Categories
мэдээ нийгэм

Валентин гэгээн монгол хүн байжээ…

Хүн мичнээс үүссэн, харин мич нь монгол хүнээс үүссэн гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсоон. Энэ гайхамшигт нээлт шинэ шинэ нотолгоогоор баяжсаар байна. Евроцентризмын бурангуй үзэлтнүүд “Хомосапиенс Африкт үүссэн баримт”-ыг сөргүүлэн тавьж биднийг гомдоосоор ирсэн явдалд цохилт өгсөн нээлт өчигдөрхөн гарлаа.

Үнэн хэрэгтээ Хомосапианс нь Африкт очиж харласан монголчууд байсан бөгөөд тэд гоомой явдлаараа ихэд алдаршсан, сапирсан хэдэн юм байсан тул “Гоомой сапиичид” буюу Эритрэй хэлээр “хоомой сапийнс” хоч авснаас Homo sapiens нэршил үүдсэн байна. Яг нарийндаа эр эмээрээ өөр нэртэй, гоомой харчуудыг нь “Гоомой эрэгтэйчүүд”

(Homo erectus) гэхчлэн ялгаж байжээ.

Өнөөгийн Этиопоос олдсон Хомосапиенсийн амаа ангайсан гавалтай хохимойг судласан эрдэмтэд эхлээд “Хараал хэлсэн хэвээ амны хайрцагтаа хадгалан чулуужсан” болохыг тогтоосон байдаг. Улмаар амны хайрцагт авиа зүйн шинжилгээ хийсний үрээр “П,з,д х.ж” гийгүүлэгч “и, а, уу” эгшгүүд хэлж байсан гэж үзэх болсон юм. Эрдэмтэд дараагийн алхмаараа анхны хомосапиенсын гавал “Пиздаа…хужаа” гэж хэлэнгээ чулуужсан болохыг нотолжээ.

Дашрамд дуулгахад анхны эмэгтэй хүний нэрийг “Луси” гэдэг байсан нь ч монгол нэр юм шүү, хүүхдүүд ээ. Анхны, тэгээд цор ганц эм амьтныг чинь хүссэн хүсээгүй “Лусын дагина” л гэнэ биз дээ, бодвоос. Монгол хэлэндээ маруухан барууны судлаачид “Лусын дагина” гэдэг нэрийг “Луси…” хавьд тогтоосон нь их юм даа.

Өмнөх судалгаандаа бид “Обама монгол хүн байсан” тухай өмнө нь та бүхэнд толилуулсан билээ. Өнөөдөр түүнээс дутахгүй сайхан мэдээг олсноо хүргэж байна. Энэ бол өнөөдөр баярыг тэмдэглэж байгаа Валентин гэгээний тухайд болно.

Валентин гэгээн монгол хүн байсан бөгөөд уг нэр нь Балин тойн болно. Балин сайхан хийдэг тойн хувраг байжээ. Олноороо түүний хийсэн амтат балинг идэх дуртай байсан гэнэ.

Ялангуяа найз охиноо дагуулж очсон хүнд илүү том балин өгдөг байсан тухай түүхийн сурвалжуудад өгүүлжээ. Залуус цагаан сарын дараа Хүрээ хийд шинийн тавгаа хурааж, балин элбэгших цагаар найз охиноо дагуулан очиж балингаар дайлуудаг байснаас “Балингийн өдөр”, “Балин тойны өдөр” үүссэн ажээ. Эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэсэн хосууд түүний өгсөн балингаар гол зогоон амьдрах явдал ч байсан аж. Түүнийг нийгмийн халамжийн байгууллагыг үндэслэгч ч гэдэг. Улмаар халамжийн санд цугларсан хамаг юмыг авчихаад зөвхөн балинг нь өгдөг байсан учраас “сантай холбоотой юм”-нд хутгалдсан эхний алдартан ч гэдэг.

Зарим судлаач Балинтойны тухайд арай өөр байрь суурьтай байдаг. Тэд Балинтойныг өөрөө балин хийж чаддаггүй байсан гэж мэтгэдэг. Нэлээн том балин хамартай, яггүй хүүхэмсэг тойн байснаас “Балин (хамарт) тойн” гэсэн нэр үүссэн. Тэрээр өөрөө балин хийж чадахгүй тул хийдийнхээ балингаас сэмхэн базаж аваад цаасанд боогоод хүрээний хүүхнүүдэд тараадаг, тэрнийхээ хэргийг ч гаргадаг нэгэн байсан гэх. Чухамхүү Балинтойны цаасанд боосон балингаас боодолтой чиклаад анх үүссэн ба охидыг найрахдаа чиклаад өгдөг менежмэнт тэгж анх гарсан тухай “цайны замын худалдааны тэмдэглэл”-д дурьдагдсан байна. Чиклаад гэдэг ч монгол үг юм.

Хүрээнд байсан Анддерсон Мэйрийн пүүсийн төлөөлөгчид энэ тухай өрнөдөд мэдээлснээс Загалмайн ертөнцийнхөн “Балинтойны өдөр” тэмдэглэх болж. Тэд балин хийж чадахгүй учраас арга буюу чиклаадаар орлуулах болжээ хэмээн “нууцын ном”-д өгүүлжээ.

Сайны хажуугаар саар гэгчээр дамчид Балинтойны балинг ЖДҮ-дэж аваад бөөнөөр нь аваад ББСБ-аараа дамжуулан шагийн үнээр зардаг байсан гэх. Хүүхнүүд найз залуугаа “шаглаад” ч болов балин олоод ир гэж шаналгадаг байснаас “шаглаад”хэмээх дамын балин гарчээ. Энэ үгийг Андерсон мэйрийн пүүснийхэн буруу тогтоосноос “Чиклаад” хэмээх гуйвсан нэртэй балин Өрнөдөд гарчсан гэдээг.

Балингийн бизнесээр хөл дээрээ тогтсон хойноо тэрээр хүрээнд байсан европчуудтай нийлэн архи, самгоон нэрэх болсон ба “Балинтойны амьд ус” гэдэг брэнд хүртэл гаргаж байжээ. Монголчууд хутагт тойдынхоо шингэнийг рашаан ус хэмээн хүртдэг байсан гэдгийг сануулах юун. Үнэхээр ч амьд усны өнгийг санагдуулам шаргал сархадын нэр цагийн эрхэнд товчлогдон “Балинтойны ус” болсон гэдээг. Балинтойн хөх толботой монгол хүн байсныг тэмдэглэн уг сархдыг одоо болтол хөх хайрцагт хийж, хөх шошго зүүсээр байгааг “ballantines” ууж үзсэн хэн боловч хэлээд өгөх буй заа. За одоохондоо нэг иймэрхүү сонинтой…

“Балин тойны амьд ус” буюу “Балинтойнус” хэмээх сархдыг хөх толбот монгол хүн анх сэтгэснийг дурсан, нэг бол хөх хаягтай, эсвэл хөх хайрцагтай үйлдвэрлэж ирсэн гэх. Шошгон дээр байгаа 12-ын тоо бол “Балин тойн амьд усаа чанартай гаргахын тулд 12 хоног нойльд оролгүй биедээ нэрсэн” домогт явдлын дурсгал гэх нь ч бий.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Цогтсугар: Архидалт нэмэгдэхийн хэрээр мунхрал төөрөгдөл газар авч, шинжлэх ухаанч үйлчилгээ орхигдож байна

Монголын эрэгтэйчүүийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугартай ярилцлаа. Тэрээр сүүлийн 20 жил архидан согтууралтыг бууруулах, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж олон мянган хүнийг архины хэрэглээгүй амьдралд уриалан олон мянган үр хүүхэд гэр бүлд аз жаргал бэлэглэсэн нэгэн.


-Таны хувьд 20 жил архидалтын эсрэг шантралгүй тэмцэж байна. Санаачилга, хөдөлгөөний чинь үр дүн их гарч байсан. Олон мянган залуус таныг багшаа гэж хүндэтгэж, хайрлаж явдагийг мэдэх юм. Эндээс яриагаа эхлэх үү?

-Архины ховслог чанарт хууртан үнэт бүх зүйлээ алдаж, архины эрхшээлд орон, түүнд бие сэтгэцийн хамааралтай болж амьд гарах гарц хайн зовж шаналж байгаа хүмүүсийн оюун тархинд нэвтэрч нөлөөлөх амаргүй ажил. Мэдлэгжүүлэх, архигүй амьдрах сэдэл төрүүлж, ур чадвар олгох аргаар эмгэг дадал зуршлаас нь ангижруулах нийгмийн хүнд салбарт миний бие олон жил хүчээ сорьж явна. Ихээхэн зүрх сэтгэл гаргаж хувь хүний сэтгэлийн ерөнцөд нэвтэрч архинаас гарах хүч боломж өөрийх нь тархинд байгааг итгүүлэхийн тулд 10 гаруй жилийн өмнө “Оюуны есөн дэвшил” гэдэг Монгол ёс заншил, үндэсний ухамсар онцлогт тохирсон оюун санаа сэтгэл зүйн хөтөлбөр боловсруулсан. Энгийнээр хэлбэл жолоо барих ур чадвар олгодог шиг энэ хөтөлбөрөөр архинаас гарах ур чадвар олгоно гэсэн. Ийм чадвар олгохын тулд итгэн үнэмшүүлэх хүчтэй сургалт лекцээр архины хор хөнөөлийг тухайн хүний ухамсарт суулгах мэргэжлийн тусгай сургалт явуулдаг. Хүний оюун санаанд бараг ёс заншил мэт тогтсон хэвшмэл ойлголтыг арилгаж, архи огт амсахгүй амьдрах үзэл санаа суулгах амаргүй. Эрүүл амьдралын андгай өргөж, багш шавийн хатуу барилдлагатай олон жил хамт явж зөвлөгөө авч, үр дүн нь удаж гардаг үйлчилгээ учир яах аргагүй багш нь болдог. Өөрийнхөө алдааг ухаарч амьдрал хувь заяагаа өөрчилсөн, эдийн засгийн эрх чөлөө, өндөр албан тушаалд хүрсэн,аз жаргалтай гэр бүл бүтээсэн залуусаа хараад бахархах сэтгэл төрдөг. Бид бие биенээ орхиж чадахгүй болтолоо дасаж хүндэлж хайрладаг. Тэгээд эрүүл идэвхтэй амьдрал клубт нэгддэг.

-Монголын уламжлалт Сар шинийн баяр болоод өнгөрлөө. Таны уриалгыг дэмжиж архигүй баяраа тэмдэглэсэн 1000 гэр бүлд мэнчилгээ хүргэсэн байна лээ. Бид баярыг архигүй тэмдэглэж чадаж байна уу?

-Миний болон шавь нарын минь зөвлөгөөгөөр архинаас татгалзсан 6000 гаруй хүн байдаг. Тэд баяр ёслол Цагаан сарыг архигүй тэмдэглэдэг. Тэдний нөлөөгөөр ахан дүүс нь ч архийг тоохоо байсан. Энэ Цагаан сарыг архигүй тэмдэглэсэн мянган гэр бүл бол бидний уриалгыг дэмжсэн шинэ хүмүүс. “Архины хэрэглээгүй шинэ үеийн монголчууд” гэдэг үзэл санаа явж байгаа. Бас оюутан охидын “Согтуурлын ард хэлсэн хайрын үгийг хүчингүйд тооцно” гэсэн хөөрхөн санаачилга ч байгаа. Бид архийг моодноос гаргаж архиддаг хүнээр бус архи хэрэглэдэггүй хүнээр бахархдаг шинэ хандлагыг нийгэмд төлөвшүүлсэн. Хамгийн оюунлаг, хамгийн эр зоригтой, өндөр мэдрэмжтэй бүлгийнхэн манайд хандаж өөрийгөө хэт доош орж алдаагүй байгаа дээрээ оюун санааны үйлчилгээ авдаг. Заавал архичин, архины тэнэгрэлтэй болсны эцэст, архинаас гарах магадлал багассан хойноо эмчилгээнд хандах албагүй биз дээ.

-Элбэгдорж Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” уриалгыг ажил болгож зүтгэсэн хүний нэг нь та. Орон тооны бус зөвлөх нь ч байсан. Тэр тухай яривал олон зүйлийг ярих байх?

-Улс төрийн хэн нэгэн зүтгэлтэнтэй хамтрах жаахан хэцүү юм билээ. Манай байгууллага Ц.Нямдорж сайдыг анх сайд болсон үеэс л үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. АН –ыхан эхлээд намайг Ц.Нямдоржийн хүн гэж жаахан цэрвэсэн. Сүүлдээ монгол хүний ген фонд, удмын сан, үндэсний аюулгүй байдлын төлөө бидний ажил үйлс, бодит үр дүн Ерөнхийлөгчийн анхаарлыг татаж хамтран ажиллахад хүргэсэн. Мэргэжил туршлагын хувьд Ерөнхийлөгчид нөлөөлж төрийн бодлогоор үйл ажиллагаагаа дэмжүүлж чадсандаа бид бахархдаг. Би танд Ерөнхийлөгчийн ажлын тайлангийн 39 дүгээр хуудсыг үзүүлье. “Архийг бус сүүг дээдэлдэг хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ чиглэлэд олон жил ажилласан Цогтсугар гэж идэвхтэй иргэн байдаг. Энэ хүн надад хандаж санал тавьж байсан.Тэгээд энэ уриалгыг гаргаж чадсан” гэж бичсэн байгаа биз. Энэ уриалгыг бид санаачилсан болохоор сайн зүтгэсэн. Засгийн газар солигдох бүр өмнөхөө үгүйсгэн төрийн бодлогын залгамж чанар алдагдаж бүх зүйл шинээр, тэгээс эхэлдэгт жаахан харамсдаг. Одоо намайг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нэртэй Төрийн ордон руу нэвтрэх ганц эрхтэй цалин хөлсгүй, төсөлгүй нэгэн явсан болохоор нэгэн цагт Ц.Нямдорж сайдын хүн гэж харж байсан шиг “Ерөнхийлөгчийн хүн” гэж хараад байх шиг байгаа юм. Би Ц.Элбэгдоржтой бус Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ажилласан. Саяхан Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан уулзаад “Та бол манай үнэт эрдэнэ, хамтарна” гэж жаахан уянгын халилтай ч гэсэн сайхан үг хэлэхэд баярлаж л байлаа. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрийн албан хаагч ажлын байран дээр архи хэрэглэхгүй байх тухай 258 дугаар тогтоолыг бид “байгаа оносон, мэргэн тогтоол” гэж харж байгаа. Дэмжих хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Бид төсөлтэй ч төсөлгүй ч архидан согтууралтын эсрэг төрөө дэмжиж ажилладаг мэргэшиж чадваржсан байгууллага болсон. Би төрөө ямар ч цаг үед дэмжиж ажилладаг нийгмийн захиалгаар төрсөн мэргэжилтэн гэдгээ дахин хэлье

-Ингэхэд та өөрөө залуу насандаа архитай нөхөрлөж явсан гэдэг. Архинаас яаж гарсан бэ. Архинаас гарахад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл юу вэ. Та бол оюун ухаанаар гарах боломжтой гэдэг?

-Цагаан захтай архины хамааралтай нэгэн явлаа. Монголын уран зохиолын 108 ботийн анхны хоёр боть, “Болор цом” яруу найргийн наадмыг ивээн тэтгэсэн компанийн захирал явсан сайн үйлтэй ч зохиолчдын хороог “архины хороо” болгосон төлөөлөгчдийн нэг гэдгээ хүлээн зөвшөөрнө өө. Уудаг байсан учраас л архийг мэддэг байхгүй юу. Миний бие архийг 23 жил хүртэж шинжлэх ухаан юм бол өөрийнхөө бие махбод дээр хор хөнөөлийг нь туршсан. Бас 20 жил архи амсахгүй амьдарч 20 гаруй бүтээл туурвиж, аюулгүй байдал судлалын докторантур төгсөж, шинэ шинэ амжилт олж архи хэрэглэхгүй байх тохиолдолд оюун тархи яаж сэргэдгийг өөрийнхөө тархиар нотолсон. Тэгэхээр архины хувьд уусан, гарсан 43 жилийн туршлагатай, архины асуудалтай хүний амьдралыг мэдэрдэг багш болсон гэсэн үг. Инженер юм бол тостой инженер гэж болно л доо (инээв). Архинаас гарахад нөлөөлдөг хүчин зүйл бол гэр бүлийн хайр, хувь хүний чин хүсэл, дахин уултаас өөрийгөө хамгаалах насан туршийн идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Хамгийн гол нь өөрийгөө архины хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ их хэцүү л дээ. Гэхдээ хүлээн зөвшөөрсөн хүн аврагддаг. Дэлхийн хөгжингүй орнууд хувь хүний оюун санааг өөрчлөх хөтөлбөр хэрэгжүүлж архидалтыг даван туулсан байдаг. Архинаас л гаргаж байвал бүх аргыг би хүлээн зөвшөөрдөг. Миний хувьд Монголд байгаа архинаас гаргадаг бүх газраар явж үзсэн. Тэгээд Америк мэргэжилтний нэг сургалтанд суугаад өөрийгөө эмгэг согтолттой, өвчилсөн юм байна гэдгээ мэдсэн. Архинаас гарах ид шид гэмээр хүч хүний тархинд байж болох юм байна гэж олж хараад маш их уншиж судалж сүүлдээ мэргэжилтэн болчихсон. Архинаас гарч эрүүл оюун ухаанаар ард түмнээ хараад айсан шүү. Тэгээд л цэргийн хүний хувьд эх оронч үндэсний үзэл бадарч тэмцлээ эхлүүлсэн. Би алдаагүй шүү. Нийгмийн маш том эсэргүүцлийг туулж, элдвээр хэлүүлж өнөөгийн амжилтанд хүрсэн.

