Categories
мэдээ нийгэм

Я.Мөнгөнцэцэг:Утаатай тэмцэх нэрээр шүүлтүүртэй маск, утаагүй зуух, агаар цэвэршүүлэгч зэргийг тараасан нь үр дүнгээ өгөхгүй байна


Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөнийхөн өнөөдөр Сүхбаатарын талбайд ээлжит цугларалтаа зохион байгууллаа. Уг жагсаалд гэр хороололд амьдардаг иргэд ирж өөрсдийн дуу хоолойгоо удирдах түвшний хүмүүст хүргэхийг зорьсон гэж байлаа.Тэд долоо хоног бүрийн гурав дахь өдөр Сүхбаатарын талбай дээр цуглаж үзэл бодлоо илэрхийлэн “гэр хорооллоос ярьж байна” гэх цахим хуудсан дээр лайв хийдэг аж. Жагсаал дээр очиход, тэд ямар ч уриа лоозон барилгүй зогсоцгоож байв. Учир нь холбогдох байгууллагад жагсаал цуглаан хийх хүсэлт хүргүүлсэн болов ч хариу ирүүлээгүй гэнэ. Зөвшөөрөл ирээгүй байхад жагсаал цуглаан хийвэл Зөрчлийн тухай хуулиар буруутгагдаж мөнгөн дүнгээр торгуулах учир тэд ийн зогсож байгаа юм байна.

Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөний зохицуулагч Я.Мөнгөнцэцэг ярихдаа “Арван нэгдүгээр сард энэ талбай дээр гурвуулаа жагсаж өөрсдийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл өгч байлаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж өнөөдрийн жагсаалд 100 гаруй хүн ирлээ. Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлж, хашааныхаа газрыг банкны барьцаанд тавьж эдийн засгийн эргэлтэд оруулбал иргэдийн амьдрал тодорхой хэмжээгээр сайжирна. Гэтэл төр засгийн удирдлагууд утаатай тэмцэх нэрээр шүүлтүүртэй маск, утаагүй зуух, агаар цэвэршүүлэгч зэргийг тарааж байгаа нь үр дүнгээ өгөхгүй байна. Гэр хорооллын иргэд харанхуй, мэдээлэл муутай байх нь сонгуулийн үеэр эрх баригчдад ашигтай байдаг. Сонгуулийн үеэр иргэдийг тав, арван мянган төгрөг, атга гурил будаагаар хуурч сайхан, сайхан зүйл ярьж, амлалт өгч байгаад их хуралд сонгогддог. Бид улам олуулаа болж байгаа тул цаашид зохион байгуулах жагсаалаар төр засгийн удирдлагуудад шаардах бичиг хүргүүлнэ” гэв.

Дашрамд сонирхуулахад талбайд цугласан иргэд гэр хорооллыг хөгжүүлэхийг төр засгийнхнаас шаардав. Мөн гэр хорооллын иргэдийг төв талбайдаа ирж, үгээ хэлэхийг уриалж байлаа. Жагсаал гуч гаруй минут үргэлжлээд тарсан юм.

Б.ҮРЖИГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Хүчирхийллийн “Гинжийг тасал” сэдэвт гар зургийн үзэсгэлэн нээгдлээ

Жендерт суурилсан хүчирхийллийн “Гинжийг тасал” сэдэвт гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Blue Mon centre-д боллоо. Уг үзэсгэлэн нь хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эх, асран хамгаалагч нарт нөлөөлөх зорилготой гэнэ. “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг НҮБ-ын Хүн амын сан, Щвейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны есөн сараас эхлэн манай улсад хэрэгжүүлж байгаа юм байна. Кампанит ажлын хүрээнд нэгдүгээр сард ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд “Гинжийг тасал” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарлажээ. Уг уралдаанд оролцогч хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлийг үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн үзэсгэлэн тавигдсан бүтээлүүдээс шилдэг дөрвийг нь энэ үеэр шалгаруулсан юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарьтай энэ тухай ярилцлаа.

Тэрээр ярихдаа “Нийт 150 гаруй бүтээлүүд ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийнхний дарамт, цахим орчин гэсэн дөрвөн үндсэн сэдэв дор зохион байгуулсан. Хүчирхийллийг хэн үйлдэж байна, хэн зааж өгч байна, насанд хүрэгчид томчууд бид шүү дээ. Өдөр тутам томчууд бид бие биенийгээ доромжилж, харааж, хэн нэгний хажууд хүчирхийлэл үйлдэж байна. Дор хаяж бид телевиз радиогоор байлдаан, аллагатай киног хүүхэдтэйгээхамт үздэг мөртлөө хайр сэтгэлийн тухай киноны хэсгийг“том хүнийх” гээд үзүүлэхгүй загнадаг. Бидний гол зорилго юу байсан бэ гэвэл насанд хүрэгчид, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нарт үүнийг ойлгуулахыг зорьсон. Ийм орчинд өссөн хүүхэд нэг нэгнийгээ доромжилж, зодож хүчирхийлэх ньэнгийн зүйл гэжүзэж байна. Энэхүү үзэсгэлэн манайбайгууллагын хүчирхийллийг эсрэг хийсэн зургаан ажлын нэг нь л юм” гэв.

-Өөр ямар ажил хийсэн бэ?

-“UB COMEDY”-гийн залуустай хамтраад эцгийн эрхт ёсыг буруушаасанөгүүлэмжийгхошин шогийн үзүүлбэрээр үзүүлсэн. NtV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгтэй хамтран гурван удаагийн дугаарыг “Хосын аюулгүй харилцаа”, “Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхгүйн тулд яах ёстой вэ?” “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвүүдээрнэвтрүүлэг бэлдсэн. Мөн зурагт номоор дамжуулан хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийгтаниулах, урьдчилан сэргийлэх, хаалганы цаадах хүчирхийллийг таслан зогсоож, ил гаргах тухай комикс зурагт номнуудыг тарааж байгаа. Маргааш гэхэд бид Дундговь аймагт ажиллах юм.

-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хүүхдүүдийн хэдэн хувь ньта бүхэнд ханддаг вэ?

-Сүүлийн жилүүдэд хүчирхийлэлд өртсөн гэжмэдээлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хүүхдийн тусламжийн утас 108, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагахүлээж авах 107, шуурхай тусламжийн утас 102 гэх мэтчилэн утаснуудад хандах нь ихэссэн. Хүчирхийллийн хэргийн тоо нь нэмэгдэх тусмаа хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа хэргүүд ил гарч ирж байна гэж үздэг. Нэг ч гэсэн ээж, эмэгтэй, өндөр настан эрхээ хамгаалуулахаар тэмцэж байна гэж бодоорой. Манайд жилд дунджаар 15-20 үйлчлүүлэгч ханддаг, бид үйлчүүлэгдчийнхээмэдээллийг нууцалдаг юм.

-Нэг хохирогчтой ажиллахад хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

-Хэлэхэд хэцүү. Энэ зүгээр нэг эвдэрхий ширээ, сандал засч байгаатай адилхан биш.Ялангуяа бэлгийн хүчирхийллийн дарамт бол насан туршдаа хүний сэтгэл санаанд үлдэнэ. Тэр хүнд урт хугацааны тогтмол сэтгэл зүйчийн үйлчилгээ шаардлагатай байдаг. Даанч энэ үйлчилгээг үзүүлэх тогтолцоо, боломж манайд байхгүй. Тогтолцоо бий болж байгаа ч хүн хүч, ажлын байр хүрэлцдэгггүй. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, аймаг дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр дамжуулан үйлчилгээ үзүүлдэг боловч нэг ажилтанд ноогдох хүн хэдэн мянга. Хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж хомс байна.

-Монгол Улсад хүчирхийллийг таслан зогсоох, бууруулахямар арга зам боломж байна вэ?

-Урьдчилан сэргийлэх нь чухал. Таван настай хүүхдэд нэг удаа мэдээлэл хүргээд “За чи мэдлэгтэй болчихлоо” гэх биш тууштай, шаталсан, шинжлэх ухааны цогц хөтөлбөр байх ёстой гэв.

Нэгдүгээр байранд шалгарсан I сургуулийн 12б ангийн сурагч Т.Цэлмэг:

-Би гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охины тухай зурсан. Мэдээллээ сошиал болон зурагтаас авсан. Зурагны маань санаа нь аав нь гаднаасаа гоё харагдаж байгаа боловч дотроо ямар хүн болохыг хүмүүс мэдэхгүй. Архи ууж охиндоо агсам тавьж, бухимдалаа гаргадаг. Цаана нь ээж нь амаадараад, буланд нуугдаад сууж байгаа. Энэ охин өөр хүнд хэлэхээс айгаад, гаднаа инээмсэглэсэн баг зүүсэн боловч уйлж байгаагаар зурсан гэж ярилаа.

Чамд гэр бүл болон багш, асран хамгаалагч чинь хүчирхийллийн эсрэг ямар нэгэн мэдээлэл, зөвлөгөө өгдөг үү? Хүчирхийллийн эсрэг мэдээллийг чи яаж авдаг вэ?

-Би гэр бүл, багшаасаа авч байгаагүй. Харин сошиал орчин болон зурагтаас авдаг.

Дашрамд сонирхуулахад “Гинжийг тасал” үзэсгэлэн энэ сарын 7-11-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй тавигдах аж.

Б.ҮРЖИГ

Г.МӨНХЦАЦРАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА





Categories
мэдээ цаг-үе

Б.Занданбат: Чин сэтгэлээсээ үнэн зөв хөдөлмөрлөвөл идэр залууст ээлтэй жил

“Дэчинчойнхорлин” хийдийн гэсгүй лам Б.Занданбаттай ирэх жилийн өнгө хийгээд зөв амьдралын зам мөрийн тухай ярилцлаа.


-Ирэх нохой жилийн өнгө ямар байх вэ?

-Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг уламжлалтай. Ирэх шар нохой жилийг шороон үхрийн шинжээс үзвэл “Тийн унжлагат” хэмээх нохой жилд “шороон үхрийн толгой, бие нь шар, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан өнгөтэй, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж , сүүлээ зүүн тийш шарваж яваагаар дүрслэгдсэн. Харин үхэр хариулаач нь ногоон царай, биетэй, гэзгээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй улаан хос гутлыг зүүн талдаа бүсэндээ хавчуулж, малгайгаа баруун гартаа барьж, улаан бургасан иштэй шилбүүр барьсан байна. Ийм хүч чадал ихтэй хөл нүцгэн идэр залуу үхрийн урд яаравчлан гүйж яваагаар зурагдсан. Энэ үхэр хариулаачийн шинжээс харахад, ирэх жил залуус болон дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, өвгөд, өндөр суудалтанд тааруу жил гарах ерөнхий дүр зураг буужээ. Идэр хүмүүн амгалан сайн, санаснаа бүтээх жил гарна.

Мөн иргэдийн байдал амар амгалан байх ч эзэд түшмэл, улс гэрийн байдал тайван бус бага зэргийн хямралтай гэжээ. Гэхдээ удирдаж байгаа хүмүүс маань ард олныхоо ажил амьдралд нийцсэн зөв шийдвэр гаргаж, түүнийг олноороо даган хямралдан тэмцэлгүй байвал дээр дурдсан харшилдах шалтгаан арилах боломжтой. Хаврын сүүл зуны эхээр өвс ногоо сайтай, үр тариа сайн дэлгэрэх боловч, зуны сүүл, намрын эхээр хур багатай, мөндөр, цахилгаан ихтэй, гал түймрийн осол их гарч болзошгүй байна. Жилийн эхэн ба адаг сард салхитай, газар тариалангийн ажил дэлгэрч, үр жимс ургац арвинтай мал өсч, зуд турхангүй байна гэсэн ерөнхий дүр зураг буусан байна. Зөв хөдөлмөрлөвөл идэр залууст ээлтэй жил. Гэхдээ ээлтэй гээд зүгээр суугаад байвал эсрэгээрээ зүйл болно.

Мөн түшмэдүүдэд түгшүүртэй,үе мөчний болон халуун чанарын өвчин гарах дэлгэрэх магадлалтай тул архи дарсийг тохируулах хэрэгтэй. Их хэмжээний гал түймэр, аянга цахилгааны осол болж болзошгүй. Гэхдээ зөв сайхан явбал, элбэг дэлбэг, түвшин амгалан байх жил.

-Ер нь шар нохой жилийн төлөвийг сударт юу гэж өгүүлсэн байдаг вэ. Мөн шинийн нэгэн ямархуу өдөр тохиож байна. Энэ жилд анхааралтай байвал зохих жилтэн гэж бий юу?

-“Хулгай дээрэм олширон, олсон эд малыг ноёд авч, эд тариа үнэгүйднэ” хэмээн бичсэн байдаг. Хоёрдугаар сарын 16-нд буюу шарагчин туулай өдөр шинийн нэгэн тохиож байгаа. Буян үйлдвэл цаглашгүй буян нэмж, үйл бүтэх сайн өдөр. Үйл сэтгэлчлэн бүтэх, хот балгад барих, тариа тарих, худалдааг дэлгэрүүлэх, бүтээл үйлдэх зэрэг батжуулах үйлд сайн гэсэн байна. Шар нохой жилд үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх нь илүү сайн уу?

