Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх Ерөнхий сайд аа, амиараа тангарагласан шударга ёсоо хэрэгжүүлэх цаг чинь ирлээ

Холбоотой ЗурагГэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсад өнөөдөр шударга ёс болоод хуульт ёсны төлөөх тэмцэл урьд өмнөхөөсөө илүү ус агаар мэт амин чухал болж байна. Учир юу вэ гэвэл улс орныг тэжээн тэтгэж ирсэн “саалийн ганц үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр луйварчдын гараар ороод байхгүй болжээ. Монгол Улсын сүүлийн зуун жилийн ганц том бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад хэсэг нөхөд Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар туучихсан нь ил болж, дуулиан шуугиан дэгдэх нь тэр. “Жаст” группийн захирал Ш.Батхүү гэдэг нөхрийн зээлсэн мөнгөнөөс 95.2 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төлөх дээрээ тулаад байна. Мөн түүний зээлсэн байж болзошгүй 51.5 тэрбум төгрөгийг Төрийн банк төлөх шийдвэр тэртээ 2013 онд гарчээ. Ийм л айхтар нөхцөл байдал үүсч Английн худалдааны шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилэхээр болсон.

Энэхүү дуулианыг товчхон сануулахад, “Стандарт” банкнаас нийт 213.3 сая ам.долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн нь тогтоогдсон. Уг орлогоос УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт 55.6 сая ам.доллар, Жаст компаниас нийлүүлсэн түлш, шатахуунд 41.2 сая ам.доллар зэрэг төлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас шилжүүлсэн байна.Лондонгийн олон улсын арбитрын шүүх 2016 оны тавдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Жаст групп” ХХК-д баталгаа гаргасан гэж үзэн 50.988.425.60 ам.долларын төлбөрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд төлүүлэхээр шийдвэрлэсэн бол 2017 оны долоодугаар сарын 27-нд тус шүүх хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нийт 44.362, 608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр хүү алдангитайгаа 100 гаруй сая доллар болон нэмэгдэж, өдөрт 800-900 доллар хүү алдангид нь төлөхөөр болж байна.

“Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. 2015 оноос АТГ-т шилжсэн. Өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй байна. Харин ч хурцадмал байдалд тулж ирээд байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэдэг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусч байна. Төлбөрийг нь төр даагаад “Эрдэнэт”-ээ барьцаанд тавьсан нөхөд, улс төрийн бүлэглэлүүд хариуцлагаас мултрах ёсгүй” гэж Их хурлын гишүүд удаа дараа мэдэгдэл хийж байгаа. Тэд Засгийн газрын хуралдаанаар Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой Эрдэнэтийн асуудлыг авч хэлэлцсэн. Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг Эрдэнэт үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Гэвч удирдлагууд нь 49:51 хувь гээд хоёр тийшээ хараад суучихаад байгааг ч хэлж байна.

Эрдэнэтийн асуудал Алт диллерийн, Хадгаламж банкны, ашигт малтмалын…гээд төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон дуулиант хэргүүд шиг замхраад алга болох ёсгүй. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, байгаа, УИХ-ын дарга байсан, байгаа, Ерөнхий сайд байсан, байгаа, Хууль зүйн сайд байсан, байгаа гэх эдгээр нөхдүүдтэй холбоотойгоор замхарч алга болох аюул нүүрлээд буй юм. Эрдэнэтийн 51 хувь нь МАН-ын чиглэлтэй, 49 хувь нь АН-ын чиглэлтэй. Уг хэрэгт холбогдож буй хүмүүс нь нэр усаараа байж байгаа. Тухайлбал, “Стандарт” банкны асуудал дээр тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан С.Баярын нэр яригддаг. Мөн тухайн цагт Эрдэнэт үйлдвэрийн захирал нь Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга нь одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугар, Улаанбаатар төмөр замын гүйцэтгэх захирал нь Сангийн сайд асан Т.Очирхүү нар байсан. Энэ хүмүүс бол МАН-ын өндөр албан тушаалтнууд. Ардын нам засаг барьж байх үед дандаа л дарга сайд байсан хүмүүс. 49 хувь дээр нь Худалдаа хөгжлийн банк болоод төр засгийн тодорхой эрхэмүүд байгаа. Дээр өгүүлсэнчлэн Ардчилсан нам, засгийн эрх барих үед өндөр албан тушаалд байсан эрхэмүүд.

Эрдэнэтийн асуудлыг хууль ёсны дагуу үнэн шударгаар шийдэхийг ард түмэн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаас итгэл найдвар тавин хүлээж байна. Уг хэргийг Ерөнхий сайд та Алт диллерийн, Хадгаламж банкны хэргүүд шиг замхруулаад алга болгох юм бол амь наснаасаа ч илүү хайрлаж байсан ард түмний итгэл алдарна. Та Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод Монгол төрийн индэр дээрээс “Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг, ард түмнээ өмгөөлдөг, худлаа амлаж хуурдаггүй, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байх болно. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэж, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд. Монголын төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс би айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс” гэж итгэл төгс хэлсэн билээ.Энэ үг ард түмнийг машид зоригжуулж, одоо л нэг шударга ёс тогтох нь ээ гэх итгэлийг төрүүлсэн юм.

Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдтэй одоо л “заамдалцаж”, хууль ёсны хүрээнд тэмцэх цаг чинь иржээ. Мөн та “Монгол төрийн дархлаа суларчээ. Энэ бүхнийг одоо тас цохин цэгцлэх ёстой. Шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын утаа шиг болсон байна” гэж хэлсэн. Ерөнхий сайдын тамгыг гардахдаа хэлсэн үг, бодлого зорилтоо одоо л зоригтойгоор хэрэгжүүлж ажил хэрэг болгох нь амин чухал байна.

Таны шударга ёс, хуульт ёсны төлөөх энэхүү тэмцлээс Монгол Улс цаашдаа тусгаар байх эсэх, үндсэндээ шударга ёс, хуульт ёс сэргэн мандсан хүчирхэг гүрэн байх эсэх нь шууд хамаарч байна. Та энэхүү тэмцэлдээ МАН, АН-ын шударга ёсыг эрхэмлэн дээдэлсэн, хуульт төрийг нэхсэн залуучуудын дэмжлэгийг авах хэрэгтэй. Мөн шударга ёсыг эрхэмлэдэг дэвшилтэт хүмүүс, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, Монголын нэр нүүр болсон эрхэмүүд Ерөнхий сайдаа хүрээлж, шударга ёсыг хамтдаа тогтоон улс орноо зөв голдрилд оруулах хэрэгтэй. Монголын хэвлэл мэдээлэл энэ бүхнийг дэмжих учиртай. У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө Эх орончдын өдөрт зориулсан баярын хуралд хэлсэн үгэндээ “Энэ дэлхий дээр Монгол Улс ганц л бий. Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг юм” гэж мэдэгдсэн.

Улс төрийн гол хоёр хүчин Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдмэл байр суурьтай байж, шударга ёсыг тогтооход нь туслах ёстой.Өнөөдөр Монголын төрд сүүлийн хорин хэдэн жил бугшсан асар том идээ бээр хагарах торгон мөч ирчихээд байна. Улс төрийн нам дамжсан бүлэглэл үнэндээ хууль дүрэмгүй юм шиг дургиж аашилсны эцэст Эрдэнэт үйлдвэрээ залгичихаад байж байна. Үүнийг л шударгаар, хууль ёсны дагуу шийдэх нь Ерөнхий сайд таны эр зоригийн асуудал мөн. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий хөдлөхгүй бол бидэнд цаг алга гэж та мөн л төрийн индэр дээрээс хэлж байсан. Хэрвээ Эрдэнэтийн асуудлыг хуйвалдаад, аргалаад, ард түмнээ хуурч мэхлээд өнгөрөөвөл Монголын төр цаашид оршин тогтнох нь хэцүү болно. Юун төрийн дархлаа сулрах, төр улс байх эсэх нь эргэлзээтэй болно. “Яалт ч үгүй манай намын юм даа. Надад өмнө нь олон удаа гавьяа байгуулж, тус болж байсан юм” гэх зэргээр хувийн сэтгэлээр хандаж болохгүй.

Энэ бол Монголын төр болоод ард түмний ёс зүйн асуудал. Ёс зүй алдагдаж шударга ёс, хууль ёс байхгүй бол тухайн улс гүрэн нуран уналаа гэсэн үг. У.Хүрэлсүх сайд энэ бүхнийг урьдчилан харж, бодон тунгааж байж Монголынхоо ард түмэнд “амь насаараа дэнчин тавьж” буйгаа зарласан байлгүй дээ. Тиймдээ ч “Авлига хээл хахуултай хатуу тэмцэж, бурууд нүд хурц байна” гэдгээ зарим нөхдөд байн байн сануулж, өөрийгөө зоригжуулж байгаа болов уу. Ер нь ч тэгээд Монгол Улсын Ерөнхий сайдад ард түмнийхээ өмнө амь насаараа дэнчин тавих хэмжээний асуудал Эрдэнэтээс өөр юу л байв гэж дээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбаатар: Эмэгтэй хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн хайр халамж

“Ариусахуйн ертөнц” сэтгэл зүйн эмнэлгийн сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Эмэгтэй хүнийг яаж баярлуулах ёстой байдаг вэ. Эмэгтэй хүн юунд илүү баярладаг юм бэ?

-Эмэгтэй хүнд хамгийн их сэтгэлийн таашаал өгдөг бэлэг бол өөрт нь таалагддаг бэлэг. Бэлэг заавал материаллаг байх албагүй. Гоё хоол хийж өгөх, хамт салхинд гарахыг бүсгүй нь хүсэж байгаа бол хамгийн том бэлэг болж ч чадна. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг утгаар нь сарнай цэцэг өгвөл сэтгэлд нь ихэд нийцтэй. Хайртай эмэгтэйнхээ сэтгэлд хүртэл харилцаж чаддаггүй, хайрлаж халамжилдаггүй бол хичнээн үнэтэй, эд материаллаг бэлэг өгсөн ч сэтгэлд нь хүрэхгүй. Ямар ч хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн бэлэг байдаг. Магадгүй тэр нь үнсэлт, хайраар дүүрэн харц ч байж болно. Эсвэл өөрийнх нь авахыг маш ихээр хүссэн бэлгийг өгч болно. Бэлэг гэдэг бол хязгааргүй. Хамгийн үнэтэй булган шуб бэлэглэсэн ч эмэгтэй хүн сэтгэлийн ханамж авахгүй байж магадгүй шүү дээ. Хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн хайр халамж, бусад нь бол дагалдах хүчин зүйл гэж ойлгож болно. Хайртай хүндээ хайрлуулж буйгаа мэдрэх л хамгийн том бэлэг болж чаддаг.

-Баяр гэлтгүй бусад үед ч хайртай эмэгтэйгээ эхнэрээ, ээжийгээ, охиноо аз жаргалтай байлгахын тулд эрчүүд яах ёстой?

-Хүн жаргах эрхтэй, бусдыг жаргуулах үүрэгтэй төрдөг. Жаргал гэж сэтгэл санааны амар амгалан байдал, тайван сайхан амьдрал, сэтгэл хангалуун байдлыг хэлдэг. Тиймээс монгол эр хүн бүр хайртай бүсгүйгээ өдөр бүр аз жаргалтай байлгах нөхцөлийг бүрдүүлэх юм бол тэр эмэгтэй үнэхээр жаргалтай байж чадна. Энэ нь түүнд өгч буй насан туршийнх нь хамгийн том бэлэг. Энэ бэлэг нь эмэгтэйчүүдэд юугаарч үнэлж, юугаар ч сольж болшгүй бэлэг болж чаддаг. Өглөө, өдөр, орой, шөнө ч гэсэн ямар ч тохиолдолд эмэгтэй хүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун байлгах хэрэгтэй. Эмээ, ээж, эхнэр, охин, найз бүсгүйгээ, ач зээ нар гэх мэт бүх л эмэгтэйчүүдийг аз жаргалтай байлгаж чадах юм бол Монгол Улс амар тайван, аз жаргалтай, хөгжил дэвшилтэй орон байж чадна. Жинхэнэ эр хүн бол хайртай эмэгтэйгээ юунд дуртайг сайн мэдэж байх ёстой.

-Сүүлийн үед зөвлөгөө авч буй хүмүүсийн байдлаас ажиглахад монгол эмэгтэйчүүд яаж амьдарч байна вэ?

-Аз жаргалтай эмэгтэйчүүд бий. Ажил мэргэжлийн хүрээнд би маш олон хүнтэй уулзаж, харилцдаг. Зовж байгаа нь бий. Эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөр, найз залуугаасаа болж зовлонтой тулгардаг. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн зовлон гунигийн асуудал их ирдэг гэсэн үг. Эрчүүдэд үнэхээр хатуу үг хэлмээр санагддаг. Хатуухан хэлэхэд эмэгтэйчүүдийг зовоож буй тэр эрчүүд арчаагүй, өөдгүй, амиа бодсон бэртэгчингүүд байна. Гэхдээ аз болоход ийм эрчүүд цөөхөн байгаа гэдэгт итгэдэг.

-Ирээдүйд яаж ийм амиа бодсон эрчүүдийн тоог цөөлөх вэ?

-Энэ бол маш чухал асуудал. Монголын ирээдүйг тодорхойлох зүйл. Энэ жилээс эрүүл мэндийн хичээл Ерөнхий боловсролын сургуульд орох гэж байх шиг байна. Үүнээс гадна хүүхдүүдэд сэтгэлзүйн боловсролыг багаас нь олгох шаардлагатай. Харилцаа гэж юу юм, хайр гэж юу вэ. Үнэт зүйл гэж юу юм. Хүн юуны тулд, хэний төлөө амьдардаг юм гэдгийг ухамсарлуулж бусдыг хайрлах чадварыг эзэмшүүлэх шаардлагтай байгаа юм. Хүүхдийн хүмүүжлийн сэтгэл судлал бол дунд, дээд сургуульд ч орох ёстой. Гэхдээ юу ч мэдэхгүй, юу ярьж байгаагаа ч ойлгохгүй хүмүүсээр энэ хичээлийг заалгаж болохгүй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс л заах ёстой.

-Яагаад зарим эрчүүд ийм амиа бодсон болов. Юу нөлөөлөв?

