдралын ойлголт төсөөлөл нүүдэлчдийнхээс өөр. Иргэншсэн ертөнцөд үнэн гэхээр хөдлөшгүй баримт, хууль ёстой нийцэх үйлдэл гэж юун түрүүн томьёолно. Шударга ёс нь ямар ч аргаар хамаагүй ялагчийн талд бус, харин дүрмээр тоглогчийн талд зогсоно. Түрүүлж айсан нь бус түрүүлж буруу үйлдэл хийсэн нь ялагдана. Үүнийг л хүлээж дагаж байж цаашаа явахаас өөр замгүй.

Бидний амьдрал өөрчлөгдөж өгөхгүй байгаагийн шалтгаан нь бид өөрснөө өөрчлөгдөж өгөхгүйд байгаа юм.

2016.05.18

Categories
мэдээ цаг-үе

Галсангийн Жамьян: Амьд явъя, урт насалъя гэвэл нийтийн бүжиг хийцгээ

– СУДАЛГААГААР ХАМГИЙН УРТ НАСАЛСАН ХҮМҮҮС ХААНЫ ОРДНЫ БҮЖИГЧИД БАЙСАН ГЭНЭ –

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцаж байна.

-“Тантай телевизээр ярилцаж байсан сурвалжлагч “Сэтгүүлчийн хөдөлмөр, нийтийн бүжиг хоёрынхоо алинд нь илүү хайртай вэ?” гэсэн асуултад та “Ав адилхан хайртай” гэнэ билээ. Жар гаруй жил дагнан хийсэн сэтгүүлчийн хөдөлмөртэй чинь нийтийн бүжиг яагаад “ав адилхан” болчихдог билээ. Энэ удаа танаас үүнийг л сонирхох гэсэн юм. Яагаад “бүжгийн донтой” болчихов?

-Энэ үнээн. “Венийн вальс” эгшиглэхэд миний хөл аяндаа хөдөлж байдаг байхгүй юу. Үүнд хэдэн зүйл нөлөөлсөн. Би, дунд сургуулийн ахлах ангиасаа л бүжиглэж эхэлсэн хүн. Нэгдүгээрт, манай сургуульд Ж.Гомбожав, Д. Пунцаг, Балжинням гэхчлэн гайхалтай сайн бүжиглэдэг багш нар байлаа. Сургууль маань сайхан ч хөгжимтэй, нийтийн бүжиг их явуулдаг байж. Хоёрдугаарт, аймгийн клубт бүтэн хагас сайн болгонд бүжиг явна. Гуравдугаарт, Сайншандын урд дэнж дээр Оросын цэргийн ангийн ДКА байлаа. Энд орой болгон гуулин хөгжимтэй нийтийн бүжиг явна. Орос цэргийн дарга нар, эхнэр хүүхэд нь гээд зөндөө хүн цуглана. Ахлах ангийн, өсгөлүүн охид хөвгүүдийг бүжигт орохыг тэд зөвшөөрнө. Дөрөвдүгээрт, аравдугаар анги төгсгөх жил Улаанбаатар хотын цэргийн ерөнхий сургуулийн хоёр хуваарь очсон. Цэргийн дунд сургууль шүү дээ. Энд, тааруухан сурлагатай, сахилгагүй эрэгтэй хүүхдээ хуваарилж байгаа юм. Я.Шаргай бид хоёр хуваарилагдан тэр сургуульд ирсэн. Жинхэнэ бүжгийн орон. Оройн чөлөөт цагийг нэг хэсэг нь спортын, нөгөө хэсэг нь бүжгийн танхимд л өнгөрөөнө. Ийм нөхцөлд л “бүжгийн донтой” болсон гэх үү дээ.

-Нэгэн үед нийтийн цэнгээнт бүжиг их хөгжиж олон түмэн тийшээ хошуурч байсан гэдэг. Энэ явцад сонин тохиолдлууд зөндөө л таараадаа. Заримаас нь сонирхуулж болох уу?

-Бололгүй яахав. ДКА-д бүжиглэж байхад ийм нэг явдал боллоо. Бүжгийн танхимын үүдний өрөөнд хоёр орос офицер зодолдлоо. Энэ өрөө сүүмгэрдүү гэрэлтэй. Офицерууд маань бодвол ийм газрыг сонгосон байх. Хамар амнаасаа цус гаргаад, хувцас хунараа ураад, сүртэй зодолдсон юм. Дэргэд нь орос монгол нийлсэн бидний арваад хүн хараад зогсож байлаа. Гэнэт нэгнийх нь хувцас урагдаад төгрөг бололтой юм шалаар тарчихлаа. Хүмүүс түүнийг түүгээд авч байна. Би , хөлнийхөө дэргэд унасан , нэг томоохон дэвсгэртийг аваад атгачихлаа. Зодоон намжаад хүмүүс буцааж өгвөл, хамт өгчих бололтой атгаад л байлаа. Тэгсэн чинь нөгөө хоёрыг коминдат нь ирээд, гавлаж аваад явчихдаг байгаа. Хүмүүс ч тараад явчихсан. Би , атгаатай мөнгөө Мөөмдөө авчирч өгсөн чинь цоо шинэ хөх зуут байсан. Мөөм минь хэд хоног айж хадгалж байснаа, надад шинэ сатинаар шарваар хийж өгөөд хэрэглэчихсэн дээ. Тэр үед бид шарваар гэж олон хуниастай хүлхгэр өмд өмсч гангардаг байсан юм.