-Шинийн 15-ны талаар хүн бүр сайн ойлголттой байх хэрэгтэй. Энэ бол бурхан багш өөрийн ид хувилгаанаа үзүүлсэн билэгт сайн өдөр гэдэг. Энэ өдөр бурхны шашинтай бүх хүрээ хийдүүд Бурхан багшийн ерөөл магтаалыг тасралтгүй 15 хоног хурдаг учир буян ном сайн хийх, зөв үйл бүтээхийн төлөө шамдах хэрэгтэй. Тэгвэл буян цаглашгүй ихээр хураадаг гэж үздэг. Аль болох бие хэл сэтгэлээрээ муу зүйл атаа хорсол үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ заавал 15-ны дотор номоо уншуулвал сайн эсвэл уншуулахгүй бол муу гэсэн зүйл байхгүй. Тиймээс ямар ч өдөр бие, сэтгэл, яриа тэргүүтнээрээ зөв байхыг хичээх нь өөрөө буян юм. Манай хийд “Нимава ёс”-ны буюу “Аг тарины ёс”-ны, Монголчуудын ярьж заншсанаар “Улааны шашны ёсыг” баримталдаг. Энэ өдрүүдэд Лован Бадамжунай бурхны чого, Лүйжин тэргүүтэй бүхий л заслын номыг сүсэгтэн олондоо хурж үйлчилнэ.

-Шинийн 1-ний өглөө яагаад заавал мөрөө гаргах ёстой вэ. Мөн сар шинийн 1-ний өдөр гадаад хүн шиг золголт хийхгүй байвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

– Ер нь Монголчууд эрт дээр үеэс амны билэгээс ашдын билэг гэж ярилцдаг. Түүнийгээ аж амьдралдаа тусгахыг хичээж билэгдэлээр амьдардаг хүмүүс. Шинийн 1-ний өглөө шинэ ондоо аз хийморьтой сайн сайхан байхыг билэгдэж, зам мөрөө зөв гаргах нь буруу биш юм. Шинэ онд шинэ эрч хүчтэй орлоо гэх сэтгэлийн засал юм. Монголчууд олон зууны турш хүнд хэцүү он цагийг туулж ирэхдээ нэг ч удаа бид зовж байна гээд Цагаан сараа тэмдэглэхгүй орхиж байсан түүх үгүй. Хүн бүрт, айл өрх бүрт аз жаргал зовлон гуниг ээлжилж байдаг. Гэвч шинийн 1-ний өглөө өөрсдийн бэлдсэн идээ ундаагаар ширээгээ дүүргэж сайхан он жил гарч байна гэж, амар сайхан байна аа гэж ерөөл билгийг тавьж, хоорондоо золгон өмнөх жилийнхээ зовлон зүдгүүрийг хуучин ондоо үлдээж ордог сайхан уламжлалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний энэ баяр маань өөрийн үндэсний хэв шинжээ алдаж бага зэрэг буруу тийшээ хазайгаад байгаа юм уу даа гэж ажиглагдах боллоо.

-Ард олон, улс орны амьдрал болохгүй бүтэхгүй зүйл их гарах болжээ. Үүнийг бурхны шашнаар тайлбарлавал ямар учиртай юм бэ?

-Зөв бодож, зөв амьдарч, зөв үйлийг хийж явбал хүний үйлс бүтнэ гэж бурхан багш сургасан байдаг. Буддын шашны хамгийн эхний номлол бол сэтгэлээ засах, сэтгэлээс, бодлоос үйлдэл гарна. Сэтгэл сайн бол үг яриа, үйл хөдлөл зөв байна. Хүний үг, үйл хөдлөл буруу болоод ирэхээр, үйлийн үр гэдэг зүйлийг хурааж эхэлнэ. Буддын шашинд хүний амьдралыг нэгхэн төрөл байдаггүй юм гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хүн дахин, дахин төрнө. Дахин төрөхдөө өмнө нь хийж байсан үйлийн үрээсээ шалтгаалаад, зовлонд унах уу, жаргал эдлэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Жишээлбэл, хүн бүрт муу хандаад, хүмүүстэй муухайгаар харьцаад байвал, хоёр гурван жилийн дараа хүмүүс түүнээс холдоод эхэлнэ. Энэ байдлаараа тэр хүн ганцаардана. Нийгэмд олон дотор байж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр тэр хүн ганцаараа, хөгширнө, өтлөнө, тэр хүн их зовно. Тэрний өмнөөс хүн зовохгүй. Хүн сэтгэлээ л засахгүй бол дараагийн төрөлдөө ч тэгж төрнө. Мөн муу санаатай, муу хүн дараагийн төрөлдөө дайн дажинтай, идэш хоол олдохгүй газар төрнө. Жишээлбэл, Арабын улсууд харахад баян тансаг сайхан боловч, дайн дажинтай, өглөө гэрээсээ гарсан хүн орой гэртээ амьд ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Омог хоорондын тэмцэл ихтэй. Өнөөдөр чи муу үйл хийгээд байвал амар амгалан монгол шиг бурхны сургааль сонсох газар дахин төрөхгүй юм байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Ялангуяа олон хүний хүртэх, хэрэглэх ёстой зүйлийг ганцаар зувчуулах нь маш буруу үйлдэл байгаа юм. Манай энэ нийгэмд амьдарч буй хүмүүс буруу үйл их хийдэг болоод байна.

-Яагаад монголчууд буруу үйл их хийдэг болчихсон юм бол?

-1990-ээд оноос хойш чөлөөт зах зээл хөгжөөд ирсэн чинь хүн болгон нийгэмд тэмцэлдэж амьдрах болсон. Хүн бүр шахуу эд хөрөнгө цуглуулахын тулд бүхэл бүтэн 20 гаруй жил амьдарчихлаа. Гэтэл цаанаа оюун санаа нь хоцрогдоод эхэлсэн. Хүмүүс зөвхөн олз, олохын төлөө зүтгэдэг болсон. Ингээд мөнгөний төлөө цаг наргүй наймаанд гүйж байх зуур нь хүүхдүүдийнх нь хүмүүжил гэж зүйл байхгүй болсон. Муу, муухай зүйлийг хошин шог, урлагийнхан хүртэл бах тав болгож харуулж байна. Балчир хүүхдүүдийн оюун санаанд ингэж болохгүй, ийм байж болдоггүй юм гэх зэргийг суулгахгүй бол болохгүй. Урлаг хүртэл хүүхэд багачуудад, алаан хядаан цус нөж үзүүлж байна. Тэрийг үзсэн балчирууд нь дуурайж байгаа нь аюултай. Өөрөөр хэлбэл, цэвэр хөрсөнд ингэж муу үр суулгаад байна. Бид өнөөдөр үр хойчдоо зөв боловсрол эзэмшүүлж, чи эх орныхоо үргэлжлэл юм шүү гэж сургах ёстой.

-Шашны үзлийг, мухар сүсэг гэж ойлгох хүмүүс байдаг. Үүний ялгааг тайлбарлаж өгөөч?

-Өчигдөр, өнөөдөр ийм болчихоод байгаа юм биш. 1930 хэдэн оноос эхлэн бурхан гэж юу байсан юм. Уул овоог нураасан ч яадаг юм гэх үзлээр эрхэмлэх нандигнах зүйлийг устгаад хаясан. Мухар сүсэг дэлгэрээд байна. Нотолгоо баримтгүй зүйлээ үнэн юм шиг яриад л амьтны толгой эргүүлдэг байдал дэлгэрсэн. Буддын шашин бол судалж, шинжилж байж гаргадаг. Түүнээс биш чи өнөөдөр ном уншуулахгүй бол маргааш үхнэ гэж хэлдэг мухар сүсэг биш. Ийм номлол гэж хаана ч байхгүй. Ийм үед хүмүүс өөр, өөрсдийнхөө үйлдлийг хичээх ёстой.

-Зөв амьдрахын тулд хэрхэн зөв зүйлд суралцах вэ?

-Оюунтүлхүүр сургаалийг судлах ёстой. Зөв зүйл хийвэл чиний үр хүүхэд чинь зөв явна гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараа нь говийн ноён хутагт Данзанравжаагийн зохиосон “Цаасан шувуу” зохиолыг мөн уншиж судлах ёстой. Хүүхдэд бол багаас нь аливааг хэлээд заачихаар, сэтгэхүйгээс нь арилдаггүй юм. Биднийг бага байхад, өвөө эмээ нар маань урсгал усанд ус, сүү дусааж болохгүй, хээр хөдөө гадаа явахдаа уул усны нэрийг хэлж орилж чарладаггүй юм гэх мэтээр сургадаг байсан. Хожим хойно гэмт хэрэг хийхээр нь шоронд хийж, засч залруулна гэвэл хэцүү. Бурхны шашинд зовлонгийн шалтгааныг дөрвөн зүйлээр номлосон байдаг. Ямар ч хүн зовлон үзнэ гэж.

-Яагаад?

-Өөлөх зүйлгүй тансаг сайн, сайхан амьдарч байсан ч тэр хүн хэзээ нэгэн цагт өвдөнө. Хагацна, сална. Өөрийн цуглуулсан эд хөрөнгөөсөө хагацаж магадгүй. Хүний гадаад үзэмж хичнээн сайхан байсан ч дотоод амгаланг олох боломжгүй. Хөрөнгөтэй хүн бүр амгалан сайхан байдаггүй юм. Гэхдээ ертөнц дээр амьдарч байгаа хүнийг хоосон амьдар гэж байгаа юм биш. Өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад, эдлэх ёстой зүйлээ эдлээд, хэрэглэх ёстой зүйлээ хэрэглэх ёстой. Зөв хөдөлмөрлөөд, зөв замаар олсон хөрөнгөө өвлүүлээд үлдээх хэрэгтэй. Харин бусдын зүйлийг хулгайлж, булааж, дээрэмдэж авах нь хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй. Өнөөдөр болж байгаа юм шиг боловч тэр хүний биед ямар нэгэн өвчин, зовлонгийн шалтгаан болж ирнэ. Хойд насанд нь ч үйлийн үр нь ирнэ.

-Хойд нас гэж байхгүй гэх ойлголттой хүмүүс бас байдаг?

-Хойд нас гэж юу байсан юм гэх атгаг сэтгэл ерөөсөө үүсгэж болохгүй. Тэр бол хамгийн болохгүй, гэмийн үйл юм. Зөвхөн ганц амьдрана гэж аж төрж болдоггүй. Сүүлийн үед үүнийг шинжлэх ухаанаар, судлаад, баталж үзэж байна. Хүн бүр өөр, өөр байдаг. Шувуу хэдийн өндөр ниссэн ч сүүдрээ гээдэггүй юм гэх үг бий. Хүн хэдий өндөр амжилттай, сайхан байсан ч үйлийн үр чинь чамайг үргэлж дагаж явдаг юм гэсэн үг. Тэгээд хэзээ нэгэн цагт чиний сайн ч бай, муу ч бай үйлийн үр сүүдэр шиг чинь дагасаар өөрт ирнэ. Чи урд төрөлдөө ямар явсан бэ гэдгээ мэдэхийг хүсвэл өнөөдөр байгаа амьдралаа нэг хар. Олонтой, сайхан гэр бүлтэй, ажилтай унах унаатай, идэх хоолтой, түвшин амьдралтай байгаа бол урд насандаа буян сайн хийж явсан байна шүү гэж бодож болно. Нэг насандаа хийсэн буяныг нэг насандаа эдэлж болно. Гэхдээ давуулж, эдэлж болдоггүй юм. Чи хойд төрөлдөө ямар хүн байх, ямар хүн байхыг мэдэхийг хүсэх юм бол өнөөдрийнхөө хийж байгаа үйлээ л шинжиж үз. Хүмүүс нэлээд худал хуурмаг болсон, хувиа хичээдэг болж, манай нийгэм нэлээд донсолгоотой болжээ.

-Яагаад манай нийгэм ийм донсолгоотой болчихсон юм бол?

-Хувь хүн хэзээ ч ганцаараа нийгэмд амьдарч чаддаггүй. Үргэлж хүмүүстэй харьцаж амьдарна. Түүнээс биш, нийгмээс тусгай байхгүй, бид гэдэг зүйлийг л хамт олноороо бий болгох ёстой. Цэвэрлэгч хүртэл миний хамт олон шүү гэх ойлголттой байх ёстой. Баян хүн харахаараа сайхан харьцдаг. Гудамжинд хог цэвэрлэж байгаа хүнд дээрэнгүй байдаг гэх мэт сэтгэл нь хөгжлийг доош татаад байна. Мөн цагдаа чиний төлөө, чамайг осолд оруулахгүйн төлөө эрсдлээс хамгаалж, анхааруулан хууль журмын дагуу торгож байгааг зөв ойлгохыг хичээвэл сайн. Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөөд, сайхан амьдрах хэрэгтэй байна. Орос, Америк, Герман, Солонгос шиг хөгжих ёстой гэхээсээ илүү Монгол ахуйг орчин үетэй нийцүүлэн дэлхийн хөгжилтэй ойртуулахыг хичээх ёстой. Ер нь зөв амьдралын дадал зуршлыг хэвшүүлвэл сайн. Тэгэхээр, Монголын гэсэн зүйлийг л судлах хэрэгтэй. Залуус гадаад яваад хэтэрхий харь сэтгэлтэй болчих вий гэж би санаа зовдог юм. Дэлхий дээрх бүх улс орнууд байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас болоод байгалийн гамшиг ихээр нүүрлэх болжээ. Өөрөөр хэлбэл олзны төлөө амьдарч байгаль дэлхийгээ маш ихээр сүйтгэж байна. Олсон мөнгөөрөө сүйтгэсэн бүхнээ эргээд худалдаж авч чадахгүй нь үнэхээр харамсалтай. Хүн төрөлхтөн дэлхийгээ эвдлээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Данзанхорлоогийн Дашпүрэв: Дэлхийн философи “Хүн төрөлхтөн яавал хүний ёсоор зөв аж төрж амьдарч, нийгмээ авч явах вэ” гэдэг дээр тогтож байна

Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/, Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэвтэй ярилцлаа.


-Та бол Монголын нэртэй философичдын нэг. Их сургуулийн философийн анги анх нээгдэхэд элсэж суралцсан гэдэг. Эндээс яриагаа эхлэх үү?