-Социализмын үед нийгэм харьцангуй тогтвортой байсан. 1990-ээд оноос нийгэм тогтворгүй болсон. Зах зээлийн нийгэмд хүн чанар гэдэг зүйл бараг үгүй болдог. Үүнтэй ч холбоотой. Тогтворгүй үед хүмүүс наймаанд явж, гадагшаа гарч салж сарниж өвөө, эмээ аав, ээж, ах дүү танил айлдаа хүүхдээ орхиод явдаг байсан. Аз болоход сайн өвөө, эмээ дээрээ өссөн хүүхдүүд байдаг. Гэхдээ хайр халамжаар дутуу өссөн тавиул хүүхдүүд хэзээ ч бусдыг хайрлана гэж байхгүй. Тухайн үеийн хүүхдүүд одоо гэр бүл зохиогоод алдаа их гаргах байдал ч ажиглагдаж байна. Тиймээс төр засгийн бодлого, ирээдүйн монгол гэр бүл рүү чиглэж хүчтэй ажиллах ёстой.

-Хайрлуулж өссөн хүн л хүнийг хайрладаг уу?

-Хайрлуулсан хүүхэд хүнийг хайрлана. Гэхдээ хүүхдээ буруу хайрлаад, хүссэн болгоныг нь авч өгөөд бүх зүйлийг бэлдээд, өмнөөс нь асуудлыг нь шийдээд байгаа бол хүлэмжийн хүмүүжил олгож байна гэдэг. Ийм хүлэмжийн хүмүүжилтэй өссөн хүүхэд ирээдүйд өөрийгөө авч явах чадвар муу, өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцах чадваргүй, оновтой зөв шийдвэр гаргах чадваргүй, бусдын гарыг харсан хүн болж хувирдаг. Бусдыг хайрлах чадваргүй мөртлөө бусдаас хэт их хайрыг шаарддаг нэгэн болчихдог. Өгөө аваатай, энергийн солилцоотой байж, эхлээд бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулах хэрэгтэйг ойлгодоггүй.

-Эсрэгээрээ эмэгтэй хүмүүс бусдыг энэрэх сэтгэлгүй болсон тохиолдол хэр гардаг вэ?

-Багадаа харшилсан хүмүүжлээр өссөн, гадуурхагддаг, архи уудаг агсан тавьдаг, загнадаг, зоддог гэр бүлд өссөн эмэгтэй хүүхдийн энэрэнгүй зөөлөн сэтгэл тун бага. Хүнийг хайрлах чадваргүй болчихсон, үзэн ядалтаар өссөн эмэгтэйчүүд эр нөхрөө үл ойшоодог, тэгэх ёстой гэдэг байр сууринаас ханддаг. Өөрсдөө хайрыг өгч чаддаггүй. Хүүхдүүддээ ч хэт туйлширсан байдлаар ханддаг. Хүүхдүүдийнхээ ирээдүйг сүйрүүлдэг эмэгтэйчүүд байна. Гэхдээ харьцангуй бага. Залуу гэр бүлүүдэд сайн эцэг эхчүүд байгаа ч хүүхдийн хүмүүжлийн тухай анхаардаггүй, биологийнхоо хэрэгцээг хангачихаад л явж байдаг залуус ч олширсон байна. Тиймээс гэр бүлийн хүмүүжил боловсролын талаар төрөөс цогц бодлого баримтлах шаардлага тулгарчээ.

-Хэдэн наснаас гэр бүл зохиох нь зохимжтой юм бэ?

-Бусдыг таних гэж үерхэлгүй яахав. Гэхдээ хамгийн түрүүнд би хэн бэ, би зорилгодоо хэр тэмүүлж чадаж байна. Би эхнэр, нөхөр болоход төлөвшсөн байна уу, асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хэрхэн биеэ авч явж чадаж байна гэх мэтээр өөрийгөө таних хэрэгтэй. Ингээд өөрийгөө таньчихаад, эсрэг хүйстнийхээ сэтгэл зүйг таних чадвартай болно. Сүүлийн үед залуучууд би ийм хүнтэй үерхэж байгаа, бид хоёр таарах болов уу гэж зөвлөгөө авдаг болсон байна. Энэ их зөв шүү дээ. Монголчууд удам судрыг нь харна гэдэг нь харьцангуй оновчтой шийдвэр байдаг. Буруу сонголт хийснээсээ болоод насан туршдаа зовж, амь насаараа хохирох ч тохиолдол байна. Сөрөг орчинд өссөн хүүхэд ирээдүйн гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах чадвар тун бага байдаг. Бага насныхаа уур гомдлыг гэр бүлийнхээ гишүүдэд өөрийн мэдэлгүй гаргах тохиолдол их байдаг юм. Тиймээс өссөн орчин, удам судрыг нь харах хэрэгтэй.

-Дурлал, хайр гэж ялгаатай. Гэр бүлүүдэд мөн мөчлөг байдаг гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

-Гэр бүлийн хямралын үе гэж бий. Эхний үе нь таван жилийн мөчлөгтэй. Үерхсэн эхний зургаан сард бие биенийхээ сайн чанаруудыг хардаг бол нэг гэрт ороод ирэхээр асуудал их тулгарна. Хүүхэд, гэр бүлийн асуудал, санхүү, амьдралыг авч явах чадвар зэрэг олон асуудалтай тулна. Энэ асуудлуудыг зөв туулж чадвал цаашид сайхан амьдрах боломжтой. Эхэн үеийн мөчлөгийг давж чадахгүй ганхаж буй бол цаашид хэцүү, хүүхдийнх нь ирээдүй маш хүнд болж байгаа гэсэн үг. Тиймээс гэр бүл зохиоход нухацтай хандах хэрэгтэй.

Монгол хүний наслалт, монголын нөхцөлд бол 22-27 насанд буюу боловсрол эзэмшсэн, ажил эрхэлж буй өөрөө, өөрийнхөө санхүүг хангахуйц хэмжээнд хүрсэн үедээ гэр бүл болчихвол сайн. Хэт оройтох дэмий. Ижил түвшний хүмүүс сайн зохицдог. Хотын тансаг хороололд өссөн хүүхэд, хөдөөгийн багийн хүүхэд хоёр нэг гэр бүл болоод сайн амьдарч болно, гэхдээ сайхан амьдрах магадлал тун бага. Ижил түвшний боловсрол, хүмүүжилтэй хүмүүс л сайн зохицно. Хүний төлөвшлийн 80 хувь нь тав хүртэлх насанд бүрддэг. Энэ насанд аз жаргалтай хайран дунд өссөн бол бусдыг хайрлах чадвартай болсон байдаг. Нэгэнт зөв сайхан гэр бүлд өссөн, хариуцлагаа ухамсарлах чадвартай, хүнийг хайрлаж сурсан хүн бол галав юүлж байсан ч амьдралаа аваад явах чадвартай байдаг.


Categories
мэдээ нийгэм

Г.Анхбаяр: “Д.Сугар, С.Баяр нарыг эргүүлэн татаж, нэн даруй шалгуулах шаардлагатай” гэв

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс “Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 2008 онд 180 орноос 102-т жагсаж байсан бол 2017 оны байдлаар 180 орноос 103 дугаарт жагссан байна. Энэ нь манай улс авлигатай тэмцэхгүй байгааг олон улсад харуулж байна гэж олон нийтийн зөвлөлөөс дүгнэжээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн А.Саруул хэлэхдээ “Авлигын тайланг жил бүр дэлхийн улс орнууд гаргадаг. Гэтэл Монгол Улс хэзээ ч авлигын тайлан гаргаж байгаагүй. Дэлхийн авлигын тайланд Монгол Улс 2007 онд нэг удаа оролцож байсан. Энэхүү тайланд ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс 2.9 сая ам.доллар зарцуулсан. Үүнийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон гэх мэтээр манай улсын хууль эрхзүйн системийг хүчтэй шүүмжилсэн байсан. Логик дүгнэлт хийхэд төр засаг нь авлигад бага идэгдсэн атлаа эрүүл мэнд, боловсролын салбарт авлига өндөр байна гэх нь утгагүй. Монголд системээрээ авлигад идэгдсэн учраас дэд салбарууд нь авлигад идэгдсэн байх нь аргагүй. Системийн авлигаас ангид аль нэг салбарын авлига өндөр байна гэж байхгүй. АТГ-т авлигачдад хариуцлага тооцох хугацаатай шаардлага тавих, цаг алдалгүй авлигын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг нь дүгнэхийг олон нийтээс хүсч байна” хэмээв.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ярихдаа “Монгол улсын улс төрийн намууд, хуулийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, төр захиргааны байгууллагууд, төрийн үйлчилгээ, уул уурхайн салбар, газрын алба, гааль, татвар, тендэр, худалдан авах газар авлигад асар их автсан байна. Авлигын эсрэг хууль, авлигын эсрэг авах арга хэмжээ тодорхой бус, ойлгомжгүй зөрчилтэй буюу нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай байна. Монгол улс системийн буюу төрийн өндөр албан тушаалтнуудын авлигад бүрэн идэгдсэн.Монголын Авлигын эсрэг Хараат бус газар гэж Олон улсад нэрлэгддэг АТГ нь УИХ-ын байгууллага буюу босоо удирдлагатай, зөвхөн даргын шийдвэр эцсийн байдаг, цэрэгжсэн, хангалттай төсөвтэй, төрийн тусгай байгууллага юм. Бусад улс орон арван жилийн хугацаанд байнга урагшилж байна. Үгүйдээ гэхэд байрандаа байна. Харин манай улс хойшоо ухарч, авлигатай тэмцэхгүй байгаагаа Олон улсад харуулсан ч Монгол дахь Транспэрэнси Интернэшнл байгууллагаас АТГ сайн ажиллаа гэж дүгнэсэн. Авлигын индекс ухарсан нь АТГ-т хамаарахгүй гэж илэрхийлж Монголчуудыг басамжиллаа.

Авлигатай тэмцэх гэж тусгай байгууллага байгуулснаар авлига улам нэмэгдэж байгаагийн шалтгаан нь юу вэ? гэдгийг Олон нийтийн зөвлөлөөс гаргалаа. Үүнд:

  • АТГ нь УИХ байгууллага учраас УИХ дахь авлигачдын дарамт шахалтад байна.
  • Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын үүрэг сул байдгийг АТГ-ын удирдлагууд нь далимдуулдаг.
  • Төрийн өндөр албан тушаалтан авлигын гэмт хэргээс мултрах, хөнгөн ял авах боломжтойгоор 2017 оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжсэн Эрүүгийн хуулийг УИХ баталсан. Жишээлбэл уг хуульд Авлига авбал нийтийн албанд томилогдох хугацааг хасах, торгуулах, зорчих эрхийг хязгаарлах гэсэн сонгох боломжтой олон төрлийн ял байх нь зөв үү. Мөн Авлига авсан албан тушаалтны гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хамааруулах нь оновчтой юу? Энэ мэт хуулийн цоорхойтой байна.
  • АТГ-ын дарга нь УИХ-ын даргатай сайн найзын харилцаатай байгаа нь илэрхий ашиг сонирхлын зөрчил үүсч байна.
  • Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь АТГ-ын даргын дур зоргын хэрэг болсон. Тиймээс, төрийн эрхийг хууль бусаар авсан байх 60 тэрбумын гэмт хэрэг, Эрдэнэт, УБҮ-г барьцаалсан хэрэг, Уул уурхайн лицензийн авлига, газрын наймаа, тендерийн авлига гэх мэт албан тушаалтны гэмт хэргүүд сураг тасрах шинжтэйгээр цаг алдсаар байна.

Мөн хэвлэл мэдээллийн хараат бус байдал, иргэдийн хүчтэй дуу хоолой, иргэний нийгмийн байгууллагууд ил тод, төрөөс ямар ч дарамтгүйгээр, шинэ аргачлалаар ажилласан үед л авлигачдын амьсгал давчидна. Бас авлигын гэрч, мэдээлэгч, хохирогч, шүгэл үлээгч нарыг хүчтэй хамгаалсан цагт авлига гишгэх газаргүй болно. АТГ нь цэрэгжсэн бус иргэншсэн хэлбэрээр ажиллах, төрийн өндөр албан тушаал хашиж буй авлигачдыг шийтгэж, хариуцлагыг хүлээлгэн, улсад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан цагт авлига зогсох боломж бүрдэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Олон нийтийн зөвлөлөөс “Авлига үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн байна” гэж үзэж буй саналаа хүргүүлнэ” гэв.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банканд барьцаалсан асуудалтай холбогдуулан Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Анхныбаяр ярихдаа “Ард түмний өмч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг АТГ шуурхай мөрдөн шалгаж, хариуцлага тооцох үүрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц хэмжээний гэмт хэрэг үйлдсэн байна. АТГ нь дээрх нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй, шалгасан ч хаацайлсаар ирсэн. Иймд АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байна. Мөн УИХ Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг ИБУИНВУ-д суух Элчин сайдаас тус тус эргүүлэн татаж, нэн даруй шалгуулах шаардлагатай” хэмээв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой ямар мэдээллүүд байна вэ? Цагдаагийн газраас өрөөнд нь нэгжлэг хийсэн гэж байсан.

-Төмөр замын асуудал 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөндөгдсөн. Жил хоёр сар болж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг явагдсан гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. УБТЗ дээр байгаа ноцтой хэрэг бол тухайн газраас гарсан мөнгөн гүйлгээ нь офшор дансанд орсон байгаа. Засварын машин, 977 вагоны асуудал гэх мэтээр Д.Жигжиднямаа нь төрийн өмчит компанийн мөнгийг хууль бусаар ашигласан, албан ёсны хянагдах ёстой гарын үсэггүйгээр эдгээр асуудлууд шийдэгдсэн зэрэгт холбогдож байгаа.

-Оюутолгой компанитай холбоотойгоор Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нартай холбоотой мэдээлэл өгөөч?

-Олон нийтийн зөвлөл өөрсдийн ажиллах журмын дагуу гүйцэтгэх ажиллагаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт дээр хөндлөнгөөс оролцох нь хаалттай байдаг. М.Энхсайхныг шалгаж байгаа гэдэг асуудал дээр та бүхэнтэй адил мэдээлэлтэй байна.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд манай улсын авлигын нөхцөл байдлын асуудлаар хандсанаар зөвлөл ямар ажиллагаа явуулах эрхтэй вэ?

-ҮАБЗ-ийн үйл ажиллагааны зарчимд Монгол Улсын тусгаар тогтнол, улс орны бүрэн байдал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмууд байгаа. Энэ зарчмууд авлигын асуудлаас болоод бүгд эвдэгдчихлээ.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Машбат: Баяр болгоны дараа бүх нийтээр цөсөө угаадаг болох хэрэгтэй

– МОНГОЛЧУУД ОЮУНЫ БИШ, ХОДООДНЫ БАЯР ХИЙГЭЭД БАЙНА –

“Ачуут гол” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн ерөнхий эмч Г.Машбаттай ярилцлаа.


