Categories
мэдээ цаг-үе

Төгсөлтийнхөө 50 жилийн ойтой золгож буй Дундговийн 10-ын “А”-гийнхан

Одоогоос хагас зуун жилийн өмнө буюу 1968 онд Дундговь аймгийн төвийн арван жилийн сургуулийг төгссөн эрхмүүдийг “Нэг ангийнхан” буландаа зочноор урилаа.

Боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, холбоо, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын шилдгүүд, инженер, эрдэмтэн судлаачид төрсөн тус ангийнхан өдгөө 50 жилийн түүхт ойтойгоо золгоод байна. “Мандалговийн арван жилийн 10А ангийг 29 хүүхэд төгсч байлаа. Сургуулиа төгссөнөө хойш хэн хэнээсээ сэтгэл салгалгүй явж ирсэн. Гэнэн томоогүй, гэгээн цайлган насныхаа нандин он жилүүдийг хамтдаа туулсан болохоор бие биенээ үргэлжид дурсан санана. Эхлээд арван жил, таван жил болоод уулзалддаг байв. Сүүлдээ жил бүхэн, одоо бол жилдээ хоёр, гурав бараг түүнээс олон удаа уулзалдах болсон. Бидний уулзах цаг хугацаа улам л ойртоод, хүмүүний амьдралын хөөр баяр, жаргал зовлон бүхнээ хуваалцаж байна” хэмээн ангийн дарга, гол зохион байгуулагч Нямаагийн Сүрэндаваа хэлсэн.

Шинэ жилээс эхлээд бүхий л баяраа тэд хамтдаа тэмдэглэдэг байна. Мэдээж цэргийн баяраар эрчүүдээ, мартын 8-нд ангийн “охид”-оо баярлуулах гээд шил шилээ дарсан баярууд үргэлжилнэ. “Одоо ч холбоо харилцаа сайхан болчихсон, өдөр бүр л утсаар мэнд усаа мэдэлцэх юм. Тавин жилийн өмнө арав төгсөөд тал тал тийшээ сургууль соёлын мөр хөөгөөд гарч байхдаа нэгнийхээ сургийг сонсохтой үгүйтэй, захидлаар л харилцдаг байлаа шүү дээ” хэмээн ангийн охид, хөвгүүд дор бүрнээ өгүүлж байлаа.

Дундговь аймагт математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургуулийг нээж, нэгэн цагт математикийн шинжлэх ухааны нэрийн хуудас болж явсан Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзийг мэдэхгүй хүн ховор. Өлзий гавьяат сургууль төгсөхөд анги удирдсан багш нь байсан гэнэ. Ер нь бид азтай хүүхдүүд, Н.Өлзий, Л.Намжил, Ө.Тогоо гээд математикийн шилдэг багш нараар удирдуулж, тэднээр хичээл заалгаснаа дурсав. Сайн багш нарын дуурайлал ч юм уу, энэ ангийнхан багш олонтой. Ангийн дарга Сүрэндаваагаас эхлээд Амаасүрэнгийн Бадарч, Дашийн Доржжавд, Самбуугийн Дугармаа, Өвгөний Ням-Осор, Доржийн Нямсүрэн, Данзаннямын Оргодол, Гэмпилийн Ренчинханд, Раашийн Чанцалдулам, Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очир гээд арав гаран багштай. Нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяасан гээд өөрийн хөдөлмөр бүтээл, амжилттай өөдрөг яваа шавь нар, хүүхдүүдийнхээ тухай тэд хөөрөлдөнө. Энэ багш нарын нэг нь айраг адууны орон гэгддэг Эрдэнэдалайн сургуульд 20 гаруй жил захирлаар ажилласан Өвгөний Ням-Осор гэж лут эр байна. Говь-Угтаал, Сайхан-Овоо сумдын сургуульд хичээлийн эрхлэгч байгаад Эрдэнэдалайн захирлаар үр бүтээлтэй ажилласныг ангийн нөхөд нь ч, мянга мянган шавь нар нь бардам хэлэх аж. 2006 онд сургуулиа улсын тэргүүний сургууль болгоод даналзаж байсан түүнээс “Та чинь гавьяат биз дээ” гэж санамсаргүй асуухад “Өө, би чинь Ардын боловсролын тэргүүний ажилтан хүн. Намайг чинь зарим нь гавьяат л гэж боддог юм билээ. Ямар сайндаа 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авахад олон хүн гайхсан, баяр хүргэсэн. Тэр хүртэл би гэдэг хүн одон ч үгүй тууж явлаа” гээд инээд алдсан. “Миний аав Домийн Өвгөн аймгийнхаа наадамд олон түрүүлсэн бөх. Мөн нутаг усандаа нэртэй уяач байсан” гэж тодотгосон нь учиртай. Тэрээр аавынхаа 100 насны ойг нутаг усандаа дориухан тэмдэглэжээ. Сурагч ахуй насандаа воллейбол, шагайн харваа, теннис, сагсан бөмбөг гээд спортын бүхий л төрлөөр хичээллэдэг, тэмцээн уралдаанд амжилттай оролцдог “Солгой Ням-Осор” нэртэй байсан гэдэг.

Өлзий багшийнхаа мэргэжлийг нэр төртэй үргэлжлүүлж яваа математикийн алдарт багш Доржийн Нямсүрэн олон шавь нараа олон улсын математикийн олимпиадад сойж шаггүй амжилтад хүрч явсан, тооны эрдмээрээ гайхуулсан ухаалаг шавь нартай.

Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Гэндэн-Яринпилын Эрдэнэ-Очир гэж ид залуухнаараа хорвоог орхисон эрхэм нөхрөө тэд ам булаалдан дурсч байна. Ангийн анд нөхрийнхөө цэл залуудаа бүтээсэн гавьяаг нутаг оронд нь үргэлж дуурсгадаг нь уярам сэтгэлийг төрүүлсэн. Хоёр жилийн өмнө Эрдэнэ-Очирынхоо төрсөн нутаг Говь-Угтаал сумын сургуульд цээж баримлыг нь хүндэтгэлтэйгээр залжээ. Ингэж нэгэн танхимд бужигнаж явсан нөхрөө хөшөөнд мөнхөлсөн байна. Говь-Угтаалын сургууль Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болсон зэрэг нь энэ ангийнхны гавьяа зүтгэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэх тэнгэрлиг бодол ургаж байлаа. Мөн Говь-Угтаал уугуул Оргодол багш сургуульд байхын шаггүй тамирчин, аймаг, улсын хөнгөн атлетик, гүйлтийн тэмцээнд олон жил тэргүүлж “зуугийн Оргодол” гэж нэртэй болсон бол нас ахисан ч хувь тавихгүй 2014 онд Дорноговь аймгийн ахмадын тэмцээнд түрүүлж медаль авч байсныг нөхөд нь оны тэргүүнээр урамшуулжээ.

Тус ангийн хөвгүүд хичээл номондоо гаргуун, бие бялдар тэгш, мөн эх оронч сэтгэлгээтэй байсных нь илэрхийлэл таван “дайчин”-аар хэмжигднэм. Цэргийн сургуулийн босгыг анхлан алхсан эрхэм бол Жаламын Бавуудорж хурандаа. Цэргийн нэгдсэн дээд сургууль дүүргээд улмаар ЗХУ-д дэлхийд алдартай Фрунзийн академи төгсчээ. Зэвсэгт хүчний жанжин штабт оператороор олон жил нэр төртэй ажиллаж байсныг ангийн нөхөд хүндэтгэн дурссан. Энэ ангийнхны бахархал болсон бас нэг хурандаа нь Готовын Лүндэн. Эх орон ард түмнийхээ өмнө ихийг хийж бүтээсэн хүн хичнээн даруу, юм үзэж нүд тайлсан нүнжигт чанар нь өөрийн эрхгүй бахдал төрүүлэх юм даа гэж Лүндэн хурандааг хараад бодож билээ. Өдгөө зуу гаруй насалж буй Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн гуайн шанг нь таталцсан Монголын дипломат алба өнгөрсөн зууны туршид ч, өнөө цагт ч улс орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх тулгуур багана нь байсаар ирсэн. Монголын дипломат албаны нэгэн шигтгээ нь өнөө жил 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа цэргийн дипломат алба юм. Энэхүү нэр хүндтэй албанд 30 гаруй жил оюунаа чилээж зүтгэсэн армийн бэлтгэл хурандаа, нэгэн үе Гадаад харилцааны яаманд ажилласан шадар цолтой хүндэт дипломатч түүнийг Монголын төр хүндэтгэдэг. Ийм л эрхэм хүмүүн энэ ангийн нэгэн сурагч билээ. Лүндэн хурандаа “Хүний хувь заяа гэдэг таашгүй сонин. Би чинь Харьковын улсын их сургууль төгссөн, физикч мэргэжилтэй хүн. Сургуулиа төгсч ирээд Үнэ стандартын улсын хороонд ажиллаж байв. Ингээд 1975 онд цэрэгт татагдсанаар цэргийн хүн болох зам мөр минь тавигдсан” гэж аядуу зөөлнөөр хэлсэн. Мандалговийн 10А-гийнхны бас нэгэн өмөг түшиг, ханагар уул шиг хурандаа нь Лувсандоржийн Очирхуяг. Монголын цагдаагийн домог болсон хурандаа нарын нэг тэрээр дипломат төлөөлөгчдийн газруудын хамгаалалтыг эрхэлсэн эргүүл хамгаалалтын ангийг олон жил удирдсан гавьяатай. “Монголын цагдаад хурандаа цол хүртлээ 40 жил хоёргүй сэтгэлээр зүтгэлээ” гэж омог бардам хэлнэ лээ. Уг эрхмийг цагдаагийн бие бүрэлдэхүүн болоод эргүүл хамгаалалтын албанд мэдэхгүй хүн гэж ховор. Зөвхөн хууль хүчний байгууллагаас гадна улс төр, урлаг соёл, спортын талбарт ч нэр хүндтэй. Олонтой хүн гэх тодорхойлолт Очирхуяг хурандаад жинхэнэ ёсоор зохицном буюу. Энэ хурандаа нараас гадна Рэнцэнгийн Адьяадорж мөн л цэрэгтэй холбогдсон. ЗХУ-д Цэргийн холбооны инженерийн сургууль төгсөж, армид арван жил алба хаагаад дараа нь Өмнөговийн холбооны дарга, мөн Дундговь аймгийнхаа холбооны газрын даргаар ажиллажээ. “Хүн бүр ганзагын наймаанд явж байсан тэр жилүүдэд би эсрэгээрээ орон нутагтаа юм байгуулах гээд оролдож байсан” гэх тэр аялал жуулчлалыг говь нутагтаа бий болгосон Дэлгэрхангай уул шигээ нөмөр нөөлөгтэй нэгэн ажгуу. Лениний Дэмид гэж ахаараа овоглосон бас нэг офицер Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын хилийн отрядад алба хааж явсныг нөхөд нь сануулсан юм.

Нийтэч, нөхөрсөг байдал, мөн зүггүй дэггүйгээрээ зартай тус ангийнхнаас хэд хэдэн хүн их, дээд сургууль төгсөж эдийн засагч болсноос Доржийн Буян-Өлзий, Бүддаваагийн Сумъяабал нар аймгийн захиргааны төлөвлөгөөний хэлтэс, статистикийн тов-чоонд, Лхамжавын Норовсүрэн барилгын салбарт, Бүрэнтогтохын Цэдэв даатгалын чиглэлээр ажиллаж, харин Харьковт суралцаж уул уурхайн эдийн засагч болсон Гэмпилийн Сандаг геологийн салбарт хүчээ сорьжээ. Хүнд механизмыг төгс эзэмшсэн Бадамгаравын Дангаа мөн уул уурхайн салбарынх. Ангийн хөвүүн Лувсандоржийн Дамдинбазар, охин Доржийн Бархассүрэн нар эрчим хүчний салбарт олон жил ажиллаж хүн арддаа гэрэл гэгээ түгээсэн буянтнууд. Шинжлэх ухааны талбарт нэр хүндтэй ажилласан нэгэн нь Цагаан-Өвгөний Бархасдорж. Монгол Улсын их сургуулийг биохимич мэргэжлээр төгссөн тэрээр шууд л Шинжлэх ухааны академийн босгыг алхсан байна. Тэгээд ч зогсохгүй Монголын шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, буурал академич Цэндийн Хайдав гуайн удирдлагад ажилласан түүхтэй.

Ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны алтан гартай профессорын нэр бүхий олон эмийг санаачилж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэхэд дэргэд нь байж, уламжлалт эмийн хяналтын менежер зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан гэнэ.

Анагаахын олон ном бүтээлд эрдэм оюунаа зориулжээ. Эдний ангийнхнаас анагаахаар явж эмч болсон нь Цэвээний Цэрэнбалжид, тэрээр аймгийнхаа хоёр суманд Хүний их эмчийн салбарын эрхлэгчээр 10 гаруй жил ажиллаад цаашдын хөдөлмөрөө сүрьеэтэй тэмцэх үндэсний хүрээлэнтэй холбосон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ангийхныхаа эрүүл мэндэд санаа тавьдаг нэгэн.

МУИС-ийг инженер-гидротехникчээр төгсөөд Батсүмбэрийн сангийн аж ахуйд услалтын системийн инженерээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Түдэвийн Лувсанбүд Хөдөө аж ахуйн хожим нь Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд усалгаа, тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч даргаар нийт 30 гаруй жил ажиллаж усалгаатай тариаланг хөгжүүлэх, үр шимийг нь нэмэгдүүлэхэд бүхнээ зориулсан Төрийн захиргааны албаны Тэргүүлэх зэргийн гутгаар түшмэл, Монгол Улсын зөвлөх инженер одоо ч зөвлөгөөгөө өгч ургацаа хураасаар явна.

Тариаланг усжуулдаг инженер байхад говийг ойжуулдаг инженер эднийд бас бий. Байгаль хамгаалах, говийг ойжуулах чиглэлээр насаараа ажиллаж аймгийнхаа төвд ногоон төгөл байгуулсан энэ бүсгүйг Цэенгийн гэхээс илүү Ойн Бямбаа гэж овоглох нь бий. “Оросын тэрэгнүүдээс надад унаж үзээгүй машин ховор доо” хэмээн тавиад жил жолоо мушгиж буй онц тээвэрчин Чойсүрэнгийн Амгалан, эмэгтэй гээд түүнээс дутаагүй бас нэг жолооч нь Гомбын Дүгэрсүрэн. Худалдааны салбарт насаараа ажилласан Дашийн Вачирдагиныг одоо бизнесийн дагина болсон гэж ангийнхан нь өргөмжилнө.

Дундговь нутгийнхаа “Хан хуурч” хэмээн өргөмжлөгдсөн Гончигийн Цэрэндоржийн хуурдахыг харж суусан Оргодол ах “Манай анги шиг гавьяа түүхтэй анги Дундговьд бий болов уу” гэж омогтойхон хэлээд “Манай ангийнхан урлагийн үзлэгээр өөрсдийн бүтээлийг тоглож байлаа. Эрдэнэ-Очир маань дууны шүлэг бичээд, хан хуурч Цэрэндорж хөгжмийг нь бичээд, тийм л шинэ бүтээлийг бид багш, сурагчдын хүртээл болгон магтуулж мандаж явлаа, одоо тэр нь манай ангийнхны сүлд дуу болсон” гэж тодотгосон юм. “Би чинь Дэрэнгийнх. Манай Очирхуяг бас Дэрэнгийнх. Зууны манлай уртын дууч Норовбанзад, “Дэрэнгийн хар азарга”-ын Цэндийн Чимэддорж бид нэг хонхрын хүмүүс. Чимээ маань Монголын радиод, миний бие ХААЯ-нд бараа бараандаа л явсан” гэж Лувсанбүд ах дуулгасан. Тус ангийн урлаг соёлын гол хүн нь мэдээж Цэрэндорж гуай. Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг барилгын инженерээр төгссөн тэрээр таван настайгаасаа хуур хөгжим сурч, 50 гаруй жил өөрийнх нь хэлснээр “хуураа хөрөөдөж” явна. Дуу хуурын өлгий нутгийн зон олноос “Хан хуурч” өргөмжлөлийг хүртэж, наадам, цагаан сар гээд төрт ёсны баяраар нутгийнхаа жаврыг үргээнэ гэдэг дээдийн хүндэтгэл байхаас яахав. Ийм л хүн бүхэн нь сонин гойд ертөнц болсон түүхтэй ангийнхныг онцоллоо.

Ангийн дарга Сүрэндаваа 1967-1968 оны хичээлийн жилд Монгол орон даяар явагдсан орос хэлний улсын олимпиадад тэргүүлж, УБИС-ийн орос хэлний ангид урилгаар орж байсан. Ямар ч шалгалтгүйгээр урилгаар орно гэдэг тухайн үедээ үзэгдэл байсан нь мэдээж. Ингээд Багшийн сургуулийг төгссөнөөс хойш орос хэлний багшаар нэр төртэй ажилласан нэгэн.

Тэрээр Равжаа хутагтын нутаг Дорнын говийн бэр болж тэнд ажиллаж амьдарч байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн яруу найрагч Шатарын Энхбаяр, “Морин хуур”, “Алтан намар” наадмын тэргүүн байрын эзэн, энэ цагийн нэртэй хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр гэсэн хоёр хүү нь ижийгээ баярлуулж, их урлагийн тэнгэрт мандаж явна. Арван жилийн сургуулиа төгсөөд 50 жилийн хавартай золгосон ч хүүхэд багын гэгээн тунгалаг чанар, нэгнээ хайрласан сэтгэл нь халуун хэвээрээ энэ л ангийнхны дурсамж дурдатгалыг хуваалцах сайхан байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Миний сургуулийнхан

…Далаад онд манай суманд давхар барилга ганцхан байсан нь сургууль. Үлдсэн зургийг нь харахад миниатюр аятай харагдах бяцхан мөртлөө давхар тэр барилга орон нутгийн хамгийн том ордон байлаа. Сум-нэгдлийн дарга, намын дарга нарын хонтоор дан байшинтай. Хонтоор гэдэг нь өнөө цагийнхаар бол оффис, орон нутгийн захиргааны ордон билээ. Тэр үед Тамгын газар нь хонтоор нэртэй болоод удаагүй байсан цаг гэсэн.

Манай сургуулийн үүдээр ороход “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн. Д.Нацагдорж”, “Хүний зүрхийг үгээр дулаацуулна. А.С.Пушкин” гэсэн бичиг, зохиолчийнх нь зураг байх. Энэ хоёр үгийг анх уншаад л сэтгэл зүрхэндээ тогтоож авсан билээ.

Аа тиим, бас нэг айхавтар үг байсан нь өнөөгийн ногоон хөдөлгөөнийхний тархинд цус харвуулмаар утгатай. Бүрх малгайтай өвгөний зураг ба “Байгалиас хишгийг нь горьдон сууж болохгүй, харин түүний оронд булааж авах хэрэгтэй. И.Мичурин” гэсэн бичиг байх. Энийг тогтоосон нөхдүүд л нинжа болсон байх гэмээр үг байгаа биз.

Физикийн кабинет гээд баахан сонин багажтай нэг анги дээд давхарт байх, харин доод талд биологийн кабинет гээд бас нэг ургамлын гербари, амьтны араг яс, хэн нэгний шүдний оромтой лааван алим зэргээр дүүргэсэн шилэн шүүгээтэй ангид манайх хэдэн жил хичээллэсэн. Тэртээ хойно “Пионерийн булан” хэмээх бяцхан байшин. Ар талд нь долоо наймдугаар байр хэмээх хоёр талдаа хаалгатай сууц. Долдугаар байранд би сууна. Байрын ард талд дээвэртэй чацуу цас хунгарлах ба өвлийн шөнө салхи улин исгэхийг чагнан, пийшингийн амаар улалзах цогийг ажиглан хэвтэж үлгэр ярина. Заримдаа чөтгөр мөтгөр, хар гар мар ярихаар багачууд нь айгаад, цөмөөрөө ороо нийлүүлээд өвөртөө орж унтдаг сан.

Зүүнтэй нь түлээний хашаа. Түлээний хашаанд хэдэн поошиг байх. Бид бүгдээрээ поошгин дээрээ ухраад хүртэл явж сурсан ба овоолгоотой үртэс өөд өгсүүлж, цаад руу нь тоормозлон буулгаж сурсан сан. Бас байрны хөвүүд шургааган хашаан дээгүүрээ алхаад тойрчихож чадна. Энэ бүхэн бол багш нарын нүднээс далд хичээллэдэг спорт.

Физикийн кабинетад нэг тийм, маневильдэж байгаад хоёр савааны үзүүрийг нийлүүлэхээр оч үсэрч тог цохидог машин байх ба ахлах ангид орж физик үзэхээр түүн дээр туршилт хийлгэдэг гэж дуулсан байв. Бушуухан том ангид орж түүнийг үзэхийн бөөн хүслэн. Хамгийн гол нь хүүхдүүд тэр машины шонд гараа хүргэн, өөрийн биеэр тогонд цохиулж, шинжлэх ухаантай улаан нүүрээрээ тулж үздэг байсан нь сонин.

