Categories
арын-нүүр булангууд мэдээ

Кофенд мөнгө үрнэ гэдэг нь суултуур луу доллараар шээж байна гэсэн үг

Манай Улаанбаатарт кофе шоп борооны дараахь мөөг шиг олширсон. Энэ нь соёлт хүн төрөлхтний нэгэн хэрэглээ, дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг хэлбэр гэх зэргээр бид өөрсдийгөө хөөргөдөг. Тийм ч байж болно, бас үгүй ч байж болох юм.

Америкийн зохиолч, эдийн засгийн аналитикч Сюзн Орман гэдэг эмэгтэй гарчиг дээрх үгийг хэлсэн байхыг хүн надад уншиж өгөв. Энэ хүн 50 сая ам.долларын хөрөнгөтэй нөлөө бүхий хүн. Тэрбээр тооцоолохдоо нэг аяга кофе 2.5 ам доллар, өдөрт нэг аяга уудаг гэхэд жилд гурван зуун жараад аяга, жилд бараг мянган доллар болдог. Үүнийг дөчин жилээр үржүүлэхэд 40-өөд мянган доллар болно гэсэн байх юм.

Энэ хүний хажууд тавин мянган төгрөгийн хадгаламж ч үгүй бидэнд үнэхээр гангадсан санагдаж байлаа, кофе ууж гайхуулах нь. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж баймаар юм даа. “Уужгүй эмийн дотор уужуухан” гэгчээр өчүүхэн орлоготой бид орлогоо нэмж чадахгүй бол гарлагаа хэмнэж сурах хэрэгтэй байдаг аж. Кофе ууж тансаглах нь төгрөгийг бол зүгээр түймэрдэж хаяж байгаатай адил болох юм байна л даа. Эдийн засгийн бодлого ийм жижиг зүйлээс эхтэй байдаг гэнэ. Харин бидний нэрэлхүү зан хувь хүн дээр ч, улс оронд ч маш их гай болдог. Юм үзсэн хүн шиг байх, том орон шиг амбицлах зэрэг нь цаагуураа маш өндөр төлбөртэй байдаг аж.


Categories
мэдээ нийгэм

Галсангийн Жамьян: “Бөөдий” сангийнхаа шугамаар жил бүр арван хүүхдэд мөнгөн тусламж үзүүлдэг

“БӨӨДИЙ” сангийн тэргүүн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцлаа.


-Бөөдий гэж ер нь юу юм бэ?

-Бөөдий гэдэг чинь зарааны зулзага шүүдээ. Зарааны нялх зулзага үзсэн хүн бол мэднэ дээ. Дүрлэгнэсэн хоёр нүдтэй хачин хөөрхөн амьтан байдаг юм.

-Та чинь яагаад зараатай холбогдчихсон хүн бэ? Арай л зараа судлагч биш байлтай?

-Тохиолдлын юм. Намайг хүүхэд байхад манайх хоёр зараатай байлаа. Манай Алтанширээ сум бол зараа элбэгтэй. “Зараа” “Бударгана” гээд нэршчихсэн газрууд бий л дээ. Би сургуульд ороогүй жаахан хүүхэд байж. Манай хоёр зараа, яг л гэрийн тэжээмэл амьтан шиг амьдардаг байсан. Гэтэл нэг өдөр гурвуул болчихсон, нэг хачин хөөрхөн амьтан дагуулчихсан явсан. Зулзагалчихаж. Нялх зулзага нь тийм хатуу үзүүртэй үс арьсгүй, зөөлхөн үстэй, их хөөрхөн дөө. Бид барьж аваад гар дамжуулж өхөөрдөнө. Хүүхэд шиг, биднээс юм горьдоно. Тавганд жаахан сүү хийгээд өгөхөөр хачин дуртай идчихнэ. Ишиг, хурга оруулаад ирэхээр айгаад зугтаагаад алга болчихно. Өдөр бол сүүдэр, дулаан газар сүргээрээ амьдарна. Шөнийн харанхуйд ч ёстой ажиллана даа. Юм тожигнуулаад л байна. Идэх юм л эрээд байгаа нь тэр. Ил задгай сүү, өрөм хурууд, мах шөлийг бол байлгахгүй. Хоёр ээж минь ядаад л, идэж уух юмаа дээш нь тавиад, бүтээж хучдаг байсан. Өдөр бол тэгтлээ үзэгдэхгүй.

-Хүнд их дасдаг амьтан байх нь дээ?

-Дасахаар барах уу. Гэр амьтай, гадна дотнын хүнийг бол хачин ялгаж танина. Ээж минь нэг өдөр, “Энэ муу гурваас салъя. Хоол унд байлгахгүй юм” гээд гурвууланг барьж авч шуудайд хийгээд, тэмээний бөхөнд өлгөөд аваад явчихсан. Баг дээр аваачаад тавьчихлаа гээд орой хоосон ирж билээ. Баг гэдэг маань манайхаас хагас өртөө (15 км) газар шүү дээ. Тэгсэн чинь гурав хоногийн дараа өнөө гурав чинь ирчихсэн байсан. Яаж гэрээ олсон юм, бүү мэд. Хэзээний ирчихсэн, нэг шөнө тожигнуулаад эхлэх нь тэр. Хэдэн сарын дараа ээж минь бас л аваад явсан. “Сумын төв дээр орхичихлоо. Одоо олж ирэхгүй” гэсэн. Хориод хоногийн дараа гурвуулаа ирчихсэн байсан. Яаж гэрээ олдог юм, ухаан мэдрэмжээрээ онцгой амьтан билээ.

-Гурван зараанаасаа яаж салсан бэ?

-Намайг долоон настай байхад аймгийн сургуульд оруулна гэж нүүсэн. Нүүхдээ гурвууланг барьж аваачаад сургуулийн дотуур байрны хоолны гэрт орхичихсон. Тэгж л салсан даа. Би уйлахыг хэлэх үү.

-Говийн зараа тэгвэл сонин амьтан байх нь ээ. Судалсан хүн байдаг л байх даа?

-Байдаг юм гэсээн. Хуучин ном сударт их гардаг. Этгээд сонин домог яриатай амьтан шүү дээ. Зараа,зарааны үс байгаа газарт хар цагаан хэл ам,хараал зүхэл халддаггүй гээд зарааны арьсыг орон доороо тавьсан, зарааны хэдэн туг үс биедээ хадгалж яваа хүмүүс байдаг л даа. Өөр ч олон ач холбогдолтой гэж байгаа.

-Та яагаад “Бөөдий сан” байгуулах болов. Үүнд заавал нэг учир шалтгаан байгаа даа?

-Арваад жилийн өмнөөс ийм сан байгуулах юмсан гэж мөрөөдөж явлаа. Сангийн гол зорилго нь гадаадад эмчилгээгээр явж байгаа балчир үрсдээ, тэдний гэр бүлийнхэнд туслах л зорилготой юм. Би энэ амьдралыг бие сэтгэлээрээ туулсан хүн. Ямар гашуун, хатуу үнэн тулгардгийг сайн мэднэ. Бид галын ганц зээгээ Бөөдий гэж өхөөрддөг байсан юм. Яг л бөөдий шиг бүлтэгнэсэн цагаан хүү. Арваннэгдүгээр ангийг онц төгсгөөд, анагаах ухааны дээд сургуульд орсон даруй өвчилж билээ. Англи, орос хэлтэй,Хятадад жил зургаан сар эмчлүүлэхдээ хятадаар чөлөөтэй ярьдаг болсон. Компьютерт гаргуун. Бүх мэдээллийг гадаадын хэвлэл мэдээллээс авна. Хичээлээ тарж ирээд л компьютер шагайгаад суучихна. Шөнө дөл болтол программтай ноцолдоно. Тэгээд “компьютерийн өвчин” авчихсан юм. Би тэгээд энэ компьютер, ухаалаг утас гэхчлэн бүх зүйл маань ирээдүйд хүн төрөлхтнийг цөмийн зэвсэгээс дутуугүй хөнөөх юм биш байгаа даа гэж бодох болсон.

Манайх гэж, айл шиг айл, би гэж хүн шиг л хүн явлаа. Хүүгээ гадаадад эмчлүүлэхийн тулд бүх зүйлээ зараад гуйлгачин болсон. Нэг муу ядуу сэтгүүлч 160 сая төгрөг цуглуулна гэдэг амар ажил биш билээ. Монголын сэтгүүлчдийн холбооны дарга асан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Петровис” компанийн захирал Оюунгэрэл нарын ярилцаж өгсөн 10 сая төгрөгийг тарааж бүслүүлээд явуулж байж билээ. Олон түмэн сайн хандсан. 200 орчим байгууллага, хүмүүсээс 160 сая төгрөгөө цуглуулчихсан. Гадаадад ч хэцүү шүү дээ. Төлбөрөө хоёр хоног хождуулахад л эмчилгээгээ тасалчихна. Нэг үгээр хэлбэл, хүний эрхэнд үхэлтэй тулалдаж байгаа юм даа.

-Та олны танил хүн болоод их мөнгө цуглуулчихаж. Гар татах байгууллага, хүмүүс таарах уу?

-Олны дунд байх л юм билээ. Жирийн хүмүүс бол “өгье гэвэл ганцаасаа” гээд боломжоороо л тусална. Харин энэ тэрбумтнууд, баячууд бол хэцүү л юм билээ.

-Нууц биш бол ганц хоёрыг хэлж болох уу?

-Бололгүй яахав. Одоо энэ УИХ-ын гишүүн тэрбумтан оффшорчин Б.Дэлгэрсайхан чинь манай нутгийн, аав ээж нь бидэнтэй аяга амандахаа хувааж байсан хүмүүс л дээ. Ядарсан үед энэ хүү л тусалж магадгүй гээд хоёр удаа өргөдөл өгч арваад удаа ажил дээр нь очсон. Уулзах байтугай оруулаач үгүй. Тэдний оффис Урт цагааны ард байсан л даа. Сүүлдээ жижүүр нь миний нэрийг асуугаад л захирал алга байна гэдэг болсон. Хүмүүсээс нь асуухаар байж байсан байдаг. Ингээд хэдэн сар яваад уулзаж чадаагүй.

-Төрийн албаны том хүмүүст хандаж байв уу?

-Хандсаан хандсан. Эрүүл мэндийн яамны тухайн үеийн удирдлагуудтай уулзсан. Жинхэнэ эмч, хүний төлөө санаа тавьдаг хүмүүсийг энд л олж харсан. Эх нялхсын эрүүл мэндийн төвийн асуудал хариуцсан Соёлгэрэл гэж эмэгтэй ямар сайхан хандсан гээч. Ээлжийнхээ амралтыг орхиж ирээд өчнөөн хоног хөөцөлдөж арван сая төгрөгийн зөвшөөрөлийн бичиг гаргуулж өгсөн. ЭМЯ гэдэг газар ийм л сайдтай баймаар юм билээ гэж бодогдож байсан. Түүнийг нь бариад Сангийн Яамны сайд С.Баярцогт дээр очсон чинь “Сайд дарга нарт 10 саяын тусламж үзүүлдэг юм. Жирийн хүмүүст бол таван саяас илүү олгох ёсгүй” гээд талыг нь хасаад хаячихаж билээ. Өнөөх тэрбумтан-оффшорчин С.Баярцогт шүү дээ. Би “Монголын төрд гавьяат болтлоо зүтгэлээ. Битгий хасаач дээ” гэж бараг л өвдгөнд нь сөхөрч гуйсан даа. Тэрээр огт жишимч үгүй “харин танд жирийн иргэдийн дээд хэмжээгээр олголоо шүү дээ” гэхчлэн тохуурхана билээ. Ийм явдал бол тохиолдох л юм билээ. Гачууртын Чинбатыг яаж царайчиллаа даа! Баячууд хүний зовлонг мэддэггүй, тоглож тохуурхдаг юм билээ.

-Та тэгээд л Бөөдий сан байгуулъя гэж шийдэв үү?

-Тэгсэн. Миний адил мянга мянган хүн хүүхдээ эмчлүүлэх гэж, өөрсдийгөө эмчлүүлэх гэж харь оронд, харь хүмүүсийн өмнө аврал эрж яваа шүү дээ. Энэ дээд ямбатнууд чинь үүнийг ойлгодоггүй юм. Тэдэнд мөнгө байна. Дуртай цагтаа дэлхийн хамгийн хөгжилтэй орон руу онгоц хөлөглөөд алга болж байна. Өвчин зовлон, үхэл хагацал гэдгийг бараг л мэдэхгүй хүмүүс тэнд сууж байна. Монголд, дотооддоо эмчлэх ямар ч боломжгүй гуч дөчөөд өвчин байдаг гэсэн. Тэр өвчнүүдийг, ядахдаа хүүхдийг нь эмчлэх “эрхтэн шилжүүлжэн суулгах эмнэлгийн цогцолборыг Улаанбаатарын агаар ус сайтай хамгийн сайхан газар, орчин үеийн лабораторийнх нь хамт байгуулаач, эрдэмтэн мэргэдээ энэ чиглэлд гадаадад сургаач” гэж би мөн ч олон удаа бичсэн дээ. Төр , засгийн газар солигдох болгонд л бичиж байсан. Ахмад сэтгүүлч миний үгийг нохой хуцсантай адил өнгөрөөх юм билээ. Гавьяат эмч Жамбалжав, Дорж нарын хүмүүс сайхан санаачилгууд гаргаж байсан боловч бараг л өөрсдөө хэрэгт ороход дөхсөн. Харин сүүлийн үед манай эмч нар элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, олон хүний амь аварч байгааг сонсоод баярлаж л суух юм даа. Баар цэнгээний газар, архи тамхины үйлдвэр, сан нэртэй шулааны газруудад мөнгө цацаж байхын оронд хүнийхээ, тэр дундаа хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө орчин үеийн бүх төрлийн шаардлага хангасан эмнэлгийн цогцолбор бариасай гэж бодож явдаг.

-Та үүнд л тус болох гэж Бөөдий санг санаачлаад байна аа даа?

-Тэгэлгүй яахав. Ойрын хэдэн арван жилд зайлшгүй гадагшаа явж эмчлүүлэх цуваа зогсохгүй. Өнөөдөр үл танигдах шинэ өвчнүүд нэмэгдэж байгаа нөхцөлд, гадагшаа явж эмчлүүлэх шаардлага илүү ч гарч мэднэ. Иймээс Бөөдий сан хэзээ ч чухал.

-Та “Бөөдий” сан байгуулсан тухайгаа ярина байгаа?

-Сан ч гэхэд “ичмээр дамшиг” л даа. Би чинь нэг л сайхан юм мөрөөдөхөөс биш, Монголын хамгийн ядуу сэтгүүлч нь. Зовоод энэ сангаа албан ёсоор бүртгүүлж чаддаггүй юм. Хувьдаа л сантай хүн. Эх үүсвэр нь, надад сар болгон олгодог “гавьяатын” 150 мянган төгрөг, сүүлийн үед хэвлэгдсэн таван номныхоо борлуулалтыг нэмэрлээд “Бөөдий сан” гэж байгаа юм. Уул нь хөрөнгө мөнгө сайтай сан бол эхний удаад, гадаадад явж эмчлүүлж байгаа хүүхдүүддээ дор хаяж л 1-5 сая төгрөг бэлнээр аваад өгчих юмсан гэж боддог байхгүй юу. Гол нь төрийн ачааллыг хамт үүрэлцэх гээд байгаа юм. Одоо чинь Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Засгийн газрын яамдууд дээр туслалцаа дэмжлэг хүссэн өргөдлүүд овоолоотой байдаг юм гэнэ лээ. Тэндээс , горьдсон хүмүүст олдох ч байна, олдохгүй ч байна. Тэгж олон сар, жилээр хүлээж цөхрөлөө барж байхын оронд “Бөөдий” сандаа хандаад л өдөрт нь хэдэн төгрөг авчихдаг болоосой гэж бодсон хэрэг. Надад нь даанч тийм чадал алга. Гэхдээ зүгээр суугаагүй ээ.

-Бага ч гэсэн таны тус дэмийг сонсмоор байна?

-Асрамжийн ясль цэцэрлэгийн хүүхдүүдэд живх тараагаад л эхэлсэн дээ. Сүүлийн хэдэн жилд, жил бүр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн цусны тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд агааржуулагч, хол нутгаас ирсэн, амьдралын боломж муутай хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүллээ.

-Мөнгөн тусламж нь?

-Жил бүр 10 хүүхдэд тавь тавин мянган төгрөг буюу хагас сая төгрөг бэлнээр өгдөг юм. Миний чадал тэр боловч, хүүхэд эцэг эхчүүд чамлалгүй их баярладаг юм шүү дээ. Гадаадад явж эмчлүүлж байгаа хүүхэд, өөрийгөө болон хүүхэд гэр бүлийнхнээ эмчлүүлж байгаа сэтгүүлч нөхөд, арав хориод хүнд 100-200 мянган төгрөг хандивласан. Өгье гэвэл ганцаасаа гэгч л юм даа.

-Өөр ямар ажлууд зохиов?

-“Бөөдий” гэж дууны үг бичсэнд, хөгжмийн зохиолч Шараа ая хийгээд хүүхдийн дуртай дуутай болсон. Хүүхдийн ордонтой хамтарч энэ дууг дуулаачдын уралдааныг нийслэлийн цэцэрлэг, сургуулийн, бага ангийн сурагчдын дунд хэдэн удаа зохион явуулсан. Нэг удаагийн уралдаанд 100 гаруй хүүхэд оролцдог байсан. Эхний байруудад алт, мөнгө хүрэл медаль, диплом, мөнгөн шагналтай. Оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг өгнө. Хүүхдүүд их урамшдаг юм шүү дээ. Энэ уралдааны тухай болон Бөөдий дууны хамтлагийн дуу бараг бүх телевизээр цацагдсан. Бас ном, сонинд зөндөө хэвлэгдсэн л дээ.

-Та бол, нэр хүнд бүхий дарга сайд нар, урлаг соёлынхон, бизнесмэнүүд олон хүн таньдаг, заримтай нь их дотно холбоотой ч байдаг биз. Тийм хүмүүсээс дэмжлэг алга уу?

-Би ч сэтгэл зовоод, дэмжлэг хандив эрээд явсангүй. Хүмүүс ч надад санал тавьж байгаагүй. Одоо чинь хүмүүс заавал нэг “хариу” хардаг болсон байна. Тэтгэврийн хөгшнөөс ямар хариу харах билээ дээ. Сонгуулийн үеэр хүмүүс намайг санаж, надад “хайртай” болдог л доо. Би зарим тэрбумтанд энэ саналаа тавьж байсан. Нэг нөхөрт би “Чи уяачдын холбооны наадмыг тэрбумаар ивээн тэтгээд, санал гуйж явахын оронд “Бөөдий” санд ганц зуун сая төгрөг хандивлачих л даа. Би сайхан сурталчилаад өгнө. Хаанаас ч дэвшлээ гэсэн таныг “Буянт үйлстэн” гээд хүн бүхэн санал өгнө. Та дэвэн дэлхий тойрч, дэмий юм ярьж явсны хэрэггүй. Монгол хүний нэг онцлог нь буянт үйлс бүтээсэн хүнд их дуртай. Таныг гэртээ гэдсээ илээд хэвтэж байхад чинь л, зуун хувь саналаа өгчихсөн байна” гэсэн чинь чихээ бөглөөд л арилж өгсөн. Одоо хүртэл уулзаагүй. Дээдчүүл иймэрхүү л байдаг байхгүй юу.

-Та “Бөөдий” сангаа албан ёсоор бүртгүүлэх үү?

-Надаас өмнө албан ёсоор бүртгүүлчихсэн “Бөөдий сан” байдаг юм билээ. Ямар зорилготой, юу хийдэг сан гэдгийг мэдэхгүй. Хэрэв би бүртгүүлэхэд хүрвэл “Их Бөөдий” “Том Бөөдий” гэхчлэн арай өөр нэрээр л бүртгүүлэх байх. Санг бүртгэхэд хөрөнгийн хэмжээ ч гэх юм уу, зохих шаардлага хангасан байх ёстой л доо. Миний сан бол дэндүү ядмаг. Гэхдээ Монголд буянтан олон л доо. Хэн нэгэн буянтан дэмжээд, олны талархал хүлээсэн “Бөөдий” сан болохыг ч байг гэх газаргүй. Гол нь , монголчууд намайг сан байгуулах нэрээр хэдэн төгрөг тонших хүн биш гэдгийг л сайн ойлгож байгаа байх.

-Та чинь номнууддаа “Миний ээжийн арван сургаал” гээд юу гэж бичдэг билээ?

-Миний ээж , арван сургаал дотроо “Хөлс гаргалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм” гэж сургасан. Би болон манайхан тэр л сургаалаар яваа.

-Та түрүүн хэллээ. Гадаадад зайлшгүй явж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн цуваа ойрын хэдэн арван жилдээ татрахгүй гэж. Тэгэхээр “Бөөдий” сангийнхаа ирээдүйг та ер нь юу гэж харж байна?

-Би мөрөөдөмтгий хүн гэдгээ түрүү хэлсэн. Хэзээ нүд анина, тэр хүртэл “Бөөдий” сангийн тухай сайхан бодол сэтгэлд минь байх л болно. “Бөөдий” сан арвижаад, нэр хүнд нь өсөөд ирвэл Улаанбаатарын ойролцоо хамгийн сайхан газар нутагт “Бөөдий” цогцолбор сүндэрлэж босно. Бөөдий цогцолборт орчин үеийн тоног төхөөрөмжөөр өвч бүрэн тоноглогдсон эмнэлэг, лаборатори, сувилал байнга ажиллаж байна. Дотооддоо хүүхдийн бараг бүх өвчнийг эмчилдэг, зайлшгүй гадаадад явах болбол бүх зардлыг нь “Бөөдий” сан даадаг, сан тайлангаа жил бүрийн эцэст эцэг эх олон түмэнд тавьдаг, нээлттэй орчин байна. Гадаадын хүүхдийн эмнэлэг, сувилгааны газруудтай холбоо тогтоож байнга өвчтөн, сувилуулагчид солилцдог болно гэхчлэн…

Жишээ нь, цацрагийн хордлогыг гүүний саамаар эдгээсэн туршлага Монголд л бий. Хэдэн жилийн өмнө нэрт эмч Батчулуун “Найрамдал” зуслангийн захирал байхдаа Украины цөмийн цацрагийн хордлогод нэрвэгдсэн олон хүүхдийг авчирч амраахдаа гүүний саам уулган сайхан эдгээсэн шүү дээ. Ийм харилцан эмчилгээ-сувилгааны газар болгох зорилготой юм. Энэ бүхнийг ганцхан “Бөөдий” сан амжуулна гэвэл худлаа л даа. Төр засаг, олон нийтийн зүгээс дээд зэргийн анхаарал халамж чухал. Магадгүй, “Бөөдий” сан хожим хойно Монголын бүх ард түмэнд үйлчилдэг өгөөмөр буяны сан болохыг ч байг гэх газаргүй. Бөөдий сангийн ордны босгыг алхахад л энэ ариун үйлсэд хандив өргөсөн хүмүүсийн нэр хаяг алтан үсгээр бичигдсэн самбар, угтах болно. Энэ бол өвгөн сэтгүүлчийнх нь зөгнөл ч гэх үү дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цусан” ба “сүнсэн” ургийн тулаан

Б.Цэнддоо “Г.Бадамдорж: Шар хүний “хар” түүх” ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн хамтран бүтээж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг”(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын “Цусан” ба “сүнсэн” ургийн тулаан” бүлгээс толилуулж байна.


НЭГ. “ЭРХЭНДЭЭ ХАТСАН” АЛТАН УРАГ

Арай гэж нэгдэн улсаа тунхагласан монголчууд ердөө маргаашаас нь л мянганы уламжлалт аюул болох дотоодын хагарал нүүрлэв. Гадаад Монголын тусгаар тогтнол нь хоёр зуугаад жилийн тэртээ унтарсан, Чингис хааны залгамжлагчийн төлөөх хан нарын тэмцээнийг сэрээжээ. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээхдээ оюун санааны удирдагчаа тойрон хүрээлж, Жавзандамба хутагтыг хаанаар өргөмжилсөн нь хаан ширээний төлөөх хан нарын тэмцлийг тойрсон ухаалаг алхам байлаа. Гэвч ухаалаг алхмын араас ухаалаг гишгэдэл дагалдсангүй.