-Миний бие Булган аймгийн хуучнаар Намнан сумын бага сургуульд орж гуравдугаар анги хүртлээ суралцсан. Тэгээд манай сум татан буугдаж одоогийн Хутаг-Өндөртэй нийлсэн юм. Би гэдэг хүн аймгийн төвийн арван жил рүү шилжээд жаран таван онд төгссөн. Дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, уран зохиолын дугуйлангийн идэвхтэй сурагч байлаа. “Пионерийн үнэн” сонинд хоёр, гурван ч өгүүллэгээ гаргачихсан,“Монгол Улс” нэртэй оросоор гардаг сэтгүүлд мөн өгүүллэгээ хэвлүүлчихсэн, сүрхий амьтан байлаа. Хүүхдүүд намайг зохиолч болно л гэнэ. Харин есдүгээр ангид орох жилээсээ би философич болъё гэж шийдсэн. Монгол Улсын их сургуульд философийн анги анх нээгдэхэд элсэж орсон минь тийм учиртай. Философич болно гэж зорьж ирсэн болохоор хичээлдээ онц сурна. Манай ангид чинь математик, хими, биологи, физик гээд байгалийн ухааны хичээл орно. Тэр бүгдэд би маш сайн суралцдаг байсан. Хоёрдугаар ангид байхад “Онц сурдаг сайн оюутан байна. Москвагийн олон улсын харилцааны сургуульд явуулна” гэж Гадаад яамнаас дуудсан. Норовсамбуу багш тэнхимийн эрхлэгч байсан. Тэр хүн намайг гадагшаа явуулахгүй гэж авч үлдсэн. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, жаран долоон онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойгоор социалист орнуудын оюутан залуучуудын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Их сургуулиас гурван оюутан шалгарч оролцов. Философийн ангиас би шалгарсан юм. Бид гурав Москвагаар аялаад, Ленинградад олон улсын хуралд илтгэл тавьж байсан түүхтэй.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллав. Үндсэндээ таны ажил амьдралын гараа хаанаас эхэлсэн бэ?

-Далан онд их сургууль төгслөө. Төв хорооны шийдвэрээр Намын дээд сургуулийн философийн тэнхимд багшаар явуулдаг юм байна. 1974 он хүртэл багшилсан. Тэгээд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академийн философийн тэнхимд гурван жил суралцсан. “Социализмын үе дэх онол практикийн харилцааны диалектик” сэдвээр одоогийн Ph.D доктор буюу дэд эрдэмтний зэрэг 27 насандаа хамгаалж байв. Тухайн академид хамгаалсан хамгийн залуу эрдэмтэн болж байлаа.Тэр үедээ хүнд сэдэв байсан, аргагүй зоригтой байж дээ. Төгсөж ирээд намын дээд сургуульдаа нэг жил багшлаад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал болсон. Нэг жил ажиллаад өөрийн хүсэлтээр ШУА-ийн философийн хүрээлэнгийн секторын эрхлэгч болсон. Тэнд 10 жил ажилласан.1990 онд Энэтхэг улсад Энэтхэгийн нэгдүгээр зэргийн сургууль болох Жавахарлал Неругийн нэрэмжит Улсын их сургуульд багшаар очоод 1995 он хүртэл багшилсан. Монгол Энэтхэгийн Засгийн газар хоорондын соёлын харилцааны шугамаар эндээс томилогдоод явж байгаа юм. Неругийн их сургуульд “Төв Ази дахь улс төрийн бодлого ба Монгол Улс”, “Монгол дахь нийгмийн өөрчлөлт ба улс төрийн бодлого” гэсэн хоёр лекц уншдаг байсан.

-Оросын большевикүүдийн коммунист ноёрхол дарангуйллын сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг Оросод хамгаалсан байдаг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, ерэн таван онд ОХУ-ын Философийн хүрээлэнд философийн шинжлэх ухааны докторын зэргийг “Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үе шатууд” сэдвээр хамгаалсан юм. Яагаад ийм сэдэв хөндөх болов гэхээр Монгол оронд ардчилал шинэчлэл эхэлсэнтэй холбогдуулж Монголын нийгмийг судалдаг байсантай холбоотой. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт 1920-иод оноос эхлээд үе шаттай, системтэй явагдсан шүү дээ. Тэр тухай судалгааны ховор, нууц материалууд надад их цугларсан байсан. Ерэн хоёр онд Энэтхэгт байхдаа англи хэл дээр “Монгол дахь аюумшгийн ноёрхол” ном бичиж гаргасан. Социализмын үед чинь үзэл суртал, улс төрийн талаар буруу юм ярьчих вий гэхээс айдаг байсан. Төрийн эсрэг хэрэгтэн, японы тагнуул болчих вий гэхээс айна. Энэ бүх аюумшиг ерэн оныг хүртэл явагдсан. Улс төрийн тэрхүү аюумшигт хэлмэгдүүлэлтийн тухай бичээд англиар хэвлүүлсэн юм. Хар үйл явдал бичиглэсэн ном учраас хар хавтастай хэвлүүлсэн.Ингэж “Дашпүрэвийн хар ном” гэх нэршил бий болсон. Уг бүтээл монгол дээр гараагүй. Америк, Энэтхэгт хэвлэгдсэн л дээ. Хэлмэгдүүлэлтийн тухай уг бүтээл бол хүмүүсийн бичдэг зүгээр нэг түүхийн ном биш. Философи судлал, улс төрийн анализ юм. Оросын коммунист большевикүүд ийм аюумшигт террор хийсэн гэж би үзсэн. Үндсэндээ улс төр болоод соёлын террор, үзэл суртлын дарангуйлал, улс төрийн хэлмэгдүүлэлт давхар давхар болсон.

-Орос руу ингэж айхтар дайрсан бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалахаар Оросын эрдэмтдийн өмнө зогсох амаргүй байсан нь мэдээж?

-Ийм зүйл бичсэн хүн чинь Оросын том том философичид оролцсон эрдмийн зөвлөлийн өмнө зогсоно гэдэг эр зоригийн асуудал байсан.Хамгаалж чадахгүй унах байх л гэж бодож байв. Ерэн таван он гэхэд Орос тийм ч их нээлттэй болоогүй байсан үе. Тэрхүү эрдэмтэн профессорууд бүгд коммунизмын үед бэлтгэгдсэн хүмүүс. Оросын шинжлэх ухааны академийн дорно дахины хүрээлэнгийн Монголыг судалдаг хоёр, гурван том эрдэмтэд ирсэн байв. Тэд хэлмэгдүүлэлтийг магтаж бичдэг. Миний хамгаалах гэж байгаа бүтээл эсрэг байж байдаг. Удаж удаж нууц санал хураалтын дүн гарахад 100 хувь гэдэг юм. Би магнай хагартал баярласан гэж жигтэйхэн. Эндээс миний бие нэг л зүйлийг сайтар ойлгосон. Шинжлэх ухааны эрдэмтэд гэдэг аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс хардаггүй, юманд туйлширч ханддаггүй өөр хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгосон доо. Энэтхэгт байхдаа хоёр ном хэвлүүлсний нэг нь тэр дуулиан шуугиан болсон “хар ном”, нөгөө нь 1993 онд мөн англиар хэвлүүлсэн “Монгол:Хувьсгал ба тусгаар тогтнол” гэж ном бий. Монголын тусгаар тогтнолд хуучин ЗХУ том үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг огт үгүйсгэж болохгүй. Гэхдээ Монголыг тусгаар улс байлгах нь Зөвлөлтийн геополитикийн бодлогод түлхүүр асуудал байсан. Монгол шиг тусгаар тогтносон завсрын улс байхгүй бол Зөвлөлтийн алс дорнод хязгаар хамгаалалтгүй байсан байхгүй юу. Том гүрний бодлого гэдэг энэ л дээ. Түүнээс Монголд хайртайдаа биш. Агуу их зөвлөлтийн алс дорнодын аюулгүй байдалд Монголын газар нутаг геополитикийн түлхүүр цэг байсан учраас тусгаар тогтнолыг нь олж өгсөн. Мөн монголчууд ЗХУ болоод большевикийн Засгийн газарт төлөх ёстой өрөө хангалттай төлсөн. Тусгаар тогтнол, хөгжлийн замаа маш өндөр үнээр авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж би хэлдэг. Үндсэндээ 100-гаад мянган хүний амиар авсан. Манайхан 30 хэдэн мянган хүнийг буудаж алсан гэдэг. Тэр бол гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтийн тоо юм. Гэвч 1922 оноос хэлмэгдүүлэлт эхэлсэн. Бодоогийн хэрэг байна, тайж Эрэгдэндагвын хэрэг гээд олон байна. Жил бүр буудаж алдаг байсан. Гадны судлаач эрдэмтэд миний ном бүтээлийг л бодит судалгаагаа болгодог.

-“Монгол нийгэм: философийн анализ”судалгааны томоохон бүтээл оны өмнөхөн хэвлэгдсэн. Уг бүтээлийн тухай Д.Ганболд доктор нарийвчилж бичсэн байна лээ. Монгол оршихуйн геополитик, геостратегийн асуудал зэргийг гаргасан байдаг?

-Сүүлийн таван жилийн судалгааны үр дүн л дээ. Өмнө нь би дээр өгүүлсэнчлэн англи хэл дээр хоёр ном гаргасан. Мөн “Монголын философийн товч түүх” маань Японд хэвлэгдсэн. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Биднийг иргэншилгүй ард түмэн гэж үзэх нь бий. Манайхан өөрсдөө ч үүнийг дагах тал байдаг. Харин миний хувьд Монгол бол иргэншилтэй ард түмэн гэж үздэг. “Монгол нийгэм” ном энэ тухай өгүүлсэн. Монголчууд одоогоос 3000-аад жилийн тэртээгээс өөрийн иргэншлээ өвөрмөц аж амьдрал, соёл энэ бүхнээ бүтээсэн. Түүнийг нотолж, үндэслэсэн бүх үзэл санааг монгол нийгэм гэж бичсэн. Иргэншилтэй ард түмэн түүхтэй, түүхээ бичдэг бичиг үсэгтэй, нэн тэргүүнд иргэншсэнийг нь харуулсан өөрийн төр засагтай байдаг. Энэ зүйлүүд бүгд байсан. 3000 жилийн өмнөх эртний Хятадын түүхийн эх сурвалжаас үндэслэсэн.19 дүгээр зууны Германы сонгодог философичид гэж байлаа. Тэдний хамгийн том төлөөлөл нь Гегель юм. Тэрээр “Түүхийн философи” номондоо“Хүн төрөлхтний түүх хэзээ эхэлсэн бэ” гэдэг асуултыг тавьсан байдаг. Тэгээд тухайн ард түмэн төрөө байгуулаад, бичиг үсэгтэй болоод эхлэхээр сая түүхээ байгуулдаг гэж бичсэн. Үүнд улбаалж эртний монголчууд хятадтай хамтарч хүн төрөлхтний түүхийг эхлүүлсэн байна гэж үзсэн. Монголчуудын түүхийг устгах гэсэн Хятадын эртний хаадын том бодлого байжээ.

Хятад эртнээсээ л монголчуудыг зэрлэг бүдүүлэг байлгах гэж үзсэн байна. Тэд зөвхөн Монголыг ч биш эргэн тойрон дахь бүх улсаа бүдүүлгүүд гэж үздэг байсан аж. Тухайлбал, зүүн хойд талын одоогийн Солонгос, манж нарын өвөг дээдсийг, урд талд байсан Вьетнам, Лаос, Мъянмарыг бүдүүлэг гэж үзнэ. Гималайн нурууны дагуу байгаа улс орнуудыг ч тэгж үзнэ. Тэгээд энэ бүдүүлэг нөхдүүдтэйгээ дайн байлдаан хийхдээ түүхийг нь устгах гол зорилго тавьдаг байсан. Эрдэмтдийн баг явуулж бичиг үсэг юу байна, бичсэн ном зохиолыг нь хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь шатаадаг байж л дээ. Ингэж түүхийг нь устгах бодлогыг хятадууд явуулж,бичиг үсгийг нь мартуулахыг эрмэлзэж байсан байна. Хятадын эртний хаадын энэ бодлого хүн төрөлхтний түүх монголоос эхэлсэн гэдэгт эргэлзээ төрүүлэх хэмжээнд хүргэдэг юм.

-Монголчууд иргэншилтэй ард түмэн гэдгийг судалгаагаар та нотолжээ. Гэтэл өнөөдөр нийгмээ харахад бид чинь иргэншээгүй, соёлжоогүй хүмүүс шиг санагдах юм. Замын хөдөлгөөний соёл, олон нийтийн газар нус цэрээ хаяж байгаа байдал, нэгэн рүүгээ араатан шиг дайрч байгаа, үр хүүхдэдээ бүдүүлэг хандаж байгаа нь аймшигтай…?

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Үүнд хоёр асуудал байгаа юм. Нэгд, бид нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдлийн иргэншил соёлтой хүмүүс. Европын биш, хятадынх биш. Хятад бол цагаан хэрэмний цаадах хашаан доторх соёлтой. Нөгөө нэг нь Монгол Улс 200 жил манжийн эрхшээлд байсан. Тусгай төр гэж байсангүй. 1268 оноос Хубилай төрийн эргэлт хийж Монголын нийслэлийг Бээжинд аваачсан. Төвдүүдийн хатгаасаар шарын шашныг хүчтэй дэлгэрүүлсэн. Өөрийнх нь багш Пагва ламын урсгал буюу буддизм дэлгэрсэн. Дараа нь Тогоонтөмөр хөөгдсөнөөс хойш шарын шашин бүр хүчтэй дэлгэрсэн.Төвдөөр дамжсан төвд хэлбэрийн буддизм монголчуудын соёл иргэншлийг их өөрчилсөн. Энэ бүхнээс болоод европын иргэншилтэй харьцуулахад дэндүү хоцрогдсон болхи бүдүүлэг харагдаад байгаа. Хэт их шашинжаад соёлыг сайн хөгжүүлээгүйн гор л доо. Ялангуяа бид ахуй амьдралын соёлыг сайн аваагүй. Хуучин хоцрогдсон уламжлал нь үргэлжлээд байна. Хүчтэй нэвтэрч байгаа барууны соёл иргэншилд сайн идээшиж өгөхгүй, хотжиж чадахгүй байна.Түүнээс монголчууд соёлжоогүй, иргэншээгүйдээ биш юм.

