Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яаж улстөрч болох вэ?

-ЗӨВЛӨГӨӨ-ФЕЛЬЕТОНI-

Бодсоноосоо өөрийг ярьж, ярьснаасаа өөрийг хийхийг улс төр гэнэ. Харин хийж мэдэшгүй юмандаа бусдыг итгүүлдэг, хожим яагаад амжаагүйгээ ойлгуулж чаддаг хүнийг улстөрч гэдэг. Улс төр, улстөрч хоёр урвуу пропорциональ харьцаатай байдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хаана улс төрийн байдал муу байна тэнд улстөрчид тоймгүй олширдог, заримдаа олширсоор байгаад улс төрөө идчихдэг явдал бий гэлцэнэ.

Харин улс төр сайжрахын хэрээр улстөрчид цөөрч улмаар арилдаг. Манай орны хувьд нэг хүнд ердөө хоёрхон улстөрч ногдож байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад туйлын хангалтгүй үзүүлэлт юм гэж улс төр судлаачид үзэж байна.

Иймд сул иргэдийг улстөржүүлэх ажлыг вакцинжуулалттай хавсран зохион байгуулах, түүнчлэн сүүлийн үед мэр сэр үзэгдэх болсон хошой үзэлт болон нам дамнасан (транспартийный) улстөрчдийг олшруулах шаардлага гарч байна. Хүн болгоныг эмч болгож болдоггүй байтал хүн бүрийг улстөрч болгож болдог.

Өдгөө хараахан улстөрч болж амжаагүй яваа “үндэсний цөөнх”-д зориулж цөөн хэдэн зүйл зөвлөе. Улстөрч болохын тулд эхлээд сонгуульд өрсөлддөг. олон түмэн чамайг сонгодоггүй, чи олон түмнээр өөрийгөө сонгуулдаг гэдгийг эхлээд мэдсэн байгууштай.

Хоёрдугаарт, сонгогчид нэр дэвшигчдийн амлалтыг сонгохоос бус биелэлтийг сонгох бололцоогүй. гэхдээ сонгогчдын өмнө хүн хийж болох зүйл амлаж огт болдоггүй. Тэд хүн учраас хүн юуг хийж болох болохгүйг сайн мэднэ.

Иймээс нэр дэвшигчийн амлалт “Энийг л би яавч хийж чадахгүй дээ” гэсэн зүйлээс эхлэх ёстой. Ингээд л өрсөлдөнө дөө. Сонгуульд ялах үндсэн нөхцөл нь чиний сайн тал бус өрсөлдөгчийн чинь муу тал байдаг. Хэрвээ сонгогдохгүй бол гуних хэрэггүй. Хүмүүс чиний юу хийж чадахгүйг мэдэхгүй өнгөрөх тул сайн талтай.

Харин ийм үед “Ингээд болгочих байсан юм”, “Тэгдэг учиртай юмыг ингэж буруутлаа” гэх мэтээр байнга ярьж сонгогчид “Энэ хүнийг сонгох минь яалаа” хэмээн толгойгоо шаахад хүргэх учиртай. Харин сонгогдвол яах вэ? Алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүй байх учиртай. “Энэ тэгсэн” гэж муулуулж байснаас бус “энэ тэгсэнгүй” гэж шүүмжлүүлсэн явдал тохиолдоогүй юм шүү.

Онцолж хэлэхэд нэг ч сонгогчид тус хүргэж болдоггүй юм. Хэрэв тэгвэл үлдсэн бусад нь чамайг хардаад сүйд хийнэ. Эмэгтэй сонгогчтой эр эмийн холбоотой, эрийг эмлэдэг гэх мэт нэр дуулах нь наад захын хэрэг. Манай сонгогчид хэн нэгэнд нь тусалдаг улстөрчөөс хэнд нь ч тусалдаггүй тэгш гадуурхдагийг нь сайнд тооцдог онцлогтой.

Үүнээс үүдээд тус болдог улстөрчөөс илүү тус болчихмоор сэтгэгдэл төрүүлдэг улстөрч хол явдаг. Сонгуулийн хугацаанд хийх гол ажил бол яагаад амласнаа хэрэгжүүлээгүйг тайлбарлах, өөр ямар чадахгүй юмаа амлах вэ гэдгийгээ бодох хугацаа байдаг. Ингээд танд амжилт хүсье. Дараагийн сонгуулиар нэр дэвшигчийн тоо сонгогчийнхоосоо давахгүй юм аа гэхэд тэнцэх улс төрийн ерөөл тавья.

1993

Categories
мэдээ цаг-үе

Хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд очоод ирлээ

Ус далайн тунгалагт хөлөрсөн уулсынх нь навчис өнгө өнгөөр солонгорох ахуйд Солонгост хөл тавих сайхан. Сөүлийн намар ёстой л нэг улаан шаргалыг улбартуулан өнгө тунамал байна. Тэнгэрийн үзэмжит Намсан уулын оройд алтан титэм шиг гялалзах “Намсан цамхаг” буюу “N Seoul tower”-ын шилэн огторгуйгаас Солонгосыг харах бахтай юм билээ. Оргил эзэлсэн барилгууд нь хөлийн дор хүүхдийн өрсөн тоглоом шиг үзэгдэж байх жишээний. Өндрийн салхинд гэрэлтэх эл цамхагийн оройд гарах л гэж энэхэн дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорин ирдэг нь мэдээж. Намсан уулыг хэдэнтээ ороож бараг л зүрхэн тушаа нь хүртэл автобусаар явна. Тэгээд уулаа мөрлөөд дээш алхана. Саруулхан өргөн замаар нэг хэсэг нь усны урсгал лугаа доош бууж, харин нөгөө хэсэг нь далайн түрлэг лүгээ дээш тэмүүлнэ.

Тэр дээр бүр их дээр Сөүл таур ихэмсэг бадрангуй харагдах ажгуу. Цамхагийн цахилгаан шатанд суухуйд сансар огторгуйд гэрлийн хурдаар зорчиж буй дүрс бичлэг дэлгэцэнд гарна. Тэрүүхэн зуурт нээрээ л сансарт нисчихэв үү гэж санахаар. Олон тивийн хүмүүс хөлхөлдсөн цамхагийн оройн өргөн чөлөөнөөс Сөүл таурын дүртэй хонх худалдаж авлаа. Олны хөлөөс жаахан алслаад түүнээ дуугарган сонсов. Ертөнцийн цээжнээ ер бусын дуу цангинах шиг, уулын оройн энэхэн зайд сэрэл мэдрэмжийн гэгээ гэрэл гялбас хийх шиг боллоо. Ямар чиг байсан тэнгэрийн цэнхэрлиг ахуйд зүрхнийхээ долгист чичиргээ өгч орхив. Ийнхүү Сөүлийн алтан титэм цамхагийн оройгоос хонхон дуутай буудаг байна шүү. Дэргэдүүр хөтлөлцөн хөлхөлдсөн залуус хайрын бэлгэ тэмдэг зүрхэн хэлбэртэй цоож зүүж орхиод сүрхий байна лээ. Дурлалт бүсгүйдээ хайртай гэдгээ бататгаж байгаа юм болов уу, ерөөс зүрх сэтгэлээ тэр чигт нь түгжээд орхичихож ч байгаа юм бил үү, мэдэхгүй. Тэр жил Сена мөрний эргээр Парисын тэнгэр дор алхалж явахад Сена мөрний гүүр хайр дурлалын цоожинд шаналгаатай нь аргагүй “цовдлуулсан” байсныг санах юм.

Сөүлд ирснийх гэрэлтэж буй аз жаргалын өргөө хэмээдэг Кёнбукгүн хааны ордон мөн үзэсгэлэн төгөлдөр Бугаксан уулын хормойд орших Ерөнхийлөгчийн хөх ордныг үзэж таарна. Хөх ордны гадаах цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдэд цэргийн парад гэж хэрдээ л сүр жавхлантай жагсаал болдгийг мэднэ. Харин ажлын өдрөөр ирэхэд лоозон барьсан иргэдийн жагсаал энд тэндгүй үзэгдэх нь бий. Солонгосууд бол үнэхээр жагсагч ард түмэн юм. Агуу удирдагчийнхаа амин хайртай охин буюу Пак Гын Хэ ерөнхийлөгчөө тэд арван долоон саяулаа цуглан жагсаж байгаад төрийн тэргүүнээс нь буулгаж улмаар шоронд бараг л бүх насаар нь хорьчихсон. Хорин таван жил гэдэг жаран зургаан настай эмэгтэйн хувьд амаргүй даваа. Солонгосын түүхэнд хамгийн олон хүн цугласан нь Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан лаатай жагсаал одоогоор бичигдээд байна. Сөүл хот арван сая хүн амтай. Тэгвэл 17 сая хүн жагссан гэж байгаа. Хөх ордны түүхэн музейд үе үеийн удирдагчдынх нь зураг хөрөг намтар нь хадаатай байж байна. Гунигтай нь сүүлийн хоёр Ерөнхийлөгч нь шоронд, түүний өмнөх нь амиа хорлосон гээд дандаа хар толботой. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг шиг Солонгосын төр удирдсан ерөнхийлөгчдөө үнэндээ халтайг бид сайн мэднэ дээ.

Шөнийн Сөүл бол үнэндээ гэрэл гэгээнд умбасан солонгот ертөнц билээ сэн. Хөгжмийн эрс тэс урсгал шиг хүмүүн гэгчийн нэгэнтээ умбаж үзэх сонин хачин ертөнцийн нэг юм.

Мёндуны солонгот гудамж гэж сая сая жуулчдын харцыг булаасан газар бий. Зөвхөн Мёндун ч гэлтгүй бүхий л гудамж талбайд нь олон улсын сүлжээ дэлгүүрүүд, дэлхийн зартай брэндүүд, загварын орчин, олон үндэсний хоолны газар, гоо сайхны хамгийн алдартай төвүүд үүд хаалгаа дэлгэн угтдаг. Зүс царай гундмал гэж хувь заяандаа огтоос гутрахын хэрэггүй. Тоолоод өгдөг нь хэрэвзээ байдаг л юм бол таныг царай зүс, бие галбирын хувьд төгс сайхан болгох нь бүү хэл дахин хувилаад гаргачихаж ч чадах үлгэр зүүдний орчин нэгэнт бүрдсэн. Бүсгүйчүүдийн өөхөө шахуулж, хөхөө томруулдаг гоо сайхны газар танилцуулгаа монгол хэл дээр гаргасан байна билээ. Бодох нь ээ, манайхан байнгын үйлчлүүлэгч нь байж таарах нь. Гоо сайхны газрын солонгос охид “Монгол эмэгтэйчүүд ийм болж байгаа” гээд харьцуулсан зураг үзүүлээд, таатай нь аргагүй инээмсэглэн бөхөлзөөд байсан. Сэтгэл ихэд хангалуун байдаг бололтой. Ингэхэд танилцуулга дээр нь эгээтэй манай урлаг соёлын одод маань байгаагүй байгаа даа.

Түндэмун, Намдэмун гэх томоохон худалдааны төвүүдийг мэдэхгүй монгол хүн бараг л үгүй. Манайхаар бол “Нарантуул”, “Хархорин” гэж болохоор тэдгээр захуудад монголчууд Эрээнд яваа юм шиг бэлчиж байгаа юм чинь. Америк барааны худалдааны төв “Костко”-гоос том том шилтэй сархад авахад хажуугаар нь бас монголчууд мэндтэй нэг нь мэндтэй, мэндгүй нь ширүүн дориун хараад зөрнө. Хан мөрнийг тэд хатан Туул шигээ санаж сэржимлэдэг байлгүй. Сороксан уулыг Богд уул шигээ бодож алхдаг юм гэсэн. Арга ч үгүй юм даа, адууны бэлчээрт архайж явсан залуус Улаанбаатар нийслэлээ дутуу хагас үзээд нэг л мэдэх нь ээ Хан мөрний эрэгт “Харийн нутаг давчдаад байна…” хэмээн дуулалдаж зогсдог. Хан мөрөн гэснээс нүсэр том гуч шахам гүүрийг нуруун дээгүүрээ гүдийлгэн тэгнэсэн уг мөрний сарны гэрлийн солонгот хүрхрээ Сөүлийн шөнийн бас нэгэн шигтгээ. Хичнээн ч хүний амийг залгисан юм бэ дээ гэж Хан мөрнийг хэлэх нэг нь бий. Гэвч хичнээн монгол хүн энэ мөрний эрэгт ахуй амьдрал нь дэвжин дээшилж, дэлхийн соёлт ертөнцийг үзэн баясаж, эх нутгаа санан гансарсан гэх билээ. Олон олон монголчуудыг орох оронтой болгосон буянтай сайхан ус мөрөн гэж эрхгүй санагддаг юм. Ямар сайндаа л монгол айл гэрийг тодотгосон онигоо маягийн яриа хүртэл гарахав. Монгол айлд нэг архичин, нэг бөө, нэг Солонгост ажилладаг хүн, бас нэг орифлеймчин байдаг гээд инээлддэг. Бодит хөрснөөс ургасан онигоо буюу нэгэн цагийн Монголын дүр төрх энэ яалт ч үгүй мөн.

Солонгосын Элчин сайдын яамны урилгаар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн албан томилолтоор очсон бидний хэсэг сэтгүүлчийг БНСУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн III хэлтсийн дарга хатагтай На Юун Үк хүлээн авч уулзан үдийн зоог барилаа. Зүүн хойд Ази тэр дундаа Монголыг хариуцсан эл эрхэм өмнө нь нэг удаа Улаанбаатарт ирж байжээ. Тэгэхдээ арванхоёрдугаар сарын ид хүйтнээр ирсэн байна. Зуны дэлгэр цагт очиж Монголын тал нутгийн үзэх сонирхолтой гэдгээ илэрхийлсэн бидний зоог албан яриагаар үргэлжилсэн юм. Тэрээр Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн үед хоёр улсын харилцаа улс төрийн тавцанд идэвхтэй өрнөж байна гэдгийг тодотгоод Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэр хоёр улсын төрийн тэргүүн уулзсаныг онцолсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНСУ-д албан айлчлал хийх байх, мөн Мүн Жэ Ин ерөнхийлөгчийг Монголд төрийн айлчлал хийх байх гэдгийг ч дуулгасан юм. “Манай хоёр улс одоогоор иж бүрэн түншлэлийн харилцаатай байгаа. Дараагийн шат нь стратегийн хамтын ажиллагаа байдаг. 2020 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно. Уг ойг тохиолдуулан харилцаагаа стратегийн түншийн хэмжээнд хүргэхийг зорьж байна. Монгол Улс Японтой стратегийн түнш болсноор эдийн засгийн хэлэлцээр байгуулсан. Ийм хэлэлцээрийг манай тал Монгол Улстай хийхийг хүсч байгаа” хэмээн На Юун Үк дарга хэлж байна.

Монголын зах зээлийг сонирхсон томоохон корпорациуд “Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой биш” гэх өнөө л аргаа барсан үгээ хэлээд буцдагийг албаны хүмүүс цухалзуулсан. Монголчууд бид хулхины зангаа больж бизнесийн алтан дүрмийг баримтлан хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө тодорхой болговол Солонгосын томоохон компаниуд аль ч салбарт мөнгө цацаад эхлэх нь тодорхой.

“Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан Солонгосын “Samsung C&T” компанийн асуудал босч ирнэ. “Шинэ төмөр зам” төсөлд хөрөнгө оруулалт хийчихсэн, тэр нь бараг л үлгэр болоод төгсчихсөн. Монголын улс төрийн шороочдын нам, нүүрсчдийн намын нүдэлдээний үндэс суурь нь “Шинэ төмөр зам”. Ердөө ганцхан жишээ татахад ийм байна. Гэхдээ солонгосууд хаширсангүй. Хөрөнгө оруулалт хийнэ, хамтарч ажиллана, бидэнд боломж байгаа л гэнэ. “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд Монгол, Солонгос хоёр улс дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтран ажиллах бүрэн боломж байгааг Зүүн хойд Ази хариуцсан хатагтай итгэл төгс хэлнэ билээ.

Сөүлд үүл манан хуралдсан намрын усархаг бороотой өдөр Солонгосын хойгийг таллан хуваасан Korean De­militarized Zone буюу цэрэггүй бүсэд очлоо. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд их эзэн хааныхаа мэндэлсэн өдрөөр ийнхүү хоёр Солонгосын хилд хөл тавьдаг юм байна. Тэртээ тавин гурван онд Солонгосын дайныг төгсгөсөн гал зогсоох гэрээний дагуу 250 километр урт, дөрвөн километр өргөн энэхүү цэрэггүй бүс байгуулагдсан түүхтэй. Хоёр Солонгосын дайн дууссанаас хойш жаран таван жил улирсан ч цаг ямагт дайны бэлэн байдалд байж, байсхийгээд л умардаас нь гал нээдэг энэ бүс дэлхийн хамгийн цэрэгжсэн хамгаалалттай хилийн зурваст тооцогддог. Нэгдсэн хамгаалалтын газрын дундуур улсын хил буюу гал зогсоох шугам дайран өнгөрдөг. Гал зогсоох шугамын хойд талд нь Умард Солонгосын Панмүн ордон, өмнөд талд нь Өмнөд Солонгосын Эрх чөлөөний ордон өөд өөдөөсөө харан байрлажээ. Зэрэгцээ өндөр шонгуудад хоёр улсын далбаа намирч, дэргэдүүр нь Имжингаг гол анир чимээгүйхэн цэлэлзэн урсана. Тавиад оны эхэн үеийн буун дуу тачигнасан дайны жилүүдэд энэ гол цусаар урсч байсан гэдэг. Өдгөө амар амгаланг мэдэрсэн шигээ торгон бидэр татуулан урсаж байна. Гучин найман жилийн өмнө Өмнөд Солонгосын Панмүнжом тосгоны залгаа сууринд 97 метр өндөр далбаат шон босгосонд умардууд уухайн түргэн 160 метрийн далбаат шон босгож барьцжээ. Зэрэгцээ хоёр далбаат шонгийн бяцхан түүх ийм учиртай. Цэрэггүй бүсийн өндөрлөгөөс уулсынх нь оройд нимгэн саарал манан суусан Хойд Солонгосын сууринг ширтэж зогсоно. Томоохон хотуудынх нь нэг болох Гэсоны ойролцоо Ким Ир Синий хөшөө холын дурангийн тусгалд орж ирж байна лээ.

KDZ(Korean Demilita­rized Zone)-д очиход дөрвөн хонгилын тухай өмнөдүүд нь сүр болгон ярьцгаана. Эдгээр дөрвөн хонгилыг хэрвээ илрүүлж амжилгүй удсан бол Хойд Солонгосын цэргүүд ердөө ганцхан цагийн дотор Сөүлийг эзлэх байсан гэдэг. Тэгэхээр сүр болгон ярих нь арга ч үгүй биз. Цэрэггүй бүсэд үйлчлэх хуулийн дагуу хамгаалалтын малгай өмсч хонгил руу орлоо. Газар доошоох нүхээр нь уруудаад 400 метр яваад зам тэгширч байна. Түүнээс цааш хоёр зуу гаруй метр яваад хаалтад тулж очлоо. Цаашаагаа мэдээж урт хонгил үргэлжилнэ. Тэр нь умардын нутаг дэвсгэрт хамаарч байгаа. Бид хойд Солонгост хонгилоор тулаад зогсч байгаа минь энэ. Далан дөрвөн онд анхны хонгилыг илрүүлсэн гэдэг. Эргүүлийн цэргүүд үл ялиг утаа гарахыг анзааран шалгалт явуултал хойд солонгос цэргүүд ухсан хонгил дотроо утаа май тавиад хоол хийж байсан гэнэ. Тэдний хооронд буудалцаан үүсчээ, үр дүн нь мэдээж анхны хонгилыг илрүүлсэн явдал. Тус бүр гучин мянган цэрэг нэг цагийн дотор нэвтрэн орох багтаамжтай. Сөүлийг ердөө ганцхан цагийн дотор эзэлнэ гэдгийг цаад учир нь энэ юм байна.

Хилийн зурвас дахь Панмүнжом тосгоны Энх тайвны ордонд зочилж, эрх чөлөөний гүүрэн дээгүүр алхлаа. Хэдхэн сарын өмнө хоёр Солонгосын удирдагч нарын түүхэн уулзалт энэхүү цэрэггүй бүсэд болсон билээ. Ардчилсан Солонгосын удирдагч Ким Жөн Уны хувьд Солонгосын дайнаас хойш Өмнөдөд зочилсон анхны ерөнхийлөгч боллоо хэмээн дэлхий нийтээр шуугьсаныг бид мэднэ. Олон улсын анхаарлын төвд байдаг энэ бүс нутаг аргагүй л жуулчдыг соронз адил татдаг газар юм аа. Хүйтэн дайны гэрч зэвэнд идэгдсэн галт тэрэгний тамтаг нь хүртэл үзмэр юм байлгүй, уртаас урт дааралал үүсгээд зураг хөргөө татуулж харагдсан. Харин эрх чөлөөний гүүрэн дээрх Солонгосын хойгийн газрын зураг бүхий далбаа эрхгүй анхаарал татна. Хоёр орны тамирчид нэгдэж тэмцээнд оролцохдоо ашигладаг далбаа нь. Нэг үндэстэн нэгдэхийн бэлгэдэл болгон байрлуулсан нь учиртай л байх.

Ийнхүү Солонгосын солонгот гудамжаар навчис туучин алхалж, усан бороотой өдөр хоёр Солонгосын хилд хөл тавин, эрх чөлөөнийх нь гүүрэн дээр эзэн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, Сөүлийн намрыг зүрхээрээ мэдэрч явсан өдрүүдийнхээ тэмдэглэлээс хүргэхэд ийм буюу.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн гурван ждү (жудо биш)

– ФЕЛЬЕТОН-

-ЖДҮ.I… төрийн яр

– ЖДҮ.II “Жижиг, дунд үйлдвэр” буюу дарга нарын компанийн халхавч нэр.

-Жидүү… малын яр өвчин

– Жидүү, жидүү төст өвчин… малын төрөл бүрийн яр.

ЖДҮ өргөл.. ЖДҮ олж өгсөн хүнд ногдох 10 хувийн шимтгэл.

ЖДҮ универсал… бүх төрлийн ЖДҮ-д таардаг нэг төсөл.

ЖДҮ тогтмол (Jduconst.)– 950 сая төгрөг.

-10 хувийн ЖДҮ… Өөрөө ЖДҮ авахаас гадна хүнд ЖДҮ олж өгөөд 10 хувийн суутгал, харамж авч амьдрах арга зам.

-Жидүү дэгдвэл малгүй болно, ЖДҮ идвэл төргүй болно… Ард түмний совин.

Ум ждү ждү сюда сюда хумпад! … ЖДҮ бүтээх тарни.

-ЖДҮ гурав хуваагдавч 950 саятай … ЖДҮ омогшил.

-Ах нь, намдаа гурван ЖДҮ-тэй, наадамд гурван найраатай хөөн … ЖДҮ аархал.

ЖДҮ, ЖДҮ төст сан… төрийн ярнууд

“Төрийн 27 сан” …. төрийн 27 ЖДҮ.

Гурван эрдэнийн (Эрдэнээгийн биш) ЖДҮ…. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг сүлжсэн чандмань ЖДҮ.

Дөрөв дэх ЖДҮ-члэл… хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлтэй ЖДҮ-чин.

Төрийн гурван ЖДҮ (Энд Улсын ерөнхий ЖДҮ-ч (Жүдоч биш), Улсын их ЖДҮ-ч, Засгийн газрын ерөнхий ЖДҮ-ч багтана).

-Төрийн гурван ЖДҮ минь… баригдаж ч нэг, баригдахгүй ч нэг хусах шиг ээ… Ардын дуу.

-Наад түрийвчийг чинь би хэрэглэхээ болиод удсан… Яаж яваад дотор нь тэрбум төгрөг орчихдог юм бол, бүү мэд… ЖДҮ мэлзээн

-Таминь ээ. Айл ухдаг хулгайчийг бариарай, Миний малын хулгай энд ямар хамаатай юм бэ… ЖДҮ-ч гэрчийн мэдүүлэг.

-ЖДҮ-чин ЖДҮ-чиндээ дургүй”… Зүйр үг.

-Бид хоёр чинь нэг тогооноос ЖДҮ идэж явлаа…Асрамжийн газар болсон яриа.

-Жидүү малын өвчин, ЖДҮ төрийн өвчин… Зүйр үг.

-ЖДҮ ялна. Өмнөх сонгуулийн уриа.

-Олныг баясуулагч ЖДҮ… Үнд эсний бөхийн цол чимэг.

-ЖДҮ ордон… Засгийн газрын ордон.

-“Гарыг нь ЖДҮ-д , хөлийг нь тендерт хүргэх”… Дарга нарын хүүхэд эрийн цээнд хүрэх.

-Хулгай хийж болдоггүй гэж сануулахгүй яасан юм бэ, та нар буруутай… шинэ ЖДҮ-чний өчиг

-Үндэсний их ЖДҮ-г 10 жил дараалан завсаргүй хүртэж татвар төлөгч биднийгээ баясуулсан… бөхийн тайлбарлагчийн яриа.

-ЖДҮ өгөхгүй бол ЖДҮ-гээ төлөхгүй… аж л а а с халагдсан ЖДҮ-чний үг.

-Миний мөнгө надад хамаагүй… Их гарын ЖДҮ- чний үг.

-Уучлалт гуйхгүй ээ, би хулгай хийсэн болохоос хулгай хийгээгүй юм чинь… ЖДҮ-чний ярилцлага.

-Сүртэйш дээ. Хүн ЖДҮ л авсан гэдгээ хэлээд байхад чинь, ЖДҮ авсан гэж гүтгэхээ болиорой… ЖДҮ тайлбар.

-Байзаарай, байзаарай. Би ЖДҮ билүү, миний дүү ЖДҮ билүү?… Бадарчингийн паян.

-Эхнэр маань найз залуутайгаа нийлээд, надад мэдэгдэлгүйгээр, нууцаар “тэгсэн” байна… ЖДҮ-д холбогдогчийн гомдлоос.

-Эхлээд өөрийнхөө ЖДҮ-г гол гаргачихаад дараа нь та нарынхыг… Монголын уран сайхны кино.

-Хүү минь, хоёр том ЖДҮ зодолдож байхад шоолж болдоггүй юм… Ням өвгөний яриа(Тунгалаг тамир).

-Сүхбаатар жанжин: ЖДҮ авсан эзнийг нь олов уу. Дотоодыг хамгаалахын дарга: ЖДҮ-гийн мөнгө орсон компанийг олсоон. Сүхбаатар: Биш ээ, цаад эзнийг нь... “Өглөө” киноны хэсэг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Миний бахархал бол бүсгүй хүн юм

Бүсгүй хүнийг хайрлах, хүндэтгэн дээдлэх энэ аугаа ойлголт бага балчираас надад ирсэн итгэл үнэмшил юм. Хувьхан амьдралд хэн ч заагаагүй хэрнээ хүмүүний орчлонд өөрөөсөө олж авсан эрдэнэ мэт үнэт зарчим маань юм. Миний бие айлын том хүү. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Тийм болоод ч тэр үү багаасаа л хаяа айлынхаа охиныг хайрлаж өссөн. “Аяга тавгаа угаасангүй, үнээ тугалаа нийлүүлчихлээ” гэж айлын эгч охиноо зандрахад усгал тунгалаг нүдтэй охиных нь өмнөөс загнуулмаар болдог. Үхэр тугалыг нь хариулмаар, гэр орныг нь цэвэрлээд өгмөөр болдог байв.

Ижий аав хоёр минь хүсээд хүсээд манай гэрт заяагаагүй охиныг ийм муухай үгээр зандраад байхдаа яахав дээ гэж гоморхох сэтгэл эрхгүй төрдөг байлаа. Хүүхэд насны ийм гэнэн цайлган, өрөвч сэтгэл яван явсаар миний амьдралын философийг бүтээсэн байна. Охид бүсгүйчүүдийг чин зүрхнээсээ дээдлэх, хайрлан энэрэх итгэл үнэмшлийг суулгасан байна. Арван жилийн сурагч байхдаа ч, оюутан ахуй цагтаа ч нэг их ухаантай царай гаргаад бүсгүйчүүдийг дээдэлдгээ ярьдаг байж билээ. Зарим нэг нь сонсоод инээд нь хүрч, хөөрхийдөө хүүхнүүдээс оноо авах арга мэх нь юм байх даа гэж боддог байсан ч магад.

Саяхан нэг сургууль дээр болсон уулзалтын үеэр төгсөх ангийн сурагч охин “Та залуугаараа Болор цомын эзэн болсон, энэ таны бахархал байх” гэж асууна билээ. Миний бахархал бол бүсгүй хүн, бүсгүй хүнийг чин зүрхнээсээ дээдэлдэг зүрх сэтгэл минь юм гэж хариулсаан. “Мөндөр шиг цайрч хуйларсан он цагийн урсгал, мөрөөдлийн цэнхэр бороо мэт алсад одсон нь цаг хугацаа биш ижий минь байж” хэмээн тэртээ хоёр мянгаад оны эхэнд бичжээ. Энэ амьдрал, цаг хугацаа надад ижийгээр минь бүсгүй хүнээр хэмжигднэм.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Цаанаа сонинтой хүмүүсээс ардаа “но”-той хүмүүс айдаг

Өнгөрөгч сарын эхээр турк гаралтай Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги Истамбул дахь ерөнхий консулын газарт бусдад зэрлэгээр алуулсан. Сэтгүүлч Жамаль Хашогги гэрлэлтээ цуцлуулах асуудлаар консулын газарт очсон байдаг. Түүний араб хэлээр хүмүүстэй ярьж тамлуулсны эцэст амиа алдсан бичлэг олдсон талаар Туркийн сонинууд мэдээлсэн. Сэтгүүлчийн цогцсыг хэдэн хэсэг болгон мөчилж хайрцагт хийн дипломат дугаартай машинаар гарган консулын байрны ойролцоо булсан гэдгийг эх сурвалжууд нотолж байсан юм. Уг нотолгоо үнэн болж хэд хоногийн өмнө Жамаль Хашоггигийн цогцсыг Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын тэргүүнийх нь байрладаг орд харшаас олсон хэмээн мэдээлж байна.