Богд Жавзандамба нь Чингисийн удмынхны гэр бүлд Г.Занабазарт хувилан анх мэндэлж, цаашдаа сүнс шилжиж, эргэн төрөх байдлаар найман үе дамжжээ. Хэдийгээр төвд мах цустай боловч Ламайзмын утгаараа “алтан ургийн сүнс”-тэн ажгуу. Дээр нь Жавзандамба болон бусад хутагтын хойд дүрийг язгууртны гэрээс тодруулахгүй байхаар журамласан Манжийн хааны зарлиг ёсоор “харц гаралтан, хар ястан” болж таарч байв.

Харин эзэн Чингис хааны алтан ургийн хан нар бол тэнгэрээс заяат эрх баригчид байв. Гэтэл эхэндээ төрийн тэргүүний ч, Ерөнхий сайдын ч суудал ногдсонгүй. Анхнаасаа л Түшээт хан Дашнямаас эхлээд, алтан ургийн хамгийн ахмад ханы хувьд өөрийгөө тусгаар Монголын төрийг тэргүүлэх үүрэгтэй хэмээн үзэгсэд байжээ.

Алтан ургийнхан төр барих амбицтай төдийгүй, сайн үүлдэр угсааны тэтгэлэг мялаалгад амташсан бүлэг болчихсон байв. Цаашдаа, Монгол Улс тусгаар тогтнон өөрийгөө санхүүжүүлэхийн зэрэгцээ тэдгээр ван, гүнгүүдийг өндөр албанд томилж, цалин пүнлүүгээр таслахгүй байх учиртай ажээ. Манжууд Гадаад Монголыг тогтоон барихдаа үлдээсэн хорлонт өв бол дээрх “эрхийн тэнэг” хүүхэд шиг болчихсон дээд ангийнхан байсан бололтой. Тэдний сор болсон хэсэг нь хувийн ашиг сонирхол, амь биеэ үл хайхран тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж явсан ч нэлэнхүй хэсэг нь цалин пүнлүүгээ хүртээд зүгээр хэвтэж явсан “Чингийн үеийн сайхан байдал” юугаа сэм мөрөөдөгсөд байсан шиг байна. Тиймдээ ч Халхын дөрвөн ханы өмнөөс 1911 онд Оросын хаанд илгээсэн захидалд сүүлийн хэдэн жил цалин өгөөгүй Бээжинд гомдлоо илэрхийлж байх билээ. Улмаар, Дилов хутагт Жамсранжавын дурсснаар бол Автономийн үед зөвхөн төрийн яамдад алба хашсан язгууртнуудад цалин өгөөд бусдыг нь орхисонд маш гомдож “Автономийг байгуулснаас Яамны албан хаагч бус ноёдын цалин тасалдсан зэргээс…таарамжгүй” үлдэж автономийг устгахад харамсахааргүй болж. Болсон төдийгүй Бээжин явсан ноёдод маш их бэлэг өгсөнд санаа нь ихээхэн хувьсч “Сайн ноён хан (Намнансүрэн), Дайчин жонон ван (Цогбадрах), Сартуул цэцэн ван (Жалчингомбодорж) нараас бусад нь Хятадад их бишрэлтэй”i болоод эхэлжээ.

1911 онд тусгаар тогтнолоо эргэн сэргээснээр тал нутгийн улс төрийн нөхцөл байдал тэртээ хоёр зууны урьд, Манжийн Вассал болохоос өмнөх үетэй төстэй байдалд орлоо. Монголчууд нийтээрээ шарын шашинд орохоос өмнөх үеийн уур амьсгал эргэн сэргэсэн мэт. Сэргэсэн мэт гэж юу хэлэх гээд байна гэхээр, тал нутгийн хаан ширээний төлөө тэмцэлд жинхэнэ болон хуурамч хан нар “орондоо унтах завгүй” үзэж тарж байсан цаг үеийн мэдрэмж эргэн ирснийг хэлж байна.

Тал нутагтаа оройлохын төлөө ус буцалж ирсэн Чингисийн удмынхны цөс хэзээ хөөрч болох вэ гэхээр, монголчуудын аархлыг базаж байсан харийнхны хяналт алдагдаж, хааны ширээ эзгүйрсэн үетэй давхцаж таарна.

Ийм тэмцэлд татагдсан тал нутгийн баатрууд ёс ярьдаггүй, ёс суртахуун баримталдаггүй. Ван хаан “булган дах”-гүй чичирсээр, Жамух “алтан бүс”-гүй нөмгөлсөөр нэгэн цагт зүйрлэшгүй ачилсан хүнийхээ гараар орж, орон зайгаа тавьж өгснийг “Нууц товчоо” нууж хаалгүй сургасаар ирсэн.

Гадаад Монголын язгуурт-нуудын өмнө Хутагт хувилгаадын намын өрсөлдөгч нараас гадна, Өвөр Монголоос ирэгсэд хөндөлдөн зогсож байлаа. Хайсан гүн, Манлайбаатар Дамдинсүрэн нараас эхлээд Монголын тусгаар тогтнолыг мандуулах үйлсийг санаачлагчид. Хэдийгээр тэд сүнс талаасаа ч, бие махбод талаасаа ч алтан урагт хамаарах юмгүй боловч дутуу үнэлэх аргагүй. Алтан ургийн сүнснүүдийг нэмж тодруулаад эхэлбэл яах вэ?

Манлай баатар Дамдинсүрэнгийн хамтаар Ховдыг чөлөөлсөн Хатанбаатар Магсаржаваас нэг айлтгал Богдод өргөж зарлиг гаргуулахыг хүссэн нь тэднийг бүр илүү сандаргаж, сэжиг тааврыг батлах мэт.

Хатанбаатар Магсаржаваас Ховдын тулаанд шалгарсан таван хүнийг алтан урагт зэрэг дэвшүүлж, тайж цол олгох санал гаргажээ. Энэ бол газар дэлхийд хүний биеийг олж төрсөн Будда болох Богд Жавзандамба хутагтын шийдлээр цоо шинэ “алтан ураг” төрж эхлэх гарц байлаа. Хойд дүр тодрох үзэгдэл шашны салбараас халиад төр лүү орж ирэх оролдлого.

Элдэв шид үзүүлэх чадамжтай төрөх нь хутагт хувилгаадын хойт дүрийг батлах шинж болдог. Тэгвэл, Монголын төрийн төлөө онцгойлон зүтгэж гавьяа байгуулах нь Чингис хааны удмынхны хойд дүрийн шинж байж яагаад болохгүй билээ. Хатанбаатар Магсаржав ийм үндэслэл гаргаж, Монгол төрийн шинэ маягийн элит анги төрүүлэн гаргахаар бодсон ч байж магадгүй.

Ван гүн нарын хувьд энэ нь тэвчишгүй зүйл байлаа. Алтан ураг “сүнс”-ээр дамжсан төрөл болох Өндөр гэгээний хойт дүрүүдээр өргөжиж явснаа бүр больчихоод одоо “зарлигаар төрдөг” болох нь байна. Эрх сүр, ургийн хэлхээгээ лам нартай тэсээд хуваалцаж ирсэн Чингисийн удмынхны хувьд энэ бол тэсэхэд бэрх зүйл байлаа. Тэр ч байтугай Чингисийн дүү Хасарын удмынхныг “төрөл тайж” гэхчлэнгээр ялгаварлаж, “ерөнхийдөө сайн үүлдрийнх боловч элит бус” хэмээн гадуурхсаар ирсэн байхад.

Ингээд толгойд нь түймэр ассан Монголын ван гүнгүүдийнхээ эв эеийг бодон, тэдний саналыг нь хүндэтгэсэн зарлигийг Богд хаан гаргажээ. Уг зарлигаар “…Тайж гэдэг нь Чингисийн угсааны нэр болох ба Сэргэлэнгийн зэргийн таван цэрэг бол угаас харц хуягийн ард мөн тул…зохиолдохгүй” гэдгийг тайлбарлаад, цаашдаа харц хүнд тайж гэдэг нэр өгөхийг “цаазлан хориглосон”ii байна.

ХОЁР. ШАШИН ДАГАСАН СЭХЭЭТНИЙ ДАВХАРГА

Богдоор удирдуулсан шарын шашны бүлэглэлийг зөвхөн эрх мэдэлд дурласан хуврагуудын нийтлэг байдлаар харах нь учир дутагдалтай. Тэдний ихэнх нь жирийн ардын дундаас хичээл зүтгэл, шашны боловсролынхоо чадвараар карьер хөөсөн хүмүүс байлаа. Шашны зүтгэлтнүүд нь хувь заяаны буянаар язгууртны гэрт төрөөд эрхлэн ямбалж өссөн, өөрийгөө төрөлхийн дээд зиндааных гэж үнэмшсэн алтан ургийн салаа мөчрүүдээс эрс ялгаатай. Тэрийгээ ч мэддэг байв.

Да лам Цэрэнчимэд Эрдэнэ шанзавын яамны бичээчээс эхлэн дэвшсэн бол Бадамдорж шанзав ч ядуу ардын гэр бүлээс өөрийн эрдэм чадлаар өндөрлөгт гарсан нэгэн аж. Язгууртны гэр бүлд төрөөд эрх танхи өссөн, удам угсаандаа найдан өсч өндийсөн ван, гүнгүүдийг бодвол ламын намынхан өөр өөрийгөө хүмүүжүүлж босгосон “Self-Made Mаn” хэмээн бардамнах үндэстэй. Шарын талын лидерүүд өөрсдийнхөө хувь заяаг эзэгнэн босгож чадсан шигээ улс үндэстнийхээ хувь заяаг үүрэх үүрэгт бэлэн гэж үзэж байлаа.

Ийнхүү Монголын “шашны нам” болон тусгаар тогтнолын хэрэгт оролцсон элит лам нар өөртөө нэн итгэлтэй төдийгүй, “эрхэндээ хатсан” алтан ургийнхнаас ч илүү Монголын оюун санааны удирдагчид болсон гэдэгтээ эргэлзэхгүй байсан бололтой. Анх шарын шашныг залахдаа, юуны өмнө хаан ширээний төлөөх алтан ургийнхны дуусашгүй тэмцлийг цэглэх, улмаар нийт монгол үндэстний үнэт зүйлийн нийтлэг үүсгэхийг зорьж байсан гээд бодохоор тэднийг бас буруутгах аргагүй юм. Анхдугаар дүрийн Богд Өндөр гэгээнээс хойш наймдугаар Богдыг хүртэлх шашны тэргүүнүүд хаана, хэний гэрт төрснөөсөө үл хамааран Гадаад Монголын оюуны удирдагч байж ирсэн түүх ч тэднийг зоригжуулсан байх.

Түүнийгээ ажил хэргээр ч баталгаажуулж, зөвхөн хан нарт олддог байсан цолуудыг харц гаралтай лам нартаа олгох болов. Ван гүнгүүд буюу алтан ургийнхан багтдаг эгнээг лам нараар тэлж, Да лам Цэрэнчимэдэд Чин ван, Да лам Дашзэвэгт гүн цол гэхчлэнгээр эхэллээ.

Олон улсын хууль эрх зүй ба Орос-Японы нууц тохиролцооны талаар ямар ч ойлголтгүй, хоёр том хөрштэйгөө тусаар тогтнолын хөзөр тоглох гээд харин ч өөрөө тэдний тоглоомын хөзөр болчихсон үед ламын талынхны хурц ухаан, логик дүгнэлтүүд онцгой ялгарч байв.

1911 оны сүүлчээр Оросын бодлого империализмын шинжтэй байгааг анх олж харж, яриа үүсгэсэн төдийгүй Хааны элчин Коростовичийн эгдүүг хөдөлгөсөн этгээд бол Да лам Цэрэнчимидiii байлаа. Тэрээр, Хаант орос улс Ар, өвөр Монголыг нийлүүлэн Монгол Улс байгуулахын эсрэг төдийгүй, Халхыг ч дангаар нь тусгаар тогтнуулах сонирхолгүй болохыг анхлан олж харсан юм. Хаант Оросын төлөөнийхний нэг сонин чанар бол өөрийнх нь хүсснээр гэнэн хонгор байгаагүй явдалд ихээхэн эгдүүцдэг зан юм. Да лам Цэрэнчимэдийн хэрсүү занд эгдүүцсэн Коростович 1912 оны Орос-Монголын гэрээний төслийг урж шидэх зэргээр авирлаж байв.

Улмаар, юмыг логикоор нь хөөж ойлгох гээд байдаг Да лам улс төрийн тавцангаас зайлуулагдан баруун хязгаарт томилолтоор явж байгаад учир битүүлгээр нас барсан юм. Энэ явдал, Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг татан буулгаж, Хятадын автономи болгосон 1915 оны “Гурван этгээдийн гэрээ”-ний өмнөхөн болжээ. Лам нарын төлөөлөл болох Да лам Дашжав ч “Гурван этгээдийн гэрээ”-нд Монголын талыг тэргүүлэн оролцож эхэлсэн боловч Орос-Хятадын ашиг сонирхлын нэгдлийг хэтэрхий анзаарч байснаас болоод эргүүлэн татагджээ.

Шашны сэхээтнүүдийн логиктой хурц сэтгэлгээ жирийн маргаан, хэрүүл дундаас ч гоц ялгарч харагдаж байв. Дилов хутагтын дурссанаар, Жалханз хутагт бээр Бээжин явж ирээд Сю Шүжаныг Богдод муулсан хэрэгт холбогджээ. Түүнийг Сийлэнбуугийн яамнаа дуудан учрыг лавлахад, миний бие дуулсан бүгдээ сайн мууг ялгалгүй Богдод айлтгах үүрэгтэй. Түүнийгээ л биелүүлсэн. Харин уламжилсан сайн мэдээг дараад, зөвхөн мууг нь дамжуулсан. Гэтэл миний ярианаас сайныг нь хасаад мууг дамжуулсан этгээдтэй танай яаман дээр нүүрэлдье хэмээн зөрүүлж тонгороод хэргээс эвтэйхэн мултарсан байх юм.

Хаант Оросын дипломатчид ч гэсэн ухаалаг хэрсүү лам нартай зууралдахын оронд арай гэнэн цайлган ван гүнгүүдтэй харилцахыг дээрд тооцсон бололтой. Энэ талаарх тайлангаа консул Любагаас Гадаад яамандаа илгээхдээ,

“Миний бие засаг төрийн төвд ард иргэдэд ойр байгаа Халхын ван гүнг тавимаар байна гэсэн манай улсын Засгийн газрын хүсэл эрмэлзлийг хутагтад уламжилж, хутагт нь түүнийг зөвшөөрснөө илэрхийлэв”iv гэжээ.

Эрмэлзээд зогсохгүй ламын талын төлөөлөлт оролцсон бол цаашдаа яриа хэлцээ хийхгүй гэдгээ ойлгуулах болжээ. Японы эрдэмтэн Тачибана Макатогийн үзсэнээр,

Монголчуудтай шууд хэлэлцээнд орохын өмнө Да ламын оронд “Оросын итгэл найдварыг хүлээх ван гүн бэлтгэж” хэлэлцээрийг үр ашигтай явуулах бэлтгэлийг хангаж байсан хэмээн таамаглагдахаар байна”v

Сүүлдээ лам нар ба ван гүнгүүдийн энэ ялгарал нь Монголын хамгийн сул цэг болохыг хол ойргүй анзаарсан бололтой. Хятадууд төдийгүй Нармай Монголыг байгуулагсад хүртэл энэ зөрчил ялгаан дээр тоглолт хийхийг санаархах аж. Хүрээнд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен И-гээс төвдөө явуулсан мэдээлэлд “Семеновчууд хар, шар феодалуудын дотоод зөрчлийг ашиглан Богд гэгээнийг түлхэн унагаад засгийн эрхийг ван гүнгүүдэд шилжүүлэн өгөх санаа”vi-тай байгааг дурдсанаас харахад.

Шарын талынхан ч өөрсдийгөө бэхжүүлэхэд хэтэрхий анхаарч ирсэн нь Монголын өрийг удирдах ангийн дотор үүссэн ангалыг улам ч өргөсгөжээ. Тэд татвар төлөгч энгийн ардууд, тайж нараас ялангуяа чинээлэг баян этгээдүүдийг хэтэрхий олноор нь, бүр дургүй хүрмээр ихээр нь шавьд элсүүлэн авчээ. Тухайлбал,

“…шавь ардын тоо 1909 он ба Чин улсын сүүлчийн Хэвт ёсны тэргүүн онд хүрээний сайдад мэдүүлэхэд таван түм таван мянга дөрвөн зуун далан ес (55479) байсан бол автономит засгийн 11 онд (1921?) тоолсон Их шавийн тоонд…найман түм есөн мянга гурван зуун ер (89390)хэмээсэн лүгээ нийлүүлэн үзвээс даруй гурван түмэн (30.000)хүн ам нэмэгдэж”vii

татвараас чөлөөт бүсийг зузаалжээ.

Нөгөө талд байсан алтан ургийнхан буюу ван, гүн нар нь Чингис хааны үеэс уламжлалтай алтан ургийнхны ноёрхол дээр л Монголын тусгаар тогтнол оршино гэсэн бат үнэмшилтэй хэвээрээ ажгуу.

I Дилов хутагт Жамсранжав. Ар Монголын улс төрийн дуртгал. 1949. Завхан судлал. VIII. Завхан судлал төв ТББ.2018. тал 74.

II Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. УХ. 1955. Улаанбаатар. Тал 113.

III Баабар. Монгол түүх. Дэд боть. Нэпко. 2017. Тал 371.

IV 1912.6.7 нд Оросын ГХсайд С.Д.Сазановт Өргөөгийн консул В.Ф.Любагаас явуулсан илтгэлээс. Тачибана Макато. Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар.УБ 2011. тал71.

VТачибана Макато. Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар.УБ 2011. тал 75.

VI Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. УХ. 1955. Улаанбаатар. Тал 172.

VII Г.Наваанннамжил. Автономитийн үеийн гадаад Монгол Улсын түүх.Г.Навааннамжилийн бүтээлийн дээжис. Улаанбаатар. 2011. Тал 129

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэндэвийн Мижиддорж: Буур Жамъян аварга чинь манай Мөрөнгийн хүн юм

“Эх орон сумаас эхэлнэ” буландаа ахмад багш Дэндэвийн Мижиддоржтой хөөрөлдсөнөө хүргэе.


-Бид хоёр Архангай аймгийн Мөрөн сум одоогийн Тариат сумын Мөрөн багийн тухай ярих юм. Та тэр нутгийн унаган хүн. Мөрөнгөөс алдарт Минжүүр баатраас аваад дөрвөн хөдөлмөрийн баатар, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Чадраа тэргүүтэй эрдэмтэн мэргэд, ардын зураач Цүлтэм гуайгаас аваад урлаг соёлын зүтгэлтнүүд төржээ. Бүгд л Мөрөн сумаараа дуудуулж, цоллуулж явж ирсэн байна?

-Үнэндээ тийм юм аа. Улс орны бүхий л салбарт тэргүүлэгч болсон хүмүүс манай нутгаас төрсөн байдаг. Эхлээд сумынхаа үүх түүхээс сөхье л дээ. 1923 оны эхээр аймаг хошуудын нэрийг өөрчлөхөд манай хошууг Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань Өлзийт далайн хошуу гэж нэрийджээ. Хорин есөн оны сүүлчээс тус хошууны сумдыг нэгтгэснээр 10 сумтай болоход Хангал, Бүргэдэй, Алтаад сум нэгдэж, бас Гуа сумаас нэлээд нутаг айл өрхийг оруулж Мөрөн сум болсон түүхтэй. Суман, Чулуут хоёр их гол нийлдэг бэлчир хөндийг хамарсныг нь бодож, мөн дээд Бөөрөлжүүтийн голд цутгадаг Мөрөн хэмээх жижиг горхиныхоо нэрээр сумаа нэрлэжээ. 1931 оны хоёрдугаар сард Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол батлагдсан байдаг. Үндсэндээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарилалтаар манайх Архангай аймгийн Мөрөн сум болсон. 1950 онд “Ялалт” нэгдэл байгуулагдаж сум орон минь улам бэхжиж тэлсэн. Харин жаран нэгэн онд засаг захиргааны хуваарийг дахин шинэчлэхэд манай сумыг Тариат сумтай нэгтгэх шийдвэр гарсан. Ингэж Тариат одоогийн Хорго хэмээх газар шинээр байгуулагдаж Мөрөн сумыг Тариатын Мөрөн баг (бригад) хэмээн нэрлэх болсон. Манай сум далайн түвшнээс дээш 2000 метр, Тарвагатайн нурууны өвөр бэл Чулуут, Сумын голын бэлчир хөндийгөөр оршдог. Урд талаараа Өндөр-Улаан, баруун талаараа Тариат, хойд талаараа Хөвсгөл аймгийн Галт, зүүн талаараа Жаргалант сумтай нийлдэг. Чулуут голын урд талын Дэлгэр булаг, Хүрэм, Чулуут, Суман голын хоорондох арал, Суман голын хойд талын Бөөрөлжүүт, Усан зүйл, Тарвагатайн нурууны ар талын Хөнжил, түүний өвөр талын Их Жаргалант, Баянжаргалант, Алайр, Алтаад голын хөндий, тэдгээр голын эх авсан өндөр булуунуудын сав нутаг хамаардаг. Өвөлдөө 50 гаруй хэм хүртэл хүйтэрч, зундаа 30 гаруй хэм дулаарч эрс тэс уур амьсгалд оршино. Долдугаар сард өндөр уулын оройгоор цас хаях ч энүүхэнд. Цагаан хадны булуу, Аралын залаа уул, Хутаг уул, Өнчин хярын далын овоо, Алтаадын эхний Байшинтын булуу гээд өндөр уулстай. Далын овооны зүүн урд руу Сэнжин цохио, Улаан хад, Нартын цохио гээд үргэлжилнэ. Алайрын адгаас дээш Жимгэр, Чойдгийн боргио, Цохит, Дүүжинт, Цагаан сахалтын булан, Хорхойт хөвөө, Хавцгайн шазуур, Хуунайн шанаа, Хөх хүзүүвч гээд сонин содон нэртэй газрууд бий. Суман голын хадны зураг, Алайрын голын адгийн хадны зураг, Өвчүү толгойн болон Цагаан асгатын тохойн хадны зураг гээд түүх соёлын дурсгалуудыг хэлж болно.

Мижиддорж Буур Жамъяан аваргын хамт

-Тариаттай нийлэх үед танай сумыг Минжүүр баатар удирдаж байсан гэдэг?

-Ринченгийн Минжүүр баатар манай Алайрын Тооройтод төрсөн хүн л дээ. Өнчин өрөөсөн өссөн юм гэдэг. Өндөр-Улаан болон өөрийнхөө Мөрөн суманд намын үүрийн даргаар ажилласан. Дөчин таван оноос Дотоод яаманд дуудагдан очиж 10 ажил алба хашаад 1955 онд сумынхаа “Ялалт” нэгдлийн даргаар ирж ажилласан. Энэ хүний тухай Польшийн сэтгүүлч Ж.Зиелински тавин найман онд “Зургаан мэргэдийн орноор” номондоо, мөн Японы профессор Коногаяа, Монголын сэтгүүлч И.Лхагвасүрэн нар “XX зууны монголчууд” бүтээлдээ дэлгэрэнгүй оруулсан байдаг. Манайхан бол баатрыгаа сайнтай муутай нь л ярина. Мөрөн сумаа Тариаттай нэгтгэсэнд хүмүүс дургүй байдаг. Сумаа үгүй хийсэн хүн дээ гэх яриа цухалзах нь бий. Ачир дээрээ Минжүүр гуай сумаа тараачихсан ч юм биш л дээ. Жижиг сумуудыг нэгтгэх нам засгийн шийдвэрийг хэн ч гэсэн дагаж таарна байх.Мөрөнгөөс хөдөлмөрийн баатар дөрөв төрсөн. Минжүүр гуай хөдөө аж ахуйн хөдөлмөрийн баатар, Дулмаа гээд оёдолчин аж үйлдвэрийн баатар, Дэнсмаа гээд тахиачин баатар, мөн Эрдэнэтийн уурхайгаас төрсөн Бямбаа баатар байна. Очирын Анж хорин нэгэн онд цэрэгт татагдан Улиастайд Хатанбаатар Магсаржавын цэрэгт байж Ховдод“мэргэн бууч” хэмээн цоллуулж явсан, Улаангомыг чөлөөлөхөд онцгой гавьяа байгуулсан хүн. Тэгвэл Баатарын Лхамсүрэн 1936 онд цэрэгт татагдан Халх голд очиж, дивизийн номын багшаар ажиллаж байгаад Халх голын дайнд оролцсон. Хөдөлмөрийн баатарт гурван удаа, Улсын баатарт хоёр удаа тодорхойлогдож явсан гавьяатнуудыг хэлэх нь зүйтэй. Энэ дашрамд дуулгахад Минжүүр баатар, Балчинжав гуай, Буур Жамъян аварга гурав чинь нэг дорын хүмүүс. Алайрын голын адгаас дээхнэ зүүн талд байх Тооройтын өвөлжөөнд төрсөн хүмүүс юм.