Жигжидсүрэн гээд тоо физикийн багш эмэгтэй манайд хичээл оронгоо долоо наймынхнаас шалгалт авч байлаа. Зараа гэдэг хочтой Зандраа гэдэг хүүхэд асуугдаал “Ачаатай, ачаагүй хоёр машин явж байсан. Ачаатай нь удаан явж байсан. Яагаад гэвэл масс нь их” гээл ярьчихаад гартал, дараа нь нэг хүүхэд “уурших үзэгдлийн урвуу процессыг конденсаци гэнэ” хэмээн цээжилснээ дуржигнуулж байсан нь санаанд үлдэж. Юу нь мэдэгдэхгүй масс, конденсаци, процесс гэхчлэнгийн үгний цаана физик гуай ойртон ойртсоор… Гэтэл нэг удаа “том ангийн сахилгагүй хүүхдүүд өнөө машиныг чинь эвдэлсэн гэнээ” гэлцэн физикт хүрэх замд бөөн хар үүл нүүгэлтэж хүртэл байлаа. Гэвч удалгүй, “Электрофорны машин” хэмээх зөрж эргэдэг хоёр зээрэнцэгтэй тэр хэрэгслэл засагдаж, бид ч анги дэвшсээр хүсэн хүлээсэн тогондоо ээлж ээлжээр цохиулан хөөрцгөөж билээ.

Харин манай ангид байсан элдэв амьтны яс сонирхол их татна аа. Ургамал судлалын багш “хазаж болохгүй шүү” гэсэн сануулгатай үзүүлдэг шүдний ором бүхий алим, амандаа бариад үлээхээр заалт нь өгсөөд явчихдаг улаан шингэн бүхий термометр бас л сэтгэл гижигдсэн ертөнц байлаа. Шинжлэх ухааныг хав дарсан тэр шүүгээнүүдийг хичээлийн дундуур эргэн харж байгаад зэмлүүлдэг сэн.

Харин сургуулийн хаалгаар анх ороход уншигддаг Д.Нацагдорж, А.С.Пушкин хоёрын үг л намайг физик, биологиос булаан өдөр өдрөөр эзэмдсээр байсан юм.

Ингээд миний орогнох дуртай газар маань Пионерийн булан хэмээх жижигхэн цагаан байшин болов. Эзэн нь Пионерийн ахлах удирдагч Чанагчумаа багш маань. Би дөрөвдүгээр ангидаа билүү, бүлгийн дарга бүлгэмийн зөвлөлийн гишүүн хэмээх хүүхдэн –босс маягийн зиндаатай болсон тул Пионерийн буланд орох дархан эрхтэй болов. Гол нь тэнд сургуулийн номын сан байрлана. Дээд хэсэг нь шилэн нүүртэй, хоёр том шкаав дүүрэн ном, мэдээж тухайн үеийн журмын дагуу Лениний бүрэн боть, намын хурлын эмхтгэл энэ тэр томоохон зай эзлэх боловч цаана нь хүүхдийн зөндөө ном байна. Хичээл тараад тэнд сууж өдөржингөө ном унших дуртай сан. Чанагчумаа багш маань юм хэлэхгүй, өөрөө ажлаа хийгээд л суудаг, тэгж тэгж явах болохоор нь би ч гардаг сан. Жаахан хэнхэгтэй хүн байсан бол “Яг ямар ном уншаад байна, одоо тийм хичээлээ хий, явж нийгмийн тустай хөдөлмөрт оролц” гэхчлэнгээр авирлаж болох л байсан л даа. Харин багш маань намайг дуртай цагтаа өөрийнх нь өрөөнд нь хонтоорлож, шкаавыг дураараа онгичиж, хамаг юмыг нь урвуулж хаяхыг зөвшөөрдөг байсан юм.

Чанагчумаа багш уран хүн байсан болохоор нэг удаа сургуулийн усан сангийн голд бүрээ үлээж байгаа пионерийн баримал барьж билээ. Усан сан гэдэг нь усаар дүүргэж байгаад сургууль орчмын модыг усалдаг том сав байсан юм. Хэрвээ та “Голын тэртээх гацааны хавар” хошин туужийг маань үзсэн бол яг тэнд энэ тухай гардаг юм.

Манайд дүрслэх урлаг орж байгаад нэг удаа байгалийг харж зурах юм болов. Чанагчумаа багш бидэнд дэвтрийн нэг хуудас аваад, голд нь дөрвөлжин нүх гаргуулав. Ингээд тэр цоорхойгоороо уул усыг ажиглаж байгаад, хамгийн гоё хэсгийг сонгоод зурахыг зааж билээ. Энэ хичээл л намайг одоо болтол гэрэл зурагт дурлуулсаар байгаа бөгөөд хөдөө аялахдаа аппарат чирэх ажилтай болгосон юм. Мэдээж, мэргэжлийн зурагчин биш ч гэлээ, аяллыг маань утга учиртай, дүүрэн бэлэгтэй, баяр хөөртэй болгодог гэрэл зураг руу Чанагчумаа багшийн маань заасан тэр “цонх” хөтөлсөн хэрэг.

Анги дэвшихийн хэрээр сургуулийн номын сан маань арай бяцхан нь мэдэгдэх болов. Хүүхдийн зурагт номд би ахдаж, марксизмын бүтээлүүд надад ахдаж эхлэв. Ингээд бас нэгэн том арын хаалгатай хүн гарч ирлээ. Тэр бол сумын номын сангийн эрхлэгч Марууш гуай байлаа. Манай Цэ багшийн (Цэдэндамбаа багш) эхнэр. Пионерийн буланд шкаав дүүрэн ном байсан бол сумын номын санд байшин дүүрэн ном, бурхан минь!

Надад лусын сан үүдээ нээсэн мэт санагдаж, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй сүрдэн самгардаж билээ…Систем муутайдуу боловч Монголын болон дэлхийн утга зохиолын алтан сан руу чадах чинээгээрээ шумбан орж билээ. Марууш гуай сүүлдээ надад түлхүүрээ өгөөд явуулдаг сан. Том арын хаалга байгаа биз?

Манай үеийнхэн номд дуртай байсан нь их учиртай. Оюун санааны бараг цор ганц зугаа цэнгэл нь ном унших явдал байсан учраас л тэр. Харин өнөөгийн хүүхдүүд ном бага уншдаг, зөвхөн тэр үеийнхэн л номд дуртай байсан гэдэгтэй бол санал нэг их нийлдэггүй. Хэрвээ, надад кабелийн телевиз, ай пад, ухаалаг утас байсансан бол “Тэнгист аялагч Робинзон Крузо, түүнтэй учирсан гайхамшигт явдлууд” гэдэг номыг уншихын оронд киног нь үзчихээд л явчих байсан байх оо.

Үе үеийнхэн өөр өөрийн хувь заяатай, өөр өөрийн бэрхшээл, тус тусын тавилантай байдгийн жишээ л тэр байх. Тэр үед уншиж, таньснаа өнөөгийн багачуудынхтай харьцуулахад даанч өчүүхэн байдаг юм, ер нь. Гэхдээ улс үндэстнээрээ, танин мэдэх ба урагшлан хөгжих ер бусын эрмэлзэлтэй үед миний хүүхэд ахуй нас таарсан юм.

Кино болон бусад энтертаймэнт хэрэгсэл ховор болохоор бид биедээ уншсан номоо их ярьж өгдөг байсан. Номын хорхойтнууд ч хоорондоо их ойр байсан. Номыг дамжуулж зээлдүүлж их уншуулна. Манай сумын номын санд А.Дюмагийн “Монте Кристо гүн” зөвхөн эхний дэвтэр нь байдаг байж. П.Гансүх гээд нэг ах хоёрдугаар дэвтрийг нь уншихын мөн болсон нэгэн байх. Суманд шинэ багш, албан хаагч шилжиж ирэхээр л “Танайд Монтогрийсто гүн” байхгүй биз гэж сураглах.

Анх “Тунгалаг тамир”-ыг манай ангийн Түдэг хэмээх Түдэвваанчигийнхаас, “Робинзон Крузо” Намхайнямбуу гэж жаалаас, Димовын “Тамхи” гэдэг хувьсгалч зохиолыг Отгон сумын Шугаа гэж эгчээс авч уншиж байсан ба Наваансүрэнгийн “Минжийн хангай” романыг Отгон сумын сургуулиас гарсан нэг жаал хонины ээлж тааруулан уулзах зуураа ярьж өгсөн нь санаанд байна. Хожим санахад номыг нь хэд давуулаад уран сайхан ярьсан байдаг юм. Аймгаас ирсэн нэг нөхөр бидэнд “Фонтамас” үзсэнээ ярьж өгөөд “хамгийн сүүлд нисдэг машиныхаа утаагаар агаарт “Фонтомас” гэж гарын үсгээ зураад явдаг” тухай хуучилсан юм. Сүүлд киног үзэхэд, машинаар нисдэг нь үнэн боловч гарын үсгээ бус киноны “төгсөв” гэдэг үгийг бичдэг юм билээ.

Бас киногоо ч ёстой “гурван ДИ” ярьж өгнө “Цагаан морьтой хүн баруун талаасаа гарч ирээл дндр дндр гээл давхиж байсан чинь…” гээл ярьж өгнө. Ном кино ярьж өгдөг хүүхдийг бусад нь их хүндэлнэ ээ. Тийм болохоор номын ертөнц надад танин мэдэхүйн баяр хөөрөөс гадна, ер бусын хүндлэл авчирч, орчин тойронд маань хүлээн зөвшөөрүүлнэ.

Уншсан ном, үлгэрээ ярих хүүхдүүдийн дунд төдийгүй, томчуудын дунд ч нэр хүнд олоход тусалж байлаа. Тэр үед хадланд явна гэж гоё юм байсан. Айл бүрээс нэг хүн хадланд явах учиртай боловч ихэнх нь хүүхдүүдээ илгээнэ. Яг л “Анхны алхам” кинон дээр гардаг шиг хэдэн хашир өвгөчүүл шимээсгээр хадаж, багачууд өвсөө хамах, эргүүлэн хатаах, тэмээгээр зөөх ажил хийнэ. Хамгийн гол нь хадланчид хонь гаргаж шинэ шөл уух тул махсаагаа гаргана. Бүтэн сар мах амсахгүй байж байгаад лавшаа идэхээр ямар амттай байдгийг хэлээд юүхэв дээ. Өнөө юун цагаан сар, юун наадам гэгчээр.

Дээр нь үе тэнгийхэнхэнтэйгээ тэнд нийлж дарвих ч сайхан. Нэгдлийн хэдэн номхон тэмээгээр өвс ачих ч зугаатай, тэнгээ тэнцүүлж чадахгүй өрөөсөн бөөрнөөс нь зүүгдээл чирэгдэж явах ч хөгжилтэй. Бидний хүүхдийн амралт, пионерийн зуслан тэр л байлаа.

Өглөө оройн сэрүүнд өвсөө хадчихаад, үдийн халуунд цайгаа уугаад, шимээсгээ давтан амрах хөгшчүүл хачин сайхан хууч хөөрнө. Тэнд л би алмасын домог анх сонсоод, тэр шөнөө Уртын хавцлын хаа нэгтэйгээс “Дэлт Сундуй эм алмаст хөөгдөн гарч ирэх” аятай сэрвэлзэн хонож билээ.

Ахмадуудын хууч ярианы хажуугаар би уншсан ном, үлгэрээ тэдэнд ярьж өгнө. Сүүлдээ жаахан ядраад, залхуу хүрээд ирэхээр ямар нэг сонин зохиол, ном чангаар ярьж эхлэх. Ах нар “Муу дэлдийсэн золиг, амаа тат. Ажил хийлгэхгүй яах гээд байгаа юм бэ” хэмээн уцаарлах боловч өөрийн эрхгүй сэм чагнасаар нэг мэдэхэд шимээсгээ ч юмуу, өвсний сэрээгээ тулчихсан амтархан чагнаж зогсдог сон. Сүүлдээ манай бригадын дарга Дүгэрсүрэн гуай надаас “ажлын цагаар юм ярихгүй” гэсэн амлалт авч байж хадланд явахыг зөвшөөрдөг болсон доо.

Миний хамгийн анх таньсан дарга, төрийн албат бол Нямаанбуу багш байсан санагддаг. Сургуулийн захирал л даа. Өнөө болтол надад төрийн жинхэнэ албат гэхээр л манай захирал санаанд буудаг даа. Намайг Шилүүстэйн сургуульд ороход захирал байсан, 10 дугаар анги төгсгөхөд захирал байсан, дунд нь хөдөлсөн эсэхийг мэдэхгүй. Ярвагар биш атлаа эрхэмсэг, ууртай биш атлаа сүрдэм нэг хүн байх. Хэн нэгнийг загнаж уурлаж байхыг бид огт хараагүй боловч бүгд эмээнэ. Ялангуяа, хүүхдүүдэд их санаа тавина. Дамаан дотуур байрны хүүхдүүдэд. Байрны хүүхдүүд хүйтэн өрөөнд өглөө босохдоо хөлөө шаланд хайруулж ханиад хатгаа тусна гээд хөвөнтэй ширмэл олбог маягийн зүйл өгдөг сөн. Орноосоо босоод гутлаа өмстлөө түүн дээр гишгэх ёстой. Найм төгсдөг жил бидэнд сургуулиас бүр союз цана хүртэл өгч байсан. Суманд байтугай, аймагт ховор тэр эдээр байрны хүүхдүүд Ягаан толгой руу гулгадаг байлаа.

Сумын сургуулийн дотуур байранд цагаан сар их сайхан болно. Гэрээсээ хол дотуур байранд суугаа хүүхдүүдэд сургуулиас сайхан бэлэг, ёслол бэлдэнэ. Өглөө эрт Нямаанбуу захирал биечлэн ирж хүүхдүүдтэй золгоод, жилийн турш нөөсөн нандин бэлгээ тараахад сумын байтугай хотын хүүхдэд ховор олддог алим жимс гарч ирдэг сэн.

Харин долоо, наймд орсон хойно манайд уран зохиол орж “Монголын нууц товчоо” заахад нь Нямаанбуу гуай маань захирал төдийгүй хэл, уран зохиолын багш болохыг мэдсэн сэн.

Хамгийн сүүлд сумынхаа сургуулийн анхны 10 ангийн төгсөлт болж, биднийг алсын замд үдэхэд Нямаанбуу захирал банкет хийлээ. Тэр үеийн хүлээн авалтыг банкет гэдэг байсан юм.

Хүүхдүүдийн өмнө идээ будаа засснаас гадна, энд тэнд архи тавьсан нь биднийг цочроомоор байв. Захирал багш бидэнд дунд сургуулиа амжилттай төгсгөсөнд баяр хүргэж, сумын сургуулийн анхны 10 дугаар ангийн төгсөгч болсныг тэмдэглээд хундага өргөлөө.

Зүгээр ч өргөсөнгүй, энэ хатуу идээ амьдралын чинь замд бишгүй таарна. Хэн ч хорьж чадахгүй. Сэтгэлийн тэнхээ, биеэ авч явах чадварыг чинь сорих болно гэсэн утгатай сургаал бас дайж билээ. Сурагч ахуй насны турш захирал хэмээн эмээж ирсэн тэр хүний өргөсөн хундаганд би ёс болгон уруулаа хүргээд тавьж билээ. Нэг л бахадмаар, бас сүрдмээр мэдрэмж төрөөд байсан сан.

Анги дааж байсан Цэндээхүү багш, Доржпагам багш, Гомбожав багш, Доржсүрэн багш, Хадбаатар багш, Бадам-Одсэр багш, дотуур байрын Дагва багш бас энэ хорвоод багш л болох гэж төрөө болов уу гэмээр сайхан ахмадууд байсан Бө багш, До багш, анх надаар шүлэг бичүүлж ханын сонинд гаргаж байсан Цэрэннамжил багш, сургуульд ганцхан хувь байсан зарим номыг надаар уншуулаад бусдад маань яриулдаг байсан Тэрбиш багш..гээд олон сайхан хүмүүсийг дурснам. Тэр үед залуухан багш нар байсан манай ангийн Ганаагийн ах Чимиддаш багш, үе дамжсан сурган хүмүүжүүлэгч Чимидцэеэ багш гээд олон хүнийг дурсамжаа хүүрнэсэн ахмадууд болсныг харахад бас л сайхан.

Манай сургуулийн наян жилийн ой болж байгаа юм. 1938 онд тэр үеийн жишгээр ганц гэр ганц багштай байгуулагдаж байжээ. Яг л “Түмний нэг”-ийн Чимид багшийн сургууль шиг. Тэгээл гэрээсээ байшин, байшингаасаа цогцолбор болон хөгжсөөр иржээ.

Сургуулийн хананд байсан мэргэдийн үгтэй бичээс, пионерийн булангийн дүүрэн номтой хоёр шкаав, долдугаар байр, түлээний хашаан дахь цирк, бие биедээ ярьсан ном, хоёрдугаар дэвтэр нь олдоогүй үлдсэн цуврал, сумын номын санчийн арын хаалга, хадланд гардаг ханагар хөгшдийн хууч эд бүгд цөмөөрөө л миний сургууль байлаа. Сургуулийнхаа ойгоор энэ бүхнийг тэр чигээр нь дурсан санах сайхан байна.

Намо гүрүви!

Categories
мэдээ цаг-үе

“Үндэсний дата төв”-ийн мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Төрбат: Үндэсний мэдээллийн сан хакердуулсан ч мэдээлэл алдаагүй

БНХАУ-ын хакерын бүлэг Монголын үндэсний мэдээллийн санд нэвтэрч Засгийн газрын веб сайтад вирус тараасан гэх мэдээлэл тархаад байгаа. БНХАУ-ын CYBERSCOOP сайтын мэдээлснээр Хятадын хакерын бүлэг Үндэсний мэдээллийн сангийн ажилчдын и-мейл хаягт нэвтэрсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын дэд бүтцийг хянах зорилготой хэмээн бичжээ. Энэ талаар Үндэсний дата төв-ийн Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Төрбаттай ярилцлаа.


-Үндэсний мэдээллийн сан гэж юу вэ?

-Үндэсний мэдээллийн сан гэдэг бол интернэт гардаггүй тусдаа сүлжээ. Үүнд манай улсын иргэд болон аж ахуйн нэгж байгууллага, төрийн албаны бүх мэдээ мэдээлэл багтсан байдаг. Уг сүлжээнд халдсан тохиолдолд нэлээд хор хөнөөлтэй. Зөвхөн таны мэдээллийг алдахад ямар хохирол учрах вэ. Гэтэл Үндэсний мэдээллийн сан алдагдана гэдэг бол ямар хор хөнөөлтэй нь ойлгомжтой шүү дээ.

-Энэ сард Монгол Улсыг хакердсан гэх мэдээлэл байна?

-Энэ сарын 13-ны өдөр олон нийтэд тарсан мэдээлэл нь ОХУ-ын цахим аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, вирусийн эсрэг программ хангамж үйлдвэрлэгч “Kaspersky” компаниас гаргасан тайланд дурдагдсан мэдээлэл байсан. Манай байгууллагын зүгээс “Kaspersky” компанитай дөрөвдүгээр сард уулзалт хийсэн. Энэ үеэр “Монголын томоохон дэд бүтэц бүхий байгууллагууд руу халдлага хийгдээд байна. Касперски лабораториос ирүүлсэн тайланд дүн шинжилгээ хийгээд явж байна” гэж Казахстан улсад байрлах “Kaspersky” компанийн төлөөлөгч мэдэгдсэн. Манай байгууллага ямар байдлаар халдлага хийгдэж байгааг лавласан. Гэвч “Kaspersky” компани “Манайх үнэгүй юм өгөхгүй, дүн шинжилгээнд анализ хийнэ. Тэр нь тодорхой хүн хүч шаарддаг ажил. Иймээс мөнгө авна” гэх хариулт өгсөн. Үүнд бид мөнгө өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байгаа.

-Kaspersky гэдэг нь байгууллага юм уу?

-Kaspersky гэдэг нь орос эзэнтэй, цахим аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, вирусийн эсрэг программ хангамж үйлдвэрлэдэг дэлхийд дээгүүр ордог компани юм. Энэ компанийн төлөөлөлтэй манайхан уулзсан. Зорилтод халдлагууд харагдаад байдаг. Тухайн уулзалтаар эдгээр халдлагууд нь агаарын тээврийн компаниуд, дата төвүүд, цэрэг хүчний байгууллагууд болон төрийн байгууллагууд руу чиглэсэн байсан тухай мэдээллийг авсан. Манай төв рүү чиглэсэн халдлага байгаа гэдэг мэдээллийг тухайн “Kasper­sky” компанийн төлөөлөгчөөс авсан. Бид байгууллагадаа дотоод шалгалт хийх арга хэмжээг авсан. Ингээд вирусийг устгасан байдаг. Учир нь тухайн зорилтот гэж монголоор тодорхойлоод буй “advanced persistent threat (APT)APT” халдлага нь хамгийн сүүлийн үед гарсан цоорхойг ашигладаг бөгөөд ямар нэгэн вирусийн эсрэг программд илэрдэггүй, бусад хамгаалалтын системүүдэд ч гэсэн илэрдэггүй билээ.

-Тэр ямар учиртай вирус юм бэ?