Турк гаралтай уг сэтгүүлчийн аллагад Саудын Арабын хаан ширээ залгамжлах ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд холбогдож байгаа. Сэжигтнээр нэрлэгдээд буй нэр бүхий этгээдүүдийн нэг нь ханхүүгийн бие хамгаалагч, бусад нь Саудын Арабын тусгай албаны нөхөд гэнэ. Хэрэг болох үеэр эдгээр хүмүүс Турк дэх Ерөнхий консулын газарт байсан нь тус аллага ханхүүтэй холбоотой гэх таамгийг бататгаад байгаа юм. Энэ тухай “The New York Times” тэргүүтэй дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд мэдээлж байв. Юуны учир сэтгүүлчийг зэрлэгээр хөнөөх болов гэхээр ханхүүгийн нууц, но-той мэдээлүүдийг Жамаль Хашогги мэддэг байжээ. Түүний хувьд “Вашингтон пост” сонины ажилтан бөгөөд тус сонинд мэдээ материалаа тогтмол гаргадаг сэтгүүлч байжээ. Энэ нь Арабын угсаа залгамжлах ханхүүгийн “гарт” зэрлэг балмадаар амиа алдах учир шалтгаан болсон байна. Арабын ханхүү өөрийнх нь тухай сөрөг мэдээлэл бичдэгт нь зэвүүрхэж, цаашид но-той мэдээллийг нь дэлгэх вий гэж айсандаа ийнхүү сэтгүүлчийг алж мөчилж булжээ.

Үндсэндээ юм бичих чадвартай, түүнийгээ нийтлэх цаанаа сонинтой байсан нь хаант угсаанд хамгийн том айдсыг төрүүлсэн байна. Алж булахаас өөр арга олдоогүй бололтой. Дэлхий нийтийг цочроож буй турк сэтгүүлчийн аллагаас үүдээд бодоход Монголын улстөрч, мөнгөтэй төгрөгтэй, эрх мэдэлтэй нөхдүүд сэтгүүлчдэд ямар дээрэнгүй ханддаг билээ. Эрх баригчдын но-г ард түмэнд дэлгэн үзүүлж, хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхээ эдэлснийхээ төлөө, мөн хардаж сэрдэж үнэн мөнийг олохыг эрмэлзсэнийх нь төлөө шүүхээр далайлган цагдан хорьж, дааж давшгүй мөнгө нэхэж дарамт шахалт үзүүлэн эрхэндээ оруулах гэж зүтгэдэг. Аль ч нам эвсэл засгийн эрхэнд гарна ялгаагүй, төрийн зүгээс хэвлэл мэдээллийг боомилох гэсэн явуулга, ил далд оролдлогыг цаг тухай бүрт хийдэг. Хамгийн гол нь сонин хэвлэлийг эдийн засгаар нь сөхрүүлж улмаар амыг нь барих гэсэн хуулийг эрх баригчдын зүгээс удаа дараа санаачилсаар ирсэн.

Ардчилсан засгийн үед нэр бүхий гишүүдийн санаачилсан “Хэвлэл мэдээллийн тухай хууль” байна. Өнөөгийн Ардын намын засгийн үед хэвлэл мэдээллийн байгууллага болоод сэтгүүлчдийн халаас руу “хорин сая, хоёр сая” гээд хар савраараа айшиггүйгээр дайрч байгаа Зөрчлийн тухай хууль байна. “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэж мэргэжлийн редакцитай Монголын өдөр тутмын сонинууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэмцсэн ч үр дүнд хүрээгүй.

Сэтгүүлч хүн мэргэжлийн ажил үүргийнхээ дагуу тодорхой эх сурвалжаас авсан мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэснийхээ төлөө хэрэгтэн болдог буруу жишиг Монголын нийгэмд хэдийнэ тогтсон. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал хэвлэлийн мэдээг олон нийтэд хүргэсний төлөө “Өдрийн сонин”-ыг шүүхэд өгч 30 сая төгрөг нэхэмжилсэн. Мөн “Уулс заамар” гэдэг компани шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг хаах хүсэлтийг гаргаж байсан. Ингэж мөнгөтэй төгрөгтэй нөхдүүд сонины редакци руу халдаж, аманд орсон мөнгөө нэхэмжилж, дур зоргоороо авирладаг.

2013 оны арванхоёрдугаар сард“Ерөнхий сайдын охин мэргэжлийн покерчин” хэмээх нийтлэлээс үүдэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлын дагуу “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Чингэлтэй дүүргийн шүүхээс 20 гаруй сая төгрөгийн торгуулийн ял ногдуулж, торгох ялаас зайлсхийвэл гурван жил хүртэлх хугацаатайгаар хорих ялаар шийтгэх шийдвэр гарч байлаа. Дээрх хэргийг иргэний журмаар шийдэх боломжтой, сэтгүүлчид эрүүгийн хуулиар ял тулгасан, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаагдахад хүргэх хэмжээний торгууль ногдуулсан нь эдийн засгийн цензур хэмээн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас эсэргүүцэж байв. Мөн “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг мэдээлснийхээ төлөө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн сэтгүүлч С.Баттулгыг хоёр удаа олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэр гаргаж байсан. Улсын их хурлын гишүүн Д.Муратын ёс зүйгүй үйлдлийг түүний өөрөө сайн дураараа бусдад тараасан баримтад үндэслэж, шүүмжилж үзэл бодлоо илэрхийлсний төлөө сэтгүүлч Д.Майцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн гээд эрх баригчдын сонин хэвлэл рүү дайрч давшилсан, сэтгүүлчдийг шоронд өгсөн тохиолдлууд олон бий.

Цаанаа сонинтой сэтгүүлч гэдэг хамгийн хүчтэй байдаг. Цаанаа сонинтой гэхээр манайханд эн түрүүн улстөрчид, мөнгөтэй нөхдүүд сонины нууц эзэд гэсэн ойлголт шуудхан бууна. Тэр бол тийм ч анхаарал хандуулах сүрхий асуудал биш л дээ. Хамгийн гол нь юм бичээд түүнийг нь шууд нийтэлдэг мэргэжлийн редакци бүхий сонинтой байна гэдэг юунаас ч хүчирхэг. Хэн бугайд ч дийлдэхгүй агуу зэвсэгтэй байна гэсэн үг. Энэ нь ардаа но-той хүмүүст хамгийн том аюул байж таарна. Нэг л өдөр дэлхий нийтээр үнэнийг дэлгэхээс эрх мэдэлтнүүд, хөрөнгө мөнгөтэй, гол нь но-той хүмүүс үхтлээ айдаг. Тэгээд үнэнийг нь мэдээлэх магадлалтай сэтгүүлчийг алж булж байж санаа нь амарч байна. Үүний ойрын жишээ бол турк гаралтай Саудын Арабын сэтгүүлчийн аймшигт үхэл юм. Мэдээллийн хямрал дэлхий дахинд нүүрлэсэн энэ үед томоохон улс орнууд өдөр тутмын сониныг мэдээллийн албан ёсны эх сурвалжаа болгох болсон. Түүний тодорхой жишээ Оросын холбооны улс.

Тус улсын хууль шүүхийн байгууллагууд сошиал дахь мэдээллийн сувгууд дээр гарсан мэдээ материал нийтлэлүүдийг албан ёсны эх сурвалж баримт нотолгоо гэж үзэхгүй. Иргэн хуулийн этгээд нь хууль шүүхийн байгууллагад хандахдаа зөвхөн цаасан хэвлэл сонинд гарсныг баримт хэрэг үүсгэх нотолгоо болгоно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

“Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Asa­hi Shimbun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, Францын “Le Monde” гэхчлэн олон сониныг мэдээллийн сувгууд албан ёсны эх сурвалжаа болгосоор ирсэн нь ч үүнтэй холбоотой. Сонин бол урж тасдаад шатаачихгүй л юм бол тухайн улс үндэстний түүхийн баримт болж үлддэг. Мэргэжлийн редакцитай нэр хүнд бүхий сонинд хэзээ ч худлаа мэдээлэл гарах ёсгүй. Тухайн редакци уншигч захиалагчдынхаа итгэлийг алдах вий, худлаа мэдээлэл олон нийтэд хүргэх вий гэж дээд зэргээр болгоомжилдог. Худлаа мэдээлэл түгээж уншигчаа хуурахгүй гэх алтан зарчмыг мөрдлөг болгодог. Аливаа асуудалд ултай суурьтай ханддаг эрхмүүд сошиал ертөнцийн шуугианд авталгүй сонины редакцид ханддаг нь ийм учиртай.

Цахим жиргээчид бараг өрөөнөөсөө толгойгоо цухуйлгалгүй, ямар ч хүч хөдөлмөр зарцуулалгүй мэдээлэлд ханддаг бол мэргэжлийн редакцитай сонины сэтгүүлч дэлхийн өнцөг булан бүрт, хамгийн халуун цэгт редакцийн томилолт аван очиж газар дээр нь сурвалжлага бэлддэг. Асар том зөрүү бий л дээ. Сонины сэтгүүлчийг алж байж санаа нь амарна гэдэг бол сонинд итгэх хүн төрөлхтний итгэл ямар өндөр байгаагийн баталгаа юм. Түүхэнд судар мэт үлддэг сонины сэтгүүлчид асар их нэр хүндтэй, басхүү асар их аюултай гэдгийг дэлхийг цочроосон аллагууд харуулсаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Хайрын дулаан хорвоо буюу Эрэнжидийн Хархүү

Говийн дунайсан цэнхэр тэнгэрийн дор зургаан өртөө үргэлжлэх Хонгорын элсэн уул зүүн урагш ширээ ширээ атан тэмээд шиг хошууран цувж шаргалтана. Түүний ар хормойгоор нов ногоон зүлгэн дундуур Хонгорын гол гилтэлзэн урсаад, Сэрүүн булгийн ус жирэлзэн мэлтгэнэнэ. Тэртээ баруунаа Хатан Сэврэй уул галын хөх дөл шиг цоролзон асна. Ингээд бодохуйд халуун говийн Хархүү хэмээх хайрын дулаан хорвоо сэтгэл зүрхэнд ороод ирнэм буюу. Яруу найргийн аранзал улаан тоосон дунд яваа миний сэтгэлд яг л намрын говийн Хатан Сэврэй уул шиг зүрх баясгадаг нэгэн бол Эрэнжидийн Хархүү юм. Галбын говийн үзүүр хаяа, домогт Есүй хатны шүншигт аршаан Хатны булаг, Эргэлийн зоо, Сулинхээрийн цэнхэр хязгаар өчүүхэн намайг эл найрагчтай уулзуулж, намрын говийн тунгалагт сэтгэл ижилсүүлж, найраг шүлгийнх нь ингэн буйлааг сонсгож билээ.

Хархүүгийн шүлгүүд аанай л намрын говьд ингэ гунга-нахыг сонсох мэт дотогшоогоо мэлмэрсэн, таанын цагаан толгой цавцайтал цайрах адил гэгээ гэрлээр булхагдсан, говийн шөнийн одод энгэр цээж рүү шургалан асгарч, шуугин нисэлдэх лүгээ тийм л тунгалаг мэдрэмжийг төрүүлдэг юм. Үг бүрээс нь хайрын торгон аялгуу солонгорч, хүмүүний амьдралын жам ёс хийгээд үнэн мэдрэгддэг нь сайхан. Тэртээ дөчин дөрвөн оны мичин жилийн их зуднаар Ханхонгорын Улаан овооны бууцанд эхээс мэндэлсэн тэрээр Монголын их утга зохиолд өмнийн говийнхоо тулах багана нь байж өдгөө загал буурал толгойтой, зах хязгаар нь баригдахгүй алсарсан говийн тэнгэр шигээ аугаа нэгэн ертөнц болж дээ. Илчит халуун говийн цагаан шөнөөр шүлгээ бичиж, идэрхэн залуу наснаа багшийн хөдөлмөр эрхэлж, эх хэлнийхээ яруу тансгийг мэдрэн эрдэнийн чулуу шиг гэрэлтэн явахдаа л утга зохиолын бурхдад танигдсан байдаг.

Далаад оны эхээр Сономын Удвал гуайг Даланзадгадад очиход шүлгээ уншиж, агуу их Удвалаас талархлын үг сонсож явсан хүн бол Хархүү юм. Ханхонгорын бут бударгана, өвс ус тэгшхэн Баянгийн хоолойд тэмээчдийн баяр, найргийн баяр хоёр давхцахад Удвал гуай “Ханийн үг” шүлгээ уншиж, “Аль гучин хэдэн онд би энэ Баянгийн хоолойд тэмээ хариулж явлаа” хэмээн хүүхэд ахуй насныхаа эгэл бор өдрүүдийн дурсамжийг сөхөн хоолой чичирхийлэн ярихыг нь уяран сонсч, говийн хөгшидтэй чин сэтгэлийн яриа дэлгэхийг нь харан баясч явсан нь түүх болон үлджээ. Эрэнжидийн Хархүү бээр их утга зохиолын бурхдыг нэгэн дор харж баяссан далан есөн оны есдүгээр сарын ухаан хонгор өдрийг мартдаггүй л болов уу. Удвал ахайтан, их Явуу, Пүрэвдорж, Дашдооров, Сэнгийн Эрдэнэ, Пүрэвжавын Пүрэвсүрэн тэргүүт аваргууд заларч говийн тэнгэр дор найргийн хур асгарчээ. Тэрхүү найргийн цагаан бороонд шалба норсон нь мөнөөх Хархүү байлгүй хаачихав. Тэр ахуй цагаас онгод гээч нь оргилон буцалж говийнхоо тэнгэр дор ёстой л нэг багтаж ядаж байсан биз.

Зохиолч найрагчдын уран бүтээлийн үдэшлэг уулзалтыг Дэндэвийн Пүрэвдорж хөтөлж “Маргад тэнгэрийн чулуун зүмбэр, манант говийн үүлэн сүмбэр, Сэгс цагаан Богд ууланд сэтгэл байвал жаргал байна” гэх яруу сайхан мөрүүдээ уншин монгол найргийн дархан цэц тэрбээр дүүхэлзэн байсан нь мэдээж. Хонгорын алтан шаргал элсэн дээр нь хөрвөөж, Говь Гурван сайхан уулыг нь уярааж, Ёлын амаар зочилсон зохиолчдын аяны харгуй Эрэнжидийн Хархүүг номын багш цэцэн билэгт Пүрэвдоржтой нь золгуулсан юм. Хангайн сайхан Эрээн уулын омголон найрагч Хатан Сэврэйн хөвгүүнтэй учрах ерөөлийн барилдлага тэгж тохиосон ажгуу. Харин Пүрэвдорж багшийгаа эртнээс мэдэх юм билээ. Жаран долоон онд Мандалговийн арван жилийн сургуульд багшилж байхад нь Дэндэвийн Пүрэвдорж найрагч хотоос очиж тухайн үед дуулиан болоод байсан “Тусгаар тогтнол”-оо уншихад нь хөдөөх суурингийн залуухан багш шавь нарынхаа хамт алгаа хорстол ташин сэтгэлийн цэнгэл эдэлснээ мартдаггүй гэдэг. Номын багштайгаа анх тэгж Мандалговийн тэнгэр дор “Тусгаар тогтнол”-ыг тунхаглан учирчээ. Пүрэвдорж багш нь өмнийн говьд явахдаа “Уул нь энэ хүү Монголын яруу найрагт тодоос тод мөр үлдээх ёстой хүн. Газар нь холдоод байдаг юм уу, Гурван сайхан нь хаагаад байдаг юм уу, толгой нь цухуйчихаад нэг их ил гарахгүй байна шүү. Нутгийнхаа энэ шүлэгчийг өөд нь татаж, өсгөж өндийлгөж авмаар юм. Үүнийг би дэргэдэх түмэнд нь дээдэх дарга нарт нь айлтгаж байна” гээд палхийтэл хэлжээ. Өмнийн говийн хамгийн буйдхан суурин болох Баяндалай, ганган улаан тэмээдээрээ алдартай Галбын говийн Ханбогд, Цогт-Овоо гээд холын сумдад “цөлөгдсөн” эр Пүүжээ найрагчийн буянаар аймгийнхаа барааг дахин харах хувь тохиожээ. “Хэл амтай, дэмий юм бичдэг энэ нөхрийг аль болохоор хол суманд явуул” гэсэн даалгаврыг аймгийн намын хорооноос өгч байсныг буурал найрагч нуугаагүй дээ.

