Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цэвэр цус”-ны холбоотон

Б.Цэнддоо “Г.Бадамдорж: Шар хүний “хар” түүх” ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн хамтран бүтээж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг”(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын хэсгээс толилуулж байна.


…Манжийн хаад өөрсөдтэйгөө адил Чин улсын “цэвэр цус”ны бүлэгт багтсан монголчуудад “цэвэр үүлдрийн” Зүрчид гүнжээ өгч ураг барилдах замаар итгэлцлийг бэхжүүлэх алхам олныг хийжээ. Элит хүргэнд “Эфү” цол олгох ба хүргэн гэсэн утгатай манж үг аж. Хааны их, бага хатны аль нэгнээс төрсөн болон тэжээсэн охиныг авсан, түүнчлэн Айсингиороо овгийн хэр зиндаатны гүнжтэй сууснаас хамааран хүргэдийг төрийн эфү, хошой гэхчлэнгийн цол шагнал, үлэмж шагнал дагалдана.

Түшээт хан Дондовдорж (17331743) нь Чингийн үеийн ууган эфү нарын нэг бөгөөд Түшээт хан болон Сайн ноён ханы 10аад эфү түүхнээ дурдагдан үлджээ.

Манжийн хааны гүнж нараас хамгийн алдаршсан нь ЭнхАмгалан хааны зургадугаар охин “Хичээнгүй амирлангуй” гүнж ажгуу. Түүний алдаршсан шалтгаан нь их энгийн. Эфү Дондовдорж гүнжийг нас барахад нь өнөөгийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бунхлан оршуулсан нь өнөөг хүрсэн байна. Өнөөг хүртэл үлдсэн нь түүнийг судлах сэдэл өгч, улмаар түүнд олгосон алтан өргөмжлөл сэлт нь судалгааны эргэлтэд оржээ. Та бүхэн манжууд “монгол ноёдыг бэлгийн амьдралаар дамжуулан тагнах”, Бээжин рүү “хөнжлөөс нь мэдээлэл бичих”зорилготой тагнуулууд байсан тухай болон “Гүнжийн сүмийн гүнж” тэднээсээ арай өөр нэгэн байсан тухай баримттай зөндөө таарсан байх.

Манжийг үзэн ядсан уур амьсгалтай тогтоцод амьдарч байсан эрдэмтэд өөрийн судалгаагаа үнэ цэнэ оруулах, үгүйдээ л үзэл сурталчдын дайралтаас хамгаалахын тулд “Хичээнгүй амирлангуй гүнж” хэдийгээр дайсны тал боловч бас ч гэж нааштай, манай талын дуу этгээд болгож байсан бололтой.

ЭнхАмгалан хаанаас Галдандбошигтод хүртэл гүнжээ гэргий болгон өгч байсан ба харин Галдан тэрэнтэйгээ хэрхсэн нь энэ номын сэдэв биш болно.

Дайсагнагч хийгээд нөхөрлөгч хаадүр хөвүүдээ солилцон найрамдах, үгүйдээ барьцаа болгон тавих бодлого нэн эртээс эхтэй юм. Тухайн үедээ Чингис хаан ч өөрийн охиноо Уйгарын Идикут Барчукт гүнж болгон өгөх шийдвэр гаргаж байв. Баруун монгол, Халхын хооронд ч сөргөлдөөнөө шийдэхийн тулд хэрэгжүүлж түгээмэл байсан бодлого.

Харин ХХ зууны дундаас л эфү нарыг төрийн хэмжээний дайсан болгон бичиж сурталдаж эхлэв. Монголын язгууртнуудын бэлгийн гүнж авсан биш харин “биеэ үнэлсэн” байдлаар бичигдэх боллоо.

Хувь заяаны тохуугаар ийм үзэл санааг монголчуудад тулгагч нь олон үеийн турш герман цусны хаадтай явсан оросууд болж таарав. Бурханы дамшиглалаар энэ санааг хэрэгжүүлэх үед Монголын төрийг орос эхнэртэй, Зөвлөлтийн “эфү” Ю.Цэдэнбал удирдаж таарав.

Манжийн хүргэдийг үзэн ядах синдром нь монголчуудын ч, Ю.Цэдэнбалын ч сонголт байсангүй. Дарга ч өөрөө мангар амьтан биш, “Гадаад авгай муу” гэдэг синдром нэг эргэлтэн дээрээ өөр лүү чиглэж мэднэ гэдгийг гадарлахтайгаа. Харин дээрх хандлага бол “Зөвлөлтийн дагуул БНМАУын түүхэн дэх хамгийн жаргалтай үе нь Зөвлөлтийн дагуул болсон үеэс л эхтэй” болохыг харуулсан үзэл суртлын нэг хэсэг нь юм.

МАНЖУУД ЮАНЬ ГҮРНИЙГ СЭРГЭЭВ

Манж Чин гүрэн бол нэг талаасаа Хятадын шинэ династи боловч монголчуудтай ойр дөт харилцаатай, гүнж солилцон ураг барилцсан Зүрчидүүд Бээжинг эзлэн улс байгуулсан хэрэг байв.Кансы буюу Энх-Амгалан хаан нь монгол эмээтэй, төдийгүй монгол ээжтэй нэгэн байсан ч гэдэг.

Монголчуудтай буюу дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны удамтай ураг барилдах сонирхол Манж-Зүрчдийн удирдагчдад байжээ. Аугаа Чингис хааны, ялангуяа их хаан Хубилайн үйл хэргийг залгамжлагчаар тодрох санаархал тэдэнд байсан бололтой. Тэдэнд аугаа санаа, аугаа санаагаа хэрэгжүүлэх чадвар хоёулаа байсан ч дорно дахинд маш чухалд тооцогдох аугаа түүх, аугаа удам байсангүй. Түүнийгээ монголчуудаас хайсан бололтой. Ямар ч үнээр хамаагүй монголчуудтай хамаатан, холбоотон болоход бэлэн байв.

“Монголын их хаадын ураг удамтай холбогдох нь Манжийн хаадын ч хүсэл зоригийн хэрэг байжээ. Тэд өөрсдийгөө Мингийн засаглалыг хүлээн авагч төдийгүй,түүний өмнөх Монголын Их Юань гүрнийг залгамжлагч гэж үзэж байсан” ажээ.

Өвөр Монголын алтан ургийнхныг ээлж дараалан янз бүрийн аргаар дагуулсны дараа 1635 онд Лигдэн хааны хүү Эжэй Манжийн хаан Абахайд бууж өгөн эцгээс залгамжилсан Монголын эзэн хааны хас тамгыг өгсөн гэдэг. Чингис хаанаас уламжлалтай байж болох, Хубилай цэцэн атгаж явсан Монгол төрийн тамгыг эзэмшсэнээр Манжийн Айсангоро овгийнхон нийт Монголын хаан байх үзэл суртлын эрхтэй болов.

Японы эрдэмтэн Окада Хидэхирогийн бичсэнээр, Лигдэн хааны хүү Эжэй, өөрийн эх Сутай хатны хамт Зөрчидүүдэд бууж өгсний дараа 1635 онд тэднийг Мүгдэнд аваачжээ.Абахай хаан Эжэйд өөрийн хоёрдугаар охин Макатаг хатан болгон өгсөн байна. Харин Лигдэний бэлэвсэн хатан Сутайгаас “дөрвөн ханз үсэг”тэй хаш тамгыг олж авчээ. Тэр нь Хубилай хаанаас Тогоонтөмөрт ирээд алдагдсан, санаандгүйгээр эрэг ганганаас олдоод Түмэдийн хаанд очсоноо Лигдэнд хүрсэн мөнөөх тамга Сутай хатанд байсан хэрэг юм байна. Энд, түүхийн сурвалжуудад дараатай үлдсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор…” гэсэн бичигтэй бус, харин ханз үсэг бүхий тамга яригдаж байгааг бодоход Хубилай Бээжин төвтэй Юань гүрнийг байгуулаад нангиад үсэгтэй шинэ тамга үйлдсэн бололтой.

Манжийн Абахай хаан 1636 онд өөрийгөө монголчуудын их эзэн “Богд хаан” болох ёслол үйлдсэн байна. Абахай хаан Лигдэнгийн хоёр бэлэвсэн хатныг авсан ба үр хойч нь Монголын хан вангуудын дунд нөлөөтэй явсан байдаг.

XVII зуунд зуур хүчирхэгжин хүрээгээ тэлж, нангиадыг өөрийн эрхэнд хураан Бээжинд суусныхаа дараа Зөрчидүүд өөрсдийнхөө нэрийг сольж Манж болгожээ. Зүрчидүүд Хятадыг эзэгнэснийхээ дараа нэрээ сольж Манж болгосон талаар янз бүрийн таамаг байдгийн нэгэнд Монгол, Зүрчид хэмээх нэрүүдийг эвлүүлэн “МонЗү” буюу “Манжу” гэсэн үг үүсгэсэн тухай хувилбар ч байдаг.

Ийнхүү XVII зууны дундуур байгуулагдсан Манж Да чин улсыг өөр нэг өнцгөөс харвал, Чингисийн байгуулсан төрийн хасбуу тамгыг атгаж, монголчуудтай эхийн талаараа олон сэжмээр холбогдсон Зөрчидийн хаад нангиадын Мин улсыг унагаад, Хубилайн байгуулсан Их Юань гүрнийг сэргээсэн явдал байв.

“Монголын түүхэн уламжлалын дагуу Манжийн бүх хаад монгол өргөмж нэрийг Нурхач-Тэнгэрээс заяат, АбахайӨндөр богд (сүүлдээ Дээд эрдэмт болсон), ШуньжиЭевээр засагч, КансыЭнхАмгалан гэх мэтээр авч байжээ”

Харин Өндөр гэгээнээр удирдуулсан халхууд 1691 онд Абахайн Залгамжлагч Кансыддагаар ороход тэрээр Монголын хааны тамгыг аль хэдийнэ эцгээсээ залгамжилсан нэгэн байсан юм.

Тэгэх дээрээ тулбал “ Өмнөд хөрш”ийн дээвэр дор нэгдэх санаа анх Баруун монголчуудаас гарч байсан бөгөөд “Ойрдын Тогоон тайш 1430аад онд ханы тамгаа Бээжинд илгээж, Мингийн Вассал болохоо илэрхийлж байжээ. Сонирхолтой нь Мингийн эзэд хүсэлтийг хүлээн авалгүй тамгыг буцааж” байсан баримт ч буй нь сонин.

ЧИН ГҮРНИЙ ДАРЛАГЧ АНГИД
МОНГОЛЧУУД БАГТАВ

Ямар ч байсан Манжийн онцгой эрхт вассал болсон монголчууд Чин гүрний удирдах лигт багтдаг “ари” үндэстний нэг болов. Хятадыг эзэгнэн байгуулагдсан Чин гүрний элит үндэстэн нь манж, монгол хоёр бөгөөд зөвхөн тэд л хоорондоо гэрлэж, төрийн өндөр албыг хаших эрх эдэлнэ. Хятадууд нь манж, эсвэл монгол хүнтэй гэр бүл болох нь хориотой.

Хэрвээ монголчууд хээр талдаа дураараа амьдарч, зүгээр хэвтэж байгаад бөөн олз олохоос арай өөр юм хүсдэг ажил хэрэгч хүмүүс байсан бол Чин гүрний өндөр дээд албанд олноороо зүтгэх боломж байсан ажгуу.

Үнэн хэрэгтээ Чин гүрний үед Хятадын ард түмнийг дарлагч нь Манж, Монгол хоёр байв. Энэ утгаараа Монголчууд Манжид дарлуулж байсан бус харин ч Манжтай нийлээд Хятадыг дарлаж байсан ажгуу. Харин боломжоо ашиглаж чадсан эсэх тухайд бол өөр хариу гарах байх.

Монгол нутагт хятадуудыг шилжин суурьшихыг хориглож, тэр бүү хэл худалдаа наймаагаар түр явахыг ч хатуу журамлав. Худалдаа хийх этгээд түмэн бэрхийг даван туулж ганцхан жилийн хугацаатай “Монголын виз” авах боломжтой, арилжаа наймааны замдаа монгол айлд хонох цаазтай. Чононоос айгаад айл бараадах гэвэл зөвхөн хотных нь захад нохойтой нь хөршлөн унтах жишээний.

Хэдийгээр Манжийн хараат боловч төрийн албанд нь манж хүн томилохгүй. Эхэндээ Гадаад Монгол дахь Манж Чин гүрний цэргийн тойргийн командлагчаар (Улиастайн жанжин) монголчуудыг томилдог байснаа больжээ. 1727 онд МанжОрос хоёр Буурийн гэрээгээр хил тогтооход Манжийн талыг төлөөлөн оролцсон Эфү Цэрэнгийн аав Цэнгүнжав Улиастайн жанжнаар ажиллаж байлаа.Хүрээн дэх сүүлчийн амбан Сандо нь өвөр монгол хүн байлаа гэх мэт. Умарт хилийн харуулын албыг ч монголчуудад даатгана.

Аймгийн чуулган дарга, эрдэнэ шанзодба зэрэг төр шашны чухал албанд монголчууд хүмүүсээ мэдүүлж, түүнийг нь Манжийн төр соёрхон батлах замаар томилно. Хан нар болон ноёдын угсаа залгамжлагчийг ч мөн монголчуудын мэдүүлснээр өргөмжилнө…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгаар тогтнолын “нөхөр дайсан”

Б.Цэнддоо Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын хэсгээс толилуулж байна.

Хэрвээ, айлын сайхан эхнэрт санаатай болчихоод элдэв санаа сэдэж, зүүдэлж явлаа гэж бодъё. Гэтэл өнөөх хүүхэн чинь өөрөө гүйж ирээд “Нөхрөөсөө салмаар байна, туслаач” гэвэл юу болох вэ?

ХХ зууны арваад онд Хаант Орост яг ийм юм тохиолдов. Манжаас салгаж авах гээд мөрөөсч байсан монголчууд нь “Биднийг Манжаас салгаад өгөөч” гээд өөрсдөө гүйгээд иржээ. (Харамсалтай нь: хүүхэн нь муу нөхрөөсөө салж чадсан ч үгүй, харин ч суумал, ирмэл хоёр хар хүнтэй болж дууссан бөлгөө)

Үнэндээ бол, 1858 онд Амаар мөрний сав газрыг ганц ч сумын гарзгүйгээр Манжаас салган авсандаа нэн урамшсан Хаант Орос Манжийн эзэнт гүрэн унах үед энэ бүс нутагт, Гадаад Монголыг манай эзэмшлийн газар болгож хувиргахад оршино хэмээн энэ бүс нутгийн бодлогоо тодорхойлчихоодi харзнаж суусан юм. Хүлээж суусан гэж болохгүй, зөндөө юм хийсэн. Энэ үзэл санаагаа сурталчлах, үзэл суртал буюу Пиар талын ажлыг загалмай зүүсэн буриад П.Бадмаевт хариуцуулж, 2 сая рубль төсөвлөж, сонин хүртэл гаргаж байсан. Тэр нь сонин нь монгол хэлээр гарсан анхны сонин болж таарч, энэ тэр. Н.Пржевальский, П.Козловын экспедиц, Төвдөд нэвтэрсэн лам-тагнуул Агваан Доржиев, Цэвгийн Гомбожав гээд бишгүй олон тагнан судлах анги, тандан мэдээлэх зорилготон бишгүй олныг явуулжээ.

Улмаар, 1907 онд Японтой нууц гэрээ хийж, Манжийг унасны дараа Гадаад Монголыг Оросын протекрат болгоно хэмээн тохирчихоод хүлээж суув.

Яг ийм санаархал, төлөвлөгөөн дундуур “нөхрөөсөө салахыг хүссэн сайхан хүүхэн” өөрөө дэгдэж ирээд хамаг юмыг будлиантуулж орхив. Энэ нь эргүүтсэн хонийг чоно идэж чаддаггүй шиг сонин паник үүсгэсэн бололтой. Чоно байгалийн зөнгөөрөө, зугтаасан айсан амьтныг барьж идэж сурсан тул өөдөөс нь зүгээр гүйгээд очиж байгаа эргүү хонь түүнийг эргэлзээнд оруулж орхидог.

ХХ зуун хүн төрөлхтөнд олон гай гамшиг авчирсан боловч, түүнээсээ дутахгүй сахилга, тоглоомын дүрэм бий болгоод байв. XIX зуунд Крымын дайнаар холбоотнууд Оросын өрнө зүг хийсэн түрэлтийг зогсоосноор зүгээр л бусдын газар нутгийг эзэлж аваад байдаг цаг өнгөрснийг мэдэж авчээ. Ялах, ялагдахаас илүүтэйгээр худлаа үнэн яриа хэлцээр, тохироо олон улсын хил хязгаарыг тогтоож байх болов.

Ингээд Богдоор удирдуулсан Монгол хэмээх “нөхрөөсөө салах санаатай хүүхэн”-ийг яахаа мэдэхгүй болов. Гэтэл өнөө монгол хүүхэн чинь манж нөхрөөсөө салах төдийгүй, оросын хөнжилд ч гүйгээд орчих санаагүй аж. Өөрөөр хэлбэл, хэрээ мэдэхгүй бас өрх толгойлсон эмэгтэй байх санаархалтай гэж байгаа.

Монголыг Хятадаас шууд салгаад хаячих гэхээр, айлын авгай салгасан хэрэгт унаад, олон улсын тавцан дээр ганцаардана. Салгахгүй гэхээр, монголчууд тэдэнд үүрд гомдож хэзээ ч эргэж харахгүй болох ба аягүйтвэл хятадуудтайгаа учраа олчихож болно. Төлөвлөсөн ёсоор Оросын протекрат болохын үес нэгэнт сэтгэл хөрсөн хүүхэн өвөрт орох болно. Хажуугаар нь Оросын дотоодод нийлүүлэхээр болчихсон Урианхайн хязгаарыг өөрийн хэсэг гэж даварсан төдийгүй, Японд ногдох учиртай Өвөр Монголыг бас өөртэйгөө нийлүүлнэ гээд яриад, тэднийгээ төлүүлэн Хайсан, Удай энэ тэрийг дагуулаад ирдэг нь ч юу билээ.

Оросуудын өмнө Монголыг гомдоохгүйгээр, бас тусгаар тогтнуулахгүйгээр, Өвөр Монголтой нь нийлүүлэхгүйгээр, бас одоохондоо Хятадаас салгахгүйгээр, улмаар өөртөө ашиглах асуудлыг зохицуулах зорилт тулгарлаа.

Ингээд “Хаант Оросын хоёр нүүрт тоглоом” гэгдэх их бодлого эхэлсэн бөлгөө. Тэд монголчуудад болохлоор тусгаар тогтноход нь туслах юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлээд Хятадуудад танай бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж ойлгуулав. Ойлгуулахын сацуу, хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол монголчуудыг дэмжихгүй гэх газаргүй хэмээн сүрдүүлэх санаа олжээ.

Монголчууд тусгаар тогтнолоо зарласныхаа дараахан, 1912 онд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орост илгээв. Тэдний зорилго бол монголчуудын төсөөлснөөр “Хоёр дахь Долнуурын гэрээ” маягийн аятай сайхан тохиролцоог Петербургтай хийх явдал байлаа.

Алтан ургийн сүнс Занабазарын найм дахь дүр Богдын тэргүүлсэн гэнэн хонгор нүүдэлчид Хаант Оросоос зөвшөөрөхын аргагүй баахан зүйл гуйжээ. Юуны өмнө Петербург ба Өргөөд харилцан Элчин сайд суулгахыг хүсчээ. (Яаж дээ, чингэвэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, сүүлд нь өөртөө ч нэгтгэх аргагүй болгохно биз дээ)

Өвөр Монголыг Хятадаас чөлөөлөхөд туслахыг гуйсан байна. (Чингэвэл Орос-Японы нууц тохиролцоог зөрчихөд хүрэх ба Өвөр Монголыг чөлөөлдөг юм гэхэд тэднийг авахаараа япончууд л очино биз дээ)

Улмаар төлөөлөгчид, Хаант Оросын нийслэлд байгаа Англи, Франц зэрэг гуравдагч ертөнцтэй холбоо тогтоож, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн дэмжүүлэх гарц хайх гэж яваагаа ч нуусангүй (Одоо байчихаад, бүүр Хятадын байтугай, Оросын хяналтаас ч гарах нь байна шүү дээ.)

Япончуудтай нууц тохиролцоо хийчихсэн, хятадтай шинэ гэрээнд орох бэлтгэлээ хийж байгаа (удахгүй Урианхайн хязгаарыг Танну Тува болгоод Оросын протекратаар 1914 онд зарлана) үед ийм амбиц гаргасан нь “битгий давар”ii гэхээс өөрөөр хариулах аргагүй байлаа.

Оросууд эхлээд 1912 онд монголчуудтай хэлэлцээр байгуулав. Энэ нь монголчуудад горьдлого төрүүлсэн, хамгийн гол нь 1913 онд хийгдэх Орос-Хятадын тунхаглал, 1915 онд байгуулагдах гурван этгээдийн гэрээний бэлтгэл байв.

Энэ гэрээгээр, монголчууд шууд тусгаар тогтнохгүй атлаа

1912 оны Монгол оросын хэлэлцээний нэгдүгээр зүйлд, Их орос улсын хаан эзний засгийн газар…өөрийн (Монголын) газарт Хятадын цэрэг ба нүүдлийн иргэнийг оруулахгүй, өөрийн улсын цэрэг байгуулах эрхийг алдагдахгүй сахихад тусална

гэсэн заалт орсон ба газар нутгийн хил хязгаарыг тодорхойлоогүй, бас “Монгол” гэдэг ойлголтод монголчуудын нутагладаг бүх аймгууд багтаж болохiii ч гэмээр утга заасан байна.