-Манай улс руу чиглэсэн “APT” төрлийн хортой код бүхий халдлага юм. 2014 онд анх илэрч байсан вирус. Тэр нь сайжраад шинэчлэгдээд олон төрлийн хувилбарууд бий болсон. Тухайлбал манайд илэрсэн хортой код нь 606 орчим вирусийн программаар шалгахад антивирусны программд илрээгүй шинэ төрлийн хортой код байсан. Ингэхээр энэ хортой код вирус нь нэлээд сайн хийгдсэн, тодорхой зорилготой бүтээгдсэн нь харагдсан. Энэ хортой вирус нь мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллээ татаж авах гэх мэт үйлдлүүд хийдэг гэдэг нь саяхан гарсан тайлан мэдээнд дурдагдсан байгаа. Манай хамгаалалтын системүүд нь дотогшоо чиглэсэн халдлагын шинж чанартай үйлдэл болон гадагшаа мэдээлэл алдагдахаас сэргийлэх хамгаалалтын системүүдтэй. Иймд дотроосоо хаалттай мэдээлэл алдаагүй. Мөн вирус Windows системд ажиллахаар хийгдсэн байгаа. Манай төв нь мэдээллийн зэрэглэлээс хамаарч хоёр өөр сүлжээний бүстэй байдаг. Жишээлбэл, Төрийн дата мэдээллийг дамжуулах дэмждэг сүлжээ, нөгөө нь ажилтнуудын дотоод буюу интернэт хандалт бүхий сүлжээ гэх мэт. Гэхдээ манай нэг ажилтны компьютерээс тухайн хортой кодын тохиолдол сүлжээнд илэрсэн байгаа. Тухайн компьютерийг тусгаарлаж, хортой кодод дүн шинжилгээ хийсэн.

-Ажилтны цахим шуудангийн хаягаар халдсан гэсэн?

-Ажилчины и-мэйл хаягаар халдсан юм байхгүй. Ажилчид и-мэйлээр халдсан тохиолдол 2014 онд гарч байсан. Энэ хортой код нь вэб сайтуудад байршуулсан байдаг. Манай байгууллагын ямар нэг ажилтан тухайн веб сайт руу орохын бол компьютер рүү нь халддаг код байсан. Түүнийг бид илрүүлж устгасан байдаг. Тодорхой холбогдох байгууллагуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа явуулсан байгаа. Энэ сарын 13-нд нийтлэгдсэн тайлангийн хувьд бол дээрхийн адил хортой код байсан. Ер нь төрийн байгууллагууд ямар ч төрлийн халдлага хийсэн цахим шуудангийн и-мэйл хаягаар ихэвчлэн явагддаг, эсвэл оролцсон байдаг. Манай төв тэдгээрийг тодорхой шалгаж холбогдох байгууллагууд руу мэдэгддэг. Ер нь бас тухайн өртөгч хэрэглэгч рүү цахим шуудангийн хаягаар нь төрөл бүрийн хууран мэхэлсэн агуулга бүхий, хавсаргасан файл бүхий цахим шууданг илгээн тухайн хэрэглэгч цахим шуудангаа нээх, хавсаргасан файлыг ажиллуулахад хортой код компьютерт нь суух зарчмаар ажилладаг. Яагаад цахим шуудангийн хаягаар дамжин халдлага хийгдэх тохиолдол их байдаг вэ гэхээр хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг ойлголт, туршлага таарууг ашиглаж байгаа хэрэг юм.

Үүний эсрэг хөрөнгө мөнгөний асуудал бий. Сайн тоног төхөөрөмж аваад тавих гэхээр мөнгө алга байна. Манайх Kaspersky хэрэглэдэг. Гэтэл Kaspersky программ одоо болтол уг вирусийг илрүүлж чадаагүй л байна. Гэвч энэ программ нь албан ёсны лицензтэй программ. Баазуудад нь байнга шинэчлэл хийгдэж байдаг. Үүнийг Kaspersky илрүүлж чадахгүй байна гэдэг чинь арай өөр зорилоготой байна уу гэж хараад байгаа.

-Тэгээд Үндэсний мэдээллийн санд халдсан гээд байгаа нь бодитой юм уу?

-Манай төв дээр байршиж буй төрийн зарим байгууллагуудын мэдээллийн сан нь интернэт сүлжээнд холболт байхгүй, тусгай зориулалтын нууцлал хамгаалалт бүхий сүлжээний орчинд ажилладаг. Иймээс төрийн мэдээллийн санд халдчихсан асуудал бол байхгүй. Тэгэхээр бүхэл бүтэн улсын ард иргэдийн мэдээлэл тэр чигээрээ алдагдана гэдэг бол байж болохгүй зүйл. Дахин хэлэхэд эдгээр мэдээллүүдийг тусгай сүлжээ, хамгаалалтын бүсэд байршуулан хамгаалж ажиллуулдаг. Тэгэхдээ өнөөдрийг хүртэл яг ямар улсаас хийснийг бид мэдэхгүй байна. Kaspersky-ийн хийсэн тайланд болохоор хийгдсэн арга барил нь Хятадын хакерын бүлэгтэй төстэй гэсэн байгаа. Түүнээс Хятад улс хийсэн гэж хэлэх нь учир дутагдалтай юм.

-Хакердалтыг ихэвчлэн ямар зорилоготой хийдэг юм бол?

-Хакеруудын уриа бол бүх мэдээлэл ил байх ёстой. Нууц гэж зүйл огт байх ёсгүй гэж байдаг. Үүнээс гадна ялангуяа төрийн байгууллагууд болон томоохон компаниудын нэр хүндийг унагах зорилгоор халдлагыг хийдэг. Тэгэхээр бүх мэдээллийг ил тавих зорилгоор л хийдэг гэж болно. Мөн зарим нь мөнгө олох зорилгоор мэдээллийг олж авах, өөрсдийгөө таниулах сурталчилах, тухайн улсынхаа засгийн газрын дэмжлэгтэйгээр ч халдагуудыг ихээр хийх болсон. Тусгай албадууд төрийн онц чухал мэдээллийг олж авах зорилготой ч бий.

-Цахим халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Тухайн байгууллагууд уялдаа холбоо сайтай ажиллах нь чухал. Халдлагууд жил ирэх бүр нэлээд ахисан түвшинд хийгдэж байгаа. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид хоорондоо холбоотой байх, байгууллага бүр мэдээллийн аюулгүй байдлын ажилтантай байх ёстой, мэдээллээ алдахгүйн тулд бүх албан хаагчиддаа сургалт байнга явуулж байх гэх мэт хамтарсан олон ажлуудыг зохион байгуулж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Халдлагын 80 хувь нь и-мэйлээр дамжиж байна. И-мэйлээр ямар файл, хэнээс ирж байна, тэрийг нягталж шалгаж байх хэрэгтэй.

-Торгууль.мн-ийг хакердсан гээд байгаа?

-Одоогийн халдлагаар ийм юм огт болоогүй. Ийм асуудал гурван жилийн өмнө гарсан. Торгууль.мн мэдээллийн санд халдсан этгээдүүд торгуулийг төлсөн болгож гаргаж өгч байсан асуудал гарсан. Гэхдээ тэр нь гаднаас биш, дотоод асуудалтай нь холбоотой байсан гэж ойлгосон. Тэр нь Эрүүгийн хуулиар шийдэгдээд явсан байгаа. Саяхан буюу энэ оны гурван сард “торгууль.мн” сайтын торгуулууд устсан гэсэн хэрэг гарсан. Энэ нь халдлага биш. Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар болон, манай байгууллагын хоорондын системийн шинэчлэл хийгдэж байсантай холбоотой үүссэн техникийн сүлжээ унаснаас торгууль алга болсон асуудал үүссэн байсан. Удалгүй засварлагдсан. Гэтэл үүнийг халдлагад өртсөн гэж нийгмийн сүлжээнд цацсан.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Ундрам: МУИС-ийг АТГ, мэргэжлийн хяналт шалгаад зөрчилгүй болохыг тогтоосон

Монгол Улсын их сургуулийн доктор профессор, захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрамтай ярилцлаа.


-Азийн шилдэг 100 их сургуулийн нэгт багтахын төлөө МУИС ямар алхам хийж байна вэ?

-Манайх 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулсан бөгөөд бидний хамгийн гол зорилго нь азийн шилдэг 100 их сургуулийн нэгт багтах буюу төрөөс бидэнд даалгасан үүргийг бүелүүлэх боловсролын тухай бодлогын бичиг баримтад тусгасан асуудал юм. Тиймээс бид олон талын судалгаа хийж, судалгааны их сургууль болох чиглэлд юу хийх, засаглал, менежмэнтээ хэрхэн сайжруулах тал дээр стратегийн төлөвлөгөө боловсруулсан. Энэ стратегийн төлөвлөгөөний дагуу жил болгон төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. 2024 он гэхэд төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадвал зорилгодоо хүрэх юм. Манайх боловсролын байгууллага учраас хүссэн амжилтандаа хүрэх хамгийн гол нөөц бол багш нар, тэдний хөдөлмөр дээр түшиглэж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Тэгэхээр Азийн “топ” зуун сургуулийн нэг болохын тулд бид багшаа сайн хөгжүүлж, зөв чиглүүлж, хөдөлмөрийг нь шударга үнэлэх хэрэгтэй байна. Тиймдээ ч 2017-2018 оны хичээлийн жилийг “багшийн хөгжлийн жил” хэмээн зарлаж Багшийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Нөхцөл байдлын шинжилгээнд тулгуурлан энэ хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд “QS” олон улсын их сургуулиудыг эрэмбэлдэг байгууллагаас их сургуулийг эрэмбэлэхдээ багштай холбоотой ямар үзүүлэлтийг хардаг, мөн багшийн хөгжилтэй холбоотой ямар судалгааны материалууд байна, гадаадын их сургуулиудын жишиг, профессортоо тавьдаг шаардлага, манай хууль эрх зүйн орчины талаар гадаад, дотоод орчны нөхцөл байдлын шинжилгээ хийсэн. Үүний үндсэн дээр “багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж, энэ долоо хоногт захиргааны зөвлөлийн хуралд танилцуулж ирэх есдүгээр сард тодорхой засвар оруулаад батлахаар болсон.

-Багшийн ёс зүйн тал дээр хэр анхаарч байна вэ?

-Ёс зүй гэдэг бол маш өргөн хүрээний асуудал. МУИС өөрийн ёс зүйн дүрэмтэй. Үүнийг бид багш, суралцагчид гээд бүх МУИС-ийн гишүүдэд сурталчилж, ойлгуулж, мөрдүүлэх үүрэгтэй. Мөн байгууллага өөрөө эерэг соёлыг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Манай нийгэм өнөөдөр маш их бухимдалтай байна. Энэ бухимдал багш, оюутнуудад ч нөлөөлж байгаа. Байгууллагын зүгээс эерэг соёлыг бүрдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг бас энэ хөтөлбөрт тусгаж өгөхийг хичээсэн. Энэ хөтөлбөрийг бүх тэнхим, удирдлагууд, багш нар өөрсдөө ойлгоод, хамтдаа хэрэгжүүлэх юм бол манай стратегийн зорилт биеллээ олоход маш том түлхэц болно гэж бид харж байгаа. Хэрвээ стратегийнхаа зорилтод хүрчих юм бол Монгол Улсын хөгжил, манайд сурч, төгсөж байгаа хүүхдүүд, багш нар гээд талд эерэг ач холбогдолтой гэж үзэж байна. Би Японд доктор хамгаалахдаа, өмнө нь Англи, Америкт сурч байхдаа сурсан, харсан зүйлсболон өөрийн философи, ажлын хэсэгт ажилсан олон чадварлаг эрдэмтдийн ажил дээр суурилан энэ хөтөлбөрийг боловсруулсан. Ер нь сургалт чанартай байх гэдэг нь хэн нэгэн даргаас илүү багштай шууд холбоотой. Мэдээж бодлого зөв байх нь даргатай холбоотой ч сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж, эргээд үнэлэлт дүгнэлт гаргаж сайжруулж байгаа хүн нь багш байдаг. Тэгэхээр бид багшийг л дэмжих ёстой. Багш өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодсон учраас энэ хөтөлбөрийг боловсруулаад явж байна.

-Бас оюутнууд нь хичээж байж сургуулиудын чанар тодорхойлогдох байх. Оюутнуудыг хэрхэн яаж элсүүлж, ямар шаардлага тавьж байна?

-Би сургалтын албаны дарга байх үедээ МУИС-ийн элсэлтийг орон даяар онлайнаар буюу шилэн данс шиг системээр элсүүлдэг болгох үйл ажиллагааг баг хамт олноороо эхлүүлсэн. Өмнө нь хотын элсэлтийг онлайнаар авдаг болчихоод орон нутгаа их дээд сургуулиудын консерциумаар дамжуулж зохион байгуулдаг байсан. Үүний дараагийн том алхам болгож орон даяар онлайнаар элсэлтээ авдаг болсон. Энэ нь МУИС-д оръё гэсэн хүсэлтэй сурагчид манай системд бүртгүүлээд, бүртгүүлсэн сурагчдын ЭЕШ-ын дүнг нь бид шууд Боловсролын Үнэлгээний Төвөөс татаад авчихдаг. Татаж авсны дараа жагсаагаад тэнцсэн оюутнууд руу урилга илгээдэг. Оюутан энэ үед шийдвэрээ гаргаж баталгаажуулдаг бөгөөд үүний дараа найман сард ирж бүртгүүлснээр МУИС-ийн оюутан болдог. Энэ шилэн системийг манай бүх захирал болон эцэг эхүүд харж хянах боломжтой. Миний хүүхэд хэддүгээрт жагсаж байна гэх мэтчилэн, шугамны доор байгаа хүүхдийн ээж аав нь хүүхдээ хаана, хэдэд жагсаж байгааг мэдээд хүлээж байдаг. Эцэг, эх болон хүүхдүүд ямар нэртэй хүүхэд хэдэд жагсаж байна гэдгийг бүгд хардаг тийм шилэн системээр МУИС элсэлтээ зохион байгуулдаг. Аймгуудын хувьд тухайн жилд цөөхөн төгсөлт байдаг тул бүгд бие биенээ таньж байдаг. Тухайлбал, манай ангийн Нараа гэдэг хүүхэд яг миний дээр жагсаж байна гэж мэдээд өөрөөс нь “чи МУИС-т орох уу?” гээд асуучихдаг гэж яриа ч сонсож байсан. Нөгөөдөх нь хуваарийг буцаавал шугамын доорх хүүхэд нь дээшлээд ороод ирдэг. Энэ бол маш шударга зарчим болсон бөгөөд хамгийн сайн суралцагчийг элсүүлж авах боломжтой систем юм. Бид хамгийн сайн суралцагчийг эслүүлж, хамгийн сайн багш нарыг ажиллуулж сайн мэдлэг бий болгоно гэж зорьдог.

-Энэ жил хэдэн оюутан элсүүлэх вэ. Төгсөж байгаа нь хэд юм бол?

Сая бид удирдах зөвлөлөөрөө батлуулсан. Энэ жил гурван мянга гаруй хүүхэд элсүүлж авна. Үүнийхээ 50 хувийг Улаанбаатараас, үлдсэн 50 хувийг тухайн орон нутгийн төгсөгчдийн тоонд харгалзуулан хуваарилдаг. Гэхдээ энэ тооны задаргааг үзвэл жишээ нь, Хуулийн сургууль 100 гаруй л хүүхэд авна. Бид аль болох тооны араас бус чанарын араас хөөцөлдөөд олон жил болж байна.

-Оюутнуудын эрэлттэй болон элсүүлэх шаардлагатай мэргэжлүүд гэж байна уу. Сүүлийн үеийн мэргэжлүүдэд өөрчлөлт орж байгаа юу?

МУИС-ийн элсэлтийн онцлог нь либераль “арт” уламжлалд суурилсан боловсролын системтэй хамааралтай. Энэ нь оюутныг хөтөлбөрт бус сургуульд элсүүлдэг гэсэн үг юм. Тухайлбал, оюутан бизнесийн, эсвэл шинжлэх ухааны сургуульд ороод нэг жил ерөнхий суурь хөтөлбөрийг судлаад мэргэжлийн хөтөлбөрөө сонгодог. Ерөнхий суурь хөтөлбөр гэдэг нь ойролцоогоор арван хичээлээс бүрдэх бөгөөд энэ нь дор хаяж арван багшийн номын дууг сонсоод мэргэжлээ сонгох боломжийг нээж өгч байгаа юм. Ерөнхий суурь хөтөлбөрт байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хичээлүүд, судалгааны арга зүй, математик, түүх, англи хэл, эрүүл мэндийн боловсролын гэх мэтчилэн арваад хичээл багтана. Эдгээр хичээлийг оюутан сонсонгоо нэг жил сургуулийн орчинд байж дор хаяж арван багшийн дуу хоолойг сонсоод дээрээс нь мэргэжил сурталчилах өдөрлөгт хоёроос доошгүй удаа хамрагдаад мэргэжлээ сонгодог. Мэргэжил сурталчилах өдөрлөгт тэнхимүүд тус хөтөлбөрийг сонгосноор оюутан юу сурах, төгсөөд хаана ажиллах, хэдэн төгрөгний цалин авах талаар мэдээллүүдийг өгдөг. Энэ бүхний дараа мэргэжлээ сонгох нь ЕБС-ийн ширээн дээрээс мэргэжлээ сонгосноос илүү дээр бөгөөд оюутан илүү өөртөө итгэлтэй байдаг. Хэрэв сонгосон мэргэжил нь тухайн оюутанд таалагдахгүй байвал хүсэлтээ гаргаад өөр хөтөлбөр рүү шилжиж болохоос гадна хос, хавсарга мэргэжил эзэмших боломж байдаг. Жишээлбэл, сүүлийн үед IT-ийн мэргэжлийг санхүүтэй хослуулах нь их эрэлттэй болж байна. Энэ нь цаашлаад санхүүгийн программ зохиох тал дээр болон тэр чиглэл рүү ажиллахад давуу тал болдог. Үүнээс гадна бид байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн мэргэжилтэй ажиллах хүчин Монгол Улсад хэрэгтэй байгаа учраас тэтгэлэг олгож байгаа. Тухайн оюутан өөрөө сайн сурах юм бол оюутан солилцоогоор гадаад руу хамтын ажиллагаатай сургуулиуд руу явах болон тэтгэлэг авах бүрэн боломжтой.

-Дашдулам багш хүүхдүүдийн дүнг засдаг, аль дээр сурчихаад олон жил болсон хүүхдүүдийг төгсгөдөг гэж ярьсан байсан?

-Манай МУИС-ийн сургалтын бодлого болон үйл ажиллагаанд оролцож байсан өмнөх болон одоогийн удирдлагууд нийлээд бүгд гарын үсгээ зураад мэдэгдэл гаргасан нь албан ёсны цахим хуудсанд байгаа. МУИС багш л өөрийнхөө тавьсан дүнг зөв болгож засах эрхтэй байдаг. Тухайлбал, 30 хүүхдэд хичээл ордог байхад улирлын шалгалтан дээр нэг хүүхэд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байж болно. Энэ тохиолдолд шалгалтын дүн дутуу орно. Тэгтэл нөгөө хүүхэд тодорхой хугацааны дараа ирээд “би өвчтэй байсан юм аа” гэх зэргээр асуудал тавьдаг. Хорин мянган оюутан, мянган багшнар янз бүрийн асуудал тохиолддог. Зарим нь эрүүл мэнд, ар гэрийн асуудалтай байхад зарим нь бүр шүүх цагдаа болчихсон байх. Эдгээрээс болоод оюутан багшдаа өргөдөл өгдөг. Хэрэв багш оюутныг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзвэл дахин шалгалт аваад дүнгийн маргаан барагдуулах хуудсан дээр шинэ дүнг тавиад гарын үсгээ зурдаг. Гарын үсэг зурсан өргөдлийг сургалтын албанд өгч хянуулаад олон процессийн дараа системд оруулдаг. Заримдаа багш нар нь дүнгээ буруу тавьчихдаг. Поток лекц буюу хоёр зуун хүүхдэд хичээл заагаад нэрийг нь нэг мөр алдаад дүнг нь оруулчихсан ч тохиолдол байдаг. Багш өөрөө өвдөх, гадаад руу томилолтоор явах зэрэг янз бүрийн асуудал энэ 1500 багш хорин мянган оюутан дунд гардаг. Хоёрдугаарт, бид өмнө нь дүнгийн дэвтэр буюу “книшка”-ны системтэй байсан. Үүнийг бид цэгцэлж шилэн данс шиг СиСи системд шилжсэн. Энэ системийг нэвтрүүлснээр оюутан, багш, мэргэжилтэнтэй холбоотойбүх мэдээлэл нээлттэй болсон. Сиси систем рүү шилжих үйл ажиллагаа маш хүнд, олон сарын үйл ажиллагаа байсан. Бид оюутнаа хохироохгүй, үнэн зөв шийдэх гэж хичээсэн. Тэгэхээр үүнийг цэгцэлсэн процессийг магадгүй манай Дашдулам багш ойлгоогүй байх гэж бодож байна. Багш нар бол яг энэ сургалтын албаны процессийг сайн мэдэхгүй. Би бол сонирхсон багш нарыг энэ асуудлаар бидэнтэй ярьж судлаасай гэж хүсч байна. Энэ жил тухайлбал, манай таван жилийн өмнө шинэчилсэн хөтөлбөрөөр сурсан оюутнууд төгч байгаа. Гэтэл хуучин хөтөлбөрөөр сурч байгаад улирсан, чөлөө авсан оюутнууд байж л байна. Тэднийг шинэ хөтөлбөр рүү шилжүүлэх том үйл ажиллагаа явагдсан. Гэх мэтчилэн чөлөө авсан, эрүүл мэндийн шалтгаантай, хүүхэд төрүүлсэн гэх мэт оюутнуудыг бид хохироохгүй, сургах үүргийг хүлээж байдаг. Эдгээр оюутнуудыг дээд боловсролын тухай хуулийн дагуу шаардлагаа биелүүлсэн тохиолдолд төгсөж байгаа. Манай СиСи систем маш гайхалтай хөгжиж байгаа нээлттэй систем бөгөөд ямар нэгэн дүрэм журмаас гадуур оюутан төгсөх асуудал байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Манайхыг эрх бүхий байгууллагууд шалгаад зөрчил байхгүй гэдгийг тогтоосон байгаа.