-Амьдралын бүхий л болж бүтэхгүй бүхэн архинаас үүдэлтэйг бүгд мэднэ. Гэвч манайхан гарчихаж чадахгүй байгаа юм. Архи уухын сайн тал гэж байна уу?

-Ажил бүтээд ч байгаа юм шиг, мөнхийн найз нөхөд ч юм шиг хуурамч сэтгэгдэл төрүүлж үнэт цаг хугацаа алдуулж хүнийг амьдаар нь үхүүлдэг аймшигтай ундаа л даа, энэ архи. Гэмт хэрэг, осол эндэгдэл, өвчин эмгэг, гэр бүл салалт, эрт нас баралт, ажилгүйдэл ядуурлын үндсэн шалтгаан архидан согтууралт байдаг. Хортойг нь мэдэж байгаа мөртлөө амьдралаа алдан дурладаг энэ галт усыг хэн хэзээ зохиосныг бүү мэд. Хөгжингүй улс орнууд иргэдийнхээ оюун санааны аюулгүй байдлыг хамгаалж байж үсрэнгүй хөгжсөн түүхтэй. Бид архидалтын хувьд Америкийн 1930 оны түвшинд явж байна.Нэг хүнд ноогдох архи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн тал бий. Архи уухын сайн тал авлигач, долигоногч, хуйвалдагчдад л байдаг байх. Архи асар их сөрөг энерги бий болгож хүний тархины эсийг үхүүлэн тал тархитай бүтэн биетүүдийг үйлдвэрлэдэг. Архинаас гарч чадсан, архи огт амсахгүй амьдарч яваа тохиолдолд тархины эс нөхөн сэргэж санаанд багтамгүй амжилтанд хүргэсэн жишээ баримтууд дэлхий төдийгүй манай залууст олон байна. Дагваа аварга маань “Танайд хоноё” нэвтрүүлгээр архинаас оюун ухаанаар татгалзсанаа нийгэмд ил хэлж үлгэр жишээ үзүүлэхэд хөл газар хүрэхгүй баярлаж омогшиж байлаа. Нийгэмд ил гараагүй маш олон шавь надад бий.

-Та мөн аюулгүй байдал судлаач хүн. Энэ талаар олон газар очиж иргэд залууст лекц сургалт явуулсан. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдах түвшинд хүрлээ гэж та их яридаг даа. Тэр тухай сонирхмоор байна?

-Бид үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг системтэй. Нийгмийн шилжилт хөдөлгөөний явцад Монголчууд уламжлалт бус аюулд өртсөн. 10 жилийн өмнө Архидалтыг бууруулах үндэсний хөтөлбөрт “Архидан согтууралтын нөлөө үндэсний аюулгүй байдал алдагдах түвшинд хүргэж байна” гэж сануулсан байсан. Бид олигтой юм хийгээгүй. Архины үйлдвэрийн тоо багассан ч үйлдвэрлэсэн бүтээгдхүүн хэвэндээ байгаа. Одоо эмэгтэйчүүд, төр, яамныхан архидан согтуурдаг боллоо. Энэ байдлыг оюун санаанд хийж буй чимээгүй дайн гэж болно. Үндэсний ухамсар маш алгуурханаар доройтон суларч байгааг харах аймшигтай санагддаг. Тэгээд л нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа зогсоож чадахгүй, түрээсийн төлбөрт баригдсан ТББ-аа татан буулгаж чадахгүй явна. Архидалт нэмэгдэхийн хэрээр мунхрал төөрөгдөл газар авч шинжлэх ухаанч үйлчилгээ орхигдож байна. Нарийн яривал архидсан уу, архидуулсан уу гэдэг сэрэмжлэх сэдэв шүү. Эзэн холбогдогчийг нь бид судалсан. Америкийн уугуул инданчуудыг архиар хөнөөсөн гашуун сургамжийг бид мартаж болохгүй.

-Судлаач, лектор хүний хувьд Монголын нийгмийг хэрхэн дүгнэж байна. Хийж бүтээж байгаа нь бага,өөрийгөө дөвийлгөх, нийгэмд тодрох гэсэн хүмүүс нь давамгайлсан, наргиан наадмаар дүүрсэн ийм л дүр зураг харагдаад байх юм?

-Ерөнхий сайд зарим наадам цэнгээнийг таслан зогсоолоо. Ингэж л зоригтой эхлэх хэрэгтэй. Нийгмийн оюун санаа аймшигтай эмгэгшсэн. Их хурлын гишүүдийнхээ сэтгэлгээ, илэрхийлэх ур чадвар, харилцаа зан чанарыг хар л даа. Заримыг нь эрүүл оюун ухаантай хүн гэхэд эргэлзээ төрдөг. Эсвэл улс төр хүнийг ийм болгож өвчлүүлдэг байж болох юм. Ямар сайндаа “ордонд сэтгэцийн нэг тасаг баймаар юм” гэж хошигнож байхав. Зарим нь согтуу ч харагддаг. Маш сайхан залуу үе төрж байгаад л итгэж явна. Ер нь төрийг мэдлэгтэй хүн мэргэн жолоодох уу, мөнгөтэй хүн мэргэн жолоодох уу гэдэг асуудал шүү. Ажил үйлсээрээ бус амбицаараа тодрох, хоосон сүржигнэх, эх оронч дүр эсгэх хандлага их харагддаг. Үнэхээр л эх оронч юм бол ард түмнээ хайрла, нэг хүний ч гэсэн амьдралыг өөрчил, Монгол хүн, баялгийнхаа төлөө үхэн хатан зүтгэ. Тэгээд даруу бай. Шийдвэр гаргагчид өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Ахмад үеийнхнийхээ мэдлэг туршлагыг өвлөн авахгүйгээр, залуу үеээ сонсохгүйгээр хөгжих боломжгүй. Ер нь үлгэр дуурайл гэдэг юм алга болсон нийгэм. Өв уламжлалыг сэргээх хэрэгтэй. Өнөөгийн нийгмийн тухайд зөн билэгтэн мэт яруу найрагчийн ганц бадаг хэлье. “Хөдөө хотгүй уугаад л, хөгшин залуугүй согтоод л, улс орон минь нэг л уруудан доройтох шинжтэй” гэж Р.Чойном өнөөгийн нийгмийг 60, 70 онд мэргэн зурсан байгаа биз. Өнөөгийн нийгмийн дүр төрх яг л ийм байна. Чойном найрагчийн шүлэглэсэн шинж байдал одоо бодит зүйл болсон байна. Оюун ухааныг, мэдлэг боловсролыг дээдэлдэг хүмүүст манай үүд хаалга нээлттэй байдаг.

Categories
мэдээ цаг-үе

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Доржготов: “Дэлхийг сэрдхийлгэсэн дэндүү найрагч яваарай, гайхамшгийг хичнээн бүтээлээ ч газрын татах хүчиндээ байгаарай” гэж Бавуугийн Лхагвасүрэн багш минь захисан

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготовтой ярилцлаа.


-Сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд нутаг ус, ижий аав, өвөг дээдэс, оюун билэгт хүмүүсээ дурсах сайхан. Та бол яалт ч үгүй Баянхонгор аймаг, Ламын гэгээний нутгаас тодорсон найрагч мөн юм?

-Тийм ээ, миний бие Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүн. Намайг нутаг амьтай найрагч гэдэг. Үнэндээ Баянхонгор нутаг Гурванбулагийнхаа тухай дөчөөд дууны шүлэг тэрлэжээ. Тэр бүгдээ нэгтгэж “Хонгор нутгийн дуулал” нэртэй хоёр цомог гаргасан. Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойд зориулж “Ламын гэгээний магтаал оршвой” гэсэн есөн бадаг шүлгийн чуулган бүтээсэн. Ер нь сүүлийн үед дууны уран бүтээл гэхээсээ илүүтэй магтаалын туульсын бүтээлд хүчээ сорьж байна. “Заг, Бадрагийн голууд түүх шивнэн замын холдоо амин холбоотой харгиатан, Орог, Бөөнцагаан нуур нь мэлтрэн одот тэнгэрээ тольдон ширтсэн” гээд арван бадаг бүхий “Баянхонгорын магтаал”-ыг ялгуусан модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн аравны билэгт өдөр бичиж дуусгасан. Энэхүү бүтээлд минь Загийн голын хүү, “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг аялгуу хийж Хонгор нутгийн уугуул алдартнууд, дуучид, бүжигчид гээд 50 гаруй уран бүтээлч оролцон дүрсжүүлсэн. Ардын уран зохиолч Тангадын Галсан, ардын жүжигчин, төрийн шагналт Намсрайн Сувд, төрийн шагналт гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам, соёлын гавьяат нэрт нэвтрүүлэгч Жамьянгийн Батбаяр, соёлын тэргүүний ажилтан дуучин Н.Баасандорж, Д.Отгонжаргал болон “Хөсөгтөн”, “Жонон”, “Увертюра” хамтлагууд оролцсон. Хонгор нутгийнхны сэтгэлийг огшоосон бүтээл болсонд молхи би баярладаг юм. Гурванбулаг болон Галуут сумын магтууг бичсэн. Галуут нутагт Баянхонгор хайрхан оршдог. Уул нь манай аймагт чинь Эрхэт, Их Богд гээд олон сүрлэг хайрхнууд бий. Гэвч чиг Галуутын нутаг дахь Баянхонгор хайрхнаараа аймгаа нэрлэсэн нь учиртай. Галуут бол үнэн ачит мэргэн ухаантан чин сүзэгт Номун ханы хийд оршсон, эрдэнэ ноён хутагтын минь нутаг. Дандончоймзад ламтан гэж номч мэргэн хамба түвдэд ном хаялцах эрдмээрээ дийлдээгүй хүн байсан. Энэ хүний 265 жилийн ойг Галуутын 90 жилийн ойтой хамт тэмдэглэсэн. Тэгэхэд нь би гэдэг хүн залбирал магтаал зориулж хийсэн юм. Надад ерөөлтэй сайхан санагддаг.

-“Доржготов нийтийн дууны яруу найраг, гэгээнтнүүдийн магтаал хоёр төрлөөр найрагчдын тоосон дундаас сугаран гарч ирлээ” гэж таны тухай Галсан гуай бичиж байсан?

-Суу билэгт найрагч, өршөөлт ах Галсан гуайдаа зориулж “Хүн уул” хэмээх шүлэг тэрлэн түүнийгээ 2001 оны “Болор цом” наадмын дэвжээнд их шөвөгт шалгарахад нь гардуулж билээ. Тэр жилийн цомд Галсан гуай зодог тайлахаа мэдэгдэж отгон шүлгээ дуудсан сан. Сүүлд нутгийн сод авьяастнаа ардын уран зохиолч болоод төрдөө үнсүүлэхэд баяр бахдлын нулимс цийлэлзүүлж сууснаа мартдаггүй. Эл эрхэм хүмүүн “Ламын гэгээний магтаалыг гийнгоолохын учир” гэж “Утга зохиол урлаг” сонинд бүтэн нүүр бичсэн. “Дөрвөн түм, найман мянган нууцын цоож түлхүүрээс эрдэм чуулсан найман үеийн гэгээнтэнд найраг өргөх нь найдваргүй засгийн наймаачингуудын аманд бялдууч үгийн бялуу чихэхээс дэндүү тэнгэрлиг юм. Энэ бол бялдууч магтаал бус бясалгал магтаал юм. Монголын эрдмийн долоон бурхны дараа эрэмбэлэх ёстой их эрдэмтэн гүүш Л.Хүрэлбаатарын амьд сэрүүнд нь энэ шүлэг гарсан бол тэрхүү эгнэшгүй хүн Доржготовт яасан их баярлах байсан бол” хэмээн үнэн зүрхнээсээ бичсэн. Ламын гэгээний магтаал бол тодорсон найман дүрд нь зориулсан есөн бадаг шүлгийн чуулган. Наймдугаар дүрийн хувилгаан Данзанжамбалчойжишинэн Энэтхэгийн Гомон дацанд найм дахь жилдээ сурч байна. Билиг брамид буюу шашны номын хамгийн дээд охийг үзэж байгаа. Монголоос олон хутагт хувилгаад сүүлд тодорсон. Энэ дундаас Жалханз хутагтын хойд дүр, манай гэгээн хоёр ном эрдмээрээ оройлж байгаа юм билээ.

-Олонд түгсэн дуунуудынхаа тухай ярихгүй юу. “Зулай цагаан Алтай”, “Хөвсгөл далай”-г бичсэн агуу Сангидоржтой “Номгон хайрхан” гэж аатай дуу хийсэн дээ?

-Чойгивын Сангидорж бол үнэхээр билэг танхай авьяастан байсан. Тэр хүнтэй уран бүтээл туурвих нь байтугай нэг он цагт хамт төрсөн минь хувь заяа юм. Санги ах “Нутгийн дүү хүүтэй нэг юм хийнэ байгаа” гэж хэлээд л “Номгон хайрхан”-аа мандаасан. Д.Сосорбарам гавьяат ч аатай сайхан дуулсан. Ингэхэд Санги, Со хоёрыг “Номхон хайрхан” дуу эвлэрүүлж билээ. Хонгор нутгийн хоёр их авьяастан тухайн үедээ хэн хэндээ жаахан тунирхсан байсан юм. Энэ дууг бүтээгээд элгээрээ тэврэлдэж байв. Залуу морин хуурчдын наадам Баяхонгор аймагт болоход Со гавьяат “Номгон хайрхан”-ыг дуулахад хэд ч дахиулсан гэдэг билээ. Сүүлд Д.Нямжав маань сайхан дуулсан. Ингэхэд миний анхны дуу “Сэтгэлд уяатай нутаг”-ийн хөгжмийг алдарт “Сүүдэр царамын цэцэг”-ийг бичсэн Сайнцогийн Мөнхбат аялгууг нь хийсэн юм. Сүүлд би Монголыг даасан Очирваань хайрхныхаа тухай “Богд Очирвааньт хайрхан мину” гэсэн дуу хийлээ. Завхан нутгийн хүү, энэ цагийн цуут хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан гавьяат аялгууг нь хийж, “Ньюанс” хамтлагийн Дүйнхэржав дуулахаар болоод байна. Миний унасан газар ундаалсан ус Шар усан голоос Отгонтэнгэр хайрхан жараадхан километрийн зайд оршдог. Тэгэхээр Очирваань хайрхны авшиг хүртэж, салхийг нь амсаж өссөн. Баянхонгорыг алдартан, авьяастнуудын өлгий гэдэг. Монголын орчин үеийн хөгжмийн ноён сүмбэр оргил болох Сэмбийн Гончигсумлаа, Гончигийн Бирваа, Чойгивын Сангидорж байна. Хэл бичгийн шинжлэх ухааны ноён оргил Шадавын Лувсанвандан, гоо зүйн соёл шинжлэх ухааныг үндэслэгч Сономын Лувсанвандан, бэлгэдэл зүйн шинжлэх ухааныг үндэслэгч Сэндэнжавын Дулам байна. “Хүрэн морь”-ны Лхамсүрэн, Тангадын Галсан, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дожоогийн Цэдэв, Ванхүүгийн Батбаяр, сүүлийн үеийн дэлхийн хэмжээний хүн Аюурзана гээд бодохгүй юу. Хонгор нутаг тэгэхээр авьяас, онгод билгийн шүтээн орон, оюуны том өлгий мөн байгаа биз.Төрийн шагналт найрагч Чимидийн аав Чойжил гуай манай Гурванбулагийн хүн юм. Чимид гуай тэгэхээр аав талаа барьвал манай сумын хүн болно. Монголын сэтгүүл зүйн амьд домог болсон Хорлоогийн Цэвлээгийн Хонгор нутгийнхны онцлогийг бичсэн олон нийтлэлүүд бий.