-Сар шинийн баяр болоод, хүн бүр л мах, бууз, салат ихээр идэж, ундаа, архи ууж байна. Энэ нь хэр зохистой хооллолт вэ?

-Сар шинэ бол бэлгэдлийн баяр. Ах дүү найз нөхөд, эмээ өвөө, аав ээж ахан дүүстэйгээ учран золгож, бие биенээ эсэн мэнд, энх тунх сайн явааг хардаг, мэнд усаа мэдэлцдэг уламжлалтай. Гэтэл сүүлийн үед энэ баяр утгаа алдаад байна. Мал аж ахуйтай хөдөө нутгийн нүүдэлчин ард зундаа сүү цагаан идээгээрээ ундаалаад, өвөлдөө идшээ хийгээд, цагаан сараар ууцны мах, буузаа идээд баярлахад тохирдог байсан. Гэтэл биеийн хүчний ажил хийдэггүй, хөдөлгөөн багатай, нэг байшингаас гараад, нөгөө байшинд ороод суучихдаг, ажилдаа машинаар явдаг, ажил дээрээ өдөржин суудаг болсон хотын хүмүүст мах их идэх нь тохирохгүй байна. Тэр тусмаа суурин иргэншлийн хүмүүс сар шинийн баяраар хэт их мах, махан хоол хүнс хэрэглэж байгаа нь биеэ хордуулж буй хэрэг. Бараг гурав, дөрвөн сарын хугацаанд бага багаар авах ёстой уургаа, хоёр гурван өдөрт идчихээр, уургийн илүүдэл үүсээд бие хордож байгаа юм. Монголчуудын хамаг өвчлөл, нас баралт энэ мэт буруу хооллолтоос үүдэлтэй.

-Хоорондоо үл зохицох харшилдаг хүнс гэж бий юу. Халуун хоол идээд, хүйтэн ундаа, айраг уудаг, хоол идээд салат иддэг нь хэр зохимжтой вэ?

-Хоорондоо үл зохицох, шингэхэд бэрх идээ ундаа гэж бий. Сар шинийн баяраар үл зохицох идээ ундаа их хэрэглэж байна. Уламжлалт анагаах ухаанд зөв хооллох арав гаруй зарчим бий. Цагаан сараар энэ зарчмуудыг зөрчиж байна. Мах, бууз нь хүнд хэлбэрийн бүхэл хоолонд орох учраас шингэхэд бэрхтэй идээ ундаа гэж уламжлалт анагаах ухаанд нэрлэдэг. Ходоодны үйл ажиллагааг муутгадаг үндсэн хүчин зүйл гэсэн үг. Мөн үл зохицох хоолнууд ходоодонд ороод найрагдаад, хор болж байгаа юм. Жишээлбэл, халуун бууз идчихээд, араас нь хөргөгчнөөс гаргаж ирсэн хүйтэн зууш салат идэх буруу. Ходоод халуун хоолыг боловсруулж байтал гаднаас хүйтэн салат ходоодонд ороод ирэхээр шингээлтийг бууруулдаг. Хоол ходоодонд удаан шингэхээр агааргүй орчинд илжрэл, ялзрал явагдана. Энэ ялзрал нь цусанд шимэгдэж орно. Халуун хоолны араас, хүйтэн архи, ундаа, айраг уух ч буруу. Халуун хүйтэн ундыг хольж уудаггүй. Мөн идэр залуу хүн зун намрын цагт хонины мах, гүүний айраг уувал хор болно гэж эртнээс хориглодог байсан уламжлалтай. Үүнийг ч одоо мэдэхгүй болсон байна. Сүү цагаан идээ дэлгэрээд ирэхээр монголчууд гүүний саам, тараг сүүний сар гэж үзээд сүү ууж ходоод, цөсөө цэвэрлэдэг байсан юм.

-Махан хоолны араас архи уухаар ходоодонд ямар процесс явагддаг вэ?

-Архи ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ингээд улаан хоолой ходоодны салст бүрхүүл асар их гэмтдэг. Халуун хоолны араас архи ууж ходоодыг олон дахин цочроогоод ирэхээр, ходоодонд улайлт шарх, шархлаа үүсэх суурь тавигдаж байна. Энэ мэтээр монголчууд баяр ёслол болгоноор идэж буй хүнсээрээ өөрсдийгөө өвчлүүлээд байх юм. Оюун ухааны, бэлгэдлийн ерөөлөө өргөдөг баярыг ходоодны баяр болгоод байна. Ерөөсөө л олон баяр хийж, баяр болгоноор өвчнийхөө эх үүсвэрийг тавиад байгаа юм. Буруу хооллолт зүрх судас, сахар, элэг цөс гэх мэт бүх төрлийн өвчний эх үүсвэр байдаг.

-Баяр болгоноор өвчлөл үүсдэг нь эмнэлгийн оочер дарааллаас хүртэл мэдэгдэж байгаа юу?

-Цагаан сар, улсын баяр наадам, шинэ жилийн дараа архины, хоолны хордлого ядаргаа, хууч өвчин сэдэрч эмнэлгүүдийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Уг нь баяр болохоос дайн биш шүү дээ. Гэтэл баяр бүрийн дараа, хордлого гэмтэл, бэртэл, аваар ослын тоо нэмэгддэг. Баярын буруу хооллолт суурь өвчтэй хүмүүсийн хуучийг хөдөлгөдөг. Монголчууд оюун ухааны баяр хийх ёстой байтал ходоодны баяр хийдэг. Ходоодны баяр хийгээд байдаг тул баяр их байх тусам монгол хүний дундаж наслалтыг багасгаж байгаа юм. Ерөөсөө л нас баралтын гол шалтгааны суурийг тавьдаг зүйл бол буруу хооллолт.

-Тэгэхээр сар шинийн баяраар ямар хоол хүнс хэрэглэх нь зохимжтой вэ?

-Цагаан сараар маш бага идэх, өөртөө тааруулж хооллох хэрэгтэй. Халуун хоолны араас хүйтэн зүйл уувал найруулсан хор мэт зүйл болдог гэдгийг сайн санаж байх хэрэгтэй. Адуу, үхэр, хонины махны араас хүйтэн зууш салат, салатны араас барашиг, пиво, архи уух ч бүгд хориотой. Салатны майонез ходоодонд ороод айрагтай холилдохоороо ээдэж аюултай хор болдог юм шүү. Майонез, сүүтэй цай ч ялгаагүй.

-Ингэж буруу хооллочихсон бол дараа нь яаж ходоод гэдсээ эрүүлжүүлэх вэ?

-Нэгдүгээрт Эрүүл мэндийн яам, төрөөс иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгоход онцгой анхаарах хэрэгтэй байна. Өвчин их байгаагаас үүдэлтэй эдийн засгийн хямрал ч их болж байна. Хүмүүсээ эрүүлжүүлээгүй байж улсаа хөгжүүлнэ гэж ярих утгагүй. Эрүүл хүмүүс энэ улсыг хөгжүүлнэ. Иргэд нь эрүүл болоод ирэхээр эдийн засаг ч сайжирна. Хоёрдугаарт, их идсэн баяруудын дараа цөсөө угааж хэвших хэрэгтэй. Улс даяр цөсөө угаадаг өдөртэй болох ёстой юм. 2004 оноос хойш би Эрүүл мэндийн яам, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бүгдэд нь захидал явуулж байсан. Улс даяар цөс угаадаг өдөртэй болгож өгөөч ээ гэж гуйсан юм. Цусаа өгөх өдөр, ДОХ-ын эсрэг өдөр гэдэг шиг цөс угаах өдөртэй болчихвол өвчлөл буурна. Монгол хүн болгон цөс угаах аргад суралцаж, цөсөө угааж заншвал монгол хүний дундаж наслалт гурваас таван жилээр уртасна.

-Цөсөө ямар аргаар угаах вэ?

-Эхлээд заавал эход харуулах шаардлагатай. Чулуутай бол цөс угааж болохгүй. Цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг гол арга нь угаах. Цөсөө угаагаад байвал чулуу үүсэхгүй байх 100 хувийн боломжтой гэсэн үг. Цөс угаах олон арга бий. Эмнэлгээс зориулалтын угаах бэлдмэл авч уух, шар сүүгээр угаах, рашаан ууж гүйлгэх гэх мэт. Цөс угаахад гэдэс ходоод бүгд угаагдаж, өөх тосны үлдэгдэл цэвэрлэгддэг. Нүүрээ угаадаг, усанд ордог шигээ тогтмол цөсөө угааж сурах шаардлагатай байна. Улиралдаа дор хаяж нэг хоёр удаа угаана. Баяр болгоны дараа бас угаах хэрэгтэй. Зуны улиралд цагаан идээ идэж ходоод хоол боловсруулах эрхтнээ амраах нь зөв. Энэ уламжлал алдагдсан байна. Дөрвөн улирал мах идээд байгаа нь сахар, зүрх судасны өвчний гол суурь болоод байгаа юм. Идсэн хоол хүнсээ хөдөлгөөн хийж шатааж байх ёстой. Огт шатаахгүй, хөдөлгөөн багатай байгаагаас болоод өвчлөөд байна. Мөн газтай ундаа их ууснаас болж, сахарын өвчин дэлгэрч байгаа.

-Хүмүүс цагаан сараар их мах идсэн одоо мацаг барина гэх юм. Хавар мацаг барьж болдог юм уу?

-Хүйтнээс халуун руу шилждэг завсрын улирал учраас хавар мацаг барьдаггүй. Мөн намар мацаг барихыг ч хорьдог. Настнууд ядарч, хүүхдүүд хүртэл тэжээлээр дутагддаг хатуу үе бол хавар цаг. Тиймээс монголчууд хавардаа борцоо идээд, зундаа сүү цагаан идээгээ идэж цаг улиралдаа тохируулан хооллодог байсан. Өвчнийг уламжлалт ангаах ухаанд эм, засал, идээ ундаа, явдал мөр гэх дөрвөн үндсэн аргаар л эмчилдэг юм. Тэгэхээр эрүүл байхад хоол хүнс маш чухал үүрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудын голч оноо 2.8-аас дээш байх ёстой

Нийслэлийн Цэргийн штабаас “Оюутан цэрэг”-ийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийж байна. “Оюутан цэрэг” сургалт 3 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэх ажээ.

Угцэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их дээд сургуулийн сургалтын алба сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн Цэргийн штаб 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулж эрүүл мэндийн үзлэгт хамруулна.Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудын голч оноо 2.8-аас дээш байх ёстой. 6 сарын 15-8 сарын 15 хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдана. Мэргэжлийн бэлтгэлийн үеэр 11 төрлийн цэргийн нарийн мэргэжил эзэмших гэнэ. Энэ хугацаанд хоёр кредитийн төлбөр төлөх ёстой аж. Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтээ сургуулийнхаа сургалтын албаар дамжуулж гаргана.

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад 1,000 гаруй оюутан хамрагдах төлөвтэй байгаа гэнэ.

“Оюутан цэрэг” сургалт нийслэлээс гадна 13 аймагт зохион байгуулагдаж байгаа аж.

Бүртгүүлэх оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  • Сургуулийн тодорхойлолт “Оюутан-цэрэг’ сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  • Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх

Бүртгэл явагдах газар:

  • Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө
  • Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ‘Иргэний танхим*-д
  • Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ‘Иргэний танхим’-Д
  • Хан-Уул дүүрэг- Дүүргийн ‘Соёлын ордон’-д
  • Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө

Б.ҮРЖИГ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Нөхөрсөг” хэмээх шар нохой жилд Монголын төр ард түмэндээ найрсаг байх уу?

Өнөөдөр “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт өдөр. Монгол төрийн гурван өндөрлөг сар шинийн босгон дээр ард түмэндээ хандаж уламжлал ёсоор мэндчилгээ дэвшүүлсэн юм. Төрийн өндөрлөгүүдийн хэлж байгаа үгнээс тухайн жил улс оронд ямар ажил өрнөж, ард түмний амьдралд хэрхэн үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь тодорхой уншигддаг. Тиймээс төр засгийг удирдаж байгаа эрхмүүдийн олон нийтэд хандаж хэлсэн үгийг бид анхааралтай ажигладаг. Ерөнхийлөгч Х.Баттулга товчхон мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр төрийн есөн хөлт цагаан тугны өмнө зогсоод “Ирж буй шороон нохой жилд иргэдийн аж амьдрал өөдлөн дээшлэх сайхан жил болоосой” гэдгийг онцлон хэлсэн.

Иргэдийн амьдрал яаж өөдлөн дээшилдэг вэ гэхээр ердөө л орлоготой болох ёстой. Ард түмэн орлоготой болохын тулд мэдээж ажилтай, ажлын байраар хангагдсан байж таарна. Ерөнхийлөгч сүүлийн үед төмөр зам барина гэдгийг идэвхтэй ярьж байгаа. Тодруулбал, өнгөрсөн онд ОХУ-д айлчилж “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцах үедээ Таван толгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 километр төмөр замын ажлыг энэ онд эхлүүлнэ гэдгээ хэлсэн. Таван зуун километр төмөр замын ажил өрнөөд эхэлбэл бэлтгэгч, ханган нийлүүлэгчээс эхлээд нэг хэсэг хүн ажилтай болно. “Иргэдийн амьдрал дээшилнэ” хэмээх төрийн тэргүүний үгнээс хамгийн түрүүнд санаанд буусан нь төмөр зам. Олон улсад зарлаж, танилцуулсан ажлаа Ерөнхийлөгч эхэлж таараа.

УИХ-ын дарга М.Энхболд “Улиран одож буй гал тахиа жил Монгол Улс, монгол түмэнд минь үр өгөөж, буян хишгээ хайрласан сайхан жил болж өндөрлөж байна. 2017 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор монголчууд бид гурван сая 200 мянгуулаа болжээ. Эрдэнэт мал сүрэг маань өсөн үржиж 66.2 саяд хүрлээ. Газрын шимийг тэтгэгч тариаланчид маань 223 мянган тонн үр тариа, үүнээс 216.2 мянган тонн улаанбуудай, 113.9 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад жинтэй хувь нэмэр орууллаа. Бизнес эрхлэгчдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд барилга, уул уурхай, аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудад нааштай, өсөлттэй олон ахиц өөрчлөлт гарлаа. Улсын эдийн засаг өрийн дарамтад туйлдаж, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа хумигдсан, ард түмний аж амьдрал доройтон, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд хүрээд байсан хүнд цаг үеийг бид туулан давж чадлаа” хэмээн өнгөрөгч жилийн амжилт ололтоо дурдсан. Олон жилийн дунджаас аваад үзэхэд 300 мянган тонн үр тариа улс орны дотоодын нийт хэрэгцээнд хангалттай гэж үздэг. 200 гаруй мянган тонн төмс, 150 мянган тонн хүнсний ногоо байхад хэрэгцээгээ хангана хэмээн эдийн засагчид тооцоолдог.

