Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Гэнэн хонгорууд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс Оюу толгойн төсөлтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газар, Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг баривчилж хорьсон. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарыг гадаадаас дуудан авчирч мэдүүлэг аван байцааж байна. Одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт дуудах хуудас хүргүүлчихээд хүлээгээд сууж байгаа. Эдгээр баривчилгаануудыг өнгөцхөн харахад АТГ болоод хууль шүүхийнхэн Монгол Улсад шударга ёсыг тогтоон ажиллаж байгаа мэт.

Гэвч үнэн хэрэгтээ Оюу толгойн асуудлаар голлож Эрдэнэтийн 49, 51 хувийг саармагжуулах, барууны хөрөнгө оруулалтынхны эсрэг хонзонгоо авах гэж баруунд боловсрол эзэмшсэн сэхээтнүүдийг шоронд тарчилгах гэсэн эрх баригчдын бодлого. Маш ойлгомжтойгоор хэлбэл Эрдэнэтийг дүйвээн болгож өнгөрөөх, Оюу толгойгоос өмнө нь хоосон хоцорсон хүмүүс дахин хувь хүртэх гэсэн ийм л зүйл болж байна.

Гадаадаас дуудагдан ирж шоронд хоригдоод байгаа нөхөд бол 1990 оноос хойш Монголын нийгмийг бүтээн байгуулалцсан, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс. Үндсэндээ өнөөгийн эрх баригчдаас алд дэлэм илүү амжилттай явсан эрхмүүд. Сүүлийн үеийн эдгээр баривчилгаанууд Монголын нийгэм, улс төрийн хүрээнд нэгэнт тогтсон механизмын дагуу явагдсан. Манай хууль шүүх, хүчний байгууллагууд үеийн үед эрх баригчдын өрсөлдөгчөө барьж, хорьж, дарж авах занга байсаар ирсэн. Аливаа асуудалд үнэн шударга хандаж байсан тохиолдол хууль хүчнийхэнд бараг л үгүй. Зөвхөн эрх баригч бүлэглэлүүдийн дохио зангаагаар явж гол өрсөлдөгчийг нь намнан буулгаж өгдөг. Үүнийг Монголын улс төрийн хүрээнд тогтсон механизм гээд байгаа. Шоронд хоригдоод байгаа, дуудагдаж байцаагдаад байгаа хүмүүс бүгд төр засгийн эрхэнд байсан. Тиймээс өрсөлдөгчөө намнаж шоронд хатаах гэсэн эрх баригчдын ажиллагааг тэд сайн мэдмээр юм. Гэвч яасан гэнэн хонгор юм бэ. Зангиагаа зүүгээд, онгоцоор нисч ирээд, шалгуулаад үнэн зөвөө шууд тэр дор нь олчихно гэсэн гэнэн бодолтой байх юм.

Хууль зүйн сайдаар ажиллаж байсан С.Батчулуун агсны хэлсэн үг бий. “Би ч энэ савнаас амьд гарахгүй дээ. Бид энэ савандаа үнэн зөвийг нь олох гэж хийдэггүй юм шүү дээ. Нийгмээс арилгах гэсэн хүмүүсээ хийдэг сав. Би хууль шүүхэд ажиллаж байсан хүнийхээ хувьд сайн мэдэж байна” гэж хэлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан, одоо Элчин сайдын албыг хашиж буй М.Энхсайханы ерөнхий прокурорт хандсан захидлыг уншаад өөрийн эрхгүй өрөвдлөө.

“Бүх асуудлаар хариултыг өгсөн тул урьдчилан төлөвлөсний дагуу Швед улс руу гуравдугаар сарын 29-ний өдөр нисэх гэж буйгаа мэдэгдэж, байцаагч нартай ойлголцсон. Гэтэл нийслэлийн прокурор Ширэндэв нь буцах нислэгтэй өдөр давхцуулан АТГ дээр дахин гэрчийн байцаалт авах мэдэгдэл ирүүлэв. Нислэгээ гурав хоногоор хойшлуулж дурдсан цагт нь АТГ дээр ирсэн боловч уулзах учрах хүн гарсангүй…”. Яалаа гэж уулзах билээ дээ, Энхсайхан минь. Та ийм гэнэн.

Хууль шүүхийнхэн эрх баригчдын хонзонг авч сонгууль хүртэл шоронд нь хатаана гэсэн бодолтой л байгаа. Түүнээс тухайн асуудлын үнэн зөвийг олохдоо биш байх аа. Төрийн өндөрлөгт ажиллаж байсан Н.Алтанхуяг шударга бусын хонгил буюу коридор гэж яриад байгаа. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж энэ хонгилоор бүгдийг шийтгэдэг хэмээн ярьж хэлээд байгаа. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр өөрсдийнхөө хонгилыг байгуулъя гэж хэлээд байгаа юм биш үү.

Одоо төрийн өндөрлөгт байгаа гурван эрхэм гурван хонгил бий болгочихсон шиг байна. Шүүх, цагдаа, АТГ гэх гурван хонгилоор өөрсдөдөө таарамжгүй, өрсөлдөгч гэж үзэж байгаа хүмүүсээ гүйлгэж амийг нь чангааж байна. Хууль шүүхийнхний хуучин дарга нар нь хэвээрээ, солигдоогүй байхад төрийн гурван өндөрлөг өөрсдийн хонгилыг бий болгоно гэж үү гэх асуулт гарна. Тэгвэл баривчилгаатай холбоотой улс төрийн асуудлыг доод талын албан тушаалтнууд даргадаа хүргэлгүйгээр зохицуулчихаж байгаа байлгүй. Жишээлбэл, АТГ-ын даргаар Ганболдыг байхад дэд даргаар нь Хурц байдаг шиг. АТГ-ын даргаар одоо Энхжаргал байгаа. Түүний хувьд бараг л мэдэлгүй болчихсон байгаа даа. М.Энхболдынхоо жаран тэрбумыг л хариуцаад байж байгаа байх.

Улс төрийн өнгө аясаар дуудагдаад буйгаа Энхсайхан, Баярцогт, Сайханбилэг аль аль нь мэдэхгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр АТГ-аас дуудаж асууна, маргааш нь яг тэр асуултыг прокуророос асууна. Сонгууль хүртэл ийм занганд байна гэдгээ тэд огтоос гадарлахгүй байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт, залхаан цээрлүүлэлт гэдэг нарийн технолиготой. Н.Энхбаярыг байцаагдаж байхад өлсгөлөнтэй нь холбоотой үнэн худал нь эс мэдэгдэх янз бүрийн зүйл шар хэвлэлээр бичигдсэн.

Улс төрийн залхаан цээрлүүлэлтийн эсрэг хэрхэн яаж тэмцдэгийн бэлээхэн багш нь яах аргагүй Н.Энхбаяр мөн. Оймсоо гозолзуулаад ачигдах хүртлээ тэр эрх баригчидтай хатуу тэмцсэн. Ийм ийм нэр бүхий хүмүүс намайг шоронд хийж байна гэдгийг ачигдахынхаа өмнөхөн зурагтаар мэдэгдсэн. Шоронд ороод ганц хором ч чимээ аниргүй байгаагүй. Өмгөөлөгч, ар гэрийнхэн нь зай чөлөөгүй хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж, бараг л үхэж байна хэмээн уйлан майлаан болон хэлж байсан. “Хэрвээ миний хань, миний аав амиа алдах юм бол Монголын төрөөс бид амийг нь нэхнэ” гээд л шүдээ зуугаад үзэж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын жишээ байна. Хууль хүчнийхэн Баянголд очин нэгжлэг хийж, баривчлах гэхэд нь баахан жүдочдыг цуглуулаад, хэвлэл мэдээллийнхнийг дуудаад нийгэмд цочрол өгч дуулиан шуугиан болгож байсан.

Улс төрийн хэрэгт унасан хүн улс төрийн акцыг ингэж зогсоо зайгүй хийдэг болохоос энэ хэдэн нөхөд шиг дуудахаар нь сүрхий зангиа занаа болон гүйж очин байцаалт өгөөд хоригдчихдог юм биш л дээ. Тэгээд дараа нь уйлагнасан нэг муу захиа бичих төдийхнөөр аргална гэвэл том эндүүрэл. Ч.Сайханбилэг “Би удахгүй Монголд очно. Үнэн зөвөө шалгуулна” гэж хэлсэн байна лээ. Түүнийг уншаад мөн ч гэнэн байна даа гэж бодсон. Адаглаад тэр жил Гүндалайг онгоцны буудал дээрээс баривчилахад юу болсныг бид мэднэ. Олон улсын хуралд явахаар нисэх гэж байхад нь баривчилж бөөн дуулиан болсон биз дээ. Намаас нь хэвлэлийн хурал зарлаж юу юу ч болсон билээ. Улс төрийн хонгилоос ийм замаар л амьд мэнд гарч ирнэ, тэсч үлдэнэ. Үнэн зөвөө шийдүүлнэ хэмээн ном журмаар нь явбал тэр хүн тэгээд л улс төрийн золиос болоод дууслаа гэсэн үг.

Сүүлийн бодит жишээ Гантулга байна. Их хурлын гишүүнээсээ түдгэлзэн гэнэнтэж балардгийн даваан дээр намын архагууд нь арайхийн авч үлдэх шиг боллоо. Намынх нь бүлэг хүртэл шийдэж чадалгүй мухардалд ороход парламентад насаараа суусан архагууд нь авч үлдэж байна. Тэд ингэж зоримог шийдээгүй бол Гантулга гэсэн энэ залуу улс төрөөс бүрмөсөн арчигдаж, тэр чигээрээ дуусна. Улс төр л орчихсон болохоос уул нь залуу хүний явдал шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, Монголын нийгмийг бүтээсэн, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон хүмүүс өөрсдөө зангандаа унаж байна. Монголын нийгэм, улс төрийн бодит хөрс ийм гэдгийг тэд өдий хүртэл мэдээгүй явж ирсэн нь гунигтай гэхээс өөр аргагүй. Амьдралаас дэндүү хол хөндий явж, дандаа дарга сайд хийж хэрвээ идэж уудаг юм бол идэж уугаад, бодит хөрсөндөө огтоос сууж өгөөгүйнх нь гор гарч байна.

Categories
мэдээ цаг-үе

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж байна


Аргалын удамт хонин сүрэг маань

Алагланхан сувдранхан өсөж байна

Халзан цагаанхан хурганууд нь хө

Хашаа дүүрэн тоглонхон байна…

Хөндийн цас хайлаад, бор шаргал толгодын нар ээсэн энгэрээр нялх хурганууд эхийгээ даган тонгочиж, малчны хотонд төлийн дуу цангинаад л, мөнх тэнгэрийн дор мянга мянган жил айлчилдаг урин хавар Монголын сайхан оронд иржээ.

Улаанбаатар хотоос урагш гарч давхисаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх Оорцог уулын энгэрт хаваржиж буй малчин айлыг чиглэн жолоогоо заллаа. Аргалын утаа боргилсон малчны уяан дээр эмээлтэй хазаартай морь, хотоо манан соотолзох хоточ халтарыг эс тооцвол эзгүй байлаа. Энэ бол 30 гаруй жил буянт малаа өсгөн аж төрж буй энгийн нэгэн малчин айл болох Д.Чинбат гуайнх аж. Цаад уулын энгэрээр хонио эргүүлж явсан хүү биднийг хараад, нааш чиглэн хурдан хурдан алхсаар ирлээ. Бид ч түүнийг чиглэн гэлдэрсээр тосон очоод мэнд мэдэн энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Хүү тэр даруй аймгийн төв орохоор явсан ээж рүүгээ утас цохиж учрыг дуулгахад, ээж нь одоо төвөөс гарах гэж байна, хүлээнэ гэвэл бололгүй яахав гэдэг хариу хэлэв. Харин аав энүүхэн урдаас үхэрээ туугаад ирж байгаа, одоо нэг ямаа ишиглэх гэж байгаа, бас хоёр хонь хургалах гээд хэвтсэн байна. Шинэ хурга, ишигний зураг дарах уу хэмээн найрсгаар биднийг угтах хүү бол энэ айлын хамгийн бага хүүхэд бөгөөд аймгийнхаа ТЭМС-ийг дөнгөж төгсөөд ирсэн Ч.Чойсүрэн аж.