-Философийн эрдэмтний хувьд асуухад, одоо бид ямар философитой явбал аз жаргалтай, амар амгалан амьдрах вэ. Орчин үеийн философийн шинжлэх ухаан юуг чухалчлаад байна?

-Нийгэмд тийм ийм философи хэрэгтэй, тэгвэл хүмүүс уур уцааргүй, аз жаргалтай амьдарна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Магадгүй ямар ч философи хэрэггүй байж болно шүү дээ. Чингис хааны үед ямар философи байсан юм. Тэнгэрийн үзэл л байсан. Гол нь бид нийгмээ л хөгжүүлэх хэрэгтэй. Хүн бүр л ажилтай хариуцлагатай болох хэрэгтэй. Өнөөдөр бидэнд боломж дүүрэн байна. Юу дуртайгаа хийж болно, дуртай орон руугаа явж ажиллаж, сурч болно. Ийм эрх чөлөөг ухаалгаар, зөв зүйтэй ашиглах нь чухал. Хүн төрөлхтний философийн ухаан өндөр хөгжсөн. Өнөө жил дэлхийн философичдын 24 дүгээр их хурал Бээжин хотод болно. Миний бие очиж илтгэл тавина. XXIII хурал Грекийн Афинд болсон. Би тэнд илтгэл тавьсан. Дэлхийн филосифичдын өдрийг тэмдэглэхэд ЮНЕСКО-гоос зардал мөнгийг маань даагаад Парисын хуралд оролцуулж байсан. 2009 онд Харвардын их сургууль дээр болсон феноменологийн философийн олон улсын нийгэмлэгийн 33 дугаар ээлжит хуралд мөн оролцож байлаа. Энэ олон хурал, чуулганд оролцож, илтгэл тавьж, дэлхийн нэртэй том философичидтой санал солилцож явдгийн хувьд хэлэхэд, дэлхийн философи “хүн төрөлхтөн одоо яавал хүний ёсоор, хүмүүнлэгийн ёсоор зөв аж төрж амьдарч, нийгмээ авч явах вэ” гэдэг дээр тогтож байна. Арслан, барс, араатан жигүүртэн шиг биш. Зүгээр л хүний ёсоор хүнлэг байх, хүний эрх чөлөөг хүндэтгэхийг чухалчилж байна. Ямар ч арьстай, ямар ч шашин шүтлэг, үзэлтэй хүн байж болно. Түүнийг хүнийх нь хувьд хүндэтгэхийг эрмэлзэх болсон. Гол нь нэгэндээ дайсан болж болохгүй. Философийн олон урсгал бий. Тэр бүгд үүн дээр тогтож байгаа.

-Та Олон улс судлалын дээд сургууль гэсэн том сургуулийг удирддаг. Философи, социологи, политологийн хүрээлэн нь гадаад дотоодын мэргэжсэн эрдэмтэн судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний байгууллага болсон. Ингэхэд багш, оюутнууддаа юу гэж зааж сургадаг бол?

-Хүн болгон өөрийнхөө амьдралын эзэн нь байх ёстойг хэлдэг. Тэгэхийн тулд бид дэлхийн иргэншил, соёлд суралцах хэрэгтэй юм. Би 1970 оноос эдүгээ хүртэл дотоод гадаадын их дээд сургуульд 48 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Их хурлын гишүүн байхдаа ч сургуульдаа багшилж л байсан. Төрийн түшээ хүнийг сургуульд багшлахыг зөвшөөрдөг. Хагас зуун жил шахам философио зааж байна. Монгол хүмүүс орчин цагийн иргэншил соёлд илүү өөриймсгөөр сэтгэл зүрхнээсээ итгэл үнэмшилтэйгээр суралцах хэрэгтэй байна. Нүүдэлчин ахуй амьдралтай Монголын түүх мэдээж чухал. Гэхдээ хоцрогдсон зүйлийг хүн мартах л хэрэгтэй.Хуулийг сахих чухал. За тэгээд ёс суртахуунтай байх хэрэгтэй. Ингэж л хэлье.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нефть импортлогчид шатахуун хязгаарлаж, иргэдийг бухимдуулсан хэвээр байна

Он гарснаас хойш шатахуун импортлогчид шатахууны зохиомол хомсдол үүсгэж, бензиний үнийг нэмж, иргэдийг ихэд бухимдуулсан.

Харин өнгөрсөн долоо хоногоос нефть импортлогчдод ногдуулж байсан онцгой албан татварыг тэглэсэн. Албан татвар тэглэх шийдвэр гарснаас хойш ихэнх шатахуун түгээх станцууд шатахуунаа нээлттэй худалдаалж эхлээд байсан юм. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөх шиг шатахууны хязгаарлалт хийжээ.

Тиймээс өчигдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудаар явж сурвалжлага бэлтгэлээ. “Сансар”, “100 айл”, “13 дугаар хороолол” орчим байх шатахуун түгээх станцууд хэвийн ажиллаж байгаа ч нэгд нь АИ-92 бензинийг зарж байхад замын нөгөө талынхад нь зарахгүй байв.

Тухайлбал, Монгол гуравдугаар сургуулиас зүүн тийш “Сансарын тойрог” буюу “КТМС”-ийн уулзвар хүртэл “Шунхлай”, “Тэс петролиум”, “Петровис” гэх зэрэг таван колонк үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс “Сансарын колонк”-ын автобусны буудал дээр байх “Петровис”, “КТМС”-ийн урд байх “Шунхлай” хоёр АИ-92 бензинийг түгээж байна. Харин бусад колонкууд нь “АИ-92” дууссан, хэзээ ирэхийг мэдэхгүй байна гэх тайлбар өгч байв. Харин 11 дүгээр хорооллын уулзварын хажуугийн “Сити газ” шатахуун түгээх станц “АИ-92”-ыг 1620 төгрөгөөр худалдаалж байна. Бусад газар нь АИ-92 1630 төгрөг гэж байна. 100 айл дахь “Тэс Петролиум” болохоор огт ажиллахгүй байв.

Мөн өнгөрсөн амралтын өдөр Баянхошуу дахь “Содмонгол” картаар үйлчилнэ гэж байсан бол Тасганы овооны ойролцоох, Тэс Петролиум, Жаст-ойл зэрэг газрууд ажиллахгүй байсан ч өчигдрөөс ажиллаад эхэлжээ.

Мөн үүнээс гадна “Содмонгол”-ын 13 дугаар хорооллын салбар өнгөрсөн өдрүүдэд ажиллаагүй бөгөөд өчигдрөөс ажиллаж эхлэхдээ зөвхөн карттай хүнд бензин олгоно гээд, картгүй жолооч нарт огт өгөхгүй байгаа юм байна. Тус шатахуун түгээх компанийн нэг карт нь 50 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн, жолооч Г.Батмөнхөөс тодруулахад “Том шатахуун түгээх станцууд бензин өгөхгүй биднийг хүнд байдалд оруулсан. Одоо ч энэ байдал нь хэвээр байна. Мөн зөвхөн карттай хүнд шатахуун өгнө гэдэг. Ард түмнээ боддоггүй олигарх компаниудад дургүй хүрч байна. Приус эзэмшигчдийн групп гэж фэйсбүүк хуудас байдаг. Манай группын бүх гишүүд, шатахуун импортолдог том компаниудаас огт шатахуун авахгүй. Яасан ч орлого оруулахгүй шүү гэж тохирцгоосон. Хааж боож байгаа юм шиг бензин дууссан гэдэг. Хэзээ ирэхийг мэдэхгүй гэнэ. Зарим нь засвартай байна манай засвар хэзээ дуусахыг мэдэхгүй байна гээд бензин дуусаад, машинаа түрээд, очсон ч өгөхгүй юм. Өвлийн ид хүйтнээр, ард түмэнд ингэж хандаж байгаад гомдолтой байгаа” гэж ярилаа.

Ер нь өчигдөр сурвалжлага хийж яваад тааралдсан жолооч болгон бухимдалтай, шатахуун хэрэглэдэггүй машин унах юмсан. Эсвэл Монголдоо нефтийн үйлдвэртэй болчихоосой гэж байв. Мөн жолооч О.Оюунбаатар ярихдаа “Төр засгаас асуудлыг нь шийдвэрлээд, онцгой албан татварыг нь тэглэж өгөөд байхад шатахуун түгээх станцууд хэвийн үйл ажиллагаандаа орохгүй байна.Нэг очиход бензин өгдөг, дараа очихоор өгөхгүй, эсвэл 20 мянган төгрөгөөс доош үнийн дүнд л өгнө гэж хааж боох юм. Үнэхээр бухимдахгүй байх арга алга. Өвлийн хэцүү цагт шатахууны хомсдол үүсгэхэд үнэхээр хүндрэл учирдаг юм байна. Таксины жолооч бид нэгдэж, нийлээд, хомсдлын үеэр бензин олгоогүй станцуудад цаашид орлого оруулахгүй шүү гэж ярьж тохирсон. Петровисоос бензин аваад явж байгаа харагдвал нэгэндээ хариуцлага тооцно гэж ярьцгаасан. “Содмонгол”-ын карт нь 50 мянган төгрөг, картаа аваад, дахин мөнгөөр цэнэглээд үйлчлүүлнэ. Мөнгөтэй хүмүүсээ дэмжиж, мөнгөгүй биднийг ад үзсэн зүйл хийж байна” гэж байлаа.

Шатахууны хомсдлын үеэр “М-Ойл”, Синчи-Ойл”, “Бадрал” “Сити газ” зэрэг жижиг колонкууд үнээ ч нэмэлгүй, иргэдэд өдөр шөнөгүй үйлчилж шатахуун түгээж байсан тул тэднээс авна гэж байлаа. Өчигдөр үдийн үед “Дарь-Эх”-ийн уулзварын урд байх “М-Ойл”-д ч нэлээд урт дараалал үүссэн байлаа.

Мөн хөдөө орон нутгуудад шатахууны хүрэлцээ хэр байгаа талаар утсаар холбогдож, асууж тодрууллаа. Өвөрхангай аймагт гэхэд л дизель түлш 2000 төгрөг аль хэдийнэ гарсан. Бүрд суманд зуд ихтэй, шатахуун хомсдолтой, зарим өдрүүдэд колонкууд нь шатахуун өгөхгүй болчихдог нь маш их хүндрэл учруулж байна. Өвс, тэжээл ачих, ус түлээгээ зөөх, гэрээ нүүлгэх, оторлох гээд бензин тосны хэрэг маш их гарч байгаа ч шатахууны хомсдлоос болоод, хамаг ажил зогсож, хүнд байдалд орж байна гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Мөн Төв аймгийн ихэнх сумдад бензин ховор, зарим зам даваа хаагдсан байгаа гэнэ. Харин Булган, Архангай, Хөвсгөл аймгуудад шатахууны хомсдол нэг их мэдэгдээгүй байгаа аж. Гэхдээ Хөвсгөлийн Цэцэрлэг сум нэлээд зудтай байгаа тул шатахууны хэрэглээ улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

Завхан аймагт бензиний нөөц ерөнхийдөө бага байгаа гэдгийг аймгийн Онцгой байдлын газарт шатахуун түгээх станцууд мэдээллэсэн байна. Ялангуяа АИ-92 бензиний нөөц маш бага байгаа гэжээ. Ховд аймгийн хувьд шатахууны үнэ сүүлийн хэд хоногт өөрчлөлт ороогүйгээс гадна үйл ажиллагаагаа хэвийн явуулсан байна. Гэхдээ Ховд аймагт бусад газраас шатахууны үнэ 200 төгрөгийн нэмэгдэлтэй байдаг гэнэ.

Нефть импортлогч компаниуд иймэрхүү байдлаар чирэгдэл учруулсаар байгаа нь автомашинтай хүн бүрийн дургүйцлийг хүргэж байна. Оросын бензин колонкийг оруулж ирэхийг жолооч нар дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Мөн шатахуун олдохгүй байгааг далимдуулан шатахуун түгээх зарим газар дутуу шахалт хийж байна гэж иргэн Б.Цогт ярилаа. Зэргэлдээ байдаг шатахуун түгээх станцууд хоорондоо ярьж тохиролцсон юм шиг нэг нь өгөхөөр нөгөөх нь өгөхгүй байх зэргээр ээлжилж ажиллаж байна.

Б. ДЭЛГЭРМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Ш.Ялалт: Нүүрснээс дизель түлш, бензин, деметил спирт зэрэг 130 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой

Монголын анхны электроникийн үйлдвэр МОНЕЛ-ийг үүсгэн байгуулагч, Монел Тех компанийн захирал, шинжлэх ухааны гавьяат ажилтан Ш.Ялалттай нүүрсний технологийн талаар ярилцлаа.


-Нүүрсний борлуулалт асуудалтай болж байна. Нүүрсийг эх орондоо нарийн технологиор боловсруулдаг болох шаардлага тулгарч байгаа. Нүүрснээс хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч болох вэ?