-Ингэхэд таны уран бүтээлийн багш хэн билээ?

-Хадаг барьсан багш маань Бавуугийн Лхагвасүрэн юм. Хүүхэлдэйн театрын дарга байхад нь Лхагвасүрэн гуай дээр орлоо. Халамцуу орсон юм. Өмнө нь шүлэг зохиолоо үзүүлдэг л байсан учир намайг мэднэ л дээ. Тэгтэл өөдөөс “Чамаас дор хүмүүс номоо гаргачихаад байна. Чи одоо яв, номоо гаргаад ир” гэж адарч, өрөөнөөсөө хөөлөө. Би гэдэг амьтан хөөгдаж туугдсанаа жаахан гундуухан өрөөнөөс нь гарахаар алхаж явтал араас дуудаад, хөөе чи ном гаргаж ирнэ шүү гэж зөөлнөөр аргадаж хэлсэн. Ингээд би анхны ном “Зүрхний анир”-ын эхийг бариад багш дээрээ очсон. Өөрийн бүтээлээ өлгийдөж байгаа юм шиг баярлан хүлээж авч билээ. Тэгээд л халуун дулаан өмнөтгөл үг бичиж өгсөн. Дараа нь “Цээл холын анир”-т маань бас үг бичсэн. Өнгөрсөн онд гаргасан “Цаглашгүй гэрэлт дорно” номын өмнөтгөлд “Дэлхийг сэрдхийлгэсэн дэндүү найрагч яваарай, гайхамшгийг хичнээн бүтээлээ ч газрын татах хүчиндээ байгаарай. Хайртай дүү минь, хадаг барьсан шавь минь” гэж бичиж өгсөн. Энэ бол үнэхээр том хүндэтгэл юм. Багшийн өчүүхэн муу шавьдаа захисан сэтгэлийн захиас, зүрхний үг юм.

“Цаглашгүй гэрэлт дорно” номын өмнөтгөлд Лхагваа багшийн шүлгийг, ар талд нь Галсан гуайн “Ламын гэгээний магтаал”-ыг минь оршоосон үгийг оруулсан. Ингэж хоёр сайхан ардын зохиолчоор номоо хашуулсан би мөн азтай хүн ээ. Лхагваа багш намайг “Яруу найраггүйгээр амьдарч чадахгүй гэдгээ нэгэнт нотолсон хүн” гэдэг, гарцаагүй үнэн гэвэл тэр. Би бол бага балчиртаа Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлгийн түүврийг уншиж яруу найргийн амтанд анх орсон хүн. Пүрэвдорж гуай найраглал гэхээр манайхан “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Хар цас”-ыг л яриад байдаг. Энэ гурав бол яалт ч үгүй оргил нь мөн. Гэхдээ цаана нь “Ховдын цагаан тууж”, “Бөмбөл эрдэнэ”, “Шарлингийн хар Хас”, “Арван тавны сар” гээд маш гоё найраглалууд бий. Монголын яруу найргийг Дашзэвэгийн Сэнгээ гэж хүн амьдрал руу, Бэгзийн Явуухулан уянга руу, Бавуугийн Лхагвасүрэн ухаарал хөтөлсөн. Харин Дэндэвийн Пүрэвдорж гуайг ардын билэг цэц рүү нь буюу арай өөр юм руу нь оруулж өгсөн гэдэг. Арга байхгүй миний шүтээн байлаа. Пүрэвдорж гуайтай уулзаж ойр дотно явлаа. Би чинь Вьетнамын Ханой хотын их сургуулийг төгссөн. Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан хүн. Хувь заяаны эрхээр л яруу найрагч болчихсон болохоос. Пүрэвдорж гуайн гэргий Чанцал эгч мөн гадаад яаманд ажилладаг байв. Одоо бол Арлааны Эрдэнэ-Очирыгоо маш их үгүйлэх юм аа. Сэтгэл зүрх дэндүү ойр явжээ. Намайг зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэний дараа манайд ирээд надад жижиг гаанс бэлэглэсэн юм. Түүнийг нь гаргаж байн байн амандаа зуух юм даа. Эрдэнэ-Очирыгоо нутаглуулчихаад зохиолчдын хорооны Сэлэнгээгээс нөгөө зэд гэдэг зүйлийг нь аваад дотор нь байсан сүүг задалж дээжийг нь өргөсөн. Тэгээд өөрөө уух гэж байгаад бичгийн ширээн дээрээ цалгиулаад асгачихсан юм. Дүү минь намайг дээд тэнгэрээс харж байна гэдэгт итгэсэн. Ах аа танд баярладаг шүү гэж хэллээ хэмээн ойлгосон. Эрдэнэ-Очир бид эртний танилууд. Говийн санаачилга төслийн шугамаар хөдөө суугаа найрагчид хотод ирсэн. Баянхонгороос Ванхүүгийн Батбаяр, Санаадагва хоёр, Дорноговиос Эрдэнэ-Очир маань ирж байлаа. Тэр цагаас л хэн хэнээ мэдэх болсон. Манай хоёрын гэр ойрхон. Нэгнийхээрээ мөн ч их орж гарсан даа. Эрхэмбаяр гэж радиод ажилладаг залуу “Бавуу, Эрдэнэ-Очир, дархад Мийгаа байхгүй. Радио эзгүйрчихлээ” гэж хэлсэн. Бавуудорж радиогоос гараад явчихаж. Үнэндээ Эрдэнэ-Очироос хойш Монголын радио ч, зохиолчдын хороо ч эзгүйрэх шиг болсон.

-Танай гэр найрагчид цугладаг бас нэг сайхан газар. Хичнээн олон найрагчид шинэ шинэ шүлгүүдээ танайд уншиж байсныг мэдэх юм?

-Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Энэ үеэр надад “Утга зохиолын төлөө” гэдэг дээд шагналыг олголоо. “Дэлхий монгол туургатны утга зохиол, соёлыг хөгжүүлэх буянт үйлсэд олон жилийн хичээл зүтгэлээ зориулсан гэгээн замналыг тань талархан үнэлж батламжлав” гэсэн байна лээ. Сайхан л санагдсан. 90 жилийн ойн баярын хурал дээр тавьсан До.Цэнджавын илтгэл гойд таалагдсан. Монгол хэл соёлын дархлаагаа манаж яваа зохиолч найрагчдын үнэлэмж туйлын бага байна, үүнд төр засаг тодорхой бодлогоор дэмжих ёстой гэдгийг хатуухан хэлсэн нь маш үнэн сонсогдсон. Энэ цаг үеийн найрагчдаас Төрийн Баянсан, Мулцангийн Уянсүх хоёр сайхан бичиж байна. Баянсан “Хаврын хөх цаснаар сэтгэлийн цагаанаа нисгэхүй” хэмээх надад зориулсан шүлгэндээ “Бүрх малгайтай тэр хүн үл танигдах

Үл танигдах атлаа эс мартагдах

Зүрх уярамхай тэр хүн үл холдох

Үл холдох атлаа эс олдох…” гэж бичиж өгсөн. Намайг болоод миний нутгийг мэдэрч бичсэн нь анзаарагдсан. Галсан гуай Баянсанг бас айхтар үнэлдэг. Өвөрхангайн манай Даваадаш ах байна. Уртай, буурьтай, ухаантай, авьяастай хөдөлмөрч хүн юм. Амархүү, Ишхүү хоёртойгоо би ойр явдаг. Миний шавь Даш-Очирын Агваан гэж гүндүүгүй эр бий. Анхны номыг нь би редакторласан ухаантай. Агвааны “Хос шарга” гэж манай Баасандоржийн дуулдаг сайхан дууг ард түмэн мэднэ дээ.

-Чинжиг, Билэгжаргал гээд хөгжмийн аваргуудтай та анд нөхдийн барилдлагатай явсан. Тэр хоёртоо зориулсан шүлгүүдээ “Цаглашгүй гэрэлт дорно”-доо оруулсан харагдана?

-Цэдэн-Ишийн Чинзориг, Халтарын Билэгжаргал хоёр бол яалт ч үгүй амины минь нөхөд байлаа. Ууж идэж, уймарт туймарч явсан он жилүүд бидэнд бий. Чинжигтэйгээ “Амин холбоо” гэж дуу хийгээд хоцорсон. 24 жилийн дараа Баянхонгорын хөгжимт драмын театрын дуучин, соёлын тэргүүний ажилтан Р.Болортуяа дуулж анхны цомогтоо оруулсан. Нэг удаа Чинжиг “Найзад нь Германаас нэг хүн ботинк бэлэглэлээ, үүнийг ирж мялаана уу” гэж утастдаг юм. Далим байхгүй юу. Тэгээд л би Төмөр замын байранд нь яваад очиж байгаа юм. Манай хүн хөгжим бичихдээ исгэрээд л өрөөн дотуураа алхаад байна. Холхиж холхиж байгаад л нэг ирээд сууна. Тэгж л “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Илдэн уулын цуурай”-гаа бичээ байлгүй. Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг дэлхийн хэмжээнд бичигдсэн гэдэг. Мань мэт нь яаж мэдэхэв. Бид хоёр “Нутгаа санаад” гэж хайлган сайхан бүтээл хийсэн. Билгээгээ дагаад хөгжмийн зохиолч, өөрийнх нь шавь Тараагийнд хамт очиж л байлаа. Намайг хэн юу гэж хэлэх бол, яачих бол гэж бодох юм байхгүй. Юмны араар нуугдах тийм нэг нэр хичээсэн жижиг зангүй, оюун санааны том ертөнц байж дээ. Алдаа оноо нь бусдын нүдэн дээр ил байсан. Өнөөдөр Билгээ шиг, Чинжиг шиг өөрөөрөө байсан том хүмүүс цөөрч дээ. Бид ч байгаараа байж чадахаа байж. Дандаа худлаа, хуурамч дүр эсгэсэн хүмүүс. Бүгд л духаараа харсан, нэгнээ нүүрнээс далдуур муулсан ийм л байх юм. Билгээтэйгээ, Чинжигтэйгээ, Эрдэнэ-Очиртойгоо суухад онгодыг авдаг байлаа. Жинхэнэ хүний сэтгэл гээчийг мэдэрдэг байлаа. Тэр аваргуудын дунд явснаараа өнөөдөр би хэдэн дууны шүлэг тэрлэхтэйгээ болсон л байхгүй юу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шодоргос

ТҮҮВЭР ШОДОРГОС-


-Нөхдөө. “Шодоргос, шодоргос, бас дахин шодоргос” гэж манай их багш Шодор Шодорыч Шодорин хэлсэн билээ. “Би шодорч байгаа учраас л шодоруулж байна” гэж гүн ухаантан Шодоре Шодерт сургажээ. “Шудар хусыг сурахаар шодорогосыг сур”хэмээн өвөг дээдэс маань ч захисаар ирсэн бөлгөө. Орон бүхний шодоргосчууд аа, шодорогтун.

– Хүн монгол хэлээрээ “шодоргос байгаа цагт шодоргос бол шодоргосоод, шодоргосох гэснээс шодоргосохыг шодорогдоод шодорсныг шодорцгооё” гээд байхад юуг нь ойлгохгүй шодоргосоод байгаа юм бэ?

-За хүүхээ, барагтайхан шодоргосоорой. Нээх, юу юуны туханд хүрэлгүй шодоргосч гэнэ. “Шодоргоссон хүн шударгусна” гэгчээр шодорогосонд шодороо мэдүүлсэн хүн гарах нээ. Хүн чинь эхлээд юмыг ядаж л шодорч үздэг байгаа. Гэтэл шодорсон ч юмгүй шууд шууд госоод явчихсан байх юм. Айл амьтны хүүхэд шодоргосч л байдаг, хэзээ чам шиг хамаг байдгаараа шодоргосч байлаа. “Шодоргоссоор, шодоргоссоор Шодовын орон дээр шодоргосно” гэгч болох нээ. Чамайг айл амьтнаар шодоргосоод явсан хойгуур авгай чинь шодоргосцоон, хохь чинь.

-Хүн хажуудаа байгаа үнэт шодоргосоо ер шодордоггүй юм байна. Сая л мэдлээ. Ингээд дүүгийнхээ шодоргосыг дуусгаж өгөөд өөрөө нэмээд дээр нь шодоргосчихсоон.

-Чи тэр айлын авгайг хар. Нөхрөөрөө шодоргосуулсаар байгаад яаж байна. Одоо хүүхдүүд нь толгой даагаад шодоргосох хэмжээнд хүрч. Хүн, хаа хамаагүй ах дүүсээ бөөнөөр нь татаж авчраад шодоргосуулж байна. Чамайг би, аав ээжийг минь шодроод аль гээгүй. Ядаж л өөрөө амьтны нүдэн дээр шодоргосуулсан царайтай явмаар байна…

-Зээ, манайд хольцоогүй цэвэр Хонгор “шодор” нэг байна. Танайд гайгүй сайн “гос” байна. Энэ хоёрыг нийлүүлж “шодоргос” цохивол лус жагсаж, ус суулт хийсэн шодоргоо гээч болно… За настайчуудыг Шодорт урья. Өнөө орой шодоргоссоны шодоргоо хийж, цүү шодорноо.

-Тарган тавтай шодоргосч байна уу? Онд мэнд шодоргослоо. Мал шодоргосоод, гэрийн бүрээс урж идээд байх боллоо. Зайлуул, хөгшин ухна шодоргосоод шөнөжингөө бавтнаж хонолоо. Танай тийшээ мал жилбэ муутай шодоргоссон гэв үү. Намар хуц ухна жаахан оройтож шодоргосоод, хурга ишиг хэнзлээд байна аа. Манай бэр үү, төрөх гээд бүр шодоргосох орон дээр гарчихаж гэнэ…

-Зах зээлийн үнэнээс харьцангуй хямдаар шодоргосно. Бид бүтээгдэхүүндээ нэг жилийн шодоргоо өгнө. Хятадынх биш, Солонгосын захиалгаар Шанхайд хийдэг шодоргос. Та ирээд шодорч үзээд ав, госсон ч болно…

-Шодор дагаж гос нэмнэ. Манай шодор таны зиндааг госно. Үндэсийхээ шодоргосыг дэмжье. Манай үйлдвэрийн эсгий шодоргос бол…Ар халхад алдартай Архангайн шодоргос…Шанага нь таван шодрогос…

-Манай хүн Солонгост хараар шодоргосоод гэр орноо шодоргосно гээд явсан. Сураг тасарсан, залуу хүн шодоргосоод хэцүү байсан бололтой юм аа. Тэндээ нэг юмтай шодоргоссон бололтой юм аа.

-За шодор бол гос бол шодоргос юмаа гэж Америкийн бол шодоргосууд шодоргосуулж бол байхад манай шодрууд бол госсон хэвээр байгаа явдал нь бол дээд зэргээр шодоргоссоны шинж бол мөн юм аа. Цаашдаа бол 200 орчим шодоргосын бол госыг нь авчраад талбай дээр шодорохгүйгээр Монголд шодоргос тогтохгүй гэж бол ард түмэн үзэж бол байна.

-Хүн шодоргоссон байж магадгүй гэсэн дуудлагын дагуу шодоргосын газарт цагдаагийн групп очсон. Талийгаач шодоргоссон байдалтайгаар шодоргоссон байхыг олсон. Хохирогч тархиндаа хэдэн гүнзгий шодоргос авч, зүрх рүүгээ хурц үзүүртэй зүйлээр шодоргосуулсны улмаас “гадны нөлөөгүй”шодоргоссон нь тогтоогдоод байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрвээ хотын дарга болбол

-ФЕЛЬЕТОН-

Манайхан хотын даргаа сонгож томилж чадахгүй байгаа нь дараахь дүгнэлтэд хүргэлээ. Нэгдүгээрт, хэн ч дэвшсэн хотын дарга болж чадахгүй байх магадлал байна. Хоёрдугаарт, хэн ч дэвшсэн хотын дарга болчихож мэдэх найдвар бас байна.

