Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Элит” колони

Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын Түүх зохиогдсон түүх бүлгийн Элит колони хэсгээс толилуулж байна.


…1991 оны шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдахаас 300 жилийн өмнө 1691онд Долнуурт монголчуудыг Манжийн Вассал болгох ёслол болжээ. Түүхнээ Долооннуур, Долоннуур, Долнуур хэмээн янз бүрээр бичигддэг энэ хот Юань гүрнийг байгуулагч Хубилай хааны зуны ордон байсан нутгийн хавьд орших бөгөөд буддын шашны урлалын төв болон хөгжиж “Долнуур бурхан” хэмээх брэндийн төв болж явсан бөлгөө.

Харин 1691 онд Долнуурыг чуулганы эхэнд тэр үеийн дорнийн бодлогын өвөрмөц зохиомж шингэсэн протокол ёсоор Халхын удирдагчдаас ял асуух үзүүлбэр эхлээд зохиогдсон байна. Ямар ял гэхлээр, өмнө нь манжуудын байгуулсан Чин улсыг эсэргүүцсэн, гомдоосон, яг нарийндаа хэтэрхий оройтож дагаар орсон асуудал сөхөгдөн буруушаагдсан хэрэг. Мэдээж, Халхууд нь “Ардын элч” киноны арчаагүй ноён шиг “ийм явдал болсон нь харамсалтай. Тайван амгалан байж учрыг магадлах” -ыг гуйсан царай гаргаж таараа.

Энх-Амгалан хаан тэднээс жаахан ял асуух байдал үзүүлээд, өнөөгийн зарим профессорууд оюутныхаа бүтээлийг навс шүүмжилснийхээ дараа байр сууриа гэнэт өөрчилж “энэ бүхнийг эс тооцвол дипломын ажил онцсайн болжээ” гэдэг шиг явдал болж тэднийг өршөөлөө. Өршөөгөөд зогссонгүй үлэмж өгөөмрөөр шагнав. Сурвалжуудад дурдснаар бол Чин ван, бэйл, бэйс, гүн цолыг арав хориор нь олгожээ.

Гадна талаас нь харахад ажлаа олж ядсан улсын бодож олсон “драма” шиг санагдах энэ ёслол цаагуураа маш их учир утгатай зүйл байв. Чин гүрний эсрэг өмнөх тэмцэл, “бие хэл сэтгэл”-ээр үйлдсэн бүхий “нүгэл”-үүдийг өршөөж, ялт хэргүүдийн хөөн хэлцэх хугацааг дуусгаж, өргөн уучлал үзүүлж, ял шийтгэлгүйд тооцсон хэрэг юм.

1919 онд Монголын автономитыг устгах үед ч Монголын удирдагчид ийм болзол тавьж, 1911 оноос хойших Хятадын эсрэг бүхий л үйлдлүүдэд уучлал үзүүлэхийг шаардаж байсан аж. Энэ нь Дотоод Монголоос дүрвэн гарч Хүрээнд ирээд 1911 оны хувьсгалд оролцсон, Богд хааныг хошуу, албатынхаа хамт дагахаа илэрхийлсэн өвөрмонголчуудад онцгой хамааралтай зүйл байв. Дундад иргэн улсын удирдлага ч зөвшөөрөн “тийм явдал огт болоогүй мэт” явахаа гэрээнд тусгасан байдаг.

Хожмын өдрүүдэд олон хүүхэд шавуулсан хятад Будда-г Кансытай албан ёсоор андуурах явдал ингэж эхлэв. Энх-Амгалан хаан, Өндөр гэгээн Занабазар нарын байгуулсан Долоннуурын гэрээгээр бол Халх нь Чин улсын дотоод хэсэг бус харин гадаад харьяат вассал болж “Гадаад Монгол” хэмээн нэрийдэгдэв. Харин Өвөр Монголыг “Дотоод Монгол” хэмээн нэрлэсэн нь Манж улсын дотоод бүрэлдэхүүнд багтдаг монголчууд гэсэн утга заана.

Энэ хэллэг улс төр, түүх, утга зохиолын хэллэг болон монгол хэлнээ шингэлээ. “Гадаад Монголын төрийг засах Явдлын яам” гэвэл Чин династийн төрийн тухай яриа, “Гадаад Монголын төрийн үнэн цагаан боолыг, Ганц биеийн өмч мэт эндүүрэл болгоод…” гэвэл яруу найраг руу орчих жишээний.

Өнөөдөр солбилцуулан хэрэглэх болсон нэршлүүдийн “Гадаад Монгол”, “Дотоод Монгол” гэдэг нь улс төрийн утгатай. Харин “Ар Монгол”, “Өвөр Монгол” гэдэг нь газар зүйн агуулгатай. Дотоод Монголын олон хушууны үр сад “Дотоод Монгол” гэдэг хэллэгийн“Манж-Хятадын дотоодын муж орныг заасан” утгаас зэнзийрхэн, эмзэглэх хандлагатай байсаар ирсэн тул “Ар, Өвөр Монгол” гэсэн хувилбарыг илүү сонгомтгой ажгуу.

Халхууд Чин гүрний тугийн дор машид “Гадаад” байдлаар нэгдээд зогссонгүй Манжийн эзэнт гүрэн доторх (өнөөгийнхөөр бол “ари”) ариун үндэстний тоонд өөрсдийгөө багтаав. Чин гүрний хууль ёсоор эрх баригч манж үндэстэнтэй гэрлэж “цус холилдох эрх” олжээ. Эрх баригч манж үндэстнүүд хоорондоо болон монголчуудтай ураг барилдаж болох ба төрийн өндөр дээд албанд хамтдаа дэвших боломж олно.

Байдлыг жаахан хялбаршуулаад, өнөөгийн улс төрийн зураглалаар харвал: Халхууд нь Ойрад, халхыг нэгтгэсэн Гадаад Монголын төдийгүй, нийт Чин улсын “эрх баригч нам”-ын гишүүд бөгөөд Засгийн газар, яам агентлагийн дарга болох эрхтэй “элит” хэсэг байдлаар төсөөлөгдөнө.

Монголчуудыг үндэстнийх нь хувьд тариачин хятадад уусахаас хамгаалсан заалтуудыг Өндөр Гэгээн Г.Занабазар, Энх-Амгалан хаан Кансы нар тохиролцон хийжээ. Гадаад Монголын нутагт хятад тариачид ийшээ шилжин суурьшихыг хориглосон ба нэг жилийн лиценз бүхий худалдаачид эзгүй нутагт аргагүйдэн айлд хоноглох аваас гэрт нь унтах цаазтай. Хотных нь захад, нохойтой нь ханьсан унтах хуультай. Орон нутгийн захиргаанд нэг ч манж хүн байхгүйгээр зөвхөн монголчууд төрийн албыг явуулна.

Гадаад Монгол нь нэгэнт гадаад вассал тул Чин гүрний дотоод хуулийг шууд хэрэглэхгүй. Нутгийн засаг захиргаа нь Манжаас тогтоосон “Монгол цаазын бичиг”, “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг”-ийг гартал Халх журмыг дагаж байж. Харин Шанзав яам нь “Халх журам”-ыг гол болгон баримталсаар үлджээ .

Халхууд Чин гүрний умард хилийн Хаант оростой нийлсэн хэсгийг хамгаалах цэргийн үүрэг хүлээсэн тул хошууд дотроо “сум” хэмээх зохион байгуулалттай болов. Цэргийн насны 150 эрийг нэг сум болгожээ. Сумыг занги захирах ба хөөрхөн эрх мэдэл бүхий этгээд байсан нь “Юмны эзэн сумын занги” хэмээх хэллэгээс харагдана. Сумлах эрийн хэмжээ, тоо хүрэхгүй ардуудыг “Хондого” бүрэн бус сум болгон эмхэлсэн аж. “Хондого ховонд дуртай, хон хэрээ нүдэнд дуртай” хэмээх дайрал үг эндээс гарчээ.

Улиастайн жанжин бол Чин гүрний эзэмшлийн умарт хязгаарын Гадаад Монголд хамаарах хэсгийг хамгаалах цэргийн тойргийн ерөнхий командлагч бөгөөд монголчууд нэг бус томилогдон ажиллаж байв.

Их гүрний төрийн албанд зүтгэхээр Бээжин орж суумал хүн болох нь төрөлхийн нүүдэлчин монголчуудад нэг их хүсмээр зүйл байгаагүй бололтой. Иймээс орон нутагтаа Улиастайн цэргийн тойргийн ерөнхий командлагч болон түүний орлогч, Ховд, хүрээний Амбан сайд, буюу түүний туслах Хэбэй зэргийн тушаалд сүрэг малаа адгуулангаа ажиллах нь ихэвчлэн байжээ.

Тайпингийн бослогыг дарж нэр сүр нь мандсан бөгөөд Хар тамхины дайнд Чингийн цэргийг удирдан байлдсан генерал Сэнгэринчин, Цы Ши хатны алдарт “хуучинсаг” зөвлөх зэрэг олон алдартнууд Өвөр Монголоос нутгийн ойроор нь Бээжинд зүтгэсэн монголчууд бололтой.

Манжийн шинэчлэгч Цы Ши хатны монгол зөвлөх, түүний сэдсэн шинэчлэлийг хамгийн том гацаагчаар алдаршсан ба ялангуяа боловсролын салбарт байгалийн шинжлэх ухаан нэвтрүүлэхийг тууштай эсэргүүцэгч байжээ. Түүний шинжлэх ухааны эсрэг ажиллагаа нь шашин шүтлэг, хэт хуучинсагтай нь холбоотой эсэх нь эргэлзээтэй. Харин Цы Ши хатны санаачлан хэрэгжүүлэхээр зорьсон шинэтгэл нь Чин гүрний хаадтай монголчуудын байгуулсан гэрээ, тэнд тусгагдсан онцгой нөхцөлүүдэд дайсагнаж байгааг төрийн зүтгэлтний хувьд анзаарсантай холбоотой болов уу. Манж Чин гүрний үеийн Гадаад Монголын үндэстний хувьд онцгой байдал, язгууртнуудын эрх ямба, тусгай хангамж нь зөвхөн хэмжээгүй эрхт хаант засаглалын үед, феодалын тогтолцоонд л хэвээр үргэлжлэх боломжтойг тэр мэдэж байсан нь лав.

Эрх баригч хатны төлөвлөсөн шинэчлэлээр бол бүх үндэстэн тэгш эрхтэй болох тул монголчуудын онцгой байдал алдагдана. Түүнийг дагаад муж хязгааруудын онцгой байдал ч алдагдах тул Гадаад Монгол нь Хятадын ерийн нэгэн муж болж хувирна. Ийм шинэчлэл нь Монголын язгууртнуудын хувьд төгсгөл болно гэдгийг анзаарсандаа тэрээр Цы Ши-гийн шинэчлэлийг элдэв шалтгаанаа эсэргүүцэж байсан бололтой.

Үнэхээр ч шинэтгэгч Хатны хийсэн хувьслаар Чин улсын доторх ястан үндэстний эрэмбэ устаж, Хятад Монгол Манж бүгдээр “иргэн” хэмээх нэрийн дор тэгширч, Хятадтай адилхан иргэн болсондоо уурссан өвөр монголчууд түрүүлэн бослого самуун сэдэж эхэлсэн ба түүнийг нь хожмоо “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний оч” гэх маягаар бичих болсон бөлгөө.

Манжийн хаад өөрсөнтэйгөө адил Чин улсын “цэвэр цус”-ны бүлэгт багтсан монголчуудад “цэвэр үүлдрийн” Айсонгооро овгийн гүнжээ өгч ураг барилдах замаар итгэлцлийг бэхжүүлэх алхам олныг хийжээ. Элит хүргэнд “Эфү” цол олгох ба хүргэн гэсэн утгатай манж үг аж. Хааны их бага хатны алинаас нэгнээс төрсөн болон тэжээсэн охиныг авсан, түүнчлэн айсонгоороо овгийн хэр зиндаатны гүнжтэй сууснаас хамааран хүргэдийг төрийн эфү, хошой гэхчлэнгийн цол шагнал, үлэмж шагнал дагалдана.

Түшээт хан Дондовдорж (1733-1743) нь Чингийн үеийн ууган эфү нарын нэг бөгөөд Түшээт хан болон Сайн ноён ханы 10-аад эфү түүхнээ дурьдагдан үлджээ.(Энд ч ямар хамаа байхав, гэхдээ сонирхуулахад 1980-аад онд БНМАУ-ын удирдах баг болох МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн гуравны нэг орчим нь орос-зөвлөлт эхнэртэй байжээ)

Манжийн хааны гүнж нараас хамгийн алдаршсан нь Энх-Амгалан хааны зургадугаар охин “Хичээнгүй амирлангуй” гүнж ажгуу. Түүний алдаршсан шалтгаан нь их энгийн. Эфү Дондовдорж бээр гүнжийг нас барахад нь өнөөгийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бунхлан оршуулжээ. Уш бунхан өнөөг хүрсэн нь түүнийг судлах сэдэл өгч, улмаар гүнжид олгосон алтан өргөмжлөл сэлт нь судалгааны эргэлтэд оржээ. Та бүхэн манжууд” монгол ноёдыг бэлгийн амьдралаар дамжуулан тагнах”, Бээжин рүү “хөнжлөөс нь мэдээлэл бичих” зорилготой гүнж-тагнуулууд илгээж байсан тухай болон “Гүнжийн сүмийн гүнж” тэднээсээ арай өөр нэгэн байсан тухай бичлэгтэй зөндөө таарсан байх.

Манжийг үзэн ядсан уур амьсгалтай тогтоцод амьдарч байсан эрдэмтэд өөрийн судалгаагаа үнэ цэнэ оруулах, үгүйдээ л үзэл сурталчдын дайралтаас хамгаалахын тулд “Хичээнгүй амирлангуй гүнж” хэдийгээр дайсны тал боловч бас ч гэж нааштай, манай талындуу этгээд болгож байсан бололтой. Харин Энх-Амгалан хаанаас Галданд бошигтод хүртэл гүнжээ гэргий болгон өгч байсан ба харин Галдан тэрэнтэйгээ хэрхсэн нь энэ номын сэдэв биш болно.

Дайсагнагч хийгээд нөхөрлөгч хаад үр хөвүүдээ солилцон найрамдах, үгүйдээ барьцаа болгон тавих бодлого нэн эртээс эхтэй юм. Тухайн үедээ Чингис хаан ч өөрийн охиноо Уйгарын Идикут Барчукт гүнж болгон өгөх шийдвэр гаргаж байв. Баруун Монгол, халхын хооронд ч сөргөлдөөнөө шийдэхийн тулд хэрэгжүүлж байсан түгээмэл бодлого.

Харин ХХ зууны дундаас л эфү нарыг төрийн хэмжээний дайсан болгон бичиж сурталдаж эхлэв. Монголын язгууртнуудын бэлгийн гүнж авсан биш харин “биеэ үнэлсэн” байдлаар бичигдэх болжээ.

Хувь заяаны тохуугаар ийм үзэл санааг монголчуудад тулгагч нь олон үеийн турш герман цусны хаадтай явсан оросууд болж таарав. Хувь заяаны дамшиглалаар энэ санааг хэрэгжүүлэх үед Монголын төрийг орос эхнэртэй, Зөвлөлтийн “хүргэн” Ю.Цэдэнбал удирдаж таарав.

Манжийн хүргэдийг үзэн ядах синдром нь монголчуудын ч, Ю.Цэдэнбалын ч сонголт байсангүй. Дарга ч өөрөө мангар амьтан биш, “Гадаад авгай муу” гэдэг синдром нэг эргэлтэн дээрээ өөр лүү чиглэж мэднэ гэдгийг гадарлахтайгаа. Харин дээрх хандлага бол “Зөвлөлтийн дагуул БНМАУ-ын түүхэн дэх хамгийн жаргалтай үе нь Зөвлөлтийн дагуул болсон үеэс л эхтэй” болохыг харуулсан үзэл суртлын нэг хэсэг нь юм. Үнэн хэрэгтээ, “эфү” нарыг хараах хөдөлгөөн нь Москвагийн протекрат хэм хэмжээтэй БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөсийн нэг хэсэг нь байлаа.

Яг үнэндээ өнөөгийн Монгол Улсын умард хилийн үндсийг тогтоосон, орчин үеийн димаркаци болгосон хоёр хүний нэг нь Манжийн хүргэн, нөгөө нь Зөвлөлтийн хүргэн байсан бөлгөө…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол ардын нам Онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй болжээ

Монгол бол парламентын засаглалтай улс юм. Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох дээд байгууллага нь Улсын Их Хурал. Гэтэл Засгийн газар нь парламент дээрээ мордоод зайдалчихсан, төрийн эрх барих дээд байгууллагаа бойкотлоод дээрэлхэж дарангуйлаад сууж байдаг. Ямар сайндаа Их хурлын дарга нь “Бид шатахуун, валютын ханшны асуудлыг Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног руугаа орж байна. Засгийн газрын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд УИХ бэлэн байна. Цаг агаар хүндэрч байна, өвөлжилтийн байдал амаргүй байна, улс орон даяар мал тооллогын ажил эхэллээ” хэмээн Монгол төрийн индрээс царайчилсан, өрөвдөлтэй нь аргагүй асууж суухав дээ. Үнэндээ төр нь ч төр биш болсон, түшээд нь ч түшээд биш болсон ийм л нэг эрээ цээрээ барсан дампуу улс болж дууслаа, хөөрхий.

Монгол ардын намыг удирдаж 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан М.Энхболд өдгөө парламентыг удирдаж байгаа. Энэ хүнээр парламентыг удирдуулахгүй, хэрвээ удирдах юм бол УИХ-ын чуулганд суухгүй гэдгээ нэр бүхий гишүүд мэдэгдсэн. Үндсэндээ Их хурлын даргыг өөрөө өргөдлөө өгч огцрохыг шаардан Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд төрийн ордонд суулт зарласан. Тэд “УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах шаадлагыг хүлээж аваагүй, жаран тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийгээгүй, мөн Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурж өөрөө өөртөө өргөн барьсан нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзээд огцрох өргөдлөө даваа гаригт буюу өнөөдөр гаргахыг шаардсан. М.Энхболд огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдээд байгаа.

Их хурлын даргын зүгээс УИХ-ын 32 гишүүн огцор гэдэг шаардлагыг тавиагүй гэдгийг хэлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт М.Энхболд гарын үсэг зурсан, түүнийгээ өргөн барихад нь өөрөө хүлээж авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзсэн. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Их хурлын чуулганыг удирдах ёсгүй гэж үзээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулснаа хэлсэн. Жаран тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэхэд нь Их хурлын даргын зүгээс хориглосон зүйл байхгүй гээд энэ долоо хоногт төрийн байгуулалтын байнгын хороо 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийхээр болж байх шиг байна.