-Дашдулам багшийн хичээлүүдийг нь хассан шахсан асуудал байсан гэсэн. Зөрчил байдаг юм болов уу?

Захиргааны зүгээс манай Шинжлэх ухааны сургуулийн захирал болон түүхийн тэнхимийн эрхлэгч Дэлгэржаргал нараас Дашдулам багштай холбоотой дарамталдаг, хичээлийг нь хасдаг тухай асуусан. Тэгэхэд албан ёсоор тийм асуудал байхгүй гэсэн бичиг ирүүлсэн.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн монгол

-ЭСЭЭ-

Хэдэн жилийн өмнөхөн. Солонгост хараар ажиллаж байсан залуус гал түймэр рүү амь өрсөн ороод олон хүний амь аварчээ. Төрөлхийн хүнлэг зөнгөөрөө улаан гал руу орсон залуус бүх юм болоод өнгөрсөн хойно сая “өөрсдөө оршин суух зөвшөөрөлгүй”-гээ санаж зугтаасан байна. Хүн алчихаад зугтаадаг этгээдтэй хөөцөлддөг солонгос цагдаа энэ удаа хүний амь аварчихаад “хэргийн газраас зугтаасан” нөхдийг эрэх сонин ажилтай болжээ. Тэдний цагдаа эрсэн юмаа олдог онцлогтой тул монгол залуусыг газрын гаваас олоод иржээ.

Саяхан даа. Герман улсад цагаанаар сууж байсан монгол залуус дээрэмчнийг барьжээ. Хөөрхий ядарсан эмгэнийг нэгэн балмад этгээд гэгээн цагаан өдрөөр дээрэмдээд зугтаасан байна. Мөн л төрөлх совиндоо хөтлөгдсөн монгол залуус дээрэмчнийг хөөн барьж аваад цагдаад тушаажээ. Өөрснөө цагдаагаас нуугдах шалтгаангүй байсан тул гэмт этгээдийг чихдээд очсон байна. Өрнө, дорногүй бидний хүн чанар, сайхан сэтгэлийг гайхаж байна.

Бидэнд сайн сайхан юм юутай олон. Хэдийгээр гадаадад энхийг сахиулахаар явуулсан дайчид нь нэгнийхээ юм зорж байсан тонгорогон дээр гурав, дөрөв дахиж уначихаад ирдэг ч гэсэн. Дарга удирдагч нар нь андуурамтгай, улсын ба амынхаа түрүүвчийг ялгахаа больчихдог ч гэсэн хүн амын үндсэн натур нь гэгээн болоод өгөөмөр. Тал нутагтаа эрх дураараа өссөн монголчууд бид ядуу дорой нэгэндээ дээрэлхэхийг үнэхээр тэвчдэггүй. Бас хэн нэгнийг үхлийн аман дээр орхиод мөрөө хөөдөггүй. Уудам тэнүүн нутагтаа бие биеэсээ болоод засаг захиргаанаасаа, шүүхээсээ, мөрдөн, шоронгоосоо хол амьдардаг хүмүүс аливаа асуудлыг газар дээр нь шийдээд явах нь амьдралд илүү нийцтэй байснаас үүдэлтэй байж мэднэ. Хэн нэгнийг гомдоож байгаа этгээдийг дор нь залхаагаад, өмгөөлөл хэрэгтэйд нь тэр даруй өмгөөлөл үзүүлээд, тайтгарал хэрэгтэй нэгийг нь газар дээр нь тайтгаруулаад явж байна гэсэн үг. Хэрүүл маргаан, гомдол, нэхлийг засаг захиргааны журмаар шийднэ гэвэл наанадаж орон зайн, цаанадаж цаг хугацааны бэрхшээл гарна. Хятадын нэг кино байдаг даа. Чан Имоугийнх билүү дээ. Нэг эмэгтэй тосгоныхоо даргатай заргалдаад явдаг. Байн байн хот, мужийн төв ороод, асуудал нь шийдэгдэхгүй чирэгдээд өчнөөн уддаг. Гэтэл явцын дунд заргалдагч талууд хоорондоо сайндаад бараг эжий ахай болоод байтал гэнэт зарга шийдэгдээд тосгоны даргыг нь барьж аваад явчихдаг юм. Иймэрхүү юм ч болдог л байсан биз.

Том нутагтаа тоо нь цөөхүүлээ явсан монголчуудад хүн хамгийн үнэтэй капитал байсан. Хүнийг хэзээ ч удам гарал, бутач, хууль бус төрснөөр нь гадуурхдаггүй. Хүнийг үргэлж эн тэгш үзэн “эрдэнэт хүмүүн” хэмээн дээдлэн нэрлэдэг. Хэдийгээр дундын бизнес, дундын эрх гэхээр юм хотынхныг бодвол хамаагүй багатай нүүдэлчид харилцан хамаарлаар багатай нь үнэн боловч бие биедээ тусламтгай чанар нь гээгдсэнгүй. Хүн хүчний тусламж, дэмжлэг үргэлж тэдэнд хэрэг болдог байж. Гэрээ ачаалж, малаа хяргаж байгаа айлын гадуур зүгээр өнгөрөөд явчихыг ёс бус гэж үзнэ. Заавал ачаа таталцаж, үгүйдээ ганц хонь хяргаж өгөөд мордохыг үүргээ гэж үзнэ. Бие биеэсээ үл хамааран мөрөө хөөж амьдардаг тул эрх ашгийн нэгдэлтэй байж чаддаггүй сул талтай ч хүнийг гэсэн хүний унаган энэ чанараа бид одоо ч хадгалсаар байгаа.

Хүч дорой нэгнээ зөнгөөрөө хамгаалдаг хүний хамгийн нандин чанар нь хотшин иргэншихийн хэрээр хувиран өөрчлөгддөг байна. Огт алга болчихож байгаа ч юм биш. Дорой буурайг өмгөөлөх, цадиггүй амьтасыг залхаах хуультай болж, түүнийгээ гүйцэтгэх байгууллага ч бодож олжээ. Хүн зодсон этгээдийг газар дээр нь нэвширтэл балбах замаар шударга ёсыг хэрэгжүүлээд цөмөөрөө уужуу амьсгалан харихаа больсон байна. Зодсон зодуулсан талын гэм бурууг нарийн шүүх ба хэрэгтнийг залхаан хохирогчийн бах тавыг хангах талаас илүү учирсан хохирлыг барагдуулах талыг чухалчлах болж гэхчлэнгээр өөрчлөгджээ.

Ингээд ирэхээр хүмүүсийн бие биеэ өмөөрөх арга барилд бас хувирал гарчээ. Хүнийг өмөөрөх, шийтгэх, гэмт этгээдийг барих үүргийг жирийн хүмүүс биедээ хүлээх нь наанадаж тогтоосон хууль ёсоо цалгардуулах үүд хаалгыг нээж байгааг ч анзаарсан байна. Ингээд цагдаа, мөрдөн, шүүх,шорон хөгжжээ.

Нөгөө талаас хотшин иргэнших явцад хувь хүмүүс өмч хөрөнгөтэй болж хүчирхэгжжээ. Иргэншил гэдэг нь ерөөсөө хувь хүнийг нийгмээс илүү хүчирхэг болгодог механизм ажгуу. Хувь хүн хүчирхэг, халдашгүй үлгэрлэвэл тусгаар улсын байдалтай болоод ирэхийн хэрээр бие биеэсээ зайгаа барьдаг аж.

Хэрвээ хээр талд нэг хүн хэвтэж байвал тааралдсан нэгэн заавал очиж түүнд тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Асуугаад зогсохгүй хээр ганцаар нь хэвтүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авна. Харин хот газар тэгэхгүй. Хүн муухай болсондоо ч биш. Өөрийнх нь эрх ашгийг зөрчилгүйгээр гудманд унтаж байгаа хүнийг оролдох, яагаад ингэж байгааг асуух нь наад зах нь тэрхүү хэвтэгчийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон хэрэг болно. Яг л тусгаар улсын хэрэгт оролцож байгаа аятай. Хэрвээ манай оронд зуд боллоо гэхэд “яав ийв,та нар” гээд Орос юмуу, Хятадын цэрэг өвс ачаад ороод ирвэл ямар байх вэ? Яг л түүн шиг.

Хот өөрийн хүнлэг үзэлтэй, арга барилтай. Харамсалтай нь удаан бөгөөд хүнд сурталтай. Харин бид иргэн суурьшиж байгаа ч гэсэн ядуу доройгоо шууд өмгөөлөн хамгаалах, шударга ёсыг газар дээр нь биечлэн сэргээх халуун дулаан сэтгэлээ хадгалсаар яваа билээ. Саяхан даа, Америкт нэгэн монгол залуу зэвсэгт дээрэмчинд буудуулжээ. Сургийг нь дуулахнээ эхлээд дээрэмдүүлсэн байна. Дараа нь зэвсэгт дээрэмчнийг барих, улмаар хохирлоо барагдуулах үүргийг өөртөө хүлээн араас хөөж яваад буудуулжээ. Өрнө дорногүй бидний хүнч, өгөөмөр халуун сэтгэлийг бахдаж байна. Гэхдээ бидний гэнэн хонгорыг хамтад нь гайхах бөлгөө.

Categories
мэдээ цаг-үе

Р.Самдандовж: Алтайн домогт хүрэн бүргэд Лоохууз Монголын шинэ нийгмийн үзэгдэл байлаа

Монгол Улсын гавьяат эдийн засагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз агсны талаар Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Равдан зангийн Самдандовжтой ярилцлаа. Довж дарга Лоохууз гуай хоёр Говь-Алтай аймгийн Чандмань сумын, нэг нутаг усны хүмүүс юм.


-Лоохууз гуайг та хэзээнээс мэдэх вэ. Яг хаанаас гаралтай ямар хүн бэ?

-Бид унасан газар, угаасан ус нэг. Говь-Алтай аймгийн чандмань сумын хүмүүс. Лоохууз гуайг би дунд сургуульд байхаасаа мэднэ. 1964 оны үед сониныхон Лоохууз хэлмэгдсэн гэж бичээд, манай нутгийнхан болохоор тэгэх ёсгүй, тийм хүн биш, ямар хачин юм болов гээд л гайхаж ярьцгаадаг байсан. Тухайн үед Лоохууз гуайг хүн болгон мэддэг, магтдаг, аав ээжийг нь удам судраар нь сайшааж ярьдаг байлаа. Тэдний хүүхэд тийм санаа гаргах учиргүй гэнэ. Лоохууз гуайн аав нь Цогт-Очир гэж мундаг уран дархан, арьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай хөгшин байсан гэдэг. Манай нутгийнхан “тийм хүний хүүхэд яавч нам төрийн эсрэг зан гаргах ёсгүй гэдэг байсан. Мөн Лоохуузын буруу биш, зөв зүйлийг, үнэнийг ярьсан гэж өмгөөлөх хүмүүс ч их байлаа. Бас удирдлагуудад таалагдаагүй байх гэдэг байв. Гэхдээ эрхбиш нам засаг голыг нь олж л байгаа байлгүй дээ юу гэж л учир зүггүй хэлмэгдүүлэв гэх хүн ч байлаа. Хөдөөгийн хүмүүс хамгийн түрүүнд удмыг нь хардаг учраас Лоохууз гуайд итгэдэг байсан. Ийм яриа гарахад би хүүхэд байсан болохоор ихэд сонирхож сонсдог байлаа. Үеийнхээ хүүхдүүдтэй энэ тухай ярилцана. Тэрнээс хойш Лоохууз гуай 25 жил жинхэнэ ёсоор хэлмэгдэлтийн хар шуурганд өртлөө шүү дээ.

-Мөн нутаг заагдаж маш олон жил болсон байдаг?

-Нутаг заагдах бол юу ч биш. Өвөрхангайд нутаг заагдсан, дараа нь Хархорин, Хөвсгөл гэх мэт олон газар заагдсан. Угаас хатан зоригтой, гарын дүйтэй, гүйлгээ ухаантай хүн байсан болохоор өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, оюун ухаанаараа өчүүхэн бор гэрээ үйлдвэрлэл болгочихжээ. Складанд байсан ямар ч хэрэггүй болсон таван төгрөгийн үнэтэй хурганы арьсыг илдэж 15 төгрөгөөр зардаг байсан юм. Тэгээд л мөнгөн аяга, эмээл хазаар, монгол гутал гэх мэт түм буман юм хийсэн хүн шүү дээ. Сүүлд нь тэтгэвэртээ гарчихаад ч сайхан гутал хийдэг байсан. Би өөрийх нь хийцийн 64 угалзтай монгол гутал хийлгэж өмссөн юм. Одоо хүртэл надад бий. Миний хамгийн том гангараа. Маш нарийн хийцтэй гутал. Мөн би сайхан гөлөм хийлгэсэн. Гараараа ширж урлаж хийсэн гайхамшигтай сайхан гөлөмийг одоо хүртэл тохож байдаг. Зөвхөн надад л хийж өгсөн зүйл нь ийм байна. Лоохууз гуайгаар хийлгэсэн 80 гаруй ээмэг бөгж гээд яривал түмэн газар түгсэн байдаг. Шоронд байхдаа хүртэл ган халбага сэрээг ашиглаад төрөл бүрийн бүтээл хийдэг байсан юм билээ. Дархан хүн, бурхан ухаантай гэгчээр. Тэгээд л хоригдлуудад дурсгаад л “май энийг эхнэртээ өг” гэх мэтчилэн шоронд ч гэсэн халгиж цалгиж явсан, тийм л амьдралтай хүн.

-Лоохууз гуай ах дүү хэдүүлээ юм бэ?

-Ах дүү тавуулаа юм билээ. Дээрээ хоёр эгч, нэг ахтай, доороо нэг охин дүүтэй. Хоёр эгч нь малчин болсон. Аав Цогт-очирыг нь 1932 онд Дотоод яам баривчилж, Одоогийн Завхан аймгийн “Улиастайн шоронд” хорьж байсан тухай Лоохууз гуай ярьсан байдаг. Лоохууз гуайн ах дүү нар бүгд л нэр төртэй хүмүүс. Жишээлбэл, нэг ойрын хамаатан нь Сангийн яамны орлогч сайд хийж байсан Тангад гэж хүн. Холын хамаатнаас гэвэл БНМАУ-ын хөнгөн хүнсний аж үйлвэрийн яамны нэгдүгээр орлогч сайд хийж байсан Балган гэж мундаг хүн байна. Манайхтай мөн хамаатан болдог хүн байгаа юм. Тэднийхэн ерөнхийдөө л гүйлгээ ухаан сайтай хүмүүс.

-Ер нь ямар онцлог зан чанартай хүн байв?

-Лоохууз гуай “Ойр гишгэж, хол харж явъя” гэж том ном бичсэн. Тэндээс харахад үнэхээр амьдралын зорилгыг томоор харж томоор сэтгэдэг хүн байсан нь мэдэгддэг. Монгол Улсын ирээдүйн зорилго, эдийн засгийн потенциаль хөгжил зэргийг томоор харж байсан. Нийгмийг ганцхан өнцгөөс хардаг, бусдаас хараат байж болохгүй. Урд хөрштэйгөө ч бусад орнуудтай ч ижилхэн харьцаж ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татъя. Энэ малчид чинь өнөө цагийн монголчуудын хэмжээнд харахад арай ядуу зүдүү байна. Монголчуудын амьдралыг өөд татах боломж бололцоо бий гэж. Сангийн аж ахуйг удирдах газрын даргыг хийж байхдаа санал бодлоо хэрэгжүүлэхийн төлөө шаргуу тэмцэж байсан. Тэнд сангийн аж ахуйг маш олноор байгуулж, газар тариалан эрхлэх ажлуудыг эхлүүлж, тэр ч байтугай зээрийн аж ахуй, бугын аж ахуй, гахайн аж ахуй гээд Монголд огт байгаагүй аж ахуйнуудыг шинээр бий болгож байсан. Энэ чинь цоо шинэ үзэгдэл байхгүй юу.Тэгэхээр энэ хүн үнэхээр хол харж сэтгэдэг байсан. Түүнийг хэлмэгдсэний бас нэг том шалтгаан гэвэл Монгол орны ирээдүйн хөгжлийг их томоор харж, ганц орноос хамааралтай байж болохгүй ээ гэдгийг хэлсэнд байгаа юм.

-Дотоод сэтгэл, үзэл бодол нь маш тууштай, хүчтэй хүн байв уу?

-Лоохууз гуайтай нэг нутаг гээд би олон жил хамт явсан. Тэр хүний 1964 оны хэлмэгдэж байсан үеийн үзэл бодол нь насан туршдаа хэзээ ч өөрчлөгдөөгүй. Мэдээж мань хүн ардчилал гарч ирэхэд хамгийн түрүүнд уухайлан дэмжиж байсан. Ардын Их хурлын орлогч дарга ч хийж байлаа. Гэхдээ ардчиллын тодорхой үе шатуудад алдаа их гарсан. Ардчиллын тэр алдаануудыг ил тод хурцаар шүүмжилдэг байсан юм. Мань хүний тухай нэг тодорхойлолт хэл гэвэл “Засагт хааны хөх харчууд” гэж хэлнэ. Засагт хааны хөх харчууд гэдэг бол ерөнхийдөө өнгө зүсээр нь дуудсан нэр биш. Эрдэм оюун, хүн чанар, шулуун шударга байдал зэргийг нь нэгтгэж “засагт хааны хөр харчуул” гэх хэлц үг гарсан байдаг юм. Эрдэм оюунтай байх, шударга байх, хүнлэг байх, сэргэлэн цовоо байх ч орно. Энэ бүгдийг жинхэнэ утгаар нь өөрийнхөө биед цогцлоосон хүн бол Лоохууз гуай юм гэж би боддог. Ямар ч юманд алсын хараатай байдаг. Алсын харааныхаа төлөө зөв тодорхойлолт тавьж, тэрнийхээ төлөө тууштай, замд таарсан хэнтэй ч сөргөлдөх үедээ сөргөлдөнө, ярих үедээ ярина. Зарим хүмүүс дэндүү их үнэнийг шууд хэлэхэд дургүй байдаг. Тийм шударга болохоор нь мань хүнд дургүй хүмүүс олон ч байсан байх. Гэхдээ Монголын ард түмэн, бүхэл бүтэн залуу үед үлгэр дуурайлал үзүүлсэн хүн. Тийм хэцүү хаалттай нийгэмд тийм эр зоригтойгоор нийгмийн булайг ил гаргаж тавьж, тухайн үеийн эрх баригчидтай шууд сөргөлдөж гарч ирсэн. Золбоотой үнэнийг хэлэх хүн түүнээс өөр байхгүй. Монголын тал нь бүхэл бүтэн нэг үе энэ хүний хэлсэн, ярьсан, амьдарсан амьдралыг дуурайлал болгодог гэж надтай уулзаж ярилцсан залуучууд хэлдэг байсан. Энэ хүн бол Монголын бахархал болсон хүн. Залуу үеийг зөв тэмүүлэлтэй, нийгэм ардчилал шударга ёсны төлөө үнэний төлөө явдаг, улс орныхоо хөгжлийн төлөө амь биеэ хайрлахгүй тэмцдэг иргэдийг бие болгохын төлөө үлгэр дуурайлал үзүүлсэн хүн гэж бодож байгаа. Уулзаад ярихад сэтгэл сэргээд явчихдаг нэг хүн байдаг шүү дээ. Яриаг нь сонсох тусам улам зориг зүрх ороод л. Лоохууз гуай бол яг тийм. Ярилцаад хичнээн удаан сууна, төчнөөн олон гоё юм ярина. Их сайхан яралзтал инээгээд л ярина. Бид хэд 93 настай байхад нь тийм урт яриа өрнүүлж олон цагаар сууж байсан. Тэгэхэд бидэнтэй ерөөсөө л залуу хүний эрч хүчээр ярьсан. “Монгол тулгатны зуун эрхэм”-ээр ярьсан яриаг нь харахад, үзэл бодолдоо үнэхээр үнэнч, ямар агуу шударга, тэр хөтлөгчид ч гайхаж байсан шүү дээ. “Та одоо ерэн хэдэн насандаа цэл залуу эрч хүчтэй, бүх юмаа санаад биднээс илүү сэтгээд яриад сууж байгаа чинь яасан сайхан юм бэ” гэж. Тэгэхээр мань хүн бас хариулж байсан “Хүн ер нь амьдралдаа тодорхой зорилго тавиад тэрнийхээ төлөө тэмцэж амьдрах ёстой. Тэгээд тэмцэл байхад монгол хүн юунд ч хүрнэ. Монгол хүнд чадахгүй, бүтэхгүй юм байхгүй” гэж ярьсан. Тэрээр монгол хүний ухаан бодол оюун санаанд бүрэн итгэдэг, монгол хүний эр зоригийг биширдэг. Монгол хүн эрт, орой хэзээ нэгэн цагт дэлхийн дээвэр дээр дэлдийтэл зогсоно доо. Аль ч талаараа монгол жижигдэхгүй, дэлхийн хэмжээний үндэстэн шүү гэдэгт 100 хувь итгэдэг хүн байсан.

-Та хоёр хамгийн сүүлд хэзээ тухтай уулзаж, ярилцсан бэ?

