Зүүн гараас С.Цэрэн аварга, Л.Хишигсүрэн начин, дүүгүүр Д.Гомбосүрэн начин нар. 1970-аад он
Монгол бөхийн 33 шинжийг хадгалж төрсөн бөх гэгддэг Сэрээтэрийн Цэрэн аваргын охин Даваасүрэнтэй ярилцсанаа хүргэе.
-Аав тань Намхай, Лувсанжамбаа гээд домогт их аваргуудын нутгийн хүн. Удам судар, ус нутгаас нь яриагаа эхлэх үү?
-Тийм ээ, аав минь Булган аймгийн Сайхан сумын нутаг Агуйтын голд эхээс мэндэлсэн. Бөхийн ном бүтээлд 1937 онд төрсөн гэж байдаг. Өөрөө бол “Би чинь туулай жилтэй хүн юм” гэдэг байв. Туулай жилийг нь хөөгөөд үзэхээр гучин есөн он болно. Том ах нь “Миний дүү гучин есөн оны дайны жил төрсөн” гэдэг. Тэгэхээр аав минь 1939 онд төрсөн нь батлагддаг. Аав нь Сэрээтэр гэж олон түмэнд хүндлэгдсэн уран дархан хүн байжээ. Ээж Сүрэн нь өвс хадлангаа өөрөө бэлтгэдэг, бүл чадалтай хүн байсан. Бид эмээгээ мэднэ. Аав минь багаасаа л бөхөд дуртай байж. Арван хоёр настай хүүхэд “улаан гуталт” Жанчивдорж хэмээх нутгийнхаа хүчит зааны аманд гарч байсан юм билээ.
“Хар хошуу” Чимид гэж мөн л нутгийнхаа бяртай бөх хүнийг Октябрийн баярын барилдаанд давснаар бөхийн гараагаа эхэлсэн гэж өөрөө дурсдаг. 16 настай байхдаа зэргэлдээх Баян-Агт сумын наадамд түрүүлж бөхийн анхны цолоо авч байсан гэдэг юм. Тавин найман онд цэрэгт татагдаж, барилгын цэргийн ангид хуваарилагдсан байна. Том Санжаа гуай, Эрдэнэ-Очир арслан, Зундуй заан энэ хэд чинь нэг оны цэргүүд. Ямар сайндаа тэр үед бөхчүүдийн дунд “Армийн таван халуун” гэсэн нэршил гарч байхав. Эрдэнэ-Очир арслан, Санжаа заан, Зундуй заан, жижиг Санжаа гуай, аав энэ тав шүү дээ. Аавыг цэрэгт мордоход том эгч маань хоёр настай, би хоёр сартай ээжтэйгээ үлдэж байсан гэдэг. Цэрэгт байхдаа монгол бөхийн аварга хэмээх дээд цолонд хүрсэн хүн.
-Цэрэн аваргыг их ойн одтой бөх гэдэг. Улсын баяр наадамд арван жилийн зайтай түрүүлж, үзүүрлэн даян аварга цолонд хүрсэн. Ер нь бөхийнхөө хувьд ч, хүний хувьд ч жудагтай, олонтой хүн байсан нь мэдрэгддэг юм?
-Жаран оны улсын наадамд Л.Сосорбарам арсланг заан цолтой байхад нь зургаагийн даваанд давж начин цолонд хүрчээ. Ингээд дараа жил нь буюу 1961 онд ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойгоор Дамдин аваргын таван жил завсаргүй түрүүлээд байсан өндөр амжилтыг зогсоосон. Үндсэндээ Дамдин аваргатай үлдэж түрүүлсэн байдаг. Тэр барилдааныг нь архивын бичлэгээс л үзсэн. Цэргийн бөх шууд ес даван түрүүлж аварга цолонд хүрсэнд олон хүн баярласан нь мэдээж. Эмээ маань, хөдөө суугаа ээж маань их л баярласан гэдэг. Жаран нэгэн оны наадмаар ингэж түрүүлээд, арван жилийн дараа далан нэгэн онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Х.Баянмөнх аваргатай үлдэж үзүүрлэсэн. Их ойн одтой бөх хэмээх алдрыг ард олноосоо хүртсэн нь ийм учиртай. Далан нэгэн оны наадамд үзүүрлэчихээд гэртээ бөөн баяр, бэлэг сэлтээ бариад инээд алдаад ирж байсан нь санаанаас гардаггүй.