Мань хүн жаран нэгэн оны намар есдүгээр ангийн сурагч доод ангийнхаа охинд дурлахчаан аядаад шүлгээр өвчилж явахдаа Даланзадгадын төв цэцэрлэгт духан дээрээ сорвитой Дооровыг анх харсан гэдэг. Уран зохиолын багш Ваанжилдаа хэлж тэр том зохиолчид шүлгээ үзүүлэх сэн гэхээс адгаж байсан цаг. Гэвч есдүгээр ангийн балчирхан хүүхдийн зориг хүрээгүй нь лав. Харин жаран гурван оны намар Багшийн дээд сургууль дээр зохиолчидтой хийсэн уулзалтад очиход Лодонгийн Түдэв “Уулын үер”-ийнхээ хоёрдугаар дэвтрийг хэрхэн бичсэнээ ярьж, Нямбуугийн Нямдорж “Өрнө дорно” гээд эсэргүү гэгдэж байсан шүлгүүдээ уншиж, Дэлгэрхангайн Дашдооров “Говийн магтаал” найраглалынхаа тухай ярихыг шимтэн сонсч, “Энэ аварга Дооровтой Даланзадгадад тэр жил уулзсан бол” хэмээн харуусч суусан гэх. Хархүү ахаас агуу Дооровыг хайрласан халуун сэтгэл нэвт шувт мэдрэгддэг. Дооровын ертөнцийг өөртөө бий болгож, говийн гүжирмэг тэр сайхан эрийг, авьяас билгийн өндөр их хайрхныг зүрхнээсээ хайрлан өөрийгөө Пүрэвдоржийн ч шавь, Дооровын ч шавь гээд “Хангай говиос түшсэн хоёр сайхан уулын хүү” гэдгээ тунхагласан билээ. Говийн үзэсгэлэнт төгөлдөр Сүм хөх бүрдэд “Говийн өндөр” Дооровынхоо өвөрт эрхлэн унтаж, чухамхүү багш шавийн халуун барилдлага дор сэтгэлийнхээ үгийг нийлүүлж асан дурдмал өдрүүдийг нь миний бие зүрхээрээ мэдэрдэг. Хөх бүрдийн усан, тугалган өнгөөр долгилж зэгс шагшуурга шуугьсан шүлэг найргийн уянгат үдэш гоёоны архи задлан хундага харшуулангаа Дооров бүдүүн хадуун дуугаар нүргэлж, хүр хүр инээд алдаад тэр хоёр баахан “юу яасан” удаатай. Тийм алтанхан агшин хоромд их Дооровоос өмнийн говьд хамтдаа очсон Санги гэдэг нивх үндэстний зохиолчийн тухай асуусан байдаг. “Нохойн дуу” шүлгийг нь Удвал ахайтан орчуулж говийн уншигчдад хүргэсэн түүний тухай Дооров “Юу л даа хө, Санги чинь манай Түдэвийн дотнын найз. “Кивонгийнхний хурим” гэдэг лут зохиол, аа бас нөгөө юу, “Цэнхэр уулс”, “Эзний хаанчлал” гээд зөндөө ном бичсэн хүн. Би ганц нэгийг нь уншсан. Мундаг аа, мундаг. Нивхүүд чинь хэдхэн хүнтэй, тундр хавийн нэг муу ядарсан бүдүүлэг хүмүүс гэнэ лээ. Манай бол хөдөөний нэг сумын хүн амд хүрэхгүй цөөхөн. Гэтэл хө, Владимир Санги гэдэг том зохиолчийг төрүүлсэн байгаа юм. Нөгөө Чингиз Айтматов “Далайн хөвөөний алаг хав”-аа Сангид зориулсан шүү дээ. Чи уншсан биз. Оргил оргилоо харна гэж тэр” хэмээн ярьсан нь бий. Дооровын төрсөн Шорвогийн хөх овооны бууцанд Хархүү ах тэмээ хариулж явсан юм гэдэг. Өмнийн говийнхон холын нүүдлээр Дундговийн Дэлгэрхангай, Адаацаг, Эрдэнэдалайд ирж өвөлждөг байсан юм гэнэ лээ. Тэгэхээр төрсөн газрынхаа салхийг амсаж явсан Хархүү Дооров хоёр халуун барилдлагатай байхаас яах билээ дээ.

Дорнын их Явуугаас зохиолчдын эвлэлийн гишүүний үнэмлэхээ гардаж авна гэдэг тэр бүр найрагчид олдох хувь заяа биш сэн. Тийм алтан хувь заяа халуун говийн Хархүүд олдсон юм. “Хоёр дахь номоо хэвлүүлсэн говийн хэнзхэн шүлэгч би 1977 онд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүний батлахыг Явуугаас гардаж авахад “За Хархүү минь их юм хий, сайн бич. Хол явах эрхийн чинь үнэмлэх гэж наадахаа бод. Залуучууд та нарт бид итгэж явдаг юм шүү” гэж чин сэтгэлээсээ дотночлон хэлсэн нь одоо ч санаанд тодхон байна” хэмээсэн. Явууд нэгэнтээ “Би адуучин хүн” шүлгээ уншихад “За хүү минь чи сайхан шүлэг бичжээ. Дэндүү уран цэцэн байна. Үгийн тэр гялбаанаас чинь болоод хэлэх гэсэн санаа чинь бүдгэрээд байна” гэх үнэт зөвлөгөөг өгснийг он жилүүдийн тоосонд хадгалж ирснээ дурсдаг юм. Ер нь Хархүү найрагч ахас ихсийн хэлсэн үг, зэмлэл сануулгыг амьдралын мөрдлөг болгож өөртөө ташуур өгдөг нэгэн. Далаад онд алс говийн жирийн багш, шүлэг зохиолын хорхойтон тэрбээр Түдэв гуайг зохиолчдын хорооны дарга байхад нь их л зориг гарган нарийн бичгээр нь дамжуулан уулзах хүсэлтээ дуулгажээ. Тү жанжин огтхон ч хүлээлгэлгүй шууд оруулсан юм гэдэг. “Арваадхан хоромд миний ажил төрөл уран бүтээлийн тухай асууж, гадаад хэл дээр хэр зэрэг сурч байгаа мөн уран бүтээлийн ямар төрлөөр бичиж байгааг онцлон лавлаад их л нухацтай бөгөөд чамбайхан цөөн үг хэлсэн. Хэл сурах талаар олигтой оролдохгүй байгаа, ганц нэг шүлэг бичих төдийгөөр уран бүтээлээ хязгаарлаж байгаад минь зэмлэл хүртээсэн. Тэндээс гарахад миний духны хөлс чийхарч билээ. Тэр өдрөөс хойш надад олон юм бодогдож хөдөөгийн буйд алсад цагийн аясаар гэлдэрч явсандаа гэмшиж ямар боловч өөрийгөө ташуурдсан удаатай. Ухаантай хүнээс үг сонсох сайхан бөгөөд жаргал” хэмээсэн нь Түдэв гуайн зэмлэлээс илүүтэй өөрийгөө ухаарсан нь агуу санагддаг.

Багш шавийн барилдлага, андын журмыг ямагт өндөрт тавьдаг найрагчийнхыг буйдхан хөдөөдөө байхад гэрийнх нь босгоор алхаагүй найрагч ховор. Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч, Тангадын Галсан, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дөнгөтийн Цоодол, Санжийн Пүрэв, Жигжидийн Бямбаа гээд олон чиг сайхан найрагчдын нэрс дурайнам. Есөн эрдэнийн Бадарч нь Овоотын отрядын дархан хилийн шугамд шүлгээ бичиж байхдаа “Уулын намар” Пүрэвийгээ дагуулж очсон, Улаанбаатараас өндөр Цоодол нь шүлэглэсэн захиа бичиж Хархүү анддаа урин хавраар хүргүүлсэн гээд дурсамжийн хуудас дундрахгүй. Далан зургаан онд алс хол Баяндалайд багшилж байхад нь Сүрэнжав найрагч шуугиулаад буужээ. Хөл хөсөөн болж, шүлэг найргийн бороо асгах үед Сүүеэ нь “Пүрэвдоржийн өмнөтгөл үгтэй гаргасан “Миний сайхан хөдөө” номыг чинь уншсан. Боломжийн шүлгүүд байна лээ. Хөдөө удсан ч гэлээ чи зэвэрсэнгүй” хэмээн урам зоригийг нь бадраагаад өгчээ. Баяндалайн буйдхан сууринд уулзалдан баяссан тэр хоёр хэдхэн жилийн дараа Москвагийн тэнгэр дор цагаан цасан эргэлдэн бударч байхад Пушкины хөшөөний өмнө зогсож байсан гэдэг. Хархүү ах Унгараас буцах замдаа Москвагаар дайрч алдарт Горькийн сургуульд саатсан юм билээ. Энэ мэт аяны харгуй, хүний дээдтэй учирч шүлгийн сайхныг дуудаж явсныг нь хэлж барахгүй юм даа.

Заяатын Ядмаа, Хоролын Зандраабайды, Сономын Чулуун гээд говийнхоо аараг манхан толгодын амь амьсгалыг шингээсэн хаяа сайтай айл шиг хэдэн бууралд би даан чиг хайртай. Тэдний нэгэн Эрэнжидийн Хархүү билээ сэн. Эргэл Богдын зоонд бидэн хоёрыг ижилсүүлэн золгуулсан хүн нь Эрдэнэ-Очир найрагч. Энэ тухай миний бие Долгорын Нямаа ахыгаа дурссан бодролын хайлалдаа нулимстай бичиж байсан. Хоёр мянга долоон оны намрын тэр өдөр говийн зөөлөн дулаахан уул сэтгэлд минь нургилан ургасан нь Хархүү юм. Андын журмыг ямагт халуунаар хадгалдгийн нүнжигт сэтгэл нь номынх нь хуудсыг эргүүлэх бүрийд л уншигдана. Равжаа хутагтаас аваад Арлааны Эрдэнэ-Очирыг хүртэл их утга зохиолынхоо эрдэнийн чулуудыг бичсэн хөрөг дотроос Раднаадаргиа гэж ширвээ хар сахалтай, ширүүн дориун төрхтэй уянгат найрагчийн дүр ургаад ирнэ. Хишиг-Өндөрийн арван жилийн сурагч “Мөнхийн устай хорвоо” хэмээх номыг олж уншаад Жигжидийн Раднаадаргиа гэж ямар гоё найрагч болохыг мэдэрч байлаа. Утга зохиолын сургуулийн оюутан ахуй цагтаа Төв аймгийн Зуунмод хотноо болсон хүүхдийн найргийн наадамд мөнөөх Раднаадаргиатай учирч хөшигний ард жүнз тулгаж байсан удаатай. Ширвээ хар сахалтай энэ нөхөр Хархүү ахтай оюутан цагийн андууд юм билээ. “Айраг шуугин шуугин иснэ, айлын бүсгүй дуулан дуулан өснө” гэж зүрх долгилуулан ганхуулсан найрагчийгаа Хархүү нь мартдаггүй, энгэртээ гялтайх одонгүй орчлонгоос буцсанд нь харуусдгийг нь мэдэрсээн.

“Говь Гурван сайхан тэнгэрийн хаяаг алдлан сунайж, үлгэрийн хөх манан дунд умбажээ. Гурван сайханаас зүүнтэйгүүр Буурын хяр, Хан уул, Их, Бага уул хөшиглөн цэнхэртэнэ. Тэртээ хойгуур Шар хацрын хэц минь зэрэглээн дунд мяралзан урсана. Булган зогдроо хаврын хонгор салхинд суусарлуулан жонжих олон ухаа тором шиг мяралзан тэлмэх зэрэглээн далайг бишрэн харж өссөн бага нас минь нутгийнхаа уул толгод хөндий хоолойтой амин холбоотой. Нэр нь хүртэл одоо болтол алганы минь хээ шиг тодхон дурайж байнам” гэж бичсэн найрагч хаа чиг явсан говийнхоо зэрэглээн далайг санагалздаг байна. “Өрнийн их усан Хар тэнгис дээгүүр агаарын хүчирхэг хөлгөөр нисч, тэнгисийн ус онгоцны өехий шүргэх мэт оволзон давалгаалахыг харахад говийн цэнхэр зэрэглээ хойно хойноосоо тэлмэн мяралзах шиг санагдаж билээ. Унгарын Балатон нуур, Оросын Байгал далайг харахад бас л тэгж харагдсан. Байгал далайн ус олон цагаан ботго зогдор хөдөлгөн тэшиж байгаа мэт, эсвэл олон цагаан хурга бөмбөрөн цахилж байх шиг…” гэж бичсэн нь эл бүхний баталгаа юм.

Бал улаан худагийнхаа усаар угаалгаж, Улаан овооныхоо хонгор бууцан дээр өнхөрч өссөн найрагч “Амгалан цэнхэр тал”, “Намрын хонгор говь”, “Оддын доорх жаргал”, “Хайрын дулаан хорвоо”, “Хараацай бага нас”, “Би говийн хүү”, “Тос даасан монгол айл” гээд чухамхүү намрын говийн алтан шаргал элсний нурлага шиг номуудтай. “Намуун хонгор салхиараа санчиг илбэн наадсан

Намрын хонгор говьд ингэ буйлахыг сонсоод

Дэндүү уяхан дуунд нь зүрх хайлан бөмбөрч

Дэлгэр талын замд нулимс аяндаа мэлтрэв

…Ингэ ботгоны гунганаан дунд торнисон болохоор

Ижилгүй уяхан түүнийг үгүйлж явснаа мэдэв

Нэг л сайхан юмаар дутагдаад явсан сэтгэл минь

Нээрээ л хөөрхий өнөөдөр дүүрээд ирдэг байна шүү

Хорвоогийн тансаг аялгуунд зөндөө л умбасан даа, гэвч

Хонгор говийнхоо эгшгээр цангаж л явж дээ сэтгэл минь

Унаган бага наснаас зүрхэнд шингэсэн аялгуу минь

Уярал хайрын хэлхээгээр бөмбөрөн унаж л байна уу даа” хэмээх “Намрын говьд ингэ буйлахыг сонсоод” шүлгийг нь “Цог” сэтгүүлээс олж уншчихаад сэтгэл нэгэнтээ цэлмэж билээ. Ингэж л миний сэтгэлд Эрэнжидийн Хархүү оройн намрын говийн олон ботгоны буйлаантай орж ирсэн юм. Элбэрэлт хүү Мандахбаяртаа зориулсан “Говь Гурван сайхан” гэж хуур лимбийн эгшигтэй урьхан хонгор шүлэг бий. Сэтгэл яруусан уншихуйд Говь Гурван сайханы торгон зулайг дун цагаан үүл шүргэн шүргэн нүүх нь нүднээ үзэгддэг. Цэнхэр номин уулынхаа бэлд цэцгэн солонго шиг эрхэлж өссөн найрагчийн аавдаа зориулсан зүрхнийх нь бичээсийг таталгахуйд нулимс аандаа мэлтрээд ирнэ. Хорин нэгтэй оюутан хүүгээ сургуульдаа явахад ачит эцэг нь сүү өргөөд хоцорсон юм гэдэг. Дараа жилийнх нь хавар давхиад ирэхэд эзгүй байжээ.