Ээлжит бус чуулганы тухайд бол өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр бичиг ирсэн аж. Ээлжит бус чуулган хуралдуулахад УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 26 буюу түүнээс дээш тооны гарын үсэг зурсан байх ёстой. Л.Оюун-Эрдэнийн өгсөн бичгийг М.Энхболд УИХ-ын Тамгын газрын даргад цохож өгчээ. 22 гишүүн гарын үсгээ зурсан бичгийг өгсөн гээд байгаа. Гэвч Л.Оюун-Эрдэнэ 26 гишүүн гарын үсэг зурсан дөрвөн гишүүний гарын үсэг хаачив, та жаран тэрбум шигээ далдлаад нуучихлаа гээд Их хурлын даргыг гөлөлзүүлээд байна лээ. Дөрөв тавхан сарын өмнөх асуудалд хэн хэн гарын үсэг зурсан, зураагүй гэдэг нь тодорхой л баймаар юм. Наад зах нь Оюун-Эрдэнэ нар өргөн барихдаа гишүүдийнхээ гарын үсгийг баталгаажуулж гар утсан дээрээ зургийг нь ч болтугай авсан баймаар юм. Гэтэл энэ асуудал нь хүртэл Монгол төрийн ажлыг гацаах бас нэг хэрүүл нь болчихоод байдаг.

М.Энхболдын зүгээс гишүүдийн тавьж байгаа асуудал хууль бус байна. Их хурлын дарга өөрөө огцрох дөрөвхөн заалт бий гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. “Эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжин ажиллах, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон талаарх хууль шүүхийн байгууллагын тогтоол шийдвэр гарсан бол, мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулж болно гэсэн хуультай. Эдгээр заалтуудын алинд ч гишүүдийн тавьсан шаардлага байхгүй. Хэрвээ та нарын хэлснээр би огцрох юм бол хууль бус болно. Тиймээс би огцрохгүй” гэсэн.

Ийм л дүр төрхтэй Монгол төрийн ажил гацчихсан Засгийн газрын гишүүд нь чуулгандаа суудаггүй, зарим түшээд нь Энхболдыг огцрохгүй бол орохгүй гээд гэдийчихсэн, улс орны хувь заяа бидэнд огтоос хамаагүй гэсэн байдалтай байна.

М.Энхболдын тухайд огцрох ёсгүй сайн хүн гээд хаацайлж хамгаалаад байх нь юу юм. Монголын парламентыг нэр төртэй удирдаад явчих ноён нуруутай, туршлагатай, зангарагтай улстөрчид байж л байгаа. Энхболдоос өөр гарц байхгүй юм шиг бодохын хэрэггүй. Харин Энхболдыг л зайлуулчихвал шударга ёс тогтоно. Ард түмний амьдрал алга урвахын дайтай сайхан болно, Засгийн газар тогтвортой сайн ажиллана, шатахууны үнэ, долларын ханш эрс буурна, том төслүүд ар араасаа хөдөлнө гэдэг бол худлаа. Энхболд гэдэг хүн байсан байгаагүй Монгол төр явдаг замаараа явах нь жам ёс юм.

Монголын төр засагт яг өнөөдөр нүүрлээд буй асуудал дээр улс төрийн нэг том уршиг бий болчихлоо. Хэрэв зээ хэдэн сүржигнэсэн, тэлчилсэн гишүүд гарын үсэг цуглуулаад өнөөгийн болж буй үйл явц шиг Их хурлын даргаа огцруулна гээд дайрвал хууль тогтоох дээд байгууллага ямар ч чадамжгүй болж, Монголын төр зогсолт хийх аюул нүүрлэж байна. Төр засгийг зориуд ингэж самууруулдаг, дотор нь хагалан бутаргадаг, парламентыг эрх зүйн чадамжгүй болгож цаашлаад Монгол төрийг дархлаагүй болгодог ийм жишиг тогтож байна. Энэ бол улс орон тэр чигтээ сүйрч мөхөхийн хамгийн том дохио юм. Дараа дараагийн парламент дээр өнөөдрийнх шиг зүйл давтагдахгүй гэх баталгаа алга. Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын дархлаанд сэв суулгах, улсаа байхгүй болгох тийм л улс төрийн хор уршигтай жишгийг өнөөгийн тэлчилсэн хэдэн залуу гишүүн Монголын төрд тогтоож байна. Их хурлаас сонгогдсон Засгийн газрын гишүүд нь Их хурлаа бойкотлон чадамжгүй болгож, төрийн ажлыг таг зогсоож буйг бид харж байна.

Ийм бойкот, төрийн үймээн самуун дундуур хэн нэг нь хүссэн хуулиа Их хурлаар батлуулчих бүрэн боломжтой байна. Хэсэг гишүүд төрийн ордонд суулт зарлан шантааж хийж тэлчилж байгаад улс орныхоо хувь заяагаар тоглосон, гадны нөлөөлөлд автсан хууль батлуулчихыг үгүйсгэх аргагүй. Засгийн газрыг Их хурлын гишүүдээр бүрдүүлэх ямар осолтой гэдгийг сайтар мэдэрлээ. Эрх барьж буй Ардын намын хоёр хуваагдсан тал хувь хувьдаа хуулийн гаргалгаа яриад сүүлдээ мухардалд орчихоод байна. Энэ нь Монгол Улсад алс ирээдүйд Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаа байхгүй хэрэгтэй болсныг гэрчлээд буй. Засгийн газрын гуравны нэгээс дээш хувь нь Их хурлын гишүүн байж болохгүй, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг парламентаас сонгодог сонгомол парламентын тогтолцоонд шилжих гээд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах олон асуудал бий. Гэхдээ энэ бол өнөө маргаашдаа хийчих зүйл биш л дээ.

Харин давын өмнө юу хийх вэ гэвэл засаг барьж буй Монгол ардын нам Онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй байна. Ерэн жил төр барьсан нам нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Монгол төрийг гацаанаас гаргах цаг нь иржээ. Ерэн жилийн түүхтэй энэ нам Монгол төрийг шавар шавхайтай хутган сөнөөж болохгүй. Нийгмийг ингэж айхтар хагаралдуулж, талцуулж, монголчуудыг нэгийг нь нэгээр нь үзэн ядуулж болохгүй. Нэг хэсэг нь М.Энхболд гэж хүн огцрох л юм бол Монгол орон диваажин болно гэж сохроор бодож байна. Төр засгийн өндөрлөгт байгаа нөхдүүд ч ард түмнээ тэмцэл бослогод турхирч байна. Ийм байдал эцэстээ улс орноо сүйрүүлэн, тусгаар тогтнолоо алддаг гунигт тавилангаар төгсдгийг бид мэднэ. Өнөөдөр улс орон үнэндээ мөхдөгийн даваан дээр ирээд байна. Тэгэхээр Онц их хурлыг хуралдуулах нь цаг үеийн шаардлага мөн. “Намын бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсвэл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулна” гэж Ардын нам дүрмэндээ заасан байдаг. Намын бага хурлаар асуудал шийдэгдэхгүй. Удирдах зөвлөлийн хурал шигээ саналаа хайрцаглачихсан байх нь хэнд ч ойлгомжтой.

Онц их хурлаа хуралдуулж, нам дотроо АИХ гэдэг шиг аймаг, сум, дүүрэг хороо бүрийн үүрийн дарга нарыг оролцуулах хэрэгтэй. Намын дарга чинь зөв ажиллаад байна уу, буруу ажиллаад байна уу. Намын дарга байсан Энхболд чинь зөв яваад байна уу, буруу яваад байна уу, төрд гарсан залуу түшээд чинь үнэхээр шударга ёсны төлөө яваад байна уу, эсвэл улс орныг бутарган хагалаад байна уу гэдгийг олон жил сум аймаг удирдсан, бүхий л насаараа төрт ёсны төлөө зүтгэсэн хүмүүс эрх биш мэднэ. Хэрвээ Хүрэлсүхтэйгээ цааш явна гэж үзвэл парламент дахь “32:32”-оор хуваагдсан энэ байдлаа зогсоож Монгол төрийг нэг гарт зангидан нэг талдаа гарч таарна. Харин намын даргаа өөрчилбөл хууль дүрмийн дагуу засаг солигдоно. Аль нь зөв гарц болох, аль зам нь Монгол Улсын эрх ашигт нийцэх вэ гэдгийг Онц их хурлын гишүүд сонгох нь дамжиггүй. Ийм л түүхэн сонголтын өмнө эрх барьж буй ерэн жилийн түүхтэй Монгол ардын нам ирсэн байна. Онц их хурлыг хуралдуулж, улс төрийн гацаанаас гарахаас өөр сонголт өнөөдөртөө алга. Монгол төрийг сэтгэлийн хөөрлөөр самарч, хэн дуртай нь гарын үзүүрээр тоглодог энэ асуудалд цэг тавих цаг нь болсон.

Categories
мэдээ цаг-үе

Эрхүүгийн их сургуулийн зуун жилийн түүхэн ойд оролцсон нь

Улирагч намрын сүүл сард алс Дорнодын оюуны их өргөө Эрхүүгийн их сургуулийн зуун жилийн түүхэн ойд оролцох хувь тохиосон юм. Эрхүүгийн их сургуулийн зуун жил гэдэг Дорнод Сибирь, Евразийн эрин зууны бахдам түүх билээ. Тэртээ нэгэн мянга есөн зуун арван найман онд Октябрийн хувьсгалын гал намдаагүй, иргэний дайны шуурга ид өрнөж байх цагт алс Дорнодын эл бөглүү тайгад эрдэм мэдлэг, дээд боловсролын ордон үүд хаалгаа нээсэн гэж бодохоор агуу. Улаантан цагаантнаараа хуваагдан тэмцэлдэж, их цөллөг, дайн дажны хүнд бэрх жилүүдийг туучин гарсан өнөөх луугар хэдэн генералууд нь уг сургуулийг анх байгуулсан юм гэдэг. Дайны хөлд дарагдаж хайртай бүхнээ алдсан ард түмэн сургууль байгуулахад халаасан дахь сүүлчийнхээ зоосыг шавхан өгч ирээдүйнхээ сайн сайхны төлөө итгэл үнэмшилтэйгээр зогсож байсныг анхны захирал Рубинштейн халуун дурдатгалдаа бичсэн нь бий. Ингэж орос хүний нугарашгүй сэтгэл, цөллөг амссан хатуу зовлон, эх орныхоо төлөө тэмцсэн зоригт хөвгүүдийнх нь уухайн түрлэг дунд эрдмийн өргөөний хонх жингэнэж, их соёл, түүх, шинжлэх ухааны алтан хуудас нь эхэлжээ.

Орос Монголын гүүр болсон Эрхүүд Монголын тал нутгаас ирж дээд сургуулийн босго алхсан анхны оюутан нь Юмжаагийн Цэдэнбал. 1936 онд Сибирийн Санхүү эдийн засгийн дээд сургууль буюу одоогийн Эрхүүгийн Байгалийн их сургуулийн оюутан болж Ангар мөрний хөвөөнд ирж байжээ. Тэгэхдээ Цэдэнпил нэртэй байсан гэдэг юм билээ. Бал дарга бага балчаараас номонд дуртай, ном тэврээд хэвтэхээрээ манайхны хэлдгээр ухаанаа алддаг нэгэн байжээ. Ямар сайндаа гэр сургуульд ном дэлгээд хэвтэхдээ босохоос залхуурч бусдыгаа дээгүүр алхаад гарчих гэдэг байсан тухай гавьяат багш Цагаанхичигийн дурсамжид байдаг сан.

Харин Эрхүүгийн байгалийн сургуульд суралцаж байхдаа номноос болж амиа алдах дөхсөн гэдэг юм. Монголын энэ нөхөр номноос салдаггүй, багш нараас дандаа магтаалын үг сонсдог гээд ангийн хүүхдүүд нь сургуулийн цонхоор шидчихжээ. Аз болоход хунгарласан цасан дээр унасан гэж байгаа. Хэрвээ чулуу юм уу, төмөр дээр унасан бол тэгээд дуусаа. Монголын төрийг дөч гаруй жил удирдсан Бал дарга ийм л түүхтэй Эрхүүд дээд боловсол эзэмших мянга мянган оюутны зам мөрийг түүчээлжээ. Түүнээс өмнө бүр хорин зургаан онд Монголоос долоон хүүхэд ирж Эрхүүгийн их сургуульд суралцсан байдаг. Гэхдээ нэр ус нь тийм ч тодорхой биш шиг дуулдана билээ.

Харин Эрхүүгийн их сургуулийг дүүргэсэн хамгийн тодорхой нэгэн бол агуу их Базарын Ширэндэв юм. Гучин долоон онд Эрхүүгийн Багшийн дээд сургуулийн түүхийн ангид оюутан болоод дөчин нэгэн онд төгссөн байдаг. Ингээд дөчин хоёр онд Улаанбаатар хотноо Монгол Улсын их сургууль байгуулагдахад бараг л анхны захирлаар нь томилогдож байсан. Жараад оны эхэн үед Монгол Улсад Шинжлэх ухааны академи байгуулагдахад анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдон хорь гаруй жил ажилласан. Улсын их сургууль, шинжлэх ухааны байгууллагын шинэ түүхийг бичиж, туурга тусгаар улсынхаа оюун санааны дархлааг бий болгож өгсөн Базарын Ширэндэв ийнхүү Эрхүүгийн их сургуулийн бүтээгдэхүүн юм. 1944 онд их сургуулийн ректор болчихоод дурсахдаа Тэр цагт манайд дээд сургууль төгссөн ердөө гуравхан хүн байсны нэг нь Цэдэнбал, нөгөө нь Багшийн техникумын багш Даш, гурав дахь нь би хэмээсэн. Эрхүүгийн Багшийн их сургуулийн ханан дээр Монголын нэрт эрдэмтэн, төрийн шагналт, академич, хөдөлмөрийн баатар буурал Ширэндэвийн алтан пайз хадаатай байна лээ.

Агуу их Ширэндэвийн идэр залуугийнх нь он жилүүдийг хадгалж үлдсэн Эрхүүгийн Багшийн их сургуулийг төгссөн Монголын мянга мянган сэхээтний нэгэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Монгол төрийн түшээ Цэдэнбалын Цогзолмаа юм. Тэрбээр боловролын яамны сайдын хувиар мөн тус сургуулийн төгсөгчийн хувиар 100 жилийн түүхэн ойд уригдсан. Эх орны баруун хязгаар Ховд нутгаас Улаанбаатараар дайран алс Дорнодод хөл тавихад угтаж авсан ачит багш нар нь, оюутны анхны лекцээ сонссон хичээлийн танхим нь яг л урьдынхаара номын хуудас эргэх шиг угтсан байлгүй.

Бойко Ирина Владимировна гэж орос хэлний багш нь яг л гучин жилийн өмнөх шигээ инээд алдаад, гал цогтой дэгжин хэвээрээ гялалзаж байна. Зуун жилийн түүхэн өдрүүдэд Эрхүүгийн их сургуулийн хүндэт багш нар, эрдэмтэн профессорууд сэтгэл дүүрэн байгаа нь, мянга мянган шавь нараараа бахархаж байгаа нь царай зүснээс нь илт байв. Тэр дундаас Бойко багш бүр нэг бахархал дүүрэн байсан. Өөрийнх нь шавь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд болоод сургуулийнхаа ойд ирсэн нь хамгийн том бэлэг байсан нь мэдээж. Нэр алдартай боллоо хэмээн баярлахдаа биш Миний шавь зөв явжээ. Миний заасан хичээлийг сайн сурчээ гэж сэтгэл нь ханасан байдал илтээс анзаарагдсан. Багш хүнд шавиараа бахархах шиг агуу юм байхгүй. Цогзолмаа сайдыг тэртээ ерээд онд хайрт ижийгээ алдчихаад хэдэн өнчин дүү нараа аавтайгаа орхиод явж чадахгүй, сургуулиасаа гаръя гэж хүртэл бодож байхад Эрхүүгээс утсаар холбогдсон хүн нь Бойко багш. Оюутнуудынхаа төлөө тэгж л уйгагүй явж, ном эрдэм сургах гэж чин сэтгэлээсээ зүтгэж байсан зүтгэл, их хайр нь төрийн сайдыг төрүүлсэнд байгаа юм.

Игорь Вячеславович Бычков гэж Эрхүүгийн улсын их сургуулийн захирал,Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын дарга, академич тэрээр үнэндээ оргилсон, зориг золбоотой нэгэн. Монгол, Хятад, Япон, Герман, Испани, Автрали гээд дэлхийн олон орноос сургуулийнхаа ойг зорьж ирсэн төгсөгчдийнхөө өмнө, хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Ура гэдэг үгийг гурван удаагийн давталтаар хичнээн ч удаа хэлэв. Зуун жилийнхээ ойн ёслолын буудлага шигээ сэтгэл нь оргилж ирээд Ура хашгирчихсан. Ёстой нөгөө уушгиныхаа гурван судсыг тасартал гэдэг шиг хамаг хүчээрээ хашгирсан. Алс Дорнодоор дүүрэн орилсон. Ангар мөрнөөс Калининград хүртэл орилно билээ. Ноён Бычков наян гурван онд сургуулийнхаа физик, математикийн факультетийг төгсчээ. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй нэг курст суралцаж төгссөн. Дэмбэрэл доктор мөн ойдоо уригдаж очсон. Нэг үеийн оюутнууд халуун дотноор уулзалдалгүй хаачихав.

Физик математикийн гэснээс тус факультетийг тэртээ жараад оны эхээр Монгол Улсын их сургуулийн профессор Санжаагийн Будням төгссөн удаатай. Гадаадад сургууль төгсч ирсэн Монголын анхны математикчдын нэг тэрээр жаран нэгэн онд Лодонгийн Дорж, Сүхчулуун гэсэн хоёр найзынхаа хамт Эрхүүд очиж байжээ. Ангарын хөвөөнөө шуугилдан очсон ангийн хоёр анд нь өнөө байхгүй бол өвгөн түүчээ 100 жилийнхээ ойд оччихсон хундага тулгаад зогсож байв. Математикийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан Монголын гурав дахь хүн би гэж хэлсэн нь жинтэй дуулддаг. Хэдэн жилийн өмнө төрийн шагнал хүртсэн математикч Ринченгийн Энхбат мөн л Эрхүүгийн их сургуулийн бүтээгдэхүүн. Өвгөн түүчээ Будням багшийнхаа хамт ойдоо уригдсан байна.

Дорнод Сибирийн их тайга, Ангар мөрний хөвөөн дээрх губерний генералуудын цагаан байшин Эрхүүгийн их сургуулийн хичээлийн анхны байр. Зуун жилийн ойн хүндэтгэлийн ёслол энэхүү Белый дом-д болсон. Дайнтай цагийн тэнгэр дор дээд сургууль байгуулчихаад энэхүү цагаан байшинд оросын генералууд дуу шуутайхан найр хийж, Сибирийн тайгыг сэрээж байсан гэдэг. Хүндэтгэлийн ёслолд ноён Бычков болон Эрхүү хотын захирагч Дмитрий Викторович Бердников оролцож Монгол Улсын Боловсролын сайд Ц.Цогзолмаад Эрхүүгийн их сургуулийн Хүндэт профессор цол олгосон юм.

Мөн энэ үеэр Бердников захирагч Монгол Улсын баатар сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ШУА-ийн ерөнхийлөгч, төрийн шагналт академич Дүгэрийн Рэгдэл, Монгол Улсын их сургуулийн захирал Я.Төмөрбаатар, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Монгол Улсын боловсролын их сургуулийн тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарын олон хүндтэй эрхэмд Талархлын бичиг гардуулсан. Гүррагчаа баатар Эрхүү мужийг нэг талаар сансрын бүс нутаг гэж тодотгон хэлж болно гээд ЗХУ-ын хошой баатар, сансрын домогт нисэгч дотны нөхөр Борис Валентинович Вольновынхоо тухайн сэтгэл догдлон өгүүлж байлаа.