Бид гэрийн эзэгтэйг хүлээнгээ, цааш явж малын бэлчээрт аавтай нь уулзлаа. Эднийх энэ жил нийтдээ 300 шахам төл авахаас 40-өөд хонь хургалсан бөгөөд хургалсан хонио хургатай нь хойд уулаараа бэлчээчихэж, харин их хонь нь баруун урагшаа бэлчээрт гарсан байв. Нарны илч буурч байсан тул биднийг очиход бэлчээрээс их хонь нь наашилж байгаа тэр аж. Хонины захад очиход ишиглэх гэж байсан ямаа нь хоёр ихэр ишиг гаргачихсан, ишгэнүүдээ долоож байна, хажууханд нь мөн нэг хонь биднийг очихдоо зэрэгцэн хургалж байв. Төв удалгүй хурга эхдээ долоолгож, тэнцээд эхийгээ амлах аж. Харин очихоос өмнө гарсан ихэр ишигнүүд хэвтсээр л байх юм. Ер нь хурга тэр дороо тэнхэрдэг бол ишигнүүд ийн хэвтэж, хэвтэж хэзээ хойно босоод эхийгээ амладаг гэнэ.

Эднийх угаас хонь голдуу малтай бөгөөд ямаанууд дөнгөж ишиглэж эхэлж, энэ жилийн анхны ихэр ишиг нь ийн гарчээ. Бага хүү Ч.Чойсүрэн ярихдаа “Өдөр бэлчээрт явж байгаад олон хурга ишиг гарахаар жаахан хэцүү байдаг, нялх хурга мөд явж өгөхгүй хурганы уутанд хийгээд үүрэхээр, олон хурга бол уутандаа багтахгүй, эсвэл хонинууд хургаа хайж, хургалсан газар руугаа харж тойрч гүйгээд болдоггүй юм. Гэхдээ манайх мянгатууд шиг олон хоньтой биш болохоор бас ч гайгүй. Нийтдээ 700-гаад хонь, ямаа бий. Аав малын боол болохгүй гээд малаа хэт өсгөдөггүй юм” гэж ярилаа.

Шинэхэн төлүүд хөл дээрээ тэнцэн, эхийгээ хөхөж байх мөчид гэрийн эзэн Д.Чинбат үхэрээ наашлуулчихаад, мотоциклтойгоо давхиад ирлээ. Түүнтэй мэнд мэдэн “Өдрийн сонин”-оос малчны хотонд сурвалжлага бэлтгэхээр явж буйгаа хэлэхэд, хэсэгхэн хором чимээгүй, алсыг нэг ширтэж, цаад энгэрт бэлчих хонио нэг харангаа, хонио эргүүлчих, цаашаа давлаа гэж хүүдээ хандан хэлчихээд, за тэг ээ тэг, зураг дарах юм уу, хаанаас яаж дарах уу, хонио хааш эргүүлбэл зүгээр үү гэж байна.

Малын бэлчээрт Д.Чинбат гуайтай хууч хөөрч байгаад хонио хотлуулцгаалаа. Эднийх аль хэдийн хаваржаандаа буусан тул задгай хашаатай, хашааны саравчин дээр хэдэн боодол өвс хаясан байх аж. Баруун аймгуудынх шиг хурганы хашаа, хургаа тусдаа тэжээдэг гэх мэт асуудал бараг байхгүй юм байна. Төлийн нэг илүү гэртэй, шаардлагатай бол тэр гэртээ хургаа оруулдаг гэнэ.

Баруун аймгууд руу хүйтэвтэр байдаг болоод ч тэрүү хургаа хашаандаа үлдээгээд, өдөржин өвсөөр тэжээж, хувин, хувингаар ус өгч угжихыг нь угжиж тойглодог, хургаа том болтол хол бэлчээрт явуулахгүй байсаар, тавдугаар сарын билэгт сайн өдөр л хонио саахаар болж, хургаа бэлчээрт гарган, тэр хооронд хонио саачихаад үдээс хойш эхтэй нь нийлүүлдэг заншилтай. Тэгвэл эднийх арай өөр юм. Орой сувай хонио хашчихаад, хургалсан хонио хургатай нь хашааны гадаа задгай хонуулдаг юм байна. Өглөө нь хургатай хонио нэг тийш, их хонио нөгөө тийш нь бэлчээрлүүлнэ. Хурга ишигнүүд гарсан цагаасаа эхлэн эхтэйгээ бэлчээрт явчихдаг гэсэн үг.

Орой биднийг хонь хотлуулж байх зуурт гэрийн эзэгтэй аймгийн төвөөс ирлээ. Эдний том охин нь машинаар ээжийгээ хүргэж өгөхөөр иржээ. Эмээгээ даган ач хүү С.Дашжамц, зээ хүү А.Билгүүн нар болох тэрсхэн хоёр хүү ирж шинэхэн төлүүдээ эхэд нь хөхүүллээ. Д.Чинбат гурван хүүхэдтэй бөгөөд хоёр том хүүхдийнх нь гэр бүл аймгийнхаа төвд ажиллаж амьдардаг юм байна. Эднийх аль хэдийн таван ач зээтэй, өнөр өтгөн айл болжээ.

Харин бага хүү Ч.Чойсүрэн нь аймгийнхаа МСҮТ-ийг төгсөөд, гэртээ ирсэн ч найз охинтой болсон, төвд амьдрах сонирхолтой гээд тогтож өгөхгүй шинжтэй, харин аав ээж нь хүүгээ малчин болгоно л гэцгээгээд байгаа аж.

Эднийх Төв аймгийн Бүрэн сумын уугуул бөгөөд 16 жилийн өмнөөс Сэргэлэн суманд ирж нутаглажээ. Гэрийн эзэн Д.Чинбат, гэрийн эзэгтэй Д.Ундармаа нар хар багаасаа бие биенээ мэдэх, нэг сумын, нэг багийн хүмүүс юм байна. Чинбат гуай Ховд аймгийн Булган сумын хилийн цэрэгт гурван жилийн цэргийн алба хаагаад, 1987 онд халагдаж ирээд, 1989 онд гэр бүл болжээ. Гэр бүлийн хоёр хоёулаа Бүрэн сумын малчин айлын хүүхдүүд гэсэн үг.

Эдний нутаглаж буй хаваржаанаас баруун тийш даваад, өвөлжөө нь байгаа гэж байна. Гуравдугаар сар гаргаад л хаваржаандаа буужээ. Мөн Оорцог уулаа тойроод л энүүхэндээ зусчихдаг гэнэ.

Төв аймгийн Сэргэлэн сумын баруун талд байрлах Оорцог уул бол малд ээлтэй, өвч ногоо сайхан ургадаг, тэр тусмаа улсын наадамд олонтаа түрүүлж, айрагдсан хурдан буянгуудын уяа сойлгыг тааруулдаг нутаг гэнэ. Онон манлай, түүний Батбилэг, Дархан аварга А.Сүхбатын ах А.Батсүх зэрэг Төв аймгаас төрөн гарсан алдартай уяачдын өлгий нутаг ажээ. Зун болохоор л уяачид хурдан удмын адуун сүрэгтэйгээ ирээд, уяагаа зоогоод зусчихдаг гэж байна.

Гэрийн эзэн Д.Чинбат морь уядаг байсан ч сүүлийн үед уяж чадахгүй байгаа гэнэ. Учир нь уяачид ихэвчлэн мориндоо үнэтэй уураг бэлдмэл өгдөг, тарьж тойглодог юм шиг байна лээ. Үнийг нь дийлэхгүй юм, мөн уяач хүүхэд олох хэцүү, бага насны хүүхдээр морь унуулахгүй гэдэг хууль ч гарсан, тэр нь ч бас зөв л байх, нэг хүүхдийг доод тал нь сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулж морь унуулдаг юм байна лээ. Ойрын хэдэн жил бараг морь уясангүй ээ” гэж байлаа.

Тэрбээр мал маллах сайхан, буянтай ажил, харин зудтай, гантай жилүүдэд л хэцүү байдаг юм. Энэ өвөл нэлээд цастай хатуухан өвөл болсон ч мал бага хорогдсон. 2010 оны зуднаар 600-гаад малаас хорогдуулаад, 100 хүрэхгүй толгой малтай үлдсэн, одоо өсгөөд, 700 гаруй болгож байна гэж байв. Харин сүүлийн хэдэн жил ган, зуд гайгүй байсан ч өнгөрсөн зун гантай, өвөл их цастай хатуухан орсон аж. Зун нь гантай бол өвөл нь цас их унадаг, өвөл хатуу орохоор хавар нь мөн хатуу хавар болдог гэж байна.

Төв аймгийн нутгаар сүүлийн үед малын өвчин нэлээд гарч байгаа ч эдний мал харин янз бүрийн өвчин тусаагүй, цаг тухай бүрт нь малаа вакцинд хамруулаад байсан болохоор малын өвчнөөс холуур өнгөрч байгаа гэнэ. Ноос, арьс шир барагтай үнэд хүрдэггүй тул малчид малын мах, ямааны ноолуураасаа л ашиг хүртэж амьдардаг, сүүлийн үед махны ханш унасан байгаа тул тун хүнд байна. Мах үнэд хүрвэл болох нь тэр гэцгээж байх аж. Эднийх ямаагаа самнаад эхний ноолуураа аймгийнхаа төвд нэг кг-ийг нь 95 мянган төгрөгөөр тушаасан гэж байлаа. Д.Чинбат гуайн мал гуравдугаар сарын 10-наас эхлэн төллөжээ. Энэ жил хатуу өвөл болсон тул оройтож төллүүлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 20-д гэхэд мал төллөөд цэгцэрчихнэ гэж тооцоолжээ.

Эднийх сүүлийн хоёр жил оторт явж өвөлжсөн ч энэ жил яваагүй гэнэ.

Шинэхэн төлүүд эхтэйгээ эрхлэн тоглоод л, төлийн дуу цангинасан малчны хотонд ертөнцийн амар амгалан айлчлан ирсэн мэт байх аж. Төлийн дуу, хоточ банхарын чимээнээс өөр аниргүй хөдөөгийн талд энгийн нэгэн малчин айл ийнхүү аж төрөх ажээ.

Чойжилын Чимидийн шүлгээс…

Цэнхэр манан суунагласан

Алсын барааг ширтээд

Цэлгэр сайхан нутгаа

Сэтгэл бахдан харахад

Yлээж байгаа салхи нь

Yнсээд байгаа ч юм шиг… энэ нутгийн буйдхан талаар ийн зочиллоо.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Алтай Таван Богдын алтан бэлээс…

Нарны баяр буюу Наурызын баярын өмнөхөн Өлгий хотын онгоцны буудалд газардахад казах түмэн минь уран домборынхоо аялгуугаар угтлаа. Алтай Таван Богдын зүүн өмнөдөөс эх авсан Ховд голын мөсөн дээр урин хавар цаг эрхлэн хөрвөөжөө. Гуравдугаар сарын хорьдын зөөлхөн савир салхинд эргээдээ цамнаж хадаалсан голын мөс дотогшоогоо шүүрс алдан хөлөрч харагдана. Харин эргэн тойрон дахь догшин хүрэн уулс нь алсад мөнгөн дуулгаа духдуулж омогт Алтайн нуруу ч дүрээрээ байна. Өлгий хотын гүүрэн дээгүүр шунган өнгөрөх ахуйд алаг нүдэн казах бүсгүйчүүдийн гоёмсог өмсгөл салхинаа дэрвэхийг анзаарч л явлаа. Урт цагаан сахалтай аксакалууд энд тэнд таваргаж яваа нь уулын өвгөн бүргэдийн дүртэй. Үндэснийх нь баяр тулаад ирчихсэн хүн бүр хөхин баясалтай байгаа нь мэдээж. Ийм л цаг дор эх орны алтан хажлага, алс баруун хязгаар Баян-Өлгийн төвд хөл тавьсан юм.