Аавыг ам авахдаа бяртай сайн бөхчүүдийг шилж амладаг гэж бөхийн зүтгэлтнүүд хэлдэг. Далан оны наадамд тавын даваанд “өмсдөг” Дамдиндорж гуайг амлаад унаж байсан. Бөхийн нэрт засуулч Ш.Лхүгдэв гуай тэргүүтэй олон хүний дурдатгалд аавын тумбрайдах мэхний талаар байдаг. Багадаа унага өргөсөөр цээжний их бяртай болсон, улмаар тийм мэх хийх дадал суусан гэж аав өгүүлдэг. Дамдин аварга, аав хоёр их дотно найзууд. Манайхаар үргэлжид ирнэ. Циркийн гавьяат жүжигчин байсан. Манай ээж цэргийн оёдолчин, аваргатай нэг дор ажилладаг байлаа. Бид чинь эхээс арвуулаа юм. Зургаан охин, дөрвөн хүүтэй. Аав минь улсын аварга цолтой бөх хүн ч гэлээ маш өрөвч зөөлөн сэтгэлтэй, уяхан нэгэн байсан. Ямар ч хүнийг маш их хүндэтгэж харилцана. Ер нь өөрийгөө улсын том цолтой бөх гэж боддог ч үгүй байсан байх. Зодог шуудгаа өмсөөд наадмын дэвжээнд гарахдаа л иртэй бяртай, аварга бөх гэдгээ мэдэрч байснаас энгийн үед гүндүүгүй сайхан эр, ёстой л хүмүүсийн хэлдгээр хүний хайлан байсан даа.
-Урлаг соёлын аваргуудтай ч нөхөрлөж явжээ?
-Нэрт яруу найрагч Намжимын Очирбат, “Эх орон танаа”, “Дэлтэй шувуу” гээд олон сайхан дууны шүлэг бичсэн зохиолч Жанчивын Шагдар гээд хүмүүс манайхаас салахгүй. Мөн дуучин Адарсүрэн гуай ирнэ. “Чи үнэхээр Адарааг аваад ирж чадах юм уу” гэж зарим нэг хүмүүс ааваас ам асууж байсан ч удаатай. Аав Адарааг авчираад, манайхаар дүүрэн хүмүүс бужигналдаад дуу хуур, найр наадаан болно. Монголын кино урлагт жанжин Сүхбаатарын дүрийг мөнхөлсөн Дашнамжил гуай мөн л манайхаар ирнэ. Аавын дотны найзуудын нэг. Нэг өдөр манайд ууж байгаад согтоод уначихсан. “Жанжин ингэж толгойгоо үүд рүү харуулж болохгүй” гээд аав мөрнөөс нь татаад босгож байсныг санадаг юм. Дашнамжил гуай аавд нэг их гоё цаг бэлэглэж билээ. “Жанжны өгсөн цаг” гээд аав минь хүмүүст хэлдэг сэн.
Хөдөөнөөс анх ирээд Арслантай гүүрний тэнд Эрдэнэ-Очир арслангийнхтай айл бууж байлаа. Хатанбаатарын дүрээр ард түмний хүндэтгэлийг хүлээсэн Эрдэнэбулган найруулагчийн аавын гэрийг манайх худалдаж авсан байдаг. Сүүлд Намжилсүрэнд Эрдэнэбулган найруулагч энэ тухай хэлсэн дуулддаг. Аавынхаа тэр гэрийг миний бие хэдэн жил хадгалсан. Уул усных нь салхийг амсаж яваг дээ гээд төрсөн нутаг Сайхан суманд нь амьдарч байгаа Намхайдорж дүүдээ өвлүүлж өгсөн.
1971 оны наадмын түрүү, үзүүр. Х.Баянмөнх, С.Цэрэн
-Аварга олон нойтон хүүхэдтэй, цэл залуухнаараа ханиасаа хагацсан байдаг…?
-1981 онд ээж минь дөчин гуравхан насандаа өнгөрсөн. Тэгээд л аав минь 10 хүүхэдтэйгээ өнчирч хоцорсон. Бага нь таван настай байсан. Том эгч бид хоёр дөнгөж тусдаа гараад байсан. Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан Сономын Удвал гуай хэлж байж дөрөвдүгээр хороололд гурван өрөө байр улсаас өгсөн юм. Тэр маш том тус байсан. “Цэрэн минь чи олон нойтон хүүхэдтэй ханиасаа үлдлээ. Чамд байр хэрэгтэй юу” гэж асуухад, аав “За яахав дээ, болоод л байна, бид чинь” гэж хариулсан гэдэг. Том эгч маань байр л хэрэгтэй байна гэж хэлснээр байртай болсон. Удвал гуайн энэ тус ижийтэй минь холбоотой. Удвал гуай манай ээжээр дээлээ хийлгэдэг байсан юм билээ. Ээж маань дээлийг маш сайхан оёно. Аав наадмын өглөө бүр ханийнхаа хийсэн шинэ дээлийг өмсөөд “Халхын Юндэн гөөгөө” гэдэг шиг сайхан эр гэрээсээ гардаг сан.