Гүрээ баатартай хамт сургуулийнхаа ойд очсон нэгэн бол Монгол Улсын гавьяат багш Дорпаламын Цогзолмаа. Жаран таван онд Архангайн төвийн арван жилийг дүүргээд Улаанбаатар хотыг үзээгүй оюутан шууд л Эрхүүд хөл тавьж байсан гэдэг. Орос хэлийг би чөлөөтэй эзэмшсэн. Энэ хэл намайг энэ амьдралын туршид тэжээж байна гэсэн нь бүхий л насаараа орос хэлний багшаар ажилласан, мөн Гүрээ баатрын тэргүүлдэг Монгол зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогчоор ажилласнаа хэлж буйн хэрэг. Цогзолмаа гавьяат Эрхүүгийн их сургуулийн оюутан байхдаа ханьтайгаа учирч, ууган охин нь Эрхүүд төрж, сургуулийнхаа хажуу талын кафед арав арван рубль нийлүүлээд хуримаа хийж байсан гээд хүний амьдралын хамгийн баярт мөчүүдээ өнгөрүүлжээ. Түүний хань нь Монгол Улсын алдарт уяач Уламбаярын Буяндэлгэр. Эрхүүд төрсөн охин нь өдгөө Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын албаны дарга, доктор Энхжаргал. Хуримаа хийсний 50 жилийн ойгоо саяхан тэмдэглэжээ. Энэхүү нандин дурсамжаа сургуулийнхаа 100 жилийн ойн хүндэтгэлийн дундуур хуваалцсан юм.

Дээд шүүхийн Дэмбэрэлцэрэн гуай, Хууль зүйн сайд байсан Намсрайн Лувсанжав, Логийн Цог болон Цэрэнхүүгийн Шаравдорж гээд олон эрхэм Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетийг төгссөн байдаг. Ерөнхий прокурор Ганбаяр, Бүдрагчаа, дээд шүүхийн шүүгч Сонинбаяр, Ундрах, Амарсайхан гээд Монголын хуулийн салбарт нэрийн хуудас болсон хуульч, шүүгчид уг сургуулийн төгсөгчид юм. Ангийнхаа нөхөдтэй гучин дөрвөн жилийн дараа уулзахад яг л өчигдөр уулзаад дахин уулзаж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Бид бүхэн үргэлжийн холбоотой байдаг. Дэлхийн суутнууд төрсөн сургуулийн маань түүхт зуун жил дахиж тохиохгүй гээд бодохоор эрхгүй сэтгэл хөдөлж байлаа. Төр эрх зүй, иргэний онол зааж байсан алдарт багш нараараа бахархаж байна хэмээн наян дөрвөн онд Эрхүүгийн их сургуулийн босыг алхаж байсан Төмөрбаатарын Бат-Өлзий хуульч хэлсэн.Монголын шинэ үеийн шинжлэх ухаан болон улсын ардын аж ахуйн бүх салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан Эрхүүгийн улсын их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасан. Монгол төрийн энэхүү дээд шагналыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Лувсандагвын Амарсанаа нар хүндтэйгээр гардуулж өгсөн нь 100 жилийн ёслолын бас нэгэн оргил нь байлаа.

Орос гүрэн шинжлэх ухаан, боловсролоо ямагт тэргүүн зэрэгт тавьдгийг Алс Дорнодын хөгжлийн түүхийг бүтээсэн Эрхүүгийн их сургуулийн түүхэн ой бататгасан юм. Төр засаг нь төдийгүй улс орны капитал болсон бизнесмэнүүд нь хүртэл өндөр ач холбогдол өгч хоёр мянга арван найман он Эрхүү хот, Дорнод Сибирийн хувьд тэр аяараа улсын их сургуулийнхаа түүхээр бахархан буйг харах бахтай юм билээ. Сургуулийн ой гэхээр л манайхан шиг морь мал, бөх тэх, даншиг наадам гэхгүй ерөөс шинжлэх ухааны өмнө тэргүүн мэхийж буй нь үнэтэй. Улсын их сургуулийн зуун жил улс үндэстний нэгэн зууны их түүх, басхүү ирэх зууных нь уриа дуудлага байдаг буюу. Ийнхүү Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн тэмдэглэлээ товчлон хүргэлээ. Европын нам гүмхэн хотыг санагдуулах Эрхүүгийн тухай, зөөлөн цас хаялж, бороо шивэрсэн намрынх нь тухай, алс Дорнод, Ангар мөрний долгио, Байгаль далайн тухай дараагийн тэмдэглэлдээ өгүүлэх болно оо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нам үхжээ


-Монголчууд бие биедээ яагаад итгэдэггүй вэ?

-Бие биенээ сайн мэддэг болоод л тэр биз!!

Нэг. ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Хорвоо тохуутай. Үзэн ядсан зүйлээ зөнгөөрөө дуурайх, устгахыг эрмэлзсэн юмаа өөртөө хуулан үлдээх энүүхэнд. Харин эсэргүүцсэн бүхнээ дуурайсан, арилгасан болгоноо хуулснаа тэр бүрий анзаардаггүй.

Түүх ингэж эхэлсэн юм. 1980-аад оны сүүлээр дангаараа ноёрхдог МАХН-д тогтсон нэг хүний буюу түүгээр удирдуулсан үнэмлэхүй эрхт фракци болох Улс төрийн товчооны дарангуйллыг эсэргүүцсэн үзэл санаа, хөдөлгөөн өрнөсөн юм. (МАХН дангаараа ноёрхохын эсрэг бус МАХН дотор дангаараа ноёрхохын эсрэг) Энэ нь цаад утгаараа зөвхөн “Зөвлөлтийн зөвшөөрөлтэй зүйлс” л оршин тогтнох эрх эдэлдэг социалист системийг эсэргүүцсэн хөдөлгөөн байлаа. 1968 оны “Прагийн хавар”-тай агаар нэг зүйл. Нийтийн дуунд “Оройтсон бороо” хэмээн гардаг шиг Зүүн Европоос гучаад жилээр хоцорсон “Улаанбаатарын оройтсон хавар” байлаа.

БНМАУ-д зөвшөөрөгдсөн зүйлсийг эсэргүүцэх нь хар аяндаа л “Зөвлөлтийн эсрэг” хэрэг болно гэдгийг шинэчлэгчид зөнгөөрөө мэдэрч байлаа. Гэвч Зөвлөлтөд өрнөсөн Перестройка (Perestroika ) буюу “Өөрчлөн байгуулалт” нь улс төрийн тогтолцоогоо “өвтгөхгүйгээр зодох” хэмжээний урам зориг хайрласан байв. Ийм болохоор 1990 оны ардчилсан хувьсгалын үр хөврөл нь эхэн үедээ “3өвлөлтийн зөвшөөрөлтэйгөөр Зөвлөлтийг эсэргүүцэх” алхам байлаа.

Ердөө л өчигдөрхөн малчин нүүдэлчин явсан монголчууд хувь хүний эрх, улс төрийн эрх чөлөөний мэдрэмжтэй болохоосоо өмнө “эх орон”, “ эх орны эрх чөлөө”-ний тухай мэдрэмжтэй фанатууд болсон байлаа. Чухам иймээс, 1990-ээд оны ардчилсан хувьсгал нь эхэндээ “хүн нь хар толгойгоо мэддэг” болох тухайд биш, харин “улс нь толгойгоо мэддэг” болохын төлөөх тэмцэл байсан бололтой.

Зөвлөлтөд өрнөсөн “Өөрчлөн байгуулалт”-ыг дагуулан өрнүүлсэн Монголын ардчиллын үйл явцыг дэлхий дахины өөр нэг үйл явдал орвонгоор нь эргүүллээ. Энэ бол социалист систем өөрөө ганхан нурж эхэлсэн явдал байлаа.

МАХН-ын Улс төрийн товчоог солихыг шаардаж, намыг солих биш, намын удирдлагыг багцаар нь солих замаар өөрчлөхийг шаардаж байсан тэмцлийн зорилго өөр боллоо. Одоо олон намын тогтоц, чөлөөт сонгууль, ардчилсан тогтоц, жам ёсны зах зээлийг шаардах боломж бүрдэв. Хувьсал нь хувьсгал болов. Ингээд олон нам, анхны чөлөөт сонгууль гээд бидний сайн мэдэх, хараахан түүх болж амжаагүй дурсамжууд бүтээгдэн үлджээ. (Түүх болоогүй гэдэг нь ийм учиртай. Болсон явдалд тэндээс төрсөн сэтгэгдлээрээ хандахаа больж, хөндлөнгөөс харах чадвар бүрдсэн цагт л үйл явдал “түүх” болон хувирдаг)

Монголд олон жил дангаараа ноёрхсон МАХН-ын ноёрхлыг устгах, тийм тогтоцыг алга болгохын төлөө тэмцэхээр олон шинэ нам байгуулагдлаа. Шинэ нам бүгд МАХН-ыг эсэргүүцсэн байдлаараа ижилсэнэ. Ийм учраас олон түмэн тэднийг “МАХН ба ардчилсан хүчнүүд” хэмээн хоёр хувааж харна. Дангаараа нэг тал болсон МАХН үргэлж хүчтэй. “Ардчилсан хүчнүүд” гэдэг ганц дээвэр дор орсон намууд нэгдвэл ялж, салбал ялагдана. Ард түмэн саналаа ерөнхийд нь хоёр хувааж талыг нь МАХН-д талыг нь “ардчилсан хүчин”-д өгдөг байснаас тэр.

Манай оронд олон нам байгуулах ямар ч туршлага байсангүй. Байсан ганц нам нь МАХН. Бүгд л тэрийгээ дуурайн бүтцийг нь хууллаа. Дүрмийг нь ч гишүүн элсүүлж батлах олгодог, намаас хөөдөг тэр хэвээр нь дуурайв. Бүгд л Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл гэхчлэн өөр өөрийн Улс төрийн товчоотой болов. МАХН-ын төв хорооны Бүгд хурал, бүгд хурлын гишүүдийн хуулбар нь АН-ын Удирдах зөвлөл ба түүний хурал байх жишээний.

1921 оны хувьсгалд оролцсон хүмүүсийг партизан хэмээн нэрлэж, тусгай тэтгэвэр тогтоон орон сууцаар эхний ээлжинд хангадаг байлаа. Ингэдэг л учиртай гэж итгэсэн монголчууд ардчилсан хувьсгалд оролцогчдоо партизан хэмээн авгайлж, хувь хувьсгалын боломжоороо байр сууцаар хангахыг хичээх болов. Ардын хувьсгалын ойгоор медаль гаргадаг уламжлал ёсоор ардчилсан хувьсгалын ойн медаль ч бас гаргалаа.

Бүтцийг нь дуурайсан төдийгүй түүхийг нь ч дуурайлаа. МАХН анх байгуулагдаад Коминтернд элсэн Зөвлөлтөөс тусламж гуйж байсан аж. Энэ жишгээр Социал демократууд Социнтернд, Ардчилсан холбоо Дэлхийн ардчилсан холбоонд элсэн “начингаа бататгав” гэгчээр намын дайтай нам болохоо харуулж, олшруулагч машин, компьютер мэтийн тусламж авчирлаа. Ардын хувьсгалын араас коминтерний төлөөлөгч нар ирж хичээл зааж байсан бол ардчилсан хувьсгалын мөрөөр зах зээлийн багш, “шинэ цагийн Маркс, Энгельс” болсон профессор Хироно, Азийн сангийн зөвлөх Севернхауз, Наар нар ирлээ.

МАХН нь “Үнэн” хэмээх төв хэвлэлтэй байсан учраас МСДН-ын “ҮГ”, МҮДН-ын “Эрх чөлөө”, МоАН-ын “Ардчилал” зэрэг өөр өөрийн “үнэн”-гүүд төрөв.

Ийнхүү, Монгол оронд ардчилал хөгжүүлэх, зах зээлийн эдийн засаг хөгжүүлэх үүргийг МАХН болон өөр өөр нэртэй “МАХН” бүтэцтэй намууд нуруундаа үүрлээ.

Энэ бүхэн зүй тогтол юм аа гэхэд, зүй тогтолтой байж боломгүй түүх хүртэл ижилсэх нь сонин. МАХН-ын хийсэн ардын хувьсгал өөрийн эцэг Д.Сүхбаатараа хувьсгалын дайсны гарт алдсан гэдэг бол ардчилсан хувьсгал хийсэн АН өөрийн эцэг С.Зоригоо “нэр үл мэдэгдэх дайсан”-ы гарт алдсан байдаг.

Хоёр. МАХН үхсэн ч МАХН мөнх

Ардчилсан алхам, шинэчлэл ба хуучин арга барилын зөрчил эндээс эхэлсэн. Үзэл суртал нь бүтээн байгуулалтаас хол түрүүлж явдаг арга барилд дассан ард түмэндээ намууд үзэл суртлаар л бэлэг барина. Зам тавьсан намаас илүү замыг шүүмжилсэн намд саналаа өгдөг ард түмэн байхад өөр яах билээ. МАХН-ын улс төрийн технологи хуулбарлагдав. Намын үзэл суртлын ажил нь нэрээ сольж ПИАР гээч болов.

Ингээд зогссонгүй. Төрийн албанд шургахын тулд эрх баригч (юмуу, эрх барихын даваан дээр байгаа) Намд элсдэг, намын удирдах бүрэлдэхүүнд нэг багтаад авбал хэрэг бүтдэг, намын удирдагч ба түүнийг тойрон хүрээлсэн Улс төрийн товчооныхны сэтгэлд юм хийчихгүй л бол тогтоод байдаг тогтоц аажмаар сэргэлээ. Чухам ийм байдлаас сэргийлэхээр дүрэмдээ суулгасан фракци жигүүрийн тогтолцоо нь харинч сөргөөр нөлөөлж, намын удирдлагаа шантаажлан, “Улс төрийн товчоо”-нд багтах, нутагших арга хэрэгсэл болов.

Намын ардчилал аандаа арилж, хуучин МАХН-ын үеийн “намын сахилга бат” сэргэж эхлэв. Намын удирдагчийн хувь заяа гишүүдээс хамаарах нь улам бүр багасч, харин ч гишүүдийн хувь заяа (төрийн алба хашихаас эхлээд бизнесээ аюулгүй хөтлөх хүртэл) дарга удирдагчийн үзэмжээс хамаарч эхлэв.

Ардчиллын “Үлгэр жишээ үлээвэр найрал” болсон АН ч гэсэн их хурлаа хийхээ больж, бүр ротациа ч зогслоо. Яг ХХ зууны МАХН-ын Улс төрийн товчоонд хэдэн нөхөд орж ирээд насаа бардаг байснаас ялгарах юмгүй болох тийшээ хэлбийв. Юу өөр болсон юм бэ?

Ардчилсан хувьсгалаар төрсөн намууд МАХН-тай гучаад жил тэмцэхдээ түүнээс дутахгүй МАХН болон хувирчээ. Одоогоос гучаад жилийн тэртээ гудамжинд гарч, улс оронд дангаар ноёрхсон МАХН-ын Улс төрийн товчоотой үзэж тарж байсан ардчилагчид өнөөдөр мөн л хөхөө өвлийн хүйтнээр өөрийн намд нь ноёрхлоо тогтоосон “Улс төрийн товчоо”-той үзэж тарж байна. “Бид юу хийчих нь энэ вэ” хэмээх гүн ухааны асуултыг бие биедээ тавилаа. Одоо яах вэ, намын даргын хувь заяа гишүүдээсээ хамаардаг ардчилал руу явсаар байгаад, намын гишүүдийн заяа төөрөг намын даргаасаа хамаатай системд хүрчээ. Энэ систем байгаа цагт хэнийг ч сонгоод амжилт олохгүй.

Гурав. ТЭР НАМ ҮХЖЭЭ

Асуултынхаа хариуг ардчилагчид эрж, намын даргаа сонгох сунгаа аяныг зарлажээ. Харамсалтай нь энэ алхам, өнгөц төдий засвар л болохоос биш шийдвэрлэх өөрчлөлт болж чадахгүй. Харин ч бүх гишүүдээс сонгогдсон, буулгаж хаяхын аргагүй “нам төрийн дарга” ба “улс төрийн товчоо”-той болж мэднэ. “Намайг их хурлаар л сонгосон учраас их хурлаар л солино” гэж хэлчихээд хурлыг нь хийлгэхгүйгээр хичнээн ч удаан тэссэн болно.

Өнөөдөр өрнөж буй намыг шинэчлэх хөдөлгөөн нь “улс төрийн товчоо”-г төрүүлдэг МАХН маягийн бүтцийг өөрчлөхийн төлөө чиглэсэн цагт сая амжилт олно. Гэхдээ нэн амаргүй.

Яагаад амаргүй байна вэ гэхээр, зөвхөн АН биш, МАХН-аас уламжлалтай Монголын улс төрийн намуудын тогтоц өөрөө хямарсан юм. МАХН маягийн тогтоц бүтэц нь яаж ч ардчилаад эцсийн дүндээ “улс төрийн товчоо” л бүтээдэг аж. Энэ хямрал нь манайд МАХН жинхэнэ утгаараа бие барж байгаагийн шинж. МАХН болон түүний өв, туршлагыг бид нам гэж ойлгож ирсэн ба өнөөдөр тэр нь нам үхжээ.

Одоо л Монголд ХХ зуун дуусч байгаа нь энэ бололтой. Монголын улс төрийн олон нам, ардчиллын түүх дөнгөж эхлэх гэж байгаа нь энэ. Гэхдээ энэ түүхийг МАН-ын оролцоогүйгээр эхлэх арга байхгүй. Зөвхөн АН-ын хямрал ч бус, ардчиллын үе шатанд зохицон ажилласан МАХН-ын үр хөврөл ба түүний ардчилсан хуулбаруудын нийтлэг хямрал юм. МАН хэнээс ч дутахгүй хямралтай байгаа бөгөөд “улс төрийн товчоо” руугаа тэмүүлсэн бүлэглэлүүдийн дажинд туйлдан байгаа. Ийм учраас намыг шинэчлэхийн төлөө бус нам хэмээх сүлжээний бизнесийн оройд гарахын төлөө л тэмцэхээс өөр гарц ч харагдахаа байсан байна.

Тийм учраас улс төрийн тогтолцооны шавар намгаас хамтаараа л гарах байх. Яг нарийндаа бид л хоёр тусгай юм болгож хараад байгаагаас биш АН, МАН нэг юмны хоёр үзүүр болсон.

Ер нь, улс төр бизнесийн томоохон бүлэглэлүүд энэ хоёр намын аль ч ялсан “манай тал ялсан” байхаар хүчний хуваарилалт хийсэн нь ч нууц биш. (Ингэхэд, Зүүн Герман олон намтай байсан, одоогийн Хойд Солонгос олон намтай, бүр БНАСАУ-ын Социал демократ нам гэж хүртэл байдгийг мэдэх үү? Кк)

Дөрөв. ТҮҮХ ИНГЭЖ ДУУСЧ БАЙНА

Нам үхэж байна. Үнэн хэрэг дээрээ намын тухай бидний хуучин ойлголт сүйрч байна. Нарийвчлан хэлбэл “МАХН-нан нам” үхэж байгаа юм. МАХН ч юу байхав ийм тогтоц дуусч байна. Дуусахдаа өөрийг нь хуулсан бүхэнтэй хамт ялзарч байна.