Ардын уран зохиолч Тангадын Галсангаар ахлуулсан бидний нөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан эх хэл бичиг, утга соёлын баярт уригдан ирсэн минь энэ. Ерөнхийлөгчийн урлаг соёл, шашны бодлогын зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Цоодолын Хулан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга хатагтай Гочоосүрэнгийн Байгалмаа, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Алтан-Өд”-ийн шагналт яруу найрагч Магван-Эрдэнийн Саруулдай гэсэн бүрэлдэхүүнтэйгээр очсон. Эхлээд утга зохиолын салбар зөвлөлийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Х.Сураганыхаар зочиллоо. Наурызын баярынхаа идээ будааг дэлгээд хүндэтгэлтэйгээр угтав. Өлгий хотод Монголын их утга зохиолын галыг манаж байгаа тэрээр олон бүтээл туурвиснаас гадна “Дорнод туркестаны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан нэгэн. Түүнийх нь баталгаа биз исламын домогт эр Оспан, маршал Чойбалсан хоёрын Ховдын Булганы Алаг толгойд уулзсан зураг гэрийнх нь хананд байна лээ. Оюутан ахуй цагт Сураган найрагчийн сургийг Чилаажав ахаас сонсч байсан санагдана. Харин сүүлд нийслэл хүрээнд ирээд байхад нь Дашбалбарын Мөнгөндалайн хамт “Өдрийн сонин”-ы ойролцоох уушийн газар уулзалдсан. Мань хүн сонинд боогоод цүнхэлчихсэн, тос нь нэвчсэн нутгийн идээ “каз”-аар дайлсан юм даг. Түүнээс хойш мэндтэй устай явсан эрхэм ахынд ийнхүү учран золголдлоо. “Галсан гуай манай аймгийн хүндэт иргэн. Олон ч удаа ирж байна” гэж элгэмсгээр хэлээд хоёр давхарт номын өргөөнд морилохыг урьсан. Анхны Ерөнхийлөгч Очирбат гуайгаас аваад Норовын Алтанхуяг тэргүүт ардчиллын лидерүүдтэй авахуулсан зурагнууд харагдана. Ерэн оны цагаан морин жил эх орны баруун хязгаарт ардчиллын салхийг салхилуулсан анхдагчдын нэгэн нь Сураган найрагч бүлгээ.

Казахын бичгийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, цэцэн билэгт найрагч Үлимжийн Акыт, Казахын яруу найргийн ноён оргил, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Бабийн Ахтаан, ардын уран зохиолч Бөхийн Бааст нарын нэрэмжит “Алтайн гурван оргил” яруу найргийн наадам театрын тайзнаа эхэллээ. Монголын ард түмний эх хэлний нэгдмэл байдлыг баталгаажуулах, үндэстэн ястнуудын язгуур соёлыг сурталчилах, эх хэл бичиг соёлын авьяастнуудыг тодруулах зорилго бүхий найргийн наадмыг Хулан найрагч нээсэн. “Сүүлийн жилүүдэд монголчууд бид хэл соёл, цаашлаад тусгаар тогтнолынхоо үндсэн дархлааг улс төрийн шуурганаас болж гажуудуулж ирлээ. Ард түмнийг дотор нь хагалан бутаргадаг цөвүүн цагийн салхинд казах ч гэлтгүй, халх ч гэлтгүй Монгол даяараа нэрвэгдлээ. Казах монголчуудын дунд Монгол төрийн хэл болох монгол хэлээр найргийн наадам сүүлийн олон жилд болсонгүй. Туурга тусгаар орныхоо эх хэл соёлын дархлаа, нэгдмэл байдлыг хадгалж, хойч үедээ залгамжлуулан үлдээнэ. Тийм ч учраас Наурызын баярыг тохиолдуулан яруу найргийн баярыг Өлгий хотод зохион байгуулж байна. Казах түмэн минь улсын цолтой бөхчүүдээ төрүүлж байгаа. Уянгат сайхан найрагчаа төрүүлж, улс даяар алдаршуулах цаг чинь ирсэн. Казахын авьяас билэгт хөвгүүдээс “Алтайн гурван оргил” шигээ яруу туурвилын аваргууд төрөх болтугай” гэж хэлээд Хурманханы театрт хуран чуулсан олны зүрхнийх нь галыг асааж орхих нь тэр.Найргийн наадамд Казахстан, Шинжаан уйгараас хүмүүс зорьж ирж шүлгээ уншсан. Ихэвчлэн казах хэл дээр уншицгаав. Зохиолчдын хорооны Саруул дарга бид хоёр шүүгчдийн бүрэлдэхүүнд сууж “гадаад” хэлээр шүлгийн наадам шүүлээ. “Ахтааны Бүргэд найраглал Монголын утга зохиолын хөх сүмбэр оргилуудын нэг мөн” гэж Дорнын найрагч Явуугийн хэлсэн үг байдаг.

“Бүргэд”-ийн Ага-йыг-ийн дэгдээхэйгээр монгол түмний танил болсон, өөрөө ч бүргэд адил том монхор хамар, урт ширүүн хар сахал, хурц тод нүдтэй Ахтаан жинхэнэ казах эрийн шинж бүрдмэл төгс нэгэн байжээ. “Зохиолчдын их хуралд ирээд аугаа их Бямбын Ринчен, Сономын Удвал нарын дунд хүндтэйгээр сууж харагдах нь цаст Алтайн бүргэд ирэв үү гэлтэй даанчиг сүрлэг бадрангуй…” хэмээн эдүгээ ерэн насны босгонд ойрхон яваа Тангадын танхай Галсан өгүүлж байна.Одоогоос 120 гаруй жилийн өмнө буюу нэгэн мянга найман зуун ерэн долоон онд Шинжаанд ядуу тариачны гэрт Ахтаан гуай мэндэлсэн байдаг. Түүний эх Карипжаан нь авьяаслаг яруу найрагч, сайхан дууч эмэгтэй байсан тухай түүхэнд үлджээ. Бага балчраасаа казах ардын аман зохиол, үлгэр тууль сонсож өссөн хүү арав гаруйхан настайгаасаа шүлэг зохиол бичиж эхэлсэн байна. Авьяаслаг найрагчаас гадна жүжгийн нэрт зохиолч юм. “Ермалай”, “Жамаал”, “Калкаман Мамыр хоёр” жүжгүүдээрээ зартай. “Бүргэд” найраглал, “Суваг”, “Чамаас өндөр”, “Оршилын оронд” туурвилуудыг нь төрийн хошой шагналт Дашзэвэгийн Сэнгээ монгол хэлнээ орчуулсан. Мэдээж Бөхийн Бааст гуайн гавьяа их байж таарна.

Энэл домогт зохиолчдын наадамд уригдаж, их уулсын тэргүүнд шүлгийн цуурай хадахыг сонсох яахын аргагүй бахтай.

Сургуулийн сурагч, оюутан, чөлөөндөө суугаа хурандаа гэдэг шиг ахмад уран бүтээлчид гээд хорь орчим хүн шүлгээ дуудсаны дотор Монгол Улсын гавьяат багш Ванчингийн Суранхүү байлаа. Увсын Бөхмөрөн, Баян-Өлгийн Цагааннуурын заагт төрсөн эл эрхэм 40 гаруй жил алс баруун хязгаарт багшилж, монгол хэлний дархлааг хадгалж яваа гавьяатан. “Баян-Өлгийн зарим сумдууд хичээлийн программаасаа монгол хэлийг хаслаа” гэж Улаанбаатарт ирж сонин хэвлэлд мэдэгдэж байсан ч удаатай. 2012 онд Наурызын баяраараа гавьяатын тэмдэг энгэртээ зүүчихээд “Түүх, нийгмийн багш Жанат гэж залуу сүүлийн үед сүрхий бичиж байгаа. “Ховд гол” гээд олон шүлэг нь биднийг баярлуулж, бахдуулах болсон” хэмээн ярьж байсан сан. Тэгвэл өвгөн багшийн горьдлогыг бататгаж “Алтайн гурван оргил” наадмын тэргүүн шагналыг өнөө Жанат хэмээх бадрангуй найрагч хүртдэг байна шүү. “Нүүдлийн шувуудын нүднээс гунигийн манан сэмрэх”-ийг мэдэрсэн түүний шүлэг эрхгүй уулга алдахад хүргэсэн. Монгол хэл дээр ч омог төгөлдөр уншин домогт найрагчдынхаа хишгийг хүртэж, нэг сая төгрөгийн шагналыг уухайн түрлэгтэй гардсан.

Хөгжимт драмын театрын алдрын буланд “Үер” киноны Болд өвгөнөөс аваад олон дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон ардын жүжигчин Сангижавын Гэндэн гуайн зураг заларч харагдана. Зууны манлай бүжиг дэглээч Сэвжид тэргүүт соёл урлагийн сор болсон аваргууд Баян-Өлгийн театрын хөшгийг анх нээсэн түүхтэй. Тодруулбал, тавин зургаан онд Сайд нарын зөвлөлийн тушаалаар уг театр байгуулагдаж байжээ. Хурманхан хэмээх орчуулагч, төр нийгмийн зүтгэлтэн хүмүүн Их Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг тэртээ жараад оны эхээр орчуулан хүргэснийг, мөн Нацагдоржийн тухай өгүүлсэн “Монгол ардын суут” жүжгийг хөдөөгийн театруудаас анхлан тавьж буй зэргээ залуухан дарга Б.Асылбек өгүүлсэн. Хулан найрагчийн “Монгол ардын суут” жүжиг энэ үеэр тавигдаж, театрын уран бүтээлчдэд төрийн дээд одон медаль гардуулан ард түмнийг хөөр баярт умбуулж орхилоо. Тэгээд ч зогсохгүй аавынхаа “Ахтааны хойноос хашхирсан шүлэг” хэмээх ерэн долоон онд зуун жилийнх нь ойгоор бичсэн шүлгийг уншин морин хуурын аялгуу шиг домборынхоо эгшигэнд уярдаг монхор хэдэн казахаа уйлуулж орхилоо. Дөнгөтийн Цоодол найрагч

“…Домборын чинь утас тийм олон билүү, хоёрхон шүү, Ахтаан

Дотно хэдхэн монгол чинь тийм олон билүү, цөөхөн шүү, Ахтаан

Агтын чих өнчин билүү, Ахтаан

Ага-йыг-ийн жигүүр өрөөсөн билүү, Ахтаан

Хаврын шувуу урагшаа буцдаг билээ

Харин хэсэг шувуу хойшоо ниссэн шүү, Ахтаан

Цаст уулын бүргэд үүрээ хаядаг юм уу

Цагаан сүүгээ хөхүүлсэн ижий хоёр байдаг юм уу

Цаадуулаасаа намайг асууж байна гэж хэлж аль, Ахтаан…” гээд зуун жилийнх нь ойгоор уулын омогт эрсийг уйлуулсан гэдэг.

Эл үеэр театрынхаа уран сайхны удирдагчаар олон жил ажилласан, урлагийн гавьяат зүтгэлтэн Рахманы Өсерхан “Ийм сайхан юм гэж бас байдаг аа” хэмээн өгүүлэн тун чиг сэтгэл хангалуун сууна. Тэрээр төрийн шагналт Чойжилын Чимидээр театрын түүх, аугаа эрдэмтэн Сономын Лувсанвандангаар гоо зүйн урлаг заалгаж, зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидтэй багш шавийн барилдлагатай том амьтан. Ахтаан шигээ бүргэд хамар, бүдүүн дуу, хурц нүд, ширүүн сахалтай тэрээр Бөхийн Бааст гуайтай нэг гол ус Алтанцөгцийнх ажээ. “Өгөр толгой Гүрсэд (“Саруул талын ерөөл” кинонд Нацагдоржийн дүрийг бүтээсэн гавьяат), ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа бид чинь нэг ангийнхан юм. Тэртээ далаад оны дундуур Багшийн дээдийн кино драмын ангийг төгсөж байлаа” хэмээн өнөө бүдүүн хадуун дуугаараа хэлэв.

Очсон өдрийнхөө орой нь яруу найрагч, зохиолч Баймергений Зархумынд зочилсон. Мөн л Наурызын баярынхаа идээ будааг дэлгэсээр угтав. Оросын Санкт-Петербург хотноо нийгмийн ухааны академи төгссөн дүнжгэр сайхан хүмүүн “Улбарланхан цайсан өглөө”, “Аргамаг хүлэг” яруу найргийн, “Орчлонгийн аяс”, “Тэнгэрийн хаяа” үргэлжилсэн үгийн бүтээлүүд туурвижээ. Өнгөрөгч оны сүүлээр хэвлүүлсэн “Үүлс болж нүүнэ” найргийн номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн юм. Уг номын өмнөтгөлийг соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Бэхтэйн Монголхүү тун чиг халуун дотно бичсэн байна лээ. Гэрийн эзэн нэг л мэдэхэд домбороо барьчихсан монгол, казах дууг баруун солгойгүй бөмбөрүүлж өглөө. Дондогдоржийн Дашдондогийн шүлэг, төрийн шагналт Зундуйн Хангалын хөгжим “Аяны шувуу”-гаас аваад, “Харзны ус шиг мэлтэлзсэн намуун зөөлөн аашаараа…” гээд хичнээн ч дууг казах монголоор хослуулав.