-Танайхаас чинь Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдорж гуай гээд улс төрд өндөр алба хашиж явсан хүмүүс бий дээ?

-Их хурлын гишүүд гэвэл мэдээж Ч.Пүрэвдорж Шадар сайд, мөн Баатарын Чадраа нар. Пүрэвдорж гуай чинь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, хуучин Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд байсан. Худалдааны яамны орлогч сайдаар Дулдаарайн Нямравдан, Тээврийн яамны орлогч сайдаар Төмөрийн Балжир, Батлан хамгаалах яамны орлогч сайдаар хошууч генерал Гомбын Баасанжав, Ардын хянан шалгах хорооны орлогч дарга бөгөөд төрийн сайдаар Өлзийхутагийн Ганхуяг, Тээвэр холбооны яамны сайдаар Бат-Очирын Гомбосүрэн, Эдийн засаг гадаад харилцааны яамны сайдаар Надмидын Бавуу нар байна. Т.Ганди, Ө.Энхтүвшин нар манай суманд хамаардаг юм. Учир нь Т.Гандигийн дээд өвөг нь Овоотын Баяр харцага гэж байсан. Түүний ач Зандраагийн Төгсжаргал нь Гандигийн аав юм. Ө.Энхтүвшингийн нагац аав ходго Жамъян нь нягтлан бодогч мэргэжилтэй, яаж ч хурдан хэлсэн тоог ямар ч алдаагүйгээр сампингаар боддог хүн байжээ. Хөвсгөл аймагт алба хааж байсан бөгөөд охин Цэрэнбамуу нь Хөвсгөл аймгийн Энхтүвшинтэй сууж хүү төрүүлсэн одоогийн Шадар сайд Энхтүвшин юм билээ. ХАА-н банкны захирлаар ажиллаж байсан гавьяат Ч.Чулуунбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Маньбадрахын Ганболд байна.

“Ялалт” кино театр, “Говь” комбинатыг хариуцаж барьсан гавьяат барилгачин Чимидийн Мягмар, Дулааны II цахилгаан станцын даргаар ажиллаж байсан П.Цэрэннадмид, дулааны III цахилгаан станцын даргаар ажиллаж байсан Н.Мягмарсүрэн, Бямбаабаатартайгаа адил Эрдэнэт үйлдвэрээс төрсөн гавьяат эдийн засагч Г.Галбаатар байна.

-Монголын шинжлэх ухааны аваргууд мөн л танай сумаас төрсөн байдаг даа?

-Чулуут, Суман голын эртний зургуудаас үзэхэд эрт дээр үеэс од эрхсийг судалж байсан нь мэдэгддэг. Монгол оронд орчин үеийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэхэд Мөрөнгийнхөн онцгой гавьяа байгуулсан. Эх орныхоо эрдэс баялгийг нээн илрүүлж ашиглахад алтны хайгуулч Баатарын Лхасүрэн, Зандраагийн Төгсжаргалаас эхлээд Лхачингийн Өсөхбаяр, Гончигжав, Пүрэвдорж зэрэг олон хүн өөрсдийн хувь нэмрийг оруулжээ. Байгалийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд цөмийн физикч Баатарын Чадраа, физикч Данзангомбын Доржготов, геофизикч Т.Улаанбаатар, математикч Б.Нэргүй, химич Ч.Жавзан, биологич Н.Сонинхишиг нарын олон эрдэмтдийг нэрлэж болно. Эдийн засгийн шинжлэх ухааны хөгжилд Ч.Жүгдэрнамжил, Н.Сонинтамир, барилга хот байгуулалтын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Дарьхийхүүгийн Очирбат нарын салбар бүрийн манлал болсон эрдэмтдийг нэрлэж барахгүй.Хөдөө аж ахуйн нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Балжирын Минжигдоржийг ард түмэн сайн мэднэ. “Монгол хонины махны ашиг шим, хувьсах зүй тогтол” сэдвээр тэртээ далан гурван онд Москвад дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бол 1996 онд Улаанбаатарт “Монгол хонины махны ашиг шимийг дээшлүүлэх онол, арга зүйн үндэслэл” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Ардын зураач Ням-Осорын Цүлтэм гуай Мөрөнгийн хүн байх шүү?

-Тэгэлгүй яахав. Хорин гурван онд Хүрэмийн бага хавчигт төрсөн түүхтэй. Монголын урчуудын хорооны даргын албыг 33 жил хашсан энэ хүн Монголын дүрслэх урлагийн ноён оргилуудын нэг байсан.“Монгол зураг”, “Монголын гоёл чимэглэлийн урлаг”, “Монголын уран баримал”, “Монголын уран барилга”, “Монголын урлагийн түүх” зэрэг бүтээлээ дэлхийн олон оронд хэвлүүлсэн. “Талын айл”, “Намуун орой”, “Мартагдашгүй уулзалт”, “Ардын жүжигчин Цагааны Цэгмид”, “Чингис хаан”, “Мандухай цэцэн хатан” тэргүүт бүтээлээрээ төрийн шагнал, хөдөлмөрийн баатар цол хүртсэн эрхэм хүн. Хүүхдүүд нь Мөнхжин, Энхжин гээд мөн л төрийн шагналт, гавьяат зураачид гэдгийг манайхан сайн мэднэ. “Ар хөвчийн унага”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн барьяа”-г дуулсан Сундуйн Сүглэгмаа гэж ардын дууны гавьяат бий. Манай Алтаадад төрсөн. “Тоншуул” сэтгүүлийн нэрийн хуудас болсон яруу найрагч, сэтгүүлч Жамцын Шагдар мөн манай Мөрөнгийн хүн. “Инээдмийн дугараа”, “Тайгын хүний тууж”, “Хунгийн жигүүр”, “Уулсын цаана уулс” шилдэг бүтээлүүд туурвисан, “Галзуурсан бумба” зохиолоороо “Алтан тоншуул”-ын эзэн болсон. Монгол телевиз, Монголын радиогийн даргаар ажиллаж байсан эрхэм сэтгүүлч, зохиолч Магсарын Чойжил байна. “Дулаан энгэр”, “Нуурын өглөө”, “Сэнжин цохио” гээд номууд уншихад урамтай. “Учрах тавилан” романаас аваад олон шилдэг бүтээл туурвисан. За тэгээд Чадраабалын Балчинжав гэж сайхан хүнийг зүй ёсоор нэрлэж таарна. Аавыг нь “толь” Чадраабал гэдэг. Толь шиг гялалзсан цэвэр цэмцгэр сайхан хүн байсан гэдэг. Шанаган хуур дардаг авьяастай хүн байж. Чойжил ах, Балчинжав гуай энэ хэд чинь Мөрөн сумын бага сургуулийн анхны сурагчид. Яруу найраг, орчуулгын олон бүтээл туурвисан Монголын соёлын нэрт зүтгэлтэн байлаа. “Буурал тэнгис” шүлгийн номыг нь Бэгзийн Явуухулан гуай редакторлож байсан юм билээ. Зөвлөлтийн шилдэг зохиолчдын бүтээлүүдийг эх хэлнээ орчуулсныг нь Мишигийн Цэдэндорж гуайгаас олон хүн үнэлсэн байдаг. Балчинжав гуай бол хөгжмийн зохиолч, Монголын рок попын нэрт төлөөлөгч Долгионы аав шүү дээ. Дүү нь Ангирмаа гэдгийг ч хүмүүс мэднэ.“Сэлүүн орчлонгийн сиймхий” роман, “Еэ еэ, шар Будаа” хүүхдийн киногоороо алдартай Батын Лхагвасүрэн гээд Мөрөнгийн олон зохиолч, оюуны мастеруудыг нэрлэх байна. Дашчойлин хийдийн тэргүүн хамба, соёлын гавьяат зүтгэлтэн Чойжилжавын Дамбажав манай Алтаадын унаган хүүхэд гээд бодохгүй юу.

-Та дээр яриан дундаа нэг үг хэлчих нь билээ. Буур аварга чинь манай Мөрөнгийн Тооройтын өвөлжөөнд төрсөн хүн гээд. Миний бие хоёр жилийн өмнө Өсөхөө аваргын аав Гэлэгжамц гуайтай Буур аваргын нутаг Цахир, Тариатаар явсан. Цахирын Доод Тарантын өвөлжөө буюу Буур аваргын төрсөн бууцанд очсон?

-Тийм ээ, тэрхүү цуврал тэмдэглэлийг “Өдрийн сонин”-оос уншсан. Их сайхан тэмдэглэл болсон. Гэлэгжамц гуай Буур аваргыг Цахирын хүн гэдэг. Яг үнэндээ бол манай Мөрөнгийн хүн юм шүү дээ. Буур аваргын барилдаж эхэлсэн үеийн бөхийн оноо дансанд “Цэцэрлэг мандал аймгийн Чандмань өлзийт далайн хошууны Үйзэн тайжийн багийн Жамъян” гэж маш тодорхой бичсэн байдаг. Хожим нь Архангайн Тариат гэж бичсэн байдаг. Үйзэн тайжийн багш нь одоогийн Тариат сумын Мөрөн багийн төвөөс зүүн тийших нутаг.Тооройтын өвөлжөөнд Жамъян аваргаас гадна түүнтэй ойролцоо төрсөн, багадаа тоглож өссөн Хайнзангийн Чадраа, Батын Данзангомбо, Даваагийн Дэндэв, Зэвэг, Готовын Ономраш, Өлзий, Дуламсүрэн зэрэг олон хүн байсан. Манайх 1952-1955 онд Тооройтын өвөлжөөний доохно орших Хатагины өвөлжөөнд өвөлжиж байсан. Миний эгч Ралжигмааг амаржихад Балган гуайн эмгэн Бадамгарав гуай хүүг нь эх барьж авсан. Тэгэхэд түүний олон хүүхэд эх барьж авсан тухай яриа болоход тэрээр “Би яах вэ? Дээд өвөлжөөний Найжиг тэр өвөлжөөнд төрсөн бараг бүх хүүхдийг эх барьж авсан даа. Анх 19 настайдаа Долгор эмээтэйгээ Готов гуайн эхнэр, Нацаг гуайн эхнэр хоёр ойролцоо амаржих үед эх барьж авсан. Энэ Хумбага намайг авсан ээж гээд л сүйд болдог юм. Харин Нацаг гуайнх дээшээ нүүгээд явчихсан. Миний авсан хүү том бөх болсон гэнэ билээ” гэж ярьдаг юм гэсэн билээ. Тооройтын өвөлжөөнд тэр үед Ишнямбуу, Норов гэдэг хоёр хөгшин байсан. Тэднийг Нангуу, Найжиг гэж нэрлэдэг байсан. Готовын Ономраш гуайг нутгийнхан нь Хумбага гэдэг байлаа. Энэ ярианаас үзэхэд Ономраш, Жамъян гуай хоёр ойролцоо үед төрсөн нас чацуу хүмүүс байсан бололтой. Аваргатай нэг өвөлжөөнд төрсөн Балчинжав гуай “Буурал тэнгис” гэдэг номынхоо “Буур Жамъян” гэсэн бичиглэлдээ “Хар нялх байхаасаа хамт тоглож өссөн найз жаал Чадраа нь насыг нь тоолон хаядаг байж” гэж бичсэн байдаг. Тэр Хайнзангийн Чадраа нь хожим Мөрөн сумын захиргааны нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байсан билээ. Тэр хавийн нутгийн хүмүүс, тэр дундаа Тариатын хүрээнд Жамъяан аваргатай хамт сууж байсан хүмүүс түүнийг 1900 оны хулгана жил Тооройтын өвөлжөөнд төрж 12 нас хүртлээ тэнд нутаглаж байгаад Тариатын хүрээнд очиж шавилан суусан гэж батлан ярьдаг. Минжүүр баатрын бас нэгэн дурдатгалд бүр тодорхой бий.

-Түүнээ тодруулахгүй юу?

-“Н.Жамъян: Аавынхаа нутгаар ороод явъя даа л гэж бодсон юм” гэсэн дурдатгалдаа Минжүүр гуай“ Уг нь Буур аваргын гарал үүсэл, удам судар нь Архангай аймгийн Мөрөн сумын нутагт Алайр Тооройт гэдэг уултай, устай үзэсгэлэнт сайхан жалга байсан бөгөөд бөх болгосон анхных нь багш нэг нутгийн Дамбий аварга байсан юм билээ. Босоо хэмээн нэрд гарсан Дамбий аварга ”Тооройтын өндөр Нацаг зааны хүү Жамъян л бөх болох хүүхэд” гээд бүр бага залуугаас нь барилдах арга мэх, ухаан зааж Далай чойнхор вангийн хошуунд бөхийн сургууль төвлөрөхөд тэнд дагуулан очиж бөхийн эрдэмд сургаж байсан нь бас учиртай. Миний хувьд бол нутаг ус, удам судраа хөөвөл цаанадаж төрөл садан, наанадаж өвөлжөө өтөг нэгтэй бөгөөд өөрөөс нь 15 насаар дүү, залуу зандан үедээ ах дүүсэн, нутгархаж сүүлдээ нас хөгшрөөд хээ шаагүй хөөрөлдөн хамтдаа идэж ууж, наргих даргих явдал зөндөө л болсон юм. Мөрөн сумын “Ялалт” нэгдлийн ойд ирж оролцоход нь “Уг нь би аавынхаа нутаг Алайраар нэг ороод явъя даа л гэж бодсон юм шүү дээ” хэмээн бүр үнэн сэтгэлээсээ учирлан ярихад нь наадамчин олон үе тэнгийнхэн нь … аавын чинь нутаг Алайр Тооройтоор цөмөөрөө орно гэж… Тэгээд бид маргааш нь Алайрт очиж аваргын аав өндөр Нацаг заан, тэр үеийнх нь төрөл садных нь өвөлжөө өтөг байдаг Тооройтоор орж, Тооройтын өндөр дэнж дээр Алайрынхан, тэр хавийнхан ямар ч урилга зарлалгүйгээр цугларан ёстой нэг сайхан найр болж билээ” гэж дурссан.

-Буур аваргын тухайд ийм байдаг байж. Би бол Цахирын хүн л гэж бодоод байгаа. Ингэхэд сум тарах үеийн процессыг яриач?

-Тариатын арван жилийн сургуулийн наймдугаар ангид байсан үе. Жаран оны өвөл сум татагдан буугдах болсон гэнэ. Тариатын төвийг Хорго дээр буулгах болсон гэнэ гэх яриа гарлаа. Тариатын төв хуучин Сүүл толгой гэдэг газар байсан. Сүүл толгой цэвдэгтэй. Өвөл айлын голомтноос ус оргилоод гараад ирнэ. Өглөө босоход нь шагайгаар татсан ус байж байна. Орчин тойрон хөлдчихөөр ганц халуун нь айлын голомт байхгүй юу.Ингээд тарвага, зурам ихтэй хоосон зэлүүд газар Тариатын шинэ төв боссон. Сургуулийн хоёр давхар байшинг хятад барилгачид бариад, улаан булан зэргийг нутгийн ардууд нь бариад л ажил өрнөсөн.Мөрөнгийнхөө төвийг сахиж үлдсэн хүмүүс бий. Чойжилжав гэж Мөрөн багийн дарга. Тэр хүний ач охин Батмөнх Тариатын дарга болж байсан, Сумъяабаатар гэж нэг хүү нь улсын аварга малчин. Одоо ч нутагтаа байгаа.

-Таны хувьд бүхий л насаараа багшийн хөдөлмөр эрхэлсэн. Олон ч мундаг шавь нар төрүүлсэн дээ?

-Би гэдэг хүн Мөрөн сумын Сугын өвөлжөө гэдэг газар 1946 онд төрсөн. Манай ээж Чадраа ахын хамгийн том эгч. Манайхныг Торлигийнхон гэдэг. Торлиг Жамбал гэж хүний үр сад. Торлиг гэж хүний бага хүү нь Баатар. Чадраа академичийн аав. Сүхийн том хүү нь Жамъян гэж миний нагац.Миний бие Мөрөн сумынхаа бага сургууль, Өндөр-Улаан суманд дунд сургууль, тэгээд Тариатын арван жилийг төгссөн. Ингээд Монгол Улсын их сургуулийн химийн ангид таван жил суралцсан. Төгсөөд сумынхаа сургуульд очиж ажилласан. Тариат, Өгийнуур, Хайрхан, Эрдэнэмандал сумдад багшилсан. Б.Адъяасүрэн Их сургуульд багшилж байсан химийн ухааны доктор, Хүрэлтогоо ХААИС-ийн химийн багш, О.Чимэдцэрэн Анагаахын сургуулийн Нийгмийн эрүүл ахуйн сургуулийн захирал байсан хүн. МУБИС-ийн багш Д.Оюунбилэг гээд мэргэжлийг минь залгамжилж авсан эрдэмтэд байна. Дөрвөн том сургуульд нэг нэг шавь минь байгаад бахархдаг. Хичээл зааж байсан гэвэл Их хурлын дарга асан Р.Гончигдорж, Монгол төрийн түшээ, сайд Ц.Адъяасүрэн, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ядамсүрэн, МУБИС-ийн захирал байсан Жадамбаа гээд том том эрдэмтэд байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сорхун” эмнэлгийн захирал Дашдэндэвийн Оюунцэцэг: С.Зоригийн ээж Доржпалам гуай, манай ээж хоёр Сайд нарын II дугаар эмнэлэгт хамт ажиллаж байсан

ТОД ББ” ХХК-ийн ерөнхий захирал, “Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг, эх нярайн сувиллыг үүсгэн байгуулагч Дашдэндэвийн Оюунцэцэгийг “Орчлонгийн сайхан ээж” буландаа урилаа. Тэрээр арван хүүхэдтэй айлын тавь дахь нь буюу одонгийн хүүхэд. Өөрөө таван хүү төрүүлсэн одонтой ээж. Ажил амьдралын гараагаа гагнуурчнаас эхэлсэн эл эрхэмд үсчин, малчин, цэвэрлэгч, худалдагч, гахайчин, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, компанийн захирал гээд хийж үзээгүй ажил ховор. Чин сэтгэлээ зориулж чадах юм бол ямар ч ажлаас хүн үр өгөөжийг нь хүртэж болдгийг амьдралаараа харуулж яваа Оюунцэцэг захирлын яриа уншигч олонд, ялангуяа охид бүсгүйчүүдэд нэгийг бодогдуулах болов уу.


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын дугаартаа тантай ярилцаж байна. Арван хүүхэд төрүүлж өсгөсөн ачит ээжээс тань яриагаа эхэлбэл ямар вэ?

-Энэ өдөр хайрт ээжийгээ дурсан санана гэдэг сайхан юм. Надад их ерөөлтэй санагдлаа. Миний ээжийг Самбуугийн Чулуунпүрэв гэдэг. Таван настай өнчин хоцроод Самбуу гэж том ахаараа овоглосон байдаг. Архангай аймгийн Цэнхэр сумын хүн. Ээж минь арван настай хүүхэд Улаанбаатарт ирж Нэгдүгээр сургуулийн босгыг алхжээ. Гэхдээ сургуулиа төгсөж чадаагүй юм билээ. Тогоочийн курсэд сурч мэргэжил эзэмшсэнээр ээжийн минь амьдралын зам мөр эхэлсэн түүхтэй. Учир нь тогооч мэргэжил эзэмшиж нисэхэд ажилласнаар ханьтайгаа учирчээ. Ээж, аав хоёр минь нисэхэд танилцсан юм. Арван есөн настайдаа гэрлэсний дараахан аав Орос руу сургуульд явжээ. Манай аав чинь ОХУ-ын Ульяновск хотын нисэхийн сургуульд радио техникчийн мэргэжил эзэмшиж одоогийн МИАТ-д радистаар ажиллаж байсан. Сүүлд ээж Сайд нарын Хоёрдугаар эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажилласан юм. Тэнд С.Зориг агсны ээж Доржпалам гуай эмч байсан.

Яг л “Сэрэлт” кинонд гардаг орос эмч шигээ харагддаг тийм гоё хүн байсан. Манай том хүүг эмч болоод ирэхэд ээж минь Доржпалам гуайг дурсаад эмч хүний сайхан чанарын тухай хэлж байж билээ. Мэргэжлийн том том сургуулийг нь төгсөөгүй хэрнээ сэтгэлээрээ эмчилдэг хүн гэж бий. Өвчтэй хүний сайхан үгээр анагаах шидтэй хүн байдаг л юм шүү гэж хэлж байсан. Энэ нь мэдлэг боловсролоос гадна эмч хүнд сэтгэл гэж чухал зүйл байдгийг хэлсэн үг байв. “Сэтгэл байсан газар бүх юм амьд байдаг. Сэтгэл байхгүй бол мянган бурхан байгаад ч нэмэргүй” гэж ээж минь хэлдэг сэн. Сургууль соёл төгсөөгүй хэрнээ хэлж ярьж байгаа нь цэгцтэй, утга учиртай мундаг хүн байлаа. “Хүнд чинь хэлэх хэлэхгүй үг, хэлэх хэлэхгүй өдөр цаг гэж байдаг юм” гэнэ. Одоо бодох нь ээ, яасан ч үнэн үг вэ. Хоёр идэхгүй хоосон хонохгүй, хоёр нарны хооронд ажиллаад л, арван хүүхэд өсгөж хүний дайтай хүн болгосон. Гэвч ядарлаа, зүдэрлээ гэж нэг ч хэлэхийг нь сонсоогүй л юм. “Миний хүү олонтойгоо л яваарай” гэж надад захисан. Түүнээс баян хүн болоорой, хөрөнгө хураа гэж хэлээгүй. “Энэ хэдэн хүүхдээ хүн болгоорой” гэж хэлдэг байв. “Таван хүү минь хүн болчихоод байхад хүн болгоорой гэдэг нь юу гэж ч байгаа юм” гэж тухайн үедээ боддог л байж, залуу ч байж, тэнэг ч байж дээ. Ээжийнхээ үгийн ухааныг ойлгож мэдрэх тэнхээгүй байж дээ. Хүүхдийг хүн болгоно гэдэг маш өөр ойлголт гэдгийг сүүлд л мэдэрсэн. Хичнээн гадаад дотоодын сургууль төгсөөд, олон мундаг дипломтай байгаад хүний хувьд өөдгүй бол хэрэг байхгүй гэдгийг одоо ойлгож байна шүү дээ.

-Таны хувьд анхны цалингаа ээждээ зориулсан гэдэг. “Миний амьдралын хамгийн жаргалтай мөч” гэж ярьж байхыг тань сонссон?

-Тийм ээ, би анхны цалингаа аваад ээждээ өгсөн. Гагнуурчин болоод сар ажиллаад 950 төгрөг авсан юм. Тэр үеийн 950 төгрөг гэдэг мөн ч их мөнгө. Ааваасаа илүү цалин авч байгаа нь тэр. Гагнуур хийнэ гэдэг үнэлгээ өндөртэй, дээрээс нь би илүү цагаар ч ажиллаж байсан. Анхны цалингаа ээждээ зориулна гэдэг миний өөрийн чинадын ч хүсэл байсан. Хүсэл минь ч биелж байгаа юм. Ээж бид хоёр хажуу айлынхаа усны тэргийг түрээд тавилгын дэлгүүр рүү явлаа.

Монголын үйлдвэрийн тавилгын тэрхүү дэлгүүрээс ээждээ модон авдар ширээ авлаа. Түүнийгээ тэргэн дээрээ тавиад гэрээдээ явж байхад хичнээн жаргалтай байсан гэж санана. Ээж бүр нэг чин сэтгэлээсээ баярлаж, намайгаа магтаад “Миний буржгар охин хөөрхөн ш дээ” хэмээн үсийг минь илбээд. Одоо ингээд ээжтэй алхалж явсан тэр сайхан мөчийг эргэн санаад эгч нь уйлж байна л даа. Нулимс унагахгүй байхын аргагүй тийм нандин он цаг юм. Хүн эжийнхээ ачийг хариулж чаддаггүй юм гэдэг. Гэхдээ би тэгж нэг баярлуулсан юм. Ээжийнхээ жаргалтай царайг харах шиг баяр баясгалан үгүй.