Хэлэлцээрт гарын үсэг зурах үед Коростовец нь “Эзэн хааны засгийн газар нь Орос-Монголын засгийн газруудын хооронд өнөөдөр гарын үсэг зурагдсан хэлэлцээр, протоколд “Гадаад монгол” гэдэг үгийг “Монгол Улс” гэдэг үгээр солихыг зөвшөөрөхийн хамт Монголд олгосон автономит засгийн эрхийг Халхаас гадна мужууд дээр дэлгэрүүлэн хэрэглэхийг заах эрхээ өөртөө үлдээсэн болохыг илэрхийлнэ” гэсэн мэдэгдэл хийсэнiv нь монголчуудыг баясгахаас гадна Бээжинг дарамтлах зорилготой ажгуу.

Улмаар, Монгол нутагт гаалийн татваргүй ажиллах 1881 онд авсан эрхээ хадгалсан ба улмаар Хаант Орос нь Монголд газар өмчлөх, өөрийн хөрөнгөөр байгуулсан зам гүүрэндээ татвар тогтоох, уул уурхай байгуулж ашиглах эрхтэй болов. Гэрээний гуравдугаар зүйлд

Монгол Улс хэрэв Дундад улс ба жич бусад улсуудтай өөр гэрээ бичиг тогтоох бол ..Орос улстай урьд нь зөвлөлдсөн нь бус бол хэрхэвч халж эвдэж үл болохv үүрэг хүлээсэн байна.

Ингээд монгол газар уурхай нээж, газар өмчлөх гэсний учир Манж-хятадаас салсан монголчууд Орост уурхай нээх, газар өмчлүүлэх эрх олгосон төдийгүй, хятадтай аливаа тохироо хийхийн өмнө Оросоос асуух үүрэг хүлээв.

Хаант Орос энэ талаараа Бээжинд мэдэгдсэн ба монголчууд одоо зөвхөн Оросын саналаар л та нарт хандах болно гэж айлгалаа. Бээжингээр барахгүй бусад орнуудад ч дуулгажээ.

Монголын засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн бичвэрийг Франц, Англи, Японы Элчин сайдад гардуулаад, энэ хэлэлцээр нь Монголын засгийн газар Хятадын захиргааг байгуулахгүй, цэргийг байрлуулахгүй, хятад иргэдийг суурьшуулахгүй. Орост мэдэгдэхгүйгээр ямар ч гэрээ хэлэлцээрийг гадаад гүрэн тэр ч байтугай хятадтай ч байгуулахгүй. Уг хэлэлцээрийн хавсралт протоколд заасан тусгай эрх эдлэхийг (үнэн хэрэгтээ Монголын эдийн засаг, дэд бүтцийг орос хянах) Оросын харьяатуудад олгох үүрэг авсныг дурдсанvi байна.

Ингээд 1913 онд “Орос-Хятадын тунхаглал” гарлаа. Хөөрхий, мэдээлэл муутай, Орос-Хятад ба Орос-Японы элдэв тохироонуудын талаар ойлголтгүй монголчууд өөрсдөдөө болон хувь заяандаа итгэсэн хэвээр. Орос-Хятадын тунхаглал бол 1915 оны Гурван этгээдийн гэрээний үндсийн үндэс болсон бөгөөд улс төрийн хувьд Бээжингээс хараат, эдийн засаг, газар зүйн утгаараа Хаант Оросын мэдлийн “Дундын Монгол” байгуулах зарчмыг тунхагласан юм. Дэлхий дахин ч оросууд газар нутгаа урагш тэлэхгүй, Хятадын бүрэн бүтэн байдал ч алдагдахгүй утгаар хүлээн авчээ.

Энэ зуур Бээжинд Хаан төр солигдож Бүгд найрамдахчуудын хятад улс байгуулагдав. Ширээнээс буусан эзэн хааныг алаагүй, шоронд хориогүй бөгөөд, төрийн хэргээс хөндийрүүлсэн боловч хэргэм зэрэг бусад эх ямбыг өөртөө хэвээр үлдээж, жил бүр 4 сая доллар олгох болсон байна. Харин үүнээс хэдэн жилийн дараа төрийн эрхийг авсан Оросын большевикууд Эзэн хаан Николайг гэр бүлээр нь буудан хороосон билээ.

Эндээс өрнө, дорнын улс төр дэх аллагын талаарх зарчмын өөр байр суурь тодрон гардаг. Хятадууд улс төрийн аллагаас аль болох зайлсхийдэг бөгөөд 1945 онд Манж Го хэмээх тоглоомын улсын хаан болчихоод байсан Пу И-г Зөвлөлтүүд баривчлан хүргэж өгсөн юм. Гэвч хятадууд Пу-г Манжийн сүүлчийн хаан байсных нь төлөө, япончуудад урван Манж Го улс байгуулсных нь ч төлөө цаазаар аваагүй бөгөөд хэсэг хорьж байгаад сулласан байдаг.

Улмаар БНМАУ-д дүрвэн ирээд Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэх, тусгаар тогтнуулах үйлсийг санаачлан зүтгэж явсан Дэ ван хэмээх Дэмчигдонровыг ч цаазлан хороогоогүй бөгөөд гэрийн хорионд байлгаж байв. Харин түүнийг Улаанбаатарт урьж ирүүлснийхээ дараа хүү Дугаржавыг нь БНМАУ-д цаазлан хороож, гэр бүлийг нь нутаг заан цөлж байжээ.

Бас, 1971 онд БНМАУ-ын нутагт онгоцтойгоо сүйрсэн генерал Лин Бяог оргон гарахыг нь Мао Зэдун мэдэж байсан боловч “Хэрвээ түүнийг баривчлан хороовол ардын баатар болж үлдэнэ, харин эх орноосоо зугтвал урвагч болж хувирна” гээд зугтаан гарах боломж олгосон байдаг. Улс төрийн дайсны талаарх Өрнө дорнын хандлагын зөрөөг эндээс харж болно. За, энэ ч яахав.

1912 оны гуравдугаар сарын 10-нд Бүгд найрамдах Хятад улсын үндэсний хурлаас “БНХУ-ын Түр үндсэн хууль”-ийг батласан ба түүнд Гадаад Монголыг Өвөр Монголын нэгэн адил БНХУ-ын нутагт дэвсгэр багтаасан…мөн Гадаад монголоос Хятадын парламентын төлөөлөгчдийн танхимд хэд хэдэн депутат суулгах мандатын эрхтэй байхаар тогтоосон аж.

Монголчууд энэ саналыг найрсгаар няцаан,

…гэтэл монгол хятад хүмүүсийн зан суртахуун , шашин шүтлэг, хэл бичиг харилцан өөр, нэн ялангуяа бидний монголчууд хоёр зуу илүү жил Чин улсад талхидуулан оюун мэдэл ба суртал нь эдүгээ хүртэл нэвтрэн нээгдээгүй. Хэрэв хуучныг сахих хүдэх монгол хүмүүс маш утга гэгээн хятад иргэдтэй нэгэн гэрт суувал үнэхээр харилцан өө сэв өдөгдөж, ухасхийн гарахад хүрүүлэх болуузай гэнэ….иймд харилцан найртай сэтгэлт айл улс бололцож…

гээд газар нутаг бусад асуудлын талаар Оросын оролцуулан шийдэх хүсэлт тавьжvii байв. “Хүдэх монгол”, “утга гэгээн хятад”, “ ухасхийн гарахад хүрүүзэй” энээ тэрээ бол яахав, харин Оросыг оролцуул гэдэг нь бол 1912 оны Орос-Монголын гэрээнд гэнэн хонгороор итгэн хамаг найдлагаа тавьсных биз ээ.

Оросууд Гурван этгээдийн гэрээнд бэлтгэх зуур монголчуудыг “ухааруулах”, өвөр монголчуудыг тэднээс салган холдуулах ажлыг дэс дараатай хийж байв. Хоорондоо эвдрэх дуртай монголчуудыг хатган хагаралдуулах нь харин ч амархан байсан бололтой. Рамстедт, Котвич нарын архиваас үзэхэд, Халхчуудын ойлгож байгаагаас үзвэл тэрээр (Хайсан нь) гадны хүн бөгөөд зүй бусаар гарч ирсэн хүн, Хойд монголчууд нь Өмнөд монголчуудыг хагас хятад гэж басамжилдаг бэлэн сайхан хагарлын хөрс байжviii л байж.

Халхыг Өвөр Монголоос холдуулах буюу 1907 оны гэрээгээр япончуудын өмнө хүлээсэн үүргийг Хаант Оросын өмнөөс гүйцэлдүүлэх амаргүй ажилд консул Любагаас эхлээд Элчин Коростович гээд бүгдээр эрвийх дэрвийхээрээ хөдөлжээ.

…Өөрөөр хэлбэл Люба нь Өвөр монголчуудыг оролцуулахгүй, Халх-ын монголчуудын Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэж тайлбарласан гэж үзэж болно. Улмаар Гадаад Яамны сайдын нэр дээр явуулсан илтгэлдээ, Ван гүн гэсэн шаардлага нэмж бичигдсэн байна. Энэ хоёр материалаас үзэхэд Оросын талын бүрдүүлэх гэсэн Монголын Засгийн газар нь Халх-ын талын ван гүн-гээс бүрдэх ёстой байсан гэж ойлгож болно. Энэхүү бодлогоос үзэхэд Өвөр монгол гаралтай Хайсан болон лам Цэрэнчимидийг Монголын Засгийн газраас зайлуулах санаа явагдаж байна гэж үзэх боломжтойix

Монголын тусгаар тогтнолын хэргийг анхлан санаачилж, зоригжуулан зүтгэгчийн нэг Хайсан гүнг төрийн хэргээс зайлуулан Ховдын хязгаарт томилон явууллаа.

Хайсан гүн Ховдын хязгаараас хаа тэртээ Финланд руу илгээсэн захидалдаа

Мунхаг миний бие цэрэг дайчилж Ховдод мордсон учир болбоос: Люба, Ханд ван хоёр учир сүлбээлдэн ховлож үүрд Хүрээнд буцаахгүйгээр зохиож явуулсан бөлгөө…Санахад манай Монгол Улс тулгар төр байгуулснаар нэг жил илүү болтол нэг ч хэрэг бүтээсэнгүй. Энэ цөм Любагийн хорыг амсаж байхаас ийм болсон. Люба Өвөр Монголыг Халх Монгол лугаа нийлүүлэхгүй хэмээсний учир сайд Да ламын бие зүүнш мориловx

хэмээн харамсан өгүүлсэн байна.

Харин Өвөр Монголыг нэгтгэхийн төлөөний үзэлтэн Да лам Цэрэнчимэд гурван улсын гэрээ байгуулахад түвэг учруулахгүйн төлөө гэх шиг 1914 онд баруун хязгаарт эв эрүүлээрээ нас барав. Ер нь бол яг нас барахдаа бие нь муудсан байж таарна л даа.

1913 онд Орос-Хятадын тунхаглал гардаг жил Монголчууд Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээ орост одуулжээ. Зорилго нь мөнөөх л үл тасалдах найдвар. Оросууд учир байдлыг элдэв янзаар ухааруулах гээд сүүлдээ цөхөрсөн бололтой, шууд ойлгуулах гээд үзжээ.

Хаант Оросын Гадаад хэргийн сайд Сазановоос консул Мюллерт бичихдээ, Японы ашиг сонирхол нэвтэрсэн Өвөр Монгол буюу Англи улсын онцгой сонирхож байгаа Түвдтэй хил нийлсэн Хөх нуур, Цайдам зэрэг газрыг Хятад улсаас салгах гэсэн монголчуудын оролдлогыг дэмжиж чадахгүй гэж Сайн ноён ханд бид тайлбарласан”-аа дуулгажээxi.

Гэтэл Сайн ноён хан бодлогоо тайлбарлан хамгаалсаар байсан тул Гадаад явдлын Яамны Алс дорнодын хэлтсийн дарга Казаков түүнийг ингээд байвал Монголд зэвсэг олгохыг татгалзах төдийгүй, гурван улсын гэрээ хүртэл ямар ч тусламж үзүүлэхгүй гэж айлгахдаа тулжээ.

Гэнэн хонгор гэхэд хаашаа, мятаршгүй тууштай гэхэд ч амаргүй, ямар ч байсан тусгаар тогтнолдоо туйлын үнэнч Сайн ноён хан сүүлдээ Японтой хэлэлцээр хийхийг зуучилж өгөхийг хүртэл гуйжээ. Орос-Японы нууц тохиролцоонд засвар хийх нь л дээ.

Т.Намнансүрэн бээр өнөөгийн гадаад Монголд оросуудын эдэлж байгаа онц эрхтэй төстэй, худалдааны тийм боломжийг Японд олгоё гэжээ. Монгол нь нэгдсэн нэг улс боловч дотроо Оросын болон Японы протекрат болсон хоёр хэсэгтэй байх хувилбар гаргаж ирсэн байна. Үл мятрах Сайн ноён Гурван улсын гэрээ байгуулан байгуултал энэ санаагаа хамгаалж консул Мюллерт Өвөр Монголыг Япон ба Орос улсын хамгаалалтын дор нэгтгэх төлөвлөгөөгөө байн байн тайлбарласаар байсан гэдэг. Энэ нь Намнансүрэнгийн нүдээр харахад боломжийн мэт боловч Хаант Орост ч, Японд ч, Хятадад ч хүлээн зөвшөөрөх аргагүй романтик санаа байлаа…

Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт зураглаач Ойдовын Уртнасангийн охин Сарантуяа: Аавын минь “Ардын элч”, “Өглөө”, “Их говийн дархан газар” зэрэг кинонууд олон улсын шагнал хүртсэн

“Миний аав” булангийн зочноор Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн охин У.Сарантуяаг урьж ярилцлаа. Тэрээр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирлаар ажилладаг. Нэрт зураглаач О.Уртнасан гуайг бид “Ардын элч”, “Алтан өргөө”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг Монголын алтан үеийн шилдэг кинонууд, мөн “Хангайд”, “Говьд”, “Аргаль угалз”, “Хавтай”, “Хулан” тэргүүт баримтат киноны охь дээжис болсон шилдэг бүтээлүүдээр нь мэдэх юм.


-Танай аавын 90 жилийн ой өнөө жил тохиож байна. Уртнасан гуай саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан Монголын урлагийн алтан үеийнхний нэг. Аавын тань удам судар ус нутгаас яриагаа эхлэх үү?

-Аав минь 1929 оны могой жилийн хавар одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Ж.Ойдовын гурав дахь хүү болон төрсөн. Тогтох, Алтангэрэл гэдэг хоёр ахтай, Сумъяа, Сосорбарам гэдэг хоёр бүсгүй дүүтэй. Аавыг хэдхэн сартай нялх байхад нь арганд хийж тэмээнд ачаад нүүж явжээ. Тэгэхэд яагаад ч юм аав арагнаасаа ойчсон боловч бэртэж гэмтээгүй гэдэг. Нүүдлийн замд нутгийн нэгэн лам тааралдаж “Хийморьтой хүн болно, Уртнасан гэдэг нэр өг” гэсэн юм гэнэ лээ. Нутгийнхаа жаал Гомбо гэж хүний цуут хурдан хүлэг хүзүү борлог гэж морийг аав минь багадаа унаж байжээ. Гучин долоон онд Өмнөговь аймгийн наадамд хүзүү борлогоо унаж түрүүлээд бөөн баяр хөөр болж байсан гэдэг.

Хожим наяад онд хүзүү борлог морины хөшөөг Дэлгэрхангай суманд босгож байсан. Өвөө Ойдовыг нутгийнхан нь Ом гэж авгайлна, үр хүүхэд ач зээ бүгд тэгж дуудна. Аавыг бага сургуулиа онц дүнтэй төгссөн болохоор өвөө баярлаж, үүнийг л эрдэм номтой хүн болгоё гэж хэдэн хонь туугаад, ганц тэмээн хөсөгтэйгээр хүүгээ сургуульд оруулахаар хот руу иржээ. Найм хоног явж байж хотын бараа харсан гэдэг. Ом өөрийн төрсөн дүү Дарамынд аавыг суулгасан байна. Дарма ах уран сайхны хүрээлэнгийн анхны даргаар ажиллаж байхдаа Чойбалсан, Цэдэнбал нартай ам зөрсөнөөс болж нам засгийн даалгавар биелүүлээгүй гэгдэн зургаан сар шоронд суугаад гарсан үе нь байж. ЗХУ-ын КУТВ төгссөн, Өмнөговийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан тухайн үеийн цөөхөн сэхээтнүүдийн нэг. Монгол Улсын төрийн шагналт зохиолч Батбаярын аав шүү дээ. Дарма ах аавыг унадаг дугуйнд сундлан Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр сургуульд хүргэж өгсөн түүхтэй.

-Кино урлагтай холбогдсон түүхийг нь сонирхуулбал?

-Багаасаа л кино урлагт чин зүрхнээсээ сонирхолтой байж. 1945 оны намрын нэгэн өдөр кино үйлдвэрийн хаалгыг онгойлгоод, шат руу олон хүүхэд гүйж байгаагаар кино зураг авч байхыг үдийн туршид харж зогссон гэдэг. Хожим мэдэх нь ээ тэр нь “Цогт тайж” кинонд Цогт хунтайжийн эх хүүхдүүдэд ном заадаг хэсгийг авч байсан юм билээ. Дарма ахын найз цэргийн сурвалжлагч, зохиолч Дэчингунгаа гуайн эхнэр Шархүүхэн “Цогт тайж” киноны монтажчинаар ажилладаг байсан тул аавын сонирхлыг мэдэж кино зураг авдаг хүнтэй танилцуулж өгнө гэж ам гарчээ. Тэр хүн нь “Монгол киноны тэргүүн жанжин” гэгддэг домогт Дэжидийн Жигжид гуай байсан. Жигжид гуай аав хоёрын багш шавийн барилдлага эртнээс эхтэй. “Жигжид багшийн хөдөлмөрч, уран бүтээлч зан чанар намайг түүний туслахаар ажиллах хугацаанд их нөлөө үзүүлсэн” гэж хэлдэг байв. Багш ажилд хариуцлагатай, шаардлагатайгаас гадна нэлээд ууртай дураараа хүн байлаа гэнэ. Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадмын тухай баримтат кинонд дуу оруулахад зохиолч Дашзэвэгийн Сэнгээ гуай тайлбарыг нь бичээд өөрөө уншиж л дээ. Тэр үед соронзон хальс гэж байгаагүй, дууны хальсанд шууд бичдэг байсан гэнэ. Сэнгээ гуай бичлэгийн дундуур буруу үг хэлчихэж . Тэгтэл Жигжид гуай учир зүггүй уурлаж “Чиний Москвагаас радиогоор сүрхий ярьдаг мундаг зохиолч чинь алив” гээд загнаж гарчээ. Сэнгээ гуай дуугүй сонсож байснаа

“Эзэн Чингисийн үед

Эрлэг баймаар Жигжид

Эзгүй хээр газар

Зэрлэг баймаар Жигжид” хэмээн хэлсэнд нь Жигжид гуай инээсэн гэдэг. Кино үйлдвэрийнхээ олон сайхан буурлыг аав минь дурсах дуртай. Ёндонсамбуу гэж жижиг хэрэглэл, хувцас эд зүйлийг хариуцдаг хүнийг аав их хүндэтгэнэ. “Цогт тайж”, “Сүхбаатар” кинонд хэрэглэж байсан хувцас хунар, зэр зэвсгүүдийг төрөл ангиар нь нямбайлан хураадаг байсныг нь ярьдаг юм. Ёндонсамбуу гэж тэр хүн “Сүхбаатар” киноны хилийн харуул гамингийн дүр, “Цогт тайж”-ийн “Саваагүй нохой саранд хуцна” гэж хэлдэг дүр, “Сэрэлт”-ийн хоршоо даргын дүрийг бүтээсэн. Өдгөө бараг л 85 жилийн түүхтэй Монгол кино үйлдвэр аавыг туслахаар орж байхад байгуулагдаад 12 жил болж байсан гэхээр аав минь аргагүй л алтан үеийн хүн болж таарна. Кино үйлдвэрийн лабораторийн эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн С.Эрдэнэ гуайгаас хор найруулах, хальс угаах, буулгахыг асуудаг байжээ. Нэг өдөр Эрдэнэ гуай хорондоо хуруугаа хийгээд амсаж байх юм гэнэ. Хоёрдугаар хорны сайн мууг шалгаж байгаа нь тэр. Аав мөн ялгаагүй, хорондоо хуруугаа хийгээд амсана. Их гашуун бол хор сайн байна гэдэг. Хальсыг харанхуйд 30-35 метрээр жаазлан хоронд дүрж, гараараа угааж дүрс тодорсны дараа хоёрдугаар хоронд бэхжүүлж, усанд сайн угаасны дараа том дугуй дамарт орооно. Ийм маягаар л “Цогт тайж” киног хийжээ. Уг киног ямар аппаратаар авч, хальсыг хэрхэн боловсруулсныг орчин үеийн аппарат хэрэгсэл, технологитой даанч зүйрлэхийн аргагүй дээ гэдэг сэн.

-Оюутан цагийнх нь он жилүүдийн тухай ярихгүй юу?