“Уяан дээрээс мордоод эргэж нэг харсан

Уньт гэрийнхээ үүдэнд сүү өргөж зогссон

Эр хүн сүү өргөдгийг төдийлөн үзээгүй

Эмнэг залуу зүрхэнд минь нулимс нэг зангирсан

Эсэргэн хаврын сардаа эргээд би ирсэн

Эсгий таван ханат эзгүйрч ханхайж угтсан

Ээл дулаан хойморт нь нар царцаж харагдсан

Эрдэнийн хорол тооно нь дайвж нэг үзэгдсэн

Хүсэл хясал ээлжилсэн хорвоо гэдэг бөөрөнхий

Хүний хорвоогоос явчихсан миний аав л хөөрхий

Үр минийхээ сэтгэлийг хатааж чангалж суусан

Өлзий буянт аав минь халхын буурал ухаан…” тийм ээ, өлзий буянт эцгээ халхын буурал ухаан гэж өргөн хорвоод зарлаж зүрхнийхээ нулимсаар шүлэг бичсэн найрагчийг өөрийн эрхгүй хайрлахаас яах билээ.

Тэрээр нэгэнтээ “Би үхлээс огтхон ч айдаггүй. Авах өдрөө аваг, жам юм чинь. Харин би орчлонгоос цагаан мөртэй буцна гэдэгтээ итгэж омогшдог” гээд “Би үгнээс айдаг. Хараал зүхэл, гүтгэлэг доромжлолын муу үг хүний зүрхийг шархлуулж, бүтээх туурвих урам руу нь мөстэй ус цутгадаг. Ерөөс яруу найрагчид эмзэг улс, зүрхээ хямгадахгүй бол энэ ариун ертөнцөө шархдуулчихвал яаж шүлгээ бичиж, амьд явах юм бэ” гэсэн нь бий. Энэ бол Хархүү найрагчийн халуун зүрхнийх нь тангараг юм. “Шүлэг шиг яруухан явъя, шүүдэр шиг ариухан явъя” гэж зам мөрөө, өөрийнхөө гэгээн тунгалаг он жилүүдийг тунхагласан өмнийн говийн буурал “хөвгүүн” энэ амьдралд яг л номынхоо нэр шигээ “Хайрын дулаан хорвоо” ажгуу. Халуун говиос гаргасан зам мөрөөс нь хайр ундарч, намрын говь нэвчтэл шингэсэн найргаас нь мөн л хайр асгарч, зүрхнийхээ зөөлөн шаргал аялгуугаар тэр “Хайрын дулаан хорвоо”-г Монголын яруу найрагт бүтээжээ. Үүнийх нь төлөө нартын дор насан туршдаа талархнам, би.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Физикт сургах зүйн үндэс”


Физикматематикийн ухааны доктор, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Цэдэндамбын Содов болон профессор М.Гонгор, доктор Л.Удвал нарын хамтын бүтээл “Физикт сургах зүйн үндэс” ном хэвлэгдэн гарлаа. Физикийн боловсролын өнөөгийн хэрэгцээ, практик шаардлага, өөрсдийн дунд, дээд сургуульд физикийг олон арван жил судалж заан сургаж ирсэн явцад сурагч, оюутныг физикт хэрхэн сургах талаарх санаа бодол, сурган хүмүүжүүлэх эрэлт хайлт, эргэцүүлэл, шинжилгээ, хуримтлуулсан туршлага, практик арга барилдаа тулгуурлан эрдэмтэн профессорууд энэхүү номыг туурвижээ. Мөн манай улсад физикийн боловсрол сургалт хөгжиж ирсэн товч түүх, физикч эрдэмтэн багш нарын бий болгосон тэргүүн туршлага, сургамжид дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бичсэн нь тодорхой харагдаж байна.

“Физикийн шинжлэх ухаан, боловсрол, соёл”, “Физикт сургах зүйн үндсэн асуудлууд”, “Монголын физикийн боловсрол, сургалтын систем дэх судалгаа, туршлага, тулгамдсан асуудлууд”, “Физикт сургах зүйн зарим жишээ” гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн энэхүү номд зохиогчид судалгааасуудлын шинжтэй лекцийн материалыг суралцагчдын идэвхтэй оролцоотойгоор эх сурвалжуудтай ажиллан системчлэх, физикийн бодлого бодох, лабораторийн туршилтыг бие даан хийх, физикийн үзүүлэх туршилтад бэлтгэх, төгсөгчдөдөө дээрх арга зүй, барилыг төлөвшүүлэх асуудлыг авч үзсэн байна.

Физик бол хөдөлж буй материйн энгийн хэрнээ хамгийн нийтлэг шинж чанар, түүний бүхий л төрөл, төлөвийн бүтэц, харилцан үйлчлэл, хувиралтай холбоотой тооны болон чанарын өөрчлөлтүүдийн тухай орон зайцаг хугацааны бодит хуулиудыг судалдаг шинжлэх ухаан юм. Иймийн тул физикийг судалснаар аливаа хүн:

Янз бүрийн систем, үзэгдлүүдийг нэгдмэл арга судлалын үүднээс судлах, ертөнцийн олон талын нэгдлийг нээх,

Ертөнцийн шинжлэх ухааны дүрслэлийн талаар төсөөлөлтэй болж, хүрээлэгч бодит орчин, бие хүний үйл ажиллагааны зорилго, ахуйн мэдлэгүүдийн тухай субьектив систем төлөвших,

Суралцагчдын логик сэтгэлгээ, индукци, дедукци, оюун дүгнэлтийг ашиглах чадвар хөгжиж, физикийн онолын загварыг хэрэглэх мэдлэгтэй болох,

-Төрөл бүрийн үзэгдлийн зүй тогтлыг олж, судалж буй процессуудын хоорондын шалтгаанүр дагаврын холбоог тогтоож, үүсэх зөрчлийг илрүүлэн танин мэдэхүйн шинэ түвшинд хүрдэг байна.

Энэ номын өөр нэг онцлог бол физикийн тасралтгүй боловсрол Монгол Улсад үүссэнээс хойших ер орчим жилд физикийн сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийн агуулга яаж хөгжиж, хэн хэн гээч зохиогч ямар сурах бичгүүдийг орчуулж, зохиож хэрэглэж ирснийг баримтаар нотолж, залуу үеийг физикт сургах зүйн олон тулгамдсан асуудал, тухайлбал сургалтын арга, арга зүй, технологи, хэрэглэгдэхүүн, ахмад үеийн багш нараас туршин хэрэгжүүлсэн сурган хүмүүжүүлэх туршлагад шинжилгээ хийж, заримыг нь “Физикт сургах зүйн зарим жишээ” бүлэгт дэлгэрэнгүй оруулсан явдал юм. Физикийн дунд, дээд боловсролын залгамж холбоо, тэрчлэн физикийн багш бэлтгэж буй байдал, физикийн боловсролыг Монгол Улсад шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй холбон хөгжүүлэх талаарх судалгааны үр дүнгээ ном зүйд буй эх сурвалжуудын хамт эшлэл болгон бичиж, цаашид боловсронгуй болгох талаар тодорхой саналууд дэвшүүлжээ. Номыг шинжлэх ухааны доктор, академич Б.Жадамбаа, доктор, дэд профессор Х.Дондог нар хянан тохиолдуулжээ.

Физикийн хичээл зааж буй багш нар, багш болохоор суралцаж буй оюутан үйлийн явцдаа бүтээлчээр суралцахад нь туслах зорилгоор бичсэн энэхүү номын үнэ 18000 төгрөг бөгөөд 99912430 утсаар ярих буюу Sod­ov_Ts@yahoo.com хаягаар зохиогч нартай холбоо барьж, захиалгаа “Физикийн боловсрол” сэтгүүлийн Голомт банкин дахь 1410014435 тоот дансаар шилжүүлэн, худалдан авч болох юм байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёрдогч хөрш ба түүний “Дайсан”-ууд (III)

Түрүүч нь №207(6050), 212(6055) дугаарт

Гуравдагч хөршийн эсрэг дайн (II)

1990 онд улс төрийн эрх чөлөөгөө олж авсан монголчууд гадаад бодлогодоо “гурав дахь” хөрш хэмээх ойлголт оруулсан нь учиртай. Энэ санаа гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцана гэдгээс ч давсан утгатай. Монголд Америк, Канад, Англи болон баруун европын хүчирхэг орнуудын эдийн засаг-улс төрийн сонирхлыг бий болгох зорилготой юм.

Манай хүчирхэг хоёрхон хөрш үгсээд юм уу, хүчний тэнцвэр алдагдсаныг ашиглан нөгөө нь Монголыг түрэмгийлж болно. Ийм хүнд үед Монголтой ханиндаа хохирч байх хань хэрэгтэй гэсэн санаа. Улмаар хамтдаа хохирохгүйн тулд Монголыг өмөөрч байх гурав дахь айл бий болгох гэсэн хоёргүй нэг санаа.

Энэ нь хоёр том сургамжаас эхтэй юм. Нэгдүгээрт, 1928 онд Монголоос хоёрдогч болон гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргасны дараа манай оронд Коминтерний бүрэн ноёрхол тогтсон. Монголд юу дуртайгаа хийхэд монголчуудаас өөр хохирох улс үндэстэн байхгүй болсон. Үүнийг манай сэхээтнүүд ойлгож байсан.

Хоёрдугаарт, жижигхээн Кувейт рүү 1990 онд Иракийн хүчирхэг арми довтлон агшин зуур эзэлсэн. Тэнд Америк болон бусад хүчирхэг орнуудын хөрөнгө мөнгө, эдийн засгаар дамжсан ашиг сонирхол нь ноцтой хөндөгдсөн. Иймээс АНУ тэргүүтэй барууны эвслийнхэн дор нь цэрэг цуглуулан Кувейтийг чөлөөлсөн билээ. Санаж байгаа бол, Кувейтийн Гадаад хэргийн сайд нь хилийн чанадад айлчлал хийж яваад харьж чадахгүй болчихсон. Гэхдээ барууныхан өөрийн хөрөнгөө хамгаалахын тулд Кувейтийг чөлөөлнө гэдэгт итгэлтэй байсан тэр сайд гадаадын төр засгийн зүтгэлтнүүдийг “Кувейтийг чөлөөлөгдмөгц найрсаг айлчлал хийгээрэй” хэмээн урьж залж явсан бөлгөө.

Болсон үйл явдлын өрнөл, цаашдын хувь заяаг гярхай ажигласан Монголын төр, гадаад бодлого боловсруулагчид (Гадаад хэргийн сайдаар Ц.Гомбосүрэн ажиллаж байв) Кувейтийг дэмжсэн мэдэгдэл гаргасан нь хоёр том ач холбогдолтой шийдвэр байв. Юуны өмнө 1921 оноос хойш Москвагаас асуулгүйгээр Улаанбаатарт гаргасан анхны шийдвэр байсан. Түүнчлэн энэ алхам улс төрийн эрх чөлөөт байдлаа сая олсон Монгол Улсыг гуравдагч орнууд өрөвдөх, өхөөрдөх, итгэх аль алинаар нь дэмжин сайшаах уур амьсгал бий болгожээ.

Ингээд шинэ ардчилсан Монгол Улсын гадаад бодлого боловсруулагчид: Нэгдүгээрт, 1928 онд гадныхныг хөөж явуулчихснаасаа болоод өмөөрөх хамгаалах хүнгүй ганцаараа үлдэж хохирсон алдаагаа давтахгүйн тулд, хоёрдугаарт хажуу хөршийн аль нэг нь ирээд түрэмгийллээ гэхэд 1990 оны Кувейтын жишгээр хамтдаа хохирох ханьтай байх гэж “Гурав дахь хөршийн бодлого” “тунхагласан юм.

Энгийн жишээ авъя л даа. Бид малчин удамтай улс. Хэрвээ танай хоттой хонийг хэн нэг хүн хамт маналцаад, чоно нохой ирвэл нийлж хөөгөөд эхэлбэл яасан байх вэ? Танайд хонио тавьсан байна, танай хот руу боохой өнгийвөл тэдний ч малыг идчих магадлалтай гэсэн үг.

Яг түүн шиг Монголд хөрөнгө нь байгаа, хөрөнгө оруулалт нь энд цэцэглэж байгаа тийм хүчирхэг орнууд манайд “хонь маллалцаж, хот руу өнгийсөн боохойтой тулалдах” үүрэг хүлээдэг.

Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт гэж төр нь яриад, яагаад ч юм бэ Монголын төрд хэтэрхий нөлөөтэй болчихсон “төрийн бус”-ууд нь тэднийг хөөж гаргаад байгаагийн цаад учир ердөө энэ.

Заримдаа, уул уурхайд хөрөнгө оруулагч оруулагчдыг эртний булш хохироолоо гэж хөөдөг. Канадууд ийм шалтгаанаар Монголд ажиллах боломжгүй болсон. Уг нь тийм юм байхгүй, ашиглалтын талбай, хуучны булш энэ тэр хаа хамаагүй болохыг бичвэл хэтэрхий урт болчих гээд байна. Ер нь нарийн яривал, энэ газар нутаг өнөөгийн хүмүүс сайхан амьдрахад зориулагдсан юм уу, эсвэл аль дивангарт үхсэн улс тайван нойрсоход зориулагдсан юм уу гэдэг ч бас асуудал шүү. Гарзгүй олз гэж үгүй, иймээс аль болох “бага гарз, их олз” хувилбар луу л дөхүүлж ярина уу гэхээс ерөөсөө “гарзгүй олз, огтхон ч зарлагагүй ашиг” олно гэвэл гэмт хэргийн тал руу хэлбийнэ. Бизнэс хөрөнгө оруулалт дээр ч тэр.

Хэрвээ буруу ойлгоогүй бол, Канадын Сентерра гоулдын оронд Сингапурын хятадууд Бороогоулдыг авч байгаа юм уу даа. Булш бунхан харахаараа амиа тавьдаг хятадууд л байгаасай билээ дээ, тээ!

Монгол орны сайн сайхны төлөө үе үеийн хүмүүс өөртөө байгаа бүхнээ зольсоор л ирсэн. Жишээ нь Ю.Цэдэнбал байна. Түүнийг хамгийн их буруутгадаг нэгэн баримтыг би их өөрөөр хардаг. 1960-аад оны эхээр “Монголын умард хилийн ихээхэн газрыг орос хадамдаа найр тавин бэлэглэсэн” гэж буруутгах ч улс байдаг. Үнэн хэрэгтээ тэрээр, өөрийн төрж өссөн газрыг оролцуулан чамгүй газрыг Зөвлөлтөд өгч байж л БНМАУ-ын нутаг дэвсгэр, тусгаар тогтнолыг авч үлдсэн гэж хардаг юм шүү…за энэ ч яахав.

Хэдхэн хоногийн өмнө Канадын Сентерра гоулд компани “ард түмэн”-ий шаардлагаар Монголыг орхилоо. Ер нь бол Канадуудыг булшинд ойртсон ойртоогүй хөөж байгаа. Канадын Ханресорсыг шахан зайлуулсан ба сүүлчийн могикан болох Монгол-Канадын нэгэн пүүсийг Дорнодоос хөөх ажил амжилттай эхэлсэн байгаа. Бодвол, Сингапурт бүртгэлтэй ямар нэгэн хятад компани оронд нь ирэх буй заа.