Эрхэм спикер хэлсэн үгэндээ Монголын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого зэргийг тоо баримттайгаар хэлсэн. “Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн өсөлт 2017 оны гүйцэтгэлээр 5.1 хувьд хүрч өсөв. Нэгдсэн төсвийн орлого 660.0 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 2016 оныхоос 2.3 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум долларт хүрчээ. Улс гэрээ өөд татахын төлөөх төр, засгийн зөв тууштай бодлого, нийт иргэдийн хамтын хүчин чармайлтын үрээр 1.1 тэрбум доллар буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулснаар өр, зээлийн дарамтаас гарч чадлаа. Ийнхүү дотоодод сэргэлт бий болж, гадаадад улсын маань нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчдын итгэл идэвхжин, зээлжих зэрэглэл нэмэгдэж байна” гээд угтан золгож буй нохой жилд хариуцлага сахилгыг эрхэмлэн, үргүй зардал, үрэлгэн байдлаас бүрмөсөн татгалзаж, зөвшилцөл ойлголцлоор аливаа асуудлыг хамтран шийдэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөл, эргэлт буцалтгүй хөгжлийн суурийг тавьж чадна гэдгийг сануулсан юм. Мөн эвдрэл талцал, ганцаарчилсан тоглолт, дүрэмгүй улстөржилт бидэнд сайныг авч ирэхгүй. Монголоороо нэгэн сэтгэлтэй, Монголоороо нэгэн зүгт харж, бурууд нүд хурц, зөвд итгэл хамт байж чадах аваас та бид гэрэлт сайхан ирээдүйгээ бүтээж болохыг тодотгож хэлсэн.

Тэрээр нохой жилд яг ийм ийм ажлыг хийж, бүтээн байгуулалт ингэж өрнөх болно гэж тодорхой хэлээгүй. Хамгийн гол нь улс төр тогтвортой байж, улс төрд хэн нэгэн ганцаарчилсан тоглолт хийхгүй байхыг айхтар сануулж байна лээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд “Монголчууд бид эдийн засгаа дөрвөн хувиар өсгөж чадлаа. Энэ бол манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 3,2 тэрбум доллар боллоо. Монгол Улсын экспорт анх удаа зургаан тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. Чингис бондын 500 сая долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол Улс тогтвортой улс гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин бууруулж, ДНБ-ий есөн хувьд хүргэлээ” хэмээн мөн л өнгөрөгч жилийнхээ амжилтаас дурдсан.

Ерөнхий сайдын үгэнд ард түмний ахуй амьдралтай шууд холбоотой хэд хэдэн зүйл туссан. Тэрээр Монгол Улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлуудаа эрчимжүүлэх болно гэдгээ хэлсэн. Мөн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно” гэдгийг ч ард түмэндээ сар шинийн босгон дээр дуулгалаа.

Улс орноо хүнсний орон болгоно гэдэг бол хөдөө аж ахуйг улам эрчимжүүлнэ гэж ойлгож болно. Мах, сүү, гурил, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн хэрэгцээг ард иргэддээ бүрэн дүүрэн хангана гэсэн үг. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдэх нь гэх хүлээлт нийгэмд бий болж байна. Гэхдээ нарийвчлан аваад үзбэл бас асуудалтай. Учир нь манайд махны хэрэгцээ болоод тариа будааны хувьд асуудалгүй. Хэрэгцээгээ бүрэн хангаад ирсэн. Гол нь газар тариалан эрхэлдэг компани, аж ахуйн нэгжүүд ургацаа тогтмол авах л хэрэгтэй. Хүнсний ногооны хувьд шилэн дарлаганаас аваад жижиг сажиг ажлын байр нэмэгдэж магадгүй гэх горьдлого төрж байна. Засгийн газрын тэргүүн ам бардам хэлсэн бас нэг зүйл нь эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тухай юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг Орос, Хятадаас авч байгаа. 144 төгрөгийн үнэтэй цахилгааныг 122 төгрөгөөр борлуулж, нэг кВт цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээн үндсэндээ Оросод гэхэд жилд 50 тэрбум төгрөгийг цахилгааны алдагдалд төлдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Цахилгаан эрчим хүчээр бусдаас хараат биш болохын тулд мэдээж эрчим хүчний томоохон станцууд байгуулж таарна. Гэвч Монголд үүн шиг бүрхэг асуудал байхгүй. Ерөнхий сайдыг эрчим хүчээ дотооддоо бүрэн хангана гэж мэдэгдсний дараахан Таван толгойн цахилгаан станцыг болино гэдгээ Оюу толгой компаниас албан ёсоор мэдэгдсэн. Таван толгойн цахилгаан станц олон жил яригдаж байгаа том төслийн нэг. Гэтэл бүтэлгүй дуулдаж байна. Дээрээс нь тавдугаар цахилгаан станц гэж үлгэр домог байна. Барих газраа тогтож чадахгүй олон жил болж байж Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Ургах наран” хорооллын Хөлийн голын хөндийд баригдахаар болсон. Английн “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суэз”, Японы “Сожитц”, Солонгосын “Поско энержи” болон Монголын “Ньюком” компанийн хамтарсан консорциум тавдугаар цахилгаан станцыг барих тендерт ялж концессын гэрээ байгуулахаар боллоо гээд хэвлэлээр бичигдэж байсан зэрэг нь үлгэр болж дууссан. Энэ оны эхээр Эрчим хүчний яамны сайдын зөвлөлийн хурлаар тавдугаар цахилгаан станцыг барих шаардлагагүй гэж үзсэн. Улаанбаатар хотын ачааллыг тодорхой хэмжээнд хангах станцын хувь заяа хэдэн жил баригдах гэж байгаа юм шиг ард түмнээ хуурч мэхэлсээр дууслаа. Уг нь Налайхын урд талын хөндийд барьчихбал тун тохиромжтой санагддаг юм. Улаанбаатарын дагуул хот тэнд бий болж, Богд уулын урд талаар шинэ шинэ хотхонууд үүсээд маш сайхан дүр зураг харагддаг. Гэвч харамсалтайгаар төгсч байна. Тавдугаар цахилгаан станцыг барих шаардлагагүй гэх мэдээтэй хамт Эгийн голын усан цахилгаан станцын асуудал 30 жилээр хойшилсон тухай дам яриа сонсогдож эхэллээ. Хамгийн боломжтой хоёр том станцын хувь заяа ингээд төгсч байдаг, дээрээс нь Таван толгой больсон гэх дараалсан энэ мэдээллүүд гараад эхлэхээр Ерөнхий сайдын үг нэг л үнэмшилгүй, итгэл төрүүлэхгүй байгаа. Монгол Улс яагаад станцтай болж чаддаггүй юм бэ. Гадаад дотоодын хавчилт, шахалт байдаг бол түүнийгээ төр засгийн зүгээс зоригтой зарлаж, хэвлэл мэдээллээр ярьж, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Асуудлыг ийм байдлаар хурцаар тавьж, сонин хэвлэлээр дэлхий нийтэд зарлаж, олон улсын дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Монголыг Орос, Хятад хоёр үнэхээр хавчин гадуурхаад байдаг юм бол олон улсын хууль дүрмийн хүрээнд шийдэх учиртай. Дэлхийн том гүрнүүдэд хажуу хавийнхаа улс орнуудыг дээрэлхэхгүй, хяхан хавчихгүй байх дэлхийн хууль дүрэм гэж бий. Ийм үл ойлголцол байдаг бол төр засгийн өндөрлөгүүд зоригтой хэлэх цаг нь болсон.

Ерөнхий сайд яаж эрчим хүчээр улс орноо бүрэн хангана гэдгээ ард түмэндээ тодорхой тайлбарлаж өгмөөр байна. Сонин хэвлэлээр хийх ажлаа тодорхой ярих хэрэгтэй. Нэг л битүү хатуу, дээгүүр дүүлсэн хүн харагдаад байх юм. Монголынхоо хэвлэлд биш гадны сонинуудад яриа өглөө л гэнэ. Юу ярьдаг юм бол, цаашдаа ямар бүтээн байгуулалт хийх гэж байна гээд сонирхохоор гадны хэвлэлд өгсөн гэх яриа нь хэвлэгдэж гарч ирэхгүй юм. Газрын тосыг дотооддоо боловсруулна гэж Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлийн мөнгөөр нефтийн үйлдвэр барихаа хэлж байгаа байх. Энэ нь бас зогсчих вий дээ. Хэрвээ нефтийн үйлдвэртэй болчихвол ерөнхий утгаараа ард түмний амьдралд дэм болж магадгүй. Түүнээс сүйдтэй ажлын байр нэмэгдэхгүй. Шатахуунаа тасралтгүй өгч, гадны хавчилганд оролгүй өөрсдөө толгой мэдэж юмаа хийх цаг ирэх байх.

Төв цэвэрлэх байгууламж, авто зам, сургууль, цэцэрлэг барих гээд Ерөнхий сайдын хэлсэн үгэнд гарсан бодит орлого бий болгох ажлууд явагдах биз ээ.

Тэгвэл ард түмний ааш араншин ч засарна. Ажилгүй дээр нь ядуу, хажууд нь баян улсууд яаж амьдарч байгааг хараад монголчууд бухимдаад байгаа. Нэг үгээр хэлбэл, атаархаад нийгэм тэсэрчих гээд байна. Ард түмэндээ та нар ч ажиллаад ингэж баян болж болох юм гэх бололцоог нээж өгөх хэрэгтэй. Ганзагын наймаа буюу нэгээс авч нөгөө рүү зарж ашиг олдог зурвас үе өнгөрсөн. Хөдөлмөр хийж амьдардаг, бүтээсэн зүйлээ зарж бусдын хэрэгцээг хангадаг тийм цаг үе ирээд байна. Монголд юм хийгээд хэрэггүй зах зээл жаахан, хүн ам цөөн гэдэг яриа ч худлаа талдаа орж байгаа. Гурван сая иргэн гэдэг тийм ч бага хүч биш. Дэлхийд цөөхөн хүн амтай асар баян улсууд олон байна. Бүгд хуулиа дээдэлж, хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Энэ бүхний гарцыг төр засаг хангаж өгөх хэрэгтэй. Ард түмнээ хөдөлмөр эрхлүүлэхгүй, ажлын байр бий болгохгүй, зүгээр халамжаар амьдруулна гэвэл Каддафигийн эмгэнэлт хувь заяа ирнэ. Ливийн удирдагч Каддафи улс орныхоо иргэн бүрийн аманд алт доллар хийх нь холгүй халамжилж байсныхаа хүчинд бөгс рүүгээ хутга шаалгуулж үхэхийн муухайгаар үхсэн. Тэгэхээр хүн бүр хөдөлмөр эрхэлж түүнийхээ үр шимийг хүртэн, бүгд эдийн засгийн эрх чөлөөтэй болсны хүчинд улс орон хөгжин дэвждэг хуультай. Энэ үүднээс сар шинийн босгон дээр төрийн өндөрлөгүүдийн хэлсэн үгийг шинжиж, тоймлон хүргэлээ. Үндсэндээ “нөхөрсөг” хэмээх шар нохой жилд Монголын төр ард түмэндээ хэр найрсаг байж ажилтай, орлоготой болгохыг таамаглалаа.

Categories
мэдээ цаг-үе

“Симба” Ц.Батаа: Монголчуудын иддэг талхыг ярихаар Их хурлын гишүүд огтоос хүлээж авдаггүй байсан


“Симба” группийн захирал, УИХ-ын гишүүн асан Цогтын Батаатай ярилцлаа.

-Таны хувьд Их хурлын гишүүн, Монгол төрийн түшээ байсан хүн. Үнэг хөөж яваад онгоц унагаж шуугиан тарьсан. Улс төрийн бас л сонирхолтой фигуруудын нэг та мөн. Харин сүүлийн үед чимээ аниргүй байх чинь. Бизнесийн ажлаа эрхэлж байна уу?

-Их хурлын гишүүний албаа өгснөөс хойш зундаа тариа будаагаа тариад, өвөл нь аахар шаахар юм хийгээд арваад жилийн нүүр үзэх шив дээ. Сүр дуулиантай байсан хүн гэхээр та хэд онгоц унасныг яриад байгаа юм. Уул нь бид гаднаас буюу япончуудаас мөнгө оруулж ирэх гэсэн юм. Монголоо зарах гэж байсан юм биш л дээ. Тэгтэл гайтай юм шиг онгоц осолдсон. Онгоцны өрөөсөн сэнс нь мултарч унаад салхинд уначихсан юм билээ л дээ. Инженерүүдийн баг ажиллаад Иргэний нисэхийн ерөнхий газрын дүгнэлт гарсан. Бидний буруугүй гэдэг нь нотлогдсон. Миний хувьд мөнгөө төлөөд л явсан. Япончууд, хятадуудыг хардаж сэрдээд хорьчих гээд байсан учраас хэвлэлийн хурал хийлгээд нөгөө хүмүүсээс чөлөөлүүлж явуулсан. Тэрхүү хэвлэлийн хурал дээр сэтгүүлчидтэй жаахан маргалдсаны улмаас асуудал над руу чиглэсэн. Би хариу юм хум ч дуугараагүй. Муу хэлүүлэх надад сонин биш л дээ. Цаашид улс төрд байнга явна гэсэн бодолтой байсан бол хариу өгөх байсан байх. Онгоц унагасан дуулиан товчхондоо тийм учиртай. Тариа будаагаа тариад энгийн амьдарч явахдаа юуг илүүтэй ойлгож мэдэрч байна вэ гэвэл Монголоо улам дордсоор байгааг харж байна. Дөчин мянгатын хүний нэг дуу бий л дээ. “Хөлгүй болсон миний бие өдрөөс өдөрт дордсоор байна” гэж. Түүн шиг Монголын амьдрал өдрөөс өдөрт дордсоор байна. 2008, 2009 онд Монголыг Азийн Дубай боллоо гэж ярьж байсан. Гэтэл төрөөс төрсөн тэрбумтнууд зарж идсээр байгаад 2010, 2011 оноос дордоод эхэлсэн. Монгол шиг муу нэртэй улс, Монголын дарга сайдууд шиг үнэ цэнгүй хүмүүс алга. Хөдөөний айлд ороход хөдөө аж ахуйн сайд нь зурагтаар ярьж байна. Тэгтэл зурагтаа шууд унтраачих юм. “Та яаж байгаа юм. Салбарын сайд чинь ярьж байна” гэхэд “Энэ нөхдийн худлаа ярихыг ханатлаа сонслоо. Үнэндээ дургүй хүрч байна” гэсэн. Ингэж л төрийн түшээд дарга сайд нар нь үнэ цэнгүй болоод зогсохгүй үзэн ядалт, өшөө хорслын бай болж байна. Өнөөдөр Монголын амьдрал үнэндээ тартагтаа тулсан. Хоёр хөрш маань тоохоо больсон. Европ мэдэхгүй юм. Америк, тэр холоос ирээд хэр туслах юм бол доо.