-Тавин хоёр онд аав төрийн шагналт ардын жүжигчин Ц.Намсрайжав, гавьяат жүжигчин Н.Лхасүрэн, зураач, барималч Л.Махвал нарын хамтаар хойшоо сургуульд явсан байдаг. Жигжид багш нь, Кино үйлдвэрийн дарга Гомбосүрэн гуайн хамт усны гудамжаар дагуулан явж, өргөн чөлөөний хятад гуанзанд люванз хоолоор дайлан гаргаж өгсөн түүхтэй. Москвад очоод Ленинградын кино инженерийн ангид хуваарилагджээ. Орос хэл сурч, зөвхөн киноны тухай үзэхээс гадна дэлхийн соёл шинжлэх ухаан, урлагийн түүхийг судалж, асар их уншсан хүн. Энэ тухайгаа наргиантайгаар хэлдэг. Дүрслэх урлагийн түүхийн лекцийн дараа нэг хөөрхөн орос бүсгүйгээс саяын үзүүлсэн зурагны нэрийг асуутал Рембрандтынх гэхээр нь ийм нэрийг анх удаа сонсож байна гэж үнэнээ хэлжээ. “Бүх холбоотын киноны дээд сургуулийн оюутан байж Рембрандтыг мэдэхгүй байх даа яадаг юм” гэж өнөө бүсгүй нь гайхан асууж л дээ. Үүнээс улбаалаад дэлхийн соёл, түүхийг их уншсан байдаг. Юм мэдэхгүй байна гэдэг шившиг шүү гэнэ. 1953 оны гуравдугаар сарын гурванд манай том ах төрсөн. “Хүү төрлөө” гэх цахилгаан очиход аав бөөн баяр болно биз дээ. Яг тэр мөчид оюутнууд нь нэг зүйлийг хоорондоо нууцлан шивнэлдээд байсан нь Сталин нас барсан байжээ. Зөвлөлүүдийн баганат ордонд Сталинтай салах ёс гүйцэтгэсэн байна. Гудамж талбай хаасан машины доогуур мөлхөхдөө мөлхөж, давахдаа давж, цагдаа нарт бороохойдуулсаар оройн долоон цагт баганат танхимд орсон гэдэг. Бүдэг гэрлийн дор Сталины шарилыг байрлуулж, хүндэт харуул зогсчээ. Энэ танхимд мөн Маршал Чойбалсанг эцсийн замд үдсэн байдаг юм. Ингэж аав минь анхны хүүгээ төрсөн баярт цахилгаан хүлээн авсан өдрөө Сталинтай салах ёс гүйцэтгэсэн байдаг. “Орос найзууд минь мэдээж гунигт автсан. Надад бол хүү төрсөн гэдэг хамгийн баярт мөч байлаа” хэмээн дурсдаг. Хамт сурдаг чех залуус нь оргилуун дарс задалж баяр хүргэжээ.

-Уртнасан гуайн амьдрал Монголын хангай, говьд өнгөрсөн шиг санагддаг юм. Ёстой нөгөө “хээрээр гэр, хэцээр дэр хийж” явж байж Монголын онгон дагшин байгаль, ховор ан амьтдын зураг хөргийг авч алтан сан хөмрөгт үлдээсэн ийм л түүхэн гавьяатай хүн. Тэр бүгдийг нэгд нэгэнгүй ярина гэдэг боломжгүй. Мазаалайн зургийг авсан тухайд нь асуумаар байна?

-1965 онд Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба аавыг дуудаж “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тус биш ус”, “Цэнгэлийн дуун” зэрэг бүтээлүүдийг нь үнэлж буйгаа дурдаад “Бидний бүтээж буй гоёчилсон, үзэл сурталжсан киног дэлхийн үзэгчид хэрхэн хүлээж авч байгааг би мэдэхгүй. Сайн хүлээж авахгүй л болов уу. Харин манай орны байгаль, ан амьтны тухай баримтат киног ихэд таашаах нь мэдээж. Ихэнх улс орон ан амьтан, онгон байгалиа цөлмөсөн, муухан уран сайхны киноноос Монголын байгаль ан амьтны тухай кино хийх нь дээр” гэж хэлсэн байдаг. Лодойдамба гуай өөрөө хөөцөлдөж байж франц, герман дуран авчруулж, унаа тэргээр хангасан. Аргагүй холыг хардаг, төрийн ноён нуруу болсон, соёлын нэрт зүтгэлтэн байжээ. Аавын минь Монголын баримтат киноны түүхэнд алтан үсгээр бичигдэх энэ их өндөр гавьяа Лодойдамба гуайтай холбоотой гэж хэлэх байна. Мазаалайн тухайд гэвэл, 1960 онд “Манай орон” кино хийх үеэр Сэгс цагаан Богд уулын ард орших Эхийн голын баян бүрдэд сууж байсан Бадарч гэдэг өвгөн “Мазаалай энэ нутагт бий, газарчилж өгч болох л юм” гэж хэлсэн байдаг. Түүнээс таван жилийн дараа “Эртний нутгийн солонго” киног бүтээхээр говиор явж Говь-Алтайн Цогт сумын нутаг Захуйн говь, Ээж хайрхан ууланд зураг авч байх үед Бумдарь гэдэг хөгшин “Энэ худгийн уснаас мазаалай хааяа ундаалаад явдаг юм” гэж ярьсан гэдэг. Тэр хөгшин хоёр гурван илжиг, хэдэн хар ямаатай, нэг насаараа ганц бие амьдарчээ. “Та нарын асуугаад, эрж сураад байгаа майга хүрэн чинь надаас ерөөсөө айдаггүй. Харин манай хэдэн ямаа ишиг л учиргүй үргэдэг юм” гэж хэлчихээд илжгээ услахаар явсан тухай дурсдаг. Аав минь мазаалайн зургийг кино хальсанд буулгах хүсэлдээ автаж “говийн мазаалайг хангайн анч нохой хааш нь гаргах вэ” гээд Хэнтий аймгийн Биндэр сумын хашир анчин Лувсанг хоёр нохойтой нь аваад явж байсан. Кино үйлдвэрээс “ГАЗ-69”, “ГАЗ-53” машин гаргаж өгч байсан. “Уртнасан гуай, миний зургийг ав гээд мазаалай зогсож байх юм уу, тийм илүүдээ гарсан мөнгө хөрөнгө байхгүй шүү” гэх зэргээр зарим хүмүүс дургүй л байж. Мазаалайн зураг авах гэж Эдрэнгийн нуруу, Майхан усаар дайрч, Хар хайрхныг хөндлөн гарч Аж Богд хүрч байжээ. Тэндээс Атас Чингэс уулсыг чиглэн эрлээ үргэлжлүүлж Сэгс цагаан Богд орсон нь бий. Шувуу ч үзэгдэхгүй Алтайн цаадах говь цөлд олон хонохдоо уух усаа хэмнэж нүүр гараа ч угаахгүй, бөөстөхөд хүрч байсан удаатай. Хоол хийсэн тогоогоо нохойгоороо долоолгон цэвэрлүүлж цайгаа чанаж байсан гэдэг. Усаа тэгж л гамнаж байжээ. Жаран зургаан онд бүтээсэн “Говьд” гэдэг кинонд нь мазаалайн дүрс 40 секунд хэртэй харагддаг юм. Наян таван онд Баянхонгорын нутаг Шархулстын баян бүрдээс хориод километр зайтай орших Цагаан чулуут гэдэг газар мазаалайн явсан зам мөр дээр хулан агнаж идэж тавин зураг авсан байдаг. Тэрхүү мазаалайн дүрсийг найруулагч Навааны “Эрэлчин” мөн өөрийнхөө бүтээсэн “Ээж хайрхан” кинондоо оруулсан. Энэ мэт “Хавтгай”, “Хулан”, “Аргаль угалз” зэрэг олон баримтат киноны зургийг аав минь Монголынхоо 33 говийг туулж халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явж авсан.

-Аавыгаа хөдөө гадаа олон сар хоногоор явахад нь их санана биз?

-Аавын минь хэлдгээр манай гэр бүлд амьдралын туршид бие биеэ хүлээсэн он жилүүд олонтаа үргэлжилсэн. Үндсэндээ хүлээлтийн он жилүүд аавыг тухайн үеийн ЗХУ-д сургуульд явахаас эхэлсэн нь мэдээж. Ээж минь аавыг сургуулиа төгсөөд ирэхэд хүү, охин хоёрыг нь төрүүлж өсгөөд мөн гэдсэндээ намайг тээгээд угтсан гэдэг. Карловы Варын кино наадамд оролцоод ирэхэд нь би төрж байсан. Үндсэндээ аавыгаа дэлхийд нэртэй киноны тэр мундаг сургуулийг төгсөөд ирэхэд нь би мэндэлсэн. Ингэж монгол урлагтай амин жишмээр холбогдсон гэж бахархалтайгаар боддог. Монголын урлагийн алтан үеийн бурхдын дэргэд бидний бага нас өнгөрч дээ. Дамбадаржаагийн тэнд “Өглөө” киноны зургийг авахад Сүхбаатарын дүрийг бүтээсэн Цэвэлийн Дашнамжил гуай, мөн Янжмаагийн дүрийг бүтээсэн Нямаа нарыг дэргэдээс нь хараад зогсож байлаа. Ер нь биднийг нэг нэгээр нь дагуулж киноны зургийн талбайд очдог байсан. “Алтан өргөө” киноны захын үйл явдал харуулсан хэсгийн зургийг Сонгинын булан хавьд авч байхдаа Уламбаяр ахыг дагуулж явсан. Тэр өдөр их халуун, олон хүн оролцсон зургийн үед ахын нүдэнд өт цацчихсан байна. Зураг авч байхдаа ахыг уйлаад байхаар нь хүмүүс зөвлөсний дагуу гаансны бохь нүдэнд нь хийлгэчихэв. Хүүгийнхээ нүдэнд бохь хийж сохлох нь уу гэж ээжид загнуулсан удаатай. Бас нэг удаа ахын шүд өвдөхөөр нь аав дагуулаад явж л дээ. Тэгтэл эрүүл шүдийг нь авахуулчихаад гэртээ ирж байсан.

Аавыг томилолтоос ирэхэд содон сонин үйл явдал дүүрэн угтана. Нэгэн удаа хөдөө сар гаруй яваад ирэхэд жигтэйхэн баяр хөөртэй угтсан. Том ах маань өөрийн зохион бүтээсэн онгоцоо хөөргөж нисгээд уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн, дипломоор шагнагдсан, Унгарт пионерийн зусланд амрах болсон юм. Мөн нэг удаа ирэхэд нь миний бичсэн өгүүллэгүүд зурагтайгаа “Соёл, утга зохиол” сонинд гарчихсан байсан. Бас нэг инээдэмтэй дурсамж байдаг юм. Аавыг хөдөөнөөс ирэхэд нь бид тойрч зогсоод бүх хувцсыг нь нэг дор бөөгнүүлэн тавиад усанд оруулдаг. Түүний дараа л аав гал тогооны өрөө рүү орно. Нэг удаа шувууны зураг аваад буцаж ирэхэд хувцас хунарт нь шувууны жижиг хар бөөс үсрээд биеэр нь бөөсөнд хазуулсан гувруу дүүрэн туурчихсан байж билээ. Ээж маань “Хүний ажил амьдрал сонин юм шүү. Олонх нь хот суурин газар киногоо авч цөөн хоногоор хөдөө явж байхад та л гэж ингэж жилийн ихэнх хугацаанд халууцаж, өвдөж, зовж явах ч гэж дээ” хэмээн эхэн үедээ хэлдэг байжээ. Цөхөрсөн ч юм уу сүүлдээ тэр тухай ярихаа больсон. Энэ дашрамд ээж С.Ямаахайн тухай цөөн үг хэлье. Монголын эрүүлийг хамгаалах салбарт нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, анагаах ухааны хүрээлэн, нэгдүгээр төрөх зэрэг байгууллагад 30 гаруй жил ажилласны зэрэгцээ 1969 онд анагаах ухааны дэд докторын зэрэг одоогийн Санкт Петербург хотноо хамгаалсан эрдэмтэн юм. Монголд зүрхний мэс заслын профессор Шагдарсүрэнгийн удирдлага дор эхлэн ажилласан анхны эмч нарын нэг. Эмнэлгийн оношлогоонд асар их үүрэг гүйцэтгэдэг биохимийн нарийн шинжилгээг Монголд нэвтрүүлсэн эмч гэдгийг тус салбарынхан андахгүй. Ээж минь “Үер” киноны Молом зангийн эхнэр Нямаагийн дүрийг бүтээж залуу насаа дэлгэцэнд мөнхөлсөн. Миний дүү Сарангэрэл Молом зангийн охины дүрд мөн тоглосон юм.

-“Ардын элч”, “Өглөө” уран сайхны кинонууд мөн “Их говийн дархан газар, “Говьд”, “Хангайд” бүтээлүүд нь олон улсын шагнал хүртсэн байдаг?

-Хамгийн анх “Наадам” гэдэг кино нь тавин долоон онд олон улсын оюутан залуучуудын кино наадмаас тэргүүн байр эзэлж байсан. Таны нэр дурдсан кинонуудаас гадна “Манай оронд” бүтээл нь Ази Африкийн орнуудын кино наадмын Патрис Лулумбын нэрэмжит “Мөнгөн хүүхэн” шагнал, “Хар хөрсний булга” бүтээл нь Ташкентад болсон олон улсын наадмын хүндэт шагнал хүртэж байсан. Аав минь уран сайхны кино, баримтат кино тэр дундаа төр засгийн болон байгаль ан амьтан, спорт гээд олон сэдвээр XX зууны Монголыг дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн гавьяатай. Кино зураглаачийн хувьд энэ ертөнцийн олон орноор явсан. Бал дарга, Самбуу нарыг гадны арав гаруй оронд айлчлахад аав хамт явж баримтат кино бүтээж байсан. Г.Маленков, Н.Хрущёв, К.Ворошилов, Л.Брежнев нарын тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч, хүндтэй эрхмүүд мөн Ардчилсан Германы В.Пик, Унгарын Я.Кадар, Вьетнамын Хо Ши Мин, Энэтхэгийн Ж.Неру, Индира Ганди гээд олон орны төр засгийн тэргүүн улс төрийн зүтгэлтнүүдтэй нүүр тулан уулзаж явсан. Жараад оны дундуур “Хангайд”, “Говьд”, “Ан” гэсэн баримтат кинонуудыг бүтээсний төлөө Ч.Лодойдамба гуай баяр хүргэж “Хөдөө хээр говьд ядарч, өлсөж цангаж, зүдэрч бүтээсэн бүтээлийн шан болгож шаахайг чинь гурван удаа сольж өгнө” гэсэн юм билээ. Гурван удаа гадаад явуулахаа хэлсэн нь тэр байж. Тэгээд Мексик улсын Мехико хотноо болсон зуны XIX олимпийн тоглолтыг сурвалжлах өөрийнх нь хэлснээр азтай томилолтыг гардсан түүхтэй. Монголын тамирчдаас Жигжидийн Мөнхбат аварга мөнгөн медаль анх хүртсэн тэр олимпийг аав минь сурвалжилсан. Дараа нь далан зургаан онд Канадын Монреалийн олимпийг мөн сурвалжилсан. Зэвэгийн Ойдов гуай мөнгөн медаль хүртсэн олимп.

Сонирхуулахад, “Наадам” киноны анхны эх тайлбарыг тэр үед Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд сурч байсан Бэгзийн Явуухулан гуай бичсэн байдаг. Ер нь аав Монголын соёл урлагийн үе үеийн авьяас билэтнүүдтэй ойр дотно явсан. Чимид, Ванган гуай хоёрыг ихэд дурсаж ярьдаг байлаа. Өөрийн дараа үеийн уран бүтээлчдээс төрийн шагналт Бэгзийн Балжинням гуайг үнэлдэг байлаа. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонууд бол уран сайхны болон техникийн талаар кино хөгжсөн орнуудын зиндаанд хүрсэн гэж хэлдэг байсан. Олон ч хүнийг кино урлагт татаж оруулсан байдаг. Тэдний нэг нь урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Халтарын Дамдин гуай юм. Мөн төрийн шагналт зураглаач Л.Шаравдорж гуайг таньдаг хүн нь дагалдангаар аваач гэхэд нь “Танай дүү чинь маанаг юм уу, дуугарч өгөхгүй хаашаа юм” гэж хэлж байсан гэдэг. Тэр үгэндээ хожим ихэд гэмшиж байсан сан. Тангадын Галсан гуайн аавын минь тухай бичсэн “Эрлийн эзэн” гэж мундаг бүтээл бий. Ийм л сайхан аавын үр хүүхэд болж төрсөн дөө, бид. Ерэн насных нь ойг өргөн дэлгэр тэмдэглэхсэн гэж дор бүрнээ хичээж байна. Өсч төрсөн өлзийт нутаг Дэлгэрхангайд нь очиж баяр хийнэ. Мөн ирэх сарын нэгэнд театрын музейд аавынхаа үзэсгэлэнг гаргахаар зорьж байна. Нэгэн насны ухамсарт амьдралаа зориулсан бүтээлүүдийг нь Монголын ард түмэн үзэн баясаж, аавыг минь дахин халуун дотноор дурсаг ээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ил харагдах, үл харагдах хоёр”

Францын 1800-гаад оны үеийн эдийн засагч, улс төрч, нийтлэлч Фредерик Бастиагийн “Ил харагдах, үл харагдах хоёр” номын тухай өгүүлсү. Уг номд өгүүлэхдээ Эдийн засгийн үзэгдлүүд дэх аливаа үйл ажиллагаа, зан заншил, тогтоол, хууль дүрмүүд ганц нэг ч биш, бүр бүхэл бүтэн, цуврал үр дагавруудыг төрүүлж байдаг агаад эдгээрээс хамгийн эхнийх нь буюу үйл ажиллагаа нь л түүнийг төрүүлсэн шалтгаантайгаа нэгэн дор, нэгэн зэрэг ажиглагдаж байдаг болохоор түүнийг “ил” гэж нэрлэж болно. Харин бусад нь ар араасаа цувран гарч ирэх тул тэдгээрийг анзаарахгүй байж болох учраас “үл харагдах” хэмээн нэрлэх нь зүйн хэрэг, гагцхүү түүнийг урьдчилан олж харж чадах нь чухал юм гэжээ.Тэгээд үл харагдах, ил харагдах олон жишээн дээр үүнийгээ тайлбарласан байдаг.

Хүүгээ цонх хагалсныг сонссон ч огт уурлаагүй, түүгээр ч үл барам “Үйлдвэрлэл гэдэг чинь ийм л замаар тогтнож байдаг юм. Хэн ч шил хагалдаггүй бол шилчид чинь яаж амьдрах болж байна” гэх мэтээр тайвшруулдаг эцгийн талаар эхлээд өгүүлнэ. Үүнд өөрийн гэсэн онол агуулагдаж байдаг. Шилийг зургаан франкаар шиллэнэ. Тэр нь шилний үйлдвэрт урамшуулал болон орно гэж энэ онол хэлээд байгаа. Энэ бол нөгөө ил харагдаж байгаа зүйл юм.Гэвч сайтар бодоод үзвэл энэ бол худал зүйл бөгөөд “Нүд харавч үл үзэх”-ийн онол юм. Шилэнд зарсан зургаан франкаа хүүгийн аав өөр юманд зарцуулж болох байсанд хамаг учир байгаа юм. Ханзархай гутлаа солих ч юм уу, шинэ ном ч авах гэх мэт. Гэтэл тэр мөнгийг одоо юунд ч зарах хөг нь өнгөрчээ. Шилний үйлдвэрийн тухайд гэвэл шил хагарсан, зургаан франкаар баяжсан уу, баяжсан. Энэ бол ил харагдаж байгаа зүйл. Хэрэв шил хагараагүй бол тэр зургаан франк гутлын ч юм уу, өөр ямар нэгэн гар урлалын салбарт ашиг болон очих байлаа. Энэ бол бидний олж харахгүй байгаа зүйл. Олж харахгүй байгаагаа эсрэг нотолгоо гэж үзээд харин ил харагдсаныг нь эерэг нотолгоо гэж үзээд дүгнэлт хийх юм бол ер нь үйлдвэрлэлд, бүр тодруулбал үндэсний хөдөлмөрт шил хагарах эсэхээс ямар ч ашиг гарахгүй.

Одоо шилний үнийг төлсөн эцгийн өмнөөс тооцоо хийж үзэцгээе. Шил хагарсан болохоор зургаан франк үрэхэд хүрсэн. Яг өмнөх шигээ шилэн цонхтой үлдсэн. Хоёр дахь тооцоогоор шил хагараагүй бол зургаан франкаараа шинэ шаахай ч юм уу худалдаж аваад шинэ хос шаахай нэмэгдэж шилэн цонх нь бүтэн хэвээрээ л байх байлаа. Бүхий л нийгмээ цогцоор нь аваад бас дээр нь нийтийн хөдөлмөрийн баялгийг, түүнээс гарах сэтгэл ханамжийг тооцох юм бол нийгэм маань бүхэлдээ уг шилний үнэ цэнийг алдаж орхисон байна. Цаашдаа нийгэм маань ямар ч ашиггүй устгагдсан хэрэгслийн үнээр хохирол амсчээ гэсэн үг. Эцэст нь базаад үзэхэд хагарсан шилний харгайгаар нэг биш, хоёр хохирол амсахад хүрсэн хүүгийн эцгийг хэрэглэгч гэж тооцъё. Мөн хагарсан шилний ачаар хөлстэй ажил олсон шилчинг үйлдвэрлэгч гэж үзье. Тэгвэл хамгийн гол хохирогч хэн байх вэ. Энэ бол хагарсан шилний гайгаар бага ч гэсэн ашиг олж чадах байсан ч юу ч олоогүй гуталчин ч юм уу хэн нэг үйлдвэрлэгч юм. Чухамхүү энэ гурав дахь үйлдвэрлэгч л хэзээний бүх юмны сүүдэрт үлдэх агаад огтоос үл харагдахын учирт л үл харагдах ил харагдахын гогцоо байх юм гэжээ.