Хоёр мянгаад оны эхээр Утга зохиолын сургуулийн оюутан болоход манай ангид хоёр, гурван ч казах охин ирж билээ. Улсын “Хүрэл тулга” наадмаас урилга гардаж тус сургуулийн босго алхсан Балабейн Сара бид дотно найзууд байсан. Оюутны амралтаар Өлгий явах онгоцных нь билетийг хүртэл хамтдаа хөөцөлдөж л байсан. Хоёр мянга дөрвөн онд Улс тунхагласны 80 жилийн ойн “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын Алтан цом хүртээд дуурийн театрын тайзнаа нүдэндээ нулимстай зогсож байхыг хол тэртээ Баян-Өлгийн Цэнгэл суманд суугаа Сара минь зурагтаар харжээ. “Чиний ярих дуртай Алтай Таван Богдын өвөр бэлээс Сара чинь ёслов” гэсэн нандин захидал над руу илгээсэн. Ийм л учралыг Зархум ахынхаа уран домборын аялгуунд сэтгэл халгин суухдаа он жилүүдийн цаанаас бодмоглолоо.

Өглөө Сураган найрагчийн хамт утга зохиолын салбарын өргөөгөөр нь орж ном бүтээлээс нь адис аваад яаран гарахуйд үүдэн дээр шинэхэн “Алтан гадас” одонт зураач Халамханы Дастан таарч, урландаа түр саатахыг хүслээ. Бүтээл юуг нь шимтэн сонирхох агшинд ширээнийнхээ арын хананд байрлуулсан “адуун сүрэг”-ийг буулгаж ирээд хоёр гардан барьдаг юм. Үдшийн бүрий нөмрөх үест уул толгодын дээгүүр зурваслан татах тэнгэрийн хаяаны улбар туяанд зогсож буй адуун сүрэг. Бараан голдуу сүргийн захад ганц цагаан унага үүрийн цолмон шиг гялалзаж харагдах нь содон. Эрдэнээ гуайн “Зүүдний цагаан унага” гэдэг шиг. Ийм л сэтгэлийн долгионыг аяслуулсан “цагаан унага”-аа“хөтлөөд” онгоцонд суулаа. Өлгийгөөс хөөрсөн хөлөг Ховдын төв дээр түрхэн газардав. Цаст цагаан Цамбагарав, Мөнххайрханы мөнгөлөг цагаан оргилын дээгүүр өглөөний тунгалагт онгоцоор нисэх нь даанч тэнгэрлэг. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Жамсрангийн Бямбадоржтой таарлаа. Ховдын Сутай хайрхны унаган хүү тэрээр нутагтаа алба ажлаар ирж байгаа ажээ. Бямбадорж даргатай таарсныг ч хэлэх үү, сүр жавхлант тэнгэрийн цэнхэрлэгт цавцайн цайрах оргилуудын дээгүүр нисч явааг ч хэлэх үү, аян замын сэржим өргөлөө.

Алтан соёмбот Баатар хайрхны бараа, Ховдын сууринд газардаад буцан нисэх ахуйд хэдхэн хоногийн өмнө хүмүүний хорвоогоос явчихсан Урианхайн хөх уулсын онгодтой найрагч Хөөдөгийн Эрдэнэбаатарын шүлгүүдийг эрмэг их уулсынх нь тэргүүн дээр, тэнгэрийн цэнхэрлигт уншсаан. Энэхэн агшинд эх хэл соёлын минь дархлаа бүтэн байж, цаст Алтайн бүргэд шиг эрмэг найрагчид цагийн цагт төрнө гэсэн тэнгэрлиг бодол сэтгэл эзэмдэж байлаа. Алтай Таван Богдын алтан бэл, Толбо нуурын торгон хаяа, Ховд голын хоргой эмжээр Өлгий хотод өнжин хонон саатсан минь ийм ажгуу.


Categories
мэдээ цаг-үе

П.Чойсүрэн: Робот бүтээх хүүхдүүдийн сэтгэл зүйг зөв бэлдэх ёстой

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн механикийн тэнхимийн ахлах багш П.Чойсүрэнтэй ярилцлаа. ШУТИС-ийн салбар сургуулиудын робокон тэмцээнд эдний баг түрүүлээд байгаа юм.

-Сургуулийнхаа Робоконы багийг хэзээнээс удирдаж байна вэ?

-Ази номхон далайн бүсийн орнуудын дунд жил бүр робокон тэмцээн зохион байгуулагддаг. Одоо 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль дөрвөн удаа түрүүлсэн байдаг. Мөн Индонез, Тайландад болсон тэмцээнүүдэд амжилттай оролцоод ирсэн. Би энэ сургуулийн робокон багийг 2010 оноос хойш удирдаж байна. Манай сургуулийн оюутны клуб маш олон төрлийн тэмцээнүүдэд оролцдог болсон. Тэмцээнүүд ч хүрээгээ тэлсээр байна. Энэ жил олон улсын Робокон тэмцээн Вьетнам улсад наймдугаар сарын 25-26-нд зохион байгуулагдана. Тус улсын үндэсний соёлд тулгуурласан дүрмийн дагуу бид энэ жил ШУТИС-ынхаа аварга шалгаруулах тэмцээнийг хийсэн. Дараагийн тэмцээн болтол роботуудаа турших, сайжруулах бэлтгэл ажилдаа орно.

-Ирэх жил олон улсын Робокон тэмцээн манай улсад болно гэл үү?

-Ирэх 2019 онд “Робокон” тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана гэсэн ерөнхий төлөвтэй байгаа. Ази номхон далайн бүсийн орны 17-19 баг ирж оролцоно гэсэн үг. Энэ үйл ажиллагааг угтаад ШУТИС энэ удаа салбар сургуулиудынхаа дунд Роботын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Нийтдээ таван сургуулийн долоон баг оролцсоноос манай Механик тээврийн сургуулийн баг маань тэргүүн байр эзэллээ. ШУТИС энэхүү үйл ажиллагааг дэмжиж 20 гаруй сая төгрөгөөр баг тамирчдаа шагнасан. Энэ бол инженерээр сурч байгаа оюутан залуусын хөдөлмөрийг үнэлж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа. Нэгдүгээр байр эзэлсэн баг гурван сая төгрөгийн шагнал хүртсэн. Дүрмийн дагуу хоёр робот зохион бүтээх ёстой байсан юм. Нэг нь автомат удирдлагатай, нөгөөх нь гар удирдлагатай робот байсан. Мөн алсын болон утсаар удирддаг байж болдог. Өөрийн гэсэн оюун ухаантай, ухаалаг систем дээр тулгуурласан Робот гэсэн үг. Тэмцээний дүрмийн хувьд бөмбөлгийг гар удирдлагатай робот нь сагснаас аваад, автомат удирдлагатай роботод дамжуулж өгөх ёстой. Дамжуулах явцдаа хүрч болно. Ингээд цагирагт гоол оруулж эхний оноог авна. Талбайн дунд байрлах гурван гоол оруулаад, дараагийн алхмыг хийгээд цэвэр ялалтыг хийх боломжтой болж байгаа юм.

-Энэ төрлийн багийг удирдаж ажиллахад хамгийн тулгамдсан асуудал нь юу байна вэ?

-Инженерийн чиглэлээр суралцаж байгаа залуусын нэг тулгамдсан асуудал гэвэл сургалтын материаллаг бааз байдаг. Сүүлийн үед ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмж харьцангуй өндөр үнэтэй болж байна. Тиймээс сүүлийн үеийн цахилгаан мотор хөгжиж байна. Хөгжлөө дагаад үнэ өртөг нь өндөр болсоор байна. Аравдугаар сард Робот сумогийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг. Үндэсний аварга болсон баг нь Япон улсад болдог олон улсын тэмцээний эрхээ авдаг юм. Манай клубээс энэхүү уралдаанд оролцож 130 гаруй тамирчдаас дээгүүр эрэмбэлэгдсэн Батзаяа, Шинэ-Од гэж тамирчид бий. Мөн автомат Роботуудын тэмцээнд оролцож эрх авахын төлөө монголын багууд өрсөлдөж байгаа. Уг тэмцээн дөрөвдүгээр сард болох төлөвтэй. Түрүүлбэл Бээжин хотод болох олон улсын тэмцээний эрхээ авах юм.

ШУТИС-ийн “Робокон 2018”-д түрүүлсэн хоёр робот

-Олон улсын тэмцээнүүдийн шагнал өндөр байдаг уу. Ямар ач холбогдолтой болдог вэ?

-Шагнал бол өндөр биш. Роботын багууд Монголдоо хоорондоо өрсөлдөөд, хөгжөөд болоод байгаа юм шиг боловч техник өндөр хөгжиж байгаа улс орнуудтай харьцуулахад тааруухан түвшинд байгаа. Бид муу, чадахгүй гэх сэтгэлгээнээсээ гарч өрсөлдөх боломжтой зүйл бол ОУ-ын тэмцээн. Олон улсын багуудтай өрсөлдөж, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж, алдаа оноогоо мэдрэх нь чухал. Улс дотроо түрүүлчихээд цээжээ дэлдэж болохгүй. Олон тэмцээнд оролцох тусам суралцах, алдаагаа мэдрэх боломжтой гэж боддог. Хятадын, Японы, Солонгосын роботууд ямар байна, яах амар арга замаар өрсөлдөх ёстой гэх мэт туршлагуудыг суралцах нь чухал.

-Технологи өндөр хөгжсөн орнуудын хэмжээнд хүрэх боломж бий юу?

-Боломж бий. Миний хувьд Япон улсад болсон роботын тэмцээнд робот зохион бүтээж оролцсон. Тэгэхэд манай робот олон улсын жишигт хүрсэн харагдсан. Гэхдээ бидэнд олон удаагийн туршлага, тэмцээний туршилтууд хэрэгтэй байна. Монголдоо хэдхэн багууд хоорондоо тоглодог тул дадлага, туршлага, судалгаа дутмаг байдаг.

-Залуучууд ихэвчлэн бөх дуу сонирхоод, технологийн чиглэлд суралцаж өгөхгүй байна гэх шүүмжлэл байдаг. Танай сургуулийн хувьд ийм асуудал мэдрэгдэж байна уу?

-Манай механик тээврийн сургуулийн хувьд техникийн чиглэлийг сонирхож байгаа хүүхдүүдийн тоо өндөр байгаа. Харин бусад сургуулийн хувьд робот, технологийг сонирхох хүүхэд залуус бага байна гэж багш нар нь ярьдаг. Манай хоёр баг нийтдээ 10 гишүүнтэй. Нэг баг нь таван гишүүнтэй байгаа. Хамгийн бэрхшээлтэй нь тэднийг байрлуулаад туршилт хийх талбай, материаллаг байдал дутмаг байдаг. Дуу спорт, урлаг бол хүнийг нийгэмшүүлдэг учир байх ёстой зүйл гэж би боддог.

-Технологийн чиглэлээр суралцсан хүүхдүүдийн давуу тал ямар байдаг вэ. Багаас нь сургах нь илүү үр дүнтэй биз?

-Миний хувьд залуу зохион бүтээгч тэмцээний хөндлөнгийн шүүгч хийдэг байсан. Тэндээс харж байхад хүүхдүүдийг клубтээ аваад ажиллуулмаар харагддаг. Тиймээс хүүхдийг 10 жилээс нь энэ чиглэлээр сургаж, технологид сонирхолтой бол энэ төрлийн тэмцээнүүдэд оролцуулж байвал амжилт гаргах боломж илүү өндөр байдаг. Робот хийлгэж сургахаас илүү, хүүхдүүдийн сэтгэл зүйг зөв бэлдэх ёстой. Тэгэхгүй чи үүнийг хий, энийг бүтээ гээд хөрөө хайч өгөөд, хөрөөдүүлэх, алх өгөөд хадуулах нь нэг өөр. Тэр хүүхэд өөрөө сэтгэлгүй бол мянга хадаж, зүлгээд наагаад амжилт үзүүлэх боломж хомс. Харин эсрэгээрээ хүүхэд “Багш аа би ийм юм хиймээр байна, надад нэг дугуй өгөөч, мотор олоод өгөөч, надад туслаач” гэж сэтгэл гаргаж байгаа хүүхдүүдийн бүтээл маш сайн болдог. Мөн хүүхдүүд энэ чиглэлээр судалгаа сайн хийх зайлшгүй шаардлагатай байна. Өмнөх жил хийсэн бүтээлийг давтах биш, дараа дараагийн алхмуудыг хийх ёстой.

-Танай багт ивээн тэтгэгч бий юу?