Монголчуудын ХХ зуун 1900 оны нэгдүгээр сарын 1-нд эхлээд 1999 оны арванхоёрдугаар сарын 29-нд календарийн утгаараа дууссан байх. Харин нийгэм, улс төрийн утгаараа 1907 онд эхлээд 2020-иод онд дуусч байгаа бололтой. 1907 онд болсон Орос-Японы нууц гэрээгээр өнөөгийн манай улсын нутаг дэвсгэр, болон улс төрийн хувьд хэнээс хараат байх асуудал үндсэндээ зурагдсан юм. 1911 оны ба 1921 оны хувьсгал, МАХН болон МАХН бүтэцтэй олон намын тогтоц, тусгаар тогтнол чухам түүний мөрөөр өрнөсөн. Хэдийгээр 1990 онд ардчилсан хувьсгал ялж, Зөвлөлтийн нөлөөнөөс өнгөн талаасаа гарсан боловч МАХН маягийн улс төрийн намын тогтоц, тэр үед тогтсон нам ба улс төрийн хүмүүжил, ганц хөршийн олон хамаарал бараг хэвээрээ явж ирлээ.

Өнөөдөр, манай оронд болоод дэлхий даяар болж байгаа үзэл санааны зөрөлдөөн тэмцэл нэг л эхтэй. Нэг нь шилдэг ардчилсан үзэл баримтлаад, нөгөө нь харгис дарангуйллын номлол дагаад байгаа мэт харагдавч уг шалтгаан өөр. Үнэн хэрэгтээ ёс суртахууны янз бүрийн түвшингийн зөрүүнээс үүдсэн тэмцэл л явж байгаа, яг нарийндаа мораль хоорондын дажин болж байгаа гэж үзэж байна. Манайд ч гэсэн МАН ба АН хоёрын хооронд ёс суртахууных нь үнэлэмжээс үүдсэн дайн хэсэг зуур болсон. Дайны явцад хоёр нам ижилдсээр байгаад нам хоорондын дажин гэхээсээ илүү намын доторх ёс суртахууны янз бүрийн үнэлэмжтэй бүлэглэлүүдийн дайнд хүргэж хувирсан.

….Ийм нөхцөлд нэг нам ганцаараа сайжрах ямар ч бололцоогүй. Сайжирч гэмээнэ өөрөө мөхөх аюултай. Нарийн яривал, намуудын толгойд тусгүй хүмүүс гараад муу болгоод байгаа нь зөвхөн харагдах тал нь. Үнэндээ, үеэ өнгөрөөсөн муухай систем дотор тогтнохын тулд намууд муухай орчинд нь уусан нэгдэхээс ч аргагүй байдалд ороод байна. Сонин байгаа биз, муу муухай байгаа нь оршин тогтнох арга болно гэдэг нь.

Юуны өмнө, улс төрийн тоглоомын дүрмээ шинэчлэх ёстой. Гэхдээ, хуучин бүтцээрээ, янз бүрийн нэртэй “МАХН”-ан намуудтай хэвээрээ байвал тоглоомын дүрмээ шинэчлээд ч нэмэргүй. Угаасаа, МАХН маягийн намууд шинэчлэгдэх боломжоо шавхсан. Намууд доторх эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс тэндээс гарч шинэ нам байгуулах нь бүр ч аюултай. Учир нь, АН, МАН хэмээх хүчирхэг пирамидын толгойг зүй бусын этгээдүүдэд найр тавьснаас ялгаагүй хэрэг болно. Бас тэд нам дотроо байх ч аюултай. “Улс төрийн товчоо” нь эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүсийг дайснаа гэж үзэн хяхах болно. Эрүүл саруул сэтгэлгээ, ёс суртахуунд орших зай алга байгаа биз. Ийм болохоор нам үхэж байгаа хэрэг.

Монголын улс төр, жинхэнэ утгаараа шинээр эхлэх ёстой. Шинээрээ эхлэхийн тулд бүгдэд шинэ гараа хэрэгтэй. Шинэ гараа бол намуудыг шинэчлэн бүртгэх. Хуучин нэрийг хэн ч өвлөхгүй. Өнгөрсөн үеийн давуу байдлыг хэнд ч найр тавихгүй. Чухам эндээс тоглоомын шинэ дүрмээ мөрдсөн намууд дахин төрөх болно. Монголын улс төрийн хуучин түүх дуусч, шинэ түүх эхлэх боломж энд л бүрдэнэ. Нэг түүх дуусахгүйгээр нөгөө түүх эхлэх боломж гардаггүй билээ. Нам үхжээ. Нам төрнө.

Жич: Нэгэнт үеэ өнгөрөөсөн, нурж байгаа тогтоцыг тулах гэж оролдох шиг аюултай юм байхгүй, жам ёсны хувьсалд тээг садаа болоод зогсохгүй өөрөө дарагдаж үхдэг номтойг гүн ухаантнууд сануулсаар ирсэн дээ.

2016.12.21

Categories
мэдээ цаг-үе

Боловсролын доктор Ц.Тамир: Хүүхдийн таргалалтыг бууруулах арга замыг тодорхойлох нь шийдвэрлэх асуудлуудын нэг болж байгаа

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн багш, боловсрол судлалын доктор Цэвээннамжилын Тамиртай ярилцлаа.


-Таны төгссөн сургуулиас яриагаа эхэлье. Багш мэргэжлийг яагаад сонгох болов?

-Би Архангай аймгийн Цэцэрлэг хотод 10 жилийн сургуулиа төгссөн. Долдугаар ангиасаа хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейболын секцэнд явж эхэлсэн нь миний хувьд тамирчин болох улмаар биеийн тамир спорттой холбогдох эхлэлийг тавьж өгсөн. Тэгээд тамирчин болно гэж шийдсэн байсан учраас Биеийн тамирын дээд сургуульд бэлдэж байгаад шалгалт өгч тэнцсэн. Бид нарыг хүүхэд байхад Биеийн тамирын сургуульд орно гэдэг бол маш их өрсөлдөөнтэй байсан. Биеийн тамирын сургуульд орохын тулд бид нар маш их бэлддэг, одоог бодоход шалгуур нь үнэхээр өндөр, спортоор хамгийн шилдэг хүүхдүүд ордог байж дээ. Манай аймагт биеийн тамирын багшийн нэг хуваарь, сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн нэг хуваарь ирсэн бөгөөд 24 хүүхэд шалгалт өгч хоёр хуваарь дээр би ганцаараа тэнцээд багшаасаа аль хуваарийг авах вэ гэтэл багш маань “Чи мастер л болчихвол дасгалжуулагч хийж болно, багшийг бол заавал сургууль төгссөн хүн заадаг тиймээс чи Биеийн тамирын багшийнхаа хуваарийг аваа гэсэн. Тэгээд л энэ мэргэжлийг сонгосон.

-Хүндтэй багш нарынхаа тухай ярихгүй юу?

-Би их азтай хүн гэж өөрийгөө боддог. Яагаад гэвэл надад дандаа сайн багш нар таарсан… Биеийн тамирын хичээлд ч ордоггүй намайг энэ хүүхэд бол спортын л хүн болох ёстой хэмээн спортод уруу татаж, биеийн тамир спортын цагаан толгойг заасан хүн бол нэгдүгээр 10 жилийн багш Тогтохбаатар багш минь байлаа. Багш маань шавь нараа их хайрладаг, хүндэлж харьцдаг, ямар хүүхдэд ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг маш сайн мэддэг, одоогийнхоор бол ЕБС-ийн сурагчдад бие бялдрын хөгжлийн суурийг маш сайн тавьж өгдөг, бие бялдрын хөгжлийн онол арга зүйг өндөр түвшинд эзэмшсэн мэргэжилтэн байжээ. Мөн волейболын спортын мастер Гансүх, Гаамаа нарын багш нарынхаа удирдлаган доор волейболын секцэнд явж аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд орж байлаа.

10 дугаар ангиа төгсөөд улсын шигшээ багийн дасгалжуулагч Оюунцэцэг багшийнхаа удирдлаган доор бөөрөнцөг түлхэлт, диск шидэлтээр хичээллэж эхэлсэн. Би багшийгаа их шударга, хүнлэг, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, шавь нараа ээж шиг нь хайрлаж, тэдэнд юу хэрэгтэй, тэдэнтэй хэдийд яаж харьцвал, бэлтгэл сургуулилт, амжилтад нь нөлөөлөх зэрэг сайн мэдэрч чаддаг, бие бялдрын онол арга зүйгээс гадна тамирчны сэтгэл зүйн болоод физиологи онцлогийг харгалзан арга зүйгээ өөрчилж чаддаг, жинхэнэ өндөр мэргэжлийн боловсон хүчин гэж дүгнэдэг.

-Таны хувьд улсын шигшээ багт тамирчнаар бэлтгэл сургуулилт хийж байсан гэдэг. Тэр тухай сонирхмоор байна л даа?

-Тийм ээ, 1990-1993 онд залуучуудын шигшээ багт бөөрөнцөг түлхэлтийн тамирчин байсан. Оюунаа багшийнхаа удирдлаган доор өвөлдөө спортын төв ордны Б заланд, зундаа төв цэнгэлдэхэд голдуу бэлтгэлээ хийнэ. Өглөө зарятканд гарна, өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Заримдаа цугларалтад гарна. Махашири ах, Долгор эгч, Цэрэнпил эгч, Цэнд-Аюуш, Хүрэлпүрэв, Буянтогтох нартайгаа хамт бэлтгэл хийдэг байсан. Хүрэлпүрэвтэйгээ л их найз байсан хоёр хөдөөний хүүхэд бие биенээ их дэмжинэ, хоол олдвол хувааж иднэ.. гээд л их л олон юм болно доо Бэлтгэлийн хувьд гэвэл ихэнхдээ л хурд, хүч, технийкийн бэлтгэл хийнэ. Тамирчин хүн оюутан байна гэдэг их хэцүү. Тэмцээн, бэлтгэл гээд хичээлд суух боломж гарахгүй. Хичээлд суухгүй юм чинь дүн гарахгүй энэ тэр гээд их л юм болно доо.

-Өсвөр үеийн бөөрөнцөг түлхэлтийн рекорд амжилтыг 1991 онд шинэчлэн тогтоож байсан гэж сонссон юм байна. Өнөөг хүртэл таны тогтоосон амжилтыг эвдээгүй гэсэн. Бас л бахдам юм шүү.

-1991 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх идэрчүүдийн рекорд амжилтыг эвдэж 11.20 см, дараагаар нь, Улан-Үдэ-ийн тэмцээнд дахиж нэг ахиулаад УАШТ-ээр 11.73 м болгосон. Бид нар яахав дээ. Социализмаар хүмүүжсэн хүүхдүүд, ид төлөвшдөг амжилт гаргадаг үед нь нийгэм солигдож, нийгмийн энэ өөрчлөлтийг өөр өөрийнхөөрөө л туулсан үеийнхэн. Нийгэм солигдоогүй тэр чигтээ тамирчнаараа явсан бол бидний дунд өндөр амжилт гаргах тамирчид их байсан. Өнөөг хүртэл энэ амжилт эвдэгдэхгүй байгаа нь сургалт, дасгалжуулалт, холбоод гээд энэ спортын түвшин манайд ямар байгаатай холбоотой байх гэж боддог.

-Багшийн ажил эрхэлсэн он жилүүдийнхээ тухай ярихгүй юу. Өөрийн өсч төрсөн нутаг Архангай аймгаас багшийн гараагаа эхэлсэн үү?

-Анх Архангайн багшийн сургуульд багшилж эхэлсэн. Архангайн багшийн сургуульд 12 жил, дараагаар нь энд ирж Багшийн сургуульд дөрвөн жил багшлаад, буцаж Архангайд очиж гурван жил багшлаад одоо эндээ багшилж байна даа.

-Тамир докторын нэг том судалгааны ажил бол Монголын залуу үеийг эрүүл чийрэг болгох, ерөөс энэ чиглэлээр олон ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээл гарган хичээж зүтгэсэн байх юм. Энэ тухай дэлгэрэнгүй асуумаар байна л даа?

-Өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийн явц хурдсаж, техник технологийн дэвшил амьдрал ахуйд гүнзгий нэвтэрч, хүний хөдөлмөрийг асар ихээр хөнгөвчлөх болсноор хөдөлгөөний хомсдол, түүнийг дагасан амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй биеийн өөхлөг эдийн хэмжээ ихсэх явдал хүмүүсийн дунд нэмэгдэж байгаа бөгөөд улмаар ихсэх хандлагатай болоод байна. Мөн эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн оюун ухааны хөгжилд түлхүү анхаараад бие бялдрын хөгжлийг сайн анхаарахгүй байгаатай холбоотой ялангуяа ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдийн дунд таргалалттай хүүхдүүдийн тоо нэмэгдэж, жилээс жилд ихсэх хандлагатай байгаа нь сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас харагдаж байна. Мөн ДЭМБ-ын тодорхойлсноор биеийн жин нэмэгдэхийг “Жингийн илүүдэл”, харин биеийн өөхлөг эдийн хэмжээ нэмэгдэхийг “Таргалалт” гэж үзжээ. Иймээс хүүхдүүдийн бие бялдрын хөгжлийг олон талаас нь зөв тодорхойлж, хүүхэд бүрийн бие бялдрын хөгжлийн хэрэгцээ, онцлог, ялгаатай байдлыг харгалзан сургалт зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх явдал нь чухал болоод байгаа өнөө үед хүүхдийн бие бялдрын хөгжил, биеийн тамирын боловсролыг дэмжих нь зөвхөн биеийн тамирын багш нар хүүхдийн бие бялдрын хөгжлийг анхаараад зогсохгүй эцэг эх, сургууль багш нар ч бас хүүхдийн бие бялдрыг эрүүл чийрэг байлгахад анхаарч сургуулийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан байх нь зүй ёсны хэрэг болоод байна. Иймээс өөрийн судалгааны ажил ном бүтээлдээ бага ангийн хүүхдийн хөгжил, түүний дотор бие бялдрын хөгжлийг дэмжих тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

-Бага насны хүүхдийн биеийн өсөлт, хөгжлийн тухай та олон бүтээлдээ дурдсан байна. Сүүлийн үеийн хүүхдүүдийн өсөлт хөгжил ямар байгааг танаас асуумаар байх юм?

-Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн суралцагчдын дунд үүсч буй хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор таргалалт ихэсч байгаа тэдний бие бялдрын хөгжилд нөлөөлж байна. Иймээс хүүхдийн биеийн бүрдлийг судлах, таргалалтыг бууруулах арга замыг тодорхойлох нь шийдвэрлэх асуудлуудын нэг болж байгаа учир хүүхдийн бие бялдрын хөгжлийг тодорхойлох шинэ арга зүй боловсруулах, тэдгээрийг хэрэглэх явдал чухал болжээ.

-“Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын биеийн бүрдлийн судалгаа” сэдвээр та докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдвээр судалдаг эрдэмтэд хэр байдаг бол. Эрдмийн зэрэг хамгаалсан сэдвийг тань асуумаар байна.

-Биеийн бүрдэл body com­position гэдэг нэр томьёогоор хүний биед агуулагдах өөхлөг болон өөхлөг бус эд, булчин, яс, ус, эрдэсийг бүхэлд нь багтаасан ойлголтыг илэрхийлдэг бөгөөд Body composition гэдэг нэр томьёог биеийн бүрдэл хэмээн орчуулан хэрэглэсэн бөгөөд бүтэц, бүрдэл гэсэн хоёр үгийн нэгийг сонгох шаардлага гарсан бөгөөд бүтэц гэдэг нь бүтээх буюу хөндлөнгийн оролцоотойгоор хийгдэн бүтэх үйл мэт утга гэж үзээд, харин бүрдэл гэдэг үгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д бүрдэл-бүрэн төгс байдал, бүрдэл болов, бүрдэл болсонгүй гэж тайлбарласан байсан. Эдгээрээс хүний бие махбод нь хөндлөнгийн шууд оролцоогүйгээр өөрөө бүрэлдэн торниж төгс хэлбэрийг олдог тул бүрдэл гэдэг үг оновчтой хэмээн сонгож хэрэглэсэн юм.

Бид судалгааныхаа ажилдаа нийслэл, аймгийн төв, сумын 6-11 настай сурагчдын биеийн бүрдэл болох өөхлөг эд, булчин, ясны үзүүлэлтүүдийг 1 жилийн хугацаанд 3 удаагийн давтамжтайгаар дагаж судалсан бөгөөд, тэдгээр сурагчдаас өөхлөг эдийн хэмжээ ихтэй сурагчдын хөдөлгөөний чадварыг, өөхлөг эдийн хэмжээ хэвийн үзүүлэлтэй хүүхдүүдийн хөдөлгөөний чадваруудтай харьцуулан судалсан. Мөн өөхлөг эдийн хэмжээ нэмэгдэхэд сурагчдын биеийн тойргийн үзүүлэлт ямар хэмжээгээр нэмэгдэж байгаа хамаарлыг тогтоосон. Ингэснээр хүүхэд бүрийн биеийн бүрдэл, бие махбодын өсөлт, хөгжлийн ялгаатай байдалд үндэслэн тэдний онцлог, хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамирын сургалтын арга зүйг оновчтой сонгох, өдөр тутам хэрэглэх, дасгал хөдөлгөөн, хоол тэжээл, өдрийн дэглэм зэргийг уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвлийн дуун

Амьсгаа хүрэхээр хиртдэг…цас

Б.Явуухулан

Цас орсны маргааш сэрээд гарвал үүлэн дээр хоносон мэт. Хэнийд ч хоносон тэр мэт. Хэмжээ хязгааргүй цагаан тал хэнийд ч очсон дуусахгүй мэт. Хэмжээ гэж юусан, юугаа баримжаалах гэж хэмжээсийг би хайсан юм бол? Хэнийх гэж ч юусан билээ, хэнийг таньдаг болоод өөр хэнийг төсөөлөн хайнам билээ? Ийнхүү бодох үнэхээр алжаамаар. Бодол, бодлыг нэвсийтэл дарсан их эргэлзээг төсөөлвөөс, хөндийг хучсан цасан мэт ээ.

Тэнгэрийн хээлэнд суусан үүлсийг таниваас хурмастыг дарсан цасан ажгуу. Газарт тулсан үүлс байх нь ээ, энэ цас чинь. Аль нь дээр, аль нь доор байна аа, ертөнц эх захаа алдана. Гэнэтхэн үүл рүү уначихмаар болоод шүүрэх юм хайтал ашгүй нэгэн цас таарлаа. Атгасан цастайгаа тэнгэрийн гүн рүү унаж явнам.

Ниснэ гэмээнэ тэнгэрийн гүн рүү унанам бөлгөө

Нэг л мэдэхэд газраас аргамжсан оосор алдуурч

Нэг л мэдэхэд гар, хөл цөм даль жигүүр болоод

Ниснэ гэмээнэ тэнгэрийн гүн рүү унанам бөлгөө.

Чиний дээрээс цас бударна. Хэзээ эхэлсэн ба хэзээ дууссаныг хэн ч үл мэднэ. Хэзээ нь мэдэгдэхгүй мянган учрал солигдовч, хэний юу өөрчлөгдөн хувирсныг юугаар нотолном билээ? Мянган жил, мянган жил цасан будравч жишимгүй царайлсан уруулын чинь далд бардамналыг үл хувиргана. Үзэсгэлэнт ялдам уруул дээр хайлсан цасыг үхсэн гэх үү, үлэмж сайханд шингэн уусаад түүнтэй нэгдсэн гэх үү?