Мөн татварын ил харагдах, үл харагдах зүйл гэж юу вэ.Татвар төр аваад түүнээ тараах, түүнээс татаас авч байгаа байгууллагууд, татвар төлж байгаа хүн, эд нар бол ил харагдах зүйл. Харин татвар төлөгчийн үүрч байгаа алдагдал бол үл харагдах зүйл.

Төсвийн байгууллага зуун су мөнгө өөртөө илүү зарцуулна гэдэг нь татвар төлөгч өөртөө зуун су мөнгө дутуу зарцуулна л гэсэн үг. Энэ бол үл харагдах зүйл юм. Түшмэдэд зуун су өгөөд түүндээ таарсан үйлчилгээ авч байвал энэ нь гуталчинд зуун су мөнгө өгсөнтэй яг адил, харин зуун су өгөөд дээрээс нь дарамтлуулаад таарвал тэр мөнгийг хулгайд алдсанаас юуны ялгаа хэмээн өгүүлсэн байдаг.

Уг номыг Ж.Нэргүй орчуулжээ. Харин “Алтан тариа” компанийн эзэн П.Цэнгүүн ивээн тэтгэсэн байна. Та бүхэн олж аваад уншихад сонирхолтойгоос гадна маш сургамжтай, юмыг өөр нүдээр харсан нь гайхалтай санагддаг юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баярсайхан: Салбарын төлөө төр засаг ч багш нар ч бүгд нэг зүгт нэг зорилготой харж байна


Монголын багш нарын долдугаар их хурал энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордноо зохион байгуулагдах гэж байна. Багш нарын их хуралтай холбоотой зарим асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.


-Багш нарын их хурал зохион байгуулах хэрэгцээ шаардлага, хүлээлт их байх шиг байна. Багш нарын долдугаар их хурлын гол зорилго юу вэ?

-Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурал 1935, 1937, 1961, 1975, 1989, 1996 онд зургаан удаа хуралдсан байдаг. Энэ удаагийн их хурал зургадугаар их хурлаас 23 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. 23 жилийн хугацаанд боловсролын салбар тогтолцооны хувьд, хууль эрх зүйн хувьд ч нэлээд шинэчлэл хийгдсэн. Сургалтын хөтөлбөр нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалаад олон удаа өөрчлөгдлөө.

Тэгэхээр үүний үр дагавар юу байв, шинэ цаг, шинэ нийгэмд ирээдүйн монгол хүүхдийн дүр төрх ямар байх ёстой вэ, тэднийг сургах, төлөвшүүлэхэд багш нар ямар үүрэг оролцоотой байх юм бэ, боловсролын зорилго юунд чиглэж байна гэсэн асуудлуудыг хэлэлцэн ирээдүйгээ илүү дэлхийн түвшинтэй нийцүүлэх шаардлага байна. Багш бэлтгэх тогтолцооны талаар нийгэмд шүүмжлэл их байдаг. Багшийг зөв чанартай бэлтгэх, нийгмийн баталгаа, багш нарын үнэлэмжтэй холбоотой асуудлуудыг яг багш нарын өөрсдийнх нь оролцоотой ярилцаж зөвлөлдөх нь их хурлын зорилго гэж ойлгож болно.

-Багш нарын их хурал Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдана. Төр засаг багш нарын асуудалд нэлээд ач холбогдол өгч, анхаарч байгаагийн илэрхийлэл гэж харж байна?

-2018 онд Тогтвортой хөгжил үндэсний хэмжээний зөвлөгөөнийг улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын чиглэлээр бүсчилээд зохион байгуулсан. Энэ удаагийн их хурал дээрх зөвлөгөөнүүдээс ялгаатай. Төр засгаас хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, хуулийн шинэчлэл дээр боловсролын салбарын төлөөллөөс санал авах, тусгах зорилготой зөвлөгөөнүүд хийж байсан. Үр дүнд нь бодлого шийдвэрт өөрчлөлт орж, тодорхой үе шаттай ажлууд явж байна. Бид бодлого шийдвэрээ өөрчлөөд байдаг. Тэгвэл яг нэгж дээр ажиллаж байгаа багш нарт яаж хүрч байна вэ, гаргаад байгаа бодлого маань хөрсөн дээрээ бууж байна уу, багш нарт дэм болж байна уу, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсронгуй болж, багшийн нийгмийн баталгаа хангагдаж, хууль эрх зүйн шинэчлэл хэрэгцээнд нийцэж байна уу гэдгийг яг бодлого шийдвэрийн үр дүнг хүртэж, хэрэгжүүлээд ажиллаж байгаа багш нараас сонсож байна. Өчигдөрхөн БСШУС-ын сайд багш сурагчдын ачааллыг бууруулах чиглэлээр тушаал гаргалаа. Багш үндсэн ажлаасаа гадна олон төрлийн ажилд дайчлагддаг, тэмцээн уралдаан зохион байгуулдаг нь зохиомол ачаалал үүсгэж байна гэдгийг багш нар өөрсдөө дүгнэж тавьсан.

-Багш нарын долдугаар их хурлаар яг ямар асуудлуудыг онцлон хэлэлцэх вэ?

-Их хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж бодлогын дэмжлэгээ үзүүлээд явж байгаа. Их хурал зохион байгуулах ажлын хэсэгт Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо, Монголын залуу багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд оролцон зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Ажлын хэсгүүд ярилцаад, их хурлаас гарах шийдвэрүүдээ цэгцтэй байлгах үүднээс дөрвөн үндсэн чиглэлд хурлынхаа үйл ажиллагааг чиглүүлэхээр тогтсон. Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн үндсэн дөрвөн агуулгад нийгмийн баталгаа цалин хөлс, багшийн мэргэжил дээшлүүлэх, багш бэлтгэх тогтолцооны асуудлаа багтаан хэлэлцэх болно.

-Багшийн үнэлэмж гэж ярилаа. Хөдөлмөрийг нь үнэлэх үнэлэмжээс гадна багшийн нэр хүндийн асуудал байгаа байх. Дээхнэ үед багш бол хамгийн нэр хүндтэй нэгэн байсан бол өнөөгийн нийгэмд арай өөр болж. Багшийн нэр хүнд унасан шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Хүн бүр өөр өөрийн байр сууринаас хандах байх. Би хувьдаа багшийн нэр хүнд унасан, боловсролын салбар чадамжгүй болоод уруудаад доройтсон гэж үздэггүй. Нийгэм хөгжихийн хэрээр боловсрол түүнийг дагаад өөрчлөгдөж, хөгжих ёстой. Нийгмийн хөгжил хэрэгцээгээ дагаад боловсролд маш олон өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байна. Бид сургалтын хөтөлбөрөө сүүлийн 16 жилд ойр ойрхон өөрчилсөн. 2002 онд батлагдсан Боловсролын тухай хуульд 24 удаагийн өөрчлөлтөөр давхардсан тоогоор 300 гаруй зүйл заалт өөрчлөгдсөн. Ерөнхий боловсрол гэхэд тогтолцооны хувьд 10 жилээс 11 жил, 11 жилээс 12 жилд шилжсэн шилжилтийн үед янз бүрийн хүндрэл бэрхшээл тулгамдсан асуудал гарах нь мэдээжийн хэрэг. Энэ хооронд багш бэлтгэх тогтолцоо, дээд боловсролын асуудал давхар яригдаж ирсэн. Шилжилтийн цаг үед гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийг бид хамтын хүчээр л давах ёстой. Тиймээс ч энэ удаагийн их хурлаараа багш нар яаж бүтээлч байх вэ, намайг хөгжүүлээд өг гэх биш, харин яаж багш нар өөрсдийгөө хөгжүүлэх вэ гэсэн өнцгөөс нэг зүгт зорилготой харж салбарынхаа төлөө хичээл зүтгэлтэйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандсан, би биенээ дэмжсэн хурал болно гэдэгт итгэлтэй байна.

-Долдугаар их хуралд оролцох багш нарын хүлээлт хүсэл их байх шиг. Төлөөлөгчдийг хэрхэн сонгож байна вэ?

-Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, их дээд, мэргэжлийн боловсролын салбарт 50 шахам мянган багш ажиллаж байна. Тэднийг төлөөлсөн 800 төлөөлөгч л энэ хуралд сонгогдож оролцоно. 100 төлөөлөгч нь боловсролыг дэмждэг, бидэнтэй хамтран ажилладаг хүмүүс урилгаар оролцоод 700 төлөөлөгч нь багш нарын төлөөлөл байна. Бид Монгол Улсын өнцөг булан бүрээс хүн оролцоосой, эргээд их хурлаас гарсан шийдвэр, уриалгыг орон нутагтаа очиж танилцуулдаг, энд яригдсан зүйлсийг орон нутагтаа очиж багш нараа манлайлж уриалдаг манлайлагч хүмүүс сонгогдож ирээсэй гэсэн агуулгаар Монгол Улсын сум бүрээс багш нарын төлөөлөл байхаар төлөөлөгч сонгох даалгавартаа тусгасан. Дээрээс нь тусгай хэрэгцээт боловсрол, албан бус боловсрол, насан туршийн боловсролын төлөөлөл, насны хувьд бүх насны төлөөлөл байхаар заавар гаргаж, төлөөлөгч сонгох эрхийг орон нутагт нь өгсөн. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Аймгуудын ажлын хэсэг ажиллахдаа сургууль бүрт багш нарын зөвлөлийн хурал зохион байгуулж 80-аас доошгүй хувийн ирцтэйгээр төлөөлөгчөө сонгох чиглэл өгсөн. Багш бүр төлөөлөгчид нэр дэвших эрхтэй. Их хурлаас гарсан уриалга шийдвэр Монгол Улсын сум суурин газар бүрд хүрч, сонгогдсон төлөөлөгчид орон нутагтаа их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж зүг чиг болж ажиллана гэж харж байгаа.

-Багш нарын биш, удирдлагуудын их хурал болох нь гэсэн шүүмж гарч байна. Энэ тухайд?

– Засаг даргын байгуулсан ажлын хэсэг дээр энэ асуудал яригдаж байгаа. Урьдчилаад сонгогдоод ирсэн нэрсийг харахад дийлэнх буюу 60-аас дээш хувь нь багш нар байна. Мэдээж хамт олон нь гараа өргөөд захирлаа, сургалтын менежерээ сонгосон тохиолдолд бид болохгүй ээ гээд буцаах эрхгүй. Төлөөлөгч сонгох үйл ажиллагааг орон нутгийн удирдлага, хамт олных нь мэдэлд өгсөн. Ганц нэг хэт олон удирдах ажилтан сонгогдсон тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд бид заавар зөвлөмж өгөөд явж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Багш нарын долдугаар Их хуралд амжилт хүсье.


Categories
мэдээ цаг-үе

Лханаагийн Мөнхтөр: Цэндийн Чимиддорж анхны номыг минь редакторлож, хавтасных нь зургийг өөрөө зурж байлаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лханаагийн Мөнхтөртэй ярилцлаа.


-Та бол алдарт Хүйсийн говийн хүн. Урин цаг ирэхээр ус нутаг бүр чиг санагдах нь зовлонтой. Дээр нь та Монголдоо байхгүй учир Хүйсийн говио, Их Алтайгаа их санаж байна уу. Яриагаа нутаг уснаас тань эхэлье?

-Баруун хойноос салхилж байвал нутаг минь үнэртдэг гэж би боддог юм. Ер нь би төрсөн цагаасаа эхлэн нутгийнхаа салхин дор өсөж, өдөлж, өтөлж яваа хүн л дээ. Хүйсийн алдарт говь гунигт түүхээ хав дараад намрын хонгор салхинд агь нь цэнхэртээд ирэхээр цаглашгүйн хөх тэнгэр хүртэл дүрлийчихдэг юм. Энэ их буянтай говь доо. Хоёр аймгийн таван сумын малчид энэ л говийн хээлнээс аварга ч болж, алдар гавьяа ч хүртэж, бүр төрийн шагналт хоньчин хүртэл төрсөн юм даа. Яагаав, өнөө алдарт хоньчин төрийн шагналт Сономцэвээний Цогтгэрэл гэдэг хүн энэ говьд түмэн цагаан хонио хариулж, хотгүй отрын туршлагаа дэлгэрүүлж явсан. Энэ дашрамд нэг сонин хууч болгоход танай Хишиг-Өндөрийн алдарт хоньчин Зундуйн Очир гуай энэ хүний багш юмсанж. Цогтгэрэл гуай Улаанбаатараас онгоцоор нутаг руугаа явж байхдаа онгоцны үйлчлэгчид “За миний хүү Булганы нутаг дээгүүр өнгөрөх үед хэлээрэй” гэж захисан гэдэг. Тэгээд үйлчлэгч ч ёсоор болгож хэлэхэд Цогтгэрэл гуай суудлаасаа босон залбирсан юм гэдэг. Багш шавийн нандин харилцаа гэдэг тэнгэрт ч, газарт ч үргэлжилдэг байна даа. Хүйсийн говь, сумаа нэрлэсэн домогт Хөхморьт хайрхан, Цаст Сутай бүгд л надтай хамт оршном. Нэгэнтээ би:

Нутаг минь намайг дагаж явдаг

Нутгаа би дагуулж явдаг… хэмээн шүлгэндээ бичиж байсан.

-Ижий аавынхаа тухай ярихгүй юу?

-Миний аав бол нутаг усандаа шударга шулуунаараа гайхагдсан эгэл жирийн малчин хүн байлаа. Галиндэв гэж хүний гуравдугаар хүү. Үеийнхэн нь “ногоон” Лханаа л гэнэ, “дошгин” Лханаа л гэнэ. Ямар нь ч байсан миний л аав. Хүүхэд ахуйд манайх мал тооллого, ухуулга сурталчилгааны ажлаар төвөөс гарсан төлөөлөгчид хоног тааруулж ирээд хонодог тийм л олонтой айл байсан юм. Аав маань Үндэсний бөхийн ууган гавьяат мастер Бадам-Оргийн Түвдэндорж аваргатай нэг салааны цэрэг байж, улсад барилдаад ирэхэд гарыг нь атган баярлаж явсан хүн. “Бид ялав” медалиа хөвөнд боож нандигнасан ахмад дайчин байсан. Таван жил цэргийн алба хааснаас өөр ийш тийш явж эрдэм ном сураагүй амьдралын хар ухаанаараа насыг барсан хүн. Ээж маань Хургын Гүнсэн гэж эгэл жирийн л эжий байсан. Миний өвөө Хурга гэж лам хүн байлаа. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд ахтайгаа хоёул баригдаж, ах нь Сүрэнжав маарамба гэдэг том лам байсан болохоор буудуулсан. Миний өвөө бол 10 жил шоронд суугаад гарч ирсэн юм. Өвөө маань намайг нэгдүгээр ангид орох жил жижиг гэртэйгээ сумын төв бараадан нүүж ирж намайг хооллоод зун нь бурханы хутгийг олсон. Намайг боловсрох замд босго алхуулсан буянтан. Би бол Лханаа гэдэг айлын өргөмөл ганц хүү. Дороо өргөмөл ганц эмэгтэй дүүтэй. Манайх гэдэг айл товчдоо ийм.

-Монголын арааживтай хэрхэн холбогдов. Тэр хувь тохиол сайхан байж таарна. Арааживаас л арай дөмгүүрүүд нь төрсөн юм биш үү?

-Би гэдэг хүн багш болдог бүх сургууль төгссөн. Архангай аймаг дахь Багшийн сургууль, Улсын багшийн дээд сургууль тус тус төгссөн. Гэвч намайг нэг зүйл байнга чангаадаг байсан нь уран бүтээлчийн зам мөр байлаа. Улсын багшийн дээд сургууль байхад нь элсэн орж, Улсын багшийн их сургууль болсон хойно нь төгссөн юм. Тэр үед намайг Монголын радио их уруу татсан. Бас нэг сонин нь миний аав малчин хүн мөртлөө Монголд гарсан бүх радионоос худалдаж авсан байдаг юм. Хамгийн сүүлд надад үлдсэн нь тэр үед хамгийн сүүлд гарч байсан “Эфир-М” гэдэг дээрээ пянз тоглуулагчтай радио байлаа. Түүнээс өмнө гарсан бүхий л загварын радиог эдэлсэн хүн бол миний аав. Нөгөөтэйгүүр сургуулиа төгсөхийн үед Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн хороонд хамт ажиллаж байсан миний анд нөхөр Шархүүгийн Энхтөр гэдэг өндөр нөхөр “Чи радиод л оч гэж ятгасан явдал байлаа. Ш.Энхтөр бол сайн сэтгүүлч, сайхан хүн байсан. “Өдрийн сонин”-д ажиллаж байгаад залуугаараа бурханд зорьсон юм. Хүү нь Э.Соёл-Эрдэнэ гээд сэтгүүлч бий дээ. Ингээд л оюутан байхад радиогийн сэтгүүлч миний анд нөхөр Данзангийн Нямаа миний тухай “Морьтой хүн” хөрөг найруулал хийж байлаа. Сургуулиа төгсөөд л арааживд урвачихсан.

-Таны багш Радиогийн бүдүүн дуут Базарын Цэдэндамбааг танихгүй, тэр хүний тухай дуулаагүй, сонсоогүй хүн гэж үгүй. Багшийнхаа тухай дурсаач. Домог түүх тэр сайхан дурсамжуудыг нь яриач. Дамбаа бол хүний хувьд ч, уран бүтээлчийн хувьд ч аварга амьтан байж ээ?

-Хорин долоон жилийн тэртээ намрын шаргал өдөр энэ их айлын босгоор орсон. Багш маань тэр намар тэтгэвэртээ гарсан. Энэ хүнийг би Баянхонгорт байхаас таньдаг хүндэлдэг байлаа. Төмсний тухай сайхан нэвтрүүлгийг нь шонгийн мод түшиж байгаад цагаан хоолойгоор сонсож биширсэн нэгэн л дээ. Азаар радио надад “Ургацын далай” нэвтрүүлэг хийх оноолт өгсөн юм. Бөх хүн оноолтоосоо их бэргэдэг шиг би ч тэр үед ийм алдартай хүний хийж байсан нэвтрүүлгийг бардаг байгаа гэж их гэрэвшин бэмбэгнэж байлаа. Багш маань шар ширээгээ уудлан бичиг цаасаа нэг мөр аваад надад өгсөн. Тэгээд удалгүй радиогийн ой болж бид хүүхдийн 100-гийн тэнд “Солонго” ресторанд баяраа тэмдэглэхэд энэ их хүн олны өмнө өнөөх л том бүдүүн дуугаараа хүнгэнүүлж албан ёсоор алтан тоостой микрофоноо гардуулсан даа. Багш бид хоёр аав хүү хоёр шиг л байсан. Багшийнхаа тухай их бичсэн. Тэр бүхнээс манай уншигчид бас мэдэх байх аа. Багш маань нэг өдөр Зүүнхараагаас хот руу явж байхад ярьж байна. За Мөнхтөр өө. Цагаан сар гэдэг чинь “Баян хүний бахархлын сар, хоосон хүний хохирлын сар” гэж байгаа юм даа… Түүний оносон зүйрлэл хэлцүүд үнэндээ зүйр цэцэн үг шиг юм. Афоризм шиг юм. Багш Дорнод аймагт намрын ажлаар очоод аймгийн дарга нартай нь хадлангийн тухай ярилцаж байжээ. Дарга нар баахан хүснэгт гаргаад л тэр ч сум, энэ ч сум тийм, ийм хадлан бэлтгэнэ гээд л ярьж дээ. Маргааш өглөө нь багш радиогоор “Дорнодыхон харандаагаар хадлан хадаад л сууцгааж байна” хэмээн хээвнэгхэн хүнгэнүүлж байсан гэдэг. Энэчлэн олон цэцтэй егөө бий. Монгол Улсын гавьяат гэдэг эрхэм цол аваад радиодоо орж ирэхэд нь ММ-ийн сурвалжлагч ярилцлага авахад хэлсэн эхний өгүүлбэр нь “Монголын радиог сонсоогүй чих байхгүй” гэсэн өгүүлбэр байлаа. Радиог үүнээс илүү яаж “реклам”-дах вэ дээ. Би багшийгаа амьд сэрүүнд бага ч болов баярлуулж л байсан. “Ламын хөхүүртийн өвөлжөө” этнографийн роман, “Гилбэрийн хатан” баримтат романыг нь жил дараалан хэвлүүлж өгч байлаа. Төрсөн нутаг Дадалд нь Балжийн голын дэргэдэх Ламын хөхүүртийн өвөлжөөнд очиж хүндэтгэл үзүүлсэн дээ.

-Цэндийн Чимэддорж, Дамбын Шаагаа, Дашдамба.. өөр хэн хэн байна хүний хайлан болсон нөхдийнхөө тухай дурсахгүй юу. Бүгдтэй нь л та уухдаа ууж, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж, туйлахдаа туйлж явсан?