-2011-2013 онуудад манай багийн ивээн тэтгэгч нь “Танан импекс” компани байсан. Сүүлдээ эдийн засгийн асуудалтай холбоотойгоор ивээн тэтгэхээ больсон. Одоогоор ивээн тэтгэх байгууллага олдохгүй байгаа. Сургуулиас жил бүр 2-3 сая төгрөг гаргаж өгч, энэ үйл ажиллагааг дэмжиж байна. Өмнө нь бид бүтээсэн роботуудаа хадгалаад, жил жилээр нь үзэсгэлэн гаргана гэж мөрөөдөж байсан. Гэвч тоног төхөөрөмжгүй болоод хуучин роботуудаа эвдэж, задалж дараагийн бүтээлдээ ашиглаж эхэлсэн. Энэ бол харамсалтай зүйл. Уг нь эхнийхээ бүтээлүүдийг хадгалаад, дараагийн шавь нар маань улам сайжруулаад, өөр бүтээл хийх зэрэг чухал ач холбогдолтой байсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Тэгсэнд орвол тэгсэн нь дээр

-ФЕЛЬЕТОН-

Ард түмэн эсэргүүцэж байна.

-Шинэ барилга барина гэнэ үү, тэр буруу. Тэгсэнд орвол хуучин барилгаа нураагаад эргүүлж барихыг шаардаж байна.Хуучнаасаа салах нь шинэчлэлийн үндэс гэдэг сургаалыг санацгаая.

-Цалин нэмэх гэж байгаа нь буруу. Энэ буруу үйлдлийг даруйхан зогсоогоод, түүнийхээ оронд ажлын хөлсийг нэмэгдүүлэх ёстой.

-Хуучин барилгаа нурааж байна гэсэн үү? Ард түмээн, түүхийн дурсгалаа хамтдаа хамгаалцгаая. Дэлхийн хөгжингүй орнуудад хуучин барилгаа нураахын оронд шинэ барилга барьдаг. Дэлхийн жишгээр хөгжихийг хатуу сануулж байна.

-Төрийн албаны орон тоог цөөрүүлэх нь буруу. Манай төр дандаа буруу юм хийх гээд байгаа нь харамсалтай. Тэгсэнд орвол төрд ажиллаж байгаа хүмүүсийн тоог цөөлөх ёстой. Эсвэл улсын төсвөөс цалинждаг ажлын байруудыг багасгасан ч болно.

-Гүүр барих гэж байгаа нь тодорхой боллоо. Гүүр барихыг бол эрс эсэргүүцнэ. Тэрний оронд гүүр тавих ёстой.

-Уул уурхай ашиглахыг хатуу эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол баялгаа ухсан нь хамаагүй дээр.

-Гадаадын зээл тусламж хэмээх шившигт явдлыг зогсоохыг шаардана. Тэгсэнд орвол баян орнуудаас мөнгө гуйсан нь хамаагүй дээр.

-Хулгайчийн гарыг тасалдаг хуулийг сэргээхийг шаардаж байна. “Үзүүрийг таслахаар үндсийг тасалдаг төртэй байхыг хүснэ”. Гар байгаа учраас л халаасны хулгай гардаг гэсэн судалгаа байна. Хулгайчийн гарыг таслаад иргэдийн халаасыг оёчихвол хамаг асуудал үндсээрээ шийдэгдэнэ.

-Согтуу хүмүүсийг эрүүлжүүлж байгааг төрөөс зогсоох ёстой. Хүн өөрийн санаачилгаараа эрүүл бус болж байхад чинь. Эргүүлээд эрүүлжүүлдэг нь юү гэсэн үг вэ? Хүний эрх зөрчин эрүүлжүүлсэн иргэдээ эргүүлж согтоон хуучин хэвд нь оруулж байхыг шаардъя.

-АТГ луйварчдыг барьж байна гэнэ үү? Тэр буруу. Даргыг нь солих хэрэгтэй. Авлигачдыг барих биш тавих ёстой. Хэд сайн тавиад өгөхөөр хулхи нь буухгүй хаачдаг юм бэ, муусайн авлигачид.

-Дэлгүүрт “Хүүхдийн сүү” зарж байгааг эсэргүүцэж байна. Хүүхдийг саах нь муухай. Тэгсэнд орвол “Насанд хүрсэн хүний сүү” зарах нь хамаагүй хүмүүнлэг. Бодвоос, том хүнээс их ч сүү гарна.

-Машиныг дугаараар явуулна гэнэ үү? Эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол дугуйгаар нь явуулбал хамаагүй хямд тусна.

-Хятадууд орж ирж байгааг эргүүцэж байна. Монголын төр хятадуудыг ирүүлэхгүй оруулах арга бодож олох ёстой. Тэгж чадахгүй бол ядахнаа тэднийг оруулахгүйгээр ирүүлэхийг шаардаж байна.

-Машины дугаарын тэгш сондгойгоор явуулах гэж байгаа нь тэнэг үйлдэл. Тэгсэнд орвол нэг өдөр нь тэгш тооны машиныг хөдөлгөөнд оролцуулаад, маргааш нь хотод явж байгаа машины нийлбэр сондгой тоотой байхаар зохицуулбал хамаагүй хямд тусна.

-Тэр “Жорлонгоо өөрчилье” гэнэ үү? Тэрийг сайн ойлгоогүй ч гэсэн эсэргүүцэж байна. Ер нь ойлгож ядаад байх юмгүй, буруу л байж таарна. Жорлонгоо өөрчилсөнд орвол бие засалтаа өөрчлөх нь, бие засалтаа өөрчилсөнд орвол идэхээ өөрчилсөн нь хамаагүй дээр.

-Бас тэр “Хөрсний бохирдол” яриад байгаа хүмүүст “Хөрсний бохирдолтой тэмцсэнд орвол агаарын бохирдолтой тэмцсэн нь хамаагүй дээр” гэдгийг сануулъя. Харин “Агаарын бохирдолтой тэмцэх хороо”-ныхонд “Хөрсний бохирдол их байхад та нарын наад хийж байгаа чинь ямар ч нэмэргүй” гэдгийг сануулах юун.

-Цөөн хэдэн хүн төрийн өмчийг хулгайлж байгааг эсэргүүцэж байна. Олонх нь тэгээд яах болж байна.

-Ерөнхийлөгч “авлигачидтай тэмцэнэ” гэж байна. Тэдэнтэй нийлж оогт болохгүй. Тэм-цэх гэж байгаа бол авлигачидтай биш, бидэнтэй хамт тэмцэх хэрэгтэй. “ленин бидэнтэй”, “Нам ард түмэнтэй”…мэднэ ээ?

МИАТ-ыг хувьчилна гэнэ үү? Тэр болохгүй. МИАТ-ыг хувьчилж идэх гэж байгаа юм. МИАТ-ыг идэж болохгүй, тэгсэнд орвол уусан нь хамаагүй дээр.

Эрдэнэтийг яана гэнэв, тэр ёстой буруу. Яасанд орвол яасан нь хамаагүй зөв.

-Ард түмэн жагсах гээд төв талбай дээр ирэхээр тэнд нь ард түмэн жагсаж байдаг энэ замбараагүй байдлыг эцэслэхийг бас шаардаж байна.

-Эцэст нь, эсэргүүцмээр юм ч олдохоо байсныг эсэргүүцэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Баттүвшин: Тархи дэг журманд дуртай

Ангаах ухааны доктор, АНУ-гийн Ратгерс их сургуулийн тархи судлалын салбарын судлаач багш Л.Баттүвшинтэй ярилцлаа.


-Өөрийгөө танилцуулаач. Хаана, хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Аав ээж хоёр маань эмч хүмүүс. Тиймээс би багаасаа л хүмүүсийн эд, эрхтэнтэй ном харж, сонирхдог эмч болох хүсэлтэй байсан. Өөрийгөө мэс заслын эмч юм уу, сэтгэл судлаач болох байх гэж төсөөлөөд их хичээдэг байлаа. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг төгсөөд, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд ажиллаж байгаад, Японы Кюүшү их сургуульд суралцсан, тус сургуульдаа тархи судлалын чиглэлээр, анагаах ухааны доктор хамгаалсан. Мөн АШУИС-д багшилж байсан. Монголд судалгаа хийх лаборатори байхгүй хүндрэлтэй байсан учраас АНУ-гийн Барроу мэдрэл судлалын хүрээлэнд постдоктор судлаачаар гурван жил ажилласан. Одоогоор АНУ-гийн Ратгерс их сургуулийн судлаач багшаар ажиллаж байгаа. Тархины хөгжил хэрхэн явагддаг вэ, яаж урт наслах бэ, яаж тархийг эрүүл байлгах вэ, аз жаргалтай амьдралыг хэрхэн шинжлэх ухааны ололт амжилтад суурилуулж бүтээх вэ зэрэг чиглэлээр судалгаа хийсээр өдийг хүрлээ. Одоо бол эх орондоо ирж ажиллах хүсэл байгаа.

Би Монголдоо лаборатори байгуулчихвал дараа, дараагийн үеийн залуучууд ирээд ажиллахад нөхцөл нь бүрдсэн сайхан байх болно. Үүнийг бүтээхийн тулд хичээж, маш их ажиллаж байна. 2013 онд энэ чиглэлийн эрдэмтнүүдтэйгээ нийлж, Монголын нейросайнсийн нийгэмлэгийг байгуулсан. Мөн би дэлхийн тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Монгол руугаа бодитойгоор хөрөнгө оруулалт хийх, мэдлэг боловсролтой хүмүүсийг урьж авчирч, лекц уншуулах боломжтой.

-Тархи судлал гэхээр, юу юуг судалж байна вэ?

-Тархи судлал гэдэг бол суурь шинжлэх ухаан. Үүн дээр суурилаад, сэтгэл судлал, психосоматикийн шинжлэх ухаан байна. Мөн цахим судлал гэдэг чиглэл сүүлийн үед асар их хөгжиж байна. Энэ нь хиймэл оюун ухаантай холбоотой. Монголчууд юм хийж байна, бид тархи судлалын шинжлэх ухаанаас хоцроогүй шүү, дэлхийн шинжлэх ухаантай хамт алхахыг хүсэж байгаа гэдгээ байнга мэдэгдэж байх ёстой. Энэ талын судалгаануудыг хийж байх хэрэгтэй шүү дээ. Ингэснээр энэ салбарт нууц товчоо шиг бичигдэж үлдэнэ гэсэн үг.

-Манай улс өндөр, өндөр байшин барьж, зам талбай бариад байдаг ч хүний тархины хөгжлийг орхигдуулаад байх шиг. Яаж тархины хөгжилд анхаарах вэ?

-Шилжилтийн үе, хөгжиж буй орнуудын түгээмэл бэрхшээл бол ердөө л энэ. Хичнээн хүчирхэг том эдийн засагтай улс байсан ч ийм нийгэм байдаг. Ийм үед хүмүүсийнх нь өвчлөлийн байдал хүртэл өөрчлөгддөг. Үхлийн шалтгаанууд нь өөрчлөгдөнө. Тухайлбал, Аргентин улсад эдийн засаг хямраад ирэхээр, мэдрэлийн ядаргаа, уур уцаартай холбоотой зүрх судасны өвчлөлүүд ихэсч байгаа юм. Мөн хорт хавдрууд, амьсгалын замын сүрьеэ өвчин манайд ч ихэсч байна. Мөн мансууруулах бодист донтох, архидан согтуурах сэтгэцийн өвчин ихэсч байгаа. Мөнгөнд анхаарахаас илүүтэй нийгмийнхээ зохион байгуулалтын дэг журамд анхаарах ёстой. Бусдын амь насанд хүрэх хэрэг бол ядууралтай холбоотой юм байна лээ. Өрхийн орлогын хэмжээ буурахаар гэр бүлийн уур амьсгал хүйтэн болдог. Хаана ч адилхан. Нийгмийн хууль дүрмээ дагадаг хүмүүс энэ асуудлаас хялбар гарч чадна.

Нийгэм эмх замбараатай байх тусам хүн хийх ажлаа жилээр нь хүртэл төлөвлөчихдөг. Дэг журамтай, эмх цэгцтэй байх тусам илүү амар амгалан. Ер нь тархи ч дэг журманд дуртай. Жишээлбэл, япон хүмүүс ямар ажил хийх, ямар хоол идэх юу болох зэргийг өдөр сараар нь төлөвлөчихсөн, бүх зүйл тодорхой байдаг. Хэзээ хэдэн төгрөгийн цалин авах нь тодорхой. Нэг япон багш тэтгэвэртээ гараад гурван кг нэмсэн түүнд маш хүнд асуудал болсон. Тэр хүн 30 жил их сургуульд багшлахдаа нэг ч кг нэмж байгаагүй, яг л идэх ёстой зүйлээ иддэг, хийх хөдөлгөөнөө хийдэг, авах ёстой цалингаа авдаг байсантай холбоотой гэсэн үг. Гэтэл Монголд маргааш юу идэх нь тодорхойгүй, юу хийх нь, ямар цалин авах нь мэдэгдэхгүй, миний цалин хүрэх болов уу гэж бодож стрестэнэ. Мөн ажлын газрын дарга, хамаатан саднуудаас гэнэт даалгавар, гэнэтийн тулгалт, юм гуйх зүйл гарна. Гэнэтийн, төлөвлөөгүй гуйлт нь стресс үүсгэж байна. Тиймээс хүн энэ мэт цочмог мэдээлэлд бага автах, хүнийг гэнэтийн гуйлтад оруулахгүй байх хэрэгтэй.