-Таныг кино үйлдвэрт ажилласан гэдэг. Ингэхэд төгссөн сургууль юу билээ?

-Гомбожавын Жигжидсүрэн гэж хүний шавь юм. Цэргийн алба хаагаад кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байсан. “Хатанбаатар”, “Нарны унага”, “Фронтод явах өргөдөл”, “Зарлаагүй дайны оршил” зэрэг кинонуудад явж байлаа. “Зуун ламын сургууль” гэж кино хийж байлаа. Хүмүүс “Араажав хутгалдаг кино” л гэж байдаг. Үндсэн нэр нь “Намар нахиалсан мод” юм . Анх “Зуун ламын сургууль”нэртэй байсан. Сэлэнгийн Алтанбулагт тийм сургууль байсныг уг киноны зохиолыг бичсэн Өвгөний Баасанжав мэднэ. Баасанжав гуай ламын тийм сургуульд сурч байсан түүхтэй. Миний бие 1988 онд Алма-Атад кино найруулагчийн сургуульд явсан. Оюутан байх үед нийгэм задарсан. Сургуулиа төгсөөд иртэл кино үйлдвэр байтугай соёлын яам нь ч алга болчихсон байсан. Кино үйлдвэрт ажиллаж байсны хувьд хэлэхэд, дахиж хэзээ ч ийм үйлдвэр, студи Монгол Улс байгуулж чадахгүй. Мөн Кино урлагийн дээд суургуулийг төгссөн тэр үеийн төгсөгчид, шилдэг найруулагч, жүжигчид шиг мундаг хүмүүс дахиж төрөхгүй. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны дараа тэгж их өлссөн, зовлон зүдгүүрийг яс махаараа амссан хүмүүс хоолтой болоод номыг үнэн сэтгэлээсээ заадаг байсан. Монгол хүнийг жинхэнэ юманд сургаж байсан. Одоо бол дэлхийд цуутай Кино урлагийн сургуульд жилд 100 мянган доллар өгч сураад ч мундаг болох боломжгүй. Хуучин шиг хичээлээ үнэн сэтгэлээсээ заадаг багш гэж байхгүй. Ялгаа нь ердөө л энэ. Тэр үеийн сургалт орос хүн хоёр шал өөр. Өнөөдрийн орос хүн монголыг хараад тэмбүүтэй монгол гээд бөөлжис нь цутгана. Монгол хүнтэй найзалсныхаа төлөө эх орондоо нэр хүндгүй болж байна. Хуучин цагт монгол хүнтэй суух гэж орос хүүхнүүд гүйлддэг л байсан. Бид оюутан байхдаа вьетнамуудыг “төлгүүд” гээд тоодоггүй байсан. Одоо тэр төлгүүд чинь толгой дээр гишгэчих гээд байгаа юм биш үү.

-Таныг “Симба Батаа” гэдэг. Бүр нэршил нь болсон. Симба гэдэг нэр таны талийгаач хүүтэй холбоотой юм билээ. Сүүлд мэдсэн л дээ?

-Симба бол хүүхэлдэйн киноны гол баатрын нэр. Манай талийгаач хүү тэр киног их үздэг байсан юм. Хүүгийнхээ үздэг хүүхэлдэйн киноны баатраар компаниа анх нэрлэж байлаа. Ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Агваандондовын Баясгалан лам “Симба” гэдэг нэрийг манай компанид анх өгч байсан. Баясгалан лам, Насаа жолооч, “Хонх”-ын Цогтсайхан энэ гурав эсэргүүцлийн зар мэдээг монгол шуудангийн өмнө анх нааж байсан түүхтэй юм шүү.

-2004 онд М.Энхсайхан, “Эрэл”-ийн Эрдэнэбат нарын тэргүүлсэн “Ардчилсан холбоо эвсэл”-ээс та Их хурлын гишүүн болж байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч, М.Энхболд Ерөнхий сайд болоход та голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, 2004 онд Их эвслээс нэр дэвшиж Их хурлын гишүүнээр сонгогдсон. Ардчилал ялаад гараад ирсэн чинь будлиад эхэлдэг юм байна. Манай намынхан дотроо хэрэлдээд засаг ч бүрддэггүй, өөх ч биш, булчирхай ч биш болоод явчихлаа. Намайг Ардчилсан намаас урваж Ху нам руу орсон гэдэг. Гэвч би Элбэгдоржид дургүйдээ, ардчилалд хайргүйдээ Ху нам руу урвасан юм биш. Ху нам руу орж суугаад 39 суудал болгосон нь үнэн л дээ. Тэр үедээ Ху намын гишүүн нэртэй байсан. Одоо бол надад хамаагүй. Би Ардын намын нэг ч хуралд сууж үзээгүй. Үнэндээ намын хурал гэхээр залхдаг. Төр шиг төр байгаасай, хүчтэй байгаасай гээд нэг тал руу нь орсон юм. Зөв ч байсан юм уу, буруу ч байсан юм уу, өөрөө ч мэдэх юм алга. Монголын төлөө л гэсэн бодолтой байсан. Түүнээс Ху намд хайртайдаа биш. Элбэгдоржийг ад үзээд Энхболд руу урвасан юм ч биш. Хүмүүс намайг Энхболдын хүн гэдэг. Түүнээс хойш Энхболдтой нэг ч уулзаж байсангүй. Нэг ч юм гуйж очоогүй, тааралдсан ч үгүй. Миний хувьд эхний нэг жил идэвхтэй суусан. Дахиад сонгогдъё ч гэсэн бодолтой байсан. Чингэлтэйн 73 дугаар тойрог гэдэг эмзэг бүлгийнхэн. Мөнгөтэй хүн цөөн, ажилгүй хүмүүс их. Тэр үед ядуурал учиртай байжээ. Юм хийе, ард түмнийхээ төлөө зүтгэе гэсэн чин эрмэлзлийг сандал ширээ булаалдсан сахилга хариуцлагагүй нөхөд унтраасан. Хариуцлагагүй, зовлон үзээгүй, өлсөж цангаж үзээгүй, дээрээс нь Оросоос салаад удаагүй байгаа монгол яаж бие даана даа гэж боддог байлаа. Бүгд л амар хялбар ажиллахыг боддог, хулгай хийхийг боддог. Ийм хүмүүсийн дунд хүн чинь удаан байхыг боддоггүй юм билээ. Тэгээд л залхаад явсан даа. Газар тариалангийн хууль гэж саяхан батлагдлаа. Энэхүү хуулийн үндэс суурийг бид тэр үед ярьж байсан. Гэвч тариа мэддэг хүн цөөхөн байсан. Газар тариалан мал аж ахуйг тоодог ч гишүүн байдаггүй. “Батаа дэмий юм яриад” гээд л. Уул уурхай эхлээгүй байсан цаг. Уул нь би монголчуудын идэх мах, талхыг л ярих гээд байгаа юм. Бусад нөхөд болохоор сандал ширээгээ ярих гээд л.

Хөдөө аж ахуй гэснээс мах экспортлоё гэж ярьж байгаа Ерөнхий сайдыг мэдэхгүй юм. Мах яагаад экспортлогдохгүй байна гэхээр Орос, Хятад хоёр худалдааны татвараа 50-70 хувь тавьчихсан. Хоншоортой Ерөнхий сайд үүнийг тэглэх юм уу, арав хорин хувь болгох хэрэгтэй юм. Худалдааны татвар бага бол монгол махыг Хятадын ямар ч компани авна. Уг хуулийг Монголын Ерөнхий сайд мэдэхгүй байна гэж үгүй, харин мэдэхгүй дүр эсгээд л байгаа байх. Нэрэлхээд байна уу, эсвэл хувьдаа юм гуйгаад байна уу. Тэр хоёрын л нэг. Манай мах шиг амттай, чанартай, мууддаггүй мах ховор. Оросын генерал хэлж байсан “Монгол махаар консерв хийсэн, таван жил болоход муудаагүй байсан” гэж. Үнэн л байхгүй юу. Манай улсад тийм өндөр татвар тавина гэдэг их гүрний дээрэнгүй бодлого биз дээ.

-Нэг хэсэг трактор угсралтын үйлдвэр бий болох нь гээд шуугьсан. Тэр юу болсон бэ. Тариа тарьж, энэ хүрээнд явдгийн хувьд асууж байна?

-Парист төвтэй Европын холбооны хөгжил буурай оронд зориулах Польшийн Засгийн газрын 50 сая еврогийн 32 саяар нь Монголд тракторын үйлдвэр байгуулахаар болсон. Энэ асуудлыг бид 4-5 жил хөөцөлдөөд дөнгөж бүтэх гэж байтал засаг солигдоод, хөдөө аж ахуйн сайд өөрчлөгдсөн. П.Сэргэлэн сайдын үед бараг л бүтэх өнгөндөө байсан. Хөдөө аж ахуйдаа тулгуурлаж хөгждөг Монгол Улс трактор угсардаг болчихсон бол ирээдүйн хөгжил дэвшилд тун хэрэгтэй байсан. Дархан юм уу, Эрдэнэтэд үйлдвэрээ барихаар болсон байсан. 200-300 хүний ажлын байр бий болно. Орчин үеийн трактор угсардаг үйлдвэртэй болох байлаа. Ганц трактор биш ардаа чиргүүл чирэх анги, газар хагалагч, будаа тээвэрлэгч, өөрөө буулгагч гээд олон зүйл байсан. Энэ бүхнийг өөрийн орондоо бий болгож чадаагүй, азгүй монголчууд юм бид. Польшийнхон Монголд гурван ч удаа ирсэн. Бид гурван ч удаа очсон. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад нь уулзуулсан. 45-50 жилийн хугацааны зээл, бараг хүүгүй Монголд маш том боломж байсан. Манайхыг Америк хүртэл сонирхож байсан. Намайг Их хурлын гишүүн байхад Америкаас Буш хүртэл ирж байсан. Киргизээс онгоцны том баазыг татан буулгаад Америкийн том хүчнийг гаргасан. Манайд байгуулах гэж санаархаж ирсэн байх л даа. Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай ирсэн. Их хуралд үг хэлээд л сүрхий юм болсон. Гэтэл Монгол Улс хуулиндаа гуравдагч орны цэргийн баазыг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахгүй, төвийг сахина гэж тов тодорхой заасан байсан. Түүнийгээ хэлээгүй ч юм уу, ямар нэг аргаар Бушийг аваад ирсэн. Тэр үгийг Буш сонсоод шууд л буцсан. Монгол руу бараг эргэж хараа ч үгүй .

Монголыг Хятад халхлаад, орос бас алдахыг хүсэхгүй байгааг Америкийн Ерөнхийлөгч ойлгосон нь тодорхой.

-Бизнесмэн хүний хувьд асуухад, энэ улсыг хоёр нам аль нь ч удирдаад ялгаагүй байна. Тэгэхээр одоо бидэнд ямар зам байна аа. Баялаг бүтээж яваа бизнесмэнүүд юу гэж хэлэх юм?

-Миний дандаа л бодож явдаг асуултын нэг байна. Нээрээ монголчууд бид одоо яах ёстой вэ. Жижиг улсад байлдана гэхээр цус асгаруулж болохгүй. Улсын хөрөнгийг хувьдаа завшсан бүгдийг бариад шоронд хорино гэхээр хэдэн хүн үлдэх үү. Харин ингээд яваад байхаар цаагуураа даамжраад нэг том гүрний колони болох аюултай. Наад захаас нь бодоход эхлээд төрөөс хулгай хийсэн хүмүүс оффшорт байгаа мөнгөө авчраад Монголын төрийг өрнөөс гаргачих хэрэгтэй. Дараа нь гэрээ хийгээд засаг нь өгөхгүй юу даа.

Өнөөдөр биш гэхэд маргааш хулгай хийсэн хүмүүсийг яллаж л таараа. Тиймээс мөнгөө авчирч улс орноо өрнөөс гаргах хэрэгтэй байна. Төрөөс уг асуудалд зохицуулалт хийх хэрэгтэй байна. Хэрвээ оффшорт байгаа мөнгөө өрөнд өгөхгүй бол нэг л өдөр АНУ ч юм уу, өөр орнууд хураагаад авчихна. Африкийн орнуудын тусламжид гээд идчихнэ. Аль ч үгүй хоцрохын оронд улс орондоо нэмэртэй байвал зүгээр.

-Таны хувьд Булган, Сэлэнгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тэргүүнээр ажилладаг . Тэр тухайд тань сонирхмоор байна?