-Монголын радиог “Бага зохиолчдын хороо” гэдэг олон жилийн өмнөх нэр бий. Үнэхээр тийм юм. Агуу их С.Буяннэмэх, Ч.Лодойдамбаас эхлээд Мөнгөний Чимид, Бавуугийн Лхагвасүрэн, Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Зундуйн Дорж, Намжимын Очирбат, Бямбажавын Хүрэлбаатар, Пүрэвдоржийн Сандуйжав, Базарын Цэдэндамба, Лувсандорж, Дамбадаржаагийн Намсрай, Санжийн Пүрэв, Гангийн Жанчив, Билгийн Шонхор, Пүрэвжавын Баярсайхан, Цэндийн Чимиддорж, Данзангийн Нямаа, Доржзовдын Энхболд, Дамбын Шагдарсүрэн, Цэрэнжамцын Дашдамба, Ламжавын Мягмарсүрэн, Чимидравдангийн Мягмарсүрэн, Маналсүрэнгийн Баттөмөр Дэ.Мягмарсүрэн… за тэгээд Бавуудорж, дархад Мийгаа, Чилаажав, Бидэр Баяраа, Магваны Эрдэнэбат, Арлааны Эрдэнэ-Очир, Түмэн-Өлзийн Эрдэнэцогт нэрлээд баршгүй… 1990-ээд онд босгыг нь алхаж ороход миний редакцид миний үеийн хэсэг зохиолчид бужигнаж байсан…Ай даа, юу ч гэхэв дээ. Тэднийхээ тухай яривал олон арван өдөр хоногийн хугацаа шаардана. Зөвхөн нэрлээд л орхихоос өөргүй. Ингээд цөөн хэдэн нэрсийг нь хүндэтгэн жагсаахад л “Зохиолчдын бага хороо” байхаас өөр гарцгүй мэт ээ..

-Та чинь Багшийн дээд сургуулийг олон доктор, эрхэм хүмүүстэй хамт төгссөн байдаг. Багшийн дээд сургуулийн багш нар, эрдэмтэн профессоруудын тухай асуумаар байна. Оюутан ахуй цагийн гэгээн гэрэлт дурсамжаас тань хуваалцмаар байна?

-Улсын багшийн дээд сургууль бол эрдмийн том хүрээлэн юм. Багшийн дээдийн утга зохиолын дугуйлан гэж том “школ” байлаа. Энэ дугуйланг төрийн шагналт шүүмжлэгч Д.Цэнд гуай удирддаг байлаа. Дараа нь аман зохиолч судлаач Дашдорж багш удирдсан. Миний үеийн утга зохиолын дугуйланд О.Сундуй, Ж.Батцэцэг, Ц.Дашдамба, Ж. Батбаатар, Бөхбат, Дарь.Сүхбаатар, С.Бүрнээ, Олзвой гээд хэсэг нөхөд байлаа. Төгсөхийн үед Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир тэргүүтэй анхны утга зохиолын анги нээгдэж, бүхэл бүтэн “Монгол Горькийн сургууль” үүдээ нээсэн юм. Миний сургуулийн эрдэмтэн доктор багш нар бол Монгол Улсын олон үеийн багш нарыг хүмүүжүүлсэн сайхан хүмүүс. С.Шарав, Төмөрцэрэнгээс эхлээд Довчингийн Отгонсүрэн, Домийн Төмөртогоо, Лха.Дамдинжав, С.Надмид Б. Пүрэв-Очир, Ц.Өнөрбаян, Ж,Санжаа, С.Хөвсгөл, Д.Оюунбадрах гээд сайхан хүмүүс сайхан эрдэмтэд байлаа. Намайг эрдмийн замд хөтөлж эрдэмтэн болгосон ачтай хүн бол Монгол Улсын ардын багш эрдэмтэн Ц.Өнөрбаян багш минь юм. Энэ хүний зааж зөвөлсөн тэр зам миний эрдмийн аяны хөтөч болсонд цаг мөнхөд талархаж явдаг. Оюутны таван жил нэг тасагт амьдарсан Ү.Ариунболд, Г.Сүхбат хоёр маань ч бас доктор гэдэг алдар хүртсэнд баярлаж явдаг. Тасгаараа эрдэмтэн болсон гэсэн үг л дээ.

-Таны уран бүтээлийн анхны ном юу билээ. Хэн редакторлож эх барьж байв. Яруу найргийн багш гэвэл хэн байна, ер нь яруу найрагт таныг уруу татсан хүн хэн хэн байна….?

-Анхны юм бүхэн сайхан. Мартагдахгүй дурсамж байдаг. Миний анхны номын редактор бол миний дунд сургуулийн уран зохиолын багш Шагдарын Мягмар юм. Бөх бичдэг, “Бөх” сонинг олон жил тээж явсан ахмад зохиолч доо. Миний багшийн уйгагүй зан, хичээнгүй чанар надад их хэрэг болсон. Анхны ном маань “Адуун зүсмийн уул” гэж давжаахан шар хавтастай бичил өгүүллэгийн ном байдаг. Миний багш Ш.Мягмар өмнөтгөл бичиж уран зохиолын их замд дөрөөлүүлсэн. Тэр цагаас хойш яруу найраг, өгүүллэг, эссэ, нийтлэл, сэтгүүл зүй, судалгаа ажиглалтын 40 шахам ном бичлээ дээ. Уран зохиолын анд Ц.Чимиддорж шүлгийн анхны номыг редакторлож хавтасных нь зургийг өөрөө зурж байсан сайхан дурсамж бий. Тэр ном бол “Морин уул” юм. Гурав дахь номыг миний багш Б.Цэдэндамба редакторлож байлаа. Тэр ном бол “Хийморь уул” нэртэй. За иймэрхүү дээ.

Нутгийн зам нуруутай, нуган үрдээ ханилгаатай гэдэг мөн сайхан дуу. Эрдэнэбат гавьяат сайхан дуулж хит болсон. Энэ дуу Булган аймагт төрсөн гэж сонссон. Нанзадын Хишигдорж гэж Булган аймаг дахь Монголын радиогийн сурвалжлагч гоё хүн байлаа?

-Дууны яруу найраг бол миний хувьд 1992 оноос хойш хамаарах зүйл. Үүнээс өмнө дунд сургуулийн дууны багш найздаа “Сансарт ниснэ” гэдэг хүүхдийн дууны шүлэг бичиж өгч хийсэн ганц дуутай байсан. 80-аад оны явдал. Тэр үед дууны шүлэг бичээд түүнийгээ Монголын Зохиолчдын хорооны яруу найргийн зөвлөлөөр заавал батлуулдаг байлаа. Гурван бадаг шүлгээ бариад анх удау зохиолчдын хорооны босгоор алхаж байлаа. Бараг л дөчөөд жилийн өмнө юм санж. Д.Пүрэвдорж гуай энэ зөвлөлийг ахалдаг байж. “Ая хийхийг зөвшөөрөв” гэж гарын үсгээ зураад дугуй улаан тамгаа дарсан хуудас нь одоо ч байдаг л юм. 1992 онд радио гэдэг их айлд орж анхны томилолт Булган аймагт байлаа. Жавзмаа дарга байсан. Сум тойрч цуврал нэвтрүүлэг хийх ажилтай. Ингэж яваад шөнө Булган орох замдаа нэг их төөрсөн юм. Тэгж тэгж Булганы төв буудалд ирээд тэр шөнөө бичсэн хэдэн бадаг шүлэг л анх дуу болсон доо. Миний нэг ангийн найз О.Сундуй хэллээ. Би оюуны өмчийн газар ажилд орсон хө. М.Хатанбаатар гэж хөгжмийн зохиолчтой хамт ажиллаж байгаа. Бид хоёр “Хайрын хорвоо” гэж дуу хийсэн. Бүрнээбаяр дуулсан. Чи дууны шүлэг байвал надад өгөөрэй гэлээ. Тэгээд харж байтал нөгөө Булганд бичсэн замын тухай шүлэг маань л дуу болчихмоор санагдаад өглөө. Тэгээд л энэ дуу төрсөн юм. Тэр жилдээ “Морин хуур” наадамд орж сүрхий шуугиулаад байр майр ч эзлээгүй. Өөрийнхөө зөнгөөр л одоо хүртэл дуулагдаж байгаа юм. Булганд анхны томилолтоо авч Нанзадын Хишигдорж гэдэг сайхан хүнтэй танилцсан. Сайхан андууд явсан. Дэнсмаа, Шатар гээд олон сайхан нөхөд нэг түүнтэй анги байлаа. Н.Хишигдорж бидэнд ярих дурсах юм мөн ч их байсан. Анд минь хэтэрхий эрт буцчихсан юм. Түүний газар дээрх ганц хүү Дугарсүрэн (Дугдай) радиод ажиллаж байна. Түүнийг сургууль төгсөхөд нь бид олуулаа дарга дээрээ орж ажилд авч байсан. Сайн аавын буян үрдээ хүртэл хэрэг болдог доо. Дугараа маань сайхан шүлэг бичиж байна. Энэ бол аавын л үлгэр юм даа. Манай Хишгээ Д.Мандахсан багшийнхаа үүсгэсэн “Уран өд” дугуйланг олон жил удирдаж олон сайхан шавь төрүүлсэн. Ер нь нэг үе би Булганы зохиолчдын анд нөхөр нь явсан. Дамдинсүрэнгийн Мандахсан, Дамдинсүрэнгийн Баянтунгалаг, Намдагвын Дагвадорж, өнөө Сэлэнгийн Пүрэвдорж гуай, Нанзадын Хишигдорж, Банзрагчийн Цэрэнжамц, Батсайхан, Сувдаа, Болдсайхан… гээд явж өгнө. Тэд тэр үед орон нутагтаа сууж шүлэг найргаа туурвидаг байсан юм. Лхагвадоржийн хөшөөний баруунд нэг, зүүнд нэг гарч өдөржин хөлхдөг сөн…Тэд тэр хавиар нутагтай…

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг бол таны нэрийн хуудас болсон бүтээл. Чухам ямар цагт, яаж энэ бүтээл төрсөн юм бол. Хөгжмийн зохиолчоо ч алдаршуулсан дуу шүү дээ. Таны дууны энэ философи бол агуу. Монгол хүний фиолософи гүн шингээстэй санагддаг юм. Дууны шүлгийн мөрүүд ч гайхамшигтай…?

-“Зөв явбал зөөлөн замбуулин” энэ үг их энгийн юм. Нөгөө талаасаа их үнэн юм. Уран бүтээл бол хувь араншин байдаг. Миний араншингийн гадаад илрэл нь ч байж мэдэх. Найз нөхөд маань орж гарч байгаа нь мэдэгдэхгүй гэтсэн гээд л…ярих. Дэлхий цөмөрчих гээд тогоруу зөөлөн гишгэлдэг тухай байдаг даа. Тийм л зөөлөн хүн л дээ би. Энэ дууны тухай олон л хүн ярьдаг юм. Үнэнийг хэлснээрээ их олон хүнд түгсэн юм бол уу даа. Очсон газар бүхэнд надаас түрүүлж хүрээд нөхөрлөчихсөн байдаг болохоор намайг хөтлөөд яваад байгаа юм шиг. Хөгжмийн зохиолч нь Норовын Баасандорж. Сайхан аялгуутай залуу. Өөрөө сайхан дуулна. 1997 онд санагдана. Баасандорж Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хөгжмийн багш байлаа. Ц.Бавуудорж бид хоёр сурвалжлагаар очиж анх танилцсан юм. Тэгээд л сүүлээр нь хот хүрээ ирж Соёл урлагийн сургуульд сурсан. 2003 онд энэ дууны шүлгийг Баасандорждоо өгсөн. Нэг жилийн дараа дахиад өгсөн. Тэгээд Баасандорж маань Замын-Үүдэд түр ажиллаж байхдаа ая дан тааруулж утсаар надад сонсгосон. Нэг онцлог нь энэ дууг МУГЖ С.Батсүх л дуулна гэж бодож хийгээрэй гэж захиалга өгсөн дуу юм. Тэгээд л С.Батсүх дуулсан даа. Дараа нь Жавхлан, тэгээд Баасандорж маань өөрөө ч дуулсан. Энэ дууны шүлгийг олон хүмүүс янз бүрийн хэл дээр орчуулсан байдаг юм. Хятад, орос, англи, казах, солонгос гээд…

-Дээрх дуунуудаас гадна танд олон сайхан дуу бий. Тэр бүгдээсээ дээжлэн хэлбэл зүгээр байна. Мөн та бүтээл туурвилаа найман боть болгон гаргасан, ботийн тань талаар асуумаар байх юм. Та бол үнэндээ хийсэн ч юмтай, хэлэх үгтэй хүн?

-Дууны яруу найраг нэлээд бичсэн. Ная гаруй дуу хийсэн байдаг. Хорь гучийг нь хүмүүс мэр сэр дуулж л байдаг юм. Залуу дуучин Тамир, Оюунцэцэг хоёр оюутан ахуйдаа “Хайранд хоргодсон намар” гэдэг дуугаар олонд танигдаж байлаа. Түүндээ урамшаад миний хэдэн дууг дуулсан. “Дөргөн нуур”, “Хулстайн гурван даваа” гээд “Нутгийн зам”-ын араас хийсэн хоёр дуу бий. “Хулстайн гурван даваа” дуу нь Булган аймгийн дууны уралдаанд хоёрдугаар шатанд шалгарсан 15 дууны нэг болж, бас дээгүүр байранд орж мөнгөн шагнал хүртээд мөн л Хишигдорж, Баянтунгалаг Дэнсмаа, Шатар бид хэд үүр цайтал одоогийнхоор бол “шоу”-даад гэртээ ирэхэд 5000 төгрөгтэй орж ирж эхнэртээ нүүр тахалсан удаатай. “Явуулын цэнхэр дэлхий”, “Амин-Эрдэнэ”, “Зүрхэнд ойрхон амраг”, “Цэцэг сүлжсэн хайр” энэ тэр гээд нэлээн хэдэн дуу дуулагдсаар л байдаг. 2012 онд “Жаргалын найман морь” гэж шилмэл бүтээлийн найман боть номоо гаргаж байлаа. Хийсэн юмаа жаахан эмхэлсэн гэх үү дээ. Одоо дахиад л нэг эмхэлмээр болж байна.

-Сүүлд богино эссээ их бичиж байгаа харагдах юм. Амьдралын үнэнийг таньсан хүн шиг санагдах юм. Ургадаг алт гэж таны ном бий. Мэдээж Ургацын далай нэвтрүүлэгтэй чинь холбоотой байх. Таныг ч бас Ургацын далай-гийн гэж тодотгодог доо?

-Нас ахихын хэрээр илүү жаахан бодох юм даа. Эх хэлээ, их соёлоо, залуус дүү нараа их бодох юм. Баримтат уран зохиол руу дэлхийн утга зохиол даялаад байгаа болохоор энэ зүгт бас хөл нийлмээр. Сүүлийн жилүүдэд хүний сэтгэл зүй рүү хандсан эссээ бичлэгийн хэдэн ном гаргалаа. Хамгийн эхнийх нь “Сэтгэл”. Тэгээд “Нүд”, “Зүрх” гээд…Одоо “Элэг” гээд бичиж байна. Энэ хэдэн номыг бүгд кирилл болоод монгол бичиг дээр хадмалаар хэвлүүлж байна. Ар монголчууд нь монгол бичгээ сурахад, Өвөр монголчууд нь кирилл бичгээ сурахад хэрэг болуужин гэсэн үүднээс… Тэгээд ч сэтгүүлч хүний уран бүтээлийн нэгээхэн талбар бол эссээ баримтат зохиол байх юм. Бас олон жил “Ургацын далай” нэвтрүүлэг хөтөлж байсан. 25 жил гэдэг чамгүй хугацаа. Энэ 25 намар хавар надад мөн ч олон хүнийг танилцуулж элсэн манхан хүнгэнэсэн их говийн хүнд, амуу тариа шаргалтсан хангайн араншинг бөхөлж өгсөн юм. Олон зуун тариаланч нөхөдтэй болсон. Тэднийхээ тухай “Ургадаг алт” хэмээх хөрөг найрууллын ном найман цувралыг гаргаад байна. Цаашдаа ч бас үргэлжлэх байх. Ер нь “Ургадаг алт” хэмээх үгийг сэтгүүл зүйн өргөн талбарт миний бие оруулж ирж идээшүүлсэн юм. Тэртээ 30-аад жилийн өмнө “Ургадаг алт” хэмээх асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг хийж нийтлэл бичиж байлаа. Тариа ногоо бол ургадаг алт юм.

Түүнээс ухаад авдаг алт биш. Яваандаа энэ нь илүү болно. Ухаад авдаг алт нэг л өдөр дуусна. Ундардаггүй юм…Ингэж л Байгаль хамгаалах чиглэлээр дуугарч байсан. Энэ маань яван явсаар цуврал ном болж өрнөсөн дөө. “Ургацын далай” нэвтрүүлэг бэлтгэж 300 шахуу мянган км зам туулсан тооцоо гардаг юм. Бараг хоёр жил томилолтоор хавар, намартаа явсан байдаг юм. Их зам, их хугацаа. Сэтгүүлч хүний туулах зам барагдахгүй, уран бүтээлч хүний хийх ажил барагдахгүй…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэрэн, Бадам “дорж”-ууд ба Чен И

Б.Цэнддоо Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг (ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын хэсгээс толилуулж байна.


Дорж гэдэг бол “Бат бэх” гэсэн утгатай төвд үг. Самгардиар “Важра” гэх бөгөөд монгол хэлнээ “базар”, “очир” болон дуудагдана. Түрэг хэлтний “Бек”, “бег” хэмээх нэр нь монгол хэлнээ “Бэх”(бат, бэх) болон суусан байж тун магадгүй. Автономит Монголын сүүлчийн өдрүүдэд өөрийн нэрэндээ “дорж” зүүсэн хоёр том улс төрийн фигур өөр өөрийн байран дээр маш “бат бэх” байдлаар зогссон байдаг нь Гончигжал(н)цангийн Бадамдорж, Балингийн Цэрэндорж нар. Монголын автономийг устгахын өмнөх богинохон хугацаанд лам-сэхээтэн ба алтан ургийнхны хооронд болсон тэмцлийн үзүүрт энэ хоёрын нэг явж байсан юм.

Г.Бадамдорж нь шавьд малчны гэрт төрөөд бага наснаасаа хуврагийн мөр хөөн, Шанзавын бичээсээс эхлэн дэвшиж өөрийгөө боловсруулжээ. Харин Б.Цэрэндорж Богдын хүрээний хятад хотхон болох Наймаачинд төрж өсөн, тэндээ манж сургуульд суралцан төгсгөсөн бололтой. Хатуу дэгтэй тэр сургуульд сурагчдыг сахилгагүйтвэл гэзгээр нь холбон залхаадаг байсан гэдэг.

Чингийн үеийн төрийн албан хаагч бэлтгэдэг сургуулиар дамжсан түүний ажилдаа хандах хандлага, хүмүүжил нь ихээхэн үлгэр дуурайл болж “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан ажээ. Б.Цэрэндорж нь цаг үеийн байдалд тохируулан биеэ авч явж чаддаг, хашир догь чанараараа шалгаран үлдэж гамин, бароны шилийг харж, бүүр большевикуудад хүртэл биеийн хүчин үнэлжээ. Тэрээр ардын Засгийн ерөнхий сайдын албыг 1923-1928 онуудад хааж байв. Г.Цэрэндорж Монголынхоо автономийг устган Хятадын ерийн муж болгох үйлст идэвхийлэн зүтгэснийхээ нэгэн адил улс орноо Зөвлөлтийн дагуул БНМАУ болгон тунхагласан 1924 оны Үндсэн хуулийг ч батлалцсан сонин тавилантай нэгэн. Түүнийг улс төрийн тавцанд тодрон гарч ирэх бүрийд монгол туургатны хувь заяа Хятад, Оросын аль нэгэн рүү хэлтийн гулгаж байж.

Б.Цэрэндоржийг ямар ч үед, ямар ч аргаар хамаагүй Монголыг Хятадад нийлүүлэх, эсвэл Оросын дагуул болгохыг санаархагч этгээд, улсынхаа тусгаар тогтнолыг нэг нүдээрээ үздэггүй амьтан байсан мэтээр ойлгож бас болохгүй. 1917 онд Октябрийн хувьсгалын дараагаас онцгой идэвхтэй болсон түүний байр суурийг цаг үеийн байдалтай холбон авч үзүүштэй.

Юуны өмнө тэрээр Хаант орост туйлын дургүй болсон нэгэн байв. Монголын тусгаар тогтнолд тусална гэж найдаж байтал өөрийн протекрат болгосноос эхлээд Хаант оросын түрэмгий бодлогыг анзаарснаас энэ үзэл санаа нь бүрэлдсэн байж магадгүй. Учир нь тэрээр хар багаасаа, манж сургуулиар дамжин бэлтгэгдсэн төрийн албан хаагч байсан бөгөөд тэр чанар нь өөрийн үеийнхэндээ үлгэр болжээ. Энэ чанар, чадвар нь Хаант оросын санаархлыг болон тухайн үеийн нөхцөл байдлыг өөрийнхөөрөө үнэлэхэд хүргэж “Өнөөгийн нөхцөлд Хятадтэй эргэн нэгдэж тэндээс цэргийн тусламж авсан цагт л улааны аюул, Семёновын өнгөлзөлгөөс монголчуудыг хамгаална” гэсэн логик дүгнэлт гаргасан байж мэднэ.