Ингээд Улаанбаатарчууддаа туслах зорилгоор бие даан судалгаа хийж үзэв. Гол зорилго нь хотын даргыг хурдхан томилоход туслах. Гэтэл маш сонин үр дүн гарав. Иргэд намайг дэмжиж, миний удирдлагаар хөгжихийг мөрөөддөг болж таарав. Гайхсандаа болоод гурван өөр асуултаар гурван өөр газар судалгаа хийтэл ижил үр дүн гарч ирэх юм.

Эхний ээлжинд ойр дотныхныхоо дунд “ Би хотын дарга болчихвол та нарт л хэрэгтэй биз дээ” гэсэн асуулга явуултал 99 хувь дэмжлээ. ( Би өөрөө “Чи биш, харин би болвол дээр” гэж санал өгч тэнэгтээд 1 хувийн сөрөг саналтай болсон. Энэ математик чинь балиар эд юм билээ)

Дараа нь ажилтнуудынхаа дунд “Хотын дарга болох хүн хэн бэ? Яагаад намайг гэж бодож байна” гэсэн санал асуулга явуулж жинхнээсээ 100 хувийн дэмжлэг хүлээлээ.(Энэ удаад өөрийгөө “та” гэж нэрлэн санал өгөхөд эхэндээ сонин байсан боловч үр дүн нь гайхалтай болов)

Сайн юманд садаа мундахгүй гэж үнэн байна. Хотын даргад биеэ хэрхэн бэлдэж байгааг харсан дарга маань атаархаж эхэлсэн дээ. Тэгэнгүүт нь би уухайн тас шүүрч аваад санал асуулгыг нь зохион байгуулж өгөөд, мад тавив шүү дээ. Яасан гэхээр судалгааныхаа асуултыг “Даргыгаа хотын захиргаа руу яваад өгөөсэй гэж бодож байгаа хүн байгаа юм биш биз” гэж тавиад 99 хувийн саналаар үгүйсгүүлээд үзүүлсэн дээ.(Уг нь 100 хувийн үгүйсгэл байх байтал би бас л тэнэгтээд “тийм” гэж бөглөсөн байсан. Энэ логик чинь ёстой балиар эд юм билээ.) Сониноос, өчигдөр манайхан ажлаараа түүнийг эргэсэн.

Энэ бүхэнд урамшсандаа болоод танихгүй иргэдийн дунд судалгаа явуулахаар зориглолоо. Зориглосондоо ч болж, “Би хотын дарга болох нь зөв, Тийм ээ” гэсэн асуултад бүгдээрээ “тийм ээ” хэмээн хариулжээ. Яасан гэхээр, “сугалаатай санал асуулга” явуулсан. Судалгааны асуултад “Тийм” гэж хариулсан хүмүүсийг сугалаанд оролцох эрхээр шагнахаа зарласан. Нийт 10 хүнд тусгай хонжвор ногдоно. Тусгай хонжвор нь “Цагаан сарын ул боов үнэгүй авах” эрхийн төлөө “сугалаанд оролцох эрх” хожих байдлаар зохион байгуулсан. Ингээд цаашаа, ямар нэг сугалаанд оролцох эрх л хожоод байхаас биш юу ч олж долоохгүй байхаар зохицуулсан, мундаг уу? Хотын дарга болбол ч болчихоор хүний ухаан гарч байгаа биз?

Хотын иргэдийн гурван бүс болгон хуваагаад санал асуулга явуулж, өөрийгөө бататгасан учраас мөрийн хөтөлбөрөө гаргах хэрэгтэй боллоо.

Улаанбаатарын иргэд “Замын түгжрэлийг л бууруулаад өгвөл хэнч дарга болсон яахав” гэсэн бодолтой байгаа нь санал асуулгын дундаас харагдлаа.

Ингээд сууж байтал “Замын түгжрэлийг шийдэх гурван тулгуурт бодлого” шууд л санаанд ороод ирэх жишээний. Ноднин, уржнанхан жолооч нарыг зүүн гар тийш эргэхийг хориглоод буруутав даа. Яагаад буруутсан гэхээр дутуудуулснаас болсон юм. Би бол зүүн ч эргүүлэхгүй, баруун ч эргүүлэхгүй байх байсан. Ер нь чигээрээ яваад л хүрэх газраа очихын оронд эргүүтсэн хонь шиг ийш тийшээ эргэж явдгийг болиулна.

Эргүү гэдэг үгийн язгуур нь “эрг” юм шүү. Зарим хонь баруун, эсвэл зүүн гар тийшээ замбараагүй эргэснээсээ эргүүтдэг гэж малын эмч нар хэлдэг юм. Манай зарим нөхөд ч эргүү эргүү юм ярьдаг болсон нь уулзвараар их эргэснээсээ болоод эргүүтснийх бололтой байдаг. Ялангуяа төрийн гурван өндөрлөгийн унаа машиныг баруун зүүн гар луу нь найгүй эргүүлснээс болоод төр засаг маань юу ч болчихов, бодох л хэрэгтэй. Ингээд зөвхөн чигээрээ явна. Хүмүүс зөвхөн чиглэсэн чиглэсэндээ л хүрдэг болно. Зарим нь явсан чигээрээ л яваад өгнө, сайн л биз дээ. Түгжрээ аяндаа байхгүй болно.

Хоёр дахь тулгуурт бодлого бол нуль шинжлэх ухаан, хавтгайдаа логик. Бодомж, ойлголт, оюун дүгнэлтээр бялхсан эд. Энэ бол Беретшнайдерийн арга юм. Шинжлэх ухааны арга учраас хариулт өгөхийн өмнө асуултаа гаргадаг. Ингээд “Юу түгжрээд байна”, “Хаана түгжрээд байна”, “Хэзээ түгжрээд байна” гэсэн асуулт гарч ирнэ.

Мэдээж энд а.Машин түгжрээд байна. б.Зам дээр түжрээд байна. В.Өдөр түгжрээд байна гэсэн гурван хариулт гарна. Бретшнейдерийн зарчмыг Гиппократын зарчимтай харьцуулж тайлбарлахад амар байдаг гэж Бретшнейдэр өөрөө хэлсэн. Жишээлэхэд, Морь ханиалгаад тэр нь шийдүүштэй асуудал боллоо гэхэд Гиппократынхан бол ханиалгыг эмчлэх гэж оролдоно. Харин Бретшнайдер багш бол ханиалга байгаа учраас ханиалгаад байгаа юм биш, харин уушиг байгаа учраас ханиалгаад байгаа болохыг олж дүгнэдэг. Ингээд морины уушгийг авч хаяснаар асуудлыг уг сурвалжаар нь шийддэг номтой. Иймээс, машиныг устгах замаар түгжрэлийн асуудлыг Гиппократын арга болно. Харин замыг устгана гэвэл яалт ч үгүй Бретшнайдерийн зарчимд тулна

Харин миний бие машин, зам хоёрыг хамтад нь арилгах саналтай байгаа. Учир нь “машин байгаа учраас зам байгаа”, бас “Зам байгаа учраас машин яваад байгаа” гэдгийг олж харж чадсан. Түүнчлэн түгжрэлд тавьсан асуултын хариуд “өдөр” гэдэг хариулт гарч байгаа нь Улаанбаатарыг “шөнийн горимд шилжүүлэх” замаар хөгжүүлж болох гарц бас байгааг харууллаа л даа.

Сургуулийн хүүхдүүдийг амраах замаар замын ачааллын бууруулж байгаа нь арай дутуудуулсан санагддаг. Дээр нь төрийг бас амрааж болж байна. Хот даргагүй өчнөөн л хонолоо, УИХ хуралдахгүй зөндөөн л гацлаа. Болоод л байгаа биздээ. Иймээс оргил ачааллын үед эднийг хаагаад хаагаад, хөл сийрэхээр нээгээд явсан нь зүгээр байна.

Яг эндээс уламжлаад утааг шийдэх сэдэл гарч байгаа юм. Замын бөглөрөл жилийн турш, харин утаа өвлийнх учраас ийм хойно эрэмблэгдэж байна. Сургуулийг хаах, хотын захиргаа, төрийн ордныг хаах замаар замын бөглөрлийг багасгаж болж байгаа юм чинь. Утааны улиралд Улаанбаатарыг хаачихаж байя…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүх зохиогдсон түүх

Б.Цэнддоо Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг (ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын Түүх зохиогдсон түүх бүлгээс толилуулж байна.


ЭХЛЭЛ. ҮЛ МАРТАГДАХ ХИШИГ

ХХ зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулах санаачилга гарсан үеэс эхлээд Монголын автономийг устгах үеийн бүхий л баримт бичигт нэгэн сонирхолтой хэллэг, ойлголт тааралддаг. Манжийн сүүлчийн амбаныг хөөж явуулсан албан шаардлагад хүртэл гардаг “олон жил хүртсэн Манжийн хааны хишиг” гэсэн хүндлэл, Хятад улсын зүгээс Гадаад Монголыг нэгтгэхээр гуйсан, аргадсан, сүрдүүлсэн бүхий явуулга болон Чен Игийн “64 зүйл” бүхий төсөл, Сю Шүжангийн хүчээр устгасан автономийн тухай зарлигт хүртэл гардаг “Чингийн үеийн сайхан байдлыг сэргээх” гэсэн хэллэгүүд ямар учрыг өгүүлнэм бэ?

1919 онд автономитыг устгасан тухай баримт бичигт “урьдах Чин улсын хуулийг дахин олж…” гэж юуг хэлж байгаа юм бэ? Хөөж тууж явуулахдаа хүртэл хэрэглэдэг энэ хэллэг зүгээр нэг зулгуйдал, улс төрийн ёслолын хэллэг үү? Эсвэл монголчуудын санаа сэтгэлд гүнзгий шингэн үлдсэн сайхан цагийн дурсамж юм уу?

Гадаад Монголын эрх баригчид Манжийн “Шинэ засгийн бодлого”ыг яагаад эсэргүүцэж байв? Манжийн ноёрхлыг унагаад гарч ирсэн Хятадын Бүгд найрамдахчууд Монголыг сайн дураар болон хүчээр нэгтгэн авах оролдого бүрийдлээ байнга амлаж байсан “Чингийн үеийн хууль дүрмийг монголчуудад зориулан сэргээх” санаа ямар учиртай вэ? Энэ ойлголтод монголчуудын сэтгэлийг татах ямар хүчин зүйл байсан бэ?

Хуучин Гадаад Монголын нутагт феодалын засаглал үлдээгээд, Өвөр Монголоос урагш Бүгд найрамдах засаглал тогтоох хувилбар Бээжинд байв уу? Өнөөгийн Хонконг, Макао дээр туршин хэрэглэж байгаа, цаашдаа Тайваньд амлаж буй “Нэг хятад хоёр систем” хэмээх бодлогын анхны улбаа энд байсан уу? Эсвэл, протекрат, хараат орнууддаа өөрийн засаглалын хэлбэрийг үл тулгах нь Гадаад Монголыг нэгтгэж амжаагүйгээс үүдсэн сургамж юм уу?

Эдгээр асуулттай тулгах бүрийд өнгөрсөн үеийг шинээр харах хэрэгцээ гарч байдаг. Улмаар, өнгөрсөн үеийг “бэлэн дүгнэлтгүйгээр эргэн харах” шаардлага тулгарч байгааг мэдэрдэг. Тэр тусмаа, Манжийн үеийн Монгол орныг дайсан нөхөр болгон хуваалгүйгээр, Богд хаант Монгол Улс байгуулагдахаас эхлээд Дундад иргэн улсын Гадаад монголын Автономийг устгахыг хүртэлх үеийг ангийн тэмцэл болгон дэглэлгүйгээр хармаар санагдаж эхэлдэг.

Эргэлзэх бүрийд юу бодогддог вэ гэхээр, өнөө болтол бидний сэтгэлд ээнэгшээд, сүүлдээ салахаас хайран, буруушаахаас харам болсон тодорхойлолт хаанаас яаж гарсан бэ гэдгийг эргэцүүлэхэд хүрнэ. Улмаар, яагаад тэдгээр ойлголтууд худал хуурмаг ч гэсэн сэтгэлд дотно үлдсэнд гайхаж эхэлнэ. Заримдаа, тэр сайхан итгэл үнэмшлээ эвдэж үнэнд хүрсэнд орвол, хуурагдсан хэвээрээ үлдэх нь амар ч юм шиг болдгийн нууц хаана байна вэ гэдгийг ч эрэлхийлэхдээ тулна.

Эрэлхийлэл, эргэлзээ, гайхширал болгон маань бидний хамгийн дуртай, анх сонсож өөриймшүүлсэн тэр түүх (БНМАУын түүх) хэрхэн бүтээгдсэн нууц руу хөтөлнө. Монголын түүхийг ойлгохын тулд Монголын түүх бүтээгдсэн нэгэн үеийн түүхийг өөрийг нь ойлгох нь чухал болоод байна. Энэ түүхийг ойлгохгүйгээс болоод

НЭГ.ТҮҮХ ЗОХИОГДСОН ТҮҮХ

Орчин үеийн өрнөдийн хэв маягтай түүхээ монголчууд БНМАУын үед зохиосон юм. БНМАУ нь Зөвлөлтийн протекат бүс дэх дагуул улс бөгөөд социалист дэглэмтэй орон байсныг бид мэднэ. Ийм учраас тухайн үеийн улс төрийн тогтцыг түүхэн утгаар зөвтгөх нь БНМАУын түүх бичлэгийн үүрэг байжээ. Ийм учраас, хаанаас нь ч харсан шинжлэх ухаанч арга барилаар бичигдсэн, түүх бичлэгийн чухал шалгуур болсон эшлэл, зүүлт, тайлбартай боловч дүгнэлтээ эхэлж гаргачихаад түүндээ тааруулан баримт цуглуулсан шинж энэ үеийн түүхэнд давамгайлдаг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, Зөвлөлт маягийн түүх бичлэгийн хандлагаар өнгөрснөө харахаас өөр боломжгүй байсныг эхлээд хэлэх ёстой. Эндээс үүдээд Зөвлөлтийн тусламжаар социализм байгуулах хүртлээ монголчууд “өөдөө нарны бараа хараагүй” байдлаар түүхээ бичихэд тулсан аж.

Өөрөөр хэлбэл, Монгол нутаг Зөвлөлтийн протекрат болсон явдлыг сайшаан магтах үүрэг манай түүх бичлэгийн өмнө тулгарчээ. Тэр ч байтугай Орос-Зөвлөлтийн ард түмний хувьд Чингис хаан эзлэн түрэмгийлэгч дайсан болсон учраас монголчуудын түүхийн хамгийн бахархалт үе болох Монголын эзэнт гүрний үеийг хүртэл харлуулан дурсах хэрэгтэй болсон байна..

Монголчууд бүх нийтэд зориулсан шинэ түүхээ зохиосон түүх өөрөө сонин онцлогтой. ХХ зуунд, ардын боловсролын тогтоц бий болж, эх түүхтэйгээ системтэйгээр танилцах хөтөлбөр гарсан үе ба түүхийг тодорхой үзэл сурталд тааруулан гуйвуулах цаг хоёр давхацдаг. Монголчуудын нийтийн ой санамжид энэ үеийн түүхэн гаргалгаа дүгнэлтүүд онцгой амь бөхтэй оршсоор үлджээ. Хувь хүн амьдралынхаа анхны учралуудыг мартдаггүйн нэгэн адил үндэстэн анхны мэдээллийг сэргээн санах эрмэлзэлтэй байдаг бололтой.

Энэ үед нь Манжийн Вассал Гадаад монголын түүхийг үнэлэх өнөөгийн зарим ойлголтууд, тухайлбал эл номын гол сэдэв болсон “Манжийн дарлал”, “Манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”, “урвагч шанзав Г.Бадамдорж”, “эх орноо худалдах” гэхчлэнгийн ойлголтууд бий болжээ.

Хоёрдугаарт, социалист дэглэмийн түүхэнд хандах хандлага нь “түүх бол зөвхөн ангийн тэмцлийн түүх” гэж үзэх МарксистЛенинист чиг баримжаа байв. Хүн төрөлхтөн дарлагч, дарлагдагч гэсэн хоёр хэсэгт хуваагдан тэмцэлдсээр ирсэн ба тун саяхан тал нутагт дарлагдагч явсан тал ялаад байгаа нь өнөөгийн БНМАУ аж. Дээрх хандлага дараахь бүдүүвчийг бий болгожээ: юуны өмнө, түүхэн бүхий л үйл явцад “манай” ба “дайсны” тал байх ёстой. Манай тал дөнгөж 1921 оноос л ялж эхэлсэн тул өмнөх үеийн бүхий л хохирогч, ялагдагч талыг “манай тал” болгон зөвтгөх хэрэгтэй болсон аж. Энэ хандлага одоо ч хэвээрээ байгаа бөгөөд “…Өөрөөр хэлбэл, социализмын үеийн “Феодал ба ард түмэн” хэмээх сөрөг хоёр тал болгож төсөөлсөн судалгаанаас “эх оронч” болон “урвагч” хэмээх эсрэг тэсрэг болгосон төдий байна” гэдгийг судлаачид хэлж байна.