-Таныг чинь их сургуулийн “Гоох Жамьян” буюу их бүжиглэдэг залуу байсан гэж Т.Галсан гуай бичсэн байдаг байх аа?

-Намайг очсоны хойтнон жил цэргийн ерөнхий сургууль татан буугдчихсан. Тэгээд л Улсын их сургуульд орж Галсантайгаа нэг анги, нэг өрөөнд хамтарч амьдарсан даа. Энэ тухай бид хоёрын ярилцлаганд олон удаа гарсан тул нуршилтгүй биз.

-Энд жинхэнэ бүжиглэв үү? Улаанбаатар хотын нийтийн бүжгийн аварга боллоо ч гэл үү. “Гоож Нанаа”-гийн аяыг Гоох Жамьян болгочихоод бүжиглэж байлаа ч гэл үү, зөндөө л паян дуулддаг?

-Бүжиглэсээн бүжиглэсэн. Манай сургууль бүжгийн танхим байхгүй. 310, 320 хоёрыгоо зайчилчихаад л бүжиглэдэг байсан даа. Голдуу гадагшаа явж бүжиглэнэ.

-Хаана очиж бүжиглэхэв?

-Хичээл тарсны дараа 17 цагаас хэвлэх үйлдвэрийн улаанбуланд нэг төгрөгөөр бүжгэнд орно. Одоогийн балгас болчихоод байгаа барилга чинь эргэн тойрон хашаатай, хашааны үүдэн талд хэвлэх үйлдвэрийн улаанбулан гэж дан цагаан байшин байсан юм. Тэндээсээ 19 цагт тараад “Элдэв-Очир” кино театрын бүжгэнд хоёр төгрөгөөр орно. Одоо хөрөнгийн бирж байгаа баганат танхимд жааз хөгжимтэй бүжиг явдаг байв. 21 цагт тэндээс тараад “Ленин клуб”-ын гадаа цэцэрлэгт гурван төгрөгний төлбөртэй бүжгэнд орж шөнө 23 цагт тарна даа. Энэ бүжиг, гадаа зассан гоё талбайтай, гуулин хөгжимтэй, голдуу оросууд бүжиглэнэ. Бид хэсэг хэсгээрээ нэг баг болж явдаг байсан. Манай багийнхан гэхэд л яруу найрагч Н.Очирбат, түүхийн ангийн оюутан Будаевын Чинбат, (эцэг нь манай нэрт эмч) Багшийн дээдийн оюутан С.Батпүрэв… гэхчлэн, бас партнёр охидууд хамт явна даа. Сүүлд уулын аманд ХАА-н дээд сургуулийн барилга баригдахад тэндэхийн том танхимд, хятад Шияанз, хятад сургуулийн танхимуудад бүжиглэдэг, нийтийн бүжгийн оны аварга шалгаруулах тэмцээнүүд явагддаг болсон. Түрүүлсэн хосыг сэнжтэй шилэн таваг дүүрэн чихэр тус бүр 100 төгрөгөөр шагнана.

-Би таны дурсамжийн “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” номыг уншсан. Тэнд “Бүжиг, миний аминд ч орж байсан” гэсэн байна билээ. Үүнийгээ жаахан тодруулах уу?

-Гавьяа найрууллын хэргээр нутаг заагдан, модны үйлдвэрт хүнд хүчир хөдөлмөр хийж байхад бүжиг нэг удаа аминд орсон. Би тэнд хөлдүү хар модтой ноцолдсон “үртсэн хүн” л байлаа шүү дээ. Нэг удаа ажил дээрээ ухаан алдчихаад нэгдсэн III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт түргэнээр очоод сайн эмчийн ачаар аврагдсан юм. Тэгээд хөнгөн ажлын акт гарсан. Манай комбинатад надад өгчихөөр хөнгөн ажил даанч байгаагүй л дээ. Тэгээд ч миний ажил өөрчлөхийг Намын хянан шалгах хороо л мэддэг байсан. Комбинатын дарга нар маань “Энэ хүний чинь бие гүйцэхгүй нь, бид ажлыг нь арай жаахан өөрчилмөөр байна” гэж ярьсаар байгаад комбинатаасаа явуулалгүй хөнгөн ажил өгөхийг зөвшөөрүүлсэн юм билээ. Нэг өдөр Шаравжамц дарга маань дуудаад, “Дээрээс зөвшөөрсөн. Манайд модны мэргэжлийн бус биеийн тамирын арга зүйч, клубын эрхлэгч, иргэний хамгаалалтын мэргэжилтэн гэсэн гурван орон тоо байна. Энэ гурвын талаар чамд үзүүлэх юм байна уу. Харьж бичиг цаасаа онгич” гэлээ. Би шөнөжин новшоо онгичсон. Иргэний хамгаалалтын талаар юу ч алга. Биеийн тамирын талаар гар бөмбөгийн улсын I зэргийн үнэмлэх байна. Нийтийн бүжгийн хотын аваргад түрүүлж авсан тамгатай үнэмлэх рүү юм нугалаасаараа бараг тасарчихсан байна. Даргадаа аваачин үзүүллээ. Тэгсэн мань хүн баярлаад: “Чи чинь тамирчин, бас бүжигчин хүн байна шүү дээ. Маргаашнаас эхэлж комбинатын клубын эрхлэгч, биеийн тамирын арга зүйчийг хавсарч хийх тушаал гаргана” гэдэг байгаа. Надад 450 төгрөгнөөс дээш цалин олгож болохгүй гэсэн заалттай байсныг 600 болгоод, сүүлдээ энэ гурван ажлыг хавсарч хийх болсонсон. Тэр тасархай бичигнүүд байгаагүй бол, би аль хэдийнэ үгүй болсон байх байсан биз.