Гурван улсын гэрээнд Хятадыг төлөөлөн оролцоод улмаар Хүрээний сайдаар ажилласан Чен Лу бээр Б.Цэрэндоржийг тодорхойлон бичихдээ

{1915 оны 11 сарын} 3-ны өдөр Гадаад яамны сайд Цэрэндорж ирж уулзлаа. Энэ бол 50 гаруй настай, эцэг нь Шаньсигийн худалдаачин явсан хүн юм…Арванзургаатайдаа Заргачийн яамнаа(Гадаад монгол дахь Манж, хятадын шүүхийн салбар) ажиллаж эхлээд, хожмоо Амбаны яамнаа орчуулагч хийх болсон. Маш сайд хятад хэлтэй. Хятадын түүхийг нэвтэрхий судалсан. Уг хүн нь ур чадвар сайтай. Шүүн таслах яамны үйл ажиллагааг тун сайн мэддэг. Гадаад Монголын түшмэд дундаа их мэдлэгтэйд тооцогдоно. Гадаад Монгол тусгаар тогтнолоо зарлахад тэрээр засгийн газраа зохион байгуулж, дүрэм журмыг нь тогтоосон билээ. Хиагтын хэлэлцээрт Гадаад монголын зөвлөхөөр оролцсон. Байр байдал, биеэ авч яваа нь урьд Манж Чин улсын яамны бичээч түшмэлтэй их төстэйi хэмээн үнэлжээ.

Богд хаант Монгол Улс байгуулах үед ч, дараа нь Автономи болоход ч, хожмоо Ардын засаг байгуулахад улсын хэмжээгээр, уртаашаа ганцхан ширхэг мэргэшсэн төрийн албан хаагч байсан нь Б.Цэрэндорж бололтой. Тийм болоод л угсаа гарвал, урьдын байр суурийг нь үл харгалзан, байгуулагдсан төр болгон Б.Цэрэндоржид найдан итгэж чухал албандаа томилсоор ирсэн байх нь.

Тэрээр Хиагтын Гурван улсын гэрээг алдаа болсон үздэг Оросын нөлөө тал нутагт нэвтэрснийг буруушаадаг нэгэн байв. Монгол нь Хятадын бүрэлдүүнд, Оросын ямар ч оролцоогүй, онцгой эрхт Автноми байсан бол дээр гэж үздэг болохоо Чен И-д илэн далангүй хэлжээ. Түүнийхээр бол Монголын хувь заяа ганцхан Бээжингээс хамаарч байсан бол одоо Петербург, Бээжин хоёртой уягдаж, илүү түвэгтэй болсон ажээ.

Чен И 1919 оны нэгдүгээр сарын 01-нд Цэрэндоржтой дэлгэрэнгүй ярилцсан тайлангаа илгээжээ.

Хоёр сарын өмнө (1918 оны аравдугаар сар орчимд бололтой) Урьд өмнө Гадаад Монгол тусгаар тогтносон нь угтаа Төв засгийн газар ба Гадаад Монгол өөрөө алдаа гаргасны үр дүн юм. Тэр үед Төв засгийн газар анхнаасаа Гадаад монголын автономит эрхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Богд хаан хоёр талын гэрээ хийхийг зөвшөөрч, Орос улсыг мөнөөх хэрэгт оролцуулахгүй байлаа.Тэгвэл ажил хэрэг хоёр талд нэн ашигтайгаар эргэх байв. Гэтэл тухайн үед Төв засгийн газар харьяа бүс нутагтайгаа гэрээ хийхгүй гэж мэдэгдсэн. Иймээс Гадаад Монголын мэдлэг хомс хүмүүс оросуудад итгэж, өөрсдийн эрх ашгаа золионд гаргаснаар харийн хүчээр ДИУ-ыг шахсан билээ. Бид өдий хүртэл тэднээс зүсэн бүрээр хамаарч явнаii

хэмээн халагласан ажгуу.

Чен И мөн өдөр түүнд Автономийг устгах санаагаа Г.Цэрэндоржид нууцлан цухуйлгахад тэрээр маш уриалагхан сонссон байна. Тэрээр бараг л өөрөө Гадаад харилцааг нь тэргүүлж байгаа улсаа татан буулгах асуудлыг баярлах нь холгүй хүлээн авсан нь сонин юм.

Түүгээр ч барахгүй, 1911 оны хувьсгалын талаар маш тоомжиргүй гэмээр дүгнэлттэй явдгаа Чен Лу-д нэг удаа ярьжээ. Түүний үгээр бол, хэрвээ Өвөрмонголчууд ирж тусгаар тогтнох хэрэгтэй гэж ухуулаагүй бол, Чин ван Ханддорж тэр санааг уухайлан дэмжээгүй бол, Сандо-гоос өөр аядуу ухаалаг амбан байсан бол 1911 оны хувьсгал гарч, Богд хаант Монгол Улс байгуулагдахгүй байжээ. Эхний яриа 1916 оны нэгдүгээр сарын 15-ны үдээс хойш болжээ. Бүүр нарийн яривал, Б.Цэрэндорж үдээс хойш гурван цагт Чен Лу-гийнд ирж хууч хөөрөхдөө,

Чингэтэл Өвөр монголоос Хайсан, Удай нар Хүрээнд ирж элдвийн яриа гаргаад, өдөөн хатгалга явуулсанд юун түрүүн Ханддоржийн сэтгэл хөдлөсөн юм…Тэр хүн Монголд ирээгүй баймааж нь монголчууд тусгаар тогтноно чинээн санахгүй… Анх Өвөр монголын Засагт вангийн хошуунд нууц бүлгэм байгуулагдаж, Бөхбаян Хүрээнд ирж зар тараагаад буцсан болой. Ингээд Засагт ван Удайг ятгаж өөрийн талд оруулсан байдаг. Тусгаар тогтнолын үйл хэрэгт Ханддорж ганцаараа татагдаад зогсоогүй. Тухайн үед хан хүнгүй, дээр доргүй учраа олохгүй үймж явсан болой. Бодоод үзэхэд, Бөхбаян, Хайсан хоёр Хүрээн ирээгүй бол ийм хэрэг гарахгүй л байсан болов уу. Яньжи амбан (Сандо-гийн өмнөх амбан) хэвээр үлдсэн бол байдал хэрхэх байсныг бид мэдэхгүйiii гэдгээ нэмж сонирхуулсан аж.

Бээжингийн Монголын тусгаар тогтнолын талаар “өөрийн” дүгнэлттэй, өнөөгийн нөхцөл байдал нь монголчуудыг Бээжинг бараадан дагахаас аргагүй байдалд хүргэж байгааг ойлгосон нэг хүнтэй болоод авлаа. Тэр хүн нь Автономийнхаа Гадаад бодлого хариуцсан сайдыг ч хэлэх үү. Чен И 1919 оны нэгдүгээр сарын 17-нд ээлжит цахилгаанаа шидэж,

Өнөөдөр Гадаад Монголын талд саналаа хүргэлээ. Өчигдөр Цэрэндоржтой энэ талаар нууцаар хэлэлцэхэд тэрбээр гаргасан саналыг маань дэмжсэн болно. Үүнээс гадна Дийлэнх ван гүнгүүд эртнээс нааш ийм санаа агуулах болсон ч хэлж зүрхлэхгүй явлаа. Тиймээс энэ хэрэгт хариуцлага хүлээх хүн үгүй байлааiv

гэж мэдээлсэн байна. Хятадууд энэ байдалд дор нь дүгнэлт хийж

Цэрэндорж дийлэнх ван гүнгүүд эртнээс нааш ийм бодолтой болсон гэж хэлснээрээ лам нарт сэтгэл хангалуун бус явдгаа илчлээд зогсохгүй төвийн санаа бодлыг танджээ. Гадаад Монголын автномит эрхийг лам нараас ван гүнгүүдэд шилжүүлж авах хүсэлтэй яваа нь Шашин төрийг салгах хэрэгтэй гэж хэлснээс тод харагдана гэсэн дүгнэлтийг хийж байсан нь бодитой. Ван гүнгүүд Жавзандамбаас өөр санаа бодол агуулж зүхлэхгүй байгаа нь Өөрийн бодлыг илэрхийлэх зүрхгүй, энэ хэрэгт хариуцлага хүлээх хүн үгүйv гэж хэлснээс илэрхий гэж дүгнэжээ.

Харин Богдын нэр хүнд дээр тулгуурласан Г.Бадамдорж тэргүүтэй лам нарын бүлэглэл нь автономи байдлаа хадгалах нь зүйтэй гэж үзэж байсан бөгөөд Гурван улсын гэрээн дэх “цэрэг үл байрлуулах”, “Хятадын засаг захиргааг үл байгуулах” заалтууд нь Монголыг Хятадын түрэлт, улаантан, цагаантан, нармай Монголын цэргийн халдлагаас хамгаалах олон улсын эрх зүйн хамгаалалт болно гэж үзэж байв. Зөвхөн лам нар ч биш маш олон ноёд Нармай Монголыг үл сайшаан Бүх монгол овогтныг нэгтгэх гэсэн самуун этгээдийн саналыг үл зөвшөөрөн, Гурван этгээдийн гэрээг сахихыг хүснэvi гэдгээ илэрхийлж байсан нь ийм учиртай.

Цэрэндорж нь улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгд-сэнээсээ болоод автономио устгахаар шийдсэн ван, гүнгүүдийн даалгавраар Чен И-тэй нууцаар харилцаад гаргасан шийдвэрийнхээ байдлыг Богдод танилцуулсан бололтой. Гэхдээ, автономийг устгахад чиглэсэн алхмуудаа хийхийн өмнө биш, харин хийснийхээ дараа Хаандаа мэдээлэх замаар харилцаж байсан бололтой. Гэхдээ Ерөнхий сайд Г.Бадамдоржийг эс хэрэгсэн “алгасах” байдлыг нэг биш удаа гаргасан шиг байна.

Хувьсгалт түүхнээ, Чен И-тэй хуйвалдан автномио устгасан байдлаар хараагдаж ирсэн Г.Бадамдорж харин ч эсрэгээрээ байв. Учир нь, Цэрэндоожтой ойр дөт байсан Чен И Монголын төрд лам нарын бүлэглэлийг нөлөөтэй болсонд сэтгэл дундуур байсан юм. Тэрээр, ван гүнгүүдтэй Цэрэндоржоор дамжуулан харилцахдаа лам нарыг буюу тодорхой утгаараа Г.Бадамдоржийг засгийн эрхээс холдуулах бодлого баримталж байв.

Тэрээр Монголын автономийг буулгах асуудлаар Цэрэндоржийг анх тандан үзэхдээ, лам нарыг засгийн эрхээс холдуулан Автономийг хадгалах бодолтой байсан билээ. Гэтэл ван гүнгүүд лам нараасаа л салж байвал автномио устгахыг юман чинээн санахгүй байгааг олж хараад бодлоо өөрчилсөн, ийм л юм болсон билээ.

“Нью-Йорк таймс” сонины 1919 оны аравдугаар сарын 31-ний дугаарт Ассошиэтэд Прэсс агентлагийн Бээжингээс дамжуулсан “Автономиосоо залхсан монголчууд Хятадаас өөрсдийг нь эргүүлэн авч ван гүнгүүдэд цалин өгөхийг хүсжээ” гэсэн гарчигтай мэдээг нийтэлсэн байв.

Бээжин, аравдугаар сарын 24. Ар Монголын нийслэл Өргөө хот дахь Хятадын элчин сайд Чэн И-гээс Хятадын засгийн газарт Монгол удирдах бүлгийн тэргүүн нарын өргөх бичгийн талаар шуурхай мэдээ ирүүлжээ. Өргөх бичигт хэдэн жилийн өмнө монголчууд буруу явуулгад хууртагдан автономи зарласан бөгөөд тэр цагаас хойш Оросуудад дээрэлхүүлж буй талаар дурджээ. Тэд Хятадын засгийн газраас тусгайлан сайхан ханддаг Өвөр Монголын ван, гүнгүүд, удирдагч нарт атаархаж байгаа гэнэ. Өөртөө засах эрхийг цуцлан, далбаан дороо дахин авахыг Хятадын засгийн газраас хүсч буйгаа энэхүү бичигт илэрхийлжээ. Түүнчлэн Өргөөгийн засгийн газар Орос улстай хийсэн зээлийг барагдуулж, ван гүнгүүд болон удирдагч нарт төв засгийн газраас цалин, тэтгэмж олгохыг хүссэн байна. Засгийн газар тээнэгэлзэж цаг алдах аваас, дахин ийм боломж гарахгүй тул өргөх бичгийг хүлээн авна уу хэмээн Чэн-И зөвлөсний дагуу засгийн газраас уг саналыг зөвшөөрөн, цалин тэтгэмжинд 800,000 доллар төсөвлөн өгөхөө амлан хариу цахилгаан илгээв

гэснээс харахад Монголын ноёд нь улсынхаа автономийг цалингаар арилжих болсныг дэлхий нийт мэдээд авчээ. Шившиг гэх нь ч хаашаа, биш гэх нь ч хаашаа.

Үүнээс ч өмнө, улаантнуудын самуун намын болон атмаан Семёновын “Нармай Монгол”-ын халдлагаас хэрхэн хамгаалах асуудлыг хэлэлцэх учиртай 1919 оны Хүрээний чуулган болоогүй байхад Б.Цэрэндорж нар санаачлан Ерөнхий сайдаа алгасаад “Автономио татан буулгах” асуудлыг Чен И-тэй хэлэлцэж эхэлсэн нь Бадамдоржийн дургүйг хүргэсэн бололтой.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнээ эс хэрэгсээд, улсынхаа автономи засгийг татан буулгаж Хятадын ерийн нэгэн муж болгох, бас түүний намыг засгийн эрхээс зайлуулах асуудлыг гадаадын төлөөлөгчтэй хуйвалдан хэлэлцэх нь ямарч Ерөнхий сайдын хувьд үл тэвчих явуулга юм. Энэ утгаараа Автономийг татан буулгах нь ерөнхий сайд Бадамдоржийн ч, түүний төлөөлдөг лам-сэхээтний давхаргын ч ашиг сонирхолд харш байлаа.

Хэдийгээр Чен И-тэй хэлэлцэн гэрээ байгуулж, улсаа худалдсан хэрэгт хожим гүтгэгдсэн ч “64 зүйлт” гэгдэх алдарт гэрээний саналыг (бүтэн нэр нь Гадаад Монголын автономит засгийг цуцалсны хойно төв засгийн газраас гадаад монголд хэрхэн хандах, жич хойчийг сайжруулах бичиг ажгуу.) Г.Бадамдорж чадах ядахаараа эсэргүүцсэн төдийгүй хэзээ ч эцэслэн дэмжээгүй байдаг. Алдарт Сю Шүжан ирж асуудлыг цэргийн хүчээр шийдэхээс өмнөхөн Чен И Гадаад Монголын ван гүнгүүд автономитыг цуцлах тухай хүсэлт бэлэн болсныг дурдаад, чин ван лам Бадамдорж, Эрдэнэ Шанзодба, Да лам нарын тухайд чуулганы үеэр санал нэгдсэн ч хожим санаагаа өөрчилсөн тул тэнд гарын үсэг зураагүйvii тухай мэдээлж байв.

1919 онд Монголын автономийг цэрэг зэвсгийн хүчээр дарамтлан унагасны дараа Г.Бадамдоржид ч ямар нэгэн шагнал ногдсонгүй. Хожим хувьсгалт түүхнээ түүнийг асар их мөнгөөр улсаа худалдсан байдлаар гөрдсөн болохоос биш тухайн үеийнхэн түүний юу ч үгүй хоосон хоцорсныг мэдэж л байлаа. Тусгаар тогтнолын хэрэгт зүтгэсэн амьд гэрчүүд хүртэл …эл шагналын дотор Бадамдоржийн нэр орсонгүй нь тэр Чен И лүгээ тал нүүр үгүйгийн дээр тэдгээр Чен И лүгээ сүлбэлдэж байсан ноёд цөм Ба-д дургүй тул Чен И-д муулснаас болсон мэтviii гэдгийг сануулан үлдээжээ.

Тэрээр өөрийн тэргүүлдэг автономит засгаа эцсээ хүртэл амиараа дэнчин тавин хамгаалж байлаа. Ерөнхий сайд Г.Бадамдорж эхэндээ Монголынхоо автономи байдлыг амиараа хамгаалахаа илэрхийлэн Сю Шүжаны тулгалтыг эсэргүүцсэн байдаг. 1919 оны арваннэгдүгээр сарын 17-нд Чен И төвдөө цахилгаан бичиж, Сю Шүжан автономийг хүчээр татан буулгахыг тулгаж харин Г.Бадамдорж хэрхэн эсэргүүцсэнийг тодорхойлон бичихдээ

Өнгөрсөн орой Сю Шүжан дур мэдэн найман зүйл гэрээ боловсруулаад цэргийн дарга нараа дагуулан Бадамдоржийн өргөөнд очиж гарын үсэг зурахыг шаарджээ. Да лам үүнд балмагдсан хэдий ч амиа алдлаа ч гарын үсэг зурж хүлээн авахгүй хэмээсэнix тухай мэдээлжээ.

Гэвч Сю Шүжан хугацаа заан цэрэг жагсааж, Бадамдоржийн төдийгүй Богд хааныг баривчлан Бээжин хүргүүлнэ хэмээн заналхийлсэн тул гарцгүй болсон ерөнхий сайд тулган шаардсан бичигт гарын үсэг зурсан гэдгийг бид мэдэх билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Нарлаг өндөр Алтайн ууланд намрын хяруу унаа даа Настай буурал аав минь намайгаа харуулдан суугаа даа”

Түндэвийн Юмсүрэн гуайн шүлэг, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнгийн хөгжим “Буурал аав” дуу олны дунд ардын дуу шиг мөнхөрч дээ. Хааяа хааяахан аавыгаа санахаар энэ дууны аялгуу сэтгэлд орж ирж ер бусын тайвшрал хийгээд эс бөгөөд тийм гэж хэлэхийн аргагүй гуниг төрүүлэх нь бий. Тэр жилийн намар сан. Юмсүрэн гуай өөрөө уг дууныхаа түүхээс өгүүлсэн цөөхөн хэдхэн өгүүлбэрийг номын хуудаснаас нь уншаад эрхгүй уйлж билээ.Тэрхүү дурсамжийг нь миний бие эргэн эргэн санах дуртай. Юмсүрэн зохиолч жаран оны намар оюутны амралтаараа холын Алтайдаа очиж амарчээ. Аавынх нь бие барагтайхан, бараг л хэвтэрт ороод байсан цаг. Нэг өглөө аав нь гадаа гаран Алтайн их уулсаа ширтэж сууснаа “Газар нутаг маань мөнх, эзэн бид нар л хэврэг юм шив дээ” гэж бодлогошрон гунигтайхан хэлсэн байдаг. Ийн хэлэх үед нь айлын бага хүү тэрээр аавынхаа нүдийг эгцлэн харжээ. Цаст Алтайн оргилд идэр залуухан бүргэд мэт шунгаж явсан аавынх нь нүдний гал бөхсөн байхыг анх удаагаа үзсэн нь тэр. Эцгийнхээ нүдний гал бөхсөн байхыг харна гэдэг ямар их уйтай нь мэдээж. Ингээд л санхүүгийн сургуулийн оюутан хөвгүүн Юмсүрэнгийн сэтгэлд гунигийн манан хуралдсан нь тэр.

Ахтайгаа хамт аавыгаа аймгийн төвийн эмнэлэг бараадуулаад хот руу сургуульдаа мордсон байна. Оюутны хичээл эхэлсэн шуугиант өдрүүд нэг л гунигтай байсан нь тодорхой. Ерөөсөө л “Газар нутаг маань мөнх, эзэн бид чинь хэврэг юм” хэмээн хэлсэн аавынх нь шаналант харц цээжинд нь үргэлжид хадаатай явна. Ингээд цас будагнасан намрын тэр орой хөдөө гэрээс нь цахилгаан ирэв гэнэ. Аав минь яасан юм бол, бие нь дээрдсэн болов уу, баяртай мэдээ ирсэн байж ч магад гэж горьдлого тээн уншлаа. Ах нарынх нь бичсэн тэрхүү цахилгаанд “аав чинь өнгөрсөн” гэх харуусалт мэдээ иржээ. “Аав чинь өнгөрсөн” гэх хоёрхон үгийг уншихуйд манайхан үе удмаараа өвөрт нь нутаглаж ирсэн Эмээлцэгийн минь уул нурах шиг болсон гэж бичсэн байдаг. Мөн ч айхавтар юм шүү. Газар дээр аавгүй болсон, Эмээлцэгийн их уулсаа сэтгэлдээ нураасан хүү намрын хайлган цагаар ачит эцгийгээ, авралт тэргүүн Алтайгаа санаж орчлон дээр ганцаардахдаа

Нарлаг өндөр Алтайн ууланд

Намрын хяруу унаа даа

Настай буурал аав минь

Намайгаа харуулдан суугаа даа

Сүрлэг өндөр Алтайн ууланд

Шүүдэр хяруу унаа даа

Сүргийн дэргэдээс аав минь

Сүүмийх алсыг ширтээ дээ

Будант өндөр Алтайн уулаар

Буурал хяруу ороо доо

Буцаад хүү минь ирнэ гээд

Буурал аав минь хүлээгээд ээ гэх гурван бадаг шүлгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт нулимстай бичиж үлдээсэн гэдэг. Ийм шүлэг тэрлэчихээд хэнд ч үзүүлэхээ мэдэхгүй явтал найз охин нь “Мяасүрэн багш манай сургууль дээр концерт бэлтгүүлж байгаа. Дууны үг байвал ая хийнэ гэж байна. Чамд шүлэг байвал өгөөч” хэмээн хэлснээс улбаалж аавын тухай дуу төрөх үүд хаалга нээгджээ.