Гуравдугаарт, БНМАУ-ын түүхийг Ойрад, Баруун Монгол буюу Зүүнгарын өнцгөөс харж бичих явдал зонхилсон нь харагддаг. Үнэн хэрэгтээ, Манжууд нь Халхын хувьд Ойрадын Галдан бошготын түрэмгийллээс авран хамгаалагч, тэдний болзошгүй халдлагыг тогтоон баригч, улмаар Халхын зүгээс Ойрадыг хяналтдаа байлгах боломж олгосон хамсаатан нь юм. Чухам ийм учраас Гадаад Монгол дахь Манж Чин улсын Улиастайн тойргийн ерөнхий командлагч, түүний орлогч буюу Улиастайн жанжин, туслах жанжнаар их төлөв халхуудыг томилдог байлаа. Амарсанаатай нийлэн боссон Хотгойдын Чингүнжавын бослогыг бараг түүний “амидай” нэртэй, Улиастайн цэргийн тойргийн командлагч Цэрэнгийн Цэнгүнжав очин дарж байсан баримтыг бид мэддэг.

Харин Зүүнгарын хувьд манжууд өшөөт дайсан байсан юм. Халхыг байлдан эзлэх Ойрадын төлөвлөгөөнд садаа болоод зогсоогүй, өшөөт халхуудад нь тусалсан этгээд. Туслаад зогсохгүй тэдэнтэй нийлэн ойрадыг халхын хяналтад оруулаад бас зогссонгүй.

ХХ зууны Монголын хувьсгалт түүхүүд, ялангуяа Манжийн вассаль Гадаад Монголтой холбоотой хэсгүүд ойрадын өнцгөөс бичигдэх болсныг тухайн үеийн нам, төрийн тэргүүний удам, үндэстэй холбон тайлбарлаж болмоор санагддаг.

БНМАУын нам төрийн тэргүүн асан Ю.Цэдэнбал дарга нь Увс аймагт, дөрвөд ястан тариаланчмалчны гэр бүлд төрсөн хүн юм. Тэрээр өөрийн биеэр захиж зааварлан, баримт тогтоол үйлдэн байж түүх бичлэгийн ийм хандлага гаргаагүй нь лавтай. Харин түүнийг тойрон хүрээлсэн судлаачдын хандлага, нэр төр олж карьер хөөх эрмэлзэл, өөртөө судалгааны боломж нээх эрэл хайгуулын хүрээнд өөрийн эрхгүй ийм хандлага тогтсон байх боломжтой…

Categories
мэдээ цаг-үе

Уран үгсийн чуулган

Боржигон Нацагдоржийн минь үндэслэсэн Монголын орчин үеийн утга зохиолын их баяр, тэр дундаа Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойд зориулсан “Уран үгсийн чуулган” боржигоны гал голомтод болох гэж байна. Говьсүмбэр, жанжин Чойрт өнөөдөр Монголын утга зохиолын мэргэд чуулж “Уран үгсийн чуулган”, “Болор цом” наадам эхэлнэ. Одоогоос ерэн жилийн өмнө буюу 1929 оны нэгдүгээр сарын есөнд Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айл үүд хаалгаа нээж, тэр жилийн сүүлээр Сономбалжирын Буяннэмэх, Дашдоржийн Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн, Дунгарын Чимид нарын олон хүмүүний шүлэг найраг, бүтээлээс дээжлэн “Уран үгсийн чуулган” нэртэй цоморлиг хэвлэгдэж байсан түүхтэй. Харин яруу сайхны энэхүү чуулганыг монгол эх орныхоо дөрвөн зүг найман зовхист зохион явуулж ирсэн хүн нь их утга зохиолын өрлөг ижий Сономын Удвал ахайтан юм. Удвал гуайг зохиолчдын хорооны гал тогоог барьж байх үеэс л уран үгсийн чуулганы гал бадамлаж, яруу найргийн үе үеийн бурхад, утгын их мэргэд энэ л алтан титмийн дор шүлэг найргаа уншин монгол түмнийхээ оюуны мэлмийг баясгаж ирсэн байдаг.

Жаран найман оны есдүгээр сарын сүүлээр Өмнөговь аймагт “Уран үгсийн чуулган” болжээ. Энэ тухай утга зохиолын “АлтанӨд”ийн эзэн Заяатын Ядмаа зохиолчийн “Цаг цагийн цагаан дурсамж” номонд тодорхой байдаг. Түүнд өгүүлснээр “Монголын зохиолчдын анхны уран үгсийн чуулганыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар товлож, Удвал гуай олон дагуултайгаа Даланзадгад хотод морилон очив оо” гэж бий. Ядмаа ах анхны уран үгсийн чуулган гэж тодотгосон байна. Дагуул нь дандаа томчууд. “Улаан наран”, “Үүрийн туяа” романы эзэн Санжмятавын Дашдэндэв гуай, эдүгээ ерэн найман насыг насалж буй, шинэ оны босгон дээр Монголын төрөөс хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан Бөхийн Бааст гуай, за тэгээд агуу Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар байжээ. Хамгийн залуу нь гэхэд өдгөө наян таван настай, ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуай байсан гээд бодохгүй юу. Ядмаа ах тэр үед аймгийн утга зохиолын дугуйлангийн эрхлэгч хорин хэдтэй, хөлс шууруулсан нөхөр явжээ. “Зохиолчид маань Өмнөговийн Сэврэй, Ноён, Баяндалай сумдын зүг хүлгийн жолоо залахаар хөдөллөө. Би тэднийг Баяндалай сум хүртэл гаргаж өгөх болов. Тэгэхнээ би мань нөгөө мундаг Явуухулан, Пүрэвдорж, Эрдэнэ нартай суудал зэрэгцэж Удвал даргын тэргэнд суудаг байгаа. Зохиолчдыг аян замд гаргаж өгөх хүн яаж хоосон явахав. Гурван килограмм алим, гурван лонх гоёоны архи ганзагаллаа даа. Тэд маань ч үнэр авах шиг боллоо. Замдаа Гурвансайхан уулын Ёлын ам руу дөхөж явтал тэргэнд жаахан саатал гарч жолооч Чүлтэмсүрэн гэж пар пар гэсэн хижээлдүү сайхан эр тэргээ үзэж шалгах юм боллоо. Ууланд цас орчихсон хүйтэн сэрүүн байсан тул бид ч тэрэгнээс буусангүй. Нөгөө зохиолчид чинь намайг хажуунаас нудраад байна шүү. Харсан чинь ам руугаа заагаад байна. Лав л алим идэх гээгүй архи л байх гэж бодоод лацтай архи яаж шүү задалснаа ч мэдсэнгүй. Нөгөө хэддээ хундагалж өглөө. Удвал гуай өмнө суугаад байдаг. Духны хөлс чийхраад л байдаг. Гэтэл Удвал гуай эргэж ч харсангүй. “Та нар минь наадахаасаа муу Чүлтэмсүрэнд жаахан амсуулаарай л даа” гэж байна. Нөгөө хэд ч таг дуугүй, битүү тэргэнд архины үнэр танар хэцүүдээ биз” гэж наргиан наадаантай өгүүлсэн байдаг. Ингэж Говь Гурвансайханы Ёлын амны тэртээ “Уран үгсийн чуулган”ы мэргэдийг Ядмаа ах минь гоёоны архиараа дайлж явжээ. Удвал гуайн дагуулууд шүлэг найргаа уншиж, сэтгэл бадарч явсан аян замд жинхэнэ сонгодог бүтээлүүд төрсөн түүх бичигдэнэ.

Өмнөговьд болсон тэрхүү уран үгсийн чуулганы үеэр их Явуу “Тэхийн зогсоол”оо олсон байдаг. Зохиолчид Сэврэй суманд малчныд хэсэг саатахад Явуу янгирын тухай гэрийн эзнээс асууж бодлогошрон суусан тухай Пүрэвдорж гуайн ч, Эрдэнэ гуайн ч аль алиных нь тэмдэглэлд байдаг. Өмнөговийн Сэврэй сумын эгэл малчны ярианаас гол сэдвээ болгож Явуу алдарт “Тэхийн зогсоол” дуулиа өөрийн ачит эцэг анчин Бэгзийн дурсгалд зориулж бичсэн. Тэгвэл дараа жил нь буюу жаран есөн оны аравдугаар сарын дунд үеэр Баянхонгор аймагт болсон “Уран үгсийн чуулган”д Удвал дарга мөн л Дашдэндэв гуайг, төрийн шагналт Чойжилын Чимидийг, партизан Жүгдэрийн Дамдин гуайг, за тэгээд Д.Пүрэвдорж, С.Дашдооров, С.Лувсанвандан, Д.Гармаа нарын аваргуудыг дагуулаад гарч өгчээ. Хамгийн залуу нь төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа явсан байдаг. Тийн явахдаа Шинэжинст сумаас урагш Бүгийн хоолой, Ногоон цав гээд байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий газрыг үзэж, Эхийн голын бударганат говийн нэгэн айлд буужээ. Тэднийд зохиолчид үймж шуугьж байх хооронд тэмээ хариулж явсан арван зургаан настай илгээлтийн эзэн охин Сүхбат нь иржээ.

Тэрээр онгон зэрлэг хулангийн унагыг нялхад нь тэмээгээр хөөж бариад гэрийн гадаа аргамжчихсан байж. Хулангийн унаганд шанагаар сүү уулгаад зогсож байсан гэнэ. Энэ үед амьтны үр зулзага гэхээр эгдүүтэй санагдаад өхөөрдөс хүрч Нямаа ах унаганы хилэн шиг зөөлхөн хамар дээр үнсчихсэн юм гэдэг. Хөөрхөн цагаан шидмэсэн ногтон дээр нь сар гаруйхны өмнө Эрхүүд аялж явахдаа “Восточно-Сибирская правда” сонины газраас дурсгасан ойн тэмдгээ зүүгээд өгчихжээ. Баруунаа ташиж яваа нарны гэрэлд “50” гэсэн тоотой тэрхүү алтан шармал тэмдэг медаль аятай гялалзаад хөөрхөн харагдаж билээ гэж Нямаа ах минь дурсдаг сан. Энэхэн агшинд Пүрэвдорж гуайд “Сайхан хотын хөөрхөн хархүү” гэдэг мөр ургаж улмаар “Сэгс цагаан Богд” алдарт найраглал төрсөн. “Нямаа зүүж явсан тэмдгээ Сүхбатын энгэрт зүүж өгөх санаа байсан боловч биднээс жийрхээд тэр унаганы ногтон дээр зүүгээд өгчихдөг юм байна. Сайхан хотын хөөрхөн хархүү гэдгийн цаана Нямаа байгаа гэсэн үг” гэж Пүрэвдорж гуай хэлдэг. Өмнөговийн уран үгсийн чуулган “Тэхийн зогсоол”ыг, Баянхонгорынх болохоор “Сэгс цагаан Богд”-ыг төрүүлсэн байх нь. “Энэ хэдийгээ дагуулаад хөдөө гадаа яваад ирсний дараа олон сайхан бүтээл төрдөг юм” гэж Удвал гуайн зохиолчдоо магтдаг байсан нь ч аргагүй үнэн ажээ.

Мөн наян найман оны зун Баянхонгор аймагт Монголын утга зохиолын өдрүүд болоход гадаад дотоодын 30 гаруй зохиолчид гурван чиглэлд хуваагдан явж уншигчидтайгаа уулзсан байдаг. Тэр тухай Бямбажавын Хүрэлбаатар найрагчийн дурсамж дурдатгалд бий. Баацагаан суманд зохиолчид цуглаж “Хүрэн морь”ны Ч.Лхамсүрэн гуайнхаа нэрэмжит бэсрэг наадам хийжээ. Орой нь Баацагааны төвд зохиолч уншигчдын уулзалт болж байх үест Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагч Бямбажавын Хүрэлбаатарыгаа сэмхэн дагуулаад хоёул Цутгалан голд зусч байгаа садангийнх нь айлд очжээ. Мэдээж баахан дайлуулаа байлгүй. Мань хоёрыг явахад гурвын бедон шимийн архи өгсөн байна. Нөгөө айлаас холгүйхэн Бөөнцагаан нуурын хөвөөнд ирж шимийн архинаасаа хүртэж, Пүүжээгээ налж хэвтэх тэрхэн зуурт Хүрлээ найрагч

“Цахлайн сүрэг нисээд ч байгаа юм уу

Цагаан морьтой хүмүүс давхилдаад ч байгаа юм уу

Цутгалан голын эргээс зэрвэсхэн ажихуйд

Цугларсан их давалгаа нь цагаан шувууд шиг Бөөнцагаан

Амархан сайн явж ирэв үү гэж надтай мэндлэн

Аргалантынхаа уулсын хормой тулан мэлтэлзэж байна

Туг ширээ бөхөө сэрүүцүүлсэн атан тэмээд нь

Тунарсан их усныхаа сэжүүр гишгэчин зогсож байна

…Баранзад хадаг цэнхэртэн мэлтэлзэх уснаа

Байдрагийн гол цангасан адуу шиг орж ирж байна

Долгион болгоны нь дээр олон хэлийн шувуу босон сууж

Дотоод сэтгэлийн минь торгон аязыг хөглөж байна…” гэсэн нэгэн сайхан шүлгийг Пүрэвсүрэн ахдаа зориулж бичсэн байдаг. Ерэн есөн онд зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойн хүрээнд “Болор цом”-ын эздийн “Уран үгсийн чуулган” Эрдэнэт, Дарханд болж Улаанбаатарт өндөрлөж билээ. Таван минутын шүлгийн уралдаан цомын эздийн дунд болж “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимэддорж найрагч

“Чойном шүлэгтэйгээ монгол заяа

Чойбалсан хөшөөтэйгөө монгол заяа

Чимэддорж адуутайгаа монгол заяа

Чингис хаан дэлхийтэйгээ монгол заяа” гэж уншин Дарханы уралдааны тэргүүн шагналыг авч байлаа.

Утга зохиолын нялх жулдрай миний бие 2002 оны хавар Утга зохиолын сургуулийн хоёрдугаар ангийн товарищ Хөтөлд болсон “Уран үгсийн чуулган”д “Болор цом”ын эзэдтэй хамт оролцох хувь тохиосон. Найман “Болор цом”ын эзнийг Хөтөл хот урьжээ. Яг явахынх нь урдхан их Пүрэвдорж амжихаа байж л дээ. Ингээд нэг муу оюутныг оронд нь аваад явсан нь өчүүхэн надад оногдсон алтан хувь заяа байлаа. Тавдугаар сарын хаврын зөөлөн бороотой тэр өдөр найзууд минь намайг галт тэрэгний зогсоолоос үдэж гаргасан. “Явуу, Эрдэнэ, Чойжилын Чимидтэй нэг машинд явааг минь энэ хүмүүс хардаг ч болоосой гэж бодон цонхоо үе үе нээж явлаа” гэж Сүрэнжав гуайн дурдатгалд байдаг шиг Дөнгөтийн Цоодол, Тангадын Галсан, Цэндийн Чимиддорж, Дамбын Төрбат, Цоодолын Хулан, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Баярхүүгийн Ичинхорлоо нартай намайг явааг энэ хүмүүс харж байгаа болов уу гэж бодож явсан сан хөөрхий минь. Дарханд вагон хоёр цаг зогсоход Төрөө, Чимээ, гурван бүсгүй найрагч цугаар бууж хаврын тунгалаг сарны дор дуулалдан бүжиж байсан даа. Хөтөлд болсон “Уран үгсийн чуулган”ы яруу сайхан одоо хэр нь сэтгэлээс гардаггүй. Чимээ ах минь “Малчин”, “Майга”, “Цагаан зээр”ээ омог төгөлдөр уншиж байсан нь одоо чиг нүдэнд харагдаж байна. Ичин, Мөөжиг, Хуланг залуучууд хэд ч дахиулж, ёстой нэг сэтгэлийн цэнгэл гээчийг эдэлсэн гэж санана. Ичинхорлоо “Жаргалын найман морины хатираанд жигүүрээ дэлгэсэн эр бор харцага

Жаргалтайн дэлгэрийн уран нугалаанд хар гунигаа задалсан эр бор харцага

…Гучин гурван шаргын жороонд нь дуртай эр бор харцага

Гурван хөх мөрний атираанд нь хайртай эр бор харцага

Цэггүй өндөрт гарлаа чиг үүрэндээ эргэдэг эр бор харцага

Чиггүй холд одлоо чиг нутагтаа хоргоддог эр бор харцага

Дутуу дуулж болдоггүй ардын дууны эр бор харцага

Дундуур хайрлаж болдоггүй амин зүрхний эр бор харцага”, “Арвайн шар зам”-аа уншаад л, Хулан хатагтай “Сайрхах юм даанч биш дээ, санчигандаа бууралтай эр хүнд би хайртай” гэдэг ч юм уу, эс бөгөөс

“Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй

Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй

Инээд алдан өөдөөс чинь харах минь давтагдахгүй

Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй ээ

Хайрлах юм бол одоо л намайг хайрла

Хар үсний минь долгионд хөл алдаж

Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж

Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогсоо…” гээд залуусын зүрхийг оргилуулсан юм даг. Мөөжиг найрагчийн “Дагуулахдаа л дагуулна”, “Битгий урваарай миний хүү”, “Чамаас олсон эх орон” шүлгүүд уншигдах нь мэдээж.