-Яаж энэ бүгдээс ангижрах вэ?

-Тэгэхээр цаашид тархи судлалын анагаах ухааныг хөгжүүлж, хүмүүсийн тархийг хөгжүүлэхийн тулд боловсролд анхаарах шаардлагатай. Хүн бүрийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн хүүхдийг маш эерэг зөв орчинд өсгөх ёстой.

-Стресээс хэт эрт хөгшрөхөөс яаж сэргийлэх боломжтой байдаг вэ?

-Уур хүрэх, хэрүүл хийх, архи уумаар санагдах ч стрес. Хүн ялагдалд хүрэхийг хүсдэггүй, ялагдлыг тархи хүлээн зөвшөөрч чаддаггүй. Түүнээс ангижрах эрүүл арга гэвэл спортоор хичээллэх, зураг зурах, аялах гэх мэт аргууд бий. Хөгшрөлтийн хамгийн гол шинж тэмдэг бол таргалалт, өөхөн давхарга үүсэх. Сүүлийн үеийн мэдээллээр, монголд гурван хүний нэг нь таргалалттай байна гэсэн судалгааны дүн гарчээ. Таргалалт ихсэхээр суурь өвчин нэмэгддэг. Мөн бусдаас шалтгаалж бухимддаг байдлаас аль болох ангижрах хэрэгтэй. Өөрт таагүй стресс үүсгэж буй ажлаас гарч болно. Гэр бүл, албан байгууллагуудад стрес үүсгэх асуудалд гараад байвал аль болох ярилцаж зөв шийд гаргаж байх хэрэгтэй. Ярилцаж ойлголцох нь хамгийн чухал. Хаана, сурах, хаана ажиллах, баян байх, ядуу байх ч хүний эрх шүү дээ.

-Хүүхдийн тархийг багаас нь хэрхэн зөв хөгжүүлэх ёстой вэ?

-Хөгжилтэй орнууд хүүхдийн тархины хөгжлийг ихэд харгалзан үзэж байна. Хүчирхийлэлд өртлөө гэхэд тэр айдаст бодол нь бараг насаараа сэтгэлээс нь арилдаггүй. Тиймээс, хүүхэд залуу үеэ дээдэлж чадсан улс хүчирхэг аз жаргалтай байдаг гэх үг бий. Хүүхдийн мэдрэлийн эсүүд ямар орчинд амьдарч, ямар мэдээлэл тархиндаа цуглуулж байна гэдгээс шалтгаалан хөгждөг. Эерэг таатай харилцаатай хүмүүсийн дунд байх юм бол ямар ч хүүхдийн тархи хөгжих боломжтой. 100 жилийн өмнө хүүхэд ямар хүн болоход ген чухал гэж ярьдаг байсан бол одоо орчин, нийгмийн хөгжил нь хамгийн чухал болсон. Хүссэн зорилгодоо хүрэх чадвартай, өрсөлдөх чадвартай хойч үеэ бэлдэхийн тулд боловсролд л анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг нас хүрэх үед хүүхэд эхийн, эцгийн, ах дүүсийн хайрыг мэдэрч байх нь маш чухал. Харин нэгээс гурван нас хүртэл нь хувийн ариун цэврийг хэрхэн сахихыг зааж өгөх ёстой, сургуульд ороод, эцэг эхийн шаардлагыг биелүүлэх, өөрийнхөө хувцсыг эвхэх, гэрийн даалгавраа сайн хийх, цүнх номоо бэлдэх гэх мэт ур чадваруудыг 6-9 насанд суулгах нь зөв. Харин 18 нас хүрчихсэн өмнөх чадваруудаа эзэмшээгүй байлаа ч оюун ухаан сайтай бол орчин өөрчлөгдөхөд тухайн орчноо дагаж өөрчлөгдөх чадвартай байдаг. Дүрвэгсдийн дунд амьдарч буй хүүхэд өөрийгөө хамгаалахын тулд буу яаж хэрэглэх, хүнийг яаж буудах тухай бодож өсөж байна. Хүний тархи орчноос хармаарч яаж өөрчлөгддөгийг тэндээс харж болно.

-Гадаадад боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирэх сонирхол ихтэй байна уу. Үгүй юу?

-Сүүлийн үед буцаж ирж байгаа нь хүмүүст итгэл байна гэсэн үг. Надад бас итгэл байна. Энэ нийгэм маань сайн сайхан руу тэмүүлж байгаа гэдэгт итгэж байгаа. Тухайлбал, би насаараа их сургуульд багшлаад, Америкийн дундаж цалинг аваад, амьдрахад хэдэн жилийн дараа намайг Америкийн иргэншил авах уу гэж асууна. АНУ-гийн иргэн болох нь эргэн төрсөнтэй адил, маш их давуу тал гэж үздэг. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ би тэнд насаараа ажиллаж байснаас Монголын нийгэмдээ илүү ихийг хийж бүтээх боломжтой, эх орондоо их ажил бүтээх, энэ салбарыг хөгжүүлэх нь илүү чухал гэж үзэж байна. Гэхдээ зарим залууст дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ жилдээ Монголдоо нобелийн шагналтанг урьж авчрах төлөвлөгөөтэй байгаа.


Categories
мэдээ цаг-үе

“Сникерс”-ийн шинжилгээ муу гарч байсан тохиолдол байхгүй гэлээ

Сүүлийн жилүүдэд олон улсын хэвлэлээр чихэр, шoколад, ундаа зэрэг амттанууд ихэвчлэн генийн өөрчлөлттэй байдаг гэх мэдээлэл гарах болсон. Саяхан мөн л “Сникерс”, “Киндерт” брэндийн шоколадууд генийн өөрчлөлттэй болох нь тогтоогдсон гэх эрдэмтдийн судалгааны мэдээлэл гадны зарим хэвлэлээр мэдээлэгджээ. Дээрх амттанууд манай улсад худалдаалагддаг хамгийн их борлуулалттай шоколадны тоонд ордог байна. Тиймээс уг бүтээгдэхүүнүүдийг манайхан ямар хяналт шалгалтаар оруулж ирдэг талаар өчигдөр сурвалжиллаа.

Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэмээн сурталчилдаг “Киндер” брэндийн шоколад томоохон зах, худалдааны төвүүдээр элбэг, маш олон төрөл байна. “Киндер”-ийн өндгөн шоколад нь хамгийн их эрэлттэй байдаг гэж худалдагч нар хэлж байна. Харин “Сникерс”-ийн самартай нь хамгийн их зарагддаг бөгөөд автобусны буудлын жижиг ТҮЦ-нээс эхлээд, бүх дэлгүүр худалдааны төв, Улсын их дэлгүүр, Номин супермаркетийн салбаруудаар зарагдаж байна. “Сникерс” зардаггүй дэлгүүр гэж Улаанбаатарт алга. Том жижгээсээ хамаараад, ихэвчлэн 1190-1900 төгрөгийн үнэтэй юм байна. Том чихэр шиг хэмжээтэй олон ширхэгтэй ууталсан “Сникерс” 3500-4500 орчим төгрөг байх аж. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний шошгон дээр GMO гэх тэмдэглэгээ байх ёстой боловч “Сникерс”, “Киндер”-т тийм тэмдэглэгээ байсангүй. Харин сахар, масло, молоко, соль, молочны шоколад гэх мэт олон төрлийн найрлагатай гэж тайлбарлаад, бүтээгдэхүүнд агуулагдах илчлэг, сахар нүүрс ус, өөх тосны найрлагыг нь л бичсэн байх аж. Манай улсад “Сникерс” ОХУ-аас орж ирдэг гэнэ.

“Сникерс” зэргийг хэрхэн шалгаж хилээр оруулдаг тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч Ч.Оюунцэцэгээс тодрууллаа.

-”Сникерс” зэрэг амттанууд генийн өөрчлөлттэй гэх мэдээлэл гарсаар байна. Монголд орж ирж байгаа нь хэр зөрчил дутагдалтай байдаг вэ?

-Энэ бол батлагдсан мэдээлэл биш шүү дээ.

-Хилээр орж ирж буй “Сникерс”, “Киндер”-ийн бүтээгдэхүүн зэргийг хэрхэн шалгаж нэвтрүүлж байна вэ?

-Хилээр орж ирэхэд нь хамгийн эхлээд баримт бичгийн хяналт хийнэ. Амттан үйлдвэрлэсэн тухайн үйлдвэр нь чанарын шаардлага хангасан үйлдвэр мөн байна уу гэдгийг тодруулна. Чанарын гэрчилгээг нь шалгаж, хянадаг гэсэн үг. Мөн тухайн бүтээгдэхүүний шинжилгээнд хамрагдсан эсэхийг хянана. Ингээд дараагаар нь худалдаж байгаа худалдан авч байгаа хоёр талын хоорондын худалдааны гэрээг шалгана. Мөн дараагаар нь хадгалалтын горим, тээвэрлэлтийн горимыг шалгадаг юм. Гүний гааль дээр ирээд задрахаар нь тухайн бүтээгдэхүүний хаяг шошгыг шалгаад зөрчилгүй бол агуулах руу нь нэвтрүүлнэ.

-Орц найрлаганд нь нарийн шинжилгээг хийдэггүй гэсэн үг үү?

-”Сникерс” зэрэг амттан бол дунд зэргийн эрсдэлтэй бүтээдэхүүний ангилалд хамаарна. Тэгэхээр орж ирэх бүрт нь шинжилгээнд хамруулаад байдаггүй. Зургаан сард нэг удаа шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргадаг юм.

-Ийм зөрчил дутагдалтай, генийн өөрчлөлттэй гэх хариу гарч байсан тохиолдол бий юу?

-Зөрчил илэрсэн тохиолдол одоогоор байхгүй. Мөн хаяг шошгон дээрээ генийн өөрчлөлттэй бол бичих ёстой гэж Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан байдаг. Тиймээс хаяг шошгыг нь сайтар шалгадаг. Манайд “Сникерс”-ийн шинжилгээ нь муу гарсан, генийн өөрчлөлттэй байсан гэх дүгнэлт гарч байгаагүй гэлээ.

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэвэл эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй болохыг их эмч О.Солонгоос тодруулахад.

“Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн буюу (GMO – Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар гарган авсан бүтээгдэхүүн гэж байгаа юм. Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй. Ходоодны салст гэмтээж, дархлааг сулруулдаг, бодисын солилцоог устгадаг. Хорт хавдар үүсгэж болзошгүй гэдгийг олон улсын эрдэмтэд судлаад тогтоосон байдаг. Тодруулбал, хоол хүнсээр дамжин хүний биед орж ирсэн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд шингэж хорт хавдар үүсгэх аюултай. Амьтдыг генийн өөрчлөлттэй хүнсээр хооллон судалгаа явуулахад амьтдын дархлааны систем суларч, эрүүл үр төл гаргах чадваргүй болж байсан” гэх Германы хүнс судлаачдын дүгнэлт байдаг. Маш олон төрлийн хүнс импортоор орж ирж байгаа тул тухайн хүн өөрөө л аль болох органик хүнс хэрэглэж байхгүй бол генийн өөрчлөлтгүй гэж итгэхэд хэцүү шүү дээ. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хамгийн аюул дагуулаад байгаа зүйл нь үр удмынх нь эрүүл мэнд генд гажиг үүсгэдэг гэж байгаа” гэлээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намаг ба намагт унагсад

Монголчууд хэзээ ч ийм эрх чөлөөтэй, бас хэзээ ч ийм сэтгэл дундуур байсангүй. Улс төрийн болоод, сонгох-сонгогдох эрх чөлөөг дурсаад яахав? Уудам нутагтай ч явах зам хязгаартай, албат хамжлагууд ноёныхоо харьяаллаас гарч явахгүй, БНМАУ-ын иргэд аймаг хот явахдаа томилолт эвсэл “зам явах” хэмээх зөвшөөрөл авах ба автозамын дагуух сэргийлэхийн эргүүлүүд хөдөлгөөнийг хянана.

Сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх бүү хэл, тийм байдал гаргах эрхгүй. Олон түмэн Богдын аврал Манжийн хааны хишигт мөргөж амьдрах үүрэгтэй байсан бол ХХ зуунд нам засагтаа баярлах үүрэг хүлээнэ.

Өнөөгийн эсэргүүцлийн жагсаалын оронд талархлын жагсаал болно. Ордны өмнүүр жагсагчид удирдагчдаа огцрохыг шаардахын оронд урт насалж, улам олон жил даргалахыг ерөөнө.

Монголчууд хэзээ ч ийм баян чинээлэг мөртлөө, ядуу хоосноо гайхаж байсангүй. Хувийн өмч хориотой. Улсын хэмжээгээр 100-гаадхан ширхэг амины “Москвич” мэт машин байх ба тэдний эздэд нууцхан атаархахын зэрэгцээ үзэн ядна. (Саяхан би харсан, зуслангийн замд солонгос машин унасан хүн ирээд хүүхдүүдтэйгээ хог ухаж, хэрэгтэй юмаа цуглуулаад явахыг. Тэрийг хараад яг л та нар шиг “ард түмэн ийм ядуу амьдарч байгааг хараач” гэмээр байсан)

Нам эвлэлийн гишүүд бол амины машинтнуудыг “хувийн өмчтөн болдгийн даваан дээр яваа буруу этгээд” гэж харах ба ирээдүйгээ хувьдаа машингүй, ариун байдлаар төсөөлнө.

Малчин айл гэр бүлийн гишүүдийн тооноос үл хамааран богийн толгойд шилжүүлсэн 75-50 малтай байх эрхтэй бөгөөд түүндээ ногдох сүү, мах, ноосны оногдол татварыг заавал төлөх үүрэгтэй. “Ард түмний материаллаг аж байдал соёлын хэмжээ байнга дээшилж…” гэдэг үгийг олон хүн цээжээрээ санаж байгаа.

Монголын төр хэзээ ч ийм сул дорой, төр бус нь ийм хүчтэй байж үзсэнгүй. Өнөөдөр Засгийн газрын ямар нэг шийдвэрийг хэрхэн эсэргүүцэж нураахаа зөвлөдөг бүлгүүдийн оронд төрөө дэмжих цуглаан зохиогддог байж билээ.

Төрөөс шийдвэр гарах тоолонд түүнийг баярлан хүлээж авах цуглаан болдог байсан ба нам засгийн удирдагчдын хэлсэн үгийг тэмдэглэн авч шалгуулна. Өнөөдөр бид “Үнэн гэдгийг нь мэдэж байгаа боловч өөрт ашиггүй учраас ХУДЛАА байна” хэмээн хашхирч байгаа бол өчигдөр “Худлаа даа гэж бодож байсан ч ҮНЭН байна” хэмээн алга ташиж байлаа.

Тэгээд л …. тэр нэг л өдөр эрх чөлөөтэй боллоо. Социализмыг бид нураагаагүй, жаахан засаж янзлах санаатай жагсаж байтал дэлхийн социализм өөрөө нураад уналаа. Системээ нураасан бусад орны жишгээр бид ч бас ардчиллыг сонголоо. Зүүн европын орнуудын иргэд алдагдсан эрх чөлөө, боогдсон ардчилал, булаагдсан газар, хураагдсан орд харш, орон сууцаа эргүүлэн авав. Тэдэнд эрх чөлөө, чөлөөт сонгууль, эзэмшил газар, хувийн өмч, хувийн үйлдвэр завод бол хуучин танил, алдагдсан зүйлс байлаа. Тэд алдагдсан зүйлсээ сэргээгээд цааш явав.

Харин монголчуудад алдагдсан юм гэвэл хэдэн мал л байлаа. Тийм болохоор мал нь хувьчилсныхаа маргаашаас суга өсөөд бараг гурав нугарч 25 саяас 70-аад сая болов.

Өрнөдийн жишгийг дагаж өмч хувьчлал хийлээ. Орон сууцанд байсан улсад нь орон сууцыг нь бэлэглэв. Ардын засаг хэзээ ч хүний орон сууцыг хурааж аваагүй, хурааж авъя гэхнээ олигтой хашаа байшинтай байгаагүй билээ л. Бас хэзээ ч ард түмнээс хурааж аваагүй үйлдвэр заводыг бас хувьчлав. Мал хувьчлалаас бусад нь зүгээр л бэлэглэх процесс, “олсон хүний олз” маягийн зүйл боллоо. Олон нийтэд “аяыг нь олоод байвал олзтой систем юм байна” гэсэн ойлголт төрлөө. Монгол хүний дайны олзонд амташсан, айлын адуу хөөж сайн эр болдог байсан цагийн сэрэл хөдлөх нь тэр.

Социализм байгуулахдаа ганц булаалгасан юм нь үнэндээ мал байлаа. Малтай байсан, малаа өсгөж болдог байсныг мэдэх учраас л хувьчлалын дараа монголын мал өссөн ажгуу.

Чөлөөт сонгууль, улс төрийн эрх чөлөө, үг хэлэх эрх , төр засгаа олон түмэн өөрсдөө байгуулах гэдэг бол хэзээ ч үзээгүй цоо шинэ зүйлс байжээ. Ноёноо сонгож байсан биш, Манжийн төрийн бодлогыг хэлэлцэж суусан биш, нам засгийн тогтоолыг өөрчлөх гэж явсан ч биш. Дарга болох эсэхийг чинь дарга л мэддэг болохоос биш, их сайндаа “Ах аа намайг бодоорой” гэж сэм гуйж явснаас биш, хэзээ ч “намайг дарга болгоод аль, төр бариад үзье” гэж явсангүй.

Нөгөө талаас олон түмэнд муу ноён, тааруухан депутат сонговол ийм юм болдог гэсэн туршлага сэрэмж ч байсангүй. (Тэр сэрэмж одоо ч төрөөгүй байгаа учраас л өөрөө сонгож төрөө байгуулчихаад “ийм ч төртэй байх гэж” гэж бухимдсаар яваа юмаа)

Гэнэт монголчуудад даргаа өөрөө сонгох, өөрийгөө даргаар сонгуулах гэхчлэнгийн хэзээ ч үзэж амсаж яваагүй боломж нээгдлээ. Нүүдэлчин хүн юмны ерөнхий зарчим, эцсийн зорилгыг харахаасаа өмнө түүнийг амархан давах, олз омог харагдвал шүүрээд өнгөрөх боломжийг хайдаг ч, олдог ч юм.

Ингээд сайн эрсийн сэтгэлгээтэй сэргэлэн зарим нь мөнөөх өмч хувьчлалаас гарсан олзны үнэрт хөтлөгдөөд сүйхээчилж эхлэв. Олзыг төр тарааж байгаа аж. Төрд хүрэх зам бол чөлөөт сонгуульд нэр дэвших явдал. Ингээд олзны уутны амыг барилцахаар хөдөлцгөөлөө.

Улс төрийн чөлөөт сонгуулийн ёс суртахууны уламжлал гэж монголчуудад яаж ч ч байх билээ. Эхэндээ социалист төр байгуулах явцад бий болсон намын сахилга дээр тулгуурлан жаахан наанатай цаанатай сонгууль болж байснаа тэр цагийн албан хаагчид тэтгэвэртээ гарахтай зэрэгцэн шалдаа буулаа.

Гэхдээ сонгогчид ч шаал мангар байсан юм биш. Өнөөдрийн яриад байгаа шиг л монголын ард түмэн нэг их гэнэн цайлганаар явж байгаад үхтлээ хууртчихсан ч юм бүүр ч биш.

Нүүдэлчин монголчууд төр байгуулах ажлыг далимдуулаад юу унагаж болох вэ гэдгийг юун түрүүн гярхай ажиглаж эхэлжээ. Ингээд төрөө байгуулсны хөлсийг төрөөсөө унагаж болгох юм байна гэдгийг ч мэдээд авав. Ямар төр байх нь хэнд хамаатай юм бэ, гол нь унац нь чухал.

Ингээд нэр дэвшигчийнхээ одоо юу өгөх ба дараа нь юу өгөхийг сонирхох болов. Өөрөөр хэлбэл нэр дэвшиж байхад нь “аваанз”-аа авна, сонгогдсоны дараа нь бөгс мөнгөө хөөцөлдөнө.

Ингээд сонгуулийн санал худалдаж авч байгаа нь урьдчилгаа, ялсан нам нь “Эх орны хишиг”, “гэрлэсний шан” тарааж байгаа нь бөгс мөнгийг нь олгож байгаа хэрэг болов, цалингаар зүйрлэвэл.

Ингэж л гурил будаа тараах, бэлэн мөнгө түгээхээс авахуулаад “хүн бүрт сая төгрөг олгох”, “Эрдэнэтийн хувьцааг бүх хүнд хувааж өгөх” амлалт үүссэн болой.

Төрийн эрхийг луйварчид биднээс худалдаж авсан нь үнэн, бид луйварчдад зарсан нь ч үнэн.

Шударга төр байгуулахын төлөө шударгаар саналаа өгсөн хүн ч бишгүй байгаа шиг, шударга төрийг бий болгохын төлөө мөнгө тараасан ч хүн бас байгаа л байх. Гэхдээ ерөнхий зураг иймэрхүү.

Хүн болгон өөр өөрийн хэмжээнд сонголтоо зарж байгаа учраас сонгуулийн дүнд эргэлзэхэд хэцүү болсон. Сонгуулийн өмнөх нийгмийн уур амьсгалд итгэх арга байхгүй. Учир нь бидний олонх нь дэмжиж байгаа хүндээ биш, харин сайн аваанз, гайгүй бөгс мөнгөний төлөө л өгнө. Хэн хэдээр, хэнд өгснийг хэн мэдлээ. Ийм эргэлзээг далимдуулан улаан цайм луйвар хийх, санал будлиулах нь хэвийн зүйл боллоо.

Үзэсгэлэн үзэж явтал нэг хөгийн амьтны зураг таарч гэнэ. Зураачийн нэр, хаяг байхгүй болохоор нь тайлбарлагчийг дуудан асуужээ. Тайлбарлагч “Уучлаарай, эрхэм ээ. Наадах чинь зүгээр л толь” гэсэн байна. Яг түүн шиг өмнө маань байгаа нийгэм улс төрийн амьдралын дүр зураг маань биднийг харуулсан толь л юм шүү дээ.

Хамтдаа унасан намгаас хамтдаа л гарахаас өөр замгүй. Намгаа хараахаа болиод намгаас гарахаа бодсон нь дээр. Намгаас гарвал мэлхийнүүд толгой дээр дэвхцэхээ болиод тэндээ үлдэнэ…

Аа тиим, бас амьдралдаа гарсан дэвшлийг муу муухайтайгаа хамтатган нулимахаа болихгүй бол болохгүйнэ. Алдаж болмооргүй юм зөндөө байна. Жоомтой гээд шатааж боломгүй сайхан байшин бол босох нь боссон шүү, сүүлийн гучаад жилд.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын зам шавхаа ихтэй ч, ууланд алхагчдын цуваа нэмэгдсээр байна

Өнгөрсөн амралтын өдрөөр Богд уул, Баруун ширээт оргил руу алхаад ирлээ. Өглөө 09.00 цагийн үед уул руу алхахад хүмүүсийн цуваа аль хэдийнээ эхэлчихсэн байна. Зарим нь өглөө эртээ уулын оргилд гарчхаад бууж байлаа. Ажил хэрэгч залуус болон спортын тамирчид өглөө 05.00 цагаас уул руу алхаад оргилд нь гарчихаад ийнхүү 8,9 цагийн үед буугаад ирдэг юм байна. Ингэж тухайн өдрийн ажил, бэлтгэлийн эрч хүчийг авдаг гэнэ. Харин амралтын өдрөө ууланд алхаж өнгөрүүлэхээр, хамт олон найз нөхөд, гэр бүлээрээ тухтай яваа хүмүүс ихэвчлэн 09.00 цагаас хойш уул руу тааваараа алхаад 12,13 цагийн үед оргил дээр гардаг байна. Бид ч яг ийм цагийн хувиараар явсан юм. Оргил дээр гарахад түм түжгэнэсэн байдалтай, хүүхэд залуус гэр бүлүүд 10,20-уулаа нийлээд оччихсон, хоол цайгаа идчихээд тоглож наадаад, унтаж амарч байгаад ирдэг юм байна. Мөн уулын оргил дээр сүүтэй цай, халуун аарц чацаргана, ойр зуурын идэх зүйлс, бэлэн гоймон хүртэл зарж байдаг аж. Дээш өгсөх замд ч мөн ундаа ус, халуун цай зарж байв. Мөн гутландаа хийдэг уулын хадаас, аяллын цүнх, уулын таяг хүртэл зарж буй хүмүүсзамд бидэнтэй тааралдлаа. Хэрэв мөнгөгүй яваа бол нэр хаяг утасны дугаар, албан ажил зэргээ тун тодорхой бичүүлж аваад, хот руу орж ирэхээрээ мөнгийг нь төлчхөж болно гэж байна.