Монголд ямар нэг зүйл тохиолдоход хамгаалах учиртай байсан “Канад хана” ийнхүү нурж байна. Одоо Монголд юу ч болж байсан дэлхийн хүчирхэг гүрэн Канадад падлийгүй болж эхэлж байна. Падлийгүй болоод зогсохгүй доромжлогдон хөөгдөж гарсан тул монголчуудад гомдож, яаж ч зовж байсан “хохь чинь, болж” гэж хэлэх ёс суртахууны эрхтэй үлдэж байна. Ураны хайгуулаас Арева-тай хамт хөөгдөж буй Францын ашиг сонирхол ч үүний жишээ.

Монголыг ганцаардуулах төлөвлөгөөний дараагийн болоод эцсийн бай нь Английн “Рио тинто”-гийн хөрөнгө оруулсан Оюу толгой.

Өнгөрөгч хавар Монгол Улсын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайд шоронд орсон. Зохих нөлөө бүхий “ард түмэн”-гүүд тэднийг “Америкт байшинтай юм шиг байна, оффшор бүст мөнгөтэй юм шиг байна” гэж хардан бариулсан. Одоо яригдаад байгаа ЖДҮ болоод түүнтэй төстэй сан идсэний хажууд бол ичмээр л дамшиг л даа, гэхдээ мэргэн ардуудад энэ ч юуны хамаа.

Харамсалтай нь хөндлөнгийн ажиглагчид, ялангуяа гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчид энэ процессыг тун өөрөөр харж байгаа. Учир нь С.Баяр, Ч.Сайханбилиг, С.Баярцогт нар Оюу толгой төслийг хөдөлгөсөн, төсөлд гарсан гацааг арилгах алхам хийсэн хүмүүс юм. Иймээс Хөрөнгө оруулагч нар Монголын засаг төр “Оюутолгойд гуравдагч хөршийг хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсээ баривчиллаа” гэж л дүгнэж байгаа. Тэднийхэн “Гадаадад мөнгө хадгалдаг байж магадгүй, юмыг яаж мэдэхэв тэр нь хулгайн мөнгө байж магадгүй” гэдэг монгол гаргалгааг тэд тоохгүй.

Үүнтэй зэрэгцээд, санаандгүй л тэгж таарсан байх л даа, уул уурхайн салбарын ахмад ажилтан Ч.Хурц хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан нь тэдний сэжиг, гаргалгаанд нэмэр болсон явдал болов. Ч.Хурц гуай нь хөдөлмөрчин, баатарчин байж болох ч Оюу толгой төслийг тууштай эсэргүүцэгчдийн бэлгэдэл болсон нэгэн. Шагналын зарлигт Оюу толгой, гуравдагч хөрш, барууны хөрөнгө оруулагчдын эсрэг тууштай тэмцэл гэхчлэнгийн үг үсэг огоот үгүй, зөвхөн түүний хөдөлмөрийн бахдам амжилтууд дурайж байгаа ч гэсэн Барууныхан өөрийн өнцгөөсөө л харна.

Гуравдагч хөршүүдийн хийсэн дүгнэлт нь Оюу толгой төсөл болон барууны хөрөнгө оруулагчдын эсрэг үйл ажиллагаа нь Монголын төрд дээд хэмжээгээр үнэлэгдэж байна гэсэн гаргалгаа. Манай нам ард түмний ямар ч “ардчилсан” тайлбарт тэд үнэмшихгүй.

Асар удахгүй “Монголын хөрсний гүний усыг барсан”, “Авлига өгсөн” “Монголыг мөлжих гэсэн” зэрэг шалтгаанаар зохих эрх мэдэл, нөлөө бүхий “ард түмэн”-гүүдийн шахалтаар Оюу толгой хөөгдөн гарах биз ээ.

Харин тэр цагт Монголд юу болсон, монголчууд юугаа амсаж, юугаа үүрнэ хэнд ч хамаагүй болно. Яг л 1928 онд үүссэн шиг тийм нөхцөл байдал. Хоёр том хөрш нь үгсэж, эсвэл хүчний баланс нь алдагдаж, аль нэг нь хүч түрлээ гэхэд цуг хохирох хамсаатангүй болсоор л байна. Энэ нөхцөл байдлыг мэдэрсэн, шууд болон дам эсэргүүцсэн зүтгэлтнүүдэд “ямар нэгэн юм” тохиолдсоор…

Нэг ийм төлөвлөгөө л хэрэгжээд байна даа. Монголын төрөөс ч хүчтэй, Монголын сэхээтнүүдээс ч ухаантай, тэгсэн атлаа монголчууд дээр тулгуурласан тийм ажиллагаа.

Гэхдээ…Яагаад энэ бүхэн биелэх ёстой гэж. Яагаад тэдний санаснаар болно гэж…Чамаас л хамаарах болчихоод байна.

2010.04.21

Categories
мэдээ цаг-үе

“Харш”-ийн Бааска: “Хос залуус” дуу миний нэрийн хуудас юм

“Харш” хамтлагийн дуучин Бааска буюу Сэрчмаагийн Баасандоржтой ярилцлаа.


-Та урлагт хүүхэд байхаасаа л хөл тавьсан. “Улаан бүч” чуулгаас урлагийн зам мөр тань эхэлсэн болов уу?

-Миний урлагийн зам мөр яалт ч байхгүй “Улаан бүч” чуулгаас эхэлсэн. Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэргэд хүүхдийн “Улаан бүч” чуулгыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж санаачлан байгуулсан түүхтэй. Тэр чинь 1979 он. Олон улсын хүүхдийн жил байлаа. Чимэддорж гэж тэр мундаг хөгжмийн зохиолчийг “Ургацын далай”, “Нас тогтох сайхан” гээд олон дуугаар нь хүмүүс мэднэ. Мөн Монголын орчин үеийн страдын урлагийн тулгын чулууг тавьсан “Баян Монгол” чуулгыг байгуулсан гэдгээр нь урлагт хайртай хүмүүс хүндэтгэлтэй ханддаг. Чимэддорж багш урлагийн төлөө өөрийгөө тэгж зориулсан нуруутай, буурьтай сайхан хүн байлаа. “Манай гариг баярласаар”, “Цэнгэлийн орон” гээд дан хөгжмийн бүтээлүүд, хүүхдийн магтуу дуу олныг бичсэн дээ.

Энэ хүний удирдлагад миний бие таван жил болсон. “Улаан бүч” чуулгад “Аяны шувууд”, “Гэрлэж амжаагүй явна” киноны дуу гээд олон сайхан дууны хөгжим бичсэн төрийн шагналт Зундуйн Хангалын төрсөн эгч Оюун гэж хүн бидний багш байлаа. Мөн Зундуйн Зундарь бас л бидний хайртай багш байлаа. Бат-Өлзий гавьяатын төрсөн эгч Осорын Сарантуяа гэж багш маань байна. Урлагийн гэр бүлээс тодорсон тэр эрхэм хүн “Улаан бүч” чуулгад миний концертмейстер байсан бол дараа нь Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид ороход мөн л миний багш байсан. Осор гэж мундаг жүжигчний хүүхэд шүү дээ. Манай “Улаан бүч”-ээс сор болон гялалзсан урлагийн одууд төрөөгүй. Анхны дөчөөд хүүх-дээс би “Харш” хамтлагийн дуучин гээд явж байна. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Болормаа гэж байлаа. Баасанжаргал гэж ардын дууг сайхан дуулдаг дуучин одоо Польшид амьдарч байгаа. Урлагаас гэвэл ийм хүмүүс байна.

Урлагийн мөр хөөгөөгүй ч гэсэн амжилттай яваа мундаг хүмүүс бий. Төрийн өмчийн хорооны дарга байсан Баярсайхан байна, Хашчимэг гэж хошууч цолтой, хүүхдийн байцаагчаар олон жил ажилласан бүсгүй байна. Ирэх жил чуулгын маань 40 жилийн ой тохиож байгаа. “Харш” хамтлагийн 30 жилийн ой мөн тохиож байна.

-Ерээд оны эхээр та СУИС-ийн дуулаачийн ангид орсон байдаг. Танай ангийнхан гэвэл поп Сараа, Алтанцэцэгээс аваад ёстой нөгөө урлагийн сорууд чинь байгаа даа?

-Наян хоёр онд наймдугаар ангиа төгсөөд багшийн сургуулийн соёлын ангид элсэж суралцсан. “Хөвөн зөөлөн цасан ширхэг хацар дээр чинь буулаа хайрт минь, Хүйтэн цасан хайрав уу гэтэл хайлан урслаа хонгор минь” хэмээх “Дөрвөн улирал хоёр амраг”-ийг дуулдаг Галхүү гэж мундаг дуучнаар онолын хичээл заалгаж явлаа. Ингээд ерэн хоёр онд хорин таван настай нөхөр СУИС-ийн оюутан боллоо. Тэр үед чинь хорин дөрвөн наснаас дээш настай хүмүүсийг оруулахгүй гэдэг байв. Тийм болохоор паспортоо нууж, насаа дарж байгаад шалгалт өгсөн. Овор багатай болохоор багш нарт залуу харагдсан байлгүй. Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай, мөн одоогийн хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай, зууны манлай Х.Уртнасан гуай, гавьяат Д.Жамьянжав гуай аваргууд шалгалт авсан. Би тэнцчихлээ, гэтэл 25-тай гэдэг асуудал гараад ирдэг юм. Нөгөө аваргууд чинь “Энэ хүүхдэд материал байна.

Авьяастай юм байна, цаашаа явна аа” гэж хэлээд нас харгалзалгүй элсүүлж билээ. Ингээд хорин таван настай амьдрал хэдийнэ үзчихсэн, авгай хүүхэдтэй болчихсон луухгар нөхөр дөнгөж сургуулиа төгсөөд ирж байгаа 18-тай охид хөвгүүдтэй нэг анги болсон. Манай ангийнхан гэвэл дуурийн Б.Эрдэнэтуяа гавьяат байна, поп Сараа байна, поп дива гавьяат Ж.Алтанцэцэг байна, “Тэнгисийн цагаан бороо”-гийн Б.Мягмарсүрэн байна, Д.Ширмэнтуяа гавьяат байна. Ардын дууны Г.Бямбажаргал, “Элкондр”-ын Жаргалсайхан, “Цэцгэн зүйрлэл”-ийн Н.Гантулга гээд Монголын урлагт нэртэй мөртэй яваа одууд нэг анги байсан. Сараа манай дээд ангид байсан ч дунд нь жилийн чөлөө авч сургуулиа өнжөөд манай ангид орж ирж байсан. Бидний дундаас өнөөдөр таван гавьяат төрөөд байна.

Ангийнхнаараа би үнэндээ бахархдаг. Удахгүй миний уран бүтээлийн тоглолт болно. Уг тоглолтод дуурийн Эрдэнэтуяатайгаа ч, Сараатайгаа ч, Алтанцэцэгтэйгээ ч дуулна. Эрдэнэтуяа бид хоёр Шарав гуайн “Аав ээж хоёр” сонгодог дууг дуулна. Ангийнхан маань надад хайртай байдаг юм. Таван жил хамтдаа бужигнасан болохоор арга ч үгүй биз дээ.

-Тэрхүү таван жилийн дурсамжаасаа хуваалцаач?

-Лекцэнд бүгдээрээ цуглаж аваад сууна. Гоо зүй, англи хэл, урлагийн түүх гээд хичээлүүд орно. Эрдэнэтуяа, Сараа энэ хэд англи, орос хэлэнд мундаг. Сараа чинь бүр унаган орос хэлтэй хүн. Сарантуяагаас би хичээлээ их хуулна. Манай хүн ч надад хуулуулна. Оюутан байхдаа би чинь орой үдэш бааранд дуулж хэдэн төгрөг олдог байлаа. Шөнөжингөө бааранд дуулаад маргааш нь хичээлдээ ирэхээр юу ч ойлгохгүй. Тэгээд л Сараа руугаа харна, түүнээс будаа иднэ. Тэрхүү дурсамжаа бид хоёр ярих дуртай. Шалгалтанд Сараа байхгүй бол би дууслаа л гэсэн үг. Оюутан насны аль ч хөгжөөнтэй, инээд наргиантай өдрүүдийг хэлж барах билээ. Сэлэнгийн Хүдрийн сангийн аж ахуйд намрын ажлаар явлаа. СУИС-ийн ихэнх оюутнууд оччихсон байсан. Дуурийн театрт ажиллаж байсан Батцэрэн гэж Дорнодын буриад багш биднийг хариуцан явж байв. Намрын ажилд би тогооч хийнэ. Манай гэр бүлийнхэн хоолонд гаргуун. Ээж маань нийтийн хоолны хүн байсан. Бид эхээс есүүлээ, бүгдээрээ л хоол сайхан хийнэ.

Сангийн аж ахуй дээр юм юм л болно. Амбий, Бооёо гээд кино драмын ангийнхан хамт явж байсан. Амбий маань үтрэмийн талбай руу гахай хөөж оруулаад түүнийгээ нударч надаар гахайн махтай цуйван сэгсрүүлж л байлаа (инээв). Үтрэмийн дарга гахай аллаа гээд асуудал дэгдээдэг юм. Тэгтэл Амбий, Бооёо тэр хэд “Үтрэмийн талбай руу орсон гахайг алаарай гэж та өөрөө хэлсэн биз дээ” хэмээн амыг нь таглаж байсан. Тэгж л зүггүйтэж явлаа даа. “Ус мөрөн олон чиг”, “Аав ээж хоёр минь” гээд олон шилдэг дууг дуулж амьдруулсан хүчирхэг дуучин гавьяат П.Ганбатын ангийнхан тэгэхэд бас л хамт явсан юм. Манай дээд анги л даа. Одоо Америкт байгаа дуучин Саран, Баярмаа гавьяат гээд тэдний ангийнхнаас бас л шилдгүүд төрсөн шүү. Ганбат гавьяатын ангийнхан, манай ангийнхан байх тэр үед Соёл урлагийн их сургуулийн алтан он жилүүд нь байж дээ гэж боддог.

-Таныг “Харш”-ийн Бааска л гэдэг. Ингэхэд хамтлаг байгуулагдсан түүхээс ярихгүй юу?

-1987 онд Тээвэрчдийн соёлын ордон гэж байхад Зундуйн Зундарь “Одод” нэртэй хамтлаг байгуулаад нэг хэсэгтээ л бужигнуулсан. Ингээд хоёр жилийн дараа буюу наян есөн онд “Одод” маань “Харш” нэртэй болсон. “Харш”-ийн түүх Монголын страдын хөгжмийн загалмайлсан эцэг Зундарь багштай минь холбогдоно. “Соёл-Эрдэнэ”-ийн “Сэтгэлийн жигүүр”, мөн “Ар цармын цэцэг” гээд зуун дамжигдан дуулах олон шилдэг дууг багш минь бүтээсэн. Одоо тэр тухай ярьдаг, дурсдаг хүн цөөрч дээ. Би багшийнхаа “Хунгийн дуу”, “Зөвхөн чи мэднэ”, “Бүжин” гээд олон дууг нь дуулдаг, хориод дууг нь дуулж радиогийн алтан фондод бичүүлж байсан. Дорнодын Энхтүвшин гэж залууг ерэн нэгэн онд хамтлагтаа татаж оролцуулсан. “Хос залуус гэдэг аз жаргалтай, хоёулаа бүхнээс дутахгүй ээ хайрт минь…” гэх энэ сайхан дууны хөгжмийг бичсэн залуу юм. Уг дууны шүлгийг Баатархүү гэж манай бөмбөрчин байсан залуу бичсэн түүхтэй. Энэ дууг хамгийн анх би дуулсан. Өнгөрсөн гучаад жил энэ дуу миний нэрийн хуудас болж явна. “Хос залуус”-ыг бичдэг Энхтүвшин бид хоёр мянгаад оны эхэн үеэр Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал яруу найрагч Саруулдалай найзыгаа бараадаж зохиолчдын хороогоор орж гардаг, өрөө түрээсэлж уран бүтээлээ хийж байсан үе ч бий дээ. Энхтүвшин минь өнөөдөр бидний дунд алга. Гэвч хайртай хосууд, оюутан залуус дууг нь дуулаад алхалж явахад баяр төрдөг.