-Танай аав Мөөеө аварга хоёр их дотно байсан гэдэг. Тэр тухай олон ч дурсамж дурдатгал хөврөх нь мэдээж?
-Мөөеө аварга, аав хоёр Сэлбийн лагерийн ойролцоо наадмын бэлтгэлд гарна. Тухайн үед одоогийн бөхчүүд шиг нутаг усаараа гал болоод бэлтгэлд гардаггүй байсан санагдана. Мөөеө аварга, аав хоёрын түүхийг ярьж яаж барах билээ. Жараад оны дундуур манайхтай Чойжамц гэж Төв аймгийн хүнийх айл аймаг байсан. Тэднийд Мөөеө аварга их ирнэ. Намайг арваад настай байхад жүжигчин Янжин гэж гоё эгчтэй ирдэг байсан. Харин наймдугаар анги төгсөх үе буюу далаад оны дундуур Мөөеө аварга ханийгаа, Тамир эгчийг дагуулж ирж байсан. Манай том эгч Орос руу сургуульд явахад аав минь “Том охиноо үдэж өгч байгаа юм” гээд найр хийсэн юм. Гандангийн том пойшигийг айргаар дүүргээд л. Сайханы Эрдэнэцогт, Бямбасүрэн гээд жолооч ах нар айргийг нь гуч машинаар зөөгөөд л. Тэр найранд Мөөеө аварга Тамир гэдэг урт хар гэзэгтэй, өндөр гоё эгчийг дагуулж ирж байсан.
Манайхаар Монголын хүчит их аваргууд бүгд л ирж байсан. Түвдэндорж аварга мотоцикльтойгоо давхиад л ирнэ. Нэг нутаг усных болоод ч тэр үү, аавд их амь. Дамдин аварга нүд нь гялалзаад, тас тас инээгээд хойморт маань сууж байна. Хадаа аварга гэж хэлхгэр сайхан хүн. Тэр үед ид залуу ч байсан. Чимидийн Лундаа, Галдандагва гээд улсын цолтой сайхан бөхчүүд байлаа. Тэд чинь ирээд Сайханы айргийг хул хулаар ууна. Нэг нэгийгээ явуулаад, бөөн инээдэм болно. Батсуурь аварга гэж тэвхэгэр цээжтэй, дуу цөөтэй, цэргийн гоё хүн байсан.
Нэг удаа Батсуурь аварга хүүгээ дагуулаад ирдэг юм. Яг тэр үед шилний үйлдвэрийн ой болоод аав тэр хоёр очиж барилдахаар боллоо. Би аавыгаа дагаад явлаа. Уг барилдаанд аав минь түрүүлээд, олон түмэн бүччихсэн, сүрхий юм болж билээ.
-Зодог шуудаг хийдэг тухайд нь ярихгүй юу?
-Зодог шуудаг яаж урлахыг цэрэгт байхад цэргийн дарга нь зааж өгсөн юм гэнэ лээ. Сонгинын амралтад бөхчүүдтэй бэлтгэлд байхдаа бусдынхаа зодгийг оёно. Монгол гутлаа мөн өөрөө хийнэ. Хүүхдүүдээ бараг бүгдийг нь зодог шуудаг, гутал хийлгэж сургасан. Ээжийг өнгөрсний дараа бид хэд аавдаа наадмынх нь дээл болоод зодог шуудаг, гутал, малгайг нь шинээр хийж өгч байв. Миний дүү Батсүрэн монгол гутал сайхан хийнэ. Дүүгийн хурим болох гээд мөнгө төгрөг хэцүү байх үед бүгдээрээ зодог шуудаг оёж, хуримыг нь хүний гар харалгүй хийж л байлаа. Миний бие бөхийн малгайг дагнан хийдэг. Эрхэмбаяр, Санжаадамба гээд залуу аваргуудын малгайг хийж байсан. Манайх дөрвөн хөл нь зааны дүрс бүхий ширээтэй юм. Түүнийг хараад Эрхэмээ аварга “За дүү нь заан болчих юмсан” гэдэг байсан. Тэгтэл ардын хувьсгалын 90 жилийн ойгоор заан, гарьд, арслан цолыг нэг өдөр авсан. Дараа нь аварга болсон. Олимпийн аварга Түвшинбаяр байна. Олимпийн аварга болсныхоо дараа наадамд зодоглохдоо надаар малгайгаа хийлгэсэн. “Малгай минь маш сайхан болжээ. Одоо цол авах нь миний үүрэг” гэж хэлж билээ. Тэгээд тэр жил харцага болсон. Өнгөрсөн зун заан болоод Сайхан сумандаа наадам хийхдээ бас надаар малгай хийлгээд явсан. Залуу хүчтэнүүд Цэрэн аваргын үр удам гэж манайхыг зорьж ирэн, ихэд бэлгэшээж байгаа нь сайхан санагддаг.