-Юуг нь сонирхдог юм. Анхдагчдын өлгий Булган нутагтай хоёр мянгаад оны эхэн үеэр хувь заяагаа холбосон. 2000 онд МАХН-ын Засгийн газар гарч ирээд хүн бүр 3000 га-гаас дээш газартай байж болохгүй гэж хуульчиллаа. Би гэдэг хүн 18000 га газартай байсны талыг нь хурааж аваад үлдсэнийг нь гурав хувааж авсан. Одоо болохоор 3000 ч хамаагүй, бүр 30 мянга ч хамаагүй л гэж байна. Ийм л дампуу төр улстай байж байна. Газар тариалан гэдэг тухайн орны хамгийн амин чухал салбар. Гэвч манайд хөсөр хаягдсан. Тариаланчдад өндөр хувийн хүүтэй техник хэрэгсэл шахна. Мөнгөгүй болохоор өнөө үнэтэй зээлийг нь авахаас өөр аргагүй. Будаагаа хямдхан өгнө. Хамгийн аюултай нь ургац хураах үеэр тариаланч болгоны тонн бүрээс 20 хувийн хорогдол бий болгодог. Хогийн хорогдол, болц дутуу, чийглэг, дээрээс нь цавуулаг гээд явж өгнө. 1000 тонн будаа тушаахад 200 тонныг нь хорогдол болгож байна. Тэр 200 тонн будаа хаашаа ордог вэ гэхээр бас сонин. Зүгээр будаа шүү дээ, яахав хоёр, гурван хувийн хог хаягдал байж болох юм. 20 хувиар хасаад тэр мөнгийг нь хэн халаасалж байна гэдэг асуудалтай. Дэлхий дээр хамгийн ядуу хүмүүс Монголын тариачид байдаг. Хоёр хөршийнхөө тариачидтай харьцуулах юм биш. Хоёр хөрш маань газар тариаландаа төрөөс татаас өгдөг. Энэ мэтчилэн олон асуудлыг Хөдөө аж ахуйн сайдтайгаа уулзаад ярья гэхээр зугтаад байдаг. Их хурлын гишүүнтэй болохоор уулзаад байдаг. Ард түмнээсээ зугтаад байдаг, ойлгомжгүй. Миний бие сайдын үүд сахиж явсангүй. Харин одоо Хөдөө аж ахуйн сайдтай уулзах гээд чадахгүй байна. Булган аймгийн тариаланчдыг доромжлох нь буруу л даа. Сүүлд нь нэмээд хэлэхэд Монголд ирээдүйн асуудал үнэндээ бүрхэг байгаа. Гадны юм мэддэг бизнесмэнүүд Монголын дарга сайд, Их хурлын гишүүдтэй уулзахын хэрэггүй гэдэг болжээ. Хаана ч очсон тийм бодолтой болсон нь харамсалтай. Бүр зугтаадаг болсон гээд бодохгүй юу. Түүний оронд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй уулзаж асуудлаа ярьдаг болсон байна. Сайд дарга нар нь худлаа ярьж байгаад маргааш нь солигдчихдог гэнэ. Монголын нийгэм бодит байдлаараа яг үнэндээ ийм л байна.

Categories
мэдээ цаг-үе

“МОНГОЛ ТОГЛООМ” төслийн санаачлагч Х.ГАНБААТАР: Хүүхдийнхээ ой тогтоолтыг хөгжүүлэхээс илүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлага байна

“Монгол тоглоом” төслийн санаачлагч, “Оюуны хүрээ” ХХК-ийн захирал Х.Ганбаатартай ярилцлаа.


Монгол тоглоом төслөөс яриагаа эхэлье. Монголд тоглоомын үйлдвэртэй болж байгаа юм байна гэсэн таамаг бодол төрж байна. Төслийн зорилго цар хүрээ юу вэ?

-Аливаа улс үндэстэн бусад улс үндэстнээс хэл соёлоороо ялгардаг. Монгол хэл, монгол соёл нь Монгол Улс оршиж буйн баталгаа болно. Монголчууд бол эрт цагаас эхлээд олон төрлийн тоглоом наадгайгаар дамжуулан үр хойчдоо хэл соёлоо өвлүүлж ирсэн баялаг уламжлалтай ард түмэн. Аман наадгай гэхэд л оньсого, түргэн хэллэгээс эхлээд олон төрөл болдог. Биднийг багад эмээ өвөө маань янз бүрийн оньсого таалгадаг, оньсого таах гэж оролдох явцдаа л монгол хэлэндээ суралцаж байж. Гэтэл өнөөдөр уламжлалт тоглоом наадгай мартагдаж байна. Монгол хэл маань ч устаж буй хэлний жагсаалтад орчихсон явж байх юм. Хоног хугацаа өнгөрөх бүрт бид монгол соёл, монгол хэлнээсээ хөндийрч өөр орны хэл соёл руу татагдаж байна. Эндээс манай төслийн зорилго ойлгогдох байх. Монгол тоглоом төслийн зорилго нь Монгол хэл, соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал. Үүний тулд Монгол өв соёлоо агуулсан тоглоом наадгайг зохион бүтээж Монгол хүүхдүүдийнхээ хэрэгцээнд хүргэе гэж байгаа юм. Төслийн зорилго маань нэлээн эх оронч, бараг улс төрийн хандлагатай сонсогдох байх. Гэвч төслийн гүйцэтгэл бол тэр чигээрээ бизнесийн үйл ажиллагаа. Орчин үеийн бизнест шаардлагатай менежмент, маркетинг, төлөвлөлт, удирлага, судалгаа бүгд шаардагдаж байгаа.

Монгол хэл, соёлоо тоглоомоор дамжуулан хамгаална гэдгийг төдийлөн сонсоогүй юм байна. Тухайлбал ямар тоглоомоор яаж вэ гэдэг асуулт байна?

-МОНГОЛ ГЭР тоглоомоо худалдаанд гаргаад нэг сар ч болоогүй байна. Монгол гэр бол монгол хэл, соёлын үнэт өв. Нүүдэлч улс орнуудын хувьд гэр сууц нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Монгол гэрийн хувьд уламжлалт мал аж ахуйдаа дасан зохицсон, барьж буулгахад хурдан, бүтэц бүрэлдэхүүн болгон нь өөрийн гэсэн утга илэрхийлдэг, маш сонирхолтой орон сууц. Иймд монгол гэрээ байгаа чигээр нь багасгаад хийхэд угсардаг тоглоом болчихож байгаа юм. Ханаа дугуйлж, хошлонгоо гүйлгэн хаалгатайгаа уяж бэхлэх нь гэхэд л нэг төрлийн тоглоом.Тооноо босгоод эргүүлгэнийхээ дөрвөн унийг өлгөх нь бас нэг даалгавар. Униа өлгөж дуусаад эргүүлгээ зөрүүлэх үйлдэл нь яагаад гэдэг асуултыг дагуулна. Монгол гэрийн бусад сууцнаас ялгарах онцлог бол уяагаар хүлэгдэн баглагдаж баригддаг явдал. Монгол гэр тэр чигээрээ монгол ухаан. Үүнийг задалж шинжилж ойлгох боломжийг Монгол гэр тоглоом олгоно. Монгол гэрээ буулгаж барьж үзэх боломж орон сууцанд амьдардаг хүмүүст өдөр бүр байтугай, жилдээ ч олдохгүй. Гэр барих үйл явц нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ. Дотуур хошлонг хэт чангалахад багана газраас хөндийрч буйг физик үзэгдлээр тайлбарлаж ойлгуулж болно. Унины тоог нэмэгдүүлэхэд ханын нүдний тоо хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг тооцоолоход математикийн тооцоолол шаардагдана. Энэ мэт монгол гэрээ шинжлэх ухаанчаар судлах боломжийг Монгол гэр тоглоом олгоно. Монгол гэр тоглоомоос монгол хэлээ сурна. Гэрийн бүтцийг нэрлэж мэдэхгүй хүүхэд битгий хэл томчууд олон байдгийг мэднэ.Тоононы цамхраа гэж алийг нь хэлдэг вэ гэдгийг энэ тоглоомоос сурна. Монгол гэртэй холбоотой оньсого, хэлц үг, ерөөл, ёс заншил, цээрлэх ёс зэргийг багтаасан, Монгол гэрээ барих заавар бүхий гарын авлага ном дагалдана. Энэ номонд өдөр тутмын хэрэглээнээс хасагдсан олон монгол үг бий. Гэрийн тавилгыг хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхүйц байдлаар шийдсэн. Өгөгдсөн царс модон бэлдцүүдийгзүлгэж, будаж, хээлэх ажлыг хүүхдүүд өөрсдөө хийнэ. Модон бэлдцүүд, зүлгүүр, усан суурьт будаг, бийр, хээний загваруудыг ашиглан гэрийнхээ авдар, ор, ширээ, сандал гээд бүх тавилгаа хүүхдүүд өөрсдөө бүтээнэ. Үүгээр тогтохгүй гэрийнхээ цагаан бүрээсэн дээр угалз хээ тавьж гэрээ чимэглэж, гэрийн модыг эрээлж, өнгө дизайныг өөрчилж болно.

-Сайн ажил хийж байгаа юм байна. Дараагийн бүтээгдэхүүнүүд хэзээ гарах вэ?

-Цагаан сард зориулаад Алаг мэлхий шагайн наадгайнууд гаргалаа. Монгол тоглоомын чухал төлөөлөгч гэвэл шагайн наадгай байдаг. Монгол гэрээ бариад сурчихвал өвөл зун гэлтгүй, жилийн дөрвөн улиралд гэртээ юугаар тоглож нааддаг байсныг эргэн сануулж байгаа хэрэг. Өнөөдөр хотод байтугай, хөдөөд ч шагайгаар тоглох нь ховор болсон. Гадныхан шагайн наадгайг сонирхдог боловч биологийн гаралтай гэх шалтгаанаар хэрэглэхээс болгоомжилдог. Нөгөө талаас шагай цуглуулж олж авах гэдэг хүнд ажил байдаг. Ийм учраас бид шагайг үйлдвэрийн аргаар тунгалаг өнгөт материалаар үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр эрүүл ахуйн шаардлага хангасан Монгол уламжлалт тоглоомуудыг зах зээлд гаргах боломж нээгдэж байгаа юм. Алаг мэлхий, дуугүй долоо, хомборой гээд гурван төрлийн тоглоом худалдаанд гаргаж байгаа. Цаашид логик шагай, хулангийн гацаа, мазаалай, тооно тушаа, тэхийн зогсоол, тамга, цамхаг, гарьд магнай, тод магнай, болдоггүй бор өвгөн зэрэг тоглоомууд хийхээр зохион бүтээх ажил явагдаж байгаа. Монгол гэр тоглоомоо цогц тоглоом болгон хөгжүүлэх шаардлага бас бий.Хүүхдүүд өөрсөө бариад дотор нь ороод тоглодог жижиг гэрийн зураг төслийн ажил мөн явагдаж байна. Саяхан гурван настай хүүхдэд шатрын анхан шатны мэдлэг олгох шинэ тоглоомын санаа орж ирсэн. Энэ тоглоомоо хүүхдийн баяраас өмнө гаргачих санаатай судалгааг нь хийгээд эхэлсэн. Шатрын мастеруудаас, багш нараас зөвлөгөө, судалгаа авах ажил явагдаж байна. Монголд ой тогтоолтын спортоос илүү шатрын спортыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үздэг. Аливаа асуудлыг шийдэхдээ олдсон мэдээллүүдээ задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, голчийг нь олж шийдвэрээ гаргадаг дадлыг шатраар дамжуулан суулгаж болно. Тиймдээ ч зарим улс орнууд шатрыг сургалтын хөтөлбөртөө оруулдаг болов уу. Шатрын анхан шатны мэдлэг олгох тоглоом амжилттай хийгдвэл зөвхөн Монголд гэлтгүй гадаад зах зээлд гарах брэнд тоглоом ч болж магадгүй.

Тоглоомоо экспортод гаргах төлөвлөгөө бий юу?

-Тухайн орныхоо хэрэглэгчийн судалгааг хийж байж экспортыг төлөвлөх шаардлагатай. Жишээ нь Монгол гэр тоглоомыг экспортод гаргахын тулд гэр барих зарчмыг хялбаршуулах шаардлага тулгарч таарна. Тэгээд гаргалаа гэхэд гадныхан сонирхож авах эсэхийг мэдэхгүй. Судалгаагүй зүйл дээр экспортод гаргана гэж хэлэх боломжгүй юм. Жилдээ 100 орчим тэрбум төгрөгийн борлуулалттай дотоодын тоглоомын зах зээл дээр байр сууриа эзлэх нь бидний тэргүүн зорилт. Монгол соёлоо уламжлан үлдээх үндсэн зорилгодоо хүрэх нь хамгаас чухал. Гадаадад амьдарч буй монголчууддаа Монгол гэр тоглоомоо хүргэхэд анхаарна. Энэ бол экспорт биш л дээ. Өвөрмонголчууд Монгол гэр тоглоомыг олноор нь авч урагшаа гаргаж байгаа. Өвөрмонголчуудынхаа санал шүүмжийг тусган бүтээгдэхүүнээ Өвөрмонголын зах зээлд зориулан өөрчлөх шаардлага гарч магадгүй гэж бодож байгаа. Энэ тохиолдолд экспортын асуудал бодитоор яригдах байх.

Өнөөдөр Монгол хүүхдүүд Хятадаас орж ирсэн чанаргүй хямд тоглоомоор л тоглодог. Гэтэл танайх Хятад руу гаргаад эхэлсэн байна.Танай тоглоомын үнэ ямар байх вэ?

-Бид тоглоомынхоо үнийг эхлээд тогтоодог. Жишээ нь Монгол гэр тоглоомоо тавин мянган төгрөгнөөс илүү үнэтэй байж болохгүй гээд үнээ эхлээд тогтоосон. Үнэ өртөгтөө тааруулж загвараа гаргасан. Гэр маань 25 уньтай. Нэг унь нэмэхэд л ханын толгой нэмэгдэнэ, өртөг өснө. Анх 48 уньтай гэрийн загвар гаргаад өртгийг нь тооцоход төлөвлөсөн үнээс өндөр болоод ирсэн. Униныхаа тоог багасгасаар хорин тав дээр тогтсон. Түүнээс цөөн болговол тоглоом биш сувинер болно. Гэрийнхээ загварыг гаргахад хагас жил зарцуулсан. Загвар гаргаснаас хойш 11 сарын дараа худалдаанд гаргаж байна. Үнийн хувьд аль болох хямд үнээр зах зээлд гаргах бодлогыг барьж байгаа.185000 төгрөгөөр1000 тоглоом борлуулснаас, 18500 төгрөгөөр 10000 тоглоом борлуулахыг илүүд үзнэ. Тоглоом маань хямд үнэтэй байж л олон хүүхэд тоглох боломжтой болно. Олон хүүхэд манай тоглоомоор тогловол бид Монгол хэл, соёлоо хамгаалах зорилгодоо хүрнэ. Монгол соёлоор халхавч хийж, богино хугацаанд их орлого олох нь бидний зарчим биш. Манай бүтээгдэхүүн чанартай байх ёстой, хямд байх ёстой. Хямд байна гэдэг нь ашиггүй ажиллана гэсэн үг биш. Хямд үнээр их хэмжээний борлуулалт хийх нь бидний гол стратеги. Өнөөдөр МОНГОЛ ГЭР тоглоомондоо цагаан сарын хямдрал зарлаад 45000 төгрөгөөр борлуулж байгаа.

-Зөв зөв. Загвар гарснаас хойш 11 сар гэдэг их хугацаа байна. Удсан шалтгаан юу вэ?