“Буурал аав”-ын хөгжмийг бичсэн Дашийн Мяасүрэн гуайг Монголын ард түмэн домогт “Жаран хар”-ын удирдаач гэдгээр нь сайн мэднэ. Ямар сайндаа Цэгмидийн Гайтав гуай Мяасүрэн гуайн ажил дээр ирчихээд “Жаран харын ганц цагаан хэрээгээр юу байна” гэж шоглон хэлж байсан гэхэв. Мяасүрэн гуай “Буурал аав” дуунаас гадна Будан татаад дуниартсан

Буурал хангайн сайхныг ээ

Буурь нь хүртэл арилаагүй

Буянтай аавын нутаг аа

Цэцгийн гурван сардаа

Эцгийн нутгаар буугаарай… хэмээн мөн л ардын дуу шиг цээжинд хоногшсон, “Монголын радиогийн бүдүүн дуут” Базарын Цэдэндамбаагийн шүлэг “Хангайн дуу”-ны аялгууг бичсэн. Явсан зүгийг чинь ширтээд би

Янагийн дуугаа аялаад

Яралзах ододтой нөхөрлөөд

Явж л байна даа хонгор минь хэмээн Шаравын Сүрэнжав найрагчийн шүлэг “Итгэлийн дуу”-г ч бичсэн, ийм л нэрт хөгжмийн зохиолч юм. Мяасүрэн гуайн хүү Энхбаатар гэж сайхан ахтай уулзаж, ярьж хөөрч явлаа. Энхбаатар ах аавынхаа тухай хачин гоё ярина. Нэг удаа Долгорын Нямаа гуай “Мяасүрэнгийн тэр хүү аавыгаа ямар сайн мэддэг юм” гэж бүр нэг баяртайгаар хэлж билээ. Үнэхээр л аавыгаа яриад асгаруулдаг нэгэн билээ. Тэрээр аавынхаа “Буурал аав” дууны түүхийг яриад уйлдаг. “Аав минь энэ дууныхаа түүхийг өөрөө уйлаад ярьдаг юм” гээд нулимсаа арчдаг юм. Энхбаатар ахын ярьсныг одоо хүргэе.

“Аав минь Ховд аймгийн төвөөс аавыгаа аваад хот руу гарч л дээ. Тэгээд өсч төрсөн нутгаараа дайрч Сутай хайрхан, Бумбат хайрхандаа сүслээд голын хөвөөн дээр зогссон байгаа юм. Тэгэхэд өвөө маань жаран хэдтэй хөгшин байжээ. “Энэ сайхан уул, ус голдоо эргэж ирэх заяа байдаг болов уу” гээд өвөө минь голынхоо чулуунаас адислаад алгандаа бөмбөрүүлэн уйлаад зогсож байх агшинд аавд дууны аялгуу ороод ирж л дээ. Тэгээд тэр ая эгшиг сэтгэл оюунд нь хадаатай явж байтал Юмсүрэн гуайн “Буурал аав” хэмээх шүлэг сонинд гарсныг үзээд “Нарлаг өндөр Алтайн ууланд намрын хяруу унаа даа, настай буурал аав минь намайгаа харуулдан суугаа даа….” гэх эхний мөрүүдийг нь унших ахуйд өвөг эцэг нь Сутай хайрхны өвөр бэлийн голын хөвөөн дээр ус нутгаасаа салж ядан нулимстай зогсох агшинд зурсхийгээд ороод ирсэн өнөө аялгуу шууд л буучихсан гэдэг. Тэгж л ард түмний сэтгэлд ардын дуу болтлоо мөнхөрсөн аавын минь бүтээл төрсөн. “Буурал аав” дуу дуулагдаагүй найр хурим, тэр дууны аялгууг сонсоогүй газар ус гэж ховор байх. Хүмүүс уг дууг дуулаад л Алтай, Хангай шиг аав нараа санагалзан уйлж байх агшныг зөндөө үзсэн. Гэхдээ тэр бүгдэд “Энэ дууг чинь миний аав зохиосон юм шүү” гэж онгирч, омойтож явсангүй ээ, ах нь” гэж хэлж байж билээ.

Хоёр жилийн өмнө, есдүгээр сарын эхээр өндөр их Алтайгаа нар зөв халиаж Сутай хайрхан, Баян Богд хайрхан, Бурхан буудай, Хасагт хайрхан, Хантайширын нуруу, Хар азаргын нуруу, Дарвийн нуруунаа гарч, алдарт Шаргын говь, Хүйсийн говийг туулан Эрээн нуурын эгшиглэнт үдшийг үзэн баяссан сан.Тэрхүү аялал минь Говь-Алтай аймгийн Чандмань сумын улаан сахиусны тахилгатай Чандмань хайрхнаас эхэлж билээ. Чандмань хайрхны тэргүүн овоонд хадаг яндар намиран, судар ном хөглөрч арц хүжсийн үнэр сэнхийн маани хөгжөөх цаг дор баруун хойноос, Эмээлцэгийн нуруунаас мөндрийн цагаан зурвас наашилж, удаа ч үгүй цагаан бороо налмайтал асгасан сан. Алтайн хөх тэнгэр ийнхүү бороошиж сэтгэлийн нүд чийгтэх ахуйд Эмээлцэгийн нурууны өвөр бэл дэх ертөнцийн бүх аавын алдрыг дархалсан хөшөөнд очсон юм.

“Аав хөшөө” хэмээн ард зоноороо биширдэг тэрхүү хөшөөнд “Ертөнцийн бүх аавыг уул болгон бөхлөв, удам хойчид мөнхлөв. Үеийн үед үрийн үрд биширтүгэй” гэх үгсийг сийлж үлдээсэн байна. Юмсүрэн гуайн сэтгэлд нурсан Эмээлцэгийн их уул намрын тэргэл өдөр даан чиг дүнжгэрхэн ханайж байсан даа. Харахад сэтгэл уужрам сайхан уул. Энэ орчлонд ачит эцгээ алдахад ийм сайхан уул сэтгэлд нурахаас өөр яанам билээ хэмээн тухайн агшинд бодогдож байв. Бичгийн эрхэм хүмүүнтэй уулынх нь өврөөс мэндчилсэн. “Ах нь ойрд Алтайдаа, ууландаа очиж чадаагүй юм. Дүүгээ ингээд ярихад унаган нутагтаа очсон юм шиг боллоо” хэмээн Юмсүрэн гуай утасны цаанаас өнөө л зөөлхөн дуугаараа хэлж байв. Тэрбээр туйлын даруу, бүр хэтэрхий гэмээр даруу нэгэн. Нэртэй зохиолч, нийтлэлчээс гадна манайдаа урдаа барихаар яриа байхгүй гаргуун орчуулагчдын нэгэн. Дэлхийн сонгодгуудыг шилж орчуулдаг эрхэм. “Хүн дүрст хонинууд” тэргүүт Нобелийн шагналт зохиолчдын шилдэг бүтээлүүд нь үүнийг нотолно.

Зарим цагт бүр нэг сайхан зохиол уншмаар санагдах ахуйдаа миний бие Юмсүрэн гуайгаа барьж аваад хэвтчихдэг. Миний гарын дор ойр байдаг номнуудын нэг “Цаг цагийн шуурга” юм. Түүнд алдарт Буниний “Идэр нас ба өвгөрөл”, Туркийн алдарт зохиолч Азиз Несиний “Өөрийн байшин”, Энэтхэгийн Махип Синхийн “Цагийн аясаар”, за тэгээд Людмила Улицкаягийн “Оросын тосгоны хүүхнүүд, Испанийн Кармен Мартин Гайтегийн “Конча” гээд “зэвүүн” өгүүллэгүүд бий. Төрийн шагналт Далхаагийн Норовоос аваад Алтайгаас тодорсон авьяас билэгтнүүд Юмсүрэн гуайг багшаа гэдэг. “Манай Т.Юмсүрэн багш маш олон зүйлийг хэлж өгсөн. Хаанахын ямар ч зохиолчийн уран бүтээлийнх нь шигтгээ, зангилааг утга зохиол шүүмжлэгчид, хүн төрөлхтөн үнэлдэг юм, юунаас нь болоод тэрийг шүтдэг юм гэдэг юмыг захидлаар ч хүртэл бичиж надад хэлж өгч байсан. Тэгээд утга зохиолын замаар явсан нь дээр гэдгийг шулуухан хэлж ятгаж ойлгуулж, ухааруулж өгсөн хүн” гэж Норов ах нэгэнтээ хэлж билээ. Тэртээ жаран онд “Буурал аав” дууны шүлгийг оюутан ахуй цагтаа нулимстай бичсэн Юмсүрэн ийм л бичгийн сод туурвилч юм. Өнөөдөр хэнд ч үл анзаарагдам нэг л ажин түжин алхалж явна. Ёстой нөгөө их мөрөн дөлгөөхөн гэдэг шиг.

Мяасүрэн гуайн тухай Сутай хайрхных нь хүү Довдонгийн Данзан доктортой мөн ч олон удаа ярьж, дурсан санагалзаж явжээ. Тэр хоёр, аав хүү хоёр шиг амь нэгтэй явсан хүмүүс. Амь амьдралаараа ч, уран бүтээлээрээ ч нягт холбогдсон хүмүүс юм. “Түшээт ханы Намхай аварга” гэж аралтай сайхан дуу бий. Мяасүрэн гуайн хөгжим, Данзан гавьяатын шүлэг. Уг дууг амьдруулсан өмнийн говийн Батсүрэн гуай саяхан гавьяат авна билээ. Мяасүрэн гуай бөх сайн мэдэхгүй хэрнээ ач зээ нараа гэртээ дэвүүлж байгаад “Намхай аварга”-аа бичсэн юм гэдэг. Чөргөр жаалхан хүүхдүүд дэвэхчээн аядахад Халх Монголын их хүчтэний дуу тийм сүрлэг бадрангуйгаар төрнө гэдэг бас л сонин юм.

“Буурал аав” дууны түүхээс улбаалаад эл бүгдийг бичиглэлээ. Өндөр их Алтайгаасаа сэтгэл салгаж ядан байх гэгээн гэрэлт хүмүүсийн дотоод оршихуйнх нь дуудлага бол яахын аргагүй “Буурал аав” дуу юм. Монголын их Алтай цагийн цагт мөнх оршсоор байх цагт энэ дууны аялгуу үл тасрах биз ээ гэж эрхгүй бодогдном. Хоёр мянга долоон оны намар Аж богд уулын хажууханд, Алтай сумын хилийн заставт зохиолч уншигчдын уулзалт болох үест хилчин залуу Мөнхбат “Буурал аав” дууг дуулсныг би хэзээ ч мартдаггүй. Эх орныхоо торгон хилийг манаж суугаа тэр залуугийн аавыгаа санасан, Алтайгаа хайрласан нэг л зөөлөн дулаан аялгуу цээж рүү минь нулимстай урссан билээ. Юмсүрэн гуай шүлгээ нулимстай бичиж, ардын жүжигчин Дашийн Мяасүрэн аялгуугаа цаст цагаан Сутайнхаа бэлд нулимстай олсон юм чинь, арга ч үгүй биз дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ойлголтын зөрөө

Насны зөрөө амаргүй гэж үг бий. Амаргүй гэснээс боломжгүй гээгүй аж. Харин ойлголтын зөрөө гэж бий. Харамсалтай нь, ойлголтын зөрөөг амаргүй гэхэд багадна. Ойлголтын зөрөө биднийг дэлхий ертөнцөөс өөр, дэлхий ертөнцийг биднээс өөр харагдуулж байна. Учир нь ойлголтын зөрөө нь яван явсаар итгэл үнэмшлийн зөрөө, үнэт зүйлсийн зөрөө болон хувирч байнам.

-Монгол хүн машин угсарлаа, монгол хүн пүүз хийлээ, монгол хүн араак эдгээлээ… монгол хүн тэглээ… монгол хүн ингэлээ…нэг талаараа өчигдрийн нүүдэлчид өнөөгийн иргэншсэн нийгмийн нэг хэсэг болсондоо бахадсан сэтгэл мөн. Гэхдээ л цаад утга нь “форд юу юм бэ”,”Тоёота хэн юм бэ”, “үхсэн баасны найк”, “элэнцгийн чинь анагаах ухаан”…гэхчлэнгийн бардамналууд ханхална. Үнэн хэрэгтээ Монголд машин орж ирснээс хойш л түүнийг эвлүүлж угсарч ирсэн, хүннүгийн булшнаас “юун найк, яасны чинь адидас” гэмээр пүүз олдсон, араанк тусаад эдгэрсэн тохиолдол гарч л байсан…тэглээ гээд бид юугаараа өөр болсон бэ?

Асуудлын гол нь Адидасаас өөр этгээд пүүз оёж чаддаггүй, Фордоос өөр газарт машин угсрах сачийгүйд байна уу, эсвэл бүх хүний чадаж болох зүйлсийг тэд илүү сайн зарж байна уу? Ойлголтын зөрөө эндээс л эхэлнэ.

Жишээлэхэд, ориг дипломтой хүмүүсийн доторх цөмийн физикчийн эзлэх хувийг авч үзвэл манайх дэлхийд тэргүүлнэ гэдэг. Хэдэн минутын өмнө Дубна дахь Оросын цөмийн шинжилгээний институтэд ажиллаж байсан цөмийн физикч Р.Бадамдамдин орж ирээд гарах жишээний. Энэ нь Монгол орон цөмийн зэвсэгтэй болох боломжтой гэсэн үг хараахан биш.

Манайд, захын утас засварын бүхээгт гар утас элбэгхээн хийнэ. Үүнийгээ “монгол хүн гар утас хийж чадаж байна, ийм учраас Айфлээс юугаараа дутах юм бэ” гэж бардана. Харин дэлхий ертөнц “Үгүй яахав дээ, арга барагдахад гар утастай болчих нөхөр байна. Тэрийгээ борлуулж чадахгүй болохоор нэмэргүй дээ” гэж бодно. Хэрвээ сайн санаатай илэн далангүй хүн байж таарвал “Хөгшөөн, ингэж цагаа үрж байхаар самсунгийн бэлэн утас борлуулбал чамд унацтай” гэж зөвлөх байх.

За тэр, “манай эрдэмтэд хорт хавдрын эм байнга нээж байгаа” асуудал байна. Зөв ойлгоорой, “Хорт хавдар анагааж байгаа” асуудлыг үгүйсгэх гээгүй юм шүү. Үнэхээр ч тийм тохиолдол байдаг.

Хамгийн гол нь нь анагаах ухаан ба монгол ухааны “ойлголтын зөрөө” гараад хэн хэнийгээ зовоогоод байгаа юм. Дийлдэшгүй гэгдэх өвчнөөс итгэл үнэмшил, эмчийн авьяасаас хамаараад салж чадсан, бурханы ивээлээр эдгэрсэн хувь заяатан бишгүй. Ийм тохиолдол ганцхан манайд ч байгаа юм биш. Гэтэл шинжлэх ухаан тохиолдлыг тооцож үздэг болохоос биш, түүнийг аксиом болгодоггүй.

Жишээлэхэд, манай садангийн Б.Дэмчигсүрэн эмчийн тээр жил ярьснаар, Улиастайд таван давхраас согтуу хүн унаад амьд үлдсэн тохиолдол гарчээ. Бэртсэн гэхээсээ илүү үйрсэн гэвэл зохистой байсан тэр нөхөр шал умаахан байсныхаа ачаар өвдөлтийн шокийг давж чадсан байна.

Ингэлээ гээд “Дээмээ эмч таван давхраас унасан хүний амийг аврах арга олсон” хэмээн одон тэмдэг, патент нэхсэнгүй. Бас “Монголчууд болкооноос унасан хүнийг аврах арга нээлээ” гэж шуугьсангүй. Улмаар “Хөх толбот монгол хүний үл үйрэх ясан” гэхчлэнгийн судалгаа илтгэл хийгдсэнгүй. Хориод жилийн өмнө арай ч эрүүл байсан юм биш байгаа, бид чинь.

Одоо эргээд “хавдар эдгээгч” нарын сэдэв рүүгээ оръё. Анагаахын салбарын илтгэл биш учраас нэлээд бүдүүвчилж бичнэ шүү, хэлчихье. Манайд анх “араанк” нэрээр орж ирсэн хорт хавдарын унаган нэр нь Рак (латинаар cancer гэх ба манайхан энэ нэрийг орос хэлнээс зээлджээ) буюу хайчин гартай хавч ажгуу. Дотор нь амьд рак орчихоод гэдэс дотрыг нь хайчлан тасчих мэт өвдөн шаналдаг байснаас тийн нэрийдсэн гэнэ. Олон зууны турш хүн төрөлхтөн түүнтэй байлдсаар иржээ.

Өсөлт нь дийлдэхээ байсан эсүүд урган раак мэт идсээр эзнээ үхүүлдэг ажгуу. Эсийг дунд сургуульд үздэг. Бүдүүвч байдлаар авч үзэхэд, амьд амьтан нь үй олон бөгөөд жижигхээн “амьд амьтан”-аас тогтоно. Тэр олон амьд амьтад нь өсч үржиж, үхэж үрэгдэн “том амьд амьтныхаа” амьдрах нөхцөлийг хангана. Тэдний насжил ба тоо нь генетикчдийн хэлдэгээр тусгай программаар зохицуулагдана. Энэ “жижиг амьтад”-ын өсөх үхэхийн зохицол ба нийт “жижиг амьтад”-ын тооны тэнцэл дээр том амьтны амьдрал тогтдог байдлаар үлгэрлэе. Хэн минь, чи гаднаас нь харахад ганц биетэй мэт үзэгдэвч, нүдэнд үл өртөх түг түмэн амьтны нийлбэр ажаам.

Дорно дахинд ийнхүү оршихуйг “зохистой харьцаа” хэмээн томьёолох ба өрнөдөд “хүчний баланс” гэж харах жишээний. Эрүүл мэнд “зохистой харьцаа”-дээр оршдог бол, энхтайван “хүчний баланс” дээр тогтдог гэдэг нь ийм учиртай.

Одоо “араанк” руугаа оръё. Зарим нэг эс хяналт алдагдан өсөөд дийлдэхээ байхыг раак гэдэг гэнэ дээ. За даа, манайхны сайн мэдэх мөнгөний ханш уналттай ч төстэй юм уу?

Ингээд инфляци болсон хавдрын эсүүдтэй хүний дархлааны эсүүд байлдаж эхэлдэг гэнэ. Төгрөгийн ханшийг унагахгүй гээд л Монголбанкнаас цаасан мөнгөний операци хийж аргацаадаг шиг юмуу даа. Цаад эдийн засаг нь сэргэж, хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол төгрөг унасаар л байдаг шиг хөөрхий дархлааны эсүүд байлдаад л байдаг, дайсан хавдар өсөөд л байдаг ажээ. Сонин шүү, хэрвээ эсүүд нь үхвэл эзэн үхнэ, бас эс нь үхэхээ байчихвал эзэн нь үхнэ, нэг ийм л дүрэм амьдралд үйлчилдэг аж.

Сонирхолтой нь тавиас дээш насныхны хавдар даах хугацаа харьцангуй урт ажээ. Болхидуухан тайлбарлахад, хөгшин хүний хавдар “хөгшин” байдаг, иймээс удаан томордог гэмээр юмуу. Шинжлэх ухааны хэллэгээр бол хөгшрөлөөс үүдэн физиологийн процесс удаашрах үзэгдэл.

Хүн төрөлхтөн олон зуун жил хорт хавдартай байлджээ. Гэхдээ ганцхан л тактиктай. Тэр нь аль болох удаан хугацаанд хориглон байлдах. Өөрөөр хэлбэл хавдрын эсийн өсөлтийг боломжоороо сааруулах гэсэн үг. Анагаах ухаан хорт хавдрын өсөлтийн боломжоороо л сааруулж чаддаг болсон, цөөнгүй тохиолдолд эдгээж байгаа ч түүнийг ялаагүй хэвээр. Яг л цэцгийн вакцина гарахаас өмнө цэцэг өвчин тусаад эдгэрсэн хүмүүс бишгүй байсан ч анагаах ухааны утгаар түүнийг ялаагүй байсан шиг зүйл.

Шинэ мянганы босгон дээр манай гаригийн эмч докторууд ийм дүгнэлт хийжээ. Хавдрын эсийг байлдаад байлдаад хориглолт хийхээс хэтэрч чадахгүй юм байна гэж үзэв. Ингээд тактикаа өөрчилжээ. Тактикийг хавдрын эсийн өөрийнх нь тактикаас санаа авсан гэвэл зохилтой. Хэрвээ “Хорт хавдрын эс бидний дотор орчихоод, бидний амьдрах программыг өөрчлөн үхүүлж чадаж байгаа юм чинь, бид нар чиний дотор ороод гэдэс дотрыг нь хутган алийг нь алдуулж яагаад болохгүй билээ” гэсэн асуултын хариу энд бий.

Ингээд орчин үеийн анагаах ухааны салбар хорт хавдрын эсрэг тэмцлийнхээ тактикийг 180 градус эргүүлсэн бөлгөө. Бүдүүн тоймоор бол “Хавдартай байлдахын оронд дотор нь ороод уушгийг нь гэдэстэй, улаан хоолойг нь давсагтай нь холбоод, үржиж өсөх аргагүй болгож тавина” гэсэн санаа. Шинжлэх ухааны утгаараа хавдрын эсийг өөрийг нь шинэчлэн программчлах боломжийн тухай асуудал.

Тэгэхээр эс гэдэг “амьтныг” ширээн дээрээ боодог шиг тавьчихаад задлах аргагүй учраас илүү нарийн лабортори хэрэгтэй. Улмаар түүнийг мөч мөчөөр нь янзалж, илүү нарийн түвшинд холиодог болохын тулд салбарын хэдэн мянган эрдэмтэн шаардлагатай. Энд хэрэгтэй мөнгө ба эрдэмтний тоо хэмжээ манай засгийн өнөөгийн чадавхаас давсан эд гэнэ.

Нэг бус удаа, Баабар бичихдээ: Хорт хавдартай тэмцэх, ялах ажил нь эсийн түвшинд яригдаж байгаа учраас маш их мөнгө, олон институт, мянга мянган хүний оролцоо хэрэгтэй болсон гэж хэлээд байдаг нь ийм учиртай юм байна.

Ийм түвшинд оччихсон учраас л өрнөдийн судлаачид “Монгол хүн ийм өвснөөс хавдар эдгээдэг тийм эм гаргалаа. Тийм тангаар хавдрыг нам дарж сурлаа” гэхээр тоож өгөхгүй зовоогоод байгаа юм гэнэ. Тэрнээс биш, манай төр засаг эрдэм ухааныг олигтой дэмжихгүй, Монголын ард түмэн эрдэмтдээ санаанд нь хүртэл хайрлаж өгөхгүй, эсвэл гадаадынхан биднийг дээрэлхээд хүний дайтай үзэхгүй зэргээс болоод байгаа юм биш ажээ.

Ер нь бол наад захын ийм зүйлийг, энгүүнээр, бас түвэггүй ойлгоё гэвэл Их Британийн анагаах ухааны холбоо, ДК ба НЭПКО хэвлэлийн газрын хамтын бүтээл “Анагаахын иж бүрэн гарын авлага” номыг үзэхэд гэмгүй.

Угаасаа ч энд хорт хавдрын тухай ч ярих гээгүй юм. Энэ гайхал монголчуудаас хол байг. Харин “Ойлголтын зөрөө” гэдэг ойлголтын тухай ярих гэсэндээ түүнийг жишээлсэн хэрэг. Ойлголтын зөрөөг бол яаралтай шийдүүштэй байна. Учир нь өнөөдөр энэ “Ойлголтын зөрөө” нь манай “нийгмийн сэтгэлгээний араанк” болчихоод байна. Энэ зөрөө л манай улс төрийн хямралын гол шалтгаан ч бас мөн.

Наад зах нь бидний “Болно” ба хүн төрөлхтний “Болно” хоёрын хооронд асар их ойлголтын зөрөө байдаг. Соёлт ертөнцийн хувьд “ингэж-тэгж болно” гэдэг нь нэгдүгээрт, уг үйлдэл хууль журамд нийцэж байгаа эсэхээс хамаарна. Хоёрдугаарт, хуулиар хориглоогүй ч нийгмийн ёс суртахуунаар зөвшөөрөгдөх эсэхийг авч үзнэ. Гуравдугаарт, уг үйлдэл өөрөө хийх боломжтой эсэх нь орно. Харин, бидний хувьд эхний хоёр үзүүлэлт тийм ч чухал биш бөгөөд гурав дахь хэсэг л шийднэ.

Жишээлэхэд, болкоон дээрээс морь харж, сарих тухай асуудал гарлаа гэж бодъё. Баруунд бол хуулиар энэ асуудлыг яаж зохицуулсныг авч үзнэ. Хэрвээ улсын хуулиар болкоон дээрээс морь харахыг хориглоогүй байвал ёс суртахуун руу шилжинэ. Тухайн үндэстний ёс мораль нь хаа хамаагүй сарихыг юманд боддоггүй байж болно. Эндээс хувийн боломж руу шилжинэ. Хувийн боломж гэдэг нь болкоон дээрээс сарих гэхээр өндрөөс айдгаасаа болоод шээс нь боогдохгүй байх, өөрөө “юм хум”-аа олон түмэнд харуулахаас ичихгүй болох талын асуудлууд орно.

Харин манайд, ердөө л “шээс боогдохгүй” байхыг л боломж, бололцоо гэж үздэг. Бидний “болно” ба соёлт хүн төрөлхтний “болно” хоёрын зөрөөг эндээс харж болно.

Бид чадаж байгаагаа хийхийг ардчилал гэж ойлгож байгаа бол соёлт ертөнцөд хууль ёс суртахууны болон хувийн шалгуур энэ гуравт нийцсэн зүйл хийхийг ардчилал гэж үздэг. Ардчилал маш олон зүйлийг хуулиар зохицуулдаг ч түүнээс дутахгүй зүйлсийг нийгмийнхээ ёс суртахуунд даатган үлдээдэг. Манайд ёс суртахуунд даатгасан тэр хэсгийн орон зай “хар нүх” маягтай байна….Ойлголтын зөрөө ийм аймааааар.

2017.06.20

Categories
мэдээ цаг-үе

Ахмад багш Г.Хорлоо: Дэндэвийн Пүрэвдорж найрагчтай нэг бууцанд төрснөөрөө бэлгэшээдэг юм

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй ахмад багш Г.Хорлоотой ярилцлаа.


-Та чинь Өвөрхангайн Бүрд сумын хүн. Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн нэрэмжит сургуульд бүхий л насаараа багшилсан хүн дээ?

-Пүрэвдорж найрагчийн нэрэмжит сургуульд багшлаад зогсохгүй тэр агуу их найрагч бид чинь нэг голын, нэг бууцны хүмүүс юм. Их Эрээний Хажуу булаг гэж уулын шандтай хонд бий. Тэнд би төрсөн. Мөн тэр өвөлжөөнд Монгол Улсын ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж найрагч мэндэлсэн түүхтэй. “Хажуу худагийн буурал хондонд хана шийрлэсэн буурь минь бий” гэж “Эрээн уул” шүлгэнд байдаг нь ийм учиртай. Надад их сайхан санагддаг юм. Пүрэвдорж гуай манай ээжийн үеийн хүн. Ээжтэй хамт Хужиртын арван жилийн сургуульд дээд доод ангид сурч байсан гэдэг. “Сумын наадам” хэмээх алдарт шүлэг нь Хужиртын наадмаас төрсөн гэж өөрөө бичсэн. Бүрднээс хоёулаа очиж сурч байжээ. Ээж Даариймаа минь нэгдлийн мал малладаг аймгийн депутат явсан хүн. “Пүрэвдорж багадаа илүү дутуу үгтэй, дээлнийхээ бүсийг доогуурхан бүсэлсэн хүүхэд байж билээ” гэж ээж минь хэлдэг сэн. Миний бие бага ангийн мэргэжил эзэмшсэн хүн. Их найрагчийнхаа нэрэмжит Бүрд сумын сургуульд 32 жил тасралтгүй ажиллаад насны тэтгэвэртээ гарсан.

-Хаана ямар сургууль төгсөж багшийн мэргэжил эзэмшив?

-1976 онд Архангайн Багшийн сургууль төгссөн. Төгсөж очоод сумандаа бага ангийн багшаар ажилласан. Бага ангийн багшаар хориод жил, хичээлийн эрхлэгчээр арваад жил, сүүлийн найм есөн жил сумын Тамгын газарт албан бус боловсролын арга зүйчээр ажилласан. Багш хэмээх эрхэм алдрыг хүртэхэд олон хүн нөлөөлсөн гэж боддог. Хужиртын арван жилд сурч байхад ангийн минь багш Сүхээ гээд физик математикийн нэртэй багш байлаа. Дуу цөөтэй, аливаад шулуун шударга ханддаг, сайхан хүн. Улсад олон жил ажилласан Хужиртын бахархал болсон багш нарын нэг. Бидэнд монгол хэл, уран зохиолын хичээл зааж байсан Монгол Улсын гавьяат багш Санжаа байна. Тэр хүн л бидэнд монгол хэлний уран яруу эгшиглэн, зохиол бүтээлийн мөн чанарыг ойлгуулж өгсөн. Багш зохиолыг бүтнээр нь яриад, хэлээд өгдөг болохоор бидэнд ном унших эрмэлзэл их төрнө. Уран зохиолын хичээлийн холбогдолтой ном сайн уншина. Есдүгээр ангидаа гадаадын уран зохиолоор шалгалт өгч байв. Гадаадын уран зохиолоос Эрнест Хэмингуэйн “Зэр зэвсэг минь баяртай” болон “Үхэвч залуугаараа” гээд номууд байна, мөн Пушкины шүлгүүд байна. Шүлэг найраг их цээжлүүлнэ. Харин Есөнзүйл сумын сургуульд суралцаж байхад Лхам гээд шинэхэн төгсөж очсон багш. Хичээлээ маш сайхан заана. Нэг их гоё намуухан дуутай. Хүүхдүүд чинь багшийгаа гадаад байдлаас нь их хардаг шүү дээ. Лхам багшийн урт хархан үс, үсээ дугуйлаад шуучихдаг чамин байдал, цав цагаан царай нь хичнээн гоё гэж бодно. Мөн Туяа гэж хэл уран зохиолын хичээл ордог бас Лхам багшийн үеийн залуухан багш байсан. Туяа багш маань одоо ч бий. Урт гэзэгтэй, үсээ сүлжээдар нуруу руугаа унжуулчихна. Монгол дээл дандаа өмсөнө, дээл маш гоё зохино. Тэр хүний амнаас гарсан үг бүхэн сэтгэл зүрхэнд хүрч байжээ.

Намайг нэгдүгээр ангид байхад Нопилмаа гэж багш байсан. А үсэг заасан ачит багш минь юм. Мөн л урт үстэй гоё багш. Тэр л сайхан багш нарын минь залуугийнх нь дүр төрх сэтгэлд үлдэж дээ. Энэ хүмүүс шиг гоё багш болж, олон түмний хүүхдэд хичээл заагаад шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээх юмсан бодно. Тэрхүү бодол мөрөөдөл минь намайг амьдралын замд хөтөлсөн. Далан хоёр онд аравдугаар ангиа төгсөөд Архангайн багшийн сургуульд ирсэн. Гарамрагчаа гэж зураг хөдөлмөрийн багш угтаж авсан. Ангид орж ирээд нүдээрээ гүйлгэн харж бүгдийг нэг бүрчлэн бүртгэнэ. “Та нар нүдээ сайн нээ. Сэтгэл харанхуй бол нүд харанхуй гэдэг юм” гэнэ. “Ангидаа орж ирээд хамгийн түрүүнд ангиа нэг бүрчлэн харж бай. Ангийн чинь хогийн сав хогтой байж болохгүй. Хүүхдүүдтэй ажиллаад л хичээлээ заагаад байдаг. Гэтэл ангийн хогийн сав нь хогоор дүүрсэн байхыг анзаараагүй бол ямар байх уу” гэж асуудаг одоо ч санаанд байдаг. Энгийн юм шиг хэрнээ маш үнэн үг хэлдэг байв. Хэл уран зохиолын Надмидцэдэн, математикийн Дэмбэрэл, орос хэлний Түвдэндорж, хөдөлмөрийн Гончиг гэж сайхан багш нарыгаа дурсмаар байна.Тэдний хүчинд л би багш гэдэг алдрыг нэр төртэй авч гарсан байх.

-Архангайн багшийн сургуулийг төгсөөд Бүрд сумандаа очсон гэдэг. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Далан зургаан онд төгсөөд очиход нэгдлийн малчдын хүүхдүүд ид суралцаж байв. Сургуулийн дотуур байр 300 гаруй хүүхэдтэй. Мэдээж ихэнх нь малчдын хүүхэд. Нэгдүгээр ангид орсон сурагчаа гуравдугаар анги төгсөхөд нь аав, ээжийг нь мэддэггүй байсан. Нөгөө малчид чинь малаа маллаад хүүхдийнхээ багштай ирж уулзах завгүй. Бид бас хөөцөлдөөд явж амжихгүй. Сурагчдын амралт болохоор эрэгтэй багш нар хүүхдүүдийг хуваарилж аваад нэгдлийн машинд суулгаад гэр гэрт нь хүргэж өгнө. Амралт нь дуусахаар гэр гэрээс нь очиж авна. Орчин үетэй адилхан ариун цэвэр сахих нь хэцүү, багш нарт хүндрэл гарна. Нийгэм цаг үе нь ч тийм байж дээ. Эмэгтэй хүүхдүүд үс толгойгоо самнаж чадахгүй, бөөстөнө. Би амралтын ганц өдрөөр байрныхаа хүүхдүүдийн үс толгойг цэвэрлэж өгөөд орой ирж өөрийнхөө хүүхдүүдийг ус цасанд оруулдаг байсан. Мөн цагаан сараар малчдын хүүхдийг тараахгүй, байрандаа байна. Битүүний орой гэртээ бууз жигнээд цай чанаад байрны хүүхдүүдийн цагаан сарыг нь тэмдэглэнэ. Шинийн нэгэнд багш нар хоёр цагийн зайтай жижүүр хийнэ. Байрны хүүхдүүдэд цагаалга аваачиж өгнө. Хэвийн боов хүүхдийн тоогоор өгнө, тэгээд л дараа нь гэртээ золгуутаа хийдэг байсан. Гэр орноосоо хол байрны хүүхэд гэлтгүй тэр үеийн хүүхдүүд сурлага сайтай байсан. Инээд хөгтэй ганц нэг жишээ хэлье л дээ. Манай ангид “Ү” үсэг тогтоодоггүй Б.Цэцэнбилэг гэж охин байсан. Аргаа ядахдаа “Ү” үсэг чинь үхэр гэдэг үгний эхэнд ордог. Чи хөдөөний хүүхэд үхэр сайн мэднэ. Үхэр гээд хэлэхээр “Ү” үсэг эхэнд нь уншигдаж байгаа биз. Ү үсгээ мартвал үхрээ санаарай” гэж хэллээ. Маргааш нь уншуултал байдаггүй шүү. Ү үсгэн дээр ирээд чимээгүй болчихов. Тэгээд над руу харж байснаа “үхэр гэдэг үсэг” гэж хэлээд ангийнхныхаа инээдийг хүргэж байсан. Орой хичээл тараад явахад нь хүүхдүүдийг үсгийг нь заавал уншуулж явуулдаг байлаа. Хананд хадсан том үсэгнүүдийг унштал нэг хүүхэд эхнээс нь дуржигнатал уншлаа. Тэгээд Й үсгэн дээр ирснээ бүдэрч хэсэг зогссоноо “тал и” гэдэг юм. Бас л бөөн инээдэм. Хүүхэд ер нь үсгээ нэг л тогтоогоогүй бол огт тогтоодоггүй, хэцүү.

-Албан бус боловсролын арга зүйч байх сан тухай та түрүүнд хэлсэн. Түүнийгээ жаахан тодруулаач?

-Цэрэгт явах насны залуучуудад хичээл заасан минь мартагддаггүй. Бичиг үсэг заахаас гадна эрүүл мэндийн боловсрол, хууль эрх зүйн боловсрол гээд бүхнийг орно. Амьдрах ухааны боловсролыг ч олгодог байлаа. Тэд маань“Сургуулиас гарчихсан хонь хариулж явахдаа яаж ном суръя даа гэж боддог байлаа” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлдэг байсан. Яаж ном уншиж сурах тухай ижий аавдаа хэлэхээр “Одоо юу гэж сурахав дээ” гэж хэлдэг шиг байгаа юм. Тэднийг өрөвдөж л байсан. Хүн харахаар том эрчүүд. Тийм хэрнээ бичиг үсэг мэдэхгүй. Хүүхдүүдээс ичээд бичих зүйлээ хичээл дээрээ давтаад, унших зүйлээ гэртээ давтдаг сан. Тэр залуучуудын нүүрийг хагалан авьяасыг нь бага ч болов нээж, олны дунд оруулж ирсэн маань үнэтэй санагддаг. Албан бус боловсролд ажиллаж байхдаа бичиг үсэг эхлэн сурагч хүүхдүүдэд зориулсан математик, монгол хэлний жижигхэн сургалтын ном бичиж байсан. Тэр үед компьютер гэж байхгүй, олшруулах зүйл байхгүй гараараа бичсэн. Ази, Номхон далайн орнуудын албан бус боловсролын чуулган Бээжинд болсон юм. Уг чуулганы төлөөлөгч хүмүүс миний тэр номыг аваад явж л дээ. Тайландын билүү эрдэмтэн багш “Энэ багшид олшруулах машин өгөх юм сан. Гараараа бичсэн байх юм” гээд миний тэр эхлэн сурагчдын гарын авлагыг магтсан байдаг.

-Залуухан багш ирж байхад сургуульд үлгэр авмаар сайхан багш нар олон байдаг даа?

-Тэгэлгүй яахав. Гунгаажавын Гомбосүрэн гэж физик математикийн хүндэт багш байна. Биднийг дөрөвдүгээр ангид суралцаж байхад багшилж байсан. Мөн дөрөвдүгээр анги төгсөхөд Ламганжавын Гомбожав гэдэг монгол хэл, уран зохиолын багш бага сургуулийн хичээлийн эрхлэгч байсан. Тэр хоёр маань сургууль төгсөөд багшийн диплом өвөртлөн ирэхэд хичээлээ заасаар л угтсан. Багш гээд сургуульдаа иртэл багш нар минь байж байхаар өөрийгөө сурагч юм шиг бодно. Багшийгаа ямар нэгэн юм хэлбэл сурагч нь юм шиг үг дуугүй дагана. Багш нар гэдэг хэзээд ч мөнхийн багш нар байдаг юм байна гэж тухайн үед бодогддог байсан. Хичнээн нөмөр нөөлөгтэй санагддаг байв. Он жилийн дараа миний шавь нар төгсөөд багш болоод ирэхэд би мөн хичээлийн эрхлэгч хийгээд сургуульдаа угтсан. “Багштайгаа хамт ажиллах гоё юмаа” гэж шавь багш нар минь хэлэхэд залуухан багш ирж байх үе минь санаанд орж байсан даа. Осорхүүгийн Цэцэгмаа гэж монгол хэлний, Батжаргалын Ганбат гээд дуу хөгжмийн багш нар төгсөөд ирж билээ. Манай сургууль чинь ахмад үеэ машид хүндэтгэдэг бичигдээгүй хуультай. Тэтгэвэрт гарсан багш нараа баяр бүхнээр заавал урина. Хаана ч явсан холбоо хэлхээгээ таслахгүй. Удирдлагуудын сайхан чанар юм даа.

-Таны шавь нар гэвэл мянга мянган хүн бий байх?

-Өө, түүнийг тооцолохын аргагүй.Сум орон нутгаа гээд бодоход л сумын Засаг дарга Гомбодоржийн Баярмөнх миний шавь. Хошин урлагийн Төөтөө байна. Аав нь математикийн багш Довдон, ээж нь эх баригч эмч Дарьсүрэн. Өвөрхангайн Эрүүлийг хамгаалах газрын дарга Даажамбын Шиваанүрдэв байна. Төөтөө тэр хэд нэг анги юм. Улсын аварга малчин Гомбожавын Золжаргал байна. Бүгд л сайн сайхан амьдарч явна. Одоо ч тэгээд шавь нар минь түрүүчээсээ тэтгэвэртээ гарч эхэллээ. Далан нэгэн онд өвөөгийн минь бие чилээрхээд би чөлөө авч байсан. Тэр жилээ гуравдугаар анги дааж багшилсан юм. Тэр шавь нар минь өнөөдөр тэтгэвэртээ гарч байна. Ямар сайндаа “Багштайгаа адилхан өтөлж байна даа гэхэд нь, яаж та нар надтай ижил байх юм. Би та нарын багш гэхэд, за даа та дөнгөж аравдугаар анги дүүргэсэн бидэнтэй ойролцоо хүүхэд л байсан биз дээ” гэж инээлгэж байв.

Хүүхдийг эрдэм номонд сургахаас гадна хүмүүжил дээр нь сайн анхаармаар байна. Хүмүүжил тал нь доголдоод байх шиг. Хүүхдээ хэтэрхий дураар нь байлгадаг. Эцэг эхчүүд юм л бол өмөөрөх тал руугаа шүү, ялангуяа хот газрынхан. Энэ бол тийм ч сайн зүйл биш л юм байгаа. Хүүхдийг загнахдаа загнаж, буруу зөвийг нь сайн хэлж өгдөг байх ёстой. Биднийг багад эмээ өвөө “Өнгөнд бүү шунуул, амттанд бүү дурлуул” гэдэг. Гэтэл өнөөдөр үнэтэй цээтэй юмыг хүүхдүүддээ өмсүүлж, амттай бүхний дээдийг өгч байна. Мөн Монголд үг үсгийн алдаа гэдэг арай дэндлээ. Бидний үед хүүхдийн нүдэнд буруу үг битгий харуул гэдэг. Одоогийн энэ тест гэдгийг би ойшоодоггүй. Буруу зөв хоёрыг нь зэрэг харуулаад тэндээс нь зөвийг нь олуулдаг. Ингээд буруу үг хүүхдийн нүдэнд хоногшчихдог. Буруу үгийг битгий харуул гэдгийн гол ойлголт үүнд бий. Ийм ийм зүйлийг ахмад багшийн хувьд хэлэх гэсэн юм. Сүүлд нь хэлэхэд, миний бие 2007 онд Улсын хэмжээний тэргүүний “Гэгээрэл төв” шалгаруулах уралдаанд манай сумын “Гэгээрэл төв” шалгарч тэргүүн байр эзлэн иж бүрэн компьютерээр шагнуулаад тэтгэвэртээ гарч байсан нь сайхан санагддаг. Түүнээс хоёр жилийн өмнө нь аймагтаа хоёрдугаар байрт ороод 750 мянган төгрөгөөр шагнуулж сумандаа хөрөнгө оруулалт хийж байсан.