-Та сүүлийн жилүүдэд бүжиглэхийн зэрэгцээ нийтийн бүжгийг их сурталчилж байгаа. Үр дүн хэр зэрэг байна?

-Хүн уулаасаа хөдөлж, үсэрч дүүлж, гар хөлөө хөдөлгөж хоолоо олж идэхээр заяагдсан амьтан. Гэтэл өнөөгийн нийгэм гэдэг маань үргэлж үүний эсрэг үйлчилж байна. Чи хар даа! Автобус , такси, хувийн унаа гээд явган явахаа байлаа. Байшинд лифтээр өргөж оруулаад өргөж гаргадаг боллоо. Хөдөөнийхөн ханын нүдээрээ дурандаж байгаад малаа машин мотоциклээр хариулдаг боллоо. Хамгийн наад зах нь босч очоод зурагтаа асаачихдаггүй, буйдан дээр хэвтээд товчлуур дарчихдаг болов. Жолооны ард логлойсон охид хөвгүүд сууж явна. Ийм хязгаарлагдмал хөдөлгөөнтэй орчин үед амьд явъя, урт насалъя гэвэл нийтийн бүжиг хийцгээ гэж би уриалаад байгаа юм.

-Заавал нийтийн бүжиг гэдэг нь ямар учиртай юм. Хөдөлгөөний дасгал сургууль хийчихвэл л болоо юм биш үү?

-Дасгал сургууль чухал. Гэхдээ нийтийн бүжиг шиг олон талын ач холбогдол өгөх нь ховор. Нийтийн бүжигт гол нь хөдөлгөөн. Хоёр цаг бүжиглэх нь 10 км алхсантай тэнцэнэ гээд байгаа шүү дээ. Нөгөө нь хөгжим. Бүжгийн хөгжим шиг, тэр дундаа монгол аялгуу шиг сайхан зүйл байна уу! Би хичнээн ядарсан байлаа ч нийтийн бүжгийн хөгжмөө сонсохоор л сэргэчихдэг юм. Харин сүүлийн үед харь нутгийн хүчтэй хөгжим сонсч, бараг хоёр цаг балбуулчихаад гарч ирэх шиг болох тал бий. Гурав дахь хүчин зүйл нь эрэгтэй эмэгтэй хосууд бие биенээсээ хамгийн сайхан эерэг энерги авч байдаг. Сэтгэл санааны асар их таашаал юм даа. Энэ бүхнээрээ нийтийн бүжиг давуу талтай.

-Таны уриалгыг хүмүүс хэр зэрэг хүлээн авч байна?

-Миний хэлж, бичиж байгаагийнх ч биш, ер нь олон түмэн нийтийн бүжгийн ач холбогдлыг их ойлгох болж. Улаанбаатар хотод л гэхэд нийтийн бүжгийн 30 гаруй клуб ажиллаж байгаа гэх. Зөвхөн манай Баянгол дүүрэгт л гэхэд “УБ палас”, Төмөр замын ахмадын өргөө, Төмөр замын соёлын ордон, Төрийн банкны “Стадиум” ресторан, Ритм бүжгийн клуб, Мон-алтаус (модны хоёр) , Тод өнгө … гэхчлэн арваад газар бүжгийн клуб тогтмол ажиллаж байна. Өдөрт 1-3 удаа хоёр цагаар бүжиглэдэг, бас бүжиг заадаг боллоо.

-Хүмүүс их очих юм уу?

-Настайвтар голдуу 40-100 хүнтэй бүжиг болно. Орой үдшийн цагаар болдог бүжгэнд нь голдуу залуучууд очиж бүжиглэдэг гэх юм билээ. Тэд бол нөгөөх барууны хүчтэй хөгжмөө тавьж голдуу чөлөөт бүжиг хийдэг юм уу даа.

-Өдрийн бүжгэнд нь ямар хүмүүс орж байна?

-Голдуухан мань мэтийн ахмад настнууд орох юм даа. Хөгжим аянаасаа болно. Зүрх судас, мэдрэл, үе мөчний өвчтэй хүмүүс очоод эв эрүүл болж байна. Баянгол дүүрэгт сайн хөгжимчид олон бий. Жишээ нь манай урлаг соёлын нэрт мастерууд Сампил, Лувсанжав нар “Стадиум-д” хоёулхнаа хөгжим тоглодог юм. Үүнд хүмүүс их дуртай. Бүжиглэхээсээ, тэр сайхан монгол аялгууг сонсох гэж шавна шүү дээ. Харамсалтай нь ресторан учраас ихэвчлэн хүлээн авалттай, бүжгийнхэн бол “ гологдмол” хүмүүс болно. “Улаанбаатар палас”-ын хоёр дугаар давхрын бүжгийг М.Мягмаржав багш сайн зохион байгуулна. Нийтийн бүжгээс гадна, бүжиг сонирхогчдод үнэ төлбөргүй хичээл заана. Бүжгийн тэмцээн тоглолтууд явуулна. Нийтийн бүжиг сонирхогчдынхоо хүрээнд баяр ёслол тэмдэглэх зэргээр санаачилга сайтай ажилладаг юм. Ийм клубууд олон бий. Зарим газар нийтийн бүжгийн клуб байхгүй гээд Налайх, Хонхор зун бол хаа холын зуслангуудаас “хорхойтнууд” ирж бүжиглэнэ дээ.