-Ээжтэйгээ алхалж яваа дүр зураг чинь нүднээ тодорч байна. Ингэхэд та аавынхаа тухай ярихгүй юу. Ээжтэй тань нисэхэд танилцсан гэдгийг түрүүнд цухасхан дурдлаа?

-Миний аавыг Дэжидийн Дашдэндэв гэдэг байв. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хүн. Ээж маань Архангайнх, тунгалаг Тамирын голын хөвөөнд өссөн хүүхэд. Хөвсгөлийн хөвч тайга их уулс, Арын хангайн гоёхон байгальд төрж өссөн хоёр эрхэм хүний дундаас хүн болсондоо өөрийгөө азтайд боддог. Би болохоор жаран дөрвөн оны алдарт луу жилд Улаанбаатар хотноо Найрамдлын районд төрсөн хүн.

Аав минь сайхан дуулна, бас сайхан барилдана. Өнөө найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай хүн гэдэг чинь яалт ч үгүй миний аав байлаа. Аавын барилдахыг би санадаг юм. Тэр жил Хөвсгөл Их-Уул суманд бид очлоо. Наадам таардаг юм байна. Тэгтэл биднийг голын тэнд орхичихоод бүтэн хоёр өдөр өөрөө барилдана гээд яваад өгөв. Наадам тарахын алдад аав минь халуун сав, дээлийн өнгө барьчихсан, өнөө л сайхан дуулдгаараа дуулаад, жаахан улаа бутарчихсан ирж байж билээ. Их-Уулын наадамд түрүүлчихээд ирж байгаа нь тэр. Тийм л хийморь лундаатай эр байсан. Их л эрэмгий эрдүү, бадрангуй хүн байж билээ. Миний эжий намайг аварсан шүү гэж аав минь хэлдэг. Жаран хоёр онд Отгонтэнгэрийн осол гэж айхтар юм болсон. Ховд руу нислэгтэй явсан онгоц Отгонтэнгэр хайрхныг мөргөсөн. Тухайн онгоцонд аав албан ажлын дагуу явах байсан. Гэвч ээж нь бие нь гэнэт муудаад аавыг явуулаагүй байдаг. “Би Ховд явмаар байна. Очиж очиж та энэ өдөр өвддөг чинь ямар учиртай юм” гэж аав цухалдсан байдаг. Мэдээж ээжийнх нь бие тааруу байхад орхиод явж чадаагүй. Гэтэл тэрхүү нислэг сүйдэж айхтар юм болсон. “Миний ижий Хөвсгөлөөс бага хүү намайгаа дагаад хотод ирсэн хүн. Гэтэл хүүгийнхээ амийг хүртэл аварлаа” гээд аав минь уяралтайхнаар өгүүлдэг байв. Манай эмээ тэр цагаас хойш аавыг амьд дээр минь газар буудаг ажил хий гэж хэлээд жолооч болгосон. Ингэж аав минь нисэхийн холбоочны ажлаасаа гарч баазын жолооч болсон. Ээж мөн аавыг даган нисэхийн тогоочийн ажлаас гарсан юм билээ. Ингэхэд аавыг минь таньдаг мэддэг бүхэн “мөнгөн цагаан” гэж нэрлэдэг байв. Лувсангийн Дагвадорж гуайн шүлэг, Насанбуян гуайн хөгжим “Нисэгчийн дуу” буюу “мөнгөн цагаан хүлэг минь дүүлж явнаа” гэдэг дууг аав минь амьдралынхаа туршид дуулсан. Тэгээд “мөнгөн цагаан” гэж нэрлэгдсэн.

-Таны ажил амьдралын гараа Эрдэнэтээс эхэлсэн байдаг. Тэр тухайгаа сонирхуулаач?

-Наян хоёр онд аравдугаар анги төгсөөд Анагаахын сургуульд орж чадаагүй юм. Тэр жил ядахад “улаан шугам” гэдэг юм гарч ирээд урдуураа таслуулчихсан. Сурлагадаа гайгүй, ангийн дарга ч сүрхий товарищ байлаа. Манай том ах Дарханы ерөнхий архитекторч Ганболд гэж байсан. Өөрөө их, дээд сургуульд орж чадалгүй гурван жил ажиллаж байгаад архитекторын ангид орж байсан хүн. Тийм болохоор надад “Чи гурван жил ажиллаж байгаад сургуульд ор” гэдэг юм. Би болохоорх Чех рүү ТМС-д явмаар санагдаад, манайхны хэлдгээр алтан Прага нүдэнд харагдаад, ер нь хаашаа ч хамаагүй явчихмаар л байсан. Дээрээс нь нэмээд хэлэхэд Анагаахын сургууль авч чадаагүй болохоос ТМС-ыг бол хүссэнээрээ сонгох эрхтэй байдаг. Ингээд Ганболд ахын хэлснээр Эрдэнэтийн байшин үйлдвэрлэх компанитад ажилтан боллоо. Токарьчин, кранист гээд бүхий л мэргэжил гоё юм шиг санагдаж, сонирхлыг минь татаж байв. Тэр дундаас гагнуур хийх бүр гоё санагдсан. Хоёр төмрийг хооронд нь гагнаад гагнаас нь онож таарахар дуу нь хүртэл гоё байдгийг бодохгүй юу. Гагнуурын хайлш тос хольж байгаа юм шиг гоё. Миний анхны мэргэжил гагнуурчин. Хажуугаар нь бас өрөмдөгч хийгээд хос мэргэжилтэн боллоо. 1982-1990 он хүртэл Эрдэнэт хотод гагнуурчин хийсэн. Тухайн цагтаа арван найман настай бүсгүй Байшин үйлдвэрлэх нэг, хоёрдугаар комбинатынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга боллоо. Нийгэмд байр суурь эзлэх, хүмүүстэй харилцах харилцаа, олны итгэл хүндэтгэлийг хүлээх, мөнхүү хариуцлага үүрэх цаг мөч минь тэгж эхэлсэн. Гагнуур хийгээд ажиллаж байхдаа би чинь гурван хүүхэд төрүүлсэн. Ингээд ерэн онтой золгосон. Монгол Улсын 252 дугаар тогтоол гарлаа. Хүн амын суурьшлыг сааруулах тогтоол гэж хэлж болох байх. Миний хань А.Даваасүрэн ГОК-д ажиллаж байсан. Тэгтэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багт малчин болдог юм байна. Ханийг минь алс хөдөө сумын нэгдлийн малчин болгохоор явууллаа. Тэнд манайх зургаан жил болсон. Би гэдэг чинь хотод төрсөн хүүхэд. Мал гэж сайн мэдэхгүй. Нэгдлийн мянган цагаан хурга маллахаар хөдөө гарсан. Уулын энгэрт хонь цайрч харагдахаар хүүхдүүддээ “аав чинь тэнд явна” гэж хэлдэг. Гэтэл уул уулын энгэр бүрт энд тэндгүй хонь мал харагдахаар хаана ч хань минь яваа юм бол гэж эхэн үедээ учрыг нь олдоггүй байлаа. Хий дэмий л аргал түүнэ. Хадам аав маань Адьяажав гэж сайхан хүн байсан. Хорин настай хонгор зүстэйдээ бэр болоод тэр айлд очлоо. “Миний дээлтэй төрсөн охин хүүхэд минь” аав минь халуун дотноор хүлээж авсан. Аавынхаа удмыг олон болгож хүү төрүүлсэнд баярлалаа гэж хэлж байсныг нь мартдаггүй. Түдэвтэй сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хий гэж сумын дарга Ванган гэж хүн хэлсэн. Тэгээд буудлын эрхлэгч бол гэдэг юм байна. Хөдөө суманд ёстой нөгөө соёлын үрийг тарина гээч юм болсон доо. Сурагч, залуучуудад бүжиг заагаад, Залуучуудын холбоо гэдгийг байгуулаад бужигнуулж өгсөн. Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Ц.Жамьян гээд мундгууд чинь очно. Мөн яруу найрагч П.Батсайхан, дуучин С.Батсүх нар очно. Өнөөдөр бүгд энгэртээ гавьяатын тэмдэг гялалзуулсан аваргууд болжээ. Завхан аймгийн Түдэвтэй сум бол олон хутагт хувилгаадын нутаг. Ерөнхий сайд Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав гээд агуу хүмүүс төрсөн. Тэр сайхан нутгийн уул ус таван хүүг минь харж яваа гэдэгт би итгэдэг. Дээрээс нь Монголыг даасан Отгонтэнгэр хайрхан харж байгаа. Түдэвтэй суманд байхад ерэн нэгэн онд дөрөв дэх хүү минь мэндэлсэн юм.

-Завханаас буцаад Эрдэнэтдээ ирсэн гэдэг билүү?

-Ерэн зургаан оны өвөл идэр есийн хүйтэнд Завханаас нүүж ирсэн. Нөхөр бид хоёр эхлээд хувийн дэлгүүр ажиллууллаа. Хоёр жил ажиллаад байж байтал манай хүн Солонгос улс руу явж таарав. Ганцаараа дэлгүүр ажиллуулна гэдэг хэцүү. Ингээд үсчин боллоо. Эрдэнэтийн хоёр мастер үсчний шавь болсон гэж болно. Үсчний ажил надад үр өгөөжөө өгсөн. 2001 онд том хүү минь оюутан боллоо, дараа жил нь хоёр дахь хүү бас оюутан болсон. Хань маань Солонгосоос ирлээ. Манайх гэдэг айл хот руу нүүхээс аргагүй болсон. Улаанбаатарт ирээд 805 дугаар ангийн тэнд хашаанд буулаа. Хорооны даргадаа 350 мянган төгрөгийн хандив өгч суурьшилтай болсон. Мэдээж ажил хийх хэрэг гарна. Ажил хайлаа. “Модун” компани үйлчлэгч авна гэх зарын дагуу очив. Захирал нь Должидын Батбаяр гэж мундаг бизнесмэн байдгийг хүмүүс мэднэ дээ. Бөхийн өргөөний хажуу тал одоогийн “Хөх нуруут”-ын дэргэдэх бааранд нь яваад очлоо. Тэгтэл намайг үйлчлэгчээр авдаггүй, та чадахгүй гээд байдаг. Би тарган махлаг байсан л даа. “Үйлчлэгч хийж чадалгүй яах юм бэ. Би чинь насаараа гэрийнхээ цэвэрлэгч хийж байгаа хүн” хэмээн учирлаж байж үйлчлэгчээр ажилд орж билээ. Бас хажуугаар нь үсчин хийнэ гэж зүтгэснийг яана. Хүн ямар нэгэн ажилд мэргэших гэж байдаг юм билээ. Би гэртээ насаараа л цэвэрлэгч хийж байгаа. Гэвч тэрхүү компанид цэвэрлэгчээр ороод үнэхээр ядарсан. 83 кг байсан хүн чинь 67 кг болтлоо турсан гээд бодохгүй юу. Намайг хүмүүс энэ олон ажил хийж, он жилийг туулж ирснийг сонсоод зарим нэг нь гайхаж, зарим нэг нь бахархдаг л юм. Гэхдээ би хүний хийдэг ажлыг л хийж ирсэн хүн. Өөрийнхөө амьдралыг босгохын төлөө, үр хүүхдүүдээ гэдэс цатгалан явуулахын төлөө л хөдөлмөрлөж ирсэн. Янз бүрийн ажил хийж дээ. Гахай хүртэл хариулж үзсэн хүн шүү дээ. 2009 оноос 2013 онд гахай хариулсан юм. 67 гахайг 220 гаруй болгож үржүүлсэн. Гахай бол хөөрхөн амьтан. Яаж маллах, яаж харьцахаас шалтгаална. Гахайд эвгүй хандвал стрестэнэ. Хажууд нь дуу дуулаад л, лоолой, лоолой гэж өхөөрдөн дуулаад байх юм бол сүүл хөдлөгөөд хөөрөөд унана. Харин загнаад, ороолгож зодоод байвал чарлаад унадаг тийм амьтан.

-Та бид хоёр мөн ч олон мэргэжлийн тухай ярилаа. Таны амьдралын замнал ёстой нэг хөгжилтэй гэдэг шиг сонин сайхан санагдлаа. Одоо танаас “Сорхун” эмнэлгийн тухай асуумаар байна. “ТОД ББ” компаниа хэрхэн байгуулж байв даа?

-2013 “ТОД Каннам” гоо сайхны мэс заслын эмнэлгээ байгуулсан. Том хүү Тодномбат маань Сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан. Солонгос руу явж хоёр жил болохдоо Солонгосын өнөө алдарт Каннам дүүрэгт гоо сайхны мэс заслаар сураад ирсэн. Миний бие 2015 онд Солонгост эмнэлгийн судалгаа хийж явахдаа “Сорхун”-тай ижил сувиллаа олж харсан юм. Эмэгтэй хүмүүсийг, охид бүсгүйчүүд, ээжүүдийг тэнд чинь гар дээрээ бөмбөрүүлж байна. Монголын сайхан бүсгүйчүүд, ээжүүд маань ийм нэг сайхан эмнэлэг, орчин үеийн бүрэн тоноглогдсон сувилалтай байж яагаад болохгүй гэж бодогдлоо. Солонгосын тэрхүү эмнэлгийг хараад бүр атаархал төрлөө. Миний зүрх сэтгэл ерөөсөө л ийм нэг сувилал, эмэгтэйчүүдийн, эх нярайн эмнэлэг байгуулъя гэдэг зүйл рүү өөрийн эрхгүй татагдлаа. “Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг, эх нярайн сувиллыг байгуулах төслийг гэр бүлийнхээ хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Сорхун” эмнэлгийнхээ нээлтийг хийчихээд ямар их жаргалтай, сэтгэл дүүрэн байсан гэж бодно. Тэр жил анхны цалингаараа ачит ээждээ модон авдар, ширээ авч өгчихөөд их л баярлаж жаргал гээчийг амсаж байсан шигээ баярласан. Нарийн мэргэжлийн эмч нар, олон жилийн туршлагатай бариа засалчид бүсгүйчүүд, ээжүүдийн бие галбирын онцлогт тохируулан бүх төрлийн бариа заслыг хийхийг хараад, ээжүүдийнхээ сэтгэлийн баясгаланг мэдрэх сайхан. Монголын охид хүүхнүүд Солонгос шиг, Япон шиг өндөр хөгжилтэй орнуудын үйлчилгээ аваад хүний дайтай байг л дээ гэж бодоход өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг л юм. Эхчүүдийн төрсний дараахь нэг том асуудал бол таргалалт байдаг. Сав агшаах бариаг хийхэд тухайн ээж төрөөгүй юм шиг, яг л урьд байсан шигээ гоё бие галбиртай байх нөхцөлийг манай эмнэлэг бүрдүүлдэг. Хүн төрөхөд эрүүний яснаас бусад яс салдаг гэдэг. Үнэн юм билээ. Бүх үений хоорондын холбоос сунадаг юм байна. Сунасан бүх үеийг галбиржуулж, буцаад хэвэнд нь оруулна гэдэг маш том зүйл. Мөн эхчүүдийн хөхний бариа гэж бий. Өвдсөн, хавдсан, зангирсан хөхний сүү нь гараад цээж хөнгөрөөд явчих ямар сайхан байх нь мэдээж. Ийм боломжийг Монголын бүсгүйчүүддээ олгосонд баярлаж байна.

-Нээрээ тийм дээ?

-Ер нь амьд байх, амьдарч явах хоёр өөр юм. Хүн амьд гэлдрэх биш амьдарч явах хэрэгтэй юм. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зааг ялгагдахаа байсан. Эр хүн эр хүн шиг баймаар байна. Далайцтай баймаар байна. Эхнэр нь эхнэр шиг байх хэрэгтэй. Охид хүүхнүүд маань тэвчээртэй, сэтгэлийн хаттай байгаасай. Дээрээс нь охид хүүхнүүд маань хурдан мөнгөтэй болох хялбар амьдралыг чухалчилдаг болжээ. Ажилд авна гэхэд хамгийн түрүүнд “цалин хэд вэ” гэж асуудаг. Мөн ажлын цаг хэд вэ гэдэг. Мундаг чадвартай сайн ажилчин байхад би бага цалин өгчихвөл яах юм. Тэр хүн чадваргүй байхад би өндөр цалин өгчихвөл бас яах юм. Монголын охид бүсгүйчүүдэд сэтгэлийн хат гэж байхгүй болсон. Ажлын чадвар байхгүй. Сэтгэлээрээ уначихвал яаж ажил хийх юм бэ. Болно бүтнэ гэж бодож, зүтгэвэл бүх юм бүтдэг. Саяхан одонтой ээжүүдийн “Бүсгүй улирал” цэнгүүнд очоод би их бахархлаа. Ямар сайхан болсон юм бэ, Монголын бүсгүйчүүд. Дөрвөн хүүхэд төрүүлсэн, зургаан хүүхэд төрүүлсэн ээжүүд бүгд миссүүд байна. Монголын бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хэрэг Эрэх” газар

-ФЕЛЬЕТОН-

Манай төр “Засгийн газрын Хэрэг эрэх газар” (ЗГХЭГ) гэдгийг байгуулжээ. Янз бүрийн хэрэг эрж олоод Ерөнхий сайдад илтгэж байх үүрэгтэй аж. Даргыг нь “Засгийн газрын хэрэг эрэгч” гэх юм байна. Хичнээн олон хэрэг олно, төдий чинээ хурдан хямралаас гарах гэнэ.

Томилогдонгуутаа янз бүрийн гоё хэрэг эрж олохоор гараад алга болчихсон дарга нь саяхан эргэж иржээ. Зайлуул, залуу хүн юм хойно “Эндээс нэг хэрэг яг олно доо”, “Тэр ч баараггүй хэрэг мөөн” гэж юм, юм руу очиж шагайсаар яваад их ч удаж.

Гэхдээ ганзага хоосонгүй иржээ. Хэрэг эрэх газрын дарга сэтгүүлчдийг цуглуулаад “Өмч хувьчилсан”, “Орон сууц хувьчилсан” зэрэг гоё, гоё хэрэг олсон тул хямдралаас удахгүй гарах байх гэж итгэж байгаагаа ярьжээ.Засгийн газрын тогтоол ёсоор ЗГХЭГ-ын олсон хэргүүдийг эхний ээлжинд бүртгэлжүүлэн, сертификат олгох ажээ.

Мал хувьчилсан хэрэгт MNC00001, харин орон сууц хувьчлалд MNC00002 серийн сертификат олгон, “Халаас руу дүрсэн хуруу”-ны дүрс бүхий үүрд хадгалуулах цом өгсөн байна.

-Гэмт хэргийг бүртгэлжүүлснээр монгол хэрэг дэлхийд ч данстай, ISO стандарттай ч боллоо гэж Хэрэг эрэх газрын дарга ярьжээ.

Дэлхийд данстай гэснээс, эрүүгийнхэн “Азын дугаартай хавтаст хэрэг” нээлгэх гэж өдөр товлон гэмт хэрэг үйлддэг болсон гэх. Тэдний дунд “За маргааш л айл ухъя. Хэрэг бүртгэгч нар шинэ сери задална гэж байна” гэхчлэнгийн яриа гардаг болжээ. Учир нь эрүүгийн хэрэгт сертификат, цом олгохдоо хавтаст хэргийнх нь дугаарыг баримтлах болсон юм байна.

Засгийн хэрэг эрэх газрынхан ажлаа үүгээр хязгаарласангүй. Олон сайхан хэрэгт лиценз, сертификат олгосноос гадна бэрхшээл туучин хийж байгаа ажил багагүй.

Хэрэг эрэх газрынхан зөвхөн Монголоос хэрэг эрэх төдийгөөр ажлаа хязгаарласангүй. Тухайлбал, “Эрдэнэтийг оросуудаас хулхидаж авсан” хэмээх гадаад хэргийг энд нэрлэж болно. Бас “Зөвлөлтийн өрийг төлөөгүй” хохироосон асуудлыг ч зүгээр орхихгүй гэнэ. Цаашдаа, ШХАБ-д орохын тулд Даашинхүүгийн пүүсийн зээлийг төлөх, Да хүрээнд байсан Дайчин Инхан банктай авлагаа барагдуулах зэрэг ноцтой, ноцтой гадаад хэргийн чимээ дуулдаж байна.

“Хэрэг эрэх”-ийнхэн “Өмч хувьчилсан” гэмт хэргийг шалгаад хувьчилсан мал, орон сууцыг эргүүлэн хурааж авах төлөвлөгөө боловсруулжээ. Гэтэл ЗГХЭГ-ын “1959 малыг нийгэмчилсэн гэмт хэрэг”-ийг шалгах ажлын хэсгээс “нэгдэлд цуглуулсан малыг эргүүлэн тараах” санал гаргачихаж. Иймээс, хувьчлалыг засах үүднээс бүх малыг хурааж авах боловч, нийгэмчлэлийг хүчингүй болгох зорилгоор буцаагаад өгөх юм байна.

Журам нь ч гарчээ. Малчид бүх малаа ирэх зургадугаар сарын 1-нд тууж ирээд хураалгах ба тэр дор нь эргүүлээд олгоно гэнэ. Шүүхийн шийдвэр нь “хураасугай, олгосугай” гэсэн хоёрхон заалттай аж.

Саяхан “Хэрэг эрэх”-ийнхэн нэгэн ноцтой авлигын хэргийн мөрөөр оржээ. Энэ бол иргэн Е.Тэмүүжин “Мэргэдээс эхнэрээ авах тендер”-т ялахын тулд Тендерийн комиссын дарга Тоорилд булган дэх бэлэглэсэн байж магадгүй ноцтой хэрэг юм. Шалгах комиссынхон авлигын хэрэг мөн болохыг бараг тогтоосон бөгөөд шударга бус өрсөлдөөний замаар Мэргэдээс авсан Бөртэ үжинг нэхэмжлэгч талд буцааж тун болзошгүй байна.

Түүнчлэн “Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт иргэн Е.Бэгтэр араасаа харвуулсан байдалтай нас барсан хэргийн эзэн холбогдогчийг тогтоох ажил урагштай байгаа тухай мэдээлэл ч байна. Уг хэргийн сэжигтнээр тус аймгийн Дадал сумын засаг даргаар ажиллаж байсан иргэн “Т”-г байцааж байгаа бололтой.

Хэрэг эрэхийнхэн эрлээ улам гүнзгийрүүлсээр. Тэд Монгол Улсын нутаг дэвсэрт визгүй нэвтэрсэн, хил зөрчсөн анхны гэмт хэргийг тогтоон шалгажээ. Өөрсдийгөө Бүртэ чоно, Гоо марал гэж нэрлэсэн тэдгээр этгээд “Тэнгис далайг гатлан ирсэн” гэж мэдүүлж байгаа юм байна. Сэжигтнүүд “Бат цагаан нэрт нэгэн хөвүүн” төрүүлснээ улсын бүртгэлд хамруулж, гэрчилгээ аваагүй байсан нь бас илэрчухай.Тэднийг албадан гаргахыг үгүйсгэхгүй.

Олон сайхан хэрэг эрж олохын сацуу олон ч нууцыг нээх, нууцаас гаргах ажил хийж байна. Жишээ нь Эрдэнэт гэж нууц үйлдвэр, нууц хот байсныг улсын нууцаас гаргажээ. Удахгүй “Монголын нууц товчоо”-г улсын нууцаас гаргаж нийтийн хүртээл болгоно гэнэ.

Хэрэг эрэх газрын зөвлөхүүд ч дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Мэдээллээс үзвэл, тэнд Трамп, Путин, Шерлок Холмс, Штирлиц, Чингачкук зэрэг алдар цуутнууд зөвлөхөөр ажилд оржээ.