-Хамгийн сүүлд тухтай уулзсан нь хоёр жилийн өмнө манай Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамгийн шилдэг хүнийг тодорхойлж, “Алтайн бахархал” гэдэг өргөмжлөл олгосон. Тэрний нэг нь Харума Фүжи нөгөөдөх нь манай Лоохууз ах байсан. Тэгээд Лоохууз гуайг өндөр настай хүн учраас нутгийн зөвлөлийн төлөөлөгчтэй хамт би гэрт нь очиж шагналыг нь гардуулж өгөөд удаан ярилцаж суусан. Тэр хамгийн тухтай уулзсан сүүлийн уулзалт байжээ. Тэнд хамгийн чухал зүйлүүдийг бид ярьсан. Лоохууз гуай надад хандаж “За чи бол айлын ганц хүү. Энэ амьдралдаа нэг л зангаараа яв гэж аав чинь чамд захидаг байсныг би санаж байна. Миний хүү аавынхаа захиасыг сайн биелүүлж байгаарай. Хүн бол нэг л зангаараа энэ хорвоог туулж амьдрах ёстой. Энэ нэг зангийн цаана эх орноо гэсэн халуун сэтгэл байх ёстой юм шүү. Яагаад гэвэл чиний аав, ээж бол чамд хамгийн эрхэм хүн мөн боловч, аав ээжийн чинь хамгийн эрхэм хүн өвөө эмээ чинь мөн. Гэвч үнэн хэрэгтээ эрхэмийн эрхэм зүйл бол газар шороо юм. Хүнийг өөрийг нь бий болгодог аав ээжээс чинь илүү ачтан бол эх орон, газар шороо чинь юм шүү” гэж хэлсэн. Мөн өнөө цагийн байдлын талаар ялангуяа гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар зөндөө юм ярьж байсан. “Манайх бол ийм цөөхөн хүн амтай ийм их газар нутаг, их баялагтай. Удирдлага зөв байвал нүд ирмэх зуур л монгол улс дэлхийн нүдийг бүлтийтэл хөгжилд хүрнэ. Даан ч өнөөгийн удирдлагууд дэндүү арчаагүй байна”. Эрх барьж байгаа нам, ардчилсан нам аль алийг нь хурц шүүмжилж, боловсон хүчний бодлогын тал дээр их алдаатай зүйл хийж байна гэж ярьж байсан. Бүх ярианы гол улаан шугам нь бол эх орон, эх орноо хөгжүүлэх ард түмнээ сайхан амьдралтай болгох. Ард түмнээ сайхан амьдралтай болгоход хүн болгон өөрсдөө чармайж ажиллана. Өрх болгон өөрсдөө үйлдвэрлэгч. Гэрийн аж ахуйгаар айлууд бүх зүйлээ хийчихдэг байх ёстой гэж байсан. Манайхан бол дэндүү том юм мөрөөдөөд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хүн өөр өөрсдийнхөө чадах зүйлээ хийгээд, арьсаа илдээд, уран дарханаа хийгээд эсвэл дээл оёоод өрх гэр болгон үйлдвэрлэгч болчих юм бол манай монголчууд хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах юм. Гэх мэтчилэн амьдралын алт шиг сургаалийг их ярьдаг хүн байсан даа.

-Хэнтэйгээ амьдарч байсан юм бол. Хүүхдүүд нь ямар хүмүүс байдаг юм бэ?

-Хэлмэгдэгчийн үр хүүдүүдийг сургуульд явуулдаггүй, хүссэн сургуульд нь сургадаггүй, гадаадад явуулдаггүй байлаа. Лоохууз гуай эхнэрээсээ хүртэл албан ёсоор гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаад, хүүхдүүдээ эхнэрийнхээ нэр дээр болгоод, хамтдаа гэр бүлээрээ сууж зургаа авахуулаад, салчихлаа гэж мэдэгдэж байсан. Тийм эрх чөлөөгүй амьдруулсан гэсэн үг. Төр энэ хүнийг хэлмэгдүүлж. Гэхдээ хүүхдүүд нь өөрийнхөө чадлаараа л дээд сургууль төгсөөд тухайн салбарууддаа тэргүүлэгчид нь байсан. Одоо нэг хүү нь аавынхаа дархан ухааныг өвлөсөн мундаг залуу байна. Анагаахын их сургуулийн доктор, профессор, эрүүл амьдрах тухай, энерги эрчим хүчний тухай маш олон ном бичсэн Даваахүү гэж доктор бий. Тэр нь мөн эгчийнх нь хүүхэд.

-Зарим хүмүүс манай улс энэ байдлаараа байх юм бол сүйрнэ гэдэг. Энэхүү хөгжиж буй хэрнээ ээдрээтэй улсын байдлыг Лоохууз гуай юу гэж тодорхойлж байв?

-Монголчууд хүн амынхаа тооноос давсан гар утас бариад байна. Манайхан IT-гаараа дэлхийн олон улсыг тэргүүлж байна. Айл болгон машинтай байсан бол одоо чинь хүн болгон машинтай болох гээд байна шүү дээ. Ийм юмыг чинь бид нар социализмын үед төсөөлөө ч үгүй байсан. Гэтэл ийм болчихоод байхад доош нь чихдэг, өөрсдөө юу ч хийгээгүй бэлэн юм аваад идчих гэж оролддог, улсын юмнаас хулгайлах гэж оролддог амьдрал одоо Монголд бүр газар авах шинжтэй гэж би бодож байна. Би залуудаа амралтаараа очиход мань хүн нутаг заагдаад чандманьд байсан. Тэгэхэд мань хүн манай суманд гадаад хэл дээрх сонин сэтгүүл захиалж уншдаг бараг ганцхан хүн байлаа. Зөвлөлтийн том том хэвлэлүүдийг уншдаг. Тэгээд намайг олон улсын байгууллагад ажиллаж байгаа гэхэд “за дүү сайн байна. Монгол хүн бол хаана ч очсон газардахгүй тэр дундаа Алтай хайрхан оюунлаг хүмүүсийн төрдөг газар. Чи энэ олон улсын байгууллагад ажиллаж байгаа юм чинь гадаад яамны сайд хийх байлгүйдээ” гэж хэлж байсан юм. Тэр нь болохоор монгол хүний оюун ухаанд л маш их итгэдэг. Жаахан сурах эрмэлзэлтэй байвал явчихна гэж боддог, итгэдэг байсантай нь холбоотой. Тийм л бодлын үүднээс надад тэгэж хандаж байсан. Японд Лоохууз гуайг лекц уншихад тэр олон хүнээс нэг ч хүн ханиалгалгүй чих тавин сонсож байсан. Японд ч бас л их алдартай хүн шүү дээ.

-Оюун санаа нь залуугаараа сэргэлэн цовоо байхын нууц нь их уншдагт байсан байх аа?

-Миний л мэдэхийн хоёр гурван номыг чинь мань хүн ерэн хэдэн насны өндөрлөг дээр л бичсэн шүү дээ. Эрүүл байх, эрүүл зөв хооллолт алхаа гишгээ гэх мэтчилэн олон зүйлээс шалтгаална. Гэхдээ тэр бол механик ойлголт. Оюун санаагаараа хүн өөрөө, өөрийгөө чиглүүлээд аваад явахаараа л эрүүл байдаг. Хүн өөрийгөө эрүүл байлгана гэдэг оюун санааны хувьд л эхлээд эрүүл байх ёстой. Ингээд л хүнийг хараагаад л өширхөөд явж байгаа хүн чинь дан хар энерги татаад ямар олигтай байхав. Монгол Улс дэлхийн дээвэр дээр гарна мандана гэсэн өөдрөг бодолтой хүн чинь яаж өвдөх юм бэ. Өдөр болгон гоё юм ярина, залуу хүнд юм зааж өгнө. Муу байгаа хүмүүсийг шууд шүүмжилнэ. Тэгээд шүүмжилж хэлснээрээ бахархана. Тэр сайд тэгж хэлээд, би тэгэхэд нь тэгж хэлээд, би утсаар тэгж хэлээд гээд л. Шударга үг хэлснийхээ төлөө кайф авч байдаг хүн. Гэтэл манай ихэнх хүмүүс том сайд дарга нарт шүүмж хэлчих зориг зүрхгүй. Харин мань хүн бол улам тэрэндээ асаж дүрэлздэг байхгүй юу. Хүнийг шүүмжлээд асаж дүрэлздэг хүн ховорхон шүү дээ. Хүнийг магтчихаад бялдуучилж, бахархаж явдаг хүн одоо олон болсон. Аугаа их Лоохууз гуайн сэтгэлгээ нь тийм мундаг учраас түүний оюун санаанд хөгшрөх тухай ойлголт байгаагүй. Төрийн түшээ, түмний манлай, сайд хийж мандан бадарч явсан нутгийн сайхан ах маань ганцхан өдрийн дотор Төрийн эсэргүү түмний заналт дайсан болон хувирсан эмгэнэлт хувь заяаны гэрч нь ийнхүү та бид нар болж байна. Ид хийж бүтээх залуу халуун насаа 25 жил шорон орон, цөллөгт өнгөрөөсөн боловч далавчаа хугалаагүй даль жигүүрээ цуцаагүй Алтайн хүрэн бүргэд, нэрт дархан аавынхаа ширээсэн ган шиг л амьдарсан домогт эр, түмний манлайлал, ардчиллын түүчээ, залуу үеийн үлгэр, шинэ нийгмийн үзэгдэл байлаа.

Лоохууз ах маань Говь-Алтайн Чандмань сумын сургуулийн анхны сурагч, лектор, орчуулагч, соён гэгээрүүлэгч, төрийн сайд, эрдэмтэн судлаачаас малчин, мужаан, оёдолчин, дархан, ногоочин, жолооч, худалдаачин, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесмэн, улстөрч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, шинэ Үндсэн хууль батлалцаж мутраараа тамгалсан орлогч дарга зэрэг дэндүү олон бас гавьяатай эрхэм сайн үйлсийн эзэн сууж байсан, амьд домог, алдар хүндийн эзэн, эрийн хуйх, Засагт ханы жинхэнэ хөх хар хүн, халуун эх оронч сайхан эр хүн явлаа.

Гайхамшиг гэж энэ л байх. Хамгийн сүүлд Говь-Алтайн нутгийн зөвлөлийн дээд шагналыг гэрт нь хүндэтгэн очиж гардуулж өгөхдөө шавайгаа ханатал сайхан ярилцаж үг сургаалийг нь сонсож 90 хол гарсан насандаа ухаан цэлмэг, үг яриа цэгцтэй, Монгол сайхан эх орныхоо хөгжил дэвшлийг бүрэн бүтэн, тод тоомруун харж байгааг нь гайхан харж, бишрэн шүтэж билээ. Их хүмүүн ихээрээ оршин байдаг юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Монгол хурандаа нийгэмлэг”-ээр овоглосон Чойжавын Баатарынд зочиллоо

“Монгол хурандаа нийгэмлэг”-ийн тэргүүн, Терроризмын эсрэг Монголын холбооны ерөнхийлөгч доктор, профессор Чойжавын Баатарынд өнжлөө. Алтайн хөх харчуудын нэгэн тэрээр хүмүүн гэгч чухамхүү хичнээн олон салбарт үр бүтээлтэй, нэр хүндтэй ажиллаж болдгийг харуулж чадсан эрхэм. Ажил амьдралын урт хугацаанд цэрэг арми, дипломатын алба, хууль сахиулах, улс төр эдийн засаг гээд улс ардын аж ахуйн бүхий л салбарт ажиллажээ. Тэрээр дурсахдаа хүн, мал эмнэлгийн салбарт л ажиллаагүй гэж бодсон чинь бас ч хоосонгүй ээ. Тэр жил манай улсад малын халдварт өвчин гараад олон сая вакцин ОХУ-аас захиалсан ч хэрэгцээ дараалал ихтэй тэгээд ч ганцхан газар Владимир хотод үйлдвэрлэдэг яаралтай явуулах талаар төвөөс шаардсаны дагуу ЭСЯ-д яриа хөөрөө болоход уул газрын удирдлагатай миний бие холбоотой байсан тул даруй шийдвэрлэж билээ. Эрүүл мэндийн талаар операцийн утас тасарч хүндхэн байх үед Монголоос Цанжид гэж эм зүйн мэргэжилтэн хүсэлт гаргаснаар хоёр шуудай утас онгоцоор авчирч өгсөн нь хичнээн хүний амь насанд тус дэм болсныг өгүүлэх юуны билээ гээд “Хүн аливаа ажилд сэтгэлээсээ хандвал заавал үр дүнд хүрдэг” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

Эдүгээгээс тавь гаруй жилийн өмнө буюу жаран долоон онд аравдугаар ангиа төгсөөд Цэргийн ерөнхий дээд сургуульд элсэж, улмаар онц дүнтэй төгссөн түүнийг хотод үлдээсэн хүн нь Монголын хүчит бөх, дархан аварга Шаравын Батсуурь. Баатар хурандаа, аварга хоёр Хасагт хайрхан, Хаяа, Цахирын уул, Говь-Алтайн Жаргалангийн садан төрөл хүмүүс. Төрөлх сургуульдаа олон жил багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирлын алба хашсан тэрээр “Монголын цэрэг армийн алдартай генерал, сайдуудын удирдлагад байсан би мөн ч азтай хүн шүү” гэж сэтгэл дүүрэн хэлсэн. Батлан хамгаалахын сайд армийн генерал Батын Дорж, хурандаа генерал Жамсрангийн Ёндон, дэслэгч генерал Шагалын Жадамбаа нарыг нэрлээд “Ач буяныг нь энэхэн насандаа мартамгүй” гэсэн нь учиртай. Залуу насанд алдаж онож явахад, ажил албаны үзүүлэлтийг нь хараад холбогдох хууль хяналтын байгууллагад хандан уучлал үзүүлсэн хүн нь Дорж гуай. Ёндон генералын саналаар ерөнхий сургууль төгсөгчдөөс анх удаа тактикийн багш хэмээх хариуцлагатай албанд томилогдож, цаашлаад ЗХУ-д Фрунзийн академид суралцах боломж нээгдэх нь тэр. Жадамбаа генерал офицеруудын мэргэжил дээшлүүлэх төвийн захирлаар томилон нэг жилийн хугацаанд тус төвийг шаардлагын хэмжээнд хүргэсэн учир сайдын зөвлөл хугацааны өмнө “Хурандаа” цол олгож, Москва хот дахь Элчин сайдын яаманд атташейн аппаратад сонгож явуулсан түүхтэй аж. Элчинд очоод удаагүй байтал Оросын “Оборон-эксперт” нэгдэл Монголын Батлан хамгаалах яам хоорондын гэрээгээр хийгдсэн хуягт танкийн сэлбэгийн асуудал сөхөгдлөө. Төлбөр тооцооны талаар Монголын Засгийн газарт хоёр ч удаа хандахад “Бидэнд төлбөр хийх ямар ч боломж алга. Наанаа зохицуул” гэсэн хариу өгөв.

Оросын Батлан хамгаалах яамны зүгээс цэргийн сургуульд шинээр оюутан элсүүлэхгүй байсан нь мөн л төлбөртэй холбоотой. Хоёр улсын Засгийн газар хоорондын энэ бүх асуудлыг Монголынхоо “Чингис” архийг тавьж байгаад сайхан сэтгэлт орос нөхөдтэйгээ нүүр тулан эрсхэн ярилцаж сургалтын асуудлыгдээдтүвшинд шийдэж байлаа гэх хурандаагийн яриа одоогийн залууст үлгэр домог мэт санагдах биз ээ.Түүний ажлын үр дүн, зангарагийн хүчинд БХЯ-ны 500 мянга, мөн хууль сахиулахын чиглэлийн нэг сая шахам ам.долларын сургалтын өр тэглэгдэж, ерэн зургаан оноос цэргийн академи, дээд сургуулиудад Монголоос хүмүүс суралцах нь хэвийн болжээ. Алдарт Фрунзийн академи, нисэхийнболон танк, инженерийн академи, ДХЯ-ны сургуулиудад суралцах боломж нээгдэж, гал, цагдаагийн чиглэлийн төлбөрийн улмаас буцаж ирээд байсан суралцагчид дахин очиж суралцаж төгссөн байна.

Баатар хурандаа Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудыг төлөөлж гадаадад хамгийн олон жил ажилласан хүн. Энэ хугацаанд сайдын хэмжээний айлчлал тав, яам, агентлаг тусгай газрын айлчлал 10 гаруй удаа зохион байгуулж, 300 гаруй хүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж хууль, цагдаагийн чиглэлээр суралцагчдын зардлыг ОХУ бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан нь ядмаг эдийн засагтай манай улсад олон арван сая долларын хэмнэлт өгч байгаа төдийгүй өндөр мэргэжлийн боловсон хүчинг дэлхийн хэмжээнд бэлтгэж байгаа нь юугаар ч үнэлэшгүй ач тус юм. “Хүмүүсийн арга эвийг олж, болохоос болохгүйг нь хүртэл хөөцөлдөж, уйлах дуулахаас наахнуур гүйж байж энэ бүхнийг улс эх орныхоо төлөө сэтгэл гарган бүтээж байлаа” гэсэн нь энэ хүнээс гарах үг ч мөн дөө гэх бодлыг төрүүлэв. Нэр устай, баримт сэлттэй жишээ ганц нэгийг дурдаач гэхүйд өндөр соёлтой хүний дөлгөөн төрхөөр хүлээн авч, Ц.Нямдорж сайдын 2-3 удаагийн айлчлалыг төрийн өндөр дээд хэмжээнд, Ш.Жадамба сайдыг С.Шойгутай, тэр болгон яамдын сайдууд элчин сайдтай уулздаггүй нөхцөлд элчин сайд С.Баярыг долоо хоногийн дотор ДХЯ-ны сайд В.Рушайло, ХЗЯ-ны сайд Ю.Чайка нартай, ХЗЯ-ны сайд асан Ж.Амарсанааг Москвад очиход нь ОХУ-ын ХЗЯ-ны сайд Степашинтай тус тус уулзалт зохион байгуулж байснаа цаг нартай нь дурссан юм. Тэртээ ерээд оны алтан Москвагийн өдрүүд түүний сэтгэлд одоо ч тод хэвээрээ байгаа ажгуу.

Тэднийх гарын таван хуруу шиг таван охинтой аж. Гэргий Д.Оюунбилэг нь даруу дөлгөөн, цэргийн хүний, дипломат хүний ар гэрийг хариуцаж ирсэн түшигтэй хань. Баатар хурандаа ЦЕДС-ийн сонсогч байхдаа ханьтайгаа танилцаж, халуун залуу насандаа учирчээ. “Би чинь курсын нөхдөдөө 30 дөхөж байж л гэр бүлтэй болох юм шүү гэж хэлж сургадаг байв. Тэгтэл өөрөө сургуулиа төгсөнгүүт хамгийн түрүүнд эхнэр авсан даа” гээд сүрхий инээд алдан арван зээтэй өнөр өтгөн айл болсноо өгүүлсэн. Бүх хүүхдүүд нь орос школтой, хоёр охин нь Орост докторын зэрэг хамгаалжээ. Хоёр дахь охин Солонго нь хэл шинжлэл, сэтгүүл зүйн, гурав дахь охин Гэрэлтуяа эдийн засгийн ухааны доктор. Дөрөв дэх охин Ариунаа арван жилийн сургуулиа Америкт төгсөж Москвагийн дотоод яамны их сургуулийг олон улсын интерполын чиглэлээр дүүргэсэн Монголын анхны төгсөгч бол бага охин Энхмаа нь Парисын их сургуулийг дүүргэсэн байна. “Москвад арван хэдэн жил болохдоо хүүхдийнхээ боловсролд дээд зэргээр анхаарсан. Манай элчингийнхэн сайн муугаар хэлж л байсан. Хүүхдүүдээ гадаа ч тоглуулахгүй, дандаа хорьж цагдан гэрийн багшаар хичээлийг нь давтуулдаг гээд л. Түүний хүчээр хэнээс ч дутахгүй өндөр боловсрол эзэмшсэн” гэсэн нь бахархалтай сайхан. “Хүүхдүүдийнхээ тухай би тэр бүр яриад байдаггүй, хүргэчүүд маань цөм л төрийн албанд зүтгэдэг, боловсрол мэдлэгээр хаана ч гологдохгүй бүгд л гадаадад сургууль соёл төгссөн” гэж гэргий Оюунбилэг нь өгүүлсэн.

Олон талтай бөх гэдэг шиг өнжиж буй айлын эзэн салбар бүрт нэртэй, мөртэй, туулсан гавьяа замналтай нэгэн. Москвагийн Баатар, “Монгол хурандаа”-гийн, “террорист”, зөвлөх, доктор, профессор гээд олон нэршил түүнийг дагалдана. Эл бүхний нэрийн хуудас болсон нь “Монгол хурандаа нийгэмлэг” яалт ч үгүй мөн. “Дэлхийд ноёлсон хурандаа цолыг Монголд хэн дуртай нь авдаг болсон. Хурандаа болохын тулд албан тушаалын наймаа хэрээс хэтэрч, нэр хүндээ алдан үнэ цэнэгүй болсон. Мөрдөс зүүсэн цэрэг армийнхныгаа нэгтэх, нэр хүндийг нь өсгөх, залуучуудыг эх орноо хайрлах үзлээр хүмүүжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийг байгуулсан”-аа хэлж байна. Найман боть ном гаргалаа. Танхим байгуулж бүх хурандаагийн нэрийг мөнхжүүллээ хэмээн эхлүүлсэн хийгээд хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. “Бүх салбарын хурандаа нарыг нэг дор зангидна гэдэг амаргүй. Хоёр хурандаа явахад л хоорондоо таардаггүй зовлонтой шүү дээ” гэж тэрээр наргиан болгож байсан ч нөгөөтэйгүүр бас үнэн билээ. “Чадалгүй, амиа аргацаасан хүн бусдыг муулдаг, бүр атаархаад сүйд болно, дэмжээд хамтраад амжилтанд хүрэх талаар тийм хүмүүсийн ухаан дутдаг гээд“Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй байдаг” гэсэн үгийг залуус та нар бас л бодох л зүйл гэж биднийгээ “хатгаад” авахаа мартсангүй.