“…Сайхан ижий минь намайгаа үүрч алхахад

Салхи чинь хүртэл хүнддэнэ гэж хийсч одсон

Ижийнхээ нурууг амрааж хөлд орохын цагт минь

Ивж ургасан өвс нь налж сөгдсөн эх орон минь

Ижийгээн би чамаас олсон

Гуниггүй залуу насаа би чамаас олсон

Гайхуулж бас гайхаж үрсэн он жилүүдийг чинь

Үсээ задалж, бүсээ тайлж сарыг чинь өвөртөлж хоноход

Өрөвдсөн байлгүй үүрээр зугтсан байсан

…Сайхан амрагаан бас чамаас олсон

Сартай шөнөөр хань хийж, салхиар чинь хүртэл гоёж үзсэн

Хилээн мануулах гэж төрүүлсэн олон эрсийн чинь

Хичнээнийг нь би шүлгээр уярааж өөрийгөө манууллаа

Булгилсан зүрхийг минь шалгах гэж

Бусдын амрагийг үзүүлэн тохуурхаж

Булаалдаж эрхлүүлсэн эх орон минь

Сайхан амрагаан би чамаас олсон….” гээд хачин тунгалаг шүлгүүдээ уншсан сан. Ингэж би уран үгсийн чуулганы ялдам яруухан эгшгэнд сэтгэл зүрхээ алдаж, зөөлөн цагаан бороонд налмайтал норсон юм даа.

Их Удвал ахайтнаас хойш Монголын яруу найргийн бурхдыг даргалах хувь ерөөл Мөнхцэцэг найрагчид оногдсон билээ. Тэрээр зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал байхдаа Пунцагийн Бадарч найрагчийн хэлснээр хэдэн хөгшин өвгөн дагуулаад Уран үгсийн чуулганаа хийж байсан. Удвал даргын дагуулууд гэдэг шиг Мөөжигийн дагуулаад гэвэл Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Дамдинсүрэнгийн Урианхай нар байж таарна. Тэр жил Дарханд “Болор цом” болоход мөн л Уран үгсийн чуулган утга төгөлдөр болсон. Сэрүүн тунгалаг байгаа ардын уран зохиолчид Лодонгийн Түдэв гуайгаас бусад нь очсон байж билээ.

Хаянхярваа гишүүний хишгийг ардын зохиолчид ч, “Болор цом”ын эзэд ч хүртэж л байсан. Бааст гуай бэлэгнийхээ гоёмсог куртикийг өмсөөд “Хөгшин би хойд мөсөн далайд очсон ч даарахааргүй боллоо” хэмээн олны инээдийг хүргэж байсан. Дарханы төвд мөн ойрхон сумдууд руу зохиолчид хуваагдан очиж шүлгээ уншив.Цоодол багш, Дулмаа гуай, Үржингийн Хүрэлбаатар доктор, Хулан найрагч бид Хонгор суманд очсон юм. Уулзалтын дараа ресторанд хоол идсэн. Тэр үед “Хонгорын хордлого” гэж ид яригддаг байлаа. “Хонгор чинь жигтэйхэн сайхан хоолтой газар байна” гэж Цоодол багш ёжтой нь аргагүй хэлж байлаа. Дарханы уран үгсийн чуулганд өмнөх жилийнх нь цомын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар “Сэргэн мандлын сар”, “Түрэг охин” гээд тансаг шүлгүүдээ уншиж байсан санагдана.

Өвөрхангайн уран үгсийн чуулганы үеэр буурал Бадарч найрагч маань Ичинхорлоогоо “Хулсан ташуур” гээд зарлачихлаа. Дэндэвийн Пүрэвдоржийнх нь хайрласан нэр. “Та намайг хулсан ташуур гээд байхдаа яахав дээ. Арай өөр ардын дууны нэр олдохгүй нь уу. Би ямар хөх ч байхгүй, бөгс ч байхгүй урт гонзгой ташуур шиг хүн үү” гэж гомдоллоход Пүрэвдорж гуай “Тэгвэл талд унасан жавар гэж нэрлэе. Өөр нэр чамд зохихгүй” гээд хулсан ташууртайгаа үлдсэн юм гэдэг. Энэхүү дурсамжаа хэлээд Ичин найрагч нутгийнхаа тэнгэр дор

“Догшин хэмнэл, галзуу хурд, чөлөөт нисэлтийг би шүтдэг

Догдлон уйлагч, хүсэн тэмүүлэгч, зүтгэн дурлагч билээ би

Уудам цээлийн хүрэн бүргэд, говийн шуурганд атаархагч би

Уйтгарлан суугч, бардамнан гайхуулагч, халуун сэтгэлтэн юм аа…” хэмээн бадрангуй уншиж билээ. Лхагвасүрэн гуай дөнгөж шинэхэн гарсан “Зовсон сүү” номынхоо шүлгүүдээс, Галсансүх найрагч “Бурханд хэлэх зөвлөгөө” тэргүүт пост панк шүлгүүдээ, Эрдэнэ-Очир ах минь хайрын намуун эрхэмсэг шүлгүүдээ уншаад хичнээн сайхан байв даа. Өвөрхангайн дараа жил их Нацагдоржийг, их утга зохиолын бурхдыг төрүүлсэн Төв аймагт “Уран үгсийн чуулган” болсон. Утгын мэргэд чуулсан эл өдрүүдэд Төв аймгийн зохиолчдын ордны шав тавих ёслолд Сүрэнжав, Цоодол, Бадарч, Дулмаа нарын ардын зохиолчидтой хамт оролцож байсан минь түүх болон үлдэж дээ. Төв аймгийн уран үгсийн чуулганыг Бадарч ах, соёлын гавьяат нэвтрүүлэгч Ж.Бямбаа нар хөтөлж явуулсан. Буурал найрагч тайзан дээр Бямбаагаа хайгаад л. Хөшигний наана цаагуур зөрөөд. “Би энэ Бямбааг насаараа хайж байгаа хүн юм” гэж бас л үзэгчдийг хөгжөөгөөд авсан. Энэ үед Ичинхорлоо “Салхин сүнст” шүлгээ уншихад шог зохиолч Ишдоржийн Цэрэнжамц “Та нар Ичинхорлоог яагаад ч барахгүй. Энэ ямар агуу шүлэг вэ” гэж бүр нэг чин зүрхнээсээ хэлсэн нь санаанд тод байна.

Уран үгсийн чуулган ийм л яриа хөөрөөн дунд тансаг болдог. Мөнхцэцэг найрагчийн төрсөн нутаг Хатанбулагт тэр намар мөн л уран үгсийн чуулганыг хийсэн. Их говийн цагаан өвчүү Эргэлийн зоон дээр, эрийн хийморь бадраасан Сулинхээрийн заставт шүлгээ уншиж байлаа. “Мөнхцэцэгийг түрүүлэх жил цом өгөөгүй юм билээ. Монголын зохиолчдын эвлэл төрсөн нутагт нь цомыг нь нөхөж өгч байна” гэж Хайдавын Чилаажав найрагч хэлээд “Болор цом” гардуулсан. Мөөжигийнхөө болор цомыг Есүй хатны шүншигтэй Хатны булгийнх нь аршаанаар дүүргэж Урианхай, Галсан, Баяржаргал гээд цомын эзэн найрагчид дамжуулан хүртэж байсан говийн намар бас л мартагддаггүй. Боржгины гал голомт Говьсүмбэрт “Уран үгсийн чуулган” болохын үүдэл болгож энэхүү бичил тэмдэглэлийг тэрлэлээ. Яруу найргийн бадамласан оргилууд Монголын их утга зохиолд цагийн цагт төрж, ард түмнээ яруусган цэнгүүлэх болтугай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жагсаал, цуглаан тоолох арга

-ФЕЛЬЕТОН-

Эдийн засаг, амьжиргаа хоёр дээшлэх эсэх нь балархай ч долларын ханш, жагсаал хоёр өсөх нь тодорхой байна. Долларын ханшийг унаж байгаа төгрөгтэйгөө харьцуулаад амархаан тооцоолж болно. Гэтэл жагсаалын чанарыг хэмжих нэгжгүйгээс болоод статистик нь будилж байна.

Монголчууд үзэл санааны эрх чөлөөг хэнтэй ч үзэл санаа нэгдэхгүй байх явдал гэж үзэх тул жагсаал болгон өөрийн гэсэн эсэргүүцэгчтэй. Үлдсэн хэсэг нь жагсагчдыг дэмждэг гэвэл бас худлаа. Харин “жагсаал эсэргүүцэгчид”-тэй санал нэгдэхгүй байгаа хүмүүс “жагсаалыг дэмжигчид” болж хувирна.

Ер нь монгол хүнийг дэмжиж байгаа юмаар нь бус, харин эсэргүүцэж байгаа юмаар нь хэний тал болохыг тодорхойлж болдог. Жишээ нь, “ЖДҮ луйвар”-ыг эсэргүүцэж байгаа бол “60 тэрбумын авлига”-ын талынх болно. Эсрэгээрээ, “60 тэрбум”-ыг шүүмжилж харагдвал “ЖДҮ-чин”-ий ард тал байх жишээний. Харин хоёуланг нь буруушааж байгаа бол яалтгүй “хужаа” болоод явчих маягтай.

Монголын улс төрийн намуудыг ч гэсэн энэ утгаар нь ойлговол зохимжтой. АН-ыг эсэргүүцдэг хүмүүс МАН-ыг дагаж, МАН-ыг тэвчдэггүй иргэд АН болсон гэж үзэлтэй. Түүнчлэн МАН, АН хоёуланд нь дургүй байгаа байх нь мөн л хужаа болох аюул дагуулна. Аль ч намын гишүүдийн зорилго бол өөрийн намаа хөгжүүлэх биш, өрөөлийн намыг хөгжүүлэхгүй байлгах явдал авай.

Бас хятадыг үзэн ядаж байгаа хүнийг Монголдоо хайртай гэж үздэг. Ингээд харахаар, монголчууд улс болсны зорилго нь Монгол орныг сайхан байлгах гэхээсээ хятадуудыг муухай байлгах явдал ч юм уу, хаашаа юм бэ?

Дэлхий дахинд хүмүүс ямар нэгэн юмыг дэмжиж нэгддэг бол манайд юухан хээхнийг эсэргүүцэж хамтарна. Америкчууд л гэхэд дэл сул мөнгө шиншилж явдаг бол монголчууд эсэргүүцчихмээр юухан хээхэн хайж явах байдалтай. Янкууд шиншилж олсон дэл сул мөнгөө дорхон нь эргэлдүүлээд бизнес, аягүйтвэл үндэсний баялаг болгож хувиргана. Харин манайхан өлгөж аваад эсэргүүцчихмээр юухан хээхнээ додомдож өсгөөд иргэний хөдөлгөөн, сүрт жагсаал, ихээхэн дургүй хүргэвэл үндэсний нам болтол нь хөгжүүлж мэднэ…

Ингээд гол асуудалдаа оръё. Жагсаал цуглаан зөв тоолохыг ярьж эхлээд энэ хүртэл хадуурсан байна. Жагсагчид ирсэн хүмүүсийн тоог “зүрхийг нь үхтэл дээш шиддэг” бол эсэргүүцэгчид нь жагсагчдынхаа тоог “хүрэл зүрх ч хайлмаар” хорогдуулна. Зохион байгуулагчид ч тэдний хасах хүний тоог бодолцож, оролцогчдынхоо тоог хэд нугалан нэмэхгүй бол оргүй болчих аюултай.

Сая л гэхэд жагсагч тал “30 мянган хүн оролцсон сүрт жагсаал боллоо” гэж мэдээлж байхад сөргөлдөгч тал “Гуравхан мянгахан хүнтэй цуглаан боллоо” гэж унтраах жишээний. Зөрүү нь социализмын үеийн статистикаас ч фантаазтай болсон. БНМАУ-ын мал сүргийн тоо, төлөвлөгөө биелүүлсэн хэмжээг хоёроос дээш нугалдаггүй байсан юм. Нэг таван жилд 10 жилийн ажил хийсэн гавшгайч төрж байснаас биш 100 жилийн ажил хийсэн ударник огт дуулдаагүй. Хэрвээ хүсвэл 25 сая малаа 250 сая болгон мэдээлж чадах л байсан. Тэгээгүйг бодоход, ямар ч тоололд дүрэм хэрэгтэй нь мэдэгдээд байна.

Угаасаа Монгол Улсын малын тоо хэзээ ч зөв гарч байгаагүйн нэгэн адил монгол жагсаалд оролцогчдын тоо бодитой гарч байсан удаагүй. Ер нь бол, монголчууд малаа ч тоолж чаддаггүй, өөрсдийгөө ч тоолж бардаггүй улс гэж ойлгогдохоор.

Эрт урьд цагт татвараас зугтаах, амины малд тогтоосон хязгаарыг давуулахгүй байх үүднээс мал тооллогыг үргэлж будлиантуулж иржээ. Социализмын үед малчид амины малынхаа тоог тултал дарах боловч сум, аймгийн удирдлага “мал өсгөх төлөвлөгөөг давуулсан” гэж рапортлохын тулд нэгдлийн сүргийн тоог өсгөж мэдээлнэ. Аль нь үнэн болохыг нам засаг бурхан хоёрын хэн нь ч мэдэлгүй өнгөрч байж. Одоо бол малын хөлийн татвараас зайлсхийхийн тулд зориуд хасч, ХААН банкны зээлийн барьцаанд тавихын тулд санаатай нэмж байгаа гэх. Монголын мал яг хэд байгааг статистикийн хороо, бурхан хоёр ч үл гадарлана. Бурханд ч хоёр янзын тоо байгаа, өөрийнх нь харсан болон баяжихыг хүсэгчийн залбиралдаа оруулсан гэж.

Харин өнөөдөр юуны ч тоог үнэнээр нь гаргах техник, технологийн боломжтой болсон нь биднийг мухардуулж байна. Ер нь жагсагчдын тоог зөв гаргах гээд байгаа ч юм биш, зүгээр л дүрэмтэй тоглох гээд байгаа юм. Угаасаа бодит тоо жагсагчдад ч, тэднийг эсэргүүцэгчдэд ч хэрэг байхгүй. Нэг нь хасч мэдээлэх сонирхолтой, нөгөөх нь нэмж тайлагнах бодлоготой тул.

Ямар ч байсан жагсаалд оролцогчдын толгойг тоолж болохгүй, тэгвэл талуудын хүсээгүй цифр гарна. Иймээс хөлийг нь тоолж болж байна. Гэхдээ мал шиг дөрөв дахин өсөхгүй болохоор хэрэг алга.

Саваагүй зарим нь мөөм тоолох санаачилга гаргаж байгаа ч нэгдүгээрт, Хууль зүйн Яамны эротикийн Зөвлөлийг давахгүй, хоёрдугаарт бараг зэрэгцэж гарсан харчуулын “өндөг”-ийг тоолох санал няцаагдсан, гуравдугаарт үнээнийх шиг дөрвөөр үржигдэхгүй болохоор нэмэр бага.

Энүүнд орвол, жирэмсэн эмэгтэйг хоёр хүнээр тоолох, таягийг 0.5 хүн гэж үзэх нь хамаагүй бодитой.