“Хэрэг эрэх”-ийнхэн зогсоо зайгүй хэрэг эрсээр. Иргэн Алунгоогийн хүүхдийн эцэг тогтоох комисс, Дува сохрын нэг нүд яасныг илрүүлэх групп энэ тэрийг бол та нар хаашдаа дуулсан байх. Харин стандартын шаардлага хангахгүй спиртээр архи нэрсэн, хүн хордуулсан Татаар иргэдийн хэргийг өөр газар, Мэргэжлийн хяналтаас шалгаж байгаа гэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Кубад Элчин сайдаар сууж байсан, шинжлэх ухааны доктор Цэдэндамбын Батбаярынд өнжлөө

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын түүхийн шинжлэх ухааны доктор, нэрт дипломатич Цэдэндамбын Батбаярынд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхэм 20152018 оныг хүртэлх гурван жил гаруй хугацаанд Бүгд найрамдах Куба улсад Монгол Улсаа төлөөлөн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан нэгэн. Өдгөө Гадаад харилцааны яамны Америк Ойрхи Дорнодын газарт зөвлөхийн алба хашиж байна. Тэрбээр хуучнаар Ленинград буюу СанктПетербургийн их сургуулийн Дорно дахины факультетийг дорно дахины судлаач, Японы түүхч мэргэжлээр төгсчээ. Орос, англи, япон, хятад хэлийг жигд эзэмшсэн Монголын анхны түүхч хэмээн нэрлэгддэг юм билээ. Харин эрдэмтэн доктор өөрөө тун даруу. Нүдээрээ зөөлөн инээмсэглэчихээд л сууж байна. Гэвч түүний хэн болохыг ямархан чадал чансаатай эрдэмтэн, нэртэй дипломатич болохыг нь асар баялаг номын сан, өөрийнх нь судалж туурвисан олон арван бүтээл, мөнхүү Монголын болоод дэлхийн нэртэй эрдэмтдийн үнэлсэн үнэлгээ хэлээд өгнө. Ёстой нэг өмнөөс нь ярина гэдэг шиг хэлээд өгч байгаа юм.

“Ц.Батбаяр бол XX зууны Монголын улс төрийн түүхийг судлах нөр их ажлыг төрийн алтан аргамж болсон дипломат албатай хослуулан хос морьтой холын замыг туулж буй ховорхон заяаны эзэн. 1998 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд “Монгол ба ЯпонXX зуунд” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалснаар хорьдугаар зууны Монголын түүх бичлэгт Япон, Орос, Хятад зэрэг гадны хүчин зүйлийн нөлөөллийг цоо шинээр судалж, чухал гаргалгаа хийсэн анхны түүхч эрдэмтэн болж үнэлэгдсэн юм” хэмээн “XX зууны Монгол: Түүх, соёл, геополитик, гадаад харилцааны тулгамдсан асуудлууд” номонд өгүүлснээс зурвасхан харахад хэн болох нь мэдрэгдэх ажгуу.“Наян нэгэн онд Ленинградын их сургуулийг онц дүнтэй төгсөөд улаан диплом сугавчилсан сүрхий нөхөр ШУАийн Дорно дахины хүрээлэнгийн хаалгыг татаж байлаа. Тэгэхэд ёстой нөгөө луугарууд чинь угтсан даа” гэж Батбаяр доктор хэлж байна. Луугарууд гэдэг нь Монголын шинжлэх ухааны оргилуудын нэг, дэлхийн нэрт эрдэмтэн хөдөлмөрийн баатар Шагдарын Бира, мөн нэртэй эрдэмтэн судлаачид болох Нямбуугийн Ишжамц, Лхамсүрэнгийн Жамсран, Чулууны Далай, Гүнжийн Сүхбаатар нар. Жинхэнэ аваргуудын гар дээр ирэх хувь заяа мөн л түүнд оногджээ.

Наян дөрвөөс наян долоон онд Оросын ШУАийн Алс Дорнодын хүрээлэнгийн аспирантурт суралцаж хятад, дорно дахин судлалаар түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байдаг. Сонирхуулахад, аспирантурт явж суралцах, цаашдаа эрдмийн зэрэг хамгаалах үүд хаалга нь цэргийн албанаас эхлэлтэй аж. Түүнийг Дорно дахины хүрээлэнд нэг жил ажиллаж байхад нь буюу 1982 онд цэргийн албанд татжээ. Нам төрийн даалгавар, буцах эрх хэнд ч байхгүй. Орбитын барилгын цэргийн ангид хуваарилагдан тангаргаа өргөчихсөн байж байтал Бира захирал нь санд мэнд очиж “Онц дүнтэй төгсөж ирсэн шилдэг залуу эрдэмтнийг аваад явчих нь юу вэ” хэмээн харамсангуй хэлээд тэр жил нь гаргаад авчихаж. “Чи ер нь аспирантурт явж суралц.

Тэгэхгүй бол цэрэгт татагдаад юун эрдэмтэн болох цэргийн дарга л болно” гэж Бира гуай хэлээд өнөөгийн нэрт эрдэмтний зам мөрийг нь зааж өгсөн ачтай. “Наян долоон онд аспирантур төгсөж ирээд гурван жилийн дараа 33 насандаа хүрээлэнгийнхээ захирал болдог юм байна. Академийн ерөнхийлөгч Содном гуай өрөөндөө дуудаад “Чамд маш их итгэл найдвар хүлээлгэж байна шүү. Цэл залуухнаараа хүрээлэнгийн захирал боллоо. Их том хариуцлага гэдгийг ойлгож байгаа биз, нөхөр минь” гэж захиж байсан гэдэг. Монголын Шинжлэх ухааны академийг олон жил удирдсан буурал эрдэмтэн Содном гуайн захиасыг марталгүй, итгэл найдварыг нь алдалгүй өнөөг хүрч дээ гэх бодол тухайн агшинд төрж байлаа. “Би яах вэ, хийдэг юмаа хийгээд Монголын төр хаашаа яв, юу хий гэнэ үү, тэрхүү үүрэг даалгаврыг нь гүйцэтгээд явж байгаа. Харин миний бахархал бол миний хань юм. Намайг сүрхий магтах гэхээсээ ханийн минь гавьяаг сайтар гаргавал ах нь баярлана” гэж хэлсэн нь сайхан санагдлаа. Ц.Батбаяр дипломатчийн гэргийг Пунцагийн Доржпагма гэдэг. Монголын төгөлдөр хуурын эрхэмсэг хатан. Дэлхийд алдартай Ленинградын Римский-Корсаковын нэрэмжит Консерваторийг төгсөж ирээд хуучнаар Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын Консерваторид тасралтгүй 30 шахам жил ажиллан,мэргэжлийн олон шилдэг шавь нарыг төрүүлснээс гадна Монголын сонгодог урлагт төгөлдөр хуурын гоцлооч хөгжимчний орон зайг хорь гаруй жил нэр төртэй авч ирсэн гавьяатан юм. Тиймдээ түүнийг Монголын төгөлдөр хуурын эрхэмсэг хатан гэж цоллох нь бий.

Өнжиж буй айлд маань шороон гахай жилийн босгон дээр нэгэн баярт мөч тохиожээ. Тэр нь гэрийн эзэгтэй Пунцагийн Доржпагма Монгол Улсын Консерваторийн дэд профессорын хүндтэй шагналыг хүртсэн явдал юм. Хөгжим бүжгийн коллежийг Консерватори болгоход Пагма багшийн гавьяа өндөр байсан. Мэргэжлийн аварга багш нартайгаа хамтарч Консерваторийн сургалтын программыг боловсруулжээ. Орос хэлнээс заримыг нь орчуулсан гэж байгаа.

Түүний төгссөн Ленинградын Консерватори бол домогт Леонид Николаевын дэг сургалттай гэдгээрээ дэлхийд зартай. Эл сургуулийн бүтээгдэхүүний хувьд, Леонид Неколаев профессорын шавийн шавь алдарт Марина Петровна Савва багшаар хичээл заалгасан хүний хувьд Пагма багш Монголын Консерваторийн сургалтын программыг гаргалгүй яахав. Энэхүү түүхэн гавьяаг нь өөрийн хүч хөдөлмөр, авьяас билэг, ур ухаанаа зориулсан хүндэт сургууль нь үнэлсэн байх. Мөн Монголын сонгодог урлагийн төгөлдөр хуурын урын санг баяжуулсан гавьяаг нь онцгойлсон нь мэдээж. Эрдэмтэн судлаачид “Дэд профессор биш, жинхэнэ профессор нь юм биш үү” гэж хэлж, үнэлж байсан гэнэ. Удахгүй жинхэнэ нь болох байх аа хэмээн даруухнаар хэлэв. “Миний шагнал бол миний шавь нар” гэж Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн эцэг Цэрэндоржийн Мөнх гуай хэлсэн байдаг. Түүн шиг Доржпагма багш “Миний гавьяа бол миний шавь нар” гэж цаанаа л эрхэмсэг бардмаар хэлж байна. Ингээд шавь нараа дурссаныг нь нэмэр хачиргүйгээр сонирхуулъя.

“Сангидоржийн Сансаргэрэлтэх, Гэрэлчулуун, Энхмаа гээд анхны шавь нар байна. Энхмаа Сөүлд докторын зэрэг хамгаалж байгаа. Дараа нь До.Отгонбаатар, Бодьгэрэл, Одгэрэл, Уранхүү, Нямсүрэн, Лхагвасүрэн, Жавхлан гээд цааш нь бүгдийг нь нэрлэмээр байх юм. Түмэннасангийн Нямсүрэн маань сургуулийнхаа мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгчээр олон жил сайн ажиллаж байна. Миний бие төгсөж ирээд сургуульдаа арав гаруй жил ажилласныхаа дараа одоогийн Ардын багш Цэрэндорж захиралд нэгэн санал тавьсан юм. “Гадаадын уралдаан тэмцээнд сайн сурагчдаа явуулмаар байна” гэдгээ хэлсэн. Захирал ч маш сайхан дэмжсэн. Нямсүрэн, Лхагвасүрэн, Сансаргэрэлтэх нар хуучнаар Свердловск зэрэг Оросын хотуудад очиж төгөлдөр хуурын ангид амжилттай суралцсан. Сансар (Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн хүү)мэргэжлийн төгөлдөр хуурын дунд шатыг Монголдоо гүйцээгээд Москвад суралцан аавынхаа мэргэжлийг өвлөж хөгжмийн зохиолч болсон. Банзарын Лхагвасүрэн Свердловскийн хөгжмийн их сургуульд сураад Хөгжим бүжигтээ ирж мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар ажилласан. Мөн симфони найрал хөгжмийн удирдаачийн сургуулийг давхар төгсөж Улсын филармонид ажиллаж байсан. Америк, Орос, Хятад, Шинэ Зеланд, Куба зэрэг орнуудад тоглолт хийн Монголын урлагийг сурталчилсан. Дуурь бүжгийн эрдмийн театрт 20 гаруй жил ажиллаж байгаа Гэрэлцэцэг байна. Удирдаач, гавьяат Туулайхүүгийн охин. Шавь минь Дуурийн театрын тайзнаа балетын сонгодог жүжгүүдийг дохиж байна. Аавынхаа мэргэжлийн өвлөж удирдаач болсон. Алдарт “Хунт нуур”-ыг дохилоо. Сүүлд “Спартак”-ийг маш гайхалтай удирдлаа. Филармонид ажиллаж байгаа Энхбаярын Намуун байна. Хөгжим бүжгийг төгсөхдөө Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдааны “Гран при” авч байсан. Намуунаас гадна Т.Пүрэвсүх, До.Отгонбаатар гээд миний гурван шавь филармонид ажиллаж байна. Уранхүү маань сургуулийнхаа онолын тэнхимийн багш болоод явж байна” хэмээн өгүүлсэн. Тэрээр шавь нараа мэргэжлийн урлагийн байгууллагад нүүр царай нь болж, их урлагийн тэнгэрт нэртэй мөртэй яваад нь сэтгэл дүүрэн байдгаа илэрхийлсэн. Тав зургаахан настай жаалхан хүүхдүүд өөр дээр нь ирээд нэг л мэдэх нь Монголын сонгодог урлагийг дэлхийд сурталчилсан хөгжимчид болоод мандахад нь ямар их баярладаг нь мэдээж. Шавь нарынхаа тухай ярихад хоёр нүднээс нь гэгээ гэрэл цацарч, тийм нэг бахдал дүүрэн эрхэмсгээр төгөлдөр хуураа налан суусан юм.

Монгол Улсын Консерватори төрийн шагналт, ардын жүжигчин Самбын Гончигсумлаагийн нэрэмжит. Тэгвэл Монголын хөгжмийн оргил Гончигсумлаагаас Доржпагма багш Ленинградын хөгжмийн их сургуульд явна гэдгээ сонссон байдаг. Хаврын нэг өглөө Хөгжим бүжгийн сургуулийн бага ангийн жаалхан охин сургуулийнхаа хашаан дотор дээс тоглоод зогсож байтал Гончигсумлаа захирал улаан шкода машинтайгаа ирээд зогсов гэнэ. Машинаас баахан дэвтэр ном гартаа барин бууж, тамхиа зуучихсан алхалж явахдаа “Хөөе Пагма чи нааш ир” гэж дууджээ. Гүйгээд очтол “Ээж аавыгаа ирж уулз гэж хэл. Намайг дуудуулж байна гэж хэл. Чи хойшоо сургуульд явах болсон шүү” гэж дуулгах нь тэр. Юм гэдэг тийм л сайхан байдаг хойно доо. Пагма багшийн төрсөн эгч Пүрэвдаваа нь Монголын анхны төгөлдөр хуурчдын нэг юм билээ. “Манай аялгуу” кинонд Цогзолмаа гуайн ард төгөлдөр хуур тоглоод сууж байгаа хүн чинь миний эгч шүү дээ гэж тодотгосон. “Би чинь хойно сургуульд байхдаа дандаа л онц авдаг, үлгэр жишээ нэгэн байлаа. Миний зургийг Улаан-Үүдээс ах минь авчирч байсан түүх ч бий” гэв. Ах гэдэг нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Дэмидийн Хишигт гуай. Өдгөө наян насны сүүдэр зэрэгцэж буй тэрээр монгол киноны амьд архив болсон нэгэн. “Гарьд магнай”, “Тод магнай”-г Шаравын Сүрэнжав найрагчтай хамтарч бүтээсэн Хишигт гуай Пагма багшийн эгч Пүрэвдаваагийн хань ажээ.

“Та ч Монголын урлагийн алтан үеийн бурхдын дунд явж дээ” гэж хэлэхэд Доржпагма багш “Нээрээ ч тийм байх шүү” хэмээн хүлээн зөвшөөрсөн шиг толгой дохиж суусан. Элчин сайд хань шигээ бас л туйлаас даруу нэгэн ажээ. Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн өрлөг ижий Очирын Дашдэлэг гуайн хамт анх тайзнаа гарснаа мартдаггүй. Дашдэлэг гуай буурал үсээ хүүхэд шиг хоёр салаа сүлжчихсэн ёочин хөгжмөө тоглож байсан гэх. “Ардын жүжигчин Дашдэлэг, хамгийн залуу төгөлдөр хуурч Доржпагма нар” гэж театрын тайзнаа зарлуулсан нь эргэн санахад сайн байлгүй яахав. Анх удаа тайзнаа гарахдаа Дамдинсүрэн, Гончигсумлаа, Дашдулам, Чулуун нарын суутнуудын багш,ардын жүжигчний алдар дор зарлуулсан нь үнэндээ бахтай юм. Пагма багшаас мэргэжлийн төгөлдөр хуурчийнх нь хувьд Монголын сонгодог урлагийн урын санг хэрхэн баяжуулсан тухай асуухад тоймтой хариулт өгөөгүй. Харин түүний өмнөөс хөгжим судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг ийн хариулж байна. “Оросын хөгжмийн суут зохиолч С.Рахманиновын төгөлдөр хуурын хоёрдугаар болон гуравдугаар концертыг симфони найрал хөгжимтэй төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулуун гуайн удирдлагаар анх удаа тоглож байсан. Барагтайд үг унагадаггүй Ж.Чулуун гуай хөгжимчний хувьд үнэхээр мундаг юм гэж Доржпагмыг магтаж байсан. Далаад оны үед С.Гончигсумлаа гуай төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан симфони концерт бичсэн. Үүнийг Доржпагма л тоглож Монголын радиогийн алтан фондод бичүүлсэн. Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог хөгжмийн уралдаанд Чулууны Чинбат, Доржпагма хоёр л Монголоос оролцож байсан” гэв.

Тэр жил Бал дарга Монголын урлагийн сор болсон хэдхэн хүнийг Их тэнгэрт урьж гадны тусгай зочдод тоглолт үзүүлжээ. Тэнд ардын жүжигчин А.Хавлааш, Д.Баадайжав, Ч.Мөнхшүр, Тувааны Цолмон, гавьяат жүжигчин Д.Банди, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат нар уригджээ. Энэ хэд дунд өдгөө гавьяат ч үгүй ганц эрхэм байгаа нь Пунцагийн Доржпагма багш. Бал даргатай тэр хэдийн Их тэнгэрт авахуулсан зураг түүхийн гэрч болон үлдсэн байх юм. Батбаяр докторын гэргий Монголын сонгодог урлагт ийм л онцгой гавьяатай нэгэн. “Хань минь миний бахархал, надаас илүү гавьяатай” гэсэн нь яахын аргагүй үнэн ажгуу.

Гэрийн эзэн баялаг дүүрэн номын сангийнхаа өмнө зогсохдоо “Миний бүтээлүүдээс хамгийн их бахархал төрүүлдэг нь энэ ном юм” хэмээн “Монгол ба их гүрнүүд XX зуунд” ботийнхоо нэгдүгээр дэвтрийг үзүүлэв. Хоёр мянга зургаан онд энэхүү ботийг хэвлүүлжээ. “Уг ботид 1911-1950 онуудад их гүрнүүдээс Азийн эх газрын талаар явуулсан бодлогын өргөн дэвсгэр дээр Монгол Улсын дотоод, гадаад улс төрийн байдал хэрхэн хувирч өөрчлөгдөж ирсэн, ялангуяа 1924-1950 оны хооронд БНМАУ-ын талаарх Зөвлөлтийн, тухайлбал Сталины бодлогод Хятад, Япон зэрэг бусад их гүрнүүдийн хүчин зүйл хэрхэн нөлөөлж ирснийг үзүүлэх зорилго тавьсан” гэдгээ сонирхуулав. Мөн зохиолынхоо төгсгөлд Гадаад Монголын статус-квог хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар Их гүрнүүдийн байр суурийг харуулахыг зорьсон байна. Тухайлбал, Монголын тусгаар тогтнолын талаарх Чан Кайши, Гоминьданы Хятадын байр суурь, мөн Мао Зэдун, Хятадын Коммунист намын байр суурь аль алиныг тодруулснаа хэлсэн юм. Гучаас дөчөөд онд Японы хүчин зүйлийн нөлөө их байсныг, гучаад оны их хэлмэгдүүлэлт, мөн Халхын голын дайны тухай гээд “Хорьдугаар зуун” ботийнх нь эргэн тойронд баахан хуучиллаа. Монголын сэхээтнүүд Японы тагнуул байгаагүй юм шүү дээ гээд инээж байна. Орос, англиас гадна япон, хятад хэлийг төгс эзэмшсэний хувьд энэхүү том судалгааны бүтээлийг туурвихад гадны эх сурвалжууд гол нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Энэ тухай Жигжидийн Болдбаатар академич болон Японы Хитоцубаши Их сургуулийн профессор Танака Кацухико нарын олон эрдэмтдийн үнэлгээ бий.

Бид хоёрын түүхийн судалгааны яриа үргэлжилсээр Гадаад харилцааны яамтай холбогдон улмаар Кубад Элчин байсан тухай нь хөвөрлөө. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд 20 жил ажиллахдаа сүүлийн арван жилд нь захирлын алба хашсан түүнийг ерэн найман онд тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ням-Осорын Туяа яаманд ажиллахыг санал болгожээ. 1998-2000 онд Гадаад харилцааны яамны Нэгдсэн бодлогын газрын даргаар ажиллаад, 2003-2006, 2009-2012 онд хоёр удаа өмнөд хөршид дипломат албанд зүтгэсэн байна. “Монголын Хятадын харилцааны эрчимтэй хөгжлийн үед БНХАУ-д дипломат албанд ажиллах ховор боломж олдсон” гэв. Харин 2015 оны нэгдүгээр сард УИХ-аар орж Кубын Элчингээр томилогджээ. “Лодойдамба зохиолчийн хүү Лаост элчин байгаа Галбадрах, Энэтхэгийн элчин Ганболд, Тайландад сууж байгаа Төмөрхүлэг гуайн хүү Төгсбилгүүн гээд наймуулаа Их хурлаар орж байлаа” гээд 60 жилийн уламжлалт харилцаатай Кубын тухай өгүүллээ. “1960 онд анх Кубад хувьсгал ялахад хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг нь Монгол Улс юм. Латин Америкаас Монголтой харилцаа тогтоосон анхны орон нь Куба. 1970 онд Кубын Хувьсгалт зэвсэгт хүчний яамны сайд байсан Рауль Кастро Монголд айлчилж байсан. 1972 онд Бал дарга айлчилсан. 1984 онд Жамбын Батмөнх гуай Сайд нарын зөвлөлийн дарга байхдаа айлчилж Монгол Кубын найрамдлын гэрээг байгуулж байсан. 1990-1996 он хүртэл харилцаа зогсонги байдалд байсан. Ерэн оны сүүлчээс эргээд сэргэсэн. Би 17 дахь элчин нь юм билээ. Анхны элчин нь Багаа гуай 1963-1965 онд ажилласан. Тэгээд Б.Готов гуай, Ө.Сүх-Очир, Д.Батаа гуай, Х.Дамдин гуай, О.Цэнд гуай гээд үргэлжилнэ. Надаас өмнө О.Даваасамбуу элчин сайд байсан” гэв.

Домогт Фидель Кастро, Че Гевара нарын нэрийг багаасаа сонсч өссөн түүнийг элчин байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн айлчлал хийжээ. 32 жилийн дараа Монголын төрийн тэргүүн Кубад айлчилсан нь Элчин сайдын бас нэг бахархал, нэр хүнд байх нь мэдээж. Элэгний гепатит В, С вирусийн эсрэг интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтанд хэрэглэдэг хеберфрот тариа зэргийг Монголдоо оруулж ирэхийг Батбаяр сайд чармайн ажилласан байна. Куба орон биотехнологи, анагаахын шинжлэх ухаанаараа дэлхийд тэргүүлдэг. Элэгний вирусийн эм, сахрын тариа Монголд хамгийн их хэрэгтэйг тэр мэдэрчээ. Олон хүн сахрын өвчнөөс болж хөлөө тайруулахад хүрдэг. Энэ байдал удахгүй зогсоно гэж хэлсэн. Хеберфрот эмийг “Сонгдо”-д авчиран 30 орчим хүн тариулж үр дүн нь гарч буйг дуулгалаа. Цаашид улсын эмнэлгүүдэд өгөх талаар ярьж байгаа гэнэ. Хүн төрөлхтний хосгүй уран барилгын нэгэнд зүй ёсоор тооцогддог Гаванын их театрын өмнө гэргийтэйгээ авахуулсан гоёмсог зураг, мөн тус театрт Монгол Улсын гавьяат жүжигчин, дэлхийн шилдэг балетчидын нэг Дугараагийн Алтанхуягийг урьж тоглуулсан, Санта Клара хотод байх алдарт Че Геварагийн хөшөө болон Сантьяго хотын бульварт бага хүү Түвшинбаяртайгаа зугаалсан гээд Кубын он жилүүдийг дурсаж яаж барах билээ.

“Танай гэр бүлийн найзууд хэн байна” гэхүйд академич Ж.Болдбаатар, Түүхийн хүрээлэнгийн захирал дөнгөж саяхан академич цол хүртсэн С.Чулуун, доктор Н.Хишигт, цэргийн түүхч Г.Мягмарсамбуу нарыг нэрлэлээ. Дипломатчдаас Дашдоржийн Баярхүүг нэрлэж байна. Египитийн Кайрт элчин байсан Баярхүү судлаач тэр хоёр их л дотны нөхөд аж. Францад, Лаост элчин байсан соёлын гавьяат Т.Төмөрхүлэг гуайг, мөн испани хэлний хүмүүн нэртэй дипломатич Гуудайн Төмөрчулуун нарыг нэрлэсэн юм. “Манай хүн чинь гадагшаа яваад ирэхээр тухайн орныхоо онцлогийг харуулсан зураг хөрөгтэй аяга авчирдаг” гэж Пагма багш хэлээд, Индиана их сургуульд лекц уншихдаа авчирсан аяга нь энэ байна гээд харуулж байна. Токиогийн гадаад хэлний их сургууль, мөн Бээжингийн их сургууль гээд олон сургуульд уригдаж лекц уншжээ.