Бидний яриа Туул голын хөвөөн дэх зуслангийн байранд нь ийн үргэлжилсээр. Хурандаа нийгэмлэгийн яриа аясаараа терроризмын холбоо руу шилжлээ. “Намайг чинь түүгээр яваа гайг нааш нь дуудлаа. Монголоос хамаагүй хол байгаа зүйл чамд хамаагүй. Ер нь тэгээд терроризмтай тэмцээд байгаа чинь хаана байгаа юм гэж зарим хүмүүс шүүмжилдэг, бас зарим нэг нь магтаж урамшуулдаг гэдгээ шударга хэлээд холбооныхоо түүхээс сөхсөн юм. Мань хүн Москвагийн Норд-Ост соёлын төв, Тулскийн метро, Тушинскийн нисэх буудлын талбай зэрэгт болсон террорист халдлагын хор уршиг хийгээд сэргээн босголтын явцтай газар дээр нь танилцжээ. Олон улсын терроризм зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх форумын ерөнхийлөгч, армийн генерал А.С.Куликовтой холбоотой байсны хувьд олон давхар бүслэлттэй халуун цэгт нэвтэрч байсан гэдэг. Терроризм бол хүн төрөлхтний хэдэн мянган жилд бүтээсэн соёлын түүхт өвийг хэдхэн минутын дотор үнсэн нурам болгох ийм л аюул. 2020 онд оргил үе нь гэж дэлхийн судлаачид хэлээд байгаа. Гол нөлөө нь шашин хоорондын болоод үндэстэн хоорондын мөргөлдөөн. Тэрхүү аюулаас Монгол Улс урьдчилан сэргийлэх учиртайг дуулгасныг уламжилъя. Терроризмын тухай олон ном бүтээл бичжээ. Дэлхийн 50 шахам оронд хөл алхсанаас терроризмын асуудлаар 20 гаруй оронд очиж, илтгэл тавьж хурал зөвлөгөөнд оролцсон байна.

Баатар хурандаа Хууль зүйн таван сайдын зөвлөх байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Цэндийн Нямдорж сайдын үед зөвлөх болоход цэргийн хүрээнийхэн “Ар өврийн хаалгаар болчихов уу” хэмээн жиг жуг хийцгээж байж. Гэвч таван сайдын үед нэр төртэй ажилласнаар хэн бүхэн хэлэх үггүй болсон гэнэ. Элчин сайдын яам, цэргийн сургууль, хууль зүй, батлан хамгаалах салбар, Засгийн газрын хэмжээнд бүхий л насаараа шаргуу зүтгэсэн тэрээр улс орныхоо хөгжил дэвшил, нийгэм эдийн засагт ихээхэн санаа зовниж явдгаа дуулгаж, тодорхой зүйлүүд дээр өөрийн бодлыг хэлсэн юм. “Монголд өнөөдөр “зөвлөх” гэдэг туйлын хариуцлагатай алба байр сууриа олж чадаагүй. Тухайн салбартаа хамгийн нэр хүндтэй, мэдлэг чадвар, дадлага туршлагатай хүнийг зөвлөхөөр авах ёстой юм. Гэвч манай дарга сайдууд танил тал, нам эвсэл, садан төрлөө зөвлөхөөр авч, тэд нь зөөлөн сэнтийд заларсан хариуцлага хүлээдэггүй, нэг л том эрх мэдэлтэй хүмүүс байдаг. Хийдэг ажил нь даргадаа зөвлөх биш, даргынхаа аяыг дагаж толгой дохих. Гаргаж байгаа шийдвэр нь дандаа төгс биш. Уг нь зөвлөх хүн салбарынхаа хэмжээнд болж буй аливаа асуудлыг даргаасаа өмнө урьдчилан мэдэж, шалтаг шалтгааныг нь судлаад засаж залруулах арга замыг судалж, ажил хэрэгчээр санал дэвшүүлэх учиртай. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлыг харахад улс орны хөгжил байдал яаж урагшлах нь бүрхэг байна” гэх нь аргагүй л туршлагатай хүний үг. Таван сайдын зөвлөх байсан хүн зөвлөхийн тухай ингэж хэлээд төр засгийн өнөөгийн өнгө төрхийг тэр чигээр нь тодорхойлчихов. Их эзэн хаан маань “Өвгөд, өтгөс ч хувийн төлөө бус төрийн төлөө байнга зөвлөж байхтун” гэснийг сануулахад илүүдэхгүй биз гэлээ. Мөн эдийн засгийн форумыг ямар ч үр дүнгүйд нь харамсдагаа илэрхийлсэн. “Эдийн засгийн хамгийн гол зүйлээ форумын үед оновчтой бэлтгэл сайтай судалгаа тооцоотой авч хэлэлцэхгүй зүгээр л алба өнгөрөөсөн маягтай хийх юм. Гарсан шийдэл гэж байхгүй. Жил бүр хийдэг хэрнээ өмнөх жилүүдийнхээ алдаа оноог хэлэлцдэггүй. Нөгөө л өмнөх байдлаараа ёс юм шиг төрийн өндөрлөгүүд ээлж дараалан үг хэлж бас л байнга оролцдог хэдэн нөхөд зовлон жаргалаа улиг болтол ярина. Гадны хөрөнгө оруулалтыг татна гэх. Ямар салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй нь тодорхойгүй, нэгдсэн бодлогогүй” гэж үнэнийг хэлэхэд шүүмжлэл байгаа оновол засаж залруулж болно доо гэсэн бодол тээж суулаа. Түүний шавь нараас УИХ-ын гишүүн долоо, яам агентлагийн дарга, сайдууд арав, генерал цолтон найм, эрдэмтэд 20 гаруй төрөн гарчээ.

“Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай та бас байр сууриа илэрхийлдэг хүн дээ” гэж сүрхий ёворч асуусан нь дарин дээр давс нэмэв гэгчээр болов. “Чөлөөт бүс байгуулна гэж 15 жил ярьсан. Захиргааны зардал, дэд бүтцэд өнгөрсөн хугацаанд 170 тэрбум төгрөг зарсан. Гэвч үр дүн нь гурван хоосон хашаа, 100 гаруй хүн ажлаа хүлээсэн байдалтай байна. Алтанбулагийн чөлөөт бүс ашиглалтад орсон гэхээр нь би саяхан очиж үзээд харамслаа. Тэнд тав, зургаан ТҮЦ архи л зарж байна. “Архи зарах чөлөөт худалдааны бүс” гэж хэлж болохоор. Гэхдээ тэдний буруу биш. Алтанбулагийн чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь явуулъя гэвэл тухайн иргэдээс төр засаг газрыг нь дахин худалдан авах шаардлага гарна. Тэр хүмүүс санаанд орсон үнээ хэлэх нь мэдээж. Ийм л дампуу байдал үүсчихээд байна” гэж бухимдлаа. “Чөлөөт бүсийг гадны хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгө оруулагчидтай хоршиж байгуулдаг. Миний бие чөлөөт бүсийг хариуцсан дарга нь байгаагүй ч асуудалд эхнээс нь санаа тавьж оролцсон. Америк, Канад, Япон, Солонгосын мэргэжилтнүүдийг авчирч Замын-Үүдийн чөлөөт бүс дээр ажиллуулж байсан. Гэвч төр засаг миний саналыг дэмжээгүй. Харин саяхан ажлын хэсэг хуралдахад оролцлоо. “Чөлөөт бүсийг бид одоо л байгуулахгүй бол хэзээ ч байгуулж чадахгүй. Энэ Засгийн өнгөн дээр байгуулъя” гэсэн маш зүйтэй саналыг Шадар сайд Ө.Энхтүвшин гаргасан. Замын-Үүдийг нээе гэвэл зүгээр л хоосон хашаа нээх үү. Чөлөөт бүс гэдэгт үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, соёл шинжлэх ухааны төв гээд бүх зүйл цогцоороо товчхон хэлэхэд тэр улсын нүүр царай байх ёстой. Улсын хил чөлөөт бүсийн хооронд завсрын бүс үлдээж коридор гаргах тухай яригдана билээ. Миний бодлоор тэр ёстой болохгүй, хожим бас нэг хэрүүлийн бай болно. Хил дамнасан чөлөөт бүс гэдэг чинь хилдээ шууд тулгах тэгээд ч олон улсын шинж чанартай бүтээн байгуулалт. Монгол Улс дэлхийд данстай тусгаар улс атлаа яагаад урд хойд хил, хаалга үүдээ өөд нь татаж чадахгүй байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг, одоо анхаарах цаг болсон. Манай улсын нүүр царай энэ хоёр газраас л эхэлнэ. Өнгөрсөн оны сүүлчээр чөлөөт бүсийг хэрхэн байгуулж болох талаар саналаа Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад харилцаа, Барилга хот байгуулалт, Зам тээврийн сайдууд, нэр бүхий 10 гишүүнд хүргүүлсэн ч Ш.Раднаасэд, Н.Учрал нар л ач холбогдол өгсөн. Би өмнө нь 2009-2010 онуудад авто зам, төмөр замыг хоёр урсгалтай болгоё, Ази Европ тивийг холбосон асар том боломж нээгдэнэ гэж хэлээд тухайн үеийн засгийн хуралдаанаас “Чи ямар илүү юм ярьдаг нөхөр вэ, ганцыгаа барьж байгуулж дөнгөхгүй байхад” гэж загнуулж байсан удаатай. Гэтэл өнөөдөр эдийн засагчид авто зам, төмөр замыг хоёр урсгалтай болгох талаар ярьж байна” хэмээн жинхэнэ судалгаа тооцоог нь нарийн нягт хийсэн хүний үгээр тодорхой гэгч хариулт өглөө.

Хурандаагийн номын өрөө, бэлэг дурсгалын зүйл ханаар нь дүүрсэн гоёмсог танхимд бидний яриа ийм л албаны маягтай үргэлжилсэн. Номын тавиур дээрх өөрийнх нь бичсэн бүтээлтэй танилцахад, мэргэжлийн болон дурсамж дурдатгал хэлбэрээр арав гаруй бүтээл мөн “Заяа төөрөг” гэж хоёр ангит кино хүртэл бичээд шуугиулжээ. Мэргэжлийн чиглэлийн ном, гарын авлага нь их дээд сургуулиудад сурах бичгийн журмаар хэрэглэгддэгийг дуулгаад “За баахан ярилаа. Одоо хоол унд иднэ байгаа. Би чинь нэг сэдэв хөндөхөөрөө олон талаас нь ярьж, үр дүн гаргаж байж санаа амардаг хүн” гэж инээвхийлээд гал тогоондоо урьсан юм. Хоол болохын өмнө тэрээр нэг давхрын зочны өрөөн дэх төгөлдөр хуурын ард суугаад төрийн шагналт Цэгмидийн Намсрайжавын зууны манлай “Халуун элгэн нутаг”-ийн аялгууг дарж үзүүлэв. Тэгснээ “Алтан наран хэвийх зүгт Алтай сайхан нутаг минь бий” гэх Гэрэлт-Одын дуулдаг “Элс цас”-ын Шажинбат гуайн шүлэг сайхан дууг тоглолоо. Мөн “Ус мөрөн олон чиг”гээд хүчирхэг дуунуудын эзэн Пүрэвжавын Ганбат гавьяатыг Нямдорж сайдын захиснаар Свердловскийн театрт байхад нь Маринскийн театрт оруулах ажлыг хийжээ. Нутгийнхаа том Жагаа, Энхбат, дөчин хэдэн жил нөхөрлөж байгаа Нанзадын Чулуунхүү гээд урлагийнхантай найзууд ажээ. Гэргийнх нь хоолыг амтархан идэнгээ “Гэр бүлийн найзууд гэвэл хэн хэн байна аа” гэхэд бодлогошироод “Тэр чинь хэцүү дээ. Хичнээн олон хүний нэр хэлэх болно. Заримыг нь үлдээж гомдоож ч мэднэ” гээд Москвад ажиллаж амьдарч байсан нөхөд гээд Батдорж, Цэнд-Аюуш, Лүндэн, Цээсүрэн, Аюуш гээд хөврүүллээ. Ардын эмч Б.Батчулуун, “Их засаг”-ийн Н.Ням-Осор, ардын багш Ж.Дүгэр, Л.Ариунболд, Ч.Амарбаатар нарын дотно нөхдөө хэлснээ Хууль зүйн фракцийнхан гэж тодотгоод Д.Одбаяр, Г.Баясгалан, Д.Батжаргал, Ш.Сүхбаатар, С.Алтанхишиг болон А.Дамбадаржаа хурандаа нарыг нэрлэсэн. Би чинь шавь нартайгаа ч найз хүн гээд Я.Чойжамц генерал, Д.Баярхүү, С.Баясгалан, Х.Батсайхан, Б.Даваахүү, С.Хүрэлбаатар гээд хичнээн ч хүний нэр дурдсан гэж санана.

Олон зүйл дээр анхдагчийн алдрыг хүртсэн тэр ерээд оны эхээр өндөр их Алтайгаа зорьж ирээд “Алтай сан”-г байгуулж хөх харчуудаа нэгтсэн гавьяатай. Монголд нутгийн зөвлөлийг Баатар байгуулсан гэдэг нь ийм учиртай. Мөн “Алтайн оюуны хөгжил” ассоциацийг олон жил удирдсан.

Монголын хөгжил дорой буурай байгаагийн нэг гол үзүүлэлт нь ахмадуудаа үл хүндэтгэснээс болсон. Гадаадынхан ахмадуудтайгаа хэрхэн харилцаж байгаад суралцах л хэрэгтэй. Хуучин цагт партизанууд, 1939, 1945 оны дайчид, баатрууд, хөдөлмөрийн сайчууд хичнээн нэр хүндтэй, тэдний үг сургаал үнэтэй байв. Ардчиллын энэ нийгэмд ахмад залуу үеийн алтан холбоо тасарсан. Аймаг сум, нам эвслээрээ талцсан энэ хуваагдал улс орны хөгжлийг улам хойш чангаана, бид нэг тугийн дор жагсаж байхдаа мандсан түүхтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг далбаан дор нэгдмээр байна. Чингис хаан шиг хүн энэ орныг удирдахад босоод ирнэ.“Нутгархах, элдэв бүлгэрхэх байдал гаргах нь эв эеийг сарниулахад хүргэдэг аюулд дагуулдаг” гэж эзэн хаан хэлснийг санууштай гэв. Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх сайд болон Ж.Энхбаяр, Н.Учрал, Н.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Саранчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүдийг нэр цохож ирээд “Ард түмэн ам сайтай байгаа” хүмүүс гэж тодотгоно билээ. Ярилцаж суухад хичнээн ч хүнтэй утсаар ярив. Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн зөвлөл, Улаанбаатар Дулаан түгээх сүлжээ, Багануурын цахилгаан түгээх компаниудын ТУЗ-ийн гишүүн. “Их засаг” олон улсын их сургуулийн ректорын зөвлөх.Саяхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээчээр томилогджээ. Энэтхэгийн суут их Махатама Гандийн “Өчигдөр бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш бол бэлэг” гэдэг сургаалийг ямагт санаж аливаад өөдрөгөөр ханддаг тэрээр эдүгээ далан насны босго руу дөхөж яваа ч цэргийн хүмүүний цог жавхаа төгс нэгэн. “Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ” хэмээдэг нь үүнтэй холбоотой биз ээ. АНУ-ын Кентуки мужийн “Хүндэт хурандаа” өргөмжлөлт эл эрхмийг “Ерөнхий цэргийн мэргэжлийн загалмайлсан эцэг” гэгддэг. Энэхүү тодорхойлолт хүндэтгэл нь зүгээр нэг хоосон магтаал төдий биш гэдгийг түүний он жилүүд ажил амьдралын түүх гэрчилнэм буюу.


Categories
мэдээ цаг-үе

П.Батчулуун: Манай алба эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зангидаж зохицуулах үүрэгтэй

Шинэчлэн найруулж баталсан Донорын тухай хууль өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Хуулийн хүрээнд ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдаад байгаа юм. Тус албаны дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.


-Донорын тухай хууль гурван ч удаа шинэчлэгдлээ. Дахин дахин шинэчлээд байх шалтгаан юу вэ?

-Донорын тухай хуулийг анх 2000 онд баталсан, дараа нь 2012 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш зургаан жилийн дараа буюу энэ оны нэгдүгээр сард дахин шинэчлэн найруулж батлан гаргаад байна. Ингэж ойр ойрхон шинэчлэгдэж байгаа нь учир шалтгаантай. Цаг үе, хөгжлийн шаардлага, нийгмийн чиг хандлагаа дагаж хууль өөрчлөгдаж боловсронгуй болж байгаа нь маш сайн хэрэг.

-Шинэчилсэн хуулийн хүрээнд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан юм байна. Энэ алба ямар үүрэгтэй вэ?

-Монголд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа бодит утгаараа нутагшиж хөгжиж байна. 1996 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар эхэлсэн эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа 10 орчим жилийн хугацаанд Эд нийцлийн лаборатор байгуулах, эмч сувилагч нараа бэлтгэж 2006 оноос дахин эхэлсэн. Энэ хугацаанд нийтдээ 158 удаа бөөр шилжүүлэн суулгасан байна. Үүний ихэнхийг амьд донороос хос бөөрний нэгийг нь авсан байна. Мөн 2007 оноос элэг шилжүүлэн суулгах баг байгуулагдаад одоог хүртэл 50 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Эдгээрээс гадна 11 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгасан.Мөн оны дараахан ХСҮтөв хоёр хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгасан. Гэтэл дандаа амьд донороос энэ эмчилгээг хийгээд байх боломж муу байна. Тэгэхээр энэ албыг байгуулсан гол зорилго нь Донорын хуулийг болон донорын үйл хэргийг таниулах, ЭШС эмчилгээнд орох иргэдийн нэгдсэн нэг хүлээх жагсаалт үүсгэх, амьгүй донор буюу тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг зохицуулан зангидаж байх зорилготой.

-Танай алба хэдийд байгуулагдав?

-Хууль маань 2018 оны нэгдүгээр сарын 19-нд батлагдаж, хоёрдугаар сарын 19-өөс хэрэгжиж эхэлсэн. Ингээд өнгөрөгч гуравдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гэж байгуулагдсан. Одоо нийтдээ зургаан хүнтэйгээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд ажиллаж байна. Оны дараа байгуулагдсан учраас төсөв зардал Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төсөвт суугаагүй. Ирэх жилийн төсөвт оруулах санал тооцоогоо хийж байгаа.

-Байгуулагдсан цагаасаа хойш ямар ажил амжуулаад байна вэ?

-Нийтдээ долоон журам боловсруулж бэлэн болголоо. Удахгүй мэргэжлийн багууд, ажлын хэсгүүдэд өгч хэлэлцүүлнэ. Тэндээс гарсан санал зөвлөмжийг тусгаад Эрүүл мэндийн сайдаар батлуулна. Энэ ажлын хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж байгаа УНТЭ, Хавдар судлалын төв болон П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлаа. Эдгээр эмнэлгүүд нь гол донор эмнэлэг болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийх учраас маш нягт хамтран ажиллах ёстой юм.

-Донор гэдэг маань яг хэн бэ?

-ДЭМБ-аас санал болгож байгаа гол зөвлөмж нь тархины үхэлтэй донорыг эрхтэн шилжүүлэн суулгаж ажиллагаанд аль болох түлхүү ашиглах юм. Донорыг дотор нь амьд болон амьгүй донор, цусны гээд гурван янзаар ангилж үздэг.

Амьд донор нь өвчтөний ойр төрлийн гэр бүлийн гишүүд хос эрхтнийхээ нэгийг болон цуллаг эрхтнийхээ талыг өгдөг. Харин амьгүй донорын талаар олон нийтийн дунд ойлголт хангалтгүй. Тиймээс энэ талын ойлголт, Хуулийн заалтуудыг нийтэд таниулж сурталчлах хэрэгтэй байгаа юм. Үүнийг манай зохицуулах алба хийх ёстой.

-Амьгүй донор гэдэг нь …

-Амьгүй донор гэдэг бол тархиндаа ямар нэг байдлаар гэмтэл авч, тархины эд эс нь үхсэн донор. Эсвэл тархинд цус харваснаас үүдэн тархи нь үхэжсэн хүнийг тархины үхэлтэй гэж оношилдог. Тархины үхэлтэйг оношилж тодорхойлдог тусгай багууд байгуулагдсан. Тархины үхэлтэй гэдгийг нь маш нарийн шалгуураар тогтоох ёстой. УНТЭ, Нэгдсэн III, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг дээр тархины үхэл тодорхойлох баг ажиллаж байгаа. Энэ багуудтайгаа хамтраад ажиллаж, боломжит донорыг илрүүлэх, Донорын хуулийн дагуу гэр бүлээс зөвшөөрөл авч, зөвшөөрсөн тохиолдолд хүлээх жагсаалтад байгаа эмчлүүлэгч нараас хэнд илүү тохирох, хэрхэн яаж хуваарилах вэ гэдгээ тэр Нэгдсэн бүртгэлийн сангийн автомат программаар шийднэ гэсэн үг.