-Та түрүү “Венийн вальс” гэж дурслаа. Энэ нэрээр нийслэлийн хэмжээний том тэмцээн явдаг юм биш үү?

-Би түүнийг сонирхож байсан. Хүмүүсийн ярих нь 100000 төгрөгийн такстай, шунахай хүмүүсийн ашиг олох оролдлого л гэх юм билээ. Ер нь нийтийн бүжгийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй. Хүмүүсийн алжаал тайлах, тав тухтай орчин болгоход голлон анхаарах хэрэгтэй юм. Байр орчин дулаан, саруул, эрэгтэй эмэгтэйчүүд хувцаслах өрөө тасалгаа тусдаа, хөнгөн зууш уушаар үйлчлэх байр талбайтай, их сайхан орчинд бүжиг явуулах ёстой юм. “Мөнгө цагаан, нүд улаан” байдлаар хандаж болохгүй.

-Энэ чинь том соёл , эрүүл аж төрөхийн нэг үндэс байна. Таны уриалсан олон нийтлэл зохих ач тусаа өгсөн гэж боддог. Цаашид яамаар юм дээ?

-Эрүүл аж төрье, удаан амьдаръя гэвэл нийтийн бүжгийг байгууллага, хүн бүр дэмжиж хөгжүүлээсэй гэж боддог. Нийслэлд л гэхэд, ахмадын, залуучуудын гэсэн хоёр том клуб байгуулж тогтмол ажиллуулаасай гэж боддог. Бөхийн өргөөнд сар бүрийн 10-нд “Дуун цэнгүүн” гэж нийтийн бүжиг явуулж байгаа. Энэ нь бүжиг гэхээсээ, дуу яриа нь хэтэрчихдэг, хөгжим ч тааруухан, тэгсэн хэрнээ үнээ дандаа нэмж байдаг “Мөнгөний газар” билээ л дээ. Хүмүүс ч ая тух алдаад тоохоо байсан.

-Та яагаад нийслэлд “ахмадын”, “залуучуудын” гэсэн хоёр клуб санал болгоод байна? Нэг байж болоогүй юу?

-Болохгүй. Энэ насныхны сонирхдог хөгжим хөдөлгөөн хоёр чинь огт өөр юм. Залуучууд бол барууны тэр хүчтэй хөгжимтэй, үсэрч дүүлсэн бүжиг сонирхож байна. Дундаас дээш настнууд бол намуун зөөлөн, их уянгалаг хөгжим бүжигт дурладаг. Ийм хоёр сонирхлыг хүчээр нийлүүлж болохгүй.

-Таны үед нийтийн бүжгийн тэмцээн явуулдаг, том шагнал өгдөг байж. Одоо тэгж урамшуулах нь зүйтэй юу?

-Энэ хамгийн чухал. Насны ангиллаар тэмцээн явуулж, шинэ жил баяр ёслолоор бол цом диплом, ахиухан мөнгөн шагнал олгоход юу нь буруу байхав. Харин, мэргэжлийн бүжигчид орж ирээд хэдэн түрүүг нь хамчихаас болгоомжлох нь чухал. Тэгвэл утгагүй зүйл болно.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Нас дээр гарлаа. Үүнийгээ би нийтийн бүжгийн ач тус гэж бодож явдаг юм. Бүжиг сонирхогч нөхдөдөө, залуу үеийнхэндээ нэг жижигхэн түүх өгүүлж ярилцлагаа өндөрлөе. Жил болгон Москвад болдог олон улсын сэтгүүлчдийн дээд курст бидний хэдэн сэтгүүлч явж билээ. Бид Бухарест зочид буудалд 45 хоносон. Манай буудлын доод давхарт хоолны том танхим, зэрэгцээд нийтийн бүжгийн сайхан талбайтай. Тэнд орой болгон бүжиг явна. Манай дэргэдэх ширээнд нэг залуухан орос хүүхэн байнга хооллоно. Тэр танхимд хамгийн царай дортой нь Людмила байсан байх. Нүүрээрээ дүүрэн сэвхтэй туранхай шар хүүхэн. Тэр хүүхэн бүжиглэхээрээ ямар гоё болно гээч. Танхимыг чимнэ дээ. Бид танилцаад бүжиглэж, ярилцаж байсаан. Бүр багаасаа бүжиг сонирхсон гэнэ. Балетын ангид орох гэсэн ч аав нь “хөлийн чинь эрхий хуруу гэмтвэл чи ажилгүй болно” гэж дургүйлхээд дуу хөгжмийн багш болгосон аж. Тэгээд өөрөө бүжиглэхийн зэрэгцээ сургууль дээрээ бүжгийн дугуйлан байгуулаад тогтмол хичээллэдэг гэсэн. Түүнийг бүжиглэхээр танхим тэр аяараа үлгэрийн ертөнцөд умбах шиг болдогсон. Бүжиг гэдэг, хүнд ингэж эрч хүч, гоо сайхныг бэлэглэдэг зүйл дээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Анхцэцэгийн багш, шилдэг дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярынд өнжлөө