Америкийн А.Кемпи, Роберт Скалапино, Австралийн Игор Рахевильц, Оросын В.В.Грайворонский, Г.С.Яскина, Германы Клаус Загастер, Канадын нэрт эрдэмтэн Роберт Бедески, Эрхүүгийн Ю.В.Кузьмин нарын дэлхийн нэрт монголч эрдэмтэдтэй уулзаж учирч, бүтээл туурвилаа солилцож, өөрийгөө үнэлүүлж дүгнүүлж явааг нь бодохоор гахайлтай. Зургийнх нь цомог тэр чигээрээ дэлхийн түүх юм шиг санагдсан. Эрхэм докторын ижий аав нь Хэнтий аймгийн Батширээт сумын хүмүүс. Эцэг Будын Цэдэндамба нь хүний эх эмчээр, эх Чимидийн Жавзмаа нь сувилагчаар бүхий л насаараа ажиллажээ. “Би чинь ижий аавынхаа ажилч чанар, аливааг эхэлбэл заавал ч үгүй ард нь гарч санаа амардаг ясных нь занг дуурайсан хүн” гэж хэлнэ билээ. Тэднийх гурван хүүхэдтэй, зургаан зээтэй болоод байна. Том охин Хонгорзул нь наян оны Москвагийн олимпийн жил төржээ. МУИС-ийн япон хэлний анги төгсч аавынхаа мэргэжлийг өвлөсөн бол дараагийн охин Өлзийсайхан Англид бизнесийн удирдлагаар сургууль дүүргэсэн аж. Харин бага хүү Түвшинбаяр нь мөн Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль төгссөн гэнэ. Монголын түүхийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Элчин сайд, дипломатич эгэл даруухан эрхмийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэхэд ийм буюу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Манлайжав: Цөмийн энерги бол ирээдүйн хөгжлийн нэг тулгуур

Монгол Улсын цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавтай ярилцлаа.


-Та бид хоёр хүмүүсийн нэлээн болгоомжилдог сэдвээр ярилцах гэж байна. Цөмийн эрчим хүч гэхээр л…

-Цөмийн эрчим хүч, цацраг идэвхийн талаар хүмүүс туйлширсан ойлголттой явах нь элбэг. Дэлхий хавтгай боллоо гэдэг нь нэг талаасаа тэгш амьдрах боломж гэж хардаг. Гэхдээ боломжоороо, ялангуяа мэдээлэл авах боломжоороо тэгширч байгаа явдал. Энэ боломжийг хэр ашиглаж байгаагаас л тухайн улсын хөгжил дэвшил нь хамаарч байна.

Цөмийн эрчим хүч бол нэг талаасаа хүн төрөлхтний бахархал, ирээдүйн хөгжлийн нэгээхэн тулгуур гэж би боддог. Атом цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах итгэл найдвар, боломж бий болсон байх. Аугаа боломжийг дагаж, түүнээс дутахгүй эрсдэл үүсдэг. Жишээ нь, монголчууд цахилгаан эрчим хүч, уурын халаалтыг мэддэггүй байсан XIX зуунд цахилгаан тасрах, хот хөлдөх аюул байдгийг мэддэггүй л байсан. Өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хүн тэр үеийн тоо бүртгэлд огт байхгүй болов уу. Мөн улсын маань нийслэлд агаарын бохирдлын харанга дэлдэнэ гэж огт төсөөлөөгүй.

-Цөмийн эрчим хүч гэхээр л олон хүний санаанд цөмийн бөмбөг, цөмийн станцын осол буудаг. Олны мэдэх зүйлээр яриагаа үргэлжлүүлбэл ямар вэ?

-Уг нь олны сайн мэдэх, цөмийн салбарын ололтоос хамгийн түрүүн манайд нэвтэрсэн зүйл бол “рентген шинжилгээ”, “туяа эмчилгээ” шүү дээ.Монголд 1934 онд “Буровесник” аппаратаар рентген зураг авч эхэлсэн юм билээ. 1961 онд Цацраг туяа эмнэлэг нээгдэж хорт хавдрыг Кобальт үүсгүүр бүхий цөмийн цацрагаар эмчилж эхэлсэн түүхтэй. Бүр 1959 онд Улсын I төв эмнэлэгт рентгенээр хавдрыг шардаг аппарат ашиглаж эхэлсэн гэдэг. Одоо дүрс оношлогоо, туяа эмчилгээ, цөмийн онош зүй, изотоп эмчилгээ манай оронд нэлээд эрчимтэй хөгжиж байна. Энэ онд туяа эмчилгээний хоёр шугаман хурдасгуур, цөмийн оношлогооны ПЭТ-СТ ашиглалтад орох гэж байна.

Гэхдээ таны асуусан сэдвээр ярьцгаая. Бид эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэх бус, харин олон нийттэй санал бодлоо хуваалцаж байгаа учраас хялбаршуулсан байдлаар ярьцгаах нь зүгээр байх.

Бас цөмийн бөмбөгнөөс илүү арай энх тайванчаар нь атомын цахилгаан станц (АЦС)-ийн талаар ярья. Тухайн үеийн Зөвлөлт Украины Чернобыль хотод гарсан АЦС-ын осол бол олон хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологид маш их хохирол учруулсан цөмийн салбарын хамгийн том осол юм. Турбогенераторын ажлын горимыг шалгах туршилт тохируулга хийх явцад дэлбэрэлт болсон. Мэргэжлийн шинжээчдийн дүгнэснээр реакторын голомтын хийц загвар муу, ослын үед зогсоох систем хангалтгүй, болк-4 дээр ажиллаж байсан мэргэжилтнүүд маш бүдүүлэг алдаа гаргаснаас болсон гэж үздэг. Улс төрийн тогтолцооноос үүдсэн хариуцлагын шалгуур байсан гэж зарим судлаач нар ч дүгнэдэг.

Чернобылийн АЦС 1977 онд ашиглалтад орсон. Зарим хүн санаж байгаа бол 1977 онд “Аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн түүхт ой”-г тэмдэглэх их үйл явдал болсон. Тэр үед том ойгоор амжилт бүтээлийн бэлэг барьдаг, ойг тохиолдуулан хугацаанаас нь өмнө барилга байгууламжийг яарч ашиглалтад оруулдаг, ингэхийг шаарддаг байсан байх.

Бас нэг харамсалтай зүйл нь, осол гараад цацраг идэвхт бодис их хэмжээгээр алдагдаад байхад ард иргэддээ хэлж мэдээлэлгүйгээр хоёр хоног нууцалсан явдал. Эртхэн хэлж анхааруулсан бол нүүлгэн шилжүүлэлт, бусад арга хэмжээг арай эрт эхлүүлж, цацрагийн шарлагыг бууруулах боломж байсан.

Гэтэл цөмийн эрчим хүчийг ашиглахад хариуцлагатай, технологийн сахилга баттай байх ч багадна гэдгийг газар хөдлөлт, цунамигаас үүдсэн Фукушимагийн осол харуулсан. Япон бол технологийн сахилга батын нөгөө туйл нь шүү дээ. Шинжлэх ухаан бол туршилт, сургамжаар баяжиж хөгждөг. Болж өнгөрсөн гамшгууд Чернобылийнх шиг хариуцлагагүй байдлыг халах, Фукушимагийнх шиг байгалийн гамшгийг давах хэмжээний технологи, аюулгүй байдлыг хангахыг гол үзүүлэлтээ болгосон цөмийн эрчим хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлээд байгаа юм. 2011 оноос хойш цөмийн станцуудад тавих аюулгүй ажиллагааны шаардлага, стандарт маш хатуурсан, тэр хэмжээгээр аюулгүй байдал илүү сайжирсан.

-За, аймаар юмаа ярьчихсан болохоор гол сэдэв рүүгээ орцгооё. Манай улс аль 1963 онд Цөмийн энергийн комисс-той болжээ. Одоогоос 66 жилийн өмнө. Юун цөм, яасны чинь энерги гэж асуумаар эрт дээр үеийн юм шиг бодогдоод байна л даа.Ер нь энэ чиглэлийн ямар олон улсын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна?

-Дэлхийн хоёрдугаар дайны дараа, атомын бөмбөг туршиж, хэрэглэснээр хүн төрөлхтөн цөмийн эрин рүү орсон нь тодорхой болсон. Бүтээн байгуулах, бас егүүтгэн сүйрүүлэх төсөөлшгүй их хүчтэй энэ эрчим хүчийг хяналтгүй алдах аюул тулгарч байгаа нь ойлгомжтой болсон. Хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтын үрээр Олон Улсын Атомын энергийн агентлаг (ОУАЭА) 1957 онд байгуулагдаж, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ хийгдсэн байдаг. Манай улс 1968 онд нэгдэж орсон шүү. Цөмийн зэвсэг, түүний түүхий эдийг хянах үүргийг ОУАЭА хүлээж байдаг.

Ер нь “Өнөөгийн дэлхий дээр байгаа нэг грамм цөмийн материалыг ч үлдээлгүй хянах” нь ОУАЭА-ийн үүрэг бөгөөд түүний төлөө ажилладаг. Харин тухайн үеийн цөмийн зэвсэгтэй гүрнүүд өөртөө байгаа цөмийн зэвсгээ хянахын зэрэгцээ, өөр улс орнуудад шинээр түүнийг бүтээх боломж олгохгүй байх талаар тохиролцон “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ”-г байгуулсан.

Атомын цөмийг судлахад асар их оюуны чадавх, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд шаардагддаг. Нэг улсын оюуны болоод техник технологи, хөрөнгө санхүүгийн хүчин чадал хүрэлцэхгүй хэмжээнд байсан учраас барууны орнууд хамтран 1954 онд ЦЕРН хэмээн алдаршсан Европын цөмийн судалгааны төвийг Швейцарьт байгуулсан.

Хоёр системийн өрсөлдөөний үр дүнд гэхүү дээ, Дубна хотод Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист орнуудтай хамтран манай улс 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийг байгуулалцсан.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Цөмийн энергийн комиссын түр дүрмийг батлах тухай”тогтоолыг 1962 онд гаргасан. Энэ тогтоолд дурдсанаар, ЦЭК нь улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэхэд цөмийн энергийг ашиглах, эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлэн, тус орны үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгууллагад цацраг идэвхт бодис-изотопуудыг хэрэглэх, улсын хяналт тогтоох, боловсон хүчнийг бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан аж. 1963 онд Цөмийн энергийн комиссыг албан ёсоор байгуулж, харин1973 онд Олон улсын атомын энергийн агентлагийн 105 дахь гишүүнээр элссэн. Манай улс 1992 онд өөрийгөө “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласныг ч энд бас дурдалтай.

-Манай орон цөмийн эрчим хүчний станцтай болох төлөвлөгөө бий юу?

-Бий. 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-оо УИХ баталсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу бол 2017 онд эрчим хүчний станцаа дэд бүтцийн хамт байгуулчихсан байхаар тооцоолсон байдаг юм. Энд бас хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, боловсон хүчнийг бэлтгэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хяналтын тогтолцоог бий болгох гээд асуудлуудад дутуу хийгдсэн зүйлс бий.

-Үүнээс болоод баригдаагүй гэж үү?

-Бодлого, зохион байгуулалт, хөрөнгө санхүүгээс хамаарсан болов уу. 2010 онд Японы Майничи сонины сурвалжлагч цөмийн хаягдалтай холбоотой асуудал бичээд улс төрийн хувьд манай салбарыг дэмжих талд эргэлзээ төрүүлж эхэлсэн. Ард нийтэд ч буруу ташаа мэдээлэл нэлээн сэвэгдсэн байх. Дараа жил нь Фукушимагийн АЦС-д осол гарч дэлхий нийтийг айдас, болгоомжлолд оруулсан.

2012 оны сонгуулийн дараа энэ чиглэлийн үйл ажиллагаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороогүй. 2014 онд Цөмийн энергийн газар болох тохируулагч агентлагийг татан буулгасан, Хан ресорс компанитай холбоотой олон улсын арбитрын шүүх дээр Засгийн газар ялагдсан, ураны хайгуул хийж байсан ААН-үүдэд лиценз олгохгүй болсон гээд олон хүчин зүйлийн давхцал дор салбарын үйл ажиллагаа хүлээлтэнд орсон. Мөн бид өөрсдийн нөөц бололцоог төвлөрүүлэн тодорхой зорилгын төлөө ажиллаж чадаагүй байх аа.

-Манай улс Цөмийн зэвсэггүй бүс мөн боловч Цөмийн эрчим хүчгүй бүс бол биш гээд цаашаа ярих уу?

-Мэдээж, манай улсад цөмийн эрчим хүч ашиглах, АЦС байгуулах эсэх тухай асуулт одоо ч байна. Цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтөн ирээдүйгээ аврах нууцад нэвтэрсэн талаар ярианыхаа эхэнд бид өгүүлсэн. Дэлхийн тэргүүлэх бизнесмэн Билл Гэйтс ч, хүн төрөлхтнийг агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын аюулаас цөмийн эрчим хүчийг ашиглаж баймааж нь аврагдах тухай хэдэн жилийн өмнөөс бичиж эхэлсэн, хөрөнгө оруулалтыг хэд хэдэн компани, судалгаа шинжилгээний байгууллагуудад оруулсан, одоо зарим нааштай үр дүн гарч байна.

Одоо манай дэлхий дээр 450 цөмийн реактор ажиллаж нийт цахилгаан эрчим хүчний 10.5 хувийг үйлдвэрлэж байна. Өнөөдөр дэлхийн 17 улсад 54 реактор шинээр баригдаж байгаагийн гуравны хоёр нь Ази тивд, тэрний гуравны хоёр нь БНХАУ-д хамаарч байна.

Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа эрчим хүчний асуудал, хүнс тэжээлийн хүрэлцээний асуудал, байгаль экологийн тэнцвэрийн асуудлыг шийдвэрлэхэд цөмийн шинжлэх ухаан яалт ч үгүй голлох үүрэг гүйцэтгэх байх аа. Ийм үед бид цөмийн эрчим хүчийг ашиглах талаар бодож ажиллах ёстой. Бүр БНМАУ-ын үед энэ чиглэлийн мэргэжилтнээ бэлтгэх, “Атомын эрчим хүчний үйлдвэрлэлийг хурдавчлан хөгжүүлэх” тэргүүлэх чиглэл, зохион байгуулалтын ажлын төлөвлөгөө, концепцийг Цөмийн энергийн комисоор 1986 онд баталж байсан юм билээ.

Гэхдээ АЦС барихын өмнө шийдүүштэй хэд хэдэн асуудал бий. Юуны өмнө эрчим хүчний болон эдийн засгийн тооцоогоо хийх ёстой. Тэгээд аюулгүй байдлын баталгаагаа хангах ёстой. Гуравдугаарт, манай онцлогоос хамаарсан нэг юм бий. Энэ бол улс төрийн туйлбартай бодлого. Ингээд үнэхээр ашигтай байвал энэ чиглэлийн ажлыг эхлүүлэх цаг болсон.

Эдийн засгийн тооцоог яагаад онцлоод байна гэхээр АЦС бол урт хугацаанд ашиг нь гардаг томоохон гэхэд ч багадмаар нүсэр хөрөнгө оруулалт. Тэгээд 100 хувийн аюулгүй байдлын баталгаа байдаггүй. Саяхан ОУАЭА-ийн НҮБ-ын Цөмийн зэвсгийн байцаагчаар олон жил ажиллаж байгаа Ч.Жаргал гуай “Цөмийн эрчим хүч ба монголчууд бид” гарчигтай нийтлэл гаргасан нь жинхэнэ цөмийн салбарын шилдэг мэргэжилтэн хүний байр суурь байна даа гэж ойлгогдсон. Нэлээн сайн бодож, хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үзсэн байна лээ. Шинжлэх ухаан, технологийн талаасаа ч, улс төр, санхүүгийн талаасаа өргөн хүрээнд тооцож, ард иргэдээрээ хэлэлцэж ч болох талтай асуудал. Цөмийн эрчим хүчний бус технологийг улс бүр хэрэглэж, ач тусыг нь хүртэх ёстой болохоос цөмийн эрчим хүчийг улс бүр заавал хөгжүүлэх ёстой биш гэж үзсэн байсан.

Цөмийн эрчим хүчийг ашиглах талаарх ерөнхий судалгаа манайд нэлээд хийгдсэн. Саяхан МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн профессор Г.Хүүхэнхүү багш манай орны эрчим хүчний бусад эх үүсвэрүүдтэй харьцуулсан, тооцоотой судалгааны өгүүлэл бичсэн байна.

-Цөмийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа юу вэ?

-Цөмийн аюулгүй байдлын нэг баталгаа нь “Аюулгүй ажиллагааны соёл”, бүх нийтийн боловсол, энэ салбарын эрдэм дэлгэрүүлэлт гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл, цөмийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа нь “Хүн төрөлхтний цөмийн мэдлэг” гэсэн үг. Энэ хандлага “Фукушимагийн үйл явдал”-аас хойш чухлаар тавигдах болсон. Цөмийн эрчим хүч, технологитой холбоотой мэдээллийг аль болох ил байлгаж, олон түмэнд түгээх нь мэдлэг дагасан сахилга бат, мэдээлэл дээр суурилсан ёс зүйн суурь болно гэсэн үг. Нэг талаасаа харанхуй айдас болгоомжлолоо давах, нөгөө талаас зүй ёсны болгоомж, шинжлэх ухаанлаг сэрэмжийг төрүүлэх ч гэмээр юм уу.

Ийм учраас манай ЦЭК ч, ОУАЭА ч бүх нийтийн боловсролд ихээхэн анхаарч байна. Манайд дунд сургуулийн багш нар болон сурагчдад зориулсан танин мэдэхүйн хичээл, сургалт байнга зохион байгуулагдаж эхэлсэн. Цаашдаа улам бүр нийтийг хамарч, онлайн болон явуулын хэлбэрт орж таарна.

Өнөөдөр ураны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжүүд болон орон нутгийнхан, иргэний хөдөлгөөн, улстөрч нарын дунд үүсч байгаа маргаан, үл ойлголцлыг зохицуулах гарц нь ил тод, үнэн зөв мэдээлэл гэж үзэж болно. Талуудад ч бүх мэдээллээ, үүрэг зорилгоо ил болгох шаардлага тавигдаж байна.

-Та мэдээллийг нуухын оронд түгээх нь цөмийн технологийн аюулгүй байдлыг хангах арга замын нэгэн болох тухай ярилаа. Энэ чинь цөмийн зэвсэг яаж хийдгийг ч нуухаа больсон гэсэн үг үү?

-Цөмийн зэвсэгийн зарчим, бүтээх аргачлал нь мэдээллийн сүлжээнд ч байгаа шүү дээ. Яг л буу яаж ажилладгийг онолын хувьд бүгд мэдэж байдаг шиг. ОУАЭА-ийн үүрэг нь дэлхий дээрх цацрагийн үүсгүүр, изотоп бүрийг аюулгүй ашиглах, хууль эрх зүйн орчинг нь олон улсын жишигт хүргэх талаар гишүүн орнууддаа зөвлөх, цөмийн материалыг цөмийн зэвсэгт ашиглуулахгүйн тулд баталгаа гаргуулах, байцаагч нараа явуулж хянуулах үүрэгтэй.

Энэ байгууллагын өөр нэг зорилго нь, цөмийн эрчим хүчний салбарын аюулгvй ажиллагааны норм, стандартыг тогтоох болон заавар, дvрэм боловсруулах, тэдгээрийг гишvvн орнуудад хэрэглэх үйлчилгээ үзүүлэх явдал байдаг. Мөн “Цөмийн технологийг эрүүл мэнд, хvнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин болон бусад салбарт хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх” үүрэгтэй учраас цөмийн технологийг энхийн зорилгоор дэмжин дэлгэрүүлэгч гол байгууллага юм.

-ОУАЭА-аас гадна Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт хэмээх газар их яригддаг даа.

-Тийм ээ. Манай улсын цөмийн судалгааны салбар чухамдаа Дубнагийн ЦШНИ-ийг л түшиглэж өндийсөн гэж хэлж болно. Би дээр товч дурдсан, ЗХУ-ын санаачилгаар тэр үеийн социалист 11 улс нийлж энэ институтыг байгуулсан. Одоо ч Засгийн газар хоорондын байгууллага гэсэн статустай, НҮБ-д бүртгэлтэй олон улсын байгууллага. Гишүүн орны тоо нь нэмэгдээд одоо 18 гишүүн, 6 ажиглагч гишүүн орон байгаа бөгөөд 62 улсын 800 гаруй эрдэм шинжилгээний төв, их сургуулиудтай идэвхтэй хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Манай орон институтдээ олон арван эрдэмтэн судлаачаа илгээж, докторын зэрэг хамгаалуулж, онолын болон туршлагын судалгааг орон орны эрдэмтэдтэй хамтран амжилттай хийж байна. Манай эрдэмтэд институтын удирдах бүрэлдэхүүнд нь багтаж маш идэвхтэй ажиллаж ирсэн. Академич Н.Содном гуай гэхэд л хэд хэдэн удаа ЦШНИ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байсан. Профессор Д.Чүлтэм багш маань Цөмийн асуудлын лабораторийн орлогч захирлаар, профессор Д.Сангаа Нейтроны физикийн орлогч захирлаар ажиллаж байсныг хэлмээр байна. Одоо төрийн соёрхолт математикч О.Чулуунбаатар Мэдээллийн технологийн лабораторийн орлогч захирлаар ажиллаж байна.

-Яриа маань ерөнхийгөөсөө нарийн руу шилжив гэгчээр ОУАЭА, ЦШНИ-гээс эхэлсэн яриа маань Монголынхоо Цөмийн энергийн комисс дээр тогтох цаг болсон шиг байна.

– Цөмийн энергийн комисс маань дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрддэг. Дарга нь Ерөнхий сайд, орлогч дарга нь БСШУС-ын сайд. Яам, агентлагийн дарга нар оролцсон 13 гишүүнтэй. Мөн дэргэдээ орон тооны бус “Эрдэмтдийн зөвлөл”, “Цацрагийн аюулгүйн зөвлөл”-тэй. Өдөр тутмын ажлыг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга зохицуулдаг. Манай комиссын зорилтыг “Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулах зохицуулахад оршино” гэж ЦЭК-ын дүрэмд тодорхойлсон байдаг.

Ер нь комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан л даа.

Ажлын алба байгуулагдсан цагаас хойш салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж боловсронгуй болгох чиглэлд голлон анхаарч ажиллалаа. Бид хуультай, төрөөс баримтлах бодлоготой улс. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн үзэл баримтлалаа батлууллаа. 1983 онд батлагдсан “Цацрагийн аюулгүйн норм ЦАН-83”, “Цацрагийн ариун цэврийн үндсэн дурэм ЦАЦҮД-83”-аа бид шинэчиллээ.

Манай Ажлын албанаас өнгөрсөн 4 жилд “Цацрагийн аюулгүйн норм”, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, “Цацрагийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөө” гэсэн үйл ажиллагаа, хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой ерөнхий, үндсэн дүрмүүдээ гаргасан.

Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежмэнтийн дүрэм”, “Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, мөн цацрагийн үүсгүүртэй холбоотой “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм” “Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Зөөврийн цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүйн дүрэм”-ийг боловсруулж комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадсан. Одоо харахад чамлахааргүй олон баримт бичиг. Манай салбарын олон мэргэжилтэн оролцож ажилласан.

Гол нь олон улсын байгууллагуудын дүрэм журмыг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн, өндөр хөгжилтэй орнуудад ч тавигдаж байгаа аюулгүй ажиллагааны шаардлагад хүргэхийг зорьсон. Шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд сурталчлах зорилгоор цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийдэг, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, эмнэлгийн салбарын цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа 140 гаруй байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдэд танилцуулах ажлыг зохион байгууллаа. Энэ бас л аюулгүй ажиллагааны соёлд сургах томоохон ажлын нэг болсон байх.

-Нэлээд олон дүрэм журам байна шүү. Одоо батлуулахаар бэлтгэж байгаа юм уу, манайд байхгүй байгаа дүрэм бий юу?

-Бас хэдэн дүрэм бий. “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”, “Байгалийн гаралтай цацраг идэвхт материалд хяналт, мониторинг хийх дүрэм” гээд хэд хэдэн чухал дүрмийн төслүүд бараг бэлэн болсон. Мөн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор “Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” өнгөрсөн онд хүчингүй болсон. Тус дүрмийг энэ онд багтаан шинэчлэн боловсруулж батлуулах ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хийхээр төлөвлөөд байна.