Уулын цас хайлаад, өгсөх замд нэлээд халтиргаатай байсан бол үдээс хойш уруудаж ирэхэд ихэнх цас нь хайлаад урсчихсан, нил шавхай болсон байв. Оюутнууд олноороо, ангиараа ууланд их аялдаг болж, тэд ч халтирч уначихаад инээгээд л босоод ирэх аж. Мөн нэг нэгнийгээ чирч мөстэй хэсгээр нь гулгаад гүйчхэж байна. Тэднээс гадна уулын дугуйт унасан залуу оргилд дугуйтайгаа гарахаар жийж өгөх аж. Оросын нэгэн тамирчин гүйлтийн замд гүйж байгаа мэт уулын уруу руу хурдаараа гүйгээд өнгөрч харагдлаа. Уулын таяг, халтирахаас хамгаалсан гуталны хадаастай, тогтмол ууланд алхдаг хүмүүст уулын цас, шавхай асуудал биш байгаа бололтой юм. Ууланд алхахад хамгийн чухал нь халтирдаггүй ул сайтай гутал юм билээ. Ууланд цастай байгаа тул нимгэн пүүз хөл хайрах янзтай байна лээ.

Түм түжгэнэсэн уулын замд тулгамдсан гол асуудал нь бие засах газар. Бие засах газар огтоос байсангүй. Өдөрт хэдэн зуугаараа, магадгүй хэдэн мянгаараа гарч буй хүмүүс бүгд л уулын жалга довоор бие засчихдаг юм байна. Тиймдээ ч замд нойлын цаас, ариун цэврийн хэрэглэл, бохир арчсан салфитка их харагдах бөгөөд ундаа усны сав гэх мэт хогоо ч ил задгай нэлээд хаясан байлаа. Уулын шавхай дөрөвдүгээр сарын 20-д хүртэл арилахгүй байх гэж ууланд алхагчид ярьж байлаа. Уул руу алхаад бууж ирсний дараа усанд орчхоод сайн унтаж амрахаар бүх биеийн булчин сулраад, бүтэн биеийн барианд орсон юм шиг сайхан болдог гэж байна. Мөн өгсөж, уруудаж алхаж байгаа учраас бүх биеийн булчин шөрмөсийг ажиллуулдаг маш чухал дасгал бодлог гэнэ. Тааваараа алхаад, аялаад ирэхэд дунджаар 5-6 цаг шаардлагатай юм билээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Энэ Засгийн газрын үлгэр нэг л сонин төгсөөд байна уу даа?

У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тодроход ард түмэн хурайлан угтсан юм. “Одоо л нэг эрмэг зоримог хөдлөх, ард олны ахуй амьдралыг дээшлүүлж, улс орноо зөв шударгаар удирдах залуу гарч ирлээ” хэмээн баяртайгаар хүлээн авсан. У.Хүрэлсүх өөрөө ч шударга ёсыг тунхаглаж, авлигачидтай, төрөөс хулгай хийдэг гэмт этгээдүүдтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэн эхнээсээ зөв хүн, зоригтой, шударга залуу гэдэг имижийг бүрдүүлсэн.

Ерөнхий сайдын тамга аваад Их хурлын индэр дээрээс “Ард түмэндээ худлаа амлаж хуурдаггүй, ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байх болно. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно” гэдгээ зоригтойгоор хэлсэн. Түүний хэлсэн үг, ард түмэндээ өгсөн андгай тангарагтай нь бараг л зэрэгцээд Эрдэнэт үйлдвэрийн асуудал нийгэмд шуугиан дэгдээв. Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг Эрдэнэтийг барьцаалан хэсэг нөхдүүд Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн нь ил болсон. Английн худалдааны шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилсэн. Улс орны эдийн засгийн амин чухал уг асуудлыг Ерөнхий сайд хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэх байх. Хэрвээ Эрдэнэтийн асуудалд хөнгөн гоомой хандаж, намынхаа нөхдөд найр тавьж, өмнөх олон олон хэргүүд шиг нуун дарагдуулаад өнгөрвөл өнөө амь насаараа дэнчин тавьсан ард түмний итгэл алдарна. Шударга имижийг бүрдүүлсэн Хүрэлсүх өөрөө өөрийгөө егүүтгэлээ гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэтийн асуудлыг эцсийг нь үзэж, үнэн мөнийг нь тогтоох байлгүй.

“Стандарт” банкны дуулианыг Монголын хэвлэл мэдээлэл сайндаа олоод гаргачихсан юм биш л дээ. Энэ бол Ардын нам, Ардчилсан намынхны эхтэй 49, 51 хувийнхан дотроосоо зориудаар задалсан асуудал. Бүр тодорхой хэлбэл АНын чиглэлтэй 49 хувийнхан энэ том галыг бодлоготойгоор нийгэмд дэгдээж орхисон. Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрийн тухай өмнө нь манай сонин хэд хэдэн удаа сөхөж бичиж байв. Хэн ч ганхийж дуугардаггүй, таг дарчихаад өнгөрдөг байсан. “Стандарт” банкны асуудал Хүрэлсүхийн эдийн засгийн үлгэрүүдийн нэг яах аргагүй мөн. Гол нь үг яриа нь үнэн байж, үлгэр битгий болоосой гэж горьдох юм. Сүүлийн үед анзаараад байх нь ээ, энэ Засгийн газрын эдийн засгийн асуудлууд үлгэр мэт нэг л сонин төгсөөд байх шиг. Эдийн засгийн коридор байгуулах, Ази Европыг холбосон хурдны зам бий болгох гээд том том төслүүд яригдаж байсан. Гэтэл хэд хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар

“Авто замын концессын шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэх сэтгэл гонсойлгож, урам хугалсан мэдээлэл гарсан. Тодруулбал, УлаанбаатарДархан чиглэлийн 204.6 километр замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төслийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”аас хасаж, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор болсон. Тэгээд Азийн хөгжлийн банкнаас зээл авч УлаанбаатарДархан болон ДарханАлтанбулаг чиглэлийн авто замд засвар шинэчлэл хийх юм гэнэ. Засвар үйлчилгээ гэхээр хонхор хотгорыг нь дүүргээд, хажуу талын шороог нь тэгшилсэн тийм л юм хийх байх. Уул нь “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжөө өгөх эдийн засгийн интеграци бүхий 32 төслийг хэрэгжүүлэхээр болоод байсан. “Мянганы үйл явдал” хэмээн нэрлэгдэж Монголын талын “Талын зам”төслийг“Чингис ленд Девелопмент групп” хариуцан ажиллаж Улаан-Үд-ХиагтАлтанбулагДарханУлаанбаатар-Сайншанд-ЗамынҮүдийн чиглэлийг дамжин өнгөрч, Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин хүрэх хурдны авто зам барих гол үндэслэл байсан.

Азийн хөгжлийн банкнаас зээл авч байгаа юм чинь баахан хятадууд ирж ажиллаж таарна. Хэдэн хятад авчирснаар Дархан, Сэлэнгэ чиглэлийн нохой муураар хооллож, охид хүүхнүүдийг жирэмсэн болгож бузарлаж хаяад буцах дүр зураг харагдаад байна. Авто замын энэ ажил Хятадын компанийн ажилчны хэлсэн онигоо шиг юм болох байх. Ямар нарийхан, нимгэхэн чанар муутай зам тавьдаг юм бэ гэхэд “Танай дарга дээрээс нь идэж нимгэлсэн, манай дарга хажуунаас нь идэж нарийсгасан” гэж хятад компанийн ажилчин хэлсэн юм гэнэ лээ. Олон улсын хурдны зам үлгэр болоод өнгөрч байна уу. Авто тээвэр, аж үйлдвэрийн салбар, хилийн боомтыг шинэчлэх гээд олон чиглэл хөтөлбөрөөр хийгдэх 32 төсөл “Эдийн засгийн коридор” юу болсныг Ерөнхий сайд ард түмэнд тайлагнах хэрэгтэй. Энэ засгийн эдийн засгийг хамгийн гол үзүүлэлт, бодит ажил болгох зүйл тэр мөн.

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх төхөөрөмжийн тухай Ерөнхий сайд газар дээр нь очиж танилцаад хотын дарга Су.Батболд, барилгын сайд Х.Баделхан нарыг аваачиж, омогдож үүрэгдээд, сүр жавхлантай юм болж байсан. “Шинэ цэвэрлдэх байгууламжийн ТЭЗҮ хийгдсэн. Энэ хавар гуравдугаар сард багтаан ажлаа эхлүүлнэ. Барилгын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарна. Ажлын хэсэг ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцно. Баделхан сайд ажлаа хийж чадахгүй бол солихоос өөр аргагүй” гээд л омогтойхон авч өгсөн. Францын төслөөр шинэ цэвэрлэх байгууламжтай болж Улаанбаатар хот өмхий үнэрээсээ салах нь гэж бодож байтал өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар юу ярив.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах тухай ярилаа. “Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, хуримтлагдсан лагийг хэрхэх талаар олон жил яригдаж байгаа ч шийдвэртэй арга хэмжээ авч чадалгүй өнөөг хүрлээ” гээд Баделхан сайд баахан зовлон тоочсон мэдээлэл өгсөн. 2019 онд багтаан хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ гэж мэдэгдсэн. БатҮүлийн Баянхошуунд нийслэл хотыг захиргааг аваачна гэх шийдвэртэй энэ Засгийн газар зөрж байгаад Яармаг руу нүүх болсон. “Утаанаас салах дараагийн төгс шийдэл бол Улаанбаатар хотыг барилгажуулж, төвлөрлийг сааруулах юм. Энэ ажлыг 2019 онд төгс хийж, ард түмнээ баярлуулъя. 2020 он гэхэд Улаанбаатар хотын утааг 50 хувь багасгая. Хоёрт, цэвэрлэх байгууламжийн асуудал 100 хувь нийслэлийнх биш, улсын асуудал болсон. Олон жил ярьж байгаа цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ, бүтэн байгуулалтыг явуулна. Энэ ажлыг толгойгоороо хариуцаж байгаа хүн бол Х.Баделхан сайд. Бүх ажлыг эзэнтэй болгоно. Улаанбаатар хотын утааны асуудлыг Н.Цэрэнбат, хотын захирагч С.Батболд хоёр толгойгоороо хариуцна. Өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийж чадахгүй бол энэ хүмүүс хариуцлагаа хүлээж, дараагийн чадах хүнд шилжүүлнэ” гэж Ерөнхий сайд маань баахан л дарга сайдын “толгой”той яриад байгаа. “Нийслэл Яармаг руу нүүх ажлаа зоригтой зохион байгуулж чадвал араас нь Засгийн газар бүх яам, агентлагаа аваад нүүхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн. Тэгтэл Улаанбаатар хотынхны ярьж байгаагаар Яармаг руу нүүх асуудал тооцоо нь хийгдээгүй, төлөвлөгөө нь гараагүй байгаа юм байна. Төсөв мөнгө нь шийдэгдээгүй, ямар ч ажил урагшлаагүй байна. Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэн үг ажил хэрэг болохгүй, зүгээр л хий хоосон шударга дүр байгаад байна уу. Өөрийн эрхгүй ингэж хардахад хүргээд байна. Бусдын толгойтой биш, эцэстээ өөрийнхөө толгойтой л яригдах нь мэдээж.

“Газрын доорх баялагаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирнэ.Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана.Хөдөө аж ахуй, газар тариалангаа сэргээж махаа экспортолно.Улаанбаатар хотод цахилгаангүй амьдарч буй таван мянган орчим өрхийг ирэх хоёр жилд цахилгаантай болгоно.Гурван ээлжтэй сургуульгүй болно, хүүхдүүд цэцэрлэгт алагчлалгүй явна. 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барина. Газрын тосны үйлдвэр бариана. Дулааны III, IV станцуудад өргөтгөл хийнэ” гэж мэдэгдсэн энэ бүх ажил чинь зүгээр популист амлалт, үлгэр биш байгаа. Ард түмэн Ерөнхий сайд танд маш их итгэж байгаа. Ард түмнийхээ амьдралыг өөд татна гэж хэлсэн үгийг чинь үнэн гэж бодож байгаа шүү.