-Татар монгол гаралтай Оросын эрдэмтэн Менделеев “Нүүрсийг шууд шатааж түлнэ гэдэг бол зуутын долларын дэвсгэртүүдийг шатааж дулаацахтай адил юм” гэж хэлсэн байдаг. Экстенсив буюу нүүрсийг түүхийгээр нь ашиглаж буй хүрзний технологи бол аль хэдийн хоцрогдсон, маш явцгүй зүйл. Харин интенсив гэх гүнзгий боловсруулах технологи нь нүүрсний үнийг олон арав, зуу дахин нэмэгдүүлэх боломжтой. Нүүрс боловсруулах нь л чухал асуудал болоод байна. Тухайлбал, нүүрснээс наад зах нь дизель түлш, бензин, экологийн цэвэр түлээ, нүүрстөрөгчийн мяндас, деметил спирт зэрэг 130 гаруй төрлийн химийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Цаашид гүн боловсруулалт хийснээрээ 5000 гаруй бүтээгдэхүүн гарган авч болно. Ингэж гүнзгий боловсруулагдсан бүтээгдэхүүний нэг тонн нүүрстөрөгчийн материалын үнэ 400 дахин өсөх бүрэн боломж байгаа. Сумын уурын зуухнуудыг хүртэл өөрчлөн тоноглож, сум орон нутгаа хямд цахилгаан эрчим хүч, дулаанаар хангаад хоногт 10000-20000 литр бензин эсвэл дизель түлшийг евро стандартаар үйлдвэрлээд байж болно. Ийм байдлаар, банк дүүрэн бензиний үнийг 5-10 доллар болгохсон гэх зорилт бидэнд байна. Ингэсэн тохиолдолд Монгол Улс эрчим хүчний хувьд бүрэн тусгаар тогтнолоо олно гэсэн үг. Ингэхийн тулд нүүрсийг боловсруулдаг технологиудаа л сайн хөгжүүлэх хэрэгтэй. Эхлээд, нүүрснээс синтетик хийг гаргаж авна. Үүнийг гаргаад авчих юм бол утаанаас салж болно. Агаарын бохирдлын хэмжээгээр манай улс дэлхийд бараг нэгт ороод байгаа нь, нүүрсээ түүхийгээр нь шууд шатааж буйтай холбоотой шүү дээ.

Хотын агаар, хөрс, усны бохирдол гамшгийн хэмжээнд хүрч хүн амьдрах аргагүй болж байна. Төр буюу түр ажиллаж байгаа засаг утааг арилгана гэж 200 тэрбум төгрөг зарсан. Утаагүй түлш, утаагүй зуух гэж их мөнгө хийсгэсэн ч үр дүнд хүрээгүй. Улаанбаатарт нүүрсээр ажилладаг жижиг том нийлсэн 400 гаруй уурын зуух байгаа юм. Энэ зуухнуудын нэлээдийг нь сольж хийгээр ажилладаг болгочихвол агаарын бохирдол буурахад томоохон нөлөө үзүүлнэ. Манай төслийн багийн санал болгож буй нүүрс хийжүүлэх технологи бол эхний ээлжинд хоёр мянган айлыг хийн дулаанаар хангах юм. Ийм хийн дулааныг нэвтрүүлэхэд бид бэлэн болчихоод байна.

– Энэ ажлыг хэн зохион байгуулах вэ?

– Манай баг олон улсын эрдэм шинжилгээний төв нэртэй. Манай баг дээрх төслийг хэрэгжүүлнэ. Энэ багт надаас гадна орос, португал, польш эрдэмтэд ажиллаж байна. Гадныхантай хамтран ажиллахад хариуцлагатай, өөрт оногдсон ажлуудаа маш сайн гүйцэтгэдэг тул маш амжилттай ажиллаж чаддаг. Энэ төслийн хүрээнд хийн дулааны 10 төхөөрөмж нэвтрүүлэхэд л 20 мянган айл утаанаас сална шүү дээ.

-Төсөл ямар шатанд явж байна?

-Бүтээгдэхүүний гэрчилгээгээ хэдхэн хоногийн өмнө авчихсан. Синтетик хий дамжуулах эхний төхөөрөмжөө “Налайх”-ын наад талд барьчихсан, ашиглахад бэлэн болчихсон байна. Амьдралд хэрэгжүүлэх гэхээр санхүүжилт алга. Энэ асуудлыг академид өгчихсөн байгаа. Академи цаашаа ярьж хэлдэг юм уу мэдэхгүй юм. Уг нь энэ бол хамгийн чухал технологи. Төрийн түшээд яаж нүүрсийг ашиглахаа мэдэхгүй судлахгүй, буруу тийш нь мөнгө зарцуулаад байх юм. Энэ төслийг ажил хэрэг болгоод хоёр мянган айлын дулааныг шийдэхэд нийтдээ есөн сая доллар хэрэгтэй байгаа юм.

-Эхний ээлжинд юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн эхлээд л нүүрснээс хий гаргаж авах хэрэгтэй. Гэвч шийдвэр гаргагчдын дунд юм сонсоод ойлгохгүй, уншихгүй, юм бодож сэтгэхээ больчихсон хүмүүс их байна. “Цөөн хүн амтай, ядуу буурай оронд ардчилал гэдэг зүйлийг хангалттай өг. Тэд нарт хөгжиж байна гэсэн худлаа хаяг зүүлэг. Хүүхэд залуучуудад либериал үзлийг нэвт шингээгээд тэдэнд, бид хөгжиж байна, хөгжөөд байна гэсэн хий бодол үүсгэх гэх мэтээр хөгжүүлэхгүй, ядуу буурай орон хэвээр нь байлгана” гэдэг гадаадын эрдэмтний үг биеллээ олоод байна. Тиймээс монголчууд өдөр болгон 10 цаг ажил хийгээд мөнгө ол гэхээр бултаад хийхгүйг хичээнэ. Түүний оронд ямар нэгэн аргаар залилж дээгүүр, доогуур хулгайлж, худлаа ярьж авахыг боддог. Мөн хавханд бяслага хийгээд, хулгана барьдаг үлгэр манайд хэрэгжээд байх юм. Дээрээ ч доороо ч юуг ч бодож сэтгэж хийхгүй, мэдэхгүй байна.

-Синтетик хий гаргах төхөөрөмж хэцүү юу?

-Бид зургаа, долоон жил энэ төсөл дээр ажиллаж байгаа. Энэхүү хийжүүлэх технологийг ашиглахад амархан. Уурын зуухнуудыг жаахан өөрчилж, зохион байгуулаад л, хийн хоолой угсарч татаад л болчихно. Хийн зуух, хийн баллоныг яаж ашигладаг билээ.

-Хийгээр дулаан, цахилгааныг шийднэ гэж ярихаар манайханд осолтой, дэлбэрнэ гэх ойлголт байдаг.

-Мэдэхгүй болохоор тэгж бодоод байна. Ашиглаад, мэдээд ирэхээр ямарч аюулгүй. 100 жилийн өмнө монгол лам нарыг халуун усанд оруулах гэхэд биднийг шалзалж алах гэж байна гэж бие биедээ хэлсэн байдаг. Усанд ороод гарч ирэхдээ алсангүй, зүгээр гоё юм байдаг юм байна гэцгээсэн гэдэг. Яг тийм л зүйл гэсэн үг.

-Цэвэрлэх байгууламжийн үнэр гаргадаг лагаас бас синтетик хийг гаргаж авах боломжтой гэсэн. Яаж гаргаж авах уу?

-Бид АСЕМ-ийн үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарсан. Үнэр дарах аилд зарцуулсан мөнгөө одоо хүртэл авч чадаагүй байгаа. Бидний хийсэн ажил бол агаарт дэгдэж байдаг микробуудыг устгаж үнэрийг дарсан. Нүүрсний утаа, бохирын үнэр хоёр хоёулаа өмхий үнэртэй байгаа биз дээ. Энэ хоёр чинь химийн найрлагаараа бараг адилхан. Алинаас нь ч цахилгаан дулаан, бензин ч гаргаж авч болно. Гэхдээ бохирын хэмжээ харьцангуй бага учраас тийм ч их цахилгаан үйлдвэрлэх хэмжээнд хүрч чадахгүй. Одоогийн байдлаар цэвэрлэх байгууламжийн бохир 15 га газар эзэлж байна. Энэ 400 шахам мянган тн бохир гэсэн үг. Жилдээ 40 мянган тонныг л боловсруулна гэсэн үг. Агаарт маш олон тооны микробыг цацаж байдаг хоёр зүйлийн нэг нь нүүрсний утаа, нөгөөх нь бохирын үнэр байна.

-Үмхий үнэр микробноос гардаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Нэг грамм өтгөнөөс 100 тэрбум микроб гардаг. Агаарт үнртэж байна гэдэг нь тэр их микроб нь агаарт тархсан байна гэсэн үг. Нүүрснйи утаанаас хордоод байгаа нь бас ийм учиртай. Яг адилхан микробтой. Монголчуудыг экологийн гамшиг нэрвэчихээд байна. Хотын иргэд өвөл зунгүй хүхэр, нүүрсхүчлийн хий, азотын исэл гэх мэт маш хортой хийгээр амьсгалж байна. Нэг метрээс дор зайд энэ их микробууд бүр туначихсан байдаг учраас бага насны хүүхдээ аль болох тэвэрч явах нь зөв шүү.

-Та бүхний төсөл хэрэгжвэл дотоодын түлшний хэрэгцээ хангагдах уу?

-Манай улсын шингэн түлш, нефть бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 1.4 сая орчим тонн. Үүнийг бараг 100 хувь импортолдог. Газрын тосны нөөцтэй ч, нөөцөө ашиглаж үйлдвэр байгуулж чадахгүй байгаа учир цаашид бусад эх үүсвэрээс шингэн түлш үйлдвэрлэх арга хэрэглэх ёстой. Тухайлбал, бүх төрлийн нүүрс, занар, ойн хаягдал, унанги мод, биомассыг нийлэг шингэн түлш, шатдаг хийг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах бүрэн боломжтой. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт байгтдаг. Нийтдээ 15 сав газарт 32.4 миллиард тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон. Тэгэхээр энэ мэт нөөц боломжоо ашиглаад шингэн түлш үйлдвэрлэх боломжууд бий. Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх хэд, хэдэн арга байна. Сүүлийн үед судлаачид нүүрс, органик массаас нийлэг шингэн, хийн түлш гарган авах дэвшилтэт технологийг боловсруулан бага оврын шат дамжлага багатай үйлдвэрийн шугамыг зохион бүтээж практикт нэвтрүүлж эхлээд байгаа.Эдгээрийн нэг нь цахилгаан индукцын орчинд катализаторын оролцоотой нүүрс, органик массыг хийжүүлэх шингэрүүлэх технологи. Ийм төрлийн бага оврын үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд л 2.5 тэрбум төгрөг, угсралт, угсралт тохируулгын хугацаа 7-8 сар гэх мэт давуу талтай. Ингээд жилд 8000-9000 тонн бензин, дизель түлш үйлдвэрлэх боломжтой. Мөн мазут, хагас кокос, хийн түлш зэрэг дагалдах бүтээгдэхүүнүүдийг гарган авна. Үүнээс гадна сумын төвийн эрчим хүч үйлдвэрлэж, моторын тос гарган авч болно. Ийм эрчим хүчний төвийн төсөл ч бидэнд байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Болдбаатар: Суралцагчдынхаа сэтгэлийг тогтоохоос хичээлээ эхэлдэг

“Гэгээ” гадаад хэлний төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш, Ph.D Д.Болдбаатартай ярилцлаа. Тэрбээр өнөөг хүртэл 30 гаруй ном, 1400 анги кино хөрвүүлсэн бөгөөд заах аргын шинэ арга барилтай хүн ажээ. Мөн “Чонон сүлд” роман, “Гурван улсын үлгэр ”зэрэг сонгодог зохиолууд, “Хуаньжу Гэг”, “Чингис хаан” зэрэг олон ангит кинонуудыг орчуулсан юм.


-Заах арга барилын талаараа сонирхуулаач. Таныг орчин цагт тохирсон өөр арга барилаар, хүмүүсийг гадаад хэлтэй болгодог гэж сонссон?

-Хамгийн гол нь өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч иргэнийг бэлдэх гэсэн хүсэлтэй. Гэтэл Монголын боловсролын систем үүний эсрэг шахам зохион байгуулагдсан байдлаар ажиллаад байгаа нь нууц биш л дээ. Хүүхдүүдийг хэт их даалгавар давтлага хоёроор дарчихаад байгааг би өөрийн нүүр номон дээр байнга шахам шүүмжилдэгтэй дийлэнх эцэг эхчүүд санал нэг байдаг. Түүний улмаас хичээл гэдгийг сурагчид хэцүү ядаргаатай зүйл гэж ойлгоод залхсан байдаг нь нэг бодлын аргагүй юм. Миний арга барил арай өөр. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлтэй тулж ажилладгаараа онцлогтой. Төрөө засахын тулд гэрээ зас, гэрээ засахын тулд биеэ зас, биеэ засахын тулд эрдэм сур, эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо гэдэг. Хамгийн чухал нь сэтгэл тогтох гэдэг оньсон дээр тогтож байгааг харж байна уу?Тийм болохоор л би суралцагчдынхаа сэтгэлийг тогтоохоос хичээлээ эхэлдэг юм. Хүн хувийн зохион байгуулалттай, дэгтэй байвал сэтгэл амархан тогтоно. Мөн шавь нараа дүрэмгүй, шинэ үггүй, даалгаваргүй, дүнгүй, шалгалтгүй зөнгөөр нь сургадаг. Даалгавар, шалгалт гэхийг сонсоод л айдаст автдаг хүмүүс олон байдаг шүү дээ. Түүний эсрэг айдасгүй сургаж байгаа юм. Энэ нь монгол хүнд тохирсон гадаад хэл сурах хялбар мөртлөө өвөрмөц арга юм.

-Гадаад хэл сурахад хэр их цаг хугацаа шаардлагатай байдаг юм бэ?