Хайр идэгч үзэсгэлэнт түүний зүрх ану

Ханахыг үл мэдэн махсаад ижлээ гөрөөлөх мэт

Харцаараа унагааж сэрэл оюуныг булаан эзэмдэх нь

Хавьтсанаа залгигч араатан өлөвхийн шүүрэх мэт

Өвөл бол ариусал, өвөл бол түр сатаарал, сав ертөнцийн амсхийлт. Цаг хугацаа хүртэл царцаад, цасанд дарагдан түр амсхийнэ. Хавар төлжсөн бүхэн, зун дэлгэрсэн бүхэн, намар боловсорсон бүхэн түр саатан мэлмэрээд, юу болоод өнгөрснийг ухаарч ядан эргэцүүлнэ. Төлжих ч үгүй, дэлгэрэх ч үгүй, боловсрох ч үгүй, гандах ч үгүй. Энэ бол өвөл. Урган төлжинө гэж юусан, унахын тулд юмсан уу. Унана гэж юусан ургахын төлөөнөө бус уу? Эцсийн эцэст юу болоод өнгөрснийг гайхан ухаарч царцан, өвөлжихийн тулд ч юмсан уу?

Юу ч бодолгүй өвлийг мэдэр

Юу ч бололгүй өвөлтэй амьдар

Юугаар ч хувиргалгүй өвлийг хадгал

Юутай ч хуваалцалгүй өвлийг эзэмд

Мөс бол хөлдсөн цаг юм

Мөр гардаггүй нь тийм учиртай

Мөрөөдөл доор нь гэсгэлүүн байгаа

Мөшгиж харвал хөдөлж мэдэгдэнэ

Цас бол царцсан цаг юм

Цагаан байдаг нь тийм учиртай

Цаг царцахаар бараан болгон

Цаана нь нуугдаад харагдахгүй байгаа

Өвөл бол ертөнцийн амсхийлт

Өөр юу ч биш, түр азналт

Өөдлөх уруудах бүгд зогсоод

Өөрийн ээлжийг хүлээж байгаа.

Өвлийг мэдэр, битгий эргэцүүл

Өвлийг эдэл, битгий ухаар

Өвөлд умба, битгий тань

Өвөл өөрөө танигдахаас айдаг.

Цас орсны маргааш өглөө. Үүл буусан хээр тал руу хонио бэлчээгээд араас нь гарлаа. Цагаан хоньдын мөр ч цагаанаараа чийр татна. Цагаан салхи хацар нүүрийг оролдон сээтэгнэж, цан хүүрэг нь уруул амтай янаглана. Шилбүүрийнхээ үзүүрээр цасан дээр цагаан үг бичээд унших зуур… хөлийн дор газар дэлхий үл ялиг гүрвэлзэн хөдлөх нь хөлийн улнаа эмзэг бөгөөд ялдам мэдрэгдвэй. Яг л хээлтэй амьтны хэвэл мэт түхэлзэн амьдралыг бахдан дуулж эхэллээ…Энэ бол миний хүлээлт, энэ бол өвлийн дуун…

2018.11.28

Categories
мэдээ цаг-үе

Доржийн Дандий: Монголын анагаахын шинжлэх ухаанд ерэн нас хүртлээ зүтгэж байна даа

Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн ахмад эмч Доржийн Дандийтай ярилцлаа.


-Та Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хүн. Жамцын Бадраа гуай, төвд хэлний Хүрлээ багш гээд дандаа аваргууд төрсөн нутаг даа?

-Манай сумаас яалт ч байхгүй оюун билгийн бурхад төрсөн. Авшиг ерөөлтэй сайхан нутаг. Жамцын Бадраа, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, Чойсүрэнгийн Дагвадорж гээд эрдэмтэн мэргэдийн нэрийг хэлэхэд сайхан байна. “Саа мөнгөн Хэрлэн”, “Бодлын цагаан хун”-г бичдэг Дүгэрийн Амгалан мөн л манай нутаг. Цэвэгжавын Жамьянжав гэж Хөдөө аж ахуйн их сургуулийг үүсгэн байгуулж, олон жил залуурдан авч явсан эрхэм хүн байна. Сэтгэцийн эмнэлэг, хий судлалын больниц буюу галзуугийн больницын гавьяат эмч Доржжадамба байна. Рэнцэнгийн Донгиндоо гэж физиологийн ухааныг Монголд хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн, биеийн тамир анагаахын ухаан, хүний эрүүл биеийн физиологиор мэргэшсэн хүн бий. Гомбожавын Бямбажав гэж Дарханы Удирдлагын академийн салбарыг удирдаж буй яруу найрагч байна. Дөрөв, тавхан настай байхдаа ээжийнхээ гараас хөтлөөд тарваган тахлын голомтноос амьд гарч байсан ус уух азтай хүүхэд. Эцэг нь алтан шар Гомбожав гэж эмнэлгийн сувилагч сайхан хүн байлаа. Арбулагийн Их уулын өвөрт Номтод Бадраа бид ойрхон төрсөн. Жалханз хутагтын шавь жаахан гэгээний нутаг. Манай аав Дорж Жалханз хутагтын шавийн жасын малыг малллаж байсан. Жамцын Бадраа бол манай сургуулийн түлээчин байсан хүн. Бадраагийн сүхний дуу өдөржин тасардаггүй байлаа. Ёндон гэж дүүтэйгээ хамт бага сургуулийн арваад гэрийн гадаа түлээгээ жиргэж хатаадаг ажилтай. Ингэж явахдаа Лодойдамба гуайн төрсөн дүү Шийтэр гэж хүнээр орос хэл заалгаж байсан юм билээ. Тэгээд л гэнэтхэн Мөрөнгийн дунд сургууль руу яваад өгсөн. Дөчөөд оны дундуур бидэнтэй ойролцоохон их сургуулийн хэл уран зохиолын ангийг төгсөөд нутагтаа багшаар очсон. Аав нь манай сум нэгдлийн дарга байсан тагжгар Жамц гэж хүн байлаа.

-Эрдмийн мөр хөөсөн он жилүүдээ дурсахгүй юу?

-Арван таван нас хүрч байх тэр жилүүдэд дэлхийн хоёрдугаар дайн эхэлчихсэн байлаа. Миний бие хөдөө мал маллах, жин тээх, өртөө улаа нэхэх, зарлага хийх ажил хийнэ. Тариалан суманд газар хагалж үр тариа тарьж байсан. Иймэрхүү ажлууд хийж явтал нэг өдөр сумын дарга дуудлаа гэнэ шүү. Яваад очтол Алтанбулагийн техникумд явна аа гэдэг юм. Алтанбулаг гэж хаана байдгийг мэдэхгүй. Сумынхаа Шашжав нэг хүнээс асуутал өндөр өндөр хашаатай, орос нохой ихтэй, далай ус ховор, хилд л ойрхон газар байх гэдэг юм. Үнэхээр ойртуулж хэлсэн шүү. Шашжав гуай хэлмэгдлээр баригдаад арваад жил суугаад гарсан, их ч юм үзэж дуулсан хүн байлаа. 1945 оны наймдугаар сарын 22-нд Шар хөвийн дөрөлж дээр гарч ирлээ. Улаанбаатар гээд байсан надад бол цагаанбаатар гэж хэлж болохоор цав цагаан хот харагддаг юм. Алтанбулагаа болиод Мөрөнгөөс Чойжамц гэж буриад багшид тушаагдаад ачааны машин дээр гурав хоног толгойгоо эргэтэл явж ирсэн нь тэр юм. Нэг их гоё газар оруулаад унтууллаа. Тэр нь Хятадын өргөн чөлөөнд байдаг цэргийн хэвлэх байсан мал эмнэлгийн техникум юм байна. Мал эмнэлгийн техникумд гурван жил сураад их сургуульд орсон. 1948 онд ороод 1953 онд их сургуулийг төгссөн. Бүх хичээл орос хэл дээр орно. Ромбо дипломтой малын эмч болоод Хөвсгөл аймагт очиж байлаа. Нутагтаа хоёр жил болоод Мал аж ахуйн яаманд дуудагдаж ирсэн. Дэлэгжунайн Балжинням гэж улс төрийн товчооны орлогч, мал аж ахуйн сайд байсан. Тэр хүний шуурхай референт болдог юм. 1955 оноос тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны харьяа СанБак институтэд дархлаажуулалтын лабораторийн эрхлэгчээр томилогдон ажилласан. 1960-1968 онд бактер шинжилгээний газрын СанБак институтын дарга, дараа нь халдвар нян судлалын улсын институтын орлогч захирал, Биобэлдмэл цусны үйлдвэр шинжилгээний институтын захирал, Иммуноглобулины тасгийн дарга секторын эрхлэгч зэрэг албыг гүйцэтгэсэн. Нэр нь өөрчлөгдөөд л байсан болохоос нэг газар би чинь тасралтгүй 70 жил ажилласан хүн шүү.

-Төрийн шагнал хүртсэн бүтээлийнхээ тухай ярихгүй юу?

-Шар өвчин хөдөө хотгүй хүйс тэмтэрч байлаа. Түүний үлдэгдэл одоогийн элэгний өвчлөл шүү дээ. Энэ өвчнийг анагаах гаммаглобулин гэж чухал юм байдаг гэнээ. Хүний цуснаас гаргаж авдаг чухал тариа. Гадаадаас авах хэрэгтэй. Монголд хийж болох эсэхийг хэн ч мэдэхгүй. Нэрийг нь хэлж чадахгүй. Чехословак, Швейцарь зэрэг орноос өндөр валютаар худалдаж авсан. Монголд хийх боломжгүй. Амаржсан эхийн эхэсийн цуснаас авч хийдэг гэнэ яриа газар аваад тэр агуу том ажилд би гэдэг хүн томилогдсон юм. Олон сая хүнтэй, олон амаржсан эхтэй орноос хийдэг болохоос донор гэхээр цөөхөн. Био хими, биотехнологийн тоног төхөөрөмж ч байхгүй. Ёстой нөгөө харганы ноос түүгээд эсгий хийхийн үлгэр болж байгаа юм. Ийм л үед намайг хойш нь явууллаа. Гаммаглобулин хийхээр явууллаа. Би ч хийж болно гээд хэлчихлээ. Тооцоо энээ тэрээг нь гаргаад ирлээ. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор мянган ампул гаммаглобулин гаргалаа. 1000 хүүхдэд тарихыг хийж байсан. 1955 оноос 1961 оны хооронд яр тэмбүү өвчний далд хэлбэрийн цусны шинжилгээгээ илрүүлэх шаардлагатай онош зүйн дөрвөн бодис гаргасан. Туулайн цусны сийвэнгээс гаргасан гемолизин байна. Мөн ваасерманы эсрэг төрөгч, цитохоль, каннын эсрэг төрөгчийг үхрийн зүрхний булчингаас липопротеид полисахаридаас ялган авсан бодис гэж хэлэхэд ард түмэн мэдэх биз ээ. Монгол амаржигчдын нярайлсан эхчүүдийн эхэсийн цуснаас монгол гаммаглобулин гэх сонгомол шинэчлэлийн бүтээгдэхүүн хийснээ эрүүл мэндийн практикт нэвтрүүлсэн гэж Төрийн шагнал олгосон. Шар өвчин ч байхгүй болж байсан. Энэ тариа 30 жил болоод 2009 оноос больсон. Галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг 1957 онд амьтны уураг тархины эд эсэд вирусийг өсгөвөрлөн гарган авч эрүүл мэндийн практикт 50 гаруй жил үр дүнтэй ашиглаж олон арван хүмүүсийг аюулт галзуу өвчний эрсдэлээс сэргийлсэн. Таваас хорин хувь альбумины уурагт бэлдмэл эх барих эмэгтэйчүүд, мэс засал, бөөр, элэг тархи, халдварт болон халдварт бус өвчний үед хэрэглэдэг нэн хэрэгцээт цусны уургийн бэлдмэл байна. Сахуу татрангийн эсрэг хэт дархлаат эмчилгээний ийлдэс байна. Хиймэл бөөрний гемодилазын бикарбонатад суурилсан концентрац уусмал гээд Монголын эрүүл мэндийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр их ээ. Сүүлийн жилүүдэд галзуу боом стафилакокк халдварын эсрэг өвөрмөц иммуноглобулины бэлдмэлүүд мөн арьс цаймаглах өвчний эсрэг мелагенин тосон түрхэц зэрэг шинжлэх ухааны технологийн төсөлт ажлуудыг хэрэгжүүлэх үйлдвэр практикт нэвтрүүлэхийн төлөө хөдөлмөр бүтээлээ зориулсан. Уг бүтээгдэхүүнтэй холбогдуулан эрдэм шинжилгээ судалгааны ном товхимол өгүүллэг технологи зэрэг албажуулсан 100 гаруй бүтээл туурвисан. Үүнээс хорь шахам нь гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн байна. Тухайн үеийн хүн амын дунд олонтаа тохиолдох элдэв халдварт өвчнийг үүсгэгч микробын тухайн нэгэн амьд ертөнц бидний хамт амьдарч байдаг. Тэдгээрээс өөрийгөө яаж сэргийлэх хамгаалах талаар олон арван ном товхимол боловсруулан бичиж түмний хүртээл болгожээ. Тухайлбал, “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх биотарилга”, “Амьтны ямар өвчин хүнд халдаж болох вэ”, “Гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхгүй байж болно”, “Монгол элгэн тараг эмчилгээний сувилгааны идээ”, “Халдвараас сэргийлэх оношлох, эмчлэх, биологийн зарим бэлдмэл” зэрэг номуудыг хэлж болох юм. Тэртээ жаран онд америк гаралтай бактериологич мэргэжилтэй зохиолч Поль Дэ Крайфын туурвисан “Нянгийн ангуучин”, “Эсэн мэндийн тулалдаан” гэдэг алдарт зохиолыг Ш.Гаадамба, Г.Жамбаа нартай хамтарч орчуулан олны хүртээл болгосон.

-“Нянгийн ангуучин” номыг орчуулахдаа Ринчен гуайтай их ойр байсан гэдэг?

-Тийм ээ, “Нянгийн ангуучин” гэдэг номыг орчуулах болоод Ринчен гуайтай ойр байсан. Тухайн номыг Ринчен гуай 1935 онд орчуулаад хуучин монгол бичгээр хэвлүүлчихсэн юм байна. Гаадамба бид хоёр кирилл үсэгт буулгах гээд байгаа. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны төлөвлөгөөнд оруулчихлаа. Тэр чинь далаад оны эхэн үе. Намайг Ринчен гуайтай уулз гэж гэрт нь оруулсан хүн бол Гаадамба юм. “Бид хоёр үзэл санаа сайн таарч өгдөггүй юм. Чи сайн зөвлөгөө аваад ир” гээд орууллаа. “Би энэ номыг герман хэлнээс товчилж утгачилж орчуулсан. Та нар орос хэлнээс орчуулж байгаа юм байна. Орос хэлнээс орчуулахдаа хамгийн гол нь зохиогчийн өөрийнх нь энгийн хар ярианы хэллэгээр бичээрэй” гэж Ринчен гуай хэллээ. Түүнээс өмнө Ри багштай Унгарт цол хамгаалаад ирэхэд нь хотын намын хороон дээр уулзалт зохион байгуулж байсан.

“Таныг янз бүрээр л хэлэх юм даа” гэхэд “Шарил дээр минь хэнгэрэг цан цохих юм байгаа биз дээ” хэмээн хариулж байж билээ. Жаран зургаан онд Чехословакт амарч байхад Карл вар гэж алдартай амралтын газар байсан. Мод нь ногооноороо гоё юм аа гэхэд “Эндэхийн мод ч дээ манай театрын зураач Гаваа, Намхайцэрэн хоёрын зурсан зурагнаас ялгагдах юмгүй, үнэр амтгүй юм байна” гэж билээ. Их сургуулийн дугуйланд явдаг байхад нэг удаа Ринчен гуай ирж хичээл заасан. Шохой бариад самбар дээр хаялга, татлага, гэдэс гэснээ шүлэг тайлбарлаад унасан. “Хүмүүний махан хүнстэнгүүд хүрэл чилагуун зүрхтэнгүүд, гал могойн ташууртангууд, галзуу чонон хөлөгтөнгүүд” гэж бичсээн Нацагдоржийн “Хэнтий, Хангай, Сияны өндөр сайхан нирунууд хойд зүгийн чимэг болсон ойн хөвч агулнууд” хэмээн “Миний нутаг” шүлгийг нь уйгаржингаар бичиж уншаад Нацагдорж үүнээс санаа авч бичсэн гэж хэлж байсан. Тэгээд баахан үг тайлбарласан юм. Огторгуй гэдэг чинь огт оргүй, хайнаг гэдэг чинь хаяа нэг, ортоом ор тойм, сүү цагаан юм, ус өнгөгүй юм, шү гэдэг хятадаар жижигхэн дүнз гэдэг нийлээд шүдэнз ингээд баахан үг хэлсэн.

-Дамдинсүрэн гуайтай та бас ойр явсан байдаг?

-Цагаан хоолонд хамт явна. Одоогийн төр засгийн үйлчилгээний “Элит” төвд цагаан хоол сувиллын газар байлаа. “Дамдинсүрэн гуай цагаан хоолны газрын хүүхнүүд таныг их ярьж байна” гэхэд “Юу гэж ярьж байх юм” гээд чихээ тавьж байна. “Энэ Дамдинсүрэн гуай чинь орос эхнэртэй байсан. Монголын хоёр сая хүн дотор Дамдинсүрэн гуайд тоогдох бүсгүй байсангүй юу. Орос хүн нь орхиж явснаас болоод цагаан хоолтон болсон гэнэ лээ” гэж наргиан болгон асуухад, “Аан цаадуул чинь намайг хардаж байна” гээд инээж байсан сан. “Нянгийн ангуучин” зохиолыг орчуулж байсан байхгүй юу. Гаадамба бид их сургуульд байхад ойр. Номын санд суудаг байсан. Намайг сурвалжилж “Энхжингийн манаанд” гэж “Эрүүл мэнд” сэтгүүлд бичиж байсан. Дамдинсүрэн гуай Гаадамбын эхнэр Дулмаагаар очиж сайхан хийцтэй цай хийлгэнэ. Хар шөл хийлгэнэ. Ерэн онд Гаадамба бид хоёр хоёулаа Төрийн шагналд нэр дэвшээд шагнал хүртэж байлаа. Гаадамба их сайхан дуу дуулна. Зураг сайхан зурна, шатар гоё сийлнэ. Үнэхээр авьяастай хүн байсан.

-Ерэн жилийн түүхтэй Монголын зохиолчдын эвлэлийн хуралд та сууж байсан гэдэг. Тэр тухай сонирхмоор байна. Анхны хуралд сууж байсан хүмүүсээс 100 насыг насалж байгаа Бааст гуай та хоёр л сэрүүн тунгалаг байна?