-Зохицуулах алба өөр ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Нэгдүгээрт, Донорын хуулийг болон Донорын үйл хэргийг сурталчлан таниулах ажил явуулна. Хоёрдугаарт, “Хүлээх жагсаалт”-д шаардлагатай иргэдийг бүртгэнэ. Мөн тархины үхэлтэй донорыг тодруулахад тархины үхэл тодорхойлох багуудтай хамтран ажиллана. Монгол Улсад элэг, бөөр, зүрх, уушги, нойр булчирхай гэх мэт таван цуллаг эрхтний эмгэгийн төгсгөлийн үе шатанд орсон, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүн олон байна. Гэхдээ тэр бүгд энэ “Хүлээх жагсаалт”-д орох шалгуурыг хангаж чадахгүй. Тэгэхээр энэ багууд өөрсдийнхөө шалгуураар тухайн хүнийг эрхтэн шилжүүлэн суулгах заалтад нь багтаж байна гэвэл сонгож аваад түүнийгээ манай албанд мэдэгдэнэ. Ингэсэн тохиолдолд манай алба тэр хүнийг улс даяар ганцхан байх нэгдсэн бүртгэл мэдээллийн сандаа бүртгэн авч “Хүлээх жагсаалт”-даа оруулна. Энэ жагсаалтад орж байгаа хүн нэгдүгээрт, цусны бүлэг, хоёрдугаарт хувийн эд нийцлийн тохироо, нас болон бүртгэгдсэн он сар өдрөөрөө эрэмбэлэгдээд донороо хүлээгээд байж байна гэсэн үг. Хүлээх жагсаалтад байгаа хүмүүсийн ихэнх нь амьд донор буюу ар гэрийнхнээсээ эрхтэн шилжүүлэн авах боломжгүй гэсэн үг шүү дээ. Зохицуулах албаны бас нэг гол ажил бол ЭШС эмчилгээний үр дүнг тооцох, шаардлагатай төсөв, санхүү, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана. Мэдээж энэ салбарт ажиллаж буй эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, чадвар чансааг сайжруулах сургалт, семинар зэргийг ОУ-н болон ТБ байгууллагуудтай хамтран хийнэ.

-Монголд хийгдсэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд тархины үхэлтэй донорыг хэр ашигладаг вэ?

-Монголд эрхтэн шилжүүлэн суулгасан 220 гаруй тохиолдлын зөвхөн зургаад нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан. Тухайлбал, 12 бөөр, нэг элэг тархины үхэлд хүрсэн донороос авчээ. Тэгэхээр Зохицуулах албаны бас нэг ажил нь эрхтний боломжит донор гарлаа гэхэд тэр донорыг хүлээх жагсаалтад байгаа хүмүүст хэрхэн яаж хуваарилах вэ гэдэг асуудлыг зохицуулах хэрэгтэй болж байгаа юм. Matching software system гэсэн программ хангамжийг манай нэгдсэн бүртгэл мэдээлийн санд суулгаж өгөх юм. Хүлээх жагсаалтад эрхтэн солиулах шаардлагтай бүх хүний мэдээлэл орчихсон байдаг, ямар нэг байдлаар донор илэрлээ гэхэд тэр донорын цусны бүлэг, эд нийцлийн тохироо, шинжилгээний хариу зэрэг бүх өгөгдөхүүнийг компьютерт оруулахад цаанаасаа энэ донорын элэг нь Ш.. гэдэг ч юмуу өвчтөнд, бөөр нь В… гэдэг хүнд тохирох юм байна гэсэн сонголтыг автоматаар оноогоод өгчихнө гэсэн үг.

Нөгөө хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр эрхтэн хуваарилна. Гэхдээ залуу хүмүүс гэнэт эрхтний дутагдалд ордог гэмтэй. Тийм тохиолдолд тухайн хүний амь насыг ЭШС эмчилгээнээс өөр аврах боломжгүй үед мэргэжлийн баг болон ЗА хамтран яаралтай журмаар хуралдаж албан ёсоор протокол хөтөлж, шийдвэр гаргана.

-Жагсаалтад орсон хүн эрхтэн шилжүүлэн суулгах дараалалд орлоо гэсэн үг үү?

-Хүлээх жагсаалт гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүсийн эрэмбэлэгдсэн мэдээллийн сан гэсэн үг. Гэхдээ жагсаалтад орчихлоо гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээнд зайлшгүй орно гэсэн баталгаа бас биш шүү. Учир нь эд нийцлийн тохироо таарахгүй, цусны бүлэг тохирохгүй байх тохиолдол маш их байдаг. Мөн донорын хүрэлцээгүй байдлаас болоод хүлээлт гардаг. Энэ хугацаанд тухайн хүний бие муудаж болзошгүй, бүр нас барж ч мэднэ. Ийм эрсдэл байдгийг хаана хаанаа ойлгож байх хэрэгтэй. Ер нь ийм явдал дэлхийн практикт ч их байдаг. Тэгэхээр бид “Хүлээх жагсаалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгуулна гэсэн баталгаа биш шүү” гэдгийг хэлж ойлгуулна.

-Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагтай хүн хэр олон байдаг вэ?

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай эмчлүүлэгч олон бий. Жишээ нь зөвхөн бөөр гэхэд 1 сая хүн тутамд жил бүр 110-120 хүн бөөрний түүдгэнцэрийн үрэвслээс болж дутагдалд орж, гемодиализмын эмчилгээ хийлгэх болдог. Үүний 80-85 хувь нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай боллоо гэсэн үг юм. Мөн В,С вирусийн шалтгаант элэгний хатуурал байна. Монгол Улсад В вирусийн шалтгаант элэгний хавдар дэлхийн дунджаас даруй зургаа дахин их байна. В.С вирусээс шалтгаалсан элэгний хатуурлаас жил бүр 10 мянган орчим хүн нас барж байна.

Тархины үхлээр нас барж байгаа хүмүүс бусад өвчиндөө шаналж байгаа элэг нэгт иргэдээ аварч, амьдрал бэлэглэх боломж байгаа. Үүнийг иргэд хэрхэн зөвөөр хүлээж авах вэ гэдэг асуудал бий. Энэ нь амаргүй, монгол хүний уламжлалт сэтгэхүйгээс хол. Тиймээс Донорын хуулийг сурталчлан таниулах нь их чухал. Гэхдээ бурхан шашны номд харшлах зүйл байхгүй. Харин ч Буяны дээд буян, Өглөгийн дээд өглөг бол амьдрал бэлэглэх гэж үздэг юм байна.

-Донор болох асуудлыг хуулинд хэрхэн тусгасан бэ?

-Хуулинд орсон хоёр дахь чухал заалт гэвэл 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн амьд ахуйдаа “хэрэв ямар нэгэн тохиолдлоор тархиндаа гэмтэл авч үхэлд хүрэх юм бол би донор болно” гэдгээ зөвшөөрсөн гэрээслэл үлдээдэг болох заалтыг оруулж өгсөн. Гэрээслэлээ эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсанд бүртгүүлдэг болж байгаа юм. Донор болох танилцуулах хуудас гаргана. Мөн зөвшөөрсөн тусгай карттай болгох юм. Насны хязгаар 25-аас эхлээд дээд тал нь 65 гэж байгаа ч цаашдаа амьдралын чанараас шалтгаалан нэмэгдүүлэх боломжтой. АНУ, Япон, Испани зэрэг улсад донор болох дээд насыг 70 нас гэж тогтоосон байдаг. Тэгэхээр нэгэнт ийм хууль гарсан учраас иргэддээ, ялангуяа залуучууддаа сайн сурталчилж таниулах хэрэгтэй болж байгаа юм.

Мөн эрхтэн шилжүүлэн суулгах бүх эмчилгээний үр дүнг жил жилээр нарийн тооцож нэгтгээд улсын хэмжээнд статистик тоо гаргаж үүнийгээ жил бүр ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоонд тайлагнаж байх ёстой. Энэ нь гарч эрхтний наймаанаас сэргийлэх ач холбогдолтой.

-Ирэх зургадугаар сард эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн спортын наадам болох юм байна. Энэ ямар учир зорилго, ач холбогдолтой тоглолт вэ?

-Ирэх зургадугаар сард эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолтыг зохиох гэж байна. Хамгийн гол нь үүгээрээ дамжуулан Донорын тухай хуулиа сурталчлах юм. Анхны ийм тоглолтыг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор зохиож байсан бол энэ жилийнхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохиохоор болсон.Ерөнхийлөгч спортын энэ тоглолтыг ивээлдээ авч байгаа нь эмч нарынхаа хийж байгаа үйл хэргийг дэмжиж, энэ өндөр технологийг эх орныхоо эрүүл мэндийн салбарын хөрсөнд суулгахаар зүтгэж буй эмч, эрдэмтэд, сувилагч, мэргэжилтнүүдэд өгч том урам зориг мөн хариуцлага юм.

Үүдэл эсээс тухайн эрхтнийг ургуулах технологийг хөгжсөн улс орнуудад туршиж байна. Үүдэл эсээс элэг, зүрх бусад эрхтэнг ургуулна гэсэн үг. Үр дүнтэй байгаа, болохгүй гэх зүйлгүй. Хэрэв ингэвэл амьд донорын асуудал бүр хойш тавигдаж байхгүй болно. Харин тархины үхэлтэй донор нэг хэсэгтээ байх болов уу. Гэхдээ үүдэл эсээс тухайн эрхтэнг ургуулах технологи амжилттай болбол ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа том проблем биш болно.

Түүнээс гадна АНУ, Япон зэрэг оронд 4D технологиор хиймэл эрхтэн хийж эхлээд байна. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд өнгөтэй ирээдүй байна аа гэж харагдаж байна. Гэхдээ иргэд маань нэг зүйлийг бодох хэрэгтэй. Заавал эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хүртлээ эрүүл мэндээ доройтуулж, биедээ хайхрамжгүй хандаж болохгүй. Ядахад л архи тамхины хэрэглээгээ багасгаж, биеийн жингээ барьж, амьдралын хэмнэлээ зөв тохируулж сурах хэрэгтэй.

Иргэн бүр өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Мэргэжлийн холбоод болон манай албаны зүгээс иргэдийнхээ дунд эрүүл мэнд, тэр дундаа таван цуллаг эрхтнээ хэрхэн хамгаалах талаар сургалт сурталчилгаа явуулахаар төлөвөж байгаа.

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардал төсөвт хэдэн төгрөг төсөвлөгддөг юм бол?

-Энэ 2018 онд гэхэд улсын төсвөөс 2,8 тэрбум төгрөгийг төдөн хүнд элэг бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулга гээд хуваарилаад өгчихсөн байгаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр 23 хүнд элэг, 24 хүнд бөөр, Хавдар судлалын үндэсний төвд зургаан хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа. Гэхдээ үүнийг ингэж төлөвлөж болохгүй л дээ. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад хэчнээн ч хүнд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага гарч мэднэ шүү дээ. Түүнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүний хариуцлагын хүрээнд зардлын 20-30 хувийг зайлшгүй гаргуулж байх хэрэгтэй байгаа юм. Бүхнийг төсөвт даатгаж болохгүй шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Т.Насанбуян: “Нисгэгчийн дуу” маань 50 жилийн ойтойгоо золгож байна

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуянтай ярилцлаа. “Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай”, “Нисгэгчийн дуу” гээд олон сайхан бүтээлийн эзэн тэрээр наян насны босгонд ойрхон ирсэн ч өнөө л дэгжин ганган, эрхэмсэг залуу хэвээрээ. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гонгорын Хайдавын үүсгэн байгуулсан дуурийн театрын дэргэдэх дуулаачийн сургуулийг тэртээ жараад оны эхээр төгссөн эл эрхэм Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Ж.Дорждагва, Н.Норовбанзад, Ж.Бадраа нарын аваргуудтай ах дүү, багш шавийн барилдлагатай явсан нэгэн юм.


-Хайдав гуайн дуулаачийн сургуулийн анхны төгсөгчдийн нэг бол та. Дуучнаараа нэрд гараагүй, харин дууны уран бүтээл хөгжмийн зохиолуудаараа нэрд гарсан. Яриагаа эндээс л эхэлж таарна?

-Цогзолмаа гуай, Мөөеө багш гээд алтан үеийнхэн ид ханайж байхад миний бие их урлагийн босгыг алхсан хувьтай хүн юм. 1962 оны хоёрдугаар сард тухайн үеийн Улсын ардын дуу бүжгийн ансамбльд дуучнаар шалгуулан орсон. Нэрт уртын дууч Ж.Дорждагва гуай, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн багш хоёр намайг “тенор” хоолойтны хэсэгт хуваарилсан. Манай чуулгын ерөнхий найруулагч нь зууны манлай Лувсанжамцын Цогзолмаа багш. Тухайн цагт “Говийн дуу”, “Хангайн дуу”, “Монгол хөгжмийн гайхамшиг” концертуудаа найруулан бүтээж, авьяас билэг нь оргилж байсан үе юм. Хангай, говийн зон олныхоо ахуй амьдралыг дуу хөгжим, бүжгээр илэрхийлэн гаргасан нь үлгэр домгийн ертөнц мэт санагдаж байсан сан. Цооцоо багш бол миний урлагийн анхны зам мөрийг гаргасан хүн яалт ч үгүй мөн. 1964 онд Монголд анх удаа дуулаачийн дээд сургууль дуурийн театрын дэргэд байгуулагдсан. Урлагт хайртай хот, хөдөөгийн олон зуун хүүхдээс 12 хүүхдийг шилж сонгож авсны нэг нь би. Манай ангийнхан гэвэл төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан, Монголын дэлгэцийн урлагт их жанжин Сүхбаатарын дүрээр мөнхөрсөн дуурийн дуучин, гавьяат жүжигчин Ц.Дашнамжил, гавьяат жүжигчин нэрт дуучин Д.Баадайжав, гавьяат багш Ерөө гээд байна. Хайдав багш Москва хотноо дуулаачийн сургууль дүүргэж ирээд тавин таван оноос дуулаачийн үндэсний сургууль байгуулахыг санаачилсан байдаг. Хүсэл мөрөөдөл нь есөн жилийн дараа биелэлээ олсон нь тэр. Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн, “Зэрэг нэмэх”-ийн Долдой буюу гавьяат жүжигчин Д.Жамьянжав, “Ардын элч”-ийн Ариунаа буюу П.Цэвэлсүрэн нараар бид дуулаачийн мэргэжил, төрийн шагналт удирдаач Жамьянгийн Чулуун, урлагийн гавьяат зүтгэлтэн Ламзавын Ванган нараар театр хөгжмийн урлагийн онол заалгаж байсан гээд бодохгүй юу. Түүн шиг том аз тавилан гэж байх уу.

-Монголын нисэх хүчний сүлд дуу “Нисгэгчийн дуу”-ны хагас зуун жилийн ой эл өдөр тохиож байна. Дууны шүлгийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж гуайн шүлэг уг бүтээл хэрхэн төрснийг сонирхуулахгүй юу?

-Дуулаачийн сургуулиа төгсөхөөсөө өмнө би чинь “Төгсөх ангийн танго” гээд хэд хэдэн дуу хийчихсэн байв. Завхан аймгаас Улаанбаатар руу онгоцоор нисч явах ахуйд “Нисгэгчийн дуу” төрөх үүдэл санаа тавигдсан. Миний бие хөгжмийн сургуулийн гадаад оюутнуудтай Завханд тоглолтоор очоод буцаж явсан юм.

Онгоцны үйлчлэгч ирээд “Таныг манай нисгэгч уулзъя гэж хэлүүллээ. Урлагийн хүмүүс яваа, хөгжмийн зохиолч явна гээд манайхан баяртай байна” гэдэг юм. Би бүр алмайрч, гайхаж хоцорно биз дээ. Намайг таньж байдаг, хөгжмийн зохиолч гэж өргөмжилж байдаг. Яваад очтол Зулын Юра, Магванжав гээд сургуулиа төгсөөд ирсэн залуухан нисгэгчид угтлаа. Тэд чинь дуу дуулаад л жигүүрт цагаан хөлгөө жолоодож явна. Ямар сайхан санагдсан гэж бодно. Тэр дүр зураг одоо ч миний нүдэнд харагддаг. “Хөгжмийн зохиолч хүн байна даа, нисгэгч бидний тухай нэг сайхан дуу хийгээч. Бид түүнийг чинь дуулаад нисч явъя” гэж хэлж билээ. Юра маань сэрүүн тунгалаг байгаа. Агаарын хөлөгт ийм санал хүлээж авсан би нисгэгчийн дууны хөгжим, ая данг олох гэж хоёр жилийн хугацаанд бодож, эрэлхийлсэн. Өнөө найзууд маань намайг онгоцоор авч явна, би гэдэг хүн боломж л гарвал нисэх рүү туушиндана. Одоогийнх шиг засмал зам, унаа тэрэг гэж байсангүй. Шугамын автобусаар л тууж очно. Өдөр нисэх онгоцны буудал руу явж байтал онгоц хөөрөөд тэртээ уулсын дээгүүр нисч яваа нь харагдана. Тухайн мөчид л хүчирхэг аялгуу далбилзаад ороод ирлээ. Тэр дор нь нотлоод авах нь мэдээж. Хөгжмөө биччихээд хэнээр шүлгийг нь бичүүлэх вэ гэдэг асуудал босч ирнэ. Тэр үед дууны шүлгийг ид бичиж байсан “хар” Дагвадорж дээрээ яваад очлоо. Би хоёр чинь чуулгад хамт дуучид байсан. “Миний нутаг сайхан аа” гэж дуу өмнө нь хамтарч хийсэн байв. Нэгнээ мэдэх нөхөд учир түүндээ хэллээ. Тэгтэл “Жигүүртэн хүрээгүй уулсын

Оргил тэргүүн дээгүүр

Жилдээ хүрэмгүй газарт

Өдөртөө нисээд ирэхээр

Мөнгөн цагаан хөлөг минь

Дүүлж явнаа хө

Мөнгөн цагаан хөлгөө бариад

Дуулж явнаа би…” гээд хүчирхэг сайхан шүлэг бичээд өгдөг юм.

-Дашням гуай мөн л хүчирхэг сайхан дуулж амьдруулсан даа?

-Түүнтэй ярих юм биш. Дашнямыг би өөрөө олж дуулуулсан. Ер нь би өөрийнхөө бүтээлийг хэнээр дуулуулах вэ гэдгээ өөрөө л сонгодог. “Насанбуян багш, хориместр хүн. Дуугаа нэр алдартай ардын жүжигчдээр дуулуулах бүрэн боломжтой. Гэвч тэгдэггүй, тухайн бүтээлээ жинхэнэ амьдруулж чадах дуучныг олдгоороо онцлогтой” гэж Жанцанноров “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгийнхээ дундуур хэлж байна лээ. Тэр үнэн юм. Цэргийн ансамбльд концерт үзэж суутал Дашням дуулж байна. Ээ мөн сайхан хоолой. Яг л миний “Нисгэгчийн дуу”-ны хоолой мөн дөө. Тэрээр миний ертөнцийг гүн гүнзгий ойлгож чадсан, би өөрөө ч ойлгуулж чадсан байх. Тэгж л Дашням дуулж радиогийн алтан фондонд бичүүлсэн. Жаран найман онд төрсөн дуу минь өдгөө 50 жилийн ойтойгоо золгож байна. Монголын нисэх хүчний сүлд дуу болсонд нь уран бүтээлчийн хувьд баярладаг. Зөвхөн эрчүүд л дуулах ёстой юм шиг санагддаг байсан. Сүүлийн үед эмэгтэйчүүд хүртэл ямар гоё дуулж байна вэ. Аргагүй л тэнгэртэй дуу юм даа гэж бодогддог.

-“Мичид шүргэх Алтай” гэж мөн л сайхан дуу бий. Мэдээж та өндөр их Алтайн уулсыг халиаж явахдаа бичсэн байлгүй?

-Соёлын яамны сайд Лодойдамба гуайн шийдвэрээр би Алтай чуулгад томилогдсон. Хатуу ширүүн байгаль, сүрлэг их уулс бүхий Алтайтай золгож байгаа минь тэр. Манай чуулгынхан бригадаар явна аа. Бигэр сумаас гараад Цээл сум руу явж байхад “Мичид шүргэх Алтай” дууны аялгуу урсаад л ороод ирсэн. Энэ дууны шүлгийг Батсүрэн бичсэн. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан анх симфони оркестртой дуулсан юм. “Мичид шүргэх Алтай, миний уулсын тэргүүн, Унаган бидний өлгий, шунхан улаан уулууд” гэж сайхан үгтэй. Олон хүн дуулсан. Дашням маань сайхан дуулсан. Сүүлд миний шавь улсын начин С.Эрхэмбаяр дуулсан. Өөрөө Алтайн их уулсын дунд төрж өссөн болоод тэр үү, сайхан дуулсан. Би чинь бага залуугаасаа одот сансар огторгуйг мөрөөдсөн хүн юм. Д.Нацагдоржийн “Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо, хязгааргүй огторгуйн дунд зугаалагч олон улаан оч оо” гэх шүлгийг дандаа уншдаг байсан. Тэр шүлгийн зөн совин ч юм уу “Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Газар тэнгэрийн хүү”, “Юрий Гагарин” тэргүүт олон дууны аялгуу хийсэн байдаг.

-Жамцын Бадраа гуайтай ойр явсан. Хоёр жилийн өмнө зуун насных нь ой тохиож байсан. “Орь залуу нас” бол та хоёрын оргил бүтээлийн нэг мөн дөө?