-Нэгдүгээрт үйлдвэрлэлийн зардал өндөр учир хөрөнгө оруулалтын асуудалтай тулгарсан. Хоёрдугаарт манайхыг загвараа гаргаснаас хоёр сар орчмын дараа мимо гэр гэдэг бүтээгдэхүүн гараад ирсэн. Нэгэнт хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байсан тул мимо гэрийн борлуулалтын төлөв, хүмүүсийн хүсэл сонирхолд хэрхэн нийцэж буйг хэсэг хугацаанд ажиглая гэж шийдсэн. Худалдаж авч өөрийнхөө гэртэй харьцуулж харсан. Монголчууд мимо гэрийг маш сайхан хүлээж авсан ч хэт үнэтэй байна гэдгийг бараг ерэн хувь нь хэлж байсан. Энэ мэдээллийг мимо гэрийн пэйж хуудаснаас л авчихаж байгаа юм. Бидний үнээ эхэлж тогтоож загвараа гаргаж ирсэн нь зөвдсөн байна, жинхэнэ Монгол гэрээ эргүүлэг чагтагатай нь, дотуур хошлонтой нь баглаа хүлээтэй нь хийх шийдэл маань гол давуу тал болох нь гэх дүгнэлтийг хийчихээд байж байтал “Монгол HD” ТВ шарк танк нэвтрүүлгийг Монголдоо хийхээр боллоо гэх зар явсан. Үүнийг боломж гэж хараад орохоор шийдэн Монгол тоглоом төслөө өгсөн. Гэвч Монгол тоглоом төсөл маань шаркуудаас санхүүжилт авч чадаагүй. Шарк танк нэвтрүүлэгт нэлээд хугацаа алдсан. Нэвтрүүлэг телевизээр гарах хүртэл бүтээгдэхүүний сурталчилгаа хийх эрхгүй болсон учир гурван сар орчим хугацаанд төслийнхөө шинэ тоглоомын судалгаан дээр л ажилласан. Гэтэл нэвтрүүлэг гарсны маргааш MMG ББСБ-аас холбогдож төслийг чинь дэмжье, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоё гэснээр 10 сарын сүүлээр МОНГОЛ ГЭР тоглоомынхоо үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн. Үйлдвэрлэл хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж худалдаанд гарч байна.

-Монгол гэр тоглоомын борлуулалт ямар байна. Хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байна?

-Худалдаанд гаргахаасаа өмнө 1000 гэрийг урьдчилсан захиалгаар борлуулсан. Үйлдвэрлэлийн явцад зардал өсч 25 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Энэ санхүүжилтыг 1000 шарк хөдөлгөөн өрнүүлэх аргаар босгосон. Өнгөрөгч оны 12 сарын 23-25-ны хооронд 55 цагийн дотор 1000 гэрийг 25000 төгрөгөөр борлуулсан. Зураг үзүүлээд 25 сая төгрөгийн борлуулалт хийнэ гэдэгт итгэмээргүй зүйл болсон. 1000 шарк хөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийн ихэнх нь миний фэйсбүүк найзууд байсан. Тэд Монгол гэр тоглоомын загварыг гаргахаас эхлээд бүхнийг мэдэж байсан учраас захиалга өгч намайг дэмжсэн байх.1000 гэрийн захиалга авсан цагаас хойш миний хувьд хийж бүтээх хүсэл эрмэлзэл улам ихээр бадарсан. Энэ хугацаанд маш их ажлыг амжуулсан. 2018 оныг их л бүтээлч байдлаар эхлүүлж байна.

Мимо гэр түрүүлж зах зээлд байршсан том давуу тал үүсгэсэн. Танай компаний өрсөлдөгчдөөсөө ялгарах гол давуу тал юу вэ?

-Бид Монгол хүүхэд бүр манай тоглоомоор тоглоосой, Монгол хүүхэд бүр өв соёлоо таньж мэдээсэй гэдэг хүслээр ажилладаг. Энэ хүслээ бүтээгдэхүүндээ шингээдэг. Бидний давуу тал манай бүтээгдэхүүнээс харагдах байхаа л гэж бодож байна. Аливаа зүйлд өрсөлдөх зарчим нь зөв байх нь чухал. Мимо гарч ирснээр бид улам их хичээж ажиллах шаардлагатай тулгарсан. Өрсөлдөөн гэдэг утгаараа өөр нэг гэр үйлдвэрлэгч байгаа нь бидний хувьд ашигтай. Гэхдээ төслийн зорилго маань өөр учраас нэг зах зээл дээр учиргүй өрсөлдөөд байхгүй. Бид худалдан авагчдын оюун санаанд тун ухаалгаар байршиж чадсан гэж бодож байна. Жинхэнэ монгол гэрийг монголчууддаа зориулж гаргая гэдэг зорилгыг нэгдүгээрт тавьсан. Энэ зорилгодоо хүрч байгаа гэж бодож байна.

Тоглоомын бизнесийг хэзээнээс эрхэлж эхэлсэн бэ?

-Анх 2008 оны өвөл Бээжингийн ванфүжин номын дэлгүүрт явж байгаад нэг сонин тоглоомоор хятад хүүхдүүд тоглохыг харсан. Тэр үед манай том хүү 3 настай байсан юм. Сонин сонин хэлбэртэй дүрснүүдийг эвлүүлээд пирамид үүсгээд байсан. Би түүнийг эхлүүлэх гээд чадаагүй. Үнийг нь асуусан чинь 500 юань. Одоогийн ханшаар бараг хоёр зуун мянган төгрөг. Авах гэснээ арай ч үнэтэй юмуу гээд орхиод гарсан. Гэтэл энэ хятад хүүхдүүд тоглож байгаа тоглоомоор миний хүү яагаад тоглож болдоггүй юм гэх шар хөдлөөд эргэж ороод авсан. Гэртээ ирээд хүүтэйгээ тоглосон. Анхандаа сонирхохгүй байснаа нэг мэдэхэд 10 гаруй хувилбараар пирамид эвлүүлдэг болчихсон байсан. Тэр үнэхээр гайхамшигтай тоглоом байсан. Тоглоомын ач холбогдол илт мэдэгдсэн учраас тэр тоглоомыг 1000 ширхгийг оруулж ирээд сарын дотор борлуулсан. Түүнээс улбаалаад оюуны тоглоомын дэлгүүрээ

2010 оны дөрөвдүгээр сард нээсэн. Дэлгүүртээ орчин үеийн оюун ухаан, сэтгэх чадвар, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх тоглоомуудыг авчирч борлуулдаг. Шинэ тоглоомуудаар үргэлж сэлбэж байдаг. Хамгийн сүүлд гэхэд гурван тоорой, улаан малгайт үлгэрүүдээр сэдэвлэсэн 3-6 насны хүүхдүүдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом ирсэн. Маш сайн борлуулалтай байгаа. Гадны орнууд оюуны тоглоом зохион бүтээхэд маш их хөрөнгө оруулалт хийдэг. Сайн ч тоглоомууд зохион бүтээгддэг. Тэдний үндсэн зорилго нь хүүхдүүдээ багаас нь сэтгэн бодох, дүгнэн шинжлэх, нэгтгэн дүгнэх цогц чадварыг нь хөгжүүлэх явдал байдаг. Бид тэднээс хоцорч болохгүй. Манай Оюуны төв тоглоомын дэлгүүрийн анхны үйлчлүүлэгчдээс амьдрал дээр гараад эхэлсэн. Ихэнх нь оюутан болсон. Зарим нь одоо ч манай үйлчлүүлэгч хэвээрээ. Манай үйлчлүүлэгч тэтгэврийн насны эгч байдаг. Тэднийд манай ихэнх тоглоом бий. Танай тоглоомыг тоглосноор манай зээ охины хичээл сурлага сайжирсан, би танай тоглоомоор охиноо тоглуулах биш хичээллүүлсэн. Үр дүнд нь зээ охины маань оюуны чадвар сайжирч, хичээлээ хурдан ойлгодог болсон. Та нарт их баярлаж явдаг гэж хэлж байсан. Ийм сэтгэлийн үг сонсоод Монголынхоо ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Асуултыг таны танилцуулгаар өндөрлөе.Та өөрийгөө танилцуулж эцэг эхчүүдэд хандаж нэг уриалга хэлэхийг хүсье.

-Би Дундговь аймагт төрж өссөн. Хэрэглээний физикч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. Гурван хүүхдийн аав. Хүүхдүүддээ сайн бизнес өвлүүлж үлдээх эрмэлзэлтэй жирийн л нэг бизнес эрхлэгч. Бүтээлч, хөдөлмөрч, оюунлаг иргэд Монгол орноо хөгжүүлнэ гэдэгт итгэдэг хүн. Хүүхдийнхээ ой тогтоолтыг хөгжүүлэхээс илүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлага тулгарч буйг нийт эцэг эхчүүддээ хандаж хэлэхийг хүсч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуус цэрэгт дайчлагдан, ажил хийхийн буруу гэж байхгүй

Залуус цэрэгт дайчлагдан зурган илэрцүүд

Цэргээс ирсэн харцуул гэдэг бол социализмын үед үзэгдэл байлаа. Гэхдээ энэ нь дээд сургууль төгссөн залуусаас тусдаа үзэгдэл л дээ. Тэд бол сайхан эрс даанч тоо нь цөөхөн хүн бүр их дээд сургуулийг төгсөж чаддаггүй учраас элит давхаргынхан гэсэн үг. Харин нийт ард түмний дунд бол цэргээс халагдсан залуус гэрэл гэгээ цог жавхлан байсан юм. Тэвхийсэн хүдэр цээжтэй, зассан шагай шиг хүрэн бор залуус хөдөө талыг чимж амьдрах итгэл найдвар төрүүлж залуу бүсгүйчүүдийн булгилсан зүрхэн дунд дуулалдан давхилддагсан. Тэдний хүнд хүчир ажилд дадсан хүчирхэг гарт тэврүүлж, баргийн юмыг үл тоох хаттай сэтгэлд хайрлагдах нь итгэл төрүүлнэ. Цэргийн алба ийм л байлаа. Өнөөгийн залуусыг муулах гэсэнгүй. Эдийн засгаас болоод богино хугацаатай байгаа нь л өөр болохоос бусдаар адил биз ээ. Харин бие бялдрын хөгжил, сэтгэлийн хат суух нь арай дутуу юм болов уу л гэж хардаг. Богдын үед цэрэг хугацаагүй байсан юм гэсэн. Сүүлд 40, 50-иад оны үед таван жилээр цэргийн алба хаадаг байсан. Тэр үед Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуай “Эм нь сувайрч, эмээл нь хувхайрлаа” гэж маршал дээр орж хэлж байгаад гурван жил болгосон юм гээд л аав маань хуучилдагсан. Тэр өөрөө таван жил цэрэгт явсан хүн л дээ. Одоо цэрэгт залуусыг татаж бүтээн байгуулалтад оролцуулна гэхээр бөөн дайсан бэлдэх гэсэн аятай нийгмээрээ сүйд болж байх юм. Монголчууд цэрэгт алба хаагаад л ирсэн түүхтэй. Цэрэг нь ард түмэндээ нөмөр нөөлөг итгэл зориг төрүүлж байснаас өөрөөр яршиг төвөг удаж байсан түүхгүй. Тэгэх ч үгүй, яагаад гэвэл бидний л үр хүүхэд шүү дээ. Залуусыг цэрэгт дайчлан татаж том бүтээн байгуулалтад оролцуулахад буруу юм байхгүй . Монгол цэргийн тоо нэмэгдэхэд айдаг монгол гэж юу байдаг юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хар баатар”-ын эрэл ба “Цагаан баатар”-ын үхэл

ХХ зууны монголын түүхийн хамгийн тод, бас хамгийн балархай хүн бол Ерөнхий сайд агсан Г.Бадамдорж юм. Б.Цэнддоо түүний тухай “Г.БАДАМДОРЖ: Шар хүний “хар” тууж” хэмээх баримтат ном бичжээ. Энэ бүтээл нь НЭПКО хэвлэлийн газар ба “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн хамтран гаргадаг Т.Э.Ц (Түүхэн эрхмүүдийн цадиг) цувралын нэгэн хэсэг юм. Бид энэ дугаартаа уг номын нэгдүгээр бүлгээс хэсэглэн нийтэлж байна.

НЭГ. ГУДАМЖИНД ХАЙЛСАН ХАР ТУУЛЬ

…Түүх, дуртгал хоёр юугаараа ялгаатай вэ гэхээр ийм юм. Түүхэн үйл явцад оролцогчийн байр сууриас ангижирсан дурсамжийг түүх гэж хэлж болно. Энэ утгаараа, оролцогчийн сэтгэгдлээс салж чадаагүй түүх нь дурсамж хэвээрээ үлдэнэ. Тэгэхээр үйл явдалд биеэр оролцогчид түүх бүтээх чадамжгүйн нэгэн адил баримтаар баталгаажаагүй дурсамж түүх болж чаддаггүйг дурдалтай.

ХХ зууны монголын шинэхэн түүх нь ХХ зуундаа бүтээгдсэн төдийгүй ХХ зууныг бүтээгчдийн сэтгэгдэл дээр тулгуурласан байлаа. Нэг талаасаа, нүүдэлчний амьдралаас хотшил иргэншилд шилжин “соёлыг гайхав” болсон нүүдэлч-сэхээтний хөөрсөн сэтгэгдэл нэвт харагддаг.

Нөгөө талаасаа,түүх зохиогчид цагийн аясаар хувьсгалт засаглал, коммунист хүчирхийллийг магтах үүргийг тэртэй тэргүй хүлээнэ. Монголд ардын хувьсгал ялаад илүү жаргалтай үе эхэлсэн гэдгийг тод харуулахын тулд өмнөх үеийг нь улам харлуулах хэрэгтэй болно. Хувьсгалт хүчирхийлэл, төрийн дээрэм, аллагыг зөвтгөхийн тулд “урьд өмнө үзэж туулсны хажууд энэ бүхэн юу ч биш, харин ч жаргаж байгаа хэрэг” болохыг нотлох хэрэгцээ гарна.

Ингээд хувьсгалт хүчирхийллийн зовлон зүдгүүрийг харин ч жаргал болгон харуулахын тулд өмнөх бүх түүхийг Дантегийн ч санаанд ороогүй “там”i, “Чойжид дагинын тууж”ii-ийн нэргүй зохиогчийн фантаазанд багтаагүй эрүү, шүүлтээр баяжуулан бүтээж эхэлсэн байдаг.

Энэ бүхнийг ХХ зууны монголын нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “БНМАУ-ын түүхийг уншихад, Монголын эдийн засаг, соёл мянган жилийн турш унасаар эвдэрч сүйдсээр байжээ. Гэвч хэзээ дэвшилт, сэргэлт байсныг заасангүй…XIII зуунд унасан, XIV, XV зуунд унасан, XVIII зуунд унасан, XX зууны эхээр эхээр бас л унасан гэсэн ганцхан дүгнэлтийг хийж болохоор”iii хэмээн ёжилсон бөлгөө.