-1948 оны дөрөвдүгээр сард одоогийн Ленин клубийн доод зааланд зохиолчдын анхны хурал хуралдсан юм. Хуралдаа зориулж хэвлэсэн ч юм уу, “Үнэн” сонин сандлын түшлэг дээр байсан. Дамдинсүрэн гуай зөвлөлтийн сургагчийг алгадсан учир илтгэл тавиагүй. Орос Дүгэрсүрэн тавьсан юм. Лодойдамба гуай Цэдэнжавын “Мядагмаагийн явдал” гэж зохиолыг шүүмжилсэн. Цэдэнжав тэнд хулгана залгисан могой шиг гөлөлзөөд сууж байна гэж хэлж билээ. Чеховын өгүүллэгийг хуулсан гээд Цэдэнжав руу дайрч байсан. Жамганы Аминдаваа гэж Архангайн Чулуутын онцгой сайхан хүн байлаа. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэхэд шатрын солиоролтой гээд хөөгдөж гарч байсан ч түүхтэй. Олон ном бичсэн дээ. Маш гоё ярина. С.Эрдэнэ энэ хэдтэй их найз. 1948 оны есдүгээр сарын 1-ний өглөө Их сургуулийн гадаад үүдэнд Монголын бүх аймаг Улаанбаатар хотоос цугларсан шинэ хуучин оюутан багш нар байсан. Ректор Ширэндэв гуай “Хичээлийн шинэ жилд эрдмийн уурхай их сургуулийн эрдэмтэн багш, оюутан нарт хандаж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч хичээнгүйлэн онц сайн суралцах нь эх орны даалгавар” гэж байсныг мартдаггүй юм. Тэр үед Яринпил, Шинжээ, Тойвгоо, Ишээ, Дашдорж, Даваажамц, Жигжиддорж, Батсуурь, Донгиндоо, Жамьянжав, Цэрэв, Самдан, Дашням гээд нэрт эрдэмтэн багш нар, зөвлөлтийн мал эмнэлэг, хими биологи, эс судлалын олон нэрт эрдэмтэн багш нар байсныг хэлэх хэрэгтэй. Их сургуульд байсан он жилүүдийнхээ тухай “Эрдэмтэн Б.Ширэндэв угтаж, эрдэмтэн Д.Цэвэгмид үдэв” гэж бичсэн түүхтэй.

-Монголын галзуу өвчний түүх ч тантай холбогддог?

-Жаран найман оны тавдугаар сард Говь-Алтайн Сутай хайрханы ойролцоо галзуу өвчин гарсан. Хоёр галзуу чоно гурван айлыг түйвээгээд, таван хүнийг ураад хоёр нохой, хоёр морийг нь будаа болгосон байв. Бид маргааш нь онгоцоор очиж байсан. Галзуу чонын өмнө нохой хий гийнаад газар ухаад цаашаа зүтгээд байдаг. Цаад айлын авгайг гурилын гамбанз бариад бостол нүүрийг нь хуу татчихсан. Юу ч үгүй урчихсан. Цэргээс ирсэн залуу бариад автал гарыг нь хазжээ. Хоолойг нь багалзуурдаад эхнэрийгээ бууд гэхэд хорин настай жирэмсэн бүсгүй буудаж чадахгүй байж л дээ. Хутгал гэхэд нь гунжралдаад хутгалж чадахгүй. Уургын хуйваар хүлээд нөгөө залуу зүрх рүү нь хутгалж алсан байгаа юм. Нутгийн улсууд тууварт явчихсан. Цэргээс ирсэн залуу жирэмсэн авгайгаа сахиад хэдэн чавганц хүүхнүүд үлдсэн байгаа юм. Ядмаа, Лхамсүрэн гэж хоёр эмч галзуугийн голомтод ажиллаж байсан. Галзуугийн вакциныг 1957 онд хийсэн. Түүнийг одоо хүртэл хэрэглэж байгаа. Миний бие “Үеийн сайхан нөхдөө үгүйлэн дурсахуй” гэж 100-гаад нөхдийн тухай бичсэн. Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах түүхэн гавьяатай цэвэр бактер шинжилгээний газар СанБак институти 85 хүрч байна. 1958 онд би бариулсан юм. Энэ амьдралд би гэдэг хүн гурван институти байгуулсан, 30 нэрийн брэнд бүтээгдэхүүн бий болгосон. 1.5-2 сая хүүхэд тарьсан, давхардсан тоогоор шар өвчнийг устгасан. Шар, коор, цахилгаан менингит зэрэг олон өвчин дарагдсан. Ийм л түүхэн хүн болчихоод ерэн насныхаа босготой золгож байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Монгол Улсын хууль” хэмээх дөрвөн боть номын тухай

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан бүхий л хуулийг багтаасан дөрвөн боть ном бий. Энэ номонд Үндсэн хууль баталсанаас хойших орчин цагийн бүх хуулийг багтаасан байдаг. Уг номыг бүгд уншаад байгаарай гэх гээгүй байна. Харин манай бүх хууль журам багтсан, нэг ёсондоо тусгаар улсын бүрэн шашдир гэсэн үүднээс л та бүхэнд сонирхуулах гэсэн юм. Улс тунхагласны баярын өмнө үе ч таарсан юм байна. Ер нь бид ямар улс юм бэ гэдгийг уг ботийн эхний дэвтэр дээрх Үндсэн хуулийн заалтуудаас хэдүүлээ сонирхъё.

Уг хууль эхлэхдээ Монголын ард түмэн бид: -Улсынхаа тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс,түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна гэж эхэлдэг. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж улсаа тодорхойлжээ. Цааш нь төрийн байгууламжийн хувь нэгдмэл байна.Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж заасан. Тийм учраас хэн нэгэн төрийн эрх мэдлийг хууль бусаар авчихсан ч байсан, авахаар завдсан ч байсан Үндсэн хууль зөрчих нь тодорхой болох нь. Цааш нь олон хэвшил бүхий эдийн засагтай байна,төр нь өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, газар, түүний хэвлий, ой, ус , амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заажээ. Тэгэхээр уурхайн баялаг бол ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байж төрийн өмч болох аж. Хуульд яг ард түмний мэдэлд гэж биш, мэдэл гэж заасан нь ард түмэнд бас мэдэх мэдэл бий гэсэн үг бололтой юм. Төр шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ,тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж заасан. Улсын нийслэлийг Улаанбаатар хот мөн гэж хуульд шууд заажээ. Тиймээс нийслэлийг нүүлгэнэ гэдэг хүмүүс, улстөрчид Үндсэн хууль зөрчсөн үйлдэл явуулдаг юм байна. Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: Амьд явах эрхтэй, ялын дээд хэмжээг шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор оногдуулсанаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заасан. Эрүүл аюулгүй орчинд амьдрах,хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Тусламж, тэтгэвэр, эрүүл мэндээ хамгаалуулах,сурч боловсрох, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг хүртэх, сонгох сонгогдох, нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй,төрд өргөдөл гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх, халдашгүй, чөлөөтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх жагсаал цуглаан хийх эрхтэй. Мэдээлэл нууцаас бусад зүйлээс авах, улсдаа чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэж заасан байна. Бид ийм л оронд, ийм л эрх чөлөөтэй амьдарч байна. Эцэг өвгөдийн тусгаар улсаа тунхаглаж байсан өдрийн өмнө бид ямаршуухан оронд амьдарч байгааг эргэж сануулахад ийм буюу. Үндсэн хууль төгсөхдөө мэдэгтүн, сахигтун гэж анхааруулсан байдаг. Энэ дэмий нэг үг биш. Үнэхээр бүгдээрээ мэдэгтүн, сахигтун!


Categories
мэдээ цаг-үе

Халхын их хүчтэн Дашдоржийн Д. Цэрэнтогтох

Хоёр мянга есөн оны цагаан сарын өмнөхөн Цэрэнтогтох аваргынд очлоо. Гуравхан хоногийн дараа шороон үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гарах гэж байв. Аваргаас ярилцлага авахаар очсон нь тэр л дээ. Дөрөвдүгээр хорооллын байранд нь хүрч очихуйд тэрээр нэг их том хэлхгэр ноосон цамцтай, гал тогооныхоо өрөөнд уур манан савсуулсаар угтсан. Цагаан сарын ууцаа байрныхаа гадаах гэрт чануулчихаад уур савсуулан буй нь тийм аж. Миний хувьд Монголын хүчит их аваргатай сар шинийн босгон дээр уулзахаар ирсэндээ амьхандаа бэлгэшээгээд байгаа. Дээр нь төрт ёсны уламжлалт баярын идээ шүүс ууцаа чаначихсан бөөн дуу шуу, хөөр баясал дунд нь орж ирсэнд бүр чиг бэлгэшээгээд явчихав. Юу юугүй битүүн тулчихсан учир аваргын гэргий Отгон эгч ажлаа барахгүй, амьсгаа дээр л байгаа бололтой. Ханийнхаа хөрөг бүхий гоёмсог хивс ханыг нь бүрхсэн том өрөөндөө энэ тэрхэнийг эмхэлж суугаа харагдана.

Аварга бид хоёрын яриа цагаан сарын бөхөөр эхэлсэн. Тэрээр далан найман оны сар шинийн барилдаанд анх түрүүлээд тэр жилийнхээ наадамд ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. Тэгэхдээ их шөвөгт Баянмөнх аваргыг, түрүү үзүүрт Мөнхбат аваргыг давсан байдаг. Ингэж монгол бөхийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн хосгүй хүчит “Хоёр Мөнх”ийн дархан хаанчлалыг зогсоосон хүчтэн нь Дашдоржийн Цэрэнтогтох аварга юм. Далаад оны дунд, наяад оны эхэн бол монгол бөхийн бас нэгэн оргил үе байсан гэдэг. Монгол төрийн наадамд Түвдэндорж, Батсуурь, ЧимэдОчир аваргууд зодоглож, Дамдин аварга, Бээжин аварга, Цэрэн аваргууд хаалтгүй шөвгөрч, Мөнхбат, Баянмөнх хоёр ид эзэгнэж байх цагт бөхийн дэвжээнд хувь заяагаар тодорсон хүчтэн нь Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нар. Дээрх аваргуудаас гадна Уламбаярын Мижиддорж, Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам, ГомбоАюушийн Дэмүүл, Пүрэвийн Дагвасүрэн, Жамбалын Хайдав, Мядагийн Мөнгөн нарын аваргын дайтай арслангууд эгнэн ярайж байсан цаг. За тэгээд цаана нь Донровын Долгорсүрэн, Дасрангийн Мягмар, залгуулаад Дэндэвийн Амгаа гээд хүчтэй заанууд тодорч байв.

Яг ийм алтан үед Цэрэнтогтох аваргад монгол бөхийн дархан аварга хэмээх эрхэм дээд цолыг “Хоёр Мөнх”-өөс залгуулан авч, цагийг эзэлсэн их хүчтэн Хан Хэнтийн БатЭрдэнэд хүлээлгэн өгөх хувь заяа оногдсон нь агуу санагддаг билээ сэн. “Би чинь заан цол авч байж тавын давааны тунаанаас гарсан. Арслан болж байж зургаагийн давааны тунаанаас мултарсан. Харин аварга болчихоод байхад долоогийн даваанд тунасан хэвээр байлаа” гэдэг. Үнэхээр долоогийн даваанд Дамдин, Мөнхбат, Баянмөнх аваргууд ам аваад Цэрэнтогтох Хадаатайгаа юм уу, эс бөгөөс хэн нэгэнтэй нь тунаанд үлддэг байж л дээ. Харин түрүүлдэг жил нь түүнийг Дамдин аварга долоогийн даваанд амласан байдаг. “Би чамайг тунаанаас гаргая. Нүд чинь бүлтгэнээд хэцүү харагдах юм. Даваа бүрт тунах амаргүй, зовлонг нь би сайн мэднэ. Харин чи хөгшин хүн амалж байна гээд гэнэдэв дээ, цаашид сайн барилдаарай” гэж хэлчихээд яваад өгч. Долоогийн давааны тунаанаас гаргаж өгнө гэдэг төрийн наадмын түрүүг бэлэглэж байгаатай ялгаагүй. Харин хөгшин хүнд гэнэ алдав гэсэн нь айхтар сонсдож яадаг билээ хэмээн айн түгшихэд хүргэжээ. Дамдин аваргаар долоо давсан Цэрэнтогтох наймын даваанд Баянаа аваргыг далбааных нь ар талаас давуулж бариад дотуур хутгаж, дэгээ болгон эргүүлээд давхар мордох, тахимдах хичнээн олон уран мэхийг угсруулан хийж давсан гэж санана. Далан найман оны наадмын бичлэгийг үзэхэд үнэхээр бахтайхан давж, цэнгэлдэхийг донсолгон шуугиулсан нь мэдрэгдээд ирнэ. Үзүүр түрүүнд Мөнхбат аваргыг суйлж цацах уран мэхээр давж түрүүлсэн түүхтэй. Мөөеө аварга тахимаа өгөхдөө үнсэж, аргагүй л ааг бяр нь амтагдаж байгаа залуу хүчтэнийг түмэн олон наадамчдын өмнө хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү Монголын домогт гурван аваргыг дараалуулан өвдөглүүлж төрт ёсны их баяр наадамдаа түрүүлсэн жавхгар бор залууд Цэдэнбал дарга баяр хүргэн шагнал гардуулахдаа “Хүү минь чи хаанаас ингээд гэнэт гараав ирэв ээ” хэмээн гайхсан, эргэлзсэн, бахдан баярласан өнгөөр асууж байсан гэдэг.

Бал даргын гайхан балмагдаж тийн асуусан ч учиртай. Далан хоёр оны наадамд цэргийн хүүхэд шууд зургаа давж, зааны даваанд тулж ирэн шуугиан тарьсны дараахь он жилүүдэд түүнийг улсын наадмаар барилдуулалгүй өнжөөж байсан удаатай. Энэ тухайгаа аварга “Тухайн үед тэмцээн уралдаан болоод бэртэл гэмтлийн улмаас гурван ч жилийн наадамд өнжчихсөн байлаа. Энэ хооронд онжав Хадаа маань арслан болоод бүр хол тасраад явчихсан байв. Нөгөөхөө гүйцэхэд амаргүй. Гүйцлээ гэхэд, наад зах нь хоёр түрүүлж байж өмнө нь орох болоод байдаг. Яагаад би Хадыг онцолж байна вэ гэхээр миний мөнхийн өрсөлдөгч байсан юм. 1977 оны хавар чөлөөт бөхийг хэсэг хугацаанд орхихохоор шийдлээ. Тэгэхгүй бол яг наадмын үеэр гадагшаа явуулчих гээд байдаг. “Би явахгүй, төрийнхөө наадамд зодоглоно” гэж хэлэх эрх надад байхгүй. Наадмын үеэр намайг гадагшаа тэмцээнд явуулж, барилдуулалгүй өнжөөх сонирхолтой хүмүүс байсан л даа” хэмээн өгүүлж байв.

Эл эрхэм “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж Чимэдбазарын Дамдиншарав багшийн гарт ирсэн. Дамдиншарав гуайгаар бөхийн чөлөөт барилдааныг заалгаж, их спортын тамирчин болсон түүхтэй. 1974 оны Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монгол Улсаас анх удаа алтан медаль авч байв. Наян оны Москвагийн олимпт тавдугаар байрын шагнал хүртэж байсан гээд их спортод үзүүлсэн амжилт нь тив, дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцээд ирснийг бататгана. Гурван ч жилийнх нь наадмыг өнжөөсөн бөхийн чөлөөт барилдаан нь их аваргад бөмбөрцгийн хүчтэнүүдтэй зодоглох бас нэгэн сорилтыг тулгасан байдаг. Далан долоон оны хавар чөлөөт бөхөөс хэсэгхэн хугацаанд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж улсын наадамд зодоглосон нь заан цолонд хүрэх улмаар арслан, аварга бөхийн дээд цолонд хүрэх их амжилтынх нь хөрс суурь болжээ. Зүүнбаянгийн горзгор хар цэрэг далан хоёр оны наадмыг хэрхэн шуугиулсан нь онцгой. Гурвын даваанд Архангайн Хайрханы Балдир зааны хүү, аймгийн арслан Сүхбаатарыг давсан байна. Дөрөвт Булганы Бугатын Чимидийн Лундаа гэж аймаар амьтныг хаячихсан гэнэ. Лундаа бол тухайн цагт ид гарч ирж байсан, тэр жил заан цолонд элбэгхэн хүрнэ гэж олны итгэн хүлээж байсан бөх л дөө. Ингээд начны буюу тавын даваанд уран барилдаант хүчит аварга, Уйлган голын Чойжилын Бээжин гуай амлаад авчээ. Бээжин аварга хоёрхон жилийн өмнө буюу 1970 оны төрийн наадамд нэг голын Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан ид үедээ тийнхүү цэргийн хүүд элэг бүсээ тайлжээ. Зургаагийн даваанд төрийн наадамд гурвантаа үзүүрлэсэн, тухайн жил мөн л түрүү үзүүрт яригдаж байсан хүчит арслан Пүрэвийн Дагвасүрэнг өвдөглүүлчихсэн байна. Аварга улсад анх барилдсан наадмаа дурсах дуртай. “Дагвасүрэн гуайг хаячихаад эхлээд итгээгүй. Хөл авах гэж дайрахаар нь барьцгүй тосгуулж хавсраад унагачихсан юм. Би дэвж чаддаггүй, засуул болохоор дэвээч гээд байдаг. Дагвасүрэн арслан босохгүй удаад байсан. Сүүлд бодох нь ээ, харамсаад л байж. Тэр жил шүуд зургаа давчихна гэж огтхон ч бодогдоогүй. Гурав давбал 14 хоногийн чөлөө өгдөг байсан. Гурав давж 14 хоногийн чөлөө авч нутагтаа очих сон гэж бодсоноос цол авна чинээ санаагүй дээ” гээд инээд алддаг сан.

Далан долоон онд заан болно гэдэгтээ итгэл дүүрэн байсан гэдэг. Чөлөөтийн бэлтгэл гэж бодох юмгүй, мөн наадмаар гадагшаа явна гэх айдасгүй, ерөөс наадмын бэлтгэлээ шаргуу хийж, ёстой нэг торгон ир нь ханачихсан байсан биз. Тавд Мядагийн Мөнгөнийг, зургаад Дасрангийн Мягмарыг, долоод Хадаагаа тунаж давсаар наймын даваанд Баянмөнх аваргатай мөн л тунажээ. Баянаа аваргатай жаахан тогтож барилдсан бол тэр жил би түрүүлэх байсан гэж нэгэнтээ хэлсэн юм. Наймын даваанд Мөнхбат аварга Дагвасүрэн арсланг амлаж барилдаад уначихсан байна. Хэрвээ Баянааг давсан бол түрүү үзүүрт Дагваа арслантай үлдэнэ. Улсад анх зодоглох жилээ зургаагийн даваанд унагаж байсан бөх нь. Түрүүлэх байсан гэж бардам хэлдэг нь ийм учиртай. “Та бол хоёр Мөнхийн дархан хаанчлалыг зогсоосон хүн. Ямар ч аавын хүүд элэг бүсээ тайлаагүй, зөвхөн хоёр биенээ хэрхэн хаяхаа бодож явсан энгүй хүчит аваргуудыг анх өвдөглүүлснээ яриач” гэж миний бие аваргаас гал зуухных нь өрөөнд ярилцаж суухдаа асуусан. Ер нь аварга бид хоёрын сонины бараг хоёр нүүр шахам тэр ярилцлага энд тэнд, сонин сэтгүүл, сайтад олон олон хүний автортойгоор гарсан байдаг. “Цэрэнтогтох аваргатай ярилцлаа” гээд гараад ирнэ. Аваад үзэхээр гарчиг, өмнөтгөлийг нь өөрчилсөн миний өнөөх яриа. Эхэн үедээ дургүй хүрдэг л байлаа. Одоо бол сэтгэлд баяр төрдөг. Цэрэнтогтох аваргаас амьдралынх нь сүүлийн жилүүдэд хамгийн том яриаг авч үлджээ. “Баянаа аваргын ам мэхэнд би орсон” гэдгээ ч аварга тэгэхэд л илэн далангүй хэлсэн. За үл ялиг гажуудчих шиг боллоо. Хоёр Мөнхийг хаясныг нь хүргэе.