-Манайх одоогоор АЦС байхгүй, дээр нь Цөмийн зэвсэггүй бүс учраас цөмийн эрчим хүчнээс ангид, энэ талын асуудал биднээс хол гэсэн ойлголт бас байна уу?

-Үнэн хэрэгтээ бид цөмийн салбарыг хөгжүүлж, ашиглаж яваа орчин үеийн улсын л нэг. Шинжлэх ухааны академи, Их сургууль дээр цөмийн судалгааны анхны лабораториуд байгуулж байсан нь ХХ зуун, БНМАУ-ын үеийн явдал.

Одоо манайд тархи мэдрэл, зүрх судас, элэг, уушги, гэмтлийн зэрэг бүхий л өвчнийг оношлох, эмчлэхэд цөмийн технологи ашиглаж байгаа. Малын халдварт өвчнийг тандах, эмчлэх, вакцин боловсруулахаас эхлээд үр тарианы шинэ сорт гаргах, ургац нэмэгдүүлэхэд ашиглаж байна. Байгаль орчин, геологи, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи хэрхэн ашиглаж буйг тайлбарлавал нэлээн цаг авах байх. Хил гаалийн албанд цөмийн технологиор ачаа тээш, чингэлгүүдийг нэвт скайнердаад доторх барааг тодорхойлдог болсноор цаг хүч хэмнэх төдийгүй, үндэснийхээ аюулгүй байдлаа хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Бид энэ бүхэнд ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрүүдийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхээс сэргийлэн хянаж, холбогдох мэргэжилтнүүдийг нь сургаж, дадлагажуулдаг. Бас шинжлэх ухааны судалгаа явуулах, салбарын ололт амжилтыг түгээн сурталчлахад ч онцгой анхаардаг.

Сонирхуулахад цацраг бол орчин үеийн хамгийн сайн ариутгагч. Ялангуяа хүнсний салбарын. Манай дэлгүүрийн лангуунууд дээр байгаа, далайн цаанаас ирсэн, муудахгүй уддаг жимс, соёолж ялзардаггүй ногоонууд чинь зарим нь цацрагаар ариутгагдсан болоод л тэр шүү дээ. Манай газар тариалангийн салбарынхан бүтээгдэхүүнээ цацрагаар ариутгаад, паразитуудыг нь устгаж чадвал ядаж л төмс, сонгино нь лангуун дээрээ соёолохгүй удаан хадгалах боломжтой болно.

Одоо дэлхий даяараа хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээс гадна шуудан захидлыг цацрагаар ариутгаж эхлээд байгаа. Олон төрлийн өвчин, нян бактер тархахаас сэргийлсэн том алхамд тооцогдоод байна.Хэдэн жилийн өмнө бид цацрагаар цаасан мөнгө ариутгаж туршсан юм. Мөнгөн дэвсгэрт бол хүний гар дамжиж хамгийн их бохирддог төдийгүй, нян бактер үржихэд таатай дулаан орчинд, хүний биеийн илчээр бүлээн хадгалагддаг эд, манайхан анзаардаггүй болохоос. Ионжуулагч цацрагаар шарсны дараа мөнгөнд наалдсан нян, бактерийн 60 илүү хувь ариутгагдсан дүн гарч билээ. Бидэнд зөөврийн хүчтэй шарах төхөөрөмж байхгүй, дээр нь банкны мөнгөн дэвсгэртийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээс түр хойш тавьсан. Манайд банкууд шинэчлэгдэж, бэлэн бус тооцооны хэлбэр түрж ирсэн үе ч давхацсан.

-Манайд хэрэглээд дууссан цацраг идэвхт изотопуудыг яадаг вэ?

-Бид изотоп хэрэглэдэг байгууллагуудад “авсан улс орон руугаа эргүүлэн тушаах” байдлаар гэрээ хэлэлцээр хийхийг зөвлөж байгаа. Изотопыг дахин реактор дээр шарж “цэнэглээд” л ашигладаг учраас нийлүүлэгч нарт ч боломжтой хувилбар л даа. Гагцхүү аюултай ачааны тээвэрлэлт, бичиг баримтын бүрдүүлэлт, тусгай зөвшөөрөл, тэдгээрийн төлбөрөөс болоод амьдралд хэрэгжихгүй байна. Яг одоогоор бол манай ажлын албаны Изотоп конторт л хадгалдаг. Энэ байгууламж маань 1987онд байгуулагдсан, улсын хэмжээнд цөмийн болон цацраг идэвхт үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах чиг үүрэгтэй. Булшилна гэхээр гадны орны цөмийн хаягдал, ашигласан түлш гэж ойлгож болохгүй. Манай хуулиар энэ чиглэлийн үйл ажиллагаа хориотой.

2001 онд Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аас хэлэлцэж байх үед манай нэг ахмад Их хурлын гишүүн “Цөмийн энергийн комиссын Изотоп контор” гэдэг гарчиг дотор чинь таван үгний дөрөв нь гадаад үг байна гэж шүүмжилж, биднийг хэцүү байдалд оруулж байсан санаанд орчихлоо. Цөмийн энергийн хуульд нэмэлт, өөрчлөлт орох үед цөмийн хаягдал, цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, олон улсын хэд хэдэн гэрээ конвенцид нэгдэн орох талаар тантай ярилцаж болно.

-Та ярианы төгсгөлд өөрийнхөө тухай жаахан хуучлаач. Манай сэтгүүл зүйн ярилцлагын практикт байдаг уламжлал юм даа.

– Миний хувьд Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг дүүргээд МУИС-ийн Физик математикийн факультетэд суралцаж, цөмийн физикээр мэргэшиж төгссөн. Төгсөөд МУИС-ийн анхны гурван магистрийн нэгээр суралцаад 1992 онд Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институтын Цацрагийн хяналтын төв лабораторид орж физикч-инженерээс ажлын гараагаа эхэлсэн. 27 дахь жилдээ цацрагийн хяналт, цөмийн физикийн технологи, цөмийн энергийн салбарт ажиллаж байна. Улсын мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комисс, Цөмийн энергийн газар, Физик технологийн хүрээлэнгийн олон сайхан хамт олонтой ажиллах завшаан тохиолдсоноо их хувь заяа гэж бодож явдаг.

Харин би багшийнхаа надад онцлон ярьж байсан нэг зүйлийг нийт уншигчдадаа хүргэж болох уу? Д.Сүхбаатар жанжны хэлсэн үг л дээ. Чүлтэм багш “Монголчууд юм хийж чадахгүй хэмээгчид, үл бүтэгчдэд”зориулж жанжинаас хариу талбиж хэлсэн үг гэдэг байсан. “Манай цөөхөн ядуулаг Монгол Улс энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхий дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг, эхийн хүмүүжүүлэн тэжээх асралд дэгжиж, өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно хэдий мэргэн, мунхаг адил үгүй, хучирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг аяндаа тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан авч чадна”. Дараагийн параграф нь Сүхбаатарын хөшөөний нүүрэн талд байдаг даа. Энд шинжлэх ухаан, байгалийн хууль, хувь хүний хүмүүжил, боловсрол, эв эе гээд бүхий л зүйлийг багтааж уран яруу хэлсэн байгаа юм. Эцэст нь “Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” гэдэг юм билээ.

-За баярлалаа. Танд сайн сайхныг ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Говь-Угтаалын эрдмийн чуулган

Хөх нь чинэсэн ижий минь цагаан сүүгээ залгилуулах л гэж альхан чиг газраас даллаад байх шиг хөдөө нутаг руу хүлгийн жолоо залах сайхан. Уулсын салхинд жарган усны тунгалагт сэтгэл нялхамсч суух бүр таатай. Түрүү жилийн намрын хайлган цагаар их найрагчдын сүр сүлдэн дор их говийн таана хэнзэлсэн үдшийн сэрүүнийг нөмөрч, талын толгодод бодол бэлчээн зогссон билээ. Эх хэлнийхээ яруу сайхныг эгшиглэнт говийн салхитай хамт залгилсан нэгээхэн дурсамжаа одоо сөхьюү. Дамдинсүрэнгийн Урианхай, Тангадын Галсангаар ахлуулсан зохиолчид Дундговийн Говь-Угтаалд хүрч очлоо. Говь-Угтаал гэмээ нь Монголын яруу найргийн асгарсан аялгуу, ааг омогтой бадрангуй найрагч Барнангийн Доржпаламын нутаг юмсан. Мөнхүү говийн ухаа толгодын дунд монгол хэлний цаглашгүй гэгээг түгээсэн хүндэт багш Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очирын өлгий нь юмсан.

Хангайн тэлэмгэр нуруу Бөхөн шарын магнагтай Идэр их мөрний хөвөөнд хаврын хаварт чуулдаг эх хэлний баярын нэгэн цутгалан боржигон Угтаалын хоймрыг эзэгнэсэн нь учиртай. Монголын түүх соёл, үндэсний хөгжлийнх нь хөрс суурь болсон эх хэл бичгийн дархлааг “Идэрийн олимпиад” хадгалж явдаг. Оюуны судас лугшин буй талын Монголд омгорхол бардамнал, цээжээ дэлдсэн хийрхлийг үл огоорч зөвхөн монгол хэлний төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх нь олимпиадыг санаачлан зохион байгуулагчдын үүрэг гэлтэй. Улс үндэстний тусгаар тогтнол, оршин буйн дархлаа-эх хэлээ дээдлэгч “Үлэмж эгшиглэн сан”-гийн гавьяаг Хойд мөсөн далайд цутган дэлхийг туулсан Идэр мөрөн шигээ холын холд дуурьсалтай гэж санана.Эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм оюуны шандсаа сорих гэж агуу их Нацагдоржийн зүрхнийхээ угаас дуу алдсан Идэрийн голын хөвөөнд чуулдаг билээ, бид. Ийм л сайхан баяр арав гаруй жилийнхээ хавартай золгоод буйг монголоо гэх халуун зүрхтэй, бичиг соёлоо эрхэмлэгч бүхэн сэтгэл дүүрэн мэдрэх болсон доо. “Нэгэн насны ухаант амьдралаа эх хэлнийхээ төлөө зориулсан буурал багш нарын гавьяаг бид цагийн цагт эрхэмлэн хүндэтгэх болно” хэмээн “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч, “Үлэмж эгшиглэн сан”-гийн тэргүүн Лхамсүрэнгийн Төрбаяр хэлнэ билээ. Эл үгнээс боржигон Угтаалын эрдмийн чуулганы учиг шалтгаан ч тайлагдаад ирж байгаа юм.

Дундговь нутгаас монгол хэлний галыг манасан олон эрхмүүд тодорсны нэг нь Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очир багш. Номын төлөө төрж, номын хөлгөн их урсгалд өөрийгөө элээсэн түүнийг өдгөө эрдэмтэн мэргэд, үе үеийн шавь нар нь бахархан дурсч байна.“Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалж”, “Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүй” хэмээх язгуур хоёр ухагдахуун бол Эрдэнэ-Очир багшийн гол шугам юм. Эрдмийн зэрэг хамгаалсан дээд бүтээл, тулгуур багана нь билээ. Говь-Угтаал бол Халхын Сэцэн хан аймгийн сэцэн вангийн хошуу ардын цэц билэгтэй, номын авшиг ерөөлтэй хүмүүс төрдөг эрдэм оюуны ай сав. Ринчен гуай, Дамдинсүрэн гуай, Шадавын Лувсанвандан, Чой.Лувсанжав, Ш.Бира нарын мэргэдэд багшилж байсан алдарт Т.Данзан-Очир гавж болоод сүүл үеийн номч гүүш гавж Шагдарсүрэнгийн Сонинбаяр нарыг нэрлэхэд л номын авшигтай, тарнийн увидастай нутаг болох нь аандаамэдрэгдэнэ. Монгол хэлний дархлааг хадгалагч ардын багш Цэдэвийн Өнөрбаян “Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэрт эрдэмтэн” гэж эрхэм журмын анд номын садан Эрдэнэ-Очирыгоо тодотгосон бол хэл шинжлэлийн энэ цагийн ноён оргилуудын нэг академич Домийн Төмөртогоо “Жараад оны сүүл далаад оны эхээр Дундговь аймгаас Эрдэнэ-Очир, Төмөр гэдэг хоёр сэргэлэн хүү суралцдаг байлаа. Сургуулиа төгсөөд Эрдэнэ-Очир нь ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг судлан, эрдмийн зэрэг хамгаалж…” хэмээн дурсчээ. Төмөртогоо академичийн нэр зааж, бахархал дүүрэн хэлсэн хоёр шавь нь Эрдэнэ-Очир, эдүгээ ардын багшийн тэмдэг энгэртээ гялалзуулсан Далхсүрэнгийн Төмөр нар юм. Аварга багш нарын хэмжээг шалгадаг “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэгт олимпиад хангайд бус говьд, тэр тусмаа Говь-Угтаалд Эрдэнэ-Очир багшийн нэрэмжит болж зохиогдсон нь ийм учир ерөөлтэй ажгуу.

Угтаалд болсон эрдмийн баярт Галсан гуайтайгаа нэг нэг машинд заларч Богд хан уулынхаа ар хормойг бүслүүрдэн, хатан Туулаа эмжээрлэн хөдөлсөн сөн. Алдарт Заг, Байдрагийн голын Хүрэн бэлчирээс тодорсон Монголын уран зохиолын өвгөн бүргэд түүнтэй хол ойрын замд олонтаа явжээ. Өчүүхэн би сүүлийн нэг жилд буюу “тийн унжлагат” нохой жилд Тангадын Галсан аваргатай таван ч удаа аяны дөрөө нийлсэн байх юм. Эх орны баруун хязгаар Алтай Таван Богдын алтан бэл Баян-Өлгийд дэлхийн яруу найргийн өдрөөр бууж, маргааш нь болох Наурызын баярыг казахуудтай тэмдэглэсэн тал ч бий. Монголын алтан ургийн хамгийн сүүлчийн хаан Баатар ван Наваан-Юндэн гуайн 110 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд мөн Сэлэнгийн Сүхбаатар хотноо оролцсон байх жишээний. Галсан гуайн яриа хөөрөөг сонсчээ явахад монгол хэлнийхээ яндашгүй их далайд өөрийн дураар сэлэх алтанхан хувь заяаг бэлэглэх нь тэр. Зохиолч нөхдөө дурсан ярихын ид бахыг нь хэлэх юм биш. Ёстой хэнийг ч болов хэнийг бүтээл туурвил алдаа оноо, ахуй амьдралтай нь дурайтал ярина. Ухаандаа, “Монголын радиогийн бүдүүн дуут” Базарын Цэдэндамбаагийн залуу идэр насыг ярихад л тэр цагийн тэнхээ тамиртай зохиолчид болох Цэдэнжав гуайгаас аваад хуучны кадруудын дүр төрх кино зургийн хальс шиг бэлхэнээ тодроод ирнэ. Дөчин хэдэн оноос хойших урлаг, утга зохиолын ертөнцийг яаж тэгж мэддэг юм гэхээр нэвтэрхий ярих нь гайхмаар. Хүмүүсийн хэлсэн үгийг яг л өөрийнх нь дуу хоолойгоор хэлнэ,мөн ч шидтэй шүү. Тэр жил Солонготын давааг давахад Ванганыхаа тухай дурсаж билээ. “Сайн нөхрөө нутгийнх нь тэнгэр дор дурсахгүй бол алдас болно” гэж хэлсэн нь шаврай надад их олон зүйлийг бодогдуулсан сан.

Тэр жилийн намрын сүүл сард Их Монгол уулсын сэрвэнгээр Их Монгол элсний алтан нурлага зэрэглээтэж, Эрээн уулын салхи зөөлхөн сэвших цаг дор монгол найргийн дархан цэц Пүрэвдоржоо дурсаж явсан. Халуун голомтод нь нөхрийнхөө шүлгийг дуудаж, хамаатан садныг нь Харлин Шарлингийнх нь гол ус шиг мэлмэрүүлж орхисныг санах юм. Ингэхэд Галсан гуайтай анх Утга зохиолын сургуулийн хоёрдугаар ангийн жулдрайхан оюутан байхдаа хамт явах аз тохиож билээ. Хараа голын хөвөөнд зүрхнийх нь үгийг сонсоод сэтгэл балмагдсан хаврын тэр өдрийн мартдаггүй. Хөтөл хотод болсон “Уран үгсийн чуулган”-аас буцаж явахад тэрээр “Хүү минь чи Монголын их утга зохиолын босгыг алхах гэж хаалгыг нь онголзуулан зогсож байна. Утга зохиолын их өргөөний хойморт чиний багш өндөр Цоодол, өөлд өвгөн Галсан хоёр хүссэн хүсээгүй сууж таарна. Чи өндөр Цоодолыг түшсэн чинь зөв. Ер нь тэгээд хүн яруу найрагч болдоггүй юм шүү. Эхлээд хүн болох хэрэгтэй байдаг юм. Хүн болсны дараа зүрх сэтгэл чинь чамайг найрагч болгоноо” гэж билээ. Эдүгээгээс арван долоон жилийн өмнө хэлсэн тэр үгийг би дандаа боддог. Хүн болж яваагийн минь утга учир намайг утга зохиолын их бурхадтай аяны ганзага нийлэх хувь заяанд хөтөлдөг ч юм болов уу.

Эх хэлний баярын үеэр ёс юм шиг болдог зохиолч уншигчдын уулзалт Угтаалын соёлын төвийн тайзнаа эхэлсэн. Мэдээж хойморт нь Галсан, Урианхай, Долгорын Цэнджав, Хайдавын Чилаажав, эрдэмтэн доктор Дийзгарын Баттогтох, Монголын яруу найргийн наяад оны хайрын дууч Данзангийн Нямаа, монгол хэлний эдүгээ цагийн содон төлөөлөл Баастын Золбаяр гээд эрэмбэ дарааллаараа залрав. Нобелийн шагналд албан ёсоор нэр дэвшин бүртгэгдээд байгаа Азийн тэргүүн найрагч Урианхай өнөө л зөөлхөн нургилсан дуугаар шүлгээ дуудлаа. Урианхай ах хэзээ ч, хаана ч хэнийг ч гололгүй шүлгээ уншдаг. Одоогоос арван нэгэн жилийн өмнө, бидний хэсэг нөхөд эх орныхоо баруун хилийг тойрч тэнгэрийн хаяаг мөрлөн зогсож буй хэдэн бор цэрэгтээ шүлгээ дуудаж явсан сан. Ховдын Булганы Гурван хүүхдийн заставт шөнө оройхон очиж сарны гэрэлд шүлгээ уншсан үдшийн сайхныг хэлээд яанам. Байтагийн уулсаас салхилсан баруун зүгийн салхин их найрагчийн буурал үсийг илбээд, сарны мөнгөн туяанд сахал үс нь улмаа мөнгөрөн гэрэлтээд “Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд

Болжмор жиргэж л байвал би амьд явна

Тэр шувуунд би хачин их хайртай

Тэртээ уулын хормодйд

Ой шуугьж л байвал би амьд явна

Тэр эгшигэнд би хачин их хайртай

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна

Тэр бараанд би хачин их хайртай

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна

Тэр амьтдад би хачин их хайртай

Хайраар би амьдардаг аа…” хэмээн уншихад нь нүдний нулимс гарч билээ. Эл шүлгийн төгсгөлд “…Аялгуу содон монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна, тэр хэлэнд би хачин их хайртай” гэж бий сэн. Дорноговийн Хатанбулаг Сулинхээрийн хязгаараар явахад нэг орой сурагчдын дотуур байранд Урианхай ах нас тогтож яваа хоёр бүсгүйг өмнөө намбайтал суулгаад орчин цагийн утга зохиолын чиг хандлага, философийн тухай баахан ярьж толгойг нь эргүүлснээ, би ер нь шүлэг уншъя гээд зөөлнөөр инээмсэглэн сууж байв. Угтаалын тайзнаа Бямбын Ринчен багшдаа зориулж сүүлд тэрлэсэн “Монгол хэл” шүлгээ дуудсан юм.

Зохиолч найрагчдын ялгуун эрхэмсэг үдэш Соёлын төвөөс хөдөө хээр боржигон найрын хоймор руу шилжиж, уртын дуутай уясан сүлжилдэв. Сум орныхоо бэлгэдэлт шүтээн Их Угтаал уулын өвөрт намаржиж буй Дугарбаатарын малчны хотонд дуу шуутайхан дөрөө мулталж, айраг дэмбээ намрын боржигон найрыг энэ л Дундговь нутгийн хүү төрийн соёрхолт нэрт түүхч, угсаатан зүйч Хандын Нямбуугийн “дэглэснээр” үздэг юм байна. Таанын айраг сэнгэнэсэн намрын өдөр говийн тэнгэр дор дугуйрч зогсоод шүлгээ дуудах бахтай байсан. Тэртээ баруун урдтай домогт Их газрын чулуу ханарч, хойхно талд нь цуутай найрагч Цэндийн Чимиддоржийн төрсөн Зүүн хөндлөн, Ерлөгийн уулс нь хөндөлсөж, яг чанх баруун талд дэлхийн дууч Намжилын Норовбанзадын дуугаа хадаасан Баянзүрх хайрхан түшиж, араас минь Их Угтаалын уул нөмөрлөнө. Угтаалын уулын Ар шандад Барнангийн Доржпалам найрагч хүйгээ цөглөсөн. Авьяастай хүмүүн амин судсыг нь онож төрдөг энэ л ариун дагшин газар усанд найрагчдын зүрх огшилгүй яав гэж.

Их газрын чулуу бол онгод юуг минь хөглөсөн ид шидийн орон юм. Тэр жилийн намар Долгорын Цэнджав ахтай дөрөө харшуулан ирж Их газрын чулууг зүрх сэтгэлээрээ мэдэрч билээ. “Барнангийн Доржпалам, Цэндийн Чимиддорж бид гурав бол яах аргагүй Их газрын чулуу, Ерлөг уулыг зүүн баруун талаас нь харж биширч, шүтэж, мөргөж өсөцгөөсөн нэгэн үеийн унаганууд” гэж Цэнджав бээр хэлсэн нь гарцаагүй үнэн юм. Ерлөгийн уул, Зүүн хөндлөнг нь харж байгаад намрын говийн тэнгэр дор Чимээ ахынхаа “Цагаан зээр”-ийг омогтойхон уншлаа. Өөрөө бол “Би цуутай дорнын цагаан зээр, цусаа үзсэн улаан зээр” гээд их үс гэзгээ сэгсрээд уншихаараа аймаар. Ерлөг уулын зүүн хойдтой Сүүдэртийн улаан хэмээх жижиг улаан толгод бий. Түүний арын буурал хондны өвөлжөөнд Норовбанзад гуай төрсөн түүхтэй. Угтаалын уулын ар хөндий Жарангийн фермд Норовбанзад гуай үнээ сааж байсан гэдэг. “Намар оройхон үхэр сааж байгаад хөл нь даарахаар үхрийнхээ цавинд хөлөө хавчуулдаг сахилгагүй шар охин байлаа” гэж нутгийн эмгэд хөгшид дэлхийн дуучнаа дурсдаг. Норовбанзад гэх нэрийг зүрхэндээ хэлэнгүүт л дуурлиг их говийн хөхөмдөг цээлийг “Уяхан замбуу тивийн наран” асгараад л бүрхэж байгаа юм.