Хашир туршлагатай жагсаалчид, ирсэн хүмүүсийн үсийг тоолох санал гаргасан нь ихээхэн сонирхолтой. Эсэргүүцэгчид зөнгөөрөө “халзан хүнийг яах вэ” гэсэн сөрөг санал гаргаж байгаа ч гэсэн. Гэвч жагсагчдын үсний тоо БНХАУ-ын хүн амын тоотой ойролцоо гарчихвал хужаа жагсаал болчих вий гэсэн айдсаас болоод энэ санал буцлаа.

Түүнчлэн жагсаалд ирсэн өрхийн тэргүүний гэр бүлийн гишүүдийг нэмж тоолох, хөдөөнөөс ирэгсдийн амины малыг жагсаалд нэмэх гэхчлэнгийн бодитой санал ч их байна. Уламжлалт аргаараа богийн толгойд шилжүүлж, нэг тэмээг таван хонь, үхрийг гурван ямаа гэхчлэн хувиргаж тооцоолно гэдгийг ч хэлж байна. Уламжлалаа хөгжүүлээд том хүнийг ч гэсэн хүүхдийн толгойд шилжүүлж, насанд хүрсэн эмэгтэйг хоёр хүүхэд, эрэгтэйг гурван хүүхэд болгон тоолж болох мэт. Мөн илүүдэл жинтэй улсыг ч гэсэн зохих хүснэгтээр үржүүлж болмоор. Жишээ нь, илүүдэл жингийн 10 кг тутмыг нэг “хүүхдийн толгой”-д тоолж болох мэт.

Эцэст нь жагсагчдын хурууг тоолох санал овоо дэмжлэг авч байна. Хөл гарын хуруу нийлээд нэг хүнийг 20 болгож байгаа нь ихээхэн ирээдүйтэй юм.

Гэтэл ерөөсөө хүн ирэхгүй бол яах вэ гэсэн золигийн эргэлзээ гарч байна. Ямар ч үед хэрэглэдэг суурь тоо аваад түүнийгээ хөдөлшгүй аксиом болгоод явсан нь дээр шиг. Угаасаа ямар нэгэн тоо байж л түүнийгээ хоёроор ч юм уу, 20-иор үржүүлнэ биз дээ.

Огт хүн ирээгүй бол 1000 хүн гэдэг ч юм уу, 3000 гэсэндээ яах вэ. Ингэвэл жагсах асуудал их хөнгөвчлөгдөнө. Ганцаараа ирж нэг хашгирчихаад “Бидний 3000 хүн ингэж үзэж байна” гээд өргөх бичгээ барин ордон руу эгнээгээрээ алхаж болж байна. Ганцаараа ярьчихаад “1000 хүнтэй санал хуваалцаж дэмжлэг авлаа. Хангалттай биш гэж үү” хэмээн маргаж болно. Суурь тоо ийм хэрэгтэй байдаг байхгүй юу.

Зарим хүн талбайн захад карт уншигч тавиад автобусны картыг умшуулж бүртгэх санаа хэлжээ. Хүн тутмаас хураагдсан 500 төгрөгийг хэн нь авахав гэдэг дээрээ хагараад нэг жагсаал биш, бие биенээ эсэргүүцсэн хоёр цуглаан болох аюул дагуулах санал. Гэтэл “дотроо хоёр дэд хэсэгтэй жагсаал болвол харин ч сүртэй байх юм биш үү” гэх хүн ч гарч байх юм.

Мал тоолдог шиг дундуураа гүйлгээд толгой руу нь шилбүүрээр тоншин тоолсон ч болж байна. Билет тасалсан ч хамаа алга. Дэс дараагаар тоолуулахнаа ч яахав. Тоолох бол амархан.

Хамгийн гол нь зөв тоо хэнд хэрэгтэй юм бэ гэдэг л байна. Бидэнд хүссэн тоо маань л хэрэгтэй байгаа болохоос бодитой тооны хэрэг алга. Асуудал энд л байна…

2019 оны нэгдүгээр сарын 2. N 47°54’. E 106°54’

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Х.Баттулга чинь М.Энхболдын захиалгаар “аманд гарсан хүүхэд” болж хувирав уу даа?

Хэдхэн хоногийн өмнө эрх баригч Монгол ардын намын бага хурал болж өнгөрсөн.

Уг хурлаас итгэл алдарсан ард түмэн сүүлчийнхээ горьдлогыг тавьж бага ч гэсэн юм хүлээсэн. Монголын төр гацаанаасаа гарах байх гэж найдсан. Гэвч эрх баригч намын удирдлагууд төрт ёсоо аанай л доромжилдгоороо доромжилж, хаалга үүдээ хангинатал түгжиж аваад өдөржин шөнөжин хэрэлдэцгээв. Үнэхээр Монголын төр, Монголын ард түмний хувь заяаг юман чинээ боддоггүйг ерэн жилийн түүхтэй намын энэ цагийн өнгөн дээр байгаа нөхөд харуулсаар байгаа. Харин энэхүү хурлын үеэр үнэнч шударгын охь манлай, Монголыг аврах залуучуудын төгс төгөлдөр нь гэгдэх Л.ОюунЭрдэнийн М.Энхболдод хандаж хэлсэн үг анхаарал татсан.

Тэрээр хоолойныхоо өнгө донжийг тааруулж, өргөлт суултыг нь тохируулж, танхимд суугаа нөхдийн анхаарлыг татаж байгаад пастер хоолойгоор үгээ хэлнэ билээ. Мэдээж бэлтгэлтэйгээр өнөө Энхболдынхоо улаан нүүр рүү нь харж байгаад ийн хэлсэн. “М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Тэр зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиал штаб энэ тэр гээд нэлээн юм ярьж байгаа. Бадамжунайг Сингапур руу авчирч, өөрөө ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. ОюунЭрдэнийн энэ үг хэвлэл мэдээллээр дорхноо түгсэн. Цахим орчинд шууд л цацагдаад явчихсан.

Түүний хэлж буйгаар Х.Баттулга Ерөнхийлөгч маань М.Энхболдын өөртэйгөө өрсөлдүүлэх гэж захиалсан хүн нь болж таарав уу. Монгол бөхөөр бол аваргуудын аманд гарсан хүүхэд болж хувирлаа. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийнхээ өмнө эрх баригч Ардын намын дарга байсан. Мөн Улсын Их хурлын дарга байсан. Энэ том дарга амны хүүхэд болгож одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг захиалсан байх нь. Тэр жил Жигжидийн Мөнхбат аваргыг аманд гарсан цэрэг хүү нэгийн даваанд хаячихаад бөөн дуулиан дэгдээж билээ. Монгол төрийн наадмын зүүний магнай их аварга амныхаа хүүд унана гэдэг дуулиан шуугиан болохоос яахав. Мөөеө аваргатай дүлий цэрэг таарчихаж гэсэн яриа хөөрөө ч гарч байсан юмдаг.

Түүн шиг Баттулга Ерөнхийлөгч минь та “аманд гарсан хүүхэд” гэдгээ мэдэхгүй “аварга”ыг хаячихаад өнөөдрийн энэ их хэрүүл, тэмцлийн үндэс суурь нь болоод байгаа юм биш үү. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нэр дэвшигчээ сунгаагаар тодруулж, эцсийн дүнг оноолтын системээр гаргасан. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХын гишүүн асан Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, “Буян”гийн Жагаа нарын зургаан хүн өрсөлдсөн. Монгол Улсын хорин нэгэн аймаг, бүх сум дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдийн хамгийн олон саналыг авсан Х.Баттулга 2740.94 оноогоор тэргүүлж, 2374.85 оноогоор Р.Амаржаргал удаалж байсан. Ингэж Баттулгыг Ардчилсан нам нийт гишүүдийнхээ санал дээр үндэслэсэн оноолтын системээр тодруулж байсан. Оноолтын системийн аргачлал хамгийн бодитой. АНУ ч сонгуулиа ийм аргачлалаар явуулдаг гээд л Ардчилсан намын зүгээс тухайн үедээ мэдэгдэж байсан.

М.Энхболд Х.Баттулгыг өөрөө захиалж, амалж авсныг бодоход Ардчилсан намын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн их сунгаа зүгээр жүжиг болж таарах нь ээ. Үндсэндээ АНын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн, сунгаа явуулсан, их хурлаараа хэлэлцэн баталсан зэрэг нь хий хоосон жүжиг байсан гэж үү. Нэгэнт л “аварга” нь “амны хүүхэд”-ээ өөрөө захиалж, хүч сорих байсан юм бол Ардчилсан намын гишүүдийн итгэл үнэмшлээр ингэж наадах хэрэг байсан уу гэх асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Үнэндээ яаж жүжиглэхээрээ, ард түмэн, сонгогч олноо доромжлохоороо ингэдэг байна даа гэж эрхгүй гайхах юм. Баттулга ч гэж Баттулга. Аваргын аманд гарсан гэдгээ хэлчихгүй. Ард түмэн ч гэж ард түмэн. Аманд гарсан хүүхдийг Ерөнхийлөгчөөрөө сонгож л байдаг.

Энэ бүхэнд одоо Монгол Улсын Ерөнхийлөгч хариу өгөх цаг нь болжээ. Эрх баригч Ардын намын дарга Энхболд таныг үнэхээр амалж авсан юм уу. ОюунЭрдэнийн хэлээд байгаа шиг Бадамжунайг Сингапур явуулж, таныг авчруулан ялаас мултлан өршөөсөн юм уу. Энэ бүхнийг ард түмэндээ хэлж нийгмийн хүлээлтэд хариу өгмөөр байна. Х.Баттулга Ерөнхийлөгч таныг М.Энхболд амлаж авсан энэ учрааг ОюунЭрдэнэ МАНАН гэж өнөө гоё хоолойгоороо намынхаа хурал дээр зарлан тунхагласан. Тэгэхээр та өөрөө МАНАНгийн хүн болж хувирлаа. Та юм л болбол “30 гэр бүл”, “МАНАН” гэж хамгийн их ярих дуртай. Гэтэл өөрөө гол дунд нь цохиж явна. Х.Баттулгын хамгийн ойрын хүн Зам тээврийн сайд асан, Үндэсний аюулгүй байдлынзөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх манай Д.Мөнгөндалайд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед Баттулга хилийн хориотой гадаад явах боломжгүй байсан. Риогийн олимпт явахдаа прокуророос зөвшөөрөл авч явж байсан. АНын сунгаанд өрсөлдөж байж Ерөнхийлөгчид дэвших эрхээ олж авсан. Орон даяар явагдсан АНын гишүүдийн сунгаанд М.Энхболд нөлөөлөх ямар ч боломжгүй” гэж хэлсэн байна лээ.

М.Энхболд ч намын бага хурлынхаа маргааш төрийн ордонд мэдэгдэл хийхдээ “Т.Бадамжунайг Сингапур явуулж Х.Баттулгатай уулзуулж байсан удаа байхгүй” гэж хэлсэн. Гэхдээ баттай үнэнийг Ерөнхийлөгчөөс өөрөөс нь, өөрийнх нь амаар сонсмоор байна.Ер нь сүүлийн үед Ерөнхийлөгч чив чимээгүй болчихоод, нугдайж нуугдчихаад байгаа. “Их хурал гацчихсан, эрх баригч Ардын нам хоёр хуваагдчихсан энэ үед Ерөнхийлөгч яагаад чимээгүй болчихов. Хүрэлсүхийн ард Ерөнхийлөгч байгаа биз дээ” гэж яриа хаа сайгүй тарж байгаа. Тэгтэл Монгол төрийн тэргүүн маань “амны хүүхэд” болж хувирдаг байна. Цаашид юу болохыг ч таашгүй нь. Өнөө олон ангит кино дахиад үзнээ гээд доогтойхон мушилзах гэдэг шиг. Тэгэхээр төрийн тэргүүн одоо л олны өмнө ил гарч үгээ хэлэх цаг нь мөн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх

ЭХЛЭЛ. ЖАРГАЛ ХААЧИВ?

Энэ хорвоод хэн жаргалтай вэ? Тэд нар л жаргацан харагдаад байхаас энэ хавьд нэг их жаргааад цэнгээд байгаа юм барагтайхан. Бодоод байхад дээр үед жаргаж байсан ч юм шиг, сайн мэрийвэл ирээдүйд нэг жаргаж болох ч юм шиг төсөөлөгдөнө. Одоогийн жаргал нэг л гарт баригдаж өгөхгүй, амьдралын түг түмэн проблем дотор манантан алдрах бөлгөө. Хүүхэд насаа эргэн бодоход жаргалтай боловч яг хүүхэд байхдаа “Өөртөө сэтгэл хангалуун байсан уу” гээд өөрөөсөө асуухаар их ондоо хариу гарна. Хэзээ дуусах нь бүү мэд 10 жилийн чилийсэн сургалт, багш нарын дарамт, гэрийн даалгавар гэж нэг бөөн лай, эцэг, эх хүссэн мөнгө өгөхгүйн гачлан, биеэр жижгийн зовлон, том хүүхдүүдийн дээрэлхэлт, бушуухан том болоод авбал л нэг хамаг юм шийдэгдээд өгөх аятай төсөөлөгдөнө. Том болоодохсон чинь, хүссэн юм хүнийх байхаас эхлээд аятайхан хань ижил олох ажил гарна, хүсэл хүслээрээ байхдаа сайхан боловч хүзүүгээр татаад ирэхээрээ биш болоод явчихна.

Хүн байна даа, ядахнаа унадаг дугуй авчмаар байдаг. Дугуй авсан чинь “Хүмүүс ядаж мотоцикль унаж байхад ингэж ч явах гэж дээ” гэсэн шүү юм бодогдоно. Энэ үзэгдэл жижиг тэрэгтэй, жийптэй, амины онгоцтой уурхайтай болсон хойно ч үргэлжилж, “Жаргахад нэг л жаахан юм дутагдсаар” байх ажгуу. Ийм зовлонгоос салсан хүн байгаа бол, сайн хэрэг. Үнэндээ бол орчлонгийн хүрдэнд эргэлдэж төрсөн хэвийн эрүүл хүнд энэ үзэгдэл ямар нэгэн хэмжээгээр байх ба Будда түүнийг “хүсэхийн зовлон” гэж нэрлээд энэ түүнээс холдохын хэрээр жаргалд ойртох тухай сургажээ. Будда Шагжамунь бээр бид бүхэнд байдаг жаргах, жаргалдаа хүрэх эрмэлзлийг үнэлээд, хүн бүхэн үндэс угсаа, хөрөнгө чинээнээс үл хамааран аз жаргалдаа буюу гэгээрэлд хүрэх тэгш боломж, эрхтэй болохыг 2500 жилийн өмнө тунхаглан хэлж өгчээ. Буддагийнхаар бол хүн угаасаа л жаргах гэж төрдөг боловч жинхэнэ аз жаргалаа олж хардаггүй, бас өөрөө жаргахын тулд өөр шигээ жаргахыг хүссэн бусдад үгүйдээ л садаа хийж явдаг, ингэснээрээ өөрийн аз жаргалыг сүйтгэх төдийгүй харин ч ирээдүйдээ зовох шалтгаан бүрдүүлдгийг хэлээд “Хамаг амьтан жаргаж байг, жаргах хэрээрээ сайн үйл бүтээж, дараа дараагийнхаа жаргалангийн үрийг тарьж байг” хэмээн ерөөсөн билээ. Энэ ерөөлийн уламжлалт орчуулга нь “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах болтугай” бөлгөө.

НЭГ. ДЭМЖЛЭГ БОЛ БАСАМЖЛАЛ

Манай зарим бүсгүйчүүд аз жаргалтай байхад жээндэрийн асуудал нэлээд дутагдаад байгаа бололтой. Энийгээ өөрсдийн хүслээ биелүүлэх гэхээсээ илүү “Ардаа жаргаахад эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа” гэсэн утгаар ухуулж байна. Ер нь сэтгэл судлаачдын яриагаар бол нялх хүүхэд, галзуу хүн хоёр л үнэнээ шууд ярьдаг юм гэсэн. Энэ ч яахав. Хүүхнүүд жаргалтай амьдралынхаа төлөө тэмцэх эрхтэй ба тэднийгээ жаргах гэж байхад нь бид ч садаа болох учиргүй. Болтугай. Тэд тухайн намаас нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь гэргий нар байх учиртай гэсэн хуулийн төсөл өргөн барьсан билээ. 30-аас доошгүй байна уу, дээшгүй байна уу, надад ямар хамаа. Гэхдээ 30 болгоод харахад тэр бүгдээрээ сонгогдоод гараад ирлээ гэхэд бас л жээндэр шийдэгдээгүй байна. Учир нь цаана нь эрчүүд 70 хувийг эзэлнэ. Ийм тэгш эрх гэж ямар юм байх билээ, 50:50 болгохоос нааш санаа амармааргүй юм болно. Ер нь эмэгтэйчүүд нь парламентын нийт гишүүний 70 хувийг эзэлж байвал л сая жээндэрлэг болох дараагийн дүр зураг харагдана. Энэ хүсэл биелэх боломжгүй шигээ тулах хязгаар байхгүй.