-“Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр ард түмний танил болсон жүжигчин Пүрэвмаа таны төрсөн эгч юм билээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй байх шүү?

-Пүрэвмаа эгч бид хэд чинь Сэрчмаа гэж ээжээрээ овоглосон. Манай аав Пүрэвжавын Дашдорж гэж одоо ерэн нас руу дөхөж яваа сайхан буурал бий. “Би чамд хайртай”-гийн Үрлээг миний төрсөн эгч гэдгийг хүмүүс нээрээ тэр бүр мэддэггүй байх. Нэг гэр бүлээс тодорсон урлагийн хүмүүс гээд зураг хөрөгтэй мэдээлэл цацагдсан. Тэгэхэд эгч бид хоёрын зургийг хараад хүмүүс “Хүүш ээ, та чинь Үрлээгийн дүү юм уу” гээд байж билээ. Эгч маань оюутны ширээнээс гараад Хүүхэлдэйн театрын жүжигчин байхдаа 23 настайдаа Үрлээгийн дүрийг бүтээж байсан. Өөрөө овор багатай болохоор арван жилийн сурагч охины дүрд тоглосон. Тэр үед нь би оюутан байлаа. Манайх Хорооллын хоёр өрөө байранд байсан. “Би чамд хайртай” кино гарсны дараа нэг хэсэг манай хаалгыг залуучууд амраагаагүй. Бүгд л Үрлээд дурлаад сүйд болсон. Ямар сайндаа ээж минь “Хүүхдүүд ээ, наад хаалгаа онгорхой орхичих. Өдөржин хонх дуугараад хэцүү юм” гэж байхав. Тэгж л манай эгчийг залуучууд эргүүлж байсан. Үрлээг хөөрхөн царайтай, гоё нүдтэй гэдэг. Үнэндээ манай эгч царайлаг. Ээжийг минь дуурайсан. Манай ээж чинь ямар гоё нүдтэй, царайлаг, сайхан сэтгэлтэй гоё хүн байсан гэж бодно. Миний амьдралын утга учир ээж минь байсан. Би бол ааваасаа илүү ээждээ хайртай хүн юм.

-Удахгүй болох тоглол-тынхоо тухай сонирхуулахгүй юу?

-Энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд “Яг ийм” нэртэй уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо хүргэнэ. СУИС-ийн ангийнхан оролцох талаар дээр би хэлсэн. Миний хувьд 25 дуу дуулахаар төлөвлөөд байна. Намайг сонсдог түмэндээ ингэж л тайлангаа тавья гэж бодсон. “Чингис хаан”-ы Жагаа, Ариунаа, Энхманлай гээд Монголын рок попын аваргууд бүгд ирнэ. Рок поп ч гэлтгүй зохиолын дууныхан ч надад хайртай байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Хоёрдогч хөрш ба түүний “Дайсан”-ууд

Түрүүч нь №207(6050) дугаарт

НЭГ. ГАНЦ ХӨРШӨӨС ХОЁРДОГЧ ХӨРШ

Монголын тусгаар тогтнолд гол заналхийлэгч нь Хятадууд болох тухай, тэд хэзээ хэзээгүй манай орныг эзлэх гэж байгаа тухай сүрдүүлэг-ухуулга цоо шинэ юм огт биш. Манай хоёр хөршийн нэг нь өөрийн улс төрийн бүрэн хяналтанд эргүүлэн оруулахын тулд нөгөөгөөр нь айлган, дарамталдаг баримт-түүх бас байна.

1949 онд одоогийн БНХАУ байгуулагдав. Нангиадын нутагт цогцолсон 25 дахь династи гэдэг санагдана. Тэд 1945 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Чи Кайшигийн хятадын бодлогыг хэвээр үргэлжлүүлж Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээжээ.

Ийнхүү 1928 онд гадаадын бүх улстай дайсагнаад Зөвлөлтөөс өөр гадаадгүй болчихсон байсан Монголын гадаад харилцаа тэлэв. Угаасаа, Зөвлөлттэй тогтоосон тэр үеийн харилцааг “гадаад харилцаа” гэхэд ч хэцүү байсан. Учир нь БНМАУ-д ЗХУ-ын хууль үйлчилж, нам төрийн тэргүүн асан П.Гэндэн, А.Амар нарын олон хүнийг Зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрт хүчинтэй үйлчилдэг Зөвлөлтийн эрүүгийн хуулийн зүйл ангиар яллан, шүүж цаазалсан байдаг.

1945 оноос ч монголчууд санаачилгаараа гадаад харилцаагаа тэлсэн хэрэг биш, Зөвлөлтийн нөлөөний бүсдээ, социалист лагерь дотроо харилцаа хөгжүүлэхийг Улаанбаатарт зөвшөөрсөн хэрэг байв. Зөвлөлтүүд өөртэй нь адилхан коммунизм байгуулах болсон Мао-гийн БНХАУ-тай харилцахыг монголчуудад зөвшөөрчээ л гэсэн үг.

Монголын тусгаар тогтнолыг БНХАУ хүлээн зөвшөөрсөн явдлыг маршал Х.Чойбалсан маш чухалчлан үзсэн байна. Монголын тусгаар тогтнол нэг талын дэмжлэгтэй байсан бол одоо хоёр талаасаа баталгаатай боллоо гэж тооцжээ.

Энэ санааг Баабар бататган бичихдээ “Хэрвээ Хятад байгаагүй бол Монгол оронд буриадуудын хувь заяа давтагдах байсан. Хэрвээ Зөвлөлт байгаагүй бол Монгол оронд Өвөр Монголын хувь заяа давтагдах байв” гэж.

Үйл явцыг Монгол Улсын тусгаар тогтнол бодитой болов гэдэг утгаар хүлээн авсан Х.Чойбалсан 1946 оны наадмыг “Ардын хувьсгалын 25 жилийн ой”нэрийн дор урьд өмнө байгаагүй сүр жавхлантай тэмдэглэжээ. Зөвлөлт болон Хятадын томоохон зочдыг урьж оролцуулсан ба өөрөө наадмын талбайд биечлэн очиж сур харваж ард түмэнтэйгээ цэнгэлээ. Учир нь энэ ой бол Монгол Улс хөрш улсуудаараа хүлээн зөвшөөрөгдөж жинхэнэ ёсоор тусгаар тогтносны баяр, Х.Чойбалсан нарын хэсэг эх орончид өөрийн хань нөхөд ба лам багш, алтан ургийнхныхаа цусан дундуур туучин байж зорьсон ИХ ХЭРЭГ нь биелсний баяр байлаа…Тусгаар тогтнолд өргөсөн даншиг наадам юм даа.

Маршал Х.Чойбалсан энэ баяр наадамд маш их ач холбогдол өгч , сэтгэл догдолж байсан нь олон баримтаас харагддаг. Гэвч олон юм түүний санасан шиг болоогүйд их бачимдсан бололтой. Өглөө ч таагүй эхэлж. Залгамжлагч Ю.Цэдэнбал нь шөнөжин архидаад өглөө найгүй шартсан амьтан ирснийг загнаж байгаа зураг архивт үлджээ. 1945 онд Улаан талбайд болсон шиг парад хийж, морь унасан парад командлагчаас рапорт авахаар төлөвлөж. Гэтэл парадан дээр Г.Жуков жанжны дүрд тоглох үүрэг хүлээсэн жанжин Мижид мориноосоо унаж шараа болгов. Улсын дайтай улс болоод парад шиг парад хийлгэх гэтэл олны нүдэн дээр түлсэн явдалд уурласан Маршал оройн хүлээн авалтан дээр Мижидийг сэлэмдэх гэж хөөсөн байдаг. Улмаар Тува-гаас ирсэн зочин Сальчиг Тогоо “тувагийн үлдсэн нутаг дэвсгэр”-ийн тухай асуудал сөхсөн нь том доромжлол болжээ. Тэрээр Тува-гийн ерөнхийлөгч С.Тогоог алгадаж унагаад, хэдэн тува дагуулсан чигээрээ зайл хэмээн хөөсөн ажгуу. Албан ёсоор Тока, Салчак Калбакхорекович болсон Сальчиг Тогоо түүнийг Кремльд матна гэдгийг мэдэж байсан нь лав.

Улмаар, зорьсон хэргээ бүтээсэн гэж үзсэн учраас Сталинд хайхрамжгүй хандаж эхэлсэн байдаг. Тэрээр “Чухам энэ өдрийг л үзэхийн тулд Коминтерний хий гэсэн болгоныг хийлээ, хань нөхдөө хөнөөлцлөө. Одоо хангалттай. Коминтерн хийдгээ хийлээ, одоо хэрэггүй” гэж үзсэн шиг байгаа юм. Ингээд дэлхийн хувьсгалын их удирдагч И.Сталины 70 насны ойд очиж хүндэтгэл илэрхийлэх шаардлагагүй гэж үзжээ.

Гэвч түүний мөрөөдөл биелсэн ч гэсэн хүсэл биелэх болоогүй байж. Х.Чойбалсанг ийм зан гаргана гэдгийг урьдчилан харсан Зөвлөлтүүд аль 1930-аад оноос БНМАУ-ын шинэ удирдагчийг бэлдэж эхэлсэн байжээ. Москва Монголын шинэ хунтайж Ю.Цэдэнбалыг түүнд гэнэт танилцуулахад Маршал маш их гайхаж байсан гэдэг.Гайхаад зогсохгүй шинэ залгамжлагч нь эх орноо татан буулгаж, зөвлөлттэй нэгтгэх тухай ярихыг сонсоод маш гутарч партизан нөхөр Г.Бумцэндэдээ “Бид шинэ үеэ хүмүүжүүлж чадаагүй байна” хэмээн халаглан гашуудаж суусан ажгуу.

ХОЁР. “ДАЙСАН” НӨХӨР

Цаг үеэ эртдүүлэн дүгнэсэн Х.Чойбалсан Москвад эмчилгээнд дуудагдан, 1952 онд, монгол уламжлалт цагаан сарын өмнөх битүүн хэмээх их мацаг өдөр мэс заслын ширээнээс тэнгэрт халив.

Тухайн үеийн марксист удирдагч Ю.Цэдэнбал Мао-гийн хятадуудад итгэх тал дээр Маршалаас давж байсан нь сонин. 1950-60 онд түүний шийдвэрээр БНМАУ-ын хилийн цэргийг татан буулгаж, улсынхаа хил, хязгаарыг ямарч хамгаалалтгүй болгожээ. Энэ сиймхийгээр Шинжааны нутгаас олон зуун айл өрх чөлөөтэй нүүдэллэн ирж Баян-Өлгийд аймагт нутагшсан ажуу.

Ю.Цэдэнбал дарга, Хятад улсад коммунизм байгуулснаар Зөвлөлттэй нэгдэн нийлж байгаа хэрэг, иймээс нэгдэн нийлж байгаа орнуудын дунд хил хязгаар байх хэрэггүй гэж үзэж байсан бололтой. Цэдэнбал тэгж үзэх ч юу байхав дээ, зөвлөлтийнхөн тэгж хэлсэн, эсвэл зөвлөлтүүд арай өөр юм хэлснийг нь манай хүн тэгж ойлгосон хэрэг. Тэрээр маршал Х.Чойбалсангийн зүгээс гарсан хятадууд дураараа орж ирээд суучихвал яах тухай болгоомжлолд, тэд коммунизм байгуулж байгаа учраас айх юмгүй тухай тайлбар өгч байжээ.

Удсан ч үгүй Зөвлөлт Хятадын харилцаа хүйтэрлээ. Хятадын удирдагч Мао Зэдун эх орондоо коммунизм байгуулах боловч Москвагийн удирдлага дор, Кремлийн үгнээс гарахгүй явах хүн биш гэдгээ харуулж эхэлжээ.

Дашрамд сонирхуулахад, 1960-аад онд хэд хэдэн жилийн зайтай БНМАУ-ын түүхийн гурван боть гарсан юм. Үзэл суртлын үүднээс гуйвуулсан дүгнэлтүүдийг нь эс тооцвол ХХ зуунд гарсан орчин үеийн бичлэгтэй, шинжлэх ухаанжсан анхны түүх байв. Харин энэ түүхийг Монгол-Зөвлөлт-Хятад гурван улсын шинжлэх ухааны академи хамтран гаргахаар зэхэж байсныг тэр бүрий хүн мэдэхгүй байх аа. Түүхээ хамтран бичих, бүтээх хэмжээнд л хоёр хөрштэйгөө ойртож эхэлж байсан хэрэг. Гэвч харилцаа муудсаны улмаас хятадтай хамтран түүхээ бичих бүү хэл өмнөд хөршөө үзэн ядсан түүх зохиогдов.

Уул нь 1962 онд Ю.Цэдэнбалтай хил тогтоох асуудлаар хэлэлцээ хийсэн БНХАУ-ын ерөнхий сайд Жоу Эньлай хэлсэн байдаг юм. Зөвлөлт, Хятадын харилцаа хүйтрэх төлөвтэй байгааг сануулаад энэ бүхнээс болж бид хоорондоо муудалцах албагүй, та нар ч гэсэн Москватай муудалцалгүй төвийг сахиж болно гэсэн санаа хэлжээ. Хариуд нь арай “хуц,уль” гээгүй болтой юм билээ. Учир нь тэр Бээжинтэй муудах командыг ар талаасаа авсан байв. Энэ мөчөөс хойш тэрээр хятадыг цуутай үзэн ядагч, тэр хэрээрээ Зөвлөлтөд үнэлүүлэн магтуулагч байсаар хүйтэн дайныг дуусгажээ.

Гуравдагч хөршийн эсрэг дайн (II)

Хоёр монгол гудамжинд ярилцан сууна.

Том биетэй хятад жуулчин явж өнгөрөв.

-Би энэ хужааг зодчих уу?

-Чамайг эргүүлээд зодчихвол яана?

-Намайг яасан гэж зодох юм бэ?

Шинэ цагийн онигоо.

ГУРАВ. “НӨХӨР” ДАЙСАН

Чухам эндээс монгол орныг өнөө маргаашгүй эзлэх гэж байгаа хятадуудын тухай шинэ шинэ аймшигт домог гарч эхэллээ. Ингээд, хятадтай тангараг тасарсан БНМАУ-ын хувьд зөвлөлтөөс өөр түших юмгүй болов. Ганц түшгийнхээ үгнээс гарах зүрхгүй болов. Үгнээс нь зөрвөл “хятад ирнэ” гэж айлгана. Ард түмэн “Зөвлөлтийн хүнийг гомдоовол”, “Зөвлөлтийн мэргэжилний сэтгэлд юм хийчихвэл” хятад хэмээх “Хадны мангаа” ирнэ хэмээн итгэж, бүхнийг тэвчин давна.

Төр засгийн албан ёсын ял шийтгэлд “Монгол-Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан” буюу “сэв суулгахыг оролдсон” хэмээх аймшигт яллагаа бий боллоо. Нам төрийн олон зүтгэлтэн энэ заалтаар буруутгагдан хэлмэгдсэн билээ.