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно”-наадмын 2017 оны шилдэг дасгалжуулагчаар тодорсон хүндийг өргөлтийн ДАШТ-ийн хүрэл медальт “Алтан охин” хэмээх М.Анхцэцэгийн багш, дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярынд өнжлөө. Өнжих хүсэлтэй байгаагаа хэлэхэд өдөр бүр, өглөө оройгүй бэлтгэлтэй байдаг, бямба гаригийн өдөр 12:00 цагт бэлтгэлээ тарна, үдээс хойш ирээрэй гэв. Биднийг очиход тэрбээр “Ёстой салдаггүй муухай ханиад байна” хэмээн дусал залгуулчихсан том өрөөнийхөө буйдан дээр сууж байна. Түүний бага хүү таван настай Х.Баянмөнх хүүхэлдэйн кино үзэж, аав, ээжийнхээ утсаар тоглоод л жаргалтай нь аргагүй маадгар хэвтэх. “Та нарыг ирэхийн өмнөхөн гэр бүлийнхээ зургийг зурж, ааваараа жаргалтай гэр бүл гэж тайлбар бичүүлээд, ханандаа наачихсан. Баримлын шавраар штанг өргөж байгаа хүн хийгээд, ёлкон дээрээ тавьчихлаа, гарын дүйтэй хүү шүү” гээд аав нь бидэнд хүүгийнхээ бүтээлийг үзүүллээ. Харин гэрийн эзэгтэй Н.Мөнхцэцэг цай хоол, идээ будаа бэлтгэх гээд тун завгүй байв. Ц.Хосбаяр дасгалжуулагч эхээс наймуулаа бөгөөд нэг ах нь Хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар юм байна. “Хасаа ахын маань эхнэр Ч.Долгоржав надад дусал хийж өгөхөөр ирсэн байна. “Гоо-Үжин” гээд нүүрний иогийн төвтэй, хүүхнүүдийг нүүрний иогоор гоё болгодог, энэ чиглэлээр японд сураад ирсэн хүн. Манай генсекийн эхнэр шүү дээ” хэмээн бидэнд танилцуулаад, Доки наашаа суугаад, цай уугаарай хоол идээрэй гэх аж.

Гэрийн эзэгтэйн жигнэсэн буузыг идэнгээ буузны тухай яриа өрнөлөө. Долгоржав “Эдний бууз том, том байдаг юм. Цагаан сарынх нь бууз бүр кофены аяга шиг шүү дээ. Хосоогийн шавь нар гээд хүндийн өргөлтийн шигшээ багийн эмэгтэй тамирчид ирж бууз хийнэ. Тэд нар чинь бүр л том, том бууз хийчихдэг юм” гэв. Хосоо дасгалжуулагч “Манай спортынхон чинь сайн иддэг хүмүүс, бусад айлынх шиг жижиг бууз хийхээр нэг л болдоггүй юм. Тамирчид голдуу ирээд иднэ, бууз том байвал арай барьцтай” гэж байлаа. Хүндийн өргөлтийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярынх ийнхүү хотын төвд байх “Хурд”-ын байранд эгэл даруухан, энгүүн сайхан аж төрдөг ажээ. Эднийх таван хүүхэдтэй бөгөөд ихэнх нь тусдаа гарсан, гадаад, дотоодын их дээд сургуульд сурч, ажиллаж хөдөлмөрлөж буй учир хамгийн бага хүүгээс бусад нь эзгүй байлаа.

Түүний аав Цэнхэржав нь Дорнод аймгийн уугуул бол ээж нь Увс аймгийн гаралтай хүн байжээ. Аав, ээж хоёр нь насаараа “Махкомбинат”-д ажилласан, хөдөлмөрч хүмүүс байсан гэнэ. Аав нь 96 наслаад хоёр жилийн өмнө өөд болсон бол ээж нь 80 гаруй наслаад бурхан болжээ. Аав нь хүүхдүүдээ багаас нь байшин барих, мод бэлтгэх зэрэг бүх л ажил хөдөлмөрт үлгэрлэн сургаж, буруу хийхэд ер зэмлэдэггүй, зөв болгож, зааж сургаад, уйгагүй хөдөлмөрлөх ёстой, хүн залхуу байж болохгүй, зүгээр суух хэрэггүй хэмээх философиор хүмүүжүүлжээ. Тиймдээ ч Хосоо дасгалжуулагч аливааг хүн гуйхгүй, өөрөө хийчих хүсэлтэй, зуслангийнхаа байшинг ч хүртэл өөрөө барьчихсан гэнэ. Мөн аавынх нь хөдөлмөрч байх ёстой гэдэг хүмүүжил тэдний үзэл бодол, үйл хэрэгт нь өвлөгдсөн аж. Тэрбээр “Авьяас дээр хөдөлмөрийг нэмэхэд аварга болно” гэх үг санаанаас гардаггүй. Ямар ч хүнд хоолоо олж идэх ёстой төрөлхийн авьяас байдаг. Гэхдээ авьяастай байлаа гээд олигтой хөдөлмөрлөж, тухайн ажилдаа, спортдоо дурлахгүй бол амжилт олохгүй, цагийн гарз болно. Бэлтгэлээс их хоцордог, спортдоо дурлаагүй хүүхдүүдийг чи хэрэггүй, боль өөр юм хий гээд шуудхан хэлчихдэг юм. Дуртай зүйлдээ л хүн амжилт гаргана, хэн ч байсан маш их хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж байв.