-Англи хэлийг суръя гэвэл дөрвөн жил хэрэгтэй, япон хэл сурахад залуу нас, хятад хэл суръя гэвэл бүх нас хэрэгтэй гэсэн яриа гадуур ихэд тархсан байдаг. Ийм айхтар хүнд сэтгэлзүйд автсан хүмүүс хэр зэрэг үр дүнтэй сурах нь тодорхой. Хэл сурах гэдэг харьцангуй ойлголт л доо. Энгийн төвшинд хоёр гурван сарын хугацаанд хятад хэлийг амжилттай сурсан хүн олон байна. Мөн манай сургалтын төвд хоёр удаа сураад хоёр гурван ч дунд төвшингийн номыг уншиж сурчихаад түүндээ итгэж ядсан байдалтай байхыг харж суух багшийн хувьд сайхан байдаг. Ийм үр дүнг нүдээр үзэхээс нааш хүмүүс бараг итгэхгүй л дээ. Нэг хэлийг сайн сурчихвал дараа дараачийн хэлийг сурахад бүр ч илүү дөхөмтэй байх нь ойлгомжтой. Энэ нь ялангуяа Хятад, Япон, Солонгос гэх юм уу, Орос, Англи, Герман зэрэг ойролцоо төрлийн хэлнүүдэд хамаатай асуудал юм. Энэ бүхний гол суурь нь бас л эргээд сэтгэлээ тогтоож, оюунаа нээхэд оршиж байдаг. Хүмүүс сурахаасаа өмнө өөрөө, өөртөө зохиомол айдсыг бий болгочихсон байдаг. Хүний сэтгэлээс айдсыг арилгаж, амарлингуй байдлыг бий болгоно гэдэг амаргүй. Олон жил багшлаад ирэхээр анги дүүрэн суралцагсдын сэтгэлийн доторх зохиомол айдас их хүнд энергитэй зүйл болох нь мэдрэгдээд байдаг л даа. Яваандаа хоёр гурав хоногоос тэр айдас арилаад ирэх нь ч мэдэгдээд тэр хэрээр үр дүн гарч эхэлнэ. Хүнтэй ажиллана, хүний сэтгэлтэй ажиллана гэдэг хэцүү ч,сайхан ажил.

-Гадаад хэлтэй байхын давуу тал. Та өөрөө хятад хэлд мэргэшснээрээ, юугаар нь бахархдаг вэ?

-Хятад хэлээр бурхны сургаал уншиж чаддаг болсондоо бахархдаг. Ядарсан, сэтгэл тавгүй үедээ Бурхан багш Найранзана мөрний хөвөөнөө зургаан жилийн турш хатуужил бясалгал хийж байсантай өөрийгөө зүйрлээд би гэдэг хүн ийм сайхан орчин нөхцөлд өдийхөн зүйлийг хийх юухан байхав дээ гээд бодчихоор сэтгэл сэргээд ирэх шиг санагддаг. Бас насан турш хатуу үйлээр замнаж буй биеэрээ Бурхны хутгийг олж чадсан Миларайва богдын тууж зохионгуйг унших бүрд их эрч хүч өгдөг дөө.”Сэтгэлээс бүх зүйл үүдэлтэй. Сэтгэл чамайг бурхан ч болгож чадна эсвэл чөтгөр ч болгож чадна. Сэтгэлд л бүх зүйлийн оньс бий шүү” гэсэн энгийн ойлгомжтой атлаа гүн нарийн ёсон Бурхны номонд нэн арвин. Зүгээр л хүн өөрийн сэтгэл рүүгээ байнга өнгийж, өөрийгөө хөгжүүлэх тухай сургаал талаас нь уншиж судлах сайхан байдаг.

Хятад хэлээр дамжуулан хийж байгаа уран бүтээлээс авдаг таашаал гэх мэт яриад байвал олон зүйл байна л даа. Гэхдээ цаг цаас хэмнэх үүднээс энэ хүргээд орхиё.

-Хэл сурахад хүний ямар хандлага хамгийн их саад болдог вэ?

-Эрдэм сурч байгаа хүн хөмөрсөн тогоо шиг, эсвэл цоорхой сав шиг байж болохгүй. Хэнэггүй салан задгай хувийн зохион байгуулалтгүй байх ёсгүй. Бусдыг хорлоё гэсэн муу санаатай бохир сав шиг байж хэрхэвч болохгүй. Эрдэм сурахын урьдач нөхцөл болсон энэ сайхан сургаалыг манай ард түмэн эртнээс нааш “Гурван савны гэм” хэмээн нэрийдэж ирсэн. Үүний цаана нийгэмдээ, гэр бүлдээ, өөртөө тустай байхаар өдөр тутмын амьдралыг зохион байгуулах нь их үр дүнтэй байдаг. Үүний тухай хүүхэд залууст хэлээд өгөхөөр маш хурдан ойлгож авч байна. Ер нь цэцэрлэг, бага, дунд, дээд сургуулиудад яригддаггүй зүйлүүд манайд яригдана. “Сайн багш үлгэрлэдэг. Агуу багш бол сэтгэлийн галыг нь асаадаг,” хэмээх мэргэн үг байдгийг багш болгон бодож явууштай. Энэ өвөл манай сургалтын төв гар утсаар дамжуулан гадаад хэл сургах шинэ туршилтыг амжилттай хийсэн нь Монголд битгий хэл, дэлхий дахинд цоо шинэ арга барил болсон болов уу гээд хэлчихэд нэг их хэтрүүлэг болохгүй байх аа. Өөрөөр хэлбэл зарим эцэг эхчүүд гар утсыг хүүхдийн хүмүүжилд сөрөг муу нөлөөтэй хэмээн үздэг. Гар утасны буруу хэрэглээ тийм байдал үүсгэдэг нь ч нууц биш л дээ. Нөгөө талаар зарим хүүхэд залуус өдөр шөнөгүй, цаг наргүй гар утсаараа тоглож оролдсоор байгаад, утсаар юм хийж, бичихдээ бүр мэргэжсэн тал байгаа нь багшийн хувьд надад их нэмэр болж байна. Жишээлбэл, утсан дээр нь “Манай аав хятад хэл мэддэг.” гэсэн өгүүлбэр бичүүлээд дараа нь“ээж”,“ах”,“эгч” гэх мэтээр хувилаад бичээрэй гэж хэлчихээд босоод очихын хооронд тэр зургаан өгүүлбэрийг биччихэж байна. Чи яаж ийм хурдан бичиж байгаа юм гэж асуухаар би маш их чатладаг, утсаа их хэрэглэдэг тул хурдан бичиж сурсан гэж байгаа юм. Хүүхдүүдэд утсыг нь ашиглаад заахаар илүү сайн тогтоож, ойлгоно. Ингэж буруу зүйлийг нь зөв тийш нь залж байгаа хэрэг. Энэ мэт шинэ арга барилууд манай боловсролын төв дээр их олон байдаг.

-Сэтгэлээ тогтоох тухай ярьж буй таны лекцийг хүүхдүүд хэр ойлгож байна. Хэд хоногийн дараагаар хичээлдээ дасч эхлэх үү?

– Есдүгээр ангийн нэг хүүхдийг хичээл дээр босгоод сэтгэгдлийг нь яриулахад “Би эхлээд ойлгохгүй байсан, хоёрхон хоногийн дараа хичээлдээ маш их дуртай боллоо гэж байсан. Жишээлбэл, хятад хэл зааж байгаа хэрнээ ханз бичүүлэхгүй, дүрэм үзэхгүй, гол нь даалгавар өгдөггүй нь надад маш их таалагдаж байна.” хэмээн ярьж байсан л даа. Өөрөөр хэлбэл манайд тогтсон уламжлалт удаан агаад уйтгартай аргыг бүрэн халах чиглэлээр ажиллаж байгаагийн зах зухаас уншигчид маань миний ярианаас ойлгосон байх гэж бодож байна. Аль болох сонирхолтой, хөгжилтэй байх аргыг сургалтандаа хэрэглэдэг. Монголын боловсрол энэ чиглэлд байгаасай гэж хүсдэг.

-Хэдэн насандаа хэл сурах нь зөв байна. Одоогоор хэд орчим насны хүмүүс суралцаж байгаа вэ?

-Зуны сургалтанд гэхэд л 30-40 насныхан түлхүү сурдаг. Одоогоор 50,60 настай хүн ч ирж байна. Тав зургаан настай суралцагчид ч байна. Хэдэн ч насанд хүн сурах боломжтой. Нисваанис буюу элдэв бодол хүний сурах замыг халхалчихдаг. Элдэв бодолгүй хүн гэж бараг байхгүй. Тэгэхээр эхлээд элдэв бодлоос нь салгаж байж гадаад хэлийг сургадаг. Манай анхлан суралцагчид хэл сурах аргын талаар ярих юм болов уу гэсэн чинь бясалгалын арга шиг зүйл яриад байна гэж боддог байж магадгүй. Угаасаа элдэв бодол л оюун ухааныг хаадаг. Элдэв бодлоосоо ангижирч чадаж байгаа бол хэдэн ч насанд суралцаж болно.

-Зарим багш нар оюуны чадамжтай сурах аргатай хүүхэд байдаг. Үнэхээр оюун нь дийлэхгүй нь ч бий. Тэгэхээр арай илүү сурах чадвартай хүүхэдтэй нь ажиллаад явчихдаг гэдэг юм билээ. Энэ буруу юу?

-Хүн бүхэнд сурах өргөн боломж бий. Оюуны сүвийг нээх л хамгаас чухал асуудал. Сэтгэлийг нь тогтоогоогүй тохиолдолд хөтөлбөрт баригдаж сургалтаа явуулдаг багш нар дийлэнх нь байдаг шүү дээ. Гэтэл манайд сэтгэл тогтоосны дараа сургалт явуулах тухай арвин баялаг уламжлал байгаа. Үүнээс бид суралцах хэрэгтэй юм.

-Таны энэ аргыг ерөнхий боловсролын сургуулийн багш нарт заалгавал зүгээр юм байна?

-Би Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зөвлөх багшаар ажилладаг. Энэ тухай ярихаар цөөнгүй багш нар таны наад арга чинь бидний урьд өмнө үзэж байсан сурганы номноос тэс ондоо байна гэдэг. Таны лекц уншиж байхад эхний хоёр цагийн хичээлийг ойлгоогүй сууж байснаа яваандаа ойлгоод ирж байна шүү хэмээн хэлдэг багш нар бас цөөнгүй байдаг л даа. Ганцхан хэл сурахад ч биш, бүх зүйлд сэтгэл тогтоох аргыг хэрэглэх боломжтой. Мөн би гадаад хэлтэй сэтгүүлчид бэлдэх юмсан гэж их боддог юм. Олон улсын гадаадын технологийн дэвшил, мэдээ мэдээллийг сонирхон судалж байвал их сайхан юм бий шүү дээ.

Би өөрөө энэ сарын 13-нд буюу бямба гаригт “Гадаад хэл хэрхэн хурдан сурах вэ” нэртэй лекцээ тавина. Лекц Мэдээлэл технологийн үндэсний паркад 14:00 цагаас болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бүргэд-Очир: Монголчууд хэнэггүй зангаасаа болж нурууны мэс засал хийлгэх хэмжээнд хүрдэг

“Долмалин” нурууны эмнэлгийн рентгений их эмч Б.Бүргэд-Очиртой ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд нурууны өвчин залуужиж байх шиг анзаарагдах боллоо. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Нуруу өвдөх гэдэг нь өөрөө олон шалтгаантай байдаг. Яснаас, зөөлөн эдээс, булчингийн үйл ажиллагаанаас болсон ч байж болно. Мөн бөөр, нойр булчирхай, сахарын өвчин гэх мэт эрхтэн өвчилсөн бол нуруу өвдөнө. Ийм тохиолдолд нуруу өвдөхөд нөлөөлж буй суурь өвчнөө эхлээд эмчлүүлэх хэрэгтэй. Нүүдэлчин монголчууд суурин иргэншилтэй болсон нь хөдөлгөөний дутагдалд оруулж, олон өвчний эх үүсвэр болоод байна. Ялангуяа суугаа ажилтай хүмүүсийн нурууны жийргэвчинд ачаалал өгснөөс болж хорь гучин настай хүмүүс нуруу өвдлөө гэх болсон. Мөн биеийн хүчний ажил хийдэг эрчүүд жийргэвчиндээ жижиг гэмтэл авсаар байгаад даамжирч нурууны суултад өртдөг. Үүнээс гадна агаарын бохирдол, хоол хүнсний зохистой хэрэглээ мөн нөлөөлж байна. Жишээлбэл, паартай байшинд сууж буй нийслэлчүүд хүйтэн сэрүүнийг үл тоон нүүдэллэн амьдардаг малчидтай адил хоол хүнсийг идэж уудаг. Би хувьдаа хоёр янзын мах зэрэг идэхийн эсрэг байдаг. Үүнээс болоод жийргэвч гэмтэх боломжтой.

-Хоёр мах зэрэг идэхгүй ч гэх юм уу, хоол хүнсний зохистой хэрэглээ гэдэг асуудал өнөөдөр их хөндөгдөх болсон. Энэ мэт зохицохгүй хүнсний талаар жишээ татан ярихгүй юу?