Энэ үеэс үлдсэн хамгийн аймшигтай өв бол Хятадыг учир утгагүй үзэн ядах үзэл, Хятадыг л завсарт нь муулж байгаа бол юу ч хийсэн зөвддөг туршлага, ийм асуудалд эрүүл ухаанаар хандсан хүмүүсийг Хятадын эрлийз, Хятадын тагнуул болгон шившиглэдэг буруу практик билээ.

Гэвч Жунаньхайн ордныхон Кремльтэй муудалцсан болохоос Хятад улс мөхчихөөгүй тул БНМАУ-ын тусгаар тогтнол хэвээрээ хадгалагдан үлдсэн юм.

1980-аад оны дундаас Зөвлөлт-Хятадын харилцаа сайжирч эхэлсэн, Москвагийн зүгээс харилцаагаа сайжруулах сонирхлоо бататгахын тулд БНМАУ-тай холбогдсон хэд хэдэн алхам хийлээ. Олон улсын харилцааны шинэ уур амьсгалыг мэдрэх чадваргүйн улмаас “Хятадад муу байхын хэрээр Зөвлөлтөд хайрлагдана” гэж бодсоор явдаг Ю.Цэдэнбал энэ алхамд өртжээ. Хуучин итгэл үнэмшлээсээ болж Улаанбаатарт байгаа хятад иргэдийг 1983 онд Улаанбаатараас хөөж гарган Бээжин-Москвагийн дөнгөж эхэлж байсан ойлголцлыг нураан алдсан гэдэг. Бээжин тэр даруйд нь Москва руу (Улаанбаатар руу биш) нот илгээж, өнгөн дээрээ харилцаагаа сайжруулах тухай ярьж байгаа ч, Цэдэнбалаараа дамжуулан дайсагнаж, хоёр нүүрт алхам гаргахаа болихыг шаардсан байдаг.

Кремлийнхэн Бээжинг тайтгаруулахын тулд “хятадуудыг хөөж гомдоосон” Ю.Цэдэнбалыг бүх албан тушаалаас нь зайлуулан эргүүлж татлаа. Бээжингээс нот авмагцаа Москва тусгай томилолт өвөрлөсөн багийг Улаанбаатарт буулгав. Тэнд Зөвлөлтийн шинэ Элчин сайд С.П.Павлов, КГБ-ын шинэ зөвлөх Радченко нар багтсан байв. В.Радченко “Главная профессия-Разведка (Тагнуулч- гол мэргэжил)” номдоо Ю.Цэдэнбалыг бүх албанаас нь чөлөөх үүргээ амжилттай биелүүлж Зөвлөлт-Монголын удирдагчдад өндөр үнэлэгдсэнээ “Вся процедура освобождения Цеденбала от занимаемых постов и кадровые изменения в руководстве получили высокую оценку политических аналитиков и высшего руководства, как в Улан-Баторе, так и в Москве” хэмээн дурьдсан байна.

Удалгүй, Зөвлөлт-Хятадын харилцааны шинэ үеийг эхлүүлэх үүднээс БНМАУ-д байрлаж байсан Зөвлөлтийн армийн 100,000 цэргийг буцаан татах шийд гаргав.

Тогтсон дүрэм ёсоор бүх асуудлыг Москвад шийдээд дараа нь монголчуудад дуулгаж байлаа. Ю.Цэдэнбалыг өөрчлөх шийдвэрийг дуулсан БНМАУ-ын зарим удирдагч нараас энэ мэдээг өөрт нь очиж дуулгах хүн олдохгүй сандарч байсан аж. Харин Зөвлөлтийн удирдагч М.Горбачев 1989 онд Владивостокт Монголоос цэргээс гаргах мэдэгдэл хийхэд сая БНМАУ-ын удирдагчид дуулж мэдсэн байдаг.

Ингээд 1980-аад оны дундаас дахин хоёр хөрштэй болов. Улмаар 1990-ээд оноос гуравдагч хөрштэй болсон нь дэлхийн социалист систем нуран унаж, ЗХУ тарж, Кремлийн хараа хяналт түр алдарсантай холбоотой юм.

ДӨРӨВ. ЗУУН ДАМЖСАН “ХАНИАД”

Харин сүүлийн арваад жилд “ганц хөрштэй үлдэх”-эд чиглүүлж байна уу гэж хардахаар, ялангуяа 1960-аад оны сүүлээр Зөвлөлт-Хятадын харилцаа хүйтэрсний дараахь үеийг санагдуулам суртал нэвтрүүлэг оргилж байна. ХХ зууны сүүлийн хагаст “Хятадыг яаж ч гүтгэсэн зөв”, “Хятадыг эсрэг л лоозонтой бол юу ч хийсэн байсан зөв” гэсэн гаргалгаанууд эргэн сэргэсэн нь түгшүүртэй юм.

Хятадын төр засаг ба иргэдийн эсрэг суртал ухуулга, тэднийг улайм цайм хүчирхийлэх, зодох дээрэмдэхийг уриалсан зүйлс, үйлдлүүдийг БНХАУ үл анзаарсан дүр үзүүлж байгаа нь бүр ч түгшүүртэй. Яагаад анзаараагүй дүр үзүүлээд байгаа юм бэ, энэ сүржигнэл ямар хэмжээнд очихыг нь хүлээж байгаа бол, зөвтгөшгүй хэмжээнд очихоор нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ямар алхам хийх гэж байгаа бол гэдгийг бодох ч түгшүүртэй. Ямар ч байсан өнөөдөр бяр хүч нь амтагдаад, дэлхий дахины асуудлуудыг шийдэлцэнэ гэдгээ ойлгуулж эхлээд байгаа Бээжингийнхэн зүгээр доромжлуулаад удаан тэвчихгүй.

Нууц хаягны араас “Хятадыг ал, хяд” гэж жиргэчихээд гэртээ суугаа амьтас өөрийгөө аюулгүй гэж итгэдэг л байх л даа. Гэтэл манай интернэтийн бүх шугам Хятадаар дайрч ирдэг, чиний эх оронч жиргээг энд уншихаас өмнө Хятадын зохих албад уншдаг, чиний байгаа газрыг Монголын цагдаа тодорхойлохоос өмнө Бээжингээс олох чадвартайг төсөөлөх ч үгүй суугаа даа, хөөрхий.

(Энд ч ямар хамаа байх вэ, санаанд орсон юмаа асуухад, манайхан Европоос хүн хулгайлж ирээд бөөн юм болов доо. Гэтэл туркүүд манайхаас хүн хулгайлах гээд паактлав. Харин та нар хятадыг хүн хулгайлж чаддаггүй гэж боддог уу, хулгайлсан ч баригддаггүй гэж үздэг үү)

Нөгөө талаасаа, Хятадын эсрэг бүх үйлдлийг Москвагийн зохион байгуулалтын дор биш юм гэхэд зоригжуулалтын дор, үгүйдээ л Кремлийн өмгөөлөлд найдсандаа хийж байгаа гэж Бээжин хардаж байгаа. Тийм биш байсан ч тэгж хардаж байгаа. Цаашдаа, Орос-Хятадын сайн харилцааны нэг болзолд Монгол дахь “Хятадын эсрэг үндэсний үзэлтэн”-үүдийн асуудал орж яригдах бүрэн магадлалтай.

Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигч М.Энхболд “Хятадын эрлийз” гаралтай байж магадгүй шалтгаанаар ихээхэн доромжлогдсон. Хоч нь хүртэл “Панда” хэмээх хятад баавгай болсон М.Энхболд нь ариухан амьтан ч биш л дээ. Авлигын томоохон сүлжээг (нам дамжсан) үүсгэгч, ямар нэгэн бизнес эрхлэлгүйгээр баяжсан төрөөс төрсөн тэрбумтан, газрын наймааг үүсгэн хөгжүүлэгч гэхчлэнгээр яригддаг нэгэн. Түүнд ялагдах, олон нийтийн зүгээс яллагдах шалтгаан олон байсан.

Гэхдээ л энэ сонгуулиар дамжуулан Монгол улсын засгийн эрхийг хятадууд тайван замаар булаан авахаар завдсан мэтээр Монголын нийгмийг айлгаж чадсан билээ, түүний өрсөлдөгчид. Мөв мөрөөрөө явж байгаад “Монголын төрийн эрхийг булаан алдаад шившигтэйгээр ялагдсан” дүгнэлттэй үлдсэндээ Бээжин ямар дүгнэлт хийсэн нь сонин.

Бээжингийн зүгээс энэ сонгуулийн үр дүнг сонирхоогүй байх. Учир нь хэн ч сонгогдсон ялгаагүй, Монгол Улсыг нүүлгээд явчихгүйгээс хойш Хятадтай харилцах л болно. Хамгийн гол нь улс төрийн уур амьсгал, Монголын нийгэмд жолоодлоготой болон жолоодлогогүй оршиж байгаа Хятадын эсрэг үзэл санаа тэднийг ноцтой цочроож үлдсэн.

Бид 800 жилийн өмнө Хятадыг нэг айлгасан нь бол үнэн. Харамсалтай нь одоо болтол монгол хүнээс айсан хэвээрээ байгаа гэж боддог маань эндүүрэл. Захын монгол хүн л гэхэд Брюс Ли, Чаки чан хоёрыг холбож байгаад зодчихно гэж бодоод байх шиг байгаа юм. Түүнчлэн Зөвлөлтийн өмгөөлөл, Монголд байрласан тэдний 100 мянган цэргийн хамгаалалтад дулдуйдан, Хятадыг юу ч гэж доромжилсон болно, юу гэж ч хочилсон гомдохгүй, гомдсон ч хариугаа авч чадахгүй гэдэг ХХ зууны эндүүрлээсээ салахгүй бол бол болохгүй байна.

Бид орос хүнийг үндэстнийх нь хувьд хэзээ ч доромж үздэггүй. Захын нэг Иван дурактай барилцаж авах бол тусдаа асуудал. Тэднийг орос үндэстнийх нь хувьд тэднийг гомдоовол ард нь Кремль байгааг мэдэрч айдаг. Харин яагаад хятад хүнийг үндэстнийх нь хувьд доромжилбол ард бяр нь өнөөдөр амтагдсан Бээжин байгааг ерөөсөө авч хэлэлцэхгүй байгаа нь сонин.

1980-1990-ээд онд Зөвлөлт-Хятад хоёр харилцаагаа сайжруулах их үйлсийн золионд хөөрхий муу Цэдэнбалыг албанаас нь хусч, Москвад гэрийн хорионд суулгасныг бид мэднэ. Сүүлийн үед барууны ертөнцтэй зөрчилдөн эдийн засгийн хоригт орсон, түүнийхээ улмаас Хятадтай илүү дотносон нөхөрлөх шаардлага хэрэгцээ Оросуудад гарч байгаа.

Ийм нөхцөлд Бээжингийн зүгээс Монгол дахь Хятадын эсрэг хэт үзэлтнүүдийн асуудлыг нөхөрлөлийнхөө болзол болгон сөхөж тавих маш магадлалтай юм.

Яг л Ю.Цэдэнбалыг зайлуулахад хүргэсэн шиг болзол. Москвагийн санаачилгад түшиглээгүй байж болох ч тэдний хамгаалалтад найдлага тавьсандаа Хятадыг үзэн ядах, доромжлох үйлдлээ гааруулж буй зарим монголчуудын асуудлыг шийдэхийг ОХУ-аас шаардаж магадгүй. Ийм нөхцөлд оросууд тэднийг шийтгэхээ байг гэхэд, эднийг турхирдаггүй, түүнчлэн хамгаалдаггүй гэдгээ харуулсан алхам хийх хэрэгцээ гарна.

Энэ алхмыг хоёр хөршийнхөө шахалтад автсан Монголын төр ч хийж мэднэ. Ямар алхам хийхийг хэн мэдэх билээ, ямар ч байсан өнөөдөр нэрээ нуусан, нуугаагүй сэнтэглэж байгаа “эх оронч” нарт ямар нэгэн юм тохиолдоно гэсэн үг. Энэ ямар нэгэн юмны дараагаар хэнбугай ч тэдний замаар замнаж зүрхлэхгүй болох нь лав. Эцсийн дүндээ, хичнээн тэнэг, өөдгүй байлаа ч гэсэн ардаа гэр бүл, үр хүүхэдтэй бидэн шиг л монголчууд тэнд өртөнө гэхээр хайран.

Зөвлөлтүүд байгаагүй бол ХХ зууны Монголын тусгаар тогтнол санашгүй зүйл байсан. Гэхдээ Хятад улс байгаагүй бол БНМАУ байгуулагдах нь бас л бүтэшгүй зүйл байсан аж. Учир нь Гадаад монгол Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орохыг Бээжин тэвчихгүй, эсрэгээрээ Хятадын бүрэлдүүнд орохыг Москва хүлцэхгүй байснаас “Орос-Хятадын хэнийх нь ч биш, тусгаар тогтносон БНМАУ” гэдэг хувилбар гарч ирсэн ажгуу.

Москва, Бээжин хоёр хоёулаа байж байж Монгол Улсын тусгаар тогтнол бодитой. Орос орон нураад уначихаагүй цагт бид “Монголын өөртөө засах орон” болж Бээжинд нэгдэхгүй. Хятад улс сүйрчихээгүй цагт бид “Монгольская Автономная Республика” болохгүй. Энэ утгаараа, хоёр хөршийн хөгжил дэвшил, хүчирхэг байдал нь бидний тусгаар тогтнолын баталгаа. Харин энэ хоёрын хүчний баланс алдагдвал бидэнд муугаар тусна. Эрүүл ухаантай монгол хүн бол “Орос ч хөгжөөд, хятад ч дэвжээд, хүчний харьцаа нь тэнцүүхэн байгаасай” гэж шөнө болгон зул өргөж байгууштай.

Улмаар, асар уудам орон зайд хиллэдэг, ерөнхийдөө хоорондоо зөрчилтэй явж ирсэн хоёр их хөрш Хятад, Орос гүрэн дундаа жийргэвч бүстэй байх нь аль алиных нь сонирхол юм. Энэ жийргэвч бүс 1915 онд анх байгуулагдсан бөгөөд Дундад иргэн улсын Автономит Монгол нэртэй улс төрийн хувьд Бээжингээс хараат, эдийн засгийн хувьд Москвагаас хамааралтай, цэрэггүй бүс байхаар зохицуулагдаж билээ.

Дараа нь энэ бүс дээр тусгаар тогтносон БНМАУ байгуулагдсан явдал Орос, Хятадын хоёулангийнх нь эрх ашигт нийцэж байлаа. Өнөөдөр байгаа Монгол Улс ч мөн адил тэдний эрх ашигт нийцэж байгаа. Гэхдээ хэт их Хятадын талыг барих нь Оросын хувьд тэвчимгүй, мөн хуучин БНМАУ шиг зөвхөн Москвагийн талыг барих нь Бээжинд тэвчишгүй алхам болно. Тэгэхээр БНМАУ, Цэдэнбал хоёрыг сэргээх оролдлого бас л боломжгүй гэсэн үг.

БНХАУ-ын ч, ОХУ-ын хүсэл сонирхол нь: Аль тал руу нь хэтэрхий хэлбийгээгүй, аль нэгийг нь ард түмний болон төрийн хэмжээнд үзэн ядаагүй, төвийг барьсан нейтраль бодлоготой тусгаар тогтносон Монгол Улс оршиж байх явдал юм.