Ингээд “алтан охин” хэмээх М.Анхцэцэгийн тухай яриандаа орлоо. Танай шигшээ багийн охидоос М.Анхцэцэгийн амжилтанд хүрэх хүүхэд байгаа биз дээ. Анхаагийн амжилтын онцлог юунд байна вэ гэхэд Хосоо багш “Манай үндэсний шигшээ багийн охидын дундаж нас 18.7. Анхаа багийнхан дотроо том эгч нь, он гараад 21 хүрнэ. Би охиддоо хэлдэг юм. Та нар Анхаатай яг адилхан, хөл гар бие хаа байна дутах юм юу ч байхгүй, адилхан бэлтгэл хийж байна. Анхаагийн толгой нь л арай илүү ажиллаад байна. Та нар бөндгөрөө л сайн ажиллуул гэж хэлдэг. Мөн сэтгэлзүйгээ бэлдэж, төвлөрч, дотоод сэтгэлээрээ ялж чаддаг байх нь чухал. Дэлхийн аваргын тайзан дээр гарахынх нь өмнө “Анхаа одоо л чи ялах хэрэгтэй. Өргөж чадах юм бол медаль авна. Чадахгүй бол ямар ч нэмэргүй, 15 байр хойшоо ухарна мэдэж байгаа биз” гэхэд нүд нь асаад л ирсэн. Анхаагийн нүд их сонин, асчихдаг, амьтан барьж идэх гэж байгаа чонын нүд шиг болно. Ассан чигээрээ гарсан. Би ч за барих юм байна гэж бодсон, барьсан, хүрэл медалийн болзол хангасан тийм хүчирхэг охин байгаа юм. Багш, шавь хоёр бие биеийнхээ нүдийг хараад л ойлгодог болчихдог юм байна. Ер нь манайд хүндийн өргөлт хөгжиж байна. Маш их ирээдүй бий. Энэ ирээдүйн буухиаг Анхаа маань өнгөллөө. Анхааг дэлхийн аваргаас медаль авснаас хойш энэ спортыг сонирхох хүүхэд залуусын тоо маш ихээр нэмэгдсэн. Тамирчдад илүү их итгэл төрсөн хэмээн ярилаа.

Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчид долоо хоногийн зургаан өдөр өглөө 08.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл бэлтгэлтэй байдаг аж. Өдөр нь завсарлаж, гэртээ ирж цай ундаа уугаад орой дахин бэлтгэлдээ явдаг байна. Амрах ёстой нэг өдрөө багш нь тамирчин охидтойгоо ууланд алхаад өнждөг аж. Томоохон тэмцээнд орж медаль авсан үедээ л хоёр, гурван өдөр амрах завшаан олдоно. Он гараад улсын аварга болох учраас бэлтгэлээ эрчимжүүлчихээд байгаа . Оны эхэнд томоохон тэмцээнүүдээ хийчихвэл ирэх жилдээ олон медаль авч, ургац ихтэй, амжилт арвинтай байдаг гэж бэлгэшээдэг гэнэ.

Ц.Хосбаяр дасгалжуулагч анх хүндийг өргөлтийн спортод орж байсан үеэ дурсахдаа “Манай ах Хасбаатар өөрөө штанг өргөж байсан хүн. 1984 оны нэг л өдөр намайг 10 настай байхад дагуулаад, хүндийн өргөлтөд оруулж байлаа. Ингээд Самбуу багшийнхаа шавь болж байсан юм. Багшийн маань хүү Үенбаатар гэж манай холбооны дэд ерөнхийлөгч залуу бий. Бид хоёр өнөөдрийг хүртэл 34 жил нөхөрлөж, энэ спортдоо үнэнч явна. Анхандаа ч шантрах, буцах үе зөндөө л байсан. 1996 оны олимпод очоод хоёр өвдөгнийхөө шөрмөсийг тасалчихаад сууж байлаа. Тухайн үед за одоо ёстой больё гэж бодож байлаа. Батзориг, Үенбаатар бид нар одоо ярьдаг юм. Бид 90-ээд оны картын барааны үеийн тамирчид. Нөхөд минь тийм хүнд үед том амжилт гаргасан. Манай холбооны шавыг 1956 онд Гунгаа гэж ахмад багш тавьж байсан юм. Ингээд нэгэн жаран өнгөрсөн ч аваагүй байсан дэлхийн медалийг 61 дэх жилд нь буюу хоёр дахь жарны эхний жилдээ М.Анхцэцэг маань авлаа. Цаашид олон залуус медаль авах байх гэж найдаж байна. Монгол хүн дэлхийн аваргаас медаль авч болдог юм байна гэдгийг их олон хүнд харуулсан гэдэг утгаараа, энэ охины амжилт үнэ цэнэтэй юм. Ер нь сүүлийн үеийн охид маш дайчин, хүчирхэг болж байна. Харин эрчүүд л шантарчих гээд байх юм.