-Хамгийн наад захын жишээ хэлэхэд сонгино сармис хоёрыг хамт хүнсэнд хэрэглэж болохгүй. Энэ нь ходоод цочроох, гэдэс дүүрэх шалтгаан болдог. Мөн мах чанасан шөл уучихаад шар айраг уух нь үл зохицох хүнс. Энэ тохиолдолд бөөр, цөсийг гэмтээх аюултай. Хөц будаа, эрдэнэ шиш хоёр хоёулаа эрүүл хүнс боловч хамт хэрэглэхэд оюун ухаанд сөргөөр нөлөөлж, арьсны янз бүрийн үрэвшил харшил үүсгэх, бодисын солилцооны алдагдалд оруулдаг гэж байгаа. Мөн тахианы мах гүнжидийн үртэй, хонины мах цуутай зохицохгүй гэх мэт энгийн зүйлсийг иргэд тэр бүр мэддэггүй. Ер нь хүн гэдэг амьтан эхээс төрөхдөө эрүүл саруул төрдөг. Төрсөн цагаасаа эхлээд юу идэж, ууж байгаагаас шалтгаалж эрүүл саруул аж төрөх эсэх нь хамаардаг юм шүү дээ.

-Нуруу өвдлөө гээд даруулах ч юм уу, бүс зүүгээд яваад байдаг хүмүүс байдаг. Ер нь эмчид хандахгүй энэ мэтээр өвдөлтөө намжаагаад яваад байвал хэдий хугацааны дараа нурууны суулт өвчтэй болох вэ?

-Энэ өвчин аажим явцтай даамжирдаг болохоор хүмүүс бүс зүүх, жин тавих, өвчин намдаах эм уух гэх мэтээр аргацаах гээд байдаг талтай. Ямар ч өвчнийг эхэлж байх үед нь л эмчид хандах хэрэгтэй. Монголчууд хэнэггүй зангаасаа болж нурууны мэс засал хийлгэх хэмжээнд нь хүргэчихээд байна. Мөн онош тавигдсаны дараа эмээ зааврын дагуу, бүрэн гүйцэт уух хэрэгтэй.Жийргэвч болон ясандаа гэмтэлгүй бол харьцангуй хурдан эдгэрэх боломжтой. Манай эмнэлгийн хувьд нурууны мэс заслаас бусад бүх үйлчилгээ цогцоороо нэг дор байдгаараа онцлогтой. Нурууг нь үзээд, рентген зургаар оношлох, үе мөчний үрэвслийн шинжилгээ хийх,ясны бүтэц, цусны шинжилгээ хийх гэх мэт. Ингээд тухайн эмгэг өөрчлөлтөд нь тохируулаад эмийн болон эмийн бус бариа засал, татлага, шарлага, зүү төөнүүр гээд бүгдийг цогцоор нь хийдэг. Бидний зорилго бол мэс заслын эцсийн түвшинд хүрэхээс урьдчилан сэргийлж эмчлэх юм.

-Нуруу өвдсөн хүмүүс бариа засал их хийлгэх болжээ. Энэ нь хэр оновчтой байдаг юм бол?

-Манай эмнэлгийн хувьд уламлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан эмчлээд есөн жил болж байна. Ерөнхийдөө нурууны жийргэвчийн гэмтэлд онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ өвчнийг уушигны хавдар, сүрьеэ, остемелит гэх мэт бусад өвчнөөс ялгах шаардлагатай болдог. Яагаад гэвэл эдгээр өвчнөөс болж гэмтсэн нуруунд бариа засал хийж болохгүй. Жийргэвчийн гэмтэлтэй хүмүүс ихэвчлэн тавиас дээш насныхан байдаг. Эдгээр хүмүүс олон жилийн нурууны суулттай, ясны сийрэгжилттэй, хагалгаа хийлгэх боломжгүй болсон байдаг тул эмийн эмчилгээ зөвлөдөг. Эмийн эмчилгээнд луотай хандыг уулгана. Луотайг монголчууд гагнуур өвс гэдэг нэрээр нь мэддэг, олон зуун жил хэрэглэж ирсэн байдаг. Энэ эм жийргэвчийн тэжээлийг сайжруулаад зогсохгүй, цусны судасны ханыг зөөлрүүлэх, тархины цус харвалтын дараах эд эсийг нөхөн төлжүүлж сэргээхэд тодорхой үр дүн өгдгөөрөө онцлогтой. Луотай гэх энэ эмийг эмнэлгийн практикт нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн салбарт оруулсан гол зүйл болоод байна.

-Нурууны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Бага насны хүүхэд болон 30 хүртэлх насныхан багаасаа их хазгай сууснаас болж нурууны муруйлт элбэг тохиолдох болсон. Бага насны хүүхдийн жижиг, булчиндаа өөрчлөлт ороогүй муруйлтыг бариа заслын аргаар эмчилж болно.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Эмч хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, баяр гунигийн талаар хуваалцахгүй юу?

-Тэртээ 1971 онд Анагаахын дээдийг төгсөж байлаа. Түүнээс хойш дөч гаруй жил халат өмсөж, зураг уншлаа. Намайг төгсөж байх үед техник тоног төхөөрөмж өнөөдрийнх шиг байсангүй. Харанхуй өрөөнд зураг угааж, харна. Харин өнөөдөр дижитал системд шилжээд үнэхээр сайхан болоод байна. Энэ хөгжлийг дагаад мэргэшсэн эмч нараа төр засгаас дэмжээд чадавхжуулах юм бол рентген оношлогооны салбарт их ахиц гарна гэж боддог. Өнөөдөр монголын урдаа барьдаг эмнэлгийн чадалтай рентгений эмч нар бүгд миний шавь нар. Гончигсүрэн профессор, гуравдугаар эмнэлгийн Жаргалсайхан, нэгдүгээр эмнэлгийн Энхболд, Мөнгөн гүүрийн Түвшинжаргал, Лхагвасүрэн гээд олон хүн бий. Эдгээр хүмүүс чадавхжиж дараагийн үеэ бэлтгэх юм шүү дээ. Эмч хүн мэдээж хүнд өвчтөн эдгэрсэн байгааг харахад л сайхан санагдана. Рентгений эмчийн хувьд онош нь тогтоогдохгүй байсан өвчнийг оношилж чадсандаа, хорт хавдар гэх мэт хүнд өвчнийг эрт үед нь илрүүлж чадсандаа л баярлаж явдаг даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтан “унжлага”-ны хэрэг

– ФЕЛЬЕТОН –

Алтан унжлагат тахиа жилийг бид үдэж байна. Унжлагатай тахиа гэдгийг дуулаад нэг их тоогоогүй ээ. Тоосон нэг нь тахианых юм чинь юу шалив гээд авч хэлцээгүй. Гэтэл унжлага бол унжлага, тахианых байсан ч жижигддэггүй гэдгийг мэдүүлсэн жил боллоо. Ялангуяа төрийн түшээдийн “алтан унжлага”-тай холбоотой олон асуудал боссон жил байж таарав.

Жишээлэхэд, зарим улстөрч алтан унжлаганыхаа уутыг айлд гээж баларсан бол нөгөөх нь алтан унжлаганыхаа зургийг явуулж хүн айлгасан асуудалд холбогдов. Нэг хүн чөтгөрөөс, нөгөөх нь чононоос, гурав дахь нь харанхуйгаас айж байхад зарим эмэгтэй “алтан унжлага”-ны зурагнаас сүнсээ зайлтал айдаг байх нь. Харин тэд зөвхөн зурагнаас айдаг уу, зураг бус бодит дүрийг үзвэл яах вэ гэсэн асуудал хариугаа хүлээсээр үлдэж. Судлаачид ч санал хуваагдаж “зөвхөн зурагнаас айдаг гэж үздэг нь хужаа”, “үгүй ээ, зураг дүр хоёулангаас нь айдаг нь хужаа” гэлцэн ширүүн маргаж байна.

Ер нь алтан унжлага оролцоогүй хэрүүл цөөхөн байлаа даа. Том даргын алтан унжлагыг мялаагаад гавьяа шагнал хүртсэн тухай дуулиан ч сонсдож байна. Түүнчлэн, зарим том улстөрч сонгуульд нэр дэвших эмэгтэйг заавал ч үгүй “алтан унжлагаараа аравнайлдаг” гэсэн хэрүүл ч дуулдаж байлаа.

Хэд хэдэн эмэгтэй “Өөрийг нь алтан унжлагаараа хуурсан” гишүүний тухай гомдол санал гаргасан байна. Гялгар цалгар юманд дуртай бүсгүйчүүл төрийн түшээдийн алтан унжлагаар нь гангалах гээд бүтээгүй юмуу, нөгөөдүүл нь алтан унжлагаа бэлэглэх гэж байгаа дүр үзүүлэн унжигнуулан гайхуулж байснаа эргүүлээд хуйлчихсанд урам нь хугарсан уу, бүү мэд ээ?

Хүүхнүүдийн хэрүүлийн агуулга ч өөрчлөгдөж “Чи алтан унжлагад дуртай”, “Үгүй, би алтан ээмгэнд л дуртай”, “Чи бол алтан унжлага хэрэглэх заяагүй” гэхчлэнгээр хөврөх болсон ч гэх шиг.

Гэхдээ хорвоо юм хойно, наанатай цаанатай л ажгуу. Сайн мэдээ байхгүй биш байгаа юм байна. Судлаачдын үзэж байгаагаар “Зарим алтан унжлага хэтэрхий биегүй материалаар хийгдсэн тул амархан үрчийдэг нь хэрэглэгчийн таашаалд нийцээгүй”, мөн “нэр бүхий гишүүнийх эдэлгээ даахдаа муу” болон “Тэр сайдынх хэтэрхий богино, унжлага гэхээсээ илүү мэнгэ гэвэл зохилтой байсан нь нэн урамгүй” гэхчлэнгийн гомдлууд тахиа жилд эрс багассан байна.

Ёс жудагтай зарим судлаачийн амнаас төрийн түшээдийн дотоожийг “Алтан унжлагын сав” буюу товчоор “Алтан сав” хэмээн нэрийдэж бичих санал гаргасан байх юм. Санал гаргаад зогссонгүй “Айлд хонохдоо “алтан сав”-аа гээсэн эрхэм гишүүний тухайд” гэхчлэн бичиж эхэлсэн байна. Манай өнөө хэн гишүүний явдал шастир түүхнээ “Эрхэм гишүүн бээр “алтан унжлагаа хувиараа цэнгүүлж яваад… “айлд хонохдоо “алтан сав”-аа мартаж гарсан” байдлаар бичигдэх нь тодорхой болж байх шиг.

Тэд үүл борооны явдлыг өгүүлсэн зохиолоо “Эр хүн алтан саваа нээхүй дор…” гэхчлэн эхлүүлжээ. Тэр ч бүү хэл ажил явдал тохиолдсон айлд ирсэн ламбугай “Бурхан болоочийн алтан савыг нээе” гэхэд хүмүүс “олны нүдэн дээр тийм юм хийлгэхгүй” гэж дургуйцсэн гэх.

Урьдын сайхан уламжлал ч энэ зуур сэргэж эхэлжээ. Манай Батлан хамгаалах яам “Бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх” ёслол хийдэг сайхан уламжлалтай. Энэ ёсыг өргөжүүлэн Их хурлын тамгын газраас бүх гишүүдийн “Төрийн алтан унжлага цэнгүүлэх” ёслол хийдэг болох юм байна.

Нэгэнт л эрхэм гишүүдийн унжлагын явдал нь төрийн хэрэг болоод явчихаж байгаа хойно, тэдний чадавхи нь “төрийн чалх” байж таарна. Учир мэдэх зарим мэргэд, зарим ахмад гишүүний алтан унжлага нь сульдснаас үүдэн төгрөгийн чалх сульдсаан гэж байна. Тэд “АНУ-ын ерөнхийлөгч Трамп нас өндөр ч залуу эхнэртэй учраас нэгдсэн улсын төрийн унжлага чанга байгаа, доллар ч гозойсоор буй” хэмээнэ.

Иймээс улс орны эдийн засгийн чадавхи, төгрөгийн чалхыг бэлгэдэн эрхэм гишүүдийг алтан унжлагын нэрийг цээрлэж “Алтан суварга” хэмээн цоллох хөтөлбөр ч боловсруулжээ. Үнэхээр ч эрхэм гишүүнд гомдол гаргасан нэгэн эмэгтэй “Суварга нь унжлага болсон” хэмээн зүхэж байсан нь нэгийг өгүүлэх мэт.

Жирийн нэг ярианы утга ч өөр болж, цаг үеэ дагаад. Саяхан эрхэм гишүүн рүү утасдсан бүсгүй ажлаа бүтээж өгөхийг гуйгаад

-За битгий унжаад байгаарай хэмээн захиж байгааг “хүнд биш унжлагад нь сануулсан” захиас гэж үзүүштэй мэт.

Эртээ урьд цагт “моод Монголоор дуусдаг” байсан бол одоо “Сенсаац Монголоос” гэдэг болж. Манай өнөө “Алтан унжлагат гишүүн”-ий явдал дэлхий дахины унжлаганы адал явдлын үүдийг нээж, “морийг эмээллэсэн” байна.Тэрээр унжлаганыхаа алтан баринтгийг айлд тайлсны маргаашаас эхлэн Холливудын одод “алдартай продюсерүүдийн алтан унжлаганд ороолдсон хэрэг” цуурайллаа. Урлагийнхан ч дэгжин улс юм болохоор бараг бүх эрэгтэй одод алтан унжлагаараа гайхуулсан, хүүхнүүдэд албадан зүүсэн хэрэгт унажээ. Харин хүний зовлон мэддэгээрээ Катрин Денев тэргүүтэй франц хүүхнүүд л “Хүүхнүүд тэгээд унжлагагүй яаж амьдрах гэсэн юм бэ” хэмээн сөргүүлж асуусан байна. Ертөнц түгдэрсэн гэх.

…Өнгөрч байгаа жилийн “унжлага”-ыг бид “Тахианых юм чинь юу шалив гэж”, “Босоо биш унжаа юм чинь чих халууцуулахгүй байлгүй” хэмээн огт тоогоогүй билээ. Гэтэл юу болов, хар даа. Эрхээ биш унжлага нь “алтан” байсан тулдаа л дээдсийг нэрвээд эгэл бидэндээ хал балгүй өнгөрлөө.