“Хоёрондоо барилдаж л нэг нь унадаг хоёр хүчит аваргыг анх унагаснаа тод санадаг даа. Ер нь тэрхүү барилдаанууд цээжинд минь өдөр бүр хадгалаатай явдаг гэж хэлж ч болно. Ж.Мөнхбат аваргыг 1975 онд МБАТ-ий спартакиадын барилдаанд анх унагасан. Тэгээд Х.Баянмөнх аваргад унаж хоёрдугаар байрт шалгарч байсан. Ж.Хайдав, П.Дагвасүрэн нарын арслангууд, Д.Түвшин, Д.Долгорсүрэн, Д.Мягмар нарын хүчтэй заанууд бүгд л зодоглосон юм. Хоёрдугаарт байрт шалгарч “Хоёр Мөнх”-ийн голд зогсож байхад бахархалтай санагдаж байлаа. Харин надад улсын заан цол өгнө гэж амлачихаад өгөөгүй. Анх зодоглоод начин болдог жилийнхээ долоогийн даваанд би Ж.Мөнхбат аваргад унасан даа. Мөөеө аваргатай анх барилдсан минь тэр. Чухам яаж барилдснаа ч мэдээгүй. Гэхдээ би унаагүй юм шүү. Дөрвөн хөллөөд гүйгээд явбал Мөнхбат аварга дэлж байгаа харагдлаа. Тахимаа авах гээд ирэхэд нь элэг бүсээ шууд тайлчихсан. Баянаа аваргыг унагасан минь бас их түүхтэй. Заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Галдагва начин бид гурав шалгарч үлдлээ. Сүүлийн даваануудад бөх сондгойрч цолныхоо эрэмбээр Баянаа аварга бид хэд хий мөргөсөн байв. Ингээд сүүлийн гурван гурван бөхөөс ээлж ёсоор Д.Галдандагва начин хийлж, Баянаа бид хоёр тунасан. Маш сонин мэхээр унагасан юм. Сүүлийн үед тал хутгаа л гэж яриад байгаа юм. Самбо барилдааны л мэх юм. Баянаа аварга хувцсаа өмсч суух зууртаа “Би сая ан авд яваад ирлээ. Ямар ч бэлтгэлгүй байсан болохоор уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очно. Чи ч миний гараас хаашаа гарахав дээ” гэж хэллээ. Би ч юм дуугарсангүй. Долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан боллоо. Баянаа аваргатай яалт ч үгүй л түрүү, үзүүрт үлдлээ. Аварга элэг бүсний барьцаа улам шавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр нь өмнөөс цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ гэж бодож байсан боловч тэвчээр алдаад хийчихсэн хэрэг. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Баянаа аварга царай нь сонин болчихсон тахимаа өгч байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэгж анх хаяад тэр жилийнхээ цагаан сар, заал танхимын барилдаанд аваргад би унаагүй. Үндсэндээ бүтэн жил хаясан даа” гэв.

Энэ бол монгол бөхийн агуу түүх юм. Заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн бөхийн дээд таван өндөр цолыг таван жилийн хугацаанд дараалуулж хүртсэн хүчтэн бол Цэрэнтогтох аварга. “Энэ таван цолыг жил дараалан ингэж авна гэдэг хэцүү л дээ. Монгол бөхийн түүхэнд Д.Дамдин аварга, Ж.Мөнхбат аварга бид гурав л байна” гэж хэлсэн нь үнэндээ бишрэм дуулдалгүй яахав.

Тэр бол угсраа уран мэхний амьд архив, бодит ертөнц нь байлаа. Дахин давтагдашгүй барилдаан, зүлэг ногоон дэвжээгээ эзэгнэнхэн байсан он жилүүдээрээ Монгол үндэсний бөхөд ер бусын шинэчлэл хийсэн юм. “Би мэхийг хэзээ ч нэг хувилбараар хийж байсангүй. Эхлээд өдөөж хийдэг байлаа. Өдөөнд минь бөхчүүд унадаг л байсан. Тэгэхээр өөрийгөө нэг мэхтэй бөх гэж ойлгодоггүй. Давхар, угсраа мэхтэй гэж боддог. Одоогийн залуучууд ид үеийн минь барилдааныг хараагүй. Хэрвээ тухайн үеийн барилдаануудын бичлэг байсан бол мөн ч олон шинэ мэх залуучууд надаас сурах байсан даа” хэмээн аварга нэгэнтээ чин үнэнээ өчөөд “Жаахан түрүү үеийн хүмүүс намайг уран барилдаантай байсан гэдгийг минь хүлээн зөвшөөрөх байх аа” гэж эр хүний цөлх ухаан, аварга бөхийн нүнжигт сэтгэлээр хэлснийг яахин мартана. Өрсөлдөгч бөхөө хөдөлгөж байж л уран барилдаан гарна, бөхчүүд хэн нэгнээ зуураад, барьц сонгуулахыг хүлээгээд л зогсоод байх юм, уран мэхийг уралдуулж байгаа юм шиг харагддаг ч монгол үндэсний бөх зогсонги байдалд орлоо гэдгийг хатуухан хэлсэн. Залуу бөхчүүд цолоо хадгалах хэмжээнд барилдахыг, улсад түрүүлж арслан цол аваад дараа жил нь дөрөв, тавын даваанд унаж буйг шүүмжилснийг бодууштай. Цэрэнтогтох аваргын барилдааны онцлог бусдаасаа онцгой байдаг. Улсын наадамд анх зодоглож начин цол хүртсэнээсээ хойш 41 нас хүртэлх хугацаанд тэрбээр хоёрхон удаа зургаа давж их шөвгийн наймд шалгарсан. Бусад жил нь дандаа түрүү, үзүүр, шөвгийн дөрөвт үлдсэн нь гайхам. Ерэн онд дөчин нэгэн настайдаа тэр үеийн наадмын босоо бөх Б.БатЭрдэнэ аваргатай түрүү үзүүр булаацалдан хоёр цаг 37 минут барилдан унаж байжээ. Энгүй хүчит аварга гэдгийг нь уг үзүүлэлт батлаад өгөх ажгуу.

Монгол бөхийн дэвжээнд нэгэн цагт тодорсон, мөнхийн өрсөлдөгч Хадаагаа ярихаар хоёр нүдэнд нь нулимс гүйлгэнээд ирнэ. “Даяар дуурсах аваргууд” нэвтрүүлгийн үеэр Хадаагаа яриад уйлж байсан сан. Халхын хүчит аваргыг нус нулимстай нь хольж, бөхийн дэвжээнд ганцааранг нь өнчрүүлээд үлдээсэн Хадаа нь хүний хайлан явсныг хэлэх илүүц биз дээ. “Хадаа маань ном ёсоороо барилдаад явсан бол тэр үед мань мэт нь түрүүлэхэд бэрх. Бөхийн дэвжээнд олон жил ганцаараа ноёлох байсан байх” гэж бахархалтай ч юм шиг, гунигтай юм шиг хэлсэн. Үнэндээ нэг хэсэг Хад бид хэдийн барилдааныг харах гэсэн үзэгчид заал танхимд багтахаа байж, дүн өвлийн хүйтэнд гадаа зогсоцгоон, цагаан хоолой чагнаж асан жилүүд бий шүү гэж нэмж хэлэхээ мартаагүй.

Цэрэнтогтох аваргаа би “Халхын хүчит их аварга” гэж хэлэх дуртай. Уул нь Монголын домогт хүчтэн л дээ. Гэхдээ яагаад ч юм надад “Халхын” гэж хэлэх нь сайхан санагдаад байдаг. Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар гэдэг шиг. Өндөр гэгээн гэснээс Цэрэнтогтох аварга халхын анхдугаар Богдын өлгий нутгийн хүчтэн. Тэр жилийн хавар, өндөр гэгээний нутгаас тодорсон Монголын яруу найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж гуайгаа сүүлчийн замд нь үдэх ёслолд Цэрэнтогтох аварга ирсэн байлаа. Нэг нутаг усны хүмүүс, ирэлгүй ч яахав. Хаврын нойтон цас будагнасан тэр өглөө Дуурийн театрын гадаа их аварга надтай таарчихаад “Хүүгээ сая зурагтаар харсан. Найргийн наадмын шагнал авч байна лээ. Отгон бид хоёр баярлаж суулаа. Чи ер нь ахынхаа тухай нэг ном бичээч. Тэр тухай чамд хэлье гэж бодоод явлаа” хэмээн сал пал дуулгах нь тэр. Их аваргаас ийм үг сонсоно чинээ санаагүй явсан би Монголын яруу найргийн сүмбэр оргил агуу их Пүрэвдорж гуайнхаа алтан шарилын өмнө толгой гудаан зогсохдоо нэг л эргэлзсэн янзтай байж билээ. Гэхдээ аваргад “Өө тэгье, таны номыг би бичье” гэж хэлж зүрхлээгүй. Аварга ч тэр тухай дахиж яриагүй. “Отгон бид хоёр зурагтаар харлаа” гэдэг нь хоёр мянга есөн оны гуравдугаар сарын нэгэнд “Эх орончдын өдөр”т зориулсан яруу найргийн наадамд миний бие түрүүлсэн юм, түүнийг хэлж буй хэрэг. Харин сүүлд “Болор цом” авчихаад баяр хөөртэй их аварга руу ярьж, хоёул баахан нэгнээ хөөргөсөн юм даг.

Эх орны баруун хязгаар, өндөр их Алтайг зорьж явахад их аваргын нутаг Нарийнтээлээр яг л дайраад өнгөрнө. Тэр жил найрагчдын хамт Алтайн цаад говь, Байтаг Богд, Бор цонжийн говийг зорьж явахдаа аваргын нутгаар дайрч, сумын төвийн цаахна байх ундрам булаг дээр саатан, зуны бүгчим халуунд шүдээ таштал ус залгилан зогссон сон. Хөвчит хангайн Ханхөгшин уулыг харах бүрийд Халхын хүчит аваргын минь гэрэлт дүр санаа сэтгэлд ургаад ирнэ. Энэ л ариун дагшин хайрхандаа их аварга минь шингэж, энэ л нарт тэнгэрийн дор зүүдлэгддэг юм сан уу. Эрийн хийморь сэргээсэн “Эр бор харцага”ын аялгуутай эрдэнийн сайхан Монголд жилийн жилд наадмын уухай цангинана л. Монголын домогт их хүчтэн, халхын сайхан хөвгүүн Дашдоржийн Цэрэнтогтохтой нэгэн он цагт хамт амьдарсан хувь заяандаа бахдаж хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтсаар л байх болно оо, би.


Categories
мэдээ цаг-үе

“Талынбулагийн вант улс” хийгээд Цоодол багшийнхаа тухай дахин өгүүлэхүй

Төв аймгийн зохиолчид. Зүүн гараас Ш.Бадарч, П.Бадарч, Ш.Цогт, Д.Цоодол, Д.Банзрагч

Хөшөөтийн голоо зүрх алдан санахдаа багшийнхаа Хөеө юм уу, Шар тэмээний нутаг-ийг бариад хэвтчихнэ. Хичнээн сайхан гэж санана. Ус голоо, адууч ааваа, айраг цагаагаа, өвгөд хөгшдөө санахын зовлонг анагаах ид шид бүтээл бүрт нь байдаг шиг. Ямар сайндаа л би гэдэг хүн аавын минь хэдэн адуу, багшийн минь хэдэн ном байхад болно доо, өөр юуг ч хүсэх билээ дээ гэж хүртэл уяран санадгийг яана. Манжаа, Дунгаа, Балжаа гахай хоёр, Сум тарахын намар, Чөдрөө тасдуулсан минь, Голомтны Жангар, Дуулж дуусдаггүй орчлон-г нь жаргаж уншдаг юм. Үг бүрийнх нь сайхан үнэндээ тагнайд мэдрэгдэх шиг болдог. Шар тэмээний нутаг, Ижий хүү хоёр, Ганцхан Ажаатай хорвоо, Яриа алга толгод-ыг нь нулимстай уншдаг. Дахин дахин унших бүрийд цээжинд баяр баясгалан шинээр төрж, Цоодол гэдэг нээж барагдахгүй агуу ертөнц болохыг ухаардаг.

…Долдугаар анги төгсөөд цааш сургуульд явсангүй, тэглээ гээд харамсах юм алга. Хүү хол газар явсангүй гэж ажаа ижий онцгой их баярлав. Эр хүн болов гэж би дотроо санаж, аль эртний хүссэн боловч сургууль зөвшөөрдөггүй байсан халимаг үсээ тавьж, том болсон хойноо гэж эцгийн хойшлуулаад байдаг дунд гарын мөнгөн эмээлээ тохож, тэр үед сумынхаа залуучуудын гоёх дуртай байсан цэнхэр торгон өмд, далбагар цагаан эсгий бүрх өмсөөд одоо бол ямар ч эр хүнээс дутуу юмгүй гэж санаж билээ. Эхлээд Төхөмийн нуур, Жаран, Сарваацуцахын хөндийгөөр давхиж баахан айлаар тэнэлээ. Хөгшдийн амрыг эрж, хавар эрт гүйлгэж алдсан морь малаа сураглаж, уулзсан амьтнаас бороо ногоо асууж хэвлүүтэн явлаа. Гэвч нэг л биш ээ. Аавынхаа бодсоноор мал дагаж урт уурга барин адууны захад исгэчин давхиж бүтэх, эс бүтэх морины наймаа ярьж явах дур хүрсэнгүй. Өнөөх торгон өмд цагаан бүрхээ ч дор нь тайлаад хаячихав… гэж долдугаар анги төгсч, сургуулиа орхисон зуныхаа тухай нэгэнтээ бичсэн.

Айлын адуу дагаж алга болоод өөрийг нь явгалж орхих, эс тэгдэг юм аа гэхэд хайран хөлөө тасдахын нэмэр гээд эзэн нь богинодсон чөдрөөр чөдөрлөөд тавьчихсан шүдлэн үрээ шиг тэр л үед үзэж үзчихсэн кино шиг өдөр сарууд нэгэн хэвээр үргэлжилж байтал санаанд оромгүй явдал болох нь тэр. Хаврын дулаахан өдөр Онгон хайрхных нь хөтөл дээгүүр цагаан тоос манарч ачааны машин ирсэн нь Лермонтов шиг намхан шар Дарамзагд, зүгээр байгаа нь инээж байгаа юм шиг харагддаг том шүдтэй Долгоржав, Нарийн сайхан хээрийгээ гээд эхлэхээрээ ам нь шал мурий ч дуу нь зүрхэнд чигээрээ давхиж хүрдэг Нямлхагва, Нансалмаад тоглодог хөөрхөн Пүрэвсүрэн гээд их урлагийн бригадынхан байсан гэнэ.

Ширээ нуур-ыг гавьяат Долгоржавын хоолойгоор, Баян Монгол-ыг найрал дуучдын үзэмжит цогцлолоор, Үрэл гэдэг модоороо өлгийг минь сийлсэн аав минь, өвлийн шөнийн хүйтэнд өндийж хөхүүлсэн ээж минь гэх дууг Лувсангомбо гэж эр хүн шиг нэртэй өндөр цагаан хүүхний ялдам хоолойгоор сонсохоор чинь Бүрэнгийнхээ хонхорт яагаад чиг тогтох билээ. Ёстой нөгөө Аргагүй амраг, Замагтай нуур энэ тэрийг дуулах гэж хөгшин залуу, хөрвө нялхгүй уяраагаад хаячихдаг залгаа сумын хар нүдэн Зэндэм шиг сайхан хүүхэн авч, Түмий, Дэрсэнхашаатын хэдэн хотыг нал шал болгосон их найр хийх мөрөөдөл нь унтраа байлгүй. Орой гүү тавьж, адуу уснаас гарсны дараа араас нь зэдлэх адууны халуун цагаан тоосны үнэрт уярсан шиг булгийн эрэгт суусан, эс бөгөөс лааны гэрэлд Отелло, Алтан загасны үлгэр-ийг уншиж уярч байсан нялх амьтны сэтгэлийг урлагийн бурхад тийнхүү Талынбулаг, Булгуудынх нь хэц, Төхөмийн цагаан нуураас урины шувуу шиг их хотын зүгт дуудан даллажээ. Өөрийнх нь хэлснээр чөдрөө тасдуулсан нь энэ. Ингэж л Сарваацуцахын хөндийд далбагар бүрх духдуулсан адуучин бололгүй, ардынхаа сэтгэл зүрхийг цэнгэн жаргаасан найрагч болж дээ, миний багш.

Гэтэл цаг хугацааны дараа, бурхны зураг төөрөг байсан чиг уу, молхи надад багшийнхаа дууг сонсох хувь тохиосон юм. Наян найман он шиг санагдана. Таван нас хүрч буй айлын том хүү надад аав минь эмээл төхөөрч өгч, морь унуулж сургалаа. Зургадугаар сарын аравдаар Хөшөөтийн голын минь адаг Тээг толгойн өвөрт багийн өдөрлөг болов. Ээж дээл хийж өгч, дөрвөн талтай тоорцгон малгай өмсгөлөө. Шинэ дээлтэй сүрхий амьтан морь унаж, аавыгаа даган багийн өдөрлөгт очлоо. Нутгийн ах нар, өвгөд хөгшид Бага Ноов, бага Ноов гээд явуулдаггүй шүү. Аавын хүү том эр болсныг амихандаа өхөөрдөө байлгүй. Ус нутгийн түмэн аавыг минь Норов гэхээсээ Адуучин Ноов гэнэ. Тэрхүү өдөрлөгийн үеэр аймгийн театрын уран бүтээлчид ирж улаан буланд урлагийн тоглолт үзүүлсэн. Нэрийг нь үл мэдэх дуучин залуу Мөөгөн хүрээ шөнөдөө дүүрмээр

Мөнгөн бороо намираад байна уу даа

Мөнхийн сарны мөнгөн гэгээнд

Миний л хонгор үзэгдээд байна уу даа хэмээн дуулах нь тэр ээ. Ингэж миний бие анх морин дэл дээр гаран, аргамаг хүлгийн хатираанд аавыгаа даган орчлонгийн сайхныг мэдэрч, чухамхүү эр хүн гэсэндээ голынхоо салхийг залгилан хийморь сэргэн явахдаа багшийнхаа дууг сонссон азтай нэгэн. Тэр жилийн хавар хангайн тэлмэгэр сайхан нуруу Бөхөн шарын тэргүүн дээр гарчихаад бууж явахдаа эл бяцхан дурсамжийг сөхөхөд Цоодол багш жигтэйхэн уярч Савхан хувингаа сарнаар тосоод

Сайхан хураас дээжийг нь авъя уу даа

Санасан чамайгаа хүрээд ирэхлээр

Сарны туяатай цайгаа чаная уу даа

Хөгшин тоорой шөнөдөө навчилмаар

Хөшгин бороо зүсрээд байна уу даа

Хөөрхөн оддын цагаан туяанд

Миний л хонгор харагдаад байна уу даа… хэмээн Идэр голын цээлхэн хонгор хөндийд дуулж явсан сан. Аливаа юм гэдэг учиртай байдаг юм билээ. Миний хүүгийн багшийн дуу гээд ээж минь Хөшөөтийн голын найран дээр Мөнгөн бороо-г асгаруулахыг сонсоод уйлмаар чиг болдог доо. Эл дууны үг, аялгуунаас сарны садарсан цагаан туяа асгарч, амраг хайрын ариун гэгээн бүхнийг амсуулах шиг болдог. Ай юу ч гэхэв дээ.