Ингэж ХХ зууны монголын шинэ түүх нь оролцогчдын сэтгэгдлээр бичигдсэн хувьсгалт дурсамж болсон бол өмнөх үеийн түүх нь тэрхүү хувьсгалт “тэнгэрлэг комеди”-ийг тодруулах фооно, золиос болон харлав.

Монголчууд хүний түүхийн анхны универсаль түүх бичлэгийг Рашид Аддин, Жувейни нараар бичүүлсэн гавьяаг орхиод өөрснөө “Нууц товчоо”-той байсныг гэрчлэн магтъя гэхэд тэрийгээ хэд нь мэддэг байсныг бурхан л хэлэх байх даа. Цөөн хэдэн сэхээтэн түшмэд нь улс орныхоо түүхийг мэддэг, бас бичдэг байсан байх.

Харин үлдсэн хэсэг нь зууны тэртээд нас барсан Амарсанаа баатрыг “Одоо болтол амьд мэнд орост байгаа. Нэг өдөр эргэж ирж биднийгээ чөлөөлөх юм гэнэ” гэж итгэсэн, “Хүүхэн хутагт үсээ хяргахаар тэр тоогоор нь дайсны цэрэг үхдэг” хэмээн найддаг нүүдэлчин ардуудiv байсан нь харагддаг.

Ийм хүмүүст шинээр түүх зохиож өгөх амархан.

Ингээд хувьсгалын “Тэнгэрлэг комеди”-ийн оршил болох учиртай “хар туульс” зохиогдож эхлэв. Тэрхүү хар туульст баатар хэрэгтэй байлаа. Ялангуяа “Хувьсгалт уран сайхан” хэмээгдэх пролетарийн үзвэр энэ түүхийн эхлэл болсон бололтой байдаг. Хүрээ хороогоор дэлгэрч байсан хуучны хятадын ший янгуу, өрнөдийн гудамжны театр, хэрмэл жүжигчдийн бүтээлийн холион бантан болсон хувьсгалт урлаг нь хуучны балар ёс, ноёд түшмэдийн харгис явдал гэдгийг шоолно.

Уран сайхан, гоо зүйн талаас авах юмгүй. Ард түмний хөрөнгийг идчихээд түүгээрээ “хүндэрч” байгаа феодалыг харуулахын тулд тайзан дээр дүлэн янцаглаж, лам ноёдын урин тачаангуйг нотлохын төлөө эр эмийн явдлыг тайзнаа ёсчлох ньv энүүхэнд.

Гэхдээ энд хувьсгалт, зохиомол түүхийн үр хөврөл бүрэлдэж байв. Энэ хөврөл хоёр салаалан хөгжсөн бөгөөд нэг хэсэг нь нүүдэлчний соцреалист утга зохиол болон хувирчээ. Нөгөө үзүүр нь “БНМАУ-ын түүх”-ийн уг сурвалж болон нахиалжээ. Ер нь бол, иргэншсэн ертөнцөд түүх нь утга зохиолын санаа сюжет болдог, харин нүүдэлчдийн тал нутагт уран зохиол нь хөгжсөөр түүх болдог ажгуу.

Чухам энэ гудамжны пролетарийн урлагийн хэсэг болон зохиогдсон дуу шүлэг нь хожмын хар туульсын санаа болсон гэлтэй. “Урвагч Бадамдорж шанзав тусгаар тогтнолоо худалдахыг нүдээр харсан хүн үгийг нь зохиогоод, бушуухан гэртээ харьж ноотолсон нь энэ” гэх байдлаар бидний ойлгож ирсэн нэгэн дуу энд багтана.

Уут уут мөнгөөр

Улсаа худалдсан сайдууд гуай

Дэнс дэнс мөнгөөр

Дэлхийгээ худалдсан сайдууд гуай… хэмээн тэр дуунд өгүүлнэ.

Магадгүй энэ дууг зохиосон хүн, үгүйдээ л зохиож байсныг нь харсан хүний яриа гэх маягийн зүйлс, тэр нь ташаагүй үнэн болохыг нотолсон “хөдөлшгүй болон хөдөлгөхийг хориглосон баримт”-уудыг хувьсгалт түүхээс харж болно л доо. Гэхдээ хувьсгалчдын сэтгэгдлээр зохиогдсон хувьсгалт түүхийг логикоор нь хөөж баримжаална уу гэхээс биш нотолгоо, дүгнэлтүүдэд нь шууд итгэх осолтой.

Ингээд харахаар дээрх дууны хувьд хэдэн давхар эргэлзээ төрдөг. Юуны өмнө шарын шашны гүн бөгөөд мухар сүсэгт автагдсан, хутагт гэгээдийнхээ шээсийг рашаан хэмээн хүртдэг нүүдэлчдэд оройн дээд Богдынхоо шадар хүнийг муучлах зориг хүрэх үү, үгүй юү?

Г.Бадамдорж бол Богдын шавь нарыг захирагч төдийгүй, олон улсын утгаараа автономит боловч өөрсдийнх нь ойлгодгоор тусгаар улсынх нь тэргүүн сайд хүн. Тэрбээр Жавзандамба хутагтыг ч, монголын засаглалыг ч адилхан төлөөлнө. Энэ өнцгөөс харвал Оройн дээд Очирдарь Богдынхоо шадрыг шоолсон дуу зохиох, тэрийг нь дуулах зэргээр “бурхнаа бургасаар гуядав” гэхэд үнэмшил багатай.

Нөгөө талаас, “Улсаа худалдах”, “дэлхийгээ худалдах” гэх мэтийн хувьсгалч хэллэгүүд нь 1921 оны ардын хувьсгалын дараагаар орж ирсэн марксист, ленинист үзэл сурталтай холбоотой байдлаар харагдана. Өнөөг хүртэл манай жагсаал цуглааны гол мессежийн нэг болсон эдгээр хэллэгийг Жавзандамба хутагтын гүн сүжигт шавь нар хэлж ярьж явсан гэхэд эргэлзээтэй. Яг л Чингис хаан нанотехнологийн тухай ингэж хэлсэн гэдэг шиг сонсогдоод байгаа биз?

Ямар ч байсан хувьсгалын эхэн үеийн пролетари урлагийн (албан ёсны нэр нь) элементүүд хувьсгалд зориулсан хар түүхийн бэлдэц болж чаджээ. Дуунд гарсан ёсоор “хар баатар улсаа худалдсан байх учиртай нь тодорхой болов.

ХОЁР. БААТАР ҮХЛЭЭ, БААТАР МАНДТУГАЙ…

Гэхдээ хар баатрын эрэл түр зуур хүлээгдэж байлаа. Учир нь хувьсгалт түүхийн цагаан баатар хараахан төрж амжаагүй байсан юм. 1923 оны өвөл монголын тусгаар тогтнолын баатруудын нэг Д.Сүхбаатар нас барлаа. Тэрээр Богд хаант монгол улсын цэрэг, өрнө зүгийн цэргийн боловсрол эзэмшсэн анхны офицер байжээ.

Түүний үхэл нь нэн эргэлзээтэй бөгөөд зориудаар хорлосон байх магадлалтай гэж судлаачид хэлдэг. Д.Сүхбаатарын цаг бусын үхэл нь монголын ард түмэнд өөрийн Ленин бүтээж өгөх коминтерний төлөвлөгөөний нэг хэсэг ч байж магадгүй гэх таамаг нэлээн ортойд тооцогддог. Оросын коммунизмын библи нь “Хувьсгалын эцэг В.И.Ленин их үйлсийг эхлүүлээд дуусгаж амжаагүй бөгөөд үлдсэн ажлаа өөрийн залгамжлагч, улсын эцэг И.В.Сталинд гэрээсэлсэн” хэмээн бичигдсэн. Түүний дүү коммунизм болох монголын Ардын хувьсгалын евангели “Хувьсгалын эцэг Д.Сүхбаатар их үйлсээ эхлүүлээд дуусгаж амжаагүй бөгөөд үлдсэн ажлаа өөрийн залгамжлагч хайрт эцэг Х.Чойбалсанд гэрээсэлсэн” байдлаар зохиогдсон нь нэгийг өгүүлэх биз ээ. Эцэгтэй хүүхдүүд элэг бүтэн амьдрал мөрөөддөг бол “хайрт эцэг”-тэй хүмүүс өнчрөхийг хүсдэг гэсэн үг эндээс гарчээ.

Ийнхүү хувьсгалт түүхийн цагаан баатраар Д.Сүхбаатар тодров. Эцэг Дамдин нь “цагаан дээлт” хэмээх хочтой байсан нь хүүгийнхээ ирээдүй хойчийг бошоглох мэт.

Харамсалтай нь Д.Сүхбаатар нь жинхэнэ утгаараа хувьсгалт түүхийн хамгийн том хэлмэгдэгчийн нэг бөгөөд зарим талаараа хар баатар Бадамдоржоос ч гашуун тавилан ногдсон гэж болно. Тэрээр ядаж л хүний ёсоор оршуулагдаагүй бөгөөд нэрийг нь сийлсэн авсанд хэний шарил орсон нь нэн эргэлзээтэй.

Хараан гүтгэгдэж хэлмэгдсэн хүмүүсийн нэрнээс түүний нэрэнд наасан гүжир булайг хуулахад л хангалттай. Харин “ цагаан гүжир”-т унасан баатрын үнэн намтрыг сэргээхийн тулд түүнд наасан хуурамч магтаалыг хуулах хэрэг гарна. Энэ хуулгыг авах нь баатрыг үнэнээр шүтэн дээдлэгчдэд ч хэцүү, түүний нэр төрийн далбаан доор амь зогоогчдод ч гашуун.

Д.Сүхбаатарыг магтан мандуулах гэсэндээ хоолоо голж цэргийн хуарандаа самуун дэгдээгч, Монголын их гүрнээс улбаатай улсын холбооны чухал алба хашин улаа нэхэж явахдаа төрийн түшмэлийг явгалан хаяж үүргээ хөсөрдүүлэн танхайрагч байдлаар хувьсгалт түүхэн урлагт дүрсэлж ирсэн. Энэ нь Богд хаант монгол улсын үнэнч цэрэг, өрнөдийн боловсролтой журамт офицер, хар багаасаа төрд зүтгэсэн баатрыг наанадаж л доромжилсон хэрэг юм. Яаж ч бодсон тэрээр шашин шүтээнээ дээдэлдэг, сэргээн мандуулахыг зорьсон монгол төрийнхөө ёс журмыг эрхэмлэдэг, ахас ихсээ хүндэлдэг журамт нэгэн байсан нь эргэлзээгүй. Ийм ч учраас учир битүүлгээр нас барахынхаа өмнө, ард олныг дээрэмдэн Богд гэгээний сэтгэлийг тавгүйтүүлсэн учраас даруйхан монголоос гарч явахыг улаан цэргүүдээс шаардаж байсанvi буй за. Энэ нь түүний үхлийн шалтгаан болсон байх магадтай гэж зарим судлаач үздэг.

Ийнхүү монголын тусгаар тогтнолын нэгэн баатар Сүхбаатар үхэж, оронд нь үзэл суртлаар бүтээгдсэн шинэ “цагаан” баатар төрлөө.

Одоо түүнтэй зэрэгцэхүйц хар баатар төрөх цаг яг мөн. Д.Сүхбаатар монголын тусгаар тогтнолыг жинхнээс нь сэргээсэн бол түүний эсрэг дүр тусгаар тогтнолыг нураагч байх ёстой. Энэ сонголт Г.Бадамдорж дээр буулаа.

Тэрээр “тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байгаад албан тушаалаа хятадуудад үнэ хүргэн зарсан ба уг наймааг дагаад Монгол Улсын тусгаар тогтнол унасан” байдлаар хувьсгалт түүхнээ орсон юм.

Үнэн хэрэгтээ Богд хаант тусгаар Монгол Улсын сүүлчийг мушгисан Ерөнхий сайд бол Т.Намнансүрэн байсан юм. Гурван улсын гэрээгээр тусгаар монголын богинохон түүх дуусч Хятадын Автономи болсны дараа Г.Бадамдорж Ерөнхий сайд болсон. 1919 онд Дундад иргэн улсын харъяанд байсан Г.Бадамдорж Ерөнхий сайдтай Автономит монгол түр татан буугдсан. Ийм явдлууд өрнөжээ.

Яг үүнтэй төсөөтэй нэгэн автономи төрөөд, мөхсөн нь Зөвлөлтийн Буриад-монголын автономит улс юм. 1923 онд байгуулагдаад 1930 онд татан буугдаж “Дорнод Сибирийн хязгаар”-т нэгдэхэд хэн ч гайхсангүй.

Монголчуудад тусгаар тогтнолоосоо татгалзах санаа хэзээ ч байсангүй. 1915 онд Орос-хятад хоёр тохирсон учраас хүчгүйдэн Хятадын автономи болсон. 1911 онд Бээжингээс тусгаарлаж чадсан ч эргээд Бээжиндээ хамаарсан гэсэн үг.

1919 онд ч сайн дураараа автономиосоо татгалзаагүй. Сю Шүжаны цэргүүд Хүрээг эзлээд энэ бүхнийг хүчээр хийлгэж, цэрэг жагсаан дарамталсаар автномио устгах бичигт гарын үсэг зуруулжээ. Харин хувьсгалт түүхнээ “Богд гэгээн, Ерөнхий сайд Бадамдорж зэрэг дээд тушаалын феодалууд өөрсдийн хувийн хомхой ашиг сонирхлын үүднээс уг гэрээний төслийн зүйл ангийг зөвшөөрч”vii болгон дүрсэлжээ.

Тусгаар тогтнолоо зарласан нэг жижиг улсыг хөрш хоёр том гүрэн зөвшилцөөд нэгнийхээ дотор бүтцэд оруулах, түүнчлэн нэгэн том гүрэн өөрийн дотоод бүтцэд байсан автономийг татан буулгах зэрэг нь ихээхэн тусдаа асуудал боловч “хар тууль” зохиогчид түүнийг эс хэрэгсэв.

Хамгийн гол нь Г.Бадамдорж шарын шашны төлөөлөл байсан нь хар талын баатраар сонгох өөр нэг шалтгаан байсан бололтой. Коммунистууд хуучин түүхийг арчихаас гадна, үндэсний оюун санааг шашнаас цэвэрлэх зорилготой. Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэгч хар баатар нь шашны төлөөлөл байх нигууртай. Ийнхүү шар дээлтэй хар баатрын сонголт хийгдлээ…

Үргэлжлэл бий.