Уул нь тэгш эрхийн төлөө хөнгөлөлт гэж байдаггүй. Аливаа хөнгөлөлт, нийгмээс олгогдсон илүү боломжийн цаана “хүч чадлаар дорд үзэх” санаа нэвт байдаг. Аливаа хөнгөлөлт нь түүний дутуу дулимагийг бататгасан албан ёсны сертификат болдог. Өндөр настанд, ядууст тэтгэмж олгодог нь “Эд бол бусад шигээ амьдрах чадваргүй” гэсэн нийгмийн үнэлгээ л шүү дээ. Хоёр хүн зодоон хийхэд нэгэнд нь муна бариулах байдлаар тэгшитгэж болох уу? Энэ нь рыцарь сэтгэхүйгээр бол шууд л доромжлол, илт ялагдал биз дээ. Ахмад настанд суудал тавьж өгөхийн цаана энэ бол зогсох чадваргүй сул дорой болсон амьтан гэж үзэх үзэл бий. Хүүхдийн эрх ашиг гэдэг нэрийн цаана хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй, бусдаас дутуу учраас гэсэн санаа бий. Бас эмэгтэйчүүдийн нэр заавал дэвшүүлэх гэдгийн цаана “эд мөрөөрөө яваад гарч ирэх чадваргүй” гэсэн доод үнэлэмж байгаа. Төрөөс л тэтгэж гаргаж ирэхгүй бол ард түмэн эднийг хүн гэж үзэхгүй гэсэн дээрэлхүү санаа бас байгаа.

Эртүүд “манай талын” нэг улс төрч тайлбарлаж байх юм. Эмэгтэйчүүд минь та нар өөрсдийгөө албадан байж 30 хүртэл хувь сонгуулах төсөл барьж яваа нь” ингэхгүй бол бид гарч чадахгүй улс” хэмээн доошлуулан сурталчилж буй хэрэг бус уу гэж байна. Бас “Хүний тал”-ын нэг улс төрч хэлж байна. “Эмэгтэйчүүдийн нэрийг маш олноор нь намаасаа дэвшүүлэх шиг амар юм уг нь алга. Даанч гэр бүлдээ хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс болох эмэгтэйчүүд нь өөрснөө хүүхэн-кандидатадаа саналаа өгөх нь бага шүү дээ. Иймээс улс төрийн хувьд намд хохиролтой болоод байгаа юм” гэнэ. Жирийн амьдралтай андын маань жив жирийн гэргий ярьж байна аа “Эртүүд зурагтаар нэг алдарт эмэгтэй гарлаа л даа. Зурагтын сурвалжлагч түүнээс “Та ийм их ажлынхаа хажуугаар гэр орныхоо ажлыг яадаг вэ” гэж асууж байна. Тэрээр “Өө би гэрийн ажилд хавьтдаггүй, Манай нөхөр л нухаж суудаг юм” гэж байна. “Өөрийгөө магтаж болно оо. Харин эр нөхрөө битгий доош нь хий” гэж захимаар санагдсан шүү” хэмээж байна.

ХОЁР. ГЭРЭЭ МЭДДЭГ ГЭРГИЙ НАР

Нүүдэлчин уламжлалт монголчуудын дунд өнөө ч гэсэн эхийн эрхт гэх нь хаашаа юм бэ, ямартаа ч атугаа гэргийн эрх мэдэл ноёлсоор байгаа юм. Жинхэнэ эрх мэдэл бол эдийн засгийн эрх мэдэл гэдэг өнцгөөс харахад ийм байдаг. Хэвийн монголжуу амьдралтай, дундаж харчууд цалин, орлогоо эхнэртээ тушаадаг. Эхнэр нь аймаар шуналтай, нөхрийнхөө мөнгийг хурааж авдаг донтой ч юм биш. Гэр бүлийн төсвийг хамгийн зөв зохиож, ам бүлийнхээ менежмэнтийг хэнээс ч дутуугүй хийгээд явж чаддаг учраас л эрчүүл нь тэдэнд найддаг. Ихэнх харчуул эхнэрийнхээ зарцуулж буй мөнгөнд төдий оролцоод байдаггүй. Хэрвээ ингэх гэвэл ихэнх авгай нөхөртөө “Би энэ мөнгөөр чинь өөртөө юм авчихаагүй. Дуртай юм бол өөрөө энэ мөнгөө барихгүй юу” гэсэн түс тас хариу өгөх нь олонтаа. Цөөнгүй харчуул “Өөрөө эдийн засгаа барих” гээд үзсэн байдаг. Гэвч тун удалгүй эхнэрийнхээ “төсвийн захирагчийн эрх”-ийг сэргээхэд хүрдэг. Учир нь гэргий нар бол гэр бүлийн хамгийн сайн менежер гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдгоос тэр. Ингээд эрчүүд нь төсвөө бүрдүүлэх, эхнэр нь түүнийг захиран зарцуулах маягтайгаар дундаж монгол айлын амьдрал явдаг.

Мэдээж эрчүүлд найз нөхөдтэйгөө идэж уух, идэхгүй уух гээд л мөнгөний хэрэг гарна. Энэ хөрөнгийг өрхийн төсвөөс гаргаж таарахгүй. Иймээс өөрийн олж буй мөнгөний өчүүхэн хэсгийг “шамшигдуулах” маягаар мөнөөх “нууц сан”-гаа бүрдүүлэхдээ тулна. Ингээд төсөв захиран зарцуулах эрхээр дамжуулан гэр бүлийн эдийн засгийн эрх айлын эхнэрийн гарт төвлөрдөг. Хүн амьтанд өгөх ойр зуурын бэлэг сэлтээс авахуулаад гэрийн төсвийн зарцуулалтад оролцдог эр хүнийг “тулга тойрсон юманд хошуугаа дүрдэг муу эр” гэж нийгэм нь үздэг тул эрчүүл төсвийн зарцуулалтыг хянаад байх ёс суртахууны эрхгүй болоод явчихна. Чухам ийм “төсвийн цоорхой” байдгийг ашиглан нас өндөр болсон хүмүүс хүүгээ бараадахаас илүүтэй, охиноо бараадаж насныхаа сүүлийг үдэх нь элбэг ээ. Хүүгийн талыг дагахаар “бэрийн царай харах” хэцүү гэдэг. Хатуухан гартай төсөв захирагчийн гарт орно гэсэн санаа л даа.

Айлын санхүүгийн гол эрх мэдэл авгайдаа байхыг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал эрчүүл хоорондоо хийсэн наймаа тохироогоо буцахад хэцүү байдаг. Энд ганц аминд ордог юм бол “Хөгшөөн намайг уучлаарай, ийм наймаа хийнэ гэсэн чинь авгай дургүйцээд ямар ч арга алга” гэхээр хэн ч ойлгон хүлээн авдаг. “Авгай нь тэгж байгаа бол ямар ч аргагүй” гэсэн үг хэмээн хүлээн авдаг даа.

Монгол бүсгүйчүүд “өөрийхөө гэрийг бариач, өрхний чинь оосрыг татъя” хэмээн дуулдаг. Энэ нь “Чи минь өрх тусгаарлаж өөрийн гэр орон, төсөвтэй болооч, би аж ахуйг чинь амжилттай хөтөлнө шүү” гэсэн л санаа шүү дээ.

Монгол гэргий нөхрөө хүндлэн цайныхаа дээжийг барьдаг уламжлалтай. “Жээндэрлэг” өнцгөөс харахад нөхөртөө зарцлагдаж, аягачин шивэгчин хийж байгаа мэт. Хэрэг дээрээ нөхөртөө хэдийн ямар цай өгөхийг мэддэг шийддэг хүн л байхгүй юу даа. Эхнэрийнхээ өгсөн цай хоолыг муу муухай гэж голж буй эр хүн тусгүй харагддаг даа.Харин санхүүгийн эрх мэдлийг эхнэр нь авлаа гээд айлын эр хүний байр суурь унах нь үгүй. Эр хүн төсвөө захирахгүй байлаа гээд хүндлэлээ алдахгүй. Гэр бүлийн голлох шийдвэр нүүж суух, ажил төрөл солих гээд айлын эр хүний мэддэг юм олон байна аа. Яг л Үндсэн хуульт хаант орны төрийн тэргүүн шиг. Хаан төсөв захирдаггүй боловч үлэмж хүндэтгэлтэй ба улсаа төлөөлөх, дайн зарлах эрхтэй байдаг лугаа адил харагддаг. Олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн нэгэн эмэгтэйг би таних юм. Тэрээр “Ядаж хөл дээрээ босоод нөхрөө ирэхэд цайг нь чаначихаад сууж байдаг юмсан” гэж мөрөөдөнгүй ярьж байсан. Энэ нэг өрнөдийн жээндэрлэг өнцгөөс харвал “Нөхөртөө бушуухан зарцлагдах”-ыг хүсч буй хоцрогдсон бүдүүлэг эмэгтэйн дүр зураг. Харин бидний уламжлалт өнцгөөс харах юм бол төсөв захирагчийн мэдэлдээ бушуухан эргэж очих хүсэл мөрөөдөл юм аа. Учир нь тэр нөхрийнхөө цайг чанахын тулд цайны орцыг өөрөө бэлдэнэ, ямар цай хэдийг өгөхөө шийднэ. Тэгээд нөхрийнхөө хоол унд хувцас хунарыг, улмаар өрхийн төсвөө мэдэж эхэлнэ шүү дээ.

Мэдээж авгай нь хамаг мөнгөөрөө архи уугаад эсвэл аав ээждээ өгөөд явуулчихвал тэр айл хэцүүдэж нөхөр нь хөндлөнгөөс оролцоход хүрнэ. Ингэх нь тун ховор учраас мянга мянган монгол айл хэвийн жирийн амьдралтай болж бүтээд явж байгаа юм.

Бас муу эхнэр байдгийн нэгэн адил муу нөхөр хаа сайгүй л байгаа хэрэг. Наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд олшроод байгаа нь муу. Энэ нь эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа юу гэвэл тийм. Гэхдээ монгол уламжлалт гэр бүлийн талаас харж үзвэл эрэгтэйчүүдийн санаа илүү зовох зүйл мөн. Учир нь манай эмэгтэйчүүд төсвийн захирагчаас, төсөв бүрдүүлэгчийн эгнээнд орж, монгол эрчүүл гэр бүлээс илүүдэж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Их мөнгө олдог, алдар хүндтэй эхнэртэй байх нь сайн хэрэг. Гэхдээ ийм айлыг хүмүүс өрхийн тэргүүнийх нь нэрээр биш, авгайнх нэрээр дуудаад сураад эхэлдэг юм билээ. Хаалга тогшоод, тохиолдлоор өрхийн тэргүүн Дорж нь үүдээ нээхэд “Энэ Цэцэгмаа гуайнх мөн үү” гэж асуудаг болчихдог юм л даа. Ухаандаа Оросын ерөнхийлөгч Путин манайд ирлээ гэж бодъё. Тэгээд онгоцны буудал дээр манай Ерөнхийлөгч Энхбаяр түүнийг угтлаа гэж саная. Тэгтэл Путин түүнээс “ Уучлаарай, Ерөнхий сайд Баяр хаа байна” гэж асуугаад зөрөөд явчихвал ямар байхсан билээ. Иймэрхүү.

ГУРАВ. ТӨР МЭДЭХЭЭР ЭРЭЭ МЭД

Ардын уламжлал, үндэсний философи дуу хуурандаа илрэх нь бий. Монгол ардын дуу шүлэг Өүлэн эх, Мандухай цэцнээсээ авахуулаад гайхамшигт бүсгүйчүүдээ магтан, эхийгээ ачлан хайрлахыг ятган сэхрүүлнэ. Хүүхдүүд анх дуу сурахад “Бөөрөнхий биеийг минь өсгөсөн ээжийнхээн ачийг яанам бэ” гэж асууна. Мэдээ ормогц бурхан шашны номлол сонсох ба хамгийн түрүүнд “Молон тойн эхдээ ач хүргэсэн нэрт судар” судална. Эцгийн тухай дуу шүлэг тун ховор. Хааяа нэг тааралдах боловч “Аав ээж хоёр мину” гэхчлэнгээр “эхийн хавсарга” маягаар орно.

Ийм сэтгэлгээтэй ард түмэн улс төрд цойлон орж ирсэн бүсгүйчүүдийг үнэн халуунаар дэмжин өргөдөг. Одоо ч гэсэн энэ С.Оюун, Т.Ганди энэ тэрээс авахуулаад массаараа хүлээн зөвшөөрдөг улстөрч бүсгүйчүүл бишгүй л байна шүү дээ.

Монгол эмэгтэйчүүд хэдийгээр өөрснөө илээр төрд орж ирдэггүй ч гэсэн улс төрдөө хамгийн их нөлөөтэй улс шүү. Ухаалаг улстөрчид сонгуулийн үеэр айл гэрийн эзэгтэй рүү чиглэсэн, тэдний итгэлийг олж авахыг эрмэлзсэн сурталчилгаа хийдэг. Гэргий нар нөхрийнхөө саналыг эсэргүүцэхгүй, илт буруушаахгүй боловч нэг л мэдэхэд нөхөр нь “Авгайн санал”-тай сууж байх нь олонтаа. Өрх тусгаарлаагүй хүүхдүүд нь эхийн саналыг л ер нь гол болгоно. Ингээд бодохоор цэцэн цэлмэг улстөрчийн зөв болоод ирдэг.

Өөр нэг өнцгөөс харахад эрчүүл төр барих боловч төр баригчийн гэргий үнэн чанартаа “Улсын нууц ноёнтон” болох нь түгээмэл элбэг. Бүр ийм уламжлал ч бий. “Нууц товчоо”-гоо эргэн санацгаая. Хар багадаа өнчирсөн хөвүүн Тэмүүжингээ хаан болтол нь менежмэнт хийсэн хүн бол ээж Өүлэн үжин нь. Өүлэн ээжийн орыг аажмаар хатан Бөртэ эзэлдэг. Чингис хаан түүний “түвэгшээсэн”-ий мөрөөр ажиллан даварсан бөө Тэв тэнгэраас нэгмөсөн сална. Улмаар нэг л гэгээн өглөө хааны өвөрт хэвтэж байсан Бөртэ хатан нь “Жамухыг мурих цаг болсон” гэдгийг ойлгуулж, түүнээ ч хийлгэж байна. Мөн Чингис хаан алс газар дайнд мордохын өмнө хайртай хатныхаа зөвлөсөн дагуу “өв залгамжлагчаа” зарладаг. Их Чингис хааны гол гол шийдвэр, алхам түүний цэцэн мэргэн ээж, ухаант хатадын санаанд эхлээд боловсорч байсныг “Нууц товчоо” бидэнд хэлдэг. Чухам эндээс монгол хүүхнүүдийн “Төрөө мэдье гэвэл эрээ эхлээд мэд” гэсэн философи урган гарч байна.

ТӨГСГӨЛ. ЖАРГАЛ

Хүн бүр жаргаж яваг гэж Будда ерөөсөн юм. Хувь хүний аз жаргал улс нийгмийн үнэт зүйлст гэхээсээ илүү гэр оронд нь, сэтгэл зүрхэнд нь байдаг билээ. Ажил алба хичнээн амжилттай, эх орон нь хичнээн хөгжилтэй байлаа ч авгай ууртай, өөрийн бие нь өвчтэй байвал яахин жаргах билээ. Будда цааш нь сургахдаа “Аливаа зүйлийн сайн муу, сайхан муухай, хүчир хийгээд хялбар нь цаад юмныхаа мөн чанараас хамаарахгүй. Харин чи түүнд яаж хандаж байгаагаас хамаарна” хэмээн захижээ. Өөрийн хүүхэд хойморт шээвэл өхөөрдмөөр билээ. Харин айлын хүүхэд ингэвэл зэвүү их хүргэнэ. Уул нь гарч байгаа зүйл нь ав адилхан мочевин билээ л.

2009.11.17