2

Манжааг гэнэт саналаа. Хүүхдээс өндөргүй өөртөө томдсон ээтэн монгол гутал, элбэгдсэн дээлтэй Манжаа минь. Түүнийг өдий олон жилийн хойно сэтгэлийн олон гуу жалга нэгжин дурсах юм гэж санасан ч биш дээ. Манжаагийн уг нэр нь Манал. Гэвч миний л мэдэхийн толгойтой болгон Манжаа Манжаа гэцгээдэг байлаа. Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл, томдсон гуталтайгаа зогсож байх нь модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү гээд уншихад эрхгүй инээмсэглэл нүүрэнд тодорч, сэтгэл бүлээсээд ирдэг. Багшийнхаа Манжаад би ямар их хайртай билээ. Миний ойр дотны хүн шиг санагддаг юм. Манайх засгийн их адуутай ная ерэн гүү сааж, хүүхдүүд нь тусад орох нь байтугай нялхаараа байхад Майдар гэж хөгшин дүү бид хоёрыг ар өвөртөө үүрч дүүрч өсгөснийг санах юм. Майдар гуай бас л хээ шаагүй, амьтны инээд барсан хүн. Илүү гэрт борцолсон маханд утаа тавьж байгаа нь энэ гээд баахан аргал хөрзөн овоолж орхиод том гэрийн сүүдэр бараадаад хэвтэнэ. Нөгөө утаа май нь хэрээс хэтэрч гэрийн цаваг, ноолорсон шар эсгийд гал авалцан шатаж байхад Майдар гуай мэдсэн юмгүй, энэ чинь юун утаа вэ гэсэн шиг уужимхан суух энүүхэнд. Манжааг уншихаар Майдар гуай санаанд ороод бүдэг бадагхан дүр, хэнд ч гэмгүй номхон дөлгөөн уйлган харц нь үзэгдэх шиг болно.

Айл саахалтынхан Манжааг Манжаа гэвч хүндэлж хүлцээд байгаа биш, марзганан ахайлж гуайлаад байсан даг аа. Сайн уу Манжаа, таны наад нүүр ам яачихаа вэ. Саарал ухнанаасаа дээргүй харагдаж байх чинь. Очиж очиж ийм өмхий тос нүүрэндээ нялаад байхдаа яадаг юм бэ, та гэнэ. Манжаа аминдаа арга бодсон юм байх, хамууны тос хамаг нүүрээрээ түрхээд гоо сайхны тос хэрэглэсэн хүүхнүүдээс дутуугүй сэтгэл дүүрэн муу мод толгойгоо сорж хөхөж сууна. Уг нь Манжаа мод толгой дээрээ буухаар эр биш сэн дээ. Сайхан гаанстай байсан хүн. Маналын цагаан гэж нарийхан цагаан соруултай эрчүүл үнэ хаяж авах гэхээр зардаггүй, эцгээс үлдсэн юм ч гэдэггүй бүр өвөг дээдсийн юм үрж болохгүй гэсээр байгаад сумын төвөөс урагш айлын найранд очоод буцахдаа Төхөмийн дэрсэнд хаяад гаансгүй болж амарсан хүн хэмээн бүр сэтгэл рүү оруулж ирээд Манжаагаа түлхээд орчихно. Холоос хүн ирж аян замын сонин сайхан дуулгах шиг, божир борхон бидэнд богцноосоо чихэр бурам гаргаж ирээд аманд хүлхүүлэх шиг багшийн минь Манжаа тэргүүт элгэн халуун хүмүүс сэтгэлд ороод ирэхээр цээж дүүрээд явчихдаг билээ.

Хонины муухан мөлжсөн тойгорхуу хоовон толгойтой, үсээ ямагт тонгоргоор үргээлгэж, нэг талын шазуураа зууж ярих тул ээзгий үмхчихсэн юм шиг нэг хацар нь бумбайж буузгар дээрээ буузайгаад, ярих гэж удаан зуурч өгнө дөө. Тэгж явж зуураа хочтой болсон гээд ёстой нэг дурайтал зурах нь бий. Явах гэж зогсдог, ярих гэж зуурдаг агуу их Манжаагаас аваад Цоодол багшийн олон чиг зохиолынх нь дүрийг тодотгож яаж барах билээ. Зөвхөн дуулийнх нь дүрүүд гэхэд Бүрэнгийн хонхорт байтугай бүх Монгол даяар багтахааргүй л юм болно. Сэтгэлийн хөөрлөөр даваадуулж ч байгаа юм биш. Үнэн л тэр юм. Уужуу Дондог, Тэмээ Самдан, Тэнэг, Харамчийнхан, Ороо Эрэнцэн, Буруу Довдон бүгд л монгол зоны танил, нутаг нутагт нь байдаг дотно хүмүүс шиг санагддаг нь гайхмаар. Манжаагаас гадна Дунгаа гэж бас бий. Шажинбадрахын Дунгаа хэзээний хэвлүү эр аж. Хэдэн жил өмссөн юм хэзээ өмссөн юм, ерөөсөө энэ Дунгаагийн жаахан биений нэг хэсэг юм шиг гурав нугалсан цэнхэр бүрх ар шилэн дээр нь дэлбийхдээ дэлбийж, хийсэхдээ хийсээд салахгүй. Бас хөөргөж өмссөн дээлийн нь хормой жаал хүүхдийнх шиг оготор, шинэ сайхнаа байг гэхэд хуучны нүнжигтэй сайн наамлын тамтаг гэсэндээ эзэндээ сүр янз маяг нэмнэ үү гэхээс доош татахгүй ээтэн монгол гутал нь Дунгаагийн тухай бодсон хүний санаанд эхлээд ордог байна. За бүсийг ч нэг бүсэлдэг байж дээ. Хуучин, ялигүй хиртэй ч байхаа ядахгүй шар дурдан бүс ороож мөнгөн цохилууртай тамхины хавтагаа бүсэндээ ёс мэт хавчуулна. Тэр жаахан биенд нь баймгүй том дуутай. Шажинбадрахаасаа гарсан Дунгаа Далантүрүү, Дулааны голын айлуудаар исгэрэн өнөөх том дуугаараа Эрээ хэ борруу харцага минь уу хө гэж дуулан давхиж явдаг санжээ гээд уншихаар эрхгүй хоёр нүд нулимстаж, гэнэтийн баяр хөөрт умбаж, Далантүрүүний голд тоос татуулан яваа Дунгаагийн Эр бор харцага-ын аялгуу чихнээ сонсдоно. Ингэж л амьдын жаргал, амьдралын сайхныг бэлэглээд байгаа Хөеө, Хонины боол, Шар тэмээний нутаг-аас яаж салах билээ. Нулимс холоос харагдахгүй гэж эрдэнэ цогцлоосон судар байна. За тэгээд Талынбулагийн вант улс гэж аймаар юм бий дээ, базарваань.

Өнгөрөгч хавар юм, Талынбулагийн вант улс-аа гардаж авах гээд багш минь амихандаа баярлан том жижиг хоёр шавиа гэртээ дуудлаа шүү. Цоодолын том шавь бол үнэхээр том. Багшийн хэлдгээр ланжгар амьтан. Цэцэн ханы Жүмпэрэлийн Саруулбуян шүү дээ. Өөрийгөө Бурхан Халдуны урианхан гэж хэлэх дуртай эл эрхэм исгэлэн залуу наснаасаа их утга соёлын төлөө зүтгэж, дөчөөд ном хэвлүүлсэн гэхээр юу болох билээ. Би чинь агуу их Цэндийн Дамдинсүрэн, Амгаагийн Лувсандэндэв нарын хуучцуултай нэг цалингийн цэсэнд нэр бичигдэж явсан хүн шүү гэж нэгэнтээ хуучилсан сан. Хүрээд очтол Саруул ах ирчихсэн лүглийж сууна. Багш архи дарс, Цэвэлмаа эгч хоол унд болчихсон сууна. Сэлэнгэ пресс-ийн хэдийгээ хүлээн суухдаа бид жаргалтай байлаа. Тэртээ далаад оны эхээр Нутгийн зургаан өнгө-өө Явуу багшаараа өлгийдүүлэн энгэртээ наасан багш минь энэ амьдралд хичнээн номын ард гарч байгаа билээ.

Саруул талын ногоо, Алаглан харагдах уулс, Тогоруун цуваа, Алганы хээ, Он жил, Миний муусайн найз нар, Сөгдөж айлтгая, Зуун уулын цэцэг, Сарваацуцахын талаас тэргүүт яруу найргийн номууд, дээрээс нь миний дээр өгүүлсэнчлэн Хөеө тэргүүт хөрөг нийтлэл, үргэлжилсэн үгийн бүтээлүүд, мөн Алсаас залсан аршаан буюу яриа байхгүй сайхан орчуулгын номуудыг нэрлэж таарна. Готовын Аким абугайн Уяраан хайлгагч ертөнцийн их мэргэдийн бүтээлээс дуун хөрвүүлж түмэн олондоо уншуулна гэгч эгэл нэг явдал бус, дуун хөрвүүлж байгаа зохиолчийнхоо булгиад байгаа судсыг онохын эрдэм гэж дуу алдсаны хаагуур нь ч гарах билээ.

3

Гурван жилийн өмнө дөрвөн уул шиг дөрвөн дүнжгэр боть гарган бахдалтай нь аргагүй амсхийж суусан багш миньТалынбулагийн вант улс-аа хүлээж авах гээд жаахан хүүхэд адил хөл алдан байгаа нь бүхий л насаараа шинэ номын шим шүүсийг амталж ирснийх биз ээ. Талынбулагаа хурганы хүүхэд зүүрмэглээд бүсээ гээчихсэн юм шиг нарийхан булаг гэж яриан завсраа хэлсэн нь алмааз адил талстан цацраад явчихсан. Мөн гоё хэлж байгаа юм шүү золиг чинь гэж багшийнхаа өөдөөс хараад баярласаан, би. Тэрхүү вант улс-аа бүр холбооны бүгд найрамдах улс гэж томорч байна. Цоодолын бүгд найрамдах улсын түшмэдүүд гэвэл яриа байхгүй До.Цэнджав, С.Байгалсайхан, Т.Баасансүрэн, Г.Аким, Ж.Саруулбуян энэ хэд орно. Тэгээд муусайн найз нар нь болох Урианхай, Бадарч, Сүрэнжав, Дашням…гээд орж таарна. Банхар Пүүжээгээ, өнөө барам шиг Дамбаагаа, Долгорын Нямаа, Санжийн Пүрэвийгээ манай хүн байгаа гэж бодоод, улсынхаа харьяат л гэж үзнэ.

Богд хаант засгийн үед адуугаараа улсдаа айргийн тавд орж байсан Бүрэнгээс нь, дэлдэн чихт хонин тогоонууд гал дээрээс сална гэж үгүй, цагаанд суугаастай хөлс алдсан бүрхээр тогоон дээрээс ховхорноо номгүй, улаа бутарсан өвгөд гэрийн хоймор эзэгнэх Бүрэнгийнх нь намраас, Талынбулагийн вант улс-аас нь ардын зохиолч Дөнгөтийн Цоодолыг нэгээхэн хоромд салгаж үзэхийн нөхцөлгүй. Тэгж л ус нутагтайгаа, уртын дууч Ажаатайгаа нэгэн цул болсон хүн. Ажаа минь сайхан гэгч дуулдаг байсан. Бүрэнгийнхээ хонхрыг дүүртэл дуулдаг байлаа. Нутаг залгаа Өнжүүл, Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай гээд л Ажаагийн минь дуу шингээгүй уул ус ховор. Түмний эх, Амбан сэцэн хааны хүлэг гэсэн дуунуудыг ихэвчлэн дуулдаг байлаа. Хэд хоног найрласан ч дуу дахиж дуулдаггүй хүн байж дээ гэх ярианаас Дөнгөт Ажаагийнх нь дүр төрх бууж, уужим цээлхэн уянгат хоолой нь ханьсаад ирдэг. Ажаагаа дагаж айлын найр хэсч явахдаа хожим олон чиг зохиолынхоо санаа сэдлийг ургуулж олсон байдаг.

Харамчийнхны дууль нь их алдаршсан шүү дээ. …Унахын учиргүй хоёр сайхан хархүү ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм. Хамгийн хүнд цагт эх орон танаасаа харамчийнхан амиа бас харамласангүй гэх төгсгөлийнх нь мөрүүдийг уншихад хоолойд нэг юм тороод ирдэг. Дуулийг ингэж л амьдралтай, үнэн, утга төгс урлаж гаршсан хүн л дээ. Чойжилжавын Билигсайхан доктор Монгол найргийн тамгатай түшээ хэмээн зарлахдаа дуулиудыг нь онцолсон санагдана. Тэгвэл Харамчийнхнаа Ажаатайгаа явж байгаад олсон гэдэг. Нэг муу засаатай үрээ нь хэдэн байдас хөөгөөд алга болчихож л дээ. Эрдэнэдалайд сураг нь гарсан байна. Эрдэнэдалай, Бүрэн хоёр Булгуудын хярын ар, өвөрт байгаа хоёр сум. Тэр жил багшийн ардын цолны цайллага дээр Раш гуай Цоодол бид хоёр, нэг хонхрынх гэж хэлсэн нь учиртай л үг. Эрдэнэдалай чухамүү айраг адууны орон. Олон ч айлаар орсон нь мэдээж. Ажаа нь аанай л Түмний эх-ээ тавиад салдаггүй. Дундаа хоёр том зэл татсан айлууд адуу мал нь багшраастай байсан. Ухаандаа, тэндээс л нэг юм олсон гэдэг. Харамчийнхан гэж хэлж буй нь өнөө айлууд чинь дандаа л айраг сөгнөчихсөн. Жаалхан хүү би цайгаа санаж яваа. Айргаар сайн хоолшихгүй байдаг. Дээр нь өнөө айлын чинь бүдүүн хүрэн хүүхнүүд огт гутал өмсөхгүй юм. Хүүхдүүд нь ч хөл нүцгэн. Хүмүүс найрлаж байтал нэг авгай учиргүй уйллаа. Хүү минь амьд байсан бол өдийд ингээд найрлаж байхгүй юу гээд л. Хүүгээ дайнд алдсан эх юм байна. Энэ явдлыг бодож би Харамчийнхны дуулиа бичсэн гэв. Голомтны Жангар гэж багшийн бас нэг гоёхон дурдатгал бий. Түүний гол дүр Гонгор хатир жороо улаан шаргал морьд унадаг цэцэн цэлмэг залуу. Энэ Гонгор буюу Голомтны Жангар багшийг минь шооч, хэнийг ч гэсэн оносон үгээр цэцэн цэлмэг шоглохын үлгэрийн үзүүлсэн болов уу. Дүрэлзсэн алаг нүд, адуун цагаан шүдтэй, эр цээжний өтгөн хүдэр дуутай мань эр мэдээж Бүрэнгийнх нь найрын бас нэгэн дууч. Цаана нь Нарангийн Тэрбиш гэж алдарт ерөөлч байсныг мартах учиргүй. Халх даяар цуутай Тэрбиш гуайг ерөөл айлтгахыг биеэрээ мэдэрч өссөн хүн нь Цоодол багш мөн юм. Өнөөх Жангарыг найран дээр орж ирээд төдхөн нийлэн Арханхан хөвчийн унага нь агсанхан болоод жороо доо. Амраг жаахан түүнийхээ аашинд нь болоод мордлоо гэж тасхийхэд нь тулга тогоо айргийн хул ханхийж, таанын айрганд шалчийж гүйцсэн найрчны хөлчүү дорхноо гарчих шиг болоод олон хүний нулимс зэрэг зэрэг цийлдэг байсан гэх.

Мөлжсөн яс шиг Жамц

Мөргөдөг бух шиг Чүлтэм

Бүдүүн хошного шиг Даржаа

Нарийн гэдэс шиг Халдиа

Тэнэх нь хэтэрсэн Агаруу

Тэнэг нь хэтэрсэн Ёндон

Айрагны борви шиг Балжин

Алтны үртэс шиг Сугар…гээд тоочиход нь алив юмыг сайн ухахгүй бяцхан би хүртэл онож хэлсэн үгэнд нь аргагүй биширч явсан сан. Алтны үртэс шиг Сугар гэдэг нь нээрээ л нэг үс нь хүртэл шар, шав шар хүн. Бүдүүн хошного шиг Даржаа гэдэг нь оймсны түрий хүртэл эргэчихсэн далбаж явдаг сал сул эр тэгж хэлүүлэхээс өөр яахсан бэ. Нисч бууж явсан эрх зоргоороо тэр хархүү миний хувьд бол голомтыг минь балласан бус бяцхан авьяасны минь үрийг ээн төлжүүлж өгсөн нутгийн олон авьяастны нэг юм гэж өөртөө наалдуулан хэлж билээ. Ар халхын сэргэлэн Дугжаа буюу Самбажавын Дугаржав гэж золбоотой хөгшин Еэ гэгээн минь, Хар барам чинь гээд урсгахаар ёстой нэг буйлуулж өгнө. Тэр жил Бүрэндээ очоод Дэрсэнхашаатад ганц гэрээр хэдэн гүүгээ барьчихсан, уралдаанд үрээ сойчихсон, сэргэлэн алаг нүд нь цоолгоноод урьдынхаараа байх Дугжаагийнхаа гадаа буусан гэдэг. Дугжаагаа яриулах гэж, цааш нь жаахан явуулах гэж Цо аваргын хорхой нь хүрч очсон нь тэр л дээ. Еэ гэгээн минь Дөнгөөгийн маань хүү мөн үү. Саяхан л хурдны морь унаж явсан юм сан. Хэдийдээ ар нуруундаа цүнхтэй, алаг нүдэндээ цонхтой, алба даягийн хүн болчих нь энэ вэ гэж угтаад, ах нь яахав хуц ухна аятай хонь ямааны сүүл хараад л, хувин сав аятай айраг архи горьдоод л салгалж явна хэмээн угтсан гэдэг. Үгүй ээ, мөн цэцтэй эр байгаа биз.

Донхор хэмээн алдаршсан хочноосоо эхлээд эрийн нь хэц мэдэгдэх Дамбачүлтэм, Алтан аягат хаан буюу Жамсрангийн Самбуугийн багын найз тэнэг Зундуй, Их толгой Чимиддорж буюу Буваа, Тарвагатын энгэрт хамтдаа хадлан хадаж, үүл урагшаа нүүсэн намрын зэвэргэн өдөр хуучин майхныхаа гадаа багшийг сургуульд нь үдэж далласаар хоцорсон ноорхой дээлтэй Балжаа… энэ хэдэн өвгөдөөс нь, Ажнай, Өндөр магнай, Талынтолгой, Шаргатолгой, Улаантолгой, Баян-Уул, Цахиурт, Арслан гээд чухамхүү өөрийнх нь хэлснээр бурхны тэмээ туйлахдаа талаар нэг том бага мөнгөн аяга тараан хаяж тэр бүгд нь хөмөрч тогтсон юм шиг бөмбийсөн олон ухаа толгодоос нь би энэхэн насандаа сэтгэлээ салгаж чадахгүй ээ. Цоодол гэдэг Бүрэнгийн, Талынбулагийн вант улс-ын нээж барагдахгүй, туулж барахгүй ертөнц ажгуу.