С.Цэрэн аваргынх гэр бүлээрээ
-Аав минь ээжийн хийсэн дээлийг өмсөөд халхын сайхан Юндэн шиг гоё эр наадамд явдаг тухай та дээр яриан завсраа хэлсэн?
-Аав минь нүд хөмсөг сайтай, бие галбир төгс сайхан бөх байсан. Бөх хүний, эр хүний жудаг ёсыг эрхэмлэж явсан. Цэл залуухан ханиасаа үлдсэнийг нь бодоод тусдаа гарсан айлын эзэгтэйн хувьд аавыгаа өрөвдөнө. “Та нэг хүнтэй нийлчихээч” гэж хэлэх гээд хэлж чадахгүй. Нэг удаа зориг гаргаад аавыг гэртээ дуудлаа. Хоол хийж өгөөд, ганц шил юм гаргаад “одоо л хэлье” гэтэл аав минь миний хэлэх гээд байгааг аясаараа анзаарсан уу, архиа ч уулгүй, нэг уйлж аваад яваад өгч байлаа. Харин дараа нь удалгүй Сэрчмаа гэж Архангайн сувилагч эмэгтэйтэй нийлсэн дээ. 1990 онд Сайхан сумын 70 жилийн ойгоор аавыгаа дагаад, мөн тэмээ өргөдөг Жамьяндорж арслантай хамт баярт нь очиж байлаа. Хүн бүхэн Цэрэн аварга гэж хүндэтгээд л. Надад хичнээн жаргалтай байсан гэж санана. Түүнээс хоёрхон жилийн дараа бид аавыгаа алдсан.
-Цэргийн заан Намжилсүрэн гэж танай дүү байлаа. Аав шигээ сайхан бөх болох нь гэж яригддаг л байсан. Гэтэл өнгөрчихсөн дуулддаг. Ер нь аваргын удам сударт бөх байна уу?
-Дүү минь 2005 онд өвчний улмаас залуугаараа өнгөрсөн юм. 1995 онд том Сүхбат гарьдаар дөрөв давж, начны даваанд тулж очин олны анхааралд өртөж байлаа. “За дөрөв давчихлаа, одоо яахав ийхэв гээд” Лхагвасүрэн заан, Даваажав начин гээд Булганы бөхчүүд ярилцаад зогсож байгаа зураг байдаг юм. Гэвч начин болж чадаагүй. Тавын даваанд Цэрэнпунцаг заанд (гарьд) амлуулаад унасан.
Би Нацагдорж, Эрдэнэболд гэсэн хоёр хүүтэй. Багадаа барилдах дуртай, чөлөөтөөр хичээллэдэг байсан. 73 дугаар сургуулийн Лхажав багшийн шавь нар. Эрдэнэболд Монголын үндэсний их сургуульд биеийн тамирын багш, чөлөөт бөхийн шүүгч хийдэг. Нацагдорж биеийн тамирын сургууль төгсөөд “Орчлон” клубэд бодибилднгийн багшаар ажилладаг. Манай дүү Батсүрэнгийн зээ хүү “Аваргын гараа” хүүхдийн барилдаанд орсон. Өвөө нь Сайхан сумын заан Цогт гэж байсан юм. Одоо улсын начин Энхбатын удам болно. Хоёр талын удамтай болохоор бөх болж магад гэж харж сууна. Нэг инээдтэй дурсамж сөхөхөд, манайх гэдэг айл зурагтгүй байлаа. Улсын наадмын бөхийг шугамын радиогоор чагнасан юм. Аавынхаа барилдахыг чагнаж байгаа царай нь тэр. Тэгтэл аав уначихлаа. Миний дургүй хүрээд шугамын радиогоо эвдчихээд хөгшин ээждээ загнуулж байж билээ. Ойрд аавынхаа тухай хэн нэгэнд ингэж яриагүй юм байна. Сэтгэл цэлмээд сайхан болчихлоо. Аав минь дуунд дуртай, ялангуяа “Цэргийн нөхрөө хө, Цэрэнтэйгээ хоёулаа хө” гэх дууг бусдаар дуулуулах дуртай. Жаран нэгэн онд “Цэргийн бөх түрүүллээ” гээд Самдангийн Долд гэж цэрэг армид ажилладаг байсан найрагч аавд зориулж уг шүлгийг бичжээ. Түүнд нь Монгол Улсын ардын жүжигчин Хаянхярваа гуай аялгуу хийснээр аавын минь тухай дуу төрсөн түүхтэй.