“Хар лустай Дэрэнгийн минь

Сүр сүлд

Хар голтой Дэрэнгийн минь

Хар сүлд

Уран тэлмэн хууранд хялгас нь дэргэж

Ус хонхрынхоо дуучин Норовбанзадыг дагаж

Дэлхий дүүрэн янцгаасан

Дэрэнгийн хар азарга” гэж өөрийгөө тунхагласан найрагчийн иртэй шүлгүүдийг Ерлөгийнх нь уул өндөлзөн сонсох шиг болсон. Үргэлжлүүлээд Доржпалам найрагчийн “Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь

Дурсгал болгон бие биендээ солилцож бид саллаа, би явлаа

Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар

Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо, би явлаа

Холдож явсан энэ мөчөөсөө эхлэн

Хонгор минь би чамдаа очиж яваа юм, ирж яваа юм, чамруу

Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас

Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм, чам руу…” шүлэг хайлган намрын хайрын симфони эшиглүүлснийг яана. Паламынхаа тухай Цэнджав нь “Омскийн дэлт чоно” гэж оройн үс босохоор зэвүүн хөрөг тэрлэснийг мэдэх юм. “Далаад оны сурагч биднийг Мандалговийн хотын арван жилийн сургуулийн дотуур байранд байхад нэг аймшигт амьтан гэнэт гараад ирлээ. Гашуун нясуун юм сэнгэнүүлээд энэ тэрийг сэжигтэй ажсан эвгүй харцтай, шилээ дарсан урт үстэй орос хороом гутлын түрийг гармуушиглан дарсан, улаан эрээн ороолт хайш яйш унжуулсан олигор хар нөхөр хаанаас гараад ирснийг мэдэхгүй. Тэрийг ч дэлсэж гэнэ, үүнийг ч ичээж айлгаж гэнэ, тэрний хоолойд хутга тулгаж гэнэ гэсэн дэл сул яриа хаа сайгүй дуулдах болов. Нэр ч байхгүй. Омскийн дэлт чоно л гэнэ. “Танай арван жилийн сургуулиас хамгийн гоёыг нь авч явна. Мөн ч азтай охин намайг дагаж алтан Москва үзнэ шүү дээ. Би онгоцонд суулгаад орос руу авч явна. Оросын эрээн даашинзтай охидод гайхуулна. Энэ муу шороотой аймгийг байтугай Омскийг бүхлээр нь айлгадаг юм чинь гэж хөөрлөх. Мань хашир ч хүч хэрэглэж нэг үзэж, хүзүү сунган гуйж нэг үзэж, булааж нэг үзэж, бултуулж нэг үзэж, эр хүний арван гурван мэхийг угсруулан хийсэн ч энэ тэрд олигтой тоогдсонгүй. Говь-Угтаал руугаа алга болсон уу, нөгөө алдарт Омск руугаа явсан уу, тэгсгээд дэлт чонын чимээ тасрав” гэж тэр хөрөг эхэлдэг. “…Бүр хожуу наяад оны эхээр шүлэг бичиж шаггүй нэр олчихоод байхад нь тааралдахад багын хөгтэй янз бүрийн юм яриад салсангүй. Нөгөөх алдарт хулигаан чинь хилийн цэргийн ногоон дүрэмт хувцас өмсөөд зэгсэн гүзээ суугаад махалж мяраалчихсан, хөдөлгөөн нь удааширч маг маг инээсэн, марзан юм ярьсан, ноосыг нь зулгааж байхад хивж л хэвтдэг тэмээ шиг номхон ноорхой амьтан болчихсон байх юм. Заставын офицер байснаа ярина. Хилийн муусайн хусарсан цэргүүд үгүй мөн хэцүү шүү, золтой л авгайгаа булаалгачихалгүй хилээс ирээд хотод төвхнөлөө. Харж байхад л хормойдчих гээд болдоггүй юм гэж цайлганаар инээнэ” хэмээх бичиглэлээс Палам нь зурайтал харагддаг.

Ерэн таван оны “Болор цом”-ын “Хөөрлийн шүлэг”-ээрээ булааж авсан Доржпалам найрагч хилийн цэрэг байхдаа хэдэн сайхан дуу хийсэн. Түүний нэг нь “Цэрэг чамдаа хайртай” юм. Чилаа ах Паламын “…Сэвшээ салхитай ноднин жилийнх шиг, шиврээ бороотой намрын өдөр, шинелийн товчин дээр алтан сомботой шинэхэн цэрэг чамдаа би хайртай…” дууг дууллаа. Чилаа ахынхаа дуулахыг олон сонссоон, бид. Энэ удаа дотогшоогоо мэлмэрч сонслоо. Тэр намар Их Алтайг туулаад буцахад Чилаа ах өөрийн төрсөн шүтээн уул Лүн хайрхнаасаа наашлаад Дэлгэрийн буурал талаа туулж явахдаа “Үрэл гэдэг модоороо өлгийг минь сийлсэн аав минь ээ хө, өвлийн шөнийн хүйтэнд өндийж хөхүүлсэн ээж минь ээ хө” хэмээн дуулахад өөрийн эрхгүй асгаруулан уйлж явсан даа. Аян замын ядаргаа чиг байсан уу, шартаж шаналахын зовлон чиг байсан биз. Яах аргагүй мэлмэртэл уйлаад сэтгэл онгойж билээ. Гэвч “Цохилох халуун зүрхэнд гийсэн цолмон хар нүдэнд би хайртай, шингэхэн дуутай хүүхэд зангаараа шинэхэн цэрэг чамдаа би хайртай” дуу аавын минь дуртай дууны нэг юм. Айлын том хүү намайг хоёрхон настай, миний дараагийн дүүг дөнгөж төрөөд удаагүй байхад адууч аавыг минь цэрэгт татжээ. Цас будагнасан намрын хохилзуур тэр өглөө аав хоёр нялх үрээ, гэргийгээ орхиод цэрэгт мордоход ээж яахаа мэдэхгүй уйлаад хоцорч байсан гэдэг. Гэвч сум нэгдлийн дарга Могойн Батсуурь гуай “Уурганыхаа үзүүрийг олж харахгүй шахам хараа муутай хүнийг цэрэгт татахдаа яахав” гэж комиссынхонтой ам зөрөн дайруулсаар байгаад авч хоцорсон байдаг. Тийм нэг дурсамжийн сэжүүр сөхөөд аав минь Хөшөөтийн голынхоо хул хонгор намраар энэ дууг аялдаг сан. Ийм л дуутай хууртай, найртай, найрагтай аялгуу сайхан монгол хэлнийхээ нэгэн баярыг бид Говь-Угтаалд тэмдэглэсэн юм. Эрдэнэ-Очир багшийн хань, хэл уран зохиолын ахмад багш Д.Даваасүрэн гуай Угтаалд үр хүүхдүүдээ дагуулаад оччихсон олимпиадын жаалхан сурагчдад бэлэг гардуулаад жавхаатай алхаж явна. “Хоёр багшийн дундаас төрсөн хэрнээ би чинь огт өөр мэргэжлийн хүн” гэж бага хүү Идэрцог нь хэлж байна. Тэрээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажилладаг тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Идэрийн олимпиадын аварга багш Дашзэвэгийн Отгонсүрэн аймгийнхаа төвөөс хүрэлцэн ирсэн байна. Сонирхуулахад, яруу найргийн “Болор цом”-ын эзэд гэдэг шиг “Идэрийн олимпиадын эрдэнийн тэмдэгт багш” гэсэн нэгэн дээд хүндэтгэл хэл соёлын ертөнцөд нэрлэгдэх болжээ. Увсын Минсэгийн Мягмаржав, Мягмаржавын Өлзийдэлгэр, Даваанямын Ариунаа, Хөвсгөлийн Дэмчигдоржийн Доржпагма, Говь-Алтайн Ороснуурын Сүнжидмаа, Завханы Лайханжавын Батцэцэг, Дундговийн Дашзэвэгийн Отгонсүрэн гээд Идэрийн олимпиадын эрдэнийн тэмдэгт багш нарыг нэрлэхэд сайхан байна. Эх хэлний минь дархлааг хадгалж яваа, эх орны минь тусгаар тогтнолын баталгаа болсон эрхэм хүмүүс билээ. Энэ л ерөөлийн хадган үгээр Говь-Угтаалын эрдмийн чуулганы тэмдэглэлээ өндөрлөе. Монгол хэл соёл минь өнө мөнхөд орших болтугай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улс доторх улс” нурав

ДОРОМЖЛОЛЫН ПРОТОКОЛ

…1920 оны хоёрдугаар сарын 19-нд Богдын хүрээнд нэгэн сүрт ёслол боллоо. Энэ ёслолыг зарим түүхнээ “Монголын автномийг устгасан ёслол” байсан маягаар тэмдэглэж хөгжүүлж ирсэн байдаг. Ялангуяа, 1911 оны хувьсгалын ач холбогдлыг 1921 оныхоос доогуур тавих зорилгоор тухайн үеийн явдлуудыг аль болох муушаан бичих эрмэлзэлтэй үүнийг холбон тайлбарлаж болно. Түүнчлэн, ХХ зууны дундаас Зөвлөлт-Хятадын харилцаа хүйтэрсэнтэй уялдан өмнөд хөрштэй холбоотой л бол хамгийн муугаар дүрслэх хөдөлгөөнтэй ч холбогдоно.

1920 оны өвлийн энэ ёслол үнэн хэрэгтээ Хятадын ерөнхийлөгчийн шагналыг гардуулах ёслол байсан ажээ. Монголын автономийг цэргийн хүчээр устгасны дараа ван, гүнгүүд буюу алтан ургийнхан, мөн хувьсгалт түүхнээ “шар феодал” хэмээн зүхэгдэх нигууртай шашны зүтгэлтнүүдэд шагнал гардуулж, монголчуудын сэтгэлийг засах зорилготой үйлдэл байв. Гэвч энэ ёслол монголчуудыг баярлуулахын оронд айхавтар гомдоон, сэтгэл санааг нь нэгэнт эргүүлжээ.

Угаасаа ч шагнал, бэлэг харахаараа “нугастай” юм шиг нахилцдаг монголчуудын занг нангиадууд андахгүй учраас иймэрхүү юманд гар татахгүй нь ойлгомжтой байв. Тэрэндээ тулах юм бол, Хаант оросоос тусламж гуйж илгээсэн бичиг дотор сүүлийн хэдэн жил цалингаар тасалж, алангаа алдсан тухай гомдол байж л байгаа юм чинь. Ингээд бодохоор, шагнал бэлэг аваад монголчууд гомдоно гэж юу байх билээ.

Шагналаасаа илүү гардуулах ёслол нь хамаг юмаа сүйрүүлээд хаяжээ. Хятадын сэнтэгтэй хувьсгалч Сю Шүжан Монголыг байтугай, Хятадыг нүд ирмэхийн зуур өрнөджүүлэн хувиргаад хаячихна гэдэгтээ итгэсэн нэгэн байлаа. Түүхнээ “бяцхан Сю” хэмээн хочлогдсон Сю Шүжан “аугаа санаатай боловч бяцхан шийдэлтэй” нэгэн ажгуу.

Тэрээр Монголын бүх зан заншил, итгэл үнэмшлийг “хум пад” гэхийн зуур л орвонгоор нь өөрчилж, өрнөджсөн хятадууд болгож орхино гэдэгтээ эргэлзсэнгүй. Монголчуудыг сайжруулах “Сю-гийн найман зүйл” төлөвлөгөөнд нь 40-өөс доош насны лам нарыг албадан гэрлүүлэхi санаачилга хүртэл байгаа юм чинь. Сталин хүртэл оролдоод бараагүйдээ уурсаж, сүүлдээ буудан алах замаар шийдсэн асуудал шүү дээ.

Ингээд жинхэнэ барууны ориг ёслол, протоколын арга хэмжээ зохиохоор шийдсэн байна. Хятадын “Да Жунтан” хэмээх ерөнхийлөгчөөс, саяхан Дундад улсын баруун хойт хязгаарын жирийн муж болсон Гадаад Монголын Богд гэгээнд тамга өргөмжлөл олгох ёслолын протоколыг 22 зүйлтэйгээр гаргаж, Монголын Яамдад тараажээ. Тэнд Богд тэргүүтэй Монголын ихэс дээдэс хятадын ерөнхийлөгч хөрөг болон Сю шүжанд олантаа мэхийн ёслохоор дүрэмдсэн аж. Төрийн албаныхнаар дамжуулан нийтэд урьдчилан тарааж цээжлүүлсэн уг хөтөлбөрт

“…хоёр. Хичээнгүйлэн угтах олон түшмэд тамга өргөмжлөлд ёсолно. Бие бөхийнө, дахин бие бөхийнө, гуравдугаар, бие бөхийнэ.

Гурав. Сайд Сю-д хичээнгүйлэн угтах олон түшмэд тусгай ёсолно. Бие бөхийнө.

…Арав. Богд хаан улсын далбаанд хандаж ёсолно. Бие бөхийнө, дахин бөхийнө. Гуравдугаар, бие бөхийнэ.

Арван нэг. Богд хаан Даа Жунтанд хандаж ёсолно. Бие бөхийнө, дахин бөхийнө. Гуравдугаар,бие бөхийнө.

Хорин нэг. Өргөмжлөлийн сайд хаанд хандаж ёсолно.

Хоёрин хоёр. Богд хаан хариу ёсолно. Бие бөхийнө. Харилцан халаг солилцоно. Ёс гүйцнэ. Хөгжим хөгжимдөнө” iiгэхчлэн зааж өгсөн байна.

Ингээд товлосон өдөр болоход Хятадын ерөнхийлөгчийн хөрөг ба Богд хаанд олгосон “Гадаад Монголын сайныг зөвшигч, соёлыг туслагч Богд Жавзандамба хутагт хаан” цолыг олгосон тухай өр-гөмжлөлийн бичиг сэлтийг шар торгон жуузанд дамнуулан, цэргээр хамгаалуулан жагсаасан байна. Мэдээж хэрэг Хятадын далбаа мандуулахаа мартсангүй. Хөгжим дагалдсан ёслолын жагсаал очих үед Богдын шар ордын хашаа хэрмэн дээр Хятад улсын далбааг зөрүүлэн хатгасан байх аж. Монголын ван гүнгүүд, хувраг мяндагтнууд сэлт түүнийг угтан протокол ёсоор мэхэлзэн угтжээ.

Улмаар ёслолын ширээнээ тавьсан Хятадын ерөнхийлөгч Ли Юань хун(1864-1928)-ны хөрөгт, гурвантаа мэхэсхийж, есөнтөө толгой дохисон тухай Магсар хурц Монголын түүхийн бүтээлдээiii өгүүлсэн ажээ.

Тухайн явдлын гэрч нар “Да жунтангаас Богдод буусан шагналыг хүлээн авах өдрийг тогтоож, их жагсаалаар богдыг залж, Жунтангийн дүрсийн өмнө гурван удаа мэхэсхийн ёслуулж шагналыг өргөв”iv гэхчлэн дурссан бол хожуу үеийн түүхчид мөргөсөн, толгой дохисон бүгдийг нийлүүлэн “Богд хаан Сю Шүжан өмнө арав дахин мөргөсөн”v байдлаар бичих болсон бололтой.

Ёслолд оролцсон монголчууд чадах чинээгээрээ дургүйцлээ илэрхийлжээ. Нүдээр үзсэн гэрчүүдийн бичснээр “Богдын ордны үүдэн дээр сүлжүүлэн хатгасан хятадын далбааг доорд лам нар урж орхисон…мөн сургуулийн хуралдан цэнгэх газар үүдэнд хатгасан далбаа аяндаа хугарч унасан” байсан ба түүнийг харсан монголчууд гамингийн засаглал “мөд сөнөхийн бодит дохио хэмээн инээлдмүй”vi гэжээ.

Гэвч ёслолыг харсан монголчууд инээхээсээ илүү харин ч доромжлогдсон утгаар уурсан хилигнэсэн байна. Богд хаан бол монголчуудын хувьд Буддын шашны эрхэм дээд хутагт, хүмүүний биед оршсон бурхан, Түшээт ханы хүү Занабазараас хойш сүнсээр дамжсан алтан ураг байлаа. Түүний бие сэтгэл нь хүний хорвоод хамаарахгүй эрхэм дээд. Иймээс хутагтын үг хэл бурхных төдийгүй, биеийн ялгадас ч бурхных тул шээсийг нь хүртэл рашаан хэмээн хүртэнэ. Хар шар олон ардын хувьд тэрээр ариун дээд бодгаль учраас хамаг амьтан түүнд мөргөнө үү болохоос, хутагт өөрөө хэн нэгэнд мэхийх учиргүй байтал юу болоод өнгөрөв өө, энэ чинь!

Хүрээнд “Богд ламыг гаж буруу хувцастай, харь хүний зурагт мөргүүлсэн байна” гэсэн яриа хээр талаар тарж, хөгшид эмгэд гашуудан уйлж байжээ. Олон нийтэд л анх удаа харагдаж байгаа нь энэ болохоос биш, 1916 оны долдугаар сарын 8-нд Хүрээнд Автономит Монголын Богд хааныг ширээнд Хятадын ерөнхийлөгчийн зарлигаар ширээнд суулгах ёслол болжээ. Судлаачдын бичсэнээр “…Богд гэгээн Хятадын ерөнхийлгөчийн нэрийн өмнөөс хүлээлгэн өгсөн тамганд гурван удаа, ерөнхийлөгчийн төлөөлөгч Чен Лу-д нэг удаа мөргөжээ”vii

Амьд бурханыг нь нийтийн өмнө доромжилсон энэ ёслол монголчуудын унтаа байсан эрх чөлөөний мэдрэмж, амбицийг сэрээлээ. Тал нутгийн морьтон баатрууд ялж, ялагдаж, хүйс тэмтрүүлж явснаа бус үндэстнийхээ хувьд ийнхүү доромжлогдож явсан нь үгүй. Ялангуяа эцэг дээдсийн өлгий, хээр тал нутагтаа шүү.

Хоёр зууны тэртээд, Оросын түрэлт, Ойрадын дайралт хоёрын дундаас амь зулбан гарсан Өндөр гэгээн тэргүүтэй удирдагчид Манжийн хаанд мөргөн дагаж, вассал болоход ч ийм доромж ёслол үйлдсэнгүй. Долоннуурт болсон Гадаад Монголыг Манжийн вассалаар авахад Өндөр гэгээн, Түшээт хан нарыг хаанд сөгдүүлэхгүй протоколтой ёслол үйлджээ. Тухайн явдлыг харсан, Энх-Амгалан хааны европ албан хаагч, 1689 оны Нэрчүүгийн хэлэлцээрт латин хэлний орчуулагчаар оролцсон франц гэлэн, шашин номлогч Жан Жербиллоны бичснээр “…Тэднийг орж ирэхэд Цог жавхлант хаан зогсож байсан бөгөөд өвдөг сөгдүүлсэнгүй, бохирч суух гэхэд нь гараа явуулж”viii босгосон байна.

Сю Шүжан монголчуудыг үзэл санааны хувьд доромжлон, гутааж дарамтлах ч гэсэн байх, бас шинэ соёл нэвтрүүлж гайхуулах ч гэсэн байх. Харин санаснаас нь эсрэг үр дүн гарахыг төсөөлөөгүй л болов уу? Манжийн үеийн Гадаад Монголын талаарх үзэл санаа хийгээд Хятадын уламжлалт төрийн бодлогоос хөндий, эсвэл түүнийг таягдан хаях явдлыг үзэл санааны тугаа болгосон “бяцхан Сю” угаасаа ч овилгогүй нэгэн. Богдын хүрээнд “бяцхан” зуур хаанчлахдаа зохиож байсан олон шоуныхаа нэгэн дээр Чен И-г индрээс гуд татан буулгах зэргээр овлигогүйтэж байснаас нь ч харагддаг.

Монголчуудын шашин шүтээн, амьд Будда руу нь хандсан Гамингийн доромж дээрэнгүй байдал ингээд зогссонгүй “Зуны адаг сарын шинийн 9-нд Зүүн хүрээний цам бүжиглэх өдөр Богд гэгээн мухар тэргээр Дээд сүм хэмээх ордноос Хүрээнээ заларч…Дунд голын гүүр хүрэхэд хятад цэргүүд буу чиглүүлэн барьж, зам хөндөлдөн цэргийг зогсоож, Богдыг тэргэнээс буулгасанд Богд гүүр дээгүүр явган заларч гүүр өнгөрөхийг үзэж үзэж сонссон олон монгол хүмүүс дуу тавин уйлсныг…” ix Дилов хутагт дурсчээ. Гамингийн захиргаа буюу Сийлинбуу яамныхан энэ явдалдаа уучлал гуйж Богд хаанд бэлэг сэлт өргөсөн боловч сүсэгтнүүд огтоос тайтгарсангүй.

Хутагт хувилгаадын өлгий болсон тал нутагт “амьд бурхад” нэн олон, зөвхөн тамга барьж, шавь захирсан хутагт л гэхэд 13 байсан гэдэг. Иймээс монголчуудын шашин шүтлэг итгэл үнэмшлийг гутаах явдал Богд ламаас аль хэдийнэ хальсан байв.

Гамингууд улмаар Жавзандамба хутагтын ариун лагшинд халдаж, түүний биеийг баривчлан хорьсон нь монголчуудын хувьд үеийн үед Хятадыг төсөөлөх сөрөг дүгнэлтийн оргилд хүргэжээ “….Хүрээ номун хаан Лувсанхайдав, Жалханз хутагт Дамдинбазар нар морь унан Хятад цэргийн командлагч дээр очиж Богдыг суллуулахыг гуйхаар явж байгаад морио (гаминд) дээрэмдүүлжээ. Гамин цэргүүд шар жолоотой морь унан давхилдах” болсон байна. Мөн “Ёнзон хамба нар явган явж наймаа хот орж” хаанаа шоронгоос чөлөөхийг гуйжээx. Хутагтын ариун жолоо бүхий морь унасан харийн цэрэг, явган алхахдаа тулсан хутагт гэгээд… монголчуудын сэтгэлд үе улиравч арилшгүй мөр үлдээлээ.

Чухам энэ үеэс эхтэй “Синофоби” дээр ХХ зууны Зөвлөлтөөс эхлээд өнөөгийн оросууд хүртэл улс төрийн тоглолт хийсээр байгаа юм.

Монголчуудын санаа эгнэгт эргэжээ. Лам хуврагууд хүртэл “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хорхойд ч хоргүй” амьдрах тангарагаа хаяж, “шамбалын дайн”xi-д мордоход бэлэн болов. Ламайзмын суртал номлол ёсоор бол шашин номоо хамгаалах учиртай шамбалын ариун дайн дэгдэхийн цагт “өт хорхой хүртэл оролцон” алалдах номтой ажгуу.

Манжийн империйн доройтол болон түүнийг дагалдсан үйл явдлууд тал нутгийн баатруудын үндэстний дайнч зөн билгийг сэргээж магадгүй тухай санааг бүр Чингийн үед Бээжинд суугаа Францын Элчин сайдаас Гадаад яамандаа илгээсэн захидалдаа тодорхой дурдаж “…энэ үндэстний дайнч зөн билгийг сэргээж магадгүй… сэргээх юм бол залуу монгол хүн сүмээс илүү армид татагдана гэж үзэхэд хэтийдүүлсэн болохгүй”xii тухай сануулсан байдаг.

Сю Шүжаны сүржин ёслол, овилгогүй авир нь Монгол Хятадын харилцааны асуудлыг эгнэгт шийдэж орхисон хэмээн хожмын Хятадын төрийн бодлого боловсруулагчид үзэх болсонxiii байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр, тухайн үедээ Гадаад Монголын тусгаар тогтнол “Гурван этгээдийн гэрээ”-гээр устаад Хятад улсын доторх автоми эрхтэй байсан цаг. Дээр нь Орост дэгдсэн улаантны самууны наашилж буй түгшүүр болоод атман Семёнов тэргүүтэн “нармай монгол” байгуулаад Богдын хүрээг цэрэглэн эзлэхээр заналхийлээд гарах гарцгүй болсон учраас Бээжингийн хамгаалалтад найдахаас өөр гарцгүй болчихсон үе. Гагцхүү энэ “хамгаалалт”-ыг монголчуудад “Манжийн үеийнхээс дутахгүй” ашигтай байдлаар шийдэх замыг л “Чен И-гийн 64 зүйлт” мэтчилэнгээр хайж явсан юм. Ийм учраас хэрвээ Сю Шүжан “бяцхан” тархиныхаа амбицаар өвчигнөж байж монголчуудын сэтгэлийг үүрд цааш нь харуулаагүй бол өнөөгийн БНХАУ-ОХУ-ын хил “Хиагт”-аар зааглагдаж болох байсан гэж хятадууд үздэг гэсэн үг.

“Ёслолд шоунд нугасгүй дуртай боловч ёс журмыг нугас чихарахын дайтай үздэггүй” араншингаараа түүхийн хүрдийг монголчуудад эгнэгт ашигтайгаар эргүүлж орхисон Сю Шүжанд “нэгэн цацал өргөх” ч хаашаа, байх ч хаашаа…

1911 онд Манжийн онцгой эрхт вассал Гадаад Монгол байхдаа тунхагласан Богд хаант Монголын тусгаар тогтнол тав наслаад 1915 онд “Гурван улсын гэрээгээр дууссан юм. Хятадын хараат, Оросын нөлөөт Автономит Монголын түүх тусгаар тогтнолоосоо ч богино насалж, хуучин Гадаад Монголын нутаг Хятадын ерийн муж болсноор өндөрлөв.