Анхцэцэгийг хараад, энэ спортыг сонирхох ойлгох хүмүүс ч олон болсон. Аав, ээж нар нь хадаг бариад охиноо, хүүгээ хүндийн өргөлтийн тамирчин болгоё гэж ирдэг болсон байна. Хүндийн өргөлт бол яг л монгол хүний спорт юм шүү дээ. Хөл, гарны нурууны булчин хөгжүүлж байдаг. Хүндийг өргөнө. Хүндийг өргөхийн тулд хүч хэрэгтэй. Монголын захын нэг хүүхдэд тийм хүч бий.

Ц.Хосбаяр багшаас дараахь зүйлсийг тодрууллаа.

-Таны үеийн тамирчид, одоогийн залуу тамирчдын дунд ялгаа байна уу?

-Ахмад тамирчид биднийг залуу байхад, та нарын үе бидний үеийг гүйцэхгүй юм гэдэг байлаа. Тэрийг би одоо хүүхдүүдэд хэлээд байна. Долгионы саармагжилт, ухаалаг гар утас, технологийн хөгжил зэргээс болоод хүүхэд залуус хөдөлгөөн багатай болсон. Бидний багад уулнаас гулсдаг, ус түлээ модонд явдаг. Эсгий гутал дээр тэшүүр баглаад гулгадаг байсан бол одоо цаг өөр болж. Хөдөлгөөний дутагдлаас болоод зүүн талын гар хөл нь муруйлттай болсон байна. Хүний хөдөлгөөнийг удирдаж байдаг тархи ажиллахгүй болохоор ийм гажиг үүсдэг гэж би ойлгоод байгаа. Спортод орохоор ирж буй хүүхдүүд бүгд муруйлттай байна. Утаа, агаарын бохирдол зэрэг орчны хүнд нөхцөлүүд ч ирээдүйн том, том тамирчид төрөхөд маш их саад болж байна.

-Хүүхдийг хэдэн наснаас нь хүндийн өргөлтөөр хичээллүүлбэл зүгээр вэ?

-Хятадад найм, есөн наснаас нь, европт 11 наснаас нь хичээлүүлж байна. Монголд долоо, найман нас, 18, 20-тойгоос ч эхэлж л байна.

-Хүндийг өргөхөд нас хамаатай юу. Анхаа хэдэн нас хүртлээ өргөх боломжтой вэ?

-Харьцангуй ойлголт. Анхаагийн жинд түрүүлсэн эмэгтэй гэхэд л гурван хүүхэдтэй, 39 настай эмэгтэй шүү дээ. Энэ спортод нас бол тоо. Тамирчин хүний хамгийн том зовлон бэртэл. Анхаад гурван ч олимпийн цикль байна.

-Бяртай байх ёстой юу. Хүндийн өргөлтийн тамирчин болоход юу чухал вэ?

-Энэ бол сэтгэлгээний спорт. Нэг л айдастай гарвал чадахгүй. Өөрөө, өөрийгөө ялдаг спорт. Айдсыг гаргаж хаячихаад ялна. Бөх барилдах, тулааны спорт зэрэг хүнтэй харьцдаг спортын төрөл бол өөр. Нэгдүгээрт сэтгэлзүй. Хоёрт техник, гуравдугаарт хүч хэрэгтэй. Хувь хүний сэтгэлзүй, өөрийгөө авч явах чадвар гээд их юм хэрэгтэй спорт. Намайг залууд манай багш наадах төмөр чинь ээжийг чинь дараад алчихсан гэж бодоорой, тэгээд наад төмрөө ялаарай чи гэж хэлдэг байсан. Манайд спортын сэтгэлзүйч л дутаад байх шиг.

20 настай тамирчин Ц.Хосбаяр

Ц.Хосбаяр дасгалжуулагч энэ спортоосоо хөндийрөөд, ахтайгаа нийлэн уул уурхайд ажиллаж байгаад, хожим 2012 онд эргэн ирсэн байна. Түүний гараас анх улсын цолонд хүрсэн хүн нь Бүрэнбаатар начин аж. Бүрэнбаатарыгаа жоншны хажууд дагуулаад л, бэлтгэлийг нь хийлгэдэг байлаа гэж байв. Мөн тэрбээр ханийнхаа тухай ярихдаа “Миний хань даруухан, дуу цөөтэй хүн. Амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг гэдэг үнэн үг шүү. Тамирчид маань манай хүнийг өндөр ээж гэдэг юм. Надаас илүү л тэдний төлөө санаагаа чилээж, тусалж дэмжиж, хоол цайг нь хүртэл бэлдэнэ дээ” гэж байлаа.