Гэтэл гарах жил маань бас унжлагатай… алтаар унжихын оронд “Тийн унжина” гэж байгаа. За яахав, тийн унждаг юм байгаа биз гэхэд амьтан нь нохой, тахиа биш нохой…

Нохой ч тийн унжихаараа эвгүй шүү, эвгүй. Гэхдээ “Тийн босно” гээгүй болохоор арай гайгүй бол уу, мэдэх ч юм алга оо.

Categories
мэдээ цаг-үе

А.Төгсбаяр: Од гэдэг бол орчин үеийн л гялгар үг

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяртай ярилцлаа. Тэрбээр дэлгэцнээ гарч буй “Хүн мод” киноны ерөнхий найруулагчаар ажилласан юм. Гарын таван хуруунаас хойш ер гэр бүлийн тухай кино хийгдээгүй 30 гаруй жил болсон бөгөөд уг сэдвийг “Хүн мод” кино хөнджээ. Мөн тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”, “Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг кинонуудыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн уран бүтээлч билээ.


– Хүн мод киноны тухай ярьж өгөөч?

-Нэгэн гэр бүлийн жаргал, зовлонг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гэр бүл дотор алдаа эндэгдлээсээ болж нэгнийгээ буруу ойлгох, буруутгах явдал бишгүй гардаг. Харин эдгээр бэрхшээлүүдийг ах дүүс сэтгэлийн тэнхээтэй байж яаж даван туулах вэ, гэр бүл гэж юу юм бэ гэдгийг л харуулахыг зорьсон. Эсрэг дүр байхгүй. Амьдрал нь өөрөө энэ гэр бүлийн эсрэг дүр. Ер нь өнөөгийн нийгмийн амьдрал өөрөө гэр бүлийн “эсрэг дүрд” тоглоод байна шүү дээ. “Чаддаг юм бол намайг даваад гар л даа” гэх амьдралтай хүмүүс нүүр тулдаг. Киноныхоо зурганд 2017 оны хавраас эхлээд намар хүртэл ажилласан. Анхнаасаа энэ киногоо гадагш фестивальд явуулах зорилготой байсан юм. Гэр бүлийн тухай кино сүүлийн 35 жилд лав хийгдээгүй байсан. Гэр бүл гэдэг зүйл нийгэмд ямар байр суурийг эзэлдэг гэдгийг илүү харуулахыг зорьсон.

-Ямар фестивальд оролцох гэж байна вэ?

-Хоёрдугаар сар гаргаад Берлиний кино наадамд орох урилга ирсэн. Дөрөвдүгээр сар гаргаад Канны наадамд явах бодолтой байгаа.

-Одоогийн нийгэмд гэр бүл ямар байдалтай оршин тогтнож байна гэдгийг харуулсан уу. Кинонуудад тухайн цаг үеийн байдал их шингэсэн байдаг?

-2016 онд киноныхоо тухай судалгаа хийгээд явж байхад олон бодит сонин зүйлүүд гэр бүлийн амьдралд харагдаж байсан. Ер нь энэ цагт хүний хайр, гэр бүл ийм байж. Гэр бүлүүдийн нэг, нэгнээ гэсэн сэтгэл ямар байсан гэх мэт асуудлыг ирээдүй хойч үедээ үлдээхийг зорьсон. Уран бүтээлч хүн энэ цаг үеэ ирээдүй хойчдоо харуулж үлдээхийг зорих нь зүйн хэрэг. Жишээлбэл, тухайн үед нийгэм ийм байж, тэр нь сайхан, энэ нь муухай байж, үүнийг нь өвөлж үлдээгээсэй гэх мэт олон санааг илэрхийлсэн. Кино бол тухайн цаг үеийн толь болж байдаг гэж ойлгож болно. Энэ бол бодит амьдралаас сэдэвлэсэн кино. Чингэлтэй дүүрэгт хар багаасаа өнчин өрөөсөн дөрвүүлээ өссөн гэр бүл байдаг тухай сонсоод, би өөрийн биеэр очиж уулзаж, амьдралыг нь судалсан юм. Тэдний амьдралын туулсан түүхийг харуулахыг зорьсон.

-Ингээд судалж байхад, кино бүтээж явахад ер нь гэр бүлийн амьдралын үнэ цэн юун дээр тогтдог юм шиг санагдсан бэ?

-Хамгийн түрүүнд хүндлэл хэрэгтэй. Заавал хүндлэл байх ёстой. Хүндлэлээс л хайр бий болдог юм байна гэж ойлгосон. Аливааг даван туулахын тулд хүндлэл хайрыг бий болгож чадвал гэр бүлийн уур амьсгал сайхан болно.

-Энэ киногоороо гэр бүлийн үнэ цэнэ дотроо ямар санааг ойлгуулахыг хичээсэн бол?

-Хамгийн гол санаа нь мод хэдий олон салаа мөчиртэй байдаг ч нэг л үндэстэй. Мөчрүүд нь өөр, өөрийн туулах замаар явдаг ч нэг үндэстэй мод шиг бат бэх байх ёстой. Тухайлбал, миний эцэг эх, эмээ өвөө, ах эгч, дүү гэх мэт намайг гэсэн бүхэн намайг өдий зэрэгт хүргэсэн гэдгийг үргэлж санаж явах ёстой. Эв найрамдал хамгийн чухал. Одоогийн хийгдээд байгаа ритмтэй киноноос арай өөр. Хэлэх гэсэн санаа нь энгийн мэт боловч бодит. Заримдаа хүмүүс хайр, хүндлэлийг умартсан байдаг юм шиг. Үүнийг киногоороо шүүмжлэх гэсэнгүй. Яагаад гэхээр манай кинонд муу дүр гэж байхгүй. Амьдралын бартааг хэрхэн даван туулах вэ гэдэг санаа харин бий.

-Дуулах, жүжигчнээр ажиллах, найруулагч байх зэргийн ялгаа их үү?

-Аль нь ч байсан ялгаагүй, асар их мэдрэмжтэй байх л шаардлагатай. Юуг мэдэрч чадаж байна. Тэр мэдрэмж нь яаж илэрч байна гэдэг сонин. Хамгийн гол нь хүмүүст зөв мессежийг өгөх шаардлагатай. Асар их мэдрэмжээс л бүх урлаг үүсдэг гэж боддог. Дөрвөн жил сургуульд сураад найруулагч болчихдоггүй. Найруулагч хүн ядаж, нэг хөгжим тоглочихдог, дуулчихдаг, найруулан бичих чадвартай жүжиглэж ч чаддаг байх ёстой гэж ойлгодог.

-Та хэд, хэдэн кинонд тоглож байсан. Хэцүү анги киноны Сугар багшийн дүрээр олонд нэлээд танигдсан. Аль дүрдээ илүү хайртай байдаг вэ?

-Саяхан ардын жижигчин П.Цэрэндагва гуай ярихдаа “Сүүлийн үед дүр гэж байхгүй болчихжээ. Чамайг кинонд тоглосон нэрээр чинь дуудаж байвал чи гайгүй тоглож чаджээ гэж ойлго. Ард түмэнд уран бүтээлийн дүрээрээ дуудуулна гэдэг бол мэргэжил” гэж ярьж басйан. Намайг гадуур явахаар “Сугар багш явж байна” гэдэг. Эсвэл “Балуу явж байна” гэнэ. Зарим нь чамайг тэр мэдрэл муутай, шар хаднаас оргосон дүрээр чинь л мэддэг гэдэг. Харин зарим нь “Гайс” хамтлагийн Төгсөө байна гэх юм. Хүмүүс ингэж дуудахаар, энэ дүрүүдээ тодорхой хэмжээгээр “дөхүүлж дээ л” гэж боддог.

-Та чинь киноны дуу хийдэг. Дууны шүлэг, ая бас зохиодог юм билээ. Зарим хүмүүс энэ тухай мэдэхгүй байх. Хичнээн дуу хийсэн бэ?

-Чи өөрийгөө таниулах гээд хэрэггүй. Хүмүүс чамайг юу хийснийг чинь мэдэж л байвал болоо гэж үг бий. Од гэдэг бол орчин үеийн л гялгар үг. Өөрийнхөө хийсэн зүйлийг ер нь өөрөө ярих биш, бусдаар яриулах нь гоё юм болов уу гэж боддог.

-Тэгвэл би ийм л хүн байгаа юм гээд хувь хүн талаасаа өөрийгөө тодорхойлвол?

-Би өөрийн гэсэн байр сууриндаа бат зогсдог. Хийнэ гэсэн зүйлээ заавал хийдэг, шийдэмгий. Гаднаа намуухан хүн шиг харагддаг ч, ассан гал шиг ширүүн байж бас чаддаг. Хатуу үедээ хатуу. Угаасаа урлаг хатуу, чадахгүй бол чи зайл гэдэг хэцүү мэргэжил. Тэгэхээр уяхан байгаад байж бас болдоггүй юм. Дайчин байх, хатуу байх хэрэгтэй. Би олон дүү нартай. Хайрлахдаа хайрлана, хатуурхахдаа хатуурхана. 20 гаруй жил урлагт байхдаа олон зүйлийг уйгагүй хийж өдий зэрэгт хүрсэн. Хатуу зөөлнийг хослуулахгүй л бол урлагаас хөөгдөнө. Гэхдээ бусадтай би өрсөлддөггүй. Өөртэйгээ л өрсөлдөнө. Өмнөхөөсөө яаж илүү бүтээл гаргах вэ гэж шанална. Жишээлбэл, “Хайрын бүжиг” дууг хийчихээд түүнээсээ давсан дуу хийх гэж “Бороо”, “Цас”, “Сургууль минь баяртай” зэргийг гаргаад ч давж чадаагүй. Ингэж явсаар “Зүрх уучил” гарч байж буюу 16,17 жилийн дараа арай гэж Хайрын бүжиг,-ээ давж байгаа байхгүй юу. Хамгийн сүүлд “Баярлалаа” дуугаа гаргаж байна. Өмнөхөөсөө илүү хийх гэж хичээсэн тэмцэлд л амьдарч байна.

-“Гайс” хамтлаг олон сайхан уран бүтээлтэй. Үүний ихэнхийнх нь үг аяыг та хийсэн юм билээ. Хөгжмийн зохиолыг яаж бичдэг юм бэ. Ямар үед шинэ аялгуу төрөх үү?

-Би машин тэрэг унах сонирхол багатай хүн. Тааваараа, гадуур алхаж байхдаа гар гараасаа хөтлөлцөн алхах хосуудыг хараад, эсвэл нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хүмүүсийг ажиглаад, эсвэл салхийг, моддыг, шувуудын жиргээг сонсоод л аялгуугаа олж авдаг л даа. Гэхдээ өдөр бүр ингэхгүй. Завгүй яаруу явах үед юун аялгуу орж ирэх манатай байна. Их тайван, эсвэл маш эмзэг байх үедээ шинэ ая хийнэ. Дуу зохиож өдий хүрэхдээ нэг ч хүнээс шүлэг авч үзээгүй. Шүлэг биччихээр араас нь аялгуу гарч ирнэ. Шүлэг бичнэ гээд махарч суугаад байдаггүй. Захиалгын дуу, шүлэг бичихэд харин жаахан түвэгтэй, суух үе бий. Миний дуунуудад ихэвчлэн арван жилийн, залуу насны хайр, хайр, аз жаргалын тухай өгүүлсэн байдаг юм билээ. Хүн, хүнээ хамгийн сайхнаар хайрлаад сурчихвал бүх зүйл сайхан болно.

-Хайр гэж таныхаар юу вэ?

-Хайр бол амьд байхын нэр. Би хэн нэгэнд хайртайгаа илэрхийлэх гэж байгаа л бол амьд байх ёстой. Урт удаан амьдрах хэрэгтэй. Би алдаа оноо гаргаж, буруу зөрүү явсан ч амьд л байгаа бол нэгэн цагт аавыгаа баярлуулчихна гэсэн үг. Бусдад хайртай байя гэвэл амьд яв. Амьд явахдаа зөв явах ёстой. Мөн хүндлэлийг хамгийн түрүүнд суралцмаар байна. Хайрлах бол хожмынх, их том агуулгатай. Хүндлэн харилцах харьцаа, хүн хүнээ дээдлэх соёл л бидэнд дутагдаад байгаа ганц зүйл.

-Аль уран бүтээлдээ илүү сэтгэл ханаж байсан бэ?

-Сэтгэл бол ханахгүй. Нэг зүйлийг даваад гарчихвал, дахиад нэгийг хийж бүтээх гэж хичээнэ. Энэ мэргэжлийг сонгосон урлагийн зам угаасаа ийм. Бүтээлдээ ханаж, зогсож болдоггүй юм.

-Урлагийн замд хэзээнээс яаж оров?

-Гитар хөгжим сонсоод л урлагт дурлачихсан. Тав, зургаан настай байхдаа хөгжим яагаад ийм гоё юм бэ гэсэн хүүхэд насны хүсэл эрмэлзэл төрсөн. Дуучин болно гээд СУИС-д шалгуулахад чи жүжигчин байх ёстой хүн юм байна гэж ээж маань хэлж байсан. Ингээд л урлагт орсон. Өдий хүрэхэд хэн нэгнийг даган дуурайж үзээгүй.

-Таны хамгийн анхны тоглосон кино аль нь билээ?

-Хамгийн анхных гэхээр “Тавилан” байгаа юм. Хамгийн анхны найруулсан кино нь “Бидний найзын дурлал” байхгүй юу.

-Нэг том уран бүтээлээ хийгээд, ард нь гарчихсаны дараа ямар мэдрэмж төрөх вэ?

-Айдас. Үүний дараа юу хийх вэ. Яах вэ, үүнээс илүүг хийх хэрэгтэй, хийж чадахгүй бол яана гэж бодно.