-Бадраа багшаар анх хичээл заалгаад л биширч шүтсэн. Тэр хүнд мэдэхгүй юм гэж бараг л үгүй дээ. Урлаг соёл, хэл шинжлэл, өв уламжлал, нутаг ус гээд бүхий л сэдвээр өргөн хүрээнд ярина. Үнэхээр Монголын өв соёлыг нэвчтэл шингээсэн судар шиг хүн байжээ. Олон мянган шавь нар дундаас Бадраа гуай намайг өмчилж авсан. Миний нэрийг хүмүүс сайн мэдэхгүй, Жамцын Бадраагийн шавь гэж дуудуулж явсан он жилүүд бий. Энэ тухай Мэнд-Ооёо, Саруулбуян нар бичсэн удаатай. Би чинь Бадраа багшийнхаа гэрт нь хүртэл амьдарч байлаа. Бадар-Ууган гэж киноны авьяаслаг найруулагч, урлагийн нэгэн сод хүүд би анх гитар зааж өгсөн. “Ууганд чи гитар зааж өг” гэж багш хэлснээр дэвтрийн цааснаа нотны таван шугам татаж гитарын үелээсийг тэмдэглэн зааж өгч байв. Их хурдан сурсан, маш их мэдрэмжтэй, алиа хошин зантай хүү байж билээ. Дараа нь Ленинград хотын Соёлын дээд сургуулийг дүүргэж ирэхдээ гитарыг маш мундаг эзэмшсэн байсан. Өөрийн өвөрмөц онцлогтой, уран тансаг, сонирхолтой хувилбаруудыг чадамгай гаргаснаараа шинэ урсгалыг бий болгосон юм. Сүүлд “Улаанбаатарын агаар” хэмээх аав бид хоёрынхоо дууг Дуламсүрэнтэй хамт гитартай дуулсан. Бадар-Ууганы хүү Наранзун гэж орчин үеийн романтик, тэнгэрлиг залуу бий. Бас л надад хөгжмөө сонсгож үзүүлдэг. Багшийн гэргий Бадарч эгч айхтар дэг журамтай хүн. Тэр хүнийг би ээж шигээ санаж, хайрлан дээдэлж явдаг юм. Жанцанноров бид хоёр хоёулаа л очно.

-“Орь залуу нас” дууны шүлэг бол ер бусын тансаг?

-“Тас хар огторгуй нойрсон тайваржаад

Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар

Орь залуу нас саран шиг туяа цацаад

Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ…” гээд эхний бадаг нь эхэлнэ. Цаашлаад

“Цас цайж замбалзгүй цацаг сагсалзаад

Цайрдсан толь шиг цанхилзан уул ус жаварлахаар…” гээд үргэлжлэхээр би ойлгохоо больж эхэлнэ. Энэ дууны аялгууг би эхлээд биччихсэн байсан. Түүнээ Бадраа багшид сонсгосон юм. Хөгжмийн асар нарийн мэдрэмжтэй хүн. Шүлгийнх нь үгэнд зохицох гэж би мөн ч тэлэгдсэн дээ. Гэхдээ жаахан ноцолдоод үзтэл болмоор ч юм шиг. Тэгээд л би дуугаа Янжиндуламд өгөхөөр болсон. Нөгөө л дуучнаа өөрөө сонгож авдаг зангаараа түүнд өгсөн юм. Янжиндуламын “Сүүмийн сүүмийх алс тэртээд сүргээ хариулж яваа…” гээд аавын тухай дууг нь Монголын хөгжмийн зохиолчдын холбооны их хурлын үеэр бүгд шүүмжиллээ. Тэгэхээр нь би “Та нар буруу ойлгоод байна. Энэ бол маш өөр дуу” хэмээн өмөөрөөд барьж идүүлэхээ алдсан. Гэвч Янжиндуламаар дуулуулна гэсээр байгаад дуулуулсан. “Насанбуян багш аа, би чадах уу” гэж зүрх алдаж байсан, хөөрхий минь. Тэр сайхан дуучин эмэгтэйг манайхан элдэв дээдээр хэлж, сүүлдээ архи дарсанд орж гунигтайгаар төгссөн. Янжиндуламаа бодохоор би өрөвдөөд байдаг. Ерээд оны эхээр санагдана, намайг соёлын төв өргөөнд багш байхад Янжиндулам жигтэйхэн айхтар царай зүстэй ирж билээ. Үүдний жижүүр оруулахгүй гээд. Наад чинь миний шавь гэж хэлж байж оруулсан юм. Хоёр шил архи даавуунд боогоод барьчихсан ирсэн. Манайд ирээд надад мөргөдөг байсан нь Дашням, Янжиндулам хоёр юм. Аргагүй л авьяастай хүмүүс байсныг ард түмэн мэднэ.

-Монголын хөгжмийн урлагт хүүхдийн дууны нэг томоохон төлөөлөгч та билээ. Тэр тухай асуулгүй өнгөрч боломгүй?

-Миний бие наян онд хүүхдийн дууны “Нарны баясгалан” хамтлаг байгуулсан. Тэр ахуй цагаас хойш хүүхдийн гэгээн ертөнцөд бүтээлээ туурвиж ирсэн. “Хүмүүс ээ хүүхэд байх сайхан”, “Гэгээн наран”, “Тэнгэрт хоёулаа наадъя”, “Дэлхийн бүх хүүхдүүдийг дуудчихлаа” гээд олон бүтээлээ хүүхэд багачууддаа зориулсан. Ж.Бадраа багштай “Увсын магтуу”, “Зулай цагаан Алтай”-гийн З.Гүнсэн зохиолчтой “Хантайширын магтуу”, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбийн Дашдондовтой “Эрдэнэтийн магтуу”, хүүхдийн зохиолч Данигайн Даваанямтай “Таван эрдэнэ” хүүхдийн дууны магтуу бичжээ. Ингэхэд би Чойжилын Чимид гуайн шүлэг

“Уудам дэлхийн цээжин дээр

Улсын нийслэл олон юм

Улсын олон нийслэл дундаас

Угийн хайртай нэг л би…” хэмээх “Миний нийслэл” шүлэгт хөгжмийн зохиолч Т.Чимэддорж гуайн хүсэлтээр аялгуу бичиж Адарсүрэнгээр дуулуулсан түүхтэй. Адараа тэр үед ятгатай ардын дуу дуулдаг байсан. Харин тэр дууг “Соёл-Эрдэнэ” хамтлагтай цахилгаан хөгжимтэй дуулсан юм. Таксинд дуугаа дуулж буй клип ч байдаг. Уг дуунаас болж “Ардын дуучин Адарсүрэнг цахилгаан хөгжимтэй орчин үеийн онцгүй дуу дуулуулсан” хэмээн бусдад муу хэлэгдэж ч байлаа. Үнэндээ бол би Адарааг эвдсэн л байхгүй юу. Ийм дуу хийсний дараа Чимид гуай намайг хүндэтгэж хундага тулгасан. Монголын дууны ийм л тэнгэрлиг ертөнцөд амьдарч иржээ. Сүүлд гавьяат багш Ц.Гүррагчаагийн шүлгээр Жүгдэрдэмидийн Гүррагчаа баатартаа зориулсан дуу хийлээ. Нас хэдий ная руу дөхөж яваа ч бүтээл минь ундарсаар байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хураасан зөөснөө аваад “буцаж” болдог

Чиний нүглийг би угаахгүй

Бурхан багш

Нэг

Би ингэж сонссон юм. Тээр жил дээрхийн гэгээн Далай ламтан Нисэхийн спортын цогцолборт ном айлдсан билээ. Тэрээр, ертөнцийн тогтоцын тухай ламын шашны эртний ном сударт гардаг төсөөллийг сөхөн яриад, дараахь тайлбарыг хийж билээ. “…Ертөнцийн төв Сүмбэр уулыг тойрон дөрвөн далай оршдог хэмээх төсөөллийг сонссон байх аа. Орчин цагийн хүмүүс бид тив алгасан нисэж явахдаа, ийм тогтоц олж хардаггүй нь Буддын шашныг буруутгах шалтгаан биш юм аа. Учир нь Буддизм нь материаллаг ертөнцийг судлахад бус харин хүний сэтгэл оюунд зориулагдсан номлол сургаал юм аа…” гээд Бурхны бүхий л сургаал, загварчлал зөвхөн хүний сэтгэл оюунд зориулагдсан тухай номлосон билээ.

(Дашрамд дурдахад дэлхий ертөнцийн үүсэл гарал ба тогтоцын тухайд шашин бүхэн өөр өөрийнхөө төсөөллийг сүсэгтнүүддээ үлдээсэн байдаг нь хүмүүс өөрийн хүрэлцэн мэдэрдэг бодит ертөнцийн талаар ямар нэг төсөөллийг нэхэж байсантай холбоотой болов уу)

Буддизм хүний сэтгэл оюунд зориулсан дасгал, бодлого, ухааран ойлгохын хэрээр гэгээрэн хөгжих хөтөлбөр учраас ёгт утга, тайллаар дүүрэн. Ганц ном уншаад, гагцхүү Бурхан байдагт итгээд л хамаг юм болчихгүй. Тухайн шатанд хүрээгүй сүсэгтний нүдээр харахад тоогүй олон үл мэдэгдэгчтэй тэгшитгэл шиг санагдах нь буй.

Тэр ч байтугай, миний сургаал номлолд мухар сохроор итгэж болохгүй, түүний оронд эргэлзээгээр шалган, яг л алтан эдлэлийн хуурамч эсэхийг зүйл бүрээр тэнсдэг шиг тунгаах ёстой гэж хамгийн түрүүнд сануулжээ. Түүгээр ч барахгүй, “чиний урьд өмнийн нүгэл хилэнцийг би угаахгүй” гэдгээ хэлсэн байна.

Олж харваас орчлон үнэхээр л сүмбэр уул төвтэй дөрвөн их далайн дунд оршино. Хүн бол сэтгэлийн амьтан. Хүн хэмээх оюун сэтгэлтний оршихуйн Сүмбэр уул нь төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэсэн дөрвөн далайн дунд оршдог гэдгийг боддог болтлоо бид “Сүмбэр уул гэж Хималайг хэлсэн юм болов уу, тэр үеийнхэн Умард мөсөн далай ба Атлант, Номхон, Энэтхэгийн далайг заасан нь тэр болов уу” хэмээн эргэлзэх болно.

Бурхны шашин хүний сэтгэлд зориулагдсан болохоор тэнд зөвхөн чиний оюун санааны газар зүй л дурдагдах билээ.

Хоёр

Бурханд итгэсэн төдийгөөр Буддист болдоггүй юм бол, гэм алдсыг минь цайруулан адислаад ивээлдээ авдаггүй юм бол Бурхны шашны хэрэг нь юундаа байна гэсэн асуулт гарна.

Бидний хувь тавилан зөвхөн үйлийн үрдээ л захирагддаг.

Өөрийн хийсэн үйлийн үрийг

Алгасах юм шиг горьдох хэрэггүй

Өрөөл бусдын үйлийн үрийг

Амсах юм шиг дагжих хэрэггүй

Тийм учраас “үйлийн үр”-д итгэдэг бол Буддист болох тухай “Бодь мөрийн зэрэг” сударт айлджээ.

Будда хүн төрөлхтнийг “аврагч ба авруулагч” болгон ангилаагүй. Хамаг амьтныг авраад өөрөө захиран сууж жаргуулна гэж амлаагүй.

Харин тэрээр хүн төрөлхтнийг бүгдээрээ “нойрсож буй Будда нар” гэж хэлсэн юм. Харин тэр өөрөө биднээс түрүүлж сэрсэн аж. (Будда гэдэг нойроос сэрсэн гэсэн утгатай самгарьд үг гэх бөгөөд слав хэлэнд тэр чигээрээ орсон нь манайхны мэдэх “Будить, будильник” хэмээх “сэрэх, сэрүүлэг” гэсэн утгатай орос үгийн үндэс болно)

Тэгээд Бурхан Будда хүн төрөлхтнийг “нойрсож буй Будда нараа, сэрцгээ” хэмээн ном сургаалаа айлджээ. Тэрээр та нарын нүглийг би ариутгаж авахгүй ч гэсэн араасаа дагуулан явж, өөрийн замналаар Будда болоход чинь тусална хэмээн амласан бөлгөө.

Хүн төрөлхтөн үйлийн үрийг таниснаар зовлонгийн үрийг устгаж, жаргалын үрийг цацсаар улам ариусан гэгээрнэ. Хүсэл бүхэн биелдэг диваажинд төрөхийн оронд хүсэх шунахаас ангижирсан гэгээрэлд хүрэх болно. Тэнд Будда бидний захирагч, жанжин болоод бид үгнээс нь гаралгүй жаргах юм биш, харин цөмөөрөө түүний зиндааны гэгээрэгч бурхад болоод хамаг амьтныг авралцах болно.

Дорнын зарим орнуудад нойрсож буй Бурхан багшийн баримал шүтээн их байдаг. Энэ нь нэгэнт гэгээрсэн Буддагийн тухайд гэхээсээ илүү, мунхагийн нойрноосоо сэрж амжаагүй Будда нар буюу хүн төрөлхтний бэлгэдэл болон харагддаг бүлгээ.

Гурав

Хүсэл мөрөөдөл бол бясалгал. Хүнийг бурханд ойртуулдаг алхам ч хүсэл мөрөөдөл. Юу бясалгасан нь чухал болохоос хэнд гэж бясалгасан нь сонин биш. Бусдад хүссэн болгон чинь чам дээр биелж ирнэм. Харин өөртөө хүссэн болгон чинь өрөөл бусдад биелж очно. Тийм учраас Бурхны шашинтны алив залбирал “Надад…” гэж эхэлдэггүй, харин “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тул…” хэмээх зориулга ерөөлийн оршилтой байдаг. Иймээс та “Тэр тэгээсэй”, “Энэ ингээсэй”, “Тэрэнд гай тохиолдоосой” , “Энэ үхээсэй” гэж бодож байгаа бол өөртөө л тэр бүхнийг захиалж байгаа гэсэн үг.

Эмээ бид хоёр адилхан адармаатай үгтэй хоёр байж, бие биенээ их цаашлуулдаг сан. Тэр маань “Хөгшин ээж нь хүүгийнхээ төлөө, олон амьтны үр хүүхэд сайн сайхан яваасай гээд л залбирч суудаг” гээд л ярих. Эмээгээ “Ээ, та одоо тэр сайхан залбирлаа ингэж тарамдуулах ямар хэрэг байна аа. Наад залбирал чинь олон хуваагдаад надад жоохоон юм л ногдоно ш дээ” гээд явуулдагд сан. Хөөрхий, юм хэлэхийн оронд нүдээ аниад л залбирах. Бодвоос, ухаан муутай жулдрай надад үүнийг ойлгох боломж олгохыг нь гуйн залбирсан байх аа.

Дусал ус далайд унаваас далай ширгэх хүртэл орших хутгийг олдог шиг, хэн нэгэнд зориулсан залбирал хамаг амьтны төлөөх гэсэн мөргөлийн далайд нийлэхээрээ хамаг амьтан байгаа цагт орших болно. Тийм болохоор “олон амьтны үр хүүхэд” оршсоор байгаа цагт эмээгийн минь залбирал байсаар л байх болно.

…Ертөнц нэг талаасаа гайхамшигтай, нөгөө талаасаа гайхам юм ер үгүй. Гайхамшигтай гэдэг гайхамшиг байдагт орших. Харин гайхам юмгүй гэдэг нь тэр бүхэн маш энгийн байдагт л орших.

Бурхан багшийн их дүйцэн өдрөөр хүмүүс мацаг барьж, цагаан хоол идэж, амны бэлгийг эрхэмлэн байгааг магтууштай. Гэхдээ маргаашаас нь мах идээд, хар санаагаа сэрээгээд явбал “нэг алхам урагш, гурван зуун жаран дөрвөн алхам арагш” гэмээр явдал болно.

Иймээс биеийг цагаан хоолоор аргалахаас гадна, сэтгэлийг цагаан хоолоор тэжээгтүн гэж. Хүн бол махан тэжээлтэн, өвсөн хоолтон гэхээсээ илүү бодол санааны хоолтон, сэтгэлийн амьтан. Учир иймээс, ариун цагаан бодолтой оюун санааны өдрүүдийг бүтээгтүн. Оюун санааны мацаг тэр билээ.

Сэтгэл оюунаа муу бодлоор тэжээн тэжээсээр байвал тархи толгой чинь муу бодлоор хооллодог араатан болон хувирна. Санаандгүй бяцхан гомдол, үндэсгүй гэхийн аргагүй жоохон бухимдал л сэтгэл санааны ариун хөрсөнд хорслын үрийг цацаад эхэл-дэг хэмээнэ. Өчүүхэн жаахан гэлтгүй гомдол, хорслыг ариун бодлоор хоргүйжүүлж, ариуслын цэнгэг агаарыг дотоод ертөнц рүүгээ юүлэхгүй л бол тэнд хүлэмжийн орчин үүсээд муу муухайгийн тариалан дорхноо цэцэглэдэг.

Түүнийг тэжээхийн тулд чи муу муухай санааг завсар зайгүй тариалах хэрэг гарна. Хорон санаанд махассан тархи улам л их идэш нэхэж, тэр хэрээр чи муу муухайгаас өөр бодох юмгүй болно. Сэтгэл санаа чинь хогийн ургамалд идэгдсэн бууц шиг болоод эрүүл өвс, цэцэг ургах зайгүй болдог. Үүнийг орчин үеийн хүмүүс “стресс”, “депресс” гэхчлэнгээр нэрлэж уудаг эмээр анагаахыг оролдож байна.

Үнэн хэрэгтээ уудаг эмээр биш “боддог эм”-ээр л түүнийг анагаана. Учир нь тэр өвчнийг бид бодож олдог, иймээс сайн бодол ууж л эмчилнэ гэсэн үг.

Дөрөв

Өмч хөрөнгийг буруушаах, өмч хөрөнгөнд шунахыг буруушаах хоёр ондоо. Хэрвээ олох, хураахыг эрхэм болгоод шунал нь хэтэрвээс нүгэл хилэнцийн уурхай болно.

Хамаг амьтныг дутах гачигдах, өлсч цангахын аюулаас аврахын төлөөнөө хийсэн сайн үйлийн үрээр хөрөнгө чинээтэй болж төрдөг хэмээн сургадаг. Харин ч хүн өлөн зэлмүүн, дутуу гуцуу амьдарч байвал гол зогоох хоол болон өмсөх зүүхдээ санаа зовсоор байгаад “хамаг амьтныг аврах, гэгээрэх” тухай бодох зав гарахгүй тухай бас сургадаг.

Гэтэл хувийн өмчгүй, коммунист дэглэмд гурван үеэрээ амьдарсан монголчууд марксизмаас авсан үзлээрээ шашнаа ойлгож “баян хүн бол нүгэлтэн” гэж ухаарах нь олонтаа. Үнэндээ бол, шашин өөрөө өглөгийн эздийн хандив дээр тогтдог. Өлссөнд өгөх хоол, даарсанд нөмөргөх дээл, тэнэмлийг хонуулах оромжтой байж л өглөг буяныг үйлдэнэ биз дээ.

Хүмүүн бээр биеийг олж төрсөн сэтгэлийн амьтан учраас сүнсээ орогнуулах цогцсоо орхиод явна гэдэг ч үнэн. Биеийг үүрд эзэмшихгүй байтал өмч хөрөнгийг хэлэх юун. Аль алин нь энэ хорвоогийн юм, харин бид сэтгэл хэмээх өөр ертөнцийнх.

Энэ биеийг зээлийн байшин шиг сана

Зарим хүн үүнийг “хүний юманд хүйтэн ханд” гэсэн утгаар тайлбарладаг. Гэтэл бид гэгээрэлд хүрэн хүртлээ сансар хорвоогоос “бие” зээлдсээр байх болно. Банк найдвартай зээлдэгчдэд дахин зээл олгож, түрээслүүлэгчид гамтай хэрэглэгчдэд үйлчлэхдээ дуртай байдаг. Тийм болохоор энэ биеийг гамтай эдэлж, хүний юмыг өөрийн сэтгэлээр эзэмших үүрэгтэй. Яруу тансаг хорвоод бие зээлдэн амьдарсныхаа хувьд түүнийг сайхнаар нь байлгаж, бас өөрийгөө түүний үзэсгэлэнт эевэргүү чимэг болгон амьдрах үүрэгтэй билээ, бид.

Хөрөнгө чинээтэй нэгнээ “Үхэхдээ аваад явахгүйгээс хойш” хэмээн зэмлэдэг. Үнэхээр үхэхдээ орхих баялгийг хураах нь тэнэг, бас үхэн үхтлээ хэрэг болох зүйлээс татгалзах нь ч тэнэг.

Үнэн хэрэгтээ, энэ төрөлдөө хураасан буянаа аваад явж болдог юм. Хөрөнгө чинээ, чадал тамиртаа дулдуйдан үйлдсэн сайн үйлс, өглөг буяны үр боловсроод хожим хойтын төрөлд боловсрон үрждэг нь хөрөнгөө аваад одож байгаагаас юуны өөр билээ.

Бид гадаадад явахдаа төгрөгөө доллар, юань гэхчлэн очих орныхоо валютаар солиулаад явдаг. Яг түүн шиг бид хураасан хөрөнгө, хадгалсан мөнгө, хүрсэн эрх мэдлээ “буян” хэмээх хойт төрлийн валютанд хөрвүүлэн аваад явж болдог…

Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаантай үүрд хамт байх болтугай!

…Тийм ээ. Хамаг амьтан байгаа цагт энэ ерөөл оршсоор байх болно.