Эднийд маш олон төрлийн архи, вискиний цуглуулга байх ажээ. Ихэнхийг нь шавь нар болон спортынхон нь өгчээ. Тухайлбал, М.Анхцэцэгийн залуучуудын дэлхийн аваргаас ирэхдээ өгсөн виски, Г.Эрхэмбаяр аваргын аварга болдог жилээ өгсөн архи, Н.Түвшинбаяр аварга Азийн аварга болчихоод ирэхдээ бэлэглэсэн, Мөнхзаяа, Сумьяа болон шавь улсын арслан Оюунболдынх нь өгсөн архи гэх мэт байх аж. Хамгийн сүүлд Жаргалбаяр зааны авчирч өгсөн идээний дээж байна гэж байлаа. Мөн Өмнөдмонголын Цагаанзаан аваргын өгсөн монгол бичигтэй архи ч байх жишээний. Цуглуулгын сайн чанарын, ховор нандин архи вискинүүдээ жижиг, том өрөөнийхөө шкап, тавиур бүрээр өрчихжээ.

Мөн түүний шавь Оюунболд арслангийн туг тойрч буй зураг, М.Анхцэцэг Асашёорюү Д.Дагвадорж хоёрын зураг, Түвшинбаяр аварга болон үндэсний бөхийн аваргуудтай авахуулсан зураг, өөрийнх нь улсын рекорд эвдэж байсан, туйвар өргөж буй 20 настай үеийнх нь түүхэн зураг гэх мэт зургууд хүндтэй байрыг эзэлжээ. Мөн түүний залуудаа авч байсан медалиуд болон багийнх нь амжилтыг илтгэх шагнал цомууд, дунд хүү Очирхүүгийнх нь өргөдөг байсан үеийн шагналууд гээд ханаар нь дүүрэн медаль, шагнал урамшууллууд байх ажээ.

Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ч бага хүүхдээ хараад гэртээ байгаа түүний хань Н.Мөнхцэцэгтэй цөөн хором ярилцахад “Спортын хүний гэргий байх анхандаа хэцүү байлаа. Одоо ч бие биеэ ойлгоод, нэгэндээ дассан байна. Нэгэнт л энэ хүн чинь спортдоо дуртай, амьдралынх нь гол зүйл болчихсон тул ойлгохоос өөр аргагүй шүү дээ. Хосоог тэмцээнд явчихсан үед нь үлдсэн тамирчдыг нь би хариуцна. Төр хурахад тамирчдынхаа бэлтгэлийг хийлгээд, хоолыг нь хийж өгөөд л байж байна. Бороотой байсан ч шүхэр бариад суучихдаг, бэлтгэл хийхээр гараад л ирдэг юм гээд намайг заримдаа охид шоолно” гэж байлаа.

Ц.Хосбаяр дасгалжуулагч “Өдрийн сонин”-ы Ж.Пүрэвсүрэн, Ж. Гангаа гэж ах дүү хоёр намайг хүндийн өргөлтийн залуу тамирчин байхад их дэмжинэ. Хааяа 20, 20 мянган төгрөг өгдөг. Түүнд нь би их баярладаг байлаа. 90-ээд оны 20 мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Пүүжий ах надтай адилхан шар юм гээд л намайг өхөөрдөнө. Тэд чинь хүндийн өргөлтийн нэртэй тамирчид шүү дээ. Сайхан хүмүүс байсан” хэмээн дурслаа.

Мөн Аса аварга Д.Дагвадорж, Анхаад маань зөндөө л мөнгө төгрөг өгч тусалж, дэмждэг юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл биднийг дэмждэг. Спортод сэтгэлээ өгсөн хүн. Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарын олон хүн энэ спортод их зүйлийг хийж байна. Сэлэнгийн нутгийн зөвлөл, “Масс” агентлагийн дарга Ч.Даваабаяр гээд тусалж дэмждэг маш олон хүн бий. Би мартчихаад бүгдийг нь нэрлэж чаддаггүй юм. Манай Анхаа бол бүгдийг нь шүлэг шиг уншина шүү дээ гэж байлаа.

Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба спортын мастер цолыг 18 настайдаа, 19 настайдаа ОУХМ цол хүртсэн аж. Монгол Улсын 1993 оны “Шилдэг тамирчин”. Өсвөр үеийн улсын дөрвөн удаагийн аварга, залуучуудын дөрөв, Насанд хүрэгчдийн долоо, спартакиадын нэг удаагийн аварга болжээ. Мөн Монголын хүндийн өргөгчдөөс Азийн анхны аварга цолыг хүртсэн хүн юм байна. Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүсэн, улсдаа нэг номерын тамирчин байсан юм билээ.

Ц.Хосбаяр, шавь М.Анхцэцэг

2012 онд хүндийн өргөлтийн спортод зүтгэж явсан нэгэн үеийн хэдэн залуус болох О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр нар цугларч хайртай спортоо аврахын төлөө хамтран ажиллахаар тохиролцож зүтгэж эхэлсэн юм байна. Тэд Монголын хүндийн өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан ажээ. Мөн холбооны Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр, Ц.Хасбаатар зэрэг олон олон хүний хичээл зүтгэл их гэнэ.

Ц.Хосбаяр Хүндийн өргөлтөөс гадна чөлөөт бөхөөр 73 дугаар сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, 2012 оноос “Хасу мега старс” клубын тамирчидтай, 2015 оноос Үндэсний шигшээ багтай, 2015 оны арванхоёрдугаар сард жүдогийн тамирчидтай ажилласаар иржээ. Үндэсний бөхөөр улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр нарын 18 улсын цолтой бөх, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийг бэлдсэн байна. Тэрбээр энэ спортод оруулсан Т.Самбуу, Б.Гансүх багш нартаа ихэд баярлаж явдаг гэнэ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН