Categories
мэдээ нийгэм

“Монгол HD” телевизийг ухрааж, зогсоож, нөхөж үзэх боломжгүй боллоо

Монгол HD зурган илэрцүүд

IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээ нь Монгол телевизийн үзүүлдэг үйлчилгээ биш. Энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Үзэгч таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг хүртдэггүй болно. Иймд хэрэглэгч танд уг үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо өөрийн гэрээтIPTV оператортойгоо (Юнивишн, Скаймедиа) холбогдож санал гомдлоо илэрхийлнэ үү. Оператор компаниуд нь үндэсний телевизийн контент үйлдвэрлэгчдийн бүтээлийг гадаадын оюуны өмчийн бүтээлийг үнэлдэг жишгийн дагуу үнэлэн, үзэгчдийн төлдөг төлбөрийг харилцан ашигтай, зохистой хувь хэмжээгээр дотоодын телевизүүдтэй хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм хэмээн Монгол Телевиз ХХК-аас мэдэгдэл гаргалаа. Ингэснээр өнөөдөр буюу энэ сарын 21-ний өдрөөс эхлэн тус телевизийг IPTV үйлчилгээ үзүүлэгч бүх оператор буюу Юнивишн, Скаймедиа компанийн сувгуудаар ухрааж, зогсоож, нөхөжүзэх боломжгүй болж байгаа юм байна.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

Улсын аварга малчин Тогтохын Чотон: “Чотон чонын дайсан, чоно малын дайсан” гэсэн хэлц үг ч гарсан. Тэр чинь би юм.

Д.Эрдэнэбат гишүүний хамт

Монгол Улсын аварга малчин Тогтохын Чотонтой ярилцлаа. Тэрээр хувь амьдралаа өөрийн хүчээр босгон улсын аваргын болзол хангасан ч алдар хүндэд бялуураагүй нэгэн юм. Сум орон нутгийнхаа эмнэлэгт хүүхдийн тасаг иж бүрнээр нь тохижуулан хүлээлгэн өгч, жил бүр хүүхэд хөгшдөд гарын бэлгээ гардуулж, өөрийнхөө нэрэмжит шагналыг малчдын дунд бий болгосон гээд Чотон гуайгаар овоглосон буян дагуулсан үйлс тасрахгүй. Г.Аким зохиолчийн “Тэнгэрийн нохой” номын баатар улсын сайн анчин түүний таван хүүхдийн нэг нь төрийн их баяр наадмын хүчтэн өндөр Баянмөнх начин билээ. Сэлэнгэ нутгийн төрийн түшээдээс аваад олон хүн эл эрхмээс үг сургаалыг нь сонсдог юм. “Эгэл жирийн өвгөд гэдэг эрдэнэ хадгалсан уулс юм” хэмээн нэрт зохиолчийн хэлсэнчлэн эгэл даруухан хэрнээ номын гэгээ цацруулж, ариуслын цагаан мөрийг тунаруулсан аварга малчныг “Өдрийн сонин”-ы хаврын тэргүүн сарын шинийн нэгний дугаартаа урин хөөрөлдсөн маань ийм учиртай.


-Таны уугуул нутаг, удам судраас яриагаа эхлэх үү?
-Миний бие 1954 онд Увс аймгийн Хяргас сумын Хайрхан буюу одоогийн Хөшөөт багийн нутагт төрсөн. Манай нутаг Цагаан өвгөн, Цогт, Цэцэн, Бор хайрхан гээд дүнсгэр сайхан уулстай. Бор хайрхны бэлд би төрсөн. Баянаа аварга болоод бидний шүтээн уул юм. Бага нас минь тэр үеийн хүүхдүүдийн адил эцэг эхийн гар дээр өсөөд жаран хоёр онд Хяргас сумын сургуульд орсон. Дараа нь төмөр замын техникумын автын ангийг төгч нэг жилийн хугацаанд хөдөө ээжийгээ сахиж байгаад цэргийн албанд татагдсан. Би чинь тагнуулын шүхрийн анги гэж тусгай үүрэгтэй ангийг төгссөн шүхэрчин хүн, шүхрийн хоёрдугаар зэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд тэр үед Хятад улс манай нэг номерийн дайсан байлаа. Хятад руу үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн цэргийн тагнуулын нэг би юм. Одоо бол хөрш орны ах дүүгийн барилдлагатай байгаа. Миний ан хийдэг, мэргэн бууддаг зэрэг нь цэргийн тусгай мэргэжилтэй холбоотой. 1991 онд хошууч цолтой энгийн амьдралд шилжиж байлаа. Цэргийн хүн нүүдлийн шувуу хоёр нутаггүй гэдэг. Миний хувьд олон нүүсэн хүн. Хамгийн сүүлд ирж суурьшиж нутагшсан газар маань Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон юм. Уул хангай хосолсон, жимс ногоо сугсарсан жаргалын өлгий. Монголын хамгийн сүүлчийн ноён гэгддэг Баатар ван Насан-Очирын Наваан-Юндэнгийн унаган нутаг шүү дээ. Манай Сэлэнгэ аймгаас сонгогдсон Их хурлын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь надтай элэг нэг явдгийн нэгэн сэжим энэ юм. Мандал сумын нутагт таван жил улсын байцаагчийн хариуцлагатай албыг хийсэн. Улсын байцаагч тэр үед 12 мянган төгрөгийн цалинтай байлаа. Хэл ам ихтэй, хэцүү алба. Ийм л ажлыг орхиод би гэдэг хүн чаддаг юм маань энэ гээд мал малласан даа.
-Хорин төлгийг хоёр мянган мал болгож улсын аварга болсон гэж таныг ус нутгийн олон тань хүндэтгэдэг юм билээ?
-Тэгж хэлдэг л дээ. Худлаа ч үг биш л дээ гэж би дотроо боддог л юм. Заамарын улсын аварга малчин Жамсран гэж хүнээс анх 23 төлөг нэг хуц, таван ишигтэй ямаа худалдаж авч байлаа. 12 жил нойр хоолгүй өсгөөд бараг 2000 дөхүүлсэн. 2007 онд Монгол Улсын аварга малчны алдрыг хүртсэн. Малыг өсгөе гэж бодохоор өсдөг юм шүү. Хүн алсыг харсан төлөвлөгөөтэй баймаар юм билээ. Чингис хааны “Алс хэтийн зорилгогүй болбаас ойрын зовлон эхэлдэг” гэж мэргэн үг бий. Миний хувьд алс хэтийн зорилготой байсан. Цалингаасаа тодорхой хувийг кассанд хийдэг байсан. Тэр үед банк гэж байсангүй. Ингээд цалингаас 16 мянган төгрөг цугласан байв. Тэр мөнгөө касснаас аваад, богцонд хийж ганзагалаад мал авахаар явж байлаа. 14 мянгад тэр малыг аваад хоёр мянган төгрөг цаана нь үлдэж байсан. Тэр 12 жилд малаа өсгөхдөө би таван сараас арван сарын хооронд гэртээ амар тайван унтаж үзээгүй. Дандаа гадаа хонож байсан. Манай нутагладаг газар бол Сэлэнгийн тайгын үргэлжлэл юм. Би морь жилтэй моринд дуртай хүн. Хурдны морь мөн ч их уяж байсан. Улсын наадамд ганцхан удаа уралдсан. Эрдэнэчулууны том шарга азарга соёолон байхдаа хадуураад түрүүлж байсан жил. Хоёр мянган он байх. Тэр жил шарга соёолон маань наймд, их морь 50-д давхисан. Их нас 500-гаад мордоход тавьд ирж байсан юм. Наймд давхисан соёолонгийн болоод их насны үнэмлэх надад бий. Улсад түүнээс хойш ирж уралдаагүй. Сум орон нутгийн наадмын түрүүг хэлж яаж барахав. Шандаст хүлгүүдийн алтан туурайгаараа хүртсэн 52 медаль манайд бий. Баруун хараа, Зүүн хараа, Батсүмбэр, Борнуур гээд улсын наадамд түрүү, айраг авдаг хурдтай газрууд манай эргэн тойронд байдаг. Манайх гэдэг айл адуутай болсон түүх бас сонин. Анд явдаг ганцхан хээр морьтой байлаа. Гурван шүдлэн байдас нэг шүдлэн саарал үрээ худалдаж авлаа. Түүнийгээ өсгөөд одоо 200 адуу тоолуулаад байна. Улсад хоёр удаа түрүүлсэн, Батсүмбэрийн цоохор Зэвгээгийн бор гэж адууны угшил бий. Улсад гурав айрагдсан Алтангэрэлийн адууны удам мөн л бий.
-Аким зохиолчийн “Тэнгэрийн нохой” номын гол дүр болсноо тодруулахгүй. Бас л сонин санагдаад байх юм?
-Тэр их асуудалтай. Би чинь Монгол Улсын тэргүүний анчин гэдэг алдартай. “Чотон чонын дайсан, чоно малын дайсан” гэсэн хэлц үг ч гарсан. Тэр чинь би юм. Миний аавын удам ядуу амьдралтай, цөөхөн малтай, анчин хүмүүс байж л дээ. Тэр тухай соёлын гавьяат Дамбын Цэмбэл зохиолчийн “Гурван хөх чулуу” номонд бий. Аавын минь нэр ус ч бий. Хорхолдой гэж сум тоолдог анчин байж. Акимын “Тэнгэрийн нохой”-д орсон нь ийм учиртай. Би чонын анчин Рааш гэдэг шиг нэртэй байлаа. Би ульж чоно агнадаг хүн юм. Удмаасаа тийм. Чоно шиг мөртлөө ямар цаг үед бусдыгаа дуудаж байна вэ гэдгээр ялгаатай улина. Манай удам тийм. Сунаж эхлэж дуудаад дундаа цохилт өгөөд гуншиж төгсөх үү, гуншиж эхлээд чангарч төгсөх үү. Тэр бүхэн чонын дохио хэл байдаг. Өглөө уулын оройд, орой уулын хормойд улих ёстой. Миний талаар Ёолк телевизийн нэвтрүүлэг хийнэ гэж хүртэл хэлж л байсан. Эл бүгдээс Аким “Ил товчоо” сонинд байхдаа сонссон юм билээ. Баасандорж гэж талийгаач хүүгээ дагуулаад манайд ирж байлаа. Чононы тухай ном бичихээр өөрийг чинь зорьж ирлээ гэдгээ хэлж байсан.
-Та шүхрийн спортын хоёрдугаар зэрэгтэй гэж хэлж байсан. Таны зургийн цомогт олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаатай авахуулсан зураг байна. Гүндэгмаагийн аав шүхрийн мастер байсан гэдгийг мэдэх юм. Та хоёр найзууд уу?
-Найзуудаар барах уу. Жинхэнэ сэтгэл зүрхний хүмүүс байлаа. Дагвын Отряд маань нууц юмаа надтай л ярьдаг байлаа. Хамт ажиллаж байхад Гүндэгмаа дөнгөж төрөөд хоёрхон настай байлаа. Хурганы үүргэвч шиг үүргэвчинд Отряд багш нялх охиноо хийж үүрээд цэргийн байранд орхидог байлаа. Айлын ганц охин юм. Ингээд олон жил боллоо. 1999 оны өвөл жийп машин манайд ирдэг юм байна. Тэгтэл Отряд багш бууж ирлээ. “Чамайг зорьж ирлээ, агаарын бөмбөлөг гэдгийг би Японоос оруулж ирсэн. Япон багш түншүүд маань ирчихээд байна. Энэ хэдийгээ салхинд гаргаж явна. Чамаар чоно улиулж дуудан, агнуулмаар байна” гэдэг юм. Хоол идээд миний орон дээр унтлаа. Ингээд маргааш япончуудаа авчрахаар явлаа. Маргааш нь хартал булган малгайгаа миний орон дээр мартаад явсан байв. Явахдаа надад “Өвгөн чинь гавьяатад тодорхойлогдсон. Удахгүй цэргийн баяраар гавьяат болох байх” гэдгээ хэлсэн. Маргааш нь цас ороод ирж чадаагүй. Гавьяат авна гэж хэлж байсан цэргийн баярынхаа үеэр шүхрээр бууж байхдаа осолдож нас барсан. Ингээд аавынхаа малгайг 17 жилийн дараа Гүндэгмаа ирж авсан. Би 17 жил хадгалж байсан. Гүндэгмаа өөрийнхөө тухай баримтат кино хийж байгаа юм билээ. Аавынхаа малгайг аваад уйлж байсан. “Миний аав хүний мөстэй сайхан найзтай байжээ” гээд. Гүндэгмаад “Би бол шүтлэгтэй хүн. Чи олимпод аварга болсон хүн. Буу чинь л гацсан болохоос. Хэрвээ чи аавынхаа малгайг надаас аваад шүтэж залбирч байсан бол олимпийн аварга болох байсан ч магад” гэж хэлсэн. Аавыгаа одоо амьд байгаа гэж бодож залбирч яваарай гэж хэлсэн. Тэгтэл Гүндэгмаа өнгөрсөн намар дэлхийн цомын аварга болдог юм байна. Миний санамсаргүй хэлсэн үг биелэлээ оллоо гэж бодож байна.

Хүү өндөр Баянмөнхийн хамт

-Танай хүү Баянмөнх өөрийн хүчээр улсын цолны босго алхсан. Мөн ч аатай начин болсон. Ингэхэд та хүүдээ ус нутгийн домогт их аварга Хорлоогийн Баянмөнх аваргын нэрийг өгсөн үү?
-Өгөхөөр барах уу. Энэ их сонин түүхтэй. Манайх хоёр охинтой боллоо. Миний хувьд хүү төрчихөөсэй гэж бодоод байдаг. Өөрөө бэртлийн улмаас барилдаж чадаагүй учир хүү төрвөл бөх болгоно гэсэн бодол байгаад байдаг. Мөн дээрээс нь нэг голын хүчтэн, домогт их бөх Баянаа аварга бодогдоод байдаг. Эхнэртээ наргиан тоглоомоор “Чамаас хүү гарах нь уу, үгүй юу” ч гэж хэлж л байсан. Тэгтэл наян дөрвөн онд 4 хил 600 килограмм хүү төрлөө. Миний баярласан гэдэг тоймгүй. Хоёр нүдийг нулимс бүрхээд авдаг юм байна. Ханьдаа шөл хийж авчирч өгчихөөд сувилагчаар дамжуулж оруулахдаа зурвас хамт илгээлээ. Тэрхүү зурвас дээр “Хүүдээ Баянмөнх гэж нэр өгнө шүү” гэж бичиж өгөөд оруулж билээ. Би багаасаа барилддаг байсан. Далан таван онд Увс нутагтаа аймгийн начин цол хүртсэн удаатай. Хөлийн бэртлээс болоод барилдаагүй. Хүүгээ улсын наадамд таван жил зодоглоход нь ирж үзээгүй юм. Харин 2010 онд начин болох жил нь ирж үзсэн. Тэр жил миний хүү заалны барилдаанд гойд сайн байсан. “Нутгаа дуурсгана” гэсэн барилдаанд улсын цолгүй байхдаа гайхагдаж байсан. Сумъяабазар, Өсөхбаяр аваргуудыг бүгдийг нь хаяж магнайлж байлаа. “Аваргуудыг будаа болгов” гээд сонин дээр хүртэл бичигдэж байсан. Тэр жил наадмын бэлтгэлээ Зүүнхараад хийсэн юм. Бэлтгэлээс буухынх нь өмнө ээжтэй нь хамт хоёр хонь аваад яваад очлоо. Өсөх-Ирээдүй гээд бөхчүүд ирээд хэлж байна. “Чотон ахаа, энэ жил Баянмөнх маань начин болчих байх аа. Тун сайн байгаа шүү дээ” гэв. Хүүгээ харлаа, бие хаа гойд сайхан харагддаг юм. Өмнө нь бол би хүүгээ дандаа голдог байсан. Харин тэр жил аавынхаа цээжийг хүү минь дүүргэсэн. Наадмын өмнөхөн Зүүнхараагийн наадамд Сүхбат, Балжаа аваргуудыг хаяж байсан Пэрэнлэйдорж начинтай үлдээд түрүүллээ. Тогооч нар нь уйлаад начин болоод ирээрэй гээд үлдэж байлаа. Тэр нь надад маш сайхан санагдсан. Начин болох жил нь хүүгээ уядаг морь шиг дэргэдээ унтуулаад, ээжийг нь хажуугаар нь унтуулсан. Өөрөө байн байн гэрээс гарч тэнгэр бурхандаа залбирч, мэддэг мааниа уншаад л.
-Тавын даваанд Пүрэвжав харцагыг давсан санагдана?
-Өмнө нь начны даваанд хоёр удаа өвдөг шороодож байсан. Тавын даваанд гурав дахиа үлдэж байгаа нь тэр. Аварга, арслан, заанууд цолныхоо эрэмбээр ам авлаа. Аймгийн арслангаас ганцаараа үлддэг юм байна. Тэгтэл Пүрэвжав харцага амлалаа гэж дуулдав. Тэр өвөл Баянмөнх заалны барилдаанд Пүрэвжавт хоёр удаа унаж байсан. Битгий амлаасай гэж бодож байсан бөх нь амлах хэцүү юм билээ. Тавын давааны өмнө хүүдээ халуун цай хоол өгчихөөд, амьтнаас жаахан зайдуу гаргаж байгаад “За миний хүү бор зүрхээрээ л барилдах болж байна. Барьцанд хүрсэн бол хамаг байдгаа зориглоод хийгээрэй. Чамайг уналаа гэж хэн ч загнаж зэмлэхгүй” гэж хэлээд далыг нь алгадаад оруулсан. Ээж нь, эгч дүү нь гээд зэрэгцэж суугаад барилдааныг үзлээ. Би гэдэг хүн хүүгийнхээ барилдааныг ерөөсөө харж чаддаггүй. Есөн хөлт цагаан тугандаа залбираад байдаг. Нэг шуугиад явчихлаа. Яав гэтэл “Баяа унах дөхлөө” гэж байна. Удаа ч үгүй дахиад шуугиад хажууд сууж байсан эгч дүү нар нь орилолдоод, цэнгэлдэх тэр чигээрээ дайвалзаад явчих болдог юм. “Энэ ч нэг юм боллоо доо” гээд хартал Баянмөнх дэвээд, Пүрэвжав тахимаа өгч харагдлаа. Тэр хоёрын барилдаан тавын давааны хамгийн сүүлд үлдчихээд байсан. Нулимс асгараад л ирдэг юм билээ. Хүүгийнхээ есөн хөлт цагаан тугийг тойрч байхыг ч тухтай харж чадаагүй дээ. Наадмын дараа сонинд “Өөрийн хүчээр начин болсон бөхийн гүйж байгаа нь хүртэл үнэнээсээ” гэсэн Баянмөнхийн тухай мэдээлэл гарсан.
Тавын даваанд хав зөрөөд шуудагдахдаа хутгачихсан юм билээ. Аавын үг тэгж нөлөөлсөн байгаа юм. Энэ муу утас чинь улайстал янгинасан. Таних танихгүй олон хүн ярьсан. Өмсдөг Дамдиндорж зааны амьдарч байсан Түнхэлээс миний хүү өөрийн хүчээр улсын цол хүртэж олон түмнээ магнайг нь хагартал баярлуулсан. Манайх таван хүүхэдтэй. Гурван охин, хоёр бандитай. Бага охиных Шведэд амьдардаг. Геологийн багш бий. Хувиараа ажил эрхэлж ч байна. Хоёр хүүгийн том улсын начин Баянмөнх. Бага хүүдээ би Мөнхбат гэж нэр өгсөн. Монголын домогт хоёр аваргын нэрийг хоёр хүүдээ өгсөн. Бага хүүтэйгээ амьдарч байна. Ах нь одоогоос таван жилийн өмнө ханиа алдсан. Хань минь Галсангийн Янжмаа гэж хүний хайлан болсон сайны дээд байлаа.

Наваан-Юндэнгэнийн Оюундарь гишүүн гэрт нь зочиллоо

-Таныг Түнхэл тосгоныхон төдийгүй Сэлэнгэ аймгийнхан “Манай Чотон гуай” гэж хүндэтгэдэг. Буяны үйлсэд гараа сунгасан ариун мөртэй хүн гэж дээдэлдэг юм билээ. Аварга малчин гээд архайж суухын оронд ариун үйлс бүтээнэ гэдэг сайхан юм. Тэр бүгдээсээ хуваалцахгүй юу?
-Бурханы ном судрын талаар бие дааж судалгаа хийсэн хүн л дээ, би. Энэ тухайд өөрийгөө тодорхой түвшинд хүрсэн гэж үнэлдэг. Мөн дээрээс нь би сахиус авсан хүн шүү дээ. Миний бие ээжээрээ овоглосон. Манай аав Хорхолдой гэж хүн байсан. Намайг гурван настай байхад өнгөрсөн. Миний бие үлдэж буй амьдралынхаа зам мөрийг зам буяны үйлсэд зориулсан. Тэр бүгдийг минь үнэлсэн юм уу, одоогоос хориод хоногийн өмнө олон улсын “Улаан хавирган сар” нигүүлсэл алтан медаль хүртсэн. Улсын аварга малчин болох үед 370 малыг бусдад үнэ төлбөргүй өгч малжуулсан байдаг. Түүнээс хойш 10 жил боллоо. Хамгийн сүүлчийн юм гэхэд би хорин жил дараалан орон нутгийнхаа наадмын түрүү бөхийн бай даагыг өгч байна. Хорин жил шүүснийх нь хонийг дааж байна. Улсын сайн малчныхаа нэрэмжит шагналыг бий болгосон хүн. Жилд хоёр хүнд өгдөг. Улсын аварга малчин Чотонгийн нэрэмжит гээд тусгай өргөмжлөл батламжтай, мөнгөн аягатай гардуулдаг уламжлалтай. Залуу, хөгшин хоёр хүнд өгнө. Хэдэн жилийн өмнө малчдын зөвлөгөөнд оролцохдоо “Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хэрэгтэй” гэдэг саналыг хэлж олны талархлыг хүлээж байсан. Миний санал төр засгийн бодлого болсонд баярладгаа энэ дашрамд хэлье. Мөн жил бүрийн хүүхдийн баяраар 300 хүүхдийн бэлгийг өгдөг юм. Таван мянгын бэлэг 1500.000 болдог юм. Хоёр жилийн өмнө ч болж байна уу, бага ангийн 500 хүүхдэд нийтдээ 2500.000 төгрөгийн бэлэг өгсөн. Талийгаачийнхаа буянд холбогдуулж өгсөн. Мөн жил бүр 30 өндөр настанд гарын бэлэг өгдөг. Зөвхөн энэ 2017 оны төгсгөлд Түнхэлийнхээ нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгийг бүрэн тохижуулж өгсөн. Хоёр ээлжийн цагаан даавуу, гудас, телевиз, ус цэвэршүүлэгч, угаагуур, том цагнууд, хүүхдийн гурван ээлжийн тоглоом гээд бүрэн тохижуулсан. Өнгөрсөн жил айхтар түймэр гарав даа. Наадмын дараа 50 хоногийн түймэр. Таван настай нэг эр үхэр, нэг сувай гүү түймэр унтрааж буй хүмүүст хоол болгож өгсөн. Тэр бол надад юу ч биш. Түнхэлийн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж өгөхдөө нэг өнчин хүүхдэд хадгаламж нээж өгсөн. 100 мянган төгрөгөөр эхэлж нээсэн. Жил бүр мөнгийг нь нэмээд байх юм. Би гэгээрэх замыг сонгож байгаа. Гэгээрлийн лекц олон газар хийсэн хүн. Хүн физик бие буюу махан бие сүнс буюу оюун ухаан гэх хоёр зүйлээс бүтдэг. Би судалж бясалгал хийж гэгээрдэг хүн. Нэгэнт нас 65 хүрлээ. Одоо дараа төрөлдөө бэлтгэх учиртай. Энэ тухай судалсан, олон ч ном уншсан. Хүн сайн муу хоёр талтай байдаг. Санаатай бөгөөд санамсаргүйгээр өөрийгөө их бузартуулдаг. Дээд төрлийг олохын тулд амьддаа хийсэн бүх нүглээ тэглэх учиртай. Тэгж байж эрдэнэт хүний биеийг олж, үр хүүхдүүддээ эргэж төрнө. Ингэж л бодож, бясалгаж бусдын сайн сайхны төлөө амьдарч яваа хүн дээ, би.

О.Гүндэгмаа баатар Чотон гуайг зорьж очлоо

Categories
мэдээ цаг-үе

Ч.Жачин: Язгууртан тайж, ангийн дайсан гэсэн байнгын дарамт шахалт дунд явснаа Д.Нацагдорж Э.Оюун гуайд хэлсэн байдаг

Монгол ардын цэргийн зөвлөлийн гишүүд. Зүүн гар талаас гурав дахь нь: Элбэгдорж Ренчино, Хатанбаатар Магсаржав, Д.Нацагдорж, Х.Чойбалсан (1923)

Д.Нацагдорж судлаач, хэл шинжлэлийн доктор Чойжилсүрэнгийн Жачинтай ярилцлаа.

-Их зохиолчийг Төв аймгийн Баяндэлгэр сумын төр захиргаа, хүн зон нь манай нутгийн унаган хүү гэж бахархаж, алдаршуулахыг хичээсээр ирсэн. Түүний унасан газар, угаасан ус нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт уу, аль эсвэл өөр газар уу ?

-Д.Нацагдоржийн төрсөн он, төрсөн газар, нас барсан он, нас барсан газрын тухайд ямар нэг эргэлзээ байхгүй. Эрдэмтдийн олж тогтоосноор Д.Нацагдоржийн арав гаруй анкет архивт хадгалагдаж байна. Тэдгээрийн хоёрт нь “Төв аймгийн Мөнгөнморьт сумын Мэлцэй (Мэлзэй) нэрт газар төрсөн”гэж тэмдэглэжээ. Мэлцэй буюу Мэлзэй гэсэн газрын нэр бол тун содон нэр. Ийм содон нэртэй газар Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байхгүй. Харин Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Мэлз уул, Мэлзэй толгой гэсэн нэртэй газрууд байна. Мэлз нь ч тэр, Мэлзэй нь ч тэр чухамдаа Д.Нацагдоржийн төрсөн нутаг хэмээн нутгийнхан нь хэлэлцсээр ирсэн их, бага Гүн нуур, Галуутайн гол, Нүүрэнтэйн дэнж, Шилийн худаг, Аягын бүрд зэрэг газрын ойролцоо байна. Эдгээр газар нь эдүгээ Төв аймгийн Бяндэлгэр сумын нутагт харьяалагдаж байгаа болохоор Д.Нацагдоржийн төрсөн газар нь Төв амйгийн Баяндэлгэр сумын нутаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрэв энэ нутаг ус өөр аймаг, хот суманд харьяалагдахаар бол өөр аймаг сумын хүн болохбиз. Тэглээ ч төрсөн газар нутаг нь өөрчлөгдөхгүй. Үүнчлэн, Д.Нацагдоржийн төрсөн газар нь 1920 хэдэн оны үед Төв аймгийн Тогос уул суманд, 1930 хэдэн онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд хожим нь (1958 он) Баяндэлгэр суманд харьяалагдах болсноос Д.Нацагдоржийн амьд ахуй цагт Мөнгөнморьтын харьяанд байсан Мэлзэй, хожим нь Баяндэлгэрийн харьяанд ирсэн болохоор түүнийг эдүгээ Аяга, Мэлзэй, Нүүрэнтэй хаана ч төрсөн байлаа Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 1906 онд төрсөн гэх учиртай.

Үүнээс гадна их зохиолч маань төрж өссөн нутаг усныхаа нэрийг шүлэг зохиолдоо оруулсан нь бий. Баяндэлгэрийнхэн бол арав гаруй газрын нэр хэлдэг юм. Би хоёр газрын нэр хэлье. “Миний нутаг” найраглалд “Сайн эрс цугларсан байц бэрх газартай” гэж байдаг даа. Тэгвэл Гүн, Галуутай орчинд байдаг “Байц”, “Бэрх” гэсэн хоёр уулын нэрийг энд оруулсан байна гэж баттай хэлж болно.

Сүүлийн үед Д.Нацагдоржийн ананда Шригээс гадна өөр нэг охины тухай ярьж, бичих боллоо. Энэ ямар учиртай юм бол?

-1976, 1977 оны үед “Д.Нацагдоржийн музей”-н үзмэрт түүний “Миний хэнз хурга…” шүлгийг бичиж тавихдаа Цэрэндулам гэдэг хүний дурсамжийг хамт тавьсан байлаа. Түүнийг би үзээд Цэрэндулам гэдэг хүнийг сураглан уулзаж үгийг нь сонссон юм. Тэрхүү Цэрэндулам гэдэг хүн бол одоо зохиолч Б.Бааст зэрэг зарим хүний Д.Нацагдоржид хамааруулан ярьж байгаа хүн мөн. Тэр үед Цэрэндулам гуай хэлэхдээ: “Би Нацагдорж Пагмадулам хоёрын хүүхэд мөн. Аав надад “Хэнз хурга” шүлэг бичээд өгсөн нь үнэн” гэж байв. Ийм учраас тэр цагт амьд сэрүүн байсан Д.Нацагдоржийг мэдэх Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Б.Гомбо зэрэг хүмүүсээс энэ тухай асууж сураглахад “Юуных нь Нацагдоржийн охин байхав. Охинтой байсан бол Нацагдорж Пагмадуламаас салж чадахгүй байсан. Нинаг охиноо аваад нутаг буцсанаас хойш Нацагдоржийн зовж шаналж байсныг мэднэ. Ийм хүн чинь яаж хүүхэдтэй эхнэрээсээ өөрөө салахав. Харин Цэрэндулам бол Пагмадуламын төрсөн дүү мөн. Хүрээний гангачуул нас ахисан хойноо хүүхэд гаргавал түүнийгээ нууж, нас биед хүрсэн хүүхдийнхээ хүүхэд гэж ярих явдал байсан. Цэрэндулам өөрийгөө Пагмадуламын хүүхэд гэж боддог нь ийм юмнаас л улбаатай байх” гэсэн билээ. Энэ үгэнд итгэж болох юм. Учир нь 1925 онд хийсэн “МАХН-ын гишүүдийн нэр зэргийн бүртгэл” гэдэгт Пагмадулам өөрийгөө “гэргий” хэмээн хариулаад “нөхөр, хүүхэд, төрөл хэд буй” гэсэн асуултад “эцэг, эх, нөхөр, дүү 1” (Хатанбатын Мэндсайхан. Пагмадулам (Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, хувь заяа). УБ., 2016, 55 дахь тал) буюу хүүхэдгүй, харин нэг дүүтэй гэж хариулсан байна. Нэг дүү гэдэг нь түүний төрсөн дүү Цэрэндулам байж таарна. Иймд Д.Нацагдорж өөрийнх нь хэлснээр “ганц охинтой”, тэр нь Ананда Шри мөн.

Их зохиолч маань 1932 онд Европын шинэ жил тэмдэглэснийхээ төлөө, 1936 онд албаны гэрэл зургийн цаасыг албанд нь хэрэглэснийхээ төлөө шоронд орсон гэдэг. архи ууж яваад үхсэн ч гэдэг. Нацагдорж юуны учир ингэж хэлмэгдэж зовов?

-Д.Нацагдоржийн угсаа гарлыг 1930 оны үеийн янз бүрийн анкет бүртгэлд ямагт тайж хэмээсэн байх бөгөөд түүний тайж гарал нь Монгол Улсад “Зүүнтнүүд”, “Хэт хувьсгалчид” идэвхжсэн 1930-аад оны үед ангийн бус этгээд буюу “ангийн дайсан” гэсэн ойлголт болж, шорон гянданд хорьж, хэлсээр хэлмэгдүүлэх шалтгаан болсон нь илэрхий. Энэ хэцүү бэрх цагт түүнийг “ядуу ангийн тайж бөгөөд гадаадын сургуультай” хэмээн өмгөөлж, ажилтай үлдээж байсан баримт ч бас бий. Тухайлбал, Д.Нацагдорж 1929 оны хавраас 1930 оны хавар хүртэл тэр үеийн Төмөрийн заводад орчуулагчаар, 1930 оны хавраас “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байгаад 1931 оны 1 дүгээр сарын 15-д Шинжлэх Ухааны Хүрээлэнд (ШУХ)-д оюутан буюу эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон нь архивын баримтаар нотлогддог. ШУХ-д ажилд ороод зургаан сар болж байх тэр үе буюу 1931 оны зун Улсын хоёрдугаар шалгалт гэгч ШУХ-д иржээ. Тийнхүү шалгагдсан ШУХ-ийн ажилтнуудын бүртгэлд Нацагдоржийн нэр байх бөгөөд “эрхлэх хүний санал” гэсэн асуултад “ядуу ангийн тайж бөгөөд гадаадын сургуультай” гэсэн нь Д.Нацагдорж бол тайж боловч ядуу ангийн хүн, бас гадаадад сургууль ном үзсэн тул ажилд нь үлдээе гэсэн санал болно. Энэ саналыг тэр үеийн ШУХ-ийн дарга А.Амар, Л.Дэндэв нарын зэрэг удирдах хүмүүсийн хэн нэг нь өгсөн байж таарна. Энэ саналын ачаар Д.Нацагдорж ажилдаа үлдэж, бүтээл туурвилаа үргэлжлүүлж, 1937 оны 7 дугаар сарын 13 хүртэл амьд явж чадсан байна.

Д.Нацагдоржийг архи уудаг байсан, архи ууж хөлчүүрч яваад амиа алдсан гэж ярьж, бичих нь бий. Үнэхээр архи уусан хийгээд, архи уусан нь эрүүл мэндэд нь муугаар нөлөөлсөн байж таарна. Гэхдээ шоронгоос илүү нөлөөлөөгүй нь мэдээж. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд (1930-1937 он) тэрбээр, үнэхээр архинд орсон бол ШУХ-ийн хоёр ч тасгийн дарга (Одоогийнхоор бол хоёр хүрээлэнгийн захирал)-ын алба хашиж, түүх, хэл бичиг, уран зохиол, орчуулгын хэдэн зуун бүтээл туурвих боломжгүй нь ойлгомжтой. Харин архи уусан, зарим хүнд уусан мэт харагдсан шалтгаан нь өөр юм гэсэн баримт бас бий. Язгууртан тайж, ангийн дайсан гэсэн байнгын даралт шахалт хэлмэгдүүлэлтийн дунд амьдарч, бүтээхдээ архи ууж согтуурч явсан нь архинд дуртайдаа бус амьд явж, бүтээж туурвих гэсэн арга ядсан нэг арга байсан талаар Д.Нацагдорж, Э.Оюун гуайд ярьж байсан гэдэг. Энэ тухай тодруулж хэлье.

1970-аад оны сүүлээр ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун гуайгаас Д.Нацагдоржийн тухай асуухад, “1937 оны хавар Д.Нацагдоржийг “Шороотын Цэвээн” хэмээн алдаршсан жүжигчин Чимэдийн Цэвээний хамт Дунд голын тэнд байсан Сэтгэл мэдрэлийн больницод хэвтэж байхад нь “Их авгай” жүжгийн зохиолыг авахаар очсон юм. Тэгэхэд Д.Нацагдорж гуай “Ахиад шоронд орвол амьд гарч чадахгүй юм байна. Архи уугаад гэлдэрч явбал арай ч дахиад хийчихгүй болов уу” гэж ярьж байсан” гэсэн нь Д.Нацагдоржийн архи уусны уг шалтгааныг тодруулсан үг юм.

Харин 1950-аад оноос Д.Нацагдоржийн уг гарлыг ном зохиолд “хохь тайж” хэмээн тэмдэглэх болсон нь ангийн дайсан гэхээс зайлсхийх гэсэн бас нэг оролдлого байжээ. Үүнээс үзвэл Д.Нацагдоржийг хэлмэгдүүлсний уг шалтгаан нь түүний тайж гарал байсан байна. Ийнхүү Д.Нацагдоржийн язгууртан тайж гарал, амьд ахуй цагт хэлмэгдлийн бараан сүүдэр болон тусч байсан бол эдүгээ цагт эзэн Чингисийн удам гэсэн гэгээн гэрэл болон цацарч байна.

Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг. Заримдаа үндэслэгчдийн нэг гэдэг. Ингэж хоёр янзаар хэлэхийн учир шалтгаан байна уу?

-Үнэхээр зарим хүн яриан дундаа “үндэслэгч”, “үндэслэгчдийн нэг” гэсэн үгийг хольж ярих нь бий. Эрдэмтдийн бичсэнийг үзвэл Д.Нацагдоржтой нэг үе буюу 1920, 1930 оны үед зохиол бичиж байсан С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нарын зэрэг зохиолчдын бүтээлийг Д.Нацагдоржийн бүтээлтэй эн зэрэгцүүлэн авч үзэхдээ эдгээр зохиолчдыг “Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчид” хэмээн үзсэнээс “Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг” гэх ойлголт гарсан байна. Харин “Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч” гэх санаа 1940-өөд оны үеэс эхлэн гарч, Монголын уран зохиол судлал, тэр дундаа Д.Нацагдорж судлалд хэвшиж тогтсон юм.

1945 онд Д.Нацагдоржийн 14 зохиолыг эмхэтгэж Д.Нацагдорж “Зохиолын түүвэр” нэрээр гаргахдаа академич Ц.Дамдинсүрэн, анх удаа Д.Нацагдоржийг “Шинэ цагийн ууган зохиолч” гэсэн байна. Түүнчлэн, 1955, 1961 онд гарсан Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр” болон “Зохиолууд” түүврийн оршил өгүүллийг мөн академич Ц.Дамдинсүрэн бичихдээ, “Монгол Ард Улсын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг”, “Нацагдорж манай сонгодог зохиолч мөн” гэсэн байна. Энэ санааг Д.Нацагдоржийн мэндэлсний 60 жилийн ойн хурал дээр Монголын зохиолчдын хорооны дарга С.Удвал тавьсан илтгэлдээ “…Нацагдоржийг Монголын орчин үеийн утга зохиолыг үүсгэн бүтээгч гэж нэрлэсэн учир гэвэл зохиолыг зөвхөн хэн эхэлж бичсэнээр нь биш уран бүтээлийнх нь төрөл чанар, шинэ нээлт, социалист реализмын аргаар бүтээснээр нь түүний хувьсгалт уламжлалаар нь үнэлж зүй ёсоор үүсгэн бүтээгч гэж үзэж байна” (“Утга зохиол, урлаг” сонин. 1966 он 11 дүгээр сарын 18 №47(516)) хэмээн үндэслэгчийн асуудлыг ул үндэстэй тодорхойлсон байна.

Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэж үзэх нь өнгөрсөн 20 дугаар зуунд ардын аман зохиол, бичгийн уран зохиолын хөрсөн дээр Монголын орчин үеийн уран зохиол бүрэлдэн хөгжсөн түүхийн эхний үед зохиол бүтээлээ туурвисан гэдэг зөвхөн цаг хугацааны утгаар хэлсэн хэрэг биш юм. Харин Монголын уран зохиолын хэл, дүр, дүрслэлийг дорно, өрнийн уран зохиолын боловсрол, суу билгээрээ, бүтээлч хөдөлмөрөөрөө цоо шинэ хэмжүүрээр шинэчлэн тогтоож, яруу найраг, хүүрнэл, жүжгийн зохиолын бүх төрөл зүйлээр хэзээд орчин үеийн байх сонгодог зохиолууд туурвисан учраас түүнийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээн үзэх үндэстэй байна.

Таны 2016 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж “Дашдоржийн Нацагдорж. Зохиолын цоморлог” хоёр боть, 2017 онд доктор С.Чулуунтай хамтран “Дашдоржийн Нацагдорж, гэрэл зураг баримт” ном хэвлүүлснийг мэднэ. Харин сүүлийн үед их зохиолчийнхоо талаар ямар бүтээл туурвилтай байна вэ?

-2018 он гарсаар “Нацагдорж судлалын эрих” ном хэвлүүллээ. Энэ номд миний бичсэн “Нацагдорж судлалыг онцлох учир”, “Их Нацагдоржийн “Folk¬lore” дэвтэр” гэсэн хоёр өгүүлэл болон Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн тухай үе үеийн судлаачдын бичсэн өгүүллүүд, Д.Нацагдоржийг таньж мэдэх хүмүүсийн дуртгалууд болон Нацагдорж судлалын 2000 шахам бүтээлийн ном зүйг багтаасан бөгөөд Нацагдорж судлалын асуудлыг намтар, бүтээл, ном зүй гэсэн гурван хүрээг бүрэн хамарснаараа судлаач, багш оюутан, өргөн олон уншигчдад сонирхолтой төдийгүй Нацагдорж судлалын шинэ үе өсөн дэвжихэд тус болно хэмээн найдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Өнөөдөр бид нэг их том идээ засч, ууц тавиад цагаан сарыг хэлбэр төдий тэмдэглээд байна

Image result for доктор Б.БаатархүүӨнөө цагт цагаан сарыг яаж тэмдэглэвэл зохих талаар угсаатан судлаач, түүхийн ухааны доктор Б.Баатархүүтэй ярилцлаа.


-Цагаан сар өнөөгийн төв сууринд амьдарч буй хүмүүст бэрхшээлтэй болсон мэт байна. Заавал том ууц тавьж, өндөр идээ засдаг, хүн бүрт бэлэг өгөх ёстой юм уу?

-Өнөө үед төв суурин газарт амьдарч байгаа хүмүүсийн хувьд жаахан бэрхшээлтэй болсон. Нүүдэлчдийн баяр учраас төв суурин газарт үл зохилдох зүйлүүд гараад байдаг. Цагаан сарын бэлтгэл нь дан мал, аж ахуйгаасаа хангагддаг. Тухайлбал, цагаан идээгээ намар бэлдчихнэ, идээ ундаа нь дан цагаан идээ байсан. Харин битүүний өдөр мах идэх ёстой, битүүлэгний махаа өвлийн идэшнээсээ төхөөрчихнө. Өөрөөр хэлбэл, малчид сар шинийн баярын бэлтгэлээ өөрсдийнхөө аж ахуйгаас хангачихдаг. Гэтэл төв суурин газрын хүмүүс бүх зүйлээ худалдаж авах шаардлага гардаг учраас олон бэрхшээл тулгарах болсон. Мөн ууц тавих, айл бүр заавал олон үе идээ засах, ирсэн хүн болгонд бэлэг өгөх ёстой юм шиг ойлголттой байх болжээ. Энэ ойлголтоосоо болоод залууст санхүүгийн бэрхшээл тулгарчихаад, тун хүнд байдал ажиглагдаж байна. Уламжлалт ёсоор 40 хүрээгүй гэр бүл гурван үе идээ засдаг ёстой. Мөн бурхны шашин дэлгэрсэн цагаас эхлэн боовоор идээ засдаг болсон гэдэг. Тавгийн идээ засдаг боов нь анхнаасаа л дан ул боов байгаагүй, хавсаа, мушгиа зэрэг өөр өөрийнхөө хийдэг боовоор авсаархан идээ засчихдаг байсан уламжлалтай. Тэгэхээр сар шинийн баярт тийм нүсэр зардал гарахгүй. Монголчууд хуримын ёслолд л бүхэл ууц хэрэглэж, цагаан сараар бол төлөөлүүлж ууц тавьдаг байсан. Төлөөлүүлж гэдгийг жишээгээр тайлбарлавал, говь нутагт бол гартаа бариад идэх боломжтой, жижигхэн ууц байсан. Дал дөрвөн өндөр гэх мэт авсаархан махаа тавьчихдаг юм.

-Эрт үед бэлэг өгдөггүй, мөнгөтэй ч золгодоггүй ёстой байсан юм биш үү?

-Эрт үед онцгой хүндэтгэсэн хүндээ юм барьж золгодог байсан, эд зүйл нь юу ч байж болно. Гэхдээ энэ нь өгнө гэсэн үг биш, зүгээр л гар хоосон биш шүү гэсэн илэрхийлэл. Харин онцгой хүндэтгэсэн хүндээ бол өгч золгодог байсан. Мөн цагаан сар эв нэгдлийн баяр учраас эвлэрэхийн бэлгэдэл болгож, бид өмнө нь бие, биедээ мэс гаргаж байсан ч түүнийгээ цайруулъя гэдгээ илэрхийлж, цагаан даавуу барьж золгодог байсан. Гэхдээ цагаан даавуугаа өгөхгүй, өмнөх маргаанаа цайруулж буйгаа илэрхийлж цагаан даавуу барьж золгож буй юм. Зарим нутагт саяхныг хүртэл уламжлагдан ирсэн бас нэг соёл нь, эрчүүд сур барьж золгодог. Гар хоосон биш гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Тухайлбал, эрчүүд морь унахдаа хормойгоо даруулдаг байсан суран бүсэн хормойн боолт гэх сураа барьж золгож байгаа юм. Бурхан шашинтны лам, хувраг настай хүнд хадаг өгч золгодог байсан нь аажмаар мөнгө өгдөг ёс болоод хувирчихсан. Сар шинээр хүүхэд, өтгөсийг онцгой хүндэтгэдэг учир настай хүнд мөнгө барих нь буруу гэж шүүмжилж бас болохгүй зүйл. Баяр ёслол угаасаа цаг үеэ дагаад хувирч өөрчлөгдөж байдаг. Дээр үед бэлэг гэдгийг хувь гэж нэрлэдэг байсан. XIII зуунаас өмнө цагаан сарыг хувь сар гэж нэрлэдэг байлаа. Энэ нь анчин гөрөөчин байсан үеэс эхлэлтэй. Ан гөрөө хийж, ангийн махны хувийг хүмүүст тараадаг. Хэдэн тарвага агнаад ирлээ гэхэд зөвхөн гэртээ хэрэглэхгүй, хавь ойр ах дүүгийн бүх айлд хувь хүртээнэ. Ангийн баярын үеэс улбаатай махан хувь өгдөг уламжлал цагаан сар дамжин уламжлагдаад ирсэн. Ялгангуяа цагаан сараар өндөр настай хүмүүс, хүүхдүүдийг баярлуулдаг ёстой. Настай хүн, хүүхэд хоёр ялгаагүй л хүнээс юм горьддог. Дунд үе бол өөрөө өөрсдийгөө аваад явах чадвартай учраас барагтай бусдаас бэлэг горьдохгүй. Зарим айлуудыг ажиглаж байхад хүн болгонд бэлэг гэхээсээ илүү, айл өрхөд нь хувь өгдөг ёс хэвээр байна.

-Сар шинийн баяр ёслолын ач холбогдол нь юу вэ?

-Асар олон утга учиртай. Нас нэмсний, өвлийг өнтэй давсны, тухайн ураг төрлийнхний баяр, заавал өөрийн ах дүү нарынхаараа ордог. Хэн нь ам бүл нэмж, хэн нь боломжтой амьдарч байна. Хэн нь ядарсан зүдэрсэн байна гэдэг мэндээ мэдэлцэж, нэг нэгэндээ тусалдаг, дэмнэдэг эв нэгдлийн бэлэг тэмдэг бол цагаан сар юм. Мөн сар шинээ тэмдэглэж, олонтой яваагаараа бахархдаг утга учиртай. Өнөөдөр бид нэг л их идээ засч, том ууц тавиад, гоёж гангараад л сар шинийг хэлбэр төдий л тэмдэглээд байна. Ингэхийн оронд сар шинийн агуулга, ач холбогдол нь юу юм бэ гэдгийг хүүхдүүддээ сургах хэрэгтэй. Хуучин алаг мэлхий өрөх, шагай наадах гээд л олон тоглоомыг сар шинээр тоглодог байсан. Уламжлалт тоглоом гэдэг чинь наргиж цэнгэхийн нэр биш. Хүүхдийг хүмүүжүүлэх зааж сургах арга байсан юм.

-Хотын нөхцөлд сар шинийн баярыг яаж тэмдэглэвэл сайн бэ?

-Өрх тусгаарласан айл л цагаан сар хийдэг ёстой. Залуу хөгшиндөө гол биш. Харин залуус нь гурван үе идээ засдаг, дал дөрвөн өндөр тавьчихдаг авсаархан идээ будаатай байх л уламжлалтай. Битүүний өдөр бол махны баяр, цагаан сарын шинийн нэгэн болохоор цагаан идээний баяр. Монголчуудын үндсэн хоол хүнс бол мах, цагаан идээ л байсан. Гурил гэдэг зүйл хожуу орж ирсэн. Хүнсний ногоо бол бүр хожуу үеийнх.

-Шинийн нэгний өглөө нар харна гэж хошуурдаг. Энэ ямар утга учиртай юм бэ?

-Нүүдэлчин, малчин айлууд нар мандахаас өмнө босдог. Би хөдөөний хүүхэд, өглөө эрт босоод адуугаа хураагаад, унагаа барьчихаад байж байтал нар манддаг байсан. Тэгэхээр мандах нар харна гэдэг бол өнөөгийн хотод байгаа бидний л ойлголт. Монголчууд маш эртнээс нар, сарыг шүтэж ирсэн. Монголчууд шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд индэр, эсвэл эзэн сүлдний овоондоо гарч нар гарахаар, цай сүү, идээ ундааны дээжээ өргөдөг байсан. Баруун монголд бол их гал түлж байж идээ ундааны дээжээ өргөдөг ёстой байлаа. Өдөр болгон нарнаас өмнө босдоггүй хотын хүмүүс шинийн 1-ний өглөө эрт босоод нар харахад буруудах зүйл үгүй. Харин нэг дор нэг овоон дээр шаваад, бие биенээ идээ будаагаараа дарчих гээд байгаа нь одоогийн суурьшмал соёлд тун зохимжгүй байгаа

-Хүн бүр мөр гаргах ёстой юу?

-Мөр гаргах ёсыг зөвхөн айлын эр хүн гүйцэтгэдэг ёстой. Нэг айл бол нэг жим мөртэй байна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Таван хүн таван тийшээ зүг гаргачихвал тэр айл чинь тарж бутрахын цондон болно гэсэн үг. Эрт үед айлын эр нөхөр буугаа үүрээд, морьтойгоо давхиж, буу дуугаргадаг, эсвэл хийморийн дарцгаа барьж мөрөө гаргадаг байсан. Одоогийнх шиг хальт гарч байшингийн булан тойрчихоод байгаа нь зүг гаргах ёс биш. Хиймороо сэргээж мөр гаргана гэдэг нь хотын нөхцөлд нэг л тохирохгүй байгаа юм.

-Шинэ хувцас өмсөх ёстой гэх ойлголт бас бий?

-Европын жуулчдын тэмдэглэлд байгаа. Ялангуяа цагаан өнгө бол эхлэлийн, ариун цагааны өнгө. Гүег хаан хаанд өргөмжлөгдөхдөө өмссөн хувцас нь бүгд цагаан байсан. Монголын эзэнт гүрний талаарх гайхалтай мэдээнүүд бий. Харц ноёд ялгаагүй бүгд цагаан дээл өмсдөг байсан. Одоо бид бүгд сар шинээр цагаан дээл өмсөх нь боломжгүй. Гэхдээ үндэсний хувцсаа өмсч байвал зүгээр. Түүнээс биш, костюм өмсчихөөд, золголт хийж явбал зохимжгүй. Сар шинийн нэгэн гэдэг чинь шинэ зүйлийн бэлгэдэл, хүн өөртөө түүнээс асар их дэм авч байдаг тул тэр өдөр уйлдаггүй, эм уудаггүй, өвчин хэлдэггүй, сайн сайхныг бэлгэдэн хэлэлцдэг. Энэ нь тэр жилдээ сайн сайхан байхыг илэрхийлж буй явдал. Тиймдээ ч шинэ цамц юм уу ядаж нэг шинэ оймс аваад өмсчихсөн ч бэлгэшээлтэй шүү дээ. Нөгөө талаараа үндэсний дээл хувцсаа зөв зохистой өмсөх нь зүйтэй. Түүнээс биш хэт үнэ цэнэтэй ганган чамин тансаглах шаардлагагүй. Аль ч нийгмийн үед төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэй зэрэг хүмүүс хэт тансаглаж, гангардаг л байсан. Гэхдээ ард түмний хувьд бол энгийн сайхан, цайвар өнгөтэй монгол хувцсаа өмсчих нь илүү зохимжтой.

-Хотын залуусын сар шинэ ямар байвал илүү дээр вэ?

-Залуучууд золгохгүй гар барьдаг, зарим нь бусдаас илүү мэт хэрэглэх гэж аархдаг, хэт их архиар нэгнээ шахдаг гэх мэт зүйл их ажиглагдах юм. Би өөрөө судалгаа хийдэг хүн, сургалт эрхэлдэг, оюутнуудад, магистр докторуудад ч хичээл заадаг. Тэндээс харахад нэгэнт бие хүн болоод төлөвшчихсөн бол засарна гэж байдаггүй юм байна. Тиймээс хүүхэд багачууд, боловсролын системд өв уламжлал, зан заншлыг хичээл болгож заах ёстой. Хүүхэд багаасаа төлөвшсөн зүйлээ хэзээ ч мартдаггүй. Хүмүүжилгүй хүн бол хулгай хийнэ, хүнтэй муухай харьцана, гэхдээ боловсрол үүнээс тусдаа зүйл. Боловсрол мэдлэг олгодог болохоос биш, хүмүүжил олгодоггүй. Нэгэнт хүмүүжил нь тодорхой болсон хүмүүст ийм ууц тавь, ингэ тэг гэж хэлбэл сонсоод л өнгөрнө. Гадны хөгжилтэй орны иргэд өөрсдийн уламжлалт баяраа жил бүр яаж тэмдэглэх үү гэж хүнээс асуудаггүй. Асуух шаардлага байхгүй. Японд ямар нэгэн уламжлалт баяр нь боллоо гэхэд хэнээс ч асуухгүй, яаж тэмдэглэхээ хүн бүр мэддэг, багаасаа боловсролын системээр дамжуулаад авчихсан байдаг.

-Цаг үетэйгээ нийцүүлэн уламжлалаа өөрчлөх зүйл байж болох уу?

-Тухайн заншил ямар заншил вэ гэдгээсээ хамаарна. Зарим нь орчин үед нийцэхгүй мухар сүсэг байвал өөрөө халагдаж солигдоод л жамаараа өөрчлөгдчихдөг. Гадны орнууд асар их дэвшиж, хөгжсөн ч уламжлалынхаа бүтцийг яг хэвээр нь хадгалдаг. Хятад, Япон, Солонгос дэлхийд хөгжлөөрөө тэрүүлж байгаа ч ёс уламжлалаа маш сайн хадгалсан байна. Монголчуудын гол дутагдал бол эв түнжингүй байдал. Хагаралдаж бутардаг. Монгол манжид эзлэгдэж манжийн ноёдоос авлига аваад л байсан. Сар шинийн баяр бол олон зүйлийг агуулаад байгаа. Ерөнхий агуулга нь монголчуудыг эвтэй байхыг бэлгэдсэн.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гончигсүрэн: Эвтэй л байвал улс эх орон маань хөгжинө

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Энэхүү баярыг хэт их нүсэр тэмдэглэж байна гэж шүүмжлэх хүн байдаг. Цагаан сарыг яаж тэмдэглэх нь бурхны шашинд зохицох вэ?

-Энэ бол монголчуудын авч үлдсэн тун чухал соёлын нэг. Өвлийг өнтэй давсны, нас нэмсний баяр, удам судар төрөл төрөгсдөө сайн таньж мэдэх, бусдыгаа хайрлах, хүндлэх сэтгэлийн билгэдэл. Ахмадуудаа хүндэтгэж, ах дүү төрөл садантайгаа учран золгодог агуу их баяр. Үүнийг зөвхөн хэлбэр талаас нь харж тайлбарлаж болохгүй юм. Хамгийн гол нь үе, үеийн өвөг дээдэс хойч үедээ зан заншлаа уламжлуулан үлдээж байгаа, үлдээсээр ирсэнд энэ баярын гол утга учир оршиж байгаа юм. Мөн урин цагтай золгож хаврын урь орж байгаагийн илэрхийлэл. Сар шинийн баярт ихэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Монголчууд үеийн үед уламжлалт зан заншлаа дээдлэх, бурхан шашинаа хүндэтгэдэг, бие биеэ энэрэн асардаг их утга учрыг сар шинийн баяр илэрхийлсээр ирсэн. Мөн цагаан сараар зүг мөрөө гаргаж буй нь сэтгэлээ засч байгаа хэрэг. Сар шинээр, гэрийн эзэн баруун хойд зүгт сууна. Ах дүүсийн баяр учраас насны эрэмбээр хүндэтгэн суулгадаг ёстой. Монголчууд сар шинэдээ өртэй орохыг ч цээрлэдэг.

Мөн хүнд муу санасан байвал түүнийгээ цайруулдаг. Сар шинэ гарч хамаг муу санаа, сэтгэлийн хир буртаг ариллаа, түүнийгээ цайрууллаа гэж сэтгэлдээ бодох хэрэгтэй. Хамгийн гол нь биеэр хийж байгаа үйлдэл болон хэлж байгаа үг, сэтгэл санаагаа ариун цагаан байлгах учиртай юм. Ер нь хүн сайн сайхныг бодож, ярьж сэтгэж байвал айл хотол, ах дүүгийн амьдрал, ажил алба бүх үйл бүтдэг юм. Сүүлийн үед айл бүр ууц тавьдаг болжээ. Цагаан сараар заавал ууц тавих ёс байхгүй. Ер нь бие, хэл, сэтгэлээ сайхан байлгаж, цовоо сэргэлэн, баясгалантай цагаан сараа угтах хэрэгтэй. Энэ баяраар архи дарс уудаггүй, хов жив ярьдаггүй.

-Битүүлэх ёсыг хэрхэн үйлдэх вэ?

-Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байх учиртай. Тийм хоол иднэ, идэж болохгүй гэх зүйл бол байхгүй. Юу байна, түүгээрээ бусдыгаа чин сэтгэлээсээ дайлахад болно.

Сар шинийн баярын өдрүүдэд ч тэр, битүүний өдөр ч тэр элбэг дэлбэг байвал л сайхан шүү дээ. Энэ өдөр Лхам бурхан 3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай тул хийдүүд Лхам хурдаг. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурхны унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс цас тавьдаг уламжлалтай. -Сар шинийн баяраар бие, биедээ бэлэг өгөх нь зөв эсвэл буруу гэх ойлголт байх юм. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Бэлэг биш сэтгэлийн өглөг гэсэн үг. Байгаа зүйлээрээ л хүмүүсийг дайлахыг хэлээд байгаа юм. Ядуу хүн ч өглөг өгөх боломж дүүрэн. Орж ирсэн хүн бүрт сэтгэлээ зориулан сайн сайхан хандах нь ч өглөг. Байгаа орчноо, бусдыгаа тайван амгалан, итгэлтэй харцаар харах нь өглөг. Дулаан сайхан инээмсэглэх нь нүүрээ зориулах өглөг, болно бүтнэ гэж үнэн сэтгэлээсээ уужуу тайван хэлэх нь хүнд сэтгэлээ зориулах өглөг болдог. Зорьж ирсэн хүмүүсийг хүндэтгэж, гэр орноо тав тухтай байлгах нь ч өглөг. Хэнийг ч ялгаваралгүй тэгш хандах нь асран нигүүлсэх, баяр баясгалангийн өглөг юм.

Их өглөг өгч, их зардал гаргаж байна гэх шүүмжлэл харагдах юм. Өглөг гэдэг зүйлийг бэлэг биш, сэтгэлийн өглөг гэж ойлгож, хармын сэтгэлгүйгээр өгөх ёстой. Юугаар ч өглөг өгч болно шүү дээ. Нэг ширхэг харандаа өгсөн ч ихэд баярлан хүлээн авах хэрэгтэй. Хэн хэнд нь буян хурна. Өөрт хэрэггүй бэлэг өгвөл хэрэгтэй нэгэнд нь өгчихөж болно. Бэлэг гэж нэрлээд буй өглөгт шингэж буй сэтгэл нь хамгийн чухал.

-Сүүлийн үед хүмүүсийн байдал тогтворгүй ч юм шиг. Олон асуудал үүссэн, зөрчил маргаан ихтэй байх боллоо. Энэ нь юунаас болоод байна вэ?

-Цаг хугацаа гэж нэг зүйл бий. Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн амьдралыг туулсаар байна. Жил сар улиран өнгөрөх тусам, гадаад дэлхий етөнц, хүний дотоод оюун санаа хүртэл цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Ингэж хувьсан өөрчлөгдөх нь дэлхийн хууль ч бид сэтгэлээ номхотгохгүйгээсээ болоод, хэл ам хэрүүл тэмцэл, атаа жөтөөг их гаргаж байна. Энэ нь бурхны шашинтай салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрийгөө танин мэдэх сэтгэл байгаа ч бусдыг асран энэрэх сэтгэл нь алга болсоор байна. Монголчууд шашин номоо устгасны үр дүн ийнхүү 80 жилийн дараа илэрч байгаа юм. Боловсрол олсон, ухаарсан, гэгээрсэн хүмүүсээ хэрэггүй мэт үзэж түүх, соёлоо устгасаны хор уршиг нь энэ. Ёс заншлаа мэдэхгүй, бурхан шашиндаа итгэхгүй болсоор байна.

-Хүн ард сэтгэлээ засах вэ. Энэрэнгүй нигүүлсэлд хэрхэн суралцах вэ?

-Бурхны сургааль гэдэг зүйлийг үзэх хэрэгтэй. Нүгэл гэж юу юм. Хойд, урд нас гэж байдаг уу, үгүй юу гэх зэргийг анхаарах ёстой байна. Хүний нас ганцхан энэ насаар дуусахгүй. Мөн хичнээн хөрөнгө хураасан ч энэ ертөнцөд ирсэн шигээ нүцгэн буцна. Тиймээс хэт их хөрөнгө хураах, түүнийгээ буруу аргаар олох хэрэг байна уу, үгүй юу гэдгээ бодох ёстой. Гэхдээ боломжтой сайн сайхан баян тарган яваа хүмүүсийг хараад би баярладаг. Тэд урд насандаа бүтээсэн сайхан үйлийнхээ ерөөлөөр, одоо элбэг дэлбэг, хангалуун амьдралтай байгаа юм гэж хардаг. Тиймээс тэднийг бид адлах ч бас хэрэггүй. Хичнээн их хөрөнгөтэй, хөрөнгөгүй байсан ч ядарсан олон амьтанд чин сэтгэлээрээ тусалчихаж байвал буян нь хурна.

-Манай ард олны амьдрал хүнд хэцүү, төр тогтворгүй байгааг монголчуудын хийж буй нүгэл ихдээд байна гэж ойлгож болох уу?

-Нүгэл ихдээд гэж шууд ойлгож болохгүй. Боловсролоо дээшлүүлэх, юмны үнэн зөв учир зүйг ойлгож чадахгүй байна гэсэн үг. Үйл биеэр, сэтгэлээр, хэлээр үйлдэгддэг. Үйлийг үйлийн эзэн эдэлнэ үү гэхээс өөр хүн эдэлдэггүй юм. Айл гэрийн хүмүүс эвтэй л байвал буян хишиг тогтоно шүү дээ. Улс, байгууллага ч ялгаагүй. Эвтэй л байвал улс эх орон маань хөгжинө. Хэрүүл тэмцэлтэй байвал хийсэн буян нь арилаад, юу ч тогтдоггүй юм. Энэ бол бурхны сургааль. Аливаа сав хир буртагтай, цоорхой, уруугаа харсан бол юу ч тогтохгүйтэй адил. Үүнийг ойлгож буян хураах арга бол сэтгэлийн их амар амгаланг олох. Тиймээс хүн ард сэтгэлээ хиргүй тунгалаг байлгах л ёстой байгаа юм.

-Монголчууд алт их ухдаг, үүнээс болоод байгалийн хатуу ширүүн үзэгдэл их ажиглагдах болсон гэдэг. Алтыг ухах нь зөв үү, буруу юу, бурхны шашинд юу гэж тайлбарладаг вэ?

-Газар дэлхийг оршин тогтнуулдаг байгаль дэлхийн гагнаасууд гэж бий. Дэлхийг нэг сав гэж үзвэл савыг бүтэн байлгаж буй гагнаас алт юм. Тиймээс байгаль дэлхийгээ ухаад баяжихгүй, жаргахгүй. Сүйтгэсний хор хөнөөл нь тэрнээс илүү их сүйрэл болж ирнэ. Одоо ч усгүй, ургамалгүй болж байна. Мөн ухсан алтаа юунд, ямар зүйлд яаж зарцуулж байна гэдгээс бас шалтгаална. Ганцхан хувиа бодож баяжихыг улайрч буй бол их нүгэл болно.

-Энэ насанд хийсэн нүгэл хэзээ эргэж ирдэг вэ?

-Хэзээ ч ирж болно. Шамшигдана гэх ойлголт байхгүй. Энэ насанд эсвэл дараагийн төрөлд ирнэ.

-Тэгэхээр орох оронгүй, идэх хоолгүй тун хүнд хэцүү амьдарч буй хүмүүсийг урьд насныхаа үйлийг эдэлж байна гэж ойлгох уу?

-Хүн өөрөө бас хичээх хэрэгтэй. Урьд насны үйл байсан ч тэд нүглээ нимгэлж болно. Ядуу хоосон хүн ч маань уншиж болно, хүнд тусалж, хүний ажлыг хийгээд, шалыг нь угаагаад өгчихвөл аяга цай өгнө биз дээ. Байгаа хувцсаа оёод, нөхөөд өмсчих хэрэгтэй. Ядаж л мал маллаж, ногоо тарьж, хашаа цэвэрлэж чадахгүй хүн лав байхгүй. Хийе гэвэл хүн юуг ч хийгээд амьдарч болно. Өөрөөс нь их зүйл шалтгаална. Хэн нэгэн намайг асрах ёстой гээд буруу хараад хэвтээд байж болохгүй.

-Хүн хувь төөргөөр амьдардаг гэдэг шүү дээ?

-Хаана, хэзээ, ямар газар төрөх вэ гэдэг нь урьд урьдын үйлтэй холбоотой. Баян газарт, усгүй, хоолгүй газарт ч төрөх хүн байна. Хүний амьдралын төөрөг зөвхөн эцэг эхээс шалтгаалахгүй, урьд насны үйлийн үр тасардаггүй юм. Гэхдээ тэр үйлийг яаж эдэлж, яаж нимгэлж, хэрхэн амьдрах нь өөрөөс нь шалтгаална. Сэтгэл санаагаа сайхан болгоод, бусдад ерөөл тавиад хэн, хэндээ хүндэтгэлтэй хандаад ирвэл хамаг үйлс бүтээд сайхан болно. Хамаг зүйл өөрөөс нь шалтгаалж байна гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Хүн бүр аливаа юмны учир шалтгааныг олж судалж мэдэж байх хэрэгтэй байна. Уг нь хүний төрлийг олно гэдэг чинь хамгийн ховор сайхан тохиол. Бусад хүний гэмтэй биш, эрдэмтэй сайн, сайхан талыг нь харах хэрэгтэй. Хүнийг муулаад, муухайгаар хараад байвал өөрөө өөртөө л тэр хүний муу муухай бүхнийг татаж байгаа юм.

-Хүний хувь заяа бас төрсөн жил, сар, өдрөөрөө тодорхойлогддог гэл үү?

-Миний багш ихэр төрсөн хоёр хүүхэд цагийнхаа зөрүүнээс болоод, өөр өөр хувь заяатай байдаг гэж хэлсэн. Хүн бүрийн зурхай ижил жортой биш. Өдөр бүр сайн цагтай, 27 од гэж бий. Аль барилдлагад, мэнгэнд суудалд төрсөн гэх мэт олон зүйлээс их юм шалтгаална. Түүнээс биш шоо хаяад мэргэ хийгээд хэлдэг зүйл бол зурхай биш юм.

-Өөр өөр айлын хүүхдүүд ч яг нэг цаг минутад төрсөн бол ижил хувь заяатай гэсэн үг үү?

-Ойролцоо байна. Гэхдээ газар нутгийнхаа хуваариас бас шалтгаална. Яг нэг цаг минут секундэд Улаанбаатарт, Ховдод төрсөн хоёр хүүхдийнх ижил заяатай байхгүй. Тухайн газрын байрлал, уртраг, өргөргийн, өндөр намын үзүүлэлтүүд хүртэл хамаарна. Аль газрыг олж төрнө гэдэг нь мөн өөрийн урьд насны үйлтэй ч холбоотой.

-Ярианыхаа төгсгөлд ирэх нохой жилийн өнгө ямар байх талаар сонирхоё?

-“Тийн унжлагат” хэмээх нохой жил залуус болон дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, өвгөд, өндөр суудалтанд тааруу жил гарах ерөнхий дүр зураг буусан. Их хүмүүн амгалан сайн, санаснаа бүтээх жил гарна. Иргэдийн байдал амар амгалан байх ч эзэд түшмэл, улс гэрийн байдал тайван бус бага зэргийн хямралтай гэжээ. Мөн жилдээ өвс ногоо сайтай, үр тариа дэлгэрэх боловч, зундаа хур багатай, мөндөр, цахилгаан ихтэй байх нь. Жилийн эхэн ба адаг сард салхитай, газар тариалангийн ажил дэлгэрч, үр жимс ургац арвинтай мал өсч, зуд турхангүй байна гэсэн ерөнхий дүр зураг буусан байна. Гэхдээ хулгай дээрэм олшрон, олсон эд малыг ноёд авч, эд тариа үнэгүйднэ хэмээн бичигдсэн байгаа. Хоёрдугаар сарын 16-нд буюу шаргачин туулай өдөр шинийн нэгэн тохиож байна. Буян үйлдвэл цаглашгүй буян нэмж, үйл бүтэх сайн өдөр тохиож байгаа. Нохой жилд үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байна. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал, уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Лосолын Лааганы ач охин Н.Бямбаа: Өвөө маань улс төрийн хилс хэрэгт гурван удаа гүтгэгдэж цаазлуулсан

Л.Найдан хань, үр хүүхдүүдийн хамт

1930-1932 оны хооронд Монгол Улсын төрийн тэргүүний хүндтэй алба буюу Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Лосолын Лааганы ач охин Найдангийн Бямбаатай ярилцсанаа хүргэж байна. Төр түмний төлөө зүтгээд эцэст нь гурван ч удаа хилс хэрэгт гүтгэгдэн тохогдож, улмаар 1940 оны тавдугаар сард буудан алах ялаар шийтгүүлсэн Лааганы эмгэнэлт хувь заяаны талаар Монгол Улсын төрийн шагналт, түүхийн нэрт эрдэмтэн О.Батсайхан ном бүтээл гаргасан байдаг.“Миний өвөө шиг гурван удаа хэлмэгдэж, эцэст нь буудуулсан төрийн тэргүүн Монголын түүхэнд байхгүй. Эсэргүүний хүүхэд хэмээх доромж, харгис дээрэнгүй зан аавыг минь, авга ахыг минь сүүдэр шиг дайрсан” гэж Бямбаа эгч сэтгэл шимшрэн өгүүлснээр бидний яриа эхэлсэн юм.


-Та бол Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааганы ач охин. Түүхийн хамгийн эмзэг хийгээд эгзэгтэй, хүнд бэрх цаг үед таны өвөө Монголын төрийг удирдсан байдаг. Өвөөгийнхөө улс төрд хэрхэн орсон тухай намтар түүхээс нь ярихгүй юу?

-Бид өвөөгөө хөгшин аав гэж ярьдаг. Амьдралын хар ухаанд нэвчсэн, шударга зоримог зантай, хэлэх үгээ хэнээс ч айж эмээлгүй хэлдэг, тийм эрс шулуухан хүн байжээ. Төрсөн нутаг нь Ховд аймгийн Буянт сум. Хар ус нуурын баруун хаяа Цагаан гол гэж газар мэндэлсэн. Багадаа Наран хутагтын хүрээ хийдэд шавилан сууж байсан гэдэг. Мал хуйгаа хариулж, тариа тарьж, өртөө улаа нэхэх зэрэг ажил хийж байгаад 1921 оны ардын хувьсгалын дараахан Ховдын хязгаарын Тариачин хошууны хурлын төлөөлөгчөөр сонгогджээ. Хорин гурван онд тус хошуунд тухайн үеийн Ардын намын үүр байгуулагдахад сайн дураараа элссэн анхны гишүүдийн нэг. Хорин таван онд хуралдсан намын дөрөвдүгээр их хуралд Ховдын хязгаараас төлөөлж оролцсон. Тэр үеэс нам төрийн ажилд эргэлт буцалтгүй орсон нь түүх замналаас нь тодорхой уншигддаг. 1925-1928 онд Чандмань уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, 1928-1930 онд Монгол ардын хувьсгалт намын хянан байцаах төв комиссын даргаар ажиллаж байгаад Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар томилогдсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд нь Жигжиджав гуай байсан юм билээ. Хөгшин аав минь сургууль соёл төгсөөгүй, хөдөөний эгэл ардын дундаас тодорч гарч ирсэн төрийн хүн юм. Хязгаар нутгаас нам төрийн их хуралд үг хэлэх онцгой чадвартай, одоогийн хэллэгээр бол бусдыг удирдан манлайлах арга барилтай хүнийг сонгож явуулдаг байж л дээ. Түүний гол төлөөлөл болсон тухай Ховдын хязгаарын захиргааг шинэчлэн байгуулалцсан Засгийн газрын түшмэл Догсом, Лувсанцэрэн нарын хүмүүсийн дурсамжид бий.

Л.Лааган

-Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа аж үйлдвэр, цахилгаан станц гээд улс орны амин чухал олон ажлыг бусдын хамт гүйцэтгэж түүхэн гавьяа байгуулсан тухай О.Батсайхан түүхч дурдсан байна лээ?

-Тийм ээ. Сүүлд төрийн шагнал хүртсэн О.Батсайхан доктор хөгшин аавыг минь судалсан эрдэмтдийн нэг. Миний аав Найдан, эгч Жаргалын хамтаар ивээн тэтгэж “Лосолын Лааган” номыг 1994 онд хэвлүүлсэн юм. Тухайн бүтээлд дурдсанаар Зөвлөлтийн тусламжтайгаар худалдааны системийг байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох, Улаанбаатар хотод Аж үйлдвэрийн комбинат, Төв цахилгаан станц байгуулах зэрэг ажилд хөгшин аавын хүчин зүтгэл их байжээ. Мөн 1930-1931 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн удаа дараагийн хурлаар бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах “соёлын довтолгоо” зохиох асуудлыг хэлэлцсэний үр дүнд ардын боловсролын ажилд ахиц гарсан байдаг. Сургуулийн болон суралцагчдын тоо олширч, улс ардын аж ахуйд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тусгай мэргэжлийн шинэ техникумууд байгуулагдсан байна. Мөн Улсын төв театр үүдээ нээж, шинэ клуб улаан булан олширсныг цохон тэмдэглэдэг. Энэ бүхэн өвөөгийн минь гавьяа. Хэлмэгдэгсдийг судалж байсан Ринчен гэж түүхийн ухааны мундаг доктор байлаа. Тэр хүн хөгшин аавыг тусгайлан судалсан. “Төрөлхөөс заяагдмал хурц нарийн ухаантай, боловсролгүй хэрнээ боловсролтой хүмүүсийн дэргэд өөрийгөө мундаг аваад явдаг, маш алсын хараатай, бодлоготой хүн байжээ” хэмээх тодорхойлтод хүрснээ хэлж байсан. Монгол Улсад аж үйлдвэр, цахилгаан станцууд хөгжих, үйлдвэржилтийн энэ том дэвшил, хөгжлийн суурийг танай хөгшин аав тавьсан шүү гэж Ринчен доктор онцолж хэлдэг байсан.

-Улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогдон аймшигт яргаллыг амсчээ. Эцэст нь цаазлуулан хувь заяа нь эмгэнэлтэйгээр төгссөн байдаг. Гурван удаагийн хилс хэрэг гэдэг нь ямар учиртай юм бол. Энэ тухай тодруулахгүй юу?

-Хөгшин аав шиг улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогдсон төрийн тэргүүн Монголын түүхэнд байхгүй. Эхлээд 1928 онд “Шар Санжийн хэрэг” гэгчид холбогдсон байдаг. Дөрвөд аймгийг автономит эрхтэй болгохыг дэмжсэн уг хэрэгт Ө.Бадрах тэргүүтэй хүмүүсийн хамт нэр холбогдож, гүтгэлэг байцаалтад орсон байна. Харин коминтерний төлөөлөгчдийн тэргүүн Б.Шмераль Бадрах, Лааган нарыг суллажээ. “Шар Санжийн хэрэг” гэгч нь намын анги бүлгүүдийн өөр хоорондох сөргөлдөөнөөс үүссэн учир утгагүй хардалт сэрдэлт байсныг түүхчид хэлдэг. Тухайн хэргийг Коминтерн, түүний бие төлөөлөгчид анх сэдэвлэж гаргасан юм билээ. Дараа нь буюу 1934 оны долдугаар сард хөгшин аавыг хоёр дахь удаагаа “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдуулан баривчилсан. Гучин дөрвөн оны нэгдүгээр сард Лхүмбэд анх удаа хэрэг хүлээлгэхэд “Шодоев Дамдин япон хүний хамт ирж хурал хийлгэхэд Лааган, Жигжиджав бид нар оролцсон” гэж мэдүүлснээр “Японы тагнуулын байгууллагын гишүүн”-д тооцох болжээ. Тэр үед Ховдын хоршоонд ажиллаж байсан гэдэг. Хөгшин аавыг зүүний талын бодлогод хэт автагдсан, тэр талыг баримталсан гэх шалтгаанаар 1932 оны зургадугаар сард Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээс хасч, долдугаар сард Улсын бага хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Лхүмбийн хэрэг бол зохиомол худлаа гэдгийг удаа дараа хэлж байж. Ердийн байцаалтаар хилс хэргийг хүлээлгэж дийлэхгүй болохороо Дотоодыг хамгаалах газраас долоон өдөр, долоон шөнө тасралтгүй байцааж мөрдөн байцаалтын хууль бус арга хэмжээг хэрэглэсэн байна. Харин гурав дахь удаагаа хувьсгалын эсэргүү Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчид холбосон.

Дөчин оны гуравдугаар сард Дотоод явдлын яамны орлогч сайд Жамбалдорж “1928 оноос хойш Японы тагнуул төлөөлөгч, Гэндэн, Дэмидийн байгууллагын төв удирдагч нь байсан” гэж хөгшин аавыг ялласан. Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчид холбогдуулан хоёр жил долоон сар гаруй хугацаагаар хорьж, өдөр бүр зодож нүдэж, халуун хүйтэн өрөө дамжуулан байцааж, харгис хэрцгийгээр тамласан байдаг. Өвөө маань “Би өөрийн эх орноосоо урван хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан удаагүй” хэмээн шүүх хурал дээр сүүлчийн удаа мэдүүлсэн байна. Төрийн тэргүүн байхдаа олон хүний хувь заяаг шийдэхэд оролцож явсны хувьд тэрээр ямар ч ялтан амь гуйх эрхтэй байдгийг мэдэх учраас буудан алах ял аваад Улсын бага хурлын тэргүүлэгчдэд эцсийн горьдлого амь гуйх хүсэлтээ уламжилжээ. Түүний хүсэлтийг Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1940 оны тавдугаар сарын аравны өдрийн 28 дугаар хурлаар хэлэлцээд “Онц хорлол бүхий жигшүүрт гэмт хэргийг өдүүлсэн заналтай дайсан этгээд” хэмээн үзэн уг тасалсан тогтоолыг хэвээр баталж, түүний амь гуйсныг шууд хэрэгсэхгүй болгожээ. Улс төрийн хилс хэрэгт тохоогдсон хүмүүсээс хөгшин аав шиг ийм айхтар тамлалыг үзсэн нь ховор гэж түүхчид хэлдэг. Миний бие Тагнуулын ерөнхий газрын архивт орж үзсэн. Хөгшин ааваас мэдүүлэг аваад бүх хуудсан дээр нь гарын үсэг зуруулсан цаазлах баримтынх нь эх хувийг хүртэл нүдээр үзсэн. Өвөөгийн аймшигт хэлмэгдлийн түүх бичвэрийг судалсан хүний нэг нь түүхийн ухааны доктор Дашдулам. Тухайн үед Их сургуулийн залуухан багш байлаа. Тэр хүн архивт сууж бүх зүйлийг нь уншиж судалсан. Тэгээд “Танай хөгшин аав шиг гурван удаа хэлмэгдсэн улстөрч байхгүй. Хамгийн хүнд хэлмэгдлийг туулсан” гэж хэлдэг. Тэрээр материалтай нь танилцчихаад би долоо хоног унтаж чадаагүй гэж уйлаад хэлж байсан. Тийм айхтар тамлалыг биеэр амссан байна. Дашдулам докторын хэлдэг бас нэг зүйл нь хөгшин аавыг чинь Орост аваачиж цаазалсан гэдэг. Үүнийг Банзрагч гэж хүний яриа ч нотолдог. Машин дээр хоёр хүн ачаад авч явсан. Халзан толгойтой, ахимаг настай хүнийг би Лааган гуайг гэж боддог хэмээн хэлж байсан удаатай.

-Хэлмэгдүүлэлт үр хүүхдийг нь хүртэл тойроогүйг та түрүүнд хэлж байсан?

-Лааган гэж хүн хоёр хүү, хоёр охинтой байсан. Дэнсмаа гэж охин нь эрт бурхан болсон юм билээ. Том хүү нь Дүнсэл ах. Бага хүү нь миний ачит эцэг Найдан. Аав минь 1937 оны хавар төрсөн. Намар нь эцэг нь баривчлагдаад явсан байдаг. Өлгийтэй байхдаа хайрт эцгээсээ өнчрөн хоцорсон. Хөгшин аав минь баригдаад явахдаа ханьдаа “Хүүхдээ битгий хүнд өргүүлээрэй. Өөр хүнээр битгий овоглоорой” гэж захисан байдаг. Өөрийгөө буцаж ирэхгүй гэдгийг мэдээд тэгж хэлсэн ч байж магад. Үлдэж хоцорсон хань, үр хүүхдийг хэлмэгдлийн хар сүүдэр мөн л дайрсан. Миний авга ах Дүнсэл хоёр метр шахам өндөртэй, цагаан царайтай ханагар сайхан эр байсан. Түүнийг Худалдааны техникум төгсөх гэхэд нь “эсэргүүний хүүхэд” гэх нэрийдлээр төгсгөөгүй. Цэрэгт явах насанд нь мөн л “Эсэргүүний хүүхэд” гээд явуулахгүй. Тэгсэн хэрнээ цэрэгт яваагүй гээд албан татвар авч дээрэлхдэг байсан гэдэг. 28 нас хүрэхэд нь сая нэг цэрэгт явуулсан байгаа юм. Дөчин таван оны чөлөөлөх дайнд оролцуулах зорилгоор явуулжээ гэж харагддаг. Дүнсэл ах минь олон түмэндээ нэртэй жолооч байсан. Авто тээврийн дөрөвдүгээр баазад бүхий л насаараа ажиллаж, анхны саятан жолоочийн болзол хангахад нь эсэргүүний гэх өнөө л шалтгаанаар байгуулсан гавьяаг нь үгүйсгэсэн юм. Ингээд ах минь өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон Хөдөлмөрийн баатар цолоо авч чадаагүй. Үнэхээр харамсдаг юм. Бодохоос гол харлаад байдаг юм. Ах ярьдаг байсан л даа. Хориод настай залуу үе тэнгийнхэнтэйгээ наргиж яваад айлд ороход найр ахалж байсан хүн “Эсэргүүний гөлөг доошоо суу” гээд үүд рүү нохой шиг хөөж байсан гэдэг. Намайг жаахан байхад ч согтуу хөлчүү хүмүүс ирж хаалга өшиглөөд “Эсэргүүний үлдэгдлүүд хаалгаа тайл” гэж дээрэнгүйгээр доромжилдог байсан. Аавыг минь энэ хэлмэгдүүлэлт тойроогүй дайрсан. 1959 онд Монголын оюутан залуучуудын анхдугаар наадмын бөхийн барилдаанд Ховд аймагтаа түрүүлсэн юм. Гэвч Улаанбаатар хотод болсон наадамд “Эсэргүүний хүүхэд” гээд явуулаагүй. 1961 онд Бүх ард түмний спартакиадаар аав минь мөн л аймагтаа түрүүлсэн.

Л.Найдан Хадаа аваргын хамт

-Танай аав хоёр метр шахам өндөр, уул шиг бараа дүртэй сайхан хүн байсан. Аливаа юмны наад цаадахыг мэдэх айхтар хүмүүс “Лааганы хүү” гээд Найдан гуайд их л хүндэтгэлтэй ханддаг байсан болов уу. Их л олонтой хүн байсан санагдана?

-Бид чинь эцэг эхээс арван хоёулаа юм. 12 хүүхдээ аав минь хүний зэрэгт хүргэсэн. Бүгдийг нь их дээд сургууль төгсгөж, эрдэм номын мөр хөөлгөн ажил амьдралтай нь золгуулсан. Эцгийн мөч хүртэл аавын минь зүрх Лааган өвөөгийн төлөө цохилж байсан. Хэлмэгдэж буудуулсан аавынхаа амьсгал хураасан газрыг нь мэдчих юм сан гэж боддог байлаа. Даанч түүнийг нь амьдад нь тагнуулынхан хэлж өгөөгүй. Аавынхаа хөшөөг босгочих юм сан гэж мөн ч их зүтгэж, хөөцөлдсөн. Гэвч хөгшин аавын төрсөн нутаг Ховдод хөшөөг нь босгоё гэхээр алга дарамхан газар олддоггүй л байхгүй юу. Харин М.Энхсайханыг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын тогтоол гарч Ховд аймгийн Буянт сумын сургуулийг Лааганы нэрэмжит болгосон. Бид өвөөгийнхөө 110 жилийнх нь ойг нутагт нь өргөн дэлгэр тэмдэглэсэн. Өөрсдөө цээж баримал хийлгээд Ховдын музейд өгсөн. Их хурлын дарга нь Д.Дэмбэрэл гуай, Улаанбаатар хотын дарга нь Г.Мөнхбаяр гээд дандаа л Ховдын хүмүүс байхад аав минь байр хөөцөлдөөд бүтээгүй юм даг. Дэмбэрэл дарга цохолт хийж өгөөд ч бүтээгүй. Ингэж л хэлмэгдлийн сүүдэр үр хүүхдийг нь нөмөрсөөр л байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, 1940 онд өвөөг цаазлуулах жил Ваажаа гэж бидний авгайлдаг улсын арслан Шаравын Ванчинхүү төрийн баяр наадамд түрүүлж байсан юм билээ. Ваажаа, хөгшин аав хоёр ах дүүсийн хүүхдүүд л дээ.

Хөгшин аавын хэлмэгдлийг бие сэтгэлээрээ амсаж зовлон үзсэн хүн эмээ маань юм. 1962 онд өвөөг цагаатгасан бичиг ирэн иртэл эмээ өвөөг амьд, буцаад ирнэ гэж итгэж хүлээдэг байсан. Хүний горьдлого хэзээ ч тасардаггүй юм билээ. 1963 онд миний дүү Бигэрийг төрөхөд “Лааган гуай буцаад иржээ” гэж хэлсэн гэдэг. Бага хүүгийнхээ улаан нялзрай үрийг хараад хань минь буцаад ирсэн байгаасай гэж бодохдоо тэгж хэлсэн байлгүй. Энэ бүхнийг бодохоор өөрийн эрхгүй нулимс гараад байдаг. Хөгшин аавынхаа хөшөөг нь босгочих юмсан, нэг сайхан нэрэмжит номын сан байгуулчих юм сан гэж бодох юм. Буянт сумынх нь сургуульд уул нь номын сан байгуулж өгсөн л дөө. Төрийн тэргүүн байсан хүнийхээ 130 жилийн тэгш ойгоор Монголын төр юу ч дуугарсангүй. Учир байдлаа хэлээд очиход цагаатгалын комисс нь ч хүлээж аваагүй дээ.


Categories
мэдээ цаг-үе

Т.Сэнгэдорж: Зууны манлай дуучин Х.Уртнасангийн анхны хөгжимчин нь байлаа

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн тэргүүлэх профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, билгүүн номч академич, МЗЭ-ийн шагналт Тэгшжаргалын Сэнгэдоржтой ярилцлаа.


-Таны өсч торнисон нутаг ус, бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Булангийн шугуй” хэмээх улаалзгана алагласан нутагт Тэгшжаргалын арван нэг дэх хүү нь болон мэндэлсэн. Ах эгч нараа дагаж олон сургууль дамжсан. Гэсэн хэдий ч сурлага сахилгаар сайн сурагчийн тоонд ордог байв. Бага байхдаа ангийнхаа багшийн найдвартай юм шиг мөртлөө найдваргүй шуудан зөөгч явлаа. Учир нь ангийн эмэгтэй багш Уртнасан, бага сургуулийн багш Мишкад надаар захиа зөөлгөнө. Замдаа захиаг задалж үзэхэд “Орой клубт кино үзье” гэх зэргээр бичсэн байсансан. Мишка багш хариу явуулна. Ингээд дахиад л үгэнд дурлаж, захиаг нь задалж үздэг байж билээ. Ийм л хөгтэй шуудан зөөгч байлаа.

-Анх сургуулийн босго алхаж байсан үеэсээ дурсахгүй юу?

-Тухайн үед айлууд хүүхдээ сургуульд оруулах их дургүй. Малчин болгох сонирхолтой байсан. Ямар ч байсан есөн настайдаа сумынхаа сургуульд орсон. Сургуульд орчихоод гэрээ их санана. Надаас хоёр насаар ах Ц.Бадарч “Гэртээ харья” гэж хэдэн хүүхэд элсүүлсэн. Би ч багтаж, хэдүүлээ гэрийн зүг гүйж байж билээ. Дунд ангидаа Улаанбаатар хотод суралцаж, арван жилээ төгссөн. Нэг өдөр биднийг мэргэжил сонгуулахаар хичээлийн эрхлэгч дуудлаа. Ингээд Төрийн ордны Дээд боловсролын хорооны Жадамба гэдэг хүн дээр бид оров. Миний ээлж болоход ямар мэргэжил сонирхдог тухай асуухад би “Сэтгүүлч болох хүсэлтэй” гэсэн. Тэгсэн чинь энэ жил Их сургууль нээгдэж байгаа. Иймээс “Сэтгүүлчийн ангид ор” гэсэн. Тэгэхээр нь би гадаад руу явж сурмаар байна гэсэн. Тийм бол “Зөвлөлтөд хуулийн сургуульд суралц” гэснээр миний мэргэжил эзэмших эрх нээгдэж Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетад дөрвөн жил суралцсан. Сургуулиа төгсөж ирээд, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой гэдгээ тухайн үеийн МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, хожим Үндсэн хуулийн Цэцийн дарга, гавьяат хуульч, доктор профессор Г.Совд багшид хэлсэн. Тэрээр намайг “Соёмбо тэмдгийн асуудлаар” судалгаа хийгээд үз гэсэн юм. Урьд нь нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын судалсан уг сэдвийг зориг гарган хийхээр болов. Ингээд МУИС-ийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн минь амжилттай болсон доо. Ингэж л Монголын анхны томоохон дээд сургуульд багш болох зам мөрөө эхлүүлсэн юм. Энэ үеэс өдийг хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байна.

-Өнөө үед ховорхон харагдах баян хуур хөгжим танай өрөөнд байх юм. Та баян хуурыг сайн тоглоно биз…

-Сонирхлоороо тоглох гэж оролддог. Бага ангид байхад хөгжмийн багш маань хэсэг хүүхдийг дагуулан цэргийн ангиудаар явж тоглолт хийлгэж билээ. Тэгэхэд доод ангийн нэг охин “Хонгорхон хулстайн тал” дууг эвлэгхэн нь аргагүй дуулахад баян хуураар би дагаж хөгжимдсөн юм. Энэ охин бол хожмын Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан байлаа. Ингэж би энэ алдарт дуучны анхны хөгжимчин болж байсан.

-Хамгийн анхны бүтээлээ хэзээ туурвиж байв?

-Аравдугаар ангид байхдаа “Төрүүлсэн эх-Төрсөн нутаг” шүлгийг Маяковский, Гайтав гуай нарын арга барилаар бичиж “Утга зохиол, урлаг” сонинд огт танихгүй хоёр зохиолчдод аваачиж өглөө. Хэд хоногийн дараа хүүхдүүд сонин үзээд шуугилдаад байхаар нь очоод хартал миний шүлэг гарсан байв. Ингэж миний анхны шүлэг сурагч байх үед хэр баргийн юм нийтэлдэггүй, босго өндөртэй Монголын зохиолчдын Төв хэвлэлд гарч билээ. Тухайн үед танихгүй байсан хоёр зохиолчийн нэг нь “Хошуу цагаан нутаг” роман бичсэн ахмад зохиолч Н.Банзрагч (алдарт уртын дууч Норовбанзад гуайн нөхөр), нөгөө нэг нь яруу найрагч Д.Найманжин (“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны дууны шүлгийг бичсэн) нар байсныг хожим мэдэж, эдгээр зохиолчдыг дурсан санаж явдаг юм.

-МЗэ-ийн шагналыг хүртсэнд баяр хүргэе. Шагналын хур буулгасан “Нутгийн дуулал” шүлэг бүтсэн түүхээсээ ярьж өгөөч?

-Хөгжмийн зохиолч Д.Пунцагдоржтой хамтран хэд хэдэн дуу хийсэн. Ингээд дуу болон бүтсэнд урамшиж, 1960 оны дунд үеэс дууны шүлэг дагнан бичиж эхэлсэн.Тэр үед дууны үгийг МЗЭ-ийн яруу найргийн секцийн эрхлэгч Б.Явуухулан гуайд үзүүлж батлуулсан. Тэгээд радио телевизээр явах эрх нээгддэг тогтолцоотой байлаа. 1964 онд “Нутгийн дуулал” нэртэй шүлэг бүтээж, аяыг нь хөгжмийн зохиолч Д.Пунцагдорж хийж, эстрадын ахмад дуучин З.Цэнд-Аюуш гуай анх дуулж олны хүртээл болгосон юм. Уг онд МЗЭ-ийн анхдугаар их хурал хуралдах үе тохиож билээ. Гэр бүлийгээ нутаг устай зүйрлүүлж бичсэн. Энэ дууг МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Н.Чулуунхүү, Д.Дагийсүрэн, нэрт дуучин Адарсүрэнгийн шавь С.Баянмандах зэрэг олон дуучид өдийг хүртэл дуулсан. Уг дуунд маань зориулсан хөшөө 2005 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд боссон.

-Амжилтад хүрэхэд хамгийн их түшиг тулгуур болдог зүйл бол гэр бүл. Та өөрийн гэр бүлээ танилцуулаач?

-Түшиг болж, гэр орныг минь өнгөтэй, найдвартай авч явдаг хүн бол миний хань С.Сарантуяа юм. Эрүүл мэндийн байгууллагад насаараа ажилласан. Би Эрхүүгийн их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан байхдаа Монголд ирж амарсан юм. Ингэхдээ орчуулагч хийж байсан. Энэ үеэр Нийслэлийн тавдугаар сургуулийн аравдугаар ангийн охинтой танилцаж билээ. Миний туулж өнгөрүүлсэн их ажлын талаас илүү хувь нь ханьд минь ногдох ёстой гэж боддог.

-Таны зургийн цомгийг үзэж байхад хань С.Сарантуяа гуай их сайхан урт үстэй харагдсан…

-Тийм шүү. Миний хань “Монголын сайхан урт гэзэгтэй бүсгүй”-гээр шалгарч байсан. Ингээд хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайгаас хүндэт өргөмжлөл шагнал гардаж авсан. Энэ нь манай гэр бүлд мартагдашгүй баяр болж билээ. Ийм л сайхан ханьдаа зориулж “Сайхан монгол саран бүсгүй” дуу зохиож, хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай ая оруулж, МУГЖ У.Далантай дуулж олон түмэнд хүргэж байсан юм.

-Сурган хүмүүжүүлэгч гэдэг асар том хариуцлагыг нуруундаа үүрч явдаг хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Багшилсан он жилүүдийн тэр их үүрэг хариуцлага хүлээсэн дурсамжуудаасаа хуваалцвал?

-50 гаруй жил багшлахдаа үндэсний болон олон улсын эрх зүй, дэлхийн улсуудын төр эрх зүй гээд нийт найман төрлийн хичээлийг МУИС, ЭЗДС, ХААИС-д монгол, орос хэлээр зааж 6000 гаруй дээд мэргэжилтэй хуульчдыг бэлтгэж, 600 шахам магистрыг төгсгөжээ. Д.Лувсаншарав, Э.Авирмэд, Г.Совд багшнарын хамт одоогийн хөдөлмөрийн баатар ардын багш, гавьяат хуульч Б.Чимид бид хоёр нэмэгдэж хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулдаг байлаа. Боловсрол шинжлэх ухааны салбар дахь миний энэхүү амжилт ололт бол өөрийн орны болон Орос улсын нэрт эрдэмтдийн туслалцааг авч, МУИС гэдэг эрдэм оюуны их өргөөнд багтан ажилласны ач буян юм.

-Доктор цол хэргэмд хүрнэ гэдэг тийм ч амар даваа биш. энэ их хөдөлмөрөө яаж эхлүүлж байв?

-1976 онд ШУА-иас зарласан аспирантурын уралдаант шалгалтыг орос хэл, намын түүхийн хичээлээр өгч тэнцээд судалгаа шинжилгээ хийх замд орж байв. Төрөөс хөдөө аж ахуйн хоршооллыг удирдах эрх зүйн асуудлаар сэдэв сонгон, төлөвлөгөөний дагуу бүлэг зүйлүүдээ бичиж цэгцлэх, багш нарт уншуулж санал авч сайжруулах, бэлэн болсныг нь оросоор орчуулах зэрэг ажлыг хийснээр диссертаци бэлэн болж билээ. Ингээд эрдэмтэн Э.Авирмэд багшийн удирдлагаар 1980 онд ШУА-ийн хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалсан. Үүнээс 14 жилийн дараа Байгаль орчныг хамгаалах эрх зүйн уламжлал шинэчлэл сэдвээр МУИС-ийн дэргэдэх Эрдмийн зөвлөлд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэргийг 100 хувийн саналаар хамгаалсан юм. Мөн бүтээлийн үзүүлэлтээр 1997 онд профессор цолыг Эрдмийн зэрэг цол олгох Дээд зөвлөлийн шийдвэрээр тус тус хүртэж байлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ:Тэгш бус гэрээний нөхцлөөс болж “Эрдэнэc таван толгой” компанийн ажилчид төдийгүй Монгол Улсын гурван сая иргэн хохирч байна

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн “ТиТиЖиВиСиӨү” ХХК-тай байгуулсан тэгш бус гэрээний алдагдлын талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд ярихдаа “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн “ТиТиЖиВиСиӨү” ХХК-тай байгуулсан гэрээний талаарх зарим бодит баримтыг нийгэмд танилцуулж судлуулахыг хүссэн юм. “Эрдэнэт таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүдийнхээ өмнөөс төлөөлөн ажилчдаа эрүүл, аюулгүй байдал хангагдсан орчин нөхцөлд ажиллуулахын тулд энэ асуудалд оролцож байгаа юм. “Эрдэнэс таван толгой” компанийн “ТиТиЖиВиСиӨү” компанитай байгуулсан гэрээний хүлээсэн үүрэгт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг аюулгүй байдлаар хангасан орчин нөхцөлд гүйцэтгэн явуулах хамаарал бүхий заалт байгаа. Уг үүргийг эс биелүүлсэн, аюулыг арилгаагүй тохиолдолд гэрээг шууд цуцлах хүртэл арга хэмжээ авах заалтыг компанийн удирдлагууд ашиглахыг шаардаж байна. “Эрдэнэс таван толгой”компанийн үйлдвэрлэлийн талбайд гарсан ослын тохиолдол 2016 онд 68 удаа, 2017 онд 34 удаа бүртгэгдсэн байгаа юм. Үүнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “ТиТиЖиВиСиӨү” компанид гэрээний үүргийн хэмжээнд дүгнэлт хийж хангалттай хариуцлага тооцоогүй. Тэгш бус гэрээний нөхцөлөөс болж “Эрдэнэс таван толгой” компани болон нийт ажилчид, хувьцаа эзэмшигчид төдийгүй Монгол Улсын гурван сая иргэн хохирч байна. Зүүн цанхид ажиллаж буй Хятад даргатай, Сингапур улсын иргэний хөрөнгө оруулалттай “ТиТиЖиВиСиӨү” компанийн 1м3 уулын ажил хөдөлгөх үнийг 11750-иас 7350 төгрөг болгон бууруулж, Баруун цанхийн уурхайд ажиллаж буй Монгол компанийн үнэлгээг 6450-иас 7350 төгрөг болгон нэмэгдүүлж хоёр уурхайн үнэлгээг тэгш болгох хэрэгтэй. Ингэснээр жилд 115 тэрбум төгрөг хэмнэх боломжтой бөгөөд нэг иргэнд жилд 38000 мянган төгрөг ноогдоно гэв.

Мөн тэрээр хэвлэлийн хурлын төгсгөлд хэлэхдээ “ТиТиЖиВиСиӨү” компанитай байгуулсан гэрээг өнөөдөр хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь “Эрдэнэс таван толгой” компанид эдийн засгийн алдагдал учруулах санааг агуулж байна. Энэ нь зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн үйлдэл, шинж байгаад мэргэжлийн байгууллагууд, үндэсний аюулгүй байдлын үүднээс хандаж анхаарлаа хандуулна гэж итгэж байна хэмээн онцлон хэлж байв.

Б.ҮРЖИГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Г.Бямбасүрэн: “МАХН-ын их хурал бол О.Баасанхүү гишүүний эсрэг цуглаан” гэв

МАХН-ын хэсэг гишүүд энэ сарын 9,10-нд болох намынхаа Их хурлын талаар мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд өнгөрсөн арванхоёрдугаар сард МАХН-ын II их хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгосон. Гэвч энэ хурлыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй гишүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, хуулийн байгууллагад нөлөөлж, тус хуралд оролцсон МАХН-ын жирийн гишүүдийг зодох, дарамтлах зэргээр хууль бус үйлдэл хийж байна хэмээн хурлын үеэр онцолж байлаа. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бусад гишүүдийг оролцуулахгүйгээр их хурлаа зохион байгуулж байгаад харамсч байгаагаа тодотгож байсан юм.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ “МАХН-ын их чуулган маргаашаас хийнэ гэсэн яриа байна. Энэ чуулган О.Баасанхүү гишүүний эсрэг цуглаан. Намын их чуулган гэдэг бол албан ёсны бүтцээс сонгогдсон төлөөлөгч бүрэн эрхээ эдлэн их хурлаа хийдэг дүрэмтэй. Гэтэл энэ хурал мөнгө тараан цуглуулсан хүмүүсийн цуглаан болох гэж байна. Түүнчлэн жирийн гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшил, өөрсдийн саналаар хийсэн их чуулганы шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөө МАХН гэсэн нэрийг ашиглахын төлөөх үйлдлийг удаа дараа хийж байна. Ялангуяа их чуулганы үе болон 19-нд болсон шүүх хурлаас хойш намын гишүүдийг удаа дараа дарамтлан зодсон. Маргаашийн хурлаар О.Баасанхүү гишүүнийг доромжилсон хүнд таван сая, мөн өлсгөлөн, суулт зарласан хүнд арван сая төгрөг өгнө гэж манай гишүүдийг дарамталсан. Хуралдаа олон хүн оролцуулахын тулд гадуур явж байгаа хүмүүст хоёр мянган төгрөг өгч, гишүүний анкет бөглүүлсэн. Энэ дотор хөдөө орон нутагт амралтаараа очсон оюутнуудын зардлыг даан, хуралд оролцуулахаар авчирсан гэх мэт хууль бус үйлдлүүд байгаа. Дээд шүүх хурлынхаа шийдвэрийг бидэнд өгөхгүй байна. Энэ шийдвэрийг авчихвал бид дараагийн байгууллагуудад хандана” гэв.

МАХН-ын бага хурлын гишүүн Ч.Мөнхбаяр ярихдаа “Маргааш болох МАХН-ын хоёрдугаар их хурал бол хууль бус үйл ажиллагаа. Дээд шүүхийнхэн энэ асуудалд бодитой хандахыг бид хүсэж байна. Н.Энхбаяртай хамаатай хүмүүс биднийг урвасан гэж яриад байгаа. Бид юунаас ч урваагүй. Харин Н.Энхбаяр гэдэг хүн бүхнээс урвасан.Энэ хүн намын идэвхтэй гишүүдийг зодох хууль бус ажиллагаанд шилжиж байна. Би өөрөө учир битүүлэг халдлагад өртсөн” гэсэн юм.

Б.ҮРЖИГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эзэнтэй ба эзэнгүй сэтгүүлчид

НЭГ. МОНГОЛЫН ГУРАВДУГААР МЭРГЭЖИЛ

Сэтгүүлчийн ажил нь хамгийн хаалттай орчинд ч гэсэн өөрийн үзэл бодлыг “илэрхийлэх” боломж олгож байсны хувьд ХХ зууны Монголын мөрөөдлийн мэргэжлийн нэг байлаа. Үнэн хэрэгтээ тэрхүү эрх чөлөө нь нам, төрийн заасан хэмжээ, зааварласан хязгаар хоёрт хатуу баригдаж байсан ч гэсэн.

Олон түмэн радиогоор ярьж, зурагтаар гарч, сонин хэвлэлд юм бичээд нэрээ тавьдаг тэр хүмүүсийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний амьд биелэл хэмээн хардаг байжээ. Хүмүүс санасан бодсоноо ингэж ярьж, бичиж үзэхсэн гэж мөрөөсөн бодно. Уг нь мэргэжлийг биш мэргэжлийнхээ далбаан дор эдэлж “харагддаг” эрх чөлөөг л мөрөөдөж байсан хэрэг юм л даа.

Өнгөрсөн үеийн энэ итгэл мөрөөдөл өнөө ч хэвээрээ байгаа болохоор хувь, хувьсгалын бараг бүх дээд сургууль сэтгүүлчийн анги нээжээ. Багш бэлтгэдэг сургуульд хүртэл иймэрхүү анги байдаг нь “Багш болж чадахгүй юмаа гэхэд ядаж сэтгүүлч болог” л гэсэн санаа юм болов уу даа. Анагаахын сургуульд байдаг эсэхийг мэдэхгүй ч гэсэн “Эмч болохоо байг гэхэд-толгой өвдөхөд анальгин зүгээр гэж зурагтаар яриад амь зууж яваг, хөөрхий” гээд сэтгүүлчийн анги нээсэн байхад гайхах юм алга.

Өнөөгийн монголчуудын мэргэжил хуульч, эдийн засагч, сэтгүүлч гэсэн гурван хэсэгт хуваагдаж байна. Хуульч болбол хэрэгт орохгүй гэж манайхан итгэдэг. Монгол Улс 30.000 хуульчтай, 3000 хуульчийн орон тоотой гэдэг статитистик бий. Тэднээс хуульч Нямдорж л ганцаараа сайд болж, лексус 570″ унаж байгаа ч “ядаж л хэрэгт орохгүй” гэх найдлагаар мянга мянган хуульч шинээр мэндэлсээр… Уг нь бол “хэрэг хийхгүй байхад л хэрэгт орохгүй” гэдгийг хэлээд ч яалаа, байлаа ч яалаа.

Эдийн засагч болчихвол баяждаг гэж монголчууд бас боддог. Оюутнууд, эдийн засаг зааж байгаа хүмүүсийнхээ хөрөнгө чинээгээр баримжаа авч болох ч гэсэн тэгдэггүй. Эрхбиш, эдийн засагч болоод сайхан амьдарч болохгүй бол эдийн засаг заагаад амь зууж болох юм гэсэн итгэлтэйгээр төгсдөг байлгүй, яав гэж. Ер нь бол эдийн засагч олшрохын хэрээр эдийн засаг унаж байгаа нь бол баримт юм.

Харин сэтгүүлчийн мэргэжил нь түүнийг дагнан эзэмшигчээс гадна, хуульч болж барахгүй бол, эдийн засагч болж дийлэхгүй бол, эмч болж дийлэхгүй бол барьж авдаг салбар болоод иржээ. Хуульчийнхаас ялгаатай нь, юм яригч, бичигчийн орон тоо хумигдах биш харин ч нэмэгдсээр… фэйсбүүк, твиттер, юүтүб гээд интернэт орчныг оруулаад үзвэл хүн төрөлхтний нийтлэг мэргэжил болоод явчихлаа.

Манай сэтгүүл зүйд түгээмэл байгаа баримт мэдээллээс илүүтэйгээр байр суурь үзэл бодлоо түгээх хандлага нь сошиаль ертөнцийн жиргээ сэлттэй холилдоод ер бусын өнгө төрх бүрдүүлж эхэллээ. Энэ бүхний дундаас мэргэжлийн сэтгүүл зүй хэрхэн ялгарах нь сонин байна.

ХОЁР. МОНГОЛЫН ДӨРӨВДҮГЭЭР “ЕС”

Ардчиллын үед “чөлөөт хэвлэл нь дөрөв дэх засаглал” болдог гэдэг афоризм манайхны сэтгэлийг их татдаг. Үүнийг шууд л хоёрдогч төрийн алба гэж ойлгох. Нэг, хоёр, гуравдугаар төрийн албанд орж чадахгүй юм аа гэхэд, дөрөвдөгч төрийн албанд орох боломж нээлттэй гэсэн үг.

Дөрөв дэх засаглал гэж юүг хэлээд байна гэхээр, ийм юм. Юуны өмнө хууль тогтоох, тогтоосон хуулийг нь хэрэгжүүлэх, хууль хэрэгжиж байгаа эсэхийг шүүх ийм гурван засаглалын дараагаар мэдээллийн “засаглал” орсны учрыг олохын тулд эхлээд мэдээлэл бол бизнес гээд тогтчихьё.

Хэвлэл, мэдээлэл нь нэгэнт л бизнес учраас хэн нь илүү их мэдээлэл зарах тухайд өрсөлдөөн эхэлнэ. Илүү мэдээлэл зарахын тулд илүү уншигч, үзэгчдийн итгэлийг илүү хүлээх ёстой. Илүү итгэгдэхийн тулд хамгийн зөв, хамгийн сонин мэдээг, хамгийн түрүүнд хүргэх ёстой болно. Энэ өрсөлдөөн нь нийгэмд үнэн мэдээллийг шуурхай түгээх уралдаан өрнүүлнэ. Уралдааны үр дүнд нийгэм нээлттэй болж, сайн муу бүх юм нь мэдээлэгдэнэ. Энэхүү нээлттэй байдал нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг ил тод байлгаснаар шударга ёс ноёлно гэсэн философи.

ГУРАВ. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН “БҮГДИЙН ДАРГА”-ЫН СОНГУУЛЬ

Өнөө маргаашгүй Монголын сэтгүүлчдийн байгууллага их хурлаа хийх гэж байна. Хүмүүс “дөрөвдүгээр засгийн газрын Ерөнхий сайд” хэн болохыг анхааралтай харж байх шиг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол хуучин Монголын сэтгүүлчдийн холбоо хэмээх төр, засгийн дэргэдэх төрийн бус байгууллагын өв залгамжлагч маягтай газар юм.

ХХ зуунд МАХН бол цор ганц улс төрийн нам бөгөөд цор ганц эрх баригч байсан. Түүнийг тойруулан төрийн бус байгууллага нэртэй олон тооны “дэд МАХН” байсны нэг нь. МҮЭ, Зохиолчдын эвлэлийн нэгэн адил Засгийн газрын бүтцэд багтана.

Өнөөдөр ч гэсэн эрх баригч нам ба түүний дагуул хөдөлгөөн, “дэд нам”-ын үзэгдэл тодорхой утгаараа оршсоор байгаа юм. Тэр утгаараа, Монголын сэтгүүлчдийг бүгдийг нэгтгэсэн гэх байгууллага ба түүний толгойлогч оршин байгаа нь манай улс төрөөс урган гарсан үзэгдэл билээ.

Яагаад гэхээр ийм юм. Зарим хүний ойлголтоор, Монголын Дөрөв дэх Засаглалын тэргүүн буюу Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын дараагаар нэр нь бичигдэх нигууртай гэгдэх хүн бол хоёрдмол шинжтэй дарга.

Нэг талаасаа улсын “дөрөвдүгээр” хүний үгэнд ороод явах сонин сэтгүүл, сэтгүүлч ч цөөхөн дөө цөөхөн. Гэхдээ айхгүй ч аягүй гэгчээр хаанаас нь ч харсан Монголын бүх сэтгүүлчийн дарга учраас бусад улс төрчдөд их хэрэгтэй. Түүнийг талдаа татсан хүн ерөнхийдөө л бүх сэтгүүлчдийг өөртөө татчихсан ч юм шиг харагдана. Бас “ерөнхийдөө л бүхий л сэтгүүлч” нарыг таны талд харагдуулах энэ чанар дээрээ томоохон менежмэнт хийж болно.

Чухам ийм учраас сэтгүүлчдийн өмнөөс ярих эрхийн төлөөх өрсөлдөөн болно гэсэн үг. Дараагаар нь уг “бүгдийн даа”, “өмнөөс яригч”-ийг улс төрийн аль нам, бүлэглэл ивээх тухай бизнес-улс төрийн яриа үүснэ. Ийм учраас Монголын сэтгүүлчдийн “бүгдийн даа”-гийн төлөөх өрсөлдөөн манай орны улс төрийн амьдралд мааш чухал үйл явдал болоод байгаа хэрэг.

ГУРАВ. МОНГОЛЫН ЭЗЭНГҮЙ СЭТГҮҮЛЧИД

Харин хэрэг дээрээ Монголын хэвлэл, сэтгүүлчид “Бүгдийн дарга”-ынхаа үгэнд ороод явах нь юу л бол. Угаасаа толгой толгойгоо даах эрмэлзэлтэй, “миний амбиц-миний иймэж” уриатай монголчууд нэг малгайн дор ороод явах ямар ч бололцоо байхгүй.

Нөгөө талаас сэтгүүлчдийн байгууллага нь сэтгүүл зүйн салбарын эрх ашгийг хамгаалах боломж нөхцөл ч хоёрдмол. Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэдээллийн бизнесийг хамгаалах тал дээр бол юм яриад байж болдог.

Харин сэтгүүлчийн хувийн эрх ашиг, цалин хөлс, ажиллах орчин, илүү цагийн хөлс, урамшууллын талаар ярих бололцоо хязгаарлагдмал. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагад “анги хамт олноороо” буюу ажлын газраараа элсдэг учраас иймэрхүү алхмууд эздийн эрх ашигт харшлана. Ихээхэн дургүйг нь хүргэвэл “хамаг хүмүүсээ аваад танайхаас гарна, сэтгүүлчдийн шинэ холбоо байгуулна” гээд “Бүгдийн дарга”-ыг айлгачихна.Хувь сэтгүүлчийн эрх ашиг үнэн хэрэгтээ хамгаалалтгүй үлдэж байгаа юм. Энэ утгаараа сэтгүүлчдийн холбоо гэхээсээ илүү мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо маягтай харагддаг.

Нөгөө нэг тал нь ахмад сэтгүүлчид. Насаараа аль нэг хэвлэлийн байгууллагад ажиллаж, зохих ёсоор хүндлэгдэж явсан ахмадууд өнөөгийн сэтгүүлчдийн байгууллагыг халуунаар тойрон хүрээлдэг. Чөлөөндөө гарч, албан байгууллагын харьяаллаас холдон ганцаардахын зовлонгоос олон ахмадыг аварч, өөрийн гэх байгууллага, харьяалалтай байлгаж, ой өдөрлөгүүддээ урьж баярлуулах нь сэтгүүлчдийн байгууллагын нэгэн тулгуур ажил бөгөөд баярласан ахмадууд ч тэдний бодлого ажлыг дэмждэг нэгэн цөмийг бүрдүүлдэг гэж хэлдэг.

Яг амьдрал дээр сэтгүүлчдийг сонирхол онцлогоор нь нэгтгэсэн, амьд үйл ажиллагаатай олон байгууллага бий. Жишээ нь “Өдөр тутмын сонины холбоо” байна. Өдөр тутам хэвлэгддэг сонинуудыг нэгтгэсэн энэ байгууллага Монголын хамгийн хамгийн хүчтэй сэтгүүлчдийн холбоо байж магадгүй. Бас “хамгийн олон хүн уншдаг” шалгуураар гишүүдээ цуглуулсан “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” буюу “baabar.mn” сайтынхан бол Монголын нийгэм улс төрд хамгийн нөлөөтэй Сэтгүүлчдийн холбоо байх. Хувийн салбарыг түшиглэсэн Монголиан масс медиа, Блүүмбэргийг тойрсон бүлэглэл гээд сэтгүүл зүйн шинэ нэгдлүүд үүсч байна.

За тэгээд, ерөөсөө “сонины холбоо”, дурын “сайтын холбоо” гээ л бишгүй л олон газар дуулддаг нь байх ёстой, хэвийн зүйл.

Өнөөгийн манай МСНЭ бол нэгдүгээрт Монголын сэтгүүлчдийн байгууллагуудын холбоо гэмээр ч юм шиг. Нөгөө талаас нь Монголын хэвлэл, мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо ч гэмээр. Улмаар ахмад сэтгүүлчдийн байгууллага ч юм уу гэхээр. Үнэндээ бол улс төрийн сонирхол дагуулсан “дэд нам засаг” гэчихсэн ч болохоор. Өөрсдийгөө болохоор “Монголын бүхий л сэтгүүлч нарын холбоо” гэж ойлгох жишээний.

Нэг үнэн юм юу байна гэхээр, сэтгүүлчийн хувийн эрх ашгийг хамгаалсан сэтгүүлчдийн байгууллага Монголд байхгүй байна. Хууль бусаар халагдсан сэтгүүлчийг хамгаалах, тэдэнд хөдөлмөрийн сайн нөхцөл шаардах, цалин хөлс нэмэхийг шаардах хэн ч байхгүй учраас Монголын сэтгүүлчид үнэн хэрэгтээ “Сэтгүүлчдийн холбоо”-гүй байгаа юм.

Дээрхи байгууллагыг тойрсон ахмадуудын хүрээлэл нь хүмүүнлэг нинжингийн үйлс байж болох ч байнгын ирц, тодорхой асуудлаархи саналын багц гэдэг утгаараа л хэрэгцээтэй байдаг ч байж магадгүй.

Ингээд харахаар дараахь хоёр дүгнэлт гарч байна.

Нэгдүгээрт бүх сэтгүүлч, бүх сонин хэвлэлийг нэгтгэнэ гэдэг өөрөө боломж муутай төдийгүй угаасаа боломжгүй. Иймээс “сэтгүүлчдийн холбоодын холбоо” гэдэг агуулга руугаа илүү зохион байгуулагдах болов уу.

Хоёрдугаарт, яг сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах байгууллагагүй аж. Ийм үйл ажиллагаа нь өнөөгийн мэдээллийн бизнес эрхлэгчдийн эвсэл маягтай ажилладаг МСНЭ-ийн мөн чанарт ч харш юм байна. Тийм учраас багш нарын цалинг нэмэх жагсаал болдог, харин сэтгүүлчдийн цалин нэмэхийг шаардсан жагсаал гэж байдаггүй юм байна. Өмнөөс нь ярих олон эзэнтэй ч, өөрийнх нь төлөө явах эзэнгүй, сэтгүүлчдээ гэж.